Ажил ба оролт 3

Бурхан хүмүүст ихийг даалгаж, тэдний оролтыг тоймгүй олон байдлаар ярьсан. Гэвч хүмүүсийн хэв чанар нэлээд дорой тул Бурханы олон үг жинтэй тусаж чадаагүй юм. Хүний бодол болон ёс суртахууны ялзрал, зохистой хүмүүжил дулимаг байдал; хүний зүрх сэтгэлийг лавтай эзэмдсэн бурангуй нийгмийн мухар сүсэг; хүний зүрх сэтгэлийн гүн чанадад олон муу муухайг суулгасан гажууд, задарсан амьдралын хэв маяг; хүмүүсийн бараг ерэн найман хувь нь соёлын боловсролгүй байхаас гадна тун цөөхөн хүн л арай өндөр түвшний соёлын боловсрол эзэмшдэг, соёлын өнгөц мэдлэг гэх зэрэг олон янзын шалтгаанаас энэхүү дорой хэв чанар үүдэлтэй. Иймээс Бурхан, Сүнс гэж юу гэсэн утгатайг хүмүүс үндсэндээ огт мэддэггүй, харин гагцхүү бурангуй нийгмийн мухар сүсгээс Бурханы талаар тодорхойгүй, бүрхэг дүр зураг олж авсан байдаг. Мянган мянган жилийн “үндэсний үзлийн сүрлэг чанараас” хүний зүрх сэтгэлд гүн үлдсэн хорт нөлөө болон бурангуй нийгмийн сэтгэлгээ нь хүмүүсийг өчүүхэн ч эрх чөлөөгүй, тэмүүлж чармайх ямар ч хүсэлгүй, өсөн дэвжих ямар ч эрмэлзэлгүй, харин ч идэвхгүй, доройтмол, боолын сэтгэлгээнд автсан байдалтай болгон хүлж дөнгөлдөг бөгөөд эдгээр бодит хүчин зүйл нь хүн төрөлхтний үзэл суртлын төлөв байдал, туйлын зорилго, ёс суртахуун, зан чанарыг арилшгүй бузар, үзэшгүй муухай хэлбэртэй болгожээ. Хүмүүс терроризмын харанхуй ертөнцөд амьдарч буй бөгөөд үүнийг даван гарахыг хэн нь ч эрэлхийлдэггүй, өв тэгш ертөнцөд хүрэх тухай хэн нь ч боддоггүй мэт санагдана; харин ч тэд амьдрал дахь өөрсдийн хувь зохиолд сэтгэл ханаж, үр хүүхэд төрүүлж өсгөн, махран зүтгэж, хөлсөө урсгаж, гэр орны ажлаа амжуулж, тав тухтай, аз жаргалтай гэр бүл мөрөөсөж, ханийн хайр, ачлалт үр хүүхэд, өтөл насандаа тайван амьдрангаа баяр баясалтай байхыг хүсэмжлэн өдөр хоногоо элээдэг… Өнөөг хүртэл олон арав, олон мянган, олон түмэн жилийн турш хүмүүс ийм маягаар цагаа үрж, хэн ч төгс амьдрал босголгүйгээр, энэхүү харанхуй ертөнцөд бүгд нэгнээ хөнөөх, алдар нэр, эд хөрөнгийн төлөө уралдах, бие биеийнхээ эсрэг далд явуулга хийхийг л зорьсоор ирсэн. Бурханы хүслийг хэн ер нь эрж хайсан юм бэ? Бурханы ажлыг ер нь хэн анхаарч үзсэн юм бэ? Харанхуйн нөлөөнд автсан хүн төрөлхтний бүх хэсэг аль эртнээс хүний уг чанар болсон тул Бурханы ажлыг биелүүлэх нэлээд хэцүү бөгөөд өнөөдөр Бурханы даалгасан зүйлийг анхаарах зүрх сэтгэл хүмүүст бүр ч бага байдаг. Ямартай ч Би олон мянган жилийн түүхийг ярьж буй тул ийм үг айлдаж байгаад минь хүмүүс дургүйцэхгүй биз. Түүх ярина гэдэг нь баримт, мөн түүнчлэн бүгдэд илэрхий дуулиан шуугиан гэсэн үг тул баримтаас зөрсөн юм ярих ямар хэрэг байх вэ? Бас ухаалаг хүмүүс эдгээр үгийг хараад сэрж, ахиц гаргахаар чармайна гэж Би итгэж байна. Хүмүүс амар амгалан, сэтгэл хангалуун ажиллаж, амьдрахын зэрэгцээ Өөрийг нь хайрлаж чадна гэж Бурхан найддаг. Бүх хүн төрөлхтөн амралтад ороосой гэж Бурхан хүсдэг; гол нь бүхий л газар нутгийг Өөрийн алдар суугаар дүүргэх нь Бурханы агуу хүсэл билээ. Гэвч хүмүүс мартагналд автаад сэрэхгүй, Сатаны завхралд маш ноцтой өртөөд өнөөдөр хүний төрхгүй болсон нь харамсалтай. Иймээс хүмүүсийн соёлын хэв чанарыг сайжруулж, сүнслэг төлөв байдлыг нь өөрчлөхөд хүний бодол, ёс суртахуун, боловсрол чухал холбоосыг бүрдүүлдэг ба соёлын мэдлэгт суралцах нь хоёр дахь холбоосыг бүрдүүлдэг.

Үнэндээ хүн төрөлхтөнд тавьдаг Бурханы шаардлага тийм ч өндөр биш, харин хүмүүсийн хэв чанар болон Бурханы шаарддаг стандартын хоорондох зөрүү маш их учраас ихэнх хүн зүгээр л толгойгоо өргөн, Бурханы шаардлагын чигт хардаг боловч тэдгээрийг биелүүлэх чадвар дутагддаг. Хүмүүсийн төрөлхийн авьяас билиг, төрсний дараа олж авсан зүйлс нь хамтдаа Бурханы шаардлагыг биелүүлэхэд ер хангалтгүй байдаг. Гэвч энэ асуудлыг зүгээр л ухаарна гэдэг гарцаагүй шийдэл биш. Алсын ус өнөөгийн цангааг тайлж чадахгүй. Хүмүүс тоос шорооноос дорд гэдгээ мэдлээ ч гэсэн Бурханы сэтгэлийг хангалуун байлгахаар сэтгэл шулуудахгүй, Бурханы шаардлагыг хангах дэвшилтэт замаар бүр ч явахгүй бол тийм мэдлэг ямар үнэ цэнтэй юм бэ? Усыг шүүрэн шанагаар хутгах адил ямар ч нэмэргүй бус уу? Миний хэлж байгаа зүйл гол нь оролттой холбоотой; энэ бол үндсэн сэдэв юм.

Хүний оролтын явцад амьдрал ямагт уйтгартай байж, залбирах, Бурханы үгийг идэж уух, цуглаан хийх гэх мэт сүнслэг амьдралын нэгэн хэвийн элементээр дүүрэн байдаг тул хүмүүст Бурханд итгэх нь их баяр баясал огт өгдөггүй мэт цаг ямагт санагддаг. Ийм сүнслэг үйл ажиллагаа нь Сатаны завхруулсан, хүн төрөлхтний анхдагч зан чанарт үндэслэн явагддаг. Хүмүүс зарим үед Ариун Сүнсний гэгээрлийг хүртэж чаддаг ч анхдагч сэтгэлгээ, зан чанар, амьдралын хэв маяг, зуршил нь тэдний дотор үндэслээтэй хэвээр байдаг тул уг чанар нь өөрчлөгдөлгүй үлддэг. Хүмүүсийн хийдэг мухар сүсэгт үйл ажиллагааг Бурхан хамгийн их үзэн яддаг ч олон хүн тэдгээрийг мөн л орхиж чадалгүй, ийм мухар сүсэгт үйл ажиллагааг Бурхан зарлигдсан гэж бодож байдаг бөгөөд өнөөдөр ч тэдгээрээс хараахан бүрэн ангижраагүй байна. Хурим найр, сүйт бүсгүйн хувцас сэлтэд зориулан залуучуудын хийдэг бэлтгэл; мөнгө бэлэглэх, оройн зоог барих гэх мэтээр баярт үйл явдлыг тэмдэглэдэг арга зам; уламжлагдаж ирсэн эртний заавар; үхэгсэд болон тэдний оршуулгын үйлд зориулан хийдэг мухар сүсэгт утгагүй бүх арга хэмжээг Бурхан бүр ч их жигшдэг. Мөргөлийн өдөр ч (шашны ертөнцийн тэмдэглэдэг Амралтын өдрийг оролцуулан) Бурханд жигшүүртэй байдаг; мөн хүн хооронд өрнөдөг нийгмийн харилцаа, дэлхий ертөнцийн холбоо сүлбээг Бурхан бүр ч их жигшин голдог. Хүн бүхний мэдэх цагаан сар, зул сарын баяр байтугай эдгээр баяр наадамд зориулсан тоглоом, чимэглэл болох хоёр мөрт шүлэг, салют, дэнлүү, Ариун Зоог, зул сарын бэлэг, зул сарын баяр наадмыг ч Бурхан зарлигдаагүй—эдгээр нь хүмүүсийн оюун ухаан дахь шүтээн бус уу? Амралтын өдрөөр талх хуваах, дарс, нарийн маалинга бол шүтээн гэдэг нь бүр ч гарцаагүй. Лууны толгой өнгийх өдөр, луун завины баяр, намрын дунд сарын баяр, Лаба наадам, шинэ оны баяр гэх зэрэг Хятадад алдартай бүхий л уламжлалт баяр наадмын өдөр, мөн Улаан өндөгний баяр, Баптисмын өдөр, зул сарын баяр гэх зэрэг шашны ертөнцийн баяр наадмууд, энэ бүх үндэслэлгүй баярыг олон хүн эрт цагаас өнөө үед бэлтгэж, уламжилсан. Хүн төрөлхтний баялаг төсөөлөл, уран яруу үзлээс үүдэн эдгээр нь өнөөг хүртэл уламжлагдаж ирсэн юм. Эдгээр нь өө сэвгүй харагддаг ч үнэндээ хүн төрөлхтөнд гаргадаг Сатаны заль мэх байдаг. Сатанууд бөөгнөрсөн газар байх тусмаа хоцрогдмол, хуучинсаг, бурангуй нийгмийн ёс заншилд улам гүн автсан байдаг. Эдгээр зүйл хүмүүсийг чанга хүлчхээд хөдлөх ямар ч боломж өгдөггүй. Шашны ертөнцийн олон баяр наадам ихээхэн өвөрмөц байдлыг харуулж, Бурханы ажилд хүрэх гүүр болж буй санагддаг ч үнэндээ тэдгээр нь хүмүүсийг хүлж, Бурханыг мэдэж авахад нь саад хийдэг Сатаны үл үзэгдэх хүлээс бөгөөд бүгд Сатаны зальхай явуулга юм. Үнэндээ Бурханы ажлын нэг үе шат дуусахад тухайн үеийн хэрэгсэл, хэв маягийг Бурхан аль хэдийн ямар ч ул мөр үлдээлгүй устгасан байдаг. Гэвч “үнэн сүсэгт итгэгчид” өнөөх биет материаллаг зүйлсийг үргэлжлүүлэн шүтэхийн зэрэгцээ Бурханд юу байгааг чухалчилж үзэхээ болин, цааш үл судалдаг бөгөөд үнэндээ Бурханыг аль эрт гэрээс хөөн гаргаж, Сатаныг шүтээний ширээндээ залсан атлаа Бурханыг гэх хайраар бялхаж буй мэт санагддаг. Хүмүүс Есүс, Загалмай, Мариа, Есүсийн баптисм, Сүүлчийн Зоогийн хөргийг Тэнгэрийн Эзэн хэмээн дээдлэх зуураа “тэнгэрлэг Эцэг, Эзэн минь” гэж удаа дараа дуу алддаг. Энэ бүхэн хөгийн хэрэг бус уу? Өнөөдрийг хүртэл хүн төрөлхтний дунд өвлөгдөж ирсэн ийм олон үг хэллэг, зан үйлийг Бурхан үзэн яддаг; тэдгээр нь Бурханы өмнөх замд ноцтой саад хийхийн зэрэгцээ хүн төрөлхтний оролтод асар их хүндрэл үүсгэдэг. Сатан хүн төрөлхтнийг завхруулсан хэр хэмжээг хойш тавилаа гэхэд Витнесс Лигийн хууль, Лоренсийн туршлага, Вочман Нигийн судалгаа, Паулын ажил гэх мэт зүйлээр хүний сэтгэл бүрэн дүүрсэн байдаг. Хүмүүсийн дотор хэт их бодгальч үзэл, хууль тогтоомж, дүрэм, журам, тогтолцоо гэх мэт оршин байдаг тул Бурхан хүмүүс дээр ажиллах ямар ч аргагүй; хүмүүсийн бурангуй нийгмийн мухар сүсэгт хандлагаас гадна эдгээр зүйл хүн төрөлхтнийг барьж залгисан юм. Хүмүүсийн бодол санаа нь шидэт үлгэрийг өнгөтөөр өгүүлэх сонирхол татам кино мэт байдаг бөгөөд үүнд нь гайхамшигт амьтад үүл хөлөглөж, асар их уран сэтгэмжээрээ хүмүүсийг гайхшируулж, мэл гайхуулан хэлэх үггүй болгодог. Үнэнийг хэлэхэд өнөөдөр Бурханы хийх гэж ирсэн ажил нь үндсэндээ хүмүүсийн мухар сүсэгт шинж чанартай харьцаж, үүнийг нь арилгах, сэтгэх өнцгийг нь бүрмөсөн өөрчлөх явдал юм. Хүн төрөлхтний үе дамжин уламжилсан өвөөс үүдэн Бурханы ажил өнөөг хүртэл үргэлжилсэн юм биш; энэ нь Бурханы биечлэн эхлүүлж, гүйцэлдүүлдэг ажил бөгөөд тодорхой нэг агуу сүнслэг хүний өвийг өвлөж, өөр эрин үед Бурханы хийсэн бэлгэдлийн уг чанартай аливаа ажлыг өвлөн авах ямар ч шаардлагагүй. Хүмүүс эдгээрийн алинд ч анхаарах хэрэггүй. Өнөөдөр Бурхан үг хэлж, ажиллах өөр хэв маягтай байхад хүмүүс юунд өөрсдөдөө төвөг удах ёстой юм бэ? Хэрэв хүмүүс одоогийн урсгал дахь өнөөгийн замаар алхангаа “өвөг дээдсийнхээ” өв уламжлалыг үргэлжлүүлэх юм бол хүрэх газартаа очихгүй. Бурхан хүний ертөнцийн жил, сар, өдөр хоногийг жигшдэгийнхээ адилаар хүний зан авирын яг ийм горимыг гүнээ зэвүүцдэг.

Хүний зүрх сэтгэлийн чанад дахь гүнээ хордсон хэсгийг анагаан, хүмүүст сэтгэлгээ, ёс суртахуунаа өөрчилж эхлэх боломж олгох нь хүний зан чанарыг өөрчлөх хамгийн сайн арга юм. Энэ бүх шашны зан заншил, үйл ажиллагаа, жил сар, баяр наадмыг Бурхан үзэн яддаг гэдгийг хүмүүс юун түрүүнд тодорхой ойлгох хэрэгтэй. Тэгээд бурангуй нийгмийн сэтгэлгээний эдгээр хүлээсээс мултарч, мухар сүсэгт гүнээ дурладаг бүхий л ул мөрөө арилгах ёстой. Энэ бүгд хүн төрөлхтний оролтод багтдаг. Бурхан хүн төрөлхтнийг шашны бус ертөнцөөс юунд гаргадаг, мөн дүрэм журмаас юунд холдуулдгийг та нар ойлгох ёстой. Та нарын орох үүд хаалга энэ бөгөөд эдгээр зүйл сүнслэг туршлагатай чинь огт хамаагүй боловч Бурханыг мэдэхэд чинь саад хийн, оролтыг чинь хааж буй хамгийн том саад юм. Эдгээр нь хүмүүсийг урхиддаг торыг бүрдүүлдэг. Олон хүн Библийг хэт их уншин, Библийн олон тооны эшлэлийг бүр цээжээр хэлж чаддаг. Өнөөдөр хүмүүс Бурханы ажил дахь энэ үе шатын үндэслэл нь Библид байдаг, үүний эх сурвалж нь Библи мэтээр өөрсдийнхөө оролтод Бурханы ажлыг өөрийн эрхгүй Библиэр хэмждэг. Бурханы ажил Библитэй нийцэх үед хүмүүс Бурханы ажлыг шийдвэртэйгээр дэмжин, Түүнийг урьд байгаагүйгээр хүндэлж үздэг; Бурханы ажил Библиэс зөрөх үед хүмүүс тун их түгшиж, хүйтэн хөлс нь бурзайн, Бурханы ажлын үндэслэлийг Библиэс хайдаг; хэрэв Бурханы ажлыг Библид огт дурдаагүй байвал хүмүүс Бурханыг үл ойшооно. Бурханы өнөөгийн ажлын тухайд бол ихэнх хүн хянуур, сэрэмжтэйгээр хүлээн зөвшөөрч, дуртай үедээ дуулгавартай дагаж, үүнийг мэдэх явдлыг үл ойшоодог; харин өнгөрч баларсан зүйлсийн тухайд хүмүүс нэг талтай нь зууралдан нөгөөг нь орхидог гэж хэлж болох юм. Үүнийг оролт гэж болох уу? Бусдын номыг эрдэнэс мэт үзэж, хаанчлалын хаалганы алтан түлхүүр мэт хандах хүмүүс өнөөдөр Бурханы өөрсдөөс нь шаарддаг зүйлийг үнэндээ огт сонирхдоггүй. Түүнчлэн олон “ухаалаг шинжээч” Бурханы үгийг зүүн гартаа барьж, бусдын “суут бүтээлийг” баруун гартаа барьчхаад Бурханы үг зөв гэдгийг бүрэн нотлохын тулд энэхүү суут бүтээл дотроос Бурханы өнөөгийн үгийн үндэслэлийг олох хүсэлтэй мэт байдаг бөгөөд тэр ч бүү хэл ажиллаж буй мэтээр Бурханы үгийг суут бүтээлтэй нэгтгэн тайлбарладаг. Үнэнийг хэлэхэд өнөөгийн шинжлэх ухааны хамгийн сүүлийн үеийн ололт, урьд өмнө нь байгаагүй амжилтыг (өөрөөр хэлбэл Бурханы ажил, Бурханы үг, амийн оролтын замыг) хэзээ ч их юманд авч үзэж байгаагүй “эрдэмтэн судлаачид” хүн төрөлхтний дунд олон тул хүмүүс бүгд “биеэ дааж”, уран яруу үгийнхээ хүчээр энд тэндгүй “номлож”, “Бурханы сайн нэрээр” гайхуулж байдаг. Энэ хооронд өөрсдийнх нь оролт аюулд орж, бүтээлийн үеэс энэ мөч хүртэлх зай шиг Бурханы шаардлагаас хол хөндий болсон мэт байдаг. Бурханы ажлыг хийх хэр амархан бэ? Хүмүүс өөрсдийнхөө нэг хагасыг өчигдөртөө үлдээн, нөгөө хагасыг нь өнөөдөртөө авчирч, хагасыг нь Сатанд хүргэн, хагасыг нь Бурханд өргөн барья гэж аль хэдийн шийдчихсэн мэт байдаг бөгөөд энэ нь мөс чанараа уужруулж, жаахан тайтгарал авах арга мэт санагддаг. Хүмүүсийн дотоод ертөнц маш их дотуур тамиртай бөгөөд маргаашаас гадна өчигдрийг алдах вий гэж айн, байгаа ч юм шиг, байхгүй ч юм шиг өнөөдрийн Бурхан, Сатан хоёрын хэн хэнийг нь гомдоохоос ихэд эмээж байдаг. Хүмүүс сэтгэхүй, ёс суртахуунаа зохих ёсоор хөгжүүлж чадаагүй тул ялган таних чадвараар нэн дулимаг бөгөөд өнөөдрийн ажил Бурханых мөн эсэхийг огт хэлж мэддэггүй. Магадгүй бурангуй нийгмийн, мухар сүсэгт сэтгэлгээ нь асар гүн учраас хүмүүс аль эртнээс мухар сүсгийг үнэнтэй, Бурханыг шүтээнтэй нэг ангилалд оруулж ирсэн бөгөөд эдгээрийг хооронд нь ялгая гэж боддоггүй, мөн тархиа гашилгаад ч тодорхой ялгаж салгаж чадахгүй мэт байдаг. Иймээс хүмүүс замдаа зогсчхоод урагшлахаа больсон юм. Хүмүүс үзэл суртлын зөв боловсролгүй байдгаас энэ бүх асуудал үүсдэг бөгөөд энэ нь хүмүүсийн оролтод асар их хүндрэл учруулдаг. Улмаар хүмүүс жинхэнэ Бурханы ажлыг хэзээ ч сонирхдоггүй атлаа хүний (тухайлбал, өөрсдийн агуу гэж үздэг хүмүүсийн) ажлаар тамгалуулчихсан мэт үүнтэй тууштай зууралддаг1. Эдгээр нь хүмүүсийн орох ёстой хамгийн сүүлийн үеийн сэдэв бус уу?

Тайлбар:

1. “Тууштай зууралддаг” гэдгийг егөөдөн ашигласан болно. Энэ хэлц нь хүмүүсийн зөрүүд, үг авдаггүй, хуучирсан зүйлстэй зууралдаж, тавьж явуулах хүсэлгүй байдлыг илтгэдэг.

Өмнөх: Ажил ба оролт 2

Дараах: Ажил ба оролт 4

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Messenger дээр бидэнтэй холбоо барих