Үнэнийг хэрхэн эрэлхийлэх вэ (25)

Бидний сүүлийн нөхөрлөлийн агуулга “Өөрийнхөө болон Бурханы хоорондох саад тотгор, Бурханд хандах дайсагналаа орхих нь” гэх сэдэвтэй холбоотой байсан бөгөөд ялангуяа Бурханы махбод болсон биетэй холбоотой талуудыг хөндсөн. Хүмүүс Бурханы махбод болсон биеийг хэрхэн танин мэдэж, Түүнд хэрхэн хандах ёстой талаар бид нөхөрлөсөн. Эхний зарчим бол бие махбодтой болсон Бурханыг тэнгэр дэх Бурхантай харьцуулахгүй байх явдал. Хоёр дахь нь юу вэ? (Хоёр дахь нь бие махбодтой болсон Бурханыг завхарсан хүн төрөлхтөнтэй адилтган үзэхгүй байх явдал.) Хэрвээ та нар энэ хоёр зарчмыг мэддэг бол бие махбодтой болсон Бурханыг тэнгэр дэх Бурхантай бүү харьцуул, мөн бие махбодтой болсон Бурханыг завхарсан хүн төрөлхтөнтэй бүү адилтга—ингэвэл асуудал шийдвэрлэгдэнэ. Одоо та нар бие махбодтой болсон Бурханыг танин мэдэх юм уу Түүнд хэрхэн хандах тал дээр ямар нэгэн шинэ ойлголттой болсон уу? Та нар бие махбодтой болсон Бурханы талаарх өмнөх үзэл, төсөөллийнхөө заримыг орхиж, газар дээрх Бурханыг илүү бодитоор танин мэдэж чадсан уу? Бурханы талаарх өмнөх бодол, ойлголт, эсвэл хандлагын чинь зарим нь хүний үзэл, төсөөллийн үр дүн байсныг ухаарсан уу? Одоо, ийм маягаар нөхөрлөснөөр дамжуулан юун түрүүнд мэдлэгийн тухайд та нар бие махбодтой бололтын талаарх олон үзэл, төсөөллөө залруулсан бөгөөд цаашдаа Бурханд хандах хандлага, арга зам чинь ч бас арай илүү бодит, үнэн зөв болж чадна. Та бүхэнд энэ тал дээр туршлагаар олсон мэдлэг байгаа юу? (Тийм ээ. Өмнө нь би Бурханы махбод болсон биеийн талаар хийсвэр үзэл, төсөөлөлтэй байсан бөгөөд Бурхан бүхнийг ойлгодог, бүхнийг мэддэг гэж санагддаг байсан. Өнгөрсөн хоёр удаагийн Бурханы нөхөрлөлөөр дамжуулан бие махбодтой болсон Бурхан тун хэвийн, бодит гэдгийг би ойлгож авсан. Жишээлбэл, Тэрээр аль нэг улс оронд очихдоо орон нутгийн хууль тогтоомжийг бас судалж, дүрэм журамд нийцүүлэн биеэ авч явж, үүргээ ухамсарлан аливааг хийхийг итгэл үнэмшлээ болгодог. Энэ хэсэг миний сэтгэлийг бага зэрэг хөндсөн, учир нь би дүрэм журамд нийцүүлэн биеэ авч явж, үүргээ ухамсарлан аливааг хийдэггүй; заримдаа би сахилга батгүй байдаг, тэр ч байтугай цоорхой ашиглахыг хүсдэг. Бурханы нөхөрлөлийг сонссоны дараа миний зүрх сэтгэл дэх Бурханы дүр гэнэт бодит, тодорхой болсон мэт надад санагдсан.) Одоо, энэхүү агуулгын талаар нөхөрлөснөөр хүмүүс Бурханы талаар арай илүү объектив, бодит мэдлэг, мэдрэмжтэй болсон. Эдгээр мэдрэмж нь чамд Бурханы бодит оршин тогтнолыг бүр ч илүү мэдрүүлж байна уу, эсвэл бие махбодтой болсон Бурхан маш хэвийн, бодитоор ярьж, үйлдэж байгааг харах нь чамд Бурханыг дэндүү эгэл жирийн—бүр төсөөлөхийн аргагүй гэж санагдуулан, харин ч чамд эргэлзээ төрүүлж, Бурханаас улам холдоход хүргэж байна уу? Бурханы хэвийн, бодит байдлын эдгээр илрэл нь ихэнх хүний дотроо тээдэг Бурханы талаарх үзэл, төсөөлөлтэй огт нийцдэггүй; тэдгээр нь асар ялгаатай бөгөөд хүмүүсийн хэзээ ч бодож байгаагүй зүйл юм. Тэгвэл энэ агуулгыг сонссоны дараа чи Бурханы махбод болсон биед маш их урам хугарч байна уу? (Үгүй. Сонссоны дараа Христийн дүр зүрх сэтгэлд минь илүү тодорхой болсон мэт санагдаж, Тэрээр маш ойр дотно санагдаж байна. Уг нь би Христийг тэнгэр дэх Бурхан газар дээр ирсэн бөгөөд Тэр маш сүрлэг, агуу байх ёстой гэж боддог байсан. Гэвч одоо би Христ маш эгэл жирийн, бодит болохыг харж байна; Тэрээр хүний ертөнцийн хууль тогтоомжийг мөн адил дагаж мөрддөг, үүний зэрэгцээ үнэнийг бодитоор илэрхийлж биднийг хангадаг. Тэр надад туйлын бодит, тодорхой санагдаж байна. Бурхантай харилцах харилцаа минь тийм ч хол хөндий байхаа больж, харин ч Бурхантай улам ойртсон мэт надад санагдаж байна.) Та нар бүгд ингэж мэдэрч байна уу? Та нар бүгд үүнтэй төстэй зүйл олж авсан уу? (Тийм.) Тийм бол энэ агуулгын талаар нөхөрлөх шаардлагатай хэвээр байна. Энэ бол хүмүүст хэрэгтэй, хүмүүсийн эзэмших ёстой үнэний нэг тал юм; энэ нь зайлшгүй чухал. Үнэнийг эрэлхийлэх явцад хүмүүсийн заавал ойлгох ёстой зүйл бол үнэний энэ тал юм. Хүмүүс үнэний энэ талыг ойлгомогц хүмүүс болон Бурханы хоорондын харилцаа илүү хэвийн болно. Тийм үү? (Тийм.) Энэхүү агуулга нь голчлон Бурханы махбод болсон биеийн хэвийн, бодит байдлын зарим илрэлийн талаарх нөхөрлөлийг хамарч, Бурханы махбод болсон биеийн мөн чанар, түүнчлэн Түүний биеэ авч явах, аливааг хийх зарим эхлэлийн цэг болон зарчмыг мэдэх боломжийг хүмүүст олгодог. Эдгээр эхлэлийн цэг, зарчим болон аливааг хийх тодорхой үзэл бодлыг мэдсэнээр хүмүүс Бурханыг илүү объектив, бодитоор ойлгож, Түүний хэвийн, бодит байдлыг ойлгож чадна.

Бие махбодтой болсон Бурханы хэвийн, бодит байдлыг ойлгосноор чи тэнгэр дэх Бурханы талаарх зарим үзэл, төсөөллөө танин мэдэж чадах ёстой биш үү? Бие махбодтой болсон Бурхан хүмүүсийн дунд ирэхдээ биеэ авч явж, аливааг хийхдээ дүрэм журамд нийцүүлэн биеэ авч явж, үүргээ ухамсарлан аливааг хийх зарчмыг баримталдаг. Тэгвэл тэнгэр дэх Бурханы хувьд ямар вэ? Хэдийгээр Түүнд биеэ авч явах тодорхой зан авир байдаггүй, мөн Тэрээр биеэ авч явах янз бүрийн талуудад оролцдоггүй ч Библийн тэмдэглэлд үндэслэсэн ч бай, эсвэл Бурханы үйлдлийн талаарх хүмүүсийн ойлголт, ухамсар, туршлагад үндэслэсэн ч бай, Бурхан аливааг хэрхэн хийдгийг харвалбие махбодтой болсон Бурханы биеэ авч явж, аливааг хийдэг мөн чанар болон зарчимтай зөрчилдөх зүйл байна уу? (Үгүй.) Онолын хувьд ямар ч зөрчил байхгүй гэдэгт бид бат итгэлтэй байж чадах ёстой. Хэдийгээр тэнгэр дэх Бурхан хүмүүст харагдаж, баригддаггүй ч Тэр бас үүргээ ухамсарлан, бодитоор аливааг хийдэг. Бурханы махбод болсон биед хүмүүсийн харж, танин мэдэж чадах хэвийн, бодит тал байдаг бөгөөд тэнгэр дэх Бурханд ч бас хэвийн, бодит тал байдаг. Бид Бурханы хүч чадал, эрх мэдэл, мэргэн ухаан, төгс хүчин гэх мэт зүйлсийн талаар ярихгүй—энэ бол Бурханыг танин мэдэх, Бурханы мөн чанарыг танин мэдэх, Бурханы ялгамж чанарыг танин мэдэх нэг тал бөгөөд энэ нь та нарт ойлгохын аргагүй байж магадгүй. Гэхдээ хүмүүсийн харж, туулж мэдэрч чадах Бурханы хийдэг зарим зүйлийн тухайд тэнгэр дэх Бурхан энэхүү хэвийн, бодит талыг харуулсаар байдаг. Жишээлбэл, Бурхан Адам, Ева хоёрыг бүтээж, тэдэн рүү амьсгалаа үлээснээр тэд сүнстэй амьд хүмүүс болсон бөгөөд дараа нь тэднийг Еден цэцэрлэгт байрлуулсан гэж Библид тэмдэглэсэн байдаг. Бурхан хүн төрөлхтний өвөг дээдэс болох Адам, Ева хоёрыг бүтээхээсээ өмнө хэд хэдэн зүйл хийсэн бөгөөд тэр бүхэн нь Бурханы бүтээсэн энэ хоёр хүнд зориулагдсан байв. Бурхан хүний төлөө тэнгэр газар, гол мөрөн, нуур цөөрөм, газар дээрх янз бүрийн амьд зүйлс, дөрвөн улирал болон хүнд хэрэгтэй бусад бүх зүйлийг бүтээсэн. Энэ хоёр хүнийг бүтээхээсээ өмнө Бурхан энэ ажлыг аль хэдийн алхам алхмаар хийж дуусгасан байв. Бурханы хийсэн алхам бүрд Бурханы бүтээсэн энэ бүх зүйл материаллаг ертөнцөд бага багаар бодитоор гарч ирсэн бөгөөд эдгээр нь бүгд хүний нүдээр харж болох зүйлс юм. Энэ хоёр хүнийг бий болох үед энэ бүхэн бэлэн болсон байлаа. Бурхан энэ хоёр хүнийг бүтээснийхээ дараа тэдний төлөө юу хийсэн тухайд гэвэл, энэ нь ч бас Библид тэмдэглэгдсэн байдаг. Эхлээд Бурхан тэднийг Еден цэцэрлэгт байрлуулж, дараа нь тэдэнд маш бодитой байдлаар нэг зүйл хэлсэн. Тэр юу гэж хэлсэн бэ? (“Цэцэрлэгийн бүх модны жимсээс чөлөөтэй идэж болно. Харин сайн мууг мэдүүлэгч модны жимснээс л идэж болохгүй, учир нь идсэн тэр өдөртөө л чи гарцаагүй үхнэ” (Эхлэл 2:16–17).) Бурхан хүн төрөлхтөнд энэхүү зааврыг өгсөн бөгөөд дараа нь хэд хэдэн зүйл тохиолдсон. Үүний дараа Бурхан Адам, Ева хоёрын төлөө юу хийсэн бэ? (Тэр тэдэнд арьсан дээл хийж өгсөн.) Бурхан тэднийг хувцаслахын тулд арьсан дээл хийж өгсөн; та нар энэ түүхийг маш сайн мэддэг байх ёстой. Бурханы хэлсэн, хийсэн, зааварласан энэ хэдэн зүйл тод дүр зургийг зурдаг биш гэж үү? (Тийм.) Эдгээр дүр зургаар дамжуулан, Бурханы хөдөлгөөн нэг бүрд илчлэгдсэн юм уу агуулагдсан зүйл хий хоосон биш, түүнчлэн Бурханы хийдэг зүйл нэг бүрийн хүмүүст харуулдаг дүр зураг ч бас хий хоосон биш гэдгийг хүмүүс гүн гүнзгий, жинхэнээсээ ойлгож чадна. Тийм үү? (Тийм.) Бурханы хийдэг ганц ч зүйл хий хоосон биш, ганц ч зүйл зүгээр нэг онол юм уу уриа лоозон биш; Тэр бүх зүйлийг бодитоор хийдэг. Зарим хүн: “Бурхан заримдаа нэг бодлоор аливааг гүйцэлдүүлдэг, заримдаа ганцхан үгээр аливааг гүйцэлдүүлдэг” гэж хэлдэг. Бурхан энэ хэргийг яаж ч гүйцэлдүүлсэн бай, ямартай ч Тэр үүнийг бодитоор хийж байна; Тэр аливааг ул суурьтайгаар, үүргээ ухамсарлан хийдэг. Тэр уриа лоозон хашхирдаггүй, эсвэл хоосон сургаал чалчдаггүй, хүмүүсийг хууран мэхэлдэг ч үгүй. Аливааг бодитоор хийх гэдэгт юу багтдаг вэ? Бурхан төлөвлөж, боддог бөгөөд ямар нэг зүйл хийхдээ бодлоо ашиглах юм уу үгээ ашиглаж, эсвэл биечлэн гардан хийж магадгүй. Бид “ямар нэг зүйлийг биечлэн хийх” гэдгийг хүний хэлээр хэрхэн илэрхийлдэг вэ? Энэ нь тухайн хэрэг явдлыг биечлэн очиж зохицуулах, үүнд биечлэн шамдах, биечлэн гардан хийх гэсэн үг юм. “Биечлэн” гэх энэ бүх тохиолдлыг харахад Бурхан аливааг хийхдээ тун ул суурьтайгаар, үүргээ ухамсарлан хийдэг биш үү? (Тийм.) Мэдээж, хүмүүсийн аливааг хэрхэн хийдгийг тодорхойлдог эдгээр үгийг ашиглан тэнгэр дэх Бурхан аливааг хэрхэн хийдгийг тодорхойлох нь тийм ч тохиромжтой биш боловч хүний хэл хязгаарлагдмал. Бурхан аливааг ийм ул суурьтай, бодитоор хийдэг, аргачлалтай байдаг, хэзээ ч аргацаадаггүй, хэзээ ч уриа лоозон хашхирдаггүй гэдгийг хүмүүс ойлгож чадаж л байвал тэр нь хангалттай. Хүний гараар тэмдэглэгдсэн Бурханы хийсэн бүх зүйлээс алийг нь Бурхан Өөрөө биечлэн төлөвлөж, алхам алхмаар хэрэгжүүлж, биечлэн хянан дагаж, шалгаж, баталгаажуулаагүй вэ? Хэдийгээр эдгээр зүйл хүний гараар тэмдэглэгдэж, бичгээр танилцуулагдсан ч тэдгээр нь Бурханыг танин мэдэж, ойлгох хамгийн тод томруун нотлох баримтыг хүн төрөлхтөнд үлдээсэн юм.

Бурхан Адам, Ева хоёрыг бүтээснийхээ дараа өөр нэг зүйл хийсэн: Тэр тэдэнд хэрхэн амьдрах, эрэгтэй хүн ямар хариуцлага үүрэх ёстой, эмэгтэй хүн ямар зүйл хийх ёстойг хэлж өгсөн. Бурханы үг хэчнээн дэлгэрэнгүй, тодорхой болохыг хар даа! Хүмүүс ажлаа ингэж хийхгүй байсан, тийм биз? (Тийм.) Бурханы хийдэг ажлын алхам бүр ийм тодорхой, ул суурьтай, бодит байдаг; Тэрээр үр дүнд зорьдог. Энэ нь юуг харуулж байна вэ? Тэнгэр, газар, бүх зүйлийг бүтээсэн гэх мэт ийм том хэргийг хойш тавья; зүгээр л Бурханы хүн төрөлхтөнд хэлсэн үг, хүн төрөлхтнийг ятгах Түүний ятгалга, түүнчлэн Түүний анхаарал халамж, тэр дундаа юм нэг бүрийн талаарх Түүний тодорхой ятгалга, зааварчилгаа, сануулгын тухай яривал, эдгээр нь юуг харуулдаг вэ? Нэг талаар, Бурхан аливааг хийхдээ маш нягт нямбай, чин сэтгэлээсээ ханддаг гэдгийг харж болно. Нөгөө талаар—энэ нь ч бас хүн төрөлхтний мэдэх ёстой зүйл—Бурхан хүн төрөлхтнийг бүтээсэн бөгөөд тэдэнд санаа тавихаас гадна, тэдний өмнө хүлээсэн хариуцлагаа үргэлж биелүүлсээр ирсэн. Энэхүү хариуцлагын биелэлт нь хоосон яриа биш; Бурхан үргэлж үүнийгээ хэрэгжүүлсээр ирсэн. Бурхан хүн төрөлхтнийг бүтээсэн цагаасаа хойш өнөөг хүртэл хүмүүсийн амьдралыг төвд тавьж, хүн төрөлхтнийг үргэлж хангаж, залж чиглүүлсээр ирсэн. Хүн төрөлхтний төлөөх Бурханы үйлдэл нь гагцхүү Бурхан хариуцлагаа биелүүлж байгаа хэрэг байсаар ирсэн. “Хариуцлагаа биелүүлэх” гэдэг хэллэгийг бичихэд амархан, хэлэхэд амархан боловч Бурханы хийсэн зүйлсийн тоо хүний төсөөллөөс давдаг. Ерөнхийд нь яривал, энэ нь Бурхан сүнс бүрийн дахин төрөлтийг зохицуулдаг зүйлс—тэд ямар гэр бүлд амьдрах, ямархуу харагдах, хэзээ Бурханд итгэдэг болох, энэ амьдралдаа ямар хувь заяатай байх болон иймэрхүү бусад зүйлсийг хэлж байгаа юм. Эдгээр нь Бурханы хүмүүст зориулан макро түвшинд хийдэг зохицуулалтууд юм. Жижиг нарийн ширийн зүйлсийн тухайд бол, Бурхан чиний өдөр тутмын хэрэгцээг хангаж, чамайг хоол хүнс, хувцас хунарт санаа зовох зүйлгүй байлгаж, материаллаг амьдралыг чинь баталгаатай байлгадаг. Бүр илүү жижиг нарийн ширийн зүйлсийн хувьд гэвэл, Бурхан өдөр бүр өсөж томроход чинь чамайг дагалдах, өдөр хоног бүрийг, өөр өөр үе шат бүрийг, тэр ч байтугай онцгой үе шат бүрийг туулахад чинь чамтай хамт байх янз бүрийн хүмүүс, үйл явдал, зүйлсийг зохицуулж, Бүтээгч, хүн төрөлхтөн, өөрийнхөө болон амьдралын талаар байнга шинэ ойлголт, шинэ мэдрэмжтэй болох боломжийг чамд олгодог. Бурхан маш олон үнэнийг илэрхийлж, маш олон зүйл хийсэн—Түүний үгийн аль нь зүгээр нэг уриа лоозон юм уу хоосон сургаал вэ? Түүний хийдэг зүйлсийн аль нь хоосон, бодит бус байна вэ? Түүний хийдэг ганц ч зүйл хоосон биш, Түүний хэлдэг ганц ч үг зүгээр нэг уриа лоозон юм уу хоосон сургаал биш. Эсрэгээрээ, Бурхан хүн төрөлхтөнд мэдэгдэхээсээ өмнө ч эдгээр зүйлийг үргэлж хийсээр ирсэн. Хэдийгээр хүн төрөлхтөн эдгээр баримтыг мэддэггүй, ойлгодоггүй, итгэдэггүй, эсвэл хүлээн зөвшөөрдөггүй ч Бурхан эдгээрийг тууштай үргэлжлүүлэн хийсээр ирсэн. Бурхан хүн төрөлхтний төлөө хэчнээн олон зүйл хийж, хүн төрөлхтний төлөө хэчнээн их хүчин чармайлт гаргаж, хүн төрөлхтөнд хэчнээн их нигүүлсэл хайрласныг хойш тавья. Зүгээр л Бурханы үйл хэргийн тухай ярихад, тэдгээрийн аль нь ул суурьтайгаар, алхам алхмаар хийгдээгүй байна вэ? (Бурхан юм нэг бүрийг ул суурьтай хийдэг.) Хүмүүс үр хүүхдээ хэрхэн өсгөдгийг хар: Тэд хааш яаш хандаж, аргацаахыг хичээдэг; заримдаа сэтгэл хөдлөлдөө автаж, заримдаа туйлширдаг, заримдаа бүр хувийн дур сонирхлоороо хийж, охидоо нэг их үнэлдэггүй атлаа хөвгүүдээ эрхлүүлж, даврааж, бөөцийлж, хариуцлагагүй авирлаж, үр дагаврыг нь бодолцдоггүй. Үр хүүхдээ өсгөж, хүмүүжүүлэх нь хүмүүсийн хариуцлага боловч хүмүүс энэ хариуцлагаа биелүүлсэн үү? (Үгүй.) Бурханы хийдэг юм нэг бүр хэрхэн төгс хэрэгжиж, хүн төрөлхтөнд Бурханы дээд эрх, зохицуулалт дор зөв замаар алхах, Бурханы удирдамж дор амьдрах боломж олгож байгааг хар даа. Бурханы ажлын ганц ч алхам, эсвэл Түүний хийдэг ганц ч зүйл хоосон биш; бүгд бодит байдаг. Ертөнцийг бүтээсэн цагаас хойш өнөөг хүртэл, Бурхан хэчнээн их ажил хийсэн ч бай, хүн төрөлхтөн энэ бүхнийг мэддэг, хүлээн зөвшөөрдөг эсэхээс үл хамааран, хүмүүст хандах Бурханы үйлдэл болон тэдний өмнө Бурханы биелүүлдэг хариуцлага ямартай ч цогц, бүрэн дүүрэн бөгөөд өчүүхэн төдий ч дутуу дулимаг биш байдаг. Тэр хэзээ ч хааш яаш ханддаггүй, хэзээ ч хайнга байдаггүй. “Хэзээ ч хайнга байдаггүй” гэдэг нь юу гэсэн үг вэ? Энэ нь Тэр хүн бүрд нухацтай, тун чин сэтгэлээсээ, нягт нямбай хандаж, үргэлж дүрэм журамд нийцүүлдэг, хэзээ ч хувийн дур сонирхлын дагуу ханддаггүй, хүний дур зоргоороо, хааш яаш байдлын аль нь ч Түүнд огт байдаггүй гэсэн үг юм. Бусад бүх зүйлийг хойш тавья; зүгээр л хүмүүсийн аюулгүй байдлыг хамгаалах явдлыг аваад үз—Бурхан үүнийг хэр сайн хийдэг вэ? Хүн бүрийн амьдрал, үхэл, хувийн аюулгүй байдал Бурханы гарт байдаг. Бурханы хувьд энэ бол хамгийн том хэрэг явдал юм. Чи заримдаа ямар нэг аюултай тулгарч, үхэлтэй нүүр тулдаг ч гэсэн, хэрвээ энэ нь чиний үхэх учиртай өдөр биш бол Бурхан чамайг үхүүлэхгүй. Хэрвээ Бурхан чамайг үхнэ тогтоогоогүй бол чиний аюулгүй байдлыг баталгаажуулна. Энэ нь гарцаагүй бөгөөд Бурхан үүнийг тун нарийн нямбай, үнэн зөв зохицуулдаг. Товчхондоо, Миний хэлсэн бүхэн үнэн бөгөөд хүмүүс үүнийг харж чадна. Тэнгэр дэх Бурхан аливааг хэрхэн хийдгийг хүмүүс харж чадахгүй боловч эрт орой хэзээ нэгэн цагт тэд Бурханы хийсэн зүйлийн баримтыг болон Түүний хүрсэн үр дүнг харж чадна. Хүн төрөлхтний газар дэлхий дээр амьдарсан хэдэн мянган жилийн хугацаанд хэн Бурханы дээд эрх, зохицуулалтгүйгээр байж чадсан бэ? Хэн Бурханы хангалт, удирдамжгүйгээр байж чадсан бэ? (Хэн ч тэдгээр зүйлгүйгээр байж чадахгүй.) Бурханы дээд эрх, зохицуулалт, Түүний хангалт, удирдамжийг бүгдийг нь Бурхан Өөрөө биечлэн, бодитоор хийдэг. Бурхан аливааг ийм ул суурьтайгаар, үүргээ ухамсарлан хийдэггүй байсан бол хүн төрөлхтөн аль хэдийн эмх замбараагүй байдалд орох байсан; ядаж л хүн төрөлхтний дэг журмыг хэн ч сахиж чадахгүй байх байлаа. Тиймээс, том ч бай, жижиг ч бай ямар ч зүйл дээр, өнөөг хүртэл Бурханыг дагасан хүмүүс Бурхан Өөрийн махбод болсон биеэр үг хэлж, аливааг хийж, ажиллаж, хүн төрөлхтнийг үнэн, зам, амиар хангаад зогсохгүй, Бурханы Сүнс ч бас хүн төрөлхтнийг тасралтгүй захирч, удирдан чиглүүлж, хангаж байдаг, энэ бүхэн бодитоор хийгддэг гэдгийг ойлгож чаддаг байх ёстой. Зүгээр л Бурханы махбод болсон бие үг хэлж, ажиллахыг хүмүүс харж, сонсож, бодитоор мэдэрч чаддаг, харин тэнгэр дэх Бурханы хийдэг зүйлийн цар хүрээ хамаагүй том, хүмүүсээс арай хол байдаг тул хүмүүс бие махбодтой болсон Бурханыг үг хэлж, ажиллах үед мэдэрч, ойлгодогтойгоо адилаар үүнийг ойроос мэдэрч, ойлгож чаддаггүй. Иймээс, тэнгэр дэх Бурханыг ч бай, газар дээрх Бурханыг ч бай танин мэдэх тухайд хүмүүс хүний үзэл, төсөөллөөс салж, хоосон онол, уриа лоозонгоос ангижирч, Бурханы хийдэг ажил, хэлдэг үгээр дамжуулан Түүний хэвийн, бодит байдал, түүнчлэн Түүний мэргэн ухаан, төгс хүчнийг бодитоор мэдрэх ёстой. Ингэснээр нэг талаар, чи Бурханы махбод болсон биед зөв хандаж чадна; нөгөө талаар, чи тэнгэр дэх Бурханы талаарх үзэл, төсөөллөөсөө илүү сайн салж чадна; өөр нэг талаар, чи газар дээрх Бурхан болон тэнгэр дэх Бурхан нь нэг гэдгийг илүү сайн мэдэж чадна, харин тэнгэр дэх Бурханы талаарх хийсвэр үзэл, төсөөллөө Бурханы махбод болсон биед тулгах нь асар том алдаа болно. Өөрөөр хэлбэл, нэг талаар, чи тэнгэр дэх Бурханыг хийсвэр үзэл, төсөөлөл ашиглан үнэлнэ, үүний зэрэгцээ газар дээрх Бурханыг илүү сайн хүлээн авч, хүлээн зөвшөөрч чадахгүй. Энэ хоёр зүйлийг хийх нь чамайг Бурхантай ойртуулж чадахгүйгээр үл барам, харин ч чамайг Түүнээс улам бүр холдуулж, өөрийнхөө хоосон үзэл, төсөөлөлд амьдрахад хүргэж, Бурханы хийдэг бүх зүйлийг ойлгож чадахааргүй болгоно.

