Удирдагч, ажилчдын үүрэг хариуцлага (29)

15-р зүйл: Бүх төрлийн чухал ажилтнуудыг хамгаалж, гадаад ертөнцийн хөндлөнгийн нөлөөнөөс халхавчлан, ажлын янз бүрийн чухал зүйлсийг эмх цэгцтэй байдлаар явуулж чаддаг байлгахын тулд аюулгүй байдлыг нь хангах

Өнгөрсөн удаа удирдагч, ажилчдын үүрэг хариуцлага гэдэг сэдвийн талаар нөхөрлөхдөө бид хаана орхисон билээ? (Өнгөрсөн удаа бид удирдагч, ажилчдын арван дөрөв дэх үүрэг хариуцлага дахь, төрөл бүрийн хүнийг хүн чанарт нь үндэслэн ялган танихтай холбоотой сүүлийн гурван илрэлийн талаар голчлон нөхөрлөсөн. Энэ гурван илрэл нь: Хулчгар, сэжигч байх, асуудал тарих хандлагатай байх, төвөгтэй нөхцөл байдалтай байх юм.) Удирдагч, ажилчдын арван дөрөв дэх үүрэг хариуцлагын сүүлийн гурван сэдвийн талаар бид өнгөрсөн удаад нөхөрлөж дууссан тул өнөөдөр арван тав дахь үүрэг хариуцлагын талаар нөхөрлөе. Арван тав дахь үүрэг хариуцлага нь юу вэ? (15-р зүйл: Бүх төрлийн чухал ажилтнуудыг хамгаалж, гадаад ертөнцийн хөндлөнгийн нөлөөнөөс халхавчилж, янз бүрийн чухал ажлыг эмх цэгцтэй байдлаар явуулж чаддаг байлгахын тулд аюулгүй байдлыг нь хангах.) “Бүх төрлийн чухал ажилтнуудыг хамгаалж, гадаад ертөнцийн хөндлөнгийн нөлөөнөөс халхавчлан, аюулгүй байдлыг нь хангах.” Энэ үүрэг хариуцлага нь удирдагч, ажилчдын үүрэг хариуцлагын өөр нэг талыг хамардаг; мөн энэ нь удирдагч, ажилчдын сайн гүйцэтгэх ёстой тодорхой ажил юм. Энэ ажил юутай холбоотой вэ? (Бурханы сонгосон хүмүүсийг аюулгүй байлгахтай холбоотой.) Энэ нь хувийн аюулгүй байдлын асуудалтай холбоотой. Энэ сэдэв чуулганы ажилд байнга тулгардаг бус уу? Та нарт энэ сэдэв танил бус байна уу? (Үгүй.) Хятад ах, эгч нарт энэ сэдэв танил байгаа, учир нь Хятадын нийгмийн орчинд итгэгчид хавчигдаж, баривчлагддаг бөгөөд үүргээ гүйцэтгэхэд болон амьдралын бүхий л талбарт аюулгүй байдлын баталгаа хэрэгтэй байдаг. Тиймээс энэ ажил нь удирдагч, ажилчдын үүрэг хариуцлагын цар хүрээнд багтдаг; энэ бол хийж ч болох, хийхгүй ч байж болох зүйл биш. Аливаа улс орон шашин шүтэх эрх чөлөөтэй эсэхээс үл хамааран, янз бүрийн чухал үүрэг гүйцэтгэдэг ажилтнуудыг зөв зохистой байршуулж зохицуулах нь удирдагч, ажилчдын заавал хийх ёстой тодорхой ажил юм. Энэ ажлын гол зүйл, эсвэл тодорхой шаардлага ялгаатай байж болох ч үндсэндээ ах эгч нар үүргээ аюулгүй, найдвартай гүйцэтгэж чадах эсэх, үүргээ гүйцэтгээд үр дүнг баталгаажуулж чадах эсэхтэй энэ нь хамаатай юм. Тиймээс, ардчилсан улсад амьдардаг гээд энэ ажлыг бүү цалгардуул, өөрт чинь хамаагүй гэж бүү үз. Та нарын амьдарч буй улсын засаглалын тогтолцоо, эсвэл тэнд итгэгчдийг хяхан хавчдаг эсэхээс үл хамааран, энэ ажил нь удирдагч, ажилчдын үүрэг хариуцлагын цар хүрээнд багтдаг; энэ бол удирдагч, ажилчдын гүйцэтгэх ёстой ажил—хэн ч үүнээс чөлөөлөгдөхгүй, үүнийг “нэмэлт” ажил гэж үзэж болохгүй. Тэгэхээр өнөөдөр энэ сэдэвтэй холбоотой янз бүрийн асуудлыг бүгдийг нь нөхөрлөцгөөе.

Чухал ажилтнуудын цар хүрээ

Эхлээд, арван тав дахь үүрэг хариуцлагад дурдсан “бүх төрлийн чухал ажилтнууд” гэдэг нь юуг хэлдгийг харцгаая. Энэ бидний нөхөрлөх ёстой сэдэв мөн биз дээ? (Мөн.) Тэгвэл “бүх төрлийн чухал ажилтнууд” гэж юуг хэлдэг вэ? Эхлээд энэ ажилд хамрагдах хүмүүсийн цар хүрээг тогтооё. Хэн хэлэх вэ? (Бүх төрлийн чухал ажилтнуудад видеоны баг, кино продакшны баг, хянан засварлах баг, магтан дууны баг болон бусад чухал үүрэг гүйцэтгэдэг ах, эгч нар багтдаг. Дээр нь нэмээд, янз бүрийн чухал ажилд гол үүрэг гүйцэтгэдэг зарим ах, эгч, түүнчлэн баг тус бүрийн зааварлагч нар орно.) Үүн дээр өөр хэн нэмэх вэ? (Бас удирдагч, ажилчид багтана.) Удирдагч, ажилчдыг үнэхээр сайн хамгаалах ёстой. Өөр хэн байна? (Санхүүгийн ажилтан гэх мэт арын албаны ажил хариуцсан чухал ажилтнууд бас бий.) (Бурханд итгэж, үүрэг гүйцэтгэдгийн улмаас эрэн сурвалжлагдаж байгаа, эсвэл цагдаад бүртгэлтэй ах, эгч нарт ч бас хамгаалалт хэрэгтэй.) Энэ бол өөр нэг ангилал бөгөөд тусгай бүлэг юм. Нийт хэдэн ангилал байгааг дүгнэе. Нэгдүгээр ангилалд удирдагч, ажилчид багтана. Хоёрдугаар ангилал нь Бурханы гэрийн янз бүрийн ажилд зайлшгүй шаардлагатай ажилтнууд, ялангуяа янз бүрийн ажлын багийн удирдагч, зааварлагч нар болон хэв чанар сайтай, сүнслэг ойлголттой, зарчмыг ухамсарлаж, чухал ажлыг бие даан хариуцаж чаддаг ажилтнуудаас бүрддэг. Янз бүрийн ажлыг хариуцсан олон төрлийн ажилтан байдаг, тухайлбал, бичвэрт суурилсан ажил, магтан дууны ажил, кино продакшны ажил гэх мэт, мөн сайн мэдээ номлодог, гэрчлэл хийдэг, эсвэл сайн мэдээний командлагчаар ажилладаг хүмүүс зэрэг багтдаг. Түүнчлэн, үүнд санхүү, хадгалалт, гадаад ажил хэрэг хариуцсан ажилтнууд багтана. Энэ хүмүүс чуулганы ажилд туслах үүрэг роль гүйцэтгэдэг бөгөөд зайлшгүй шаардлагатай; тэд бүгд янз бүрийн ажил хариуцсан ажилтнуудын нэг хэсэг юм. Энэ бол хоёр дахь том ангилал. Гурав дахь том ангилалд чуулганы аюултай ажилд оролцдог хүмүүс багтана. Ялангуяа шашин шүтэх эрх чөлөөгүй дарангуй дэглэмтэй улс орнуудад ном хэвлэх, ном тээвэрлэх, чуулганы эд хөрөнгийг хадгалах, мөн чухал үүрэг гүйцэтгэж буй ажилтнуудыг хүлээн авч, байршуулж төвхнүүлэх зэрэг туйлын аюултай зарим ажил байдаг. Өөр ямар хүмүүс багтдаг вэ? (Гадуур мэдээлэл дамжуулдаг зарим арын албаны ажилтнууд бас байдаг; тэдний гүйцэтгэдэг үүрэг ч бас харьцангуй аюултай.) Энэ хүмүүс ч бас аюултай ажил хийдэгт тооцогдоно. Гэхдээ энэ хүмүүс уг ажлыг хааяа нэг хийдэггүй нь лавтай; харин ч тэд мэдээлэл дамжуулах, ажлын зохицуулалт хуваарилах, Бурханы гэрийн бүх видео, кино, номлолын бичлэгийг тараах гэх мэт эдгээр чухал, аюултай ажлыг гүйцэтгэхдээ мэргэшсэн байдаг. Шашин шүтэх эрх чөлөөгүй дарангуйлагч улс орнуудад Бурханы сонгосон хүмүүсээс хэн нь чухал үүрэг гүйцэтгэж, аюултай ажил хийж байгааг удирдагч, ажилчид сайн мэдэж байх ёстой. Товчхондоо, энэ хүмүүс ч бас нэг төрлийн чухал ажилтнууд бөгөөд удирдагч, ажилчид тэдний аюулгүй байдлыг онцгойлон анхаарах ёстой; үүнийг хайхралгүй орхиж болохгүй. Энэ бол гурав дахь ангилал. Дөрөв дэх ангилал бол чуулганы ажилд зайлшгүй шаардлагатай өөр нэг бүлэг юм. Энэ хүмүүс сайн мэдээ номлох, номлол өгөх, чуулганыг услах, тодорхой нэг ажлыг зохион байгуулах хариуцлага хүлээхдээ чадамгай байх гэх мэт онцгой ур чадвар, билиг авьяастай байдаг. Энэ хүмүүс удирдагч, ажилчид, янз бүрийн ажлын зааварлагч нар, эсвэл аюултай ажил хийдэг хүмүүс байж болно. Ийм хүмүүс байхгүй бол тэдний зохицуулдаг чухал ажил тасалдаж, өөр хэн ч тэдний үүрэг ролийг гүйцэтгэж чадахгүй. Тиймээс энэ хүмүүсийг хамгаалж, аюулгүй байдлыг нь хангах ёстой. Энэ бол нэг ангиллын хүмүүс. Өөр нэг ангилал бол шашныг хавчдаг улс орнуудад Бурханд итгэдгээсээ болоод эрэн сурвалжлагдаж байгаа, эсвэл цагдаад бүртгэлтэй хүмүүс юм. Баривчлах зөвшөөрлийнх нь хамрах хүрээ, чуулганд хариуцдаг тусгай ажлаас нь үл хамааран, Бурханд итгэж, үүргээ гүйцэтгэснийхээ төлөө эрэн сурвалжлагдаж байгаа л бол удирдагч, ажилчид тэднийг хамгаалах арга замыг олж, үүргээ гүйцэтгэхэд харьцангуй аюулгүй газарт тэднийг байршуулж зохицуулах ёстой. Шашин шүтлэгийг хавчдаг бүх улс орны дотроос Хятадын хавчлага хамгийн хүнд. Хятадын янз бүрийн муж, бүс нутаг даяар олон хүн баривчлагдаж, эрэн сурвалжлагдаж, гэртээ харих боломжгүй болсон. Дэлхий даяар, тив болгонд Хятад шиг шашин шүтлэгийг хавчдаг зарим улс орон байдаг бөгөөд эдгээр улс оронд ч бас Төгс Хүчит Бурханыг хүлээн авснаасаа болж хавчлагад өртөж, гэртээ харих боломжгүй болсон хүмүүс бий. Хавчигдаж, гэртээ харих боломжгүй болсон энэ хүмүүсийн хувьд удирдагч, ажилчид тэднийг бүтэн цагийн үүрэгтэй чуулганд аль болох хурдан байршуулахаар зохицуулах ёстой. Удирдагч, ажилчид тэднийг орон нутгийн нөхцөл байдалд нийцүүлэн харьцангуй аюулгүй орчинд үүргээ гүйцэтгэх боломжтой болгож суурьшуулах ёстой. Энэ бол сайн хийх ёстой эн тэргүүний ажил юм. Баривчлагдсан, эсвэл эрэн сурвалжлагдаж буй энэ хүмүүс бол хамгаалалт шаардлагатай тав дахь ангиллын ажилтнууд юм. Янз бүрийн чухал ажил хариуцсан ажилтнуудын дунд өөр нэг онцгой ангилал бий. Энэ хүмүүс одоогоор удирдагч, ажилчин биш, аюултай ажилд оролцдоггүй байж болох ч өмнө нь олон үүрэг гүйцэтгэж байсан, ажил нь өргөн хүрээг хамарч байсан. Тэд зочин хүлээн авдаг олон гэр бүлийг мэддэг, мөн чухал үүрэг гүйцэтгэж буй зарим ажилтныг мэддэг. Тиймээс хэрэв ийм хүмүүс баривчлагдвал чуулганы ажилд гамшиг авчрах болно. Энэ хүмүүсийг “мэдээлэлтэй хүмүүс” гэж хэлэх ёстой, тэднийг бүх төрлийн чухал ажилтнуудын тоонд ч оруулах ёстой. Удирдагч, ажилчид тэдний аюулгүй байдлыг хангах ёстой бөгөөд ингэх нь Бурханы сонгосон бүх хүний аюулгүй байдлыг хамгаалж, чуулганы ажлын хэвийн үйл ажиллагааг хангах зорилготой юм. Ялангуяа энэ ангиллын зарим хүн нэлээд хайнга байдаг; тэд болгоомжилж мэддэггүй, мэргэн ухаан ч багатай. Үргэлж сэтгэл хөөрөлдөө хөтлөгдөн гадуур бодлогогүй зүйл хийх хандлагатай байдаг. Хэзээ ч баривчлагдаж, тамлуулж үзээгүй тул учирч болох аюул, ямар нэг зүйл буруугаар эргэвэл гарч болох үр дагаврыг мэддэггүй, тэр үр дагавар нь ямар ноцтой болохыг бүр ч ойлгодоггүй. Тэд зүгээр л Бурханд итгэж байгаа болохоос муу зүйл хийгээгүй гэж боддог тул юунаас ч айдаггүй. Үүний үр дүнд, орон нутагт хэсэг хугацаанд ажилласны дараа тэд нэлээд танигдаж, засгийн газрын ажиглалтад орж магадгүй. Ингэвэл аюултай биш гэж үү? Тэд баривчлагдмагцаа тамлуулж байцаагдахыг тэсвэрлэж чадахгүй бол Иудас болж, ах эгч нараасаа урваж магадгүй. Ингэх нь чуулганд үлэмж их хохирол учруулж, бусад ах эгч нарыг татан оролцуулж, тэднийг баривчлагдах, шоронд хоригдох эрсдэлд оруулах ба энэ нь чуулганы янз бүрийн ажилд ноцтой нөлөөлнө. Тиймээс чуулган ийм хүмүүсийг хамгаалах явдлыг мөн эн тэргүүнд тавих ёстой. Хэрэв орон нутагт тэднийг нуух аюулгүй газар олдохгүй бол харьцангуй аюулгүй өөр газарт шилжүүлж үүргийг нь гүйцэтгүүлэх ёстой. Энэ бол өөр нэг ангиллын хүмүүс юм. Нөхцөл байдлынх нь онцлогоос шалтгаалан удирдагч, ажилчид тэднийг байршуулж зохицуулах шаардлагатай тул тэднийг ч бас бүх төрлийн чухал ажилтнуудын тоонд оруулдаг. Нийт хэдэн ангиллын хүмүүс байна вэ? (Зургаан ангилал. Нэгдүгээр ангилал нь удирдагч, ажилчид. Хоёрдугаарх нь Бурханы гэрт янз бүрийн ажлыг зохицуулдаг зайлшгүй шаардлагатай ажилтнууд болох зааварлагч нар, багийн удирдагчид, сайн мэдээний командлагчид; ажил хариуцаж чадах хүмүүсээс бүрддэг. Гуравдугаар ангилал нь чуулганы аюултай ажлыг эрхэлдэг ажилтнууд. Дөрөвдүгээрт, онцгой ур чадвар, билиг авьяастай хүмүүс. Тавдугаар ангилал нь цагдаад бүртгэлтэй, мөшгөгдөж байгаа, эрэн сурвалжлагдаж буй хүмүүсээс бүрдэнэ. Зургаадугаар ангилал бол мэдээлэлтэй хүмүүс.) Янз бүрийн ажилд оролцдог бүх чухал ажилтнуудыг бид үндсэндээ ярилцлаа, гэхдээ нэмэх нэг ангилал бий: Чуулган дахь аливаа ах, эгч үүргээ гүйцэтгэхээр гадуур явах, баривчлагдах, эсвэл өөр ямар нэгэн гэнэтийн нөхцөл байдалтай тулгарсны улмаас насанд хүрээгүй хүүхдээ асарч чадахгүй бол удирдагч, ажилчид эдгээр хүүхдийг тохиромжтой айлд байршуулж, амьдрах нөхцөлөөр хангах ёстой. Энэ ч бас онцгой ажил юм. Хэдийгээр энэ ажил чуулганы ажилд хамаарахгүй, зөвхөн онцгой нөхцөл байдлаас үүдэн гардаг ч удирдагч, ажилчид эдгээр насанд хүрээгүй хүүхдийг тохирсон газарт нь байршуулах ажлыг зохицуулах хариуцлагыг үүрэх ёстой. Хэрэв тэдэнд тохиромжтой хамаатан садан байхгүй, эсвэл хамаатан садан нь шүтлэггүй хүмүүс бөгөөд тэднийг авахыг хүсэхгүй байгаа бол чуулган тэднийг хүлээн авах ёстой. Чуулган тэдэнд тохирсон, гэртээ байлгах айл зохицуулаад зогсохгүй, тэдний асаргааг хариуцах ах, эгч нарыг томилох ёстой. Тохиромжтой орон байрыг зохицуулсны дараа, хэрэв тэд Бурханд итгэвэл мэдээж туйлын сайн хэрэг бөгөөд тэд насанд хүрээд чуулганд үүрэг гүйцэтгэж болно. Хэрэв тэд Бурханд итгэдэггүй бол насанд хүрч, нийгэмд орох үедээ чуулгантай цаашид холбоогүй болж, бидний хариуцлага биелнэ. Бид цаашдынх нь асуудалд санаа зовох шаардлагагүй. Ингэх нь тохиромжтой юу? (Тийм.) Хэдийгээр энэ ажил чуулганы янз бүрийн ажилд хамаарахгүй ч удирдагч, ажилчдын үүрэг хариуцлагын цар хүрээнд багтах ёстой. Чуулганд үүргээ гүйцэтгэж буй хүмүүсийн хүүхдүүдийг байршуулах шаардлагатай болбол удирдагч, ажилчид нөхцөл байдлыг мэдэхгүй байгаа л биш бол үүнийг үл тоож болохгүй. Тэд энэ талаар мэдэж байгаа бол асууж лавлаж, зохицуулж, тэднийг зохих газарт нь байршуулж зохицуулах хариуцлагыг хүлээх ёстой. Удирдагч, ажилчид үүргээ гүйцэтгэж буй ах эгч нарыг—ялангуяа чухал ажил хийж буй хүмүүсийг ийм хэрэг явдалд санаа зовохооргүй байлгах ёстой. Энэ ажлыг сайн гүйцэтгэх нь хэцүү биш, тийм үү? (Тийм ээ, хэцүү биш.) Дор хаяж зургаан ангиллын чухал ажилтнууд байна. Долоо дахь нь нэмэлт ангилал, маш онцгой нөхцөл байдлыг төлөөлдөг. Эхний зургаан ангилалд тоймлосон янз бүрийн ажилтнууд пасторын харьяа бүрд, улс орон бүрд бүгд байх албагүй. Гэхдээ, аль улс оронд байхаас үл хамааран, удирдагч, ажилчид болон чухал үүрэг гүйцэтгэж буй хүмүүсийг хамгаалах нь нэн чухал ажил юм. Энэ бол чуулганы бүх удирдагч, ажилчдын анхаарал тавих ёстой ажил, тэдний сайн биелүүлэх ёстой хариуцлага юм.

Чухал ажилтнуудыг гадаад ертөнцийн хөндлөнгийн нөлөөнөөс халхавчлах

I. Зочин хүлээн авагч гэр бүлд тавигдах аюулгүй байдлын шаардлага

Бид чухал ажилтнууд хэн болохыг тодруулсан болохоор удирдагч, ажилчдын хийх ёстой тодорхой ажил—тухайлбал бүх төрлийн чухал ажилтнуудыг хамгаалж, гадаад ертөнцийн хөндлөнгийн нөлөөнөөс халхавчлан, аюулгүй байдлыг нь хангах ажлыг харцгаая. Тэгвэл тэднийг гадаад ертөнцийн хөндлөнгийн нөлөөнөөс үр дүнтэй халхавчилж, удирдагч, ажилчид хариуцлагаа биелүүлсэн гэж тооцогдохын тулд ямар тодорхой ажил хийх шаардлагатай вэ? Тодорхой ажил гүйцэтгэх тухайд зарим удирдагч, ажилчид хэцүү байдалд орж, толгойгоо маажин бухимдаж, яаж ажиллахаа мэдэхгүй болдог. Энэ чухал ажилтнуудыг байршуулан зохицуулахад нэг чухал зарчим бий: Тэдний аюулгүй байдлыг хангахын тулд гадаад ертөнцийн хөндлөнгийн нөлөөнөөс халхавчлах ёстой. Чухал ажилтнуудыг ах эгч нарын гэрт байршуулах уу, эсвэл түрээсийн байранд байршуулах уу гэдгээс үл хамааран, гол нь тэдний аюулгүй байдлыг хангах ёстой. Тэдний аюулгүй байдлыг хангана гэдэг нь тэднийг гадаад ертөнцийн хөндлөнгийн нөлөөнөөс халхавчилна гэсэн үг юм. Тэгвэл тэднийг гадаад ертөнцийн хөндлөнгийн нөлөөнөөс халхавчлахын тулд удирдагч, ажилчид юу хийх ёстой вэ? Чухал үүрэг гүйцэтгэж буй хүмүүсийг тохиромжтой газар байршуулж зохицуулахыг энэ нь шаарддаг. Үүнийг хоёр талаас нь харцгаая: Нэг нь зочин хүлээн авагч гэр бүлийн дотоод орчин, нөгөө нь гадаад орчин юм. Дотоод орчны тухайд бол, нэгдүгээрт, гэрийн эзэн нь жинхэнэ итгэгч, зочин хүлээн авахад бэлэн, нууц хадгалж чаддаг, болгоомжтой ажилладаг, гадаад ертөнцтэй ухаалгаар харьцдаг байх ёстой. Ямар нэгэн онцгой нөхцөл байдал үүсвэл хэрхэн хариу үйлдэл үзүүлэхээ мэддэг байх ёстой; идэвхгүй байхын оронд идэвх санаачилгатайгаар зохицуулж, шийдвэрлэж чаддаг байх ёстой. Үүнээс гадна, тэд орон нутагтаа дажгүй нэр хүндтэй, эсвэл магадгүй нэр нөлөө, холбоо сүлбээтэй байх ёстой. Нөлөөгүй байсан ч ядаж л байр сууриа мэддэг, зөв шударгаар амьдардаг, хэзээ ч асуудал тарьдаггүй, сэжигтэй хүмүүсийг гэртээ дууддаггүй хүмүүс байх ёстой. Тэд маажан тоглодог, архи уудаг найз нөхөдтэй байх ёсгүй. Түүнчлэн, гадаад ертөнц болон хөршүүдтэйгээ харьцах харилцаа нь харьцангуй хэвийн байх ёстой. Тэд ямар нэгэн өрийн маргаанд орооцолдоогүй, хөршүүдтэйгээ зөрчилдөөнгүй байх ёстой. Өөрөөр хэлбэл, гэрийн орчин нь харьцангуй нам гүм, гэрийн эзний харилцаа нь төвөгтэй биш, маш цөөн гадны хүмүүс гэрт нь ирж үймүүлдэг байх гэх мэт—бүх талаар тохиромжтой байх ёстой. Цаашилбал, гэрийн эзний хүүхдүүд, хамаатан садан нь Бурханд итгэхийг нь дэмждэг, эсвэл ядаж л ах эгч нарыг гэртээ хүлээн авахыг нь эсэргүүцдэггүй, мэдээж ийм зүйлийн талаар гадуур бодлогогүй ярьдаггүй байх ёстой. Зарим хүн: “Энэ бүх шалгуурыг хангасан зочин хүлээн авагч гэр бүлийг олоход амаргүй!” гэж хэлж магадгүй. Харьцангуй тохиромжтой газар олох гэж үүнийг хэлнэ; туйлын төгс байх шаардлагагүй. Ядаж л амьдрах орчин нь тохиромжтой—нам гүм, гадны нөлөөгүй байх ёстой бөгөөд ингэвэл чухал ажилтнуудыг гадаад ертөнцийн хөндлөнгийн нөлөөнөөс халхавчлах шаардлагыг хангана. Зарим зочин хүлээн авагч гэр бүлд, гэр бүлийн гишүүн бүр итгэгч биш боловч зочин хүлээн авч буй хүн нь гэр бүл дотроо нэр хүндтэй бөгөөд шийдвэр гаргадаг. Тэдний шүтлэггүй хүүхдүүд, хамаатан садан нь Бурханд итгэх итгэлд нь, ах эгч нарыг хүлээн авахад нь саад хийж зүрхлэхгүй; дотроо санал нийлэхгүй байсан ч энэ мэдээллийг гэр бүлээс гадуурх хүмүүст хуваалцаж зүрхлэхгүй. Хэрэв ямар нэг зүйл үнэхээр тохиолдвол тэд хамгаалалтаар хангаж тусалж ч чадна. Ийм маягаар, ийм зочин хүлээн авагч гэрт байрлаж буй ах эгч нар ч бас гадаад ертөнцийн хөндлөнгийн нөлөөнд өртөхгүй байж чадна. Зарим тохиолдолд, гэрийн эзэн нь хулчийж, хүүхдүүд нь Бурханд итгэдгийг нь ил болгочих вий, хөршүүд нь итгэдгийг нь олж мэдээд мэдээлчих вий, тэр тусмаа асуудал буруугаар эргэж, баривчлагдах вий гэж айдаг. Тэд ах эгч нарыг гэртээ хүлээн авч эхэлмэгцээ өдөр бүр сэтгэл нь түгшиж, өдөр хоол идэж, шөнө унтаж чадахгүй, бүхэл өдөржингөө хулгайч мэт айж, түгшдэг. Засгийн газар өрхийн бүртгэл шалгахаар төлөвлөж байгаа, эсвэл төрийн албан хаагчид янз бүрийн шалтаг тоочин гэрт нь ямар нэг зүйл хийхээр ирж байгаа гэх мэт сураг сонсох бүрдээ тэд асар их айж, өөрсдөө хэрэгт холбогдохгүйн тулд ах эгч нарыг яаралтай явуулахыг байнга хүсдэг. Ийм газар хүн хүлээн авахад тохиромжгүй тул ах эгч нар ийм зүйл харвал нэн даруй нүүх ёстой; ийм газрыг хэд хоног түр байрлахад л ашиглаж болно. Хэрэв гэрийн эзний хүүхдүүд, хамаатан садан, найз нөхөд нь гэрийн эзэн итгэгчдийг гэртээ хүлээн авч байгааг олж мэдээд, үймүүлэхээр ирж, тэр ч бүү хэл ах эгч нарыг цагдаад тушааж магадгүй ёрын муу хүмүүс бол энэ нь хэтэрхий аюултай. Ийм зочин хүлээн авагч гэр бүлд байрлахад тохиромжгүй. Зарим эцэг эх хүүхдүүдийнхээ өмнө боол шиг авирладаг; тэд “Зүгээр ээ, миний хүүхдүүд миний үгэнд ордог” гэж хэлж болох ч үнэндээ хүүхдүүдийнх нь дуулгавартай байдал нөхцөл байдлаас шалтгаалдаг. Өөрсдийнх нь ашиг сонирхол хөндөгдөх үед хүүхдүүд нь тэдний үгэнд орохгүй. Тийм хүн ах эгч нарыг гэртээ хүлээн авч байгаагаа хүүхдүүддээ мэдэгдэж зүрхлэхгүй. Хэрэв хүүхдүүд, эсвэл хамаатан садан нь олж мэдвэл ах эгч нарыг зайлшгүй хөөнө, гэрийн эзэн тэднийг зогсоож чадахгүй—тэрээр өөрийнхөө гэрт эцсийн шийдвэрийг гаргадаггүй. Ийм хүн зочин хүлээн авахад тохирохгүй; зочин хүлээж авах хүсэл эрмэлзэлтэй байж болох ч эр зориг дутдаг. Хулчгар хүн үнэхээр зочин хүлээн авч зүрхлэх үү? Хэрэв чи ах эгч нарын аюулгүй байдлыг хангаж чадахгүй бол энэ үүрэгт тохирохгүй—үүнд сайн дураараа оролцох ёсгүй, удирдагч, ажилчдад хоосон амлалт өгөх ёсгүй, энэ үүргийг ч хүлээж авах ёсгүй. Удирдагч, ажилчид ах эгч нарыг ийм айлд байлгахаар зохицуулбал энэ нь тохиромжтой гэж та нар бодож байна уу? (Үгүй.) Туйлын тохиромжгүй. Ах эгч нарыг аюулын ам руу бүү илгээ. Ах эгч нар өөр газарт нэлээд аюулгүй байх байсан байж болзошгүй; хэрэв чи тэднийг ийм хүний гэрт байршуулахаар зохицуулж, хүүхдүүд, эсвэл хамаатан садан нь шүтлэггүй хүмүүс бөгөөд итгэгчид байрлаж байгааг мэдмэгцээ тэднийг мэдээлж, цагдаад тушааж, улмаар амь насанд нь аюул учруулж болзошгүй бол тэр гэрийн эзэнд гай зовлон тохиолдох биш үү? Гэрийн эзэн ийм нөхцөл байдалд ах эгч нарыг хамгаалахын тулд амиа эрсдэлд оруулахад бэлэн байж, тэдний аюулгүй байдлыг үр дүнтэй хангаж чаддаг, ерөнхийдөө боломжийн мэргэн ухаан харуулдаг бол тухайн зочин хүлээн авагч гэр бүл тохиромжтой сонголт хэвээр байж болно. Харин хэрвээ тэд ах эгч нарыг хамгаалахын тулд амиа эрсдэлд оруулж чадахгүй, гэр бүлийнх нь шүтлэггүй хүмүүс ах эгч нарыг мэдээлж, цагдаад тушаана гэж сүрдүүлэх үед ямар ч шийдэл байхгүй, хуяг дотроо толгойгоо нуудаг яст мэлхий шиг хулчийж, ах эгч нарыг хамгаалахгүй, тэднийг тушаахыг шүтлэггүй хүмүүст зөвшөөрдөг бол ийм айл хүн хүлээн авахад тохиромжгүй. Ах эгч нар тэнд хэд хоног түр байрлаад, тохиромжтой газар олдмогц нэн даруй нүүвэл тэрийг тэвчиж болох юм. Ийм айлд удаан хугацаагаар байрлаж үүргээ гүйцэтгэх нь тохиромжгүй. Гэрийн эзэн ядаж л ах эгч нарын аюулгүй байдлыг хамгаалж чаддаг байх ёстой—энэ бол гэрийн эзэнд тавигдах нэг шаардлага юм. Үүргээ гүйцэтгэж буй хүмүүс гадаад ертөнцийн хөндлөнгийн нөлөөнд өртөхгүй байхын тулд нэгдүгээрт, амьдрах орчин нь тохиромжтой байх ёстой; түүнчлэн гэрийн эзний өөрийнх нь нөхцөл байдал ч бүх талаар тохиромжтой байх ёстой—өөрөөр хэлбэл, тэд чухал ажилтнуудыг гадаад ертөнцийн хөндлөнгийн нөлөөнөөс халхавчилж чаддаг байх ёстой. Зөвхөн ингэж чаддаг байж гэмээ нь удирдагч, ажилчид чухал ажилтнуудыг тэдний гэрт байршуулахаар зохицуулж болно. Хэрэв гэрийн эзэн итгэл багатай, чадваргүй, ноён нуруугүй, өөрийнхөө гэрт эцсийн шийдвэрийг гаргаж чаддаггүй, шүтлэггүй үр хүүхэд, хамаатан садных нь хэн нь ч ирээд түүнийг захирч чаддаг бол энэ нь нэлээд төвөгтэй. Ийм газар зочин хүлээн авахад туйлын тохиромжгүй. Гэр нь том, олон өрөөтэй, тав тухтай орчинтой, бусад нөхцөл нь сайн байсан ч гэсэн зочин хүлээн авахад мөн л тохиромжгүй. Зөвхөн амьдрах орчин тохиромжтой байх нь хангалтгүй; гэрийн эзэн ч бас тохиромжтой байх ёстой. Гол нь гэрийн эзэн юун түрүүнд гэртээ хүлээн авч буй үүрэг гүйцэтгэгч ажилтнуудыг гадаад ертөнцийн хөндлөнгийн нөлөөнөөс халхавчилж чаддаг байх ёстой. Тэр үед л амьдрах орчныг нь харгалзан үзэх ёстой. Жижиг зайтай, интернет муутай, хоол хүнс энгийн, усны хангамж тухгүй гээд арай тааруу орчин байсан ч хүлээн зөвшөөрөгдөнө. Гэрийн эзэн тохиромжтой, аюул тулгарахад хариу арга хэмжээ авч, янз бүрийн төвөгтэй нөхцөл байдлыг зохицуулж чаддаг, ялангуяа ямар нэгэн онцгой нөхцөл байдал үүсэхэд зөв зохицуулж, ах эгч нарын аюулгүй байдлыг хамгаалж чаддаг л бол гэрийн эзний хувьд стандартад нийцнэ. Зочин хүлээн авагч гэр бүлийн амьдрах орчинд тавих бидний шаардлага өндөр биш; хамгийн чухал зүйл бол аюулгүй байдлыг хангаж чаддаг байх явдал. Энэ талаар дэлгэрэнгүй ярих шаардлагагүй.

II. Оршин суугаа газрын орчинд тавигдах шаардлага

Зочин хүлээн авагч гэр бүлийн оршин суугаа газрын гадаад орчин аюулгүй эсэх нь удирдагч, ажилчдын хамгийн түрүүнд бодолцох ёстой зүйл юм. Зочин хүлээн авагч гэр бүлийн нөхцөл байдал ямар байх, оршин суугаа газар нь ах эгч нарынх уу, түрээснийх үү гэдгээс үл хамааран, тухайн газрын гадаад орчин аюулгүй эсэхийг бодолцох хэрэгтэй; энэ бол хамгийн чухал зүйл. Юун түрүүнд, тухайн зочин хүлээн авагч гэр бүл Бурханд итгэдгээрээ нэрд гараагүй, Нийтийн Аюулгүй Байдлын Товчоонд итгэлийнх нь талаар ямар ч бүртгэл байхгүй бол л тохиромжтой. Хэрвээ өмнө нь ах эгч нар тэнд цугларахад хөршүүд нь засгийн газарт мэдээлдэг байсан, мөн тэр гэр бүлд танихгүй хүмүүс байнга цуглардгийг засгийн газар аль хэдийн мэддэг болсон бол тэр газар зочин хүлээн авахад тохиромжгүй. Хэрвээ түрээслэх бол ийм айлын байрыг түрээслэх нь бас тохиромжгүй. Энэ бол нэг тал нь. Түүнчлэн, зарим газарт нийтийн аюулгүй байдал тааруухан, дээрэм, аллага болон бусад төрөл бүрийн хэрэг байнга гардаг. Оршин суугчид нь ч гэсэн харьцангуй төвөгтэй хүмүүс байдаг бөгөөд цагдаа нар байнга очиж, өрхийн бүртгэл, иргэний үнэмлэх шалгаж, эрүүгийн хэргийн сэжигтнүүдийг мөрдөн шалгах зэрэг зүйл хийдэг. Надад хэлээч, та нар ийм газарт байвал байнга саад тотгорт өртөхгүй гэж үү? (Тэгнэ.) Ийм газар амьдрахад бас тохиромжгүй. Цагдаа нар хэд хоноод л хаалга тогшиж, ойр орчимд хулгай, аллага гарсан гээд мөрдөх ажиллагаанд хамтран ажиллахыг хүсэж, гэмт хэрэгтнийг харвал нэн даруй мэдэгдээрэй гэж хэлдэг. Цагдаа нар үргэлж элдэв шалтаг тоочин хаалга тогшиж, хэрэг мөрдөж байна гэдэг ч үнэн хэрэгтээ гаднын хүмүүс, танихгүй хүмүүсийг шалгаж байгаа—илүү нарийн хэлбэл, тэд Бурханд итгэдэг хүмүүсийг хайж байгаа. Ийм зочин хүлээн авагч айлд байхад чамд аюулгүй байгаа мэдрэмж төрөх үү? (Үгүй.) Ямар ч эргэлзээгүй, чи өдөржин сэтгэл түгшинэ. Гадуур болж байгаа эдгээр эрүүгийн хэрэг явдал зочин хүлээн авагч гэр бүлд хамаагүй ч гэсэн чи сэтгэл амар байхгүй. Ийм орчинд амьдрах нь хувийн аюулгүй байдалд чинь заналхийлж байгаа мэт мэдрэмжийг байнга төрүүлдэг. Нэг л өдөр цагдаа нар ах эгч нарыг хараад, энэ танихгүй хүмүүсээс байцаалт авч эхлэн, эцэст нь баривчилж аваад явчихыг хэн мэдэх билээ. Үүнийг аймшигтай нөхцөл байдал гэж чи хэлэхгүй гэж үү? (Тийм.) Түүнчлэн, Хятад хүмүүсийн ихэнх нь аюулгүй байдлын мэдлэггүй; хэн нэгэн хаалга тогшихыг сонсмогцоо л хаалгаа онгойлгодог, ихэвчлэн хаалгаа цоожилдоггүй нь амархан асуудалд хүргэдэг. Эрх чөлөө, ардчилалтай Барууны орнуудад хувийн орон сууцыг хувийн эзэмшил гэж үздэг. Хэрвээ гаднын хүн зөвшөөрөлгүйгээр хувийн эзэмшилд нэвтэрвэл хууль бус гэж тооцож, тэнд амьдардаг хүмүүс цагдаа дуудна. Ингэснээр хууль бусаар нэвтэрсэн этгээд хуулийн хариуцлага хүлээнэ. Тиймээс, танихгүй хүн хаалга тогшвол хаалгаа онгойлгох албагүй—татгалзаж болно. Хэн нэгэн чамтай уулзахаар товлосон байсан ч хэрвээ чи бэлэн биш эсвэл бодлоо өөрчилсөн бол хаалгаа онгойлгохгүй байж болно; дахин өөр цаг товлож болно. Барууны орнуудын хүмүүст ийм эрх, ийм хуулийн мэдлэг байдаг. Гэвч Хятад хүмүүст ийм хуулийн мэдлэг дутмаг. Тэд хаалга тогших чимээ сонсох бүрдээ яаран очиж хаалгаа онгойлгодог. Энэ нь сонор сэрэмжгүй, өөрийгөө хамгаалах ухамсаргүй, холбогдох хууль тогтоомжийг мэддэггүйг харуулж байна. Энэ нь Хятад улс дарангуйлагч, нэг намын засаглал нь хуулиас дээгүүр тавигддаг улс учраас хуулийн тогтолцоо нь зүгээр л нэг халхавч байдагтай холбоотой. Агуу улаан луу Хятадад хууль, дэг журмыг үл тоомсорлон, дураараа дургидаг, ард түмэнд ямар ч хүний эрх байдаггүй. Хятад хүмүүс хүний эрхийг тоодоггүй, сахилгын дүрэм журам, хуулийг сахин биелүүлэх мэдрэмж ч байдаггүй; ялангуяа өөрийгөө хамгаалах ухамсар дутмаг, ихэнх хүн өөрийгөө хамгаалахын тулд хууль ашиглаж мэддэггүй. Үүний үр дүнд аюулгүй байдлын баталгаа гэж байдаггүй. Дүгнэж хэлбэл, нийтийн аюулгүй байдал муутай, оршин суугчид нь төвөгтэй түүх, онцлог байдалтай, байнгын шалгалт хийгддэг, эсвэл янз бүрийн эрүүгийн хэрэг байнга гардаг ямар ч газарт хүмүүс гадаад ертөнцийн саад тотгорт өртөхөд амархан байдаг. Ийм газар байрлахад тохиромжгүй. Энэ бол чухал ажилтнуудын байрлах газрыг зохицуулахдаа бодолцон үзэх ёстой нийтийн аюулгүй байдлын хүчин зүйл юм.

Үүргээ гүйцэтгэж байгаа хүмүүсийн амьдрах орчныг болгоомжтой сонгох ёстой; хөл хөдөлгөөн ихтэй хот газар, аюултай газруудаас зайлсхийх нь хамгийн сайн. Бидний хэлж байгаа хөл хөдөлгөөн ихтэй хот газар гэдэгт ямар газрууд багтах вэ? Үүнд, төмөр зам, хурдны зам, замын уулзвар, худалдааны захгэх мэтийн ойролцоох газрууд багтана. Ялангуяа төмөр замын гол шугамын дагуу өдөрт тоо томшгүй олон галт тэрэг явж өнгөрдөг бөгөөд галт тэрэг өнгөрөх бүрд ойр орчмын байшингийн шал дагаж доргидог. Ийм орчинд үүргээ гүйцэтгэхэд огтхон ч амар тайван байх боломжгүй. Түүнчлэн, олон жилийг гэрээсээ хол үүрэг гүйцэтгэж өнгөрөөсөн зарим хүн байнга сэтгэлийн түгшүүртэй амьдардаг, зүрх нь сайнгүй байдаг тул ийм газар амьдрахад бүр ч тохиромжгүй. Бичлэг хийх ажил, эсвэл бичвэрт суурилсан ажил гэх мэт зарим ажилд нам гүм орчин шаардлагатай бол наад зах нь дуу чимээний саадгүй, мөн аюулгүй байдлыг хангасан байх ёстой—ийм байх нь хамгийн тохиромжтой. Хэрэв туйлын аюулгүй газар байхгүй бол харьцангуй аюулгүй газар олох ёстой. Энэ тохиолдолд бага зэргийн дуу чимээг хүлээн зөвшөөрч болох бөгөөд бид шаардлагаа хэт өндөр тавих ёсгүй; амьдрах орчин нь аюулгүй л байхад хангалттай. Түүнчлэн, хэрэв байшин нь гэрлэн дохио, эсвэл замын уулзварын ойролцоо гэх мэт замын хөдөлгөөний гол бүсэд байрладаг бол өдөр бүр тоо томшгүй олон явган зорчигч, тээврийн хэрэгсэл явж өнгөрнө. Ийм байшин олон тооны явуулын хүний нүдэнд ил байдаг бөгөөд хажуугаар өнгөрөх хүмүүс хальт хараад л доторх хүмүүсийг амархан харж чадна. Ялангуяа шөнө гэрэл асаалттай байхад байшин доторх нөхцөл байдал тов тодорхой харагддаг. Ийм байшинд амьдрах нь зүгээр гэж чи хэлэх үү? Энэ орчин тохиромжтой юу? (Үгүй, тохиромжгүй.) Энэ үнэхээр тохиромжгүй. Ийм газар амьдардаг хүмүүс байнга саад тотгорт өртөж, танихгүй хүмүүс өөрсдийг нь ажиглаж байгааг байнга хардаг. Танихгүй хүнтэй харц тулгармагцаа цочиж, өдөр бүр сэтгэл түгшин, хэн нэгэн өөрийг нь ажиглаж байгаа мэт байнга санагддаг—цаана нь хэн нэгэн зааварчилж, хянаж байгааг хэн мэдэх билээ. Ийм орчинд амьдрахад сэтгэл амар байж чадна гэж чи бодож байна уу? Мөн зарим байшин чанар муутай, дуу чимээний тусгаарлалт муутай тул дотор нь чанга ярих юм уу магтан дуу тавихад гадаах хүмүүс бүгдийг сонсож чаддаг. Түүнчлэн, зарим байшин хорооллынхоо хамгийн өндөр цэгт байрладаг бөгөөд энэ тохиолдолд аянгад цохиулах магадлалтай байхаас гадна, ах эгч нарыг гадагш гарах бүрд эргэн тойрны хөршүүд нь харж чаддаг. Агаар оруулах, эсвэл сэрүүцэхийн тулд хааяа цонхоо онгойлгоход ч тохиромжгүй; цонхоо сайтар хааж, хөшгөө татах ёстой болдог тул хэзээ ч гэрэл тусдаггүй, гадаа гарч хөдөлгөөн хийхэд бүр ч тохиромжгүй. Гаднаас хүмүүс ажиглаж, анзаарч байх вий гэж байнга санаа зовох болдог. Хэдийгээр ах эгч нар бүгд нэгэн зэрэг орж, гардаггүй ч хэн нэгнийг орж, гарах бүрд гаднаас хүмүүс тод харж чадна. Эцэст нь тэд энэ байшинд хэчнээн гаднын хүн амьдардаг талаар ерөнхий ойлголттой болно. Энд байхад хүмүүсийн аюулгүй байдлыг хангаж чадна гэж та нар хэлэх үү? (Үгүй, чадахгүй.) Зарим хүн, “Бид ихэнхдээ дотор үүргээ гүйцэтгэдэг, гадагш гарсан ч ээлжилдэг, нэг дор гардаггүй. Ийм маягаар хэрэгжүүлбэл эргэн тойрны хөршүүд юу ч мэдэхгүй” гэж боддог. Гэвч ээлжилж гарлаа ч гэсэн нэгэн гаднын хүн гэдгийг чинь анзаарвал энэ нь асуудал үүсгэнэ. Олон шүтлэггүй хүн өөрсдөө тийм ч сайхан амьдардаггүй атлаа бусдын хэрэгт хошуу дүрэх, ажиглах тун дуртай. Зарим нь бүр дуран ашиглан чамайг тагнаж, дотор юу хийж байгааг чинь харж магадгүй. Итгэгчид цугларч байгааг тэд олж мэдвэл шагнал авахын тулд засгийн газарт яаран мэдээлдэг. Ийм хүн чамайг онилох нь аюултай нөхцөл байдал биш гэж үү? (Мөн.) Чамайг онилмогц ямар нэг сайн зүйл болох уу? Чи гарцаагүй баригдаж таарна! Аль ч улс, аль ч бүс нутагт бусдын хэрэгт хошуу дүрдэг хүмүүс хэзээд байдаг. Тэд чамайг тагнасныхаа төлөө нэг ч зоос олохгүй байсан ч үүнийг хийхдээ туйлын дуртай байдаг—тэд бүр өөрсдийнхөө ажлыг хойш тавин цаг заваа зарцуулж, халааснаасаа мөнгө төлөн ажиглалт хийж ч магадгүй. Хэрэв чамайг мэдээлсний төлөө шагнал авах бол тэд үүнийг хийхдээ бүр ч их улайрна. Ялангуяа Хятад шиг дарангуйлагч улсад Бурханд итгэдэг хүмүүсийг тагнадаг хүн хэтэрхий олон байдаг. Учир нь тэд үнэнийг зэвүүцэж, Бурханд итгэдэг хүмүүсийг зэвүүцдэг тул итгэгчид хоорондоо харилцаж, цугларч байгааг олж мэдмэгцээ мэдээлдэг. Хэрэв мэдээлсний төлөө шагнал авах бол тэд үүнийг хийхдээ уйгагүй сэтгэл ханамж авдаг. Энэ нь чуулганд амархан төвөг удах биш үү? (Тийм.) Хэрвээ чамд ийм маягаар саад болж байвал энэ нь удирдагч, ажилчид байршуулах ажлыг сайн зохицуулаагүйнх биш үү? Удирдагч, ажилчид бүх зүйлийг сайтар бодолцоогүйгээс болж чухал ажилтнуудыг байршуулах байршил, орчин тохиромжгүй байвал ийм үр дагавар гардаг. Хэрэв амьдардаг газар нь хэт их анхаарал татвал асуудал гарахад амархан. Ямар нэгэн асуудал гарсны дараа л энэ газар амьдрахад тохиромжгүй гэдгийг чи ухаарвал аль хэдийн оройтсон байна. Тиймээс, үүргээ гүйцэтгэж буй хүмүүст зориулсан тохиромжтой амьдрах байршлыг сонгох нь бас нэгэн чухал ажил бөгөөд буруу сонголт хийх нь аюулд амархан хүргэж болзошгүй.

