Хүүгийнхээ эдгэшгүй өвчинтэй нүүр тулсан минь

2022-01-21

Лян Шин, Хятад

Хоёр жилийн өмнө манай хүүгийн бүсэлхийгээр айхтар өвдсөн юм. Үүнийг үзүүлэхээр очтол, эмч шинжилгээний хариу санаа зовоож байна гээд, биднийг нэмэлт шинжилгээ хийлгэхээр мужийн том эмнэлэг явах хэрэгтэй гэсэн. Тэгж хэлэхээр нь би сандарч, хүү маань хүнд өвчин туссан байж болзошгүй гэдгийг мэдсэн юм. Гэхдээ би энэ бүх хугацаанд үүргээ биелүүлж, Бурханы төлөө золиос гаргаж ирсэн, бас нэлээд их зовсон гэдгээ дараа нь бодсон. Коммунист Намын аймшигт дарлал, баривчилгаа, хайртай хүмүүсийнхээ доог тохуу, гүжирдлэгтэй тулгарлаа ч гэсэн би хэзээ ч ухарч няцалгүй, үүрэгтээ тууштай үлдсэн. Бурхан Өөрийнх нь төлөө хийсэн бүх зүйлийг минь харгалзан үзээд, хүүг минь ямар ч ноцтой зүйлээс хамгаална гэж бодлоо. Тэгээд хүү маань элэгний хорт хавдартай, элэг нь хатуурсан гэх хариу авсан. Эмч хүүг маань нэмж гурваас зургаан сар л амьд байна гэж хэлсэн юм. Тэгэхэд үүлгүй тэнгэрээс аянга ниргэх шиг л болж би тэнд хөшчихөөд, суугаад л байсан. Энэхүү бодит байдлыг хүлээн зөвшөөрч ер чадаагүй юм. Хүү минь дөнгөж 37-той шүү дээ. Яаж тийм өвчин тусаж болдог юм бэ? Шинжилгээний хариу барьчхаад, хоёр гар минь салгалж байлаа. Эмч буруу онош тавьчихсан юм болов уу гэж гайхсан. Тэнд мэл гайхаж, орны ирмэг дээр суугаад, нэлээд хэсэг хугацаанд хагас ухаантай байсан. Хацар даган нулимс урсаж, “Хүү минь хар залуугаараа байж, тийм хүнд өвдөж яаж болдог юм бэ? Энэ хоёрын аль нь ч аминд халтай. Гэтэл хоёулангаар нь өвдчихлөө гэж үү? Хүү минь манай ноён нуруу. Түүнгүйгээр гэр бүл маань яах болж байна? Үр хүүхдээ оршуулах нь хүний амьдрал дахь хамгийн зовлонтой зүйл шүү дээ” гэж бодогдсон. Би улам бүр шаналж байлаа. Найзууд, гэр бүлийнхэн маань намайг загнаж, “Чи Бурханд итгэгч юм бол танай хүү яахаараа өвдчихдөг юм бэ? Танай тэр Бурхан хүүг чинь хамгаалсангүй, тэгэхээр ямар хэрэг байна?” гэж байлаа. Бас намайг итгэлийнхээ талаар мартаад, зүгээр л гэртээ байж, хүүгээ асар гэцгээсэн. Тэдэнд зэмлүүлээд би үнэхээр шаналсан юм. Байнга уйлчих гээд, хагас ухаантай байдаг байлаа. Бүр залбирч, Бурханы үг уншихыг ч хүсээгүй. Би үнэхээр харанхуйд байсан юм. “Бурхан минь, хүү маань маш хүнд өвдчихөөд, би үнэхээр зовж, үүнийг тэсвэрлэж чадахгүй байна. Намайг замчилж, хүслээ ойлгуулаач дээ” гэж залбирсан.

