1. Эзэний эргэн ирэлттэй холбоотой Библи дэх зөгнөлүүд одоо бараг бүгд биелсэн бөгөөд Эзэн аль хэдийн энд ирсэн байж магадгүй юм. Төгс Хүчит Бурханы Чуулган Төгс Хүчит Бурхан бол эргэн ирсэн Эзэн Есүс гэж олон нийтэд интернэтээр гэрчилж байгааг, мөн бүх шашин, урсгалаас Эзэнд үнэхээр итгэдэг, Бурханы илрэлтийг хүсэн хүлээж буй олон хүн Төгс Хүчит Бурханд эргэж ирснийг бид хардаг. Төгс Хүчит Бурхан нь Бурханы илрэлт чухамдаа мөн эсэхийг бид мэдмээр байна.

Лавлагаанд зориулсан Библийн эшлэлүүд:

“Анх Үг байв, Үг Бурхантай хамт байсан ба Үг нь Бурхан байлаа” (Иохан 1:1).

“Би бол зам, үнэн, амь юм. Надаар дамжилгүйгээр хэн ч Эцэгт хүрэхгүй” (Иохан 14:6).

Холбогдох Бурханы үг:

Бурханы илрэлт гэдэг нь Тэр газар дэлхий дээр ажлаа хийхээр Өөрөө биечлэн ирэхийг хэлдэг. Тэрээр эрин үеийг эхлүүлж, эрин үеийг төгсгөх ажил явуулахын тулд Өөрийн ялгамж чанар, зан чанартайгаар, мөн Өөрийн төрөлх арга замаар хүн төрөлхтний дунд буудаг. Энэ төрлийн илрэлт нь нэг төрлийн ёслол биш юм. Энэ бол тэмдэг, дүр зураг, гайхамшиг, ямарваа агуу үзэгдэл биш, нэг төрлийн шашны зан үйл ч биш. Энэ бол хэний ч харж, хүрч болох жинхэнэ, бодит баримт билээ. Энэ төрлийн илрэлт нь ёс төдий зүйл хийхийн төлөө, эсвэл богино хугацааны даалгаврын төлөө байдаггүй; харин Түүний удирдлагын төлөвлөгөөний ажлын нэг үе шатны төлөө байдаг. Бурханы илрэлт нь үргэлж утга учиртай байдаг бөгөөд Түүний удирдлагын төлөвлөгөөтэй ямар нэг байдлаар үргэлж холбоотой байдаг. Энд буй илрэлт гээч нь Бурхан хүнийг залж, чиглүүлж, гэгээрүүлдэг төрлийн “илрэлт”-ээс тэс өөр юм. Бурхан Өөрийгөө илчлэх бүрдээ агуу ажлын нэг алхмыг хийдэг. Энэ ажил нь өөр ямар ч эрин үеийн ажлаас өөр билээ. Энэ нь хүний ухаан санаанд багтамгүй ба хүн үүнийг хэзээ ч туулж байгаагүй. Энэ бол шинэ эрин үеийг эхлүүлж, хуучин эрин үеийг төгсгөдөг ажил бөгөөд хүн төрөлхтнийг аврахын төлөө шинэчилж, сайжруулсан ажлын нэг хэлбэр юм; түүнчлэн энэ нь хүн төрөлхтнийг шинэ эрин үе рүү аваачдаг ажил билээ. Энэ бол Бурханы илрэлтийн утга учир юм.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Хавсралт 1: Бурханы илрэлт шинэ эрин үеийг авчирсан

Бид Бурханы мөрийг хайж байгаа тул Бурханы хүсэл, Бурханы үг, айлдварыг хайх нь зохистой—учир нь Бурхан хаана шинэ үгээ хэлнэ, Бурханы дуу хоолой тэнд байх бөгөөд Бурханы мөр хаа байна, Бурханы үйл хэрэг тэнд байдаг. Бурханы илэрхийлэл хаа байна, тэнд Бурхан илэрдэг, Бурхан хаана илэрнэ, тэнд үнэн, зам, амь оршдог. Та нар Бурханы мөрийг эрж хайхдаа “Бурхан бол үнэн, зам, амь” гэх үгийг үл тоомсорлосон. Иймээс олон хүн үнэнийг хүлээн авах үедээ ч гэсэн Бурханы мөрийг олсон гэдэгтээ итгэдэггүй бөгөөд Бурханы илрэлтийг бүр ч хүлээн зөвшөөрдөггүй. Ямар ноцтой алдаа гээч! Бурханы илрэлтийг хүний үзэлд нийцүүлэх боломжгүй, Бурхан хүний хүсэлтээр гарч ирэх бүр ч боломжгүй. Бурхан ажлаа хийх үедээ Өөрөө сонголтоо хийж, төлөвлөгөөгөө Өөрөө гаргадаг; түүнчлэн Өөрийн гэсэн зорилго, арга барилтай байдаг. Тэрээр ямар ч ажил хийлээ гэсэн энэ тухай хүнтэй хэлэлцэж, хүний зөвлөгөөг эрж хайх шаардлагагүй, мөн хүн нэг бүрд ажлынхаа талаар мэдэгдэх шаардлага ч байхгүй. Энэ бол хүн бүрийн мэдэх ёстой Бурханы зан чанар юм. Та нар Бурханы илрэлтийг нүдээр үзэж, Бурханы мөрийг дагая гэвэл эхлээд өөрсдийнхөө үзлээс холдох ёстой. Та нар Бурханаас ингэ, тэг гэж шаардах ёсгүй, Түүнийг өөрийнхөө баригдмал сэтгэлгээнд хорьж, үзлээрээ хязгаарлах ч ёсгүй. Харин та нар Бурханы мөрийг хэрхэн хайх ёстой, Бурханы илрэлтийг хэрхэн хүлээн авах ёстой, Бурханы шинэ ажилд хэрхэн захирагдах ёстой талаар өөрсдөөсөө асуух хэрэгтэй; хүний хийх ёстой зүйл бол энэ. Хүн бол үнэн биш, мөн үнэнийг эзэмшдэггүй тул эрж хайж, хүлээн зөвшөөрч, дуулгавартай дагах ёстой.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Хавсралт 1: Бурханы илрэлт шинэ эрин үеийг авчирсан

Орчлон даяар Би Өөрийн ажлыг хийж байна, зүүн зүгт аянга цахилгаан зогсолтгүй цахилж, бүхий л үндэстэн, урсгалыг доргиодог. Миний дуу хоолой бүх хүнийг өнөөдөр лүү хөтөлсөн. Би бүх хүнийг дуу хоолойгоороо байлдан дагуулж, энэ урсгалд оруулж, Өөрийнхөө өмнө дуулгавартай байлгадаг, учир нь Би аль эрт Өөрийн алдар сууг бүх дэлхийгээс эгүүлэн татаж, зүүн зүгт шинээр гаргасан. Миний алдар сууг харахыг хүсэн хүлээдэггүй хэн байна вэ? Намайг эргэн ирэхийг сэтгэл түгшин хүлээдэггүй хэн байна вэ? Миний дахин илрэлтээр цангахгүй хэн байна вэ? Миний хайр татам байдлыг санагалзахгүй хэн байна вэ? Гэрэл рүү гарч ирэхгүй байх хэн байна вэ? Канааны баян тансаг руу хараа бэлчээхгүй хэн байх вэ? Золин аврагч эргэн ирэхийг хүсэн хүлээхгүй хэн байх вэ? Агуу эрх мэдэлтэй Түүнийг эрхэмлэн хайрладаггүй хэн байна вэ? Миний дуу хоолой дэлхий даяар тархах болно; Би сонгосон хүмүүстэйгээ нүүр тулж, тэдэнд илүү олон үг хэлнэ. Уул, усыг доргиох хүчит аянга шиг бүх орчлон ертөнц, хүн төрөлхтөнд хандан Би үгээ хэлдэг. Тиймээс, Миний аман дахь үгс хүний эрдэнэ болж, хүмүүс бүгд Миний үгийг нандигнадаг. Аянга цахилгаан зүүнээс баруун зүг хүртэл цахилдаг. Миний үгс хүн татгалзхааргүй байхын зэрэгцээ ойлгохын аргагүй боловч тэгэх тусмаа баярлан хөөрмөөр байдаг. Бүх хүн дөнгөж төрсөн нярай мэт Миний ирснийг тэмдэглэж, баяр хөөртэй байна. Дуу хоолойгоороо дамжуулан Би бүх хүнийг Өөрийнхөө өмнө авчрах болно. Түүнээс хойш Би албан ёсоор хүмүүсийн эгнээнд орох бөгөөд ингэснээр тэд Намайг шүтэн биширнэ. Цацруулж буй алдар суу, аман дахь үгээрээ Би бүх хүнийг өмнөө ирүүлэн, зүүн зүгээс аянга цахилж, зүүн зүгийн “Чидун жимсний уулан” дээр Өөрийгөө бууж ирснийг харуулна. Намайг иудейчүүдийн Хүүгийн хувьд биш, харин Зүүн зүгийн аянга болж газар дээр аль эртнээс байсныг тэд харах болно. Учир нь Би дахин амилж, хүн төрөлхтний дундаас холдон яваад удаж байгаа бөгөөд хүмүүсийн дунд алдар суутайгаар дахин гарч ирсэн. Би бол одоогоос тоолж баршгүй олон эрин үеийн өмнө шүтэгдэж байсан Тэр нэгэн, мөн Би одоогоос тоолж баршгүй олон эрин үеийн өмнө израильчуудын хаясан нярай билээ. Түүнээс гадна, Би энэ эрин үеийн хамгийн алдан суут Төгс Хүчит Бурхан билээ! Бүгд Миний сэнтийн өмнө ирж, Миний алдар суут төрхийг харж, дуу хоолойг минь сонсож, Миний үйлсийг харцгаа. Энэ бол Миний бүхий л хүсэл; Миний төлөвлөгөөний төгсгөл, оргил үе, мөн Миний удирдлагын зорилго: улс орон болгон Намайг шүтэн мөргөж, хэл болгон Намайг хүлээн зөвшөөрч, хүн бүр итгэлээ Надад өгч, бүх хүн Надад захирагдана!

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Долоон Аянгын Нүргээн—Хаанчлалын сайн мэдээ ертөнц даяар тархахыг зөгнөж байна

Энэ удаа Бурхан сүнслэг биеэр биш, харин тун эгэл жирийн биеэр ажиллахаар ирсэн. Түүнээс гадна, энэ нь Бурханы махбод болсон хоёр дахь бие төдийгүй, бас махбодод Бурханы эргэн ирсэн бие юм. Энэ бол маш эгэл жирийн махбод. Чи Түүнээс бусдаас онцгойроод байх зүйл юу ч олж харж чадахгүй ч урьд өмнө нь хэзээ ч сонсож байгаагүй үнэнийг Түүнээс олж авах боломжтой. Энэ өчүүхэн жаахан махбод л Бурханаас ирсэн үнэний бүх үгийн биелэл болж, эцсийн өдрүүд дэх Бурханы ажлыг гүйцэтгэж, хүнд ойлгуулахын тулд Бурханы зан чанарыг бүхэлд нь илэрхийлдэг. Чи тэнгэр дэх Бурханыг харахыг үнэхээр их хүсдэггүй гэж үү? Чи тэнгэр дэх Бурханыг ойлгохыг үнэхээр их хүсдэггүй гэж үү? Чи хүн төрөлхтний хүрэх газрыг харахыг үнэхээр их хүсдэггүй гэж үү? Тэр чамд өөр хэний ч хэлж чадаагүй энэ бүх нууцыг хэлнэ, Тэр бас чиний ойлгодоггүй үнэнийг хэлж өгнө. Тэр бол хаанчлалд орох чиний хаалга, шинэ эрин үе рүү дагуулах чиний хөтөч юм. Ийм эгэл жирийн махбод ойлгохын аргагүй олон нууцыг агуулдаг. Түүний үйл хэрэг чамд ойлгомжгүй байж болох ч Тэр бол хүмүүсийн боддог шиг энгийн махбод биш гэдгийг хийж буй ажлынх нь бүхий л зорилго чамд хангалттай харуулдаг. Учир нь Тэрээр Бурханы хүслийг болон эцсийн өдрүүдэд хүн төрөлхтөнд Бурханы үзүүлсэн хайр халамжийг төлөөлдөг. Хэдийгээр чи тэнгэр, газрыг доргиох мэт Түүний үгийг сонсож чадахгүй, галын дөл мэт дүрэлзэн буй Түүний нүдийг харж чадахгүй, мөн Түүний төмөр савааны сахилгажуулалтыг хүлээн авч чадахгүй ч Түүний үгээс Бурхан уур хилэнтэй гэдгийг сонсож, Бурхан хүн төрөлхтөнд энэрэнгүй ханддагийг мэдэж авч чадна; чи Бурханы зөвт зан чанар, мэргэн ухааныг олж харахын сацуу бүх хүн төрөлхтнийг гэх Бурханы анхаарал халамжийг ухаарч чадна. Эцсийн өдрүүд дэх Бурханы ажил нь тэнгэр дэх Бурхан газар дээрх хүмүүсийн дунд амьдарч байгааг хүнд харуулж, Бурханыг мэдэх, дуулгавартай дагах, хүндэтгэх, хайрлах боломжийг хүмүүст олгохын төлөө байдаг. Ийм учраас Тэр махбодоор хоёр дахь удаагаа эргэж ирсэн. Өнөөдөр хүмүүсийн хардаг зүйл бол хүнтэй адилхан, нэг хамар, хоёр нүдтэй, гойд зүйлгүй Бурхан ч гэлээ, хэрэв энэ хүн байгаагүй бол тэнгэр, газар асар их өөрчлөгдөх байсан, мөн энэ хүн байгаагүй бол тэнгэр бүүдийж, газар дэлхий эмх замбараагүй байдалд автан, бүх хүн төрөлхтөн өлсгөлөн, тахал дунд амьдрах байсан гэдгийг эцэст нь Бурхан та нарт харуулна. Хэрэв бие махбодтой болсон Бурхан эцсийн өдрүүдэд та нарыг аврахаар ирээгүй бол Бурхан бүх хүн төрөлхтнийг аль эрт тамд устгах байсан; хэрэв энэ махбод байгаагүй бол та нар үүрд хүнд нүгэлтэн болж, үргэлжийн мөнхөд цогцос болох байсныг Тэр та нарт харуулна. Хэрэв энэ махбод байгаагүй бол бүх хүн төрөлхтөнд зайлахын аргагүй гамшиг нүүрлэж, эцсийн өдрүүдэд хүн төрөлхтөнд Бурханы оноох илүү хүнд шийтгэлээс зайлж зугтах боломжгүй болох байсныг та нар мэдэх ёстой. Хэрэв энэхүү эгэл жирийн махбод төрөөгүй бол та нар бүгд амьдарч чадахгүй атлаа амьдрал гуйж, үхэж чадахгүй мөртөө үхлийн төлөө залбирах байдалд орох байлаа. Хэрэв энэ махбод байгаагүй бол та нар үнэнийг олж авч, өнөөдрийн Бурханы сэнтийн өмнө ирж чадахгүй, харин жигшүүрт нүглийнхээ улмаас Бурханд шийтгүүлэх байсан юм. Хэрвээ Бурхан махбодоор эргэж ирээгүй бол хэнд ч аврагдах боломж олдохгүй байх байсан; энэ махбод ирээгүй бол Бурхан аль эрт хуучин эрин үеийг төгсгөх байсан гэдгийг та нар мэдсэн үү? Ийм байтал, хоёр дахь удаагаа бие махбодтой болсон Бурханыг та нар голсоор байж чадна гэж үү? Та нар энэхүү эгэл жирийн хүнээс маш их ашиг тус хүртэж чадах байтал яагаад Түүнийг баяртайгаар хүлээн авахгүй байна вэ?

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурхан хүмүүсийн дунд агуу зүйл хийснийг чи мэдсэн үү?

Бурхан айлдваруудаа үргэлжлүүлэн, янз бүрийн арга барил, өнцөг ашиглан, бидэнд юу хийх ёстой талаар сануулахын зэрэгцээ Өөрийнхөө зүрх сэтгэлийг илэрхийлдэг. Түүний үгэнд амийн хүч чадал агуулагддаг бөгөөд алхах ёстой замыг маань зааж, үнэн гэж юу болохыг ойлгох боломж олгодог. Бид Түүний үгэнд татагдаж, Түүний ярьдаг өнгө, хэв маягт анхааран, энэхүү онц гойд зүйлгүй хүний сэтгэлийн үгийг далд ухамсартаа сонирхож эхэлдэг. Тэр бидний өмнөөс ажиллахад бүх хөлс хүчээ зориулж, бидний төлөө нойр хоолоо хасан, мэгшин уйлж, бидний төлөө санаа алдаж, өвдсөндөө ёолж, бидний хүрэх газар, авралын төлөө доог тохуу болдог ба бидний хөшүүн, тэрслүү байдал Түүний зүрхнээс нулимс, цус урсгадаг. Өөр ямар ч эгэл хүн Тэр юу болох Түүнд юу байгаа шиг байдаггүй, мөн үүнийг ямар ч завхарсан хүн эзэмшиж, олж авч чадахгүй. Тэрээр ямар ч эгэл хүнд баймгүй хүлээцтэй байдал, тэвчээрийг харуулдаг бөгөөд Түүнийх шиг хайр ямар ч бүтээгдсэн зүйлд заяадаггүй юм. Түүнээс өөр хэн ч бидний бүх бодлыг мэдэж чадахгүй, бас уг чанар болон мөн чанарын маань талаар ийм тодорхой, бүрэн мэдэж, хүн төрөлхтний тэрслүү байдал, завхралыг шүүн, тэнгэр дэх Бурханы өмнөөс ингэж бидэнд үг хэлж, бидэн дээр ажиллаж чадахгүй. Түүнээс өөр хэнд ч Бурханы эрх мэдэл, мэргэн ухаан, эрхэм чанар байдаггүй; Бурханы зан чанар болоод Бурханд юу байгаа, Тэр юу болохыг Тэр бүхэлд нь илэрхийлдэг. Түүнээс өөр хэн ч бидэнд замыг зааж, гэрэл авчирч чадахгүй. Түүнээс өөр хэн ч бүтээлээс хойш өнөөдрийг хүртэл Бурханы задлаагүй нууцуудыг илчилж чадахгүй. Түүнээс өөр хэн ч биднийг Сатаны хүлээс болон завхарсан зан чанараас маань аварч чадахгүй. Тэрээр Бурханыг төлөөлдөг. Бурханы зүрх сэтгэлийн үг болон Бурханы захиас, бүх хүн төрөлхтөнд хандсан Бурханы шүүлтийн үгийг Тэрээр илэрхийлдэг. Тэрээр шинэ эрин, шинэ үеийг эхлүүлсэн бөгөөд шинэ тэнгэр, газар, шинэ ажлыг залан авчирч, бидэнд итгэл найдвар авчран, тодорхойгүй байдалд амьдарч байсан амьдралыг маань эцэслэж, авралын замыг бүрэн тодорхой харах боломжийг бүхий л оршихуйд маань олгосон юм. Тэрээр бидний бүхий л оршихуйг байлдан дагуулж, зүрх сэтгэлийг маань олж авсан билээ. Тэр мөчөөс хойш бидний зүрх сэтгэл ухамсартай болж, сүнс маань дахин амилах мэт болсон: Бидний дунд амьдардаг, бидний аль эртнээс голж ирсэн энэхүү эгэл, шалихгүй хүн бол унтаа сэрүүний алинд ч ямагт бидний бодолд байдаг, бидний өдөр, шөнөгүй хүсэн хүлээдэг Эзэн Есүс биш гэж үү? Тэр мөн! Үнэхээр мөн! Тэр бол бидний Бурхан! Тэр бол үнэн, зам, амь! Тэрээр бидэнд дахин амьдарч, гэрлийг харах боломж олгон, зүрх сэтгэлийг маань хэрэн хэсэхээргүй болгосон. Бид Бурханы гэрт, Түүний сэнтийн өмнө эргэн ирсэн бөгөөд Түүнтэй нүүр тулан уулзаж, Түүний дүр төрхийг нүдээр үзэж, урд байгаа замыг харсан. Энэ мөчид Тэрээр бидний зүрх сэтгэлийг бүрэн байлдан дагуулсан; бид Түүний хэн бэ гэдэгт эргэлзэхээ больж, ажил, үгийг нь эсэргүүцэхээ зогсоон, Түүний өмнө нүүрээрээ газар унан мөргөдөг. Бид үлдсэн амьдралынхаа туршид Бурханы мөрийг дагаж, Түүгээр төгс болгуулж, Түүний нигүүлслийг болон биднийг гэх хайрыг нь хариулан, Түүний зохион байгуулалт, зохицуулалтыг дуулгавартай дагаж, Түүний ажилтай хамтран ажиллаж, бидэнд даалгасан зүйлийг нь гүйцэлдүүлэхийн төлөө чадах бүхнээ хийхийг л хүсдэг билээ.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Хавсралт 4: Бурханы шүүлт, гэсгээлтээс илрэлтийг нь харахуй

Хэрвээ хүмүүс Нигүүлслийн эрин үед гацаж үлдвэл Бурханы төрөлх зан чанарыг мэдэх нь бүү хэл, өөрсдийн завхарсан зан чанараас хэзээ ч ангижрахгүй. Хүмүүс үргэлж арвин их нигүүлслийн дунд амьдардаг мөртөө Бурханыг мэдэж, Бурханыг сэтгэл хангалуун байлгах боломжийг өөрсдөд нь олгодог амийн замгүй байдаг бол итгэлдээ Бурханыг үнэхээр олж авч хэзээ ч чадахгүй. Энэ төрлийн итгэл үнэхээр өрөвдөлтэй. Энэ номыг уншиж дуусаад, Хаанчлалын эрин үед бие махбодтой болсон Бурханы ажлын алхам бүрийг туулсан үедээ чи олон жил тээсэн итгэл найдвар чинь эцэстээ биелснийг мэдрэх болно. Одоо л чи Бурханыг үнэхээр нүүр тулан харсан гэдгээ мэдэрнэ; одоо л Бурханы царайг ширтэж, Бурханы хувийн айлдварыг сонсож, Бурханы ажлын мэргэн ухааныг ойлгож, Бурхан хэчнээн бодитой бөгөөд төгс хүчтэй болохыг үнэхээр мэдэрсэн гэж чамд санагдана. Өнгөрсөн үеийн хүмүүсийн хэзээ ч харж, эзэмшиж байгаагүй олон зүйлийг олж авсан гэдгээ чи мэдэрнэ. Энэ үед чи Бурханд итгэх гэж юу болох, Бурханы хүсэлд нийцэх гэж юу болох талаар тодорхой мэднэ. Мэдээж, хэрвээ чи өнгөрсөн үеийн үзэл бодолтой зууралдаж, хоёр дахь удаагаа бие махбодтой болсон Бурханы тухай баримтыг голж, эсвэл үгүйсгэвэл юу ч олж авалгүй гар хоосон үлдээд, эцэст нь Бурханыг эсэргүүцсэн гэмтэй гэж хэлүүлнэ. Үнэнийг дуулгавартай дагаж, Бурханы ажилд захирагддаг хүмүүс хоёр дахь удаагаа бие махбодтой болсон Бурхан—Төгс Хүчитийн нэрэн дор орно. Тэд Бурханы хувийн удирдамжийг хүлээн авч, илүү их, илүү өндөр үнэнийг олж авч, бас жинхэнэ амьдралыг хүлээн авч чадна. Тэд өнгөрсөн үеийн хүмүүсийн хэзээ ч харж байгаагүй үзэгдлийг харна: “Би өөртэй минь ярьсан хоолойн зүг эргэж хараад долоон алтан дэнгийн суурийг үзэв; долоон алтан дэнгийн суурийн голд нь хөлөө хүрсэн өмсгөлтэй, алтан бүсээр цээжээ бүсэлсэн хүний Хүүгийн дүртэй Нэгэн зогсож байв. Түүний толгой болон үс нь ноос мэт, цас мэт цав цагаан; нүд нь галын дөл мэт; хөл нь зууханд шатааж өнгөлсөн гууль адил; дуу хоолой нь их усны шуугиан мэт байлаа. Тэрээр баруун гартаа долоон од барьсан: амнаас нь хоёр талдаа хурц иртэй илд гарсан: царайг нь харвал хурц нар мэт гэрэлтэж байв” (Илчлэл 1:12–16). Энэ үзэгдэл нь Бурханы бүхий л зан чанарын илэрхийлэл бөгөөд Түүний бүхий л зан чанарын илэрхийлэл нь бас энэ удаа бие махбодтой болсон Бурханы ажлын илэрхийлэл юм. Гэсгээлт, шүүлтийн урсгалд хүний Хүү айлдвараараа дамжуулан төрөлх зан чанараа илэрхийлж, Түүний гэсгээлт, шүүлтийг хүлээн авдаг бүх хүнд хүний Хүүгийн жинхэнэ царайг харах боломж олгодог нь Иоханы харсан хүний Хүүгийн нүүр царайн үнэн зөв дүрслэл юм. (Мэдээж, Хаанчлалын эрин үе дэх Бурханы ажлыг хүлээн авдаггүй хүмүүст энэ бүхэн үзэгдэхгүй.) Хүний хэлийг ашиглан Бурханы жинхэнэ нүүр царайг бүрэн илэрхийлж чадахгүй тул Бурхан Өөрийн жинхэнэ царайг хүнд харуулахын тулд төрөлх зан чанараа илэрхийлэх аргыг ашигладаг. Өөрөөр хэлбэл, хүний Хүүгийн төрөлх зан чанарыг ойлгосон бүх хүн нь хүний Хүүгийн жинхэнэ царайг харсан билээ, учир нь Бурхан дэндүү агуу бөгөөд хүний хэлээр бүрэн илэрхийлэх аргагүй. Хүн Хаанчлалын эрин үе дэх Бурханы ажлын алхам бүрийг туулмагцаа дэнгүүдийн дундах хүний Хүүгийн талаар хэлсэн Иоханы үгийн жинхэнэ утгыг мэднэ: “Түүний толгой болон үс нь ноос мэт, цас мэт цав цагаан; нүд нь галын дөл мэт; хөл нь зууханд шатааж өнгөлсөн гууль адил; дуу хоолой нь их усны шуугиан мэт байлаа. Тэрээр баруун гартаа долоон од барьсан: амнаас нь хоёр талдаа хурц иртэй илд гарсан: царайг нь харвал хурц нар мэт гэрэлтэж байв.” Тэр үед чи, маш олон үг хэлсэн энэ эгэл махбод нь хоёр дахь удаа бие махбод болсон Бурхан гарцаагүй мөн гэдгийг ямар ч эргэлзээгүйгээр мэднэ. Түүнчлэн, хэчнээн их ерөөгдсөнөө үнэхээр мэдэрч, хамгийн хувьтай хүн гэдгээ мэдэрнэ. Чи энэхүү ерөөлийг хүлээн авахыг хүсэхгүй байна гэж үү?

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Өмнөх үг

Өмнөх: 2. Янз бүрийн шашны урсгал шашны ёслолыг чанд сахидаг мэт одоо харагдах боловч пасторууд нь зөвхөн Библи болон шашны онолоос авсан үг, хэллэгийг номлоход л анхаарч, Ариун Сүнсний гэгээрэл, гэрэлтүүлэлт огт байдаггүй. Итгэгчдийн амийг огт хангахгүй байдаг. Тэд Эзэнд олон жилийн турш итгэж ирсэн боловч үнэнийг мэддэггүй, Эзэний үгийг хэрэгжүүлэх чадваргүй байдаг. Эзэнд итгэх тэдний итгэл шашны итгэл үнэмшлээс өөр юу ч биш болжээ. Өнөөдөр чуулганууд яагаад шашин руу уруудсаныг би ойлгохгүй байна.

Дараах: 2. Бидний ойлгосноор Төгс Хүчит Бурханы Чуулган бол шинээр гарч ирж буй Христийн чуулган гэдгийг олон улсын нэр хүнд бүхий хэд хэдэн шашны шинжээч, эрдэмтэн судлаачид хүлээн зөвшөөрсөн. Төгс Хүчит Бурханы Чуулган болон уламжлалт Христийн шашин хоёрын хооронд ямар ялгаа байдаг вэ?

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Messenger дээр бидэнтэй холбоо барих