III. Удирдагч, ажилчид боловсон хүчний нүүлгэн шилжүүлэлтийг зохицуулах ажлыг хэрхэн хийх ёстой вэ

Чухал үүрэг гүйцэтгэж байгаа ажилтнуудын амьдрах орчны тухайд, дотоод эсвэл гадаад орчны аль нь ч бай, удирдагч, ажилчид бүх талаас нь сайтар бодолцох хэрэгтэй. Тэд юмыг энгийнээр бодож, гадаад ертөнцтэй харилцахгүй л бол ямар ч асуудал гарахгүй гэж байнга бодож болохгүй. Өнөөгийн нийгэм хэтэрхий төвөгтэй, элдэв янзын чөтгөрөөр дүүрэн бөгөөд хаана ч байсан, бусдын хэрэгт хошуу дүрдэг хүмүүс чамайг байнга ажиглаж байдаг тул тэдний шинжихээс зайлсхийх боломжгүй. Чи: “Би Бурханд итгэснээрээ хууль зөрчөөгүй, ямар ч буруу зүйл хийгээгүй. Би зүгээр л үүргээ гүйцэтгэж байгаа болохоор надад ямар ч муу зүйл тохиолдох ёсгүй биз дээ?” гэж бодож магадгүй. Гэвч бодит байдал чиний төсөөлж байгаа шиг тийм энгийн биш. ХКН Бурханыг эсэргүүцэж, Бурханы чуулганыг дарахын тулд яагаад ийм их хүн хүч, хөрөнгө мөнгө зарцуулдаг юм бэ? Чи үүний учрыг ойлгож чадах уу? Хэзээ ч чадахгүй. Чи диавол, Сатануудын уг чанарыг хэр зэрэг нэвт харж чадах вэ? Чи диавол, Сатануудын талаар дэндүү бага ойлголттой. Энэ нийгэм хэтэрхий төвөгтэй бөгөөд диавол, Сатанууд бол мууг үйлддэг адгийн шаарнууд юм. Тэдний хамгийн их хүсдэг зүйл нь Бурханы сонгосон хүмүүсийг баривчилж, чуулганы ажлыг үймүүлэх явдал юм. Хэрвээ чи Сатануудыг ердөө л жирийн хүмүүс гэж үргэлж хардаг бол үнэхээр мунхаг байна; энэ нь чамайг энэ нийгмийн хорон мууг нэвт хараагүй, диавол, Сатануудын зэвүүцмээр байдлыг яавч нэвт хараагүй гэдгийг харуулж байна. Тиймээс, удирдагч, ажилчид чуулганы ажлыг сайн хийхийн тулд үүргээ гүйцэтгэж байгаа хүмүүсийн аюулгүй байдлыг хангах ёстой—энэ бол хамгийн чухал зүйл юм. Итгэл үнэмшлийн эрх чөлөөгүй, дарангуйлагч засаглалтай улсад үүргээ гүйцэтгэж байгаа хүмүүсийн аюулгүй байдлыг хангах нь нэлээд хэцүү байдаг. Гэхдээ хэчнээн хэцүү байсан ч хамаагүй, амьдрахад тохиромжтой байршлыг анхааралтай сонгох ёстой; энэ тал дээр ямар ч хайнга байдал гаргаж болохгүй. Бурханы гэрийн ажлын зохицуулалтад эдгээр асуудлын талаарх нөхөрлөл багтсан байдаг. Ах эгч нар гадаад ертөнцийн саад тотгор, үймээнээс ангид үүргээ гүйцэтгэж чадах нөхцөлийг удирдагч, ажилчид хангах ёстой—тэд сэтгэлээсээ хандаж л байвал үүнийг биелүүлж чадна. Гагцхүү тэд хааш яаш, хариуцлагагүй хандаж, ах эгч нарын аюулгүй байдлыг үл тоон зөвхөн өөрсдийн аюулгүй байдлыг бодох вий гэдэг л санаа зовоож байна. Ингэвэл чуулганы ажлыг сайн хийх боломжгүй болно. Хэрвээ чи анхаарал болгоомжгүй, нухацтай бус, хариуцлагагүй байдлаасаа болж, эсвэл орчин нөхцөл, төвөг бэрхшээлээс айснаасаа болж эдгээр зүйлийг хийж чадалгүй, үүнээс үүдэн чухал үүрэг гүйцэтгэж байгаа ажилтнууд баривчлагдаж, ах эгч нарын амь насанд аюул учирвал—энэ нь чуулганы ажлыг саатуулж, ах эгч нарыг хорлоно—тэр үед удирдагч, ажилчны хувиар чи хариуцлага хүлээх ёстой. Энэ хариуцлагыг зүгээр нэг нөхөн төлбөр төлөх юм уу залбирч улайгаад шийдвэрлэх боломжгүй; энэ тийм ч энгийн хэрэг биш. Тэгвэл энэ хэрэг явдлын уг чанар юу вэ? Энэ бол арилшгүй толбо, мөнхийн гэм буруу—чи донгодуулсан байна. Ийнхүү донгодох нь жирийн нэг алдааг хэлэхгүй; Бурханы нүдээр бол энэ нь гэм буруу юм. Хэрвээ чиний гэм буруу хэтэрхий олон—урьд нь гэм буруу үйлдэж байсан, өнөөдөр ч үйлдэж байгаа, ирээдүйд ч дахин үйлдвэл—хэд хэдэн томоохон гэм буруу нийлээд чи мөхөж, сүйрэх болно. Бурхан чамайг аврахаа больж, Бурханд итгэх итгэл чинь талаар болно. Чи аврагдах найдваргүй болоод зогсохгүй шийтгэл хүлээх болно. Тиймээс, удирдагч, ажилчид ажлаа зарчмын дагуу хийх нь нэн чухал! Үүнийг цээжилсэн үү? (Тэгсэн.) Удирдагч, ажилчид үүрэг хариуцлагаа биелүүлэх ёстой бөгөөд орчин нөхцөл хэчнээн таагүй, аюултай байсан ч хамаагүй, чухал үүрэг гүйцэтгэж байгаа ажилтнуудын аюулгүй байдлыг хамгаалж, тэднийг зохих ёсоор байршуулахын тулд орон нутгийн нөхцөл байдлын дагуу боломжтой бүхнийг хийх ёстой. Зорилго нь чуулганы ажил хэвийн явагдах баталгааг хангах явдал юм.

Удирдагч, ажилчид чухал ажил хариуцсан ажилтнуудыг байршуулах газрыг гадаад ертөнцийн саад тотгороос ангид байлгахын тулд байшин, орчинд тавих шаардлага, зарчим байхаас гадна зочин хүлээн авах гэр бүлийн янз бүрийн нөхцөл байдалд ч бас тавигдах шаардлага, зарчим гэж бий. Удирдагч, ажилчид зочин хүлээн авах боломжтой гэр бүлийг олмогцоо эхлээд тэр гэр бүлийн орчин, нөхцөл ямар болох, гэр бүлийн гишүүдийн байдал, бусадтай маргаантай эсэх, өс хонзонтой хүмүүс бий эсэх, засгийн газартай ямар нэгэн орооцолдсон асуудалтай эсэх, шүүхээр байнга заргалддаг эсэх, нийгмийн харилцаа нь ээдрээтэй эсэх гэх мэтийг асууж лавлах хэрэгтэй. Энэ бүх үндсэн нөхцөл байдлыг нарийн асууж, олж мэдэх ёстой. Хэрвээ гэрийн эзэн эсвэл хүүхдүүд, гэр бүлийн бусад гишүүний нийгмийн харилцаа ээдрээтэй, гэр бүл нь байнга тайван бус—төвөг удах юм уу өр нэхэх гэсэн янз бүрийн сэжигтэй хүмүүс байнга ирдэг, эсвэл дээрэмчдээс сүрдүүлсэн захидал, засаг захиргаа, шүүхээс зарлан дуудах хуудас авдаг бол—эдгээр нь бүгд маш төвөгтэй асуудал юм. Хэрвээ чи ийм айлд цугларч, үүргээ гүйцэтгэж байсан бол эдгээр нь үймээн болохгүй гэж үү? Тиймээс, энэхүү зочин хүлээн авах гэр бүлийг олохдоо чи эхлээд асуулт асууж, үндсэн нөхцөл байдлынх нь талаар олж мэдэх хэрэгтэй. Ийм асуудал байхгүй бол хамгийн сайн, харин ийм асуудал байгаа бол, мөн одоогоор илүү тохиромжтой газар олдохгүй байгаа бол гэрийн эзэн эдгээр асуудлыг үр дүнтэй шийдвэрлэж чадах эсэхийг бодолцож үз. Хэрвээ гэрийн эзэн үр дүнтэй шийдвэрлэж чадахгүй, эдгээр замбараагүй асуудлаас салж чадахгүй бол энэ айл ах эгч нарыг гэртээ хүлээн авахад тохиромжгүй, учир нь энд амьдарвал тэд хэдийд ч гадаад ертөнц болон гаднын хүмүүс, үйл явдал, зүйлсийн саад тотгорт өртөж болзошгүй. Иймэрхүү орчин нь Бурханд итгэдэг хүмүүсийг шууд онилоогүй байдаг. Гэхдээ шашин шүтлэгийг хяхаж хавчдаг улсад итгэгчид бол маш эмзэг бүлэг байдгаас гадна, засгийн газар ухуулга тараах, тархи угаах, цуу яриа зохиох, гүтгэн харлуулах гэж хамаг байдгаараа хичээсний дараа шүтлэггүй хүмүүс Бурханд итгэдэг хүмүүсийг ойлгохгүйгээр үл барам ХКН-ын хоосон гоё үгэнд итгэдэг болж, итгэгчдийг онцгойлон үзэн ядаж, дайсагнаж эхэлдэг. Тиймээс, хэрвээ тэд аль нэг айл итгэгчдийг гэртээ хүлээн авч байгааг олж мэдвэл энэ нь зочин хүлээн авч байгаа гэр бүлд ч, ах эгч нарт ч маш аюултай болдог. Ах эгч нар ийм орчинд амьдрах үедээ саад тотгорт байнга өртөөд зогсохгүй аюулгүй байдал нь баталгаагүй байдаг. Тэгвэл яагаад тэднийг тэнд үргэлжлүүлэн амьдруулна гэж? Энэ нь амьдрахад тохиромжгүй, аюултай газар гэдэг нь тодорхой байна—тэднийг хурдан нүүлгэн шилжүүлэх хэрэгтэй. Удирдагч, ажилчид ах эгч нарыг зүгээр л байршуулчхаад, “Идэж уух, унтах газартай, бороо шорооноос хамгаалагдсан байхад л боллоо. Үүргээ гүйцэтгэж чадаж л байвал асуудалгүй. Бид хаанаас тийм олон тохиромжтой газар олох юм бэ?” гэж бодоод зөнд нь хаяж болохгүй. Энэ бол туйлын хариуцлагагүй явдал! Хэрвээ тухайн үед тохиромжтой газар байхгүй бол тэд тэнд түр байж болох ч чи даруйхан тохиромжтой байршил хайж, тэднийг аль болох хурдан нүүлгэн шилжүүлэх ёстой; үүнийг удаан хугацаагаар амьдрах газар гэж бүү үз.

Зарим удирдагч, ажилчид бодит ажил хийдэггүй. Тэд чухал ажил хариуцсан ажилтнуудыг нэг газар байршуулчхаад, хоол унд, амралт нь ямар байгааг асууж, шүтлэггүй хүмүүс тагнаж, ажиглаж байгаа эсэхийг асуудаг. Сүүлийн хэд хоногт ямар нэг сэжигтэй зүйл ажиглагдаагүй гэж сонсмогцоо тэд тэр асуудлыг орхиж, хагас жил юм уу түүнээс ч удаан хугацаанд дахин эргэж тойрдоггүй. Тэд хүмүүсийг сайн байршуулж, үүрэг хариуцлагаа биелүүлсэн, бүх зүйл сайхан болсон гэж боддог. Тухайн орчинд дараа нь саад тотгор учрах эсэх, эсвэл аюулгүй байдлын ямар нэг эрсдэл байгаа эсэхэд тэд цаашид анхаарал хандуулдаггүй. Ингэх нь зохимжтой юу? (Үгүй.) Яагаад зохимжгүй вэ? (Байршуулсныхаа дараа удирдагч, ажилчид эргэж тойрох хэрэгтэй. Хэрвээ тэгэхгүй бол ах эгч нар аюултай нөхцөл байдалд орж, нүүж чадахгүй бол баривчлагдаж магадгүй.) Гэвч зарим удирдагч, ажилчин: “Та нар бүгд насанд хүрсэн хүмүүс—би заавал эргэж тойрох хэрэгтэй гэж үү? Аюул байгаа эсэхийг чи харж чадахгүй байна уу? Хэрвээ чадахгүй бол толгой чинь ажиллахгүй байна гэсэн үг! Хэрвээ аюул байгааг анзаарвал өөрсдөө л нүүчих—би заавал та нарт хэлэх ёстой юм уу?” гэж боддог. Тэд ийм шалтаг тоочдог. Ийм шалтаг тоочих нь зөв гэж та нар бодож байна уу? (Үгүй.) Яагаад үгүй гэж? (Яагаад гэвэл, чухал үүрэг гүйцэтгэж байгаа хүмүүсийн аюулгүй байдлыг хангах нь угтаа удирдагч, ажилчдын хариуцлага; энэ бол тэдний хийх ёстой ажил юм.) Тэд үүнийг удирдагч, ажилчдын хийх ёстой ажлын нэг хэсэг гэж үздэггүй; тэд үүнийг Лэй Фэний жишээг дагаж сайн үйл хийдэг шиг зүгээр л ах эгч нарт тусалж байна гэж боддог. Тэд бас үүнийг чуулганы ажлыг хамгаалахын тулд хийж байна гэж үздэггүй, харин чуулганы ажилтай холбоогүй, зүгээр л ажилтнуудыг байршуулж байгаа хэрэг гэж хардаг. Энэ бол тэнэг хэрэг гэж чи хэлэхгүй гэж үү? Ямар хүн ингэж бодох вэ? (Хариуцлагын мэдрэмжгүй хүн.) Залхуу, үнэнч бус, хариуцлагагүй хуурамч удирдагчид ингэж боддог. Тэд Бурханы гэрийн ажлыг хамгаалдаггүй; ах эгч нарт байр зохицуулж өгснийхөө дараа: “Би та нарыг ийм сайхан газар байршууллаа—би та нарт ямар их тус хүргэв ээ!” гэж боддог. Тэд үүнийг чуулганы ажлыг хамгаалж байна гэж үздэггүй. Удирдагч, ажилчны хувиар хэрвээ чи чухал ажил хариуцсан ажилтнуудыг зохих ёсоор байршуулж, аюулгүй байдлыг нь үр дүнтэй хангаж чадахгүй бол тэдэнд аюул тулгарч, үүргээ хэвийн гүйцэтгэж чадахгүйд хүрвэл чуулганы ажил саатахгүй гэж үү? Чи эхлээд тэднийг зохих ёсоор байршуулж, аюулгүй байдлыг нь хангах ёстой, тэгж байж л тэд хэвийн ажиллаж чадна. Гэвч хуурамч удирдагчид ингэж боддоггүй; тэд энэ хүмүүсийг нэг газар аваачиж хаячхаад тоодоггүй, удаан хугацаанд эргэж тойрдоггүй. Аюултай нөхцөл байдал үүсэж, удирдагчтайгаа холбогдож чадахгүй үед тэд өөрсдөө нүүхээс өөр сонголтгүй болдог. Удирдагч нь үүнийг олж мэдээд эцэст нь шалгахаар очих үед хүмүүс аль хэдийн явчихсан байдаг бөгөөд удирдагч нь тэднийг хаашаа явсныг ч мэддэггүй. Энэ ямар хүн бэ? Энэ ямар удирдагч, ажилчин бэ? Хуурамч удирдагч. Ялангуяа өөр газраас ирсэн, орон нутгийн орчин нөхцөлийг мэддэггүй ах эгч нарын тухайд удирдагч, ажилчид тэдэнтэй байнга очиж уулзаж, эргэж тойрох бүр ч их шаардлагатай. Удирдагч, ажилчид тэднийг ганц удаа байршуулснаар бүх зүйл нэгмөсөн шийдэгдлээ гэж бодох ёсгүй; үнэн хэрэгтээ энэ ажил дуусах яагаа ч үгүй байна. Тэд байнга очиж, эргэж тойрч байх хэрэгтэй. Хэрвээ удирдагч, ажилчид тухайн газарт биечлэн очих нь тохиромжгүй бол өөр хүн томилж шалгуулах хэрэгтэй. Ядаж л тэд энэ ажилд хяналт тавьж—чухал ажил хариуцсан эдгээр ажилтны амьдрах орчныг үнэлж, ямар нэг аюул, хэвийн бус зүйл байгаа эсэх, эсвэл ямар нэг онцгой нөхцөл байдал үүссэн эсэх, нүүлгэн шилжүүлэх шаардлагатай эсэхийг шалгах хэрэгтэй. Энэ бүхнийг олж мэдэж, хяналт тавих ёстой. Хэрвээ одоохондоо энэ газар хамгийн тохиромжтой мэт санагдвал болох л юм, гэхдээ хэсэг хугацааны дараа тэдний орчин, аюулгүй байдал ямар байгааг, идэж уух, хэрэглэх зүйл хангалттай эсэхийг очиж шалгах хэрэгтэй—энэ бүх нарийн ширийн зүйлийг асууж лавлах ёстой. Чухал ажил хариуцсан ажилтнуудын ажлыг удирдагч, ажилчид ойлгохгүй байх боломжтой бөгөөд энэ тохиолдолд тэд тэр тал дээр хөндлөнгөөс оролцох ёсгүй, гэхдээ тэднийг зохих ёсоор байршуулах нь удирдагч, ажилчдын үүрэг хариуцлага юм—хэрвээ ингэж чадахгүй бол хариуцлагаа умартсан хэрэг бөгөөд бодит ажил хийдэггүй хуурамч удирдагч гэдгээ харуулж байна. Ялангуяа өөр газраас ирсэн ах эгч нарт бүр ч онцгой, нарийн анхаарал хандуулах шаардлагатай бөгөөд хайнга хандаж болохгүй. Удирдагч, ажилчид үе үе тэднийг эргэж тойрч, шийдвэрлэх шаардлагатай бэрхшээл байгаа эсэх, энэ хугацаанд үүргээ гүйцэтгэж байгаа орчинд нь ямар нэг асуудал, онцгой нөхцөл байдал үүссэн эсэх, жишээ нь орон нутгийн засаг захиргаа, оршин суугчдын хороо, цагдаагийн хэлтэс зэрэгт ямар нэг сэжигтэй хөдөлгөөн гарсан эсэхийг мэдэх хэрэгтэй. Удирдагч, ажилчид нөхцөл байдлыг сайн мэдэж байхын тулд эдгээр зүйлийг асууж сураглах ёстой. Дараа нь удирдагч, ажилчид үүргээ гүйцэтгэж байгаа хүмүүсийг хэрхэн зохих ёсоор гэртээ хүлээн авч, хамгаалах зарчим, хэрэгжүүлэлтийн замын талаар гэрийн эзэнтэй нөхөрлөх ёстой, ингэснээр гэрийн эзэн эдгээр зарчим, хэрэгжүүлэлтийн замыг бүрэн ойлгоно. Үүгээр ажил дуусахгүй. Удирдагч, ажилчид зочин хүлээн авах гэр бүлийн нөхцөл байдлыг үе үе очиж үзэн, асууж сураглах ёстой. Илрүүлсэн аливаа асуудлыг даруй шийдвэрлэж, ямар ч асуудал гарахгүй байх баталгааг хангах ёстой. Тэгж байж л ажлыг жинхэнэ ёсоор сайн хийсэн болно. Хэрвээ гэрийн эзэнд зочин хүлээн авахад санхүүгийн боломж тааруу, эсвэл үүссэн нөхцөл байдалд хариу үйлдэл үзүүлэх, зохицуулах мэргэн ухаан дутах зэрэг бэрхшээл тулгарвал удирдагч, ажилчид эдгээр асуудлыг шийдвэрлэхэд туслах ёстой. Санхүүгийн хүндрэлийг шийдвэрлэхэд амархан—Бурханы гэр зочин хүлээн авахад зориулж мөнгө гаргаж болох бөгөөд зочин хүлээн авах гэр бүл зөвхөн хүн хүчээ гаргахад л болно. Хэрвээ гэрийн эзэнд мэргэн ухаан дутаж байвал энэ нь томоохон асуудал юм. Удирдагч, ажилчид шаардлагатай мэргэн ухаан болон энэ талтай холбоотой хэрэгжүүлэлтийн хэд хэдэн зарчмыг тодорхой тайлбарлаж өгөх ёстой. Хэрвээ гэрийн эзэн шаардлага хангаж чадахгүй хэвээр байвал удирдагч, ажилчид энэ ажлыг сайн гүйцэтгэхэд гэрийн эзэнтэй хамтран ажиллах мэргэн ухаантай ах юм уу эгчийг ойр хавиас олох хэрэгтэй. Хэрвээ асуудал нь гэрийн эзэнд өөрт нь байгаа бол—жишээ нь хулчгар, эсвэл баривчлагдахаас айдаг бол—удирдагч, ажилчид дэмжлэг, туслалцаа үзүүлэхийн тулд үнэнийг нөхөрлөж, Бурханы санаа зорилго болон энэ үүргийг гүйцэтгэхийн үнэ цэн, утга учрыг нөхөрлөх ёстой. Хэрвээ энэ нь бодит орчинтой холбоотой асуудал байвал үүнийг хойшлуулж, эсвэл зүгээр л хүлээн зөвшөөрч болохгүй, үүнд хайнга хандаж бүр ч болохгүй; үүнийг даруй шийдвэрлэх ёстой. Жишээ нь, хэрвээ хүмүүс энэ газрыг аль хэдийн анзаарсан, сэжигтэй танихгүй хүмүүс ойр хавиар нь байнга холхиж байгаа, хэн нэгэн тухайн байршлыг ажиглаж байх магадлалтай бол энэ нь далд аюул юм. Тиймээс ах эгч нарыг даруй нүүлгэн шилжүүл—ямар нэг зүйл буруугаар эргэхийг хүлээвэл хэтэрхий оройтно. Хэрвээ нөхцөл байдал түр зуурынх бөгөөд ердөө хэвийн, ээлжит үйл ажиллагаа бол үүнийг аргалж болно: Үүнээс зайлсхийхийн тулд ах эгч нарыг нэг, хоёр хоног түр явуулаад, дараа нь буцааж авчирч болно. Хэрвээ хүмүүс аль хэдийн анзаарсан бол тэнд үлдэх ямар ч боломжгүй бөгөөд бүрмөсөн нүүлгэн шилжүүлэх шаардлагатай. Эдгээр нь энэ ажлын хүрээнд удирдагч, ажилчдын зохицуулж, шийдвэрлэх ёстой зарим нарийн ширийн асуудлууд юм. Энэ ажил бол хэдэн хүнийг хоол унд, орон байртай газар байршуулаад л болчихдог ажил огт биш; үүнд олон нарийн ширийн зүйл багтдаг. Ялангуяа Хятад шиг орчин нөхцөл нь онцгой дайсагнасан, шашны хавчлага ноцтой улсад удирдагч, ажилчид чухал ажил хариуцсан ажилтнуудын амьдрах орчин, аюулгүй байдлын асуудлыг бүр ч онцгойлон анхаарч, нарийн хянах ёстой. Тэд хайнга байж болохгүй. Чухал ажил хариуцсан эдгээр ажилтны аюулгүй байдлыг баталгаажуулж, тэднийг сэтгэл амар үүргээ гүйцэтгэх боломжоор хангахын тулд тодорхой ажлын бүх талыг сайн хийх ёстой. Ингэж байж ажил сайн хийгдэнэ. Энэ бол зочин хүлээн авах гэр бүлийн тухайд удирдагч, ажилчдын хийх ёстой ажил бөгөөд энд нэлээд олон нарийн ширийн зүйл бий.

Зарим удирдагч, ажилчид чухал ажил хариуцсан зарим нэг ажилтнуудыг тохиромжтой зочин хүлээн авах айлд байршуулсныхаа дараа огт тоохоо больж, зочин хүлээн авах гэр бүлийн нөхцөл байдлыг үргэлжлүүлэн шалгаж, анхаардаггүй. Тэд: “Би өдөр бүр чуулганы ажил гээд завгүй байхад энэ хүмүүсийг эргэж тойрох цаг хаанаас гарах юм бэ? Тэгээд ч өөр ажил их байна, бас нэлээд аюултай. Бидний ажил хийхэд амар биш шүү дээ!” гэж хэлдэг. Тэд үргэлж бодит шалтгааныг онцолдог ч өөрсдийн үүрэг хариуцлагыг биелүүлэхийг хүсдэггүй. Та нар юу гэж бодож байна—тэдний ингэж хэлж байгаа нь үндэслэлтэй юу? (Үгүй.) Яагаад үндэслэлгүй вэ? (Үнэндээ энэ ажлыг хийхэд удирдагч, ажилчдаас хэт их цаг зав, хүч хөдөлмөр шаардахгүй. Тэд гадуур ажил хөөцөлдөх далимдаа очиж уулзаж болно. Хэрвээ завгүй бол ойр хавийн ах эгч нарыг очиж уулзахаар зохицуулж бас болно.) Удирдагч, ажилчид энэ ажлыг сайн хийхийг хүсвэл үндсэн ажил нь бага зэрэг цаг их шаарддаг байсан ч энэ ажилд анхаарал хандуулах цаг гаргана. Хэрвээ өөрсдөө явах завгүй бол өөр хүн явуулахаар зохицуулж болно. Өөр хүн явуулдаг ч бай, өөрөө явдаг ч бай, эцсийн эцэст энэ ажил бол удирдагч, ажилчдын хариуцлагын хүрээнд багтах ажил юм. Энэ ажлыг сайн хийх нь удирдагч, ажилчдын чухал үүрэг хариуцлага бөгөөд үүнийг орхигдуулж болохгүй. Хэрвээ удирдагч, ажилчид тун завгүй, өөрсдөө очих цаг зав байхгүй, бас өөр хүн явуулахаар зохицуулахгүй бол хэн ч энэ асуудалд анхаарал хандуулахгүй. Хэрвээ ямар нэг зүйл буруугаар эргэвэл энэ нь удирдагч, ажилчид хариуцлага алдсан хэрэг болно. Чухал үүрэг гүйцэтгэж байгаа хүмүүсийг гадаад ертөнцийн саад тотгорт өртөхөөс сэргийлэхийн тулд удирдагч, ажилчид асуудлыг бүх талаас нь тооцоолж, тэднийг амар тайван үүргээ гүйцэтгэж, урдах ажлаа эмх цэгцтэй хийх баталгааг дээд зэргээр хангах ёстой. Чухал ажил хариуцсан ажилтнуудыг сайн хамгаалбал энэ нь чухал ажлыг хамгаалсантай тэнцэнэ. Чухал ажил хариуцсан ажилтнууд хэвийн ажиллаж чадвал чухал ажил ч бас эмх цэгцтэй явагдана. Тиймээс, чухал ажил хариуцсан ажилтнуудыг хамгаалж буй удирдагч, ажилчдын зорилго нь үнэн хэрэгтээ чухал ажил нэг бүрийг хамгаалах явдал юм. Хэрвээ зарим удирдагч, ажилчин: “Чи чухал үүрэг гүйцэтгэж байгаа болохоор намайг чамайг хамгаал гэж байна, гэхдээ би удирдагчийн байр суурьтай, би ч бас аюулгүй биш. Би өөрийнхөө аюулгүй байдлыг ч хангаж чадахгүй байж та нарыг яаж хамгаалах юм бэ?” гэж хэлбэл энэ үг зөв үү? (Зөв биш.) Ийм удирдагч, ажилчдын ойлголт ямар байна вэ? (Тэдний ойлголт муу; ийм хүмүүс аминч, гажуудах хандлагатай байдаг.) Тэд бол гажуудах хандлагатай хүмүүс юм. Гажуудах хандлагатай хүмүүст ухаалаг байдал дутмаг байдаг уу? (Тийм.) Хэрвээ эдгээр ах эгч Бурханы гэрт үүргээ гүйцэтгээгүй, харин гадаад ертөнцөд ажил хийж, амьдарч байсан бол тэднийг хамгаалах хэрэгтэй байх байсан уу? Тэд Бурханы гэрт чуулганы ажил хийж, чухал үүрэг гүйцэтгэж байгаа учраас л, мөн хэрвээ тэд баривчлагдвал шоронд хоригдох ял авах, эсвэл бэртэж, тахир дутуу болтлоо зодуулж болзошгүй бөгөөд энэ нь чуулганы ажилд ноцтой нөлөөлөх учраас чухал ажил хариуцсан ажилтнуудыг сайн хамгаалах ёстой. Ингэж байж л чуулганы ажил эмх цэгцтэй явагдаж чадна. Хэрвээ тэд шашин шүтэх эрх чөлөөтэй, Бурханд итгэгчдийг хяхаж хавчдаггүй ардчилсан улсад байгаа бол энэ ажил удирдагч, ажилчдад энгийн хялбар болно. Тэд үндсэндээ тохиромжтой гэр олж, үүргээ гүйцэтгэж байгаа хүмүүсийг орон нутгийн хууль, дүрэм журмын дагуу зохих ёсоор байршуулахад л болно. Тэд сайндаа л ойрын үед ахуй амьдрал нь ямар байгааг, мөн амьдрах орчин нь засаг захиргааны ямар нэгэн журам зөрчиж байгаа эсэхийг л асуухад болно. Хэрвээ зөрчил байвал асуудал юу болох, түүнийг хэрхэн залруулж, шийдвэрлэхийг тодруулах шаардлагатай. Хэрвээ ямар ч зөрчилгүй боловч засаг захиргаанаас төвөг удаж, эсвэл ёрын муу хүмүүс, үл таних хүмүүс дарамт учруулж байвал эдгээр асуудлыг зохих ёсоор шийдвэрлэхийн тулд хуульчтай зөвлөлдөх шаардлагатай. Зарим эрх чөлөөт, ардчилсан улсад сайндаа л иймэрхүү л ажил хийх шаардлагатай байдаг. Гэвч шашин шүтэх эрх чөлөөгүй дарангуйлагч улсад зочин хүлээн авах гэр бүлийн орчин, нөхцөлд тавих шаардлага илүү хатуу байх ёстой бөгөөд аюулгүй байдлын талаар илүү их ажил—түүнчлэн илүү нарийн ажил—хийх хэрэгтэй болдог. Мэдээж ийм ажилд тулгарах бэрхшээл ч бас илүү их байна. Чухал ажил хариуцсан ажилтнуудыг гадаад ертөнцийн саад тотгороос хамгаалах ажлын тухайд, хэрвээ орчны бүх талыг сайтар бодолцвол орчноос үүдэлтэй саад тотгор харьцангуй багасна. Хэрвээ гадаад орчин, дотоод орчныг хоёуланг нь бүрэн тооцоолж үзвэл бодитой, хэрэгжих боломжтой зам олдох болно. Ингэж байж орчин нөхцөл тодорхой хэмжээгээр сайжирч, саад тотгор багасна. Ийм арга барил харьцангуй зохимжтой юм.

Чухал ажлын боловсон хүчний аюулгүй байдлыг хангах

I. Итгэл үнэмшлийг хавчдаг улс орнуудад Бурханы сонгосон хүмүүсийн аюулгүй байдлыг хэрхэн хангах вэ

Удирдагч, ажилчдын арван тав дахь үүрэг хариуцлага бол юуны өмнө чухал ажлын боловсон хүчнийг гадаад орчны саад нөлөөнөөс хамгаалах явдал бөгөөд үүнээс гадна удирдагч, ажилчид тэр хүмүүсийн аюулгүй байдлыг хангах ёстой. Аюулгүй байдлыг хангах тал дээр тавигдах шаардлага нь бүр ч илүү хатуу байдаг. Эхлээд аюулгүй байдалд ямар талууд хамаатайг харцгаая—аюулгүй байдалтай холбоотой ямар асуудлууд та нарын санаанд орж байна вэ? Чухал үүрэг гүйцэтгэж байгаа хүмүүсийн аюулгүй байдлыг хангахын тулд юуны өмнө тэднийг гадаад орчны саад нөлөөнд автуулахгүй байх баталгааг гаргах нь нэн чухал—энэ бол хүрэх ёстой хамгийн наад захын зүйл бөгөөд зөвхөн энэ суурин дээр л тэдний аюулгүй байдлыг эцэст нь хангаж чадна. Бидний энд ярьж байгаа аюулгүй байдал гэдэг нь ердөө л үүргээ гүйцэтгэж байгаа хүмүүсийг үймээнд өртөхгүй, баривчлагдахгүй байх, үүргээ хэвийн гүйцэтгэж чадах баталгаагаар хангахыг хэлж байгаа юм. Ийм л энгийн. Хэрвээ удирдагч, ажилчид үүргээ гүйцэтгэж байгаа хүмүүсийг саад нөлөө, баривчилгаанаас хамгаална гэсэн баталгаа гаргаж чадахгүй бол тэдний аюулгүй байдлыг хангах ямар ч боломжгүй. Бодоод үз дээ—чухал ажлын боловсон хүчний аюулгүй байдлыг хангахын тулд удирдагч, ажилчид юуг анхаарах ёстой вэ? Эхлээд тэд чухал ажлын боловсон хүчнийг тохиромжтой газарт байрлуулах ёстой. Тохиромжтой газар гэж юуг хэлэх вэ? Энэ нь дор хаяж хоёр нөхцөлийг хангасан байх ёстой: Нэгдүгээрт, тухайн газар нь орчны ямар ч саад нөлөөгүй байх ёстой; хоёрдугаарт, анхаарал татахгүй байх ёстой; тухайн айл Бурханд итгэдэг, зочин хүлээн авдаг гэдгийг нутгийн цөөн хэдэн ах, эгч л мэддэг, өөр хэн ч мэддэггүй байх ёстой. Зөвхөн ийм газар л чухал үүрэг гүйцэтгэж байгаа хүмүүсийг хүлээн авахад тохиромжтой. Эдгээр чухал ажлын боловсон хүчин нүүж ирсний дараа хүн бүрийн нэр, хаанаас ирсэн гэх мэт хувийн мэдээлэл, түүнчлэн чуулганы ямар ажил хийдэг, өмнө нь баривчлагдаж байсан эсэх, эсвэл засгийн газарт эрэн сурвалжлагдаж байгаа эсэх зэрэг тодорхой нөхцөл байдлыг бусдад хамаагүй дэлгэж болохгүй. Мэддэг хүн цөөн байх тусмаа сайн. Хүмүүсийн биеийн хэмжээ хэтэрхий жижиг, хэрвээ баривчлагдаж, шоронд орвол бат зогсож чадах эсэх нь тодорхойгүй байдаг учраас хүмүүс өөрсдийгөө мэддэг байх ёстой бөгөөд өөртөө хожмын гай тарихаас зайлсхийхийн тулд ах, эгч нарын хувийн мэдээллийг хамаагүй шалгаах ёсгүй. Энэ талаарх зарчим, мэргэн ухааныг байнга нөхөрлөх ёстой, тэгвэл хүн бүр үүнийг ойлгоно. Энэ нь Бурханы гэрийн ажилд ашиг тустай төдийгүй хувь хүн бүрд ч ашиг тустай. Тиймээс удирдагч, ажилчид зочин хүлээн авч байгаа гэр бүлийн ах, эгч нарт ам хэлээ хичээж, чухал үүрэг гүйцэтгэж байгаа хүмүүсийн хувийн мэдээллийг бусад ах, эгч нарт юм уу үл итгэгч гэрийнхэндээ задруулахгүй байхыг захих хэрэгтэй. Энэ ажлыг хийх шаардлагатай юу? (Тийм ээ.) Зочин хүлээн авч байгаа гэр бүлийн зарим ах, эгч ам хэлээ хянаж чаддаггүй. Жишээ нь, хэдэн удирдагч, ажилтныг нэг хүн гэртээ хүлээн авч, тэр хүмүүсийн хувийн нөхцөл байдал, гэр бүлийн байдал, ямар үүрэг гүйцэтгэж байгааг мэдэж авчээ. Тэгээд хүүхдүүддээ “Хар даа, тэр чамтай чацуу юм байна. Тэр Бурханд итгээд арван жил болж байгаа, үүргээ гүйцэтгэхийн тулд ажлаасаа хүртэл гарсан байна. Тэр өмнө нь ийм ийм хотын засгийн газрын хэлтэст ажиллаж, жилд хэдэн арван мянган юанийн орлого олдог байсан гэнэ!” гэж хэлдэг. Харж байна уу, тэд чухал үүрэг гүйцэтгэж байгаа энэ хүмүүсийн нөхцөл байдлыг үл итгэгч гэрийнхэндээ зүгээр л дэмий чалчиж байгаа юм шиг задруулчихсан. Тэр ч байтугай, өмнө нь баривчлагдаж, шоронд хоригдож байсан ах, эгч нарыг гэртээ хүлээн авахдаа гэрийнхэндээ “Хар даа, тэд шоронд олон жил болохдоо хэзээ ч Иудас болоогүй. Суллагдсаныхаа дараа үүргээ үргэлжлүүлэн гүйцэтгэж байна. Одоо засгийн газар тэднийг дахиад баривчлах гээд байгаа болохоор тэд гэртээ харьж, гэр бүлтэйгээ уулзаж чадахгүй байгаа ч сөрөг болоогүй байна. Тэдний итгэл ямар агуу болохыг харж байна уу? Чи яагаад сайн итгэж чаддаггүй юм бэ?” гэж хэлдэг зарим хүн бий. Ийм маягаар тэд хүүхдүүдээ сургамжлах замаар ах, эгч нарын талаарх чухал мэдээллийг хамаагүй задруулдаг. Энэ нь хожим гай тарьж болох уу? (Болно.) Энэ асуудал мөн үү? (Мөн.) Үүнээс болоод юу ч тохиолдохгүй бол зүгээр; гэхдээ агуу улаан луу баривчилгаа явуулмагц шүтлэггүй гэрийнхэн нь хамгийн түрүүнд гарч ирээд ах, эгч нарыг мэдээлнэ: “Цагдаа! Тэр, тэр бол удирдагч—чиний хайгаад байгаа хүн чинь тэр шүү дээ” гэнэ. Барьж өгсөн хүн нь тэгээд агуу улаан луунд баривчлагдаж, хагас үхлүүт болтлоо зодуулж, цаашид үүргээ үргэлжлүүлэн гүйцэтгэж чадах эсэх, хэвийн амьдарч чадах эсэх нь эргэлзээтэй болдог. Энэ бол урвалтын үр дагавар юм. Энэ нь гэрийн эзэн хамаагүй ярьснаас болоогүй гэж үү? (Тэгсэн.) Хэрвээ чухал ажлын боловсон хүчин аюулгүй байдлын ийм эрсдэлд орвол удирдагч, ажилчид ажлаа гүйцэд хийгээгүй гэсэн үг биш үү? (Тийм ээ.) Гэрийн эзэн “Манай гэрийнхэн бүгд сайн хүмүүс; тэд чамайг худалдахгүй. Тэд Бурханд итгэхийг дэмждэг—та нарыг ирэхэд тэд бүр ногоо, мах хүртэл авч өгдөг шүү дээ!” гэж боддог. Тэд шүтлэггүй гэрийнхэндээ ах, эгч нар шиг ханддаг бөгөөд гэрийнхэн нь юу хийж чадахыг, ах, эгч нарыг худалдвал үр дагавар нь хэчнээн ноцтой байж болохыг тодорхой харж чаддаггүй. Түүнчлэн тэд ах, эгч нарын нөхцөл байдлын талаар маш их шалгааж, “Чи энэ үүргийг хэдэн жил гүйцэтгэж байна вэ? Аюултай үүрэг гүйцэтгэж байсан уу? Чи Бурханд итгэдгээрээ нутагтаа алдартай юу? Баривчлагдаж байсан уу?” гэж асуудаг. Ялангуяа Бурханд итгэдгээсээ болоод эрэн сурвалжлагдаж байгаа юм уу цагдаагийн бүртгэлтэй, өөр бүс нутаг эсвэл улс оронд сайн мэдээ түгээж байгаа хүмүүсийн тухайд гэрийн эзэн үргэлж мэдээллийг нь шалгааж, “Чи эрэн сурвалжлагдаж байгаа юм уу? Орон нутгийн, мужийн, эсвэл улсын хэмжээнд эрэн сурвалжлагдаж байгаа юу?”, “Чи цагдаад бүртгэлтэй юм байна—хэдэн удаа баривчлагдаж байсан бэ? Хэдэн жилийн хорих ял авсан бэ?” гэж асуудаг. Тэд эдгээр явдлын талаар маш нарийн асуудаг. Гэрт нь байрлаж байгаа ах, эгч нар тэднийг зочин хүлээн авахдаа нэлээд зочломтгой хандаж байгааг, мөн муу хүмүүс биш гэдгийг нь хардаг. Хэрвээ энэ мэдээллийг хуваалцахгүй бол найрсаг бус санагдаж магадгүй гэж бодоод тэд хэцүү байдалд ордог. Зарим хүн арга буюу цөөн хэдэн зүйл хэлж, хэлснийх нь дараа заримдаа үүнээс үүдэн ноцтой үр дагавар зайлшгүй гардаг. Тиймээс удирдагч, ажилчид гэрийн эзэнд шууд ингэж зааварчлах хэрэгтэй: “Ах, эгч нарыг гэртээ хүлээн авахдаа чиний дагах ёстой хэдэн дүрэм бий. Битгий бодлогогүйгээр шалгааж, асуулт асуу—тэдний талаар хэт их юм мэдлээ гээд чамд ашиггүй. Хэрвээ ямар нэг зүйл тохиолдоод, чи эрүү шүүлтийн зовлон шаналлыг тэсвэрлэж чадахгүй бол эцэст нь Иудас болж магадгүй. Тэр тохиолдолд чиний олж мэдсэн, ойлгосон мэдээлэл үндсэндээ Иудас болох замыг чинь засаж өгнө. Хэрвээ тэгвэл чи насан туршдаа харамсаж үлдэх бөгөөд эцэст нь шийтгэл хүлээх болно. Чи эдгээр нарийн ширийн зүйлийг мэдэхгүй бол Иудас болохгүй. Тиймээс чи эдгээр хэрэг явдлын талаар шалгааж, олж мэдэх гэж оролдож яавч болохгүй. Мэдэхгүй байх нь чамайг хамгаалах бөгөөд зочин хүлээн авахад чинь, Бурханд итгэх итгэлдээ үнэнийг олж авахад чинь нөлөөлөхгүй. Чи мэдэхгүй байсан нь дээр. Энэ ах, эгч нар үүргээ гүйцэтгэхээр энд ирсэн, тэд муу юм уу ёрын муу хүмүүс биш гэдгийг чи тодорхой мэдэж байгаа болохоор нэмж шалгаах шаардлагагүй. Тэднийг гэртээ хүлээн авах үүргээ биелүүлэх нь хамгийн чухал бөгөөд аюулгүй байдлыг нь хангахад л хангалттай.” Энэ бол удирдагч, ажилчдын хийх ёстой нэг ажил юм. Үүнээс гадна, итгэлийн суурьгүй, нэр төдий итгэдэг орон нутгийн итгэгчид, ам султай, шалгаах дуртай хүмүүс, засгийн газрын ажилтнуудтай ойр дотно харилцаатай байдаг хүмүүс, мөн асуудал гармагц толгойгоо хуяг дотроо нуудаг яст мэлхий шиг даруй нуугддаг хүмүүст—тэр ч бүү хэл чуулганыг худалдаж, Иудас болж болзошгүй хүмүүст зочин хүлээн авдаг гэр бүлүүд ах, эгч нарыг гэртээ хүлээн авч байгааг яавч мэдэгдэж болохгүй. Чухал ажлын боловсон хүчнийг гэртээ хүлээн авах ажилд туслуулахад зарим ах, эгч хэрэгтэй болбол Бурханд итгэх итгэлийн суурьтай, мэргэн ухаантай хүмүүсийг л сонгож хамтран ажиллах хэрэгтэй. Суурьгүй юм уу мэргэн ухаангүй хүмүүс яавч тохирохгүй. Тэгвэл яг яаж тусламж үзүүлэх ёстой вэ? Зочин хүлээн авч байгаа гэр бүлийн ах, эгч нар гэртээ зочин хүлээн авахад анхаарлаа хандуулж, мэргэн ухаантай, итгэлтэй нутгийн ах, эгч нар халхавчилж, орчныг нь хамгаалж гаднаас нь тусалдаг. Тэд нөлөө бүхий хүмүүстэй харилцаж, засгийн газрын бодлого, чиг хандлага, явуулж болзошгүй үйл ажиллагааны талаар цаг алдалгүй мэдэж авч, зочин хүлээн авч байгаа гэр бүлийн ах, эгч нарт даруй мэдэгдэх ёстой. Ингэснээр засгийн газар ямар нэг баривчлах ажиллагаа эхлүүлбэл урьдчилан сэргийлэх арга хэмжээг даруй авч болох бөгөөд нүүлгэн шилжүүлэх, эсвэл нуугдах цаг гарч, тийнхүү ямар ч аюулаас зайлсхийж чадна. Зөвхөн ийм маягаар л чухал үүрэг гүйцэтгэж байгаа хүмүүсийн аюулгүй байдлыг үндсэндээ хангаж чадна. Товчхондоо, удирдагч, ажилчид энэ ажилд энгийн сэтгэлгээгээр хандаж болохгүй; аюулгүй байдлын асуудлыг үл тоомсорлож болохгүй учраас энэ тал дээр энгийнээр сэтгэснээс нарийн тооцоолсон нь үргэлж дээр байдаг—хэрвээ ямар нэг зүйл буруугаар эргэвэл энэ нь жижиг асуудал биш!

Чухал ажлын боловсон хүчний аюулгүй байдлыг хангах ажилд анхаарах ёстой зарим тодорхой нөхцөл байдал бас бий. Зарим хүн Бурханы үгийн номыг тээвэрлэх, аюултай болсон газарт ажлын зааварчилгаа хүргэж өгөх юм уу үйл явдлын дараах ажлыг зохицуулах гэх мэт эрсдэлтэй үүрэг хүлээдэг. Ийм аюултай ажил хийдэг хүмүүс чухал үүрэг гүйцэтгэж байгаа хүмүүстэй хэзээ ч хамт амьдарч болохгүй, мөн тэр хүмүүс хаана амьдарч байгааг, эсвэл ямар айл тэднийг гэртээ хүлээн авч байгааг мэдэх ёсгүй. Яагаад гэвэл, аюултай ажил хийдэг хүмүүс хэдийд ч мөрдүүлж, баривчлагдах эрсдэлтэй байдаг. Хэрвээ тэд баригдаж, эрүү шүүлтэд орвол чуулганаас урваж магадгүй бөгөөд энэ нь эргээд чухал үүрэг гүйцэтгэж байгаа хүмүүс болон зочин хүлээн авч байгаа гэр бүлийг хэрэгт татан оролцуулна. Энэ нь аюулгүй байдлын асуудалтай холбоотой биш гэж үү? Чухал үүрэг гүйцэтгэж байгаа зарим ажилтан ажил хөөцөлдөхөөр гарч яваад, гурван өдрийн дараа ирнэ гэж тохирсон ч гурван өдөр өнгөрөхөд ирээгүй бол энэ нөхцөл байдал аюултай гэж та нар хэлэх үү? Үүргээ гүйцэтгэж байгаа бусад ажилтан нүүн шилжих ёстой юу? (Тийм ээ.) Ийм тохиолдолд нэн даруй нүүн шилжих шаардлагатай; цаг алдаж, эрсдэл гаргаж болохгүй—тэд азанд найдах сэтгэлгээтэй байж болохгүй. Зарим хүн залхуурч, төвөгшөөгөөд нүүн шилжих дургүй байдаг ба “Дахиад нэг өдөр хүлээхэд яав л гэж? Магадгүй тэдэнд ямар нэг онцгой нөхцөл байдал тулгараад л саатсан байх” гэж хэлдэг. Дахиад нэг өдөр хүлээх нь аюулыг л нэмэгдүүлнэ. Хэрвээ чи нүүн шилжээд, юу ч болоогүй бол буцаад ирж болно, тэглээ гээд алдаа болохгүй. Гэвч хэрвээ чи нүүн шилжихгүй, дахиад нэг өдөр хүлээвэл таагүй явдал гарч болзошгүй бөгөөд нэгэнт хэрэг мандвал харамсахад хэтэрхий оройтсон байна. Тиймээс, хэрвээ ажил хөөцөлдөхөөр гарсан ах, эгч нар тохирсон хугацаандаа эргэж ирэхгүй бол ямар нэг зүйл буруугаар эргэсэн байж болно. Ямар нэг болзошгүй зүйлээс сэргийлэхийн тулд холбогдох ах, эгч нар нэн даруй нүүн шилжиж, харьцангуй аюулгүй газар очих хэрэгтэй. Тохиромжтой газар олдмогц тэд үргэлжлүүлэн үүргээ хэвийн гүйцэтгэж болно, тэгэхэд оройтохгүй. Өөр нэг нөхцөл байдал бол үүргээ гүйцэтгэж байгаа ах, эгч нарыг байрлуулах ажлыг хариуцдаг орон нутгийн чуулганы хүн агуу улаан луунд баривчлагдах явдал юм. Ийм тохиолдолд яах ёстой вэ? (Чухал ажилтнуудыг нэн даруй нүүлгэн шилжүүлнэ.) Удирдагч, ажилчдын нэн тэргүүнд хийх зүйл нь эдгээр чухал ажлын боловсон хүчнийг харьцангуй аюулгүй газар руу нэн даруй нүүлгэн шилжүүлэх явдал юм. Юуны түрүүнд тэдний аюулгүй байдлыг хангах ёстой. Тэднийг ямар ч эрсдэлд оруулж болохгүй. Тэднийг нүүлгэн шилжүүлсний дараа дараагийн ажлыг хийж болно. Зарим мунгинасан хүн үргэлж азанд найдах сэтгэлгээтэй байдаг: “Тэр баривчлагдсан ч зүгээр ээ; итгэл нь нэлээд их, хэцүү нөхцөл байдалд үргэлж онцгой хатуужилтай байсаар ирсэн. Тэр хэзээ ч урвахгүй. Тиймээс ямар ч аюулгүй гэж би баттай хэлж чадна—хэнийг ч нүүлгэн шилжүүлэх шаардлагагүй.” Ингэж хэлэх нь зөв үү? (Буруу.) Бас “Тэр урвалаа ч гэсэн юу хэлэх хэлэхгүйгээ мэднэ—чухал биш асуудлын талаарх мэдээллийг л задалж, та нарын аюулгүй байдалд яавч нөлөөлөхгүй” гэж хэлдэг хүмүүс байдаг. Ингэж хэлэх нь зөв үү? (Буруу.) Энэ үг үндэслэлгүй! Хүн хүнийг нэвт харж чадах уу? Тухайн хүн нь биеийн хэмжээтэй байсан ч бид хэт итгэлтэй ярихаас зайлсхийх хэрэгтэй, учир нь хэрвээ ямар нэг зүйл буруугаар эргэвэл хэн ч үр дагаврыг нь үүрч чадахгүй. Чухал үүрэг гүйцэтгэж байгаа ажилтнуудын аюулгүй байдлыг хамгаалахын тулд өөр ямар ажил хийх хэрэгтэй вэ? Тэднийг үүргээ гүйцэтгэж эхлэх үед удирдагч, ажилчид үүргээ гүйцэтгэхтэй холбоотой үнэн-зарчмыг, мөн нөхцөл байдал үүсэх үед ямар зарчим, мэргэн ухаан ашиглахыг тодорхой нөхөрлөх ёстой. Үүнээс гадна, тэднийг үүргээ гүйцэтгэхээр гадагшаа явах үед удирдагч, ажилчид нийгмийн туршлагатай, мэргэн ухаантай нэг юм уу хоёр хүнийг тэдэнтэй хамтран ажиллуулахаар томилох ёстой. Зөвхөн ийм арга барил л аюулгүй, найдвартай. Ийм маягаар хэрэгжүүлэх нь нэг талаар тэдний хувийн аюулгүй байдлыг хамгаалж чадна. Нөгөө талаар, энэ нь өөрсдөө шийдвэрлэж чадахгүй зарим асуудлыг шийдвэрлэхэд тэдэнд тусалж чадна. Энэ нь тодорхой төвөг бэрхшээлээс сэргийлж, үүргээ гүйцэтгэхээр гадагшаа явж байгаа хүмүүс ажлаа хэвийн хийж чадах баталгаа болно. Удирдагч, ажилчдын хувьд үүргээ гүйцэтгэж байгаа хүмүүсийн аюулгүй байдлыг хангах нь маш чухал ажил бөгөөд ялангуяа шашин шүтэх эрх чөлөөгүй улс орнуудад бүр ч чухал юм. Чуулганы ажлыг сайн хийхийн тулд нэн тэргүүнд орон нутагтаа үүргээ гүйцэтгэж байгаа эсвэл үүргээ гүйцэтгэхээр гадагшаа явж байгаа эсэхээс үл хамааран үүргээ гүйцэтгэж байгаа ажилтнуудын аюулгүй байдлыг хангах ёстой. Аюулгүй байдлын ажлыг сайн зохицуулж чаддаг удирдагч, ажилчид л Бурхан ашиглахад тохирдог. Энэ ажлыг хийж чадахгүй хүмүүс бол хүн чанар нь төлөвшөөгүй, алсын хараа, мэргэн ухаанаар дутмаг хүмүүс юм. Тэдний хувьд Бурхан ашиглахад тохирох хүн болоход хэцүү байх болно.

II. Гадаадын янз бүрийн улс оронд байгаа Бурханы сонгосон хүмүүсийн аюулгүй байдлыг хэрхэн хангах вэ

A. Бурханы сонгосон хүмүүсийн хууль ёсны статусыг боловсруулах

Гадаадын янз бүрийн улс оронд чуулганы ажил явуулахад юуны өмнө үүргээ гүйцэтгэж байгаа ажилтнуудыг зүй зохистой байрлуулж, аюулгүй байдлыг нь хангаснаар үүргээ хэвийн гүйцэтгэх боломжийг бүрдүүлэх ёстой. Өөр нэг чухал хэрэгжүүлэх ажил бол хууль ёсны статусын асуудал бөгөөд Бурханы сонгосон хүмүүс шинэ улс оронд ирмэгцээ үүнийгнэн даруй шийдвэрлэх ёстой. Хэрвээ Бурханы сонгосон хүмүүс Хууль ёсны статусгүй, эсвэл хэрвээ статус нь хууль бус байвал амьдрах орчин нь хэчнээн сайхан байсан ч хэдийд ч албадан гаргагдах эрсдэл үргэлж байдаг. Статус нь хууль бус хүмүүсийг хууль бусаар оршин суугч гэж үзэх бөгөөд ийм хүмүүсийн аюулгүй байдал эрсдэлд ордог; аюулгүй байдлыг нь баталгаажуулахгүй бол үүргээ удаан хугацаанд гүйцэтгэж чадахгүй. Тиймээс гадаад улс орнуудад үүргээ гүйцэтгэж байгаа боловсон хүчинг зүй зохистой байрлуулах нь удирдагч, ажилчдын хийх ёстой эхний даалгавар юм. Тэднийг зүй зохистой байрлуулсны дараа дараагийн алхам бол хууль ёсны статусаа хөөцөлдөж эхлэхийг нь зохицуулах явдал юм. Ямар ч улс оронд, хууль ёсны статус хөөцөлдөх нь ах, эгч нарыг тэнд, хамгийн наад зах нь, хууль ёсоор оршин суух боломжтой болгох зорилготой юм. Энэ нь чухал ажилтнуудыг аюулгүй байдлыг хангахад мөн чухал аж юм. Хууль ёсоор оршин суухын тулд юуны өмнө тухайн хүний статус хууль ёсны байх шаардлагатай бөгөөд хаа нэгтээ хууль бусаар оршин сууж байж болохгүй. Удирдагч, ажилчид хууль ёсоор оршин суух тухай засгийн газрын дүрэм журмын дагуу ах, эгч нарыг байрлуулахын тулд аль болох их зүйл хийх хэрэгтэй. Удирдагч, ажилчид энэ байрлуулах ажилд шууд оролцох юм уу явцыг нь хянаж болно. Учрыг нь олж чадахгүй асуудал байвал дээд түвшний удирдагч, ажилчдаас цаг тухайд нь эрж хайх хэрэгтэй. Онцгой нөхцөл байдал байхгүй бол чуулганы өмнөх дүрмийн дагуу хэрэгжүүлэх ёстой. Удирдагч, ажилчид үе үе асууж сураглаж байх хэрэгтэй бөгөөд хэрвээ хэн нэгэнд хууль ёсны статустай нь холбоотой асуудал байх юм уу ямар нэг онцгой нөхцөл байдал байгааг олж мэдвэл гадаад хэрэг хариуцсан ажилтнуудыг томилж, Бурханы сонгосон хүмүүсийн хууль ёсны статусыг хөөцөлдөх асуудлыг шийдвэрлэх ёстой. Мэдээж, эхний алхам бол хэдэн мэргэшсэн хуульч олж, статус хөөцөлдөх ажлыг зохицуулах юм. Хуульч хөлслөхдөө залилуулахаас сэргийлэх арга хэмжээ авах ёстой—хуурамч хуульч, эсвэл хууль ёсны статус хөөцөлдөхөөр мэргэшээгүй хуульчийг хөлсөлж болохгүй. Удирдагч, ажилчид юуны өмнө хууль ёсны статус хөөцөлдөхтэй холбоотой энэ талуудыг өмнө бодолцож үзэх ёстой бөгөөд эдгээр хэргийг сайтар зохицуулах ёстой. Энэ ажил нь мөн чухал ажлын боловсон хүчнийг хамгаалж, аюулгүй байдлыг нь хангах ажлын нэг хэсэг тул энэ ажлыг хийх тал дээр удирдагч, ажилчид зүгээр хараад сууж болохгүй. Зарим хүн “Үүргээ гүйцэтгэж байгаа ажилтнуудыг байрлуулах нь Бурханы гэрийн ажил; Дээрхээс шууд зохицуулалт авсныхаа дараа л бид үүнийг хийх хэрэгтэй. Хэрвээ Дээрх зохицуулахгүй бол бид оролцох шаардлагагүй, ямар нэг зүйл буруугаар эргэсэн ч бидэнд хамаагүй. Тэгээд ч улс орон бүр цагаачлал, хууль ёсны статусын талаар өөр өөр дүрэм журамтай байдаг; бид ийм том асуудлыг зохицуулж чадахгүй! Хүн бүр өөртөө л найдаж, азаа үзэх ёстой—энэ улсад үлдэж чадвал үлдэнэ биз, үлдэж чадахгүй бол буцна биз” гэж хэлдэг. Ингэж хэлэх нь зөв үү? (Буруу.) Ийм хандлагын талаар чи юу гэж бодож байна? (Энэ бол хариуцлагагүй хэрэг.) Нэг талаар энэ нь хариуцлагагүй явдал; нөгөө талаар энэ нь бодитой ажил хийдэггүй, хариуцлагаас зугтдаг хуурамч удирдагчдын илрэл юм. Удирдагч, ажилчдын хувьд гадаад улс оронд байгаа чухал ажлын боловсон хүчнийг байрлуулах нь мөн л ажл юм. Тэднийг зүй зохистой байрлуулж, үүргээ хэвийн гүйцэтгэж чаддаг болмогц нь нэн даруй хийх дараагийн алхам бол гадаад хэрэг хариуцсан ажилтнуудыг томилж хууль ёсны статусаа хөөцөлдөхөд нь залж чиглүүлэх явдал юм. Ялангуяа бичиг баримт хөөцөлдөх явцад ах, эгч нарын шийдвэрлэж чадахгүй онцгой нөхцөл байдал үүсэх үед удирдагч, ажилчид шийдвэрлэх арга зам олох ёстой болохоос асуудлыг үл тоомсорлож болохгүй. Хууль ёсны статус хөөцөлдөхөд ямар нэг асуудал гарвал энэ нь жижиг хэрэг биш, аль болох эрт бөгөөд хурдан зохицуулж, шийдвэрлэх ёстой. Бүү хойшлуул—өнөөдөр хийж болох зүйлийг маргааш гэж хойшлуулж болохгүй; маргааш гэж хойшлуулах нь төсөөлөхийн аргагүй аймшигтай үр дагаварт хүргэж болзошгүй. Хэрвээ удирдагч, ажилчид хайнга хандаж, хариуцлага алдан, асуудлыг яаравчлахгүй байсаар, хууль ёсны статус хөөцөлдөх хамгийн тохиромжтой цагийг алдаж, улмаар үүргээ гүйцэтгэж байгаа ажилтнууд үүргээ хэвийн гүйцэтгэж чадахгүйд хүрвэл хэн хариуцлага хүлээх вэ? Тэр хүмүүс чуулганы удирдагчид болон бичиг баримт хариуцсан ажилтнуудад хүсэлтээ гаргасан, удирдагч, ажилчид мэдэж байсан ч асуудлыг нухацтай авч үзээгүй, эсвэл шалтаг тоочин шийдвэрлээгүйгээс болж зарим чухал ажлын боловсон хүчний хууль ёсны статусыг хөөцөлдөх ажил саатаж, энэ нь чуулганы ажлын зарим чухал ажилд тодорхой хэмжээгээр нөлөөлсөн. Тэгэхээр энд хэн хариуцлага хүлээх ёстой гэж та нар бодож байна? (Удирдагч, ажилчид.) Бурханы гэр энэ асуудлыг дахин дахин онцолсоор ирсэн. Удирдагч, ажилчид үүнийг мэдэхгүй байгаа юм биш, дуулаагүй, ойлгохгүй байгаа ч юм биш; харин мэдсэн хэр нь нухацтай авч үзэхгүй байна. Өөрсдийнх нь асуудалд хамаагүй, бусдын хэрэг л бол хойшлуулж болох чинээгээрээ хойшлуулж, эцэст нь Бурханы сонгосон хүмүүсийн хууль ёсны статус хөөцөлдөх шиг чухал хэргийг саатуулдаг. Үр дагавар гарах үед удирдагч, ажилчид хариуцлага хүлээх ёстой. Энэ хариуцлага бол зүгээр нэг яриа биш—хэрвээ энэ нь чуулганы ажилд, ялангуяа Бурханы гэрийн чухал ажилд нөлөөлбөл удирдагч, ажилчдын хүлээх хариуцлага нэлээд их болно. Хамгийн наад зах нь Бурхан тэднийг донгодох бөгөөд энэ нь гэм буруу болно—үр дагавар нь энэ юм. Хэрвээ энэ нь чиний хийх ёстой зүйл, чиний хариуцлагын цар хүрээнд багтах зүйл байхад чи хийхгүй, үл тоомсорлож, эсвэл зарим нэг хувийн шалтгаанаас болж хойшлуулбал хариуцлага хүлээх ёстой. Зарим хүн “Би яаж шийдвэрлэхээ мэдээгүй; надад ямар ч арга зам байгаагүй” гэж хэлдэг. Гэхдээ чи үүнийг нухацтай авч үзээд, боломж гарангуут дээд түвшний удирдагч, ажилчдаас эрж хайсан уу? Зарим нь өөр ажилтай завгүй байснаас болоод мартчихсан гэж хэлдэг. Завгүй байснаас болоод үнэхээр мартсан байлаа ч гэсэн хэн нэгэн асуудал дэвшүүлж, дахин дахин сануулсаар байхад яаж мартсаар байж чаддаг байна аа? Энэ асуудал юуг харуулж байна вэ? (Тэд ах, эгч нарын хууль ёсны статусыг хөөцөлдөх хэрэгт чин сэтгэлээсээ хандаагүй; тэдэнд ачааны мэдрэмж огт алга.) Ийм чухал хэргийг мартаж чадаж байгаа нь тэдэнд хариуцлагын мэдрэмж байхгүй, итгэл даахгүй хүмүүс гэдгийг харуулж байна. Бурханы сонгосон хүмүүсийн хууль ёсны статусыг хөөцөлдөх шиг чухал зүйлийг чи мартаж чадаж байна—чи өөрийнхөө хууль ёсны статусыг хөөцөлдөхөө мартах байсан уу? Чи өөрийнхөө хэргийг мартдаггүй хэр нь бусдынхыг мартаж чадаж байвал энэ нь чамайг жудаг муутай, хайрлах сэтгэлгүй, аминч, өөдгүй гэдгийг нотолж байна. Чи өөрийнхөө хууль ёсны статусыг хөөцөлдөж дуусгасан хэр нь ах, эгч нарын хууль ёсны статусыг хөөцөлдөх үйл явцыг ердийн, шалихгүй хэрэг мэт хандаж—тэр ч байтугай бүрмөсөн үл тоомсорлож—эцэст нь тэдний хууль ёсны статусыг хөөцөлдөх энэ чухал асуудлыг саатуулдаг. Чи тэр хариуцлагыг үүрч чадах уу? Ийм удирдагч, ажилчдад мөс чанар, эрүүл ухаан огт байхгүй биш гэж үү? Тэд дэндүү аминч, өөдгүй юм! Тэд зөвхөн өөрсдийгөө бодож, бусдыг үл тоомсорлодог—энэ ямар асуудлыг харуулж байна вэ? Тэд хуурамч удирдагчид биш гэж үү? (Мөн.) Ийнхүү тэдний асуудлын мөн чанар бүрэн ил болдог. Тэд ах, эгч нарын хууль ёсны статусыг хөөцөлдөхөд анхаарал хандуулахыг зүгээр л хүсдэггүй; тэдэнд энэ нь төвөгтэй санагддаг. Тэд зүрх сэтгэлдээ “Ах, эгч нарын хууль ёсны статусыг хөөцөлдөх нь надад ямар хамаатай юм бэ?” гэж боддог. Тэд ах, эгч нарын хууль ёсны статусыг хөөцөлдөх хэрэгт ийм хандлагаар хандаж, эцэст нь энэ чухал хэргийг саатуулж, ах, эгч нарын үүргийн гүйцэтгэлд нөлөөлж, чуулганы ажилд нөлөөлдөг. Ийм хуурамч удирдагчид шийтгэл хүлээх ёстой гэж чи хэлэх үү? (Хэлнэ.) Энэ нь санаатай үйлдэл байсан учраас тэдэнд хариуцлага тооцох ёстой; энэ нь яавч бодитой хүчин зүйлээс шалтгаалсан санамсаргүй саатал байгаагүй. Хэрвээ газар хөдлөлт, үер гэх мэт байгалийн гамшиг, эсвэл тээвэр, харилцаа холбоог тасалдуулж, ийм хэргийг зохицуулах боломжгүй болгосон улс төрийн ямар нэг томоохон үйл явдал болсон бол ойлгож болох байсан. Гэвч эдгээр үйл явдлын аль нь ч болоогүй байхад тэд ах, эгч нарын хууль ёсны статусыг хөөцөлдөхийг мартах юм уу үл тоомсорлож, ийм чухал хэргийг—энэ хүмүүсийн хууль ёсны статусыг саатуулсан бол тэрхүү удирдагч юм уу ажилчин хариуцлага алдсан байна. Тэднийг донгодож, хариуцлага тооцно. Ойлгож байна уу? (Тийм ээ.) Нэгэнт чи удирдагч юм уу ажилчин тул хийх ёстой ажлаа хийх хариуцлага чамд бий. Хариуцлагын чинь цар хүрээнд багтах бүх зүйлийг чи Бурханы гэрийн шаардлагын дагуу зүй ёсоор зохицуулж, гүйцэлдүүлэх ёстой. Гэвч хэрвээ чи санаатайгаар хийхээс зайлсхийж, хойшлуулбал энэ нь хариуцлага алдсан хэрэг бөгөөд хариуцлага алдсан энэ явдал нь гэм буруу юм. Хэрвээ чи хэргийг санаатайгаар хойшлуулж, зохицуулахгүй бол алдаа дутагдал чинь эцэстээ гэм буруу болж, Бурхан чамайг донгодно. Энэ хэргийн төлөө чамд хариуцлага тооцно.

Хилийн чанадын улс оронд Бурханы сонгосон хүмүүсийн хууль ёсны статуст зарим нэг асуудал гарах юм уу хөршүүд, танихгүй хүмүүс тэдний талаар гомдол гаргаж, мэдээлбэл тэдэнд албадан гаргагдах аюул тулгарч болзошгүй. Түүнчлэн хилийн чанадын улс оронд байгаа Бурханы сонгосон зарим хүн зохиомол хэргээр тухайн улсын засгийн газарт саатуулагдаж, шийтгүүлэх юм уу баривчлагдаж, шоронд хоригдох явдал гарч болзошгүй. Нөхцөл байдал ямар ч байсан, удирдагч, ажилчид үүнийг мэдсэн даруйдаа хуяг дотроо нуугдсан яст мэлхий шиг авирлах ёсгүй; тэд ах, эгч нарын аюулгүй байдлыг хангаж, муу хүмүүсийн гарт оруулахгүй байх эцсийн зорилготойгоор энэ асуудлыг нэн даруй шийдвэрлэх ёстой. Хэрвээ удирдагч, ажилчид чуулганы ажлыг зохицуулахад л санаа тавьж, ах, эгч нарын хууль ёсны статусыг боловсруулах асуудлыг анхаарахгүй байснаас болж ах, эгч нар хууль ёсны статусгүй гэдэг шалтгаанаар баривчлагдах юм уу албадан гаргагдахад хүрвэл энэ нь ямар үр дагавар вэ? Ийм удирдагч, ажилчид ах, эгч нарын үүргээ гүйцэтгэх боломжийг үгүй хийсэн хэрэг биш үү? Энэ нь чуулганы ажилд шууд нөлөөлөхгүй гэж үү? Тэгэхээр энэ асуудлын уг чанар нэлээд ноцтой юм. Удирдагч, ажилчид урьд нь энэ асуудлыг шийдвэрлэж байгаагүй бол ах, эгч нарын дундаас гадаад хэрэг зохицуулахдаа чадамгай хэн нэгнийг олж, хуульчаас зөвлөгөө аван энэ асуудлыг шийдвэрлүүлж, ах, эгч нар болон чухал ажлын боловсон хүчний аюулгүй байдлыг хамгаалах зорилгод хүрэхийн төлөө чармайж болно. Энэ нь бас удирдагч, ажилчдын хилийн чанадад гүйцэтгэх ёстой нэг чухал ажил юм; орон нутгийн удирдагч, ажилчид энэ асуудалд идэвх санаачилгатай хандах ёстой. Тэд орон нутгийн ах, эгч нарын аюулгүй байдлыг хамгаалахаас гадна гадаадын харьяат ах, эгч нарын аюулгүй байдлыг бүр ч илүү хамгаалах ёстой; ингэж байж л чуулганы ажил баталгаатай болно. Энэ бол улс орон бүрийн удирдагч, ажилчдын орон нутгийн ах, эгч нар болон гадаадын харьяат чухал ажлын боловсон хүчний өмнө хүлээх ёстой үүрэг хариуцлага юм; тэд гар хумхин суух ёсгүй. Зарим удирдагч, ажилчин “Тэд гадаадаас ирсэн ах, эгч нар, бид тэдэнтэй танил дотно биш; бидний хооронд хувийн харилцаа байхгүй. Тэднийг энд сайн мэдээ номлуулахаар Бурханы гэр илгээсэн—бидэнд ямар хамаатай юм бэ? Энэ хэргийг тэд өөрсдөө тарьсан; ирэхээсээ өмнө нөхцөл байдлыг тодорхой асууж судлаагүй, энэ асуудлыг сайн зохицуулаагүй. Бид энэ хэрэгт оролцох аргагүй; засгийн газар тэднийг яахыг хэн мэдлээ” гэдэг. Тэд энэ асуудлаас бултаж, зайлсхийхийн тулд янз бүрийн шалтаг тоочдог бөгөөд гарч ирж үүнийг шийдвэрлэх арга зам олохыг хичээдэггүй. Ингэж авирлах нь зөв үү? (Буруу.) Яагаад буруу вэ? (Хэрвээ удирдагч, ажилчид гарч ирж энэ асуудлыг шийдвэрлэхгүй, харин ах, эгч нарт асуудлыг шийдвэрлэх арга зам байхгүй бол хүндрэл бэрхшээл гарах нь гарцаагүй. Удирдагч, ажилчид ах, эгч нарыг хамгаалах хариуцлагаа биелүүлээгүй—энэ бол хариуцлага алдсан хэрэг.) Удирдагч, ажилчдын үүрэг бол Бурханы гэрт удирдагч, ажилчдын биелүүлэх ёстой үүрэг хариуцлага бүрийг биелүүлэх явдал юм. Бурханы гэрийн цар хүрээ зөвхөн орон нутаг, тухайн бүс нутаг, эсвэл тодорхой улс орноор хязгаарлагддаггүй; Бурханы гэрт улс орны хил хязгаар, бүс нутгийн хязгаар гэж үгүй. Бурхан хүмүүсийг сонгож, аврахад арьс өнгөний хязгаар байдаг уу? (Байхгүй.) Иргэншил юм уу бүс нутгийн хязгаар байдаг уу? (Бас байхгүй.) Байхгүй. Бурхан ажлаа хийдэг зарчим; иймээс энэ зарчим бол үнэн юм! Ах, эгч нар аль улсынх байх нь хамаагүй, бүгд нэг Бурханд итгэж, нэг Бурханыг дагадаг бөгөөд мөн нэг Бурханы нөхөрлөж, хангадаг үнэнийг идэж, уудаг. Тэд нэг Бурханы хийдэг ажлыг туулж, нэг Бурханд шүтэн мөргөдөг. Арьсны өнгө, яс үндэс ямар байх нь хамаагүй, Бурханы гэрт болон Бурханы өмнө тэд нэг—тэд нэг гэр бүл. Нэгэнт нэг гэр бүл тул нэг нэгнээсээ ялгарах ёсгүй; арьс өнгө, бүс нутгийн хязгаар байх ёсгүй; “чи ази, би европ”, эсвэл “чи цагаан арьстан, би өнгөт арьстан” гэж хуваагдах ёсгүй—ийм ялгаа байх ёсгүй. Хэрвээ чи Бурханы гэрт ийм ялгаа гаргасаар байвал Бурханы гэрийг Бурханы гэр гэж үзэхгүй, өөрийгөө Бурханы гэрийн гишүүн гэж тооцохгүй байгаа нь тодорхой байна. Тиймээс гадаадын харьяат ах, эгч нарт албадан гаргагдах, хууль бусаар баривчлагдах зэрэг асуудал тулгарах үед хаанаас ирсэн, ямар иргэншилтэй, ямар арьсны өнгөтэй байх нь хамаагүй, тэд бол ах, эгч нар—тэд ах, эгч нар тул тэдэнд асуудал тулгарах үед орон нутгийн удирдагч, ажилчид үүргээ ухамсарлан урагш алхаж, энэ асуудлыг шийдвэрлэх ёстой бөгөөд хүмүүсийг ялгах ёсгүй. Энэ нь зарчимд нийцдэг, Бурханы санаа зорилгод бүрэн нийцдэг бөгөөд хүмүүсийн хэрэгжүүлэх ёстой үнэн юм.

Одоо Бурханы сонгосон олон хүн Хятадаас хилийн чанад дахь янз бүрийн улс орнууд руу сайн мэдээ номлож, Бурханд гэрчлэл хийхээр явж байна. Тэд эдгээр улс оронд ирснийхээ дараа хамгийн түрүүнд хийх ёстой зүйл бол сэтгэл амар ажиллахын тулд хууль ёсны статусаа боловсруулах явдал юм. Хууль ёсны статус боловсруулах нь энгийн хэрэг биш; үүнд орон нутгийн чуулганы хүмүүсийн хамтын ажиллагаа шаардлагатай. Улс орон бүрийн чуулганыг хариуцсан хүмүүс Хятадаас ирсэн Бурханы сонгосон хүмүүст хууль ёсны статусын асуудлаа шийдвэрлэхэд нь туслах, улс орныхоо бодлогыг ойлгодог, хуулийг нь мэддэг ах, эгч нарыг хайж олох хэрэгтэй. Энэ асуудлыг шийдвэрлэх нь туйлын чухал. Улс орон бүрийн чуулганы удирдагч, ажилчид энэ асуудал дээр ажиллахын тулд бүх арга чаргаа хэрэглэх ёстой, учир нь хүмүүсийн хууль ёсны статусын асуудлыг бүрэн шийдвэрлэж байж л чуулганы ажил хэвийн явагдаж чадна; эс бөгөөс чуулганы ажилд нөлөөлнө. Улс орон бүрийн чуулганыг хариуцсан хүмүүс ийм асуудлыг зохицуулах чадвартай хүмүүсийг бэлтгэсэн байх ёстой. Ингэх нь чуулганы ажилд ашиг тустай бөгөөд мөн Бурханы санаа зорилгыг харгалзан үзэж буйн илрэл юм. Зарим удирдагч, ажилчид “Бид ийм хэрэг явдлыг хэзээ ч зохицуулж байгаагүй, юу хийхээ ч мэдэхгүй байна” гэж хэлж магадгүй. Ийм нөхцөлд тэд энэ төрлийн хэрэг явдлыг ойлгодог хүмүүсийг хайж олох ёстой. Улс орон бүр дэх Бурханы сонгосон хүмүүсийн дунд боловсрол, мэдлэгтэй хүмүүс байдаг, үндэсний хууль, бодлогыг ойлгодог хүмүүс ч бий. Тэдний хувьд ийм хэргийг зохицуулах зам олохын тулд жаахан зөвлөлдөх л шаардлагатай—тийм биш гэж үү? Ийм төрлийн хэргийг зохицуулахдаа идэвхгүй, хойрго байж болохгүй; хэрвээ ямар нэг зүйлийг ойлгохгүй байвал хуульч олж зөвлөлдөх хэрэгтэй. Холбогдох хуульчийг олсон цагт аяндаа зам олдоно. Бид энэ хэргийг ойлгохгүй байж магадгүй ч хуульч ойлгоно. Эрж хайдаг зүрх сэтгэлтэй байх нь зөв хандлага; эрж хайдаг зүрх сэтгэлтэй байх нь хариуцлагаа ухамсарлаж байгаагийн илрэл юм. Зарим нэг бэрхшээл тулгарвал та нар нэг зүрх сэтгэл, нэг оюун санаагаар хамтдаа залбирч, эрж хайж, нөхөрлөж, асуудлыг шийдвэрлэх зарчим, замыг олсныхоо дараа бүрэн шийдвэрлэх ёстой. Тэгж байж л чуулганы ажил саадгүй явагдаж чадна. Удирдагч, ажилчид асуудал олж илрүүлмэгцээ даруйхан тэр талаар олж мэдэж, хяналт тавьж, шийдвэрлэж чадвал тэд хариуцлагатай удирдагч, ажилчид биш гэж үү? (Мөн.) Ийм удирдагч, ажилчид хариуцлагаа ухамсарлаад зогсохгүй асуудлыг цаг тухайд нь шийдвэрлэж чаддаг, энэ нь тэдэнд стандартад нийцсэн удирдагч, ажилчид болох найдвар байна гэсэн үг. Үнэнийг хэр гүнзгий ойлгодгоос үл хамааран, асуудлыг шийдвэрлэхэд анхаарлаа хандуулбал тэд бодитой ажил хийж чадна. Ядаж л тэд цөөн алдаа гаргах юм уу алдаа гаргахгүй байж чадна; зарим нэг алдаа гаргалаа ч гэсэн алдаагаа даруй залруулж, зарим хохирлыг нөхөж, эцэст нь Бурханы гэрийн ажлыг хамгаалах зорилгод хүрч чадна. Энэ хариуцлагыг биелүүлэх хэцүү гэж та нар бодож байна уу? (Үгүй.) Үнэндээ энэ нь хэцүү биш; хүмүүс үүргээ гүйцэтгэхдээ үнэнч байх эсэх, ажилдаа хариуцлагаа биелүүлж чадах эсэхээс л шалтгаална. Чи ердөө л жаахан санаа тавьж, бага зэрэг цаг зарцуулж, жаахан хүч гаргах хэрэгтэй; чи мөнгө зарцуулах, ямар нэг эрсдэл үүрэх шаардлагагүй. Чи зүгээр л гарч ирээд асуудлыг шийдвэрлэж, хэрэг явдлыг сайн зохицуулахад туслах хэрэгтэй, ийм маягаар чи стандартад нийцэж чадна. Тиймээс энэ нь хэцүү хэрэг биш бөгөөд удирдагч, ажилчдын хувьд үүнийг хийхэд амархан байх ёстой. Гэхдээ ийм амархан зүйлийг ч хийж чаддаггүй зарим хүн байдаг бөгөөд энэ нь хэв чанар юм уу чадвар дутмаг, эсвэл нөхцөл байдал, орчин нөхцөл болохгүй байгаагаас биш, харин хийх хүсэлгүй байгаагаас нь болдог гэдэг нь маш тодорхой байдаг. Чухал ажлын боловсон хүчний хууль ёсны статус юм уу оршин суух зөвшөөрөл, эсвэл тэднийг байршуулахтай холбоотой онцгой нөхцөл байдал үүсэх үед удирдагч, ажилчид энэ ажлыг хариуцах үүрэгтэй. Чи хэнийг байршуулж байгаа, тэдний иргэний харьяалал, арьс өнгө ямар байх нь хамаагүй; чи үүнийг Бурханаас л хүлээн авах хэрэгтэй. Энэ ажлыг Бурхан чамд даалгасан; энэ бол чиний хариуцлага, үүрэг, бас чамд өгсөн даалгавар юм. Чиний хүлээн авч байгаа энэ ажил хэн нэг хүнээс биш, Бурханаас ирдэг тул чиний байршуулж байгаа энэ хүмүүс хэн болох нь чамд хамаагүй. Зарим хүн “Орон нутгийн ах, эгч нарыг хамгаалах нь байж болох л зүйл, харин гадаад ах, эгч нар энд ирэх нь бидэнд хамаагүй” гэж хэлж магадгүй. Ингэж хэлдэг хүмүүст хариуцлагаа ухамсарлах сэтгэл, хүн чанар байна уу? (Байхгүй.) Тэд орон нутгийн ах, эгч нарыг ах, эгч нар гэж үздэг мөртөө гадаад ах, эгч нарыг ах, эгч нар гэж үздэггүй—энэ үндэслэлтэй юу? (Үгүй.) Энэ үнэнд нийцэх үү? (Нийцэхгүй.) Яагаад үнэнд нийцэхгүй вэ? (Хуурамч удирдагчид Бурханы санаа зорилгыг харгалзан үздэггүй; тэд гадаад ах, эгч нарыг үл тоож, асуудал гарах үед гарч ирж зохицуулдаггүй—тэд Бурханы гэрийн ажлыг хамгаалдаггүй.) Хуурамч удирдагчид янз бүрийн шалтаг тоочин хариуцлагаас зайлсхийж, бодитой ажил хийдэггүй. Тэд Бурханы төлөө өөрсдийгөө зарлагадахад бэлэн, үнэнийг хэрэгжүүлэхэд бэлэн гэж хэлдэг ч чуулганы ажлын эгзэгтэй асуудал тулгарах үед нуугддаг. Энэ бол хариуцлагагүй явдал юм. Хилийн чанад дахь ах, эгч нарын аюулгүй байдлыг хамгаалахтай холбоотой бүх асуудлыг удирдагч, ажилчид цаг тухайд нь шийдвэрлэж, үүнийг биелүүлэх ёстой хариуцлага, даалгавар гэж үзэх ёстой. Тэд үүнээс зайлсхийхийн тулд шалтаг тоочих ёсгүй, мөн энэ ажилд хайхрамжгүй хандсанаас болж Бурханы гэрийн янз бүрийн ажлын ахиц дэвшилд нөлөөлөх ёсгүй.

Б. Бүх ах, эгч нарт хуулийн анхан шатны мэдлэг олгох

Хилийн чанад дахь ах, эгч нарын аюулгүй байдалтай холбоотой ажлын өөр ямар талуудыг та нар бодож олж чадах вэ? (Хилийн чанад дахь улс орнуудад удирдагч, ажилчид бас бүх ах, эгч нарт хуулийн зарим анхан шатны мэдлэгийг олгох ёстой, ингэснээр тэд хууль эрх зүйн мэдлэгтэй болж, хууль зөрчсөн үйл ажиллагаанд оролцохоос зайлсхийнэ.) Удирдагч, ажилчид бүх ах, эгч нарт хуулийн анхан шатны мэдлэг олгож, засгийн газрын янз бүрийн дүрэм журмын талаар ойлгуулах ёстой. Тэд байгаа улс орныхоо нутгийн ах, эгч нараас цагаачлалын бодлого, өдөр тутмын амьдралтай холбоотой бодлого гэх мэт энэ чиглэлээр илүү ихийг мэдэж авах ёстой, дараа нь ах, эгч нарыг зохион байгуулж эдгээрийг судлуулах ёстой, ингэснээр тэд үндэсний засгийн газрын журмыг чанд мөрдөж, хууль зөрчсөн аливаа зүйл хийхээс түдгэлзэнэ. Ялангуяа Хятадаас ирсэн Бурханы сонгосон хүмүүс олон жилийн турш дарангуйлал дор байсан учраас хуулийн мэдлэг дутмаг, хуулийн ач холбогдлыг ойлгодоггүй. Үүний улмаас тэд соёлгүй хүмүүс шиг хааш яаш, хайхрамжгүй авирладаг. Тэд хилийн чанадад амьдрахаар ирэхдээ маш харанхуй бүдүүлэг харагддаг бөгөөд дүрэм журам ойлгохгүй байгаагаа харуулсан зүйлсийг байнга хийдэг. Жишээлбэл, барууны зарим ардчилсан оронд нийгмийн дэг журмыг маш сайн зохицуулдаг бөгөөд оройн 10 цагаас өглөөний 8 цаг хүртэл дуу чимээ гаргахыг хориглосон журамтай байдаг—нохой хуцах юм уу барилгын машин механизмын нүргээн гэх мэт ямар ч чимээ гаргахыг зөвшөөрдөггүй. Хэрвээ хэн нэгэн эдгээр журмыг зөрчиж, мэдээлэгдвэл цагдаа нар арга хэмжээ авна. Эх газрын Хятадад хэн ч эдгээр асуудлыг зохицуулдаггүй; хүмүүс оршин суудаг газар хаа сайгүй дураараа шуугилдаж, чанга хөгжим тавьж, бүжиглэж, архидаж, наргиж цэнгэдэг бөгөөд хэн ч хөндлөнгөөс оролцдоггүй. Хэрвээ хэн нэгэн ямар нэг зүйл хийхийг оролдвол өш хонзонтой нүүр тулж магадгүй тул хятад хүмүүс үүнийг тэвчихээс өөр аргагүй болдог. Барууны орнуудад өөр; хүн бүр хуулиар хамгаалагддаг. Хэрвээ нохой чинь шөнө дунд байнга хуцаж, хөршүүдийн чинь амгалан тайван байдлыг алдагдуулбал тэд чиний эсрэг гомдол гаргана. Чиний хийж байгаа зүйл бусдын хэвийн амьдралд нөлөөлж, чи хууль журам зөрчсөн—тэд хуулийг зэвсэг болгон ашиглаж, чиний эсрэг гомдол гаргах нь зүй ёсны хэрэг. Бас шөнийн 11, 12 цаг хүртэл барилгын ажлаа үргэлжлүүлж, хөршүүдийнхээ амгалан тайван байдалд нөлөөлж, гомдол гаргахад хүргэдэг хүмүүс байдаг. Тэгэхэд нь цагдаа нар ирж торгууль ногдуулаад, тогтоосон цагаар дуу чимээ гаргахгүй байхыг сануулдаг. Зарим хүн бүр орчны цэвэр байдлын талаар ямар ч ойлголтгүй, хог тарьж, гудамжаар нэг хог хаядаг. Барууны ардчилсан орнууд онцгой эмх цэгцтэй байдаг. Оршин суугчид хогоо хаях тогтсон цагтай байдаг бөгөөд хогны машинууд хуваарьт өдрүүдэд ирж хогийг нь ачдаг. Ачсаны дараа гудамж цэвэрхэн үлддэг. Үүнийг ойлгодоггүй хүмүүс хог тарьж магадгүй бөгөөд энэ нь бас журам зөрчсөнд тооцогддог. Энэ нь нийгмийн ариун цэвэр, хотын өнгө үзэмжид нөлөөлдөг тул тэдний эсрэг гомдол гаргаж магадгүй. Хятад хүмүүс дүрэм журмыг дагадаггүй учраас хилийн чанадад амьдрахдаа гомдол гаргуулах нь элбэг байдаг. Олон удаа мэдээлэгдсэнийхээ дараа тэд барууныхны талаар нэг бодолтой болж, “Барууныхан зүгээр л гомдол гаргах дуртай; тэд жижиг сажиг зүйл болгон дээр гомдол гаргадаг” гэдэг, харин Би “Тэд маш олон асуудлаар чиний эсрэг гомдол гаргасан байхад чи өөрийгөө эргэцүүлэхийн оронд гомдол гаргалаа гэж тэднийг буруутгаж байна. Тэгвэл гомдол гаргасан нь тэдний зөв байсан уу? Чиний хийсэн зүйл зөв байсан уу, үгүй юу?” гэж хэлнэ. Тэдгээр гомдлыг гаргасан нь тэдний бүрэн зөв байсан; чи тэдний ашиг сонирхлыг хохироож, амьдралд нь нөлөөлсөн тул тэд яагаад чиний эсрэг гомдол гаргаж болохгүй гэж? Үүнийг нийгмийн дэг журмыг хамгаалахын тулд хийдэг бөгөөд энэ улс оронд хууль засагладаг гэдгийг харуулдаг; хүн бүр хуулиар хамгаалагддаг, энэ улсад хууль үзүүлэн төдий биш—хүн бүр өөрсдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалахын тулд хуулийг зэвсэг болгон ашиглаж болно. Чи хуулийг ойлгохгүй, орон нутгийн журмыг зөрчсөн учраас тэд чиний эсрэг гомдол гаргаж байгаа юм. Чи эхлээд орон нутгийн журмыг мэдэж авч, хууль журмын дагуу үйлдэх ёстой—тэгвэл тэд чиний эсрэг гомдол гаргасаар байна гэж чи бодож байна уу? (Тэд дахиж гомдол гаргахгүй.) Тэгэхээр хятад хүмүүс асуудал хэчнээн ноцтой байсан ч яагаад хэзээ ч гомдол гаргадаггүй вэ? (Тэд засгийн газарт хэтэрхий удаан дарлуулсан. Тэд гомдол гаргаж зүрхэлдэггүй. Хятад хүмүүст бас эрхээ хамгаалах ямар ч ойлголт байдаггүй.) Хятад бол хуультай улс биш. Тэнд хуулийн дагуу засагладаггүй. Хятадын хууль зүгээр л үзүүлэн төдий бөгөөд тэнд гомдол гаргаад нэмэргүй. Хэрвээ чи гомдол гаргавал нөгөө тал чинь эрх мэдэл, нөлөөтэй бол чамайг мөшгөж магадгүй. Хэрвээ чамд нөлөө байхгүй бол чи гомдол гаргаж ч зүрхлэхгүй; гомдол гаргах нь чамд өлхөн төвөг авчирч мэднэ. Тиймээс хятад хүмүүс хавчлагатай тулгарах үедээ—ялангуяа хүн алагдсан тохиолдолд—хэчнээн шударга бус үхэл байсан ч гэмт хэрэгтэн жаахан мөнгө төлбөл хэргийг зүгээр л хувиараа шийдвэрлэдэг. Хохирогчийн гэр бүлийнхэн яагаад зарга мэдүүлдэггүй вэ? Тэд хэзээ ч ялахгүй гэдгээ мэддэг; их мөнгө шаардагдах ч шударга ёсыг олж авахгүй, гэмт хэрэгтэн ч хуулийн хариуцлага хүлээхгүй тул тэд хуулийн дагуу хөөцөлдөхгүй байхаар шийдэж, харин хувиараа шийдвэрлэдэг. Хятадын хууль зүгээр л үзүүлэн төдий; Хятад бол хууль засагладаг улс биш, шударга ёсыг эрж хайх талбар байхгүй. Зарга мэдүүлээд нэмэргүй. Тиймээс хятад хүмүүс ямар ч хууль бус нөхцөл байдалтай тулгарсан, гомдол гаргаж зүрхэлдэггүй. Учир нь Коммунист нам муу үйл хийхээс өөр юу ч хийдэггүй, эрүүл ухаангүй бөгөөд хуулийн дагуу засагладаггүй. Хятадад жирийн л хүн бол тулгарсан асуудал нь хэчнээн ноцтой байх нь хамаагүй, Коммунист намын нүдэнд анхаарал татах асуудалд тооцогддоггүй—хэн ч үүнийг авч хэлэлцэхгүй. Бусдын амгалан тайван байдалд нөлөөлөх, тэр ч бүү хэл хулгай, дээрэм, орон байрны хулгайн хэрэг зэрэг зүйлсийг Коммунист нам ердөө асуудал гэж үздэггүй. Барууны орнуудад харин өөр. Баруунд ардчилсан тогтолцоотой, хуульт нийгэм байдаг; хэн нэгний амгалан тайван байдалд нөлөөлөх л юм бол гомдол гаргадаг бөгөөд цагдаа нар ирж, асуудлыг шалгаж, шийдвэрлэдэг. Барууныханд ийм хууль эрх зүйн мэдлэг байдаг учраас ийм мунхаг зүйл хийдэггүй; зөвхөн хилийн чанадаас ирсэн, дүрмийг ойлгодоггүй хүмүүс л ийм мунхаг зүйл хийдэг. Хятад хүмүүс хилийн чанадад дөнгөж амьдарч эхлэх үедээ гомдол гаргуулах нь элбэг байдаг. Цаг хугацаа өнгөрөхөд тэд орон нутгийн хууль журмын талаар мэдэж авдаг бөгөөд хууль зөрчсөн, бусдыг үймүүлсэн зүйл хийж зүрхлэхээ больдог. Тиймээс удирдагч, ажилчид ах, эгч нарыг зохион байгуулж, байгаа улс орных нь янз бүрийн хууль журмын талаар судлуулах хэрэгтэй. Тэд юу хийх санаатай байгаа нь хамаагүй, эхлээд хуулийг лавлаж мэдэх ёстой—өөрийнхөө хашаанд тахиа, гахай тэжээх байсан ч гэсэн эхлээд засгийн газрын журмыг шалгах хэрэгтэй. Тэд цахимаар мэдээлэл хайх юм уу орон нутгийн ах, эгч нартай зөвлөлдөж болох бөгөөд ингэснээр үнэн зөв хариултыг олж чадна. Барууны янз бүрийн улс оронд бүх асуудал дээр засгийн газарт тодорхой журам байдаг. Жишээлбэл, барилгын ажилд цахилгааны залгуур шалнаас хэр өндөрт байх, залгуур бүр хоорондоо хэр зайтай байх талаар журам байдаг. Мөн шатны бариулын зузаан, шатны хашлаганы өргөнд зориулсан тодорхой стандарт байдаг. Барилгын ажлын алхам бүрийг засгийн газрын ажилтнууд шалгадаг тул барилгын дүрэм журам зөрчсөн барилга юм уу зөвшөөрөлгүй барилгын тохиолдол ховор байдаг. Хэрвээ оршин суугчид хашаандаа байшин, багажны саравч, жижиг агуулах барихыг хүсвэл засгийн газраас зөвшөөрөл авах ёстой. Хэрвээ тэд тахиа, нугас тэжээхийг хүсвэл хашаа хороо нь хөршийнх нь эзэмшил газраас хэр хол байх ёстой талаар журам байдаг. Удирдагч, ажилчид эдгээр хууль журмыг ойлгохгүй байсан ч хэрвээ эдгээр асуудал чуулганы ажилтай хамаатай байвал удирдагч, ажилчид тэдгээрт анхаарал хандуулах ёстой. Тэд эхлээд орон нутгийн хууль, засгийн газрын журмыг лавлаж мэдэх ёстой; эдгээр асуудлыг тодорхой мэдэж авах нь үүргээ гүйцэтгэхэд ашиг тустай. Хууль эрх зүйн асуудал нь чуулганы дотоод ажилтай шууд холбоогүй ч гэлээ хүн бүрд хуулийн анхан шатны мэдлэг олгох нь ашиг тустай. Ядаж л тэд бага сага мэдлэгтэй болж, зарим дүрмийг ойлгож, зөв амьдарч сурч, хүний төрхтэй болж чадна. Үүнээс гадна, удирдагч, ажилчид гадаад хэрэг хариуцсан хүмүүстэй нөхөрлөж, хууль эрх зүйн мэдлэгтэй болоход нь туслах хэрэгтэй. Жижиг асуудал дээр хуульчаас зөвлөгөө авах шаардлагагүй—зөвхөн орон нутгийн журмыг ойлгож, тэдгээрийг чанд мөрдөхөд л болно. Харин томоохон асуудал дээр орон нутгийн хуулийг ойлгож авахын тулд хуульчаас зөвлөгөө авах ёстой. Дүгнэж хэлэхэд, юу хийхээс үл хамааран бүх үйлдэл хууль журамд нийцэх ёстой. Хүмүүс хэсэг хугацаанд ийм маягаар хэрэгжүүлснээр хууль журмыг дагаж мөрдөхийн чухлыг мэдэрч, аливааг хийхдээ дүрэм журмыг дагадаг болно. Энэ нь чуулганы ажилд ч бас ашиг тустай.

В. Сайн мэдээ номлуулахаар хүмүүсийг илгээхдээ мөрдөх зарчмууд

Чухал үүрэг гүйцэтгэж байгаа хүмүүсийн аюулгүй байдлыг хамгаалах тал дээр удирдагч, ажилчдын анхаарах ёстой өөр нэг ажил бол үүрэг гүйцэтгэхээр гадагшаа явж байгаа хүмүүсийн аюулгүй байдлыг хамгаалах явдал юм. Хүмүүсийг гадагш үүрэг гүйцэтгүүлэхээр илгээхдээ ямар зарчмыг баримтлах ёстой вэ? Эхлээд хүмүүсийн нас, хүйс, мөн хэрсүү ухаан, амьдралын туршлагыг нь харгалзан үзэх хэрэгтэй—удирдагч, ажилчид энэ тал дээр мунгинаж, хааш яаш хандаж болохгүй. Жишээ нь, хэрвээ чи сайн мэдээний ажилчдыг танихгүй газар руу сайн мэдээ номлуулахаар илгээж байгаа бол ямар хүмүүсийг илгээх нь тохиромжтой вэ? (Бага зэрэг хэрсүү ухаан, мэргэн ухаантай хүмүүс.) Хэрвээ тухайн чуулганд тохирох хүн олон байхгүй, ихэнх нь нөхцөл байдлыг, ялангуяа ухаан сорьсон асуудалтай тулгараад яаж зохицуулахаа мэддэггүй, амьдралын туршлага, хэрсүү ухаан дутмаг, зарчимгүй ярьдаг, бас мэргэн ухаан дутмаг залуучууд байвал тэд ажлыг хийж чадахгүй. Тийм хүмүүсийг илгээвэл тэд асуудлыг шийдвэрлэж чадахгүйгээр үл барам ажилд нөлөөлж, саатуулах магадлалтай. Тиймээс хүмүүсийг гадагш үүрэг гүйцэтгүүлэхээр илгээхдээ хүн чанар нь төлөвшсөн, мэргэн ухаантай хүмүүсийг сонгох шаардлагатай—зөвхөн тийм хүмүүс л тохиромжтой. Хэрвээ тохирох хүн хангалттай байхгүй бол залуу хүмүүсийг нас тогтсон хүмүүстэй хамтран ажиллуулж, үүрэг гүйцэтгүүлэхээр явуул. Жишээ нь, Бурханд итгээд нэлээд удаж байгаа, итгэлтэй, биеийн хэмжээтэй, үүргээ удаан хугацаанд гүйцэтгэсэн 25, 26 орчим настай залуу эгч байлаа гэж бодъё; түүнийг танихгүй газар үүрэг гүйцэтгүүлэхээр явуулбал тэр өөрийгөө яаж аюулгүй байлгахаа мэдэхгүй—ийм тохиолдолд түүнтэй хамт нийгмийн туршлагатай орон нутгийн ах юм уу эгчийг олж үүрэг гүйцэтгүүлэхээр хамтруулах шаардлагатай. Мэдээж хэрэг, үүрэг гүйцэтгэх газар нь танил бүс нутаг, эсвэл чуулган байдаг газар бол залуу ах, эгч нар явж болно. Харин хүмүүс танихгүй газар, ялангуяа нийгмийн аюулгүй байдал муутай газар руу сайн мэдээ номлох юм уу өөр ажил хийхээр явж байгаа бол тэдний хувийн аюулгүй байдлыг бодолцох ёстой. Удирдагч, ажилчдын хувьд, ажил хийлгэхээр хэнийг илгээж байгаа нь хамаагүй, аюулгүй байдал бол хамгийн түрүүнд бодолцох зүйл юм. Хэрвээ сайн мэдээ хүлээж авах хүмүүс нь ямар хүмүүс болох, эсвэл энэ хүмүүс зохисгүй зүйл хийх эсэх нь тодорхойгүй байвал сайн мэдээ номлуулахаар хүмүүсийг илгээхдээ болгоомжтой байх хэрэгтэй. Өмнө нь зарим удирдагч, ажилчид 18, 19 орчим настай, эсвэл 20 гарч яваа залуу эгч нарыг танихгүй газар руу сайн мэдээ номлуулахаар олонтаа илгээж, тэгээд зарим нэг золгүй хэрэг явдал гарсан гэж Би сонссон. Яг юу болсноос үл хамааран, эцсийн дүндээ энэ нь удирдагч, ажилчид ажлаа хийхдээ нарийн нягт бодолцож үзээгүйтэй холбоотой байсан. Удирдагч, ажилчид ажилдаа эдгээр хүчин зүйлийг бодолцож үзэх ёстой бөгөөд хэт залуу эгч, ах нарыг танихгүй, аюултай газар үүрэг гүйцэтгүүлэхээр хамаагүй томилж болохгүй. Нэг удаа нэг удирдагч 18, 19 настай хоёр эгчийг сайн мэдээ номлуулахаар зохицуулсан байв. Тэднийг хэтэрхий залуу, үүнд тохирохгүй гэж хэн нэгнийг хэлэхэд удирдагч оронд нь явуулахаар 21 настай эгчийг олж, “Чи 19-тэйг хэтэрхий залуу гэсэн болохоор би 21-тэй хүн оллоо. Энэ арай эгч, тийм үү?” гэж бодсон. Энэ удирдагчийн хэв чанар ямархуу байсан бэ? Тэр гажуудах магадлалтай байгаа биз дээ? (Тийм.) 19-тэйгээс хоёрхон насаар эгч байлаа гээд түүнд амьдралын туршлага байж чадах уу? Түүнд нийгмийн туршлага байж чадах уу? Бэрхшээл юм уу аюултай нөхцөл байдалтай тулгараад тэр уйлж дуусах байсан юм биш үү? Хэдийгээр тэр хоёр насаар эгч байсан ч насны хувьд хэтэрхий залуу, энэ ажлыг авч явах чадваргүй байсан. Ядаж л 30, 40-өөд насны, эсвэл 50, 60-аад насны ах юм уу эгчийг олох шаардлагатай—тэд нас тогтсон, нийгмийн туршлагатай; нөхцөл байдалтай тулгарахад тэдгээрийг зохицуулах мэргэн ухаантай, ямар нэг аюултай нөхцөл байдал үүсэхээс сэргийлдэг. Залуу хүмүүс олон зүйлийг үзэж хараагүй, туулж үзээгүй бөгөөд яаж зохицуулахаа мэддэггүй; аюултай тулгарах үедээ үүнийгээ ухаардаггүй, үүнээс болж хэрэг явдал амархан гардаг. Нас тогтсон хүмүүс энэ нийгэм, энэ хүн төрөлхтний хорон мууг илүү ихийг үзсэн тул хүмүүсээс илүү сэрэмжилдэг. Нийгмийн туршлага, бодит амьдралаас авсан мэдлэгтээ үндэслэн тэд тодорхой нөхцөл байдалд ямар аюул үүсэж болзошгүй, аюулын түвшин хэр өндөр байх, ямар хүмүүс нь ёрын муу хүмүүс болох, тодорхой хүмүүс ямар зүйл хийж магадгүй талаар үндэслэлтэй дүгнэлт хийж чаддаг. Аюултай нөхцөл байдалтай тулгарах үедээ тэд бас аюулаас мултрах мэргэн ухаантай байдаг. Харин залуу хүмүүс туршлага дутмаг байдаг. Нөхцөл байдалтай тулгарах үедээ тэд болзошгүй аюултай үр дагаврыг олж харж чаддаггүй. Тиймээс аюулгүй байдлын асуудлын тухайд нас тогтсон хүмүүс залуучуудыг бодвол илүү нарийн нягт бодож үздэг. Удирдагч, ажилчид хүмүүсийг гадагш үүрэг гүйцэтгүүлэхээр зохицуулахдаа орон нутгийн нөхцөл байдлыг харгалзан үзэж, залуу хүмүүстэй хамтран үүрэг гүйцэтгүүлэхээр бага зэрэг мэргэн ухаан, туршлагатай, харьцангуй нас тогтсон хүмүүсийг зохицуулах хэрэгтэй. Удирдагч, ажилчид эдгээр асуудлыг нарийн нягт бодолцох ёстой.

Аль ч улсад чуулганы ажил хийж байсан, үүргээ гүйцэтгэж буй хүмүүсийн аюулгүй байдлыг хангах нь удирдагч, ажилчдын анхаарал хандуулах ёстой нэг ажил юм. Хэнийг ямар ажил хийлгэхээр илгээх нь хамаагүй, тэр хүн тодорхой хэв чанартай, зарим нэг чадвартай байж байж ажилдаа чадамгай, аюулгүй байдлыг нь хангах боломжтой байдаг; ялангуяа нийгмийн аюулгүй байдал муутай газар нутаг, улс оронд энэ нь бүр ч чухал. Удирдагч, ажилчид үүргээ гүйцэтгэж буй хүмүүсийн аюулгүй байдлыг эн тэргүүнд авч үзэх асуудал гэж үзэх ёстой бөгөөд хааш яаш хандаж, үл тоомсорлож болохгүй. Зарим хүн “Зүгээр ээ. Бид Бурханы гэрт үүргээ гүйцэтгэж байгаа—Бурхан биднийг хамгаалж байгаа болохоор хэн ч үхэхгүй. Юу л болов гэж?” гэж хэлдэг. Тэдний ингэж хэлэх зөв үү? (Үгүй.) Яагаад үгүй вэ? (Ингэж хэлэх нь хариуцлагагүй, бас ийм үзэл бодол бодит байдлаас маш тасарсан байна.) Хүмүүс биелүүлж чадах хариуцлагаа биелүүлж, тооцоолж чадах зүйлдээ анхаарал хандуулахын тулд чадах бүхнээ хийх ёстой; тэд Бурханыг сорих ёсгүй, ах, эгч нарын аюулгүй байдлаар дэнчин тавих ёсгүй. Бурхан хүмүүсийг хамгаалж чадна, гэхдээ хэрвээ чи тооцоолж чадах асуудлаа тооцоолохгүй, ах, эгч нарын аюулгүй байдлыг дэнчин тавьж Бурханыг сорих юм бол Бурхан чамайг илчилнэ—хэн чамайг ийм тэнэг зүйл хийдэг, туйлын мунхаг нэгэн болгов оо! Тиймээс удирдагч, ажилчид хариуцлагагүй зүйл хийхдээ ийм яриаг шалтаг болгож ашиглах ёсгүй; үүргээ гүйцэтгэж буй хүмүүсийн аюулгүй байдлыг хангах нь чиний хариуцлага бөгөөд чи өөрийн хариуцлагыг биелүүлэх ёстой. Өөрийн тооцоолж чадах, хийж чадах бүхнийг хийсэн байхад тооцоолоогүй зүйлийн тухайд, тэр талаар Бурхан хэрхэн үйлдэх нь Бурханы хэрэг бөгөөд чамд ямар ч хамаагүй. Зарим хүн наана цааныг бодолгүйгээр хамаг хариуцлагыг Бурхан руу түлхэж “Бурхан хүмүүсийн аюулгүй байдлыг хариуцдаг, бид айх хэрэггүй; бид хүссэнээрээ номлож болно. Бурхан байхад бүх зүйл эрх чөлөөтэй, чөлөөлөгдсөн байдаг; бид тийм зүйлд санаа зовох хэрэггүй!” гэж хэлдэг. Ийм үг яриа зөв үү? (Буруу.) Ийм үг яриагаар бол аливаа зүйл тохиолдоход хүмүүс зарчмыг эрж хайх шаардлагагүй юм байна; хэрвээ тийм байсан бол Бурханы илэрхийлсэн үнэн ямар хэрэгтэй байх билээ? Хэрэггүй байх байсан. Энэ олон жилүүдэд Бурхан хүмүүсийг сургах гэж маш их үгийг тэвчээртэйгээр, хичээгшүйлэн хэлсэн нь Бурханы сонгосон хүмүүст энэ ёрын муу ертөнцөд, энэ ёрын муу хүн төрөлхтний дунд яаж амьд үлдэх, үнэнийг яаж эрэлхийлэх, биеэ яаж авч явахыг мэдүүлж, Бурханы санаа зорилгод нийцүүлэх зорилготой юм. Бурханыг сорьдог нь чи биш, бичиг үсэг, хоосон сургаалд үндэслэн зарчимгүйгээр, хүссэнээрээ үйлддэг нь ч бас чи биш. Удирдагч, ажилчид сайн мэдээ номлох ажлыг сайн хийхийн тулд юуны түрүүнд хүмүүсийн аюулгүй байдлыг хангах ёстой. Ингэхийн тулд тэд эхлээд үүргээ гүйцэтгэж буй хүмүүсийн тодорхой нөхцөл байдлыг олж мэдэх, ойлгох, тохирох хүмүүсийг илгээх, мөн хүмүүсийн аюулгүй байдлыг хангахын тулд янз бүрийн нөхцөл байдалд юу хийхээ ойлгох ёстой. Хэрвээ тухайн газар онцгой замбараагүй, хэнд ч тэнд танил хүн байхгүй, тийшээ сайн мэдээ номлохоор очсон хэний ч аюулгүй байдлыг хангах боломжгүй бол одоохондоо тийш нь хүн бүү илгээ; ийм эрсдэл бүү үүр, шаардлагагүй золиос бүү гарга. Ямар ч үүрэг гүйцэтгэж, ямар ч ажил хариуцсан байсан, шинэ зүйл туршиж, амиа золиослохыг чамаас шаарддаггүй, мөн аюулгүй байдал, амиа эрсдэлд оруулахыг ч шаарддаггүй. Мэдээж Хятадын орчин нөхцөлд эрсдэл үүрч үүргээ гүйцэтгэх нь гарцаагүй. Засгийн газар Бурханд итгэдэг хүмүүсийг хавчдаг бөгөөд аюултай гэдгийг маш сайн мэдэж байсан ч чи Бурханд итгэж, Бурханыг дагаж, үүргээ гүйцэтгэх ёстой; чи үүргээ орхиж болохгүй, ямар ч ажлыг зогсоож болохгүй. Хилийн чанад дахь улс орнуудын нөхцөл байдал бүгд өөр өөр байдаг—зарим нь Хятадтай төстэй авторитар дэглэмтэй улс байхад зарим нь ардчилсан тогтолцоотой байдаг. Ардчилсан тогтолцоотой улс оронд сайн мэдээ номлох ажил саадгүй явагдаж, янз бүрийн ажлыг ч бас илүү саадгүй хэрэгжүүлэх боломжтой. Гэвч авторитар дэглэмийн онцлогтой зарим улс оронд хүмүүс нь зэрлэг, хоцрогдсон байдаг бөгөөд үнэн замыг хүлээн авах тэдэнд амаргүй байдаг. Тэдэнд сайн мэдээ номлох үед тэд судалж мэдэхгүйгээр үл барам сохроор яллаж, нөхцөл байдлыг цагдаад ч мэдэгдэж магадгүй. Ийм тохиолдолд тийшээ сайн мэдээ номлох хүмүүсийг бүү илгээ; харин аюулгүй байдлыг хангах боломжтой газруудыг сонгож ажлаа явуул. Энэ бүхэн нь удирдагч, ажилчдын нухацтай бодолцох ёстой зүйлс юм. Жишээ нь, Малайз, Индонез, Энэтхэг зэрэг шашны нөхцөл байдал нь маш ээдрээтэй улс орнуудад шашны тодорхой урсгалууд асар их нөлөөтэй, нийгмийг бүхэлд нь хяналтдаа байлгадаг бөгөөд засгийн газар нь хүртэл эдгээр шашны нөлөөнд буулт хийдэг. Ийм улс орнууд руу сайн мэдээ номлуулахаар нэмж хүн бүү илгээ; зөвхөн орон нутгийн чуулган сайн мэдээ номлоход л хангалттай. Зарим улсад муж, орон нутаг бүрийн нөхцөл байдал өөр өөр байдаг бөгөөд орон нутгийн хууль дүрэм нь улсын хууль дүрмээс ялгаатай байдаг. Жишээ нь, зарим бүс нутаг шашны онцгой нөхцөл байдалтай байдаг ба тэнд төр шашин хосолсон байдаг. Зарим тохиолдолд шашны тэргүүнүүд нь орон нутгийн засгийн газрын албан тушаалтнуудаас ч илүү эрх мэдэлтэй, улсын зарим бодлогыг ил тод зөрчиж чаддаг. Хэрвээ чи ийм бүс нутагт сайн мэдээ номловол аюулгүй байдлын эрсдэл гарч болзошгүй. Энэ болзошгүй эрсдэл нь чамайг гүтгэх, хөөж явуулахаар хязгаарлагдахгүй—тэд чамайг баривчилж, ямар ч ял зэмгүйгээр шоронд хорьж, тэр ч бүү хэл эрүүдэн шүүж, тахир дутуу болгож, эсвэл алж ч магадгүй бөгөөд засгийн газар үүнд оролцохгүй. Үнэндээ ихэнх шашны урсгалын тэргүүнүүд гаднын шашныг үзэн яддаг. Тэдний нөлөө хэтэрхий их, хуульд огт захирагддаггүй учраас сайн мэдээний ажилчдыг хэчнээн харгисаар хавчлаа ч хэн ч тэдэнд хариуцлага үүрүүлж зүрхэлдэггүй, орон нутгийн төрийн албан тушаалтнууд ч тэдэнд халдахыг хүсдэггүй. Чи нэгэнт тэдний газар нутагт сайн мэдээ номлож эхэлбэл тэд чамайг хүссэнээрээ тарчлааж чадна. Тиймээс удирдагч, ажилчид хаа нэгтээ сайн мэдээ номлуулахаар хүн илгээхдээ онцгой болгоомжтой байх ёстой. Эхлээд тэд тухайн газрын нөхцөл байдлыг судалж мэдэх ёстой—шашин шүтэх эрх чөлөөтэй эсэх, шашны хүчнүүд хэр хүчирхэг болох, тэнд сайн мэдээ номлож байгаа хүмүүс матуулбал ямар үр дагавар гарч болохыг мэдэх ёстой. Тийшээ хүн илгээх эсэхээ шийдэхээсээ өмнө эдгээр асуудлыг маш сайн ойлгож авах ёстой. Хэрвээ ямар нэг газрын талаар судалж мэдсэний дараа сайн мэдээ номлоход тохиромжгүй гэж тогтоогдвол тийшээ сайн мэдээ номлуулахаар хүн илгээхийг хэнд ч зөвшөөрөхгүй. Энэ нь бас сайн мэдээний ажилчдыг аюулгүй байлгахын тулд хийх ёстой ажлын нэг хэсэг юм. Зарим удирдагч, ажилчин гажууд ойлголттой байдаг бөгөөд “Зүгээр ээ, Бурхан биднийг хамгаална. Бэрхшээл хэдий чинээ их байна, бид төдий чинээ нүүр тулах ёстой. Тэр газар Эзэнд итгэдэг маш олон хүн байхад бид яагаад тийшээ очиж сайн мэдээ номлож болохгүй гэж?” гэж хэлдэг. Хэн нэгэн тэдэнд “Тэнд хувийн шоронгууд байдаг. Хэрвээ бид тийшээ сайн мэдээ номлохоор очвол саатуулагдаад зогсохгүй тэндээ үхэж ч мэднэ. Бид явж болохгүй!” гэж хэлдэг. Тэр мунхаг хуурамч удирдагчид үүнийг эргэцүүлээд “Агуу улаан луунд маш олон шорон байдаг ч бид түүнээс айдаггүй—тэгэхээр бид яагаад тэндхийн хэдэн хувийн шоронгоос айх ёстой гэж? Шорон бидний биеийг хорьж чадах ч зүрх сэтгэлийг маань хорьж чадахгүй! Бүү ай—зүгээр л яв!” гэдэг. Тэгээд тэд хүмүүсийг ээлж дараалан илгээдэг ч эцэст нь хэн ч буцаж ирдэггүй; бүгд саатуулагддаг. Хуурамч удирдагчид мэл гайхдаг. Энд ямар асуудал байна вэ? (Ийм хуурамч удирдагчид бол мунхаг амьтад.) Ийм хуурамч удирдагчид бол өөдгүй амьтад; тэд хариуцлагагүй бөгөөд хүмүүсийг барын ам руу илгээдэг. Тэд яагаад өөрсдөө явдаггүй юм бэ? Тэд аюулаас айхгүй байгаа юм чинь өөрсдөө эхлээд явах хэрэгтэй. Хэрвээ тэд яваад, эсэн мэнд буцаж ирээд, хүмүүсийг олж авбал бусад нь тэдний араас явж болно. Юу ч болж байсан, сайн мэдээ номлохдоо хүмүүсийн аюулгүй байдлыг хангах ёстой. Аюултай, сайн мэдээ номлоход тохиромжгүй бүс нутагт хэзээ ч бүү эрсдэл гарга. Эх газрын Хятадаас гадагшаа ямар ч газар аюулгүй гэж бүү бод; энэ бол төөрөгдөл, гажууд ойлголт юм. Зөвхөн юм мэддэггүй хүмүүс л ингэж боддог—ийм хүмүүс энэ ертөнцийн талаар дэндүү багыг ойлгодог! Барууны ихэнх улс орон шашин шүтэх эрх чөлөөтэй, Эзэнд итгэдэг хүн харьцангуй олон байдаг болохоор чи ил тодоор сайн мэдээ номлож, шашны ертөнц хэчнээн харанхуй, ёрын муу болохыг илчилсэн янз бүрийн үг яриаг ил тод илэрхийлж болно гэж бүү бод; хэрвээ чи ингэвэл үр дагавар нь төсөөлшгүй байх болно. Шашны хүмүүст ч бай, шүтлэггүй хүмүүст ч бай, сайн мэдээ номлохдоо чи завхарсан хүн төрөлхтөнтэй, Бурханыг эсэргүүцдэг хүн төрөлхтөнтэй нүүр тулж байгаа гэдгээ ойлгох ёстой. Энэ асуудлыг хэтэрхий энгийнээр бүү бод.

Удирдагч, ажилчид сайн мэдээний ажилтнуудын аюулгүй байдлыг хангахыг хүсвэл асуудлын бүх талыг нэгд нэгэнгүй бодолцох ёстой бөгөөд ямар нэг асуудал гарсан тохиолдолд даруй шийдвэрлэж, дараа нь туршлага, сургамжийг нэгтгэн дүгнэж, хэрэгжүүлэлтийн зарчим болон замыг олж, цаашид хэрхэн хэрэгжүүлэхээ тодорхойлох ёстой—энэ нь бас хийх ёстой чухал ажил юм. Удирдагч, ажилчдын урьд нь бодолцож үзээгүй, эсвэл тулгарч байгаагүй зарим асуудал байдаг; асуудал гарсны дараа тэд: “Бид тийм газар руу явах хэрэгтэй юу? Хүн илгээх энэ арга барил зөв үү? Сайн мэдээ номлох дараагийн алхам юм уу өөр ямар нэг чухал ажил хийхдээ төлөвлөгөө, стратеги, чиглэлээ өөрчлөх ёстой юу?” гэж нэгтгэн дүгнэх хэрэгтэй. Тасралтгүй нэгтгэн дүгнэх явцдаа удирдагч, ажилчид ажлын арга барил, зарчмыг аажмаар тодорхойлох ёстой, ингэснээр ажлаа хийх тусам улам тодорхой болж, улам стандартыг хангаж, гэнэтийн асуудал гарах нь багасаж, эсвэл огт гарахгүй болж, тэр ч бүү хэл чухал ажилтнуудад ямар ч эрсдэл үүрүүлэхгүй байх болно. Энэ үр дүнд хүрэхийн тулд удирдагч, ажилчид туршлагаа байнга нэгтгэн дүгнэж, янз бүрийн бүс нутагт сайн мэдээ номлоход тулгардаг төрөл бүрийн орчин нөхцөл, нөхцөл байдлыг ойлгож авах хэрэгтэй. Тэд хэдий чинээ их, хэдий чинээ үнэн зөв мэдээлэл олж авна, асуудлыг шийдвэрлэх зарчим, төлөвлөгөө төдий чинээ оновчтой байж, эцэст нь хүмүүсийн аюулгүй байдлыг хангах үр дүнд хүрнэ. Ингэснээр сайн мэдээ номлох ажил эмх цэгцтэй явагдах баталгаа болж чадна.

III. Аюулгүй байдлыг хангах ажилд анхаарал хандуулдаггүй удирдагч, ажилчидтай хэрхэн харьцах вэ

Зарим удирдагч, ажилчин хэв чанар муутай, хариуцлагаа ухамсарладаггүй; тэд бодит ажил хийж чаддаггүй, бас бодит ажил хийхээс залхуурдаг. Тэдний хариуцсан бүс нутагт чухал үүрэг гүйцэтгэж буй хүмүүст аюулгүй байдлын эрсдэл байнга тулгарч, нүүх юм уу байршлаа солих шаардлага гардаг тул сэтгэл амар үүргээ гүйцэтгэж чаддаггүй. Тэр ч бүү хэл гарах ёсгүй асуудлууд байнга гардаг. Жишээ нь, нэг удирдагч юм уу ажилчин нам дор газар байрлалтай зочин хүлээн авах гэр олжээ. Аадар бороо орж, үер буух төлөвтэй болох үед байшин усанд автахаас айсандаа тэнд байрлаж байсан ах, эгч нар урьдаас нүүх хэрэгтэй болж—ажлын тоног төхөөрөмж, тогоо шанага гээд бүх юмаа аваад хоёр өдөр дараалан нүүдэг. Энэ нь хүн бүрийг ядрааж туйлдуулж, бүгд цөхрөнгөө барж, толгой гудайн “Бид хэд хоноод л нүүж, үргэлж зугтаж байдаг. Энэ хэзээ дуусах юм бэ? Бид хэвийн үүргээ гүйцэтгэж болох аюулгүй, найдвартай гэр олж болохгүй гэж үү?” гэцгээдэг. Ийм удирдагч, ажилчид энэ зэрэгтэй ажлыг ч дааж чаддаггүй; тэдний дор ажиллаж байгаа ах, эгч нар олигтой идэж, унтаж чаддаггүй, ая тухтай байр сууцгүй байдаг. Амьдрах орчин нь үргэлж түр зуурынх байдаг бөгөөд хүн бүр хэдийд ч дүрвэхэд бэлэн байдаг. Тэд ахуйн хэрэглээний зүйлсээ хэрэглэж дуусмагцаа буцааж далд хийдэг, учир нь хэдийд ч өрхийн бүртгэлийн шалгалт хийнэ гэсэн нөхцөл байдал үүсэж мэднэ. Үнэндээ энэ нь Бурханд итгэдэг хүмүүсийг шалгаж байгаа хэрэг гэдгийг хүн бүр мэддэг учраас тэд хэдийд ч нүүхэд бэлэн байх ёстой. Үр дүнд нь, үүргээ гүйцэтгэж буй хүмүүс үргэлж айдас түгшүүртэй, аюулгүй байна гэсэн мэдрэмж огт төрдөггүй. Энэ нь үүргийн үр дүнд нөлөөлөхгүй гэж үү? Энэ нь удирдагч, ажилчдын хийж буй ажилтай холбоотой биш үү? (Тийм ээ.) Тэд энэ ажлыг ямархуу хийж байна вэ? (Тэд муу хийж байна, хариуцлагаа биелүүлэхгүй байна.) Зарим удирдагч, ажилчин хариуцлагагүй, ажилдаа сэтгэл гаргадаггүй. Тэд өөрсдөө амьдрах орчиндоо өндөр шаардлага тавьдаггүй; салхи, борооноос халхлах газар байхад л хангалттай байдаг. Тиймээс тэд ах, эгч нарт амьдрах аюулгүй, найдвартай газар олж өгөхийн төлөө бүх чадлаа дайчилдаггүй. Зарим удирдагч, ажилчин хэв чанар муутай; тэд ямар орчин чимээгүй, хүн амьдрахад тохиромжтой, ах, эгч нарын үүрэг гүйцэтгэхэд тохиромжтойг мэддэггүй. Тэд хэний ч түрээслэхийг хүсдэггүй нам дор газрын байшин түрээсэлж, ах, эгч нар нүүж орсны дараа хэдхэн хоноод экзем гарч, бүх бие нь загатнадаг. Энэ юу болоод байна вэ? Байшин хэт чийгтэй, шалнаас нь ус шүүрдэг. Ийм газар хүн амьдарч чадах уу? Ийм удирдагч, ажилчид энэ асуудлыг ч шийдэж чадахгүй, үүрэг гүйцэтгэхэд тохиромжтой байшин олж чадахгүй байна—энэ ямар хэв чанар вэ? Зарим удирдагч, ажилчин байнга бороо дусдаг, салхи сийгдэг, дуу тусгаарлагчгүй, эсвэл интернэт, ус, цахилгаангүй байшин түрээсэлдэг—тэнд хүн яаж амьдрах юм бэ? Тэд сайн байшинг тоохгүй, ийм дутуу дулимаг байшинг түрээслэх гэж зүтгэдэг—энэ нь хэрэг явдалд саад болохгүй гэж үү? Хэдийгээр ах, эгч нар хээр гадаа хоноглоогүй ч гэсэн байшинд наад захын хэрэгсэл олон зүйл дутуу байна; майханд амьдарсан нь дээр байх. Ихэнх ах, эгч нар зовлон бэрхшээлд дассан, энэ зэргийн зовлонг туулах нь юу ч биш гэж бодож, тэвчиж чадах байлаа ч хэд хоноод л ингэж тарчлах нь үүргийн гүйцэтгэлд нөлөөлөхгүй гэж үү? Тиймээс хэрвээ удирдагч, ажилчид хэв чанар муутай, дээр нь хариуцлагаа ухамсарладаггүй бол энэ ажлыг үүрч чадахгүй; ихэнх чухал ажлын боловсон хүчний амьдрал болон үүргийн гүйцэтгэлд нөлөөлөхгүйн тулд тэд даруй огцорч, энэ ажлыг сайн хийж чадах хүнийг орондоо ажиллуулахаар санал болгох ёстой. Чухал үүрэг гүйцэтгэж буй хүмүүсийг байршуулахдаа бүх талыг бодолцох шаардлагагүй ч наад захын амьдрах орчныг ядаж хангах ёстой. Энэ талыг хангаж байж л чуулганы ажилд нөлөөлөхгүй. Энэ ажлыг хийхэд амархан уу? (Тийм.) Хийхэд амархан гэж хэлэхэд хялбар боловч хэрвээ удирдагч, ажилчид нь хэв чанар муутай мунгинуу хүмүүс бөгөөд хариуцлагаа огт ухамсарладаггүй бол ердөө л үүнийг хийж чадахгүй. Удирдагч, ажилчид энэ ажлыг хийж чадахгүй юм уу сайн хийж чадахгүй бол маш олон хүн үр дагаврыг нь амсаж, өдөр бүр өлсгөлөнгөөс дүрвэж байгаа мэт амьдардаг—тэд яаж ийм байдлаар үүргээ гүйцэтгэх юм бэ? Зарим хуурамч удирдагч үнэн-зарчмыг ойлгодоггүй мөртөө олны нүдэнд өртөх дуртай байдаг. Тэд ажлаа сайн хийж чаддаггүй ч огцрохоос татгалзаж, байр суурьтайгаа зууралдаад салдаггүй. Ийм удирдагчдад яаж хандах ёстой вэ? (Тэднийг халах хэрэгтэй.) Тэднийг халах амархан; асуудал нь ажлыг нь хүлээж авах илүү дээр хүн байгаа эсэхэд л оршино. Хэрвээ байхгүй бол та нар энэ ажлыг үүрч чадах уу? Чухал ажлын боловсон хүчнийг тогтвортой амьдрах орчноор та нар хангаж чадах уу? Хэрвээ нэг хүн дийлэхгүй бол та нар гурав, таваараа хамтран ажиллаж энэ ажлыг үүрч чадах уу? Хэрвээ та нар ч бас энэ ажлыг хийж чадахгүй бол—ийм энгийн даалгаврыг ч биелүүлж чадахгүй, наад захын амьдрах орчноор ч хангаж чадахгүй бол—та нар түр зуур жаахан илүү зовлон бэрхшээл туулах ёстой. Хэрвээ та нар үүргээ тууштай үргэлжлүүлэн гүйцэтгэж чадвал, мөн зовлон бэрхшээл туулах шийдвэр чинь хангалттай бат бөх байгааг Бурхан хараад, аливааг найдвартай зохицуулж чадах, асуудлыг шийдвэрлэж, ажил хийж чадах хүнийг илгээвэл та нарын зовлонтой өдрүүд дуусаж, сайхан цаг ирнэ. Хэрвээ эдгээр асуудлыг шийдвэрлэх ийм хүн ирэхгүй бол та нар хувь заяатайгаа эвлэрэх ёстой—та нар зовлон бэрхшээл туулах хувьтай, үүнийг туулах л ёстой; та нар сэтгэлээ тогтоож, үүнийг тэвчих ёстой. Үнэндээ ийм хэмжээний зовлон бэрхшээл туулах нь үнэ цэнтэй; шоронд орж, эрүүдэн шүүлгэснээс хавьгүй дээр. Ядаж л та нар эрүүдэн шүүлгэж, байцаагдахгүй; та нар Бурханы үгийг уншиж, үүргээ гүйцэтгэж, ах, эгч нартай хамт чуулганы амьдралаар амьдарч чадна. Хэдийгээр зарим нэг айж цочих зүйл, саад бэрхшээл, бартаа байдаг, мөн байнга нүүх хэрэгтэй болдог ч энэ нь амьдралд чинь тохиолдох ер бусын туршлага болох бөгөөд үүнээс та нар сургамж авч, ямар нэг зүйл олж авч чадна. Энэ тун сайхан хэрэг биш гэж үү? (Тийм ээ.) Хүмүүс зовлон бэрхшээл туулах шийдвэртэй байж, Бурханы ямар ч зохион байгуулалтад захирагдах ёстой. Хэрвээ та нар энэ зовлон бэрхшээлийг үнэхээр тэвчиж чадахгүй бол зүрх сэтгэлдээ Бурханд чин сэтгэлээсээ ингэж залбирч болно: “Бурхан минь, зовж зүдэрч буй биднийг хараач гэж Танаас гуйя—бид ямар өрөвдөлтэй юм бэ! Бид Таныг ямар ч гомдол, харуусалгүйгээр дагадаг! Танд хувиршгүй үнэнч байдгийг минь бодолцон үзэж, энэ зовлонт амьдралыг эцэс болгож өгөөч гэж Танаас гуйя! Бидэнд тохиромжтой газар олж өгөх таарсан удирдагч юм уу ажилчныг илгээж өгөөч гэж Танаас гуйя! Бид байнга хээр гадаа хоноглож, өдөр бүр нэг газраас нөгөө рүү нүүж байна, энэ байдал хэр удаан үргэлжлэхийг бид мэдэхгүй байна. Бид цаашид орон гэргүй тэнүүчлэхийг хүсэхгүй байна—бидэнд тогтвортой орон байр олж өгөөч!” Ингэж залбирах нь зүй зохистой юу? Та нар ингэж залбирч болно; орчин нөхцөлийн хэрэгцээ шаардлагад үндэслэн ингэж залбирах ёстой.

Зовлон бэрхшээл туулахыг өөр өнцгөөс харвал тийм ч муу зүйл биш; жаахан зовлон бэрхшээл туулах нь чиний хүсэл зоригийг хурцалж чадна. Чиний хүсэл зоригийг хурцална гэж юу гэсэн үг вэ? Энэ нь чи байнга ийм зовлон бэрхшээл туулснаар дөжирч, үүнийг зовлон гэж бодохоо больж, хэчнээн их зовлон туулсан ч шаналахаа болино гэсэн үг. Гэхдээ нөхцөл байдал тулгарах үед чи зарим нэг сургамж авч, нүд тайлж, хүмүүсийг ялган таньж сурах ёстой. Удирдагч, ажилчин хэтэрхий муу хэв чанартай, байршуулах ажлыг ч олигтой хийж чадахгүй байхад яаж Бурханы сонгосон хүмүүсийг хангаж, удирдаж чадах юм бэ? Ийм хүмүүс удирдагч, ажилчин байхад тохирохгүй. Бурханы гэрт байшин түрээслэх мөнгө байхгүй биш, мөн ах, эгч нарыг үргэлж тогтсон орон гэргүй байхыг харахыг хүсдэггүй. Бурханы гэр хүмүүсийг үргэлж зовлон бэрхшээл туулж, өдөр бүр хэцүү амьдралаар амьдрахыг дэмждэггүй ч, мэдээж хүмүүс аливаа зовлон бэрхшээл туулахаас нь ч бас зайлсхийдэггүй. Гэвч хэрвээ удирдагч, ажилчид байршуулах ажлыг ч хийж чадахгүй, ямар нэг олигтой ажил хийх нь тэдний хувьд үнэхээр хэцүү байдаг бол тэдэнд сайрхах юу үлдэх вэ? Тэд нэг бүрчлэн аятайхан харагддаг, дипломтой, нэр хүндтэй хүмүүс атлаа ийм жижигхэн асуудлыг шийдвэрлэх нь тэдэнд маш хэцүү байдаг. Ийм бол хийх зүйл алга—чи үүнийг зөвхөн Бурханаас гэж хүлээн авч болно. Энэ бол хүмүүсийн туулах ёстой зовлон; чи Бурханы ямар ч зохион байгуулалтад захирагдах ёстой. Энэ нь зөв юм. Магадгүй нэг л өдөр зовлон дуусаж сайхан цаг ирэхэд ийм амьдрал цаашид үргэлжлэхгүй байх. Чи ямар ч орчинд байсан, дуулгавартай хандлагатай байж, гомдоллохоос зайлсхийх ёстой. Хэрвээ аль нэг удирдагч, ажилчин найдваргүй, ажлаа сайн хийхгүй байвал энэ нь чиний Бурханд хандах чин сэтгэл, үнэнч байдалд бүү нөлөөлөг, мөн Бурханд дуулгавартай байхад чинь, Бурханд дуулгавартай хандах хандлагад чинь бүү нөлөөлөг. Ингэвэл чи энэ асуудал дээр бат зогссон байх болно. Удирдагч, ажилчид бол зүгээр л жирийн хүмүүс. Хэрвээ тэд хэв чанар муутай, ажлаа хийж чадахгүй бол, эсвэл хариуцлагаа биелүүлдэггүй хуурамч удирдагчид бол тэр нь тэдний хувийн асуудал бөгөөд Бурханы гэрт ямар ч хамаагүй. Бурханы гэр тэдэнд ингэж ажилла гэж зааварлаагүй; зүгээр л тэд хариуцлагагүй байдлаасаа болж илчлэгдсэн хэрэг. Тэд Бурханы гэрээс даалгасан ажлыг гүйцэтгэж чадахгүй учраас халагдаж, таягдан хаягдахаас өөр аргагүй. Ийм нөхцөл байдалд Бурханы сонгосон хүмүүс энэ зовлонг туулахдаа үүнийг Бурханаас гэж хүлээн авч, Бурханы ямар ч зохион байгуулалтад захирагдах ёстой. Удирдагч, ажилчид ажлаа сайн хийгээгүй, эсвэл тэдэнд ямар нэг асуудал байсан ч Бурхан бол үнэн, зам, амь гэдэг баримт хэзээ ч өөрчлөгдөхгүй. Бурханыг дагах, Бурханд дуулгавартай байх, Бурханы үгийг хүлээн авах чинь хэзээ ч өөрчлөгдөх ёсгүй. Эдгээр нь мөнхийн үнэн юм. Үүргээ гүйцэтгэж байхдаа ямар ч таагүй асуудал гарсан бай, чи тэдгээрийг Бурханаас гэж хүлээн авч, дотроос нь сургамж авах ёстой. Чи Бурханы өмнө сэтгэлээ тогтоож, Түүнд залбирч, гадаад ертөнцөд автахгүй байх ёстой. Чи янз бүрийн орчинд дасан зохицож сурах ёстой бөгөөд бүх төрлийн орчинд Бурханы ажлыг туулж сурах ёстой. Ингэж байж л чи амь-оролттой болж чадна. Зарим хүн биеийн хэмжээ багатай; зовлон бэрхшээл тулгарахад гомдоллож, санаа зовж, сэтгэлээр унаж, Бурханд итгэх итгэлээ алддаг—энэ бол туйлын мунхаг, мэдлэггүй хэрэг! Бодит ажил хийдэггүй удирдагч, ажилчид илчлэгдэж, таягдан хаягдсан ч энэ нь чамд ямар хамаатай юм бэ? Тэд зохисгүй зохицуулалт хийснээс болж чи яагаад сөрөг болж, Бурханаас холдох ёстой гэж? Энэ нь туйлын тэрслүү хэрэг биш үү? (Мөн.) Хүмүүс буруу зүйл хийх үед чи тэднийг ялган таньж, голж болох ч Бурханыг бүү гол, үнэнийг бүү гол. Үнэний буруу биш, Бурханы буруу биш. Бурхан анхнаасаа хүмүүсээр ийм зовлон туулуулах санаа зорилготой байгаагүй; гэхдээ завхарсан хүн төрөлхтний хувьд жаахан зовлон туулах нь үнэхээр шаардлагатай. Жаахан зовлон туулах нь чамд ашиг тустай; ашиг тус нь гэвэл чи сургамж авч, асуудлыг шийдвэрлэхийн тулд үнэнийг эрж хайж сурдаг. Хэрвээ чи янз бүрийн зовлонг тэвчиж чадвал бага зэрэг тэсвэртэй болж, бүх төрлийн орчинд гэрчлэлдээ бат зогсож чаддаг болно. Зовлон туулж чаддаг байх нь Бурханд дуулгавартай байх шийдвэрийг чинь хурцалдаг. Энэ бол Бурханы анхны санаа зорилго бөгөөд чамаас Бурханы харахыг хүсдэг үр дүн юм. Хэрвээ чи Бурханы санаа зорилгыг ойлгож, Бурханы санаа зорилгын дагуу үйлдэж, хэрэгжүүлж чадвал; хэрвээ чи ямар ч хүн, ямар ч орчинтой тулгарсан Бурханыг орхихгүй байж чадвал; мөн махан бие чинь хэчнээн их зовлон шаналал туулахаас үл хамааран, үнэнийг хэрэгжүүлж сурч, Бурханд дуулгавартай байж, зөв ойлголт, хандлагатай байж, Бурханд итгэх хувиршгүй итгэлээ хадгалж, зүрх сэтгэлдээ Бурханы талаар гомдоллохгүй, Түүнээс холдохгүй байж чадвал чамд биеийн хэмжээ байна.

Удирдагч, ажилчид чухал үүрэг гүйцэтгэж буй хүмүүсийн аюулгүй байдлыг хамгаалж, гадаад ертөнцийн хөндлөнгийн нөлөөнөөс халхавчлах ёстой. Энэ ажилд олон нарийн ширийн зүйл бий. Нэг талаар, удирдагч, ажилчид эдгээр нарийн ширийн ажлыг яг яаж хэрэгжүүлэхийг ойлгох ёстой. Түүнчлэн, зарим онцгой нөхцөл байдалтай тулгарах үедээ тэд оновчтой дүгнэлт хийж, дараа нь тохирох зарчмыг олж, нөхцөл байдлыг шийдвэрлэх тодорхой төлөвлөгөө гаргах ёстой. Эцсийн зорилго нь бүх төрлийн чухал ажлын боловсон хүчний аюулгүй байдлыг хангах явдал юм. Ингэж байж л сайн мэдээ номлох ажил эмх цэгцтэй явагдах баталгаа болж чадна. Энэ зарчмыг баримтлах нь зөв; энэ бол удирдагч, ажилчдын энэ ажлыг хийх зорилго, зарчим юм. Хэрвээ удирдагч, ажилчид энэ зорилго, зарчмыг оновчтой баримталбал энэ ажлыг хийх стандартад үндсэндээ нийцэж байна. Энэ ажилд өөр ямар асуудал хамаатай вэ? Зарим хүн “Би өмнө нь удирдагч, ажилчин байж үзээгүй, иймэрхүү асуудалтай тулгарч ч байгаагүй. Энэ ажил дээр би юу хийх ёстойгоо мэдэхгүй, яаж хийхээ ч мэдэхгүй байна. Тиймээс би хийх шаардлагагүй—та нар аюулгүй байна уу, үгүй юу хэнд хамаатай юм бэ? Та нар өөрсдөө учраа ол” гэж хэлдэг. Тэд асуудлыг зүгээр л зөнгөөр нь хаяж болох уу? (Үгүй, болохгүй.) Ийм удирдагч, ажилчдыг огцруулах хэрэгтэй. Хэрвээ чи бодит ажил хийхгүй юм бол ямар хэрэгтэй юм бэ? Сайхан харагддаг болохоор чинь бид чамайг чимэглэл болгож байлгах уу? Иймэрхүү удирдагч, ажилчдыг халж, таягдан хаях ёстой; тэднийг ямар ч ажил хийхгүйгээр байр суурь эзлэхийг зөвшөөрч болохгүй. Хуурамч удирдагчид бодит ажил хийдэггүй—тэдэнд мөс чанар, эрүүл ухаан байхгүй биз дээ? Хэрвээ тэдэнд үнэхээр мөс чанар, эрүүл ухаан байсан бол асуудал гарах үед шийдвэрлэхийн тулд яагаад үнэнийг эрж хайхгүй байна вэ? Хэн ч бүхнийг мэддэг болж төрдөггүй; хүн бүр хийх явцдаа суралцдаг. Хэрвээ чи үнэнийг эрж хайж чадвал ажлаа сайн хийх арга замыг олно. Хэрвээ чи хариуцлагаа ухамсарладаг бол ажлаа сайн хийх арга замыг бодож олно. Удирдлагын ажил хийх нь үнэндээ хэцүү биш; хүн үнэнийг эрж хайж чадаж л байвал ажлаа сайн хийхэд амархан. Түүнчлэн удирдагч, ажилчдад хамтрагч байдаг; хоёр, гурван хүн санаа сэтгэл нэгтэй байхад ямар ч ажлыг гүйцэтгэхэд амархан. Одоогоор олон удирдагч, ажилчин суралцаж байгаа; тэд асуудлыг шийдвэрлэхийн тулд бүх зүйл дээр үнэнийг эрж хайхад суралцаж байна. Одоо ядаж зарим удирдагч, ажилчин удирдлагын ажилд чадварлаг болсон бөгөөд сайн мэдээ түгээх ажлыг сайн хийх бүрэн чадвартай, тийм үү? (Тийм.) Тэгэхээр өнөөдөр ингээд нөхөрлөлөө өндөрлөе. Баяртай!

2024 оны 7 дугаар сарын 20

Өмнөх: Удирдагч, ажилчдын үүрэг хариуцлага (14)

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Messenger дээр бидэнтэй холбоо барих