1. Бие махбодтой болох гэж юу вэ? Бие махбодтой болохын мөн чанар юу вэ?

Холбогдох Бурханы үг:

“Бие махбодтой болох” нь Бурхан махбодоор илрэх явдал; Бурхан Өөрийн бүтээсэн хүн төрөлхтний дунд махбодын дүрээр ажилладаг. Иймээс, бие махбодтой болохын тулд Бурхан эхлээд махбод буюу хэвийн хүн чанартай махбод байх ёстой; энэ нь хамгийн үндсэн урьдач нөхцөл юм. Үнэндээ, Бурхан бие махбодтой болохын цаад учир нь Бурхан махбодод амьдарч, ажилладаг бөгөөд чухам мөн чанартаа Бурхан махбод болж, хүн болдог. Бие махбодтой болсон Бурханы амьдрал, ажлыг хоёр үе шатанд хувааж болно. Эхнийх нь үйлчлэлээ хэрэгжүүлж эхлэхээс өмнө Түүний амьдардаг амьдрал. Тэрээр хэвийн хүний гэр бүлд, туйлын хэвийн хүн чанартайгаар амьдарч, хүний амьдралын хэвийн ёс суртахуун, хуулийг дуулгавартай дагаж, хүний хэвийн хэрэгцээ (хоол, хувцас, нойр, орон байр), хүний хэвийн сул талууд болон хүний хэвийн сэтгэл хөдлөлтэй байдаг. Өөрөөр хэлбэл, энэхүү эхний үе шатанд Тэрээр бурханлаг биш, бүхэлдээ хэвийн хүн чанартайгаар амьдарч, хүний бүх хэвийн үйл ажиллагааг эрхэлдэг. Хоёр дахь үе шат нь Өөрийн үйлчлэлийг гүйцэтгэж эхэлсний дараа Түүний амьдардаг амьдрал юм. Тэр мөн л эгэл хүний бүрхүүлтэй хэвийн хүн чанарт оршин, гаднаа ямар ч ер бусын тэмдэг үзүүлдэггүй. Гэсэн ч Тэр гагцхүү Өөрийн үйлчлэлийн төлөө л амьдардаг ба энэ хугацаанд Түүний хэвийн хүн чанар бүхэлдээ бурханлаг чанарынх нь хэвийн ажлыг хадгалахын төлөө оршдог, учир нь тэр үед Түүний хэвийн хүн чанар үйлчлэлээ хэрэгжүүлж чадахуйц хэмжээнд төлөвшсөн байдаг. Иймээс Түүний амьдралын хоёр дахь үе шат нь хэвийн хүн чанараараа Өөрийнхөө үйлчлэлийг хэрэгжүүлэх явдал бөгөөд энэ нь хэвийн хүн чанар болон бүрэн дүүрэн бурханлаг чанарын хоёулангийнх нь амьдрал юм. Амьдралынхаа эхний үе шатанд Тэр бүрэн энгийн хүн чанараар амьдардгийн шалтгаан бол Түүний хүн чанар нь бурханлаг ажлыг нь хараахан бүрэн хадгалж чаддаггүй, хараахан төлөвшөөгүй байдаг; Түүний хүн чанар төлөвшиж гүйцэн, Өөрийн үйлчлэлийг үүрэх чадвартай болсны дараа л Тэр гүйцэтгэх учиртай үйлчлэлээ хэрэгжүүлж эхэлж чадна. Махбод болохын хувиар Тэр өсөж, төлөвших хэрэгтэй тул Түүний амьдралын эхний үе шат нь хэвийн хүн чанарын амьдрал байдаг байхад хоёр дахь үе шатанд Түүний хүн чанар нь ажлаа хийж, үйлчлэлээ хэрэгжүүлэх чадвартай болдог учраас Өөрийн үйлчлэлийг хэрэгжүүлэх үеийн бие махбодтой болсон Бурханы амьдрал нь хүн чанар болон бүрэн бурханлаг чанарыг хоёуланг нь агуулсан амьдрал байдаг. Хэрвээ бие махбодтой болсон Бурхан төрсөн мөчөөсөө л Өөрийн үйлчлэлийг жинхэнээсээ эхэлж, ер бусын тэмдэг, гайхамшгуудыг үзүүлсэн бол Түүнд бие махбодын мөн чанар байхгүй байх байсан юм. Тиймээс Түүний хүн чанар бие махбодынх нь мөн чанарын төлөө оршдог; хүн чанаргүй ямар ч махан бие байж болохгүй бөгөөд хүн чанаргүй хүн бол хүн биш. Ийм маягаар, Бурханы махбодын хүн чанар бол Бурханы махбод болсон биеийн төрөлхийн чанар юм. “Бурхан махбод болох үедээ тэр чигтээ бурханлаг чанартай бөгөөд огтхон ч хүн биш” гэж хэлэх нь доромжлол юм, учир нь энэхүү мэдэгдэл ердөө оршин байдаггүй бөгөөд бие махбодтой болох зарчмыг зөрчдөг. Өөрийн үйлчлэлийг гүйцэтгэж эхэлснийхээ дараа ч гэсэн, ажлаа хийх үедээ Тэрээр хүний гадаад бүрхүүлтэй бурханлаг чанар дотроо амьдарсаар байдаг; яг тэр үед Түүний хэвийн хүн чанар нь хэвийн махбодоор ажлаа гүйцэтгэх боломжийг Өөрийн бурханлаг чанарт олгох цорын ганц зорилготой байдаг. Иймээс ажил гүйцэтгэгч нь Түүний хүн чанарт оршин буй бурханлаг чанар юм. Түүний хүн чанар биш, харин бурханлаг чанар ажиллаж байгаа ч энэхүү бурханлаг чанар нь Түүний хүн чанар дотор нуугдаж байдаг; мөн чанартаа, Түүний хүн чанар биш, харин бүрэн бурханлаг чанар ажлыг нь хийдэг. Гэхдээ ажлыг гүйцэтгэгч нь Түүний махбод юм. Бурхан хүний бүрхүүлтэй, хүний мөн чанартай, бас Бурханы мөн чанартайгаар махан биед амьдардаг Бурхан болдог учраас Тэр бол хүн, гэхдээ бас Бурхан гэж хэлж болох юм. Тэр бол Бурханы мөн чанартай хүн учраас бүтээгдсэн бүх хүнээс дээгүүр, Бурханы ажлыг гүйцэтгэж чадах өөр ямар ч хүнээс дээгүүр байдаг. Иймээс Түүнийх шиг хүний бүрхүүлтэй бүх хүний дундаас, хүн чанарыг эзэмшдэг бүх хүний дундаас зөвхөн Тэр л бие махбодтой болсон Бурхан Өөрөө бөгөөд бусад нь бүгд бүтээгдсэн хүн билээ. Хэдийгээр тэд бүгдээрээ хүн чанартай ч гэсэн, бүтээгдсэн хүмүүст хүн чанар л байдаг байхад бие махбодтой болсон Бурхан бол өөр: Түүний махбод хүн чанартай байдгаар зогсохгүй, үүнээс ч чухал нь бурханлаг чанартай байдаг. Түүний хүн чанарыг махбодынх нь гадаад төрхөөс болон өдөр тутмын амьдралаас нь харж болно, гэхдээ Түүний бурханлаг чанарыг ухамсарлахад хэцүү байдаг. Яагаад гэвэл, Түүний бурханлаг чанар Түүнд хүн чанар байгаа үед л илэрхийлэгддэг ба хүмүүсийн төсөөлдөгтэй адил ер бусын байдаггүй, үүнийг харах нь хүмүүст туйлын хэцүү байдаг. Өнөөдөр ч гэсэн бие махбодтой болсон Бурханы жинхэнэ мөн чанарыг ойлгох нь хүмүүст хамгийн хэцүү. Намайг энэ талаар ийм ихийг ярьсны дараа ч гэсэн энэ нь та нарын дийлэнхэд нууц хэвээр байдаг гэж Би бодож байна. Үнэндээ, энэ асуудал маш энгийн: Бурхан махбод болдог тул Түүний мөн чанар нь хүн чанар ба бурханлаг чанарын хослол юм. Энэ хослолыг Бурхан Өөрөө буюу газар дээрх Бурхан Өөрөө гэж нэрлэдэг.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханы оршдог махбодын мөн чанар

Есүсийн газар дээр амьдарсан амьдрал нь махбодын хэвийн амьдрал байлаа. Тэрээр махбодынхоо хэвийн хүн чанараар амьдарсан. Өөрийн ажлыг хийж, үгээ хэлж, эсвэл өвчтэйг эдгээж, чөтгөрийг зайлуулах, тийм ер бусын зүйлсийг хийх эрх мэдэл нь ерөнхийдөө Түүнийг үйлчлэлээ эхлэх хүртэл нь харагдаагүй. Хорин есөн наснаас өмнөх, Өөрийнхөө үйлчлэлийг эхлэхээс өмнөх амьдрал нь Түүнийг ердөө л хэвийн махбод бүхий бие байсан гэдгийг хангалттай нотолсон. Үүнээс болж, мөн Тэр Өөрийн үйлчлэлийг хараахан эхлээгүй байсан учраас хүмүүс Түүнээс ямар ч бурханлаг байдлыг олж хараагүйн дээр ердөө л тухайн үед зарим хүн Түүнийг Иосефын хүү гэж итгэдэг байсан тул ердийн хүн, эгэл хүн л гэж харж байсан юм. Хүмүүс Түүнийг жирийн хүний хүү гэж бодсон бөгөөд Бурханы махбод болсон бие гэж таних ямар ч аргагүй байлаа; Өөрийнхөө үйлчлэлийг гүйцэтгэх явцад олон гайхамшиг үзүүлж байхад нь хүртэл ихэнх хүн Түүнийг Иосефын хүү гэсээр байсан, учир нь Тэр бол гаднаа хэвийн хүн чанарын бүрхүүлтэй Христ байсан юм. Түүний хэвийн хүн чанар болон ажлын аль аль нь, анх удаа бие махбодтой болсны ач холбогдлыг биелүүлэхийн төлөө, Бурхан махбодод бүрмөсөн ирж, үнэхээр эгэл жирийн хүн болсныг батлахын төлөө оршиж байлаа. Тэрээр Өөрийн ажлыг эхлэхээс өмнө хэвийн хүн чанартай байсан нь эгэл жирийн махбод байсных нь нотолгоо байв; дараа нь Тэр ажилласан нь ч бас эгэл жирийн махбод байсныг нь нотолсон, учир нь Тэр хэвийн хүн чанартай махбодоор тэмдэг, гайхамшиг үзүүлж, өвчтэйг эдгээж, чөтгөрийг зайлуулж байсан билээ. Тэр гайхамшиг үзүүлж чаддаг байсны шалтгаан нь Түүний махбод Бурханы эрх мэдэлтэй, Бурханы Сүнсний өмссөн махбод байсан юм. Бурханы Сүнснээс болоод Тэр ийм эрх мэдэлтэй байсан ба Тэр махбод байгаагүй гэсэн үг биш. Өвчтэйг эдгээж, чөтгөрийг зайлуулах нь Өөрийн үйлчлэлээр гүйцэтгэх хэрэгтэй байсан ажил, Түүний хүн чанарт нуугдсан бурханлаг чанарын илэрхийлэл байсан бөгөөд Тэр ямар ч тэмдэг үзүүлж, эрх мэдлээ яаж ч харуулсан байсан, хэвийн хүн чанараар амьдарч, хэвийн махбод хэвээр байсан. Загалмай дээр үхсэнийхээ дараа дахин амилах хүртлээ Тэр хэвийн махбод дотор оршиж байсан. Нигүүлсэл хайрлаж, өвчтэйг эдгээж, чөтгөрийг зайлуулах нь бүгд Түүний үйлчлэлийн нэг хэсэг байсны дээр эдгээр нь бүгд Өөрийн хэвийн махбодод байхдаа гүйцэтгэсэн Түүний ажил байв. Цовдлогдохоосоо өмнө, Тэр юу ч хийж байсан, хэвийн хүний махбодоо хэзээ ч орхиогүй. Тэр бол Бурханы ажлыг хийж буй Бурхан Өөрөө байсан ч Бурханы махбод болсон бие байсан учраас хоол идэж, хувцас өмсөж, хүний хэвийн хэрэгцээтэй, хүний хэвийн эрүүл ухаан, хэвийн сэтгэхүйтэй байсан. Энэ бүхэн нь Тэр хэвийн хүн байсны нотолгоо бөгөөд Бурханы махбод болсон бие ер бусын биш, харин хэвийн хүн чанартай махбод байсныг нотолсон. Түүний ажил бол эхний удаа бие махбодтой болсон Бурханы ажлыг гүйцэлдүүлж, эхний удаа бие махбодтой болсон Бурханы гүйцэтгэх учиртай үйлчлэлийг хэрэгжүүлэх явдал байв. Бие махбодтой болохын ач холбогдол нь эгэл, жирийн хүн Бурханы Өөрийн ажлыг хэрэгжүүлдэг; өөрөөр хэлбэл, Бурхан бурханлаг ажлаа хүн чанараар хэрэгжүүлж, улмаар Сатаныг ялдаг. Бие махбодтой болох гэдэг нь Бурханы Сүнс махбод болдог, өөрөөр хэлбэл, Бурхан махбод болдог гэсэн үг; тэрхүү махбодын хийдэг ажил нь махбодод биеллээ олж, махбодоор илэрхийлэгддэг Сүнсний ажил юм. Бурханы махбодоос өөр хэн ч бие махбодтой болсон Бурханы үйлчлэлийг хэрэгжүүлж чадахгүй; өөрөөр хэлбэл, өөр хэн ч биш, зөвхөн Бурханы махбод болсон бие, энэхүү хэвийн хүн чанар л бурханлаг ажлыг илэрхийлж чадна.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханы оршдог махбодын мөн чанар

Бие махбодтой болсон Бурханы хүн чанар нь махбод дахь хэвийн бурханлаг ажлыг хадгалахын төлөө оршдог; Түүний хэвийн хүний сэтгэхүй нь хэвийн хүн чанар болоод махбодынх нь бүх хэвийн үйл ажиллагааг хадгалдаг. Түүний хэвийн хүний сэтгэхүй нь махбод дахь Бурханы ажлыг хадгалахын тулд оршдог гэж хэлж болох юм. Хэрвээ энэхүү махбодод хүний хэвийн оюун ухаан байгаагүй бол Бурхан махбодоор ажиллаж чадахгүй байх байсан ба махбодоор хийх хэрэгтэй зүйлс нь хэзээ ч гүйцэлдэхгүй байх байлаа. Бие махбодтой болсон Бурханд хүний хэвийн оюун ухаан байдаг хэдий ч Түүний ажилд хүний бодол холилддоггүй; Тэр хүний хэвийн бодлоор бус, харин оюун ухаантай хүн чанарыг эзэмшсэн урьдач нөхцөл дор хэвийн оюун ухаантай хүн чанараар Өөрийн ажлыг явуулдаг. Түүний махбодын бодол хэчнээн сүрлэг байх нь хамаагүй, Түүний ажилд логик юм уу сэтгэлгээ холилддоггүй. Өөрөөр хэлбэл, Түүний ажил нь Түүний махан биеийн оюун ухаанаас төрөн гардаггүй, харин Түүний хүн чанар дахь бурханлаг ажлын шууд илэрхийлэл юм. Түүний бүх ажил нь Түүний биелүүлэх ёстой үйлчлэл бөгөөд нэгийг нь ч Түүний уураг тархи бодож олдоггүй. Жишээлбэл, өвчтэйг эдгээх, чөтгөрийг зайлуулах болон цовдлол нь Түүний хүний оюун ухааны үр дүн байгаагүй, хүний оюун ухаантай ямар ч хүн үүнийг хийж чадахгүй байх байсан юм. Үүний адилаар, өнөөдрийн байлдан дагуулалтын ажил бол бие махбодтой болсон Бурханы хэрэгжүүлэх ёстой үйлчлэл боловч энэ нь хүний хүслийн ажил биш, харин Түүний бурханлаг чанарын хийх ёстой ажил, махан биетэй ямар ч хүний хийж чадахгүй ажил билээ. Иймээс бие махбодтой болсон Бурханд хүний хэвийн оюун ухаан, хэвийн хүн чанар байх ёстой, учир нь Тэр хэвийн оюун ухаантай хүн чанараар Өөрийн ажлыг гүйцэтгэх ёстой. Энэ бол бие махбодтой болсон Бурханы ажлын мөн чанар, бие махбодтой болсон Бурханы жинхэнэ мөн чанар юм.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханы оршдог махбодын мөн чанар

Есүс ажлаа гүйцэтгэхээс өмнө ердөө л хэвийн хүн чанараараа амьдарч байлаа. Тэр бол Бурхан мөн гэдгийг хэн ч таньж чадаагүй, бие махбодтой болсон Бурхан гэдгийг нь хэн ч олж мэдээгүй; хүмүүс Түүнийг тун жирийн хүн гэж л мэддэг байсан. Түүний туйлын эгэл жирийн, хэвийн хүн чанар нь Бурхан бие махбодтой болсны нотолгоо, мөн Нигүүлслийн эрин үе нь Сүнсний ажлын эрин үе биш, харин бие махбодтой болсон Бурханы ажлын эрин үе гэдгийн нотолгоо байлаа. Энэ нь, Бурханы Сүнс махбодод бүрэн биеллээ олж, бие махбодтой болсон Бурханы эрин үед Түүний махбод Сүнсний бүх ажлыг гүйцэтгэнэ гэдгийн нотолгоо байв. Хэвийн хүн чанартай Христ бол дотор нь Сүнс биеллээ олсон махбод бөгөөд хэвийн хүн чанар, хэвийн эрүүл ухаан, хүний бодлыг эзэмшиж байдаг. “Биеллээ олно” гэдэг нь Бурхан хүн болж, Сүнс махбод болдог гэсэн үг; илүү тодорхой хэлэх юм бол, энэ нь Бурхан Өөрөө хэвийн хүн чанартай махбодод оршиж, үүгээрээ Өөрийн бурханлаг ажлыг илэрхийлдэг үе юм—энэ нь биеллээ олсон буюу бие махбодтой болсон гэсэн үг билээ.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханы оршдог махбодын мөн чанар

Эзэн Есүсийг ажиллаж байх үеэр Бурханд хүн чанарын олон илэрхийлэл байдгийг хүмүүс харсан. Жишээ нь, Тэр бүжиглэж чаддаг, хуримд оролцож чаддаг, хүмүүстэй харилцаж, тэдэнтэй ярьж, тэдэнтэй аливааг хэлэлцэж чаддаг байсан. Түүнчлэн Эзэн Есүс бас бурханлаг чанарыг нь төлөөлсөн маш их ажил гүйцэтгэсэн бөгөөд мэдээжээр, энэ бүх ажил нь Бурханы зан чанарын илэрхийлэл, илчлэл байлаа. Хүмүүсийн харж, хүрч болох эгэл жирийн бие махбодод Бурханы бурханлаг чанар биеллээ олсон энэ үед Тэрээр жирсхийн гарч ирээд явдаг, мөн Түүнд ойртож чадахгүй гэж хүмүүст санагдахаа больсон юм. Харин ч тэд хүний Хүүгийн хөдөлгөөн, үг, ажил болгоноос Бурханы хүслийг ухаарч, бурханлаг чанарыг нь ойлгох гэж оролдож байв. Бие махбодтой болсон хүний Хүү нь Өөрийн хүн чанараар Бурханы бурханлаг чанарыг илэрхийлсэн бөгөөд Бурханы хүслийг хүн төрөлхтөнд дамжуулсан билээ. Үүний зэрэгцээ Тэрээр Бурханы хүсэл, зан чанарыг илэрхийлснээрээ дамжуулан сүнсний ертөнцөд оршдог харж, хүрч болохгүй Бурханыг хүмүүст илчилсэн. Хүмүүсийн харсан зүйл нь мах, цуснаас бүтсэн бодит Бурхан Өөрөө байв. Иймээс бие махбодтой болсон хүний Хүү нь Бурханы Өөрийн ялгамж чанар, Бурханы байр суурь, дүр төрх, зан чанар, Түүнд юу байгаа, Тэр юу болохыг тодорхой, хүний шинжтэй болгосон. Бурханы төрхийн хувьд хүний Хүүгийн гадаад байдалд тодорхой хэмжээний хязгаарлалт байсан хэдий ч Түүний мөн чанар, Түүнд юу байгаа, Тэр юу болох нь бүхэлдээ Бурханы Өөрийн ялгамж чанар, байр суурийг төлөөлж чадаж байсан—зөвхөн илэрхийлэх хэлбэрт нь л зарим нэг ялгаа байсан юм. Хүний Хүү нь Өөрийн хүн чанар, бурханлаг чанарын аль алинаар Бурханы Өөрийн ялгамж чанар, байр суурийг төлөөлж байсан гэдгийг бид үгүйсгэж чадахгүй. Гэхдээ энэ хугацаанд Бурхан махбодоор ажиллаж, махбодын өнцгөөс ярьж, хүн төрөлхтний өмнө хүний Хүүгийн ялгамж чанар болон байр суурьтайгаар зогсож байсан бөгөөд энэ нь хүн төрөлхтний дундах Бурханы үнэн үг болон ажилтай харьцаж, туулах боломжийг хүмүүст олгосон юм. Энэ нь бас Түүний бурханлаг чанар, даруу атлаа агуу байдлыг ухаарах, түүнчлэн Бурханы үнэн ба бодит байдлын тухай урьдчилсан ойлголт, тодорхойлолт олж авах боломжийг хүмүүст олгосон. Хэдийгээр Эзэн Есүсийн гүйцэтгэсэн ажил, Түүний ажиллах аргууд, ярьсан өнцөг нь сүнсний ертөнц дэх Бурханы жинхэнэ биеэс ялгаатай байсан боловч Түүний бүх зүйл нь урьд өмнө хүн төрөлхтний хэзээ ч харж байгаагүй Бурханыг Өөрийг нь үнэхээр төлөөлж байсан—үүнийг үгүйсгэж болохгүй! Өөрөөр хэлбэл, Бурхан ямар хэлбэрээр илрэн гарах нь хамаагүй, ямар өнцгөөс ярих нь, эсвэл ямар дүр төрхтэйгээр хүн төрөлхтөнтэй нүүр учрах нь хамаагүй, Бурхан өөр юуг ч биш харин Өөрийгөө л төлөөлдөг. Тэрээр ямар нэг хүнийг, эсвэл завхарсан ямар ч хүн төрөлхтнийг төлөөлж чадахгүй. Бурхан бол Бурхан Өөрөө бөгөөд үүнийг үгүйсгэж болохгүй.

Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Бурханы ажил, Бурханы зан чанар ба Бурхан Өөрөө III

