Бие махбодтой болохын нууц 1

Нигүүлслийн эрин үед Иохан Есүст зориулан зам тавьсан. Иохан Бурханы Өөрийн ажлыг хийж чадаагүй, харин ердөө хүний үүргийг л биелүүлсэн юм. Хэдийгээр Иохан Эзэний анхдагч байсан ч Бурханыг төлөөлж чадаагүй; тэр ердөө Ариун Сүнсний ашигладаг хүн байлаа. Есүсийг баптисм хүртсэний дараа Ариун Сүнс Түүн дээр тагтаа мэт буужээ. Дараа нь Тэрээр ажлаа эхэлсэн, ѳѳрѳѳр хэлбэл, Христийн үйлчлэлийг гүйцэтгэж эхэлсэн юм. Тийм учраас Тэр Бурханы ялгамж чанарыг авсан, учир нь Тэр Бурханаас ирсэн билээ. Үүнээс өмнө Түүний итгэл ямар байсан нь хамаагүй—заримдаа сул дорой, заримдаа хүчтэй байсан байж болох ч—бүгд Өөрийн үйлчлэлийг гүйцэтгэхээс өмнөх хэвийн хүний амьдралд нь харьяалагдаж байв. Түүнийг баптисм хүртсэний (өөрөөр хэлбэл, тосолсны) дараа Бурханы хүч чадал, алдар суу нэн даруй Түүнтэй хамт байсан тул Тэрээр үйлчлэлээ гүйцэтгэж эхэлсэн юм. Тэрээр тэмдэг, гайхамшиг бүтээж, ид шид үзүүлж чаддаг байсан бөгөөд хүч чадал, эрх мэдэлтэй байлаа, учир нь Тэр Бурханы Өөрийн өмнөөс шууд ажиллаж байсан билээ; Тэрээр Сүнсний өмнөөс ажил хийж, Сүнсний дуу хоолойг илэрхийлж байв. Тиймээс Тэр бол Бурхан Өөрөө байсан юм; энэ нь маргаангүй. Иохан бол Ариун Сүнсний ашигладаг хүн байсан. Тэр Бурханыг төлөөлж чадаагүй, түүний хувьд Бурханыг төлөөлөх боломж ч байгаагүй. Хэрвээ тэр ингэхийг хүссэн бол Ариун Сүнс зөвшөөрөхгүй байх байлаа, учир нь Бурханы Өөрийн биелүүлэхээр зорьсон ажлыг тэр хийх чадваргүй байсан юм. Магадгүй түүнд хүний хүсэл ихээхэн байсан, эсвэл ямар нэгэн гажуудал байсан байх; ямар ч тохиолдолд тэр Бурханыг шууд төлөөлж чадахгүй байв. Түүний алдаа, утгагүй явдал зөвхөн түүнийг төлөөлж байсан боловч ажил нь харин Ариун Сүнсийг төлөөлж байлаа. Гэвч түүний бүх зүйл Бурханыг төлөөлж байсан гэж хэлж болохгүй. Түүний гажуудал, алдаа мадаг нь ч бас Бурханыг төлөөлж чадсан гэж үү? Хүнийг илэрхийлэхдээ алдаа мадагтай байх нь хэвийн зүйл боловч Бурханыг төлөөлөхдөө гажуудалтай бол Бурханыг гутаасан хэрэг болох биш үү? Тэр нь Ариун Сүнсний эсрэг доромжлол байх бус уу? Бусдаар өргөмжлүүлдэг байсан ч гэсэн тухайн хүнийг Бурханы байр сууринд зогсохыг Ариун Сүнс хялбархан зөвшөөрдөггүй. Хэрвээ тэр Бурхан л биш бол эцэст нь бат зогсож чадахгүй. Ариун Сүнс, Бурханыг хүссэнээрээ төлөөлөхийг хүнд зөвшөөрдөггүй! Жишээ нь, Ариун Сүнс Иоханд гэрчлэл хийсэн бөгөөд Есүст зориулан зам тавих нэгэн болохыг нь ч бас илчилсэн боловч түүн дээр Ариун Сүнсний хийсэн ажил нэлээд хянамгай байв. Есүсийн төлөө зам тавигч байж, Түүнд зориулсан замыг бэлдэхийг л Иоханаас хүссэн юм. Өөрөөр хэлбэл, Ариун Сүнс зам тавих ажлыг нь л дэмжиж, тийм ажил хийхийг л түүнд зөвшөөрсөн—өөр ажил хийхийг түүнд зөвшөөрөөгүй. Иохан Елиаг төлөөлсөн бөгөөд зам тавьсан эш үзүүлэгчийг төлөөлсөн юм. Ариун Сүнс үүнд нь түүнийг дэмжсэн; түүний ажил зам тавихын төлөө байсан цагт Ариун Сүнс түүнийг дэмжсэн. Гэвч хэрвээ тэр өөрийгөө Бурхан Өөрөө хэмээж, золин авралын ажлыг дуусгахын төлөө ирсэн гэж хэлсэн бол Ариун Сүнс түүнийг сахилгажуулах ёстой байлаа. Иоханы ажил хэчнээн агуу байсан нь хамаагүй, үүнийг Ариун Сүнс дэмжиж байсан ч гэсэн түүний ажил хил хязгааргүй байгаагүй юм. Ариун Сүнс үнэхээр түүний ажлыг дэмжсэн нь үнэн боловч тухайн үед түүнд өгсөн хүч чадал зам тавих явдлаар л хязгаарлагдаж байв. Тэрээр өөр ажил хийж огт чадаагүй, учир нь тэр бол Есүс биш, харин зам тавьсан Иохан байлаа. Тиймээс Ариун Сүнсний гэрчлэл гол түлхүүр нь боловч хүнээр хийлгэхээр Ариун Сүнсний зөвшөөрдөг ажил бүр ч илүү чухал юм. Иохан тухайн үед цангинасан гэрчлэл хүлээн аваагүй гэж үү? Түүний ажил ч бас асар их байгаагүй гэж үү? Гэхдээ түүний хийсэн ажил Есүсийнхээс хэтрээгүй, учир нь тэр ердөө л Ариун Сүнсний ашигласан хүн байсан бөгөөд Бурханыг шууд төлөөлж чадаагүй тул хийсэн ажил нь хязгаарлагдмал байлаа. Түүнийг зам тавих ажлаа дуусгасны дараа Ариун Сүнс түүний гэрчлэлийг хадгалахаа больж, ямар ч шинэ ажил түүнийг дагаагүй бөгөөд Бурханы Өөрийн ажил эхлэхэд тэр орхин явсан юм.

Муу ёрын сүнсэнд эзэмдүүлж, “Би бол Бурхан!” хэмээн бархиран хашхирдаг зарим хүн бий. Гэсэн ч, тэдний төлөөлдөг зүйл буруу учраас эцэстээ тэд илчлэгддэг. Тэд Сатаныг төлөөлдөг ба Ариун Сүнс тэдэнд огт анхаарал хандуулдаггүй. Чи өөрийгөө хэчнээн өндөрт өргөмжилж, хэр чанга хашхирсан ч Сатанд харьяалагддаг бүтээгдсэн зүйл хэвээрээ л байна. Би хэзээ ч “Би бол Бурхан, Би бол Бурханы хайртай Хүү!” гэж хашхирдаггүй. Гэвч Миний хийдэг ажил бол Бурханы ажил юм. Би хашхирах хэрэгтэй гэж үү? Ямар ч өргөмжлөл хэрэггүй. Бурхан Өөрийнхөө ажлыг Өөрөө хийдэг бөгөөд хүн Түүнд байр суурь олгож, эсвэл хүндэт цол олгох хэрэггүй: Түүний ажил ялгамж чанар болон байр суурийг нь төлөөлдөг. Баптисм хүртэхээсээ өмнө Есүс, Бурхан Өөрөө байгаагүй гэж үү? Тэрээр Бурханы махбод болсон бие байгаагүй гэж үү? Тэр гэрчлэл хүлээн авсныхаа дараа л Бурханы цорын ганц Хүү болсон гэж хэлж мэдээж болохгүй биз дээ? Түүнийг ажлаа эхлэхээс ч өмнө Есүс гэдэг нэртэй хүн байгаагүй гэж үү? Чи шинэ зам гаргаж, эсвэл Сүнсийг төлөөлж чадахгүй. Сүнсний ажил болон хэлдэг үгийг илэрхийлж чадахгүй. Чи Бурханы Өөрийн ажлыг хийж чадахгүй, Сүнсний ажлыг ч хийж чадахгүй. Бурханы мэргэн ухаан, гайхамшиг, ойлгогдошгүй байдал болон хүнийг гэсгээдэг бүх зан чанар—энэ бүхнийг чи илэрхийлж чадахгүй. Тиймээс өөрийгөө Бурхан гэж зүтгэх нь нэмэргүй; чамд зөвхөн нэр л байх ба ямар ч мөн чанар байхгүй. Бурхан Өөрөө ирсэн боловч хэн ч Түүнийг таниагүй, гэсэн ч Тэр Өөрийн ажлыг үргэлжлүүлж, Сүнсийг төлөөлөн үүнийг хийдэг. Чи Түүнийг хүн юм уу Бурхан, Эзэн юм уу Христ гэж дуудсан ч, эсвэл Түүнийг эгч гэж дуудсан ч энэ нь хамаагүй. Харин Түүний хийдэг ажил Сүнснийх бөгөөд Бурханы Өөрийн ажлыг төлөөлдөг. Хүн Өөрийг нь ямар нэрээр дуудаж байгааг Тэр анхаардаггүй. Тэрхүү нэр Түүний ажлыг тодорхойлж чадах уу? Чи Түүнийг юу гэж дуудахаас үл хамааран, Бурханы тухайд гэвэл Тэрээр Бурханы Сүнсний махбод болсон бие юм; Тэр Сүнсийг төлөөлж, Сүнсээр сайшаагддаг. Хэрвээ чи шинэ эрин үед зориулсан замыг тавьж, хуучин эрин үеийг төгсгөж, шинэ эрин үеийг эхлүүлж, эсвэл шинэ ажил хийж чадахгүй бол чамайг Бурхан гэж нэрлэж болохгүй!

Ариун Сүнсний ашигладаг хүн хүртэл Бурханыг Өөрийг нь төлөөлж чадахгүй. Тийм хүн Бурханыг төлөөлж чадахгүйгээс гадна түүний хийдэг ажил ч бас Бурханыг шууд төлөөлж чадахгүй гэсэн үг юм. Өөрөөр хэлбэл, хүний туршлагыг Бурханы удирдлага дотор шууд тавьж болохгүй бөгөөд энэ нь Бурханы удирдлагыг төлөөлж чадахгүй. Бурханы Өөрийн хийдэг ажил нь тэр чигтээ удирдлагын төлөвлөгөөндөө Түүний хийхээр зорьдог ажил бөгөөд агуу удирдлагатай хамаатай юм. Хүний хийдэг ажил нь өөрсдийн хувийн туршлагаар хангахаас бүрддэг. Энэ нь, өмнө явсан хүмүүсийнхээс давсан туршлагын шинэ замыг олж, Ариун Сүнсний удирдамж дор байх зуураа ах эгч нараа залж чиглүүлэхээс бүрддэг. Энэ хүмүүс хувийн туршлага, эсвэл сүнслэг хүмүүсийн сүнслэг бичвэрээр хангадаг. Тэднийг Ариун Сүнс ашигладаг хэдий ч тэдний хийдэг ажил зургаан мянган жилийн төлөвлөгөөний агуу удирдлагын ажилтай холбоогүй. Тэд бол биелүүлэх чиг үүрэг нь дуусаж, эсвэл амьдрал нь төгсөх хүртэл Ариун Сүнсний урсгал дахь хүмүүсийг удирдахын тулд өөр өөр цаг хугацаанд Ариун Сүнсний өргөсөн хүмүүс төдий юм. Тэдний хийдэг ажил нь Бурханд Өөрт нь зориулсан тохиромжтой замыг бэлдэж, эсвэл газар дээрх Бурханы Өөрийн удирдлагын тодорхой талыг үргэлжлүүлэхийн төлөө байдаг. Энэ хүмүүс өөрсдөө Түүний удирдлагын агуу ажлыг хийж чадахгүй, шинэ замыг ч нээж чадахгүй, тэр ч бүү хэл тэдний хэн нь ч өмнөх эрин үеийн Бурханы бүх ажлыг төгсгөж чадахгүй. Тиймээс тэдний хийдэг ажил нь бүтээгдсэн зүйл чиг үүргээ биелүүлж байгааг л төлөөлдөг бөгөөд Бурхан Өөрөө үйлчлэлээ гүйцэтгэж байгааг төлөөлдөггүй. Яагаад гэвэл, тэдний хийдэг ажил Бурханы Өөрийн хийсэн ажилтай адилгүй. Шинэ эрин үеийг эхлүүлэх ажил нь Бурханы оронд хүний хийж чадах зүйл биш. Үүнийг Бурханаас Өөрөөс нь өөр хэн ч хийж чадахгүй. Хүний хийдэг бүх ажил нь бүтээгдсэн зүйлийн хувиар үүргээ гүйцэтгэж байгаагаас бүрддэг бөгөөд Ариун Сүнс сэтгэлийг нь хөдөлгөж, эсвэл гэгээрүүлэх үед хүн үүнийг хийдэг. Энэ хүмүүсийн өгдөг удирдамж нь өдөр тутмын амьдрал дахь хэрэгжүүлэлтийн замыг болон Бурханы хүсэлтэй зохицолтойгоор хэрхэн үйлдэх ёстойг хүнд харуулахаас бүрддэг. Хүний ажил Бурханы удирдлагатай холбоогүй, Сүнсний ажлыг ч төлөөлдөггүй. Жишээ нь, Витнес Ли, Ватчман Ни хоёрын ажил нь зам заах явдал байсан юм. Зам шинэ ч бай, эсвэл хуучин ч бай, тухайн ажил Библийн дотор үлдэх зарчимд үндэслэсэн байв. Орон нутгийн чуулганыг сэргээхийн төлөө байсан ч бай, эсвэл барьж байгуулахын төлөө байсан ч бай, тэдний ажил чуулгануудыг байгуулахтай холбоотой байсан юм. Тэдний хийсэн ажил Есүс болон Түүний элчүүдийн дуусгалгүй орхисон ажил буюу Нигүүлслийн эрин үед цааш хөгжөөгүй ажлыг үргэлжлүүлжээ. Өөрсдийнхөө ажлаар тэдний хийсэн зүйл нь, тухайн үеийн ажилдаа Есүсийн дараагийн үеийнхнээсээ шаардсан зүйл болох толгойгоо бүтээх, баптисм хүртэх, талх хуваах, эсвэл дарс уух гэх мэтийг сэргээхийн