2. Бие махбодтой болох гэж юу вэ? Бие махбодтой болохын мөн чанар юу вэ?

Лавлагаанд зориулсан Библийн эшлэлүүд:

“Анх Үг байв, Үг Бурхантай хамт байсан ба Үг нь Бурхан байлаа” (Иохан 1:1).

“Үг махбод болж, бидний дунд оршин (бид Түүний алдрыг, Эцэгийн цорын ганц Хүүгийн алдрыг харсан), нигүүлсэл ба үнэнээр дүүрэн байдаг” (Иохан 1:14).

“Би бол зам, үнэн, амь юм. …” (Иохан 14:6).

“Есүс түүнд, ‘Би та нартай хамт ийм удаан байсан атал чи Намайг танихгүй гэж үү, Филип ээ? Намайг харсан хүн Эцэгийг харсан; гэтэл ‘Бидэнд Эцэгийг харуулаач’ гэж чи яаж хэлнэ вэ? Би Эцэгийн дотор, Эцэг Миний дотор байгаа гэдэгт чи итгэдэггүй гэж үү? Та нарт хэлж байгаа үгээ би Өөрийн санаагаар хэлээгүй: харин Миний дотор оршдог Эцэг ажлаа хийж байгаа юм. Би Эцэгийн дотор, Эцэг Миний дотор байгаа гэдэгт Надад итгэ: эс бөгөөс ажлын минь төлөө Надад итгэ’ гэв” (Иохан 14:9–11).

“Би болон Миний Эцэг нэг юм” (Иохан 10:30).

Холбогдолтой Бурханы үг:

“Бие махбодтой болох” нь Бурхан махбодоор илрэх явдал; Бурхан Өөрийн бүтээсэн хүн төрөлхтний дунд махбодын дүрээр ажилладаг. Иймээс, бие махбодтой болохын тулд Бурхан эхлээд махбод буюу хэвийн хүн чанартай махбод байх ёстой; энэ нь хамгийн үндсэн урьдач нөхцөл юм. Үнэндээ, Бурхан бие махбодтой болохын цаад учир нь Бурхан махбодод амьдарч, ажилладаг бөгөөд чухам мөн чанартаа Бурхан махбод болж, хүн болдог.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханы оршдог махбодын мөн чанар

Хэвийн хүн чанартай Христ бол дотор нь Сүнс биеллээ олсон махбод бөгөөд хэвийн хүн чанар, хэвийн эрүүл ухаан, хүний бодлыг эзэмшиж байдаг. “Биеллээ олно” гэдэг нь Бурхан хүн болж, Сүнс махбод болдог гэсэн үг; илүү тодорхой хэлэх юм бол, энэ нь Бурхан Өөрөө хэвийн хүн чанартай махбодод оршиж, үүгээрээ Өөрийн бурханлаг ажлыг илэрхийлдэг үе юм—энэ нь биеллээ олсон буюу бие махбодтой болсон гэсэн үг билээ.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханы оршдог махбодын мөн чанар

Бие махбодтой болохын ач холбогдол нь эгэл, жирийн хүн Бурханы Өөрийн ажлыг хэрэгжүүлдэг; өөрөөр хэлбэл, Бурхан бурханлаг ажлаа хүн чанараар хэрэгжүүлж, улмаар Сатаныг ялдаг. Бие махбодтой болох гэдэг нь Бурханы Сүнс махбод болдог, өөрөөр хэлбэл, Бурхан махбод болдог гэсэн үг; тэрхүү махбодын хийдэг ажил нь махбодод биеллээ олж, махбодоор илэрхийлэгддэг Сүнсний ажил юм. Бурханы махбодоос өөр хэн ч бие махбодтой болсон Бурханы үйлчлэлийг хэрэгжүүлж чадахгүй; өөрөөр хэлбэл, өөр хэн ч биш, зөвхөн Бурханы махбод болсон бие, энэхүү хэвийн хүн чанар л бурханлаг ажлыг илэрхийлж чадна. Бурхан анх ирэх үедээ хорин есөн нас хүрэхээсээ өмнө хэвийн хүн чанартай байгаагүй бол, хэрвээ төрөнгүүтээ л гайхамшиг үзүүлж, хэлд ормогцоо л тэнгэрийн хэлээр ярьж, газар дээр анх хөл тавьсан үеэсээ л хорвоогийн бүх хэрэг явдлыг ухан ойлгож, хүн бүрийн бодол, санаа зорилгыг ялган таньж чаддаг байсан бол, ийм хүнийг хэвийн хүн гэж нэрлэж болохгүй байх байсан бөгөөд ийм махбодыг хүний махан бие гэж нэрлэж болохгүй байх байлаа. Хэрвээ Христ ийм байсан бол Бурхан бие махбодтой болохын мөн чанар, утга учир алдагдах байв. Тэр хэвийн хүн чанартай байдаг нь махбод болсон Бурхан мөн гэдгийг нь нотолдог; Тэрээр хүний хэвийн өсөлтийн үйл явцыг туулдаг нь хэвийн махбод мөн гэдгийг нь улам батлан харуулдаг; түүнчлэн, Тэр бол махбод болсон Бурханы Үг, Бурханы Сүнс гэдгийг Түүний ажил хангалттай нотолдог. Ажлынхаа хэрэгцээнээс болж л Бурхан махбод болдог; өөрөөр хэлбэл, ажлын энэ үе шатыг махбодоор хийх ёстой, хэвийн хүн чанараар гүйцэтгэх ёстой. Энэ нь “Үг махбод болох”, “Үг махбодоор илрэхийн” урьдач нөхцөл, Бурхан хоёр удаа бие махбодтой болсны цаад үнэн түүх билээ.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханы оршдог махбодын мөн чанар

Бурхан бие махбодтой болохын цаад учир нь Бурхан махбодод амьдарч, ажилладаг бөгөөд чухам мөн чанартаа Бурхан махбод болж, хүн болдог. Бие махбодтой болсон Бурханы амьдрал, ажлыг хоёр үе шатанд хувааж болно. Эхнийх нь үйлчлэлээ хэрэгжүүлж эхлэхээс өмнө Түүний амьдардаг амьдрал. Тэрээр хэвийн хүний гэр бүлд, туйлын хэвийн хүн чанартайгаар амьдарч, хүний амьдралын хэвийн ёс суртахуун, хуулийг дуулгавартай дагаж, хүний хэвийн хэрэгцээ (хоол, хувцас, нойр, орон байр), хүний хэвийн сул талууд болон хүний хэвийн сэтгэл хөдлөлтэй байдаг. Өөрөөр хэлбэл, энэхүү эхний үе шатанд Тэрээр бурханлаг биш, бүхэлдээ хэвийн хүн чанартайгаар амьдарч, хүний бүх хэвийн үйл ажиллагааг эрхэлдэг. Хоёр дахь үе шат нь Өөрийн үйлчлэлийг гүйцэтгэж эхэлсний дараа Түүний амьдардаг амьдрал юм. Тэр мөн л эгэл хүний бүрхүүлтэй хэвийн хүн чанарт оршин, гаднаа ямар ч ер бусын тэмдэг үзүүлдэггүй. Гэсэн ч Тэр гагцхүү Өөрийн үйлчлэлийн төлөө л амьдардаг ба энэ хугацаанд Түүний хэвийн хүн чанар бүхэлдээ бурханлаг чанарынх нь хэвийн ажлыг хадгалахын төлөө оршдог, учир нь тэр үед Түүний хэвийн хүн чанар үйлчлэлээ хэрэгжүүлж чадахуйц хэмжээнд төлөвшсөн байдаг. Иймээс Түүний амьдралын хоёр дахь үе шат нь хэвийн хүн чанараараа Өөрийнхөө үйлчлэлийг хэрэгжүүлэх явдал бөгөөд энэ нь хэвийн хүн чанар болон бүрэн дүүрэн бурханлаг чанарын хоёулангийнх нь амьдрал юм. Амьдралынхаа эхний үе шатанд Тэр бүрэн энгийн хүн чанараар амьдардгийн шалтгаан бол Түүний хүн чанар нь бурханлаг ажлыг нь хараахан бүрэн хадгалж чаддаггүй, хараахан төлөвшөөгүй байдаг; Түүний хүн чанар төлөвшиж гүйцэн, Өөрийн үйлчлэлийг үүрэх чадвартай болсны дараа л Тэр гүйцэтгэх учиртай үйлчлэлээ хэрэгжүүлж эхэлж чадна. Махбод болохын хувиар Тэр өсөж, төлөвших хэрэгтэй тул Түүний амьдралын эхний үе шат нь хэвийн хүн чанарын амьдрал байдаг байхад хоёр дахь үе шатанд Түүний хүн чанар нь ажлаа хийж, үйлчлэлээ хэрэгжүүлэх чадвартай болдог учраас Өөрийн үйлчлэлийг хэрэгжүүлэх үеийн бие махбодтой болсон Бурханы амьдрал нь хүн чанар болон бүрэн бурханлаг чанарыг хоёуланг нь агуулсан амьдрал байдаг. Хэрвээ бие махбодтой болсон Бурхан төрсөн мөчөөсөө л Өөрийн үйлчлэлийг жинхэнээсээ эхэлж, ер бусын тэмдэг, гайхамшгуудыг үзүүлсэн бол Түүнд бие махбодын мөн чанар байхгүй байх байсан юм. Тиймээс Түүний хүн чанар бие махбодынх нь мөн чанарын төлөө оршдог; хүн чанаргүй ямар ч махан бие байж болохгүй бөгөөд хүн чанаргүй хүн бол хүн биш. Ийм маягаар, Бурханы махбодын хүн чанар бол Бурханы махбод болсон биеийн төрөлхийн чанар юм. “Бурхан махбод болох үедээ тэр чигтээ бурханлаг чанартай бөгөөд огтхон ч хүн биш” гэж хэлэх нь доромжлол юм, учир нь энэхүү мэдэгдэл ердөө оршин байдаггүй бөгөөд бие махбодтой болох зарчмыг зөрчдөг. Өөрийн үйлчлэлийг гүйцэтгэж эхэлснийхээ дараа ч гэсэн, ажлаа хийх үедээ Тэрээр хүний гадаад бүрхүүлтэй бурханлаг чанар дотроо амьдарсаар байдаг; яг тэр үед Түүний хэвийн хүн чанар нь хэвийн махбодоор ажлаа гүйцэтгэх боломжийг Өөрийн бурханлаг чанарт олгох цорын ганц зорилготой байдаг. Иймээс ажил гүйцэтгэгч нь Түүний хүн чанарт оршин буй бурханлаг чанар юм. Түүний хүн чанар биш, харин бурханлаг чанар ажиллаж байгаа ч энэхүү бурханлаг чанар нь Түүний хүн чанар дотор нуугдаж байдаг; мөн чанартаа, Түүний хүн чанар биш, харин бүрэн бурханлаг чанар ажлыг нь хийдэг. Гэхдээ ажлыг гүйцэтгэгч нь Түүний махбод юм. Бурхан хүний бүрхүүлтэй, хүний мөн чанартай, бас Бурханы мөн чанартайгаар махан биед амьдардаг Бурхан болдог учраас Тэр бол хүн, гэхдээ бас Бурхан гэж хэлж болох юм. Тэр бол Бурханы мөн чанартай хүн учраас бүтээгдсэн бүх хүнээс дээгүүр, Бурханы ажлыг гүйцэтгэж чадах өөр ямар ч хүнээс дээгүүр байдаг. Иймээс Түүнийх шиг хүний бүрхүүлтэй бүх хүний дундаас, хүн чанарыг эзэмшдэг бүх хүний дундаас зөвхөн Тэр л бие махбодтой болсон Бурхан Өөрөө бөгөөд бусад нь бүгд бүтээгдсэн хүн билээ. Хэдийгээр тэд бүгдээрээ хүн чанартай ч гэсэн, бүтээгдсэн хүмүүст хүн чанар л байдаг байхад бие махбодтой болсон Бурхан бол өөр: Түүний махбод хүн чанартай байдгаар зогсохгүй, үүнээс ч чухал нь бурханлаг чанартай байдаг. Түүний хүн чанарыг махбодынх нь гадаад төрхөөс болон өдөр тутмын амьдралаас нь харж болно, гэхдээ Түүний бурханлаг чанарыг ухамсарлахад хэцүү байдаг. Яагаад гэвэл, Түүний бурханлаг чанар Түүнд хүн чанар байгаа үед л илэрхийлэгддэг ба хүмүүсийн төсөөлдөгтэй адил ер бусын байдаггүй, үүнийг харах нь хүмүүст туйлын хэцүү байдаг. Өнөөдөр ч гэсэн бие махбодтой болсон Бурханы жинхэнэ мөн чанарыг ойлгох нь хүмүүст хамгийн хэцүү. Намайг энэ талаар ийм ихийг ярьсны дараа ч гэсэн энэ нь та нарын дийлэнхэд нууц хэвээр байдаг гэж Би бодож байна. Үнэндээ, энэ асуудал маш энгийн: Бурхан махбод болдог тул Түүний мөн чанар нь хүн чанар ба бурханлаг чанарын хослол юм. Энэ хослолыг Бурхан Өөрөө буюу газар дээрх Бурхан Өөрөө гэж нэрлэдэг.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханы оршдог махбодын мөн чанар

Эзэн Есүсийг ажиллаж байх үеэр Бурханд хүн чанарын олон илэрхийлэл байдгийг хүмүүс харсан. Жишээ нь, Тэр бүжиглэж чаддаг, хуримд оролцож чаддаг, хүмүүстэй харилцаж, тэдэнтэй ярьж, тэдэнтэй аливааг хэлэлцэж чаддаг байсан. Түүнчлэн Эзэн Есүс бас бурханлаг чанарыг нь төлөөлсөн маш их ажил гүйцэтгэсэн бөгөөд мэдээжээр, энэ бүх ажил нь Бурханы зан чанарын илэрхийлэл, илчлэл байлаа. Хүмүүсийн харж, хүрч болох энгийн бие махбодод Бурханы бурханлаг чанар биеллээ олсон энэ үед тэд Түүнийг жирсхийн гарч ирээд явдгийг, мөн Түүнд ойртож чадахгүй гэдгээ цаашид мэдрэхээ больсон. Харин ч тэд хүний Хүүгийн хөдөлгөөн, үг, ажил болгоноос Бурханы хүслийг ухаарч, Түүний бурханлаг чанарыг ойлгох гэж оролдож байв. Бие махбодтой болсон хүний Хүү нь Өөрийн хүн чанараар Бурханы бурханлаг чанарыг илэрхийлсэн бөгөөд Бурханы хүслийг хүн төрөлхтөнд дамжуулсан билээ. Үүний зэрэгцээ Тэрээр Бурханы хүсэл, зан чанарын илэрхийллээр дамжуулан сүнсний ертөнц дэх харж, хүрч болохгүй Бурханыг хүмүүст илчилсэн. Хүмүүсийн харсан зүйл нь мах, ястай бодит Бурхан Өөрөө байв. Иймээс бие махбодтой болсон хүний Хүү нь Бурханы Өөрийн ялгамж чанар, байр суурь, дүр төрх, зан чанар, Түүнд юу байгаа болон Тэр юу болохыг тодорхой, хүний чанартай болгосон. Бурханы төрхийн хувьд хүний Хүүгийн гадаад байдалд тодорхой хэмжээний хязгаарлалт байсан хэдий ч Түүний мөн чанар, Түүнд юу байгаа, Тэр юу болох нь бүхэлдээ Бурханы Өөрийн ялгамж чанар, байр суурийг төлөөлж чадаж байсан—зөвхөн илэрхийлэх хэлбэрт нь л зарим нэг ялгаа байсан юм. Энэ нь хүний Хүүгийн хүн чанар, эсвэл Түүний бурханлаг чанарын аль нь ч байсан хамаагүй, Тэр Бурханы ялгамж чанар болон байр суурийг төлөөлж байсан гэдгийг бид үгүйсгэж чадахгүй. Гэхдээ энэ хугацаанд Бурхан махбодоор ажиллаж, махбодын өнцгөөс ярьж, хүн төрөлхтний өмнө хүний Хүүгийн ялгамж чанар болон байр суурьтайгаар зогсож байсан бөгөөд энэ нь хүн төрөлхтний дундах Бурханы үнэн үг болон ажилтай харьцаж, мэдрэх боломжийг хүмүүст олгосон юм. Энэ нь бас Түүний бурханлаг чанар болон даруу атлаа агуу байдлыг ухаарах, түүнчлэн Бурханы үнэн ба бодит байдлын тухай урьдчилсан ойлголт, урьдчилсан тодорхойлолт олж авах боломжийг хүмүүст олгосон. Хэдийгээр Эзэн Есүсийн гүйцэтгэсэн ажил, Түүний ажиллах аргууд, ярьсан өнцөг нь сүнсний ертөнц дэх Бурханы жинхэнэ биеэс ялгаатай байсан боловч Түүний бүх зүйл нь урьд өмнө хүмүүс хэзээ ч харж байгаагүй Бурханыг Өөрийг нь үнэхээр төлөөлж байсан—үүнийг үгүйсгэж болохгүй! Өөрөөр хэлбэл, Бурхан ямар хэлбэрээр илрэн гарах нь хамаагүй, ямар өнцгөөс ярих нь, эсвэл ямар дүр төрхтэйгээр хүн төрөлхтөнтэй нүүр учрах нь хамаагүй, Бурхан өөр юуг ч биш харин Өөрийгөө л төлөөлдөг. Тэрээр ямар ч хүнийг төлөөлж чадахгүй—Тэр завхарсан ямар ч хүнийг төлөөлж чадахгүй. Бурхан бол Бурхан Өөрөө бөгөөд үүнийг үгүйсгэж болохгүй.

Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Бурханы ажил, Бурханы зан чанар ба Бурхан Өөрөө III

Хэдийгээр бие махбодтой болсон Бурханы төрх байдал хүнтэй яг адилхан байж, хүний мэдлэгийг суралцаж, хүний хэлээр ярьж, заримдаа бүр хүний арга барил, илэрхийллээр Өөрийн санааг илэрхийлж байсан боловч хүнийг болон юмны мөн чанарыг хардаг Түүний арга зам нь хүн төрөлхтөн болон юмны мөн чанарыг хардаг ялзарсан хүмүүсийн арга замаас тэс ондоо юм. Түүний өнцөг болон Түүний зогсож буй өндөр нь ялзарсан хүн хүрэхийн аргагүй зүйл билээ. Учир нь Бурхан бол үнэн, Түүний өмсдөг махбод ч бас Бурханы мөн чанартай бөгөөд Түүний бодол болон Түүний хүн чанараар илэрхийлэгдсэн зүйл ч бас үнэн билээ. Ялзарсан хүмүүсийн хувьд Түүний махбодоор илэрхийлдэг зүйл нь үнэний болон амийн хангалт юм. Эдгээр хангалт нь зөвхөн нэг хүнд биш, харин бүх хүн төрөлхтөнд зориулагддаг. Ямар ч ялзарсан хүний хувьд, түүний зүрх сэтгэлд өөртэй нь холбоотой цөөхөн хүн л байдаг. Тэрхүү цөөн хэдхэн хүнд л тэр анхаарч, санаа тавьдаг. Аюул нүүрлэх үед тэр юун түрүүнд өөрийн хүүхдүүд, хань ижил, аль эсвэл эцэг эхийг боддог бөгөөд арай энэрэнгүй хүн бол хамгийн ихдээ л зарим хамаатнаа, эсвэл сайн найзаа бодно; тэр илүү олон хүнийг бодох уу? Хэзээ ч үгүй! Учир нь, хүмүүс бол эцсийн эцэст хүмүүс бөгөөд тэд бүх зүйлийг зөвхөн хүний өнцгөөс, хүний өндрөөс л харж чаддаг. Гэтэл бие махбодтой болсон Бурхан бол ялзарсан хүнээс тэс өөр юм. Бие махбодтой болсон Бурханы махбод хэчнээн жирийн, хэчнээн хэвийн, хэчнээн дорд байх нь хамаагүй, хүмүүс Түүнийг хэчнээн үл тоох нь хамаагүй, Түүний бодол болон хүн төрөлхтөнд хандах хандлага нь ямар ч хүний эзэмшиж чадахгүй, ямар ч хүний дуурайж чадахгүй зүйл билээ. Тэрээр хүн төрөлхтнийг бурханлаг чанарын өнцгөөс, Бүтээгч хэмээх Өөрийн байр суурийн өндрөөс үргэлж ажиглах болно. Тэр Бурханы мөн чанар, сэтгэхүйгээр хүн төрөлхтнийг үргэлж харах болно. Тэр хүн төрөлхтнийг жирийн хүний өндрөөс, ялзарсан хүний өнцгөөс харж огтхон ч чадахгүй. Хүмүүс хүн төрөлхтнийг харахдаа хүний хараагаар л хардаг бөгөөд хүний мэдлэг, хүний дүрэм болон онолыг хэмжүүр болгодог. Энэ нь хүмүүсийн нүдээрээ харж чадах цар хүрээн дотор байдаг; энэ нь ялзарсан хүмүүсийн хийж чадах цар хүрээн дотор байдаг. Бурхан хүн төрөлхтнийг харахдаа бурханлаг хараагаар хардаг бөгөөд Өөрийн мөн чанар, Түүнд юу байгаа болон Тэр юу болохыг хэмжүүр болгодог. Энэ цар хүрээ нь хүмүүсийн харж чаддаггүй зүйлсийг багтаадаг бөгөөд үүгээрээ бие махбодтой болсон Бурхан ба ялзарсан хүмүүс хоорондоо эрс ялгардаг. Энэ ялгаа нь хүмүүс болон Бурханы өөр өөр мөн чанараар тодорхойлогддог бөгөөд эдгээр өөр мөн чанар нь тэдний ялгамж чанар, байр суурь, аливааг харах өнцөг болон өндрийг тодорхойлдог.

Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Бурханы ажил, Бурханы зан чанар ба Бурхан Өөрөө III

Бие махбодтой болсон Бурханыг Христ гэдэг ба Христ бол Бурханы Сүнсний өмссөн махбод билээ. Энэхүү махбод нь махан биетэй ямар ч хүнтэй адилгүй. Христ бол мах, цуснаас бүрдсэн бус, харин Сүнсний биелэл учраас ийм ялгаа байгаа юм. Түүнд хэвийн хүн чанар, бүрэн дүүрэн бурханлаг чанарын аль аль нь бий. Түүний бурханлаг чанарыг ямар ч хүн эзэмшдэггүй. Түүний хэвийн хүн чанар нь махбод дахь бүх хэвийн үйл ажиллагааг хангадаг байхад бурханлаг чанар нь Бурханы Өөрийн ажлыг гүйцэтгэдэг. Түүний хүн чанар ч бай, бурханлаг чанар ч бай, аль аль нь тэнгэрлэг Эцэгийн хүсэлд захирагддаг. Христийн мөн чанар бол Сүнс буюу бурханлаг чанар юм. Тиймээс, Түүний мөн чанар нь Бурханы Өөрийн мөн чанар байдаг; энэхүү мөн чанар Өөрийнх нь ажилд саад болохгүй, Тэрээр Өөрийнхөө ажлыг сүйтгэх ямар нэг зүйлийг хийж яавч чадахгүй, Өөрийнх нь хүсэлд харшилдаг үгийг хэзээ ч хэлдэггүй. Тиймээс, бие махбодтой болсон Бурхан нь Өөрийнхөө удирдлагад саад болох ямар нэг ажлыг бүр хэзээ ч хийхгүй. Үүнийг бүх хүн ойлгох ёстой. Ариун Сүнсний ажлын мөн чанар нь хүнийг аврахын төлөө, Бурханы Өөрийн удирдлагын төлөө байдаг. Үүний адилаар, Христийн ажил ч бас хүнийг аврахын төлөө, Бурханы хүслийн төлөө байдаг. Бурхан махбод болсон болохоор мөн чанар нь Түүний махбод дотор биеллээ олж, улмаар Түүний махбод ажлыг нь хариуцахад хангалттай болдог. Тиймээс, бие махбодтой болсон байх хугацаанд Бурханы Сүнсний бүх ажил нь Христийн ажлаар солигддог бөгөөд бие махбодтой болсон хугацааны туршид бүх ажлын цөм нь Христийн ажил байдаг. Үүнийг өөр ямар ч эрин үеийн ажилтай хольж болохгүй. Бурхан махбод болсон тул махбодынхоо ялгамж чанараар ажилладаг; Тэр махбодоор ирдэг тул хийх учиртай ажлаа махбодоор хийж дуусгадаг. Бурханы Сүнс ч бай, Христ ч бай, хоёулаа Бурхан Өөрөө бөгөөд хийх учиртай ажлаа хийж, биелүүлэх учиртай үйлчлэлээ биелүүлдэг.

Бурханы мөн чанар нь өөрөө эрх мэдэл эзэмшдэг боловч Өөрөөс нь гардаг эрх мэдэлд Тэр бүрэн захирагдаж чаддаг. Сүнсний ажил ч бай, махбодын ажил ч бай, аль нь ч нөгөөтэйгөө зөрчилддөггүй. Бурханы Сүнс бол бүх бүтээлийн дээрх эрх мэдэл юм. Бурханы мөн чанартай махбод ч бас эрх мэдэл эзэмшдэг, гэхдээ махбод дахь Бурхан нь тэнгэрлэг Эцэгийн хүслийг дуулгавартай дагадаг бүх ажлыг хийж чаддаг. Үүнд нэг ч хүн хүрч, ухан ойлгож чадахгүй. Бурхан Өөрөө эрх мэдэл боловч Түүний махбод эрх мэдэлд нь захирагдаж чадна. “Эцэг Бурханы хүслийг Христ дуулгавартай дагадаг” гэдэг үгийн цаад учир энэ билээ. Бурхан бол Сүнс бөгөөд авралын ажлыг хийж чаддаг, хүн болох үедээ ч үүнийг хийж чаддаг. Ямартай ч, Бурхан Өөрөө Өөрийнхөө ажлыг хийдэг; Тэр саад ч болдоггүй, хөндлөнгөөс ч оролцдоггүй, өөр хоорондоо зөрчилддөг ажил бүр ч хийдэггүй, учир нь Сүнс, махбод хоёрын хийдэг ажлын мөн чанар адилхан юм. Сүнс ч бай, махбод ч бай, хоёулаа нэг хүслийг биелүүлэхийн төлөө ажиллаж, адилхан ажлыг удирддаг. Сүнс, махбод хоёр харьцуулшгүй хоёр өөр чанартай хэдий ч мөн чанар нь адилхан; хоёулаа Бурханы Өөрийн мөн чанар болон ялгамж чанарыг агуулдаг. Бурханд Өөрт нь дуулгаваргүй байдлын ямар ч элемент байхгүй; Түүний мөн чанар нь сайн. Тэр бол бүх гоо үзэсгэлэн, сайн сайхан, бүх хайрын илэрхийлэл билээ. Бурхан махбодод байхдаа ч гэсэн, Эцэг Бурханд дуулгаваргүй хандах юу ч хийдэггүй. Амиа золиослоод ч хамаагүй, Тэр бүх зүрх сэтгэлээрээ тийнхүү үйлдэхэд бэлэн байх ба өөр ямар ч сонголт хийхгүй. Бурханд Өөрийгөө зөвтгөж, чухалчилдаг, ихэрхүү, биеэ тоосон байдлын ямар ч элемент байдаггүй; шударга бус зангийн ямар ч элемент байдаггүй. Бурханд дуулгаваргүй байдаг бүхэн Сатанаас гардаг; Сатан бол бүх муу муухай, хорон муугийн эх сурвалж билээ. Хүнийг Сатан завхруулж, боловсруулсан учраас л Сатаныхтай адил чанартай байдаг. Христийг Сатан завхруулаагүй, иймээс Тэр зөвхөн Бурханы шинж чанарыг агуулдаг ба Сатаны шинж чанарын аль нь ч байдаггүй. Ажил хэчнээн хэцүү бэрх ч бай, махбод хэчнээн сул дорой ч бай хамаагүй, Бурхан махбодод амьдрах зуураа Бурханы Өөрийн ажилд саад болох зүйл хэзээ ч хийхгүй, Эцэг Бурханы хүслийг дуулгаваргүй байдлаар бүр ч хаяхгүй. Эцэг Бурханы хүслээс урвасны оронд махбодын зовлон эдлэхийг илүүд үзнэ; Есүс “Эцэг минь, хэрвээ боломжтой бол энэ аягыг Надаас өнгөрүүлээч; гэхдээ Миний хүслээр биш, харин Таны хүслээр болог” гэж залбиран хэлсэнтэй энэ нь яг адилхан юм. Хүмүүс өөрийнхөө сонголтыг хийдэг, харин Христ тэгдэггүй. Хэдий Тэр Бурханы Өөрийн ялгамж чанартай ч махбодын өнцгөөс Эцэг Бурханы хүслийг мөн л эрж хайдаг ба Өөрт нь Эцэг Бурханы даалгасан зүйлийг биелүүлдэг. Энэ нь хүний хүрч чадахгүй зүйл юм. Сатанаас гардаг зүйл Бурханы мөн чанартай байж чаддаггүй; харин Бурханд дуулгаваргүй байж, эсэргүүцдэг мөн чанартай байж л чадна. Сатан Бурханд бүрэн дуулгавартай байж чаддаггүй, Бурханы хүслийг дуртайяа дуулгавартай дагаж бүр ч чаддаггүй. Христээс бусад бүх хүн Бурханыг эсэргүүцэх зүйл хийж магадгүй бөгөөд Бурханы даалгасан ажлыг нэг ч хүн шууд өөртөө авч чадахгүй; нэг ч хүн Бурханы удирдлагыг өөрсдийн гүйцэтгэх үүрэг гэж үзэж чаддаггүй. Христийн мөн чанар нь Эцэг Бурханы хүсэлд захирагдах явдал юм; Бурханы эсрэг дуулгаваргүй байдал бол Сатаны шинж чанар мөн. Энэ хоёр чанар нь нийцдэггүй ба Сатаны шинж чанартай хэнийг ч Христ гэж нэрлэж болохгүй. Хүн Бурханы ажлыг оронд нь хийж чаддаггүйн шалтгаан гэвэл хүнд Бурханы ямар ч мөн чанар байдаггүй. Хүн хувийн ашиг сонирхол, хэтийн ирээдүйнхээ тусын тулд Бурханы төлөө ажилладаг, харин Христ бол Эцэг Бурханы хүслийг биелүүлэхийн тулд ажилладаг.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Христийн мөн чанар бол Тэнгэрлэг Эцэгийн хүсэлд дуулгавартай байх явдал юм

Бурханы Сүнсний өмссөн махбод нь Бурханы Өөрийнх нь махбод билээ. Бурханы Сүнс бол эрхэм дээд; Тэрээр төгс хүчит, ариун, зөвт билээ. Үүний адилаар Түүний махбод ч бас эрхэм дээд, төгс хүчит, ариун, зөвт юм. Ийм махбод нь зөвт, хүн төрөлхтөнд ач тустай зүйлийг, мөн ариун, алдар суутай, сүр хүчтэй зүйлийг л хийж чаддаг; Тэрээр үнэн, ёс суртахуун, шударга ёсыг зөрчдөг юуг ч хийж чадахгүй, Бурханы Сүнснээс урвах ямар нэг зүйлийг хийж бүр ч чадахгүй. Бурханы Сүнс ариун тул Түүний махбодыг Сатан завхруулах аргагүй; Түүний махбод хүний махан биеэс өөр мөн чанартай. Учир нь, Сатан Бурханыг биш, хүнийг завхруулсан; Сатан Бурханы бие махбодыг завхруулж яавч чадахгүй. Тиймээс хүн, Христ хоёр ижил газар амьдран суудаг баримтаас үл хамааран зөвхөн хүнийг л Сатан эзэмдэж, ашиглаж, бас урхиддаг. Үүнээс ялгаатай нь Христ үүрд Сатаны завхралд авташгүй, учир нь Сатан хамгийн өндөр газарт хүрч, Бурханд ойртон очиж хэзээ ч чадахгүй.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Тун ноцтой асуудал: Урвалт 2

Бурхан завхарсан хүнийг Сатаны нөлөөнөөс аварч чадна, гэхдээ энэ ажлыг Бурханы Сүнс шууд биелүүлж чадахгүй; харин үүнийг Бурханы Сүнсний өмсдөг махбод буюу Бурханы махбод болсон бие л хийж чадна. Энэ махбод нь хүн бас Бурхан, хэвийн хүн чанартай хүн, бас бүрэн бурханлаг чанартай Бурхан юм. Иймээс, энэ махбод хэдийгээр Бурханы Сүнс биш бөгөөд Сүнснээс асар их ялгаатай ч тэр бол хүнийг авардаг бие махбодтой болсон Бурхан Өөрөө буюу Сүнс, түүнчлэн махбод билээ. Түүнийг юу гэж нэрлэх нь хамаагүй, эцсийн эцэст Бурхан Өөрөө хүн төрөлхтнийг авардаг. Учир нь Бурханы Сүнсийг махбодоос салгашгүй бөгөөд махбодын ажил ч бас Бурханы Сүнсний ажил юм; зүгээр л энэ ажлыг Сүнсний ялгамж чанараар хийдэггүй, харин махбодын ялгамж чанараар хийдэг.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Завхарсан хүн төрөлхтөнд бие махбодтой болсон Бурханы аврал илүү их хэрэгтэй

Өмнөх: 1. Эцсийн өдрүүдэд Бурхан бие махбодтой болж, ажиллахын тулд хүний Хүү болон гарч ирнэ гэж Эзэн Есүс Өөрөө зөгнөсөн

Дараах: 3. Бие махбодтой болсон Бурханы ажил болон Сүнсний ажлын хоорондох ялгаа юу вэ?

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Messenger дээр бидэнтэй холбоо барих