103-р бүлэг
Аянга мэт нижигнэсэн дуу хоолой гарч, бүхий л орчлонг донсолгодог. Энэ нь хүмүүс амжин бултаж чадахааргүй дүлийрүүлэм байдаг. Зарим нь алагдаж, зарим нь устгагдаж, мөн зарим нь шүүгддэг. Энэ бол үнэхээр хэн ч, хэдийд ч хараагүй үзэгдэл юм. Сайн сонс: аянгын нижигнээнийг уйлах дуу дагалдах бөгөөд энэ дуу нь Үхэгсдийн орноос гардаг; тамаас гардаг. Энэ нь Надаар шүүгдсэн тэрслүү хөвгүүдийн гашуун дуу билээ. Миний хэлдгийг сонсоогүй, Миний үгийг хэрэгжүүлээгүй хүмүүс хатуу шүүгдэж, Миний уур хилэнгийн хараалыг хүртсэн. Миний дуу хоолой бол шүүлт ба уур хилэн; Би хэнд ч зөөлөн хандаж, хэнд ч өршөөл үзүүлэхгүй, учир нь Би бол зөвт Бурхан Өөрөө, Би уур хилэн эзэмшдэг, Би бол шатаалт, Би бол цэвэрлэгээ, мөн сүйрлийг эзэмшдэг. Надад нуусан, эсвэл сэтгэл хөдлөх зүйл огт үгүй, харин бүх зүйл ил, зөвт агаад алагчлалгүй юм. Миний ууган хөвгүүд бүх улс үндэстэн, ард түмнийг захиран сэнтий дээр хэдийнээ Надтай хамт байгаа учраас шударга биш, зөвт бус зүйлс болон хүмүүс одоо шүүгдэж эхлээд байна. Би юуг ч орхилгүй, тэднийг гүйцэд илчлэн, нэг нэгээр нь байцаана. Учир нь, Миний шүүлт бүрэн илчлэгдэж, бүрэн нээлттэй болсон ба Би огт юу ч үлдээгээгүй; Миний хүсэлд нийцэхгүй бүх зүйлийг Би хаяж, ёроолгүй нүхэнд үүрдийн үүрд мөхөөнө. Тэндээ мөнхөд шатаг. Энэ бол Миний зөвт байдал, энэ бол Миний шударга байдал. Хэн ч үүнийг өөрчилж чадахгүй бөгөөд бүгд Миний тушаал дор байх ёстой.
Ихэнх хүн үг бол ердөө л үг, баримт бол баримт гэж бодон Миний айлдварыг үл ойшоодог. Тэд сохор юм! Би бол итгэмжит Бурхан Өөрөө гэдгийг тэд мэддэггүй гэж үү? Миний үг, баримтууд нэгэн зэрэг тохиолддог. Энэ үнэхээр тийм биш гэж үү? Хүмүүс Миний үгийг ердөө л ухаардаггүй, харин зөвхөн гэгээрсэн хүмүүс л үнэхээр ойлгож чадна. Энэ бол баримт. Хүмүүс Миний шүүлт буух үед байтугай, Миний үгийг хармагцаа ухаан алдталаа айж, нуугдах гэж ийш тийш яаран гүйлддэг. Би бүх зүйлийг бүтээж, дэлхийг устгаж, ууган хөвгүүдийг бүрэн төгс болгох үед энэ бүхэн Миний амнаас гарсан ганц үгээр гүйцэлдсэн. Яагаад гэвэл, Миний үг өөрөө эрх мэдэл, шүүлт юм. Хүн Би бол шүүлт, сүр жавхлан гэж хэлж болно; энэ бол өөрчилж болшгүй баримт юм. Энэ нь Миний захиргааны зарлигийн нэг тал; хүмүүсийг шүүдэг Миний нэг арга зам юм. Миний нүдэнд бол юм бүхэн—бүх хүн, бүх хэрэг явдал, бүх зүйлийг оролцуулаад—Миний гарт, Миний шүүлт дор байдаг. Хэн ч, юу ч дураараа, цадиггүй аашилж зүрхэлдэггүй бөгөөд бүгд Миний амнаас гарах үгийн дагуу гүйцэлдэх ёстой. Хүний үзлээр бол, хүн Миний үгэнд, хүн бүхэн итгэдэг. Миний Сүнс дуу хоолой гаргахад, хүмүүс эргэлздэг. Миний бүхнийг чадагч байдлын талаар хүмүүст өчүүхэн ч мэдлэг байдаггүй бөгөөд Миний эсрэг гүтгэлэг хүртэл хийдэг. Миний үгэнд эргэлздэг хэн ч бай, Миний үгийг басамжилдаг хэн ч бай, тэд бол устгагдах хүмүүс; тэд бол үүрдийн мөхлийн хүүхдүүд юм гэдгийг Би одоо чамд хэлье! Ууган хөвгүүд маш цөөхөн байдаг гэдгийг үүнээс харж болно, учир нь Би ингэж ажилладаг билээ. Би урьд хэлсэнчлэн хуруугаа ч хөдөлгөлгүй бүх зүйлийг гүйцэлдүүлдэг; Би гагцхүү Өөрийнхөө үгийг л ашигладаг. Тэгэхээр энд Миний бүхнийг чадагч байдал оршдог. Миний үгээс Миний хэлэх зүйлийн эх сурвалж, зорилгыг хэн ч олж чадахгүй. Хүмүүс үүнд хүрч чадахгүй бөгөөд зөвхөн Миний удирдлагыг дагахдаа бүхнийг Миний зөвт байдлын дагуу, Миний хүсэлд нийцүүлэн үйлдэн хийж чадсанаар Миний гэр бүлийг зөвт байдалтай, амар тайван байж, үүрд бат, гуйвалтгүй мөнх амьдардаг болгоно.
Миний шүүлт хүн болгонд очиж, Миний захиргааны зарлиг хүн бүрд хүрч, Миний үг ба Миний үнэн бие хүн бүрд илчлэгддэг. Энэ бол Миний Сүнсний агуу ажлын цаг (энэ үед ерөөгдөх хүмүүс, гай зовлон амсах хүмүүсийг ялган салгана). Миний үг гармагц, Би ерөөгдөх хүмүүс болон гай зовлон амсах хүмүүсийг ялгаж салгачихсан байна. Энэ бүгд тов тодорхой, Би үүнийг бүгдийг нь ганц хяламхийхэд л харж чадна. (Үүнийг Би хүн чанартайгаа холбогдуулан хэлж байна; иймд эдгээр үг нь Миний урьдчилан тогтоож, сонгосонтой зөрчилддөггүй.) Би уул толгод, гол горхи ба бүх зүйлийн дунд, орчлонгийн орон зайгаар газар бүрийг ажиглан, цэвэрлэн хэсүүчилдэг бөгөөд ингэснээр тэдгээр бохир, садар самуун газар нутаг бүгд оршин тогтнохоо больж, Миний үгийн үр дүнд юу ч биш болон чандарлагдана. Надад бүх зүйл хялбархан. Хэрвээ одоо үе нь дэлхийг устгана гэж Миний урьдчилан тогтоосон цаг байсан бол Би үүнийг ганц үгээр л залгих байсан. Гэхдээ одоо үе бол тэр цаг биш. Миний төлөвлөгөөг үймүүлж, Миний удирдлагад саад болохгүйн тулд Намайг энэ ажлыг хийхээс өмнө бүгд бэлэн байх ёстой. Үүнийг хэрхэн ухаалгаар хийхээ Би мэднэ: Надад Миний мэргэн ухаан бий, Надад Миний өөрийн зохицуулалт бий. Хүмүүс хуруугаа ч хөдөлгөх ёсгүй; Миний гарт үхэхээс болгоомжил. Миний захиргааны зарлигт энэ аль хэдийн хүрсэн. Үүнээс хүн, Миний захиргааны зарлигийн хатуу чангыг, мөн тэдгээрийн цаадах хоёр тал бүхий зарчмуудыг харж чаддаг: Нэг талаас, Миний хүсэлтэй нийцдэггүй, Миний захиргааны зарлигийг зөрчдөг бүх хүнийг Би алдаг; нөгөө талаас, Миний захиргааны зарлигийг зөрчдөг бүхнийг Би хилэгнэхдээ хараадаг. Энэ хоёр тал салшгүй бөгөөд Миний захиргааны зарлигийн цаадах гүйцэтгэх зарчмууд юм. Хүн хэчнээн үнэнч байх нь хамаагүй, хүн бүртэй энэ хоёр зарчмын дагуу, ямар ч сэтгэлийн хөдлөлгүйгээр харьцдаг. Газар дэлхийн бүх зүйлийг, ертөнцийн бүх юмыг, мөн Миний хүсэлтэй нийцдэггүй бүх зүйлийг шатаах Миний зөвт байдал, Миний сүр жавхлан, Миний уур хилэнг харуулахад энэ нь хангалттай. Миний үгэнд далдалсан нууц байдаг бөгөөд Миний үгэнд бас илчлэгдсэн нууц байдаг. Иймээс хүний үзлээр бол, Миний үг хүний оюун санаанд хэзээд ойлгогдошгүй, мөн Миний зүрх сэтгэл үргэлж тайлагдашгүй байдаг. Тэгэхээр, Би хүмүүсийг үзэл болон бодол санаанаас нь салгах ёстой. Энэ бол Миний удирдлагын төлөвлөгөөний хамгийн чухал зүйл. Өөрийн ууган хөвгүүдийг олж авч, хийхийг хүссэн зүйлээ хэрэгжүүлэхийн тулд Би үүнийг ийм маягаар хийх ёстой.
Дэлхийн гай гамшиг өдрөөс өдөрт үлэмж болж, Миний гэрт аюулт гамшгууд улам хүчтэй болж байна. Хүмүүст нуугдах газар, биеэ далдлах газар үнэхээр хаана ч байхгүй. Шилжилт яг одоо явагдаж байгаа учир дараачийн алхмаа хаана өнгөрөөхийг хүмүүс мэддэггүй. Энэ нь Миний шүүлтийн дараа л тодорхой болно. Санаж яв! Эдгээр нь Миний ажлын алхам бөгөөд Миний ажилладаг арга юм. Би Өөрийн ууган хөвгүүдийг бүгдийг нэг нэгээр нь тайвшруулж, алхам алхмаар өргөнө; үйлчлэл үзүүлэгчийн хувьд гэвэл, Би тэднийг бүгдийг нэг нэгээр нь таягдан хаяж, орхино. Энэ бол Миний удирдлагын төлөвлөгөөний нэг хэсэг юм. Бүх үйлчлэл үзүүлэгч илчлэгдсэний дараа Миний ууган хөвгүүд ч мөн илчлэгдэнэ. (Миний хувьд, энэ нь хэтэрхий хялбар. Миний үгийг сонссоны дараа тэр бүх үйлчлэл үзүүлэгч Миний үгийн шүүлт ба заналхийлэл дор ухрах бөгөөд зөвхөн Миний ууган хөвгүүд үлдэнэ. Энэ бол сайн дурын зүйл ч биш, хүний хүслээр өөрчилж чадах зүйл ч биш; харин энэ бол Миний Сүнс биечлэн ажиллаж байгаа хэрэг.) Энэ бол алс хэтийн үйл явдал биш бөгөөд та нар Миний ажил болон Миний үгийн энэ үе шатнаас үүнийг зарим нэг хэмжээгээр ойлгож чаддаг байх хэрэгтэй. Би яагаад ийм ихийг хэлдэг, мөн Миний айлдварууд ийм таагдашгүй чанартай байдаг нь хүмүүст ойлгомжгүй юм. Би Өөрийн ууган хөвгүүдтэй тайтгарал, өршөөл болон хайрын өнгөөр ярьдаг (яагаад гэвэл, Би энэ хүмүүсийг үргэлж гэгээрүүлдэг бөгөөд Би тэднийг орхихгүй, учир нь Би тэднийг урьдчилан тогтоосон билээ), харин Би ууган хөвгүүдээсээ бусад хүмүүстэй ширүүн шүүлт, заналхийлэл, сүрдүүлэг хэрэглэн харьцаж, мэдрэлийн төв нь байнга ажилладаг болтол нь тэднийг үргэлж айлгадаг. Нөхцөл байдал тодорхой хэмжээнд солигдоход тэд энэ байдлаасаа зугтана (Намайг дэлхийг сөнөөхөд энэ хүмүүс ёроолгүй нүхэнд байх болно), гэвч тэд хэзээ ч Миний шүүлтийн гараас зугтах юм уу, энэ нөхцөл байдлаас зайлахгүй. Тэгэхээр энэ бол тэдний шүүлт; энэ бол тэдний гэсгээлт. Гаднынхан ирэх өдөр Би энэ хүмүүсийг нэг нэгээр нь илчилнэ. Энэ бол Миний ажлын нэг алхмууд. Өмнө нь Би эдгээр үгийг хэлсний цаад санаа зорилгыг та нар одоо ойлгож байна уу? Миний бодлоор бол биелээгүй аливаа зүйл бол бас биелсэн зүйл, гэвч биелсэн зүйл нь заавал гүйцэлдсэн зүйл байх албагүй. Учир нь Надад Миний мэргэн ухаан, Өөрийн ажиллах арга байдаг ба эдгээр нь хүмүүсийн хувьд ердөө л ухаарахын аргагүй байдаг. Энэ алхмаар үр дүнд хүрчихээд (Намайг эсэргүүцдэг бүх муу хүнийг илчилчхээд) Би дараагийн алхмаа эхлүүлнэ, учир нь Миний хүсэл саад тотгоргүй бөгөөд хэн ч Миний удирдлагын төлөвлөгөөг саатуулж, саад тотгор хийж зүрхэлдэггүй—тэд бүгд замаас зайлах ёстой! Агуу улаан лууны хүүхдүүд ээ, Намайг сонс! Би Өөрийн ууган хөвгүүдийг олж авч, та нарын эцгийг шившиглэж (энэ үгс агуу улаан лууны үр удамд чиглэсэн), Өөрийн ууган хөвгүүдийг дэмжиж, ууган хөвгүүдэд минь хийсэн хилс хэргийг засаж залруулахаар Сионоос ирж, энэ дэлхийд махбод болсон. Иймд дахин бүү зэрлэг авирла; Би ууган хөвгүүдээрээ та нарын учрыг олуулна. Урьд нь Миний хөвгүүд дээрэлхүүлж, дарлагдсан, харин Эцэг нь хөвгүүдийнхээ төлөө эрх мэдэл эзэмшсэнээс хойш Миний хөвгүүд хайрлан тэврэх тэвэрт минь эргэн ирж, дахин дээрэлхүүлж, дарлагдахгүй. Би бол зөвт бус биш; энэ нь Миний зөвт байдлыг харуулдаг бөгөөд энэ нь үнэхээр “Би хайрладаг хүнээ хайрлаж, үзэн яддаг хүнээ үзэн ядаж” байгаа хэрэг юм. Хэрвээ та нар Намайг зөвт бус гэж хэлдэг бол яаравчлан зайлах хэрэгтэй. Миний гэрт бүү ичгүүргүй авирла, бусдыг бүү завш. Чи гэр лүүгээ хурдан буцах ёстой, ингэснээр Би чамайг дахин харах хэрэггүй болно. Ёроолгүй нүх бол та нарын хүрэх газар бөгөөд та нарын амрах газар. Хэрвээ та нар Миний гэрт байгаа бол та нарт байх газар байхгүй, учир нь та нар бол ачлагын амьтад; Миний ашигладаг багаж юм. Та нар Надад цаашид хэрэггүй болохоор Би та нарыг чандарлахаар галд хаяна. Энэ бол Миний захиргааны зарлиг; Би үүнийг ингэж хийх ёстой; зөвхөн энэ л Миний ажилладаг арга замыг үзүүлдэг бөгөөд Миний зөвт байдал, Миний сүр жавхланг илчилдэг. Үүнээс ч чухал нь, зөвхөн энэ замаар Миний ууган хөвгүүд Надтай хамт эрх мэдэлтэйгээр хаанчилж чадна.