Завхарсан зан чанараа хаяснаар л эрх чөлөө, чөлөөлөлтөд хүрч чадна
Чуулганы удирдагчийн хувиар чи асуудал шийдвэрлэхдээ үнэнийг ашиглаж сурах шаардлагатай төдийгүй, мөн авьяастай хүмүүсийг олж илрүүлж, хөгжүүлж сурах хэрэгтэй бөгөөд тэдэнд атаархаж, тэднийг дарж яасан ч болохгүй. Ийм маягаар хэрэгжүүлэх нь чуулганы ажилд ашиг тустай. Хэрвээ өөртэй чинь хамтран ажиллаж, бүх ажлыг сайн хийдэг цөөн хэдэн үнэнийг эрэлхийлэгчийг хөгжүүлээд, эцэст нь бүгдээрээ туршлагын гэрчлэлтэй болж чадвал чи шаардлага хангасан удирдагч юм. Хэрвээ чи бүх зүйлийг зарчмын дагуу зохицуулж чаддаг бол үнэнч зан гаргаж байна. Бусад хүн өөрөөс нь илүү сайн, илүү дээгүүр байж, өөрийг нь үл ойшоогдож байх зуур үнэлэгдэх вий гэж зарим хүн үргэлж айж, үүнээсээ болоод бусад руу дайрч давшилж, бусдыг гадуурхдаг. Ингэх нь чадвартай хүнд атаархаж байгаа хэрэг биш үү? Аминчхан, жигшүүртэй биш үү? Энэ нь ямар зан чанар вэ? Энэ нь хорлонтой байдал! Өөрийнхөө ашиг сонирхлыг л бодож, өөрийнхөө аминч хүслийг л хангадаг, бусдыг боддоггүй, эсвэл Бурханы гэрийн ашиг сонирхлыг бодолцон үздэггүй хүмүүс муу зан чанартай бөгөөд Бурхан тэднийг огт хайрладаггүй. Хэрвээ чи Бурханы хүслийг үнэхээр анхаарч чаддаг бол бусад хүнд шударгаар хандаж чадна. Хэрвээ чи сайн хүнийг санал болгож, сургалтад хамруулж, үүрэг гүйцэтгүүлээд, улмаар Бурханы гэрт өөр нэг авьяастай хүнийг нэмэх юм бол энэ нь ажлыг чинь хөнгөвчлөх биш үү? Тэгвэл чи үүргээ биелүүлэхдээ үнэнч байх биш үү? Энэ бол Бурханы өмнөх сайн үйл; удирдагчаар ажилладаг хүнд байх ёстой наад захын мөс чанар, эрүүл ухаан юм. Үнэнийг хэрэгжүүлж чаддаг хүмүүс хийж буй зүйлдээ Бурханы шинжилтийг хүлээн авч чаддаг. Бурханы шинжилтийг хүлээн авах үед зүрх сэтгэл чинь зөв болно. Хэрвээ чи бусдад харуулахын тулд л аливааг хийж, үргэлж бусдаар магтуулж, бишрүүлэхийг хүсэж, Бурханы шинжилтийг хүлээн авдаггүй бол Бурхан зүрх сэтгэлд чинь байсаар байдаг уу? Ийм хүмүүст Бурханыг хүндлэх сэтгэл байдаггүй. Аливааг үргэлж өөрийнхөө төлөө бүү хий, өөрийнхөө ашиг сонирхлыг байнга бүү бодолц; хүний ашиг сонирхлыг бүү харгалзан үз, бахархал, нэр хүнд, байр сууриа бүү бод. Чи эхлээд Бурханы гэрийн ашиг сонирхлыг бодолцон үзэж, эн тэргүүнд тавих ёстой. Бурханы хүслийг анхааран үзэж, үүргийн чинь гүйцэтгэлд хольц байсан эсэхийг, үнэнч байж, хариуцлагаа биелүүлж, бүхнээ зориулсан эсэхээ, мөн өөрийнхөө үүрэг болон чуулганы ажлын талаар чин сэтгэлээсээ бодож үзсэн эсэхээ эхлээд тунгаан бодох ёстой. Чи эдгээр зүйлийг бодолцон үзэх ёстой. Эдгээрийг ахин дахин бодож, танин мэдвэл үүргээ сайн биелүүлэхэд амархан байх болно. Хэв чанар чинь дорд, туршлага чинь өнгөц, мэргэжлийн ажилдаа чадварлаг биш бол ажилд чинь зарим алдаа, дутагдал байж болох бөгөөд сайн үр дүнд хүрэхгүй байж магад—гэхдээ л чи чадлынхаа хэрээр хичээсэн байх болно. Чи аминч хүсэл, дур сонирхлоо хангадаггүй. Харин чуулганы ажил, Бурханы гэрийн ашиг сонирхлыг байнга бодолцдог. Хэдий чи үүрэгтээ сайн үр дүнд хүрэхгүй байлаа ч зүрх сэтгэл чинь шулуудна; дээр нь нэмээд хэрвээ чи үүргээ гүйцэтгэхдээ асуудлыг шийдвэрлэхийн тулд үнэнийг эрж хайж чаддаг бол үүргийн гүйцэтгэл чинь стандартад нийцэхийн зэрэгцээ чи үнэн-бодит байдалд орж чадна. Гэрчлэлтэй байх гэдэг нь энэ юм.
Зарим хүн Бурханд итгэдэг боловч үнэнийг эрэлхийлдэггүй. Тэд үргэлж махан биеэр амьдарч, бие махбодын таашаалд шунаж, аминч хүслээ байнга хангаж байдаг. Тэд хэчнээн олон жил Бурханд итгэлээ ч үнэн-бодит байдалд хэзээ ч орохгүй. Энэ нь Бурханыг шившиглэсний тэмдэг юм. “Би Бурханд тэрслэх юу ч хийгээгүй. Би яаж Бурханыг шившиглэсэн юм бэ?” гэж чи хэлдэг. Чиний бүх санаа, бодол ёрын муу. Чиний санаархал, зорилго, хийсэн зүйлийн чинь ар дахь сэдэл, үйлдлийн чинь үр дагавар үргэлж Сатаныг хангалуун болгож, чамайг Сатаны тоглоом тохуу болгож, түүнд сул талаа атгуулахад хүргэдэг. Чамд Христэд итгэгчид байх ёстой гэрчлэл огтхон ч алга. Чи Сатанд харьяалагддаг. Чи бүх зүйл дээр Бурханы нэрийг шившиглэдэг бөгөөд жинхэнэ гэрчлэлгүй. Чиний хийсэн зүйлийг Бурхан санах уу? Эцэст нь Бурхан чиний үйлдэл, зан авир, гүйцэтгэсэн үүргийн чинь талаар ямар дүгнэлт хийх вэ? Үүнээс чинь ямар нэг зүйл, ямар нэг үг гарах ёсгүй гэж үү? Библид Эзэн Есүс ингэж хэлсэн байдаг: “Тэр өдөр олон хүн, ‘Эзэн минь, Эзэн минь, бид Таны нэрээр тунхаглаагүй гэж үү? Таны нэрээр чөтгөрүүдийг хөөгөөгүй гэж үү? Мөн Таны нэрээр гайхамшгуудыг үйлдэж байгаагүй гэж үү?’ гэх болно. Тэгэхэд нь Би тэдэнд ингэж хэлнэ, ‘Би та нарыг хэзээ ч танихгүй: ёс бусыг үйлдэгчид та нар Надаас зайл’ гэж хэлнэ” (Матай 7:22–23). Эзэн Есүс яагаад ингэж хэлсэн бэ? Эзэний нэрээр номлож, чөтгөрүүдийг хөөж, өч төчнөөн гайхамшиг үзүүлсэн маш олон хүн яагаад мууг үйлдэгчид болсон бэ? Учир нь тэд Эзэн Есүсийн илэрхийлсэн үнэнийг хүлээн аваагүй, тушаалуудыг нь сахиагүй, зүрх сэтгэлдээ үнэнийг огт хайрлаагүй. Тэд Эзэний төлөө хийсэн ажил, туулсан зовлон бэрхшээл, гаргасан золиослолоо тэнгэрийн хаанчлалын ерөөлөөр солихыг л хүссэн. Ийм маягаар тэд Бурхантай наймаа хийхээр оролдож, Бурханыг ашиглаж, мэхлэхээр хичээж байсан тул Эзэн Есүс тэднийг жигшиж, үзэн ядаж, мууг үйлдэгчид гэж ялласан. Өнөөдөр хүмүүс Бурханы үгийн шүүлт, гэсгээлтийг хүлээн авч байгаа ч зарим нь нэр хүнд, байр суурийн араас хөөцөлдсөөр, бусдаас ялгарч, удирдагч ажилчин болж, нэр хүнд, байр суурьтай болохыг үргэлж хүсдэг. Хэдийгээр тэд бүгд Бурханд итгэж, Бурханыг дагадаг гэж хэлж, Бурханы төлөө татгалзаж, зарлагаддаг ч алдар нэр, ашиг хонжоо, байр суурь олж авахын тулд үүргээ гүйцэтгэдэг бөгөөд үргэлж хувийн төлөвлөгөөтэй байдаг. Тэд Бурханд дуулгавартай юм уу үнэнч биш, өөрсдийгөө огт эргэцүүлэлгүй мууг үйлдэн цадиггүй авирладаг учраас мууг үйлдэгчид болсон. Бурхан тийм мууг үйлдэгчдийг үзэн яддаг, тэднийг авардаггүй. Хүний үйлдэл, зан авирыг сайн, муу гэж шүүдэг стандарт юу вэ? Тэдний бодол, илэрхийлэл, үйлдэл үнэнийг хэрэгжүүлж, үнэн-бодит байдлыг амьдран харуулах гэрчлэлтэй эсэх юм. Хэрэв чи ийм бодит байдалгүй, үүнийг амьдран харуулдаггүй бол мууг үйлдэгч гэдэг чинь эргэлзээгүй. Бурхан мууг үйлдэгчдийг хэрхэн үздэг вэ? Бурханы хувьд чиний бодол, гадаад үйлдэл Бурханд гэрчлэл хийдэггүй, Сатаныг ч шившиглэж, ялдаггүй; харин ч Бурханыг шившиглэж, Бурханыг гутамшигт автуулах тэмдгээр дүүрэн байдаг. Чи Бурханыг гэрчилж, Бурханы төлөө өөрийгөө зарлагадаж байгаа юм биш, Бурханы өмнө хүлээсэн үүрэг, хариуцлагаа биелүүлж байгаа ч юм биш; харин өөрийнхөө төлөө үйлдэж байгаа. “Өөрийнхөө төлөө” гэдэг нь юу гэсэн үг вэ? Нарийн яривал энэ нь Сатаны төлөө гэсэн үг. Тиймээс эцэст нь Бурхан: “Ёс бусыг үйлдэгчид та нар Надаас зайл” гэж хэлнэ. Бурханы нүдээр бол чиний үйлдэл сайн үйл хэрэг биш, харин ёрын муу үйл хэрэг гэж тооцогдоно. Тэр нь Бурханы сайшаалыг хүртэж чадахгүйгээр үл барам яллагдана. Хүн Бурханд ингэж итгээд юу олж авна гэж найддаг вэ? Тийм итгэл нь эцэстээ талаар болох биш үү?
Үүрэг биелүүлдэг бүх хүний хувьд, үнэний талаарх ойлголт нь хэчнээн гүн гүнзгий, эсвэл өнгөц байх нь хамаагүй, үнэн-бодит байдалд орох явдлыг хэрэгжүүлэх хамгийн энгийн арга зам нь бүх зүйл дээр Бурханы гэрийн ашиг сонирхлыг бодож, аминч хүсэл, хувийн санаархал, сэдэл, нэр нүүр, байр сууриа орхих явдал юм. Бурханы гэрийн ашиг сонирхлыг эн тэргүүнд тавих нь хүний хийх ёстой наад захын зүйл билээ. Үүргээ биелүүлж буй хүн иймхэн зүйлийг ч хийж чадахгүй бол түүнийг яаж үүргээ биелүүлж байна гэж хэлж болох юм бэ? Энэ нь үүргээ биелүүлэхгүй байгаа хэрэг юм. Чи эхлээд Бурханы гэрийн ашиг сонирхлыг бодож, Бурханы хүслийг анхаарч, чуулганы ажлыг бодолцох ёстой. Эдгээр зүйлийг эн тэргүүнд тавь; үүний дараа л байр суурийнхаа тогтвортой байдал, бусад хүмүүс чамайг хэрхэн үздэг талаар бодож болно. Үүнийг хоёр алхамд хувааж, жаахан буулт хийх үед энэ нь арай амархан болж байгааг та нар мэдрэхгүй байна уу? Хэсэг хугацаанд ингэж хэрэгжүүлэх юм бол чи Бурханыг хангалуун байлгах тийм ч хэцүү биш гэдгийг мэдрэх болно. Түүнчлэн чи хариуцлагаа биелүүлж, даалгавар, үүргээ гүйцэтгэн, аминч хүсэл, санаархал, сэдлээ орхих ёстой; Бурханы хүслийг анхаарч, Бурханы гэрийн ашиг сонирхол, чуулганы ажил, гүйцэтгэх учиртай үүргээ нэгдүгээрт тавьж чаддаг байх ёстой. Хэсэг хугацаанд ингэж туулсныхаа дараа чи энэ нь биеэ авч явах сайн арга зам мөн гэдгийг мэдэрнэ. Энэ бол илэн далангүй, үнэнч шударгаар амьдарч, жигшүүртэй, өөдгүй хүн биш байх явдал; жигшмээр, өөдгүй, ямар ч хэрэггүй байхын оронд шударгаар, нэр төртэйгөөр амьдарч байгаа хэрэг юм. Энэ бол хүний хийх ёстой зүйл, амьдран харуулах ёстой дүр төрх гэдгийг чи мэдэрнэ. Яваандаа өөрийнхөө ашиг сонирхлыг хангах гэсэн хүсэл чинь багасна. Бурханд хэр удаан итгэснээс үл хамааран та нар яг одоо үнэнийг эрэлхийлэх, үнэнийг хэрэгжүүлэх, үнэн-бодит байдалд орохтой холбоотой сургамжууд руу гүн гүнзгий ороогүй, гүнзгий мэдэж аваагүй, гүн гүнзгий туулаагүй учраас жинхэнэ гэрчлэл хийж чадахгүй. Сая Би та нарт энгийн энэ нэг аргыг хэлж өглөө: Ийм маягаар хэрэгжүүлж эхэл, хэсэг хугацааны дараа дотоод байдал чинь өөрийн мэдэлгүй өөрчлөгдөж эхэлнэ. Бурханд итгэхийг айхтар сонирхдог ч үгүй, үүнээс айхтар уйддаг ч үгүй өнөөх хоёрдмол байдлаас Бурханд итгэж, үнэнч хүн байх нь сайн зүйл гэж үзэн, үнэнч хүн байхаар сонирхож, ингэж амьдрах нь утга учиртай, ингэснээр хангалт хүртэнэ гэж боддог байдалд шилжинэ. Чи зүрх сэтгэлдээ ул суурьтай, амар амгалан байж, таашаалыг мэдэрнэ. Чи тийм байдалтай болно. Энэ бол хувийн санаа зорилго, ашиг сонирхол, аминч хүслээ орхисны үр дагавар юм. Энэ бол үр дүн. Энэ нь нэг талаар хүний хамтын ажиллагааны үр дүн, нөгөө талаар Ариун Сүнсний ажил юм. Хүмүүсийн хамтын ажиллагаа байхгүй бол Ариун Сүнс ажиллахгүй. Бүх хүн дотроо идэвхгүй, сул дорой, эмзэг байдал болон гутрал гэх мэт зарим нэг буруу байдалтай байдаг; эсвэл тэд жигшмээр санаа зорилготой байдаг; эсвэл нэр нүүр, аминч хүсэл, хувийн ашиг сонирхолдоо байнга автдаг; эсвэл өөрсдийгөө хэв чанар муутай гэж бодоод, идэвхгүй байдалтай болдог. Хэрвээ чи байнга ийм байдалтай амьдардаг бол Ариун Сүнсний ажлыг олж авахад маш хэцүү байх болно. Ариун Сүнсний ажлыг олж авахад хэцүү байдаг бол чиний доторх идэвхтэй зүйл цөөн байх бөгөөд идэвхгүй зүйлс гарч ирж, чамайг үймүүлнэ. Хүмүүс тэрхүү идэвхгүй, сөрөг байдлыг дарахын тулд өөрийнхөө хүсэл зоригт үргэлж найддаг боловч яаж ч дарсан бай, тэдгээрээс ангижирч чадахгүй. Үүний гол шалтгаан нь хүмүүс эдгээр идэвхгүй, сөрөг зүйлийг бүрэн ялган таньж чаддаггүйд оршино; тэд мөн чанарыг нь тодорхой харж чаддаггүй. Иймээс махан бие ба Сатаныг хаяхад тэдний хувьд маш хэцүү байдаг. Түүнчлэн хүмүүс эдгээр идэвхгүй, дүнсгэр, доройтмол байдалдаа үргэлж гацдаг бөгөөд Бурханыг харах юм уу Бурханд залбирахын оронд зүгээр л аргацааж байдаг. Үүний үр дүнд Ариун Сүнс тэдний дотор үл ажиллаж, улмаар тэд үнэнийг ойлгож чадахгүй, юу ч хийлээ гэсэн замгүй байж, ямар ч хэрэг явдлыг тодорхой харж чадахгүй. Чиний дотор хэт олон идэвхгүй, сөрөг зүйл байдаг бөгөөд тэдгээр нь зүрх сэтгэлийг чинь дүүргэсэн тул чи үргэлж идэвхгүй, сүнсээрээ дүнсгэр байж, Бурханаас улам холдож, улам сул дорой болсоор байдаг. Хэрвээ чи Ариун Сүнсний гэгээрэл болон ажлыг олж чадахгүй бол ийм байдлаас зайлсхийж үл чадах ба идэвхгүй байдал чинь өөрчлөгдөхгүй, учир нь Ариун Сүнс чиний дотор ажиллахгүй бол чи зам олж чадахгүй. Энэ хоёр шалтгааны улмаас идэвхгүй байдлаасаа ангижирч, хэвийн байдалд ороход маш хэцүү байдаг. Хэдийгээр та нар одоо үүргээ гүйцэтгэж, хүндрэл бэрхшээлийг даван туулж, шаргуу ажиллаж, ихээхэн хүчин чармайлт гаргаж, гэр бүл, ажил мэргэжлээсээ татгалзаж, бүхнээ орхиж чаддаг ч чиний доторх идэвхгүй байдал одоо ч үнэхээр өөрчлөгдөөгүй. Та нарын үзэл, төсөөлөл, мэдлэг, амьдралын гүн ухаан, аминч хүсэл, завхарсан зан чанар гэх мэт, үнэнийг эрэлхийлж, хэрэгжүүлэхэд чинь та нарыг хүлдэг дэндүү олон ээдрээ бий. Эдгээр сөрөг зүйл та нарын зүрхийг дүүргэсэн. Хэдийгээр та нар нас залуу ч бодол санаа чинь маш төвөгтэй. Та нар Миний үг, илэрхийлэл бүрийг ажиглаж, судалж, дараа нь тэдгээрийг эцэс төгсгөлгүй хэтрүүлэн боддог. Яагаад тэр вэ? Та нар хэдэн жилийн турш Бурханыг дагасан ч Би та нараас ямар нэг ахиц юм уу өөрчлөлтийг хараахан олж хараагүй. Хүмүүсийн зүрх сэтгэлийг сатанлаг зүйл бүрэн эзэмдсэн. Үүнийг бүгд тодорхой харж байна. Хэрвээ чи эдгээр зүйлээс салахгүй бол, эдгээр идэвхгүй байдлаас ангижирч чадахгүй бол хүүхэд шиг болж, цоглог, хайр татам, гэмгүй, энгийн, үнэнч, цэвэр байдлаар Бурханы өмнө очиж чадахгүй. Тэгвэл чиний хувьд Ариун Сүнсний ажил юм уу үнэнийг олж авахад хэцүү байх болно.
Яг одоо, та нарыг сайшаах цөөн хэдэн сайн чанар байна, тухайлбал, зовох хүсэл болон итгэл та бүхэнд байна. Эдгээр сайн чанар та бүгдийг аварсан. Хэрвээ эдгээр сайн чанар—бэрхшээл туулах хүсэл болон өөрийгөө Бурханы төлөө зарлагадах жинхэнэ итгэл байхгүй бол чи үүргээ гүйцэтгэх урам зориггүй байх бөгөөд өдий хүртэл бат зогсож чадахгүй байх байлаа. Зарим хүн хэсэг зуур үүргээ гүйцэтгэдэг ч үнэнийг үл сонирхдог, мөн үүнээс ямар ч ашиг тус хүртдэггүй учир ажил хийж, мөнгөтэй болж, гэрлэхийн тулд шашингүй ертөнц рүү буцан очдог. Тэд ямар ч үр дүнгүй энд цаг нөхцөөх нь залуу нас, хамгийн сайхан цаг хугацаа болон амиа дэмий үрсэн хэрэг гэж боддог. Энэ хүмүүс бол илчлэгдсэн үл итгэгчид юм. Бурханы төлөө өөрсдийгөө үнэн сэтгэлээсээ зарлагадаж чаддаг хүмүүс л үүргээ биелүүлж, бат зогсож чадна. Яг одоо та нар бүгдээрээ үүргээ бүтэн цагаар биелүүлдэг. Та нар гэр бүл, гэрлэлт, мөнгөнд хязгаарлагдаж, хүлэгддэггүй. Аль хэдийн үүнээс гарч ирсэн. Гэхдээ та нарын толгойг дүүргэдэг үзэл, төсөөлөл, мэдлэг, хувийн санаархал, хүсэл чинь бүрэн бүтэн үлддэг. Иймээс нэр хүнд, байр суурь, бусдаас ялгарах боломжтой холбоотой ямар ч зүйл дээр—жишээ нь, Бурханы гэр янз бүрийн авьяастай хүмүүсийг хѳгжүүлэх төлөвлөгөөтэй байгааг сонсох үедээ—бүгд дор бүрнээ горьдлого тээн зүрх нь булгилж, өөрийнхөө нэрийг гаргаж, анхаарлын төвд орохыг үргэлж хүсдэг. Та нар бүгд байр суурь, нэр хүндийн төлөө тэмцэхийг хүсдэг. Үүнээсээ ичдэг ч тэмцэхгүй бол сэтгэл тавгүйтдэг. Хэн нэгэн онцгойрохыг харах болгондоо атаархаж, үзэн ядаж, гомдоллож, үүнийг шударга бус гэж үзэн, “Би яагаад онцгойрч чаддаггүй юм бэ? Яагаад дандаа бусад хүн анхаарлын төвд ордог юм бэ? Яагаад миний ээлж хэзээ ч ирдэггүй юм бэ?” гэж боддог. Тэгээд гомдоллосныхоо дараа үүнийгээ дарах гэж оролддог ч чаддаггүй. Бурханд залбираад хэсэгхэн хугацаанд дээрддэг боловч иймэрхүү нөхцөл байдалтай дахиад тулгарах үедээ даван гарч мөн л чаддаггүй. Энэ нь төлөвшөөгүй биеийн хэмжээний илрэл биш үү? Хүмүүс ийм байдалд орохдоо Сатаны урхинд уначихсан бус уу? Эдгээр нь хүмүүсийг хүлдэг Сатаны завхарсан уг чанарын дөнгө юм. Хүмүүс эдгээр завхарсан зан чанараас ангижирвал сул, эрх чөлөөтэй санагдах биш үү? Бодоод үз: Алдар нэр, ашиг хонжооны төлөө тэмцэх байдалд орохоос зайлсхийж—эдгээр завхарсан байдлаас чөлөөлөгдөж, байр суурь, нэр төрийн түгшүүр, хүлээсээс ангижрахын тулд ямар үнэнийг ойлгох ёстой вэ? Эрх чөлөө, чөлөөлөлт олж авахын тулд ямар үнэн-бодит байдлыг эзэмших ёстой вэ? Нэгдүгээрт, Сатан хүмүүсийг завхруулж, урхидаж, тамлан зовоож, доройтуулж, нүгэлд автуулахын тулд алдар нэр, ашиг хонжоо, байр суурийг ашигладаг гэдгийг чи ойлгох ёстой. Түүнчлэн үнэнийг хүлээн авснаар л хүмүүс алдар нэр, ашиг хонжоо, байр сууриас татгалзаж, хойш тавьж чадна. Эдгээр зүйлийг орхих нь залуу, хөгшин, шинэ юм уу удаан хугацаанд итгэсэн итгэгч хэн бүхэнд маш хэцүү байдаг. Хэдийгээр зарим хүн бүрэг, олон үггүй мэт харагдавч үнэн хэрэгтээ тэдний зүрх сэтгэлд бусдынхаас илүү их бэрхшээл нуугдаж байдаг. Алдар нэр, ашиг хонжоо, байр суурийг орхих нь хүн бүрд хэцүү;эдгээр зүйлийн уруу таталтыг хэн ч даван гарч чаддаггүй—хүмүүсийн дотоод байдал бүгд ижилхэн. Сатан ердөө алдар нэр, ашиг хонжоог л ашиглан хүнийг завхруулсан; хэдэн мянган жилийн уламжлалт соёл эдгээр зүйлийг хүмүүст суулгасаар ирсэн юм. Тиймээс хүний завхарсан уг чанар нь алдар нэр, ашиг хонжоо, байр суурьт дурлаж, эрэлхийлдэг бөгөөд гагцхүү эрэлхийлж, илэрхийлдэг арга зам нь л ялгаатай байдаг. Зарим хүн энэ талаар хэзээ ч ярилгүй, зүрх сэтгэлдээ нууцалдаг байхад зарим нь үүнийг үгээрээ илчилдэг. Эдгээр зүйлийн төлөө юунд ч санаа зовохгүйгээр тэмцдэг хүмүүс байдаг бол зарим нь тэдгээрийн төлөө тэмцэлгүй, харин ганцаар байхдаа гомдоллож, үглэж, эд зүйл эвдэх нь бий. Хэдийгээр энэ нь янз бүрийн хүмүүст өөр өөрөөр илэрдэг ч тэдний уг чанар нь яг адилхан. Тэд бүгдээрээ Бурханыг эсэргүүцдэг завхарсан хүмүүс юм. Хэрвээ чи алдар нэр, ашиг хонжоо, байр суурьт үргэлж төвлөрдөг бол, эдгээр зүйлийг хэт өндрөөр үнэлдэг бол, эдгээр зүйл зүрх сэтгэлийг чинь эзэмддэг бол, хэрвээ чи эдгээрийг орхихыг хүсдэггүй бол тэдгээрт хянуулж, хүлэгдэнэ. Чи тэдгээрийн боол болж, эцэстээ энэ нь чамайг бүрэн сүйрүүлнэ. Чи эдгээр зүйлийг орхиж, хойш тавьж, бусдыг санал болгож, бусдад онцгойрох боломж олгож сурах ёстой. Онцгойрч, ялгарах боломж гарсан даруйд завшааныг ашиглах гэж бүү тэмц, бүү сандар. Чи эдгээр зүйлийг хойш тавьж чаддаг байх ёстой, гэхдээ үүргээ гүйцэтгэхээ хойш тавьж болохгүй. Чимээгүйхэн далд байдлаар ажилладаг, үүргээ үнэнчээр биелүүлж байхдаа бусдад онгирдоггүй хүн бай. Чи нэр нүүр, байр сууриа орхих тусмаа, ашиг сонирхлоо орхих тусмаа улам амар амгалан болж, зүрх сэтгэл чинь улам цэлмэж, байр байдал чинь төдий чинээ сайжирна. Тэмцэлдэж, өрсөлдөх тусам байдал чинь улам харанхуй баргар болно. Хэрвээ чи Надад итгэхгүй бол оролдоод үз! Ийм завхарсан байдлыг өөрчилж, эдгээр зүйлд хянуулахгүй байхыг хүсвэл үнэнийг эрж хайж, эдгээр зүйлийн мөн чанарыг тодорхой ойлгож, дараа нь тэдгээрийг хойш тавьж, орхих ёстой. Эс бөгөөс тэмцэх тусам зүрх сэтгэл чинь улам харанхуйлж, атаархал, үзэн ядалт улам их мэдрэгдэж, эдгээр зүйлийг олж авах гэсэн хүсэл чинь улам хүчтэй болно. Эдгээрийг олж авах гэсэн хүсэл чинь хүчтэй байх тусам олж авч төдий чинээ чадахгүй бөгөөд олж авч чадахгүй байх тусам үзэн ядалт чинь нэмэгдэнэ. Үзэн ядалт чинь нэмэгдэх тусам дотор чинь улам харанхуйлна. Дотор чинь харанхуйлах тусам үүргийн гүйцэтгэл чинь улам муудаж, үүргээ муу гүйцэтгэх тусам Бурханы гэрт улам нэмэргүй болно. Энэ бол хоорондоо холбоотой, ёрын тойрог юм. Хэрвээ чи үүргээ сайн гүйцэтгэж хэзээ ч чаддаггүй бол аажмаар таягдан хаягдана.
Ариун Сүнс хүний дотор ажиллаж, янз бүрийн идэвхгүй байдлыг нь өөрчлөхийн тулд уг хүн идэвхтэйгээр хамтран ажиллаж, эрж хайж, заримдаа зовж, төлөөс төлж, аливаа зүйлийг орхиж, махан биеийг хаяж, замналаа алхам алхмаар эргүүлэх ёстой. Энэ нь үр дүнд хүрч, тэр хүн зөв замд ороход удаан хугацаа шаардагдана—харин Бурхан хэн нэгнийг илчлэхэд хэдхэн секунд л болно. Хэрвээ чи үүргээ сайн гүйцэтгэдэггүй, харин үргэлж онцгойрохоор оролдон, байр суурийн төлөө тэмцэж, бусдаас ялгарч, гялалзахаар үргэлж хичээж, нэр хүнд, ашиг сонирхлынхоо төлөө тэмцдэг бол ийм байдалд амьдарч байхдаа зүгээр л үйлчлэл үзүүлэгч байх биш үү? Чи хүсвэл үйлчилж болох ч үйлчлэл чинь дуусахаас өмнө илчлэгдэх боломжтой. Хүмүүс илчлэгдэх үед яллагдаж, таягдан хаягдах өдөр нь ирдэг. Тийм төгсгөлийг эргүүлэх боломжтой юу? Ингэх нь амаргүй; Бурхан тэдний төгсгөлийг аль хэдийн тодорхойлсон байж болох бөгөөд тэр тохиолдолд тэд асуудалд орно. Хүмүүс ихэвчлэн гэм буруу үйлдэж, завхарсан зан чанар харуулж, хэдэн жижиг алдаа гаргаж, аминч хүслээ хангаж, үг хэлэх, заль гаргахдаа санаархал өвөрлөдөг ч чуулганы ажлыг үймүүлж, саад хийхгүй, ихээхэн эмх замбараагүй байдал үүсгэхгүй, Бурханы зан чанарт халдахгүй, эсвэл илт ёрын муу үр дүн гаргахгүй байгаа л бол тэдэнд гэмших боломж байсаар байна. Харин тэд томоохон ёрын мууг үйлдэж, эсвэл том гай гамшиг учруулах юм бол өөрсдийгөө залруулж чадах уу? Бурханд итгэдэг, үүрэг гүйцэтгэдэг хүн ийм байдалд хүрэх нь маш аюултай. Энэ нь гэрлэсэн хос хамт амьдрахтай адилхан. Тэр хоёр бага зэрэг зөрөлдөж, хааяа нэгийгээ гомдоох зүйл хэлдэг бол нэг нэгэндээ хүлээцтэй хандаж байгаа цагт үргэлжлүүлэн хамт амьдарч чадна. Харин аль нэг нь нууц амрагийн харилцаатай болж, хань ижил нь тэр хүнийг буцаан хүлээн авч яагаад ч чадахгүй, тэр хүн ч буцаж ирэхийг хүсэхгүй бол тэр хоёр хамт амьдарч чадах уу? Тэр хүнд илүү хүлээцтэй хандаад нэмэргүй, дэмий байх болно. Ийм гэрлэлт сүйрсэн, тэд салахаас өөр яаж ч чадахгүй. Хэрвээ хоёр хүн иймдээ тулбал нэгэн дээвэр дор амьдарсаар байлаа ч гэсэн гэрлэлт нь нэр төдий л оршино. Тэдний салах эсэх нь ямар ч хамаагүй. Чи Бурханд итгэж, үүргээ гүйцэтгэдэг бөгөөд тэр цэгт хүрсэн бол—чи үнэнийг эрэлхийлж, төгс болгуулах боломжоо алдаж, зүрх сэтгэл чинь хатуурч, хэзээ ч гэмшихгүй, эргэж буцахгүй, хэдийгээр Бурхан олон боломж олгосон ч өчүүхэн төдий ч үнэнийг хүлээн авалгүйгээр байр суурийг гөжүүдлэн эрэлхийлсээр байвал—эрт орой хэзээ нэгэн цагт илчлэгдэж, таягдан хаягдах өдөр чинь ирнэ. Хэрэг явдал, нөхцөл байдал, нэг үг, эсвэл хандлага чамайг бүрмөсөн илчлэх магадлалтай. Тиймээс хэрвээ хүн Ариун Сүнсний ажлыг олж авахгүй, үнэнийг олж авахгүй бол, завхарсан, сатанлаг зан чанартаа үргэлж хүлэгдэж, хянуулдаг бол, элдэв янзын амины хүсэл, санаархал тээн амьдарч, тэдгээрээс гарч ирж чаддаггүй бол асар том аюулд орсон байна. Эрт орой хэзээ нэгэн цагт тэд бүдэрч, илчлэгдэнэ. Магадгүй чи хараахан бүдрээгүй байж болох ч дараа бүдрэхгүй гэсэн үг биш. Чи одоо үүргээ гүйцэтгэж чаддаг хэвээр байж, өөрийгөө Бурханы төлөө зарлагадах, бэрхшээл зовлон туулах жаахан хүсэлтэй, төгс болгуулахаар эрэлхийлэх жаахан хүсэлтэй байж магадгүй ч энэ нь үнэнийг ойлгох явдлыг ч, үнэн-бодит байдалд орохыг ч орлохгүй, мөн хожим бүдрэхгүй, бат зогсож чадна гэсэн үг ч биш. Зарим хүн Бурханд хэдэн жил итгэдэг ч өчүүхэн төдий ч үнэнийг ойлгодоггүй. Аливаа зүйлийн талаарх үзэл бодол нь шүтлэггүй хүмүүсийнхтэй адилхан хэвээр үлддэг. Тэд хуурамч удирдагч юм уу антихристийн илчлэгдэж, таягдан хаягдахыг харах үедээ “Бурханд итгэж, Бурханыг дагаж, Бурханы өмнө амьдрах нь нимгэн мөсөн дээр алхахтай адилхан! Хутганы ирэн дээр амьдрахтай адилхан!” гэж боддог. Бусад нь “Удирдагч, ажилчин байж, Бурханд үйлчлэх нь эрсдэлтэй. Яг л хүмүүсийн хэлдгээр ‘Хаантай ойр байх нь барын дэргэд байхтай адил аюултай.’ Ямар нэг буруу юм хийх юм уу хэлэх юм бол Бурханы зан чанарт халдаж, таягдан хаягдаж, шийтгүүлнэ!” гэж хэлдэг. Ийм үг зөв үү? “Нимгэн мөсөн дээр алхах”, “хутганы ирэн дээр амьдрах”—эдгээр үг юу гэсэн утгатай вэ? Эдгээр үг нь асар их аюул бий, цаг хором бүрд асар их аюул байдаг, өчүүхэн төдий хайнга явдал л хөл алдахад хүргэнэ гэсэн утгатай. “Хаантай ойр байх нь барын дэргэд байхтай адил аюултай” гэдэг нь шүтлэггүй хүмүүсийн дундах түгээмэл үг хэллэг юм. Энэ нь диавол хаанд ойртвол аюултай гэсэн үг. Хэрвээ хүн Бурханд үйлчлэхэд энэ үгийг хэрэглэх юм бол түүний алдаа мадаг хаана байна вэ? Диавол хааныг Бурхантай, бүтээлийн Эзэнтэй харьцуулах нь Бурханы эсрэг доромжлол биш үү? Тэр нь ноцтой асуудал юм. Бурхан бол зөвт, ариун Бурхан; хүн Бурханыг эсэргүүцэж, Бурханд дайсагнасныхаа төлөө шийтгүүлэх нь тун жам ёсны, үндэслэлтэй юм. Сатан болон диаволуудад өчүүхэн төдий ч үнэн байдаггүй; тэд бузар, ёрын муу бөгөөд гэмгүй хүмүүсийг хөнөөж, сайн хүмүүсийг залгидаг. Тэднийг яаж Бурхантай зүйрлэж болох билээ? Хүмүүс яагаад баримтыг мушгин гуйвуулж, Бурханыг гүжирддэг юм бэ? Энэ нь Бурханы эсрэг асар том доромжлол юм! Үргэлж идэвхгүй байж, үүргээ чин сэтгэлээсээ гүйцэтгэдэггүй зарим хүн засалт, харьцалт туулах үедээ таягдан хаягдана гэж санаа зовдог бөгөөд дотроо үргэлж “Бурханд итгэх нь үнэхээр нимгэн мөсөн дээр алхахтай адил юм! Ямар нэг буруу зүйл хиймэгц харьцалт туулна; хуурамч удирдагч юм уу антихрист гэх хаяг зүүмэгцээ халагдаж, таягдан хаягдана. Бурханы гэрт Бурхан уурлах нь ховорхон биш бөгөөд хүмүүс хэдэн муу зүйл хийх үедээ ганц үгээр л таягдан хаягддаг. Тэдэнд хэзээ ч гэмших боломж олгодоггүй” гэж боддог. Үнэхээр ийм байдаг уу? Бурханы гэр үнэхээр хүмүүст гэмших боломж олгодоггүй юу? (Тийм биш.) Ёрын муу хүмүүс болон антихристүүд элдэв янзын ёрын мууг үйлдэж, засалт, харьцалт туулдаг хэр нь удаа дараагийн сануулгыг үл харгалзан арга замаа өөрчилдөггүй учраас л таягдан хаягддаг. Хүмүүс тэгж бодоход ямар асуудал байна вэ? Тэд өөрсдийнхөө төлөө хуурамч шалтаг тоочиж байна. Тэд үнэнийг эрэлхийлдэггүй, сайн үйлчлэл ч