2. Бурхан махбодтой болохын чухал ач холбогдол
Холбогдох Бурханы үг:
Энэхүү махбод хүн төрөлхтөнд маш чухал, учир нь Тэр бол хүн, үүнээс ч илүүтэйгээр Бурхан, Тэрээр махан биетэй жирийн хүний хийж чадахгүй ажлыг хийж чаддаг, Өөртэй нь хамт газар дэлхий дээр амьдарч байгаа завхарсан хүнийг аварч чаддаг. Хэдий Тэр бас хүн ч гэсэн бие махбодтой болсон Бурхан нь хүн төрөлхтний хувьд ямар ч үнэ цэнтэй хүнээс илүү чухал, учир нь Тэр Бурханы Сүнсний хийж чадахгүй ажлыг хийж чаддаг бөгөөд Бурханы Сүнснээс илүүтэйгээр Бурханд Өөрт нь гэрчлэл хийж чаддаг, Бурханы Сүнснээс илүүтэйгээр хүн төрөлхтнийг бүрэн олж авч чаддаг. Үүний үр дүнд хэдий энэ махбод хэвийн, эгэл жирийн ч гэсэн хүн төрөлхтөнд оруулсан Түүний хувь нэмэр, хүн төрөлхтний оршин тогтнол дахь Түүний ач холбогдлын тухайд гэвэл тэдгээр нь тун эрхэм нандин бөгөөд энэ махбодын жинхэнэ үнэ цэн, ач холбогдол ямар ч хүний хувьд хэмжээлшгүй юм. Хэдийгээр энэ махбод Сатаныг шууд устгаж чадахгүй ч гэсэн Өөрийн ажлыг ашиглан хүн төрөлхтнийг байлдан дагуулж, Сатаныг ялж, Сатаныг Өөрийн ноёрхолд буулт хийлгэж чадна. Бурхан бие махбодтой болсон болохоор Сатаныг ялан дийлж, хүн төрөлхтнийг аварч чаддаг. Тэр Сатаныг шууд устгадаггүй, харин махбод болж, Сатаны завхруулсан хүн төрөлхтнийг байлдан дагуулах ажил хийдэг. Ийм маягаар Тэр бүтээгдсэн зүйлсийн дунд Өөртөө илүү сайн гэрчлэл хийж чадна, завхарсан хүн төрөлхтнийг илүү сайн аварч чадна. Бие махбодтой болсон Бурхан Сатаныг ялах нь Бурханы Сүнс Сатаныг шууд устгаснаас илүү их гэрчлэл хийдэг, мөн илүү үнэмшилтэй байдаг. Махбод дахь Бурхан, Бүтээгчийг мэдэхэд нь хүнд илүү тустай бөгөөд бүтээгдсэн зүйлсийн дунд Өөртөө илүү сайн гэрчлэл хийж чаддаг.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Завхарсан хүн төрөлхтөнд бие махбодтой болсон Бурханы аврал илүү их хэрэгтэй
Махбод дахь Түүний ажлын хамгийн том давуу тал нь Тэрээр үнэн зөв үг, захиас болон хүн төрөлхтний төлөөх нарийн тодорхой санаа зорилгоо Өөрийг нь дагадаг хүмүүст үлдээж чадна, ингэснээр Түүний дагалдагчид хожим нь махбод дахь Түүний бүх ажлыг болон бүх хүн төрөлхтний төлөөх Түүний санаа зорилгыг илүү үнэн зөвөөр, илүү бодит байдлаар, энэ замыг хүлээн авдаг хүмүүст дамжуулж чадна. Махбод дахь Бурхан хүмүүсийн дунд ажиллах нь л Бурхан хүнтэй хамт байж, хамт амьдардаг явдлыг үнэхээр бодит байдал болгох ба Бурханы царайг харах, Бурханы ажлыг үзэх, Бурханы Өөрийн үгийг сонсох гэсэн хүний хүслийг биелүүлдэг. Бие махбодтой болсон Бурхан, Еховагийн нуруу л хүн төрөлхтөнд харагддаг эрин үеийг төгсгөдөг ба тодорхойгүй бурхадад итгэх хүн төрөлхтний итгэлийн эрин үеийг ч бас дуусгавар болгодог. Ялангуяа сүүлчийн удаа бие махбодтой болсон Бурханы ажил нь бүх хүн төрөлхтнийг илүү бодит байдалд үндэслэсэн, илүү бодит, илүү сайхан эрин үед аваачдаг. Энэхүү ажил нь хууль болон дүрэм журмын эрин үеийг дуусгавар болгоод зогсохгүй, бүр ч чухал нь, бодит агаад хэвийн, зөвт агаад ариун, удирдлагын төлөвлөгөөний ажлыг нээж, хүн төрөлхтний нууц болон хүрэх газрыг харуулдаг, хүн төрөлхтнийг бүтээж, удирдлагын ажлыг дуусгавар болгодог, хэдэн мянган жилийн туршид нуугдмал байсан Бурханыг хүн төрөлхтөнд илчилдэг. Энэхүү ажил нь тодорхойгүй байдлын эрин үеийг бүрэн дуусгавар болгож, бүх хүн төрөлхтөн Бурханы царайг харахаар эрж хайсан ч харж чаддаггүй байсан тэр эринийг дуусгаж, бүх хүн төрөлхтөн Сатанд үйлчилсэн эрин үеийг төгсгөж, бүх хүн төрөлхтнийг цоо шинэ эрин үе рүү хөтөлдөг. Энэ бүхэн нь Бурханы Сүнсний оронд махбод дахь Бурхан ажилласны үр дүн юм. Бурхан махбодоороо ажиллах үед л Түүнийг дагадаг хүмүүс оршдог, бас эс оршдог мэт санагддаг тэдгээр зүйлийн хойноос хөөцөлдөн, тэмтчихээ больж, тодорхойгүй бурхадын санаа зорилгыг таамаглахаа больдог. Бурхан махбод дахь ажлаа түгээх үед Түүнийг дагадаг хүмүүс махбодоор хийсэн ажлыг нь бүх шашин, урсгалд дамжуулж, Түүний бүх үгийг бүх хүн төрөлхтний чихэнд хүргэнэ. Түүний сайн мэдээг хүлээн авдаг хүмүүсийн сонсдог бүхэн нь Түүний ажлын баримт байх болно, хүний биечлэн үзэж, сонссон зүйлс байх болно, мөн цуу яриа биш, баримт байх болно. Эдгээр баримт нь Түүний ажлаа түгээдэг нотолгоо, бас ажлаа түгээхдээ ашигладаг багаж хэрэгсэл билээ. Баримт байхгүй бол Түүний сайн мэдээ бүх улс орон, бүх газар нутаг даяар түгэхгүй байх байсан; баримт байхгүйгээр зөвхөн хүний төсөөллөөр бол Тэр бүх орчлон ертөнцийг байлдан дагуулах ажлыг хэзээ ч хийж чадахгүй байх байсан юм. Сүнс бол хүний хувьд мэдрэгдэшгүй, үзэгдэшгүй бөгөөд Сүнсний ажил нь хүнд илүү их нотолгоо, Бурханы ажлын талаарх илүү их баримт үлдээж чадахгүй. Хүн Бурханы бодит нүүр царайг хэзээ ч харахгүй ба оршин байдаггүй тодорхойгүй бурханд үргэлж итгэдэг. Хүн Бурханы нүүр царайг хэзээ ч харахгүй, мөн Бурханы биечлэн хэлсэн үгийг хэзээ ч сонсохгүй. Хүний төсөөлөл эцсийн эцэст хоосон бөгөөд Бурханы жинхэнэ нүүр царайг орлож чадахгүй; Бурханы төрөлх зан чанар болон Бурханы Өөрийн ажлыг хүн дуурайж чадахгүй. Бурхан бие махбодтой болж, хүмүүсийн дунд ирээд, Өөрийн ажлыг биечлэн хийснээр л тэнгэр дэх үл үзэгдэх Бурхан болон Бурханы ажлыг газар дээр авчирч чадна. Энэ бол Бурхан хүнд илрэн харагддаг, мөн хүн Бурханыг харж, Бурханы жинхэнэ нүүр царайг мэдэж авах хамгийн тохиромжтой арга бөгөөд үүнийг бие махбодтой болоогүй Бурхан биелүүлж чадахгүй.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Завхарсан хүн төрөлхтөнд бие махбодтой болсон Бурханы аврал илүү их хэрэгтэй
Энэ удаад Бурхан сүнслэг биеэр биш, харин тун эгэл жирийн биеэр ажиллахаар ирсэн. Түүнчлэн энэ нь Бурханы махбод болсон хоёр дахь бие төдийгүй, бас махбодод Бурханы эргэн ирсэн бие юм. Энэ бол маш эгэл жирийн махбод. Түүнийг хараад чи Түүнээс бусдаас онцгойроод байх юм олж харж чадахгүй ч урьд өмнө нь хэзээ ч сонсож байгаагүй үнэнийг Түүнээс олж авах боломжтой. Энэ өчүүхэн махбод л Бурханы бүх үнэний үгийн биелэл, эцсийн өдрүүд дэх Бурханы ажлыг үүрэгч, Бурханы зан чанарыг бүхэлд нь хүнд ойлгуулдаг илэрхийлэл юм. Чи тэнгэр дэх Бурханыг харахыг асар ихээр хүсдэггүй гэж үү? Чи тэнгэр дэх Бурханыг ойлгохыг үнэхээр их хүсдэггүй гэж үү? Чи хүн төрөлхтний хүрэх газрыг харахыг үлэмж ихээр хүсдэггүй гэж үү? Тэр чамд өөр хэний ч хэлж чадаагүй энэ бүх нууцыг хэлнэ, Тэр бас чиний ойлгодоггүй үнэнийг хэлж өгнө. Тэр бол хаанчлалд орох чиний хаалга, шинэ эрин үе рүү хөтлөх чиний хөтөч юм. Ийм эгэл жирийн махбод хүн ойлгохын аргагүй олон нууцыг агуулдаг. Түүний үйл хэрэг чамд ойлгомжгүй байж болох ч Түүний хийдэг ажлын бүхий л зорилго нь Тэр бол хүмүүсийн боддог шиг энгийн махбод биш гэдгийг хангалттай харуулдаг, учир нь Тэрээр эцсийн өдрүүд дэх Бурханы санаа зорилгыг болон эцсийн өдрүүд дэх хүн төрөлхтнийг гэх Бурханы халамжийг төлөөлдөг. Хэдийгээр чи тэнгэр, газрыг доргиох мэт Түүний үгийг сонсож чадахгүй, галын дөл мэт дүрэлзэн буй Түүний нүдийг харж чадахгүй, Түүний төмөр савааны сахилгажуулалтыг хүлээн авч чадахгүй ч Түүний үгээс Бурхан уур хилэнтэй байгааг сонсож, Бурхан хүн төрөлхтөнд өршөөл үзүүлж байгааг мэдэж авч, Бурханы зөвт зан чанар, мэргэн ухааныг олж харахын сацуу бүх хүн төрөлхтнийг гэх Бурханы санаа зовнилыг бүр ч их ухаарч чадна. Эцсийн өдрүүд дэх Бурханы ажил нь тэнгэр дэх Бурхан хүмүүсийн дунд амьдарч байгааг газар дээр хүнд харуулж, Бурханыг мэдэх, дуулгавартай дагах, эмээх, хайрлах боломжийг хүмүүст олгохын төлөө байдаг. Ийм учраас Тэр махбодод хоёр дахь удаагаа эргэж ирсэн. Өнөөдөр хүмүүсийн хардаг зүйл бол хүнтэй адилхан, нэг хамар, хоёр нүдтэй, тун гойд зүйлгүй Бурхан ч гэлээ, хэрэв энэ хүн байгаагүй бол тэнгэрүүд болон газар асар их өөрчлөгдөх байсан; энэ хүн байгаагүй бол тэнгэр бүүдийж, газар дэлхий эмх замбараагүй байдалд автан, бүх хүн төрөлхтөн өлсгөлөн, тахал дунд амьдрах байсан гэдгийг эцэст нь Бурхан та нарт харуулна. Хэрэв эцсийн өдрүүдийн бие махбодтой болсон Бурхан та нарыг аврахаар ирээгүй бол Бурхан бүх хүн төрөлхтнийг аль эрт тамд устгах байсан; хэрэв энэ махбод байгаагүй бол та нар үүрд хүнд нүгэлтэн болж, үргэлжийн мөнхөд цогцос болох байсан гэдгийг Тэр та нарт харуулна. Хэрэв энэ махбод байгаагүй бол бүх хүн төрөлхтөн асар их гай гамшгаас зайлсхийх боломжгүй болж, эцсийн өдрүүдэд хүн төрөлхтөнд Бурханы оноох илүү хүнд шийтгэлээс зайлж зугтах боломжгүй болох байсныг та нар мэдэх ёстой. Хэрэв энэхүү эгэл жирийн махбод төрөөгүй бол та нар бүгд амьдарч чадахгүй атлаа амьдрал гуйж, үхэж чадахгүй мөртөө үхэл гуйх байдалд орох байлаа. Хэрэв энэ махбод байгаагүй бол та нар үнэнийг олж авч, өнөөдрийн Бурханы сэнтийн өмнө ирж чадахгүй, харин жигшүүрт нүглийнхээ улмаас Бурханд шийтгүүлэх байсан юм. Хэрвээ Бурхан махбодоор эргэж ирээгүй бол хэнд ч аврагдах боломж олдохгүй байх байсан; энэ махбод ирээгүй бол Бурхан аль эрт хуучин эрин үеийг төгсгөх байсан гэдгийг та нар мэдсэн үү? Ийм байтал, хоёр дахь удаагаа бие махбодтой болсон Бурханыг та нар голсон хэвээр байх уу? Та нар энэхүү эгэл жирийн хүнээс ийм их ашиг тус хүртэж чадах байтал яагаад Түүнийг баяртайгаар хүлээн авахгүй байна вэ?
Бурханы ажил бол чиний ойлгож ухаарч чадахгүй зүйл юм. Хэрвээ чи сонголт чинь зөв эсэхийг ч бүрэн ухаарч чадахгүй, Бурханы ажил амжилт олох эсэхийг ч мэдэж чадахгүй бол азаа үзээд, энэхүү эгэл жирийн хүн чамд асар их тус хүргэх эсэхийг, мөн Бурхан үнэхээр агуу ажлыг хийсэн эсэхийг харж яагаад болохгүй гэж? Гэвч, Ноагийн цаг үед хүмүүс Бурханы хувьд харж тэвчишгүй байх хэмжээнд идэж уун, гэрлэж, нөхөрт гарч байсан тул Тэрээр хүн төрөлхтнийг утсгахын тулд асар их үер буулган, зөвхөн Ноагийн гэр бүлийн найман хүн болон бүх төрлийн жигүүртэн шувууд, араатан амьтдыг өршөөсөн гэдгийг Би чамд хэлэх ёстой. Гэхдээ эцсийн өдрүүдэд Бурханы өршөөсөн хүмүүс бол эцсээ хүртэл Түүнд үнэнч байсан бүх хүн юм. Энэ хоёр эрин үе нь Бурханы хувьд харж тэвчишгүй асар их завхралын үе байсан ба хоёр эрин үе дэх хүн төрөлхтөн маш их завхарч, Бурхан бол өөрсдийнх нь Эзэн гэдгийг үгүйсгэсэн хэдий ч Бурхан зөвхөн Ноагийн цаг үеийн хүмүүсийг л устгасан билээ. Хоёр эрин үеийн хүн төрөлхтөн Бурханд асар их уй гашуу учруулсан ч Бурхан эцсийн өдрүүдийн хүмүүст өдийг хүртэл тэвчээртэй хандсан. Яагаад тэр вэ? Та нар үүнд гайхаж байгаагүй гэж үү? Хэрвээ та нар үнэхээр мэдэхгүй байгаа бол Би хэлээд өгье. Бурхан эцсийн өдрүүдэд хүмүүст нигүүлсэл хайрлаж чаддагийн учир нь хүмүүс Ноагийн цаг үеийн хүмүүсээс бага завхарснаас, эсхүл тэд Бурханд гэмшлээ харуулснаас болоогүй, эцсийн өдрүүдийн технологи маш их хөгжсөн болохоор Бурхан түүнийг нь устгаж чадахгүй байгаагаас бүр ч болоогүй. Харин ч Бурхан эцсийн өдрүүд дэх бүлэг хүмүүст ажлаа хийх ёстой ба Бурхан Өөрөө бие махбодтой болоод энэ ажлыг хийнэ. Түүнчлэн Бурхан энэ бүлгийн нэг хэсгийг авралынхаа бай, удирдлагын төлөвлөгөөнийхөө үр жимс болгохоор сонгож, энэ хүмүүсийг дараачийн эрин үед аваачна. Тиймээс, ямартай ч Бурханы төлсөн төлөөс нь бүхэлдээ эцсийн өдрүүдэд Өөрийн махбод болсон биеэр хийх гэж буй ажлынх нь бэлтгэл байв. Энэхүү махбодын ачаар л та нар өнөөдрийг хүрсэн. Бурхан махбодоор амьдардаг учир та нарт амьд үлдэх боломж бий. Энэ бүх зол завшаан нь энэхүү эгэл жирийн хүнээс улбаатай билээ. Үүгээр ч зогсохгүй, эцэст нь улс орон бүр энэ эгэл жирийн хүнийг шүтэн мөргөхийн сацуу энэ өчүүхэн жаахан хүнд талархаж, түүнийг дуулгавартай дагана, учир нь Түүний авчирсан үнэн, амь, зам нь бүх хүн төрөлхтнийг аварч, хүн Бурхан хоёрын дундах зөрчлийг зөөлрүүлж, хоорондох зайг нь багасгаж, Бурхан хүн хоёрын бодлыг холбосон юм. Тэрээр мөн Бурханы төлөө бүр ч агуу их алдар сууг олж авсан билээ. Ийм эгэл жирийн хүн чиний итгэл, бишрэлийг хүртэхэд зохисгүй гэж үү? Ийм эгэл жирийн махбод Христ гэж дуудуулахад тохирохгүй гэж үү? Ийм эгэл жирийн хүн бусад хүмүүсийн дунд Бурханы илэрхийлэл болж чадахгүй гэж үү? Хүн төрөлхтнийг гамшгаас гэтэлгэсэн ийм хүн Түүнийг гэх хайр, хүслийг чинь хүртэх эрхгүй гэж үү? Та нар Түүний амаар илэрхийлэгдсэн үнэнийг голж, та нарын дундах Түүний оршин тогтнолыг жигших юм бол эцэстээ юу болж хоцрох вэ?
Бурханы эцсийн өдрүүд дэх бүх ажил энэ эгэл жирийн хүнээр дамжин хийгддэг. Тэрээр бүхнийг чамд хайрлах болно, тэгээд ч зогсохгүй чамд хамаатай бүхнийг шийдэж чадна. Ийм хүн та нарын боддог шиг дурдахын ч хэрэггүй тийм энгийн хүн байж болох уу? Түүний үнэн та нарыг бүрэн үнэмшүүлэхэд хангалтгүй гэж үү? Түүний үйл хэргийг нүдээрээ харах нь та нарыг үнэмшүүлэхэд хангалтгүй гэж үү? Эсхүл Түүний удирддаг зам цааш алхахад чинь зохисгүй гэж үү? Эцсийн эцэст Түүнд дургүйцэж, Түүнийг голж, Түүнээс зайлсхийх ямар шалтгаан та нарт байна вэ? Энэ хүн л үнэнийг илэрхийлдэг, энэ хүн л үнэнээр хангадаг, энэ хүн л та нарт дагах зам өгдөг. Та нар эдгээр үнэн дотроос Бурханы ажлын ул мөрийг хайж олж чадахгүй хэвээр байгаа юм гэж үү? Есүсийн ажил байгаагүй бол хүн төрөлхтөн загалмайгаас бууж чадахгүй байсан, харин өнөөдрийн бие махбодтой болсон Бурхан байгаагүй бол загалмайгаас буусан хүмүүс Бурханы сайшаалыг хэзээ ч хүртэж чадахгүй, эсвэл шинэ эрин үед орж чадахгүй байх байлаа. Энэ эгэл жирийн хүн ирээгүй бол Бурханы жинхэнэ төрхийг харах боломж та нарт хэзээ ч олдохгүй, та нар шаардлага ч хангахгүй байх байсан, учир нь та нар бүгд аль эрт устгагдах ёстой байсан бай юм. Бурхан хоёр дахь удаагаа бие махбодтой болон ирсэн учраас та нарыг уучилж, өршөөл үзүүлсэн. Ямартай ч, эцэст нь та бүхэнд хэлэх ёстой үг минь бол энэ: Бие махбодтой болсон Бурхан буюу энэ эгэл жирийн хүн та нарт амин чухал юм. Энэ бол хүмүүсийн дунд Бурханы аль хэдийн хийсэн агуу зүйл билээ.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурхан хүмүүсийн дунд агуу зүйл хийснийг чи мэдсэн үү?
Христийн хэлсэн үнэнд найдалгүйгээр амь олж авахыг хүсдэг хүмүүс бол газар дэлхий дээрх хамгийн утгагүй хүмүүс, Христийн авчирсан амийн замыг хүлээн авдаггүй хүмүүс бол бүтэшгүй мөрөөдөлд автсан хүмүүс юм. Иймд Би эцсийн өдрүүдийн Христийг хүлээн авдаггүй хүмүүсийг Бурхан үүрд үзэн ядна гэж хэлдэг. Христ бол хүний эцсийн өдрүүдэд хаанчлалд орох үүд хаалга бөгөөд хэн ч Түүнийг тойрон гарч чадахгүй. Христээр дамжилгүйгээр хэн ч Бурханаар төгс болгуулж чадахгүй. Чи Бурханд итгэдэг тул Түүний үгийг хүлээн авч, Түүний Үгийг дуулгавартай дагах ёстой. Чи үнэн болон амийн хангалтыг хүлээн авч чадахгүй байж зөвхөн ерөөл хүртэх талаар бүү бод. Өөрт нь чин сэтгэлээсээ итгэдэг бүх хүнийг амиар хангах гэсэндээ Христ эцсийн өдрүүдэд ирсэн. Энэ ажил нь хуучин эрин үеийг төгсгөж, шинэ эрин үед орохын төлөө байдаг, энэ ажил бол шинэ эринд орох бүх хүний явах ёстой зам юм. Хэрвээ чи Христийг хүлээн зөвшөөрдөггүй, цаашлаад Түүнийг яллаж, доромжилж, хяхан хавчдаг бол мөнхийн галд шатах тавилантай бөгөөд Бурханы хаанчлалд хэзээ ч орж чадахгүй. Учир нь энэ Христ Өөрөө Ариун Сүнсний илэрхийлэл, Бурханы илэрхийлэл, Бурханы газар дэлхий дээрх ажлаа даалгасан Нэгэн, иймээс хэрвээ чи эцсийн өдрүүдийн Христийн хийсэн бүхнийг хүлээн авч чадахгүй бол Ариун Сүнсийг доромжилж байна гэж Би хэлнэ. Ариун Сүнсийг доромжилдог хүмүүст тохирох залхаан цээрлүүлэлт бүгдэд илэрхий байдаг. Би бас чамд үүнийг хэлье: Хэрвээ чи эцсийн өдрүүдийн Христийг эсэргүүцэж, эцсийн өдрүүдийн Христийг голдог бол үүний үр дагаврыг өмнөөс чинь үүрч чадах хэн ч байхгүй. Түүнчлэн тэр үеэс хойш Бурханы сайшаалыг хүртэх боломж чамд хэзээ ч олдохгүй; чи өөрийгөө аврахыг хүссэн ч Бурханы царайг дахин хэзээ ч харж чадахгүй. Учир нь чиний эсэргүүцэж буй зүйл хүн биш, чиний голж буй зүйл зүгээр нэг шалихгүй хүн биш, харин Христ билээ. Чи үүний үр дагавар юу болохыг мэдэж байна уу? Чи жижиг алдаа гаргаж байгаа биш, харин жигшүүрт нүгэл үйлдэж байна. Иймээс Би бүх хүнд үнэний өмнө араа шүдээ ярзайлган, хумс хуруугаа арзайлгаж, дураараа үг хэлэхгүй байхыг зөвлөж байна, учир нь үнэн л чамд амь авчирч чадна, үнэнээс өөр юу ч чамайг дахин төрүүлж, чамд Бурханы царайг харуулж чадахгүй.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Эцсийн өдрүүдийн Христ л хүнд мөнх амийн замыг өгч чадна