Бурханд чин сэтгэлээ өгснөөр л үнэнийг олж авч чадна

Та нар өнөөдөр ямар шалгалтуудыг даван туулж чадах вэ? Өөрийгөө суурьтай гэж хэлж зүрхлэх үү, сорилттой тулгарвал бат зогсож чадах уу? Жишээ нь, Сатанд мөрдөгдөж, хавчигдах сорилт юм уу байр суурь, нэр хүнд, гэрлэлт, эд баялгийн сорилтыг чи даван туулж чадах уу? (Бид заримыг нь их бага хэмжээгээр даван туулж чадна.) Хэдэн зэрэглэлийн сорилт байдаг вэ? Чи аль зэрэглэлийг нь давж чадах вэ? Жишээ нь, хэн нэгэн Бурханд итгэснийхээ төлөө баривчлагдсаныг сонсохдоо чи айхгүй байж магадгүй, бусдыг баривчилж, тамлан зовоож байгааг хараад айхгүй байж магадгүй, гэвч өөрөө баривчлагдах үедээ, ийм нөхцөл байдалд орох үедээ бат зогсож чадах уу? Энэ бол том сорилт, тийм биш гэж үү? Жишээ нь, Бурханд итгэх итгэлдээ чин сэтгэлээсээ ханддаг, үүргээ гүйцэтгэхийн тулд гэр бүл, карьераа орхиж, маш их зовлон зүдүүрийг туулсан, хүн чанар нэлээд сайтай хэн нэгнийг чи таньдаг гэе. Бурханд итгэх итгэлийнхээ төлөө тэр гэнэт баривчлагдаж, шоронд хоригдож, дараа нь зодуулж үхсэн гэж чи сонслоо. Энэ чиний сорилт мөн үү? Хэрэв чамд ийм зүйл тохиолдвол ямар хариу үйлдэл үзүүлэх вэ? Үүнийг хэрхэн туулах вэ? Чи үнэнийг хайх уу? Үнэнийг хэрхэн хайх вэ? Ийм сорилтын үеэр чи хэрхэн бат зогсож, Бурханы хүслийг ойлгож, үүнээс үнэнийг олж авах вэ? Чи ийм зүйлийг бодож үзсэн үү? Ийм сорилтыг давахад хялбар уу? Тэдгээр нь ер бусын зүйл мөн үү? Онцгой бөгөөд хүний үзэл, төсөөлөлтэй зөрчилддөг зүйлсийг хэрхэн туулах ёстой вэ? Хэрэв чамд зам байхгүй бол гомдол гаргах магадлалтай юу? Чи Бурханы үгээс үнэнийг эрж хайж, асуудлын мөн чанарыг олж харж чадах уу? Хэрэгжүүлэлтийн зөв зарчмуудыг тодорхойлохын тулд үнэнийг ашиглаж чадах уу? Үнэнийг эрэлхийлдэг хүмүүс ийм байх ёстой биш гэж үү? Чи Бурханы ажлыг яаж мэдэх вэ? Бурханы шүүлт, ариусгалт, аврал, төгс болголтын үр жимсийг олж авахын тулд чи үүнийг хэрхэн туулах ёстой вэ? Хүмүүсийн Бурханы талаарх тоо томшгүй олон үзэл, гомдлыг шийдвэрлэхийн тулд ямар үнэнийг ойлгох ёстой вэ? Янз бүрийн шалгалтын дунд чамайг бат зогсоох хамгийн хэрэгтэй ямар үнэнүүдээр чи өөрийгөө зэвсэглэх ёстой вэ? Биеийн хэмжээ чинь яг одоо хэр том байгаа вэ? Чи ямар түвшний сорилтыг даван туулж чадах вэ? Чамд ямар нэг санаа бодол байна уу? Хэрэв байхгүй бол эргэлзээтэй байна. Та нар түрүүхэн “заримыг нь давж чадна” гэж хэлсэн. Энэ бол будилуу үг. Ямар биеийн хэмжээтэй, ямар үнэнээр өөрийгөө зэвсэглэсэн, ямар сорилтыг даван туулж чадах, ямар шалгалтыг хүлээн авч чадах, ямар шалгалтын үеэр ямар үнэнийг, Бурханы ажлын талаарх ямар мэдлэгийг эзэмшиж, Бурханыг сэтгэл хангалуун байлгахын тулд ямар замыг сонгох ёстой вэ гэдгээ та нар тодорхой мэдэж байх ёстой—энэ бүгдийн талаар сайн мэддэг байх ёстой. Үзэл, төсөөлөлд чинь тохирохгүй зүйлтэй тулгарвал чи түүнийг хэрхэн туулах вэ? Ийм тохиолдолд чи зөвхөн өөрийнхөө үзлийг шийдвэрлээд зогсохгүй Бурханы талаарх жинхэнэ мэдлэгийг олж авч, төвөггүй даван гарахын тулд үнэнээр—үнэний ямар талуудаар—өөрийгөө хэрхэн зэвсэглэх ёстой вэ—энэ эрж хайх ёстой зүйл чинь биш гэж үү? Та нар ихэвчлэн ямар төрлийн сорилт туулдаг вэ? (Байр суурь, нэр хүнд, ашиг орлого, мөнгө, эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн харилцаа.) Эдгээр нь үндсэндээ нийтлэг байдаг. Өнөөдрийн ийм биеийн хэмжээгээрээ та нар ямар сорилтын үеэр биеэ барьж, бат зогсож чадах вэ? Эдгээр сорилтыг даван туулах жинхэнэ биеийн хэмжээ та нарт байгаа юу? Та нар үүргээ сайн гүйцэтгэж, үнэнийг зөрчих, саад болох, үймүүлэх, эсэргүү, тэрслүү, Бурханыг бухимдуулах ямар ч зүйл хийхгүй гэдгээ үнэхээр баталж чадах уу? (Үгүй.) Тэгэхээр чи үүргээ сайн гүйцэтгэхийн тулд юу хийх ёстой вэ? Нэгд, чи бүх зүйлд өөрийгөө шалгаж, үйлдэл чинь үнэн-зарчимд нийцэж байгаа эсэх, үйлдэл чинь хайнга эсэх, тэрслэгч юм уу эсэргүүцэгч хэсгүүд байгаа эсэхийг шалгах ёстой. Хэрэв байгаа бол тэдгээрийг шийдвэрлэхийн тулд үнэнийг эрж хайх ёстой. Түүнчлэн өөрийнхөө талаар мэдэхгүй зүйлс байвал шийдвэрлэхийн тулд чи үнэнийг эрж хайх ёстой. Чамтай харьцаж, чамайг зассан бол хүлээж аваад захирагдах ёстой. Хүмүүс бодит байдалтай нийцүүлэн ярьж байгаа л бол чи үндэслэл гаргаж, тэдэнтэй маргаж болохгүй; тэгж байж л чи өөрийгөө таньж мэдэж, чин сэтгэлээсээ гэмшиж чадна. Хүмүүс аливаа зүйлийн энэ хоёр талын шаардлагыг биелүүлж, жинхэнэ оролттой байх ёстой. Ингэснээр тэд үнэний талаар ойлголттой болж, бодит байдалд орж, үүргээ стандартад нийцэхүйц байдлаар гүйцэтгэж чадна.

Зарим хүн: “Ихэнхдээ надад ямар нэг зүйл тохиолдоход би үнэнийг хэрхэн эрж хайхаа мэддэггүй, хайсан ч хариулт олдоггүй. Би залбирч, хайж, хүлээсэн ч үр дүнд хүрсэнгүй. Би юу хийхээ мэдэхгүй байна. Би үүнийг шийдэх Бурханы үгийг олмоор байна, гэхдээ Бурханы үг маш олон болохоор аль хэсгийг нь уншиж, энэ асуудлыг шийдэж чадахыг мэдэхгүй байна” гэж хэлдэг. Тэд тэгвэл яах ёстой вэ? Үүнд наад захын стандарт байдаг: Чамд ямар нэг зүйл тохиолдож, юу хийхээ мэдэхгүй байгаа үед чиний хийх ёстой хамгийн чухал зүйл бол мөс чанараа дагах явдал; Энэ бол амьдралын шугам, бүхнээс түрүүнд баримтлах ёстой улаан шугам, бас хэрэгжүүлэлтийн зарчим юм. Тэгэхээр мөс чанар нь хүн бүрийн хувьд хэр их захирах байр суурьтай байдаг вэ? Хүн үнэнийг ойлгохгүй бол мөс чанар нь ямар том үүргийг гүйцэтгэж чадах нь түүний хүн чанар ямар гэдгээс шалтгаалж байдаг. Хэрэв энэ хүн үнэнийг ойлгодоггүй, мөс чанарынхаа дагуу үйлддэггүй бол, мөн чи түүний үйлдлээс Бурханы санаа зорилгод санаа тавьдаг болохыг нь ч, Бурханаас эмээдэг сэтгэлтэйг нь ч харуулах ямар нэг талыг олж харахгүй байгаа бол энэ хүнийг мөс чанар, хүн чанартайд тооцож болох уу? (Болохгүй.) Энэ ямар төрлийн хүн бэ? Энэ төрлийн хүнийг чухамдаа хүн чанаргүй нэгэн гэж тодорхойлдог. Тэрээр аливааг хийхдээ эрүүл ухааныг ч үндэс болгодоггүй, мөс чанарыг ч дагадаггүй, хүний биеэ авч явах улаан шугамыг давдаг. Зарим хүн олон үнэнийг ойлгодоггүй. Хийж байгаа зүйлийнхээ зарчмыг ойлгодоггүй, асуудалтай тулгарах үедээ юу хийвэл зөв болохыг мэддэггүй. Энэ нөхцөл байдалд тэд хэрхэн хэрэгжүүлэх ёстой вэ? Хамгийн наад захын стандарт бол мөс чанарынхаа дагуу үйлдэх явдал юм—энэ бол улаан шугам. Чи мөс чанарын дагуу хэрхэн үйлдэх ёстой вэ? Чин сэтгэлээсээ үйлдэж, Бурханы сайхан сэтгэл, Бурханы өгсөн энэ амь, Бурханы өгсөн аврагдах энэ боломжийг хүртэхэд зохистой байх ёстой. Энэ нь мөс чанарын үр нөлөө мөн үү? Энэхүү хамгийн наад захын стандартад хүрмэгцээ чи хамгаалалтыг олж авсан байх бөгөөд ноцтой алдаа гаргахгүй. Тэр үед чи Бурханд дуулгаваргүй хандах юм уу үүрэг хариуцлагаасаа бултах зүйлийг амархан хийхгүй, хуумгай байдлаар үйлдэл хийх магадлалтай байхаа болино. Байр суурь, алдар нэр, ашиг хонжоо, ирээдүйнхээ төлөө явуулга хийх гээд байдгаа ч болино. Энэ бол мөс чанарын гүйцэтгэх үүрэг. Хүний хүн чанарын бүрэлдэхүүн хэсэг нь мөс чанар болон эрүүл ухаан байх ёстой. Энэ бол хоёулаа хамгийн үндсэн, хамгийн чухал юм. Мөс чанараар дулимаг, хэвийн хүн чанарын эрүүл ухаангүй хүн нь ямар хүн бэ? Ерөнхийд нь хэлбэл, хүн чанаргүй, туйлын хүн чанар муутай хүн юм. Илүү нарийвчлан авч үзвэл, энэ хүн хүн чанараа алдсаны ямар илрэлийг харуулдаг вэ? Ийм хүмүүс ямар онцлог шинжтэй байдаг, ямар онцгой илрэл харуулдгийг задлан шинжилцгээе. (Тэд аминч, жигшүүртэй байдаг.) Аминч, жигшүүртэй хүмүүсийн үйлдэл хааш яаш байдаг бөгөөд өөрт нь хамаагүй юм бүхэнд хүйтэн хөндий ханддаг. Тэд Бурханы гэрийн ашиг сонирхлыг анхаардаггүй, мөн Бурханы хүслийг ч хайхардаггүй. Тэгээд үүргээ гүйцэтгэх, эсвэл Бурханы төлөө гэрчлэл хийх ачаа үүрдэггүй бөгөөд хариуцлагын мэдрэмж огт байдаггүй. Юм хийх болгондоо тэд юуны талаар боддог вэ? Тэд: “Би үүнийг хийвэл Бурхан мэдэх болов уу? Бусад хүнд харагдах уу? Энэ бүх хүчин чармайлтыг гаргаж, шаргуу ажиллаж байгааг минь бусад хүн харахгүй, Бурхан ч бас харахгүй бол ийм хүчин чармайлт гаргаж, ингэж зовж зүдрэх хэрэг надад байхгүй” гэж эхлээд боддог. Ингэх нь туйлын аминч биш үү? Энэ нь бас жигшүүртэй санаа зорилго юм. Тэднийг ингэж бодож, үйлдэх үед мөс чанар нь ямар нэг үүрэг гүйцэтгэдэг үү? Мөс чанар нь буруушаалтыг мэдэрдэг үү? Үгүй, тэдний мөс чанар огт тус болдоггүй, буруушаалтыг мэдэрдэггүй. Гүйцэтгэж байгаа үүргээсээ үл хамааран ямар ч хариуцлага хүлээдэггүй зарим хүн бий. Тэд олж илрүүлсэн асуудлаа дээд тушаалтандаа даруйхан мэдээлдэггүй. Хүмүүс саад болж, үймүүлж байгааг хараад нүдээ анин өнгөрүүлдэг. Хорон муу хүмүүс мууг үйлдэж байгааг хараад болиулах гэж оролддоггүй. Бурханы гэрийн ашиг сонирхлыг хамгаалдаггүй, өөрсдийн үүрэг, хариуцлагыг ч бодолцон үздэггүй. Ийм хүмүүс үүргээ биелүүлэхдээ ямар ч бодит ажил хийдэггүй; тэд тав тухад шунадаг бялдууч хүмүүс бөгөөд өөрсдийн нэрэлхүү зан, нэр нүүр, байр суурь, ашиг сонирхлын төлөө л ярьж, үйлддэг, өөрсдөд нь ашигтай зүйлд цаг зав, хүчин чармайлтаа зориулахад бэлэн байдаг. Ийм хүний үйлдэл, санаа зорилго бүгдэд тодорхой байдаг: Нүүрээ харуулах, эсвэл жаахан ерөөл эдлэх боломж гарах болгонд тэд гарч ирдэг. Харин нүүрээ харуулах боломж байхгүй, эсвэл зовж шаналах үе ирмэгц яст мэлхий хуяг дотроо толгойгоо нууж байгаа юм шиг алга болдог. Ийм хүнд мөс чанар, эрүүл ухаан байдаг уу? (Үгүй.) Ийнхүү авирладаг мөс чанар, эрүүл ухаангүй хүн өөрийгөө зэмлэдэг үү? Ийм хүмүүс өөрийгөө огт зэмлэдэггүй; ийм төрлийн хүний мөс чанар ямар ч хэрэггүй байдаг. Тэд мөс чанарынхаа зэмлэхийг хэзээ ч мэдэрч байгаагүй тул Ариун Сүнсний зэмлэл юм уу сахилгажуулалтыг мэдэрч чадах уу? Үгүй, чадахгүй.

Ариун Сүнсний ажил нь зарчимтай бөгөөд урьдчилсан нөхцөлтэй. Ариун Сүнс ажлаа ихэвчлэн ямар төрлийн хүн дээр хийдэг вэ? Ариун Сүнсний ажлыг хүлээн авахын тулд хүн ямар урьдчилсан нөхцөлүүдийг биелүүлэх ёстой вэ? Бурханд итгэдэг хүмүүс Ариун Сүнсний ажлыг хүлээн авахын тулд эзэмших ёстой хамгийн бага зүйлийг ойлгох ёстой. Наад зах нь тэд мөс чанар, үнэнч шударга сэтгэлтэй байх ёстой бөгөөд мөс чанар нь шударга байдлын элементтэй байх ёстой. Зүрх сэтгэл чинь үнэнч шударга байж, Бурханы шинжилтийг хүлээн авах ёстой. Бурханы шинжилтийг хүлээн авч зүрхлэхгүй байгаа хүмүүс үнэнч шударга хүмүүс биш бөгөөд Бурханд чин сэтгэлээсээ итгэдэггүй. Бурхан хүмүүсийн дотоод сэтгэлийг шинждэг, Тэр бүгдийг хардаг, хүн гаднах байдлыг хардаг бол Бурхан зүрх сэтгэлийг хардаг гэж хүмүүс үргэлж хэлдэг мөртөө яагаад Бурханы шинжилтийг хүлээн авч чаддаггүй юм бэ? Тэд яагаад Бурханы үгийг сонсож, Бурханд захирагдаж чаддаггүй юм бэ? Тайлбар нь гэвэл, хүмүүс зөвхөн бичиг үсэг, хоосон сургаалыг ойлгодог болохоос үнэнийг хайрладаггүй. Яагаад зарим хүн Ариун Сүнсний ажлыг хэзээ ч хүлээн авч чаддаггүй, ямар ч баяр баясгалан, амар амгалангүйгээр үргэлж сөрөг, сэтгэлээр унасан байдалтай байдаг вэ? Хэрэв чи тэдний байдлыг сайтар нягталж үзвэл тэд ерөнхийдөө мөс чанараа ухамсарладаггүй, үнэнч шударга зүрх сэтгэлгүй, хэв чанар муутай, үнэнд хүчин чармайлт гаргадаггүй учраас тэдний байдал хэвийн байх нь маш ховор байдаг. Үнэнийг хайрладаг хүмүүс өөр. Тэд үргэлж үнэний төлөө хүчин чармайлт гаргадаг, үнэний хэсгүүдийг ойлгох тусам тэдний байдал сайжирдаг бөгөөд үнэний хэсгүүдийг ойлгох тусам зарим бодит асуудлыг шийдвэрлэж чаддаг учраас тэдний байдал байнга сайжирч, улам хэвийн болдог. Тэдэнд юу ч тохиолдсон тэд сөрөг байх нь ховор бөгөөд Бурханы оршихуйд амьдарч чаддаг. Ямар ч үед тэд үргэлж ололт, мэдлэгтэй байж, үүргээ гүйцэтгэхдээ үргэлж амжилттай байдаг. Тэд сайн мэдээ түгээхдээ хүмүүсийг олж авч чаддаг бөгөөд ямар ч үүргийг зарчмын дагуу хийдэг. Эдгээр ололт хаанаас ирдэг вэ? Эдгээр нь Бурханы үгийг байнга уншиж, гэгээрэл, гэрэлтүүлэг, үнэний талаарх ойлголтыг олж авснаар хүрсэн үр дүн, Ариун Сүнсний ажлаар дамжуулан хүрсэн үр дүн юм. Чи үнэнч шударга зүрх сэтгэлтэй, хүн чанарт байх учиртай мөс чанар, эрүүл ухаантай байх үед л Ариун Сүнс чам дээр ажлаа хийж чадна. Та бүхэн Ариун Сүнсний ажлын дүрмийг мэдэх үү? Ариун Сүнс ямар хүн дээр ажлаа хийдэг вэ? Ариун Сүнс ихэвчлэн зүрх сэтгэлдээ үнэнч шударга хүмүүс дээр ажлаа хийдэг. Тэр бэрхшээлтэй тулгарч, үнэнийг эрж хайдаг хүмүүс дээр ажилладаг. Бурхан ямар ч хүн чанаргүй, ямар ч мөс чанар, эрүүл ухаангүй хүмүүсийг үл тоомсорлодог. Хэрэв хэн нэгэн нь үнэнч шударга боловч зүрх сэтгэл нь Бурханаас түр зуур холдож, илүү сайн байхыг хүсэхгүй, сөрөг байдалд гацаж, энэ бүхнийг шийдвэрлэхээр залбирахгүй, үнэнийг эрэлхийлэхгүй, хамтран ажиллах хүсэлгүй байвал—энэ түр зуурын харанхуй, түр зуурын доройтсон байдалд Ариун Сүнс ажлаа хийдэггүй. Үндсэндээ хүн чанарын ухамсаргүй хүний төлөө Ариун Сүнс ажиллана гэж үү? Мэдээж, Ариун Сүнс ажиллахгүй. Мөс чанаргүй, эрүүл ухаангүй, үнэнийг огт хайрладаггүй ийм хүнийг Бурхан яах вэ? Бурхан түүнийг үл тоомсорлоно. Энэ хүмүүст ямар нэг итгэл найдвар байгаа юу? Итгэл найдварын ганц утас бий. Тэдний хувьд цорын ганц гарц бол үнэхээр гэмшиж, үнэнч шударга хүн болох явдал бөгөөд тэр үед л тэд Ариун Сүнсний ажлыг хүлээн авч чадна. Хүн яаж үнэнч шударга хүн болох вэ? Юуны өмнө чи зүрх сэтгэлээ Бурханд нээж, Бурханаас үнэнийг эрж хайх ёстой бөгөөд үнэнийг ойлгох үед үүнийг хэрэгжүүлж, Бурханы зохицуулалтад захирагдаж чадна, энэ бүгд нь зүрх сэтгэлээ Бурханд өгөхтэй адил юм. Тэгж байж л чи Бурханд хүлээн зөвшөөрөгдөж чадна. Та нар эхлээд махан биеэ орхиж, нэрэлхүү зан, бахархлаа орхиж, өөрийн ашиг сонирхлыг орхиж, бие болон оюун санаагаа үүрэгтээ зориулж, дуулгавартай зүрх сэтгэлээр үүргээ гүйцэтгэж, зүрх сэтгэлдээ Бурханыг сэтгэл хангалуун байлгаж байгаа л бол яаж зовох нь хамаагүй гэж итгэх ёстой. Хэрэв бэрхшээлтэй тулгараад, Бурханд залбирч, үнэнийг эрж хайж байгаа бол Бурхан чамайг хэрхэн удирдан чиглүүлж байгааг, зүрх сэтгэлд чинь амар амгалан, баяр баясгалан байгаа эсэх, ийм нотолгоо чамд байгаа эсэхийг хараарай. Хэрэв чи Ариун Сүнсний ажлыг хүлээн авахыг хүсвэл эхлээд чин сэтгэлээсээ гэмшиж, өөрийгөө Бурханд хүлээлгэн өгч, Түүний оршихуйд зүрх сэтгэлээ нээж, нэр төр, ашиг хонжоо, байр суурь гэх мэт маш ихээр нандигнадаг хог хаягдлаа орхих ёстой. Хэрэв чи эдгээр зүйлийн араас хөөцөлдсөөр байгаа хэр нь Бурханаас агуу ерөөлийг хүсэж байгаа бол Тэр чамайг тоох уу? Ариун Сүнсний ажилд урьдчилсан нөхцөл бий. Бурхан бол хартай Бурхан, ариун Бурхан юм. Хэрэв хүмүүс үргэлж нэр хүнд, ашиг хонжоо, байр суурийн араас хөөцөлдөж, эхнээсээ эцсээ хүртэл эдгээр зүйлээс татгалзаж чадахгүй, зүрх сэтгэл нь Бурханд хаалттай, Түүнд нээлттэй байж зүрхлэхгүй, Түүний ажил, удирдамжаас үргэлж татгалзаж байвал Тэр юу ч хийхгүй. Бурхан хүн бүр дээр Өөрийн ажлыг хийж, та нараас энийг, тэрийг хий гэж албадах шаардлага байхгүй. Ёрын муу сүнснүүд л хүмүүст энэ, тэрийг хийхийг албадаж, бүр хүмүүсийг хянахын тулд тэднийг хүчээр эзэмддэг. Ариун Сүнсний ажил маш зөөлөн бөгөөд Тэр сэтгэлийг чинь хөдөлгөхөд тэрийг чи мэдрэх ч үгүй. Чи санаандгүй ойлгож, сэргэсэн юм шиг л бодно. Ариун Сүнс хүмүүсийг ингэж хөдөлгөдөг. Тиймээс хэрэв хэн нэгэн хүн Ариун Сүнсний ажлыг хүлээн авахыг хүсвэл чин сэтгэлээсээ гэмшиж, чин сэтгэлээсээ хамтран ажиллах ёстой.

Зүрх сэтгэлээ хэрхэн Бурханд өгөх вэ? Чамд ямар нэгэн зүйл тохиолдоход чи өөртөө найдахгүй гэдгээ Бурханд тунхаглах ёстой. Бурханд зүрх сэтгэлээ өгнө гэдэг нь Бурханд гэрийнхээ Эзэн байхыг зөвшөөрнө гэсэн үг. Түүнчлэн нэр хүнд, байр суурь, нэрэлхүү зан, нэр нүүр зэрэг үнэнийг хэрэгжүүлэхэд чинь саад болж буй зүйлсээс татгалзаж, өөрийгөө удирдан чиглүүлэхийг Бурханд зөвшөөрч, зүрх сэтгэлдээ Бурханд дуулгавартай байж, зүрх сэтгэлээ Бурханд захируулж, Бурханы үгийн дагуу үйлдэх ёстой. Нэгэнт чи махан биеийн таашаал авдаг зүйлсээсээ татгалзаж чадаад, Бурхан чамайг ачаа үүрэхээ больж, харин Түүний өмнө дуулгавартай зүрх сэтгэлээр ирж, Түүний үгийг сонсож, Түүний зохицуулалт, зохион байгуулалтад захирагдахад бэлэн, Түүнд үйлдэхийг зөвшөөрч, Түүгээр удирдуулж байгааг харсан бол—Бурхан чамайг чин сэтгэлээсээ байгааг харсан бол тэр үед Ариун Сүнс ажлаа хийх болно. Нэгд, чи үнэхээр гэмшиж, зүрх сэтгэлээ Бурханд хандуулж, Түүний хүслийн талаар бодож, үнэний төлөө хүчин чармайлт гаргах ёстой. Чи сөрөг юм уу залхуу байж болохгүй, дур зоргоороо байж бүр болохгүй. Хэрэв чи үргэлж удирдаж, гэрийнхээ эзэн байж, өөрийнхөө дур сонирхлоор үйлдэхийг хүсэж байвал энэ ямар хандлага вэ? Энэ ямар байдал вэ? Энэ бол тэрслэл, эсэргүүцэл юм. Бурхан чамайг аврах ёстой, чамгүйгээр байж чадахгүй гэж чи бодож байна уу? Ийм байна уу? Эцсийн өдрүүд дэх Бурханы ажил яагаад харь үндэстнүүдэд хандсан бэ? Тэр яагаад үүнийг Израильд хийдэггүй юм бэ? Тэр яагаад үүнийг шашны ертөнцөд хийдэггүй юм бэ? Тэд хэтэрхий тэрслүү бөгөөд Бурханыг эсэргүүцдэг учраас Тэр энэ ажлыг харь үндэстнүүдэд чиглүүлсэн. Бурхан энэ асуудлыг хэрхэн авч үздэг вэ? Бурхан үнэнийг хүлээн авдаг хүмүүсийг авардаг. Тэд шашин дотроос элссэн байна уу, эсвэл энэ ажлыг хүлээн авдаг шашингүй хүмүүс байна уу хамаагүй—Бурхан үнэнийг хүлээн авдаг хүмүүст нигүүлсэнгүй хандаж, авардаг. Та нар бүгд эдгээр асуудлыг ойлгов уу? Бурханы хийдэг бүх зүйл хамгийн утга учиртай бөгөөд Бурханы зан чанар, мэргэн ухаантай байдаг. Мэдээжийн хэрэг хүмүүст Бурханы хүслийг ойлгох, эсвэл Бурханы зохицуулалтад захирагдах үедээ онгирох юм юу ч үгүй. Өөрийгөө ухаантай, үнэнийг хайрладаг, бусад хүмүүсээс хамаагүй хүчтэй гэж бүү бод. Нэг зүйлд ухаантай байна гэдэг нь өөр зүйлд заавал ухаантай байна гэсэн үг биш, тиймээс чи байнга залбирч, бүх зүйлд үнэнийг эрж хайх ёстой. Чи Бурханаас эмээдэг сэтгэлтэй юу, үгүй юу гэдгээ, үйлдэл чинь үнэнд нийцэлтэй байна уу, үгүй юу, Бурханы хүслийг хангаж чадаж байна уу, үгүй юу гэдгийг харахын тулд бүх үйлдлээ шалгах ёстой.

Хүн чанар чинь стандартад нийцсэн байна уу, хэвийн мөс чанар, эрүүл ухааны стандартад нийцсэн байна уу гэдгээс үл хамааран Бурхан зөвхөн үнэнийг эрэлхийлдэг хүмүүст л сэтгэл хангалуун байдаг. Үнэн болон амийн оролтыг эрэлхийлэх нь эцэс төгсгөлгүй юм. Хэрэв хүн зөвхөн мөс чанартай, мөс чанарынхаа дагуу үйлддэг бол энэ зарчим үнэний стандартад нийцэхгүй. Тэд мөн үнэний төлөө хүчин чармайлт гаргаж, Бурханы шаардлагын дагуу биеэ авч явж, Түүний шаардлагын дагуу үүргээ сайн гүйцэтгэхэд төлөөс төлөх ёстой. Ийм маягаар эрэлхийлснээр тэд амийн оролтод хүрч, үнэнийг ойлгож, олж авч, Бурханы хүслийг хангаж чадна. Тодорхой хүн чанартай, мөс чанар, эрүүл ухаантай хүмүүс байдаг, тэгээд тэд: “Өөрийнхөө мөс чанарын дагуу үүргээ гүйцэтгэх нь Бурханаар үнэлүүлэх болно” гэж боддог. Энэ зөв үү? Мөс чанарын стандарт үнэнийг орлож чадах уу? Мөс чанарынхаа дагуу үйлдсэнээр Бурханд захирагдаж чадах уу? Чи Бурханы хүслийг биелүүлж чадах уу? Чи Сатаныг жигшиж, хаяж чадах уу? Чи Бурханыг үнэхээр хайрлаж чадах уу? Чи Сатаныг ичээж чадах уу? Мөс чанарынхаа дагуу үйлдэх нь жинхэнэ гэрчлэл мөн үү? Эдгээрийн аль нь ч боломжгүй. Мөс чанарын стандарт юунаас бүрддэг вэ? Мөс чанар бол хэн нэгний зүрх сэтгэл дэх мэдрэмж, зүрх сэтгэлийн шүүлт бөгөөд энэ нь хэвийн хүн чанарын дур сонирхлыг илэрхийлдэг. Ихэнхдээ хуулийн олон зүйл заалт, ёс суртахууны үзэл нь мөс чанарын мэдрэмж дээр суурилдаг, тиймээс мөс чанарын мэдрэмж нь хуулийн зүйл заалт, ёс суртахууны үзлийг стандарт болгон хялбархан ашигладаг. Тэгэхээр мөс чанарын мэдрэмж үнэний стандартаас хол дутаж, цаашилбал сэтгэл санааны хязгаарлалтад өртөх юм уу эсвэл сайхан сонсогдох үгэнд хууртагдаж, төөрөлдсөнөөр олон алдаа гаргадаг. Хэрэв хүмүүс үнэнийг ойлгохгүй бол диаволын ов мэхэнд өртөж, Сатанд өөрсдийг нь ашиглахыг зөвшөөрдөг. Тиймээс мөс чанарынхаа дагуу үйлдэх нь Бурханы шаардлагын хаана ч хүрдэггүй. Чи мөн үнэний төлөө хүчин чармайлт гаргах ёстой. Үнэнийг ойлгож, зарчмын дагуу үүргээ гүйцэтгэж байж л Бурханы шаардлагыг биелүүлж чадна. Үнэний стандарт нь мөс чанарын стандартаас хамаагүй давж гардаг. Хэрэв чи зүгээр л мөс чанарынхаа дагуу үүргээ гүйцэтгэвэл Бурханы магтаалыг хүлээн авч чадах уу? Чадахгүй. Мөс чанар үнэнийг орлож чадахгүй, Бурханы шаардлагыг орлож бүр ч чадахгүй учраас чи мөс чанарынхаа дагуу үүргээ гүйцэтгэснээр сэтгэл хангалуун байж болохгүй. Энэ нь Бурханы магтаалыг хүртэж чадахгүй.

Үнэнийг эрэлхийлэхийн тулд чи бүх зүйлд өөрийгөө шалгаж, чамд ямар үнэн дутагдаж, Бурханд бүрэн захирагдаж, Түүнээс эмээж, муугаас зайлж, үүргээ үнэнчээр гүйцэтгэхэд саад болж байгааг олж харах ёстой. Тэгээд өөртөө дутагдаж буй үнэнүүдээр өөрийгөө хурдан тоноглох ёстой, ингэснээр чи стандартад нийцэхүйц байдлаар биеэ авч явах төдийгүй стандартад нийцэхүйц байдлаар үүргээ гүйцэтгэх болно. Бусдын муу юм хийж байгааг хараад мэдээлдэггүй, ил гаргадаггүй зарим нэг хүн бол бялдууч хүн юм. Тэд эелдэг бөгөөд амархан нөлөөнд автдаг. Тэд чуулганы ажлыг үймүүлдэг хуурамч удирдагчид, антихристүүдэд захирагдаж, хэнийг ч гомдоохгүй, үргэлж буулт хийж, баруун, зүүн аль руу нь ч хазайдаггүй. Өнгөн дээрээ тэд хүн чанартай юм шиг харагддаг—тэд хэтрүүлдэггүй, бага зэрэг мөс чанар, эрүүл ухаантай—гэвч ихэвчлэн тэд дуугүй байж, санаа бодлоо илэрхийлдэггүй. Чи ийм хүмүүсийг юу гэж ойлгох вэ? Тэд бялдууч, ов мэхтэй биш гэж үү? Ов мэхтэй хүмүүс ийм л байдаг. Ямар нэг зүйл тохиолдоход магадгүй тэд дуугарахгүй, ямар нэг үзэл бодол илэрхийлэхгүй, харин байнга чимээгүй байдаг. Энэ нь тэд ухаалаг хүн гэсэн үг биш, эсрэгээрээ, нэлээд сайн дүр эсгэдэг, юм нуудаг, арга заль нь илүү гүнзгий болохыг харуулдаг. Чи өөр хэнд ч сэтгэлээ нээдэггүй бол Бурханд сэтгэлээ нээж чадна гэж үү? Бурханд ч чин сэтгэлээсээ хандаж, сэтгэлээ нээж чаддаггүй бол зүрх сэтгэлээ чи Бурханд өгч чадна гэж үү? Мэдээж чадахгүй. Чи зүрх сэтгэлээрээ Бурхантай нэг байж чадахгүй, харин ч зүрх сэтгэлээ Түүнийхээс салангид байлгадаг! Та нар бусадтай нөхөрлөхдөө сэтгэлээ уудалж, зүрх сэтгэлд чинь үнэндээ юу байгааг хэлж чаддаг уу? Хүн зүрх сэтгэлдээ үнэхээр байгаа зүйлийг үргэлж хэлдэг, үнэнч шударгаар ярьдаг, илэн далангүй ярьдаг, чин сэтгэлтэй, үүргээ гүйцэтгэж байхдаа огт хайхрамжгүй, хааш яаш биш, ойлгодог үнэнээ хэрэгжүүлж чаддаг бол энэ хүнд үнэнийг олж авах найдвар бий. Хэрвээ хүн үргэлж өөрийгөө нуун далдалж, хүмүүст өөрийгөө тодорхой харуулахгүйн тулд зүрх сэтгэлээ нуудаг бол, бусдыг хуурахын тулд хуурамч сэтгэгдэл төрүүлдэг бол ноцтой аюулд, асар төвөгтэй байдалд орсон бөгөөд тэдний хувьд үнэнийг олж авахад маш хэцүү байх болно. Хүний өдөр тутмын амьдрал, үг, үйлдлээс хэтийн ирээдүйг нь харж болно. Хэрвээ энэ хүн үргэлж дүр үзүүлж, үргэлж өөрийгөө дөвийлгөж байгаа бол үнэнийг хүлээн авдаг хүн биш бөгөөд эрт орой хэзээ нэгэн цагт илчлэгдэж, таягдан хаягдана. Та нар аль замаар нь явж байна вэ? Үнэнч шударга хүний замаар явах нь хэзээ ч алдаа болохгүй! Зарим хүн “Чи ах, эгч нартай үнэний талаар нөхөрлөхдөө тэдэнд яагаад сэтгэл зүрхний бодлоо хэлдэг юм бэ? Тэр чинь тэнэг хэрэг биш үү?” эсвэл “Муу хүмүүс, үл итгэгчдийг илчилснээр чи хүмүүсийг гомдоох бус уу? Бурханд итгэдэг хүмүүс ийм тэнэг байж болохгүй!” гэж хэлж болох юм. Ийм үгийг сонсоод чамд ямар санагддаг вэ? Чи “Үнэнч шударга хүн байж, үнэнийг хэлж, зарчмыг баримтлах нь ухаантай зүйл, огтхон ч тэнэг биш. Энэ бол Бурхан руу ирдэг хүмүүсийн хэрэгжүүлэх ёстой үнэн. Бурханд итгэгчид бүх зүйлд Бурханд захирагдаж, Бурханыг сэтгэл хангалуун байлгах ёстой. Үнэнийг нөхөрлөж, зүрх сэтгэлээ нээх нь зөв. Үнэнийг нөхөрлөхдөө чи өөрийнхөө жинхэнэ байдлын талаар ярих ёстой. Энэ нь бусдад босгон байгуулалттай, чамд ашиг тустай байх болно. Муу хүмүүс, үл итгэгчдийг илчлэх нь Бурханы сонгосон хүмүүсийн үүрэг хариуцлага. Хэрэв бусдыг гомдоохоос айдаг бол чи үүргээ сайн гүйцэтгэж чадах уу? Бурханы сонгосон хүмүүс үнэн-зарчмыг баримталж, муу хүмүүсийг, үл итгэгчдийг илчлэх ёстой. Үнэнч шударга хүн байна гэдэг нь үнэнийг хэрэгжүүлж, зарчмыг баримтлах. Үнэнийг хэрэгжүүлдэггүй хүмүүс, бас зарчмыг баримталдаггүй хүмүүс бол үнэнч шударга хүмүүс биш” гэж хэлэх ёстой. Энэ няцаалтыг чи юу гэж бодож байна вэ? Бусад хүн юу гэж бодох нь хамаагүй Бурханд итгэгчид үнэнч шударга хүн байхаа, үнэнийг эрэлхийлэх замаа өөрчилж болохгүй. Тэд хуурамч удирдагчид, антихристүүд, үл итгэгчдийн нөлөөнд автаж, хязгаарлагдаж болохгүй. Тэд ямар ч үед Бурханыг дагаж, Түүний үгийг сонсож, Бурханы шаардлагын дагуу үнэнч шударга хүн байх ёстой. Энэ бол зөв. Үнэнч шударга хүн болохын тулд хэрхэн хэрэгжүүлэх ёстой вэ? Тэд ямар асуудалд худал хэлэх, хуурах, мэхлэх зан чанар нь илчлэгдэж байгааг харахын тулд үргэлж өөрсдийгөө эргэцүүлэх ёстой. Өөрсдийгөө, худал ярих гэсэн санаа сэдлээ, ов мэхтэй, завхарсан зан чанараа мэдэж байж л тэд махан биеэ орхиж, аажмаар үнэнч шударга хүн болж чадна. Зүрх сэтгэлээ огт нээдэггүй, аливааг үргэлж нууж, далдлах гэж оролддог, шударга журамтай мэт дүр эсгэдэг, хүмүүс өөрийг нь өндрөөр үнэлээсэй гэж хүсдэг, бусдад өөрсдийгөө бүрэн таниулдаггүй, хүмүүс өөрсдийг нь бишрээсэй гэж хүсдэг хүмүүс тэнэг биш гэж үү? Энэ бол хамгийн тэнэг хүмүүс юм! Учир нь хүмүүсийн талаарх үнэн эрт орой хэзээ нэгэн цагт илчлэгдэх болно. Тэд ийм зан байдалтай ямар замаар явдаг вэ? Энэ бол фарисайчуудын зам юм. Хоёр нүүртнүүд аюулд орсон байгаа уу, үгүй юу? Тэд бол Бурханы хамгийн ихээр жигшдэг хүмүүс, тэгэхээр чи тэднийг аюулд орсон гэж бодож байна уу, үгүй юу? Фарисайчууд бүгд сүйрлийн замаар алхаж байгаа!

Ариун Сүнс чамайг гэгээрүүлэхээр ажиллах үед заримдаа ямар нэг зүйлийг чамд маш хурдан ойлгуулдаг бол заримдаа Ариун Сүнс чамаар хэсэг хугацаанд туршлага туулуулсныхаа дараа аажмаар ойлгуулдаг. Чи юу ч туулах шаардлагагүй гэсэн үг биш, эсвэл бичиг үсэг, хоосон сургаалыг чамд ойлгуулаад Түүний хувьд болсон гэсэн үг биш юм. Ариун Сүнс ямар зарчмаар ажилладаг вэ? Ариун Сүнс чиний орчныг зохицуулж, хүмүүс, үйл явдал, зүйлсийг зохицуулж ажилладаг ба тэдгээрээр дамжуулан төлөвшиж, тэдгээрийг туулах явцдаа үнэнийг аажмаар ойлгох боломжийг чамд олгодог. Тэр чамайг зоригжуулж, гэгээрүүлэх цөөн хэдэн энгийн үг өгөөд, эсвэл бага зэрэг гэрлээр чамайг хангаад дуусчихдаггүй. Харин Тэр чамд өөр өөр хэрэг явдал, өөр өөр орчин, өөр өөр хүмүүс, үйл явдал, зүйлсийг туулснаар сургамж авч, аажмаар өсөх боломж олгодог, ингэснээр чи аажмаар үнэнийг ойлгож бодит байдалд орж чадах юм. Тиймээс Ариун Сүнс тун ердийн зарчмаар ажилладаг; Тэр ямар ч албадлага ашиглалгүй, яг хүний хөгжлийн ердийн хуульд бүрэн дүүрэн нийцүүлэн ажилладаг. Ариун Сүнсний ажлын зарчим, цар хүрээний дагуу хүнд байх ёстой хамгийн наад захын эрүүл ухаан, мөс чанар хүнд байхгүй бол тэр Ариун Сүнсний ажлыг олж авч чадах уу? Тэд Бурханы удирдамж, гэгээрлийг олж авч чадах уу? Огт чадахгүй. Би үүгээр юу хэлэх гээд байна вэ? Хүмүүс үргэлж үнэнийг эрэлхийлдэг, үнэнийг илүү сайн ойлгох ёстой гэж хэлдэг ч тэд зүрх сэтгэлээ Бурханд өгөх ёстой гэсэн зүйлийг анзааралгүй орхисон. Тэд “Хүн чанар минь ямар байх нь хамаагүй, надад мөс чанар байгаа эсэх, зүрх сэтгэлээ Бурханд даатгасан эсэхээс үл хамааран би үнэнийг илүү эрж хайж, номлол илүү их сонсож, Бурханы үгийг илүү их уншиж, мөн үнэний талаар байнга нөхөрлөдөг. Тэгээд би үүргээ гүйцэтгэхдээ илүү их хүчин чармайлт гаргаж, илүү их зовж шаналах болно, тэгвэл бүх зүйл сайхан болно” гэж боддог. Гэхдээ ийм хүн хамгийн наад захын суурийг ойлгоогүй, мэддэггүй. Хэрэв хүн үнэнийг ойлгож, олж авахыг хүсвэл хамгийн наад зах нь юу эзэмших ёстойг чи одоо ойлгож байна уу? (Мөс чанар, эрүүл ухаан.) Энгийнээр хэлбэл хүн хамгийн багадаа үнэнч шударга зүрх сэтгэлтэй байх ёстой. Үнэнч шударга зүрх сэтгэлтэй хүмүүс л үнэнийг хүлээн авч, Бурханы төлөвлөгөөнд захирагдаж, Бурханы шаардлагын дагуу үүргээ гүйцэтгэж чадна. Хэрэв чамд үнэнч шударга зүрх сэтгэл байхгүй бол чи Бурханы шаардлагыг биелүүлж чадахгүй, мөн бүтээгдсэн зүйлийн үүргийг ч сайн биелүүлж чадахгүй. Үнэнч шударга зүрх сэтгэлгүй гэдэг нь юу гэсэн үг вэ? Энэ нь чамд хүн чанар байхгүй—чи диавол гэсэн үг. Үнэнч шударга зүрх сэтгэл яаж илэрдэг вэ? Наад зах нь хүн сайн хүн чанартай байх ёстой. Хүн сайн хүн чанар, чин сэтгэл, мөс чанар, эрүүл ухаантай бол эдгээр нь харж, барьж болохгүй хоосон юм уу тодорхойгүй зүйлс биш, харин ч өдөр тутмын амьдрал дээр хаана ч илрүүлж болохоор зүйлс юм; тэдгээр нь бүгд бодит байдлын зүйлс. Нэг хүн агуу, төгс байлаа гэж бодъё: Энэ чиний харж чадах зүйл мөн үү? Төгс эсвэл агуу байна гэдэг юу болохыг чи харж, хүрч, бүр төсөөлж ч чадахгүй. Гэхдээ хэн нэгнийг аминч гэж хэлбэл чи тэр хүний үйлдлийг харж чадах уу—тэр тодорхойлолтод нийцэж байна уу? Хэн нэгнийг чин сэтгэлтэй үнэнч шударга гэлцдэг бол тэр зан авирыг нь чи харж чадах уу? Хэн нэгнийг ов мэхтэй, шударга бус, жигшүүртэй гэлцдэг бол чи тэдгээрийг нь харж чадах уу? Хэдий нүдээ анивч хүний хүн чанар нь хэвийн эсвэл ой гутмаар аль нь болохыг хэлж байгаа зүйл, ямар үйлдэл гаргаж байгаагаас нь чи мэдэрч чадна. Тиймээс “сайн эсвэл муу хүн чанар” гэдэг бол хоосон үг биш. Жишээ нь, аминч, жигшүүртэй, шударга бус байдал, ов мэх, биеэ тоосон, өөрийгөө зөвтгөдөг байдал нь бүгд амьдрал дээр хүнтэй харилцах үедээ чиний ухаарч чадах зүйлс; эдгээр нь хүн чанарын сөрөг шинж юм. Тиймээс үнэнч шударга зан, үнэнийг хайрлах хайр зэрэг хүмүүст байх ёстой эерэг шинжүүдийг өдөр тутмын амьдрал дээр мэдрэх боломжтой юу? Хэн нэгэнд Ариун Сүнсний гэгээрэл байгаа эсэх; тэр Бурханы удирдамжийг хүлээн авч чадах эсэх; түүнд Ариун Сүнсний ажил байгаа эсэх—та нар энэ бүх зүйлийг харж чадах уу? Энэ бүгдийг ялган таньж чадах уу? Ариун Сүнсний гэгээрлийг олж авч, Бурханы удирдамжийг хүлээн авч, бүх зүйл дээр үнэн-зарчмын дагуу үйлдэхийн тулд хүний эзэмших ёстой нөхцөлүүд нь юу вэ? Үнэнч зүрх сэтгэлтэй, үнэнийг хайрладаг, бүх зүйл дээр үнэнийг эрж хайдаг, үнэнийг ойлгомогцоо хэрэгжүүлж чаддаг байх ёстой. Эдгээр нөхцөлтэй байна гэдэг нь Ариун Сүнсний гэгээрэлтэй, Бурханы үгийг ойлгож чаддаг, үнэнийг амархан хэрэгжүүлж чаддаг байна гэсэн үг. Хэрвээ хүн үнэнч биш, зүрх сэтгэлдээ үнэнийг хайрладаггүй бол Ариун Сүнсний ажлыг олж авахад бэрх байх бөгөөд тэдэнтэй үнэнийг нөхөрлөлөө ч гэсэн ямар ч нэмэргүй. Үнэнч хүн гэдгийг нь хэрхэн таньж болох вэ? Худал хэлж, зальддаг эсэхийг нь харахаас гадна үнэнийг хүлээн авч, хэрэгжүүлж чаддаг эсэхийг нь харах нь хамгийн чухал. Тэр л хамгийн чухал нь. Бурханы гэр хүмүүсийг үргэлж таягдан хаяж ирсэн бөгөөд одоо хэдийнээ олон хүнийг таягдан хаяад байна. Тэд үнэнч биш, бүгд ов мэхтэй хүмүүс байсан. Тэд зөв шударга бус зүйлийг хайрладаг, үнэнийг огт хайрладаггүй байсан. Бурханд хэчнээн олон жил итгэсэн ч гэсэн тэд үнэнийг ойлгож, бодит байдалд орж чадаагүй. Ийм хүмүүс жинхэнээсээ өөрчлөгдөж бүр ч чаддаггүй. Тиймээс тэд таягдан хаягдах нь гарцаагүй байсан. Чи хүнтэй уулзаад эхлээд юуг нь хардаг вэ? Тэр үнэнч эсэх, үнэнийг хайрладаг эсэх, үнэнийг хүлээн авч чадах эсэхийг нь харахын тулд үг, үйлддийг нь хараарай. Эдгээр нь нэн чухал. Тэд үнэнч шударга хүн мөн эсэх, үнэнийг хүлээн авч, хэрэгжүүлж чаддаг эсэхийг тодорхойлж чадаж байгаа цагт чи мөн чанарыг нь үндсэндээ харж чадна. Хэрэв хүний ам нь чихэнд чимэгтэй үгээр дүүрэн боловч ямар ч бодитой зүйл хийдэггүй бол—ямар нэг бодит зүйл хийх болоход тэд өөрсдийгөө л бодоод хэзээ ч бусдыг боддоггүй бол—энэ нь ямар төрлийн хүн чанар вэ? (Аминч, жигшүүртэй. Түүнд хүн чанар алга.) Хүн чанаргүй хүн үнэнийг олж авахад амархан уу? Тэдэнд хэцүү байдаг. Зовлонтой цаг үетэй тулгарах юм уу зарим нэг төлөөс төлөх хэрэгтэй болох үед тэд “Та хэд түрүүлээд тэр бүх зовлонг туулж, төлөөсийг төлж бай, тэгээд үр дүн нь бараг гарсны дараа би ирье” гэж боддог. Энэ нь ямар төрлийн хүн чанар вэ? Иймэрхүү зан авирыг нийтэд нь “хүн чанаргүй байх” гэдэг юм. Хүн болгон завхарсан зан чанартай байдаг ч асуудалтай тулгарах үед зарим хүний мөс чанар нь ажиллаж, тэд өөрийгөө зэмлэх сэтгэл төрдөг болохоор мөс чанарынхаа дагуу үйлдэж чаддаг. Хэдий тэд “Би үнэнийг эрэлхийлж байгаа бөгөөд сайн хүн байх ёстой” гэж хэлдэггүй ч тэдний мөс чанар ажиллаж эхлэн, мөс чанартаа найдан “Би Бурханы нигүүлсэл, сонголтод нийцэх ёстой” гэж хэлж чаддаг. Тэгвэл мөс чанар нь нөлөөлсөн үед тэд үнэнийг хэрэгжүүлж чадах болов уу? Гарцаагүй бол биш, гэхдээ ядаж тэдэнд ийм хүсэл байгаа бол үнэнийг хэрэгжүүлэх хялбар болох бөгөөд энэ нь хүмүүсийн хувьд үнэнийг олж авах хамгийн үндсэн суурь зүйл юм. Аюултай тулгарах үедээ зарим хүн зөвхөн нуугдахад анхаарал тавьдаг. Зарим нь бусдыг хамгаалж, өөртөө анхаарал тавьдаггүй. Ямар нэгэн зүйл тохиолдоход зарим нь тэвчиж, зарим нь тэмцдэг. Эдгээр нь хүний мөн чанарт байдаг ялгаа юм. Тэгэхээр ямар хүн үнэнийг олж авах магадлалтай вэ? Олон хүн Бурханы өмнө хатуу шийдвэр гаргаж, бүхий л амьдралаа Түүнд өргөн барьж, Түүний төлөө зарлагадаж, хариуд нь юу ч хүсэхгүй байх тангараг өргөдөг. Гэтэл хүн чанар муутай хүмүүс үргэлж ашиг хонжооны төлөө тэмцэж, хэзээ ч буулт хийж, хүлцэнгүй загнаж, мөс чанарын дагуу үйлддэггүй. Ийм хүний хувьд үнэнийг олж авах амархан уу? Тэдний хувьд Бурханаар төгс болгуулах амархан уу? (Үгүй.) Ямар төрлийн хүнд Бурханаар төгс болгуулж, үнэнийг олж авахад амархан байх вэ? (Хүн чанар сайтай хүмүүст.) Сайн хүн чанарын стандарт гэж байх ёстой. Энэ нь дундыг баримтлах явдал биш, зарчимтай зууралдаж, хэн нэгнийг гомдоохгүй байхаар хичээж, явсан газар бүрдээ зусардаж, уулзсан хүн бүрдээ тайван дөлгөөн, зальжин хандаж, хүн бүхэнд сайнаар хэлүүлэх явдал биш. Энэ нь стандарт биш юм. Тэгвэл стандарт нь юу вэ? Бурхан болон үнэнд захирагдаж чаддаг байх. Энэ нь үүрэгтээ болон бүх төрлийн хүмүүс, үйл явдал, зүйлсэд зарчимтайгаар, хариуцлагын мэдрэмжтэйгээр хандаж байгаа хэрэг. Энэ нь бүгдэд илэрхий байдаг; үүнийг хүн бүр зүрх сэтгэлдээ тодорхой мэдэж байгаа. Түүнчлэн, Бурхан хүмүүсийн зүрх сэтгэлийг шинжиж, нөхцөл байдлыг нь нэг бүрчлэн мэддэг; тэд хэн ч байлаа гэсэн нэг нь ч Бурханыг хуурч чадахгүй. Зарим хүн сайн хүн чанартай гэж үргэлж бардамнан, бусдыг хэзээ ч муу хэлдэггүй, хэзээ ч хэний ч ашиг сонирхлыг хохироодоггүй, бусдын хөрөнгөд хэзээ ч шунаж байгаагүй гэдэг. Ашиг сонирхлын маргаан гарах үед тэд бусдыг далимдуулан ашиглахын оронд өөрсдөө хохирол амсахыг ч илүүд үздэг, бусад хүн бүр тэднийг сайн хүмүүс гэж боддог. Гэвч тэд Бурханы гэрт үүргээ гүйцэтгэж байхдаа овжин, залирхаг байж, өөрсдийнхөө төлөө үргэлж явуулга хийдэг. Тэд Бурханы гэрийн ашиг сонирхлыг хэзээ ч боддоггүй, Бурханы яаралтай гэж үздэг зүйлийг хэзээ ч яаралтай гэж үздэггүй, Бурханы боддог шиг боддоггүй, мөн үүргээ биелүүлэхийн тулд өөрсдийн ашиг сонирхлыг хойш тавьж хэзээ ч чаддаггүй. Тэд өөрсдийн ашиг сонирхлыг хэзээ ч орхидоггүй. Мууг үйлдэгсэд муу үйл үйлдэж байгааг харах үедээ ч тэднийг илчилдэггүй; тэдэнд ямар ч зарчим гэж үгүй. Энэ ямархуу хүн чанар вэ? Сайн хүн чанар биш. Ийм хүмүүсийн хэлдэг зүйлийг бүү анхаар; юуг амьдран харуулдаг, юу илчилдэг, үүргээ гүйцэтгэхдээ ямар хандлагатай байдаг, мөн дотоод байдал нь ямар байдаг, юуг хайрладгийг нь харах ёстой. Бурханд үнэнч байхаас илүү алдар нэр, ашиг хонжоогоо хайрладаг бол, Бурханы гэрийн ашиг сонирхлоос илүү алдар нэр, ашиг хонжоогоо хайрладаг бол, Бурханд анхаарал тавихаас илүү алдар нэр, ашиг хонжоогоо хайрладаг бол тийм хүмүүс хүн чанартай юу? Тэд бол хүн чанартай хүмүүс биш. Тэдний зан авирыг бусад хүн, Бурхан харж чадна. Тийм хүмүүсийн хувьд үнэнийг олж авах маш хэцүү байдаг.

Ямар хүмүүс үнэнийг олж авч чаддаг болохыг яг одоо та нар ойлгож байна уу? Хүн бүр үнэнийг эрэлхийлэхэд бэлэн, бүгд л Бурханд итгэж, цуглаж, номлол сонсож, үүргээ гүйцэтгэж, үнэний талаар нөхөрлөдөг ч зарим хүн хэдэн жилийн дараа туршлагаар олж авсан гэрчлэлийнхээ талаар ярьж, Бурханыг гэрчилж чадаж байхад яагаад заримд нь туршлагаар олж авсан гэрчлэл огт байхгүй, бас ямар ч үүргийг сайн гүйцэтгэж чаддаггүй юм бэ? Ялгаа нь юу вэ? Үнэндээ ялгаа нь тэдний хүн чанарт байдаг. Зарим хүнд мөс чанар, эрүүл ухаан байдаг бол заримд нь байдаггүй; зарим хүн үнэнийг хайрладаг байхад зарим нь хайрладаггүй. Тэгвэл ямар хүн үнэнийг амархан олж авч чадах вэ? (Бурханд чин сэтгэлээсээ ханддаг, үнэнч шударга, хүн чанартай, мөс чанар, эрүүл ухаантай хүмүүс.) Энэ маш чухал. Одоо та нар ойлгосон болохоор үүнийг бодож үзэх хэрэгтэй: Үнэнийг ойлгож, олж авах нь хүмүүсийн гадаад төрх, хэв чанар, боловсролын түвшин, төрсөн гарал үүсэл, нас, гэр бүлийн орчин, авьяас чадвар, эзэмшсэн мэргэжлийн ур чадвартай холбоотой юу? Үнэндээ холбоогүй гэж хэлж болно. Зарим хүн хэв чанар багатай ч өөрсдөө маш найдвартай байдаг. Тэд өөрт байгаа эрч хүчийг аль болох их зарцуулж, заль, ов мэх гаргалгүй, аливаа зүйлд нухацтай, хариуцлагатай ханддаг. Хэрвээ тэд алдаа гаргавал үнэнийг хүлээн авч, зарчмын дагуу хэрэгжүүлж чаддаг; бэрхшээл тулгарах үед үнэнийг эрж хайж чаддаг. Тэдний үүргээ гүйцэтгэсэн үр дүн улам сайжирдаг бөгөөд авьяастай хүмүүс тэднийг дорд үздэг ч Бурхан ийм хүнд дуртай. Бурхан хүмүүст нигүүлсэл хайрлаж, үнэнийг ойлгох боломж олгохдоо гадаад төрх байдал, боловсролын түвшин, хэв чанар, уран яруу үгийг нь хардаггүй—Бурхан эдгээрийн алийг нь ч хардаггүй. Зарим хүн: “Би хэлж ярихдаа тааруу, гэтэл хүмүүс үг хэлэхдээ үнэхээр чадварлаг байх юм. Би өндөр биш, онцгой харагддаг ч биш, боловсролгүй, хэв чанар минь ч тийм сайн биш. Би дууссан гэсэн үг биш үү?” гэж хэлдэг. Энэ ямар гээчийн бодол вэ? Энэ нь Бурханы талаарх буруу ойлголт биш гэж үү? Бурханы хүслийг ойлгодоггүй гэсэн үг биш үү? (Тийм.) Ийм үзэл бодолтой хүмүүс тэрслүү биш гэж үү? Тэд Бурханы хүслийг огт ойлгодоггүй. Бурханаар авруулж, төгс болгуулдаг юм уу гэгээрүүлж, удирдуулдаг бүх хүн авьяастай, маш сайн ярьж чаддаг, өндөр боловсрол, мэдлэгтэй, бүгдээрээ суут хүмүүс бөгөөд Бурхан тэдэнд дуртай гэж тэд боддог. Энэ нь Бурханы эсрэг гүтгэлэг биш гэж үү? Тэд Бурханы оюун санааг огт ойлгодоггүй! Хүмүүс үргэлж Бурхан бол зөвт бөгөөд хүмүүсийн зүрх сэтгэлийг хардаг гэж хэлдэг ч ямар нэгэн зүйл тохиолдоход Бурханыг буруугаар ойлгодог. Одоо арай илүү ойлгож байна уу? Бурхан хүмүүсийг харахдаа юуг нь хардаг вэ? Тэдний зүрх сэтгэлийг хардаг. Хүмүүсийн хэлж, хийдэг бүхнийг зүрх сэтгэл нь удирддаг. Зүрх сэтгэл чинь үнэнч шударга бол чи хүн чанар сайтай байх болно. Чи аажмаар үнэнийг ойлгож, Бурханы шаардлагыг тодорхой хэмжээгээр хангаж, Бурханы хүслийг харгалзан үзэж чадна. Хэрвээ зүрх сэтгэл чинь хэтэрхий ов мэхтэй, хаалттай, гөжүүд бол, чи аминч, хүн чанар муутай, үргэлж үзэлтэйгээ зууралдаж, Бурхан яаж үйлдэх ёстойг төсөөлж, үзэлтэй чинь нийцэхгүй зүйлтэй тулгарах үедээ Бурханыг буруу ойлгож, Бурханы хүслийг хэзээ ч ухан ойлгодоггүй бол үнэнийг олж авч чадах уу? Үгүй, чадахгүй. Эцэст нь чи үнэнийг олж авч чадахгүй үедээ өөрийгөө юм уу бусдыг буруутгах уу, эсвэл Бурханыг буруутгаж, Бурхан шударга бус гэж хэлэх үү? (Өөрийгөө буруутгана.) Зөв, өөрийгөө буруутгана. Тэгвэл ийм хүн үнэнийг олж авахын тулд юу хийх ёстой вэ? Тэд үнэнийг эрж хайж, хэрэгжүүлэх ёстой бөгөөд тодорхой арга замаар биеэ авч явж, хэрэгжүүлэх ёстой. Хэрвээ тэд хэрэгжүүлэхгүйгээр ойлгодог бол үнэнийг бас л олж авч чадахгүй. Аминч, ашиг хонжооныхоо төлөө хуйвалддаг зан чамаас харагдахад үүнийгээ ухаарах үедээ чи үүнийг шийдвэрлэхийн тулд Бурханд залбирч, үнэнийг эрж хайх ёстой. Мөн чанартаа ийм маягаар үйлдэх нь үнэн-зарчмыг зөрчиж буй хэрэг, энэ нь чуулганы ажилд хор хөнөөлтэй, энэ бол аминч, жигшүүртэй зан авир, мөс чанар, эрүүл ухаантай хүмүүсийн хийх учиртай зүйл биш гэдгийг чи эн түрүүнд мэдэж байх ёстой. Чи өөрийнхөө ашиг сонирхол, аминч занг хойш тавьж, чуулганы ажлыг бодох ёстой, энэ нь Бурханы хүсдэг зүйл юм. Залбирч, өөрийгөө эргэцүүлснийхээ дараа чи ийнхүү үйлдэх нь аминч, жигшүүртэй гэдгийг үнэхээр ухаарвал аминч зангаа хойш тавихад амархан болно. Чи аминч, ашиг хонжооны төлөө хуйвалддаг зангаа хойш тавих үедээ ул суурьтай болж, амар тайван, баяр хөөртэй болно, мөн мөс чанар, эрүүл ухаантай хүн чуулганы ажлыг бодох ёстой, хувийн ашиг сонирхолд анхаарлаа төвлөрүүлэх ёсгүй, энэ нь маш аминч, жигшүүртэй, мөс чанар, эрүүл ухаангүй хэрэг гэдгийг мэдэрнэ. Хувиа хичээлгүй үйлдэж, чуулганы ажлыг бодож, Бурханыг сэтгэл хангалуун байлгахын тулд л аливааг хийх нь зөв шударга, эрхэм хүндтэй бөгөөд амьдралд чинь үнэ цэн авчирна. Газар дэлхий дээр ийм маягаар амьдарснаараа чи нээлттэй, үнэнч шударга байж, хэвийн хүн чанар болон хүний жинхэнэ төрхийг амьдран харуулж байгаа бөгөөд цэвэр мөс чанартай байгаад зогсохгүй, бас чамд Бурханы хайрласан бүх зүйлийг хүртэхэд зохистой байна. Ингэж амьдрах тусам чамд улам ул суурьтай санагдаж, улам амар тайван, баяр хөөртэй болж, улам гэгээлэг санагдана. Тэгснээрээ чи Бурханд итгэх итгэлийн зөв замд хөл тавьсан байх бус уу?

Хүмүүсийн аминч, жигшүүртэй, ов мэхтэй, худал хуурмаг завхарсан зан чанар шийдвэрлэгдэж чадах эсэх нь үнэнийг хүлээн авч чадах эсэхээс нь хамаардаг. Үнэнийг хүлээн авч чаддаг хүмүүс бүгд завхарсан зан чанараа үзэн яддаг, аминч, жигшүүртэй зан, ов мэх, худал хуурмагаа үзэн яддаг. Эдгээр зүйл өөрсдийг нь бохирдуулж, хязгаарлахыг тэд хүсдэггүй. Үнэнийг хайрладаг хүмүүс завхарсан зан чанараа мэдэж авах л юм бол энэ сөрөг хог, хаягдлыг амархан хаядаг. Үнэнийг хайрладаггүй хүмүүс эдгээр сөрөг зүйлийг эрдэнэс гэж үздэг. Тэд өөрсдийнхөө ашиг хонжоог хэт их хайрлаж, махан биеэ орхихыг хүсдэггүй бөгөөд дэндүү гөжүүд байдаг. Үүний үр дүнд тэд Бурханы хүсэл юу болохыг хэзээ ч ойлгож чаддаггүй, Бурханыг дуулгавартай дагаж ч чаддаггүй. Хүмүүс үнэнийг хайрладаггүй, хүлээн авдаггүй учраас ийм олон жил мунгинуу байдлаар Бурханд итгэсээр ирсэн. Гэрчлэл хийх цаг ирэхэд тэдний хэл нь татаж, юу ч хэлж чаддаггүй. Хүмүүс үнэний тухай номлолыг олон жил сонссон бөгөөд Бурханы зан чанар тэдэнд үргэлж нээлттэй байсан тул үнэнийг эрэлхийлдэг хүмүүс аль хэдийн үүнийг ойлгосон байх ёстой, харин үнэнийг хайрладаггүй хүмүүс Бурханы өмнө сэтгэлээ нээхийг хүсдэггүй. Тэдний зүрх сэтгэл махан биеийн дур сонирхлыг орхихыг хүсдэггүй учраас тэд зүгээр л Бурханд сэтгэлээ нээж зүрхэлдэггүй. Тэд хүмүүст Бурханы өгдөг нигүүлслийг чөлөөтэй эдлэхийг л хүсдэг ч Бурханыг сэтгэл хангалуун байлгахын тулд үнэнийг хэрэгжүүлэхийг хүсдэггүй. Бурхан: “Хэрвээ чи Миний нигүүлслийг олж авахыг хүсэж байгаа бол, эдгээр үнэнийг олж авахыг хүсэж байгаа бол ганцхан нөхцөл бий—чи өөрийнхөө ашиг хонжоог орхиж, үнэн зүрх сэтгэлээ Надад өгөх ёстой” гэдэг. Хүмүүс энэ нэг нөхцөлийг ч хангаж чадахгүй хэр нь Бурханы нигүүлслийг шаардаж, амар амгалан, баяр баясгаланг шаардаж, үнэнийг олж авахыг хүссээр байдаг; гэхдээ үнэн зүрх сэтгэлээ Бурханд өгөхийг хүсдэггүй, тэгвэл тэд ямар төрлийн хүмүүс вэ? Сатаны төрлийнх биш гэж үү? Тэд нэг сумаар хоёр туулай буудаж чадах уу? Үнэндээ тэгж чадахгүй. Бурханы хүслийг ойлгодог эсэхээс чинь үл хамааран Бурханы зан чанар хүмүүст үргэлж нээлттэй байдаг. Хэрвээ хүн үнэнийг огт хүлээн авдаггүй бол, эсвэл үнэнийг хэрэгжүүлэхгүйгээр ойлгодог бол хэтэрхий гөжүүд, зүрх сэтгэлээ Бурханд өгөөгүйгээс энэ нь үүдэлтэй. Тиймээс тэд хэзээ ч үнэнийг олж авч чадахгүй, Бурханы зан чанарыг мэдэж авч ч чадахгүй. Энэ нь Бурхан хүмүүст шударга бус ханддагаас болсон юм биш. “Бурхан хүссэн хүндээ нигүүлсэнгүй ханддаг” гэсэн Бурханы үгийг хүмүүс ихэвчлэн эш татдаг ч энэ үгийн утгыг ойлгодоггүй. Эсрэгээрээ тэд Бурханыг буруугаар ойлгодог. Тэд нигүүлсэл Бурханаас ирдэг, Бурхан үүнийг хүссэн хүндээ өгдөг, Бурхан хүссэн хүндээ сайн ханддаг гэж боддог. Тийм гэж үү? Энэ нь хүний үзэл, төсөөлөл биш үү? Бурхан мөн чанарт нь тулгуурлан хүмүүст ханддаг. Хүмүүс Бурханы хүслийг анхаарч, үнэнийг хүлээн авч чадах үед Бурхан тэднийг ерөөдөг. Хэрвээ хүмүүс үнэнийг хүлээн авахгүй, Бурханыг эсэргүүцвэл үр дүн нь өөр. Үнэндээ Бурхан хүн бүрд шударгаар, зарчмын дагуу ханддаг, гагцхүү зарим хүний зүрх сэтгэл хэтэрхий хатуу байдаг учраас Бурхан тэдэнд өөрөөр хандах ёстой болдог. Бурханы хүн бүрд хийдэг зүйл өөр байдаг нь Бурхан аливааг зарчмын дагуу хийдэг гэдгийг харуулдаг. Бурхан хүн бүрд зөвт байдаг. Жишээ нь үнэнийг эрж хайхаар Бурханы өмнө ирдэггүй олон хүн бий. Тэд зөвхөн өөрсдийнхөө хоёр гарт найдан сайхан амьдрал, ирээдүйгээ бүтээхийг хүсдэг. Тэд хувь заяа, ирээдүйгээ өөрсдөө хянахыг хүсдэг бөгөөд хувь заяа нь өөрсдийнх нь гарт бий гэж боддог. Тэд Бурханы дээд эрх, төлөвлөгөөг хүлээн авдаггүй, Бурханыг дуулгавартай дагадаггүй бөгөөд Бурхан өөрсдийг нь сэтгэл хангалуун байлгаасай гэж хүсдэг. Бүдэрч, бүтэлгүйтэх үедээ тэд Бурхан шударга бус гэж гомдоллодог. Энэ нь ухаалаг уу? Тэд хэтэрхий мунхаг, зөрүүд. Гэхдээ өөрсдийгөө ухаантай гэж үргэлж боддог. Тэд “Зарим хүн гэр бүлээ орхиж, юу ч хүсдэггүй. Хамаг цагаа үүргээ гүйцэтгэхэд зарцуулж, үнэн зүрх сэтгэлээ Бурханд зориулдаг, тэгээд хариуд нь юу авдаг вэ? Бурхан ирээдүйд юу хийхийг тэд мэдэхгүй ч байгаа бүхнээ өргөн бариад, өөрсдөдөө гарах гарц үлдээдэггүй. Энэ хүмүүс үнэхээр тэнэг! Намайг ямар ухаантай болохыг хар л даа, би хоёуланг нь хослуулах замаар явдаг. Би юуг ч орхих шаардлагагүй, юуг ч хойшлуулах шаардлагагүй, эцэст нь би бас аврагдана” гэж боддог. Энэ хүмүүс ухаантай юу, тэнэг үү? (Тэнэг.) Тэд бол гарцаагүй тэнэг. Ухаантай хүмүүс болон мэдлэггүй, зөрүүд хүмүүсийг харьцуулбал хүн чанараараа ялгаатай байдаг. Ухаантай хүмүүс хүн чанар сайтай байдаг бол мэдлэггүй, зөрүүд хүмүүс хүн чанар муутай байдаг. Ухаантай хүмүүс үнэнийг хүлээн авдаг бол мунхаг, зөрүүд хүмүүс хүлээн авдаггүй бөгөөд тэдний эцсийн үр дүн өөр байх болно.

Үүргээ гүйцэтгэхэд хоёр үндсэн төрлийн хүмүүс байдаг. Нэг нь Бурханы төлөө чин сэтгэлээсээ өөрсдийгөө зарлагаддаг төрөл, харин нөгөө нь үргэлж өөрсдөдөө гарах гарц үлдээдэг төрөл. Бурхан аль төрлийн хүнийг нь магтаж, аварна гэж та нар бодож байна? (Бурханы төлөө чин сэтгэлээсээ өөрсдийгөө зарлагаддаг хүмүүсийг.) Бурханы төлөө чин сэтгэлээсээ өөрсдийгөө зарлагаддаг хүмүүсийг олж авахыг Бурхан хүсдэг. Үнэндээ Бурхан хүмүүст тийм ч олон шаардлага тавьдаггүй. Бурхан хүмүүсээс үүргээ чин сэтгэлээсээ гүйцэтгэхийг л шаарддаг; Бурхан хувийн ашиг хонжоог чинь булаан авахыг хүсдэггүй. Бурхан та нарт үүргээ гүйцэтгэхэд дадлагажих, бүх төрлийн авьяасаа хөгжүүлэх боломж олгосон бөгөөд Түүний хүсдэг зүйл бол хүмүүсийн чин сэтгэл юм. Хаана, ямар үүрэг гүйцэтгэж байгаагаас үл хамааран Бурхан чамд авьяас, ур чадвараа хөгжүүлэх хамгийн том орон зайг өгсөн бөгөөд эцэст нь чамд бүх төрлийн орчин, үүргээс үнэнийг олж авч, Бурханы хүслийг ойлгож, хүний төрхийг амьдран харуулах боломж олгохыг хүсдэг. Энэ бол Бурханы хүсэл. Бурхан чамаас бүх зүйлийг булаан авахыг хүсдэггүй, харин ч чиний төлөө бүх зүйлийг гүйцэлдүүлж, бүх зүйлийг чамд өгөхийг хүсдэг. Зарим хүн хэзээд явцуу сэтгэлгээтэй байдаг; тэд хорвоо ертөнцөд зарим мэргэжлийн мэдлэгт суралцсан ч үүргээ гүйцэтгэвэл мэргэжлийн мэдлэгээ бүгдийг нь умартана гэж боддог. Ашиглахгүй байлаа ч энэ нь үнэхээр гарзтай гэж үү? Чи одоо үүргээ гүйцэтгэснээр үнэн ба амийг олж авна. Харьцуулбал аль нь илүү үнэ цэнтэй вэ: ашиггүй, умартсан бага зэрэг мэдлэг үү, эсвэл үнэн ба амь уу? Үүнээс гадна, сурч мэдсэн үнэхээр хэрэгтэй зүйлсийг үүргээ гүйцэтгэж байхдаа хөгжүүлж, ашиглаж болно. Үүргээ гүйцэтгэхдээ эдгээр зүйлийг ашигласан бол эдгээрийг санах ой ухаан чинь илүү бэхжих бус уу? Хэрэглэдэггүй зүйлээ санах нь яршигтай, таагүй болохоор ашиглахгүй байх нь харамсалтай биш юм. Яг одоо үүргээ гүйцэтгэж байхад чинь хобби, ур чадвар чинь хөгжиж байна. Түүнчлэн та нар энэ хугацаанд бүтээгдсэн зүйлийн үүргийг гүйцэтгэнгээ үнэнийг ойлгож, амьдралын зөв зам руу орж чадна. Ямар баяртай үйл явдал, ямар их зол завшаан бэ! Үүнийг яаж ч харсан, энэ нь гарз хохирол биш. Бурханыг дагаж, нүглийн газраас холдож, хорон муу хүмүүсийн бүлгээс холдсоноор ядаж л бодол санаа, зүрх сэтгэл чинь Сатаны завхралд өртөж, Сатанд гишгэлүүлэхээ болино. Та нар цэвэр газарт, Бурханы өмнө ирэх болно. Энэ нь асар их аз завшаан биш гэж үү? Хүмүүс үеэс үе дамжин өнөөдрийг хүртэл дахин төрж байгаа бөгөөд тэдэнд ийм боломж хэр их байдаг вэ? Зөвхөн эцсийн өдрүүдэд төрсөн хүмүүст л ийм боломж байдаг бус уу? Ямар гайхалтай хэрэг вэ! Энэ бол гарз хохирол бус, харин хамгийн том аз завшаан юм. Чи маш их баярлах ёстой! Бүтээгдсэн зүйлийн хувьд бүх бүтээлийн дундаас, дэлхий дээрх хэдэн тэрбум хүний дундаас бүтээгдсэн зүйлийн ялгамж чанараараа Бүтээгчийн үйл хэргийг гэрчлэх, Бурханы ажилд үүрэг, хариуцлагаа гүйцэтгэх боломж хэр олон хүнд олддог вэ? Хэнд ийм боломж байдаг вэ? Ийм хүн олон байдаг уу? Маш цөөн байгаа! Ямар харьцаатай вэ? Арван мянгад нэг үү? Үгүй ээ, бүр цөөхөн! Ялангуяа ур чадвар, сурсан мэдлэгээ үүргээ гүйцэтгэхэд ашиглаж чадах та нар үнэхээр ерөөгдсөн биш гэж үү? Чи хүнийг гэрчилдэггүй бөгөөд хийдэг зүйл чинь ажил мэргэжил биш—чиний үйлчилдэг Нэгэн бол Бүтээгч юм. Энэ бол хамгийн сайхан, үнэ цэнтэй зүйл! Та нар бахархах ёстой бус уу? (Бахархах ёстой.) Үүргээ гүйцэтгэх явцдаа та нар Бурханы усалгаа, хангалтыг олж авдаг. Ийм сайхан орчин, боломж байхад бодитой зүйл олж авахгүй, үнэнийг олж авахгүй бол насан туршдаа харамсахгүй гэж үү? Тиймээс та нар үүргээ гүйцэтгэх боломжийг ашиглах ёстой бөгөөд үүнийг алдаж болохгүй; үүргээ гүйцэтгэхдээ үнэнийг чин сэтгэлээсээ эрэлхийлж, олж ав. Энэ бол хийж болох хамгийн үнэ цэнтэй зүйл, хамгийн утга учиртай амьдрал! Бүх бүтээгдсэн зүйлийн дунд та нараас илүү ерөөгдсөн хүн юм уу бүлэг хүмүүс байхгүй. Шүтлэггүй хүмүүс юуны төлөө амьдардаг вэ? Тэд дахин төрөхийн төлөө, хорвоо дэлхийн хөөр хөгжөөнтэй байдлын төлөө амьдардаг. Та нар юуны төлөө амьдардаг вэ? Бүтээгдсэн зүйлийн үүргийг гүйцэтгэхийн тулд амьдардаг. Ийм амьдралын үнэ цэн үнэхээр агуу! Тиймээс та нар гүйцэтгэж буй үүргээ дорд үзэж болохгүй, тэр үүргээ орхиж бүр ч болохгүй. Үүргээ сайн гүйцэтгэж, Бурханы даалгаврыг гүйцэлдүүлэх нь л хамгийн үнэ цэнтэй, утга учиртай зүйл юм.

2015 оны 6 дугаар сарын 29

Өмнөх: Бурханд итгэх итгэл дэлхий ертөнцийн ёрын муу чиг хандлагыг нэвт харснаар эхлэх ёстой

Дараах: Завхарсан зан чанараа хаяснаар л эрх чөлөө, чөлөөлөлтөд хүрч чадна

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Messenger дээр бидэнтэй холбоо барих