Тэгээд нэг өдөр Бурханы ийм үг уншсан юм: “Шалгалтыг туулж байхдаа хүмүүс сул дорой болж, дотроо сөрөг байдал тээж, Бурханы хүсэл болон хэрэгжүүлэлтийн замыг ойлгож чадахгүй байх нь хэвийн юм. Гэвч ямар ч тохиолдолд чи Бурханы ажилд итгэлтэй байж, яг л Иов шиг Бурханыг үгүйсгэхгүй байх ёстой. Хэдийгээр Иов сул дорой байж, төрсөн өдрөө хараасан боловч Ехова хүний амьдрал дахь бүх зүйлийг хайрласан, мөн Ехова бол тэднийг бүгдийг нь авч явах Нэгэн мөн гэдгийг тэр үгүйсгээгүй. Түүнийг яаж ч шалгасан тэр энэ итгэлээ хадгалсан… Бурхан төгс болгох ажлыг хүмүүс дээр хийдэг бөгөөд хүмүүс үүнийг харж, мэдэрч чаддаггүй; ийм нөхцөлд чиний итгэл шаардлагатай. Юмыг энгийн нүдээр харах боломжгүй үед хүмүүст итгэл шаардлагатай болдог бөгөөд үзлээ орхиж чадахгүй үед чинь чамд итгэл хэрэгтэй байдаг. Бурханы ажлын талаар тодорхой ойлголтгүй байх үедээ чиний хийх ёстой зүйл бол итгэлтэй байж, дороо бат зогсож, гэрчлэлд зогсох юм(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Төгс болгуулах хүмүүс цэвэршүүлэлт туулах ёстой). Хүү маань тийм хүнд өвдсөн нь нэг ёсондоо надад зориулсан туршилт юм байна, үүнийг даван туулахын тулд итгэлдээ найдах ёстой гэдгийг би Бурханы үгээс олж харж чадсан. Тэгээд бүх эд хөрөнгө, уулын бэл дүүрэн мал сүргээ дээрэмдүүлж, үр хүүхэд нь бүгд үхэж, өөрөө яр шарханд баригдсан Иовыг бодлоо. Тийм агуу шалгалттай тулгарч байхдаа ч Иов Бурханыг буруутгалгүй өөрийгөө хараахад бэлэн байж, Еховагийн нэрийг магтсан. Иов Бурханд үзэсгэлэнтэй сайхан гэрчлэл хийсэн. Энэ бүхнийг туулж байхад нь Иовыг найзууд нь шоолж, эхнэр нь шүүмжилж, зүгээр л Бурханыг хаяад, үх гэсэн. Өнгөн дээрээ Иовыг эхнэр, найз нөхөд нь загнаж байгаа мэт харагдсан ч үүний цаана Сатан Бурханыг үгүйсгэх, Бурханаас урвахад Иовыг хүмүүсийн үгээр уруу татаж байсан. Гэхдээ Иов үүнд хуурталгүй, тэр ч бүү хэл эхнэрээ мунхаг эм гэж зэмлэсэн шүү дээ. Найзууд, гэр бүлийн маань дайралтын цаана Сатаны заль мэх байгааг би мэдсэн. Би Иов шиг байж, Бурханы гэрчлэлд зогсох ёстой байлаа. Тэдний дэмий үгийг сонсож болохгүй байсан. Тухайн үед тэгтлээ их шаналж, арга мухардахаа больсон доо.

Хоёр долоо хоногийн дараа хүү маань мэс засалд орж, хорт хавдрыг хяналтад оруулсан. Итгэлээс минь үүдээд Бурхан хүүг маань өршөөж магад, Бурхан гайхамшиг үзүүлбэл хүү маань эдгэж магад гэж би бодлоо. Хүүгээ бүрэн эдгэнэ гэж найдаад, тэгвэл хэчнээн сайхан байх бол гэж бодож байлаа. Дараа нь Бурханы үгийн ийм хэсэг санаанд орсон: “Чиний эрэлхийлдэг зүйл бол Бурханд итгэснийхээ дараа амар амгаланг олж чадах явдал, хүүхдүүд чинь өвчин хуучаас ангид байх, нөхөр чинь сайн ажилтай байх, хүү чинь сайн эхнэр олж авах, охин чинь дажгүй нөхөртэй болох, үхэр адуу чинь газраа сайн хагалах, ургац ургахын тулд жилийн турш цаг агаар сайхан байх. Чиний эрэлхийлдэг зүйл энэ. Чиний эрэл хайгуул зөвхөн тав тухтай амьдрахын төлөө байдаг, мөн ямар ч осол танай гэр бүлд тохиолдохгүй байх, салхи шуурга хажуугаар чинь өнгөрөх, нүүр царайд чинь элс шороо хүрэхгүй байх, ургац чинь үерт автахгүй байх, ямар ч гамшигт нэрвэгдэхгүй байх, Бурханы тэвэрт амьдрах, тохитой гэр оронд амьдрахын төлөө байдаг. Махан биеийн таашаалыг үргэлж эрэлхийлдэг чам шиг хулчгар хүнд зүрх сэтгэл байдаг уу, сүнс байдаг уу? Чи араатан биш гэж үү? Би хариуд нь юу ч нэхэлгүйгээр үнэн замыг чамд өгсөн, гэсэн ч чи үүнийг эрэлхийлдэггүй. Чи Бурханд итгэдэг хүмүүсийн нэг мөн гэж үү? Би жинхэнэ хүний амьдралыг чамд өгсөн, гэсэн ч чи үүнийг эрэлхийлдэггүй. Чи гахай, нохойноос өөрцгүй биш үү?(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Петрийн туршлага: гэсгээлт, шүүлтийн талаарх түүний мэдлэг). Итгэлийн талаарх асуудалтай харах өнцөг, ерөөлийн төлөөх сэдлийг маань Бурханы үг үнэхээр гярхай илчилсэн. Би үнэхээр ичсэн шүү. Эзэнд итгэхдээ би ерөөл, нигүүлсэл хөөцөлдөж, гэр бүлийнхнээ бүгдийг нь ерөөгдөнө гэж найдаж байж. Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг хүлээн зөвшөөрснөөсөө хойш би хэзээ ч Бурханаас нигүүлсэл гуйн ичгүүргүйгээр залбирч байгаагүй ч үнэнийг эрж хайхгүй, бас Бурханыг үнэнхүү ойлгодоггүй байж. Одоогийн энэ эрин үед зуу дахин их зүйл, ирж буй эрин үед мөнх амь хүссэн минь буруу байсан юм. Өөрийнх нь төлөө золиос гаргасан болохоор Бурхан намайг дурсаж, ерөөнө, гэр бүлийг маань өвчин, гамшгаас хамгаалж, бидний амьдралыг саадгүй, ямар ч аймшигт осол эндэлгүй болгоно гэж бодсон. Тийм болохоор үүргээ биелүүлэхийн тулд гэр орон, ажлаа ард орхиж, ямар ч зовлон туулахдаа бүрэн баяртай байлаа. Харин шинжилгээгээр хүү маань хорт хавдартай нь тогтоогдох үед хүүгээ өвчтэй байгааг харахын зовлонд бүрмөсөн автаад, үүргээ биелүүлэх урам зоригоо алдсан. Би хэр ихийг зарлагадсан, хэр их зовсноо шалдар булдраар тооцоолж, Бурхантай мэтгэлцэж, хүүг маань хамгаалсангүй гэж Бурханыг буруутгаж байсан юм. Миний итгэл дэх эрэл хайгуулыг харах өнцөг буруу гэдгийг надад тулгарсан нөхцөл байдал болон Бурханы шүүлт, илчлэлийн үг харуулсан. Би үнэнийг эрэлхийлж, завхралаас ангижрахын тулд итгэлийнхээ төлөө аливааг орхиж байсан юм биш, харин үүнийгээ Бурханы нигүүлсэл, ерөөлөөр арилжсан. Би Бурхантай наймаацаж, Бурханыг ашиглаж, хуурч байсан юм. Салхи шуурга, өвчин, гамшигт өртөхгүй байхын тулд Бурханаар гэр бүлээ хамгаалуулахыг л тууштай эрэлхийлж байж. Талх идэж, гэдсээ цатгадаг шашны тэр хүмүүсээс би юугаараа өөр байсан юм бэ? Эрэл хайгуулыг харах өнцөг минь хэчнээн бузар гэдгийг би олж харсан. Тухайн үед Бурханд маш их өртэйгөө мэдэрч, Бурханы өмнө очин залбираад, хүүгийнхээ эрүүл мэндийг Бурханы гарт даатгаж, Бурханы захиралт, зохицуулалтад захирагдахад бэлэн болсон юм.

Дараа нь манай хүү гурав, дөрвөн мэс засалд дараалан ороод, бие нь улам бүр сайжирч байх шиг байсан. Хоолондоо сайжирч, бас хөнгөн хөдөлгөөн хийж чадаж байлаа. Ялангуяа түүнийг хүүтэйгээ хамт дуулж, бүжиглэж, цоо эрүүл харагдаж байгааг үзээд би хөл газар хүрэхгүй баярласан. Хүүд маань найдлага байх шиг санагдсан юм. Хүний харах өнцгөөс бол хүүгийн маань өвчин цаазын ял юм байна, хүү маань нэмж зургаан сар амьд явахгүй нь гэж би бодож байсан. Гэхдээ аль хэдийн үүнээс удаж, хүүгийн маань бие ч маш сайн байлаа. Энэ нь Бурханы ерөөл, хамгаалалт байсан. Тэр маягаараа явбал хүү маань бүрэн эдгэрэх юм шиг байсан шүү. Гэхдээ юм миний санаснаар болоогүй. Хүү маань гэнэт ямар ч хоол шингээж чадахаа больж, гэдэс нь улам бүр том хөөж эхлэн, суухад хэцүү болсон. Үзлэгт ортол хорт хавдар нь тараагүй ч элэгний хатуурал нь хүндэрч, хүүгийн маань хэвлийн хөндийд шингэн хурж байлаа. Үхэл хүүд маань бага багаар ойртож байх шиг санагдаж, би дахиад л цөхрөлд автсан. Хүүгийн маань өвчин илт дээрдэж байсан юм байж яагаад дахиад хүндэрч байгааг нь ойлгохгүй байсан юм. Манай хүү бүх хүнтэй тун эв найртай байдаг, хэзээ ч муу юм хийж байгаагүй маш сайн хүү байсан. Найз нөхөд, гэр бүлийнхэн, хөршүүд бүгд л хүүгийн маань тухайд ам сайтай байсан юм. Хүү маань миний итгэлд жаахан дурамжхан байдаг ч надад бас саад хийдэггүй байлаа. Яагаад хүү маань аминд халтай өвчин тусчхав аа? Дараа нь би, итгэгч байх бүхий л хугацаандаа сайн мэдээ түгээж, чуулганд гарсан юм бүхэнд манлайлан оролцож ирснээ бодож байсан. Намын дарлал, баривчилгаанаас болоод манай гэр бүлийнхэн итгэлийг минь эсэргүүцэж эхэлсэн, гэхдээ би ямар ч эсэргүүцэлтэй тулгарлаа гэсэн хэзээ ч ухарч няцаагүй. Үүргээ биелүүлсээр л байсан. Би маш их зүйл орхисон мөртөө яагаад ийм зүйлтэй тулгарч байгаа юм бэ? Тэр олон жил золиос гаргасныхаа хариуд би ийм зүйл хүртлээ гэж үү? Би тэгж хэлээгүй ч, Бурхан зөвт бус байна гэх энэ мэдрэмжид автсан байсан юм. Гутранги үзэлтэй болж, сэтгэлээр унаж, цаг үргэлж хагас ухаантай байсан. Тэгээд найдлага тасарсан. Би аймшигтай их зовж, цаг үргэлж уйлж байлаа.

Миний уншсан ийм нэг хэсэг байсан юм: “Зөвт байдал яавч эрх тэгш, эрүүл ухаантай байдаггүй; энэ бол тэгшитгэх үзэл биш, хэр их ажил гүйцэлдүүлсний чинь дагуу хүртвэл зохих зүйлийг хуваарилах, эсвэл хийсэн ажлын чинь төлөө хөлс өгч, зарцуулсан зүтгэлийн чинь дагуу төлбөр төлөх явдал биш. Энэ нь зөвт байдал биш. Бурхан Иовыг Өөрт нь гэрчлэл хийсний дараа таягдан хаясан гэж үзье: Тэглээ ч гэсэн Бурхан зөвт байх байсан юм. Үүнийг яагаад зөвт байдал гэдэг вэ? Хүний өнцгөөс бол, аливаа зүйл хүмүүсийн үзэлтэй нийцэж байвал Бурханыг зөвт гэж хэлэх маш амархан байдаг; харин тухайн зүйл үзэлтэй нь нийцэж байгаа харагдахгүй бол, энэ нь тэдний ойлгож чадахгүй зүйл бол Бурханыг зөвт гэж хэлэхэд хэцүү байх болно. Тухайн үед Бурхан хэрвээ Иовыг устгасан бол хүмүүс Бурханыг зөвт гэхгүй байх байсан. Гэвч үнэндээ хүмүүс завхарсан ч бай, завхраагүй ч бай Бурхан тэднийг устгахдаа Өөрийгөө зөвтгөх ёстой гэж үү? Бурхан ямар үндэслэлээр тэгж байгаагаа хүмүүст тайлбарлах ёстой гэж үү? ‘Тэд хэрэгтэй бол Би устгахгүй; хэрэггүй бол устгана’ гэдэгт Бурханы шийдвэр үндэслэсэн байх ёстой гэж үү? Тэгэх шаардлагагүй. Бурханы нүдээр бол, завхарсан хүнтэй Тэр хүссэнээрээ харьцаж болно; Бурханы хийдэг юм бүхэн зохистой байх бөгөөд энэ бүгд Бурханы зохицуулалт юм… Бурханы мөн чанар бол зөвт байдал. Бурханы хийдэг зүйлийг ойлгох амаргүй ч Түүний хийдэг бүхэн зөвт юм; хүмүүс л ойлгохгүй байгаа хэрэг. Бурхан Петрийг Сатанд өгөхөд Петр юу гэж хариулсан бэ? ‘Хүн төрөлхтөн Таны хийдэг зүйлийг ойлгож чадахгүй, гэхдээ Таны хийдэг бүх зүйл сайн санааг тань агуулдаг; энэ бүхэнд зөвт байдал байдаг. Таны ухаалаг үйл хэргийг би магтахгүй байж яахан чадах билээ?’ гэсэн. Өнөөдөр, Сатан хүмүүсийг яаж завхруулсан, Бурхан хүмүүсийг яаж авардгийг хүмүүст харуулахын тулд Бурхан Сатаныг устгадаггүй гэдгийг чи харах ёстой. Эцсийн эцэст хүмүүсийг Сатан хэтэрхий гүн гүнзгий завхруулсан учраас өөрсдийг нь завхруулсан Сатаны бузар нүглийг харах ёстой. Сатаныг Бурхан устгах үед Бурханы зөвт байдлыг харж, үүнд Бурханы зан чанар, мэргэн ухаан агуулагддаг гэдгийг харах учиртай. Бурханы хийдэг бүхэн зөвт байдаг. Хэдий энэ нь ойлгомжгүй ч хүссэнээрээ шүүж болохгүй. Хэрэв Бурханы хийдэг зүйл чамд үндэслэлгүй харагдаж байвал, эсвэл чи энэ тухай ямар нэг үзэл тээж, үүнээс үүдэн Бурханыг зөвт бус гэж хэлэхэд хүрвэл чи л хамгийн эрүүл ухаангүй байгаа хэрэг. Петрт зарим зүйл ойлгомжгүй санагдсан ч тэдгээр зүйлд Бурханы мэргэн ухаан байгаа, Бурханы сайн санаа байгаа гэдэгт тэр итгэлтэй байсан. Хүмүүс бүх зүйлийг ойлгож чадахгүй; тэдний ухаарч чадахгүй маш олон зүйл бий. Иймээс Бурханы зан чанарыг мэднэ гэдэг амаргүй хэрэг(Эцсийн өдрүүдийн Христийн яриа номын “Бурханы зөвт зан чанарыг хэрхэн мэдэх тухай”). Бурханы зөвт байдал миний бодсон шиг туйлын ялгаваргүй, эрх тэгш байдаг юм биш, юу өгнө, яг түүнийгээ эргүүлж авна гэсэн үг биш гэдгийг Бурханы үг надад харуулсан юм. Бурхан бол Бүтээгч, Бурханы мөн чанар өөрөө зөвт байдаг, иймээс Бурхан өгсөн ч, авсан ч, бид ерөөгдсөн ч, шалгалтаар зовсон ч энэ нь бүгд Бурханы мэргэн ухааныг агуулдаг. Энэ бүгд Бурханы зөвт зан чанарын илчлэл юм байна лээ. Иов Бурханы замыг дагаж, насан туршдаа Бурханаас эмээж, муугаас зайлсан. Бурханы нүдээр Иов төгс хүн байсан ч Бурхан Иовыг мөн л туршсан. Шил дараалсан шалгалтаар Иовын Бурханыг гэх итгэл, хүндлэл нэмэгдэж, эцэстээ Иов Бурханы цангинасан гэрчлэл болж, Сатаныг бүрмөсөн ялсан. Дараа нь Бурхан түүнд үзэгдэж, Иовыг бүр ч их ерөөсөн шүү дээ. Тэр нь Бурханы зөвт зан чанарыг илчилсэн. Би бас Паулыг бодлоо. Паул Эзэний сайн мэдээг түгээхийн тулд маш их зовж, газар сайгүй хэрэн хэссэн ч Бурханыг гэх жинхэнэ дуулгавартай байдал, хүндлэлгүй байсан. Тэр зүгээр л шаргуу хөдөлмөрөө Бурханы ерөөлөөр солихыг хүссэн. Нэлээд их ажил хийснийхээ дараа Паул, “Би сайн тэмцлээр тэмцэж, явах замаа дуусгаж, итгэлээ хадгалсан: Одооноос эхлээд надад зориулсан зөвт байдлын титэм зэхэгджээ” (2 Тимот 4:7–8) гэсэн. Паулын хувь нэмэр санаархал, хүслээр нь дүүрэн, наймааны шинжтэй байсан. Паул зан чанараа огтхон ч өөрчлөлгүй, Бурханыг эсэргүүцэх замаар замнаж байсан юм. Эцэстээ Паул Бурханд шийтгүүлсэн. Бурхан хүмүүсийн хэр их ажиллаж байгаа харагддаг эсэхийг биш, харин үнэхээр Өөрийг нь хайрлаж, Өөрт нь захирагддаг эсэх, амь зан чанар нь өөрчлөгддөг эсэхийг нь хардаг гэдгийг бид харж болно. Энэ нь Бурханы ариун, зөвт зан чанарыг илүү сайн харуулдаг. Би өгсөн зүйлдээ үндэслээд төлөөс авна, хувь нэмэртэйгээ дүйцэх зүйл эргүүлж авна гэж бодсон. Тэр нь Бурханы зөвт байдлаас шал өөр, хүний, бас наймааны харах өнцөг юм байна лээ. Би итгэгчийн хувьд зарим нэг золиос гаргаж, бага сага сайн зүйл хийсэн ч эрэл хайгуулыг харах өнцөг минь буруу, Бурханд үнэндээ дуулгаваргүй байсан. Хүүгээ өвдөх үед бас л Бурханыг буруутгаж, эсэргүүцсэн. Зан чанар минь өөрчлөгдөөгүй байсан. Харин би Бурханыг эсэргүүцдэг, Сатаны харьяа хүн байсан юм. Би огт Бурханы ерөөл хүртэх гавьяагүй байж. Би Бурханы зөвт зан чанарыг ойлгодоггүй, харин үүрэгтээ зарим нэг золиос гаргасан учраас Бурхан хүүг маань хамгаалж, харж хандах учиртай гэж боддог гэдгээ ухаарсан юм. Би хүний, бас наймааны харах өнцөгт үндэслээд Бурханы ажлыг шүүж байсан биш үү? Тэгээд Бурханы ийм үг бодогдсон: “Хүн бүрд тохирох хүрэх газар гэж бий. Эдгээр хүрэх газар нь хувь хүн бүрийн мөн чанарын дагуу тодорхойлогддог бөгөөд бусад хүмүүстэй ямар ч хамаагүй. Хүүхдийн хорон муу үйлдлийг эцэг эхэд нь тохож болохгүй, зөв шударгыг нь ч эцэг эхтэй нь хуваалцаж болохгүй. Эцэг эхийнх нь хорон муу үйлдлийг үр хүүхдэд нь тохож болохгүй, мөн эцэг эхийнх нь зөв шударгыг үр хүүхдүүдтэй нь хуваалцаж болохгүй. Хүн бүр өөрсдийн нүглийг үүрч, хүн бүр тус тусын зол завшааныг эдэлдэг. Хэн ч өөр хүнийг орлож чадахгүй; энэ нь зөв шударга байдал юм(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурхан хүн хоёр амралтад хамт орох болно). Би итгэлдээ аливааг орхисон юм чинь Бурхан хүүг маань эдгээх учиртай гэж бодсон. Тэгэхгүй бол би Бурханыг зөвт бус гэж үзэх байлаа. Би ёстой утгагүй байж! Хэчнээн их төлөөс төллөө ч гэсэн тэр нь миний үүрэг, бас бүтээгдсэн зүйлийн хувьд миний хийх учиртай зүйл байсан юм. Энэ нь хүүгийн маань өвчин, хувь заяа, хүрэх газартай ямар ч хамаагүй байсан. Би үүнийг Бурхантай хэлэлцэж, наймаацах далим болгон ашиглах учиргүй байсан. Үүнийг ойлгоод үнэхээр сэтгэл уужирсан даа.

Нэг өдөр би Бурханы үгийн өөр нэг хэсгийг уншсан, энэ нь надад эндүү ташаа харах өнцгийнхөө мөн чанарыг ойлгоход тусалсан юм. Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн байдаг: “Өөрсдөд нь хэчнээн олон зүйл тохиолдох нь хамаагүй, антихрист төрлийн хүн Бурханы үгээс үнэнийг хайснаар тэдгээрийг шийдвэрлэх гэж хэзээ ч оролддоггүй, Бурханы үгээр дамжуулан аливааг харахыг бүр ч хичээдэггүй—энэ нь тэд Бурханы үгийн мөр бүр нь үнэн гэдэгт итгэдэггүй, асуудал болгонд хүмүүст байх учиртай гэж Бурханы хэлдэг зөв хандлагыг хүлээн авдаггүйгээс болдог. Тэдний итгэдэг нэг л төрлийн Бурхан байдаг: мөн л багахан тэмдэг гайхамшиг үзүүлдэг Гуань Инь, Будда гэх мэт хуурамч бурхадтай төстэй тэмдэг гайхамшиг үзүүлдэг ид шидийн Бурхан… Антихристийн оюун санаанд, Бурхан тахилын ширээний ард нуугдаж байхдаа шүтүүлэн мөргүүлж, хүмүүсийн өргөл болгосон хоолыг идэж, асаасан хүжийг нь үнэрлэж, асуудалд орох үед нь тусламжийн гар сунгаж, Өөрөө чадаж л байгаа бол, мөн хүмүүсийн гуйлт чин сэтгэлийнх бол тусламж үзүүлж, хүсэлтийг нь биелүүлдэг байх ёстой. Антихристийн хувьд ийм л бурхан Бурхан юм. Харин Бурханы өнөөдөр хийдэг юм бүхэн антихристүүдийн зэвүүцэлтэй тулгардаг. Яагаад тэр вэ? Антихристүүдийн уг чанар, мөн чанараас харвал тэдэнд шаардлагатай зүйл нь Бурханы бүтээлүүд дээр Бүтээгчийн гүйцэтгэдэг усалж, хариулж, аврах ажил биш, харин бүх зүйл дээр хөгжин цэцэглэж, амжилттай байж, энэ амьдралд шийтгүүлэхгүйгээр, үхэхдээ тэнгэр лүү явах явдал юм. Тэдний үзэл бодол, хэрэгцээ шаардлага үнэнд дайсагнадаг мөн чанарыг нь баталдаг(Антихристүүдийг илчлэх нь номын “Тэд Бурханы оршин тогтнолд итгэдэггүй, Христийн мөн чанарыг үгүйсгэдэг (Нэгдүгээр хэсэг)”). Бурханы үг бүр үнэхээр голыг нь олж хэлдэг. Бурхан миний ачийг хариулж, итгэлдээ хийсэн бүх зүйлийн минь төлөө намайг ерөөж, гэр бүлийг минь эсэн мэнд, сайн сайхан байлгах учиртай гэж үргэлж боддог байсан гэдгээ би эргэцүүлээд ухаарсан. Иймээс мэс заслынхаа дараа хүү маань хавьгүй дээрдэж байгааг хараад би үүнийг Бурханы ерөөл гэж бодон, талархаж, магтаал дүүрэн байсан. Харин хүүгийн маань бие дахин муудах үед би Бурханыг гайхамшиг үзүүлж, хүүг минь эдгээгээсэй гэж хүссэн. Бурхан хүссэн зүйлийг минь хийхгүй болохоор би нүүр дүүрэн инээмсэглэж байснаа бөөн уур уцаар болж, миний бүх золиосыг харгалзан үзээд, хүүг минь хамгаалж, эдгээгээгүйд нь Бурханд уурласан. Тэр ч бүү хэл өгсөн бүх зүйлдээ харамссан. Олз олж байна уу, гарз гарч байна уу гэдэг дээр л сэтгэл санаа минь эргэлддэг байж. Би итгэхдээ Бурханыг Бүтээгч гэж шүтэн мөргөж, захирагдаагүй, харин шаардлагыг минь биелүүлж, намайг ерөөх объект гэж үзсэн байсан. Тэр нь Будда, Мэгжид Жанрайсиг шүтдэг шүтлэггүй хүмүүсээс юугаараа ялгаатай байсан юм бэ? Тэгэх нь жинхэнэ итгэгч биш байгаа хэрэг! Бурхан газар дээр хоёр удаа бие махбодтой болж ирээд, асар их доромжлол, хүмүүсийн яллалт, эсэргүүцэл, тэрслэлт, буруу ойлголтыг тууллаа. Бурхан бидэнд үгээ болон үнэнийг хэлэх гэж л ингэдэг, тэгснээр эдгээр нь бидний амь болж, улмаар бид Бурханы үгийн дагуу амьдарч, завхралаас ангижран, эцэстээ аврагддаг. Бурхан хүн төрөлхтний төлөө ийм агуу төлөөс төлсөн. Би олон жил итгэхдээ Бурханы маш их нигүүлсэл, ерөөл эдэлж, маш олон үнэний усалгаа, тэжээл олж авсан шүү дээ. Гэхдээ Бурханд огт чин сэтгэлээсээ хандаагүй. Үүнд Бурхан маш их шархалж, гонсойдог! Би Бурханд улам бүр өртэйгөө мэдэрч эхлэн, харуусал, гэм буруугийн нулимс хацар даган урсаж, Бурханы өмнө өвдөг сөгдлөө. Бурханд залбирч, гэмшээд, “Бурхан минь, би энэ олон жил үнэнийг эрэлхийлэлгүйгээр итгэгч байж. Хүүгээ өвдөх үед Таны гэрчлэлд зогсож чадалгүй, урмыг тань хугаллаа. Бурхан минь, би Танд өртэй. Би Танд гэмшмээр байна, бас хүүгийн минь бие сайжирсан ч бай, үгүй ч бай, Таны захиралт, зохицуулалтад захирагдахад бэлэн байна. Надад итгэл өгч, надтай хамт байгаач дээ” гэсэн. Тэр залбирлын дараа нуруун дээрээс хүнд ачаа аваад хаячих шиг л болсон доо. Сэтгэл хавьгүй хөнгөрч, хүүгийнхээ өвчний талаар тэгтлээ их санаа зовохоо больсон.

Нэг өдөр би Бурханы үгийн бас нэг хэсгийг уншаад, энэ бүхний талаар шинэ ойлголттой болсон юм. “Хүний үүрэг болон түүний ерөөгдөх, хараагдах эсэхийн хооронд ямар ч хамаарал байхгүй. Үүрэг бол хүний биелүүлэх учиртай зүйл; энэ нь тэнгэрээс өгсөн ажил бөгөөд нөхөн төлбөр, нөхцөл болзол, учир шалтгаанаас хамаарах ёсгүй. Тэгвэл л өөрийн үүргийг биелүүлж байгаа хэрэг юм. Ерөөгдөх гэдэг нь хүн шүүлт туулсныхаа дараа төгс болгуулж, Бурханы ерөөлийг эдлэх явдал билээ. Хараагдах гэдэг нь шүүлт, гэсгээлт туулсны дараа хүний зан чанар өөрчлөгдөхгүй байх явдал бөгөөд тэд төгс болгуулдаггүй, харин шийтгүүлдэг. Гэвч ерөөгдсөн үү, эсвэл хараагдсан уу гэдгээс үл хамааран, бүтээгдсэн зүйлс өөрсдийн үүргийг биелүүлж, хийх учиртай зүйлээ хийж, чаддаг зүйлээ хийх ёстой; энэ бол хүний, Бурханыг эрэлхийлдэг хүний хийх ёстой хамгийн наад захын зүйл юм. Чи зөвхөн ерөөгдөхийн тулд үүргээ биелүүлэх ёсгүй ба хараагдахаас айсандаа үүргээ биелүүлэхээс татгалзах ёсгүй. Би та нарт энэ нэг зүйлийг хэлье: Үүргээ биелүүлэх нь хүний хийх учиртай зүйл бөгөөд хэрвээ хүн үүргээ биелүүлж чадахгүй бол энэ нь түүний тэрслүү зан юм. Үүргээ биелүүлэх үйл явцаар л дамжуулан хүн аажмаар өөрчлөгддөг ба энэхүү үйл явцаар үнэнч байдлаа харуулдаг. Тийм болохоор, чи үүргээ биелүүлж чаддаг байх тусмаа, төдий чинээ их үнэнийг хүлээн авч, илэрхийлэл чинь төдий чинээ бодитой болно(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бие махбодтой болсон Бурханы үйлчлэл ба хүний үүргийн ялгаа). Үүргээ биелүүлэх нь ерөөгдөх, хараагдахтай ямар ч хамаагүй гэдгийг энэ надад харуулсан. Бүтээгдсэн зүйлийн хувьд би Бурханы хайрыг хариулахын тулд үүргээ биелүүлэх учиртай. Тэгэх нь зөв, зүйтэй. Эцэг эх үр хүүхдээ өсгөж том болгодог, үр хүүхэд нь ачлалтай байх учиртай гэдэгтэй энэ нь адил. Энэ нь өв хөрөнгө залгамжлах тухай байх учиргүй, бас болзолтой байх учиргүй. Энэ нь хүний хийх учиртай хамгийн үндсэн зүйл. Гэтэл би үүрэгтээ Бурханы хайрыг яаж хариулах тухай бодож байгаагүй. Харин ч Бурханы өгсөн үүргийг Бурхантай наймаацах далим болгон ашиглахыг хүсэж, өчүүхэн бага зүйл өгснийхөө хариуд Бурханаас нигүүлсэл, ерөөл гуйсан. Өгөхгүй бол Бурханыг буруутгасан. Би ямар ч мөс чанаргүй байж, Бурханы урмыг үнэхээр хугалсан. Хүүгээ өвдсөний дараа би баахан шаардлага тавьж, Бурханыг үргэлж буруугаар ойлгож, буруутгаж байж. Ингэж бодоод өөрийгөө үнэхээр үзэн ядсан. Хүүгээ дээрдсэн ч бай, үгүй ч бай, Бурханыг дахин хэзээ ч буруутгахгүй гэж чимээгүйхэн сэтгэл шулуудлаа. Дараа нь хүүгийн минь бие улам бүр муудсан юм. Эрүүл мэнд нь харваас өдөр ирэх тусам доройтож байлаа. Үүнд би би шаналж, зовж байсан ч зүрх сэтгэл минь хавьгүй чөлөөтэй болсон.

Тэгээд нэг өдөр Бурханы ийм үг уншсан юм: “Бурхан Өөрийн бүх бүтээлийн үүсэл, төрөлт, наслалт, төгсгөл, мөн тэдний амьдралын эрхэм зорилго, бүх хүн төрөлхтний дунд гүйцэтгэх үүргийг аль хэдийн бүрэн төлөвлөсөн. Эдгээрийг хэн ч өөрчилж чадахгүй; энэ нь Бүтээгчийн эрх мэдэл юм. Бүтээл бүрийн төрөлт, хэр урт удаан амьдрах, тэдний амьдралын эрхэм зорилго гэх энэ бүх хуулийг Бурхан тэнгэрийн эрхэс бүрийн тойрог замыг тогтоосныхоо адилаар нэг бүрчлэн тогтоодог; эдгээр тэнгэрийн эрхэс ямар тойрог замыг дагах, хэр олон жил, хэрхэн тойрох, ямар хуулийг дагах гээд энэ бүгдийг Бурхан аль эрт тогтоосон бөгөөд эдгээр нь олон мянга, олон арван мянган жилийн турш өөрчлөгдөөгүй юм. Үүнийг Бурхан тогтоодог бөгөөд энэ нь Бурханы эрх мэдэл билээ(Эцсийн өдрүүдийн Христийн яриа номын “Үнэнийг эрж хайснаар л Бурханы үйл хэргийг мэдэж чадна”). Энэ нь үнэн. Бурхан бол Бүтээгч, бидний наслалт Бурханы гарт байдаг. Бидний хэр удаан амьдрах, хэр их зовох, хэчнээн их ерөөгдөх нь бүгд Бурханы гарт байдаг. Зүгээр л сайн үйл хийсэн гээд Бурхан хүний насыг уртасгахгүй, бас маш их ёрын мууг үйлдсэн гээд хүний амийг эрт эцэслэхгүй. Хүн сайн ч бай, муу ч бай, урьдчилан тогтоогдсон цаг нь дуусах үед Бурхан амийг нь авна. Үүнийг хэн ч өөрчилж чаддаггүй. Миний хүүгийн амьдрал хэр урт байхыг Бурхан аль эрт тогтоосон. Бурханы хийдэг бүхэн зөвт байдаг, би Бурханы захиралт, зохицуулалтад захирагдах л ёстой. Үүнийг ойлгоод зовлон минь бага зэрэг хөнгөрсөн юм. Хүү маань ямаршуу байлаа ч би бүтээгдсэн зүйлийн үүрэг биелүүлж, Бурханы хайрыг хариулах ёстой гэдгээ мэдсэн.

Энэ жилийн 3-р сард би хүүгээ бүрмөсөн үдэж явуулсан даа. Гэхдээ Бурханы үгийн удирдамжийн ачаар хүүгийнхээ үхэлтэй зөв зүйтэй нүүр тулж чадсан, тэгээд хавьгүй бага зовсон юм. Хүүгээ анх өвдсөнөөс хойш энэ хоёр жилийн хугацаанд би нэлээд их зовсон ч гэлээ энэ бүхнийг туулснаар л итгэлдээ ерөөл хөөцөлдөх жигшүүрт зорилго, завхралаа олж харсан. Сатан намайг хэр гүн гүнзгий завхруулсныг хараад, энэ завхралыг шийдвэрлэхгүй бол Бурханыг буруутгаж, эсэргүүцсээр байна гэдгээ ойлгосон. Ийм хүндрэл бэрхшээл аминд минь хэр их ашиг тус өгснийг энэхүү туршлага надад үнэхээр харуулсан. Бурханы үйл хэрэг бидний үзлээс хэдий их зөрнө, энэ нь төдий чинээ их эрж хайх үнэнтэй, бас бидний авралын төлөө байдаг юм.

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Хүнд бэрх цагаас суралцах нь

би Ян, Хятад 2020 онд би хятадын цагаан сарын дараахан итгэлээсээ үүдэн баривчлагдсан юм. Шоронд орох үед хийсэн эрүүл мэндийн ээлжит үзлэг...

Messenger дээр бидэнтэй холбоо барих