10.6. Бурханы үгийг хэрхэн хэрэгжүүлж, дуулгавартай дагах тухай
391. Бурхан хүмүүсийг бүтээж, газар дээр байрлуулаад, тэр үеэс хойш тэднийг удирдсан. Дараа нь Тэр тэднийг аварч, хүн төрөлхтний төлөөх нүглийн тахил болсон. Эцэст нь Тэр мөн л хүн төрөлхтнийг байлдан дагуулж, хүмүүсийг бүхэлд нь аварч, анхдагч төрхийг нь сэргээх ёстой болсон. Хүний анхдагч дүр, анхны төрхийг сэргээх энэхүү ажлыг Тэр бүр эхнээсээ л хийсээр ирсэн. Бурхан хаанчлалаа байгуулж, хүний анхдагч төрхийг сэргээнэ, өөрөөр хэлбэл, Бурхан газар дээр, бүх бүтээлийн дунд эрх мэдлээ сэргээнэ. Сатанаар завхруулагдсаны дараа хүн Бурханаас эмээх зүрх сэтгэлээ алдаж, Бурханы бүтээлд оногдсон чиг үүргээ ч алдаж, улмаар Бурханд дуулгаваргүй дайсан болжээ. Тэгээд хүмүүс Сатаны эзэмшилд амьдарч, Сатаны тушаалыг дагасан; тиймээс Бурхан бүтээлүүдийнхээ дунд ажиллах ямар ч аргагүй болж, тэдний айж эмээсэн хүндлэлийг олж авч бүр ч чадахаа больсон юм. Хүмүүс Бурханаар бүтээгдсэн, Бурханд шүтэн мөргөх учиртай боловч үнэндээ Бурханаас нүүр буруулж, оронд нь Сатаныг шүтжээ. Тэгээд Сатан хүний зүрх сэтгэл дэх шүтээн болов. Ийнхүү Бурхан хүний зүрх сэтгэл дэх байр сууриа алдсан, өөрөөр хэлбэл, Тэр хүнийг бүтээснийхээ утга учрыг алдсан. Тиймээс хүнийг бүтээснийхээ утга учрыг сэргээхийн тулд Тэр хүний анхдагч төрхийг сэргээж, хүнийг завхарсан зан чанараас нь ангижруулах ёстой. Хүмүүсийг Сатанаас буцаан авахын тулд Тэр тэднийг нүглээс аврах ёстой. Ийм маягаар л Бурхан тэдний анхдагч төрх болон чиг үүргийг аажмаар сэргээж, Өөрийн хаанчлалыг сэргээж чадна. Дуулгаваргүй хөвгүүдийн эцсийн сүйрэл нь ч бас, хүмүүсийг Бурханд илүү их шүтэн мөргүүлж, газар дээр илүү сайхан амьдруулахын төлөө хийгдэнэ. Бурхан хүмүүсийг бүтээсэн тул Тэр хүнийг Өөртөө шүтэн мөргүүлнэ; Тэрээр хүний анхдагч чиг үүргийг сэргээхийг хүсдэг тул ямар ч хольцгүйгээр бүрэн сэргээнэ. Өөрийн эрх мэдлийг сэргээнэ гэдэг нь хүнийг Өөртөө шүтэн мөргүүлж, Өөртөө дуулгавартай байлгана гэсэн үг юм; мөн Бурхан хүмүүсийг Өөрөөсөө үүдэн амьдруулж, дайснаа Өөрийн эрх мэдлээр сүйрүүлнэ гэсэн утгатай. Бас Бурхан, хэний ч эсэргүүцэлгүйгээр Өөрийнхөө бүхий л зүйлийг хүмүүсийн дунд үлдээнэ гэсэн үг юм. Бурханы байгуулахыг хүсдэг хаанчлал бол Түүний Өөрийн хаанчлал билээ. Түүний хүсдэг хүн төрөлхтөн бол Түүнд шүтэн мөргөдөг, Түүнийг бүрэн дуулгавартай дагадаг, Түүний алдар сууг илтгэдэг хүмүүс юм. Хэрвээ Бурхан завхарсан хүн төрөлхтнийг аврахгүй бол хүнийг бүтээснийх нь утга учир алдагдана; Тэрээр хүмүүсийн дунд ямар ч эрх мэдэлгүй байж, Түүний хаанчлал газар дээр оршин тогтнож чадахаа болино. Хэрвээ Бурхан, Өөрт нь дуулгаваргүй байдаг дайснуудаа устгахгүй бол бүрэн алдар суугаа олж авч чадахгүй, газар дээр хаанчлалаа байгуулж ч чадахгүй. Хүн төрөлхтний дундаас Өөрт нь дуулгаваргүй хүмүүсийг бүрмөсөн устгаж, бүрэн төгс болгуулсан хүмүүсийг амралтад аваачих нь Түүний ажил дууссаны тэмдэг, Түүний агуу амжилтын тэмдэг байх болно. Хүмүүс анхдагч төрхөө сэргээж, тус тусын үүргийг гүйцэтгэж, өөрсдийн зүй ёсны байр суурийг хадгалж, Бурханы бүх зохицуулалтад захирагдаж чаддаг байх үед Бурхан, Өөрт нь шүтэн мөргөдөг бүлэг хүмүүсийг газар дээр олж авсан байх бөгөөд Өөрт нь шүтэн мөргөдөг хаанчлалыг ч газар дээр байгуулсан байх болно.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурхан хүн хоёр амралтад хамт орох болно
392. Чи Бурханд итгэдэг учраас Түүнийг дуулгавартай дагах ёстой. Хэрвээ чи ингэж чадахгүй бол Бурханд итгэдэг эсэх чинь хамаагүй. Бурханд олон жил итгэсэн атлаа Түүнийг хэзээ ч дуулгавартай дагаагүй, Түүний бүх үгийг хүлээн аваагүй, харин ч чамд захирагдаж, чиний үзлийн дагуу үйлдэхийг Бурханаас шаарддаг бол чи хамгийн тэрслүү бөгөөд үл итгэгч мөн. Хүний үзэлтэй нийцдэггүй Бурханы ажил болон үгийг ийм хүмүүс яаж дуулгавартай дагаж чадах юм бэ? Хамгийн тэрслүү хүн бол Бурханаас санаатайгаар зөрж, эсэргүүцдэг нэгэн юм. Тэд бол Бурханы дайсан, антихрист мөн. Ийм хүмүүс Бурханы шинэ ажилд үргэлж дайсагнасан хандлагатай байдаг, захирагдах өчүүхэн ч дур сонирхол хэзээ ч байгаагүй бөгөөд дуртайяа захирагдаж, өөрийгөө даруу болгосон удаа огт байхгүй. Тэд бусдын өмнө өөрсдийгөө өргөмжилж, хэнд ч хэзээ ч захирагддаггүй. Бурханы өмнө тэд үг номлоход хамгийн шилдэг нь бөгөөд бусад дээр ажиллахдаа хамгийн чадамгай гэж өөрсдийгөө үздэг. Тэд эзэмшсэн “эрдэнэсээ” хэзээ ч хаядаггүй, харин тэдгээрийг шүтэн мөргөх, бусдад номлох гэр бүлийн удам дамжсан эд зүйл мэт үздэг ба өөрсдийг нь шүтдэг тэр мунхгуудад сургаал айлдахдаа тэдгээрийг ашигладаг. Чуулганд үнэндээ иймэрхүү хэдэн хүн байдаг. Тэднийг үеэс үед Бурханы гэрт түр оршин суудаг “мохошгүй баатрууд” гэж хэлж болох юм. Тэд үг (хоосон сургаал) номлохыг өөрсдийн хамгийн эрхэм үүрэг болгодог. Тэд “ариун агаад халдашгүй дархан” үүргээ жилээс жилд, үеэс үед идэвхтэй хэрэгжүүлж явдаг. Тэдэнд хэн ч хүрч зүрхэлдэггүй, ганц ч хүн тэднийг илт зэмлэж зүрхэлдэггүй. Эрин үеэс эрин үед тэд эрээгүй аашлан бусдыг эзэрхэж, Бурханы гэрт “хаан” болдог. Энэ сүрэг чөтгөр гар нийлэн, Миний ажлыг нураах гэж оролддог; энэ амьд диаволууд Миний нүдний өмнө оршин тогтнохыг Би хэрхэн зөвшөөрч чадах билээ? Хагас дутуу дуулгавартай хүмүүс ч эцсийг нь хүртэл үргэлжлүүлж чаддаггүй байхад зүрх сэтгэлдээ өчүүхэн төдий ч дуулгавартай байдалгүй эдгээр эзэрхэг этгээд бүр ч чадахгүй! Бурханы ажлыг хүн олж авахад хялбар биш. Хүмүүс хамаг хүч чадлаа хэрэглээд ч жаахан хэсгийг л олж авч, эцэстээ төгс болгуулж чадна. Тэгэхээр Бурханы ажлыг сүйрүүлэх гэж оролддог тэргүүн тэнгэрэлчийн үр удмын тухайд ямар вэ? Бурханаар авхуулах найдвар тэдэнд бүр ч бага байх бус уу? Байлдан дагуулах ажил хийх Миний зорилго бол гагцхүү байлдан дагуулалтын төлөө байлдан дагуулах бус, харин зөв шударга байдал ба зөв шударга бус байдлыг илчлэх, хүнийг шийтгэх нотолгоо олж авах, хорон мууг яллах, түүнчлэн дуртайяа дуулгавартай дагадаг хүмүүсийг төгс болгохын төлөө байлдан дагуулах явдал билээ. Эцэстээ бүгд төрлийнхөө дагуу ангилагдах бөгөөд төгс болгуулдаг хүмүүсийн бодол, санаа нь ч дуулгавартай байдлаар дүүрдэг. Энэ нь эцэстээ гүйцэлдэх ёстой ажил юм. Харин үйлдэл болгон нь тэрслүү хүмүүс шийтгүүлж, мөнхийн хараалын объект, галд шатаагдахаар хаягдах болно. Тэр цаг ирэхэд өнгөрсөн эрин үеийн “агуу агаад мохошгүй баатрууд” хамгийн адгийн, хамгийн их адлагдсан “үхээнц, сул дорой хулчгарууд” болно. Зөвхөн энэ л Бурханы зөвт байдлын бүх талыг, хүний халдаж чадахгүй Түүний зан чанарыг харуулж чадна. Зөвхөн энэ л Миний зүрх сэтгэл дэх үзэн ядалтыг намдааж чадна. Энэ бүхэн үндэслэлтэй гэдэгтэй та нар санал нийлэхгүй гэж үү?
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханд үнэнч зүрх сэтгэлээр дуулгавартай байдаг хүмүүсийг Бурхан гарцаагүй олж авна
393. Бурханы хийдэг ажил эрин бүрд ялгаатай байдаг. Чи нэг үе шатанд асар их дуулгавартай байснаа дараагийн үед муу юм уу дуулгавартай байж чадахгүй байвал Бурхан чамайг орхих болно. Бурханыг энэ алхмаар явахад нь чи хөл нийлүүлэн явбал Түүнийг дараачийн алхмаар өгсөхөд үргэлжлүүлэн хөл нийлүүлэн явах ёстой. Гагцхүү тэгсэн цагт л чи Ариун Сүнсэнд дуулгавартай нэгэн байна. Нэгэнт чи Бурханд итгэдэг тул дуулгавартай байдалдаа тууштай хэвээр байх ёстой. Чи зүгээр л дураа хүрэхээр дуулгавартай байж, дургүйгээ хүрэхээр дуулгаваргүй байж болохгүй. Иймэрхүү маягийн дуулгавартай байдлыг Бурхан сайшаадаггүй. Миний нөхөрлөдөг шинэ ажилтай чи алхаа нийлүүлж чадахгүй, урьдын үгтэй зууралдсаар байвал аминд чинь яаж ахиц гарч чадах юм бэ? Бурханы ажил бол үгээрээ дамжуулан чамайг хангах явдал юм. Чи Түүний үгийг дуулгавартай дагаж, хүлээн авсан цагт Ариун Сүнс чам дээр гарцаагүй ажиллана. Ариун Сүнс яг л Миний ярьсны дагуу ажилладаг. Миний хэлснээр хий, тэгээд Ариун Сүнс даруй чам дээр ажиллана. Би та нарыг хараг гэж шинэ гэрэл гаргаж, та нарыг эдүгээ цагийн гэрэл рүү авчирдаг. Чамайг энэ гэрэл рүү алхах үед Ариун Сүнс чам дээр нэн даруй ажиллах болно. “Би зүгээр л Таны хэлсэн зүйлийг хийхгүй” гэж зарим хүн гөжүүдлэн хэлж магадгүй. Тэгэхэд нь Би чамд, одоо чи замын төгсгөлд ирж, хатаж хорчийгоод амьгүй болжээ гэж хэлнэ. Тиймээс зан чанарынхаа өөрчлөлтийг туулах үедээ өнөөгийн гэрэлтэй хөл нийлүүлэн алхах нь хамгийн чухал юм. Ариун Сүнс Бурханы ашигладаг зарим хүн дээр ажиллаад зогсохгүй, мөн чуулганд ажилладаг. Тэр хэн дээр ч ажиллаж байж болно. Одоогоор Тэр чам дээр ажиллаж байж магадгүй бөгөөд чи энэ ажлыг туулна. Дараагийн цаг хугацаанд Тэр өөр хүн дээр ажиллаж болох бөгөөд тэр тохиолдолд чи яаравчлан дагах ёстой; өнөөгийн гэрлийг ойр дагах тусам амь чинь улам их өсөж чадна. Тухайн хүн ямар байх нь хамаагүй, Ариун Сүнс түүн дээр ажиллаж байгаа л бол чи дагах ёстой. Өөрийнхөө туршлагаар дамжуулан түүний туршлагыг мэдэр, тэгээд чи бүр ч өндөр зүйлсийг хүлээж авна. Ингэснээр чи илүү хурдан ахиц гаргана. Энэ бол хүний төгс болгуулах зам, амиа өсгөдөг арга зам юм. Чи Ариун Сүнсний ажилд дуулгавартай байснаар төгс болгуулах замд хүрдэг. Чамайг төгс болгохын тулд Бурхан ямар төрлийн хүнээр дамжуулж ажиллахыг чи мэдэхгүй, мөн ямар хүн, үйл явдал, эсвэл зүйлээр дамжуулан Тэр чамд юмсыг олж авч эсвэл харах боломж олгохыг ч мэдэхгүй. Хэрвээ чи энэ зөв замд алхан орж чадвал чамд Бурханаар төгс болгуулах асар их найдлага байгааг энэ нь харуулдаг. Хэрвээ чи тэгж чадахгүй бол ирээдүй чинь баргар, гэрэлгүй гэдгийг энэ нь харуулдаг. Зөв замд ормогцоо чи бүх зүйл дээр илчлэл олж авна. Ариун Сүнс бусдад юу илчилдэг байх нь хамаагүй, хэрвээ чи тэдний мэдлэгт үндэслэн аливааг өөрөө туулж мэдэрвэл энэ туршлага амийн чинь нэг хэсэг болох ба энэ туршлагаасаа бусдыг хангаж чадна. Үгийг тоть шиг давтаж бусдыг хангадаг хүмүүс бол ямар ч туршлагагүй хүмүүс юм; чи өөрийн бодит туршлага, мэдлэгийн тухай ярьж эхлэхээсээ өмнө бусдын гэгээрэл, гэрэлтүүлэлтээр дамжуулан хэрэгжүүлэлтийн замыг олж сурах ёстой. Энэ нь чиний өөрийн аминд илүү их ашиг тустай байх болно. Чи Бурханаас ирдэг бүхнийг дуулгавартай дагаж ийм маягаар туршлагажих хэрэгтэй. Чи бүх зүйл дээр Бурханы хүслийг эрж хайж, бүх зүйлээс хичээл сурах хэрэгтэй, тэгвэл чиний амь өснө. Ийм хэрэгжүүлэлт нь хамгийн хурдан ахиц гаргадаг.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханд үнэнч зүрх сэтгэлээр дуулгавартай байдаг хүмүүсийг Бурхан гарцаагүй олж авна
394. Бурханы ажилд захирагдах нь бодитой байх ёстой бөгөөд амьдран харуулдаг байх ёстой. Дан ганц өнгөн дээрээ захирагдаад Бурханы сайшаалыг хүртэж чадахгүй бөгөөд зан чанараа өөрчлөх гэж эрж хайлгүйгээр Бурханы үгийн өнгөц талуудыг дуулгавартай дагах төдий байх нь Бурханы зүрх сэтгэлийн дагуу байх биш юм. Бурханд дуулгавартай байх болон Бурханы ажилд захирагдах нь яг адилхан юм. Бурханд л захирагдаад, Түүний ажилд захирагддаггүй хүмүүсийг дуулгавартайд тооцож болохгүй, үнэнээсээ захирагддаггүй атлаа гаднаа зулгуйдан зусарддаг хүмүүсийг бүр ч тооцож болохгүй. Бурханд үнэнээсээ захирагддаг хүмүүс бүгдээрээ ажлаас нь хүртэж, Бурханы зан чанар болон ажлын талаарх ойлголтод хүрдэг. Зөвхөн ийм л хүмүүс Бурханд үнэхээр захирагддаг. Ийм хүмүүс шинэ ажлаас шинэ мэдлэг олж авч, мөн үүнээс шинэ өөрчлөлтийг туулж чаддаг. Зөвхөн ийм хүмүүсийг л Бурхан сайшаадаг; ийм хүмүүс л төгс болгуулдаг, зан чанараа өөрчилсөн хүмүүс билээ. Бурханы сайшаадаг хүмүүс нь Бурханд, түүнчлэн Түүний үг болон ажилд баяртайяа захирагддаг хүмүүс юм. Зөвхөн ийм хүмүүс л зөв; ийм хүмүүс л Бурханыг чин сэтгэлээсээ хүсэж, Бурханыг чин сэтгэлээсээ эрж хайдаг.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханд үнэнч зүрх сэтгэлээр дуулгавартай байдаг хүмүүсийг Бурхан гарцаагүй олж авна
395. Махбодод байх хугацаандаа Бурханы хүмүүсээс шаарддаг дуулгавартай байдал нь хүмүүсийн төсөөлдөг шиг шүүлт хийхгүй, эсэргүүцэхгүй байх явдал биш; харин ч, Түүний үгийг амьдралын зарчим, оршин тогтнолын сууриа болгон ашиглаж, үгийнх нь мөн чанарыг гарцаагүй хэрэгжүүлж, Түүний хүслийг бүрэн дүүрэн хангахыг Бурхан хүмүүсээс шаарддаг. Бие махбодтой болсон Бурханд дуулгавартай байхыг хүмүүсээс шаардахын нэг тал нь Түүний үгийг хэрэгжүүлэхтэй хамаатай, харин нөгөө тал нь Түүний хэвийн болон бодит байдалд дуулгавартай байж чадахтай хамаатай. Энэ хоёр нь хоёулаа туйлын байх ёстой. Энэ талуудын аль алийг хэрэгжүүлж чаддаг хүмүүс бол зүрх сэтгэлдээ Бурханыг гэх жинхэнэ хайр өвөрлөдөг бүх хүн юм. Тэд бол Бурханаар авхуулсан хүмүүс бөгөөд бүгд Бурханыг амь шигээ хайрладаг…
Бие махбодтой болсон Бурханы өнөөдөр олж авахыг хүсдэг бүлэг хүмүүс бол Түүний хүсэлд нийцдэг хүмүүс юм. Тэд зөвхөн Түүний ажилд захирагдах хэрэгтэй бөгөөд тэнгэр дэх Бурханы тухай санаа бодолд байнга анхаарч, тодорхойгүй байдалд амьдарч, махбод дахь Бурханд бэрхшээл учруулахаа болих хэрэгтэй. Түүнийг дуулгавартай дагаж чаддаг хүмүүс бол Түүний үгийг заавал сонсож, Түүний зохицуулалтад захирагддаг хүмүүс юм. Ийм хүмүүс тэнгэр дэх Бурхан үнэндээ яг ямар болох, эсвэл тэнгэр дэх Бурхан хүн төрөлхтний дунд одоогоор ямархуу ажил хийж байж болохыг огтхон ч анхаардаггүй; харин газар дээрх Бурханд зүрх сэтгэлээ бүрэн өгч, бүхий л оршихуйгаа Түүний өмнө тавьдаг. Тэд өөрсдийнхөө аюулгүй байдлыг хэзээ ч анхаардаггүй, бие махбодтой болсон Бурханы хэвийн агаад бодит байдлын талаар хэзээ ч төвөг уддаггүй. Махбод дахь Бурханд захирагддаг хүмүүс Түүгээр төгс болгуулж чадна. Тэнгэр дэх Бурханд итгэдэг хүмүүс юу ч олж авахгүй. Учир нь тэнгэр дэх Бурхан биш, харин газар дээрх Бурхан л хүмүүст амлалт, ерөөл хайрладаг билээ. Хүмүүс тэнгэр дэх Бурханыг үргэлж агуу хэмээн үзэж, газар дээрх Бурханыг эгэл жирийн хүн мэт үзэх ёсгүй; энэ нь шударга бус. Тэнгэр дэх Бурхан бол ер бусын мэргэн ухаантай агуу агаад гайхалтай атлаа огтхон ч оршин байдаггүй; газар дээрх Бурхан тун жирийн агаад шалихгүй; бас маш хэвийн. Түүнд ер бусын оюун ухаан юм уу газар донсолгом үйл үйлддэггүй; Тэр зүгээр л тун хэвийн, бодитой байдлаар ажиллаж, үгээ хэлдэг. Тэр аянгаар дамжуулан ярьдаггүй, эсвэл салхи бороог захирдаггүй ч гэсэн үнэхээр бие махбодтой болсон тэнгэр дэх Бурхан бөгөөд хүмүүсийн дунд амьдарч буй Бурхан үнэхээр мөн. Хүмүүс өөрсдийн ойлгож чадах, өөрсдийнх нь төсөөлөлд таарсан нэгнийг Бурхан гэж дөвийлгөөд, харин өөрсдийнхөө хүлээн зөвшөөрч чадахгүй, огтхон ч төсөөлж чадахгүй нэгнийг дорд хэмээн үзэх ёсгүй. Энэ бүхэн хүмүүсийн тэрслүү байдлаас урган гардаг; энэ нь Бурханыг эсэргүүцдэг хүн төрөлхтний эсэргүүцлийн бүх эх сурвалж юм.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханы бодит байдалд туйлын дуулгавартай байж чаддаг хүмүүс бол Бурханыг үнэхээр хайрладаг хүмүүс юм
396. Бурханд дуулгавартай байхын гол түлхүүр бол шинэ гэрлийг ойлгож, хүлээн зөвшөөрч, хэрэгжүүлэх чадвартай байх явдал билээ. Энэ л жинхэнэ дуулгавартай байдал юм. Бурханыг хүсэмжлэх хүсэлгүй хүмүүс зориуд Бурханд захирагдаж чаддаггүй, харин байгаа байдалдаа сэтгэл хангалуун байдгаасаа болж Бурханд тэрсэлж л чадна. Хүн өмнө нь ирсэн зүйлд автсан учраас Бурханыг дуулгавартай дагаж чаддаггүй. Урьд өмнө нь ирсэн зүйлс хүмүүст Бурханы талаарх бүх төрлийн үзэл, төсөөлөл өгч, эдгээр нь тэдний оюун ухаанд Бурханы дүр болсон байдаг. Тиймээс тэд өөрсдийн үзэл болон төсөөлсөн стандартууддаа итгэдэг. Хэрвээ чи, өнөөдөр бодит ажил хийдэг Бурханыг өөрийн төсөөллийн Бурхантай харьцуулдаг бол итгэл чинь Сатанаас гардгийн дээр чиний эрхэмлэдэг зүйлсээр сэвтсэн байна—харин Бурхан ийм итгэлийг хүсдэггүй. Чадвар чансаа нь хэчнээн сүртэй, хэчнээн их зориулдаг нь хамаагүй—бүр бүх насныхаа хичээл зүтгэлийг Түүний ажилд зориулж, зовж тарчилсан ч бай—Бурхан ийм итгэлтэй хэнийг ч сайшаадаггүй. Тэр тэдэнд ердөө л өчүүхэн бага нигүүлсэл хайрлаж, үүнийг хэсэгхэн хугацаанд эдлэх боломж олгодог. Ийм хүмүүс үнэнийг хэрэгжүүлэх чадваргүй байдаг, Ариун Сүнс тэдний дотор ажилладаггүй бөгөөд Бурхан тэднийг ээлж дараалан таягдан хаях болно. Хөгшин, залуу байхаас үл хамааран, Бурханд итгэхдээ Бурханыг дуулгавартай дагадаггүй, буруу санаа бодолтой хүмүүс бол эсэргүүцэж, саад хийдэг хүмүүс бөгөөд Бурханаар таягдуулах нь дамжиггүй билээ. Бурханд огт дуулгавартай байдаггүй, нэрийг нь хүлээн зөвшөөрөх төдий байдаг, Бурханы сайхан сэтгэл, хайр татам байдлыг бага зэрэг мэдэрдэг ч Ариун Сүнсний алхаатай хөл нийлэн алхдаггүй, Ариун Сүнсний одоогийн ажил, үгийг дуулгавартай дагадаггүй хүмүүс Бурханы нигүүлсэл дунд амьдардаг бөгөөд Бурханаар авхуулж, төгс болгуулахгүй. Бурхан дуулгавартай байдал, Бурханы үгийг идэж, ууж, таашааж байгаагаар нь, мөн амьдралынх нь зовлон шаналал, цэвэршүүлэлтээр дамжуулан хүмүүсийг төгс болгодог. Ийм итгэлээр л хүмүүсийн зан чанар өөрчлөгдөж, ингэснээр л тэд Бурханы тухай жинхэнэ мэдлэгийг эзэмшиж чаддаг. Ухамсартайгаар Бурханыг дуулгавартай дагана гэдэг бол Бурханы нигүүлсэл дунд амьдрахдаа сэтгэл ханалгүй үнэнийг идэвхтэйгээр хүсэмжилж, үнэнийг хайж, Бурханаар авхуулахыг эрэлхийлнэ гэсэн үг; Бурханы ийм л итгэлийг хүсдэг билээ. Бурханы нигүүлслийг эдлэхээс өөр юу ч хийдэггүй хүмүүс төгс болгуулж, өөрчлөгдөж чадахгүй бөгөөд тэдний дуулгавартай байдал, сүсэг бишрэл, хайр, тэвчээр бүгд өнгөцхөн юм. Бурханы нигүүлслийг л эдэлдэг хүмүүс Бурханыг үнэхээр таньж мэдэж чаддаггүй бөгөөд Бурханыг мэдлээ ч мэдлэг нь өнгөцхөн байдгийн дээр “Бурхан хүнд хайртай”, “Бурхан хүнд энэрэнгүй ханддаг” гэх мэт зүйл ярьдаг. Энэ нь хүний амийг төлөөлдөггүй, бас хүмүүс Бурханыг үнэхээр мэддэг гэдгийг харуулдаггүй. Бурханы үг өөрсдийг нь цэвэршүүлж, Бурханы шалгалт өөрсдөд нь ирэх үед хүмүүс Бурханыг дуулгавартай дагаж чадалгүй, харин ч эргэлзэж, бүтэлгүйтдэг бол тэд огтхон ч дуулгаваргүй юм. Тэдэнд Бурханд итгэх итгэлийн талаарх олон дүрэм, хязгаарлалт, мөн олон жилийн итгэлийн дүнд олж авсан хуучин туршлагууд, Библи дээр үндэслэсэн янз бүрийн дүрэм журам байдаг. Иймэрхүү хүмүүс Бурханд дуулгавартай байж чадах уу? Хүмүүний зүйлс дүүрэн энэ хүмүүс яаж Бурханд дуулгавартай байж чадах юм бэ? Тэд эрхэмлэдэг зүйлийнхээ дагуу “дуулгавартай дагадаг”—иймэрхүү дуулгавартай байдлыг Бурхан хүснэ гэж үү? Энэ бол Бурханыг дуулгавартай дагаж байгаа биш, харин дүрэм журмыг мөрдөж буй хэрэг; мөн өөрсдийгөө тайтгаруулж, сэтгэл хангалуун болгож байгаа явдал юм. Үүнийгээ чи Бурханд дуулгавартай байна гэж хэлбэл Түүнийг доромжилж байгаа хэрэг бус уу?
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханд итгэхдээ Бурханыг дуулгавартай дагах ёстой
397. Итгэхдээ Бурханд дуулгавартай байхыг эрэлхийлдэггүй бүх хүн Бурханд тэрсэлдэг. Бурхан хүмүүсийг Өөрийг нь дуулгавартай дагадаг болоосой гэсэндээ үнэнийг эрж хайж, Өөрийнх нь үгээр цангаж, Өөрийнх нь үгийг идэж ууж, хэрэгжүүлэхийг тэднээс шаарддаг. Санаа зорилго чинь үнэхээр ийм бол Бурхан гарцаагүй чамайг өргөж, чамд нигүүлсэнгүй хандах нь лавтай. Энэ бол маргаангүй бөгөөд үүнийг өөрчлөхийн аргагүй билээ. Хэрвээ санаа зорилго чинь Бурханд дуулгавартай байхын тулд биш өөр зорилготой байдаг бол хэлж, хийдэг бүхэн чинь—Бурханы өмнө залбирах залбирал хийгээд үйлдэл бүр чинь хүртэл—Бурханы эсрэг байх болно. Чи зөөлөн дуутай, эелдэг зан ааштай байж болно, үйлдэл, илэрхийлэл бүр чинь зөв мэт, өөрөө чи дуулгавартай нэгэн шиг харагдаж болох ч санаа зорилго, Бурханд итгэх итгэлийн талаарх үзэл бодлын чинь тухайд гэвэл чиний хийдэг бүхэн Бурханы эсрэг, ёрын муу байдаг. Хонь шиг дуулгавартай харагддаг атлаа зүрх сэтгэлдээ муу санаа тээж явдаг хүмүүс хонины арьс нөмөрсөн чоно бөгөөд Бурханд шууд халддаг тэднээс Бурхан ганцыг нь ч өршөөхгүй. Ариун Сүнс тэднийг нэг бүрчлэн илчилж, хоёр нүүртэн болгоныг Ариун Сүнс гарцаагүй жигшин голох болно гэдгээ бүх хүнд харуулна. Санаа бүү зов, Бурхан тэдэнтэй нэг бүрчлэн харьцаж, ээлж дараалан зайлуулна.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханд итгэхдээ Бурханыг дуулгавартай дагах ёстой
398. Хүмүүс Бурханыг дуулгавартай дагаж чадах эсэхийг шалгахад гол зүйл нь тэд Бурханаас ямар нэгэн хэрээс хэтэрсэн зүйл хүсдэг эсэхийг, тэдэнд далд сэдэл байдаг эсэхийг харах явдал юм. Хэрвээ хүмүүс үргэлж Бурханд шаардлага тавьдаг бол Түүнд дуулгавартай биш гэдгийг энэ нь баталдаг. Юу ч тохиолдсон хамаагүй, чи Бурханаас үүнийг хүлээн авч, үнэнийг эрж хайж чадахгүй, үргэлж хувийн үзэл бодлын үүднээс ярьж, үргэлж өөрийнхөө л зөв гэж бодон, тэр ч бүү хэл Бурханд эргэлзэх чадвартай хэвээр байвал асуудалд орох болно. Ийм хүмүүс хамгийн их биеэ тоосон, Бурханд тэрслүү байдаг. Бурханд үргэлж шаардлага тавьдаг хүмүүс Түүнийг үнэхээр дуулгавартай дагаж хэзээ ч чадахгүй. Хэрвээ чи Бурханд шаардлага тавьдаг бол Бурхантай наймаацаж байгааг чинь, мөн өөрийнхөө бодлыг сонгож, өөрийнхөө бодлын дагуу үйлдэж байгааг чинь энэ нь баталдаг. Үүгээрээ чи Бурханаас урвадаг ба дуулгавартай байдал чамд байдаггүй. Бурханд шаардлага тавих нь эрүүл ухаангүй хэрэг; Тэр бол Бурхан мөн гэдэгт чи үнэхээр итгэдэг бол Түүнд шаардлага тавьж зүрхлэхгүй, үндэслэлтэй ч бай, үгүй ч бай, Түүнд шаардлага тавихад чи тохирохгүй. Хэрвээ чи жинхэнэ итгэлтэй бөгөөд Тэр бол Бурхан мөн гэдэгт итгэдэг бол Түүнд шүтэн мөргөж, дуулгавартай байхаас өөр сонголт чамд үгүй. Өнөөгийн хүмүүс сонголттой байдгаар барахгүй, бүр өөрсдийнх нь бодолд нийцүүлэн үйлдэхийг Бурханаас шаарддаг. Тэд өөрсдийнхөө бодлыг сонгож, тэдгээрийн дагуу үйлдэхийг Бурханаас шаарддаг бөгөөд Бурханы бодлын дагуу үйлдэхийг өөрсдөөсөө шаарддаггүй. Тиймээс хүнд жинхэнэ итгэл байдаггүй, ямар ч бодит итгэлд байдаггүй ба тэд Бурханы магтаалыг хүлээн авч хэзээ ч чадахгүй. Чи Бурханд тавих шаардлагаа багасгаж чадвал жинхэнэ итгэл, дуулгавартай байдал чинь нэмэгдэж, эрүүл ухаан чинь ч бас харьцангуй хэвийн болно.
Үг. III Боть: Эцсийн өдрүүдийн Христийн яриа. Хүмүүс Бурханд хэтэрхий олон шаардлага тавьдаг
399. Бодит амьдралын асуудлуудтай тулгарах үедээ чи Бурханы эрх мэдэл болон дээд эрхийг хэрхэн мэдэж, ойлговол зохилтой вэ? Чи эдгээр асуудалтай тулгараад, хэрхэн ойлгож, шийдвэрлэж, туулахыг мэдэхгүй байх үедээ Бурханы дээд эрх болон зохицуулалтад захирагдах санаа зорилго, хүсэл, бодит байдлаа харуулахын тулд ямар хандлага баримталбал зохих вэ? Эхлээд чи хүлээж сурах ёстой; дараа нь чи эрж хайж сурах ёстой; тэгээд чи захирагдаж сурах ёстой. “Хүлээх” гэдэг нь Бурханы цагийг хүлээж, чамд зориулан Түүний зохицуулсан хүмүүс, үйл явдал, юмсыг хүлээж, Түүний хүсэл аажмаар чамд илчлэгдэхийг хүлээнэ гэсэн үг юм. “Эрж хайх” гэдэг нь чиний төлөө гэсэн Бурханы сайн санааг Түүний бэлдэж тавьсан хүмүүс, үйл явдал, юмсаар дамжуулан ажиглаж ойлгох, тэдгээрээр дамжуулан үнэнийг ойлгох, хүн юу биелүүлэх ёстойг болон түүний дагаж мөрдөх ёстой арга замыг ойлгох, Бурхан хүмүүсээс ямар үр дүн гарахыг хүсэж, тэднээс Тэр ямар ололт амжилт олж авах санаатай байгааг ойлгох гэсэн үг юм. “Захирагдах” гэдэг нь мэдээж, Бурханы зохион байгуулсан хүмүүс, үйл явдал, юмсыг, Түүний дээд эрхийг хүлээн зөвшөөрч, түүгээр дамжуулан Бүтээгч хүний хувь заяаг хэрхэн захирдаг, Тэр Өөрийн амиар хүнийг хэрхэн тэтгэдэг, хүний дотор хэрхэн үнэнийг боловсруулдгийг мэдэж авахыг хэлнэ. Бурханы зохицуулалт болон дээд эрхийн доорх бүх зүйл байгалийн хуулийг дуулгавартай дагадаг бөгөөд хэрвээ чи өөрийнхөө бүх зүйлийг зохицуулж, захирахыг Бурханд зөвшөөрөхөөр шийдвэл чи хүлээж, эрж хайж, захирагдаж сурах хэрэгтэй. Энэ бол Бурханы эрх мэдэлд захирагдахыг хүсдэг хүн бүхний баримтлах ёстой хандлага, Бурханы дээд эрх, зохицуулалтыг хүлээн зөвшөөрөхийг хүсдэг хүн бүхэнд байх ёстой үндсэн чанар юм. Ийм хандлагатай болж, ийм чанарыг эзэмшихийн тулд чи илүү шаргуу ажиллах ёстой. Жинхэнэ бодит байдалд орж болох цорын ганц арга зам энэ юм.
Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Цор ганц Бурхан Өөрөө III
400. Ноа Бурханы зааврыг дагаж байхдаа Бурханы санаа зорилго юу байсныг мэдээгүй. Бурхан юу биелүүлэхийг хүсэж байгааг тэр мэдээгүй. Бурхан түүнд зөвхөн тушаал өгч, их тайлбарлалгүйгээр нэг юм хий гэж зааварласан бөгөөд Ноа ёсоор болгож, түүнийг нь хийсэн. Тэрээр дотроо Бурханы санаа зорилгын учрыг олох гэж оролдоо ч үгүй, Бурханыг эсэргүүцээ ч үгүй, мөн хуурамч зан гаргаа ч үгүй. Тэр явж очоод л цайлган, эгэл сэтгэлээр зохих ёсоор нь хийсэн. Бурханы юу л хий гэснийг хийсэн бөгөөд дуулгавартай байж, Бурханы үгийг сонссон нь түүний аливааг хийх итгэл үнэмшил байлаа. Бурханы даалгасан зүйлийг тэр ингэж шулуухан, энгийнээр хариуцаж авсан юм. Түүний мөн чанар—түүний үйлдлүүдийн мөн чанар нь, таамаглах, эсэргүүцэх, түүнчлэн хувийн ашиг сонирхлыг болон өөрийн олз, гарзын талаар бодох явдал биш, харин дуулгавартай байдал байсан юм. Цаашлаад, Бурхан дэлхийг үерээр устгана гэж хэлэхэд Ноа хэзээ гэдгийг нь асуугаагүй, эсвэл юу тохиолдохыг асуугаагүй, мөн Бурханаас дэлхийг хэрхэн устгах гэж байгааг лав асуугаагүй. Тэр зүгээр л Бурханы зааварласнаар хийсэн. Бурхан яаж хийхийг, юугаар хийхийг хүссэнчлэн бүхнийг яг Бурханы хэлснээр хийсэн бөгөөд бас даруйхан ажлаа эхэлсэн. Тэр Бурханыг сэтгэл хангалуун байлгахыг хүссэн хандлагатайгаар Бурханы зааврын дагуу үйлдсэн. Тэр өөрийгөө гамшгаас зайлуулахын тулд үүнийг хийсэн үү? Үгүй. Бурханаас ертөнцийг сөнөөх хүртэл хэр хугацаа үлдсэнийг асуусан уу? Асуугаагүй. Тэр бүхээг барихад хэр удахыг Бурханаас асуусан уу, эсвэл өөрөө мэдэж байсан уу? Тэр үүнийг бас мэдээгүй. Тэр зүгээр л дуулгавартай байж, сонсож, ёсоор нь хийсэн.
Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Бурханы ажил, Бурханы зан чанар ба Бурхан Өөрөө I
401. Бурханд итгэх итгэлдээ Петр бүх зүйл дээр Бурханыг хангалуун байлгахаар эрж хайсан ба Бурханаас ирсэн бүхэнд дуулгавартай хандахаар хичээсэн. Тэрээр өчүүхэн төдий ч гомдолгүйгээр гэсгээлт, шүүлт, түүнчлэн цэвэршүүлэлт, гай зовлон, амьдралынхаа гачигдлыг хүлээн зөвшөөрч чадсан бөгөөд эдгээрийн юу ч Бурханыг гэх хайрыг нь өөрчилж чадаагүй. Энэ нь Бурханыг гэсэн туйлын хайр байсан бус уу? Бурханы бүтээлийн үүргийг биелүүлсэн бус уу? Гэсгээлт, шүүлт, гай зовлонгийн үед ч чи үргэлж үхэх хүртлээ дуулгавартай байж чадах бөгөөд энэ нь Бурханы бүтээлийн хүрэх ёстой зүйл, мөн Бурханыг гэх хайрын цэвэр ариун байдал юм. Хэрвээ хүн ийм түвшинд хүрч чадах юм бол Бурханы бүтээл байхад тохирох бөгөөд Бүтээгчийн хүслийг үүнээс илүү хангалуун байлгах юу ч үгүй. Чи Бурханы төлөө ажиллаж чаддаг гэж төсөөл, гэхдээ чи Бурханд дуулгавартай ханддаггүй ба Бурханыг үнэхээр хайрлах чадваргүй. Ийм маягаар чи Бурханы бүтээлийн үүргээ биелүүлэхгүйгээр үл барам Бурханаар яллагдана, учир нь чи үнэнийг эзэмшдэггүй, Бурханд дуулгавартай байх чадваргүй, Бурханд дуулгаваргүй хүн юм. Чи Бурханы төлөө ажиллах талаар л анхаардаг бөгөөд үнэнийг хэрэгжүүлэх, эсвэл өөрийгөө мэдэх талаар анхаардаггүй. Бүтээгчийг ойлгодоггүй, мэддэггүй бөгөөд Бүтээгчид дуулгавартай байдаггүй, мөн Түүнийг хайрладаггүй. Чи бол төрөлхийн Бурханд дуулгаваргүй хүн, иймээс тийм хүмүүсийг Бүтээгч хайрладаггүй.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Амжилт эсвэл бүтэлгүйтэл нь хүний алхдаг замаас хамаардаг
402. Бурханы төлөө цангинасан гэрчлэл хийх нь чамд бодитой Бурханы талаарх ойлголт байгаа юу, үгүй юү гэдэгтэй болон эгэл жирийн байгаад зогсохгүй хэвийн энэ хүний өмнө дуулгавартай байж, бүр үхэлд хүртэл дуулгавартай байж чадах уу, үгүй юү гэдэгтэй чинь үндсэндээ хамаатай. Хэрвээ чи энэ дуулгавартай байдлаар дамжуулан Бурханы төлөө үнэхээр гэрчлэл хийдэг бол Бурханаар авхуулсан гэсэн үг юм. Үхэлд хүртэл захирагдаж, Түүний өмнө гомдоллохгүй, шүүлт хийхгүй, гүжирдэхгүй, ямар ч үзэлгүй, ямар нэгэн далд санаагүй байж чаддаг бол ийм маягаар Бурхан алдрыг олж авна. Хүний дорд үздэг эгэл хүний өмнө дуулгавартай байж, ямар ч үзэлгүйгээр үхэлд хүртэл захирагдаж чаддаг байх нь жинхэнэ гэрчлэл билээ. Хүмүүсийг ор гэж Бурханы шаарддаг бодит байдал нь Түүний үгийг дуулгавартай дагаж, хэрэгжүүлж, бодитой Бурханы өмнө бөхийж, завхралаа мэдэж, Түүний өмнө зүрх сэтгэлээ нээж, эцэст нь эдгээр үгээр нь дамжуулан Түүгээр авхуулж чаддаг байх явдал юм. Эдгээр айлдвар чамайг байлдан дагуулж, чамайг Түүнд бүрэн дуулгавартай болгох үед Бурхан алдрыг олж авдаг; үүгээр дамжуулан Тэр Сатаныг шившиглэж, Өөрийн ажлыг дуусгадаг. Бие махбодтой болсон Бурханы бодитой байдлын талаар ямар ч үзэлгүй байх үедээ буюу энэ шалгалтад бат зогсох үедээ чи энэ гэрчлэлийг сайн хийжээ. Хэрвээ чамд бодитой Бурханы талаар бүрэн ойлгож, Петр шиг үхэлд хүртэл захирагдаж чадах өдөр ирвэл чи Бурханаар авхуулж, төгс болгуулна. Бурханы хийдэг, чиний үзэлтэй нийцдэггүй зүйл бол чамд зориулсан шалгалт юм. Хэрвээ Бурханы ажил чиний үзэлтэй нийцэж байсан бол энэ нь чамаас зовохыг, эсвэл цэвэршүүлэгдэхийг шаардахгүй. Түүний ажил маш бодитой, чиний үзэлтэй нийцдэггүй учраас тийм үзлийг хаяхыг чамаас шаарддаг. Ийм учраас энэ нь чиний хувьд шалгалт юм. Бурханы бодит байдлаас л болж бүх хүн шалгалтуудын дунд байгаа; Түүний ажил ер бусын биш, харин бодитой. Түүний бодитой үгсийг, Түүний бодитой айлдваруудыг ямар ч үзэлгүйгээр бүрэн ойлгосноор, мөн ажил нь бодитой болох тусам Түүнийг чин сэтгэлээсээ хайрлаж чаддаг байснаар чи Түүгээр авхуулна. Бурханы олж авах бүлэг хүмүүс бол Бурханыг мэддэг хүмүүс; өөрөөр хэлбэл, Түүний бодит байдлыг мэддэг хүмүүс юм. Үүнээс гадна, тэд бол Бурханы бодитой ажилд захирагдаж чаддаг хүмүүс билээ.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханы бодит байдалд туйлын дуулгавартай байж чаддаг хүмүүс бол Бурханыг үнэхээр хайрладаг хүмүүс юм
403. Хүн төрөлхтөн амралтад орохоос өмнө төрөл бүрийн хүн шийтгэгдэх үү, шагнагдах уу гэдэг нь үнэнийг эрж хайсан эсэх, Бурханыг мэддэг эсэх, нүдэнд үзэгддэг Бурханд дуулгавартай байж чаддаг эсэхээр тодорхойлогдоно. Нүдэнд үзэгддэг Бурханд үйлчлэл үзүүлсэн боловч Түүнийг мэддэггүй, дуулгавартай дагадаггүй хүмүүст үнэн байдаггүй. Энэ хүмүүс бол мууг үйлдэгчид бөгөөд мууг үйлдэгчид гарцаагүй шийтгэлийн бай болно; түүнчлэн тэд хорон муу үйлдлийнхээ дагуу шийтгүүлнэ. Хүмүүс Бурханд итгэж, бас Түүнд дуулгавартай байвал зохино. Тодорхойгүй, үл үзэгдэх Бурханд л итгэдэг хүмүүс бол Бурханд итгэдэггүй, Бурханд захирагдаж чаддаггүй хүмүүс юм. Хэрвээ энэ хүмүүс, Бурханы байлдан дагуулалтын ажил дуусах үед нүдэнд үзэгддэг Бурханд мөн л итгэж чадахгүй, махбодоор үзэгддэг Бурханд дуулгаваргүй байж, эсэргүүцсээр байх юм бол энэ “тодорхойгүй үзэлтнүүд” эргэлзээгүй сүйрлийн бай болно. Та нарын дунд буй хүмүүсийн хувьд ч адилхан—бие махбодтой болсон Бурханыг үгээрээ хүлээн зөвшөөрдөг ч бие махбодтой болсон Бурханд дуулгавартай байх тухай үнэнийг хэрэгжүүлж чаддаггүй хэн боловч эцэстээ таягдан хаягдаж, устгагдах бай болно. Түүнчлэн, нүдэнд үзэгддэг Бурханыг үгээрээ хүлээн зөвшөөрч, Түүний илэрхийлсэн үнэнийг идэж, уудаг мөртөө тодорхойгүй, үл үзэгдэх Бурханыг ч бас эрж хайдаг хүмүүс ирээдүйд устгагдах бүр ч магадлалтай. Энэ хүмүүсийн аль нь ч Бурханы ажил дууссаны дараа амралтын цаг үе ирэх хүртэл үлдэж чадахгүй, мөн амралтын цаг үед ийм хүмүүстэй адил төстэй ганц ч хүн үлдэж чадахгүй. Чөтгөрлөг хүмүүс бол үнэнийг хэрэгжүүлдэггүй хүмүүс юм; Бурханыг эсэргүүцэж, дуулгаваргүй байх нь тэдний мөн чанар бөгөөд Бурханд захирагдах санаа зорилго тэдэнд өчүүхэн төдий ч байдаггүй. Ийм хүмүүс бүгд устгагдана.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурхан хүн хоёр амралтад хамт орох болно