Өөрийн уг чанарыг мэдэх нь зан чанараа өөрчлөх түлхүүр юм
I
Зан чанарын өөрчлөлтөд хүрэх гол түлхүүр нь уг чанараа мэдэх явдал бөгөөд энэ нь Бурханы илчлэлийн дагуу явагдах ёстой. Бурханы үгээс л хүн үзэшгүй муухай уг чанараа мэдэж, өөрийн уг чанар дахь Сатаны янз бүрийн хорыг таньж, өөрийн мунхаг, мэдлэггүйг ухаарч, уг чанарынхаа сул дорой, сөрөг элементүүдийг танин мэдэж чаддаг. Эдгээрийг бүрэн мэдээд, өөрийгөө үнэхээр үзэн ядаж, махан биеэ хаяж, Бурханы үгийг тууштайгаар хэрэгжүүлж, Ариун Сүнсний ажил болон Бурханы үгэнд бүрмөсөн захирагдахад бэлэн болж чадсаны дараа чи Петрийн замаар орсон байх болно. Хүмүүс үнэнийг эзэмшдэггүй, өөрсдөөсөө урвах чадваргүй тул Бурханы нигүүлсэл, Ариун Сүнсний гэгээрэл, удирдамжгүйгээр энэ замаар алхах хэцүү байх байв.
II
Хүмүүс өөрсдийнхөө талаар хэтэрхий өнгөцхөн мэдлэгтэй бол ямар ч асуудлыг шийдэх боломжгүй, амь зан чанар нь ердөө өөрчлөгдөхгүй. Өөрийгөө гүн гүнзгий түвшинд мэдэх буюу өөрийн уг чанарыг мэдэх, мөн өөрийн уг чанарт ямар элементүүд багтдаг, тэдгээр нь юунаас үүсдэг, хаанаас гардаг болохыг мэдэх шаардлагатай. Түүнчлэн, чи эдгээр зүйлийг үзэн ядаж үнэхээр чаддаг уу? Үзэшгүй муухай сүнс, ёрын муу уг чанараа чи харсан уу? Өөрийнхөө үнэн төрхийг үнэхээр ойлгож чадвал чи өөрийгөө үзэн ядаж эхэлнэ. Чи өөрийгөө үзэн ядаж, дараа нь Бурханы үгийг хэрэгжүүлэх үедээ махан биеийг хаяж чадах бөгөөд үнэнийг хэрэгжүүлэх хүчтэй болно, мөн бэрхшээлтэй санагдахаа больно. Яагаад олон хүн махан биеийн сонирхлоо дагадаг вэ? Учир нь тэд өөрсдийгөө нэлээд сайнд тооцдог; өөрсдөө зөв, зүй зохистой, ямар ч алдаа мадаггүй, тэр ч бүү хэл бүхэлдээ зөв зүйтэй гэж тэдэнд санагддаг. Иймээс тэд шударга ёс өөрсдийнх нь талд байгаа гэх бодолтойгоор үйлдэж чаддаг. Өөрийн уг чанар чухамдаа юу болохыг таньж, энэ нь хэчнээн үзэшгүй муухай, жигшүүртэй, өрөвдөлтэй болохыг таньж чадвал хүн өөртөө хэтэрхий бардахгүй, хэт улайран биеэ тоохгүй бөгөөд урьдынхтайгаа адилаар өөртөө тийм сэтгэл хангалуун байхгүй. “Би Бурханы зарим үгийг ул суурьтайгаар хэрэгжүүлэх ёстой. Тэгэхгүй бол хүн байх стандартад нийцэхгүй, Бурханы өмнө амьдрахад ичгүүртэй байх болно” гэж түүнд санагддаг. Тэгээд үнэхээр шалихгүй, үнэхээр өчүүхэн гэдгээ олж хардаг. Энэ үед түүнд үнэнийг хэрэгжүүлэх нь амархан болж, тэрээр илүү хүн төрөхтэй харагддаг. Хүмүүс өөрсдийгөө үнэхээр үзэн ядсан үедээ л махан биеийг хаяж чаддаг.
“Христийн ярианы тэмдэглэлүүд” номоос шинэчлэн найруулав