10.12. Хэрхэн Бурханд үйлчилж, гэрчлэл хийх тухай
469. Өөрийн ажлыг бүх орчлон ертөнцөд эхлүүлснээс хойш Бурхан нийгмийн бүх давхаргын хүмүүсийг оролцуулаад Өөрт нь үйлчлэх олон хүнийг урьдчилан тогтоосон. Түүний зорилго бол Өөрийн хүслийг биелүүлж, газар дээрх Өөрийн ажлыг төвөггүй гүйцэлдүүлэхэд оршино. Өөрт нь үйлчлэх хүмүүсийг сонгох Бурханы зорилго энэ билээ. Бурханд үйлчилдэг хүн бүр Бурханы хүслийг ойлгох ёстой. Түүний энэхүү ажил Бурханы мэргэн ухаан болон бүхнийг чадагч хүч, газар дээрх Түүний ажлын зарчмыг хүмүүст илүү тодорхой болгодог. Хүмүүс Түүний үйл хэргийг илүү тодорхой мэдээсэй гэсэндээ Өөрийн ажлыг хийж, хүмүүстэй харилцахын тулд үнэндээ Бурхан газар дээр ирсэн. Өнөөдөр, энэ бүлэг хүмүүс та нар бодитой Бурханд үйлчлэх хувьтай билээ. Энэ бол та нарын хувьд тоо томшгүй их ерөөл—Бурхан та нарыг үнэхээр өргөж байгаа хэрэг юм. Өөртөө үйлчлэх хүнийг сонгоход Бурханд үргэлж Өөрийн гэсэн зарчим байдаг. Бурханд үйлчлэх нь хүмүүсийн төсөөлдөг шиг зүгээр нэг урам зоригийн асуудал ердөө ч биш. Бурханы өмнө үйлчилдэг хэн боловч Бурханы удирдамж болон Ариун Сүнсний ажил тэдэнд байгаа учраас, мөн тэд үнэнийг эрэлхийлдэг хүмүүс учраас тийнхүү үйлчилдэг гэдгийг өнөөдөр та нар хардаг. Эдгээр нь Бурханд үйлчилдэг бүх хүнд байх ёстой хамгийн наад захын болзол билээ.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Шашны үйлчлэлээс ангижрах ёстой
470. Бурханд үйлчилдэг хүмүүс нь Бурханы дотнын хүмүүс байх ёстой, тэд Бурханд таашаагдаж, Бурханд туйлын үнэнч байж чадах ёстой. Чи ганцаараа эсвэл олны өмнө үйлдсэн ч бай, Бурханы өмнө Бурханы баяр баяслыг олж авч, Бурханы өмнө бат зогсож чаддаг бөгөөд бусад хүн чамд хэрхэн хандахаас үл хамааран үргэлж алхах ёстой замаараа алхаж, Бурханы ачаанд бүхий л талаар санаа тавьдаг. Зөвхөн ийм л хүн Бурханы дотнын хүн юм. Бурханы дотнын хүмүүс Бурханы агуу даалгавар болон Бурханы ачааг авсан учир Түүнд шууд үйлчлэх чадвартай, Бурханы зүрх сэтгэлийг өөрийн болгож, Бурханы ачааг өөрийн болгож авах чадвартай бөгөөд хэтийн ирээдүйгээ эс хайхардаг. Тэд хэтийн ирээдүйгүй, юу ч олж авахгүй байсан ч хайрлах сэтгэлээр Бурханд үргэлж итгэх болно. Иймээс ч ийм хүн бол Бурханы дотнын хүн юм. Бурханы дотнын хүмүүс нь бас Түүний итгэлт хүмүүс юм; Бурханы итгэлт хүмүүс л Түүний санаа зовнил, бодлыг хуваалцаж чадна. Мөн махан бие нь өвдөж, сул дорой байсан ч Бурханыг сэтгэл хангалуун байлгахын тулд тэд хайрладаг зүйлээ орхиж, зовлон шаналлыг тэсэх чадвартай. Бурхан ийм хүмүүст илүү их ачаа өгдөг агаад Бурханы хийхийг хүсдэг зүйл ийм хүмүүсийн гэрчлэлээс төрөн гардаг. Иймийн учир энэ хүмүүс Бурханд таашаагддаг, тэд бол Бурханы Өөрийнх нь зүрх сэтгэлийн дагуух зарц нар нь бөгөөд ийм хүмүүс л Бурхантай хамт хаанчилж чадна. Чи үнэхээр Бурханы дотнын хүн болох яг тэр үе нь Бурхантай хамт хаанчлах үе байх болно.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Хэрхэн Бурханы хүсэлд нийцүүлэн үйлчлэх вэ
471. Бурханд үнэхээр үйлчилдэг хүн бол Бурханы зүрх сэтгэлийн дагуу байдаг, Бурхан ашиглахад тохирсон хүн бөгөөд шашны үзлийг орхиж чаддаг. Хэрвээ чи Бурханы үгийг үр өгөөжтэйгөөр идэж, уухыг хүсвэл шашны үзлээ орхих учиртай. Хэрвээ чи Бурханд үйлчлэхийг хүсдэг бол эхлээд шашны үзлээ орхиж, бүх зүйл дээр Бурханы үгийг дуулгавартай дагах нь бүр ч чухал юм. Бурханд үйлчилдэг хүний эзэмших ёстой зүйл энэ билээ. Хэрвээ чамд ийм мэдлэг байхгүй бол үйлчилж эхэлмэгцээ л саад тотгор, үймээн учруулах ба өөрийн үзлийг баримталсаар байвал Бурхан чамайг хэзээ ч дахин босохооргүй болтол цохин унагах нь гарцаагүй. Жишээлбэл, өнөө үеийг аваад үзье: Өнөөдрийн олон айлдвар болон ажил Библитэй нийцдэггүй, урьд нь Бурханы хийсэн ажилтай таардаггүй бөгөөд хэрвээ чамд дуулгавартай дагах хүсэл байхгүй бол чи хэдийд ч унаж магадгүй. Хэрвээ чи Бурханы хүслийн дагуу үйлчлэхийг хүсэж байвал эхлээд шашны үзлээ орхиж, өөрийн үзэл бодлыг засаж залруулах ёстой. Ирээдүйд хэлэх зүйлсийн ихэнх нь өнгөрсөнд хэлж байсантай нийцэхгүй ба хэрвээ одоо чамд дуулгавартай дагах хүсэл байхгүй бол өмнөх замаараа алхаж чадахгүй. Хэрвээ Бурханы ажилладаг аргуудын нэг нь чиний дотор үндэслэж, чи үүнийг хэзээ ч орхиогүй бол тэр арга чиний шашны үзэл болно. Хэрвээ Бурхан юу болох нь дотор чинь үндэслэсэн бол чи үнэнийг олж авсан бөгөөд Бурханы үг болон үнэн амь чинь болж чаддаг бол Бурханы талаар үзэлтэй байхаа болино. Бурханы талаар жинхэнэ мэдлэгтэй хүмүүс ямар ч үзэлгүй байх бөгөөд хоосон сургаал баримтлахгүй.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханы өнөөдрийн ажлыг мэддэг хүмүүс л Бурханд үйлчилж болно
472. Бурханд үйлчлэх нь тийм ч амархан ажил биш. Ялзарсан зан чанар нь өөрчлөгдөлгүй үлдсэн хүмүүс хэзээ ч Бурханд үйлчилж чадахгүй. Хэрэв чиний зан чанар Бурханы үгээр шүүгдэж, гэсгээгдээгүй бол зан чанар чинь Сатаныг төлөөлсөөр байдаг. Чи “сайн санааныхаа” улмаас Бурханд үйлчилдэг, чиний үйлчлэл сатанлаг уг чанарт чинь үндэслэдэг гэдгийг энэ нь баталдаг. Чи төрөлхийн зан аашаараа, өөрийн хувийн хүсэл зоргын дагуу Бурханд үйлчилдэг. Түүгээр ч барахгүй хийхийг хүсэж байгаа зүйлд чинь Бурхан баярлаж, хийхийг хүсдэггүй зүйлийг чинь Бурхан үзэн яддаг гэж чи үргэлж боддог; чи зөвхөн өөрийн хүсэл зоргын дагуу л ажилладаг. Үүнийг Бурханд үйлчилж байна гэж хэлж болох уу? Эцсийн эцэст чиний амь зан чанар өчүүхэн төдий ч өөрчлөгдөхгүй; харин ч үйлчлэл чинь чамайг бүр илүү зөрүүд болгосноор завхарсан зан чанарыг чинь туйлын үхширмэл болгоно. Тийм болохоор, Бурханд үйлчлэх талаар зөвхөн өөрийн чинь зан аашинд голлон суурилсан дүрэм журам, зан чанарынхаа дагуу үйлчилдэг үйлчлэлээс чинь урган гарсан туршлага чамд бий болно. Эдгээр нь хүний туршлага болон сургамж юм. Энэ бол хорвоо дээр амьдрах хүний амьдралын гүн ухаан юм. Ийм хүмүүсийг фарисайчууд, шашны албан тушаалтнууд гэж ангилж болно. Хэрвээ тэд хэзээ ч сэрж гэмшихгүй бол эцсийн өдрүүдэд хүмүүсийг хууран мэхэлдэг хуурамч Христүүд, антихристүүд болж хувирах нь гарцаагүй. Яриад байсан хуурамч Христүүд болон антихристүүд ийм хүмүүсийн дундаас гарч ирнэ. Хэрвээ Бурханд үйлчилдэг хүмүүс өөрсдийн зан аашаа дагаж, өөрсдийн хүсэл зоригийн дагуу үйлддэг бол тэд хэзээ ч хамаагүй хөөн зайлуулагдах эрсдэлтэй. Бурханд үйлчилж олж авсан олон жилийн туршлагаа бусдын зүрх сэтгэлийг өөртөө татаж, тэднийг сургамжилж, хянаж, өндөр байр суурийг эзлэхэд ашигладаг хүмүүс—хэзээ ч гэмшиж, хэзээ ч нүглээ улайж, байр суурийн ашиг хонжооноос хэзээ ч татгалздаггүй—энэ хүмүүс Бурханы өмнө унах болно. Тэд бол Паултай адил, дээгүүр зиндаагаараа бардамнаж, эрдэм чадлаа гайхуулдаг. Бурхан ийм хүмүүсийг төгс болгохгүй. Ийм үйлчлэл Бурханы ажилд саад учруулдаг. Хүмүүс үргэлж хуучинтайгаа зууралддаг. Тэд өнгөрсөн үеийн үзэлтэй, өнгөрсөн үеийн бүх зүйлтэй зууралддаг. Энэ нь тэдний үйлчлэлд асар их саад бартаа болдог. Хэрэв чи тэдгээрийг хаяж чадахгүй бол эдгээр зүйл бүхий л амьдралыг чинь үгүй хийх болно. Хэдий чи гүйж байгаад хөлөө хугалж, хөдөлмөрлөж байгаад нуруугаа гэмтээсэн ч гэсэн, бүр Бурханд үйлчлэхэд амиа зориулсан ч гэсэн Бурхан чамайг өчүүхэн төдий ч сайшаахгүй. Харин ч эсрэгээрээ: Тэр чамайг мууг үйлдэгч гэж хэлнэ.
Өнөөдрөөс эхлэн, ямар ч шашны үзэлгүй, өөрсдийн хуучин би-гээ орхиход бэлэн, Бурханыг цайлган сэтгэлээр дуулгавартай дагадаг хүмүүсийг Бурхан албан ёсоор төгс болгож, Бурханы үгийг хүсэн хүлээдэг хүмүүсийг Тэр төгс болгоно. Энэ хүмүүс өндийн босож Бурханд үйлчлэх ёстой. Бурханд эцэс төгсгөлгүй элбэг дэлбэг байдал, энгүй их мэргэн ухаан байдаг. Түүний гайхалтай ажил, үнэт үгс нь бүр ч олон хүн эдлэхийг хүлээж байгаа. Одоогийн байдлаар, шашны үзэлтэй, дээгүүр зиндаандаа эрддэг, өөрсдийгөө хойш тавьдаггүй хүмүүст эдгээр шинэ зүйлийг хүлээн зөвшөөрөхөд хэцүү байдаг. Ариун Сүнс энэ хүмүүсийг төгс болгох боломжгүй юм. Хэрвээ хүн дуулгавартай байхаар шийдээгүй, Бурханы үгээр цангадаггүй бол тэд эдгээр шинэ зүйлийг хүлээн зөвшөөрөх аргагүй байдаг. Тэд зүгээр л улам бүр тэрслүү, улам ов мэхтэй болж, тийнхүү буруу замд орж дуусдаг. Одоо Өөрийн ажлыг хийхдээ Бурхан, Өөрийг нь үнэхээр хайрлаж, шинэ гэрлийг хүлээн зөвшөөрч чадах илүү олон хүнийг өргөж, Тэр дээгүүр зиндаагаараа бардамнадаг шашны албан тушаалтнуудыг бүрмөсөн цавчин унагана. Өөрчлөлтийг зөрүүдлэн эсэргүүцдэг ийм хүмүүсээс нэгийг ч Тэр хүсдэггүй. Чи энэ хүмүүсийн нэг байхыг хүсэж байна уу? Чи үйлчлэлээ дур зоргоороо гүйцэтгэдэг үү, эсвэл Бурханы шаардсаныг хийдэг үү? Энэ бол чиний өөрөө мэдэж байх ёстой зүйл юм. Чи шашны албан тушаалтан уу, эсвэл Бурханаар төгс болгуулсан дөнгөж мэндэлсэн нярай юу? Чиний үйлчлэлээс хэр ихийг нь Ариун Сүнс сайшаадаг вэ? Үүнээс хэр ихийг нь Бурхан бүр санах ч үгүй вэ? Олон жилийн үйлчлэлийн чинь үр дүнд амь чинь хэр их өөрчлөгдсөн бэ? Чи энэ бүхнийг тодорхой мэдэж байна уу? Хэрвээ чамд жинхэнэ итгэл байдаг бол чи урьдын шашны хуучин үзлээ орхиж, Бурханд шинэ арга замаар илүү сайн үйлчлэх болно. Одоо өндийн босоход тийм ч их оройтоогүй байна. Шашны хуучин үзлийн улмаас хүн бүхий л амьдралаа алдаж болно. Хүний олж авсан туршлага Бурханаас төөрч, аливааг өөрсдийнхөөрөө хийхэд хүргэж болно. Хэрэв чи ийм зүйлийг хаяхгүй бол, амийн өсөлтөд чинь саад тээг болно. Өөрт нь үйлчилдэг хүмүүсийг Бурхан үргэлж төгс болгодог, тэднийг амархан хөөн зайлуулдаггүй. Хэрвээ чи Бурханы үгийн шүүлт, гэсгээлтийг үнэхээр хүлээн зөвшөөрч, шашны хуучин хэрэгжүүлэлт болон дүрэм журмаа хаяж, шашны хуучин үзлээр өнөөдрийн Бурханы үгийг хэмжихээ больж чадсан цагт л чамд ирээдүй байх болно. Хэрвээ чи хуучинтайгаа зууралдаж, тэдгээрийг нандигнасан хэвээр байвал чамд аврагдах ямар ч арга үгүй. Бурхан тийм хүмүүсийг огт тоодоггүй. Хэрвээ чи үнэхээр төгс болгуулахыг хүсэж байгаа бол өмнөх бүх зүйлээ бүрмөсөн орхихоор шийдэх ёстой. Өмнө нь хийгдсэн зүйл зөв байсан ч гэсэн, энэ нь Бурханы ажил байсан ч гэсэн чи үүнийг орхиж, үүнтэй зууралдахаа больж чадах ёстой. Энэ нь гарцаагүй Ариун Сүнсний ажил байгаад Ариун Сүнс шууд хийсэн байсан ч гэсэн өнөөдөр үүнийг орхих ёстой. Үүнтэй зууралдах ёсгүй. Энэ бол Бурханы шаардлага, Бүх зүйл шинэчлэгдэх ёстой. Бурхан Өөрийн ажил болон үгэндээ өмнө нь явагдсан хуучин зүйлийг дурддаггүй, Тэрээр хуучин түүхийг ухдаггүй. Бурхан үргэлж шинэ бөгөөд хэзээ ч хуучин байдаггүй Бурхан билээ. Тэр өнгөрсөн үеийн үгтэйгээ ч зууралддаггүй нь Бурхан ямар ч дүрэм журмыг дагадаггүй гэдгийг харуулдаг. Бурхан өмнө нь хийж байсан арга барилаар ажиллахаа больсон байхад хүн болохын хувьд, чи өнгөрсөн үеийн зүйлстэй үргэлж зууралдаж, тэдгээрийг тавьж явуулахаас татгалзаж, тэдгээрийг улиг болсон байдлаар тууштай хэрэгжүүлдэг бол үг болон үйлдэл чинь балагтай бус уу? Чи Бурхантай дайсагнаж байгаа бус уу? Чи энэ хуучин зүйлсээс болж бүхий л амьдралаа сүйтгэж, үрэн таран хийхийг хүсэж байна уу? Эдгээр хуучин зүйл чамайг Бурханы ажилд саад учруулдаг нэгэн болгох болно. Чи ийм хүн болмоор байна уу? Хэрэв чи тэгэхийг үнэхээр хүсэхгүй байвал хийж байгаа зүйлээ даруй зогсоогоод бүгдийг өөрчил; бүхнийг дахин шинээр эхэл. Бурхан өнгөрсөн үйлчлэлийг чинь санахгүй.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Шашны үйлчлэлээс ангижрах ёстой
473. Шийдсэн хүн бүхэн Бурханд үйлчилж чадна—гэхдээ зөвхөн Бурханы хүсэлд бүхий л талаар санаа тавьдаг, Бурханы хүслийг ойлгодог хүмүүс л Бурханд үйлчлэх эрхтэй, шаардлага хангасан байх ёстой. Би үүнийг та нарын дундаас олж мэдсэн: Бурханы төлөө гал халуунаар сайн мэдээ түгээж, Бурханы төлөө цааш явж, Бурханы төлөө өөрсдийгөө зарлагадаж, аливаа зүйлээс татгалзах гэх мэтийг хийж байгаа цагт энэ нь Бурханд үйлчилж байгаа хэрэг гэж олон хүн боддог. Бурханд үйлчлэх гэдэг нь гартаа Библи барин, тэнгэрийн хаанчлалын сайн мэдээг түгээж, гэмшүүлж, улайлгах замаар хүмүүсийг аврах явдал гэж шашны бүр ч олон хүн боддог. Мөн Бурханд үйлчлэх гэдэг нь шашны сургуульд сурч, боловсорсны дараа сүмд номлож, Библийн судраас унших замаар хүмүүст зааж сургах явдал юм гэж боддог шашны олон албан тушаалтан бий. Түүнчлэн Бурханд үйлчлэх гэдэг нь ах эгч нарынхаа дундаас өвчтэйг нь эдгээж, чөтгөрүүдийг нь хөөн зайлуулж, эсвэл тэдний төлөө залбирч, тэдэнд үйлчлэх явдал гэж ядуу тарчиг газар нутгийн хүмүүс үздэг. Бурханд үйлчлэх гэдэг нь өдөр бүр Бурханы үгийг идэж ууж, Бурханд залбирч, хаа сайгүй чуулгануудаар алхаж, ажил хийх явдал гэж боддог хүмүүс та нарын дунд олон бий. Бурханд үйлчлэх гэдэг нь хэзээ ч гэрлэхгүй, гэр бүлтэй болохгүй, өөрийгөө бүхэлд нь Бурханд зориулахын нэр гэж үздэг зарим ах эгч байдаг. Гэвч Бурханд үйлчлэх гэдэг нь үнэндээ юу гэсэн үг болохыг тун цөөхөн хүн л мэддэг. Хэдий тэнгэрийн од шиг олон хүн Бурханд үйлчилдэг боловч шууд үйлчилж чадах, мөн Бурханы хүслийн дагуу үйлчлэх чадвартай хүмүүсийн тоо шалихгүй—өчүүхэн бага. Яагаад Би ингэж хэлдэг вэ? Та нар “Бурханд үзүүлэх үйлчлэл” гэдэг үгийн мөн чанарыг ойлгодоггүй, Бурханы хүслийн дагуу яаж үйлчлэх талаар маш бага ойлгодог учраас Би ингэж хэлдэг. Бурханд үзүүлэх яг ямар үйлчлэл Түүний хүсэлд нийцэж чадах вэ гэдгийг хүмүүс нэн даруй ойлгох хэрэгтэй.
Хэрвээ та нар Бурханы хүсэлд нийцүүлж үйлчлэхийг хүсдэг бол ямар хүмүүсийг Бурхан таашаадаг, ямар хүмүүсийг Бурхан жигшдэг, ямар хүмүүсийг Бурхан төгс болгодог, мөн ямар хүн Бурханд үйлчлэх шаардлага хангадгийг эхлээд ойлгох ёстой. Энэ бол та нарын хамгийн наад захын мэдвэл зохих зүйл юм. Түүнээс гадна, та нар Бурханы ажлын зорилтуудыг, мөн одоо, энд хийх гэж байгаа Бурханы ажлыг мэдэх ёстой. Үүнийг ойлгосныхоо дараа, Бурханы үгийн удирдамжаар дамжуулан та нар эхлээд орж, Бурханы даалгаврыг хүлээн авах ёстой. Та нар Бурханы үгийн талаар бодит туршлагатай болмогцоо, мөн Бурханы ажлыг үнэхээр мэддэг болох үедээ Бурханд үйлчлэх шаардлагыг хангах болно. Та нарыг Бурханд үйлчлэх үед Тэр сүнслэг нүдийг чинь нээж, Түүний ажлын тухай илүү их ойлголттой болж, илүү тодорхой харах боломжийг та нарт олгодог. Энэ бодит байдалд орох үед туршлага чинь илүү гүнзгий, бодит болж ийм туршлагатай хүн бүхэн чуулгануудаар алхаж, ах эгч нарыг тань хангаж чадна. Ингэснээр та нар нэг нь нөгөөгийнхөө давуу талаар дутагдлаа нөхөж, сүнсэндээ илүү баялаг мэдлэгийг олж авч чадна. Зөвхөн ийм үр дүнд хүрснийхээ дараа л та нар Бурханы хүсэлд нийцүүлэн үйлчлэх чадвартай болж, үйлчлэлийнхээ явцад Бурханаар төгс болгуулж чадна.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Хэрхэн Бурханы хүсэлд нийцүүлэн үйлчлэх вэ
474. Чуулганыг удирддаг, хүмүүсийг амиар хангадаг, хүмүүст элч болдог хүмүүс бодит туршлагатай байх ёстой; тэд сүнслэг зүйлсийн талаар зөв ойлголттой, үнэний талаар зөв үнэлэлт, туршлагатай байх ёстой. Ийм хүмүүс л чуулганыг удирддаг ажилчид юм уу элчүүд байхад тохирно. Эс бөгөөс тэд зөвхөн хамгийн доод талын дагалдагч болж чадах ба удирдагч болж чадахгүй, хүмүүсийг амиар хангаж чаддаг элч байж бүр ч чадахгүй. Яагаад гэвэл, элч нарын чиг үүрэг нь яаран гүйж, тэмцэхийн төлөө бус, харин аминд үйлчлэх ажил хийж, зан чанараа өөрчлөхөд нь бусдыг удирдахын төлөө байдаг. Энэ чиг үүргийг гүйцэтгэдэг хүмүүс нь хүнд бэрх хариуцлага үүрэх даалгавар авдаг бөгөөд энэ нь хэн бүхний үүрч чадах зүйл биш юм. Ийм ажлыг амийн оршихуйтай буюу үнэний туршлагатай хүмүүс л хийж чадна. Хаяж орхидог, яаран гүйдэг, эсвэл өөрсдийгөө зарлагадахыг хүсдэг хэн бүхэн үүнийг хийж чадахгүй; үнэний туршлагагүй, засалт, шүүлт амсаагүй хүмүүс энэ төрлийн ажлыг хийж чадахгүй. Ямар ч туршлагагүй, бодит байдалгүй хүмүүс өөрсдөө иймэрхүү оршихуйгүй байдаг учраас бодит байдлыг тодорхой харж чаддаггүй. Иймээс энэ төрлийн хүн удирдах ажил хийж чадахгүйгээр үл барам, удаан хугацаанд үнэнгүй явбал таягдуулах бай болно.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханы ажил ба хүний ажил
475. Ажлын тухайд гэвэл, Бурханы төлөө ийш тийш гүйж, хаа сайгүй номлож, Түүний төлөө зарлагадах нь ажил юм гэж хүн боддог. Ингэж бодох нь зөв хэдий ч хэт өрөөсгөл байдаг; Бурхан хүнээс гагцхүү Өөрийнх нь төлөө ийш тийш гүй гэж шаарддаг юм биш; үүнээс гадна, энэ ажил нь сүнсний доторх үйлчлэл, хангалттай хамаатай. Хүний ухан ойлгодог ажил Бурханы шаарддаг зүйлтэй нийцдэггүй учраас энэ олон жилийн туршлагын дараа ч олон ах эгч Бурханы төлөө ажиллах талаар хэзээ ч бодож үзээгүй байдаг. Тиймээс хүн ажил гэх асуудлыг огтхон ч сонирхдоггүй бөгөөд яг энэ шалтгааны улмаас хүний оролт ч бас нэлээд өрөөсгөл байдаг. Та нар бүгд Бурханы төлөө ажиллахаас оролтоо эхлэх ёстой, ингэснээр туршлагын тал бүрийг илүү сайн туулж болох юм. Та нарын орох ёстой зүйл энэ. Ажил гэдэг нь Бурханы төлөө ийш тийш гүйхийг хэлдэг юм биш, харин хүний амь болон хүний амьдран харуулдаг зүйл Бурханд таашаал өгч чаддаг эсэхийг хэлдэг. Ажил гэдэг нь хүмүүс Бурханд үнэнч байдал, Бурханы талаарх мэдлэгээ ашиглан Бурханы тухай гэрчлэх, бас хүнд үйлчлэхийг хэлдэг. Энэ нь хүний хариуцлага төдийгүй бүх хүний ойлгох ёстой зүйл юм. Ажил чинь та нарын оролт бөгөөд Бурханы төлөө ажиллах явцдаа та нар орохоор эрэлхийлж байгаа гэж хэлж болно. Бурханы ажлыг туулна гэдэг нь Түүний үгийг хэрхэн идэж уухаа мэддэг байх төдийхнийг хэлдэггүй; гол нь чи Бурханы талаар хэрхэн гэрчлэхээ мэддэг, Бурханд үйлчилж чаддаг, хүнд үйлчилж, хүнийг хангаж чаддаг байх ёстой. Энэ нь ажил, бас та нарын оролт юм; энэ нь хүн бүрийн гүйцэлдүүлэх ёстой зүйл билээ. Бурханы төлөө ийш тийш гүйж, газар сайгүй номлоход л анхаардаг атлаа хувийн туршлагаа үл анзааран, сүнслэг амьдралд орохоо орхигдуулдаг хүн олон бий. Бурханд үйлчилдэг хүмүүс үүнээс үүдэн Бурханыг эсэргүүцэгчид болсон юм…
Бурханы хүслийг хангалуун байлгаж, Бурханы зүрх сэтгэлийн дагуух бүх хүнийг Түүний өмнө авчирч, хүнийг Бурхан руу аваачиж, Ариун Сүнсний ажил болон Бурханы удирдамжийг хүнд танилцуулж, улмаар Бурханы ажлын үр жимсийг төгс болгохын тулд хүн ажилладаг. Иймээс та нар ажлын мөн чанарыг нэгд нэггүй тодорхой мэдэх шаардлагатай. Бурханы ашигладаг хүн болохын хувьд хүн бүр Бурханы төлөө ажиллах үнэ цэнтэй, өөрөөр хэлбэл, Ариун Сүнсээр ашиглуулах боломжтой. Гэвч та нарын ухаарах ёстой нэг зүйл бий: Бурханы даалгасан ажлыг хийх үед хүнд Бурханаар ашиглуулах боломж олдсон боловч хүний хэлдэг, мэддэг зүйл нь тэр чигтээ хүний биеийн хэмжээ байдаг юм биш. Ажлынхаа явцад дутагдлаа илүү сайн мэдэж авч, Ариун Сүнсний улам их гэгээрлийг эзэмших нь л та нарын хийж чадах зүйл юм. Ийм маягаар та нар ажлынхаа явцад илүү сайн орох боломжтой болно.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Ажил ба оролт 2
476. Ариун Сүнсний өнөөгийн айлдвараас салсан үйлчлэл бол махан биеийн үйлчлэл, үзлийн үйлчлэл бөгөөд Бурханы хүсэлтэй нийцэлтэй байх боломжгүй. Хэрвээ хүмүүс шашны үзэл дунд амьдардаг бол Бурханы хүсэлд нийцэх юу ч хийж чадахгүй бөгөөд Бурханд үйлчиллээ ч гэсэн үзэл, төсөөллийнхөө дунд үйлчлэн, Бурханы хүслийн дагуу үйлчлэх ямар ч чадваргүй байдаг. Ариун Сүнсний ажлыг дагаж чаддаггүй хүмүүс Бурханы хүслийг ойлгодоггүй ба Бурханы хүслийг ойлгодоггүй хүмүүс Бурханд үйлчилж чадахгүй. Бурхан Өөрийнх нь зүрх сэтгэлийн дагуух үйлчлэлийг хүсдэг; харин үзлийн болон махан биеийн үйлчлэлийг хүсдэггүй. Хүмүүс Ариун Сүнсний ажлын алхмуудыг дагах чадваргүй бол үзэл дунд амьдардаг. Ийм хүмүүсийн үйлчлэл саад болж, төвөг уддаг бөгөөд ийм үйлчлэл Бурханы эсрэг байдаг. Тиймээс Бурханы мөрийг дагаж чаддаггүй хүмүүс Бурханд үйлчилж чаддаггүй; Бурханы мөрийг дагаж чаддаггүй хүмүүс Бурханыг гарцаагүй эсэргүүцдэг ба Бурхантай нийцэлтэй байж чаддаггүй. “Ариун Сүнсний ажлыг дагах” гэдэг нь Бурханы өнөөгийн хүслийг ойлгож, Бурханы өнөөгийн шаардлагын дагуу үйлдэж чаддаг байж, өнөөдрийн Бурханд захирагдаж, Түүнийг дагаж, Бурханы хамгийн шинэ айлдваруудын дагуу орж чаддаг байна гэсэн үг юм. Зөвхөн энэ л Ариун Сүнсний ажлыг дагадаг, Ариун Сүнсний урсгалд байдаг хүн юм. Тийм хүмүүс Бурханы сайшаалыг хүртэж, Бурханыг харж чаддаг төдийгүй хамгийн сүүлийн үеийн ажлаас нь Бурханы зан чанарыг мэдэж, хүний үзэл, дуулгаваргүй байдал, уг чанар болон мөн чанарыг мэдэж чаддаг; түүнчлэн тэд үйлчлэлийнхээ үеэр өөрсдийн зан чанарыг аажмаар өөрчилж чаддаг. Ийм хүмүүс л Бурханыг олж авах чадвартай, үнэн замыг үнэхээр олсон хүмүүс юм.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханы шинэхэн ажлыг мэдэж, Түүний мөрийг дага
477. Хэрвээ өнөөдрийн Бурханд үйлчилж байхдаа чи Ариун Сүнсний урьдын гэгээрлээр илчлэгдсэн зүйлстэй зууралдвал үйлчлэл чинь саад учруулж, хэрэгжүүлэлт чинь хоцрогдож, шашны зан үйлээс цаашгүй болно. Бурханд үйлчилдэг хүмүүс бусад чанаруудын дундаас гаднаа даруухан, тэвчээртэй байх ёстой гэж чи итгэдэг бөгөөд ийм төрлийн мэдлэгийг өнөөдөр хэрэгжүүлдэг бол тийм мэдлэг нь шашны үзэл; тийм хэрэгжүүлэлт нь хоёр нүүртэй гүйцэтгэл болжээ. “Шашны үзэл” гэх хэллэг нь хоцрогдсон, үеэ өнгөрөөсөн зүйлсийг (урьд нь Бурханы хэлсэн үг болон Ариун Сүнсний шууд илчилсэн гэрлийн тухай ойлголтыг оролцуулаад) хэлдэг бөгөөд хэрвээ тэдгээрийг өнөөдөр хэрэгжүүлбэл Бурханы ажлыг тасалдуулах ба хүнд ямар ч ашиг тус авчрахгүй. Хэрвээ хүмүүс өөрсдийн дотор байгаа, шашны үзэлд хамаарах тэдгээр зүйлээс ангижирч чадахгүй бол эдгээр зүйл Бурханд үйлчлэх үйлчлэлд нь асар их саад болно. Шашны үзэлтэй хүмүүс Ариун Сүнсний ажлын алхамуудтай хөл нийлүүлэх ямар ч аргагүй—тэд эхлээд нэг, дараа нь хоёр алхмын хойно хоцордог. Яагаад гэвэл, эдгээр шашны үзэл нь хүнийг ер бусын ихээр өөрийгөө зөвтгөдөг, биеэ тоосон зантай болгодог. Бурхан өнгөрсөн үед юу ярьж, хийж байснаа эргэн дурсдаггүй; ямар нэг зүйл хоцрогдсон л бол Тэр үүнийг таягдан хаядаг. Чи өөрийнхөө үзлийг үнэхээр орхиж чадахгүй гэж үү? Хэрвээ чи урьд нь Бурханы хэлсэн үгтэй зууралдвал Бурханы ажлыг мэддэг гэдгийг чинь энэ нь нотлох уу? Хэрвээ чи өнөөдөр Ариун Сүнсний гэрлийг хүлээн зөвшөөрч чадалгүй, оронд нь өнгөрсөн үеийн гэрэлтэй зууралдвал, Бурханы мөрийг дагадгийг чинь энэ нь баталж чадах уу? Чи шашны үзлийг орхиж чадахгүй л байна уу? Хэрвээ тийм бол чи Бурханыг эсэргүүцдэг хүн болно.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханы өнөөдрийн ажлыг мэддэг хүмүүс л Бурханд үйлчилж болно
478. Олон хүн урам зоригоороо Бурханд үйлчилдэг боловч Бурханы захиргааны зарлигийн талаар огт ойлгодоггүй, Түүний үгийн утгыг бүр ч таамагладаггүй. Иймээс сайн санаа зорилгоороо тэд үргэлж Бурханы удирдлагад саад болох зүйлс хийж дуусдаг. Ноцтой тохиолдолд, тэд хөөгдөж, Түүнийг дагах өөр ямар ч боломжгүй болдог бөгөөд там руу хаягдаж, Бурханы гэртэй харилцах бүх харилцаа нь төгсдөг. Энэ хүмүүс мунхаг сайн санааныхаа хүчээр Бурханы гэрт ажилладаг бөгөөд эцэстээ Бурханы зан чанарыг уурлуулдаг. Хүмүүс албан тушаалтан, ноёдод үйлчилдэг арга замаа Бурханы гэрт авчирч, хэрэгжүүлэхээр оролдож, тэдгээрийг энд хялбархан хэрэглэж болно гэж хий дэмий бодож байдаг. Бурхан бол хурганы биш, харин арслангийн зан чанартай гэдгийг тэд хэзээ ч төсөөлж байгаагүй. Тиймээс Бурхантай анх удаа холбогдож байгаа хүмүүс Түүнтэй ярилцаж чаддаггүй, учир нь Бурханы зүрх сэтгэл хүнийхтэй адилгүй билээ. Олон үнэнийг ойлгосныхоо дараа л чи Бурханыг тасралтгүй мэдэж авч чадна. Энэ мэдлэг нь үг хэллэг, хоосон сургаалаас бүрддэггүй, харин Бурхантай ойр дотно болох эрдэнэс, Тэр чамд баярладгийн нотолгоо болон хэрэглэгдэж болно. Хэрвээ чи бодит мэдлэгээр дутмаг, үнэнээр зэвсэглээгүй бол урам зоригтой үйлчлэл чинь Бурханы жигшил, зэвүүцлийг л төрүүлж чадна.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Гурван сануулга
479. Шашинд олон хүн насан туршдаа асар их зовдог: Тэд биеэ захирч, загалмайгаа үүрч, бүр үхлийн ирмэгт байх үедээ ч зовж, тэвчсээр байдаг! Зарим нь өөрсдийнхөө насан эцэслэх өглөө ч мацаг барьж байдаг. Бүхий л амьдралдаа тэд сайхан хоол хүнс, хувцас хунараас татгалзаж, зовоход л анхаарлаа хандуулдаг. Тэд биеэ захирч, махан биеэ хаяж чаддаг. Зовлон тэвчсэнийх нь төлөө тэдний эр зоригийг магтууштай. Гэвч тэдний бодол, үзэл, сэтгэл санааны байдал болон хуучин уг чанар нь өчүүхэн төдий ч харьцалт туулаагүй байдаг. Тэдэнд өөрсдийнх нь талаарх ямар ч жинхэнэ мэдлэг байдаггүй. Тэдний сэтгэл дэх Бурханы дүр нь тодорхойгүй Бурханы уламжлалт дүр байдаг. Бурханы төлөө зовох шийдвэр нь тэдний урам зориг болон хүн чанарынх нь сайн ёс жудгаас үүдэн гардаг. Хэдий тэд Бурханд итгэдэг ч Бурханыг ойлгодоггүй, Түүний хүслийг ч мэддэггүй. Тэд ердөө л Бурханы төлөө сохроор ажиллаж, зовдог. Тэд ялган таних чадварт ямар ч ач холбогдол өгдөггүй, үйлчлэл нь яаж Бурханы хүслийг үнэхээр биелүүлэх талаар багахан анхаардаг бөгөөд Бурханы талаарх мэдлэгт хэрхэн хүрэхээ бүр ч мэддэггүй. Тэдний үйлчилдэг Бурхан нь төрөлх дүрээрээ байгаа Бурхан биш, харин өөрсдийнх нь төсөөлсөн Бурхан, өөрсдийнх нь сонсож дуулсан юм уу ном зохиолын үлгэр домгоос уншсан л Бурхан юм. Тэгээд тэд өөрсдийн баялаг төсөөлөл, сүсэг бишрэлээ ашиглан Бурханы төлөө зовж, Бурханы хийхийг хүсдэг ажлыг хариуцдаг. Тэдний үйлчлэл хэтэрхий оновчгүй байдаг болохоор чухамдаа хэн нь ч Бурханы хүслийн дагуу үйлчилж үнэхээр чаддаггүй. Тэд Бурханы шүүлт, гэсгээлт, цэвэршүүлэлт, төгс болголтыг туулаагүй, мөн үнэнийг ашиглан хэн ч тэднийг залж чиглүүлээгүй учраас хэчнээн дуртай зовдгоос үл хамааран үйлчлэлийн талаарх анхдагч үзэл бодол болон сэтгэлд нь байгаа Бурханы дүр өөрчлөгдөлгүй үлддэг. Аврагч Есүст итгэдэг байлаа ч гэсэн, тэдний нэг нь ч Аврагчийг ер харж байгаагүй. Тэд үлгэр домог, цуу ярианаас л Түүний талаар мэддэг. Үүний үр дүнд, тэдний үйлчлэл нь сохор хүн эцэгтээ үйлчлэхтэй адилаар нүдээ анин таамгаар үйлчлэхээс хэтэрдэггүй. Ийм төрлийн үйлчлэлээр эцэстээ юунд хүрч чадах вэ? Хэн үүнийг сайшаах юм бэ? Эхнээсээ эцсээ хүртэл тэдний үйлчлэл нэгэн хэвийн хэвээр үлддэг; тэд зөвхөн хүний сургаалыг л хүлээн авдаг бөгөөд байгаа байдал, дуртай зүйлдээ л үндэслэн үйлчилдэг. Энэ нь ямар шагнал авчирч чадах юм бэ? Есүсийг харсан Петр хүртэл Бурханы хүслийн дагуу хэрхэн үйлчлэхээ мэдээгүй; тэрээр эцэст нь хөгширсөн хойноо л мэдэж авсан юм. Тэгвэл өчүүхэн төдий ч харьцалт, засалт туулаагүй, залж чиглүүлэх хэн ч байхгүй тэр сохор хүмүүсийн тухайд юу гэх вэ? Өнөөдөр та нарын дундах олон хүний үйлчлэл энэ сохор хүмүүсийнхтэй адилхан биш гэж үү? Шүүлт, засалт, харьцалт хүлээн аваагүй, өөрчлөгдөөгүй бүх хүн—бүгд бүрэн байлдан дагуулагдаагүй хүмүүс бус уу? Ийм хүмүүс ямар хэрэгтэй юм бэ? Чиний сэтгэхүй, амьдралын талаарх мэдлэг, Бурханы талаарх мэдлэгт ямар ч шинэ өөрчлөлт гардаггүй, үнэндээ юу ч олж авдаггүй бол чи үйлчлэлээрээ ер бусын юунд ч хүрэхгүй!
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Байлдан дагуулалтын ажлын дотоод үнэн 3
480. Есүс өөртөө ямар нэг төлөвлөгөө гаргаж, зохицуулалт хийлгүйгээр Бурханы хүсэлд бүрэн санаа тавьсан учраас Бурханы даалгавар буюу бүх хүн төрөлхтнийг золин аврах ажлыг биелүүлэх чадвартай байсан. Тэрээр бас та бүхний маш сайн ойлгодог Бурханы дотнын хүн—Бурхан Өөрөө байсан. (Үнэндээ Тэр бол Бурханаар гэрчлэгдсэн Бурхан Өөрөө байсан; хэрэг явдлыг тайлбарлах үүднээс Би Есүсийн энэ баримтыг дурдав.) Тэрээр Бурханы удирдлагын төлөвлөгөөний ажлыг хамгийн голд нь тавьж чаддаг, үргэлж тэнгэрлэг Эцэгт залбирч, тэнгэрлэг Эцэгийн хүслийг эрж хайдаг байлаа. Тэрээр залбиран: “Эцэг Бурхан минь! Өөрийн хүслийг гүйцэлдүүлж, Миний хүслийн дагуу биш, Өөрийн төлөвлөгөөний дагуу үйлдээч. Хүн сул дорой байж болно, гэхдээ яагаад Та түүнд санаа тавих ёстой гэж? Таны алган дээрх шоргоолж шиг хүн яаж Таны анхаарал халамжийг хүртэх эрхтэй байж чадах юм бэ? Зүрх сэтгэлдээ Би зөвхөн Таны хүслийг гүйцэлдүүлэхийг л хүсэж байна, Та Өөрийн тааллаар Надад хийх зүйлээ хийгээсэй гэж Би хүсэж байна” гэсэн юм. Иерусалим руу явах замд Есүс яг л зүрхийг нь хутгаар сийчиж буй мэт шаналлыг мэдэрч байсан ч үгнээсээ буцах өчүүхэн төдий ч санаа Түүнд байгаагүй; цовдлогдох газар луу нь нэгэн их хүч үргэлж Түүнийг түлхэж байв. Эцэст нь Тэр загалмайд цовдлогдож, нүгэлт махан биеийн төрхтэй болж, хүн төрөлхтнийг золин аврах ажлыг гүйцэлдүүлээд, үхэл хийгээд Үхэгсдийн орны дөнгөнөөс чөлөөлөгдсөн юм. Түүний өмнө үхэл, там, Үхэгсдийн орон хүч чадлаа алдаж, Түүнд ялагдсан билээ. Тэрээр гучин гурван жил амьдрах хугацаандаа тухайн үеийн Бурханы ажлын дагуу Бурханы хүслийг биелүүлэхийн тулд үргэлж чадах бүхнээ хийж, Өөрийн хувийн ашиг хонжоо, хохирлыг хэзээ ч бодож үзээгүй, Эцэг Бурханы хүслийг үргэлж бодож байсан. Иймээс Түүнийг баптисм хүртсэний дараа Бурхан: “Энэ бол Миний хайртай Хүү. Би Түүнийг ихэд таалдаг” гэж хэлсэн юм. Бурханы өмнөх Түүний үйлчлэл Бурханы хүсэлтэй нийцэж байсан учраас Бурхан бүх хүн төрөлхтнийг золин аврах хүнд хэцүү ачааг Түүнд үүрүүлж, Түүгээр гүйцэлдүүлсэн бөгөөд Тэрээр энэ чухал даалгаврыг биелүүлэх эрхтэй, шаардлага хангасан байв. Амьдралынхаа туршид Тэрээр Бурханы төлөө хэмжээлшгүй их зовлон туулж, тоо томшгүй олон удаа Сатаны сорилтод орсон боловч хэзээ ч мохоогүй. Бурхан Түүнд итгэж, Түүнийг хайрласан учраас ийм агуу даалгавар өгсөн, тиймээс ч Бурхан: “Энэ бол Миний хайртай Хүү. Би Түүнийг ихэд таалдаг” хэмээн Өөрөө хэлсэн билээ. Тухайн үед зөвхөн Есүс л энэхүү даалгаврыг биелүүлж чадах байсан агаад Нигүүлслийн эрин үед бүх хүн төрөлхтнийг золин аврах ажлаа Бурхан гүйцээсний нэг бодитой тал нь энэ байлаа.
Хэрэв та нар Есүс шиг Бурханы ачаанд бүхий л талаар санаа тавьж, махан биеэсээ татгалзаж чаддаг бол, Бурхан чухал даалгавраа та нарт даалгана, ингэснээр та нар Бурханд үйлчлэх нөхцөлийг хангах болно. Ийм нөхцөл байдалд л та нар Бурханы хүслийг гүйцэлдүүлж, Түүний даалгаврыг биелүүлж байна хэмээн хэлж зүрхэлнэ, тэр үед л та нар Бурханд үнэхээр үйлчилж байна гэж хэлж зүрхэлнэ. Есүсийн жишээтэй харьцуулбал чи өөрийгөө Бурханы дотнын хүн гэж хэлж зүрхлэх үү? Чи Бурханы хүслийг гүйцэлдүүлж байгаа гэж хэлж зүрхлэх үү? Чи үнэхээр Бурханд үйлчилж байна гэж хэлж зүрхлэх үү? Өнөөдөр чи Бурханд хэрхэн үйлчлэхээ мэддэггүй байж өөрийгөө Бурханы дотнын хүн гэж хэлж зүрхлэх үү? Чи Бурханд үйлчилдэг гэж хэлбэл Түүнийг доромжилж буй хэрэг биш гэж үү? Энэ тухай бодоод үзээрэй: Чи Бурханд үйлчилж байна уу, эсвэл өөртөө үйлчилж байна уу? Чи Сатанд үйлчилдэг атлаа Бурханд үйлчилж байгаа гэж зөрүүдлэн хэлснээрээ Бурханыг доромжилж байгаа хэрэг биш гэж үү? Миний ардуур олон хүн байр суурийн ерөөлд шунаж, ховдоглон идэж, нойронд шимтэж, махан биедээ бүх анхаарлаа хандуулан, махан бие нь гарах гарцгүй болохоос үргэлж айдаг. Тэд зүй ёсны чиг үүргээ чуулганд биелүүлдэггүй, харин чуулганыг сорон мөлжиж эсвэл ах эгч нараа Миний үгээр сургамжилж, эрх мэдлийн байр сууринаас бусдыг захирдаг. Энэ хүмүүс өөрсдийгөө Бурханы хүслийг биелүүлж байна гэж хэлсээр, үргэлж өөрсдийгөө Бурханы дотнын хүн гэж хэлдэг нь утгагүй хэрэг биш гэж үү? Хэрвээ санаа чинь зөв боловч Бурханы хүслийн дагуу үйлчлэх чадваргүй бол чи мунхаг байна; харин санаа чинь буруу атал өөрийгөө Бурханд үйлчилж байна гэж хэлсээр байвал чи Бурханыг эсэргүүцдэг нэгэн тул Бурханд шийтгүүлэх учиртай! Би ийм хүмүүсийг огт өрөвддөггүй! Бурханы гэрт тэд сорон мөлжиж, үргэлж махан биеийн тав тухад шунаж, Бурханы ашиг сонирхлыг хайхардаггүй; тэд үргэлж өөрсдөдөө сайн зүйлсийг эрж хайж, Бурханы хүсэлд ямар ч анхаарал хандуулдаггүй. Хийдэг бүхнийг нь Бурханы Сүнс шинжихийг тэд хүлээн зөвшөөрдөггүй. Тэд үргэлж ах эгч нараа залилж, мэхлэн, яг л усан үзмийн талбайг үргэлж гишгэчиж, усан үзэм хулгайлдаг үнэг шиг хоёр нүүртэй байдаг. Ийм хүмүүс Бурханы дотнын хүн байж чадах уу? Чи Бурханы ерөөлийг хүлээж авахад тохирно гэж үү? Өөрийн амь болон чуулганы төлөө ямар ч ачаа үүрдэггүй байж чи Бурханы даалгаврыг хүлээж авахад тохирно гэж үү? Чам шиг хүнд хэн итгэж зүрхлэх вэ? Чамайг ингэж үйлчилж байхад Бурхан чамд илүү их ажил даалгаж чадна гэж үү? Ажилд энэ нь садаа болох бус уу?
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Хэрхэн Бурханы хүсэлд нийцүүлэн үйлчлэх вэ
481. Та нарын туулсан, үзэж харсан зүйл өмнөх бүх үеийн эш үзүүлэгчид, ариун хүмүүсийнхээс давдаг, гэхдээ та нар өмнөх үеийн эш үзүүлэгчид болон ариун хүмүүсийн үгээс илүү агуу гэрчлэл өгч чадах уу? Одоо та нарт Миний хайрладаг зүйл Мосегийнхоос давж, Давидынхаас илүү гардаг, иймээс та нарын гэрчлэл Мосегийнхоос давж, үг чинь Давидынхаас илүү байхыг Би шаарддаг. Би та нарт зуу дахин ихийг өгдөг тул та нараас ч бас Надад тэр хэрээр эргүүлэн төл гэж шаарддаг. Би бол хүн төрөлхтөнд амь хайрладаг Нэгэн гэдгийг та нар мэдэх ёстой бөгөөд та нар Надаас амь хүлээн авдаг тул Надад гэрчлэл хийх ёстой. Энэ бол та нарын үүрэг, мөн Миний та нарт илгээдэг, Миний төлөө та нарын хийх учиртай зүйл юм. Би та нарт Өөрийн бүх алдрыг хайрлаж, сонгогдсон хүмүүс болох израильчуудын хэзээ ч аваагүй амийг хайрласан. Зүй нь бол та нар Надад гэрчлэл хийж, залуу насаа Надад зориулж, амиа өгөх учиртай. Миний алдар суугаа хайрласан хэн боловч Надад гэрчлэл хийж, Миний төлөө амиа өгөх ёстой. Үүнийг Би аль эрт урьдчилан тогтоосон. Миний та нарт алдар суугаа хайрлаж байгаа нь та нарын ерөөл бөгөөд Миний алдрыг гэрчлэх нь та нарын үүрэг билээ. Та нар ерөөл хүртэхийн тулд л Надад итгэсэн бол Миний ажил ач холбогдол багатай байх бөгөөд та нар ч бас үүргээ биелүүлэхгүй байх болно. Израильчууд Миний өршөөл, хайр энэрэл болон агуу байдлыг л харсан бол иудейчүүд Миний тэвчээр болон золин авралыг л харсан. Тэд Миний Сүнсний ажлаас тун өчүүхнийг л ойлгосон; тэдний ойлголтын түвшин та нарын харсан, сонссоны арван мянганы нэг л байсан. Та нарын ойлгож мэдсэн зүйл тэдний ахлах тахилчдынхаас ч даван гардаг. Өнөөдөр та нарын ойлгосон үнэн тэднийхийг давдаг; та нарын өнөөдөр ойлгож мэдсэн зүйл Хуулийн эрин үе, Нигүүлслийн эрин үед ойлгож мэдэж байснаас ч илүү байдаг бөгөөд та нарын туулсан зүйл Мосе, Елиагийнхаас ч даван гардаг. Учир нь израильчууд зөвхөн Еховагийн хуулийг ойлгож, Еховагийн барааг араас нь л харсан юм; иудейчүүд Есүсийн золин авралыг л ойлгож, Есүсийн хайрласан нигүүлслийг л хүлээн авсан бөгөөд иудей овгийн гэр доторх Есүсийн дүрийг л харсан билээ. Өнөөдөр та нар Еховагийн алдар, Есүсийн золин аврал болон Миний өнөөдрийн бүх үйл хэргийг хардаг. Түүнчлэн та нар Миний Сүнсний үгийг сонсож, Миний мэргэн ухааныг үнэлж, Миний гайхамшгийг мэдэж авч, Миний зан чанарын талаар олж мэдсэн. Би бас та нарт удирдлагын төлөвлөгөөгөө бүгдийг нь ярьсан. Та нарын харсан зүйл элэгсэг, өршөөнгүй Бурхан төдийгүй, мөн зөвт байдал бүрдсэн Бурхан билээ. Та нар Миний гайхамшигт ажлыг харж, уур хилэн, сүр жавхлангаар дүүрэн болохыг минь ч мэдсэн. Цаашлаад та нар израилийн гэрт догшин уур хилэнгээ буулгасныг минь мэдэх ба өнөөдөр энэ нь та нар дээр ирсэн. Та нар Исаиа, Иохан нараас ч илүүтэйгээр Миний тэнгэр дэх нууцуудыг ойлгосон; та нар өмнөх үеийн бүх ариун хүнээс илүүгээр Миний хайр татам, эрхэм байдлыг мэддэг. Та нар Миний үнэн, зам, амийг төдийхнийг хүлээн авсан хэрэг бус, харин Иоханыхаас ч агуу үзэгдэл, илчлэлийг хүлээн авсан юм. Та нар илүү олон нууцыг ойлгож, Миний үнэн төрхийг харсан; та нар Миний шүүлтийг илүү их хүлээн зөвшөөрч, Миний зөвт зан чанарыг илүү их мэдсэн. Иймээс та нар эцсийн өдрүүдэд төрсөн хэдий ч, та нарын ойлголт урьд үе, өнгөрсөн үеийнхнийхтэй адил, та нар бас өнөөдрийн зүйлсийг туулсан бөгөөд энэ бүгдийг Би биечлэн хийсэн билээ. Би та нарт дэндүү ихийг өгч, та нар ч Надаас ихийг ойлгож ухаарсан болохоор та нараас Миний шаарддаг зүйл хэрээс хэтэрсэн юм биш. Тиймээс, өмнөх үеийн ариун хүмүүст хандан Намайг гэрчлээч гэж Би та нараас хүсдэг, энэ бол Миний зүрх сэтгэлийн цорын ганц хүсэл билээ.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Чи итгэлийн талаар юу мэдэх вэ?
482. Би чиний одоогийн үнэнч зан, дуулгавартай байдал, одоогийн хайр болон гэрчлэлийг л хүсдэг. Энэ мөчид чи гэрчлэл гэж юу болох, хайр гэж юу болохыг мэдэхгүй байсан ч гэсэн өөрт байгаа бүхнээ Надад авчирч, өөртөө байгаа цорын ганц үнэт эрдэнэс болох үнэнч зан, дуулгавартай байдлаа Надад өгөх ёстой. Хүний үнэнч зан, дуулгавартай байдал бол Миний Сатаныг ялсан гэдгийн, түүнчлэн хүнийг Би бүрэн байлдан дагуулсан гэдгийн гэрчлэл гэдгийг чи мэдэх ёстой. Чи Надад итгэхдээ Надад гэрчлэл хийж, өөр хэнд ч биш Надад үнэнч байж, эцсээ хүртэл Надад дуулгавартай байх үүрэгтэй. Ажлынхаа дараагийн алхмыг эхлэхээс минь өмнө чи Надад хэрхэн гэрчлэл хийх вэ? Надад чи яаж үнэнч, дуулгавартай байх вэ? Чи өөрийн чиг үүрэгт бүх үнэнч байдлаа зориулах уу, эсвэл зүгээр л бууж өгөх үү? Чи Миний зохицуулалт бүрд (үхэл, сүйрэл байсан ч гэсэн) захирагдахыг илүүд үзэх үү, эсвэл Миний гэсгээлтээс зайлсхийхийн тулд замын хагасаас зугтах уу? Надад гэрчлэл хийж, Надад үнэнч, дуулгавартай байг гэсэндээ Би чамайг гэсгээдэг. Мөн одоогийн гэсгээлт нь Миний ажлын дараагийн алхмыг нээж, ажлыг саадгүй урагшлуулахын төлөө байдаг. Тиймээс чамайг ухаалаг байж, өөрийн амь болоод оршин тогтнолын ач холбогдлыг ямар ч үнэ цэнгүй атга шороо мэт үзэхгүй байхыг Би зөвлөж байна. Миний ирэх ажил яг ямар байхыг чи мэдэх үү? Ирэх өдрүүдэд Миний яаж ажиллахыг, Миний ажил хэрхэн өрнөхийг чи мэдэх үү? Чи Миний ажлыг мэдэрч туулж байгаагийнхаа ач холбогдлыг төдийгүй, Надад итгэх итгэлийнхээ ач холбогдлыг мэдэх хэрэгтэй. Би маш их ажил хийсэн, чиний бодсон шиг замынхаа хагаст больж яаж чадах билээ? Би ийм өргөн цар хүрээтэй ажил хийсэн; яаж үүнийгээ үгүй хийж чадах билээ? Үнэхээр ч Би энэ эрин үеийг дуусгавар болгохоор ирсэн. Энэ бол үнэн, гэвч үүнээс гадна Би шинэ эрин үеийг эхлүүлж, шинэ ажлыг эхлүүлж, хамгийн гол нь хаанчлалын сайн мэдээ түгээх гэж байгааг чи мэдэх ёстой. Тиймээс одоогийн ажил нь зөвхөн эрин үеийг эхлүүлж, ирэх цагийн сайн мэдээг түгээж, ирээдүйд эрин үеийг төгсгөл болгох суурийг тавихын төлөө юм гэдгийг чи мэдэх хэрэгтэй. Миний ажил чиний боддог шиг тийм ч энгийн биш, чиний итгэдэг шиг ямар ч үнэ цэнгүй, утга учиргүй ч биш. Тиймээс Би чамд бас л ингэж хэлэх ёстой: Чи Миний ажилд амиа зориулах учиртай бөгөөд цаашлаад өөрийгөө Миний алдрын төлөө зориулах ёстой. Надад гэрчлэл хийхийг чинь Би удаан хүсэн хүлээсэн, Миний сайн мэдээг түгээхийг чинь бүр ч удаан хүсэн хүлээсэн. Чи Миний зүрх сэтгэлд байгаа зүйлийг ойлгох учиртай.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Чи итгэлийн талаар юу мэдэх вэ?
483. Чи эрин үеийн ач холбогдлыг зохистой дамжуулдаг хэлээр, эрин үе бүрд Бурханы илэрхийлсэн зан чанарыг бодитой байдлаар ярьж чадах уу? Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг туулдаг чи Бурханы зөвт зан чанарыг нарийвчлан дүрсэлж чадах уу? Чи Бурханы зан чанарыг тодорхой, нарийн зөв гэрчилж чадах уу? Чи зөв шударга байдлаар өлсөж, цангадаг, чамаар хариулуулахаар хүлээж байгаа өрөвдөлтэй, ядуу, чин сүсэгт шашны итгэгчдэд өөрийн үзсэн, туулсан зүйлийг хэрхэн дамжуулах вэ? Чамаар хариулуулах гээд ямар янзын хүмүүс чамайг хүлээж байгаа бол? Чи төсөөлж чадах уу? Мөрөн дээрх ачаа, даалгавар, үүрэг хариуцлагаа чи мэдэж байна уу? Түүхэн үүрэг хариуцлагын мэдрэмж чинь хаана байна вэ? Чи яаж дараагийн эрин үеийн эзэн болох вэ? Чамд эзэн хүний хүчтэй мэдрэмж бий юу? Бүх зүйлийн эзэн гэдгийг чи хэрхэн тайлбарлах вэ? Энэ нь үнэхээр дэлхий дээрх бүх амьд амьтан болон бүх зүйлийн эзэн үү? Ажлын дараагийн үе шат руу урагшлах ямар төлөвлөгөө чамд байна вэ? Чамайг хоньчноо болгохоор хэдэн хүн хүлээж байгаа вэ? Чиний даалгавар хүнд үү? Тэд ядуу, өрөвдөлтэй, сохор, аргаа барсан бөгөөд харанхуйд уйлж байна—зам хаана байна вэ? Харвах од мэт гэрэл гэнэт бууж, хүнийг маш олон жилийн турш дарангуйлсан харанхуйн хүчийг сарниулахыг тэд ямар их хүлээдэг билээ. Тэд ямар их дэнслэн найдаж, үүнийг өдөр шөнөгүй мөрөөдөж байгааг хэн мэдэх юм бэ? Гүнээ зовж буй энэ хүмүүс гэрэл гарах өдөр ч гэсэн суллагдах итгэл найдваргүйгээр харанхуй гянданд хоригдсоор байдаг; тэд хэзээ гашуудан уйлахаа болих вэ? Амар заяа үзээгүй энэ сул дорой сүнснүүдийн золгүй явдал аймшигтай бөгөөд өршөөлгүй хүлээс болон цэвдэг түүх тэднийг аль хэдийн ийм байдалтай болгон хүлсэн. Тэдний гашуудан уйлах чимээг хэн сонссон бэ? Гунигтай царайг нь хэн харсан бэ? Бурханы зүрх сэтгэл хэчнээн гашуудаж, түгшиж байдгийг чи ер нь бодож үзэж байсан уу? Өөрийн гараар бүтээсэн гэмгүй хүн төрөлхтөн нь ийм тарчлаан амсаж байгааг Тэр яаж тэвчиж чадах юм бэ? Эцсийн эцэст, хүн төрөлхтөн бол хордсон хохирогчид. Хэдийгээр хүн өнөөг хүртэл золоор амьд үлдсэн ч гэсэн хүн төрөлхтнийг муу ёрын нэгэн аль хэдийн хордуулсан гэдгийг хэн мэдэх билээ? Чи хохирогчдын нэг гэдгээ мартчихсан уу? Бурханыг гэх хайраасаа болоод чи амьд үлдсэн энэ хүмүүсийг аврахаар чармайхыг хүсэхгүй байна уу? Хүн төрөлхтнийг Өөрийн мах цус шигээ хайрладаг Бурханы ачийг хариулахын тулд хамаг эрч хүчээ зориулахыг хүсэхгүй байна уу? Эцсийн эцэст Бурханаар ашиглуулан энэхүү ер бусын амьдралаар амьдрахыг чи хэрхэн тайлбарлах вэ? Чамд сүсэг бишрэлтэй, Бурханд үйлчилдэг хүний утга учиртай амьдралаар амьдрах шийдвэр болон итгэл үнэхээр байна уу?
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Чи ирээдүйн үүрэгтээ хэрхэн хандах ёстой вэ?
484. Бурханд гэрчлэл хийх нь үндсэндээ, Бурханы ажил болон Бурхан хүмүүсийг хэрхэн байлдан дагуулдаг, хэрхэн авардаг, хэрхэн өөрчилдөг тухай мэдлэгээ ярих явдал; Тэрээр үнэн-бодит байдалд ороход нь хүмүүсийг хэрхэн замчилж, тэдэнд Түүгээр байлдан дагуулагдаж, төгс болгуулж, аврагдах боломжийг хэрхэн олгодог тухай мэдлэгээ ярих явдал юм. Гэрчлэл хийнэ гэдэг нь Түүний ажлын тухай болон өөрийн туулсан бүхний тухай ярина гэсэн үг юм. Зөвхөн Түүний ажил л Түүнийг төлөөлж чаддаг бөгөөд Түүний ажил л Түүнийг бүхэлд нь ил тод илчилж чадна; Түүний ажил Түүнд гэрчлэл хийдэг. Түүний ажил болон айлдвар Сүнсийг шууд төлөөлдөг; Түүний хийдэг ажлыг Сүнс хийдэг ба Түүний хэлдэг үгийг Сүнс хэлдэг. Эдгээр зүйл нь ердөө Бурханы махбод болсон биеэр дамжин илэрхийлэгддэг ч үнэндээ тэдгээр нь Сүнсний илэрхийллүүд юм. Түүний хийдэг ажил, хэлдэг үг бүгд Түүний мөн чанарыг төлөөлдөг. Хэрвээ Өөрийгөө махбодоор хувцаслаж, хүмүүсийн дунд ирснийхээ дараа Бурхан үг хэлж, эсвэл ажиллаагүй бөгөөд Өөрийнх нь бодит, хэвийн байдал болон бүхнийг чадагч байдлыг мэдэхийг та нараас шаардсан бол чи чадах байсан уу? Чи Сүнсний мөн чанар юу болохыг мэдэж чадах байсан уу? Түүний махбодын онцлог шинж юу болохыг мэдэж чадах байсан уу? Та нар Түүний ажлын алхам бүрийг туулсан учраас л Тэр та нараас Өөрт нь гэрчлэл хийхийг шаарддаг. Хэрвээ та нарт тийм туршлага байхгүй байсан бол Тэр гэрчлэл хийлгэх гэж зүтгэхгүй байсан билээ. Тиймээс Бурханд гэрчлэл хийх үедээ чи Түүний хэвийн хүн чанарын гадаад байдлыг гэрчлээд зогсохгүй, бас Түүний хийдэг ажил, удирдан чиглүүлдэг замыг гэрчлэх ёстой; мөн Түүгээр хэрхэн байлдан дагуулагдснаа болон ямар талуудад төгс болгуулснаа гэрчлэх ёстой. Энэ нь чиний хийх ёстой гэрчлэл юм… Чи алхам алхмаар гэсгээлт, шүүлт, цэвэршүүлэлт, шалгалт, бүтэлгүйтэл, гай зовлон туулж, байлдан дагуулагдсан; мөн махан биеийн хэтийн ирээдүй, хувийн сэдэл болон махан биеийн хувийн ашиг сонирхлоо хойш тавьсан. Өөрөөр хэлбэл, Бурханы үг чиний зүрх сэтгэлийг бүрэн байлдан дагуулсан. Хэдийгээр чиний амь Түүний шаарддаг шиг их өсөөгүй ч чи энэ бүх зүйлийг мэддэг ба Түүний хийдэг зүйлд бүрэн үнэмшсэн. Тиймээс үүнийг жинхэнэ, бодитой гэрчлэл гэж нэрлэж болох юм. Бурханы хийхээр ирсэн ажил буюу шүүлт, гэсгээлтийн ажил нь хүнийг байлдан дагуулах зорилготой байдаг боловч Тэр бас Өөрийн ажлыг дуусгаж, эрин үеийг төгсгөж, төгсгөлийн ажлыг гүйцэтгэдэг. Тэр бүхий л эрин үеийг төгсгөж, бүх хүн төрөлхтнийг аварч, хүн төрөлхтнийг нүглээс бүрмөсөн гэтэлгэж байгаа; Тэрээр Өөрийн бүтээсэн хүн төрөлхтнийг бүрэн олж авч байгаа. Чи энэ бүхнийг гэрчлэх ёстой. Чи Бурханы ажлаас маш ихийг туулсан, үүнийг нүдээрээ харж, биечлэн туулсан; бүр эцэст нь хүрэх үедээ чи өөрт оногдсон чиг үүргийг биелүүлэх чадваргүй байж болохгүй. Тэгэх нь хэчнээн харамсалтай байх билээ! Ирээдүйд сайн мэдээ түгэх үед чи хувийн мэдлэгийнхээ талаар ярьж, зүрх сэтгэлдээ олж авсан бүхнээ чадлынхаа хэрээр гэрчилж чаддаг байх ёстой. Энэ бол бүтээгдсэн зүйлийн хүрэх ёстой зүйл юм. Бурханы ажлын энэ үе шатны бодит ач холбогдол юу вэ? Үр нөлөө нь юу вэ? Үүнээс хэр их нь хүнд хийгддэг вэ? Хүмүүс юу хийх ёстой вэ? Та нар бие махбодтой болсон Бурханы газар дээр ирснээсээ хойш хийсэн бүх ажлыг тодорхой ярих үед гэрчлэл чинь бүрэн гүйцэд болно. Чи Түүний ажлын ач холбогдол, агуулга, мөн чанар, төлөөлдөг зан чанар болон зарчмууд гэсэн энэ таван зүйлийн талаар тодорхой ярьж чадвал Бурханд гэрчлэл хийх чадвартай бөгөөд үнэхээр мэдлэгтэй гэдгийг чинь энэ нь батална. Та нарт тавих Миний шаардлага тийм ч өндөр биш бөгөөд үнэхээр эрж хайдаг бүх хүн хүрэх боломжтой. Хэрвээ чи Бурханыг гэрчлэгчдийн нэг байхаар шийдвэл Бурхан юуг үзэн ядаж, юуг хайрладгийг ойлгох ёстой. Чи Түүний ажлын ихээхнийг туулсан; энэ ажлаар дамжуулан Түүний зан чанарыг мэдэж авч, Түүний хүсэл болон хүн төрөлхтөнд тавих Түүний шаардлагыг ойлгоод, энэ мэдлэгээ ашиглан Түүнийг гэрчилж, үүргээ биелүүлэх ёстой.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Хэрэгжүүлэлт 7
485. Бурханд гэрчлэл хийхдээ голдуу, Бурхан хүмүүсийг хэрхэн шүүж, гэсгээдэг, хүмүүсийг цэвэршүүлж, зан чанарыг нь өөрчлөхдөө ямар шалгалт ашигладаг тухай илүү их ярих ёстой. Та нар бас туршлагаараа хэчнээн их завхрал илчилсэн, хэр ихийг туулсан, эцэст нь Бурханаар хэрхэн байлдан дагуулагдсанаа ярих ёстой; мөн Бурханы ажлын талаар хэр их бодит мэдлэг та нарт байгааг болон хэрхэн Бурханд гэрчлэл хийж, хайрыг нь хариулах ёстой талаар ч бас ярих учиртай. Ийм төрлийн яриаг илүү бодитоор ярингаа энгийн байдлаар ярих ёстой. Хоосон онол бүү ярь. Илүү бодитой байдлаар ярь; үнэн сэтгэлээсээ ярь. Та нар ингэж туршлагажих ёстой. Онгирохын тулд гүн гүнзгий санагддаг, хоосон онолоор өөрсдийгөө бүү зэвсэглэ; ингэх нь нэлээд биеэ тоосон, эрүүл ухаангүй харагдуулдаг. Та нар илүү бодитой зүйлсийг жинхэнэ, бодит туршлагынхаа үүднээс, үнэн сэтгэлээсээ ярих ёстой; энэ нь бусдад хамгийн их ашиг тустай бөгөөд тэдэнд харуулахад хамгийн тохиромжтой юм. Та нар Бурханыг хамгийн их эсэргүүцдэг, Бурханд захирагдах магадлал хамгийн багатай хүмүүс байсан боловч одоо байлдан дагуулагдсан—үүнийг хэзээ ч бүү март. Энэ асуудлуудыг та нар илүү их эргэцүүлж, бодох ёстой. Хүмүүс үүнийг тодорхой ойлгомогцоо хэрхэн гэрчлэл хийхээ мэдэх болно; эс бөгөөс тэд ичгүүргүй, эрүүл ухаангүй үйлдэл хийж болзошгүй.
Үг. III Боть: Эцсийн өдрүүдийн Христийн яриа. Үнэнийг эрэлхийлснээр л хүн зан чанарын өөрчлөлтөд хүрч чадна
486. Бурханы ажилд гэрчлэл хийхдээ чи туршлага, мэдлэг, төлсөн төлөөсөндөө найдах ёстой. Ингэж байж л Түүний хүслийг гүйцэлдүүлж чадна. Чи Бурханы ажилд гэрчлэл хийдэг хүн мөн үү? Чамд ийм эрмэлзэл бий юу? Хэрэв чи Түүний нэрийг, цаашлаад Түүний ажлыг гэрчилж чаддаг, Өөрийнхөө хүмүүсээс Түүний шаарддаг дүр төрхийг амьдран харуулж чаддаг бол чи Бурханыг гэрчлэгч мөн билээ. Чи Бурханд яг хэрхэн гэрчлэл хийдэг вэ? Бурханы үгийг амьдран харуулахаар эрж хайж, тэмүүлэн, өөрийн үгээр гэрчлэл хийж, хүмүүст Түүний ажлыг мэдүүлж, Түүний үйлдлийг харуулснаараа үүнийг хийдэг. Хэрэв чи энэ бүхнийг үнэхээр эрж хайвал, Бурхан чамайг төгс болгоно. Хэрэв чи зөвхөн Бурханаар төгс болгуулж, эцэс төгсгөлд нь ерөөгдөхийн төлөө л эрж хайдаг бол Бурханд итгэх итгэлийн чинь харах өнцөг цэвэр биш байна. Чи, Бурханы үйл хэргийг бодит амьдрал дээр хэрхэн харахыг, чамд хүслээ илчлэх үед нь Түүнийг хэрхэн сэтгэл хангалуун байлгахыг эрэлхийлэх ёстой; Түүний гайхалтай байдал, мэргэн ухааныг хэрхэн гэрчлэхийг, Тэр яаж чамайг сахилгажуулж, чамтай харьцдагийг хэрхэн гэрчлэхийг эрэлхийлэх ёстой. Энэ бүхэн нь одоо чиний тунгаан бодож байх ёстой зүйл юм. Бурханыг хайрлах хайр чинь гагцхүү төгс болгуулсныхаа дараа Бурханы алдрыг хуваалцаж чаддаг байхын төлөө юм бол энэ нь бас л хангалтгүй бөгөөд Бурханы шаардлагад нийцэж чадахгүй. Чи Бурханы ажилд гэрчлэл хийж, Түүний шаардлагыг хангаж, хүмүүс дээр хийсэн Түүний ажлыг бодитойгоор туулж чаддаг байх хэрэгтэй. Өвчин, нулимс, гунигийн аль нь ч бай чи энэ бүгдийг хэрэгжүүлэлтээрээ туулах ёстой. Эдгээр нь чамайг Бурханыг гэрчилдэг нэгэн болгож төгс болгох учиртай юм.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Төгс болгуулах хүмүүс цэвэршүүлэлт туулах ёстой
487. Хэдийгээр та нарын итгэл маш чин сэтгэлийн боловч та нарын дундаас хэн нь ч Намайг бүрэн тайлбарлаж чадахгүй, хэн нь ч өөрсдийн хардаг бүх баримтыг бүрэн гэрчилж чадахгүй. Энэ талаар бодоод үз: Өнөөдөр та нарын ихэнх нь үүргээ хөсөр хаяад оронд нь махан биеийн араас хөөцөлдөж, махан биеийг ханган, махан биеийн ташаалд шунадаг. Та нар өчүүхэн үнэнийг эзэмшдэг. Тэгэхээр харсан бүхнээ гэрчилж яаж чадах юм бэ? Та нар Миний гэрчлэгчид байж чадна гэдэгтээ үнэхээр итгэлтэй байна уу? Хэрвээ нэг л өдөр чи өнөөдрийн харсан бүхнээ гэрчилж чадахгүй бол бүтээгдсэн зүйлийн чиг үүргээ алдсан байх болно, мөн чиний оршин тогтнол ямар ч утга учиргүй байна. Чи хүн байх үнэ цэнгүй байх болно. Чи хүн биш байх болно гэж хэлж ч болох юм! Би та нар дээр хэмжээлшгүй их ажил хийсэн, гэвч одоогоор чи юу ч сурахгүй, юу ч мэдэхгүй, үр ашиггүй ажиллаж байгаа учраас ажлаа өргөжүүлэх цаг минь ирэхэд чи бүлх залгисан мэт гөлрөн ширтэж, ямар ч нэмэргүй байх болно. Тэр нь чамайг бүх цаг үеийн нүгэлтэн болгохгүй гэж үү? Тэр цаг ирэхэд чи гүн гүнзгий харууслыг мэдрэхгүй гэж үү? Гутрал цөхрөлд живэхгүй гэж үү? Би сэлгүүцэж, уйдсандаа энэ бүх ажлыг хийж байгаа юм биш, харин хожмын ажлынхаа суурийг тавихын тулд хийж байгаа юм. Би мухардалд ороод, ямар нэг шинэ зүйл хийхээс өөр аргагүй болсон юм биш. Чи Миний хийдэг ажлыг ойлгох ёстой; энэ нь гудамжинд тоглож буй хүүхдийн хийдэг зүйл биш, харин Миний Эцэгийг төлөөлөн хийгддэг ажил юм. Би Өөрөө энэ бүхнийг ганцаараа хийж байгаа юм биш; харин Өөрийн Эцэгийг төлөөлдөг гэдгийг та нар мэдэх хэрэгтэй. Энэ зуур та нарын үүрэг бол зүгээр л дагах, дуулгавартай байх, өөрчлөгдөх болон гэрчлэх явдал юм. Та нар яагаад Надад итгэх ёстой вэ гэдгийг л ойлгох учиртай; энэ бол та нарын дор бүрнээ ойлгох ёстой хамгийн чухал асуулт мөн. Миний Эцэг Өөрийн алдрын төлөө, дэлхийг бүтээсэн мөчөөсөө л та бүгдийг Миний төлөө урьдчилан тогтоосон. Тэрээр Миний ажлын төлөө болон Өөрийнхөө алдрын төлөө л та нарыг урьдчилан тогтоосон билээ. Миний Эцэгээс болж та нар Надад итгэдэг; Миний Эцэг урьдчилан тогтоосон учраас л та нар Намайг дагадаг. Үүний алийг нь ч та нар өөрсдөө сонгосон юм биш. Та нар бол Намайг гэрчлүүлэх зорилгоор Миний Эцэгийн Надад өгсөн хүмүүс юм гэдгийг ойлгох чинь бүр ч чухал юм. Тэр та нарыг Надад өгсөн учраас та нар Миний өгдөг зам болон Миний заадаг зам, бас үгийг даган мөрдөх ёстой, учир нь Миний замыг даган мөрдөх нь та нарын үүрэг билээ. Энэ нь Надад итгэх итгэлийн чинь анхдагч зорилго юм. Тиймээс Би та нарт ингэж хэлдэг: Та нар бол ердөө л Миний замыг мөрдүүлэхийн тулд Миний Эцэгийн Надад өгсөн хүмүүс билээ. Гэсэн ч та нар зөвхөн Надад итгэдэг; та нар израиль гэр бүлээс гаралтай биш, харин эртний могойн төрөл учраас Минийх биш. Миний төлөө гэрчлэл хийхийг л Би та нараас шаардаж байна, гэхдээ өнөөдөр та нар Миний замаар алхах ёстой. Энэ бүхэн нь ирээдүйн гэрчлэлийн төлөө байдаг. Хэрвээ та нар зөвхөн Миний замыг сонсдог хүмүүс шиг л үйлдэх юм бол ямар ч үнэ цэнгүй байх бөгөөд Миний Эцэг та нарыг Надад өгсний ач холбогдол алдагдана. Та нарт хэлэх гэж Миний зүтгээд байгаа зүйл бол энэ: Та нар Миний замаар алхах ёстой.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханы тухай чиний ойлголт юу вэ?