Төгс Хүчит Бурханы Чуулганы апп

Бурханы дуу хоолойг сонсож, Эзэн Есүсийн эргэн ирэлтийг угтан аваарай!

Бүх үнэнийг эрэлхийлэгчдийг бидэнтэй холбогдохыг урьж байна.

Үг нь махбодоор илэрсэн

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Хайлтын үр дүн 0

Ямар ч үр дүн олдсонгүй.

ХАВСРАЛТ: БУРХАНЫ ШҮҮЛТ БОЛООД ГЭСГЭЭЛТЭЭС ТҮҮНИЙ ИЛРЭЛТИЙГ ХАРАХ НЬ

Эзэн Есүс Христийг дагадаг бусад олон зуун сая хүний адилаар бид Библийн хууль, тушаалыг мөрдөж, Эзэн Есүс Христийн арвин их нигүүлслийг эдлэн, Эзэн Есүс Христийн нэрээр цугларч, залбирч, магтаж, үйлчилдэг—энэ бүхнийг бид Эзэний халамж, хамгаалалт дор хийдэг. Бид үргэлж сул дорой, бас үргэлж хүчтэй байдаг. Бүх үйлдэл маань Эзэний сургаалын дагуу байдаг гэдэгт бид итгэдэг. Тэгвэл бид өөрсдийгөө тэнгэр дэх Эцэгийн хүсэлд дуулгавартай зам дээр байна хэмээн итгэдгийг хэлэх илүүц биз. Бид Эзэн Есүсийн эргэн ирэлт, суу алдартай залран ирэлт, газар дээрх бидний амьдралын төгсгөл, хаанчлалын илрэлтийг болон Илчлэлийн номд зөгнөсөн бүхнийг буюу Эзэн ирж, гамшиг авчран, сайныг шагнаж, мууг шийтгэн, Өөрийг нь дагаж, эргэн ирэхэд нь угтан авдаг бүх хүнийг Өөртэйгөө уулзуулахаар агаарт өргөхийг хүсэн хүлээдэг. Энэ тухай бодох бүрдээ бид эцсийн өдрүүдэд төрж, Эзэний ирэхийг нүдээр үзэх зол завшаантай гэдэгтээ талархлаар дүүрч, сэтгэл хөдлөхгүй байхын аргагүй юм. Бид хяхалт хавчлагыг туулсан боловч хариуд нь “хэмжээлшгүй их, яруу алдрын мөнхийн жинг бий болгодог”-ыг олж авсан билээ. Ямар гээч ерөөл вэ! Энэ бүх хүсэн хүлээлт болон Эзэний хайрласан нигүүлсэл нь биднийг ямагт сэргэгээр залбирч, илүү мэрийн цуглахад хүргэдэг. Магад дараа жил, магад маргааш, бас магадгүй хүний сэтгэх аргагүй богинохон хугацааны дотор Эзэн гэнэт буун ирж, Өөрийг нь ихэд анхааран хүлээж байсан бүлэг хүмүүсийн дунд гарч ирэх болно. Бид бүгд Эзэний илрэлтийг харах эхний бүлэгт, өргөгдөх хүмүүсийн дунд байхын төлөө нэг нэгнээсээ урьтахаар яарч, нэг нь ч ард үлдэхийг хүсэхгүй. Энэ өдрийг ирээсэй хэмээн бид өртгийг нь хайхралгүйгээр бүхнээ өгч, зарим нь ажлаа орхин, зарим нь гэр бүлээ хаяж, зарим нь гэрлэлтээсээ татгалзаж, зарим нь бүр бүх хадгаламжаа хандивласан. Яасан амь бие хайргүй зориулалт гээч! Ийм чин сэтгэл, үнэнч байдал нь урьд үеийн ариун хүмүүсийнхээс ч давах нь мэдээж! Эзэн Өөрийн таалсан хэнд ч бай нигүүлсэл хайрлаж, Өөрийн таалсан хэнд ч бай өршөөл үзүүлдэг бөгөөд бидний зориулалт, зарлагадалтын үйлс аль хэдийн Түүний нүдэнд өртсөн гэж бид итгэдэг. Иймээс, бидний чин зүрхний залбирал ч мөн Түүний чихэнд хүрсэн бөгөөд Эзэн зориулалтын маань төлөө нөхөн төлбөр өгнө гэдэгт бид итгэдэг. Түүнчлэн Бурхан дэлхийг бүтээхийнхээ өмнө бидэнд нигүүлсэнгүй байсан бөгөөд хэний ч булааж чадахгүй ерөөл, амлалтыг бидэнд өгсөн юм. Бид бүгд ирээдүйгээ төлөвлөж байгаа бөгөөд ердийнхөөрөө, өөрсдийн зориулалт болон зарцуулалтыг Эзэнтэй уулзахаар агаарт өргөгдөхийн тулд наймаалцах мөрийтэй тоглоомын чип буюу хөрөнгө болгосон билээ. Түүнчлэн бид өчүүхэн ч эргэлзэлгүйгээр бүх улс үндэстэн, бүх ард түмнийг удирдаж, хаан болж хаанчлахын тулд ирээдүйн сэнтий дээр өөрсдийгөө байрлуулсан. Энэ бүхнийг бид болох ёстой явдал, хүлээгдэх учиртай зүйл гэж үздэг билээ.

Эзэн Есүсийн эсрэг байдаг бүх хүнийг бид басамжилдаг; тэд бүгд устгагдах болно. Эзэн Есүс бол Аврагч гэдэгт битгий итгэ гэж хэн тэдэнд хэлээ вэ? Мэдээж бид Эзэн Есүсийг дуурайн, дэлхийн хүмүүст энэрэнгүй байх үе байдаг бөгөөд тэд ойлгодоггүй учраас тэдэнд хүлцэнгүй, өршөөнгүй хандах нь зөв юм. Бидний хийдэг бүх зүйл Библийн үгийн дагуу байдаг, учир нь Библитэй нийцдэггүй бүх зүйл буруу ном, тэрс үзэл юм. Ийм төрлийн итгэл бид бүгдэд гүнээ нэвчсэн байдаг. Бидний Эзэн Библид байдаг, Библиэс холдон явахгүй бол бид Эзэнээс холдохгүй; энэ зарчмыг мөрдвөл бид авралд хүрэх болно. Бид нэг нэгнээ урамшуулж, бие биеэ дэмждэг бөгөөд цуглах болгондоо хэлдэг үг, хийдэг үйлдэл бүр маань Эзэний хүслийн дагуу байж, бас Эзэнээр хүлээн зөвшөөрөгдөнө гэж найдаг. Орчны хатуу ширүүн дайсагналыг үл харгалзан зүрх сэтгэл маань баяр баяслаар дүүрэн байдаг. Маш амархан хүрч болох ерөөлийг бодох үедээ хойш тавьж чадахгүй зүйл бидэнд бий гэж үү? Хагацах дургүй зүйл бидэнд бий гэж үү? Энэ бүхнийг хэлэх илүүц бөгөөд энэ бүгд Бурханы ажигч нүдэн дор оршдог. Овоолсон өтгө бууцнаас өргөгдсөн энэхүү цөөн хэдэн зүдэрсэн хүмүүс бид Эзэн Есүсийн эгэл дагагчидтай яг адилаар өргөгдөх, ерөөгдөх, бүх улс үндэстнийг захирахыг мөрөөддөг. Бидний завхрал Бурханы нүдэнд ил болсон бөгөөд бидний хүсэл, шунал Бурханы нүдэнд яллагдсан билээ. Гэсэн хэдий ч энэ бүхэн маш энгийн байдлаар, бас тун уялдаатайгаар тохиолддог бөгөөд бидний хэн нь ч хүсэл эрмэлзэл маань зөв эсэхийг гайхдаггүй, тэр ч бүү хэл баримталдаг бүх зүйлийнхээ үнэн зөв байдалд эргэлздэггүй. Бурханы хүслийг хэн мэдэж чадах юм бэ? Хүний алхдаг энэ зам яг юу болохыг бид эрж хайж, судлахаа мэддэггүй, бүр анхаардаг ч үгүй. Учир нь бид өргөгдөж чадах эсэх, ерөөгдөж чадах эсэх, тэнгэрийн хаанчлалд бидэнд зориулсан орон байр байгаа эсэх, амийн голын ус, амийн модны жимснээс хүртэх эсэхээ л анхаардаг. Эдгээр зүйлийг олж авахын төлөө л бид Эзэнд итгэж, Түүний дагагч болдог бус уу? Бидний нүгэл уучлагдсан, бид гэмшсэн, аягатай гашуун дарсыг ууж, нуруундаа загалмай үүрсэн. Бидний төлсөн төлөөсийг Эзэн баяртайгаар хүлээн зөвшөөрөхгүй гэж хэн хэлж чадах юм бэ? Бид хангалттай тос бэлдээгүй гэж хэн хэлж чадах юм бэ? Бид мунхаг охид, орхигдсон хүмүүсийн нэг баймааргүй байна. Түүнчлэн Библид “Тэр үед хэн нэгэн хүн та нарт, ‘Хараач, Христ энд байна’; эсвэл ‘Христ тэнд байна’ гэвэл түүнд бүү итгэ. Учир нь хуурамч христчүүд болон хуурамч эш үзүүлэгчид гарч ирэн агуу тэмдгүүд болон гайхамшгуудыг үзүүлэх ба боломжтой бол сонгогдсон хүмүүс хүртэл хууран мэхлэгдэх болно” (Матай 24 : 23-24) хэмээсэн байдаг тул бид хуурамч Христэд мэхлэгдэхээс маань сэргийлэхийг Эзэнээс гуйн тогтмол залбирдаг. Бид бүгд Библийн эдгээр эшлэлийг тогтоосон бөгөөд цээжээр мэддэг, эдгээрийг бид нандин эрдэнэ, амь, аврагдаж, өргөгдөж чадах эсэхийг маань шийддэг баталгааны бичиг мэт үздэг ...

Олон мянган жилийн турш амьд хүмүүс нас нөгчиж, хүсэл эрмэлзэл, мөрөөдлөө өөрсөдтэйгөө хамт авч одсон боловч тэнгэрийн хаанчлалд очсон эсэхийг нь хэн ч үнэхээр мэдэхгүй. Үхэгсэд нэгэнтээ тохиолдсон бүх түүхийг мартаад эргэн ирж, өвөг дээдсийнхээ сургаал, замыг мөн л дагадаг. Энэ маягаар он жилүүд улирч, өдөр хоног өнгөрч байхад бидний Эзэн Есүс, бидний Бурхан хийдэг бүхнийг маань үнэхээр хүлээн зөвшөөрдөг эсэхийг хэн ч мэддэггүй. Бид үр дүнгээ хүртэхээ хүлээж, болж өнгөрөх бүх зүйлийн талаар таамаглахаас өөр яаж ч чаддаггүй. Гэвч Бурхан энэ бүх хугацаанд хэзээ ч бидэнд илэрч, хэзээ ч бидэнд үг хэлэлгүй нам гүм байсаар ирсэн. Иймээс бид Библийг даган, тэмдгүүдийн дагуу Бурханы хүсэл, зан чанарын талаар дураараа магадладаг. Бид Бурханы нам гүм байдалд дасал болсон; бие авч явах байдлынхаа зөв, бурууг өөрсдийнхөө боддог хэв маягаар хэмжиж дадсан; Бурханы бидэнд тавьдаг шаардлагын оронд өөрсдийн мэдлэг, үзэл, ёс зүйд түшиглэж дассан; Бурханы нигүүлслийг эдэлж дассан; хэрэгтэй цагтаа Бурханаар туслуулж дадсан; бүх зүйл дээр Бурханд гар тосож, Бурханд ингэ тэг гэж тушааж дадсан; мөн Ариун Сүнс биднийг хэрхэн чиглүүлдэгт анхаарал хандуулалгүй дүрмийг мөрдөж дассан; үүнээс ч илүүтэйгээр бид өөрөө өөрийнхөө эзэн байдаг өдрүүдэд дассан. Бид хэзээ ч нүүр тулан уулзаагүй иймэрхүү Бурхандаа итгэдэг. Түүний зан чанар ямар болох, Түүнд юу байгаа, Тэр юу болох, Түүний дүр ямар болох, Түүнийг ирэхэд бид мэдэх эсэх гэх мэт асуултын аль нь ч чухал биш. Тэр зүрх сэтгэлд маань байж, бид бүгд Түүнийг хүлээдэг байх нь л чухал бөгөөд Түүнийг ийм, тийм гэж төсөөлж чаддаг байх нь л хангалттай. Бид итгэлээ үнэлж, сүнслэг байдлаа нандигнадаг. Бид бүх зүйлийг өтөг бууц гэж харж, бүх зүйлийг уландаа гишгэдэг. Бид бол суу алдартай Эзэний дагагчид учраас аян зам хэчнээн урт, хүнд хэцүү ч бай, ямар ч бэрхшээл, аюул бидэнд нүүрлэсэн ч бай Эзэнийг дагахад хөлийн мөрийг маань юу ч зогсоож чадахгүй. “Болор шиг тунгалаг амийн усны цэвэр гол Бурханы болон Хурганы Сэнтийгээс гарч байлаа. Голын хоёр эрэгт арван хоёр төрлийн жимс бүхий амийн мод байх бөгөөд сар бүр ургац өгөхийн сацуу: модны навчис нь үндэстнүүдийг эдгээхийн төлөө байв. Тэнд ямар ч хараал байхаа болино: харин Бурханы болон Хурганы сэнтий байх бөгөөд зарц нар нь Түүнд үйлчилнэ: тэд Түүний царайг харна; Түүний нэр тэдний духан дээр байх болно. Мөн тэнд ямар ч шөнө байхаа болино; дэн бас нарны гэрэл ч тэдэнд хэрэггүй. Учир нь Эзэн Бурхан тэдэнд гэрэл гэгээ өгдөг бөгөөд тэд мөнхийн мөнхөд хаанчлах болно” (Илчлэл 22:1-5). Эдгээр үгийг дуулах бүрд зүрх сэтгэл минь хязгааргүй баяр баясал, сэтгэл ханамжаар бялхаж, нүднээс маань нулимс урсдаг. Биднийг сонгосонд нь Эзэнд талархъя, нигүүлслийнх нь төлөө Эзэнд талархъя. Тэрээр энэ амьдралд бидэнд зуу дахин ихийг өгч, ирэх амьдралд мөнх амийг өгдөг. Хэрэв Тэр одоо биднээс үх гэж хүссэн бол бид өчүүхэн ч гомдолгүйгээр үхэх байсан юм. Өө Эзэн минь! Хурдан ирээч дээ! Таныг бид яаж маш их цөхрөн санагалзаж, бас Таны төлөө бүх зүйлийг орхисон гэдгийг харгалзан үзээд, минут, секунд ч бүү азнагтун.

