10-р зүйл: Тэд үнэнийг басамжилж, зарчмуудыг улайм цайм зөрчиж, Бурханы гэрийн зохицуулалтыг үл ойшоодог (II хэсэг)
Өнөөдөр бид антихристүүдийн янз бүрийн илрэлийн 10-р зүйл болох: Тэд үнэнийг басамжилж, зарчмуудыг улайм цайм зөрчиж, Бурханы гэрийн зохицуулалтыг үл ойшоодог талаар үргэлжлүүлэн нөхөрлөнө. Өнгөрсөн удаа бид үнэнийг басамжлах талаар зарим нэг тодорхой нөхөрлөл хийсэн тул эхлээд үүнийг эргэн харцгаая. Өнгөрсөн удаа та нар “басамжлах” гэдгийг хэрхэн тайлбарласан бэ? (Бид үүнийг үнэнийг чухалчлахгүй байх, үнэнийг дорд үзэх, тохуурхах, үл тоомсорлох, үнэнийг зэвүүцэх хандлага гаргах гэж тайлбарласан.) Та нар энэ үгийн мөн чанарыг бодитой үг хэллэг ашиглан тодорхой тайлбарласан уу? (Бидний тайлбар ердөө басамжлах гэдгийн ижил утгатай үгс төдий байсан; энэ нь өнгөц байсан бөгөөд үнэнийг басамжлахын нарийн ширийнийг ч, үнэнд хандах хандлага, илрэлийг маань ч тодорхой болгоогүй. Бид үүний мөн чанарыг тайлбарлаж чадаагүй.) Ийм тайлбар нь ямар шинж чанартай вэ? Энэ нь ямар ангилалд хамаарах вэ? (Бичиг үсэг, хоосон сургаал.) Өөр юу байх вэ? Энэ нь мэдлэгт хамаарах уу? (Тийм.) Энэ мэдлэгийг хэрхэн олж авсан бэ? Үүнийг сургуулиас, багш нараас, түүнчлэн толь бичиг, ном товхимлоос олж авсан. Тэгвэл Миний тайлбар болон та нарын тайлбар хоёрын хооронд ямар ялгаа байна вэ? (Бурханы нөхөрлөл нь хүн бүрийн үнэнд хандах хандлагын талаар байдаг—өөрөөр хэлбэл, хүмүүс үнэнийг эсэргүүцэж, үнэнийг зэвүүцэж, зүрх сэтгэлийнхээ угаас жигшдэг бөгөөд хүлээн авдаггүй, тэр ч байтугай яллаж, дайсагнасан байдлаар шүүж, гүтгэдэг. Бурханы тайлбар нь хүмүүсийн үнэнд хандах хандлагын мөн чанараас үүдэлтэй.) Би “басамжлах” гэдэг үгийн мөн чанарыг янз бүрийн үндсэн зан авир, хэрэгжүүлэлт, хандлага, үзэл бодлын үүднээс тайлбарладаг. Чухам аль тайлбар нь үнэн бэ? (Бурханы тайлбар нь үнэн.) Тэгвэл та нарын тайлбар юугаараа дутуу байна вэ? (Бид үнэнийг ойлгодоггүй. Бид аливаа зүйлийн зөвхөн өнгөн талыг харж, үгчлэн тайлбарладаг бөгөөд асуудлыг харахдаа мэдлэг, хоосон сургаалд найддаг.) Та нар энэ үгийг өөрсдийн эзэмшсэн мэдлэгт тулгуурлан, үгчилсэн утгынх нь талаарх ойлголтынхоо дагуу тайлбарладаг боловч энэ үг хүний уг чанар-мөн чанар болон завхарсан зан чанартай хэрхэн холбогддогийг огт мэддэггүй. Энэ бол мэдлэг, хоосон сургаал болон үнэний хоорондох ялгаа юм. Та нар Бурханы үгийг уншиж, үнэнийг нөхөрлөхдөө ч бас байнга энэ арга барил, өнцгийг ашигладаг уу? (Тийм.) Ихэнх хүн Бурханы үгийг яаж ч уншсан, доторх үнэн нь чухам юу болохыг ойлгож чаддаггүй нь гайхах зүйл биш юм. Тиймээс олон хүн Бурханд олон жил итгэсэн хэдий ч үнэн-бодит байдлыг ойлгодоггүй, түүнд орж чаддаггүй. Тийм ч учраас “Хүмүүс үнэнийг ойлгодоггүй бөгөөд үүнийг ухамсарлах чадваргүй байдаг” гэж үргэлж хэлдэг.
Бид антихристүүдийн илрэлийн 10-р зүйл болох: Тэд үнэнийг басамжилж, зарчмуудыг улайм цайм зөрчиж, Бурханы гэрийн зохицуулалтыг үл ойшоодог талаар үргэлжлүүлэн нөхөрлөнө. Сүүлийн цуглаанаар бид үнэнийг басамжлахыг гурван зүйлд хуваасан. Тэр гурав нь юу байсан бэ? (Нэгдүгээрт, Бурханы ялгамж чанар, мөн чанарыг басамжлах; хоёрдугаарт, Бурханы махбод болсон биеийг басамжлах; гуравдугаарт, Бурханы үгийг басамжлах.) Энэ гурван зүйлд үндэслэн “антихристүүд үнэнийг басамжилж, зарчмуудыг улайм цайм зөрчиж, Бурханы гэрийн зохицуулалтыг үл ойшоодог” гэх сэдвийг задлан шинжилцгээе. Өнгөрсөн удаа бид эхний зүйлийг үндсэндээ бараг ярилцаж дуусгасан боловч Бурханы мөн чанарын ариун, цор ганц байдлын талаар тийм ч дэлгэрэнгүй нөхөрлөөгүй бөгөөд энэ нь та нарт эргэцүүлэн бодох орон зай үлдээж, Миний нөхөрлөсөн Бурханы зөвт байдал, төгс хүчний талуудад үндэслэн та нарыг илүү тодорхой нөхөрлүүлэх зорилготой байсан юм. Өнөөдөр бид хоёр дахь зүйл буюу антихристүүд Бурханы махбод болсон биед хэрхэн ханддаг талаар нөхөрлөж, антихристүүд хэрхэн үнэнийг басамжилж, зарчмуудыг улайм цайм зөрчиж, Бурханы гэрийн зохицуулалтыг үл ойшоодог гэх сэдвийг задлан шинжилнэ.
II. Бурханы махбод болсон биеийг басамжлах
Махбод болсон Бурханд, өөрөөр хэлбэл Христэд хандах антихристүүдийн харах өнцөг, үзэл бодол болон Түүнтэй харилцах харилцаанд ч бас зарим нэг тодорхой илрэл, үндсэн илчлэл байдаг. Хэрвээ бид хүмүүсийн зарим тодорхой илрэл юм уу тодорхой хүмүүсийн тодорхой хэрэгжүүлэлтийг зүгээр л нэгэн жигд байдлаар гаргаж тавивал та нарт ингэж үзүүлэх нь бага зэрэг бүрхэг санагдаж магадгүй. Үүний оронд үүнийг хэд хэдэн зүйлд хувааж, эдгээрээс антихристүүдийн Бурханы махбод болсон биед хандах хандлага чухам ямар болохыг ойлгож, антихристүүд үнэнийг хэрхэн басамжилдгийг баталж, задлан шинжилцгээе. Нэгдүгээр зүйл нь бялдуучлах, зусардах, сайхан сонсогдох үг хэлэх; хоёрдугаарх нь шинжих, задлан шинжлэхийн зэрэгцээ сониуч зан гаргах; гуравдугаарх нь тэдний Христэд хандах хандлага сэтгэл санааны байдлаас нь шалтгаалдаг; дөрөвдүгээрх нь Христийн хэлснийг зүгээр л сонсдог ч дуулгавартай дагадаггүй, захирагддаггүй явдал юм. Эдгээр зүйл тус бүрийн илэрхийлэл, түүнчлэн үгчилсэн утгаас нь та нарын ойлгож чадах үзэл бодол, илрэлээс харахад эдгээр нь дор бүрнээ эерэг байна уу? Нэлээд эерэг мэт санагдах зүйл байна уу? “Эерэг” гэдэг нь юуг хэлж байна вэ? Хамгийн наад зах нь хүн чанар, эрүүл ухаантай байхыг хэлж байгаа юм. Үүнийг дуулгавартай байдалтай байх, эсвэл бүтээгдсэн зүйлд байх ёстой хандлага, байр суурийн түвшинд хүртэл өргөх шаардлагагүй. Зүгээр л хүний эрүүл ухааны хэмжүүрийг ашиглахад эдгээрийн аль нь шаардлага хангаж байна вэ?
Бялдуучлах, зусардах, сайхан сонсогдох үг хэлэх хэмээх нэгдүгээр зүйлийг эхлээд харцгаая. Энэ гурван нэр томьёог хүний хэлэнд сайшаасан, эсвэл эерэг утгатай үгс гэж үздэг үү? (Үгүй.) Эдгээр үг нь ихэвчлэн ямар төрлийн хүмүүсийн яриа, зан авирыг тодорхойлдог вэ? (Ов мэхтэй хүмүүс, урвагчид, олиггүй хүмүүс, бялдууч хүмүүс.) Урвагчид, олиггүй хүмүүс, тэрслэгчид; ов мэх, өөдгүй, хорон муу байдалтай холбогддог төрлийн хүмүүс. Ийм хүмүүсийн үйлдэл бусдын нүдэнд ихэвчлэн жигшүүртэй, өөдгүй, хүмүүст чин сэтгэлээсээ ханддаггүй, сайхан сэтгэлгүй харагддаг. Тэд байнга бялдуучилж, зусардаж, сайхан сонсогдох үг хэлдэг бөгөөд нөлөө бүхий, эсвэл өндөр байр суурьтай хүмүүст бялдуучилж, зусарддаг. Ийм төрлийн хүнийг бусад нь басамжилдаг бөгөөд ихэвчлэн сөрөг дүр гэж үздэг.
Шинжих, задлан шинжлэхийн зэрэгцээ сониуч зан гаргах хэмээх хоёрдугаар зүйлийг харцгаая. Эдгээр үг нь сайшаасан утгатай юу, эсвэл доромж утгатай юу? (Доромж утгатай.) Доромж утгатай гэж үү? Яагаад эдгээрийг доромж утгатай гэж ангилж байгаагаа Надад тайлбарла даа? Хам сэдэвгүйгээр эдгээр үг нь саармаг бөгөөд сайшаасан, эсвэл доромж утгатай гэж хэлэх боломжгүй. Жишээлбэл, шинжлэх ухааны төслийг шинжих, асуудлын мөн чанарыг задлан шинжлэх, тодорхой зүйлсийн талаар сониуч зан гаргах зэрэг эдгээр илрэлийг үндсэндээ эерэг, эсвэл сөрөг гэж хэлэх боломжгүй бөгөөд нэлээд саармаг байдаг. Гэвч энд нэг нөхцөл бий: Хүмүүсийн шинжиж, задлан шинжилж, сонирхож буй зүйл нь хүний судалгаанд тохирох ямар нэгэн сэдэв биш, харин Бурханы махбод болсон бие юм. Тиймээс, энэ нөхцөлийг нэмснээр, ийм төрлийн хүмүүсийн хийсэн эдгээр зүйл, түүнчлэн тэдний илрэл, зан авирт үндэслэвэл эдгээр үг энд сөрөг утгатай болж байгаа нь тодорхой байна. Ихэвчлэн ямар төрлийн хүмүүс Бурханы махбод болсон биеийг шинжиж, задлан шинжилдэг вэ? Үнэнийг эрэлхийлдэг хүмүүс үү, эсвэл эрэлхийлдэггүй хүмүүс үү? Зүрх сэтгэлээсээ Христэд үнэхээр итгэдэг хүмүүс үү, эсвэл Христэд эргэлзсэн хандлагатай байдаг хүмүүс үү? Мэдээж, эргэлзсэн хандлагатай байдаг хүмүүс. Тэдэнд Христэд итгэх жинхэнэ итгэл байдаггүй бөгөөд шинжиж, задлан шинжлэхээс гадна тэд бас онцгойлон сониуч байдаг. Тэд чухам юуг сониучирхдаг вэ? Бид удахгүй эдгээр илрэл болон мөн чанарын нарийн ширийнийг тусгайлан нөхөрлөнө.
Дараа нь, тэдний Христэд хандах хандлага сэтгэл санааны байдлаас нь шалтгаалдаг хэмээх гуравдугаар зүйлийг харцгаая. Энэ зүйлд сайшаасан, эсвэл доромж утгатай эсэхийг нь задлан шинжлэх тодорхой үгс байхгүй. Ийм хүмүүсийн ийм төрлийн илрэл болон тодорхой хэрэгжүүлэлтээр ямар баримт илчлэгддэг вэ? Ийм зүйл хийдэг, ийм илрэл гаргадаг хүн ямар зан чанартай байдаг вэ? Нэгдүгээрт, тэд бусдад алагчлалгүй ханддаг уу? (Үгүй.) Үүнийг ямар хэллэгээс дүгнэж болох вэ? (“Сэтгэл санааны байдлаас нь шалтгаалдаг.”) Энэ хэллэг нь ийм төрлийн хүмүүс бусад хүн юм уу хэрэг явдалд хандаж, үйлдэл хийхдээ зарчимгүй, ёс зүйн доод хязгааргүй, ялангуяа ямар ч мөс чанар, эрүүл ухаангүй байдаг бөгөөд тэд сэтгэл санааны байдалдаа бүрэн хөтлөгддөг гэсэн үг юм. Хэрвээ хэн нэгэн жирийн хүнд сэтгэл санааны байдалдаа үндэслэн хандвал энэ нь тийм ч том асуудал биш байж магадгүй; энэ нь захиргааны зарлигийг зөрчихгүй, Бурханы зан чанарт халдахгүй бөгөөд энэ хүн дураараа, үнэнийг эрэлхийлдэггүй, зарчимгүй үйлддэг, мөн бусдын мэдрэмжийг биш зөвхөн өөрийн махан биеийн хүсэл, мэдрэмжийг л бодолцон сэтгэл санааны байдал, дур сонирхолдоо үндэслэн юу дуртайгаа хийдэг, бусдыг огт хүндэлдэггүй гэдгийг л харуулдаг. Энэ бол жирийн хүнд хандах хандлагад нь үндэслэсэн тайлбар юм—гэхдээ энд тэд хэнд сэтгэл санааны байдлаасаа шалтгаалан хандаг вэ? Энэ бол жирийн хүн биш, харин Бурханы махбод болсон бие буюу Христ юм. Хэрвээ чи Христэд сэтгэл санааны байдалдаа үндэслэн хандвал энэ нь ноцтой асуудал бөгөөд хэр зэрэг ноцтой болохыг нь бид одоо хэлэлцэхгүй.
Христийн хэлснийг зүгээр л сонсдог ч дуулгавартай дагадаггүй, захирагддаггүй хэмээх дөрөвдүгээр зүйлийг одоо харцгаая. Энэ нь чухам юу болохыг тодорхойлох тодорхой үг хэллэг энд байхгүй; энэ нь нэг төрлийн илрэл, хүмүүсийн аливаа зүйлд хандах хэвшмэл байдал, тодорхой хандлага боловч хүний зан чанартай холбоотой. Ийм хүмүүсийн зан чанар ямар байдаг вэ? Тэд сонсдог боловч дуулгавартай дагадаггүй, захирагддаггүй. Өнгөн дээрээ тэд сонсож чаддаг ч гаднаа харуулж байгаа зүйл нь дотроо бодож байгаа зүйл юм уу дотоод жинхэнэ хандлагатай нь адилхан байдаг уу? (Үгүй.) Гаднаа тэд төлөв томоотой мэт харагдаж, сонсож байгаа мэт санагдаж болох ч дотроо бол тийм биш байдаг. Тэдний дотор дуулгаваргүй сэтгэл санаа, хандлага, эсэргүүцсэн сэтгэл санаа, хандлагын хамт байдаг. Тэд: “Би зүрх сэтгэлдээ чамд дуулгавартай байдаггүй; дуулгаваргүй гэдгээ чамд яаж мэдэгдэх вэ? Би чиний хэлсэн үгийг зүгээр л чихээрээ сонсдог ч огтхон ч зүрх сэтгэлдээ тусгаж авдаггүй, хэрэгжүүлдэг ч үгүй. Би чиний эсрэг зогсож, чамайг эсэргүүцнэ!” гэж боддог. Дуулгавартай дагадаггүй, захирагддаггүй гэж үүнийг хэлнэ. Хэрвээ ийм хүмүүс жирийн хүмүүстэй холбоо тогтоож, харилцаж, жирийн хүмүүсийн хэлсэн зүйлд ийм байдал, үзэл бодол, хандлагаар хандвал, энэ нь илэрхий эсвэл мэдэгдэхүйц илрэл байх эсэхээс үл хамааран, ийм хүмүүсийн зан чанар ямар байдаг вэ? Тэднийг бусдын хэлдгээр хүн чанар, ухаалаг байдалтай сайн хүмүүс гэж үздэг үү? Тэднийг эерэг хүн гэж ангилдаг уу? Мэдээж үгүй. “Зүгээр л сонсдог ч дуулгавартай дагадаггүй, захирагддаггүй” гэх хэллэгээс л дүгнэхэд энэ хүмүүс биеэ тоосон байдаг. Тэд хэр зэрэг биеэ тоосон байдаг вэ? Ухаалаг байдлаа алдаж, бүрмөсөн галзуурах хэмжээнд хүртлээ туйлын их биеэ тоосон байдаг бөгөөд хэнд ч дуулгавартай байдаггүй, хэнийг ч тоож үздэггүй. Бусадтай харилцах үеийн тэдний хандлага нь: “Би чамтай ярьж чадна, би чамтай нэгдэж чадна, гэхдээ хэний ч үг миний зүрх сэтгэлд орж чадахгүй, хэний ч үг миний үйлдлийн зарчим, удирдамж болж чадахгүй” гэдэг. Тэдний толгойд зөвхөн өөрсдийнх нь бодол л байдаг бөгөөд зөвхөн дотоод дуу хоолойгоо л сонсдог. Тэд ямар ч зөв, эсвэл эерэг үг хэллэг, зарчмыг сонсдоггүй, хүлээн авдаггүй, харин ч зүрх сэтгэлдээ тэдгээрийг эсэргүүцдэг. Хүмүүсийн дунд ийм хүмүүс байдаг уу? Бүлэг хүний дунд ийм хүмүүсийг ухаалаг гэж үздэг үү, эсвэл ухаалаг бус гэж үздэг үү? Тэднийг эерэг дүр гэж ангилдаг уу, эсвэл сөрөг дүр гэж үү? (Сөрөг дүр.) Тэгвэл бүлэг хүний дунд ихэнх хүн тэднийг ихэвчлэн хэрхэн харж, тэдэнд хэрхэн ханддаг вэ? Тэдэнд хандахдаа тэд ямар арга барил ашигладаг вэ? Ихэнх хүн ийм хүмүүстэй холбоо тогтоож, харилцахыг хүсдэг үү? (Үгүй.) Чуулганд ихэнх хүн ийм хүмүүстэй таарч тохирдоггүй—үүний шалтгаан нь юу вэ? Яагаад бүх хүн ийм хүмүүст дургүйцэж, тэднийг зэвүүцдэг вэ? Энэ асуудлыг хоёр өгүүлбэрээр тайлбарлаж болно. Нэгдүгээрт, энэ хүмүүс хэнтэй ч хамтран ажилладаггүй, өөрсдийнхөөрөө шийдэхийг хүсдэг бөгөөд хэнийг ч сонсдоггүй; тэднийг өөр хэн нэгний үгийг сонсдог болгох туйлын хэцүү бөгөөд тэд бусдын санал бодол, санааг асуух, эсвэл бусдын хэлэх үгийг сонсоно гэдэг бүтэшгүй зүйл юм. Хоёрдугаарт, тэд хэнтэй ч хамтран ажиллаж чаддаггүй. Энэ хоёр өгүүлбэр нь ийм төрлийн хүний хамгийн тодорхой илрэл биш гэж үү? Эдгээр нь ийм хүний мөн чанар биш гэж үү? (Тийм.) Нэгдүгээрт, зан чанарыг нь бодолцож үзвэл, тэд хэнийг ч сонсдоггүй, хэнд ч дуулгавартай байдаггүй. Тэд өөрсдийнхөөрөө шийдэхийг хүсдэг, бусдыг сонсохыг хүсдэггүй бөгөөд бусадтай хамтран ажилладаггүй. Тэдний зүрх сэтгэлд бусдад ч, үнэнд ч, чуулганы зарчимд ч орон зай байдаггүй. Ийм төрлийн хүмүүсийн антихрист зан чанар ийм байдаг. Түүнчлэн, тэд хэнтэй ч хамтран ажиллаж чаддаггүй, таарч тохирдоггүй бөгөөд зүрх сэтгэлдээ дурамжхан зөвшөөрсөн ч цаг нь болоход бусадтай хамтран ажиллаж чаддаггүй хэвээр байдаг. Энд юу болоод байна вэ? Энэ нь тодорхой байдалтай холбоотой биш гэж үү? Тэд бусдыг дорд үздэг, бусдыг сонсдоггүй бөгөөд бусдын үг зарчимд хэчнээн нийцэж байсан ч тэд хүлээн авдаггүй. Бусадтай хамтран ажиллах үед зөвхөн тэднийхээр л байх ёстой болдог. Энэ нь эв найртай хамтын ажиллагаа мөн үү? Энэ бол хамтын ажиллагаа биш; энэ нь нэг хүн бүхнийг шийддэг, дур мэдэн үйлдэх явдал юм. Энэ бол ийм хүмүүсийн бусадтай харилцахдаа гаргадаг зан чанар бөгөөд тэд Христэд ч мөн ийм байдлаар ханддаг. Үүнийг задлан шинжлэх хэрэг байна уу? Энд байгаа асуудал ноцтой бөгөөд задлан шинжлүүштэй! Дараа нь, зүйл тус бүр дэх антихристүүдийн тодорхой илрэл, хэрэгжүүлэлтийн талаар ярилцаж, эдгээр тодорхой илрэл, хэрэгжүүлэлтээр дамжуулан антихристүүдийн мөн чанар болох үнэнийг басамжилж, зарчмуудыг улайм цайм зөрчиж, Бурханы гэрийн зохицуулалтыг үл ойшоодог явдлыг ойлгож авцгаая. Нэгдүгээр зүйлээс эхлэн задлан шинжилцгээе.
А. Бялдуучлах, зусардах, сайхан сонсогдох үг хэлэх
Бялдуучлах, зусардах, сайхан сонсогдох үг хэлэх—өнгөн дээрээ хүн бүр эдгээр үг ямар утгатайг мэдэх ёстой бөгөөд үүнийг амьдралд хэрэгжүүлдэг хүмүүс түгээмэл байдаг. Бялдуучилж, зусардаж, сайхан сонсогдох үг хэлэх нь ихэвчлэн бусдын таалал, магтаалыг олохын тулд, эсвэл ямар нэгэн ашиг тус олж авахын тулд ашигладаг ярианы арга барил юм. Энэ бол бялдуучилж, зусарддаг хүмүүсийн хамгийн түгээмэл ярианы хэв маяг. Бүх завхарсан хүн тодорхой хэмжээгээр энэ илрэлийг харуулдаг гэж хэлж болох бөгөөд энэ нь сатанлаг гүн ухаанд хамаардаг ярианы хэв маяг юм. Тэгвэл хүмүүс махбод болсон Бурханы өмнө ч бас магадгүй ямар нэгэн ашиг тус олж авахын тулд ийм илрэл, хэрэгжүүлэлт харуулдаг уу? Мэдээж, энэ нь тийм ч энгийн биш. Хүмүүс Бурханы махбод болсон биед бялдуучилж, зусардах үед тэдний зүрх сэтгэл дэх Христийн талаарх ямар үзэл бодол, бодол санаа нь ийм зан авир гаргахад хүргэдэг вэ? Ихэвчлэн хүмүүс ийм зан авирыг бусад хүнд гаргадаг. Хэрвээ хүмүүс махбод болсон Бурханд бас ингэж авирладаг бол энэ нь нэг асуудлыг далдуур илчилдэг: Тэд махбод болсон Бурханыг, Христийг завхарсан хүн төрөлхтний дундах жирийн л нэг хүн гэж үздэг. Гаднаас нь харахад, Христэд яс, бие махбод байдаг бөгөөд хүний дүр төрхтэй байдаг. Энэ нь хүмүүсийг төөрөгдүүлж, Христийг ердөө л хүн гэж итгэхэд хүргэдэг бөгөөд Христэд хүнд ханддаг логик, сэтгэлгээгээр улайм цайм хандах боломжийг тэдэнд олгодог. Хүнд ханддаг логик, сэтгэлгээний дагуу бол, ихэвчлэн байр суурь, нэр хүндтэй хүнд хандахдаа сайхан сэтгэгдэл үлдээж, улмаар ашиг тус олж авах юм уу ирээдүйд саадгүй тушаал дэвших хамгийн сайн стратеги нь сонсогчид тухтай, баяртай санагдахаар үгээ аятайхан, эв дүйтэй хэлэх явдал юм. Хүн нүүрний хувирлаа зөөлөн байлгаж, догшин, эсвэл баргар царай гаргах ёсгүй бөгөөд хэл ярианд нь ямар нэгэн ширүүн, хорлонтой, хатуу ширүүн үг, эсвэл хүний бардам занд халдах үг байх ёсгүй. Ийм илрэл, үг хэллэгтэй байж байж л хүн тийм хүний дэргэд сайхан сэтгэгдэл үлдээж, тэднийг зэвүүцүүлэхгүй байж чадна. Аятайхан ярьж, бялдуучилж, зусардах нь бусдыг хүндлэх жинхэнэ хэлбэрт тооцогддог мэт санагддаг. Үүнтэй адилаар, Христийг хүндэлж, эв найртай байхын тулд тэд ийм зан авир гаргах гэж ихээхэн хичээж, үгэнд нь ямар ч гомдоох үг хэллэг юм уу агуулга, мөн ямар ч доромж утгатай зүйл яавч байхгүй байх ёстой гэж хүмүүс итгэдэг. Энэ бол Христтэй харилцаж, ярилцах хамгийн сайн арга гэж хүмүүс боддог. Тэд Бурханы махбод болсон биед хэвийн, завхарсан зан чанартай хамгийн жирийн хүн мэт хандаж, үүнээс өөрөөр авирлах, Түүнд өөрөөр хандах илүү сайн арга байхгүй гэж боддог. Тиймээс, антихрист Христийн өмнө ирэхдээ зүрх сэтгэлдээ эмээх сэтгэл, хүндэтгэл, жинхэнэ чин сэтгэл тээдэггүй, харин аятайхан, эв дүйтэй үг хэл ашиглах хүсэл тээж, тэр ч байтугай хуурамч дүр эсгэж Бурханы махбод болсон биед илт бялдуучилж, зусарддаг. Бүх хүн энэ арга барилд автдаг бөгөөд Бурханы махбод болсон бие ч бас хүн учраас Тэр ч бас энэ арга барилд хариу үйлдэл үзүүлж, үүнийг таашаана гэж тэд итгэдэг. Иймээс, Бурханы махбод болсон бие буюу Христэд хандахдаа антихристүүд Христэд Бурханы мөн чанар байдаг гэх баримтыг зүрх сэтгэлдээ хүлээн авдаггүй. Харин тэд Бурханы махбод болсон биед хандахдаа хүний зарим нэг тактик, ертөнцийн гүн ухаан, мөн бусдад хандаж, явуулга хийдэг хүний түгээмэл заль мэхийг ашигладаг. Эдгээр зан авирын мөн чанар нь антихристүүд Бурханы махбод болсон биеийг басамжилдаг гэх баримтыг харуулж байна уу? (Тийм.)
Антихристүүд завхарсан хүмүүст ханддагтайгаа яг адилаар Христэд ханддаг бөгөөд Христийг хармагцаа зөвхөн бялдуучилж, зусардсан үг хэлж, дараа нь Христийн хариу үйлдлийг ажиглан, Түүний таалалд нийцүүлэхийг хичээдэг. Зарим хүн Христийг хараад: “Би чамайг холоос харсан. Чи олны дунд онцгойрч байна. Гэрлэн титэмгүй бусад хүнээс ялгаатай нь, чиний толгой дээр гэрлэн титэм байна. Би чамайг жирийн хүн биш гэдгийг шууд л мэдсэн. Бурханы гэрт христээс өөр хэн жирийн биш байх билээ? Чамайг харсан даруйдаа би мэдсэн, энэ бол яах аргагүй үнэн. Бурханы махбод болсон бие үнэхээр бусдаас өөр юм” гэж хэлдэг. Энэ чинь улайм цайм дэмийрэл биш гэж үү? Миний гадаад төрх жирийн, эгэл. Хэрвээ Би ямар ч олны дунд юу ч хийхгүй, юу ч хэлэхгүй бол нэг, хоёр жил болсон ч Намайг хэн болохыг таних хүн гарахгүй л болов уу. Ямар ч бүлэгт Би зүгээр л нэг жирийн гишүүн; хэн ч Надаас ямар ч онцгой зүйл олж харж чадахгүй. Одоо Би чуулганд ажиллаж байгаа бөгөөд Бурханы гэрчлэлээс болоод Намайг та нарын дунд ярих үед та нар сонсдог. Гэхдээ Бурханы гэрчлэлгүйгээр хэр олон хүн Намайг сонсож, эсвэл анхаарал хандуулах байсан бэ? Энэ нь асуулт, тодорхойгүй зүйл хэвээр үлдэнэ. Зарим хүн: “Тэр надад яг л бурхан шиг харагддаг. Түүнийг ер бусын, бусдаас өөр гэдгийг би үргэлж мэдэрдэг байсан” гэж хэлдэг. Би юугаараа өөр юм бэ? Надад гурван толгой, зургаан гар байгаа юм уу? Чи яаж ялгааг нь харж чадах юм бэ? Бурхан нэгэнтээ: Би хүмүүст Надаас бурханлаг чанарын өчүүхэн төдий ул мөрийг ч мэдрэх боломж зориуд олгодоггүй гэж хэлсэн. Хэрвээ Бурхан хүмүүст Өөрийнхөө бурханлаг чанарыг мэдрүүлдэггүй юм бол, чи яаж үүнийг харж чадах юм бэ? Энэ хүмүүсийн хэлж байгаа зүйл асуудалтай биш гэж үү? Энэ нь ямар ч жинтэй үг хэлдэггүй, жигшүүртэй бялдуучдын утгагүй ярианаас өөр юу ч биш нь тодорхой байна. Махбод болсон Бурханы гадаад төрх бол жирийн хүнийхтэй адил. Хүний нүд Христийн бурханлаг чанарыг яаж ялган таньж чадах юм бэ? Хэрвээ Христ ажиллаж, яриагүй бол хэн ч Түүнийг таньж, эсвэл Түүний ялгамж чанар, мөн чанарыг мэдэж чадахгүй байх байсан. Энэ бол баримт. Тэгвэл: “Би чамайг бусдаас ялгаатай, бурханы махбод болсон бие гэдгийг анх хараад л мэдсэн” эсвэл “Би чамайг хармагцаа л чамайг агуу зүйл хийж чадна гэдгийг мэдсэн” гэж хэлдэг хүмүүсийн хувьд яах вэ? Эдгээр үг юу вэ? Тэдгээр нь шал дэмий үг! Бурхан гэрчлэлээ хийгээгүй байхад, чи хэчнээн олон удаа харсан ч яагаад ялган таньж чадаагүй юм бэ? Бурханы гэрчлэлийн дараа, Намайг ажлаа эхлэх үед чи яаж гэнэт анх хараад л үүнийг харж чаддаг байна аа? Эдгээр нь илт хууран мэхэлсэн үг, цэвэр галзуурал юм.
Зарим хүн Надтай уулзах юм уу харилцах үедээ өөрийгөө харуулахыг хүсдэг. Тэд: “Бие махбодтой болсон бурхантай уулзах нь ховор тохиолддог; энэ бол амьдралд ганц тохиох боломж. Би сайн гүйцэтгэж, бурханд итгэсэн олон жилийнхээ үр дүн болон бурханы ажлын одоогийн үе шатыг хүлээн авснаас хойш гаргасан сайн ололт амжилтаа бурханд дуулгаж, мэдүүлэх ёстой” гэж боддог. Надад мэдүүлнэ гэдгээрээ тэд юуг хэлж байна вэ? Тэд дэвших боломж гарна гэж найддаг. Хэрвээ чуулганд байсан бол тэдэнд насан туршдаа онцгойрч, дэвших боломж олдохгүй байж магадгүй; хэн ч тэднийг сонгохгүй. Тэд одоо боломж гарч ирлээ гэж боддог тул ямар ч асуудлыг илчлэхгүйгээр, мөн өөрийгөө харуулахыг хичээж байгаагаа мэдэгдэхгүйгээр яаж ярих вэ гэж тунгаан боддог. Тэд илүү арга ухаантай, чадамгай байж, зарим нэг явуулга, заль мэх ашиглаж, шалихгүй ов мэх хэрэглэх хэрэгтэй болдог. Тэд: “Бурхан минь бид энэ жилүүдэд чамд итгэснээрээ үнэхээр их ашиг тус хүртлээ! Манай гэр бүл бүгдээрээ итгэдэг бөгөөд бүгд бурханы төлөө өөрсдийгөө зарлагадахын тулд бүхнийг орхисон. Гэхдээ энэ нь хамгийн чухал зүйл биш ээ. Хамгийн чухал нь чиний үг маш агуу бөгөөд чи маш их ажил хийсэн. Бид бүгд үүргээ гүйцэтгэж, бурханы төлөө өөрсдийгөө зарлагадахад бэлэн байна” гэдэг. Үүнд нь Би: “Гэхдээ үүнд үнэндээ ямар ч ашиг тус байхгүй шүү дээ” гэж хэлдэг. “Байгаа—бурханы өгсөн нигүүлсэл арвин их. Бурханы үгээс бид маш их шинэ гэрэл, ухаарал, ойлголт олж авсан. Ах эгч нар бүгд маш их эрч хүчтэй болж, бүгд бурханы төлөө өөрсдийгөө зарлагадахад бэлэн байгаа.” “Сул дорой, сөрөг хүн байгаа юу? Саад болж, үймүүлдэг хүн байгаа юу?” “Байхгүй ээ, манай чуулганы амьдрал маш сайн байгаа. Ах эгч нар бүгд бурханыг хайрлахаар эрэлхийлж, сайн мэдээ номлохын тулд бүхнийг орхиж байгаа. Бурханы хэлдэг бүхэн сайн. Бид бүгд урам зоригтой байгаа бөгөөд урьдынх шигээ нигүүлсэл эрж хайж, цадталаа талх идэхээр эрж хайх маягаар итгэж цаашид чадахгүй. Бид бурханы төлөө бүхнийг орхиж, бурханд өөрсдийгөө өргөж, бурханы төлөө өөрсдийгөө зарлагадах ёстой.” “Тэгвэл, та нар сүүлийн хэдэн жилд Бурханы үгийн талаар ямар нэгэн ойлголттой болсон уу?” “Тийм ээ, болсон. Бурхан минь, чиний үг маш агуу, өгүүлбэр бүр чинь бидний гол асуудлыг яг онож, бидний уг чанар-мөн чанарыг ил болгодог! Бид өөрсдийгөө ойлгохоос болон чиний үгээс агуу гэрэл хүлээн авсан. Бурхан минь, чи бол манай гэр бүл, манай чуулганыг бүхэлд нь аврагч билээ. Чи байхгүй байсан бол бид аль хэдийн хаа нэгтээ мөхөх байсан. Чи байхгүй байсан бол бид хэрхэн цааш явахаа мэдэхгүй байх байлаа. Манай чуулганы хүн бүр чамтай уулзахыг хүсэн тэмүүлж, зүүдэндээ чамтай уулзахын төлөө өдөр бүр залбирч, өдөр бүр чамтай хамт байхыг найдаж байгаа!” Тэдний ярианд мөн чанартаа чин сэтгэлийн юм уу жинхэнэ үг хэлэгдсэн байна уу? (Үгүй.) Тэгвэл эдгээр нь ямар үг вэ? Тэдгээр нь хоёр нүүртэй, хоосон, хэрэггүй үгс юм. Намайг өөрсдийгөө танин мэдсэн талаараа ярихыг хүсэхэд тэд: “Бурханы ажлыг хүлээн авснаас хойш би өөрийгөө хүн чанаргүй, диавол, Сатан гэдгээ мэдэрч байна” гэдэг. “Чи яаж хүн чанаргүй байгаа юм бэ?” “Би зарчимгүй үйлддэг.” “Ямар үйлдэл дээр чи зарчимгүй байна вэ?” “Би бусадтай эвтэй найртай хамтран ажиллаж чаддаггүй, бусадтай харилцах харилцаа минь зарчимгүй, хүмүүстэй харьцахдаа зарчимгүй байдаг. Би бол диавол, Сатан, би Сатанаас гаралтай, Сатан намайг гүнзгий завхруулсан. Би алхам тутамдаа бурханыг эсэргүүцэж, бурхантай байнга сөргөлдөж, тэрсэлдэг.” Эдгээр үг өнгөн дээрээ сайхан сонсогддог. Намайг: “Танай чуулганы тэр хүн одоо ямархуу байна вэ?” гэж асуухад тэд: “Одоо тэр сайн байгаа. Тэр өмнө нь чуулганы удирдагчийн үүргээс чөлөөлөгдсөн боловч дараа нь гэмшиж, ах эгч нар түүнийг дахин сонгосон” гэдэг. “Тэр хүн үнэнийг эрэлхийлдэг хүн мөн үү?” “Хэрвээ бурхан түүнийг үнэнийг эрэлхийлдэг гэвэл тэр эрэлхийлдэг; хэрвээ бурхан илэрхийлдэггүй гэвэл илэрхийлдэггүй.” “Энэ хүн урам зоригтой харагддаг ч хэв чанар нь нэлээд муу, тийм биз дээ?” “Муу гэж үү? Тийм ээ, бага зэрэг. Эс бөгөөс ах эгч нар яагаад өнгөрсөн удаад түүнийг чөлөөлөх билээ?” “Хэрвээ хэв чанар нь муу юм бол тэр бодитой ажил хийж чадах уу? Тэр чуулганы удирдагчийн үүрэг хариуцлагыг биелүүлж чадах уу?” Миний үгийг сонсоод тэд үүнийг хэв чанар муутай хүн үүрэг хариуцлагаа биелүүлж чадахгүй гэж хэлж байна хэмээн ойлгож: “Тэгвэл, тэр биелүүлж чадахгүй. Ах эгч нар түүнийг хамгийн муу хүмүүсээс хамгийн дээр нь гэж сонгосон; илүү дээр хүн байгаагүй тул түүнийг сонгосон. Ах эгч нар бүгд түүний хэв чанарыг дундаж гэдэг ч тэр биднийг удирдаж чадна. Хэрвээ түүний хэв чанар муу бол дараагийн удаа ах эгч нар түүнийг сонгохгүй байх гэж би бодож байна. Бурхан минь, би ах эгч нарт нөлөөлөх тал дээр ажиллах хэрэгтэй юу?” “Энэ асуудал танай чуулганы ах эгч нарын биеийн хэмжээнээс шалтгаална. Тэд зарчимд үндэслэн сайн гэж бодсон хүнээ сонгодог—энэ үйл явц зөв боловч зарим хүн мунхаг бөгөөд хүмүүс юм уу хэрэг явдлыг нэвт харж чаддаггүйгээсээ болоод заримдаа буруу хүнээ сонгодог.” Би ингэж хэлснээрээ юу хэлэх гэсэн бэ? Би энэ хүнийг чөлөөлөх гэж санаатайгаар зориогүй, зүгээр л бодит байдлыг хэлсэн. Гэвч үүнийг сонсоод антихрист хэрхэн ухамсарласан бэ? Тэр үүнийг чанга хэлээгүй ч дотроо: “Энэ нь тэр хүнийг чөлөөл гэсэн бурханы дохио юм болов уу? Тэгвэл, би бурхан үнэндээ юу хэлэх гэснийг цааш нь тандах хэрэгтэй юм байна. Хэрвээ энэ хүнийг чөлөөлчихвөл өөр хэн чуулганыг удирдаж, хэн энэ ажлыг хийж чадах вэ?” гэж бодсон. Антихристүүд Бурханыг анзаардаггүй, зүрх сэтгэлд нь Бурханы орон зай байдаггүй. Тэд Христтэй нүүр тулаад жирийн хүнээс ялгаагүй хандаж, Түүний нүүрний хувирал, дууны өнгийг байнга уншиж, нөхцөл байдалд тааруулан дуугаа өөрчилж, үнэндээ юу болоод байгааг хэзээ ч хэлдэггүй, хэзээ ч ямар ч зүйлийг чин сэтгэлээсээ хэлдэггүй, зөвхөн хоосон үг, сургаал хэлж, нүднийх нь өмнө зогсож байгаа бодитой Бурханыг хуурч, мэхлэхийг оролддог. Тэдэнд Бурханаас эмээх сэтгэл огт байдаггүй. Тэд Бурхантай чин сэтгэлээсээ ярьж, бодитой зүйл хэлж ч чаддаггүй. Тэд тахир муруй, тойруу замаар могой мурилзах мэт ярьдаг. Үгийнх нь хэв маяг, чиглэл нь шон даган авирч буй тарвасын ороонго шиг байдаг. Жишээлбэл, чи хэн нэгнийг сайн хэв чанартай, дэвшүүлж болно гэж хэлэхэд тэд тухайн хүн ямар сайн болохыг, түүнээс юу илэрч, харагдсан тухай тэр даруй ярьдаг; чи хэн нэгнийг муу гэж хэлбэл, тэднийг ямар муу, ёрын муу болохыг, чуулганд яаж үймээн тарьж, саад болдог тухай тэд түргэхэн ярьдаг. Чамайг зарим нэг бодит нөхцөл байдлын талаар асуухад тэдэнд хэлэх үг олддоггүй; тэд булзааруулж, чамайг дүгнэлт хийхийг хүлээж, үгээ чиний бодолтой нийцүүлэхийн тулд чиний үгийн утгыг танддаг. Тэдний хэлдэг бүхэн сайхан сонсогдох үг, бялдуучлал, зусардал байдаг бөгөөд амнаас нь нэг ч чин сэтгэлийн үг гардаггүй. Тэд хүмүүстэй ингэж харилцаж, Бурханд ингэж ханддаг—тэд яг л ийм ов мэхтэй. Энэ бол антихристийн зан чанар юм.
Зарим хүн Надтай харилцахдаа, Намайг ямар үг юм уу хэрэг явдал сонсох дуртайг мэддэггүй; гэхдээ мэдэхгүй байлаа ч тэд арга замыг нь олдог. Тэд Надтай ярилцах тодорхой нэг сэдэв сонгоод: “Эдгээр сэдэв чамд сонирхолтой байж магадгүй, чиний мэдэхийг юм уу сонсохыг хүсэж байгаа ч асуухаас нэрэлхэж байгаа зүйл байж магадгүй, тиймээс би санаачилгаараа чамд хэлье” гэж боддог. Биднийг уулзах үед тэд: “Саяхан манай нутгаар аадар бороо орж, хотыг бүхэлд нь үерт автууллаа. Нийгмийн хэв журам ч бас муудаж байна; одоо хулгайч маш их болсон. Гадагшаа гарахад л хулгайд эд зүйлээ алдах юм уу дээрэмдүүлэх эрсдэл байна. Зарим газарт олон хүүхэд хулгайлагдсан гэж би сонссон бөгөөд хүмүүс айж тэвдсэн байдалтай байна. Шүтлэггүй хүмүүс нийгэм хэтэрхий эмх замбараагүй, огт хэвийн бус болсон гэж ярьж байна. Шашны хүмүүс Библиэ зуурч, сайн мэдээ номлосон хэвээр байгаа бөгөөд эцсийн өдрүүд ирсэн, бурхан бууж ирэх гэж байна, агуу сүйрэл нүүрлээд байна гэж ярьж байна” гэж хэлдэг. Мөн Надтай уулзмагцаа шууд л: “Хэд хоногийн өмнө нэг газар тэнгэрт гурван сар гарч, олон хүн зураг дарсан байна. Ардын мэргэч зарим хүн тэнгэрт агуу үзэгдэл гарах гэж байна, жинхэнэ эзэн гарч ирлээ гэж ярьж байна” гэж хэлдэг зарим хүн бий. Тэд иймэрхүү зүйл ярьдаг—тэд ийм нийгмийн эмх замбараагүй байдал, гамшиг болон янз бүрийн ер бусын үйл явдал, одон орны үзэгдэл гарах талаар онцгойлон сонирхож, мэдээлэл цуглуулдаг. Тэд Надтай уулзахдаа илүү дотно харилцаа тогтоохын тулд үүнийг ярианы сэдэв болгон ашигладаг. Зарим нь: “Бие махбодтой болсон бурхан бол жирийн хүн. Түүний бусдаас ялгарах ялгаа нь тэр бурханы ажлыг хийж, бурханыг төлөөлдөгт оршдог. Тиймээс, ихэнх хүн дэлхий дахинд энх тайван тогтож, хүмүүс эвтэй найртай, сэтгэл хангалуун амьдраасай гэж найддаг ч махбод болсон христ хэвийн хүмүүстэй адилгүй. Тэр дэлхий дахинд агуу их эмх замбараагүй байдал үүсэж, үзэгдэл болон агуу сүйрэл ирж, бурханы агуу ажил хурдан хэрэгжиж, бурханы удирдлагын ажил хурдан дуусаж, хэлсэн үг нь биелээсэй гэж найддаг. Эдгээр нь түүний санаа тавьдаг, сонирхдог сэдвүүд. Тиймээс түүнтэй уулзахдаа би эдгээр зүйлийн талаар ярих хэрэгтэй бөгөөд тэр онцгойлон баярлах болно. Ингэж баярлуулснаар магадгүй би дэвшиж, түүний хажууд илүү олон өдрийг өнгөрөөх боломж гарч магадгүй” гэж боддог. Ийм хүмүүс байдаг уу? Би нэг удаа уран үгтэй нэгэн залуу охинтой уулзсан юм; тэр уран цэцэн үгтэй, сэргэлэн, хэнд юу хэлэхээ сайн мэддэг, хүний арга эвийг олж, хэнтэй ч хэл амаа сайн ололцдог, ялангуяа эрх мэдэл, байр суурьтай хүмүүстэй харилцахдаа онцгой чадварлаг нэгэн байв. Тэр Надтай харилцахдаа уулзмагцаа шууд л: “Тэр, тэр газар гэмт хэргийн ертөнц газар авсан; орон нутгийн цагдаагийн газарт хүртэл бүлэглэлийн гишүүд байна. Орон нутагтаа олон муу зүйл хийсэн нэг бүлэглэлийн толгойлогч байсан. Нэгэн өдөр тэр зам дээр өндөр албан тушаалтан болох тэргүүн чөтгөртэй таарчээ. Түүний машин тэргүүн чөтгөрийн машиныг гүйцэж түрүүлсэн бөгөөд тэргүүн чөтгөр бие хамгаалагчдаа ‘Тэр хэний машин бэ? Би түүнийг дахиж хармааргүй байна!’ гэж хэлсэн. Маргааш нь түүнийг цааш нь харуулсан” гэдэг байв. Нийгэмд ийм зүйл байдаг уу? (Тийм.) Ийм зүйл байдаг нь үнэн, гэхдээ Надтай уулзахдаа тэдгээрийг ярианы гол сэдэв болгох нь хэрэгтэй гэж үү? Эдгээр нь Миний санаа тавьдаг юм уу сонсохыг хүсдэг сэдэв биш, гэхдээ тэр үүнийг мэдээгүй. Тэр Намайг эдгээр сэтгэл сэрдхийлгэм түүхийг сонсох дуртай гэж бодсон. Надад хэл дээ, гамшиг, үзэгдэл, байгалийн болон хүний буруутай үйл ажиллагаанаас үүдэлтэй гамшиг нь Миний санаа тавьдаг, Миний сонсохыг хүсдэг сэдэв мөн үү? (Үгүй.) Цаг нөхцөөхийн тулд эдгээр зүйлийг сонсоход зүгээр, гэхдээ хэрвээ чи Намайг үнэхээр сонсох дуртай гэж бодож байгаа бол эндүүрч байна. Би эдгээр зүйлийг сонирхдоггүй, тэдгээрийн талаар сонсохыг ч хүсдэггүй. Зарим хүн: “Хүмүүс эдгээр зүйлийн талаар ярих үед чи сонсдог уу?” гэж асуудаг. Би сонсохыг эсэргүүцдэггүй, гэхдээ энэ нь Би сонсох дуртай гэсэн үг биш, мөн энэ мэдээлэл, эдгээр түүхийг цуглуулахыг хүсдэг гэсэн үг ч биш. Энэ нь юу гэсэн үг вэ? Энэ нь зүрх сэтгэлийнхээ угаас Би эдгээр хэрэг явдлын талаар огт сониучирхдаггүй, Надад ямар ч сонирхолгүй байдаг гэсэн үг юм. Тэр ч байтугай зарим хүн: “Зүрх сэтгэлдээ чи агуу улаан лууг онцгойлон үзэн яддаггүй гэж үү? Хэрвээ чи агуу улаан лууг үзэн яддаг бол би чамд агуу улаан лууд тохиолдсон шийтгэлийн талаар ярьж өгье: Агуу улаан луугийн доторх өндөр албан тушаалтнуудын дунд дотоод тэмцэл гарч, хэд хэдэн фракц хоорондоо тулалдаж, нэгэн тэргүүн чөтгөрийг бараг л хөнөөх шахсан. Эдгээр тэргүүн чөтгөр хэд хэдэн удаагийн аллага хийх оролдлогоос амьд үлдсэн, үнэхээр аюултай шүү! Үүнийг сонсоод чи баярлах уу?” гэдэг. Ийм зүйлийн талаар сонсоод та нар бүгд баярлах уу? Хэрвээ та нар баярлах бол баярла; хэрвээ сонсох дургүй бол битгий сонс—энэ нь Надад хамаагүй. Товчхондоо, эдгээр хэрэг явдлын тухайд, аль нэг улсад тахал гарсан эсэх, тахал хэрхэн үүссэн, хэдэн хүн нас барсан, аль улс томоохон гамшигтай нүүр тулсан, аль нэг улсын засгийн газрын байдал, аль нэг улсын дээд давхарга дахь дотоод тэмцэл хэр зэрэг хэрцгий байгаа, эсвэл нийгмийн үймээн самууны талаар Би сонсож таарвал сонсож магадгүй, гэхдээ зүгээр л тэдгээрийн талаар мэдэхгүй байлаа гээд Би эдгээр үйл явдлын талаар тодорхой нарийн ширийн зүйлийг хайх, мэдээ сонсох, сонин унших, эсвэл эдгээр үйл явдалтай холбоотой контентыг онлайнаар хайх гэж хичээхгүй. Би огтхон ч тэгэхгүй, мөн хэзээ ч ийм зүйл хийдэггүй. Би эдгээр хэрэг явдлыг сонирхдоггүй. Зарим хүн: “Энэ бүхэн Таны хяналтад байдаг, энэ бүхнийг Та хийдэг; тиймээс Та сонирхдоггүй” гэж хэлдэг. Энэ үг зөв үү? Хоосон сургаалын хувьд зөв боловч мөн чанартаа тийм биш. Бурхан хүний хувь заяа, үндэстэн бүр, бүлэг хүн бүр, эрин үе бүрийг захирдаг. Эрин үе бүрд зарим нэг гамшиг болон ер бусын үйл явдал гарах нь маш хэвийн зүйл бөгөөд энэ бүхэн Бурханы гарт байдаг. Ямар ч эрин үе байсан, том жижиг ямар ч үйл явдал тохиолдсон хамаагүй, эрин үе солигдох цаг нь болоход ганц өвс, мод өөрчлөгдөхгүй байсан ч тэр эрин үе солигдох ёстой. Энэ бол Бурханы дээд эрхийн хэрэг явдал юм. Хэрвээ эрин үе төгсөх ёсгүй бол тэнгэр огторгуйн үзэгдэл юм уу газар дээрх бүх зүйлд томоохон өөрчлөлт гарсан ч энэ нь төгсөх ёсгүй. Энэ бүхэн бол Бурханы хэрэг явдал бөгөөд хүн хөндлөнгөөс оролцох юм уу туслах боломжгүй. Хүмүүсийн хамгийн их хийх ёстой зүйл бол эдгээр хэрэг явдалд санаа тавихгүй байх, сониуч зангаа дарахын тулд эдгээр үйл явдлын талаар нотлох баримт, мэдээлэл цуглуулахгүй байх юм. Бурханы хийдэг зүйлсийн тухайд чи ойлгож чадах чинээгээрээ ойлгох хэрэгтэй бөгөөд ойлгох боломжгүй үед хүчлэх хэрэггүй. Завхарсан хүн төрөлхтний дунд эдгээр хэрэг явдал дэндүү хэвийн, дэндүү түгээмэл байдаг. Эрин үе солигдох, дэлхийн дэг журам хувьсан өөрчлөгдөх, үндэстний хувь заяа, дэглэмийн засаглал болон байр суурь гэх мэт энэ бүх хэрэг явдал бүгд Бурханы гарт, Түүний дээд эрх дор байдаг. Хүмүүс зөвхөн итгэж, хүлээн авч, дуулгавартай дагах л хэрэгтэй; энэ нь хангалттай. Илүү олон нууцыг ойлгох бодол бүү өвөрлө, илүү олон нууцыг ойлгох тусам илүү мундаг мэт санагдаж, Бурханд итгэснээрээ чи агуу биеийн хэмжээ, сүнслэг байдалтай болсон мэт бүү бод. Ийм сэтгэлгээтэй байх нь Бурханд итгэх чиний үзэл бодол буруу байна гэсэн үг. Эдгээр нь чухал хэрэг явдал биш. Жинхэнэ чухал хэрэг явдал, хүмүүсийн хамгийн их санаа тавих ёстой зүйл бол Бурханы удирдлагын төлөвлөгөөний цөм болох хүн төрөлхтнийг аврах явдал бөгөөд хүн төрөлхтнийг Бурханы удирдлагын төлөвлөгөөний ажил дотор аврагдах боломжтой болгох явдал юм. Энэ бол хамгийн агуу, хамгийн гол хэрэг явдал юм. Хэрвээ чи энэ хэрэг явдалтай холбоотой үнэн болон үзэгдлийг ойлгож, дараа нь Бурханы чамд хийдэг зүйл болон Түүний чамд хангадаг үнэнийг хүлээн авч, засалт, шүүлт, гэсгээлт амсах тохиолдол бүрийг хүлээн авбал, хэрвээ чи энэ бүхнийг хүлээн авбал энэ нь тэнгэр огторгуйн үзэгдэл, нууц, гамшиг юм уу улс төрийг судлахаас илүү үнэ цэнтэй юм.
Зарим хүн түүхийн талаар бага зэрэг мэддэг, улс төр бага сага ойлгодог бөгөөд нэг талаар тэд гайхуулах дуртай байдаг; нөгөө талаар тэд: “Бие махбодтой болсон бурханд бурханы мөн чанар, үнэн байдаг. Бурхан бүх зүйлийг захирдаг гэх баримтыг тэр мэддэг бөгөөд доторх нарийн ширийн зүйлийг нь ойлгодог. Тиймээс, би улс төр, түүхийг ойлгодог юм чинь түүний хэрэгцээг хангаж чадах болов уу? Энэ бүх зүйлийн талаарх түүний сониуч занг нь дарж чадах болов уу?” гэж боддог. Би чамд хэлье, чи буруу бодож байна! Миний хамгийн их зэвүүцдэг зүйл бол нэгдүгээрт улс төр, хоёрдугаарт түүх юм. Хэрвээ чи түүхийн талаар ярихдаа хошин, үлгэр шиг явган яриа хуваалцах юм уу цаг нөхцөөх гэж энгийн зүйл хуучлах бол зүгээр. Гэхдээ чи эдгээр үг, эдгээр хэрэг явдлыг Надтай ярилцах ноцтой зүйл мэтээр үзэж, бялдуучилж, харилцаа тогтоох гэвэл чи эндүүрч байна; Надад эдгээр зүйлийг сонсох хүсэл байхгүй. Зарим хүн: “Чи хийх ёстой болохоороо үнэнийг нөхөрлөж, хүмүүст цуглаан хийдэг; угтаа чиний хамгийн их дуртай зүйл бол дэлхий дахины агуу их эмх замбараагүй байдал. Чи дэлхий ертөнц хангалттай эмх замбараагүй биш байх вий гэхээс айдаг. Гамшиг гарах болгонд чи нүднээс далдуур хэчнээн их баярладгийг хэн мэдлээ, магадгүй тэмдэглэхээр салют буудуулдаг ч байж мэднэ!” гэж эндүүрэн боддог. Би чамд хэлье, тийм зүйл байхгүй. Агуу улаан луу мөхөж, сүйрлээ ч Би байдгаараа л байх болно. Зарим хүн: “Агуу улаан луу сүйрвэл Та баярлахгүй гэж үү? Агуу улаан луу устаж, шийтгүүлэх үед Та салют буудуулах ёстой биш үү? Та Бурханы сонгосон хүмүүстэй хамт сүрлэг найр хийж, тэмдэглэх ёстой биш үү?” гэж асуудаг. Надад хэл дээ, энэ Миний хийх ёстой зүйл мөн үү? Ингэх нь зөв үү, буруу юу? Энэ нь үнэнд нийцэх үү? Зарим нь: “Агуу улаан луу Бурханы сонгосон хүмүүсийг маш их хавчиж, Бурханы талаар үндэслэлгүй цуу яриа тарааж, Түүний нэрийг гүтгэж, Бурханыг доромжилж, шүүсэн. Тэр цээрлэл хүртэх үед бид бага ч болов тэмдэглэх ёстой биш үү?” гэдэг. Хэрвээ та нар тэмдэглэвэл Би зөвшөөрнө, учир нь та нарт өөрсдийн гэсэн сэтгэл санааны байдал бий. Хэрвээ та нар бүгд баярлан хөөрч, гурван өдөр, гурван шөнө унтахгүй байж, хамтдаа цугларан Бурханы үгийг уншиж, Бурханы зөвт байдлыг магтан дуулж, бүжиглэж, Бурхан эцэст нь дайсан болох агуу улаан лууг устгаж, хөлдөө гишгэж, Бурханы сонгосон хүмүүс цаашид түүний хавчлага, тамлалтыг амсахгүй болж, гэртээ харьж чадахгүй байхаа больж, эцэст нь гэр бүлдээ эргэн очиж чадах болсонд баярлаж байгаа бол хүн бүрийн сэтгэл санааны байдлыг ойлгож болно. Хэрвээ та нар ийм байдлаар тэмдэглэж, тайвшрахыг хүсэж байвал Би зөвшөөрнө. Гэхдээ Миний хувьд, Би хийх ёстой зүйлээ л хийх болно; Би ийм үйл ажиллагаанд оролцдоггүй. Зарим хүн: “Та яагаад ийм хандлагатай байдаг юм бэ? Энэ нь хүмүүсийн сэтгэл санааг унтрааж байгаа хэрэг биш үү? Та яагаад жаахан сэтгэл гаргадаггүй юм бэ? Хамгийн эгзэгтэй мөчид Та байхгүй бол бид яаж тэмдэглэх юм бэ?” гэж асуудаг. Тэмдэглэх нь буруу биш, гэхдээ бидний тодорхой нөхөрлөх хэрэгтэй нэг зүйл бий: Агуу улаан луу шийтгүүлж, Бурхан түүнийг таягдан хаясан гэж бодъё; Бурханы сонгосон хүмүүсийг төгс болгохын тулд нэгэнтээ үйлчлэл үзүүлж байсан энэ диаволын хаан устаж, үгүй боллоо—тэгвэл, Бурханы сонгосон хүмүүсийн биеийн хэмжээ яах вэ? Та нар хэр их үнэнийг ойлгосон бэ? Хэрвээ та нар бүгд үүргээ стандартад нийцтэл гүйцэтгэж чаддаг, бүгд стандартад нийцсэн бүтээгдсэн зүйлс бөгөөд Бурханаас эмээж, муугаас зайлж чаддаг, хүн бүр Иов, Петр хоёрынх шиг биеийн хэмжээтэй, мөн бүгд аль хэдийн аврагдсан бол энэ нь үнэхээр баяртай мөч, тэмдэглүүштэй зүйл мөн. Гэвч хэрвээ хэзээ нэг өдөр агуу улаан луу сүйрч, та нарын биеийн хэмжээ үүргээ үнэнчээр гүйцэтгэх түвшинд хүрээгүй бол, та нарт Бурханаас эмээх сэтгэл байхгүй хэвээр, муугаас зайлж чадахгүй, Иов, Петр хоёрынх шиг биеийн хэмжээтэй болох яагаач үгүй, Бурханы дээд эрхийг үнэхээр дуулгавартай дагаж чаддаггүй, мөн стандартад нийцсэн бүтээгдсэн зүйлс гэж тооцогдох боломжгүй байвал та нарт баярлах юу байна вэ? Энэ нь ердөө дэмий л баярлаж байгаа хэрэг биш гэж үү? Ийм тэмдэглэлт үйл явдал утга учиргүй, үнэ цэнгүй байх болно. Зарим хүн: “Агуу улаан луу биднийг маш их хавчдаг; бид түүнийг үзэн ядаж болно биз дээ? Түүний мөн чанарыг танин мэдэх нь зүгээр биз дээ? Тэр биднийг маш их хавчсан; түүнийг таягдан хаях үед бид яагаад баярлаж болохгүй гэж?” гэдэг. Баярлаж, сэтгэл хөдлөлөө илэрхийлэх нь зүгээр ээ. Гэвч хэрвээ чи агуу улаан луугийн сүйрлийг Бурханы удирдлагын төлөвлөгөө дуусаж, хүн төрөлхтөн аврагдсаныг илтгэнэ гэж бодож, агуу улаан луугийн сүйрлийг Бурханы удирдлагын төлөвлөгөө гүйцэлдсэнтэй, түүнчлэн өөрийн аврагдаж, төгс болгуулахтай адилтгаж байвал энэ ойлголт буруу биш гэж үү? (Тийм.) Тэгвэл та нар одоо юу ойлгож авсан бэ? Бурханы дайсан болох агуу улаан луугийн тухайд, түүний хувь заяа болон тэр ямар байх нь Бурханы хэрэг явдал бөгөөд эдгээр нь зан чанарын өөрчлөлтийг эрэлхийлэх юм уу аврагдахтай чинь ямар ч хамаагүй. Агуу улаан луу бол зүгээр л товойлгогч, үйлчлэлийн бай бөгөөд Бурханы зохион байгуулалтад захирагддаг. Түүний юу хийх болон Бурхан түүнийг үйлчлэл үзүүлэхэд хэрхэн ашиглах нь Бурханы хэрэг бөгөөд хүмүүст хамаагүй. Тиймээс, хэрвээ чи түүний хувь заяанд хэтэрхий их санаа зовж, зүрх сэтгэлийг чинь сатааруулахыг зөвшөөрвөл тэр нь төвөгтэй, асуудалтай. Бурхан агуу улаан луу, бүх диавол, Сатануудыг оролцуулаад бүх зүйлийг захирдаг, тиймээс диавол, Сатанууд юу ч хийсэн, ямар ч байсан бай, энэ нь чиний амь-оролт юм уу зан чанарын өөрчлөлттэй ямар ч хамаагүй. Чамд юу хамаатай вэ? Чи түүний Бурханыг эсэргүүцдэг хорон муу, харгис мөн чанар, Бурханд дайсагнаж, Бурханы дайсан байдаг мөн чанарыг нь танин мэдэх хэрэгтэй—энэ бол чиний ойлгох ёстой зүйл юм. Бусдынх нь тухайд, Бурхан түүнд ямар гамшиг буулгах, Бурхан түүний хувь заяаг хэрхэн зохион байгуулах нь чамд ямар ч хамаагүй бөгөөд үүнийг мэдэх нь ямар ч нэмэргүй. Яагаад нэмэргүй гэж? Яагаад гэвэл чи мэдлээ ч гэсэн Бурхан яагаад ингэж үйлддэгийг ойлгож чадахгүй. Чи үүнийг харлаа ч гэсэн Бурхан яагаад тэгж үйлдэхээр шийдсэнийг мэдэхгүй, чи үүний цаадах үнэнийг нэвт харж чадахгүй. Би энэ сэдвийг эдгээр товч үгээр ингээд дуусгая.
Антихристүүдийн бялдуучлах, зусардах, сайхан сонсогдох үг хэлэхийг ашигладаг илрэл нь мэдээж жирийн завхарсан хүмүүст ч бас байдаг, гэхдээ антихристүүд жирийн завхарсан хүмүүсээс юугаараа ялгардаг вэ? Тэд бялдуучлах, зусардах, сайхан сонсогдох үг хэлэхдээ ямар ч хүндлэл, ямар ч чин сэтгэл байдаггүй. Харин тэд бие махбодтой болсон Бурханаар тоглоом хийж, Түүнийг сорьж, ашиглахыг зорьдог бөгөөд ингэснээр ийм хэрэгжүүлэлт бий болдог; тэдэнд өөрсдийн гэсэн зорилго бий. Тэд өмнө нь харагдаж буй жирийн хүнээр бялдуучлах, зусардах, сайхан сонсогдох үг хэлэх замаар тоглоом хийж, Христийг мэхэлж, өөрсдийгөө үнэндээ хэн болох, ямар завхарсан зан чанартай, ямар ёс жудагтай, ямар мөн чанартай болох, мөн ямар төрлийн хүнд харьяалагддагаа Христэд нэвт харуулахгүй байхыг эрмэлздэг. Тэд мэхэлж, хуурахыг хүсдэг, тийм биз дээ? (Тийм.) Тэдний бялдуучилж, зусардаж, сайхан сонсогдох үг хэлэхэд нь ганц ч гэсэн чин сэтгэлийн үг байдаг уу? Ганц ч байхгүй. Антихристүүдийн санаархал, зорилго бол хуурах, мэхлэх, тоглоом хийх явдал юм. Ингэж хэрэгжүүлдэг нь антихристүүд үнэнийг басамжилдгийн мөн чанар биш гэж үү? (Тийм.) Жирийн хүмүүс бүгд таатай үг сонсох дуртай, зусардуулах дуртай, мөн бусад хүн өмнө нь бөхөлзөхөд дуртай байдаг бөгөөд энэ нь тэдэнд өөрсдийгөө чухал гэх мэдрэмж төрүүлж, байр суурийг нь дундаж хүнээс илүү хүндэтгэлтэй, илүү сүрлэг харагдуулдаг гэж тэд боддог. Эсрэгээрээ, хэрвээ хэн нэгэн Христийн өмнө хэтэрхий их долигонож, ёс жудаг, нэр төрөө умартан, булзааруулж ярин, үргэлж мэхлэхийг оролдож, үргэлж баримтыг нуун дарагдуулахыг хичээж, Христэд хуурамч, дүр эсгэсэн байдлаар хандвал Христ үүнд чинь хууртахгүйгээр үл барам, зүрх сэтгэлдээ чамд дургүйцэх болно. Ямар хэмжээнд гэж үү? Бурхан энэ хүнийг ой гутам, ганц ч үнэн үг хэлдэггүй, хэрхэн хүний ул долоох талаар л боддог, ямар ч сайн зүйл биш, зөв хүн биш—ийм хүн найдваргүй, итгэл хүлээхээргүй гэж хэлнэ. Найдваргүй бөгөөд итгэл хүлээхээргүй; энэ бол ийм хүмүүст өгдөг тодорхойлолт юм. Өнгөн дээрээ ердөө л энэ хоёр хэллэг боловч үнэн хэрэгтээ ийм хүн үнэнийг хайрладаггүй, үнэнийг олж авч чаддаггүй, мөн аврагдах магадлалгүй байдаг. Хэрвээ үнэнийг олж авч чадахгүй, аврагдах магадлалгүй юм бол ийм хүн Бурханд итгэхийн ач холбогдол, үнэ цэн юу вэ? Хэрвээ тэд саад болж, үймүүлэхгүй бол яг л агуу улаан луу шиг Бурханы гэрт товойлгогч юм уу үйлчлэлийн байны үүрэг л гүйцэтгэж чадна. Ямар нэг зүйлийн үүрэг гүйцэтгэнэ гэдэг нь юу гэсэн үг вэ? Энэ нь түр зуурынх бөгөөд яг л тэрэг татахтай адил, тэргийг онхолдуулчихгүй л бол чадах чинээгээрээ хол татсаар байна гэсэн үг юм. Яагаад тэднээр үүрэг гүйцэтгүүлдэг вэ? Яагаад гэвэл ийм хүмүүс үнэнийг эрэлхийлдэггүй. Тэд зүрх сэтгэлдээ үнэнийг маш их басамжилж, үл тоомсорлодог, үнэнийг маш их дооглож, тохуурхдаг тул тэдний эцсийн төгсгөл Паулынхтай адил байх нь гарцаагүй бөгөөд замын төгсгөлд хүрч чадахгүй. Тиймээс, ийм төрлийн хүн Бурханы гэрт түр зуурын үйлчлэл үзүүлэгчийн үүрэг л гүйцэтгэж чадна. Нэг талаар, тэд үнэнийг үнэхээр эрэлхийлдэг хүмүүст ялган таних чадвар, ойлголтоо нэмэгдүүлэх боломж олгодог. Нөгөө талаар, тэд Бурханы гэрт өөрсдийн чадах бүхнээ хийж, чадах чинээгээрээ үйлчлэл үзүүлдэг, яагаад гэвэл ийм хүмүүс замын төгсгөлд хүрч чадахгүй.
Нэгэн өдөр Би гадуур гарахдаа нэг танилтайгаа таарав. Намайг ам нээхээс өмнө тэр түрүүлж Надаас: “Бид уулзалгүй үнэхээр удаж дээ. Би өдөр бүр чамайг энд хүлээсэн, чамайг маш их санаад гэртээ тогтож чадахгүй байлаа. Би зүгээр л нааш цааш холхих олны дундаас чамайг л хайж байлаа!” гэж хэлэв. Би дотроо, энэ хүний мэдрэл жаахан муу байж магадгүй гэж бодлоо. Би чамтай уулзахаар товлосон бил үү? Чи яагаад өдөр бүр энд Намайг хүлээх ёстой гэж? Нэгэнт тааралдсаных дорвитой зүйлийн талаар ярилцъя. Би түүнээс: “Сүүлийн үед ямархуу байна даа?” гэж асуухад тэр: “Өө, ярих юм биш. Өнгөрсөн удаа уулзсанаас хойш би чиний талаар бодолд дарагдаад хоол ч идэж, унтаж ч чадахгүй байна. Би зүгээр л нэг өдөр чамтай уулзахыг л найдаж байлаа” гэж хариулав. Би: “Дорвитой зүйлийн талаар ярилцъя. Энэ хугацаанд байдал чинь ямархуу байв?” гэж хэллээ. “Тун сайн. Дажгүй шүү.” “Танай чуулган сонгууль явуулсан уу? Өмнөх удирдагч хэвээрээ юу?” “Үгүй ээ, тэд нөгөө хэнийг сонгосон.” “Тэр ямархуу байна?” “Дажгүй шүү.” “Тэгвэл, чуулганы өмнөх удирдагч яагаад чөлөөлөгдсөн юм бэ?” “Сайн хэлж мэдэхгүй байна; тэр дажгүй байсан.” “Илүү тодорхой ярь даа, битгий дандаа л ‘дажгүй’ гээд бай. Тэр бодитой ажил хийж чаддаггүй байсан юм уу?” “Минийхээр бол тэр дажгүй байсан.” “Тэгвэл шинээр сонгогдсон удирдагчийн хүн чанар ямар вэ? Үнэнийг ухамсарлах чадвар нь ямархуу байна? Тэр бодитой ажил хийж чадах уу?” “Дажгүй шүү.” Би түүнээс юу ч асуусан, хариулт нь үргэлж л “дажгүй” байсан бөгөөд энэ нь харилцан ярилцах боломжгүй болгосон юм. Тиймээс Би яваад өгсөн. Энэ түүхийн талаар та нар юу гэж бодож байна? Энэ түүхийг юу гэж нэрлэвэл зохих вэ? (“Дажгүй.”) Энэ түүх бол “Дажгүй”. Би олон хүнтэй харилцахад хүний эрүүл ухаанаар ярьдаг хүн маш цөөхөн, үнэн-зарчимд нийцүүлэн ярих нь бүр ч ховор. Ихэнх хүний ам худал хуурмаг, дэмий үг, ташаа үг, хэрээс хэтэрсэн үгээр дүүрэн байдаг; ганц ч үнэн үг байдаггүй. Чиний хэлсэн өгүүлбэр бүр үнэнд нийцдэг, эсвэл үнэн-бодит байдалтай байх ёстой гэж Би шаарддаггүй, гэхдээ хамгийн наад зах нь чи хүн шиг ярьж чаддаг, бага ч болов чин сэтгэл, бага ч болов жинхэнэ мэдрэмж гаргах ёстой. Эдгээр зүйлгүйгээр харилцан яриа хийж чадах уу? Чадахгүй. Чи үргэлж хоосон үг ярьж, худал хэлдэг; нөхцөл байдалтай тулгарах үед дэмий үг, ташаа үг, доромжилсон үг, хэрээс хэтэрсэн үг бүгд гарч ирдэг, мөн өөрийгөө зөвтгөж, өмөөрсөн үгс ч бүгд гарч ирдэг бөгөөд энэ нь эвтэй найртай байх юм уу харилцах ямар ч боломжгүй болгодог, тийм биз дээ? (Тийм.)
Олон хүн Бурханы үгийг идэж, уухдаа эдгээр үг нь зөвхөн тэнгэр дэх Бурхантай, зөвхөн Бурханы Сүнстэй, мөн зөвхөн үл үзэгдэх, барьж мэдрэх боломжгүй Бурхантай л холбоотой гэж итгэдэг. Тэрхүү Бурхан маш алс хол байдаг учраас Түүний үгийг үнэн гэж нэрлэгдэхүйц хангалттай гүн гүнзгий гэж үздэг. Гэвч тэдний өмнө байгаа энэ эгэл хүнийг, ярих үедээ нүдэнд харагдаж, чихэнд сонсогддог энэ хүнийг үнэнтэй, Бурхантай, эсвэл Бурханы мөн чанартай бараг холбоогүй гэж боддог. Яагаад гэвэл, Тэрээр нүдэнд харагддаг бөгөөд хүмүүст маш ойр байдаг тул хүмүүсийн зүрх сэтгэл юм уу нүдэнд огт нөлөөлдөггүй, мөн тэдэнд ямар ч нууцлаг, сониуч мэдрэмж төрүүлдэггүй. Хүмүүст энэ эгэл, барьж мэдэрч болох, ярьдаг хүнийг ойлгоход хэтэрхий амархан, хэтэрхий ил тод санагддаг. Тэд бүр Түүнийг ганц хараад л нэвт шувт харж, ойлгож чадна гэж боддог. Үүний үр дүнд хүмүүс өөрийн эрхгүй Христэд яг л хүнд ханддаг шигээ, байр суурьтай, эрх мэдэлтэй ямар ч хүнд ханддаг шигээ ханддаг. Энэ нь үнэн-зарчимд нийцдэг үү? Христийг байр суурь, эрх мэдэлтэй завхарсан хүмүүстэй яаж адилтгаж болох юм бэ? Хүмүүс байр суурь, эрх мэдэлтэй завхарсан хүмүүст бялдуучилж, зусардах үедээ ашиг тус олж, талархлыг нь хүртдэг. Завхарсан хүмүүс үүнд дуртай байдаг; тэд бусдаар бялдуучлуулж, зусардуулж, улаа долоолгохыг хүсдэг, учир нь энэ нь тэднийг илүү эрхэмсэг, давуу харагдуулж, өөрсдийнх нь байр суурь, эрх мэдлийг улам бүр тодотгодог. Гэвч Бурханы мөн чанартай Христ яг эсрэгээрээ байдаг. Хүн байр суурь, алдар нэртэй байх нь тухайн хүн эрхэмсэг мөн чанартай юм уу зан араншинтай байдагтай холбоотой биш; тиймээс тэр алдар нэр, байр сууриа харуулахын тулд бүх төрлийн аргыг ашиглаж, бусдаар өөрийгөө шүтүүлж, зусардуулах ёстой болдог. Харин Бурханы мөн чанартай Христ нь төрөлхийн Бурханы ялгамж чанар, байр суурьтай бөгөөд энэ нь ямар ч бүтээгдсэн зүйлийн мөн чанар, байр сууриас илүү өндөр юм. Түүний ялгамж чанар, мөн чанар нь бодитоор оршин байдаг бөгөөд үүнийг батлах гэж ямар ч бүтээгдсэн зүйл зусардах хэрэггүй; түүнчлэн Тэр ялгамж чанар, мөн чанар, эрхэмсэг байр сууриа харуулахын тулд ямар ч бүтээгдсэн зүйлээр бялдуучлуулж, зусардуулах хэрэггүй. Учир нь Христэд Бурханы мөн чанар байдаг гэдэг нь угаас байдаг баримт юм; үүнийг Түүнд ямар нэгэн хүн өгөөгүй, хүн төрөлхтний дунд олон жил туршлагажсанаар олж авсан зүйл бүр ч биш. Өөрөөр хэлбэл, бүх бүтээгдсэн зүйл байхгүй байсан ч Бурханы ялгамж чанар, мөн чанар хэвээрээ л байна; ямар ч бүтээгдсэн зүйл Бурханыг шүтэн мөргөж, дагахгүй байсан ч Бурханы мөн чанар өөрчлөгдөхгүй хэвээр байна—энэ бол өөрчлөгддөггүй баримт юм. Христ юу ч хэлж, хийсэн бай, хүмүүс Түүний дур сонирхолд нийцүүлж, Түүний санаа зорилгыг сөрөхгүй байхын тулд сайхан сонсогдох үг хэлж, уухайлан дэмжиж, даган дуурайж, бялдуучлах ёстой бөгөөд ингэвэл Христ ялгамж чанар, байр суурь нь оршин байгааг мэдэрч магадгүй гэж антихристүүд эндүүрдэг. Энэ бол ноцтой алдаа юм! Завхарсан хүн төрөлхтний дундах алдар нэр, эрх мэдэл, байр суурьтай хэн боловч алдар нэр, эрх мэдлээ хэрхэн олж авдаг вэ? (Бялдуучилж, ул долоосноор.) Энэ бол нэг тал нь. Түүнчлэн, энэ нь голчлон хүмүүсийн дунд тэмцэж, хүчин чармайлт гаргаснаар, тэр ч байтугай явуулга хийснээр, мөн янз бүрийн аргаар олж авч, булаан авснаар бий болдог. Энэ нь ердөө л нэр хүнд, хүмүүсийн дундах өндөр байр суурь, зэрэг зиндаа юм. Энэхүү өндөр нэр хүнд, өндөр зэрэг зиндаа, өндөр байр суурь нь хүнийг олны дунд онцгойрч, удирдагч болж, шийдвэр гаргах эрхтэй шийдвэр гаргагч болгодог. Гэвч хүмүүсийн дунд бусдаас дээгүүр зогсдог, байр суурь, алдар нэртэй энэ хүний мөн чанар нь ямар байдаг вэ? Түүнд бусдаас ялгарах ямар нэгэн ялгаа бий юу? Түүний ялгамж чанар, мөн чанар нь жирийн ямар ч завхарсан хүнийхтэй яг адилхан; тэр бол Сатаны эрхшээл дор завхарсан жирийн нэг бүтээгдсэн зүйл бөгөөд үнэн болон эерэг зүйлсээс урваж, хар цагааныг урвуулж, баримтыг зөрчиж, ёрын мууг үйлдэж, Бурханыг эсэргүүцэж, Тэнгэрийг сөрж, харааж чаддаг. Түүний жинхэнэ ялгамж чанар, мөн чанар бол Сатаны завхруулсан хүнийх, Бурханыг эсэргүүцэж чадах хүнийх бөгөөд энэ нь түүний алдар нэр, байр суурийг хоосон хэргэм зэрэг төдийхөн болгодог. Байр суурь, алдар нэрийн төлөө бусдыг алж, хорлож чадахуйц хангалттай хэрцгий, харгис, хорлонтой хүмүүс өндөр байр суурь олж авдаг. Далд явуулга хийж чаддаг, арга зальтай бөгөөд хуйвалдаан зохиож чаддаг хүмүүс бусдыг удирддаг удирдагч болдог. Энэ хүмүүс жирийн завхарсан хүмүүсээс илүү хорлонтой, харгис, хорон муу байдаг. Тэд сайхан сонсогдох үг хэлүүлж, улаа долоолгуулж, бялдуучлуулж, зусардуулахаас өөр зүйл хүсдэггүй. Хэрвээ чи тэдэнд үнэнийг хэлбэл чи амиа эрсдэлд оруулна. Антихристүүд ертөнцийн эдгээр тоглоомын дүрэм болон ертөнцийн гүн ухааныг Бурханы гэрт авчирч, Христтэй харилцахдаа ашигладаг. Хэрвээ Христ Өөрийн байр суурийг баттай бэхжүүлэхийг хүсдэг бол Тэр бас бялдуучлуулах, зусардуулах, сайхан сонсогдох үг хэлүүлэх дуртай байх ёстой гэж тэд боддог. Ингэснээрээ тэд Бурханы махбод болсон биед далдуур яг л завхарсан хүн төрөлхтний нэг гишүүн мэт ханддаг бөгөөд энэ нь антихристүүдийн арга барил юм. Тийм учраас антихристүүдийн Христтэй харилцахдаа харуулдаг зан чанар нь эргэлзээгүй хорон муу юм. Тэд хорон муу зан чанартай, хүмүүсийн бодлыг таамаглаж, тунгаан бодох дуртай, бусад хүний үг, царайны хувирлыг шинжих дуртай бөгөөд Христэд хандахдаа болон Түүнтэй харилцахтай холбоотой асуудалд шашингүй хүмүүсийн ашигладаг тоглоомын зарим дүрэм, тодорхой аргуудыг ашиглах дуртай байдаг. Тэдний гаргадаг хамгийн ноцтой алдаа юу вэ? Тэд яагаад ингэж үйлдэж чаддаг вэ? Үүний уг үндэс нь хаана байна вэ? Бие махбодтой болсон Бурхан бол эгэл хүн гэж Бурхан хэлдэг. Антихристүүд үүнийг сонсмогцоо баярлаж: “За, тэгвэл би чамд эгэл хүн шиг хандах болно; одоо би чамд хэрхэн хандах суурьтай боллоо” гэдэг. Бие махбодтой болсон Бурханы махбод Бурханы мөн чанартай гэж Бурхан хэлэх үед антихристүүд: “Бурханы мөн чанар аа? Би яагаад үүнийг харахгүй байна вэ? Тэр нь хаана байна вэ? Энэ нь хэрхэн илэрдэг вэ? Тэр бурханы мөн чанартай гэдгээ батлахын тулд юу харуулдаг вэ? Би зөвхөн байр суурьтай хүмүүст бялдуучилж, зусардахыг л мэднэ. Хүмүүсийг бялдуучилж, зусардлаа гээд би хэзээ ч алдахгүй; энэ бол үргэлж зөв арга зам байдаг. Ямартай ч, энэ нь үнэнийг хэлснээс дээр” хэмээн хариулдаг. Энэ бол антихристүүдийн хорон муу байдал юм. Антихристүүд үнэнд итгэж, хүлээн авдаггүй бөгөөд зөвхөн Сатаны гүн ухаанаар амьдардаг нь энэ юм.
Зарим хүн: “Бялдуучилж, зусардаж, аятайхан үг хэлж чаддаг хүмүүст хүн бүр дуртай байдаг; гагцхүү Бурхан л тийм хүмүүст дургүй. Тэгвэл Бурхан үнэндээ ямар хүнд дуртай байдаг вэ? Бурханд таалагдахын тулд Түүнтэй хэрхэн харилцах ёстой вэ?” гэж хэлдэг. Та нар мэдэх үү? (Бурхан үнэнч шударга хүмүүст, Бурханд зүрх сэтгэлээ уудалдаг, ямар ч ов мэхгүйгээр зүрх сэтгэлээ нээж, Бурхантай нөхөрлөдөг хүмүүст дуртай.) Өөр юу байна? (Бурханаас эмээдэг сэтгэлтэй, Бурханы үгийг сонсож, хүлээн авч чаддаг хүмүүст.) (Бурханы гэр рүү хандсан зүрх сэтгэлтэй, Бурхантай нэг санаатай байдаг хүмүүст.) Та нар бүгдээрээ үнэнч шударга хүн байхын тулд хэрэгжүүлэх ёстой хэд хэдэн талыг дурдлаа. Үнэнч шударга хүн байх нь Бурханы хүнд тавьдаг шаардлага юм. Энэ бол хүний хэрэгжүүлэх ёстой үнэн. Тэгвэл хүн Бурхантай харилцахдаа ямар зарчмыг баримтлах ёстой вэ? Чин сэтгэлээсээ байх: Энэ бол Бурхантай харилцахдаа дагах ёстой зарчим юм. Шүтлэггүй хүмүүсийн бялдуучлах, зусардах дадлыг бүү гарга; Бурханд хүний бялдуучлал, зусардалт хэрэггүй. Чин сэтгэлээсээ байхад л хангалттай. Тэгвэл чин сэтгэлээсээ байх гэдэг нь юу гэсэн үг вэ? Үүнийг хэрхэн хэрэгжүүлэх ёстой вэ? (Зүгээр л Бурханд нээлттэй байж, дүр эсгэлгүй, ямар нэгэн зүйл нууж хаалгүй, үнэнч зүрх сэтгэлээр Бурхантай харилцаж, ямар ч муу санаа зорилго, заль мэхгүйгээр шулуун шударга байх явдал юм.) Тэр зөв. Чин сэтгэлээсээ байхын тулд чи юун түрүүнд хувийн хүслээ хойш тавих ёстой. Бурхан чамд хэрхэн хандаж байгаад анхаарахын оронд чи Бурханд сэтгэлээ уудалж, зүрх сэтгэлдээ байгаа бүхнээ хэлэх хэрэгтэй. Үгийн чинь үр дагавар ямар байхыг бүү тунгаан бод, бүү бодолц; юу бодож байгаагаа л хэл, сэдлээ хойш тавь, ямар нэгэн зорилгод хүрэхийн тулд л үг хэлэхээ боль. Чамд хэтэрхий олон хувийн санаа зорилго, хольц байдаг; чи ярихдаа үргэлж тооцоолж, “Би үүнийг ярих ёстой, харин тэрийг ярих ёсгүй, би юу хэлэхдээ болгоомжтой байх ёстой. Би үүнийг өөртөө ашигтайгаар, дутагдлаа далдалж, бурханд сайхан сэтгэгдэл үлдээхээр хэлнэ” гэж боддог. Энэ нь сэдэл өвөрлөж байгаа хэрэг биш гэж үү? Ам нээхээсээ өмнө оюун санаа чинь зальжин бодлоор дүүрч, хэлэх гэсэн зүйлээ хэдэн удаа засдаг бөгөөд ингэснээр амнаас чинь гарах үг цэвэр биш, огтхон ч чин үнэнч биш болж, чиний сэдэл, Сатаны явуулгыг агуулдаг. Чин үнэнч байна гэж үүнийг хэлэхгүй; энэ нь хорон сэдэл, муу санаа зорилготой байгаа хэрэг. Түүгээр ч барахгүй, ярих үедээ чи үргэлж хүмүүсийн царайны хувирал, харцнаас дохио авдаг: Хэрвээ тэдний царайны хувирал эерэг байвал чи үргэлжлүүлэн ярьдаг; үгүй бол чи амаа хамхиж, юу ч хэлдэггүй; хэрвээ харц нь муухай байгаад, сонсож байгаа зүйлдээ дургүй байгаа мэт санагдвал чи тунгаан бодож, өөртөө: “За, би чамд сонирхолтой, чамайг баярлуулах, чамд таалагдах, мөн чамайг надад сайн ханддаг болгох зүйл хэлье” гэдэг. Энэ нь чин сэтгэлээсээ байгаа хэрэг үү? Тийм биш. Зарим хүн хэн нэгэн мууг үйлдэж, чуулганд үймээн учруулж байгааг харах үедээ үүнийг мэдээлдэггүй. Тэд: “Хэрвээ би үүнийг хамгийн түрүүнд мэдээлбэл тэр хүнийг гомдооно, хэрвээ би андуурсан байж таарвал засуулах ёстой болно. Би бусад хүн мэдээлэхийг хүлээгээд, тэдэнтэй нэгдэнэ. Бидний буруу байсан ч сүртэй зүйл биш—эцсийн эцэст, олныг яллаж чадахгүй шүү дээ. ‘Түрүүлж дуугарсан хөхөөний ам хөлддөг’ гэдэг үг байдаг даа. Би тэр хөхөө нь болохгүй; түрүүлж дуугарах гэж зүтгэдэг хүн тэнэг л байж таарна” гэж боддог. Энэ нь чин сэтгэлээсээ байгаа хэрэг үү? Яавч үгүй. Ийм хүн үнэхээр башир аргатай; хэрвээ тэр чуулганы удирдагч юм уу зааварлагч болбол чуулганы ажилд хохирол учруулахгүй гэж үү? Гарцаагүй учруулна. Ийм хүнийг яавч ашиглаж болохгүй. Та нар ийм төрлийн хүнийг ялган таньж чадах уу? Жишээ нь, зарим нэг муу зүйл хийж, чуулганы ажлыг үймүүлсэн нэг удирдагч байсан боловч энэ хүний жинхэнэ байдал ямар байгааг хэн ч ойлгодоггүй, Дээрх ч түүнийг ямархуу хүн болохыг мэддэггүй—гагцхүү чи л түүний жинхэнэ байдлыг мэддэг байлаа гэж бодъё. Ийм нөхцөлд чи асуудлыг Дээрхэд үнэнчээр уламжлах уу? Энэ асуудал бол хүнийг хамгийн их илчилдэг зүйл юм. Хэрвээ чи хэрэг явдлыг нууж, хэнд ч, бүр Бурханд ч юу ч хэлэлгүй, тэр удирдагч чуулганы ажлыг баллах хэмжээний маш их ёрын мууг үйлдэж, хүн бүр аль хэдийн түүнийг ил болгож, арга хэмжээ авах өдөр ирэхийг хүлээгээд, тэгээд босож зогсон: “Түүнийг сайн хүн биш гэдгийг би анхнаасаа л мэдэж байсан. Зүгээр л зарим хүн түүнийг сайн хүн гэж боддог байсан; хэрвээ би ямар нэгэн зүйл хэлсэн бол хэн ч надад итгэхгүй байх байсан. Тиймээс би дуугараагүй юм. Одоо тэр зарим нэг муу зүйл хийж, хүн бүр түүнийг хэн болохыг хэлж чадахаар болсон тул би түүний жинхэнэ байдлын талаар ам нээж чадна” гэж хэлбэл, энэ нь чин сэтгэлээсээ байгаа хэрэг үү? (Үгүй.) Хэрвээ чи хэн нэгний асуудал ил болох, эсвэл асуудал мэдээлэгдэх болгонд олныг дагаж, хамгийн сүүлд босож зогсон түүнийг ил болгох юм уу асуудлыг мэдээлдэг бол чин сэтгэлээсээ байгаа хэрэг үү? Үүний аль нь ч чин сэтгэлээсээ байгаа хэрэг биш. Хэрвээ чамд хэн нэгэн таалагддаггүй, эсвэл хэн нэгэн чамайг гомдоосон байгаад, чи түүнийг ёрын муу хүн биш гэдгийг мэддэг хэрнээ өчүүхэн зан гаргаж, түүнийг үзэн ядаж, түүнээс өшөө авч, түүнийг шившиг болгохыг хүсэхдээ, арга зам сүвэгчилж, Дээрхэд түүний талаар зарим нэг муу зүйл хэлэх боломж хайж магадгүй. Чи тэр хүнийг яллахгүйгээр зүгээр л баримтуудыг хэлж байж болох ч, эдгээр баримтыг хэлэх үед чиний санаархал илчлэгдсэн байдаг: Чи түүнийг зохицуулахын тулд Дээрхийн гарыг ашиглах, эсвэл Бурханаар ямар нэгэн зүйл хэлүүлэхийг хүсдэг. Дээрхэд асуудлыг мэдээлснээрээ чи өөрийн зорилгод хүрэхийг оролдож байна. Үүнд хувийн санаа зорилго холилдсон нь илэрхий бөгөөд яавч чин сэтгэлээсээ байгаа хэрэг биш юм. Хэрвээ тэр чуулганы ажлыг үймүүлж байгаа ёрын муу хүн мөн бөгөөд уг ажлыг хамгаалахын тулд чи үүнийг Дээрхэд мэдээлсэн бол, түүгээр ч барахгүй чиний мэдээлсэн асуудлууд бүрэн баримттай бол энэ нь сатанлаг гүн ухаанаар асуудлыг зохицуулахаас өөр юм. Энэ нь шударга ёсны мэдрэмж, хариуцлагаас үүдэн гардаг бөгөөд чи үнэнч зангаа хэрэгжүүлж байгаа хэрэг юм; чин сэтгэлээсээ байх нь ингэж л илэрдэг.
Бурхан бялдуучилж, зусардаж, эсвэл сайхан сонсогдох үг хэлдэг хүмүүст дургүй. Тэгвэл Бурхан ямар хүнд дуртай вэ? Бурхан хүмүүсийг Өөртэй нь хэрхэн харилцаж, нөхөрлөөсэй гэж хүсдэг вэ? Бурхан үнэнч шударга хүмүүст дуртай, Тэр хүмүүсийг Өөртэй нь чин сэтгэлээсээ байхад дуртай. Чи Түүний дууны өнгө, царайны хувирлыг бодолцох, эсвэл Түүнд долигонох шаардлагагүй; чи зүгээр л чин сэтгэлээсээ байж, чин үнэнч зүрх сэтгэлтэй байж, юу ч нууж хаалгүй, халхавчилж, дүр эсгэлгүй, гадаад байдлаа зүрх сэтгэлтэйгээ яг адил болгох л хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, чи Христэд хандаж, Түүнтэй харилцахдаа ямар нэгэн хүчин чармайлт гаргаж, "гэрийн даалгавар" хийх, эсвэл урьдчилан бэлдэж, ямар нэгэн зүйл хийх шаардлагагүй; үүний аль нь ч хэрэггүй. Бурхан чин сэтгэлээсээ байхад дуртай: илэн далангүй, хэвийн, энгийнээр ярилцаж, харилцахад дуртай. Чи буруу зүйл хэлэх юм уу зохимжгүй үг ашигласан ч энэ нь асуудал биш. Жишээ нь, Намайг нэг газар очиход тогооч: “Танд хоолны хориг бий юу? Та ямар хоол идэж, ямрыг нь иддэггүй вэ? Би юу бэлдэх ёстой вэ?” гэж асуулаа гэж бодъё. Би: “Хэтэрхий давстай биш, халуун ногоотой хоол биш, мөн хэтэрхий тостой биш, шарсан хуурсан хоол биш шүү. Үндсэн хоолны хувьд будаа юм уу гоймонгийн аль нь ч болно” гэж хэлдэг. Эдгээр заавар гүн гүнзгий юу? (Үгүй.) Хоол хийж мэддэг хэн боловч таамаглаж, тунгаан бодох, эсвэл тодорхой удирдамж, тайлбар шаардахгүйгээр шууд л ойлгоно. Зүгээр л өөрийнхөө туршлагаар хоол хийх хэрэгтэй, энэ бол энгийн л зүйл. Гэвч хүмүүс завхарсан зан чанар болон аминч зантай байдаг учраас хамгийн энгийн зүйлийг ч хийж чаддаггүй. Би хэтэрхий тостой биш шүү гэж хэлдэг боловч тэд хоол хийх үедээ жижиг таваг ногоонд том халбагаар дүүрэн тос хийж, үндсэндээ түүнийгээ хуурч, маш тослог амттай болгодог. Би хэтэрхий давстай биш шүү гэхэд тэд маш бага давс хийдэг тул бараг л ямар ч амтгүй болдог. Ийм их тостой, ийм сул амттай байхад хоолны дуршил хөдөлгөж чадах уу? Тэр тогооч ийм өчүүхэн зүйлийг ч зөв хийж чаддаггүй бөгөөд бүр: “Бурханы санаа зорилгыг ухамсарлахад бэрх юм. Бурханы хэлдэг үг бүр үнэн; хүмүүс хэрэгжүүлэхэд бэрх юм!” гэж хэлдэг. “Хэрэгжүүлэхэд бэрх” гэдэг нь юу гэсэн үг вэ? Энэ нь хэрэгжүүлэхэд хэцүүдээ биш, харин чи хэрэгжүүлдэггүйд байгаа юм. Чиний аминч зан хэтэрхий их байна; чамд үргэлж өөрийн гэсэн санаа зорилго, хувийн хольц байдаг. Чи үргэлж өөрийнхөө хүслээр аливааг хийхийг хүсэж, бүх зүйлийг өөрийнхөө амтанд тааруулж хийдэг. Би: “Хоол хийхдээ халуун ногоотой хоол бүү хийгээрэй. Хэрвээ та нар бүгд халуун ногоотой хоолонд дуртай бол Надад жаахан халуун ногоогүй хоол хийж өгөөрэй” гэж хэлдэг. Гэвч тэд хоол хийхдээ халуун ногоотой хийх гэж зүтгэдэг; тэд өөрсдөө амтархан идэж, үүнийгээ маш сайхан байна гэж боддог. Би: “Би чамд халуун ногоотой битгий хийгээрэй гэж хэлсэн шүү дээ. Чи яагаад ингэв?” гэж асуудаг. “Энэ хоол халуун ногоотой байх ёстой. Халуун ногоогүй бол амтгүй, халуун ногоогүй бол амтаа алддаг юм.” Энэ ямар төрлийн хүн бэ? Түүнд сайн санаа зорилго бий юу? Зарим хүн мах идэх дуртай байдаг; Би: “Хэрвээ чи маханд дуртай бол өөртөө их махтай хоол хий. Надад хийж өгөх хоолондоо бага мах хий, эсвэл Надад зүгээр л ногоотой хоол хийгээд өг” гэж хэлдэг. Тэд дуртайяа зөвшөөрдөг ч хоол хийх үедээ Миний хүсэлтийг үл тоомсорлож, тогоондоо том том хэрчсэн мах хийж, бүр халуун чинжүү хүртэл нэмдэг. Мах нь аль хэдийн тослог байхад тэд үүнийг хуурч, бүх зүйлийг өөрсдийнхөө хурц амтанд тааруулж хийдэг. Би тэдэнд ингэж хийхийг нь зөвшөөрөхгүй бол үүнийг тэд хүлээж авч чаддаггүй; тэд бүр: “Чиний ая эвийг олох хэтэрхий хэцүү юм. Энэ амттай л байна шүү дээ! Бусад бүх хүн идэж байхад чи яагаад иддэггүй юм бэ? Би үүнийг чамд зориулж хийсэн биш гэж үү? Илүү ихийг идэх нь чиний эрүүл мэндэд сайн, чамд эрч хүч өгнө. Хэрвээ чи эрүүл байвал илүү олон номлол номлож чадах биш үү? Би чамайг ч, чуулганы ах эгч нарыг ч бодож байна” гэж хэлдэг. Энэ хүн үнэхээр төвөгтэй биш гэж үү? Түүнд бүх зүйл дээр хүчтэй хүсэл, бүх зүйл дээр өөрийн гэсэн үзэл бодол, санаа байдаг. Түүнд ямар нэгэн үнэн байгаа эсэхийг дурдах ч хэрэггүй, хамгийн наад захын хүн чанар ч байхгүй. Энэ нь чин сэтгэлээсээ байгаа хэрэг үү? (Үгүй.) Эхлээд энэ хүн Надаас асуух үед тэр дажгүй, хоолыг нэлээд сайн хийж чадах юм шиг санагдсан. Гэвч хоол бэлэн болж, ширээн дээр авчирмагц Би мэддэг—тэр сайхан ярьдаг, Надад сайн хандаж байгаа мэт харагддаг ч, үнэн хэрэгтээ тэр ердөө л аминч, жигшүүртэй этгээд юм.
Би ийм хүнийг байнга хардаг; тэр төрөлхийн л тооцоотой, сэргэлэн. Тэр Надтай харилцах үедээ, Намайг эмээ уух гэмэгц аль хэдийн ус аваад ирдэг; Намайг гадагш гарах гэхэд тэр даруй Миний цүнхийг шүүрч авдаг бөгөөд гадаа хүйтэн байгааг хараад ороолт, бээлий ч бас аваад ирдэг. Би: “Тэр шаламгай хэдий ч яагаад эвгүй санагдаад байна аа?” гэж бодож байдаг. Намайг орж, гарах, хувцас, гутал, малгайгаа өмсөх үед үргэлж Надаас илүү хурдан хөдөлдөг хүн байдаг. Та нар Миний мэдрэмжийг юу гэж бодож байна вэ? Би баярлах ёстой юу, эсвэл төвөгшөөх ёстой юу? (Төвөгшөөнө.) Та нар ийм зан авирыг төвөгшөөх үү? (Тийм.) Хэрвээ та нар бүгд төвөгшөөх бол Намайг төвөгшөөнө гэж та нар бодож байна уу? (Тийм.) Зарим хүн Миний төлөө энэ бүхнийг хийснийхээ дараа өөртөө нэлээд сэтгэл хангалуун болж, өөрөөрөө бахархаж: “Намайг ажиллаж байх үед дарга маань надад сайн байсан. Би сэргэлэн болохоор очсон газар бүрд хүмүүс надад дуртай байдаг” гэж хэлдэг. Үүний далд утга нь тэд хэрхэн долигонож, бялдуучилж, зусардахыг мэддэг; тэд унхиагүй, удаан, эсвэл мунхаг биш; тэд хөдөлгөөн шаламгай, ухаан сийрэг учраас хаа ч очсон хүмүүст таалагддаг гэсэн үг юм. Тэд өөрсдийгөө хүн бүрд таалагддаг гэж хэлдэг нь Надад ч бас тэд таалагдах ёстой гэсэн үг. Тэд Надад таалагддаг уу? Би тэднийг туйлын төвөгшөөдөг! Би ийм хүмүүсийг харах болгондоо зайлсхийдэг. Гэмт хэргийн ертөнцийн толгойлогчид болон тэргүүн чөтгөрүүдийн бие хамгаалагчид, бялдууч зарц нар нь машины хаалгыг онгойлгож, боссынхоо толгойг хэрхэн халхалдгийг хараад Надад ч бас тэгж ханддаг зарим хүн бий. Намайг машинд суухаас ч өмнө тэд хаалга онгойлгохоор гараа сунгаж, дараа нь Миний толгойг гараараа халхалж, шүтлэггүй хүмүүс удирдах албан тушаалтанд ханддагтай адилаар Надад ханддаг. Би ийм хүмүүсийг зэвүүцдэг. Үнэнийг өчүүхэн төдий ч эрэлхийлдэггүй энэ хүмүүс аминч, жигшүүртэй, өөдгүй хүн чанартай бөгөөд тэдэнд ичих мэдрэмж огт байдаггүй. Чи бусадтай харилцахдаа байр суурь, алдар нэртэй хүмүүст бялдуучилж, зусардаж, тасралтгүй улыг нь долоох үед зарим нэг шулуун шударга хүмүүс ч үүнд зэвүүцэж, ийм хүмүүсийг дорд үздэг. Хэрвээ чи Надтай ингэж харьцвал Надад бүр ч ой гутам санагддаг. Надтай хэзээ ч ингэж бүү авирла; Надад энэ хэрэггүй, энэ нь Миний жигшлийг төрүүлдэг. Надад хэрэгтэй зүйл бол чиний бялдуучлах, зусардах, эсвэл ул долоох биш. Чи Надтай чин сэтгэлээсээ байж, уулзах үедээ илэн далангүй ярилцаж, өөрийнхөө ойлголт, туршлага, дутагдлын талаар ярьж, үүргээ гүйцэтгэх явцдаа харуулсан завхрал болон туршлагадаа дутуу дулимаг байна гэж боддог зүйлсийнхээ талаар ярилцах нь Надад хэрэгтэй. Чи энэ бүх зүйлийн талаар эрж хайж, нөхөрлөж болох бөгөөд тэдгээрийг судалж ч болно. Бид ямар ч сэдвээр нөхөрлөж, ярилцсан бай, чи чин сэтгэлээсээ байж, ийм зүрх сэтгэл, хандлагатай байх хэрэгтэй. Бялдуучилж, ул долоож, зусардаж, эсвэл тал зассанаар сайхан сэтгэгдэл үлдээнэ гэж бүү бод—ингээд ямар ч нэмэргүй. Харин ч ийм зан авир нь ямар ч ашиг тус авчирдаггүйгээр үл барам чамайг маш их ичгүүртэй байдалд оруулж, мунхаг байдлыг чинь ил болгож магадгүй юм.
Христэд чин сэтгэлээсээ байж ч чаддаггүй хүмүүс ямархуу хүмүүс вэ? Хэрвээ чи бусдад чин сэтгэлээсээ хандвал тэд чиний жинхэнэ нөхцөл байдлыг мэдэж, чамд хор хөнөөл учруулах вий гэж чи айдаг, тэд чамайг мэхэлж, ашиглаж, шоолж, эсвэл басамжлахаас чи айдаг. Гэвч Христтэй чин сэтгэлээсээ байхдаа чи юунаас айдаг вэ? Хэрвээ зүрх сэтгэлд чинь ийм болгоомжлол байгаа бол энэ нь асуудал юм. Хэрвээ чи чин сэтгэлээсээ байж чадахгүй бол энэ нь бас чиний асуудал; энэ бол чиний үнэнийг эрэлхийлж, өөрчлөгдөхийн төлөө чармайх ёстой тал юм. Хэрвээ чи өмнөө байгаа хүнийг чиний итгэдэг Бурхан, чиний дагадаг Бурхан мөн гэдэгт үнэхээр итгэж, хүлээн зөвшөөрдөг бол чи Түүнтэй бялдуучилж, зусардаж, сайхан сонсогдох үг хэлж харилцахгүй байсан нь дээр. Оронд нь чин сэтгэлээсээ байж, зүрх сэтгэлээ уудалж, бодит үг хэл. Өнгөлөн далдлах үг бүү хэл, худал хуурмаг, эсвэл нууж хаасан үг бүү унага, мөн заль мэх, явуулга бүү хий. Энэ бол Христтэй харилцах хамгийн сайн арга зам юм. Та нар үүнд хүрч чадах уу? Чин сэтгэлээсээ байх, эсвэл бялдуучилж, зусардахын аль нь эерэг вэ? (Чин сэтгэлээсээ байх.) Чин сэтгэлээсээ байх нь эерэг, харин бялдуучилж, зусардах нь сөрөг юм. Хэрвээ хүмүүс чин сэтгэлээсээ байх шиг ийм эерэг зүйлд хүрч чадахгүй бол энэ нь тэдэнд асуудал, завхарсан зан чанар байгааг илтгэдэг. Миний энэ шаардлага хэтэрхий байна уу? Хэрвээ та нар үүнийг хэтэрхий гэж бодож байвал, Намайг ийм хандлагыг хүртэх эрхгүй, та нарыг Надтай ийм чин сэтгэлээсээ, ийм чин сэтгэлийн хандлагаар харилцахыг хүртэх эрх Надад байхгүй гэж бодож байвал та нарт илүү сайн арга, илүү сайн арга зам бий юу? (Үгүй.) Тэгвэл энэ арга барилыг хэрэгжүүл. Энэ зүйлийн талаарх нөхөрлөлөө энд хүрээд өндөрлөе.
Б. Шинжих, задлан шинжлэхийн зэрэгцээ сониуч зан гаргах
Дараа нь бид шинжих, задлан шинжлэхийн зэрэгцээ сониуч зан гаргах хэмээх хоёр дахь зүйл рүү орцгооё. Энэ зүйлийг ойлгоход амархан уу? Бие махбодтой болсон Бурханы үйлдэл, үг хэл, түүнчлэн Түүний үг, үйл хэрэг бүрд илэрдэг зан төлөв, зан чанар, тэр ч байтугай Түүний дур сонирхолд хэвийн хүмүүс зөвөөр хандах ёстой. Бурханыг үнэн голоосоо дагаж, үнэнийг эрэлхийлдэг хүмүүс Христийн эдгээр гадаад илчлэлийг Түүний махбодын хэвийн тал гэж үздэг. Христийн хэлдэг үгийн тухайд, тэд үүнийг үнэн гэж үзэх хандлагаар сонсож, ухамсарлаж чаддаг бөгөөд эдгээр үгээс Бурханы санаа зорилго болон хэрэгжүүлэлтийн зарчмыг ойлгож, үнэн-бодит байдалд орох хэрэгжүүлэлтийн замыг олж авдаг. Харин антихристүүд өөрөөр авирладаг. Тэд Христийн ярьж, үйлдэж байгааг ажиглах үедээ зүрх сэтгэлдээ агуулдаг зүйл нь хүлээн авах юм уу дуулгавартай дагах биш, харин шинжих явдал байдаг: “Энэ үгс хаанаас гарч ирж байна вэ? Энэ үгсийг яаж хэлж байна вэ? Нэг өгүүлбэрийн араас нөгөөг угсруулаад—эдгээрийг урьдаас бодож төлөвлөсөн үү, эсвэл ариун сүнсээр хөглөгдсөн үү? Энэ үгсийг сурсан уу, эсвэл урьдаас бэлдсэн үү? Би яагаад мэдэхгүй байна вэ? Эдгээр үгийн зарим нь нэлээд эгэл жирийн, зүгээр л энгийн яриа шиг сонсогдож байна. Бурхан шиг санагдахгүй байна; бурхан үнэхээр ийм хэвийн, ийм эгэл жирийн ярьдаг гэж үү? Би шинжээд үүнийг ойлгохгүй нь, тиймээс цаанаа юу хийдгийг нь ажиглая. Тэр сонин уншдаг уу? Ямар нэг алдартай ном уншсан уу? Хэл зүй судалдаг уу? Тэр ихэвчлэн ямархуу хүмүүстэй харилцдаг вэ?” Тэд үнэнийг дуулгавартай хандах, эсвэл үнэнийг хүлээн авах хандлага баримталдаггүй, харин шинжлэх ухааны судалгаа хийж буй, эсвэл эрдмийн хичээл судалж буй эрдэмтний хандлагаар Христийг шинждэг. Тэд Христийн үгийн агуулга болон Түүний ярих хэв маяг, хандаж ярьдаг сонсогчдыг нь, түүнчлэн ярих болгондоо гаргадаг хандлага, зорилгыг нь шинждэг. Христийг ярих юм уу үйлдэх үед тэдний чихэнд хүрсэн бүхэн, тэдний харж чадах бүхэн, тэдний дуулж мэдсэн бүхэн шинжих бай нь болдог. Тэд Христийн хэлсэн үг, өгүүлбэр бүрийг, Түүний хийсэн үйлдэл бүрийг, Түүний харьцаж зохицуулсан хүн бүрийг, хүмүүстэй харьцах арга барилыг нь, Түүний яриа болон биеэ авч явах байдал, харц болон нүүрний хувирлыг, тэр ч байтугай Түүний амьдралын хэв маяг, дадал зуршил, бусадтай харилцах арга барил болон хандлагыг шинждэг—тэд энэ бүхнийг шинждэг. Ийнхүү шинжээд антихристүүд ийм дүгнэлтэд хүрдэг: Би христ рүү яаж ч харсан тэр хэвийн хүн чанартай мэт харагдаж байна; тэр нэлээд эгэл жирийн бөгөөд үнэнийг илэрхийлэх чадвараас нь өөр онц гойд зүйл түүнд алга. Энэ үнэхээр бие махбодтой болсон бурхан байж чадах уу? Тэд хэчнээн их шинжлээ ч тодорхой дүгнэлтэд хүрч чаддаггүй; тэд хэчнээн их шинжлээ ч Христ бол тэдний зүрх сэтгэлдээ хүлээн зөвшөөрдөг бурхан мөн эсэхийг магадалж чаддаггүй. Тэд бол Бурханы ажлыг туршлагаар мэдэрдэг хүмүүс биш, харин Христийг шинждэг хүмүүс юм—тэд яаж Бурханы талаарх мэдлэгт хүрч чадах юм бэ?
Антихристүүд Христийг шинжихдээ Бурханы сүр жавхланг харж чаддаггүй, Бурханы зөвт байдал, төгс хүчин, эрх мэдлийг харж чаддаггүй. Тэд яаж ч шинжээд Христэд Бурханы мөн чанар байдаг гэх дүгнэлтэд хүрч чаддаггүй; тэд үүнийг нэвт харж, ойлгож чаддаггүй. Зарим хүн: “Чиний нэвт харж, эсвэл ойлгож чадахгүй байгаа зүйлд эрж хайх үнэн бий” гэж хэлдэг. Үүнд антихрист: “Энд эрж хайх ямар нэгэн үнэн байгааг би харахгүй байна; гүнзгий шинжүүштэй сэжигтэй нарийн ширийн зүйлс л байна” гэж хариулах болно. Шинжиж, задлан шинжилснийхээ дараа тэд: Энэ Христ зөвхөн зарим нэг үг хэлж чаддаг бөгөөд үүнээс цааш эгэл жирийн хүмүүсээс ялгарах зүйл түүнд алга гэж дүгнэдэг. Түүнд онцгой билиг авьяас байхгүй, ямар ч өвөрмөц чадвар байхгүй, Есүс шиг тэмдэг, гайхамшгийг үйлдэх ер бусын хүч чадал ч байхгүй. Түүний хэлдэг бүхэн нь мөнх бус хүний үг юм. Тэгэхээр Тэр үнэхээр Христ мөн үү? Энэ үр дүнг цаашид задлан шинжилж, шинжих хэрэгтэй байна. Тэд яаж ч харсан Христээс Бурханы мөн чанарыг олж харж чаддаггүй; тэд яаж ч шинжээд Христэд Бурханы ялгамж чанар бий гэж дүгнэж чаддаггүй. Антихристийн нүдээр бол, бурханы махбод болсон бие нь ер бусын хүч чадал, онцгой билиг авьяас, гайхамшгийг харуулах чадвар, бурханы эрх мэдлийг харуулж, хэрэгжүүлэх мөн чанар, чадамжийг эзэмших ёстой. Гэвч тэдний өмнө байгаа энэ эгэл жирийн хүнд эдгээр чанар бүгд байхгүй бөгөөд Түүний яриа тийм ч уран яруу биш; олон зүйлийг дүрслэхдээ ч Тэр хүний үзэлтэй нийцдэггүй энгийн ярианы үг хэллэг ашигладаг, их сургуулийн профессорын түвшинд ч хүрдэггүй. Антихристүүд Христийн хэлсэн үгийг яаж ч шинжиж, Христийн үйлдэл, түүнчлэн аливааг хийх хандлага, арга барилыг нь яаж ч шинжээд Христ буюу энэ эгэл жирийн хүнд Бурханы мөн чанар байдаг гэдгийг олж харж чаддаггүй. Тиймээс антихристүүдийн зүрх сэтгэлд энэ эгэл жирийн хүнийг хамгийн дагууштай болгодог зүйл нь тэдний нэвт харж чаддаггүй олон зүйл, үг, үзэгдэл юм—энэ л тэдний шинжиж, задлан шинжлүүштэй зүйл бөгөөд энэ хүнийг дагах хамгийн том хөшүүрэг нь юм. Ямар агуулга, сэдэв тэдний шинжиж, задлан шинжлүүштэй зүйл вэ? Христийн хэлсэн амь-оролтын талаарх эдгээр үг; эгэл жирийн хүмүүс үнэхээр ийм зүйл хэлж чадахгүй, тэдэнд үнэхээр тийм зүйл байхгүй, мөн хүн төрөлхтний дунд өөр хэнээс ч ийм үг үнэхээр олддоггүй—эдгээр нь хаанаас гарч ирдэг нь тодорхойгүй. Антихристүүд дахин дахин шинждэг ч энэ талаар хэзээ ч дүгнэлтэд хүрч чаддаггүй. Жишээлбэл, Би хэн нэгэн ямархуу болох, тэдний мөн чанар, зан чанар нь ямар болох талаар ярих үед эгэл жирийн хүмүүс эдгээр нарийн ширийнийг тухайн бодит хүнтэй нягт нямбай тулган үзэж, уг хэрэг явдлыг баталгаажуулна. Антихристүүд эдгээр үгийг сонсох үедээ уг хэргийг тулган үзэж, ойлгохын тулд хүлээн авах хандлага баримталдаггүй, харин задлан шинжилдэг. Тэд юуг задлан шинжилдэг вэ? “Энэ хүний байдлын талаар чи яаж мэдэж байгаа юм бэ? Түүнд тийм зан чанар байгааг чи яаж мэдэв? Үүнийг тодорхойлох чиний үндэслэл юу вэ? Чи түүнтэй нэг их харилцаагүй байж түүнийг яаж ойлгож байгаа юм бэ? Бид түүнтэй ийм удаан харилцсан байхад яагаад түүнийг нэвт харж, эсвэл ойлгож чаддаггүй юм бэ? Би чиний үгэнд зүгээр л итгэхгүй, ажиглах хэрэгтэй байна. Чиний хэлж байгаа зүйл яг таг, зөв биш байж магадгүй.” Зарим хүн Надтай харилцах явцад Би тэднийг тодорхой ажил юм уу мэргэжлийн тал дээр чиглүүлж магадгүй. Хэрвээ ийнхүү удирдан чиглүүлсэн хэв маяг, арга барил нь тэдний эзэмшсэн мэргэжлийн мэдлэгтэй таарч, тэдний сэтгэлд нийцвэл тэд үүнийг дурамжхан гүйцэтгэнэ. Гэвч хэрвээ энэ нь тэдний сэтгэлд нийцэхгүй бол тэд зүрх сэтгэлдээ эсэргүүцэж, “Чи яагаад үүнийг ингэж хийдэг юм бэ? Энэ нь тухайн салбартай зөрчилдөж байгаа биш үү? Би яагаад чамайг сонсох ёстой юм бэ? Хэрвээ чиний хэлж байгаа зүйл буруу бол би үгэнд чинь орж чадахгүй; би өөрийнхөөрөө хийх ёстой. Хэрвээ чиний зөв бол чинийх яахаараа зөв болохыг, үүнийг чи яаж мэдсэнийг би ойлгох хэрэгтэй. Чи үүнийг судалсан юм уу? Хэрвээ чи судлаагүй бол яаж мэдэх боломжтой юм бэ? Хэрвээ чи үүнийг судлаагүй бол ойлгох ёсгүй; хэрвээ чи үүнийг ойлгож байвал тэр чинь хэвийн биш. Чи үүнийг яаж ойлгож байгаа юм бэ? Хэн чамд хэлсэн юм бэ, эсвэл чи өөрөө нууцаар сурсан юм уу?” гэж тунгаан боддог. Тэд дотроо задлан шинжилж, шинждэг. Миний хэлдэг өгүүлбэр бүр, Миний зохицуулдаг асуудал бүр антихристүүдийн шүүлтүүрээр орж, тэдний шалгалтаар дамжих ёстой болдог. Тэдний шалгалтыг давсан тохиолдолд л тэд үүнийг хүлээн авна; хэрвээ давахгүй бол тэд шүүмжилж, шүүн тасалж, эсэргүүцэх сэтгэл төрнө.
Бурханы махбод болсон бие бол бүх хүний хувьд хамгийн агуу нууц юм. Энэ талаар үнэндээ юу болоод байгааг хэн ч ухаарч чаддаггүй, мөн Бурханы мөн чанар энэхүү махбодод хэрхэн биелж байгааг, Бурхан хэрхэн хүн болсныг, энэ хүн хэрхэн Бурханы амнаас гарах үгийг хэлж, Бурханы ажлыг гүйцэтгэж чадаж байгааг, мөн Бурханы Сүнс энэ хүнийг яг яаж чиглүүлж, удирддагийг хэн ч ойлгож чаддаггүй. Энэ бүх ажилд хүмүүс ямар ч сүрлэг үзэгдэл хараагүй, энэ махбодоос ямар ч онцгой хөдөлгөөн ажиглаагүй—энд ямар ч онц гойд зүйл болоогүй мэт харагддаг; бүх зүйл хэвийн мэт санагддаг. Бурхан алдрыг Израилаас Дорно зүг рүү мэдэгдэхгүйгээр авчирсан. Энэ хүний үг болон ажлаар дамжуулан шинэ эрин үе ийнхүү эхэлж, хуучин нь төгссөн бөгөөд энэ нь яаж болсныг хэн ч ухаараагүй. Гэсэн ч, Бурханд үнэн голоосоо итгэдэг, цайлган, зүрх сэтгэл нь нээлттэй, хүн чанар, эрүүл ухаантай хүмүүс эдгээр хэрэг явдлыг шинждэггүй. Тэд шинждэггүй юм бол юу хийдэг вэ? Зүгээр л идэвхгүйгээр хүлээдэг үү? Үгүй—тэд эдгээр үг бол үнэн гэдгийг харж, энэ бүх үгийн эх сурвалж нь Бурхан гэдэгт итгэж, улмаар энэхүү эгэл жирийн хүн бол Христ гэх баримтыг хүлээн зөвшөөрч, өөр юуг ч бодолцолгүйгээр Түүнийг өөрсдийн Эзэн, Бурхан хэмээн хүлээн авдаг. Нөгөөтээгүүр антихристүүд энэ бүх үг, энэ бүх ажил Бурханаас гардаг гэдгийг, энэ бүх үг, ажлын эх сурвалж нь Бурхан гэдгийг харж чаддаггүй, тиймээс энэ эгэл жирийн хүнийг өөрсдийн Эзэн, Бурхан хэмээн хүлээн авдаггүй. Харин ч тэд шинжилтээ эрчимжүүлж, зүрх сэтгэлдээ эсэргүүцдэг. Тэд юуг эсэргүүцдэг вэ? “Чи хэчнээн их ярилаа ч, чиний хийдэг ажил хэчнээн агуу байлаа ч, чиний эх сурвалж хэн ч байлаа гэсэн, чи эгэл жирийн хүн л байгаа цагт, чиний ярих арга барил миний үзэлтэй нийцэхгүй л байгаа цагт, чиний гадаад байдал миний нүдэнд тусаж, хүндлэлийг минь хүлээхээр хангалттай сүр жавхлантай биш л байгаа цагт би чамайг шинжиж, задлан шинжилнэ. Чи бол миний шинжилтийн бай; би чамайг өөрийн эзэн, өөрийн бурхан гэж хүлээн авч чадахгүй.” Шинжиж, задлан шинжлэх явцдаа антихристүүд үзэл, тэрслүү байдал, завхарсан зан чанараа шийдвэрлэж чаддаггүйгээр үл барам, тэдний үзэл өдөр ирэх тусам нэмэгдэж, улам бүр ноцтой болдог. Жишээлбэл, чуулганы удирдагч антихрист болох нь илчлэгдэж, тухайн чуулганд үймээн, сүйтгэл учруулах үед ийм үйл явдал болмогц антихристүүдийн хамгийн эхний хариу үйлдэл нь ингэж асуух явдал байдаг: “Энэ талаар христ мэдэж байгаа юу? Энэ чуулганы удирдагчийг хэн томилсон юм бэ? Үүнд христ ямар хариу үйлдэл үзүүлж байна вэ? Тэр үүнийг яаж зохицуулж байгаа вэ? Энэ хүнийг христ таньдаг юм уу? Өмнө нь христ энэ хүнийг антихрист гэж хэлж, эсвэл энэ үйл явдлыг зөгнөсөн үү? Энэ чуулганд ийм том асуудал гарсан байхад христ хамгийн түрүүнд мэдсэн үү?” Би мэдээгүй, Би ч бас дөнгөж сая үүнийг дууллаа гэж хэлдэг. “Тэр чинь буруу—чи бол бурхан, чи бол христ; чи яагаад мэддэггүй юм бэ? Чи мэдэх ёстой.” Би Христ, эгэл жирийн хүн учраас л үүнийг мэдэх шаардлагагүй юм. Чуулганд хүмүүсийг зохицуулах захиргааны зарлиг, зарчим гэж бий. Антихристүүд гарч ирэх үед тэднийг чуулганы зарчмын дагуу зайлуулж, хөөж болно. Энэ нь Бурхан эрх барьж байгааг, үнэн эрх барьж байгааг харуулдаг. Би бүх зүйлийг мэдэх шаардлагагүй. Хэрвээ чуулган хүмүүсийг зохицуулах захиргааны зарлиг, зарчмынхаа дагуу асуудлыг зохицуулж чадахгүй бол Би хөндлөнгөөс оролцоно. Гэвч хэрвээ ах эгч нар хүмүүсийг зайлуулж, хөөх Бурханы гэрийн зарчмыг ойлгодог бол Би оролцох шаардлагагүй. Үнэн эрх барьдаг газарт Би хөндлөнгөөс оролцох шаардлагагүй. Энэ маш хэвийн зүйл биш гэж үү? (Тийм.) Гэвч антихристүүд энэ асуудал дээр асуудал үүсгэж, үзэл тээж чаддаг бөгөөд тэр ч байтугай эдгээр үзлээ ашиглан Христийг үгүйсгэж, Христэд Бурханы мөн чанар байдаг гэх баримтыг ялладаг. Энэ бол яг л антихристүүдийн хийдэг зүйл юм. Ямар нэг зүйл тэдний үзэл, төсөөлөл, эсвэл хүлээлттэй нийцэхгүй байгаагаас болж тэд Христийн мөн чанарыг үгүйсгэж чаддаг. Тэд Христийн тал бүрийг шинждэг нь ийм дүгнэлтэд хүргэдэг: Тэд Христээс Бурханы мөн чанарыг олж хардаггүй; тиймээс тэд энэ хүнийг Бурханы мөн чанар, ялгамж чанартай гэж тодорхойлж чаддаггүй. Энэ нь, юу ч болоогүй үед зүгээр байдаг ч, ямар нэгэн зүйл тохиолдмогц антихристүүд хамгийн түрүүнд үсрэн гарч ирээд Христийн ялгамж чанарыг үгүйсгэж, Христийг ялладаг нөхцөл байдалд хүргэдэг. Тэгвэл антихристүүдийн шинжилтийн зорилго яг юу вэ? Тэдний шинжиж, задлан шинжилдэг явдал нь үнэнийг илүү сайн ойлгохын тулд биш, харин нотлох баримт олж, хөшүүрэг олж авахын тулд, Бурхан бие махбодтой болсон гэх баримтыг үгүйсгэж, Бурханы махбод болсон бие бол Христ, Бурхан мөн гэх баримтыг үгүйсгэхийн тулд байдаг. Энэ бол антихристүүд Христийг шинжиж, задлан шинжлэхийн цаад сэдэл, зорилго юм.
Антихристүүд Христийг дагаж, дагагчийн дүр эсгэх зуураа шинжиж, задлан шинжлэх хандлага тээдэг бөгөөд эцсийн дүндээ үнэнийг ойлгож чаддаггүй, Христ бол Эзэн, Бурхан мөн гэх баримтыг магадалж чаддаггүй. Гэвч тэд яагаад ийм дурамжхан, ийм дургүйхэн дагасаар, Бурханы гэрт байсаар байдаг юм бэ? Бидний өмнө нь хэлэлцсэн нэг зүйл бол тэд ерөөл хүртэх санаа зорилго өвөрлөдөг; тэд амбицтай байдаг. Өөр нэг зүйл бол, антихристүүдэд эгэл жирийн хүмүүст байдаггүй сониуч зан байдаг. Ямар сониуч зан бэ? Энэ нь тэдний хачин жигтэй, ер бусын үзэгдэлд татагддаг байдал юм. Антихристүүд ертөнц дэх хачин жигтэй, ер бусын бүх үзэгдэл, байгалийн хуулиас давсан бүх үйл явдлыг онцгойлон сонирхдог. Тэдэнд олон зүйлийг ухаж төнхөж, учрыг нь олох хүсэл байдаг. Энэхүү ухаж төнхөх явдлын мөн чанар юу вэ? Энэ нь чадваргүй мэт харагдахгүйн тулд бүх зүйлийг ойлгож, бүх зүйлийн цаад үнэнийг мэдэхийг хүсдэг цэвэр биеэ тоосон зан юм. Ямар ч хэрэг явдал байсан, тэд хамгийн түрүүнд мэдэхийг, тухайн хэрэг явдлын нарийн ширийний талаар хамгийн их мэдээлэлтэй, хамгийн их мэдлэгтэй байхыг хүсдэг—тэд бүх тал дээр “хамгийн” нь болохыг хүсдэг. Тиймээс, тэд Бурхан бие махбодтой болсон хэрэг явдлыг ч бас алгасдаггүй, үүнээс хоцордоггүй. Тэд: “Хүний ертөнц дэх хамгийн агуу нууц бол бурхан бие махбодтой болох явдал юм. Энэхүү хамгийн агуу нууц, хамгийн гайхамшигтай зүйлд яг юу болоод байна вэ? Энэ нь эгэл жирийн хүлээлтээс давдаг бөгөөд энэ махбод эгэл жирийн хүмүүсээс өөр юм чинь ялгаа нь хаанаа байна вэ? Би өөрөө харж, ойлгох ёстой” гэж хэлдэг. Тэд “өөрөө харж, ойлгох” гэж хэлэхдээ юу хэлэх гэсэн бэ? Тэд: “Би дэлхийн янз бүрийн улс орноор аялж, алдартай уулс, түүхэн дурсгалт газруудаар явж, алдартай, цэцэн ухаантай хүмүүстэй уулзаж ярилцсан; тэд бүгд л эгэл жирийн хүмүүс байдаг. Миний уулзаагүй, эсвэл суралцаагүй цорын ганц хүн бол энэ христ юм. Энэ христийн мөн чанар яг юу юм бэ? Би өөрөө харж, ойлгох ёстой” гэж хэлэх гэсэн. Тэд яг юуг харж, ойлгохыг хүсдэг вэ? “Би дуулах нь ээ, бурхан тэмдэг, гайхамшгуудыг үйлдэж чаддаг гэсэн. Есүсийг эзэн, христ гэж тэд хэлдэг; тэр хүмүүсийн сониуч занг хангахын тулд ямар тэмдэг, гайхамшиг үйлдсэн юм бэ? Би нэг явдлыг санаж байна: эзэн Есүс инжрийн модыг хараасны дараа тэр нь хатаж хорчийсон. Одоо энэ христ үүнийг хийж чадах уу? Би харж, ойлгох ёстой бөгөөд хэрвээ боломж гарвал түүнийг ийм үйлдэл хийж чадах эсэхийг нь сорино. Бие махбодтой болсон бурханд бурханы эрх мэдэл байдаг бөгөөд саа өвчтэй хүнийг алхуулж, сохор хүнийг хараатай болгож, дүлий хүнийг сонсголтой болгож, өвчтэй хүнийг эдгээж чаддаг гэж ярьдаг. Эдгээр нь гайхамшигтай, урьд үзэгдээгүй үйл явдлууд юм; хүний ертөнцөд эдгээрийг эгэл жирийн хүмүүст байдаггүй гоц чадвар гэж үздэг. Энэ бол миний өөрийн нүдээр харах ёстой зүйл” гэдэг. Түүнчлэн, тэдний санааг эзэмддэг өөр нэг хамгийн чухал асуудал бий. Тэд: “Энэ хүний ертөнц дэх урьд болон энэ насны амьдрал, хойд дүрээ олж төрөх мөчлөг гэдэг нь яг ямар учиртай юм бэ? Эгэл жирийн хүмүүс үүнийг тодорхой тайлбарлаж чаддаггүй. Нэгэнт бурхан махбод болсон, бурхан бүхнийг захирдаг юм чинь, христ энэ талаар мэдэх үү? Боломж гарах үед би түүнээс асууж, энэ асуудлын талаар лавлах ёстой; би түүгээр гадаад байдлаа шинжүүлж, миний хувь заяа сайн эсэх, урьд насандаа би юу байсан, амьтан байсан уу, хүн байсан уу гэдгээ харуулна. Хэрвээ тэр эдгээр зүйлийг мэддэг бол би бишрэх болно; энэ нь түүнийг эгэл жирийн хүмүүсээс илүү, ер бусын, магадгүй христ гэдгийг харуулна. Бас тэнгэрт бурханы сэнтий, орон байр байдаг гэж тэд ярьдаг, тэгвэл бие махбодтой болсон энэ бурхан бурханы орон байр болон тэнгэрийн хаанчлал хаана байдгийг мэддэг болов уу? Тэнгэрийн хаанчлал алтаар дэвссэн гудамжтай, цог жавхаатай, сүрлэг сайхан гэдэг; хэрвээ бие махбодтой болсон энэ бурхан биднийг тийш нь аваачиж үзүүлж чадвал бидний бүх амьдрал үнэ цэнтэй болж, итгэл минь талаар болохгүй биш үү? Түүгээр ч барахгүй, бид газар тариалан эрхлэх шаардлагагүй болно; өлссөн үед христ ганцхан үгээр чулууг хоол болгон хувиргаж чадна. Тэр таван талх, хоёр загасаар таван мянган хүнийг хооллосон; энэ нь бидэнд маш том давуу тал болох биш үү? Тэгвэл христ ярих үед яадаг вэ? Тэр амийн усаар хангадаг гэж тэд ярьдаг, гэхдээ энэ амийн ус нь хаана байна вэ? Энэ нь яаж хангагддаг, яаж урсдаг юм бэ? Эдгээр нь бүгд судалж үзүүштэй асуудлууд бөгөөд тус бүр нь урьд нь тун үзэгдээгүй юм. Хэрвээ би эдгээрийн ганцыг нь ч болов өөрийн нүдээр гэрчилж чадвал энэ насандаа эгэл жирийн хүн биш, харин өргөн мэдлэг, туршлагатай хүн болно” гэдэг. Энэ нь сониуч зандаа автаж байгаа хэрэг биш үү? (Тийм.)
Зарим хүн үнэнийг олж авахын тулд биш, харин өөр санаа өвөрлөн Бурханд итгэж, Христийг хүлээн авч, Христийг дагахаар ирдэг. Зарим хүн Надтай уулзмагцаа: “Илчлэлийн ном дахь долоон гамшиг, долоон аяга нь ямар утгатай вэ? Цагаан морь юуг бэлгэддэг вэ? Гурван жил хагасын сүйрэл ирчихсэн үү?” гэж асуудаг. Би: “Чи юуны талаар асуугаад байгаа юм бэ? Илчлэл гэж юу юм бэ?” гэж хариулдаг. Тэд: “Илчлэлийн номын талаар чи бүр мэдэхгүй хэрэг үү? Чамайг бурхан гэж тэд ярьдаг, гэхдээ би тийм ч итгэлтэй биш байна!” гэж хариулдаг. Бусад нь: “Сайн мэдээ номлох явцад бид нууцлаг хэрэг явдлын талаар асуудаг хүмүүстэй таардаг. Бид яах ёстой вэ?” гэж асуудаг. Би тэднийг ярьж дуусахыг нь ч хүлээлгүй: “Үнэнийг эрж хайхын оронд үргэлж нууцуудын талаар асуудаг хэн боловч үнэнийг хүлээн авдаг хүн биш; тэд ирээдүйд аврагдаж чадахгүй. Үргэлж нууцуудыг эрж хайдаг хүмүүс бол онцгүй хүмүүс; тийм хүмүүст сайн мэдээ бүү номло” гэж хэлдэг. Би яагаад ингэж хэлдэг вэ? Эцсийн эцэст хэн эдгээр асуултыг асууж байгаа юм бэ? Энэ нь өөр хэн нэгэн биш; тэд өөрсдөө юм. Тэд эдгээр асуултыг асууж, хариуг нь мэдэхийг хүсдэг бөгөөд Намайг хэн асууж байгааг мэддэггүй, тэднийг нэвт харж чаддаггүй гэж боддог! Намайг ингэж хэлсний дараа тэд үүнийг сонсоод “Намайг онцгүй хүн гэж бурхан хэлсэн болохоор би дахиж асуухгүй” гэж боддог. Миний арга барил ямар байна вэ? Энэ нь тэдний амыг үр дүнтэй тагласан биш үү? Хэрвээ Би тэдэнд хариулсан бол энэ нь тэдний заль мэхэнд автсан хэрэг болохгүй гэж үү? Тэгвэл тэд даварч, эцэс төгсгөлгүй асуулт асуух байсан. Би тэдэнд эдгээр зүйлийг тайлбарлах үүрэгтэй юу? Үүнийг мэдлээ гээд чи яах юм бэ? Би мэддэг байлаа ч чамд хэлэхгүй. Би яагаад чамд хэлэх ёстой юм бэ? Би судар тайлбарлагч юм уу? Чи энд шашны онол судлахаар ирсэн юм уу? Чи Намайг шинжихээр ирдэг, тэгээд шинжихэд чинь зориулж Би зүрх сэтгэлээ нээх ёстой юу? Энэ нь зохистой гэж үү? Чи Намайг сорихоор ирдэг, тэгээд Би чамаар Өөрийгөө сориулах ёстой юу? Энэ нь зохистой гэж үү? Чи үнэнийг хүлээн авахаар энд ирээгүй; чи дайсагнасан, эргэлзсэн, байцаасан хандлагаар асуулт асуухаар ирдэг. Би чамд хариулах ямар ч боломжгүй. Зарим хүн: “Ямар ч асуултад хариулах шаардлагатай биш гэж үү?” гэж хэлдэг. Энэ нь тухайн хэрэг явдлаас шалтгаална. Үнэн болон чуулганы ажлын тухайд Би нөхцөл байдлыг харгалзан үзэх л ёстой. Хэрвээ Би өмнө нь чамд хэлчихсэн байхад чи мэдээгүй дүр эсгэж, даруухнаар лавлаж буй мэт аашилбал Би чамд хариулахгүй. Би чамайг засна, түүний дараа чи ойлгох болно. Антихристүүд Христийг хэрхэн шинжиж, задлан шинжилдэг, түүнчлэн Христ болон Бурханы мөн чанарын талаарх тэдний сониуч зангийн үүднээс үзвэл, антихристүүд яг юуг шинжиж байна вэ? Тэд үнэнийг шинжиж байна. Тэд Бурханы хийдэг бүхнийг шинжиж, задлан шинжлэх бай болгон үзэж, үүнийгээ цаг нөхцөөх арга болгон ашигладаг. Тэд тодорхой салбар юм уу тодорхой мэдлэгийг судалж буй эрдэмтэд шиг, яг л шашны онолын сургуульд сурч буй үл итгэгчид шиг Бурханыг дагадаг. Ийм хүмүүс Бурханы гэгээрлийг хүртэж чадах уу? Тэд гэрэл хүлээн авч чадах уу? Тэд үнэнийг ойлгож чадах уу? (Үгүй.)
Чуулганд өмнө нь хэзээ ч тулгарч байгаагүй зарим ажил байдаг бөгөөд зарим нь мэргэжлийн ажилтай холбоотой байдаг. Намайг ийм ажлыг чиглүүлэх үед зарим хүн хичээнгүйлэн, даруухнаар сонсож, эдгээр үүргийг гүйцэтгэхдээ баримтлах ёстой зарчмууд болон хэрэгжүүлж, орох ёстой үнэн-бодит байдлыг ухамсарладаг. Гэвч зарим хүн зүрх сэтгэлдээ шинжиж, толгойгоо гашилгадаг; тэд: “Чи эдгээр салбарыг судлаагүй шүү дээ. Түүнээс гадна, чи үнэхээр ийм олон салбарыг сурч чадна гэж үү? Хэн бүх зүйлийг ойлгож, мэдэж чадах юм бэ? Чи ямар үндэслэлээр биднийг чиглүүлж байгаа юм бэ? Бид яагаад чамайг сонсох ёстой юм бэ? Хэдийгээр биднийг чиглүүлэхдээ хэлдэг зүйл чинь заримдаа үнэхээр утга учиртай байдаг ч чи үүнийг яаж мэддэг юм бэ? Хэрвээ би ямар нэг зүйлийг судлахгүй бол түүнийхээ талаар мэдэхгүй. Би тунгаан бодож, илүү ихийг сурч, илүү ихийг харж, илүү ихийг сонсохыг хичээж, чи чиглүүлэх шаардлагагүйгээр өөрөө хийж чаддаг болохыг зорих хэрэгтэй байна. Чи ч бас явц дундаа суралцаж, бага багаар гаршиж байгаа бололтой” гэж боддог. Тэд зүгээр л гадаад байдлыг хардаг бөгөөд нэг талаар, энэ хүн юу ч хэлж, хийсэн бай, зарчмууд байдаг—ямар ч ажлыг чиглүүлж байсан, энэ нь зарчмын дагуу хийгддэг бөгөөд энэ зарчим нь хүмүүсийн бодит хэрэгцээ болон бодит ажлын хүссэн үр дүнтэй холбоотой гэдгийг хардаггүй. Нөгөөтээгүүр, хамгийн чухал нь, энэ хүн юу ч сураагүй; Түүний мэдлэг, эрдэм, ухаарал, туршлага нь гойд биш. Гэвч хүмүүсийн мартах ёсгүй нэг зүйл бий: Түүний ухаарал, мэдлэг, туршлага, мэргэшил нь баялаг, эсвэл онцгой байх эсэхээс үл хамааран, одоогийн ажлыг гүйцэтгэж буй эх сурвалж нь энэхүү гадаад махбод биш, харин энэ махбодын мөн чанар болох Бурхан Өөрөө юм. Тиймээс, хэрвээ чи энэ махбодын гадаад байдал—Түүний өндөр болон царай зүс, өнгө аяс, дууны өнгө, ярих арга барилд нь үндэслэн шүүвэл Тэр яагаад эдгээр ажлыг хариуцаж, чадварлаг хийж чаддагийг тайлбарлаж, эсвэл ойлгож чадахгүй, чи үүнийг нэвт харж чадахгүй. Нэвт харж чадахгүй байна гэдэг нь шийдвэрлэшгүй асуудал гэсэн үг үү? Үгүй, үүнийг шийдвэрлэж болно. Чи үүнийг нэвт харах шаардлагагүй; чи зүгээр л нэг зүйлийг мэдэж, санаж, хүлээн зөвшөөрөх хэрэгтэй: Христ бол Бурханы махбод болсон бие юм. Хүмүүсийн Христэд хандахдаа баримтлах ёстой зарчим, байр суурь, хандлага нь шинжиж, задлан шинжлэх, эсвэл сониуч зангаа хангах явдал биш, харин хүлээн зөвшөөрч, хүлээн авч, сонсож, дуулгавартай дагах явдал юм. Хэрвээ чи шинжиж, задлан шинжилбэл энэ нь эцсийн дүндээ чамд Бурханы мөн чанарыг харах боломж олгох уу? Олгохгүй. Бурхан Өөрийг нь задлан шинжлэх, эсвэл шинжихийг хэнд ч зөвшөөрдөггүй; чи хэчнээн их шинжиж, задлан шинжилнэ, Бурхан чамаас төдий чинээ нуугдах болно. Бурхан нуугдах үед хүмүүст юу мэдрэгддэг вэ? Тэдний зүрх сэтгэл дэх Бурханы тухай ойлголт тодорхойгүй болж, үнэний тухай ойлголт нь бүрхэг болж, дагах ёстой замынх нь талаарх бүх зүйл бүдгэрдэг. Энэ нь чиний харагдах байдлыг хаасан хана байгаа мэт байдаг; чи урдах зүг чигийг харж чадахгүй, бүх зүйл манантай мэт болдог. Бурхан хаана байна вэ? Бурхан гэж хэн бэ? Бурхан үнэхээр оршин байдаг уу? Эдгээр асуулт нь чиний өмнө зогсох хар хана мэт бөгөөд энэ нь Бурхан чамаас нүүрээ нууж, чамд Түүнийг харах боломжгүй болгож байгаа хэрэг юм. Эдгээр бүх үзэгдэл чиний хувьд тодорхойгүй болж, тэдгээр нь алдагдаж, зүрх сэтгэлийг чинь харанхуй нөмөрдөг. Зүрх сэтгэл чинь харанхуйлах үед чамд урагшлах зам байсаар байх уу? Чи юу хийхээ мэдсээр байх уу? Чи мэдэхгүй. Чиний анхны зүг чиг, зорилго хэчнээн тодорхой байсан ч хамаагүй, чи Бурханыг шинжиж, задлан шинжлэх үед тэдгээр нь тодорхойгүй, харанхуй болох болно. Хүмүүс ийм нөхцөл байдал, ийм байдалд орох үедээ аюулд ордог; Бурханыг шинжихэд анхаардаг хүмүүст ийм зүйл тохиолддог. Антихристүүд үргэлж ийм нөхцөл байдалд байдаг бөгөөд өмнө нь тас харанхуй, эерэг зүйлс гэж юу болохыг, үнэн гэж юу болохыг ялган таньж чаддаггүй. Бурхан юу ч хийсэн бай, тэд үүнийг үнэхээр Бурхан мөн, Бурхан Өөрөө мөн гэдгийг баталж чаддаггүй; тэд үргэлж шинжиж, задлан шинжилж байдаг тул яаж ч харсан бие махбодтой болсон биеийг зөвхөн хүн гэж хардаг, тиймээс Бурхан ч бас тэднийг харалган болгосоор байдаг. Чи тэднийг нүдээ бүлтийтэл, том нээсэн байхыг хардаг ч тэд харалган хэвээр байдаг. Бурхан хүмүүсээс нүүрээ нуух үед тэдний зүрх сэтгэл хатуурч, тас харанхуйд унасан мэт байдаг. Тэд зөвхөн өнгөц үзэгдлийг л хардаг, дотор нь орших замыг ухаарч чаддаггүй, цаад үнэнийг нь ойлгож чаддаггүй—бүр цаашлаад, тэд Бурханы мөн чанар, эсвэл Түүний зан чанарыг харж чаддаггүй.
Бурханы илрэлт болон ажлыг задлан шинжилж, шинжих нь ямар ч үр дүнд хүргэхгүй. Задлан шинжилж, шинждэг байдалд орохгүй байх нь нэн чухал; энэ бол сөрөг зам юм. Тэгвэл эерэг зам нь юу вэ? Энэ нь Бурханы ажил гэдэгт, энэ эгэл жирийн хүн бол Бурханы махбод болсон бие бөгөөд Бурханы мөн чанарыг эзэмшдэг гэдэгт чи бат итгэдэг юм чинь болзолгүйгээр хүлээн авч, дуулгавартай дагах ёстой гэсэн үг юм. Энэ махбодод тааламжгүй олон тал, хүний үзэл, төсөөлөлтэй зөрчилддөг олон тал байгаа гэж хүмүүст санагддаг; энэ нь хүмүүсийн өөрсдийнх нь асуудал юм. Бурхан ийм байдлаар ажилладаг бөгөөд өөрчлөгдөх ёстой зүйл нь Бурханы махбод болсон бие биш, харин хүмүүсийн үзэл, тэдний завхарсан зан чанар, Бурханд хандах хандлага нь юм. Хүмүүс энд үнэнийг эрж хайж, Бурханы санаа зорилгыг эрж хайж, өөрсдийн зүй ёсны харах өнцөг, байр суурийг эзлэх хэрэгтэй болохоос биш, Түүнийг Бурхан гэж хүлээн зөвшөөрсөн хэрнээ Түүнийг шинжихийг, эсвэл Түүний хийж, хэлдэг зүйлийг задлан шинжилж, хэлэлцэхийг хүсэх ёсгүй. Энэ нь томоохон асуудал болно. Чиний байр суурь болон үнэнийг хүлээн авах өнцөг чинь буруу байх үед бүх зүйлийг харах үр дүн чинь өөрчлөгдөж, эрэлхийллийн чинь зам, зүг чигт нөлөөлнө. Бурханы хийдэг, эсвэл хэлдэг юу ч байсан, энэ нь хүний үзэлтэй нийцэх эсэх нь ердөө л түр зуурын асуудал юм. Бурханы хийдэг бүхний хүн төрөлхтөнд оруулах хувь нэмэр, үнэ цэн, хүний амьдралд авчрах үнэ цэн нь мөнхийн байдаг. Үүнийг ямар ч хүн, ямар ч эрдмийн салбар, ямар ч мэдэгдэл, эсвэл маргаан, ямар ч чиг хандлага өөрчилж чадахгүй. Энэ бол үнэний үнэ цэн юм. Одоохондоо энэ эгэл жирийн хүний үг, үйлдэл чиний сониуч зан, эсвэл нэрэлхүү занг хангаж чадахгүй, зүрх сэтгэлээр чинь, үг хэлээр чинь чамайг бүрэн үнэмшүүлж, эсвэл байлдан дагуулж чадахгүй байж магадгүй; гэвч Түүний өнөөдөр хэлж буй бүх үг болон энэ эрин үед, энэ хугацаанд хийж буй бүх ажлынх нь бүхий л хүн төрөлхтөнд, бүхий л эрин үед, мөн Бурханы нийт удирдлагын төлөвлөгөөнд оруулах хувь нэмэр нь үүрд өөрчлөгдөшгүй юм—энэ бол баримт. Тиймээс, нэг л өдөр чи: “Хорин, гучин жилийн өмнө би энэ эгэл жирийн хүний хэлсэн тодорхой нэг үгийг шинжиж, буруугаар ойлгож, эсэргүүцэж, тэр ч байтугай шүүж, яллаж байсан. Хорин, гучин жилийн дараа тэр үгийг эргэн харахад зүрх сэтгэл минь өртэй, өөрийгөө буруутгах мэдрэмжээр дүүрч байна” гэдгийг ухаарах болно. Завхарсан хүмүүс Бурханы өмнө дорд, өчүүхэн бөгөөд тэд үүрд нялх хүүхэд мэт байдаг, дурдахын ч хэрэггүй юм. Хүн хэчнээн их ажил хийсэн ч, Бурханы ямар ч үед, ямар ч нөхцөлд хэлсэн үг бүрийн бүхий л хүн төрөлхтөнд оруулах хувь нэмэртэй харьцуулахад ялгаа нь тэнгэр, газар шиг байдаг! Тиймээс, Бурхан бол хүмүүсийн шинжиж, задлан шинжилж, эргэлзэх бай биш гэдгийг чи ойлгох ёстой. Бурханы ажил болон Бурханы махбод болсон бие нь хүмүүсийн сониуч занг хангахын тулд байдаггүй. Тэр энэ бүх ажлыг цаг нөхцөөх гэж, өдөр хоног өнгөрөөхийн тулд хийдэггүй—Түүний санаа зорилго бол нэг эрин үеийн хүмүүсийг аврах, хүн төрөлхтнийг бүхэлд нь аврах явдал бөгөөд Түүний гүйцэлдүүлэхээр зорьж буй ажлын үр дүн нь үүрд мөнх үлдэх болно. Антихристүүд сониуч зангаа хангахын тулд Христэд эгэл жирийн хүн мэт хандаж, шинжиж, задлан шинжилдэг. Үүний шинж чанар юу вэ? Үүнийг ойлгож, эсвэл уучилж болох уу? Тэд бол бүх эрин үеийн нүгэлтнүүд бөгөөд хараагдсан, үүрд уучлагдашгүй хүмүүс юм! Хэрвээ хүн хүн чанартай, үнэнийг ойлгодог, үнэн-бодит байдлыг эзэмшдэг бол тэдгээрийг шинжих нь хүртэл нэлээд ой гутам байдаг. Христэд эгэл жирийн хүн мэт хандаж, дотроо Түүнийг шинжиж, Түүний хийдэг бүхэнд дайсагнасан, гүтгэсэн байдлаар хандаж, Түүний хэлдэг үгийн талаарх сониуч зангаа хангахын тулд л эрж хайдаг—тэр ч байтугай зарим хүн Надтай уулзахдаа: “Ахиад жаахан үнэн нөхөрлөөч, гурав дахь тэнгэрийн хэлний талаар ахиад жаахан нөхөрлөөч, бидний мэддэггүй зүйлсийн талаар илүү ихийг хэлж өгөөч” гэж хэлдэг—тэд энэ хүнийг хэн гэж боддог юм бэ? Уйтгарыг нь тайлах хэн нэгэн бодоо юу? Бурхан энэ хэрэг явдлыг хэрхэн тодорхойлдог вэ? Энэ нь Бурханы эсрэг доромжлол биш гэж үү? Хэрвээ энэ нь хүмүүс рүү чиглэсэн бол үүнийг тохуурхал, тоглоом тохуу гэж нэрлэнэ; хэрвээ Бурхан руу чиглэсэн бол энэ нь доромжлол юм.
Шинжих, задлан шинжлэх, сониуч зан гаргах энэхүү илрэлийн агуулгын хүрээнд антихристүүдийн уг чанар-мөн чанар нь хорон муу, үнэнийг зэвүүцдэг болох нь илэрдэг. Тэд бүх эерэг зүйлийг үл тоомсорлодог; тэдгээрийг басамжилж, үл ойшоосон хандлагаар ханддаг бөгөөд Бурханы махбод болсон биеийг ч зүгээр орхидоггүй. Тэд бүх хэрэг явдал дээр сониуч зангаа хангах шаардлагатай болдог бөгөөд мэдлэгтэй, ухаантай харагдахын тулд бүх зүйлийг шинждэг, дүгнэлт гаргаж, бүх зүйлийн учрыг олж, юу болоод байгааг мэдэхийг хүсдэг. Энэ бол хүмүүсийн завхарсан зан чанар юм. Бүх зүйлийг шинжиж дадсан тэд одоо шинжилтээ Бурхан руу чиглүүлдэг. Тэгээд энэ нь тэдэнд юу авчирдаг вэ? Төгс болгуулах болон аврал уу? Үгүй, энэ нь тэдэнд зөвхөн мөхөл, сүйрлийг л авчирдаг! Антихристүүдийг ингэж тодорхойлдог. Тэд хараагдсан, яллагдвал зохих хүмүүс юм. Бурханы махбод болсон биед хандахдаа тэд Түүнийг хүлээн авч, харахын тулд дагагчийн, эсвэл бүтээгдсэн зүйлсийн байр сууринд хэзээ ч байдаггүй; харин ч тэд Түүнийг эрдэмтний, бүхнийг мэддэг хүний, сониуч зангаар бялхсан хүний, мөн үнэнийг ухамсарлах чадваргүй, эерэг зүйлсийг басамжилдаг биеэ тоосон хүний өнцөг болон байр сууринаас харж, ханддаг. Ийм хүмүүс аврагдаж чадахгүй нь туйлын тодорхой юм.
2020 оны 6 дугаар сарын 6