Бурханы үг бол миний хүч чадал

Жинниань, Канад

Би хүүхэд ахуй цагаасаа гэр бүлийнхнээ даган Эзэнд итгэж, үргэлж Библи уншин, цуглаанд оролцдог байлаа. Гэрлэснийхээ дараа би Эзэн Есүсийн сайн мэдээг хадам ээждээ дамжуулсан бөгөөд тэр цагаас эхлээд хадам ээж аливаа зүйл тохиолдоход уур уцаарт автах юм уу урьдынх шигээ дур зоргоороо аашлахаа больж, гэр бүлийн маань харилцаа тэр чигтээ сайжирч эхэлсэн билээ. Ээжид нь гарсан өөрчлөлтийг хараад нөхөр минь ч бас 2015 онд Эзэнд итгэж эхэлсэн бөгөөд надтай хамт долоо хоног бүр чуулган руу явдаг байв. Эзэний сайн мэдээг хүлээн авсны дараа гэр бүлийнхэн маань амар амгалан байхыг хараад энэ нь Эзэний нигүүлсэл мөн болохыг би мэдэж, Эзэнд зүрх сэтгэлийнхээ гүнээс талархсан юм.

2017 оны 2-р сарын нэгэн өдөр ажил дээрээ байхад үйлчлүүлэгч эмэгтэй намайг хараад сэтгэл нь ихэд хөдлөв. Тэр намайг татан, “Та манай найзтай их адилхан харагдлаа. Би таныг найзтайгаа танилцуулж болох уу? Тэр маань Канадад дөнгөж ирээд, найз нөхөдгүй байгаа юм, тэгэхээр танд цаг зав байгаа бол түүнтэй уулзаж ярилцвал сайн байх сан” гэлээ. Би үүнийг сонсоод үнэхээр гайхширч, “Ийм зүйл байж болно гэж үү? Найз нь надтай үнэхээр тийм их адилхан юм байх даа?” гэж бодов. Гэхдээ бүх зүйлд Эзэний сайн санаа зорилго байдаг бөгөөд хайрын сэтгэлээр бусдад туслах нь Эзэний бас нэг сургаал юм гэдгийг ухаарсан учраас би түүний хүсэлтийг хүлээж авав. Хэд хоногийн дараа би түүний найз Шиао Ханьтай уулзлаа. Хань надтай үнэхээр адилхан харагдаж байв; бид хоёрыг харсан хүмүүс ихэр юм уу гэж асууж байлаа. Бид их адилхан харагддагаас болсон уу, эсвэл аливаа зүйлийн цаана Эзэний зохицуулалт байснаас болсон уу мэдэхгүй юм, гэхдээ түүнийг хараад надад тэр даруй маш дотно санагдав. Түүнтэй хэд хэдэн удаа уулзсаны дараа бид юугаа ч ярьж болох эгч дүүс шиг болсон байлаа. Намайг хамгийн их гайхшируулсан зүйл гэвэл Шиао Ханиар дамжуулан би эцсийн өдрүүдэд эргэн ирсэн Эзэн Есүсийн сайн мэдээг сонссон явдал байв.

Нэгэн өдөр Шиао Хан намайг авга эгчийнхээ гэрт аваачсан ба эгч нь Төгс Хүчит Бурханы хаанчлалын сайн мэдээг бид хоёртой хуваалцсан юм. Тэрээр эцсийн өдрүүдэд Бурханы айлдсан үгийг биднээр уншуулж, Адам, Еваг бүтээсэн Бурханы хүсэл, хөвөгч авдар бариулахаар Ноаг дуудах үеийн Бурханы бодол, санаа зорилго, Ноагийн цаг үеийн хүмүүсийг устгахдаа Бурханы зүрх сэтгэл хэрхэн өвдсөн тухай болон өөр бусад зүйлийн талаар бидэнд нөхөрлөсөн юм. Бурханы эцсийн өдрүүдийн үгэнд эдгээр нууц бүгд илчлэгдсэн байдаг бөгөөд тэгээгүй бол хэн ч эдгээр нууцыг ойлгож чадахгүй гэж тэр хэлэв. Бурхан Өөрөө л хийдэг бүхнийхээ ар дахь бодол санааг тайлбарлаж чадах учраас би эгчид итгэсэн юм. Бурхан биечлэн үг хэлж, ажиллахаар ирээгүй бол өөр хэн Бурханы бодол, санаа зорилгыг бүрэн дүүрэн тайлбарлаж чадах билээ? Би Бурханы үгэнд ихэд татагдаж, Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүд дэх ажлыг нухацтай судлахаар шийдлээ. Судлах явцдаа би, Библийг уншаад ер ойлгохгүй байсан олон асуултыг хөндсөн бөгөөд Шиао Ханий эгч надад Төгс Хүчит Бурханы үгэнд тулгуурлан хариулт өгч байв. Хариултууд маш бүрэн гүйцэд байсан бөгөөд тодорхой, ойлгомжтой байлаа. Бурханы үгийг унших тусам зүрх сэтгэл дэх төөрөгдөл аажмаар шийдвэрлэгдэж, эцсийн өдрүүдэд Төгс Хүчит Бурхан үгээрээ дамжуулан шүүлтийн ажил хийдэг бөгөөд энэ нь “Шүүлт Бурханы гэрээс эхлэх цаг болжээ” (1 Петр 4:17) хэмээх Библийн зөгнөлийг биелүүлдэг гэдгийг ойлгож авсан юм. Бурханы ажлын энэ үе шат нь Эзэн Есүсийн ажил өргөжиж, гүнзгийрч байгаа хэрэг бөгөөд хүн төрөлхтнийг ариусгаж, аврах Бурханы эцсийн өдрүүд дэх ажлын сүүлчийн үе шат билээ. Хэсэг хугацаанд судалсныхаа дараа би Төгс Хүчит Бурхан бол эргэн ирсэн Эзэн Есүс мөн гэдэгт итгэлтэй болж, Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг баяртайяа хүлээн зөвшөөрсөн бөгөөд ах эгч нартайгаа хамт цуглаанд оролцож эхэллээ.

Гурван сар гаруйхны дараа нэгэн өглөө би зуршил болсноороо эгч нартайгаа хамт цуглаан хийж байтал гэнэт гар утас минь дуугарч эхлэв. Утсаа нээгээд, хэн хэгэн хүн миний Айфоноор дамжуулан байршлыг минь тогтоохоор оролдож байна гэх мэдэгдэл харлаа. Би үнэхээр гайхаж, юу болоод байгааг мэдээгүй боловч тэр даруй нөхөр маань надад Ви Чатаар зурвас илгээн “Чи хаана байна?” гэж асуув. Би зурвасыг хараад бага зэрэг тээнэгэлзлээ, учир нь манай нөхөр сар гаруйн өмнө чуулганы цуглаанд яваад ирэхдээ пастор нь Төгс Хүчит Бурханы Чуулганы талаар олон сөрөг зүйл хэлж, итгэгчдийг сонор сэрэмжтэй байж, Зүүний Аянгын хүмүүстэй ямар ч холбоо тогтоохгүй байхыг анхааруулсан талаар надад ярьсан юм. Тухайн үед нөхрийг маань пастор болон ахлагч нь төөрөгдүүлж, тэдний цуу яриа нөхрийг маань Төгс Хүчит Бурханы Чуулганы эсрэг хандуулна гэж би айсан юм. Би үнэнийг илүү ойлгож, Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг тодорхой гэрчилж чаддаг болтлоо нөхөртөө сайн мэдээ түгээхээ хүлээзнэхийг хүссэн учраас Төгс Хүчит Бурханы Чуулганы эгч нартай цуглаан хийдэг талаараа нөхөртөө хэлж огт зүрхлээгүй билээ. Үүнийг санаад би нөхөртөө: “Би ажил руугаа явж байна” гэж хариулав. Гэвч энэ талаар дахин бодоод нэг л биш байгааг мэдрэв: “Нөхөр маань энэ цагаар хэзээ ч над руу зурвас явуулдаггүй. Яагаад гэнэт өнөөдөр хаа байгааг минь асууж зурвас явуулж байгаа юм бол? Юу болоод байна аа?”

Тэр орой ажлаасаа гэртээ хариад нөхөр минь ууртай царайлан орон дээр сууж байгааг би олж харав. Нөхөр маань гэртээ нуусан Бурханы үгийн номуудыг минь олчхоод ширээн дээр өрж тавьсан байлаа. Би энэ бүхнийг хараад үнэхээр гайхсан боловч бодох ч завдал өгөлгүй манай нөхөр ингэж асуув: “Чи хэзээнээс Төгс Хүчит Бурханд итгэж эхэлсэн юм бэ? Төгс Хүчит Бурханы Чуулганы талаар интернэтэд маш олон сөрөг мэдээ байна, мэдэхгүй байна уу? Чи өнөөдөр надад худлаа хэлсэн. Өглөө ажил руугаа яваагүй байсан. Хаана байсан юм бэ?” Би бага зэрэг дургүйцэн: “Тэгэхээр өнөө өглөө утасны минь дохио дуугарч эхэлсэн нь чи миний байршлыг тогтоохоор оролдсоноос болсон байх нь ээ!” гэж хариулав. Нөхөр маань: “Өнөө өглөө ажлын завсарлагааны үеэр хаана байгааг чинь мэдмээр байсан болохоор байршлыг чинь хайгаад, хэлсэн газартаа байхгүй байгааг чинь илрүүлсэн юм” гэлээ. Тэгээд дууныхаа өнгийг зөөлрүүлэн, “Төгс Хүчит Бурханд итгэгчид эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хоорондох зааг хязгаарыг тодорхой мөрддөггүй гэж интернэтэд Хятадын засгийн газар хэлсэн байсан, өөр сөрөг мэдээлэл ч бас их байна. Чи тэдэнтэй дахиж холбоо барихгүй байж болох уу? Зүгээр л сүмийн цуглаанд явсан чинь хамаагүй дээр, бас би долоо хоног болгон чамтай хамт явж болно. Чи яагаад тэдэнтэй холбоотой байгаа юм бэ?” хэмээн үргэлжлүүлэв. Нөхөр маань үгээ дуусгаад интернэтэд орж, надад уншуулах гэж Төгс Хүчит Бурханы Чуулганы талаар маш олон сөрөг мэдээлэл олов. Эдгээр ор үндэслэлгүй цуу яриаг уншсаныхаа дараа би ууртайгаар ингэж хэллээ: “Энэ хүмүүс Төгс Хүчит Бурханы Чуулгантай хэзээ ч, ямар ч холбоотой байгаагүй. Яагаад тэд энэ талаар дэмий чалчиж байгаа юм бэ? Энэ чинь огт ор үндэслэлгүй, цуурхал байна. Ямар ч үнэмшилгүй худал үг, цуу яриа! Өнгөрсөн хэдэн сард би Төгс Хүчит Бурханы Чуулганы ах эгч нартай холбоотой байж, энгийн, сайхан хувцаслан, төв шударга байдлаар ярьж, биеэ авч явдгийг нь харсан. Ах эгч нарын хооронд тодорхой зааг хязгаар байдаг, бас харилцах зарчим ч байдаг. ХКН-ын засгийн газар болон пастор, ахлагчдын тараадаг цуу яриатай тэд огтхон ч адилгүй. Төгс Хүчит Бурханы гаргасан, Хаанчлалын эрин үеийн захиргааны зарлигт ингэж тодорхой хэлсэн байдаг: “Хүн ялзарсан зан чанартай ба түүнчлэн сэтгэл хөдлөлтэй байдаг. Ийм болохоор Бурханд үйлчлэх үед эсрэг хүйсийн хоёр гишүүн хамтдаа ажиллах нь туйлаас хориотой. Ийм үйлдэл хийж байгаад баригдсан хэн боловч гарцаагүй хөөгдөнө—хэнийг ч зүгээр өнгөрөөхгүй” (Үг нь махбодоор илэрсэн номын “Хаанчлалын эрин үед Бурханы сонгосон хүмүүсийн дуулгавартай дагах ёстой арван захиргааны зарлиг”-аас). Бурхан бол ариун, зөвт бөгөөд хүмүүсийн садар самуун авирыг юунаас ч илүүтэй жигшдэг. Иймээс Бурхан Өөрийн сонгосон хүмүүст зориулж хатуу чанд захиргааны зарлиг гаргасан бөгөөд эдгээрийг зөрчсөн хэн боловч чуулганаас хөөгдөнө. Төгс Хүчит Бурханы Чуулганы ах эгч нар Бурханы захиргааны зарлигийг чанд мөрддөг, хэн ч зөрчиж зүрхэлдэггүй. Миний биечлэн харж, туулсан зүйл гэвэл энэ. Төгс Хүчит Бурханы Чуулганы эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хоорондох зааг хязгаар тодорхойгүй байдаг гэдэг нь ХКН-ын засгийн газар болон пастор, ахлагчдын тараасан цуу яриа, гүжирдлэгээс цаашгүй!” Гэхдээ намайг юу ч гэж хэлсэн, нөхөр минь ердөө сонсолгүй, ах эгч нартайгаа цуглаан хийхээ боль гэж шаардсаар байв. Харийн энэ оронд нөхрөөсөө өөр ойр дотно хүнгүй, нөхөртэйгөө маргахыг хүсээгүй учраас нөхрийнхөө хэчнээн тууштай байгааг хараад би сөрөг болж эхэллээ. Нөгөөтээгүүр Хятадад байдаг гэр бүлд маань болон пасторт хэлчих вий гэж би айж байлаа. Тэгвэл улам л их төвөг удах байв. Иймээс цуглаанд битгий яв гэж нөхөр маань шаардах үед би зөвшөөрч, харин гэртээ Бурханы үгийг үргэлжлүүлэн уншмаар байна гэснийг маань нөхөр зөвшөөрөв. Ийнхүү шуурга нэг хэсэгтээ намжлаа.

Бурханы үгийг гэртээ ганцаараа уншихад ойлгохгүй зүйл олон байлаа. Иймээс нөхрөө ажил дээрээ байх үед нь би гар утсаараа эгчтэй холбоо барьсан ба энэ нь эгч нартай хамт цуглаанаа үргэлжлүүлэх боломжийг надад олгосон юм. Мөн нөхөр минь намайг цуглаанд явахыг болиулсан талаар би эгч нарт хэлж, дараа нь нэг эгч надад Бурханы үгийн хэсгийг уншиж өгөв: “Хүмүүсийн дээр Бурханы хийдэг ажлын алхам бүрд, гаднаа энэ нь хүмүүсийн хоорондын харилцан үйлдэл мэт, хүний зохицуулалтаас, эсвэл хүний хөндлөнгийн оролцооноос үүдэлтэй мэт харагддаг. Гэвч нүднээс далдуур, ажлын алхам бүр болон тохиолдож буй бүхэн нь Бурханы өмнө Сатаны тавьсан бооцоо бөгөөд Бурханыг гэрчлэх гэрчлэлдээ бат зогсохыг хүмүүсээс шаарддаг. Жишээ нь, Иовыг шалгасан үеийг авч үзье: Нүднээс далдуур Сатан Бурхантай бооцоо тавьж байсан бөгөөд Иовд тохиолдсон зүйл нь хүмүүсийн үйл хэрэг ба хүмүүсийн үймээн байсан. Та нарт хийж байгаа Бурханы ажлын алхам бүрийн ард Сатаны Бурхантай тавьсан бооцоо байдаг—энэ бүгдийн ард тулаан байдаг. … Бурхан, Сатан хоёр сүнсний ертөнцөд тулаан хийх үед чи Бурханыг хэрхэн сэтгэл хангалуун болгож, Түүнийг гэрчлэх гэрчлэлдээ хэрхэн бат зогсох ёстой вэ? Чамд тохиолддог бүхэн бол агуу шалгалт бөгөөд Бурханы хувьд чамаар гэрчлэл хийлгэх хэрэгтэй үе юм гэдгийг чи мэдэх ёстой” (Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханыг хайрлах нь л үнэхээр Бурханд итгэх явдал юм”-аас). Эгч маань ингэж нөхөрлөлөө: “Төгс Хүчит Бурханыг хүлээн зөвшөөрсний дараахан иймэрхүү зүйлтэй тулгарах үед гаднаа гэр бүл маань бидний замд хөндөлсөж, цуглаанд явуулахгүй байгаа мэт харагддаг ч Бурханы үгээр дамжуулан харах юм бол үүний ард Сатаны үймээн байдаг, энэ бол сүнслэг тулаан юм. Бурхан биднийг аврахыг хүсдэг ч Сатан тийм ч амархан бууж өгөхийг хүсдэггүй тул биднийг үймүүлэхээр Бурханы араас дагаж, Бурханы өмнө очихыг маань болиулахын тулд эргэн тойрны хүмүүсийг ашигладаг. Сатан Бурхантай харилцах хэвийн харилцааг маань сүйрүүлж, биднийг сөрөг, сул дорой болгон, улмаар Бурханыг орхиулж, Бурханаас урвуулж, эцэст нь биднийг Сатаны эзэмшилд эргэн очиж, Бурханаар авруулах боломжоо алдахад хүргэхийг зорьдог. Иймээс бид ялган таних чадвартай болж, аливааг Бурханы үгийн дагуу харж, Сатаны заль мэхийг нэвт харан, Бурханд илүү их залбирч, найдан, Бурханд жинхэнээсээ итгэх ёстой. Тэгвэл бид Бурханы үйлдлийг итгэлээрээ дамжуулан харж чадна.” Бурханы үг болон эгчийнхээ нөхөрлөлийг сонсоод би гэнэт ингэж ухаарлаа: “Сатан намайг үймүүлж, Бурханаас урвуулахын тулд нөхрийг минь ашиглаж байгаа учраас Бурханд итгэж, Бурханыг дагах замд минь манай нөхөр хөндөлсөж байгаа юм байна. Энэ нь Иовын туулсан шалгалттай адил юм. Сатан Иовыг сорихын тулд мэддэг бүх аргаараа оролдсон. Иовыг арвин их эд хөрөнгө, хонь малаа алдахад хүргэж, биеийг нь аймшгийн яр хатгинд бариулсан төдийгүй Иовд саад хийж, дайрч давшлахын тулд найз нөхдийг нь ашигласан. Тэр ч бүү хэл эхнэрийг нь ашиглан Иовыг уруу татаж, Бурханыг хаяулах гэсэн. Сатан Бурханд итгэх Иовын итгэлийг сүйрүүлж, түүгээр Бурханыг үгүйсгүүлж, голуулах гэж хий дэмий горьдон. Сатан үнэхээр ёрын муу, жигшүүртэй юм!” Ингэж бодоод Сатаныг үзэн ядах сэтгэлээр дүүрсэн боловч дараа нь би: “Сатан хэдийгээр Иовыг сүйрүүлэхээр улайран зүтгэсэн боловч Бурханы зөвшөөрөлгүйгээр Иовын аминд хор хөнөөл учруулж хэзээ ч зүрхлэхгүй байх байсан, тэгвэл миний туулж байгаа зүйл ч бас Бурханы гарт байгаа гэсэн үг биш үү? Би Бурханыг үнэхээр хүндэлж, Бурханд найдаж байгаа цагт Сатаны сорилтыг ялахад Бурхан намайг залж чиглүүлэх нь лавтай” гэж бодлоо. Энэ бодол намайг Бурханд улам их итгүүлэн, би гар утсаараа дамжуулан эгч нартайгаа холбоотой үлдэж, цуглаанд үргэлжлүүлэн оролцож, нөхөрлөл хийхээр шийдсэн юм.

Нэг шөнө би утсаа ширээн дээр тавьсан бөгөөд манай нөхөр утсыг минь авч, эгчтэй ярьсан яриаг минь гүйлгээд уншчихна гэж би санасангүй. Нөхөр минь маш ууртайгаар: “Чи тэдэнтэй одоо ч холбоотой байна, тэгээд яриа чинь тухай бүрдээ хоёр цаг үргэлжилсэн байна” гэлээ. Дараа нь нөхөр минь интернэтэд байсан бүр их сөрөг мэдээллээр намайг бөмбөгдөн, янз бүрийн аргаар намайг хянаж эхлэв. Би утсаараа эгчтэй холбогдож чадахаа болилоо. Ингээд би чуулганы амьдралаа дахин алдаж, эгчээс ямар ч тусламж авч чадсангүй. Үүний дараа нөхөр минь интернэтээс олсон цуу яриагаа өдөр бүр над руу илгээж эхэлсэн бөгөөд ах эгч нартайгаа ямар нэг холбоо тогтооход минь саад хийж, үймүүлж байв. Нөхрийнхөө хавчлага, саад тотгортой тулгараад би туйлын хөөрхийлөлтэй болж, өөрийн эрхгүй дахин сул дорой болж эхэллээ. “Төгс Хүчит Бурханд итгэхийг минь манай нөхөр яагаад тэгтлээ эсэргүүцдэг юм бэ? Би Бурханд л итгэхийг хүсдэг, яагаад энэ ийм хэцүү юм бэ? Би хэзээ ийм их саад тотгоргүйгээр Бурханд итгэж чадах юм бэ? Одоогоос амьдрал минь ийм байх юм гэж үү?” хэмээн би бодов. Ингэж бодоод би нулимс унагахгүйг хичээсэн ч чадаагүй бөгөөд нэн ганцаардаж, арга мухардаж байв. Би цааш яаж үргэлжлүүлэхээ мэдэлгүй, үүнээсээ болоод хэчнээн удаа уйлсныг ч бүү мэд. Зовж байхдаа би Бурханд залбирахаас өөр яаж ч чадсангүй: “Бурхан минь! Нөхрийнхөө хавчлагын өмнө би юу хийхээ мэдэхгүй, үүнийг яаж туулахаа мэдэхгүй байгаа боловч нөхцөл байдал ямар ч байлаа гэсэн, Таны сайн санаа зорилгыг агуулдаг гэдэгт итгэж байна. Намайг залж чиглүүлж, үүнийг туулах итгэл өгөөч гэж Танаас гуйя.”

Гайхалтай нь, залбирч дууссан даруйдаа би Бурханы үгийн хоёр хэсгийг эгчээс хүлээн авав: “Сатан Бурхантай дайтаж, Түүний араас мөрддөг. Түүний зорилго нь Бурханы хийхийг хүсдэг бүх ажлыг нурааж, Бурханы хүсдэг хүмүүсийг эзэмдэн хянаж, Бурханы хүсдэг хүмүүсийг бүрмөсөн устгах явдал юм. Хэрвээ тэднийг устгахгүй бол тэд Сатаны эзэмшилд орж, түүгээр ашиглуулдаг—энэ бол түүний зорилго” (Үг нь махбодоор илэрсэн номын “Цор ганц Бурхан Өөрөө iv”-өөс). “Чи дотроо Миний зоригийг тээж, итгэдэггүй төрөл төрөгсөдтэйгөө нүүр тулахдаа зарчимтай байх ёстой. Харин чи Миний төлөө аль ч харанхуй хүчинд бас автагдах ёсгүй. Төгс замаар алхахын тулд Миний мэргэн ухаанд найд; Сатаны хуйвалдаан үйлчилж эхлэхийг бүү зөвшөөр. Миний дэргэд зүрх сэтгэлээ байлгахад бүх хүчин чармайлтаа гарга, Би чамайг тайтгаруулж, зүрх сэтгэлд чинь амар амгалан, аз жаргалыг өгнө” (Үг нь махбодоор илэрсэн ном дахь Христийн эхэн үеийн айлдваруудын “Аравдугаар бүлэг”-ээс). Бурханы үгийг тунгаан бодоод би Сатаны муу санаа зорилгыг бага зэрэг ялган таних чадвартай болов. Бурхан хүн төрөлхтнийг аврахаар ажилладаг бол Сатан Бурханы ажлыг нурааж, хүмүүсийн төлөө Бурхантай тэмцэлдэхээр тархиа гашилгадаг тул хүмүүсийг төөрөлдүүлж, мэхлэхийн тулд интернэтээр янз бүрийн цуу яриа дэгдээдэг. Мөн аврал хүлээн авахаар Бурханы өмнө очуулахгүй гэсэндээ гэр бүлийг маань ашиглан бидэнд саад хийж, биднийг үймүүлдэг. Манай нөхөр үнэнийг мэдэхгүй байсан учраас Сатаны тараасан цуу ярианд сохорч, мэхлэгдсэн болохоор л итгэлийн минь замд зөрүүдлэн хөндөлсжээ. Сатан ч бас намайг хүлж, хорлохын тулд сул дорой байдал дээр минь дөрөөлсөн юм. Миний эмзэг цэг бол сэтгэл хөдлөл гэдгийг Сатан мэдэж байсан тул нөхрөө гэх сэтгэлээр минь дамжуулан над руу дайрч давшлан, махан биеийн мэдрэмжид анхаарч, гэр бүлийнхээ эв эеийг хадгалах хүслээсээ болоод Бурханыг дагахаа болиход намайг хүргэж, улмаар үнэн замыг орхиж, Бурханаар авруулах боломжоо алдахад хүргэжээ. Сатан үнэхээр жигшүүртэй юм! Үүний зэрэгцээ, Бурхан намайг үгээрээ тайтгаруулж, Сатаны харанхуйн хүчинд бүү бууж өг хэмээн зоригжуулж, надад хэрэгжүүлэлтийн зам өгч байгааг би мэдэрсэн юм. Бурхан: “Төгс замаар алхахын тулд Миний мэргэн ухаанд найд” гэж хэлсэн. Ийм орчинд би Бурхантай хэрхэн хамтран ажиллаж, мэргэн ухаан ашиглан цуглаанд очиж болох вэ? Өнгөрсөн удаад нөхөр минь намайг мөшгөхдөө утсыг минь ашигласан учраас би эгчийн гэрт цуглаанд оролцохоор очиж чадахаа больсон төдийгүй эгчтэй уулзахын тулд утсаа хэрэглэж ч болохгүй гэдгийг санасан боловч худалдааны төвийн суудалтай хэсэгт эгчтэй уулзаж болох байв. Нөхөр маань дахиад асуувал би дэлгүүр хэсэж явсан гэж хэлж болно. Иймээс Бурханы удирдамжтайгаар би эгчтэй дахин уулзаж чадсан юм. Миний бэрхшээлийг ойлгомогцоо эгч Бурханы үгийн талаар надтай нөхөрлөж, намайг тайтгаруулж, зоригжуулсан билээ. Үнэнийг ойлгосны дараа сөрөг байдал минь даруй арилав.

Нэг өдөр би ажлаасаа хариад Бурханы үгийг уншъя гэтэл Бурханы үгийн номуудаа гол төлөв хадгалдаг шургуулга, шүүгээнүүдэд хайгаад хайгаад номоо олсонгүй. Би ихэд сандарч, “Өө яана аа. Нөхөр маань миний номуудыг хаячихсан байж таарлаа. Их хянуур хүн учраас миний олж чадах хогон дунд хаяагүй нь лавтай. Ажил дээрээ аваачиж хаясан бол би номоо яагаад ч олохгүй дээ” гэж бодов. Энэ бодол намайг ихэд тавгүйтүүлж, би яахаа мэдэхгүй байлаа.

Хэд хоногийн дараа нөхөртэйгөө хамт жолооны шалгалт өгөхөөр явах үедээ би эгч нарынхаа нэгтэй тааралдав. Би эгчид Бурханы үгийн номууд минь алга болсныг нууцхан хэллээ. Эгч намайг илүү их залбирч, Бурханд найдаж, дахиад нэгд нэггүй хайж үз гэв. Бурхан бүх зүйлийг хянаж, захирдаг учраас нөхөр минь номуудыг хаясан эсэх нь Бурханы гарт байгаа гэдгийг, мөн төсөөллөөрөө яаран дүгнэлт хийх хэрэггүй гэдгийг эгч хэлэв. Би гэртээ хариад энэ талаар өөр нэг эгчид зурвас бичихэд адилхан зүйл хэлсэн юм. Тэр хоёр хоёулаа ингэж нөхөрлөсөн учраас үүний цаана Бурханы сайн санаа зорилго байх ёстой гэдэгт би итгэлээ. Бурхан надад сануулахаар эгч нарыг минь ашиглаж байв уу? Тэгээд би Бурханы үгийн дараах хэсгийг санав: “Төгс Хүчит Бурхан бүх зүйл, бүх хэрэг явдлыг захирдаг! Зүрх сэтгэл маань үргэлж Түүнийг хүндэлж, бид сүнсэнд орж, Түүнтэй холбогдож л байвал Тэр эрж хайдаг бүх зүйлийг маань бидэнд үзүүлэх ба Түүний хүсэл бидэнд илчлэгдэх нь гарцаагүй; тэгэхэд зүрх сэтгэл маань баяр баясалтай, амар амгалан, бүрэн тодорхой байдалд тайван байх болно” (Үг нь махбодоор илэрсэн ном дахь Христийн эхэн үеийн айлдваруудын “Долоодугаар бүлэг”-ээс). Хүмүүсийг найдаж, тусламж олж аваг гэж Бурхан үргэлж дэргэд байдгийг би Бурханы үгээс ойлгов. Бид асуудалд орж, гарах гарцгүй болох үедээ Бурханыг чин сэтгэлээсээ дуудаж л байвал Бурхан биднийг гэгээрүүлж, замчлан, бэрхшээлээ даван гарахад маань тусална. Бурханы үгийн гэгээрэл, удирдамжийн ачаар Бурханд итгэх итгэл минь дахин хүчирхэгжиж, би хэрэгжүүлэлтийн замыг буцаан олж авлаа. Мөн Бурханы үгийн номуудаа алга болгосон тухайд бол гагцхүү өөрийнхөө хүчин чармайлтад найдвал номуудаа хэзээ ч олохгүй гэдгийг ойлгов. Бурхан бол бүхнээс хүчирхэг бөгөөд Бурханд найдаж, Бурханыг хүндэлж, дараа нь номуудаа бодитой байдлаар хайхаар Бурхантай хамтран ажиллаж байгаа цагт Бурхан намайг замчилж, надад тусална гэдэгт би итгэлээ. Иймээс би Бурханы өмнө очиж, чин сэтгэлээсээ ийнхүү залбирав: “Бурхан минь! Би Таны үгийн номуудаа олж чадахгүй байна. Эхэндээ би юу болсныг таах гэж өөрийн үзэл, төсөөлөлд найдан, түргэн зангаараа үйлдсэн. Би Таныг бүхнээс дээр тавиагүй бөгөөд бүх зүйл Таны хяналтад байдгийг ухаарсангүй. Одоо би Таныг хүндэлж, энэ асуудлыг Танд даатгаж, дараагийн удаа хайхдаа Тантай хамтран ажиллахыг хүсэж байна. Би номоо олох эсэх нь Таны зөвшөөрлөөр болно. Таны удирдамжийг гуйя.”

Залбирсны дараа гэнэтхэн агуулах орж гутлаа авмаар санагдлаа. Гайхмаар нь, гутлаа авахаар өвдөглөж байгаад би цагаан уут харсан бөгөөд Бурханы үгийн номууд энэ уутанд байгаа гэх тов тодорхой бодол гэнэт санаанд оров. Би уутыг аваад харахад энэ үнэн байлаа! Гайхах, баярлах зэрэгцсэн би: “Бурханд талархъя! Бурханд талархъя!” хэмээн хашхирахгүй байж чадсангүй. Бурхан надаар ном олуулахаар замчилсныг би тэгэхэд ухаарав. Бүх зүйл Бурханы захиралтад байдгийг, тэр ч бүү хэл хүмүүсийн зүрх сэтгэл дэх бодол, санааг хүртэл Бурхан зохицуулдгийг, мөн Бурханд найдаж, Бурханыг хүндэлбэл боломжгүй зүйл гэж үнэндээ байдаггүйг би үнэхээр харсан юм. Үүний дараа би номоо хурдхан унтлагын өрөөнд аваачиж, шургуулгадаа болгоомжтой хийв. Тэр орой нөхөр маань эргэж ирээд агуулахын өрөөнд нуусан Бурханы үгийн номыг олсон гэдгийг маань олж мэдсэн ба тэдгээрийг өөрт нь өгөхийг надаас шаардав. Энэ удаад би Бурханд үнэхээр найдан, надад итгэл, хүч чадал өгөөч гэж Бурханаас гуйн, нөхөртөө цаашид буулт хийхээс татгалзав. Миний шийдэмгий байдлыг хараад нөхөр дахиж шалсангүй.

Дараа нь эгч надад номлол сонсоход зориулсан утас өгсөн ба үүн дээр Бурханы үгийн янз бүрийн номыг татсан байлаа; энэ нь цуглаанд оролцох, сүнслэг үйл ажиллагаа хийхийг минь амарчлах зорилготой байв. Нэг удаа би цүнхээ солих үедээ хайхрамжгүй байдлаасаа болоод тэр утсаа гэрт үлдээсэн бөгөөд цуглаанд дахин явж байгааг нөхөр минь олж мэджээ. Нөхөр маань: “Чи яагаад тэдэнтэй холбоо барьсаар байгаа юм бэ? Яагаад нууцаар цуглаанд яваад байгаа юм бэ?” гэж асуусан зурвас илгээсэн байлаа. Би тэр зурвасыг хараад уурлах, санаа зовох зэрэгцсэн боловч өнгөрсөн хугацаан дахь туршлагаа санаад, нөхөр минь надад саад хийж, хяхаж хавчихаар оролдох болгонд үргэлж буулт хийж, ухарч, сөрөг, сул дорой болдог байснаа болон надад хамгийн их дутагдаж байсан зүйл нь Бурханд найдан, Бурханыг гэрчлэх явдал гэдгийг санав. Энэ удаа Сатанд бууж өгч болохгүй гэдгээ би мэдэж байлаа. Би Бурханд найдаж, Бурханыг хүндэлж, итгэлээр дамжуулан Сатаныг ялан дийлж, Бурханы төлөө гэрчлэлд зогсох байв. Би: “Хаана, хэзээ байх нь, орчин ямар хэцүү байх нь хамаагүй, Би чамд тодорхой харуулах бөгөөд хэрвээ чи Надад зүрх сэтгэлээсээ найдвал Миний зүрх сэтгэл чамд илчлэгдэнэ; ийм маягаар чи урдах замаараа явах бөгөөд хэзээ ч замаа алдахгүй” (Үг нь махбодоор илэрсэн ном дахь Христийн эхэн үеийн айлдваруудын “Арван гуравдугаар бүлэг”-ээс) гэх Бурханы үгийг бодов. Иймээс би Бурханд ийнхүү залбирлаа: “Бурхан минь! Өнөөдөр Та намайг сонгож, Таны мөрийг дагах боломж олгосон. Хэрвээ би бүх хүчээрээ эрэлхийлэлгүй, Сатаны хүчинд бууж өгвөл аврагдах боломжоо алдана. Өө Бурхан минь! Би одоогийн бэрхшээлээ Танд даатгамаар байна. Төгс Хүчит Бурханд итгэж байгаа талаар нөхөр маань гэр бүлд минь юм уу, пасторт хэлсэн ч бай, эсвэл надад юу ч хийсэн бай, би Танд захирагдана. Энэ удаад би Таны төлөө гэрчлэлд зогсож, Сатаныг шившиглэхийн тулд Танд найдах болно.”

Залбирсны дараа би аажмаар хавьгүй тайвшрав. Тэгээд утсаа аваад, “Тийм ээ, би цуглаанд дахиад явж байгаа. Маргааш орой суугаад энэ талаар нухацтай ярилцацгаая” гэсэн хариуг нөхөртөө илгээв. Энэ зурвасыг явуулмагц зүрх сэтгэлд минь цэвэршүүлэгдэж байгаа мэт санагдсаар байлаа: Үнэнийг нухацтайгаар эрэлхийлэхийг хүсэх бүрд минь яагаад саад тулгардаг юм бэ? Тэгтэл эгчийн олон удаа нөхөрлөж байсан Иовын туршлага санаанд оров. Бас Бурхан ингэж хэлсэн нь бодогдлоо: “Иов ийм зовлон шаналалд унасан үед Бурхан юу хийсэн бэ? Бурхан ажиглаж, харан, үр дүнг нь хүлээсэн. Бурхан ажиглаж, харж байхдаа юу мэдэрсэн бол? Мэдээжээр, шаналж байсан” (Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажил, Бурханы зан чанар ба Бурхан Өөрөө ii”-оос). Би Бурханы үгийг тунгааж, Иовын туршлагын талаар бодов. Тэр бүхий л амьдралаа Бурханаас эмээж, муугаас зайлж өнгөрөөсөн боловч Бурхан Иовыг олж авна гэдэгт Сатан баяртай байгаагүй тул Иовыг олон удаа сорьсон билээ. Гэхдээ, Сатан Иовыг сорих үед Бурхан бүхнийг хянаж, ажиглаж байсан бөгөөд Иовын амийг авч болохгүй хэмээх хатуу хязгаарлалтыг Сатанд тавьж, улмаар Иовын аюулгүй байдлыг баталгаажуулсан. Би Бурхан хүмүүсийг нандигнадаг агаад зовоохыг хүсдэггүй, мөн Сатаны нөлөөнд орж, Сатанд хорлуулж байгааг маань харахыг хүсдэггүй гэдгийг харсан юм. Түүнчлэн, Иовыг сорихыг Сатанд зөвшөөрсөн нь Бурханы сайн санаа зорилгыг агуулж байв. Бурхан Иовын гэрчлэлийг олж авч, Бурханд итгэлтэй, дуулгавартай байдлыг нь төгс болгоно гэж найдаж байжээ. Энэ чинь миний одоогийн нөхцөлтэй яг адилхан биш үү? Хэдийгээр Сатан намайг ахин дахин сорьсон боловч Бурхан намайг хэзээ ч орхилгүй, өдий хүртэл замчилсан. Намайг амиа өсгөж, Өөрийнх нь төлөө гэрчлэлд зогсон, Сатаныг шившиглэнэ гэж найдсандаа Бурхан эдгээр орчин нөхцөлийг зохицуулсан тул энэ удаад би Бурханы төлөө гэрчлэлд зогсож, Сатаныг шившиглэхийн тулд тэмцэх ёстой гэдгээ мэдэж байлаа. Би дахин нэг удаа Бурханд илүү их итгэсэн бөгөөд Бурханы зохицуулсан зүйлд захирагдаж, Бурханы талд зогсож, Сатанд дахин хэзээ ч буулт хийхгүй байхаар шийдэв.

Дараагийн өдрийн орой нь ажлаасаа харихад нөхөр минь ирчихсэн, намайг хүлээж байв. Намайг суухад нөхөр минь: “Чи Төгс Хүчит Бурханд итгэхээ больж чадах уу?” гэлээ. Дараа нь нөхөр маань Төгс Хүчит Бурханы Чуулганы тухай, интернэтээс харсан бүх сөрөг мэдээллийнхээ талаар ярьж эхэллээ. Би ингэж хариулсан юм: “Үгүй ээ, би чадахгүй. Төгс Хүчит Бурханы Чуулганы талаар чи үнэндээ юу мэдэх вэ? Интернэтээс харсан бүхэн чинь ХКН-ын засгийн газраас Төгс Хүчит Бурханы Чуулганыг гутааж, нэр төрд нь халдаж, яллахын тулд зохиосон цуу яриа төдий юм. Эдний аль нь ч үнэн биш. ХКН бол бурхангүй үзэлтэй улс төрийн нам бөгөөд ялангуяа үнэн болон Бурханыг үзэн яддаг учраас хүмүүсийг төөрөгдүүлэхийн тулд төрөл бүрийн цуу яриа зохиож, тараахын тулд чадах бүхнээ хийдэг. Тэд хүмүүсийг хуурч Бурханыг эсэргүүцэхэд хүргэн, эцэстээ өөрсөдтэй нь цуг устгагдаасай хэмээн хий дэмий найддаг. Энэ бол ХКН-ын засгийн газрын ёрын муу санаа зорилго юм. Гэхдээ Бурханд итгэснээрээ би ямар ч буруу зүйл хийгээгүй, бас чиний урмыг хугалах зүйл ч хийгээгүй. Миний итгэлийн зам бол амьдралын зөв зам мөн, бас би энэ замаар үргэлжлүүлэн алхана гэж шийдсэн. Би энэ талаар хангалттай бодож үзсэн, тэгээд чамайг пастор, номлогч нар луу утасдаж, номлолоор нь намайг буруутгуулж, чуулганаас хөөлгөж болно гэж шийдсэн. Чи бас манай эцэг эх рүү залгаж, тэднээр намайг доромжлуулж, дарамтлуулж болно. Гэхдээ чамайг юу ч хийлээ гэсэн, миний шийдвэр өөрчлөгдөхгүй. Би одоо Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг хүлээн зөвшөөрсөн бөгөөд Бурханы үгийг уншиж, Бурханы зохицуулсан нөхцөл байдлыг туулснаар Төгс Хүчит Бурхан бол эргэн ирсэн Эзэн Есүс мөн гэдэгт итгэх болсон. Юу ч болсон бай, би сонголтдоо үнэнч байна.” Нөхөр маань: “Чи Эзэнээс урваж байгаагаа мэдэж байгаа, тийм биз? Эзэн чамд ийм их нигүүлсэл хайрласан. Чи яаж Түүнээс урваж чадаж байна аа?” гэж хэлэв. Би: “Төгс Хүчит Бурхан, Эзэн Есүс хоёр бол нэг Бурхан учраас Төгс Хүчит Бурханд итгэнэ гэдэг Эзэнээс урваж байгаа хэрэг бус; энэ нь Хурганы мөрийг дагаж байгаа хэрэг. Би Эзэн Есүсийн нигүүлслийг маш их эдэлсэн учраас л Эзэн Есүс одоо эргээд ирчихсэн гэх мэдээг сонсоод судлах ёстойгоо мэдсэн ба дараа нь хүлээн зөвшөөрсөн. Эзэн Есүс одоо шинэ үг айлдаж, Бурханы ажил болон хүслийг тайлбарлахаар махбодоор эргэн ирээд байна. Би Бурханы дуу хоолойг сонссон тул үүнийг эрэлхийлэхийн төлөө илүү шаргуу ажиллаж, илүү олон цуглаанд явж, намайг гэх Бурханы хайрыг хариулах ёстой” гэж хэлсэн юм. Эцэст нь нөхөр минь: “За за, больж үз! Хүссэнээ л хий! Би пасторт чинь хэлж, чамайг чуулган руу буцаан авчруулах, мөн эцэг эх рүү чинь ч залгах талаар бодсон боловч тэднийг ихэд уурлаад, өвдөх вий гэж айсан юм. Одоогоос эхлээд чи хүссэндээ л итгэ, би оролцохгүй” гэлээ.

Манай нөхөр Төгс Хүчит Бурханд итгэх замд минь дахин хөндөлсөхгүй гэдгийг сонсоод би ихэд баярлав. Энэ нь Бурханы удирдамж бөгөөд нөхрийн минь зүрх сэтгэл, оюун ухаан ч бас Бурханы гарт байгааг би мэдэж байлаа. Нөхөр минь ийм зүйл хэлсэн нь бүхэлдээ Бурханы захиралтаас болжээ; Бурхан л надад гарах гарц нээсэн билээ. Бурхан зүрх сэтгэлийг минь хүсдэг гэдгийг би энэ туршлагаараа дамжуулан харсан бөгөөд Бурханд үнэхээр найдаж, Бурханыг хүндэлж, Бурханыг сэтгэл хангалуун байлгахын тулд бүхнээ эрсдэлд оруулах үедээ би Бурханы үйл хэргийг болон Бурхан намайг чимээгүйхэн чиглүүлж, надад тусалсаар ирснийг хардаг билээ. Би Бурханы дараах үгийг саналаа: “Сатан хүнийг завхруулах юм уу улайран хорлож байх үед Бурхан хажууд нь зүгээр л хараад зогсдоггүй, мөн Тэр Өөрийн сонгосон хүмүүсийг үл тоомсорлож, хараагүй дүр үзүүлдэггүй. Сатаны хийдэг бүхэн нь Бурханы хувьд тун тодорхой бөгөөд ойлгож байдаг. Сатан юу хийх нь хамаагүй, ямар хандлага бий болгох нь хамаагүй, Бурхан Сатаны хийхээр оролдож байгаа бүхнийг мэдэж байдаг ба сонгосон хүмүүсээ хаядаггүй. Үүний оронд Бурхан анхаарал таталгүйгээр, нууцаар, чимээгүйхнээр хийхээр зорьсон бүхнийг хийж байдаг” (Үг нь махбодоор илэрсэн номын “Цор ганц Бурхан Өөрөө vi”-аас). Эдгээр үгийг тунгаан бодоод миний сэтгэл үнэхээр хөдлөв. Тэр хугацаанд өөрийнхөө туулсан зүйлийг—Сатан цуглаанд оролцоход минь саад хийж, хяхаж хавчихаар нөхрийг минь ашиглах үед Бурханы үгийн талаарх ах, эгч нарын нөхөрлөлөөр дамжуулан Бурхан надад Сатаны заль мэхийг нэвт харуулж, намайг сөрөг байдлаас гаргасныг би эргээд бодов. Нөхөр минь Бурханы үгийн номуудыг нууж, Бурханд итгэхийг минь болиулахаар оролдох үед би үнэхээр Бурханд найдаж, Бурханыг хүндлэн, дараа нь Бурханы гайхалтай үйл хэргийг харсан юм; би Бурхантай хамт зогсохоор сэтгэл шулуудан, Бурханыг дагахын тулд бүхнээ зориулахыг хүсэх үед Сатан шившиг болж, ухарсан билээ. Бурхан үнэхээр миний хажууд байдаг бөгөөд биеийн хэмжээний минь дагуу надад зориулсан орчин нөхцөлийг зохицуулдаг гэдгийг би туршлагаараа дамжуулан харсан юм. Бурхан надад дааж чадахгүй ачаа өгөөгүй. Урьд нь би зүрх сэтгэлээ Бурханд үнэхээр өгөөгүй байх үедээ гэр бүлийнхнээ гэх хайранд үргэлж анхаарч, асуудлыг зохицуулахдаа хүний арга барилд түшиглэж, Сатаныг хаяж зүрхэлдэггүй байсан бөгөөд үүний үр дүнд Сатан хамгийн сул талыг минь далимдуулж, ашиглаж, над руу удаа дараа дайрч давшилж, эцэс төгсгөлгүйгээр намайг зовоосон тухай би бодлоо. Гэвч Бурханд үнэхээр найдаж, бүхнээ зориулах үед Бурхан надад замыг нээж, Сатан ялагдан шившиглэгдэж, яаж ч чадалгүй үлдсэн. Энэ бүхнийг туулсныхаа дараа би Бурханы төгс хүчин, дээд эрх болон өөрийнхөө тэрслүү зан чанарыг үнэхээр ойлгосон юм. Мөн Бурханд итгэх итгэл, дуулгавартай байдал маань нэмэгдэж, Сатаны заль мэхийг ялган таньдаг болж, Сатаны ёрын муу, жигшүүрт уг чанарыг харав. Тэгээд дотор минь Сатаны эсрэг жинхэнэ үзэн ядалт төрсөн билээ. Бурханы удирдамж, гэгээрлийн ачаар л би энэ бүхнийг ойлгож чадсан юм. Би Бурханд үнэхээр талархаж байна!

Тэрхүү хугацаанд туулсан зүйлээсээ би асар ихийг олж авсан юм. Энэ явцад би сул дорой, сөрөг байсан боловч Бурханы үгийн удирдамж, эгч нарын дэмжлэг туслалцаа надад Сатаны сорилт, дайралтыг ялан гарч, өнөөг хүртэл үргэлжлүүлэх итгэл өгсөн юм. Бодит туршлагаараа дамжуулан би Бурханы хайрыг болон Бурхан намайг чиглүүлж, бүх зүйлийн туршид хажуугаас минь холдоогүй гэдгийг харсан. Бид Бурханд зүрх сэтгэлээ үнэхээр өгч, Бурханыг хүндэлж, Бурханд найдах үедээ гайхалтай үйл хэргийг нь харж, зовлон шаналлаасаа салж чадна. Энэ өдрөөс эхлээд би Бурханы ажлыг илүү их туулж, Бурханы талаар жинхэнэ мэдлэгтэй болохыг хүсэж байна.

Өмнөх: Бурханы нэрсийн нууцыг ойлгосноор би Хурганы мөртэй хөл нийлүүлэн алхдаг

Дараах: Сатаны чанд бүслэлтээс гарсан нь

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?
Холбоо барих
Messenger дээр бидэнтэй холбоо барих

Холбогдох контент

Гэртээ харьсан нь

Муи, Өмнөд Солонгос“Бурхан буцааж нэхэхгүй бялхам хайраа хүнд өгсөн Бурханы өгөөмөр тэр хайр хүнийг хүрээлж байдаг Гэмгүй ариун хүн амар...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх