9-р зүйл: Тэд өөрсдөө ялгарч, хувийн ашиг сонирхол, амбицаа хангахын тулд л үүргээ биелүүлдэг; тэд Бурханы гэрийн ашиг сонирхлыг хэзээ ч бодолцон үздэггүй, харин ч бүр хувийн алдрын хариуд тэдгээр ашиг сонирхлоос урвадаг (VI хэсэг)
II. Антихристүүдийн ашиг сонирхол
Өнгөрсөн удаа бид антихристүүдийн янз бүрийн илрэлийн ес дэх зүйлийн талаар нөхөрлөсөн: Тэд өөрсдөө ялгарч, хувийн ашиг сонирхол, амбицаа хангахын тулд л үүргээ биелүүлдэг; тэд Бурханы гэрийн ашиг сонирхлыг хэзээ ч бодолцон үздэггүй, харин ч бүр хувийн алдрын хариуд тэдгээр ашиг сонирхлоос урвадаг. Дараа нь бид антихристүүдийн ашиг сонирхлыг хэд хэдэн зүйлд хуваасан. Нэгдүгээрт, тэдний аюулгүй байдал, хоёрдугаарт, тэдний нэр хүнд, байр суурь, гуравдугаарт, ашиг тус. Эдгээр ашиг тусад юу багтдаг вэ? (Нэгдүгээрт, Бурханы гэрийн хөрөнгийг шамшигдуулах, хоёрдугаарт, ах эгч нарыг өөртөө үйлчлүүлж, ажиллуулах, гуравдугаарт, Бурханд итгэх нэрийн дор байр сууриа ашиглан хоол унд, бусад хүсэмжит зүйлсийг залилан мэхэлж олж авах.) Энэ “бусад зүйлд” онцгой хангамж эдлэх, хувийн ажил хэргээ зохицуулах зэрэг багтдаг, тийм үү? (Тийм.) Ийм маягаар нөхөрлөхдөө үндсэн сэдвийг дэд сэдвүүдэд хувааж, дэд сэдвүүдээ янз бүрийн талууд болгон хувааж нөхөрлөх нь та нарыг будилуулж байна уу? (Үгүй.) Үнэндээ ийм маягаар нөхөрлөх тусам юмс улам тодорхой болох учиртай. Бид антихристүүдийн ашиг сонирхлын гурван зүйлийн талаар нөхөрлөсөн, гэхдээ хамгийн чухал өөр нэг зүйл буюу антихристүүдийн ашиг сонирхлын дөрөв дэх зүйл—тэдний хэтийн ирээдүй, хувь заяа юм. Хэтийн ирээдүй, хувь заяа бол антихристүүдийн Бурханд итгэхдээ өвөрлөдөг гол зорилго нь юм. Энэ нь мөн тэдний зүрх сэтгэлдээ тээдэг хамгийн том хүсэл эрмэлзэл, зүрх сэтгэлийнхээ угаас эрэлхийлдэг хамгийн өндөр дээд зүйлс юм. Хэтийн ирээдүй, хувь заяа гэх энэ сэдэв та нарт танил байх. Энэ нь ирээдүйд юм уу дараагийн эрин үед хүмүүс хаана очих, хаашаа явах, эсвэл хүмүүс хаашаа чиглэж байгаатай холбоотой—товчхондоо, тэдний ирээдүйн хүрэх газартай холбоотой. Энэ нь Бурханд итгэдэг хүн нэг бүрийн зүрх сэтгэл дэх хамгийн том, хамгийн чухал зүйл биш гэж үү? (Тийм.) Хэтийн ирээдүй, хувь заяа бол Бурханд итгэдэг бүх хүний хувьд асар чухал юм. Тиймээс, антихристүүдийн хувьд тэдний ашиг сонирхлын хамгийн гол цөм нь тэдний хэтийн ирээдүй, хувь заяа, өөрөөр хэлбэл хүрэх газар нь байж таарна гэдэг нь ойлгомжтой.
Г. Тэдний хэтийн ирээдүй, хувь заяа
Антихристүүдийн ашиг сонирхол дахь хэтийн ирээдүй, хувь заяаны талаар мөн янз бүрийн өнцөг, талаас нь нөхөрлөцгөөе, тэгвэл харьцангуй тодорхой болох болно. Өмнө нь бидний нөхөрлөсөн антихристүүдийн янз бүрийн ашиг сонирхолд материаллаг болон материаллаг бус ашиг сонирхол аль аль нь багтдаг. Жишээлбэл, хүний өөрийн аюулгүй байдал, нэр хүнд болон байр суурь бүгд материаллаг бус ашиг сонирхол юм; тэдгээр нь зүгээр л тэдний сүнслэг ертөнц дэх биет бус зүйлс билээ. Харин материаллаг ашиг сонирхолд эд хөрөнгө, хоол унд, түүнчлэн онцгой хангамж, материаллаг таашаал зэрэг багтдаг. Тэгвэл өнөөдрийн нөхөрлөх хэтийн ирээдүй, хувь заяа нь юуг хамардаг вэ? Хэрвээ бид үүнийг хүний үзлийн үүднээс харвал, эдгээр нь биет зүйл үү, эсвэл биет бус зүйл үү? (Биет бус зүйл.) Тиймээс эдгээр нь хүмүүсийн сүнслэг ертөнцөд, тэдний үзэл, төсөөлөлд, оюун санаанд оршдог зүйлс байх ёстой. Хүмүүсийн хувьд эдгээр зүйл нь нэг төрлийн найдвар, дэмжлэг бөгөөд хүмүүсийн бүхий л амьдралаа зориулан эрэлхийлдэг зүйл юм. Хэдийгээр эдгээр зүйл хүмүүсийн нүдэнд харагддаггүй, гарт баригддаггүй ч хүмүүсийн зүрх сэтгэлд давамгайлах байр суурь эзэлж, хүмүүсийн бүхий л амьдралыг ноёрхож, бодол санаа, үйлдэл, сэдэл болон эрэлхийллийнх нь чиглэлийг хянаж байдаг. Тиймээс, хэтийн ирээдүй, хувь заяа хүн бүрд асар чухал юм! Хэтийн ирээдүй, хувь заяа чухал хэдий ч антихристүүд тэдгээрийг хэвийн, эгэл жирийн хүмүүсээс тэс өөр арга замаар эрэлхийлдэг. Энэ ялгаа яг юунд байна вэ? Ямар талууд үүнийг харуулж, энэ бол антихристийн эрэлхийлэх арга барил, антихристийн онцлог шинж мөн гэдгийг тодорхой харж, ялган таних боломжийг хүмүүст олгодог вэ? Үүнийг хэлэлцэж, нөхөрлөвөөс зохилтой биш гэж үү? Мэдээж, олон хүний илрэлүүд нь жинхэнэ антихристүүд болон антихристийн мөн чанартай хүмүүсийнхтэй олон талаар төстэй байдаг. Гэвч тэдний илрэл, зан чанар нь адилхан байлаа ч гэсэн мөн чанар нь өөр өөр байдаг. Антихристүүдийн ашиг сонирхлын дөрөв дэх зүйл—хэтийн ирээдүй, хувь заяаны талаар янз бүрийн талаас нөхөрлөцгөөе.
Хэтийн ирээдүй, хувь заяаг бид хэрхэн задлан шинжилж болох вэ? Антихристүүдийн ашиг сонирхол дахь хэтийн ирээдүй, хувь заяа нь үнэнд нийцдэггүй бөгөөд антихристийн мөн чанарын илчлэлт мөн гэдгийг задлан шинжлэхийн тулд бид ямар арга барил, ямар жишээ ашиглаж болох вэ? Үүнийг ямар талуудаас задлан шинжилж болох вэ? Үүнийг анхааралтай судлах шаардлагатай. Хүмүүст антихристүүдийн мөн чанарыг илүү үнэн зөв, тодорхой ойлгуулахын тулд үүнийг хэд хэдэн том ангилалд хуваацгаая. Нэгдүгээрт, антихристүүд Бурханы үгэнд хэрхэн ханддаг, хоёрдугаарт, антихристүүд үүрэгтээ хэрхэн ханддаг, гуравдугаарт, антихристүүд засалтад хэрхэн ханддаг, дөрөвдүгээрт, антихристүүд “үйлчлэл үзүүлэгч” гэдэг цолонд хэрхэн ханддаг, тавдугаарт, антихристүүд чуулган дахь байр сууриндаа хэрхэн ханддаг юм. Яагаад энэ таван ангилал гэж? Үүнийг тунгаан бодоод үз. Та нар тус бүрийнх нь талаар бага ч болов ойлголт авч чадах уу? Антихристүүдэд хамаарах зарим харгалзах илрэл, эсвэл зан чанарыг олж чадах уу? Энэ таван ангиллын суурин дээр яг юуг задлан шинжлэх ёстой вэ? Эдгээр ангиллын тухайд, антихристүүдийн гол онцлог шинж болон тэдний харуулдаг үндсэн зан чанар юу вэ, мөн үнэнийг эрэлхийлдэг хэвийн хүмүүс болон жирийн завхарсан хүмүүсийн илрэл юу вэ? Антихристүүд болон жирийн завхарсан хүмүүсийн хооронд ямар ялгаа байна вэ? Энэ ялгаа юунд оршдог вэ? Тэдний сонгосон замууд хоорондоо ямар ялгаатай вэ? Тэдний илрэлийн ялгаа юу вэ? Та нар эдгээр ангиллын талаарх ямар нэг ойлголт байна уу? (Энэ таван ангилалд, антихристүүд голчлон Бурханы үгэн дэх үнэнд үндэслэн аливааг хардаггүй. Тэд өөрсдөд нь хэтийн ирээдүй, хувь заяа байгаа эсэхийг харахын тулд өөрсдийн үзэл, төсөөлөлд үндэслэн тодорхой зүйлсийн өнгөц харагдах байдал, эсвэл өөрсдийн нөхцөл байдлыг үргэлж ашиглан Бурханы санаа зорилгыг таамагладаг. Жишээлбэл, үүргийнх нь тухайд, хэрвээ тэд олны анхаарлыг татаж, хүсэл, нэрэлхүү зан, бардамналаа хангаж чадвал өөрсдөө Бурханы гэрт хэрэгтэй хүмүүс мэт, хэтийн ирээдүй, хувь заяатай мэт тэдэнд санагдана. Засалт туулмагцаа тэд, Бурхан өөрсдөд нь дургүйцэж, Бурхан өөрсдөд нь сэтгэл дундуур байна гэж бодох бөгөөд Бурханд итгэх итгэлийн талаар урам хугарч, цөхрөн, дотор нь сөрөг байдал, эсэргүүцэл төрнө.) Энэхүү дүгнэлт нь бага зэрэг гэрэл өгч, энэ хэрэг явдал дахь үнэнийг бага зэрэг хөндөж байна. Та нарын хэлсэн зүйлийн ерөнхий утгаас харвал, та нар энэ таван ангиллын талаар үндсэн ойлголттой болсон бололтой. Дараа нь бид эдгээрийн талаар нэг бүрчлэн нөхөрлөх болно.
1. Антихристүүд Бурханы үгэнд хэрхэн ханддаг вэ
Нэгдүгээр ангилал нь антихристүүд Бурханы үгэнд хэрхэн ханддаг вэ гэдэг юм. Антихристүүд ч бас Бурханд итгэж, Бурханыг дагадаг хүмүүс; тэд ч бас гартаа Бурханы үгийг барьж, номлол сонсож, цуглаанд оролцож, хэвийн сүнслэг амьдралаар амьдардаг. Антихристүүдийн хувьд Бурханы үгийг унших нь ч бас амьдралынх нь нэг хэсэг бөгөөд тэд үүнийг байнга хийдэг. Хэдийгээр хоёулаа Бурханы үгийг уншдаг ч антихристүүд үнэнийг эрэлхийлдэг хүмүүсээс өөр байдаг; тэд Бурханы үгэнд тэс өөр хандлагаар ханддаг. Тэгвэл антихристүүд Бурханы үгэнд хэрхэн ханддаг вэ? Нэгдүгээрт, тэд Бурханы үгийг судлан шинжилж, задлан шинжилж, хачин өнцөг болон үзэл бодлын үүднээс судалдаг. Яагаад Би үүнийг “судлах” гэж нэрлэж байна вэ? Объектив нөхцөл байдалд үндэслэвэл, антихристүүд эдгээр нь Бурханы үг мөн гэдгийг хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй байдаг бөгөөд Бурханы үг маш өндөр дээд тул эгэл жирийн хүмүүс илэрхийлж чадахгүй, эдгээр үгийг өөр хаанаас ч олох боломжгүй гэдгийг ч зүрх сэтгэлдээ мэдэрдэг. Үүний үндсэн дээр тэд эдгээр нь Бурханы үг мөн гэдгийг хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй хүрдэг, гэхдээ тэд Бурханы үгийг үнэн гэж хүлээж авдаг уу? Үгүй. Тэгвэл антихристүүд яагаад Бурханы үгийг уншсаар байдаг вэ? Яагаад гэвэл, Бурханы үгэнд тэдэнд хэрэгтэй зүйлс, тэдний мэдэхийг хүсдэг зүйлс, сүнслэг ертөнцөд нь тэднийг тэжээж тэтгэдэг зүйлс байдаг. Эдгээр зүйл юу вэ? Мэдээж эдгээр нь антихристүүдийн хэтийн ирээдүй, хувь заяатай нягт холбоотой. Антихристүүд Бурханы үгийг судлах үедээ хүрэх газар, төгсгөл, ирээдүйд хүмүүс хаана очих зэрэгтэй холбоотой үгсийг байнга хайж байдаг. Тиймээс антихристүүд Бурханы үгийг уншихыг “судлах” гэж нэрлэдэг бөгөөд тэд Бурханы үгийг унших зуураа судалж, шинжилж, дүгнэлт хийж байдаг. Тэд Түүний үгийг унших зуураа судалдаг: “Бурхны ярианы өнгө аясаас үзвэл, тэр ийм төрлийн хүмүүст дургүй бололтой. Яагаад би өөрөө тэдний нэг юм шиг санагдаад байна вэ? Бурхан энэ хүмүүст ямар хүрэх газар өгдгийг би олж мэдэх ёстой.” Ийм хүмүүсийг ёроолгүй нүх рүү өшиглөнө гэж Бурхан хэлэхийг хараад тэд дотроо “Энэ ч муу хэрэг шүү. Ёроолгүй нүх рүү өшиглүүлнэ гэдэг чинь дуусна гэсэн үг, тийм биз дээ? Ийм төрлийн хүмүүст хэтийн ирээдүй байхгүй, сайн хүрэх газар байхгүй юм байна, тэгвэл би яах ёстой вэ?” гэж боддог. Тэдний зүрх сэтгэл битүүхэн хөндүүрлэж, түгшиж, тавгүйтдэг. “Бурхан үнэхээр ийм хүмүүст ингэж ханддаг гэж үү? Үгүй ээ, би бууж өгч болохгүй.” Ингээд тэд Бурханы үгийг үргэлжлүүлэн хайдаг. Бурханы үгэнд “Хөвгүүд минь, Би та нарын төлөө тэгнэ, ингэнэ, та нарт ийм, тийм зүйл тохиолдоно” гэж хэлснийг хараад тэд цаашид тавгүйтэхээ больдог. “Бурхны үг зүрх сэтгэлийг минь дулаацуулж байна, үнэхээр гайхалтай. Би бол бурхны ярьдаг ‘хөвгүүдийн’ нэг мөн.” Дараа нь тэд Бурханы үгэнд дурдагдсан “ууган хөвгүүд”, “хаан болж хаанчлах” гэдгийг хараад, “Гайхалтай! Бурханд итгэх нь ашиг тус, гэрэлт ирээдүйтэй юм. Би зөв зам сонгожээ. Би зөв бооцоо тавьж. Би итгэлдээ хичээнгүй байж, бурхны өмсгөлөөс зуурах ёстой. Би эцсийн мөчид ч бууж өгч болохгүй!” гэж боддог. Тэд үргэлжлүүлэн уншихдаа Бурханы үгэнд “эцсээ хүртэл дагадаг хүн гарцаагүй аврагдана” гэж дурдсаныг хардаг. Антихристүүдийн хувьд үүнийг унших нь аврах олсноос зуурахтай адилхан. “Би эдгээр үгийн дагуу хэрэгжүүлнэ. Хэзээ, хаана ч байсан, юу ч тохиолдсон, далай ширгэж, хад чулуу элс болсон ч, хөх тэнгис ногоон тал болж хувирлаа ч гэсэн эдгээр үг өөрчлөгдөхгүй. Тэнгэр газар устаж үгүй болсон ч эдгээр үг үгүй болохгүй. Би эдгээр үгийг сахиж л байвал сайн төгсгөл, сайн хүрэх газартай байх биш үү? Миний хэтийн ирээдүй, хувь заяа баталгаажих биш үү? Гайхалтай! Би эцсээ хүртэл дагадаг хүн байх ёстой!” Ийнхүү ахин дахин хайж, ингэж судалж, тэгж задлан шинжилснээр тэд эцэст нь Бурханы үгээс аврах олс олж, хамгийн том “нууц”-ыг нээдэг. Тэд баяр хөөрт автаж, “Эцэст нь би таягдан хаягдана гэж санаа зовох хэрэггүй, хүхэртэй галт нуур руу явна гэж санаа зовох хэрэггүй, там руу явна гэж санаа зовох хэрэггүй боллоо. Эцэст нь би хүрэх газраа олж, хүн төрөлхтний үзэсгэлэнтэй сайхан хүрэх газар болох диваажинд очих замыг эцэст нь оллоо—ямар сайхан бэ!” Гэвч энэ нь удаан үргэлжилдэггүй бөгөөд тэд Бурханы үгийн “Хүрэх газрын тухай” бүлгийг унших үедээ “Эдгээр үгэнд хүрэх газрын талаар юу гэж хэлсэн байна вэ? Бурхан янз бүрийн хүмүүсийн хүрэх газрын талаар тийм ч тодорхой хэлээгүй бололтой. Бурхан яг юу гээд байна вэ? Би яах ёстой вэ? Би санаа зовох ёсгүй, үргэлжлүүлэн унших хэрэгтэй” гэж боддог. Дараа нь тэд Бурханы “хүрэх газрынхаа төлөө хангалттай сайн үйл бэлд” гэж хэлэхийг хараад энэ талаар дахиад жаахан боддог. “Хэрвээ би сайн хүрэх газартай болохыг хүсвэл хангалттай сайн үйл бэлдэх хэрэгтэй юм байна. Бурхан нэгэнт болзлууд тавьсан болохоор энэ нь аливааг илүү хялбарчилж байна. Би цаашид утгагүй чармайлт гаргаж, хий дэмий зүйл хийгээд байх хэрэггүй—одоо би хаашаа хүчин чармайлт гаргахаа мэдлээ.” Нөхөрлөлөөр дамжуулан антихристүүд сайн үйл гэж юу болохыг мэдэж авч, “зам” олж, шийдэлтэй болдог. “Ийм энгийн байсан байж таарлаа. Өглөг, өргөл өгөх нь сайн үйл юм байна. Сайн мэдээ номлож, илүү олон хүн олж авах нь сайн үйл. Ах эгч нарыг дэмжих нь сайн үйл. Өөрийнхөө эрхэмлэдэг зүйлсийг бусдад өгөх нь сайн үйл. Хүрэх газрынхаа төлөө би бүхнээ зориулна; би энэ бүх зүйлийг өгнө!” Гэвч дараа нь тэд “Үгүй ээ. Хэрвээ би хамаг мөнгө, материаллаг эзэмшлээ өгчихвөл ирээдүйд яаж амьдрах юм бэ? Бурхны ажил хэзээ дуусаж, хүмүүсийн дэлхий дээрх амьдралд хэзээ эдгээр зүйл шаардлагагүй болохыг харахын тулд би эхлээд бурхны үгийг унших ёстой. Би яарах ёсгүй. Гэхдээ би эдгээр зүйлийг өргөн барихгүй бол яаж сайн үйл бэлдэж чадах билээ? Зарим ах эгч нарыг гэртээ байлгаж, хүн олж авахын тулд сайн мэдээ номлох нь хийхэд амархан зүйлс. Би эдгээр зүйлийг хийж чадна” гэж боддог. Тэд сайн үйл бэлдэхийн зэрэгцээ зүрх сэтгэлдээ хэчнээн сайн үйл бэлдсэнээ, сайн хүрэх газартай болох магадлал нь хэр байгааг байнга тоолж байдаг. “Би ийм олон сайн үйл бэлдсэн байхад бурхан яагаад надад шийдвэртэй хариу өгөхгүй байна вэ? Бурхны ажил хараахан дуусаагүй, тэгвэл би яах ёстой вэ? Үгүй ээ, бурхны үгэнд хэтийн ирээдүй, хувь заяаны талаар өөр юу гэж хэлсэн, өөр ямар тодорхой тайлбар байдгийг би харах хэрэгтэй” гэж боддог. Тэд Бурханы үгийг ахин дахин үргэлжлүүлэн хайдаг. Хэрвээ тэд хэтийн ирээдүй, хувь заяанд нь ашиг тустай зүйл олбол баярладаг; хэрвээ хэтийн ирээдүй, хувь заяатай нь зөрчилдөх зүйл олбол шаналдаг. Ийм байдлаар тэд Бурханы үгийг уншсан он жилүүддээ Бурханы үгээс болж удаа дараа сөрөг, сул дорой болж, Түүний үгээс болж ахин дахин эерэг болж, баярлаж, хөөрөн баясдаг. Гэсэн хэдий ч тэдэнд ямар байдал, сэтгэл хөдлөл үүсэхээс үл хамааран, тэд хүрэх газар, хэтийн ирээдүй, хувь заяандаа автсан байдлаасаа хэзээ ч салж чаддаггүй бөгөөд янз бүрийн хүмүүсийн төгсгөлийн талаарх тодорхойлолт, мэдэгдлийг Бурханы үгээс үргэлжлүүлэн хайдаг. Товчхондоо, тэд Бурханы үгэнд хамаг хүчин чармайлтаа гаргадаг. Тэд Бурханы үгийг яаж ч уншлаа гэсэн Бурханы үгэнд үнэн, зам, амь байдгийг ер мэддэггүй. Тэд Бурханы үгээс өөрсдийн хүрэх газар, хүн төрөлхтний хүрэх газар, там руу явахаас болон хүрэх газраа алдахаас зайлсхийх замыг олж чадна гэдгээ л мэддэг. Тэгвэл, олон жилийн турш Бурханы үгийг ийм маягаар уншсаны дараа тэд юу олж авсан бэ? Тэд олон зөв хоосон сургаал, сүнслэг онолын талаар ярьж чаддаг ч Бурханыг эсэргүүцдэг, Бурханд тэрсэлдэг, үнэнийг хэрэгжүүлдэггүй, үнэнийг огт хайрладаггүй өөрсдийн мөн чанартай Бурханы үгийг холбож яасан ч чаддаггүй.
Антихристүүд нууцуудын талаарх Бурханы илчлэлийг олохын тулд Бурханы үгийг үргэлж судалж, хайдаг. Тэд мөн Түүний үгээс шинэ нэр томьёо, шинэ зүйлс, шинэ үгсийг хайж, сүнслэг ч бай, үгүй ч бай ямар ч хүнд мэдэгдээгүй зарим нууцыг ч хайхдаа тулдаг, тухайлбал, инжир гэж юу болох, 144,000 эрэгтэй хүүхдийн утга учир юу болох, ялагч гэж юу болох, түүнчлэн Илчлэл номд байдаг, хүмүүсийн олон жилийн турш судлаад ч ойлгоогүй зарим үг, нэр томьёог хайдаг. Тэд эдгээр зүйл дээр тун шаргуу ажилладаг бөгөөд эдгээр үгэнд хүмүүсийн хүрэх газрын талаарх ямар нэгэн үг байгаа эсэх, хүмүүсийн хүрэх газрын талаарх ямар нэгэн тодорхой тайлбар байгаа эсэхийг байнга хайж, судалж байдаг. Гэхдээ тэд хичнээн шаргуу хайсан ч хүчин чармайлт нь үргэлж талаар болдог. Тиймээс, антихристүүд Бурханы үгийг уншиж, Бурханыг дагаж, чуулганд олныг дагах зуураа зүрх сэтгэлийнхээ гүнд үргэлж тавгүйтэж байдаг. Тэд өөрсдөөсөө “Би ерөөл хүртэж чадах уу? Миний хэтийн ирээдүй, хувь заяа яг юу вэ? Бурхны хаанчлалд надад зориулсан орон зай байх болов уу? Миний хүрэх газар ирэх үед би хөх тэнгэр ширтээд байж байх уу, эсвэл өөрийнхөө гарыг ч харж чадахааргүй түнэр харанхуй ертөнцөд байх уу? Миний хүрэх газар яг юу вэ?” гэж үргэлж асуудаг. Тэд зүрх сэтгэлдээ өөрсдөөсөө ингэж асуусаар байхын зэрэгцээ зүрх сэтгэлийнхээ гүнд Бурханаас чимээгүйхэн ингэж асуудаг: “Би тэнгэрийн хаанчлалд орох шаардлага хангасан уу? Би там руу явахаас зайлсхийж чадах уу? Ингэж эрэлхийлснээрээ би тэнгэрийн хаанчлалд орж чадах уу? Би ирээдүйн ерөөлийг хүртэж чадах уу? Би ирэх ертөнцөд орох уу? Бурхны хандлага юу вэ? Миний санааг амраахын тулд бурхан яагаад надад энэ хэрэг явдлын талаар үнэн зөв, тодорхой хариу өгдөггүй юм бэ? Миний төгсгөл яг юу вэ?” Энэ нь антихристүүд Бурханы үгийг судлан унших үедээ, мөн олныг дагаж, урагшлахаас өөр аргагүй болох үедээ зүрх сэтгэлийнхээ гүнд боддог зүйл биш гэж үү? Энэ бол тэдний зүрх сэтгэлийнхээ гүнд хэтийн ирээдүй, хувь заяандаа ханддаг хандлага юм: Тэдний оюун санаа байнга эдгээр зүйлд эзэмдүүлсэн байдаг бөгөөд тэд үүнтэй цөхрөлтгүй зууралдан, тавьж явуулахаас татгалздаг.
Антихристүүд Бурханы үгийг судлах үед хүрэх газраа хайх, нууцыг судлахаас илүүтэйгээр тэдний сонирхлыг татдаг нэг зүйл бий; тэр нь бие махбодтой болсон Бурхан хэзээ дэлхийг орхин явах, Тэр хэзээ үйлчлэлээ дуусгах, Түүний агуу үйл хэрэг хэзээ гүйцэлдэх, Түүний ажил хэзээ дуусах, Түүнийг дагадаг хүмүүс хэзээ агуу ерөөл эдэлж, Түүний жинхэнэ хэлбэрийг харах вэ гэдэг юм. Бурхан дэлхийг орхин явахыг харж чадах эсэх нь ч бас тэдний хамгийн их анхаардаг зүйл юм. Бурханы удирдлагын төлөвлөгөө амжилттай дуусах өдрөөс гадна, Христ хэзээ дэлхийг орхин явах, Христийг дэлхийг орхих үед ямар байх, тэд одоо хэдэн настай байгаа, 10 эсвэл 20 жилийн дараа амьд байж, Христ дэлхийг орхин явахыг харах эсэх, хэрвээ харвал юу болох, харж чадахгүй бол юу болох талаар тэд илүү их анхаардаг; энэ нь тэдний оюун санаан дахь тооцоолол юм. Зарим нь дотроо, “Би хэдийнээ 60 настай. Хэрвээ би 10 жилийн дараа амьд байвал христ дэлхийг орхин явахыг харж чадах ёстой, гэхдээ 10 жилийн дараа бурхны ажил дуусах үед би хэдийнээ үхсэн байвал миний бурханд итгэх итгэл ямар хэрэгтэй юм бэ? Хэдийгээр бурхан намайг энэ эрин үед төрүүлэхээр урьдчилан тодорхойлсон ч, хэрвээ бурхныг дагагч би ийм агуу, том үйл явдлын гэрч болох боломжийг алдвал ерөөгдсөн хүн гэж тооцогдож чадахгүй, мөн би ямар ч агуу ерөөл хүртээгүй байх болно!” гэж тунгаан боддог. Ийм бодол нь тэдэнд аз жаргалгүй байдал, сэтгэл дундуур байдлыг төрүүлдэг. Тэд хэр зэрэг сэтгэл дундуур байдаг вэ? “Би хэдийнээ ийм хөгшин болчихсон; бурхан яагаад одоо болтол дэлхийг орхин яваагүй байгаа юм бэ? Бурхны ажил яагаад одоо хүртэл дуусаагүй байгаа юм бэ? Бид хэзээ сайн мэдээ номлож дуусах юм бэ? Бурхны ажил хурдан дуусаг, бурхан өөрийнхөө агуу үйл хэргийг хурдан гүйцэлдүүлэг, сүйрэл хурдан бууг, бурхан хурдхан Сатаныг устгаж, ёрын муу хүмүүсийг шийтгэг!” Тэд юу хийж байна вэ? Тэд хувийн хүсэлдээ үндэслэн Бурханд шаардлага тавьж, Түүнийг хүссэнээрээ хөдөлгөх гэж найдаж байгаа бус уу? Тэдний энэ хүсэлд хувийн ашиг сонирхол нь агуулагдаж байгаа биш гэж үү? Өөрсдийн ашиг сонирхлын улмаас тэд Бурхан агуу үйл хэргээ гүйцэлдүүлж, сүйрэл хурдан бууж, Бурхан хурдхан мууг шийтгэж, сайныг шагнаж, Бурхан алдар суугаа хүртээсэй гэж тэсэн ядан найддаг. Тэд зүрх сэтгэлдээ ямар сэдэл агуулж байна вэ? Тэд Бурханы санаа зорилгыг бодолцож байна уу? (Үгүй.) Тэд юу хийж байна вэ? (Тэд ерөөл хүртэх гэж найдаж байна.) Тэд өөрсдийн ашиг сонирхол, хүрэх газрын төлөө Бурханы удирдлагын төлөвлөгөөний ажлыг өөрсдийнх нь хүрэх газрыг тойрон эргэлдүүлэхийг хүсдэг. Энэ нь жигшүүртэй, ичгүүргүй хэрэг биш гэж үү? Бүх хэрэг явдал дээр антихристүүдийн харуулдаг мөн чанар юу вэ? Ашиг сонирхлоо бүхнээс дээгүүр тавьж, ашиг сонирхлоо хамгийн дээр байлгах явдал юм. Өөрөөр хэлбэл, тэд юуг ч, Бурханы удирдлагын төлөвлөгөөг ч ашиг сонирхолтой нь зөрчилдөхийг зөвшөөрдөггүй. Бурханы ажил хэзээ төгсөх, Түүний агуу үйл хэрэг хэзээ дуусах, Тэр хэзээ алдар сууг хүлээн авах, Тэр хүн төрөлхтнийг хэзээ устгах зэрэг энэ бүхэн нь тэдний ашиг сонирхол, хүрэх газрыг тойрон эргэлдэх ёстой, энэ бүхэн тэдний хүрэх газартай холбоотой байх ёстой. Эс бөгөөс тэд Бурханыг үгүйсгэж, Бурханд итгэх итгэлээсээ татгалзаж, бүр Бурханыг хараах болно.
Антихристүүд Бурханы үгэнд хэрхэн ханддагийн нэг гол илрэл бол судлах явдал юм. Энэ бол жинхэнэ үл итгэгчийн Бурханы үгэнд хандах хандлага юм. Тэд юуг судалдаг вэ? Тэд үнэнийг, эсвэл Бурхан хүн төрөлхтнөөс юу шаарддагийг, эсвэл хүн төрөлхтнийг ил болгосон Бурханы үгийг, эсвэл хүн төрөлхтнийг шүүдэг Бурханы үгийг судалдаггүй, Бурханы санаа зорилгыг лавтайяа судалдаггүй, харин өөрсдийнхөө хэтийн ирээдүй, хувь заяаг судалдаг. Тэд Бурханы үгийн аль ч хэсгийг уншсан бай, хэрвээ тэнд тэдний хэтийн ирээдүй, хувь заяатай холбоотой үгс—өөрөөр хэлбэл, тэдний хамгийн их анхаардаг зүйл байвал тэд тийм хэсгийг анхааралтай судалж, чухал гэж тэмдэглэнэ. Жишээлбэл, тэд өөрсөдтэй нь адил хүмүүсийг ил болгож, задлан шинжилсэн Бурханы үгийг, эсвэл тэдэнтэй адил хүмүүсийн талаарх тодорхойлолт юм уу мэдэгдлийг харах үедээ тийм үгийг уйгагүй судалж, ахин дахин уншдаг. Тэд юу хайж байна вэ? Тэд Бурханы санаа зорилгыг хэрхэн ойлгож, хэрэгжүүлэлтийн зарчмыг хэрхэн олж болохыг хайж байна уу? Тэд Бурханы үгээр дамжуулан өөрсдийгөө хэрхэн ойлгож болохыг харахаар хайж байна уу? Үгүй. Эдгээр үгийн ард Бурхан өөрсөдтэй нь адил хүмүүст ямар хандлагаар ханддагийг, Бурхан тэднийг үзэн ядаж, жигшдэг үү, эсвэл Тэр тэднийг аврах уу гэдгийг тодорхой харахын тулд тэд далд утгыг нь уншихыг хичээдэг. Тэд Бурханы эдгээр үгийн агуулгыг төдийгүй, Түүний үгийн өнгө аяс, хандлага, тэдгээрийн цаадах бодол санааг ч шинждэг. Тэд өөрсөдтэй нь адил хүмүүсийн хүрэх газартай холбоотой Бурханы үгийн бүх хэсгийг нэгтгэж, тэдэнд хандах Бурханы хандлага нь аврал бус, харин жигшин гололт гэдгийг олж мэдмэгцээ Бурханд итгэх итгэлд хандах хандлага нь даруй 80-90 хувиар хөрнө. Зүрх сэтгэлд нь үл итгэл даруй бий болж, хандлага нь 180 хэм өөрчлөгдөнө. Энэ өөрчлөлт хэр хэмжээнд хүрдэг вэ? Тэд хийхээр төлөвлөж байсан үүргээ гүйцэтгэхийг, эсвэл орхихоор төлөвлөж байсан зүйлээ орхихыг цаашид хүсэхгүй. Хэдийгээр тэд анх гэр бүлийнхэндээ сайн мэдээ номлохыг хүсэж байсан ч үүнийгээ цаашид хийхгүй—учир нь тэд өөрсдөө цаашид итгэхээ больсон тул гэр бүлийнхэн нь ч итгэх шаардлагагүй болдог. Товчхондоо, тэд анхны бүх төлөвлөгөөгөө нурааж, орхих болно. Энэ нь антихристүүдийн Бурханы үгэнд хандах мөн чанарын хандлага биш гэж үү? Бурханы үгийг судлах тэдний зорилго нь үнэнийг эрэлхийлж, үнэнийг хэрэгжүүлэх зарчмыг олж, улмаар Түүний санаа зорилгыг ойлгож, Түүнд үнэнч байх явдал биш; тэдний зорилго бол Бурхан өөрсөдтэй нь адил хүмүүсийн төгсгөл, хүрэх газрыг хэрхэн тодорхойлдог талаарх нарийн тодорхой мэдэгдлийг олох явдал юм. Тэд өчүүхэн төдий найдвар олж харвал түүнээсээ үхэн хатан зуурна; энэхүү өчүүхэн найдварын төлөө тэд бүх зүйлийг орхиж чадна, тэдний хандлага эрс өөрчлөгдөнө. Гэвч ерөөл хүртэх бүх найдвар нь тасрах үед тэдний хандлага дахин эрс өөрчлөгдөж, итгэлээ алдаж, урвахад хүрч, тэр ч байтугай зүрх сэтгэлдээ Бурханыг хараах хэмжээнд хүрнэ. Эдгээр нь антихристүүдийн илрэл юм.
Мэдээж, антихристүүд Бурханы үгийг судлах зуураа тэдгээрийг ашиглан хувийн ашиг тус хайна. Ямар ашиг тус вэ? Бурханы үгийг судлах зуураа тэд Бурханы ярианы хэв маяг юу болох, хүмүүсийг засах үедээ Түүний өнгө аяс ямар байдаг, хүн төрөлхтнийг ил болгох үедээ Түүний ярих арга барил ямар байдаг, Тэр хүмүүсийг хэрхэн тайвшруулж, ятгадаг, Тэр ямар арга барил ашигладаг, Түүнд ямар мэргэн ухаан байдаг зэргийг олж мэдэхийг хичээдэг. Антихристүүд Бурхан хэрхэн ярьж, ажилладгийг сурч, дуурайхдаа гаргууд; үүний зэрэгцээ, тэд бусадтай ярилцаж, нөхөрлөхдөө Бурханы түгээмэл хэлдэг үгсийг ашигладаг. Тэд Бурханы үгийг судлах зуураа тэдгээр дэх янз бүрийн үнэний үгсээр өөрсдийгөө байнга зэвсэглэж, тэдгээрийг өөрсдийнхөө зүйл болгон хувиргаж, Бурханы эдгээр үгийг ашиглан ажил хийж, хөрөнгө хуримтлуулдаг. Энэ хөрөнгө гэдэг нь юуг хэлж байна вэ? Жишээлбэл, цуглаан дээр зөв бичиг үсэг, хоосон сургаалыг илүү сайн ярьж чаддаг, хэн Бурханы үгийг илүү их цээжилж, Бурханы үгээс илүү ихийг эш татаж, Бурханы үгийг илүү их тайлбарлаж чаддаг хэн боловч чуулган дотор аврал хүртэх хамгийн өндөр магадлалтай хүн байж таарна гэж тэд боддог[a]. Антихристүүд юу ч хийсэн, энэ нь тэдний хэтийн ирээдүй, хувь заяатай холбоотой байдаг. Тэд Бурханы үгийг хэзээ ч зүгээр л үнэн гэж хэрэгжүүлэхгүй, Бурханы үгийг хэрэгжүүлэхийн төлөө зовж, төлөөс төлөх ч үгүй. Харин ч тэд Бурханы үгийг ашиглан хүмүүсийг төөрөлдүүлж, өөрсдийн нэр хүндийг өсгөж, аврал хүртэх хангалттай нөхцөлийг өөрсдөдөө бүрдүүлэхийн тулд тэдгээрийг ашигладаг. Тиймээс, антихристүүдийн Бурханы үгэнд хандах мөн чанар нь гэвэл тэд хэзээ ч Бурханы үгийг үнэн гэж үздэггүй, эсвэл хүмүүсийн дагах ёстой зам гэж үздэггүй. Хэдийгээр антихристүүд Бурханы үгийг барьж аваад өдөр бүр уншдаг ч, мөн Түүний үгийн уншлагыг сонсдог ч нэг зүйл тодорхой: Тэд Бурханы үгийг хэрэгжүүлдэггүй. Бурханы үгийг хэрэгжүүлэх цаг ирэхэд тэдний чин сэтгэл алга болдог—тэд зөвхөн өөрсдийн хэтийн ирээдүй, хувь заяаны төлөө л хуйвалддаг. Гаднаа тэд Бурханы үгийг хайрлаж, хүсэн тэмүүлж байгаа мэт дүр эсгэдэг. Гэвч үнэн хэрэгтээ, өдөр бүр Бурханы үгийг уншиж, хуримтлуулах зорилго нь аврал хүртэх болзлыг хангах явдал юм; тэд хариуд нь Бурханд сайхан сэтгэгдэл төрүүлнэ гэж найдан ингэж хийдэг. Бурхан хүмүүсийн зүрх сэтгэлийг шинждэг гэдэгт тэд итгэдэггүй—хүмүүс зөвхөн гадаад байдлыг л хардаг, тиймээс Бурхан ч бас гадаад байдлыг л хардаг байж таарна гэдгийг л тэд мэддэг, иймээс эдгээр хэрэг явдал дээр тэд өнгөлөн далдлалт, заль мэх ашиглан, хууран мэхэлдэг. Тэд “Би үүнийг гаднаа л хийх хэрэгтэй. Зүрх сэтгэлдээ юу бодох минь хамаагүй—хүмүүс үүнийг харж чадахгүй, бурхан ч бас харж чадахгүй. Үнэндээ би бурхны үгийг яаж ч уншлаа гэсэн, ямар нэгэн жинхэнэ бүтээгдсэн зүйл болохын тулд үүнийг хийж байгаа биш. Хэрвээ миний хэтийн ирээдүй, хувь заяа үүнд хамаагүй байсан бол би энэ зовлон бэрхшээлийг тэвчихгүй, энэ гомдлыг ч тэвчихгүй байх байсан!” гэж боддог. Тэдний бодлоор, Бурханы үг хэчнээн сайхан сонсогдож байсан ч биелэх боломжгүй бөгөөд хүмүүс тэдгээрийг амьдран харуулах ямар ч боломжгүй юм. Цөөн хэдэн хүн Бурханы үгийг бага зэрэг амьдран харуулдаг байлаа ч гэсэн тэд бас л өөрсдийн зорилгын төлөө үүнийг хийж байгаа байж таарна. Шүтлэггүй хүмүүсийн хэлдгээр, “Үнэгүй үдийн хоол гэж байдаггүй.” Тэд дотроо “Бид бурханд итгэх итгэлийнхээ төлөө ийм их зовлон зүдүүрийг тэвчиж, өдөр бүр түүний үгийг уншиж, сонсож, түүний үгийн дагуу амьдарч байгаа—энэ бүхэн юуны төлөө юм бэ? Энэ нь зүгээр л тэр нэг зорилгын төлөө биш гэж үү? Энэ бүхэн өөрсдийнх нь хэтийн ирээдүй, хувь заяаны төлөө гэдгийг хүн бүр зүрх сэтгэлдээ маш сайн мэдэж байгаа; эс бөгөөс бид яах гэж зүгээр л энд зовохын тулд дэлхий ертөнцийг эрэлхийлэх гайхалтай цаг хугацааг орхих юм бэ?” гэж боддог. Энэ хэрэг явдал дээр тэд ямар баримтыг үгүйсгэсэн бэ? Бурханы үг бол үнэн бөгөөд үнэн хүмүүсийг аварч, хүмүүсийг өөрчилж, завхарсан зан чанараа хаяхад нь тусалж чадна. Энэ нь Бурханы үгийн бий болгож чадах үр дүн биш гэж үү? (Мөн.) Антихристүүд энэ баримтыг хүлээн зөвшөөрдөг үү? Тэд үүнийг үгүйсгэж, “Хүн болгон бурхны үг хүмүүсийг аварч чадна гэж ярьдаг, гэхдээ энэ нь хэнийг аварсан юм бэ? Хэн ийм юм тохиолдохыг харсан юм бэ? Би яагаад үүнд итгэхгүй байна вэ?” гэдэг. Бурханы үг хүмүүсийг аварч, хүмүүсийг өөрчилж, Сатаны завхарсан зан чанараас ангижрахад хүмүүст тусалж чадна гэж яагаад хэлдэг вэ? Учир нь Бурханы үг бол үнэн, энэ нь хүмүүсийн амь байж чадна. Хүмүүс Бурханы үгийг амиа болгох үедээ аврагдаж чадна; тэд аврагдсан хүмүүс болдог. Энэ баримтыг антихристүүд хүлээн зөвшөөрдөггүй. Ерөөл хүртэж, сайн хүрэх газартай болохын тулд л хүмүүс өдий хүрсэн бөгөөд энэ бол хүмүүс Бурханы гэрт үүргээ гүйцэтгэдэг цорын ганц шалтгаан гэж тэд боддог. Тэд Бурханы үгийн үр жимсийг үгүйсгэж, үнэний хүмүүс дээр хүрдэг үр дүнг үгүйсгэж, үнэн хүмүүсийг байлдан дагуулж, хүмүүсийг өөрчилж, хүмүүсийг аварч чадна гэдгийг үгүйсгэдэг. Хүмүүс зөвхөн өөрсдийн хэтийн ирээдүй, хувь заяагаа анхаарч, эрэлхийлсэндээ л Бурханыг дагадаг гэж тэд боддог. Бурханы үг хүмүүсийг өөрчилж, тэднийг Бурханд үнэнч болгож, Бурханыг болзолгүйгээр дуулгавартай дагадаг болгож, эсвэл Бурханы гэрт бүтээгдсэн зүйлийн хувиар үүргээ гүйцэтгэдэг болгож чадна гэж тэд итгэдэггүй—тэд үүний алинд нь ч итгэдэггүй. Тиймээс, ашиг сонирхлоо эн тэргүүнд тавьдаг антихристүүд өөрсдөө үнэнийг эрэлхийлдэггүй; Бурханы үгийг нэг төрлийн уран үг, нэг төрлийн мэдэгдэл мэт үзэхийн зэрэгцээ Бурханы эдгээр үг хүмүүсийг аварч чадна гэдэгт тэд итгэдэггүй. Бурханд чин сэтгэлээсээ, үнэнч ханддаг бүх хүн хуурамч, ашиг сонирхолдоо хөтлөгддөг гэж тэд боддог. Тэд Бурханы хэчнээн олон үгийг сонссон ч, Бурханы хэчнээн олон номлолыг сонссон ч эцэст нь тэдний зүрх сэтгэлд үлддэг зүйл бол хэтийн ирээдүй, хувь заяа гэх энэ дөрвөн үг л байдаг. Өөрөөр хэлбэл, Бурханы үг, Бурханы ажил, Бурханы удирдлагын төлөвлөгөө нь хүмүүст сайн хэтийн ирээдүй, хувь заяаг авчирч, тэдэнд сайн хүрэх газрыг авчирч чадна. Антихристүүдийн хувьд энэ л хамгийн жинхэнэ бөгөөд энэ л хамгийн дээд үнэн юм. Ийм байгаагүй бол, нэгдүгээрт тэд Бурханд итгэхгүй байх байсан. Хоёрдугаарт, тэд Бурханы гэрт үлдэхийн тулд ийм гомдлыг тэвчихгүй байсан. Гуравдугаарт, тэд Бурханы гэрт ямар ч үүрэг гүйцэтгэхгүй байсан. Дөрөвдүгээрт, тэд Бурханы гэрт ямар ч зовлон зүдүүрийг тэвчихгүй байсан. Тавдугаарт, тэд эд баялаг, алдар хүндэд умбаж, дэлхий ертөнцийг эрэлхийлж, алдар нэр, ашиг хонжоог эрэлхийлж, мөнгийг эрэлхийлж, ёрын муу чиг хандлагыг эрэлхийлэхийн тулд хэдийнээ дэлхийн амьдрал руугаа буцах байсан. Тэдний хэтийн ирээдүй, хувь заяатай хамаатай учраас л тэд одоо Бурханы гэрт түр зуур амьдарч байгаа юм. Тэд хэтийн ирээдүй, хувь заяагаа баталгаажуулах тал дээр шийдэмгий хандлагатай байхын зэрэгцээ аз турших сэтгэлгээ тээж, Бурханы ажил дуусах үед тэнгэрийн хаанчлалд орж, агуу ерөөл хүртэх хүмүүсийн тоонд багтана гэж найддаг. Энэ ямар гээчийн сэтгэлгээ вэ? Тэд зорилгодоо хүрэхийн тулд Бурханаас ашиг хүртэхийг хүсдэг ч Түүнийг дуулгавартай дагахыг хүсдэггүй; түүнчлэн тэд бүр Бурханы хэлсэн бүх үгэнд ч итгэдэггүй, Бурхан бүх зүйлийг захирдаг гэдэгт ч итгэдэггүй. Энэ нь бага зэрэг хорон муу биш гэж үү? Бурханы үгийг судлах хандлагынх нь тухайд бол тэд үл итгэгчид юм. Антихристүүд ийм хандлагаар Бурханы үгийг судалж, уншиж, авч үзэж чадаж байгаа нь тэд бол сонгодог үл итгэгчид, тэр чигтээ жинхэнэ үл итгэгчид гэдгийг харуулж байна. Тэгвэл тэд яагаад Бурханы гэрт зарим өнгөцхөн ажил хийж, алга болохгүйгээр үргэлжлүүлэн дагаж чаддаг вэ? Тэд яаж ч засалт туулсан, яагаад үлдэж, бүр чуулганы амьдралд оролцож, Бурханы үгийг үргэлжлүүлэн сонсож, уншиж чаддаг вэ? Яагаад тэр вэ? (Тэд ерөөл хүртэхийг хүсдэг.) Учир нь тэд ерөөл хүртэхийг хүсдэг. Шүтлэггүй хүмүүсийн хэлдгээр “Хэн намайг тэжээнэ тэр миний эх, хэн надад мөнгө өгнө тэр миний эцэг.” Энэ ямар гээчийн логик вэ? Энэ логик Сатаны ертөнцийн гүн ухаанаар дүүрэн биш гэж үү? Энэхүү сатанлаг гүн ухааны нөлөөн дор тэд Бурханд итгэдэг: “Чи ямар онцгой ажил хийсэн байх нь надад хамаагүй—чиний зан чанар эсвэл мөн чанар ямар ч байсан хамаагүй, чи надад ерөөл, сайн хүрэх газар, сайн ирээдүйг өгч, намайг агуу ерөөлтэй болгож л чадаж байвал би чамайг дагаж, одоохондоо чамайг бурхан гэж үзэх болно.” Энд жинхэнэ итгэлийн ямар нэгэн бүрэлдэхүүн хэсэг байна уу? (Үгүй.) Тиймээс, Бурханы үгэнд хэрхэн ханддаг тухайд нь ийм хүмүүсийг антихристүүд болон үл итгэгчид гэж тодорхойлох нь тун үнэн зөв юм!
Антихристүүд Бурханы үгэнд судлах хандлагаар ханддаг. Тэд Бурханы үгийг хэзээ ч Бурханы үг гэж үздэггүй; тэгвэл тэд үүнийг юу гэж үздэг вэ? Нууцын цуглуулга уу? Уран зөгнөлт түүх үү? Бүрхэг, ойлгошгүй бичвэр үү? Тэд Бурханы үгийг уншихдаа Бурханы санаа зорилгыг эрж хайдаггүй, Бурханы санаа зорилго, эсвэл зан чанарыг ойлгох гэж ч оролддоггүй. Тэд Бурханыг таньж мэдэхийг хүсдэггүй, Түүний санаа зорилгыг бүр ч бодолцон үздэггүй. “Миний яг одоогийн яаралтай санаа зорилго гэвэл Миний хүслийг бүрэн анхаарч чаддаг бүлэг хүнийг хайж олох явдал” гэх Бурханы үгийг унших үедээ тэд сэтгэл нь хөдөлдөг үү? Тэд: “Бурхны санаа зорилгыг бодолцдог хүмүүсийг хайж олох гэдэг чинь юу гэсэн үг вэ? Чиний санаа зорилгыг бодолцох ямар хэрэгтэй юм бэ? Ингэлээ гээд би хоолтой байж, эсвэл мөнгө олж чадах уу? Бурхны санаа зорилгыг бодолцсоноор сайн хүрэх газарт очих уу? Энэ нь надад агуу ерөөл авчрах уу? Хэрвээ ингэж чадахгүй бол мартаж үз; би бодолцон үзэх шаардлагагүй. Би там руу хаягдахаас зайлсхийж, сайн хүрэх газраа баталгаажуулах замыг хайж байна. Хэрвээ чиний санаа зорилгыг бодолцон үзэх нь надад ерөөл авчрах юм бол би бодолцъё. Зүгээр л яах ёстойг минь хэлчих” гэдэг. Тэд Бурханы тавьсан шаардлагыг хангаж чадна гэж та нар бодож байна уу? (Үгүй.) Бурхан ганцхан шаардлага тавьдаг: Бурханы хүслийг дагаж, Бурханаас эмээж, муугаас зайлах. Ингэснээрээ чи Түүний санаа зорилгыг бодолцон үзэж байгаа бөгөөд агуу ерөөл хүртэж чадна. Үүнийг сонсоод антихристүүд “Би хэтэрхий эрт дуугарчхаж, намайг нухацтай хүлээж авах ёсгүй байсан юм. Би бурхны санаа зорилгыг бодолцож чадахгүй, мартаж үз. Энэ арга бүтэхгүй юм байна; би өөр арга олъё” гэж боддог. Тэгээд тэд Бурханы үгийн өөр талуудад хүчин чармайлт гаргаж эхэлдэг. Тэд бусад талуудыг судалж, задлан шинжлэхэд хүчин чармайлт гаргадаг ч тэр бүх шинжилгээний эцэст тэдний олж авдаг зүйл нь ердөө л хэдэн бичиг үсэг, хоосон сургаал байдаг. Тэд үнэнийг хайрладаггүй учраас, өөрсдийн ашиг сонирхол, хэтийн ирээдүй, хувь заяаг насан туршийн эрэлхийллийн бай гэж үздэг учраас Бурханы үг тэдний хувьд зүгээр л амны уншлага болсон байдаг. Тэд Бурханы ажил, эсвэл Ариун Сүнсний удирдамжаас хэзээ ч, ямар ч таашаал мэдэрч байгаагүй. Тэд Бурханы үгийг уншихдаа ямар ч гэрэл хардаггүй, ямар ч гэгээрэл, эсвэл хангалт олж авдаггүй. Тэдний олж авдаг зүйл нь ердөө л хэдэн бичиг үсэг, хоосон сургаал, түүнчлэн нууцууд болон хүрэх газрын талаарх зарим ил болголт, үг хэллэг юм. Эдгээр үг хэллэг, хоосон сургаалыг хөрөнгө гэж үзэх үед тэдэнд өөрсдийн хүрэх газрыг хяналтдаа авсан мэт, хүрэх газраа баталгаажуулсан мэт санагддаг. Гэсэн хэдий ч Бурханы үгийн тасралтгүй ил болголт, шүүлт, гэсгээлтийн дунд, эсвэл өөр өөр үе шатанд хүнд тавьдаг Бурханы шаардлагын дунд тэдэнд хүрэх газраа алдсан мэт, аврагдаж чадахгүй мэт санагддаг. Энэ хугацаанд тэд дотроо үргэлж тавгүйтдэг; тэд сайн хүрэх газрыг баталгаажуулахын тулд зүрх сэтгэлийнхээ гүнд байнга оюун санааны тэмцэл өрнүүлж байдаг. Тэд Бурханы нэг өгүүлбэрээс болж тэмцэнэ, Бурханы өөр нэг өгүүлбэрээс болж сөрөг болно, дахиад нэг өгүүлбэрээс болж баярлана. Гэвч тэд баярласан ч бай, эсвэл аврах олсноос зуурсан ч бай, ийм хүмүүсийн хувьд энэ нь ердөө л агшин зуурынх байдаг. Тиймээс эцэст нь зарим антихрист өөрсөдтэй нь адил хүмүүс аврагдаж чадахгүй гэж боддог; Бурханы үгээс харахад Бурхан өөрсөдтэй нь адил хүмүүст дургүй мэт санагддаг—тэд ерөөл хүртэж чадах уу, үгүй юу? Тэдний хэтийн ирээдүй, хувь заяа яг юу вэ? Эдгээр нь тодорхойгүй санагддаг, тэд эдгээрийг сайн мэддэггүй. Энэ үед тэд яах вэ? Тэд гэмшиж чадах уу? Тэд Ниневегийн хүмүүс шиг гар дахь ёрын муугаа орхин, Бурханд нүглээ улайж, гэмшихээр эргэж, Бурханы үгийг амиа болгон хүлээн авч, Бурханы үгийг оршин тогтнолынхоо суурь болгон хүлээн авч чадах уу? Тэд чадахгүй. Тиймээс, олон жилийн эрэлхийлэл, олон жилийн найдвар, мөн олон жил Бурханы үгийг судалсны эцэст, хэрвээ тэд өөрсөдтэй нь адил хүмүүс ерөөл хүртэх ямар ч боломжгүй, ямар ч найдваргүй, Бурханы аврах хүмүүс яавч биш, хүссэн зүйлээ авч чадахгүй гэсэн дүгнэлтэд хүрвэл юу хийх вэ? (Тэд Бурханыг орхино.)
“Бурханыг хайрлах тангаргаа би шинэчилнэ: бие, сэтгэлээ Түүнд зориулна” гэх сүнслэг үг байдаг. Энэ үг маш “сүрлэг.” Би энэ үгийг анх сонсохдоо хүний хэлний “сүр жавхланг” зүрх сэтгэлдээ гүнээ мэдэрсэн. Хүмүүс өөрсдийн тангаргийг маш эрхэм, маш цэвэр, өөгүй гэж үздэг; тэд хайрын зориулалтаа маш цэвэр, ариун дагшин гэж үздэг. Антихристүүд Бурханыг хайрлах тангаргаа шинэчилж, бие, сэтгэлээ Түүнд зориулж чадах уу? (Чадахгүй.) Яагаад чадахгүй гэж? Зарим хүн: “Бурханы ийм олон үгийг уншсаны дараа, миний бодох арга барил бүтэхгүй, эсвэл үр дүнд хүрэхгүй байгааг хараад би Бурханыг хайрлах тангаргаа шинэчилж, анх Түүнд өгсөн тангаргаа давтдаг. Энэ чинь эргэж байгаа биш гэж үү? Энэ нь хэцүү биш шүү дээ” гэдэг. Антихристүүд ийм зүйл хийж чадах уу? (Тэд чадахгүй.) Яагаад тэд чадахгүй гэж? “Бурханыг хайрлах тангаргаа би шинэчилнэ” гэдэг нь хүний хамгийн ухаалаг мэдэгдэл биш гэж үү? Энэ нь хүний хамгийн агуу, хамгийн цэвэр хайр биш гэж үү? Тэгвэл антихристүүд яагаад үүнийг хийж дөнгөдөггүй вэ? (Антихристүүдэд Бурханы талаарх ойлголт байдаггүй, жинхэнэ хайр бүр ч байдаггүй. Тэдний хайр бүгд хуурамч бөгөөд ашиг сонирхолд нь үндэслэсэн байдаг. Олж авах ямар ч ашиг тус байхгүй болмогц тэд нүүр буруулаад явна.) Антихристүүд ийм цэгт хүрэх үедээ ямар нэг зүйл буруугаар эргэж, өөрсдөө буруу бооцоо тавьжээ гэдгийг мэдэрдэг. Сэтгэл санаагаа сэргээхийн тулд тэд сүнслэг ертөнцөө дэмжих нэг уриа, эсвэл онол ашиглах хэрэгтэй болдог—ямар уриа вэ? “Бурханыг хайрлах тангаргаа би шинэчилнэ, бие, сэтгэлээ Түүнд зориулна.” Энэ нь тэд дахин эхлэх гэж байна гэсэн үг юм. Эс бөгөөс тэд үргэлжлүүлэн амьдарч чадахгүй бөгөөд Бурханд итгэх итгэл нь төгсгөл болно. Бурхан ажлынхаа явцад өдөр бүр үг хэлдэг бөгөөд Түүнийг ярих болгонд Түүний үг бүхэлдээ үнэний тухай байдаг—тэдгээр нь бүгд хүний завхарсан зан чанарыг ил болгодог үгс, үнэн-бодит байдалд хэрхэн орж, үнэн-зарчмыг хэрхэн ойлгох ёстойг хүмүүсээс шаардсан үгс байдаг—тэдгээр нь бүгд ийм үг юм. Иймээс антихристүүд “Эдгээр үгийн аль нь ч яагаад хүрэх газрын талаар ярьдаггүй, эсвэл ерөөл хүртэхтэй холбоотой хэрэг явдлыг дурддаггүй юм бэ? Энэ нь бидний хэтийн ирээдүй, хувь заяа бурхны гарт юу ч биш болсон гэсэн үг биш үү? Бидэнд бурхны өгсөн амлалт үгүй болсон хэрэг үү? Хэрвээ бурхан эдгээр зүйлийг хэзээ ч дурдахгүй бол магадгүй бидний найдвар тасрах байх. Хэрвээ бидний найдвар тасрах юм бол бид яах ёстой вэ? Энэ амархан. Хэрвээ бурхны үгэнд эдгээр зүйлийн талаар юу ч хэлээгүй бол хүний аргыг ашиглацгаая: Бурхныг хайрлах тангаргаа шинэчилцгээе!” гэж боддог. Хүмүүс анх Бурханд итгэж эхлэх үедээ яаж ийм их урам зоригтой, ийм их хайр, итгэлтэй байсан бэ? Эдгээр нь оргил цэгтээ хүрэх үед хүмүүс Бурханы өмнө шийдвэр гаргаж, тангараг өргөн, “Энэ амьдралд би хэдийд ч, хаана ч байсан, Бурханы төлөө өөрийгөө зарлагадаж, ямар ч гомдол, харуусалгүйгээр өөрийгөө Түүнд зориулах болно. Бороотой ч бай, нартай ч бай, өгсөж уруудсан ч бай, өвчтэй байсан ч, ямар ч гай зовлон тохиолдсон бай, далай тэнгис ширгэж, хад чулуу элс болтол би Түүнийг эцсээ хүртэл дагах болно. Хэрвээ би энэ тангаргаа зөрчвөл тэнгэрийн аянгад ниргүүлж, сайн хүрэх газаргүй болох болтугай” гэж хэлсэн. Тэдний тангараг одоо яагаад алга болсон бэ? Хэтэрхий их хугацаа өнгөрч, энэ нь өөрсдийнх нь итгэл, хайрыг элээсэн гэж тэдэнд санагддаг. Тэд зүрх сэтгэлдээ “Үгүй ээ, би сэтгэл санаагаа сэргээх хэрэгтэй. Би урьдынх шигээ шинэлэг, цоглог, их итгэлтэй, урам зоригтой байх ёстой. Би хүсэл эрмэлзэл, хүрэх газар, ерөөл хүртэх хүслээ буцааж олж авах ёстой. Тэгвэл бурханд итгэх итгэл, түүнийг хайрлах хайр минь өмнөх шигээ их болох биш үү? Түүнд зориулах миний жинхэнэ зориулалт өмнөхтэйгөө адилхан болох биш үү?” гэж боддог. Гэсэн хэдий ч үнэнийг огт эрэлхийлдэггүй хүн зүрх сэтгэлийнхээ гүнд хэчнээн их тэмцэж, Бурханд итгэх анхны итгэл, урам зоригоо хэчнээн их дурсан саналаа ч энэ нь тэдний одоогийн нөхцөл байдлыг өөрчилж чадахгүй. Энэ нөхцөл байдал юу вэ? Тэдний хэтийн ирээдүй, хувь заяа юу ч биш болох үед, хэтийн ирээдүй, хувь заяа нь тэднээс улам бүр холдох үед, ерөөл хүртэх хүсэл нь бараг л нурах үед, найдлага тээсэн бүх бодол, бүх хүсэл нь биелэх боломжгүй болох үед тэдний хувьд тууштай байхад маш хэцүү болдог—ийм маягаар тууштай байх нь зүрх сэтгэлийнх нь гүнд маш шаналгаатай байдаг. Тэд цаашид тэвчиж чадахгүй мэт санагдах байдал, сэтгэл хөдлөлийг байнга мэдэрдэг. Тэд тэнгэрийн хаанчлалын ерөөлийг эдлэхийн тулд Бурханы ажил хэзээ дуусахыг үргэлж тэсэн ядан хүлээдэг. Зарим хүн бүр “Бурхны ажил хурдан дуусаг, их сүйрэл хурдан бууг—хэрвээ тэнгэр нурвал хүн болгон үхнэ, хэн ч сайн үр дүн хүлээх хэрэггүй. Хэрвээ би ерөөл хүртэж чадахгүй бол хэн ч хүртэх ёсгүй!” гэж найддаг. Зүрх сэтгэлийнхээ гүнд тэд Бурханы хаанчлал ирээсэй гэж найддаггүй, Бурханы агуу үйл хэрэг дуусаасай гэж найддаггүй, Бурханы зургаан мянган жилийн удирдлагын төлөвлөгөө эцэстээ алдаршиж, Бурхан хүн төрөлхтний дундаас ялагчдыг олж авч, хүн төрөлхтнийг үзэсгэлэнтэй сайхан хүрэх газар луу хөтлөөсэй гэж найддаггүй—тэд эдгээр зүйлд найддаггүй. Харин ч эсрэгээрээ, ерөөл хүртэх бүх хүсэл нь сүйрэлтэй тулгарах үед тэд зүрх сэтгэлийнхээ гүнд Бурханы ажлыг харааж, Бурханы ажилд зэвүүцэж, үүнээс ч илүүтэйгээр Бурханы үгэнд зэвүүцдэг.
Одоо зарим хүний хувьд олон жил номлол сонссоны дараа сонсох тусам төдий чинээ их ойлгож, зүрх сэтгэл нь улам тодорхой болж, улам ихийг сонсохыг хүсдэг. Эсрэгээрээ бусад хүмүүс номлол сонсох тусмаа төдий чинээ их зэвүүцдэг. Бурханы үгийг сонсмогц тэдний чөтгөрлөг тал ил гардаг. Бурхан үнэний талаар нөхөрлөж, тэр нь хүний завхарсан зан чанарыг хөндөхийг сонсмогц тэдний тэрслүү сэтгэлгээ ил гарч, зэвүүцэл нь бүхэлдээ ил гарч ирдэг—тэд үүнийг ямар хэмжээнд хүргэдэг вэ? Зарим нь зүрх сэтгэлдээ хараадаг: Тэд Бурханыг харааж, үнэнийг харааж, чуулганы удирдагч, ажилчдыг харааж, үнэнийг илүү их эрэлхийлдэг хүмүүсийг хараадаг. Тэд тийм хүмүүсийг харах үедээ тэдэнд дургүйцэж, тэдэн рүү дайрч давшлахыг хүсдэг. Тийм хүмүүс Бурханы үгийг номлож, Бурханы үгийг тунгаан бодож, Бурханы үгийн талаар нөхөрлөж байгааг харах үедээ тэд ядарч, нойрмоглох хүртлээ зүрх сэтгэлдээ хараадаг. Тиймээс, Бурханы үгийн талаарх нөхөрлөлийг сонсмогцоо зарим хүний нүд гэрэлтдэг байхад зарим нь Бурханы үгийн талаарх нөхөрлөлийг сонсох, эсвэл хэн нэгэн Бурханы үгээс ямар нэг гэрэл олж авснаа ярихыг сонсох үедээ оюун ухаан нь будилж, бодол санаа нь тодорхойгүй болж, сүнс нь хямардаг. Тэдний зүрх сэтгэл маш их давчидсандаа амьсгалж чадахгүй болдог бөгөөд цэвэр агаар амьсгалахаар гадагшаа гарахыг үргэлж хүсдэг. Гэвч чи хэтийн ирээдүй, хувь заяа, Бурханы ерөөл, Бурханы ажил хэзээ дуусах болон нууцуудын талаар нөхөрлөх үед өрөө хэчнээн жижиг, агаар сэлгэлт хэчнээн муу байсан ч тэд агаар амьсгалахаар гардаггүй, эсвэл зүүрмэглэдэггүй бөгөөд чих тавин сонсдог. Чи хэчнээн удаан ярих нь хамаагүй, бүр нойр, хоолгүй байх шаардлагатай болсон ч хамаагүй тэд сонсдог. Зарим шинэ итгэгч Надтай холбогдох үед Би тэдэнтэй хүмүүсийн байдал болон хүмүүс үнэнийг хэрхэн эрэлхийлэх ёстой талаар нөхөрлөсөн боловч тэд ойлгоогүй бөгөөд Надаас зарим нууцын талаар ярьж чадах эсэхийг асуусан. Би: “Чи нууцын талаар сонсмоор байна уу? Тэгвэл Би эхлээд чамд нэг баримтыг хэлье. Байнга нууцын талаар лавлаж, Бурханы үгээс эдгээр зүйлийг судлахад үргэлж анхаардаг хүмүүс сайн хүмүүс биш. Тэд бүгд үл итгэгчид болон фарисайчууд юм” гэж хэлсэн. Миний хариултыг сонсоод шинэ итгэгчид мэл гайхаж, цааш асуухаасаа ичсэн боловч дараа нь дахин асуух боломж олсон бөгөөд Би тэдэнд яг адилхан хариулсан. Миний тэдэнд хэрхэн хариулсан талаар та нар юу гэж бодож байна вэ? (Сайн байсан. Энэ нь тэдэнд өөрсдийгөө эргэцүүлэхэд тусалж чадна.) Тэд эргэцүүлэх болов уу? Тэд тэгэхгүй. Тэгвэл чи тэдэнд хэрхэн тусалж чадах вэ? Тэдэнд зүгээр л “Нууц бол амь биш, эсвэл үнэн биш. Чи хэчнээн олон нууцыг ойлгосон ч энэ нь үнэнийг ойлгохтой тэнцэхгүй. Чи бүр бүх нууцыг олж мэдлээ ч энэ нь тэнгэрт очиж, эсвэл сайн хүрэх газартай болж чадахтай тэнцэхгүй” гэж хэл. Эдгээр үгээр тэдэнд туслах талаар чи юу гэж бодож байна вэ? Энэ нь хэрэг явдлыг төгс тайлбарлаж байгаа биш гэж үү? Сүнслэг ойлголттой, үнэнийг хайрладаг, үнэнийг эрэлхийлдэг хүмүүс эдгээр үгийг сонсоод, “Би нууцыг амь гэж бодож байсан, гэхдээ одоо нууцууд бол амь биш гэдгийг мэдсэн болохоор би цаашид тэдгээрийг судлахгүй. Тэгвэл амь гэж юу вэ?” гэдэг. Энэ нь тэд бага зэрэг ойлгосныг харуулж байна. Тэгвэл антихристүүд эдгээр үгийг сонсоод тусламж авдаг уу? Тэд өөрчлөгддөг үү? Тэд өөрчлөгдөж чаддаггүй. Тэд эдгээр үгээс ямар ч ашиг тус олдоггүй бөгөөд эдгээр үгэнд ямар ч ерөөл байхгүй, хэтийн ирээдүй, хувь заяатай нь хамаагүй, хэтийн ирээдүй, хувь заяатай нь ямар ч холбоогүй, хамааралгүй, ямар ч хэрэггүй гэж боддог тул тэдгээрийг хүлээн авч чаддаггүй. Тэгвэл ямар нөхөрлөл тэдний хэтийн ирээдүй, хувь заяатай холбоотой байдаг вэ? Жишээлбэл, чи: “Өнөө үед дэлхий дээр олон хачин үзэгдэл гарч байна. Зарим газарт дөрвөн сар гарч, цусан сар хэд хэдэн удаа ажиглагдсан. Хачин жигтэй тэнгэрийн үзэгдлүүд байнга тохиолдож байна. Хүний ертөнцөд янз бүрийн тахал, гамшиг гарч, зарим газарт хүмүүс хүний мах идэх үзэгдэл гарч байна. Нөхцөл байдлыг харвал, бид Илчлэл номд зөгнөсөн аяга болон тахлын цаг үед хэдийнээ иржээ” гэж хэлж болно. Антихристүүд эдгээр үгийг сонсох үедээ нүд нь гэрэлтэж, чих тавин сонсдог. Тэд “Би энэ эрин үед төрсөн нь сайн хэрэг. Би агуу ерөөл хүртэж чадна. Би үнэхээр ухаантай юм аа! Би дэлхийн зүйлсийг эрэлхийлэхээр сонгоогүй. Би бурхны ажлын энэ үе шатыг дагахын тулд дэлхийн хэтийн ирээдүй болон гэр бүлээ орхисон—одоог хүртэл дагаж чадсандаа би маш их баяртай байна. Бурхны өдөр ойртож байна. Нөхцөл байдлаас харвал, би үхэхээсээ өмнө бурхны ажил дуусах өдрийг үзэж чадах бололтой. Тэр өдөр би түүгээр авруулах хүмүүсийн нэг байх нь гарцаагүй. Ямар гайхалтай вэ!” гэж баярладаг. Тэд зөв зам сонгож, зөв хаалга олж, зарим төлөөсийг төлсөндөө зүрх сэтгэлдээ битүүхэн баярладаг. Тэд мөн бууж өгөлгүйгээр өнөөг хүртэл дагаж, Бурханы гэрт байсаар байгаадаа, мөн ямар ч төвөг удаагүй, эсвэл зайлуулагдах юм уу хөөгдөөгүйдээ баярладаг. Тэгвэл тэр үеэс хойш тэд үнэнийг хэрэгжүүлэх үү, эсвэл өнөөх л найдвараа тээсээр байх уу? Тэдний зүрх сэтгэлийн гүн дэх хандлага өөрчлөгдөхгүй. Тиймээс, Бурханы үгээс биелсэн гэж боддог хэсгээ олох үед тэдэнд эрдэнэс олсон мэт санагддаг. Тэд өөрсдийгөө азтай, зөв зам сонгосон, зөв хаалгаар орсон, зөв Бурханыг сонгосон, мөн өөрсдийгөө ухаалаг хүмүүс, ухаалаг охид гэж даруй мэдэрдэг. “Ашгүй би тэр үед ажлаа орхисон. Би зөв сонголт хийсэн. Би ямар ухаантай юм бэ? Хэрвээ би тэр үед тийм болгоомжтой байгаагүй бол одоо ерөөлөөс хоцрох байсан байж магадгүй. Би цаашид ч болгоомжтой байж, хэтийн ирээдүй, хувь заяаныхаа төлөө тэмцэхэд амьдралаа зориулах ёстой.” Энэ хэрэг явдлаас та нар антихристүүдийн ямар мөн чанарыг харж байна вэ? Энэ хүмүүс завшааныг далимдуулагчид биш гэж үү? Тэдэнд Бурхан, Түүний үг, эсвэл Түүний ажилд итгэх жинхэнэ итгэл байдаггүй. Тэд бол завшааныг далимдуулагчид, Бурханы гэрт шургалсан хүмүүс юм. Тиймээс Бурханы гэрт энэ хүмүүс үргэлж зүгээр л суудал бөглөж, өдөр хоногийг өнгөрөөж байдаг. Тэд Бурханыг хэдэн жил дагасан, ямар төлөөс төлсөн, ямар агуу зүйл хийсэн, Бурханы ямар ажлыг биечлэн туулсан, Бурханы ажлын ямар алхмуудын талаар жаахан ойлгосноо хуруу даран тоолдог. Тэд өдөржин эдгээр зүйлийг зүрх сэтгэлдээ ахин дахин тооцоолж, үнэн болон амийн хамгийн чухал зүйлсийг орхигдуулдаг. Тэд зөвхөн ерөөл хүртэхийн тулд л Бурханд итгэдэг—энэ бол завшааныг далимдуулах явдал юм. Бурханы ямар ч үг, хэний ч туршлагаар олсон мэдлэг тэдний завшааныг далимдуулах хандлагыг хэзээ ч өөрчилж чадахгүй. Антихристүүд ийм л байдаг. Тэд өөрсдийн ашиг сонирхлын тухайд хэзээ ч, ямар ч буулт хийхгүй; тэд хэтийн ирээдүй, хувь заяаныхаа төлөө үзэл бодлоо хэзээ ч өөрчлөхгүй, алхаж буй замынхаа чиглэл, зорилгыг өөрчлөхгүй, эсвэл биеэ авч явах зарчмаа өөрчлөхгүй. Тэд хэтийн ирээдүй, хувь заяаныхаа төлөө Бурханы үгийн алиныг нь ч, ганцыг нь ч хэрэгжүүлэхгүй. Зарим хүн: “Тэд хааяа аливааг орхиснор, эсвэл өөрсдийгөө зарлагадсанаар зарим үгийг хэрэгжүүлдэг” гэдэг. Тэд юу ч хэрэгжүүлсэн бай, өөрсдөд нь хэтийн ирээдүй, хувь заяа байгаа бөгөөд ерөөл хүртэж чадна гэх нөхцөлд үүнийгээ хийдэг. Тэд ямар ч үнэнийг хэрэгжүүлсэн бай, энэ нь хольцтой бөгөөд ямар нэг санаархал, зорилготойгоор хийгддэг. Энэ нь Бурханы шаарддаг хэрэгжүүлэлтээс тэс өөр юм.
Антихристүүд Бурханы үгийг уншихдаа голчлон Түүний үгийг ашиглан өөрсдийн хүрэх газрыг болон нууцуудыг хайж, Бурханы ажил, удирдлагын төлөвлөгөө хэзээ дуусах, сүйрэл хэзээ буух гэх мэттэй холбоотой агуулгыг хайдаг. Өөрсдийн хүрэх газрын төлөө тэд ихээхэн хүчин чармайлт гаргаж, олон зүйл хийж чаддаг. Тиймээс, Бурханы ажил дуусаж, их сүйрэл буух үед өөрсдийнх нь хийсэн зүйлс, төлсөн төлөөс, орхисон зүйлс нь хүсэж буй ерөөлөөр нь солигдож чадах эсэх, өөрсдөө сүйрлийн зовлонгоос зайлсхийж чадах эсэх—энэ бол тэдний мэдэхийг хүсдэг, анхаардаг зүйл юм. Бурханы үгийг судлах бүхий л үйл явцынхаа туршид хэчнээн олон жил өнгөрсөн ч хамаагүй, тэд зөвхөн өөрсдийн хэтийн ирээдүй, хувь заяанд л санаа тавьдаг. Тиймээс, Бурханы үгийг унших үедээ тэдний анхаардаг зүйл болон Бурханы үгээс хайдаг агуулга нь бүгд ямар нэгэн онцгой шинж тэмдэг, онцлогтой байдаг. Ерөнхийдөө, эхний зургаан сар юм уу нэг жилийн хугацаанд шинэ итгэгчид Бурханы үгээс ийм сэдвүүдийг хайдаг. Гэвч зургаан сар, эсвэл нэг жил өнгөрсний дараа зарим хүн эдгээр хэсгийг бүгдийг нь өмнө уншсан гэдгээ харж, тэдгээрийг цаашид судлах нь утгагүй бөгөөд тэдгээр нь хүмүүсийг үнэн рүү оруулж чаддаггүй төдийгүй, үнэн рүү ороход нь нөлөөлж, үймүүлж ч магадгүй гэдгийг олж мэддэг тул эдгээр хэсгийг цаашид уншдаггүй. Тэдний хувьд, хааяа нэг харж, ойлгоход л хангалттай байдаг. Үлдсэн хугацаанд нь тэд “Би хэрхэн үнэн рүү орж чадах вэ? Хүн төрөлхтнийг ил болгосон Бурханы үг олон бий. Тэдгээр нь хүмүүсийн заль мэхтэй, тэрслүү байдал, биеэ тоосон зан чанарыг ил болгодог; тэдгээр нь хүмүүсийн янз бүрийн шашны үзэл болон Бурханд хандах хандлагыг ил болгодог. Үүнээс ч илүүтэйгээр, тэдгээр нь хүмүүсийн хэвийн бус хүн чанарын янз бүрийн илрэлийг ил болгодог. Тэгвэл хүмүүс юу хэрэгжүүлэх ёстойг би Бурханы үгээс хэрхэн олж болох вэ?” гэж тунгаан боддог. Үнэнийг хайрлаж, эрэлхийлдэг хүмүүс эдгээр зүйлд хүчин чармайлтаа зориулдаг. Тэд “Бид дараа нь юу хийх ёстой вэ, хэрхэн хэрэгжүүлэх ёстой вэ? Бурханд итгэснийхээ дараа бид шүтлэггүй хүмүүс болон шашны итгэл үнэмшилтэй хүмүүсээс өөр байх нь гарцаагүй, тэгвэл бидний амьдралд ямар чанарын өөрчлөлт гарах ёстой вэ? Биеэ авч явах, дэлхий ертөнцтэй харилцах тал дээр бид хэрхэн ярьж, үйлдэж, бусадтай хэрхэн харилцаж, үнэнийг хэрхэн хэрэгжүүлэх ёстой вэ?” гэх мэт бодит амьдралдаа ойлгож, орох шаардлагатай бодитой асуудлуудын талаар үргэлж асуудаг. Гэсэн хэдий ч, антихристүүд 10, 20, эсвэл 30 жил итгэсэн ч эдгээр асуултыг хэзээ ч асуухгүй. Тэд Бурханы үгийг судалж, ерөөл хүртэх найдвар болон хүрэх газраа Бурханы үгээс хайдаг бөгөөд 20, 30 жил хайсан ч үүнийгээ хийхээс залхдаггүй. Асуудал гарах өчүүхэн төдий шинж тэмдэг илэрмэгц тэд хүрэх газартайгаа холбоотой агуулгыг Бурханы үгээс яаран хайж, дараа нь одоогийн итгэлд нь үндэслэвэл Бурханы өөрсдөд нь хандах хандлага ямар байж болохыг үнэлдэг. Тэд өөрсдийн хүрэх газрыг мөчлөг, үе шатаар дүгнэдэг мэт санагддаг. Тэд Бурханы ажиллах арга барил өөрчлөгдсөнөөс, эсвэл хүн төрөлхтөнд хандсан Түүний яаралтай санаа зорилгын илэрхийллээс болж хэзээ ч бодол санаа, хандлагаа өөрчилж, үнэнийг эрэлхийлэхгүй. Тэд хэзээ ч ийм зүйл хийхгүй. Тиймээс, 20, 30 жил итгэсэн зарим хүн тэр нууцууд болон хүн төрөлхтний хувь заяа, хүрэх газартай холбоотой Бурханы дурдсан сэдвүүдэд хүчин чармайлтаа зориулсаар байдаг. Зарим хүн хэр хэмжээнд хүчин чармайлтаа зориулдаг вэ? Тэд: “Би бурхны үгийн хэсэг бүрийг харьцуулж үзэхдээ хамгийн том нууцыг нээсэн. Христ дэлхийг орхих үед хавар байх болно” гэдэг. Үүнийг сонсоод Надад ямар санагддаг гэж та нар бодож байна вэ? Би баярладаг уу, эсвэл гунигладаг уу? Би баярладаггүй, гунигладаг ч үгүй. Энэ нь инээдтэй санагддаг. Үүнд хүчин чармайлтаа зориулдаг хүмүүс үнэхээр байдаг бөгөөд бүр тодорхой улирлыг нь мэдэх хэмжээнд хүрдэг. Хэрвээ тэд цааш судалж, тодорхой цагийг нь олж илрүүлээд, минут, секундээр нь нарийвчлан гаргаж чадвал тэд үнэхээр “суутнууд” байх болно! Миний Өөрийн ч мэдэхгүй зүйлийг тийм “суутнууд” олж нээж чаддаг нь үнэхээр инээдтэй, уур хүрмээр байдаг. Яагаад инээдтэй гэж? Бурхан бие махбодтой болсон яг нарийн цаг хугацааг ямар ч хүн мэдэхгүй, бүр Сатан ч үүнийг мэдэхгүй. Сатан хүртэл мэддэггүй зүйлийг Бурхан ямар нэгэн хүнд мэдэгдэх үү? Мэдээж үгүй. Үүний адилаар, Бурхан агуу үйл хэргээ дуусгах, Түүний бие махбод газар дэлхий дээрх ажлаа дуусгаад явах цаг хугацааны тухайд—үүнийг Бурхан хэн нэгэнд хэлэх үү? Хүн бүр үүнийг мэдэх ямар нэг шалтгаан бий юу? (Байхгүй.) Бурхан үг хэлэх үедээ хүмүүст мэдэгдэхийг хүсдэггүй ямар нэгэн зүйлийнхээ талаар ам алдах уу? Яавч үгүй. Гэвч зарим хүн үнэндээ, Бурхан дэлхийг орхин явах цаг хугацааг Түүний үгээс олсон гэж хэлдэг. Тэд бүр үүнийг хавар болно гэж хэлдэг. Энэ хачин биш гэж үү? Инээдтэй биш гэж үү? Энэ хүмүүс Бурханы ямар үгэнд үндэслэн ийм мэдэгдэл хийж байна вэ? Бурхан хавар ямар нэг зүйл хийх талаар ярих үедээ өөр зүйлийг хэлж байсан байж болно. Бурхан үүнийг хэлж байж таарах уу? Тэд үүнийг хэрхэн үүнтэй холбож чадаж байна вэ? Бурхан хүмүүст мэдэгдэхийг хүссэн зүйлээ тодорхой, илэрхий хэлэх болно. Түүний мэдэгдэхийг хүсдэггүй зүйлийг хүмүүс хэчнээн их судаллаа ч ойлгож чадахгүй; ийм зүйлсийг хүн төрөлхтөн мэдэх боломжгүй. Энэ хүмүүс үүнийг мэднэ, өөрсдийнх нь судалгаа үр дүнд хүрсэн гэж хэлдэг. Тэд бүр тодорхой цаг хугацааг хэлдэг. Энэ нь утгагүй юм ярьж байгаа хэрэг биш үү? Энэ нь хүмүүсийг төөрөлдүүлж, оюун санааг нь үймүүлж, үзэгдэлд нь саад болж байгаа хэрэг юм. Энэ нь Сатанаас гаралтай бөгөөд Бурханаас ирсэн гэгээрэл яавч биш. Бурхан хүмүүсийг энэ талаар гэгээрүүлэхгүй. Тэд үүнийг мэдлээ гээд ямар ч хэрэггүй. Бурхан хүмүүст мэдэгдэхийг хүсдэггүй ямар ч зүйлийнхээ талаар хэзээ ч санамсаргүйгээр ам алдахгүй. Тийм учраас Би үүнийг инээдтэй гэж хэлж байгаа юм. Тэгвэл энэ нь яагаад уур хүргэм байна вэ? (Хүмүүс эдгээр үгээр дамжуулан завхарсан зан чанараа өөрчилж чадна гэсэндээ, мөн хүмүүст үнэнийг эрэлхийлж, олж авах боломж олгох гэсэндээ Бурхан үнэнийг илэрхийлдэг, гэвч антихристүүд Түүний үгийг ашиглан хүрэх газар болон нууцуудыг судалдаг.) Энэ нь бас бага зэрэг уур хүргэм боловч Миний уур бухимдлын жинхэнэ шалтгаан юу вэ? Жишээлбэл, хэрвээ баян эцэг эх нь хүүхдүүдийнхээ төлөө их мөнгө олдог бөгөөд хүүхдүүд нь балчир хэвээрээ, өсөж торнихын тулд эцэг эхдээ найдах хэрэгтэй, мөн амин зуулга нь эцэг эхээс нь бүрэн хамаардаг бол тэр хүүхдүүд эцэг эхээ хурдан үхээсэй гэж найдах уу? Тэд эцэг эх нь хэзээ үхэхийг хурдан тооцоолуулахаар үзмэрч дээр очих уу? Ингэж авирладаг хүн байдаг уу? (Үгүй.) Хэрвээ тэгсэн бол энэ нь уур хүргэм биш гэж үү? Энэ нь уур хүрмээр байх болно! Ийм хүмүүс жигшмээр! Одоо Бурхан дэлхий дээр ирсэн болохоор Түүний бие махбод зуу гаруй жил амьдарч, зуун жил ажиллаж чадах байлаа ч гэсэн хүмүүсийн ойлгож чадах үнэн хязгаарлагдмал. Бодоод үз, Эзэн Есүс бие махбодтой болсноос хойш Бурханы ажлын өнөөгийн үе шатыг хүртэл, энэ хоёр мянган жилийн хугацаанд хүн төрөлхтөн хэчнээн үнэнийг олж авсан бэ? Хүн төрөлхтөн үндсэндээ үнэнийг ойлгодоггүй. Энэ үе шатанд Бурхан 30 жил ажиллаж, бараг 30 жилийн турш үг хэлж байна. Бурханы үгийг хамгийн их уншсан хүмүүс 30 жилийн турш уншиж байна. Хүмүүс хэчнээн үнэнийг ойлгож авсан бэ? Тэдний ойлголт маш хязгаарлагдмал. Хүн төрөлхтний үнэн рүү орох хурд удаан байдаг. Өөрөөр хэлбэл, үнэнийг хүмүүсийн дотор боловсруулж, тэдний амь болгон хувиргах нэлээд хэцүү, маш удаан. Гэвч ийм удаан байхад хүртэл зарим хүн “Бурхан хэзээ дэлхийг орхин явах вэ? Бурхны ажил хэзээ дуусах вэ?” гэж найдсаар байдаг. Бурхан дэлхийг орхин явж, Түүний ажил дуусах нь тэдэнд ашиг тустай юу? Бурхан дэлхийг орхин явах өдөр тэд үхэх болно. Тэдэнд цаазын ял оноогдоно. Тэдэнд баярлах юу байгаа юм бэ? Энэ ямар хүн бэ? Тэд ёс суртахуунгүй биш үү? Тэд дэлхийн хүмүүсийн дунд ачлалгүй хөвгүүд гэж нэрлэгддэг. Бид тэднийг үл итгэгчид, антихристүүд гэж нэрлэдэг бөгөөд тэд сайн хүмүүс биш.
“Үг нь махбодоор илэрсэн” номын агуулга илэрхийлэгдэх үед олон хүн “Бие махбодтой болсон Бурхан зүгээр л ажил хийж байгаа. Тэрээр ажлын хэдэн үе шатыг хэрэгжүүлж, хэд хэдэн арга барилаар ажиллаж, хэд хэдэн аргаар ярьдаг, тэгээд л тэр, үүний дараа түүний ажил дуусна. Ажил нь дууссаны дараа бие махбод цаашид ямар ч хэрэггүй болж, тэр дахиж ярих шаардлагагүй болно. Бид ямар нэгэн зүйл олж авсан байх бөгөөд бурхны ажил дуусах өдрийг л хүлээх хэрэгтэй. Бид бурхны эдгээр үгийн талаар ярьж, номлож чаддаг болмогцоо хүрэх газартай болж, асар их ерөөл хүртэнэ” гэж бодож байв. Зарим хүн ийм хандлагатай байсан. Дараа нь Би илүү олон үг, тухайлбал “Бурханыг мэдэх тухай” үгийг, түүнчлэн энэ хугацаанд нөхөрлөж байсан үгээ нөхөрлөсөн. Зарим хүн үүнийг хараад, “Бурхны үг бүгд “Үг нь махбодоор илэрсэн” номд багтсан биш үү? Яагаад тэр одоо “Бурханыг мэдэх тухай” ботийг илэрхийлэв ээ? Яагаад бурхан улам олон үг илэрхийлсээр байна вэ? Одоогоос эхлээд тэр зарим нууц, тэнгэрийн зарим хэрэг явдал, ирээдүйд хүмүүс тэнгэрт бурхантай хэрхэн хамт алхах талаар ярих ёстой. Эдгээр зүйлийн талаар ярих нь үнэхээр бидний сэтгэлийг хөдөлгөдөг!” гэж бодсон. Ямар хүмүүст ийм бодол төрсөн бэ? (Антихристүүдэд.) Яагаад тэдэнд ийм бодол төрсөн бэ? Яагаад гэвэл тэд үнэнийг огт сонирхдоггүй. Тэд “Бид бурхныг олон жил дагасаар ирсэн. Бурхан эхэндээ хэрхэн ажилласныг бид мэднэ. Бид бурхны ажлын хэд хэдэн үе шатыг биечлэн туулсан. Бид бас бурхны ярьдаг арга барилыг биечлэн мэдэрч, үүнийг өөрсдийн нүдээр харсан. Бид бол бурхныг гэрчлэгчид, ерөөл хүртэхэд хамгийн зохистой үеийнхэн” гэж боддог. Тэд Бурхан үг хэлж, үнэнийг илэрхийлсэн учраас Бурханыг дагаагүй, харин Бурханы урьдчилан тогтоолтоос болж дагасан. Бурхан тэднийг ажлын хэд хэдэн үе шатыг туулж мэдрэхэд удирдсан бөгөөд тэд Бурханыг идэвхгүйгээр дагасан. Хожим нь Бурханы ажил үргэлжлэн урагшлах үед Тэрээр ажлынх нь одоогийн үе шаттай хөл нийлүүлж чадах илүү олон хүнийг сонгосон. Бурханы ажлын гол хүлээн авагчид тасралтгүй өргөжиж, шилжсэн. Эхэндээ Бурханыг дагаж байсан зарим хүн үнэнийг эрэлхийлээгүйгээсээ болж, Бурханы талаар янз бүрийн үзэл, буруу ойлголттой болсноосоо болж, мөн өөрсдийнх нь дотор Бурханы талаарх янз бүрийн дуулгаваргүй, сэтгэл ханамжгүй байдал үүссэнээс болж аажмаар таягдан хаягдсан. Энэ хүмүүсийг таягдан хаяхад субьектив болон объектив шалтгааны аль аль нь байсан. Субьектив талаас, тэд үнэнийг эрэлхийлээгүй учраас яг л фарисайчууд шиг Бурханы үгийг хоосон сургаал мэт авч, газар сайгүй номлосон. Одоог хүртэл зарим хүн үнэн-бодит байдал гэж юу болохыг ойлгодоггүй хэвээр байна—тэд яг л үхсэн хүмүүс шиг байдаг. Объектив талаас, таягдан хаягдсан хүмүүс нь Бурханы шинэ ажлын эхлэлийг биечлэн туулсан хүмүүс байсан боловч зан араншин, эрэлхийлэл, хэв чанарынхаа улмаас Бурханы дараагийн, илүү шинэ ажилд тэнцээгүй. Тийм болохоор энэ хүмүүс Бурханы ажлын үе шатуудад маш хурдан таягдан хаягдаж, гээгдсэн. “Бурханыг мэдэх тухай” үг илэрхийлэгдэхээс өмнөх хэсэг хугацаанд олон хүн зүрх сэтгэлийнхээ гүнд дотроо баярлаж, “Миний эсэргүүцэж, яллаж байсан хүн эцэст нь хэлэх юмгүй боллоо. Түүний ажлын үе шатууд эцэст нь дууслаа. Урьд нь би түүний талаар үзэл тээж байсан. Би түүнд дуулгаваргүй хандаж, түүнд сэтгэл дундуур байсан, мөн түүнийг яллаж, эсэргүүцсэн. Үнэхээр ч миний зөв байж. Тэр бол бурхан биш; тэр бол христ биш. Тэр бурхан биш учраас би түүнд хэрхэн хандах нь хамаагүй. Тэр бол зөвхөн бурхны дуу хоолой, бурхны төлөөлөгч юм” хэмээн хэлж байсан гэж болно. Түүгээр ч барахгүй зарим нь бүр “Энэ махбод биднээс ямар ч ялгаагүй. Түүний доторх сүнс үг хэлж, ажил хийдэг; энэ нь энэ махбодтой ямар ч хамаагүй” гэж хэлсэн. Зарим хүн ийм цадиггүй байдлаар Христийг нууцаар яллаж, доромжилсон. “Үг нь махбодоор илэрсэн II боть: Бурханыг мэдэх тухай” номын үнэн илэрхийлэгдэх үед Христийг яллаж, доромжилсон энэ хүмүүсийн зүрх сэтгэл тавгүйтсэн. Энэ тавгүйтлийн шалтгаан юу байв? Нэг талаар, тэд зүрх сэтгэлдээ удаан хугацааны турш үзэл тээж, үнэнийг илэрхийлсэн хүнтэй сөргөлдсөн. Тэд энэ хүнд дуулгаваргүй хандаж, сэтгэл дундуур байсан бөгөөд бүр Түүнийг яллаж, доромжилсон. Нөгөөтээгүүр, 2013 оноос хойш Бурханы илэрхийлсэн үгс хүн төрөлхтөнд өнөөг хүртэл мэдэгдээгүй байсан олон нууцыг ил болгосон. Эдгээр нууц нь бат бөх суурь хараахан тавиагүй шинэ итгэгчдийн итгэлийг бэхжүүлэх тодорхой нөлөө үзүүлж, тэдний эргэлзэж байсан зүрх сэтгэлийг хормын дотор баттай болгосон. Харин Бурханд олон жил итгэсэн боловч өмнө нь Христийг эсэргүүцэж, яллаж, доромжилж байсан хүмүүсийн хувьд эдгээр нууц тэдэнд хүнд цохилт өгч, тэднийг бүр ч их тавгүйтүүлсэн. Тэд “Одоо бид бүрмөсөн дууслаа. Бид бурханд таягдан хаягдлаа. Тэр биднийг хүсэхгүй байна. Бурхан өмнө нь маш олон үг илэрхийлсэн боловч бид түүнийг үргэлж хүн гэж үздэг байсан. Түүний ажлын үе шатууд дууссаны дараа үлдсэн зүйлс түүнтэй ямар ч хамаагүй болж, энэ хүн үйлчлэлээ дуусгасан байна, тэр үеэс хойш бид тэнгэр дэх бурхантай харилцаж, тэнгэр дэх бурханд итгэнэ гэж бид бодож байсан. Бид газар дээрх бурхны талаар үзэл тээж байсан. Бид түүнд дуулгаваргүй хандаж, түүнийг үл тоомсорлосон” гэж бодсон. 2013 онд илэрхийлэгдсэн үгсээр дамжуулан энэ хүмүүсийн увайгүй зан нэлээд дарагдсан. Үүнээс өмнө зарим хүн Бурханы ажлын талаар эргэлзэж эхэлсэн. Тэд Бурханы махбод болсон биеийг эсэргүүцэж, доромжилсон, зарим нь бүр итгэлээ орхисон. Яагаад тэр вэ? Учир нь тэд үзэлтэй болсон. Тэд бие махбодтой болсон Бурхан болон Бурханы ажлыг үгүйсгээд зогсохгүй, Бурханы оршин тогтнолыг ч бас үгүйсгэсэн. Энэ хүмүүсийн Бурханд хандах хандлагад үндэслэвэл тэд ямар төгсгөлтэй байх ёстой вэ? Бурханд хандах хандлага, үзэл бодолд нь үндэслэвэл тэдний мөн чанар юу вэ? (Үл итгэгчийнх.) Үл итгэгчдийн эхний гол онцлог бол завшааныг далимдуулах явдал юм. Тэд Бурханы үгээс өөрсдийн ашиг сонирхлыг олмогцоо түүнээсээ зуурч, тавихаас татгалздаг бөгөөд Түүний үгээс ашиг тус хүртэхийг хичээдэг. Хоёрдугаарт, тэд хэзээ ч, хаана ч Бурханыг доромжилж чаддаг, хэзээ ч, хаана ч Бурханы талаар үзэл бий болгож чаддаг, өчүүхэн төдий зүйл үзэлтэй нь нийцэхгүй байх үед Бурханыг шүүж, яллаж, эсэргүүцэж чаддаг. Тэд Бурханаас огт эмээдэггүй. Энэ хүмүүс бүгд антихристүүдийн мөн чанартай; тэд бүгд антихристүүд юм. Тэдний өөр нэг онцлог юу вэ? Энэ хүмүүс үнэнийг яавч хайрладаггүй. Тэд хамгийн түрүүнд Бурханы үгийг хүлээн авсан, хамгийн түрүүнд Бурханы үгийг сонссон, мөн Бурханы ажлын үе шат, арга барилыг биечлэн туулсан хүмүүс байсан. Энэ хүмүүс одоо 30 жил итгэж байгаа боловч тэдний дийлэнх олонх нь Бурханы гэрт ямар ч үүрэг гүйцэтгэж чаддаггүй, тэдэнд яриад байх туршлага байдаггүй. Тэд хаашаа ч явсан, тэрхүү үхмэл бичиг үсэг, хоосон сургаалыг л ярьдаг. Тэдний хамгийн илэрхий онцлог юу вэ? Тэд Бурханд 30 жил итгэсэн боловч зан чанар нь огт өөрчлөгдөөгүй, тэд Бурханаас эмээдэггүй, Бурханыг ойлгодоггүй. Тэд Бурхан махбод болсон биеийг нууцаар хайхрамжгүй шүүж, тэр ч байтугай өчүүхэн төдий ч айж эмээхгүйгээр асуудал дэгдээж, Бурханыг яллаж чаддаг. Тэд үнэнийг хайрладаггүй, үнэнд зэвүүцдэг, үнэнийг эсэргүүцдэг. Бие махбодтой болсон Бурханы тухайд тэд юу ч хэлж зүрхэлдэг; тэд бүх зүйлийг үнэлж дүгнэж, шүүж зүрхэлдэг, үзэл бий болгох үедээ тэдгээрийг тарааж зүрхэлдэг. Энэ хүмүүс ой гутам биш гэж үү? (Тийм.) Тэд Бурханы сонгосон хүмүүс мөн үү? Тэд Бурханд 30 жил итгэсэн боловч ямар ч бодит байдалгүй, зан чанар нь огт өөрчлөгдөөгүй—тэд үхсэн хүмүүс биш гэж үү? Үнэхээр үнэнийг эрэлхийлдэг, үнэхээр хэвийн хүн чанартай хүмүүс Бурханд гуравхан жил итгээд зарим үнэнийг ойлгож, орж чадахгүй гэж үү? (Чадна.) Гэвч Бурханд 30 жил итгэсэн хэр нь ямар ч туршлагагүй хүмүүс байдаг. Хэрвээ чи тэднээс туршлагаа ярихыг гуйвал тэд зөвхөн хоосон сургаал, уриа лоозон, сургамжилсан үг л ярина. Тэгвэл өнгөрсөн 30 жилд тэд Бурханы үгэнд ямар хүчин чармайлт гаргасан бэ? Тэд юу олж авсан бэ? Тэд Бурханы үгийг хүлээн авдаггүй нь ойлгомжтой. Тэд хүн төрөлхтөнд ерөөл, амлалт өгөх тухай Бурханы үг, Түүний чихэнд чимэгтэй үг, тайтгаруулж, ятгасан үг, сонсоход таатай үгийг хүлээн авдаг боловч Бурханы илэрхийлсэн ямар ч үнэнийг, эсвэл хүн төрөлхтөнд тавьсан Түүний ямар ч шаардлагыг хүлээн авдаггүй. Тэд ганцыг нь ч хүлээн авдаггүй. Энэ хүмүүсийг таягдан хаях ёстой биш үү? (Тийм.) Ийм хүмүүсийг таягдан хаях нь шударга бус уу? (Үгүй.) Учир нь тэд үнэнийг тодорхой мэдсээр байж санаатайгаар нүгэл үйлддэг.
Бурхан эцсийн өдрүүдэд маш их ажил хийж, маш олон үг хэлсэн бөгөөд хүмүүс үүнийг туулж, Бурханы ажлын үе шат бүрийг нүдээрээ харсан. Ямар ч өнцгөөс харсан бай, Бурхан маш олон үнэнийг илэрхийлж, маш олон хүнийг аварч байгаа нь маргаангүй бөгөөд хэн ч үүнд эргэлзэх ёсгүй. Бие махбодтой болсон Бурхан хэчнээн эгэл жирийн, хэвийн байсан ч, хүмүүст хэчнээн үл анзаарагдам санагдсан ч хүмүүс Түүний үгийг үнэн хэмээн хүлээн авах л ёстой. Зарим хүн: “Бие махбодтой болсон бурхан маш шалихгүй, маш эгэл жирийн, огтхон ч агуу биш байхад бид яаж түүнийг биширч чадах юм бэ? Ийм эгэл жирийн махбод ямар нэгэн агуу ажил хийж чадах уу? Бид түүнээс асар их ерөөл хүртэж үнэхээр чадах уу? Бид мэдэхгүй; бид түүнийг эгэл жирийн хүн шиг үзэж л чадна” гэж хэлдэг. Бусад нь “Чиний хийсэн зарим зүйл биднийг үнэмшүүлж чадаагүй, зарим нь бидэнд үзэл төрүүлсэн, зарим нь бидэнд ойлгомжгүй байгаа учраас, мөн чи бидэнд хүлээн зөвшөөрөх аргагүй зарим зүйлийг хэлсэн учраас тэнгэр дэх бурхныг төлөөлж чадахгүй—тиймээс бид чамтай эцсээ хүртэл тэмцэх ёстой. Хэрвээ чи биднээс сайн мэдээ номлохыг шаардвал бид тэгэхгүй; хэрвээ чи биднээс үүргээ гүйцэтгэхийг шаардвал бид тэгэхгүй; хэрвээ чи биднээс үнэнийг хүлээн авахыг шаардвал бид тэгэхгүй. Бид чам шиг хүнтэй эцсээ хүртэл тэмцэх болно—бидэнд юу хийж чадахыг чинь харъя л даа” гэж хэлдэг. Үнэнийг огт хүлээн авдаггүй энэ хүмүүсийн зүрх сэтгэлд Бурханы ажлыг үгүйсгэх, Бурханы үг бол үнэн гэдгийг үгүйсгэх, Бурхан махбод болсон биеийг үгүйсгэх мянга, түмэн шалтгаан байдаг. Гэвч тэдэнд тийм ч тодорхой биш байж болох нэг зүйл бий: Тэдэнд хэчнээн олон шалтгаан байсан ч хэрвээ тэд эдгээр үнэнийг хүлээн авахгүй бол аврагдахгүй. Хэрвээ чи Би гэх хүнийг хүлээн авахгүй, эсвэл Бурханы ажлыг дуулгавартай дагахгүй бол зүгээр ээ—Би чамайг албадахгүй. Гэхдээ хэрвээ чи Бурханы эдгээр үгийг үнэн гэж хүлээн зөвшөөрөхгүй, тэдгээрийг үнэн хэмээн хэрэгжүүлэхгүй бол Би чамд үнэнийг хэлье: Чи хэзээ ч аврагдахгүй, тэнгэрийн хаанчлалын үүдээр хэзээ ч орохгүй. Хэрвээ чи Бурханы эдгээр үг, эдгээр үнэн болон ажиллаж, хүн төрөлхтнийг авардаг энэхүү Христийг тойрч гарвал хэчнээн их хоосон сургаал ойлгодог байоаа ч, хэчнээн их зовлон бэрхшээл туулсан байлаа ч чи үнэнийг олж авахгүй; чи зүгээр л хог шаар. Бурханд итгэх шалтгаан чинь ямар ч байсан, үүргээ гүйцэтгэх зорилго чинь ямар ч байсан чи аврагдаж чадахгүй. Хэрвээ чи аврагдаж чадахгүй бол ямар ерөөл хүртэж чадах юм бэ? Зарим хүн тэнгэр дэх Бурхантай өрсөлддөг, зарим нь газар дээрх Бурхантай өрсөлддөг бөгөөд өөрсдийнх нь төгсгөл, хүрэх газар ямар байхыг тоохгүй байх хэмжээнд Бурханы үг болон үнэнтэй тэмцэлдэж зүрхэлдэг. Энэ нь олиггүй биш гэж үү? Энэ адгийн шаарнууд үнэхээр хорон муу! Тэд дор бүрнээ ёрын муу хүн мөн. Тэд бүгд үл итгэгчид, завшааныг далимдуулагчид, ичгүүргүй хүмүүс, энэ бол антихристүүдийн мөн чанар юм.
Би сая Бурханы үгэнд хандах антихристүүдийн хандлагын талаар нөхөрлөлөө. Антихристүүд Бурханы үгэнд хандахдаа тэдгээрээс үнэнийг юм уу хэрэгжүүлэлтийн зарчмыг эрж хайдаггүй. Тэд Бурханаас эмээж, муугаас зайлах замд хэрхэн хүрэхийг Бурханы үгээс ойлгохоор эрж хайдаггүй, мэдээж Бурханы санаа зорилгыг хангадаг хүн болохын тулд Түүний санаа зорилгыг ойлгохоор эрж хайдаггүй. Харин ч тэд Бурханы үгээс өөрсдийн хүссэн хүрэх газар болон хүссэн янз бүрийн ашиг тус, тэр дундаа тэд ерөөл хүртэж чадах эсэх, энэ амьдралд хэрхэн илүү их нигүүлсэл хүртэж болох, ирэх ертөнцөд зуу дахин ихийг хүртэж чадах эсэх гэх мэтийг олохыг хүсдэг. Эдгээр нь тэдний Бурханы үгээс эрж хайдаг зүйлс юм. Тиймээс үүнийг ямар ч өнцгөөс харсан, антихристүүд Бурханы үгийг хэзээ ч үнэн гэж үздэггүй, Бурханы үг бол үнэн, үүнийг хүн төрөлхтөн хүлээн авах ёстой гэж ч боддоггүй. Бурханы үгэнд хандах тэдний хандлага нь Бурханы үгийг ашиглан хүссэн ерөөл, хүрэх газраа олж авахыг хүсэх явдал юм. Тэд Бурханы үгийг үсрэх тавцан болгон ашиглаж, эрэлхийлдэг зүйлсээ олж авч, зорилгодоо хүрэхийг хүсдэг. Тэдний эрэлхийлэл, явдаг зам, Бурханы үгэнд хандах хандлагад үндэслэвэл энэ хүмүүс бол хэсэг үл итгэгчид, баахан завшааныг далимдуулагчид юм. Антихристүүд Бурханы үгээс хүссэн ашиг тус, хүрэх газраа олж чадахгүй байх үедээ, эсвэл Бурханы үгийг судлах явцад хэтийн ирээдүй, хувь заяаны талаарх Бурханы үг, эсвэл хүн төрөлхтөнд өгсөн Бурханы амлалт тэдний урмыг хугалж, хүслийг нь хангаж чадахгүй байх үед тэд гартаа барьсан Бурханы үгийг эрээ цээргүйгээр, эргэлзэх зүйлгүйгээр хойш тавьж, Бурханыг хаяж, орхиод, өөрсдийн хүсдэг амьдралыг эрэлхийлдэг. Тэд Бурханы авралыг хүлээн авахаар Бурханы өмнө ирдэггүй. Тэд Бурханы үгийг уншихдаа үнэн гэж үздэггүй, харин Бурханы үгийг ашиглан хувийн зорилгодоо хүрч, хувийн хүсэл, амбицаа хангахыг хүсдэг. Иймээс тэд Бурханы үгээс өөрсдийн төгсгөл, хүрэх газрыг цуцалтгүй эрж хайдаг. Тэд гамшгийн тухай Бурханы хэлсэн зүйл, нууцын тухай Түүний илчлэл, хүн төрөлхтний хөгжлийн тухай Түүний илчлэл, Түүний ажлын зарим нууц далд мэдээллийг эрж хайдаг. Энэ бол тэдний анхаардаг агуулга юм. Тэд энэ цар хүрээнээс гадуурх юуг ч сонирхдоггүй. Тэд тэр ч байтугай завхарсан хүн төрөлхтөнд тавьдаг Бурханы зарим шаардлагыг байнга жигшиж, эсэргүүцдэг. Тэр ч бүү хэл тэд Бурхан завхарсан хүн төрөлхтнийг ил болгодогт зэвүүцдэг. Тэд Бурханы үгэнд ашиглагддаг үг хэллэг, ярианы өнгө аясаас байнга өө хайж, Бурханы эсрэг ашиглаж болох ямар нэг зүйл олохыг хичээдэг. Жишээлбэл, Бурхан хүн төрөлхтнийг “садар эм”, “биеэ үнэлэгч” хэмээн ил болгох үед тэд: “Эдгээр нь яаж бурхны үг байж чадах юм бэ? Бурхан ингэж ярихгүй! Бурхан боловсон, зөөлөн, хайхрамжтай байдлаар ярих ёстой” гэж хэлдэг. Хүний үзэлтэй нийцдэггүй, хүний хэл зүйтэй нийцдэггүй, завхарсан хүмүүсийн хэвшмэл учир зүйд нийцдэггүй Бурханы зарим үгийн тухайд тэд “Эдгээр нь бурхны үг биш, бурхан ингэж ярихгүй! Бурхан маш өндөр дээд, агуу, ойлгохын аргагүй тул түүний үг яаж ийм эгэл жирийн байж чадах юм бэ? Яаж хэвшмэл логиктой ийм нийцэлгүй байж чадах юм бэ? Хэрвээ бурхны үг үнэн юм бол хүн бүр тэдгээрийг дээдэлж, шүтэж, бишрэхүйц байдлаар хэлэгдэх ёстой. Тэдгээр нь бүгд ойлгогдошгүй байх ёстой—бурхны үг ийм л байх ёстой!” гэж боддог. Бурханы үгийн тухайд тэд янз бүрийн үзэл, янз бүрийн хязгаарлалт, тэр ч байтугай янз бүрийн шаардлагатай байдаг. Тэдний шаардлага, хязгаарлалтад үндэслэвэл антихристүүдийн мөн чанар нь Сатаны мөн чанар юм гэдгийг харж болно. Бурхан болон Бурханы үгэнд хандах тэдний хандлага бол судлах, эсэргүүцэх, шүүх, Бурханы эсрэг ашиглах зүйл хайх, өө эрэх явдал юм. Тэд Бурханы үгэн дэх үнэнд ямар ч хүчин чармайлт гаргадаггүй, тэдгээрийг дуулгавартай дагаж, хүлээн авч, хэрэгжүүлдэггүй. Тиймээс антихристүүдийн мөн чанар бол Сатан болон муу ёрын сүнснүүдийн мөн чанар юм. Антихристүүдийн Бурханы үгэнд хандах хандлага нь Бурханд хандах хандлагатай нь адилхан. Бурханы үг Бурханыг Өөрийг нь төлөөлдөг. Бурханы илэрхийлсэн бүх үнэн нь Түүний зан чанар, Түүний мөн чанар, бүр цаашлаад Түүний ялгамж чанар, байр суурийг төлөөлдөг. Эдгээр үгийг Бурханы махбод илэрхийлсэн үү, эсвэл Бурханы Сүнс илэрхийлсэн үү гэдэг нь хамаагүй, Тэр ямар агуулга илэрхийлж байгаа нь хамаагүй, эдгээр үг Бурханыг төлөөлдөг нь эргэлзээгүй. Тиймээс антихристүүд Бурханы үгийг судалж, задлан шинжилж, тэдгээрийн талаар үзэл бий болгох нь Бурханы талаар үзэл бий болгож байгаатай адил юм. Тэд Бурханыг шинжиж байна. Тэд Бурханы үгэнд итгэдэггүй, Бурханы үгийг хүлээн авдаггүй нь Бурханы оршин тогтнолд итгэдэггүй гэсэн үг бөгөөд тэд Бурханы үг бол үнэн гэдэгт мэдээж итгэдэггүй, Бурханыг дуулгавартай дагаж бүр ч чаддаггүй. Энэ бол антихристүүдийн мөн чанар юм.
Зарим хүн: “Бие махбодтой болсон бурхан хэтэрхий шалихгүй, хэтэрхий эгэл жирийн. Түүний үг, үйлдэл надад байнга үзэл төрүүлдэг, миний төсөөлөлтэй огтхон ч нийцдэггүй. Бие махбодтой болсон бурхан зүгээр л эгэл жирийн хүн гэдгийг би харж байна. Тэр бурхныг төлөөлдөггүй, тиймээс тэрээр үг, ажилдаа хэчнээн олон үнэнийг илэрхийлсэн ч бай, бурхантай адил биш” гэж хэлдэг. Эдгээр үг хаанаас гардаг вэ? Тэдгээр нь юуг төлөөлдөг вэ? Сатаныг төлөөлдөг биш үү? Эхнээсээ дуустал Сатан Бурханы ялгамж чанар, байр суурийг хэзээ ч хүлээн зөвшөөрөөгүй. Тэр Бурханы үг бол үнэн гэдэгт хэзээ ч итгэж байгаагүй, Бурханы үгийг мэдээж хэзээ ч хүлээн аваагүй. Тиймээс Сатан Бурхантай ярих үедээ эн тэнцүү байр сууринаас ярихыг хүсдэг. Түүний ярьдаг арга барил нь Бурханыг дооглож, шоолох, Бурханыг хуурах явдал бөгөөд зүрх сэтгэлд нь Бурханы орон зай байдаггүй. Антихристүүдийн хийдэг зүйл, антихристүүдийн хэлдэг үг Сатаныхтай яг адилхан байдаг. Сатан хүн төрөлхтөнд үл үзэгддэг, харин антихристүүд нүдэнд харагдаж, гарт баригддаг гэдгийг эс тооцвол тэдний мөн чанар адилхан; тэд бол хүний арьс нөмөрсөн Сатанууд юм. Хэрвээ тэд Сатанууд биш байсан бол ийм зүйл хийж, хэлж чадахгүй байх байсан. Сатан байнга худал хэлдэг, Бурханы үг ч бас худал гэж боддог. Сатан хүмүүсийг байнга хуурдаг, шударга бус, ов мэхтэй, хорон муу бөгөөд Бурханыг ч бас ингэж ярьдаг гэж боддог. Бурхан юу ч хэлсэн бай, антихристүүд Бурханы үгэнд үргэлж ямар нэгэн зүйл нэмж, өөрсдийн утга санааг хавсарган, дур зоргоороо тайлбарладаг. Түүгээр ч үл барам, тэд Бурханы зарим үгийг өөрсдийнх нь үг шиг гайхалтай биш, өөрсдийнх нь түвшин болон өндөр стандартад хүрэхгүй, завхарсан хүн төрөлхтнийг байлдан дагуулахад хангалтгүй гэж боддог. Тиймээс тэд Бурханы үгийн арга барил, өнгө аяс, агуулгыг зарим хүний өмнө авчирч, задлан шинжилж, шүүж, үүнээс ч илүүтэйгээр шүүмжилж, яллахыг хүсдэг. Үүнийг хийх тэдний зорилго юу вэ? Тэд Бурханыг дагах зуураа энэ Бурханаас өөрсдийн хүсдэг хэтийн ирээдүй, хувь заяаг олж авахыг хүсэн хүлээж, энэ Бурханаас өөрсдийн хүсдэг хүрэх газраа олж авахаар хүлээдэг. Тэгвэл тэд яагаад ингэж авирласаар байна вэ? Энэ нь өөрсдийнхөө нүүрийг алгадаж байгаа хэрэг биш үү? Ганцхан шалтгаан бий. Тэр нь юу вэ гэвэл, тэдний нүдээр ийм Бурханы хэлсэн үг хэтэрхий эгэл, жирийн—Түүний үйлдэл ч бас хэтэрхий эгэл жирийн байдаг. Ийм Бурхан бол тэдний хүндлэхийг хүсдэг нэгэн биш, эсвэл тэдний төсөөлөл дэх нэгэн биш бөгөөд Тэр тэдэнтэй нийцдэггүй. Хэрвээ тэд ийм Бурханыг дагавал тэдний хүрэх газар, хэтийн ирээдүй, хувь заяа бүгд талаар болж магадгүй. Тиймээс тэд ийм Бурханыг улайран эсэргүүцдэг. Тэд Түүнийг шүүж, Түүнийг дорд үзэж, Түүнийг ажил хийж чадахааргүй болгохын тулд ажлыг нь хорлон сүйтгэж, үймүүлж, баллахыг хичээдэг. Тэгвэл тэдний зорилго биелнэ. Зарим хүн: “Хэрвээ тэд зорилгодоо хүрвэл хүрэх газар нь үгүй болох биш үү?” гэдэг. Энэ төрлийн хүмүүс зүгээр л Бурханы оршин тогтнолыг хүлээн зөвшөөрдөггүй, Бурханы махбод болсон биеийг ч хүлээн зөвшөөрдөггүй, хүн төрөлхтнийг аврах Түүний удирдлагын ажлын баримтыг бүр ч хүлээн зөвшөөрдөггүй. Тэд зүгээр л бооцоо тавьж, мөрийтэй тоглож байна. Хэрвээ энэ Бурханыг үнэхээр түлхэн унагавал тэд хүссэн бүхнээ хийж чадах бөгөөд Бурханы гэрт цаашид ийм зовлон бэрхшээл туулах шаардлагагүй болно. Тэгээд тэд ертөнц рүү, хорон муу чиг хандлага руу, өөрсдийн хэвийн амьдрал гэж нэрлэдэг зүйл рүүгээ сэтгэл амар буцаж чадна. Тэд ямар ч гамшиг туулах шаардлагагүй, ямар ч цэвэршүүлэлт туулах шаардлагагүй, Бурханы үгийн шүүлт, гэсгээлтийг мэдээж туулах шаардлагагүй. Энэ бүхэн оршин тогтнохоо больж, ертөнц урьдын адил үргэлжлэх болно. Энэ бол тэдний хүсэн мөрөөддөг зүйл юм. Энэ хүмүүс муу биш гэж үү? Тэд ийм муу байгаагийн уг үндэс юу вэ? (Тэдний мөн чанар бол Сатан, тиймээс тэд Бурханыг үзэн яддаг.) Үнэндээ, энэ антихристүүд, ёрын муу диаволууд зүрх сэтгэлийнхээ гүнд, сүнсэндээ үүнийг мэдэрч чаддаг—Бурхан өөрсөд шиг нь хүмүүсийг хэрхэн хардгийг тэд мэддэг. Бурхан тэдэн шиг хүмүүсийг үзэн яддаг. Тэд Бурхантай нийцдэггүй. Тэдний хүн чанар, уг чанар-мөн чанарыг Бурхан жигшдэг. Тиймээс тэд хэчнээн шаргуу ажиллаж, ерөөл хүртэхийг хэчнээн их хүсэж байсан ч тэдний эцсийн үр дүн хүслээс нь хамаарахгүй. Тэд ямар ч баримтыг өөрчилж чадахгүй. Тэд Бурхантай нийцдэггүй. Тэд Бурханы үгтэй нийцдэггүй. Тэд Христтэй нийцдэггүй. Тэгвэл тэдний эцсийн төгсгөл ямар байх вэ? Тэд бүгд мөхөх тавилантай. Тэд зүрх сэтгэлдээ энэ үр дүнгийн талаар бүдэг бадаг ойлголттой байдаг, тэгвэл тэд яагаад Бурханы гэрт үлддэг вэ? Тэд ерөөл хүртэх ийм сайхан боломжоо алдахыг хүсдэггүй тул мөрийцөхийг хүсдэг: “Хэрвээ би ингэж мөрийцвөл магадгүй ерөөл хүртэж чадах байх. Магадгүй би мултарч, амьд үлдэж чадах байх. Магадгүй бурхан хайхрахгүй, анхаарал хандуулахгүй бол би тэнгэрийн хаанчлалын үүдээр шургаж чадах байх.” “Магадгүй” гэх ийм хоосон мөрөөдөл тээн тэд Бурханы гэрт үргэлжлүүлэн урсгал даган хөвдөг боловч Бурханд хандах тэдний үзэл бодол, хандлага хэзээ ч өөрчлөгддөггүй. Тэд Бурханы үгийг үл тоомсорлодог, үнэнийг үл тоомсорлодог, бүх эерэг зүйлийг үл тоомсорлодог.
Бурхан хүмүүсээс үнэнч шударга байхыг шаарддаг. Зарим хүн үүнийг сонсоод, “Энэ хэтэрхий доогуур стандарт биш гэж үү? Бид бурханд олон жил итгэж байхад тэр яагаад одоо бидэнд ‘үнэнч шударга бай’ гэж хэлж байгаа юм бэ? Хэрвээ энэ нь бурхны үг юм бол гүн гүнзгий байх ёстой, улам өндөр дээд, улам ойлгохын аргагүй, хүн хүрэхийн аргагүй байх ёстой. Бидэнд илүү өндөр шаардлагатай стандарт хэрэгтэй болохоос биш, эдгээр эгэл жирийн, ач холбогдолгүй, доогуур стандарттай шаардлага биш” гэж боддог. Ийм хүмүүс үнэн-бодит байдал гэж юу болохыг ойлгодоггүй. Үнэнийг ойлгодоггүй хүмүүс эдгээр үгийг сонсоод бухимддаг боловч нөхөрлөл, туршлагын явцад болон үүнийг туулах хугацаанд Бурханы эдгээр үг нь хүмүүст хэрэгтэй зүйл мөн гэдгийг ухаардаг. Яагаад эдгээр нь хүмүүст хэрэгтэй зүйл вэ? Хүнийг Сатан хамгийн гүн гүнзгий завхруулсан, тиймээс хэн ч үнэнч шударга биш; энэ ертөнц худал хуурмагаар дүүрэн бөгөөд энэ нь Бурханд итгэдэг хүмүүст ч мөн адил хамаатай. Хүмүүс өдөр бүр ар араас нь худал хэлдэг; тэдний яриа Сатаны худал хуурмаг, ов мэхээр бялхаж байдаг. Тиймээс Бурхан үнэнч шударга бай хэмээх энэ хамгийн энгийн, шулуухан шаардлагыг хүнд тавьдаг. Цаг хугацаа, туршлагын явцад хүмүүст Бурханы үгийн талаарх ойлголт, Бурханы шаардлага, санаа зорилгын талаарх ухаарал бий болдог; Түүний үгийн удирдамж, чиглэл дор тэд Түүний үг хэчнээн бодит болохыг, Түүний үг бүрийг хэрхэн ойлгож, орох ёстойг, Түүний нэг ч үг хоосон биш гэдгийг, Түүний бүх үг хүн төрөлхтөнд хэрэгтэй гэдгийг, Бурхан хүмүүсийг үнэхээр нэгд нэггүй ойлгож, тэднийг нэвт харж чаддаг гэдгийг, Тэр тэдний завхралыг маш сайн ойлгодог болохыг аажмаар ухаардаг. Энэ бол эгэл жирийн хүний туулдаг үйл явц юм. Гэвч Бурхан хүмүүсээс үнэнч шударга байхыг шаардсан энэ үгийг харах үедээ антихристүүд басамжилж, дооглож, ёжилж, тэр ч байтугай эсэргүүцсэн хандлагаар үүнийг авч үздэг. Тэд энэ үгийн талаар санал бодолтой болсныхоо дараа үүнийг умартаж, Бурханыг басамжлах нь нэмэгдэж, Түүнд болон Түүний үгийг улам зэвүүцсэн байдлаар авч үзэж, бүр Түүний үгийг судлахаа болиход хүрдэг. Зарим хүн ов мэхтэй зан чанараа хэрхэн харуулсан, хэрхэн гэмшиж, үнэнч шударга байхаар хичээсэн талаарх туршлагаа ярих үед энэ антихристүүдийн оюун ухаанд эсэргүүцэл, дургүйцэл, басамжлал төрдөг. Тэд тэр хүмүүсийн хэлсэн зүйлийг хүлээн авахаас татгалзаад зогсохгүй, ах эгч нарын нөхөрлөдөг туршлагаар олсон мэдлэгийг эсэргүүцэж, зэвүүцэж, илүү их нөхөрлөдөг, илүү сайн мэдлэгтэй хүмүүсийг үзэн ядаж, басамжлахдаа тулдаг. Тэд “Та нар бол тэнэгүүд. Бурхан та нарт үнэнч шударга бай гэж хэлэхэд та нар зүгээр л хийдэг. Та нар яаж ийм дуулгавартай байж чаддаг байна аа? Та нар яагаад миний хэлсэн үгийг анхаардаггүй юм бэ? Намайг хар даа—миний жинхэнэ байдал ямар болохыг та нарын хэн нь ч мэдэхгүй, намайг хэчнээн ов мэхтэй, зальтай болохыг хэн ч мэдэхгүй. Би та нарт тэдгээр зүйлийн талаар хэлэхгүй; та нар тэдгээрийг сонсох эрхтэй гэж бодоо юу?” хэмээн боддог. Энэ бол Бурханы шаардлагад хандах тэдний хандлага юм; тэд үүнийг хүлээн авахаас татгалзаад зогсохгүй, үүнийг эсэргүүцэж, ялладаг. Энэ нь үл итгэгчдийн илрэл биш гэж үү? Тэд бол сонгодог үл итгэгчид юм. Өнгөн дээрээ тэд Бурханы үгийг ил тод яллаагүй, Бурханы үгтэй номыг зууханд хийж шатаагаагүй. Гаднаа тэд өдөр бүр Бурханы үгийг уншиж, номлол сонсож, цуглааны үеэр нөхөрлөдөг боловч үнэн хэрэгтээ зүрх сэтгэлийнхээ гүнд Бурханы үгийг гүнээ жигшиж, эсэргүүцэж, голдог. Өөрөөр хэлбэл, тэд Бурханы үгийн талаар үзэлтэй болох мөчдөө л үүнийг аль хэдийнээ голсон байдаг. Зарим хүн: “Тэр антихристүүд Бурханыг эдгээр зүйлийг хэлэхээс өмнө Түүний үгийг аль хэдийнээ голсон байсан уу?” гэж асуудаг. Тэр үед тэд үүнийг хараахан голоогүй байсан. Яагаад тэр вэ? Яагаад гэвэл тэд Бурханы талаар маш олон үзэл, төсөөлөлтэй байсан бөгөөд эдгээр нь Бурханыг дээдэлж, биширч, агуу хүн гэж үзэхэд тэднийг хүргэсэн. Гэвч Бурхан үгээ илэрхийлэх үед Бурханы талаарх тэдний үзэл бодол бүрмөсөн өөрчлөгдөж, тэд: “Бурхны хэлдэг үг үнэн хэрэгтээ маш эгэл жирийн! Тэдгээр нь маш энгийн, үнэхээр шулуухан, ойлгоход маш амархан: би өөрөө ч ийм үг хэлж чадна! Бурхныг агуу гэж хүн бүр хэлдэггүй гэж үү? Тэгвэл тэр яагаад бидэнд үнэнч шударга бай гэж хэлэх юм бэ? Хэрвээ бурхан тийм агуу юм бол, хэрвээ тэр үнэхээр өндөр дээд юм бол хүмүүст ийм жижиг, дорд шаардлага тавих ёсгүй!” гэж хэлсэн. Тэд Бурханы үгийг уншаад, үүнийг өнгөцхөн гэж бодож, энэ нь хүмүүсийн үзэлтэй тохирохгүй, эсвэл Бурханы агуу дүр төрх, ялгамж чанартай нийцэхгүй байна гэж бодох үедээ Бурханы үгийн талаар үзэлтэй болсон. Тэд ийм үзэлтэй болсны цаана тэдний дотор Бурханы үгийг гүнээ жигших жигшил үүссэн бөгөөд улмаар зүрх сэтгэлийнх нь гүн дэх Бурханы талаарх төсөөлөл, үзлийг нь тогтоон барьж байсан далан бүрмөсөн нурсан. Энэ нуралтын үр дүн юу вэ? Тэд зүрх сэтгэлийнхээ угаас Бурханы үгийг голж, ялласан. Тэгвэл хүмүүс Бурханы үгийг номлох үед антихристүүдийн оюун ухаанд юу бодогддог вэ? Тэд хөндлөнгөөс харж байгаа хөндлөнгийн ажиглагчид шиг байдаг. Хэн нэгэн Бурханы үгийг магтах, эсвэл Бурханы үгийн талаарх туршлагаа нөхөрлөхийг сонсох үедээ эдгээр антихрист бас л хөндлөнгийн ажиглагчид мэт, хөндлөнгөөс харж байдаг бөгөөд зүрх сэтгэлийнхээ гүнд хэзээ ч “Амен” гэж хэлдэггүй. Заримдаа тэд бүр хүмүүсийг дооглож, “Үнэнч шударга байгаад чи юу олж авсан юм бэ? Хэдийгээр чи үнэнч шударга байхыг хичээж байгаа ч бурхан чамайг заавал аврах албагүй, чи заавал ерөөгдөх ч албагүй. Маш цөөхөн хүн ерөөл хүртэнэ. Хэрвээ би ямар ч ерөөл хүртэхгүй бол та нар ч бас хүртэхгүй!” гэж хэлдэг. Антихристийн уг чанар-мөн чанар нь Бурханы үг болон Бурхантай Өөртэй нь дайсагнадаг бөгөөд үүний улмаас антихристүүд Бурханы үгийг хүлээн авч чаддаггүй, дуулгавартай дагаж бүр ч чаддаггүй. Хэрвээ тэд Бурханы үгийг хүлээн авч, дуулгавартай дагаж чадахгүй бол үүнээс туршлага хуримтлуулж чадах уу? Тэд чадахгүй, тэгвэл тэдний ярьдаг хувийн мэдлэг гэж юу вэ? Энэ бүхэн нь зүгээр л төсөөлөл, оюун дүгнэлт, хоосон сургаал, онол, эсвэл заримдаа бүр зүгээр л бусад хүмүүсийг дуурайж хэлдэг чихэнд чимэгтэй үгс байдаг, тийм болохоор тэдний дотор Бурханы үгийн талаарх туршлага, мэдлэг бий болох боломжгүй. Тиймээс антихристүүд Бурхан болон Түүний үгэнд ханддаг янз бүрийн хандлага, мөн уг чанар-мөн чанараасаа болоод, Бурханд 10 жил, 20 жил, эсвэл түүнээс ч удаан итгэсэн эсэх нь хамаагүй, өнөөг хүртэл чи тэднээс Бурханы үгийн талаарх ямар ч туршлагыг хэзээ ч сонсохгүй, эсвэл тэднээс харахгүй, Бурханы талаарх өчүүхэн төдий мэдлэгийг бүр ч харахгүй. Тэдний ярианаас чи, тэд Бурханы талаар үзэл, буруу ойлголттой байсан бөгөөд Бурханы ил болголтоор дамжуулан гэгээрч, эцэст нь Бурханыг буруугаар ойлгохоо больж, Түүний талаар үзэл тээхээ больсон гэж сонсохгүй. Тэдэнд ийм туршлага байхгүй, ийм мэдлэг ч байхгүй. Энэ бол антихристүүд Бурханы үгийг судлахад хэчнээн их хүчин чармайлт гаргасан ч үнэнийг олж авч чаддаггүй, эсвэл ямар нэг хувийн туршлага, мэдлэгийн талаар огт ярьж чаддаггүйн шалтгаан юм. Тэд ах эгч нарын байнга эш татдаг Бурханы үгийн зарим алдартай хэсгийг даган уншиж, цээжилдэг; тэд дүр эсгэж, урсгал даган явдаг, тэгээд үргэлж урьдынх шигээ бодсоор байдаг. Тэд Бурханы талаар өөрсдөд нь төрдөг үзэл, эсвэл өөрсдийнх нь болон Бурханы хооронд үүсдэг зөрчилдөөн, асуудлыг хэчнээн ноцтой байсан ч шийдвэрлэдэггүй. Эдгээр үзэл, асуудал үргэлж тэднийг дагаж явдаг. Тэд эдгээр асуудлыг шийдвэрлэхгүй байхын үр дагавар юу вэ? Зүрх сэтгэл дэх дургүйцэл нь улам бүр гүнзгийрч, Бурханыг үзэн ядах нь улам бүр нэмэгддэг. Ингэж үргэлжлүүлбэл тэд Бурханд удаан итгэх тусам ямар үр дагавар гарах вэ? Хуримтлагдсан эдгээр дургүйцэл, үзэл нь тэднийг хэтийн ирээдүй, хувь заяа, ерөөл хүртэх санаархлаа орхиход хүргэж чадах уу? (Үгүй.) Хэрвээ эдгээр асуудлыг шийдвэрлэхгүй бол эцсийн үр дүн нь юу байх вэ? (Тэд дэлбэрнэ.) “Дэлбэрэх” гэдэг үг нэлээд шулуухан байна. Тэд яаж дэлбэрэх вэ? Хэдэн арга зам байдаг вэ? (Өмнө нь уншиж байсан “Ердөө ганцхан шөнийн дотор тэд инээмсэглэсэн, ‘сайхан сэтгэлтэй’ хүн байснаа муухай царайтай, хэрцгий алуурчин болж” (Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханы ажил ба хүний хэрэгжүүлэлт) хэмээх Бурханы үгийн нэг хэсэг санаанд орж байна.) Тэд алуурчин болох нөхцөл юу вэ? Ерөөл хүртэх хүсэл нь нуран унах үед тэдний баг хуулран, “Бидний хэнд ч амар байхгүй, тиймээс би үүнийг нууж хаах шаардлагагүй—би ерөөл хүртэхийн тулд л бурханд итгэдэг. Хэрвээ би ерөөл хүртэхгүй гэдгээ мэдсэн бол аль эрт явчих байсан юм!” гэдэг. Тэд зүрх сэтгэл дэх бүх үгээ хэлдэг бөгөөд яллагдахаас айдаггүй. Тэд яагаад яллагдахаас айдаггүй вэ? Тэд яагаад боловсон дүр эсгэхээ больж, дэлбэрч чаддаг вэ? Яагаад гэвэл тэд цаашид итгэхийг хүсдэггүй бөгөөд явахыг хүсдэг. Тэд энэ бүх жилийн турш зорилгынхоо төлөө доромжлол, зовлон бэрхшээлийг тэвчиж ирсэн бөгөөд эдгээр стратегийн дагуу хэрэгжүүлж, эдгээр стратегийг сүнслэг түшиг тулгуураа болгон ашигладаг. Өнөөдөр тэд ерөөл хүртэх ямар ч найдваргүй гэдгээ хараад, боловсон дүр эсгэхээ больж, “Би зүгээр л үл итгэгч. Би эерэг зүйлд дургүй. Би ертөнцийн зүйлсийг эрэлхийлэх дуртай, хорон муу чиг хандлагад дуртай. Тэд бурхны үг бол үнэн, бурхны үг хүмүүсийг өөрчилж, аварч чадна гэж хэлдэг. Би яагаад үүнийг хараагүй юм бэ? Би яагаад үүнийг туулж, эсвэл мэдэрч чадахгүй байна вэ? Бурхны үг хүмүүсийн юуг өөрчилсөн юм бэ? Минийхээр бол бурхны үг юу ч биш. Хамгийн бодитой ашиг тустай ганцхан зүйл байдаг, тэр нь бурхныг дагадаг хүмүүс ерөөгдөж, тэнгэрийн хаанчлалд орно гэдэг зүйл. Энэ үг үнэн. Хэрвээ ерөөл хүртэхийн төлөө биш байсан бол би бурханд итгэхгүй байх байсан! Бурхан хаана байна? Хэрвээ бурхан хүмүүсийг аварч чадсан юм бол яагаад цовдлогдсон юм бэ? Тэр өөрийгөө ч аварч чадаагүй!” гэж ил тод хэлсэн нь дээр гэж тэдэнд санагддаг. Тэд үнэхээр юу бодож байгаагаа хэлдэг—үүгээр тэдний чөтгөрлөг тал илчлэгдэж байгаа биш гэж үү? Олон жилийн турш хуримтлагдсан тэдний үзэл, дургүйцэл дэлбэрдэг. Энэ бол антихристүүд эцэст нь жинхэнэ төрхөө харуулж байгаа хэрэг юм.
Зарим антихрист байнга: “Би бурханд итгэхдээ гэр бүл, ажил мэргэжлээ орхиж, маш их хүчин зүтгэл гаргаж, маш их зовсон, тэгээд би юу авсан юм бэ? Бурхан хүмүүсийг ерөөдөг бурхан биш юм уу? Бурхан хүмүүст нигүүлсэл өгдөг бурхан биш юм уу? Тэгвэл би юу авсан юм бэ?” гэх мэт зүйл хэлдэг. Бурхан хүнийг маш олон үнэнээр хангаж, юу ч нэхэлгүйгээр маш ихийг өгсөн; хүмүүс Бурханыг маш их эсэргүүцэж, Түүнд тэрсэлдэг ч Тэр үүнийг санадаггүй бөгөөд мөн л хүнийг аврахаар ирдэг. Антихристүүд хүн Бурханаас хэчнээн ихийг олж авсныг харж чаддаггүй. “Би юу авсан юм бэ?” гэж хэлэхдээ тэд үнэндээ юуг хэлж байна вэ? (Ерөөл.) Антихристүүд бүхнийг хүсдэг. Тэд Бурханд итгэж, Бурханыг дагахын тулд бүхнээ орхиж чаддаг бөгөөд ингэснээрээ амжилтад хүрэх боломжтой болно, энэ нь үнэ цэнтэй байх болно гэж боддог. Тэд ертөнц болон хэтийн ирээдүйгээ орхидог бөгөөд ирээдүйд бүхэл бүтэн ертөнцийг эзэмшихийг хүсдэг. Хариуд нь тэдний хүсдэг зүйл орхисон зүйлээс нь илүү үнэ цэнтэй байх ёстой. Энэ нь тэдгээр зүйлээс илүү үнэ цэнтэй байж, тэдэнд илүү их давуу тал олгох ёстой, тэгсэн цагт л тэд солилцоо хийнэ. Антихристүүд эдгээр үгийг дэлбэрэх үедээ уурандаа хэлдэг гэж та нар бодож байна уу? (Үгүй.) Эдгээр үг эцэст нь дэлбэрч гарах хүртэл тэд үүнийг гарцаагүй удаан хугацаанд дотроо хадгалдаг. Үүний дараа антихристүүдийн олон жилийн турш бодож, эрэлхийлж байсан бүхэн ил болж, тэдний бүх баг хуулардаг. Тэдний хэлдэг зүйлийн гол санаа юу вэ? “Би энэ бүх хугацаанд бурханд итгэж, түүнийг дагасан, тэгээд би юу авсан юм бэ?” Тэдний олж авахыг хүсдэг зүйл бол үнэн биш. Тэд үнэнийг хүсдэггүй. Тэд амийг хүсдэггүй, зан чанарын өөрчлөлтийг хүсдэггүй, Бурханы авралыг хүсдэггүй. Тэд өөрсдийгөө төгс хүмүүс гэж боддог бөгөөд эдгээр зүйлийг олж авахыг хүсдэггүй. Тэд энэ ертөнцөөс олж авч болох зүйлсээс илүү нэмэлт зүйл, илүү агуу ерөөлүүдийг олж авахыг хүсдэг. Өөрөөр хэлбэл, тэд өөрсдийн орхисон ертөнцийн зүйлсийг Бурханы амласан ерөөлөөр солихыг хүсдэг. Тэд Бурханаас хамгийн агуу ерөөлийг хүртэхийг хүсдэг. Хүслээ биелүүлж чадахгүй, бүх найдвар нь тасарсан гэдгийг харах үедээ тэд бууж өгөхөөс өөр аргагүй болдог. Гэвч тэгэх цаг ирэх үед зан чанарыг нь бодолцож үзвэл тэд ингээд больж чадах уу? Тэд тэгэхгүй. Зарим гэр бүлийнхэн бүгд итгэгч байдаг бөгөөд тэдний дундаас антихристүүд гарч ирдэг. Энэ антихристүүд ерөөл хүртэхгүй гэдгээ хармагцаа гэр бүлийнхнээ итгэхэд нь саад болохын тулд тэднийг үймүүлж эхэлдэг. Тэд гэр бүл хэвээрээ юу? Гаднах махан бие, эсвэл цусан холбооны хувьд тэд дотно гэр бүл юм. Гэвч гишүүн бүрийн дагадаг замыг харах үед хэдийгээр тэд бүгд Бурханд 10 гаруй жил итгэсэн боловч зарим нь антихрист хэмээн илчлэгдэж, зарим нь үнэнийг эрэлхийлж, үүргээ нэлээд сайн гүйцэтгэж, зарим нь үнэнийг дундаж стандартаар эрэлхийлж байдаг—ийнхүү тэдний уг чанар-мөн чанар илчлэгддэг. Мэдээж тэднээс хамгийн муу нь антихристүүд бөгөөд тэднийг хүн жигшин голж, Бурханы гэрээс хөөх ёстой. Тэгвэл энэ гэр бүл мөн үү? Жинхэнэ гэр бүл ийм байдаг уу? Эдгээр нь бүр ижил төрлийн хүмүүс ч биш! Зарим хүн диаволуудтай хамт маш олон жил амьдарсан бөгөөд тэднийг гэр бүлийн гишүүн гэж үзсээр байдаг. Тэд тэднийг орхиж чаддаггүй бөгөөд бүр тэднийг хайртай хүмүүсээ гэж мунхаглан боддог. Тэд ямар гээчийн хайртай хүмүүс вэ? Антихристүүд өөрсдийгөө харуулсныхаа дараа элдэв янзын мууг үйлддэг. Тэд бүр гэр бүл дэх жинхэнэ итгэгчдээ хяхан хавчиж магадгүй. Үүнээс ч долоон дор нь, тэд гэр бүлийнхнээ хорон муу засгийн газарт тушааж магадгүй. Зарим эцэг эх үр хүүхдээ худалддаг, зарим үр хүүхэд эцэг эхээ худалддаг. Тэдний харилцаа хэчнээн ойр дотно байхаас үл хамааран антихристүүдэд хийхгүй зүйл гэж үгүй. Антихристүүд өөрсдийнхөө гэр бүл дэх жинхэнэ итгэгчдийг худалдаж, хавчиж чаддаг тул тэд дайснууд гэсэн үг биш гэж үү? (Тийм.) Чуулганд нэг юм уу хоёр антихрист гарч ирэх нь ах эгч нарын хувьд аюул гэсэн үг. Антихристүүд ерөөл хүртэхгүй гэдгээ хармагцаа өөрсдийгөө хэрэггүй гэж үзэж, үр дагаврыг нь үл тоон, баг нь хууларч, бусад ах эгч нарыг үймүүлэх талаар бодож эхэлдэг. Зарим ах эгч сул дорой, биеийн хэмжээ багатай, үнэнийг ойлгодоггүй. Антихристүүд эдгээр ах эгчид интернет дэх зарим нэг үндэслэлгүй цуу яриа үзүүлж, дараа нь өөрсдийн хачирласан тайлбарыг нэмж гал дээр тос нэмснээр тэдгээр ах эгчийг үймүүлж, төөрөлдүүлж, эцэст нь тэднийг сүйрүүлдэг. Мэдээж зарим ах эгч ялган таних чадвартай бөгөөд антихристүүдийг шууд таньдаг. Хэрвээ тэд антихристүүдтэй ил тод харьцвал энэ нь төвөг удна, тиймээс тэднийг бусдыг үймүүлж, гай тарьж чадахгүй болгохын тулд тусгаарлах ухаалаг арга олоход л хангалттай. Сатануудтай харьцахдаа хүмүүс ухаалаг авирлах ёстой.
Антихристүүд хэтийн ирээдүй, хувь заяаныхаа төлөө Бурханд итгэж, Бурханыг дагадаг. Тэд ерөөл хүртэх хүслээсээ зуурч, амбицаа өвөрлөн Бурханы гэрт орж ирдэг бөгөөд Бурханы үгийг уншиж, хүлээн авч, номлодог. Тэд хэтийн ирээдүй, хувь заяаныхаа төлөө Бурханы гэрт буулт хийж, доромжлолыг тэвчиж, бүхий л төрлийн зовлон бэрхшээлийг туулдаг. Олон жил хүлээж, ажигласны эцэст найдвар нь нуран унах үед тэд бас л хэтийн ирээдүй, хувь заяанаасаа болж, ерөөл хүртэх хүсэл, санаархал нь биелэх боломжгүйгээс болж чуулган болон Бурханы гэрээс явдаг. Ийм хүмүүсийн төгсгөл юу вэ? Тэд таягдан хаягдана. Тэд яагаад таягдан хаягдах вэ? Бурхан тэднийг Өөрийнх нь гэрт орж ирсэн мөчөөс нь эхлэн аврахгүй гэж шийддэг үү, эсвэл тэдэнд өөрсдийн гэсэн асуудал байдаг уу? (Тэдэнд өөрсдийнх нь асуудал байдаг.) Антихристүүд Бурханы гэрт орохдоо улаан буудайн дундах үрийн сүүл мэт уусдаг. Зарим хүн: “Гэхдээ Бурхан энэ талаар мэддэггүй гэж үү?” хэмээн хэлдэг. Бурхан энэ талаар мэддэг; Бурхан энэ бүхнийг шинждэг. Ийм хүмүүс өөрчлөгдөж чадахгүй. Тэд Бурханы бүх үгийг уншлаа ч гэсэн, нууцууд, хүний хүрэх газар болон Бурханы илчилсэн хүний янз бүрийн завхарсан зан чанар, иймэрхүү бусад үгийн талаар уншлаа ч гэсэн энэ нь ямар ч нэмэргүй, учир нь тэд үнэнийг хүлээн авдаггүй. Бурханы хэлсэн үг бүх хүн төрөлхтөнд хандсан байдаг. Тэдгээр нь хэнээс ч нууцлагдаагүй, бүгдэд эн тэнцүү өгөгддөг. Хүн бүр Бурханы үгийг уншиж, сонсож чадна, гэвч эцэст нь антихристүүд тэдгээрийг хэзээ ч олж авахгүй, учир нь тэд бол антихристүүд, диаволууд, Сатанууд юм. Сатан Бурханы хажууд олон жил болсон ч өөрчлөгдөөгүй, тэгвэл антихристүүдийн хувьд ч бас адилхан байх биш үү? Чи тэднээр Бурханы үгийг өдөр бүр уншуулсан ч гэсэн тэд үүнийг олж авахгүй, учир нь тэд бол антихристүүд бөгөөд антихристийн мөн чанартай байдаг. Антихристүүдээр өөрсдийнх нь ашиг сонирхол, эсвэл хэтийн ирээдүй, хувь заяаг орхиулах боломжгүй. Энэ нь гахайг модонд авируулахтай адилхан. Энэ бол боломжгүй даалгавар юм. Антихристүүд ойрын ашиг тусыг харахыг хүсдэг, ирээдүйн мөнхийн ашиг тусыг ч бас харахыг хүсдэг. Хэрвээ тэд эдгээр зүйлийн аль нэгийг нь олж авч, эсвэл хангаж чадахгүй бол тэр даруй дайсагнах ба хэдийд ч яваад өгч магадгүй. Антихристүүд Бурханы үгийн далд утгыг уншиж, өнгө аяс, хувирлыг нь сонсож, Бурханы үгийн утга учир, санааг таахаар оролддог бөгөөд ингэснээрээ өөрсдийн санаа тавьдаг, олж авахыг хүсдэг янз бүрийн ашиг тусаа хэмждэг. Тэд Бурханы үгэнд ийм хандлагаар хандах үедээ үнэнийг ойлгох боломжтой юу? (Үгүй.) Тиймээс ямар ч тохиолдолд антихристүүд Бурхан болон Түүний үгийг эсэргүүцдэг, мөнхийн дайснууд нь юм. Зарим хүн: “Тийм, тийм хүн өмнө нь үнэхээр сайн байсан. Тэд яагаад одоо ингэж авирлаад байна вэ? Бурханы үгийг тэдэнд нөхөрлөсний дараа тэд үүнийг ойлгосон гээд, үүргээ гүйцэтгэхийн тулд шаргуу ажиллана гэж амласан, тэгвэл тэд яагаад өөрчлөгдөж чадахгүй байна вэ?” гэдэг. Би чамд үнэнийг хэлье. Тэд зөвхөн одоо өөрчлөгдөж чадахгүй байгаа юм биш—тэд ирээдүйд ч бас өөрчлөгдөж чадахгүй. Яагаад тэр вэ? Учир нь тэдэнд өөрчлөгдөх ямар ч санаа байдаггүй. Бодоод үз дээ: Хэрвээ чоно идэх хонь олж чадахгүй бол өлсөж үхэхгүйн тулд заримдаа хэдэн үмх өвс идэж, бага зэрэг ус ууж өлсгөлөнгөө дарна. Гэхдээ энэ нь түүний уг чанар өөрчлөгдсөн гэсэн үг үү? (Үгүй.) Тиймээс антихристүүд ямар ч муу зүйл хийхгүй, түр зуур жаахан сайн зан авир гаргах нь тэд өөрчлөгдсөн, эсвэл үнэнийг хүлээн авсан гэсэн үг биш юм. Тэд эрх мэдэл, байр суурь нь хөндөгдсөн байдлаар ноцтой засуулж, өөрсдөд нь ямар ч найдвар байхгүй—таягдан хаягдах нь гарцаагүй гэдгийг хармагцаадаруй сөрөг болж, ажлаа хаяж, анхдагч, жинхэнэ төрх нь ил гарна. Ийм хүмүүсийг хэн өөрчилж чадах вэ? Бурхан тэднийг аврахаар төлөвлөдөггүй, зүгээр л баримтуудыг ашиглан тэднийг илчилж, таягдан хаядаг. Тиймээс Сатаны эдгээр зарцыг хүн бүр ялган таньж, голох ёстой.
Антихристүүдийг ялган таних нь ёрын муу хүмүүс болон Сатаныг ялган танихтай адил бөгөөд антихристүүдийг задлан шинжлэх нь үл үзэгдэх Сатан болон диаволуудыг задлан шинжлэхтэй адил юм. Өнөөдөр бидний задлан шинжилж байгаа антихристүүдийг хүн харж чадна. Чи тэдний юу хийж байгааг харж, юу хэлж байгааг сонсож чадна; чи тэдний бүх илрэлийг харж, санаархлыг нь ухан ойлгож чадна. Чи сүнсний ертөнцийн Сатан юм уу диаволуудыг харж, эсвэл хүрч чадахгүй, тиймээс тэд чиний хувьд үргэлж зүгээр л нэг ойлголт, нэр төдий байх болно. Харин өнөөдөр бидний задлан шинжилж байгаа антихристүүд өөр. Эд бол амьд диавол, Сатанууд юм. Тэд бол мах цуснаас бүтсэн, биет диаволууд, Сатанууд юм. Эдгээр диавол, Сатан сүнсний ертөнцөд Бурханыг эсэргүүцэж, Бурханыг голдог бөгөөд Бурханы хэлсэн үг бүрийг зэвүүцдэг. Тэд чуулганд ирэхдээ эдгээр зүйлийг хийсээр байдаг. Тэд урьдын адил Бурханы үгийг эсэргүүцэж, зэвүүцэж, голсоор байдаг. Тэр ч байтугай Бурханы үгийг байнга басамжилдаг. Бурханы амнаас гарсан л бол маш жижиг зүйл ч гэсэн тэдний зүрх сэтгэлд олон асуулт үүсгэдэг. Тэд үүнийг судалж, задлан шинжилж, оюун ухаанаараа боловсруулдаг. Тиймээс антихристүүдийн хувьд Бурханы үг бол итгэлийнх нь бай биш юм. Тэд Бурханы үгэнд хэзээ ч итгэхгүй. Бурханы үг хэчнээн бодит, үнэн, эсвэл итгэмжит байсан ч тэд итгэхгүй. Тэгвэл эдгээр зүйлээс дүгнэж үзвэл антихристүүд Бурханы дайснууд биш гэж үү? Тэдний төрөлх уг чанар үнэнд дайсагнадаггүй гэж үү? Ийм төрлийн хүмүүс Бурханы дайсан болж төрсөн, тэд үнэнд зэвүүцдэг болж төрсөн. Тэд Бурханы үгийг хэзээ ч үнэн мэт үзэхгүй, эсвэл баримтлахгүй. Өөрсдийн мөн чанар, Бурханд ханддаг янз бүрийн илрэл, Бурханы үгэнд ханддаг янз бүрийн хандлагаасаа болоод эцэст нь ийм төрлийн хүмүүс Бурханы үгээр яллагдаж, Бурханд жигшин гологддог. Тэгвэл тэд өөрсдийн эрэлхийлдэг хамгийн том ашиг тусаа—хэтийн ирээдүй, хувь заяагаа олж авч чадах уу? Хэзээ ч үгүй. Тиймээс, Бурхан хүн төрөлхтөнд өгөх амлалт, ерөөлүүдээ, мөн хүн төрөлхтөнд бэлдсэн хүрэх газраа хэнд хандан хэлдэг вэ? Эдгээр зүйлээс антихристүүд хувь хүртэх үү? (Үгүй.) Бурханы ярьсан, хүн төрөлхтөнд амласан гайхалтай хүрэх газар нь Бурханы авралын байнуудад, Бурханы үгэнд итгэж, Бурханы үгийг үнэн хэмээн хүлээн авдаг хүмүүст өгөгддөг. Энэ нь Бурханд дайсагнадаг, Бурханы үгийг хууран мэхлэгчийн худал үг гэж үздэг антихристүүдэд өгөгддөггүй.
2020 оны 4 дүгээр сарын 11
Тайлбар:
а. Эх бичвэрт “гэж тэд боддог” гэх үг байхгүй.