Бурханы ажлын үзэгдэл (2)

Нигүүлслийн эрин үед гэмшлийн сайн мэдээ тунхаглагдсан бөгөөд хүн итгэх л юм бол аврагдах байв. Өнөөдөр авралын оронд байлдан дагуулалт болон төгс болголтын тухай яриа л байдаг. Хэрвээ хүн итгэвэл бүхий л гэр бүлийнхэн нь ерөөгдөнө, эсвэл нэг л аврагдсан бол үүрд аврагдсан гэж хэзээ ч хэлдэггүй. Өнөөдөр хэн ч эдгээр үгийг хэлдэггүй бөгөөд тийм зүйлс нь хоцрогдсон. Тухайн үед Есүсийн ажил бүх хүн төрөлхтнийг золин аврахын төлөө байв. Түүнд итгэсэн бүх хүний нүгэл уучлагдсан; чи Түүнд итгэдэг л бол Тэр чамайг золин аврах байсан; хэрвээ Түүнд итгэсэн бол чи нүгэлтэн байхаа больж, нүглээсээ чөлөөлөгдөх байв. Аврагдах, итгэлээр зөвтгөгдөх гэдэг нь энэ юм. Гэхдээ итгэсэн хүмүүст ч Бурханыг эсэргүүцдэг, тэрслүү зүйл үлдсэн бөгөөд үүнийг мөн л аажмаар арилгах хэрэгтэй байлаа. Аврал гэдэг нь Есүс хүнийг бүрэн олж авсан гэсэн үг биш, харин хүн нүгэлтэн байхаа больж, нүглээ уучлуулсан гэсэн үг юм. Чи итгэх л юм бол дахиад хэзээ ч нүглийнх байхаа болих юм. Тухайн үед Есүс Өөрийнх нь шавь нарт үл ойлгогдох ихээхэн ажил хийж, хүмүүсийн ойлгоогүй зүйл ихийг хэлсэн. Учир нь тухайн үед Тэр ямар ч тайлбар өгөөгүй. Тиймээс Түүнийг явснаас хойш хэдэн жилийн дараа Матай Есүст зориулсан угийн бичгийг бүтээж, бусад нь ч бас хүний хүслээс гарсан ихээхэн ажил хийжээ. Есүс хүнийг төгс болгож, олж авахын төлөө ирээгүй, харин ажлын нэг үе шат буюу тэнгэрийн хаанчлалын сайн мэдээг авчирч, цовдлолын ажлыг гүйцэлдүүлэхийн тулд ирсэн юм. Иймээс Есүсийг цовдлогдмогц Түүний ажил бүрэн дууссан. Харин одоогийн үе шатанд—байлдан дагуулалтын ажилд—илүү олон үг хэлж, илүү их ажил хийх ёстой бөгөөд олон үйл явц байх ёстой. Иймээс Есүс, Ехова хоёрын ажлын нууц илчлэгдэх ёстой, ингэснээр бүх хүн итгэлээрээ илүү их ойлгож, тодорхой мэдэж авах болно, учир нь энэ бол эцсийн өдрүүдийн ажил бөгөөд эцсийн өдрүүд нь Бурханы ажлын төгсгөл, ажлын сүүлчийн цаг үе юм. Ажлын энэ үе шат нь чамд Еховагийн хууль болон Есүсийн золин авралыг тодорхой ойлгуулна, ингэснээр чи үндсэндээ Бурханы зургаан мянган жилийн удирдлагын төлөвлөгөөний бүхий л ажлыг ойлгож, энэхүү зургаан мянган жилийн удирдлагын төлөвлөгөөний бүх ач холбогдол, мөн чанарыг ойлгож, Есүсийн хийсэн ажил, хэлсэн үг бүхний зорилгыг, тэр ч бүү хэл Библид сохроор итгэж, биширч байснаа ойлгож болох юм. Энэ бүхэн нь чамд нэгд нэггүй ойлгох боломж олгоно. Чи Есүсийн хийсэн ажил болон өнөөдрийн Бурханы ажлын аль алиныг ойлгож авна; чи