Хүндрэл бэрхшээл үүрэгт минь саад болж чадахгүй

2022-01-21

Коухэй, Хятад

Би чуулганы удирдагчаар дөнгөж сонгогдсоны дараа ийм явдал болсон санагдаж байна. Тухайн үед ХКН Төгс Хүчит Бурханы Чуулганы гишүүдийг дахин хоморголон баривчилж дөнгөж эхлээд байсан. Байдал маш эгзэгтэй байсан болохоор өдөр бүр янз бүрийн уулзалтын газар дахь цуглаанд явбал цагдаа нарт баривчлагдаж тун магад гэж би өөрийн эрхгүй жаахан санаа зовсон л доо. Намайг баривчлах юм бол эрүүдэн шүүж, харгислах нь гарцаагүй. Би үргэлж нэлээд сул биетэй байсан, бас хэзээ ч, ямар ч зовлон туулж үзээгүй болохоор эрүү шүүлт дааж яаж чадах юм бэ? Энэ бүхнийг бодоод айж, тэр үүргийг хүлээн авахыг хүсээгүй юм. Гэхдээ ах эгч нар маань намайг удирдагч болгон сонгосон, энэ нь надад итгэх тэдний итгэлийг дохиолж буйг бодохоор зүгээр л айсандаа тэр даалгавраас татгалзахыг зөвтгөж ер чадаагүй. Тиймээс, “Би үнэхээр үүнд бэлэн гэж үү? Урьд нь би хэзээ ч удирдах албан тушаал эрхэлж байгаагүй, хэрвээ би шийдэж чадахгүй асуудалтай тулгарвал Чуулганы ажлыг саатуулах биш үү?” гэж эвтэйхэн хариуллаа. Удирдагч хариуд нь надад нөхөрлөхдөө, “Бидэнд өгөгдсөн үүрэг сурч боловсрох боломж байдаг юм. Зүгээр л чадах чинээгээрээ хийх гээд үз” гэсэн. Удирдагчийн нөхөрлөлийг сонссоныхоо дараа тэр үүргийг авлаа. Гэхдээ тун удалгүй удирдагчаас зурвас ар араасаа цувран ирж, манай хамтран зүтгэгчид болох Ли эгч, Ву эгч болон өөр хэд хэдэн гишүүн бусад чуулганы зургаан удирдагч, хамтран зүтгэгчтэй хамт баривчлагдсаныг мэдээлээд, бид бүгдээс сэрэмж болгоомжтой байхыг хүссэн байсан. Яахаараа тийм олон ах эгч баривчлагдчихдаг байна аа гээд би сандралд орсон юм. Тэгээд хэдхэн хоногийн өмнө Ли эгчтэй уулзсанаа ухаарлаа. Цагдаа нар намайг ч бас тандаж байгаа болов уу? Намайг тандаж эхэлсэн бол хяналтын камер хаа сайгүй байгаа юм чинь баривчлагдана гэдэг цаг хугацааны л асуудал байлаа. Иймэрхүү орчинд үүргээ биелүүлэх үнэхээр аюултай байсан шүү… Энэ талаар бодох бүрдээ үнэхээр айдаг байсан. Нэг өдөр ажиллаж байгаад гэнэтхэн л баривчлагдана гэхээс үхтлээ айдаг байлаа. Гаднаа би үүргээ биелүүлж байх шиг харагдсан ч ажилдаа зүрх сэтгэлээ зориулж ер чадахгүй, бас үүргээ яаж сайн биелүүлэх тухай бодоход бараг цаг гаргадаггүй байлаа. Заримдаа ах эгч нар асуудалтай тулгараад ирэхэд нь бүр тусламж үзүүлэх ч хүсэлгүй байсан.

Төд удалгүй удирдагчаас ирсэн бас нэг зурваст, цагдаа нар баривчлагдсан ах эгч нарыг баахан зураг дундаас чуулганы гишүүдийг зааж өг гэж хүссэн, бас уулзварууд дээр замын хаалт босгож, хүмүүсийн цүнхийг нэгжиж байна гэсэн байлаа. Тэгээд гадуур гарах болгондоо маш болгоомжтой байхыг бидэнд сануулсан юм. Үүнийг сонсоод би бүр ч их санаа зовсон. Цагдаа нар ах эгч нарын маань талаар аль эрт маш их мэдээлэл цуглуулчихсан байх шиг санагдсан. Өнгөрсөн удаад Ли эгчтэй уулзахаар явахад маань бидний зургийг авчихсан болов уу? Хэрвээ зураг авчихсан бол намайг баахан зурган дээр байгааг хараад чуулганы ажил удирдаж байгааг минь олж тогтоох нь гарцаагүй. Намайг үнэхээр баривчилчихвал эрүүдэн шүүж, хүчээр хэрэг хүлээлгэх нь лавтай шүү дээ! Би цахилгаан скүтерээ унаад гэртээ харьж байхдаа бүх л замынхаа туршид түгшиж, сандарч байлаа. Удирдагчийн зурвас намайг маш хүнд байдалд оруулсан. Гадаа аль хэдийн харанхуй болсон ч би нарны шилээ авч зүрхлэхгүй байсан. Хяналтын камерт өртөж, цагдаа нарт хэзээ мөдгүй баривчлагдах эрсдэлд ормооргүй байсан юм. Тухайн үед маш аминчхан бодол толгойд орсон. “Удирдагчтайгаа хэлэлцээд, тэр настай эгчид ажлаа хүлээлгэн өгч болох юм. Эгч аль хэдийн тавь гарсан шүү дээ. Цагдаа нар эгчийг баривчиллаа ч эрүүдэн шүүх арга ашиглахгүй байх” гэж бодсон. Гэхдээ энэ санаа хэчнээн аминч гэдгийг даруй ухаарлаа. Би баригдаж, эрүү шүүлтэд өртөхөөс айж, нөхцөл байдал аюултай байгааг мэдэрсэн учир ажлаа настай эгчдээ шилжүүлэхийг хүссэн юм. Би хэчнээн үзэшгүй муухай, дорд юм бэ! Гэхдээ үүний хажуугаар өөрийн эрхгүй жаахан сандарч, айж байлаа. Ах эгч нарын эрүүдэн шүүгдэж, тамлуулж байгаа тийм дүр зураг толгойд үргэлж буудаг байсан. Энэ тухай бодоод улам бүр айж, өөрийн эрхгүй дотроо гомдоллон: “Яагаад надад ийм аюултай ажил даалгаж байгаа юм бэ? Би баривчлагдчихвал яах болж байна? Ийм хар залуугаараа байж, эрүү шүүлт, тамлалтай тулгарч, шоронд хоригдоод, насан туршдаа зовох ёстой юм уу?” гэж бодлоо. Айхтар их санаа зовж, айсан болохоор Бурханд залбиран, байдлаа хэлж: “Өө, Төгс Хүчит Бурхан минь! Би баривчлагдаж, шоронд орж, эрүү шүүлт, тамлалтад өртөх вий гэж байнга айж байна. Үүргээ биелүүлж байхдаа зүрх сэтгэлээ тайван байлгаж чадахгүй, тэр ч бүү хэл үүргээ өөр хүнд шилжүүлэхийг хүсэж, байнга өөрийнхөө махан биеийг л аминчханаар бодож байна. Би айдас, хүйдэс дунд амьдармааргүй байна. Сатанд мэхлэгдмээргүй байна. Хүндэт Бурхан минь, намайг гэгээрүүлж, хүслээ ойлгуулаач гэж залбиръя. Бас энэ хүнд бэрх нөхцөлд бат зогсох хүч чадал хайрлаач гэж гуйя” гэлээ.

Яг тэгтэл, “Эзэн Есүсийг дуурайцгаа” гэх Бурханы үгийн магтан дуу санаанд орсон. “Иерусалим руу явах замд Есүс яг л зүрхийг нь хутгаар сийчиж буй мэт шаналлыг мэдэрч байсан ч үгнээсээ буцах өчүүхэн төдий ч санаа Түүнд байгаагүй; цовдлогдох газар луу нь нэгэн их хүч үргэлж Түүнийг түлхэж байв. Эцэст нь Тэр загалмайд цовдлогдож, нүгэлт махан биеийн төрхтэй болж, хүн төрөлхтнийг золин аврах ажлыг гүйцэлдүүлээд, үхэл хийгээд Үхэгсдийн орны дөнгөнөөс чөлөөлөгдсөн юм. Түүний өмнө үхэл, там, Үхэгсдийн орон хүч чадлаа алдаж, Түүнд ялагдсан билээ. Тэрээр гучин гурван жил амьдрах хугацаандаа тухайн үеийн Бурханы ажлын дагуу Бурханы хүслийг биелүүлэхийн тулд үргэлж чадах бүхнээ хийж, Өөрийн хувийн ашиг хонжоо, хохирлыг хэзээ ч бодож үзээгүй, Эцэг Бурханы хүслийг үргэлж бодож байсан. Бурханы өмнөх Түүний үйлчлэл Бурханы хүсэлтэй нийцэж байсан учраас Бурхан бүх хүн төрөлхтнийг золин аврах хүнд хэцүү ачааг Түүнд үүрүүлж, Түүгээр гүйцэлдүүлсэн бөгөөд Тэрээр энэ чухал даалгаврыг биелүүлэх эрхтэй, шаардлага хангасан байв. Амьдралынхаа туршид Тэрээр Бурханы төлөө хэмжээлшгүй их зовлон туулж, тоо томшгүй олон удаа Сатаны сорилтод орсон боловч хэзээ ч мохоогүй. Бурхан Түүнд итгэж, Түүнийг хайрласан учраас ийм агуу даалгавар өгсөн. Хэрэв та нар Есүс шиг Бурханы ачаанд бүхий л талаар санаа тавьж, махан биеэсээ татгалзаж чаддаг бол, Бурхан чухал даалгавраа та нарт даалгана, ингэснээр та нар Бурханд үйлчлэх нөхцөлийг хангах болно. Ийм нөхцөл байдалд л та нарыг Бурханы хүслийг гүйцэлдүүлж, Түүний даалгаврыг биелүүлж байна хэмээн хэлж зүрхэлнэ, тэр үед л та нар Бурханд үнэхээр үйлчилж байна гэж хэлж зүрхэлнэ(“Хургыг дагаж шинэ дуу дуулъя” ном). Энэ дууг дуулангаа үнэхээр сэтгэл хөдөлсөн шүү. Цовдлолын шаналал, зовлонтой тулгараад Эзэн Есүс махбод нь сул доройг үл харгалзан харамсаж, ухарч буцах шинж ер харуулаагүй. Харин ч загалмай руу тууштай алхаад, нүглийн тахил болж, бүх хүн төрөлхтнийг Сатаны савраас золин аврахын тулд бүх тарчлалыг тэвчсэн. Хүн төрөлхтнийг хайрлах Бурханы хайр тийм л агуу байсан. Гэтэл би хажууд нь Бурханд яаж хандсан бэ? Бурханы даалгаврыг биелүүлэхдээ хувийнхаа аюулгүй байдлыг л бодож, баривчлагдах, шоронд орох, эрүүдэн шүүгдэж, тамлуулахаас үргэлж айдаг байж. Би айдас, хүйдэс дунд амьдарч, үүрэгтээ хэзээ ч бодит үр нөлөө гаргалгүй, зүгээр л ёс төдий зүйл хийдэг байсан. Байдал хэр аюултай байгааг хараад, бүр үүргээ настай эгчид шилжүүлэх тухай ч бодсон. Би ямар аминчхан, жигшүүртэй юм бэ! Тийм хүнд бэрх цагт би Бурханд гэрчлэл хийж, Сатаныг шившиглэх талаар огтхон ч бодоогүй. Өөрийнхөө махан биеийг л бодож, эцэстээ Бурханы аврал хүртэж, Бурханы ерөөлийн хамт амласан бүхнийг нь хүлээн авахын тулд заавал зовлон туулж, золиос гаргалгүйгээр үүргээ яаж аюулгүй биелүүлэх вэ гэдгээ л бодсон. Бэрхшээлтэй тулгараад би аюулгүй байдлынхаа төлөө үүргээ орхихыг хүсэж, тэр ч бүү хэл Бурханд учирлаж, Бурханы эсрэг тэрсэлсэн, гэхдээ Бурханд итгэхдээ баримталсан эдгээр санаа бүгд наймаацах шинжтэй байсныг ухаараад надад хэлэх үг олдоогүй шүү. Би бэрхшээл дунд Бурханд бүрэн захирагдсан Петрийн талаар бодлоо. Петр өөрийнхөө сайн сайхны тухай хэзээ ч санаа зовоогүй, харин ч Бурханы хүслийг хангаж, Бурханы зүрх сэтгэлийг тайтгаруулахад өөрийгөө зориулсан. Эцэстээ Петр Бурханы гялалзсан гэрчлэл болж, уруугаа харсан загалмайд цовдлуулсан шүү дээ. Өөрийнхөө үйлдлийг Петрийнхтэй харьцуулаад би ичиж, буруутайгаа мэдэрсэн учир Бурханы өмнө очоод, “Хүндэт Бурхан минь! Энэ нөхцөл аминч, дорд байдлыг минь илчиллээ. Би шоронд орж, зовохоос айгаад, Танд яаж гэрчлэл хийж болох талаар хэзээ ч бодоогүй. Өө Бурхан минь, цаашид би хувийн ашиг, олз, гарзын талаар санаа зовмооргүй байна. Гагцхүү Таныг сэтгэл хангалуун байлгахын тулд үүргээ биелүүлмээр байна. Үнэхээр баривчлагдаж, хяхаж хавчигдвал би захирагдахад бэлэн байна. Иудас болж ах эгч нараасаа урвахгүй, харин Танд гэрчлэл хийнэ гэдгээ амиараа тангараглая” гэж залбирсан. Залбирч дууссаны дараа үнэхээр тайвширч, сэтгэл төвширсөн.

Яг тэр үед Бурханы үгийн бас нэг хэсэг санаанд орлоо: “Орчлон ертөнц дээр тохиолддог бүх зүйлээс эцсийн шийдвэрийг нь Би гаргадаггүй юу ч үгүй. Миний гарт оршдоггүй юм байна уу?(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдварууд, 1-р бүлэг). Гэнэт бүх зүйл ойлгомжтой болсон юм. Тэгэлгүй дээ! Би өдөр бүр цуглаанд оролцож, үүргээ биелүүллээ ч Бурханы зөвшөөрөлгүйгээр бол баривчлагдахгүй. Хэрвээ Бурхан намайг хяхалт хавчлага, бэрхшээл туулах ёстой гэж тогтоосон бол би өдөржин дотор бүглээ ч баривчлагдах л болно. Бүх зүйл Бурханы гарт байдаг учир тулгарсан ямар ч нөхцөлийг зүгээр л хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Би аюулгүй байдлын стратегиа чадах чинээгээрээ хэрэгжүүлнэ, харин баривчлагдахдаа тулбал Бурханы зохион байгуулалт, зохицуулалтад захирагдахад бэлэн байна. Бурханы үгээс хүлээн авсан гэгээрэл, гэрэлтүүлэлт надад хүч чадал, итгэл өгч, тэр дороо сэтгэл уужирлаа. Тэр үеэс хойш цуглаанд оролцохоор гадуур гарахдаа арай тайвширч, айх нь багассан. ХКН баривчилгааны улайрсан аянаа үргэлжлүүлсэн хэдий ч Бурханы үг ах эгч нарт маань итгэл авчирч, тэдэнд ажлаа үргэлжлүүлэх боломж олгож байгааг хараад би гүнээ урамшиж, үүрэгтээ анхаарч, золиос гаргаж чадсан юм. Бурхан намайг замчилж байгааг тодорхой мэдэрч, ах эгч нарынхаа зарим асуудал, хэрэг явдлыг шийдвэрлэж чадсан. Чуулганы ажил ч хэвийн байдлаар ахиж байлаа. Сатан хэчнээн зэрлэг, цадиггүй боллоо ч Бурханы ажилд хэзээ ч саад хийж чадахгүй гэдэг нь эндээс харагдсан. Тэгээд Бурханд итгэх итгэл минь улам ч батажсан шүү.

Тэр бүхнийг туулсны дараа би бага зэрэг биеийн хэмжээтэй болсон байх гэж бодсон. Тийм болохоор Бурхан надад дахин нэг үйл явдал зохион байгуулах үед би дахиад л бүрмөсөн илчлэгдэнэ гэж огт төсөөлөөгүй байлаа.

Өнгөрсөн 7-р сард удирдагчаас авсан зурваст, миний үе үе холбоо барьдаг байсан Лиу эгчийг өнгөрсөн хоёр, гурван сарын турш цагдаа нар дагасан гэсэн байсан. Лиу эгчийн холбоо барьсан хорь гаруй ах эгчийг цагдаа нар бас ажиглаж байгаагийн дотор би багтаж байсан. Бас цагдаа нар Лиу эгчийн цуглаанд оролцсон уулзалтын газруудын зургийг авсан байж тун магадгүй гэсэн байлаа. Үүнээс болоод удирдагч маань намайг ах эгч нартайгаа холбоо барихыг цээрлэх нь нэн чухал гэж зөвлөсөн байсан. Үүнийг уншсаныхаа дараа би цаашид тайван байж чадалгүй, “Лиу эгчтэй би нэлээд ойр ойрхон уулздаг, бүр саяхан эгчтэй цуг дугуй унаад хошуу руу явсан шүү дээ. Тэр замын эхнээс дуустал хяналтын камер өрөөтэй байсан, хэрвээ бид хоёрын зургийг авсан бол би өчнөөн их асуудалд орох нь. ХКН Христэд итгэгчдийг улам ч үй олноор нь баривчилж, хяхаж хавчиж байна. Ийм ноцтой цаг үед баривчлагдах юм бол цагдаа нар намайг ямар гээч эрүү шүүлтэд оруулахыг хэн мэдлээ. Намайг үхтэл нь зодох болов уу?” гэж бодогдсон. Энэ талаар бодох тусам үхтлээ айгаад, сэтгэлээ тайвшруулж, Бурханы үгийг уншиж чадаагүй. Төд удалгүй Лиу эгчийн түрээсэлж байсан сууцанд Бурханы үгийн номууд хадгалаатай байгааг олж мэдлээ. Эдгээрийг даруйхан гаргахгүй бол цагдаа нар олж илрүүлээд, Бурханы гэрт хохирол учрах байсан. Гэхдээ миний сэтгэл хоёрдлоо: Эцсийн эцэст, цагдаа нар итгэгчдийг мөшгөн хөөж, баривчлах улайрсан аянаа ид өрнүүлж байсан. Хэрвээ би ном зөөж байгаад цагдаа нартай тааралдах юм бол тэдэнд хэрэгтэй бүх нотолгоо бүрдэх биш үү? Тийм тохиолдолд байцаалтад эрүү шүүлт ашиглахгүй байх аргагүй, үүнд нь би амиа алдаж ч болох байлаа. Энэ бүхнийг бодохоор, явмааргүй байсан. Гэхдээ бас явахгүй гэвэл Бурханы гэрт хохирол учрах явдлыг нүдээ аниад өнгөрүүлэхэд үнэхээр бэлэн байгаа эсэхээ бодлоо. Хэсэг хугацаанд эдгээр бодолтой зууралдсан ч шийдвэр гаргаж чадаагүй.

Тэгээд маргааш нь Бурханы үгийн нэг хэсгийг харсан юм. “Антихристүүд туйлын аминчхан, өөдгүй байдаг. Тэд Бурханд үнэнч байх нь бүү хэл, Бурханд итгэх жинхэнэ итгэлгүй байдаг; асуудалтай тулгарах үедээ өөрсдийгөө л хамгаалж, өөрсдийгөө л боддог. Тэдний хувьд өөрсдийнх нь амь нас, аюулгүй байдлаас илүү чухал зүйл гэж үгүй. Бурханы гэрт хэр их хор хохирол учирч байгааг тэд хайхардаггүй—өөрсдөө л амьд мэнд байж, өөрсдөд нь юу ч тохиолдохгүй байхад л болно. Тийм хүмүүсийн зан чанар харгис хэрцгий байдаг бөгөөд тэд ах эгч нарыг ч, Бурханы гэрийг ч бодолгүй өөрсдийгөө л боддог. Тэд бол антихристүүд. Тэгвэл Бурханд үнэнч, жинхэнэ итгэлтэй хүмүүс тийм зүйл тохиолдох үед яаж зохицуулдаг вэ? (Тэд Бурханы гэрийн ашиг сонирхлыг хамгаалах, Бурханы гэрийн тахилд хор хохирол учрахаас сэргийлэх ямар нэг аргыг бодолцож, ах эгч нарт зориулсан шаардлагатай зохицуулалтыг хийнэ. Харин антихристүүдийн хийдэг хамгийн эхний зүйл нь өөрсдийгөө хамгаалж, Бурханы гэрийн ажлыг үл хайхрах явдал байдаг. Иймээс агуу улаан луу баривчилгаа явуулах үед чуулганд учрах хор хохирол тун их байдаг.) Антихристүүдийн хийдэг зүйл нь Бурханы гэрийн ажил болон тахилыг агуу улаан луунд тушааж байгаагаас өөрцгүй, өөр юмаар халхавчилсан урвалт бөгөөд тэд үүнийг хайхардаггүй. Бурханд үнэнч хүмүүс эрсдэл байгааг тодорхой мэддэг бөгөөд ухарч буцахаасаа өмнө хор хөнөөлийг зохицуулж, Бурханы гэрт учрах хохирлыг хамгийн бага байлгахын тулд тэдгээр эрсдэлийг хүлээхэд бэлэн байдаг. Тэд өөрсдийн аюулгүй байдлыг эн тэргүүнд тавьдаггүй. Та нар юу гэх вэ: Хүмүүс өөрсдийнхөө аюулгүй байдалд өчүүхэн төдий ч болов анхаарахгүй байж чадах уу? Орчин тойрныхоо аюулыг мэддэггүй хэн байна вэ? Гэхдээ чи үүргээ биелүүлэхийн тулд эрсдэл хүлээх ёстой. Энэ нь чиний хариуцлага юм. Чи хувийнхаа аюулгүй байдлыг чухалчлах учиргүй. Бурханы гэрийн ажил болон Бурханы чамд даалгадаг зүйл хамгийн чухал бөгөөд тэдгээр нь бусад бүх зүйлээс эн тэргүүнд байдаг. Антихристүүд хувийн аюулгүй байдлаа хамгийн чухалчилдаг; өөр юу ч өөрсдөд нь хамаагүй гэж боддог. Тэгээд хэн нэгэнд ямар нэг зүйл тохиолдох үед тэр хүн хэн ч байлаа гэсэн тэд хайхардаггүй. Антихристүүд өөрсдөд нь муу юм тохиолдоогүй цагт тайван амгалан байдаг. Тэдэнд үнэнч байдал гэж үгүй. Антихристийн мөн чанар энэ билээ(Антихристүүдийг илчлэх нь номын “Тэд өөрсдөө ялгарч, хувийн ашиг сонирхол, амбицаа хангахын тулд л үүргээ биелүүлдэг; тэд Бурханы гэрийн ашиг сонирхлыг хэзээ ч бодолцон үздэггүй, харин ч бүр хувийн алдрын хариуд тэдгээр ашиг сонирхлоос урвадаг (Хоёрдугаар хэсэг)”). Бурханы үгийн энэ хэсэгт үнэхээр сэтгэл эмтэрсэн. Антихристийн зан чанар ёрын муу, үнэхээр аминчхан, жигшүүртэй байдаг. Хувийн аюулгүй байдалдаа тулахаар тэд өөрсдөө аюулд орсноос Бурханы гэрийн ажилд хохирол учруулахыг илүүд үздэг. Тэд өчүүхэн ч мөс чанар, эрүүл ухаангүй, бас Бурханд жаахан ч болов үнэнч биш байдаг. Миний хувьд гэвэл, аюултай тулгарах үедээ өөрийгөө яаж хамгаалж, эрсдэлээс яаж зайлсхийх тухай л бодсон. Бурханы үгийн номууд тэр орон сууцанд байсаар байгааг сонсоод номуудыг гаргахгүй бол цагдаа нар хурааж аваад, Бурханы гэрт хохирол учирна гэдгийг тодорхой ойлгож байсан. Би Бурханы гэрийн ашиг сонирхлыг чухалчилж, тэр номуудыг даруйхан гаргаж авах ёстой байсан юм. Гэхдээ царайгаа харуулах юм бол цагдаа нарт баривчлагдаж, эрүү шүүлт, тамлалд өртөж, бүр үхэх ч эрсдэлд орж магад гэж айсандаа явахыг хүсэхгүй байсан юм. Үндсэндээ би Бурханы үгийн тэр номуудыг цагдаа нарт гардуулж өгч байсан биш үү? Ямар ч нөхцөлд би үргэлж өөрийнхөө аюулгүй байдлыг эн тэргүүнд бодолцож, Бурханы гэрийн ашиг сонирхлыг бараг хайхраагүй. Би үүрэгтээ сэрэмжтэй байхыг хүссэн ч, сэрэмжлэхдээ Бурханы гэрийн ашиг сонирхлоос урваж байж. Би ямар хүний үнэргүй байгаа вэ! Гаднаа би антихрист шиг нүгэлтэй мэт санагдахгүй байж болох ч зан чанар минь антихристийнхээс ямар ч ялгаагүй байж. Би аминч, жигшүүртэй, бас хувийн ашиг сонирхлынхоо үүднээс л аливааг үйлддэг байж. Хэрвээ би гэмшихгүй бол Бурханы уур хилэнг бадрааж, гологдох нь лавтай байсан. Бурханд үнэхээр итгэдэг, итгэмжтэй хүмүүс хувийн аюулгүй байдлаа бодолцдоггүй. Амин чухал мөчид тэд хувийн ашиг сонирхлоо үл хайхарч, Бурханы гэрийн ашиг сонирхлыг хамгаалдаг. Тэд Бурхантай нэгэн зүрх, сэтгэлтэй байдаг. Би сатанлаг зан чанараасаа нүүр буруулах ёстой, бас нөхцөл байдал хэчнээн ч аюултай болж, хэчнээн их бэрхшээлтэй тулгарлаа ч Бурханы гэрийн ашиг сонирхлыг хамгаалахын тулд бүхнээ золиход бэлэн байх ёстойг тэгэхэд л лавтай мэдсэн. Тэгээд хохирлыг аль болох багасгахын тулд Бурханд итгэж, тэр номуудыг гаргаж авахыг хүссэн юм. Дараа нь, ямагт энэ асуудлын талаар залбирч, бас итгэл хайрлаж, бүх айдас, хүйдсээс минь ангижруулахыг Бурханаас гуйлаа. Тэгээд хоёр хоногийн өмнө үзсэн “Арилшгүй толбо” гэх кино бодогдсон. Гол дүрийн баатар нь бага балчир 13 наснаасаа авхуулаад ХКН-ын баривчилгаа, хяхалт хавчлага туулсан байсан. 28 настайдаа гурван удаа баривчлагдаж, элдэв янзын хяхалт хавчлагад өртсөн. Гэхдээ байдал хэчнээн шаналантай, хэцүү болж, амь нас нь эрсдэлд орлоо ч тэр алхам бүрийнхээ туршид бат зогсохын тулд Бурханы үгэнд найдаж, эцэстээ Сатаныг ялж, гэрчлэлд зогссон байсан. Бас шоронгоос гарсныхаа дараа ч тэр бүтээгдсэн зүйлийн үүргээ үргэлжлүүлэн биелүүлсэн байсан. Бас ХКН-д баривчлагдаж, эрүүдэн шүүгдэж, тархиа угаалгасан олон ах эгч нарын талаар, тэд Сатаны албадлага, хяхалт хавчлагыг даван туулахад Бурханы үгийг хэрхэн ашигласан талаар бодлоо. Сатан хэчнээн ёрын муу, харгис байлаа ч бид Бурханд чин сэтгэлээсээ найдаж, Бурханы үгээр замчлуулж чадсан цагт Сатаныг ялж, гэрчлэлд зогсож чаддагийг би ухаарсан. Энэ бүгд үнэхээр урам өгч, дахин итгэхэд минь тусалсан. Тэгээд би тэгтлээ айхаа больсон шүү.

Дараа нь, бас өөрийгөө эргэцүүллээ: Иймэрхүү аюултай үүрэг хүлээн авахыг хүсэхгүй байсан шалтгаан минь цагдаа нарт эрүүдэн шүүгдэхээс айсных байсан. Би зовохоос өөр аргагүй болохыг хүсээгүй, үхэхийг бүр ч хүсээгүй. Яг тэгэхэд Бурханы үгийн ийм хэсэг санагдлаа: “Бурхан биднийг замчилдаг зам шулуун биш, дүүрэн хонхорт хотгороор дүүрэн, нугачаат зам гэдгийг; түүнчлэн зам хэдий чинээ их бартаатай байна, хайрын сэтгэлийг маань төдий чинээ илчилж чадна гэж Бурхан хэлдэг. Гэхдээ бидний хэн нь ч тийм зам нээж чадахгүй. Би туршлагаараа бартаатай, аюул осолтой олон замаар алхаж, асар их зовлон туулсан; заримдаа бүр туйлын их уй гашууд нэрвэгдэж, орь дуу тавимаар байдаг байсан ч өнөөг хүртэл энэ замаар алхсан юм. Энэ нь Бурханы удирдан хөтөлдөг зам гэдэгт Би итгэдэг тул бүх зовлонгийн шаналгааг туулж, урагшилсаар байдаг. Бурхан үүнийг тогтоосон тул хэн үүнээс зайлж чадах билээ? Би ямар ч ерөөл хүртье гэж гуйдаггүй; гагцхүү Бурханы хүслийн дагуу алхах учиртай замаараа алхаж чадах юм сан гэж л гуйдаг. Би бусдыг даган дуурайж, тэдний алхдаг замаар алхахаар эрэлхийлдэггүй; гагцхүү Өөрт оноогдсон замаар эцсийг нь хүртэл үнэнчээр алхахаар л чармайдаг… Учир нь хувь хүний зовох ёстой хэмжээ, өөрсдийн замаар алхах ёстой зайг Бурхан тогтоодог бөгөөд үнэндээ хэн ч өрөөл бусдад тусалж чадахгүй гэдэгт(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Зам… 6). Бас Бурханы үгэнд, “Учир нь өөрийн амийг аварсан хүн үүнийгээ алдах болно: харин Миний төлөө амиа алдсан хүн үүнийгээ олох болно(Матай 16:25) гэж хэлдэг нь бодогдсон. Хүн бүрийн хувь заяа, бас хүний амьдрал, үхэл Бурханы гэрт байдгийг тэгэхэд ухаарсан даа. Миний баривчлагдаж, шоронд орох эсэх, эрүүдэн шүүгдэж, тамлуулах эсэхийг бүгдийг нь Бурхан шийдэх байсан. Би бүрэн захирагдах ёстой байлаа. Яг л Сатан Иовыг уруу татсан түүхэнд, Иов эд хөрөнгөө алдаж, үр хүүхэд нь алагдаж, өөрийнх нь хамаг бие хөндүүрт яр шарханд баригдсан шиг. Бурхан Иовын амийг авахыг Сатанд зөвшөөрөөгүй, иймд Сатан Бурханыг үл хэрэгсэж зүрхлээгүй. Бурханы эрх мэдэл энэ юм. Иов Бурханы дээд эрхийг мэддэг байсан учир туйлын их зовлонд өртлөө ч Бурханыг буруутгалгүй, бүр: “Ехова өгсөн, Ехова буцаан авчихлаа; Еховагийн нэр алдаршиг” (Иов 1:21) гэж хэлсэн. Эцэстээ Иов Сатаныг бүрмөсөн шившиглэж, Бурханаас хэд дахин их ерөөл хүртсэн. Бурхан ажиллаж эхэлснээсээ хойш хэн итгэлийнхээ төлөө амиа өргөх, хэн шоронд орох, хүн бүр ямаршуу зовлон туулахыг тогтоож, төлөвлөсөн, энэ нь дор бүрнээ Бурханы нинжин санаа зорилгыг агуулдаг. Нигүүлслийн эрин үед олон ариун хүн Эзэн Есүсийн сайн мэдээг түгээж яваад үхсэн. Жишээ нь Петрийг аваад үз: Петр цовдлуулсан мэт харагдсан ч сүнс нь тэнгэрийн хаанчлал руу өргөгдөж, Бурханы үүрд мөнхийн сайшаал, ерөөл хүртсэн шүү дээ. Бурханы эцсийн өдрүүд дэх ажлыг хүлээн зөвшөөрсөн олон ах эгч маань ХКН-д баривчлагдаж, элдэв янзын заналт эрүү шүүлт, хүчирхийлэлд өртсөн ч Сатанд бууж өгөөгүй. Шоронгоос суллагдсаныхаа дараа тэд үргэлжлүүлэн үнэнийг эрэлхийлж, аюулыг сөрөн үүргээ гүйцэтгэж, Бурханд олон гайхамшигт, гялалзсан гэрчлэл хийсэн. Тэд бүгд Бурханаар бүрэн төгс болгуулсан ялагчид юм. Махан бие нь зовсон байж болох ч тэд үнэнийг олж авч, Бурханаас сайшаал, ерөөл хүртсэн. Гэхдээ баривчлагдсаныхаа дараа эрүүдэн шүүгдэж, тамлагдахаас айсандаа Бурханаас болон ах эгч нараасаа урваж, Иудас шиг шившиг болсон хүмүүс бас бий. Тэд Бурханы зан чанарт ноцтой халдаж, Бурханы авралыг бүрмөсөн алдсан. Бас зарим хүн шоронд хоригдохоос айсандаа айдас, хүйдэс дунд амьдраад, үүргээ биелүүлж зүрхэлдэггүй. Тэд Бурханаас холдож, урваж, шарилж, үл итгэгчид болдог. Үнэндээ ХКН-ын баривчилгаа, хяхалт хавчлага хэн нь жинхэнэ итгэгч, хэн нь хуурамч итгэгч гэдгийг илчилж, хүн бүрийг төрлөөр нь ангилсан. Бурхан хэчнээн ухаалаг, зөвт гэдгийг эндээс харж болох юм! Тэгээд Бурханы гэрийн номуудыг гаргаж авах явдлаар Бурхан намайг Өөрт нь үнэнч, итгэмжтэй эсэх, Өөрийнх нь гэрчлэлд зогсох эсэхийг харахаар туршиж байгааг ойлгосон. Үүнийг ухаарсны дараа би үүргээ чадах чинээгээрээ биелүүлэхээр сэтгэл шулуудсан. Үнэхээр баривчлагдвал Бурханы гэрчлэлд зогсохын тулд өөрийн амийг оролцуулаад, бүхнээ золино, бас үхлээ ч гэсэн Сатанд бууж өгөхгүй байх байсан. Тэгээд маш их тайвшран, сэтгэл төвширч, эдгээр бэрхшээлээр дамжуулан зарим үнэнийг ойлгох боломж олгож, илүү бодитой сургамж өгсөн аврал, гэгээрэл, удирдамжийнх нь төлөө Бурханд зүрх сэтгэлийнхээ угаас талархсан даа. Маргааш нь өглөө эртлэн босоод, Бурханд залбирч, итгэл, зориг өгөөч гэж гуйн, Бурханы удирдамжид захирагдахад бэлэн байгаагаа хэллээ. Тэр өдөр яг бороо орж таарсан. Гадаа хүнгүй байсан болохоор тэр боломжийг ашиглан орон сууц руу ороод, дотроос нь Бурханы үгийн бүх номыг гаргасан.

Тэр туршлагын дараа маш их баярлаж, тайвширсан шүү. Энэ бүхнийг туулсан нь намайг илчилж, төгс болгосон. Хэчнээн аминчхан, хүн чанараар дулимаг гэдгийг минь илчилж, итгэл, дуулгавартай байдлыг минь төгс болгосон. Бурханы үгийн удирдамж л надад Бурханы төгс хүчин, дээд эрх, мэргэн ухааны талаар шинэ ойлголт өгч, Бурханы гэрийн ашиг сонирхлыг хамгаалахдаа үнэнийг хэрэгжүүлэх боломж олгосон. Болох гэж байгаа үзэгдлийг мэдэхгүй байж болох ч би айж, хулчийхаа больсон. Би Бурханы дээд эрх, зохицуулалтад захирагдаж, үүрэг, хариуцлагаа биелүүлэхэд бэлэн байна. Намайг аварсанд нь Бурханд талархъя!

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Сэрэмжлэхээ больсон минь

Сесилия, Өмнөд Солонгос Нэлээн дээр чуулганы зураг авалтын ажилд зориулж бид хэдэн зураг зурах шаардлагатай болж, миний хамтрагч Саймон ах...

Худал хуурмагийн ард юу оршдог вэ

Шиаожин, Шаньдун муж Үнэнч хүмүүс байж, үнэн зөв ярихыг биднээс шаардсан Бурханы үгийг харах тоолондоо би “Үнэн зөв ярих амархан. Энэ чинь...

Алдар нэр, ашиг хонжооны дөнгө

Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн байдаг: “Сатан, алдар нэр, ашиг хонжооноос өөр юу ч бодохгүй болтол нь хүний бодлыг хянахын тулд алдар нэр,...

Messenger дээр бидэнтэй холбоо барих