үзүүлдэггүй бөгөөд цэвэрлэгдэж, таягдан хаягдахаас айсандаа гашуунаар гомдоллож, үзлээ түгээдэг. Мэдээж тэд хүн чанар муутай, үргэлж хайнга, хааш яаш байдаг, ажлаа хийхдээ идэвхгүй, хойрго. Тэд илчлэгдэж, таягдан хаягдахаас айдаг болохоор бүх бурууг чуулган болон Бурханд үүрүүлдэг. Үүний уг чанар юу вэ? Энэ нь Бурханыг шүүж, Бурханы талаар гомдоллож, Бурханыг эсэргүүцэж байгаа хэрэг. Эдгээр үг нь хамгийн илэрхий төөрөгдөл, хамгийн утгагүй үг хэллэг юм. Энэ хүмүүс тийм зүйл хэлж чадаж байна гэдэг баримт нь тэд Бурханд олон жил итгэсэн мөртөө үнэнийг хэзээ ч эрэлхийлээгүйн нотолгоо мөн. Зөвхөн энэ нь л тэднийг Бурханыг шүүх, Бурханыг эсэргүүцэх, Бурханыг доромжлох хэмжээнд хүртэл унагана. Үргэлж идэвхгүй байдаг, үнэнийг эрэлхийлдэггүй хүмүүс үнэхээр аюул дунд амьдарч байгаа нь илэрхий. Тэгвэл Бурханд итгэгчид өөрсдийгөө аюулгүй байлгаж, эдгээр аюултай нөхцөл байдлаас гаргахын тулд хэрхэн хэрэгжүүлэх ёстой вэ? Гол нь үнэнийг эрэлхийлэх замаар алхах явдал юм. Хэрвээ хүн зарим үнэнийг ойлгож чаддаг бол, үндсэндээ Бурханд дуулгавартай байж чаддаг бол харьцангуй аюулгүй, найдвартай байх болно. Үнэнийг эрэлхийлдэггүй, үнэн-бодит байдалгүй, дандаа идэвхгүй байдаг хүмүүс үргэлж таягдан хаягдах аюулд байдаг. Зүрх сэтгэлдээ үнэнээс залхдаг, үнэнийг хэрэгжүүлэх нь хэтэрхий хэцүү, тэнэг гэж үргэлж боддог хүмүүс бол хамгийн их аюулд орсон хүмүүс юм. Эрт орой хэзээ нэгэн цагт тэд илчлэгдэж, таягдан хаягдана.
Хүн ов мэхтэй, эсвэл харьцангуй гэм зэмгүй, үнэнч шударга байхаас үл хамааран хүмүүсийн санаархал, хүсэл, хольц бүгд тодорхой хэмжээнд адилхан байдаг. Хэрвээ та нар замналаа эргүүлж, эдгээр завхарсан байдлаа арилгаж, ядаж л үүргээ сайн биелүүлж чадвал хүний төрхтэй байна. Хэрвээ чи үүргээ биелүүлэх явцдаа хувийн санаархал, сэдэл, хүслээ тээсээр байвал гажуудал, алдаа гаргах тун магадлалтай бөгөөд асуудлыг зарчмын дагуу шийдвэрлэхэд, эсвэл үүргээ сайн гүйцэтгэж, Бурханы хүсэлд нийцэхэд маш хэцүү байх болно. Яагаад гэвэл, хүмүүс дэндүү хайнга, хааш яаш, хэтэрхий олон хольцоор дүүрсэн байдаг. Хэрвээ чи үүргээ сайн гүйцэтгэхийг хүсвэл эхлээд хувийн санаархал, хүслээ шийдвэрлэх ёстой. Дараа нь дотоод байдал чинь аажмаар өөрчлөгдөж, сэтгэлгээ чинь сайжирч, чиний доторх идэвхтэй элемент нэмэгдэж, хольц чинь багасаж, зүрх сэтгэл чинь илүү цэвэр, энгийн болж, чи Бурханыг сэтгэл хангалуун байлгахын тулд үүргээ сайн гүйцэтгэхийг л хүснэ. Тийм маягаар чи сатанлаг бодол санаа, үзэл бодол, эсвэл амьдралын гүн ухаанд амархан хянагдахгүй. Чи эрх чөлөө, чөлөөлөлтийг аяндаа олж авч, хийдэг бүхэн чинь амархан, аятайхан байх болно. Энэ нь хүмүүс алхахтай яг адилхан—хэрвээ тэд олон ачаа үүрч явбал алхахад маш ядаргаатай байх бөгөөд ядарч туйлдсанаасаа болоод нуран унах хүртлээ улам удаан алхана. Хэрвээ тэд тэр ачаагаа буулгавал алхахад хамаагүй илүү амархан болж, бас эрх чөлөө, чөлөөлөлтийг мэдэрнэ. Та нар өөрийнхөө олж авсан эрх чөлөө, чөлөөлөлтийн аль нэг талын тухай тэмдэглэл, эсвэл гэрчлэлийн нийтлэл бичих ёстой. Чи үнэнийг хэрхэн эрж хайсан, ямар нэг зүйл тохиолдоход ачаагаа хэрхэн буулгасан, санаархал, сэдлийнхээ алийг нь хаясан, ямархуу гэгээрэл хүлээн авсан, ямар тааламжтай мэдрэмжийг туулсан тухайгаа—эдгээр байдал, мэдлэгийнхээ талаар бичих ёстой. Энэ нь туршлагын гэрчлэл бөгөөд чамд ч, бусад хүмүүст ч аль алинд нь асар их ашиг тустай. Ийм маягаар чиний туршлага нэмэгдэж, үнэний талаарх ойлголт чинь сайжирч, эрх чөлөөтэй, чөлөөлөгдсөн өдрүүд чинь олширно. Чи эрх чөлөөтэй хүн буюу Иов шиг хүн болно. “Ехова өгсөн, Ехова буцаан авчихлаа; Еховагийн нэр алдаршиг” (Иов 1:21) гэх алдартай үгийг Иов яагаад тийм амархан хэлж чадсан бэ? Тэрээр ганцхан шөнийн дотор тийм амархан хэлсэн үү? Яавч үгүй. Тэр үгс олон өдөр, олон жил, хэдэн арван жилийн туршлагын нийлбэр байсан юм. Тэдгээр нь хэдэн арван жил хуримтлагдсан амийн туршлагын үр жимс байлаа. Үнэнийг олж авах, гэрчлэлийн үг хэлэх нь энгийн асуудал биш. Бурханд итгэхдээ үр дүнд хүрэх цорын ганц арга зам бол үнэнийг эрэлхийлэх замаар алхах явдал юм. Алдар нэр, ашиг хонжоо, байр суурийн араас хөөцөлдөхөө больсны дараа чиний хувьд юмс хавьгүй илүү хялбар болно. Үнэнийг эрэлхийлэх замд ороход амархан байх болно. Чиний туршлага үнэнийг ойлгох, бодит байдалд орох цэгт хүрэхэд чи үнэнийг олж авч, эрх чөлөө, чөлөөлөлтийг олж авсан байх болно. Тэр үед чи өөрийгөө Христийг дагаж, үнэнийг эрэлхийлснээр асар ихийг олж авчээ гэж бодно. Үнэнийг олж авахын тулд чи алдар нэр, ашиг хонжоо, байр суурийг эрэлхийлэхээ больж, гэр бүлийн хэрэг явдалд орооцолдохоо больсон байх болно. Чи Бурханыг дагаж, бүтээгдсэн зүйлийн үүргийг биелүүлж, үнэнийг аажмаар ойлгож авч, олон зүйлийг нэвт харсан байх болно. Тэгээд дахин Сатанаас болж төөрөлдөж, Сатанд хүлэгдэхгүй. Үнэн болон амийг олж авах нь хамгийн үнэ цэнтэй зүйл; үнэн бол хамгийн хайрлууштай зүйл. Үнэн бол хамгийн эрхэм нандин зүйл гэдгийг хараад чи алдар нэр, ашиг хонжоо, байр суурь, мөнгө, нэрэлхүү зан, нэр нүүр үнэ цэнгүй гэдгийг, эдгээр зүйл чамайг хохироож байсныг ухаарна. Тиймээс чи эдгээр зүйлийг жигшиж, голдог болж, тэдгээрийг орхиж чадна. Энэ нь туйлын утга учиртай. Гэсэн хэдий ч зарим хүн нэр төр, байр суурийн хязгаарлалтаас ангижирч чадахгүй байсаар байдаг. Тэд алдар нэр, ашиг хонжоо, байр суурийн төлөө бүхэл өдөржин тархиа гашилгаж, бусадтай тэмцэлддэг. Тэр ч бүү хэл нэрэлхүү зан, нэр нүүрийн зарим асуудал дээр хэл ам хийж, хэрэлддэг. Тэд үнэнийг эрж хайдаггүй, Бурханы хүсэлд ч анхаарал хандуулдаггүй. Тэд алдар нэр, ашиг хонжоо, байр суурийг өөр юунаас ч илүү өндрөөр үнэлдэг ба үр дүнд нь өчүүхэн төдий ч үнэн-бодит байдалгүйгээр эдгээр зүйлийн төлөө олон жил үймрэн гүйдэг. Тэд ямар ч үүрэг гүйцэтгэлээ гэсэн тааруухан гүйцэтгэж, амьдралынхаа ид сайхан жилүүдийг алддаг. Энэ бол үнэнийг эрэлхийлдэггүй хүмүүсийн хөөрхийлөлтэй байдал юм. Энэ хүмүүс Бурханд итгэхдээ ийм маягаар хайхрамжгүй аргацаадаг. Арав, хорин жил өнгөрсөн ч тэд үнэн юм уу амийг олж аваагүй хэвээр байдаг бөгөөд Бурханы төлөө гэрчлэл хийж чадахгүй хэвээр байдаг. Гамшиг тохиолдоход тэд гамшиг дунд хэзээ насан эцэслэхээ мэдэлгүй мэгдэн сандрах ба тэр үед харамсахад дэндүү оройтсон байх болно. Тийм учраас Бурханд итгэдэг ч үнэнийг эрэлхийлдэггүй хүмүүс эрт орой хэзээ нэгэн цагт харамсана. Яг одоо олон хүн алдар нэр, ашиг хонжоо, байр суурийн араас сохроор хөөцөлдсөөр байгаа бөгөөд харьцалт, засалт туулах үедээ асар их доромжлол амссан мэт санагддаг. Тэд нэрэлхүү зан, нэр нүүрээ хамгаалахын тулд өөрсдийнхөө төлөө худлаа шалтаг тоочиж, тайлбар тавихаар чадах бүхнээ хийдэг. Тэд завхарсан зан чанараа шийдвэрлэхийн тулд үнэнийг хүлээн авдаггүй, алдар нэр, ашиг хонжоо, байр суурийг юм бүхнээс дээгүүр тавьсаар байдаг. Ийм хүн үнэхээр өрөвдмөөр амьдралаар амьдардаг! Тэд хамгийн мунхаг, мэдлэггүй хүмүүс юм.
Яг одоо та нарын хувьд үүргээ гүйцэтгэж, завхарсан зан чанараасаа хэрхэн ангижрах, Бурханы удирдамжийг хэрхэн олж авах, үүргээ яаж үнэнчээр гүйцэтгэх, Бурханы хүслийг хэрхэн хангах, яаж хариуцлагаа биелүүлж, үүргээ гүйцэтгэхдээ хайнга, хааш яаш байхаас зайлсхийх, Бурханд зүрх сэтгэлээ хэрхэн өгөх, үүргээ гүйцэтгэх явцдаа Бурханы үгийг хэрхэн туулж, мэдэж авч, Бурханы үйл хэргийг харах зэргийг туулах хамгийн сайхан боломж юм. Ямар сайхан боломж вэ! Хэзээ нэгэн цагт та нар өөрчлөгдсөн байх үедээ нэр нүүр, байр суурийн төлөө тэмцэлдэхээ болино. Та нараас юу ч шаардсан, та нар үүнийг маш хэцүү гэж бодохгүй, үүнийг хийхэд амархан байх болно. Үнэнийг хэрэгжүүлэх, зарчмын дагуу үйлдэх, олон зүйлийг нэвт харахад амархан байна. Чи үүргээ хэвийн гүйцэтгэж бүрэн чадах ба ямар нэг хүн, үйл явдал юм уу зүйлд дахин хэзээ ч хязгаарлагдахгүй. Энэ нь үнэн-бодит байдалд бүрэн дүүрэн орж буй хэрэг юм.
2015 оны 7 дугаар сарын 16