бүх үнэн, амь, замыг ойлгож, нүдээр харна. Есүсийн хийсэн ажлын үе шатанд Есүс яагаад эцсийн ажлыг хийлгүй явсан бэ? Учир нь, Есүсийн ажлын үе шат нь эцсийн ажил байгаагүй. Түүнийг загалмайд цовдлох үед үг нь ч бас төгсгөл болсон; цовдлогдсоных нь дараа Түүний ажил бүрмөсөн дууссан. Одоогийн үе шат бол өөр: Үгийг дуустал хэлж, Бурханы бүх ажил гүйцэлдсэний дараа л Түүний ажил дууссан байх болно. Есүсийн ажлын үе шатанд хэлэлгүй үлдээсэн, эсвэл тодорхой илэрхийлээгүй олон үг байсан юм. Гэсэн ч Есүс юуг хэлсэн, юуг хэлээгүйгээ тоогоогүй, учир нь Түүний үйлчлэл бол үгийн үйлчлэл биш байсан бөгөөд загалмайд цовдлогдсоныхоо дараа Тэр явж одсон. Ажлын тэр үе шат нь ерөөсөө цовдлолын төлөө байсан бөгөөд одоогийн үе шаттай адилгүй. Ажлын энэ үе шат нь үндсэндээ төгсгөлийн төлөө, эмхэлж цэгцэлж, бүх ажлыг дуусгахын төлөө байдаг. Хэрвээ үгийг бүр дуустал нь хэлэхгүй бол энэхүү ажлыг гүйцэлдүүлэх ямар ч аргагүй байх болно, учир нь ажлын энэ үе шатанд үгийг ашиглан бүх ажил төгсгөлдөө очиж, гүйцэлддэг. Тухайн үед Есүс хүмүүст үл ойлгогдох их ажил хийсэн. Тэрээр чимээгүй явж одсон бөгөөд өнөөдөр ч гэсэн Түүний үгийг ойлгодоггүй, ойлголт нь буруу ч зөв гэж итгэсээр байдаг, буруу гэдгээ ч мэддэггүй олон хүн байсаар байгаа. Эцэст нь одоогийн энэхүү үе шат Бурханы ажлыг бүрэн төгсгөж, гүйцэлдүүлнэ. Бурханы удирдлагын төлөвлөгөөг бүгд ойлгож, мэдэж авна. Хүмүүсийн доторх үзэл, санаа зорилго, эндүү ташаа ойлголт, Ехова болон Есүсийн ажлын талаарх үзэл, Харь үндэстний тухай үзэл бодол болон бусад бүх алдаа, гажуудал засагдана. Тэгээд хүн амьдралын бүх зөв зам, Бурханы хийсэн бүх ажил, бүхий л үнэнийг ойлгоно. Тийм зүйл болох үед ажлын энэ үе шат төгсгөлдөө очно. Еховагийн ажил нь дэлхийг бүтээх явдал байсан бөгөөд энэ нь эхлэл байсан юм; ажлын энэ үе шат бол ажлын сүүлч бөгөөд төгсгөл юм. Эхэндээ Бурханы ажил Израилийн сонгогдсон хүмүүсийн дунд хийгдсэн бөгөөд энэ нь бүх газраас хамгийн ариун газар дахь шинэ эриний эхлэл байв. Ажлын сүүлчийн үе шат нь, дэлхийг шүүж, эрин үеийг төгсгөхийн тулд бүх улс орноос хамгийн бузар заваан оронд хийгддэг. Эхний үе шатанд Бурханы ажил хамгийн гэрэл гэгээтэй газар хийгдсэн бол сүүлчийн үе шат нь хамгийн харанхуй газарт хийгддэг бөгөөд энэхүү харанхуйг хөөн зайлуулж, гэрлийг авчирч, бүх хүнийг байлдан дагуулна. Бүх газраас хамгийн бузар заваан, харанхуй газрын ард түмэн байлдан дагуулагдаж, жинхэнэ Бурхан байдгийг бүх хүн ам хүлээн зөвшөөрч, хүн