10.5. Хэрхэн үнэнч шударга хүн байх тухай

384. Бурхан үнэнч хүнд дуртай гэдгийг та нар мэдэх учиртай. Бурхан итгэмжит мөн чанартай болохоор Түүний үгэнд үргэлж итгэж болно; түүнчлэн, Түүний үйлдэл алдаа мадаггүй агаад маргаангүй байдаг. Ийм учраас Өөрт нь туйлын үнэнч хүмүүст Бурхан дуртай. Үнэнч байдал гэдэг нь Бурханд зүрх сэтгэлээ өгөх, бүх зүйл дээр Бурханд үнэн сэтгэлээсээ хандаж, бүх зүйл дээр Түүнтэй илэн далангүй байж, бодит баримтыг хэзээ ч нуухгүй байж, дээд, доод хүмүүсээ мэхлэхээр оролдохгүй байж, Бурханд бялдуучлах зүйл хэзээ ч хийхгүй байна гэсэн үг юм. Товчхондоо үнэнч байна гэдэг нь өөрийн үйлдэл болон үгийг цэвэр байлгаж, Бурханыг ч, хүнийг ч мэхлэхгүй байх явдал билээ. Миний хэлдэг зүйл маш энгийн боловч та бүхний хувьд хоёр дахин хэцүү бэрх байдаг. Олон хүн үнэнч шударгаар ярьж, үйлдсэний оронд тамд яллагдахыг илүүд үздэг. Иймээс үнэнч бус хүмүүст өөрөөр ханддагт минь гайхах юмгүй. Мэдээж үнэнч байхад хэчнээн хэцүү байдгийг чинь Би сайн мэднэ. Та нар бүгд маш ухаантай, юмыг өөрсдийн өчүүхэн жаахан хэмжүүрээр хэмжихдээ дадамгай учраас Миний ажлыг хавьгүй илүү амархан болгодог. Та нар дор бүрнээ өөрсдийн нууцыг дотроо хадгалж байдаг тул Би та нарыг галаар “хүмүүжүүлэхийн” тулд нэг нэгээр чинь гай гамшигт оруулна, ингэснээр тэр цагаас хойш та нар Миний үгэнд бүрэн итгэлтэй болж магад юм. Эцэст нь Би “Бурхан бол итгэмжит Бурхан” гэх үгийг амнаас чинь гарган авна, тэгэхэд та нар цээжээ дэлдэн “Хүний зүрх сэтгэл зальтай юм!” хэмээн халаглана. Тэр үед та нарын сэтгэл санааны байдал ямар байх вэ? Та нар одоогийнх шигээ бардам байхгүй гэж Би төсөөлж байна. Тэр ч бүү хэл, одоогийнх шигээ “гүн гүнзгий, ойлгомжгүй” байхгүй. Зарим хүн Бурханы өмнө ёсорхуу, зүй зохистой байж, “хүмүүжилтэй” байхаар хүч чадлаа дайчилдаг ч Сүнсний өмнө хамаг эрээ цээрээ алддаг. Та нар ийм хүмүүсийг үнэнч хүмүүсийн тоонд оруулах уу? Хэрвээ чи хоёр нүүртэй, мөн “хүн хоорондын харилцаанд” чадварлаг бол Би чамайг гарцаагүй Бурханаар даажигнадаг хүн гэж хэлнэ. Хэрвээ үг чинь шалтаг болон хэрэггүй зөвтгөлөөр дүүрэн бол Би чамайг үнэнийг хэрэгжүүлэх дургүй хүн гэж хэлнэ. Хэрвээ чамд хуваалцахыг хүсдэггүй олон нууц байдаг бол, хэрвээ чи өөрийнхөө нууцыг буюу өөрийнхөө бэрхшээлийг бусдын өмнө дэлгэж, гэрлийн замыг эрж хайх маш дургүй бол чи авралыг амархан хүртэж, харанхуйгаас хялбархан гарч ирж чадахгүй хүн юм гэж Би хэлнэ. Хэрвээ үнэний замыг эрж хайх нь чамд тун таалагддаг бол чи үргэлж гэрэлд амьдардаг хүн юм. Хэрвээ чи Бурханы гэрт үйлчлэл үзүүлэхдээ тун их баяртай байж, нэрд гаралгүйгээр хичээнгүйлэн, чин сэтгэлээсээ ажиллаж, үргэлж өгч, хэзээ ч авдаггүй бол Би чамайг үнэнч ариун хүн гэж хэлнэ, учир нь чи шагнал эрэлхийлдэггүй, зүгээр л үнэнч шударга хүн байдаг. Хэрвээ чи илэн далангүй байхыг хүсдэг бол, байгаа бүхнээ зарлагадахыг хүсдэг бол, Бурханы төлөө амиа золиосолж, гэрчлэлдээ бат зогсож чаддаг бол, мөн Бурханыг хангалуун байлгахыг л мэддэг, өөрийгөө боддоггүй, өөрийнхөө төлөө юм авдаггүй байх хэмжээнд үнэнч шударга бол ийм хүмүүс гэрлээр тэтгэгддэг, хаанчлалд үүрд амьдрах хүмүүс юм гэж Би хэлнэ.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Гурван сануулга

385. Бусдыг сэжиглэдэггүй хүмүүсийг Би маш их үнэлдэг ба үнэнийг дуртайяа хүлээн зөвшөөрдөг хүмүүс Надад таалагддаг; ийм хоёр төрлийн хүмүүсийг Би асар их халамжилна, учир нь Миний нүдээр бол тэд үнэнч хүмүүс билээ. Хэрвээ чи ов мэхтэй бол бүх хүн, бүх хэрэг явдалд сэрэмжилж, сэжиглэж хандах бөгөөд тиймээс Надад итгэх итгэл чинь хардлагын суурин дээр үндэслэнэ. Ийм итгэлийг Би хэзээ ч хүлээн зөвшөөрч чадахгүй. Жинхэнэ итгэлгүй болохоор чамд жинхэнэ хайр бүр ч байдаггүй. Хэрвээ чи Бурханд эргэлзэж, Түүний талаар хүссэнээрээ боддог бол гарцаагүй хамгийн зальтай хүн юм. Бурхан хүнтэй адил байж чадах эсэхийг чи эргэцүүлэн боддог: уучилшгүй нүгэлтэй, жудаггүй, шударга бус, эрүүл ухаангүй, шударга ёсны мэдрэмж дутмаг, муу арга заль хэрэглэдэг, урвамтгай, зальхай, ёрын муу, харанхуйд дуртай гэх мэт. Хүмүүс ийм бодолтой байдгийн шалтгаан нь тэдэнд Бурханы талаарх өчүүхэн төдий ч мэдлэг байдаггүйгээс болдог бус уу? Тийм итгэл нь нүглээс өөрцгүй! Түүнчлэн, Миний таалалд нийцдэг хүмүүс бол яг нарийндаа бялдууч, зусарчид бөгөөд ийм чадвар дутмаг хүмүүсийг Бурханы гэрт ч хүлээн авахгүй, тэд тэнд хөлөө олoхгүй гэж итгэдэг хүмүүс ч бий. Энэ олон жилийн турш эзэмшсэн мэдлэг чинь энэ үү? Та нарын олж авсан зүйл энэ үү? Миний талаарх та нарын мэдлэг зөвхөн ийм буруу ойлголтоор зогсдоггүй; Бурханы Сүнсийг доромжилж, Тэнгэрийг гутаадаг чинь үүнээс ч дор. Ийм учраас, та нарынх шиг ийм итгэл та нарыг Надаас улам холдуулж, Намайг илүү их эсэргүүцэхэд хүргэнэ гэж Би хэлдэг.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Газар дээрх Бурханыг хэрхэн мэдэх вэ

386. Өнөөдөр ихэнх хүмүүс үйлдлээ Бурханы өмнө авчрахаас хэтэрхий их айдаг; чи Түүний махбодыг мэхэлж магадгүй ч Түүний Сүнсийг мэхэлж чадахгүй. Бурханы шинжилтийг тэсвэрлэж чадахгүй аливаа хэрэг явдал үнэнтэй таардаггүй бөгөөд үүнийг хаях хэрэгтэй; үүнээс өөрөөр хийх нь Бурханы эсрэг нүгэл үйлдэж байгаа хэрэг. Иймээс чи залбирах үедээ, ах эгч нартайгаа ярилцаж, нөхөрлөх үедээ, үүргээ гүйцэтгэж, ажил хэргээ явуулах үедээ зүрх сэтгэлээ цаг үргэлж Бурханы өмнө тавих ёстой. Үүргээ биелүүлэх үед чинь Бурхан чамтай хамт байдаг бөгөөд санаа зорилго чинь зөв, Бурханы гэрийн ажлын төлөө байгаа цагт хийдэг бүхнийг чинь Тэр хүлээн зөвшөөрнө; чи үүргээ биелүүлэхэд чин сэтгэлээсээ өөрийгөө зориулах хэрэгтэй. Залбирах үедээ зүрх сэтгэлд чинь Бурханыг гэсэн хайр байдаг, Бурханы халамж, хамгаалалт, шинжилтийг эрэлхийлдэг бол, хэрэв эдгээр зүйл санаа зорилго чинь бол чиний залбирал үр дүнтэй байна. Жишээлбэл, цуглаан дээр залбирах үедээ чи зүрх сэтгэлээ нээж, Бурханд залбиран, худал хуурмаг зүйл ярилгүйгээр зүрх сэтгэлдээ байгаа зүйлийг Түүнд хэлбэл залбирал чинь гарцаагүй үр дүнтэй болно…

Бурханд итгэгч байна гэдэг нь хийж буй бүхнээ Түүний өмнө авчирч, шинжүүлэх ёстой гэсэн үг юм. Хийж буй зүйлээ Бурханы Сүнсний өмнө авчирч болох боловч Бурханы махбодын өмнө авчирч болохгүй бол чи Түүний Сүнсээр шинжүүлж байгаагүйг харуулж байна. Бурханы Сүнс гэж хэн бэ? Бурхан гэрчлэл хийдэг хүн хэн бэ? Тэд нэг биш гэж үү? Ихэнх нь Тэднийг хоёр тусдаа оршихуй гэж үзэн, Бурханы Сүнс бол Бурханы л Сүнс, харин Бурхан гэрчлэл хийдэг хүн бол ердөө л нэг хүн гэж итгэдэг. Гэвч чи андуурсан бус уу? Энэ хүн хэний өмнөөс ажилладаг вэ? Бие махбодтой болсон Бурханыг мэддэггүй хүмүүст сүнслэг ойлголт байдаггүй. Бурханы Сүнс, Түүний махбод болсон бие хоёр нэг бөгөөд учир нь Бурханы Сүнс махбодод биеллээ олдог. Энэ хүн чамд базаахгүй хандвал Бурханы Сүнс эелдэг хандана гэж үү? Чи будилсан бус уу? Өнөөдөр Бурханы шинжихийг хүлээн авч чаддаггүй бүхэн Түүний сайшаалыг хүртэж чадахгүй бөгөөд бие махбодтой болсон Бурханыг мэддэггүй хүмүүс төгс болгуулж чадахгүй. Хийж байгаа бүхнээ хараад Бурханы өмнө авчирч болох эсэхийг үзээрэй. Хийж байгаа бүхнээ Бурханы өмнө авчирч чадахгүй бол энэ нь мууг үйлдэгч болохыг чинь харуулж байна. Мууг үйлдэгч төгс болгуулж чадах уу? Үйлдэл, санаа зорилго, хариу үйлдэл бүр гээд хийж буй бүхнээ Бурханы өмнө авчрах хэрэгтэй. Чиний залбирал, Бурхантай ойр дотно байдал, Бурханы үгийг хэрхэн идэж уудаг, ах эгч нартайгаа хийсэн нөхөрлөл, чуулган доторх амьдрал, түншлэл дэх үйлчлэл гээд өдөр тутмын сүнслэг амьдралаа хүртэл Бурханы өмнө авчирч шинжүүлэх хэрэгтэй. Ийм хэрэгжүүлэлт амиа өсгөхөд чинь тусална. Бурханы шинжихийг хүлээн зөвшөөрөх явц нь ариусах явц юм. Бурханы шинжихийг хүлээн зөвшөөрч чадах тусам улам их ариусаж, Бурханы хүсэлд улам их нийцсэнээрээ самуун явдалд татагдахгүй, зүрх сэтгэл чинь Түүний өмнө амьдарна. Түүний шинжлэхийг хүлээн зөвшөөрөх тусам Сатан улам их шившиглэгдэж, махан биеэ хаях чадвар чинь улам нэмэгдэнэ. Тиймээс Бурханы шинжлэхийг хүлээн зөвшөөрөх нь хүмүүсийн дагах ёстой хэрэгжүүлэлтийн зам юм. Чи юу ч хийж байсан бай, ах эгч нартайгаа ярилцахдаа хүртэл үйлдлээ Бурханы өмнө авчирч, Түүнээр шинжүүлэхийг хичээж, Бурханыг Өөрийг нь дуулгавартай дагахаар зорьж болно. Энэ нь хэрэгжүүлдэг зүйлийг чинь хавьгүй илүү зөв болгоно. Чи хийж байгаа бүхнээ Бурханы өмнө авчирч, Бурханы шинжихийг хүлээн зөвшөөрөх л юм бол Бурханы өмнө амьдардаг нэгэн болж чадна.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Өөрийнх нь зүрх сэтгэлийн дагуух хүмүүсийг Бурхан төгс болгодог

387. Үнэнч хүний хувиар чи эхлээд хүн болгонд зүрх сэтгэлээ нээх ёстой, ингэснээр хүн бүр үүнийг шинжилж, бодож байгаа бүхнийг чинь харж, үнэн нүүр царайг чинь хальт харж чадна; чи сайхан харагдахын тулд дүр эсгэж, дүр үзүүлэхээр оролдох ёсгүй. Тэр үед л хүмүүс чамд итгэж, үнэнч хэмээн тооцох болно. Энэ бол хамгийн үндсэн хэрэгжүүлэлт бөгөөд үнэнч хүн байхын урьдач нөхцөл юм. Чи үргэлж дүр эсгэж, ариун, эрхэм дээд, агуу дүр үзүүлж, ёс зүйн өндөр чанартай царайлж байна. Тэгээд хүмүүст завхрал, дутагдлаа харуулдаггүй. Мөн өөрийгөө шулуун шударга, агуу, өөрийгөө золиослогч, туйлширдаггүй, амь бие хайргүй гэж итгүүлэхийн тулд хүмүүст хуурамч дүр харуулдаг. Энэ бол ов мэхтэй байдал юм. Бүү дүр эсгэ, бүү өөрийгөө хайрцагла; харин өөрийгөө болон зүрх сэтгэлээ ил болгон бусдад харуул. Хэрэв чи зүрх сэтгэлээ уудлан бусдад харуулж, эерэг ч бай, сөрөг ч бай, бүх бодол, төлөвлөгөөгөө ил болгож чаддаг бол үнэнч байгаа хэрэг бус уу? Хэрэв чи өөрийгөө ил болгон бусдад харуулж чадвал Бурхан ч бас чамайг хараад, “Чи өөрийгөө ил болгон бусдад харуулсан тул Миний өмнө ч бас үнэнч байгаа нь лавтай” хэмээн хэлнэ. Хэрэв чи зөвхөн бусдын нүднээс далдуур Бурханд өөрийгөө ил болгож, бусадтай хамт байхдаа үргэлж агуу, эрхэм дээд, шулуун шударга, аминч бус дүр эсгэдэг бол Бурхан юу гэж бодож, юу гэж хэлэх вэ? “Чи үнэхээр ов мэхтэй юм; туйлын хоёр нүүртэй, шалихгүй, мөн үнэнч хүн биш юм” гэж Тэр хэлнэ. Бурхан чамайг тийнхүү яллана. Хэрэв чи үнэнч хүн байхыг хүсвэл Бурхан юм уу бусдын өмнө юу ч хийлээ гэсэн сэтгэлээ нээж, өөрийгөө илчилж чаддаг байх ёстой.

Үг. III Боть: Эцсийн өдрүүдийн Христийн яриа. Үнэнч хүн байх хамгийн үндсэн хэрэгжүүлэлт

388. Хүрэх газар, хувь заяа чинь та нарт маш чухал—асар их ач холбогдолтой. Аливааг маш анхааралтай хийхгүй бол хүрэх газаргүй болж, хувь заяагаа сүйрүүлсэн байх болно гэж та нар итгэдэг. Гэхдээ, гагцхүү хүрэх газрынхаа төлөө хүчин чармайлтаа зарцуулдаг хүмүүс хий дэмий хөдөлмөрлөж байгаа хэрэг гэж та нар ер нь бодож байв уу? Ийм хүчин чармайлт жинхэнэ биш—худал хуурмаг, ов мэх юм. Хэрвээ тийм бол, хүрэх газрынхаа төлөө л ажилладаг хүмүүс эцсийн ялагдлынхаа ирмэгт байна, учир нь хүний Бурханд итгэх итгэл ов мэхээс болж бүтэлгүйтдэг билээ. Надад зусардах, долигонох юм уу Надад урам зоригтой хандахад дургүй гэдгээ Би урьд нь хэлсэн. Үнэнч хүмүүс Миний үнэн болон хүлээлттэй нүүр тулахад Би дуртай. Хүмүүс Миний зүрх сэтгэлийг туйлын их анхаарч, хайхарч байгаагаа харуулахад, мөн Миний төлөө бүхнийг орхиж ч чадах үед Би бүр их дуртай. Ийм маягаар л Миний зүрх сэтгэлийг тайтгаруулж болно.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Хүрэх газрын тухай

389. Хүмүүс үнэнч шударга байхаар эрэлхийлж байж л хэр гүн гүнзгий завхарснаа, мөн хүний төрхтэй эсэхээ мэдэж чадна; тэд үнэнч байдлыг хэрэгжүүлэх үедээ л хэр олон худал үг хэлдэг, ов мэх, булхайгаа хэчнээн гүн нуудгаа мэддэг болж чадна. Үнэнч байхаар хэрэгжүүлэх туршлагатай болж байхдаа л хүмүүс завхралынхаа тухай үнэнийг аажмаар мэдэж авч, уг чанар мөн чанараа таньж чаддаг бөгөөд тэгсэн цагт л тэдний завхарсан зан чанар тасралтгүй ариусаж чадна. Завхарсан зан чанар нь тасралтгүй ариусах явцад л хүмүүс үнэнийг олж авч чадна. Эдгээр үгийг яаралгүй туул. Бурхан зальжин хүмүүсийг төгс болгодоггүй. Хэрэв зүрх сэтгэл чинь үнэнч биш, чи өөрөө үнэнч хүн биш бол Бурхан чамайг хэзээ ч олж авахгүй. Үүний адилаар чи ч гэсэн үнэнийг хэзээ ч олж авахгүй, бас Бурханыг олж авах чадваргүй байх болно. Хэрэв чи Бурханыг олж авч чадахгүй, үнэнийг ойлгодоггүй бол энэ нь юу гэсэн үг вэ? Энэ нь чи Бурханд дайсагнаж, Бурхантай нийцэлгүй байна гэсэн үг бөгөөд Тэр чиний Бурхан биш юм. Хэрвээ Бурхан чиний Бурхан биш бол чи аврал хүртэж чадахгүй. Аврал хүртэж чадахгүй бол чи үүрд Бурханы өстөн дайсан байх бөгөөд үр дүн чинь тодорхойлогдох болно. Иймээс хэрвээ хүмүүс аврагдахыг хүсвэл эхлээд үнэнч шударга байх ёстой. Эцэст нь Бурханаар авхуулах хүмүүсийг тэмдэглэдэг тэмдэг бий. Энэ нь юу болохыг та нар мэдэх үү? “Тэдний амнаас ямар ч худал олдсонгүй; тэд гэм зэмгүй билээ” гэж Библийн Илчлэлд бичсэн байдаг. “Тэд” гэж хэн бэ? Тэд бол Бурханы төгс болгож, олж авч, авардаг хүмүүс юм. Бурхан энэ хүмүүсийг хэрхэн дүрсэлдэг вэ? Тэдний үйлдлийн шинж чанар, илэрхийлэл юу вэ? (Тэд гэм зэмгүй байдаг. Тэгээд огт худал хэлдэггүй.) Огт худал хэлдэггүй гэж юу гэсэн үг болохыг та нар бүгд ойлгож, ухаарах ёстой: Энэ нь үнэнч шударга байх гэсэн үг. Гэм зэмгүй байх гэж юу гэсэн үг вэ? Гэмз эмгүй хүнийг Бурхан хэрхэн тодорхойлдог вэ? Гэм зэмгүй хүмүүс Бурханаас эмээж, муугаас зайлж чаддаг; тэд бол Бурханы замыг баримталж чаддаг хүмүүс юм. Тийм хүмүүс Бурханы нүдээр төгс байдаг; тэд гэм зэмгүй билээ.

Үг. III Боть: Эцсийн өдрүүдийн Христийн яриа. Амийн өсөлтийн зургаан үзүүлэлт

390. Чиний дотор жинхэнэ итгэл, жинхэнэ үнэнч зан байгаа эсэхийг, Бурханы төлөө зовсон баримт чамд байгаа эсэхийг болон Бурханд бүрэн захирагдсан эсэхээ чи мэдэх ёстой. Хэрвээ чамд эдгээр зүйл байдаггүй бол чиний дотор дуулгаваргүй байдал, заль мэх, шунал, гомдол үлдсэн байдаг. Зүрх сэтгэл чинь огт үнэнч шударга биш учраас чи Бурханд хэзээ ч эерэгээр хүлээн зөвшөөрөгдөөгүй бөгөөд хэзээ ч гэрэлд амьдраагүй. Хүний хувь заяа эцэстээ яах нь түүнд үнэнч шударга, халуун сэтгэл байгаа эсэхээс болон цэвэр ариун сүнс байгаа эсэхээс хамаардаг. Хэрвээ чи маш үнэнч бус, хорлонт сэтгэлтэй, бохир сүнстэй хүн бол хувь заяаны чинь бүртгэлд бичигдсэнээр хүнийг шийтгэдэг газар очиж таарах нь гарцаагүй. Чи өөрийгөө маш үнэнч шударга гэж хэлдэг атлаа үнэний дагуу үйлдэж, үнэн үг хэлж хэзээ ч амждаггүй бол Бурхан чамайг шагнахыг хүлээсээр л байна уу? Бурхан чамайг Өөрийнхөө нүдний цэцгий мэт үзнэ гэж найдсаар л байна уу? Ийм бодол утгагүй бус уу? Чи бүх зүйл дээр Бурханыг мэхэлдэг; тэгвэл чам шиг бохир гартай хүнийг яаж Бурханы гэрт байлгаж болох юм бэ?

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Гурван сануулга

Өмнөх: 10.4. Шүүлт, гэсгээлт, шалгалт, цэвэршүүлэлтийг хэрхэн туулах тухай

Дараах: 10.6. Бурханы үгийг хэрхэн хэрэгжүүлж, дуулгавартай дагах тухай

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Messenger дээр бидэнтэй холбоо барих