1. Бурханд итгэх итгэлдээ хүмүүс Бурханы шинэ ажлыг эсэргүүцдэгийн эх сурвалжийг мэдэх нь

Холбогдох Бурханы үг:

Хүн Бурханыг эсэргүүцдэгийн шалтгаан нь нэг талаар хүний завхарсан зан чанараас, нөгөө талаар Бурханыг мэддэггүйгээс болон Бурханы ажилладаг зарчим, хүнийг гэх Түүний хүслийг ойлгодоггүйгээс болдог. Энэ хоёр тал нь хамтдаа Бурханд хандах хүний эсэргүүцлийн түүхийг бүрдүүлдэг. Хүний уг чанар дотор Бурханыг эсэргүүцэх эсэргүүцэл байдаг учраас шинэхэн итгэгчид Бурханыг эсэргүүцдэг байхад олон жил итгэсэн хүмүүс завхарсан зан чанар дээрээ нэмээд Бурханыг мэддэггүйгээсээ болж Түүнийг эсэргүүцдэг.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханыг мэддэггүй бүх хүн бол Бурханыг эсэргүүцдэг хүмүүс юм

Бурханы ажил үргэлж урагшилж байгаа бөгөөд Түүний ажлын зорилго өөрчлөгддөггүй хэдий ч ажилладаг арга барил нь ямагт өөрчлөгдөж, улмаар Бурханыг дагадаг хүмүүс ч бас байнга өөрчлөгдөж байдаг. Бурхан илүү их ажил хийх тусам Бурханы талаарх хүний мэдлэг төдий чинээ бүрэн гүйцэд болдог. Бурханы ажлын үр дүнд хүний зан чанарт ч бас зохих өөрчлөлт гардаг. Гэвч Бурханы ажил үргэлж өөрчлөгдөж байдаг учраас Ариун Сүнсний ажлыг мэддэггүй хүмүүс болон үнэнийг мэддэггүй мулгуу хүмүүс Бурханыг эсэргүүцдэг хүмүүс болдог. Бурханы ажил хэзээ ч хүний үзэлтэй нийцдэггүй, учир нь Бурханы ажил үргэлж шинэ байдаг, хэзээ ч хуучин байдаггүй бөгөөд Тэр хуучин ажлыг хэзээ ч давтдаггүй, харин өмнө нь хэзээ ч хийгдэж байгаагүй ажлыг хийдэг. Бурхан ажлаа давтдаггүй, харин хүн урьдын хийсэн ажилд нь үндэслэн Бурханы одоогийн ажлыг байнга шүүдэг болохоор шинэ эрин үеийн ажлын үе шат болгоныг хэрэгжүүлэхэд Бурханд маш хэцүү байдаг. Хүн хэтэрхий олон бэрхшээлтэй! Бодол санаа нь дэндүү хуучинсаг! Бурханы ажлыг хэн ч мэддэггүй мөртөө хүн бүр үүнийг хязгаарладаг. Бурханаас холдох үедээ хүн амь, үнэн болон Бурханы ерөөлийг алддаг атлаа амийг ч, үнэнийг ч хүлээн зөвшөөрдөггүй, хүн төрөлхтөнд Бурханы хайрладаг илүү агуу ерөөлийг бүр ч хүлээн зөвшөөрдөггүй. Бүх хүн Бурханыг олж авахыг хүсдэг хэр нь Бурханы ажлын ямар ч өөрчлөлтийг тэвчиж чаддаггүй. Бурханы шинэ ажлыг хүлээн зөвшөөрдөггүй хүмүүс Бурханы ажил бол хувиршгүй бөгөөд үүрд зогсонги байдалтай байдаг хэмээн итгэдэг. Тэдний бодлоор бол Бурханаас мөнхийн аврал хүртэхийн тулд хуулийг л мөрдөх хэрэгтэй бөгөөд гэмшиж, нүглээ улайж л байвал Бурханы хүсэл үргэлж хангалуун байна. Бурхан бол хуулийн доорх Бурхан, хүний төлөө загалмайд цовдлогдсон Бурхан л байж чадна гэж тэд боддог; тэд бас Бурхан Библиэс хэтрэн гарах ёсгүй, гарч ч чадахгүй гэж боддог. Яг ийм санал бодол нь тэднийг хуучны хуулиудад бат дөнгөлж, үхмэл дүрэм журмуудад хүлсэн юм. Бурханы шинэ ажил ямар ч байлаа гэсэн, зөгнөлөөр баталгаажих ёстой, мөн ийм ажлын үе шат болгонд Түүнийг “чин” сэтгэлээсээ дагадаг бүх хүнд бас илчлэл үзэгдэх ёстой; эс бөгөөс тэр ажил Бурханых байж таарахгүй гэж бүр ч олон хүн боддог. Хүний хувьд Бурханыг мэдэж авах нь угаасаа хялбар ажил биш. Үүнээс гадна, хөгийн зүрх сэтгэл, өөрийгөө чухалчилдаг, ихэрхүү тэрслүү уг чанарыг нь харгалзан үзвэл Бурханы шинэ ажлыг хүлээн зөвшөөрөх нь хүний хувьд бүр ч хэцүү билээ. Хүн Бурханы шинэ ажлыг анхааралтай шинжилдэггүй, төлөв даруухнаар хүлээн зөвшөөрдөг ч үгүй; харин ч Бурханы илчлэл болон удирдамжийг хүлээнгээ басамжилсан хандлага баримталж байдаг. Энэ нь Бурханы эсрэг тэрсэлж, эсэргүүцдэг хүмүүсийн зан авир биш гэж үү? Ийм хүмүүс яаж Бурханы сайшаалыг хүртэж чадах юм бэ?

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Өөрийн үзлээр Бурханыг хязгаарласан хүн Бурханы илчлэлийг хүлээн авч яахан чадах билээ?

Бурханы ажилд үргэлж шинэ хөгжил явагдаж байдаг учраас шинэ ажил гарч ирэхэд хоцрогдож, хуучирдаг ажил гэж бий. Хуучин ба шинэ эдгээр өөр өөр төрлийн ажил нь нэг нэгтэйгээ зөрчилддөггүй, харин харилцан бие биеэ нөхдөг; алхам бүр нь сүүлийн алхмаасаа үргэлжилдэг. Шинэ ажил байгаа учраас, хуучин зүйлс мэдээж таягдан хаягдах ёстой. Жишээ нь, аль эртнээс хэвшиж тогтсон хүний зарим хэрэгжүүлэлт болон дадал болсон үгс нь хүний олон жилийн туршлага, сургаалтай хослон хүний сэтгэлд элдэв янзын үзлийг бий болгожээ. Бурхан Өөрийн жинхэнэ царай болон төрөлх зан чанарыг хүнд хараахан бүрэн илчлээгүй нь эрт цагийн уламжлалт онолууд олон жилийн туршид түгэн дэлгэрсэнтэй хавсран хүний тийм үзэл бүрэлдэхэд илүү тааламжтай байсаар ирсэн юм. Бурханд итгэх хүний итгэлийн явцад янз бүрийн үзэл нөлөөлснөөр Бурханы талаарх элдэв янзын үзэл бүхий ойлголт хүмүүст тасралтгүй бий болж, хувьсан өөрчлөгдөхөд хүрсэн бөгөөд үүний үр дүнд Бурханд үйлчилдэг шашны олон хүн Түүний дайсан болсон гэж хэлж болох юм. Иймээс, хүмүүсийн шашны үзэл хүчтэй байх тусам Бурханыг улам эсэргүүцдэг ба төдий чинээ Бурханы дайснууд болдог. Бурханы ажил үргэлж шинэлэг, хэзээ ч хуучин байдаггүй; энэ нь хэзээ ч хоосон сургаалыг бий болгодоггүй, харин их бага хэмжээгээр тасралтгүй өөрчлөгдөн, шинэчлэгдэж байдаг. Ийм маягаар ажиллах нь Бурханы Өөрийн төрөлх зан чанарын илэрхийлэл билээ. Энэ нь бас Бурханы ажлын угийн зарчим бөгөөд Өөрийн удирдлагыг хэрэгжүүлдэг Бурханы арга барилын нэг юм. Хэрвээ Бурхан ийм маягаар ажиллаагүй бол хүн өөрчлөгдөхгүй, эсвэл Бурханыг мэдэж чадахгүй, Сатан ялагдахгүй байх байсан. Тиймээс, замбараагүй харагддаг ч үнэндээ тогтмол мөчлөгтэй тасралтгүй өөрчлөлтүүд Түүний ажилд гарч байдаг. Гэхдээ хүний Бурханд итгэдэг байдал нэлээд өөр. Хүн хуучны, танил сургаал болон системтэй зууралддаг бөгөөд тэдгээр нь хуучных байх тусам, төдий чинээ таатай байдаг. Хүний хад чулуу мэт өөрчлөгдөшгүй, мунхаг ухаан санаа Бурханы ойлгохын аргагүй шинэ ажил, үгийг хэрхэн хүлээн зөвшөөрч чадах билээ? Үргэлж шинэлэг, хэзээ ч хуучин байдаггүй Бурханыг хүн үзэн яддаг; тэрээр хөгшин хөвөө, буурал үстэй, хөдөлгөөнгүй, хуучин Бурхандаа л дуртай. Тиймээс, Бурхан, хүн хоёрын аль алинд өөрсдийн гэсэн дуртай зүйл байдаг учраас хүн Бурханы дайсан болжээ. Бурхан шинэ ажлаа бараг зургаан мянган жилийн турш хийсээр ирсэн үе буюу өнөөдөр ч гэсэн энэ олон зөрчилдөөн оршсоор л байна. Тэгэхээр тэдгээр нь засаршгүй ажээ… Бурханы санаа зорилго нь үргэлж Өөрийнхөө ажлыг хуучин үхмэл биш, харин шинэлэг, эрч хүчтэй байлгахын төлөө байсаар ирсэн ба хүнээр баримтлуулдаг зүйлс нь үүрд мөнхийн, хувиршгүй биш, харин эрин үе, цаг хугацааны хамтаар өөрчлөгддөг. Учир нь Тэр бол хүнийг үхүүлж, хуучинсаг байлгадаг диавол биш, харин амьдруулж, шинэлэг байлгадаг Бурхан билээ. Та нар үүнийг ойлгоогүй л байна уу? Хуучинсаг үзэл бодолтой учраас чи Бурханы тухай үзэлтэй байдаг бөгөөд тэдгээрийгээ хаяж чаддаггүй. Энэ нь, Бурханы ажилд эрүүл ухаан бараг байдаггүй, эсвэл Бурханы ажил хүний хүслээс зөрдгөөс болдог юм биш, түүнчлэн Бурхан үүргээ үргэлж цалгардуулдгаас ч болдог юм биш. Харин чи хэтэрхий дуулгаваргүй учраас, мөн чамд Бурханы бүтээлийн төрх өчүүхэн төдий ч байдаггүй учраас үзлээ орхиж чаддаггүй; Бурхан чамд хүндрэл учруулаад байдаг юм биш. Энэ бүхэн чамаас болсон ба Бурхантай ямар ч хамаагүй; бүх зовлон, золгүй явдлыг хүн бий болгодог. Бурханы бодол үргэлж сайн байдаг: Тэр чамайг үзэл бий болгоосой гэж хүсдэггүй, харин эрин үе өнгөрөхийн хэрээр өөрчлөгдөж, шинэчлэгдээсэй гэж хүсдэг. Гэсэн ч чи өөрт чинь юу сайн болохыг мэддэггүй, үргэлж шинжлэн шалгаж, аль эсвэл нягтлан үзэж байдаг. Бурхан чамд хүндрэл учруулаад байгаа юм биш, харин чи Бурханыг огт хүндэлдэггүй, мөн дуулгаваргүй байдал чинь дэндүү их. Өчүүхэн жаахан бүтээгдсэн зүйл урьд нь Бурханы өгсөн зүйлийн ялимгүй бага хэсгийг авч зүрхэлдэг, дараа нь эргээд үүнийгээ ашиглан Бурхан руу дайрч давшилдаг—энэ нь хүний дуулгаваргүй байдал биш гэж үү? Хүмүүст өөрсдийн үзэл бодлыг Бурханы өмнө илэрхийлэх эрх огт байхгүй, үнэ цэнгүй, олиггүй, илжирсэн, уран цэцэн үг хэлээ хүссэнээрээ гайхуулах эрх бүр ч байхгүй—өнөөх илжирсэн үзлүүдийг бол дурдахын ч хэрэггүй гэж хэлж болно. Тэдгээр нь бүр ч үнэ цэнгүй бус уу?

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханы өнөөдрийн ажлыг мэддэг хүмүүс л Бурханд үйлчилж болно

Та нар Бурханы ажлын зарчмыг мэддэггүй, мөн Ариун Сүнсний ажилд хөнгөн хуумгай ханддаг учраас Бурханы ажлыг эсэргүүцэж, өөрсдийн үзлийг ашиглан өнөөдрийн ажлыг хэмждэг гэдгээ мэдэж ав. Та нар өөрсдийн үзэл болон төрөлхийн биеэ тоосон зангаасаа үүдэн Бурханыг эсэргүүцэж, Ариун Сүнсний ажилд саад болдог. Энэ нь Бурханы ажил буруугаас болдоггүй, харин та нар угаасаа хэтэрхий дуулгаваргүйгээс болдог. Зарим хүн Бурханд итгэсний дараа хүн хаанаас бий болсныг ч баттай хэлж чаддаггүй атлаа Ариун Сүнсний ажлын зөв, бурууг үнэлж, олон нийтийн өмнө үг хэлж зүрхэлдэг. Тэр ч байтугай тэд Ариун Сүнсний шинэ ажилтай элч нарт хүртэл сургаал айлдаж, гар хөлөө гозолзуулан, элий балай зүйл ярьдаг; тэдний хүн чанар хэтэрхий дорд бөгөөд тэдэнд өчүүхэн төдий ч эрүүл ухаан байдаггүй. Тийм хүмүүс Ариун Сүнсний ажилд гологдож, тамын галд шатаагдах өдөр ирэх бус уу? Тэд Бурханы ажлыг мэддэггүй, харин Түүний ажлыг шүүмжилж, мөн Түүнд хэрхэн ажиллахыг нь заахаар оролддог. Тийм ухаангүй хүмүүс Бурханыг яаж мэдэж чадах юм бэ? Хүн Бурханыг эрж хайж, мэдрэх явцдаа Түүнийг мэдэж авдаг; харин Бурханыг дураараа шүүмжлэх явцдаа Ариун Сүнсний гэгээрлээр дамжуулан мэдэж авдаг юм биш. Бурханы талаарх хүмүүсийн мэдлэг хэдий чинээ үнэн зөв байна, тэд Түүнийг төдий чинээ бага эсэргүүцдэг. Харин хүмүүс Бурханыг хэдий чинээ бага мэднэ, Түүнийг төдий чинээ амархан эсэргүүцдэг. Чиний үзэл, чиний хуучин уг чанар, чиний хүн чанар, зан байдал, ёс суртахуун, үзэл баримтлал бол Бурханыг эсэргүүцэх хөрөнгө бөгөөд ёс суртахуун нь завхарсан, хэв чанар нь өөдгүй, хүн чанар нь дорд болох тусмаа чи төдий чинээ Бурханы дайсан байдаг. Үзэл ихтэй, өөрийгөө зөвтгөдөг зан чанартай хүмүүс бие махбодтой болсон Бурханд бүр ч их дайсагнадаг ба тийм хүмүүс бол антихристүүд юм. Хэрвээ чиний үзлийг залруулахгүй бол энэ чинь үргэлж Бурханы эсрэг байх болно; чи хэзээ ч Бурхантай нийцэлтэй байж чадалгүй, үргэлж Түүнээс тусдаа байх болно.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханы ажлын гурван үе шатыг мэдэх нь Бурханыг мэдэх зам юм

Фарисайчууд Есүсийг эсэргүүцсэний уг шалтгааныг та нар мэдмээр байна уу? Фарисайчуудын мөн чанарыг мэдэхийг хүсэж байна уу? Тэд Мессиагийн талаарх уран зөгнөлөөр дүүрэн байсан. Үүнээс гадна, тэд Мессиа ирнэ гэдэгт л итгэсэн ч амь, үнэнийг эрэлхийлээгүй. Иймээс өнөөдөр ч гэсэн тэд Мессиаг хүлээсээр л байдаг, учир нь тэдэнд амийн замын талаар ямар ч мэдлэг байдаггүй, мөн үнэний зам гэж юу болохыг мэддэггүй. Ийм мунхаг, зөрүүд, мэдлэггүй хүмүүс Бурханы ерөөлийг олж авч чадах уу, та нар хэл дээ? Тэд яаж Мессиаг харж чадах юм бэ? Тэд Ариун Сүнсний ажлын чиглэлийг мэдээгүй, Есүсийн хэлсэн үнэний замыг мэдээгүй, түүнчлэн Мессиаг ойлгоогүй учраас Есүсийг эсэргүүцсэн. Тэд Мессиаг хэзээ ч харж байгаагүй, Мессиатай хэзээ ч хамт байгаагүй болохоор Мессиагийн нэр төдийхөнтэй зууралдах зуураа Мессиагийн мөн чанарыг боломжит бүх аргаар эсэргүүцэх алдаа гаргасан. Энэ фарисайчууд мөн чанарын хувьд зөрүүд, биеэ тоосон, үнэнийг дуулгавартай дагаагүй. Тэдний Бурханд итгэх зарчим нь энэ: Таны номлол хэр гүн гүнзгий, Таны эрх мэдэл хэчнээн өндөр дээд ч бай, Мессиа гэж нэрлэгдээгүй л бол Та Христ биш. Тэдний энэ итгэл нь утгагүй, хөгийн биш гэж үү? Би та нараас цааш нь асууя: Та нарт Есүсийн талаар өчүүхэн ч ойлголт байхгүй юм чинь эрт үеийн фарисайчуудын алдааг гаргах нь туйлын хялбар биш гэж үү? Чи үнэний замыг ялган таньж чадах уу? Чи Христийг эсэргүүцэхгүй гэдгээ үнэхээр баталж чадах уу? Чи Ариун Сүнсний ажлыг дагаж чадах уу? Чи Христийг эсэргүүцэх эсэхээ мэдэхгүй байвал аль хэдийн үхлийн ирмэгт амьдарч байна гэж Би хэлнэ. Мессиаг мэддэггүй хүмүүс бүгд Есүсийг эсэргүүцэж, голж, гүжирдэх чадвартай байсан. Есүсийг ойлгодоггүй хүмүүс бүгд Түүнийг голж, доромжлох боломжтой. Түүнчлэн тэд Есүсийн эргэн ирэлтийг Сатаны заль мэх гэж харах боломжтой ба махбодоор эргэн ирсэн Есүсийг илүү олон хүн яллах болно. Энэ бүх зүйл та нарыг айлгахгүй байна гэж үү? Ариун Сүнсийг доромжилж, чуулгануудад хэлсэн Ариун Сүнсний үгийг сүйрүүлж, Есүсийн илэрхийлсэн бүхнийг голох явдалтай та нар нүүр тулна. Та нар ийм мунгинуу байвал Есүсээс юу олж авч чадах юм бэ? Хэрвээ та нар алдаагаа ойлгохоос зөрүүдлэн татгалзаж байгаа бол Есүсийг цагаан үүлэн дээр махбодоор эргэн ирэх үед Есүсийн ажлыг яаж ойлгож чадах юм бэ? Би та нарт үүнийг хэлье: Үнэнийг хүлээн зөвшөөрдөггүй атлаа Есүс цагаан үүлэн дээр ирэхийг сохроор хүлээдэг хүмүүс Ариун Сүнсийг гарцаагүй доромжлох бөгөөд тэд бол устгагдах төрөл мөн. Та нар ердөө л Есүсийн нигүүлслийг хүсэж, тэнгэрийн жаргалтай ертөнцөд жаргахыг хүсдэг, гэсэн атлаа Есүсийн хэлсэн үгийг хэзээ ч дуулгавартай дагаж байгаагүй, махбодоор эргэн ирэх үедээ хэлсэн үнэнийг нь хэзээ ч хүлээн аваагүй. Есүс цагаан үүлэн дээр эргэн ирэх тухай баримтын хариуд та нар юу өргөн барих вэ? Удаа дараа нүгэл үйлдэж, үүнийгээ ахин дахин улайх чин сэтгэл үү? Цагаан үүлэн дээр эргэн ирэх Есүст та нар юуг тахил болгон өргөх вэ? Өөрсдийгөө өргөмжилдөг олон жилийн ажлаа юу? Эргэн ирсэн Есүсийг өөрсдөдөө итгүүлэхийн тулд та нар юу өргөн барих вэ? Ямар ч үнэнийг дуулгавартай дагадаггүй, биеэ тоосон уг чанараа юу?

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Есүсийн сүнслэг биеийг харах үед чинь Бурхан тэнгэр, газрыг шинээр бүтээсэн байх болно

Хүн Бурханд тэрсэлж, эсэргүүцдэг нь Сатан хүнийг завхруулснаас эхтэй. Сатан завхруулсан учраас хүний мөс чанар хөшүүн болсны дээр хүн ёс суртахуунгүй, үзэл бодол нь доройтсон, хоцрогдмол сэтгэлгээтэй байдаг. Сатанд завхруулагдахаасаа өмнө хүн Бурханыг аяндаа дагаж, үгийг нь сонсоод Түүнийг дуулгавартай дагадаг байсан. Тэр угийн эрүүл ухаан, мөс чанар сайтай, хэвийн хүн чанартай байсан. Сатан завхруулсны дараа хүний төрөлх эрүүл ухаан, мөс чанар, хүн чанар үлбэгэр болж, Сатанд эрэмдэглүүлсэн. Тиймээс түүний дуулгавартай байдал болоод Бурханыг гэх хайр нь үгүй болсон. Хүний эрүүл ухаан хэвийн бус болж, зан чанар нь амьтныхтай адил болсон. Бурханд тэрслэх нь улам бүр олширч, ноцтой болсон. Гэсэн ч хүн үүнийгээ мэддэггүй, ухамсарладаг ч үгүй, ердөө л сохроор эсэргүүцэж, тэрсэлж байдаг. Хүний зан чанар эрүүл ухаан, мэдлэг ухаан, мөс чанараар нь илэрдэг; эрүүл ухаан, мэдлэг ухаан нь эрүүл саруул биш, мөс чанар нь туйлын үлбэгэр болсон учраас хүний зан чанар Бурханы эсрэг тэрсэлдэг…

Хүний завхарсан зан чанарын илрэл нь өөр юунаас ч биш зөвхөн түүний хөшүүн мөс чанар, хорлонт уг чанар, эрүүл саруул бус ухаанаас эхтэй; хэрвээ хүний мөс чанар, эрүүл ухаан нь эргээд хэвийн байдалдаа орж чадвал Бурханы өмнө ашиглуулахад тохирох нэгэн болно. Хүний мөс чанар үргэлж хөшүүн байсаар ирсэн бөгөөд хэзээ ч эрүүл саруул байгаагүй ухаан нь улам мунхаг болж байдаг учраас л хүн Бурханд улам тэрсэлж, тэр ч байтугай Есүсийг загалмайд цовдолж, эцсийн өдрүүдэд бие махбодтой болсон Бурханыг гэртээ оруулахаас татгалзаж, Бурханы махбодыг яллаж, өчүүхэн дорд гэж үздэг. Хүнд өчүүхэн ч гэсэн хүн чанар байсан бол Бурханы махбод болсон биед тэгж их харгис хандахгүй л байсан; хүн өчүүхэн ч гэсэн эрүүл ухаантай байсан бол бие махбодтой болсон Бурханы биед тэгж их хэрцгий хандахгүй байсан; хүн өчүүхэн ч болов мөс чанартай байсан бол бие махбодтой болсон Бурханд ингэж “талархах”-гүй байсан. Бурхан махбод болсон эрин үед хүн аж төрдөг атлаа өөрт нь тийм сайхан боломж олгосон Бурханд талархаж чадахгүй, харин ч Бурханы ирэлтийг харааж, Бурхан бие махбодтой болсон тухай баримтыг огт тоохгүй, үүнийг эсэргүүцэж, үүнээс залхсан мэт байдаг. Хүн Бурханы ирэлтэд яаж ч ханддаг байсан хамаагүй, Түүнийг өчүүхэн төдий ч таатай угталгүй, Түүнд ухаангүй шаардлага тавьсаар ирсэн ч, товчхондоо Бурхан ажлаа үргэлж тэвчээртэй үргэлжлүүлж ирсэн. Хүний зан чанар туйлын хэрцгий болж, эрүүл ухаан нь дээд зэргээр дүйнгэ болж, мөс чанар нь ёрын муу нэгэнд бүрмөсөн дэвслүүлээд хүний анхдагч мөс чанар байхаа аль эрт больсон.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Зан чанар чинь өөрчлөгдөхгүй байх нь Бурханд дайсагнаж буй хэрэг

Өмнөх: 7. Гадаад талын сайн үйл хэрэг болон зан чанарын өөрчлөлтийн хоорондох ялгаа

Дараах: 2. Үнэн замыг хайхдаа чи эрүүл ухаантай байх ёстой

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Messenger дээр бидэнтэй холбоо барих