болгон бүрэн үнэмших үед бүхий л орчлон ертөнц даяар байлдан дагуулалтын ажлыг гүйцэтгэхэд энэхүү баримтыг ашиглана. Ажлын энэ үе шат бэлгэдлийн чанартай: Энэ эрин үеийн ажил дуусмагц зургаан мянган жилийн удирдлагын ажил бүрмөсөн төгсөнө. Хамгийн харанхуй газарт байгаа хүмүүс байлдан дагуулагдмагц хаа сайгүй ийм зүйл болно гэдэг нь илэрхий юм. Ийм болохоор зөвхөн Хятад дахь байлдан дагуулалтын ажил л утга учиртай бэлгэдлийг агуулдаг. Хятад улс харанхуйн бүх хүчийг илтгэдэг бөгөөд Хятадын ард түмэн нь Сатан, махан бие, мах цуснаас бүтсэн бүх хүнийг төлөөлдөг. Хятадын ард түмнийг агуу улаан луу хамгийн их завхруулсан, тэд Бурханыг хамгийн хүчтэй эсэргүүцдэг бөгөөд хүн чанар нь хамгийн олиггүй, ариун бус тул бүх завхарсан хүн төрөлхтний төлөөлөгч билээ. Бусад улс оронд ямар ч асуудал байхгүй гэж хэлж байгаа юм биш; хүний үзэл бүгд адилхан бөгөөд эдгээр улс орны хүмүүс сайн хэв чанартай байж болох хэдий ч хэрвээ Бурханыг мэддэггүй бол Түүнийг эсэргүүцдэг байж таарна. Яагаад иудейчүүд ч бас Бурханыг эсэргүүцэж, сөрсөн бэ? Яагаад фарисайчууд ч бас Түүнийг эсэргүүцсэн бэ? Яагаад Иудас Есүсээс урвасан бэ? Тэр үед шавь нарынх нь олонх нь Есүсийг мэдээгүй. Есүсийг цовдлогдож, дахин амилсны дараа ч яагаад хүмүүс Түүнд итгээгүй вэ? Хүний дуулгаваргүй байдал бүгд адилхан бус уу? Зүгээр л Хятадын ард түмнийг жишээ болгож байгаа ба байлдан дагуулагдах үедээ тэд үлгэр дуурайл, загвар болж, бусдад лавлагаа болох болно. Та нар бол Миний удирдлагын төлөвлөгөөний хавсралт гэж Би яагаад үргэлж хэлдэг вэ? Учир нь Хятадын ард түмэнд завхрал, бузар, шударга бус байдал, эсэргүүцэл, тэрслүү байдал хамгийн бүрэн дүүрэн илэрхийлэгдэж, янз бүрийн хэлбэрээрээ илчлэгддэг. Нэг талаас, тэд дорд хэв чанартай, нөгөө талаас, амьдрал, сэтгэлгээ нь хоцрогдмол, мөн зуршил, нийгмийн орчин, төрсөн гэр бүл нь бүгд ядуу дорд, хамгийн их хоцрогдсон байдаг. Тэдний байр суурь ч бас дорд. Энэ газарт хийж байгаа ажил бэлгэдлийн чанартай бөгөөд туршилтын энэ ажлыг бүхэлд нь хийж дуусгасны дараа Бурханы дараагийн ажил хавьгүй илүү дээр явагдана. Хэрвээ ажлын энэ үе шатыг дуусгаж чадвал дараагийн ажлыг хэлэхийн ч хэрэггүй. Ажлын энэ үе шат гүйцэлдвэл агуу амжилтад бүрэн хүрч, бүхий л орчлон ертөнц даяарх байлдан дагуулалтын ажил бүрмөсөн төгсөнө. Үнэндээ, та нарын дундах ажил амжилттай болмогц энэ нь бүх орчлон ертөнц даяарх амжилттай тэнцүү байх болно. Би та нарыг үлгэр жишээ, загвар болгосны ач холбогдол энэ юм. Тэрслүү байдал, эсэргүүцэл, бузар бохир байдал, шударга бус байдал—энэ бүхэн нь энэхүү хүмүүст байдаг бөгөөд тэдэнд байдаг зүйл хүн төрөлхтний бүх тэрслүү байдлыг төлөөлдөг. Тэд үнэхээр амаргүй. Тиймээс тэднийг байлдан дагуулалтын загвар болгодог ба байлдан дагуулагдмагцаа тэд аяндаа бусдын үлгэр жишээ, загвар болно. Израильд хийгдсэн эхний үе шат хамгийн их бэлгэдлийн чанартай байсан: Израильчууд хамгийн ариун, хамгийн бага завхарсан хүмүүс байсан тул энэ газар нутагт шинэ эринийг эхлүүлэх нь дээд зэргийн ач холбогдолтой байлаа. Хүн төрөлхтний өвөг дээдэс Израильд үүссэн ба Израиль бол Бурханы ажлын өлгий нутаг байсан гэж хэлж болно. Эхэндээ энэ хүмүүс хамгийн ариун байж, бүгд Еховаг шүтэн мөргөж байсан бөгөөд тэдэн дэх Бурханы ажил хамгийн их үр дүн гаргаж чадсан. Библи нь бүхэлдээ хоёр эрин үеийн ажлыг тэмдэглэсэн байдаг: Нэг нь Хуулийн эрин үеийн ажил, нөгөө нь Нигүүлслийн эрин үеийн ажил байсан юм. Хуучин гэрээ нь израильчуудад хэлсэн Еховагийн үгийг болон Израиль дахь Түүний ажлыг тэмдэглэсэн байдаг; Шинэ гэрээ нь Иудей дахь Есүсийн ажлыг тэмдэглэсэн байдаг. Гэхдээ Библид яагаад ямар ч хятад нэр байдаггүй вэ? Бурханы ажлын эхний хоёр хэсэг Израильд хийгдсэн учраас, Израилийн хүмүүс сонгогдсон хүмүүс байсан учраас—өөрөөр хэлбэл, тэд Еховагийн ажлыг хүлээн авах эхний хүмүүс байлаа. Тэд хүн төрөлхтнөөс хамгийн бага завхарсан нь байсан бөгөөд эхэндээ Бурханыг дээдэлж, хүндлэх сэтгэлтэй байсан юм. Тэд Еховагийн үгийг дуулгавартай дагаж, үргэлж сүмд үйлчилж, тахилчийн өмсгөл юм уу титэм зүүдэг байв. Тэд Бурханыг шүтэн мөргөсөн хамгийн эртний хүмүүс, Түүний ажлын хамгийн эртний бай байлаа. Энэ хүмүүс бүх хүн төрөлхтний үлгэр дуурайл, загвар байв. Тэд бол ариун, шулуун шударга байдлын үлгэр дуурайл, загвар байсан юм. Иов, Абрахам, Лот, Петр, Тимот гэх мэтийн хүмүүс бүгд израильчууд байсан ба хамгийн ариун үлгэр дуурайл, загвар байлаа. Израиль нь хүн төрөлхтний дундаас Бурханыг шүтэн мөргөсөн хамгийн анхны улс орон байсан бөгөөд зөв шударга хүмүүс өөр хаанаас ч илүүтэйгээр эндээс төрөн гарчээ. Ирээдүйд бүх газар нутаг даяарх хүн төрөлхтнийг илүү сайн удирдахын тулд Бурхан тэдэн дээр ажилласан. Тэдний ололт амжилт, Еховаг шүтэн мөргөж байсан шударга байдал тэмдэглэгдсэн, ингэснээр тэд Нигүүлслийн эрин үед Израилиас цааших газар нутгийн хүмүүст үлгэр дуурайл, загвар болж чадах байв; тэдний үйлдэл өнөөдрийг хүртэл хэдэн мянган жилийн ажлыг хадгалсан юм.

Дэлхийг бүтээсний дараа Бурханы ажлын эхний үе шат Израильд хийгдсэн, тиймээс Израиль нь газар дээрх Бурханы ажлын төрсөн нутаг, газар дээрх Бурханы ажлын бааз байсан юм. Есүсийн ажлын цар хүрээ Иудейг бүхэлд нь хамарсан. Есүс Иудейн гадна ямар ч ажил хийгээгүй учраас Түүний ажлын үеэр Иудейн гаднах тун цөөхөн хүн энэ талаар мэдсэн юм. Өнөөдөр Бурханы ажлыг Хятадад авчирсан бөгөөд энэ нь гагцхүү энэ цар хүрээн дотор л хийгддэг. Энэ үед ямар ч ажил Хятадын гадна эхлээгүй; Хятадаас цааш түгэх явдал бол дараа нь хийгдэх ажил юм. Ажлын энэ үе шат Есүсийн ажлын үе шатнаас үргэлжлүүлэн явдаг. Есүс золин авралын ажил хийсэн бөгөөд энэ үе шат нь тэрхүү ажлаас үргэлжлэн хийгдэж байгаа ажил; золин авралын ажил гүйцэлдсэн бөгөөд энэ үе шатанд Ариун Сүнснээс үр тогтох хэрэггүй учир нь ажлын энэ үе шат өмнөх үе шаттай адилгүй, цаашлаад Хятад бол Израильтай адилгүй. Есүсийн хийсэн ажлын үе шат золин авралын ажил байсан. Хүн Есүсийг харсан ба удалгүй Түүний ажил Харь үндэстнүүдэд түгэж эхэлсэн юм. Өнөөдөр Америк, Нэгдсэн Вант улс болон Орост Бурханд итгэдэг олон хүн байдаг, тэгвэл яагаад Хятадад, итгэдэг хүн цөөхөн байдаг юм бэ? Учир нь Хятад бол хамгийн хаалттай үндэстэн юм. Тийм болохоор Хятад орон Бурханы замыг хамгийн сүүлд хүлээн зөвшөөрсөн ба одоо ч гэсэн тэгснээс нь хойш зуу хүрэхгүй жил болж байна—энэ нь Америк болон Нэгдсэн Вант улсаас хавьгүй сүүлд болсон юм. Өөрийн ажлыг төгсгөхийн тулд, Өөрийн бүх ажлыг гүйцэлдүүлэхийн тулд Бурханы ажлын сүүлчийн үе шат Хятадын газар нутагт хийгдсэн. Израиль дахь хүмүүс бүгд Еховаг өөрсдийн Эзэн гэж дуудаж байсан. Тухайн үед тэд Түүнийг гэр бүлийнхээ тэргүүн нь гэж үзэж байсан бөгөөд бүхий л Израиль нь, хүн бүхэн өөрсдийн Эзэн Еховаг шүтэн биширсэн асар том гэр бүл болсон юм. Еховагийн Сүнс тэдэнд үргэлж харагдаж, тэдэнтэй ярилцаж, Өөрийн дуу хоолойг айлдсан бөгөөд тэдний амьдралыг залж чиглүүлэхийн тулд үүлэн багана болон дуу чимээг ашигласан. Тухайн үед Сүнс Өөрийн удирдамжийг Израильд шууд өгч, Өөрийн дуу хоолойгоор хүмүүстэй ярьж, айлдаж байсан бөгөөд тэд үүл харж, аянгын нүргээнийг сонссон, ийм маягаар Тэр тэдний амьдралыг хэдэн мянган жилийн турш залж чиглүүлсэн юм. Тиймээс Израилийн ард түмэн л Еховад үргэлж шүтэн мөргөсөн. Ехова бол тэдний Бурхан бөгөөд Харь үндэстнүүдийн Бурхан биш гэж тэд итгэдэг. Энэ нь гайхмаар зүйл биш: эцсийн эцэст Ехова тэдний дунд бараг 4,000 жилийн турш ажилласан. Хятадын газар нутагт хэдэн мянган жилийн турш үхсэн мэт унтсаныхаа дараа, тэнгэр газар, бүх зүйл аяндаа бий болоогүй, харин Бүтээгч бүтээсэн гэдгийг доройтмол хүмүүс одоо л мэдэж эхэлсэн. Энэхүү сайн мэдээ хилийн чанадаас ирсэн учраас энэ сайн мэдээг хүлээн зөвшөөрдөг бүх хүн тэрслүү бөгөөд тэд бол өөрсдийнхөө өвөг дээдэс болох Буддагаас урвасан өөдгүй амьтад гэж феодалын эсэргүү үзэлтнүүд итгэдэг. Түүнчлэн, эдгээр феодалын үзэл санаатай хүмүүсийн олонх нь: “Хятад хүмүүс яаж гадныхны Бурханд итгэж болох юм бэ? Тэд өвөг дээдсээсээ урваж байгаа бус уу? Тэд мууг үйлдэж байгаа бус уу?” гэж асуудаг. Ехова бол өөрсдийнх нь Бурхан гэдгийг өнөөдөр хүмүүс аль хэдийн мартчихсан. Тэд Бүтээгчийг аль эрт умартсан бөгөөд оронд нь, хүн бичнээс үүссэн ба байгаль ертөнц жамаараа бий болсон гэх утгатай хувьслын онолд итгэдэг. Мөн хүн төрөлхтний эдэлж хэрэглэдэг сайн хоол хүнсийг бүгдийг нь байгаль хангадаг, хүний амьдрал, үхэлд дэг журам байдаг бөгөөд энэ бүхнийг захирдаг Бурхан оршин байдаггүй гэж итгэдэг. Түүнчлэн, Бурхан бүх зүйлийг захирдаг гэдэг нь мухар сүсэг бөгөөд шинжлэх ухаанч биш гэж хэлдэг бурхангүй үзэлтнүүд олон бий. Гэхдээ шинжлэх ухаан Бурханы ажлыг орлож чадах уу? Шинжлэх ухаан хүн төрөлхтнийг захирч чадах уу? Бурхангүй үзэлд захирагддаг улс оронд сайн мэдээ тунхаглах нь амаргүй ажил бөгөөд асар их саад бартаа агуулдаг. Өнөөдөр ийм маягаар Бурханыг эсэргүүцдэг хүмүүс олон байгаа бус уу?

