14-р бүлэг

Хүмүүс Бурханы үгээс хэзээ ч, юу ч ухаараагүй. Харин ч тэд жингхэнэ утга учрыг нь ойлголгүйгэр, тэдгээрийг ердөө өнгөцхөн “нандигнадаг”. Тиймээс, хэдийгээр ихэнх хүн Бурханы айлдваруудад дуртай байдаг ч үнэндээ тэдгээрийг хайрладаггүй гэж Бурхан хэлдэг. Үүний учир нь, Бурханы үзэл бодлоор бол Түүний үг хэдийгээр эрдэнэс мөн боловч хүмүүс жинхэнэ сайхан амтыг нь амтлаагүй. Тийм болохоор тэд зөвхөн “чавганы тухай бодлоороо цангаагаа тайлж”, улмаар шунахай зүрх сэтгэлээ дарж л чаддаг. Бүх хүний дунд Бурханы Сүнс ажиллаж байгаагаар үл барам, мэдээж бас Бурханы үгийн гэгээрэл өгөгддөг; хүмүүс зүгээр л үүний мөн чанарыг үнэхээр ойлгож ухаарахдаа хэтэрхий хэнэггүй. Хүмүүсийн оюун ухаанд, одоо үе бол хаанчлал бүрэн биеллээ олж буй эрин үе боловч мөн чанартаа тийм биш. Бурханы зөгнөдөг зүйл нь Түүний гүйцэлдүүлсэн зүйл байдаг хэдий ч бодит хаанчлал газар дээр хараахан бүрэн ирээгүй байгаа. Харин хүмүүс өөрчлөгдөхийн хэрээр, ажил ахиж дэвшихийн хэрээр, мөн Зүүн зүгээс аянга гарч ирэхийн хэрээр, өөрөөр хэлбэл, Бурханы үг гүнзгийрэхийн хэрээр хаанчлал газар дээр аажмаар бий болж, энэ дэлхий дээр алгуурхан атлаа бүрэн дүүрэн бууж ирнэ. Хаанчлалын ирэлтийн үйл явц ч бас газар дээрх бурханлаг ажлын үйл явц юм. Энэ зуур Бурхан газар дэлхийг тэр чигт нь өөрчлөн байгуулахын тулд түүхийн бүх эрин үеийн туршид хийгдэж байгаагүй ажлыг орчлон ертөнц даяар эхлүүлсэн билээ. Жишээлбэл, Израиль Улс дахь өөрчлөлт, Америкийн Нэгдсэн Улс дахь төрийн эргэлт, Египет дэх өөрчлөлт, Зөвлөлт Холбоот Улсад гарсан өөрчлөлт, Хятадын уналт зэргийг оролцуулаад орчлон ертөнц даяар үлэмж их өөрчлөлт гарч байна. Бүхий л орчлон ертөнц төвхнөж, хэвийн байдалдаа сэргэмэгц Бурханы газар дээрх ажил дуусна; тэр үед хаанчлал газар дээр ирнэ. Энэ нь “Дэлхийн бүх улс гүрэн хагаран бутрах яг тэр үед Миний хаанчлал бүрэлдэн тогтоно, бас тэр үед Би хувирч, бүхий л орчлон ертөнцтэй нүүр тулна” хэмээх үгийн жинхэнэ утга учир юм. Бурхан хүнээс юу ч нуудаггүй; Тэрээр Өөрийн бүх баялаг байдлын талаар хүмүүст тасралтгүй хэлсэн ч тэд юу гэснийг нь ойлгож чаддаггүй ба Түүний үгийг зүгээр л тэнэг хүн шиг хүлээн зөвшөөрдөг. Ажлын энэ үе шатанд хүмүүс Бурханы хэмжээлшгүй байдлын талаар мэдэж авсан, түүнчлэн Түүнийг ойлгоход хэчнээн хэцүү болохыг одоо ухамсарлаж чаддаг; ийм учраас энэ өдрүүдэд Бурханд итгэх нь гахайд дуу дуулахыг заахтай адил, хамгийн хэцүү зүйл гэж тэдэнд санагдсан. Тэд урхинд орсон хулгана адил туйлын арчаагүй байдаг. Үнэндээ хүн хэр их хүч чадалтай, хэчнээн чадварлаг ур дүйтэй байх нь хамаагүй, эсвэл хязгааргүй их чадавхтай байх нь хамаагүй, Бурханы үгийн тухайд гэвэл ийм зүйлс ямар ч утгагүй. Бурханы нүдэнд хүн төрөлхтөн шатаасан цаасны бөөн үнс нурам төдий, хэрэглэгдэх нь бүү хэл, ямар ч үнэ цэнгүй байдаг. Энэ бол “тэдний үзэл бодлоор бол Би улам нууцлаг, улам бүр ойлгогдошгүй болсон” хэмээх үгийн жинхэнэ утгын төгс тайлбар юм. Бурханы ажил байгалийн хөгжил хөдөлгөөнийг дагаж, хүмүүсийн мэдрэхүйн эрхтнүүдийн хүлээн авч чадах зүйлийн дагуу хийгддэг гэдгийг үүнээс харж болно. Хүний уг чанар бат бэх, гуйвшгүй байх үед Бурханы айлддаг үг тэдний үзэлд бүрэн нийцдэг бөгөөд эдгээр үзэл Бурханыхтай бараг адилхан, өчүүхэн ч ялгаагүй юм шиг санагддаг. Энэ нь хүмүүст “Бурханы бодит байдлыг” бага зэрэг мэдүүлдэг боловч Бурханы үндсэн зорилго энэ биш юм. Бурхан газар дээрх жинхэнэ ажлаа албан ёсоор эхлэхээсээ өмнө хүмүүст суурьших боломж олгож байгаа. Тиймээс хүмүүсийн хувьд тун будилмаар байдаг энэхүү эхлэлийн явцад, өөрсдийнх нь урьдын санаа бодол буруу байсныг, мөн Бурхан, хүн хоёр тэнгэр, газар мэт өөр бөгөөд огтхон ч адилгүй гэдгийг тэд ухаарч байна. Бурханы үгийг хүний үзлийн үндсэн дээр үнэлж болохоо больсон учраас хүмүүс Бурханыг нэн даруй өөрөөр харж эхэлдэг; үүний үр дүнд тэд, бодитой Бурхан нь ойртохын аргагүй, харагдашгүй, хүршгүй мэт, мөн Бурханы махбод болсон бие Түүний мөн чанаргүй, гадаад тал төдий байдаг мэт Бурханыг гайхширан ширтдэг. Тэрээр бие махбодтой болсон Сүнс хэдий ч хэдийд ч Сүнсний хэлбэрт хувирч, хөвөн одож чадах юм санагддаг тул хүмүүс бага зэрэг сэрэмжилсэн сэтгэхүйтэй болсон. Бурханыг дурдмагц хүмүүс Түүнийг өөрсдийнхөө үзлээр хувцаслан, Тэрээр үүл, манан хөлөглөж, усан дээр алхаж, хүмүүсийн дунд гэнэт гарч ирж, алга болж чадна хэмээн хэлдэг. Зарим хүнд бүр ч тодорхой тайлбар байдаг. Хүмүүсийн мэдлэггүй байдал болон мэдлэг ухаан дутмагаас болж Бурхан: “Намайг эсэргүүцсэн юм уу Миний захиргааны зарлигийг зөрчсөн хэмээн тэднийг бодох үед Би мөн л хараагүй дүр үзүүлдэг” гэсэн юм.

Бурхан хүний муу муухай төрх болон дотоод ертөнцийг хэзээ ч, өчүүхэн төдий ч алдалгүйгээр, туйлын үнэн зөв илчилдэг. Тэр хэзээ ч, ямар ч алдаа гаргадаггүй гэж хэлж ч болно. Энэ нь хүмүүсийг бүрэн үнэмшүүлдэг нотолгоо юм. Бурханы ажлын цаад зарчмаас үүдэн Түүний олон үг, үйл хэрэг арилгах аргагүй сэтгэгдэл үлдээдэг болохоор хүмүүс илүү эрхэм нандин зүйлсийг Түүнээс нээн илрүүлсэн мэт, Түүний талаар бүр ч гүн гүнзгий ойлголттой болдог юм шиг санагддаг. “Тэдний ой санамжид Би бол хүмүүсийг гэсгээхийн оронд өршөөдөг Бурхан, эсвэл хэлсэндээ хүрдэггүй Бурхан Өөрөө юм. Эдгээр нь бүгд хүний бодлоос гарсан төсөөлөл бөгөөд бодит баримттай нийцдэггүй.” Хэдийгээр хүн төрөлхтөн Бурханы жинхэнэ царай төрхөд хэзээ ч ач холбогдол өгч байгаагүй боловч “Түүний зан чанарын хажуу талыг” арван хуруу шигээ мэддэг; тэд Бурханы үг болон үйлдлээс үргэлж өө хайж байна. Учир нь хүмүүс сөрөг зүйлсэд анхаарал хандуулж, эерэг зүйлсийг үл тооход үргэлж бэлэн байж, Бурханы үйл хэргийг гагцхүү дорд үздэг. Бурхан, амьдран суудаг газартаа Өөрийгөө даруухнаар нуудаг гэж хэлэх тусам, хүн төрөлхтөн Түүнээс төдий чинээ ихийг шаарддаг. “Хэрвээ бие махбодтой болсон Бурхан хүн төрөлхтний үйл хэрэг бүрийг ажиглаж, хүний амьдралыг туулж байгаа юм бол ихэнх тохиолдолд яагаад бидний бодит нөхцөл байдлыг мэддэггүй юм бэ? Бурхан үнэхээр нуугдсан гэсэн үг үү?” гэж тэд хэлдэг. Хэдийгээр Бурхан хүний зүрх сэтгэлийн гүнийг хардаг боловч хүний бодит байдлын дагуу ажилласаар, тодорхойгүй ч биш, ер бусын ч биш байдаг. Хүнийг хуучин зан чанараас нь бүрэн ангижруулахын тулд Бурхан хичээл чармайлтаа зориулан янз бүрийн өнцгөөс ярьж, хүмүүсийн жинхэнэ уг чанарыг ил болгож, дуулгаваргүй байдалд нь шүүлт хийн, нэг хоромд, хүн бүртэй харьцана гэж хэлээд, бүлэг хүмүүсийг аварна гэж дараагийн хоромд тунхагладаг; нэг бол хүмүүст шаардлага тавьж, эсвэл тэдэнд анхааруулдаг; тэдний дотоод талыг ээлж дараалан задлан шинжилж, эмчилгээ хийдэг. Тиймээс Бурханы үгийн удирдамж дор, хүмүүс газар дэлхийн өнцөг булан бүр лүү аялж, цэцэг болгон нь хамгийн үзэсгэлэнтэй сайхан нь байхаар өрсөлддөг элбэг дэлбэг цэцэрлэгт орсон мэт байдаг. Бурхан яг л төмөр агуулсан юуг ч өөртөө татдаг соронзон мэт, Бурхан юу ч хэлсэн хүн төрөлхтөн Түүний үг рүү орно. “Хүмүүс Намайг ер хайхардаггүй тул Би ч бас тэднийг нухацтай авч үздэггүй. Тэд Надад ямар ч анхаарал хандуулдаггүй тул Би ч гэсэн тэдэн дээр шаргуу ажиллах хэрэггүй. Энэ нь хоёуланд нь хамгийн сайн биш гэж үү?” хэмээх үгийг уншаад Бурханы ардуудад ёроолгүй нүхэнд дахин хаягдсан мэт, эсвэл амин газар луугаа дахин цохиулсан мэт санагдаж, бүрмөсөн цочирдож орхидог. Тиймээс тэд арга барил руу дахин ордог. Тэд ялангуяа “Хаанчлал дахь Миний ардуудын нэг гишүүн болохын хувьд хэрвээ та нар үүргээ биелүүлж чадахгүй бол Надад жигшигдэн гологдоно!” хэмээх үгийн талаар будилдаг. Ихэнх хүн ихэд гомдсон учраас нулимс урсган, ийнхүү боддог: “Ёроолгүй нүхнээс авирч гарахад надад хэцүү байсан, иймээс хэрвээ би дахиад тийшээ унавал ямар ч найдваргүй болно. Би хүний ертөнцөөс юу ч олж аваагүй, амьдралдаа төрөл бүрийн бэрхшээл, зовлон туулсан. Ялангуяа итгэлтэй болсныхоо дараа би хайртай хүмүүстээ хаягдаж, гэр бүлийнхний хавчлага, нийгэм дэх хүмүүсийн гүжирдлэгийг туулсан ба дэлхий ертөнцийн аз жаргалаас алийг нь ч эдлээгүй. Хэрвээ би дахиад ёроолгүй нүх рүү унах юм бол миний амьдрал бүр ч хий дэмий болох бус уу?” (Хүн энэ талаар бодох тусам, төдий чинээ их гунигладаг.) “Би бүх итгэл найдвараа Бурханы гарт даатгасан. Хэрвээ Тэр намайг орхивол би яг одоо үхсэн нь дээр байх… За яах вэ, бүх зүйлийг Бурхан урьдчилан тогтоосон болохоор одоо би зөвхөн Бурханыг хайрлахаар эрэлхийлж л чадна, бусад бүх зүйл хоёрдугаарт байдаг. Яагаад миний хувь заяа ийм байгаа юм бэ?” Хүмүүс ингэж бодох тусам, Бурханы стандарт болон Түүний үгийн зорилгод улам их ойртдог. Ийм маягаар Түүний үгийн зорилго биелдэг. Бурханы үгийг харсныхаа дараа хүмүүс бүгд дотоод үзэл суртлын зөрчилдөөнийг туулдаг. Тэдний цорын ганц сонголт нь хувь заяаны тушаалд захирагдах явдал бөгөөд ийм маягаар Бурханы зорилго биелдэг. Бурханы үг хатуу байх тусам, үүний үр дүнд хүмүүсийн дотоод ертөнц улам төвөгтэй болдог. Энэ нь яг л шарханд хүрэхтэй адил; хэдий чинээ чанга хүрнэ, төдий чинээ их өвдөн, хүмүүс үхэл амьдралын хооронд эргэлдэж, бүр амьд үлдэх итгэл найдвараа алдах хэмжээнд хүрдэг. Ийм болохоор хүмүүс хамгийн их зовж, горьдлого тасарсан үедээ л үнэн зүрх сэтгэлээ Бурханд өгч чаддаг. Өчүүхэн төдий ч гэсэн найдлага үлдэх л юм бол тэд тусламж авахаар Бурхан руу явахын оронд жам ёсоороо амьд үлдэх бие даасан аргуудыг хэрэглэнэ, хүний уг чанар ийм л байдаг. Яагаад гэвэл, өөрийгөө зөвтгөдөг нь хүний уг чанар бөгөөд хүмүүс өөрөөсөө бусдыг дорд үзэх хандлагатай байдаг. Тиймээс Бурхан: “Тав тухтай байхдаа ганц ч хүн Намайг бас л хайрлаж чадаагүй; амар амгалан, аз жаргалтай байх үедээ баяр баясгалангаа хуваалцахаар ганц ч хүн Надад хандаагүй” гэж хэлсэн юм. Энэ нь үнэхээр урам хугармаар; Бурхан хүнийг бүтээсэн боловч хүний ертөнцөд ирэх үед нь дэлхийгээр тэнүүчилдэг өнчин хүүхэд, эсвэл улс оронгүй дэлхийн хүн мэт Түүнийг хүмүүс эсэргүүцэж, нутаг дэвсгэрээсээ хөөн зайлуулахаар чармайдаг. Хэн ч Бурханд сэтгэл татагддаггүй, хэн ч Түүнийг үнэхээр хайрладаггүй, Түүнийг ирэхэд хэн ч, хэзээ ч угтан аваагүй. Харин ч Бурханы ирэхийг харах үедээ тэдний баяр хөөртэй царай нүд ирмэхийн төдийд барайж, гэнэтийн шуурга болох гэж байгаа мэт, Бурхан гэр бүлийнх нь аз жаргалыг булаан авч магадгүй мэт, Бурхан хүмүүсийг хэзээ ч ерөөгөөгүй, харин тэдэнд үргэлж золгүй явдал л авчирч байсан мэт байдаг. Тиймээс хүний оюун ухаанд, Бурхан бол ашиг тусгүй, харин өөрсдийг нь үргэлж хараадаг Нэгэн юм. Үүнээс үүдэн хүмүүс Түүнд анхаарал хандуулдаггүй, Түүнийг угтан авдаггүй; Түүнд үргэлж хүйтэн хөндий ханддаг бөгөөд үргэлж л ийм байсаар ирсэн. Хүмүүсийн зүрх сэтгэлд ийм зүйлс байдаг учраас Бурхан, хүн бол эрүүл ухаангүй, ёс суртахуунгүй, мөн хүмүүст байх учиртай мэдрэмжүүдийг ч тэднээс харах аргагүй гэж хэлдэг. Хүмүүс Бурханы мэдрэмжийг огт хайхардаггүй, харин Бурхантай харьцахын тулд “зөвт байдал” гэгчийг ашигладаг. Тэд олон жилийн турш ийм байсаар ирсэн бөгөөд энэ шалтгааны улмаас Бурхан, тэдний зан чанар өөрчлөгдөөгүй гэж хэлсэн юм. Тэд хэдхэн өднөөс хэтрэхгүй мөн чанартай гэдгийг энэ нь харуулдаг. Хүмүүс өөрсдийгөө эрхэмлэдэггүй учраас тэднийг ямар ч үнэ цэнгүй өөдгүй амьтад гэж хэлж болно. Тэд бүр өөрсдийгөө ч хайрладаггүй, харин ч өөрсөд дээрээ гишгэлдэг бол тэдний үнэ цэнгүй байдлыг энэ нь харуулж байгаа бус уу? Хүн бол өөрөөрөө тоглож, доромжлуулахын тулд өөрийгөө бусдад сайн дураараа өгдөг завхай эмтэй адилхан. Тэгсэн ч гэсэн хүмүүс хэчнээн дорд болохоо мөн л мэддэггүй. Бусдын төлөө ажиллаж, бусадтай ярилцан, бусдын хяналт дор өөрсдийгөө байлгах нь тэдэнд таатай байдаг; энэ нь яг үнэндээ хүний бузар муухай байдал бус уу? Хэдийгээр Би хүмүүсийн дундах амьдралыг мэдэрч, хүний амьдралыг үнэхээр туулаагүй ч хүний хөдөлгөөн, үйлдэл, үг, үйл хэрэг бүрийг тун тодорхой ойлгодог болсон. Тэгээд бүр заль мэхээ илчилж зүрхлэхээ больж, шунал тачаалдаа автахаа болих хүртэл нь хүмүүсийн сэтгэлийн гүн дэх ичгүүрийг ч илчилж чаддаг. Эмгэн хумс дун руугаа буцан шургадаг шиг тэд үзэшгүй муухай байдлаа илчилж зүрхлэхээ больдог. Хүмүүс өөрсдийгөө мэддэггүй учраас бусдын өмнө өөрсдийн увдисыг бэлхнээ гайхуулж, муухай төрхөө харуулдаг нь тэдний хамгийн том алдаа дутагдал юм; энэ бол Бурханы хамгийн их жигшдэг зүйл билээ. Учир нь хүмүүсийн хоорондох харилцаа хэвийн бус байдаг, хүмүүст хүн хоорондын хэвийн харилцаа дутагддаг, Бурхан, хүн хоёрын хооронд хэвийн харилцаа бүр ч байдаггүй. Бурхан маш ихийг хэлсэн бөгөөд ийн үйлдсэний гол зорилго нь хүмүүсийн зүрх сэтгэлд зай эзэлж, тэнд суурьшсан бүх шүтээнээс нь хүмүүсийг ангижруулах явдал юм. Тийнхүү Бурхан бүх хүн төрөлхтнийг захирч, газар дээр оршин тогтнох зорилгодоо хүрч чадна.

Өмнөх: 13-р бүлэг

Дараах: 15-р бүлэг

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Messenger дээр бидэнтэй холбоо барих