10-р зүйл: Тэд үнэнийг басамжилж, зарчмуудыг улайм цайм зөрчиж, Бурханы гэрийн зохицуулалтыг үл ойшоодог (I хэсэг)

Өнөөдрийн цуглаанаа эхлэхээс өмнө бид нэгэн харилцан яриа сонсоно. Хоёр хүн хоорондоо ярилцаж байна. Эхнийх нь: “Хэрвээ би засуулбал ах эгч нар цаашид үүргээ гүйцэтгэхийг хүсэхгүй” гэж хэлэв. Хоёр дахь нь: “Тэд үүргээ гүйцэтгэхийг хүсэхгүй гэнэ ээ? Сүртэй юм биш. Хэрвээ би чөлөөлөгдвөл ах эгч нар сөрөг, сул дорой болно” гэв. Илүүрхүүлснээ харсан эхний хүн: “Хэрвээ би итгэхээ боливол, миний байгаа газрын ах эгч нар бүгд намайг дагана” гэж хэлэв. Үүнийг сонссон хоёр дахь хүн: “Тэгвэл чи надаас илүү нөлөөтэй юм байна. Гэлээ ч гэсэн, хэрвээ намайг зайлуулбал манай чуулганы олон хүн итгэхээ болино. Чи үүнийг юу гэж бодож байна? Би чамаас илүү нөлөөтэй байгаа биз дээ?” гэж хэлэв. Энэ харилцан ярианд тэдний юу хэлж байгааг та нар ойлгож байна уу? Тэр хоёр юуны талаар өрсөлдөж байна вэ? (Тэд хэн нь хүмүүсийг өөртөө илүү татаж чадах, хэн нь бие даасан хаанчлал илүү сайн байгуулж чадах тал дээр өрсөлдөж байна; хэн нь нөгөөгөөсөө арай илүү заль мэхтэй болохоо үзэж байна.) Тэд хэн нь илүү заль мэхтэй, хэн нь илүү чадамжтай, хэн нь илүү их чадвартай, мөн хэн нь илүү олон хүнийг өөртөө татсан бэ гэдэг дээр өрсөлдөж байна. Тэд хэнд нь илүү их үнэн-бодит байдал байгаа тал дээр өрсөлдөж байна уу? Хэнд нь илүү их хүн чанар байгаа тал дээр өрсөлдөж байна уу? Хэн нь үнэнийг илүү ойлгодог тал дээр өрсөлдөж байна уу? (Үгүй. Тэд чөлөөлөгдөх юм уу зайлуулагдвал хэнийг нь илүү олон хүн яаран өмөөрөх вэ гэдэг дээр өрсөлдөж байна.) Тэдний өрсөлдөөд байгаа тэр зүйл ямар төрлийн чадвар вэ? Тэд хэн нь хүмүүсийг хянаж, урхидаж, төөрөлдүүлэх илүү их чадамжтай вэ гэдэг дээр өрсөлдөж байна. Таагаад үз дээ: Энэ хоёр ямархуу хүмүүс вэ? (Тэд хоёулаа антихристүүд.) Тэд юу вэ? Тэд хоёулаа ижилхэн ёрын муу хүн, харгис дарангуйлагч биш гэж үү? (Мөн.) Тэд бол ижилхэн ёрын муу хүмүүс гэдэг нь тов тодорхой байна—тэд хэн нь ёрын мууг үйлдэх илүү их чадамжтай, хэн нь хүмүүсийг илүү төөрөлдүүлж, хянаж чадах, хэн нь хүмүүсийг өөртөө илүү татаж чадах, хэн нь Бурханы сонгосон хүмүүсийн төлөө Бурхантай илүү сайн өрсөлдөж чадах тал дээр улайм цайм өрсөлдөж байна. Хэн илүү олон хүнийг хянаж чадна, түүний чадамж илүү их гэсэн үг. Тэд үүний л төлөө өрсөлдөж байна. Надад хэл дээ, ингэж өрсөлддөг антихристүүд байдаг уу? (Байдаг.) Тэд ил тод өрсөлддөг үү, эсвэл далдуур өрсөлддөг үү? (Далдуур.) Тэгвэл, энэ түүхэн дээр гарч буй хоёр хүний харилцан ярианы агуулга бодитойгоор байдаг уу? Энэ бодит зүйл үү? (Ийм зүйл байдаг, энэ бол бодит зүйл.) Тэд хоорондоо далдуур өрсөлддөг юм чинь эдгээр зүйлийг улайм цайм хэлэх үү? Антихристүүдийн дийлэнх олонх нь зальжин бөгөөд хорон муу байдаг; тэд хүмүүст өөрсдийнхөө эсрэг ашиглах барьц өгөхгүйн тулд үүнийг ил тод юм уу шууд хэлэхгүй. Гэвч тэд далдуур ингэж боддог бөгөөд үнэндээ ингэж л үйлддэг. Тэд аливааг хэчнээн халхалж, нууж, өөрсдийгөө өнгөлөн далдлах гэж оролдсон ч антихрист уг чанар, хорлонтой уг чанараа далдлах боломжгүй юм. Энэ бүхэн гарцаагүй илчлэгдэнэ. Тэд юуг ч ил тод хэлдэггүй байж болох бөгөөд бусдад сонсогдохоор илэрхий зүйл юу ч байхгүй байж болох ч тэд өчүүхэн төдий ч нуун дарагдуулах юм уу хоёрдмол утгагүйгээр, нуусан, далдалсан байдалгүйгээр үйлддэг. Тэд хүмүүсийн ар хударгаар хийдэггүй, ямар нэгэн буулт хийнэ гэж бүр ч байхгүй. Хүмүүсийг урхидаж, төөрөлдүүлж, хянаж, бие даасан хаанчлал байгуулах тэдний зан авир, үйлдэлд ямар ч тодорхойгүй юм уу хааш яаш байдал байдаггүй. Тэд Бурханыг улайм цайм эсэргүүцэж, хүмүүсийг улайм цайм урхидаж, төөрөлдүүлдэг. Хэрвээ тэд засуулбал олон ах эгч өөрсдийг нь өмөөрч, Бурхан болон Бурханы гэрийг эсэргүүцэж, сөрөг болж, назгайрч, үүргээ гүйцэтгэхгүй байгаасай гэж тэд найддаг. Энэ нь тэднийг баярлуулж, хүслийг нь биелүүлэх болно. Хэрвээ өөрсдийг нь чөлөөлбөл олон хүн сөрөг болж, өөрсдийнх нь өмнөөс дуугарч, тэднийг өмөөрөн, хөшигний ард тэдний өмнөөс тайлбар хийж, маргалдаасай гэж тэд маш их хүсдэг. Хүмүүс гавьяа зүтгэлийг нь тоочиж, зөв гэдгийг нь өмгөөлж—тэр ч бүү хэл Бурханы гэрийн зохицуулалтыг шүүж, яллан, зүрх сэтгэлдээ Бурханыг нууцаар эсэргүүцэж, Түүний зөвт байдлыг үгүйсгэн, Түүний хэлдэг, хийдэг бүхэн үнэн, тэр бүхэн эерэг зүйлс гэдгийг үгүйсгээсэй гэж тэд маш их хүсдэг. Мөн хэрвээ тэд итгэхээ боливол хүн бүр өөрсдийг нь даган итгэхээ больж, өөрсөдтэй нь хамт явж, өөрсдийнх нь дагалдагч болоосой гэж маш их хүсдэг; хүн бүр Бурхан бол үнэн гэдгийг үгүйсгэж, тэдэнд үнэн байгаа, хийдэг бүхэн нь зөв бөгөөд тэд хүмүүсийг өөрчилж, аварч чадна гэдэгт итгээсэй гэж маш их хүсдэг. Хэрвээ тэд ёрын мууг үйлдсэний улмаас чуулганаас зайлуулагдах юм уу хөөгдвөл олон хүн Бурханы оршин тогтнолыг үгүйсгэж, ертөнц рүү буцан, итгэдэггүй хүмүүс болоосой гэж маш их хүсдэг. Энэ нь тэднийг баярлуулах болно. Ингэвэл тэдний зүрх сэтгэл эргээд тэнцвэртэй байдалтай болж, тэдний сэтгэл уужрах болно. Сатанлаг зан чанарын эдгээр илчлэл, эдгээр зан авир, мөн чанар, тэр ч бүү хэл эдгээр нарийн ширийн санаа, бодол нь хэнийг төлөөлдөг вэ? Энэ хүмүүс жинхэнэ ах эгч нар мөн үү? Тэдэнд Бурханд итгэх жинхэнэ итгэл бий юу? Тэд Бурханыг үнэхээр дуулгавартай дагадаг уу? Тэдэнд Бурханаас эмээх сэтгэл өчүүхэн төдий ч гэсэн бий юу? (Байхгүй.) Үүнээс үзвэл, антихристүүд мөн чанараараа Бурханд дайсагнадаг бөгөөд Бурханы дайснууд гэдэг нь харагдаж байна. Энэ үг үнэн зөв үү? Энэ нь үнэн үү? (Энэ бол үнэн зөв, энэ бол үнэн.) Энэ бол зуун хувь бодит байдал юм. Энэ үг бол үнэн, өчүүхэн төдий ч дутуу зүйлгүй, яагаад гэвэл энэ бол баримт, хэзээ ч өөрчлөгдөшгүй баримт юм. Антихристүүд ингэж л бодож, ингэж л үйлддэг. Тэдний бүхий л үйлдэл, үйл хэрэг хувийн амбиц, хүсэлд нь захирагддаг бөгөөд антихристүүдийн уг чанарт захирагдаж, өдөөгддөг. Тэгвэл антихристүүд шиг хүмүүс аврагдаж чадах уу? (Үгүй.) Тэд алхам тутамдаа Бурханд дайсагнаж, алхам тутамдаа үнэнд дайсагнадаг. Бусдын хийсэн зүйл зөв, буруу эсэхээс үл хамааран, тэдний үзэж байгаагаар хэн ашиг сонирхолд нь хор хөнөөл учруулж, нэр хүндэд нь хохирол учруулж, амбиц, хүслийг нь, ерөөгдөх найдварыг нь үгүй хийнэ, тэд тэр хүнийг эсэргүүцэн босож, дайсан нь болно. Энэ бол антихристүүдийн уг чанар юм. Тийм учраас антихристүүд шиг хүмүүс ямар ч буруу, ёрын муу зүйл хийсэн бай, эсвэл Бурханы гэрийн зарчим болон ажлын зохицуулалтын эсрэг ямар ч зүйл хийсэн бай, тэд өөрсдийг нь засахыг, эсвэл өөрсдийг нь ил болгож, арга хэмжээ авахыг бусдад хэзээ ч зөвшөөрдөггүй. Ийм зүйл тохиолдмогц тэд зүгээр ч нэг дуулгавартай дагаж, хүлээн авахгүй байх юм уу, хийсэн зүйлээ муу үйл гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаад зогсохгүй, харин ч хуурамч сөрөг ял тулгаж, ямар ч хамаагүй аргаар нэр төрөө сэргээхийг оролдоно. Тэд өөрт байгаа ямар ч аргаар хамаагүй нүгэл, алдаагаа өөр хэн нэгний толгой дээр тохохыг оролдож, өөрсдөө ямар ч хариуцлага хүлээхгүй. Түүгээр ч барахгүй: Хүмүүс хууртагдаж, төөрөлдөөд, тэдний муу үйлд шалтаг тоочиж, тэднийг өмгөөлөн маргалдаасай, мөн илүү олон хүн босож, тэдний өмнөөс дуугараасай гэдэг нь тэдний хамгийн том хүсэл юм. Энэ бол тэдний хамгийн их харах дуртай зүйл.

Бид түүхээ энд хүргээд өндөрлөе. Та нар зөв таалаа: Тэр хоёр үнэхээр антихристүүд мөн. Зөвхөн антихристүүд л ийм харилцан яриа өрнүүлж, ийм зүйл хэлж, ийм зүйл хүсэж чадна. Хэвийн, завхарсан хүмүүст үе үе цөөн хэдэн иймэрхүү санаа төрж болох ч, үнэхээр ямар нэг зүйл тохиолдох үед тэд Бурханы өмнө буцаж ирээд эрж хайж, залбирна. Бага багаар тэд дуулгавартай дагадаг болно. Жинхэнэ итгэгч бүх хүн, мөс чанар, эрүүл ухаантай бүх хүн засуулах юм уу чөлөөлөгдөх үедээ хэрдээ л Бурханаас эмээдэг сэтгэлтэй байна. Тэдэнд дуулгавартай дагах хандлага, дуулгавартай дагах хүсэл хэрдээ л байх болно. Тэд Бурханы эсрэг талд зогсож, Түүнд дайсагнахыг хүсдэггүй. Завхарсан зан чанартай жирийн хүн ингэж л авирлах ёстой. Харин антихристэд үүний аль нь ч байдаггүй. Тэд хэчнээн олон номлол сонссон ч хүслээ орхихгүй, мөн хүмүүсийг хянах, өөртөө татах, төөрөлдүүлэх гэх мэт амбицаа ч орхихгүй. Түүгээр ч барахгүй, эдгээр зүйл огтхон ч багасахгүй; цаг хугацаа өнгөрч, нөхцөл байдал өөрчлөгдөхийн хэрээр тэдний амбиц, хүсэл бүр ч дордож, улам бүр дэвэрнэ. Энэ бол антихристүүдийн уг чанар-мөн чанар болон жирийн, завхарсан хүмүүсийн уг чанар-мөн чанарын хоорондох үндсэн ялгаа юм.

Бид антихристүүдийн янз бүрийн илрэлийн ес дэх зүйлийн талаарх нөхөрлөлөө ингээд дуусгалаа. Энэ удаа бид 10-р зүйлийн талаар нөхөрлөнө: Тэд үнэнийг басамжилж, зарчмуудыг улайм цайм зөрчиж, Бурханы гэрийн зохицуулалтыг үл ойшоодог. Үнэнийг басамжлах, зарчмуудыг улайм цайм зөрчих, Бурханы гэрийн зохицуулалтыг үл ойшоохын аль нэг нь л дангаараа хангалттай ноцтой бөгөөд аль нь ч жирийн, завхарсан зан чанар харагдаж байгаа хэрэг биш юм. Тэдгээрт агуулагддаг антихристүүдийн мөн чанар нь харгис, хорон муу байдлыг тээж байдаг гэдгийг тэдгээрийн алинаас нь ч харж болно. Эдгээр нь хамгийн илэрхий бөгөөд ноцтой хоёр хүчин зүйл юм. Энэ тохиолдолд, антихристүүдийн мөн чанарыг дүрслэхэд биеэ тоосон зан, эвлэршгүй, ов мэхтэй байдлыг ашиглаж болох уу? (Үгүй.) Тэдгээр тодорхойлолтоор антихристийн мөн чанарын эдгээр онцлогийн гол цөмд хүрэхэд тун бэрх байх болно. Зөвхөн харгис болон хорон муу гэх хоёр зан чанарыг л антихристүүдийн мөн чанарыг илэрхийлэхэд ашиглаж болно.

Бид эдгээрийг нэг нэгээр нь авч үзнэ. Тэд үнэнийг басамжилдаг—“басамжлах” гэдэг нь ямар утгатай вэ? (Ямар нэг зүйлийг дорд үзэх.) (Ямар нэг зүйлийг доромж үзэж, үл тоомсорлож, шалихгүй зүйл болгох.) (Ямар нэг зүйлийг жигшүүртэй гэж бодох.) Та нарын хэлж байгаа үгс бүгд бараг л ижил утгатай байна. Ямар нэг зүйлийг “басамжлах” гэдэг нь түүнийг үл тоох, дорд үзэх, шалихгүй зүйл болгох, доромж үзэх, үл тоомсорлохыг хэлнэ. Ерөнхийдөө бол, ямар нэг зүйлийг эсэргүүцэж, түүнд зэвүүцэж, зүрх сэтгэлийнхээ угаас жигшиж, хүлээн авахгүй байх, тэр ч бүү хэл дайсагнасан шүүлт, гүтгэлэгтэйгээр яллахыг бас хэлнэ. Энэ нь та нарын хэлсэнтэй харьцуулахад ямар хэмжээнд байна вэ? (Илүү нарийвчилсан, тодорхой байна.) Энэ нь та нарын хэлснээс илүү тодорхой, бодитой байна. Та нарын санал болгосон тодорхойлолтын ихэнх нь “басамжлах” гэдэг үгтэй ижил утгатай байсан. Миний хэлсэн зүйл бол “басамжлах” үйлдэл, зан авирын мөн чанарын илүү нарийвчилсан байдал юм; энэ нь үнэнийг басамжлах зан авир болон мөн чанарын бодитой, нарийвчилсан дүрслэл юм. Энэ нь хэн нэгэн үнэнийг басамжлах үед хийдэг зүйлээс нь, өдөр тутмын амьдралдаа үнэнд хэрхэн ханддагаас нь, мөн үнэн болон эерэг зүйлстэй холбоотой хэрэг явдалд зүрх сэтгэлдээ ямар хандлага баримталдгаас нь үнэнд хандах хандлага нь хүлээн авдаггүй, эсэргүүцдэг, зэвүүцдэг—тэр ч бүү хэл шүүж, яллаж, гүтгэн доромжилсон хандлага байдгийг хүмүүс харж болно гэсэн үг. Энэ бүхэн нь “үнэнийг басамжлах” явдлын илэрч, харагддаг тодорхой хэлбэрүүд бөгөөд тийм хүний үнэнд хандах хандлага болон үнэнд хандах арга барилын тал бүрийг багтаах хэмжээнд тодорхой байдаг: Тэд үнэн, Бурханы үг болон эерэг зүйлсэд зэвүүцдэг. Тэд зүрх сэтгэлийнхээ угаас тэдгээрийг эсэргүүцдэг бөгөөд хүлээн авдаггүй. Ямар нэг зүйлийг Бурханы үг, энэ бол үнэн гэдгийг чи тэдэнд хэлэх үед тэдний хандлага ямар байх вэ? “Бурханы үг, үнэн хэнд хамаатай юм! Та нар бурханы үг болон үнэнийг бүх зүйлийн оронд ашиглах юм. Хүмүүс бидний амьдарч байгаа амьдралд бурханы үгээс өөр зүйл байдаггүй юм уу? Бид маш олон ном уншсан, маш их боловсрол эзэмшсэн—тэр бүхэн дэмий байсан хэрэг үү? Хүмүүст тархи, оюун ухаан бий; тэдэнд асуудлыг бие даан бодох чадвар бий. Бүх зүйлийг бурханы үг, үнэнд үндэслэх нь—арай л хэтэрхий ягшмал онол болох биш үү?” Тэдэнд ямар нэг зүйл тохиолдох үед чи тэднийг Бурханд залбирч, Түүнийг эрж хайж, үгийг нь унших хэрэгтэй гэж хэлбэл тэдний хандлага ямар байх вэ? “Бурханы үгийг унших аа? Бидэнд ямар нэг зүйл тохиолдох үед энэ нь бидний л асуудал байдаг. Хүний асуудал бурханд ямар хамаатай юм бэ? Үнэнтэй ямар хамаатай юм бэ? Чи үнэхээр бурханы үгэнд бүх зүйл байдаг, нэвтэрхий толь гэж боддог хэрэг үү? Бурханы үгэнд бүх зүйлийг дурдсан байх албагүй. Хүмүүсийн асуудлыг хүмүүс л зохицуулах ёстой бөгөөд тодорхой асуудалд тодорхой шийдэл шаардлагатай байдаг. Хэрвээ чи ямар нэг зүйлийг зохицуулж чадахгүй бол интернэтээс хай, эсвэл энэ талаар мэргэжилтэнтэй зөвлөлд. Манай чуулганд их сургуулийн профессорууд хүртэл байгаа, бас олон ах эгч оюутнууд. Бид бүгдээрээ нийлээд үнэнтэй дүйцэхүйц байж чадахгүй гэж үү?” Бурханыг эрж хайх, үнэнийг эрж хайх тухай дурдах төдийд, Бурханы үгийг унших ёстой гэж хэлэх төдийд л чамайг дорд үзэх бодол тэдний толгойд орж ирдэг. Тэд тэгж хэрэгжүүлэхийг хүсдэггүй; тэд үүнийг хэтэрхий доромж, гутамшигтай гэж үздэг бөгөөд энэ нь өөрсдийг нь чадваргүй харагдуулна гэж боддог. Энэ нь ямар нэг зүйлийг басамжилж буй хэлбэр биш гэж үү? Энэ бол үнэнийг басамжлах бодит илрэл, бодит зан авир юм. Ийм хүмүүс цөөхөн биш. Тэд номлол байнга сонсож, Бурханы үгийн хэдэн боть ном гартаа барьж, Бурханы гэрт үүрэг гүйцэтгэдэг байж болох ч, өөрсдөд нь ямар нэг зүйл тохиолдоод, үнэнийг эрж хайж, Бурханы үгийг унш гэж тэдэнд хэлэх үед тэд үүнийг инээдтэй гэж үзэж, дургүйцдэг. Тэд үүнийг хүлээн авч чаддаггүй; тэр ч бүү хэл зэвүүцдэг. Тийм ч учраас тэдэнд ямар нэг зүйл тохиолдох үед тэд үүнийг шийдвэрлэхийн тулд хүний аргыг ашиглаж: “Тодорхой хэрэг явдалд тодорхой шийдэл шаардлагатай бөгөөд хүмүүсийн асуудлыг хүмүүс л шийдвэрлэх ёстой. Бурханыг хайх шаардлагагүй. Бурхан бүх зүйлийг зохицуулах албагүй. Тэгээд ч, бурханы зохицуулж чадахгүй зарим зүйл бий. Тэдгээр нь бурхантай ямар ч хамаагүй, үнэнтэй ямар ч хамаагүй бидний хувийн хэрэг явдал юм. Бурхан бидний хувийн эрх чөлөөнд хөндлөнгөөс оролцох ёсгүй, тэр бидний хувийн хэрэг явдалд хөндлөнгөөс оролцох ёсгүй. Бид сонголт хийх эрхтэй—мөн бид хэрхэн амьдрах, биеэ хэрхэн авч явах, хэрхэн ярихаа сонгох эрхтэй. Үнэн болон бурханы үг нь хамгийн их хэрэгцээтэй үед, эгзэгтэй үед, хамгийн их шаардлагатай үед, хэн нэгэнд шийдвэрлэж чадахгүй, ямар ч аргагүй зүйл тохиолдох үед зориулагдсан—тэр үед л тэд тайвшрахын тулд, сүнслэг тайтгарал бага ч болов авахын тулд бурханы үгийг гаргаж ирээд бага зэрэг унших ёстой. Тэгэхэд л хангалттай” гэж мэтгэдэг. Антихристүүд шиг хүмүүсийн үнэнд хандах хандлага нь үнэн хүний амь байж чадна гэдгийг, эсвэл Бурханы үг хүмүүсийн бодит амьдралд тохиолддог бүх зүйлтэй холбоотой гэдгийг хүлээн зөвшөөрдөггүй хандлага гэдэг нь тодорхой болохыг үүнээс харж болно. Тэр ч бүү хэл Бурхан хүний бүх зүйлийг гартаа барьж байдаг гэх баримтад тэд итгэдэггүй.

Антихристүүд үнэнийг басамжилдаг; энэ нь маш их зүйлийг хамардаг. Антихристүүд үнэнийг басамжилдаг гэж хэлэх нь ямар утгатай вэ? Үүний хамрах хүрээ юу вэ? Бид үүнийг задлан шинжлэхийн тулд гурван зүйлд хуваана. Тэгвэл та нарт илүү тодорхой болох болно. Нэгдүгээрт, тэд Бурханы ялгамж чанар, мөн чанарыг басамжилдаг. Бурханы ялгамж чанар, мөн чанар үнэнийг чухалчилдаггүй гэж үү? (Чухалчилдаг.) Дараа нь, тэд Бурханы бие махбодтой болсон махбодыг басамжилдаг. Бурханы бие махбодтой болсон махбод болон Түүний хийдэг ажил нь үнэн биш гэж үү? (Мөн.) Үлдсэн зүйл нь гэвэл тэд Бурханы үгийг басамжилдаг явдал юм. Эхнийх нь, тэд Бурханы ялгамж чанар, мөн чанарыг басамжилдаг; хоёр дахийг нь тэд Христийг басамжилдаг гэж товчилж хэлж болно; гурав дахь нь, тэд Бурханы үгийг басамжилдаг. Цаашлаад бид эдгээрийг тус бүрд нь задлан шинжлэх болно.

I. Бурханы ялгамж чанар, мөн чанарыг басамжлах

Бид эхлээд антихристүүд Бурханы ялгамж чанар, мөн чанарт ямархуу хандлагаар ханддаг талаар нөхөрлөх бөгөөд энэ нь тэд энэ тал дээр үнэнийг басамжилдаг болохыг харуулах болно. Бурханы ялгамж чанар болон Түүний мөн чанарт хандах антихристийн хандлага ямар байдаг вэ? Тэд эдгээр зүйлийн талаар юу гэж боддог вэ? Тэдгээрийг хэрхэн тодорхойлдог вэ? Тэдгээрт хэрхэн ханддаг вэ? Бурханы мөн чанарт юу багтдаг вэ? Бурханы зөвт зан чанар, Түүний төгс хүчин, Түүний ариун байдал болон Түүний цор ганц байдал багтдаг. Түүний ялгамж чанар бол Бүтээгч, Тэр бүх хүн төрөлхтний хувь заяаг захирдаг гэх баримтыг антихристүүд хүлээн зөвшөөрдөг үү? (Үгүй.) Тэд хүлээн зөвшөөрөхгүй байгаа нь яг яаж илэрдэг вэ? (Антихристүүд өдөр бүр Бурханаас өөрсдөд нь ирдэг хүмүүс, үйл явдал, зүйлсийг хүлээн авахгүй; оронд нь тэдгээр асуудалд зүгээр л хэтрүүлэн дүн шинжилгээ хийж, хүний үзэл, төсөөллөөр шийдвэрлэнэ.) Тэд тэдгээрийг хүний үзэл, төсөөллөөр шийдвэрлэнэ гэж үү? Чиний хэлсэн зүйлийн эхний хагас зөв байсан: Антихристэд ямар нэг зүйл тохиолдох үед тэд асуудалд зөвхөн хэтрүүлэн дүн шинжилгээ хийнэ. Харин хоёр дахь хагас буюу тэд аливааг хүний үзэл, төсөөллөөр шийдвэрлэнэ гэж чиний хэлсэн зүйл бол жирийн, завхарсан хүмүүсийн гаргадаг зан авир юм. Энд бидний нөхөрлөж, ил болгож байгаа зүйл бол антихристүүд үнэнийг болон хүн төрөлхтний хувь заяаг Бурхан захирдаг гэх баримтыг басамжилдаг явдал юм. Үүний нотолгоог олохын тулд чи антихристүүдийн холбогдох арга барил, зан авирыг олох ёстой. Үнэн хэрэгтээ, антихристүүд “хүнийг бурхан бүтээсэн, хүний хувь заяа бурханы гарт байдаг, хүмүүс бурханы ноёрхлыг дуулгавартай дагах ёстой” гэдгийг үгээрээ хүлээн зөвшөөрдөг—гэхдээ тэдэнд ямар нэг зүйл тохиолдох үед тэд үүнийг ингэж хүлээн авдаг уу? Тэдний хэлдэг эдгээр үг нэлээд аятайхан, зөв боловч тэдэнд ямар нэг зүйл тохиолдох үед тэд тэгж хэрэгжүүлдэггүй. Тэдэнд ямар нэг зүйл тохиолдох үед аливаад хандах тэдний арга барил, хандлага нь тэдний хэлдэг үг жинхэнэ мэдлэг бус, харин онч үг гэдгийг харуулдаг. Тэдэнд ямар нэг зүйл тохиолдох үед тэднийг антихристийн мөн чанартай гэдгийг батлах ямархуу үзэл бодол, ямар санаа бодол, мэдэгдэл, хандлага тэдэнд байдаг вэ? Антихристэд ямар нэг зүйл тохиолдох үед тэдний анхны хариу үйлдэл нь энэ баримтыг хүлээн авах байж чаддаг уу? Бурханы өмнө тайвширч, дуулгавартай дагаж, Бурханы бүрдүүлсэн орчин сайн ч бай, муу ч бай, өөрсдөд нь ашиг тустай ч бай, үгүй ч бай хүлээн авах иймэрхүү хандлага тэдэнд байдаг уу? Тэдэнд ийм хандлага байдаггүй нь илэрхий. Тэдэнд ямар нэг зүйл тохиолдох үед хамгийн түрүүнд боддог зүйл нь энэ нь тэдний ашиг сонирхол, байр сууринд хэрхэн нөлөөлөх вэ гэдэг байдаг; дараа нь тэд үүнээс салах, гарах зам олох, бултах арга сүвэгчилдэг. Тухайн зүйлд хариуцлага хүлээхийг хүсдэггүй тул тэд тойруу замаар шалтгаан, шалтаг хайдаг; тэд үүнийг шийдвэрлэхийн тулд хүний аргыг ашигладаг бөгөөд асуудалд дүн шинжилгээ хийж, шийдвэрлэхийн тулд тархиа ашигладаг. Тэд бүр хариуцлагыг бусдад тохож, энэ хүн буруутай, тэр хүн хэлснээр хийдэггүй хэмээн гомдоллож, анхнаасаа хайхрамжгүй, хайнга байсандаа, анхнаасаа тэгж, ингэж үйлдсэндээ харамсдаг. Өөрсдөд нь тулгардаг нөхцөл байдал, Бурханы зохион байгуулдаг нөхцөл байдалд тэд эсэргүүцсэн, бултсан, татгалзсан, хүлээн авахгүй хандлагатай байдаг нь илэрхий. Тэдгээр нөхцөл байдалд үзүүлэх тэдний анхны хариу үйлдэл бол тэдгээрийг ирэхэд нь эсэргүүцэх явдал юм; хоёр дахь нь, тэдгээрийг намжаахын тулд хүний аргыг ашиглах, хүний аргаар шуургыг даван туулах, тэр ч бүү хэл баримтыг нуун дарагдуулахын тулд хүний аргыг ашиглах, мөн чуулганы ажил болон ах эгч нарын амь-оролтод учруулсан хохирлоо нуун дарагдуулах явдал байдаг. Тэд муу үйлээ далдалж, нуухын тулд хүний аргыг ашиглахад бүх оюун санаагаа зориулдаг. Тэд хийсэн муу зүйлийнхээ уг чанарыг, эсвэл үнэн-зарчмын алийг нь зөрчсөнөө хүлээн зөвшөөрдөггүй бөгөөд тэр ч байтугай эргэн тойрныхондоо: “Энэ зүйлийг битгий гадагш нь гарга. Бидний хэн нь ч юу ч хэлэхгүй байцгаая; өөр хэн ч мэдэх ёсгүй” гэж зааварладаг. Тэд дуулгавартай дагадаггүй, эдгээр нөхцөл байдлыг хүлээн авахаас татгалздаг төдийгүй—хуурамч сөрөг ял тулгаж, мэхэлж, дарж, баримт үнэндээ ямар байгааг нуун дарагдуулахыг оролдон, дээд удирдагчид юм уу Бурханд мэдэгдэхгүйн тулд уулын чинээ томыг туулайн чинээ жижиг болгож, шалихгүй зүйл болгоно гэж найддаг. Антихристүүд өөрсдөд нь тохиолдсон зүйлийг ингэж л зохицуулдаг. Тэдний аливааг зохицуулах арга барил нь тэдний хашхирдаг онч үгтэй нийцдэг үү? Тэдний хашхирдаг онч үг болон аливаа зүйл тохиолдох үеийн хандлага хоёрын аль нь тэдний уг чанар-мөн чанарыг харуулж байна вэ? (Аливаа зүйл тохиолдох үеийн хандлага нь.) Тэгвэл энэ хандлага нь яг юу вэ? Тэдэнд дуулгавартай хандлага байдаг уу? Бурханы сахилгажуулалт, засалтыг даруухнаар хүлээн авах тийм хандлага тэдэнд байдаг уу? Бурханы дээд эрхийг дуулгавартай дагах хүсэл тэдэнд байдаг уу? Өөрсдөд нь юу ч тохиолдсон, хүний бүх зүйлийг захирдаг Нэгэн бол Бурхан гэдэгт итгэх жинхэнэ итгэл тэдний хандлага болон жинхэнэ зан авирт байдаг уу? (Байдаггүй.) Өчүүхэн төдий ч байдаггүй. Тэгвэл тэдний хандлага юу вэ? Энэ нь маш тодорхой: Тэд аливааг няцааж, нуун дарагдуулж, мэхлэхийг зорьдог; тэд эцсээ хүртэл эсэргүүцэж, Бурханаар үйлдүүлэхгүй, захируулахгүй байхыг зорьдог. Бүх зүйлийг зөв болгох чадвар, чадамж өөрсдөд нь бий гэж тэд боддог. Тэдний нөлөөллийн газарт хэн ч ажилд нь хөндлөнгөөс оролцож, тэднийг удирдаж болохгүй—тэд хамгийн агуу нь байх ёстой. Тэгвэл тэр мөчид тэдний итгэдэг бурхан оршин байсаар байдаг уу? Оршин байхаа больдог—тэр одоо хоосон бүрхүүл болсон. Тэгвэл тэр мөчид тэдний итгэл ямар байдаг вэ? Тодорхойгүй, хоосон бөгөөд дотроо ов мэх агуулдаг. Тэдэнд жинхэнэ итгэл байдаггүй.

Өөрт нь юу ч тохиолдоогүй байх үед антихрист номлол сонсож, Бурханы үгийг уншиж, магтан дуу сурч байгаа дүр эсгэнэ. Тэд чуулганы амьдралд оролцож, чуулганы бүх ажлын төсөлд идэвх санаачилгатай оролцож байнга: “Бид бурханд итгэдэг учраас түүний дээд эрхэд итгэж, түүний дээд эрхийг дуулгавартай дагах ёстой. Бүх зүйл бурханы гарт байдаг, түүний хийдэг бүхэн сайн” гэж хэлнэ. Түүгээр ч барахгүй тэд бусдад байнга: “Хүмүүс өөрсдийнхөөрөө үйлдэх гэж зүтгэх ёсгүй. Ямар нэг зүйл тохиолдох үед тэд бурханд залбирах ёстой, учир нь бүх зүйл түүний гарт байдаг” гэж зааварлана. Тэд эдгээр онч үгийг нэлээд сүржин хашхирдаг бөгөөд хандлага нь нэлээд шийдэмгий, маргаангүй мэт санагддаг—гэвч тэдэнд ямар нэг зүйл тохиолдох үед баримтын үнэн болон тэдний жинхэнээсээ харуулдаг зүйл нь тэдний жинхэнэ биеийн хэмжээ, мөн чанарыг бүрмөсөн, бүрэн дүүрэн ил болгодог учраас тэд хүмүүсийн хүлээлтэд хүрдэггүй. Тэд Бүтээгчийн ялгамж чанар, мөн чанарын баримтад, мөн Бурхан бүхнийг захирдаг гэх баримтад итгэдэггүй нь ил болдог. Тэд эдгээр баримтыг хүлээн авах нь бүү хэл, хүлээн зөвшөөрөхийг ч хүсдэггүй. Бүр ч аймшигтай нь, тэд эдгээрийг хүлээн зөвшөөрч, хүлээн авдаггүй төдийгүй, эцсээ хүртэл зөрүүдлэн эсэргүүцсээр байдаг. Тэдэнд ямар нэг зүйл тохиолдох үед тэд нэг бол нэг зүйлийн талаар, эсвэл өөр зүйлийн талаар гомдоллодог. Тэд Бурханы хүсэл, санаа зорилгыг эрж хайхаар Бурханы өмнө томоотой, дуулгавартай байдлаар ирдэггүй; тэд Бурханы өмнө дуулгавартайгаар ирж, Түүний дээд эрх, зохицуулалтыг дуулгавартай дагаж, Түүний зохион байгуулалт, дээд эрхийг хүлээн авдаггүй; мөн Түүний сахилгажуулалтыг дуулгавартай хүлээн авдаггүй. Харин ч тэд хэргийг намжаахын тулд хүний арга техник, явуулга, хүний арга хэрэгслийг ашиглаж—асуудлыг дарж дарагдуулан, бусдын болон Бурханы нүдийг хуурахыг хүсдэг. Хэрэг явдлыг намжаавал үүнийг үр дүнтэйгээр дуусгавар болгож чадна гэж тэд итгэдэг. Хэрвээ үүнийг намжааж, алдаа болон завхарсан зан чанараа нуун дарагдуулж, хэн ч эдгээр зүйлийг мэдэхгүй, хэн ч тэднээс ямар нэг буруу зүйл олж харж, эсвэл хэрэг явдлыг цааш нь хөөцөлдөж чадахгүй бол тэд том хэрэг бүтээлээ гэж итгэдэг. Тэгээд тэд тайвширдаг. Антихристэд ямар нэг зүйл тохиолдох үеийн үг, зан авир, тэдний үйл хэрэг, үйлдэл, түүнчлэн тэдний зан авир, гүйцэтгэлийн мөн чанараас дүгнэвэл тэд Бурханы дээд эрхийг зөрүүдлэн эсэргүүцдэг. Тэд эцсээ хүртэл зөрүүдлэн тэмцэнэ. Тэд ямар ч буруу зүйл хийсэн бай, өөрсдийг нь засахыг, эсвэл өөрсдийг нь сахилгажуулах орчин бүрдүүлэхийг Бурханд зөвшөөрөхгүй, өөрсдийг нь илчилж, ил болгохыг Түүнд бүр ч зөвшөөрөхгүй. Тэд ил болмогцоо, нууц задармагц сандарч, тэвдэж, уурлаж бухимддаг; тэр ч байтугай тэд нөхцөл байдлыг эргүүлж, урьдчилан ял тулгаж, Бурхан өөрсдийг нь хамгаалж чадаагүй, Тэр өөрсдийг нь ерөөгөөгүй, Тэр шударга бус—өөр хэн нэгэнд яг ижил зүйл тохиолдох үед Бурхан яагаад нөгөө хүнийг биш, зөвхөн өөрсдийг нь илчилдэг юм бэ гэж хэлнэ. Яг ижил зүйл тохиолдох үед Бурхан яагаад нөгөө хүнийг биш, зөвхөн өөрсдийг нь сахилгажуулна вэ? Тэд бүр: “Нэгэнт бурхан зөвт биш учраас би өөрийгөө хүний аргаар, өөрийнхөө аргаар хамгаалах хэрэгтэй болно” гэж хэлнэ. Өөрсдөө буруу зүйл хийх үед бурхан өөрсдийг нь сахилгажуулж, ил болгож болохгүй, харин ч өөрсдийг нь халхалж, алхам тутамд зөвшөөрөл өгч, амар хялбар арга замыг санал болгож, хийсэн бүх буруу зүйлийг нь өөгшүүлэх ёстой гэж тэд итгэдэг. Бурхан тэгнэ гэж тэд итгэдэг. Хэрвээ Бурхан тэднийг илчилж, ямар нэг зүйл тохиолдох үед өөрсдөд нь онцгойлон тал засаж хандахгүй, өөрсдөд нь онцгой үзэгдэл, эсвэл манлайлал өгөхгүй бол тийм Бурхан хайр татам биш, Тэр өөрсдийнх нь хувь заяаг захирахад тохирохгүй гэж тэд боддог. Тиймээс тэдэнд ямар нэг зүйл тохиолдох үед тэд бүтээгдсэн зүйлийн хувьд Бурханыг дуулгавартай дагаж, Түүнээс ирдэг бүхнийг хүлээн авахыг хүсдэггүй; оронд нь тэд Бурханыг өөрсдөд нь үйлчилж, бүх зүйлд өөрсдөд нь тусалж, тэр ч бүү хэл үйлдсэн ямар ч гэм буруугийнх нь төлөө, эсвэл харуулсан ямар ч завхрал, тэрслүү байдал, эсэргүүцлийнх нь төлөө өөрсдийг нь зэмлэхгүй, сахилгажуулахгүй байгаасай гэж хүсдэг. Антихристийн зан авир, илрэл бүрээс тэдэнд Бурханд итгэх жинхэнэ итгэл байдаггүй гэдгийг харж болно. Тэдний тэрхүү жинхэнэ итгэл гэгч нь зүгээр л ашиг хонжоо олж, давуу тал олж авах гэсэн оролдлого юм. Тэд Бурханы зохион байгуулалтыг дуулгавартай дагадаггүй, харин Бурханыг зохион байгуулж, Түүнийг ашиглан өөрсдийнхөө төлөө бүхнийг хийлгэж, өөрсдөдөө үүд хаалга нээлгэхийг хүснэ. Тэд завхарсан бүтээгдсэн зүйлийн хувьд Бурханы дээд эрх, зохицуулалтыг, эсвэл Түүний авралыг хүлээн авдаггүй. Харин ч тэд Бурханд итгэснээрээ Түүнд онцгой ач тус хүргэж байгаа бөгөөд Бурхан үүнийг нь санаж, өөрсдийг нь хамгаалж, болзолгүйгээр ерөөж, ямар ч муу зүйл хийсэн бай, тэднийг уучилж, тэдэнд онцгой өршөөл үзүүлэх ёстой гэж боддог. Антихристүүд шиг хүмүүс бол үнэхээр ёрын муу. Тэд огт ичгүүр сонжуургүй. Тэд өөрсдөө ямархуу зүйл болохоо, эсвэл хэн болохоо ч мэддэггүй. Тиймээс тэдэнд ямар нэг зүйл тохиолдох үед тэд ичгүүр сонжуургүйгээр зөвтгөж, шалтаг тоочиж, өөрсдийнхөө хэргийг өмгөөлөн гүрийж, хариуцлагаас бултан, баримтыг нуудаг—тэд Бурханыг эцсээ хүртэл эсэргүүцдэг. Хэрвээ тэд илчлэгдэж, хүмүүс тэднийг нэвт харвал өөрсдөд нь цаашид байр суурь, нэр хүнд байхгүй болно гэж тэд айдаг. Тэдний Бурханд итгэх итгэл нь зөвхөн аман дээрээ л байдаг; тэд юу ч зарлагаддаггүй, жинхэнээсээ дуулгавартай дагадаггүй бөгөөд хүлээн авах яагаач үгүй байдаг. Тиймээс, Бурханы ялгамж чанарын баримтын хувьд, антихрист зүрх сэтгэлийнхээ угаас эсэргүүцдэг гэдгийг түүний мөн чанараас харж болно—тэд Бурханаар өөрсдийн хувь заяаг захируулж, өөрсдийнхөө бүх зүйлийг зохион байгуулуулахыг хүсдэггүй. Тэд Бурханыг захирагч байлгахыг хүсдэггүй—тэд хэнийг захирагч байлгахыг хүсдэг вэ? Тэд өөрсдөө эцсийн шийдвэрийг гаргахыг хүсдэг бөгөөд энэ нь Сатанаар аливаад явуулга хийлгэж, завхарсан зан чанар болон Сатаны завхарсан мөн чанарыг өөрсдийнхөө амиа болгон, зүрх сэтгэлдээ хаанчлуулна гэсэн далд утгыг илэрхийлдэг. Ийм л байдаг. Тэгвэл Бурханы мөн чанарын хувьд—антихрист үүнд хэрхэн ханддаг вэ? Антихрист Бурханы мөн чанарт багтдаг хүчин зүйлсийн талаар эргэлздэг. Тэд итгэдэггүй; тэд эргэлздэг; тэр ч байтугай тэд эдгээр бүх хүчин зүйлийн талаар үзэл тээж, тэдгээрийг ялладаг. Заримдаа тэд эдгээр хүчин зүйлд дүн шинжилгээ хийж, тайлбарлахын тулд өөрсдийн төсөөлөл, мэдлэг, тархийг хүртэл ашигладаг. Зарим тэнэг хүн бүр өөрсдийнхөө тайлбарыг нэлээд сайн, сүнслэг, зүй ёсны, бодитой гэж итгэдэг. Энэ нь бүр ч жигшмээр юм.

А. Бурханы зөвт байдлыг басамжлах

Антихристүүд шиг хүмүүс Бурханы зөвт байдал болон зан чанарт үргэлж үзэл тээн, эргэлзэж, эсэргүүцэж ханддаг. Тэд: “Бурхан зөвт гэдэг нь ердөө л онол. Энэ хорвоо дээр зөвт байдал гэж үнэхээр байдаг гэж үү? Би бүх л амьдралынхаа туршид үүнийг нэг ч удаа олоогүй, хараагүй. Ертөнц маш харанхуй, ёрын муу бөгөөд ёрын муу хүмүүс болон диаволууд маш сайн яваа, сэтгэл хангалуун амьдарч байна. Тэд хүртэх ёстойгоо хүртэж байхыг би хараагүй. Үүнээс би бурханы зөвт байдал хаана байгааг харж чадахгүй байна; бурханы зөвт байдал үнэхээр байдаг юм болов уу гэж би гайхдаг. Хэн үүнийг харсан юм бэ? Хэн ч хараагүй, хэн ч үүнийг нотолж чадахгүй” гэж боддог. Тэд дотроо ингэж боддог. Тэд Бурхан бол зөвт гэсэн итгэлийн суурин дээр Түүний бүх ажил, бүх үг, бүх зохион байгуулалтыг хүлээн авдаггүй, харин үргэлж эргэлзэж, шүүж, үргэлж үзлээр дүүрэн байдаг бөгөөд тэдгээрийг шийдвэрлэхийн тулд үнэнийг хэзээ ч эрж хайдаггүй. Антихристүүд Бурханд үргэлж ингэж итгэдэг. Тэдэнд Бурханд итгэх жинхэнэ итгэл бий юу? Үгүй. Бурханы зөвт байдлын тухайд антихристүүд үргэлж эргэлзсэн хандлагатай байдаг. Мэдээж, тэд Бурханы зан чанар, Түүний ариун байдал, Түүнд юу байгаа болон Тэр юу болох талаар ч эргэлздэг. Тэд эдгээрт итгэдэггүй, харин зөвхөн нүдэнд харагдах зүйлд л тулгуурладаг—ямар нэг зүйлийг өөрсдийн нүдээр харж чадахгүй бол тэд хэзээ ч үүнд итгэхгүй. Тэд яг л Томастай адил, Эзэн Есүст үргэлж эргэлзэж, Эзэн Есүсийг үхлээс амилсан гэдэгт итгэдэггүй, Бурханы агуу хүч чадалд итгэдэггүй. Сүнслэг ойлголтгүй, үнэнийг эрэлхийлдэггүй антихристүүд шиг тийм шаарнууд Бурханы үгийг үнэн гэдэгт итгэж чадах уу? Тэд Түүний төгс хүчин болон мэргэн ухаанд итгэж чадах уу? Тэд эдгээрийн алинд нь ч итгэдэггүй; зүрх сэтгэлдээ үргэлж эргэлздэг. Антихристүүдийн мөн чанараас дүгнэвэл, тэд нүдэнд харагдах зүйлд тулгуурладаг тул материалистууд юм. Тэд Бурханы төгс хүчнийг харж чаддаггүй бөгөөд Түүний үг бол үнэн, Түүний аль хэдийн бий болгосон баримт гэдэгт итгэдэггүй. Тэд сүнслэг ойлголтгүй, жинхэнэ итгэлгүй учраас Бурханы үйл хэргийг харах ямар ч аргагүй. Үнэн хэрэгтээ тэдэнд Бурханд итгэх далд сэдэл байдаг. Тэд бол дур зоргоороо үймээн дэгдээгчид—Сатаны зарц нар юм. Үнэнийг хүлээн авдаггүй, эсвэл Бурхан оршин байдагт итгэдэггүй, бүх зүйлийг хүний нүдээр хардаг хүн үнэн оршин байдгийг олж мэдэж чадах уу? Бурхан хүн төрөлхтнийг захирдаг гэх баримтыг тэд олж мэдэж чадах уу? Яавч үгүй. Тэд аливааг шинжсэн, сэжиглэсэн харцаар, эргэлзсэн хандлагаар хардаг, тэр ч байтугай Бурханы хийдэг бүхнийг эсэргүүцдэг, тиймээс антихристүүд Бурханы зөвт зан чанарт итгэдэггүй. Тэд эргэлздэг бөгөөд үүнийг хүлээн авдаггүй. Антихристүүдийн ямар зан авир нь тэд үнэнийг хүлээн авдаггүй, эсвэл Бурханы мөн чанарыг хүлээн зөвшөөрдөггүйг бусдад харуулдаг вэ? Олон тодорхой зан авир бий. Жишээ нь: Чуулганы ажилд асуудал гарах үед, үүний буруу хэчнээн ноцтой байх, үр дагавар нь ямар байхаас үл хамааран антихристийн хамгийн эхний хариу үйлдэл бол өөрийгөө цэвэрлэж, бурууг өөр тийш чихэх явдал байдаг. Хариуцлага хүлээхгүйн тулд тэд бүр хүмүүсийн анхаарлыг өөрсдөөсөө холдуулж, хэргийн үнэнийг далдлахын тулд цөөн хэдэн зөв зүйтэй, чихэнд чимэгтэй үг хэлж, өнгөн дээрээ сүржигнэдэг. Жирийн үед хүмүүс үүнийг харж чаддаггүй ч, тэдэнд ямар нэгэн зүйл тохиолдох үед антихристийн муу муухай байдал ил болдог. Тэд хамаг өргөсөө өрвийлгөсөн зараа шиг хамаг байдгаараа өөрсдийгөө хамгаалж, ямар ч хариуцлага хүлээхгүй байхыг хүсдэг. Энэ нь ямархуу хандлага вэ? Энэ нь Бурханыг зөвт гэдэгт итгэхгүй байгаа хэрэг биш гэж үү? Бурхан бүхнийг шинждэг, эсвэл Бурханыг зөвт гэдэгт тэд итгэдэггүй; өөрсдийгөө хамгаалахын тулд өөрсдийнхөө аргыг ашиглахыг хүсдэг. Тэд: “Би өөрийгөө хамгаалахгүй бол хэн ч хамгаалахгүй. Бурхан ч бас намайг хамгаалж чадахгүй. Тэд түүнийг зөвт гэдэг ч, хүмүүс асуудалд орох үед тэр үнэхээр тэдэнд шударга ханддаг гэж үү? Яавч үгүй—бурхан тэгдэггүй” гэж боддог. Асуудал, хавчлагатай тулгарах үед тусламж байхгүй мэт тэдэнд санагдаж, “Тэгээд бурхан хаана байна вэ? Хүмүүс түүнийг харж, хүрч чадахгүй. Хэн ч надад тусалж чадахгүй; хэн ч надад шударга ёсыг тогтоож, миний төлөө шударга байдлыг сахин хамгаалж чадахгүй” гэж боддог. Өөрсдийгөө хамгаалах цорын ганц арга бол өөрсдийнх нь арга барил бөгөөд эс бөгөөс хохирол амсаж, дээрэлхүүлж, хавчлагад өртөнө—Бурханы гэр ч бас ялгаагүй гэж тэд боддог. Антихрист өөрт нь ямар нэгэн зүйл тохиолдохоос өмнө аль хэдийн өөртөө зориулаад бүхнийг төлөвлөсөн байна. Нэг талаар тэдний хийдэг зүйл нь, хэн ч тэдэнд төвөг удаж, тэднийг оролдож, дээрэлхэж зүрхлэхээргүй тийм хүчирхэг хүн болж өөрсдийгөө өнгөлөн далдлахыг ихэд хичээх явдал юм. Нөгөө талаар, тэд алхам тутамдаа Сатаны гүн ухаанууд болон түүний оршин тогтнох хуулийг баримталдаг явдал юм. Тэдгээр нь үндсэндээ юу вэ? “Хүн бүр өөрийгөө боддог, би үхэхээр чи үх”, “Өөрт чинь нөлөөлөхгүй л бол юмсыг урсгалаар нь явуул”, “Мэдрэмжтэй хүмүүс өөрсдийгөө сайн хамгаалж, гагцхүү алдаа гаргахаас зайлсхийхээр хичээдэг”, нөхцөл байдлын аясаар үйлдэх, зальжин, аргатай байх, “Над руу дайрахгүй л бол би дайрахгүй”, “Эв зохицол бол үнэт эрдэнэ; хүлцэнгүй байдал бол агуу чадвар”, “Эрс шулуухан байх нь бусдын уурыг хүргэдэг тул бусдын мэдрэмж, сэтгэл санаанд зохицох сайхан үг хэл”, “Ухаалаг хүн нөхцөл байдалд захирагддаг” болон бусад иймэрхүү сатанлаг гүн ухаанууд юм. Тэд үнэнийг хайрладаггүй, харин Сатаны гүн ухаануудыг яг л эерэг зүйлс мэт хүлээн авч, эдгээр нь өөрсдийг нь хамгаалж чадна гэдэгт итгэдэг. Тэд эдгээр зүйлээр амьдардаг; хэнд ч үнэнийг хэлдэггүй, харин үргэлж чихэнд чимэгтэй, бялдуучилсан, зусардсан үг хэлж, хэнийг ч гомдоохгүйгээр, бусдаар хүндлүүлэхийн тулд өөрсдийгөө харуулах арга зам сүвэгчилдэг. Тэд зөвхөн нэр хүнд, ашиг хонжоо, байр суурийн төлөөх өөрсдийн эрэлхийлэлд л санаа тавьдаг бөгөөд чуулганы ажлыг сахин хамгаалахын тулд юу ч хийдэггүй. Муу зүйл хийж, Бурханы гэрийн эрх ашигт хохирол учруулсан хэнийг ч тэд ил болгож, мэдээлдэггүй, харин хараагүй мэт дүр эсгэдэг. Аливааг зохицуулах зарчим болон эргэн тойронд нь болж буй зүйлд хандах хандлагыг нь харвал, тэдэнд Бурханы зөвт зан чанарын талаарх ямар нэгэн мэдлэг байна уу? Тэдэнд үүнд итгэх ямар нэгэн итгэл байна уу? Тэдэнд огт байхгүй. Энд “огт байхгүй” гэдэг нь тэд энэ талаар ямар ч мэдлэггүй гэсэн үг биш, харин зүрх сэтгэлдээ Бурханы зөвт зан чанарт эргэлздэг гэсэн үг юм. Тэд Бурханыг зөвт гэдгийг хүлээн авдаггүй, хүлээн зөвшөөрдөг ч үгүй. Бурханы гэрт үнэн болон зөвт байдал ноёрхдог гэдгийг олон хүн гэрчилж байгааг хараад тэд зүрх сэтгэлдээ эсэргүүцэж, шүүж: “Агуу улаан луу бурханы сонгосон хүмүүсийг ингэж хавчиж байхад яагаад ямар ч цээрлэл амсахгүй байна вэ? Шүтлэггүй хүмүүсийн дунд байдаг ёрын муу хүмүүс бурханы сонгосон хүмүүсийг дээрэлхэж, гүтгэж, шүүдэг ч тэд бас л ямар ч цээрлэл амсаагүй. Тэд бүгд сайн сайхан байцгааж байна—яагаад бурханд итгэгчид үргэлж дээрэлхүүлж байдаг юм бэ?” гэдэг. Зүрх сэтгэлдээ тэд Бурханы зөвт зан чанарт итгэдэггүй. Бурхан хүн бүрд зөвт байдлаар ханддаг гэдэгт тэд итгэдэггүй, мөн Бурхан хүн бүрд үйл хэргийнх нь дагуу хүртэх ёстойг нь өгнө, зөвхөн үнэнийг эрэлхийлдэг хүмүүсийг л Бурхан ерөөж, сайхан хүрэх газартай болгоно гэсэн санаанд ч итгэдэггүй. Антихристүүд эдгээр зүйлд итгэдэггүй. Тэд өөртөө ингэж хэлдэг: “Хэрвээ эдгээр нь баримт юм бол би яагаад хараагүй юм бэ? Үнэнийг эрэлхийлдэг хүмүүсийг бурхан ерөөнө гэж чи хэлдэг. Тэгвэл, манай чуулганы нөгөө хэн үнэнийг эрэлхийлж, бурханы төлөө өөрийгөө зарлагадаж, үүргээ маш үнэнчээр гүйцэтгэдэг. Тэгээд тэр яав? Тэр агуу улаан луунд мөшгүүлж, гэртээ ч бараг харьж чадахгүй; гэр бүл нь салан бутарч, үр хүүхдээ ч харж чадахгүй байна. Энэ тэгээд бурханы зөвт байдал гэж үү? Мөн бурханд итгэснийхээ төлөө шоронд хоригдож, хагас үхлүүт болтлоо тамлуулсан нөгөө хэн байна. Тэр үед бурханы зөвт зан чанар хаана байсан бэ? Тэр гэрчлэлдээ бат зогссон; тэр Иудас байгаагүй. Яагаад бурхан түүнийг ерөөж, хамгаалаагүй юм бэ? Мөн яагаад бурхан агуу улаан луунд түүнийг хагас үхлүүт болтол нь зодохыг зөвшөөрсөн юм бэ? Манай чуулганд бас чуулганы ажлын төлөө гэр бүл, ажил мэргэжлээ орхисон нэг удирдагч байсан. Тэр олон жил үүргээ гүйцэтгэж, багагүй хатуу бэрхийг туулсан ч эцэст нь бага зэрэг ёрын мууг үйлдэж, чуулганы ажлыг үймүүлснийхээ төлөө яллагдаж, зайлуулагдсан. Бурханы зөвт зан чанар хаана байсан бэ? Мөн бурханы гэрт нэлээд залуугаасаа үүрэг гүйцэтгэж, хатуу бэрхийг туулж, хөдөлмөрлөж байсан ч алдаа гаргаж, зарчмыг зөрчмөгцөө засуулдаг зарим ах эгч нар байна. Тэдний зарим нь зайлуулагдаж, таягдан хаягдахаас айсандаа ихэд гашуудан уйлдаг бөгөөд хэн ч тэднийг тайтгаруулдаггүй. Би яагаад үүнээс бурханы зөвт байдлыг харж чадахгүй байна вэ? Эдгээр зүйлд бурханы зөвт зан чанар яг яаж илэрдэг юм бэ? Би яагаад үүнийг харж чадахгүй байна вэ? Мөн миний өөрийн асуудал ч байна—би үүргээ гүйцэтгэхдээ бага зэрэг хааш яаш хандаж, заримдаа завхарсан зан чанараа бага зэрэг харуулдаг байж болох ч надад авьяас бий. Яагаад бурханы гэр намайг дэвшүүлэхгүй байна вэ?” Энэ бүх хэрэг явдлын тухайд антихристүүд юу болоод байгааг тодорхой харж чаддаггүй. Тэд зөвхөн өнгөц үзэгдлийг л хардаг боловч аливаа зүйлийн цаана байдаг Бурханы санаа зорилго юу болохыг харж чаддаггүй. Тэдний зүрх сэтгэлийн гүнд сэжиг, эргэлзээ, санаа, үзэл дүүрэн байдаг бөгөөд зүрх сэтгэлд нь тайлж чадахгүй маш олон зангилаа байдаг. Эдгээр зүйлийг бодох бүрдээ тэд гомдлоор, мөн Бурханы зөвт зан чанарын эсрэг яллалт, доромжлолоор дүүрдэг. Гоморхсон тэд дотроо ингэж боддог: “Хэрвээ бурхан зөвт юм бол яагаад хар муу санаагүй хүмүүс засуулдаг юм бэ? Хэрвээ тэр зөвт юм бол яагаад хүмүүсийн бага зэрэг завхрал харуулсныг өршөөдөггүй юм бэ? Хэрвээ тэр зөвт юм бол үүргээ гүйцэтгэж, маш их зовж шаналсан зарим хүн яагаад ердөө л бодитой ажил хийж чадаагүйнхээ төлөө чөлөөлөгддөг юм бэ? Хэрвээ тэр зөвт юм бол түүнийг тууштай, үнэнчээр дагадаг бид яагаад хавчигдаж, тамлуулж, магадгүй шоронд хоригдож, цөөн тохиолдолд бүр үхтлээ зодуулдаг юм бэ?” Антихристүүдэд эдгээр үзэгдлийн алиных нь ч хувьд тодорхой тайлбар байдаггүй. Өөрсдөд нь юу болоод байгааг тэд мэддэггүй; үүнийг тодорхой харж чаддаггүй. Тэд байнга өөрсдөөсөө: “Миний итгэдэг бурхан зөвт үү, үгүй юу? Зөвт бурхан оршин байдаг уу, үгүй юу? Тэр хаана байна вэ? Бид бэрхшээлтэй тулгарах үед, хавчигдах үед—тэр үед тэр юу хийж байдаг юм бэ? Тэр биднийг аварч чадах уу, эсвэл чадахгүй юу? Хэрвээ бурхан зөвт юм бол яагаад Сатаныг устгадаггүй юм бэ? Яагаад агуу улаан лууг устгадаггүй юм бэ? Яагаад энэ хорон муу хүн төрөлхтнийг шийтгэдэггүй юм бэ? Түүнд итгэж, аймшигтайгаар зовж шаналсан бидэнд яагаад тэр шударга ёсыг тогтоож, бидний төлөө шударга байдлыг сахин хамгаалдаггүй юм бэ? Яагаад тэр биднийг өмөөрдөггүй юм бэ? Бид диаволууд болон Сатаныг үзэн яддаг, мөн ёрын муу хүмүүсийг үзэн яддаг—яагаад бурхан бидний гомдлыг тайлж өс хонзонг минь авч өгдөггүй юм бэ?” гэж асуудаг. Антихристийн зүрх сэтгэлээс “яагаад” гэдэг үг ар араасаа пулемёт шиг тасралтгүй цувж, яагаад ч хянахын аргагүй байдаг. Тэд эдгээр зүйлийг хянаж чадахгүй байх үедээ яагаад Бурханы өмнө ирж залбирч, эрж хайдаггүй, Түүний үгийг уншиж, ах эгч нарыгаа хайж олж нөхөрлөдөггүй юм бэ? Тэгвэл тэд ийм асуудлуудыг нэг нэгээр нь шийдвэрлэх биш үү? Эдгээр асуудлыг шийдвэрлэх нь үнэхээр тийм хэцүү зүйл гэж үү? Хэрвээ чи Бурханд болон үнэнд дуулгавартай байх, үнэнийг хүлээн авах хандлагатай байвал эдгээр асуудал асуудал байхаа болино—тэдгээрийг бүгдийг нь шийдвэрлэж болно. Антихристүүд яагаад тэгж чаддаггүй вэ? Яагаад гэвэл тэд үнэнийг хүлээн авдаггүй, Бурханы үгийг үнэн гэдэгт итгэдэггүй, эсвэл үнэнийг хүлээн зөвшөөрдөггүй. Тэд тохиолдсон бүх зүйлийг Бурханаас хүлээн авах нь бүү хэл, Бурханы бүх дээд эрх, зохион байгуулалтыг дуулгавартай дагаж чаддаггүй. Тийм учраас антихристүүдийн зүрх сэтгэл Бурханы зөвт байдлын талаарх эргэлзээгээр дүүрэн байдаг. Сорилттой тулгарах үед зүрх сэтгэлийг нь дүүргэдэг эргэлзээ нь тэсрэн гарч, тэд дотроо Бурханаас ингэж асуудаг: “Хэрвээ бурхан зөвт юм бол яагаад биднийг ингэж их зовоодог юм бэ? Хэрвээ бурхан зөвт юм бол христийг дагаж хангалттай их зовлон зүдүүр туулсан биднийг яагаад өршөөдөггүй юм бэ? Хэрвээ бурхан зөвт юм бол түүний төлөө өөрсдийгөө зарлагадаж, үүргээ гүйцэтгэдэг биднийг, эсвэл бидний гэр бүлийг яагаад хамгаалдаггүй юм бэ? Хэрвээ бурхан зөвт юм бол түүнд чин сэтгэлээсээ итгэдэг зарим хүнийг яагаад агуу улаан лууны гарт шоронд үхүүлдэг юм бэ?” Тэгээд тэд Бурханыг эсэргүүцэн ингэж хашхичиж эхэлдэг: “Хэрвээ бурхан зөвт юм бол тэр биднийг ингэж их зовоох ёсгүй; хэрвээ бурхан зөвт юм бол тэр биднийг ямар ч шалтгаангүйгээр сахилгажуулж, илчлэх ёсгүй; хэрвээ бурхан зөвт юм бол тэр бидний хийдэг бүх муу үйлд хүлээцтэй хандаж, бидний бүх сөрөг, сул дорой байдлыг уучилж, бидний бүх гэм бурууг өршөөх ёстой. Хэрвээ чи эдгээр зүйлийг ч хийж чадахгүй юм бол чи зөвт бурхан биш!” Энэ бүхэн бол антихристүүдийн бодож явдаг зүйлс юм. Тэд Бурханы талаарх үзлээр дүүрэн байдаг бөгөөд тэдгээрийг шийдвэрлэхийн тулд үнэнийг огт эрж хайдаггүй. Тэдний илчлэгдэх өдөр ирэх үед тэр үзлүүд нь гарцаагүй тэсрэн гарна. Антихристүүдийн муу муухай сэтгэлгээ болон үнэн төрх нь ийм байдаг.

Антихристүүд үнэнийг хүлээн зөвшөөрдөггүй, хүлээн авдаггүй, Бурхан бол Бүтээгч гэх баримтыг бүр ч хүлээн зөвшөөрдөггүй, тиймээс тэдний хувьд Бурханы зөвт зан чанар асар том, нээлттэй асуулт хэвээр үлддэг. Цаг хугацаа өнгөрч, үйл явдал тохиолдож, янз бүрийн асуудал урган гарахын хэрээр тэдний тэрхүү асуултын тэмдэг улам томорсоор, аажмаар чагт болж хувирдаг. Тэрхүү чагт юуг илтгэдэг вэ? Энэ нь, тэд Бурхан бол зөвт гэдэг баримтыг улайм цайм үгүйсгэдэг гэсэн үг юм. Тэрхүү чагт тавигдах үед—антихрист Бурхан бол зөвт гэдгийг үгүйсгэх үед—тэдний бүх уран зөгнөл, хүсэл замхран оддог. Үүнийг бодоод үз: Ийм үр дагаварт хүргэдэг эхлэх цэг нь юу вэ? (Антихристүүд Бурханд итгэснээрээ ерөөгдөж, Бурханы хамгаалалтыг хүртэх ёстой гэж боддог. Тиймээс, Бурхан тэдний үзэл, төсөөлөлтэй нийцэхгүй ажил хийх үед Бурхан зөвт биш гэж тэдэнд санагдаж, тэд үүнийг Түүнээс хүлээн авч чаддаггүй. Түүнчлэн, Бурханы талаарх үзэл нь бий болмогц тэд Бурханд залбирч, үнэнийг эрж хайдаггүй бөгөөд тэдгээрийг даруй шийдвэрлэж чаддаггүй. Ийм маягаар тэдний үзэл хуримтлагдаж, овоордог—эцсийн дүндээ энэ нь ийм үр дагаварт хүргэдэг.) Та нар өнгөц үзэгдлийн талаар ярьж байна; та нар уг үндэст нь хүрэхгүй байна. Би яагаад тэгж хэлж байна вэ? Яагаад гэвэл, антихристүүд ингэж авирлаж, ийм үзэл бодолтой байдгийн, Бурханд эргэлзэж, Бурханыг үгүйсгэж чаддагийн уг үндэст нэг зүйл бий. Мэдээж хэрэг, энэ нь антихристийн уг чанар-мөн чанараар тодорхойлогддог. Энэ бол уг үндэс нь юм—үүнийг ингээд орхиё. Тэгвэл гол уг шалтгаан нь, антихристүүд бүр анхнаасаа үнэнийг хайрладаггүй, мөн хүлээн авдаггүй байсанд оршино. Тэд яагаад үнэнийг хүлээн авдаггүй вэ? Үүнд ч бас уг үндэс бий: Тэд Бурхан бол үнэн, Түүний үг бол үнэн гэдгийг хүлээн зөвшөөрдөггүй—тэд үүнийг хүлээн зөвшөөрдөггүй учраас хүлээн авч чаддаггүй. Тэд үнэнийг хүлээн авдаггүй юм чинь аливаа асуудлыг үнэний нүдээр харж чадах уу? (Үгүй.) Тэд тэгж чаддаггүй—тэгвэл үр дагавар нь юу вэ? Өөрсдөд нь юу ч тохиолдсон бай, эргэн тойронд нь болдог том, жижиг зүйлс, түүнчлэн бусдын үгийг тэд нэвт харж чаддаггүй. Тэд хүмүүс, үйл явдлыг нэвт харж чаддаггүй—тэд юуг ч нэвт харж чаддаггүй. Зарим зүйл гаднаа тэдний хэлдэг шиг харагддаг ч мөн чанартаа тийм байдаггүй. Энэ нь үнэнтэй холбоотой. Хэрвээ чи үнэнийг ойлгохгүй, эсвэл хүлээн авахгүй бол эдгээр зүйлтэй холбоотой үнэнийг ойлгож чадах уу? Чи чадахгүй, тиймээс чиний хийж чадах ганц зүйл бол аливааг хүний нүд, хүний мэдлэг, хүний уураг тархиар задлан шинжилж, судлах явдал юм. Ийм судалгаа ямар үр дүнд хүргэх вэ? Тэр нь үнэнтэй нийцэх үү? Бурханы шаардлага болон санаа зорилготой нийцэх үү? Үгүй, хэзээ ч нийцэхгүй. Энэ нь Бурханд итгэдэг бүх хүний мэддэг Иовын түүхтэй адил юм. Үнэнийг хүлээн зөвшөөрч, хүлээн авдаг, Бурханд итгэж, Түүнийг дуулгавартай дагаж чаддаг хүн бүр зүрх сэтгэлдээ Иовыг сайшааж, биширдэг; тэд бүгд Иов шиг хүн байхыг хүсдэг. Шалгалт туулахдаа Бурханыг магтсан Иовын магтаалын илэрхийлэл болон Түүний талаарх мэдлэгийг нь тэд бас сайшааж, биширдэг. Иовд тохиолдсон янз бүрийн гай зовлон, шаналал нь Бурханы ажил байсан гэдгийг хүмүүс зүрх сэтгэлдээ ойлгож чаддаг. Ерөнхийдөө, Иов хүн болохынхоо хувьд үнэнийг эрэлхийлдэг бүх хүний эрмэлзэл болдог. Тэд бүгд түүний үлгэр дуурайлыг дагаж, тийм хүн байхыг хүсдэг. Тэгвэл ийм эерэг үр дүнд хэрхэн хүрдэг вэ? Үүний суурь нь юу вэ? Энэ бол үнэн, энэ бүхэн бол Бурханы ажил гэдэгт чин сэтгэлээсээ итгэж, хүлээн зөвшөөрөх—энэхүү суурин дээр л хүн алхам алхмаар Иов шиг хүн байхыг, Бурханаас эмээж, муугаас зайлдаг нэгэн болохыг хүсдэг болдог. Тэд энэ бүхэнд итгэж, зүрх сэтгэлдээ үүнийг хүлээн зөвшөөрдөг бөгөөд эцэст нь үүнд хүрэх эрмэлзэлтэй болж, улмаар амьдралдаа үүнийг эрэлхийлсээр байдаг. Ийм үр дүнд хүрэхийн тулд хамгийн үндсэн зүйл нь хүн энэ бүхнийг хүлээн зөвшөөрч, үүнд зүрх сэтгэлээсээ итгэх явдал юм. Тэгвэл, антихристүүд ингэж хүлээн зөвшөөрч, итгэдэг үү? Тэд тэгдэггүй. Иовын туулсан бүхнийг антихристүүд хэрхэн үздэг вэ? Бурханы хийсэн бүхэнд ач холбогдол бий гэж тэд боддог уу? Энэ бүхэн Бурханы дээд эрхэн дор байсан гэдгийг тэд харж чаддаг уу? Тэд үүнийг харж чаддаггүй, мөн Бурханы хийсэн бүхэнд ач холбогдол бий гэдгийг ч бас харж чаддаггүй. Тэд үүнээс юу хардаг вэ? Иов уул дүүрэн хонь, үхэртэй, тэр нутгийн хамгийн үзэсгэлэнтэй охид, хөвгүүдтэй, асар их эд баялагтай байсан. Үүнийг л тэд хардаг. Тэгээд бүх зовлонгийнх нь дараа Бурхан түүнийг дахин нэг удаа ерөөсөн. Үүнээс тэд юу хардаг вэ? Тэд: “Эдгээр ерөөлийн хариуд тэр ямар нэг зүйл өгсөн—тэр үүнийг хүртэх эрхтэй болсон. Тэдгээрийг бурхан хайрласан нь зүйн хэрэг” гэж хэлнэ. Энэ хэрэг явдлын талаарх тэдний ерөнхий ойлголтоос харвал, антихристүүдийн өнцөг нь үнэнийг хүлээн авч, Бурханыг дуулгавартай дагах өнцөг мөн үү? (Үгүй.) Тэгвэл, тэд үүнд ямархуу өнцгөөс ханддаг вэ? Антихристүүд энэ бүх хэрэг явдлыг хардаг ганцхан л өнцөг бий, тэр нь үл итгэгчийн өнцөг юм. Үл итгэгч хүн ашиг олж байгаа эсэх, давуу тал олж авсан эсэх, эсвэл хохирол амссан эсэхийг; хэрхэн давуу тал олох болон хэрхэн давуу тал олохгүй байхыг; юу хохирол, зовлонд хүргэхийг; мөн юуг хийх нь үнэ цэнгүй, юуг хийх нь үнэ цэнтэй болохыг хардаг. Энэ бол үл итгэгчдийн үзэл бодол юм. Үл итгэгчид бүх зүйлийг ийм маягаар, иймэрхүү мөн чанартайгаар харж, хандаж, хийдэг. Бурханы зөвт зан чанарт хандах антихристүүдийн хандлага ийм юм.

Б. Бурханы төгс хүчнийг басамжлах

Антихристүүд Бурханы төгс хүчнийг хэрхэн үздэг вэ? Антихристийн хувьд “төгс хүчин” гэдэг маш сэтгэл хөдөлгөсөн үг бөгөөд тэдний амбиц, хүслийг өдөөж чаддаг үг гэж хэлэхэд хилсдэхгүй. Яагаад гэвэл тэд тийм төрлийн хүн байхыг маш их хүсдэг. Төгс хүчит, бүхнийг чадагч, хаа сайгүй оршин байдаг, юуг ч хийх бололцоотой, юуг ч яаж хийхийг мэддэг, юуг ч хийж чаддаг байх—хэрвээ хэн нэгэн ийм чадамжтай болбол, хэрвээ тэдэнд ийм чадвар байвал бүх зүйл тэдний хувьд маш амархан байх болно. Тэд хэнээс ч айх шаардлагагүй; тэд хамгийн дээд эрх мэдэл, хамгийн өндөр байр суурьтай байж, бусдыг захирч чадна. Бусдыг хянаж, залах үнэмлэхүй эрх мэдэл тэдэнд байх болно. Энэ нь антихристийн хувьд хүршгүй хол зүйл бөгөөд тэдний амбиц, хүсэл, үнэн нүүр царайг нь илчилдэг. Үүний нэг хэсэг нь “Бурханы төгс хүчин” гэх үг хэллэг тэднийг төрөл бүрийн төсөөлөл, сониуч зан, үзлээр дүүргэдэг явдал юм. Өөр нэг хэсэг нь, тэд өөрсдийн мэдлэгийн хүрээг тэлж, илүү ихийг танин мэдэж, сониуч зангаа дарахын тулд Бурханд итгэх итгэлээрээ дамжуулан Бурханы төгс хүчний талаар ойлголттой болохыг хүсдэг явдал юм. Бас нэг хэсэг нь, тэд бас бүхнийг чадагч байж, мянга мянган хүнд шүтэгдэж, улам олон хүн өөрсдөд нь мөргөж, зүрх сэтгэлдээ өөрсдөд нь орон зай гаргаж өгөөсэй гэж эрж хайдаг явдал юм. Тэгэхээр, антихристүүдэд Бурханы төгс хүчний талаарх жинхэнэ мэдлэг байдаг уу? Тэдэнд үүнд итгэх жинхэнэ итгэл байдаг уу? Дахиад л, энэ нь Бурханы зөвт зан чанартай адил—антихристүүд баримттай нийцдэггүй тодорхойгүй, хоосон төсөөлөл, үзлээр дүүрэн байгаад зогсохгүй, Бурханы төгс хүчний талаар гүн гүнзгий эргэлзээ тэдэнд төрдөг. Тэд эргэлздэг; тэд үүнд итгэдэггүй: “Төгс хүчин гэнэ ээ? Энэ ертөнцөд төгс хүчит хүн хаана байна вэ? Хаа сайгүй оршин байдаг, бүхнийг чадагч хүн хаана байна вэ? Тийм хүн байхгүй! Ертөнцөд агуу, алдартай хүмүүс зөндөө бий, мөн ер бусын хүч чадалтай хүмүүс ч элбэг байдаг: жишээлбэл, эш үзүүлэгчид, төрөл бүрийн зурхайчид, зөгнөл тайлагчид байдаг, гэхдээ тэд нар хүртэл бүхнийг чадагч биш. ‘Бурханы төгс хүчин’ гэдгийн ард асуултын тэмдэг тавих хэрэгтэй хэвээр байна, үүнийг сайтар судлах хэрэгтэй” гэдэг. Тиймээс, антихристийн хувьд Бурханы төгс хүчний мөн чанар гэж байдаггүй, учир нь тэд: “Бурхан яаж төгс хүчит байж болохыг би төсөөлж, ойлгож чадахгүй байна, тиймээс түүний энэ ‘төгс хүчин’ оршин байдаггүй. Би үүнийг хүлээн зөвшөөрөхгүй. Бурханы чадвар, чадамж нь үнэндээ хэр агуу юм бэ? Өнгөрсөнд ч, одоо ч, ирээдүйд ч хэн ч тэдгээрийг хараагүй, харах ч үгүй” гэж итгэдэг. Антихристүүд зүрх сэтгэлдээ байнга эргэлзэж, итгэлгүй байдаг тул чуулганд болон ах эгч нарт тохиолддог бүх зүйл тэдний судалгааны сэдэв, цар хүрээ болдог. Тэд юу судалж байдаг вэ? Тэд гарч ирж буй бүх зүйлээс, бүлэгт эсвэл нэг хүнд тохиолдож буй бүхнээс Бурхан юу хийснийг, Тэр хэрхэн ажилласныг, үүн дотор ямар нэгэн тэмдэг, гайхамшиг байгаа эсэхийг, хүний төсөөлж чадах зүйлээс давсан, эсвэл хүний чадвар, хүрч чадах хязгаараас давсан ямар нэгэн шинэлэг, өвөрмөц тохиолдол байгаа эсэхийг судалж байдаг. Үүнээс гадна, Бурхан өөрсдийнх нь дотор хүний хүлээлтээс давсан тийм ажил хийсэн туршлагын талаар хэн нэгэн ах эгч ярьсан эсэхийг тэд судалж байдаг. Үүний нэг жишээ нь, ардын үлгэрт гардаг шиг голын дунгийн хясаанаас нэгэн охин гарч ирээд, тэднийг хамгийн их өлсөж байх үед нь дайлж цайлах явдал юм. Өөр нэг жишээ нь, тэд мөнгө төгрөгөөр дутмаг байх үед гэрт нь хаанаас ч юм гэнэт алт гарч ирэх, эсвэл тэднийг мөрдөн мөшгөж байх үед мөрдөж байсан хүмүүс нь гэнэт сохорч, юу ч харж чадахгүй болж, тэгээд тэнгэрэлч бууж ирээд тэдэнд: “Битгий ай, үр минь—би чамд туслахаар ирлээ” гэж хэлэх явдал юм. Өөр нэг жишээ гэвэл, ах эгч нар зэрлэгээр зодуулж, хэрцгийгээр тамлуулж байх үед бурханы агуу гэрэл тусаж, гэмт этгээдүүдийн нүдийг сохлон, тэднийг шалан дээр өнхрөн, өршөөл эрж, дахин хэзээ ч ах эгч нарыг цохиж зүрхлэхгүй болгох бөгөөд бурхан тэдний өшөөг авах; эсвэл, тэд Бурханы үгийг уншив ч хэчнээн хичээгээд ойлгож чадахгүй, нойрондоо дарагдах гэж байх үед нь манан дундаас нэгэн дүрс харагдаж, тэдэнд: “Бүү унт; сэр—миний үг ийм утгатай” гэж хэлэх; эсвэл, ямар нэг зүйл тохиолдож, тэд алдаа гаргах гэж байх үед дотроос нь хүчтэй зэмлэл, сахилгажуулалтаар тэгж хийх нь буруу, ингэж хийх нь зөв гэдгийг анхааруулж хэлж өгөх явдал юм. Хэрвээ жирийн хүмүүсийн туулж чадахгүй, хийж чадахгүй эдгээр зүйлийн аль нэг нь чуулганд, Бурханы гэрт, Бурханыг дагадаг хэн нэгэнд тохиолдвол энэ нь Бурхан төгс хүчит гэдгийг батлахад хангалттай байх болно. Хэрвээ ийм зүйл тохиолдохгүй, эсвэл маш ховор тохиолддог бол, тохиолдсон ч гэсэн энэ нь ердөө л дам яриа учраас бодит байдал, үнэмшилтэй байдал нь ихээхэн сулардаг бол Бурханы төгс хүчин бодит баримт мөн үү, биш үү? Бурханд төгс хүчний мөн чанар байдаг уу, үгүй юу? Антихристүүд зүрх сэтгэлдээ эдгээр санааны ард асуултын тэмдэг тавьдаг.

Бурхан ажиллаж, үг хэлж, хүнийг аварч байх зуур антихристүүд эдгээр тэмдэг, гайхамшиг, ер бусын хүч чадлыг үүрд эрэлхийлж байдаг. Тэд бодит байдал юм уу баримттай нийцдэггүй зүйлсийг эрэлхийлдэг. Тэдний эрэлхийлдэг эдгээр зүйл нь хүнийг аврах Бурханы ажил, үнэн, эсвэл хүний зан чанарын өөрчлөлттэй ямар ч хамаагүй. Гэсэн ч тэд эдгээрийг эрэлхийлэхээр улайран зүтгэдэг. Тэд Бурханы төгс хүчний талаар туйлын сониуч байдаг. Тэд залбирахдаа Бурханаас дандаа ингэж гуйдаг: “Өө, бурхан минь, чи төгс хүчээ надад харуулахгүй юу? Өө, бурхан минь, чи төгс хүчит биш гэж үү? Хэрвээ тийм бол энэ асуудлыг минь шийдэж өгөхийг чамаас гуйя. Бурхан минь, хэрвээ чи төгс хүчит, бүхнийг чадагч, хаа сайгүй оршин байдаг юм бол надад туслаач гэж чамаас гуйж байна, учир нь одоо надад сорилт тулгараад байна. Бурхан минь, хэрвээ чи төгс хүчит юм бол биеийн минь өвчин эмгэгийг арилгаж, тулгараад байгаа нөхцөл байдлыг минь холдуулж, аюулыг зайлуулахад минь туслаач гэж чамаас гуйя. Бурхан минь, хэрвээ чи төгс хүчит юм бол үүргээ гүйцэтгэх үед минь намайг ганцхан шөнийн дотор ухаантай, сэргэлэн, чадварлаг, гоц авьяастай болгож өгөөч гэж чамаас гуйя, ингэснээр би мэргэжлийн ур чадварыг суралцахгүйгээр эзэмшиж, мэргэжилтэн болж, бусдаас ялгарч чадна шүү дээ. Өө, бурхан минь, хэрвээ чи төгс хүчит юм бол чамд итгэх итгэлийг минь гүтгэж, шоолдог хүмүүсийг шийтгэж, цээрлүүлээч гэж чамаас гуйя. Тэдний нүдийг сохолж, чихийг нь дүлийрүүлж, толгой дээр нь яр шарх гаргаж, хөлийнх нь улнаас идээ бээр гоожуулаач. Тэднийг нохой шиг үхүүлээч. Бурхан минь, хэрвээ чи төгс хүчит юм бол төгс хүчээ надад харуулаач гэж чамаас гуйя.” Бурхан маш их үг хэлж, маш их ажил хийсэн боловч антихристүүд үүнийг хардаггүй, хэрэгсдэггүй; тэд Бурханы үгийг хэзээ ч зүрх сэтгэлдээ хүлээж авдаггүй, Түүний ажлыг болон хүнийг аврах чухал ажлынх нь алхам бүрийг ч зүрх сэтгэлдээ хүлээж авдаггүй, нухацтай ч авч үздэггүй. Харин ч тэд Бурханы оршин тогтнолыг баталж, Түүнийг төгс хүчит гэдгийг батлахын тулд тэмдэг, гайхамшиг үзүүлэхийг, ажлынхаа дундуур гайхамшиг үйлдэхийг Бурханаас шаардаж, нүдийг нь нээж, сониуч занг нь дарах онцгой зүйл хийхийг улайран шаарддаг. Бүр инээдтэй нь, антихристүүд залбирахдаа Бурханаас бүр ингэж гуйдаг: “Өө, бурхан минь, би чамайг харж чадахгүй байгаа болохоор миний итгэл өчүүхэн байна. Зүүдэнд минь ч хамаагүй жинхэнэ дүр төрхөө надад харуулаач—төгс хүчээ надад харуулаач гэж би чамаас гуйя, тэгвэл би чамд итгэж, чиний оршин тогтнолд эргэлзээгүй итгэж чадна. Хэрвээ чи тэгэхгүй бол, чамд итгэх итгэлдээ би үргэлж эргэлзэх болно.” Тэд Бурханы ажил, үгэн дундаас Түүний оршин тогтнолыг олж харж, мөн чанар, зан чанарыг нь мэдэж чаддаггүй атлаа өөрсдийг нь хүчирхэгжүүлж, итгэлийг нь бат бэх болгохын тулд хүний төсөөлшгүй нэмэлт зүйлсийг Бурханаар хийлгэх гэдэг. Бурхан маш их үг хэлж, маш их ажил хийсэн боловч Түүний үг хэчнээн бодитой байсан ч, Түүний хэлдэг үнэн хүмүүсийг хэчнээн босгон байгуулдаг байсан ч, тэдгээрийг ойлгох хэрэгцээ хэчнээн яаралтай байсан ч антихристүүд сонирхдоггүй бөгөөд зүрх сэтгэлдээ хүлээж авдаггүй. Үнэндээ, Бурхан хэдий чинээ их ярьж, хэдий чинээ тодорхой ажил хийнэ, тэд төдий чинээ зэвүүцэж, уцаарлаж, эсэргүүцдэг. Түүгээр ч барахгүй, Бурханыг яллах, доромжлох явдал хүртэл тэдний дотор бий болж; тэд Түүний эсрэг ингэж хашхичих болно: “Чиний төгс хүчин эдгээр үгэнд байна уу? Чиний хийдэг юм чинь ердөө л үг илэрхийлэх юм уу? Хэрвээ чи үг хэлээгүй бол, чи төгс хүчит биш байх байсан хэрэг үү? Хэрвээ чи төгс хүчит юм бол битгий ярь. Биднийг амь олж авч, зан чанарын өөрчлөлтөд хүрдэг болгохын тулд яриа, эсвэл үнэний талаар нөхөрлөх, үнэнээр хүнийг хангах аргыг битгий ашигла. Хэрвээ чи бид бүгдийг ганцхан шөнийн дотор тэнгэрэлч, өөрийнхөө элч болгочихвол—тэр чинь л төгс хүчин байх болно!” Бурхан үгээ хэлж, ажлаа хийхийн хэрээр антихристүүдийн уг чанар огт нуун дарагдахгүйгээр бага багаар илчлэгдэж, ил болдог бөгөөд үнэнд дургүйцэж, эсэргүүцдэг мөн чанар нь ч бас бүрэн ил тод болдог. Бурханы ялгамж чанар, мөн чанарыг басамжилдаг антихристүүдийн зан чанар, мөн чанар нь бас цаг хугацаа өнгөрч, Бурханы ажил тасралтгүй урагшлахын хэрээр бага багаар ил болж, илчлэгддэг. Антихристүүд тодорхойгүй зүйлсийг эрэлхийлдэг; тэд тэмдэг, гайхамшиг харахаар эрэлхийлдэг бөгөөд бодит байдалд нийцдэггүй энэхүү амбиц, хүсэлдээ захирагдсанаар үнэнд дургүйцэж, үзэн яддаг уг чанар нь ил гардаг. Харин эсрэгээрээ, бодит байдал болон үнэнийг үнэхээр эрэлхийлдэг, эерэг зүйлд итгэж, түүнийг хайрладаг хүмүүс Бурханы ажил, үгийн явцаас Түүний төгс хүчнийг хардаг бөгөөд энэ хүмүүсийн харж, олж авч, мэдэж чадах зүйлс нь яг л антихристүүдийн хэзээ ч мэдэж, олж авч чадахгүй тэр зүйлс юм. Хэрвээ хүмүүс Бурханаас амийг олж авах бол тэмдэг, гайхамшиг байх хэрэгтэй гэж антихристүүд итгэдэг; тэмдэг, гайхамшиггүйгээр зөвхөн Бурханы үгээс амь болон үнэнийг олж авч, улмаар зан чанарын өөрчлөлтөд хүрч, аврал хүртэнэ гэдэг боломжгүй зүйл гэж тэд итгэдэг. Антихристийн хувьд энэ нь үүрд боломжгүй зүйл бөгөөд ямар ч үндэслэлгүй юм. Тийм ч учраас тэд Бурханыг тэмдэг, гайхамшгийг харуулж, өөрсдөд нь зориулж гайхамшиг үйлдэнэ хэмээн найдаж цуцашгүйгээр хүлээж, залбирдаг бөгөөд хэрвээ Бурхан тэгэхгүй бол Түүний төгс хүчин оршин байдаггүй гэсэн үг. Үүний цаадах далд утга нь, хэрвээ Бурханы төгс хүчин оршин байдаггүй бол Бурхан гарцаагүй оршин байдаггүй гэсэн үг юм. Энэ бол антихристүүдийн логик юм. Тэд Бурханы зөвт байдлыг яллаж, Түүний төгс хүчнийг ч бас ялладаг.

Бурхан хүмүүсийг аварч байхад антихристүүд Түүний үг, янз бүрийн шаардлага болон санаа зорилгыг огтхон ч сонирхдоггүй. Тэд эдгээр зүйлийг эсэргүүцэж, зүрх сэтгэлийнхээ угаас дургүйцдэг. Тэдний сонирхдог зүйл бол бүх эерэг зүйлийн бодит байдал биш, үнэнийг эрэлхийлж, Бурханы зохион байгуулалтыг дуулгавартай дагасны үр дүнд хүний хүртэж чадах аврагдах, төгс болгуулах явдал ч бас биш юм. Тэгвэл тэд юуг сонирхдог вэ? Тэд бурхан өөрсдөд нь харуулахын тулд тэмдэг, гайхамшгийг үзүүлж, гайхамшиг үйлдэж, ингэснээрээ нүдийг нь нээж, тэднийг гайхалтай хүмүүс, супер хүмүүс, онцгой хүч чадалтай хүмүүс, ер бусын хүмүүс болгон хувиргахыг л сонирхдог. Тэд бурханы төгс хүчээр дамжуулан жирийн хүмүүс, эгэл хүмүүс, завхарсан хүмүүс гэх мэт нэршил, ялгамж чанар, байр сууриас салахыг хүсдэг. Тиймээс, Бурханы ажлын дундуур өөрсдөд нь ямар ч үзэл, асуудал байсан, тэдгээрийг шийдвэрлэхийн тулд тэд үнэнийг эрж хайдаггүй. Тэд үнэнийг ойлгож, зан чанарын өөрчлөлтөд хүрч чаддаггүйгээр үл барам, Бурханы хийдэг бүхэн үзэлтэй нь нийцдэггүйгээс болоод Түүнийг бас шүүж, яллаж, эсэргүүцэх болно. Антихристүүдийн нүдээр бол, Бурханы хийдэг бүх бодит ажил нь тэдний хүлээн зөвшөөрдөггүй, ялладаг зүйл юм. Эцэст нь, эдгээр үзэл болон Бурханы талаарх эдгээр тодорхойлолт нь тэднийг Бурханы мөн чанар оршин байдгийг зүрх сэтгэлдээ бүрмөсөн үгүйсгэхэд, цаашлаад Бурханы мөн чанар оршин байдгийг бүр ч ихээр яллаж, гутааж, доромжлоход хүргэдэг. Яагаад гэвэл, тэдний Бурханд итгэх итгэл нь бурхан төгс хүчит, бурхан тэдний гомдлыг тайлж, өшөөг нь авч өгнө, тэдний өмнөөс үзэн яддаг, дорд үздэг бүх хүнийг нь ялан дийлнэ—бурхан тэдний хүсэл, амбицыг хангана гэх суурин дээр тогтдог. Энэ бол тэдний Бурханд итгэх итгэлийн суурь юм. Гэвч өнөөдрийг хүртэл яваад, энэ ёрын муу хүмүүс тийм бурхан оршин байдаггүйг, мөн Бурхан тэдний төлөө юу ч хийх боломжгүйг одоо харж байна. Тэдний өнцгөөс харвал, энэ нь тэдний хувьд нэлээд таагүй нөхцөл байдал бөгөөд аймшигтай хэрэг юм. Тиймээс, олон зүйлийг туулсныхаа дараа Бурханы талаарх тэдний эргэлзээ, тээнэгэлзэл улам бүр хүчтэй болж, эцэст нь тэд Бурханыг болон Бурханы гэрийг орхиж, ертөнцийг эрэлхийлж, ёрын муу чиг хандлагыг дагаж, өөрсдийгөө Сатаны тэвэрт чулуудахаар шийддэг. Энэ хүмүүсийн хувьд юм ингэж л төгсдөг. Бурханы зөвт зан чанар болон Түүний төгс хүчинд ханддаг антихристүүдийн хандлагаас дүгнэвэл, антихристүүд үнэхээр үл итгэгчид юм. Тэдэнд Бурханд итгэх өчүүхэн төдий ч итгэл байдаггүй, Бурханы хийдэг зүйлийг өчүүхэн төдий ч дуулгавартай дагах юм уу хүлээн авдаггүй. Эерэг зүйлс болон үнэний тухайд бол тэд зэвүүцэж, эсэргүүцдэг. Тийм ч учраас, яаж ч харсан антихристүүдийн үл итгэгч мөн чанар үнэхээр байдаг. Энэ нь бусад хүн тэдэнд тулгасан зүйл биш, ялихгүй зүйлийг сүр болгож байгаа хэрэг ч биш—тэдний энэ мөн чанарыг ямар нэг зүйл тохиолдох үед тэдний харуулдаг бүх үзэл бодол, хандлагад үндэслэн тодорхойлдог.

Антихристүүд Бурханд олон жил итгэдэг боловч Бурхан хүний хувь заяаг захирдаг гэх баримтыг харж чаддаггүй. Тэд тэрхүү баримтыг ойлгож чаддаггүй. Нүднийх нь өмнө дэлгээтэй байхад тэд баримтыг ойлгож чаддаггүй—энэ чинь харалган байдал биш гэж үү? Бурханы зөвт зан чанар болон Түүний төгс хүчин нь чуулганы ажилд, Бурханы сонгосон хүмүүст, мөн тохиолддог бүхий л төрлийн зүйлд байнга харагддаг. Тэр эдгээр зүйлийг хүмүүст хаа сайгүй харуулдаг—гэвч антихристүүд харалган учраас тэдгээрийг харж чаддаггүй. Антихристүүд Бурханыг олон жил дагах үедээ: “Би бурханд олон жил итгэлээ, тэгээд юу олж авсан юм бэ?” гэх алдартай үгээ хэлнэ. Тэд үнэхээр юу ч олж аваагүй бололтой. Бурхан хүний төлөө амиа зориулсан боловч антихристүүд юу ч олж аваагүй. Энэ хөөрхийлөлтэй биш гэж үү? Үнэхээр хөөрхийлөлтэй! Антихристүүдийн тэрхүү үг асуудлыг маш сайн харуулдаг. Бурханы үгийг сонсож, Түүний ажлыг туулдаг, Түүний үгийг амиа болгон хүлээн авдаг хүн бүр ингэж хэлнэ: “Бид Бурханд олон жил итгэж, Түүнээс маш их зүйлийг олж авсан. Бид зөвхөн нигүүлсэл, ерөөл, Түүний хамгаалалт, Түүний өршөөлийг олж авсан төдийгүй—илүү чухал нь Бурханаас маш олон үнэнийг ойлгож, олж авсан. Бид хүний төрхтэйгөөр, нэр төртэй амьдардаг. Бид биеэ хэрхэн зөв авч явахаа мэддэг. Бид Бурханд маш их өртэй. Түүний төлдөг төлөөс, бидний төлөө хийдэг зүйлтэй нь харьцуулахад бидний өчүүхэн бэрхшээлийг дурдахын ч хэрэггүй. Хүн Бурханы хайрыг хариулах ёстой.” Харин антихристүүд бол яг эсрэгээрээ байдаг. Тэд: “Сүүлийн хэдэн жил бурхан ажиллаж байгаа байтал би яагаад юу ч олж аваагүй юм бэ? Та нар бүгд л тэрийг ч, энийг ч олж авсан, тийм ч, ийм ч туршлагатай болсон гэж ярьдаг—гэхдээ тэр туршлагууд чинь гэдсийг чинь цатгах юм уу? Тэр туршлагууд ямар үнэ цэнтэй юм бэ? Ерөөл, нигүүлсэл, тэмдэг, гайхамшгийг харахтай харьцуулахад тэдгээр нь дурдахын ч хэрэггүй зүйл биш гэж үү? Тийм ч учраас би бурханд олон жил итгэхдээ юу ч олж аваагүй юм шиг санагддаг. Миний амссан зовлон, бурханы төлөө хаяж, зарлагадсан зүйлтэй харьцуулахад миний олж авсан зүйлс огтхон ч үнэ цэнгүй байсан! Үнэн гэдэг чинь хэдэн үг хэллэг, онолоос өөр юу юм бэ? Хэдэн хоосон сургаалаас өөр юу юм бэ? Би эдгээр үг, эдгээр үнэнийг сонссон ч надад ямар нэгэн асар том өөрчлөлт гарсан гэж огт санагдахгүй байна! Юуны өмнө, юм бодох үед миний толгой тийм ч сэргэлэн биш байна. Түүгээр ч барахгүй, би хөгширч байна, эрүүл мэнд минь ч урьдынхаасаа дээрдэхгүй байна. Үс минь бууралтаж, нүүрэнд минь илүү олон үрчлээ суусан—бүр хэдэн шүд минь унасан, оронд нь шинэ шүд ургаагүй. Аврагдсан хүмүүс шинэхэн, цовоо сэргэлэн хүүхдүүд шиг байдаг гэж бурхан хэлдэг, гэтэл би энд хөгшин хүний царайтай, хөгширч яс арьс болсон байж байна. Би хүүхэд болон хувираагүй. Бурханы үгээр бол буурал үстэй хөгшид тас хар үстэй залуус болон хувирч чадна. Би яагаад өөрчлөгдөөгүй юм бэ? Хүмүүсийг бүрэн өөрчилнө гэж бурхан хэлдэг ч энэ нь надад тохиолдоогүй; би шинэ хүн болоогүй. Би хэвээрээ л байна, надад ямар нэгэн зүйл тохиолдох үед би өөрөө л тэдгээрийг хэрхэн зохицуулахаа бодож олох хэрэгтэй болдог. Махан биеийн минь бэрхшээлүүд ч бас нэмэгдэж байна—би байнга сул дорой, сөрөг байдаг. Түүгээр ч барахгүй, сүүлийн хоёр жилд ой санамж минь муудсан. Би бурханы үгийг маш их уншдаг ч тэр миний ой санамжийг сайжруулаагүй. Биеийг нь хөгшрүүлдэггүй жаахан онцгой чадварыг бурхан хүмүүст өгч чадахгүй юм уу? Яг одоо хамгийн том асуудал бол хүмүүс бүрэн өөрчлөгдөх явдал гэж надад санагдаж байна; үнэн тэр асуудлыг шийдэж чадахгүй юм шиг байна. Хэрвээ бурхан хэн нэгнийг үнэхээр гэрэлтсэн тэнгэрэлчийн дүр төрхтэй шинэ хүн болгон хувиргаж чадах ямар нэг зүйл хэлдэг байсан бол, тэр хүн нь биегүй болж чаддаг, хана нэвтлэн гарч чаддаг, хавчлага, аюултай тулгарах үедээ тарни уншаад алга болж чаддаг, хэзээ ч баригддаггүй байсан бол—бурханы үгийг байнга уншсанаар хүмүүсийн үс бууралтдаггүй, нүүрэнд нь үрчлээ суудаггүй, унасан шүднийх нь оронд шинэ шүд ургадаг байсан бол—тэгвэл гайхалтай байх сан! Бүрэн өөрчлөгдөнө гэж тэрийг л хэлнэ! Хэрвээ бурхан эдгээр зүйлийг хийдэг байсан бол би түүнийг бурхан гэдэгт ямар ч эргэлзээгүйгээр итгэх байсан. Хэрвээ тэр үргэлжлүүлэн ярьж, үнэнийг номлоод байвал миний итгэл удахгүй мохно; удахгүй би итгэж чадахаа больж, магадгүй үүргээ ч гүйцэтгэж чадахгүй болно. Би тэгэхийг хүсэхгүй.” Антихристүүд Бурханыг дагах хугацаанд тэдний зүрх сэтгэлд Бурханаас шаардах тийм, ийм шаардлага байнга гарч ирдэг бөгөөд тэдний үзэл дотор бүхий л төрлийн эргэлзээ, хатуу шаардлага байнга бий болж, орчин нөхцөл болон хувийн хүсэлдээ автан тэдэнд элдэв янзын хачин бодол төрдөг. Гэхдээ ганц л зүйл бий: Тэд Бурханы хэлдэг үгийг ойлгож чаддаггүй, Бурхан хүнийг аврахын тулд ажилладаг гэдэг баримтыг харж чаддаггүй, Бурханы хийдэг бүхэн хүнийг аврахын төлөө байдаг, энэ бүхэн нь хүнийг зан чанарын өөрчлөлтөд хүргэхийн төлөө байдаг гэдгийг тэд бүр ч ойлгож чаддаггүй. Тиймээс тэд итгэх тусмаа урам зоригоо алддаг; итгэх тусмаа зүрх сэтгэлд нь сөрөг байдал, сэтгэлээр унах мэдрэмж төрж, тэдэнд ухрах, бууж өгөх мэдрэмж, бодол төрдөг. Бурханы мөн чанарын хувьд гэвэл, тэд үүнд итгэх, хүлээн зөвшөөрөх, эсвэл хүлээж авах нь байтугай—итгэх тусмаа тэд энэ асуудалд санаа тавихаас ч төвөгшөөдөг. Тийм ч учраас, нөхөрлөлийн үеэр ямар нэг зүйл бол Бурханы зөвт байдал, Түүний төгс хүчин, дээд эрх юм, хүмүүс үүнийг дуулгавартай дагаж, үүнийг мэдэх ёстой гэж чамайг хэлэх үед антихристүүд гаднаа ганц ч үг ган хийхгүй—ямар ч үзэл бодол илэрхийлэхгүй. Гэвч дотроо зэвүүцэх сэтгэл төрдөг: Тэд сонсохыг хүсэхгүй; тэд сонсох дургүй байх болно; зарим нь зүгээр л босоод явчихдаг. Хүн бүр номлол сонсож байх үед, бусад нь Бурханы үгийг нөхөрлөж байх үед, ах эгч нар туршлагын гэрчлэлээ асар их урам зоригтойгоор нөхөрлөж байх үед—антихристүүд юу хийж байдаг вэ? Цай ууж, сэтгүүл уншиж, утсаараа тоглож, дэмий хов жив ярьдаг. Тэгээд эдгээр чимээгүй үйлдлээрээ эсэргүүцэж, тэрсэлснээрээ тэд Бурханы хийдэг бүхэн хэрэггүй зүйл гэдгийг зан авираараа батлахыг оролддог: “Та нар зүгээр л аливааг зөвтгөх гэж оролдон, өөрсдийгөө хуурч байна—бурхан болон үнэн гэж ерөөсөө байдаггүй, бурхан хүн төрөлхтнийг аварна гэдэг ердөө л боломжгүй зүйл!” Тэдний нүдээр бол, үнэнд итгэдэг, Бурханыг дуулгавартай дагадаг, Бурхан хүн төрөлхтнийг аварч чадна гэх баримтад итгэдэг бүх хүн тэнэгүүд юм—тэд бүгд тархигүй, бүгд мэхлэгдсэн. Хүний хувь заяа өөрийнх нь гарт байдаг, хүн өөрийнхөө хувь заяаг бусдаар зохион байгуулуулж болохгүй, хүмүүс бол хүүхэлдэй биш, харин оюун ухаантай, асуудлыг бие даан бодох чадвартай гэж тэд итгэдэг—хэрвээ хэн нэгэн өөрийнхөө хувь заяаг ч гартаа авч чадахгүй бол хог шаар, дорд хүн юм. Тиймээс, юу ч болж байсан, тэд хувь заяагаа Бурханд даатгаж, Түүгээр хянуулахыг хүсдэггүй. Энэ бол Бурханы хийдэг бүхэнд ханддаг антихристүүдийн хандлага юм. Тэд эхнээсээ дуустал Сатаны зарц нарын дүрд тоглодог үзэгчид болон үл итгэгчид хэвээр үлддэг. Тэд бол бэлэнчлэгчид, төвөг удагчид—тэд бол сэмхэн шургалсан мууг үйлдэгчид юм.

В. Бурханы ариун байдал, цор ганц байдлыг басамжлах

Антихристүүд Бурханы зан чанар-мөн чанар дахь зөвт байдал болон төгс хүчинд өчүүхэн төдий ч итгэдэггүй, хүлээн зөвшөөрдөггүй, тэдгээрийг бүр мэддэг ч үгүй. Тэдний хувьд Бурханы ариун байдал, цор ганц байдалд итгэж, хүлээн зөвшөөрч, мэдэх нь мэдээж бүр ч хэцүү. Тиймээс Бурхан хүмүүсийг үнэнч шударга хүн, байр сууриа сахиж чаддаг, энгийн даруухан бүтээгдсэн зүйлс байлгана гэж дурдах үед антихристүүдэд элдэв бодол төрж, хандлага, мэдрэмж бий болдог. Тэд: “Бурхан өндөр дээд биш гэж үү? Тэр хамгийн дээд нь биш гэж үү? Хэрвээ тийм бол хүнд тавьдаг түүний шаардлага агуу, өндөр дээд байх ёстой. Би бурхныг маш нууцлаг гэж бодсон; түүнийг хүнд ийм ялихгүй шаардлага тавина гэж би бодоогүй. Эдгээрийг үнэн гэж үзэж болох уу? Тэдгээр нь хэтэрхий энгийн! Бурхны шаардлага өндөр байх нь зөв: Хүн супер хүн, агуу хүн, чадвартай хүн байх ёстой—энэ л бурхны хүнээс шаардах ёстой зүйл. Тэр хүнийг үнэнч шударга хүн байлгана гэдэг үнэхээр бурхны ажил мөн үү? Энэ хуурамч биш гэж үү?” гэж хэлдэг. Зүрх сэтгэлийнхээ гүнд антихристүүд үнэнийг эсэргүүцээд зогсохгүй, ингэхдээ тэдэнд Бурханыг доромжлох бодол ч бас төрдөг. Энэ нь тэд үнэнийг басамжилж байгаа хэрэг биш гэж үү? Тэд Бурханы шаардлагыг үл тоомсорлож, басамжлах хандлагаар дүүрэн байдаг; Бурханы шаардлагыг зэвүүцэж, үл тоож, ёжилж, тохуурхсан хандлагаар тодорхойлж, ханддаг. Антихристүүд зан чанар-мөн чанарын хувьд олиггүй гэдэг нь илэрхий байна; тэд үнэн, сайхан, бодит зүйлс юм уу үгийг хүлээн авч чаддаггүй. Бурханы мөн чанар нь үнэн бөгөөд бодит, мөн хүмүүст тавьдаг Түүний шаардлага хүмүүст хэрэгтэй зүйлтэй нийцдэг. Антихристүүдийн хөнддөг “агуу, өндөр дээд” гэдэг нь юу вэ? Энэ нь хуурамч, сүржин, хоосон зүйл; энэ нь хүмүүсийг завхруулж, төөрөлдүүлдэг; хүмүүсийг унагааж, Бурханаас холдуулдаг. Нөгөөтээгүүр, Бурханы илэрхийлдэг үнэн болон Түүний амь итгэмжит, хайр татам, бодит байдаг. Хүн Бурханы үгийг хэсэг хугацаанд туулмагцаа ганцхан Бурханы амь л хамгийн хайр татам гэдгийг, гагцхүү Түүний үг л хүмүүсийг өөрчилж, тэдний амь болж чадна, мөн хүмүүст хэрэгтэй зүйл мөн гэдгийг олж мэдэх болно—харин Сатан болон антихристүүдийн дэвшүүлсэн тэрхүү агуу, өндөр дээд үзэл бодол, үг хэллэг нь хүнд тавьдаг Бурханы шаардлагын үнэн, бодит байдлын яг эсрэгээр байдаг. Тиймээс иймэрхүү төрлийн мөн чанараасаа үүдэн антихристүүд Бурханы ариун байдал, цор ганц байдлыг огтхон ч хүлээн авч чаддаггүй. Тэдгээр зүйлийг тэд яагаад ч хүлээн зөвшөөрөхгүй. Бурханы ил болгосон хүмүүсийн завхарсан зан чанар, завхарсан мөн чанарын янз бүрийн талууд—тэдний гөжүүд, биеэ тоосон байдал, ов мэхтэй, хорон муу, үнэнд зэвүүцдэг болон харгис хэрцгий зан чанарын тухайд бол антихристүүд эдгээрийг огт хүлээн авдаггүй. Бурхан хүмүүсийг шүүж, хатуу зэмлэдгийн тухайд антихристүүд эдгээрээс Бурханы ариун байдал, хайр татам байдлыг мэдэж авч чаддаггүйгээр үл барам, харин ч эсрэгээрээ Бурханы хэлдэг тэдгээр үгэнд зүрх сэтгэлдээ зэвүүцэж, тэдгээрийг эсэргүүцдэг. Хүний завхарсан зан чанарыг гэсгээж, шүүж, ил болгодог Бурханы үгийг унших бүрдээ тэд үзэн ядаж, хараал хэлэхийг хүсдэг. Хэрвээ хэн нэгэн тэднийг биеэ тоосон, гөжүүд, үнэнд зэвүүцдэг хорон муу хүн гэж хэлбэл тэд тэр хүнтэй маргалдаж, өвөг дээдсийг нь хараана; хэрвээ хэн нэгэн тэдний завхарсан мөн чанарыг ил болгож, тэднийг яллавал тэр хүн өөрсдийг нь алах гэж байгаа мэт—тэд яавч хүлээн авахгүй. Антихристүүд ийм мөн чанартай, ийм зүйл харуулдаг учраас л өөрсдөө ч мэдэлгүй танигдаж, өөрийн эрхгүй Бурханы гэр болон чуулганд тусгаарлагдаж, илчлэгддэг. Тэдний амбиц, хүсэл ихэнхдээ биелдэггүй, тиймээс Бурханы хэлдэг үг, Түүний оршин тогтнол болон “Бурханы гэрт үнэн ноёрхдог” гэх үгэнд хандах тэдний үзэн ядалт улам нэмэгддэг. Хэрвээ чи тэдэнд тэр үгийг хэлбэл тэд чамтай үхтлээ тулалдаж, чамайг үхтэл чинь тарчлаахыг хүснэ. Энэ нь дангаараа, антихристүүд Бурханд дайсагнадаг гэдгийг харуулж байгаа биш үү? Үнэхээр тийм! Хэрвээ хэн нэгэн: “Бурхан бол цор ганц; хүн Түүнээс өөр ямар ч хүнийг, эсвэл ямар ч шүтээнийг шүтэж болохгүй” гэж хэлбэл антихрист үүнийг сонсохыг хүсэх үү? (Үгүй.) Яагаад үгүй гэж? Эдгээр үг тэднийг ялладаг биш гэж үү? Тэдний бурхан байх эрхийг нь хасаж байгаа биш үү? Тэд бурхан байх эрхгүй болж, тэр найдвар нь бөхвөл баярлах уу? (Үгүй.) Тийм ч учраас хэрвээ чи тэднийг ил болгож, нэр хүнд, байр суурийг нь сүйтгэж, хэн ч тэднийг шүтэхгүй болгож, хүмүүсийг өөртөө татаж чадахгүй, байр суурьгүй болгож орхивол тэд хорлонтой, чөтгөрийн савраа чам руу далайж, чамайг тарчлаана. Чуулганд ямар нэг зүйл тохиолдож, хэн нэгэн үүнийг Дээрхэд мэдээлэх гэвэл, чуулганы удирдагч нь антихрист байвал мэдээлэхийг нь зөвшөөрөх үү? Тэд түүнийг давж гарч чадахгүй. Тэр: “Хэрвээ чи тэрийг мэдээлбэл үр дагавар нь чиний толгой дээр бууна шүү! Хэрвээ Дээрх биднийг засаж, манай чуулганы хүмүүсийг зайлуулбал би чамайг харамсахад хүргэнэ—бүх хүнийг чамайг орхиход хүргэнэ. Тэгээд чи зайлуулагдах ямар байдгийг мэдэрнэ дээ!” гэж хэлнэ. Энэ нь мэдээлэх гэж байсан хүнийг айлгаж, сүрдүүлж байгаа хэрэг биш гэж үү? Тэрхүү антихрист: “Бурхан цор ганц, тийм биз дээ? За яах вэ; би ч бас цор ганц байх болно. Манай чуулганд миний хэлсэн зүйл л хууль. Чи юу ч хийхийг хүссэн надаар дамжих ёстой—тэгээд чи намайг давж гарахгүй. Чи намайг давж гарахыг хүсэж байна уу? Чи намайг үхсэний дараа л тэгнэ дээ! Би чуулгандаа ноёрхдог; энд миний хэлсэн зүйл л хууль. Би бол үнэн—би бол цор ганц!” гэдэг. Энэ нь диавол өөрийгөө харуулж байгаа хэрэг биш үү? Тийм ээ—түүний диаволын дүр төрх ил болж, тэр диаволын үгээ хэллээ.

Антихристүүд Бурханы мөн чанарт хэрхэн ханддагийн тухайд бол, тэд үл итгэж, эргэлзэж байснаа, байдлыг харзнаж, шалгаж, эцэст нь шүүж, Бурханыг доромжлоход хүрдэг. Энэ нь тэднийг алхам алхмаар намаг балчиг, ёроолгүй ангал руу хөтөлдөг, мөн Бурханыг эсэргүүцэж, Түүний дайсан болох, Түүнтэй бүрмөсөн зөрчилдөж, эцсээ хүртэл Түүнийг чангаар эсэргүүцэх зам руу хөтөлдөг бөгөөд тэндээс буцах зам үгүй. Тэд Бурханы мөн чанар оршин байдаг гэдгийг зүгээр нэг хүлээн зөвшөөрдөггүйгээр үл барам, харин ч Бурханы мөн чанарын тал бүрийн тухай элдэв үзэл, төсөөлөлтэй болж, үүгээрээ эргэн тойрныхоо хүмүүсийг болон харилцаж буй хүмүүсээ төөрөлдүүлдэг. Тэдний зорилго бол илүү олон хүнийг өөрсөдтэйгөө адилхан болгож, Бурханы оршин тогтнол болон Бурханы мөн чанарын оршин тогтнолд эргэлзүүлэх явдал юм. Тэд үхэхдээ хүртэл бусдыг өөрсөдтэйгөө хамт чирч унагана. Тэд ганцаараа муу зүйл хийгээд ханадаггүй—харин өөртэй нь ханьсах, өөртэй нь хамт муу зүйл хийх, өөртэй нь хамт Бурханыг эсэргүүцэж, Түүний гэрийн ажлыг үймүүлэх, өөртэй нь хамт Бурханд эргэлзэж, Түүнийг үгүйсгэх өөр хүмүүсийг олохыг хүсдэг. Антихристүүд Бурханы мөн чанарын тал бүрийн талаарх үзэл, төсөөллөөр дүүрэн байдаг. Тэд Бурханы хийдэг бүхнээс Түүний мөн чанарыг танин мэдэж чаддаггүйгээр үл барам, Бурханы мөн чанарыг задлан шинжилж, судалж, шалгаж, шүүдэг бөгөөд тэр ч байтугай Бурхантай нууцаар тэмцэлдэж, “Чи цор ганц биш гэж үү? Чи хүн төрөлхтний хувь заяаг захирдаг бурхан биш гэж үү? Чамд итгэдэг хүмүүст ийм зүйл тохиолдохыг чи яаж зөвшөөрч чадаж байна аа? Хэрвээ чи цор ганц бурхан мөн юм бол, чиний ажлын талбарт аль нэг дайсны хүч нэвтрэхийг чи огтхон ч зөвшөөрөх ёсгүй” гэж хэлдэг. Энэ ямар гээч яриа вэ? Чуулганд ямар нэгэн зүйл тохиолдох бүрд антихристүүд хамгийн түрүүнд босож, хорлон сүйтгэх, сөрөг, шүүмжилсэн үг хэлдэг. Тэд хамгийн түрүүнд босож, Бурхантай маргалдаж, Түүнтэй сөргөлдөж, Түүнийг тэгэх ёстой, ингэх ёстой хэмээн шаардана. Ялангуяа Бурханы гэр бэрхшээл юм уу төвөгтэй асуудалтай тулгарах үед антихристүүд хөл нь газар хүрэхгүй баярладаг. Тэр үед л тэд хамгийн их баярлаж, хамгийн их сэтгэл хангалуун байдаг бөгөөд баярласандаа хамгийн өндөрт үсэрдэг. Тэд Бурханы гэрийн ашиг сонирхлыг хамгаалж чаддаггүйгээр үл барам, харин ч хөндлөнгөөс харж, ажиглаж, инээж, Бурханы гэрт бослого гарч, Түүний сонгосон бүх хүн баривчлагдан, тарж бутарч, Түүний гэрийн ажил цааш ахиж чадахгүй болохыг тэсэн ядан хүлээдэг. Тэр үед тэд Шинэ жилийн үдэш мэт л баярлах болно. Бурханы гэрт тохиолдсон ямар нэг зүйл шийдвэрлэгдэж, зохицуулагдах бүрд, ах эгч нар үүнээс сургамж авах үед антихристүүдэд “ял” оноогддог. Энэ нь бас антихристүүд хамгийн их сэтгэлээр унаж, гуниглаж, цөхрөнгөө бардаг үе юм. Тэд ах эгч нарын ажил үйлс сайн байхыг, эсвэл Бурханыг дагагчид итгэлтэй байж, Түүнийг дагахдаа итгэл дүүрэн байхыг харж тэвчдэггүй; Бурханы үгийн удирдамж дор ах эгч нарын зан чанар өөрчлөгдөж, үүргээ үнэнчээр гүйцэтгэн, ажил улам бүр сайжирч байгааг тэд харж тэвчдэггүй. Тэд чуулган цэцэглэн хөгжиж, Бурханы удирдлагын төлөвлөгөө аажим аажмаар сайн зүгт хөгжиж байгааг харж тэвчдэггүй—мөн хүмүүс үргэлж Бурханы үгийг номлож, Түүнийг гэрчилж, Түүний хайр татам байдал болон зөвт зан чанарыг магтахыг тэд бүр ч их үзэн яддаг. Үүнээс ч илүүтэйгээр, хүмүүст юу ч тохиолдсон Бурханыг эрж хайж, Түүнд залбирч, Түүний үгийг эрж хайн, Түүнийг дуулгавартай дагаж, Түүний зохион байгуулалтыг дагаж мөрдөж байгааг тэд жигшдэг. Антихристүүд Бурханы гэрээс хоол идэж, Бурханы үгийг таашааж, Түүний гэрийн бүх ашиг тусыг эдэлдэг хэр нь Бурханы гэрийг шоолж инээх боломж гараасай гэж байнга хүсэж байдаг. Тэд Бурханд итгэдэг бүх хүн тарж бутарч, Бурханы ажил цааш ахиж чадахгүй болохыг тэсэн ядан хүлээж байдаг. Тиймээс Бурханы гэрт ямар нэг зүйл тохиолдох үед үүнийг хамгаалж, асуудлыг шийдвэрлэх арга зам бодож олж, ах эгч нарыг хамаг чадлаараа хамгаалж, эсвэл тэдэнтэй нэгдэн асуудлыг хамтдаа зохицуулж, хамтдаа Бурханы өмнө ирж, Бурханы дээд эрхийг дуулгавартай дагахын оронд антихристүүд хөндлөнгөөс харж, инээж, олиггүй зөвлөгөө өгч, сүйтгэж, үймүүлнэ. Эгзэгтэй мөчид тэд Бурханы гэрийг хохироон байж гаднын хүмүүст тусламжийн гар сунган, улмаар Сатаны зарц нар мэт авирлаж, аливааг санаатайгаар үймүүлж, сүйтгэдэг. Ийм хүн Бурханы дайсан биш гэж үү? Хэдий чинээ эгзэгтэй мөч байна, тэдний диаволын төрх төдий чинээ тодорхой ил болдог; хэдий чинээ эгзэгтэй мөч байна, хэдий чинээ үйл явдал ихтэй байна, тэдний диаволын төрх төдий чинээ нарийн ширийн, бүрэн дүүрэн ил болдог; хэдий чинээ эгзэгтэй мөч байна, тэд Бурханы гэрийг хохироон байж гаднын хүмүүст төдий чинээ их тусалдаг. Тэд ямар гээч амьтад вэ? Ийм хүмүүс ах эгч нар мөн гэж үү? Тэд бол хорлон сүйтгэх, жигшүүртэй зүйл хийдэг хүмүүс; тэд бол Бурханы дайснууд; тэд бол диаволууд, Сатанууд; тэд бол ёрын муу хүмүүс, антихристүүд юм. Тэд ах эгч биш, бас аврагдах хүмүүс ч биш. Хэрвээ тэд үнэхээр ах эгч, Бурханы гэрийн хүмүүс байсан бол Бурханы гэрт ямар ч асуудал гарсан, ах эгч нартайгаа нэгэн сэтгэлээр нэгдэж, хамтдаа үүнтэй нүүр тулан, зохицуулах байсан. Тэд хөндлөнгийн ажиглагч байхгүй, харж, инээнэ гэж бүр ч үгүй. Зөвхөн антихристүүд шиг хүмүүс л хөндлөнгөөс харж, инээж, Бурханы гэрт муу зүйл тохиолдохыг тэсэн ядан хүлээнэ.

Антихристүүдийн мөн чанар юун дээр ч, ямар ч хэрэг явдал дээр ил болж магадгүй. Үүнийг тун нуухын аргагүй. Тэд юу ч хийж байсан, ямар ч асуудал байсан, тэдний харуулдаг бүх үзэл бодол, зан чанар нь хүнд ч, Бурханд ч жигшмээр байдаг. Тэд тохиолдсон янз бүрийн зүйл дээр сүйтгэж, саад болж, үймүүлж, хөндлөнгөөс харж инээгээд зогсохгүй—мөн Бурхантай байнга сөргөлдөж, Түүнийг сорьдог. Бурханыг сорино гэдэг нь ямар утгатай вэ? (Зүрх сэтгэлдээ тэд Бурханд итгэдэггүй бөгөөд Түүний бодлыг шалгаж, юу болохыг нь олж мэдэхийн тулд зарим нэг зүйл хэлж, эсвэл ямар нэгэн заль мэх хэрэглэдэг.) Ийм зүйл байнга гардгийг чи хардаг. Иовын хэрэг явдал дээр Сатан Бурханыг хэрхэн сорьсон бэ? (Сатан эхний удаад ярихдаа, хэрвээ Бурхан Иовын гэр бүл, эд хөрөнгийг цохивол тэр цаашид Бурханыг шүтэхгүй гэж хэлсэн; хоёр дахь удаад, хэрвээ Бурхан Иовын мах, ясыг цохивол тэр Бурханыг үгүйсгэнэ гэж хэлсэн. Сатан Иовд гамшиг тохиолдуулах замаар Бурханыг сорихыг хүссэн.) Энэ нь сорилт мөн үү? Энэ нь уг нэр томьёоны үнэн зөв тодорхойлолт мөн үү? (Үгүй.) Нарийн яривал, тэрхүү хэсгүүд нь буруутгалыг хэлж байгаа юм. Сатаны эдгээр зүйлийг хэлсэн санаа нь: “Иовыг төгс хүн гэж чи хэлээгүй гэж үү? Чиний түүнд өгсөн тэр бүх сайн сайхан зүйл байхад тэр чамайг шүтэхгүй байж яаж чадах юм бэ? Хэрвээ чи түүний тэр сайн сайхан зүйлсийг нь сүйтгэвэл, тэр чамайг шүтсээр байх болно гэж чи бодож байна уу?” гэсэн утгатай байв. Энэ бол буруутгал юм. Тэгвэл сорилт гэж ямархуу зүйл вэ? Сатан дээрэмчдээр Иовын эд хөрөнгийг дээрэмдүүлж, тонуулсан. Иовын хувьд энэ нь сорилт байсан. Энэ нь яагаад сорилт вэ? Ийм учраас: “Чи бурханд итгэдэггүй гэж үү? Намайг чиний эдгээр зүйлийг цохих үед чи түүнд итгэдэг хэвээр байхыг чинь харъя!” Харин Иов үүнийг хэрхэн ойлгосон бэ? Үүнийг Бурханаас ирсэн шалгалт гэж итгэсэн учраас тэр тэмцэж, эсэргүүцээгүй, юу ч хэлээгүй—тэр дуулгавартай дагаж, үүнийг Бурханаас хүлээн авсан. Эзэн Есүст тохиолдсон зүйлс ч бас бий: Сатан Эзэн Есүсээр чулууг хоол болгуулж, ертөнцийн бүх алдар суу, эд баялгийг Түүнд харуулан, өөртөө мөргүүлэхээр сөгдүүлсэн. Тэдгээр нь уруу таталт байсан. Тэгвэл антихристүүд Бурханыг сорихын тулд ямар зүйл хийдэг вэ? (Антихристүүдэд Бурханаас эмээх сэтгэл байдаггүй. Тэд ёрын муу гэдгийг нь мэдсээр байж ёрын мууг үйлддэг; Бурханы шийтгэл өөрсдөд нь ирэх эсэхийг харахын тулд тэд Түүнийг сорихыг хүсдэг. Тэд Бурханы зөвт зан чанарт итгэдэггүй учраас ёрын мууг үйлдэх үедээ мөс чанарын ухамсаргүй байдаг.) Энэ бол сорилт юм. Тэд үүнд туршаад-үзье гэсэн сэтгэлгээгээр ханддаг; тэд Бурхан яг юу хийхийг харахыг хүсдэг: “Бурхан сүр жавхлант, уур хилэнтэй биш гэж үү? За яах вэ, би чуулганыг дарангуйлж, бурханы болон хүний ар хударгаар маш олон муу зүйл хийсэн—үүнийг бурхан мэдэж байгаа юу, үгүй юу? Хэрвээ миний дотор ямар ч гуниг байхгүй, би махан биеийн ямар ч шийтгэл амсахгүй бол, энэ нь бурхан мэддэггүй гэсэн үг.” Тэд Бурхан төгс хүчит мөн эсэхийг сорихын тулд, Тэр хүмүүсийн зүрх сэтгэлийн гүнийг ажигладаг эсэхийг сорихын тулд бага зэрэг өдөж үздэг. Сорилт гэдэг нь энэ юм. Тэд хэргийн үнэн зөвийг батлахыг, Бурхан үнэхээр арга хэмжээ авах эсэх, Тэр үнэхээр оршин байдаг эсэхийг сорихыг хүсдэг. Сорилт гэдэг нь энэ юм.

Эх газрын Хятадад нэгэн цагт хэсэг бүлэг хүнийг төөрөлдүүлсэн нэг антихрист байсан. Тэрээр Бурханы гэр хилийн чанадад найрал дууны баг зохион байгуулж, магтан дуу дуулж байгааг хараад: “Та нар хилийн чанадад найрал дууны багтай байж чадаж байгаа бол бид ч бас энд тэрийг хийж чадна” гэж бодсон. Тиймээс тэр янз бүрийн газраас хүмүүсийг цуглуулж, найрал дуу дуулуулсан. Тэр тэдэнд зориулж олон үзэгч цуглуулсан бөгөөд энэ нь нэлээд сүртэй дүр зураг байв. Тэр яагаад үүнийг хийсэн бэ? Нэг талаар тэрээр бие даасан хаанчлал байгуулж байсан бөгөөд үүнийг нурших шаардлагагүй. Нөгөө талаар түүний хэлэх гэсэн санаа нь: “Бидний итгэдэг бурхан бол үнэн бурхан бөгөөд бидэнд ариун сүнсний ажил бий. Бид дайсагнасан орчинд байж, агуу улаан луу биднийг хавчиж, биднийг маш нарийн, чанд хянаж байж болох ч, бурхан биднийг хамгаалж байгаа эсэхийг хүмүүст харуулцгаая. Бидэнд ямар нэг зүйл тохиолдох эсэхийг харцгаая; бид баривчлагдаж чадах эсэхийг харцгаая” гэсэн үг байв. Энэ ямар гээч сэтгэлгээ вэ? (Сорих сэтгэлгээ.) Энэ бол сорьж буй хэрэг юм—энэ нь Бурхан төгс хүчит, хаа сайгүй оршин байдаг гэдэгт итгэх итгэлийг уриа лоозон, онч үг болгон ашиглаж, Бурхан яг юу хийхийг шалгаж, Түүнтэй мөрийцөж, Түүнтэй тэмцэлдэхийн тулд хийж буй хэрэг юм. Үүнийг “сорих” гэж нэрлэдэг. Зарим хүний хувьд, бусад нь тэдэнд: “Чи үүнийг идэж болохгүй; энэ чиний ходоодыг хямраана шүү” гэж хэлэхэд тэд: “Би чамд итгэхгүй байна, би үүнийг иднэ! Бурхан миний ходоодыг хямраах нь уу, үгүй юу гэдгийг харъя” гэдэг. Тэгээд тэд үүнийг иддэг бөгөөд үнэхээр ч ходоод нь хямардаг. Тэд дотроо: “Бурхан яагаад намайг хамгаалсангүй вэ? Бусад хүний ходоод хямарсан боловч тэр нь тэд Бурханд итгэдэггүйгээс болсон. Би Бурханд итгэдэг; яагаад бусадтай адил миний ходоод хямарчхав аа?” гэж боддог. Энэ ямархуу зан авир вэ? (Сорих зан авир.) Энэ нь тэд Бурханыг танин мэддэггүйн үр дүн юм. Гэхдээ антихристүүдийн хувьд үүн дээр нэмээд нэг зүйл бий: Тэд Бурханы мөн чанар оршин байдаг гэдгийг огт хүлээн зөвшөөрдөггүй тул өөрсдийн хүчин чармайлт, өөрсдийн төсөөллөөр аливааг хийдэг бөгөөд итгэлээр хийдэггүй. Харин ч тэд Бурханыг сорьж байдаг. Тэд Бурхан оршин байдаг эсэх, Түүний төгс хүчин бодит эсэх, Тэр үнэхээр өөрсдийг нь хамгаалж чадах эсэхийг судлахын тулд өөрсдийн зан авир болон зуурдын бодол, сэтгэл хөдлөлөө ашиглаж байдаг. Хэрвээ тэдний туршилт амжилттай болбол тэр суурин дээр тэд үргэлжлүүлэн итгэнэ; хэрвээ энэ нь бүтэлгүйтвэл, хэрвээ Бурхан тэдний урмыг хугалбал тэд яах вэ? Тэд: “Би цаашид бурханд итгэхгүй, тэр хүмүүст санаа тавьдаг ч биш. Хүн бүр л бурханыг хүний хоргодох газар гэдэг—миний харж байгаагаар, энэ нь заавал тийм байх албагүй. Энэ үгний тухайд, хүмүүс ирээдүйд өөрсдөдөө зориулж нөөц төлөвлөгөө гаргах хэрэгтэй; тэд юманд тийм тэнэг хандаж болохгүй. Хүмүүс өөрсдийн хэрэг явдлыг өөрсдөө шийдвэрлэх хэрэгтэй—тэд бүх зүйл дээр бурханд найдаж болохгүй” гэж хэлнэ. Энэ бол тэдний сорилтоосоо бодож гаргасан үр дүн юм. Энэ үр дүнгийн талаар та нар юу гэж бодож байна вэ? Хэрвээ хүмүүс үнэнийг эрэлхийлбэл үр дүн нь ийм байх уу? (Үгүй.) Яагаад үгүй гэж? Хэрвээ хүмүүс үнэнийг эрэлхийлбэл эцсийн дүндээ сайн, эерэг ололт амжилт, шагналд хүрнэ. Өөрөөр хэлбэл, хүмүүс юу ч хийсэн бай, Бурхан хэрхэн хариу үйлдэл үзүүлэх болон эдгээр зүйлд хэрхэн хандах өөрийн гэсэн арга зам, зарчимтай байдаг бөгөөд хүмүүст гүйцэтгэх ёстой үүрэг хариуцлага, өөрийн гэсэн төрөлх зөн бий. Бурхан тэдэнд төрөлх зөнг нь хайрладаг; Тэр хэдийнээ тэдэнд зарчим өгсөн, тиймээс хүмүүс Бурханы үгийн удирдамж дор тэдгээр зарчмын дагуу үйлдэх ёстой. Зарим зүйлийн хувьд, өнгөн дээрээ Бурхан хүнийг хамгаалах ёстой мэт санагддаг ч тэрхүү “ёстой” гэдэг нь хүнээс гардаг уу, Бурханаас гардаг уу? (Хүнээс.) Энэ нь хүний оюун ухаанд төсөөлөгдсөн зүйл юм. Тэрхүү “ёстой” гэдэг нь үнэн биш; энэ нь Бурханы үүрэг хариуцлага биш. Тэгвэл Бурхан яг юу хийх вэ? Бурханд үйлдэх өөрийн гэсэн арга зам бий, мөн Түүнд Өөрийн гэсэн зарчим бий. Заримдаа Тэр чамайг хамгаалахгүй байх замаар чамайг илчилж, чиний ямар зам сонгохыг хардаг. Заримдаа Тэр таагүй орчноор дамжуулан зарим талбар дахь чиний мэдлэгийг төгс болгож, чамд үнэний нэг талыг олж аван, ямар нэгэн байдлаар өөрчлөгдөх боломж олгодог. Тэр чамайг хүчирхэгжүүлж, өсгөж байдаг. Товчхондоо, Бурхан яаж ч үйлдсэн бай, Түүнд Өөрийн гэсэн зарчим, шалтгаан, түүнчлэн зорилго, зорилт байдаг. Хэрвээ чи “Бурхан намайг хамгаалах ёстой, Тэр тэгж, ингэж үйлдэх ёстой” гэсэн санааг үнэн хэмээн хүлээж авч, түүнийгээ баримтлан, түүгээрээ Бурханд шаардлага тавивал, Бурхан тэрхүү арга замаар үйлдэхгүй байх үед чи болон Бурханы хооронд зөрчил үүснэ. Ийм зөрчил үүсэх үед Бурхан буруутай байхгүй. Хэн буруутай байх вэ? (Хүн.) Энэ нь хүмүүсийн үзэл бодлын асуудал, тэд буруу байр суурь баримталж, буруу байр суурь эзэлснээс эхэлдэг. Чи Бурханыг тодорхой нэг арга замаар үйлдэхийг шаардах үедээ өөрийгөө маш зөв зүйтэй гэж бодно. Гэхдээ нэг алхам ухарч, чи дуулгавартай дагаж, хүлээн авч чадах үедээ зөвтгөж байсан чинь ямар ч үндэслэлгүй бөгөөд эдгээр нь чиний завхарсан зан чанар, үндэслэлгүй шаардлага байсныг мэдрэх болно. Чамайг хүлээн авч чадах үед Бурхан чиний олж авах ёстой үнэн болон мэдлэгийн хэмжээг чамд хайрлана. Түүний харж байгаагаар, энэ нь ямар нэг ялихгүй нигүүлсэл юм уу ерөөл биш, харин чиний хамгийн их олж авах ёстой үнэний элемент юм. Гагцхүү Бурхан л чиний хувьд юу хамгийн чухал болохыг мэддэг бөгөөд Тэрээр зөв цагт нь, зохих хэмжээгээр нь хүмүүсийг хангаж, тэдэнд өгдөг. Харин антихристүүд эсрэгээрээ үнэнийг, Ариун Сүнсний ажлыг хүлээн зөвшөөрдөггүй. Хэн ч үнэний талаар нөхөрлөж, Бурханы хайр, авралыг гэрчиллээ гэсэн, антихрист үүнийг хүлээн авахаас татгалзаад зогсохгүй, үүнд зэвүүцэж, үүнийг эсэргүүцнэ. Энэ бол антихристүүд болон жирийн завхарсан хүмүүсийн хоорондох ялгаа юм.

Бурханы ялгамж чанарыг болон Түүний цор ганц байдлын мөн чанарыг үгүйсгэдэг антихристүүдийн онцлогийн талаарх бидний нөхөрлөл үүгээр өндөрлөж байна. Та нарт өөр асуулт байна уу? (Бурхан минь, надад нэг асуулт байна. Би сайн мэдээ номлож байхдаа Эзэнд итгэдэг олон хүнтэй таардаг бөгөөд тэд бүгд Паулын “Миний хувьд амьдрах нь христ” гэсэн үзэл бодлыг баримтлах гэж улайрдаг. Тэд Паулын үгийн стандартад хүрч чадвал бурхан болж чадна гэж боддог. Энэ нь антихристүүдийн өөр нэг илрэл, мөн Бурханы цор ганц байдлын мөн чанарыг үгүйсгэж байгаа хэрэг мөн үү?) Ерөнхийдөө тийм. Антихристүүд Бурханы цор ганц байдлыг үгүйсгэдэг нь үндсэндээ бурхан болохыг хүсдэгээс үүддэг. “Миний хувьд амьдрах нь христ, миний хувьд амьдрах нь бурхан, бурханы амьтай байхад би бол бурхан” хэмээх Паулын үгэнд тэд гойд дуртай. Хэрвээ энэ үзэл бодол үнэн бол тэдэнд бурхан болох, хаан болж хаанчлах, хүмүүсийг хянах найдвар бий гэж тэд үздэг; хэрвээ тийм биш бол хаан болон хаанчилж, бурхан болох гэсэн тэдний найдвар нурна. Товчхондоо, Сатан үргэлж Бурхантай нэг зиндаанд байхыг хүсдэг—антихристүүд ч мөн адил: Тэд ч бас ийм мөн чанартай. Жишээлбэл, Бурханыг дагадаг хүмүүсийн дунд байнга Бурханыг өргөмжилж, гэрчилж, Түүний ажлыг болон Түүний үгийн шүүлт, гэсгээлтийн хүнд үзүүлэх үр нөлөөг гэрчилдэг хүмүүс байдаг. Тэд хүнийг аврахын тулд Бурханы хийдэг бүх ажлыг магтдаг, мөн Бурханы төлсөн төлөөсийг магтдаг. Антихристүүд ч бас энэ бүхнийг эдлэхийг хүсдэг, тийм биз дээ? Тэд хүмүүсийн дэмжлэг, зусардалт, өргөмжлөл, бүр магтаалыг ч хүртэхийг хүсдэг. Тэд өөр ямар ичгүүртэй санаа бодож олдог вэ? Хүмүүс өөрсдөд нь итгэж, бүх зүйл дээр өөрсдөд нь найдаасай гэж хүсдэг; хүмүүс Бурханд ч бас найдах нь зүгээр—гэхдээ Бурханд найдахын зэрэгцээ, антихристүүдэд найдах нь илүү бодитой, илүү жинхэнэ байх үед антихристүүд жигтэйхэн их баярлана. Хэрвээ чи Бурханыг магтаж, Бурханы чамд өгсөн нигүүлслийг тоолохын зэрэгцээ антихристүүдийн гавьяа зүтгэлийг бүгдийг нь нэгтгэн тоолж, тэднийг ах эгч нарынхаа дунд магтан дуулж, тэдний хийдэг бүхнийг хаа сайгүй зарлах юм бол тэд дотроо онц их баярлаж, сэтгэл хангалуун байх болно. Тиймээс антихристүүдийн уг чанар-мөн чанарын үзэл бодлын үүднээс ярих юм бол, Бурхан эрх мэдэлтэй, Бурхан зөвт, Тэрээр хүмүүсийг аварч чадна гэж хэлэхэд чинь, мөн Бурхан л ийм мөн чанартай, Бурхан л ийм ажил хийж чадна, эдгээр зүйлийг хийхэд хэн ч Түүний оронд зогсож чадахгүй, эсвэл хэн ч Түүнийг төлөөлж чадахгүй, өөр хэн ч ийм мөн чанартай байж, эдгээр зүйлийг хийж чадахгүй гэж хэлэхэд чинь антихристүүд эдгээр үгийг зүрх сэтгэлдээ хүлээн авдаггүй бөгөөд эдгээрийг хүлээн зөвшөөрөхөөс татгалздаг. Тэд яагаад үүнийг хүлээн зөвшөөрдөггүй вэ? Учир нь тэдэнд амбиц бий—тэр нь асуудлын нэг тал юм. Нөгөө талаар, Бурханы махбод болсон бие бол Бурхан мөн гэдэгт тэд итгэдэггүй, хүлээн зөвшөөрдөг ч үгүй. Бурхан цор ганц, зөвхөн Бурхан л зөвт гэж хэн нэгнийг хэлэх бүрд тэд зүрх сэтгэлдээ дургүйцэж, “Буруу—би ч гэсэн зөв шударга!” гэж дотроо эсэргүүцдэг. Бурхан л ариун гэж хэлэхэд чинь тэд: “Буруу—би ч гэсэн ариун!” гэж хэлнэ. Паул бол үүний жишээ юм: Хүмүүс Эзэн Есүс Христийн үгийг дэлгэрүүлж, Эзэн Есүс Христ эрхэм нандин цусаа хүн төрөлхтний төлөө өгч, нүглийн тахил болж, бүх хүн төрөлхтнийг аварч, бүх хүн төрөлхтнийг нүглээс золин аварсан гэж хэлэхийг сонсоод Паулд ямар санагдсан бэ? Энэ бүхэн нь Бурханы ажил гэдгийг тэр хүлээн зөвшөөрсөн үү? Энэ бүхнийг хийж чадсан Нэгэн бол Христ бөгөөд зөвхөн Христ л энэ бүхнийг хийж чадах боломжтой гэдгийг хүлээн зөвшөөрсөн үү? Энэ бүхнийг хийж чадсан Нэгэн л Бурханыг төлөөлж чадна гэдгийг тэр хүлээн зөвшөөрсөн үү? Тэгээгүй. “Хэрвээ Есүс цовдлогдож чадсан бол хүмүүс ч бас цовдлогдож чадна! Хэрвээ тэр эрхэм нандин цусаа өгч чадсан юм бол хүмүүс ч бас чадна! Үүнээс гадна, би ч бас номлож чадна, би түүнээс илүү мэдлэгтэй, бас зовлон тэсвэрлэж чадна! Хэрвээ чи түүнийг христ мөн гэж хэлж байгаа юм бол намайг ч гэсэн христ гэх ёстой биш үү? Хэрвээ чи түүний ариун нэрийг тунхагладаг юм бол минийхийг ч бас тунхаглах ёстой биш үү? Хэрвээ тэр христ гэж дуудуулахад тохирдог, хэрвээ тэр бурханыг төлөөлж чаддаг, хэрвээ тэр бурханы хүү юм бол, бид ч бас тийм биш гэж үү? Зовж зүдэрч, төлөөс төлж чаддаг, бурханы төлөө хөдөлмөрлөж, ажиллаж чаддаг бид ч бас христ гэж дуудуулж болохгүй гэж үү? Бурханаар сайшаагдаж, христ гэж дуудуулах нь христээс ямар ялгаатай юм бэ?” Товчхондоо, антихристүүд Бурханы мөн чанарын нэг тал болох цор ганц байдлыг ухамсарлаж чадаагүй бөгөөд Бурханы цор ганц байдал гэж үнэндээ юу болохыг ойлгодоггүй. Тэд: “Хүн христ юм уу бурхан байх нь яг л хүн тулалдаж эрх мэдэл олж авдаг шиг ур чадвар, чадамжийнхаа хүчээр чармайж хүрдэг зүйл юм. Чи бурханы мөн чанартай байлаа гээд христ гэж дуудуулахгүй. Христ байх нь хүний өөрийн ур чадвараар хичээнгүйлэн олж авсан үр дүн юм; энэ нь яг л ертөнц дээрх зүйлстэй адил—хэн илүү эрдэм чадалтай, илүү чадвартай байна, тэр хүн л том албан тушаалтан болж, эцсийн шийдвэрийг гаргаж чадна” гэж итгэдэг. Энэ бол тэдний логик юм. Бурханы үг бол үнэн гэдгийг антихристүүд хүлээн зөвшөөрдөггүй. Бурханы үгэнд дурдсан Бурханы мөн чанар болон зан чанар нь тэдний хувьд ойлгохын аргагүй байдаг; тэд мэргэжлийн бус, гаднын хүмүүс бөгөөд юу ч мэддэггүй учраас яриа нь бүхэлдээ сүнслэг ойлголтгүй үг, гаднын хүмүүсийн үгээс бүрддэг. Хэрвээ тэд хэдэн жил ажиллаад өөрсдийгөө зовох, төлөөс төлөх чадвартай, мөн хоосон сургаал номлож байхдаа ихээхэн дэмий юм ярьж чадна, яаж хоёр нүүр гаргахыг сурч авсан, бусдыг төөрөлдүүлж чадна, зарим хүний сайшаалыг хүртсэн гэж боддог бол тэд өөрсдийгөө мэдээж христ болох, бурхан болох чадвартай гэж үздэг.

Та нарт өөр асуулт байна уу? (Бурхан минь, Бурханыг сорино гэдэг нь ямар утгатай болох талаар Та бидэнтэй дахиад жаахан нөхөрлөхгүй юу? Бурханыг сорих нь хүмүүст ямар байдлаар илэрдэг вэ?) Хүмүүс Бурхан хэрхэн үйлддэгийг мэддэггүй, Түүнийг танин мэддэггүй, эсвэл ойлгодоггүй учраас Түүнд байнга ямар нэгэн үндэслэлгүй шаардлага тавихыг Бурханыг сорих гэдэг. Жишээ нь, хэн нэгэн өвдөх үедээ Бурханаар эдгээлгэхээр залбирч магадгүй. “Би эмчилгээ хийлгэхгүй—Бурхан намайг эдгээх нь үү, үгүй юу харъя.” Тэгээд нэлээд удаан залбирсны дараа Бурхан огт үйлдэхгүй байх үед тэд: “Бурхан юу ч хийгээгүй юм чинь би эм уугаад, Тэр надад саад болох эсэхийг харъя. Хэрвээ эм хоолойд минь тээглэвэл, эсвэл би жаахан ус асгачихвал, энэ нь Бурхан надад саад болж, намайг эм уулгахгүй байх арга зам нь байж магадгүй” гэж хэлдэг. Сорилт гэдэг нь энэ юм. Эсвэл жишээ нь, чамаар сайн мэдээ номлуулдаг. Хэвийн нөхцөлд, чиний үүрэг юу шаарддаг, чи юу хийх ёстойг хүн бүр нөхөрлөл, хэлэлцүүлгээр дамжуулан шийддэг бөгөөд дараа нь чи цаг нь болоход үйлддэг. Хэрвээ чамайг үйлдэх үед ямар нэг зүйл тохиолдвол, энэ нь Бурханы дээд эрх юм—Бурхан чамд саад болохоор болбол Тэр үүнийг идэвх санаачилгатайгаар хийх болно. Гэвч, чи залбирахдаа ингэж хэллээ гэж бодъё: “Өө, Бурхан минь, би өнөөдөр сайн мэдээ номлохоор гарах гэж байна. Миний гарах нь Таны санаа зорилготой нийцэж байгаа юу? Өнөөдрийн сайн мэдээний бай сайн мэдээг хүлээн авч чадах эсэхийг би мэдэхгүй, Та үүнийг яг хэрхэн захирахыг ч бас би мэдэхгүй байна. Таны зохион байгуулалт, Таны удирдамжийг би гуйж байна, эдгээр зүйлийг надад харуулж өгөөч.” Залбирсныхаа дараа чи тэндээ хөдөлгөөнгүй сууж байснаа ингэж хэлдэг: “Бурхан яагаад энэ талаар юу ч хэлдэггүй юм бэ? Магадгүй би Түүний үгийг хангалттай уншдаггүй болохоор Тэр надад тэдгээр зүйлийг харуулж чадахгүй байгаа байх. Хэрвээ тийм бол, би яг одоо гарлаа. Хэрвээ би гадаа гараад бүдэрч унавал, энэ нь Бурхан намайг явуулахгүй байгаа хэрэг байж магадгүй, харин бүх зүйл саадгүй бүтэж, Бурхан надад саад болохгүй бол, энэ нь Бурхан намайг явахыг зөвшөөрч байгаа хэрэг байж магадгүй.” Энэ бол сорилт юм. Бид яагаад үүнийг сорилт гэж нэрлэж байна вэ? Бурханы ажил бодитой; хүмүүс зүгээр л гүйцэтгэх ёстой үүргээ гүйцэтгэж, өдөр тутмын амьдралаа зохицуулж, хэвийн хүн чанарын амьдралаар зарчимд нийцүүлэн амьдрахад л болно. Бурхан хэрхэн үйлдэх, эсвэл Тэр ямар удирдамж өгөхийг сорих шаардлагагүй. Чи зөвхөн хийх ёстой зүйлээ л хийхэд анхаар; “Бурхан намайг үүнийг хийхийг зөвшөөрч байна уу, үгүй юу? Хэрвээ би үүнийг хийвэл Бурхан намайг яах бол? Миний ингэж хийх нь зөв үү?” гэх мэт илүү дутуу бодол үргэлж тээх хэрэггүй. Хэрвээ ямар нэг зүйл илт зөв байвал зүгээр л түүнийг хийхэд анхаар; тэр, энэ гэж элдэв зүйл бодох хэрэггүй. Мэдээж залбирч болно, Бурханы удирдамжийг гуйж, энэ өдрийн амьдралыг чинь залж чиглүүлж, өнөөдөр гүйцэтгэх үүргийг чинь залж чиглүүлэхийг гуйн залбирч болно. Хүнд дуулгавартай зүрх сэтгэл, хандлага байхад л хангалттай. Жишээ нь, хэрвээ чи цахилгаанд гараараа хүрвэл тогонд цохиулж, амиа алдаж магадгүй гэдгийг чи мэддэг. Гэсэн ч чи: “Санаа зовох зүйлгүй, Бурхан намайг хамгаалж байгаа. Бурхан намайг хамгаалах нь уу, үгүй юу гэдгийг, мөн Бурханы хамгаалалт ямар байдгийг харахын тулд би зүгээр л туршаад үзэх хэрэгтэй” гэж тунгаан боддог. Тэгээд чи үүнд гараараа хүрдэг бөгөөд үр дүнд нь тогонд цохиулдаг—энэ бол сорилт юм. Зарим зүйл илт буруу бөгөөд хийх ёсгүй байдаг. Бурханы хариу үйлдэл ямар байхыг харахын тулд чи тэдгээрийг хийвэл, энэ нь сорилт юм. Зарим хүн: “Хүмүүс хэт гангалж, нүүрээ хэт их будах нь Бурханд таалагддаггүй. Тэгвэл би тэгж үзээд, Бурхан дотроос минь зэмлэх үед ямар мэдрэмж төрдгийг харъя” гэж хэлдэг. Тэгээд тэд нүүрээ будаж дууссаныхаа дараа толинд хальт хараад: “Арай ч дээ, би яг л амьд сүнс шиг харагдаж байна, гэхдээ надад бага зэрэг жигшмээр санагдаж, толинд өөрийгөө харж чадахгүй нь. Үүнээс өөр илүү мэдрэмж алга—Бурханы жигшил надад мэдрэгдэхгүй байна, мөн Түүний үг тэр даруй бууж ирээд, намайг цохиж унаган, шүүж байгаа нь мэдрэгдэхгүй байна” гэдэг. Энэ ямархуу зан авир вэ? (Сорих зан авир.) Хэрвээ чи заримдаа үүрэгтээ хааш яаш ханддаг, үүнийгээ тодорхой мэдэж байгаа бол чи зүгээр л гэмшиж, өөрчлөгдөхөд хангалттай. Гэвч чи үргэлж: “Өө, Бурхан минь, би хааш яаш байлаа—Та намайг сахилгажуулаач гэж би гуйж байна!” хэмээн залбирч байдаг. Чиний мөс чанар юунд хэрэгтэй юм бэ? Хэрвээ чамд мөс чанар байгаа бол чи өөрийнхөө зан авирын төлөө хариуцлага хүлээх ёстой. Чи өөрийгөө хазаарлах ёстой. Бурханд бүү залбир—тэр залбирал чинь сорилт болно. Маш ноцтой зүйлийг тоглоом болгох, сорилт болгох нь Бурханы жигшдэг зүйл юм. Хүмүүс асуудалтай тулгарах үедээ Бурханд залбирч, Түүнийг эрж хайх үед, түүнчлэн Бурханд хандах тэдний зарим хандлага, шаардлага болон аливааг хийх арга барилаас зарим нэг сорилт байнга гарч ирдэг. Эдгээр сорилт голчлон юуг илэрхийлдэг вэ? Энэ нь Бурхан хэрхэн үйлдэхийг чи харахыг хүсдэг, эсвэл Бурхан ямар нэг зүйлийг хийж чадах эсэхийг чи харахыг хүсдэг гэсэн үг юм. Чи Бурханыг сорихыг хүсдэг; Бурхан ямар болохыг батлахын тулд, Бурханы хэлсэн ямар үг зөв, үнэн зөв болохыг, аль нь биелж чадахыг, мөн алийг нь Тэр гүйцэлдүүлж чадахыг баталгаажуулахын тулд чи энэ хэрэг явдлыг ашиглахыг хүсдэг. Эдгээр нь бүгд сорилт юм. Аливааг хийх ийм арга барил та нарт байнга илэрдэг уу? Зөв хийсэн эсэхийг, эсвэл үнэн-зарчимтай нийцэж байгаа эсэхийг чи мэдэхгүй нэг зүйл байна гэж бодъё. Энэ хэрэг явдал дээр чиний хийсэн зүйл сорилт мөн эсэхийг, эерэг зүйл мөн эсэхийг баталж чадах хоёр арга энд байна. Нэг арга нь даруу, үнэнийг эрж хайдаг зүрх сэтгэлтэй байж: “Надад тохиолдсон энэ зүйлийг би ингэж зохицуулж, ингэж үзсэн, мөн ингэж зохицуулсны үр дүнд одоо ийм байна. Энэ нь миний яг хийх ёстой зүйл байсан эсэхийг би сайн мэдэхгүй байна” гэж хэлэх юм. Энэ хандлагын талаар чи юу гэж бодож байна вэ? Энэ бол үнэнийг эрж хайх хандлага—үүнд ямар ч сорилт байхгүй. Чи: “Нөхөрлөсний дараа энэ зүйлийг бүх хүн хамтдаа шийддэг” гэж хэллээ гэж бодъё. Хэн нэгэн: “Үүнийг хэн хариуцаж байгаа вэ? Хэн гол шийдвэр гаргагч вэ?” гэж асуухад, чи: “Бүгдээрээ” гэж хэлдэг. Чиний санаа зорилго бол ийм байна: “Энэ зүйлийг зарчмын дагуу зохицуулсан байна гэж тэд хэлбэл, үүнийг би хийсэн гэж хэлнэ. Үүнийг зарчмын дагуу зохицуулаагүй гэж тэд хэлбэл, хэн үүнийг хийсэн, хэн шийдвэр гаргасныг би эхлээд нууна. Ингэснээр тэд шахаж, бурууг тохохыг оролдсон ч надад тохохгүй бөгөөд хэн нэгэн шившиг боллоо гэхэд тэр нь ганцхан би байхгүй.” Хэрвээ чи ийм санаа зорилготойгоор ярьж байвал, энэ нь сорилт юм. Хэн нэгэн: “Хүн ертөнцийн зүйлсийг дагахыг Бурхан жигшдэг. Тэр хүн төрөлхтний тэмдэглэлт өдрүүд, баяр наадам гэх мэт зүйлсийг жигшдэг” гэж хэлж магадгүй. Одоо чи үүнийг мэдсэн тул нөхцөл байдал нь болж л байвал ийм зүйлсээс зайлсхийхийн тулд чадах бүхнээ хийж болно. Гэвч, баяр наадмын үеэр аливааг хийхдээ чи ертөнцийн хэрэг явдлыг санаатайгаар дагаж, тэгж байхдаа ийм санаа зорилго өвөрлөдөг гэж бодъё: “Би үүнийг хийсний төлөө Бурхан намайг сахилгажуулах нь уу, Тэр намайг тоох нь уу гэдгийг би зүгээр л харж байна. Тэр надад яг ямар хандлагаар ханддаг, Түүний жигшил хэр гүнзгий болохыг би зүгээр л харж байна. Бурхан үүнийг жигшдэг гэж тэд хэлдэг, Түүнийг ариун бөгөөд ёрын мууг жигшдэг гэж тэд хэлдэг, тиймээс Тэр ёрын мууг хэрхэн жигшдэг, намайг хэрхэн сахилгажуулахыг би харна. Хэрвээ намайг эдгээр зүйлийг хийх үед Бурхан намайг бөөлжүүлж, суулгуулж, толгойг минь эргүүлж, орноосоо босож чадахгүй болговол Бурхан үнэхээр эдгээр зүйлийг жигшдэг юм байна. Тэр зүгээр л ярьж байгаа хэрэг биш—баримтууд үүнийг батлах болно.” Хэрвээ чи үргэлж ийм дүр зураг харна гэж найдаж байвал чамд ямархуу зан авир, санаархал байна вэ? Чи сорьж байна. Хүн Бурханыг хэзээ ч сорьж болохгүй. Чамайг Бурханыг сорих үед Тэр чамаас нуугдаж, чамаас нүүрээ буруулдаг бөгөөд чиний залбирал ямар ч нэмэргүй болдог. Зарим хүн: “Би чин сэтгэлээсээ байсан ч нэмэргүй гэж үү?” хэмээн асууж магадгүй. Тийм ээ, чи чин сэтгэлээсээ байсан ч нэмэргүй. Бурхан хүмүүсээр Өөрийгөө сориулдаггүй; Тэр ёрын мууг жигшдэг. Чамайг эдгээр хорон муу санаа, бодлыг бодох үед Бурхан чамаас нуугдана. Тэр чамайг гэгээрүүлэхээ больж, чамайг нэг тийш нь тавьж, чи илчлэгдэх хүртлээ мунхаг, саад болж, үймүүлсэн зүйлс хийсээр байх болно. Энэ бол хүмүүс Бурханыг сорьсноос үүдэн гарах үр дагавар юм.

(Бурхан минь, надад нэг асуулт байна. Би чуулганд тоног төхөөрөмж хариуцдаг юм. Энэ үүрэгт хандах миний хандлага үргэлж хөнгөмсөг, хэнэггүй байдаг. Ах эгч нар миний алдааг зааж өгч, намайг засаж, Бурханы нэгэнтээ хэлсэн, ханиадны сироп нууцаар уусан хүний жишээний талаар надтай нөхөрлөсөн: Бурхан түүнийг сахилгажуулж, зэмлээгүй боловч ханиадны сироп уусных нь дараа түүнийг таягдан хаясан. Бурханы зан чанар хүний халдлагыг тэвчдэггүй—би эдгээр үгийг мэддэг боловч Бурхан өршөөнгүй, хайр энэрэлтэй тул тэр хүнд хандсан шиг надад хандахгүй байх гэсэн үзэл надад байдаг. Тиймээс би айгаагүй. Өнөөдрийн Бурханы нөхөрлөлд үндэслэн үзвэл, надад Түүний зөвт зан чанарт эргэлзэх хандлага, мөн Бурханаас хэзээ ч айдаггүй, Бурханыг сорьдог антихристүүдийн зан авир байна гэж санагдаж байна.) Бурханы хүнд ханддаг хандлага нь тухайн хүн Өөрөөс нь айдаг эсэхэд үндэслэдэггүй, мөн тухайн хүний тодорхой нэг асуудалд хандах түр зуурын хандлагад ч үндэслэдэггүй. Амьдралын жижиг сажиг зүйл дээр гаргаж, харуулж болох хүний муу зуршил, хариуцлагагүй байдлыг Бурхан ноцтой асуудал гэж үздэггүй. Зөвхөн үндсэн үүрэгтээ хичээл зүтгэл гаргаж, түүндээ хариуцлага хүлээж чаддаг байхад л хангалттай. Хэрвээ чи тоног төхөөрөмж хариуцах ажилдаа хэзээ ч хариуцлага хүлээж чадахгүй мэт санагдаж, үүнийг сайн хийхийн тулд хамаг хүчээ дайчилж чадахгүй байвал энэ нь юуг харуулж байна вэ? Нэг талаар, энэ нь чамайг юм хариуцаж ажиллахдаа сайн биш гэдгийг харуулж байна; цаашлаад, чи энэ ажилд төдийлөн тохирохгүй гэдгийг харуулж байна. Хэрвээ чи энэ ажилд үлдсэнээрээ хэзээ нэгэн цагт гамшигт хүргэж болзошгүй гэж бодож байвал өөр хэн нэгнийг санал болгосон нь дээр; энэ ажилд тохирох чуулган дахь хэн нэгнийг өөрийнхөө оронд оруулаад, дараа нь өөрийнхөө сайн хийж чаддаг, сонирхдог ажлаа хийж, тэр үүргээ гүйцэтгэхдээ үнэнч бай. Түүнчлэн, хэрвээ хэн нэгэн үнэнийг үнэхээр хайрладаг, Бурханаас эмээж, муугаас зайлахыг, мөн нэр төртэй амьдарч, бусдад жигшигдэх биш, харин хүндлэгдэхийг үнэхээр хүсдэг бол бүх зүйлийг сайн хийхээр шийдсэн байх ёстой. Ингэхдээ тэд Бурханы өмнө: Бурхан минь, хэрвээ би муу ажиллавал намайг сахилгажуулаач—Та Өөрийн ажлыг хийгээч хэмээн хэлэх шийдвэртэй байх ёстой. Хүмүүс бусдыг удирдахдаа тааруу; сайндаа л тэд хэн нэгнийг нэг чиглэлээр авьяастай хүн болгож сургаж чадна. Гэхдээ хүний алхдаг зам, амьдралыг үзэх үзэл, амьдралдаа сонгодог зорилго, мөн ямар хүн болохыг сонгох тухайд хэн ч тэдэнд тусалж чадахгүй. Бурханы үг болон Бурхан л хүмүүсийг өөрчилж чадна. Энэ нь хэрхэн хэрэгждэг вэ? Хүмүүс өөрсдөө хүчин мөхөс тул Бурханаар бүхнийг зохицуулуулах ёстой. Тэгвэл Бурханыг ажиллуулахын тулд, Түүнийг ажиллах хүсэлтэй болгохын өмнө хүн ямар шалгуур хангах ёстой вэ? Тэд эхлээд шийдвэртэй байх ёстой, тэдэнд ийм хүсэл байх ёстой бөгөөд “Би энэ ажлыг хэзээ ч сайн хийж чадаж байгаагүйгээ мэднэ. Ах эгч нар сэтгэл хангалуун бус байсан—би өөрөө ч сэтгэл хангалуун бус байсан—гэхдээ би үүнийг сайн хийхийг үнэхээр хүсэж байна. Би яах ёстой вэ? Би Бурханы өмнө очиж залбиран, Түүнийг над дээр ажиллахыг зөвшөөрнө” гэж хэлэх ёстой. Хэрвээ чи Бурханыг өөр дээрээ ажиллуулахаар болбол чиний хувьд хамгийн эхний зүйл бол зовлон туулж чаддаг байх явдал юм—Бурхан чамайг сахилгажуулах үед, Тэр чамайг зэмлэх үед чи үүнийг хүлээн авч чаддаг байх ёстой. Зүрх сэтгэлдээ дуулгавартай байж, хүлээн авах нь аливаа зүйлийг сайн хийхийн эхлэл юм. Хүн бүр бүрэн аврагдахаасаа өмнө Бурханы зөвт байдал болон төгс хүчинд эргэлздэг гэж хэлэхэд хилсдэхгүй. Ялгаатай нь, жирийн, завхарсан хүмүүс зүгээр л эргэлздэг хэдий ч үүргээ хэвийн гүйцэтгэж, үнэнийг эрэлхийлж, Бурханыг бага багаар танин мэдэж чаддаг; тэдний субьектив хүсэл нь идэвхтэй, эерэг байдаг. Антихристүүд бол яг эсрэгээрээ: Тэдний субьектив хүсэл нь хүлээн авах, дуулгавартай байх биш, тэд хүлээн зөвшөөрөхийг эрмэлздэггүй; харин ч тэд эсэргүүцдэг. Тэд хүлээн авдаггүй. Тэгвэл жирийн, завхарсан хүмүүсийн сайн тал нь юу вэ? Зүрх сэтгэлийнхээ угт тэд эерэг зүйлийг хүлээн авч, хайрладаг—гагцхүү завхарсан зан чанараасаа болоод яах ч аргагүй байх, муу хийх, хүчин мөхөстөх, хүч нь хүрэхгүй байх үе гардаг тул тэд зүрх сэтгэлдээ байнга сөрөг, сул дорой байж, Бурхан өөрсдийг нь хүсэхгүй байна, Тэр өөрсдийг нь жигшиж байна гэж боддог. Энэ нь сайн мэдрэмж үү? Ийм мэдрэмжтэй байх нь сайн хэрэг—энэ нь чамд аврагдах боломж байна гэсэн үг бөгөөд чи аврагдаж чадна гэсэн шинж тэмдэг юм. Хэрвээ чи үүнийг ч мэдэрдэггүй бол үнэнийг олж авч, аврагдах найдвар чинь маш бүрхэг байна гэсэн үг. Ийм мэдрэмжтэй байгаа болохоор л чамд мөс чанар, нэр төр, ёс жудаг байсаар байгааг—чамд ухаалаг байдал байсаар байгааг харуулдаг. Хэрвээ чамд эдгээр зүйл ч байхгүй бол чи үнэхээр антихрист, үл итгэгч юм. Одоогоор чамд зөвхөн үл итгэгчийн зарим зан авир, тэдний харуулдаг зүйлсээс бага зэрэг, тэдний зан чанараас бага зэрэг байгаа боловч чи үл итгэгч биш.Хэдийгээр Бурханд итгэх замд чинь, эрэлхийлэлд чинь, үзэл бодолд чинь, мөн хувийн амьдралын чинь тал бүрд олон асуудал, дутагдал байсаар байгаа ч гэсэн Бурханы нүдээр бол чи Түүнд итгэдэг, Түүний дагагч мөн. Тэгвэл эдгээр асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ? Энэ амархан. Чи мөс чанар, эрүүл ухаантай байх, үнэнийг эрэлхийлэх, эерэг зүйлсийг хайрлах гэсэн үндсэн шаардлагыг хангаж л байвал энэ бүх асуудлыг шийдвэрлэх боломжтой—энэ нь ердөө цаг хугацааны л асуудал юм. Чи үнэнийг болон Бурханаас ирдэг цээрлүүлэлт, сахилгажуулалтыг хүлээн авч чадаж л байвал эхний саадыг хэдийнээ давсан байна. Хоёр дахь саад бол, чи өөрийнхөө хувьд завхарсан зан чанараа, мөн чамд ямарваа нэг зүйл тохиолдох бүрд үүсдэг янз бүрийн байдлаа шийдвэрлэж сурах, түүнчлэн чи Бурханы үгийг уншиж, нөхөрлөл болон ах эгч нарын туршлагын гэрчлэлийг сонсохын сацуу Бурханы үгээр асуудлыг шийдвэрлэж сурах хэрэгтэй юм. Өөрөөр хэлбэл, чи Түүний өмнө байнга ирж, нөхцөл байдал, байдлаа, түүнчлэн өөрт тулгарч буй асуудлуудаа Түүнд хэлж, Түүнд илэн далангүй ярьж, Түүний засалт, Түүний сахилгажуулалт, цээрлүүлэлт, тэр ч байтугай чамайг илчлэх Түүний илчлэл, чамд хандах хандлагыг нь чин сэтгэлээсээ хүлээн авч чаддаг байх хэрэгтэй—чиний зүрх сэтгэл Түүнд хаалттай бус, харин нээлттэй байх хэрэгтэй. Зүрх сэтгэл чинь нээлттэй байх цагт мөс чанар, эрүүл ухаан чинь үүргээ гүйцэтгэж, үнэн чамд орж, чамд өөрчлөлт гаргаж чадна. Тэгээд энэ бүх асуудлыг шийдвэрлэх боломжтой. Тэдгээр нь шийдвэрлэхийн аргагүй зүйл биш; аль нь ч том асуудал биш. Хүмүүс үүргээ гүйцэтгэхдээ хааш яаш хандах нь түгээмэл хэрэг юм. Энэ бол бүх завхарсан хүн төрөлхтөнд байдаг хамгийн түгээмэл нөхцөл байдал юм. Нэг нөхцөл байдал нь худал хуурмагаар дүүрэн байх, өөр нэг нь ажил цалгардуулах, хааш яаш байх, бүх зүйлд хариуцлагагүй хандах, мунгинасан, аргацаасан байдалтай байх—энэ бол бүх завхарсан хүн төрөлхтөнд хэвийн үзэгдэл юм. Эдгээр нь хүн Бурханыг эсэргүүцэх болон үнэнийг хүлээн авахаас татгалзахтай харьцуулахад хамаагүй бага жигшмээр зүйлс юм. Эдгээр нь Бурханы хүнээс хардаг зүйлс ч биш. Хэрвээ Бурхан хүмүүсийг өчүүхэн төдий зүйлээр хэмждэг байсан бол хүмүүс нэг л буруу зүйл хэлэхэд Тэр тэднийг хүсэхгүй байх байсан; тэд нэг удаа жижиг алдаа гаргахад Тэр тэднийг хүсэхгүй байх байсан; хэрвээ хүмүүс залуу насны аагаар адгуу зан гаргаж, аливаад тэвчээргүй хандвал Бурхан тэдэнд дургүйцэх бөгөөд тэгээд тэд Түүний орхиж, таягдан хаях хүмүүс болох байв. Хэрвээ байдал ийм байсан бол ганц ч хүн аврагдахгүй байх байлаа. Зарим хүн: “Бурхан хүмүүсийг зан авираар нь яллаж, төгсгөлийг нь шийддэг гэж Та хэлээгүй бил үү?” гэж хэлнэ. Тэр бол өөр хэрэг. Зан чанарын өөрчлөлт болон авралд хүрэхийн тулд үнэнийг эрэлхийлэх хүмүүсийн замд хүний иймэрхүү байдал нь Бурханы нүдээр бол хамгийн түгээмэл зүйлс бөгөөд байж болох хамгийн эгэл жирийн, ердийн зүйлс юм. Бурхан тэдгээрийг хардаг ч үгүй. Тэр юу хардаг вэ? Чамд эерэг эрэлхийлэл байгаа эсэх, мөн үнэн болон эерэг зүйлсэд, түүнчлэн зан чанарын өөрчлөлтийн эрэлхийлэлд хандах чиний хандлага ямар байгааг Тэр хардаг. Чамд ийм хүсэл байгаа эсэх, мэрийж байгаа эсэхийг чинь Тэр хардаг. Чамд эдгээр зүйл байгааг, буруу зүйл хийх үед мөс чанар чинь чамайг зэмлэж, чи үүнийг үзэн ядаж мэддэгийг, Бурханы өмнө ирж залбиран, Түүнд нүглээ улайж, гэмшиж мэддэгийг Бурхан харах үедээ чамд найдвар байна, чамайг таягдан хаяхгүй гэж хэлдэг. Бурханы зөвт зан чанар, Түүний өршөөл, хайр нь бүгд хоосон үг гэж чи бодож байна уу? Бурханд ийм мөн чанар байдаг учраас л Тэр төрөл бүрийн хүнд хандах хандлагатай байдаг бөгөөд эдгээр хандлага нь туйлын бодитой—тэдгээр нь огтхон ч хоосон биш.

Бидний нэлээд удаан ярьж буй антихристүүдийн мөн чанарын тухай энэхүү яриаг бүх хүн сонсох ёстой бөгөөд нэг талаар энэ нь тэд антихристүүдийг ойлгож, ялган таньж, хэн болохыг нь тодорхойлж, тэднийг голж хаяасай гэснийх; түүнчлэн хүн бүрд антихристүүдтэй адил антихристийн зан чанар байдаг боловч зөвхөн жинхэнэ антихристүүдийг л таягдан хаяж, орхино, антихристийн зан чанартай жирийн хүмүүс бол Бурханы таягдан хаях хүмүүс биш, харин Түүний аврах хүмүүс мөн гэдгийг бүгдэд мэдүүлэх зорилготой юм. Антихристүүдийн мөн чанар болон тэдний зан чанарын тал бүрийн талаар хүмүүстэй нөхөрлөх нь хүмүүсийг яллахын тулд биш юм—энэ нь хүмүүсийг аварч, тэдэнд зам өгч, өөрсдөд нь яг ямар завхарсан зан чанар байгааг, Бурхан хүн төрөлхтнийг Өөрийнх нь дайсан гэж хэлэхдээ үнэндээ юуны тухай ярьж байгааг, Тэр яагаад тэгж хэлэх болсныг—хүний яг ямар төрлийн завхарсан зан чанар, хүнд байдаг Бурханыг эсэргүүцэх эсэргүүцэл, тэрслүү байдлын ямар илрэлүүд нь Түүнийг ингэж хэлэхэд, ингэж яллахад хүргэдгийг тэдэнд тодорхой харуулахын тулд юм. Бурхан хүмүүсийг аврахыг хүсдэг учраас, Тэр хүн төрөлхтнийг, Өөрийн дагагчдыг, эсвэл Өөрийн сонгосон хүмүүсийг орхидоггүй учраас л Тэр ийм байдлаар цуцалтгүйгээр ярьж, ажилладаг. Бурхан ингэж ярьж, ажиллаж байгаа нь ердөө л Тэр хэчнээн хайр татам болохыг, хүмүүст хэчнээн чин сэтгэлээсээ, тэвчээртэй ханддагийг, Тэр хэчнээн их хүчин чармайлт гаргасныг хүмүүст ойлгуулахын төлөө биш юм. Эдгээр зүйлийг ойлгох нь ямар хэрэгтэй вэ? Хүмүүс эдгээр зүйлийг ойлгох үедээ Бурханд бага зэрэг талархахаас цаашгүй—харин завхарсан зан чанар нь огтхон ч шийдвэрлэгддэггүй. Бурхан хүмүүсийг аврахын төлөө хүчин чармайлт гаргаж, шийдвэр төгс байгааг хүмүүст харуулахын тулд ингэж чин сэтгэлээсээ тэвчээртэйгээр ярьдаг—Тэр тоглоогүй; Бурхан хүн төрөлхтнийг аврахыг хүсдэг бөгөөд Тэр тэгэхээр шийдсэн. Үүнийг хэрхэн харах вэ? Бурхан үнэний аль ч талын талаар ганцхан талаас юм уу нэг өнцгөөс ярьдаггүй, мөн Тэр ганцхан арга барилаар ярьдаггүй—харин үүний оронд хүмүүс өөрсдийн завхарсан зан чанар болон өөрсдийгөө танин мэдэж, үүнээсээ эрэлхийллийнх нь чиглэл ямар байх ёстойг, мөн ямар замаар явах ёстойгоо ойлгоосой гэсэндээ Тэр үүнийг өөр өөр өнцгөөс, өөр өөр хэв маягаар, өөр өөр хэлээр, өөр өөр түвшинд хүмүүст хэлдэг. Хүмүүсийг сатанлаг, завхарсан зан чанараа орхиж, өөрчлөөсэй, мөн Сатаны хүмүүсийг завхруулдаг ертөнцийн гүн ухаан, оршин тогтнох арга зам болон амьдрах арга, хэв маягийг хаяасай, оронд нь Бурханы хүмүүст харуулж, хэлсэн арга зам, хэв маяг, чиглэл, зорилгын дагуу амьдраасай гэсэндээ Тэр үүнийг хийдэг. Бурхан хүмүүсийг үүнд итгүүлэхийн тулд, Өөрийнх нь нөр их санаа зорилгыг, эсвэл хийдэг бүхэн нь хийхэд хэчнээн хэцүү болохыг хүмүүст харуулахын тулд энэ бүхнийг хийдэггүй. Чи үүнийг мэдэх шаардлагагүй. Зөвхөн Бурханы хэлсэн үгээс чи юу хэрэгжүүлэх ёстойгоо олох, мөн тэдгээрээс үнэн болон Бурханы санаа зорилгыг ойлгоход л анхаарлаа төвлөрүүл; үнэн-бодит байдалд ор; үнэн-зарчмын дагуу амьдарч, үнэн-зарчмын дагуу биеэ авч явж, үйлдэж, Бурханы өгсөн даалгаврыг биелүүл, ингэснээр чи авралд хүрнэ. Ингэснээр Бурхан сэтгэл хангалуун байж, хүнийг аврах хэрэг явдал бүхэлдээ биелж, улмаар хүнд ч бас ашиг тусаа өгнө. Хүмүүсийн хэлдэг зүйлд хоосон сургаал их байсаар байх үед, үйлдэл нь хэтэрхий өнгөц, үргэлж хааш яаш байх үед, өөдгүй зан нь дийлдэшгүй байх үед—ялангуяа дүрэм журам дагадаггүй, заримдаа унтаж амрах дуртай, бусдыг босгон байгуулдаггүй юм уу төдийлөн эрүүл ухаантай биш зарим нэг зуршилтай залуучуудын хувьд—эдгээр зүйлийг бүү хүчил. Тэдэнтэй аажуухан харьц. Чи үнэнийг эрэлхийлэхэд бэлэн байж, Бурханы үгэн дээр хүчин чармайлт гаргаж, Бурханы өмнө байнга ирж, Түүнд зүрх сэтгэлээ нээж чадаж л байвал Тэр ажиллах болно. Хэн ч хүний хүч чадал, эсвэл хүний арга барилаар өөр хэн нэгнийг өөрчилж чадахгүй, үүнд чиний эцэг эх ч багтах бөгөөд тэд чамайг өөрчилж чадахгүй.

Өнөөдөр чи Бурханы гэрт ирсэн нь Бурханы ажил бөгөөд энэ эрин үед, ёрын муу чиг хандлага дунд ч гэсэн чи энд аюулгүйгээр, тогтмол номлол сонсож, сохор зоос ч олохгүйгээр үүргээ гүйцэтгэж чадаж байгаа нь Бурханы ажил юм. Бурхан яагаад үүнийг хийдэг вэ? Бурхан чиний юуг таашаан үздэг вэ? Чамд шударга ёсны мэдрэмж бага зэрэг байгааг, чамд мөс чанар байгааг; чи ёрын муу чиг хандлагад зэвүүцэж, эерэг зүйлсэд дуртай байдгийг; мөн чи Бурханы хаанчлал ирэхийг, Христ болон үнэн ноёрхохыг хүсэн хүлээдгийг Тэр таашаан үздэг. Чамд ийм хүсэл байдаг бөгөөд Бурхан чамд байгаа эдгээр зүйлийг таашаан үздэг тул чамайг Өөрийнхөө гэрт авчирсан юм. Бурхан чиний тэрхүү муу дутагдал, зуршлыг хардаггүй гэж чи бодож байна уу? Бурхан чиний дутагдлыг хардаг—Тэр бүгдийг нь мэднэ. Хэрвээ Тэр мэддэг юм бол яагаад тэдгээрийг шийдвэрлэдэггүй юм бэ? Иймэрхүү зүйл олон тохиолдолд хүмүүсийг зүрх сэтгэлдээ зөрчилдөхөд хүргэдэг. Тэд: “Бурхан над шиг хүнийг аврах болов уу? Над шиг хүн авралд хүрч чадах уу? Би маш хорон муу, завхарсан, сахилгажуулалтад захирагдах туйлын дургүй, маш тэрслүү—Бурханыг эсэргүүцэж, Түүнд эргэлздэг. Бурхан яаж намайг сонгосон хэвээр байж чадах юм бэ?” гэж хэлдэг. Чи юунд санаа зовно вэ? Гагцхүү Бурхан л чамайг аварч чадна; Тэр чадна гэдэгт чи итгэх ёстой. Чи зөвхөн Бурханы үгийг сонсож, хүлээн авч, хэрэгжүүлэхэд л анхаарахад хангалттай. Бусад асуудалтай бүү зууралд—тэдгээрээс болоод үргэлж сөрөг байх хэрэггүй. Хэн ч чиний дутагдлыг чиний эсрэг ашиглах гэж оролдоогүй; хэн ч чиний эсрэг барьц олж аваагүй. Бурхан тэдгээр зүйлийг хардаггүй. Хэрвээ өдөр тутмын амьдралын тийм ялихгүй жижиг сажиг зүйлээс үүдэн гардаг муу зуршил, дутагдал, эсвэл өөдгүй зангаас болоод зөв зам болон үнэний эрэлхийллийг чинь үймүүлбэл тэр нь гарз хохирол биш гэж үү? Тэр нь үнэ цэнгүй биш гэж үү? (Тийм.) Одоогоор ийм байдалд гацсан хүн нэлээд хэд байх ёстой. Зарим хүн хэтэрхий адгуу байдаг нь тэдний зан, ямар ч юмыг хийхдээ маш болхи байдаг, мөн суралцах дургүй гэж хэлдэг. Тэд бас өөрсдийгөө муу зуршилтай гэж хэлдэг: Тэд өглөө босох юм уу орой унтах дургүй, видео тоглоом тоглох дуртай; заримдаа дэмий чалчих дуртай, заримдаа хошигнох дуртай байдаг. Тэд: Бурхан намайг аврах болов уу? гэж асуудаг. Чамд өөрийнхөө талаар тийм олон үзэл, төсөөлөл байгаа нь асуудал биш гэж үү? Чи яагаад жаахан эрж хайдаггүй юм бэ? Бурханы үзэл бодол яг юу вэ, Түүний үг яг юу гэж хэлдэг вэ? Түүний үгэнд эдгээр зүйлийг асуудал гэж дурдсан уу? Зарим хүн гоёж гоодох дуртай бөгөөд үргэлж биеэ барих ёстой болдог гэж хэлдэг. Зарим нь мах идэх дуртай, хэтэрхий их иддэг гэж хэлдэг. Эдгээр нь жижиг асуудал юм. Эдгээр дутагдал, эдгээр зан төлөв, эсвэл амьдралын эдгээр зуршил нь сайндаа л хүний хүн чанар дахь дутагдал юм; тэдгээр нь завхарсан зан чанарт тооцогдохгүй. Хүмүүсийн үнэхээр шийдвэрлэх хэрэгтэй зүйл бол тэдний завхарсан зан чанар юм. Гол зүйлээ бүү март. Чи өөртөө завхарсан зан чанар байгааг олж мэдэж, түүнийгээ эргэцүүлж, ялган танихад анхаарч эхлэн, үүнд хүчин чармайлт гаргаж, үүнийг үзэн ядаж эхлэх үед чиний тэрхүү жижиг дутагдлууд аажмаар өөрчлөгдөнө—тэдгээр нь асуудал байхаа болино. Зарим залуучууд хөгжилдөх дуртай байдаг. Тэд үндсэн ажлаа амжуулчихсан бол хэсэг зуур хөгжилдөхөд зүгээр. Зарим залуу эмэгтэйчүүд хөөрхөн байх дуртай, гоёж гоодож, нүүрээ буддаг. Хэтрүүлэхгүй, хачин жигтэй хувцаслаж, хэт тод нүүрээ будахгүй л бол тэр нь бас зүгээр. Бүгд зүгээр; хэн ч тэднийг хязгаарлаагүй. Эдгээрийн аль нь ч асуудал биш. Амьдралын эдгээр зуршил, амьдралын чанартаа тавих шаардлага, зан төлөвийн жижиг асуудлууд—эдгээрийн аль нь ч чамайг Бурханыг эсэргүүцэхэд хүргэж чадахгүй, мөн чамайг үнэний эсрэг явахад хүргэж чадахгүй. Чамайг үнэхээр Бурханыг эсэргүүцэхэд хүргэдэг, Түүний өмнө очиход саад болж, Түүнд тэрслэхэд хүргэдэг зүйл бол чиний завхарсан зан чанар юм. Чи завхарсан зан чанараа олж харж, мэдэж, үзэн ядаж чаддаг болох үед, мөн үнэн-зарчмын дагуу хэрэгжүүлэх субьектив хүсэлтэй болох үед энэ бүх жижиг дутагдлыг шийдвэрлэх боломжтой. Тэгээд чиний завхарсан зан чанар шийдвэрлэгдэж—хамгийн том асуудал болох Бурханыг эсэргүүцэх эсэргүүцэл чинь шийдвэрлэгдсэн байхад чиний тэр жижиг дутагдлууд асуудалд тооцогдсоор байх уу? Тэр цаг ирэхэд чи хэрхэн биеэ авч явах, хэрхэн амьдрах, юу идэж, юу уух, хэрхэн алжаал тайлах, үүргээ хэрхэн гүйцэтгэх, бусадтай хэрхэн нийцтэй байх зэрэг тийм жижиг зүйлс бага багаар зарчимтай болно. Тэр үед л чи, завхарсан зан чанараа шийдвэрлэх нь хүний амьдралын агуу хэрэг явдал байсан, байсаар ч байх болно гэдгийг, хүний завхарсан зан чанар шийдвэрлэгдмэгц бусад бүх асуудал ч бас шийдвэрлэгдэнэ гэдгийг мэдэж авна. Чи Бурханд тэрслэх асуудлыг шийдвэрлэх үедээ л хүний төрхтэй, нэр төртэй амьдрах болно. Одоо чиний гаргахаа больсон зарим нэг жижиг дутагдал байж магадгүй. Хүмүүс чамайг сайн залуу хүн, Бурханд итгэх итгэлдээ чин сэтгэлээсээ ханддаг, Бурханд итгэгч шиг харагддаг гэж хэлэн, чамайг магтаж магадгүй. Гэвч хэрвээ Бурхан чамайг Өөрт нь тэрсэлж ч магадгүй гэж хэлбэл чиний гадаад сайн зан авир хэчнээн агуу байлаа ч ямар ч ашиггүй. Үндсэн асуудал шийдвэрлэгдээгүй—завхарсан зан чанар чинь хараахан шийдвэрлэгдээгүй бөгөөд чи Бурханд тэрсэлж ч магадгүй. Чи аврагдах яагаа ч үгүй байна! Зөвхөн сайн зан авиртай байх нь чамд ямар ашигтай юм бэ? Чи тэдгээрээр зүгээр л өөрийгөө хуурч байгаа биш гэж үү?

Одоо та нарын хувьд шийдвэрлэх нэн чухал асуудал юу вэ? (Завхарсан зан чанарын асуудал.) Зарим хүн: “Би өнгөлөг хувцас өмсөх дуртай, гэхдээ Бурханы гэрт энэ нь таалагддаггүй, тиймээс би энэ зан авираас урвана” гэж хэлж магадгүй. Чи тэгэх шаардлагагүй—дуртай бол өмс. Зарим нь: “Би энгэсэг тавьж, нүүрээ будаж, өдөр бүр хүнтэй уулзахдаа хөөрхөн харагдах дуртай—энэ маш сайхан шүү дээ!” гэж хэлдэг. Чамд цаг зав нь байж л байвал тэгэх зүгээр. Зарим нь: “Би нарийн хоол идэх дуртай—халуун ногоотой, бас исгэлэн зүйлд дуртай” гэж хэлдэг. Чамд боломж, бололцоо, цаг зав нь байж л байвал чи тэдгээр зүйлийг ханатлаа идэж болно. Чи сэтгэл ханалгүйгээр эдгээр зүйлийг орхиж, тэдгээрийг хазаарлаж, тэдгээрээс урвалаа ч чиний завхарсан зан чанар шийдвэрлэгдэхгүй. Чи тэдгээрийг барьж тэвчсэнээр юунд хүрэх вэ? Чи махан биеийн асар их зовлон туулах боловч зүрх сэтгэлдээ маш их гомдолтой байх болно—тэгээд энэ нь хажуугаар нь чамд ямархуу сөрөг үр дагавар авчрах вэ? Чамд Бурханы төлөө асар их зовсон, үнэнийг олж авсан гэж санагдах боловч үнэн хэрэгтээ чамд юу ч байхгүй, чи юу ч биш байх болно. Чи дэгжин, нэр төртэй, төлөв томоотой хувцаслаж магадгүй—чи ах, эгч шиг, маш дэг журамтай харагдаж магадгүй—гэвч үүрэг гүйцэтгэх үедээ чи үнэн-зарчмыг ч олж чадахгүй, чуулганы ажилд саад болж, үймүүлсээр байвал чиний үндсэн асуудал шийдвэрлэгдсэн үү? (Үгүй.) Тийм учраас, яаж ч бодсон хамгийн үндсэн зүйл бол Бурханы үг, үнэнийг ойлгож, үнэн-бодит байдалд орж, завхарсан зан чанараа шийдвэрлэх явдал юм. Хэдэн жижиг сажиг асуудал, гадаад зан авирт хүчин чармайлт гаргаж, тэдгээртэй зууралдан, тавьж явуулахгүй, зүрх сэтгэлдээ үргэлж гэм буруутай, өртэй мэт санагдаж, тэдгээр зүйлийг яг л агуу хэрэг мэтээр үргэлж шийдвэрлэх гэсний хэрэггүй. Үр дүн нь чиний завхарсан зан чанар хэзээ ч шийдвэрлэгдэхгүй үлдэнэ. Чи өөрөө ч ямархуу хүн болохоо, эсвэл өөрт чинь ямархуу завхарсан зан чанар байгааг мэддэггүй бол—хэрвээ чамд энэ талаар өчүүхэн төдий ч ойлголт байхгүй бол тэр нь бүх зүйлийг баллахгүй гэж үү? Чи завхарсан мөн чанараа мэдэж авах үед чиний тэрхүү жижиг асуудлууд асуудал байхаа болино. Мэдээж, чи үнэнийг ойлгож, үнэн-бодит байдалд орж, үнэн-зарчмын дагуу үйлдэж чаддаг болохын хэрээр тэдгээр жижиг асуудлаас аажмаар сална. Энэ нь годгонуур зантай, удаан хойрго байх, эсвэл яриа юм уу дуугүй байхтай адил—эдгээр нь асуудал биш юм. Эдгээр нь зан төлөвийн асуудал юм. Зарим хүн тод ярьдаг байхад бусад нь үгүй; зарим хүн арай зоригтой талдаа бөгөөд олон хүний өмнө ярьж зүрхэлдэг байхад зарим нь зориг муутай тул олон хүн байх үед ярьж зүрхэлдэггүй; зарим хүн нийтэч байхад зарим нь бүрэг байдаг. Эдгээрийн аль нь ч асуудал биш. Юу асуудал вэ? Бурханыг эсэргүүцдэг антихристүүдийн зан чанар—тэр бол асуудал. Энэ бол хамгийн том асуудал, хүний бүх завхралын эх үүсвэр юм. Хэрвээ чи завхарсан зан чанарын асуудлыг шийдвэрлэвэл өөр ямар ч асуудал асуудал байхаа болино.

Өөр асуулт байна уу? (Бурхан минь, надад нэг асуулт байна: Үнэнийг эрэлхийлэх эрэлхийлэлдээ би хэвийн сүнслэг амьдралтай байдаг ч үнэнийг хайрлаж, эрэлхийлэх зүрх сэтгэл минь тийм ч их биш байдаг. Байдал минь буруу байгааг мэдрэх үедээ би хэд хоног хичээнгүйлэн эрэлхийлдэг боловч тэр хэд хоног өнгөрөхөд би дахиад л назгайрдаг. Энэ байдал дахин дахин гарч ирдэг бөгөөд энэ нь үнэнд зэвүүцдэг зан чанар гэдгийг би мэддэг ч үүнийг уг үндсээр нь шийдвэрлэж чадахгүй л байна.) Яах ч аргагүй—хүний амь-оролт ийм л байдаг. Энэ асуудлыг үргэлж шийдвэрлэхийг хүсэж байгаагаараа чи алдаа гаргаж байна. Жишээ татвал: Зарим эмэгтэй нөхөр хайхдаа, царай зүс нь дундаж байх нь тийм ч сүртэй хэрэг биш, харин романтик байх ёстой гэсэн шалгуур тавьдаг. Тэд хэзээ, хаана анх танилцсаныг, мөн түүний төрсөн өдөр, тэдний ойн баяр гэх мэтийг нөхөр нь санах ёстой. Тэр тэмдэглэлт өдөр бүрийг санах ёстой, мөн үе үе “Хонгор минь, би чамд хайртай!” гэж хэлэхээ, бас үе үе түүнд бэлэг авч өгөхөө санах ёстой. Эмэгтэй түүнийг шалгаж: “Бидний анхны болзоо ямар өдөр байсан бэ? Гэгээн Валентины өдөр хэзээ вэ?” гэж асууна. Тэд ихэвчлэн иймэрхүү романтик байдал, сэтгэлийн хөөрлийг хайж байдаг бөгөөд хэрвээ амьдрал нь арай уйтгартай болбол тэд дургүйцлээ илэрхийлж, нөхөртөө гомдоллон: “Өөрийгөө хар даа, мэдрэмжгүй амьтан минь. Чи романтик байх талаар юу ч мэдэхгүй. Чамтай өдөр хоногийг өнгөрөөх маш уйтгартай байна! Миний амьдрал чиний гарт сүйрлээ!” гэдэг. Ийм дутагдал гаргадаг эмэгтэйчүүд олон байдаггүй гэж үү? Тэгээд өөр хэн нэгний нөхрийг романтик, эмэгтэй хүнийг яаж аргадахаа мэддэг, эхнэртэйгээ гүнж шиг харьцдаг гэж хэлэх үед энэ эмэгтэйчүүд тэвчихийн аргагүй атаархаж, тэр нөхрийг нь булааж авах юм сан гэж хүсдэг. Тэд ердөө л эгэл жирийн, нэгэн хэвийн амьдралаар амьдрахыг хүсдэггүй. Чи ийм дутагдал гаргаж байсан уу? (Тийм.) Бурхан ажиллаж, хүмүүсийг аврах үед сэтгэл хөдөлгөм, догдлом зүйл тийм ч их байдаггүй бөгөөд Тэр чамд гэнэтийн бэлэг барихгүй. Энэ нь эгэл жирийн, нэгэн хэвийн байдаг—бодитой байна гэдэг нь ийм утгатай. Үнэнийг эрэлхийлэхэд мэдрэмж шаардлагагүй. Зүрх сэтгэлд чинь эрэлхийлэл байж л байвал; мөн явж байгаа зам чинь хазайсан эсэхийг, гүйцэтгэж буй үүрэгт чинь хүний алдаанаас үүдэлтэй ямар нэгэн хайхрамжгүй байдал, хохирол байгаа эсэхийг хааяа нэг шалгаж, энэ хугацаанд үүрэг гүйцэтгэх талаар чамд байхгүй шинэ ойлголт, мэдлэг ах эгч нарт байгаа эсэх, Бурханы үгийг унших үед үгийг нь ухамсарлахад гажуудал гарсан эсэх, тэдгээрт чиний хүч хүрэхгүй, чиний туулаагүй, эсвэл үл ойшоосон зүйл байсан эсэх гэх мэтийн талаар нөхөрлөж л байвал—ийм бүх зам, зорилго, чиглэл хэвийн, зөв байгаа цагт тэр нь хангалттай. Чиний ерөнхий чиглэл зөв байгаа цагт тэр нь хангалттай. Сэтгэлийн хөөрөл бүү эрж хай, гэнэтийн зүйл бүү хай. Хэн ч чамд гэнэтийн бэлэг барихгүй. Бурханд итгэж, үнэнийг эрэлхийлэх нь хэвийн хүмүүсийн амьдралаа хэрхэн авч явдагтай адил юм. Ихэнхдээ энэ нь нэлээд нэгэн хэвийн байдаг, учир нь чи энэ ертөнцөд амьдардаг, энд ер бусын зүйл гэж үгүй, бодит амьдралаас ангид зүйл гэж үгүй. Энэ нь ийм л нэгэн хэвийн байдаг. Гэхдээ ийм нэгэн хэвийн амьдрал болон итгэдэггүй хүмүүсийн амьдралын хооронд ялгаа бий: Чи Бурханд итгэж, үүргээ гүйцэтгэж байхдаа завхарсан зан чанараа байнга мэдэж авч, Бурхантай харилцах харилцаагаа байнга засаж, өөрчилж, ойлгодоггүй үнэнээ байнга мэдэж авч, мэддэггүй, эсвэл ойлгодоггүй үнэнээ мэдэж, хүлээн авдаг. Ялгаа нь энэ юм. Энэ нь хэдийнээ нэлээд том ялгаа—тэгэхээр та нар өөр юу хүсэх юм бэ? Бурханы гэрт, чуулганд, мөн чиний эргэн тойронд хангалттай олон зүйл тохиолддоггүй гэж үү? Бурханы ажлын эхлэлээс өнөөг хүртэл тохиолдсон зүйлс нь хүмүүс эргэцүүлэхэд хангалттай. Өдөр хоног маш хурдан өнгөрдөг: Арван жил, хорин жил нүд ирмэхийн зуур өнгөрч, дараа нь дахиад л нүд ирмэхийн зуур гуч, тавин жил өнгөрсөн байдаг. Хүний амьдралын хувьд бараг л ийм байдаг. Өөр ямар сэтгэл хөдөлгөм зүйл хайх юм бэ? Эдгээр зүйл хангалттай сэтгэл хөдөлгөм. Эргэн тойронд чинь тохиолддог бүх зүйл чамд өвөрмөц зүйлийг олж харах, үнэнийг илрүүлэх боломж олгох ёстой бөгөөд чамд гэнэтийн байх ёстой. Тэр нь нэгэн хэвийн биш биз дээ? (Үгүй, тийм биш.) Үнэнийг эрэлхийлнэ гэдэг нь сэтгэлийн хөөрөл хайх явдал биш. Хэвийн хүн чанартайгаа, энэ материаллаг ертөнцөд амьдардаг хүмүүсийн хувьд байдал ийм л байдаг. Сэтгэлийн хөөрөл бүү хай—сэтгэлийн хөөрөл, мэдрэмж хайх нь хэтэрхий их завтай хүмүүсийн хийдэг зүйл юм. Үүргээ гүйцэтгэж, үнэнийг эрэлхийлэхдээ хүмүүс өдөр бүр шинэ сургамж авдаг. Зарим хүн: “Тэгвэл би яагаад сургамж авахгүй байна вэ?” гэж хэлнэ. За, чиний ахиц дэвшил арай удаан талдаа байж магадгүй; хэрвээ чамд сар бүр сурдаг зүйл байдаг бол тэр нь хангалттай. Чи ахиц дэвшил гаргаж, үнэнийг эрэлхийлж л байвал үр дүн гарах болно. Энэ нөхөрлөл асуудлыг шийдвэрлэсэн үү? (Шийдвэрлэсэн.) Яаж? Ямар үг шийдвэрлэсэн бэ? (Бурханд итгэх итгэлдээ эрэлхийлж байгаа зүйлийн минь цаадах харах өнцөг бодитой биш байгааг би мэдсэнээрээ үүнийг шийдвэрлэлээ—минийх бол эрэлхийлэх прагматик арга зам биш юм байна. Би үргэлж сэтгэлийн хөөрөл эрэлхийлж, үргэлж ямар нэгэн зүйл мэдрэхээр эрэлхийлж, Бурханд ердөө л үзэл, төсөөллөөрөө хандаж, Түүнтэй хөндий харилцаатай байдаг мөртөө хүмүүс амь-оролтынхоо явцад сул дорой байдалтай байх болно, тэгэх явцдаа өсөж хөгжинө, мөн тэд янз бүрийн нөхцөл байдалтай тулгарна гэдгийг үл ойшоодог. Тэр нь хэвийн зүйл юм байна.) Чи зөв ойлгожээ. Ямар ч нөхцөл байдал үүсээгүй байх үед хүмүүс үүргээ яаж гүйцэтгэх ёстой, тэр ёсоор гүйцэтгэж, эрэлхийллээ зохих ёсоор үргэлжлүүлэх ёстой. Сэтгэлийн хөөрөл бүү хай, эсвэл ямар нэг зүйл бүү мэдэр; хэт мэдрэг байж, “Би яагаад өнөөдөр муухай ааштай байна аа? Өө, Бурхантай харилцах харилцаа минь хөндий байна—би хурдхан залбирна аа!” гэж бүү хэл. Ийм хэт мэдрэг байх шаардлагагүй. Бурхан тоохгүй; Тэр чиний тэр жижиг сажиг зүйлийг тоож үздэггүй! Чи: “Би хэд хоног залбираагүй ч үйлдэх үедээ зүрх сэтгэлдээ Бурханыг байнга эрж хайдаг, мөн Бурханаас эмээдэг сэтгэлээ хадгалдаг” гэж хэлж магадгүй. Үүнд ямар ч асуудал байхгүй. Зарим хүн: “Өө, би үүрэгтээ маш их завгүй байсан болохоор Бурханы үгийг уншаагүй хэд хонолоо” гэж хэлнэ. Чи тэр дэг журмыг дагаагүй—чи үүнийг үл ойшоосон—гэхдээ үүрэг гүйцэтгэх явцдаа чи олон асуудлыг олж харж, ямар нэгэн завхарсан зан чанар харуулж, тэр хугацаанд бусдын нөхөрлөлийг сонссон нь чамайг маш их босгон байгуулсан. Энэ нь бодит ололт биш гэж үү? Чи үнэнийг ойлгож, олж авахын тулд Бурханы үгийг уншдаггүй гэж үү? Чи тодорхой нэг аргаар юм уу хэв маягаар тэгэх ёстой гэж зүтгэхийн ашиг тус юу вэ? За. Өнөөдрийн нөхөрлөлийг энд хүрээд өндөрлөе. Баяртай! (Баярлалаа, Бурхан минь, баяртай!)

2020 оны 5 дугаар сарын 30

Өмнөх: 4-р зүйл: Тэд өөрсдийгөө өргөмжилж, гэрчилдэг

Дараах: 10-р зүйл: Тэд үнэнийг басамжилж, зарчмуудыг улайм цайм зөрчиж, Бурханы гэрийн зохицуулалтыг үл ойшоодог (II хэсэг)

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Messenger дээр бидэнтэй холбоо барих