9-р зүйл: Тэд өөрсдөө ялгарч, хувийн ашиг сонирхол, амбицаа хангахын тулд л үүргээ биелүүлдэг; тэд Бурханы гэрийн ашиг сонирхлыг хэзээ ч бодолцон үздэггүй, харин ч тэдгээр ашиг сонирхлоос урваж, тэдгээрийг хувийн алдраар сольдог (IX хэсэг)
II. Антихристүүдийн ашиг сонирхол
Г. Тэдний хэтийн ирээдүй, хувь заяа
4. Антихристүүд “Үйлчлэл үзүүлэгч” гэдэг цолонд хэрхэн ханддаг вэ
Өнөөдөр бид антихристүүдийн янз бүрийн илрэлийн 9-р зүйлийн талаар үргэлжлүүлэн нөхөрлөнө: Тэд өөрсдөө ялгарч, хувийн ашиг сонирхол, амбицаа хангахын тулд л үүргээ биелүүлдэг; тэд Бурханы гэрийн ашиг сонирхлыг хэзээ ч бодолцон үздэггүй, харин ч бүр тэдгээр ашиг сонирхлоос урваж, тэдгээрийг хувийн алдраар сольдог. Энэ зүйлтэй холбогдуулан бидний нөхөрлөх гол сэдэв бол антихристүүдийн ашиг сонирхлыг задлан шинжлэх явдал бөгөөд өнөөдөр бид антихристүүдийн ашиг сонирхлын дөрөв дэх зүйлийн дөрөв дэх дэд сэдэв—тэд “үйлчлэл үзүүлэгч” гэдэг цолонд хэрхэн ханддаг талаар нөхөрлөж, антихристүүд энэ цолонд хэрхэн ханддагийг задлан шинжилнэ. Өнөөг хүртэл Бурханыг дагасан хүмүүс “үйлчлэл үзүүлэгч” гэдэг үгтэй танил бөгөөд ихэнх нь энэ цолыг зүрх сэтгэлдээ үндсэндээ хүлээн авсан байдаг. Субьектив хандлагынхаа хувьд тэд энэ цолыг эсэргүүцдэггүй. Гэвч тодорхой нэг хүнийг үйлчлэл үзүүлэгч гэж хэлэх нарийн ширийний тухайд тэр хүн голчлон дурамжхан, дургүй байдлаа илэрхийлж, өөрийгөө хэлмэгдсэнд тооцон, ингэж нэрлүүлэхийг тийм ч их хүсдэггүй, үйлчлэл үзүүлэгч байхыг төдийлөн хүсдэггүй. Хүмүүсийн илэрхийллээс харахад, хэдийгээр тэд субьектив хандлагынхаа хувьд “үйлчлэл үзүүлэгч” нь муу цол биш гэдэгтэй санал нийлдэг ч обьектив өнцгөөс үзвэл хүмүүс “үйлчлэл үзүүлэгч” гэдэг цолонд зарим талаар ялгаварлан гадуурхах, дайсагнах, тэр ч байтугай дургүй байх хандлагаар хандсаар байдаг—тэд үүнд ийм хандлагаар ханддаг. Хүмүүс “үйлчлэл үзүүлэгч” гэдэг цолны талаар юу гэж боддог, үүнийг чин сэтгэлээсээ хүлээн авч, үйлчлэл үзүүлэгч байж чадах эсэх, эсвэл энэ цолны талаарх тэдний бодолд хүний олон хольц, хүсэл холилдсон эсэх нь хамаагүй, өнөөдөр бид эхлээд үйлчлэл үзүүлэгч гэж яг юу болох, Бурханы нүдээр “үйлчлэл үзүүлэгч” гэдэг цол яг хэрхэн тодорхойлогдож, тогтоогддог, Бурханы ярьдаг эдгээр үйлчлэл үзүүлэгчийн мөн чанар юу болох, Бурхан “үйлчлэл үзүүлэгч” гэдэг үгэнд хэрхэн ханддаг, энэ нь хүмүүсийн авч үздэгээс юугаараа ялгаатай болох талаар нөхөрлөнө, ингэснээр та нар бүгд зүрх сэтгэлдээ “үйлчлэл үзүүлэгч” гэдэг цолны талаар үнэн зөв ойлголт, ухагдахуунтай болж чадна.
а. “Үйлчлэл үзүүлэгч” гэдэг цолны тодорхойлолт ба гарал үүсэл
“Үйлчлэл үзүүлэгч” гэдэг үг нь шууд утгаараа ямар нэг зүйлийн төлөө ажиллаж, хүчин чармайлт гаргадаг хүнийг хэлдэг. Хэрвээ бид энэ цолыг албан тушаалын хувьд хэмжвэл энэ нь түр хугацаагаар ашиглагддаг хүнийг хэлнэ. Өөрөөр хэлбэл, хэрвээ хэн нэгэн үйлчлэл үзүүлэгч гэж тооцогдоод, ямар нэг ажил хийж эхлэх юм уу аль нэг салбарт ажилд орвол энэ нь тэдний эрхлэх урт хугацааны мэргэжил эсвэл ажил биш, харин түр зуурынх байдаг. Тэд энэ салбар юм уу ажилд түр хугацаанд хүчин чармайлт гаргаж, хэсэг хугацаанд үйлчилдэг. Тэдэнд ямар ч хэтийн төлөв, ирээдүй байхгүй, тэд ямар ч материаллаг ашиг тус хүртдэггүй. Тэд ямар ч хариуцлага үүрэх шаардлагагүй; зүгээр л хөдөлмөрийнхөө хөлсийг авдаг. Тэдэнд даалгасан ажил дуусахад тэд цаашид хэрэггүй болж, зүгээр л ажлын хөлсөө аваад явдаг. Товчхондоо, энэ нь түр зуурынх бөгөөд хэрэгтэй үед тэднийг ажиллуулдаг. Энэ бол үйлчлэл үзүүлэгчийн талаарх үгчилсэн ойлголт юм. Хэрвээ бид “үйлчлэл үзүүлэгч” гэдэг үгийг хүн төрөлхтний үзэл санааны дагуу тайлбарлавал, үйлчлэл үзүүлэгчдийг ямар нэг ажил юм уу салбарт түр хугацаагаар ажиллаж, хүчин чармайлт гаргадаг хүмүүс буюу “гэрээт ажилчид”, “түр ажилчид” гэж нэрлэдэг. Тэдний үнэ цэн нь ажилд хэрэгтэй байх хугацаанд л хамаатай бөгөөд тэр хугацаа дуусмагц ямар ч үнэ цэн үлддэггүй. Учир нь тэд цаашид хэрэггүй болж, ашиглалтын үнэ цэнгүй болдог—тэдний үнэ цэн тэр хугацаанд шавхагдсан байдаг. Энэ бол “үйлчлэл үзүүлэгч” гэдэг үгийн тухайд хүмүүсийн ойлгож, харж чадах үгчилсэн утга юм. Хүний хэлээр илэрхийлж чадах утга дотор, өөрөөр хэлбэл, Бурханы хэлсэн “үйлчлэл үзүүлэгч” гэдэг цолны талаар хүмүүсийн ухамсарлаж чадах утгын дотор үнэнтэй нийцэх утга байдаг уу? Хэвийн хүн чанар, ухаалаг байдалтай тохирох утга байдаг уу? Жинхэнэ бүтээгдсэн зүйлсийн хувьд хүмүүсийн ойлгох ёстой утга байдаг уу? Бурхан энэ цолонд хэрхэн ханддагтай холбоотой утга байдаг уу? (Байхгүй.) Байхгүй гэдгийг нь та нар яаж мэдэж байгаа юм бэ? Та нар мухардаж, тайлбарлаж чадахгүй байна. Та нарын дунд их сургуулийн оюутнууд, магистрантууд, докторантууд, профессорууд байгаа ч нэг нь ч үүнийг тодорхой тайлбарлаж чадахгүй байна, тийм үү? (Тийм ээ, тийм.) Энэ бол мэдлэг ба үнэний хоорондох ялгаа юм. Чи боловсролтой байж болно, “үйлчлэл” болон “үзүүлэгч” гэдэг тусдаа үгсийг мэддэг байж болно, энэ хоёр үг нийлээд нэг төрлийн хүн, нэг бүлэг хүмүүсийг тодорхойлох үг болох үед энэ хүмүүсийн мөн чанар, илрэл, бүх хүн төрөлхтний дундах байр суурийг нь ойлгож чадна, гэвч энэ үгийг үнэний өнцгөөс, бүтээгдсэн зүйлийн өнцгөөс ойлгож чадахгүй байх үед чиний ойлголт яг хаанаас гарч ирдэг вэ? Чиний ойлгож авсан энэ үгийн мөн чанар яг юу вэ? Энэ нь энэхүү завхарсан хүн төрөлхтнөөс, энэ нийгмээс, хүн төрөлхтний мэдлэгээс бий болсон “үйлчлэл үзүүлэгч” гэдэг үгийн талаарх ойлголт биш гэж үү? (Тийм ээ, мөн.) Хүн төрөлхтний мэдлэг үнэнтэй нийцдэг үү, эсвэл үнэнд дайсагнадаг уу? (Энэ нь үнэнд дайсагнадаг.) Тэгвэл чи энэ үгийн талаар ийм ойлголт, ухагдахуунтай байх үедээ Бурхантай сөргөлдөж байна уу, эсвэл Бурхантай нийцэлтэй талд зогсож байна уу? Мэдээж, чи энэ үгийг өөрийнхөө мэдлэгээр, уураг тархиар ойлгож, ухаарах үедээ өөрийн эрхгүй, өөрийн мэдэлгүй Бурхантай сөргөлддөг. Энэ үгийг ойлгохын тулд мэдлэгээ ашиглах үед чиний ойлгосон зүйлс чамайг “үйлчлэл үзүүлэгч” гэдэг үгийг эсэргүүцэх, дургүйцэх, жигших, тэр ч байтугай үзэн ядахад гарцаагүй хүргэдэг. Энд ямар нэг дуулгавартай байдал байна уу? Жинхэнэ хүлээн зөвшөөрөлт байна уу? (Байхгүй.) Зарим хүн: “Би сайн үгсийг хүлээн авдаг, гэхдээ яагаад энэ муу үгийг хүлээн авах ёстой гэж? Би үүнийг эсэргүүцэхгүй байх нь хангалттай сайн хэрэг. Жишээлбэл, би ‘титэм хүртэх’, ‘шагнал хүртэх’, ‘ерөөгдөх’, ‘хаанчлалд орох’, ‘тэнгэр өөд явах’, ‘там руу явахгүй байх’, ‘шийтгүүлэхгүй байх’, ‘ууган хүү байх’ гэх мэт эерэг нэр томьёог хүлээн авдаг. Энэ нь жам ёсны зүйл, хүний хэвийн хариу үйлдэл бөгөөд эдгээр нь хүмүүсийн эрэлхийлэх ёстой зүйл юм. Харин ‘ёрын муу хүмүүс’, ‘антихристүүд’, ‘шийтгүүлэх’, ‘там руу явах’ гэх мэт сөрөг нэр томьёоны тухайд гэвэл, хэн ч тэдгээрийг хүлээн авах дургүй. ‘Үйлчлэл үзүүлэгч’ гэдэг үг саармаг үг боловч миний ойлголтоор бол би үүнийг хүлээн авч чадахгүй бөгөөд үүнийг жигшихгүй байх минь хангалттай сайн хэрэг. Хэрвээ би үүнийг дуртайяа хүлээн авч, дуулгавартай дагаж, Бурханаас хүлээн авах ёстой бол тэгэх ер боломжгүй” гэж хэлдэг. Хүмүүс ингэж боддоггүй гэж үү? (Тийм ээ, тэгдэг.) Ийм бодол зөв үү, буруу юу? (Буруу.) Үүнийг буруу гэдгийг чи хэзээ мэдсэн бэ? Дөнгөж сая, тийм үү? Энэ бол асуудал. Чи энэ нь буруу гэдгийг дөнгөж сая мэдлээ. Үүнийг ухаарахаасаа өмнө чи гаднаа “үйлчлэл үзүүлэгч” гэдэг цолыг аль хэдийн хүлээн авсан мэт харагдаж, субьектив байдлаар аль хэдийн хүлээн авсан байсан—ингэж хүлээн авсан чинь үнэн байсан уу, эсвэл худлаа байсан уу? (Худлаа байсан.) Мэдээж энэ нь үнэн биш, чи дуртайяа хүлээн авсан ч биш. Энд хуурамч байдал, дүр эсгэлт, дурамжхан байдал байсан бөгөөд чамд өөр сонголт байхгүй гэсэн мэдрэмж ч бас байсан.
Бидний сая нөхөрлөсөн зүйл бол “үйлчлэл үзүүлэгч” гэдэг цолны талаарх хүмүүсийн жинхэнэ хариу үйлдэл, илрэл бөгөөд эдгээр нь энэ цолны талаарх хүмүүсийн санал, үзэл бодол, ойлголтыг бүрэн харуулж, энэ цолд хандах хүмүүсийн хандлага нь дурамжхан, ялгаварлан гадуурхсан, зэвүүцсэн, зүрх сэтгэлийнхээ угаас эсэргүүцсэн хандлага байдгийг бүрэн илчилдэг. Учир нь хүмүүс үйлчлэл үзүүлэгч байхыг жигшдэг, “үйлчлэл үзүүлэгч” гэдэг үгийг жигшдэг, үйлчлэл үзүүлэгч байхыг хүсдэггүй, үйлчлэл үзүүлэгч байхыг үзэн яддаг. Энэ бол хүмүүсийн энэ цолны талаарх ойлголт, хандлага юм. Одоо, Бурхан үйлчлэл үзүүлэгчдийг яг хэрхэн хардаг, “үйлчлэл үзүүлэгч” гэдэг үг хэрхэн бий болсон, Бурханы нүдээр энэ цолны мөн чанар юу болох, гарал үүсэл нь юу болохыг харцгаая. “Үйлчлэл үзүүлэгч” гэдэг үгийн шууд утга нь хүн төрөлхтний хэлээр бол, түр ажилчин буюу ямар нэг салбар юм уу ажилд түр хугацаагаар үйлчилдэг, түр хугацаагаар хэрэгтэй байдаг хүн юм. Бурханы удирдлагын төлөвлөгөө, Бурханы ажил, Бурханы гэрт үйлчлэл үзүүлэгчид гэгддэг энэ бүлэг хүмүүс зайлшгүй шаардлагатай байдаг. Энэ хүмүүс Бурханы гэрт, Бурханы ажлын газарт ирэх үедээ Бурханы талаар, эсвэл Бурханд итгэх итгэлийн талаар юу ч мэддэггүй, Бурханы ажил юм уу Бурханы удирдлагын төлөвлөгөөний талаар бүр ч мэддэггүй байсан. Тэд юу ч ойлгодоггүй байсан; тэд зүгээр л гаднын хүмүүс, шүтлэггүй хүмүүс байсан. Бурханы нүдээр шүтлэггүй хүмүүс Бурханы гэрт ирэх үедээ Түүний төлөө юу хийж чадах вэ? Тэд юу ч хийж чадахгүй гэж хэлж болно. Хүмүүс завхарсан зан чанараар дүүрэн, Бурханыг огт мэддэггүй учраас, мөн хүмүүсийн уг чанар-мөн чанараас шалтгаалан тэдний хийж чадах ганц зүйл бол Бурханы зааварласан бүхнийг хийх явдал юм. Бурханы ажил хаа хүртэл явагдана, тэд тэр хүртэл нь дагадаг, Бурханы үг тэднийг хаашаа хөтөлнө, тэдний мэдлэг төдий хүрдэг; тэд зөвхөн Түүний үгийг мэддэг, тэдгээрийн талаар ямар ч ойлголтгүй байдаг. Энэ хүмүүс Бурханы хийхийг шаардсан ажил бүрийг идэвхгүйгээр гүйцэтгэдэг—тэд идэвхтэй биш, тэр чигтээ идэвхгүй байдаг. Энд буй “идэвхгүй” гэдэг нь тэд Бурханы юу хийхийг мэддэггүй, Бурхан өөрсдөөс нь юу шаардаж байгааг мэддэггүй, өөрсдөөс нь Бурханы хий гэж шаардаж буй ажлын ач холбогдол юм уу үнэ цэнийг мэддэггүй, ямар замаар явах ёстойгоо мэддэггүй гэсэн үг юм. Бурханы гэрт ирээд тэд яг л машин шиг, зөвхөн Бурханы ажиллуулж байгаагаар л ажилладаг. Бурханд тэднээс юу хэрэгтэй вэ? Та нар мэдэх үү? (Хүмүүс бол Бурхан үнэнийг илэрхийлэн шүүдэг бай юм. Хүмүүс бол Бурханы үгийн бай юм.) Энэ бол нэг тал нь; хүмүүс бол Бурханы үгийн бай. Өөр юу вэ? Хүмүүсийн билиг авьяас хэрэгтэй юу? (Тийм.) Хэвийн хүн чанарын сэтгэлгээ хэрэгтэй юу? (Тийм.) Чи хэвийн хүн чанарын сэтгэлгээтэй байвал л Бурхан чамайг ашигладаг. Хэрвээ чи мөс чанар, эрүүл ухаангүй бол үйлчлэл үзүүлэгч байхад ч тэнцэхгүй. Өөр юу байна вэ? (Хүмүүсийн ур чадвар, онцгой авьяас.) Эдгээр нь билиг авьяаст багтдаг, бас хүмүүсийн эзэмшдэг төрөл бүрийн ур чадварын нэг хэсэг юм. Өөр юу вэ? (Бурхантай хамтран ажиллах шийдэмгий байдал.) Энэ ч бас нэг тал нь буюу дуулгавартай дагаж, захирагдах хүсэл бөгөөд мэдээж үүнийг эерэг зүйлсийг хайрлах, үнэнийг хайрлах хүмүүсийн хүсэл гэж бас хэлж болно. Дуулгавартай дагаж, захирагдах хүсэл нь Бурхантай хамтран ажиллах шийдэмгий байдал боловч үүнийг хамгийн оновчтой байдлаар юу гэж хэлэх вэ? (Дуулгавартай дагаж, захирагдах хүсэл.) Тийм ээ, “хүсэл” гэх үг харьцангуй өргөн хүрээтэй бөгөөд илүү өргөн хүрээг хамардаг. Хэрвээ бид “шийдэмгий байдал” гэх үгийг ашиглавал хүрээ нь арай явцуу болно. Түүнчлэн “хүсэл” нь “шийдэмгий байдлаас” харьцангуй хөнгөн түвшнийх байдаг, өөрөөр хэлбэл, чамайг хүсэлтэй болсны дараа аажмаар төрөл бүрийн шийдэмгий байдал бий болдог; шийдэмгий байдал нь илүү тодорхой байдаг байхад хүсэл нь арай өргөн хүрээтэй байдаг. Бүтээгчийн тухайд гэвэл, эдгээр нь завхарсан хүн төрөлхтнөөс Бурханд хэрэгтэй байдаг хэдэн зүйл юм. Өөрөөр хэлбэл, Бурханы талаар, Бурханы удирдлага, Бурханы мөн чанар, Бурханы айлдвар, Бурханы зан чанарын талаар огт юу ч мэддэггүй гаднын хүн Бурханы гэрт ирэхдээ машинтай адил байдаг бөгөөд Бурханы төлөө хийж чадах зүйл, Бурханы ажилтай хамтрах хамтын ажиллагаа нь Бурханы шаарддаг стандарт—үнэнтэй үндсэндээ ямар ч хамаагүй байдаг. Ийм хүмүүсээс Бурханы ашиглаж чадах зүйлс нь сая дурдсан зүйлс юм: Нэгдүгээрт, энэ хүмүүс Бурханы үгийн бай болж чадна; хоёрдугаарт, энэ хүмүүст байдаг билиг авьяас; гуравдугаарт, энэ хүмүүсийн хэвийн хүн чанарын сэтгэлгээ; дөрөвдүгээрт, энэ хүмүүсийн эзэмшдэг төрөл бүрийн ур чадвар; тавдугаарт—хамгийн чухал нь—энэ хүмүүст Бурханы үгийг дуулгавартай дагаж, захирагдах хүсэл байдаг. Энэ бүх зүйл нэн чухал. Хүн энэ бүх зүйлийг эзэмшмэгцээ Бурханы ажил болон Түүний удирдлагын төлөвлөгөөнд үйлчилж эхлэн, албан ёсоор зөв замд ордог, өөрөөр хэлбэл, тэд албан ёсоор Бурханы гэрт үйлчлэл үзүүлэгч болсон.
Хүмүүс Бурханы үг, үнэн, эсвэл Бурханы санаа зорилгыг ойлгодоггүй, Бурханаас өчүүхэн төдий ч эмээдэггүй байх үед хүн нэг бүрд үйлчлэл үзүүлэгчээс өөр үүрэг роль байх боломжгүй. Өөрөөр хэлбэл, чи үйлчлэл үзүүлэгч байхыг хүссэн ч, эс хүссэн ч үйлчлэл үзүүлэгч мөн—чи энэ цолоос зугтаж чадахгүй. Зарим хүн: “Би бүх насаараа Бурханд итгэсэн. Есүст итгэж эхэлснээс хойш өдийг хүртэл хэдэн арван жил өнгөрлөө—би үнэхээр зүгээр л үйлчлэл үзүүлэгч хэвээрээ гэж үү?” гэдэг. Энэ асуултын талаар та нар юу гэж бодож байна вэ? Тэд үүнийг хэнээс асууж байгаа юм бэ? Тэд өөрсдөөсөө асууж, өөрсдийнхөө талаар эргэцүүлэх ёстой: “Би одоо Бурханы санаа зорилгыг ойлгодог уу? Би одоо үүргээ гүйцэтгэхдээ зүгээр л хүчин чармайлт гаргаж байна уу, эсвэл үнэнийг хэрэгжүүлж байна уу? Би үнэнийг эрэлхийлж, ойлгох замаар алхаж байна уу? Би үнэн-бодит байдалд орсон уу? Би Бурханаас эмээдэг сэтгэлтэй юу? Би Бурханыг дуулгавартай дагадаг хүн мөн үү?” Тэд эдгээр зүйлийг бодолцон өөрсдийнхөө талаар эргэцүүлэх ёстой. Хэрвээ тэд эдгээр шалгуурыг хангасан бол, Бурханы шалгалттай тулгарах үедээ бат зогсож чаддаг бол, Бурханаас эмээж, муугаас зайлж чаддаг бол мэдээж үйлчлэл үзүүлэгч байхаа болино. Хэрвээ тэд эдгээр шалгуурын ганцыг нь ч хангаагүй бол эргэлзээгүйгээр үйлчлэл үзүүлэгч хэвээр үлдэх бөгөөд энэ нь зайлшгүй, гарцаагүй зүйл юм. Зарим хүн: “Би Бурханд 30 гаруй жил итгэлээ, үүнд Есүст итгэж өнгөрүүлсэн жилүүд минь ч ороогүй. Бурхан бие махбодтой болж, гарч ирж, ажиллаж, айлдвараа хэлж эхэлсэн тэр цагаас хойш би Бурханыг дагасан. Би Бурханы ажлыг биечлэн туулсан анхны хүмүүсийн нэг, Түүний амнаас гарсан үгийг сонссон анхны хүмүүсийн нэг байсан. Түүнээс хойш маш олон жил өнгөрч, би Бурханд итгэж, Түүнийг дагасаар байна. Би хэд хэдэн удаа баривчлагдаж, хавчигдаж, маш олон аюултай тулгарсан, Бурхан намайг үргэлж хамгаалж, залж чиглүүлж байсан; Бурхан намайг хэзээ ч орхиогүй. Би одоо ч үүргээ гүйцэтгэж байна, миний нөхцөл байдал улам бүр сайжирч, итгэл минь улам бүр нэмэгдэж байна, надад Бурханы талаар ямар ч эргэлзээ алга—би үнэхээр үйлчлэл үзүүлэгч хэвээрээ гэж үү?” гэдэг. Чи хэнээс асуугаад байгаа юм бэ? Чи буруу хүнээсээ асуугаад байгаа юм биш үү? Чи энэ асуултыг асуух ёсгүй. Чи маш олон жил итгэсэн байж үйлчлэл үзүүлэгч мөн эсэхээ мэдэхгүй байна гэж үү? Хэрвээ чи үүнийг мэдэхгүй байгаа бол үнэн-бодит байдалтай эсэхээ, Бурханаас эмээдэг сэтгэлтэй эсэхээ, муугаас зайлдаг байдлаар авирладаг эсэхээ өөрөөсөө асуувал яасан юм бэ? Бурхан энэ олон жил ажиллаж, энэ олон үгийг хэлсэн байхад чи хэр ихийг ойлгож, орсон бэ? Чи хэр ихийг олж авсан бэ? Чи хэдэн удаагийн засалт, хэдэн шалгалт, цэвэршүүлэлтийг хүлээн авсан бэ? Эдгээрийг хүлээн авах үедээ чи гэрчлэлдээ бат зогссон уу? Чи Бурханыг гэрчилж чадах уу? Иовын тулгарсантай адил шалгалттай тулгарах үедээ чи Бурханыг үгүйсгэж чадах уу? Бурханд итгэх итгэл чинь чухамдаа хэр их вэ? Чиний итгэл ердөө л нэг итгэл үнэмшил үү, эсвэл жинхэнэ итгэл үү? Эдгээр асуултыг өөрөөсөө асуу. Хэрвээ чи эдгээр асуултын хариуг мэдэхгүй байгаа бол мунгинасан хүн бөгөөд зүгээр л олныг дагаж байгаа чинь илт байна—чи үйлчлэл үзүүлэгч гэж дуудуулахад ч тэнцэхгүй. “Үйлчлэл үзүүлэгч” гэдэг цолонд ийм хандлагаар ханддаг мөртөө зүрх сэтгэлдээ бүр будилсан хэвээр байгаа хүн маш өрөвдөлтэй. Тэд өөрсдийнхөө юу болохыг ч мэддэггүй, харин Бурхан бүх хүнд туйлын тодорхой, ойлгомжтой ханддаг.
Бид сая “үйлчлэл үзүүлэгч” гэдэг үгийн талаарх Бурханы анхдагч утга яг юу болох тухай нөхөрлөлөө. Хүмүүс Бурханы гэрт орох үедээ, эхэндээ үнэнийг ойлгодоггүй, зөвхөн янз бүрийн хүсэлтэй, эсвэл хамтран ажиллах жаахан шийдэмгий байдалтай байх үедээ тухайн хугацаанд зөвхөн үйлчлэл үзүүлэгчийн үүрэг ролийг л гүйцэтгэж чадна. Мэдээж, “үйлчлэл” гэдэг үг тийм ч таатай сонсогддоггүй. Өөрөөр хэлбэл, энэ нь хүн төрөлхтнийг аврах Бурханы удирдлагын ажилд үйлчилж, ажиллах гэсэн үг; энэ нь хүчин чармайлт гаргах гэсэн үг юм. Энэ хүмүүс ямар ч үнэнийг ойлгодоггүй, Бурханы санаа зорилгыг ч ойлгодоггүй бөгөөд хүн төрөлхтнийг аварч, удирдахын тулд Бурханы эрхэлдэг тодорхой ажилд ч, үнэнтэй холбоотой төрөл бүрийн ажилд ч ямар ч хүчин чармайлт гаргаж, ямар ч байдлаар хамтран ажиллаж чаддаггүй. Тэд зөвхөн зарим нэг ур чадвар, билиг авьяастай байдаг бөгөөд арын албаны тодорхой ажилд бага зэрэг хүчин чармайлт гаргаж, хэдэн зүйл хэлж, туслах чанарын зарим үйлчлэлийн ажлыг л хийж чаддаг. Хэрвээ энэ нь үүргээ гүйцэтгэж буй хүмүүсийн хийдэг ажлын мөн чанар бол, хэрвээ тэд зүгээр л үйлчлэх үүрэг роль гүйцэтгэж байгаа бол тэдний хувьд “үйлчлэл үзүүлэгч” гэдэг цолоос салахад хэцүү. Яагаад салахад хэцүү гэж? Энэ нь энэ цолны талаарх Бурханы тодорхойлолттой холбоотой юу? Тийм ээ, гарцаагүй холбоотой. Хүмүүсийн хувьд бага зэрэг хүчин чармайлт гаргаж, төрөлх чадвар, билиг авьяас, оюун ухааныхаа дагуу юм хийхэд маш амархан байдаг боловч үнэнээр амьдарч, үнэн-бодит байдалд орж, Бурханы санаа зорилгын дагуу үйлдэхэд нь маш хэцүү байдаг; үүнд цаг хугацаа, Бурханы удирдамж, Бурханы гэгээрэл, Бурханы сахилгажуулалт шаардагддаг, үүнээс ч илүүтэйгээр Бурханы үгийн шүүлт, гэсгээлтийг хүлээн авах шаардлагатай байдаг. Тиймээс хүмүүс эдгээр зорилгод хүрэхээр ажиллаж байх үед ихэнх хүний хийж, хангаж чадах зүйл нь сая дурдсан зүйлс байдаг: Бурханы үгийн бай байх, тодорхой билиг авьяастай байж, Бурханы гэрт ямар нэг байдлаар хэрэг болох, хэвийн хүн чанарын сэтгэлгээтэй байж, зааварласан ямар ч ажлыг ухамсарлаж, гүйцэтгэж чаддаг байх, тодорхой ур чадвартай байж, Бурханы гэрт тодорхой нэг ажилд онцгой авьяасаа ашиглаж чаддаг байх, хамгийн чухал нь дуулгавартай дагаж, захирагдах хүсэлтэй байх. Чи Бурханы гэрт үйлчлэл үзүүлж байх үедээ, Бурханы ажлын төлөө хүчин чармайлт гаргаж байх үедээ дуулгавартай дагаж, захирагдах өчүүхэн төдий ч гэсэн хүсэлтэй байвал сөрөг болж, хойрголохгүй. Харин ч чи биеэ барихын тулд чадах бүхнээ хийж, илүү их сайн зүйл хийхийн зэрэгцээ муу зүйл арай бага хийнэ. Ихэнх хүн ийм байдал, нөхцөлд байдаг биш үү? Мэдээж та бүгдийн дунд энэ нөхцөл байдал, цар хүрээг аль хэдийн ардаа орхисон маш цөөн хүн бий. Тэгвэл энэ маш цөөн хүн юуг эзэмшсэн байдаг вэ? Тэд үнэнийг ойлгож авч, үнэн-бодит байдлыг эзэмшсэн байдаг. Тэд асуудалтай тулгарах үедээ залбирч, Бурханы санаа зорилгыг эрж хайж чаддаг, үнэн-зарчмын дагуу үйлдэж чаддаг. Тэдний дуулгавартай дагаж, захирагдах хүсэл нь шийдэмгий байдал төдий байхаа больдог, харин ч тэд Бурханы үгийг идэвхтэй хэрэгжүүлж, Бурханы шаардлагын дагуу үйлдэж, асуудалтай тулгарах үедээ Бурханаас эмээдэг сэтгэлтэй байж чаддаг. Тэд бодлогогүй ярьж, үйлддэггүй, харин ч болгоомжтой, хянуур байдаг. Ялангуяа засалт туулж байгаа нь өөрсдийнх нь санаатай зөрчилдөх үед тэд Бурханыг шүүдэггүй, Түүнтэй Бурхантай маргалддаггүй, зүрх сэтгэлдээ ямар ч эсэргүүцэл мэдэрдэггүй. Тэд Бурханы ялгамж чанар, байр суурь, мөн чанарыг зүрх сэтгэлийнхээ угаас үнэхээр хүлээн авдаг. Энэ хүмүүс болон үйлчлэл үзүүлэгчдийн хооронд ямар нэг ялгаа байна уу? Тэр ялгаа нь юу вэ? Эхний ялгаа нь тэд үнэнийг ойлгодог, хоёр дахь ялгаа нь тэд зарим үнэнийг хэрэгжүүлж чаддаг. Гуравдугаарт, тэд Бурханы талаар тодорхой мэдлэгтэй байдаг, дөрөвдүгээрт, тэдний дуулгавартай дагаж, захирагдах нь хүсэл төдий байхаа больж, субьектив хандлага болон хувирсан—тэд үнэхээр дуулгавартай болсон байдаг. Тавдугаарт—эдгээр зүйлийн хамгийн чухал, хамгийн үнэ цэнтэй нь гэвэл тэдний дотор Бурханаас эмээдэг сэтгэл бий болсон байдаг. Эдгээр зүйлийг эзэмшсэн хүмүүс аль хэдийн “үйлчлэл үзүүлэгч” гэдэг цолоос салсан гэж хэлж болно. Учир нь тэдний оролтын янз бүрийн тал, түүнчлэн үнэнд хандах хандлага, Бурханы талаарх мэдлэгийн түвшнээс дүгнэвэл, энэ нь Бурханы гэрт ганцхан мэргэжлийн ажил хийхтэй адил энгийн байхаа больсон бөгөөд тэд бага зэрэг ажил хийлгэхээр түр дуудагдсан түр ажилчид байхаа больсон байдаг. Өөрөөр хэлбэл, энэ хүмүүс түр зуурын шагналын төлөө энд байдаггүй; тэднийг түр хугацаанд ашиглахаар ажилд аваад, ашиглагдах хугацаанд нь энэ ажлыг урт хугацаанд хийж чадах эсэхийг нь ажигладаггүй. Харин ч тэд үнэнийг хэрэгжүүлж, үүргээ сайн гүйцэтгэж чаддаг. Тиймээс энэ хүмүүс “үйлчлэл үзүүлэгч” гэдэг цол, нэршлээс салсан. Та нар ийм хүмүүсийг харж байсан уу? Чуулганд ийм хүмүүс бий. Та нар энэ хүмүүс хэн болох, тэд хэдүүлээ болохыг мэдэхийг хүсэж байгаа ч Би яг одоо үүнийг хэлж чадахгүй; та нар үнэнийг ойлгох үедээ тэднийг ялган таньж чадна. Та нарын мэдэх ёстой зүйл бол та нар ямархуу нөхцөлд байгаа, өмнөө байгаа ямар замаар явж байгаа, ямар замаар явах ёстой вэ гэдэг юм—эдгээр нь та нарын мэдэх ёстой зүйлс билээ.
Тэгвэл “үйлчлэл үзүүлэгч” гэдэг цолыг Бурхан хүмүүст тулгадаг уу? Бурхан энэ цолыг хүмүүсийг басамжлах, хүмүүсийг ангилж, зэрэглэхэд ашигладаг уу? (Үгүй.) Тэгвэл Бурхан энэ цолыг хэрхэн тодорхойлсон бэ? Бурхан хүмүүст цол өгнө гэдэг нь тэдэнд дур зоргооро хоч өгч байгаа хэрэг биш бөгөөд Тэр үүнийг гадаад дүр төрхөд нь үндэслэн тодорхойлдоггүй; энэ цол нь зүгээр нэг цол биш юм. Хүний нэр бол зүгээр л ямар ч бодит утгагүй нэр, нэршил юм. Жишээлбэл, Хятадын зарим эцэг эх охиноо ухаантай, хөөрхөн болно гэж найдаад нэрэнд нь “хөөрхөн” гэдэг ханзыг оруулдаг, гэхдээ энэ нь ердөө л найдвар бөгөөд охины мөн чанартай ямар ч холбоогүй. Охин үнэхээр тэнэг, бас царай муутай болон өсөж магадгүй, тэгвэл түүнийг “хөөрхөн” гэж дуудах ямар хэрэгтэй юм бэ? Мөн хөвгүүддээ луу юм уу бар шиг болохыг бэлгэдсэн ханз ашиглан “Чөнлун” эсвэл “Чөнху” гэж нэр өгсөн тохиолдол ч байдаг—ийм нэрээр дуудууллаа гээд тэд үнэхээр сүрдмээр байдаг уу? Тэд хулчгар эсвэл ямар ч хэрэггүй хүмүүс байж магадгүй. Эдгээр нь зүгээр л эцэг эхчүүдийн хүүхдүүддээ тавьдаг найдвар юм; тэд ийм нэр өгдөг бөгөөд эдгээр нэр нь тэдний мөн чанартай ямар ч холбоогүй байдаг. Тиймээс хүмүүсийн нэр, цол нь хүмүүсийн төсөөлөл, сайн сайхан хүслийг тээдэг боловч зүгээр л нэршил, нэр бөгөөд тэдний мөн чанарт үндэслэн өгөгддөггүй. Харин Бурханы тодорхойлдог цол, нэр нь гарцаагүй хүмүүсийн гадаад дүр төрхөд үндэслэн өгөгддөггүй, мэдээж Бурханы Өөрийнх нь хүсэлд ч үндэслэдэггүй. Бурхан хүмүүсийг үйлчлэл үзүүлэгч байгаасай гэж хүсдэг үү? (Үгүй.) Бурхан “Би хүн бүрийг үйлчлэл үзүүлэгч болоосой гэж хүсдэг, хэнийг ч аврагдаасай гэж хүсдэггүй” гэж хэлснийг та нар Бурханы үгээс ер нь уншиж байсан уу? (Үгүй.) Тэгвэл Бурхан юу хүсдэг вэ? Хүмүүс өмнө нь “Бурхан хүн бүрийг аврагдаасай гэж хүсдэг бөгөөд хэнийг ч мөхөөсэй гэж хүсдэггүй!” гэж хэлж байсан. Энэ бол хүсэл юм. Гэвч “үйлчлэл үзүүлэгч” гэдэг цол ор үндэсгүй бий болоогүй. Энэ нь Бурхан “мод”, “өвс” гэдэг нэрийг тогтоосонтой л адил байсан. Мод бол том, өндөр зүйл бөгөөд хэн нэгэн хүн мод гэж дурдах үед хүн бүр модод бол том, өндөр гэдгийг мэддэг, хэн нэгэн өвс гэж дурдах үед хүн бүр өвсийг жижиг, намхан гэдгийг мэддэг, тийм биз дээ? (Тийм.) Тэгвэл “үйлчлэл үзүүлэгч” гэдэг цолын тухайд ямар вэ? Энэ цол нь хүний мөн чанар, илрэл, мөн Бурханы ажлын үе шатны дагуу бий болсон. Хэрвээ хүмүүс Бурханы ажилтай хөл нийлүүлэн аажмаар үнэнийг ойлгож авч, үнэн-бодит байдалд орж, Бурханыг дуулгавартай дагаж, Түүнээс эмээж чадвал энэ үед энэхүү цол өөрчлөгддөг. Тиймээс, чи үйлчлэл үзүүлэгчдийн нэг байсан ч энэ нь бүтээгдсэн зүйлийн үүргийг гүйцэтгэж, үнэнийг эрэлхийлж, хэрэгжүүлэхэд чинь нөлөөлөхгүй, Бурханыг дуулгавартай дагаж, Түүнээс эмээхэд чинь бүр ч нөлөөлөхгүй.
“Үйлчлэл үзүүлэгч” гэдэг цолоос хэзээ ч салж чадахгүй хүмүүс байдаг уу? (Байдаг.) Ямар төрлийн хүмүүс вэ? Тэд бол үнэнийг эрэлхийлдэггүй, үнэнийг ойлгодог байж болох ч хэрэгжүүлдэггүй, үнэнийг бүр ч хайрладаггүй, тэр ч байтугай зүрх сэтгэлдээ үнэнд байнга дургүйцэж, зэвүүцдэг төрлийн хүмүүс юм. Хэрвээ тэд үнэнд зэвүүцдэг юм бол яагаад Бурханы гэрт үлддэг вэ? Тэд ямар нэг ашиг тус олж авахыг хүсдэг, Бурханы гэрт горьдлого тээж бага зэрэг хүчин чармайлт гаргаж, зарим нэг сайн зан авир харуулдаг. Тэд төлсөн төлөөс, өөрсдийгөө зориулж, зарлагадсан байдал, түүнчлэн залуу насныхаа заримыг өнгөрүүлж, цаг хугацааныхаа заримыг зарцуулснаа ашиглан өөрсдийн олж авахыг хүссэн ямар ч давуу талаараа сольдог. Энэ хүмүүс явдаг замаасаа болоод эцэстээ үнэн-бодит байдалд орж чаддаггүй, Бурханыг дуулгавартай дагаж чаддаггүй, Бурханаас эмээж бүр ч чаддаггүй—тэд үүрд үйлчлэл үзүүлэгч гэж тодорхойлогдоно. Бурханы гэр дэх ийм төрлийн хүмүүсийн дунд эцсээ хүртэл үйлчлэл үзүүлж чадах хүмүүс байдаг бөгөөд чадахгүй хүмүүс ч байдаг, эцсээ хүртэл үйлчлэл үзүүлж чадах болон чадахгүй хүмүүсийн хүн чанарт бага зэрэг ялгаа бий. Үнэнийг эрэлхийлдэггүй боловч эцсээ хүртэл үйлчлэл үзүүлж чаддаг хүмүүс—өөрөөр хэлбэл, Бурханы удирдлагын төлөвлөгөөний ажил үргэлжилж байх хугацаанд Бурханы гэрт Бурханы ажлын төлөө бага зэрэг хүчин чармайлт гаргаж чаддаг хүмүүс—харьцангуй сайн, өгөөмөр хүн чанартай байдаг. Тэд мууг үйлддэггүй, үйлчлэл үзүүлэх хугацаандаа үймээн дэгдээдэггүй, чуулганаас зайлуулагддаггүй. Ийм хүмүүс эцсээ хүртэл үйлчлэл үзүүлж чаддаг бөгөөд тэд бол үргэлж үйлчлэл үзүүлэгч байх хүмүүс юм. Бусдынх нь тухайд гэвэл, хүн чанар нь маш муу, зан араншин, ёс жудаг нь дорд байдгаасаа болоод үйлчлэл үзүүлэх хугацаандаа Бурханы гэрийн төрөл бүрийн ажилд байнга саад болж, үймүүлдэг бөгөөд Бурханы гэрийн ихээхэн ажилд хохирол учруулдаг. Тэд ахин дахин засуулж, эсвэл тусгаарлагдах үедээ гэмшихээ мэддэггүй, зүгээр л хуучин замдаа эргэн ордог; тэд ямар ч үнэнийг огт ойлгодоггүй, үнэнийг хүлээн авдаггүй, харин ч дур зоргоороо авирладаг бөгөөд ийм хүмүүс таягдан хаягддаг. Тэд яагаад таягдан хаягддаг вэ? Ийм хүмүүс үйлчлэл үзүүлж ч чаддаггүй. Тэд Бурханы гэрт бага зэрэг хүчин чармайлт гаргахдаа сайн ажиллаж чаддаггүй бөгөөд хүчин чармайлт гаргаж байхдаа ч бас мууг үйлдэж, Бурханы гэр болон ах эгч нараар төлөөс төлүүлдэг. Ийм хүмүүсийг ашиглахад нэмэр болохоосоо илүү нэрмээс болдог. Тэдэнд ахин дахин эргэцүүлэх боломж олгодог боловч эцэстээ тэдний уг чанар өөрчлөгдөөгүй хэвээр үлдэж, хэний ч хэлсэн үгийг сонсдоггүй. Ийм хүмүүс Бурханы гэрт үйлчлэл үзүүлэхэд ч тэнцэхгүй, тэгж ч чадахгүй, тиймээс тэд цэвэрлэгддэг.
Одоо та нар “үйлчлэл үзүүлэгч” гэдэг энэ цолыг ерөнхийд нь ойлгож байна уу? “Үйлчлэл үзүүлэгч” гэдэг нь Бурханы хүн төрөлхтөнд өгдөг ялгаварлан гадуурхсан цол уу? Бурхан хүмүүсийг басамжлахын тулд энэ цолыг зориуд ашиглаж байгаа юу? Бурхан хүмүүсийг илчилж, шалгахын тулд энэ цолыг ашиглаж байгаа юу? Бурхан хүмүүс яг юу болохыг хүмүүст мэдэгдэхийн тулд энэ цолыг ашиглаж байгаа юу? Бурхан ийм санаатай байсан уу? Үнэндээ Бурханд ийм санаа байхгүй. Бурхан хүмүүсийг илчлэх, эсвэл хүмүүсийг басамжилж, дооглох гээгүй, “үйлчлэл үзүүлэгч” гэдэг энэ цолыг ашиглан хүмүүсийг шалгах ч гээгүй. “Үйлчлэл үзүүлэгч” гэдэг цолны хувьд Бурханы агуулдаг цорын ганц утга нь, Тэрээр хүмүүсийн гүйцэтгэл, мөн чанарын дагуу, Бурханы ажлын үеэр хүмүүсийн гүйцэтгэдэг үүрэг ролийн дагуу, түүнчлэн хүмүүс юу хийж чадах, юутай хамтран ажиллаж чадахын дагуу тодорхойлж, энэ цолыг бий болгосон. Энэ утгаас харвал, Бурханы гэрт байгаа хүн бүр Бурханы удирдлагын төлөвлөгөөнд үйлчилж байгаа бөгөөд нэгэн цагт үйлчлэл үзүүлэгчийн энэ үүрэг ролийг гүйцэтгэж байсан. Бид ингэж хэлж болох уу? (Болно.) Бид үнэхээр тэгж хэлж болох бөгөөд одоо та нар бүгд үүнийг ойлгож чадна. Бурхан хүмүүсийн урмыг хугалах, эсвэл хүмүүсийн итгэлийг шалгахын тулд энэ цолыг ашиглахыг хүсдэггүй, тэднийг басамжлах, эсвэл тэднийг илүү хүмүүжилтэй, дуулгавартай болгох, эсвэл ялгамж чанар, байр суурь нь юу болохыг тэдэнд мэдэгдэхийн тулд үүнийг ашиглахыг ч хүсдэггүй, “үйлчлэл үзүүлэгч” гэдэг энэ цолыг ашиглан хүмүүсийн бүтээгдсэн зүйлийн үүргийг гүйцэтгэх эрхийг нь хасахыг бүр ч хүсдэггүй. Энэ цол нь бүхэлдээ хүмүүсийн харуулдаг янз бүрийн завхарсан зан чанар болон Бурханыг дагаж байх үеийнх нь хүмүүсийн жинхэнэ байдлын дагуу тодорхойлогддог. Тиймээс энэ цол нь Бурханы удирдлагын ажил төгсгөл болох үед хүмүүсийн ялгамж чанар, байр суурь, албан тушаал, хүрэх газар ямар байхтай огтхон ч холбоогүй юм. Энэ цол нь бүхэлдээ Бурханы удирдлагын төлөвлөгөө, удирдлагын ажлын хэрэгцээнээс үүдэлтэй бөгөөд Бурханы удирдлагын ажил дахь завхарсан хүн төрөлхтний жинхэнэ нөхцөл байдал юм. Хүмүүс үйлчлэл үзүүлэгчийн хувиар Бурханы гэрт үйлчилж, машин шиг ашиглагддаг тухайд, энэ нөхцөл байдал нь эцсээ хүртэл үргэлжлэх үү, эсвэл Бурханыг дагах явцад нь сайнаар өөрчлөгдөж чадах уу гэдэг нь тэдний эрэлхийллээс хамаарна. Хэрвээ хэн нэгэн үнэнийг эрэлхийлдэг, зан чанарын өөрчлөлтөд хүрч, Бурханыг дуулгавартай дагаж, Түүнээс эмээж чаддаг бол тэд “үйлчлэл үзүүлэгч” гэдэг цолыг бүрмөсөн хаяна. Тэгвэл хүмүүс “үйлчлэл үзүүлэгч” гэдэг цолыг хаямагцаа юу болдог вэ? Тэд Бурханы жинхэнэ дагагчид, Бурханы ард, хаанчлалын ард болдог, өөрөөр хэлбэл, тэд Бурханы хаанчлалын ард болдог. Бурханыг дагаж байхдаа чи зүгээр л хүчин чармайлт гаргаж, зовж, төлөөс төлсөндөө сэтгэл ханадаг, үнэнийг эрэлхийлдэггүй юм уу үнэнийг хэрэгжүүлдэггүй, завхарсан зан чанар чинь огт өөрчлөгддөггүй, юмыг хэзээ ч Бурханы гэрийн зарчмын дагуу үйлддэггүй, эцэст нь Бурханыг дуулгавартай дагаж, Түүнээс эмээж чаддаггүй бол “үйлчлэл үзүүлэгч” гэдэг энэ цол, энэ “титэм” чамд яг таарч, төгс тохирох бөгөөд чи үүнээс хэзээ ч салж чадахгүй. Бурханы ажил төгсгөл болох үед чи энэ байдалдаа байсаар, зан чанар чинь өөрчлөгдөөгүй хэвээр байвал “Бурханы хаанчлалын ард” гэдэг цол чамтай ямар ч холбоогүй байх бөгөөд чи үүрд үйлчлэл үзүүлэгч байна. Эдгээр үгийг хэрхэн ойлгож болох вэ? Бурханы ажил дуусах мөчид, өөрөөр хэлбэл Бурханы аврахыг хүссэн бүх хүн аврагдаж, Бурханы хийхийг хүссэн ажил үр дүн, зорилгодоо бүрэн хүрэх үед Бурхан цаашид үг хэлж, хүмүүсийг залж чиглүүлэхгүй, хүнийг аврах ямар ч ажлыг цаашид хийхгүй, Түүний ажил яг тэгээд л дуусах бөгөөд хүн бүрийн явдаг Бурханд итгэх итгэлийн зам ч мөн адил дуусна гэдгийг та нар ойлгох ёстой. Библид ийм нэг эшлэл бий: “Зөв шударга биш нь зөв шударга биш хэвээр байг: бузар нь бузар хэвээр байг: зөв шударга нь зөв шударга хэвээр байг: ариун нь ариун хэвээр байг” (Илчлэл 22:11). Энэ нь ямар утгатай вэ? Бурханыг Өөрийнх нь ажил дууссан гэж хэлэх мөчид энэ нь Бурхан хүнийг аварч, хүнийг гэсгээж, шүүх ажлаа цаашид хийхгүй, Бурхан хүнийг цаашид гэгээрүүлж, залж чиглүүлэхгүй, хүнийг уйгагүй, чин сэтгэлээсээ ятгах юм уу засах үгийг цаашид хэлэхгүй гэдгийг илтгэдэг—Бурхан энэ ажлыг цаашид хийхгүй. Энэ нь ямар утгатай вэ? Энэ нь бүх зүйлийн төгсгөл тэр үед ил болж, хүмүүсийн төгсгөл тэр үед тогтоогдоно, хэн ч үүнийг өөрчилж чадахгүй, хүмүүст аврагдах боломж дахиж гарахгүй гэсэн үг юм. Энэ нь ийм утгатай.
Бурханы ажлын төгсгөлд хэн нэгэн “үйлчлэл үзүүлэгч” гэдэг цолыг хаяж, энэ нэршил, энэ нөхцөл байдлыг хаях нь тухайн хүн Бурханы нүдээр цаашид гаднын хүн юм уу шүтлэггүй хүн байхаа больж, харин Бурханы гэр болон Бурханы хаанчлалын хүн болсон гэдгийг харуулдаг. Тэгвэл “Бурханы гэр болон Бурханы хаанчлалын хүн” гэдэг энэ цол хэрхэн бий болсон бэ? Хүмүүс энэ цолыг хэрхэн олж авдаг вэ? Чи үнэнийг эрэлхийлж, үнэнийг ойлгож, зовж, төлөөс төлж, улмаар үүргээ сайн гүйцэтгэж, зан чанарын өөрчлөлтийн тодорхой түвшинд хүрч, Бурханыг дуулгавартай дагаж, Түүнээс эмээж чаддаг болсноор дамжуулан Бурханы гэрийн хүн болдог. Иов, Петр хоёрын адилаар чамайг Сатан цаашид хорлож, завхруулах шаардлагагүй, чи Бурханы хаанчлал, Бурханы гэрт эрх чөлөөтэй амьдарч чадна, чи завхарсан зан чанартайгаа цаашид тэмцэлдэх шаардлагагүй бөгөөд Бурханы нүдээр чи жинхэнэ бүтээгдсэн зүйл, жинхэнэ хүн юм. Энэ нь баярлан тэмдэглүүштэй зүйл биш гэж үү? Энэ нь юу гэсэн үг вэ? Энэ нь Сатанаар завхруулагдсан хүний зовлон зүдүүр, бэрхшээлт амьдрал бүрмөсөн төгсгөл болж, баяр хөөртэй, амар амгалан, аз жаргалтай амьдралаар амьдарч эхэлдэг гэсэн үг юм. Тэд Бүтээгчийн царайны гэрэлд амьдарч, Бурхантай хамт амьдарч чадах бөгөөд энэ нь баярлан тэмдэглүүштэй зүйл юм. Гэвч эцэст нь “үйлчлэл үзүүлэгч” гэдэг цолоос салж чадаагүй өөр төрлийн хүмүүсийн тухайд, Бурханы ажил дуусах үед тэд энэ цол, энэ “титэм”-ийг толгойноосоо аваагүй хэвээр байвал энэ нь тэдний хувьд ямар утгатай вэ? Энэ нь тэд гаднын хүн хэвээр үлдэж, Бурханы нүдээр шүтлэггүй хүн хэвээр байна гэсэн үг. Үүний шалтгаан нь тэд үнэнийг огт хүлээн авдаггүй, хэрэгжүүлдэггүй, зан чанарын өөрчлөлтөд хүрээгүй, Бурханыг дуулгавартай дагаж чаддаггүй, Бурханаас эмээдэг сэтгэлгүй байдагт оршино. Энэ хүмүүсийг Бурханы гэрээс таягдан хаях ёстой бөгөөд Бурханы хаанчлалд тэдний зай байхгүй. Хэрвээ Бурханы хаанчлалд тэдний зай байхгүй бол тэд хаана байх вэ? Тэд Бурханы хаанчлалын гадна байх ба Бурханы ардуудаас тусгаарлагдсан бүлэг болно. Ийм хүмүүс “үйлчлэл үзүүлэгч” гэж нэрлэгдсэн хэвээр байх бөгөөд тэд Бурханы гэрийн хүмүүс болоогүй, хэзээ ч Бурханыг дагагч болохгүй, Бурхан тэднийг хүлээн зөвшөөрдөггүй, тэд дахин хэзээ ч Бурханаас ерөөл юм уу нигүүлсэл хүртэхгүй гэдгийг энэ нь илтгэдэг. Мэдээж энэ нь бас тэд Бурханы хаанчлалд Бурхантай хамт сайн ерөөл эдэлж, амар амгалан, баяр хөөрийг олж авах ямар ч боломжгүй—энэ боломж нь алга болсон гэдгийг илтгэдэг. Тэгвэл тэдний хувьд энэ мөч нь баярлан тэмдэглүүштэй зүйл үү, эсвэл уй гашуутай үйл явдал уу? Энэ бол уй гашуутай үйл явдал. Бурханы гэр болон Бурханы хаанчлалын гадна “үйлчлэл үзүүлэгч” гэдэг энэ цолыг тээснийхээ төлөө тэдний хүртэх зүйл юу байх тухайд гэвэл, тэр нь хожмын хэрэг юм. Ямартай ч үйлчлэл үзүүлэгчдэд өгдөг болон Бурханы хаанчлалын ардуудад өгдөг шагналын хоорондох ялгаа маш их байдаг; байр суурь, шагнал болон бусад иймэрхүү талууд дээр ялгаа бий. Бурхан хүмүүсийг аврах ажлаа хийж байх зуур ийм хүмүүс үнэнийг олж аваагүй, зан чанарын өөрчлөлтөд хүрч чадаагүй нь өрөвдөлтэй биш гэж үү? Энэ нь маш өрөвдөлтэй! Эдгээр нь “үйлчлэл үзүүлэгч” гэдэг цолны талаарх зарим үг юм.
Зарим хүн: “Үйлчлэл үзүүлэгчдийн талаар дурдах үед би эсэргүүцэл мэдэрдэг. Би үйлчлэл үзүүлэгч байхыг хүсдэггүй, үйлчлэл үзүүлэгч байгаадаа баярладаггүй. Хэрвээ би Бурханы ардын нэг бол, тэдний хамгийн өчүүхэн нь байсан ч би үүнийг хүлээн зөвшөөрч чадна, би үйлчлэл үзүүлэгч биш л байвал болох нь тэр. Энэ амьдралд надад өөр эрэлхийлэл, өөр хүсэл эрмэлзэл байхгүй; би зүгээр л ‘үйлчлэл үзүүлэгч’ гэдэг цолоос салахыг тэсэн ядан хүлээж байна. Би их зүйл гуйгаагүй шүү дээ” гэж хэлдэг. Ийм хүмүүсийн талаар та нар юу гэж бодож байна вэ? Энэ нь үнэнийг эрэлхийлж буй хүний хандлага мөн үү? (Биш.) Энэ ямар хандлага вэ? Энэ нь сөрөг хандлага биш гэж үү? (Мөн.) “Үйлчлэл үзүүлэгч” гэдэг цолны тухайд, чи үүнээс салах гэж чармайх шаардлагагүй, учир нь энэ цолыг чиний амийн ахиц дэвшлийн түвшинд үндэслэн өгдөг бөгөөд чиний хүсэж байгаа зүйлээр шийдэгдэх боломжгүй. Энэ нь чиний хүсэж буй зүйлээс хамаардаггүй, харин чиний явдаг зам болон зан чанар чинь өөрчлөгдсөн эсэхээс хамаардаг. Хэрвээ чиний зорилго зөвхөн “үйлчлэл үзүүлэгч” гэдэг энэ цолоос салж чадахыг эрэлхийлэх явдал бол Би чамд үнэнийг хэлье: Чи амьд байгаа цагтаа үүнээс хэзээ ч салж чадахгүй. Хэрвээ чи үнэнийг эрэлхийлэхэд анхаарч, зан чанарын өөрчлөлтөд хүрч чадвал энэ цол аажмаар өөрчлөгдөнө. Энэ хоёр өнцгөөс харвал, “үйлчлэл үзүүлэгч” гэдэг цолыг Бурхан хүмүүст тулгадаг уу? Яавч үгүй! Энэ бол Бурханы хүмүүст тулгадаг цол биш, мөн нэршил ч биш—энэ бол хүмүүсийн амийн ахиц дэвшлийн түвшинд үндэслэн өгөгддөг цол юм. Чиний амийн ахиц дэвшил, зан чанарын өөрчлөлтийн хэмжээгээр үйлчлэл үзүүлэгч байх чинь багасна. Нэг л өдөр чи Бурханд дуулгавартай байж, Түүнээс эмээж чаддаг болох үедээ, үйлчлэл үзүүлэгч байхыг хүссэн ч цаашид үйлчлэл үзүүлэгч байхаа болих бөгөөд энэ нь чиний эрэлхийлэл, үнэнд хандах хандлага, чиний явдаг замаар шийдэгддэг. Түүнчлэн “Би ‘үйлчлэл үзүүлэгч’ гэдэг энэ цолоос салахыг хүсэж байна, би үйлчлэл үзүүлэгч байхыг хүсэхгүй байна, гэхдээ би үнэнийг ойлгохгүй, үнэнийг эрэлхийлэхийг хүсэхгүй байна. Тэгвэл би яах вэ?” гэж хэлдэг хүмүүс ч бас бий. Үүнд шийдэл байна уу? Бурхан Өөрийн үг болон үнэнд үндэслэн бүх төрлийн хүмүүсийн төгсгөлийг тогтоодог—энд буулт хийх ямар ч орон зай байхгүй. Хэрвээ чи үнэнийг хайрладаг, үнэнийг эрэлхийлэх замаар явж чаддаг бол энэ нь баярлууштай зүйл юм; хэрвээ чи үнэнд зэвүүцэж, үнэнийг эрэлхийлэх замаар явахгүй байхыг сонговол энэ нь уй гашуутай хэрэг болно. Зөвхөн энэ хоёр зам л бий—сонгох дундын зам гэж байхгүй. Бурханы айлддаг үгс хэзээ ч өнгөрөн одохгүй; бүх зүйл өнгөрөн одох ч Бурханы ганц ч айлдвар өнгөрөн одохгүй. Бурханы үг бол бүх зүйлийг шүүж, тогтоох шалгуур юм; Бурханы үг бол үнэн бөгөөд хэзээ ч өнгөрөн одохгүй. Энэ ертөнц, хүн төрөлхтөн, бүх зүйл өөрчлөгдөж, өнгөрөн одох үед Бурханы ганц ч үг өнгөрөн одохгүй, харин ч Түүний бүх үг биелнэ. Хүн төрөлхтний болон бүх зүйлийн төгсгөл Бурханы үгээс үүдэн тодорхойлогдож, ил болдог—хэн ч үүнийг өөрчилж чадахгүй, энэ хэрэг явдлын талаар ямар ч хэлэлцүүлэг байх боломжгүй. Тиймээс Бурхан захирч, хүмүүсийн төгсгөлийг тогтоохын тухайд хэрвээ хүмүүс горьдлого тээвэл тэд туйлын тэнэгүүд юм. Бурхан хүмүүст хоёр дахь замыг өгөөгүй тул энэ асуудалд тэдний сонгох хоёр дахь зам гэж байхгүй. Энэ бол Бурханы зан чанар, энэ бол Бурханы зөвт байдал бөгөөд хүмүүс хүссэн ч энэ хэрэг явдалд хөндлөнгөөс оролцож чадахгүй. Чи өөрийгөө үл итгэгч ертөнцөд байгаа, тэнд хүмүүс бага зэрэг мөнгө үрж, танил талаа ашиглан хэрэг явдлыг зохицуулж чадна гэж боддог, гэхдээ энэ нь Бурхан дээр бүтэхгүй. Санаж яв: Энэ арга зам Бурхан дээр яагаад ч бүтэхгүй!
б. Антихристүүдийн “Үйлчлэл үзүүлэгч” гэдэг цолонд ханддаг арга замууд
Өнөөдрийн нөхөрлөлийн сэдэв бол “үйлчлэл үзүүлэгч” гэх цолонд хандах антихристүүдийн хандлагын задлан шинжилгээ юм. Бид “үйлчлэл үзүүлэгч” гэдэг цолын тодорхойлолтын талаар нөхөрлөж дууссан болохоор ихэнх хүн энэ цолын талаар эерэг ойлголттой болоогүй гэж үү? Та нар энэ цолыг эсэргүүцэж, эсвэл дургүйцсээр байна уу? (Үгүй.) Тэгвэл одоо антихристүүд “үйлчлэл үзүүлэгч” гэдэг цолонд хэрхэн ханддаг, үүнд ямар хандлага өвөрлөдгийг харцгаая. Антихристүүдийн хамгийн их нандигнадаг зүйл бол өндөр байр суурь, өндөр нэр хүнд, үнэмлэхүй эрх мэдэл юм. Маш энгийн, анхан шатны, доод түвшний цол, түүнчлэн хүмүүст нэлээд доромж санагддаг бусад цолын тухайд антихристүүд зүрх сэтгэлдээ ноцтой эсэргүүцэж, ялгаварлан гадуурхдаг бөгөөд ялангуяа “үйлчлэл үзүүлэгч” гэдэг цолонд ингэж ханддаг. Бурхан үйлчлэл үзүүлэгчид гэгддэг энэ бүлэг хүмүүст хэчнээн хүлээцтэй, тэвчээртэй ханддаг ч бай, Бурхан “үйлчлэл үзүүлэгч” гэдэг цолыг хэрхэн тайлбарлаж, таниулдаг ч бай антихристүүд зүрх сэтгэлийнхээ угаас энэ цолыг дорд үзсээр байдаг. Тэд энэ цолыг дэндүү дорд хэмээн үзэж, хэрвээ өөрсдөө үйлчлэл үзүүлэгч байсан бол нүүрээ харуулахаас ч ичнэ гэж боддог. Тэдэнд энэ цолыг өгсөн даруйд ёс жудаг, бардам зан, нэр хүнд нь соригдож, басамжлагдан, үнэ цэн нь огцом унаж, амьдрал нь цаашид ямар ч утга учиргүй болно гэж тэд боддог. Тийм учраас антихристүүд “үйлчлэл үзүүлэгч” гэдэг энэ цолыг яагаад ч хүлээн авахгүй. Хэрвээ чи тэднээс Бурханы гэрт очиж, Бурханы ажилд үйлчлэл үзүүл гэж хүсвэл тэд: “‘Үйлчлэл үзүүлэгч’ гэдэг цол дэндүү доромж, би ямартай ч тийм хүн байхыг хүсэхгүй. Надаас үйлчлэл үзүүлэгч бай гэж хүссэнээрээ чи намайг доромжилж байна. Би чамаар доромжлуулах гэж бурханд итгээгүй—би ерөөл хүртэх гэж ирсэн. Эс бөгөөс би юуны төлөө гэр бүлээ хаяж, ажлаа орхиж, ертөнцийн хэтийн ирээдүйгээсээ татгалзсан юм бэ? Би үйлчлэл үзүүлэгч байх гэж ирээгүй; би чиний төлөө ажиллаж, чамд үйлчлэх гэж ирээгүй. Хэрвээ намайг үйлчлэл үзүүлэгч бай гэвэл би огт итгэхгүй байхыг илүүд үзнэ!” гэж хэлдэг. Энэ нь антихристүүдийн хандлага биш гэж үү? Тэр ч байтугай “Хэрвээ намайг бурханы гэрт үйлчлэл үзүүлэгч бай гэвэл би бурханд итгэхийн хэрэг юу байна? Энэ нь ямар утга учиртай байх юм бэ?” гэж хэлдэг антихристүүд ч бий. Тиймээс Бурханы гэрт ямар нэг ажил хариуцаж, даалгавар юм уу үүрэг хүлээж авахдаа тэд эхлээд дараах зүйлийг олж мэдэхийг хүсдэг: “Би энэ ажлыг авсныхаа дараа чуулганы удирдагч юм уу багийн удирдагч болох уу, эсвэл зүгээр л бусдад үйлчилж, ажилладаг аялдан дагалдагч байх уу?” Үүнийг олж мэдэхээсээ өмнө тэд түр зууртаа ажиллаж байдаг. Энэ хугацаанд тэд хүмүүсийн үг, царайны хувирлыг ажиглаж, нүд, чих тавин, янз бүрийн эх сурвалжаас мэдээлэл сурагладаг. Тэд энд түр хугацаагаар үйлчлэл үзүүлж байна уу, эсвэл энэ ажлыг урт хугацаанд хийж чадах уу, өөрсдөө хөгжүүлэгдэж болох хүн үү, эсвэл зүгээр л орон тоо нөхөхөөр түр ашиглагдаж байгаа хүн үү гэдгийг мэдэхийг хүсдэг. Хэрвээ тэд зүгээр л орон тоо нөхөхөөр ашиглагдаж байгаа бөгөөд тэднээс бусдын гавьяа, бусдын байр суурь, эрх мэдлийн төлөө үйлчил гэж хүсвэл тэд яавч тэгэхгүй. Бурханы гэрт тэднээр үүрэг гүйцэтгүүлэх хэрэгцээ байгаа эсэх, эсвэл тэдний гүйцэтгэж буй үүрэг Бурханы гэрийн ажилд хэр чухал болохыг тэд тоодоггүй—тэд эдгээр зүйлийг тоохгүй. Тэд энд зааварлаж, шийдвэр гаргах эрх мэдэлгүйгээр үйлчлэл үзүүлж байгаагаа ухаарсан даруйдаа үйлдэлдээ хааш яаш болж, үүргээ цалгардуулж, дураараа авирладаг, түүнчлэн дарангуй болж, тэр ч байтугай хэзээ ч хамаагүй үүргээ орхиод явж чаддаг; тэд Бурханы гэрийн ажил болон өөрсдийн үүргийг яг л хүүхдийн тоглоом мэт үздэг. Тэдэнд ийм нэг амьдралын уриа байдаг: “Бусад нь олны анхаарлын төвд байхад би хөшигний ард зүдрэхгүй.” Тэд “Би удирдагч байхаар төрсөн. Би зааварлаж, шийдвэр гаргах эрх мэдэлтэй төрсөн. Хэрвээ би энэ хоёр зүйлийг алдвал цаашид амьдрахын хэрэг юу байна? Цаашид бурханд итгэхийн утга учир юу байна? Би яах гэж бурханд итгэж байгаа юм бэ? Би агуу ерөөл хүртэхийн тулд жижиг ашиг тусаас татгалзаагүй гэж үү? Хэрвээ энэ хүсэл биелж чадахгүй бол би эргэлзээгүйгээр ертөнцийн чиг хандлагыг дагаж, там руу явахыг илүүд үзнэ!” гэж боддог. Антихристүүдийн уриа лоозон юу вэ? “Намайг ашиглан дээш гарахыг би хэнд ч, яавч зөвшөөрөхгүй; би л бусдыг ашиглана. Хэрвээ хүмүүс оруулсан хувь нэмэртээ үндэслэн шагнуулдаг бол би жагсаалтын эхэнд байх ёстой. Тэгсэн цагт л би эрч хүчтэй ажиллаж, бүхнээ зориулна, эс бөгөөс надаар тийм юм хийлгэнэ гэж саналтгүй. Хэрвээ та нар намайг өөрийгөө дайчил, та нарт зөвлөгөө өг, хамаг зүрх сэтгэлээрээ ажилла гэж шаардаад, эцэст нь хүмүүсийг хувь нэмэрт нь үндэслэн шагнах цаг ирэхэд би юу ч авахгүй бол та нарын төлөө ажиллаж, та нарын төлөө хүчин чармайлт гаргаж, та нарт үйлчлэхийг надаас хүснэ гэж саналтгүй!” Эдгээр нь антихристүүдийн зан чанарын жинхэнэ илчлэл, илрэл биш гэж үү? Хэдийгээр тэд “үйлчлэл үзүүлэгч” гэдэг цолоос зориуд салахыг оролддоггүй ч зан чанар-мөн чанарынхаа хувьд үүнээс байнга салахыг хичээж, энэ цолоос ангижрахын тулд байнга тэмцэж, шаргуу ажиллаж, зүтгэж байдаг. Хэрвээ антихрист ямар нэг ажил хариуцах үедээ онцгойрч, олны анхаарлын төвд байх боломжтой бол, эсвэл эцсийн үгийг хэлж, шийдвэр гарган, удирдагч болж, байр суурьтай, нөлөөтэй, нэр хүндтэй болж, доороо хэдэн хүнтэй болбол маш их баярладаг. Хэрвээ нэг л өдөр хэн нэгэн түүний асуудлыг ил болгож, түүнийг засаад, “Чи маш олон зүйлийг зарчмын дагуу зохицуулдаггүй, харин ч хүссэнээрээ зохицуулдаг. Энэ бол цэвэр үйлчлэл үзүүлж байгаа хүний зан авир; чи үүргээ гүйцэтгэхгүй байна” гэж хэлбэл антихрист үүнийг хүлээн авч чадах уу? (Үгүй.) Нэгдүгээрт, тэрээр гэм буруугүйгээ илэрхийлж, шалтаг тоочиж, өөрсдийгөө өмгөөлнө, хоёрдугаарт, “үйлчлэл үзүүлэх” гэдэг үгэнд даруй зэвүүцэж, эсэргүүцэх бөгөөд яавч хүлээн авахгүй. Тэрээр: “Би ийм өндөр төлөөс төлж, маш их зовсон. Би өглөө эрт ажилдаа гарч, үдэш оройтож тарж, нойр хоолоо хасдаг байтал та нар намайг үйлчлэл үзүүлж байна гэж хэлсээр л байгаа юм уу? Ингэж үйлчлэл үзүүлдэг хүн үнэхээр байдаг гэж үү? Би ийм өндөр төлөөс төлсөн байхад үүнийхээ төлөө олж авдаг зүйл минь ердөө л ‘үйлчлэл үзүүлэгч’ гэх энэ цол, энэ тодорхойлолт. Тэгвэл надад хүсэж хүлээх зүйл юу байгаа юм бэ? Бурханд итгэхийн утга учир юу байна вэ? Ямар сэдэл байна вэ? Ийм бурханд итгэхгүй байсан нь дээр!” гэж хэлнэ. Тэрээр урам зоригоо алддаг. Антихристүүд засуулсныхаа дараа үүнийг хүлээн авахаас татгалзаад зогсохгүй, эсэргүүцэж, зэвүүцдэг, үүнээс ч илүүтэйгээр буруу ойлголттой болдог. Үүний дараа тэд ажиллаж, үүргээ гүйцэтгэхдээ хандлагаа өөрчилж, “Би юу ч хийсэн одоо үйлчлэл үзүүлэгч болсон юм чинь энэ ажлыг хийхдээ биеэ нөөж, өөртөө нөөц төлөвлөгөө зохиож, бүхнээ зориулахгүй байсан нь дээр. Хүн бүр бурхныг зөвт гэдэг, тэгвэл би яагаад үүнийг харж чадахгүй байгаа юм бэ? Бурхан яаж зөвт байгаа юм бэ? Би юу ч хийсэн үйлчлэл үзүүлэгч юм чинь одоогоос эхлэн бурханд итгэх арга замаа өөрчилнө; би зүгээр л үйлчлэл үзүүлнэ, тэгээд хэн нь хэнээсээ айхыг харцгаая. Би юу ч хийсэн сайшаагдаж, хүлээн зөвшөөрөгдөхгүйгээс хойш тэгвэл тэгж л байг, би амьдрах арга барил, аливааг хийх арга замаа өөрчилнө. Чи надаас юу хий гэж шаардана, би тэрийг чинь хийнэ, надад ямар нэг санаа байсан ч би хэлэхгүй—хэн ярихыг хүснэ, тэр нь яриг. Хэрвээ хэн нэгэн намайг засвал би өнгөн дээрээ түүнтэй санал нийлж байгаа мэт харагдана, хэрвээ хэн нэгэн ажилдаа алдаа гаргавал би анзаарлаа ч гэсэн юу ч хэлэхгүй. Хэрвээ хэн нэгэн зарчмыг ойлгохгүйгээр үйлдвэл би зарчмыг ойлгож байсан ч түүнд хэлэхгүй. Би зүгээр л тэднийг тэнэг хүн шиг авирлахыг харж, алдаа гаргахыг нь зөвшөөрнө, ингэснээр тэд над шиг засуулна, тэгээд үйлчлэл үзүүлэгч гэж тодорхойлогдох ямар байдгийг тэсвэрлэж чадах эсэхийг нь харна. Та нар надад хүндрэл учруулсан юм чинь би та нарт хүндрэл учруулна, та нарыг ч бас амар тайван байлгахгүй!” гэж боддог. Зүгээр л засуулж, сахилгажуулагдсан нь тэдэнд ийм хүчтэй сэтгэл хөдлөл, эсэргүүцлийн мэдрэмжийг төрүүлдэг—энэ нь үнэнийг хүлээн авч буй хандлага мөн үү? (Биш.) Үйлчлэл үзүүлэхийн юу нь буруу юм бэ? Бурханд үйлчлэл үзүүлэх нь муу хэрэг үү? Бурханд үйлчлэл үзүүлэх нь чиний нэр төрийг гутаадаг уу? Бурхан чамаар үйлчлэл үзүүлүүлэхэд зохисгүй гэж үү? Тэгвэл чи Бурханаар юу хийлгэх нь зохистой юм бэ? Чи яагаад эдгээр үгэнд ингэж их эмзэглэж, эсэргүүцдэг юм бэ? Бүтээгч Өөрийгөө даруусгаж, хүмүүсийн дунд амьдардаг, өөрийг нь эсэргүүцэж, голдог завхарсан хүн бүрд үйлчилдэг хүн болсон. Тэгвэл хүмүүс яагаад Бурханы удирдлагын төлөвлөгөөний төлөө өчүүхэн төдий үйлчлэл үзүүлж чаддаггүй юм бэ? Үүнийг хийхэд юу нь буруу байна? Үүний юу нь нэр төргүй байна? Юу нь хэлэхийн аргагүй байна? Бурханы даруу, нуугдмал байдалтай харьцуулахад хүн төрөлхтөн үүрд жигшүүртэй, муухай байх болно. Тийм биш гэж үү?
Үнэнийг эрэлхийлдэг завхарсан хүмүүс одоо “үйлчлэл үзүүлэгч” гэдэг цолыг сонсоод түр зуур л гонсойж магадгүй ч энэ нь Бурханыг дуулгавартай дагахын тулд үнэнийг эрэлхийлэхэд тэднийг зоригжуулж чадах түлхэц болно; тэд хүмүүст Бурханы өгдөг энэ цолонд тийм ч эмзэг ханддаггүй. Гэвч антихристүүдийн хувьд ийм биш. Тэд хүмүүст Бурханы өгдөг цолыг үргэлж өөнтөглөж, нухацтай хүлээж авдаг. Бурханы хэлсэн нэг үг хэллэг тэдний ашиг сонирхлыг зөрчиж, тэднийг гомдооход амархан байдаг бөгөөд Бурханы хэлсэн зүйл тэдний санаа зорилго, ерөөл хүртэх хүсэлтэй зөрчилдөх үед тэдний өөрсдийгөө үнэлэх үнэлэмж нь сүйддэг. Өөрсдийгөө үнэлэх үнэлэмж, нэр төр нь сэвтсэн даруйд тэд Бурханыг шүүмжилж, голж, Түүнээс урвадаг; тэд Бурханыг орхихыг хүсэж, үүргээ үргэлжлүүлэн гүйцэтгэхийг үл хүсэхийн зэрэгцээ Бурханыг зөвт биш, хүмүүсийг өрөвддөггүй хэмээн хараадаг. Зарим хүн бүр Бурханд таалагдахад дэндүү хэцүү, өөрсдийнх нь хийсэн юу ч буруу байдаг гэж хэлдэг. Эдгээр үг, мэдрэмж, зан чанар бүгд антихристүүдээс гардаг. Тэдэнд Бурханд дуулгавартай хандах хандлага огт байхгүйгээс гадна тэд Бурханы хэлсэн янз бүрийн зүйлээс өө хайж, Бурханы янз бүрийн шаардлагад хайхрамжгүй, үл тоосон байдлаар ханддаг. Тэд “үйлчлэл үзүүлэгч” гэдэг энэ цолыг байнга эсэргүүцдэг бөгөөд тэдэнд үүнийг хүлээн авах юм уу дуулгавартай дагах санаархал огт байдаггүй, Бурханы санаа зорилгыг ойлгох санаархал бүр ч байдаггүй. Тэд гагцхүү “үйлчлэл үзүүлэгч” гэх энэ тодорхойлолт, ялгамж чанар, энэ байр суурь, албан тушаалыг хаяхаар тууштай эрж хайдаг бөгөөд Бурханы санаа зорилгыг хангахын тулд Бурхантай хэрхэн хамтран ажиллахыг, эсвэл зан чанарын өөрчлөлтөд хэрхэн хүрч, үнэн-бодит байдалд орж, Бурханыг дуулгавартай дагахыг өчүүхэн төдий ч эрж хайдаггүй. Тэд эдгээр эерэг зүйлийг огт эрэлхийлдэггүй, үйлчлэл үзүүлэгч гэж ил болгуулах үед ч гэсэн тэдний мэдэрдэг дургүйцэл, адгуу байдал нь нэгэн зэрэг тэсрэн гарч ирдэг. Энэ хэр ноцтой байж болох вэ? Зарим антихрист олон нийтийн газар Бурханыг нууцаар харааж, хаалттай хаалганы цаана чангаар харааж, “Бурхан зөвт биш. Би ийм бурханд итгэхгүй байсан нь дээр!” гэж хэлдэг. Тэд Бурханыг ил тод сорьж, сөргөлддөг. Зүгээр л энэ “үйлчлэл үзүүлэгч” гэдэг үг Бурханыг эсэргүүцдэг, үнэнд зэвүүцдэг антихристүүдийн мөн чанарыг илчлэгдэхэд хүргэдэг. Тэдний хорон муу царай “үйлчлэл үзүүлэгч” гэдэг үгийн өмнө бүрэн илчлэгдэж, тэд тэр чигтээ ил болдог. Яг юу ил болдог вэ? Тэд авралыг нь хүлээн авахын тулд юм уу үнэнийг хүлээн авахын тулд Бурханд итгэдэггүй, Бурхан бол үнэн учраас, эсвэл Бурхан бол бүх зүйлийг Захирагч учраас Бурханд итгэдэггүй гэдэг нь ил болдог. Харин ч тэд Түүнээс ямар нэг зүйл хүсэж байгаа учраас Бурханд итгэдэг. Тэд өөрсдийн амбиц, хүслийн төлөө Бурханы гэрт ирэхийг өөрсдөдөө тулгадаг. Тэд өөрсдийн арга барил, хүчин чармайлт, шаргуу хөдөлмөр, тэмцлийнхээ үр дүнд бусдаас онцгойрч, ерөөл хүртэх гэж, эсвэл бүр дараагийн амьдралдаа илүү их шагнал хүртэх гэж дэмий л оролддог. Тиймээс тэдний нүдээр “үйлчлэл үзүүлэгч” гэдэг үг үүрд доромж, гутаасан үг бөгөөд тэдний хэзээ ч хүлээн авч чадахгүй зүйл юм. Зарим ах эгч “Бурханд үйлчлэл үзүүлэх нь бидний ерөөл юм. Энэ бол сайн хэрэг, нэр төрийн хэрэг” гэж боддог. Харин антихристүүд энэ баримтыг хэзээ ч хүлээн зөвшөөрдөггүй бөгөөд “Бурханд үйлчлэл үзүүлэх нь бидний ерөөл гэж үү? Энэ чинь юу гэсэн үг вэ? Ямар утгагүй үг вэ! Үүнийг хийхэд хаана нь ерөөл байгаа юм бэ? Хаана таашаал байгаа юм бэ? Бурханд үйлчлэл үзүүлснээр юу олж авч чадах юм бэ? Үйлчлэл үзүүлснээр чи мөнгө, алт, эрдэнэс олж авч чадах уу? Эсвэл байр, машинтай болж чадах уу? Үйлчлэл үзүүлдэг хүн бүр таягдан хаягдана; үйлчлэл үзүүлэгчдийн дунд сайн хүмүүс байдаг уу? Үйлчлэл үзүүлдэг хэн ч, хэзээ ч юу ч олж авахгүй” гэж хэлдэг. Тэд ах эгч нарын нөхөрлөдөг “Бурханд үйлчлэл үзүүлэх нь хүн төрөлхтөнд өгөгдсөн ерөөл мөн” гэх баримтыг хүлээн зөвшөөрдөггүй бөгөөд үүнийг эсэргүүцэж, дургүйцдэг; тэд өөр юу ч хамаагүй сонсохыг илүүд үздэг.
Антихристүүд ертөнц дээр ямар ч албан тушаалтны төлөө, эсвэл байр суурь, нэр хүндтэй хэний ч төлөө хүчин чармайлт гаргаж, тэдэнд үйлчилж, уух юм аягалж өгч чаддаг бөгөөд тэр ч байтугай энэ хүмүүст үйлчлэл үзүүлэхийг хүлээн зөвшөөрч, үүнийг тун дуртайяа хийнэ. Тэд Бурханд үйлчлэл үзүүлэхээр ирэх үедээ л дурамжхан, хүсэлгүй болж, гомдол, эсэргүүцэл, сэтгэл хөдлөлөөр дүүрдэг. Энэ хүмүүс ямар гээчийн амьтад вэ? Эдгээр нь Бурханыг дагадаг хүнд байх ёстой илрэл мөн үү? Эдгээр нь антихристүүдийн мөн чанарын илрэл гэдэг нь тодорхой юм. Хэрвээ антихрист ертөнцөд гарч, хотын дарга, мужийн захирагч, эсвэл нэр хүндтэй ямар нэг улс төрчид үйлчлэх байсан бол үүнийг өвөг дээдэст нь алдар суу авчирч, гэр бүлийнхнийг нь бахархуулсан хэрэг гэж бодох байсан. Тэрээр үгээр хэлэхийн аргагүй баярлаж, хөл нь газар хүрэхгүй байх байсан. Хэрвээ хэн нэгэн түүнээс ямар ажил хийдгийг нь асуувал тэр “Би хотын даргад үйлчилдэг. Би хотын даргын ойрын туслах, түүний бие хамгаалагч!” эсвэл “Би ерөнхийлөгчийн өдөр тутмын хэрэгцээг хангадаг!” гэж маш бардам хэлэх байсан. Тэд үүнийг сайн ажил гэж бодох бөгөөд гэр бүлийнхэн нь бүгдээрээ үүний алдрыг хуваалцана гэж бодох байсан. Тэд шөнө зүүдэлж, өглөө баяртай сэрж, хаашаа ч явсан хийдэг зүйлээ нуухгүй байх байсан. Яагаад тэр вэ? Тэд өөрсдийнхөө ажлыг ичгэвтэр гэж үзэхгүй; харин ч нэр төртэй, өөрсдийг нь бусдаас дээгүүр тавьдаг, толгой дээр нь гэрэлт цагариг зүүлгэдэг ажил гэж бодох байсан. Гэвч ийм хүнийг Бурханд итгэснийх нь дараа Бурханд үйлчлэл үзүүлэхийг шаардвал үүнийг хийхийг хүсэхгүй, эсэргүүцэж, тэр ч байтугай Бурханы талаар гомдоллож, Түүнийг хараадаг, мөн Бурханаас урваж, Түүнийг үгүйсгэж чаддаг. Энэ хоёр зүйлийг харьцуулж үзвэл антихристүүд бол антихристүүд, тэд бол Сатаны бүлэглэлийн нэг хэсэг гэдгийг бид харж болно. Тэд Сатанд яаж ч үйлчилж байсан, тэр ажил нь хэчнээн бохир, ядаргаатай, доромж байсан ч тэд үүнийг нэр төрийн хэрэг гэж үздэг. Гэвч Бурханы гэрт Бурханы төлөө юм хийх үед тэдний хийдэг зүйл хэчнээн утга учиртай, үнэ цэнтэй, эрхэмсэг байсан ч, эсвэл үүнийг хийснээрээ хэчнээн их өргөмжлөгдсөн ч тэд эдгээр зүйлийг үргэлж дурдахад ч зохисгүй гэж үздэг. Бурханд болон Бурханы ажилд үйлчлэл үзүүлэх нь хэчнээн агуу ерөөл, хэчнээн нэр төрийн хэрэг байсан ч, хүн төрөлхтний хувьд энэ нь хэчнээн үнэ цэнтэй боломж байсан ч тэд үүнд баярлаж ер чаддаггүй. Яагаад тэр вэ? Ганцхан шалтгаан бий: Антихристүүд бол Сатаны бүлэглэлийн нэг хэсэг—тэд Сатанд харьяалагддаг бөгөөд амьд Сатанууд, төрөлхөөсөө Бурханд дайсагнадаг. Хэрвээ тэднээс Бурханд үйлчилж, Бурханд үйлчлэл үзүүлэхийг шаардвал тэд үүнд яагаад ч баярлаж чадахгүй. Бурханы гэр хүмүүстэй үнэний талаар хэчнээн нөхөрлөж, “үйлчлэл үзүүлэгч” гэдэг цолын талаарх Бурханы санаа зорилгыг хүмүүст ойлгуулахыг оролдсон ч антихристүүд үүнийг Бурханаас хүлээн авч чаддаггүй, эсвэл үүнтэй холбоотой ямар ч үнэнийг хүлээн авч чаддаггүй, бүтээгдсэн зүйл Бүтээгчид үйлчлэл үзүүлэх нь нэр төртэй, үнэ цэнтэй, утга учиртай зүйл гэх баримтыг юм уу үнэнийг хүлээн авч бүр ч чаддаггүй—энэ бол антихристүүдийн “үйлчлэл үзүүлэгч” гэдэг цолонд хандах хандлага юм. Энэ цолтой тулгарч, хүмүүс Бурханд үйлчлэл үзүүлдэг баримттай тулгарах үедээ антихристүүд баримтыг хүлээн авч, “үйлчлэл үзүүлэгч” гэдэг энэ цолыг Бурханаас хүлээн аваад, дараа нь үнэнийг эрэлхийлж, Бурханы үгийг сонсож, Бурханыг дуулгавартай дагаж, Түүнээс эмээхийн оронд энэ цолоос салж, энэ баримтаас зайлсхийхийг л үргэлж хичээсээр ирсэн. Антихристүүдийн “үйлчлэл үзүүлэгч” гэдэг цолонд ханддаг илрэлээс харахад антихристүүд бол Сатаны төрөл, Сатаны дайсагнагч хүчний нэг хэсэг бөгөөд Бурхан, үнэн болон бүх эерэг зүйлтэй дайсагнадаг гэдгийг хэлэх нь зүйтэй.
Антихристүүдийн “үйлчлэл үзүүлэгч” гэдэг цолонд хандах хандлага нь хүлээн зөвшөөрдөггүй, эсэргүүцдэг, дургүйцдэг, жигшдэг хандлага юм. Энэ цол хэнээс ирснээс үл хамааран тэд үүнийг байнга эсэргүүцэж, хүлээн авдаггүй бөгөөд үйлчлэл үзүүлэгч байх нь дорд зүйл, хэний төлөө үйлчлэл үзүүлж байгаагаас үл хамааран энэ нь үргэлж дорд байдаг гэж боддог. “Үйлчлэл үзүүлэгч” гэдэг нь хүний мөн чанарт үндэслэн Бурханы хүнд өгдөг тодорхойлолт биш, харин хүний ялгамж чанар, үнэ цэнийг сорьж, басамжилж буй хэрэг гэж тэд боддог—энэ бол “үйлчлэл үзүүлэгч” гэдэг цолын талаарх антихристүүдийн гол үзэл бодол юм. Бурханы үгэнд хандах антихристүүдийн хандлагаас бид тэд Бурханы үгийг шалгуур, эсвэл үнэн гэж үздэггүй, харин өөрсдийнх нь шинжиж, задлан шинжлэх зүйл гэж үздэгийг харж болно. Өөрөөр хэлбэл, тэд үнэнийг ухамсарлах, эсвэл Бурхан бол Бүтээгч гэдгийг хүлээн авахын үндсэн дээр Бурханы үгийг хүлээн авдаггүй, харин шинжих, эсэргүүцэх, сөргөлдөх үндсэн дээр Бурханы үгэнд ханддаг. Тэдний хувьд Бурханы хэлсэн үг, айлдсан айлдвар бүр нь шинжилтийн бай бөгөөд “үйлчлэл үзүүлэгч” гэдэг цол ч ялгаагүй. Тэд “үйлчлэл үзүүлэгч” гэдэг үгийг шинжиж, тунгаан бодоход хүчин чармайлт гаргадаг бөгөөд Бурхан үйлчлэл үзүүлэгчдийг сайн гэж үздэггүй, харин дорд, адгийн, үнэ цэнгүй, Бурханы хайрладаггүй, Бурханы жигшдэг хүмүүс гэж үздэгийг Бурханы үгээс хардаг. Хэдийгээр энэ нь “үйлчлэл үзүүлэгч” гэдэг цолонд хандах Бурханы хандлага боловч Тэр ийм хандлагатай байдагт учир шалтгаан, нөхцөл байдал гэж бий—энэ нь хүний мөн чанарт үндэслэдэг. Тэдний хараагүй өөр нэг баримт бас бий: Бурхан завхарсан хүн төрөлхтнийг хэчнээн их жигшиж, үзэн яддаг байсан ч хүн төрөлхтнийг аврахаа хэзээ ч болиогүй, хүн төрөлхтнийг аврах удирдлагын төлөвлөгөөнийхөө ажлыг ч зогсоогоогүй. Антихристүүд энэ баримтад итгэдэггүй, үүнийг хүлээн зөвшөөрдөг ч үгүй, хардаг ч үгүй. Тэд янз бүрийн хүний төгсгөлийн талаар Бурхан юу хэлэхэд л анхаарлаа төвлөрүүлдэг, ялангуяа “үйлчлэл үзүүлэгч” гэдэг цолын тухайд тэд туйлын эмзэг ханддаг. Тэд үйлчлэл үзүүлэгч байхыг хүсдэггүй, Бурханаар үйлчлэл үзүүлэгч гэж тодорхойлуулахыг хүсдэггүй, “үйлчлэл үзүүлэгч” гэдэг цолыг зүүгээд Бурханд үйлчлэл үзүүлэхийг бүр ч хүсдэггүй. Тийм учраас антихристүүд Бурханы гэрт ирэхдээ олон өөр хүрээллээс лавлаж сураглаж, өөрсдийгөө үйлчлэл үзүүлэгч мөн эсэхийг асуудаг бөгөөд Бурханы үг болон өөрсдийнх нь талаар хүмүүсийн хэлсэн зүйлээс шулуун шударга үг сонсож, хэргийн үнэн мөнийг—тэд үйлчлэл үзүүлэгч мөн үү, үгүй юу гэдгийг олж мэдэхийг хүсдэг. Хэрвээ мөн бол тэд тэр даруй, тэр дороо орхиж явдаг; тэд Бурханд ч, Бурханы гэрт ч үйлчлэл үзүүлдэггүй. Тэд “үйлчлэл үзүүлэгч” гэдэг цолд маш хүчтэй хариу үйлдэл үзүүлдэг бөгөөд ялгамж чанар, байр суурь, хэтийн ирээдүй, хувь заяа, хүрэх газар нь антихристүүдийн хувьд байнга эрэлхийлэх ёстой зүйлс, хэзээ ч орхиж болохгүй ашиг сонирхол болох нь тодорхой болдог. Антихристүүдийн хувьд үйлчлэл үзүүлэгчид Бурханы тодорхойлсончлон хүн төрөлхтний дунд хамгийн доод зиндаанд ордог. Чи юу ч гэж хэлсэн, эсвэл энэ баримт болон энэ цолыг хэчнээн ч хүн хүлээн зөвшөөрсөн, антихристүүд үүнийг яавч хүлээн авахгүй. Ажил хийхдээ тэд бусдыг өөрсдөд нь үйлчлэл үзүүлж, өөрсдийг нь сонсож, өөрсдөд нь дуулгавартай байж, өөрсдийг нь тойрон эргэлдэхийг л шаарддаг бөгөөд бусадтай хамтран ажиллаж, ярилцахыг, эсвэл бусдын санал бодлыг асууж, Бурханы санаа зорилгыг лавлаж, үнэн-зарчмыг эрж хайхыг өөрсдөөсөө хэзээ ч шаарддаггүй. Тэд “Хэрвээ би юм хийхдээ бусадтай хамтран ажиллаж, ярилцаж, үнэн-зарчмыг эрж хайвал өөрийгөө доош хийж, бие даасан байдлаа алдах бөгөөд тэгвэл үйлчлэл үзүүлж байх биш үү? Бусад нь олны анхаарлын төвд байхад би хөшигний ард хөдөлмөрлөж байх биш үү? Би бусдад үйлчилж байх биш үү?” гэж боддог. Энэ бол тэдний яавч хийхийг хүсдэггүй зүйл юм. Тэд зүгээр л бусдыг өөрсдийг нь асарч халамжилж, өөрсдөд нь бууж өгч, өөрсдийг нь сонсож, өөрсдийг нь үнэлж, өөрсдийг нь ихэд магтаж, бүх зүйл дээр өөрсдийг нь сайхан харагдуулж, өөрсдөд нь байр суурь үлдээж, өөрсдөд нь үйлчилж, өөрсдийнх нь төлөө ажиллаасай гэж шаарддаг, тэр ч байтугай хийсэн зүйлийнх нь дагуу Бурхан өөрсдөд нь зохих шагнал, тохирох титэм өгөхийг шаарддаг. Хэн нэгэн хүн Бурхан хүн төрөлхтнийг аврахын төлөө хэчнээн их төлөөс төлж, хэчнээн их зовсон, хэрхэн Өөрийгөө даруусгасан, хүн төрөлхтнийг хэчнээн их хангасан талаар дурдах үед ч гэсэн антихристүүд эдгээр үгийг сонсож, эдгээр баримтыг хараад хайхрамжгүй хэвээр үлдэж, эдгээрийг байх л ёстой зүйл мэтээр хүлээж авдаг. Антихристүүд ийм зүйлийг хэрхэн тайлбарладаг вэ? Тэд: “Бурхан хүний төлөө бүхнийг хийх учиртай, хүнд хамгийн сайныг өгч, ерөөл, нигүүлсэл өгч, хүнд амар амгалан, баяр хөөрийг өгөх ёстой. Тэр энэ бүхнийг хүнд зориулах ёстой; энэ бол түүний хүлээсэн үүрэг. Хүмүүс бурхны төлөө аливааг орхиж, өөрсдийгөө зарлагадаж, төлөөс төлөх үедээ, бурханд бүхнээ өргөх үедээ бурхнаас шагнал авч, бүр ч илүү сайн зүйл хүлээн авах ёстой. Энэ чинь шударга наймаа биш гэж үү? Тэгш солилцоо биш гэж үү? Энэ талаар яриад байх юу байгаа юм бэ? Бурхан ямар гавьяатай юм бэ? Би яагаад бурхны ямар ч гавьяаг хараагүй юм бэ? Бурхан хүнд юм өгдөг, тэгвэл хүн тэдгээрийг хүлээн авах эрхтэй байх нь жам ёсны хэрэг биш гэж үү? Хүмүүс төлөөс төлсөөр ирсэн!” гэж хэлдэг. Хүний төлөө Бурханы хийдэг энэ бүх зүйл хүнд өгсөн хамгийн агуу нигүүлсэл гэж тэд боддоггүй; тэд талархдаггүй бөгөөд Бурханы ачийг хариулах талаар боддоггүй. Харин ч тэд төлсөн төлөөсөө Бурханы хүн төрөлхтөнд амласан сайхан хүрэх газраар солихыг хүсдэг бөгөөд ерөөл хүсэж, энэ бүх санаа зорилгыг өвөрлөх нь зөв зүйтэй хэрэг гэж угаасаа боддог тул яаж ч бодсон Бурхан хүмүүсийг Өөрийнхөө үйлчлэл үзүүлэгч болгох ёсгүй байдаг. Хүмүүст нэр төр, ёс жудаг байдаг бөгөөд ийм их хайраар дүүрэн, хандив өгч, өөрсдийгөө зарлагадаж, аливааг орхиж чаддаг хүмүүсээр Бурханд үйлчлэл үзүүлүүлбэл тэднийг ноцтой доромжилж, тэдэнд хэтэрхий шударга бус хандаж байгаа хэрэг гэж тэд үздэг. Антихристүүдийн хувьд Бурханы хийдэг энэ бүх зүйлийг дурдахад ч зохисгүй. Харин тэд өөрсдийнх нь хийсэн зүйл нэлээд жижиг байсан ч хязгааргүй томруулж, эдгээр зүйлийг ерөөл хүртэх хөрөнгө мэт үздэг.
Зарим хүн чуулганд үүргээ гүйцэтгэх үедээ хэзээ ч, юуг ч сайн хийдэггүй. Хэрвээ ах эгч нар тэдний хийсэн зүйл, гаргасан ур чадвар, билиг авьяас, эсвэл дэвшүүлсэн санаа, саналыг нь хүлээн авахгүй бол тэд цаашид ажиллахаас татгалзаж, үүргээ хаяад яваад өгөхийг хүсдэг—тэд Бурханыг орхихыг хүсдэг. Хэрвээ тэднээс хэн нэгэнтэй хамтран ажиллахыг шаардвал тэд тэгэхгүй, үүргээ гүйцэтгэхдээ чадах бүхнээ хийхийг шаардвал мөн л тэгэхгүй. Тэд Бурханы гэрт өөрсдийнхөө үүргийг гүйцэтгэхийн оронд зүгээр л энд тэндгүй тушаал буулгаж, бусдыг үгэндээ оруулж, хүмүүсийг зарцлан, өөрсдийнхөө үйлчлэл үзүүлэгч болгож, өөрсдөдөө үйлчлүүлдэг. Хэрвээ тэдэнд ингэж хандахгүй бол, эсвэл бусдаар өөрсдөдөө үйлчлүүлж, өөрсдийнхөө төлөө ажиллуулж, тушаалаа дагуулдаг энэ хангамжаа алдвал тэд болиод, яваад өгөхийг хүсдэг; тэд Бурхан бол зөвт биш гэж үздэг бөгөөд зүрх сэтгэл нь Бурханы эсрэг гомдол, уур хилэнгээр дүүрч, ах эгч нарыг үзэн ядах сэтгэл төрдөг ба хэн ч тэдэнд тусалж чаддаггүй. Тэд хэнтэй ч эв найртай хамтран ажиллаж чаддаггүй, хэнтэй ч эрх тэгш харилцаж чаддаггүй. Бусадтай харилцах тэдний дүрэм бол ярьж, үйлдэхдээ зөвхөн тэд л бусдаас дээгүүр зогсон, бусад хүн өөрсдийнх нь төлөө бүхнийг хийж, тэдний хэлсэн тушаал, уриа лоозон бүрийг дагаж байгааг харах явдал; хэн ч тэдэнтэй хамтран ажиллахад тэнцэхгүй, хэн ч тэдэнтэй эрх тэгш харилцах шалгуурыг хангахгүй байдаг. Хэрвээ хэн нэгэн тэдэнд найз нөхөр, эсвэл жирийн ах эгч шиг хандаж, тэдэнтэй эрх тэгш хүмүүс шиг ярилцаж, ажлын талаар хэлэлцэж, ойлголтынхоо талаар нөхөрлөвөл тэд үүнийг өөрсдийнх нь ёс жудгийг аймшигтай доромжилж, асар ихээр сорьж буй хэрэг гэж хүлээж авдаг. Зүрх сэтгэлдээ тэд ийм хүмүүсийг үзэн ядаж, тэдэнд дайсагнадаг бөгөөд өөрсөдтэй нь эрх тэгш харьцдаг, эсвэл өөрсдийг нь нухацтай авч үздэггүй хэн бүхнээс өшөө авах боломж хайдаг. Энэ нь антихристүүдийн хийдэг зүйл биш гэж үү? Энэ бол бусадтай харилцах үедээ антихристүүдийн харуулдаг зиндаархдаг үзэл бодол юм. Мэдээж, энэ нь “үйлчлэл үзүүлэгч” гэх цолын талаарх антихристүүдийн жинхэнэ санал бодол, хандлагатай холбоотой. Тэд Бурханаас хүн төрөлхтөнд өгдөг цолыг ч хүлээн авч чаддаггүй байж бусдын яллалт, ил болголт, үнэлгээг хүлээн авч чадах уу? Тэд эдгээр зүйлийг хүлээн авч бүр ч чадахгүй. Нэг талаар тэд “үйлчлэл үзүүлэгч” гэдэг цол болон мөн чанарт дайсагнаж, эсэргүүцдэг, гэхдээ нөгөө талаар, өөрсдөд нь үйлчлэл үзүүлж, үйлчилж, зарцлагдан, дуулгавартай дагах хүмүүсийг цуцалтгүйгээр татан оролцуулж, өөрсдийнхөө талд оруулдаг. Энэ нь жигшүүртэй биш гэж үү? Ийм хүмүүсийн мөн чанар хорон муу бөгөөд энэ нь туйлын үнэн юм. Тэд бусдыг хянахыг хүсдэг. Тэд өөрсдөө илт ямар ч хэрэггүй, юу ч хийж чаддаггүй; тэд зүгээр л Бурханы гэр дэх хог новш бөгөөд хэвийн эрүүл ухаантай байх нь бүү хэл, хэвийн хүн чанаргүй, бусадтай хэвийн харилцаж чаддаггүй. Тэд үнэнийг огт ойлгодоггүй, үнэний талаар гэгээрдэггүй, зөвхөн бага зэрэг мэргэжлийн мэдлэгтэй, хэдэн ур чадвар эзэмшсэн байдаг бөгөөд ямар ч үүргийг сайн гүйцэтгэж чаддаггүй. Гэсэн ч тэд биеэ зөв авч явдаггүй бөгөөд эрх мэдлийг булаан авахыг хүсдэг, эрх мэдлийг булаан авч чадахгүй үедээ өөрсдийгөө дууслаа гэж үзээд, “Би өмнө нь тэр зүйлсийг хийхдээ үйлчлэл үзүүлж байсан байж таарна. Би үйлчлэл үзүүлэхийг хүсэхгүй байна. Хэтэрхий их хүчин чармайлт гаргаж, хэтэрхий их зүйл алдахаасаа өмнө одоо хурдхан явсан минь дээр” гэж боддог. Энэ бол тэдэнд байдаг санаа юм. Тэд үргэлж ийм шийдвэр гаргаж, ийм шийдэлд хүрдэг; тэд хэдийд ч итгэхээ болиод, явж чадна, хэдийд ч үүргээ хаяад, зугтаж, Сатаны тэвэрт буцаж очин, мууг үйлдэхэд нь түүний хамтрагч болж чадна. Ийм хүмүүс байдаг уу? (Байдаг.) Мэргэжлийн ажлын зарим талын тухайд тэд бага зэрэг ойлгож болох ч тэрхүү мэргэжлийн ажилд эзэмших ёстой үнэн-зарчмын тухайд тэд огт юу ч мэддэггүй; тэд бага зэрэг мэдлэг, билиг авьяастай байж болох ч үүргээ гүйцэтгэхийн тулд ойлгох ёстой үнэн-зарчмын тухайд тэд мөн л юу ч мэддэггүй бөгөөд ойлголт нь гажууд байдаг. Тэд бусадтай эв найртай хамтран ажиллаж чаддаггүй, хамтдаа нөхөрлөх үедээ бусадтай нэгдмэл ойлголттой байдаггүй. Ийм хүмүүс юунд тохирох вэ? Хэрвээ тэд үнэхээр мөс чанар, эрүүл ухаантай бол бусад хүнд зөв хандаж чадна, хүмүүсийг зөв зүйтэй, үнэнд нийцэх зүйл хэлэх үед тэдгээрийг хүлээн авч, дуртайяа дуулгавартай дагаж, махан биеэсээ урваж чадна. Тэд үргэлж бусдаас онцгойрч, бусдыг манлайлж, бусдыг хянахыг хүсэх ёсгүй; харин ч бусдаас илүү гарах амбиц, хүслээ орхиж, хамгийн шалихгүй хүн байхад бэлэн байх ёстой бөгөөд үйлчлэл үзүүлэх байсан ч хамаагүй тэд чадах бүхнээ хийх ёстой. Тэд өөрсдөө жирийн хүмүүс учраас жирийн хүмүүсийн байр сууринд буцан очиж, үүргээ гүйцэтгэхийн тулд чадах бүхнээ хийж, ул суурьтай байдлаар биеэ авч явах ёстой. Ийм хүмүүс эцэст нь бат зогсож чадна. Хэрвээ тэд энэ замыг сонгохгүй, харин өөрсдийгөө агуу, эрхэмсэг гэж боддог бол, хэн ч тэдэнд хүрч, халдаж чадахгүй бол, мөн тэд орон нутгийн дээрэмчин, дарангуйлагч болж, антихристүүдийн замаар явахыг хүсвэл тэд ёрын муу хүмүүс байх тавилантай. Хэрвээ тэд хамгийн шалихгүй хүн байж, огт танигдахгүй байхыг, олны анхаарлаас хол байхыг, эсвэл бүхнээ зориулахыг хүсэхгүй бол гарцаагүй антихристүүд бөгөөд аврагдаж чадахгүй—энэ нь тэдний хувьд аюултай. Хэрвээ ийм хүн өөрийгөө эргэцүүлж, өөрийгөө мэддэг байж, Бурханы дээд эрх, зохицуулалтыг хүлээн авч, зохих байр сууриа эзлэн, эгэл жирийн хүн байж, цаашид ямар ч дүр эсгэхгүй байж чадвал түүнд аврал хүртэх боломж олдоно. Хэрвээ чи үргэлж түрэмгий, эрүүл ухаангүй байж, өөрийгөө хүчирхэг хүн мэт харагдуулахыг хүсвэл тэр нь хий дэмий хэрэг. Бурханы гэр Бурханы сонгосон хүмүүсээр дүүрэн байдаг бөгөөд чи хэчнээн сүрдмээр, догшин, эсвэл ёрын муу байгаад нэмэргүй. Бурханы гэр бол тулааны талбар биш, тиймээс хэрвээ чи тулалдахыг хүсэж байвал ертөнцийн талбарт очиж тулалд. Бурханы гэрт хэн ч чамтай тулалдахыг хүсэхгүй; хэн ч үүнийг сонирхохгүй, үүнд зориулах зав хэнд ч байхгүй. Бурханы гэр бол үнэнийг номлодог, үнэнийг ойлгож, хэрэгжүүлэхэд нь хүмүүст тусалдаг газар юм. Хэрвээ чи үнэнийг хэрэгжүүлж чадахгүй бол үүнийг зохицуулахад хэцүү бөгөөд чи энд харьяалагддаггүйг л энэ нь харуулна. Хэрвээ чи үргэлж тулалдахыг хүсдэг, үргэлж догшин, харгис байхыг хүсдэг, үргэлж түрэмгий, эрүүл ухаангүй байхыг хүсдэг бол чуулган чамд тохирох газар биш. Бурханы гэрт ихэнх хүн үнэнийг хайрладаг; тэд Бурханыг дагаж, амийг олж авахыг хүсдэг бөгөөд явуулга хийж, диаволуудтай тулалдах дургүй байдаг. Зөвхөн антихристүүд л энд тэндгүй тулалдаж, эрх мэдэл, ашиг хонжооны төлөө өрсөлдөх дуртай, тийм учраас антихристүүд Бурханы гэрт бат зогсож чадахгүй.
Ялгамж чанар, байр суурь, албан тушаал зэрэг зүйлд туйлын эмзэг ханддаг, ялангуяа “үйлчлэл үзүүлэгч” гэдэг цолыг асар их эсэргүүцэж, дургүйцдэг, үүнийг яавч хүлээн авч чаддаггүй нэг төрлийн хүн байдаг—ийм хүмүүс бол антихристүүд юм. Тэд үнэнийг эрэлхийлдэггүй, үнэнд зэвүүцдэг төдийгүй “үйлчлэл үзүүлэгч” гэж дуудуулахыг ч зэвүүцдэг. “Үйлчлэл үзүүлэгч” гэдэг цолд зэвүүцдэг хүмүүс үнэндээ үнэнийг эрэлхийлэх ёстой—хэрвээ тэд үнэнийг эрэлхийлж чаддаг байсан бол “үйлчлэл үзүүлэгч” гэдэг цолоос салах байсан биш үү? Гэвч яг энэ нь л асуудал юм. Тэд үнэнд туйлын их зэвүүцдэг учраас үнэнийг эрэлхийлж, хэрэгжүүлэх замаар хэзээ ч алхахгүй. Тийм ч учраас Бурханы удирдлагын төлөвлөгөөний ажилд тэд үүрд үйлчлэл үзүүлэгчийн үүрэг роль гүйцэтгэнэ. Мэдээж, антихристүүдийн хувьд Бурханы удирдлагын төлөвлөгөөнд үйлчлэл үзүүлэгчээр ажиллаж чаддаг байх нь мөн л ерөөл юм; энэ нь тэдний хувьд Бүтээгчийн үйл хэргийг харах, Бүтээгч үнэнийг илэрхийлж, хүн төрөлхтөнтэй зүрх сэтгэлийн гүн дэх бодлоо хуваалцахыг сонсох, Бүтээгчийн мэргэн ухаан, төгс хүчит үйл хэргийг үнэлэх боломж юм. Тэдний хувьд Бүтээгчид үйлчлэл үзүүлэгч байх нь муу зүйл биш бөгөөд тэд ухамсарлаж чадах эсэхээс үл хамааран, Бурханы үйлчлэл үзүүлэгч байж, Бурханы гэрт үйлчлэл үзүүлэх нь хожим Бурханы ажил дууслаа ч гэсэн энэ антихристүүд, Сатаны хамтрагчдын үргэлж санах ёстой зүйл юм. Завхарсан хүн төрөлхтөн Бурхантай дайсагнах бүхий л үйл явцын туршид антихристүүд өөрсдөө ч мэдэлгүй Бурханы удирдлагын төлөвлөгөөнд үйлчлэл үзүүлдэг, энэ нь антихрист нэг бүрийн оршин тогтнолын өчүүхэн төдий үнэ цэн юм—энэ бол баримт. Бурханы сонгосон хүмүүст антихристүүдийг сөрөг талаас ялган таньж, мэдэх боломж олгосноор антихристүүд хувь нэмрээ оруулдаг. Тэд энэ баримтыг хүлээн зөвшөөрөхөд бэлэн эсэхээс үл хамааран, үйлчлэл үзүүлэгч байхдаа дуртай, баяртай, жаргалтай байгаа эсэхээс үл хамааран, ямартай ч үйлчлэл үзүүлэгчийн хувиар Бурханы ажилд үйлчлэл үзүүлж, энэ үүрэг ролийг гүйцэтгэх нь үнэ цэнтэй—энэ нь Бурхан тэднийг өргөмжилж байгаа хэрэг. Зарим хүн: “Бурхан антихристүүдийг ч бас өргөмжилдөг үү?” гэдэг. Үүнд юу нь буруу байна вэ? Тэд бол бүтээгдсэн зүйлс; Бурхан тэднийг өргөмжилж болохгүй гэж үү? Миний хэлж байгаа зүйл үнэн. Тэгвэл, энэ үгийг сонсох үед антихристүүдэд ямар санагддаг вэ? Тэд өө хайх гэж оролдох ёсгүй бөгөөд бага зэрэг тайтгарал олж авах ёстой. Хамгийн наад зах нь тэд Бурханы удирдлагын төлөвлөгөөний агуу хэрэгт тодорхой хэмжээний хүчин чармайлт гаргасан. Тэд үүнийг дуртайяа хийсэн эсэх, эсвэл идэвхтэй юм уу идэвхгүйгээр хийсэн эсэхээс үл хамааран, ямартай ч энэ нь Бурхан тэднийг өргөмжилсөн хэрэг байсан бөгөөд тэд үүнийг баяртайгаар хүлээн авч, үл эсэргүүцэх ёстой. Хэрвээ антихристүүд өвөг дээдсээсээ урваж, Сатанаас урваж, үнэнийг эрэлхийлж, Бүтээгчийг дуулгавартай дагахыг эрэлхийлж чадвал Бурхан баярлах уу, Надад хэл дээ? (Тийм ээ, баярлана.) Энэ нь бас Бурханы сонгосон хүмүүсийн хувьд ч азтай хэрэг бөгөөд тэд ч бас баяртай байх ёстой—энэ бол сайн зүйл. Энэ баримт үндэслэлтэй эсэхээс үл хамааран, ямартай ч антихристүүд чиглэлээ өөрчилж, гэмшлийн замаар алхаж чадвал мэдээж тэр нь сайн зүйл. Тэгвэл Би яагаад үүнийг Бурханы сонгосон хүмүүсийн хувьд азтай хэрэг гэж хэлж байна вэ? Хэрвээ антихрист дуртайяа үйлчлэл үзүүлбэл Бурханы гэрийн гай түйтгэр нэгээр багасах биш үү? Хэрвээ та нарын дундах диавол нэгээр багасаж, үймүүлж, хэрэг тарьдаг хүн нэгээр багасвал өдөр хоногууд чинь хамаагүй илүү амгалан тайван байх биш үү? Энэ өнцгөөс харвал, хэрвээ антихристүүд үнэхээр дуртайяа үйлчлэл үзүүлэхийг хүсвэл энэ нь ч бас тэмдэглүүштэй сайн зүйл байх болно. Та нар тэднийг зоригжуулж, тэдэнд туслах ёстой, тэднийг бүрмөсөн үгүйсгэж болохгүй. Хэрвээ та нар сайн санаа зорилго өвөрлөж, тэднийг үлдээсэн ч тэдний үйлчлэл үзүүлж байгаа нь нэмэр болохоосоо илүү нэрмээс болж, асуудал үүсгэвэл тэднийг зарчмын дагуу зохицуулах ёстой. Энэ нь сайн арга зам биш гэж үү? (Тийм ээ, мөн.)
Дурдууштай өөр нэг төрлийн хүн бий. Үүргээ гүйцэтгэх явцдаа зовж, төлөөс төлж чаддаг, заримдаа бас дуулгавартай дагаж, эсвэл хэрэг явдлыг зарчмын дагуу зохицуулж чаддаг зарим хүн байдаг. Тэдний субьектив хүсэл нь үнэнийг эрэлхийлэх замаар алхах явдал бөгөөд тэд Дээрх юм уу чуулганы зохицуулсан юуг ч үргэлж дуулгавартай дагаж чаддаг, ажлаа үргэлж цагт нь дуусгаж чаддаг. Тэд Бурханы гэрт саад тотгор, үймээн учруулдаггүй, тэдний хийдэг ажил, биелүүлдэг үүрэг ах эгч нарт олон ашиг тус, давуу тал авчирдаг. Гаднаас нь харахад тэд ямар ч муу зүйл хийгээгүй, саад болж, үймүүлдэггүй, ёрын муу хүмүүс шиг харагддаггүй ч жирийн хүмүүсийн хийж чаддаггүй, хийдэггүй нэг зүйлийг хийдэг бөгөөд энэ нь тэд өөрсдийн нөлөөллийг хөгжүүлж, өөрсдийн бие даасан хаанчлалыг байгуулах дуртай байдаг явдал юм. Тэдэнд ямар нэг ажил даалгах үед тус ажлын зааварлагч болмогцоо тэд өөрсдийн бие даасан хаанчлалыг байгуулж эхэлдэг бөгөөд өөрсдийн нөлөөллийн цар хүрээнд эрх мэдэл, холбоо сүлбээгээ өөрсдөө ч мэдэлгүй хөгжүүлж эхэлдэг. Энэ цар хүрээнд хүн бүр тэдэнд бүрэн дүүрэн үнэмшдэг бөгөөд хүмүүс тэдний хийдэг бүхнийг, хэлдэг бүхнийг, төлдөг төлөөсийг чангаар магтаж, ихэд биширдэг. Тэд өөрсдийн удирдлагын цар хүрээг Бурханы гэр дэх өөрсдийн жижиг гэр бүл гэж үздэг. Гаднаас нь харахад тэд төлөөс төлж, зовж, хариуцлага үүрч чаддаг мэт харагддаг—ямар ч асуудалгүй мэт санагддаг. Гэвч эгзэгтэй мөчид тэд Бурханы гэрийн ашиг сонирхлоос урваж чаддаг. Өөрсдийн нэр хүнд, уулын орой дахь байр сууриа хамгаалж, чуулган дахь өөрсдийн үнэмлэхүй байр суурь, нэр төр, эрх мэдлийг хамгаалахын тулд тэд хэнийг ч гомдоож, шархлуулдаггүй. Хэн нэгэн Бурханы гэрийн ашиг сонирхолд хор хөнөөл учруулж, эсвэл түүнээс урвасан ч, мөн хэн нэгэн Бурханы гэрийн ажлыг үймүүлж, сүйтгэсэн ч тэд уг хэргийг шалгадаггүй, анхаарал хандуулдаггүй бөгөөд үүнийг тэвчиж чаддаг. Тэр хүн байр сууринд нь заналхийлэхгүй, нөлөөллийнх нь цар хүрээнд тэдэнд үйлчилж л байвал болох нь тэр—энэ бол тэдний хамгийн өндөр шалгуур юм. Тэр хүн ямар ч үймээн дэгдээсэн бай, тэд хардаггүй, анзаардаггүй, тэр хүнийг зохицуулах нь бүү хэл, засдаг ч үгүй, зэмлэдэг ч үгүй. Ийм хүмүүс бол аюултай элементүүд юм. Жирийн хүн тэднийг ялган танихад хэцүү бөгөөд тэднийг байр суурьгүй байх үед чи тэднээс ямар нэг буруу зүйл анзаарч чадахгүй байж магадгүй. Гэвч байр суурьтай болмогцоо тэдний уг чанар-мөн чанар бүрэн ил болдог. Тэгвэл яг юу ил болдог вэ? Тэдний төлдөг төлөөс, хийдэг бүхэн зорилготой байдаг; тэд эдгээр зүйлийг Бурханы гэрийн ашиг сонирхлыг хамгаалахын төлөө хийдэггүй, тэд үүргээ жинхэнээсээ гүйцэтгэдэггүй, энэ бүхнийг Бурханд харуулахын тулд биш, харин хүмүүст харуулахын тулд хийдэг. Тэд бусдын нүдийг булааж, харц болон анхаарлыг татахыг хүсдэг, үүнээс ч илүүтэйгээр хүмүүсээр өөрсдийгөө хүндлүүлж, бишрүүлж, магтуулахын тулд хүмүүсийн зүрх сэтгэлийг төөрөлдүүлэхийг хүсдэг. Тийм учраас Бурхан тэднийг хэрхэн харж, тэдэнд хэрхэн ханддагийг тэд тоодоггүй; хэрвээ Бурхан тэднийг зөвхөн үйлчлэл үзүүлэхээр тэнд байгаа гэж хэлбэл тэд хайхрамжгүй ханддаг. Хүмүүс тэдний хөлд сөгдөж, тэдэнд мөргөж л байвал болох нь тэр. Энэ хүмүүс бол аюултай элементүүд бөгөөд Бурхантай болон Бурханы гэртэй нэг санаатай байдаггүй, мөн тэдний зүрх сэтгэл үнэнийг жинхэнээсээ эрэлхийлдэг Бурханы сонгосон хүмүүсийнхтэй адилгүй. Тэд өөрсдийнхөө төлөө нөлөөллөө хөгжүүлж, бас Сатаны төлөө нөлөөллөө хөгжүүлж байдаг. Тэдний янз бүрийн илрэлээс харвал, тэдний гүйцэтгэдэг үүрэг, хийдэг бүхэн нь аль болох өөрсдийгөө гайхуулж, бусдад бялдуучлах арга зам юм.
Антихристүүд Бурханы гэрт болон Бурханы удирдлагын төлөвлөгөөний ажилд тодорхой хэмжээний үйлчлэл үзүүлж чаддаг бөгөөд нэгэн цагт тэд бүр сайн үйлчлэл үзүүлэгчид байж ч магадгүй. Гэвч өөрсдийн алхдаг зам, сонгодог зорилго, чиглэл, түүнчлэн өөрсдийнх нь дотор байдаг байр суурь, эрх мэдлийн төлөөх хүсэл, алдар нэр, ашиг хонжооны төлөөх шуналаас болж тэд “үйлчлэл үзүүлэгч” гэдэг цолоос хэзээ ч салж чаддаггүй, үнэнийг ойлгож чаддаггүй, үнэн-бодит байдал гэж юу болохыг ухамсарлаж, үүнд орж чаддаггүй, үнэнийг хэрэгжүүлж чаддаггүй, жинхэнэ дуулгавартай байдалд хүрч чаддаггүй, Бурханаас эмээж чаддаггүй. Ийм хүмүүс бол аюултай элементүүд юм. Тэд ертөнцийн гүн ухааныг гүнзгий эзэмшсэн, биеэ авч явах, ертөнцтэй харилцах маш овжин арга барилтай, бусадтай ярихдаа ярих арга барил, үг хэллэгтээ онцгой анхаардаг, мөн хүмүүстэй харилцахдаа ашигладаг арга барилдаа маш их анхаарал хандуулдаг. Хэдийгээр тэд өнгөн дээрээ овжин, ёрын муу мэт харагддаггүй ч зүрх сэтгэл нь хорон муу санаа, бодол, үзэл бодлоор дүүрэн, тэр ч байтугай үнэний талаарх үзэл, буруу ойлголтоор дүүрэн бөгөөд Бурханыг ойлгодоггүй. Хэдийгээр хүмүүс энэ хүмүүсийн юу нь ёрын муу болохыг, эсвэл тэд ёрын муу хүмүүс гэдгийг харж чаддаггүй ч тэдний мөн чанар маш хорон муу учраас, мөн тэд хэзээ ч үүргээ үнэн-зарчмын дагуу гүйцэтгэж, үнэнийг эрэлхийлэх замаар алхаж, Бурханыг үнэхээр дуулгавартай дагаж чаддаггүй учраас эцэст нь тэд “үйлчлэл үзүүлэгч” гэх энэ цолоос үүрд салж чаддаггүй. Энэ хүмүүс илэрхий антихристүүд болон ёрын муу хүмүүсээс ч илүү далд зальтай, бусдыг төөрөлдүүлэхдээ илүү чадварлаг. Гаднаасаа тэд “үйлчлэл үзүүлэгч” гэдэг цолын талаар ямар ч санал бодол, хандлага тээдэггүй, үүнийг бүр ч эсэргүүцдэггүй мэт харагддаг. Гэвч үнэн хэрэгтээ тэдний мөн чанараас дүгнэхэд, тэд Бурханд үйлчлэл үзүүлсэн ч гэсэн санаархал, зорилго өвөрлөсөөр байдаг; тэд болзолгүйгээр үйлчлэл үзүүлдэггүй, үнэнийг олж авахын тулд үйлчлэл үзүүлдэггүй. Энэ хүмүүс дотроо хорон муу, зальхай байдаг учраас бусад хүн тэднийг ялган танихад амаргүй байдаг. Зөвхөн эгзэгтэй асуудал дээр, эгзэгтэй үед л тэдний уг чанар-мөн чанар, бодол, үзэл бодол, алхдаг зам нь илчлэгддэг. Энэ байдал үргэлжилж, хэрвээ энэ хүмүүс ийм эрэлхийллийн арга замыг сонгож, ийм замаар алхахаар сонговол ийм хүмүүс авралд хүрч чадахгүй гэдгийг төсөөлж болно. Тэд Бурханы гэрээс өөрсдөд нь хүлээлгэсэн итгэл, Бурханы ажлын боломжийг ашиглан өөрсдийн ашиг тусын төлөө явуулга хийж, хүмүүсийг хянаж, тарчлааж, өөрсдийн амбиц, хүслийг хангадаг. Эцэст нь тэд үнэнийг олж авдаггүй, харин ч элдэв янзын мууг үйлдсэнээсээ болж илчлэгддэг. Тэд илчлэгдэх үед энэ хүмүүс үнэнийг эрэлхийлдэггүй, мөн үнэнийг эрэлхийлж, авралд хүрэхийн тулд Бурханд итгэдэггүй гэдэг нь тодорхой болдог. Бурханы үгийг болон Тэр бүх төрлийн хүмүүсийг ил болгосныг сонссоныхоо дараа энэ хүмүүс үүргээ гүйцэтгэхдээ ертөнцтэй харилцах зарчим, арга хэрэгсэл, арга барилыг тууштай ашиглавал ганцхан эцсийн төгсгөл байж болно: Тэд Бурханы удирдлагын ажилд үйлчлэл үзүүлэгчийн үүрэг роль гүйцэтгэж, эцэст нь илчлэгдэж, таягдан хаягдах ёстой—энэ бол баримт. Та нар өмнө нь өөрсдөө ийм хүмүүстэй тулгарч байсан уу? Илчлэгдэж, хөөгдөх үедээ зарим антихрист цэрэггүй командлагч болдог. Тэдний үйлдсэн ёрын муу хэтэрхий их, хэтэрхий ноцтой байсан тул ах эгч нар тэдэнд дургүйцэж, тэднийг орхидог. Бас өөр нэг төрлийн хүн байдаг бөгөөд илчлэгдэж, чуулганд яллагдаж, гологдох үед нь тэднийг өмөөрч, тэдний төлөө тэмцэж, Бурханы эсрэг шуугиан дэгдээдэг олон хамсаатан, туслагч тэдэнд байдаг. Ийм төрлийн хүмүүс бусдыг төөрөлдүүлэхдээ бүр ч чадварлаг биш гэж үү? Ийм хүмүүс бүр ч аюултай. Антихристүүд “үйлчлэл үзүүлэгч” гэдэг цолонд хэрхэн ханддаг, тэд ямар далд хэрэгжүүлэлт, санаа, илрэл харуулдаг талаарх энэ удаагийн нөхөрлөлөө үүгээр өндөрлөе.
в. Антихристүүд яагаад үйлчлэл үзүүлэгч байхыг хүсдэггүй вэ
Антихристүүд үйлчлэл үзүүлэгч байхыг хүсдэггүй бөгөөд үйлчлэл үзүүлэгч байхтай эвлэрдэггүй. Үйлчлэл үзүүлэгч болсноор тэд асар их доромжлол, ялгаварлан гадуурхалт амсана гэж боддог. Тэгвэл тэд яг юу байхыг хүсдэг вэ? Бурханд итгэж эхлээд, Бурханы гэрт ирэх үед тэдний зорилго юу байдаг вэ? Тэд Бурханы ардын нэг, Бурханыг дагагчдын нэг байхыг хүсдэг үү? Тэд төгс болгуулах хүн байхыг хүсдэг үү? Тэд Петр, Иов хоёр шиг байхдаа баяртай байж, үүнийгээ сайн гэж хэлдэг үү? (Үгүй.) Бурханд итгэх итгэлдээ Бурханы сонгосон хүмүүсийн нэг байхдаа баяртай байна, энэ нь надад хангалттай гэж хэлдэг хүн байна уу? Бурханы гар дахь тоглоом байхыг хүсдэг хүн байна уу? Үгүй, хүмүүс ялангуяа ийм байхыг хүсдэггүй. Хэн ч бай Бурханы гэрт ирэхдээ ашиг тус, ерөөл, шагнал, титэм хүртэхээр хайж ирдэг. Бурханы үгийн ил болголт, шүүлтийг хүлээн авахдаа тэд Бурханд итгэх итгэлдээ ийм санаа зорилго өвөрлөснөөр үнэнийг ойлгож чадахгүй, эцэстээ аврал хүртэж чадахгүй гэдгээ мэдэж авдаг. Тиймээс олон хүн ерөөл хүртэх хүсэл, титэм, шагнал авах хүслээ эхлээд орхиж, энэ бүх ашиг тусыг орхиод, Бурхан юу хэлж байгааг, хүнд тавих Түүний шаардлага юу болохыг, Тэр хүнд юу хэлэх ёстойг эхлээд сонсохоор сонгодог. Бурханы үгийг сонсдог олон хүн зүрх сэтгэлдээ нууцхан баярлаж, “Бурхан бидний завхралыг ил болгодог, бидний үзэшгүй муухай үнэн төрхийг ил болгодог, Бурханыг эсэргүүцэж, үнэнд зэвүүцдэг мөн чанарыг маань ил болгодог—эдгээр нь бүгд баримт. Аз болоход би Бурхан руу гараа сунган сайн сайхан хувь заяа, нигүүлсэл, ерөөл гуйх гэж яараагүй; аз болоход би эдгээр зүйлийг эхлээд орхисон. Хэрвээ би эдгээр зүйлийг орхиогүй байсан бол өөрийгөө шившиг болгох байсан биш үү? Бурханы хэлдэг бүхэн хүний уг чанар, мөн чанарыг ил болгодог, тэгэхээр би яаж тэдгээр зүйлээс ангижирч болох вэ? Хүмүүс эхлээд үүргээ гүйцэтгэж, Бурханы удирдлагын төлөвлөгөөн дэх ажилтай хамтран ажиллах ёстой гэж Бурхан хэлсэн. Энэ явцад хэрвээ хүмүүс үнэнийг ойлгож, хүлээн авах замаар алхаж чадвал авралд хүрэх найдвар төрж, ирээдүйд олон ашиг тус хүртэж чадна” гэж хэлдэг. Энэ үед олон хүн тэдгээр зүйлийн талаар бодохоо больдог. Тэдний гайхалтай хүсэл, ирээдүйн талаарх хүсэл тэмүүлэл, найдвар нь тийм ч бодитой санагдахаа больдог. Энэ мөчид үүргээ хэрхэн сайн гүйцэтгэх, Бурханы санаа зорилгыг хэрхэн хангах, үнэнийг хэрхэн ойлгож, бат зогсох нь тэдгээр хүсэл, эрмэлзлээс илүү бодитой, чухал, нэн чухал гэж тэдэнд санагддаг. Тиймээс энэхүү эгзэгтэй үед ихэнх хүн үүргээ гүйцэтгэж, Бурханы ажлыг мэдэрч туулж, үнэнийг олж авч, цаг хугацаа, залуу насаа зориулж, гэр бүл, ажил төрөл, ертөнцийн хэтийн ирээдүйгээ Бурханы төлөө болон үүргээ гүйцэтгэхийн төлөө орхихыг сонгодог бөгөөд зарим хүн үүний төлөө бүр гэрлэлтээ ч цуцлуулдаг. Хүмүүсийн гаргадаг ийм төрлийн илрэл, зан авир, үйлдэл нь эерэг зүйлс болон Бурханы ярьдаг бүх шаардлагад хандах нэг төрлийн дуулгавартай, хүлцэнгүй хандлага болох нь эргэлзээгүй бөгөөд чухамдаа энэ хандлага л үнэнийг ойлгож, үнэнийг хэрэгжүүлж, Бурханыг дуулгавартай дагаж, эцэст нь аврал хүртэхийн тулд хүмүүсийн эзэмших ёстой зайлшгүй шаардлагатай нөхцөл байдал юм. Эдгээр нь Бурханы гэрт ирж үүргээ гүйцэтгэхээс нь өмнө хэвийн хүн бүрд байдаг янз бүрийн илрэл, бодол юм. Энэ хүмүүс анх Бурханд итгэж эхэлсэн цагаас өдийг хүртэл тэдний бодол, үзэл санаа байнга өөрчлөгдөж, үнэн болон Бурханд хандах хандлага нь ч бас байнга хувирч байдаг. Хүний урьдын эдгээр хүсэл, амбиц байнга үгүй болохын зэрэгцээ хүн аажмаар, идэвхтэйгээр эдгээр зүйлийг орхиж, хаяж байдаг. Энэ бол Бурхантай хамтран ажиллаж, Бурханыг дуулгавартай дагах гэсэн хүмүүсийн хүслээс эцэст нь гардаг сайн үр дүн юм. Энэ бол эерэг, сайн илрэл, сайн үр дүн мөн. Хүмүүс байнга ахиц дэвшил гаргаж байх явцад үнэнийг чин сэтгэлээсээ эрэлхийлдэг хүмүүс ерөөл хүртэх хүсэл, санаархлаа бараг л орхисон байдаг тул ихэнх хүн өмнө нь хүнд Бурханы өгсөн янз бүрийн амлалтад үндсэндээ тийм ч мэдрэмтгий ханддаггүй, эсвэл сонирхдоггүй. Учир нь хэвийн хүний эрүүл ухаанаар хэмжиж үзвэл, хэрвээ хэн нэгэн хүн үүргээ стандартад нийцсэн байдлаар гүйцэтгэж чадахгүй, үнэнийг ойлгож чадахгүй бол Бурханы амласан бүх ерөөлийг хүртэх боломжоо алдаж, тэдгээр нь өөртэй нь ямар ч хамаагүй болно. Хүн бүр энэ хамгийн энгийн логикийг ойлгох ёстой. Мэдээж, одоо ийм баримтыг аль хэдийн ойлгодог, мөн энэ баримтыг хүлээн зөвшөөрч, хүлээж авдаг олон хүн бий; гагцхүү антихристүүд л үүнийг хүлээн авдаггүй. Яагаад тэд үүнийг хүлээн авдаггүй вэ? Яагаад гэвэл тэд бол антихристүүд. Тэд энэ баримтыг хүлээн авдаггүй, тэгвэл тэд юу хийхийг хүсдэг вэ? Бурханы гэрт ирэхдээ тэд Бурханы үгийг шинжиж, тэндээс “Бурханы үнэн бие”, “ууган хөвгүүд”, “Бурханы хөвгүүд”, “Бурханы ард”, “үйлчлэл үзүүлэгчид” гэх мэт янз бүрийн цол, байр суурийг олж хараад нүд нь сэргэдэг. Хүсэл, амбиц нь тэр даруй ханаад тэд: “Бурхны хөвгүүдийн нэг байх нь хэтэрхий эгэл жирийн; ихэнх хүн бурхны хөвгүүд юм. Бурхны ардын нэг байх нь харц ард, олон нийтийн нэг хэсэг, ямар ч эрх мэдэл, нөлөөгүй зүгээр л жирийн хүн байна гэсэн үг. Намайг үйлчлэл үзүүлэгч болгоно гэж бодохын ч хэрэггүй. Би амьд байгаа цагтаа үйлчлэл үзүүлэгч байхтай ямар ч хамааралгүй байна; энэ нь надад огт хамаагүй” гэж боддог. Ингээд тэд “Бурханы үнэн бие”, “ууган хөвгүүд” гэсэн хоёр цолонд харцаа тогтоодог. Өөрсдийнхөө үзлээр тэд “Бурханы үнэн бие” бол Бурхан Өөрөө, “ууган хөвгүүд” бол Бурханы ууган хөвгүүд бөгөөд энэ хоёр нь эрх мэдэл, хүч нөлөөтэй, хүн төрөлхтний дунд хаанчилж, хүмүүсийг хянаж, Бурханы сонгосон хүмүүсийг хянаж, үнэмлэхүй эрх мэдэл эзэмшиж, шийдвэр гаргах эрх мэдэл, удирдагч байх эрх мэдэл, хүмүүсийг зохион байгуулж, амьдрах уу, үхэх үү гэдгийг нь шийдэх эрх мэдэлтэй байж чадна гэж үздэг—тэд эдгээр эрх мэдлийг маш агуу гэж үздэг. Тийм учраас тэднийг үйлчлэл үзүүлэгч болгох боломжгүй. Хэрвээ тэдэнд өөрсдөө сонгох боломж олговол тэд ууган хөвгүүд юм уу Бурханы үнэн бие байхыг сонгох байсан; эс бөгөөс Бурханд итгэхээ болих байсан. Тэд Бурханы гэрт үүргээ гүйцэтгэх юм уу удирдагч, ажилчнаар ажиллахдаа энэ хоёр зорилгод хүрэхийн тулд үйлдэж, төлөөс төлж, зовж, ийш тийш гүйдэг. Энэ хугацаанд тэд ийш тийш гүйж явахдаа хэр хол явснаа, сайн мэдээ номлоод хэдэн хүн олж авснаа, хэдэн хүн өөрсдийг нь хүндэлж, биширдгийг, чуулганыг удирдаж байх үед нь асуудалтай тулгарсан ах эгч нар бусад руу очдог уу эсвэл өөрсөд рүү нь ирдэг үү гэдгийг, мөн бусдын бодол, үзэл санааг хянаж, нөлөөлж чадах эсэхээ байнга тооцоолж байдаг. Тэд Бурханы гэрт хаанчлах гэсэн хүсэлдээ хүрэхийн тулд эдгээр зүйлийг байнга тооцоолж, дэнсэлж, ажигладаг. Ихэнх хүн Бурханы гэрт ирж, зарим үнэнийг ойлгосныхоо дараа бүтээгдсэн зүйлийн үүргийг хэвийн гүйцэтгэж чаддаг—харин антихристүүд тэгдэггүй. Тэд өөрсдийгөө язгууртан гаралтай, язгууртан болон онцгой бүлгийн нэг хэсэг бөгөөд Бурханы гэрт агуу гэж дуудуулах ёстой гэж үздэг; эс бөгөөс тэд Бурханд итгэхгүй. Хэрвээ тэд Бурханд итгэхээр болбол Бурханы гэрт агуу хэмээн хүндлэгдэж, хамгийн дээд тушаалтан байх ёстой байдаг. Үүний зэрэгцээ тэд Бурханы тэмдэглэлийн дэвтэрт хэр их гавьяатай байгаагаа, Бурхантай хамт хаанчлах шалгуурыг хангалттай хангах эсэхээ ч бас тооцоолон боддог. Тиймээс зарим антихрист Бурханы гэрт ирж үүргээ гүйцэтгэхийн эх сурвалж, эхлэлийн цэг, сэдэл нь Бурханы гэрт ирж хаанчлах явдал юм. Тэд зүгээр л эгэл жирийн, хамгийн өчүүхэн дагагч байхын тулд үүргээ гүйцэтгэхийг яавч хүсдэггүй бөгөөд амбиц, хүсэл нь унтрах мөчид тэд гэнэт дайсагнаж, үүргээ гүйцэтгэхээс татгалздаг.
Одоо Бурханы гэрт хэдэн жилийн турш үүргээ гүйцэтгэж, бүх зүйлийг тааруу хийж, үүрэг гүйцэтгэсэн газар болгондоо таягдан хаягдсан зарим хүн бий. Тэд хүн чанар маш муутай, ёс жудаг дорд, үнэнийг эрэлхийлдэггүй, мөн үнэнд зэвүүцдэг харгис, хорон муу зан чанартай байдгаасаа болоод эцэстээ ах эгч нарт гологддог. Ерөөл хүртэх хүсэл нь замхарч, Бурханы гэрт хаанчилж, онцгойрох мөрөөдөл нь биелэх боломжгүй болсныг хармагцаа тэд хувийн амьдралдаа хэрхэн амьдардаг вэ? Тэд Бурханы үгийг уншдаггүй, магтан дуу сонсдоггүй, цуглаанд оролцдоггүй, үүрэг гүйцэтгэхийг шаардахад Бурханы гэрийг үл тоодог, тэр ч бүү хэл цуглаанд оролцох цаг болоход ах эгч нар тэдний дуудаж, урьж, сануулах шаардлагатай болдог. Тэдний зарим нь цуглаанд дурамжхан оролцсоор байдаг ч цуглааны үеэр нэг ч үг хэлдэггүй, нөхөрлөдөггүй бөгөөд бусдын хэлсэн бүхэнд дургүйцэн, сонсохыг хүсдэггүй. Ах эгч нарыг залбирах үед тэд ч бас нүдээ аньдаг боловч юу ч хэлдэггүй—тэдэнд Бурханд хэлэх зүйл байдаггүй. Зарим хүн цуглааны үеэр, номлол сонсох үедээ, эсвэл ах эгч нарыг үнэний талаар нөхөрлөж байхад юу хийдэг вэ? Зарим нь унтдаг, зарим нь утсаа харж, мэдээ уншдаг, зарим нь бусадтай чатладаг, зарим нь онлайнаар тоглоом тоглодог. Бурханд итгэхдээ тэд, хэрвээ Бурханы гэрт бусдад таалагдаж, бусдын тааллыг олж чадахгүй, өөрсдийг нь хүрээлэх дэмжигчидгүй, чухал ажилд томилогдохгүй бол ирээдүйд Бурхантай хамт хаанчилж чадахгүй, тиймээс Бурхан тэдний хувьд оршин байдаггүй гэж боддог. Бурхан оршин байдаг эсэх нь тэдний хувьд ерөөл хүртэж чадах эсэхтэй нь холбоотой байдаг. Антихристүүд ингэж авирладаг биш үү? Тэд хэрвээ бурхан өөрсдөд нь ерөөл хүртээж чадахгүй бол бурхан биш, тэрээр үнэнгүй бөгөөд өөрсдийг нь дураар нь авирлуулж, чуулганд эрх мэдлийг булаан авч, ирээдүйд хаанчлах боломж олгодог бурхан л бурхан мөн гэж үздэг. Энэ бол Сатаны логик—энэ нь зөв, бурууг хольж хутган, баримтыг мушгин гуйвуулж буй хэрэг юм. Тэд Бурханд итгэгчдийн хувиар Бурханы мөрийг дагаж чаддаггүй, үүргээ гүйцэтгэхийг хүсдэггүйн шалтгаан нь үнэнд зэвүүцдэг, зүрх сэтгэлдээ зөвхөн Сатаны гүн ухаан, мэдлэг, алдар нэр, ашиг хонжоо, байр суурийг л хүндэлдэг явдал юм. Тэд Бурхан бол үнэн гэдгийг үгүйсгэдэг, Бурханы ажилд ямар ч анхаарал хандуулдаггүй, тийм учраас цуглаан дээр утсаа харж, тоглоом тоглож, хөнгөн зууш идэж, хамаагүй чатладаг—тэд хүссэн бүхнээ хийдэг ба өөрсдөдөө сэтгэл хангалуун байсаар байдаг. Ерөөгдөх найдвар нь тасрах мөчид тэдэнд Бурханд итгэх нь ямар ч утга учиргүй санагддаг бөгөөд Бурханд итгэх нь ямар ч утга учиргүй санагдах үедээ тэд ах эгч нарын цуглардаг газар болох чуулганыг тоглоомын талбай гэж үздэг, цуглааны цагийг чөлөөт цаг гэж үздэг, цуглаан хийж, номлол сонсохыг дарамттай, уйтгартай, залхмаар гэж боддог. Тэд ах эгч нарын сонсдог номлол болон үнэнийг юу гэж үздэг вэ? Тэд тэдгээрийг уриа лоозон, үндэслэлгүй дэмий яриа гэж үздэг бөгөөд ах эгч нартай хамт цугларч өнгөрүүлсэн цагийг дэмий үрсэн цаг гэж үздэг. Энэ хүмүүс илчлэгдээгүй гэж үү? Тэд амбиц, хүсэл, хий мөрөөдөл тээж Бурханд итгэдэг бөгөөд тэд энэ замаар эцсийг нь хүртэл алхаж чадахгүй, Бурханы ажил, Бурханы удирдлагын төлөвлөгөөнд үйлчлэл үзүүлэхэд ч зохисгүй гэдгийг тодорхойлдог дохио энэ юм. Тэд номлол сонсдог хүмүүс болон үнэнийг эрэлхийлдэг ах эгч нарыг басамжлан хардаг, үүнээс ч илүүтэйгээр Бурханы ажил, Бурханы оршин тогтнолыг болон Бурханы удирдлагын төлөвлөгөөний ажлын баримт оршин байгааг үгүйсгэдэг.
Үнэнд зэвүүцдэг хүмүүс буюу антихристүүд Бурханд итгэх нь өөрсдөд нь ямар ч ашиг тус авчрахгүй гэж бодох үед чөтгөрлөг төрх нь ил болдог. Зарим эмэгтэй антихрист гэртээ сүнс шиг харагдах хүртлээ нүүрээ буддаг. Тэд загварлаг эсвэл эсрэг хүйстний дурыг булаах юуг ч хамаагүй өмсдөг бөгөөд зарим нь бүр хулгайгаар маажан тоглож, мөрийтэй тоглож, тамхи татдаг—энэ хүмүүс хэтэрхий аймшигтай, жигшмээр. Тэд Бурханы гэрт дүр эсгэн ирдэг бөгөөд эцэст нь юу болдог вэ? Тэд үүнийгээ хадгалж чаддаггүй биз дээ? Зөвхөн үнэн л хүмүүсийг илчилж чадна, хэрвээ хэн нэгэн хүн үнэнийг хайрладаггүй, үнэнд зэвүүцдэг, харгис зан чанартай бол үнэнд дайсагнаж, тэсэж үлдэж чадахгүй байх тавилантай. Чуулган ийм хүмүүсийг таягдан хаях шаардлагатай хэвээр үү? Бурхан тэднийг яллах шаардлагатай хэвээр үү? Бурхан ийм хүнийг голох шаардлагатай хэвээр үү? Үгүй, Бурхан тэдэнд огт анхаарал хандуулдаггүй. Бурханы хувьд энэ хүмүүс зүгээр л хорхой шавж бөгөөд үйлчлэл үзүүлэгч байхад ч зохихгүй—тэд зүгээр л үүнд тэнцэхгүй. Тэд цуглаан, чуулганы амьдрал болон үүрэгтээ ийм басамжилсан хандлагаар хандах үед энэ нь юуг нотолдог вэ? Бурхан тэднийг харж ханддаггүй, хамгаалдаггүй, тэднийг залж чиглүүлдэг ч үгүй. Тэр тэднийг гэгээрүүлэх, залж чиглүүлэх, сахилгажуулах ямар ч ажил хийдэггүй, тиймээс тэд ийм аймшигтай, муухай амьдралаар амьдардаг. Гэвч тэд өөрсдөө “Би бурханд итгэдэггүй; би эрх чөлөөтэй. Бурханд итгэдэг та нар зовж, төлөөс төлж, гэр бүл, ажил төрлөө орхих ёстой байдаг бол би яаж ч зовох шаардлагагүй. Би гэртээ чөлөөт цагаа таашааж, махан биеийн зугаа цэнгэлд умбаж, амьдралын баяр баясгаланг эдэлж чадна” гэж боддог. Тэд өөрсдийгөө аз жаргал, эрх чөлөөг олж авсан гэж үздэг. Бурхан тэднийг тоодог уу? (Үгүй.) Яагаад үгүй гэж? Бурханы хувьд энэ хүмүүс бол хүн биш, хорхой шавж бөгөөд Түүний анхаарлыг татахуйц биш юм. Хэрвээ Бурхан тэднийг тоодоггүй бол тэднийг аврах уу? Бурхан тэднийг аврахгүйгээс хойш тэдний хийж байгаа зүйл Бурхантай ямар нэг хамаатай юу? Энэ нь Бурханы гэрийн захиргааны зарлигтай ямар нэг холбоотой юу? Үгүй, холбоогүй. Тиймээс тэд гаднаа маш тухтай, эрх чөлөөтэй, дураараа амьдарч, өдөр бүр нэлээд жаргалтай байгаа мэт харагддаг. Чи үүнийг сайн зүйл гэж бодсон уу? Тэдний амьдран харуулж буй зүйл болон дагаж буй замыг ганц хараад л чи тэднийг дууссан, Бурхан тэднийг цаашид хүсэхгүй гэдгийг мэднэ. Энэ хорхойнууд үнэхээр өмхийрсөн амьтад юм! Бурхан ийм хүмүүсийг огт тоодоггүй.
Орчин, нөхцөл байдлаас үл хамааран ирэх ертөнцөд хаанчилж, Бурхантай эн тэнцүү байхын тулд чадах чинээгээрээ чармайдаг хүмүүс бол антихристүүдийн дундах засаршгүй гөжүүд элементүүд юм. Ийм хүмүүс яг л Паултай адил; тэд махан биедээ өргөстэй, Бурханы талаар эргэлзээ өвөрлөдөг, Бурханыг эсэргүүцэж, сүрдүүлдэг, мөн ажиллаж, өөрсдийгөө зарлагадаж, бэрхшээл туулж, төлөөс төлөхдөө асар дурамжхан байдаг. Тэд титмийн хариуд, мөн ирэх ертөнцөд хаанчлах боломжийн хариуд л эдгээр зүйлийг хийдэг. Энэ бүх үйл явц нь антихристүүдийг маш өрөвдөлтэй сонсогдуулж байгаа биш үү? Үнэндээ тэд өрөвдөлтэй биш. Тэд өрөвдөлтэй биш төдийгүй, үнэндээ жаахан инээдтэй. Бурханыг ийм их зүйл хэлсний дараа тэд үнэнийг ойлгохгүй хэвээр байвал зүгээр л мартаж үз; тэд яаж хүний хэлний утгыг ойлгохгүй байж чадаж байна аа? Тэд яаж ийм энгийн зарчмыг ойлгохгүй байж чадаж байна аа? Хэрвээ чи үнэнийг хэрэгжүүлдэггүй бол зан чанарын өөрчлөлтөд хүрч, аврал хүртэж чадахгүй; Бурхан чамд амлалт өгсөн байлаа ч гэсэн чи үүнийг хүртэж чадахгүй. Хүнд Бурханы өгдөг ямар ч амлалт болзолтой байдаг; Тэр шалтгаангүйгээр, эсвэл болзолгүйгээр хүмүүст амлалт өгдөггүй. Бурханд хүнд тавих шаардлага гэж байдаг, эдгээр шаардлага хэзээ ч өөрчлөгддөггүй. Бурхан үнэнийг зөрчихгүй, санаа зорилгоо ч өөрчлөхгүй. Хэрвээ чи үүнийг ойлгосон бол хүсэл, амбицтайгаа зөрүүдлэн зууралдсаар байх уу? Зөвхөн мангарууд, ухаалаг бус хүмүүс л эдгээр зүйлтэй зөрүүдлэн зууралдана. Хэвийн ухаалаг байдалтай, хэвийн хүн чанартай хүмүүс эдгээр зүйлийг орхиж, эрэлхийлэх, олж авах, орох ёстой зүйлээ эрэлхийлэх ёстой—тэд эхлээд Бурханы шаардлагыг хангах ёстой. Хоёрдугаарт, хэвийн ухаалаг байдалтай хүмүүс өөр юуг ойлгох ёстой вэ? Бид Бурхантай хамт үүрд мөнх хаанчилна гэсэн зөгнөл Библид байдаг ба Бурхан одоогийн ажилдаа Бурханы үнэн бие, ууган хөвгүүд, Бурханы хөвгүүд, Бурханы ард гэх мэтийг ч бас дурдаж, хүмүүсийн янз бүрийн түвшин, цолыг ангилдаг. Бурхан хүнд эдгээр зүйлийг амласан байхад хүмүүс яагаад тэдгээрийг эрэлхийлж болохгүй гэж? Тэгвэл зөв ойлголт, зөв хандлага юу байх ёстой вэ? Хэрвээ хэн нэгэн хүн хаанчлах болон Бурханы өгсөн амлалтыг эрэлхийлэх зорилгоо гэж үзвэл энэ нь зөв зам мөн үү? Мэдээж биш; энэ нь эерэг биш, хүний хүсэл хэтэрхий их холилдсон байдаг бөгөөд энэ зам үнэнтэй зөрчилддөг. Зарим хүн: “Та энэ амлалтыг өгсөн байж яагаад биднийг үүнийг олж авахыг зөвшөөрөхгүй байгаа юм бэ? Та энэ бүхнийг хэлж, бүх хүн төрөлхтөнд ил тод мэдэгдсэн байж яагаад бидэнд үүнийг эрэлхийлэхийг зөвшөөрөхгүй байгаа юм бэ?” гэж хэлдэг. Энэ нь үнэнтэй холбоотой; эхнээсээ өнөөг хүртэл хэн ч, хэзээ ч үүнийг ойлгож байгаагүй. Энэ нь үнэний аль талтай холбоотой вэ? Чи үүнийг ингэж харах ёстой: Бурхан хүнд амлалт өгсөн бөгөөд Бурханаас хүн хаанчлах санааг, түүнчлэн “Бурханы үнэн бие”, “ууган хөвгүүд”, “Бурханы хөвгүүд” гэх мэт янз бүрийн цолыг мэдэж авсан. Гэвч эдгээр нь зүгээр л цол юм. Ямар цол аль хүмүүст хамаарах нь тухайн хүний эрэлхийлэл, гүйцэтгэлээс шалтгаална. Бүтээгч чамд ямар ч цол өгнө, чи тийм байх болно. Хэрвээ Тэр чамд цол өгөхгүй бол чи юу ч биш; энэ нь Бурханы амлалт төдий болохоос хүмүүсийн хүртэх эрхтэй, эсвэл хүртэх ёстой зүйл биш. Мэдээж энэ амлалт нь хүмүүсийн хүсдэг зорилго боловч энэ зорилго нь хүмүүсийн явах ёстой зам биш, энэ нь хүмүүсийн явдаг замтай ямар ч хамаагүй. Энэ хэрэг явдал дээр шийдвэр гаргах эрх хэнд байдаг вэ? (Бурханд.) Тийм ээ, хүмүүс үүнийг ойлгох ёстой. Хэрвээ Бурхан чамд ямар нэг зүйл өгнө гэж хэлбэл чи ямар нэг зүйлтэй болно; хэрвээ Тэр үүнийг чамаас буцааж авна гэж хэлбэл чамд юу ч байхгүй, чи юу ч биш. Хэрвээ чи “Бурхан надад үүнийг өгөхгүй байсан ч гэсэн би үүнийг эрэлхийлнэ, Бурхан үүнийг надад өгвөл би үүнийг байх л ёстой зүйл мэтээр хүлээн авна” гэж хэлбэл энэ нь буруу юм. Яагаад буруу вэ? Энэ нь маш том цээрийг зөрчиж байна. Чи Бурхан үргэлж Бурхан байна, хүн үргэлж хүн байх болно гэх баримтыг хүлээн зөвшөөрдөггүй—ийм учраас энэ нь буруу юм. Зарим хүн: “Энэ нь Библид зөгнөгдсөн байдаг. Бид Бурхантай хамт үүрд мөнх хаанчилна гэж Библид олон газар хэлдэг. Бурхан үүнийг хэлж чаддаг атал яагаад бид үүнийг эрэлхийлж болохгүй гэж?” гэдэг. Энэ нь бүтээгдсэн зүйлд байх ёстой эрүүл ухаан мөн үү? Чи хүмүүс хаанчилна гэсэн Бурханы амлалтыг сайн зүйл гэж үзээд үүнийг эрэлхийлдэг, гэхдээ Бурхан үйлчлэл үзүүлэгчдийн талаар ч бас хэлсэн—чи Бурханд сайн үйлчлэл үзүүлэхийг эрэлхийлдэг үү? Чи стандартад нийцсэн үйлчлэл үзүүлэгч байхыг эрэлхийлдэг үү? Бурхан бас хүмүүсээс үүргээ гүйцэтгэхийг шаарддаг—чи өөрөөсөө үүргээ сайн гүйцэтгэхийг шаарддаг уу? Бурхан бас хүмүүсээс бүтээгдсэн зүйл шиг авирлахыг шаарддаг, тэгвэл чи юу хийдэг вэ? Чи стандартад нийцсэн бүтээгдсэн зүйл байхыг зорилгоо болгож, үүнийгээ эрэлхийлдэг үү? Хүмүүс хаанчилна гэж Бурхан хэлсэн нь хүнд Түүний өгсөн амлалт бөгөөд энэ амлалтад урьдач нөхцөл, хам сэдэв бий: Чи сайн бүтээгдсэн зүйл байж, бүтээгдсэн зүйлийн үүргийг сайн гүйцэтгэж, үйлчлэл үзүүлэгчийн үүрэг ролиос ангижирч, Бурханыг дуулгавартай дагаж, Бүтээгчээс эмээдэг болох ёстой. Үүнийг бүгдийг нь биелүүлэх үедээ та нар Бурхантай хамт үүрд хаанчилж чадна гэж Бурхан хэлсэн—энэ үгийг энэ хам сэдвийн хүрээнд хэлсэн юм. Хүмүүс эрүүл ухаангүй байдаг. Тэд үүнийг сонсмогцоо “Бид Бурхантай хамт хаанчилж чадна гэдэг гайхалтай! Энэ хэзээ тохиолдох вэ? Бид хэрхэн хаанчлах вэ? Бид хэрхэн Бурхантай эн тэнцүү байх вэ? Бид хэний хаад байх вэ? Бид хэнийг хаанчлах вэ? Бид хэрхэн хаанчлах вэ? Бид хэрхэн хаад болох вэ?” гэж боддог. Хүмүүс эрүүл ухаангүй биш үү? Хэдийгээр энэ нь хүнд Бурханы өгсөн амлалт, хүнд сонсгохоор хэлсэн зүйл бөгөөд ийм гайхалтай зүйл байдаг гэдгийг хүмүүст мэдэгдэж байгаа ч чи өөрийнхөө хэмжээг мэдэх ёстой—чи хэн бэ? Бурхан ийм санаа өвөрлөдөг бөгөөд хүнийг Өөртэйгөө ийм маягаар амьдруулад бэлэн байдаг, гэвч чи үүнийг хүртэх шалгуурыг хангасан уу? Чи Бурханаас “Биднийг энэ амлалтыг хүртэхээс өмнө Та бидэнд ямар шаардлага тавьдаг вэ? Танд биднээр хийлгэх хэрэгтэй зүйл байна уу? Бид энэ амлалтыг хүртэхээсээ өмнө эхлээд юунд хүрэх ёстой вэ?” гэж яагаад асуудаггүй юм бэ? Чи эдгээр зүйлийг асуудаггүй, зүгээр л үүнийг нэхдэг. Энэ нь эрүүл ухаангүй байгаа хэрэг биш үү? Хүн ийм эрүүл ухаанаар дутмаг байдаг. Хүмүүс ашигтай зүйл хармагцаа гараа сунган, үүнийг шүүрч авдаг. Хүмүүс яг л дээрэмчид шиг; хэрвээ тэдэнд хүссэн зүйлийг нь өгөхгүй бол тэд уурлаж, дайсагнаж, харааж зүхэж эхэлдэг. Хүмүүс ийм байдаг биш үү? Энэ бол хүн төрөлхтний дорд байдал юм.
Хүн эрүүл ухаанаар дутмаг байдгийн нэг шалтгаан нь хүмүүс үнэнийг ойлгохгүй хэвээр байдаг; энэ нь тэдний завхарсан зан чанартай ямар ч хамаагүй. Гэвч хүссэн зүйлийг нь өгөхгүй байх үед тэд уурлаж, харааж зүхэж, үзэн ядаж, өшөө авдаг—энэ юу вэ? Энэ бол Сатаны чөтгөрийн дүр төрх ил гарч байгаа хэрэг; энэ бол тэдний сатанлаг завхарсан зан чанар юм. Тиймээс хүн төрөлхтөнд Бурханы өгсөн амлалтын тухайд, хүн нэг бүрийн Бурханы өмнө харуулдаг зүйл Бурханы сэтгэлд нийцдэггүй. Хүмүүс өөрсдийнхөө хэмжээг мэдэхгүйгээр тэр даруй гараа сунган хүсэж, тэр даруй шаарддаг бөгөөд хэрвээ шаардсан зүйлээ авч чадахгүй бол үүнийг юугаар сольж болохыг тунгаан боддог. Тэд гэр бүл, ажил төрлөө орхиж, зовж, төлөөс төлж, ийш тийш гүйж, өөрсдийгөө зарлагадаж, сайн мэдээ номлож, илүү олон хүнийг олж авч, илүү их ажилладаг бөгөөд эдгээр зүйлийг ашиглан хүссэн зүйлээрээ сольдог. Хэрвээ тэд эдгээр зүйлийг хүссэн зүйлээрээ сольж чадахгүй бол уурлан хилэгнэж, зүрх сэтгэл нь үзэн ядалтаар дүүрч, Бурханд итгэх итгэлтэй холбоотой юм бүхэнд зэвүүцдэг. Хэрвээ тэд эдгээр зүйлийг хүссэн зүйлээрээ сольж чадна гэж бодвол Бурханы ажил удахгүй дуусаж, Бурхан Сатаныг хурдан устгаж, хүн төрөлхтнийг хурдан төгсгөж, сүйрэл хурдан буулгаасай гэж өдөр бүр хүсэмжилдэг, эс бөгөөс тэд тэсэж чадахгүй мэт санагддаг. Үнэний өмнө хүн нэг бүр юу илчилдэг вэ? Тэд үнэнд зэвүүцэх, харгис хэрцгий байх зэрэг зан чанарыг илчилдэг. Одоо харахад хүмүүсийн биеэ тоосон зан, ов мэхтэй байдал, хааяа гаргадаг гөжүүд байдлыг хүн төрөлхтний бүх завхарсан зан чанарын дундаас хөнгөн, тийм ч ноцтой биш нь гэж тооцож болно. Хүн төрөлхтөнд илүү их байдаг, илүү ноцтой, илүү гүн гүнзгий завхарсан зан чанар бол хорон муу байдал, үнэнд зэвүүцдэг байдал болон харгис хэрцгий байдал юм—эдгээр нь хүний завхарсан зан чанар дундах хөнөөлт элементүүд билээ. Мэдээж антихристүүдийн тухайд эдгээр зан чанар нь бүр ч ноцтой байдаг бөгөөд тэдгээрийг харуулах үедээ тэд үүнийг нухацтай авч үздэггүй, шинжилдэггүй, Бурханд өртэй гэж огт мэдэрдэггүй, өөрсдөд нь ямар нэг асуудал байна гэдгийг бүр ч мэдэрдэггүй; тэд үнэнийг хүлээн авдаггүй, өөрсдийгөө мэддэггүй, гэмших бүр ч боломжгүй. Тиймээс ямар ч нөхцөл байдал, орчин, хам сэдэв байсан, тэд Бурханы айлдсан хамгийн дээд, хамгийн сайн амлалт—хаан болж хаанчлахыг өөрсдийн эрэлхийлэх зорилго гэж үздэг. Чи тэдэнтэй үнэний талаар яаж ч нөхөрлөсөн, тэд энэ эрэлхийллээ орхихгүй, харин ч энэ замаараа явахаар зүтгэдэг бөгөөд энэ нь тэднийг аврах аргагүй болгодог. Энэ хүмүүс үнэхээр аймшигтай! Энэ хүмүүсийн харуулдаг зүйлээс чи Сатаны зан чанар, үнэн нүүр царай яг ямар болохыг харж чадна. Маш их үнэнийг нөхөрлөсөн бөгөөд эрүүл ухаантай, үнэнийг хүлээн авч чаддаг, дуулгавартай дагах хүсэлтэй хүмүүс Бурханы санаа зорилго яг юу болохыг үнэхээр ойлгодог. Тэд байр суурь, хэтийн ирээдүй, хувь заяаг зөрүүдлэн эрэлхийлэхээ больж, харин Бурханы эдгээр үгээр ил болгуулахдаа гэмшихэд бэлэн байж, ерөөл хүртэх хүслээ орхиж, үнэнийг эрэлхийлж, Бурханыг дуулгавартай дагаж, Бурханыг сэтгэл хангалуун байлгахыг эрж хайж, авралд хүрэхээр чармайхад бэлэн байдаг. Одоо ихэнх хүний дотоод хүслийг харахад, тэдний эрэлхийлдэг зорилго үндсэндээ өөрчлөгдсөн байдаг; тэд үүргээ стандартад нийцсэн байдлаар гүйцэтгэхэд бэлэн, жинхэнэ бүтээгдсэн зүйл байхад бэлэн, авралд хүрэхэд бэлэн байдаг. Тэд ерөөл хүртэхийн тулд үүргээ гүйцэтгэдэггүй, мөн ерөөл хүртэхийн тулд Бурханы гэрт аргацаадаггүй. Үргэлж хаанчлахыг хүсдэг антихристүүдээс бусад ихэнх хүн үнэнийг эрэлхийлэхэд бэлэн байдаг. Зөвхөн антихристүүд л хэтийн ирээдүй, ерөөл болон хаанчлахаар эрэлхийлэх явдлыг өөрсдийн зорилго, Бурханд итгэх итгэлдээ эцэст нь олж авах үр дүн гэж үздэг. Чи юу ч хэлсэн тэд эдгээр зүйлийг орхихгүй, эсвэл чиглэлээ өөрчлөхгүй—тэд маш том асуудалд орсон биш үү? Тэд Бурханы үг бол үнэн гэдгийг маш сайн мэддэг ч зүгээр л хүлээн авдаггүй, тиймээс тэднийг өөрчилж чадах юу ч байхгүй; тэд зөвхөн таягдан хаягдаж, шийтгүүлэх л боломжтой. Энэ бол антихристүүдийн Бурханд итгэх итгэлийн эцсийн үр дүн юм.
Хүмүүс хаанчлахаар эрж хайх энэ хэрэг явдлын талаар Би одоо тодорхой нөхөрлөсөн үү? Та нар шинэ ойлголтод хүрэв үү? Хаанчлахыг эрэлхийлэх энэ зам зөв үү? (Үгүй.) Тэгвэл хүмүүс энэ хэрэг явдалд хэрхэн хандах ёстой вэ? Энэ хэрэг явдал дээр хүний мөн чанарыг мэдэхийн тулд ямар үнэнийг ойлгох ёстой вэ? Хүний мөн чанар, зан авир үнэхээр ямар болохыг шүүх нь Бурханы хэрэг юм. Бурхан энэ бүхнийг шүүхдээ юунд үндэслэдэг вэ? Тэр үнэнд үндэслэдэг. Тиймээс хүний төгсгөл, хүрэх газар өөрийнх нь хүслээр ч, дур сонирхол, төсөөллөөр нь ч тодорхойлогддоггүй. Бүтээгч, Бурхан л эцсийн шийдвэрийг гаргадаг. Энэ хэрэг явдал дээр хүмүүс хэрхэн хамтран ажиллах ёстой вэ? Хүмүүст сонгож болох ганцхан л зам бий: Зөвхөн үнэнийг эрж хайж, үнэнийг ойлгож, Бурханы үгийг дуулгавартай дагаж, Бурханд захирагдаж, авралд хүрсэн цагт л тэд эцэстээ сайн төгсгөл, сайхан хувь заяатай болох болно. Хэрэв эсрэгээр нь үйлддэг бол хүмүүсийн хэтийн ирээдүй, хувь заяаг төсөөлөхөд хэцүү биш. Тиймээс энэ хэрэг явдал дээр Бурхан хүнд юу амласан, Бурхан хүн төрөлхтний төгсгөлийн талаар юу хэлсэн, Бурхан хүн төрөлхтөнд зориулж юу бэлдсэнийг бүү хар. Тэр нь чамд ямар ч хамаагүй, энэ бол Бурханы хэрэг, тэдгээрийг чи шүүрэн авч, гуйж, солилцон авах боломжгүй. Бүтээгдсэн зүйлийн хувиар чи юу хийх ёстой вэ? Чи үүргээ гүйцэтгэж, хийх учиртай зүйлээ бүх зүрх сэтгэл, оюун санаа, хүчээрээ хийх ёстой. Хэтийн ирээдүй, хувь заяа, хүн төрөлхтний ирээдүйн хүрэх газартай холбоотой бусад зүйлс бол чиний шийдэж чадах зүйл биш, тэдгээр нь Бурханы гарт байдаг; энэ бүгдийг Бүтээгч захирч, зохицуулдаг бөгөөд ямар ч бүтээгдсэн зүйлтэй хамаагүй юм. Зарим хүн “Бидэнд ямар ч хамаагүй юм бол юунд бидэнд хэлдэг юм бэ?” гэдэг. Хэдийгээр та нарт хамаагүй боловч Бурханд бол хамаатай. Зөвхөн Бурхан эдгээр зүйлийг мэддэг, эдгээрийн талаар ярьдаг, зөвхөн Бурхан эдгээрийг хүн төрөлхтөнд амлах эрхтэй. Тэгээд хэрэв Бурхан тэдгээрийг мэддэг юм бол тэдгээрийн тухай ярьж болохгүй гэж үү? Юу гэдгийг нь мэдэхгүй байж хэтийн ирээдүй, хувь заяаныхаа араас хөөцөлдсөөр байх нь алдаа юм. Бурхан үүний араас хөөцөлдөөч гэж чамаас шаардаагүй, Тэр зүгээр л чамд мэдэгдсэн юм; хэрвээ чи Бурхан чамд үүнийг эрэлхийллийнхээ зорилго болго гэж хэлж байна хэмээн эндүүрэн боддог бол чи үнэхээр эрүүл ухаангүй, хэвийн хүн чанарын оюун санаагүй нэгэн ажээ. Бурханы амласан бүхнийг мэддэг байхад л хангалттай. Чи нэг баримтыг хүлээн зөвшөөрөх ёстой: Сайн ч бай, жирийн ч бай, хүмүүсийн дуртай зүйл ч бай, сонирхдоггүй зүйл ч бай, ямар төрлийн амлалт байхаас үл хамааран бүгдийг нь Бүтээгч захирч, зохицуулж, тогтоодог. Бүтээгчийн заасан зөв чиглэл, зам мөрийг дагаж, эрэлхийлэх нь л бүтээгдсэн зүйлийн үүрэг, даалгавар билээ. Чи эцэст нь юу олж авах, Бурханы аль амлалтаас хувь хүртэх тухайд гэвэл бүгд чиний эрэлхийлэл, сонгосон зам болон Бүтээгчийн дээд эрхэд үндэслэдэг. Энэ үгийг одоо та нар тодорхой ойлгов уу? (Тийм.) Энэ үг амбиц, хүслээ хангахад чинь туслах уу, эсвэл үнэний эрэлхийлэлдээ амьдралын зөв замаар алхахад чинь туслах уу? (Үнэнийг эрэлхийлж, амьдралын зөв замаар алхахад бидэнд тусална.) Хэвийн хүн чанар, эрүүл ухаантай, эерэг зүйлс болон үнэнийг хайрладаг хүмүүс эдгээр үгийг сонсоод урам хугардаггүйгээр үл барам үнэнийг эрэлхийлэх, Бурханы авралыг хүлээн авах итгэлдээ тууштай байж чаддаг; харин хэвийн ухаалаг байдалгүй хүмүүс, ерөөл, махан биеийн ашиг сонирхол, амбиц, хүслээ хангахаар гөжүүдлэн эрэлхийлдэг тэрхүү хэвийн бус хүмүүс эдгээр үгийг сонсоод урам зоригоо алдаж, Бурханд итгэх сонирхолгүй болж магадгүй. Мэдээж, эдгээр үгийг сонсоод хэрхэн итгэхээ мэддэггүй зарим хүн бас бий. Хүмүүс үнэнийг ойлгох нь маш чухал биш гэж үү? Үнэн нь хүмүүсийг зөв замаар алхаж, Бурханыг сэтгэл хангалуун байлгахад илүү сайн хөтөлж чаддаг биш үү? (Тийм.) Зөвхөн үнэн л хүмүүст авралд хүртэх боломж олгодог; хэрвээ чи үнэнийг ойлгодоггүй бол авралд хүрэх замд үргэлж төөрч, алдаа гаргаж, хохирол амсах бөгөөд итгэлийнхээ замын төгсгөлд хүрэх үедээ ямар ч үнэн-бодит байдалгүй, тэр чигтээ үйлчлэл үзүүлэгч болох болно. Хэрвээ чи Бурханд итгэсэн олон жилийнхээ туршид үйлчлэл үзүүлэгчийн үүрэг роль гүйцэтгэж, эцэст нь стандартад нийцсэн бүтээгдсэн зүйл болж чадахгүй бол эмгэнэлтэй.
2020 оны 5 дугаар сарын 9