Бурханд дуулгавартай байх нь үнэнийг олж авах үндсэн хичээл юм

Хэрвээ чи Бурханд итгэхдээ Бурханд дуулгавартай байхыг хүсвэл өөрийгөө мэдэх нь туйлын чухал. Өөрийгөө мэдэхгүйгээр завхарсан зан чанараасаа ангижирч чадахгүй. Амь-оролт нь өөрийгөө мэдэхээс эхэлдэг. Хэрвээ чи зарим нэг завхрал илчлэн харуулах юм уу Бурханы жигшлийг төрүүлдэг, Бурханыг гомдоодог зүйл хийдэг бол, мөн тэнэг юм хийдэг бол дараа нь өөрийгөө эргэцүүлэх ёстой. Өөрийгөө эргэцүүлэх нь завхралаа арилгахад чинь хэрхэн тусалж чадах вэ? Үнэнийг хэрэгжүүлдэг хүмүүс “Надад тохиолдсон эдгээр зүйл намайг үнэхээр илчиллээ. Би завхарсан зан чанартай бөгөөд үүнийгээ арилгахын тулд Бурханы үгийн шүүлт, гэсгээлтийг хүлээн авах ёстой. Энэ нөхцөл байдлаар дамжуулан Бурхан завхарсан зан чанарыг минь илчилсэн нь сайн хэрэг. Бусад хүн намайг юу ч гэж бодсон, надад яаж ч хандсан, би үнэнийг эрж хайж, Бурханы хүслийг ойлгож, үнэнийг хэрэгжүүлэхийн тулд юу хийхээ мэдэх ёстой” гэж тунгаан боддог. Энэ бол зөв хандлага, энэ нь үнэнийг хэрэгжүүлж, Бурханыг дуулгавартай дагах хандлага юм. Бурханд итгэх итгэл нь үнэнийг хүлээн авахыг шаарддаг—тэр бол зөв хандлага. Үнэнийг хүлээн авдаггүй хүмүүс асуудал гарах үед шалтаг, шалтгаан хайж, хариуцлагыг өөр хүнд тохдог. Тэд бусад хүн өөрсдөд нь сайн хандахгүй, өөрсдийг нь бодохгүй, халамжлахгүй байна гэж үргэлж гомдоллодог. Тэд элдэв янзын шалтаг тоочдог. Энэ бүх шалтгааныг хайх ямар хэрэгтэй юм бэ? Энэ нь үнэний хэрэгжүүлэлтийг чинь орлож чадах уу? Бурханд дуулгавартай байдлыг чинь орлож чадах уу? Үгүй, чадахгүй. Өөрөөр хэлбэл, чамд ямар ч шалтгаан байсан хамаагүй, тэнгэрээс илүү том гомдолтой байлаа ч гэсэн үнэнийг хүлээн авдаггүй бол чи дуусна. Ялангуяа үнэнийг хэрэгжүүлэх асуудал дээр ямар хандлагатай байхыг чинь Бурхан харахыг хүсдэг. Чи гомдоллоод нэмэртэй юу? Чиний гомдол завхарсан зан чанарын асуудлыг шийдвэрлэж чадах уу? Хэрвээ чи гомдоллож, өөрийгөө зөвтгөвөл тэр нь чиний талаар юуг хэлэх вэ? Чи үнэнийг олж авсан байх уу? Бурхан чамайг сайшаах уу? Хэрвээ Бурхан: “Чи бол үнэнийг хэрэгжүүлдэг хүн биш, тиймээс замаас зайл, Би чамайг зэвүүцэж байна” гэж хэлбэл чи дууссан гэсэн үг биш үү? Бурхан “Би чамайг зэвүүцэж байна” гэж хэлэх нь чамайг илчилж, хэн болохыг чинь тодорхойлно. Бурхан яагаад чамд тодорхойлолт өгнө гэж? Учир нь чи үнэнийг хүлээн авдаггүй; Бурханы зохион байгуулалт, дээд эрхийг хүлээн авдаггүй. Чи үргэлж гадаад шалтаг хайж, аливааг үргэлж бусад хүнд нялзааж байдаг. Бурхан чамайг эрүүл ухаангүй, үнэнийг хайрладаггүй; ухаан мэдрэлгүй, дур зоргоороо, номхоршгүй гэж хардаг. Чамайг хойш тавьж, үл тоох ёстой, ингэснээр чи өөрийгөө эргэцүүлж чадна. Чамд номлол, үнэний нөхөрлөл сонсгохын гол санаа нь, чамайг үнэнийг ойлгож, асуудлаа шийдвэрлэж, завхралаа арилгаасай гэснийх юм. Үнэн гэдэг нь чиний дэмий чалчих зүйл мөн үү? Амаараа л яриад болчихдог зүйл мөн үү? Үнэнийг ойлгох нь дотоод сэтгэлийн чинь хоосон зайг дүүргэх сүнслэг тулгуур болох учиртай гэж үү? Үгүй, ийм зорилгоор ашиглахын төлөө байдаггүй. Үнэн нь чамайг завхарсан зан чанараа шийдвэрлэх боломжтой болгодог. Энэ нь чамд зам өгөхийн төлөө байдаг бөгөөд асуудалтай тулгарах үедээ чи эдгээр үнэнээр амьдарч, амьдралын зөв замаар алхаж чадна. Чи үнэнийг ойлгомогцоо төрөлх байдал, завхрал, эсвэл сатанлаг боловсролд чинь байдаг зүйлсэд үндэслэн үйлдэхээ больж, сатанлаг логик, ертөнцийн гүн ухааны дагуу амьдрахаа болино. Оронд нь чи үнэний дагуу амьдарч, үнэний дагуу үйлдэнэ. Зөвхөн энэ л Бурханы хүслийг хангаж чадна. Зарим хүн: “Би тийм ч удаан Бурханд итгээгүй. Надад тийм ч их туршлага байхгүй. Би үнэнийг ойлгодоггүй, миний биеийн хэмжээ жаахан, тиймээс үнэнийг хэрэгжүүлж чадахгүй” гэж хэлдэг. Эдгээр нь үнэндээ зүгээр л бодитой шалтаг. Биеийн хэмжээ чинь жаахан байсан ч чиний хүрч чадах үнэн гэж бий. Чи ойлгохынхоо хэрээр л хэрэгжүүлэх ёстой; чадлынхаа хэрээр л дадлагажуулах ёстой. Хэрвээ чи ойлгодог үнэнээ ч хэрэгжүүлдэггүй бол энд асуудал байна. Бурханд итгэсэн хугацаа чинь хэчнээн урт, эсвэл богино байх нь хамаагүй, хэдэн жилийн турш номлол сонссон л бол зарим үнэнийг ойлгоно. Чи маш их үнэнийг мэддэг ч алийг нь ч хэрэгжүүлдэггүй бол яллагдана. Үнэнд дуулгавартай байх хандлага гэж юу вэ, үнэнд дуулгавартай байх гэж юу вэ, үнэнд яаж дуулгавартай байх вэ, Бурханы зохион байгуулалтыг хэрхэн дуулгавартай дагах вэ, хүмүүс ямар хандлагатай байх ёстой вэ—хэрвээ чи эдгээр зүйлийг мэддэг бол хэрэгжүүлэх ёстой. Юу ч тохиолдлоо гэсэн үнэнийг хэрэгжүүлж, зарчимтай авирлаж сурах ёстой. Хэрвээ чи үнэнийг хэрэгжүүлдэггүй бол үнэн чамд ямар ч утга учиргүй байна; энэ нь ердөө хоосон сургаал, чиний аман дахь уриа лоозон. Чи үнэнийг хэрэгжүүлж чаддаг болсныхоо дараа л бодит байдалтай болно; тэр үед л үнэн чиний амь болж чадна. Ямар нэг зүйл тохиолдоход дур сонирхлоо дагаж—энэ хүний буруу, тэр хүний буруу гэж бодоод, үргэлж өөрийнхөө зөв гэж үзэж, бусад хүн юу ч хэллээ гэсэн үл санал нийлдэг бол—чи буруугүй, завхралгүй байх боломжтой юу? Үүнийг биеэ тоож, өөрийгөө зөвтгөх гэж нэрлэдэг бөгөөд энэ нь илүү ноцтой завхарсан зан чанар юм.

Завхарсан зан чанарыг хэрхэн шийдвэрлэж болох вэ? Эхний алхам бол Бурханы зохион байгуулалт, зохицуулалтыг дуулгавартай дагаж чадах эсэхийг чинь; чамд зориулж Бурханы бүрдүүлсэн янз бүрийн орчин нөхцөлд дуулгавартай байж чадах эсэхийг чинь харах явдал юм. Амар тайван цагт чи Бурханы талаар үзэлгүй байдаг, илт завхарсан зан чанар илчлэн харуулдаггүй. Тиймээс чи өөрийгөө тийм ч муугүй, Бурханыг дуулгавартай дагаж чаддаг хүн гэж боддог. Гэхдээ ямар нэг зүйл тохиолдох үед зүрх сэтгэл чинь үймэрч, өөрийн гэсэн бодол, санаа чамд төрдөг. Ялангуяа үүргээ гүйцэтгэхдээ зовж, төлөөс төлж чаддаг байх үедээ чи өөрийгөө Бурханыг хайрладаг хүн гэж боддог тул гэнэтийн засалт туулж, хэн нэгэн чамайг үүргээ гүйцэтгэхдээ дур зоргоороо, зарчимгүй гэж хэлэх үед үүнийг хүлээн авч чадах уу? (Хүлээн авахад амаргүй.) Хүлээн авахад амаргүй бол яах вэ? Яаж хүлээн авч, дуулгавартай байж чаддаг болох вэ? Хэрэгжүүлэх хэдэн зарчим бий. Нэгдүгээрт, чи өөрийгөө эргэцүүлж, бодол санаа, учир шалтгаанаа орхин үнэнийг эрж хайх ёстой. Бодол санаа, учир шалтгаан чинь үнэнд нийцэх албагүй гэдгийг чи ойлгох ёстой. Чи эрүүл ухаантай бол бусдын хэлэх үгийг эхлээд сонсож, дараа нь анхааралтай бодож үзэх ёстой. Тэдний хэлсэн үг үнэнд нийцэж байвал хүлээн авах ёстой—энэ бол эрүүл ухаантай хүний хийх ёстой зүйл юм. Хэрвээ чи үргэлж өөрийнхөө бодлыг зөв гэж үзээд, өөрийнхөө үзэл бодолтой зууралдаж, бусдын хэлсэн үг хэчнээн зөв, хэчнээн үнэнд нийцэлтэй байсан ч хүлээн авдаггүй бол тэрслүү, эрүүл ухаангүй байна гэсэн үг. Бүтээгдсэн зүйлийн эрүүл ухаан нь үнэнд дуулгавартай байх, Бурханы үгэнд дуулгавартай байх, Бурханы зохион байгуулалт, зохицуулалтыг дуулгавартай дагах, Бурханаас ирдэг бүхэнд дуулгавартай байх, Бурханы гэрийн ажлын зохицуулалтыг дуулгавартай дагах явдал юм. Үүргээ биелүүлэхдээ чи Бурханы шаарддаг зүйлийг болон Бурханы гэрийн зохицуулсан зүйлийг эрж хайх ёстой. Тэдгээр зүйлийг мэдмэгцээ чи Бурханы шаардсанаар үйлдэж чадна. Энэ бол хэрэгжүүлэлтийн зарчим юм. Эхлээд чи дуулгавартай байх ёстой. Энэ бол бүтээгдсэн зүйлийн хийх ёстой зүйл. Хүмүүс ихэвчлэн өөрсдийн гэсэн шалтаг, шалтгаан, арга саамтай байдаг учраас дуулгавартай дагаж чаддаггүй. Тийм шалтгаантай болохоор тэдний хувьд дуулгавартай дагахад тун амаргүй байдаг. Тэр тохиолдолд юу хийж болох вэ? Эхлээд өөрийнхөө шалтаг, шалтгааныг орхиж, Бурханы гэрийн шаардлагын дагуу үйлд. Хэсэг хугацаанд ингэж хэрэгжүүлснийхээ дараа чи үнэн-зарчмын дагуу үүргээ гүйцэтгэх үедээ улам үр дүнтэй болж байгаагаа олж мэднэ. Энэ бол Бурханд дуулгавартай байх явдал гэдгийг чи дотоод сэтгэлдээ баталгаажуулж, дуулгавартай байдал чинь улам бүр цэвэр болно. Гэхдээ чи үргэлж үзэл, төсөөлөлтэйгөө зууралддаг бол, Бурханы зохион байгуулалт, зохицуулалтад захирагдаж чаддаггүй бол, үргэлж Бурхантай сөргөлдөж, Бурханыг эсэргүүцдэг бол тэр чинь тэрслүү байдал юм. Тэр бол завхарсан зан чанар. Чи илт ёрын мууг үйлдээгүй байлаа ч гэсэн чамд өчүүхэн төдий ч дуулгавартай байдал байхгүй, өчүүхэн ч болов үнэн-бодит байдал байхгүй.

Дуулгавартай байх хичээл хамгийн хэцүү хэр нь бас хамгийн амархан юм. Юугаараа хэцүү вэ? (Хүмүүс өөрийн гэсэн санаатай байдаг.) Хүмүүст санаа байгаа нь асуудал биш—ямар хүнд санаа байхгүй байх билээ дээ? Хүмүүс бүгд зүрх сэтгэл, уураг тархитай, бүгдээрээ өөрсдийн гэсэн санаатай байдаг. Тэр бол асуудал биш. Тэгвэл асуудал нь юу вэ? Асуудал нь хүний завхарсан зан чанар. Хэрвээ чи завхарсан зан чанаргүй байсан бол хэчнээн олон санаа чамд байсан ч дуулгавартай байж чадна—тэр нь асуудал болохгүй. Хэрвээ хүн ийм эрүүл ухаантай бөгөөд “Би бүх зүйл дээр Бурханд дуулгавартай байх ёстой. Би шалтаг тоочихгүй, өөрийнхөө санаагаар зүтгэхгүй, энэ асуудал дээр өөрийн гэсэн шийдвэр гаргахгүй” гэж хэлдэг бол түүний хувьд дуулгавартай дагахад амархан байх биш үү? Хэрвээ хүн өөрийн гэсэн шийдвэр гаргадаггүй бол энэ нь өөрийгөө зөвтгөдөггүйн тэмдэг; хэрвээ тэрээр өөрийнхөө санаагаар зүтгэдэггүй бол эрүүл ухаантайн тэмдэг юм. Хэрвээ тэр бас дуулгавартай байж чаддаг бол үнэний хэрэгжүүлэлтэд хүрчээ. Өөрийнхөө шийдвэрийг гаргадаггүй, өөрийнхөө санаагаар зүтгэхгүй байна гэдэг нь дуулгавартай байж чадахын урьдач нөхцөл юм. Хэрвээ чамд ийм хоёр чанар байдаг бол дуулгавартай байж, үнэнийг хэрэгжүүлэхэд амархан байх болно. Тиймээс чи дуулгавартай байхаасаа өмнө энэ хоёроор өөрийгөө зэвсэглээд, үнэнийг хэрэгжүүлэх хандлагатай байхын тулд хэрхэн үйлдэх ёстой, юу хийх ёстойгоо олж мэдэх учиртай. Энэ нь тийм ч хэцүү биш—гэхдээ бас тийм ч амархан биш. Яагаад хэцүү байдаг вэ? Хүн завхарсан зан чанартай учраас энэ нь хэцүү байдаг. Дуулгавартай байдлыг хэрэгжүүлэх үедээ чи ямар сэтгэл зүйтэй, ямар байдалтай байх нь хамаагүй, энэ нь үнэнийг хэрэгжүүлэхэд чинь саад болдог бол тэрхүү сэтгэлгээ юм уу байдал завхарсан зан чанараас үүдэлтэй байдаг. Тэр бол зүгээр л бодит баримт. Хэрвээ чи өөрийгөө зөвтгөдөг, биеэ тоосон зан, тэрслүү, утгагүй байдал, өрөөсгөл хандлага, гөжүүд зан зэрэг завхарсан зан чанараа шийдвэрлэдэг бол дуулгавартай байхад амархан байна. Тэгвэл эдгээр завхралыг хэрхэн шийдвэрлэх ёстой вэ? Чи дуулгавартай дагахыг хүсэхгүй байх үедээ залбирч, өөрийгөө эргэцүүлж, ингэж асуух ёстой: “Би яагаад Бурханд дуулгавартай байж чаддаггүй юм бэ? Би яагаад юмыг өөрийнхөөрөө хийх гэж зүтгэдэг юм бэ? Би яагаад үнэнийг эрж хайж, хэрэгжүүлж чаддаггүй юм бэ? Энэ асуудлын уг үндэс юу вэ? Би Бурханд дуулгавартай байдлыг хэрэгжүүлэх ёстой, өөрийнхөө хүсэл, эрмэлзлийг дагах биш, үнэнийг хэрэгжүүлэх ёстой. Би Бурханы үг, Бурханы зохион байгуулалт, зохицуулалтад дуулгавартай байж чаддаг байх ёстой. Зөвхөн тэр нь л Бурханы хүсэлд нийцнэ.” Ийм төрлийн үр дүнд хүрэхийн тулд Бурханд залбирч, үнэнийг эрж хайх шаардлагатай. Чи үнэнийг ойлгох үедээ илүү амархан хэрэгжүүлж чаддаг болно; тэгээд махан биеэс урваж, махан биеийн санаа зовнилыг орхиж чадна. Хэрвээ чи зүрх сэтгэлдээ үнэнийг ойлгодог ч махан биеийн ашиг тус, байр суурь, нэрэлхүү зан, нэр нүүрээ орхиж чаддаггүй бол үнэнийг хэрэгжүүлэхэд хэцүү байх болно. Учир нь зүрх сэтгэлдээ чи махан биеийн ашиг тус, нэрэлхүү зан, нэр нүүрээ хамгаас дээгүүр тавьдаг. Энэ нь чи үнэнийг хайрладаггүй, харин байр суурь, нэр хүндийг хайрладаг гэсэн үг юм. Тэгвэл энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэх ёстой вэ? Чи залбирч, үнэнийг эрж хайж, байр суурь, нэр хүнд гэх мэт зүйлсийн мөн чанарыг нэвт харах ёстой. Чи эдгээр зүйлийг анхааран авч үзэхээ багасгах ёстой бөгөөд үнэнийг хэрэгжүүлэхийг чухалчлан үзэж, бүхнээс дээгүүр үнэлэх шаардлагатай. Энэ бүхнийг хийх үедээ чи үнэнийг хэрэгжүүлэх хүсэлтэй болсон байх болно. Заримдаа хүмүүс үнэнийг хэрэгжүүлж чаддаггүй. Тэд засалт туулж, Бурханы шүүлт, гэсгээлтийг хүлээн авах шаардлагатай, ингэснээр асуудлын мөн чанар тов тодорхой болж, үнэнийг хэрэгжүүлэхэд илүү хялбар байна. Үнэн хэрэгтээ үнэнийг хэрэгжүүлэхэд тулгардаг хамгийн том саад бэрхшээл бол хүний өөрийн хүсэл хэтэрхий их, юм бүхнээс түрүүнд байдаг—өөрөөр хэлбэл, хүний хувийн ашиг сонирхол бүхнээс дээгүүр байж, нэр хүнд, байр суурь нь хамгаас түрүүнд байдаг. Тийм учраас ямар нэг зүйл тохиолдоход ийм хүмүүс үргэлж дураараа авирладаг бөгөөд үнэн-зарчмыг огтхон ч бодолцон үзэхгүйгээр өөрт ашигтай зүйлийг хийнэ. Тэд үргэлж өөрийнхөө санаатай зууралдаж байдаг. Өөрийнхөө санаатай зууралдах гэдэг нь юу гэсэн үг вэ? Энэ нь “Чи үүнийг хүсэж байвал, би тэрийг хүсэж байна. Чи өөрийнхөөрөө баймаар байвал би өөрийнхөөрөө зүтгэнэ” гэж тодорхойлно гэсэн үг юм. Энэ нь дуулгавартай байдлын илрэл мөн үү? (Биш.) Энэ нь үнэнийг огт эрж хайхгүй, харин өөрийнхөөрөө зүтгэж байгаа хэрэг. Энэ бол биеэ тоосон зан чанар, эрүүл ухаангүй байдлын илрэл. Хэрвээ нэг л өдөр чи дур сонирхол, шийдвэр чинь үнэнд харшилдгийг мэддэг болж чадвал; өөрийгөө үгүйсгэж, нэвт харж, өөртөө итгэхээ больж, дараа нь аажмаар аливааг өөрийнхөөрөө хийж, сохроор тодорхойлохоо болиод, харин үнэнийг эрж хайж, Бурханд залбирч, Бурханд түшиглэж чаддаг болбол тэр нь зөв хэрэгжүүлэлт юм. Ямар төрлийн хэрэгжүүлэлт үнэнд нийцдэгийг баталгаажуулахаасаа өмнө чи эрж хайх ёстой. Тэгэх нь туйлын зөв зүйл бөгөөд үүнийг хийх ёстой. Хэрвээ чи засалт туулах хүртлээ хүлээгээд дараа нь эрж хайх юм бол тэр нь бага зэрэг идэвхгүй бөгөөд энэ нь аливааг хойшлуулах магадлалтай. Үнэнийг эрж хайж сурах нь маш чухал. Үнэнийг эрж хайхын ашиг тус юу вэ? Нэгдүгээрт чи өөрийнхөө хүслийг дагаж, бодлогогүй авирлахаас зайлсхийж чадна; хоёрдугаарт завхралын илчлэл, ёрын муу үр дагавраас зайлсхийж чадна; гуравдугаарт аливаа зүйлийг тодорхой, үнэн зөв ухамсарласнаар хүлээж, тэвчээртэй байж сурч, алдаа гаргахаа больж чадна. Үнэнийг эрж хайснаар эдгээр зүйлийг бүгдийг нь биелүүлэх боломжтой. Чи бүх зүйл дээр үнэнийг эрж хайж сурах үедээ юу ч энгийн биш бөгөөд анхааралтай байж, хичээл чармайлт гаргахгүй бол юмыг тааруу хийнэ гэдгээ олж мэднэ. Ийм маягаар хэсэг зуур дадлагажсаны дараа чи ямар нэг зүйл тохиолдоход илүү их төлөвшиж, туршлагажсан байх болно. Хандлага чинь илүү зөөлөн, аядуу болох ба ойворгон, эрсдэлтэй, өрсөлдөөнтэй байхын оронд чи үнэнийг эрж хайж, үнэнийг хэрэгжүүлж, Бурханыг дуулгавартай дагаж чадна. Тэгээд завхарсан зан чанараа илчлэн харуулдаг асуудал чинь шийдвэрлэгдэнэ. Тиймээс чиний хувьд дуулгавартай дагахад амархан байна, энэ нь үнэндээ тийм ч хэцүү биш. Эхэндээ жаахан хэцүү байж магадгүй боловч чи тэр асуудлыг шийдвэрлэх хүртлээ тэвчээртэй байж, хүлээж, үнэнийг эрж хайсаар байж чадна. Ямар нэг зүйл тохиолдоход чи үргэлж өөрийнхөө шийдвэрийг гаргахыг хүсэж, үргэлж шалтаг тоочиж, өөрийнхөө санаагаар зүтгэдэг бол энэ нь нэлээд төвөгтэй болно. Учир нь чиний зүтгээд байгаа зүйл эерэг биш, бүгд завхарсан зан чанар доторх зүйл юм. Тэр бүх зүйл бол завхарсан зан чанарын илчлэл бөгөөд ийм нөхцөл байдалд чи үнэнийг эрж хайхыг хүслээ ч үнэнийг хэрэгжүүлж чадахгүй, Бурханд залбирахыг хүслээ ч гагцхүү оромдож л чадна. Хэрвээ хэн нэгэн хүн чамтай үнэний талаар нөхөрлөж, санаа зорилгод чинь байгаа хольцыг ил болговол чи ямар сонголт хийх вэ? Чи үнэнийг амархан дуулгавартай дагаж чадах уу? Тийм үед дуулгавартай байх нь чиний хувьд маш хэцүү байх бөгөөд чи дуулгавартай байж чадахгүй. Чи тэрсэлж, шалтаг тоочиж, “Миний шийдвэр Бурханы гэрийн төлөө. Тэр нь буруу биш. Яагаад надаас дуулгавартай байхыг шаардаад байгаа юм бэ?” гэж хэлнэ. Чи дуулгавартай байж чадахгүй гэдгээ харж байна уу? Үүнээс гадна чи бас эсэргүүцнэ; энэ нь зориуд үйлдсэн гэм буруу юм! Энэ нь туйлын төвөгтэй биш үү? Хэн нэгэн хүн чамтай үнэний талаар нөхөрлөх үед хэрвээ чи үнэнийг хүлээн авч чаддаггүй, тэр ч байтугай мэдсээр байж гэм буруу үйлдэж, Бурханы эсрэг тэрсэлж, Бурханыг эсэргүүцдэг бол энэ нь ноцтой асуудал юм. Чи Бурханаар илчлэгдэж, таягдан хаягдах эрсдэлтэй.

Бурханд дуулгавартай байх хичээл үнэхээр гүн гүнзгий. Үүнд орж эхлэхэд үнэхээр хэцүү санагддаг ч хэсэг зуур туулсны дараа тийм ч хэцүү санагддаггүй. Дуулгавартай байдлыг хэрэгжүүлэхийн тулд зарчмуудыг сахин мөрдөх шаардлагатай бөгөөд хэрвээ чи зарчмыг ололгүйгээр нэлээд хэдэн удаа бүтэлгүйтвэл сургамж аваагүй байна гэсэн үг юм; дуулгавартай байх нь чиний хувьд тун хэцүү сургамж хэвээр байдаг. Яагаад хэцүү байдаг вэ? Учир нь завхарсан хүмүүст олон бэрхшээл бий. Хүмүүст үзэл, төсөөлөл, мөн түүнчлэн янз бүрийн завхарсан зан чанар байдаг. Дээр нь нэмээд хэрвээ тэд бас бага зэргийн мэдлэг, хөрөнгөтэй; коллежийн зэрэгтэй, өндөр боловсролтой; нийгэмд мөнгөтэй, байр суурьтай, бүх талаар давуутай бол тэр нь асуудал юм. Тийм хүмүүс үнэнийг хүлээн авахад амаргүй. Хэтэрхий их мэдлэгтэй байх нь төвөгтэй, учир нь хүмүүс мэдлэгийг үнэн гэж үздэг тул үнэнийг ухамсарлах, хүлээн авахад дэндүү их хүчин чармайлт шаардагддаг. Хэрвээ чи үнэнийг ойлгодоггүй, хүн чанаргүй, эсвэл эрүүл ухаангүй бол зараатай адилхан. Зараа бол хэний ч үймүүлж, уурлуулж чадахгүй аймшигтай амьтан. Завхарсан хүмүүс тийм байдаг—тэд яавч үнэнийг хүлээн авахгүй, Бурханыг огтхон ч дуулгавартай дагахгүй. Тэдний зүрх сэтгэл ёрын муугаар дүүрэн байдаг, тэд тэр чигтээ завхарсан зан чанараараа амьдардаг. Үүний үр дүнд, хүмүүст тулгардаг асуудал болгон нь олон төвөгтэй байдлыг авчирдаг бөгөөд хүмүүс үзэл, төсөөллөөр дүүрч, биеэ тоож, өөрийгөө зөвтгөдөг. Тэд засалт туулах үедээ, эсвэл хийж байгаа зүйлд нь саад бэрхшээл тулгарах үед шалтаг тоочиж, юмыг буруугаар ойлгож, сөрөг болж, гомдоллодог. Тэд утгагүй яриа, аргументийн нөлөөнд автаж, төөрөлддөг. Эдгээр нь бэрхшээл юм. Хэрвээ хүмүүс эдгээр бэрхшээлийг шийдвэрлэж чадвал үнэнийг хүлээн авч, хэрэгжүүлж чадах бөгөөд Бурханд дуулгавартай байхад амархан байх болно. Тийм учраас Бурханд дуулгавартай байхын тулд хүн эхлээд үнэнийг хүлээн авч, хэрэгжүүлэх ёстой, Бурханы зохион байгуулалт, зохицуулалтад захирагдах ёстой. Энэ бол эхний саад тотгор юм. Тэгвэл Бурханы зохион байгуулалт, зохицуулалт юунаас бүрддэг вэ? Тэдгээр нь эргэн тойронд чинь Бурханы бий болгосон хүмүүс, үйл явдал, зүйлсээс бүрддэг. Заримдаа эдгээр хүмүүс, үйл явдал, зүйлс чамайг засна, заримдаа чамайг уруу татаж, туршиж, үймүүлж, эсвэл чамайг сөрөг болгоно—гэхдээ чи асуудлыг шийдвэрлэхийн тулд үнэнийг эрж хайж чадаж л байгаа бол ямар нэг зүйл сурч авч, биеийн хэмжээтэй болж, эсэргүүцэх чадалтай болж чадна. Бурханы зохион байгуулалт, зохицуулалтыг дуулгавартай дагах нь Бурханд дуулгавартай байх хамгийн үндсэн хичээл юм. Бурханы зохион байгуулалт, зохицуулалт нь хүмүүс, үйл явдал, зүйлс, эргэн тойронд чинь Бурханы бүрдүүлсэн янз бүрийн нөхцөл байдлыг агуулдаг. Тэгвэл чи эдгээр нөхцөл байдалтай тулгараад ямар хариу үйлдэл хийх ёстой вэ? Хамгийн гол зүйл бол Бурханаас хүлээн авах явдал. “Бурханаас хүлээн авах” гэдэг нь юу гэсэн үг вэ? Гомдоллох, эсэргүүцэх нь Бурханаас хүлээн авч буй хэрэг мөн үү? Шалтгаан хайж, шалтаг тоочих нь Бурханаас хүлээн авч буй хэрэг мөн үү? Үгүй. Тэгвэл чи Бурханаас хүлээн авах явдлыг хэрхэн хэрэгжүүлэх ёстой вэ? Чамд ямар нэг зүйл тохиолдох үед эхлээд тайвширч, үнэнийг эрж хайж, дуулгавартай байдлыг хэрэгжүүл. Шалтаг, тайлбар бүү бодож ол. Хэний зөв, хэний буруу болохыг шинжилж, таамаглахаар бүү оролд, хэний алдаа илүү ноцтой, хэнийх нь арай ноцтой биш вэ гэдгийг битгий шинжил. Эдгээр зүйлийг үргэлж задлан шинжлэх нь Бурханаас хүлээн авах хандлага мөн үү? Бурханд дуулгавартай хандлага мөн үү? Энэ нь Бурханд дуулгавартай байх, Бурханаас хүлээн авах, эсвэл Бурханы дээд эрх, зохицуулалтыг хүлээн авах хандлага биш. Бурханаас хүлээн авах нь Бурханд дуулгавартай байдлыг хэрэгжүүлэх зарчмын нэг хэсэг юм. Хэрвээ чи чамд тохиолдож буй бүхэн Бурханы захиралт, эдгээр зүйл Бурханы зохицуулалт болон сайн хүслээс үүддэг гэдэгт итгэлтэй байвал тэдгээрийг Бурханаас хүлээн авч чадна. Юун түрүүнд зөв, бурууг бүү шинжил, өөртөө шалтаг бүү тооч, бусдаас бурууг бүү хай, дэмий юмаар бүү марга, тохиолдсон зүйлийн объектив шалтгааныг бүү задлан шинжил, аливааг шинжилж, шалгахдаа хүний оюун ухааныг бүү ашигла. Эдгээр нь Бурханаас хүлээн авахын тулд чиний хийх ёстой нарийн ширийн зүйл юм. Үүнийг хэрэгжүүлэх арга зам нь дуулгавартай байдлаас эхлэх явдал. Чи үзэлтэй байсан ч, эсвэл юмыг тодорхой мэдэхгүй байсан ч дуулгавартай бай. Шалтаг тоочихоос, эсвэл тэрслүү байдлаас бүү эхэл. Дуулгавартай болсныхоо дараа үнэнийг эрж хайж, Бурханд залбирч, Бурханаас эрж хай. Чи яаж залбирах ёстой вэ? “Өө Бурхан минь, Та сайн санааны үүднээс энэ нөхцөл байдлыг надад зориулж зохион байгуулсан” гэж хэл. Ингэж хэлбэл юу гэсэн үг вэ? Чиний зүрх сэтгэлд хүлээн авсан хандлага аль хэдийн бий болж, энэ нөхцөл байдлыг Бурхан чамд зориулж зохион байгуулсан гэдгийг хүлээн зөвшөөрсөн гэсэн үг юм. “Өө Бурхан минь, өнөөдөр надад тулгарсан нөхцөл байдалд яаж хэрэгжүүлэхээ би мэдэхгүй байна. Намайг гэгээрүүлж, залж чиглүүлж, Өөрийнхөө хүслийг надад ойлгуулаач гэж би Танаас гуйя, ингэснээр би үүний дагуу үйлдэж, тэрслэхгүй, эсэргүүцэхгүй байж, өөрийнхөө хүсэлд найдахгүй байж чадна. Би үнэнийг хэрэгжүүлж, зарчмын дагуу үйлдэхэд бэлэн байна” гэж хэл. Залбирсны дараа чи зүрх сэтгэлдээ амар тайвныг мэдэрч, шалтаг тоочихоо аяндаа болино. Энэ нь сэтгэлгээний өөрчлөлт биш үү? Энэ нь үнэнийг эрж хайж, хэрэгжүүлэх замыг засдаг бөгөөд үнэнийг ойлгосныхоо дараа хэрхэн хэрэгжүүлэх ёстой вэ гэх ганц асуудал үлддэг. Үнэнийг хэрэгжүүлэх цаг болоход тэрслүү байдлыг илчлэн харуулбал чи Бурханд дахин залбирах ёстой. Тэрслүү байдал чинь шийдвэрлэгдмэгц үнэнийг хэрэгжүүлэхэд аяндаа амархан болно. Асуудал гарч ирэх үед чи Бурханы өмнө өөрийгөө тайван байлгаж, үнэнийг эрж хайж сурах ёстой. Хэрвээ чамд гадаад талын зүйлс байнга саад болдог бол, чиний байдал байнга тогтворгүй байдаг бол үүний шалтгаан нь юу вэ? Учир нь чи үнэнийг ойлгодоггүй, завхарсан зан чанар дотроос чинь захирч байдаг—чи яаж ч чадахгүй. Иймэрхүү үед чи өөрийгөө эргэцүүлж, өөрийнхөө дотроос асуудлыг олох ёстой. Бурханы холбогдох үгийг хайж, юу илчилж байгааг нь хар. Дараа нь номлол, нөхөрлөл юм уу Бурханы үгийн магтан дуу сонс. Өөрийнхөө байдлыг эдгээр үгтэй харьцуулан үз. Ийм маягаар чи дотор чинь ямар асуудал байгааг харж чадах бөгөөд эдгээр асуудлыг тодорхой ойлговол шийдвэрлэхэд илүү хялбар болно. Бусад хүний ямар ч асуудал чамд төвөг удсан бай, битгий анхаарал хандуул. Өөрийгөө эргэцүүлэхэд анхаарлаа төвлөрүүл. Ялихгүй юман дээр сүржигнэж, Бурхан чамайг туршиж байна гэж бүү хэл. Энэ нь Бурхантай ямар ч хамаагүй. Завхарсан хүмүүс өөрсдийгөө огт мэддэггүй, дүр эсгэхдээ хамгийн чадварлаг байдаг. Хэт мэдрэмтгий бүү бай. Хэрвээ чи үүнийг Бурханы туршилт гэж тодорхойлбол өөрийнхөө асуудлыг бүр ч их эргэцүүлэх хэрэгтэй; чи завхарсан зан чанараа нэгд нэггүй арилгахгүй бол энэ нь чамаар тохуурхсаар байх болно. Тэгвэл шийдэл нь юу вэ? Чи “Бурхан минь, би маш дур зоргоороо, биеэ тоосон зантай! Би үргэлж махан биеэ өөгшүүлэх талаар л бодож байна. Би дэндүү тэрслүү! Намайг сахилгажуулаач” гэж залбирах ёстой. Залбирсныхаа дараа чи бага зэрэг санаа зовно. “Бурхан намайг үнэхээр сахилгажуулбал яах билээ? Үгүй ээ, би залбирч, шийдвэр гаргах ёстой; Бурхан намайг яаж ч сахилгажуулсан, намайг өвчлүүлж, үхүүлсэн ч гэсэн би Бурханыг дуулгавартай дагах болно.” Ингэж залбирсны дараа чи дотроо хүчтэй болж, байдал чинь өөр болно. Чамд ямар санагдах вэ? Чи: “Энэ олон жил Бурханд итгэсний дараа би анх удаа Бурханы шалгалтыг туулж байна. Бурханы гар над дээр ирж, Бурхан надад маш ойр байгааг би мэдэрч байна. Бурхан намайг биечлэн удирдаж, намайг сургаж, ариусгахын тулд ийм шалгалтыг биечлэн зохицуулж, үүнээс сургамж авч, үнэнийг олж авах боломж олгосон. Бурхан надад маш их хайртай!” гэж бодно. Энэ нь Бурханы гэгээрэл, гэрэлтүүлэлт биш үү? Энэ үед чи арай том биеийн хэмжээтэй байх биш үү? (Тийм ээ.) Энэ бол үнэхээр ул суурьтай ойлголт юм. Чи дотроо “Бурхан намайг туршиж байгаа юм чинь би ямар хандлагатай байх ёстой вэ? Бурханыг сэтгэл хангалуун байлгахын тулд би юу хийх ёстой вэ?” гэж гайхаж магадгүй. Ийм маягаар бодож, ийм маягаар эрж хайх үедээ чи төд удалгүй дуулгавартай байдалд хүрнэ. Чи өөрийнхөөрөө маргахаа больж, дотроо “Хэрвээ би дуулгавартай дагахгүй, харин үргэлж маргаж, бусад хүн юм уу объектив орчин нөхцөлөөс үргэлж шалтгаан хайж, шалтаг тоочиж, зөв, бурууг шинжилж байдаг бол бүр хүн ч биш. Би бол араатан, бүр гахайтай эн тэнцэхгүй!” гэж бодно. Тэгээд чамд буруутай санагдаж, сэтгэл чинь тавгүйтнэ. “Би Бурханыг хурдхан дуулгавартай дагах ёстой. Бурхан миний дэргэд байж, намайг ингэж залж чиглүүлж байгаа. Бурханы сайн санаа ийм байдаг гэж үргэлж хэлдэг—өнөөдөр би үүнийг амслаа. Бурханы хүслээр бол би сургамж авах ёстой, өөрчлөгдөх ёстой, харин зөв, буруугийн хооронд гацах ёсгүй. Энэ бол намайг гэх Бурханы хайр, Бурханы шүүлт, гэсгээлт, мөн Бурханы хангалт, удирдамж. Бурхан намайг маш их хайрладаг, Бурханы хайр бол жинхэнэ!” гэж чи бодно. Чиний сэтгэл хөдөлнө. Яагаад сэтгэл чинь хөдөлнө гэж? Учир нь чи одоо Бурханы хүслийг ойлгодог; Бурханы хайрыг биечлэн туулсан; энэ өдрүүдэд үнэнийг байнга эрж хайснаар туулж мэдэрсэн. Үүнийг туулж байхдаа хүмүүс Бурханы эсрэг тэрсэлсээр байж чадах уу? Тийм ээ, тэрслүү байдал байсаар байх боломжтой. Хүмүүс завхарсан зан чанартай бөгөөд элдэв янзын завхарсан, утгагүй бодол байнга төрдөг тул тэд үргэлж “Бурхан намайг туршиж байгаа болохоор би үхэх үү? Бурхан үнэхээр намайг сахилгажуулж байгаа бол намайг хүнд өвчтэй болгох уу? Би айж байна!” гэж бодож байгаа. Айдас хаанаас гардаг вэ? Энэ нь Бурханы дээд эрх, зохицуулалтад итгэхгүй байхаас, Бурханы зохион байгуулалтад захирагдахыг хүсэлгүй, “Би үхвэл юу болох вэ? Би юу хийхээ ер мэдэхгүй байна!” гэж санаа зовохоос гардаг. Хүмүүс Бурханд дэндүү бага итгэдэг. Тийм цаг үед хүмүүс хэр их итгэлтэй байдаг вэ? Тэг! Хэрвээ хүн Бурханы гараас зугтахыг маш их хүсдэг бол Бурханаас зуун хувь урвана. Юмс иймдээ тулахад хүмүүс зугтахыг хүсдэг; тэд тохиолдож буй зүйлтэй эвлэрдэггүй. Тэгвэл юу хийж болох вэ? Чи зүгээр л “Би дуулгавартай байж чадна; миний сэтгэл бага зэрэг хөдөлж байна. Би Бурханы нигүүлслийг, Бурхан намайг халамжилдгийг мэдэрч чадна. Тэр л хангалттай, би сэтгэл хангалуун байна” гэж хэлж болохгүй. Гэхдээ тэр нь хангалттай биш. Чи урагш ахисаар байх ёстой, үргэлжлүүлэн эрж хайх ёстой. “Иов яаж тийм итгэлтэй болсон юм бол? Тэр хэр хэмжээнд дуулгавартай байж чадсан бол? Би яагаад ингэж их айдаг юм бэ? Миний айдас хаанаас гарч байна вэ? Учир нь би Бурханд дэндүү бага итгэдэг. Би Бурханы гарт хамгийн аз жаргалтай, аюулгүй байна; Бурхан бол миний хоргодох газар гэж би боддоггүй. Би эдгээр зүйлд итгэдэггүй. Би үнэхээр ов мэхтэй, хорон муу хүн! Бурхан намайг туршиж байгааг би мэдсэн, шалгалт туулна гэдэг нь миний амийг авна гэсэн үг биш. Бурхан надаар тоглож байгаа юм биш, бас намайг зориуд илчилж байгаа ч юм биш. Энэ бол ердөө л нэг шалгалт, завхарсан зан чанарыг минь цэвэрлэх зорилготой. Би Бурханд жинхэнээсээ итгэж, Бурханд бүрэн итгэж, өөрийгөө Бурханы гарт даатгаж чаддаггүй хэвээр байгаа. Би маш хорон муу, хамгийн муухай зүйлсийг хийсэн гэм буруутай! Би Бурханы анхаарлыг хүртэхэд зохисгүй, Бурханаар халамжлуулахад зохисгүй” гэж бод. Дараа нь чи юу хийж болох вэ? Чи Бурханд залбирч, Бурханаас үнэнийг эрж хайх ёстой; тэрслүү байдал болон сэдлээ засах ёстой. Чи ийм түвшинд үнэнийг ойлгодог ч Бурханд итгэлтэй биш, Бурханы гарт өөрийгөө даатгаж зүрхэлдэггүй хэвээр байгаа. Энэ нь юу вэ? Энэ бол урвалт. Ов мэхтэй байдал, биеэ тоосон зан, хардлага сэрдлэг, хорон муу байдлаасаа болоод чи Бурханд итгэдэггүй. Үүнээс айдас үүсдэг. Айдсын утга учир юу вэ? Тэр нь Бурханд итгэлгүй байдал. Энэ нь “Хэрвээ би Бурханы удирдамжийг дуулгавартай дагахгүй бол Бурхан намайг Сатанд гардуулан өгч, үхүүлэх үү?” гэж үргэлж санаа зовж байдаг. Энэ ямар гээчийн бодол вэ? Утгагүй үг биш үү? Яагаад хүн Бурханы талаар тэгж бодно гэж? Үнэн байхгүй бол хүмүүс юуг ч тодорхой харж чадахгүй, харин үргэлж Бурханыг буруугаар ойлгож, таамагладаг. Энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд хүн үнэнийг ойлгох шаардлагатай. Үнэнийг ойлгосноор л хүмүүс эрүүл ухаантайгаар, хүн шиг ярьж чадна. Чи Бурханы халамж, хамгаалалтыг мэдэрч, Бурханы өгсөн амар амгалан, баяр хөөрийн мэдрэмжийг эдэлж, тун амар тайван байгаа хэр нь өөрийгөө Бурханы гарт даатгахдаа дургүй хэвээр, айсан хэвээр байдаг. Энэ нь тэрслүү байдал биш үү? Энэ тэрслүү байдалд юу холилдсон байдаг вэ? Юу хянаж байдаг вэ? Ов мэхтэй байдал, биеэ тоосон зан. Энэ нь үнэхээр чөтгөрийн уг чанар биш үү? Хэрвээ хүн чөтгөрийн уг чанартай бол сатанлаг зан чанартай байдаг. Энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэж болох вэ? Ингэхийн тулд хүмүүс үнэнийг эрж хайх шаардлагатай. Хэрвээ хүмүүс үнэнийг хайрладаггүй бол, хэчнээн их завхрал илчлэн харуулсан ч үнэнийг эрж хайдаггүй бол завхарсан зан чанараа хэзээ ч шийдвэрлэж чадахгүй. Тийм хүн авралд амархан хүрэхгүй.

Завхарсан зан чанарыг шийдвэрлэхийн тулд үнэнийг эрж хайхдаа асуудлыг шийдвэрлэсэн гэж тооцогдохын тулд ямар үр дүнд хүрэх хэрэгтэй вэ? Зарим хүн тодорхой нөхцөл байдал Бурханы шалгалт гэдгийг сайтар мэдэж байдаг ч өөрсдийгөө Бурханы гарт даатгахыг хүсдэггүй. Тэд Бурханд найдаж болохгүй, Бурханд итгэж болохгүй гэж боддог. Тэд Бурханд найдаж зүрхэлдэггүйгээр үл барам эдгээр нөхцөл байдлаас айж байдаг. Юмс иймдээ тулахад тэд өөрсдийгөө ямар үнэнээр зэвсэглэх ёстой вэ? Тэд яаж эрэлхийлэх ёстой вэ? Тэд цэвэрлэгдэж, бүрэн дуулгавартай байдалд хүрч, Бурханаас эмээх, муугаас зайлах замд хөл тавихын тулд хэр их эрж хайх шаардлагатай вэ? Энэ бүхэн нь дуулгавартай байдлын үнэнтэй холбоотой. Энэ удаа чи Бурханыг үнэхээр огт мэддэггүй, жинхэнэ итгэлтэй байх ямар ч аргагүй. Жинхэнэ итгэлгүйгээр чи, Бурханд хандах эргэлзээ, сэжиг, буруу ойлголт, эсэргүүцлээс бүрэн ангижирч, туйлын дуулгавартай байж чаддаг болохын тулд үзэгдлийн ямар үнэнээр зэвсэглэх хэрэгтэй вэ? Эдгээр асуудлыг шийдвэрлэж, хольц, хувийн шаардлага, сонголтоос бүрэн ангижрахын тулд ямар үнэнээр зэвсэглэх ёстой вэ? Энэ нь та нарын ойлгохгүй хэвээр байгаа зүйл юм. Жаахан бодоод үз—Бурханд туйлын дуулгавартай болохын тулд ямар төрлийн эрэл хайгуул хэрэгтэй вэ? Чи зарим үнэнийг эзэмших ёстой. Чи үнэнийг амиа болгон олж авах үед тэр нь чиний биеийн хэмжээ болж, дуулгавартай байдалд хүрч болох үндэс, суурь болно. Чи эдгээр үнэнд тулгуурлан бүрэн дуулгавартай байдалд хүрч чадна. Тэгвэл чи өөрийгөө ямар үнэнээр зэвсэглэх хэрэгтэй вэ? (Бурханы талаарх мэдлэгийг эрэлхийлэх ёстой.) Тэр бол нэг хэсэг нь. Түүнээс гадна, хүмүүс өөрсдөө бага зэрэг хамтран ажиллаж, хэрэгжүүлэх хэрэгтэй. Петр юу хэлснийг та нар санаж байна уу? (“Бурхан хүмүүсээр тоглоом мэт тоглож байлаа ч гэсэн гомдоллох юм хүмүүст юу байх билээ?”) Энэ нь дуулгавартай байх тухай юм. Хэрвээ чи ийм маягаар туршлагажвал үнэнийг аажмаар мэдэж авч, аяндаа үр дүнд хүрнэ. Юун түрүүнд чи Бурхан болон үнэнийг дуулгавартай дагах хандлагатай байх хэрэгтэй. Бурхан чам руу яаж харж байгаа, чамд хандах хандлага, дуу хоолойн өнгө нь ямар болох, Бурханд чамайг зэвүүцэж байгаа эсэх, чамайг илчлэх гэж байгаа эсэх талаар бүү санаа зов. Эхлээд өөрийнхөө бэрхшээл, асуудлыг шийдвэрлэ. Эгэл жирийн хүмүүс Петрийн хэлсэн зүйлд амархан хүрч чадах уу? (Үгүй, хүрэхэд амаргүй.) Ингэж хэлэхийн тулд Петр юу туулж, ямар бодит байдлыг эзэмшсэн бэ? (Бурхан хүнд яаж ч хандсан, энэ нь хүнийг аварч, хайрлахын төлөө байдаг гэж Петр бат итгэсэн. Тийм учраас тэр баяртайяа дуулгавартай дагасан.) Петр: “Бурхан хүмүүсээр тоглоом мэт тоглож байлаа ч” гэж хэлсэн, харин чи “Бурхан хүнд яаж ч хандсан” гэсэн. Чи өөрийгөө бүтээгдсэн зүйл, Бурханыг дагагч, Бурханы гэрийн гишүүн гэж үзэж байна. Тэгвэл энэ хоёрын хооронд ялгаа байна уу? Тийм ээ, байгаа. Ялгаа бий! Тоглоом, хүн хоёрын хоорондох ялгаа хаана оршдог вэ? Тоглоом бол юу ч биш—энэ нь үнэ цэнгүй, өрөвдөлтэй амьтан. Тоглоом ч гэж хэлж болно, эсвэл араатан ч гэж болно—энэ нь тийм төрлийн л зүйл. Харин хүн ямар вэ? Хүнд бодол санаа, уураг тархи бий; тэд ярьж, юм хийж чаддаг, хэвийн хүний үйл ажиллагааг явуулж чаддаг. Тэр тоглоомуудтай харьцуулахад хүний үнэ цэн, байр суурь ялгаатай юу? Хэрвээ чи өөрийгөө тоглоом биш, хүн гэж үзвэл Бурхан чамд хэрхэн хандах талаар шаардлага тавьдаг биш үү? Чи Бурханд ямар шаардлага тавьдаг вэ? (Надад хүн шиг ханд.) Бурхан чамд яаж хүн шиг хандах ёстой вэ? Хэрвээ Бурхан хүн төрөлхтөнд тавих шаардлагуудаа чамд хэлж, тэдгээрийг биелүүл гэж чамаас шаардсан бол чи тэгж чадах уу? Хэрвээ Бурхан үнэнийг илэрхийлж, үүнийг баримтлахыг шаардсан бол чи тэгж чадах уу? Бурхан чамаас Өөрт нь дуулгавартай байж, Өөрийг нь хайрлахыг шаардсан бол чи тэгж чадах уу? Хэрвээ чи алийг нь ч хийж чадахгүй бол яагаад Бурхан чамд хүн шиг хандах ёстой гэж? Хэрвээ чи ямар ч мөс чанар, эрүүл ухаангүй, хүний хийх ёстой зүйлийг хийж чаддаггүй бол яагаад Бурхан чамд хүн шиг хандах ёстой гэж? Хүмүүс зүгээр л болчимгүй авирлаж, үнэнийг хүлээн авахаас татгалзаж, бүр Бурханыг шүүж, яллаж, Бурханы дайсан болдог бол тэдэнд хүн чанар байна уу? Бурхан тийм хүнд хүн шиг хандах уу? Бурхан Сатанууд болон диаволуудыг хүн мэт үзэх үү? Чамайг хүн гэж авч үзэх, тоглоом гэж авч үзэхийн хооронд хандлага, харьцааны л ялгаа бий. Хэрвээ чамайг хүн гэж авч үзэх юм бол чи ямар харьцааг шаардах вэ? Чамайг хүндэлж, чамтай зөвлөлдөж, мэдрэмжийг чинь бодолцон үзэж, чамд хангалттай орон зай, эрх чөлөө олгож, нэр хүнд, нэр нүүрийг чинь бодолцон үзэхийг шаардана. Хүмүүст ингэж ханддаг. Харин тоглоомыг яадаг вэ? (Тоглоом бол юу ч биш, ийш тийш нь өшиглөж болно.) (Хэрэглэхийг хүссэн үедээ хэрэглэж, хэрэггүй бол хаяж болно.) Ингэж хэлэх нь зөв. Тоглоомонд хандах талаар та нар ингэж хэлэх ёстой, тэгвэл хүнийг тоглоом мэт үзэх гэдгийг яаж тайлбарлах вэ? (Хэрэгтэй үедээ хэрэглэж, хэрэггүй бол зүгээр л үл тоомсорлоно.) Тоглоомонд ямар ч хүндлэлгүй ханддаг, эрхийг нь хамгаалах шаардлагагүй. Тоглоомонд ямар ч эрх, бие даасан байдал, сонголт хийх эрх чөлөө өгдөггүй. Тэдэнтэй ямар нэг зүйлийг зөвлөлдөж, нэр төрийг нь бодолцон үзэх гэх мэтийг хийх шаардлагагүй. Чамд сайхан санагдаж байвал сайхан хандаж, тийм биш бол ийш тийш өшиглөж болно. Тэр нь тоглоомонд хандах хандлага юм. Хэрвээ Бурхан хүмүүст тоглоом мэт хандвал тэдэнд ямар санагдах вэ? Бурхан хайр татам гэж тэд бодсоор байх уу? (Үгүй.) Гэхдээ Петр Бурханыг магтаж чадсан. Петр үхэх хүртлээ дуулгавартай байх түвшинд хүрэхийн тулд ямар үнэн-бодит байдлыг эзэмшсэн бэ? Бурхан үнэндээ хүнийг тоглоом мэт үзээгүй. Гэвч Петрийн ойлголт энэ түвшинд хүрэхэд тэрээр “Хэрвээ Бурхан надад тэгж хандвал би дуулгавартай байх ёстой. Бурхан надад тоглоом шиг хандвал би яаж бэлэн биш, дуртай биш байж болох билээ?” гэж бодсон юм. Петр ийм бэлэн байдал, ийм дуртай байдалд хүрсэн. “Бэлэн, дуртай” гэдэг нь юуг хэлж байна вэ? (Бурханы зохион байгуулалтад захирагдаж, туйлын дуулгавартай байх.) Энэ бол дуулгавартай байдлын үнэн юм. Чамайг Сатанд тушаах нь тоглоом шиг хандаж байгаа хэрэг биш үү? Хүсэхгүй үедээ чамайг хаяж, Сатанд тушаан өгч, улмаар Сатан чамайг уруу татаж, доог тохуу хийнэ. Петрийн хандлага ямар байсан бэ? Петрт ямар нэг гомдол байсан уу? Тэр Бурханд гомдоллосон уу? Бурханыг харааж зүхсэн үү? Сатан руу эргэсэн үү? (Үгүй.) Үүнийг дуулгавартай байдал гэж нэрлэдэг. Тэр гомдоллоогүй, сөрөг байдал юм уу эсэргүүцэл харуулаагүй. Түүний завхарсан зан чанар шийдвэрлэгдээгүй байсан уу? Энэ нь Бурхантай төгс зохицож байсан. Энэ нь Петр Бурханаас урвах тухай асуудал байгаагүй. Энэ нь “Бурхан намайг хаана ч тавьсан, зүрх сэтгэлд минь Бурхан байх болно; Бурхан намайг хаана ч тавьсан, би Бурханд харьяалагддаг нэгэн байна. Бурхан намайг үнс нурам болгон хувиргалаа ч би Бурханд харьяалагдсаар байна, хэзээ ч Сатан руу эргэхгүй” гэх явдал байсан. Петр ийм түвшний дуулгавартай байдалд хүрч чадсан юм. Ингэж хэлэхэд амархан ч хийхэд хэцүү. Чи энэ бүхнийг бүрэн, тодорхой харах хүртлээ тодорхой хэмжээний үнэнээр зэвсэглэх ёстой, тэгвэл үнэнийг хэрэгжүүлэхэд хамаагүй илүү амархан байх болно. Чи Бурханы талаар туйлын мэдлэгтэй байх шаардлагагүй, Бурхан чамд ямар нэг зүйлийг тусгайлан илчлэх шаардлагагүй. Хэрвээ чи зөв хандлагатай, ийм дуулгавартай байдалтай бол тэр нь хангалттай. Чи Бурхан чамд яаж хандах талаар ямар нэг шаардлага тавих ёсгүй, эсвэл чамд яг таг шалгуур өгөхийг Түүнээс шаардах ёсгүй. Ямар нэг зүйл үнэнд нийцэлтэй, Бүтээгчид байх ёстой зүйл байсан ч чи үүнийг шаардах ёсгүй. Чи: “Бурхан минь, Та надад яаж ч хандсан зүгээр. Та намайг үхүүлж болно; там руу явуулж болно. Та надад яаж ч хандаж болно. Та намайг Сатанд тушаалаа ч гэсэн Бурхан миний Бурхан хэвээр, би Бурханы бүтээгдсэн зүйл хэвээр байна. Би хэзээ ч Бурханыг орхихгүй” гэж хэлэх ёстой. Ийм хандлагатай бол чи дуулгавартай байдлын бодит байдлыг эзэмшинэ. “Бурхан хүмүүсээр тоглоом мэт тоглож байлаа ч гэсэн гомдоллох юм хүмүүст юу байх билээ?” Петрийн хэлж чадсан энэ үг та бүхэнд маш чухал! Энэ нь Петрийн дуулгавартай байдал байлаа. Хэрвээ чи энэ үгийг байнга бодож, жинхэнэ утгаар нь ойлгож, туулбал Бурханыг дуулгавартай дагахад хавьгүй илүү амархан санагдана. Хүмүүсийн Бурханы эсрэг тэрсэлдэг талууд бол хамгийн эрүүл ухаангүй байдаг талууд нь юм. Хүмүүс үүргээ сайн биелүүлээгүй байх үедээ, ямар ч бодитой үйлчлэл үзүүлээгүй байх үедээ илүү хүмүүжилтэй байдаг бөгөөд Бурханд учирлах, эсвэл Бурханыг эсэргүүцэх ямар ч эрхгүй гэдгээ мэдэрдэг. Харин багахан ажил хийж, жаахан үйлчлэл үзүүлмэгцээ бага зэрэг хөрөнгөтэй болсон мэт санагддаг. Тэд Бурханд учирлахыг хүсдэг, мөн Бурханы ерөөлийг хүсдэг. Энэ нь төвөгтэй болдог. Тэдний эрүүл ухаан хэвийн бус—энэ нь ёрын муу биш үү? Үнэн-бодит байдалгүй хүмүүс тийм өрөвдөлтэй байдаг. Үнэнээр зэвсэглээгүй бол хүн зүгээр байж чадах уу? Үнэнийг хүлээн авахгүйгээр завхарсан зан чанараас ангижирч чадахгүй; үнэнээр зэвсэглээгүй гэдэг нь хүний мөс чанар, эрүүл ухаан хэвийн бус гэсэн үг. Тэд зарим хоосон сургаалыг ойлгож, “Би бол бүтээгдсэн зүйл, би Бурханыг дуулгавартай дагах ёстой. Би ийм эрүүл ухаантай байх ёстой” гэх мэтийн зүйл хэлж магадгүй. Тэд үүнийг үг хэлээрээ ойлгож, уриа лоозон хашхирч чаддаг байж болох ч ямар нэг зүйл үнэхээр тохиолдох үед үүнийг Бурхан зохион байгуулсан гэдгийг сайн мэдэж байсан хэр нь хүлээн авч, дуулгавартай дагаж чаддаггүй. Яагаад тэр вэ? Учир нь хүмүүс тэрслүү, завхарсан зан чанар нь шийдвэрлэгдээгүй, Бурханаас урваж маргаангүй чадна. Нөхцөл байдлын бодит байдал энэ. Хэрвээ хүмүүс хангалттай үнэнээр зэвсэглээгүй бол амьдрал нь ийм өрөвдөлтэй байна. Бурханы эсрэг тэрсэлдэг, Бурханд дуулгавартай байж, Бурханы зохион байгуулалт, зохицуулалтыг хүлээн авч чаддаггүй хүмүүс ч бас Бурханд итгэгчид биш гэж үү? Тэд яагаад Бурханы зохион байгуулалт, зохицуулалтад захирагдаж чаддаггүй юм бэ? Учир нь тэд үнэнийг хүлээн авдаггүй, үнэнд итгэдэггүй. Энэ нь бодит баримт биз дээ? (Тийм.) Зарим хүмүүс тодорхой нэг хүний талаар “Тэр биеэ тоосон, өөрийгөө зөвтгөдөг. Ямар нэг зүйл болоход тэр үргэлж эсэргүүцдэг. Үргэлж шалтаг тоочиж, дэмий юмаар маргадаг. Бурханы оршин тогтнолд, эсвэл Бурханы зохион байгуулалт, зохицуулалтад итгэдэггүй учраас Бурханд дуулгавартай байж чаддаггүй” гэдэг. Гэхдээ нөгөө талаар тэр хүн, энэ нь Бурханы зохион байгуулалт, зохицуулалт; өөрт нь зориулж Бурханы бүрдүүлсэн нөхцөл байдал; үүгээр дамжуулан Бурхан өөрийг нь цэвэрлэж, өөрөөр нь үнэнийг олж авхуулахыг хүсэж байгаа гэдэгт итгэдэг. Тэгвэл тэр дуулгавартай байж чадах уу? Тэгвэл тэр тэрслүү байхаа больж, Бурханаас урвахгүй байж чадах уу? Үүнийг Бурханаас хүлээн авч ер нь чадах уу? Үгүй, чадахгүй. Яагаад чадахгүй? Учир нь хүнд эдгээр үнэн-бодит байдал байдаггүй. Та нарын одоогийн биеийн хэмжээ дэндүү жаахан. Тиймээс одоохондоо Бурхан та нарыг сориогүй байгаа. Энэ бол наад захын эрүүл ухаан. Учир нь та нар соригдсоныхоо дараа бүгд үнэн төрхөө харуулцгааж, таягдан хаягдах бөгөөд Сатан дооглоно. Энэ нь бодит байдал биш үү? Яг одоо та нарын биеийн хэмжээ дэндүү жаахан байгаа. Та нар хоосон сургаалын талаар ярьж, уриа лоозон цээжээр уншиж чаддаг, бусад хүмүүсийн асуудлыг тодорхой харж чаддаг ч өөрийнхөө байдлыг мэддэггүй, тодорхой ойлгодоггүй. Тиймэрхүү байдал, биеийн хэмжээтэй байхад Бурхан та нарыг сорих уу? Та нарыг төгс болгох ажлыг хийх цаг хараахан ирээгүй; та нар үүгээр зэвсэглээгүй.

Бурханы зохион байгуулалт, зохицуулалтад захирагдах нь Бурханыг дагагч нэг бүрд тулгардаг хамгийн наад захын хичээл, бас хамгийн гүн гүнзгий хичээл юм. Чи ямар түвшинд Бурханд дуулгавартай байж чадна, биеийн хэмжээ чинь төдий чинээ том, итгэл чинь төдий чинээ их байдаг—эдгээр нь хоорондоо холбоотой. Туйлын дуулгавартай байдалд хүрэхийн тулд чи ямар үнэнээр зэвсэглэх хэрэгтэй вэ? Юун түрүүнд чи Бурханд ямар ч шаардлага тавьж болохгүй—энэ нь үнэн. Чи энэ үнэнийг хэрхэн хэрэгжүүлж болох вэ? Чи Бурханд шаардлага тавих үедээ энэ үнэнийг ашиглан бодолцон үзэж, өөрийгөө эргэцүүл. “Би Бурханд ямар шаардлага тавьж байна вэ? Тэр нь үнэнд нийцэж байна уу? Эрүүл ухаантай юу? Энэ шаардлагууд хаанаас гарсан бэ? Миний төсөөллөөс гарсан уу, эсвэл Сатаны надад өгсөн бодол уу?” Энэ нь үнэндээ аль нь ч биш. Хүмүүсийн завхарсан зан чанараас эдгээр санаа төрдөг. Чи эдгээр үндэслэлгүй шаардлагын цаад сэдэл, хүслийг задлан шинжилж, тэдгээр нь хэвийн хүн чанарын эрүүл ухаанд тохирох эсэхийг харах ёстой. Чи юу эрэлхийлэх ёстой вэ? Хэрвээ чи үнэнийг хайрладаг хүн мөн бол яг л Петр шиг дагагч байхаар эрэлхийлэх ёстой. Петр “Бурхан надад тоглоом мэт хандлаа ч би яаж бэлэн биш, дуртай биш байж чадах билээ?” гэсэн. Петрийн хэлснийг зарим хүн ойлгодоггүй. Тэд: “Бурхан хэзээ ер нь хүмүүст тоглоом мэт хандаж, биднийг Сатанд тушаасан юм бэ? Би л лав хараагүй. Бурхан надад сайхан хандаж, маш нигүүлсэнгүй байсаар ирсэн. Бурхан бол тийм Бурхан биш. Бурхан хүмүүсийг цаашид хайрлахаа больж чадахгүй, тиймээс яаж хүмүүст тоглоом мэт хандах билээ? Тэгэх нь үнэнд нийцэхгүй. Энэ бол Бурханы талаарх буруу ойлголт, энэ нь Бурханы талаарх жинхэнэ мэдлэг биш” гэдэг. Гэхдээ Петрийн үг юунаас гарсан бэ? (Элдэв янзын шалгалтыг туулсны дараа олж авсан Бурханы талаарх мэдлэгээс нь гарсан.) Петр маш олон шалгалт, цэвэршүүлэлт туулсан. Тэрээр өөрийн бүх шаардлага, төлөвлөгөө, хүслийг хойш тавьсан, Бурханаас ямар нэг юм хийхийг шаардаагүй. Тэр үед түүнд өөрийн гэсэн бодол байгаагүй, тэр өөрийгөө бүрэн тушааж өгсөн. Тэрээр: “Бурхан хүссэнээ хийж болно. Бурхан намайг сорьж, цээрлүүлж болно, шүүж, гэсгээж болно. Намайг засах нөхцөл байдлыг бий болгож, намайг хатуужуулж болно, арслангийн үүр, эсвэл чонын үүрэнд оруулсан ч болно. Бурхан юу ч хийсэн зөв, би юуг ч дуулгавартай дагана. Бурханы хийдэг юм бүхэн үнэн. Би огт гомдоллохгүй, ямар ч сонголт хийхгүй” гэж бодсон. Энэ нь туйлын дуулгавартай байдал биш үү? Заримдаа хүмүүс: “Бурханы хийдэг юм бүхэн үнэн, гэтэл би яагаад Бурханы хийсэн энэ зүйлээс ямар ч үнэнийг олоогүй юм бэ? Заримдаа Бурхан ч гэсэн үнэнд нийцэхгүй зүйл хийдэг бололтой. Заримдаа бас Бурханы буруу байдаг. Гэхдээ ямартай ч Бурхан бол Бурхан учраас би дуулгавартай дагана!” гэж боддог. Иймэрхүү дуулгавартай байдал туйлын дуулгавартай байдал мөн үү? (Биш.) Энэ нь сонгомол дуулгавартай байдал; жинхэнэ дуулгавартай байдал биш. Энэ нь Петрийн бодсонтой зөрчилддөг. Чамд тоглоом мэт хандахдаа шалтгааныг нь чамд тайлбарлах шаардлагагүй, эсвэл чамд шударга, үндэслэлтэй харагдах шаардлагагүй. Чамд хүссэнээрээ хандаж болно; чамтай ярилцах, эсвэл баримт, шалтгааныг тайлбарлах шаардлагагүй. Хэрвээ юмс чиний зөвшөөрөлгүйгээр явагдахгүй бол чамд тоглоом мэт хандаж байгаа хэрэг үү? Үгүй, тэгэх нь чамд хүний бүрэн эрх, эрх чөлөө, бүрэн хүндлэлийг өгч байгаа хэрэг. Энэ нь чамайг тоглоом биш, хүн гэж үзэж байгаа хэрэг. Тоглоом гэж юу вэ? (Ямар ч бие даасан байдалгүй, ямар ч эрхгүй зүйл.) Гэхдээ энэ нь зүгээр л ямар ч эрхгүй зүйл үү? Петрийн үгийг хэрхэн хэрэгжүүлж болох вэ? Жишээ нь, чи тодорхой нэг сэдвээр хэсэг зуур эрж хайсан ч Бурханы хүслийг ойлгохгүй хэвээр байлаа гэе. Эсвэл чи Бурханд 20 гаруй жил итгэсэн ч энэ бүхэн юу болохыг мэдэхгүй хэвээр байлаа гэе. Чи энэ нөхцөл байдалд дуулгавартай дагах ёстой биш үү? Чи дуулгавартай дагах ёстой. Энэ дуулгавартай байдал юунд үндэслэдэг вэ? Энэ нь Петрийн хэлсэн “Бурхан надад тоглоом мэт хандлаа ч би яаж бэлэн биш, дуртай биш байж чадах билээ?” гэх үгэнд үндэслэдэг. Хэрвээ чи үргэлж хүний үзэл, төсөөллөөр Бурханд хандаж, тэрийгээ ашиглан Бурханы хийдэг бүхнийг хэмжиж, Бурханы үг, ажлыг хэмждэг бол энэ нь Бурханыг хайрцаглаж, Бурханыг эсэргүүцэж байгаа хэрэг биш үү? Бурханы хийдэг бүхэн хүний үзэл, төсөөлөлд нийцэж чадна гэж үү? Нийцэхгүй бол чи хүлээн авч, дуулгавартай дагахгүй юу? Ийм үед чи үнэнийг хэрхэн эрж хайх ёстой вэ? Бурханыг хэрхэн дагах ёстой вэ? Энэ нь үнэнтэй хамаатай; хариултыг нь Бурханы үгээс эрж хайх хэрэгтэй. Хүмүүс Бурханд итгэхдээ бүтээгдсэн зүйлийн байранд байх ёстой. Хэзээ байх нь хамаагүй, Бурхан чамаас нуугдсан эсвэл чамд харагдсан эсэх, Бурханы хайрыг мэдэрч чадах эсэхээсээ үл хамааран чи үүрэг, даалгавар, хариуцлага чинь юу болохыг мэддэг, хэрэгжүүлэлтийн талаарх эдгээр үнэнийг ойлгодог байх ёстой. Хэрвээ чи үзэлтэйгээ зууралдсаар, “Энэ явдал үнэнд болон миний бодолд нийцэж байгааг тодорхой харж чадвал би дуулгавартай дагана, хэрвээ энэ нь тодорхой биш, эдгээр нь Бурханы үйлдэл гэдгийг баттай хэлж чадахгүй бол эхлээд хэсэг хугацаанд хүлээж байгаад үүнийг Бурхан хийсэн гэдэгт итгэлтэй болмогцоо дуулгавартай дагана” гэж хэлдэг бол энэ нь Бурханыг дуулгавартай дагадаг хүн мөн үү? Биш. Энэ нь туйлын, бүрэн дүүрэн дуулгавартай байдал биш, болзолтой дуулгавартай байдал юм. Бурханы ажил хүний үзэл, төсөөлөлд нийцдэггүй; бие махбодтой болох нь хүний үзэл, төсөөлөлд нийцдэггүй, шүүлт, гэсгээлт бүр ч нийцдэггүй. Хүмүүсийн ихэнх нь үүнийг хүлээн авч, дуулгавартай дагахдаа үнэхээр зөрчилддөг. Хэрвээ чи Бурханы ажлыг дуулгавартай дагаж чадахгүй бол бүтээгдсэн зүйлийн үүргийг биелүүлж чадах уу? Тэгэх боломжгүй. Бүтээгдсэн зүйлийн үүрэг юу вэ? (Бүтээгдсэн зүйлийн байр сууринд зогсож, Бурханы даалгаврыг хүлээн авч, Бурханы зохицуулалтыг дуулгавартай дагах.) Зөв, энэ бол уг үндэс нь. Тэгэхээр энэ асуудлыг шийдвэрлэхэд амархан биш гэж үү? Бүтээгдсэн зүйлийн байранд зогсож, Бүтээгч буюу өөрийн Бурханыг дуулгавартай дагах нь бүтээгдсэн зүйл болгоны хамгийн их баримтлах ёстой зүйл юм. Чиний ойлгодоггүй, мэддэггүй олон үнэн бий. Чи Бурханы хүслийг ухамсарлаж чаддаггүй тул үнэнийг хүлээн авахгүй, эсвэл дуулгавартай дагахгүй, тийм биз дээ? Жишээлбэл, чи зарим зөгнөлийг ойлгодоггүй учраас тэдгээрийг Бурханы үг гэж хүлээн зөвшөөрдөггүй юу? Чи үүнийг үгүйсгэж чадахгүй. Тэдгээр үг хэзээд Бурханы үг байх болно, тэдгээр нь үнэнийг агуулдаг. Чи тэдгээрийг ойлгодоггүй байлаа ч тэдгээр нь мөн л Бурханы үг юм. Хэрвээ Бурханы зарим үг биелээгүй бол тэдгээр нь Бурханы үг биш, үнэн биш гэсэн үг үү? Хэрвээ чи: “Энэ нь хараахан биелээгүй бол Бурханы үг биш байж магадгүй, хольцтой байж магадгүй” гэж хэлдэг бол энэ нь ямар гээч хандлага вэ? Энэ бол тэрслүү хандлага юм. Чи эрүүл ухаантай байх ёстой. Эрүүл ухаан гэж юу вэ? Эрүүл ухаантай байх нь юунд үндэслэдэг вэ? Энэ нь бүтээгдсэн зүйлийн байранд зогсож, Бүтээгч буюу өөрийн Бурханыг дуулгавартай дагахад үндэслэдэг. Энэ бол үнэн; үүрд хувиршгүй үнэн. Бурханыг дуулгавартай дагах нь чи Бурханы хүслийг мэддэг, ойлгодог эсэхэд, Бурхан Өөрийн хүслийг чамд харуулах эсэхэд үндэслэх хэрэгтэй юу? Энэ бүхэнд үндэслэх хэрэгтэй юу? (Үгүй.) Тэгвэл юунд үндэслэдэг вэ? Энэ нь дуулгавартай байдлын үнэнд үндэслэдэг. Дуулгавартай байдлын үнэн гэж юу вэ? (Бүтээгдсэн зүйлийн байранд зогсож, Бүтээгчийг дуулгавартай дагах.) Энэ бол дуулгавартай байдлын үнэн. Тэгвэл чи зөв, бурууг задлан шинжлэх шаардлагатай юу? Туйлын дуулгавартай байдалд хүрэхийн тулд чи Бурхан зөв зүйл хийсэн үү, үгүй юу гэдгийг бодолцон үзэх шаардлагатай юу? Бурхан чамайг дуулгавартай байлгахын тулд үнэний энэ талыг тодорхой, нэгд нэггүй тайлбарлах хэрэгтэй юу? (Үгүй, хэрэггүй.) Бурхан юу ч хийлээ гэсэн чи дуулгавартай байдлын үнэнийг хэрэгжүүлэх ёстой—тэр л хангалттай. Зарим хүн маш их маргах дуртай, байнга хэл ам хийж байдаг. Тэд үргэлж “Бурхан үнэн биш үү? Бурхан Бүтээгч биш үү? Яагаад Бурханы хийдэг зарим зүйл надад ойлгомжгүй байдаг юм бэ? Яагаад Бурхан надад юмыг ойлгомжтой тайлбарладаггүй юм бэ? Бурхан тайлбарлахгүй бол би яаж хэрэгжүүлж чадах юм бэ? Би учрыг нь олж чадахгүй байгаа учраас л дуулгавартай дагаж чадахгүй байгаа биш үү? Үүний учрыг олж чадахгүй бол надад дуулгавартай дагах урам зориг төрөхгүй!” гэж боддог. Энэ нь тэрслүү байдал биш үү? Дуулгавартай дагахын тулд чамд ийм урам зориг хэрэгтэй юу? Үгүй, хэрэггүй. Чамд зүгээр л “Би Бурханаас ирсэн юуг ч дуулгавартай дагана. Бурханы үг биелэх үед би Бурханыг дуулгавартай дагаж, магтана; Бурханы үг биелээгүй байсан ч Бурханы үг хэвээр бөгөөд биелээгүй байлаа гээд хүний үг болохгүй. Би зүгээр л шүүхгүйгээр дуулгавартай байх хэрэгтэй. Бурхан хэзээд миний Бурхан байх болно” гэсэн энгийн нэг ухаалаг байдал хэрэгтэй. Ийм маягаар чи бүтээгдсэн зүйлийн байранд зогсоно. Ийм эрүүл ухаан, ийм үнэн-бодит байдалтай бол чи Бурханы нүдээр хүмүүс бол зүгээр л тоглоом, шоргоолж юм гэдгийг мэдрэх үедээ бухимддаг хэвээр байх уу? Өөрийгөө дорд үзэх үү? (Үгүй.) Бурхан чамд хүн шиг хандаж байгаа учраас, Бурханы өмнө байр суурьтай хэвээр байгаа учраас чи одоо өөрийгөө дорд үзэхгүй. Бурхан чамайг өргөсөн. Тийм учраас чи өөрийгөө дорд үздэггүй. Хэрвээ Бурхан чамайг өргөөгүй, үргэлж чамайг засаж, сахилгажуулж байсан бол чамд таагүй санагдах байсан. Тэгж таагүй санагдах нь шийдвэрлэх ёстой асуудал юм. Өөрсдөд нь хэтэрхий их бэрхшээл байдаг тул хүмүүст ихэвчлэн таагүй мэдрэмж төрдөг; тэд үргэлж Бурханаас юм шаардаж, “Та надад хүн шиг хандах ёстой. Намайг хүндэлж, намайг өндрөөр үнэлж, намайг бодож, сул талыг минь ойлгох ёстой. Та хүлээцтэй байх ёстой. Миний биеийн хэмжээ жижиг, мэдлэг ухаан байхгүй. Би өмнө нь иймэрхүү ажил хийж байгаагүй” гэж үргэлж бодож байдаг. Тэд үргэлж үй олон шалтаг тоочдог, огтхон ч дуулгавартай дагадаггүй. Дуулгавартай байдлын үнэний талаарх өнөөдрийн нөхөрлөлийн дараа эдгээр шалтаг ер нь жинхэнэ шалтгаан мөн гэж үү? Ямар ч шалтаг жинхэнэ шалтгаан биш. Чиний хариуцлага, чиний даалгавар, чиний үүрэг бол дуулгавартай дагах явдал.

Ямар ч асуудалгүй байх үед дуулгавартай дагахад хүмүүст амархан байдаг. Харин асуудал гарч ирэхэд тэд дуулгавартай дагаж чаддаггүй. Энэ тохиолдолд юу хийж болох вэ? Энэ бэрхшээлийг шийдвэрлэхийн тулд залбирч, үнэнийг эрж хайх шаардлагатай. Өөрийгөө Бурханаар өргөмжлөгдсөн эрхэм хүн гэж боддог байснаа Бурханы нүдэнд гавьяагүй, үнэгүй тоглоом, юу ч биш, үнэ цэнгүй амьтан болсон хэр нь Бурханыг баяртайяа дуулгавартай дагадаг, Бурханд огт шаардлага тавьдаггүй хүн болох хүртэл—тийм түвшний туршлагатай болох хүртэл хэр их хугацаа шаардлагатай вэ? (Петр сүүлийнхээ долоон жилийн хугацаанд хэдэн зуун шалгалт туулсан. Хэрвээ хүн үнэнийг эрэлхийлдэггүй бол хэчнээн удаан итгэсэн ч гэсэн үүнд хүрэхгүй.) Хэдэн жил итгэсэн нь хамаагүй—харин ч хүн үнэнийг эрэлхийлдэг эсэх, үнэнийг ашиглан завхарсан зан чанарын асуудлыг шийдвэрлэж чаддаг эсэхээс энэ нь хамаардаг. Энэ бүхэн нь чиний эрэл хайгуул юу вэ гэдгээс шалтгаалдаг. Зарим хүн зөвхөн нэр хүнд, байр суурь эрэлхийлж, үргэлж өөрсдийгөө гайхуулж, олноос онцгойрохыг хүсэж байдаг. Тэд өчүүхэн төдий ухралт, бүтэлгүйтэлтэй тулгараад нуран унаж, сөрөг болж, сааждаг. Зарим хүн шударга бус далим гаргахдаа гаргууд боловч үнэнийг хайрладаггүй; тэд бусдыг хохироогоод ашиг тусыг нь хүртэх үедээ баярладаг, үнэнийг олж аваагүй бол гунигладаггүй, санаа зовдоггүй. Зарим нь ямар нэг байр суурьгүй бол Бурханд итгэхдээ эрч хүчгүй байдаг бөгөөд байр суурьтай болмогцоо өөр хэнээс ч илүү эрч хүчтэй байдаг; тэгээд хэзээ ч сөрөг болдоггүй, харин ядарч үхтлээ баяртайгаар ажиллана. Тэд үнэнийг хэрэгжүүлэх, эсвэл аливаа зүйлийг зарчмын дагуу хийхэд ямар ч анхаарал хандуулдаггүй, үүний үр дүнд, олон жил Бурханд итгэснийхээ дараа ч туршлагын гэрчлэлгүй байдаг. Цөөхөн жил Бурханд итгэчхээд, сайхан туршлагын гэрчлэлтэй байдаг хүмүүсийг харах үедээ тэд атаархаж, харамсдаг ч тэрхүү мэдрэмж нь арилсны дараа мөн л үнэнийг эрэлхийлдэггүй. Хэрвээ хүн үнэний төлөө чармайхад анхаарлаа төвлөрүүлдэггүй, асуудлыг шийдвэрлэхэд үнэнийг ашигладаггүй бол хэчнээн олон жил итгэлээ ч нэмэргүй. Үнэнийг эрэлхийлдэггүй хүмүүс хэзээ ч Бурханаар төгс болгуулж чадахгүй. Петр олон зуун шалгалт туулснаар төгс болгуулсан—та нар ч бас олон зуун шалгалт туулах ёстой биш үү? Та нар одоо хэр олон шалгалт туулсан бэ? Олон зуу биш юм гэхэд ядаж ганц зуу хүрсэн үү? (Үгүй, хараахан үгүй.) Петр олон зуун шалгалт туулснаар төгс болгуулсан тул хэрвээ та нар ганцыг ч туулаагүй бол, эсвэл зууг л туулсан бол туршлага чинь Петрийнхэд ер дөхөж очихгүй. Чиний биеийн хэмжээ дулимаг. Чи үнэнийг эрэлхийлэхэд хичээл чармайлт гаргах хэрэгтэй биш үү? Яах ёстой вэ? Чи үнэнийг ойлгож, хэрэгжүүлэхэд хичээл чармайлт гаргах ёстой. Хайхрамжгүй, мунгинуу байж, юуг ч нухацтай бодолгүй, хэнэггүй амьдралаар амьдарч, бүхэл өдөржингөө юм хийгээд завгүй байж болохгүй. Завгүй байх нь асуудал гэж хэлж байгаа юм биш—хийх юм ихтэй бол завгүй байх ёстой болно; дандаа завтай байна гэж үгүй. Гэхдээ юм болгоныг зохицуулаад завгүй байхдаа ч гэсэн чи үнэн болон зарчимд шимтэх ёстой; чи аливааг ойлгохоор оролдож, өөрт дутагдаж байгаа зүйлээ Бурханаас асуух ёстой. Бурханаас яаж асуух вэ? Өдөр бүр зүрх сэтгэлдээ тэр зүйлийнхээ төлөө Бурханд чимээгүйхэн залбир. Энэ нь зүрх сэтгэлдээ үнэнийг хүсэн хүлээдэг гэдгийг чинь, хүсэл эрмэлзлээ Бурханаар биелүүлэхийг хүсдэгийг чинь харуулдаг. Хэрвээ зүрх сэтгэл чинь чин үнэнч бол Бурхан залбирлыг чинь сонсоно; Тэрээр чамд сургамж авахад тохиромжтой нөхцөл байдлыг зохицуулж, бэлдэж өгнө. Чи: “Миний биеийн хэмжээ үнэхээр дулимаг. Бурхан намайг няц дарах том шалгалт надад өгөх болов уу?” гэж магадгүй. Үгүй, тэгэх боломжгүй. Бурхан тийм юм яавч хийхгүй. Хүний итгэл хэчнээн их болохыг, жинхэнэ биеийн хэмжээ нь ямар болохыг Бурхан хамгийн сайн мэддэг. Чи үүнд итгэлтэй байх ёстой. Бурхан гурван настай хүүхдэд насанд хүрсэн хүний ачаа хэзээ ч үүрүүлэхгүй—хэзээ ч тэгэхгүй! Чи зүрх сэтгэлдээ үүнд итгэлтэй байх ёстой. Гэхдээ чи Бурханаас гуйх хэрэгтэй. Чамд тийм хүсэл, тийм шийдвэр байх ёстой, тэр үед л Бурхан чиний хүсэлтийг биелүүлнэ. Чи үргэлж айж, нуугдаж, соригдохоос айдаг бол, амар тайван, зовох юмгүй амьдрахыг үргэлж хүсдэг бол Бурхан чам дээр ажиллахгүй. Тиймээс чи чөлөөтэй, зоригтойгоор Бурханаас гуйж, өөрийгөө үнэхээр өргөн барьж, бүхнээ Бурханд даатгах хэрэгтэй, тэгсэн цагт л Бурхан чам дээр ажиллана. Бурхан мэдээж хүмүүсийг дураараа тарчлаахын тулд ажилладаггүй, харин үр дүн, зорилгодоо хүрэхийн төлөө ажилладаг. Бурхан дэмий ажил хийхгүй, эсвэл дааж чадахгүй ачааг чинь чамд үүрүүлэхгүй—чи үүнд итгэх ёстой. Төгс болохоор эрж хайж, Бурханыг сэтгэл хангалуун байлгаж, боломжийн бүтээгдсэн зүйл байхаар чармайхын тулд хүн шийдвэртэй байх ёстой. Тэр нь ямар шийдвэр вэ? Төгс болгуулахаар эрж хайж, үнэнтэй, хүн чанартай хүн болох, Бурханыг хайрлаж, гэрчилдэг хүн болохоор эрж хайх шийдвэр. Бурхан үүнд хамгийн их баярладаг. Хэрвээ чи тийм шийдвэргүй, харин зүгээр л “Би үүргээ гүйцэтгээд завгүй байна. Би ачаа үүрч, хөдөлмөрлөж, номлол сонсож байна. Би өөр хэнээс ч дутахгүй” гэж хэлээд сэтгэл ханадаг бол чамд ямар ч хэтийн ирээдүй байхгүй. Сайндаа л чи хөдөлмөрчин болно, гэхдээ Бурханы ардуудын нэг болохгүй. Чи ахиц дэвшил гаргахыг огт хүсэхгүйгээр байгаа байдалдаа л сэтгэл ханаж байгаа биш үү? Чи үнэнийг эрэлхийлдэггүй, цуглаан дээр үнэний талаар нөхөрлөдөггүй, номлол сонсмогцоо зүүрмэглэдэг. Харин дэлхий ертөнцийн хэрэг явдлыг ярилцах үедээ тасралтгүй чалчиж, нүд чинь гэрэлтдэг—энэ нь хөдөлмөрчний зан авир юм. Үнэнийг дурдмагц нүд нь гэрэлтдэг зарим хүн бий; тэд хэтэрхий дутуу дулимаг гэдгээ мэдэрдэг бөгөөд ямар нэгэн сайн, бодитой зүйл сонсох үедээ яаран тэмдэглэж авдаг. Тэд Бурханы шаардлагаас хэт хол байгаагаа, зүрх сэтгэлд нь хангалттай эерэг зүйл байхгүй, Сатаны хор дэндүү их байгааг, Бурханы эсрэг хэтэрхий их тэрсэлдгээ мэдэрдэг. Тэд дотроо “Бурхан надад сэтгэл ханамжгүй байгаад гайхах зүйл алга. Би Бурханы хүслээс маш хол, Бурхантай ямар ч нийцэлгүй, Бурханыг хэтэрхий их буруугаар ойлгодог. Би хэзээ Бурханы хүслийг хангаж чадах юм бэ?” гэж боддог. Үүргээ гүйцэтгэхдээ тэд эдгээр зүйлийг олж мэдэхээр алгуурлалгүй оролдож, үргэлж Бурханы өмнө очин “Бурхан минь, намайг сориоч. Намайг илчилж, надад үнэнийг ойлгох, үнэн-бодит байдлыг олж авах, Таныг мэдэж авах боломж олгохыг би Танаас гуйж байна. Намайг сахилгажуулж, шүүж, гэсгээгээч” гэж чимээгүйхэн залбирдаг. Тэд ачаа үүрэх үедээ үүнийгээ үргэлж оюун ухаандаа санадаг. Тэд үргэлж үнэнээр цангаж, улмаар Бурхан тэдэн дээр ажиллаж эхэлдэг. Бурхан зарим хүн, үйл явдал, зүйл, элдэв янзын нөхцөл байдлыг зохицуулж, ингэснээр тэд өдөр бүр үүнээс ямар нэг зүйлийг сурч чаддаг. Тэд тэгээд ивээгддэг биш үү? Яагаад Петрт олон зуун шалгалт ирсэн бэ? Учир нь тэрээр үнэнийг эрэлхийлсэн, Бурханы шалгалтаас айгаагүй, Бурханы шалгалтууд нь хүмүүсийг ариусгахын төлөө байдаг гэдэгт итгэсэн. Энэ зам нь хүмүүсийг төгс болгож чадна, энэ бол цорын ганц үнэн зам гэдэгт итгэсэн. Тэрээр үүний төлөө залбирч, үүний төлөө өөрийгөө зарлагадаж, зориулсан; тийм учраас Бурхан түүн дээр ажилласан юм. Энэ нь Бурхан Петрийг сонгосон, Петрийг сорьж, төгс болгохоор шийдсэн гэсэн үг байж болох уу? Яг тийм. Бурхан нэг хүнийг сонгохдоо оюун ухаандаа зорилготой, зарчимтай байдаг—энэ бол гарцаагүй. Яагаад ихэнх хүн Бурханаас ийм төрлийн ажлыг олж авч чаддаггүй вэ? Учир нь тэд үнэнийг эрэлхийлдэггүй, ийм шийдвэр тэдэнд байдаггүй, тийм учраас Бурхан тэдэн дээр ажилладаггүй. Бурхан хэнийг ч хүчилдэггүй. Бурхан хүнийг төгс болгохыг хүсэх нь гайхалтай зүйл бөгөөд хэчнээн их зовлон зүдүүр туулсан ч энэ нь үнэ цэнтэй. Гэхдээ ихэнх хүнд ийм шийдвэр байдаггүй, тэд шалгалт, бэрхшээлтэй тулгарах үедээ зүгээр л яаран зугтаж, нуугддаг. Бурхан тийм хүнийг албадах уу? Зарим хүн үнэнийг эрэлхийлдэггүй, Христтэй нүүр тулан уулзах зориг ч байдаггүй. Тэд “Христтэй уулзах үедээ би юу хэлэхээ мэдэхгүй. Би ямар ч үнэнийг мэдэхгүй, яаж нөхөрлөхөө мэдэхгүй. Христ миний асуудлыг харвал ичмээр байх биш үү? Намайг засвал би тэвчиж чадахгүй. Би Бурханаас зайлсхийж, боломжийн зай барих ёстой. Хэрвээ би үргэлж Бурхантай холбоотой байж, Бурханы өмнө амьдарвал Бурхан намайг нэвт харж, намайг зэвүүцнэ. Би таягдан хаягдаж, сайхан хүрэх газартай болохоо болино” гэж хэлдэг. Тийм байдаг гэж үү? (Үгүй.) Зарим хүн иймэрхүү санаа бодол өвөрлөж байгаа. Бурхан тийм хүнээс ямар нэг юм шаардах уу? (Үгүй, шаардахгүй.) Тиймээс чи юу эрэлхийлнэ, хэр их шийдвэртэй байна, Бурхан тэр хэмжээнд л чамайг төгс болгоно. Хэрвээ чи үнэнийг эрэлхийлдэггүй, харин үргэлж Бурханаас нуугдаж, зай барьдаг бол, мөн өөрийнхөө бодлыг үргэлж Бурханаас нуудаг бол чам шиг хүмүүсийн талаар Бурхан юу хэлэх вэ? (“Ариун зүйлийг нохдод бүү өг, сувдаа гахайн урд бүү хая” (Матай 7:6).) Чи үнэнийг хайрладаггүй, Бурханаас нуугддаг мөртөө Бурхан чамайг сорьж, төгс болгохоор зүтгэнэ гэж бодож байна уу? Чи эндүүрч байна. Хэрвээ чи зөв хүн биш бол хэчнээн их гуйж, залбираад нэмэргүй. Бурхан үүнийг хийхгүй; Бурхан хүмүүсийг албаддаггүй. Тэр нь Бурханы зан чанарын нэг тал юм. Гэхдээ үнэнийг эрэлхийлдэг хүмүүсээс Бурханы шаарддаг зүйл бол тэд Петр шиг, Иов шиг, эсвэл Абрахам шиг байж чадах; Бурханы шаардсан амьдралын зөв замд орох; Бурханаас эмээж, муугаас зайлах замд орж, эцэст нь үнэнийг олж авч, төгс болгуулах явдал. Бурхан ийм төрлийн хүнийг олж авна гэж найддаг ч хэрвээ чи өөрөө эрж хайхгүй бол Бурхан чамайг албадах уу? Үгүй. Бурхан хэзээ ч, хэнийг ч албадаж байгаагүй. Ариун Сүнс чамайг тууштай хөдөлгөж, чамайг барьж аваад, тавьж явуулахгүй, чамайг төгс болгохоор зорьж, төгс болгох хүртлээ болихгүй байна гэж үгүй. Үнэнийг хэлэхэд Бурхан тиймэрхүү юм яасан ч хийхгүй. Тэр нь Бурханы хандлага юм. Эцэст нь Өөрийнх нь ажил гүйцэлдэх үед Иов, Петр, Абрахам шиг илүү олон хүнийг олж авна гэж л Бурхан найддаг. Гэхдээ эцэст нь хэдэн хүн үнэхээр үнэнийг эрэлхийлж, Бурханаар авхуулах вэ гэдэг нь Бурханы хүчилж албадахгүй зүйл юм. Бурхан юмыг жам ёсоор нь л явуулна—энэ бол Бурханы бодитой ажлын нэг тал мөн. Бурхан энэ нь 10, 20, 1000, 2000, эсвэл бүр 10000 хүн байх ёстой гэсэн тодорхой тоо хэмжээг тогтоогоогүй. Бурхан энэ талаар ямар ч болзол тавиагүй. Бурхан зүгээр л ийм маягаар үргэлжлүүлж, бодитой ажил хийж, үнэхээр хүмүүсийн дунд алхаж байгаа. Бурхан ингэж ажиллаж, үг хэлж, үнэнтэй холбоотой ажил буюу хүн төрөлхтөнд ашиг тустай ажлын тал бүрийг гүйцэтгэдэг. Энэ нь зөв хүмүүсийн дотор, үнэнийг хүсэн мөрөөсдөг хүмүүсийн дотор Бурханы үргэлжлүүлэн хийдэг ажил юм. Эцэст нь шийдэмгий бөгөөд үнэнийг эрэлхийлдэг хүмүүс төгс болгуулна. Тэд хамгийн их ерөөгдсөн, мөнх амийг олж авах хүмүүс билээ. Бурхан хүн бүрд зөвт байдлаар ханддаг, хэнийг ч онцгойлж үздэггүй гэдгийг энэ нь нотолдог. Өнөөдөр та бүхэн Бурханыг дагаж чадаж байгаа нь тохиолдлын хэрэг биш—үүнийг Бурхан аль эрт урьдчилан тодорхойлсон юм. Бурхан хүмүүсийн гэр бүл, төрөх газар, өсөж том болох орчин, хэв чанар, авьяас билиг, ур чадвар, эргэн тойрныхон—энэ бүх зүйлийг урьдчилан тогтоодог. Эцэст нь Бурханы зөвт байдал ямар байхыг хүмүүс харах вэ? Эцэстээ амьд үлдэж, үзэсгэлэнтэй сайхан хүрэх газрыг олж авч чадах нь хүмүүсийн өөрсдийнх нь эрэл хайгуул, төлсөн төлөөснөөс хамаарна. Бурхан эдгээр зүйлийг урьдчилан тогтоох нь нэг тал боловч хүмүүсийн хамтын ажиллагаа ч бас шаардлагатай. Бурхан хүмүүсийн явж буй замд, мөн үнэнтэй эсэхэд нь үндэслэн үр дүнг нь тодорхойлдог. Энэ бол Бурханы зөвт байдал юм.

Бие махбодтой болсон Бурханы бодитой талыг хүн бүр харсан. Бурхан хүн нэг бүрд шударга, үндэслэлтэй ханддаг. Чи тэрийг харсан; бусад хүн ч харсан; та нар бүгдээрээ харсан. Бие махбодтой болсон Бурхан бол жирийн хүн. Зарим хүн Христийг хараад үзэлтэй болж, “Тэр маш хэвийн, үнэхээр үл анзаарагдам юм. Энэ үнэхээр бие махбодтой болсон Бурхан байж таарах уу? Би Түүнд итгэхгүй байна, би Түүнд яагаад ч итгэж чадахгүй” гэж боддог. Эсвэл зүгээр л Түүнийг дурамжхан дагаж, Түүнд эргэлзсэн байдлаар итгэж, үзлээ тээсээр байдаг. Бусад хүмүүс Христийг хараад жаахан эрүүл ухаантай хандаж, “Бие махбодтой болсон Бурхан жирийн хүн боловч үнэнийг илэрхийлж, хүмүүсийг амиар хангаж чаддаг учраас би Түүнд Бурхан шиг хандах ёстой. Би Түүний үгийг үнэн, Бүтээгчийн үг гэж хүлээн авч, хэрэгжүүлнэ. Би Түүнийг дагана” гэж боддог. Энэ хүмүүс эцэст нь төгс болгуулж, үнэнийг олж авдаг. Ямар хүмүүс эцэст нь үнэнийг олж авдаг вэ? Үнэнийг эрэлхийлдэг хүмүүс. Бурхан Өөрийн сонгосон хүмүүсийг өдөр бүр усалж, хангаж, хариулж, тэдэн дээр ажилладаг. Би номлож, нөхөрлөж, Ариун Сүнс Бурханы сонгосон хүмүүс дээр ажиллаж, хүн бүр усалгаа, хангалт хүлээн авдаг. Хэнд ч тусгайлан ханддаггүй бөгөөд чуулганы амьдралд оролцдог, үүргээ гүйцэтгэдэг хүн бүр ийм маягаар өдөр тутам Бурханы ажлыг эдэлдэг. Би хүн нэг бүрд адилхан ханддаг. Би хэнийг ч асуулт асуусан хариулдаг бөгөөд хэнийг ч онцгойлон халамжилдаггүй, хэнд ч тусгай нөхцөл байдлыг бүрдүүлж өгдөггүй, эсвэл хэнийг ч яаруулж, зоригжуулахаар оролддоггүй, Ариун Сүнсний нэмэлт гэгээрэл, гэрэлтүүлэлт өгдөггүй, эсвэл тэмдэг, гайхамшиг үзүүлдэггүй. Бурхан тиймэрхүү юм хийдэггүй. Бурхан хүмүүсийн нүглийг уучилж, гэмшлийн замд оруулж, тэднийг Бурханд итгэдэг, Бурханд эргэлздэггүй болгохын тулд Нигүүлслийн эрин үед олон тэмдэг, гайхамшиг үзүүлсэн. Ажлын одоогийн алхам нь тэр чигтээ үнэнээр хангахаас бүрддэг, ингэснээр хүмүүс үнэнийг ойлгож, жинхэнэ итгэлтэй болж чадна. Чи хэчнээн их зовсон ч эцэстээ үнэнийг олж авсан бол төгс болгуулсан хүн бөгөөд амьд үлдэнэ. Хэрвээ чи үнэнийг олж аваагүй бол ямар ч шалтаг тоочоод нэмэргүй. Чи: “Бурхан ямар ч гайхамшиг үзүүлээгүй учраас би итгэж чадаагүй”, “Бурхан үргэлж миний ойлгохооргүй үнэнийг илэрхийлж байсан болохоор би итгэж чадаагүй”, эсвэл “Бурхан дэндүү бодит, хэтэрхий хэвийн учраас би итгэж чадаагүй” гэж хэлж болох юм. Эдгээр нь бүгд чиний асуудал. Чамд яг л бусадтай адил үнэнийг өгсөн—тэгвэл тэд яагаад төгс болгуулж, харин чи таягдан хаягдаж байгаа юм бэ? Чи яагаад үнэнийг олж аваагүй юм бэ? Энэ бол чиний шүүлт: Учир нь чи үнэнийг эрэлхийлээгүй. Эцсийн энэ үе шатанд Бурхан үгийн ажил л хийдэг. Тэрээр хүн төрөлхтнийг шүүж, цэвэрлэхийн тулд үнэндээ үг ашигладаг; тэмдэг, гайхамшиг үзүүлдэггүй. Хэрвээ чи Бурханы гайхамшгийг харахыг хүсвэл тэртээ 2,000 жилийн өмнө очиж, тухайн үеийн Эзэн Есүсийн гайхамшгийг хар. Энэ эрин үеийн итгэгч бүү бай. Чи Бурханы шүүлтийн ажлыг хүлээн авсан тул гайхамшгийг бүү хай. Бурхан гайхамшиг үзүүлдэггүй. Энэ нь үндэслэлтэй юу? (Тийм.) Энэ нь шударга, үндэслэлтэй. Хэрвээ чи үнэнийг эрэлхийлдэг бол Бурхан чамайг онцгойлж үзэхгүй. Чи үнэнийг эрэлхийлдэггүй, харин зүгээр л хөдөлмөрлөхөөр эрэлхийлж, эцсээ хүртэл үргэлж үнэнчээр хөдөлмөрлөдөг бол Бурхан чамайг үлдээж, нигүүлслээ хайрлана. Харин чи эцсээ хүртэл хөдөлмөрлөж чадахгүй бол таягдан хаягдана. Таягдан хаягдах гэж юу гэсэн үг вэ? Энэ нь сүйрэл гэсэн үг! Энэ нь шударга, үндэслэлтэй бөгөөд хэнийг ч онцгойлон үздэггүй. Энэ нь бүгд Бурханы үг, үнэнд үндэслэдэг. Энэ бүхнийг харгалзан үзвэл хүмүүсийн явж буй зам хамгийн чухал биш үү? Чи ямар зам эрэлхийлдэг, ямархуу хүн болохоор эрмэлздэг, юу эрж хайдаг, юунд найддаг, Бурханаас юу гуйдаг, Бурханы өмнө байхдаа Бурханд хандах хандлага чинь ямар байдаг, Бурханы үгэнд хандах хандлага чинь ямар байдаг: энэ бүх зүйл маш чухал. Та нар Надад хэл дээ—тэмдэг, гайхамшиг үзүүлэх нь хүмүүсийг төгс болгож чадах уу? Жишээ нь, чи автын осолд ороод, Бурхан чамайг аварвал тэр нь чамайг төгс болгож чадах уу? Хэрвээ чи нэгэнтээ үхээд, дахин амилсан бол тэр нь чамайг төгс болгож чадах уу? Эсвэл чи зүүдэндээ тэнгэрийн хаанчлалд очоод, Бурханыг харсан бол тэр нь чамайг төгс болгож чадах уу? (Үгүй.) Эдгээр зүйл үнэнийг орлож чадахгүй. Тиймээс Бурханы удирдлага төгсгөлдөө очдог, ажлын энэ сүүлийн үе шатанд Бурхан хүмүүсийг төгс болгож, илчлэхийн тулд үг ашигладаг. Энэ бол Бурханы зөвт байдал юм. Хэрвээ чи Бурханы үгээр төгс болгуулсан бол Бурхан чамайг үлдээлээ гэж хэн ч гомдоллож чадахгүй, үлдсэний чинь төлөө Сатан ч чамайг буруутгаж чадахгүй. Бурхан ийм төрлийн хүнийг хүсдэг. Бурхан маш олон үг өгсөн тул хэрвээ чи эцэст нь юу ч олж авахгүй бол хэний буруу байх вэ? (Бидний.) Буруу замыг сонгосон нь өөрийн чинь буруу. Хүмүүс ямар замаар явах нь үнэхээр чухал. Яагаад тэр вэ? Учир нь энэ нь тэдний хүрэх газрыг тодорхойлдог. Тийм учраас чи зөгнөлүүд биелсэн эсэхийг, Бурхан тэмдэг, гайхамшиг үзүүлсэн эсэхийг, Бурхан үнэндээ хэзээ газар дэлхийгээс явахыг, Бурханыг газар дэлхийг орхин явах үед нүдээрээ харж чадах эсэхээ олж мэдэхээр байнга оролдох ёсгүй. Тэрийг мэдлээ гээд чамд ямар ч сайн юм болохгүй; энэ нь чиний хүрэх газарт, эсвэл төгс болгуулахад чинь нөлөөлөхгүй. Тэгвэл чамд юу хамаатай вэ? (Бурханд итгэхдээ миний явдаг зам.) Чиний явдаг зам төгс болгуулж чадах эсэхэд чинь нөлөөлдөг. Төгс болгуулах эрэл хайгуулдаа хамгийн их орох ёстой үнэн юу вэ? Бурханыг дуулгавартай дагах үнэн. Бурханыг дуулгавартай дагах нь хамгийн өндөр, хамгийн чухал үнэн бөгөөд мөн чанартаа үнэнийг эрэлхийлэх нь Бурханыг дуулгавартай дагахаар эрэлхийлэхтэй адилхан. Чи насан туршдаа Бурханыг дуулгавартай дагахаар эрэлхийлэх хэрэгтэй, Бурханыг дуулгавартай дагах энэ зам нь үнэнийг эрэлхийлэх зам юм. Яагаад насан туршдаа Бурханыг дуулгавартай дагахаар эрэлхийлэх хэрэгтэй вэ? Учир нь Бурханыг дуулгавартай дагахаар эрэлхийлэх үйл явц нь завхарсан зан чанарыг шийдвэрлэх үйл явц юм. Яагаад завхарсан зан чанарыг шийдвэрлэх хэрэгтэй вэ? Учир нь завхарсан зан чанар Бурхантай зөрчилддөг. Хэрвээ чи сатанлаг зан чанараар амьдардаг бол Сатаны, диаволуудын мөн чанартай бөгөөд Бурханыг дуулгавартай дагахаар эрэлхийлэх нь завхарсан зан чанарын асуудлаа шийдвэрлэхийг чамаас шаарддаг. Энэ нь маш чухал! Чи завхарсан зан чанартай байх л юм бол, шийдвэрлэгдээгүй жаахан хэсэг үлдсэн л бол Бурхантай зөрчилдөж, Бурханы дайсан болно, Бурханд дуулгавартай байж чадахгүй. Завхарсан зан чанарын чинь шийдвэрлэгдсэн түвшин бол Бурханд дуулгавартай байдаг түвшин чинь; завхарсан зан чанарын чинь шийдвэрлэгдсэн хувь хэмжээ бол Бурханд дуулгавартай байдаг хувь хэмжээ чинь юм.

Энэ цуглаан дээр бид Бурханыг мэдэх тухай яриагүй. Бурханыг дуулгавартай дагахын тулд завхарсан зан чанараа шийдвэрлэж, төгс болгуулахаар эрэлхийлэх үйл явцаар дамжин аажмаар Бурханыг мэдэж авдаг. Бурханыг мэдэх эрэл хайгуул нь өөрөө маш гүн гүнзгий хичээл, тийм учраас бид энэ талаар хараахан яриагүй. Яг одоо бид хүмүүсийн хэрэгжүүлэлт, амьдрал, эрэл хайгуул, явж буй замтай нягт холбоотой сэдвүүдийн талаар ярьж байгаа. Завхарсан зан чанараа шийдвэрлэхээр эрж хайх явцдаа чи аажмаар Бурханыг ойлгож, Бурханы хүслийг мэдэж авдаг. Чи Бурханы хүслийг ойлгож чадах үедээ Бурханы талаар илүү их мэдлэгтэй болдог биш үү? (Тийм ээ.) Тэгээд чи Бурханы талаар бага зэрэг бодитой мэдлэгтэй болдог. Яагаад чи Бурханыг дагах явцдаа Бурханд дуулгавартай болж чаддаг вэ? Учир нь чи Бурханы зүрх сэтгэлийг мэддэг, Бурханы хүслийг ойлгодог; Бурхан чамаас ямар стандарт, зарчим шаарддагийг, Бурханы зорилго юу болохыг ойлгодог. Энэхүү ойлголт нь Бурханы талаарх зарим мэдлэгийг агуулдаггүй гэж үү? (Агуулдаг.) Үүнд аажмаар хүрдэг, энэ бүхэн нь хоорондоо уялдаа холбоотой. Хэрвээ чи зөвхөн Бурханы талаарх мэдлэгийг л эрэлхийлэх юм бол хэцүүднэ. Чи: “Би өдөр болгон Бурханы талаарх мэдлэгийг эрэлхийлэхээс өөр юу ч хийхгүй. Цэцэг хаанаас ургадгийг би харна, хурга эхийгээ хөхөхдөө хоёр хөлөө нугалдаг байхад яагаад тугал тэгдэггүйг харна. Би энэ бүхнийг судалж, тийм маягаар Бурханыг мэдэж авна” гэж хэлж магадгүй. Зүгээр л энэ бүхнийг судалснаар чи Бурханы тухай мэдлэгт хүрч чадах уу? Яавч үгүй. Үнэн судалгаанаас үүдэн гардаггүй, харин үнэнийг туршлагаараа л үнэхээр мэдэж авдаг. Судалгаа ямар ч нэмэргүй. Чи Бурханы бүтээсэн бүх зүйлийг мэддэг, тэр нь гайхалтай бөгөөд тиймээс чи Бурханы талаар аль хэдийн бага зэрэг мэддэг. Гэхдээ чи юунд анхаарлаа төвлөрүүлэх ёстой вэ? Чи үнэнийг эрэлхийлж, завхарсан зан чанараа шийдвэрлэж, Бурханд дуулгавартай болох ёстой. Энэ эрэл хайгуулын явцад чи аар саар олон асуултын хариуг бага багаар олж, хэрэгжүүлж, орох замаа олно. Завхарсан зан чанараа хэдий чинээ нэгд нэггүй шийдвэрлэнэ, үнэнийг хэрэгжүүлж, Бурханд дуулгавартай болоход төдий чинээ амархан байх болно. Хүмүүс завхарсан зан чанартаа хязгаарлагдахаа больмогцоо эрх чөлөө, чөлөөлөлтийг үнэхээр олж авдаг бөгөөд үнэнийг хэрэгжүүлэх нь хүнд бэрх биш, харин маш амархан байдаг. Тэгэх нь үнэн хүмүүсийн амь болж байгаа хэрэг биш үү?

2017 оны 10 дугаар сарын 01

Өмнөх: Эв эетэй хамтын ажиллагааны тухай

Дараах: Үүргээ зохистой биелүүлэхэд эв найртай хамтын ажиллагаа шаардлагатай

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Messenger дээр бидэнтэй холбоо барих