Хэдийгээр бие махбодтой болсон Бурханы гадаад төрх байдал хүнтэй яг адилхан байж, хүний мэдлэгийг суралцаж, хүний хэлээр ярьж, заримдаа бүр хүний арга барил, илэрхийллээр Өөрийн санааг илэрхийлж байсан ч хүнийг болон юмны мөн чанарыг хардаг Түүний арга зам нь хүн төрөлхтөн болон юмны мөн чанарыг хардаг ялзарсан хүмүүсийн арга замаас тэс ондоо юм. Түүний өнцөг болон Түүний зогсож буй өндөр нь ялзарсан хүн хүрэхийн аргагүй зүйл билээ. Учир нь Бурхан бол үнэн, Түүний өмсдөг махбод ч бас Бурханы мөн чанартай бөгөөд Түүний бодол, Түүний хүн чанараар илэрхийлэгдсэн зүйл ч бас үнэн билээ. Ялзарсан хүмүүсийн хувьд Түүний махбодоор илэрхийлдэг зүйл нь үнэний болон амийн хангалт юм. Эдгээр хангалт нь зөвхөн нэг хүнд биш, харин бүх хүн төрөлхтөнд зориулагддаг. Ямар ч ялзарсан хүний зүрх сэтгэлд өөртэй нь холбоотой цөөхөн хүн л байдаг. Тэрхүү цөөн хэдхэн хүнийг л тэр анхаарч, санаа тавьдаг. Гамшиг нүүрлэх үед тэрээр юун түрүүнд өөрийн хүүхдүүд, хань ижил, аль эсвэл эцэг эхийг бодно. Арай энэрэнгүй хүн бол хамгийн ихдээ л зарим хамаатнаа, эсвэл сайн найзаа бодно, гэхдээ тийм энэрэнгүй хүн ч гэсэн үүнээс олон хүнийг бодох уу? Үгүй, хэзээ ч үгүй! Учир нь, хүмүүс бол эцсийн эцэст хүмүүс бөгөөд бүх зүйлийг зөвхөн хүний өнцгөөс, хүний өндрөөс л харж чадна. Гэтэл бие махбодтой болсон Бурхан бол ялзарсан хүнээс тэс өөр юм. Бие махбодтой болсон Бурханы махбод хэчнээн жирийн, хэчнээн хэвийн, хэчнээн дорд байх нь хамаагүй, хүмүүс Түүнийг хэчнээн басамжилж дорд үзэх нь хамаагүй, Түүний бодол болон хүн төрөлхтөнд хандах хандлага нь ямар ч хүний эзэмшиж чадахгүй, ямар ч хүний дуурайж чадахгүй зүйл билээ. Тэрээр хүн төрөлхтнийг бурханлаг чанарын өнцгөөс, Бүтээгч хэмээх Өөрийн байр суурийн өндрөөс үргэлж ажиглах болно. Тэр Бурханы мөн чанар, сэтгэхүйгээр хүн төрөлхтнийг үргэлж харах болно. Тэр хүн төрөлхтнийг жирийн хүний дорд өндрөөс, ялзарсан хүний өнцгөөс харж огтхон ч чадахгүй. Хүмүүс хүн төрөлхтнийг харахдаа хүний хараагаар л хардаг бөгөөд хүний мэдлэг, хүний дүрэм болон онолыг хэмжүүрээ болгодог. Энэ нь хүмүүсийн нүдээрээ харж чадах цар хүрээ, ялзарсан хүмүүсийн хүрч чадах цар хүрээн дотор байдаг. Бурхан хүн төрөлхтнийг харахдаа бурханлаг хараагаар хардаг бөгөөд Өөрийн мөн чанар, Түүнд юу байгаа, Тэр юу болохыг хэмжүүрээ болгодог. Энэ цар хүрээ нь хүмүүсийн харж чаддаггүй зүйлсийг багтаадаг бөгөөд үүгээрээ бие махбодтой болсон Бурхан ба ялзарсан хүмүүс хоорондоо эрс ялгардаг. Энэ ялгаа нь хүмүүс болон Бурханы өөр өөр мөн чанараар тодорхойлогддог бөгөөд эдгээр ялгаатай мөн чанар нь тэдний ялгамж чанар, байр суурь, аливааг харах өнцөг болон өндрийг тодорхойлдог.

Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Бурханы ажил, Бурханы зан чанар ба Бурхан Өөрөө III

Бурханы Сүнсний өмссөн махбод нь Бурханы Өөрийнх нь махбод билээ. Бурханы Сүнс бол эрхэм дээд; Тэрээр төгс хүчит, ариун, зөвт билээ. Үүний адилаар Түүний махбод ч бас эрхэм дээд, төгс хүчит, ариун, зөвт юм. Ийм махбод нь зөвт, хүн төрөлхтөнд ач тустай зүйлийг, мөн ариун, алдар суутай, сүр хүчтэй зүйлийг л хийж чаддаг; Тэрээр үнэн, ёс суртахуун, шударга ёсыг зөрчдөг юуг ч хийж чадахгүй, Бурханы Сүнснээс урвах ямар нэг зүйлийг хийж бүр ч чадахгүй. Бурханы Сүнс ариун тул Түүний махбодыг Сатан завхруулах аргагүй; Түүний махбод хүний махан биеэс өөр мөн чанартай. Учир нь, Сатан Бурханыг биш, хүнийг завхруулсан; Сатан Бурханы бие махбодыг завхруулж яавч чадахгүй.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Тун ноцтой асуудал: Урвалт 2

Махбод болсон Бурханыг Христ гэдэг, иймээс хүмүүст үнэнийг өгч чаддаг Христийг Бурхан гэдэг. Энэ тухайд ямар ч хэтрүүлсэн зүйл байхгүй, учир нь Түүнд Бурханы мөн чанар болон хүний хүрэх боломжгүй Бурханы зан чанар, Бурханы ажлын мэргэн ухаан байдаг. Өөрсдийгөө Христ гэдэг атлаа Бурханы ажлыг хийж чаддаггүй хүмүүс хуурамч юм. Христ бол газар дэлхий дээрх Бурханы илрэл төдий биш, харин хүмүүсийн дунд ажлаа хэрэгжүүлж, гүйцэлдүүлэхдээ Бурханы авсан онцгой махбод билээ. Энэ махбод нь газар дээрх Бурханы ажлыг зүй ёсоор гүйцэтгэж, Бурханы зан чанарыг илэрхийлж, Бурханы сайн төлөөлөл байж, хүнийг амиар хангаж чаддаг учир хүссэн хүн бүр үүнийг орлочхож чадахгүй. Христийг дуурайдаг хүмүүс эрт орой хэзээ нэгэн цагт бүгд унах болно, учир нь тэд өөрсдийгөө Христ гэцгээдэг ч, Христийн ямар ч мөн чанарыг эзэмшдэггүй. Иймд Би, Христийн жинхэнэ байдлыг хүн тодорхойлох боломжгүй, харин Бурхан Өөрөө үүнийг хариулж, шийддэг гэж хэлдэг.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Эцсийн өдрүүдийн Христ л хүнд мөнх амийн замыг өгч чадна

Христийн мөн чанар бол Тэнгэрлэг Эцэгийн хүсэлд дуулгавартай байх явдал юм

(Бурханы үгээс сонгосон бүлэг)

Бие махбодтой болсон Бурханыг Христ гэдэг ба Христ бол Бурханы Сүнсний өмссөн махбод билээ. Энэхүү махбод нь махан биетэй ямар ч хүнтэй адилгүй. Христ бол мах, цуснаас бүрдсэн бус, харин Сүнсний биелэл учраас ийм ялгаа байгаа юм. Түүнд хэвийн хүн чанар, бүрэн дүүрэн бурханлаг чанарын аль аль нь бий. Түүний бурханлаг чанарыг ямар ч хүн эзэмшдэггүй. Түүний хэвийн хүн чанар нь махбод дахь бүх хэвийн үйл ажиллагааг хангадаг байхад бурханлаг чанар нь Бурханы Өөрийн ажлыг гүйцэтгэдэг. Түүний хүн чанар ч бай, бурханлаг чанар ч бай, аль аль нь тэнгэрлэг Эцэгийн хүсэлд захирагддаг. Христийн мөн чанар бол Сүнс буюу бурханлаг чанар юм. Тиймээс, Түүний мөн чанар нь Бурханы Өөрийн мөн чанар байдаг; энэхүү мөн чанар Өөрийнх нь ажилд саад болохгүй, Тэрээр Өөрийнхөө ажлыг сүйтгэх ямар нэг зүйлийг хийж яавч чадахгүй, Өөрийнх нь хүсэлд харшилдаг үгийг хэзээ ч хэлдэггүй. Тиймээс бие махбодтой болсон Бурхан нь Өөрийнхөө удирдлагад саад болох ямар нэг ажлыг бүр хэзээ ч хийхгүй. Үүнийг бүх хүн ойлгох ёстой. Ариун Сүнсний ажлын мөн чанар нь хүнийг аврахын төлөө, Бурханы Өөрийн удирдлагын төлөө байдаг. Үүний адилаар, Христийн ажил ч бас хүнийг аврахын төлөө, Бурханы хүслийн төлөө байдаг. Бурхан махбод болсон болохоор мөн чанар нь Түүний махбод дотор биеллээ олж, улмаар Түүний махбод ажлыг нь хариуцахад хангалттай болдог. Тиймээс, бие махбодтой болсон байх хугацаанд Бурханы Сүнсний бүх ажил нь Христийн ажлаар солигддог бөгөөд бие махбодтой болсон хугацааны туршид бүх ажлын цөм нь Христийн ажил байдаг. Үүнийг өөр ямар ч эрин үеийн ажилтай хольж болохгүй. Бурхан махбод болсон тул махбодынхоо ялгамж чанараар ажилладаг; Тэр махбодоор ирдэг тул хийх учиртай ажлаа махбодоор хийж дуусгадаг. Бурханы Сүнс ч бай, Христ ч бай, хоёулаа Бурхан Өөрөө бөгөөд хийх учиртай ажлаа хийж, биелүүлэх учиртай үйлчлэлээ биелүүлдэг.

