3. Бурханы ажлын гурван үе шат бүрийн зорилго ба ач холбогдол

Холбогдох Бурханы үг:

Израильчууд дээр хийсэн Еховагийн ажил нь газар дээрх Бурханы эх нутаг буюу Түүний байдаг ариун газрыг хүн төрөлхтний дунд байгуулжээ. Тэрээр Өөрийн ажлыг Израилийн ард түмнээр хязгаарласан юм. Эхэндээ Тэр Израилийн гадна ажиллаагүй, харин ажлынхаа цар хүрээг хязгаарлахын тулд тохиромжтой гэж үзсэн хүмүүсээ сонгон авчээ. Израиль бол Бурхан Адам, Ева хоёрыг бүтээсэн газар бөгөөд тэрхүү газрын шорооноос Ехова хүнийг бүтээсэн; энэ газар нь газар дэлхий дээрх Түүний ажлын үндэс болсон юм. Ноагийн, бас Адамын үр удам болох израильчууд нь газар дээрх Еховагийн ажлын суурь хүмүүс байсан билээ.

Тухайн үед, Израиль дахь Еховагийн ажлын ач холбогдол, зорилго, алхмууд нь Өөрийн ажлыг дэлхий даяар эхлүүлэх буюу Израилийг төвөө болгон аажмаар Харь үндэстнүүд рүү түгэх явдал байлаа. Энэ бол орчлон ертөнц даяар ажиллахдаа Түүний баримталдаг зарчим—загвар байгуулаад дараа нь орчлон ертөнцийн бүх хүн сайн мэдээг нь хүлээн авах хүртэл загвараа өргөжүүлэх явдал мөн. Эхний израильчууд Ноагийн үр удам байв. Энэ хүмүүст зөвхөн Еховагийн амьсгал өгөгдсөн ба тэд амьдралын үндсэн хэрэгцээгээ хангахуйц зүйлийг ойлгож байсан боловч Ехова ямархуу Бурхан болохыг, хүний төлөөх Түүний хүсэл юу болохыг мэдээгүй, бүх бүтээлийн Эзэнийг хэрхэн хүндэтгэх ёстойгоо бүр ч мэдээгүй. Дуулгавартай дагаха дүрэм журам, хууль байсан эсэх, эсвэл бүтээгдсэн зүйл нь Бүтээгчийн төлөө хийх ёстой үүрэг байсан эсэх тухайд бол, Адамын үр удам эдгээрийн алийг ч мэддэггүй байлаа. Гэр бүлээ тэжээхийн тулд эр нөхөр нь хөлсөө урсган хөдөлмөрлөж, эхнэр нь нөхөртөө захирагдаж, Еховагийн бүтээсэн хүн төрөлхтнийг үргэлжлүүлэх ёстой гэдгийг л тэд мэддэг байв. Өөрөөр хэлбэл, Еховагийн амьсгал болон амийг л агуулж байсан ийм хүмүүс Бурханы хуулийг хэрхэн дагахыг, эсвэл бүх бүтээлийн Эзэнийг хэрхэн сэтгэл хангалуун байлгахыг мэддэггүй байжээ. Тэд дэндүү багыг ойлгодог байлаа. Иймээс, хэдийгээр тэдний зүрх сэтгэлд гажууд, ов мэхтэй зүйл юу ч байгаагүй, тэдний дунд атаархал, хэрүүл тэмцэл хааяахан гардаг байсан ч тэд бүх бүтээлийн Эзэн Еховаг мэддэггүй, ойлгодоггүй байв. Хүний эдгээр өвөг дээдэс зөвхөн Еховагийн зүйлийг идэж, Еховагийн зүйлийг эдлэхийг л мэддэг байсан боловч Еховаг хэрхэн хүндлэхийг мэддэггүй байжээ; Ехова бол өвдөг сөгдөн шүтэн мөргөх ёстой Нэгэн гэдгийг тэд мэддэггүй байлаа. Иймээс тэднийг яаж Түүний бүтээл гэж нэрлэж болох юм бэ? Хэрвээ тэгсэн бол “Ехова бол бүх бүтээлийн Эзэн” болон “Тэрээр Өөрийгөө харуулж, Өөрийгөө алдаршуулж, Өөрийгөө төлөөлүүлэхээр хүнийг бүтээсэн” гэдэг үгийг хий дэмий хэлсэн болох бус уу? Еховаг огт хүндэлдэггүй хүмүүс яаж Түүний алдрын гэрчлэл болж чадах юм бэ? Тэд яаж Түүний алдрын илрэл болж чадах юм бэ? Тэгвэл “Би хүнийг Өөрийн дүрээр бүтээсэн” гэх Еховагийн үг, муу ёрын нэгэн болох Сатаны гар дахь зэвсэг болох бус уу? Тэгвэл эдгээр үг нь Ехова хүнийг бүтээсний ичгүүрийн тэмдэг болох бус уу? Ажлын тэрхүү үе шатыг гүйцэлдүүлэхийн тулд Ехова хүн төрөлхтнийг бүтээснийхээ дараа Адамаас эхлээд Ноаг хүртэл тэдэнд зааварчилж, залж чиглүүлээгүй юм. Харин ч үерээр дэлхийг устгасны дараа л Тэр, Ноа болон бас Адамын үр удам болох израильчуудыг албан ёсоор залж чиглүүлж эхэлсэн билээ. Израиль дахь ажил болон айлдвар нь Израилийн газар нутаг даяар амьдарч байсан Израилийн бүх ард түмэнд удирдамж өгсөн бөгөөд Ехова хүнд амьсгал үлээн оруулж, Өөрийн амийг өгөөд, тоос шорооноос бүтээгдсэн хүнийг бий болгож чадахаар үл барам, хүн төрөлхтнийг шатааж, харааж, Өөрийн таягийг ашиглан хүн төрөлхтнийг удирдаж чадна гэдгийг хүмүүст харуулсан юм. Иймээс, Ехова газар дээрх хүний амьдралыг залж чиглүүлж, хүн төрөлхтний дунд өдөр шөнийн цагийн дагуу үг хэлж, ажиллаж чадна гэдгийг ч бас тэд харжээ. Хүн Еховагийн атгасан шорооноос үүссэн, түүнчлэн хүнийг Ехова бүтээсэн гэдгийг Өөрийн бүтээлүүдэд мэдүүлэхийн тулд л Тэр энэ ажлыг хийсэн юм. Үүгээр ч зогсохгүй, бусад ард түмэн болон үндэстэн (үнэндээ тэд Израилиас тусгаар байгаагүй, харин Израилиас салбарласан ч мөн л Адам, Евагаас үүссэн байв) Израилиас Еховагийн сайн мэдээг хүлээн аваг гэсэндээ Тэрээр Өөрийн ажлыг Израильд анх хийсэн бөгөөд ингэснээр орчлон ертөнц дээрх бүх бүтээгдсэн зүйл Еховаг хүндэлж, дээдэлж чадах байлаа. Ехова Өөрийн ажлыг Израильд эхлэлгүй, харин оронд нь хүн төрөлхтнийг бүтээчхээд газар дээр дураар нь амьдруулсан бол, тэр тохиолдолд махан биеийнхээ уг чанараас болоод хүн (уг чанар гэдэг нь хүн харж чадахгүй зүйлээ хэзээ ч мэдэж чадахгүй гэсэн үг бөгөөд Ехова хүн төрөлхтнийг бүтээснийг мэдэхгүй, Тэр яагаад үүнийг хийснийг бүр ч мэдэхгүй гэсэн үг юм), Ехова хүн төрөлхтнийг бүтээсэн гэдгийг, эсвэл Тэр бол бүх бүтээлийн Эзэн гэдгийг хэзээ ч мэдэхгүй байх байв. Хэрвээ Ехова хүнийг бүтээж, газар дээр тавьчхаад, дараа нь хэсэг хугацаанд удирдамж өгөхийн тулд хүн төрөлхтний дунд үлдэхийн оронд зүгээр л гар дахь тоосоо гөвөөд, явчихсан бол бүх хүн устан мөхөх байв; бүр Түүний бүтээсэн тэнгэр, газар, бүх зүйл, бүх хүн төрөлхтөн устан мөхөхийн сацуу Сатанаар гишгэлүүлэх байсан юм. Ийм маягаар, “Газар дээр буюу бүтээлүүдийнхээ дунд зогсох ариун газар Түүнд байх ёстой” гэсэн Еховагийн хүсэл сүйрэх байлаа. Иймээс хүн төрөлхтнийг бүтээснийхээ дараа Тэрээр амьдралыг нь залж чиглүүлэхийн тулд тэдний дунд үлдэж, тэдний дундаас тэдэнд хандан үг хэлж чаддаг байсан нь бүгд Түүний хүслийг гүйцэлдүүлж, Түүний төлөвлөгөөг биелүүлэхийн төлөө байсан юм. Израильд Түүний хийсэн ажил нь бүх зүйлийг бүтээхээсээ өмнө гаргасан төлөвлөгөөгөө биелүүлэх л зорилготой байсан, тиймээс эхлээд израильчуудын дунд ажилласан явдал болон бүх зүйлийг бүтээсэн нь хоорондоо зөрчилдөөгүй, харин хоёулаа Түүний удирдлага, Түүний ажил, Түүний алдрын төлөө, мөн хүн төрөлхтнийг бүтээснийх нь утга учрыг гүнзгийрүүлэхийн төлөө байсан билээ. Тэрээр Ноагаас хойш хоёр мянган жилийн турш газар дээрх хүн төрөлхтний амьдралыг залж чиглүүлсэн ба энэ хугацаандаа бүх зүйлийн Эзэн Еховаг хэрхэн хүндэлж, амьдралдаа биеэ хэрхэн авч явж, хэрхэн үргэлжлүүлэн амьдрах, хамгийн гол нь яаж Еховаг гэрчилж, Түүнд дуулгавартай байж, Түүнд хүндлэл үзүүлж, Давид болон түүний тахилчдын адилаар хөгжмөөрөө Еховаг магтан дуулахыг хүмүүст ойлгуулсан билээ.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Хуулийн эрин үе дэх ажил

Тайлбар:

а. Эх бичвэрт “дуулгавартай дагах” гэх хэллэг байдаггүй.

Ехова хүн төрөлхтнийг бүтээсэн, өөрөөр хэлбэл, Тэрээр хүн төрөлхтний өвөг дээдэс болох Адам, Еваг бүтээсэн боловч тэдэнд илүү их оюун ухаан, эсвэл мэргэн ухаан хайрлаагүй юм. Хэдий тэд аль хэдийн газар дээр амьдарч байсан ч бараг юу ч ойлгоогүй юм. Иймээс хүн төрөлхтнийг бүтээх Еховагийн ажлын хагас нь л дууссан бөгөөд бүрэн гүйцэлдээгүй байв. Тэрээр зөвхөн шорооноос хүний загварыг бүтээгээд Өөрийн амьсгалыг өгсөн боловч Өөрийг нь хүндлэх хангалттай хүсэл зоригийг хүнд хайрлаагүй юм. Анх хүнд Түүнийг хүндлэх, эсвэл Түүнээс эмээх оюун санаа байгаагүй. Хүн Түүний үгийг хэрхэн сонсохоо л мэддэг байсан боловч газар дээрх амьдрал болон хүний амьдралын хэвийн дүрэм журмын талаарх үндсэн мэдлэгийг мэддэггүй байлаа. Иймээс хэдийгээр Ехова эрэгтэй, эмэгтэй хүнийг бүтээж, долоон өдрийн туурвилаа дуусгасан боловч хүнийг бүтээх үйлээ яавч бүрэн төгс болгоогүй, учир нь хүн гадаад бүрхүүл төдий байсан ба хүн байх бодит байдалгүй байлаа. Хүн төрөлхтнийг Ехова бүтээсэн гэдгийг л хүн мэддэг байсан боловч Еховагийн үгийг юм уу хуулийг хэрхэн мөрдөх талаар өчүүхэн ч мэддэггүй байв. Иймээс хүн төрөлхтөн бий болсны дараа Еховагийн ажил огтхон ч дуусах болоогүй байсан юм. Тэрээр хүн төрөлхтнийг Өөрийнхөө өмнө ирүүлэхийн тулд мөн л бүрэн залж чиглүүлэх хэрэгтэй байлаа, ингэснээр тэд газар дээр хамт амьдарч, Түүнийг хүндэлж чаддаг болж магад байсан ба Түүний удирдамжтайгаар газар дээрх хэвийн хүний амьдралын зөв замд орж магад байв. Ийм маягаар л үндсэндээ Еховагийн нэрийн дор явагдсан ажил бүрэн дууссан; өөрөөр хэлбэл, зөвхөн ийм маягаар л дэлхийг бүтээх Еховагийн ажил бүрэн дууссан юм. Иймээс, хүн төрөлхтнийг бүтээгээд Тэр хэдэн мянган жилийн турш газар дээрх хүн төрөлхтний амьдралыг залж чиглүүлэх хэрэгтэй болсон ба ийнхүү хүн төрөлхтөн Түүний зарлиг болон хуулийг мөрдөж, газар дээрх хэвийн хүний амьдралын бүх үйл ажиллагаанд оролцож чадах байсан юм. Тэр үед л Еховагийн ажил бүрэн дууссан. Хүн төрөлхтнийг бүтээсний дараа Тэр энэ ажлыг хийж, Иаковын эрин хүртэл үүнийг үргэлжлүүлсэн ба тухайн үед Тэрээр Иаковын арван хоёр хүүг Израилийн арван хоёр овог болгосон билээ. Тэр цагаас эхлээд Израилийн бүх ард түмэн газар дээр Түүгээр албан ёсоор удирдуулсан хүмүүс болж, Израиль нь газар дээрх Түүний ажлын тусгай байршил болсон билээ. Ехова энэ хүмүүсийг, газар дээрх ажлаа албан ёсоор хийх эхний бүлэг хүмүүс болгосон бөгөөд Израилийн бүх газар нутгийг Өөрийн ажлын эхлэлийн цэг болгож, тэднийг бүр ч илүү агуу ажлын эхлэл болгон ашигласан, ингэснээр газар дээр Түүнээс төрсөн бүх хүн Түүнийг хэрхэн хүндэлж, газар дээр хэрхэн амьдрахаа мэдэх байсан юм. Иймээс израильчуудын үйл хэрэг нь Харь үндэстний хүмүүсийн дагах үлгэр жишээ болсон бөгөөд Израилийн ард түмний дунд хэлсэн зүйл нь Харь үндэстний хүмүүсийн сонсох үг болжээ. Учир нь тэд Еховагийн хууль болон тушаалыг эхлээд хүлээн авах хүмүүс байсан ба иймээс ч тэд бас Еховагийн замыг хэрхэн хүндлэхээ эхлээд мэдэж авах хүмүүс байсан юм. Тэд бол Еховагийн замыг мэддэг хүн төрөлхтний өвөг дээдэс, түүнчлэн Еховагийн сонгосон хүн төрөлхтний төлөөлөл байлаа.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханы ажлын үзэгдэл 3

Хуулийн эрин үед Ехова, өөрийг нь даган Египетээс гарсан израильчуудад дамжуулах олон тушаалыг Мосед буулгажээ. Эдгээр тушаалыг Ехова израильчуудад өгсөн бөгөөд египетчүүдтэй ямар ч хамаагүй байв; тэдгээр нь израильчуудыг хязгаарлах зорилготой байсан бөгөөд тэдэнд шаардлага тавихын тулд Тэрээр тушаалуудыг ашиглажээ. Тэд Амралтын өдрийг сахидаг эсэх, эцэг эхээ хүндэлдэг эсэх, хуурамч шүтээн шүтдэг эсэх гэх мэт нь нүгэлтэй юу, эсвэл зөв шударга уу гэдгийг нь шүүх зарчмууд байлаа. Тэдний дундаас зарим нь Еховагийн галд цохиулсан, зарим нь чулуу шидүүлж алуулсан, мөн зарим нь Еховагийн ерөөлийг хүртсэн бөгөөд эдгээр тушаалыг дуулгавартай дагасан эсэхийнх нь дагуу энэ нь шийдэгддэг байв. Амралтын өдрийг сахиагүй хүмүүсийг чулуугаар шидэж алдаг байжээ. Амралтын өдрийг сахиагүй тахилчид Еховагийн галд цохиулдаг байв. Эцэг эхдээ хүндлэл үзүүлдэггүй хүмүүсийг ч бас чулуу шидэж алдаг байлаа. Энэ бүгдийг Ехова сайшаадаг байв. Амьдралыг нь удирдах хугацаанд хүмүүс Түүний үгийг сонсож, дуулгавартай дагаж, Түүний эсрэг тэрслэхгүй байг гэсэндээ Ехова Өөрийн тушаалууд болон хуулийг тогтоожээ. Шинэ төрсөн хүн төрөлхтнийг хяналтдаа байлгаж, Өөрийнхөө хожмын ажлын суурийг илүү сайн тавихын тулд Тэр эдгээр хуулийг ашигласан юм. Иймээс Еховагийн хийсэн ажилд үндэслэн эхний эрин үеийг Хуулийн эрин үе гэж нэрлэжээ. Ехова олон айлдвар хэлж, ихээхэн ажил хийсэн боловч хүмүүсийг зөвхөн эерэгээр залж чиглүүлж байсан ба хэрхэн хүн байхыг, яаж амьдрахыг, Еховагийн замыг хэрхэн ойлгохыг энэ мэдлэггүй хүмүүст заажээ. Ихэнхдээ, Түүний хийсэн ажил нь хүмүүсээр Өөрийн замыг сахиулж, Өөрийн хуулийг дагуулахын төлөө байв. Уг ажил багахан завхарсан хүмүүс дээр хийгдсэн; энэ нь тэдний зан чанарыг өөрчлөх, эсвэл амийн ахиц гаргах хэмжээнд хүртэл өргөжөөгүй. Тэрээр хүмүүсийг хязгаарлаж, хянахын тулд хуулийг хэрэглэхэд л анхаарч байв. Тухайн үеийн израильчуудын хувьд Ехова бол зүгээр л сүм дэх Бурхан, тэнгэр дэх Бурхан байлаа. Тэрээр үүлэн багана, галан багана байсан юм. Еховагийн тэднээс шаардсан бүхэн нь, өнөөдрийн хүмүүсийн Түүний хууль, тушаал гэж үздэг зүйлийг дагах явдал байв—үүнийг дүрэм ч гэж хэлж болно—учир нь Еховагийн хийсэн зүйл тэднийг өөрчлөхийн төлөө биш, харин хүнд байх учиртай илүү их зүйлийг тэдэнд өгч, тэдэнд Өөрийн амаар зааварчлахын төлөө байсан. Учир нь бүтээгдсэний дараа, хүний эзэмших ёстой зүйл хүнд огт байгаагүй юм. Иймээс Ехова хүмүүст, газар дээр амьдрахдаа эзэмших учиртай зүйлсийг нь өгч, Өөрийн удирдсан хүмүүсийг өвөг дээдэс болох Адам, Евагаас нь илүү гаргасан, учир нь Еховагийн тэдэнд өгсөн зүйл анх Адам, Ева хоёрт өгсөн зүйлээс нь илүү байлаа. Ямартай ч, Еховагийн Израильд хийсэн ажил нь зөвхөн хүн төрөлхтнийг залж чиглүүлэх, хүн төрөлхтөнд өөрсдийнх нь Бүтээгчийг таниулах л зорилготой байв. Тэр тэднийг байлдан дагуулаагүй, өөрчлөөгүй, харин ердөө л залж чиглүүлсэн юм. Энэ бол Хуулийн эрин үе дэх Еховагийн ажлын үр дүн билээ. Энэ бол Израилийн бүхий л газар нутаг дахь Түүний ажлын цаад шалтгаан, жинхэнэ түүх, мөн чанар бөгөөд хүн төрөлхтнийг Еховагийн гарын хяналтад байлгахын төлөөх зургаан мянган жилийн ажлынх нь эхлэл юм. Эндээс Түүний зургаан мянган жилийн удирдлагын төлөвлөгөөн дэх илүү олон ажил төрөн гарсан юм.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Хуулийн эрин үе дэх ажил

Есүсийн хийсэн ажил тухайн эрин үеийн хүний хэрэгцээний дагуу байв. Түүний ажил хүнийг золин аварч, нүглийг нь уучлахын төлөө байсан болохоор Түүний зан чанар бүхэлдээ даруу байдал, тэвчээр, хайр, чин сүсэг, хүлээцтэй байдал, өршөөл, энэрэн хайрлах сэтгэл байлаа. Тэрээр хүнд арвин их нигүүлсэл, ерөөл болон хүмүүсийн эдэлж чадах бүх зүйлийг авчирсан бөгөөд хүмүүсийн эдэлдэг бүхэн нь амар тайван, баяр хөөр ба Есүсийн хүлээцтэй байдал, хайр, өршөөл, энэрэл байсан юм. Тухайн үед хүмүүст учирсан эдэлж болох арвин их зүйл—зүрх сэтгэл доторх амар тайван, уужуу байдлын мэдрэмж, сүнсний тайтгарал, Аврагч Есүст түшиглэх байдал нь—бүгд тэдний амьдарч байсан эрин үетэй хамаатай байв. Нигүүлслийн эрин үед хүнийг Сатан аль хэдийн завхруулсан байлаа, иймээс бүх хүн төрөлхтнийг золин аврах ажлыг биелүүлэх нь арвин их нигүүлсэл, эцэс төгсгөлгүй хүлээцтэй байдал, тэвчээр шаардсан, үүнээс ч илүүтэйгээр, ажлын үр дүнд хүрэхийн тулд хүний нүглийг цайруулах хангалттай тахилыг шаардсан юм. Нигүүлслийн эрин үед хүмүүсийн харсан зүйл нь ердөө хүний нүглийг цайруулах Миний тахил—Есүс байв. Бурхан өршөөнгүй, хүлээцтэй байж чадна гэдгийг л тэд мэддэг бөгөөд Есүсийн өршөөл, энэрлийг л хардаг. Энэ нь бүхэлдээ, тэд Нигүүлслийн эрин үед төрснөөс болсон билээ. Иймээс золин аврагдаж чадахаасаа өмнө тэд, Есүсийн хайрласан олон янзын нигүүлслийг эдлэх ёстой болжээ, ингэснээр л үр ашгийг нь хүртэх болно. Ийм маягаар, нигүүлсэл эдэлснээр тэд нүглээ уучлуулж, бас Есүсийн хайрласан тэсвэр, тэвчээрийг эдэлснээр золин авруулах боломжтой болж чадах байлаа. Есүсийн тэсвэр, тэвчээрээр л дамжуулан тэд уучлал хүлээн авч, Есүсийн хайрласан элбэг дэлбэг нигүүлслийг эдлэх эрхийг олж авсан юм. Яг л Есүсийн хэлсэнчлэн: Би зөв шударга хүмүүсийг биш, харин нүгэлтнүүдийг золин аварч, нүгэлтнүүдэд нүглээ уучлуулах боломж олгохоор ирсэн. Махбод болох үедээ Есүс шүүлт, хараал, хүний халдахыг тэвчдэггүй зан чанарыг авчирсан бол хүн хэзээ ч золин аврагдах боломжгүй байсан бөгөөд үүрд нүгэлтэй хэвээр үлдэх байлаа. Ийм байсан бол зургаан мянган жилийн удирдлагын төлөвлөгөө Хуулийн эрин үед зогсож, Хуулийн эрин үе зургаан мянган жилээр сунжрах байв. Хүний нүгэл улам их, улам хүнд болж, хүнийг бүтээсний ач холбогдол нь бүхэлдээ талаар болох байлаа. Хүмүүс хуулийн дор Еховад үйлчилж л чадах байсан боловч нүгэл нь анх бүтээгдсэн хүмүүсийнхээс давах байсан юм. Есүс хүн төрөлхтнийг улам их хайрлаж, хүний нүглийг уучилж, хүнд хангалттай өршөөл, өгөөмөр сэтгэл авчрах тусам тэд Есүсээр авруулж, Есүсийн асар их үнээр буцаан худалдаж авсан төөрсөн хурганууд гэж нэрлэгдэх улам их эрхтэй болсон билээ. Сатан ч бас энэ ажилд хөндлөнгөөс оролцож чадахгүй, учир нь нярай хүүхдээ энгэртээ тэвэрдэг энэрэлт эхийн адилаар Есүс дагалдагчдадаа хандаж байв. Тэрээр тэдэнд уурлаж, тэднийг жигшээгүй, харин тайтгарлаар дүүрэн байлаа; тэдний дунд Есүс хэзээ ч уурсан хилэгнээгүй, харин нүглийг нь тэвчсэн бөгөөд мунхаглал, мэдлэггүй байдлыг нь хараагүй дүр үзүүлж, “Бусдыг дал дахин долоон удаа уучил” хэмээн хэлэхэд хүрч, Түүний зүрх сэтгэл бусдын зүрх сэтгэлийг уяраасан. Ингэснээр л хүмүүс Түүний тэвчээрээр дамжуулан нүглээ уучлуулсан юм.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Золин авралын эрин үеийн ажлын цаад үнэн түүх

Есүс бие махбодтой болохдоо огт сэтгэл хөдлөлгүй байсан хэдий ч шавь нараа үргэлж тайтгаруулж, хангаж, тэдэнд тусалж, тэднийг дэмжсэн билээ. Тэр хэчнээн их ажил хийж, хэчнээн их зовлон туулсан ч бай, хүмүүст хэзээ ч хэтэрсэн шаардлага тавиагүй, харин тэдний нүгэлд үргэлж тэвчээртэй, хүлээцтэй хандсан, тийм болохоор Нигүүлслийн эрин үеийн хүмүүс Түүнийг “хайр татам Аврагч Есүс” хэмээн энхрийлэн нэрлэдэг байв. Тухайн үеийн хүмүүс буюу бүх хүний хувьд Есүст юу байгаа, Тэр юу болох нь өршөөл, энэрэл байлаа. Тэрээр хүмүүсийн гэм бурууг хэзээ ч санаагүй бөгөөд хэзээ ч гэм бурууд нь үндэслэн тэдэнд хандаж байсангүй. Өөр эрин үе байсан учраас хүмүүсийг цадталаа идэг гэсэндээ элбэг арвин хоол хайрладаг байлаа. Тэрээр бүх дагалдагчдаа нигүүлсэнгүй хандаж, өвчтэйг эдгээж, чөтгөрүүдийг хөөн зайлуулж, үхсэн хүнийг амилуулж байв. Хүмүүсийг Өөртөө итгүүлж, Түүний хийдэг бүхэн чин сэтгэлээр, үнэнчээр хийгддэг гэдгийг үзүүлэхийн тулд Тэрээр илжирсэн цогцсыг амилуулахад ч хүрсэн бөгөөд үхсэн хүн ч Түүний гарт амилж болно гэдгийг харуулсан. Ийм маягаар Тэр чимээгүйхэн тэвчиж, тэдний дунд золин авралын ажлаа явуулсан билээ. Есүс, загалмайд цовдлогдохоосоо ч өмнө хүний нүглийг аль хэдийн Өөртөө үүрч, хүний төлөөх нүглийн тахил болсон. Тэрээр цовлогдохоосоо ч өмнө хүн төрөлхтнийг золин аврахын тулд загалмайн замыг нээсэн байв. Эцэст нь, загалмайд цовдлогдож, загалмайн төлөө Өөрийгөө золиосолж, Өөрийн бүх өршөөл, энэрэл, ариун байдлыг хүн төрөлхтөнд хайрлажээ.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Золин авралын эрин үеийн ажлын цаад үнэн түүх

Есүсийн золин авралгүйгээр хүн үүрд нүгэлд амьдарч, нүглийн үр, чөтгөрүүдийн үр сад болох байлаа. Тийнхүү үргэлжилсэн бол бүхий л дэлхий ертөнц Сатаны орогнодог орон буюу тэрний оршин суудаг газар болох байв. Гэхдээ золин авралын ажил нь хүнд өршөөл, энэрэл үзүүлэхийг шаарддаг; тийм арга замаар л хүн төрөлхтөн уучлал хүлээн авч, эцэстээ бүрэн төгс болгуулж, Бурханаар бүрэн авхуулах эрхийг олж авч чадах байсан юм. Ажлын энэ үе шатгүйгээр зургаан мянган жилийн удирдлагын төлөвлөгөө өрнөж чадахгүй байх байлаа. Хэрвээ Есүс цовдлогдоогүй бол, хэрвээ Тэр ердөө л өвчтэйг эдгээж, чөтгөрүүдийг зайлуулсан бол хүмүүс нүглээ бүрэн уучлуулж чадахгүй байх байсан юм. Есүс газар дэлхий дээр ажлаа хийн өнгөрүүлсэн гурван жил хагасын хугацаандаа золин авралын ажлынхаа хагасыг л гүйцэлдүүлсэн; дараа нь загалмайд цовдлогдож, нүгэлт махан биеийн төрхтэй болж, ёрын муу нэгэнд өгөгдсөнөөр цовдлолын ажлыг гүйцэлдүүлж, хүн төрөлхтний хувь заяаг захирах болжээ. Сатаны гарт хүргэгдсэнийхээ дараа л Тэр хүн төрөлхтнийг золин аварсан юм. Гучин гурван жил хагасын хугацаанд Тэрээр газар дээр зовж, дооглуулж, гүтгүүлж, хаягдаж, тэр ч бүү хэл толгой хоргодох газаргүй, амрах газаргүй болоход хүрсэн бөгөөд дараа нь цовдлогдож, Түүний бүхий л оршихуй—ариун агаад гэм зэмгүй бие—загалмайд хадагдсан. Тэрээр бүх төрлийн зовлонг туулсан юм. Эрх мэдэлтэй хүмүүс Түүнийг тохуурхаж, ташуурдаж, цэргүүд бүр нүүр лүү нь нулимсан; гэсэн ч Тэр чимээгүй байж, эцсээ хүртэл тэвчин, үхэн үхтэлээ нөхцөл болзолгүй захирагдаж, улмаар бүх хүн төрөлхтнийг золин аварсан билээ. Тэр үед л Тэрээр амрах боломжтой болсон. Есүсийн хийсэн ажил Нигүүлслийн эрин үеийг л төлөөлдөг; энэ нь Хуулийн эрин үеийг төлөөлдөггүй, эцсийн өдрүүдийн ажлыг ч орлодоггүй. Энэ бол хүн төрөлхтний туулсан хоёр дахь эрин үе болох Нигүүлслийн эрин үе—Золин авралын эрин үе дэх Есүсийн ажлын мөн чанар билээ.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Золин авралын эрин үеийн ажлын цаад үнэн түүх

Тухайн үед Есүсийн ажил бүх хүн төрөлхтнийг золин аврахын төлөө байв. Түүнд итгэсэн бүх хүний нүгэл уучлагдсан; Түүнд итгэдэг л бол Тэр чамайг золин аварна; хэрвээ Түүнд итгэсэн бол чи нүглийнх байхаа больж, нүглээсээ чөлөөлөгдөх байв. Аврагдах, итгэлээр зөвтгөгдөх гэдэг нь энэ юм. Гэхдээ итгэсэн хүмүүст ч Бурханыг эсэргүүцдэг, тэрслүү зүйл үлдсэн бөгөөд үүнийг мөн л аажмаар арилгах хэрэгтэй байлаа. Аврал гэдэг нь Есүс хүнийг бүрэн олж авсан гэсэн үг биш, харин хүн нүгэлтэн байхаа больж, нүглээ уучлуулсан гэсэн үг юм. Чи итгэх л юм бол дахиад хэзээ ч нүглийнх байхаа болих юм.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханы ажлын үзэгдэл 2

Есүс хүний ертөнцөд ирэх үедээ Нигүүлслийн эрин үеийг эхлүүлж, Хуулийн эрин үеийг төгсгөсөн. Эцсийн өдрүүдэд Бурхан дахин нэг удаа махбод болсон ба энэ удаа бие махбодтой болохдоо Нигүүлслийн эрин үеийг төгсгөж, Хаанчлалын эрин үеийг эхлүүлсэн юм. Хоёр дахь удаа бие махбодтой болсон Бурханыг хүлээн зөвшөөрч чаддаг бүх хүн Хаанчлалын эрин үе рүү хүргэгдэж, Бурханы удирдамжийг биечлэн хүлээн авч чадна. Хэдийгээр Есүс хүмүүсийн дунд их ажил хийсэн ч бүх хүн төрөлхтний золин авралыг л гүйцэлдүүлж, хүний нүглийн тахил болсон юм; Тэрээр хүнийг бүх завхарсан зан чанараас нь салгаагүй. Хүнийг Сатаны нөлөөнөөс бүрэн аврах нь, Есүсээс нүглийн тахил болж хүний нүглийг үүрэхийг шаардаад зогсохгүй, бас хүнийг сатанлаг завхарсан зан чанараас нь бүрэн салгахын тулд улам их ажил хийхийг Бурханаас шаардсан. Ингээд хүний нүгэл уучлагдсаны дараа Бурхан хүн төрөлхтнийг шинэ эрин үе рүү хөтлөхийн тулд махбодод эргэн ирж, гэсгээлт, шүүлтийн ажлыг эхлүүлсэн юм. Энэ ажил нь хүнийг илүү өндөр хүрээнд аваачсан. Түүний ноёрхол дор захирагддаг бүх хүн илүү өндөр үнэнийг эдэлж, илүү агуу ерөөлийг хүлээн авна. Тэд үнэхээр гэрэлд амьдарч, үнэн, зам, амийг олж авна.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Өмнөх үг

Энэ удаа бие махбодтой болсон Бурханы ажил нь үндсэндээ гэсгээлт, шүүлтээр дамжуулан Өөрийн зан чанарыг илэрхийлэх явдал юм. Энэ сууринд үндэслээд Тэрээр хүнд илүү их үнэнийг авчирч, хэрэгжүүлэлтийн илүү олон замыг заан үзүүлж, улмаар хүнийг байлдан дагуулж, завхарсан зан чанараас нь аврах зорилгодоо хүрдэг. Энэ бол Хаанчлалын эрин үе дэх Бурханы ажлын ард оршдог зүйл юм.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Өмнөх үг

Эцсийн өдрүүдийн ажил бол үг хэлэх явдал юм. Үгийн тусламжтайгаар хүнд асар их өөрчлөлт гарч болно. Эдгээр үгийг хүлээн зөвшөөрснөөр өнөөгийн хүмүүст гарч байгаа өөрчлөлтүүд нь Нигүүлслийн эрин үеийн тэмдэг, гайхамшгийг хүлээн зөвшөөрсөн хүмүүсийнхээс хамаагүй их. Учир нь Нигүүлслийн эрин үед гараа дээр нь тавьж, залбирснаар хүнээс чөтгөрүүдийг хөөн зайлуулж байсан боловч хүний доторх завхарсан зан чанар хэвээр үлдсэн юм. Хүний өвчнийг эдгээж, нүглийг нь өршөөсөн боловч хүний доторх завхарсан сатанлаг зан чанарыг яг яаж арилгах тухайд бол энэ ажил хараахан хийгдээгүй. Хүн итгэлээсээ үүдэн аврагдаж, нүглээ уучлуулсан боловч хүний нүгэлт уг чанар арилаагүй бөгөөд дотор нь үлдсэн юм. Бие махбодтой болсон Бурханы тусламжтайгаар хүний нүглийг уучилсан боловч хүний дотор нүгэл байхаа больсон гэсэн үг биш. Нүглийн тахилаар дамжуулан хүний нүглийг өршөөж болох боловч хүний нүгэл үйлдэхийг яг яаж болиулах, нүгэлт уг чанарыг нь яаж бүрэн арилгаж, өөрчлөх тухайд бол хүн энэ асуудлыг шийдвэрлэх ямар ч аргагүй байдаг. Хүний нүглийг өршөөсөн нь Бурханы цовдлолын ажлаас үүдсэн боловч хүн хуучны, завхарсан сатанлаг зан чанар дотроо үргэлжлүүлэн амьдарсаар юм. Ийм болохоор хүнийг сатанлаг завхарсан зан чанараас нь бүрэн аврах ёстой, ингэснээр түүний нүгэлт уг чанар дахин хэзээ ч хөгжихгүйгээр бүрэн арилж, улмаар хүний зан чанар өөрчлөгдөх боломжтой болох юм. Энэ нь амийн өсөлтийн замыг, амийн замыг болон зан чанараа өөрчлөх замыг ухаарахыг хүнээс шаарддаг. Түүнчлэн, энэ замын дагуу хэрэгжүүлж, зан чанараа аажмаар өөрчилж, гэрлийн гялбаан дор амьдарч, хийдэг бүхнээ Бурханы хүслийн дагуу байлгаж, завхарсан сатанлаг зан чанараа хаяж, Сатаны харанхуйн нөлөөнөөс ангижирч, улмаар нүглээс бүрэн ангижрахыг хүнээс шаарддаг. Тэгсэн цагт л хүн бүрэн аврал хүртэнэ. Есүсийг ажлаа хийж байх үед Түүний талаарх хүний мэдлэг мөн л бүдэг бадаг, тодорхойгүй байв. Тэр бол Давидын хүү гэдэгт хүн үргэлж итгэж байсан ба Тэр бол агуу эш үзүүлэгч, хүний нүглийг золин аварсан энэрэнгүй Эзэн хэмээн тунхагласан юм. Итгэлийнхээ хүчээр зарим нь Түүний хувцасны заханд хүрэх төдийд эдгэж, сохор хүн харж, үхсэн хүн ч дахин амилж байлаа. Гэвч хүн өөрийнх нь дотор гүн үндэслэсэн завхарсан сатанлаг зан чанарыг олж мэдэж чадаагүй, үүнийг хэрхэн хаяхыг ч мэдээгүй. Хүн махан биеийн амар амгалан, аз жаргал, нэг гишүүнийх нь итгэл бүхий л гэр бүлийнхэнд ерөөл авчрах, өвчнийг эдгээх гэх мэт ихээхэн нигүүлслийг хүлээн авчээ. Үлдсэн нь хүний сайн үйл хэрэг, мөн түүний сүсэг бишрэлтэй төрх байдал байв; хэрвээ хүн эдгээрт үндэслэн амьдарч чаддаг бол түүнийг боломжийн итгэгч гэж үздэг байлаа. Ийм итгэгчид л үхсэнийхээ дараа диваажинд орж чадах байсан ба энэ нь тэд аврагдсан гэсэн үг байлаа. Гэвч энэ хүмүүс амьдрах хугацаандаа амийн замыг огт ойлгоогүй юм. Тэд зан чанараа өөрчлөх ямар ч замгүйгээр тогтмол давтамжтайгаар нүгэл үйлдэж, дараа нь нүглээ улайдаг байсан: Нигүүлслийн эрин үе дэх хүний нөхцөл байдал ийм байлаа. Хүн бүрэн аврал хүртсэн үү? Үгүй! Тиймээс ажлын тэрхүү үе шат дууссаны дараа шүүлт, гэсгээлтийн ажил хэвээр үлдсэн юм. Энэ үе шат нь үгийн тусламжтайгаар хүнийг ариусгаж, улмаар түүнд дагах зам өгөхийн төлөө байдаг. Хэрвээ чөтгөрийг хөөн зайлуулахаа үргэлжлүүлсээр байсан бол энэ үе шат үр дүнгүй, утга учиргүй байх байлаа, учир нь энэ нь хүний нүгэлт уг чанарыг арилгаж чадахгүй бөгөөд хүн нүглээ уучлуулаад л зогсонги байдалд орох байв. Цовдлолын ажил аль хэдийн дуусаж, Бурхан Сатаныг ялан дийлсэн учраас нүглийн тахилаар дамжуулан хүн нүглээ уучлуулсан. Гэвч хүний доторх завхарсан зан чанар хэвээр үлдэж, хүн нүгэл үйлдэж, Бурханыг эсэргүүцэж мөн л чаддаг бөгөөд Бурхан хүн төрөлхтнийг олж аваагүй. Тиймээс ажлын энэ үе шатанд Бурхан хүний завхарсан зан чанарыг илчлэхдээ үг ашиглаж, зөв замын дагуу хэрэгжүүлэхэд түүнийг хүргэдэг. Энэ үе шат нь өмнөхийг бодвол илүү утга учиртай, мөн түүнчлэн илүү үр дүнтэй байдаг, учир нь одоо цагт хүний амийг шууд хангаж, хүний зан чанарыг бүрэн шинэчлэхэд хүргэдэг зүйл нь үг билээ; энэ нь ажлын илүү бүрэн гүйцэд үе шат юм. Тиймээс эцсийн өдрүүдэд бие махбодтой болсон Бурхан нь Бурхан бие махбодтой болохын ач холбогдлыг гүйцээж, хүнийг аврах Бурханы удирдлагын төлөвлөгөөг бүрэн дуусгасан юм.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бие махбодтой болохын нууц 4

Хаанчлалын эрин үед бие махбодтой болсон Бурхан үгээрээ Өөрт нь итгэдэг бүх хүнийг байлдан дагуулдаг. Энэ нь “Үг нь махбодоор илэрсэн” хэрэг юм; Бурхан эцсийн өдрүүдэд энэ ажлыг хийхээр ирсэн, өөрөөр хэлбэл, “Үг нь махбодоор илэрсэн” бодит ач холбогдлыг биелүүлэхээр ирсэн юм. Тэр зөвхөн үг хэлдэг ба баримт гарч ирэх нь ховор байдаг. Үг нь махбодоор илрэхийн мөн чанар яг энэ бөгөөд бие махбодтой болсон Бурхан үгээ хэлэх үе бол Үг нь махбодоор илэрч, Үг нь махбодод ирж байгаа хэрэг юм. “Анх Үг байв, Үг Бурхантай хамт байсан ба Үг нь Бурхан байлаа, тэгээд Үг нь махбод болсон юм.” Энэ (Үг нь махбодоор илрэх ажил) нь эцсийн өдрүүдэд Бурханы гүйцэтгэх ажил бөгөөд Түүний бүхий л удирдлагын төлөвлөгөөний сүүлчийн бүлэг юм, иймээс Бурхан газар дээр ирж, үгээ махбодоор илэрхийлэх ёстой. Өнөөдөр хийдэг зүйл, хожим хийх зүйл, Бурханы гүйцэлдүүлэх зүйл, хүний эцсийн хүрэх газар, аврагдах хүмүүс, устгагдах хүмүүс гэх мэт эцэст нь биелэх ёстой энэ бүх ажлыг бүгдийг нь тодорхой өгүүлсэн ба бүгд Үг нь махбодоор илрэхийн бодит ач холбогдлыг биелүүлэхийн төлөө байдаг. Өмнө нь тунхагласан захиргааны зарлиг болон хууль, устгагдах хүмүүс, амралтад орох хүмүүс зэрэг эдгээр үг бүгд биелэх ёстой. Энэ бол эцсийн өдрүүдэд бие махбодтой болсон Бурханы голлон биелүүлдэг ажил юм. Бурханы урьдчилан тогтоосон хүмүүс хаана харьяалагдах болон Бурханы урьдчилан тогтоогоогүй хүмүүс хаана харьяалагдахыг, Түүний ардууд болон хөвгүүд хэрхэн ангилагдахыг, Израильд юу тохиолдохыг, Египетэд юу тохиолдохыг Тэрээр хүмүүст ойлгуулдаг бөгөөд ирээдүйд эдгээр үг нэг бүрчлэн биелнэ. Бурханы ажлын алхмууд эрчээ авч байна. Эрин үе бүрд хийгдэх зүйлийг, бие махбодтой болсон Бурханы эцсийн өдрүүдэд хийх зүйлийг болон Түүний биелүүлэх гэж байгаа үйлчлэлийг хүнд илчлэхдээ Бурхан үгийн арга барилыг ашигладаг бөгөөд эдгээр үг нь бүгд Үг нь махбодоор илрэхийн бодит ач холбогдлыг биелүүлэхийн тулд байдаг.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бүгд Бурханы үгээр биелдэг

Хаанчлалын эрин үед Бурхан үг ашиглан шинэ эрин үеийг эхлүүлж, Өөрийн ажилладаг арга барилыг өөрчилж, бүхий л эрин үеийн ажлыг хийдэг. Энэ нь Үгийн эрин үед Бурханы ажилладаг зарчим билээ. Тэрээр өөр өөр өнцгөөс ярихын тулд махбод болсон, ингэснээр хүн Үг махбодоор илэрсэн Бурханыг үнэхээр харж, Түүний мэргэн ухаан, гайхалтай байдлыг нүдээр харж чадах байв. Хүнийг байлдан дагуулж, төгс болгож, таягдах зорилгод илүү сайн хүрэхийн тулд ийм ажил хийгддэг ба энэ нь Үгийн эрин үед ажиллахдаа үг ашиглахын жинхэнэ утга учир юм. Эдгээр үгээр дамжуулан хүмүүс Бурханы ажил, Бурханы зан чанар, хүний мөн чанар болон хүн юунд орох учиртайг мэдэж авдаг. Үгийн эрин үед Бурханы хийхийг хүсдэг ажил үгээр дамжуулан бүхэлдээ биелдэг. Эдгээр үгээр хүмүүсийг илчилж, таягдан хаяж, шалгадаг. Хүмүүс Бурханы үгийг харж, эдгээр үгийг сонсож, эдгээр үгийн оршин тогтнолыг танин мэдсэн. Үүний үр дүнд тэд Бурханы оршин тогтнол, Бурханы бүхнйг чадагч байдал, мэргэн ухаан, мөн түүнчлэн хүнийг гэх Бурханы хайр, хүнийг аврах Түүний хүсэлд итгэх болсон. “Үг” хэмээх үг энгийн, жирийн байж болох ч бие махбодтой болсон Бурханы амнаас гардаг үг орчлон ертөнцийг донсолгож, хүмүүсийн зүрх сэтгэл, үзэл, хуучин зан чанарыг өөрчилж, бүхий л дэлхий ертөнцийн харагддаг байсан байдлыг өөрчилдөг. Эрин үеүдийн туршид өнөөдрийн Бурхан л ийм маягаар ажилласан бөгөөд зөвхөн Тэр л ийнхүү ярьж, хүнийг ингэж авардаг. Энэ мөчөөс эхлээд хүн Бурханы үгийн удирдамж дор амьдарч, Түүний үгээр хариулуулж, хангагддаг. Хүмүүс Бурханы үгийн ертөнцөд, Бурханы үгийн хараал болон ерөөл дотор амьдардаг бөгөөд Түүний үгийн шүүлт, гэсгээлт дор амьдарч эхэлсэн хүмүүс бүр ч олон бий. Эдгээр үг болон энэ ажил бүгд хүний авралын төлөө, Бурханы хүслийг биелүүлэхийн төлөө, хуучин дэлхий ертөнцийн анхдагч төрхийг өөрчлөхийн төлөө байдаг. Бурхан үг ашиглан дэлхийг бүтээсэн, орчлон ертөнц дахины хүмүүсийг үг ашиглан удирддаг бөгөөд тэднийг үгээр байлдан дагуулж, авардаг. Эцэст нь Тэр бүхий л хуучин ертөнцийг төгсгөхийн тулд үг ашиглаж, улмаар удирдлагын төлөвлөгөөгөө бүхэлд нь гүйцэлдүүлнэ. Хаанчлалын эрин үеийн туршид Өөрийн ажлыг хийж, ажлынхаа үр дүнд хүрэхийн тулд Бурхан үг ашигладаг. Тэрээр гайхамшиг болон хүчит үйлс үзүүлдэггүй, харин ердөө үгээр дамжуулан ажлаа хийдэг. Эдгээр үгээс болж хүн тэжээгдэн хангагдаж, мэдлэг болон жинхэнэ туршлага олж авдаг.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Хаанчлалын эрин үе бол үгийн эрин үе юм

Эрин үеийг төгсгөх эцсийн ажилд Бурханы зан чанар нь гэсгээлт, шүүлтийн зан чанар байдаг бөгөөд Тэрээр бүх хүнийг ил тод шүүж, Өөрийг нь чин сэтгэлээсээ хайрладаг хүмүүсийг төгс болгохын тулд зөв шударга бус бүхнийг илчилдэг. Зөвхөн ийм зан чанар л эрин үеийг төгсгөж чадна. Эцсийн өдрүүд аль хэдийн ирчихсэн. Бүтээлийн бүх зүйл төрлийнхөө дагуу ангилагдаж, уг чанарынхаа үндсэн дээр өөр өөр төрөлд хуваагдана. Энэ бол Бурхан хүмүүсийн төгсгөлийг, мөн хүрэх газрыг илчилдэг мөч юм. Хэрвээ хүмүүс гэсгээлт, шүүлт туулахгүй бол дуулгаваргүй байдал болон зөв шударга бус байдлыг нь ил болгох ямар ч аргагүй байх болно. Гэсгээлт, шүүлтээр л бүх бүтээлийн төгсгөлийг илчилж болно. Гэсгээгдэж, шүүгдэх үедээ л хүн жинхэнэ төрхөө харуулдаг. Мууг нь муутай, сайныг нь сайнтай тавих бөгөөд бүх хүн төрлийнхөө дагуу ангилагдана. Гэсгээлт, шүүлтээр дамжуулан бүх бүтээлийн төгсгөл илчлэгдэнэ, ингэснээр муу нь шийтгүүлж, сайн нь шагнуулж, бүх хүн Бурханы эрх мэдэлд харьяалагдаж болох юм. Энэ бүх ажил зөв шударга гэсгээлт, шүүлтээр хийгдэх ёстой. Хүний завхрал дээд цэгтээ хүрч, дуулгаваргүй байдал нь хэтэрхий ноцтой болсон учраас үндсэндээ гэсгээлт, шүүлтээс бүрддэг, эцсийн өдрүүдэд илчлэгддэг Бурханы зөвт зан чанар л хүнийг бүрмөсөн өөрчилж, бүрэн төгс болгож чадна. Энэ зан чанар л мууг ил болгож, улмаар зөв шударга бус бүхнийг хатуу шийтгэж чадна. Тиймээс ийм зан чанарт эрин үеийн ач холбогдол шингэсэн байдаг бөгөөд Түүний зан чанарын илчлэл болон илрэл нь шинэ эрин үе бүрийн ажлын төлөө илэрхийлэгддэг. Бурхан Өөрийн зан чанарыг дур зоргоороо, ач холбогдолгүйгээр илчилдэг юм биш. Эцсийн өдрүүдэд хүний төгсгөлийг илчлэхдээ Бурхан хүнд хязгааргүй өршөөл, хайр харуулж, түүнийг үргэлжлүүлэн хайрлаж, хүнд зөвт шүүлт хүртээхгүй, харин ч хүлээцтэй байдал, тэвчээр, уучлал үзүүлж, нүгэл нь хэчнээн ноцтой байсан ч өчүүхэн ч зөвт шүүлтгүйгээр хүнийг өршөөсөөр байсан бол Бурханы бүх удирдлага хэзээ ер нь дуусах юм бэ? Ийм зан чанар хэзээ хүмүүсийг хүн төрөлхтөнд тохирох хүрэх газар луу хөтөлж чадах юм бэ? Жишээлбэл, үргэлж бусдыг хайрладаг, эелдэг царай, зөөлөн зүрх сэтгэлээр шүүдэг шүүгчийг аваад үз. Тэрээр, үйлдсэн нүглээс нь үл хамааран хүмүүсийг хайрладаг ба хэн ч байлаа гэсэн, хайр энэрэлтэй, тэвчээртэй ханддаг. Тийм тохиолдолд тэр хэзээ ер нь шударга ялын тогтоол гаргаж чадах юм бэ? Эцсийн өдрүүдийн үеэр зөвт шүүлт л хүнийг төрлөөр нь ангилж, шинэ ертөнцөд аваачиж чадна. Ийм маягаар, Бурханы шүүлт, гэсгээлтийн зөвт зан чанараар дамжуулан бүхий л эрин үе төгсдөг.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханы ажлын үзэгдэл 3

Өмнөх: 2. Бурханы ажлын гурван үе шатны зорилго

Дараах: 4. Бурханы ажлын гурван үе шат бүрийн хоорондох харилцаа

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Messenger дээр бидэнтэй холбоо барих