9. Итгэл гэдэг нь Бурханд найдна гэсэн үг юм

Чэн Чэн, Итали

Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн байдаг: “Итгэл дотроосоо л чи Бурханыг харж чадах бөгөөд итгэл байгаа цагт Бурхан чамайг төгс болгоно. Итгэл үгүй бол Тэр үүнийг хийж чадахгүй. Чиний олж авахаар найдаж байгаа бүхнийг Бурхан чамд хайрлана. Чамд итгэл байхгүй бол төгс болгуулж чадахгүй бөгөөд чи Бурханы үйлсийг харж чадахгүй, Түүний төгс хүчийг харж бүр ч чадахгүй. Бодитой туршлагаараа Түүний үйлдлийг харна гэсэн итгэл чамд байгаа үед Бурхан чамд харагдаж, Тэр чамайг дотроос чинь гэгээрүүлж, чиглүүлэх болно. Ийм итгэл үгүй бол Бурхан үүнийг хийж чадахгүй. Хэрэв чи Бурханд найдах найдвараа алдсан бол Түүний ажлыг хэрхэн туулж чадах юм бэ? Тиймээс чамд итгэл байгаа бөгөөд Бурханд эргэлзэх эргэлзээ тээгээгүй үед л, Түүнийг юу ч хийсэн, Түүнд итгэх жинхэнэ итгэл чамд байгаа үед л туршлагаар чинь дамжуулан Тэр чамайг гэгээрүүлж, гэрэлтүүлэх бөгөөд тэр цагт л чи Түүний үйлдлийг харж чадна. Энэ бүхэнд бүгдэд нь итгэлээр дамжуулан хүрдэг. Итгэл зөвхөн цэвэршүүлэлтээр дамжин ирдэг бөгөөд цэвэршүүлэлт байхгүй бол итгэл бий болж чадахгүй. ‘Итгэл’ хэмээх энэхүү үг юуг хэлдэг вэ? Итгэл гэдэг нь аливаа зүйлийг харж, барьж чадахгүй үед, Бурханы ажил хүний үзэлтэй нийцэхгүй үед, хүн хүрэхийн аргагүй үед хүнд байх ёстой жинхэнэ итгэл үнэмшил, чин үнэн зүрх сэтгэл юм. Энэ бол Миний ярьдаг итгэл юм(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Төгс болгуулах хүмүүс цэвэршүүлэлт туулах ёстой). Бурханд жинхэнээсээ итгэх нь нэн чухал гэдгийг Бурханы үг бидэнд хэлдэг. Бид ямар шалгалттай тулгарсан бай, эсвэл бэрхшээл маань хэчнээн их ч бай, хүн бүр Өөрийнх нь үгэнд итгэж, Өөрт нь итгэж, Бурханд үнэхээр найдаж, Өөртэй нь хамтран ажиллаасай гэж Бурхан хүсдэг. Ингэх нь Бурханы төгс хүчит захиралт болон үйл хэргийг туршлагаараа дамжуулан гэрчлэх цорын ганц арга зам юм. Бурханы удирдамжийн ачаар би үүнийг өөрийн биеэр бага зэрэг туулсан билээ.

2016 оны 11 сарын 18-ны өглөө би Италид байдаг ахаас интернэтээр мессеж хүлээн авсан ба тэрээр сүнсээрээ ангаж, Төгс Хүчит Бурханы Чуулганы талаар илүү их мэдэхийг хүсэж байна гэсэн байлаа. Үүнийг уншихад, ах Эзэний эргэн ирэхийг хүсэн эрмэлзэж, хүлээж байгаа нь мэдрэгдэж байв. Тэгээд орчуулгын программ ашиглан ахтай харилцаж эхлэв. Ах Католик сүм дэх завхрал, доройтолд урам хугарсан тул 1991 оноос хойш жинхэнэ чуулганыг хаа сайгүй эрж хайсаар байжээ. Түүнчлэн Ватчман Ни, Витнес Ли нарын номуудыг уншсан боловч, ямар ч бодитой сүнслэг хангалт хэзээ ч аваагүй аж. Эзэнгүйгээр амьдрах нь шаналалтай, утга учиргүй, итгэл найдваргүй байсан гэж тэрээр хэлсэн юм. Ах Төгс Хүчит Бурханы Чуулганы зарим видео болон зургийг онлайнаар үзээд, шууд л сэтгэл татагдаж, үнэхээр жинхэнэ чуулган шиг санагдсан ба энэ талаар илүү ихийг олж мэдэхийг хүссэн гэж хэллээ. Ямар шуурхай эрж хайж байгааг нь ахын хэлсэн бүхнээс хараад, бүр ч их яарах мэдрэмж надад төрсөн билээ. Түүнд хэлэхийг хүссэн зүйл надад маш их байсан боловч италиар үүнийгээ илэрхийлж чадахгүй байв. Төгс Хүчит Бурханы үгийг ахад уншиж өгөхийг хүссэн боловч итали орчуулга нь хараахан хэвлэгдээгүй, сайн мэдээний зарим киног үзүүлэхийг хүссэн ч тэдгээрийн итали хувилбар ч бас гараагүй байв. Ах өөр ямар ч хэл мэдэхгүй байлаа. Дуу бүжиг хоёр дэлхий нийтийн хэл учраас би түүнд дууны клип явуулахаас өөрийг хийж чадаагүй. Гэхдээ ах үүнийг үзээд бүр ч тэсэж ядан, “Чуулганыг итали вэб сайттай болмогц надад хэлээрэй” хэмээн гуйсан өнгөөр хэлсэн билээ. Үүнийг хараад Төгс Хүчит Бурханы хэлсэн зүйл санаанд минь орсон юм: “Чи зөв шударга байдлаар өлсөж, цангадаг, чамаар хариулуулахаар хүлээж байгаа өрөвдөлтэй, ядуу, чин сүсэгт шашны итгэгчдэд өөрийн үзсэн, туулсан зүйлийг хэрхэн дамжуулах вэ? Чамаар хариулуулах гээд ямар янзын хүмүүс чамайг хүлээж байгаа бол? Чи төсөөлж чадах уу? Мөрөн дээрх ачаа, даалгавар, үүрэг хариуцлагаа чи мэдэж байна уу? Түүхэн үүрэг хариуцлагын мэдрэмж чинь хаана байна вэ? Чи яаж дараагийн эрин үеийн эзэн болох вэ? Чамд эзэн хүний хүчтэй мэдрэмж бий юу? Бүх зүйлийн эзэн гэдгийг чи хэрхэн тайлбарлах вэ? Энэ нь үнэхээр дэлхий дээрх бүх амьд амьтан болон бүх зүйлийн эзэн үү? Ажлын дараагийн үе шат руу урагшлах ямар төлөвлөгөө чамд байна вэ? Чамайг хоньчноо болгохоор хэдэн хүн хүлээж байгаа вэ? Чиний даалгавар хүнд үү? Тэд ядуу, өрөвдөлтэй, сохор, аргаа барсан бөгөөд харанхуйд уйлж байна—зам хаана байна вэ? Харвах од мэт гэрэл гэнэт бууж, хүнийг маш олон жилийн турш дарангуйлсан харанхуйн хүчийг сарниулахыг тэд ямар их хүлээдэг билээ. Тэд ямар их дэнслэн найдаж, үүнийг өдөр шөнөгүй мөрөөдөж байгааг хэн мэдэх юм бэ? Гүнээ зовж буй энэ хүмүүс гэрэл гарах өдөр ч гэсэн суллагдах итгэл найдваргүйгээр харанхуй гянданд хоригдсоор байдаг; тэд хэзээ гашуудан уйлахаа болих вэ? Амар заяа үзээгүй энэ сул дорой сүнснүүдийн золгүй явдал аймшигтай бөгөөд өршөөлгүй хүлээс болон цэвдэг түүх тэднийг аль хэдийн ийм байдалтай болгон хүлсэн. Тэдний гашуудан уйлах чимээг хэн сонссон бэ? Гунигтай царайг нь хэн харсан бэ? Бурханы зүрх сэтгэл хэчнээн гашуудаж, түгшиж байдгийг чи ер нь бодож үзэж байсан уу? Өөрийн гараар бүтээсэн гэмгүй хүн төрөлхтөн нь ийм тарчлаан амсаж байгааг Тэр яаж тэвчиж чадах юм бэ?(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Чи ирээдүйн үүрэгтээ хэрхэн хандах ёстой вэ?). Үүнийг уншсаныхаа дараа би, Бурхан бидэнд сайн мэдээ түгээж, гэрчлэл хийхийг даалгасан гэдгийг харсан боловч Бурханы яаруу шаардлагын өмнө ч гэсэн гар минь хүлээтэй байх шиг санагдсан юм. Би Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг гэрчилж чадахгүй байлаа. Тэр ах олон жилийн турш харанхуйд төөрч, дэмий л тэмтчиж явсан байтал Бурханы үгийн хангалтыг олж авахад нь би түүнд тусалж чадсангүй. Надад маш муухай санагдаж, ахын зурвасыг хараад бараг уйлмаар, хадны завсар хавчуулагдсан юм шиг санагдаж байлаа. Хэрвээ би хойш ухарвал ахын эрж хайж, хүсэн хүлээж ирсэн үнэн замыг судлахыг нь саатуулах байв. Харин урагш явбал, итали хэлээр ярьж чадахгүй болохоор алдаа мадагтай орчуулгын хэрэгсэлд найдах байлаа. Тэдгээр орчуулгын хэрэгсэл заримдаа энгийн зүйлсийг ч үнэн зөв орчуулдаггүй юм чинь сүнслэг нэр томьёоны тухайд бол хэлэхийн ч хэрэггүй. Тэгэхээр бид яаж харилцаж болох вэ? Би хэлгүй юм шиг л санагдаж байлаа. Нүд минь нээлттэй байгаа хэр нь би юу ч хийж чадахгүй байв. Тэгээд итали хэл мэддэг ах юм уу эгчийг олох талаар бас бодсон боловч таарч тохирох хүнийг олж чадаагүй юм. Тэр үед би үнэхээр яахаа мэдэхээ больж, “Би италиар ‘Сайн уу’, ‘Баяртай’ гэдгийг яаж хэлдгийг л мэднэ. Тийм болохоор яаж ч оролдоод Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг хэзээ ч гэрчилж чадахгүй” гэж бодон үнэхээр сэтгэлээр уналаа.

Маргааш нь өглөө эрт ах надад мессеж бичиж, сэрэнгүүтээ хамгийн түрүүнд бодсон зүйл нь Төгс Хүчит Бурханы Чуулганы тухай надаас асуух талаар байсан гэж хэлэв. Ах над руу мессеж бичсээр байсан нь намайг үнэхээр тавгүйтүүлж, би: “Хүндэт Бурхан минь, би хэзээ ч итали хэл сурч байгаагүй, энэ ахтай сайн мэдээг яаж хуваалцахаа үнэхээр мэдэхгүй байна. Бурхан минь, намайг залж чиглүүлээч” хэмээн яаран залбирлаа. Залбирсны дараа Бурханы үгийн энэ хэсэг гэнэт санаанд орсон юм: “Бүх зүйл Бурханы гарт байдаг, хүмүүс ердөө л Түүнтэй хамтран ажиллаж байгаа гэдэгт чи итгэх ёстой. Хэрэв чиний зүрх сэтгэл чин үнэнч бол Бурхан үүнийг харж, чамд бүх замыг нээж, бэрхшээлийг хэцүү бэрх биш болгоно. Чи ингэж итгэх ёстой(Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Бурханд итгэхэд амийн оролт хамгийн чухал”). “Та нар бүхий л хүчин чадлаа дайчилж, бүх зүрх сэтгэлээ зориулж байгаа цагт үүргээ биелүүлж байхдаа юуны ч талаар санаа зовох хэрэггүй. Бурхан чамайг хүнд байдалд оруулж, чадахгүй зүйлийг чинь хийлгэх гэж албадахгүй(Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Бурханд итгэхэд амийн оролт хамгийн чухал”). Үүнийг уншаад итгэл, эр зориг минь нэмэгдлээ. Бүх зүйл Бурханы гарт байдаг, Түүнтэй хамт байхад бүх зүйл боломжтой гэдэг нь үнэн билээ. Бидэнд хүндрэл бэрхшээл тулгарах үед Бурхан биднээс чин сэтгэл, хамтын ажиллагааг, мөн Өөрт нь үнэхээр итгэж, найдан, Өөртэй нь чадлынхаа хэрээр хамтран ажиллахыг л хамгийн их хүсдэг. Тэгвэл л Бурхан асуудлаа шийдвэрлэхэд маань тусална. Гэхдээ тийм асуудалтай тулгарах үедээ зүрх сэтгэлд минь Бурханы орон зай байхгүй байгааг би ухаарсан юм. Би өөрийн үзэл, төсөөлөл дотор амьдарч, нэгэнт итали хэлээр ярьж чадахгүй юм чинь тэр ахтай хэвийн харилцаж чадахгүй, тиймээс Бурханы ажилд гэрчлэл хийх ямар ч аргагүй гэж бодоод, энэ бэрхшээлд автан сөрөг, уруу дорой санагдаж байв. Тийм маягаар би яаж Бурханы удирдамжийг авч, Түүний үйл хэргийг гэрчилж чадах билээ дээ? Би үнэхээр Бурханд найдаж, Түүнтэй хамтран ажиллахын тулд чадах бүхнээ хийж, Бурхан надад зам нээж өгнө гэдэгт итгэх хэрэгтэй байлаа. Тэгж бодоод би, эцсийн өдрүүд дэх Бурханы ажлыг зөгнөсөн итали хэл дээрх Библийн зарим эшлэлийг хоёр хоногийн өмнө эвлүүлэн нэгтгэснээ гэнэт санаж, ахтай харилцахдаа тэрийг ашиглаж болох юм гэж бодов. Ингээд нэг өглөө би, ахтай харилцахад дэм болгохоор тэдгээрийг илгээсэн юм. Тэр өдрийн үдээс хойш, “Сүсэг бишрэлийн нууц” хэмээх киноны итали хувилбарын трейлер гарсныг хараад би баярлаж, тэр дор нь ах руу илгээлээ. Тэрхүү кинонд Эзэний эргэн ирэлтийн тухай библийн зөгнөлүүдийн талаар ярьж байсныг ойлгосон гэдгээ ах дараа нь хэлсэн юм. Тэгээд надаас “Эзэн эргээд ирсэн юм уу? Хятадад байгаа юу? Одоо Түүний нэр хэн бэ?” гэж сэтгэл хөдлөн асуулаа. Тэрхэн агшинд, тэрээр хоньчныхоо дуудахыг гэнэтхэн сонсоод, дуу хаанаас гарч байгааг хаа сайгүй хайж байгаа төөрсөн хонь шиг санагдсан юм. Би нулимсаа барьж ядан, “Түүний нэр бол Төгс Хүчит Бурхан бөгөөд Тэрээр ‘Би бол байгаа, байсан мөн хожим ирэх Төгс хүчит(Илчлэл 1:8) хэмээн Илчлэлд зөгнөсөн нэгэн” гэж хариу бичлээ. Тэр үед би Бурханы захиралтын үе шат бүр дараагийнхдаа яв цав таардаг болохыг харсан юм. Би хэдхэн энгийн мэндчилгээнээс өөр ямар ч итали хэл мэддэггүй байсан ч Бурханы удирдамжаар дамжуулан тэр ахтай төвөггүй харилцсан гэдгийг энэ туршлага надад гүн гүнзгий мэдрүүлсэн бөгөөд бүр зарим нэг үр дүн ч харагдсан. Тэгээд би бүх зүйл Бурханы гарт байдаг, бид Бурханд үнэхээр итгэж, найдаж, чин сэтгэлээсээ Түүнтэй ажиллах ёстой гэдгийг харсан билээ.

Тэрний дараа би өөр нэг туршилттай нүүр тулсан юм. Энэ ах надаас Бурханы эцсийн өдрүүдийн ажлын талаар хэзээ гэрчлэл хийх вэ гэж үргэлж асуудаг байлаа. Би ч бас үүнийг дуртайяа хиймээр байсан боловч бидэнд хэлний бэрхшээл байсаар байсан бөгөөд туслах ах, эгч олж чадахгүй л байв. Хэрвээ би үл итгэгч олоод орчуулга хийлгэвэл тэд сүнслэг нэр томьёо ойлгохгүй, сайн орчуулахгүй байж магадгүй. Эдгээр асуудлыг бодож үзээд би цөхөрч, яахаа мэдэхгүй, барьц алдан сандарч байсан юм. Тэгээд Бурханыг ахин дахин дуудаж, “Өө Бурхан минь, миний гар хүлээтэй байна. Би одоо юу хийхээ мэдэхгүй, үүнээс юу сурах ёстойгоо мэдэхгүй байна. Намайг залж чиглүүлж, надад зам нээж өгөөч” гэлээ. Залбирсныхаа дараа би Мосе Улаан тэнгисийг гаталсан тухай бодсон юм. Мосе Израильчуудыг Египетээс гаргахдаа элдэв янзын бэрхшээлтэй тулгарсан боловч Бурханд итгэх итгэлээ хэзээ ч алдаагүй билээ. Тэрээр Бурханд залбирч, Бурхантай хамтран ажиллаж, Бурханы маш олон гайхамшгийг нүдээр үзсэн. Улаан тэнгис болон тэдний араас хөөж байсан арми байгаагүй бол, цөлд 40 жилийг өнгөрүүлээгүй бол Мосе яаж тийм итгэл, гэрчлэлтэй болж чадах билээ? Үүрэгтээ ийм бэрхшээлтэй тулгарахгүй бол би яаж Бурханд итгэх жинхэнэ итгэлийг олж авч чадах билээ? Үүнээс гадна, надад Улаан тэнгисийг гатлахтай адил юу ч тулгараагүй. Тэр ахтай онлайнаар танилцсанаас хойш Бурхан үргэлж надад зам нээж өгч, би Бурханы олон гайхалтай үйл хэргийг нүдээр үзсэн. Би Бурханд илүү их итгэж, Түүнд улам их найдах ёстойгоо мэдэж байлаа. Ингэж бодоод, бодит туршлагаар минь дамжуулан Бурханы төгс хүчит захиралтын талаар илүү бодитой ойлголт өгөхийн тулд Бурхан эдгээр бэрхшээлээр миний итгэл, Түүнд найддаг байдлыг төгс болгохыг хүссэнийг би гэнэт ухаарсан юм. Бурханы хүслийг ойлгомогцоо Бурхан надад зам нээж өгнө гэдэгт огт эргэлзээгүй юм. Бид онлайнаар уулзах өдөр товлож, итали хэл судалсан 15 настай эгчээр бидэнд хэлмэрчлүүлэхээр ах эгч нар зохицуулж өглөө. 15 настай эгч хэлмэрчилж тусална гэдгийг сонсоод би өөрийнхөө болон тэр залуухан эгчийн талаар бодов. Би маш залуухан, Бурханд итгэж эхлээд тийм ч удаагүй, сайн мэдээг хэзээ ч номлож байгаагүй. Тэгэхээр тийм залуухан охиноор туслуулж сайн мэдээ номлоод бүтэмжтэй болно гэж үү? Гэхдээ энэ залуухан эгч Бурханы үгийг итали хэл дээр чөлөөтэй уншихыг сонсоод, шинэ үгийг хурдан цээжилдэг гэж хэлэхэд нь гайхах, ичих зэрэгцлээ. Бурхан сайн мэдээ түгээх ажилд зориулан бүх зөв хүнийг цуглуулсан байжээ. Энэ нь надад Бурханы үгийн нэг хэсгийг санууллаа: “Бурханы амнаас үүрэг, амлалт гарах үед бүх зүйл үүний хэрэгжилтэд үйлчилж, үүний хэрэгжилтийн төлөө жолоодуулж, бүх бүтээл Бүтээгчийн эрх мэдэл дор зохион байгуулагдан, зохицуулагдаж, тус тусын үүргээ биелүүлж, дор бүрнээ чиг үүргээ гүйцэтгэдэг. Энэ нь Бүтээгчийн эрх мэдлийн илрэл юм(Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Цор ганц Бурхан Өөрөө I). Чин сэтгэлээсээ Бурханд найдаж байгаа цагт Бурхан намайг залж чиглүүлэн, гайхалтай үйл хэргээ харуулна гэдгийг би тэр туршлагаас харсан билээ.

Орчуулга хийх энэ залуухан эгчийг олсныхоо дараа би эцэст нь нөгөө ахтай хэвийн харилцаж чаддаг болж, сэтгэл ихэд хөнгөрлөө. Гэхдээ нэг л мэдэхэд надад Бурханд найдах чин хүсэл эрмэлзэл байхгүй болсон байв. Бас нөгөө эгчид чухал ажил гараад орчуулгад тусалж чадахаа болив. Тэр мэдээг сонсоод надад нуран унаж байгаа мэт санагдлаа. Нөгөө ахад хэлэхийг хүссэн зүйл маш их байсан ба ингэснээр ах үнэн замд үндэс сууриа тавьж чадах байв. Гэхдээ хэлмэрчгүй бол би юу ч хийж чадахгүй байлаа. Тэр үед би, үнэн замыг эрж хайж байгаад ХКН болон шашны нийгмийн тараасан цуу ярианд төөрөлдөж, үнэн замыг судалж зүрхлэхээ больсон хүний талаар сонссон бөгөөд хэрвээ цаг тухайд нь услахгүй бол энэ итали ахад ч бас саад учирна гэж айсан юм. Надад хүчин мөхөс санагдаж, юу хийхээ үнэхээр мэдэхгүй байв. Тэгтэл нэг өдөр нөгөө ах өөрийнхөө хуудсан дээр “Найзууд аа, ах эгч нар аа, Есүс Христ эргээд иржээ! Баясагтун!” гэж хуваалцсан байхыг харлаа. Ингэж нийтэлснийг нь хараад хүйтэн хөлс чийхрав, учир нь ахад 3000 гаруй шашны найз байсан юм. Хэрвээ тэдний ердөө л цөөн хэд нь антихрист байгаад ахыг төөрөгдүүлж, үймүүлбэл яах билээ? Айж болгоомжилсондоо би Бурханы өмнө очин залбирлаа. “Өө Бурхан минь, хэлмэрчгүй бол энэ ахыг нэн даруй усалж чадахгүй, бусдын тайлбарт төөрөлдсөнийхөө дараа ах ухарч няцна гэж би айж байна. Энэ нөхцөл байдалд би Таны үгийг яаж туулж, сургамж авах ёстой вэ? Намайг залж чиглүүлээч.” Залбирсныхаа дараа би Бурханы үгээс үүнийг уншсан юм: “Хүмүүс ухамсаргүй байдлаар амьдран ихэнх цаг хугацаагаа өнгөрөөдөг. Тэд Бурханд найдах ёстой юу, өөрсдөдөө найдах ёстой юу гэдгээ мэддэггүй. Тэгээд өөрсдөдөө болон өөрсдийн эргэн тойрон дахь таатай нөхцөл, орчин, өөрсдөд нь ашигтай хүмүүс, үйл явдал, юманд найдахаар сонгох гээд байдаг. Хүмүүс үүндээ хамгийн сайн. Тэд Бурханд найдаж, Бурханыг бишрэхдээ хамгийн тааруу, учир нь ингэх нь дэндүү төвөгтэй гэж тэдэнд санагддаг. Бурханыг бишрэх нь нүдэнд үзэгддэггүй, гарт баригддаггүй; ингэх нь тодорхойгүй, бодитой бус гэж санагддаг. Иймээс тэд сургамжийнхаа энэ тал дээр хамгийн тааруу гүйцэтгэлтэй, оролт нь хамгийн өнгөц байдаг. Хэрэв чи Бурханыг биширч, Бурханд найдаж сурахгүй бол Бурхан чам дээр ажиллаж, чамайг замчилж, гэгээрүүлж байгааг хэзээ ч харахгүй. Эдгээр зүйлийг харж чадахгүй бол ‘Бурхан оршдог эсэх, Бурхан хүн төрөлхтний амьдрал дахь бүх зүйлийг залж чиглүүлдэг эсэх’ гэх мэт асуултууд чиний зүрх сэтгэлийн гүнд цэг юм уу анхааруулгын тэмдгээр бус, асуултын тэмдгээр төгсөх болно. ‘Бурхан хүн төрөлхтний амьдрал дахь бүх зүйлийг залж чиглүүлдэг үү?’, ‘Бурхан хүний зүрх сэтгэлийн гүнийг ажигладаг уу?’ Ямар шалтгаанаар чи эдгээрийг асуулт болгодог юм бэ? Хэрэв чи Бурханд үнэхээр найдаж, Бурханыг биширдэггүй бол Бурханд жинхэнээсээ итгэдэг болж чадахгүй. Бурханд жинхэнээсээ итгэдэг болж чадахгүй бол өнөөх асуултын тэмдгүүд үүрд тэндээ байж, Бурханы хийдэг бүхнийг дагалдах бөгөөд ямар ч цэг байхгүй байх болно(Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Итгэгчид эхлээд дэлхий ертөнцийн ёрын муу чиг хандлагыг нэвт харах хэрэгтэй”). Бурханы үг намайг сэрээж, би Бурханыг дахиад мартчихсанаа эцэст нь ухаарсан юм. Арчаагүй санагдаад, харилцаж чадахгүй, юу хийхээ мэдэхгүй байсан нөхцөл байдалд Бурхан намайг оруулах үед би Бурханыг эцсийн найдвараа гэж үзсэн билээ. Гэхдээ зөв нөхцөл байдал, зөв хүмүүс байх үед, тэр нь илүү бодитой санагдсан учраас би нэн даруй бусад хүнд найджээ. Тэр залуухан эгчийг хэрэгтэй цагт минь туслахаар ирэхэд энэ бол Бурханы үйл гэдгийг би мэдэж байсан. Гэвч дараа нь ах Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг хүлээн авах эсэх нь бүхэлдээ тэрхүү хэлмэрчээс хамаарна гэж бодсоор байсан юм. Надад Бурханд итгэх жинхэнэ итгэл дутсан хэвээр байж. Тэгээд Эзэн Есүсийн хэлсэн зүйлийг бодлоо: “Тэднийг Надад өгсөн Миний Эцэг бүхнээс агуу; хэн ч тэднийг Миний Эцэгийн гараас булааж чадахгүй(Иохан 10:29). Бурханы хонин сүрэг Түүний дуу хоолойг сонсдог, ямар ч цуу яриа, худал үг, бэрхшээл зовлон Бурханы ардуудыг Бурханы гараас булаан авч чадахгүй. Энэ бол Бурханы эрх мэдлийн илрэл. Би Бурханы үгэнд итгэж, үүргээ гүйцэтгэж, тэр ахтай нөхөрлөх арга зам бүрийг эрэлхийлэх ёстой. Ах цуу яриа, худал үгэнд төөрөлдөх эсэх нь миний шийдэх зүйл биш байлаа.

Дараа нь би Төгс Хүчит Бурханы үгээс үүнийг уншсан юм: “Сатан хүн төрөлхтнийг олон мянган жилийн турш ялзруулж ирсэн. Тэр тоолохын аргагүй олон ёрын мууг үйлдэж, үе үеийнхнийг хууран мэхэлж, дэлхий дээр аймшигтай том нүгэл үйлдсэн. Тэр хүнийг зовоож, хууран мэхэлж, Бурханы эсрэг уруу татаж, бас Бурханы удирдлагын төлөвлөгөөг нурааж, доголдуулах муу үйл хэргийг ахин дахин үйлдсэн. Гэсэн ч Бурханы эрх мэдэл дор бүх зүйл болон амьд амьтад Бурханы тогтоосон хууль, дүрмийг үргэлжлүүлэн баримталдаг. Бурханы эрх мэдэлтэй харьцуулахад Сатаны муу ёрын уг чанар, цадиггүй явдал маш муу муухай, маш ой гутам, жигшүүртэй, маш өчүүхэн агаад хэврэг юм. Хэдийгээр Сатан Бурханы бүтээсэн бүх зүйлийн дунд алхдаг ч гэсэн Бурханд захирагддаг хүмүүс, зүйлс, эд юмст өчүүхэн төдий ч өөрчлөлт оруулж чадахгүй(Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Цор ганц Бурхан Өөрөө I). Бурханы үг тайвшрахад минь туслав. Бүх зүйл Бурханы захиралт дор байдаг нь үнэн бөгөөд Бурханы хийхийг хүссэн зүйлд хэн ч саад болж чадахгүй. Хэн ч Бурханы хонин сүргийг авч чадахгүй. Хэрвээ Бурханы хонь биш нэгэн Бурханы гэрт орох юм бол нэг л өдөр илчлэгдэж, таягдан хаягдана. Энэ бол Бурханы эрх мэдэл, хүч чадал билээ. Тэгэхэд би Бурханыг үнэхээр ойлгодоггүй байснаа харсан юм. Би тэрний амьд жишээ байв. Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг хүлээн авахаасаа өмнө би таван жилийн турш шашны ертөнц болон ХКН-ын худал хуурмагийг сонссон билээ. Олон зүйл саад болсон ч Бурханы үг намайг Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг хүлээн авахад хүргэсэн юм. Одоо тэд хэчнээн их тэрс үзэл, худал үг тараалаа ч гэсэн Төгс Хүчит Бурханыг дагахад минь саад болж чадахгүй. Тэд Сатаны жигшүүрт төрхийг илүү тодорхой харахад минь л тусалж, Бурханыг дагах итгэлийг минь батжуулдаг. Энэ бүхэн нь Бурханы үгийн надад үзүүлсэн үр нөлөө юм. Би тэр ахтай сар гаруй хугацаанд харилцсанаа эргээд бодоход бид нэг хэлээр ярьдаггүй, хэвийн харилцаж чаддаггүй байсан боловч ахыг Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг хүлээн авах хүртэл үргэлжлүүлсээр байсан билээ. Ах бүр сайн мэдээ түгээж, Италид чуулган байгуулах тухай ч дурдсан. Бурханы удирдамж байгаагүй бол, Бурханы үг хүмүүсийг байлдан дагуулаагүй бол энэ бүхнийг хийж чадах байсан гэж үү? Би Бурханыг үнэхээр ойлгодоггүй гэдгээ харсан. Сайн мэдээ түгээх үедээ Бурханы эрх мэдэл хосгүй, ямар ч хүч Түүний ажилд саад болж чадахгүй гэж хэлдэг байсан ч аливаад үргэлж логик дүн шинжилгээ хийдэг байжээ. Хэлний бэрхшээлтэй тулгарах үедээ би тэр ахыг цуу яриа, антихристүүдийн худал үгэнд автаад яваад өгнө гэж айгаад, эмээсэн байдалтай амьдарч байсан. Гэвч үнэн хэрэгтээ, ах үнэн замыг хүлээн авч чадах эсэх нь Бурханы гарт байсан бөгөөд үүнийг Бурхан урьдчилан тогтоосон. Ул үндэсгүй санаа зовж байхын оронд би зүгээр л үүргээ сайн гүйцэтгэж, хариуцлагатай байх ёстой байв. Тэгж бодоод би Бурханд залбирсан ба Түүний захиралт, зохицуулалтыг дуулгавартай дагахад бэлэн байлаа. Гайхмаар нь, тун удалгүй нөгөө залуухан эгч завтай болсноо надад мэдэгдэж, дахиад орчуулгад тусалж чадна гэж мессеж илгээсэн юм. Ингээд эцэст нь би итали ахтай төвөггүй харилцаж чадах болсон билээ.

Тэр ахтай сайн мэдээ хуваалцах явцад заримдаа бүрмөсөн мохож, заримдаа асар их сэтгэл түгшдэг байсан ч Бурханд үнэхээр найдах үедээ би Бурханы удирдамж, үйл хэргийг ахин дахин нүдээр үзсэн юм. Бурханы бүх ажлыг Бурхан Өөрөө хийдэг гэдгийг харж, Түүнд итгэх итгэл минь нэмэгдсэн. Энэ бүхэн нь Бурханы нигүүлсэл, өршөөл байлаа. Сайн мэдээг хуваалцах нь бусад хүмүүсийг аварч байгаа явдал гэж боддог байсан ч тэгэх явцдаа Бурханы ажил болон үгийг туулж байгаагаа би тэгэхэд ухаарсан юм. Энэ туршлагаар дамжуулан, “эргэлзэгч Томас” болох би Бурханы эрх мэдэл, итгэмжит байдлыг үнэхээр мэдэрсэн билээ. Бурханы үгэнд хэлсэнчлэн: “Хүн тун хүнд бэрхшээлтэй тулгараад, хандах хүнгүй болж, тун арга мухардсан үедээ цорын ганц найдвараа Бурханд тавьдаг. Тэдний залбирал ямар байдаг вэ? Сэтгэл санааных нь байдал ямар байдаг вэ? Тэд чин үнэнч байдаг уу? Тухайн үед ямар нэг нэмэлт хольц байдаг уу? Чи эцсийн ганц найдвар мэтээр Бурханд итгэж, Бурхан чамд тусална гэж найдах үед л зүрх сэтгэл чинь чин үнэнч байдаг. Чи төдийлөн их зүйл хэлээгүй байж болох ч зүрх сэтгэл чинь аль хэдийн хөдөлсөн байдаг. Өөрөөр хэлбэл, чи чин сэтгэлээ Бурханд өгч, Бурхан сонсдог. Бурхан сонсох үедээ бэрхшээлийг чинь хардаг ба чамайг гэгээрүүлж, удирдан чиглүүлж, чамд тусална(Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Итгэгчид эхлээд дэлхий ертөнцийн ёрын муу чиг хандлагыг нэвт харах хэрэгтэй”). Бурханыг мэдэх нь өдөр бүр таардаг хүмүүс, үйл явдал, зүйлсээр дамжуулан, үүргээ гүйцэтгэх явцдаа Бурханы үгийг үнэхээр хэрэгжүүлж, туулахыг биднээс шаарддаг. Бурханыг үнэхээр мэдэж, Бурханаас эмээх цорын ганц зам бол энэ юм. Миний туршлага үүнийг надад ойлгуулсан. Төгс Хүчит Бурханд талархъя!

Өмнөх: 8. Амьдрал дээр Бурханы эрх мэдэл, дээд эрхийг мэдэх нь

Дараах: 10. Зүрх сэтгэлийн чөлөөлөлт

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

73. Бурханы аврал

Ичэнь, ХятадТөгс Хүчит Бурхан ингэж хэлсэн байдаг: “Бурханы ажлын алхам бүр—хатуу ширүүн үг ч бай, шүүлт ч бай, эсвэл гэсгээлт ч бай—хүнийг...

3. Товойлгогчийн шалгалт

Шиндао, Өмнөд Солонгос“Өө Бурхан минь! Надад байр суурь байсан ч, үгүй ч одоо би өөрийгөө ойлгодог. Хэрвээ миний байр суурь өндөр бол Таны...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Messenger дээр бидэнтэй холбоо барих