Бурхан нам гүм байж, бидэнд хэзээ ч үзэгдээгүй атлаа Түүний ажил хэзээ ч зогсоогүй юм. Тэрээр бүхий л газар дэлхийг шинжин, бүх зүйлийг захирч, хүний бүх үг, үйл хэргийг хардаг. Төлөвлөгөөнийхөө дагуу, алхамтайгаар, нам гүм, эрс нөлөөгүйгээр удирдлагаа явуулдаг атлаа хөлийн мөр нь нэг нэгээр хүн төрөлхтөнд улам бүр ойртон урагшилж, орчлон дахь шүүлтийн суудал нь аянгын хурдаар байршиж, дараа нь Түүний сэнтий бидний дунд даруй бууж ирдэг. Энэ нь ямар гээч сүр жавхлант үзэгдэл билээ, ямар сүрлэг, гэгээн дүр зураг билээ! Сүнс бидний дунд тагтаа шиг, бас архирч буй арслан шиг ирдэг. Тэр бол мэргэн ухаан, зөвт байдал, сүр жавхлан бөгөөд эрх мэдлээ эзэмшин, хайр, өршөөлөөр дүүрч, бидний дунд сэмхэн ирдэг. Түүний ирснийг хэн ч мэддэггүй, Түүнийг ирэхэд хэн ч угтдаггүй, мөн Түүний хийх гэж буй бүхнийг хэн ч мэддэггүй. Хүний амьдрал урьдынхаараа үргэлжилж, зүрх сэтгэл нь ч мөн ялгаагүй бөгөөд өдөр хоног өнгөрдгөөрөө өнгөрнө. Бурхан бусад хүний л адил хүн, дагагчдын хамгийн шалихгүй нэгэн, эгэл итгэгч байдлаар бидний дунд амьдардаг. Тэрээр өөрийн гэсэн эрэл хайгуул, зорилготой төдийгүй эгэл хүнд байдаггүй бурханлаг чанартай. Түүний бурханлаг чанарын оршин тогтнолыг хэн ч анзаараагүй бөгөөд Түүний мөн чанар, хүний мөн чанар хоёрын ялгааг хэн ч ухаараагүй. Тэр бидний нүдэнд шалихгүй итгэгчээс өөр хэн ч биш тул бид эрээ цээргүй, айж эмээлгүйгээр Түүнтэй хамт амьдардаг. Тэрээр бидний хөдөлгөөн бүрийг ажиглаж, бүх бодол, санаа маань Түүний өмнө ил болдог. Түүний оршин тогтнолыг хэн ч сонирхдоггүй, Түүний чиг үүргийн тухай хэн ч, юу ч төсөөлдөггүй, түүнчлэн Түүний ялгамж чанарын талаар хэн ч өчүүхэн төдий ч сэжиг аваагүй. Тэр бидэнд ямар ч хамаагүй мэтээр бид эрэл хайгуулаа л үргэлжлүүлдэг ...

Санамсаргүй тохиолдлоор, Ариун Сүнс Түүгээр “дамжуулан” хэсэг үг илэрхийлдэг, энэ нь маш гэнэтийн санагдавч бид ямартай ч Бурханаас ирж буй айлдвар хэмээн таниад, Бурханаас үүнийг уриалгахан хүлээн авдаг. Учир нь эдгээр үг Ариун Сүнснээс гарч байгаа цагт хэн илэрхийлэх нь хамаагүй, бид хүлээн зөвшөөрөх ёстой ба татгалзаж болохгүй. Дараагийн айлдвар нь надаар, чамаар, эсвэл түүгээр ч дамжин ирж болно. Хэн ч байлаа гэсэн, бүгд Бурханы нигүүлсэл юм. Гэвч энэ хүн хэн ч байлаа гэсэн бид шүтэн мөргөж болохгүй, учир нь энэ хүн яасан ч Бурхан байж таарахгүй, түүнчлэн бид яасан ч ийм эгэл хүнийг Бурханаа хэмээн сонгохгүй. Бидний Бурхан маш агуу агаад хүндтэй; ийм шалихгүй хүн яаж Түүний оронд зогсож чадах юм бэ? Түүнчлэн Бурхан ирж, биднийг тэнгэрийн хаанчлал руу авч явахыг хүлээж байхад маань ийм шалихгүй хүн яаж тийм чухал, хүнд хэцүү даалгаврыг хийж чадах юм бэ? Эзэн дахин ирвэл бүхий л олон түмэн харж болох цагаан үүл хөлөглөн ирэх ёстой. Тэгвэл хэчнээн суу алдартай байх билээ! Тэрээр бүлэг эгэл хүмүүсийн дунд сэмхэн нуугдана гэдэг яаж байж болох билээ?

Гэсэн хэдий ч, хүмүүсийн дунд нуугдсан энэхүү эгэл хүн л биднийг аврах шинэ ажлыг хийж байна. Тэрээр бидэнд ямар ч тайлбар өгдөггүй, яагаад ирснээ ч хэлдэггүй, харин хийхээр зорьсон ажлаа зүгээр л төлөвлөгөөнийхөө дагуу алхамтайгаар хийдэг. Түүний үг, айлдвар улам бүр олширдог. Тайтгаруулах, сургамжлах, сануулах, анхааруулахаас эхлээд зэмлэж, сахилгажуулах хүртэл; эелдэг зөөлөн өнгөнөөс эхлээд ширүүн, сүр жавхлант үг хүртэл—хүнд өршөөл хайрладаггүй, айдас хүйдэс төрүүлдэггүй юм гэж нэг ч үгүй. Түүний хэлдэг бүхэн бидний зүрх сэтгэлийн гүнд нуугдсан нууцыг яг онож, Түүний үг бидний зүрх сэтгэлийг хатгаж, тэсвэрлэшгүй их ичгүүрээр дүүргэн, нүүрээ хийх газаргүй болгодог. Энэ хүний зүрх сэтгэл дэх Бурхан бидэнд үнэхээр хайртай эсэх, мөн Тэрээр яг юу хийх гэж байгаа талаар бид сэжиглэж эхэлдэг. Магадгүй энэ бүх зовлонг туулсныхаа дараа л бид өргөгдөж чадах юм болов уу? Хожмын хүрэх газар, ирээдүйн хувь заяаныхаа талаар ... толгой дотроо бид тооцоолж байдаг. Бурхан бидний дунд ажиллахаар аль хэдийн махбод болсон гэдэгт мөн л урьдын адилаар бидний хэн нь ч итгэдэггүй. Тэрээр маш урт удаан хугацаанд бидэнтэй хамт байж, маш олон үгийг бидэнд нүүр тулан хэлсэн боловч бид ийм эгэл хүнийг ирээдүйнхээ Бурхан хэмээн хүлээн зөвшөөрөх хүсэлгүй хэвээр байдаг, мөн ирээдүй, хувь заяаныхаа хяналтыг энэ шалихгүй хүнд даатгахыг бүр ч хүсдэггүй. Бид Түүнээс амийн усны дуусашгүй хангамжийг эдэлж, Түүгээр дамжуулан Бурхантай нүүр тулан амьдардаг. Гэвч бид тэнгэр дэх Эзэн Есүсийн нигүүлсэлд л талархдаг бөгөөд бурханлаг чанарыг эзэмшдэг энэхүү эгэл хүний мэдрэмжид хэзээ ч, ямар ч анхаарал хандуулж байгаагүй. Тэрээр хүн төрөлхтний гололтыг мэдэрдэггүй мэт, хүний хүүхэд шиг зан, мэдлэггүй байдлыг мөнх уучлан, Түүнд хандах хүний хүндлэлгүй занг үүрд хүлцэх мэт махбодод даруухнаар нуугдан, урьдын адилаар ажлаа хийн, сэтгэлийн үгээ илэрхийлж байдаг.

Энэхүү шалихгүй хүн биднийг Бурханы ажлын нэг алхмаас нөгөөд чиглүүлсэн гэдгийг бид мэддэггүй. Бид тоо томшгүй олон шалгалт туулж, үй олон удаа цохиулж, үхлээр туршигддаг. Бид Бурханы зөвт, сүр жавхлант зан чанарыг мэдэж авч, бас Түүний хайр, өршөөлийг эдлэн, Бурханы агуу их хүч чадал, мэргэн ухааныг мэдэрч, Бурханы хайр татам байдлыг нүдээр үзэн, хүнийг аврах гэсэн Бурханы дэврүүн хүслийг хардаг. Энэхүү эгэл хүний үгээс бид Бурханы зан чанар болон мөн чанарыг мэдэж авч, Бурханы хүслийг ойлгож, хүний уг чанар, мөн чанарыг мэдэж, аврал, төгс төгөлдөрт хүрэх замыг хардаг. Түүний үг биднийг “үхүүлж”, мөн “дахин төрүүлдэг”; Түүний үг бидэнд тайтгарал авчирдаг атлаа гэмшил, өртэй мэт мэдрэмжид бас автуулдаг; Түүний үг бидэнд баяр баясал, амар амгаланг төдийгүй хязгааргүй их шаналлыг авчирдаг. Заримдаа бид Түүний гарт нядлагдах хурганууд шиг байдаг; заримдаа Түүний нүдний цэцгий мэт байж, энхрий хайрыг нь эдэлдэг; заримдаа Түүний дайсан мэт, харцных нь дор уур хилэнд нь үнс нурам болдог. Бид бол Түүгээр аврагдсан хүн төрөлхтөн, бид бол Түүний нүдэн дэх өт хорхой, бид бол Түүний өдөр ч, шөнө ч олох гэж зориг шулуудсан төөрсөн хурганууд юм. Тэрээр бидэнд өршөөлтэй ханддаг, биднийг жигшдэг, өргөдөг, биднийг тайтгаруулж, ятгадаг, биднийг залж чиглүүлдэг, гэгээрүүлдэг, бас биднийг цээрлүүлж, сахилгажуулдаг, тэр ч бүү хэл хараадаг. Тэрээр бидэнд өдөр шөнөгүй ямагт санаа зовж, биднийг хамгаалж, халамжлан, бидний дэргэдээс өдөр шөнөгүй хэзээ ч холдолгүй бидний төлөө зүрх сэтгэлээсээ цус асгаруулж, ямар ч төлөөсийг төлдөг. Энэхүү жижигхэн, эгэл махбодын айлдварууд дотроос бид Бурханд байгаа бүхнийг эдэлж, Бурханы бидэнд хайрласан хүрэх газрыг харсан. Гэсэн хэдий ч нэрэлхүү зан бас л бидний зүрх сэтгэлд төвөг удаж, бид ийм хүнийг Бурханаа гэж идэвхтэй хүлээн зөвшөөрөхийг бас л хүсдэггүй. Хэдийгээр Тэр бидэнд маш их манна өгч, эдлэх маш их зүйл өгсөн боловч үүний аль нь ч бидний зүрх сэтгэл дэх Эзэний байрыг авч чадахгүй билээ. Бид энэ хүний онцгой ялгамж чанар, байр суурийг асар дурамжханаар л хүндэлдэг. Тэрээр Бурхан гэдгийг нь хүлээн зөвшөөр хэмээн Өөрийн амаар биднээс хүсэхгүй л бол Түүнийг удахгүй ирэх атлаа бидний дунд удаан ажиллаж ирсэн Бурхан хэмээн бид сайн дураараа хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй билээ.

Бурхан айлдваруудаа үргэлжлүүлэн, янз бүрийн арга барил, өнцөг ашиглан, бидэнд юу хийх ёстой талаар сануулахын зэрэгцээ Өөрийнхөө зүрх сэтгэлийг илэрхийлдэг. Түүний үгэнд амийн хүч чадал агуулагддаг бөгөөд алхах ёстой замыг маань зааж, үнэн гэж юу болохыг ойлгох боломж олгодог. Бид Түүний үгэнд татагдаж, Түүний ярьдаг өнгө, хэв маягт анхааран, энэхүү онц гойд зүйлгүй хүний сэтгэлийн үгийг сонирхож эхэлдэг. Тэрээр бидний төлөө ажиллан зүрхнээсээ цус асгаруулж, бидний төлөө нойр хоолоо хасан, мэгшин уйлж, бидний төлөө санаа алдаж, өвдсөндөө ёолж, бидний хүрэх газар, авралын төлөө доог тохуу амсдаг ба бидний хөшүүн, тэрслүү байдал Түүний зүрхнээс нулимс, цус урсгадаг. Ийм төрлийн оршихуй, байхуй ямар ч эгэл хүнд үгүй, мөн үүнийг ямар ч завхарсан хүн эзэмшиж, олж авч чадахгүй. Тэрээр ямар ч эгэл хүнд байхгүй хүлээцтэй байдал, тэвчээрийг харуулдаг бөгөөд Түүний хайр ямар ч бүтээгдсэн зүйлд байдаггүй зүйл юм. Түүнээс өөр хэн ч бидний бүх бодлыг мэдэж чадахгүй, бас уг чанар болон мөн чанарын маань талаар ийм тодорхой, бүрэн мэдэж, хүн төрөлхтний тэрслүү байдал, завхралыг шүүн, тэнгэр дэх Бурханы өмнөөс бидний дунд ингэж үг хэлж, ажиллаж чадахгүй. Түүнээс өөр хэнд ч Бурханы эрх мэдэл, мэргэн ухаан, эрхэм чанар байдаггүй; Бурханы зан чанар болоод Бурханд юу байгаа, Тэр юу болохыг Тэр бүхэлд нь илэрхийлдэг. Түүнээс өөр хэн ч бидэнд замыг зааж, гэрэл авчирч чадахгүй. Түүнээс өөр хэн ч бүтээлээс хойш өнөөдрийг хүртэл Бурханы задлаагүй нууцуудыг илчилж чадахгүй. Түүнээс өөр хэн ч биднийг Сатаны хүлээс болон завхарсан зан чанараас маань аварч чадахгүй. Тэрээр Бурханыг төлөөлдөг. Бурханы зүрх сэтгэлийн үгийг болон Бурханы захиас, бүх хүн төрөлхтөнд хандсан Бурханы шүүлтийн үгийг Тэрээр илэрхийлдэг. Тэрээр шинэ эрин, шинэ үеийг эхлүүлсэн бөгөөд шинэ тэнгэр, газар, шинэ ажлыг залан авчирч, бидэнд итгэл найдвар авчран, тодорхойгүй байдалд амьдарч байсан амьдралыг маань эцэслэж, авралын замыг бүрэн тодорхой харах боломжийг бүхий л оршихуйд маань олгосон юм. Тэрээр бидний бүхий л оршихуйг байлдан дагуулж, зүрх сэтгэлийг маань олж авсан билээ. Тэр мөчөөс хойш бидний зүрх сэтгэл мэдрэмжтэй болж, сүнс маань сэргэх мэт болсон: Бидний дунд амьдардаг, бидний аль эртнээс голж ирсэн энэхүү эгэл, шалихгүй хүн бол сэрж байхад ч, зүүдэлж байхад ч ямагт бидний бодолд байдаг, бидний өдөр, шөнөгүй хүсэн хүлээдэг Эзэн Есүс биш гэж үү? Тэр мөн! Үнэхээр мөн! Тэр бол бидний Бурхан! Тэр бол үнэн, зам, амь! Тэрээр бидэнд дахин амьдарч, гэрлийг харах боломж олгон, зүрх сэтгэл маань хэрэн хэсэхийг зогсоосон. Бид Бурханы гэрт, Түүний сэнтийн өмнө эргэн ирсэн бөгөөд Түүнтэй нүүр тулан уулзаж, Түүний дүр төрхийг нүдээр үзэж, урд байгаа замыг харсан. Энэ мөчид Тэрээр бидний зүрх сэтгэлийг бүрэн байлдан дагуулсан; бид Түүний хэн бэ гэдэгт эргэлзэхээ больж, ажил, үгийг нь эсэргүүцэхээ зогсоон, Түүний өмнө нүүрээрээ газар унан мөргөдөг. Бид үлдсэн амьдралынхаа туршид Бурханы мөрийг дагаж, Түүгээр төгс болгуулж, Түүний нигүүлслийг болон биднийг гэх хайрыг нь хариулан, Түүний зохион байгуулалт, зохицуулалтыг дуулгавартай дагаж, бидэнд даалгасан зүйлийг нь гүйцэлдүүлэхийн төлөө чадах бүхнээ хийхийг л хүсдэг билээ.

Бурханаар байлдан дагуулагдана гэдэг тулааны урлагийн тэмцээнтэй адил.

Бурханы үг бүр бидний эмзэг цэгийг онож, тэсэхийн аргагүй өвтгөн, айдсаар дүүргэдэг. Тэрээр үзэл, төсөөлөл, завхарсан зан чанарыг маань илчилдэг. Бидний хэлж, хийдэг бүхнээс эхлээд бодол, санаа болгоныг маань, уг чанар болон мөн чанарыг маань Түүний үг илчилж, биднийг айдаст автуулан, нүүрээ хийх газаргүй болгож, дагжин чичрүүлж орхидог. Тэрээр бидний бүх үйлдэл, зорилго, санаа төдийгүй өөрсдөө хэзээ ч олж мэдээгүй завхарсан зан чанарыг маань хүртэл нэг нэгээр нь бидэнд хэлээд, бүх олхиогүй өө сэв маань илчлэгдэж, бүр бүрэн үнэмшсэн мэт бидэнд санагдуулдаг. Тэрээр Өөрийг нь эсэргүүцсэний төлөө биднийг шүүж, Өөрийг нь доромжилж, ялласны төлөө биднийг гэсгээн, Түүний нүдээр бидэнд сайн зүйл нэг ч байхгүй мэт, бид бол амьд Сатан мэт бидэнд санагдуулдаг. Бидний итгэл найдвар унтарч, Түүнд хэрээс хэтэрсэн аливаа шаардлага, горьдлого тавьж зүрхлэхээ больж, мөрөөдөл маань ч нэг шөнийн дотор үгүй болдог. Энэ бол бидний хэн нь ч төсөөлөх аргагүй, мөн хэн нь ч хүлээн зөвшөөрч чадахгүй баримт юм. Хоромхон зуурын төдийд л бид дотоод тэнцвэрээ алдаж, урд байгаа замаар хэрхэн үргэлжлүүлэх, итгэлээ хэрхэн үргэлжлүүлэхээ мэдэхээ больдог. Итгэл маань эхэлсэн цэгтээ буцаад очсон мэт болж, бас бид Эзэн Есүстэй хэзээ ч уулзаж, Түүнийг мэддэг болоогүй мэт санагддаг. Нүдний маань өмнөх бүх зүйл биднийг төөрөлдүүлж, шийдвэр алдан тээнэгэлзэхэд хүргэдэг. Бид зүрх алдаж, урам хугардаг, зүрх сэтгэлийн маань гүнд номхоршгүй уур хилэн, шившиг байдаг. Бид уураа гарган, гарах гарц олох гэж хичээдэг төдийгүй зүрх сэтгэлээ уудлахын тулд Аврагч Есүсийг үргэлжлүүлэн хүлээхээр хичээдэг. Бид гаднаа сагсуу ч биш, даруу ч биш, дөрөө олсон мэт харагддаг боловч зүрх сэтгэлдээ урьд нь хэзээ ч мэдэрч байгаагүй гарз хохирлын мэдрэмжид автдаг. Заримдаа бид гаднаа ер бусын тайван юм шиг харагдаж болох ч сэтгэл санаа маань догшин тэнгис мэт тарчлан булгилж байдаг. Түүний шүүлт, гэсгээлт бидний бүх итгэл найдвар, мөрөөдлийг үгүй хийж, хэрээс хэтэрсэн хүслийг минь эцэслэн, Тэр бол бидний аврагч бөгөөд биднийг аврах чадвартай гэдэгт итгэх хүсэлгүй болгодог. Түүний шүүлт, гэсгээлт нь хэний ч давах гэж оролдож зүрхлэхээргүй асар гүн ан цавыг Тэр бидний хооронд үүсгэсэн. Түүний шүүлт, гэсгээлтээр бид амьдралдаа анх удаа ийм агуу бэрхшээл, их доог тохууг туулсан юм. Бидний асар олиггүй, ариун бус байдагтай харьцуулаад Бурханы эрхэм дээд, хүний зөрчлийг үл хүлцдэг байдлыг Түүний шүүлт гэсгээлт бидэнд үнэхээр мэдрүүлсэн. Бид хэчнээн биеэ тоосон, сагсуу болохыг, мөн хүн хэзээ ч Бурхантай эн зэрэгцэхгүй, нэг түвшинд байхгүй гэдгийг Түүний шүүлт, гэсгээлт бидэнд анх удаа ухааруулсан юм. Түүний шүүлт, гэсгээлтээс үүдэн бид ийм завхарсан зан чанартайгаар цаашид амьдралгүй, энэ уг чанар, мөн чанараас аль болох түргэн ангижирч, Түүнд бузар булай, жигшүүртэй хандахаа болихыг хүсэж эрмэлздэг болсон билээ. Түүний шүүлт гэсгээлтээс үүдэн бид Түүний үгийг баяртайгаар дуулгавартай дагаж, Түүний зохион байгуулалт, зохицуулалтын эсрэг тэрслэхээ больсон. Түүний шүүлт, гэсгээлт нь бидэнд амийг эрж хайх хүслийг дахин нэг удаа өгч, Түүнийг Аврагчаа хэмээн баяртайгаар хүлээн зөвшөөрөхөд хүргэсэн... Бид байлдан дагуулалтын ажлаас, тамаас, үхлийн сүүдрийн хөндийгөөс гарсан юм.... Төгс Хүчит Бурхан энэхүү бүлэг хүмүүс биднийг олж авсан билээ! Тэрээр Сатаныг ялж, үй олон дайснаа дарлаа!

Бид бол сатанлаг завхарсан зан чанартай маш эгэл бүлэг хүмүүс, олон эриний өмнө Бурханы урьдчилан тогтоосон хүмүүс, мөн өтөг бууцнаас Бурханы өргөсөн зүдэрсэн хүмүүс билээ. Бид нэгэнтээ Бурханыг голж, ялласан боловч одоо Түүгээр байлдан дагуулагдсан юм. Бурханаас бид амь болон мөнх амийн замыг хүлээн авсан билээ. Бид газар дэлхий дээр хаа ч байж, ямар ч хяхалт хавчлага, гай гамшгийг тууллаа гэсэн Төгс Хүчит Бурханы авралаас салж чадахгүй юм. Учир нь Тэр бол бидний Бүтээгч, бас цорын ганц золин аврал маань билээ!

Бурханы хайр булгийн ус мэт урсаж, чамд, надад, түүнд болон үнэнийг үнэхээр эрж хайн, Бурханы илрэлтийг хүлээдэг бүх хүнд өгөгддөг.

Эцэс төгсгөлгүй ээлжлэн хувьсалтаар сар нарыг дагадгийн яг адилаар, Бурханы ажил ч мөн хэзээ ч дуусалгүй чам дээр, над дээр, түүн дээр болон Бурханы мөрийг дагаж, шүүлт, гэсгээлтийг нь хүлээн зөвшөөрдөг бүх хүн дээр явагддаг билээ.

2010 оны 3 дугаар сарын 23

“Төгс Хүчит Бурханы Чуулганы үүсэл, хөгжил”-ийн удиртгал болгон Бурхан үүнийг бичсэн болно.

Өмнөх:ТӨГСГӨЛИЙН ҮГ