төлөө байлаа. Тэдний ажил Библийг баримталж, Библи дотроос замыг эрж хайх явдал байсан гэж хэлж болно. Тэд ямар ч шинэ ахиц дэвшил гаргаагүй. Тиймээс тэдний ажлаас хүн, Библи доторх шинэ замуудын нээлтийг, мөн түүнчлэн илүү сайн, илүү бодитой хэрэгжүүлэлтүүдийг л харж чадна. Гэхдээ тэдний ажлаас хүн Бурханы одоогийн хүслийг олж чадахгүй, эцсийн өдрүүдэд Бурханы хийхээр төлөвлөдөг шинэ ажлыг олж бүр ч чадахгүй. Учир нь тэдний алхсан зам хуучин зам хэвээр байсан—ямар ч шинэчлэлт, ямар ч ахиц дэвшил байгаагүй. Тэд Есүсийн цовдлолын бодит баримттай зууралдаж, гэмшиж, нүглээ улайхыг хүмүүсээс шаардах дадлыг баримталж, эцсээ хүртэл тэвчсэн хүн аврагдах болно, эрэгтэй хүн бол эмэгтэй хүний тэргүүн бөгөөд эмэгтэй хүн нөхөртөө захирагдах ёстой гэсэн үгийг мөрдөж, тэр ч бүү хэл эгч нар номлож болохгүй, зөвхөн дуулгавартай дагах ёстой гэсэн уламжлалт үзлийг мөрдсөөр байв. Хэрвээ ийм маягийн удирдлагыг үргэлжлүүлэн мөрдсөн бол Ариун Сүнс шинэ ажлаа хэрэгжүүлж, хүмүүсийг дүрэм журмаас чөлөөлж, эсвэл тэднийг эрх чөлөө болон гоо сайхны ертөнц рүү хөтөлж хэзээ ч чадахгүй байх байлаа. Тиймээс эрин үеийг өөрчилдөг ажлын энэ үе шатанд Бурхан Өөрөө ажиллаж, үг хэлэх шаардлагатай байдаг; эс бөгөөс ямар ч хүн Түүний оронд ингэж хийж чадахгүй. Одоог хүртэл энэ урсгалаас гаднах Ариун Сүнсний бүх ажил зогсонги байдалд орж, Ариун Сүнсний ашигласан хүмүүс өөрсдийн тулгуурыг алдсан. Тиймээс Ариун Сүнсний ашигладаг хүмүүсийн ажил нь Бурханы Өөрийн хийдэг ажлаас ялгаатай тул тэдний ялгамж чанар болон тэд хэний нэрийн өмнөөс үйлддэг нь ч бас өөр байдаг. Яагаад гэвэл, Ариун Сүнсний хийхээр зорьдог ажил өөр бөгөөд үүнээс үүдэн, адилхан ажил хийж байгаа хүмүүст өөр өөр ялгамж чанар болон байр суурийг олгодог. Ариун Сүнсний ашигладаг хүмүүс бас зарим нэг шинэ ажил хийж болох ба урьдын эрин үед хийгдсэн зарим ажлыг таягдан хаяж бас болох боловч тэдний хийдэг зүйл шинэ эрин үе дэх Бурханы зан чанар болон хүслийг илэрхийлж чадахгүй. Тэд зөвхөн хуучин эрин үеийн ажлыг халахын тулд л ажилладаг бөгөөд Бурханы Өөрийн зан чанарыг шууд төлөөлөх зорилгоор шинэ ажил хийхийн тулд ажилладаггүй. Иймд тэд хэчнээн олон хоцрогдсон хэрэгжүүлэлтийг цуцалж, эсвэл хэчнээн олон шинэ хэрэгжүүлэлт нэвтрүүлэх нь хамаагүй, хүнийг болон бүтээгдсэн зүйлийг төлөөлсөн хэвээр байдаг. Харин Бурхан Өөрөө ажил гүйцэтгэх үед хуучин эрин үеийн хэрэгжүүлэлтийг цуцалсныг ил тод зарладаггүй, шинэ эрин үе эхэлснийг шууд тунхагладаггүй. Тэр Өөрийнхөө ажилд шууд шулуухан байдаг. Тэрээр Өөрийн хийхээр зорьсон ажлыг шууд хийдэг; өөрөөр хэлбэл, Тэр Өөрийн авчирсан ажлыг шууд илэрхийлж, Өөрийн ажлыг анх зорьсноороо шууд хийж, Өөрийн оршихуй болон зан чанарыг илэрхийлдэг. Хүний харж байгаагаар, Түүний зан чанар болон Түүний ажил ч гэсэн өмнөх эрин үеүдийнхээс өөр байдаг. Гэвч Бурханы Өөрийн үзэл бодлоор бол энэ нь ердөө Түүний ажлын үргэлжлэл, цаашдын хөгжил юм. Бурхан Өөрөө ажиллах үедээ үгээ илэрхийлж, шинэ ажлыг шууд авчирдаг. Эсрэгээрээ, хүн ажиллах үед энэ нь нягтлан цэгнэж, судлах замаар, эсвэл бусдын ажилд суурилсан хэрэгжүүлэлтийг системчлэх, мэдлэгээ өргөжүүлэх замаар хийгддэг. Өөрөөр хэлбэл, хүний хийдэг ажлын мөн чанар нь тогтсон дэг журмыг дагаж, “хуучин замаар шинэ гуталтай алхах” явдал мөн. Энэ нь, Ариун Сүнсний ашигладаг хүмүүсийн алхдаг зам ч гэсэн Бурханы Өөрийн нээсэн зам дээр үндэслэдэг гэсэн үг юм. Тиймээс, эцсийн эцэст хүн бол хүн, Бурхан бол Бурхан билээ.

Исаак Абрахамаас төрсөнтэй адилаар Иохан амлалтаар төрсөн. Есүсийн замыг засаж, ихээхэн ажил хийсэн боловч тэр Бурхан байгаагүй юм. Харин ч тэр ердөө Есүсийн төлөөх замыг тавьсан учраас эш үзүүлэгчдийн нэг байлаа. Түүний ажил ч бас асар их байсан бөгөөд түүнийг зам тавьсны дараа л Есүс Өөрийн ажлыг албан ёсоор эхэлсэн юм. Мөн чанартаа тэр зүгээр л Есүсийн төлөө хөдөлмөрлөсөн, түүний хийсэн ажил нь Есүсийн ажилд үйлчилж байв. Иоханыг зам засаж дууссаны дараа Есүс Өөрийн ажлыг буюу илүү шинэ, илүү тодорхой, илүү дэлгэрэнгүй ажлыг эхэлжээ. Иохан ажлын эхний хэсгийг л хийсэн; шинэ ажлын илүү их хэсгийг Есүс хийсэн юм. Иохан ч гэсэн шинэ ажил хийсэн боловч шинэ эрин үеийг эхлүүлсэн нэгэн байгаагүй. Иохан амлалтаар төрсөн бөгөөд түүний нэрийг тэнгэрэлч өгсөн. Тухайн үед зарим нь түүнийг аавынх нь нэрээр Зехариа гэж нэрлэхийг хүсэж байсан боловч эх нь “Энэ хүүхдийг тэр нэрээр нэрлэж болохгүй. Түүнийг Иохан гэж нэрлэх ёстой” гэж хэлжээ. Энэ нь бүгд Ариун Сүнсний тушаалаар болсон юм. Есүсийг ч бас Ариун Сүнсний тушаалаар нэрлэсэн, Тэрээр Ариун Сүнснээс төрсөн бөгөөд Түүнийг Ариун Сүнс амласан байв. Есүс бол Бурхан, Христ, мөн хүний Хүү байлаа. Гэхдээ Иоханы ажил ч бас агуу байсан атал яагаад түүнийг Бурхан гэж нэрлээгүй вэ? Есүсийн хийсэн ажил болон Иоханы хийсэн ажлын хооронд яг ямар ялгаа байсан юм бэ? Иохан Есүсийн замыг зассан нэгэн байсан гэдэг нь цорын ганц шалтгаан байсан уу? Эсвэл үүнийг Бурхан урьдчилан тогтоосноос болсон уу? Хэдийгээр Иохан ч бас “Та нар гэмшицгээ: учир нь тэнгэрийн хаанчлал ойрхон байна” хэмээн хэлж, тэнгэрийн хаанчлалын тухай сайн мэдээг номлож байсан боловч түүний ажил цаашид хөгжилгүй, ердөө л эхлэлийг бүрдүүлсэн юм. Эсрэгээрээ, Есүс шинэ эрин үеийг эхлүүлж, хуучныг нь төгсгөл болгосон, гэхдээ Тэр бас Хуучин Гэрээний хуулийг биелүүлсэн билээ. Түүний хийсэн ажил Иоханыхаас илүү агуу байснаас гадна Тэрээр бүх хүн төрөлхтнийг золин аврахаар ирсэн—Тэр ажлын тэрхүү үе шатыг гүйцэлдүүлсэн юм. Иоханы тухайд бол тэр зүгээр л замыг бэлдсэн. Хэдийгээр ажил нь агуу, үг нь олон, дагаж байсан шавь нар нь тоо томшгүй олон байсан боловч түүний ажил хүмүүст шинэ эхлэлийг авчрахаас хэтрээгүй. Хүн түүнээс амь, зам юм уу илүү гүн гүнзгий үнэнийг хүлээн аваагүй, мөн түүгээр дамжуулан Бурханы хүслийг ч ойлгоогүй. Иохан нь Есүсийн ажилд зориулсан шинэ газрыг нээж, сонгогдсон хүмүүсийг бэлдсэн агуу эш үзүүлэгч (Елиа) байсан юм; тэрээр Нигүүлслийн эрин үеийн анхдагч байлаа. Зүгээр л хэвийн хүний гадаад төрхийг нь ажиглаад ийм зүйлсийг ялган таних боломжгүй. Ялангуяа Иохан нэлээд их ажил хийсэн, мөн түүнчлэн түүнийг Ариун Сүнс амласан байсан ба ажлыг нь Ариун Сүнс дэмжиж байсан. Ийм болохоор хийдэг ажлаар нь л дамжуулан тэдний тус тусын ялгамж чанарыг хүн ялгаж чадна, учир нь хүний мөн чанарыг гадаад төрхөөс нь ялгаж мэдэх ямар ч аргагүй, мөн хүний хувьд, Ариун Сүнсний гэрчлэл юу болохыг тогтоох ямар ч аргагүй. Иохан, Есүс хоёрын хийсэн ажил адилгүй байсан бөгөөд өөр шинж чанартай байсан. Иохан Бурхан мөн байсан уу, үгүй юү гэдгийг хүн үүнээс тодорхойлж болно. Есүсийн ажил эхлүүлж, үргэлжлүүлж, дуусгаж, үр дүнд хүргэхийн төлөө байв. Тэрээр эдгээр үе шат болгоныг гүйцэтгэсэн байхад Иоханы ажил эхлэл тавихаас хэтрээгүй. Эхэндээ Есүс сайн мэдээ түгээж, гэмшлийн замыг тунхагласан ба дараа нь хүнд баптисм хүртээж, өвчтэйг эдгээж, чөтгөрийг хөөн зайлуулж байлаа. Эцэст нь Тэр хүн төрөлхтнийг нүглээс золин аварч, бүхий л эрин үеийн төлөөх Өөрийн ажлыг дуусгасан юм. Түүнчлэн хаа сайгүй явж, хүнд номлож, тэнгэрийн хаанчлалын сайн мэдээг түгээжээ. Энэ талаараа Иохан Тэр хоёр адилхан байсан бөгөөд ялгаа нь Есүс шинэ эрин үеийг эхлүүлж, хүнд Нигүүлслийн эрин үеийг авчирсан юм. Түүний амнаас, Нигүүлслийн эрин үед хүний хэрэгжүүлэх ёстой үг, хүний дагах ёстой зам гарч, эцэст нь Тэрээр золин авралын ажлыг дуусгажээ. Ийм ажлыг Иохан хэзээ ч хийж чадахгүй байх байв. Иймд Бурханы Өөрийн ажлыг Есүс хийсэн ба Тэр бол Бурханыг шууд төлөөлдөг Бурхан Өөрөө байсан билээ. Хүний үзлээр бол, амлалтаар төрж, Сүнснээс төрж, Ариун Сүнсээр дэмжүүлж, шинэ замуудыг нээдэг бүх хүн бол Бурхан юм. Энэ тайлбарын дагуу бол Иохан ч гэсэн Бурхан байх байсан ба Мосе, Абрахам, Давид … ч гэсэн мөн л Бурхан байх байв. Энэ нь туйлын инээдтэй зүйл биш гэж үү?

Өөрийн үйлчлэлийг гүйцэтгэхээсээ өмнө Есүс ч бас Ариун Сүнсний хийсэн бүхэнтэй нийцүүлэн үйлдэж байсан хэвийн л нэг хүн байлаа. Тухайн үед Өөрийн ялгамж чанарыг мэдэж байсан эсэхээс үл хамааран Тэрээр Бурханаас ирсэн бүхнийг дуулгавартай дагаж байв. Түүний үйлчлэл эхлэхээс өмнө Ариун Сүнс Түүний ялгамж чанарыг хэзээ ч илчлээгүй. Өөрийн үйлчлэлийг эхэлснийхээ дараа л Тэр тэдгээр дүрэм журам, хуулийг хүчингүй болгож, Өөрийн үйлчлэлийг албан ёсоор гүйцэтгэж эхэлсний дараа л Түүний үгэнд эрх мэдэл, хүч чадал шингэсэн юм. Үйлчлэлээ эхэлснийх нь дараа л шинэ эрин үеийг бий болгох Түүний ажил эхэлжээ. Үүнээс өмнө Ариун Сүнс Түүний дотор 29 жилийн турш нуугдмал хэвээр үлдсэн, энэ хугацаанд Тэр зөвхөн хүнийг төлөөлсөн бөгөөд Бурханы ялгамж чанаргүй байсан юм. Түүнийг ажиллаж, үйлчлэлээ хэрэгжүүлж эхлэхэд Бурханы ажил эхэлсэн, хүн Өөрийг нь хэр их мэдэж байгааг үл хайхран Тэрээр дотоод төлөвлөгөөнийхөө дагуу ажлаа хийсэн бөгөөд Түүний хийсэн ажил Бурханыг Өөрийг нь шууд төлөөлж байлаа. Тухайн үед Есүс эргэн тойрныхоо хүмүүсээс “Та нар Намайг хэн гэж хэлэх вэ?” хэмээн асуусан юм. Тэд: “Та бол эш үзүүлэгчдээс хамгийн агуу нь бөгөөд бидний сайн эмч билээ” хэмээн хариулжээ. Бас зарим нь “Та бол бидний тэргүүн тахилч” гэсэн юм… Төрөл бүрийн хариулт өгөгдөж, зарим нь бүр Түүнийг Иохан, мөн Елиа гэж хэлжээ. Дараа нь Есүс Симон Петрт хандан “Чи Намайг хэн гэж хэлэх вэ?” хэмээн асуухад Петр “Та бол Христ, амьд Бурханы Хүү мөн” гэж хариулсан байна. Тэр үеэс эхлээд хүмүүс Тэр бол Бурхан гэдгийг мэддэг болсон. Түүний ялгамж чанар мэдэгдэх үед анх мэдсэн хүн нь Петр байсан бөгөөд түүний амаар энэ нь хэлэгджээ. Тэгэхэд Есүс “Чиний хэлсэн зүйлийг мах цус чамд илчлээгүй, харин тэнгэр дэх Миний Эцэг илчилсэн юм” хэмээн өгүүлсэн. Түүнийг баптисм хүртсэний дараа бусад хүн энэ тухай мэдэж байсан эсэх нь хамаагүй, Түүний хийсэн ажил Бурханы өмнөөс хийгдсэн юм. Тэрээр ялгамж чанараа илчлэхийн тулд биш, Өөрийн ажлыг хэрэгжүүлэхийн тулд ирсэн билээ. Петр энэ тухай хэлсний дараа л Түүний ялгамж чанар хүнд ил болсон юм. Тэр бол Бурхан Өөрөө байсан гэдгийг мэдэж байгаа эсэхээс чинь үл хамааран, цаг нь болоход Тэр ажлаа эхлүүлсэн. Чи үүнийг мэдэж байсан ч бай, үгүй ч бай, Тэр Өөрийн ажлыг урьдынх шигээ үргэлжлүүлсэн юм. Чи үүнийг үгүйсгэсэн ч гэсэн Тэр мөн л Өөрийн ажлыг гүйцэтгэх байсан ба цаг нь болоход үүнийг хийх л байсан. Хүн махбодыг нь мэдээсэй гэсэндээ биш, харин Өөрийнх нь ажлыг хүлээн аваасай гэсэндээ Тэр ажлаа хийж, үйлчлэлээ хэрэгжүүлэхээр ирсэн билээ. Хэрвээ чи өнөө үеийн ажлын үе шат нь Бурханы Өөрийн ажил гэдгийг танин мэдэж чадаагүй бол чамд үзэгдэл дутагдаж байна. Гэсэн ч чи ажлын энэ үе шатыг үгүйсгэж чадахгүй; танин мэдэж чадахгүй байгаа чинь Ариун Сүнс ажиллахгүй байгааг, эсвэл Түүний ажил буруу гэдгийг нотлохгүй. Одоогийн ажлыг Библи дэх Есүсийн ажилтай тулгаад, таарч тохирохгүй байгаа зүйлийг нь ашиглан ажлын энэ үе шатыг үгүйсгэдэг хүмүүс ч бий. Энэ нь харалган хүний үйлдэл биш гэж үү? Библид тэмдэглэгдсэн зүйлс хязгаарлагдмал; тэдгээр нь Бурханы ажлыг бүхэлд нь тѳлѳѳлж чадахгүй. Дөрвөн сайн мэдээ нийлээд зуугаас цөөхөн бүлэгтэй ба тэнд Есүс инжрийн модыг хараасан, Петр Эзэнийг гурван удаа үгүйсгэсэн, Есүс цовдлол болон амиллынхаа дараа шавь нартаа харагдсан, мацаг барих тухай сургаал, залбирлын тухай сургаал, салалтын тухай сургаал, Есүсийн төрөлт ба угийн бичиг, Есүс шавь нараа томилсон тухай гэх мэт хязгаарлагдмал тооны үйл явдлыг бичсэн байдаг. Гэсэн хэдий ч хүн тэдгээрийг эрдэнэс мэт үнэлж, бүр өнөөдрийн ажлыг тэдгээртэй харьцуулан шалгадаг. Тэр ч бүү хэл тэд Есүсийн амьдралдаа хийсэн бүх ажил нь ердөө тийм хэмжээтэй, Бурхан ердөө тийм зүйлийг л хийх чадвартай ба илүү ихийг хийж чадахгүй гэж итгэдэг. Энэ нь утгагүй хэрэг биш гэж үү?

Есүсийн газар дээр өнгөрүүлсэн хугацаа нь гучин гурван жил хагас байсан, өөрөөр хэлбэл, Тэр газар дээр гучин гурван жил хагас амьдарчээ. Энэ хугацааны ердөө гурван жил хагасыг л Өөрийн үйлчлэлийг хэрэгжүүлэхэд зарцуулсан; үлдсэн хугацаанд нь Тэр зүгээр л хэвийн хүний амьдралаар амьдарсан юм. Эхэндээ Тэр синагогын үйл ажиллагаанд оролцож, тахилчдын Судар тайлбарлахыг болон бусдын номлохыг тэнд сонсдог байлаа. Тэрээр Библийн талаар ихээхэн мэдлэг олж авсан юм: Тэр тийм мэдлэгтэй төрөөгүй бөгөөд уншиж, сонссоноор л үүнийг олж авсан юм. Тэр арван хоёр настай байхдаа синагогын багш нараас “Эртний эш үзүүлэгчдийн зөгнөлүүд юу байсан бэ? Мосегийн хуулийн тухайд ямар вэ? Хуучин Гэрээний тухайд? Сүмд тахилчийн хувцастайгаар Бурханд үйлчилж байгаа хүний тухайд ямар вэ? …” гэх мэт асуултуудыг асуусан нь Библид тодорхой тэмдэглэгджээ. Тэр олон асуулт асуусан, учир нь Түүнд мэдлэг ч, ойлголт ч байгаагүй юм. Хэдийгээр Тэр Ариун Сүнснээс олдсон ч гэсэн бүхэлдээ хэвийн хүн болон төрсөн; Тэр тодорхой нэг онцгой зан араншинтай байсан боловч бас л хэвийн хүн байсан юм. Түүний мэргэн ухаан, бие хаа болон настай нь хамааралтайгаар тасралтгүй өссөн бөгөөд Тэр хэвийн хүний амьдралын үе шатыг туулжээ. Хүмүүсийн төсөөллөөр бол Есүс ямар ч хүүхэд нас, өсвөр насыг туулаагүй; Тэр төрмөгцөө гучин гурван настай хүний амьдралаар амьдарч эхэлсэн ба ажлаа дуусгаад цовдлогдсон. Тэр магадгүй хэвийн хүний амьдралын үе шатыг туулаагүй; юм иддэггүй, бусад хүнтэй ч харилцдаггүй байсан, хүмүүсийн хувьд Түүнийг зэрвэс харахад амаргүй байсан. Тэр Бурхан байсан учраас магадгүй Өөрийг нь харсан хүмүүсийг айлгах гажигтай нэгэн байсан байх. Махбодод ирдэг Бурхан хэвийн хүн шиг амьдардаггүй нь лавтай гэж хүмүүс итгэдэг; Тэр ариун хүн учраас шүдээ юм уу нүүрээ угаах хэрэггүй цэвэрхэн гэж тэд итгэдэг. Эдгээр нь гагцхүү хүний үзэл биш гэж үү? Библид Есүсийн хувь хүний амьдралын талаар тэмдэглээгүй зөвхөн Түүний ажлын тухай байдаг боловч Түүнд хэвийн хүн чанар байгаагүй, эсвэл Тэр гучин нас хүртлээ хэвийн хүний амьдралаар амьдраагүй гэдгийг энэ нь нотолдоггүй. Тэр 29 насандаа ажлаа албан ёсоор эхэлсэн боловч тэр наснаас өмнө хүний хувиар өнгөрөөсөн Түүний бүх амьдралыг чи няцааж болохгүй. Библи ердөө тэр хугацааг тэмдэглэлдээ оруулаагүй; Түүний амьдрал нь хэвийн хүний амьдрал байсан ба бурханлаг ажлынх нь цаг үе байгаагүй тул бичиж тэмдэглэх хэрэггүй байлаа. Есүсийг баптисм хүртэхээс өмнө Ариун Сүнс шууд ажиллаагүй, харин Есүсийн үйлчлэлээ гүйцэтгэх өдөр болох хүртэл Түүний амьдралыг жирийн хүн байдлаар байлгаж байв. Хэдийгээр Тэр бие махбодтой болсон Бурхан байсан боловч хэвийн хүний адилаар нас бие гүйцэх үйл явцыг туулсан билээ. Нас бие гүйцэх үйл явцыг Библиэс хассан. Энэ нь хүний амийн өсөлтөд ямар ч тусламж үзүүлж чадахгүй учраас үүнийг хассан юм. Баптисм хүртэхээс өмнөх хугацаа нь нууцлаг үе байсан ба Тэр ямар ч тэмдэг, гайхамшиг үзүүлээгүй. Есүс баптисм хүртсэнийхээ дараа л хүн төрөлхтнийг золин аврах бүх ажлыг буюу нигүүлсэл, үнэн болон хайр, өршөөлөөр элбэг дэлбэг ажлыг эхлүүлсэн юм. Энэ ажлын эхлэл нь бас яг нарийндаа Нигүүлслийн эрин үеийн эхлэл байв; энэ шалтгааны улмаас үүнийг бичиж тэмдэглэж, өнөөг хүртэл дамжуулжээ. Энэ нь Нигүүлслийн эрин үеийн хүмүүсийн хувьд, Нигүүлслийн эрин үеийн замаар алхах, цовдлолын замаар алхах замыг нээж, бүхнийг үр дүнд хүргэхийн төлөө байв. Хэдийгээр энэ нь хүний бичиж тэмдэглэсэн зүйлээс гарсан боловч энд, тэндээ жаахан алдаатай байхыг үл тооцвол бүгд бодит баримт билээ. Гэсэн хэдий ч, тийм тэмдэглэлүүдийг худал гэж хэлж болохгүй. Тэмдэглэгдсэн хэрэг явдал бүхэлдээ баримттай, гагцхүү тэдгээрийг бичихдээ л хүмүүс алдаа гаргасан юм. Хэрвээ Есүс хэвийн, эгэл хүн чанартай байсан юм бол яаж тэмдэг, гайхамшиг үзүүлэх чадвартай байсан байх юм бэ? хэмээн хэлэх зарим хүн бий. Есүсийн туулсан дөчин өдрийн сорилт нь гайхамшигт тэмдэг бөгөөд хэвийн хүний биелүүлж чадахгүй зүйл юм. Түүний дөчин өдрийн сорилт нь Ариун Сүнсний ажилд харьяалагдаж байсан; тэгэхээр Түүнд өчүүхэн төдий ч ер бусын зүйл байхгүй гэж хүн хэлж яахан чадах юм бэ? Түүний тэмдэг, гайхамшиг үзүүлэх чадвар нь Тэр бол хэвийн хүн биш, харин ер бусын хүн байсан гэдгийг нотолдоггүй; ердөө л Ариун Сүнс Түүн шиг хэвийн хүн дээр ажиллаж, улмаар Түүнийг гайхамшиг үзүүлж, бүр ч агуу ажил хийх боломжтой болгосон юм. Үйлчлэлээ гүйцэтгэхээс өмнө, эсвэл Библид бичсэнчлэн Ариун Сүнс Өөр дээр нь бууж ирэхээс өмнө Есүс зүгээр л хэвийн хүн байсан ба огтхон ч ер бусын биш байв. Ариун Сүнс Түүн дээр бууж ирэх үед буюу үйлчлэлээ эхлүүлэх үед нь Түүнд ер бусын зүйл шингэжээ. Ийм маягаар хүн, Бурханы махбод болсон биед хэвийн хүн чанар байхгүй гэж итгэж эхэлдэг; түүнчлэн, бие махбодтой болсон Бурханд хүн чанар байхгүй, бурханлаг чанар л байдаг гэж эндүүрэн боддог. Мэдээж, Бурханыг ажлаа хийхээр газар дээр ирэх үед хүн ер бусын үйл явдлуудыг л хардаг. Түүний ажил болон үг тэдний хувьд ойлгохын аргагүй, хүрэхийн аргагүй байдаг учраас нүдээрээ харж, чихээрээ сонсдог зүйл нь бүгд ер бусын байдаг. Хэрвээ тэнгэрийн ямар нэг зүйлийг газарт авчирсан бол тэр нь ер бусын байхаас өөр яах юм бэ? Хүн ойлгошгүй, ухааршгүй, дэндүү гайхалтай, ухаалаг нууц болох тэнгэрийн хаанчлалын нууцуудыг газарт авчрах үед—тэдгээр нь бүгд ер бусын байдаг бус уу? Гэхдээ, энэ нь хэчнээн ер бусын байсан ч бүх зүйл Түүний хэвийн хүн чанар дотор хийгддэг гэдгийг чи мэдэх ёстой. Бурханы махбод болсон биед хүн чанар байдаг; эс бөгөөс Тэр Бурханы махбод болсон бие биш байх байв. Өөрийнхөө цаг үед Есүс асар олон гайхамшиг үзүүлсэн. Тухайн үеийн израильчуудын харсан зүйл нь ер бусын зүйлсээр дүүрэн байсан; тэд тэнгэрэлчүүд болон элч нарыг харж, Еховагийн дуу хоолойг сонссон. Эдгээр нь бүгд ер бусын байгаагүй гэж үү? Мэдээж, өнөөдөр хүнийг ер бусын зүйлсээр мэхэлдэг зарим муу ёрын сүнс бий; өнөө үед Ариун Сүнсний хийдэггүй ажлаар дамжуулан хүнийг мэхлэх нь тэдний хувьд дуурайж байгаа явдал төдийхөн юм. Олон хүн гайхамшиг үйлдэж, өвчтэйг эдгээж, чөтгөрүүдийг хөөн зайлуулдаг; эдгээр нь муу ёрын сүнсний ажлаас өөр юу ч биш, учир нь Ариун Сүнс өнөө үед тийм ажил хийхээ больсон бөгөөд Ариун Сүнсний тухайн үеийн ажлыг дараа нь дуурайсан бүх хүн бол үнэндээ муу ёрын сүнснүүд юм. Тухайн үед Израильд хийгдсэн бүх ажил ер бусын байсан хэдий ч Ариун Сүнс одоо тийм байдлаар ажилладаггүй бөгөөд одоогийн тийм ямар ч ажил бол Сатан дуурайж, дүр үзүүлж байгаа хэрэг, мөн түүний үймээн самуун юм. Гэхдээ ямар ч ер бусын зүйл муу ёрын сүнснээс гардаг гэж чи хэлж болохгүй—энэ нь Бурханы ажлын эрин үеэс хамаарна. Өнөө үед бие махбодтой болсон Бурханы хийсэн ажлыг аваад үз: Үүний ямар тал нь ер бусын биш вэ? Түүний үг чиний хувьд ойлгохын аргагүй, биелүүлэхийн аргагүй байдаг бөгөөд Түүний хийдэг ажлыг ямар ч хүн хийж чадахгүй. Түүний ойлгодог зүйлийг хүн ер ойлгох аргагүй, мөн Түүний мэдлэг хаанаас ирдгийг ч хүн мэдэхгүй. “Би ч гэсэн Тантай адил хэвийн хүн, тэгвэл би яагаад Таны мэддэг зүйлийг мэддэггүй юм бэ? Би насаар ахмад, туршлагаар арвин атал Та яаж миний мэддэггүй зүйлийг мэддэг юм бэ?” гэж зарим хүн хэлдэг. Хүний тухайд гэвэл, энэ бүхэн нь хүн хүрэхийн аргагүй зүйл юм. Тэгтэл, “Израильд хийгдсэн ажлын талаар хэн ч мэддэггүй, Библийг тайлбарлагчид хүртэл ямар ч тайлбар хийж чаддаггүй; Та яаж ер нь мэддэг юм бэ?” гэдэг хүмүүс ч бий. Эдгээр нь бүгд ер бусын хэрэг явдал биш гэж үү? Тэрээр ямар ч гайхамшиг туулаагүй мөртөө бүхнийг мэддэг; Тэрээр хамгийн амархнаар үг хэлж, үнэнийг илэрхийлдэг. Энэ нь ер бусын биш гэж үү? Түүний ажил махан биеийн хүрч чадах зүйлээс даван гардаг. Махан биетэй ямар ч хүний бодлоор үүнийг биелүүлэхийн аргагүй бөгөөд хүний уураг тархи үүнийг огтоос бодож чадахгүй. Хэдийгээр Тэр Библийг огт уншаагүй ч Израиль дахь Бурханы ажлыг ойлгодог. Тэр газар дээр зогсоод ярьж байгаа хэдий ч гуравдагч тэнгэрийн нууцуудын тухай ярьдаг. Эдгээр үгийг унших үед, “Энэ нь гуравдагч тэнгэрийн хэл биш гэж үү?” гэсэн мэдрэмж хүнийг эзэмддэг. Эдгээр нь бүгд хэвийн хүний биелүүлж чадах зүйлээс давсан хэрэг явдал биш гэж үү? Есүс дөчин өдөр мацаг барих тэр үе ер бусын байгаагүй гэж үү? Хэрвээ чи дөчин өдрийн мацаг нь ямартай ч ер бусын бөгөөд муу ёрын сүнсний үйл хэрэг мөн гэж хэлэх юм бол Есүсийг яллаж байгаа бус уу? Өөрийн үйлчлэлийг хэрэгжүүлэхээсээ өмнө Есүс хэвийн хүнтэй адил байсан. Тэр ч бас сургуульд сурсан; тэгээгүй бол Тэр яаж уншиж, бичиж сурах юм бэ? Бурхан махбод болох үед Сүнс махбод дотор нуугдан оршиж байв. Гэсэн хэдий ч, хэвийн хүн байсан болохоор Түүний хувьд өсөж, нас бие гүйцэх үйл явцыг туулах шаардлагатай байсан бөгөөд танин мэдэх чадвар нь төлөвшиж, аливаа зүйлийг ялган салгаж чадах хүртлээ Тэр хэвийн хүн гэж тооцогдсон билээ. Хүн чанар нь төлөвшсөний дараа л Тэр Өөрийн үйлчлэлийг хэрэгжүүлж чадсан юм. Хэвийн хүн чанар нь хараахан төлөвшөөгүй, бодол нь үндэслэлгүй байх үед Тэр яаж үйлчлэлээ хэрэгжүүлж чадах юм бэ? Зургаа юм уу долоон настайдаа үйлчлэлээ хэрэгжүүлэхийг Түүнээс хүлээж болохгүй нь лавтай! Анх махбод болох үедээ Бурхан яагаад Өөрийгөө ил тод харуулаагүй юм бэ? Яагаад гэвэл, Түүний махбодын хүн чанар хараахан төлөвшөөгүй байсан; Өөрийн махбодын сэтгэхүйн үйл явц, мөн түүнчлэн энэ махбодын хэвийн хүн чанарыг Тэр бүрэн эзэмшээгүй байв. Ийм учраас ажлаа эхлэхээсээ өмнө Тэрээр, Өөрийн ажлыг махбодоор хийхэд хангалттай зэвсэглэсэн байх хэмжээнд хэвийн хүн чанар болон хэвийн хүний эрүүл саруул сэтгэлгээг зайлшгүй эзэмших шаардлагатай байсан билээ. Хэрвээ Тэр энэ ажилд тэнцэхгүй байсан бол Түүний хувьд үргэлжлүүлэн өсөж, төлөвших шаардлагатай байх байв. Есүс Өөрийн ажлыг долоо юм уу найман насандаа эхэлсэн бол хүн Түүнийг гоц авьяастан гэж үзэх байсан биш гэж үү? Бүх хүн Түүнийг хүүхэд гэж бодох байсан бус уу? Хэн Түүнд үнэмших юм бэ? Зогсож байгаа индрээсээ өндөргүй долоо юм уу найман настай хүүхэд—номлоход тохирох байсан уу? Хүн чанар нь төлөвшихөөс өмнө Тэр уг ажилд тэнцээгүй. Хараахан төлөвшөөгүй байсан Түүний хүн чанарын тухайд гэвэл, ажлын ихээхэн хэсэг нь ердөө биелүүлэхийн аргагүй байлаа. Махбод дахь Бурханы Сүнсний ажил нь бас өөрийн гэсэн зарчимд захирагддаг. Хэвийн хүн чанарыг эзэмших үедээ л Тэр ажлыг өөртөө авч, Эцгийн даалгаврыг хүлээн авч чадна. Зөвхөн тэр үед л Тэрээр Өөрийн ажлыг эхэлж болох юм. Хүүхэд насандаа Есүс, эрт цагт тохиолдсон ихэнх зүйлийн талаар ердөө ойлгож чадахгүй байсан ба синагогын багш нараас асууж байж л ойлгож авчээ. Хэрвээ Тэр дөнгөж ярьж сурангуутаа л ажлаа хийж эхэлсэн бол Түүний хувьд ямар ч алдаа гаргахгүй байх боломжтой байх байсан уу? Бурхан яаж алдаа гаргаж болох юм бэ? Тиймээс ажиллаж чаддаг болсныхоо дараа л Тэр Өөрийн ажлыг эхэлсэн; Тэр үүнийг хийх бүрэн чадвартай болтлоо ямар ч ажил гүйцэтгээгүй. Хорин есөн настайдаа Есүс аль хэдийн нэлээд төлөвшсөн байсан бөгөөд Түүний хүн чанар, хийх гэж байсан ажлаа явуулахад нь тохирохуйц болсон байлаа. Тэр үед л Бурханы Сүнс албан ёсоор Түүн дотор ажиллаж эхэлсэн юм. Тэр үед Иохан Түүнд зориулсан замыг нээхийн тулд долоон жилийн турш бэлдсэн бөгөөд ажлаа дуусгасны дараа шоронд оржээ. Тэгээд ачаа бүхэлдээ Есүс дээр унасан. Хэрвээ Тэр энэ ажлыг 21 юм уу 22 насандаа, хүн чанар нь дутуу дулимаг байх үед, дөнгөж нас биед хүрэх үедээ, мөн олон зүйлийг ойлгоогүй байхдаа хүлээн авсан бол хяналтыг гартаа авч чадахгүй байх байлаа. Тухайн үед, Есүсийг ажлаа эхлэхээс өмнө Иохан өөрийн ажлыг аль хэдийн хэсэг зуур хийчихсэн байсан ба тэгэхэд Есүс аль хэдийн дунд эргэм настай байв. Тийм насандаа Түүний хэвийн хүн чанар нь Өөрийн хийх ёстой ажлыг хийхэд хангалттай болсон байлаа. Одоо, бие махбодтой болсон Бурхан ч бас хэвийн хүн чанартай бөгөөд хэдийгээр та нарын дундах арай ахмадуудтай нь харьцуулахуйц төлөвшөөгүй ч гэсэн энэхүү хүн чанар нь Түүний ажлыг биелүүлэхэд хэдийнээ хангалттай. Өнөөдрийн ажлын орчин нөхцөл Есүсийн үеийнхтэй бүхэлдээ адилхан биш. Есүс яагаад арван хоёр элчийг сонгосон бэ? Энэ нь бүгд Түүний ажлыг дэмжиж, хамтран ажиллахын төлөө байв. Нэг талаар энэ нь тухайн үеийн Түүний ажлын суурийг тавихын төлөө, харин нөгөө талаар, ирэх өдрүүд дэх Түүний ажилд суурь тавихын төлөө байсан юм. Тухайн үеийн ажилтай нийцүүлэн арван хоёр элчийг сонгох нь Есүсийн хүсэл, мөн түүнчлэн Бурханы Өөрийн хүсэл байлаа. Арван хоёр элчийг сонгоод, дараа нь газар сайгүй номлоход тэднийг залж чиглүүлэх ёстой гэж Тэр итгэж байв. Гэхдээ өнөөдөр та нарын дунд ингэх хэрэггүй! Бие махбодтой болсон Бурхан махбодоор ажиллах үед олон зарчим байдаг бөгөөд хүний ердөө ойлгодоггүй олон зүйл байдаг; Бурханыг хэмжихдээ, эсвэл Бурханд хэт их шаардлага тавихдаа хүн өөрийн үзлийг байнга ашигладаг. Гэхдээ одоо ч гэсэн, өөрсдийнх нь мэдлэг ганцхан өөрсдийнх нь үзлээс бүрддэг гэдгийг олон хүн огт мэддэггүй. Бурханы бие махбодтой болсон эрин үе юм уу газар ямар ч байсан бай, махбод дахь Түүний ажлын зарчим өөрчлөгдөлгүй үлддэг. Тэр махбод болчхоод махбодоосоо даван гарч ажиллаж чадахгүй; тэр ч бүү хэл махбод болчхоод махбодын хэвийн хүн чанар дотор ажиллахгүй байж чадахгүй. Эс бөгөөс Бурхан бие махбодтой болохын ач холбогдол үгүй болж, Үг махбод болсон гэдэг нь тэр чигтээ утгагүй болох байв. Түүнчлэн, Бурхан бие махбодтой болсныг зөвхөн тэнгэр дэх Эцэг (Сүнс) мэдэх ба өөр хэн ч, бүр махбод Өөрөө ч, эсвэл тэнгэрийн элч нар ч мэдэхгүй. Ийм болохоор махбод дахь Бурханы ажил бүр ч илүү хэвийн байж, Үг үнэхээр махбод болсныг бүр ч сайн илчилж чадах бөгөөд махбод гэдэг нь жирийн, хэвийн хүн гэсэн үг юм.

Зарим хүн: “Эрин үеийг яагаад Бурхан Өөрөө эхлүүлэх ёстой юм бол? Бүтээгдсэн зүйл Түүнийг орлож болохгүй гэж үү?” хэмээн гайхширч магадгүй. Бурхан махбод болсон нь шинэ эрин үеийг эхлүүлэх тодорхой зорилготой байсан ба мэдээж шинэ эрин үеийг эхлүүлэхдээ Тэрээр хуучин эрин үеийг ч нэгэн зэрэг дуусгасан байх болно гэдгийг та бүхэн мэдэж байгаа. Бурхан бол Эхлэл ба Төгсгөл; Тэр Өөрөө ажлаа явуулдаг тул Тэр Өөрөө л өмнөх эрин үеийг төгсгөх ёстой. Энэ нь Тэр Сатаныг ялж, дэлхийг байлдан дагуулдгийн баталгаа. Тэр Өөрөө хүмүүсийн дунд ажиллах бүрд энэ нь шинэ тулааны эхлэл байдаг. Шинэ ажлыг эхлүүлэлгүйгээр хуучныг нь дуусгана гэж мэдээж үгүй. Хуучныг нь дуусгаагүй байх үед Сатантай хийх тулаан хараахан төгсгөлдөө очоогүйг энэ нь нотолно. Зөвхөн Бурхан Өөрөө хүмүүсийн дунд ирж, шинэ ажил гүйцэтгэх л юм бол хүн Сатаны эрхшээлээс бүрэн чөлөөлөгдөж, шинэ амьдрал, шинэ эхлэлийг олж авч чадна. Эс бөгөөс, хүн үүрд хуучин эрин үед амьдарч, Сатаны хуучин нөлөөн дор үүрд амьдарна. Бурханы удирдаж буй эрин үе бүрд хүний нэг хэсэг сул чөлөөтэй болж, тэгснээр хүн Бурханы ажилтай хамт шинэ эрин үе рүү урагшилдаг. Бурханы ялалт гэдэг нь Түүнийг дагадаг бүх хүний ялалт юм. Хэрвээ бүтээгдсэн хүн төрөлхтөнд эрин үеийг төгсгөх үүрэг өгсөн бол хүний үзэл бодлоор ч бай, эсвэл Сатаныхаар ч бай, энэ нь Бурханыг эсэргүүцэж, Түүнээс урвах, мөн Бурханд дуулгаваргүй байхаас цаашгүй байх байсан бөгөөд хүний ажил Сатаны хэрэгсэл болох байв. Бурханы Өөрийн эхлүүлсэн эрин үед хүн дуулгавартай байж, Бурханыг дагасан үед л Сатаныг бүрэн үнэмшүүлж чадна, учир нь энэ бол бүтээгдсэн зүйлийн үүрэг билээ. Тиймээс та нар зөвхөн дагаж, дуулгавартай байх хэрэгтэй бөгөөд үүнээс илүүг та нараас шаарддаггүй гэж Би хэлдэг. Энэ нь, хүн бүр үүргээ сахиж, тус тусын чиг үүргээ гүйцэтгэх гэдгийн учир юм. Бурхан Өөрийнхөө ажлыг хийдэг ба хүн Түүний оронд хийх хэрэггүй байдаг, мөн Тэр бүтээгдсэн зүйлийн ажилд ч оролцдоггүй. Хүн өөрийн үүргийг гүйцэтгэдэг бөгөөд Бурханы ажилд оролцдоггүй. Зөвхөн энэ л дуулгавартай байдал, мөн Сатаны ялагдлын баталгаа билээ. Бурхан Өөрөө шинэ эрин үеийг эхлүүлж дууссаныхаа дараа хүн төрөлхтний дунд ажиллахаар ирэхээ больдог. Зөвхөн тэр үед л хүн, бүтээгдсэн зүйлийн хувиар үүргээ биелүүлж, даалгавраа гүйцэтгэхээр шинэ эрин үе рүү албан ёсоор алхан ордог. Эдгээр нь Бурханы ажилладаг зарчмууд бөгөөд хэн ч зөрчиж болохгүй. Ийм маягаар ажиллах нь л ухаалаг, бас үндэслэлтэй юм. Бурханы ажлыг Бурхан Өөрөө хийдэг. Тэр Өөрийн ажлыг явуулж, Өөрийн ажлыг дуусгадаг. Тэрээр ажлыг төлөвлөж, удирддаг бөгөөд үүнээс ч илүүтэйгээр ажлыг үр дүнтэй болгодог. Библид өгүүлсэнчлэн “Би бол Эхлэл ба Төгсгөл; Би бол Тариалагч ба Хураагч.” Өөрийнх нь удирдлагын ажилтай холбоотой бүхнийг Бурхан Өөрөө хийдэг. Тэр бол зургаан мянган жилийн удирдлагын төлөвлөгөөний Захирагч; Тэр бүх зүйлийг гартаа атгаж байдаг тул өөр хэн ч Түүний ажлыг Түүний оронд хийж чадахгүй, хэн ч Түүний ажлыг дуусгаж чадахгүй. Дэлхий ертөнцийг бүтээсэн болохоор Тэрээр бүх ертөнцийг Өөрийнх нь гэрэлд амьдрахад хүргэнэ, бас бүхэл бүтэн эрин үеийг дуусгаж, улмаар Өөрийн бүх төлөвлөгөөг гүйцэлдүүлнэ!

Өмнөх: Бурханы ажлын үзэгдэл 3

Дараах: Бие махбодтой болохын нууц 2

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Messenger дээр бидэнтэй холбоо барих