Бурханы мөн чанар нь өөрөө эрх мэдэл эзэмшдэг боловч Өөрөөс нь гардаг эрх мэдэлд Тэр бүрэн захирагдаж чаддаг. Сүнсний ажил ч бай, махбодын ажил ч бай, аль нь ч нөгөөтэйгөө зөрчилддөггүй. Бурханы Сүнс бол бүх бүтээлийн дээрх эрх мэдэл юм. Бурханы мөн чанартай махбод ч бас эрх мэдэл эзэмшдэг, гэхдээ махбод дахь Бурхан нь тэнгэрлэг Эцэгийн хүслийг дуулгавартай дагадаг бүх ажлыг хийж чаддаг. Үүнд нэг ч хүн хүрч, ухан ойлгож чадахгүй. Бурхан Өөрөө эрх мэдэл боловч Түүний махбод эрх мэдэлд нь захирагдаж чадна. “Эцэг Бурханы хүслийг Христ дуулгавартай дагадаг” гэдэг үгийн цаад учир энэ билээ. Бурхан бол Сүнс бөгөөд авралын ажлыг хийж чаддаг, хүн болох үедээ ч үүнийг хийж чаддаг. Ямартай ч, Бурхан Өөрөө Өөрийнхөө ажлыг хийдэг; Тэр саад болдог ч үгүй, үймүүлдэг ч үгүй, өөр хоорондоо зөрчилддөг ажил бүр ч хийдэггүй, учир нь Сүнс, махбод хоёрын хийдэг ажлын мөн чанар адилхан юм. Сүнс ч бай, махбод ч бай, хоёулаа нэг хүслийг биелүүлэхийн төлөө ажиллаж, адилхан ажлыг удирддаг. Сүнс, махбод хоёр харьцуулшгүй хоёр өөр чанартай хэдий ч мөн чанар нь адилхан; хоёулаа Бурханы Өөрийн мөн чанар болон ялгамж чанарыг агуулдаг. Бурханд Өөрт нь дуулгаваргүй байдлын ямар ч элемент байхгүй; Түүний мөн чанар нь сайн. Тэр бол бүх гоо үзэсгэлэн, сайн сайхан, бүх хайрын илэрхийлэл билээ. Бурхан махбодод байхдаа ч гэсэн, Эцэг Бурханд дуулгаваргүй хандах юу ч хийдэггүй. Амиа золиослоод ч хамаагүй, Тэр чин сэтгэлээсээ тийнхүү үйлдэхэд бэлэн байх ба өөр ямар ч сонголт хийхгүй. Бурханд Өөрийгөө зөвтгөж, чухалчилдаг, ихэрхүү, биеэ тоосон байдлын ямар ч элемент байдаггүй; шударга бус зангийн ямар ч элемент байдаггүй. Бурханд дуулгаваргүй байдаг бүхэн Сатанаас гардаг; Сатан бол бүх муу муухай, хорон муугийн эх сурвалж билээ. Хүнийг Сатан завхруулж, боловсруулсан учраас л Сатаныхтай адил чанартай байдаг. Христийг Сатан завхруулаагүй, иймээс Тэр зөвхөн Бурханы шинж чанарыг агуулдаг ба Сатаны шинж чанарын аль нь ч байдаггүй. Ажил хэчнээн хэцүү бэрх ч бай, махбод хэчнээн сул дорой ч бай хамаагүй, Бурхан махбодод амьдрах зуураа Бурханы Өөрийн ажилд саад болох зүйл хэзээ ч хийхгүй, Эцэг Бурханы хүслийг дуулгаваргүй байдлаар бүр ч хаяхгүй. Тэрээр Эцэг Бурханы хүслийг эсэргүүцсэний оронд бие махбодын зовлон туулахыг илүүд үзнэ; Есүс “Эцэг минь, хэрвээ боломжтой бол энэ аягыг Надаас өнгөрүүлээч; гэхдээ Миний хүслээр биш, харин Таны хүслээр болог” гэж залбиран хэлсэнтэй энэ нь яг адилхан юм. Хүмүүс өөрийнхөө сонголтыг хийдэг, харин Христ тэгдэггүй. Хэдий Тэр Бурханы Өөрийн ялгамж чанартай ч махбодын өнцгөөс Эцэг Бурханы хүслийг мөн л эрж хайдаг ба Өөрт нь Эцэг Бурханы даалгасан зүйлийг биелүүлдэг. Энэ нь хүний хүрч чадахгүй зүйл юм. Сатанаас гардаг зүйл Бурханы мөн чанартай байж чаддаггүй; харин Бурханд дуулгаваргүй байж, эсэргүүцдэг мөн чанартай байж л чадна. Сатан Бурханд бүрэн дуулгавартай байж чаддаггүй, Бурханы хүслийг дуртайяа дуулгавартай дагаж бүр ч чаддаггүй. Христээс бусад бүх хүн Бурханыг эсэргүүцэх зүйл хийж магадгүй бөгөөд Бурханы даалгасан ажлыг нэг ч хүн шууд өөртөө авч чадахгүй; нэг ч хүн Бурханы удирдлагыг өөрсдийн гүйцэтгэх үүрэг гэж үзэж чаддаггүй. Христийн мөн чанар нь Эцэг Бурханы хүсэлд захирагдах явдал юм; Бурханы эсрэг дуулгаваргүй байдал бол Сатаны шинж чанар мөн. Энэ хоёр чанар нь нийцдэггүй ба Сатаны шинж чанартай хэнийг ч Христ гэж нэрлэж болохгүй. Хүн Бурханы ажлыг оронд нь хийж чаддаггүйн шалтгаан гэвэл хүнд Бурханы ямар ч мөн чанар байдаггүй. Хүн хувийн ашиг сонирхол, хэтийн ирээдүйнхээ тусын тулд Бурханы төлөө ажилладаг, харин Христ бол Эцэг Бурханы хүслийг биелүүлэхийн тулд ажилладаг.

Христийн хүн чанарыг бурханлаг чанар нь удирддаг. Хэдий Тэр махбодтой ч, хүн чанар нь тэр чигтээ махан биетэй хүнийхтэй адилгүй. Түүнд Өөрийн гэсэн цор ганц зан араншин байдаг бөгөөд үүнийг ч гэсэн бурханлаг чанар нь удирддаг. Түүний бурханлаг чанарт ямар ч сул тал байхгүй; Христийн сул тал гэж хүн чанарынх нь сул талыг хэлдэг. Энэ сул тал нь Түүний бурханлаг чанарыг тодорхой хэмжээнд хязгаарладаг боловч ийм хязгаарлалт нь хэмжээ хязгааргүй бус, харин тодорхой цар хүрээ, цаг хугацаан дотор байдаг. Бурханлаг чанарынхаа ажлыг хэрэгжүүлэх цаг нь болоход, Түүний хүн чанараас үл хамааран энэ нь хийгддэг. Христийн хүн чанарыг бурханлаг чанар нь бүрэн чиглүүлдэг. Түүний хүн чанарын хэвийн амьдралаас гадна хүн чанарынх нь бусад бүх үйлдэлд бурханлаг чанар нь нөлөө үзүүлж, нөлөөлж, удирдаж байдаг. Христ хүн чанартай хэдий ч бурханлаг чанарынх нь ажилд энэ нь саад болдоггүй бөгөөд яг нарийндаа энэ нь Христийн хүн чанарыг бурханлаг чанар нь чиглүүлдгээс үүдэлтэй; Түүний хүн чанар нь бусадтай харилцахдаа биеэ хэрхэн авч явах тухайд төлөвшөөгүй байдаг ч бурханлаг чанарынх нь хэвийн ажилд нөлөөлдөггүй. Христийн хүн чанар завхраагүй гэж хэлэхдээ Би, Түүний хүн чанарыг бурханлаг чанар нь шууд захирч чаддаг, мөн Тэрээр жирийн хүнийг бодвол илүү эрүүл ухаантай байдаг гэх утгаар хэлдэг юм. Ажилдаа бурханлаг чанараар удирдуулахад Түүний хүн чанар хамгийн тохиромжтой байдаг; Түүний хүн чанар нь бурханлаг чанарын ажлыг хамгийн сайн илэрхийлж чаддаг, мөн ийм ажилд хамгийн сайн захирагдаж чаддаг. Бурхан махбодод ажиллахдаа махан биетэй хүний биелүүлэх учиртай үүргээс хэзээ ч хараа салгадаггүй; Тэрээр тэнгэр дэх Бурханыг чин зүрх сэтгэлээр шүтэн мөргөх чадвартай. Түүнд Бурханы мөн чанар байдаг бөгөөд Түүний ялгамж чанар бол Бурханы Өөрийн ялгамж чанар юм. Тэр гагцхүү газар дээр ирээд, бүтээгдсэн зүйлийн гадаад бүрхүүлтэй бүтээгдсэн зүйл болж, урьд нь Түүнд байгаагүй хүн чанарыг эзэмшсэн. Тэрээр тэнгэр дэх Бурханыг шүтэн мөргөж чаддаг, энэ нь Бурханы Өөрийн оршихуй бөгөөд хүн дуурайшгүй билээ. Түүний ялгамж чанар бол Бурхан Өөрөө. Махбодын өнцгөөс л Тэрээр Бурханыг шүтэн мөргөдөг; тиймээс, “Христ тэнгэр дэх Бурханыг шүтэн мөргөдөг” гэх үг буруу биш. Тэрээр хүнээс яг Өөрийн оршихуйг л шаарддаг; хүнээс ийм зүйл шаардахынхаа өмнө Өөрөө энэ бүхэндээ аль хэдийн хүрсэн байдаг. Тэр Өөрөө ангид байх зуураа бусдад хэзээ ч шаардлага тавихгүй, учир нь энэ бүхэн Түүний оршихуйг бүрдүүлдэг. Тэр ажлаа хэрхэн хэрэгжүүлдэг нь хамаагүй, Бурханд дуулгаваргүй ханддаг байдлаар авирлахгүй. Тэр хүнээс юу ч шаарддаг байлаа гэсэн, ямар ч шаардлага нь хүний хүрч чадах зүйлээс хэтэрдэггүй. Түүний хийдэг бүхэн Бурханы хүслийг биелүүлдэг бөгөөд Түүний удирдлагын төлөө байдаг. Христийн бурханлаг чанар бүх хүнээс дээр байдаг; тиймээс Тэр бол бүтээгдсэн бүх зүйлээс хамгийн өндөр дээд эрх мэдэл юм. Энэ эрх мэдэл нь Түүний бурханлаг чанар, өөрөөр хэлбэл, Бурханы Өөрийн зан чанар, оршихуй бөгөөд энэ нь Түүний ялгамж чанарыг тодорхойлдог. Тиймээс, Түүний хүн чанар хэчнээн хэвийн ч бай, Түүнд Бурханы Өөрийн ялгамж чанар байдаг гэдэг нь маргаангүй; Тэр ямар өнцгөөс ярьж, Бурханы хүслийг яаж ч дуулгавартай дагадаг байлаа гэсэн, Түүнийг Бурхан Өөрөө биш гэж хэлж болохгүй. Мунхаг, мэдлэггүй хүмүүс Христийн хэвийн хүн чанарыг өө сэв гэж үздэг. Тэр бурханлаг чанарын оршихуйгаа яаж ч илэрхийлж, илчиллээ гэсэн, хүн Түүнийг Христ гэж хүлээн зөвшөөрөх чадваргүй. Христ Өөрийн дуулгавартай, даруу байдлыг харуулах тусам, тэнэг хүмүүс Христийг улам хөнгөн хуумгай авч үздэг. Түүнд гадуурхаж, басамжилсан хандлагаар ханддаг атлаа ихэмсэг дүртэй “агуу хүмүүс”-ийг шүтэхээр ширээн дээр залдаг хүмүүс ч байдаг. Бурханд хандах хүний эсэргүүцэл, дуулгаваргүй байдал нь, бие махбодтой болсон Бурханы мөн чанар Бурханы хүсэлд захирагддаг баримтаас, мөн Христийн хэвийн хүн чанараас үүдэн гардаг; энэ нь Бурханд хандах хүний эсэргүүцэл, дуулгаваргүй байдлын эх үүсвэр юм. Христэд хүн чанарынх нь гадаад төрх байгаагүй, бүтээгдсэн зүйлийн өнцгөөс Эцэг Бурханы хүслийг ч эрж хайгаагүй, харин оронд нь супер хүн чанарыг эзэмшсэн байсан бол хүмүүсийн дунд ямар ч хүн дуулгаваргүй хандахгүй байсан байх. Хүн тэнгэр дэх үл үзэгдэх Бурханд итгэхэд үргэлж бэлэн байдгийн шалтгаан нь тэнгэр дэх Бурханд хүн чанар байдаггүй, бүтээгдсэн зүйлийн ганц ч чанар байдаггүй. Тиймээс хүн үргэлж тэнгэр дэх Бурханд хамгийн их хүндэтгэлтэйгээр ханддаг боловч Христэд басамжилсан хандлага гаргадаг.

Газар дээрх Христ нь Бурханы Өөрийн өмнөөс ажиллах чадвартай хэдий ч махбод дахь дүрээ бүх хүнд харуулах санаа зорилготойгоор ирдэггүй. Тэрээр бүх хүнд Өөрийгөө харуулахаар ирдэггүй; Өөрийнх нь гараар удирдуулах боломжийг хүмүүст олгож, улмаар шинэ эрин үе рүү оруулах гэж Тэр ирдэг. Христийн махбодын чиг үүрэг нь Бурханы Өөрийн ажлын төлөө, өөрөөр хэлбэл, махбод дахь Бурханы ажлын төлөө байдаг болохоос махбодынхаа мөн чанарыг хүмүүст бүрэн ойлгуулахын төлөө байдаггүй. Тэр яаж ч ажиллалаа гэсэн, Түүний хийдэг юу ч махбодын хийж чадах зүйлээс хэтэрдэггүй. Тэр яаж ч ажиллалаа гэсэн, хэвийн хүн чанартай махбодоор ажилладаг бөгөөд Бурханы жинхэнэ төрх байдлыг хүнд бүрэн илчилдэггүй. Үүнээс гадна, махбод дахь Түүний ажил хэзээ ч хүний төсөөлдөг шиг ер бусын, үнэлж баршгүй байдаггүй. Христ махбод дахь Бурханыг Өөрийг нь төлөөлж, Бурханы Өөрийн хийх учиртай ажлыг биечлэн хэрэгжүүлдэг хэдий ч тэнгэр дэх Бурханы оршин тогтнолыг үгүйсгэдэггүй, Өөрийнхөө үйл хэргийг ч улайран тунхагладаггүй. Харин ч Тэрээр махбод дотроо даруухнаар нуугдсан хэвээр үлддэг. Христээс гадна, өөрсдийгөө Христ хэмээн хуурамчаар зарладаг хүмүүст Түүний чанарууд байдаггүй. Тэрхүү хуурамч Христүүдийн биеэ тоож, өөрсдийгөө өргөмжилдөг зан чанартай харьцуулж үзэх үед, ямархуу махбод үнэхээр Христ вэ гэдэг нь илэрхий болдог. Тийм хуурамч Христүүд хэдий чинээ хуурамч байна, төдий чинээ бардамнадаг бөгөөд хүнийг мэхлэхийн тулд төдий чинээ тэмдэг, гайхамшиг үзүүлэх чадвартай байдаг. Хуурамч Христүүдэд Бурханы чанар байдаггүй; хуурамч Христэд хамаардаг ямар ч элемент Христэд холилдоогүй байдаг. Бурхан махбодын ажлыг гүйцэтгэхийн тулд л махбод болдог болохоос, зүгээр л Өөрийгөө хүмүүст харуулах гэсэндээ тэгдэггүй. Харин ч Тэр Өөрийнхөө ажлаар ялгамж чанараа бататгаж, Өөрийнхөө илчилдэг зүйлээр мөн чанараа баталгаажуулдаг. Түүний мөн чанар үндэслэлгүй биш; ялгамж чанараа Тэр Өөрийн гараар булаан аваагүй; энэ нь Түүний ажил болон мөн чанараар тодорхойлогддог. Хэдий Тэр Бурханы Өөрийн мөн чанартай, Бурханы Өөрийн ажлыг хийх чадвартай ч эцсийн эцэст бас л Сүнстэй адилгүй махбод билээ. Тэр бол Сүнсний чанартай Бурхан биш; харин махбодын бүрхүүлтэй Бурхан юм. Тиймээс, Тэр хэчнээн хэвийн, хэчнээн сул дорой ч байсан бай, мөн Эцэг Бурханы хүслийг яаж ч эрж хайдаг бай хамаагүй, Түүний бурханлаг чанарыг үгүйсгэх аргагүй. Бие махбодтой болсон Бурханд хэвийн хүн чанар болон хэвийн хүн чанарын сул талууд оршдог төдийгүй, бурханлаг чанарынх нь гайхалтай, тайлагдашгүй байдал, түүнчлэн махбод дахь бүх үйл хэрэг нь ч бас оршдог. Тиймээс, Христийн дотор хүн чанар, бурханлаг чанарын аль аль нь үнэхээр, бодитоор оршдог. Энэ нь огтхон ч хоосон, ер бусын зүйл биш. Тэрээр ажил гүйцэтгэх үндсэн зорилготойгоор газар дээр ирдэг; газар дээр ажил гүйцэтгэхийн тулд хэвийн хүн чанартай байх шаардлагатай; эс бөгөөс, Түүний бурханлаг чанарын хүч чадал хэчнээн их байсан ч, анхдагч чиг үүргээ сайтар биелүүлж чадахгүй. Түүний хүн чанар асар их ач холбогдолтой хэдий ч энэ нь Түүний мөн чанар биш. Түүний мөн чанар бол бурханлаг чанар юм; тиймээс газар дээрх үйлчлэлээ хэрэгжүүлж эхлэх мөчид Тэрээр бурханлаг чанарынхаа оршихуйг илэрхийлж эхэлдэг. Түүний хүн чанар нь гагцхүү махбодынхоо хэвийн амьдралыг хангахын төлөө оршдог, ингэснээр Түүний бурханлаг чанар махбодод хэвийн ажиллаж чаддаг; бурханлаг чанар л Түүний ажлыг бүхэлд нь чиглүүлдэг. Өөрийн ажлыг дуусгах үедээ Тэр үйлчлэлээ хэрэгжүүлсэн байх болно. Хүний мэдэх учиртай зүйл бол Түүний бүхий л ажил бөгөөд Өөрийн ажлаар л дамжуулан Тэр Өөрийг нь мэдэх боломжийг хүнд олгодог. Тэрээр ажлынхаа явцад бурханлаг чанарынхаа оршихуйг нэлээд бүрэн илэрхийлдэг бөгөөд энэ нь хүн чанар холилдсон зан чанар юм уу хүний бодол, зан авир холилдсон оршихуй биш. Бүх үйлчлэл нь дуусах цаг ирэхэд Тэр илэрхийлэх учиртай зан чанараа аль хэдийн бүрэн, төгс илэрхийлсэн байх болно. Түүний ажил ямар нэг хүний заавраар явагддаггүй; Түүний зан чанарын илэрхийлэл ч бас нэлээд чөлөөтэй байдаг бөгөөд оюун санаагаар хянуулж, эсвэл бодлоор боловсруулагддаггүй, харин аяндаа илчлэгддэг. Энэ нь хэний ч хийж чадахгүй зүйл юм. Хүрээлэн буй орчин хахир хатуу, тааламжгүй байсан ч гэсэн, Тэрээр тохиромжтой цагт нь зан чанараа илэрхийлж чаддаг. Христ болох Нэгэн нь Христийн оршихуйг илэрхийлдэг бол Христ биш хүмүүст Христийн зан чанар байдаггүй. Тиймээс, Түүнийг бүгд эсэргүүцэж, Түүний талаар үзэлтэй боллоо ч гэсэн, Христийн илэрхийлсэн зан чанар Бурханых мөн гэдгийг хүний үзэлд үндэслээд хэн ч үгүйсгэж чадахгүй. Чин зүрх сэтгэлээр Христийг эрэлхийлдэг, эсвэл Бурханыг зориуд эрж хайдаг бүх хүн, Түүний бурханлаг чанарын илэрхийлэлд үндэслээд Христ мөн гэдгийг нь хүлээн зөвшөөрнө. Хүний үзэлтэй нийцдэггүй ямар нэг талаас нь болж Христийг тэд хэзээ ч үгүйсгэхгүй. Хүн хэдий маш мунхаг боловч хүний хүсэл юу болох, Бурханаас юу үүддэг болохыг бүгд яг таг мэдэж байдаг. Гагцхүү өөрсдийнхөө санаа зорилгоос үүдэн олон хүн Христийг санаатайгаар эсэргүүцдэг. Хэрвээ ийм биш байсан бол, Христийн оршин тогтнолыг үгүйсгэх шалтгаан ганц ч хүнд байхгүй байх байв, учир нь Христийн илэрхийлдэг бурханлаг чанар үнэхээр оршин байдаг ба Түүний ажлыг энгийн нүдээр харж болно.

Христийн ажил болон илэрхийлэл мөн чанарыг нь тодорхойлдог. Тэрээр Өөрт нь даалгасан зүйлийг чин сэтгэлээр гүйцэлдүүлж чаддаг. Тэрээр тэнгэр дэх Бурханыг чин сэтгэлээр шүтэн мөргөж чаддаг бөгөөд Эцэг Бурханы хүслийг үнэн зүрх сэтгэлээсээ эрж хайдаг. Энэ бүгд Түүний мөн чанараар тодорхойлогддог. Иймээс Түүний төрөлхийн илэрхийлэл ч гэсэн мөн чанараар нь тодорхойлогддог; үүнийг “төрөлхийн илэрхийлэл” гэж нэрлэдгийн минь шалтгаан нь Түүний илэрхийлэл бол даган дуурайсан явдал биш, хүний олгосон боловсролын үр дүн ч биш, хүний олон жилийн боловсруулалтын үр дүн ч бас биш. Тэр үүнийг сураагүй, эсвэл Өөрийгөө үүгээр гоёогүй; харин ч энэ нь Түүний дотор төрөлхөөсөө байдаг. Хүн, Түүний ажил, илэрхийлэл, хүн чанар болон хэвийн хүн чанарынх нь бүхий л амьдралыг үгүйсгэж болох боловч тэнгэр дэх Бурханыг үнэн сэтгэлээсээ шүтдэг мөргөдгийг нь хэн ч үгүйсгэж чадахгүй; тэнгэрлэг Эцэгийн хүслийг биелүүлэхээр ирснийг нь хэн ч үгүйсгэж чадахгүй, мөн Эцэг Бурханыг эрж хайдаг чин сэтгэлийг нь хэн ч үгүйсгэж чадахгүй. Хэдий Түүний дүр мэдрэхүйд таатай биш, яриа нь ер бусын өнгө аясгүй, ажил нь хүний төсөөлдөг шиг газар донсолгож, тэнгэр чичрүүлэм биш боловч Тэр бол үнэхээр тэнгэрлэг Эцэгийн хүслийг үнэн сэтгэлээсээ биелүүлж, тэнгэрлэг Эцэгт бүрэн захирагдаж, үхэн үхтэлээ дуулгавартай байдаг Христ мөн юм. Учир нь Түүний мөн чанар бол Христийн мөн чанар билээ. Энэхүү үнэнд хүн итгэхэд хэцүү боловч энэ нь бодит баримт мөн. Христийн үйлчлэл бүрэн гүйцэлдэх үед, Түүний зан чанар болон оршихуй нь тэнгэр дэх Бурханы зан чанар, оршихуйг төлөөлдөг болохыг хүн Түүний ажлаас харж чадна. Тэр үед, Тэрээр үнэхээр махбод болсон Үг мөн бөгөөд мах цуснаас бүрдсэн хүнтэй адилгүй гэдгийг Түүний бүх ажлын нийлбэр цогц баталж чадна. Газар дээрх Христийн ажлын алхам бүр өөрийн гэсэн бэлгэдлийн ач холбогдолтой байдаг боловч алхам бүрийн бодит ажлыг туулдаг хүн Түүний ажлын ач холбогдлыг ухаарч чаддаггүй. Ялангуяа хоёр дахь удаа бие махбодтой болохдоо Бурханы гүйцэтгэдэг ажлын хэд хэдэн алхмын хувьд ийм байдаг. Христийн үгийг л үзэж дуулснаас биш, Түүнийг хэзээ ч харж байгаагүй ихэнх хүн Түүний ажлын талаар ямар ч үзэлгүй байдаг; Христийг харж, үгийг нь сонссон, мөн ажлыг нь туулсан хүмүүст Түүний ажлыг хүлээн авахад хэцүү байдаг. Христийн гадаад төрх, хэвийн хүн чанар хүнд таалагддаггүй учраас тэр биш үү? Христийг явсны дараа ажлыг нь хүлээн авдаг хүмүүст ийм бэрхшээл гарахгүй, учир нь тэд ердөө л Түүний ажлыг хүлээн авдаг ба Христийн хэвийн хүн чанартай харилцдаггүй. Хүн Бурханы талаарх үзлээ орхиж чаддаггүй, харин ч Түүнийг няхуур судалдаг; энэ нь, хүн Түүний гадаад төрхийг л анхаардгаас биш, ажил болон үгэнд нь үндэслэн Түүний мөн чанарыг таньж чаддаггүйгээс болдог. Хэрвээ хүн Христийн гадаад төрхийг нүдээ анин өнгөрөөж, эсвэл Христийн хүн чанарын талаар ярилцахаас зайлсхийж, ажил болон үгийг нь ямар ч хүн биелүүлэх аргагүй бурханлаг чанарынх нь тухай л ярьдаг бол хүний үзэл хоёр дахин багасаж, бүх бэрхшээл нь шийдвэрлэгдэх хэмжээнд ч хүрнэ. Бие махбодтой болсон Бурханы ажлын үеэр хүн Түүнийг тэвчиж чаддаггүй, Түүний талаарх тоо томшгүй үзлээр дүүрэн байдаг бөгөөд эсэргүүцэж, дуулгаваргүй байх тохиолдол түгээмэл байдаг. Хүн Бурханы оршин тогтнолыг тэвчиж, Христийн номхон даруу, нууцлаг байдлыг хүлцэж, тэнгэрлэг Эцэгийг дуулгавартай дагадаг Христийн мөн чанарыг уучилж чаддаггүй. Тиймээс, Тэр ажлаа дуусгасны дараа хүнтэй хамт мөнхөд үлдэж чадахгүй, учир нь хүн Түүнийг өөрсөдтэй нь хамт амьдрахыг зөвшөөрөхийг хүсдэггүй. Хүн Түүнийг ажлынх нь хугацаанд хүлцэж чадахгүй бол үйлчлэлээ хэрэгжүүлчихээд өөрсдийнх нь хажууд амьдарч, Түүний үгийг аажмаар туулахыг нь харахыг хэрхэн тэвчиж чадах билээ? Тэр үед Түүнээс болж олон хүн унахгүй гэж үү? Хүн Түүнд газар дээр ажиллахыг л зөвшөөрдөг; энэ нь хүний хүлцэх хамгийн дээд хязгаар юм. Хэрвээ Түүний ажил байгаагүй бол хүн Түүнийг аль хэдийн газар дэлхийгээс хөөн зайлуулчих байсан, тэгэхээр ажил нь дуусчихвал Түүнд хэчнээн хүлээцгүй хандах билээ? Тэр үед хүн Түүнийг цаазалж, үхтэл нь тамлахгүй гэж үү? Хэрвээ Түүнийг Христ гэдэггүй байсан бол Тэр хүн төрөлхтний дунд ажиллаж чадахгүй байх байсан; хэрвээ Тэр Бурханы Өөрийн ялгамж чанараар ажиллалгүй, ердөө л хэвийн хүн шиг ажилласан бол хүн Түүний ажлын өчүүхэн хэсгийг тэвчих нь байтугай, айлдсан ганц өгүүлбэрийг нь ч тэвчихгүй байх байсан юм. Иймээс Тэр Өөрийнхөө ажилд энэ ялгамж чанараа л авч явах болдог. Ингэхгүй байсныг бодвол, Түүний ажил ийм маягаар илүү хүчирхэг байдаг, учир нь хүмүүс бүгд зэрэг зиндаа, агуу ялгамж чанарыг дуулгавартай дагахыг хүсдэг. Хэрвээ Тэр ажиллахдаа, эсвэл Бурхан Өөрөө болон гарч ирэхдээ Бурханы Өөрийн ялгамж чанарыг авч яваагүй бол, ажил хийх боломж Түүнд огт байхгүй байх байв. Түүнд Бурханы мөн чанар, Христийн оршихуй байдаг хэмээх бодит баримтыг үл харгалзан, хүн Түүнд уужуу сэтгэл гаргаж, хүн төрөлхтний дунд санаа амар ажлаа явуулах боломж олгохгүй байх байв. Тэрээр ажилдаа Бурханы ялгамж чанарыг авч явдаг; хэдийгээр ийм ажил нь, тийм ялгамж чанаргүйгээр хийснээс олон арав дахин илүү хүчтэй боловч хүн Түүнд одоо ч бүрэн дуулгавартай байдаггүй, учир нь хүн Түүний мөн чанарт биш, зэрэг зиндаанд нь л захирагддаг. Тэгвэл, нэг л өдөр Христ албан тушаалаасаа буувал ганц өдөр ч гэсэн амьд явах боломжийг хүн Түүнд олгох байсан гэж үү? Өөрийн гараар хийсэн ажлаас нь хожмын он жилүүдэд гарах үр нөлөөг харахын тулд Бурхан хүнтэй хамт газар дээр амьдрахыг хүсдэг. Гэвч хүн Түүний байгааг ганц ч өдөр тэвчиж чадахгүй, иймээс Түүнд болихоос өөр арга байхгүй. Хүмүүсийн дунд хийх ёстой ажлаа хийж, Өөрийн үйлчлэлийг хэрэгжүүлэх боломжийг Бурханд олгосон гэдэг нь хэдийнээ хүний хүлээцтэй байдал, нигүүлслийн хамгийн дээд хязгаар билээ. Түүний биечлэн байлдан дагуулсан хүмүүс Түүнд ийм нигүүлсэл үзүүлдэг хэдий ч, нэг ч хором хэтрүүлэлгүй, ажлаа дуустал үлдэхийг л Түүнд зөвшөөрдөг. Тэгвэл Түүний байлдан дагуулаагүй хүмүүс яах вэ? Тэрээр хэвийн хүний бүрхүүлтэй Христ учраас хүн бие махбодтой болсон Бурханд ийм маягаар ханддаг бус уу? Хэрвээ Түүнд хэвийн хүн чанар бус, бурханлаг чанар л байсан бол, хүний бэрхшээлүүд хамгийн хялбархан шийдвэрлэгдэх байсан бус уу? Мөн чанар нь тэнгэрлэг Эцэгийн хүсэлд захирагддаг Христийнх яг мөн байлаа ч гэсэн Түүний бурханлаг чанарыг хүн дурамжхан хүлээн зөвшөөрч, эгэл хүний бүрхүүлийг нь огт сонирхдоггүй. Тийм болохоор Тэр баяр баясгалан, уй гашуугийн аль алийг нь хуваалцахаар хүмүүсийн дунд байх ажлаа цуцлахаас өөр аргагүй болсон, учир нь хүн Түүний оршин тогтнолыг цаашид тэвчиж чадахгүй.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил

Өмнөх: 5. Аврагдаж, төгс болгуулахын тулд чи Бурханд хэрхэн итгэх ёстой вэ?

Дараах: 2. Бурхан махбодтой болохын чухал ач холбогдол

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Messenger дээр бидэнтэй холбоо барих