26-р бүлэг
Миний хүү, Миний үгийг анхаар, Миний дуу хоолойг чимээгүй сонс, Би чамд аливааг илчилнэ. Миний дотор чимээгүй бай, учир нь Би чиний Бурхан, та нарын цор ганц Золин Аврагч. Та нар цаг ямагт зүрх сэтгэлээ тайван байлгаж, Миний дотор амьдрах ёстой; Би чиний хад, та нарын ар тал. Өөр санаа зорилго бүү өвөрлө, харин хамаг зүрх сэтгэлээрээ Надад найд, Би та нарт гарцаагүй харагдана—Би бол та нарын Бурхан! Ай, тэр эргэлзэгчид! Тэд лавтайяа бат зогсож чадахгүй, юу ч олж авахгүй. Одоо ямар цаг үе гэдгийг, ямар чухал мөч гэдгийг та нар мэдэх ёстой! Хэчнээн чухал гээч! Хэрэггүй зүйлсээр өөрсдийгөө бүү завгүй байлга; Надад түргэн ойрт, Надтай нөхөрлө, Би та нарт бүх нууцыг илчилнэ.
Та нар Ариун Сүнсний удирдамжийн үг бүрийг сонсож, бүгдийг нь үнэн сэтгэлээсээ авч үзэх ёстой. Та нар Миний үгийг маш олон удаа сонсоод дараа нь мартсан. Ай, бодолгүй хүмүүс ээ! Та нар маш их ерөөлийг алдсан! Одоо та нар Миний үгийг хянуур сонсож, анхаар, Надтай илүү их нөхөрлөж, Надад улам ойрт. Ойлгодоггүй бүхэнд чинь Би чамайг залж чиглүүлж, та нарыг урагш хөтөлнө. Бусадтай илүү нөхөрлөх гэж бүү бод. Одоо бичиг үсэг, хоосон сургаал номлодог хүмүүс олон байдаг ба Миний бодит байдлыг жинхэнээсээ эзэмшдэг хүмүүс хэтэрхий цөөн. Тэдний нөхөрлөл хүнийг будлиулаад, хөшүүн, хэрхэн урагшлахаа мэдэхгүй болгодог. Тэднийг сонсоод хүн бичиг үсэг, сургаалын талаар арай жаахан ойлгодог болж магадгүй. Чи цаг ямагт анхааралтай алхаж, зүрх сэтгэлээ Миний өмнө амьдруулах ёстой; Надтай ярилцаж, Надад ойртож ирэх ёстой ба Би ойлгохгүй байгаа зүйлийг чинь харуулна. Чи хэл яриагаа цэнэж, зүрх сэтгэлээ цаг үргэлж ажиглаж, Миний алхдаг замаар алх.
Одоо удахгүй; бас жаахан цаг үлдсэн байна. Надаас бусад бүх зүйлийг хаяхаар яаравчил, ирээд Намайг дага! Би та нарт зохисгүй хандахгүй. Та нар Миний үйлдлүүдийг маш олон удаа буруу ойлгосон, гэтэл та нарт ямар их хайртайг минь чи мэдэх бил үү? Ай, та нар Миний зүрх сэтгэлийг ердөө ойлгодоггүй. Та нар Надад хэрхэн эргэлзсэн нь хамаагүй, Надад хэчнээн их өртэй байсан чинь ч хамаагүй, Би тэрийг чинь санахгүй, харин ч та нарыг урагшлуулж, Өөрийнхөө санаа зорилгын дагуу үйлдүүлэхийн тулд Би та нарыг сонгосон.
Өнөөдөр алгуурлах цаг биш. Хэрэв та нар өөр санаа зорилго өвөрлөсөөр байвал Миний шүүлт та нар дээр ирнэ. Намайг ганц хором ч атугай орхивол та нар Лотын эхнэр болно. Одоо Ариун Сүнсний ажлын хэмнэл хурдасдаг бөгөөд шинэ гэрэлтэй хөл нийлүүлж чадахгүй хүмүүс аюулд өртөж, сэрэмжтэй байдаггүй хүмүүс орхигдоно; та нар өөрсдийгөө хамгаалах ёстой. Хүрээлэн буй орчин чинь бүгд Надаар зөвшөөрөгдөж, зохицуулагддаг гэдгийг чи мэдэх ёстой. Үүнийг тодорхой мэдэж, Миний чамд өгсөн орчинд Миний зүрх сэтгэлийг хангалуун байлга. Энэнээс, тэрнээс бүү ай, түмэн цэргийн Төгс Хүчит Бурхан чамтай гарцаагүй хамт байна; Тэр та нарын ар тал, та нарын бамбай болдог. Өнөөдөр хүмүүст хэтэрхий олон үзэл байдаг болохоор Би арга буюу бусдад дорд үзэгддэг хүмүүсээр дамжуулан Өөрийнхөө санаа зорилгыг илэрхийлж, тэгснээрээ өөрийгөө чухалчилж, өөрийгөө зөвтгөдөг, бардам, ихэрхүү, амбицтай, өндөр байр суурьтай хүмүүсийг шившиглэдэг. Миний ачааг чин сэтгэлээсээ харгалзан үзэж байгаа цагт Би та нарын төлөө бүхнийг бэлдсэн байх болно. Зүгээр л Намайг дага!