10-р зүйл: Тэд үнэнийг басамжилж, зарчмуудыг улайм цайм зөрчиж, Бурханы гэрийн зохицуулалтыг үл ойшоодог (VII хэсэг)
III. Бурханы үгийг басамжлах
Өнөөдөр бид антихристүүдийн янз бүрийн илрэлийн арав дахь зүйл болох тэд үнэнийг басамжилж, зарчмуудыг улайм цайм зөрчиж, Бурханы гэрийн зохицуулалтыг үл ойшоодог талаар үргэлжлүүлэн нөхөрлөнө. Өнгөрсөн удаа бид энэ том сэдвийн гурав дахь хэсэг болох антихристүүд Бурханы үгийг басамжилдаг хүртэл нөхөрлөсөн. Энэ хэсгийн талаарх бидний нөхөрлөл, задлан шинжилгээ нь гурван дэд сэдэвт хуваагдсан. Энэ гурван дэд сэдэв юу вэ? (Эхнийх нь, антихристүүд Бурханы үгийг дур зоргоороо өөрчилж, тайлбарладаг; хоёр дахь нь, антихристүүд Бурханы үг үзэлтэй нь нийцэхгүй байх үед үгүйсгэдэг; гурав дахь нь, антихристүүд Бурханы үг биелэх эсэхийг сэм хардаг.) Антихристүүд Бурханы үгийг басамжлах гэдэг нь юу гэсэн үг болохыг энэ гурав бүхэлд нь илэрхийлдэг үү? (Дахиад хэд байх ёстой.) Өөр ямар үг хэллэг, илрэл байдаг вэ? (Антихристүүд Бурханы үгэнд хүндэтгэлгүй хандах.) Бурханы үгэнд хүндэтгэлгүй хандах нь тэд Бурханы үгийг басамжилдгийн нэг илрэл мөн үү? Бурханы үгэнд хүндэтгэлгүй хандах нь Бурханы үгийг басамжилдгийн нэг тайлбар биш гэж үү? Энд бидэнд тайлбар хэрэггүй, харин чиний харж, хүрч чадах, түүнчлэн чиний сонсож байсан антихристүүд Бурханы үгийг басамжилдгийн янз бүрийн илрэл, хэрэгжүүлэлт хэрэгтэй байна. Антихристүүд Бурханы үгийг басамжилдгийн янз бүрийн илрэлийн талаар та нар тийм ч их ойлголтгүй бололтой. Та нар Миний өмнө нь нөхөрлөсөн гурван зүйлийн талаар бага зэрэг үгчилсэн ойлголттой байж болох ч антихристүүд Бурханы үгийг басамжилдаг өөр ямар илрэл байж болохыг бодож олж чадахгүй байна, тийм үү? Та нар бидний өмнө нь нөхөрлөсөн гурван илрэлийг бүгдийг нь санаж байх ёстой. Антихристүүд Бурханы үгийг басамжилдаг зан авир, илрэл нь нээлттэй, ил тод байдаг уу? Эдгээр нь шулуун шударга хүмүүсийн хийх ёстой зүйл мөн үү? (Үгүй.) Эдгээр нь хэвийн хүн чанарт байх ёстой илрэл биш; эдгээр нь эерэг биш, харин сөрөг юм. Энэ хэдхэн зан авирын цаад мөн чанар нь Сатан, чөтгөрүүд, Бурханы дайснууд руу чиглэдэг. Антихристүүд Бурханы үгэнд хандахдаа дуулгавартай дагадаггүй, хүлээн авдаггүй, туулж мэдэрдэггүй, өөрсдийн үзлийг хойш тавьж, Бурханы үгийг энгийнээр, нээлттэйгээр хүлээн авдаггүй—харин ч тэд Бурханы үгэнд хандах янз бүрийн сатанлаг хандлага бий болгодог. Антихристүүдийн эдгээр илрэл, зан авираар дамжуулан харуулдаг зан чанар нь сүнсний ертөнцөд Сатаны харуулдаг яг тэр зүйл юм. Эдгээр зан авир нь ямар ч нөхцөл байдалд, ямар ч эрин үед, ямар ч бүлэг хүмүүсийн дунд эерэг байдаггүй. Эдгээр нь хорон муу, сөрөг бөгөөд бүтээгдсэн зүйл, эсвэл хэвийн хүнд байх ёстой илрэл, эсвэл зан авир биш юм. Иймээс бид тэдгээрийг антихристүүдийн илрэл гэж тодорхойлдог. Энэ гурван зүйлийг нөхөрлөсний дараа ихэнх хүн энэ гурван илрэл нь антихристүүдийн Бурханы үгэнд хандах үндсэн хандлагыг бүгдийг нь хамардаг байх гэж бодож магадгүй. Гэвч та нарын анзаараагүй нэг зүйл бий: Антихристүүдийн Бурханы үгэнд хандах хандлага нь энэ гурван арга барилаар яагаад ч хязгаарлагдахгүй. Антихристүүд Бурханы үгийг басамжилдгийг бас харуулдаг өөр нэг илрэл, зан авир бий. Энэ илрэл юу вэ? Энэ нь антихристүүд Бурханы үгэнд бараа таваар мэт ханддаг явдал юм. Хэрвээ бид үүний үгчилсэн утгыг харвал зарим хүний толгойд тодорхой хүмүүс рүү чиглэсэн зарим нэг дүр зураг бууж болох ч үүний тодорхой бөгөөд жинхэнэ илрэл нь тийм ч тодорхой биш хэвээр байна; эдгээр нь маш тодорхойгүй, ерөнхий хэвээр байна. Тэгвэл өнөөдөр бид антихристүүд Бурханы үгэнд хэрхэн бараа таваар мэт ханддаг талаар нөхөрлөнө.
Г. Антихристүүд Бурханы үгэнд бараа таваар мэт ханддаг
Антихристүүд Бурханы үгэнд бараа таваар мэт ханддаг; антихристүүд үнэнд өөрт нь бараа таваар мэт ханддаг гэж бас хэлж болно. Тэдгээрт бараа таваар мэт хандах гэдэг нь юу гэсэн үг вэ? Энэ нь алдар нэр, ашиг хонжоо, байр суурь олж авахын тулд зүгээр л зарим нэг зүйлийг мэтгэн ярьж, гайхуулаад хүмүүсийн итгэл, дэмжлэг, сайшаалыг хууран мэхэлж олж авна гэсэн үг юм. Ийнхүү Бурханы үг болон үнэн тэдний зорилгодоо хүрэх гишгүүр болдог. Энэ бол антихристүүдийн үнэнд хандах хандлага юм. Тэд үнэнийг ашиглаж, үнэнээр тоглож, үнэнийг уландаа гишгэдэг бөгөөд энэ нь антихристүүдийн уг чанар-мөн чанараар тодорхойлогддог. Тэгвэл Бурханы үг болон үнэн гэж яг юу вэ? Бид үнэнийг хэрхэн үнэн зөв тодорхойлох ёстой вэ? Надад хэлдээ, үнэн гэж юу вэ? (Үнэн бол хүмүүсийн биеэ авч явах, аливааг хийх, Бурханыг шүтэн мөргөх шалгуур юм.) Энэ бол үнэний үнэн зөв, нарийн нягт тодорхойлолт юм. Та нар бүгд энэ үгийг хэрхэн ойлгож байна вэ? Чи энэ үгийг өдөр тутмын амьдралдаа болон бүхий л амьдралынхаа туршид хэрхэн хэрэгжүүлэх ёстой вэ? Энэ үгийг хэрхэн туулж мэдрэх ёстой вэ? Бодож, ойлгож чадах зүйлээ шүүлтүүр тавьж, боловсруулалгүйгээр шууд хэл. Та нарын туршлагын хэлээр бол үнэн гэж юу вэ? Бурханы үг гэж юу вэ? (Үнэн нь хүний амьдралыг үзэх үзэл болон үнэт зүйлийг өөрчилж, хэвийн хүний төрхийг амьдран харуулах боломжийг олгож чаддаг.) Хэдийгээр бүрэн дүүрэн биш боловч та нарын хэлсэн бүхэн үнэний талаарх туршлагаар олсон ойлголтыг илэрхийлж байна; эдгээр нь та нарын өдөр тутмын амьдралдаа туулж, олж авсан ойлголт, үнэлэмж юм. Өөр хэн хуваалцахыг хүсэж байна вэ? (Үнэн нь бидний завхарсан зан чанарыг ариусгаж чаддаг, зарчмын дагуу үйлдэж, Бурханы санаа зорилгод нийцүүлэн аливааг хийх боломжийг бидэнд олгодог.) Энэ үг нэлээд сайн, оновчтой байна. Цааш нь үргэлжлүүлнэ үү. (Үнэн бол амь, мөнх аминд хүрэх зам юм. Үнэнийг эрэлхийлж, үнэнээр амьдарснаар л хүн амийг олж авч чадна.) (Үнэн нь хүмүүст Бурханаас эмээж, муугаас зайлж, жинхэнэ хүн болох боломжийг олгодог.) Энэ хоёр асуудал хоёулаа хүмүүсийн өдөр тутмын амьдралын хэрэгжүүлэлтийн зарчимд хамаатай. Хэдийгээр тайлбар нь харьцангуй гүнзгий, сүртэй боловч маш бодитой юм. (Үнэн бидний доторх завхарсан зан чанарыг ил болгож, аливаа хэрэг явдлын талаарх буруу үзэл бодлыг маань өөрчилж, жинхэнэ хүний төрхийг амьдран харуулах боломжийг бидэнд олгож чаддаг.) Эдгээр үг нь бодитой бөгөөд үнэний хүмүүст өгөх үнэ цэн, ач холбогдол, түүнчлэн үнэний хүмүүст үзүүлж чадах үр нөлөөг хамардаг. Та нарын дурдсан бүхний талаар бид өмнө нь байнга ярьж байсан. Хэдийгээр хүн бүрийн онцолж буй зүйл өөр боловч энэ бүхэн нь үнэний талаар өмнө нь тайлбарлаж, тодорхойлсон үг болох үнэн бол бүх зүйлийг хэмжих шалгуур гэдэгтэй холбоотой. Үнэнийг Бурханы үгтэй адилтгаж болох уу? (Болно.) Бурханы үг бол үнэн. Нөхөрлөлдөө хуваалцсан та нарын туршлагаар олсон ойлголтод үндэслэн, үнэн бол бүх эерэг зүйлийн бодит байдал гэж бид хэлж болох уу? (Болно.) Үнэн бол бүх эерэг зүйлийн бодит байдал. Үнэн хүний амь, алхах чиглэл нь байж чадна; хүнд завхарсан зан чанараа хаяж, Бурханаас эмээж, муугаас зайлдаг болж, Бурханыг дуулгавартай дагадаг, бүтээгдсэн зүйлийн хувьд стандартад нийцсэн, Бурханы хайрладаг, хүлээн зөвшөөрдөг нэгэн болох боломжийг олгож чадна. Үнэний үнэ цэнийг бодолцвол Бурханы үг болон үнэний талаар хүн ямар хандлага, харах өнцөгтэй байх ёстой вэ? Энэ нь маш тодорхой: Бурханд чин сэтгэлээсээ итгэдэг хүмүүс болон Бурханаас эмээдэг сэтгэлтэй хүмүүсийн хувьд Түүний үг бол амин чухал зүйл нь юм. Хүмүүс Бурханы үгийг нандигнаж, идэж ууж, таашааж, тэдгээрийг амь, алхах чиглэл, бэлэн тусламж, хангалт болгон хүлээн авах ёстой; хүмүүс үнэний үг хэллэг, шаардлагын дагуу хэрэгжүүлж, туулж мэдэрч, үнэнээс өөрсдөд нь өгдөг янз бүрийн шаардлага, зарчмыг дуулгавартай дагах ёстой. Ингэж байж л хүн амийг олж авч чадна. Үнэнийг эрэлхийлэх нь голчлон Бурханы үгийг хэрэгжүүлж, туулах явдал болохоос тэдгээрийг шинжиж, дүн шинжилгээ хийж, таамаглаж, эргэлзэх биш юм. Үнэн нь хүмүүсийн бэлэн тусламж, хангалт бөгөөд тэдний амь байж чаддаг тул тэд үнэнд хамгийн үнэт зүйл мэт хандах ёстой. Яагаад гэвэл, тэд амьдрахын тулд, Бурханы шаардлагыг хангадаг болохын тулд, Түүнээс эмээж, муугаас зайлдаг болохын тулд, мөн өдөр тутмын амьдралдаа хэрэгжүүлэх замыг олж, хэрэгжүүлэлтийн зарчмыг ухамсарлаж, Бурханд дуулгавартай байдаг болохын тулд үнэнд түшиглэх ёстой; хүмүүс мөн завхарсан зан чанараа хаяж, аврагдсан нэгэн, стандартад нийцсэн бүтээгдсэн зүйл болохын тулд үнэнд түшиглэх ёстой. Ямар ч өнцгөөс, эсвэл ямар ч аргаар илэрхийлэх нь хамаагүй, хүмүүсийн үнэнд хандах хамгийн зохисгүй хандлага бол Бурханы үг болон үнэнд бүтээгдэхүүн, тэр ч байтугай хамаагүй наймаацдаг бараа таваар мэт хандах явдал юм. Энэ бол Бурханы хамгийн их харахыг хүсдэггүй зүйл бөгөөд жинхэнэ бүтээгдсэн зүйлд байх ёсгүй зан авир, илрэл юм.
Антихристүүд Бурханы үгэнд бараа таваар мэт ханддагийн зорилго, санаа зорилго нь юу вэ? Тэд үнэндээ юу хийхийг зорьдог, мөн тэдний сэдэл юу вэ? Худалдаачин бараа таваар олж авах үедээ бараа таваар нь өөрсдөд нь ашиг тус, хүсэж буй үлэмж хэмжээний мөнгийг нь авчирна гэж найддаг. Тиймээс антихристүүд Бурханы үгэнд бараа таваар мэт хандахдаа Бурханы үгэнд ашиг тус, мөнгөөр сольж болох материаллаг зүйл мэт хандаж байгаа нь эргэлзээгүй юм. Тэд Бурханы үгийг үнэн хэмээн нандигнаж, хүлээн авч, хэрэгжүүлж, эсвэл туулж мэдэрдэггүй, Бурханы үгийг өөрсдийн баримтлах ёстой амийн зам, эсвэл завхарсан зан чанараа хаяхын тулд хэрэгжүүлэх ёстой үнэн гэж бас үздэггүй. Харин ч тэд Бурханы үгэнд бараа таваар мэт ханддаг. Худалдаачны хувьд бараа таваарын хамгийн их үнэ цэн нь мөнгөөр, хүссэн ашгаараа солих явдал байдаг. Тиймээс антихристүүд Бурханы үгэнд бараа таваар мэт хандах үед санаа зорилго, сэдэл нь үндсэндээ адилхан байдаг. Антихристүүд Бурханы үгэнд бараа таваар мэт ханддаг нь тэдгээрийг идэж, ууж, таашаахад, эсвэл өөрсдийн туршлага, хэрэгжүүлэлтэд ашигладаггүй, харин хэзээ ч, хаана ч наймаацаж, зарж болох, ашиг олж болох хүмүүстээ санал болгодог гартаа байгаа бараа мэт ашигладаг гэсэн үг юм. Антихристүүд Бурханы үгэнд бараа таваар мэт хандах үед үгчилсэн утгаар нь авч үзвэл, энэ нь Бурханы үгэнд мөнгөөр солих гүйлгээнд ашигладаг бараа мэт хандаж байна гэсэн үг; тэд Бурханы үгийг худалдаж авах, зарахыг өөрсдийн мэргэжил болгодог. Үгчилсэн утгаар нь харвал энэ нь даруй тодорхой болно. Антихристүүдийн ийм үйлдэл, зан авир нь шившигтэй бөгөөд хүмүүсийн зэвүүцэл, ой гуталтыг төрүүлдэг. Тэгвэл антихристүүд Бурханы үгэнд бараа таваар мэт ханддагийн тодорхой илрэл юу вэ? Энэ бол бидний нөхөрлөх гол зүйл юм. Антихристүүдэд Бурханы үгэнд бараа таваар мэт ханддаг маш тодорхой илрэлүүд байдаг. Та нарт илүү тодорхой, ойлгомжтой болгохын тулд бид тэдгээрийг нэг нэгээр нь хэлэлцэх болно. Би яагаад ийм арга барил ашигладаг вэ? Миний олон жилийн турш ажиллаж, ярьсан туршлагаас үзвэл ихэнх хүн мунгинуу бодолтой бөгөөд бие даан сэтгэх чадваргүй байдаг. Үүнд үндэслэн Би аливаа асуудал, эсвэл сэдвийг—юу ч байлаа гэсэн—зүйл бүрээр нь тайлбарлаж, тодорхой болгох хамгийн энгийн бөгөөд үр дүнтэй аргыг бодож олсон нь сайтар эргэцүүлж, тунгаан бодоход чинь та нарт туслахын тулд юм. Энэ нь тохиромжтой юу? (Тийм.) Зарим хүн: “Энэ нь яг болж байна, бид тархиа гашилгаж, шаргуу бодох шаардлагагүй боллоо. Бид дэндүү завгүй, тэгэх цаг алга! Бидний эрч хүч, бодол санаа эдгээр ялихгүй, өчүүхэн асуудалд биш, том асуудалд зарцуулагддаг. Эдгээр жижиг асуудлыг биднээр тунгаан бодуулах нь Та биднийг дутуу үнэлж, бидний агуу авьяасыг дутуу ашиглаж байгаа мэт бага зэрэг санагдаж байна” гэж хэлдэг. Тийм гэж үү? (Үгүй.) Тэгвэл юу юм бэ? (Бидний хэв чанар дэндүү муу учраас заримдаа бид үнэнийг ухамсарлаж чаддаггүй бөгөөд заримыг нь ойлгохын тулд Бурхан бидэнтэй дэлгэрэнгүй, үг бүрээр, өгүүлбэр бүрээр нөхөрлөх шаардлагатай байдаг.) Чи харж байна уу, Би санамсаргүйгээр хэрэг явдлын бодит байдлыг дүрсэлж, та бүхэнд үнэндээ юу болоод байгааг илчилчихлээ, гэхдээ энэ бол ердөө л бодит баримт. Би үүнийг ил болгоогүй байсан ч ийм л байх байсан. Ингэхээс өөр арга байхгүй. Хэрвээ Би зүгээр л том сэдвүүдийн талаар энгийнээр, ерөнхийд нь яривал Би дэмий ярьж, хүчин чармайлтаа дэмий үрсэн хэрэг болно. Энэ нь зүгээр л цаг үрсэн хэрэг биш гэж үү? Гол сэдэв рүүгээ буцаж оръё. Антихристүүд Бурханы үгэнд бараа таваар мэт ханддаг тухайд, бид үүнийг хэд хэдэн дэд сэдэвт хувааж, антихристүүд үүнийг хэрхэн хийдгийг, мөн антихристүүд Бурханы үгийг басамжилдгийг хангалттай нотолж чадах, түүнчлэн антихристүүдэд үнэхээр ийм мөн чанар байдгийг баталж чадах ямар тодорхой жишээ, илрэл байдгийг алхам алхмаар тайлбарлаж, тодорхой болгоно. Бид энэ зүйлийг хоёр үндсэн хэсэгт хувааж нөхөрлөнө.
1. Бурханы үгэнд байр суурь, нэр хүнд, нэр төр олох хэрэгсэл мэт хандах
Эхний томоохон тал нь, антихристүүд Бурханы үгэнд бараа таваар мэт ханддагийн хамгийн түгээмэл илрэл бол тэдгээрийг өөрийн гэсэн байр суурь, нэр хүнд, нэр төр олж авах хэрэгсэл, тэр ч байтугай материаллаг таашаал эдлэх, бүр цаашлаад мөнгө олох хэрэгсэл болгон ашиглах явдал юм. Бурханы үгтэй танилцах үедээ антихристүүдэд: “Бурханы үг агуу юм. Өгүүлбэр бүр нь ухаалаг, зөв; эдгээр үгийг хүмүүс хэлж чадахгүй бөгөөд Библиэс олдохгүй” гэж санагддаг. Өнгөрсөн хоёр эрин үед Бурхан эдгээр үгийг хэлээгүй. Хуучин Гэрээнд ч, Шинэ Гэрээнд ч ийм тодорхой, ил тод хэлсэн үгс байдаггүй. Библид Бурханы үгийн маш багахан хэсгийг л тэмдэглэсэн байдаг. Одоо Бурханы хэлж байгаа зүйлийг харвал агуулга нь маш баялаг юм. Тэгээд антихристүүд зүрх сэтгэлдээ атаархаж, жөтөөрхөж, дотроо: “Энэ эгэл жирийн хүн ийм их зүйл ярьж чадаж байхад би хэзээ эдгээр үгийг бас хэлж чадах вэ? Би хэзээ энэ хүн шиг бурхны үгийг эцэс төгсгөлгүй хэлж чадах вэ?” хэмээн сэдэж эхэлдэг. Тэдний зүрх сэтгэлд ийм түлхэх хүч, хүсэл байдаг. Энэ түлхэх хүч, хүслээс нь дүгнэвэл, антихристүүд зүрх сэтгэлдээ Бурханы хэлсэн эдгээр үгэнд атаархаж, тэдгээрийг биширдэг. Би “атаархах”, “бишрэх” гэдэг үгсийг ашиглаж байна; энэ хоёр нэр томьёоны үгийг нь бодолцон үзвэл, Миний хэлэх гэсэн зүйл бол антихристүүд Бурханы үгийг үнэн гэж үздэггүй бөгөөд хүлээж авах бодолгүй байдаг, харин ч эдгээр үгийн баялаг агуулга, өргөн хүрээтэй хэсгүүд, түүнчлэн хүмүүсийн хүрч чадашгүй гүнийг тусгасан эдгээр үгийн гүн гүнзгий байдалд атаархдаг—бүр цаашлаад, өөрсдөө хэлж чадахгүй үгс байгаад нь атаархдаг. Энэхүү “атаархлын” талуудаас харахад, антихристүүд Бурханы эдгээр үгийг бурханлаг чанарын илэрхийлэл, үнэн, эсвэл Бурханы хүн төрөлхтнийг аварч, хүн төрөлхтнийг хангахаар зорьж буй амь болон үнэн гэж үздэггүй нь илэрхий байна. Антихристүүд эдгээр үгэнд атаархаж чадаж байгаа юм чинь тэд ийм үгсийг илэрхийлдэг нэгэн болохыг зүрх сэтгэлдээ бас хүсдэг нь тодорхой байна. Үүнд үндэслэн олон антихрист хөшигний ард асар их хүчин чармайлт гаргаж, өдөр бүр залбирч, өдөр бүр эдгээр үгийг уншиж, тэмдэглэж, цээжилж, нэгтгэн дүгнэж, цэгцэлж байдаг. Тэд Бурханы хэлсэн эдгээр үгэн дээр маш их ажиллаж, тоо томшгүй олон тэмдэглэл хөтөлж, сүнслэг үйл ажиллагааныхаа үеэр тоо томшгүй олон ойлголтыг тэмдэглэж авдгаас гадна эдгээр үгийг санахын тулд тоо томшгүй олон удаа залбирдаг. Энэ бүхнийг хийх тэдний зорилго юу вэ? Энэ нь хэзээ нэгэн цагт магадгүй тэдэнд гэнэтхэн онгод орж, Бурханы хэлэх үгсийг үерийн далан нээгдэж буй мэт эцэс төгсгөлгүй хэлж чадахын тулд юм; тэдний үг Бурханы үг шиг хүмүүст хэрэгтэй зүйлийг нь хангаж, хүмүүсийг амиар хангаж, хүмүүсийн хүрэх ёстой зүйлийг хангаж, хүмүүст шаардлага тавьж чадна гэж тэд найддаг. Ингэснээр тэд бие махбодтой болсон Бурханы махбод адил Бурханы харах өнцөг, байр сууринд зогсож, Бурхантай адил зүйлийг Бурханы өнгө аяс, ярианы арга барилаар хүссэнээрээ хэлж чаддаг болох юм. Антихристүүд үүнд маш их хүчин чармайлт гаргасан бөгөөд тэдний зарим нь бүр хэлэхийг хүссэн үгээ, Бурханаас өгөхийг нь хүлээж буй үгээ тэмдэглэж авахын тулд сэмхэн дэвтэр гаргаж ирдэг гэж хэлэхэд хэтрүүлэг болохгүй. Гэвч юу ч хийсэн бай, антихристүүдийн хүсэл мөрөөдөл хэзээ ч биелдэггүй, тэдний хүсэл хэзээ ч хэрэгждэггүй. Тэд хэчнээн их хүчин чармайлт гаргасан ч, хэчнээн их залбирсан ч, Бурханы үгийг хэчнээн их тэмдэглэж, эсвэл яаж ч цээжилж, цэгцэлсэн бүгд талаар болдог. Бурхан тэднээр дамжуулан ганц ч өгүүлбэр хэлдэггүй, мөн Бурхан тэдэнд Өөрийнхөө дуу хоолойг ганц ч удаа сонсгоогүй. Тэд хэчнээн их хүсэж тэмүүлсэн ч, эсвэл хэчнээн их сэтгэл түгшсэн ч Бурханы үгийн ганц ч өгүүлбэрийг хэлж ердөө чаддаггүй. Тэд хэдий чинээ их сэтгэл түгшиж, атаархана, мөн зорилгодоо хүрч чадахгүй байх тусмаа дотроо төдий чинээ их бухимддаг. Тэд юунд бухимдаж, яагаад тийм их сэтгэл түгшдэг вэ? Бурханы үг улам олон хүнийг Бурханы өмнө авчирч, Бурханы шүүлт, гэсгээлтийг хүлээн авч, Түүний үгийг амь болгон хүлээн авахад хүргэж байгааг тэд хардаг ч тэдний хөлд, тэдний өмнө тэднийг шүтэн биширч, бишрэн хардаг ганц ч хүн байдаггүй. Энэ нь тэдний сэтгэлийг түгшээж, бухимдахад хүргэдэг. Бухимдаж, сэтгэл түгшихдээ антихристүүдийн бодож, тунгааж чадах зүйл нь: “Энэ хүмүүс яагаад бурхны гэрт үүргээ гүйцэтгэдэг юм бэ? Шүтлэггүй ертөнцтэй харьцуулахад тэд бурхны гэрт ирэх үед яагаад өөр байдаг юм бэ? Ихэнх хүн бурхны гэрт ирснийхээ дараа яагаад зөв зохистой авирлаж, улам бүр сайжирч эхэлдэг юм бэ? Ихэнх хүн яагаад бурхны гэрт ямар ч нөхөн төлбөргүйгээр өөрсдийгөө зарлагадаж, төлөөс төлдөг, мөн засуулсан ч яагаад явдаггүй, зарим нь бүр зайлуулагдаж, хөөгдсөн ч яагаад явдаггүй юм бэ? Угтаа, цорын ганц шалтгаан нь бурхны үг, энэ бол ‘Үг нь махбодоор илэрсэн’ номын үзүүлдэг үр нөлөө, гүйцэтгэдэг үүрэг юм” гэх бодол байдаг. Антихристүүд үүнийг хараад Бурханы үгэнд бүр ч их атаархдаг. Тиймээс маш их хүчин чармайлт гаргасан ч Бурханы үгийг хэлж, эсвэл Бурханы дуу хоолой болж чадахгүй хэвээр байх үедээ антихристүүд анхаарлаа Бурханы үг рүү шилжүүлж: “Хэдийгээр би бурхны хэлснээс өөр үг хэлж чадахгүй ч, хэрвээ би бурхны үгтэй нийцэх үг хэлж чадвал—эдгээр нь зүгээр л хоосон сургаал, эсвэл хоосон хөндий байсан ч гэсэн—хүмүүст зөв сонсогдож л байвал, бурхны эдгээр үгтэй нийцэж байгаа мэт санагдаж л байвал би хүмүүсийн дунд байр суурь олж чадах биш үү? Би тэдний дунд бат зогсож чадах биш үү? Эсвэл би ‘Үг нь махбодоор илэрсэн’ номын үгийг байнга номлож, тайлбарлаж, эдгээр үгийг ашиглан хүмүүст байнга тусалдаг бол, мөн миний хэлж, номлодог бүхэн бурхны үгээс гарсан, зөв мэт сонсогддог бол хүмүүсийн дундах миний байр суурь улам бүр тогтвортой болох биш үү? Би тэдний дунд илүү их нэр хүндтэй болох биш үү?” хэмээн боддог. Ингэж бодоод антихристүүд байр суурь, илүү их нэр хүнд, сайшаал олж авах хүслээ хэрэгжүүлэх арга замыг олсон мэт санагдаж, үүнд хүрэх найдвар олж хардаг. Найдвар олж харсныхаа дараа антихристүүд дотроо нууцхан баярлаж: “Би ямар сэргэлэн юм бэ? Өөр хэн ч үүнийг ухаараагүй; бусад хүн яагаад энэ аргыг мэддэггүй юм бэ? Би маш ухаантай! Гэхдээ би хэчнээн сэргэлэн байлаа гээд энэ талаар хэнд ч хэлж болохгүй; би үүнийг зүрх сэтгэлдээ мэдэж байхад л хангалттай” гэж боддог. Толгойдоо ийм зорилго, төлөвлөгөөтэйгөөр антихристүүд Бурханы үгэнд нухацтайгаар хүчин чармайлт гаргаж эхэлдэг. Тэд: “Өмнө нь би бурхны үгийг зүгээр л гүйлгэж хараад, хайхрамжгүй сонсож, толгойд орж ирснээ л хэлдэг байсан. Одоо би стратегиа өөрчлөх хэрэгтэй; би цаашид тэгж болохгүй, энэ бол цагийн гарз. Өмнө нь тэгж хийгээд ямар ч үр дүнд хүрээгүй; энэ чигээр нь үргэлжлүүлбэл үнэхээр тэнэг хэрэг болно!” гэж боддог. Ингээд тэд биеэ барьж, Бурханы үгэнд хүчин чармайлт гаргаж, чадвараа гайхуулахаар шийддэг. Антихристүүд чадвараа гайхуулахын тулд ямар арга хэмжээ авдаг вэ? Тэд Бурханы ярих арга барил, Түүний ярианы өнгө аясыг шинжиж, үе шат, үе бүр дэх Бурханы үгийн тодорхой агуулгыг шинждэг. Үүний зэрэгцээ тэд Бурханы эдгээр үгийг хэрхэн тайлбарлахыг, мөн Бурханы үгийг номлох үедээ хүмүүсээр өөрсдийгөө бишрүүлж, шүтэн бишрүүлэхүйц байдлаар хэрхэн ярьж, тайлбарлахыг бэлддэг. Ингэж бага багаар антихристүүд Бурханы үгэнд үнэхээр их хүчин чармайлт гаргадаг. Гэвч нэг зүйл тодорхой байна: Энэ хүчин чармайлтын цаад сэдэл нь буруу, санаа зорилго нь ёрын муу учраас тэдний хэлдэг үг бусдад хэрхэн сонсогдохоос үл хамааран зүгээр л хоосон сургаал, Бурханы ярианы хуулбарласан үг, хэллэг байдаг. Тиймээс антихристүүд Бурханы үгэнд хэчнээн их хүчин чармайлт гаргасан ч өөрсдөө ямар ч хувийн ашиг тус олж авдаггүй. Ашиг тус олж авахгүй байна гэдэг нь юу гэсэн үг вэ? Энэ нь тэд Бурханы үгэнд үнэн мэт ханддаггүй гэсэн үг юм. Тэд хэрэгжүүлдэггүй, зөвхөн номлодог учраас хэн ч тэдгээрээс ямар ч өөрчлөлт олж хардаггүй. Тэдний алдаатай бодол санаа, үзэл бодол өөрчлөгддөггүй, амьдралыг үзэх буруу үзэл нь өөрчлөгддөггүй, тэд өөрсдийн завхарсан зан чанарын талаар ямар ч ойлголтгүй байдаг бөгөөд Бурханы дүрсэлсэн хүний янз бүрийн байдалтай өөрсдийгөө огтхон ч харьцуулж чаддаггүй. Тиймээс антихристүүд Бурханы үгийг хэчнээн их шинжсэн ч тэднээс зөвхөн хоёр үр дүн л харагддаг: Нэгдүгээрт, тэдний хэлдэг Бурханы үг зөв, тэр ч байтугай эдгээр үгийн талаарх тайлбар нь буруу биш боловч чи тэдгээрээс ямар ч өөрчлөлт харж чаддаггүй. Хоёрдугаарт, тэд Бурханы үгийг хэчнээн их эрч хүчтэйгээр сурталчилж, номлосон ч өөрийгөө танин мэдэх мэдлэг огтхон ч байдаггүй. Энэ нь тодорхой ажиглагддаг. Антихристүүд ийм зан авир гаргадгийн шалтгаан нь хэдийгээр тэд Бурханы үгийг бусдад байнга сурталчилж, номлодог ч өөрсдөө Бурханы үг бол үнэн гэдгийг хүлээн зөвшөөрдөггүйд оршдог. Тэд өөрсдөө эдгээр үгийг хүлээн аваагүй; тэд зөвхөн далд сэдэлдээ хүрэхийн тулд л тэдгээрийг ашиглахыг хүсдэг. Тэд Бурханы үгийг номлох замаар хүссэн байр суурь, ашиг тусаа олж авна гэж найддаг бөгөөд хэрвээ хүмүүс тэдэнд бурхан мэт хандаж, шүтэн мөргөвөл тэр нь хамгийн төгс байх болно. Хэдийгээр тэд энэ зорилгод, эсвэл үр дүнд хараахан хүрч чадахгүй байгаа ч энэ нь антихрист бүрийн эцсийн зорилго юм.
Антихристүүд Бурханы үгэн дээр маш их хүчин чармайлт гаргасан; зарим хүн үүнийг сонсоод буруугаар ойлгож: “Тэр нь Бурханы үгэн дээр хүчин чармайлт гаргадаг хүн бүр антихрист гэсэн үг үү?” гэж асууж магадгүй. Хэрвээ чи үүнийг ингэж тайлбарлавал чамд сүнслэг ойлголт дутагдаж байна. Антихристүүдийн Бурханы үгэн дээр гаргадаг хүчин чармайлт болон үнэнийг эрэлхийлдэг хүмүүсийн хүчин чармайлтын хооронд ямар ялгаа байдаг вэ? (Санаа зорилго, зорилт нь өөр байдаг. Антихристүүд өөрсдийн ашиг тус, байр суурийн төлөө, хувийн амбицаа хангахын тулд Бурханы үгэн дээр хүчин чармайлт гаргадаг.) Антихристүүд Бурханы үгэн дээр ямар хүчин чармайлт гаргадаг вэ? Тэд Бурханы үгийн үзэлтэй нь нийцдэг хэсгүүдийг цээжилж, Бурханы үгийг хүний хэл ашиглан тайлбарлаж сурч, зарим нэг сүнслэг тэмдэглэл, ойлголт бичдэг. Тэд мөн хүний үзэлтэй харьцангуй нийцдэг гэж хүмүүсийн итгэдэг үгс, Бурханы ярианы өнгө аястай юм байна гэж амархан ухамсарладаг үгс, нууцуудын талаарх зарим үг, мөн хэсэг хугацаанд чуулганд түгээмэл болж, байнга номлогддог Бурханы зарим үг зэрэг Бурханы янз бүрийн айлдварыг шигшиж, ангилж, цэгцэлдэг. Эдгээр зүйлийг цээжилж, цэгцэлж, ангилан, тэдгээрийн талаар ойлголт бичихээс гадна тэд мэдээж илүү ихийг, тэр дундаа зарим нэг сонин хачин үйлдэл хийдэг. Антихристүүд байр суурь олж авч, амбицаа хангах, чуулганыг хянаж, бурхан болох зорилгодоо хүрэхийн тулд ямар ч төлөөс төлөхөөс буцдаггүй. Тэд ихэвчлэн шөнө дөл хүртэл ажиллаж, үүрийн гэгээгээр босож, шөнөжин сууж, үүр цайхад номлолоо давтдаг бөгөөд сүржин номлол айлдахад хэрэгтэй хоосон сургаалаар өөрсдийгөө зэвсэглэхийн тулд бусдын хэлсэн гайхалтай зүйлсийг ч бас тэмдэглэж авдаг. Тэд эдгээр сүржин номлолыг хэрхэн айлдах талаар өдөр бүр тунгаан бодож, Бурханы үгээс алийг нь сонговол хамгийн хэрэгтэй, Бурханы сонгосон хүмүүсийн дунд бишрэл, магтаал төрүүлэх талаар эргэцүүлж, дараа нь тэдгээр үгийг цээжилдэг. Тэгээд тэд тэдгээр үгийг цэцэн ухаан, гайхалтай байдлаа харуулахуйц байдлаар хэрхэн тайлбарлах талаар бодож үздэг. Бурханы үгийг зүрх сэтгэлдээ үнэхээр хоногшуулахын тулд тэд Түүний үгийг дахин хэд хэдэн удаа сонсохыг хичээдэг. Тэд энэ бүхнийг коллежид орохоор өрсөлдөж буй оюутнууд шиг хүчин чармайлт гарган хийдэг. Хэн нэгэн сайн номлож, гэрэлтүүлэлт өгч, эсвэл жаахан онол хэлэх үед антихрист цуглуулж, эмхэтгээд, өөрийнхөө номлол болгоно. Антихристэд ямар ч хэмжээний хүчин чармайлт хэтийддэггүй. Тэгвэл тэдний энэ хүчин чармайлтын цаана ямар сэдэл, санаа зорилго байдаг вэ? Өөрсдөөс нь илүү сүсэг бишрэлтэй, Бурханы үгийг илүү их нандигнадаг, Бурханыг илүү их хайрладаг гэж бусдад харагдахын тулд Бурханы үгийг номлож, тодорхой, төвөггүй хэлж, ус цас шиг мэддэг болж чаддаг байх. Ийм маягаар антихристүүд эргэн тойрныхоо зарим хүнд бишрүүлж, шүтэгдэж чадна. Энэ бол хийхэд үр ашигтай зүйл, үүний төлөөх ямар ч хичээл зүтгэл, төлөөс, зовлон бэрхшээл талаар өнгөрдөггүй гэж антихрист боддог. Хоёр, гурав, таван жилийн турш ийм хүчин чармайлт гаргасныхаа дараа антихристүүд Бурханы ярих арга барил, Түүний үгийн агуулга, өнгө аястай аажмаар улам бүр танил болдог; зарим антихрист бүр ам нээх бүрдээ Бурханы үгийг дуурайж, эсвэл хэдэн өгүүлбэрийг нь цээжээр хэлж чаддаг. Мэдээж энэ нь тэдний хувьд хамгийн чухал зүйл биш. Хамгийн чухал нь юу вэ? Тэд Бурханы үгийг хүссэнээрээ дуурайж, цээжээр хэлж чаддаг болохын хэрээр тэдний ярианы хэв маяг, өнгө аяс, тэр ч байтугай дууны өнгө нь хүртэл бурхантай улам бүр төстэй, христтэй улам бүр адилхан болдог. Антихристүүд үүнд дотроо баярладаг. Тэд юунд баярлаж байна вэ? Тэд маш олон хүн өөрсдийг нь шүтэн биширч, хүрээлж байдаг бурхан байх нь ямар гайхалтай байх бол, энэ нь ямар алдар суутай байх бол гэж улам бүр боддог! Тэд энэ бүх ололт амжилтаа Бурханы үгтэй холбон тайлбарладаг. Тэдэнд боломж олгосон, тэдэнд урам зориг өгсөн зүйл бол Бурханы үг бөгөөд бүр цаашлаад Бурханы үгийн ачаар тэд Бурханы ярианы арга барил, Бурханы өнгө аясыг дуурайж сурсан гэж тэд итгэдэг. Энэ нь өөрсдийгөө бурхантай улам бүр адилхан болж, бурхны ялгамж чанар, байр суурьт улам бүр дөхөж байгаа мэт мэдрэмжийг эцэст нь тэдэнд төрүүлдэг. Бүр цаашлаад Бурханы ярианы арга барил, өнгө аясыг дуурайж, Бурханы ярианы арга барил, дууны өнгөөр ярьж, амьдарч чадах нь туйлын тааламжтай бөгөөд тэдний хамгийн их таашаал авдаг мөчүүдийг бүрдүүлдэг мэт санагддаг. Антихристүүд ийм хэмжээнд хүрсэн нь аюултай гэж та нар хэлэх үү? (Тийм.) Аюул нь юунд байна вэ? (Тэд бурхан болохыг хүсдэг.) Амьдрах нь христ юм гэж хэлж байсан Паул шиг бурхан болохыг хүсэх нь аюултай. Ийм үг хэлмэгц хүн золин аврагдах боломжгүй болдог. Антихристүүд Бурханы үгэнд бурхан болох зам мэт ханддаг. Ингэх явцдаа антихристүүд юу хийсэн бэ? Тэд Бурханы үгэн дээр маш их хүчин чармайлт гаргаж, маш их эрч хүч, цаг хугацаа зарцуулсан. Энэ хугацаанд тэд Бурханы үгийг шинжиж, дүн шинжилгээ хийж, дахин дахин уншиж, цээжилж, цэгцэлсэн. Тэд Бурханы үгийг уншихдаа, ялангуяа Бурханы ярианд түгээмэл хэрэглэгддэг үг хэллэгийг уншихдаа Бурханы ярианы арга барил, өнгө аясыг хүртэл дуурайсан. Энэ бүх үйлдлийн мөн чанар юу вэ? Энд Би үүнийг барааг бөөний үнээр худалдаж авч буй худалдаачны мөн чанар гэж дүрсэлж байна; өөрөөр хэлбэл, антихристүүд Бурханы үгийг өөрсдийн эзэмшдэг материаллаг зүйл болгон хувиргахын тулд хамгийн хямд аргыг ашигладаг. Тэд Бурханы үгийг уншихдаа үнэн гэж хүлээн авдаггүй, хүмүүсийн орох ёстой зам ч гэж бас хүлээн авч, тэгж үздэггүй. Харин ч тэд өөрсдийгөө ийм үгсийг илэрхийлдэг нэгэн болгон хувиргахыг чармайж эдгээр үг, ярианы арга барил, өнгө аясыг цээжлэхийг бүхий л аргаар хичээдэг. Антихристүүд Бурханы өнгө аяс, ярианы арга барилыг дуурайж чаддаг болж, хүмүүсийн дунд амьдрахдаа үг, үйлдэлдээ ярианы энэ арга барил, өнгө аясыг бүрэн ашиглаж чаддаг болох үедээ тэдний хүрэхийг зорьдог зүйл нь үүргээ үнэнчээр гүйцэтгэх, аливааг зарчимтай хийх, эсвэл Бурханд үнэнч байх явдал биш байдаг. Харин ч тэд Бурханы ярианы өнгө аяс, хэв маягийг дуурайж, Бурханы эдгээр үгийг номлох замаар хүмүүсийн зүрх сэтгэлийн гүнд нэвтэрч, хүмүүсийн шүтэн мөргөдөг бай болохыг хүсдэг. Тэд хүмүүсийн зүрх сэтгэлд хаан ширээнд сууж, тэнд хаанчилж, хүмүүсийн бодол санаа, зан авирт овжиноор нөлөөлөхийг эрмэлздэг бөгөөд ингэснээр хүмүүсийг хянах зорилгодоо хүрдэг.
Хэрвээ бид антихристүүд Бурханы үгэн дээр хүчин чармайлт гаргаж байгааг худалдаачид Бурханы үгийг бараа таваар мэт хямдаар худалдаж авч байна гэж дүрсэлбэл, антихристүүд Бурханы яриаг дуурайж, Бурханы ярианы арга барил, өнгө аясыг ашиглан Түүний үгийг номлож байгаа нь Бурханы үгийг бараа таваар мэт зарж байгаатай агаар нэгэн биш гэж үү? (Тийм.) Бараа таваар худалдаж авчхаад дараа нь зардаггүй худалдаачин гэж байдаггүй. Эдгээр барааг олж авч, эзэмшиж байгаагийн зорилго нь тэдгээрээс илүү их ашиг олж, илүү их мөнгөөр солих явдал юм. Тиймээс, антихристүүдийн Бурханы үгэн дээр гаргадаг асар их хүчин чармайлт болон тэдгээрт ханддаг хандлага нь антихристүүд худалдаачид шиг авирлаж, хамгийн хямд, хамгийн зардал багатай, хамгийн дөт аргаар тэдгээрийг олж авч, өөрсдийн эд зүйл болгон хувиргаад, дараа нь хүссэн ашиг тусаа олж авахын тулд өндөр үнээр зарж байгаагаас өөр юу ч биш. Тэгвэл эдгээр ашиг тус нь юу вэ? Эдгээр нь хүмүүс тэднийг дээдлэх, шүтэн бишрэх, бишрэн харах, ялангуяа тэднийг дагах явдал юм. Тиймээс, Бурханы үгийг угаасаа хэрэгжүүлдэггүй, өөрийгөө танин мэддэггүй хүн олон дагагчтай байж, олон хүн өөрийг нь түшиж тулж, өөрийг нь шүтэн биширдэг үзэгдэл чуулганд түгээмэл гардаг. Үүний шалтгаан юу вэ? Учир нь энэ хүн хэлэмгий, уран цэцэн үгтэй бөгөөд хүмүүсийг амархан төөрөлдүүлдэг. Тэд Бурханы үгийг хэрэгжүүлдэггүй, бас аливааг зарчмын дагуу зохицуулдаггүй, мөн чуулганы ажил болон Дээрхийн зохицуулалтыг хэрэгжүүлж чаддаггүй. Гэхдээ тэд яагаад зарим хүнд сайхан сэтгэгдэл төрүүлж чаддаг вэ? Тэдэнд үнэхээр ямар нэг зүйл тохиолдох үед яагаад олон хүн тэднийг өмгөөлж, хамгаалдаг вэ? Тэднийг удирдагч байх үед яагаад зарим хүн тэднийг өмөөрдөг вэ? Тэднийг чөлөөлөх үед яагаад зарим хүн хөндлөнгөөс саад хийж, эсэргүүцдэг вэ? Алдаа дутагдлаар дүүрэн, Сатаны завхарсан зан чанараар дүүрсэн, үнэнийг хэзээ ч хэрэгжүүлдэггүй хүн чуулганд ийм хандлага хүртэж чаддагийн шалтгаан нь энэ хүн дэндүү чадварлаг ярьдаг, дүр эсгэхдээ дэндүү сайн, хүмүүсийг төөрөлдүүлэхдээ дэндүү гаргууд байдаг учраас л тэр—антихристүүд бол яг л ийм хүмүүс юм. Тэгвэл ийм хүмүүсийг антихристүүд гэж хэлж болох уу? Тийм ээ, ийм хүмүүс яах аргагүй антихристүүд мөн. Тэд Бурханы үгийг байнга уншиж, тогтмол цээжилж, номлодог, Бурханы үгийг ашиглан бусдад сургаал айлдаж, бусдыг засдаг, мөн Бурханы өнцөг, байр сууринаас хүмүүст сургаал айлдаж, хүмүүсийг өөрсдөдөө бүрэн дуулгавартай, үг дуугүй дагадаг болгодог бөгөөд тэдний ярьдаг сүржин хоосон сургаалыг сонссон хүмүүс хэлэх үггүй болдог. Гэвч ийм хүмүүс бол өөрсдийгөө хэзээ ч танин мэддэггүй, аливааг хэзээ ч зарчмын дагуу зохицуулдаггүй хүмүүс юм. Хэрвээ тэд удирдагч болбол дээд түвшний удирдагчид нь ямар ч нөлөөгүй болдог. Тэдний удирдлага доорх чуулганы нөхцөл байдлыг ойлгох боломжгүй болдог. Тэднийг байх үед Бурханы гэрийн ажлын зохицуулалт, Бурханы гэрийн тогтоосон зарчим, шаардлагыг хэрэгжүүлэх боломжгүй байдаг. Ийм хүмүүс антихристүүд биш гэж үү? Тэд Бурханы үгэнд үнэн мэт ханддаг уу? (Үгүй, тэгдэггүй.) Тэд Бурханы үгийг уншихад хүчин чармайлт гаргасан бөгөөд заримыг нь цээжээр хэлж чаддаг. Цуглаан дээр нөхөрлөх үедээ тэд Бурханы үгийг байнга дурддаг, завтай үедээ Бурханы үгийн уншлагын бичлэгийг сонсдог. Бусадтай ярихдаа тэд зөвхөн Бурханы үгийг дуурайж, өөр юу ч хэлдэггүй. Тэдний номлодог, ярьдаг бүхэнд ямар ч өө сэв байдаггүй. Гаднаа маш төгс мэт харагддаг ийм хүн, “зөв хүн” гэгч нь Бурханы гэрийн ажлын зохицуулалт, шаардлага, зарчмыг өөр дээр нь ирэх үед гацахад хүргэдэг. Удирдлага доорх хүмүүс нь тэднээс өөр хэнийг ч хүлээн зөвшөөрдөггүй. Доорх хүмүүс нь тэднийг болон тэнгэр дэх тодорхойгүй бурхныг шүтэн бишрэхээс бусдаар өөр хэнийг ч сонсдоггүй, хэнийг ч тоодоггүй. Энэ нь антихрист биш гэж үү? Энэ бүхэнд хүрэхийн тулд тэд ямар арга хэрэгсэл ашигласан бэ? Тэд Бурханы үгийг ашигласан. Итгэлдээ мунгинасан, сүнслэг ойлголтгүй, мэдлэггүй, бодол санаа нь булингартсан хүмүүс, түүнчлэн үнэнийг эрэлхийлдэггүй хүмүүс, үл итгэгчид болон салхины аяар ганхдаг зэгс шиг хүмүүс антихристийг сүнслэг хүн гэж үздэг. Тэд антихристийн номлодог бичиг үсэг, хоосон сургаалыг үнэн-бодит байдал гэж хүлээн авч, антихристийг дагах бай нь гэж үздэг. Тэд антихристийг дагахдаа өөрсдийгөө Бурханыг дагаж байна гэж итгэдэг. Тэд Бурханыг дагахын оронд антихристийг дагадаг. Тэр ч байтугай зарим хүн: “Манай удирдагч хараахан ярьж, нөхөрлөөгүй байна; бид Бурханы үгийг уншсан ч өөрсдөө ойлгож чадахгүй” гэж хэлдэг. “Манай удирдагч энд байхгүй байна—бид ямар нэг зүйлийн талаар Бурханд залбирдаг боловч гэрэл олж авч чаддаггүй; бид Бурханы үгийг уншдаг ч замыг ойлгож чаддаггүй. Бид удирдагчаа буцаж ирэхийг хүлээх ёстой.” “Манай удирдагч ойрдоо завгүй байгаа болохоор бидний асуудлыг шийдвэрлэх цаг байхгүй.” Эзэн нь байхгүй бол энэ хүмүүс хэрхэн залбирах, Бурханы үгийг хэрхэн идэж, уухаа мэддэггүй, тэд Бурханыг эрж хайж, Түүнийг түшиж тулж сурдаггүй, эсвэл Бурханы үгнээс хэрэгжүүлэх замыг өөрсдөө олж сурдаггүй. Эзэн нь байхгүй бол тэд сохор хүмүүс шиг, зүрхийг нь ухаад авчихсан мэт байдаг. Тэдний эзэн бол тэдний нүд, бас элэг, зүрх нь юм. Тэд эзнийгээ Бурханы үгийг идэж, уухдаа хамгийн сайн нь гэж итгэдэг. Хэрвээ эзэн нь байхгүй бол тэд өөрсдөө Бурханы үгийг идэж, уух ямар ч сонирхолгүй, эзнээ буцаж ирээд Бурханы үгийг өөрсдөд нь залбиран-уншиж, тайлбарлаж өгөхийг хүлээх ёстой болдог бөгөөд ингэвэл тэд ойлгож чадна. Зүрх сэтгэлийнхээ угаас энэ хүмүүс эзнээ өөрсдийг нь Бурханы өмнө очиход тусалж чадах элч гэж итгэдэг. Ийм “үр дүнд” хүрэх нь антихристүүдийн хувьд зүрх сэтгэлийнхээ угаас хамгийн их баярламаар зүйл байдаг: “Миний олон жилийн хүчин чармайлт эцэст нь үр дүнгээ өглөө; эцэст нь миний зарцуулсан цаг хугацаа дэмий байсангүй. Тууштай хүмүүсийг хүчин чармайлт үнэхээр шагнадаг—хангалттай тууштай байвал төмөр савааг ч зүү болтол давтаж болно. Ингэж хүчин чармайлт гаргаад алдсангүй шүү!” Дагагчид нь тэдэнгүйгээр амьдарч чадахгүй гэдгийг сонсоод антихристүүд сэтгэлийнхээ гүнд ямар ч гэмшил мэдэрдэггүй. Харин ч тэд нууцхан баярлаж: “Бурханы үг үнэхээр агуу юм аа. Тэр үеийн миний шийдвэр зөв байж; энэ олон жилийн турш гаргасан хүчин чармайлт минь зөв байсан бөгөөд энэ олон жилүүдийн арга барил минь батлагдаж, үр дүнгээ өглөө” гэж боддог. Тэдэнд нууцхан баярлах мэдрэмж төрдөг. Тэд муу үйлдээ огтхон ч гэмшиж, харуусах, эсвэл үзэн ядах мэдрэмж төрдөггүйгээр үл барам өөрсдийнх нь арга барил зөв гэдэгт бүр ч илүү үнэмшиж, итгэлтэй болдог. Тиймээс, улиран ирэх цаг хугацаанд, цаашдын амьдралдаа тэд Бурханы ярианы арга барил, өнгө аясыг урьдын адил судлахаар, үүнийгээ өнгөрсөн үеийнхээсээ илүү хичээнгүйлэн хийж, Бурханы ярианы арга барил, үгийн сонголтыг бүр ч нэгд нэгэнгүй, гүнзгий дуурайхаар төлөвлөдөг.
Антихристүүд Бурханы үгийг унших үед тэдний анхаардаг зүйл болон санаа зорилго үнэнийг эрэлхийлдэг хүмүүсийнхээс яг эсрэгээрээ байдаг. Үнэнийг эрэлхийлдэг хүмүүс Бурханы ярианы арга барилаас үл хамааран, зөвхөн Бурханы санаа зорилго, үнэн-зарчим болон хүмүүсийн баримталж, дагах ёстой зүйлсийг ойлгох л сонирхолтой байдаг. Эсрэгээрээ, антихристүүд эдгээр зүйлийг санааныхаа мухар руу түлхэж, үл тоодог, тэр ч байтугай эдгээр зүйлтэй холбоотой үг хэллэгт зэвүүцэж, эдгээр зүйлд хамаарах үг хэллэг, нэр томьёог нууцхан эсэргүүцдэг. Тодорхой “үр дүнд” хүрснийхээ дараа тэд урьдынхтай адил арга барил ашиглан, Бурханы ярианы арга барил, өнгө аяс ямар болох, Түүний дууны өнгөний нарийн ялгаа ямархуу байдаг, Тэр ямар үг сонгодгийг үргэлжлүүлэн улам гүнзгий, нягт нямбай шинжиж, Түүний хэл зүй, ердийн өгүүлбэрийн бүтцийн нарийн ширийн зүйлсийг ч орхигдуулдаггүй. Зорилгодоо илүү ойртохын тулд антихристүүд Бурханы үгийг улам илүү шаргуу, эрчимтэй, гүнзгий шинжиж, Бурханы ярианы цаад зорилго, зорилтыг шинжиж, тэр ч байтугай хүн төрөлхтөнд болон бүх орчлон ертөнцөд хандан ярьж буй Илтгэгч—Бурханы Өөрийгөө илэрхийлж байгаа арга барилыг шинжихээр зүрх сэтгэлдээ нууцхан шийддэг. Антихристүүд Бурханы ярианы бүх талыг уйгагүй шинжиж, Бурханы яриаг дуурайж, өөрсдийгөө Бурханы мөн чанарыг эзэмшсэн, Бурханд юу байгаа болон Тэр юу болохыг эзэмшсэн, Бурханы зан чанарыг эзэмшсэн мэтээр харагдуулахыг оролддог. Энэ бүхэн маш жам ёсоор, саадгүй өрнөж байгаа мэт байдаг; тэд зорилгынхоо төлөө зүй ёсны хэрэг мэт ажиллаж, үйлддэг, мөн зүй ёсны хэрэг мэт, өөрийн мэдэлгүй өөрсдийгөө бурхан болгож, бусдын бишрэн хардаг, дагадаг хүн болгон хувиргадаг. Тэд Бурханы үг хүмүүсийн зүрх сэтгэлд хэрхэн хүрч, завхарсан зан чанарыг нь ил болгодог, Бурханы үг хүмүүсийн янз бүрийн байдлыг хэрхэн ил болгодог, бүр ч илүүтэйгээр Бурханы үг хүмүүст хэрхэн нөлөөлдгийг шинждэг. Энэ бүхнийг шинжих тэдний зорилго юу вэ? Энэ нь хүмүүсийн зүрх сэтгэлд нэвтэрч, бодит нөхцөл байдлыг нь ухамсарлах, мөн дотоод бодлыг нь нэгд нэгэнгүй ойлгохын сацуу тэднийг төөрөлдүүлж, хянахын тулд юм. Бурханы үг хүмүүсийн завхарсан зан чанарыг ил болгож, эмзэг цэгийг нь онох үед антихристүүд “Энэ үг, энэ арга барил үнэхээр агуу, гайхалтай юм! Би ч бас ингэж яримаар байна, би энэ ярих арга барилыг ашиглаж, хүмүүст ингэж хандмаар байна” гэж боддог. Олон жилийн турш Бурханы үгийг уншиж, танил болохдоо антихристүүд бурхан болох хүсэл, эрмэлзлээ Бурханд итгэх цорын ганц зорилго нь гэж улам бүр үзэх болсон. Тиймээс, Бурханы үг хүмүүсээс үнэнийг эрэлхийлж, аливааг зарчмын дагуу хийхийг шаардах тухай, түүнчлэн эерэг зүйлсийн бусад бүх бодит байдлын талаар яаж ч хэлээд, антихристүүд үүнийг хүлээж авдаггүй бөгөөд үл тоодог. Тэд өөр хэн ч хамаагүй мэт, зөвхөн өөрсдийн зорилгыг л тууштай эрэлхийлж, өөрсдийн үйлдэх сэдлийн дагуу хүссэнээ хийдэг. Бурханы үгийн ганц ч өгүүлбэр тэдний зүрх сэтгэлийг хөдөлгөдөггүй, эсвэл амьдралыг үзэх үзэл болон ертөнцийн гүн ухааныг нь өөрчилдөггүй, Бурханы ямар нэг өгүүлбэр, ямар нэг номлол, эсвэл ямар нэг айлдвар тэднийг гэмших сэтгэлтэй болгох нь бүр ч үгүй. Бурханы үг юуг ил болгохоос үл хамааран, хүний ямар ч завхарсан зан чанарыг ил болгосон байсан, антихристүүд зөвхөн Бурханы ярианы арга барил, Түүний өнгө аяс, Бурханы үгийн хүмүүст үзүүлэхийг зорьж буй үр нөлөө гэх мэт үнэнтэй ямар ч хамаагүй зүйлсийг л шинждэг. Тиймээс антихристүүд Бурханы үгтэй хэдий чинээ их харьцана, бурхан болох тэдний дотоод хүсэл төдий чинээ хүчтэй болдог. Энэ хүсэл хэр хүчтэй вэ? Тэд зүүдэндээ хүртэл Бурханы үгийг цээжээр уншиж, байнга өөртэйгөө ярьж, Бурханы ярианы арга барил, өнгө аясыг ашиглан Бурханы үгийг номлох сургуулилалт хийх хэмжээнд хүрдэг. Зүрх сэтгэлийнхээ угаас тэд яг л юм шүглэсэн мэт Бурханы ярианы арга барил, өнгө аясыг тасралтгүй давтдаг. Антихристүүд гэж ийм л байдаг. Бурханы үг хэчнээн тодорхой, чин сэтгэлийн, эсвэл жинхэнэ байхаас үл хамааран, хүмүүст хэчнээн их тусламж, эсвэл урам зориг өгөхөөс үл хамааран, антихристүүд хайхрамжгүй хэвээр, энэ бүхнийг үл тоодог. Тэд Бурханы эдгээр үгийг үнэлдэггүй. Тэдний зүрх сэтгэл хаана байдаг вэ? Тэд хүмүүсээр өөрсдийгөө шүтэн бишрүүлэхийн тулд Бурханы үгийг хэрхэн дуурайх вэ гэдэгт анхаардаг. Хүсэл нь хэдий чинээ хүчтэй байна, тэд Бурханы дуу хоолойг сонсож, Бурханы хэлсэн өгүүлбэр бүрийн цаад зорилго, хүсэл, бодол санааг—тэр ч байтугай Түүний сэтгэлийн гүн дэх бодлыг ойлгож чадах болов уу гэж төдий чинээ найддаг. Антихристүүдийн хүсэл, эрмэлзэл хүчтэй болох тусам, Бурханы ярианы арга барилыг дуурайхыг улам их хүсэж, өөрсдийгөө богино хугацаанд бурхантай илүү адилхан болгож, бурхны ярих арга барил, өнгө аясыг эзэмшихийг улам их эрмэлздэг. Түүгээр ч барахгүй, зарим нь бүр үйлдэлдээ бурхны хэв маяг, биеэ авч явах байдлыг суулгахыг хүсдэг. Антихристүүд ийм нөхцөл байдалд, өдөр бүр ийм бодол, санаа, зорилго, сэдлийн дор амьдардаг. Тэд юу хийж байна вэ? Тэд өөрсдийгөө өдөр бүр албадаж бурхан болох, христ болох замаар явдаг. Тэд энэ замыг ил тод, гэрэлтэй зам гэж итгэдэг. Тиймээс цуглаан, эсвэл уулзалтын үеэр бусад хүн Бурханы үгийн талаарх ойлголт, Бурханы үгийг туулсан мэдрэмжийнхээ талаар яаж ч нөхөрлөсөн, юу ч тэдний сэтгэлийг хөдөлгөж, зорилго, хүслийг нь өөрчилж чаддаггүй. Тэд яг л юм шүглэсэн мэт, үл үзэгдэх зүйлд захирагдсан мэт, үл үзэгдэх дөнгө зүүсэн мэт христ болох, бурхан болох замаар алхдаг. Энэ ямар гээчийн сэтгэлгээ вэ? Энэ нь булай хэрэг биш гэж үү? (Тийм.)
Бурханы үгийг уншиж байхдаа антихристүүд тэдгээрийн бүх талыг өөрт байдаг зүйл мэт өөртөө шингээж, өөрсдөд нь илүү өндөр ашиг тус, илүү их мөнгө авчирч чадах бараа таваар мэт ханддаг. Эдгээр бараа таваар зарагдах үед, эдгээр зүйлийг гайхуулах үед тэд хүссэн ашиг тусаа олж авдаг. Тэд үүнийг хэдий чинээ их хийнэ, дотроо төдий чинээ их сэтгэл хангалуун байдаг; тэд үүнийг хэдий чинээ их хийнэ, бурхан болох хүсэл нь төдий чинээ асар их, хүчтэй болдог. Энэ ямар хандлага, ямархуу нөхцөл байдал вэ? Антихристүүдийн бурхан болох хүсэл яагаад тийм хүчтэй байдаг вэ? Үүнийг хэн нэгэн тэдэнд зааж өгсөн үү? Хэн тэднийг өдөөн хатгаж, эсвэл зааварласан бэ? Бурханы үг үүнийг шаарддаг уу? (Үгүй.) Энэ бол антихристүүдийн өөрсдөө сонгосон зам юм. Тэдэнд гаднын ямар ч тусламж байхгүй хэр нь тэд ийм их эрч хүчтэй байдаг нь ямар учиртай вэ? Энэ нь тэдний уг чанар-мөн чанараар тодорхойлогддог. Антихристүүд гаднын ямар ч тусламжгүйгээр энэ замаар уйгагүй, эргэлзэж тээнэгэлзэлгүй, огтхон ч харамсахгүйгээр алхдаг; чи тэднийг яаж ч яллаад нэмэргүй; чи тэднийг яаж ч задлан шинжлээд тэд хүлээж авдаггүй, ойлгодог ч үгүй; тэд яг л юм шүглэсэн мэт байдаг. Эдгээр зүйл нь тэдний уг чанараар тодорхойлогддог. Бурханы үгэнд хандах антихристүүдийн хандлага өнгөн дээрээ эсэргүүцсэн, эсвэл гүтгэсэн шинжгүй мэт харагддаг. Тэд хүчин чармайлт гаргадаг—бүр жирийн хүнээс ч илүү гаргадаг. Хэрвээ чи тэдний дотроо юу бодож байгааг, эсвэл ямар замаар явж байгааг нь мэдэхгүй бол гадаад байдлаас нь харахад, Бурханы үгэнд хандах тэдний хандлага хүсэж тэмүүлсэн мэт байдаг—наад зах нь энэ нэр томьёогоор үүнийг тодорхойлж болно. Гэвч хүний мөн чанарыг зөвхөн гадаад байдлаас нь харж болох уу? (Үгүй.) Тэгвэл юунаас харж болох вэ? Хэдийгээр тэд Бурханы үгийг байнга уншиж, сонсож, тэр ч байтугай цээжилж, Бурханы үгэнд хүсэж тэмүүлдэг мэт харагддаг ч, мөн эдгээр гадаад үйлдлээс нь дүгнэвэл тэднийг антихристүүд гэж тодорхойлох ёсгүй мэт боловч, бодит нөхцөл байдалд Бурханы үгийг хэрэгжүүлэх дээр тулахаар тэд хэрэгжүүлдэг үү? (Үгүй.) Бурханы үгийг уншиж, цээжилснийхээ дараа бодит нөхцөл байдалтай тулгарах үедээ тэд заримдаа Бурханы үгийн хэсгээс эш татаж, эсвэл хэдэн өгүүлбэр цээжээр хэлж магадгүй, заримдаа бүр яг таг хэлдэг. Гэвч Бурханы үгээс эш татсаных нь дараа тэд юу хийж, ямар замаар алхаж, нөхцөл байдалтай тулгарахдаа ямар сонголт хийж байгааг нь ажигла. Хэрвээ энэ нь тэдний байр суурьтай, эсвэл нэр хүнд, дүр төрхөд нь сэв суулгаж болзошгүй зүйлтэй холбоотой байвал тэд яавч Бурханы үгийн дагуу үйлдэхгүй. Тэд өөрсдийн дүр төрх, байр суурийг хамгаалдаг. Хэрвээ тэд ямар нэг буруу зүйл хийвэл үүнийгээ яавч хүлээн зөвшөөрөхгүй. Харин ч тэд өөрсдийн алдааг хүлээн зөвшөөрөхийн оронд үүнийг нуун дарагдуулах, эсвэл асуудлаас зайлсхийх бүх төрлийн аргыг сүвэгчилж, энэ талаар дурдахгүй байж, тэр ч байтугай хийсэн зүйлийнхээ бурууг бусад руу чихдэг. Тэд Бурханы үгийг унших болон байр сууриа хамгаалахад хүчин чармайлт гаргадаг боловч үнэнийг хэрэгжүүлж, үнэн-зарчмын дагуу үйлдэхийн тулд өөрсдийн ашиг сонирхлыг хойш тавьж, махан биеийн бэрхшээл туулах дээр тулахад тэд ямар сонголт хийхийг нь ажигла. Хэрвээ тэд зарчмын дагуу үйлдэж, хэнийг гомдоож, хэнд халдах нь хамаагүй Бурханы гэрийн ашиг сонирхлыг хамгаалах ёстой болбол тэд хамгаалах уу? Яавч үгүй. Тэд үргэлж өөрсдийгөө хамгаалахыг хамгийн түрүүнд сонгодог. Тэд хэн буруутайг, эсвэл хэн ёрын мууг үйлдсэнийг мэдэж байсан ч тэднийг ил болгохгүй. Тэд бүр зүрх сэтгэлдээ нууцхан баярлаж ч магадгүй. Хэрвээ хэн нэгэн ёрын муу хүмүүсийг ил болговол тэд бүр ёрын муу хүмүүсийг өмөөрч, тэдний өмнөөс шалтаг тоочно. Антихристүүд бол бусдын гай зовлонд баярладаг хүмүүс гэдэг нь тодорхой байна. Ямар нөхцөл байдалтай тулгарахаас үл хамааран, тэд юуг сонгож, ямар замаар алхаж байгааг нь ажигла. Хэрвээ тэд үнэн-зарчмын дагуу үйлдэхийг сонговол Бурханы үгийг идэж, уусан нь үр дүнгээ өгчээ. Хэрвээ үгүй бол тэд Бурханы үгийг яаж ч идэж, уусан, эсвэл хэчнээн сайн цээжилсэн байх нь хамаагүй, ямар ч нэмэргүй—тэд Бурханы үгэнд үнэн мэт хандахгүй л байна. Түүнчлэн, антихристүүд өөрсдийгөө танин мэддэг үү? (Үгүй.) Зарим хүн: “Гэхдээ антихристүүд биеэ тоосон зан, өөрийгөө зөвтгөх байдлаа хүртэл хүлээн зөвшөөрч, өөрсдийгөө диавол, Сатанууд гэж хэлдэг шүү дээ” гэж хэлдэг. Тэд зүгээр л ингэж хэлдэг, гэвч бодит нөхцөл байдалтай тулгарах үед тэд үнэндээ яадаг вэ? Хэрвээ хэн нэгэн антихристтэй хамтран ажиллаж байхдаа зөв зүйл, үнэн-зарчимд нийцсэн зүйл хэлж, энэ нь антихристийн хэлсэн буруу зүйлтэй зөрчилдвөл, мөн тэр хүн антихристийн хэлснийг дагахаас татгалзвал антихрист өөрийнх нь дүр төрх, байр суурьт хор хүргэлээ гэж бодно. Тэгвэл тэд юуг сонгодог вэ? Тэд өөрсдийгөө хойш тавьж, нөгөө хүнээ сонсоод үнэн-зарчмын дагуу үйлдэхийг сонгож чадах уу? Яавч үгүй. Тэгвэл тэдний хэлдэг тэрхүү зөв үгс ямар нэг нэмэртэй юу? Эдгээр нь тэдний бодит байдал, бодит биеийн хэмжээ, сонголт, эсвэл алхаж буй замыг нь тусгадаг уу? Үгүй, тэдгээр үг нь тэдний туршлагаас урган гараагүй; зүгээр л тэдний сурч авсан үгс юм. Тэдний амнаас гарч байгаа зүйл бол зүгээр л хоосон сургаал, хууран мэхлэх үгс юм. Байр суурь, эсвэл ашиг сонирхол нь хөндөгдмөгц антихристүүд үргэлж өөрсдийгөө хамгаалж, авч үлдэх, бусдыг хөшүүн болгож, төөрөлдүүлэх, мөн ямар нэг хариуцлага хүлээхээс юм уу ямар нэг гэм бурууг хүлээн зөвшөөрөхөөс зайлсхийхийг хамгийн түрүүнд сонгодог. Антихристүүдийн эдгээр мөн чанарыг бодолцон үзвэл тэд үнэнийг эрэлхийлж байна уу? Тэд үнэнийг ойлгож, үнэнийг хэрэгжүүлж чадах хэмжээнд хүрэхийн тулд Бурханы үгийг уншиж байна уу? Үгүй. Бурханы үгийг унших антихристүүдийн санаа зорилго, зорилтыг авч үзвэл тэд Бурханы үгийг ойлгодог болж хэзээ ч чадахгүй. Яагаад гэвэл, тэд Бурханы үгийг ухамсарлах ёстой үнэн гэж биш харин зорилгодоо хүрэх хэрэгсэл гэж уншдаг. Хэдийгээр антихристүүд “Би бурхан болмоор байна, би христ болмоор байна” гэж ил тод хэлдэггүй ч христ болох тэдний зорилго нь үйлдлийнх нь мөн чанар болон Бурханы үгэнд хэрхэн хандаж байгаагийнх нь мөн чанараас тодорхой харагддаг. Үүнийг хэрхэн ажиглаж болох вэ? Тэд Бурханы үг болон Бурханы илчилж байхыг нь өөрсдөө хардаг зүйлс болох Түүний эзэмшил, оршихуй гэх мэтийг ашиглан хүмүүсийг төөрөлдүүлж, үнэнийг ойлгодоггүй, мэдлэггүй, биеийн хэмжээ багатай, үнэнийг эрэлхийлдэггүй хүмүүс, үл итгэгчид, тэр ч байтугай зарим ёрын муу хүнийг төөрөлдүүлдэг. Тэд өөрсдийгөө үнэнийг эзэмшсэн, зөв хүмүүс, бишрэн харж, тулж түшвэл зохих хүмүүс гэж энэ хүмүүст итгүүлдэг. Антихристүүд энэ хүмүүсийг өөрсдөд нь найдлага тавьж, өөрсдөөс нь эрж хайдаг болгохыг зорьдог бөгөөд ийм зүйл болох үед тэд дотроо сэтгэл хангалуун болдог.
Бурхан бол цор ганц гэдгийг антихристүүд хэзээ ч хүлээн зөвшөөрдөггүй; тэд Бурханы үг бол үнэн гэдгийг хэзээ ч хүлээн зөвшөөрдөггүй, мөн зөвхөн Бурхан л үнэнийг илэрхийлж чадна гэдгийг ч бас хэзээ ч хүлээн зөвшөөрдөггүй. Бурханы үгэнд хандах хандлага, Бурханы үгэн дээр гаргадаг хүчин чармайлт, бурхан болох, христ болох хүслээс нь дүгнэвэл, хүн бурхан болоход амархан, энэ бол хүний хүрч чадах зүйл гэж антихристүүд итгэдэг. Тэд: “Бие махбодтой болсон Бурханыг христ гэж нэрлэдэг нь ердөө л тэр бага зэрэг бурхны үгийг хэлж чаддаг болохоор биз дээ? Тэр ердөө л бурхны үгийг дамжуулдаг хүн биш гэж үү? Энэ нь ердөө л өөрийг нь дагадаг олон хүнтэй байх тухай биш гэж үү? Тэгвэл хүн бас хүмүүсийн дунд ижилхэн байр суурь, нэр хүндтэй, мөн төдий чинээ олон хүн өөрийг нь шүтэн биширч, хүндэтгэж байвал өөрт нь христ мэт, бурхан мэт хандахыг таашааж болохгүй гэж үү? Христ мэт хандахыг таашааж, бурхны ялгамж чанар, мөн чанартай нэгэн мэт хандахыг таашааж чаддаг байх нь хүнийг бурхан болгодог биш гэж үү? Үүнд хэцүү юм юу байна аа?” гэж хэлдэг. Иймээс антихристүүдийн бурхан болох хүсэл нь төрөлхийн юм; тэдэнд Сатантай адил амбиц, мөн чанар бий. Тэд антихристүүд бөгөөд антихристүүдийн мөн чанартай учраас л Бурханы үгэнд ийм хариу үйлдэл үзүүлдэг. Бурхан бие махбодтой болсон нь антихристүүдийг баярлуулдаг; Түүний үгийг хүмүүс сонсож чаддагийн зэрэгцээ Түүнийг харж чаддаг. Тэр бол хүрч, харж болох жирийн хүн бөгөөд энэ эгэл жирийн, өчүүхэн, онцгойрох зүйлгүй хүн маш их зүйл ярьж, ингэснээрээ Бурхан гэж нэрлэгдэж чаддаг болохоор л антихристүүд бурхан болох боломж эцэст нь ирлээ гэж хардаг. Хэрвээ энэ эгэл жирийн хүн яриагүй байсан бол бурхан эсвэл христ болох найдвар маш бага байна гэж антихристүүд бодох байсан. Гэвч энэ эгэл жирийн хүн Бурханы үгийг хэлж, Бурханы ажлыг хийсэн, хүмүүсийг аврахаар Бурханыг төлөөлөн тэдний дунд байгаа учраас л антихристүүд үүнийг завшаан, далимдуулах боломж гэж, Бурханы яриаг, Түүний өнгө аяс, ярих арга барил, тэр ч байтугай Түүний зан чанарыг дуурайж, аажмаар өөрсдийгөө бурхантай илүү адилхан, христтэй илүү адилхан болгох сэжүүр өөрсдөд нь өгч байна гэж хардаг. Ийнхүү, антихристүүд зүрх сэтгэлийнхээ угаас өөрсдийгөө бурхантай улам бүр адилхан, бурхантай улам бүр төстэй болж байна гэж мэдэрдэг. Тэд хүмүүсийн хүндэлж, дагадаг, бүх зүйл дээр тулж түшдэг Бурханд, хүмүүсийн бүх зүйл дээр эрж хайж, найддаг Бурханд маш их атаархдаг. Тэд Христийн ялгамж чанар, хувийн үнэ цэнд атаархдаг. Антихристүүд зүрх сэтгэлдээ юу бодож байдаг вэ? Зүрх сэтгэлийнх нь гүнд харанхуй, хорон муу байдаг биш гэж үү? Зүрх сэтгэлийнх нь гүнд жигшүүртэй, олиггүй, шившигтэй байдаг биш гэж үү? (Тийм.) Тэд туйлын ой гутмаар!
Зарим хүн: “Таныг антихристүүдийн талаар ярьсаар л байхад чинь бид сонссон, гэхдээ бид яагаад ийм хүнийг хэзээ ч харж байгаагүй юм бэ? Та зүгээр л үлгэр яриад байна уу? Үнэмшилгүй зүйлсийн талаар яриад байна уу?” гэж хэлдэг. Ийм хүмүүс байдаг гэж та нар бодож байна уу? (Тийм.) Та нар хэдэн ийм хүнтэй таарч байсан бэ? Та нар тэдний нэг мөн үү? (Бид ч бас ийм байдалтай байдаг, ийм талуудыг харуулдаг. Тэдгээр нь антихристүүдийнх шиг ноцтой биш боловч уг чанар-мөн чанар нь адилхан.) Ийм байдалтай байх нь аюултай гэж та нар бодож байна уу? (Тийм.) Хэрвээ чи үүнийг аюултай гэж мэдэж байгаа бол өөрчлөгдөх хэрэгтэй. Өөрчлөгдөх амархан уу? Үнэндээ энэ нь амархан ч байж болно, хэцүү ч байж болно. Хэрвээ чи Эзэн Есүсийн “Үг чинь ‘За бол за; үгүй бол үгүй’ байг” хэмээн айлдсанчлан Бурханы үгийг баримтлах ёстой үнэн гэж энгийнээр хүлээж авбал чи үнэхээр гэмшиж чадна. Жишээ нь, Бурхан чамд ямар нэг зүйлийг хэрэгжүүлэхийг хэлээд: “Хоол идсэнийхээ дараа аягаа угаасан мэт долоож цэвэрлэ. Энэ нь хоол хүнсээ хэмнэж байгаа хэрэг бөгөөд бас эрүүл ахуйд нийцнэ” гэжээ. Энэ заавар энгийн байна уу? Үүнийг хэрэгжүүлэх амархан уу? (Тийм.) Хэрвээ Бурхан ийм шаардлага тавьж, хүмүүсийн бэрхшээл, тэдний байдлын талаар дэлгэрэнгүй ярилгүй, эсвэл завхарсан зан чанарын талаар ярилгүй, янз бүрийн нөхцөл байдлыг ялгахгүйгээр ердөө энэ хэдэн өгүүлбэрийг хэлбэл, чи энэ нэг хэргийг хэрхэн гүйцэтгэж, хэрэгжүүлэх вэ? Чиний хувьд эдгээр өгүүлбэр нь Бурханы үг, үнэн, чиний дагаж мөрдөх ёстой зүйл юм. Чиний хийх ёстой зүйл бол өдөр бүр, хоол идэх болгоныхоо дараа Бурханы шаардлагыг дагах явдал—тэгвэл чи Бурханы замыг дагаж, Бурханы үгэнд үнэн мэт, өөрийн дуулгавартай дагах ёстой зүйл мэт хандаж байна. Чи Бурханы үгийг хэрэгжүүлдэг хүн болж, ийм хамгийн энгийн зүйл дээр антихристийн зан чанарыг хаяжээ. Эсвэл, үүний оронд чи энэ хэдэн үгийг сонссоныхоо дараа аман дээрээ зөвшөөрч, тэдгээрийг санаж байж болох ч хоол идсэнийхээ дараа аяганд чинь хэдэн ширхэг будаа үлдсэнийг хараад “Би өөр ажилтай, завгүй байна!” гэж бодоод аягаа тэр чигт нь орхидог. Дараагийн хоолон дээр ч бас тэгдэг. Чи Бурханаас өгсөн энэ хэдэн зааврыг санаж байгаа ч үнэндээ хэрэгжүүлэх тодорхой өдөр байдаггүй. Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр чи эдгээр үгийг мартдаг. Тиймээс чи Бурханы үгийг хэрэгжүүлээгүйгээр үл барам хаяжээ. Энэ нь чамайг ямархуу хүн болгож байна вэ? Хэрвээ чи эдгээр үгийг хэрэгжүүлэхгүй бол Бурханы үгийг сонсмогцоо Түүний замыг дагаж чаддаг хүн мөн үү? Чи үнэнийг эрэлхийлдэг хүн мөн үү? Биш гэдэг нь тодорхой. Хэрвээ хүн үнэнийг эрэлхийлэхгүй байвал түүнийг антихрист гэж тодорхойлж болох уу? Үнэнийг хэрэгжүүлэхгүй байх нь антихрист байхтай заавал адилхан уу? (Үгүй.) Ийм төрлийн хүн Бурханы үгэнд чихнийхээ хажуугаар өнгөрөх салхи мэт, чухал биш зүйл мэт хандаж, тэдгээрийг хэрэгжүүлдэггүй, тэдгээрийн талаар нэг их боддоггүй—зүгээр л мартдаг. Энэ бол антихрист биш. Бурханаас өгсөн эдгээр зааврыг сонссоныхоо дараа: “Хоол идсэнийхээ дараа аягаа долоох оо? Ямар ичмээр юм бэ! Би гуйлгачин биш, тэгээд ч хоол хүнс олдохгүй байгаа биш дээ. Би яавч тэгэхгүй! Аягаа долоож цэвэрлэх хүсэлтэй хүмүүс нь тэгж л байг” гэж боддог өөр нэг төрлийн хүн байдаг. Хэн нэгэн: “Энэ бол Бурханы шаардлага” гэж хэлэх үед тэд: “Бурханы шаардлага байсан ч гэсэн хүлээж авах аргагүй. Бурхан ийм зүйл шаардах ёсгүй. Эдгээр үг бол үнэн биш! Бурхан онцгойрох зүйлгүй, логикгүй, тийм ч агуу биш зүйлсийг ч бас хэлдэг. Бурханы хүмүүсээс шаарддаг бүхэн заавал үнэн байх албагүй. Тухайлан энэ шаардлага надад үнэн шиг санагдахгүй байна. Эзэн Есүс: ‘Тэнгэр дэх Миний Эцгийн хүслийг дагадаг хэн боловч Миний эх, ах, эгч дүүс мөн’ гэж хэлсэн. Иймэрхүү үгс л үнэн мөн! Хоол идсэнийхээ дараа аягаа долоож цэвэрлэх нь эрүүл ахуйд нийцнэ гэнэ үү? Зүгээр л шууд угаачихад хангалттай биз дээ. Яагаад биднээр аяга долоолгох гээд байгаа юм бэ? Энэ шаардлага миний үзэл, төсөөлөлд таарахгүй байна; хаана ч байсан үүнийг хүлээж авах аргагүй. Надаар аяга долоолгох юм гэнэ—бүтэхгүй ээ! Эрүүл ахуйг ингэж тодорхойлдог юм уу? Би аягаа усаар, ариутгагч бодисоор угаадаг—үүнийг л би эрүүл ахуй гэж нэрлэнэ!” гэж боддог. Ийм төрлийн хүн эдгээр үгийг сонссоныхоо дараа өөрийн гэсэн бодолтой болж, дотроо эсэргүүцдэг; тэр ч байтугай дооглож, гүтгэдэг. Эдгээр үг Бурханаас ирсэн учраас тэд ил тод шүүж зүрхэлдэггүй ч энэ нь тэдэнд ямар ч санал бодол, үзэл байдаггүй гэсэн үг биш. Тэдний санал бодол, үзэл хаана илэрдэг вэ? Тэд эдгээр үгийг хүлээж авдаггүй, эсвэл хэрэгжүүлдэггүй; тэд эдгээрийн талаар өөрийн гэсэн бодолтой байдаг бөгөөд тэдгээрийг шүүж, тэдгээрийн талаар үзэлтэй болохоос сийхгүй. Тиймээс хоолоо идэж дуусаад, зарим хүн аягаа долоож цэвэрлэж байгааг харах үедээ тэд тэгэхээс түдгэлздэг, тэр ч байтугай Бурханы үгийн дагуу хэрэгжүүлж буй хүмүүсийг зүрх сэтгэлдээ басамжилдаг. Гаднаа тэд шоолж, дооглож, тэр ч байтугай бусдын зан авирыг засах гэсэн хандлага байнга харуулдаг. Тэд Бурханы хэлсний дагуу үйлддэггүйгээр үл барам, харин ч эсрэгээр нь үйлдэж, тэдгээрийн эсрэг үйлдэл хийдэг. Тэд үйлдлээрээ Бурханы шаардлагыг үгүйсгэж, Бурханы хэлсэн зүйлийг эсэргүүцдэг, мөн үйлдлээрээ илүү их анхаарал татахыг эрмэлзэж, Бурханы хэлсэн зүйл буруу, зөвхөн өөрсдийнх нь арга барил зөв гэдэгт илүү олон хүнийг ятгаж, илүү олон хүнийг Бурханы үгийг эсэргүүцэж, яллахад хүргэдэг. Тэд зүгээр л Бурханы зааварласнаар үйлддэггүй; хоол идэх болгоныхоо дараа тэд аягаа усаар зайлаад зогсохгүй, ариутгагч бодис, аяга таваг угаагч шингэнээр дахин дахин угааж, дараа нь ариутгагч шүүгээнд ариутгадаг. Ингэж байхдаа тэд бас өөрийн эрхгүй зарим нэг үг хэллэг бодож олж, бүх хүнд: “Үнэндээ долоох нь нянг устгадаггүй, усаар угаах нь ч мөн адил. Зөвхөн ариутгагч бодисыг өндөр температуртай хослуулан ашиглаж байж л бүрэн ариутгах боломжтой. Үүнийг л эрүүл ахуйд нийцэх гэнэ” гэж хэлдэг. Тэд Бурханы хэлснийг хүлээж авахаас, эсвэл Бурханы зааварласнаар хэрэгжүүлэхээс татгалздаг төдийгүй, өөрсдийн үг, үйлдлийг ашиглан Бурханы шаарддаг зүйлийг эсэргүүцэж, яллаж, шүүдэг. Тэд өөрсдийн зөв гэж үздэг зарим санал бодлыг ашиглан өөрсөдтэй нь хамт Бурханы шаардлагыг яллаж, эсэргүүцэж, шүүхэд илүү олон хүнийг турхирч, төөрөлдүүлдэг нь бүр ч хэтэрсэн хэрэг юм. Тэд энд ямар үүрэг гүйцэтгэж байна вэ? Энэ нь Бурханы үгийг сонсож, Бурханыг болзолгүйгээр дуулгавартай дагахад илүү олон хүнийг хөтлөх, хүмүүст үзэл төрөх үед шийдвэрлэх, хүн, Бурхан хоёрын хоорондох зөрчилдөөнийг шийдвэрлэх эсвэл тэрхүү зөрчилдөөн гарах үед хүмүүсийн завхарсан зан чанарыг шийдвэрлэх биш. Харин ч тэд Бурханыг шүүхэд, өөрсөдтэйгөө хамт Бурханы үгийн зөв эсэхэд дүн шинжилгээ хийж, шинжихэд илүү олон хүнийг турхирч, төөрөлдүүлдэг. Гаднаа тэд шударга ёсыг баримтлагч мэт харагдаж, зөв зүйтэй мэт санагдах зүйлийг хийдэг. Гэвч энэхүү зөв зүйтэй биеэ авч явах байдал нь Бурханыг дагадаг хүнд тохирох уу? Энэ нь хүний шударга ёсны мэдрэмж мөн үү? (Үгүй.) Тэгвэл ийм төрлийн хүний зан авирын цаад мөн чанар нь яг юу вэ? (Тэд антихристүүдийн, диаволуудын мөн чанартай.) Энэ хүмүүс Бурханы үгэнд үнэн мэт хандаж чаддаггүй төдийгүй, бүр ч ичгүүртэй нь тэд сүнслэг хүмүүсийн дүр эсгэж, бусдад зааварлахдаа Бурханы үгийг байнга ашигласнаараа өөрсдийгөө гоё харагдуулж, бишрэл хүндлэл олж авдаг. Тэд өөрсдөө Бурханы үгийг хэрэгжүүлдэггүй, мөн тэдгээрт туулж, хэрэгжүүлэх үнэн гэж ханддаггүй. Гэсэн ч тэд бусдад байнга хатуухан, нухацтайгаар: “Бурхан ‘Хоол идсэнийхээ дараа аягаа долоож цэвэрлэ; энэ бол сайн дадал бөгөөд хоол хүнс хэмнэнэ’ гэж хэлсэн” хэмээдэг. Үг, өгүүлбэр бүрдээ тэд “бурхан хэлсэн”, “Энэ бол бурхны үг”, “Энэ бол үнэн” гэх уриа лоозон далайлгадаг боловч өөрсдөө үүнийг огт хүлээж авдаггүй, хэрэгжүүлдэггүй. Түүнчлэн тэд Бурханы үгийн талаар янз бүрийн шүүлт, эндүү ташаа тайлбар гаргадаг. Энэ бол антихристүүдийн хийдэг зүйл.
Энэ гурван төрлийн хүний илрэлд сая дүн шинжилгээ хийхэд аль нь хамгийн ноцтой байна вэ? (Сүүлийнх нь.) Ийм төрлийн хүн өөрөө Бурханы үгийг хэрэгжүүлдэггүй, Бурханы үгийн эсрэг янз бүрийн эсэргүүцэл, шүүлтээр дүүрэн байдаг. Үүнээс гадна тэд бусдыг төөрөлдүүлж, өөрсдийн зорилгод хүрэхийн тулд Бурханы үгийг ашигладаг. Ийм хүмүүс бол антихристүүд юм. Бурханы үгийн аль ч тал байлаа гэсэн, эдгээр үг үзэлтэй нь нийцэж байсан ч тэд Бурханы үгийг үнэн гэж үздэггүй; ялангуяа хүний үзэл, уламжлалт соёл, гүн ухаантай бүрэн зөрчилддөг Бурханы үгсийн хувьд бол бүр ч тийм байдаг—антихристүүд эдгээр үгэнд бүр ч бага ач холбогдол өгдөг. Хэрвээ тэд Бурханы үгийг чухал гэж үздэггүй юм бол яагаад номлох болов? Тэд Бурханы үгийг ашиглаж зорилгоо биелүүлэхийг хүсдэг. Энэ гурван төрлийн хүний хамгийн аюултай нь сүүлийнх нь юм. Эхний төрлийнх нь ямар вэ? (Тэд Бурханы үгийг сонсож, хэрэгжүүлдэг.) Бурханы үгийг сонсож, хэрэгжүүлдэг хүмүүс бүгд ухаангүй гэж та нар бодож байна уу? Бурханы хэлсэн, хүмүүсээр хийлгэдэг бүхнийг чанд дуулгавартай дагах нь өнгөн дээрээ бага зэрэг тэнэг санагдаж байна уу? (Үгүй.) Бурханы үгийг хэрэгжүүлдэг хүмүүс хамгийн ухаантай нь байдаг. Хоёр дахь төрлийн хүн үйлдэлд анхаардаг; тэд үнэнийг хэрэгжүүлдэггүй, зөвхөн өөрсдийн хүслээр үйлдэж, бага зэрэг хөдөлмөрлөдөг. Тэд Бурханы үгийн утга учир, эсвэл шаардлага, стандартад анхаардаггүй. Тэд Бурханы санаа зорилго, эсвэл Түүний дотоод дуу хоолойг ухаарч ойлгодоггүй бөгөөд зөвхөн хийхэд л анхаардаг. Тэд: “Та бидэнд сайн санаагаар ханддагийг би мэднэ. Таны хэлдэг бүхэн зөв. Бид Таны хэлдэг зүйлийг дуулгавартай дагаж, хэрэгжүүлэх ёстой; Та зүгээр л ярихад анхаар, бид бүгд сонсоно” гэж боддог. Гэвч бодит байдал дээр тэд Бурханы хэлдэг зүйл, эсвэл хүмүүст тавьдаг Бурханы нарийвчилсан шаардлагыг нухацтай авч үздэггүй. Тэд зүгээр л бодлогогүйгээр үйлддэг. Бодлогогүйгээр үйлдэх нь заримдаа ойворгон, цадиггүй авирлаж, саад болж, үймүүлэхэд хүргэж болно; энэ нь Бурханыг эсэргүүцэхэд хүргэж болно. Бурханыг ноцтой хэмжээнд эсэргүүцэх нь заримдаа маш их төвөг учруулдаг бөгөөд энэ нь эргээд сүйрэлд хүргэж болно. Энэ бол үнэнийг эрэлхийлдэггүй хүмүүсийн хувьд хамгийн ноцтой үр дагавар бөгөөд зарим хүн ийм хэмжээнд хүрч болно. Гурав дахь төрлийн хүн буюу антихристүүд бол Сатаны үнэнч дагагчид юм. Тэд юу ч болж байсан үнэнийг хэзээ ч хэрэгжүүлдэггүй. Чиний хэлсэн зүйл зөв байсан ч тэд сонсохгүй, өөрсдийн гэсэн үзэлтэй байх үед бол бүр ч сонсохгүй. Тэд бол Бурханы заналт дайснууд, үнэний заналт дайснууд юм. Гаднаа хамгийн зальжин, сүйхээтэй харагддаг нь энэ хүмүүс байдаг. Тэд бүх зүйлийг ялган таньж, шинждэг бөгөөд бүх асуудлыг тунгаан бодож, учрыг нь олохоор чармайдаг. Гэвч маш их шинжсэнийхээ эцэст тэд Бурханыг Өөрийг нь шинжиж, Түүний талаар үзэл, санал бодолтой болдог. Бурхан юу ч хийсэн, хэрвээ энэ нь тэдний өөрсдийнх нь шүүлтийг давахгүй бол тэд нэгийг ч үлдээлгүй ялладаг; тэд өөрсдөд нь хор хөнөөлтэй байж магадгүй гэж айсандаа үүнийг хэрэгжүүлэхээс татгалздаг. Нөгөөтээгүүр, гаднаа мунхаг, ухаан муутай мэт харагддаг хүмүүс яг Бурханы хэлснээр хийдэг. Тэд онцгой энгийн, үнэнч шударга харагддаг бөгөөд хуваалцах ёсгүй зүйлийг ч ил тод хуваалцаж, бүр тайлагнах шаардлагагүй зүйлийг ч тайлагнаж, заримдаа бүр бага зэрэг гэнэн зан авир гаргадаг. Энэ нь юуг илтгэж байна вэ? Энэ нь ийм хүмүүсийн зүрх сэтгэл Бурханд нээлттэй бөгөөд Түүнд хаалттай, эсвэл Түүнээс тусгаарласан байдаггүйг харуулж байна. Энэхүү энгийн жишээг авч хэлэлцсэн зорилго нь антихрист гэж яг юу болох, Бурханы үгэнд хандах тэдний хандлага үнэндээ ямархуу байдгийг ойлгоход та нарт туслах явдал юм. Энэ нь ямар төрлийн хүмүүс антихрист болох, ямар төрлийн хүмүүс үнэнийг хэрэгжүүлдэггүй ч антихрист биш болохыг ялган танихад та нарт туслахын тулд юм. Ийм ялган таних чадвартай болохын тулд юм. Өнөөдөр бидний нөхөрлөж буй сэдвийг илүү сайн ойлгоход та нарт хялбар болгохын тулд Би зүгээр л энэ жишээг энгийнээр хөндлөө. Би үнэхээр та нарыг хоолны дараа аягаа долоож цэвэрлэ гэж шаардаж байгаа юм биш. Аяга долоох нь эрүүл ахуйтай, эсвэл хоол хүнс үрэхгүй байхтай ижил утгатай гэж Би тодорхойлоогүй. Та нар ингэх шаардлагагүй; та нар буруугаар ойлгож болохгүй.
Өнөөдөр, антихристүүд Бурханы үгийг хэрхэн басамжилдаг талаар нэмэлт нэг зүйлийг нөхөрлөсөн нь: Антихристүүд Бурханы үгэнд бараа таваар мэт ханддаг байлаа. Бараа таваарын тухайд худалдах, наймаалцах, ашиг хонжоо, мөнгө хамаардаг. Антихристүүд Бурханы үгэнд бараа таваар мэт хандах нь яавч хийж болохгүй зүйл бөгөөд энэ нь туйлын нүгэлт хэрэг юм. Яагаад тэр вэ? Биднийг дөнгөж цуглаан эхлүүлэх үед хүн бүр Бурханы үг болон үнэний талаарх ойлголтоо өөрсдийнхөө үгээр нөхөрлөж, хамгийн энгийн үгээр нэгтгэн дүгнэсэн. Ерөнхийдөө Бурханы үг бол үнэн юм. Хүн төрөлхтний хувьд үнэн нь нэн чухал. Үнэн нь хүний амь байж чадна, хүмүүсийг аварч, үхлээс буцаан амьдруулж, стандартад нийцсэн бүтээгдсэн зүйл болох боломжийг хүнд олгодог. Үнэний хүн төрөлхтөнд өгөх үнэ цэнийг үгээр, материаллаг зүйлээр, эсвэл мөнгөөр хэмжих боломжгүй. Энэ нь нандигнаж, дээдэлбэл зохих зүйл бөгөөд хүмүүс үүнийг өөрсдийн үйлдэл, биеэ авч явах байдал, амьдрал болон бүхэл оршихуйнхаа чиглүүлэгч, чиг баримжаа, зорилго болгох нь үнэ цэнтэй юм. Хүмүүс үнэнээс хэрэгжүүлэх замыг, түүнчлэн Бурханаас эмээж, муугаас зайлах зам зэргийг олж авах ёстой. Хүмүүсийн хувьд үнэн нь амьтай өөртэй нь дүйцдэг. Ямар ч материаллаг зүйл, эсвэл эд баялгийг үнэнтэй нэг түвшинд авч үзэх боломжгүй. Энэ материаллаг ертөнцөд, эсвэл бүхий л орчлон ертөнцөд үнэнтэй харьцуулахуйц үнэ цэнтэй зүйл байхгүй, үнэнтэй дүйцэхүйц зүйл ч байхгүй. Үүнээс үзвэл, аврал хэрэгтэй байгаа хүн төрөлхтний хувьд үнэн бол хамгийн үнэт эрдэнэ бөгөөд үнэлж баршгүй зүйл гэдэг нь тодорхой байна. Гэтэл ийм үнэлж баршгүй зүйлд ашиг олохын тулд зарж, наймаалцдаг бараа таваар мэт ханддаг хүмүүс байдаг нь гайхмаар. Ийм хүмүүсийг диаволууд, Сатанууд гэж тодорхойлж болох уу? Тэгэлгүй яах вэ! Сүнсний ертөнцөд ийм хүмүүс бол диаволууд болон Сатан; хүмүүсийн дунд тэд бол антихристүүд юм.
Антихристүүд хувьдаа ашиг тус олохын тулд Бурханы үгэнд зарах бараа таваар мэт ханддагийн зарим илрэлийн талаар бид сая нөхөрлөлөө. Мэдээж, үүнийг тодорхой утгаар хэлсэн бөгөөд шууд утгатай нь бүрэн нийцэхгүй—тэд Бурханы үгэнд зарах бараа таваар мэт хандаж байгаа нь илт харагддаггүй. Гэвч үнэндээ тэдний зан авир, арга барил, тэр ч байтугай мөн чанараас нь дүгнэвэл, тэд хэдийнээ, эсвэл гарцаагүйгээр Бурханы үгэнд бараа таваар, эзэмших материаллаг зүйл мэт хандсан байдаг. Тэд Бурханы үгийг эзэмшдэг болмогцоо тэдгээрт жижиг дэлгүүрийнхээ бараа мэт хандаж, тохиромжтой үед нь хэрэгтэй байгаа хэн нэгэнд зарж, түүнээсээ ашиг олдог. Үүнээс антихристүүд ямар ашиг тус олж авдаг вэ? Үүнд тэдний нэр хүнд, бусдаар хүндлүүлж, шүтүүлэн бишрүүлэх, тэдэн рүү биширсэн харцаар харах, түүнчлэн байр суурь, нэр нүүрийг нь хамгаалах зэрэг бусдын санал болгодог хамгаалалт багтдаг. Тэднийг чөлөөлж, таягдан хаясан ч хүмүүс тэдний өмнөөс дуугарч, тэднийг өмөөрдөг. Эдгээр нь антихристүүдийн Бурханы үгээс олж авдаг ашиг тус юм. Эдгээр ашиг тус бол яг антихристүүдийн хүсдэг, эрэлхийлдэг, зүрх сэтгэлдээ эртнээс сэдсэн зүйл юм. Энэ бол антихристүүдийн мөн чанар. Тэдний үйлдэл, зан авирыг уг чанар нь жолоодож, захирдаг бөгөөд эдгээр илрэлээс антихристүүдийн уг чанар-мөн чанарыг харж болно.
2. Бурханы үгийн номыг хувийн ашиг олохын тулд зарах
Дараа нь бид хоёр дахь тал буюу антихристүүд Бурханы үгэнд бараа таваар мэт ханддаг бодит зан авир, арга барилын талаар нөхөрлөнө. Энэ төрлийн антихрист Бурханы үгийн төрөл бүрийн номд бараа таваар мэт хандах нь энэ арга барилд хамаардаг. Тэд Бурханы үгийн эдгээр номыг олж авах үедээ мөнгө олох хөрөнгөтэй боллоо, мөнгө олоход шаардлагатай эд хөрөнгийг эзэмшлээ гэж итгэдэг. Бурханы үг хэвлэгдсэн эдгээр ном нь тэдний эд хөрөнгө, зарахыг зорьж буй бараа таваар, үлэмж их ашиг олоход ашигладаг эд зүйлс болдог. Антихристүүд эдгээр номыг өгөхгүй хадгалж, Бурханы гэрээс шаарддаг зарчмын дагуу тараах биш биш харин өөрсдийн санаархалд үндэслэн зүй бусаар ашиг олохыг эрмэлздэг. Бурханы гэрт ном тараах зарчим юу вэ? Бурханы үгийг унших дуртай, үнэнээр цангадаг бүх хүнд үнэ төлбөргүй тараах. Хэчнээн хүн ном хүлээн авах, эсвэл хэчнээн ном тараагдахаас үл хамааран ном үргэлж үнэ төлбөргүй байдаг. Христийн шашинд Бурханд итгэх үед Библи үнэгүй байдаггүй; Библийг худалдаж авах ёстой. Харин одоо Бурханы эдгээр үг болон эдгээр номыг Бурханы гэр үнэ төлбөргүй тарааж байгаа нь гол зүйл юм. Гэвч антихристүүд эдгээр номыг гартаа оруулж, зарчмын дагуу үнэ төлбөргүй тараахгүй байх үед асуудал үүсдэг. Хэвийн нөхцөлд, Бурханаас эмээдэг сэтгэл бага ч болов байгаа хүмүүс эдгээр номыг зарчмын дагуу мөнгө авахгүйгээр, эсвэл зүй бусаар үлэмж их ашиг олохыг эрмэлзэхгүйгээр үнэ төлбөргүй тараадаг. Гэвч антихристүүд л эдгээр номыг олж авмагцаа бизнесийн боломж гарч ирлээ гэж боддог. Ингээд тэдний амбиц, шунал гарч ирэн: “Ийм зузаан, сайн номыг үнэгүй өгөх нь алдагдал биш үү? Эдгээрээс жаахан мөнгө олохгүй байх нь тэнэг хэрэг биш үү? Түүгээр ч үл барам эдгээр номыг өөр газраас худалдаж авах боломжгүй бөгөөд бурханд итгэдэг ихэнх хүн ямар ч үнээр хамаагүй уншихыг хүснэ” гэдэг. Хүмүүс ийм сэтгэлгээтэй байгааг ухаармагц антихристүүдэд: “Би мөнгө олох энэ боломжийг алдаж болохгүй; ийм боломж бараг олдохгүй. Ном тараахдаа би хүмүүсийг зэрэглэлд хувааж, баячуудаас нь илүүг, дундаж хүмүүсээс дундаж төлбөр, ядуусаас нь бага төлбөр авах юм уу огт тараахгүй байх, надад бялдуучилдаг хүмүүст хямдрал үзүүлж, надтай таардаггүй хүмүүсээс илүү их мөнгө авах ёстой” гэсэн бодол төрж эхэлдэг. Энэ нь Бурханы гэрийн ном тараах дүрэм журамтай нийцэж байна уу? (Үгүй.) Энэ бол бизнес хийж байгаа хэрэг юм. Антихристүүдэд иймэрхүү санаа төрдөг; тэд номыг Бурханы гэрийн дүрэм журам, зарчмын дагуу тараадаг эсэхийг хойш тавиад, эхлээд Бурханы үгэнд хэрхэн ханддаг талаар нь ярилцъя. Бурханы үгийн номыг гартаа оруулмагцаа тэд нандигнадаг уу? (Үгүй.) Тэд Бурханы үгэнд өгүүлсэн амийн зам, эсвэл үнэнийг сонирхдоггүй; тэдгээрийг үнэлдэггүй, өчүүхэн төдий ч сонирхдоггүй. Тэд зүгээр л номыг өнгөцхөн гүйлгэж харж, хуудсыг нь хааш яаш эргүүлэн зэрвэс харж: “Энэ нь зүгээр л бурхан хүмүүсийг шүүх ажлыг хэрхэн хийдэг, хэсэг бүлэг хүнийг хэрхэн байлдан дагуулсан, хүмүүст хэрхэн сайн хүрэх газар өгдөг талаар л өгүүлж байна. Хүн төрөлхтний ирээдүйн тухайд гэвэл, ийм нарийн ширийн зүйл байхгүй учраас энэ ном тийм ч сонирхолтой биш байна. Хэдийгээр ном тийм ч сонирхолтой биш боловч олон хүн уншихыг хүсэж байгаа. Энэ нь сайн хэрэг; би үүнээс ашиг олж чадна” гэдэг. Бурханы үгийн ном гарт нь орох үед бараа таваар болж, энэ нь олон хүн, наанадаж хүмүүсийн тодорхой хэсэг нь эдгээр номыг худалдаж авахын тулд мөнгө үрэх ёстой болно гэсэн үг юм. Антихристүүд Бурханд итгэдэг, Бурханы гэрийн ажлыг хийдэг, Бурханы үгийн номыг тараахыг хариуцдаг гэх нэрийн дор хөндлөнгөөс орж ирээд, Бурханы гэрээс эдгээр номыг үнэ төлбөргүй тараадгийг арилжаа наймаа, худалдаа болгон хувиргадаг. Бурхан Өөрийнх нь үгийг анхааралтай сонсдог хүн бүрийг Өөрийн айлдсан үгээр үнэ төлбөргүй хангадаг; эдгээр нь үнэгүй бөгөөд ямар нэг зүйлээр солих шаардлагагүй. Хүмүүсээс шаарддаг зүйл нь зөвхөн хүлээж авах, хэрэгжүүлэх, туулах, Бурханы үгийг дуулгавартай дагадаг болж, Бурханаас эмээж, муугаас зайлдаг хүн болох явдал юм. Тэгвэл Бурхан сэтгэл хангалуун байж, зорилго нь биелж, Тэр үгээ дэмий хэлээгүй байх болно. Тэр үүнээс тайтгарал олдог. Энэ бол Бурханы хүсэл, мөн хүн дээр хэрэгжүүлж буй Түүний зургаан мянган жилийн удирдлагын ажлын зорилго, Бүтээгчийн бүтээгдсэн зүйлсэд зориулсан хамгийн сайхан хүсэл юм. Бурхан Өөрийг нь дагадаг хүмүүсийг Өөрийн үг, Өөрт нь юу байгаа болон Өөрөө юу болох, мөн Өөрийн санаа зорилгоор үнэ төлбөргүй, тасралтгүй хангадаг. Энэ бол үнэхээр цэвэр, ариун үйл, үнэхээр гайхалтай үйл хэрэг; энд арилжаа наймаа хамаагүй. Бурханы үгийг анхааралтай сонсож, хүсэж тэмүүлдэг хүн бүрийн хувьд Бурханы хэлсэн өгүүлбэр бүр үнэлж баршгүй байдаг. Хүмүүс Бурханаас үнэн болон Түүний үгийг үнэ төлбөргүй хүлээн авдаг бөгөөд зүрх сэтгэлийнхээ гүнд Бурханы төлөө хийхийг хүсдэг зүйл нь Түүнд хариу барьж, санаа зорилгыг нь хангаж, Түүнийг тайтгаруулах явдал бөгөөд ингэснээр Түүний агуу ажил удахгүй дуусах боломжтой болно. Энэ бол Бүтээгч болон бүтээгдсэн хүн төрөлхтний хооронд байх ёстой үггүй ойлголцол юм. Гэвч антихристүүд энэ асуудлыг арилжаа наймаа болгон хувиргадаг. Тэд Бурхан ярьж, ажиллаж буй боломжийг, түүнчлэн хүмүүст Бурханы үгийн хангалт хэрэгтэй байгааг далимдуулан хувийн ашиг хонжоо хайж, олж авах ёсгүй мөнгө, ашиг тусыг олж авдаг. Ийм зан авир нь хүнийг хараагдвал зохих нэгэн болгодог биш үү? Бурхан шан харамжаар хүн төрөлхтөнтэй ярьдаг гэж чи Бурханы аль үг хэллэгээс харж, эсвэл сонссон бэ? Нэг өгүүлбэр, нэг хэсэг, нэг номлол, нэг ном, эсвэл нэг удаагийн засалт, шүүлт, гэсгээлт, цэвэршүүлэлт, эсвэл амийн хангалт ямар үнэтэй вэ? Бурхан хэзээ нэгэн цагт ийм үг хэлж байсан уу? (Үгүй.) Бурхан хэзээ ч ийм зүйл хэлж байгаагүй. Бурханы гаргасан өгүүлбэр, хэсэг, ширхэг бүр, хүмүүсийн Бурханаас хүлээн авдаг засалт, гэсгээлт, шүүлт, шалгалт, цэвэршүүлэлт бүр, түүнчлэн Бурханы үгийн хангалт, тэжээл гэх мэт—энэ бүхнээс алийг нь мөнгөөр хэмжиж болох вэ? Эдгээрээс алийг нь хүн мөнгө, эсвэл материаллаг зүйлээр сольж, эсвэл махан биеийн төлөөс төлөн олж авч чадах вэ? Алийг нь ч чадахгүй. Бурханы хийдэг бүхэн, Бурханы илэрхийлдэг бүх үнэн бол үнэлж баршгүй юм. Эдгээр нь үнэлж баршгүй, хэн ч Бурханы эзэмшил, оршихуйг мөнгө, эсвэл ямар нэгэн материаллаг зүйлээр сольж авч чадахгүй учраас л хүмүүсийг Өөрийн үгээр үнэ төлбөргүй хангадаг гэж Бурхан хэлдэг. Гэтэл антихристүүд Бурханы илэрхийлдэг үнэн, Түүнд юу байгаа болон Тэр юу болохын үнэлж баршгүй, үнэт шинж чанарыг харж чаддаггүй; харин ч тэд эдгээрээс зүй бусаар үлэмж их ашиг олохыг эрмэлздэг нь туйлын ичгүүртэй хэрэг юм!
Зарим антихрист хүмүүсийг тарчлааж, өөрсдийн нэр хүнд, нэр төрийг тогтоож, бусдад өөрсдийн аюул занал, эрх мэдлийг мэдрүүлэхийн тулд Бурханы үгийг өгөхгүй хадгалж, доороо байгаа ах эгч нартаа тараадаггүй. Ингээд ийм ёрын муу хүмүүс, антихристүүд эрх мэдлийг атгадаг зарим чуулганд ах эгч нар унших Бурханы үггүй, эсвэл сонсох Бурханы номлолгүй болдог. Ийм хүмүүс хараагдвал зохих хүмүүс биш гэж үү? Тэд Бурханы үгэнд юу мэт хандсан бэ? Өөрсдийн хувийн өмч мэт хандсан. Бурханы үгийг Бурхан Өөрт нь чин сэтгэлээсээ итгэж, Өөрийг нь дагадаг хүмүүст өгдөг; тэдгээрийг аль нэг хувь хүнд өгдөггүй, тэдгээр нь аль нэг хүний хувийн өмч яавч биш юм. Бурханы үгийг бүх хүн төрөлхтөнд айлддаг бөгөөд хэн ч ямар ч шалтгаан, эсвэл шалтгаар Бурханы айлдварыг өгөхгүй хадгалж болохгүй. Гэвч антихристүүд яг ийм үүрэг гүйцэтгэж, үүнийг хийхийн тулд хэв хэмжээг зөрчдөг. Зарим антихрист хамгийн сүүлийн үеийн номлолын бичлэгийг хүлээж авсныхаа дараа эхлээд өөрсдөө сонсож, зарим нэг шинэ гэрэл, мөн өөрсдийнх нь мэдээгүй зарим агуулга байгааг олж мэдээд, энэ цуврал номлолыг хариуцсан хүмүүстээ тараахгүй байхаар шийддэг. Тэд өөр хэнд ч мэдэгдэхгүйгээр номлолын бичлэгийг өгөхгүй хадгалдаг. Өгөхгүй хадгалахын зорилго юу вэ? Зорилго нь цуглааны үеэр гайхуулах явдал бөгөөд энэ нь наймаа хийхтэй адил юм. Ийнхүү гайхуулах замаар, доод хүмүүс нь урьд өмнө хэзээ ч сонсож байгаагүй, бүгд шинэ агуулгыг сонсох үедээ антихристүүдийг өндрөөр үнэлж, ийм маягаар антихристүүд зорилгодоо хүрдэг. Хаа сайгүй чуулгануудад нөхөрлөлийн номлол, эсвэл бичлэгийг цаг тухайд нь тараадаггүй, эсвэл бүрэн тараадаггүй зарим нэг хүн гарцаагүй байдаг гэдгийг үгүйсгэх аргагүй; ийм хүмүүс лавтайяа байдаг. Түүнчлэн, зарим антихрист Бурханы үгийн номыг хүмүүсийн өөрсдөд нь ханддаг хандлагад үндэслэн тарааж, өөрсөдтэй нь дотно байдаг, эсвэл бялдуучилдаг хүмүүст өгдөг. Хэдийгээр ном үнэ төлбөргүй боловч хүн бүр амархан авч чаддаггүй; үнэ төлбөргүй, цаг тухайд нь тараах зарчим антихристүүдийн гарт алдагдаж, өөр өөр нөхцөл байдлаас хамаардаг. Тэд өөрсөдтэй нь хамт байдаг, эсвэл үгийг нь сонсдог хүмүүст дурамжхан өгч болох ч заавал цаг тухайд нь өгдөггүй; харин үзэл бодолтой нь санал нийлдэггүй, эсвэл бүр эсэргүүцдэг хүмүүсийн хувьд бол антихристүүд тэдэнд өгөх, өгөхгүй номоо сонгож, эсвэл бүр огт өгөхгүй байж магадгүй. Антихристүүд Бурханы үгийн ном тараахдаа зүй бусаар үлэмж их ашиг олохыг эрмэлздэг төдийгүй, үүнийг хүмүүсийг татах, хүмүүсийн сэтгэлийг татах, түүнчлэн бусдыг дарангуйлж, тарчлаах хэрэгсэл болгон ашигладаг—тэд бүхий л төрлийн муу үйл хийхээс сийхгүй. Тэд тэр ч байтугай хүмүүсийг сүрдүүлж, хэрвээ хэн нэгэн өөрсдийнх нь талаар муу зүйл ярих, сонгохгүй байх, эсвэл эсрэг санал өгвөл тэр хүнийг тарчлаах хэрэгсэл болгон Бурханы үгийг өгөхгүй хадгалж магадгүй гэж хэлж чадна. Тиймээс зарим хүн Бурханы үгийн ном, эсвэл номлолын бичлэгийг цаг тухайд нь авч чадахгүй байхаас айсандаа эдгээр антихристээс үхтлээ айдаг. Антихристүүд ёрын мууг үйлдэж, тэр хүмүүс шударга бус хандлагад өртсөн ч антихристүүдэд дарангуйлагдаж, тарчлагдахаас, Дээрхтэй холбоо тасарч, Дээрхийн усалгаа, хангалтаас хоцрохоос айсандаа тэднийг мэдээлж зүрхэлдэггүй. Ийм хүмүүс байдаг уу? Зуун хувь, лавтайяа байдаг. Антихристүүд бүх төрлийн муу үйл хийдэг; тэд эрх мэдэл, ашиг хонжооны төлөө тэмцэлдэж, бүлэглэл үүсгэж, өөрсдийн бие даасан хаанчлалыг байгуулдаг төдийгүй, Бурханы үгийг тараах тал дээр ч бас зүгээр байдаггүй. Зүй бусаар ашиг тус олж, байр суурь, эрх мэдлээ олж авахад нь боломж олгож чадах юуг ч байсан тэд ашигладаг; тэд юуг ч, тэр дундаа Бурханы үгийг ч орхидоггүй. Танай чуулганд, та нарын эргэн тойронд ийм зүйл тохиолдож байсан уу? Зарим антихрист доод хүмүүсээ сүрдүүлж: “Хэрвээ чи намайг сонгохгүй бол, хэрвээ чи намайг Дээрхэд мэдээлбэл, хэрвээ чи намайг таашаахгүй бол, хэрвээ чи хов зөөгөөд би түүнийг чинь мэдвэл чи дахиж ямар ч номлолын бичлэг авахгүй. Би чиний хангалтыг тасалж, чамайг тэжээлгүй үлдээж, цангааж ална, өлбөрүүлнэ!” гэж хэлдэг. Антихристүүдийн зан чанар харгис биш гэж үү? Туйлын харгис! Тэд бүх төрлийн муу зүйл хийхээс сийхгүй.
Хэрвээ та нар ийм антихристүүдтэй таарвал хэрхэн зохицуулах вэ? Та нар тэднийг Дээрхэд мэдээлж зүрхлэх үү? Та нар нэгдэж, тэднийг голж зүрхлэх үү? (Тэгнэ.) Та нар одоо тэгнэ гэж хэлж байгаа ч үнэхээр тэдэнтэй нүүр тулах үедээ чи зүрхлэхгүй байж магадгүй; чи ухарч: “Би биеийн хэмжээ багатай, залуу, сул дорой, ганцаараа. Хэрвээ антихристүүд үнэхээр нийлж намайг дээрэлхвэл би дуусах биш үү? Бурхан хаана байна вэ? Хэн миний гомдлыг сонсох вэ? Хэн миний гомдлыг тайлж, миний өшөөг авах вэ? Хэн намайг өмгөөлөх вэ?” гэж бодно. Чиний итгэл яагаад тийм бага байна вэ? Антихристтэй нүүр тулах үедээ чи хулчгар болдог, гэхдээ хэрвээ Сатан өөрийн биеэр чамайг сүрдүүлбэл—чи Бурханд итгэхээ болих уу? Хэрвээ антихрист Бурханы үгийг чамд тараахгүй бол чи яах вэ? Хэрвээ тэд чамаар Бурханы үгийн номонд мөнгө төлүүлэх гэвэл яах вэ? Антихрист Бурханы үгийн номыг чамд тараах бүрдээ чамд хүндрэл учруулж, хатуу ширүүн үг хэлбэл яах вэ? Энэ нөхцөл байдлыг зохицуулах амархан уу? Би чамд нэгэн ухаалаг стратеги хэлж өгье: Ном тараах цаг дөхөх бүрд чи антихристтэй хамт зайдуухан зогсож, чихэр шиг үгсийг эрч хүчтэйгээр хэлж, тэднийг идэвхтэйгээр магтан сайшааж, итгэлийг нь олж авах ёстой. Тэд Бурханы үгийн ном, номлолын бичлэгийг чамд тараамагц тэднийг Дээрхэд мэдээлэх боломж хайж ол. Хэрвээ тэднийг Дээрхэд мэдээлэх арга зам байхгүй бол ялган таних чадвартай ах эгч нартай нэгдэж, антихристийг хязгаарлаж, хүлж боох боломж хай. Энэ нь үнэхээр чуулганыг хор хөнөөлөөс ангижруулж байгаа хэрэг бөгөөд Бурханы санаа зорилгод хамгийн их нийцдэг. Зарим хүн “Хэрвээ антихрист энэ төлөвлөгөөг мэдвэл яах вэ?” гэж асууж магадгүй. Хэрвээ чи энэ удаад итгэлгүй байвал дараагийн боломжийг хүлээ. Чамд зориг орж, нөхцөл байдал бүрдсэн үед чи арга хэмжээ ав. Товчхондоо, хэрвээ чи антихрист тэжээлийг чинь таслахаас айж байгаа бол эхлээд сүр дуулиан бүү гарга. Өөрийгөө бүү илчил, эсвэл антихристэд өөрийгөө бүү нэвт харуул. Хангалттай биеийн хэмжээтэй болсон үедээ, антихристийг эсэргүүцэхэд чамтай хамт зогсож чадах, антихристийг ялган таньж, голох чадвартай тохиромжтой хүмүүс, зөв хүмүүс, илүү олон хүнтэй болсон үедээ чи антихристтэй харилцаагаа тасалж болно. Энэ стратеги ямар сонсогдож байна вэ? (Сайн.) Зарим хүн: “Энэ чинь бусдыг хуурч байгаа хэрэг биш үү? Бурхан биднийг үнэнч шударга хүмүүс байгаасай гэж хүсдэггүй гэж үү? Энэ нь үнэнч шударга санагдахгүй байна” гэж хэлж магадгүй. Энэ нь бусдыг хуурч байгаа хэрэг үү? (Үгүй.) Энэ нь диаволаар тоглож байгаа хэрэг юм. Диавол болох антихристтэй харьцах үед ямар ч арга ашиглаж болно.
Та нар антихристүүдээс айдаг уу? Чиний эргэн тойронд, чиний өөрийн чуулганд үнэхээр антихрист байна гэж бодъё. Чи түүнийг анзаарсан; тэр эрх мэдэл, байр суурьтай бөгөөд олон хүн түүнийг дэмждэг. Түүнд бүлэглэл, хэдэн үнэнч дагагч бий. Чи түүнээс айх уу? Зарим хүн айна гэж хэлдэг. Айх нь зөв үү? Энэ айдаст наад зах нь нэг сайн, зөв тал бий. Би яагаад ингэж хэлж байна вэ? Хэрвээ чи тэднээс айж байгаа бол энэ нь ядаж л чи зүрх сэтгэлдээ тэднийг ёрын муу гэж, тэд чамайг тарчлааж, чамд хор хөнөөл учруулж чадна, тэд сайн хүн биш, эсвэл үнэнийг эрэлхийлдэг хүн биш гэж итгэж байгааг харуулж байна—ядаж л чи зүрх сэтгэлдээ тэдний талаар ийм ойлголт, ялган таних чадвартай юм байна. Хэдийгээр чи тэднийг антихрист гэж тодорхойлж, эсвэл антихрист гэдгийг нь ялган таньж чадахгүй байж болох ч тэд сайн хүн биш, үнэнийг эрэлхийлдэг, шулуун шударга, сайхан сэтгэлтэй, эсвэл үнэнч шударга хүн биш гэдгийг чи ядаж л мэддэг учраас тэднээс айдаг. Хэвийн, жирийн, эсвэл заль мэхгүй хүмүүс чөтгөрүүдээс гадна ихэвчлэн ямар хүмүүсээс айдаг вэ? (Ёрын муу хүмүүсээс.) Хүн бүр ёрын муу хүмүүсээс айдаг. Ядаж л, энэ хүн ёрын муу гэдгийг чи зүрх сэтгэлдээ мэддэг. Үүн дээр үндэслэн, Бурханы үг болон үнэн-зарчимд хандах тэдний хандлагыг ажигла; тэд үнэнийг хэрэгжүүлж байгаа эсэхийг хар, тэдний янз бүрийн зан авирыг ялган таньж, зан авираар нь дамжуулан тэдний мөн чанарыг ойлгож, ялган таньдаг бол. Эцсийн дүндээ, хэрвээ чи тэднийг антихрист гэдгийг тодорхойлж чадвал чиний айдаст өөр нэг бүрэлдэхүүн хэсэг болох тэднийг ялган таних чадвар нэмэгдэнэ. Хэдийгээр чи зүрх сэтгэлдээ тэднээс айж болох ч тэдний талд орохгүй, зүрх сэтгэлдээ тэднийг голно—энэ нь сайн зүйл үү, эсвэл муу зүйл үү? (Сайн зүйл.) Хэрвээ тэд чамаас өөрсөдтэй нь нэгдэж мууг үйлдэхийг шаардвал чи зөвшөөрөх үү? Чи зүрх сэтгэлдээ үүнийг ялган таних чадвартай байх уу? Хэрвээ тэд чамаас өөрсөдтэй нь нэгдэж Бурханыг хараах, эсвэл Түүнийг шүүхийг шаардвал чи зөвшөөрөх үү? Хэрвээ тэд бусдыг тарчлаахад, тодорхой хүмүүст Бурханы үгийн номыг тараахгүй байхад өөрсөдтэй нь хамтран ажиллахыг чамаас шаардвал чи зөвшөөрөх үү? Хэдийгээр чи эдгээр зүйлийг хийхийг зөвшөөрөхгүй гэдэгтээ 100% итгэлтэй биш байж болох ч ядаж л тэдний үйлдлийн талаар зүрх сэтгэлдээ ялган таних чадвартай байх болно. Чи тэдэнтэй хамт зарим зүйлийг дурамжхан, албадлагаар хийж болох ч чи хүчинд автсан учраас л тийм зүйл хийнэ, сайн дураараа хийхгүй; ядаж л чи гол хэрэгтэн нь биш, ихдээ л тэдний гэмт хэрэгт хамсаатан болно. Хэдийгээр чи тэднийг өөрийн биеэр ил болгож, эсвэл өдөөн хатгахгүй байж болох ч тэдний дагагч, эсвэл хамсаатан болж үйлдэхгүй. Энэ нь тодорхой хэмжээгээр антихристийг голж байгаа хэрэг юм. Ихэнх хүн ёрын муу хүмүүс болон антихристүүдээс айдаг учраас өөрсдийгөө хамгаалахын тулд л буулт хийж чаддаг, тиймээс чи үүнийг түр зуурын, аргацаасан арга хэмжээ болгон хийж чадаж байгаа нь хэдийнээ тун сайн хэрэг юм. Гэвч ийм түвшинд хүрэх нь гэрчлэлдээ бат зогсож байгаад тооцогдох уу? Үнэн-зарчмыг баримталж байгаад тооцогдох уу? Сатаныг ялж байгаад тооцогдох уу? Бурханы нүдээр бол тооцогдохгүй. Тэгвэл чи хэрхэн гэрчлэлдээ бат зогсож чадах вэ? Та нар бүгд замгүй бөгөөд өөрсдийгөө хамгаалахын тулд зүгээр л буулт хийж: “Тэд мууг үйлддэг ч би тэдэнтэй нэгдэж мууг үйлдэж зүрхлэхгүй; би шийтгүүлэхээс айдаг. Тэд бол ёрын муу хүмүүс; тэд хүмүүсийг тарчлаахын тулд муу зүйл хийдэг. Гэхдээ ямартай ч, би өөрөө хэнийг ч тарчлаагаагүй л бол зүгээр. Тэр муу үйл надад тохогдохгүй” гэдэг. Хэрвээ та нар ихдээ л үүнийг хийж чаддаг бол энэ нь хэдийнээ маш сайн хэрэг; чи ердөө л хүний ая тал харж, дундыг баримтлах аргыг хэрэглэж байгаа бөгөөд гэрчлэл хийж чадахгүй байна. Тэгвэл гэрчлэл хийхийн тулд юу хийх ёстой вэ? Хоосон сургаалын үүднээс хэлбэл, чи ёрын муу хүмүүсийг голох ёстой, антихристүүдийг голж, ил болгох ёстой, антихристүүд Бурханы гэрт дураараа дургиж, муу зүйл хийж, Бурханы гэрт хохирол учруулахаас сэргийлэх ёстой. Гэхдээ үүнийг яг яаж хийхийг чи мэдэх үү? (Дээрхэд мэдээлж, энэ талаар хэлнэ.) Энэ нь та нарын биелүүлж чадах үүрэг хариуцлага, үүрэг даалгаврын хэмжээ мөн үү? Энэ нь та нарын бат зогсож чадах бүх гэрчлэл, та нарт байгаа бүх биеийн хэмжээ мөн үү? Антихристийг мэдээлэхээс гадна та нар өөр юу хийж чадах вэ? (Бид эхлээд антихристийн байнга гаргадаг зан авир, муу үйлийн баримтуудыг цуглуулж, дараа нь эдгээр баримтад тулгуурлан ах эгч нартай антихристийг ялган таних талаар нөхөрлөж болно. Ах эгч нар антихристийг ялган таних чадвартай болмогц тэд бүгдээрээ антихристийг ил болгох арга хэмжээ авч, дараа нь бид тэднийг чуулганаас хөөж болно.) Алхам, процедур нь зөв боловч зарим онцгой тохиолдолд яах вэ? Чи удирдагчийн байр сууринаас ярьж байна, харин жирийн итгэгч антихристтэй таарвал яах вэ? Энэ нь өндөг чулуу мөргөхтэй адил биш гэж үү? Ийм нөхцөл байдалд та нар яах вэ? Орлого, зарлагыг бүртгэж, тайлагнахтай холбоотой нэгэн түүхийг Би та нарт ярьж өгье. Нэг нь гадаад хэрэглээнд, нөгөө нь дотоод хэрэглээнд зориулагдсан данс хөтөлдөг хүн байжээ. Нэг өдөр дотоод дансанд хоёр зуун долларын зөрүү гарчээ. Дараа нь зааварлагч дансыг шалгахаар ирээд зөрүүг харж: “Дотоод дансыг урж хая. Гадаад дансыг л үлдээ, тэгвэл ямар ч нотлох баримт үлдэхгүй” гэжээ. Тэнд байсан хүмүүсийн нэг нь үүнийг зөвшөөрөхгүй: “Энэ бол өргөл. Хэдий хэмжээний мөнгө байх нь хамаагүй, энэ бол Бурханы мөнгө; чи ингэж болохгүй” гэж хэлэв. Зааварлагч юу ч хэлээгүй байхад нь өөр нэг хүн: “Хоёр зуун доллар юу юм бэ? Антихристүүд завшихдаа нэг дор хэдэн арван мянгаар нь завшдаг” гэж хэлжээ. Ингээд тэр хүмүүс асуудлыг ийм байдлаар шийдвэрлэв. Гэвч дараа нь нэг хүн энэ арга барилыг буруу гэж үзээд, дээш нь шийдвэр гаргах багт мэдээлжээ. Багийнхан хоёр зуун доллар бол тийм ч их мөнгө биш бөгөөд тэд үүнийг шийдвэрлэх завгүй байна гэж хэлсэн. Чуулганы удирдагчдад мэдээлэхэд тэд ч бас үүнийг шийдвэрлээгүй бөгөөд бүгд энэ асуудлыг үл хайхарсан. Асуудлыг мэдээлсэн хүн сэтгэл гонсойж: “Энэ хүмүүс бүгд яаж ийм байж чаддаг байна аа? Тэд Бурханы өргөлд яаж ийм хариуцлагагүй хандаж чадаж байна аа? Тэд бүр ийм илэрхий хууран мэхлэлт хийж зүрхэлдэг байна шүү!” хэмээжээ. Тэр энэ талаар сэтгэл гонсгор байв. Нэг өдөр Намайг тэр хүмүүс дээр очих үед тэр хүн Надад энэ асуудлыг мэдээлж, нягтлан бодох бүртгэл хийж байсан хүн хайхрамжгүй хандсан, дансыг замбараагүй болгож, эцэст нь зөрүү гарсан гэж хэлсэн. Хэдийгээр энэ асуудал тийм ч том асуудал биш байсан ч холбогдох хүн бүрийн хандлага өөр өөр байсан. Зааварлагч, удирдагч гэгддэг энэ хүмүүс асуудлыг шийдвэрлээгүй. Тэд нягтлан бодох бүртгэл хийж байсан хүнийг явуулаагүйгээр үл барам түүнийг хамгаалах шалтаг олсон. Асуудлыг мэдээлсэн хүн үүнийг мэдээлсээр байсан; гэвч олон хүн түүнийг гадуурхсан. Надад хэлдээ, энэ хүн асуудлыг мэдээлэх үедээ ямархуу сэтгэлгээтэй байсан бэ? Хэрвээ тэр нөгөө хүнтэй, “Ердөө л хоёр зуун доллар шүү дээ, чи яагаад үүнийг ингэж сүр болгоод байгаа юм бэ? Антихристүүд завшихдаа нэг дор хэдэн арван мянгаар нь завшдаг” гэж хэлсэн хүнтэй адилхан хандлагатай байсан бол үүнийг мэдээлсээр байх байсан уу? Тэр тэгэхгүй байх байсан. Хэрвээ тэр: “Энэ миний мөнгө биш; завшихыг хүссэн хэн боловч завшиг—тэд үүнийхээ хариуцлагыг хүлээнэ. Ямартай ч, би юу ч завшаагүй, тиймээс би энэ хариуцлагыг хүлээх шаардлагагүй”; эсвэл “Би шийдвэр гаргах баг болон чуулганы удирдагчдад хэдийнээ мэдээлсэн бөгөөд тэд бүгд намайг үл тоосон, тиймээс би үүргээ биелүүлсэн, цаашид санаа зовох шаардлагагүй” гэж хэлсэн бол—хэрвээ тэр ийм хандлагатай байсан бол үүнийг тийм уйгагүй мэдээлсээр байж чадах байсан уу? Яавч үгүй; ихэнх хүн ихдээ л шийдвэр гаргах багт мэдээлснийхээ дараа болих байсан. Гэвч энэ хүн шийдвэр гаргах багт мэдээлэх үедээ Ноа, Абрахам хоёрын түүхийн талаарх Миний нөхөрлөлийг яг сонсож таарчээ. Сонссоныхоо дараа тэр сэтгэл нь хөдөлж: “Бурханы үгийг сонссоныхоо дараа Ноа ухралгүйгээр олон жилийн турш баримталсан. Гэтэл би иймхэн жижиг бэрхшээлтэй тулгараад тууштай байж чадахгүй байна—энэ нь хүний хийх ёстой зүйл биш!” гэж бодсон. Тиймээс тэр эцэст нь Дээрхэд хүрэх хүртэл мэдээлсээр байсан бөгөөд Дээрх асуудлыг шийдвэрлэсэн. Та нарын дунд ийм хүн олон бий гэж та нар бодож байна уу? Хэрвээ та нар ийм нөхцөл байдалтай тулгарвал та нарын хэд нь энэ хүн шиг тууштай байх вэ? Та нар ч бас хоёр зуун доллар тийм ч их биш, энэ тийм ч сүртэй зүйл биш гэж итгээд, улмаар зарчмыг тийм хатуу чанд баримтлах, эсвэл тийм нухацтай байх шаардлагагүй, их хэмжээний зөрүү гарах хүртэл хүлээж байгаад мэдээлж болно гэж бодох уу? Та нар: “Ямартай ч, би үүрэг хариуцлагаа биелүүлсэн. Үүнийг шийдвэрлэх эсэх нь удирдагчдаас хамаарна. Би зүгээр л жирийн итгэгч, надад ийм л хэмжээний эрх мэдэл бий, би үүнийг л хийж чадна. Би мэдээлсэн, би үүргээ биелүүлсэн; үлдсэн нь надад хамаагүй” гэж бодох уу? Та нар ингэж бодохгүй гэж үү? Хэрвээ хэн нэгэн чамайг дарангуйлбал чи мэдээлж зүрхлэхгүй байх биш үү? Энэ хүн асуудлыг мэдээлэх явцдаа дарангуйлалтай тулгарч, зарим хүн түүн рүү хуруугаараа чичилж, яллаж, үргэлж түүнийг тарчлаахыг эрмэлзэж байсан. Энэ хүмүүс ямар хорлонтой байсан бол! Би энэ хэдэн хүнийг санаж байна—Би яагаад тэднийг санадаг вэ? Тэд Бурханы гэрийн хоолыг идэж, Бурханы хангасан бүх үнэнийг эдэлсэн хэр нь Бурханы өргөлд ингэж хандсан. Тэднийг Бурханы гэрийн хүмүүс гэж үзэж болох уу? Тэд бол тэнцэхгүй! Тэдэнд ийм зан араншин байгаагүй учраас тэднээс гэрчлэлдээ бат зогсохыг шаардаагүй. Гэвч тэд хийх ёстой зүйлээ ч хийж чадаагүй юм чинь Бурханы гэрт үлдэх эрхтэй юу? Ийм хүмүүсийг санаж байх ёстой юу? Та нар ийм хүмүүст дуртай юу? (Үгүй.) Тэгвэл та нар ямар хүмүүст дуртай вэ? (Зарчмыг баримталдаг, Бурханы гэрийн ашиг сонирхлыг эцсээ хүртэл тууштай хамгаалдаг хүмүүст.) Сүрдмээр хүмүүсийг хараад айдаг ч заль мэхгүй хүмүүсийн өмнө зориг ордог тэр хэрэггүй амьтдаас Би ой гутдаг. Би бас ачийг бачаар хариулдаг хүмүүс, үнэнийг огт сонирхдоггүй хүмүүс, ялангуяа олон жилийн турш номлол сонссон ч үнэнийг огт ойлгоогүй, эсвэл өчүүхэн төдий ч өөрчлөгдөөгүй, зүрх сэтгэлийнхээ гүнд Бурханыг эсэргүүцэж, Түүнээс сэрэмжилсээр байдаг хүмүүсээс ой гутдаг. Хэрвээ ийм хүмүүс илэрхий ёрын мууг хийсэн тохиолдол байхгүй бол тэднийг антихрист гэж тодорхойлохгүй байж болох ч Би тэднээс ой гутдаг. Хэр зэрэг ой гутдаг вэ? Яг л антихристүүдээс ой гутдагтай адил. Яагаад тэр вэ? Антихристүүд Бурханы үгэнд зарах, наймаалцах, солилцох бараа таваар мэт хандаж, түүнээс ашиг олдог. Ийм төрлийн хүн Бурханы үгээс ашиг олохгүй байж болох ч Бурханы үгэнд хандах хандлагаас нь бид тэднийг антихристүүдтэй яг адилхан, Бурханы замыг дагадаггүй, тэр ч байтугай Бурханы өргөлд хандах ёстой энгийн бөгөөд хамгийн наад захын хандлага ч байхгүй, ачийг бачаар хариулдаг гэж дүгнэж болно. Тэд ямар гээчийн амьтад вэ? Тэд бол Эзэнийг болон найз нөхдөө худалддаг Иудасууд юм. Энэ түүхийг сонсоод та нар юу бодож байна вэ? Та нар ийм нөхцөл байдалд зарчмыг баримталж, байр сууриндаа бат зогсож чадах уу? Хэрвээ чи хэрэггүй амьтан бөгөөд үргэлж ухардаг, үргэлж антихристүүдийн хүчнээс, тэдэнд тарчлагдахаас айдаг, тэдний хүч өөрт чинь хор хөнөөл учруулахаас айдаг, мөн зүрх сэтгэлдээ үргэлж айдаг, үүнд хариу өгөх мэргэн ухаан дутмаг, үргэлж антихристүүдэд буулт хийдэг, тэднийг мэдээлж, эсвэл ил болгож зүрхэлдэггүй, тэднийг голоход чамтай нэгдэх бусад хүнийг олж зүрхэлдэггүй бол чи Бурханд хийх гэрчлэлдээ бат зогсож чадах хүн биш—чи бол хэрэггүй амьтан, ачийг бачаар хариулдаг этгээд юм. Антихристүүд Бурханы үгэнд бараа таваар мэт хандаж, тэдгээрийг ашиглан өөрсдөдөө зүй бусаар үлэмж их ашиг олж, чамайг сүрдүүлж, чиний тэжээлийг таслах үед, чи ийм нөхцөл байдалд тэднийг голж чадахгүй хэвээр байвал чи ялагч мөн үү? Чи Христийг дагагч байх эрхтэй юу? Хэрвээ Бурханы чамд үнэ төлбөргүй өгдөг үг болон сүнслэг тэжээлийг олж авах чадвар ч чамд байхгүй, эдгээр зүйлийг идэж, ууж, эдэлж ч чадахгүй бол энэ нь чамайг хэр үнэ цэнгүй болгох вэ?
Миний сая нөхөрлөсөн баримтууд бол антихристүүд Бурханы үгэнд бараа таваар мэт ханддагийн зарим илрэл юм. Антихристүүд Бурханы үгийг идэж, уудаггүй, үнэнийг хүлээж авдаггүй, тэд өөрсдийгөө гоёхын тулд л Бурханы үгийг өнгөцхөн гүйлгэж, зэрвэс хардаг. Тэд хүссэн мөнгө, ашиг тусаа олж авахын тулд арилжаа наймаа хийж чаддаг, мөн Бурханы сонгосон хүмүүсийн Бурханы үгийг унших, идэж, уух эрх чөлөөг хянаж чаддаг байхын тулд Бурханы үгэнд өөрсдийн эд зүйл, хувийн өмч мэт ханддаг. Ийм антихристүүд бол ёрын муу хүмүүс, диаволууд, үл итгэгчид юм; тэд бол шүтлэггүй хүмүүсийн төрөл! Бурханы гэрт гарч ирсэн нэгнийг нь хөөх ёстой, үүрд хөөх ёстой! Та нар ийм хүмүүстэй таарах үедээ тэднийг голж зүрхлэх үү? Та нар нэгдэж, тэднийг ил болгож зүрхлэх үү? Тэднийг ил болгох ёстой; тэднийг голох ёстой. Бурханы гэрт үнэн ноёрхдог. Хэрвээ чамд ийм биеийн хэмжээ байхгүй бол энэ нь Бурханы үг болон үнэн чиний дотор амь болоогүйг баталж байна. Хэрвээ чи хулчгар, Сатануудаас айдаг, ёрын муу хүмүүсээс айдаг бөгөөд Бурханы үгийг идэж, уухгүй, эсвэл олж авахгүй гэсэн үг байсан ч гэсэн антихристүүдтэй тэмцэхийн оронд өөрийгөө хамгаалахын тулд буулт хийхийг илүүд үздэг бол чи өлсөж үхвэл таарна, тэгвэл хэн ч чамайг өрөвдөхгүй. Хэрвээ та нар ийм нөхцөл байдалтай тулгарвал хэрхэн сонгож, хэрэгжүүлэх ёстой вэ? Та нар тэднийг даруй ил болгох ёстой. Бурханы үг бол бараа таваар биш; Бурханы сонгосон бүх хүнийг тэдгээрээр хангадаг бөгөөд тэдгээр нь аль нэг хүний хувийн өмч биш. Бурханы үгийг өгөхгүй хадгалах, эсвэл өөртөө эзэмших эрх хэнд ч байхгүй. Бурханы үгийг Бурханыг дагадаг сонгогдсон бүх хүнд үнэ төлбөргүй, ямар ч төлөөсгүйгээр тараах ёстой. Тэдгээрийг өгөхгүй хадгалдаг, тэдгээрээс зүй бусаар үлэмж их ашиг олохыг эрмэлздэг, эсвэл Бурханы үгийн талаар хувийн төлөвлөгөөтэй байдаг хэн боловч хараагдвал зохино. Тэд бол Бурханы сонгосон хүмүүсийн босож зогсоод ил болгож, голох ёстой хүмүүс бөгөөд тэднийг зайлуулж, тасалж хаях ёстой.
Миний өнөөдөр нөхөрлөсөн хоёр зүйл антихристүүд Бурханы үгийг хэрхэн басамжилдгийг хангалттай харуулж байна уу? (Тийм.) Антихристүүд Бурханы үгэнд хэзээ ч үнэн мэт ханддаггүй, мөн тэдгээрийг нандигнаж, дээдэлж, эсвэл Бүтээгчийн үг мэт ханддаггүй. Харин ч тэд алхам тутамдаа өөрсдийн хэлэхийн аргагүй, жигшүүртэй, олиггүй санаархлыг харуулдаг. Тэд Бурханы үгийг ашиглан өөрсдийн хэлэхийн аргагүй зорилгод хүрэхийг л хүсдэг бөгөөд материаллаг, эсвэл материаллаг бус зүйлсийн аль нь байсан, тэд Бурханы үгийг ашиглан өөрсдөдөө зүй бусаар ашиг олж, мөнгө, материаллаг зүйлсийг олж авахыг, эсвэл хүмүүсээр өөрсдийгөө зусардуулж, бишрэн харуулж, шүтэн бишрүүлж, дагуулах зорилгодоо хүрэхийг хүсдэг. Эдгээр зүйл нь Бурханд жигшмээр байдаг бөгөөд хүмүүс тэдгээрийг голох ёстой. Хэн боловч ийм хүмүүс, эсвэл ийм зүйл тохиолдож байгааг олж мэдвэл босож зогсоод тэднийг ил болгож, голж, ийм хүмүүсийг Бурханы сонгосон хүмүүсийн дунд бат зогсохыг нь болиулах ёстой. Зарим хүн эдгээр зүйлтэй таарвал Дээрхэд мэдээлнэ гэж хэлдэг боловч энэ нь хэтэрхий идэвхгүй, удаан байна. Хэрвээ чи ердөө эдгээр зүйлийг Дээрхэд мэдээлбэл чи үнэхээр үнэ цэнгүй юм! Чи Бурханы маш олон үгийг идэж, ууж, маш олон номлол сонссон хэр нь зөвхөн мэдээлэхээ л мэддэг—энэ нь чиний биеийн хэмжээ дэндүү бага байгааг харуулж байна! Чамд антихристүүдтэй харьцах өөр арга байгаа байлгүй дээ? Дээрхэд мэдээлэх нь эцсийн арга, үнэхээр шаардлагатай үед л хийдэг алхам юм. Хэрвээ чи тоогоор цөөн, хүч дутуу, ялган таних чадваргүй бөгөөд хэн нэгнийг антихрист мөн эсэхэд эргэлзэж байвал тэдний янз бүрийн илрэл, үйлдлийг ил болгож зүрхлэхгүй байж магадгүй. Гэвч хэрвээ чи тэднийг антихрист гэдэгт итгэлтэй байгаа хэр нь тэдний эсрэг босож тэмцэх, тэднийг голох, ялахаас зүрхшээж байвал чи үнэхээр үнэ цэнгүй биш гэж үү? Чиний ойлгодог жаахан үнэн ашиглагдахгүй байна. Чиний ойлгож, сонсож байгаа зүйл үнэн гэдэгт чи итгэлтэй байна уу? Хэрвээ тийм бол чи яагаад хатуу чанд, зөв шударгаар босож зогсоод антихристүүдтэй тэмцэж зүрхэлдэггүй юм бэ? Антихристүүд эрх баригчид биш шүү дээ—чи тэднээс юунд нь айдаг юм бэ? Хэрвээ чи тэднийг яаран ил болговол тэд чамайг эрх баригчдын гарт тушааж болзошгүй нөхцөл байдал үүсэхээр бол—ийм нөхцөлд чи болгоомжтой байж, тэднийг уурлуулалгүй, ухаалаг арга ашиглан антихристүүдийг сэмхэн шүүмжилж, нэр хүндийг нь унагаж, аажмаар таягдан хаях ёстой. Тэднийг чимээгүйхэн таягдан хаях нь илүү биширмээр биш гэж үү? (Тийм.) За, өнөөдрийн нөхөрлөл үүгээр өндөрлөж байна. Баяртай!
2020 оны 9 дүгээр сарын 12