Есүсийг ажлаа хийхээр ирэх үед олон хүн Түүний ажлыг Еховагийн ажилтай харьцуулж, нийцэлгүй зүйл олоод Есүсийг загалмайд цовдолсон. Тэд яагаад Тэдний ажлаас ямар ч нийцэл олоогүй вэ? Нэг талаараа энэ нь Есүс шинэ ажил хийснээс болсон, бас Есүсийг ажлаа эхлэхээс өмнө хэн ч Түүний угийн бичгийг бичээгүй байснаас болсон. Хэн нэгэн бичсэн байсан бол санаа зовох хэрэггүй байх байсан ба тэгсэн бол хэн Есүсийг загалмайд цовдлох юм бэ? Хэрвээ Матай хэдэн арван жилийн өмнө Есүсийн угийн бичгийг бичсэн бол Есүс тийм их хавчлага амсахгүй байх байсан юм. Тийм биз дээ? Есүсийн угийн бичгийг—Тэр бол Абрахамын хүү, мөн Давидын угсаа—гэдгийг уншмагцаа хүмүүс Түүнийг хяхан хавчихаа болих байв. Түүний угийн бичгийг хэтэрхий орой бичсэн нь харамсалтай биш гэж үү? Харамсалтай зүйл юу вэ гэхээр Библи Бурханы ажлын хоёр үе шатыг л тэмдэглэсэн байдаг: нэг үе шат нь Хуулийн эрин үеийн ажил, нөгөө нь Нигүүлслийн эрин үеийн ажил байсан; нэг үе шат нь Еховагийн ажил, нөгөө нь Есүсийн ажил байсан. Хэрвээ агуу эш үзүүлэгч өнөөдрийн ажлыг зөгнөчихсөн байсан бол хэчнээн сайн байх сан билээ. Библид “Эцсийн өдрүүдийн ажил” гэсэн гарчигтай нэмэлт хэсэг байсан бол—тэр нь хавьгүй дээр байх байсан бус уу? Яагаад хүн өнөөдөр маш их зовлон бэрхшээлд өртөх ёстой юм бэ? Та нар үнэхээр хүнд хэцүү үеийг туулсан! Хэрвээ хэн нэгэн үзэн ядуулах учиртай бол эцсийн өдрүүдийн ажлыг зөгнөөгүйнхээ төлөө Исаиа, Даниел хоёр, хэн нэгэн буруутгагдах ёстой бол хоёр дахь удаа бие махбодтой болсон Бурханы угийн бичгийг арай эрт жагсаан бичээгүй Шинэ гэрээний элч нар байдаг. Ямар ичгүүртэй хэрэг вэ! Та нар хаа сайгүй нотлох баримт хайх хэрэгтэй бөгөөд үгийн жаахан хэлтэрхий олсныхоо дараа ч тэдгээр нь үнэхээр нотолгоо мөн эсэхийг таньж чаддаггүй. Ямар ичмээр юм бэ! Бурхан Өөрийнхөө ажилд яагаад ийм нууцлаг байдаг юм бэ? Өнөөдөр олон хүн нотлох баримт хараахан олоогүй ч бас үүнийг үгүйсгэж чаддаггүй. Тэгвэл тэд юу хийх ёстой вэ? Тэд Бурханыг шийдэмгийгээр дагаж чаддаггүй, гэхдээ бас тийм эргэлзээтэйгээр урагш явж ч чаддаггүй. Иймээс олон “ухаалаг, авьяастай эрдэмтэн” Бурханыг дагах үедээ “оролдоод үзэх” хандлага өвөрлөдөг. Энэ нь хэтэрхий төвөгтэй! Хэрвээ Матай, Марк, Лук, Иохан нар ирээдүйг зөгнөж чаддаг байсан бол юмс хавьгүй илүү амархан байх байсан бус уу? Иохан хаанчлал дахь амьдралын дотоод үнэнийг харсан бол илүү дээр байх байв—тэр зөвхөн үзэгдэл хараад, газар дээрх бодитой материаллаг ажлыг хараагүй нь хэчнээн харамсалтай билээ! Үнэхээр өрөвдөлтэй! Бурхан яачихаа вэ? Түүний ажил Израильд маш сайн явагдсаны дараа яагаад одоо Хятадад ирсэн юм бэ, бас яагаад махбод болж, хүмүүсийн дунд биечлэн ажиллаж, амьдрах хэрэгтэй болсон юм бэ? Бурхан үнэхээр хүнийг хайхардаггүй! Тэр хүмүүст урьдчилан хэлээгүйгээр үл барам, Өөрийн гэсгээлт, шүүлтийг гэнэтхэн авчирсан. Үнэхээр ойлгохын аргагүй! Бурхан анх махбод болохдоо бүх дотоод үнэнийг хүнд урьдчилан хэлээгүйнхээ улмаас ихээхэн бэрхшээл амссан. Тэр үүнийг мартсан байж таарахгүй биз дээ? Тэгвэл Тэр яагаад энэ удаа хүнд бас л хэлдэггүй юм бэ? Өнөөдөр Библид зөвхөн жаран зургаан ном байдаг нь хэчнээн золгүй хэрэг билээ дээ. Эцсийн өдрүүдийн ажлыг зөгнөсөн дахиад ганцхан ном хэрэгтэй байсан юм! Чи тэгж бодохгүй байна уу? Ехова, Исаиа, Давид нар ч өнөөдрийн ажлыг огт дурдаагүй. Тэд 4,000 орчим жилээр тусгаарлагдан өнөө үеэс улам цааш холдсон. Есүс ч гэсэн өнөөдрийн ажлыг бүрэн зөгнөөгүй, энэ талаар бага зэрэг л ярьсан бөгөөд хүн мөн л хангалтгүй нотолгоо олдог. Хэрвээ чи өнөөдрийн ажлыг өмнөхтэй харьцуулбал энэ хоёр бие биетэйгээ хэрхэн таарч тохирдог вэ? Еховагийн ажлын үе шат Израиль руу чиглэж байсан, иймээс хэрвээ чи өнөөдрийн ажлыг үүнтэй харьцуулбал үл нийцэл бүр ч их байх болно; энэ хоёрыг ердөө харьцуулах аргагүй. Чи Израиль эсвэл Иудейнх биш; хэв чанар болон бүх зүйл чинь дутуу дулимаг—чи яаж өөрийгөө тэдэнтэй харьцуулж болох юм бэ? Энэ нь боломжтой юу? Өнөөдөр бол Хаанчлалын эрин үе гэдгийг мэдэж ав, энэ нь Хуулийн эрин үе болон Нигүүлслийн эрин үеэс өөр. Ямар ч тохиолдолд томьёо хэрэглэхээр бүү оролд; Бурханыг тийм ямар ч томьёоноос олж чадахгүй.

Есүс төрснөөсөө хойших 29 жилийн хугацаанд хэрхэн амьдарсан бэ? Түүний хүүхэд нас болон залуу насны талаар Библид юу ч тэмдэглээгүй байдаг; тэдгээр нь ямархуу байсныг чи мэдэх үү? Түүнд ямар ч хүүхэд нас, эсвэл залуу нас гэж байгаагүй ба төрөх үедээ л Тэр аль хэдийн 30 настай байсан байж болох уу? Чи дэндүү багыг мэддэг, иймээс өөрийн үзэл бодлоо хэлэхдээ хайхрамжгүй бүү бай. Энэ нь чамд ямар ч сайн зүйл болохгүй! Есүс 30 насныхаа төрсөн өдрөөс өмнө баптисм хүртэж, диаволын сорилтыг амсахын тулд цөл рүү Ариун Сүнсээр удирдуулсан гэдгийг л Библи тэмдэглэсэн байдаг. Мөн Дөрвөн Сайн мэдээ нь Түүний гурван жил хагасын ажлыг тэмдэглэсэн байдаг. Түүний хүүхэд нас болон залуу насны талаар ямар ч тэмдэглэл байдаггүй боловч Түүнд хүүхэд нас, залуу нас байгаагүй гэдгийг энэ нь нотолдоггүй; зүгээр л анх Тэр ямар ч ажил хийгээгүй бөгөөд хэвийн хүн байсан юм. Тэгвэл, Есүс залуу нас, эсвэл хүүхэд насгүйгээр 33 жил амьдарсан гэж та нар хэлэх үү? Тэр гэнэтхэн гучин гурван нас хагастай болсон байж болох уу? Түүний талаар хүний боддог бүхэн ер бусын, бодит бус байдаг. Бие махбодтой болсон Бурхан эгэл, хэвийн хүн чанарыг эзэмшдэг нь эргэлзээгүй боловч ажлаа хийхдээ бүрэн бус хүн чанар болон бүрэн бурханлаг чанараар шууд хийдэг. Үүний улмаас хүмүүс өнөөдрийн ажлын талаар, бүр Есүсийн ажлын талаар ч эргэлзээ өвөрлөдөг. Бурханы ажил хэдийгээр махбод болсон хоёр удаадаа ялгаатай байдаг боловч Түүний мөн чанар адилхан. Мэдээж хэрвээ чи Дөрвөн Сайн мэдээний тэмдэглэлийг унших юм бол ялгаа нь бүр их. Есүсийн хүүхэд нас болон залуу насны амьдралыг чи хэрхэн эргэн санах вэ? Чи Есүсийн хэвийн хүн чанарыг хэрхэн ойлгох вэ? Магадгүй чи өнөөдөр Бурханы хүн чанарын талаар хүчтэй ойлголттой байж болох ч Есүсийн хүн чанарыг ухаардаггүй, тэр ч бүү хэл, үүнийг ойлгодоггүй. Хэрвээ Матай тэмдэглээгүй бол чамд Есүсийн хүн чанарын талаар ямар ч таамаг байхгүй байх байсан юм. Магадгүй Намайг Есүсийн амьдралын түүхийг ярьж, Есүсийн бага нас болон залуу насны дотоод үнэнийг хэлэх юм бол чи толгой сэгсрэн: “Үгүй! Тэр тийм байж таарахгүй. Түүнд ямар нэгэн сул тал байх учиргүй, тэр ч байтугай, ямар нэгэн хүн чанар байх ёсгүй!” гэж хэлнэ. Чи бүр орилж, хашхирна. Чи Есүсийг ойлгодоггүй учраас л Миний талаар үзэлтэй байдаг. Есүс бол дэндүү бурханлаг, Түүнд бие махбодын юу ч байхгүй гэж чи итгэдэг. Гэхдээ баримт бол баримт хэвээр юм. Үнэн баримтуудыг үл хэрэгсэн ярихыг хэн ч хүсдэггүй, учир нь Намайг ярих үед энэ нь үнэнтэй холбоотой байдаг; энэ нь таамаглал ч биш, зөгнөл ч биш. Бурхан агуу өндөрт өгсөж чадна, түүнчлэн агуу гүнд нуугдаж чадна гэдгийг мэдэж ав. Тэр бол оюун ухаанд чинь төсөөлөгдөшгүй, бүх бүтээлийн Бурхан бөгөөд тодорхой нэг хүний бодож олсон хувийн Бурхан биш юм.

Өмнөх: Бурханы ажлын үзэгдэл (1)

Дараах: Бурханы ажлын үзэгдэл (3)

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?
Холбоо барих
Messenger дээр бидэнтэй холбоо барих

Холбогдох контент

Шашны үйлчлэлээс ангижрах ёстой

Өөрийн ажлыг бүх орчлон ертөнцөд эхлүүлснээс хойш Бурхан нийгмийн бүх давхаргын хүмүүсийг оролцуулаад Өөрт нь үйлчлэх олон хүнийг урьдчилан...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх