Христийн эхэн үеийн айлдварууд (15-р бүлэг)

Бурханы илрэлт аль хэдийн бүх чуулганд үзэгджээ. Үг хэлж байгаа нь Сүнс билээ, Тэр бол догшрох гал, Түүнд сүр жавхлан бий бөгөөд Тэр шүүж байна; Тэр бол хөлөө хүрсэн дээл өмсөж, цээжээрээ алтан бүс бүсэлсэн хүний Хүү билээ. Түүний толгой ба үс ноос адил цагаан, нүд нь галын дөл адил; хөл нь зууханд улайсгасан цэвэр хүрэл мэт; харин дуу хоолой нь их усны шуугиан мэт байдаг. Түүний баруун гарт долоон од, аманд нь хоёр талдаа иртэй хурц илд байх бөгөөд нүүр царай нь хурцаар гэрэлтэх нар мэт билээ!

Хүний Хүү гэрчлэгдэж, Бурхан Өөрөө ил тод илчлэгдлээ. Бурханы алдар гарч ирэн, аагим халуун нар мэт хурцаар гэрэлтжээ! Бурханы алдар суут нүүр царай нүд гялбам туяарна; хэний нүд Түүн рүү эсэргүүцэн харж зүрхлэх билээ? Эсэргүүцэл нь үхэл рүү хөтөлдөг! Чи зүрх сэтгэлдээ юу ч гэж бодсон, ямар ч үг хэлсэн, эсвэл юу ч хийсэн бай, өчүүхэн төдий ч өршөөл гэж үгүй. Миний шүүлтээс өөр олж авсан зүйлгүй гэдгийгээ та нар бүгд ойлгож, харах болно! Та нар Миний үгийг идэж, уух гэж хичээдэггүй хэр нь Миний бүтээн байгуулалтыг дур зоргоороо тасалдуулж, устгаж байхад Би тэвчээд өнгөрүүлж чадна гэж үү? Би тиймэрхүү хүнд зөөлөн хандахгүй! Зан авир чинь бүр ноцтой доройтвол чи галын дөлд залгиулна! Төгс хүчит Бурхан толгойноосоо өлмий хүртлээ мах, цусны өчүүхэн ч хэсэггүй сүнслэг биед биеллээ олдог. Тэрээр орчлон ертөнцөөс хэтийдэж, гуравдагч тэнгэрт алдар суут сэнтийдээ залран, бүх зүйлийг захирдаг! Орчлон ертөнц болон бүх зүйл Миний гарт бий. Би үг хэлбэл тэр нь биеллээ олно. Би тушаавал тэр ёсоор болно. Сатан Миний хөл дор, ёроолгүй нүхэнд байдаг! Миний дуу гарахад тэнгэр газар өнгөрөн одож, оргүй хоосон болно! Бүх зүйл шинэчлэгдэнэ, энэ бол туйлын зөв, хувиршгүй үнэн. Би дэлхийг бас бүх муу хүнийг ялан дийлсэн. Би энд суугаад та нартай ярьж байна; чихтэй бүхэн сонсогтун, амьтай бүхэн хүлээн авагтун.

Өдөр хоногууд төгсгөл болно; дэлхий дэх бүх зүйл оргүй хоосон болж, бүх зүйл шинээр төрнө. Үүнийг санагтун! Бүү март! Тэнд ямар ч ойлгомжгүй байдал байх ёсгүй! Тэнгэр газар өнгөрөн одно, гэхдээ Миний үг өнгөрөн одохгүй! Би та нарыг дахин нэг удаа ятгая: Дэмий бүү гүйлд! Сэрцгээ! Гэмшицгээ, аврал ойрхон байна! Би та нарын дунд хэдийн гарч ирж, Миний дуу хоолой сонсогдсон. Миний дуу хоолой та нарт дуулдаж, өдөр бүр та нартай нүүр нүүрээрээ учирдаг бөгөөд өдөр бүр шинэ сэргэг байдаг. Чи Намайг, Би чамайг харсан, Би чамтай байнга ярьдаг, чамтай Би нүүр тулан байна. Гэсэн ч чи Намайг голдог, Намайг мэддэггүй. Миний хонь Миний дуу хоолойг сонсож чадна, гэсэн ч чи тээнэгэлзсээр байдаг! Чи тээнэгэлздэг! Зүрх сэтгэл чинь хатуурч, нүдийг чинь Сатан сохлоод, чи Миний алдар суут нүүр царайг харж чаддаггүй—хэчнээн өрөвдөлтэй вэ! Хэчнээн өрөвдөлтэй вэ!

Миний сэнтийн өмнөх долоон Сүнс дэлхийн өнцөг булан бүрд илгээгддэг ба чуулгануудад хандан яриулахаар Би Өөрийн Элчийг илгээнэ. Би бол зөвт агаад итгэмжит, хүний зүрх сэтгэлийн хамгийн гүнийг шинжилдэг Бурхан билээ. Ариун Сүнс чуулгануудад хандан айлдаж байгаа, энэ бол Миний Хүүгийн дотроос гардаг Миний үг юм; чихтэй бүхэн сонсох ёстой! Амьд бүхэн хүлээн авах ёстой! Тэдгээрийг зүгээр л идэж уу, бүү эргэлз. Миний үгийг дуулгавартай дагаж, анхаардаг бүх хүн асар их ерөөл хүртэнэ! Миний нүүр царайг чин сэтгэлээсээ эрж хайдаг бүх хүн гарцаагүй шинэ гэрэл, шинэ гэгээрэл, шинэ мэдлэг ухаантай болно; бүгд шинэлэг, шинэ байна. Миний үг хэдийд ч чамд үзэгдэж, сүнсний нүдийг чинь нээнэ, ийнхүү чи сүнсний ертөнцийн бүх нууцыг харж, хаанчлал хүмүүсийн дунд байгааг харж чадна. Хоргодох газарт ор, тэгвэл бүх нигүүлсэл болон ерөөл чам дээр ирж, өлсгөлөн тахал чамд хүрч чадахгүй, чоно, могой, бар, цоохор ирвэс ч чамд хөнөөл учруулж чадахгүй. Чи Надтай хамт явж, Надтай хамт алхаж, Надтай хамт алдар луу орно!

Төгс хүчит Бурхан! Түүний алдар суут бие ил тод үзэгдэж, ариун сүнслэг бие гарч ирсэн, Тэр бол бүрэн төгс Бурхан Өөрөө мөн! Дэлхий ертөнц, бие махбод хоёулаа өөрчлөгдсөн бөгөөд уулан дээрх Түүний хувирал бол Бурханы үнэн бие билээ. Тэр толгойдоо алтан титэм зүүдэг, хувцас нь цав цагаан, цээжээрээ алтан бүстэй ба ертөнцийн бүх зүйл Түүний хөлийн гишгүүр юм. Түүний нүд галын дөл адил, хоёр талдаа иртэй хурц илд аманд нь байдаг бөгөөд баруун гарт нь долоон од байдаг. Хаанчлалд хүрэх зам хязгааргүй гэгээлэг, Түүний алдар мандан гэрэлтэнэ; уулс баяр хөөртэй байж, ус инээн баясаж, нар сар, од эрхэс бүгд зохих зүй тогтлоороо эргэлдэж, ялгуусан эргэн ирэлтээрээ зургаан мянган жилийн удирдлагын төлөвлөгөө гүйцэлдсэнийг зарладаг цор ганц, жинхэнэ Бурханыг угтан авна. Бүгд баяр хөөртэйгөөр дэвхрэн бүжнэ! Хөөрөн баясацгаа! Төгс хүчит Бурхан алдар суут сэнтийдээ заларсан! Дуулцгаа! Төгс Xүчитийн ялгуусан туг далбаа сүр жавхлант, гайхамшигт Сион уулан дээр өндөрт мандлаа! Бүх үндэстэн уухайлж, бүх хүн дуулж, Сион уул баяр хөөртэйгөөр инээж байна, Бурханы алдар манджээ! Би зүүдэндээ ч Бурханы царайг харна гэж огт бодож байгаагүй, гэлээ ч өнөөдөр үүнийг харлаа. Би Түүнтэй өдөр бүр нүүр нүүрээ харан уулзаж, Түүнд зүрх сэтгэлээ нээдэг. Тэр идэж, уудаг бүхнээр харамгүй хангадаг. Амьдрал, үг, үйлдэл, бодол, санаа гээд бүгдийг Түүний алдар суут гэрэл гэрэлтүүлдэг. Тэр замын алхам бүрд хөтөлдөг, аливаа тэрслүү зүрх сэтгэл дээр шүүлт нь нэн даруй буудаг.

Бурхантай хамт идэж, хамт буудаллаж, хамт амьдарч, хамт байж, хамт алхаж, хамт баясаж, алдар, ерөөлийг хамт олж авч, Түүнтэй хамт хааны хэргэмийг хуваалцаж, хаанчлалд хамт оршино—өө, ямар таатай вэ! Өө ямар сайхан бэ! Өдөр бүр нүүр нүүрээ харж, өдөр бүр Түүнтэй үг хэлэлцэж, байнга ярилцаж, өдөр бүр шинэ гэгээрэл, шинэ мэдлэг ухааныг хүртдэг. Бидний сүнслэг нүд нээгдэж, бүхнийг хардаг; сүнсний бүх нууц бидэнд илчлэгдсэн. Ариун амьдрал үнэхээр амарлингуй. Хурдан гүй, бүү зогс, үргэлж урагш тэмүүл, илүү гайхалтай амьдрал урд чинь байна. Чихэрлэг амтанд бүү цад, харин үргэлж Бурхан руу орохоор эрж хай. Тэр бүхнийг хамардаг, элбэг өгөөмөр бөгөөд бидэнд дутагддаг юм бүхэн Түүнд бий. Идэвх санаачилгатайгаар хамтран ажиллаж, Түүн рүү ор, цаашид юу ч урьдынх шигээ байхгүй. Бидний амьдрал ер бусын байх бөгөөд хэн ч, юу ч, ямар ч зүйл бидэнд саад болж чадахгүй.

Ер бусын! Ер бусын! Үнэхээр ер бусын! Бурханы ер бусын амь дотор орших ба бүх зүйл үнэхээр уужуу тайван болдог! Бид дэлхий ертөнц, ертөнцийн юмсаас хэтийдэж, нөхөр, хүүхдүүддээ сэтгэл хоргоддоггүй. Бид өвчин эмгэг, орчны хяналтыг даван гардаг. Сатан бидэнд саад болж зүрхэлдэггүй. Бүх гамшгаас бүрэн ангид болдог. Энэ бол Бурханд хаанчлах боломж олгож буй хэрэг! Бид Сатаныг хөл доороо гишгэлж, чуулганы төлөө гэрчлэлд зогсож, Сатаны муухай царайг бүрэн илчилдэг. Чуулганы бүтээн байгуулалт Христ дотор бий, алдар суут бие гарч ирлээ—энэ нь өргөгдсөн амьдрал билээ!

Өмнөх: Христийн эхэн үеийн айлдварууд (5-р бүлэг)

Дараах: Христийн эхэн үеийн айлдварууд (88-р бүлэг)

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?
Холбоо барих
Messenger дээр бидэнтэй холбоо барих

Холбогдох контент

Бурханы тухай чиний ойлголт юу вэ?

Хүмүүс удаан хугацаанд Бурханд итгэсэн боловч тэдний ихэнх нь “Бурхан” гэдэг үгийг ойлгодоггүй, зүгээр л мунгинан дагадаг. Яагаад хүн чухам...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх