102-Р БҮЛЭГ

Би тодорхой хэмжээнд ярьж, Миний ажил тодорхой цэгт хүрээд байна; та нар дор бүрнээ Миний хүслийг ойлгож, янз бүрийн хэмжээгээр Миний ачаанд санаа тавих чадвартай байх хэрэгтэй. Одоо бол махан биеэс сүнсний ертөнц рүү шилжих шийдвэрлэх мөч—та нар бол эрин үеүдийг туулж байгаа анхдагчид, орчлон ертөнц, газрын зах хязгаарыг хөндлөн гулд туулдаг орчлон ертөнцийн хүмүүс билээ. Та нар бол Миний хамгийн эрхэм; Миний хайрладаг хүмүүс. Миний шаргуу хүчин чармайлт бүгд та нарын төлөө байсан учраас та нараас өөр хүнийг Би хайрладаггүй гэж хэлж болно. Та нар үүнийг мэддэггүй байж болох уу? Би яагаад бүх зүйлийг бүтээх болов? Яагаад тэдгээрийг бүгдийг нь та нарт үйлчлүүлэхээр нааш цааш болгох болов? Энэ бүх үйлдэл нь та нарыг гэсэн Миний хайрын илэрхийлэл юм. Уулс, уулан дахь бүх зүйл, газар дэлхий, газар дэлхий дээрх бүх зүйл та нарыг олж авсны төлөө Намайг магтаж, алдаршуулдаг. Үнэхээр бүх зүйл хийгдсэн; түүгээр ч үл барам бүх зүйл нэгд нэгэнгүй хийгдсэн. Та нар надад цангинасан гэрчлэл хийж, Миний төлөө диаволууд болоод Сатаныг шившиглэсэн. Миний гадна байгаа бүх хүн, хэрэг явдал, юмс Миний эрх мэдэлд захирагдаж, Миний удирдлагын төлөвлөгөө дууссанаас үүдэн бүгд өөрсдийн төрлийг дагадаг (Миний ардууд Надад харьяалагдаж, Сатаны төрлийнхөн бүгд галт нуурт харьяалагддаг—тэд ёроолгүй нүхэнд унаж, тэндээ мөнхөд уйлж, үүрд мөхөх болно). Би “мөхөх” болон “тэр цагаас эхлэн тэдний сүнс, сэтгэл, биеийг авах” тухай ярихдаа тэднийг Сатанд хүлээлгэн өгч, дэвслүүлэхийг зөвшөөрч байгааг хэлж байгаа юм. Өөрөөр хэлбэл, Миний гэрийн биш бүх хүн сүйрэл хүртэж, оршин тогтнохоо болино. Энэ нь хүмүүсийн төсөөлдөг шиг нас барна гэсэн үг биш. Миний бодлоор бол, Миний гадна байгаа бүхэн оршин байдаггүй гэж хэлж болох бөгөөд энэ нь мөхлийн жинхэнэ утга учир юм. Хүний нүдэнд, эдгээр зүйл оршин байгаа мэт харагдсаар байх боловч, Миний бодлоор тэд хэдийнээ юу ч биш болсон агаад үүрд мөнх мөхөх болно. (Миний ажиллахаа больсон хүмүүс Миний гадна байдаг гэдгийг Би онцлон хэлж байна.) Хүмүүс яаж ч бодоод, үүнийг ойлгож чадахгүй, яаж ч сайн хараад, нэвтэрч чадахгүй. Би тэднийг гэгээрүүлж, гэрэлтүүлж, илэрхий хэлж өгөхгүй л бол хүмүүс тодорхой ойлгож чадахгүй. Түүнчлэн, тэд энэ талаар улам будилж, бүр ч илүү хоосон санагдаж, дагах зам алга гэдгийг улам бүр мэдэрнэ—тэд бараг л үхсэн хүн шиг байдаг. Яг одоо ихэнх хүн (ууган хөвгүүдээс бусад бүх хүн гэсэн үг) ийм нөхцөл байдалд байна. Би эдгээрийг маш тодорхой хэлсэн атал энэ хүмүүс ямар ч хариу үйлдэл хийхгүй, махан биеийн баяр цэнгэлдээ анхаарсаар байдаг. Тэд идээд дараа нь унтдаг; унтаад, дараа нь иддэг. Миний үгийг тунгаан боддоггүй. Тэд эрч хүчтэй байсан ч гэсэн энэ нь хэсэгхэн хугацаанд л байдаг; дараа нь тэд өнөөх янзаараа, Намайг огтоос сонсоогүй мэт ердөөс өөрчлөгдөөгүй байдаг. Эд бол ямар ч ачаагүй, байдаг л нэг хэрэггүй хүмүүс; тэд бол хамгийн илэрхий сорон мөлжигчид юм. Хожим Би тэднийг нэг нэгээр нь хаях болно; санаа бүү зов! Би тэднийг нэг нэгээр нь ёроолгүй нүх рүү буцаан илгээнэ. Ариун Сүнс ийм хүмүүс дээр хэзээ ч ажиллаагүй, тэдний хийдэг бүхэн хүлээн авсан авьяас билгээс нь урган гардаг. Би энэ авьяас билгийн талаар ярихдаа, энэ бол Миний үйлчлэл үзүүлэгч, ямар ч амьгүй хүмүүс гэсэн утгаар хэлдэг. Би тэдний хэнийг нь ч хүсдэггүй, бүгдийг нь таягдан хаяна (харин яг одоо тэд бага зэрэг хэрэгтэй хэвээр байна). Үйлчлэл үзүүлэгчид та нар, сонс! Чамайг ашиглаж байгаа минь Би чамайг ивээдэг гэсэн үг гэж бүү бод; энэ нь тийм ч энгийн биш. Хэрвээ Надаар өөрийгөө ивээлгэхийг хүсэх аваас чи Миний сайшаадаг, биечлэн төгс болгодог хүн байх ёстой. Энэ бол Миний хайрладаг төрлийн хүн. Хүмүүс Намайг алдаа гаргасан гэж хэллээ ч, Би хэлсэн амнаасаа хэзээ ч буцахгүй. Та нар үүнийг мэдэх үү? Үйлчлэл үзүүлдэг хүмүүс бол үхэр, адуу; тэд яаж Миний ууган хөвгүүд байж чадах билээ? Тэгвэл утгагүй хэрэг болох бус уу? Байгалийн хуулийг зөрчиж буй хэрэг болох бус уу? Миний амь, Миний хэв чанар байдаг хэн боловч Миний ууган хөвгүүд билээ. Энэ бол үндэслэлтэй зүйл; хэн ч үүнийг няцааж чадахгүй. Ийм л байх ёстой; эс бөгөөс энэ үүргийг гүйцэтгэж чадах хэн ч байхгүй, орлож чадах хэн ч байхгүй. Энэ бол сэтгэл хөдлөлөөр үйлдсэн асуудал биш, учир нь Би бол зөвт Бурхан Өөрөө; Би бол ариун Бурхан Өөрөө. Би бол сүр жавхлант, халдашгүй Бурхан Өөрөө билээ!

Хүмүүст боломжгүй юм болгон, Миний хувьд төвөггүй, чөлөөтэй явагддаг. Хэн ч үүнийг зогсоож чадахгүй, хэн ч үүнийг өөрчилж чадахгүй. Үлэмж том энэ дэлхий бүхэлдээ Миний гарт байхад өчүүхэн диавол Сатаныг дурдаад ч хэрэггүй. Хэрвээ Миний удирдлагын төлөвлөгөө байгаагүй бол, мөн Миний ууган хөвгүүд байгаагүй бол үхлийн үнэр нэвт шингэсэн энэ хуучин ёрын муу, замбараагүй эрин үеийг Би аль эрт устгачих байсан. Гэхдээ Би зохистой авирладаг, хөнгөн хуумгай ярьдаггүй. Намайг ямар нэг зүйл хэлмэгц л гүйцэлдэх болно; тийм биш байсан ч гэсэн, Миний мэргэн ухааны тал үргэлж байдаг, энэ нь Миний төлөө бүхнийг гүйцэлдүүлж, Миний үйлдлүүдэд зам нээж өгнө. Учир нь, Миний үг бол Миний мэргэн ухаан; Миний үг бол бүх зүйл. Хүмүүс тэдгээрийг үндсээр нь ойлгож чаддаггүй, учрыг нь олж чаддаггүй. Би байнга “галт нуур”-ыг дурддаг. Тэр нь юу гэсэн үг вэ? Хүхэртэй галт нуураас ямар ялгаатай вэ? Хүхэртэй галт нуур нь Сатаны нөлөөг хэлдэг бол галт нуур нь бүх дэлхий Сатаны эзэмшилд байхыг хэлдэг. Дэлхий дээр байгаа бүх хүн галт нууранд золиос болдог (өөрөөр хэлбэл, тэд улам бүр ялзарч, ялзрал нь тодорхой хэмжээнд хүрэхэд Би тэднийг нэг нэгээр нь устгана, Би ганц үг айлдаад л үүнийг амархан хийж чадна). Миний уур хилэн их байх тусам, галт нуур даяар дүрэлзэх галын дөл ч мөн адил өндөр байна. Энэ нь, хүмүүс улам бүр ёрын муу болсоор байгааг хэлдэг. Миний уур хилэн тэсрэх цаг нь бас галт нуур дэлбэрэх цаг байх болно; өөрөөр хэлбэл, энэ нь бүх орчлон ертөнц мөхөх цаг байх болно. Тэр өдөр, Миний хаанчлал дэлхий дээр бүрэн биеллээ олж, шинэ амьдрал эхэлнэ. Энэ бол удахгүй биелэх зүйл юм. Намайг үүнийг ярьж эхэлснээр бүх зүйл нүдний өмнө биелнэ. Энэ бол юмсын талаарх хүний үзэл бодол, харин Миний үзэл бодлоор бол, аливаа зүйл урьдаас гүйцэлдчихсэн, учир нь Миний хувьд бүх зүйл хялбархан. Би ярилаа, биеллээ; Би ярилаа, бүтээн байгуулагдлаа.

Та нар өдөр бүр Миний үгийг идэж, Миний сүмд үржил шимийг эдэлж, Миний амийн голоос ус ууж, Миний амийн модны жимс түүдэг. Тэгвэл Миний сүмийн үржил шим гэж юу вэ? Миний амийн голын ус гэж юу вэ? Амийн мод гэж юу вэ? Амийн модны жимс гэж юу юм бэ? Хэдийгээр эдгээр хэллэг нь түгээмэл ч гэсэн бүгдээрээ будилсан бүх хүнд ухаарч ойлгохын аргагүй юм. Тэд эдгээр хэллэгийг хариуцлагагүй хэлж, болчимгүй, хаа хамаагүй хэрэглэдэг. Сүм дэх үржил шим гэдэг нь Миний хэлсэн үгийг ч тэр, Миний та нарт хайрласан нигүүлслийг ч хэлдэггүй. Тэгвэл, энэ нь үнэндээ юу гэсэн үг вэ? Эрт цаг үеэс хойш Миний сүм дэх үржил шимийг эдлэх хувь заяатай хүн хэзээ ч байгаагүй. Зөвхөн эцсийн өдрүүдэд л, Миний ууган хөвгүүдийн дундаас Миний сүм дэх энэхүү үржил шим гэж юу болохыг хүмүүс харж болно. Энэхүү хэллэгт “сүм” гэдэг нь Миний үнэн биеийг хэлдэг; Миний гэр орон Сион уулыг хэлж байгаа юм. Миний зөвшөөрөлгүйгээр хэн ч үүнд орж, эсвэл гарч чадахгүй. “Үржил шим” гэдэг нь юуг хэлдэг вэ? Энэ нь биед Надтай хамт хаанчилж чаддаг байх ерөөлийг хэлдэг. Ерөнхийдөө, энэ нь бие дотор Миний ууган хөвгүүд Надтай хамт хаанчилж чаддаг байх ерөөлийг хэлдэг бөгөөд үүнийг ойлгоход хэцүү биш. Амийн голын ус хоёр утгатай: Нэг талаасаа энэ нь Миний дотоод оршихуйгаас урсан гарч буй амийн ус—өөрөөр хэлбэл Миний амнаас гарч буй үг бүрийг хэлдэг. Нөгөө талаас, энэ нь Миний үйлдлийн цаад мэргэн ухаан, стратегийг, мөн түүнчлэн Би юу болох, Надад юу байгааг хэлдэг. Миний үг дуусашгүй, далд нууц агуулдаг (нууцууд далд байхаа больсон гэж өнгөрсөнтэй харьцуулан дурдсан боловч ирээдүйд болох олон нийтийн илчлэлтэй харьцуулбал тэдгээр нь далд хэвээрээ л байгаа. “Далд байх” гэдэг нь туйлын биш; харьцангуй юм). Өөрөөр хэлбэл, амийн голын ус нь үүрд урссаар байдаг. Надад хязгааргүй мэргэн ухаан байдаг бөгөөд Би юу болох, Надад юу байгааг хүмүүс огтхон ч ухаарч чаддаггүй; өөрөөр хэлбэл, амийн голын ус үүрд урсдаг. Хүний үзэл бодлоор бол олон төрлийн бодит мод байдаг ч амийн модыг хэн ч, хэзээ ч олж хараагүй. Гэхдээ, өнөөдөр хүмүүс үүнийг хардаг ч гэсэн танихгүй л байдаг—гэсэн атлаа тэд бүр амийн модноос идэх тухай ярьдаг. Үнэхээр инээдтэй! Тэд үүнийг ялгахгүй идэх биз! Өнөөдөр хүмүүс үүнийг хардаг ч таньдаггүй гэж Би яагаад хэлдэг вэ? Би яагаад тэгж хэлдэг вэ? Та нар Миний үгийн утгыг ойлгож байна уу? Өнөөдрийн бодитой Бурхан Өөрөө бол Миний үнэн бие бөгөөд Тэрээр амийн мод юм. Хүний үзэл ашиглаж Намайг бүү хэмж. Гаднаасаа мод шиг харагддаггүй ч үнэндээ амийн мод гэдгийг минь чи мэдэх үү? Миний хөдөлгөөн бүр, Миний хэл яриа, зан авир бол амийн модны жимс, тэдгээр нь Миний үнэн бие юм—тэдгээр нь Миний ууган хөвгүүдийн идэх ёстой зүйл тул эцэст нь Миний ууган хөвгүүд болон Би яг ижилхэн болох болно. Тэд Намайг амьдран харуулж, гэрчлэх чадвартай болно. (Эдгээр нь биднийг сүнсний ертөнц рүү орсны дараа болох зүйл билээ. Зөвхөн биед л бид яг ижилхэн байж чадна; махбодод бид бараг ижилхэн байх ч, өөрийн гэсэн эрхэмлэдэг зүйлтэй байсаар л байна.)

Би Өөрийн ууган хөвгүүд дэх Өөрийн хүчийг харуулаад зогсохгүй, ууган хөвгүүдийнхээ бүх улс үндэстэн, ард түмнийг засаглаж байгаагаар нь Өөрийн хүчийг харуулах болно. Энэ бол Миний ажлын нэг алхам. Одоо бол хамгийн чухал үе, түүнчлэн, одоо бол шийдвэрлэх мөч юм. Бүх зүйл гүйцэлдэхэд та нар Миний гар юун дээр ажиллаж дуусаж байгаа, Би хэрхэн төлөвлөж, хэрхэн удирддагийг харна—харин энэ нь тодорхойгүй зүйл биш. Дэлхийн улс орон бүрийн хөгжил хөдөлгөөнөөс харвал энэ нь тийм ч холгүй байна; энэ бол хүмүүсийн төсөөлж, түүнчлэн, урьдчилан харж чадахгүй зүйл юм. Ерөөгдөж, шагнуулах боломжийг алдахгүйн тулд та нар болгоомжгүй, хайхрамжгүй байж огт болохгүй. Хаанчлалын хэтийн ирээдүй энүүхэнд байна, дэлхий ертөнц бүхэлдээ аажмаар үхэж байна. Ёроолгүй нүх, хүхэртэй галт нуураас уйлах дуун тэсрэн гарч хүмүүсийг цочирдуулж, айлгаж, нүүрээ хийх газаргүй мэт санагдуулдаг. Миний нэрэнд сонгогдож, дараа нь таягдан хаягдсан хэн боловч ёроолгүй нүхэнд унаж дуусна. Иймээс Би олон удаа хэлсэнчлэн, таягдуулах зүйлсийг Би ёроолгүй нүхэнд хаяна. Бүх дэлхий ертөнцийг сүйрүүлэхэд, устгагдсан бүхэн хүхэртэй галт нууранд унана. Өөрөөр хэлбэл, эдгээр нь галт нуураас хүхэртэй галт нуур луу шилжих болно. Тэр үед, хүн бүрийн хувьд мөнхийн сүйрэл (Миний гадна байгаа бүх хүн гэсэн үг), эсвэл мөнхийн амийн (Миний дотор байгаа бүх хүн гэсэн үг) аль нь болохыг тогтоох болно. Тэр үед, Би болон Миний ууган хөвгүүд хаанчлалаас гарч, мөнх байдал руу орно. Энэ бол хожим биелэх зүйл; Би та нарт одоо хэлсэн ч гэсэн та нар ойлгохгүй. Та нар зөвхөн Намайг дагаж, Миний гэрэлд алхаж, Миний хайранд Надад бараа болж, Миний гэрт Надтай хамт баяр цэнгэлийг амсаж, Миний хаанчлалд Надтай хамт хаанчилж, Миний эрх мэдэлд байх бүх улс үндэстэн, ард түмнийг Надтай хамт захирч чадна. Миний дээр дүрсэлсэн бүхэн та нарт Миний өгч буй эцэс төгсгөлгүй ерөөлүүдийг бүрдүүлдэг билээ.

Өмнөх: 101-Р БҮЛЭГ

Дараах: 103-Р БҮЛЭГ

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

БИБЛИЙН ТАЛААР 1

Бурханд итгэхдээ Библид хэрхэн хандах ёстой вэ? Энэ бол зарчмын асуулт юм. Яагаад бид энэ асуултыг ярилцаж байна вэ? Учир нь ирээдүйд чи...

47-Р БҮЛЭГ

Хүмүүсийн амийг төлөвшүүлж, хүмүүстэй хамт нийтлэг хүсэл эрмэлзэлтэй байснаар үр дүнд хүрэхийн тулд Би хүмүүсийг үргэлж хүлээн зөвшөөрч,...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх