10.7. Өөрийн үүргийг хэрхэн шаардлага хангахуйцаар биелүүлэх тухай
404. Хүн төрөлхтний гишүүд ба үнэн сүсэгт Христэд итгэгчид болохын хувьд өөрсдийн оюун санаа, бие махбодыг Бурханы даалгаврыг биелүүлэхэд зориулах нь бид бүгдийн үүрэг, хариуцлага юм. Учир нь бидний бүх оршихуй Бурханаас ирсэн бөгөөд Бурханы дээд эрхийн ачаар оршдог билээ. Хэрвээ оюун санаа, бие махбод маань Бурханы даалгавар болон хүн төрөлхтний зөв шударга үйл хэргийн төлөө зориулагдахгүй бол бидний сүнс Бурханы даалгаврын төлөө амиа золиосолсон хүмүүсийг, тэр тусмаа биднийг бүх зүйлээр хангасан Бурханыг гутаах болно.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Хавсралт 2: Бүх хүн төрөлхтний хувь заяаг Бурхан захирдаг
405. Бурханы даалгаврыг хэрхэн авч үздэг вэ гэдэг чинь маш ноцтой асуудал юм! Хэрэв чи Бурханы даалгасан зүйлийг гүйцэлдүүлж чадахгүй бол Түүний өмнө амьдрахад тохирохгүй бөгөөд шийтгүүлбэл зохино. Хүмүүс Бурханы даалгасан ямар ч даалгаврыг гүйцэлдүүлэх ёстой гэдэг нь Тэнгэрээр тогтоогдож, газраар хүлээн зөвшөөрөгддөг; энэ нь тэдний хамгийн өндөр дээд хариуцлага, яг л амь шиг нь чухал. Хэрвээ чи Бурханы даалгаврыг нухацтай авч үздэггүй бол хамгийн ноцтой байдлаар Түүнээс урваж байгаа хэрэг; ингэвэл чи Иудасаас илүү эмгэнэлтэй бөгөөд хараалгавал зохино. Хүмүүс Бурханы даалгасан зүйлд хэрхэн хандах талаар нэгд нэггүй ойлгох ёстой бөгөөд хүнд даалгадаг Түүний даалгаврууд нь Бурханы өргөмжлөл, онцгой ивээл гэдгийг ядаж ухамсарлах ёстой; тэдгээр нь хамгийн алдар цуутай зүйлс юм. Бусад бүх зүйлийг орхиж болно; хүн амиа золиослох хэрэгтэй болсон ч Бурханы даалгаврыг мөн л биелүүлэх ёстой.
Үг. III Боть: Эцсийн өдрүүдийн Христийн яриа. Хүний уг чанарыг хэрхэн мэдэх вэ
406. Хүний үүрэг болон түүний ерөөгдөх, хараагдах эсэхийн хооронд ямар ч хамаарал байхгүй. Үүрэг бол хүний биелүүлэх учиртай зүйл; энэ нь тэнгэрээс өгсөн ажил бөгөөд нөхөн төлбөр, нөхцөл болзол, учир шалтгаанаас хамаарах ёсгүй. Тэгвэл л өөрийн үүргийг биелүүлж байгаа хэрэг юм. Ерөөгдөх гэдэг нь хүн шүүлт туулсныхаа дараа төгс болгуулж, Бурханы ерөөлийг эдлэх явдал билээ. Хараагдах гэдэг нь шүүлт, гэсгээлт туулсны дараа хүний зан чанар өөрчлөгдөхгүй байх явдал бөгөөд тэд төгс болгуулдаггүй, харин шийтгүүлдэг. Гэвч ерөөгдсөн үү, эсвэл хараагдсан уу гэдгээс үл хамааран, бүтээгдсэн зүйлс өөрсдийн үүргийг биелүүлж, хийх учиртай зүйлээ хийж, чаддаг зүйлээ хийх ёстой; энэ бол Бурханыг эрэлхийлдэг хүний хийх ёстой хамгийн наад захын зүйл юм. Чи зөвхөн ерөөгдөхийн тулд үүргээ биелүүлэх ёсгүй ба хараагдахаас айсандаа үүргээ биелүүлэхээс татгалзах ёсгүй. Би та нарт энэ нэг зүйлийг хэлье: Үүргээ биелүүлэх нь хүний хийх учиртай зүйл бөгөөд хэрвээ хүн үүргээ биелүүлж чадахгүй бол энэ нь түүний тэрслүү зан юм. Үүргээ биелүүлэх үйл явцаар л дамжуулан хүн аажмаар өөрчлөгддөг ба энэхүү үйл явцаар үнэнч байдлаа харуулдаг. Тийм болохоор, чи үүргээ биелүүлж чаддаг байх тусмаа, төдий чинээ их үнэнийг хүлээн авч, илэрхийлэл чинь төдий чинээ бодитой болно. Өөрсдийн үүргийг биелүүлэхдээ зүгээр л оромдож, үнэнийг эрж хайдаггүй хүмүүс эцэстээ таягдан хаягдана, учир нь тийм хүмүүс үнэнийг хэрэгжүүлэхдээ үүргээ биелүүлдэггүй ба үүргээ биелүүлэхдээ үнэнийг хэрэгжүүлдэггүй. Тэд бол өөрчлөгдөлгүй үлддэг хүмүүс бөгөөд хараагдах болно. Тэдний илэрхийлэл хольцтой байдгаар үл барам, илэрхийлдэг бүхэн нь хорон муу байдаг.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бие махбодтой болсон Бурханы үйлчлэл ба хүний үүргийн ялгаа
407. Бурханы бүтээлүүд үүргээ биелүүлэх ёстой; чи Бурханы ноёрхол дор амьдарч, Бурханы бүх хангалтыг, Бурханаас ирдэг бүхнийг хүлээн авдаг тул өөрийн хариуцлага, хүлээсэн үүргийг биелүүлэх ёстой—энэ нь чиний үүрэг юм. Хүн төрөлхтөн Бурханы бүтээлийн үүргийг биелүүлэх нь хүний ертөнцөд амьдрахдаа хийсэн өөр юунаас ч илүү зөв шударга, сайхан, сүрлэг юм гэдгийг үүнээс харж болно; хүн төрөлхтний дунд, Бурханы бүтээлийн үүргийг биелүүлэхээс илүү утга учиртай, үнэ цэнтэй юу ч үгүй бөгөөд Бурханы бүтээлийн амьдралд илүү их утга учир, үнэ цэн авчирдаг юу ч үгүй. Бурханы бүтээл нь Бурханы бүтээлийн үүргийг биелүүлэх чадвартай байж, Бүтээгчийг хангалуун байлгаж чаддаг байх нь хүн төрөлхтний дундах хамгийн гайхалтай зүйл бөгөөд хүн төрөлхтний дунд магтагдах ёстой зүйл билээ. Бүтээгчээс Бурханы бүтээлүүдэд юу ч даалгасан бай, тэд болзолгүйгээр хүлээн авах ёстой; хүн төрөлхтний хувьд энэ нь ерөөлтэй, алдар суутай зүйл бөгөөд Бурханы бүтээлийн үүргийг биелүүлдэг бүх хүн төрөлхтний хувьд илүү гайхалтай, эсвэл тэмдэглүүштэй өөр юу ч үгүй—энэ бол эерэг зүйл юм. Бурханы бүтээлийн үүргийг биелүүлдэг хүмүүст Бүтээгч хэрхэн ханддаг, тэдэнд юу амладаг нь Бүтээгчийн хэрэг бөгөөд бүтээгдсэн хүн төрөлхтөнд ямар ч хамаагүй. Шулуухан хэлэхэд, үүнийг Бурхан шийднэ; чи Бурханы өгсөн зүйлийг л авах бөгөөд хэрвээ Тэр чамд юу ч өгөхгүй бол энэ талаар чи юу ч хэлж чадахгүй. Бурханы бүтээл Бурханы даалгаврыг хүлээн авч, үүргээ биелүүлэхийн тулд Бүтээгчтэй хамтран ажиллаж, чадах зүйлээ хийх үед энэ нь наймаа эсвэл арилжаа биш; Бурханы бүтээлүүд Бурханы ерөөл юм уу амлалтаар арилжихын тулд ямар нэг хандлага, эсвэл зүйлийг ашиглахаар оролдох ёсгүй. Бүтээгч энэ ажлыг та нарт даалгах үед Бурханы бүтээлийн хувиар энэ үүрэг, даалгаврыг хүлээн авах нь зөв зүйтэй хэрэг; үүнд ямар ч наймаа багтдаггүй. Бүтээгчийн зүгээс бол Тэрээр энэ даалгаврыг та нарт даалгахыг хүсэж байгаа; бүтээгдсэн хүн төрөлхтний зүгээс бол хүмүүс энэ үүргийг баяртайяа хүлээн авч, үүнийг амьдралдаа хүлээсэн үүрэг, энэ амьдралдаа амьдран харуулах ёстой үнэ цэн хэмээн үзэх ёстой. Энд ямар ч наймаа байдаггүй, энэ нь эн тэнцүү солилцоо биш бөгөөд ямар нэг шагнал юм уу аливаа нэг төрлийн тайлбарыг бүр ч агуулдаггүй. Энэ нь арилжаа биш, мөн үүргээ биелүүлэх үедээ хүмүүсийн төлдөг төлөөс, хувь нэмрээ оруулдаг ажил хөдөлмөр биш. Бурхан хэзээ ч ингэж хэлээгүй ба үүнийг хүн ингэж ойлгох ёсгүй.
Үг. IV Боть: Антихристүүдийг илчлэх нь. 9-р зүйл: Тэд … амбицаа хангахын тулд л үүргээ биелүүлдэг… (VI хэсэг)
408. Хүн Бурханы даалгасан зүйлийг хүлээн авах үед тэр хүний үйлдлийн сайн, муу эсэхийг, түүний дуулгавартай байсан эсэхийг, Бурханы хүслийг хангалуун байлгасан эсэхийг болон түүний хийдэг зүйл тэнцэх эсэхийг шүүх стандарт Бурханд байдаг. Бурханы анхаардаг зүйл нь хүний гадна талын үйлдэл биш, харин хүний зүрх сэтгэл юм. Хүн яаж хийхийг үл харгалзан ямар нэг зүйл хийж л байвал Бурхан хүнийг ерөөх ёстой гэсэн үг биш. Энэ бол Бурханы тухай хүмүүст байдаг буруу ойлголт юм. Бурхан юмны зөвхөн эцсийн үр дүнг хардаггүй, харин аливаа зүйл явагдах хугацаанд хүний зүрх сэтгэл ямар байгааг болон хүний хандлага ямар байгааг илүү онцлон анхаардаг ба тэдний зүрх сэтгэлд дуулгавартай байдал, тоомсор болон Бурханыг хангалуун байлгах хүсэл байгаа эсэхийг хардаг.
Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Бурханы ажил, Бурханы зан чанар ба Бурхан Өөрөө I
409. Чи ямар ч үүрэг гүйцэтгэлээ гэсэн, Бурханы хүслийг ухаарч, Бурхан үүргээс чинь юу шаарддагийг ойлгохоор хичээх ёстой, тэгсэн цагт л зарчмын дагуу асуудлыг зохицуулж чадна. Үүргээ биелүүлэхдээ чи хувийн дур сонирхлынхоо дагуу хийж, өөрийн хүссэнээр хийж, өөрөө аз жаргалтай, тав тухтай, нэр төртэй болохоор хийж огт болохгүй. Хэрэв чи Бурханд дур сонирхлоо хүчээр тулгах юм уу өөрийн дур сонирхлыг үнэн мэт хэрэгжүүлж, үнэний зарчим мэт дагаж мөрдөх юм бол тэр нь үүргээ биелүүлж байгаа хэрэг биш бөгөөд үүргээ ийм маягаар биелүүлбэл Бурхан дурсан санахгүй. Зарим хүн үнэнийг ойлгодоггүй бөгөөд үүргээ сайн биелүүлнэ гэж юу гэсэн үг болохыг мэддэггүй. Тэд зүрх сэтгэл, хүчин чармайлтаа зориулж, махан биеэ хаяж, зовсон тул үүргээ биелүүлж байгаа нь стандартад нийцэх учиртай гэж боддог—гэхдээ тэгвэл яагаад Бурхан үргэлж сэтгэл хангалуун бус байдаг юм бэ? Энэ хүмүүс хаана буруутав? Бурханы шаардлагыг эрж хайхын оронд өөрсдийн санаа бодлын дагуу үйлдсэн нь тэдний алдаа байсан; тэд өөрсдийн хүсэл, сонирхол, аминч сэдлийг үнэн хэмээн авч үзсэн бөгөөд тэдгээрийг Бурханы дуртай зүйл, Бурханы стандарт, шаардлага мэт авч үзсэн. Тэд өөрсдийнхөө зөв, сайн, сайхан гэж боддог зүйлсийг үнэн хэмээн үзсэн; энэ бол буруу юм. Үнэн хэрэгтээ, хүмүүс заримдаа ямар нэг зүйлийг зөв гэж бодож болох ч энэ нь Бурханы хүсэлтэй нийцдэг гэсэн үг байх албагүй. Хүмүүс ямар нэг зүйлийг зөв гэж бодох тусмаа, өөрсдийнх нь бодож буй зүйл Бурханы шаардлагад нийцдэг эсэхийг харахын тулд үнэнийг төдий чинээ их эрж хайх ёстой. Хэрвээ энэ нь Бурханы шаардлага болон үгтэй зөрчилдөж таарвал чи үүнийг зөв гэж бодож байсан ч гэсэн үүнийг хүлээн зөвшөөрөх аргагүй, энэ нь ердөө хүний бодол бөгөөд чи үүнийг хэчнээн зөв гэж бодож байсан ч гэсэн энэ нь үнэнтэй нийцэх албагүй. Буруу, зөвийг тодорхойлох чинь гагцхүү Бурханы үгэнд үндэслэх ёстой бөгөөд чи ямар нэг зүйлийг хэдий зөв гэж бодож байсан ч Бурханы үгийн үндэслэл байхгүй л бол үүнийг хаях ёстой. Үүрэг гэж юу вэ? Энэ нь хүмүүст Бурханы даалгасан даалгавар юм. Тэгвэл чи үүргээ хэрхэн биелүүлэх ёстой вэ? Бурханы шаардлага, стандартын дагуу, хүний хувийн хүсэл бус, үнэний зарчимд үндэслэн үйлдсэнээр. Ийм маягаар, үүргийн гүйцэтгэл чинь стандартад нийцнэ.
Үг. III Боть: Эцсийн өдрүүдийн Христийн яриа. Үнэний зарчмыг эрж хайснаар л үүргээ сайн биелүүлж чадна
410. Зарим хүн үүргээ биелүүлэх үедээ ямар ч асуудалтай тулгарлаа гэсэн үнэнийг эрж хайдаггүй бөгөөд үргэлж өөрийн бодол, үзэл, төсөөлөл, хүслийн дагуу үйлддэг. Тэд аминчхан хүслээ байнга хангадаг, завхарсан зан чанар нь тэдний үйлдлийг үргэлж хянаж байдаг. Тэд өөрсдөд нь даалгасан үүргийг гүйцэлдүүлж магад боловч ямар ч үнэнийг олж авдаггүй. Тэгвэл ийм хүмүүс үүргээ биелүүлэхдээ юунд түшиглэж байна вэ? Тэд үнэнд ч, Бурханд ч түшиглэдэггүй. Тэдний ойлгодог өчүүхэн төдий үнэн зүрх сэтгэлд нь дээд эрх эзэмшдэггүй; тэд эдгээр үүргийг гүйцэлдүүлэхдээ өөрсдийн билиг, чадвар, олж авсан аливаа мэдлэг, авьяас болон сэтгэлийн тэнхээ, сайн санаа зорилгодоо найдаж байгаа. Энэ нь үүргээ сайн гүйцэтгэж байгаа хэрэг мөн үү? Үүргээ хангалттай гүйцэтгэж байгаа хэрэг мөн үү? Заримдаа чи үүргээ биелүүлэхдээ төрөлх байдал, үзэл, төсөөлөл, мэдлэг, сурсан эрдэмдээ түшиглэж болох ч хийдэг зарим зүйлд чинь зарчмын ямар ч асуудал гардаггүй. Гаднаа чи буруу замаар ороогүй мэт харагдах боловч орхигдуулж болохгүй нэг зүйл бий: Үүргээ биелүүлэх үйл явцдаа үзэл, төсөөлөл, хувийн хүсэл чинь хэзээ ч өөрчлөгдөж, үнэнээр солигддоггүй, үйлдэл, үйл хэрэг чинь хэзээ ч үнэний зарчмын дагуу байдаггүй бол эцсийн үр дүн нь ямар байх вэ? Чи үйлчлэл үзүүлэгч болно. Библид яг ингэж тэмдэглэсэн байдаг: “Тэр өдөр олон хүн, ‘Эзэн минь, Эзэн минь, бид Таны нэрээр эш үзүүлээгүй гэж үү? Таны нэрээр чөтгөрүүдийг хөөгөөгүй гэж үү? Мөн Таны нэрээр гайхамшгуудыг үйлдэж байгаагүй гэж үү?’ гэх болно. Тэгэхэд нь Би тэдэнд ингэж хэлнэ, ‘Би та нарыг хэзээ ч танихгүй: ёс бусыг үйлдэгчид та нар Надаас зайл’ гэж хэлнэ” (Матай 7:22–23). Хүчин чармайлтаа зориулж, үйлчлэл үзүүлдэг энэ хүмүүсийг Бурхан яагаад “ёс бусыг үйлдэгчид” гэж нэрлэдэг вэ? Бидний итгэлтэй байж болох нэг зүйл бол энэ хүмүүс ямар ч үүрэг юм уу ажил гүйцэтгэлээ гэсэн, тэдний сэдэл, хөдөлгөгч хүч, санаа зорилго, бодол бүхэлдээ аминч хүслээс нь үүдэж, тэр чигтээ өөрсдийнх нь санаа бодол, хувийн ашиг сонирхолд үндэслэдэг бөгөөд тэдний бодол, төлөвлөгөө нь нэр хүнд, байр суурь, нэрэлхүү зан, хэтийн ирээдүйг нь тойрон эргэлддэг. Сэтгэлийнхээ гүнд тэд үнэнийг эзэмшдэггүй, үнэний зарчмуудад ч нийцүүлэн үйлддэггүй. Тиймээс одоо та нарын хувьд юуг эрэлхийлэх нь гол чухал вэ? (Бид үнэнийг эрж хайж, Бурханы хүсэл, шаардлагын дагуу үүргээ биелүүлэх ёстой.) Бурханы шаардлагад нийцүүлэн үүргээ биелүүлэх үедээ чи ялангуяа юу хийх ёстой вэ? Ямар нэг зүйлийг хийх үед чамд байдаг санаа зорилго, бодол санааны тухайд бол, тэдгээр нь үнэнтэй нийцдэг эсэхийг, мөн санаа зорилго, бодол санаа чинь аминч хүслээ биелүүлэхийн төлөө байдаг уу, эсвэл Бурханы гэрийн ашиг сонирхлын төлөө байдаг уу гэдгийг ялган таньж сурах ёстой. Хэрвээ санаа зорилго, бодол санаа чинь үнэнтэй нийцдэг бол чи үүргээ биелүүлэхдээ бодол санаагаа дагаж болно; харин үнэнтэй нийцдэггүй бол бушуухан эргэж, тэрхүү замыг орхих ёстой. Тэр зам буруу бөгөөд тийм маягаар хэрэгжүүлж болохгүй; хэрвээ чи тэр замаар алхсаар байвал нүгэл үйлддэг нэгэн болж дуусна.
Үг. III Боть: Эцсийн өдрүүдийн Христийн яриа. Гуравдугаар хэсэг
411. Үүргээ биелүүлэхдээ чи, юмыг зарчмын дагуу хийж байгаа эсэх, үүргийн гүйцэтгэл чинь стандартад нийцэж байгаа эсэх, үүнийг зүгээр л хааш яаш байдлаар хийж байгаа эсэх, хариуцлагаасаа зайлсхийхийг оролдсон эсэх, хандлага болон бодол сэтгэлгээнд чинь ямар нэг асуудал байгаа эсэхийг үргэлж шинжлэх ёстой. Чи өөрийгөө эргэцүүлж, эдгээр зүйл чамд тодорхой болмогц үүргээ биелүүлэхэд арай хялбар байх болно. Сөрөг, сул дорой байдал, харьцалт туулсны дараа муухай ааштай байх гээд үүргээ гүйцэтгэх явцдаа юутай ч тулгарсан бай, чи үүнд зөв зохистой хандах хэрэгтэй, мөн үнэнийг эрж хайж, Бурханы хүслийг ойлгох ёстой. Эдгээр зүйлийг хийснээр чи хэрэгжүүлэх замтай болно. Үүргээ сайн биелүүлэхийг хүсэж байвал зан аашныхаа нөлөөнд автахгүй байх ёстой. Чамд хэчнээн сөрөг, сул дорой санагдаж байсан ч гэсэн, хийдэг бүхэндээ үнэнийг туйлын хатуу чанд хэрэгжүүлж, зарчмаа баримтлах ёстой. Ингэвэл бусад хүн чамайг сайшаагаад зогсохгүй Бурхан ч бас чамд дуртай байх болно. Ингэснээр чи хариуцлагатай, ачаа үүрдэг хүн болно; чи үүргээ үнэхээр стандартад нийцэхүйц биелүүлж, жинхэнэ хүний төрхийг бүрэн дүүрэн амьдран харуулдаг жинхэнэ сайн хүн болно. Ийм хүмүүс үүргээ биелүүлэх үедээ ариусгагдаж, бодит өөрчлөлтөд хүрдэг бөгөөд тэднийг Бурханы нүдэнд үнэнч байдаг гэж хэлж болно. Үнэнч хүмүүс л үнэнийг хэрэгжүүлэхдээ тууштай байж, зарчимтай үйлдэхэд амжилт олж чаддаг бөгөөд үүргээ стандартад нийцүүлэн биелүүлж чаддаг. Зарчимтай үйлддэг хүмүүс сайхан ааштай байхдаа үүргээ нягт нямбай биелүүлдэг; тэд хааш яаш байдлаар ажилладаггүй, бусдаар өөрсдийгөө үнэлүүлэх гэж биеэ тоож, онгирдоггүй. Харин муухай ааштай байхдаа өдөр тутмын үүргээ мөн л чин үнэнчээр, хариуцлагатай гүйцэтгэдэг бөгөөд үүргээ гүйцэтгэхэд нь хор хөнөөлтэй, өөрсдөд нь бага зэрэг дарамт үзүүлдэг, үүргээ гүйцэтгэх явцад нь саад болдог ямар нэг зүйлтэй тулгарсан ч гэсэн Бурханы өмнө зүрх сэтгэлээ тайван байлгаж, залбиран, “Би ямар ч том асуудалтай тулгарсан бай, тэнгэр нурж ирсэн ч гэсэн, Бурхан намайг амьдруулсаар байгаа цагт үүргээ биелүүлэхийн тулд чадах бүхнээ хийхээр шийдсэн. Бурханы надад хайрласан энэ үүрэг, мөн миний биед Түүний оруулсан энэ амьсгалыг хүртэх эрхтэй байхын тулд би амьдарч байгаа өдөр бүрдээ үүргээ гүйцэтгэхээр шаргуу ажиллана. Хэчнээн хэцүү байдалд байхаас үл хамааран би бүгдийг үл тооно, учир нь үүргээ биелүүлэх нь хамгийн чухал!” хэмээн хэлж мөн л чаддаг. Ямар ч хүн, үйл явдал, зүйл, орчны нөлөөнд автдаггүй, аливаа зан ааш, эсвэл гадаад нөхцөл байдалд захирагддаггүй, Бурханы даалгасан үүрэг, даалгаврыг эн тэргүүнд тавьдаг хүмүүс нь Бурханд үнэнч, Түүнд жинхэнээсээ захирагддаг хүмүүс юм. Ийм хүмүүс амийн оролтод хүрч, үнэний бодит байдалд орсон байдаг. Үнэнийг амьдран харуулахын хамгийн бодит, жинхэнэ илэрхийллийн нэг нь энэ билээ.
Үг. III Боть: Эцсийн өдрүүдийн Христийн яриа. Амийн оролт нь үүргээ биелүүлэхээс эхэлдэг
412. Бурхан чамаас юу хүсдэг нь хамаагүй чи зүгээр л үүнд бүхнээ зориулах хэрэгтэй. Эцэст нь Бурханы өмнө ирээд бүхнээ зориулж чадна гэж найдаж байна. Бурхан сэнтий дээрээ суугаад бахдалтай инээмсэглэхийг харж чадвал энэ нь чиний үхлийн тогтсон цаг байлаа ч чи нүдээ анихдаа инээж, инээмсэглэх чадвартай байх ёстой. Чи газар дээр байх хугацаандаа Бурханы төлөө эцсийн үүргээ биелүүлэх ёстой. Өнгөрсөн үед Петр Бурханы төлөө уруугаа харан цовдлогдсон; гэхдээ чи эцэстээ Бурханыг сэтгэл хангалуун болгож, өөрийн бүх эрч хүчийг Бурханы төлөө шавхах ёстой. Бүтээгдсэн нэгэн Бурханы төлөө юу хийж чадах вэ? Иймээс Бурхан чамайг хүссэнээрээ ашиглахад зориулж хожимдохоосоо өмнө Бурханд өөрийгөө тушаах хэрэгтэй. Бурханыг аз жаргалтай, сэтгэл хангалуун болгож л байвал Түүгээр хүссэн бүхнийг нь хийлгэ. Хүнд гомдоллох ямар эрх байгаа юм бэ?
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Нууцын тухай тайлбар, 41-р бүлэг
413. Өнөөдөр та нараас шаардаг зүйлс нэмэлт шаардлага биш, харин хүний үүрэг, бүх хүний биелүүлэх ёстой үүрэг юм. Хэрэв та нар үүргээ ч гүйцэтгэж чадахгүй, үүргээ сайн гүйцэтгэж чадахгүй бол өөрсдөдөө төвөг удаж байгаа бус уу? Та нар үхлийг өөртөө татаж байгаа бус уу? Та нар яаж ирээдүй, хэтийн зүйлсийг хүлээж чадаж байна вэ? Бурханы ажил хүн төрөлхтний төлөө хийгддэг, харин хүний хамтын ажиллагаа Бурханы удирдлагын төлөө байдаг. Бурхан хийх ёстой бүхнээ хийсний дараа хүн биеэ дайчлан хэрэгжүүлж, Бурхантай хамтран ажиллах шаардлагатай. Бурханы ажилд хүн хичээл зүтгэлээ гамналгүй, үнэнч зангаа зориулах ёстой, мөн тоо томшгүй олон үзэлд баригдаж, эсвэл идэвхгүйгээр үхлээ хүлээн суух ёсгүй. Бурхан Өөрийгөө хүний төлөө золиосолж чадна, тэгвэл хүн яагаад Бурханд үнэнч байдлаа өргөж болохгүй гэж? Бурхан хүнд хоёргүй сэтгэлээр ханддаг атал хүн яагаад өчүүхэн ч болов хамтран ажиллаж болохгүй гэж? Бурхан хүн төрөлхтний төлөө ажилладаг атал хүн яагаад Бурханы удирдлагын төлөө зарим нэг үүргээ биелүүлж болохгүй гэж? Бурханы ажил энэ хүртэл ирчихээд байхад та нар юу ч хийхгүй харсаар, сонссон ч хөдлөхгүй суусаар. Ийм хүмүүс мөхлийн бай биш гэж үү? Бурхан аль хэдийн Өөрийн бүх зүйлийг хүнд зориулсан, гэтэл яагаад хүн өнөөдөр өөрийн үүргийг үнэн сэтгэлээсээ гүйцэтгэж чадахгүй байна вэ? Бурханы хувьд, Түүний ажил эн тэргүүний зүйл бөгөөд Түүний удирдлагын ажил хамгийн чухал нь билээ. Хүний хувьд, Бурханы үгийг хэрэгжүүлж, Бурханы шаардлагыг биелүүлэх нь эн тэргүүний зүйл. Үүнийг та нар бүгд ойлгох учиртай.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханы ажил ба хүний хэрэгжүүлэлт
414. Хүний үүргийн биелэлт гэдэг нь үнэндээ хүнд угаасаа байсан бүхнийг буюу хүний хувьд төрөлхөөсөө боломжтой зүйлийг биелүүлэх явдал юм. Тэр үед түүний үүрэг биелдэг. Үйлчлэлийн үеэрх хүний дутагдал нь алгуур туршлагаар болон шүүлт туулах үйл явцаар дамжуулан аажмаар багасдаг; тэдгээр нь хүний үүрэгт нөлөөлөх юм уу саад болдоггүй. Үйлчлэлд нь саад тотгор гарч болзошгүй гэж айсандаа үйлчлэхээ больж, бууж өгч, эсвэл ухарч няцдаг хүмүүс бол бүх хүний дотроос хамгийн хулчгар нь юм. Хэрвээ хүмүүс үйлчлэлийн үеэр өөрсдийн илэрхийлэх ёстой зүйлийг илэрхийлж чадахгүй, эсвэл өөрсдийнх нь хувьд төрөлхөөсөө боломжтой зүйлийг биелүүлж чадахгүй, харин оронд нь мунхаглаж, хийсэн дүр үзүүлбэл бүтээгдсэн зүйлд байх ёстой чиг үүргээ алджээ. Тийм хүмүүс бол “тааруухан” гэгддэг хүмүүс юм; тэд бол хэрэггүй хог хаягдал мөн. Тийм хүмүүсийг яаж бүтээгдсэн зүйл гэж зохис ёсоор нэрлэж болох юм бэ? Тэд гаднаа гяланцаг, дотроо паланцаг завхарсан оршихуй биш гэж үү? Хүн өөрийгөө Бурхан гэж нэрлэсэн ч бурханлаг чанарын оршихуйг илэрхийлж чадахгүй, Бурханы Өөрийн ажлыг хийж чадахгүй, эсвэл Бурханыг төлөөлж чадахгүй бол Бурхан биш гэдэг нь эргэлзээгүй, учир нь түүнд Бурханы мөн чанар байхгүй, Бурханы төрөлхөөсөө биелүүлж чаддаг зүйл түүний дотор оршин байдаггүй. Хэрвээ хүн төрөлхөөсөө хүрч чадахуйц зүйлээ алдвал түүнийг цаашид хүн гэж үзэж болохгүй ба тэрээр бүтээгдсэн зүйлийн байр сууринд зогсох юм уу Бурханы өмнө очиж, Түүнд үйлчлэх үнэ цэнгүй. Түүнчлэн, тэрээр Бурханы нигүүлслийг хүртэх, эсвэл Бурханаар халамжлуулж, хамгаалуулж, төгс болгуулах үнэ цэнгүй. Бурханы итгэлийг алдсан олон хүн Бурханы нигүүлслийг алдсаар байдаг. Тэд өөрсдийн буруу үйлийг үзэн яддаггүйгээр үл барам, Бурханы зам бол буруу гэсэн үзэл санааг ичгүүр сонжуургүйгээр түгээдэг ба тэрслүү хүмүүс бүр Бурханы оршин тогтнолыг ч үгүйсгэдэг. Тийм тэрслүү байдалтай ийм хүмүүс яаж Бурханы нигүүлслийг эдлэх эрхтэй байж чадах юм бэ? Өөрсдийн үүргийг биелүүлдэггүй хүмүүс Бурханы эсрэг маш их тэрсэлдэг ба Түүнд их өртэй, гэсэн ч тэд эргээд Бурханы буруу хэмээн зад шүүмжилдэг. Тийм төрлийн хүмүүс яаж төгс болгуулахад тохирох юм бэ? Энэ нь таягдан хаягдаж, шийтгүүлэхийн дохио биш гэж үү? Бурханы өмнө үүргээ биелүүлдэггүй хүмүүс аль хэдийн хамгийн жигшүүрт гэмт хэрэг үйлдсэн, үүнд үхэх шийтгэл ч хангалтгүй атал тэд Бурхантай маргах ичгүүр сонжуургүй зантай байж, Түүнтэй өрсөлддөг. Тийм хүмүүсийг төгс болгох нь ямар хэрэгтэй юм бэ? Хүмүүс үүргээ биелүүлж чадахгүй бол гэм буруутай, өртэйгөө мэдрэх ёстой; тэд сул дорой, нэмэргүй байдлаа, тэрслүү байдал, завхралаа үзэн ядах ёстой, түүнчлэн өөрсдийн амийг Бурханд өгөх учиртай. Зөвхөн тэр үед л тэд Бурханыг үнэхээр хайрладаг бүтээгдсэн зүйл мөн бөгөөд ийм хүмүүс л Бурханы ерөөл, амлалтыг эдэлж, Түүгээр төгс болгуулахад тохирдог. Тэгвэл та нарын ихэнх нь ямар вэ? Та нарын дунд амьдардаг Бурханд та нар хэрхэн ханддаг вэ? Түүний өмнө үүргээ хэрхэн биелүүлсэн бэ? Та нар амиа золиослоод ч хамаагүй, хийх ёстой бүхнээ чадлынхаа хэрээр хийсэн үү? Та нар юу золиосолсон бэ? Та нар Надаас ихийг хүлээн аваагүй гэж үү? Та нар ялган таньж чадах уу? Надад хэр үнэнч вэ? Надад хэрхэн үйлчилсэн бэ? Би та нарт юу өгч, та нарын төлөө юу хийсэн бэ? Та нар энэ бүхнийг хэмжиж үзсэн үү? Та нар бүгдээрээ өөрсдийн доторх өчүүхэн мөс чанараараа үүнийг хэмжиж, харьцуулж үзсэн үү? Та нарын үг, үйлдэл хэнд зохистой вэ? Та нарын тийм өчүүхэн золиослол Миний өгсөн бүхнийг хүртэхэд зохистой гэж үү? Надад өөр ямар ч сонголт байгаагүй ба Би та нарт үнэн сэтгэлээсээ хандсан ч та нар Миний талаар хорон муу сэжиг өвөрлөж, Надад хоёрдмол сэтгэлээр ханддаг. Тэр нь та нарын үүрэг, та нарын цорын ганц чиг үүрэг юм. Тийм биш гэж үү? Та нар бүтээгдсэн зүйлийн үүргээ огтхон ч биелүүлээгүй гэдгээ мэдэхгүй гэж үү? Та нарыг яаж бүтээгдсэн зүйл гэж үзэж болох юм бэ? Илэрхийлж, амьдран харуулж байгаа зүйл чинь юу болохыг та нар тодорхой мэддэггүй гэж үү? Та нар үүргээ биелүүлж чадаагүй боловч Бурханы хүлээцтэй байдал, элбэг дэлбэг нигүүлслийг олж авахаар чармайдаг. Тийм нигүүлсэл нь та нар шиг үнэ цэнгүй, олиггүй хүмүүст зориулан бэлтгэгдээгүй, харин юу ч гуйлгүйгээр, баяртайяа золиосолдог хүмүүст зориулагдсан. Та нар шиг ийм хүмүүс, ийм тааруухан хүмүүс тэнгэрийн нигүүлслийг эдлэхэд огт тохирохгүй. Зовлон зүдүүр болон эцэс төгсгөлгүй шийтгэл л өдөр хоногуудыг чинь дагана! Хэрвээ та нар Надад үнэнч байж чадахгүй бол хувь заяа чинь зовлонгийнх байх болно. Хэрвээ та нар Миний үг болон Миний ажилд хариуцлагатай байж чадахгүй бол төгсгөл чинь шийтгэл байх болно. Бүх нигүүлсэл, ерөөл болон хаанчлалын гайхалтай амьдрал та нартай ямар ч хамаагүй байх болно. Энэ нь та нарын хүртэх ёстой төгсгөл бөгөөд хийсэн зүйлийн чинь үр дагавар юм!
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бие махбодтой болсон Бурханы үйлчлэл ба хүний үүргийн ялгаа