3-р бүлэг
Өнөөдөр Нигүүлслийн эрин үе биш, өршөөлийн эрин үе ч биш, харин Бурханы ардуудын илчлэгддэг Хаанчлалын эрин үе буюу Бурхан аливааг шууд бурханлаг чанараар хийдэг эрин үе юм. Тиймээс Бурханы үгийн энэхүү бүлгээр Бурхан Өөрийнх нь үгийг хүлээн авдаг бүх хүнийг сүнсний ертөнц рүү хөтөлдөг. Эхний догол мөрт Тэрээр эдгээр бэлтгэлийг урьдчилан хийсэн бөгөөд хэрвээ хүн Бурханы үгийн талаар мэдлэгтэй бол учгийг даган мөрдөж, Бурхан Өөрийнхөө ардуудад юу хийж гүйцэтгэхээр хүсэж байгааг шууд ухаарах болно. Хүмүүсийг урьд нь “үйлчлэл үзүүлэгчид” гэх нэршлийг ашиглан туршсан бөгөөд өнөөдөр тэднийг шалгалтад оруулсны дараа тэдний сургалт албан ёсоор эхэлдэг. Нэмж хэлэхэд, өнгөрсөн үеийн үгийн сууринд үндэслэн хүмүүс Бурханы ажлын талаар илүү их мэдлэгтэй байх ёстой бөгөөд үг болон хүн, мөн Сүнс болон хүнийг салшгүй нэгэн бүхэл буюу нэг ам, нэг зүрх сэтгэл, нэг үйлдэл, нэг эх сурвалж гэж үзэх ёстой. Энэхүү шаардлага нь бүтээлийн цаг үеэс хойш хүнд Бурханы тавьсан хамгийн өндөр шаардлага юм. Үүнээс, Бурхан хичээл чармайлтынхаа нэг хэсгийг Өөрийн ардуудад зарцуулахыг хүсдэгийг, тэдэнд зарим нэг тэмдэг, гайхамшиг харуулахыг хүсдэгийг, бүр ч чухал нь Тэрээр бүх хүнийг Бурханы бүхий л ажил болон үгэнд дуулгавартай байлгахыг хүсдэгийг харж болно. Нэг талаар Бурхан Өөрөө гэрчлэлээ хамгаалдаг, нөгөө талаар Тэр Өөрийнхөө ардуудад шаардлага тавьж, олон нийтэд Өөрийн захиргааны зарлигийг шууд гаргасан: Тиймээс, та нар Миний ард гэж нэрлэгдсэн болохоор юмс урьдынх шигээ байхаа больсон; та нар Миний Сүнсний айлдваруудыг сонсож, дуулгавартай даган, Миний ажлыг ойрхон дагах ёстой; Миний Сүнс болон Миний махбодыг салгаж болохгүй, учир нь Бид бол төрөлхөөсөө нэг агаад угаасаа салшгүй билээ. Бие махбодтой болсон Бурханыг хүмүүс үл ойшоохоос сэргийлэхийн тулд “учир нь Бид бол төрөлхөөсөө нэг агаад угаасаа салшгүй” гэх үгийг энд дахин нэгэнтээ онцолсон байна; ингэж үл ойшоох нь хүний алдаа учраас үүнийг Бурханы захиргааны зарлигт дахин нэгэнтээ жагсаасан. Дараа нь Бурхан хүмүүст, Бурханы захиргааны зарлигийг зөрчихийн үр дагаврын талаар юу ч нуулгүйгээр мэдэгдэж, “Тэд хохирол амсаж, өөрсдийнхөө гашуун зовлонгийн аяганаас л уух болно” хэмээн хэлсэн билээ. Хүн сул дорой учраас эдгээр үгийг сонссоны дараа зүрх сэтгэлдээ өөрийн эрхгүй Бурханаас илүү их болгоомжлох болсон, учир нь “гашуун зовлонгийн аяга” гэдэг нь хүмүүсийг хэсэг зуур тунгаан бодуулахад хангалттай юм. Бурханы ярьдаг энэхүү “гашуун зовлонгийн аяганы” талаар хүмүүст олон тайлбар байдаг: үгээр шүүгдэх, хаанчлалаас хөөгдөх, хэсэг зуур тусгаарлагдах, эсвэл махан биеэ Сатанаар завхруулж, муу ёрын сүнсэнд эзэмдүүлэх, Бурханы Сүнсэнд хаягдах, эсвэл махан биеэ эцэс болгож, Үхэгсдийн орон руу цөлөгдөх. Эдгээр тайлбар нь хүмүүсийн бодол санаагаар хүрч болох зүйл тул хүмүүс төсөөллөөрөө тэдгээрээс хэтрэн гарч чаддаггүй. Гэхдээ Бурханы бодол хүнийхтэй адилгүй; өөрөөр хэлбэл, “гашуун зовлонгийн аяга” гэдэг нь дээрх зүйлсийн алийг ч хэлдэггүй, харин Бурханы харьцалтыг хүлээн авсны дараах хүмүүсийн Бурханы тухай мэдлэгийн хэмжээг хэлдэг. Үүнийг илүү тодорхой хэлбэл, хүн Бурханы Сүнс болон Түүний үгийг дур зоргоороо салгах үед, эсвэл үг болон хүнийг юм уу Сүнс болон Өөрийгөө хувцасладаг махан биеийг нь салгах үед энэ хүн Бурханы үгээс Бурханыг мэдэх чадваргүйгээр зогсохгүй, хэрвээ Бурханыг бага зэрэг сэжиглэх юм бол цаг ямагт сохор болно. Хүмүүсийн төсөөлдөг шигээр тэднийг шууд тасдан хаядаггүй; харин ч тэд аажмаар Бурханы гэсгээлтэд унадаг—өөрөөр хэлбэл, тэд асар их гамшигт унаж, хэн ч тэдэнтэй таарч тохирдоггүй ба тэд муу ёрын сүнсэнд эзэмдүүлсэн мэт, хаашаа ч явсан юм мөргөж байдаг толгойгүй ялаа шиг л байдаг. Тэгсэн ч гэсэн тэд орхин явах чадваргүй хэвээр байдаг. Тэдний зүрх сэтгэлд юмс дүрслэн хэлэхийн аргагүй хэцүү бэрх байж, зүрх сэтгэлд нь үгээр хэлшгүй их зовлон байгаа мэт байдаг атал амаа ангайж ч чадалгүй, бүхий л өдрийг ухаан мэдрэлгүйгээр өнгөрүүлээд, Бурханыг мэдэрч чаддаггүй. Эдгээр нөхцөл байдлын дор Бурханы захиргааны зарлиг тэднийг заналхийлдэг, ингэснээр тэд ямар ч таашаалгүй байгаа хэр нь чуулганыг орхин явж зүрхэлдэггүй—үүнийг “дотоод болон гадаад талын дайралт” гэж нэрлэдэг бөгөөд хүмүүсийн хувьд үүнийг тэвчихэд асар хэцүү байдаг. Энд хэлсэн зүйл хүмүүсийн үзлээс өөр—учир нь тийм нөхцөл байдалд тэд Бурханыг эрж хайхаа мөн л мэддэг ба Бурхан тэднээс нүүр буруулах үед энэ нь тохиолддог, үүнээс ч чухал нь, яг үл итгэгчийн адилаар тэд Бурханыг огт мэдэрч чаддаггүй. Бурхан тийм хүмүүсийг шууд авардаггүй; тэдний гашуун зовлонгийн аяга хоосрох үе нь тэдний эцсийн өдөр ирсэн үе юм. Гэхдээ энэ мөчид тэд Бурханы хүслийг эрж хайсаар байж, үүнийг дахиад жаахан эдлэхийг хүсдэг—гэхдээ ямар нэгэн онцгой нөхцөл байдал байхгүй л бол энэ цаг үе өнгөрсөн үеэс өөр билээ.
Үүний дараа Бурхан бүх хүнд эерэг талуудыг ч бас тайлбарлаж, тийнхүү тэд дахин нэгэнтээ амийг олж авдаг—учир нь өнгөрсөн үед Бурхан, үйлчлэл үзүүлэгчдэд ямар ч амь байхгүй гэж хэлсэн боловч өнөөдөр гэнэтхэн “доторх амийн” талаар ярьсан. Амийн тухай ярьснаар л хүмүүс, өөрсдийнх нь дотор Бурханы амь байж болох юм байна гэдгийг мэдсэн. Ийм маягаар Бурханыг гэх тэдний хайр хэд дахин нэмэгдэж, тэд Бурханы хайр, өршөөлийн талаар илүү их мэдлэгийг олж авдаг. Тиймээс эдгээр үгийг харсны дараа бүх хүн урьдын алдаандаа гэмшиж, нууцаар харууслын нулимс урсгасан. Ихэнх нь бас Бурханыг сэтгэл хангалуун байлгах ёстой гэж чимээгүйхэн шийдсэн юм. Заримдаа Бурханы үг хүмүүсийн зүрх сэтгэлийн гүнийг нэвт хатгадаг болохоор хүмүүсийн хувьд тэдгээрийг хүлээн авахад бэрх, амар тайван байхад хэцүү байдаг. Заримдаа Бурханы үг чин үнэнч агаад үнэн сэтгэлийн байж, хүмүүсийн зүрх сэтгэлийг дулаацуулдаг, тэгснээр хүмүүс тэдгээрийг уншсаныхаа дараа, олон жил төөрсөн хурга эхийгээ дахин харж байгаа мэт байдаг. Тэгээд нүдэнд нь нулимс цийлгэнэж, сэтгэл хөдлөлд автан, өөрсдийгөө Бурханы тэвэрт аваачихаар байж сууж ядан, эхэр татан уйлж, үнэнч зангаа Бурханд харуулахын тулд олон жилийн турш зүрх сэтгэлд нь байсан үгээр дүрслэхийн аргагүй өвдөлт шаналлыг гаргадаг. Хэдэн сарын туршилтын улмаас тэд бага зэрэг мэдрэмтгий болж, дөнгөж сая сэтгэл санааны цочролд орсон юм шиг, мөн олон жилийн турш хэвтэрт байсан өвчтэй хүн мэт байдаг. Тэднийг Бурханы үгэнд тууштай итгүүлэхийн тулд Бурхан дараах үгийг олон удаа онцлон тэмдэглэсэн байдаг: “Ажлынхаа дараагийн алхмыг саад бартаагүй, төвөггүй урагшлуулахын тулд Би Өөрийн гэрт байгаа хүмүүсийг туршихдаа үгийн цэвэршүүлэлт хэрэглэдэг.” Энд Бурхан “Өөрийн гэрт байгаа хүмүүсийг турших” гэж хэлсэн; эдгээрийг сайтар уншвал, хүмүүс үйлчлэл үзүүлэгч болж үйлдэх үедээ Бурханы гэр доторх хүмүүс хэвээр байдаг гэдгийг мэдэж болно. Түүнчлэн, эдгээр үг нь “Бурханы ардууд” хэмээх нэрэнд хандах Бурханы үнэн сэтгэлийг онцолж, хүмүүсийн зүрх сэтгэлд тодорхой хэмжээний тайтгарал авчирдаг. Тэгвэл, Бурханы үгийг уншсаны дараа хүмүүст байдаг олон илрэлийг, эсвэл “Бурханы ардууд” гэх цол хараахан илчлэгдээгүй байх үеийг Бурхан яагаад ахин дахин заан үзүүлдэг юм бэ? Энэ нь, Бурхан бол хүний зүрх сэтгэлийн гүнийг хардаг Бурхан мөн гэдгийг л харуулахын төлөө байдаг бус уу? Энэ нь учир шалтгааны зөвхөн нэг хэсэг—энд энэ нь ердөө хоёрдугаар зэргийн ач холбогдолтой. Бурхан, бүх хүнийг бүрэн үнэмшүүлэхийн тулд, мөн Бурханы үгээс хүн бүр хангалтгүй байдлаа мэдэж, амьтай холбоотой урьдын дутагдлаа мэдэж авахын тулд, үүнээс гадна ажлын дараагийн үе шатны төлөөх суурийг тавихын тулд ийнхүү хийдэг. Хүмүүс өөрсдийгөө мэдсэн сууринд л үндэслэн Бурханыг мэдэхээр хичээж, Бурханыг дуурайхаар эрэлхийлж чадна. Эдгээр үгээс болоод хүмүүс сөрөг, идэвхгүй байснаа эерэг, идэвх санаачилгатай болон өөрчлөгддөг бөгөөд энэ нь Бурханы ажлын хоёр дахь хэсгийн үндсийг суулгадаг. Ажлын энэ үе шатыг суурь болгосноор Бурханы ажлын хоёр дахь хэсэг хялбар хэрэг болж, хамгийн өчүүхэн жаахан хичээл чармайлт шаарддаг гэж хэлж болно. Тиймээс хүмүүс өөрсдийн зүрх сэтгэл доторх уйтгар гунигаа үлдэн хөөж, эерэг агаад идэвх санаачилгатай болох үед Бурхан энэ боломжийг ашиглан Өөрийнхөө ардуудад өөр шаардлага тавьдаг: “Миний үг хэдийд ч, хаана ч хэлэгдэж, илэрхийлэгддэг тул та нар ч бас цаг ямагт Миний өмнө өөрсдийгөө мэдэж байх ёстой. Учир нь, өнөөдөр бол эцсийн эцэст өнгөрсөн үетэй адилгүй бөгөөд цаашид чи хүссэн бүхнээ биелүүлж чадахгүй. Харин чи Миний үгийн удирдамж дор өөрийнхөө биеийг захирах чадвартай байх ёстой; чи Миний үгийг түшиг тулгуураа болгон ашиглах ёстой ба болчимгүй аашилж болохгүй.” Энд Бурхан үндсэндээ “Миний үг” гэдгийг онцлон тэмдэглэсэн; өмнө нь ч гэсэн Тэр олон удаа “Миний үг” гэж дурдаж байсан, тиймээс хүн бүр үүнд өөрийн эрхгүй анхаарал хандуулдаг. Тиймээс энэ нь Бурханы ажлын дараагийн үе шатны гол цөмийг илтгэдэг: Бүх хүн Бурханы үгэнд анхаарлаа хандуулах ба өөр ямар ч хайр байж болохгүй. Бурханы амнаас гарсан үгийг бүгд нандигнах ёстой ба тэдгээрийг хөнгөн хуумгай авч үзэх ёсгүй; тийнхүү нэг хүн Бурханы үгийг уншиж, олон хүн амен хэмээн хэлж, дуулгавартай байдаг чуулганы урьдын нөхцөл байдал төгсгөл болох болно. Тухайн үед хүмүүс Бурханы үгийг мэдээгүй, харин тэдгээрийг өөрсдийгөө хамгаалах зэвсэг мэт авч үзсэн. Үүнийг өөрчлөхийн тулд Бурхан илүү өндөр, шинэ шаардлагыг газар дээр хүнд тавьсан билээ. Бурханы өндөр стандарт, хатуу чанд шаардлагуудыг харсныхаа дараа хүмүүс сөрөг, идэвхгүй болдгийг болиулахын тулд Бурхан: “Нэгэнт юмс өнөөдрийн ийм нөхцөл байдалд хүрсэн учраас та нар өнгөрсөн үеийн үйл хэрэг, үйлдэлдээ хэтэрхий их шаналж, харамсах хэрэггүй. Миний уужим сэтгэл далай тэнгис, тэнгэр мэт хязгааргүй—хүний чадвар болон Миний талаарх мэдлэгийг Би алган дээрээ тавьсан мэт мэддэг бус уу?” хэмээн хэлж олон удаа хүмүүсийг зоригжуулсан. Эдгээр чин үнэнч, үнэн сэтгэлийн үг хүмүүсийн оюун ухааныг гэнэт нээж, тэднийг цөхрөлөөс Бурханы төлөөх хайр луу, мөн эерэг, идэвх санаачилгатай байдал руу нэн даруй аваачсан, учир нь Бурхан хүмүүсийн зүрх сэтгэл дэх сул талыг шүүрэн авч үгээ хэлдэг билээ. Энэ тухай мэдэлгүйгээр хүмүүс өөрсдийн урьдын үйлдлүүдээс болж Бурханы өмнө үргэлж эвгүйцдэг бөгөөд харууслаа ахин дахин илэрхийлдэг. Тиймээс Бурхан эдгээр үгийг тун хялбархан, хэвийн байдлаар илчилдэг, ингэснээр хүмүүст Бурханы үг бол хүйтэн хөндий, үхмэл биш, харин хатуу агаад зөөлөн, тод томруун агаад бодитой санагддаг.
Бүтээлийн цаг үеэс эхлээд өнөөдрийг хүртэл Бурхан сүнсний ертөнцөөс хүнд зориулан бүхнийг чимээгүйхэн зохицуулсан бөгөөд сүнсний ертөнцийн үнэнийг хүнд хэзээ ч дүрслэн өгүүлээгүй юм. Гэсэн ч, өнөөдөр Бурхан тэнд явагддаг тулааныг гэнэт өгүүлсэн нь аяндаа хүмүүсийг будилуулж, Бурхан бол гүн гүнзгий агаад ойлгохын аргагүй юм гэдгийг тэдэнд улам илүү мэдрүүлж, тэдний хувьд Бурханы үгийн эх сурвалжийг олоход бүр ч хэцүү болгож орхидог. Сүнсний ертөнц байлдааны бэлэн байдалд орсон байгаа нь бүх хүнийг сүнс рүү аваачдаг гэж хэлж болно. Энэ бол ирээдүйн ажлын эхний шийдвэрлэх чухал хэсэг бөгөөд хүмүүсийг сүнсний ертөнц рүү оруулах учиг юм. Бурханы ажлын дараагийн алхам нь үндсэндээ сүнс рүү чиглэдгийг үүнээс харж болох бөгөөд үүний үндсэн зорилго нь бүх хүнийг махбод доторх Бурханы Сүнсний гайхалтай үйл хэргийн талаар илүү их мэддэг болгож, улмаар Бурханд үнэнч бүх хүнд Сатаны мунхаг байдал болон уг чанарын талаар илүү их мэдлэг өгөх явдал юм. Хэдийгээр тэд сүнсний ертөнцөд төрөөгүй боловч тэдэнд Сатаныг нүдээрээ харсан мэт санагдах бөгөөд тэдэнд ийм мэдрэмж төрөнгүүт Бурхан үг хэлэх өөр арга барил руу даруй шилждэг—хүмүүс иймэрхүү сэтгэлгээтэй болмогц Бурхан: “Яагаад Би та нарыг ийнхүү яаран сургаж байна вэ? Яагаад Би та нарт сүнсний ертөнцийн бодит баримтыг хэлж өгдөг вэ? Яагаад Би та нарт ахин дахин сануулж, захидаг вэ?” гэж асуудаг. Гэх мэтчилэн бүхэл бүтэн цуврал асуулт нь хүмүүсийн оюун ухаанд олон асуулт төрүүлдэг: Яагаад Бурхан ийм өнгөөр ярьдаг юм бэ? Яагаад Тэр, сүм барьж байх үед хүмүүст тавьсан шаардлагуудынхаа талаар биш, харин сүнсний ертөнцийн хэрэг явдлын талаар ярьдаг юм бэ? Яагаад Бурхан нууцуудыг илчилснээр хүмүүсийн үзлийг тас цохидоггүй юм бэ? Зүгээр л бага зэрэг анхааралтай хянуур байснаар хүмүүс Бурханы ажлын алхмуудын талаар бага зэрэг мэдлэгтэй болдог болохоор хожим уруу таталттай тулгарах үед тэдний дотор Сатаныг үзэн ядах жинхэнэ мэдрэмж төрнө. Хожим шалгалттай тулгарах үедээ ч гэсэн тэд мөн л Бурханыг мэдэж, Сатаныг илүү гүн гүнзгий жигшиж чадах бөгөөд тийнхүү Сатаныг хараана.
Эцэст нь Бурханы хүсэл хүнд бүрэн илчлэгдэнэ: “миний үг болгоныг сүнсэн дотроо үндэслүүлж, цэцэглүүлж, жимслүүлж, бүр ч чухал нь илүү их жимс гаргах хэрэгтэй. Учир нь Миний шаарддаг зүйл бол гоёмсог цэцэгс биш, харин элбэг дэлбэг үр жимс буюу мууддаггүй үр жимс юм.” Өөрийнхөө ардуудаас Бурханы шаардсан олон удаагийн шаардлагуудаас энэ нь хамгийн иж бүрэн, гол зүйл бөгөөд үүнийг илэн далангүй байдлаар хэлсэн. Би хэвийн хүн чанараар ажилладаг байдлаас бүрэн бурханлаг чанараар ажилладаг байдалд шилжсэн; тиймээс урьд нь Би ний нуугүй хэлсэн үгэндээ ямар нэгэн нэмэлт тайлбар нэмэх хэрэггүй байсан бөгөөд ихэнх хүн Миний үгийн утгыг ойлгож чадсан. Үүний үр дүнд, тухайн үед хүмүүсээс Миний үгийг мэдэж, бодит байдлын талаар ярих чадвартай байхыг л шаардаж байсан юм. Гэхдээ энэ үе шат бол маш өөр. Миний бурханлаг чанар хяналтыг бүрэн авч, хүн чанар ажиллах ямар ч орон зай үлдээгээгүй. Тиймээс Миний ардуудын дундах хүмүүс Миний үгийн жинхэнэ утгыг ойлгохыг хүсвэл тэдэнд туйлын хэцүү байдаг. Зөвхөн Миний айлдваруудаар л дамжуулан тэд гэгээрэл, гэрэлтүүлэлт олж авч чадах бөгөөд энэ сувгаар дамжихгүй л бол Миний үгийн зорилгыг ухаарна гэсэн аливаа бодол нь хий хоосон мөрөөдөл болно. Миний айлдваруудыг хүлээн авсныхаа дараа бүх хүн Миний талаар асар их мэдлэгтэй байх үе нь Миний ардууд Намайг амьдран харуулах үе бөгөөд энэ нь махбод дахь Миний ажил дууссан үе, Өөрийн бурханлаг чанарыг махбодоор бүрэн амьдран харуулсан үе билээ. Энэ мөчид бүх хүн махбод дахь Намайг мэдэж, Бурхан махбодоор илэрсэн гэж үнэхээр хэлж чадах бөгөөд үр жимс нь энэ байх болно. Бурхан чуулган байгуулахаас залхаж эхэлсэн гэдгийг энэ нь улам их нотолдог—өөрөөр хэлбэл, “хүлэмжин дэх цэцэгс одод шиг тоо томшгүй олон агаад бахдан биширсэн олны сэтгэлийг татдаг хэдий ч хатаж гандмагцаа Сатаны овжин явуулга шиг салбайж навсайдаг ба хэн ч тэдгээрийг сонирхдоггүй.” Хэдийгээр чуулганыг байгуулах цаг үед Бурхан бас биечлэн ажилласан боловч Тэрээр үргэлж шинэ байдаг, хэзээ ч хуучин байдаггүй Бурхан учраас өнгөрсөн үеийн хэрэг явдлуудыг дурсан санадаггүй. Хүмүүсийн өнгөрснөө эргэн санадгийг болиулахын тулд Тэрээр “Сатаны овжин явуулга шиг салбайж навсайдаг” хэмээх үгийг ашигласан нь Бурхан дүрэм журмыг мөрддөггүй гэдгийг харуулдаг. Зарим хүн Бурханы хүслийг буруугаар тайлбарлаж, “Энэ нь Бурханы Өөрийн хийсэн ажил байтал Тэр яагаад ‘цэцэгсийг хатаж гандмагц нь хэн ч тэдгээрийг сонирхдоггүй’ гэж хэлсэн юм бэ?” хэмээн асууж магадгүй. Эдгээр үг хүмүүст илчлэл өгдөг. Хамгийн чухал нь тэдгээр нь бүх хүнийг шинэ, үнэн зөв, эхлэлийн цэгтэй болгодог; тэр үед л тэд Бурханы хүслийг хангалуун болгож чадна. Эцэстээ Бурханы ардууд үнэн зөв, хүчинд автаагүй, өөрсдийнх нь зүрх сэтгэлээс гарсан магтаалыг Бурханд өгч чадна. Энэ бол Бурханы 6,000 жилийн удирдлагын төлөвлөгөөний гол цөмд байдаг зүйл юм. Өөрөөр хэлбэл, энэхүү 6,000 жилийн удирдлагын төлөвлөгөөний биелэлт нь энэ: бүх хүнд бие махбодтой болсон Бурханы ач холбогдлыг мэдүүлж—Бурхан махбод болсныг буюу махбод дахь Бурханы үйл хэргийг тэдэнд бодитоор мэдүүлэх явдал—ингэснээр тэд тодорхойгүй Бурханыг үгүйсгэж, мөнхөөс мөнхөд үнэхээр, бодитоор оршин байсан өнөөдрийн бас өчигдрийн, үүнээс ч илүүтэйгээр маргаашийн Бурханыг мэдэх юм. Тэр үед л Бурхан амралтад орно!