“Бие махбодтой болсон Бурханыг тэнгэр дэх Бурхантай харьцуулахгүй байх” талаар нөхөрлөснөөр хүмүүс энэ тал дээр үнэн зөв хэрэгжүүлж чадах уу? (Тийм.) Товчхондоо, бие махбодтой болсон Бурханд хандахдаа чи Түүнийг хүлээн авч, дараа нь Түүний хэвийн, бодит байдлыг танин мэдэж, Түүний үг, ажил болон хүмүүст тавьдаг шаардлагыг нь хүлээн авч, дуулгавартай дагаж чадвал тэр нь хангалттай. Бие махбодтой болсон Бурханы хэвийн, бодит байдал доторх махан биеийн зөн совин болон төрөлх нөхцөлийн тухайд гэвэл, хүмүүс зүгээр л тэдгээрийг зөвөөр ухамсарлаж, тэдгээрт зөв хандаж чаддаг байх хэрэгтэй. Бие махбодтой болсон Бурхан бол эгэл жирийн хүний Хүү; Түүнд хүнд байх ёстой махан биеийн төрөлх нөхцөл, хэвийн зөн совин, чиг үүрэг гарцаагүй байдаг. Жишээлбэл, эгэл жирийн хүн галд гараа хүргэх үедээ халууныг мэдрэх бөгөөд бие махбодтой болсон Бурхан ч мөн ялгаагүй. Хэвийн хүн даарч хөрвөл найтааж, хүндэрвэл ханиад хүрнэ. Бие махбодтой болсон Бурхан ч бас ийм байдаг уу? (Тийм.) Хүмүүс хэт давстай хоол идвэл цангаж, шингэц муутай хоол идвэл ходоод нь хямардаг—хүмүүст ийм мэдрэмж байдаг. Бурханы махбод болсон биед эдгээр мэдрэмж байдаг уу? (Тийм.) Халуун цаг агаарт хүмүүс халууцаж, сэрүүн газар бараадахыг хүсдэг; бие махбодтой болсон Бурхан ч бас ийм байдаг. Өмнө нь та нар юу гэж боддог байсан бэ? Та нар дотроо “Температур Цельсийн гуч, дөчин хэм хүрэх үед мөнх бус хүмүүс бидний энэ махан бие халууныг тэсвэрлэж чадахгүй, харин Бурханы махбод болсон бие халуунаас айдаггүй; Тэр махбодыг даван гарсан бөгөөд Түүнд ийм мэдрэмж байдаггүй” гэж боддог байсан уу? Үүний цаад утга нь юу вэ? Хүмүүс бие махбодтой болсон Бурханыг иддэггүй, унтдаггүй, өвддөггүй робот эсвэл модон хүн шиг гэж боддог уу? Энэ бол буруу. Бие махбодтой болсон Бурхан махбодын амьдралтай бөгөөд энэ нь хэвийн хүнийхтэй адилхан. Тэр гоц гойд юм уу ердийн бус байдаггүй. Энэ махбодод хэвийн, бодит тал байдаг бөгөөд Түүний махбодын чиг үүрэг, зөн совин нь хүн төрөлхтнийхтэй адилхан юм. Махбодын чиг үүрэг, зөн совин нь хүн төрөлхтнийг бүтээхдээ Бурханы тэдэнд өгсөн бүх зүйл юм; тэдгээр нь хүн төрөлхтөнд төрөлхөөсөө байдаг, сөрөг зүйлс биш гэдэг талаар бид өмнө нь нөхөрлөсөн. Тэгвэл та нар яагаад бие махбодтой болсон Бурхан махан биеийн хэвийн чиг үүрэг, зөн совинтой байдаг гэх баримтаас үргэлж зайлсхийдэг юм бэ? Хүмүүс эдгээр зүйлийг хэвийн бус гэж бодож, махан биеийн хэвийн чиг үүргийн эдгээр илрэлд зүрх сэтгэлдээ өрөөсгөл хандаж, бие махбодтой болсон Бурхан ийм илрэлүүдтэй байдгийг эсэргүүцдэг учраас үүнээс зайлсхийдэг үү? (Би үнэхээр зүрх сэтгэлдээ эдгээр бодит зүйлийг дорд үздэг.) Хэдийгээр хүмүүс эдгээр зүйлийг дорд үзэж, эсвэл ухамсрын түвшинд эдгээр нь зөв үү, буруу юу гэдэгт эргэлзсэн хэвээр үлдэж болох ч далд ухамсартаа тэдгээрийг ялладаг. Энэ нь хүмүүс Бурханы бүтээсэн хүний махан биеийн зөн совин, чиг үүрэг болон зарим төрөлх нөхцөлийн талаар бүрэн гүйцэд ойлгодоггүйг нотолдог бөгөөд тийм учраас тэд олон гажууд бодол, эсвэл олон бодит бус үзэл, төсөөлөлтэй байдаг байж болох юм. Надад хэл дээ, бие махбодтой болсон Бурхан унтах хэрэгтэй юу? (Тийм.) Тэр унтаж байхдаа ч ажлын талаар бодсоор байдаг уу? (Үгүй, Тэр унтдаг.) Энэ бол шударга хариулт байна; Тэр үнэхээр унтдаг. Эс бөгөөс Тэр яаж амарч чадах юм бэ? Түүний тархи ч бас амрах хэрэгтэй; энэ бол махан биеийн хэвийн чиг үүрэг, бас махан биеийн зөн совин юм. Хүйтэн байх үед Тэр зузаан хувцас өмсөж, халуун үед нимгэн хувцас өмсдөг. Тэр хүйтэн, халуун, бороо, цасыг мэдэрч чаддаг. Энэ бол хэвийн хүн чанар; энэ нь огтхон ч хий хоосон биш. Хэрвээ чи юу ч мэдэрч чаддаггүй бол жаахан тэнэг биш гэж үү? Чи ухаан муутай биш гэж үү? (Тийм.) Бурханы махбод болсон биеийн бүх мэдрэхүй, бие махбодын чиг үүрэг нь бодитой, үнэхээр оршин байдаг бөгөөд хэвийн ажилладаг; тэдгээр нь огтхон ч хий хоосон биш. Гэтэл та нар тэдгээрийг хий хоосон, ер бусын гэж төсөөлдөг. Би нэг удаа жаахан хачин итгэлтэй хятад хүнтэй уулзсан. Тэрээр итгэл нь зарим нэг хачин, жигтэй зүйлсийг агуулах ёстой, гагцхүү энэ нь л итгэл гэж үздэг байв. Жишээлбэл, бороо орох үед тэр ямар нэгэн тарни уншиж, бороо түүн дээр дусалдаггүй байсан бөгөөд өөр нэг тарни уншихад бороо зогсдог байлаа. Тэр бүр үүнийгээ гайхуулж, өөрийгөө жинхэнэ чадвартай гэж боддог байсан юм. Тэрээр энэ бол итгэл бөгөөд энэ нь эгэл жирийн итгэлээс илүү өндөр дээд гэж үздэг байв. Та нар энэ хүнийг нэлээд утгагүй гэж хэлэх үү? (Тийм.) Энэ бол муу ёрын сүнс юм. Гэхдээ ийм төрлийн хүний бодол, үзэл санаа нь хэсэг бүлэг хүмүүсийнхийг төлөөлдөг. Олон хүн бие махбодтой болсон Бурханы талаарх үзэл, төсөөллөөр үргэлж дүүрэн байдаг бөгөөд зүрх сэтгэлдээ ингэж хэлдэг: “Бурханы махбод болсон бие гоц гойд хүн, эсвэл ‘зам’-ыг олж авсан нэгэн байх ёстой. Тэр эгэл жирийн хүмүүсийн хийж чадахгүй зүйлийг хийж, эгэл жирийн хүмүүсийн хэлж чадахгүй үгийг хэлж, эгэл жирийн хүмүүсийн харж чадахгүй зүйлийг харж, эгэл жирийн хүмүүсийн сонсож чадахгүй дуу чимээг сонсож чадна. Тэрээр хүмүүс ар хударгаар нь юу хэлж, хийж байгааг мэддэг. Тэр эргэн тойронд нь ямар нэгэн ер бусын үзэгдэл юм уу үл мэдэгдэх биет байгаа эсэхийг мэдэрч, мэдэж чаддаг, тэнгэр дэх Бурхан юу хийж байгааг ч мэддэг. Гагцхүү энэ л бие махбодтой болсон Бурхан юм!” Ийм бодол нь Бурханы талаар шүтлэггүй хүмүүсийн тээдэг үзэл, төсөөлөлтэй адилхан. Хүмүүс бүгд ийм Бурхантай учрахыг хүсдэг бөгөөд хэзээ нэгэн цагт энэ Бурханыг харж, Түүнтэй харилцаж чадвал энэ нь насан туршийн ерөөл байх болно. Гэвч бие махбодтой болсон Бурхан хүмүүсийн дунд ирж, тэдэнтэй хамт амьдарсан нь хүмүүсийн урмыг асар их хугалсан. Хэн ч бие махбодтой болсон Бурханаас ямар нэг ер бусын илрэлийг харж чаддаггүй, хэн ч Түүнээс эдгээр ер бусын зүйлийг мэдэрч чаддаггүй. Гэсэн ч хүмүүсийн төсөөлөл маш баялаг хэвээр байдаг; хүмүүс бие махбодтой болсон Бурханы талаар олон үзэл, төсөөлөлтэй хэвээр байгаа бөгөөд төсөөлөлдөө амьдарсаар байдаг. Хүмүүс бие махбодтой болсон Бурханы талаар ийм олон үзэл, төсөөлөлтэй байдаг юм чинь тэнгэр дэх Бурханы талаар бүр ч олон үзэл, төсөөлөлтэй байх биш үү? (Тийм.) Тэрхүү үзэл, төсөөлөл нь бүр ч хачин, баримттай бүр ч нийцдэггүй, бүр ч обьектив бус байдаг бөгөөд бүр маш жигтэй, төсөөлөхийн аргагүй олон бодол хүмүүст байдаг. Ямартай ч бидний нөхөрлөсөн агуулгаар дамжуулан хүмүүс бие махбодтой болсон Бурханы хэвийн хүн чанарыг, эсвэл махбодын хэвийн, объектив, бодит байдлыг үндсэндээ зөв ойлгож, зөв танин мэдэж, зөв хандаж чадна. Үүнээс гадна, хүмүүсийн харж, харилцаж чадах махбод нь хүмүүстэй бодитоор нөхөрлөж, ярилцаж, хүмүүстэй харилцаж, хүмүүс дээр янз бүрийн ажил хийснээр дамжуулан, хүмүүс Бурхан аливааг хэрхэн хийдгийг, Бурхан хэрхэн ажилладгийг илүү сайн, илүү бодит, илүү объектив байдлаар танин мэдэж чадна. Бие махбодтой болсон Бурханыг танин мэдсэнээр хүмүүс тэнгэр дэх Бурханыг ч бас илүү сайн ойлгож чадна.

Бурханы махбод болсон биеийн хэвийн, бодит байдлын талаарх энэ агуулгын тухайд, бид эхлээд бие махбодтой болсон Бурхан хэрхэн биеэ авч явж, аливааг хийдэг, Тэр ямар зүйлсийг хийдэг, аливааг хийх Түүний зарчим юу болох талаар нөхөрлөсөн. Бид эдгээр талын тухай нэлээд нэгд нэггүй нөхөрлөсөн. Та нарт одоо ч ойлгохгүй байгаа зүйл байна уу? Би өөр юм нэмж хэлэх шаардлагатай юу? Та нар бие махбодтой болсон Бурханы хэвийн, бодит байдлын талаар арай илүү ойлгосон уу? (Тийм.) Та нар эдгээр бодит илрэлээс юу харж чадах вэ? (Бие махбодтой болсон Бурхан хэвийн, бодит болохыг би харж байна.) Бие махбодтой болсон Бурхан хэвийн, бодит; Тэр бас үг хэлэхийнхээ өмнө бодох ёстой байдаг, Түүний үг, зан авир бүгд хэвийн, өчүүхэн төдий ч ер бусын илрэлгүй байдаг. Энэ бол та нарын төсөөлөөгүй зүйл, тийм биз дээ? (Тийм.) Бие махбодтой болсон Бурханд гурав дахь нүд байхгүй, супер хүний сонсгол ч байхгүй, махан биеийн зөн совингоос давсан ямар нэгэн гоц гойд ер бусын чадвар бүр ч байхгүй. Хэрвээ хаа нэгтээ ил гарсан цахилгааны утас байвал Би ч бас үүнд хүрэхгүй. Би яагаад хүрэхгүй гэж? (Та тогонд цохиулж, гэмтэнэ.) Та нарын төсөөллөөр бол, Би шууд хүрсэн ч гэсэн тогонд цохиулж, гэмтэхгүй. Гэхдээ Би тэгж эрсдэл гаргахгүй—Би үүнд хүрэхгүй. Нэг талаар, тогонд цохиулах нь гэмтэл учруулдгийг Би мэднэ; Би энэ талын суурь мэдлэгтэй, мөн Би хэвийн ухаалаг байдалтай. Нөгөө талаар, Би хэзээ ч “Зүгээр ээ. Би бол онцгой ялгамж чанар, онцгой байр суурьтай, онцгой хүн. Цахилгаан Намайг гэмтээхгүй. Би зүгээр л хүрээд, үхэх эсэхээ харъя” гэж яавч хэлэхгүй. Би тийм ухаалаг бус зүйл хийхгүй. Та нарын үзлээр бол, хүмүүсийн хүрч зүрхэлдэггүй ямар ч аюултай зүйлд Би хүрч зүрхэлнэ; та нар тийм зүйлээс айх боловч Би айхгүй, учир нь Миний ялгамж чанар онцгой, Би та нараас өөр, учир нь Би тэнгэрээс ирсэн бөгөөд Би бол бие махбодтой болсон Бурхан, тиймээс Би айхгүй, тэгж үйлдэж чадна. Надад хэл дээ, Би тэгж үйлдэх үү? (Үгүй.) Би тэгж үйлдэхгүй. Энэ нь юунд үндэслэдэг вэ? Хэвийн хүн чанарын ухаалаг байдалд үндэслэдэг. Бие махбодтой болсон Бурханы хүн чанарт хамаарах мөс чанар, ухаалаг байдал ч бас хэвийн байдаг. Хэрвээ бие махбодтой болсон Бурхан мөс чанарын ухамсаргүй байсан бол, Түүний ухаалаг байдал нь хэвийн биш байсан бол Тэр яаж хэвийн хүн чанараар ажил хийж чадах юм бэ? Хэрвээ Тэр мөс чанарын ухамсаргүй, Түүний ухаалаг байдал нь хэвийн биш байсан бол энэ ямар төрлийн хүн бэ? Энэ нь хүн-бус биш үү? (Тийм.) Тиймээс, бие махбодтой болсон Бурханы хэвийн хүн чанарын сэтгэлгээ, амьдралын хэв маягийн талаарх хүмүүсийн үзэл, төсөөлөл бүгд бодит бус; тэдгээр нь бүгд ер бусын, гаж, жигтэй, хачин бөгөөд бүгд бие махбодтой болсон Бурханы хүн чанарт хамаарах мөс чанар, ухаалаг байдлаас салангид байдаг. Надад хэл дээ, биднийг хамт сууж байтал эргэн тойронд шумуул байвал Би хазуулах уу? (Тэгнэ.) Та нар өмнө нь “Шумуул өөр хэнийг ч хазсан бай, Христийг хазахгүй. Шумуулыг Бурхан бүтээсэн; шумуул Бүтээгчийг хазаж чадахгүй” гэж боддог байсан уу? Ингэж бодох нь буруу юу? Энэ нь бодит байдлаас хөндий байна уу? (Тийм.) Шумуул Надад ч гэсэн ямар ч хүндэтгэл үзүүлдэггүй. Тэдэнд ямар ч мэдрэмж байхгүй; хэн нэгэн хүн мөнх бус махан биетэй, биедээ цустай л бол шумуулнууд хазах бөгөөд хазсаны дараа нь товгор зүйл гардаг. Товгор зүйл гарах үед яах ёстой вэ? Би хурдан гэгч нь саримс хэрчээд түрхдэг. Саримс үрэвслийг намдааж, бактерийг устгаж, загатнахыг зогсоодог. Түрхээд хэсэг хугацаа өнгөрсний дараа хазуулсан газар загатнахаа больж, товгор нь аажмаар алга болдог. Энэ бол хар ухаан юм. Чи үүнийг шалихгүй гэж бодож болох ч энэ нь маш бодит. Харж байна уу, та нар амьдрал дээр асуудалтай тулгарах үедээ гэрийн нөхцөлд эмчлэх зарим арга, ухаалаг бяцхан арга заль хайдаг, Би ч гэсэн адилхан. Би үүгээрээ юу хэлж байна вэ? Бие махбодтой болсон Бурханы хүн чанарт байдаг мөс чанар, эрүүл ухаан, Түүний сэтгэлгээ, бодол, түүнчлэн бодит амьдрал дээр хүмүүс, зүйлсийг харахад болон янз бүрийн асуудалтай тулгарах үед Түүнд төрдөг бодол, үзэл бодол, хандлага, Түүний бодож олдог шийдлүүд нь бүгд хэвийн, бодит байдаг; тэдгээр нь хачин, жигтэй, ер бусын, гажууд, эсвэл туйлширсан байдаггүй гэдгийг Би та нарт хэлэх гэсэн юм. Ойлгов уу? (Ойлгосон.) Бие махбодтой болсон Бурханы хэвийн хүн чанарын амьдрал, илрэлийн талаар та нарыг илүү бодит ойлголттой болгохын тулд Би эдгээр жишээг ярьж байна. Эдгээр илрэл нь огтхон ч хий хоосон биш, гаж ч биш, гоц гойд бүр ч биш; харин ч маш хэвийн, бодит байдаг. Энэхүү хэвийн, бодит байдал нь жинхэнэ хэвийн, бодит байдал юм. Биеэ авч явах, үйлдэхэд Түүнд байдаг үзэл бодол, зарчмаас гадна, Түүний махан биеийн зөн совин, чиг үүрэг ч бас хэвийн байдаг. Жишээлбэл, та нар ханиад хүрэх үедээ найтааж, ханиалгадаг, эдгэртлээ нэг юм уу хоёр долоо хоног болдог. Хэрвээ Би ханиад хүрвэл Надад ч бас эдгээр шинж тэмдэг илрэх бөгөөд эдгэрэхэд Надад ч бас нэг эсвэл хоёр долоо хоног шаардагдана. Та нар ийм байдаг, бие махбодтой болсон Бурхан ч яг адилхан. Эдгээр тал нь бодит байдлаас огт хол хөндий биш, Түүнийг тодорхой ажил хийхэд нь ч нөлөөлдөггүй, эсвэл хүмүүсийн дунд хийхээр зорьсон ажлаа хэрэгжүүлэхэд нь ч нөлөөлдөггүй. Өөрөөр хэлбэл, бие махбодтой болсон Бурханы энэхүү хэвийн, бодит тал нь бие махбодтой болсон Бурханы гүйцэтгэдэг үйлчлэлд ямар нэг байдлаар нөлөөлөхгүй, аливаа зүйлийг хойш татахгүй, Бурханы ажлын үр дүнд нөлөөлөхгүй, Бурханы ажлын ахицад бүр ч нөлөөлөхгүй. Бие махбодтой болсон Бурханы гүйцэтгэдэг үйлчлэл нь чухамдаа хэвийн, бодит махан биеэр дамжуулан үг илэрхийлж, ажил хийж, хүмүүсийн дунд алхах явдал юм.

Дээр бидний нөхөрлөсөн бүхэн нь Бурханы махбод болсон биеийн хэвийн, бодит байдлын тухай юм. Энэхүү агуулгын талаар нөхөрлөхийн зорилго нь хүмүүс бие махбодтой болсон Бурханыг тэнгэр дэх Бурхантай үргэлж харьцуулдаг асуудлыг шийдвэрлэх явдал билээ. Бидний нөхөрлөсөн агуулга нь үндсэндээ бие махбодтой болсон Бурханы хэвийн хүн чанарын зөн совингийн хэвийн, бодит байдлын илрэлийн нэг талыг хамардаг; өөр нэг тал нь голчлон Бурханы махбод болсон бие хэрхэн биеэ авч явж, үйлддэгийг хамардаг. Мэдээж, энэ нь хүмүүс бие махбодтой болсон Бурхан үг хэлж, үйлдэхдээ хэчнээн хэвийн, бодит болохыг мэддэг боллоо гээд л бие махбодтой болсон Бурханд бүрэн зөв зүйтэй байдлаар хандаж чаддаг болно гэсэн үг биш; энэ нь огтхон ч хангалтгүй хэвээр байдаг. Одоо бид бие махбодтой болсон Бурхан хэрхэн үг хэлж, ажилладаг, хэрхэн биеэ авч явж, үйлддэгийг мэддэг болсон болохоор бие махбодтой болсон Бурхан ямар зүйлсийг хийдэггүй, эсвэл Тэр хүн төрөлхтнөөс юугаараа өөр болохыг нөхөрлөцгөөе.

Бурханы махбод болсон биеийн хэвийн, бодит байдлын зарим илрэл нь олон талаараа хүн төрөлхтний зөн совинтой адилхан, өөрөөр хэлбэл, хүний махан биеийн зөн совин, чиг үүрэг болон төрөлх нөхцөлтэй адилхан байдаг. Бие махбодтой болсон Бурхан болон эгэл жирийн хүн төрөлхтөн зөн совингийн хувьд адилхан гэж хэлж болно. Гэвч энэхүү ижил төстэй байдлыг эс тооцвол, Түүний амь-мөн чанар, ялгамж чанар, зан чанар гэх мэт нь завхарсан хүн төрөлхтнийхөөс тэс өөр юм. Энэ нь Түүний амьдран харуулалт, Түүний зан чанар, Түүний мөн чанарын илрэл нь завхарсан хүн төрөлхтнийхөөс ялгаатай байдагтай холбоотой. Энэ тухай ярих нь бидний нөхөрлөх гэж буй дараагийн сэдэв буюу бие махбодтой болсон Бурханы талаарх үзэл, төсөөллийг орхихтой холбоотой хоёр дахь сэдэв рүү биднийг хөтөлдөг: бие махбодтой болсон Бурханыг завхарсан хүн төрөлхтөнтэй адилтган үзэхгүй байх. Энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд бид нөхөрлөлөө бие махбодтой болсон Бурханы харуулдаг амьдран харуулалтын янз бүрийн илчлэлт болон янз бүрийн талд үндэслэх шаардлагатай. Онолын хувьд та нар “Бие махбодтой болсон Бурханыг завхарсан хүн төрөлхтөнтэй бүү адилтган үз” гэдэг үгтэй санал нийлж байна уу? (Тийм.) Та нар бас энэ үгийн дагуу хэрэгжүүлэхийг хүсэж, энэ асуудлыг шийдвэрлэхэд бэлэн байгаа боловч бие махбодтой болсон Бурханыг завхарсан хүн төрөлхтөнтэй адилтган үзэхээс зайлсхийх хэрэгжүүлэлтийн зам та нарт байна уу? Хэрэгжүүлэлтийн зам олох нь огтхон ч амархан биш, тийм үү? Бие махбодтой болсон Бурханыг завхарсан хүн төрөлхтөнтэй адилтган үзэхгүй байх нь та нарт тавьсан шаардлага боловч яагаад ийм шаардлага тавьдаг вэ? Үүнийг тунгаан бодууштай юм. Хүмүүс бие махбодтой болсон Бурхантай харилцах үедээ Түүний амьдардаг хэлбэр болон гадаад төрхөөс болоод Түүнийг аяндаа завхарсан хүн төрөлхтний нэг мэт үздэг. Энэ нь бие махбодтой болсон Бурханыг Бурханы мөн чанар, ялгамж чанар, зан чанартай ямар ч хамаагүй хүн мэт үзэж, улмаар Түүнтэй харилцахдаа завхарсан хүн төрөлхтний сэтгэлгээгээр хандаж, бусадтай харилцдаг арга замаа ашиглан бие махбодтой болсон Бурханд хандаж байгаатай адил юм. Иймээс, хүмүүсийн Бурханд ханддаг арга зам нь нэг талаар, Түүнд хандах тэдний буруу хандлагыг илчилдэг, нөгөө талаар, тэдний дотор оршдог том асуудлыг илчилдэг: Тэд бие махбодтой болсон Бурханыг мэддэггүй. Хэдийгээр хүмүүс бие махбодтой болсон Бурханыг амаараа хүлээн зөвшөөрч, хэлбэр төдий дагадаг ч энэ эгэл жирийн хүнийг бодитоор танин мэдэж, эсвэл хүлээн аваагүй байдаг. Энэ эгэл жирийн хүнийг хүлээн авахгүй байх нь энэ эгэл жирийн хүнийг бие махбодтой болсон Бурхан гэж үзэхгүй байна гэсэн үг; үүний цаад утга нь гэвэл, хүмүүс энэ эгэл жирийн хүнийг завхарсан хүн төрөлхтний нэг мэт үздэг. Энэ асуудлаас зайлсхийхийн тулд, мөн үүнийг шийдвэрлэхийн тулд өнөөдөр бид бие махбодтой болсон Бурханы өдөр тутмын амьдрал дахь хэвийн хүн чанарын илрэлүүд болон хүмүүстэй харилцаж, харьцахдаа Түүний харуулдаг янз бүрийн илрэлийг хүмүүс хэрхэн танин мэдэж, ойлгох ёстой талаар дахин нэг удаа нөхөрлөнө. Эхлээд, бие махбодтой болсон Бурхантай холбоотой хүмүүсийн ойлгож чаддаггүй зарим асуудал, эсвэл хүмүүс завхарсан хүн төрөлхтний нүдээр амархан хардаг зарим асуудлыг авч үзье. Юун түрүүнд, бие махбодтой болсон Бурхан, энэ эгэл жирийн хүний Хүүгийн хийдэггүй зүйлсийг, эсвэл Түүнээс харагддаг боловч хүмүүсийн танин мэдэж чаддаггүй зарим зүйлийг тодорхойлъё. Эдгээр зүйл нь яг юуг хэлж байна вэ? Юуны өмнө, Тэр хуурч мэхэлдэггүй, Тэр тэмцэлдэх, тулалдах, явуулга хийх, дайрч давшлах, өшөө авах, уруу татах гэх мэт зүйлсийг хийдэггүй. Хүмүүс яагаад эдгээр зүйлийг ойлгох ёстой вэ? Эдгээр зүйлийг ойлгомогцоо чи бие махбодтой болсон Бурханы зан чанар, мөн чанарын талаар жинхэнэ ойлголттой болно. Жинхэнэ ойлголттой болсон цагт л чи бие махбодтой болсон Бурханыг завхарсан хүн төрөлхтөнтэй адилтган үзэхгүй байж чадна. Бие махбодтой болсон Бурханыг завхарсан хүн төрөлхтөнтэй адилтган үзэхгүй байж дөнгөх үедээ л чи бие махбодтой болсон Бурхантай хэвийн харилцаатай болж, бүтээгдсэн зүйлийн зүй зохистой байр сууринд зогсож, бүтээгдсэн зүйлд байх ёстой хандлагаар бие махбодтой болсон Бурханд хандаж чадна.

Бие махбодтой болсон Бурханы хийдэггүй зүйлсийн тухайд, эхлээд хуурч мэхэлдэггүй талын тухай нөхөрлөцгөөе. Хууран мэхлэлтийн тодорхой илрэлүүд юу вэ? Худал хэлэх, хуурамч зүйл хийх, дүр эсгэх, дүр үзүүлэх, том ярих, амныхаа зоргоор чалчих гэх мэт. Миний сая дурдсан илрэлүүд завхарсан хүн төрөлхтнөөс түгээмэл харагддаг уу? (Тийм.) Хуурч мэхлэх болон худал хэлэх нь завхарсан хүн төрөлхтний үндсэн гол, илэрхий онцлог шинж юм; эдгээр нь бүх завхарсан хүн төрөлхтний нийтлэг шинж чанар бөгөөд хэн ч үүнээс зайлсхийж чадахгүй, бүгд ялгаагүй. Хүн бүр худал хэлж, хүн бүр хуурмаг загнаж, хүн бүр дүр үзүүлж, жүжиглэж, дүр эсгэдэг. Түүгээр ч барахгүй, үүнийг тэд аяндаа хийдэг; эцэг эх нь тэдэнд зааж өгөх шаардлагагүй, хэн нэгэн тэдэнд нөлөөлөх, тэднийг турхирах, өдөөн хатгах шаардлагагүй. Тэд төрөлхөөсөө худалч. Миний ингэж хэлж байгаа нь хэтрүүлсэн хэрэг үү? (Үгүй.) Бурханы махбод болсон бие ямар вэ? Холын зүйл ярихаа больё; Миний ярих арга барилын тухайд, хүний хэллэгээр бол Би юмыг байгаагаар нь хэлдэг. Жишээлбэл, та нарыг зарим мэргэжлийн ажилд залж чиглүүлэх үед Надад яаж хийдгийг нь мэдэхгүй зүйл байвал Би “Би энэ хэргийн талаар сайн мэдэхгүй байна. Би үүнийг яаж хийхийг мэдэхгүй. Та нар лавлах материал хайх хэрэгтэй” гэж хэлнэ. Хэрвээ Би тэр хэргийн талаар бага зэрэг мэддэг бол мэдэхийнхээ хэрээр л хэлнэ. Би мэддэг, ойлгодог зүйлээ хэлж дууссаныхаа дараа “Хэрвээ Миний орхигдуулсан зүйл байгаад, та нар мэдэж байгаа бол нэмж хэлж болно шүү” гэж хэлнэ. Чи харж байна уу, Миний хэлж байгаа эдгээр үг объектив, үнэнч шударга байна уу? (Тийм.) Та нар энэ олон жилийн турш Миний үг хэлэхийг сонссон, тэгвэл та нар Миний үгээс ямар нэгэн хууран мэхлэлт харж байна уу? Ямар нэгэн дүр эсгэлт байна уу? Ямар нэгэн хуурамч зүйл байна уу? (Үгүй.) Би цуглаан дээр нөхөрлөхдөө, эсвэл ерөнхийдөө зарим мэргэжлийн ажлыг залж чиглүүлэхдээ өдөр тутмын амьдралын зарим нэг жижиг сажиг, шалихгүй зүйлсээс эш татан жишээ хэлдэг. Хэдийгээр тодорхой хэрэг явдлын явцын зарим нарийн ширийн зүйлийг орхигдуулсан байж болох ч уг хэрэг явдал өөрөө баримт юм. Түүнчлэн, Миний тэр хэрэг явдлыг хэрхэн зохицуулж, хэрхэн хандсаныг гэрчлэх гэрчүүд бий. Би ер нь худал хэлж байсан уу? (Үгүй.) Би худал хэлдэггүй, жүжиглэж, дүр эсгэдэг ч үгүй. Чи харж байна уу, Би гадагшаа гарахдаа гэртээ өмсдөг хувцсаа л өмсдөг. Заримдаа хэрвээ Миний хувцас бохир байвал Би гадагшаа гарахдаа цэвэрхэн хувцас өмсдөг. Энэ нь ердөө л арай илүү цэвэрхэн хувцаслаж байгаа хэрэг; Би зүгээр л гадагшаа гарахын тулд өндөр үнэтэй, брэндийн хувцас сольж өмсөхгүй. Гэртээ жирийн хувцас өмсөж, гадагшаа гарахдаа арай илүү цэвэрхэн хувцаслах—энэ нь жүжиглэж байгаа хэрэг биш; энэ бол хэвийн хүн чанар юм.

Хуурч мэхлэх, жүжиглэх, дүр эсгэх—эдгээр нь завхарсан хүн төрөлхтний байнга хийдэг зүйлс юм. Чи харж байна уу, хүмүүсийн хэлдэг зүйлийн ихэнх нь хольцтой байдаг; ялангуяа тэдний өөрсдийнх нь ашиг сонирхол, хувийн нууц, нэр нүүр, байр суурь, эсвэл нэр хүндтэй холбоотой байх үед хүмүүс худал хэлнэ. Жишээлбэл, зарим хүн тун завхай зайдан байж, байнга инээж хөхөрч, тоглож нааддаг, үүргээ гүйцэтгэхдээ маш их хойрголж, хийдэг ямар ч зүйлдээ нухацтай ханддаггүй. Удирдагчийг байхгүй үед тэд дэмий чалчиж, цай ууж, нэг хоромд ариун цэврийн өрөө орж, дараагийн хоромд хашаан дотор зугаалж, тун назгай амьдардаг. Удирдагчийг ирэх үед тэд сандран ажилдаа шамдаж, тун хариуцлагатай дүр эсгэдэг. Энэ нь хуурамч зүйл хийж байгаа хэрэг биш гэж үү? Энэ нь дүр эсгэж байгаа хэрэг биш гэж үү? (Тийм.) Завхарсан хүн төрөлхтөнд өөр нэг дутагдал байдаг: Тэд өөрсдийгөө тун эрхэмсэг, өндөр дээд, онцгой гүн гүнзгий ойлголттой, чинээлэг, онцгой байр суурь, гарал үүсэлтэй хүмүүс гэж дүрслэх дуртай байдаг. Тэд нууцаар хийсэн өөдгүй юм уу тэнэг зүйлс, гаргасан алдаа, эсвэл өөрсдөд нь байгаа дутагдал, өө сэвийг хэзээ ч дурддаггүй—бусад хүн үнэнийг нэвт харж, өөрсдийг нь дорд үзнэ гэхээс маш их айдаг тул эдгээр зүйлийн өчүүхэн төдий ч хөнддөггүй, эсвэл цухуйлгадаггүй. Энэ нь хуурамч зүйл хийж байгаа хэрэг биш гэж үү? Энэ нь худал хэлж, хуурч мэхэлж байгаа хэрэг биш гэж үү? (Тийм.) Тэд бүр хийж чадахгүй зүйлээ ч хийж чадна гэж хэлдэг. Хэрвээ тэд өмнө нь тодорхой түвшинд удирдагчаар ажиллаж, ямар нэг чухал ажил хийсэн, эсвэл ямар нэгэн хувь нэмэр оруулсан бол үүнийгээ өргөнөөр сурталчилдаг ба бусад хүн өөрсдийг нь дорд үзэх вий гэхээс маш их айдаг. Амны зоргоор чалчиж, том ярих тухайд тэд “юуг ч хийж чадах” боловч өөрсдийн дутагдал, эсвэл хүн чанарынхаа өө сэвийг хэзээ ч дурддаггүй. Хүмүүс бүгд ингэж биеэ авч явж, үйлдэцгээдэг. Хүмүүс эдгээр илрэлийг хүн төрөлхтний нийтлэг шинж чанар гэж үздэг бөгөөд ингэж биеэ авч явах нь маш хэвийн, түгээмэл, хэвийн хүн чанарт хамаарна гэж боддог тул олон хүн энэ үзэл бодлоо бие махбодтой болсон Бурханд аяндаа нялзааж, “Бие махбодтой болсон Бурхан ч бас худал хэлж, хуурч мэхэлдэг үү?” хэмээн боддог. Жишээлбэл, Намайг банш яаж хийхийг мэднэ гэж хэлэх үед зарим хүн үүнд итгэдэггүй, “Хм, үнэнийг илэрхийлэхээс гадна Та бас хоол хийж чаддаг гэж үү? Энэ боломжгүй” гэж хэлдэг. Тэд “Хэзээ ч худал хэлж байгаагүй хэн байна вэ? Хэзээ ч том ярьж байгаагүй хэн байна вэ?” гэж боддог. Бие махбодтой болсон Бурхан тэрхүү “хэн” гэдэгт багтдаг. Тэдний ингэж хэлэх нь зөв үү? (Үгүй.) Тэд юун дээр буруутсан бэ? (Тэд бие махбодтой болсон Бурханыг завхарсан хүн төрөлхтөнтэй адилтган үзсэн.) Бүх хүн төрөлхтөн худал хэлж чаддаг учраас бие махбодтой болсон Бурхан ч бас худал хэлж чадна гэж чи бодоод, бие махбодтой болсон Бурханыг завхарсан хүн төрөлхтөнтэй адилхан гэж төсөөлж, тэр ч байтугай зүрх сэтгэлдээ “Бие махбодтой болсон Бурхан үнэнийг илэрхийлж чадаж л байвал тэр нь хангалттай. Та хааяа худал хэлсэн ч бид тоохгүй; энэ нь бие махбодтой болсон Бурхан гэх Таны ялгамж чанарт нөлөөлөхгүй” гэж хэлдэг. Энэ нь чи тоох эсэх тухай хэрэг биш; бие махбодтой болсон Бурханы талаарх эдгээр бодол чинь зөв эсэхийг чи тунгаан бодох ёстой. Хэдийгээр онолын хувьд чи энэ нь буруу, ингэж бодож болохгүй гэдгийг мэддэг ч яагаад ингэж боддогоо тунгаан бодох ёстой. Учир нь чи хэтэрхий ов мэхтэй, үнэнч шударга биш бөгөөд тийм учраас хүн бүрийг худал хэлж, жүжиглэж чадна, бие махбодтой болсон Бурхан ч мөн ялгаагүй гэж боддог. Ингэж бодсоноороо чи алдаа гаргаж байгаа биш гэж үү? Хэдийгээр энэ алдааг гаргах нь тийм ч сүртэй хэрэг биш бөгөөд үнэнийг олж авахад чинь нөлөөлөхгүй ч бид энэ хэрэг явдалд үнэхээр нягт нямбай хандаж, үүнийг тодорхой тайлбарлах ёстой. Хэрвээ чи бие махбодтой болсон Бурханы хэлсэн жирийн үгэнд ийм эргэлзсэн, үл итгэсэн хандлагаар ханддаг юм бол Түүнийг үнэнийг нөхөрлөж, үнэнийг илэрхийлж, Бурханы санаа зорилгыг илэрхийлэх үед, мөн чамайг шүүж, ил болгож, яллаж, засах үед чи хэрхэн хандах вэ? Чи хандлагаа өөрчлөх үү? Чи өөрчлөхгүй; чи өнөөх л хандлагаараа хандаж, бие махбодтой болсон Бурханы хэлсэн үг бүгд зөв байх албагүй гэж бодно. Онолын хувьд, Түүний хэлдэг зүйл зөв, бүгд үнэн гэдгийг чи хүлээн зөвшөөрдөг боловч чи зарчим зөрчсөн зүйл хийгээд, Тэр чамайг засаж, ил болгох үед зүрх сэтгэлдээ “Энэ хэрэг явдал дээр Бурханы үг үнэн биш, учир нь би үүнийг тэгж бодохгүй байна. Надад маш сайн шалтаг, шалтгаан байгаа тул би үүнийг хүлээн авахгүй байх сонголт хийж болно. Би үүнийг үл тоомсорлож, уг сэдвээс зайлсхийж, хүлээн авахгүй байх хандлагаар Түүнийг голж, эсэргүүцэж чадах бөгөөд хүнд учирлахдаа ашигладаг хандлагаараа бие махбодтой болсон Бурханд хандаж чадна” гэж боддог. Хэрвээ чи бие махбодтой болсон Бурханд ийм хандлагаар ханддаг бол асуудлын мөн чанар юу вэ? Бие махбодтой болсон Бурханд хандах чиний хандлага тэрслүү юу, эсвэл зүй зохистой юу? (Энэ нь зүй зохистой биш, тэрслүү.) Хэрвээ чи бие махбодтой болсон Бурхан хууран мэхэлж, худал хэлж, том ярьж, сүржин үзэл санаа чалчиж, уриа лоозон хашхирч чадна гэж боддог бол Тэр чамайг засаж, ил болгох үед чи үүнийг хүлээн авахгүй байх, үүнээс татгалзах шалтгаан надад байгаа гэж бодно: “Би зүгээр л үүнийг хүлээн авахгүй, би Түүнийг эсэргүүцнэ. Тэр зүгээр л эгэл жирийн хүн биш гэж үү? Би яагаад Түүний хэлснийг хүлээн авах ёстой юм бэ? Хэрвээ зөв байвал би Түүний хэлснийг хүлээн авна, харин буруу гэж бодож байгаа зүйлээ хүлээн авахгүй; хэрвээ би баяртай байвал үүнийг хүлээн авна, баяртай биш байвал хүлээн авахгүй; хэрвээ Түүний хэлсэн зүйл миний ашиг сонирхол, таашаал, сэтгэл санааны байдалтай нийцэж байвал би хүлээн авна, харин миний ашиг сонирхол, сэтгэл санааны байдалтай нийцэхгүй бол би хүлээн авахгүй. Энэ нь тун жам ёсны, үндэслэлтэй биш гэж үү? Энэ бол маш зүй зохистой, энэ бол миний эрх, мөн би зүрх сэтгэлдээ өчүүхэн төдий ч зэмлэл мэдрэхгүй байна.” Хэрвээ Бурханд хандах чиний хандлага ийм байвал Бурхантай харилцах харилцаа чинь үнэхээр бүтээгдсэн зүйл болон Бүтээгчийн хоорондох харилцаа мөн үү? Энэ нь хүн, Бурхан хоёрын хоорондох харилцаа мөн үү? (Үгүй.) Чиний хандлага юм уу илрэлээс харахад, бие махбодтой болсон Бурхан та хоёрын харилцаа ердөө л эгэл жирийн хүн болон эгэл жирийн завхарсан хүний хоорондын харилцаа юм; энэ нь ердөө хүмүүс хоорондын харилцааны түвшинд үлддэг. Энд асуудал байгаа биш үү? (Тийм.) Тиймээс, бие махбодтой болсон Бурхан хүн төрөлхтнөөс үнэнч шударга хүмүүс байхыг шаарддаг тул Тэр Өөрөө эхлээд үнэнч шударга байдаг гэдгийг чи эхлээд баттай мэдэх ёстой. Түүний хүн чанар үнэнч шударга байдлын мөн чанарыг эзэмшдэг; энэ нь эргэлзээгүй. Чи энэ зүйлийг хүлээн зөвшөөрөх ёстой, үүнийг зүрх сэтгэлээсээ хүлээн авах ёстой. Чи үүнийг зүрх сэтгэлдээ хүлээн зөвшөөрөөд зогсохгүй, бодит амьдрал дээр ч бас хүлээн авах хандлагатай байх ёстой. Завхарсан хүн төрөлхтөн ямар ч нөхцөл байдалд худал хэлж, хуурамч зүйл хийж чаддаг, мөн хэн ч дүр эсгэж, амныхаа зоргоор чалчиж, том ярьж чаддаг. Завхарсан хүн төрөлхтөн ингэж чаддагийн шалтгаан нь Сатаны завхарсан зан чанар хүний амь, уг чанар болсон явдал бөгөөд тийм ч учраас тэд аяндаа гардаг ийм илчлэлүүдтэй байдаг. Гэвч бие махбодтой болсон Бурханы хүн чанарт үнэнч шударга тал байдаг. Түүний амь бурханлаг учраас л үнэнч шударга байдлын элемент нь Түүний мөн чанарын нэг тал бүр ч илүү мөн. Энэ нь эргэлзээгүй бөгөөд хүмүүс эргэлзэх ёсгүй.

Нэг удаа Би нэг хүнтэй ярилцаж байтал тэрээр ходоод нь муу байгаа, эмнэлгээс маш их эм авсан, хэдэн жил эм ууж байгаа гэж хэлсэн. Сүүлд нь түүний ходоодны асуудал бага зэрэг дээрдсэн. Би түүнээс “Чи ходоодны ямар асуудалтай юм бэ? Ходоодны хүйтэн юм уу, ходоодны шарх юм уу, эсвэл ходоодны хүчил ихэдсэн юм уу?” гэж асуусан. Намайг нарийн ширийн зүйл асуухыг сонсоод тэр Надад шууд хариулаагүй, “Миний ходоод муу, би маш их эм уусан” гэж хэлсээр байсан. Би яагаад түүнээс ингэж асуусан бэ? Энэ нь зүгээр л ходоодны ямар асуудалтайг нь мэдэх гэсэн хэвийн яриа байсан. Миний ходоод ч бас заримдаа хямардаг, тиймээс хэрвээ түүнд ийм төрлийн асуудал байсан бол магадгүй тэр Надад бага зэрэг тус болж чадах байв. Үнэнийг нөхөрлөх юм уу албан ёсоор ажил хийхэд тодорхой зорилго, нарийн чанд үйл явц, нухацтай хандлага байдаг бол ярилцах нь үүнтэй адилгүй. Ярилцах нь илүү чөлөөтэй, ямар нэгэн онцгой зорилго юм уу явуулга агуулдаггүй. Гэвч Намайг ходоодны яг ямар асуудалтайг нь асуух үед тэр Надад шууд хариулаагүй. Тэр худал хэлж байсан уу? Тэр үнэнийг хэлж байсан уу? (Үгүй.) Тэгвэл тэр яагаад үнэнийг хэлээгүй вэ? Учир нь тэр асуудлыг нуухыг хүссэн, мөн үүнийг нуух болсон шалтгаан нь өвчнийх нь талаар мэдсэнийхээ дараа Намайг өөрт нь хэрхэн хандах бол гэж санаа зовсноос болсон байв. Намайг өөрийг нь дорд үзнэ гэж санаа зовсон уу, эсвэл Намайг өөрийг нь чөлөөлж, үүргийнх нь хуваарилалтыг нь тохируулна, энэ нь авралд нь нөлөөлнө гэж санаа зовсон уу, товчхондоо, тэр санаа зовсон учраас үүнийг нуухыг хүссэн. Надад хэл дээ, ингэх шаардлага байсан уу? Түүний ингэж байгаа нь маш тэнэг хэрэг байсан биш үү? (Тийм.) Тэгвэл ийм хүмүүс ямар зан чанар харуулдаг вэ? (Хорон муу зан чанар.) Хорон муу байдал хаана оршдог вэ? (Тэд Бурханы талаар таамаглаж, зүрх сэтгэлдээ үргэлж элдэв зүйл төсөөлж, төсөөллөө баримт мэт үзэж, Бурханы үгийн цаад санаа зорилгыг таамаглаж, хүмүүсээс сэрэмжилдэгтэйгээ адилаар Бурханаас бүх талаар сэрэмжилдэг.) Хэрвээ чиний таамаглал, сэрэмжлэлийн бай нь завхарсан хүн төрөлхтний нэгэн байсан бол энэ нь тодорхой хэмжээгээр шаардлагатай байх байсан, учир нь өнөөгийн нийгэм хэтэрхий төвөгтэй, хүмүүс төвөгтэй, хүний зүрх сэтгэл хорлонтой байдаг. Чиний жинхэнэ нөхцөл байдлыг мэдсэний дараа хэн ар хударгаар чинь хорлонтой үйлдэл хийхийг чи мэдэхгүй, тиймээс чи гаднын хүмүүст өөрийнхөө жинхэнэ нөхцөл байдлын талаар хэтэрхий ихийг мэдэгдэхийг хүсдэггүй; үүнийг ойлгож болно. Хүмүүстэй харилцах үедээ чи бүх талаар сэрэмжтэй, болгоомжтой байх ёстой, мөн чи өөрийнхөө жинхэнэ нөхцөл байдлын талаар гаднын хүмүүст юу ч хэлж болохгүй. Энэ бол арга мэх, гүн ухаан, эсвэл ертөнцийн гүн ухааны зарчим бөгөөд хүмүүстэй харилцах үед ашиглагддаг. Гэвч тэр энэ зарчим, арга мэхийг хаана хэрэглэсэн бэ? Тэр үүнийг Надтай харилцахдаа хэрэглэсэн. Би өмнө нь түүнтэй хэзээ ч харилцаж байгаагүй, гэвч ганцхан тэр ярианаас Би энэ хүнийг бүрэн ойлгосон: Тэр хэтэрхий олон худал хэлдэг. Надад хэл дээ, Би чамайг зохиомлоор буруутгах юм уу хорлох хүн мөн үү? Би чиний сэрэмжлэх хэрэгтэй хүн мөн үү? (Биш.) Хэрвээ Би хүртэл чиний сэрэмжилдэг хүн юм бол Бурханд итгэх итгэл чинь ямар утга учир, үнэ цэнтэй юм бэ? Ийм жижиг хэрэг дээр хүртэл үнэнийг хэлж зүрхлэхгүй, үнэнийг хэлэх зориг ч байхгүй—ийм хүнийг чи ямар төрлийн хүн гэх вэ? Ийм хүн маш ов мэхтэй биш гэж үү? (Тийм.) Ертөнцийн гүн ухааны арга барил болон шүтлэггүй хүмүүст ханддаг зарчмыг Надад хэрэглэх огт хэрэггүй биш гэж үү? Би үнэхээр чиний талаар олж мэдэхийг хүссэн гэж үү? Энэ зүгээр л ярилцаж байгаа хэрэг биш гэж үү? Би чиний талаар олж мэдэхийг хүссэн байлаа ч гэсэн чамайг зохиомлоор буруутгах юм уу хорлохгүй, чиний ар хударгаар үүнийг асуудал болгох ч үгүй. Тиймээс, та нарын хувьд Би заримдаа та нартай ярилцаж, та нарын байгаа газарт амьдрал ямаршуу байгаа, цаг уур ямархуу байгаа, үүргээ гүйцэтгэж буй орчин чинь одоо тохиромжтой байгаа эсэх, сүүлийн үед үүргээ гүйцэтгэхэд чинь ямар нэгэн бэрхшээл гарсан эсэхийг асуудаг. Эсвэл эх газрын Хятадаас дөнгөж ирсэн зарим хүнээс Би тэндхийн орчин ямар байгаа, ихэнх хүн үүргээ хэрхэн гүйцэтгэж байгааг асуудаг. Энэ бол зүгээр л хэвийн яриа юм. Нэг талаар, энэ нь хэвийн хүн чанарын хэрэгцээнээс үүдэлтэй; нөгөө талаар, та нар Бурханд итгэдэг учраас бидний ярилцдаг зүйлс бүгд Бурханд итгэх итгэлтэй холбоотой хэрэг явдал байдаг бөгөөд бид одод, алдартнууд, нийгмийн чиг хандлага, эсвэл улс төр гэх мэт шүтлэггүй ертөнцийн сэдвээр хуучилдаггүй. Хэрвээ та нар хэвийн ярианы үеэр ч сэрэмжлэх ёстой бол Би цаашид та нартай ярилцахгүй. Зарим хүн үргэлж “Та бидэнтэй ярилцахдаа тодорхой зорилготой байдаг уу? Бидэнтэй харилцахдаа Та үргэлж зарим нэг асуулт асуудаг; Та ямар нэг зүйл олж мэдэхийг хүсдэг үү? Би Танд бодитой нөхцөл байдлыг яавч хэлж чадахгүй” гэж боддог. Хэрвээ чи ингэж бодож байгаа бол урьдчилаад “Бидэнтэй битгий ярилц. Таныг ямар нэгэн мэдээлэл олж авах вий гэхээс би айж байна. Би Танд хэлэхийг хүсэхгүй байна, тиймээс цааш нь битгий асуу!” гэж хэлэх ёстой. Ярилцахыг хүсэхгүй байгааг чинь сонсмогцоо Би үүнийг орхино. Намайг чамтай заавал ярилцах ёстой гэж чи бодож байна уу? Ихэнх хүнд хэвийн хүн чанар байдаггүй, Би ийм хүмүүстэй ярилцахыг хүсдэггүй.

Бид сая бие махбодтой болсон Бурхан хуурч мэхэлдэггүй талаар нөхөрлөлөө. Энэ үг нь онолын түвшинд үлддэггүй, энэ нь механик хэллэг ч биш. Юун түрүүнд, хуурч мэхлэхгүй байх нь Бурханы ялгамж чанартай, бие махбодтой болсон Бурханы эзэмшдэг мөн чанарын амьдран харуулалт, илчлэлтийн нэг тал юм. Энэ бол онол биш, уриа лоозон бүр ч биш, харин жинхэнэ амьдран харуулалт, бодит амьдран харуулалт юм. Өдөр тутмын амьдралд ч бай, эсвэл үнэнийг нөхөрлөж, ажлын талаар ярилцах үед ч бай, Миний хэлдэг үгэнд ямар ч хууран мэхлэлт, ямар ч худал хуурмаг яавч байдаггүй; Би зохиож ярина гэж бүр ч үгүй. Жишээлбэл, Би ямар нэгэн сэдвийн талаар нөхөрлөж байхдаа нэг үгийг санаж чадахгүй бол та нараас энэ үгийг санаж байгаа эсэхийг асууна. Заримдаа та нар үүнийг санаж чаддаг, заримдаа та нар санаж чаддаггүй, тиймээс Би өөр үг ашиглан үүнийг илэрхийлнэ, эсвэл Би ч бас санаж чадахгүй байна гэж хэлнэ. Нэг талаар, Би үнэнч шударга хандлагатай бөгөөд юм зохиож ярьдаггүй; хэрвээ Би мартсан бол мартсан гэдгээ хэлдэг, хэрвээ санаж чадахгүй бол санаж чадахгүй байна гэдгээ хэлдэг. Нөгөө талаар, заримдаа Би зөв үг олж чадахгүй, эсвэл бодож байснаа мартчихдаг бөгөөд ийм тохиолдолд Би ханиалгаж байгаа дүр эсгэхгүй, эсвэл “Хаалганы хонх дуугарч байна; Би очиж хаалга тайлъя”, эсвэл “Утас дуугарч байна; Би хариу өгье” гэж хэлэхгүй. Би хуурамч зүйл хийхгүй. Та нартай нүүр тулан харилцаж, ажлын талаар нөхөрлөхдөө Би ямар байдаг, та нарын нүднээс далд өдөр тутмын амьдралдаа ч яг л тийм байдаг. Би зүгээр л ийм хүн; Би та нарын нүүрэн дээр ч, ар хударгаар чинь ч адилхан байдаг. Хэрвээ Би ямар нэг зүйл идэх дуртай бол идэх дуртай гэдгээ хэлдэг; Би худал хэлдэггүй. Жишээлбэл, Би: “Би ногоон сонгинотой дүпү, цуутай төмсний хуурга идэх дуртай” гэж хэлдэг. Зарим хүн: “Би үүнд итгэхгүй байна. Танд одоо юу дутагдах вэ дээ? Та магадгүй өдөр бүр гахайн махан хуурга, банш иддэг байх!” гэж хэлдэг. Би: “Хэдийгээр жигнэсэн гахайн мах амттай ч Би хэтэрхий тослог зүйл идэх үнэхээр дургүй. Өглөөний цайндаа Би зүгээр л нэг аяга зутан, зарим нэг хачир иддэг; ийм л энгийн” гэж хэлдэг. Эдгээр нь бүгд бодит баримт юм; ганц ч өгүүлбэр худал биш. Миний та нарт хэлдэг үг, Миний хэлдэг жишээ, эсвэл Миний дурддаг бодит амьдралын эдгээр зүйл—та нар тэдгээрийг нэлээд хүнлэг, эгэл жирийн, хэвийн гэж үздэг ч бай, эсвэл бага зэрэг болхи гэж үздэг ч бай—ямартай ч Миний хэлдэг зүйл бүгд шударга үнэн, бүгд баримтад үндэслэдэг. Энэ нь “Би хэчнээн эгэл жирийн, хүний амьдралд хэчнээн их ууссан, хэчнээн энгийн, даруу болохоо” та нарт харуулахын тулд биш юм. Надад үнэхээр ийм бодол байдаггүй. Заримдаа үнэний нэг талын тухай нөхөрлөхийн тулд Би амьдралын зарим аар саар зүйлийг дурддаг бөгөөд зарим хүн үүнийг Бурханы даруу, нуугдмал байдал гэж боддог. Угтаа, энэ нь үнэхээр Миний санаа биш юм. Би тэдгээр зүйлийг дурдахдаа зүгээр л байгаа юмыг байгаагаар нь хэлдэг; Би ямар ч сүржин, мундаг зүйл хэлдэггүй. Зорилго нь хүмүүст үнэнийг илүү сайн ухамсарлах боломж олгохын төлөө бөгөөд Надад өөр ямар ч санаа зорилго байдаггүй. Би үг хэлж, үйлдэхдээ бугыг морь гэж нэрлэх, бусдыг айлгахын тулд хэн нэгнээр жишээ татах, эсвэл бусдад сануулга болгохын тулд хүмүүсийг хатуу шийтгэх зэрэг зүйлийг яавч хийхгүй. Өмнө нь биднийг ах эгч нарын амьдардаг газар руу явах үед тэд банш хийж, мах хуурч, хоол хийгээд завгүй байдаг байв. Үнэндээ биднийг ингэж дайлах ямар ч шаардлагагүй. Би ихэвчлэн хоолондоо ингэж голомтгой ханддаггүй; Миний хоол тун энгийн бөгөөд Би тансаглалыг тоодоггүй гэж Би хэлдэг. Зарим хүн Миний хэлдэг зүйлд хэзээ ч итгэдэггүй; тэд үргэлж Намайг худал хэлж байна гэж боддог. Намайг юу ч хэлсэн тэд итгэдэггүй. Тийм хүмүүс маш төвөгтэй; тэд огтхон ч ухаалаг биш. Энэ нь Би найдваргүй, эсвэл Миний хэлдэг үг худал хуурмагийг агуулдгаас болоогүй, харин чи маш хорон муу учраас тэр юм. Намайг юу ч хэлсэн, чи үүнийг зөвөөр хүлээж авч чаддаггүй; чи Миний хэлсэн юунд ч эргэлзсэн хандлагаар ханддаг, бүр үүнийг гажууд байдлаар бодож, бүгдийг нь хууран мэхлэлт гэж үзэн, тэр ч байтугай сэрэмжилдэг. Миний хэлдэг үг бүгд шударга үнэн гэдэгт чи хэзээ ч итгэдэггүй. Энэ ямар төрлийн асуудал вэ? Чи диаволууд, Сатануудын үгэнд итгэж чаддаг атлаа яагаад Миний үгэнд итгэж чаддаггүй юм бэ? Тэгвэл чи ингэж Бурханд итгэснээр үнэнийг олж авч чадах уу? Үнэн бол гарцаагүй хий хоосон үг биш, харин хүмүүсийн амьдран харуулдаг амь-бодит байдал юм. Миний та нарт хэлдэг үг бүгд бодит үг. Хэрвээ та нар тэдгээрт итгэхгүй бол яаж Бурханд итгэж чадах юм бэ? Бурханы үг бүгд үнэнч шударга, үнэн байдаг; Тэр хэзээ ч худал хэлж, хуурамч зүйл хийж, дүр эсгэж, дүр үзүүлдэггүй. Хэрвээ та нар эдгээр зан байдлыг ойлгон мэдэрч чадвал Бурханы талаар ойлголттой болно, тэгсэн цагт л та нар бие махбодтой болсон Бурханаар дамжуулан Бурханы үйлдэл, үг бодит байдаг гэдгийг аажмаар мэдэрч, танин мэдэж, Түүний хэлдэг үг болон Түүний нөхөрлөдөг үнэнийг үнэхээр ухамсарлаж чадна. Бид хууран мэхлэхгүй байх талын тухай нөхөрлөж дууслаа.

Сөргөлдөхгүй байх талын тухай үргэлжлүүлэн нөхөрлөцгөөе. Сөргөлдөхгүй байх гэдэг нь юу гэсэн үг вэ? Энэ нь маргалдахгүй, байр суурийн төлөө сөргөлдөхгүй, өрсөлдөхгүй, ямар нэгэн үг хэллэг дээр чамтай маргалдахгүй байна гэсэн үг юм. Хэрвээ чи Миний хэлсэн үгийг хүлээн зөвшөөрвөл үүнийг хүлээн авна; хэрвээ чи хүлээн зөвшөөрөхгүй бол Би чамайг албадахгүй. Хэрвээ чиний ойлголт гажууд байвал Би чамайг ил болгож, засаж залруулна. Хэрвээ чи үүнийг цэвэр байдлаар нь ухамсарлаж чадвал хамгийн сайн; хэрвээ чи цэвэр байдлаар ухамсарлаж чадахгүй бол Би чамайг албадан үүнийг хүлээн авхуулахгүй. Чи зүгээр л аливааг зөнгөөр нь орхиж, аажмаар мэдэж авч болно. Үүнээс гадна, хүмүүсийн хоорондын харилцаа, эсвэл ярианд ч бай, үг хэлэх үедээ хүмүүс үргэлж нэр хүндийн төлөө сөргөлдөж, давуу байдлын төлөө сөргөлдөж, гайхуулах гэж сөргөлдөж, бусдаар хүндлүүлэхийн төлөө сөргөлддөг. Бие махбодтой болсон Бурхантай харилцах үедээ ч хүмүүс ихэвчлэн ингэж авирладаг. Та нар хүн төрөлхтөнд ханддаг үзэл бодлоороо бие махбодтой болсон Бурханд хандаж, бие махбодтой болсон Бурханыг завхарсан хүн төрөлхтөнтэй адилхан гэж үзэж болохгүй. Чи хар даа, Би та нартай ярилцах үедээ та нарыг бүгдийг нь зүрх сэтгэлдээ байгаа зүйлээ чөлөөтэй ярьж, мэддэг, ойлгодог зүйлийнхээ талаар яриасай гэсэндээ энгийн яриа өрнүүлэхийг хичээдэг. Чиний хэлж байгаа зүйл баримттай нийцэхгүй, эсвэл төдийлөн объектив биш байж болох ч Би чамд үг хэлэх боломж олгосоор байдаг. Бидний ердийн яриа бол албан ёсны цугларалт биш; хүн бүр үг хэлэх эрхтэй. Би та нарыг бүгдийг нь зөвхөн Намайг сонс гэж албадахгүй, харин ч хүн бүрд үг хэлэх боломж олгохыг хичээдэг. Заримдаа, энгийн яриагаар дамжуулан ажил дахь зарим асуудлыг олж илрүүлдэг тул бид шууд асуудлыг шийдвэрлэдэг. Хэрвээ ямар ч асуудал байхгүй бол хүн бүр зүрх сэтгэлээ нээж, хуучилж, тайван байж, үүнийг зүгээр л зугаа цэнгэл мэт үзэж болно. Би ямар ч нөхцөлд, эсвэл ямар ч бүлэг хүмүүстэй хамт байсан, “Хэний ч дуу хоолой Минийхээс чанга байх ёсгүй. Би та нараас бүгдээс нь илүү байх ёстой. Ялангуяа асуудал хэлэлцэх үед Би хамгийн их ярьж, Миний ойлголт хамгийн гүн гүнзгий байх ёстой. Өөр хэн ч Надаас илүү гарч чадахгүй. Хэрвээ чи Надаас илүү гарвал Би чамтай давуу байдлын төлөө сөргөлдөнө” гэж хэлэхгүй. Би ингэхгүй. Хэдийгээр Би ямар ч нөхцөлд үг хэлэх ёстой ч их ярих тийм ч дуртай биш; Би хүн бүрийг яриулах дуртай. Заримдаа Би хүн бүрээс “Та нар сүүлийн үед бүжиг сурч байгаа юу? Ямар бүжиг сурсан бэ?” гэж асуудаг. Хэрвээ хэн нэгэн буруу зүйл хэлбэл, эсвэл тэдний хэлсэн зүйл объектив юм уу үнэн зөв биш байвал маргалдах шаардлагагүй. Зарим хүн: “Хэрвээ хэн нэгэн Таныг гутаан доромжилбол яах вэ?” гэдэг. Намайг гутаан доромжлох гэдэг нь юу гэсэн үг вэ? Намайг олны өмнө шүүж, харааж, эсвэл Надтай сөргөлддөг хүнтэй Би үнэндээ таарч байгаагүй. Хэрвээ үнэхээр тийм хүн байвал Би түүнээс “Чи яагаад ингэж байгаа юм бэ? Чиний хэлж байгаа зүйл баримттай нийцэж байна уу?” гэж асуух байсан. Хэрвээ түүний хэлсэн зүйл зөв байвал Би түүнээс уучлалт гуйх байсан. Хэрвээ түүний буруу байвал Би түүнтэй үнэнийг нөхөрлөх байсан, ингэснээр тэр өөрийнхөө асуудлыг танин мэдэж чадах бөгөөд тэр нь хангалттай байх байв. Би түүнтэй давуу байдлын төлөө сөргөлдөж, Надад буулт хийж, Намайг дарга гэдгийг хүлээн зөвшөөрөхийг түүнээс шаардахгүй байх байсан. Тиймээс заримдаа хүн бүр хамтдаа ярилцах үед зарим хүний дуу улам бүр чангарч, хэлэлцүүлэг нэлээд ширүүсдэг; Би зүгээр л тэдний ярихыг тэвчээртэй сонсдог. Завхарсан хүн төрөлхтөн бол өөр. Чи хар даа, зарим хүн ярилцах үедээ эцэст нь маргалддаг. Зүрх сэтгэлийнхээ гүнд тэд бие биенээ дорд үздэг бөгөөд эцэс төгсгөлгүй маргалдаж, хэний зөв, хэнийх нь буруу гэдэг дээр сөргөлдөхөөр зүтгэж, хүн бүрээр шүүлгэхээр шаардаж, хэнд ч өөрсдийг нь гутаах боломж олгодоггүй. Заримдаа зарим хүн Надтай ярилцах үедээ яриа тасалж, урдуур орж, эсвэл зарим нэг өнгөц үг хэлж, тэр ч байтугай Намайг гутаан доромжилдог. Үүнийг Би сүртэй зүйл биш гэж боддог; тэд үүнийг зориуд хийж байгаа юм биш. Хүмүүс бүгд завхарсан зан чанартай байдаг тул ийм зан авир гаргах нь маш хэвийн юм. Надтай хамт ажил хэрэг зохицуулахдаа Миний ярихыг хүлээлгүйгээр шууд шийдвэр гаргадаг хүмүүс хүртэл байдаг. Би дотроо “Чи энэ хэргийг хүн бүртэй хэлэлцэхгүйгээр шууд шийдвэр гаргасан ч чиний зохицуулах арга зам үндэслэлтэй байгаа тул зүгээр дээ” гэж боддог. Тэгээд Би юу ч хэлдэггүй. Би чамтай маргалддаггүй; Би үүнийг хийж чаддаг, бас Би үнэхээр ингэж хийж байгаа. Хэрвээ удирдагч, ажилчид чуулган дахь төрөл бүрийн мэргэжлийн ажлын талаар Надаас асуувал Би тухайн үед санаанд орсон зүйлдээ үндэслэн нөхөрлөж, зааварчилгаа өгдөг, тэгээд удирдагч, ажилчид чуулган руу явж үүнийг уламжилж, хэрэгжүүлдэг. Дараа нь Би тэр чуулганд очиж, зарим хүнтэй уулзах үедээ тэднийг ажлын талаар нөхөрлөх үед зүгээр л хажуугаас нь сонсдог. Үнэндээ Би энэ бүх зүйлийг мэддэг боловч зарим хүн Намайг мэддэггүй гэж боддог. Тэд “Энэ бол хүмүүс бидний хэрэг; энэ нь Танд ямар ч хамаагүй. Та бол хөндлөнгийн ажиглагч, тиймээс Та зүгээр л бидний яриаг сонсох ёстой” гэж боддог. Ийм нөхцөл байдалд Би их юм хэлдэггүй; Би хүмүүстэй маргалддаггүй. Гэвч завхарсан хүн төрөлхтөн ингэж чаддаггүй. Бага зэрэг байр суурьтай, эсвэл жаахан хариуцлага үүрдэг хэн боловч хүмүүсийн дунд эцсийн шийдвэр гаргаж, байр сууриа хамгаалж, албан тушаалаа хамгаалахыг хүсдэг. Хэрвээ хэн нэгэн түүнийг нухацтай авч үзэхгүй бол тэр тун их бухимдаж, нэр хүнд, нэр нүүр, ёс жудгийг нь асар их сорьж байна гэж боддог. Би иймэрхүү зүйлийн талаар юу ч мэдэрдэггүй; Өөрийн зүрх сэтгэл, оюун ухаанд Би хүмүүсийн дундах байр суурь, нэр төр, нэр нөлөө зэрэг зүйлийг сонирхдоггүй. Намайг хаашаа ч явсан, хүмүүс үргэлж Миний ард дагаж, Намайг анхаарлын төвд байгаа мэт үргэлж тойрон хүрээлж, Миний эргэн тойронд шавж, эсвэл хүмүүс Намайг үргэлж хүндэтгэлийн үгээр дуудаж, Надад маш эелдэг хандаж, Надад зусардаж, Намайг ер бусын хүн, эсвэл байр суурьтай ахмад хүн шиг үзвэл Би үнэхээр тавгүйтдэг. Хэрвээ чи Надтай эрх тэгш байж, тайван ярилцвал Би нэлээд тайван байдаг; хэрвээ чи Миний өмнө бялдуучилж, тун хиймэл авирлавал Надад үнэхээр нэлээд эвгүй санагддаг. Гэвч завхарсан хүн төрөлхтний бараг зуун хувь нь байр суурь, нэр төр, нэр нүүрийн саадыг давж чаддаггүй; тэд бүгд эдгээр зүйлийг эрэлхийлж, таашаадаг.

Намайг хэн нэгэнтэй ярилцаж байх үед тэрээр нэг зүйл хөндсөн бөгөөд тэр сэдвийг нь дагаад Би ч бас нэг зүйл ярьсан юм. Тэрээр Намайг өөртэй нь давуу байдлын төлөө сөргөлдөхийг хүсэж байна гэж дотроо бодоод, Намайг дахиад хоёр юм ярьж чадах нь уу гэж шалгахын тулд тэр даруй дахиад хоёр зүйл дурдсан. Ярилцах нь ажил хийхтэй адил нухацтай, нарийн нягт биш гэж Би хэлсэн; энэ нь зүгээр л чөлөөтэй байдаг. Хүн бүр баяртай байвал л болох нь тэр; үүнд тийм ч олон ээдрээ бартаа байдаггүй. Би бол энгийн хүн. Хүн юуны ч талаар ярьсан, Би зүгээр л ярианд нь оролцож, ярьж байгаагийнх нь дагуу бага зэрэг хуучилдаг, гэвч энэ нь эцэстээ төвөг удсан. Тэр юу хэлэх гэсэн бэ? Тэр ямар ч сэдвээр ярьсан, Би цааш ярьж болохгүй байв. Хэрвээ Би үргэлжлүүлэн ярьсаар байвал тэр давуутай харагдахгүй бөгөөд зүрх сэтгэлдээ “Та яагаад ийм юм мэддэггүй юм бэ? Та яагаад миний хэлэх гээд байгааг ойлгохгүй байгаа юм бэ? Та Өөрийгөө хэн гэж бодоо вэ? Та бүр надтай эрх тэгш харилцахыг хүсэж байна шүү дээ!” гэж гомдоллох байв. Түүнийг ингэж ярилцах дургүй байгааг хараад Би санааг нь ойлгосон. Би хүмүүстэй харилцахдаа хэвийн хүн чанарын арга замыг ашигладаг. Хэрвээ энэ нь бүтэхгүй бол Би ухаалгаар буулт хийнэ; Би хүмүүстэй маргалдахгүй. Шүтлэггүй хүмүүстэй эвтэй байх боломжгүй, мөн чуулган дахь зарим хүн ч бас ухаалаг бус байдаг. Чамайг тэдэнтэй нөхөрлөх үед нэр нүүрээ бодох мэдрэмж нь тэднийг ямар нэг зүйлийг шуудхан хэлэхээс сэргийлдэг боловч тэд дотроо завхарсан зан чанартай бөгөөд чамтай сөргөлдсөөр байх болно. Тэд сөргөлдөөнөөс татгалзаж чаддаггүй. Яагаад? Тэр бол тэдний амь. Үнэн-зарчимтай холбоогүй хэрэг явдал дээр маргаан эхлүүлэх шаардлагагүй. Жишээлбэл, Дорнынхон цай уух нь эрүүл мэндэд сайн гэдэг бол Барууныхан кофе уух нь эрүүл мэндэд сайн гэдэг. Угтаа аль нь эрүүл мэндэд сайн бэ? Ийм зүйлийн талаар маргалдах шаардлагагүй. Энэ хэрэг явдал нь үнэн-зарчимтай холбоогүй; зүгээр л өөрийнхөө дур сонирхол, амьдралын нөхцөл, амьдралын хэв маягт үндэслэн сонго. Хэрвээ чамд цай уух боломж байгаа бол цай уу; хэрвээ байхгүй бол зүгээр л буцалсан ус уу. Чи юу ч уусан бай, энэ нь биеэ авч явах байдалд чинь огт нөлөөлөхгүй. Заримдаа бидний бодол санаа, үзэл бодол өөр байдаг ч Би чамтай дэмий юмаар маргадаггүй; Би Өөрийнхөө зарчмыг баримталсаар байдаг. Зарчимтай холбоогүй зүйл дээр Би чамтай маргахгүй. Зүгээр л зарчмыг хатуу баримталдаг хүн шиг харагдахын тулд Би зарчимтай огт холбоогүй үг хэллэг, эсвэл хоосон сургаал, онолын талаар Би чамтай хэзээ ч нүүрээ минчийтэл маргахгүй. Би хэзээ ч, яавч тэгэхгүй! Заримдаа зарим хүн Надаас асуулт асуух үед Би тэдэнтэй зарчмын талаар нөхөрлөнө, мөн онцгой тохиолдолд Би тэдэнд юу хийхийг шууд хэлж өгнө. Дараа нь тэд үүнийг хийх өөр арга санал болгож, тэр нь болох эсэхийг Надаас асуудаг. Тэдний санал болгосон аргын үр дүн Минийхтэй бараг ижил байгааг сонсоод Би: “Хэрвээ үүнийг хийх нь чамд тохиромжтой, орон нутгийн нөхцөл байдал тааламжтай байвал чи өөрийнхөө санаагаар хийж болно; чи Миний хэлсний дагуу хийх шаардлагагүй” гэж хэлдэг. Би хэзээ ч “Миний үг бол хууль; Миний хэлснийг хий, та нар үгэнд орох ёстой” гэж яавч хэлэхгүй. Чи сонсохгүй байсан ч зүгээр. Хэрвээ чиний хэлж байгаа зүйл үндэслэлтэй, Миний санал болгосон арга барилаас нэг их ялгаагүй, ижил зорилготой, үр дүн нь бараг адилхан байвал чи Миний саналыг сонсохгүй байх сонголт хийж болно. Би чамайг хэзээ ч, яасан ч албадахгүй.

Хэдэн жилийн өмнө зарим хүн нэг хөтөлбөрт зориулж бүжиглэсэн юм. Тэдний зарим хөдөлгөөн асуудалтай байгааг хараад Би тэдэнд хэлж өгсөн. Тэдний зарим нь үүнийг сонсоод дургүйцэж, хүлээн авахыг хүсээгүй. Би тэдэнтэй маргалдаагүй; Би зүгээр л хөдөлгөөнд нь асуудал байгаа эсэхийг харахын тулд бүжгээ хэд хэдэн удаа анхааралтай үзэхийг тэднээс хүссэн. Би: “Хэрвээ та нар Миний дурдсан асуудлыг мэдэрч чадахгүй хэвээр байвал Би та нарт өөр нэг хувилбар өгье. Энэ хувилбарыг туршиж үзээд, өмнөхтэй нь харьцуулан аль нь дээр болохыг хараарай” гэж хэлсэн. Тэд Миний санал болгосон хувилбарын дагуу хийж үзээд, Миний хувилбар үнэхээр дээр болохыг мэдэрсэн бөгөөд тэр үед л тэд өмнөх бүжгийн хөдөлгөөнд нь жаахан асуудалтай байсныг хүлээн зөвшөөрсөн. Тэд тухайн үед үүнийг ухаарч чадаагүй байсан. Хөндлөнгийн ажиглагч оролцогчдоос илүү тодорхой хардаг байж болох юм. Тэд тэр хөдөлгөөнүүдийг тогтмол хийдэг байсан тул гаршсан байсан бөгөөд зарим хөдөлгөөн нь сайн биш байна гэж Намайг хэлэхийг гэнэт сонсоод нэр нүүр нь сэвтсэн мэт санагдаж, түр зуур хүлээн авч чадаагүй байж магадгүй. Залуучууд ийм байх нь хэвийн зүйл гэж Би хэлдэг. Та нарт үүнийг хэлж байгаагийн зорилго юу вэ? Хэвийн нөхцөлд, зарчимтай холбоогүй асуудлаар Би та нартай яавч маргалдахгүй гэдгийг л Би та нарт хэлэхийг хүсэж байна. Хэрвээ энэ нь зарчмын хэрэг явдалтай холбоотой бол Би та нарт зөвхөн шийдлийг л хэлж өгнө. Би байр сууриа ашиглан та нарыг хүчээр дарангуйлж, Намайг сонс гэж та нарыг албадахгүй. Ихэнх тохиолдолд Би аливааг аажмаар цэгцэлж, сайтар ярилцаж, шийдвэрлэдэг. Хэрвээ энэ бүх арга бүтэлгүйтвэл магадгүй зарим хүнийг засах хэрэгтэй болно. Мэдээж, зарим хүн Намайг гутаан доромжилсон учраас биш, харин захиргааны зарлигийг зөрчиж, зарчмыг зөрчиж, чуулганы ажилд үймээн учруулсан учраас засалт туулдаг. Тиймээс, хэн нэгэн хүн алдаа гаргаж, эсвэл тэрслээд, сахилгажуулалт юм уу шийтгэл хүртэх үедээ Бурханы ялгамж чанар, эсвэл Бурханы байр суурийг гутаан доромжилсон учраас биш, Бурханыг гутаан доромжилсон учраас биш, харин зарчмыг зөрчиж, захиргааны зарлигийг зөрчсөн учраас тэгдэг. Дэлхий дахиныг хар: Бурханыг гутаан доромжилсныхоо төлөө шийтгүүлсэн, эсвэл залхаан цээрлүүлэлт амссан хүн ер нь байна уу? Хэн ч байхгүй. Энэ ертөнцөд Бурханд итгэдэггүй, Бурханыг хараадаг, утгагүй үг хэлдэг, аархуу үг хэлдэг хүн хэтэрхий олон бий. Тэд эцэстээ шийтгүүлэх үед тэдний хэн нь Бурханыг гутаан доромжилсныхоо төлөө шийтгүүлдэг вэ? Тэдний хэн нь ч биш; учир нь бүгд тэд тоо томшгүй олон ёрын мууг үйлдсэн бөгөөд эдгээр муу үйлдээ үндэслэн шийтгүүлэх ёстой. Маргаан үүсгэж болзошгүй хэрэг явдалтай тулгарах үедээ Би чамтай сайтар ярилцахыг хичээж, уг хэрэг явдлыг зохицуулах зарчим юу болохыг ойлгох боломжийг чамд олгодог. Хэрвээ чамд илүү сайн төлөвлөгөө байгаа бол мэдээж чи үүнийгээ баримталж болно. Би чамтай давуу байдлын төлөө сөргөлдөхгүй, “Нэгэнт Би хэлсэн учраас үүнийг Миний төлөвлөгөөний дагуу хэрэгжүүлэх ёстой. Чиний төлөвлөгөө сайн байсан ч хэрэгжүүлж болохгүй. Энэ хэрэг дээр Би эцсийн шийдвэрийг гаргах ёстой!” гэж ч хэлэхгүй. Би ингэхгүй. Би та нарын саналыг сонсож, хүн бүрийн давуу талыг ашиглахыг хичээх болно. Хэрвээ та нарын хэнд ч ямар нэгэн санал, санаа байхгүй бол Би эцсийн шийдвэрийг гаргана—энэ нь ойлгомжтой. Гэхдээ Би та нарын хэнтэй ч нэр нүүр, байр суурь, эсвэл хэн эцсийн шийдвэрийг гаргах вэ гэдэг дээр хэзээ ч, яасан ч сөргөлдөхгүй. Энэ жилүүдэд та нартай харилцаж, харьцаж байсны хувьд магадгүй та нар ч бас үүнийг ойлгож мэдэрсэн байх: Олон удаа Би та нарт юм хэлсэн бөгөөд Намайг ярьж дууссаны дараа та нар өөрсдийн гэсэн санаа бодолтой байсан тул Миний хэлснийг хэрэгжүүлээгүй. Тэр үед Би үүнийг илүү тодорхой тайлбарлах арга олохоор оролддог. Хэрвээ та нар үүнийг хүлээн авч чадвал тэр нь бүр ч сайн. Хэрвээ та нар үүнийг хүлээн авахгүй, энэ нь чуулганы ажилд нөлөөлбөл чуулганд захиргааны зарлиг бий: Хэрвээ чи чөлөөлөгдөх ёстой бол чөлөөлөгдөнө; хэрвээ чи засуулах ёстой бол засалт туулна; чуулган чамд зохих ёсоор арга хэмжээ авна. Тухайн хэрэг явдлын тухайд бол Би Өөрийнхөө нэр нүүрийг эргүүлэн олж авах, эсвэл Өөрийнхөө байр суурь, нэр хүндийг хамгаалахын тулд чамтай хэзээ ч, яасан ч маргахгүй. Би зөвхөн уг хэрэг явдлын нарийн ширийнийг болон хүмүүсийн ойлгох ёстой зарчмыг тодорхой тайлбарлахад л анхаардаг. Чамайг үнэнийг илүү сайн ойлгож, үнэн-бодит байдалд орж чадаасай гэсэндээ Би юмыг ахин дахин тэвчээртэй тайлбарладаг. Энэхүү агуулгын талаар нөхөрлөж байгаагийн зорилго нь бие махбодтой болсон Бурханыг илүү сайн ойлгох боломжийг та нарт олгох явдал юм. Бие махбодтой болсон Бурханы гадна талын хэвийн, бодит амьдран харуулалтын талаар ойлголттой болохоос гадна та нар бас бие махбодтой болсон Бурханы мөн чанар, зан чанар, бодол санаа, үзэл бодлын талаар илүү гүнзгий ойлголттой болж чадна. Бид сая сөргөлдөхгүй байх сэдвийн талаар нөхөрлөлөө. Байр суурь болон нэр нүүртэй холбоотой байх үед бие махбодтой болсон Бурханы баримталдаг зарчим бол хүмүүстэй маргалдахгүй байх, байр суурь, нэр нүүр, эсвэл нэр төрийн төлөө хүмүүстэй сөргөлдөхгүй байх явдал юм. Эдгээр зүйлийн талаар бусадтай сөргөлдөх хүсэл сонирхол нь яг үнэндээ завхарсан хүн төрөлхтөн завхарсан зан чанараа харуулж буйн тод илрэл юм. Тиймээс сөргөлдөхгүй байх нь бас бие махбодтой болсон Бурханы хүн чанарын мөн чанар болон хүн төрөлхтний хүн чанарын мөн чанарын хоорондох гол ялгаа бөгөөд энэ нь хүмүүсийн ойлгох ёстой агуулгын нэг тал юм.

Бид сөргөлдөхгүй байх талын тухай нөхөрлөж дууссан болохоор одоо тэмцэлдэхгүй байх талын тухай нөхөрлөцгөөе. Тэмцэлдэхгүй байх нь сөргөлдөхгүй байхтай бага зэрэг төстэй боловч зарим ялгаа бас бий. Бие махбодтой болсон Бурхан сөргөлдөхгүй байх илрэлтэй байдгаас гадна тэмцэлдэхгүй байх тал дээр зарим бодит амьдран харуулалт, илчлэлтэй байдаг. Энэхүү амьдран харуулалт болон эдгээр илчлэлээр дамжуулан хүмүүс бие махбодтой болсон Бурханы хүн чанар-мөн чанарын нэг талыг илүү сайн ойлгож чадна. Тэмцэлдэхгүй байх энэ тал ерөнхийдөө юуг хамардаг вэ? Энэ нь мөн л хүмүүстэй харилцах, холбогдохыг хамардаг. Бие махбодтой болсон Бурханы хүмүүстэй харилцаж, холбогдох зарчим бол хүмүүст шударгаар хандаж, аливааг зарчмын дагуу хийх явдал, мөн зүрх сэтгэлдээ юм уу нууцаар хүмүүстэй сэтгэл зүйн тоглоом тоглож, арга заль хэрэглэхгүй байх явдал юм. Хүмүүстэй харилцаж, тодорхой сэдвийн талаар ярилцах үедээ Тэр зүрх сэтгэлдээ “Чи үүгээрээ юу хэлэх гэсэн юм бэ? Чи зориуд Намайг онилж байна уу? Чиний үг далд утгатай юу? Цаана нь өөр ямар нэг нууц зүйл болоод байна уу? Би чамтай яаж ярихаа, чамд Өөрийгөө хэн болохыг хэрхэн харуулахаа, эсвэл чамтай хэрхэн тэмцэлдэхээ бодох хэрэгтэй” гэж яавч бодолхийлэхгүй. Би та нартай харилцаж, ярилцах үедээ ингэж боддоггүй. Нөгөө тал зориуд тэмцэлдэхийг хүссэн ч гэсэн Би тэдэнтэй хэзээ ч, яасан ч тэмцэлдэхгүй. Нөгөө тал нь бодитой нөхцөл байдлыг олж мэдэх, эсвэл Миний эсрэг ашиглах ямар нэг зүйл олж авахыг хүссэн шүтлэггүй хүн байсан ч гэсэн Би аливааг зарчмын дагуу хийсээр байдаг. Би тэдэнтэй тэмцэлддэггүй; Би хийх ёстой зүйлээ хийж, хэлэх ёстой зүйлээ хэлдэг. Би биеэ авч явах зарчим болон хил хязгаарынхаа дагуу үйлдэж, үг хэлдэг. Товчхондоо, хэн ч байсан Би тэдэнтэй тэмцэлддэггүй. Жишээлбэл, Би хэн нэгнээс “Энэ сард сайн мэдээ номлосны үр дүн ямар байна вэ?” гэж асуудаг. Тэд дотроо “Тэр яагаад гэнэт энэ сарын сайн мэдээ номлосон байдлын талаар асуув? Энэ ямар учиртай юм бэ? Хэн нэгэн миний ар хударгаар миний талаар ямар нэг асуудал мэдээлсэн юм болов уу? Тэр миний нөхцөл байдлын үнэн мөнийг олж мэдээд, намайг чөлөөлөх гэж байгаа юм болов уу?” гэж боддог. Тэр яагаад ингэж боддог вэ? Би ингэж асуухдаа далд сэдэлтэй байдаг гэж үү? Ямар нэг далд утга байгаа юу? (Үгүй.) Тэд тэмцэлдэхийг хүсдэг учраас Миний үгийг далд утгатай гэж боддог; эсвэл тэд нүднээс далдуур зарим нэг муу зүйл хийж, мөс чанар нь буруутайгаа мэдэрдэг учраас Миний үгийг гарцаагүй далд сэдэлтэй гэж боддог. Үнэндээ энэ сард сайн мэдээний номлол хэр явагдаж байгааг Намайг асуух үед энэ өгүүлбэр яг л асууж буй утгыг илэрхийлдэг; өөр ямар ч утга байхгүй. Надад тэмцэлдэх ямар ч санаа зорилго байхгүй, Би чамайг үнэнээ хэлэхэд хүргэж, энэ сарын үр дүн сайн биш байгааг чамаар хүлээн зөвшөөрүүлж, эсвэл сүүлийн үед сайн мэдээний номлол хэр явагдаж байгааг үнэнээр нь хэлүүлж, улмаар үүгээр шалтаглан чамайг засаж, чөлөөлөх гэж оролдоо ч үгүй. Харин ч Би чуулганы ажлын нөхцөл байдлыг бодитоор олж мэдэж, үүргээ гүйцэтгэхэд чинь гарч буй асуудлуудыг шийдвэрлэхэд чинь туслахыг хичээж байгаа юм. Гэвч хэрвээ чи үргэлж Миний үгийн далд утгыг тайлахыг хүсэж, Надтай тэмцэлдэхийг үргэлж хүсдэг бол Би чамаас асуухгүй. Би өөр хүмүүсээс асууж болно. Бодит нөхцөл байдлыг хэнээс олж мэдэж болохоор байна, хэн хэвийн ярилцаж, хэвийн хүн шиг ярьж, үнэнийг хэлж чадахаар байна, Би тэр хүн дээр очно. Чи бүх зүйлийг асуудал болгодог бөгөөд хэтэрхий төвөгтэй. Чи хэтэрхий сэжигч, чиний оюун ухаан хэтэрхий төвөгтэй тул Би чамтай ярилцахгүй. Энэ бол хүмүүстэй харилцаж, ярилцах Миний зарчим юм. Та нар үүнийг энгийн гэж хэлэх үү? (Тийм ээ, энгийн.) Жишээлбэл, хэн нэгэн тансаг зэрэглэлийн аяллын усан онгоцонд суусан тухайгаа Надад гайхуулсан. Би: “Би үнэхээр тансаг зэрэглэлийн аяллын усан онгоцонд сууж үзээгүй. Та нар баян хүмүүс; та нар дэлхий ертөнцийг үзжээ” гэж хэлсэн. Эдгээр нь уурлаж хэлсэн үг биш, адгуу зангаар хэлсэн үг ч биш. Би сууж үзээгүй учраас шударга үнэнийг хэлдэг; Би дүр эсгэдэггүй. Ийм хүнтэй таарах үедээ Би буулт хийгээд тэдэнтэй яавч тэмцэлддэггүй. Зарим хятад хүн Надтай үргэлж англиар ярьж, Миний өмнө нь сонсож байгаагүй зарим үгийг ашигладаг. Намайг тэр үгийг сонсоогүйг хараад тэд бүр ч идэвхтэй гайхуулж, “Би ялангуяа Таны мэдэхгүй зүйлийг хэлнэ. Би заавал Таныг намайг ойлгож чадахааргүй болгож, Таныг атаархуулж, жөтөөрхүүлж, уурлуулна!” гэдэг. Энэ нь тэмцэлдэж байгаа хэрэг биш үү? (Тийм.) Би: “Чиний ашигласан үгсийг Би сонсож байгаагүй юм байна. Чиний англи хэл нэлээд сайн юм” гэж хэлдэг. Зарим хүн гайхуулж, хүмүүсийг дорд үзэж, үргэлж дээрэлхүү загнаж, өөрсдийгөө онцгой гэж бодон, өөрсдийгөө чадварлаг, бусдаас илүү гэж бодох дуртай байдаг. Ийм хүмүүстэй таарах үедээ Би тэдэнд ч бас зөв хандаж чадна. Хэрвээ чи гайхуулах дуртай бол Би дээд зэргээр гайхуулахыг чинь зөвшөөрнө. Би чиний яриаг таслахгүй, чамтай тэмцэлдэнэ гэж бүр ч үгүй.

Тэмцэлдэх дуртай хүмүүсийг хаа сайгүй харж болно; хүмүүс цугларсан газар бүрд тэмцэлдэх дуртай бүлэг хүмүүс байдаг. Тэд ихэвчлэн бусадтай сөргөлдөж, тэмцэлддэг бөгөөд ганц үг, ганц зүйл, эсвэл ганц хэрэг явдал дээр ч тэмцэлдэнэ. Би ийм хүмүүсийг дэндүү олныг харсан. Харин Би хүмүүстэй тэмцэлддэггүй. Би яагаад тэмцэлддэггүй вэ? Учир нь тэмцэлдэх нь Надад хэзээ ч төрөлхөөсөө байгаагүй. Чуулганд Надтай харилцаж, ярилцах үедээ үргэлж сэтгэл зүйн тоглоом тоглодог олон хүн бас байдаг. Тэд үргэлж “Та юу хэлэх гээд байна вэ? Та миний ар хударгаар зарим муу зан авирыг минь олж мэдчихсэн юм уу? Та намайг чөлөөлөх гэж байна уу?” “Та яагаад үүнийг хэлж байгаа юм бэ? Та битүүхэн сануулж байна уу? Таны хэлж байгаа зүйл ямар нэг далд утгатай юу? Та намайг ямар нэг зүйл хийлгэх гэж оролдож байна уу?” гэж таамагладаг. Жишээлбэл, хэн нэгэн хүн подвоолк өмссөн байхыг хараад Би “Чиний подвоолкны өнгө нэлээд гоё юм. Энэ сэрүүхэн байдаг уу? Хөвөн даавуу юм уу?” гэж хэлсэн. Энэ нь маш хэвийн, жирийн үг биш гэж үү? (Тийм.) Тэр хүн тэгэхэд дотроо “Танд бас хэрэгтэй болоод Та ингэж асууж байна уу? Албан тушаалтнууд жирийн иргэдээс ихэвчлэн ингэж юм нэхдэг биш гэж үү? Тэд ил тод гуйдаггүй, харин тойруу байдлаар ярьж, хүмүүст битүүхэн ойлгуулж, сайн дураараа үүдэнд нь хүргэж өгөхөд хүмүүсийг хүргэдэг. Тэгснээр дараа нь асуудал гарвал тэд өөрсдөө гуйгаагүй, үүнийг шантаажилж аваагүй гэж хэлж чадна. Бурхан ингэж хэлэх гэсэн юм болов уу? Хэрвээ Тэр тэгж хэлэх гэсэн бол би хурдхан хэдэн подвоолк худалдаж аваад явуулах хэрэгтэй” гэж бодсон. Ингэж бодсоныхоо дараа тэр хэдэн подвоолк худалдаж аваад Надад илгээсэн. Намайг цамцыг нь гоё байна гэж хэлсэн учраас тэр Намайг нэгийг хүссэн гэж бодсон. Угтаа Би үнэхээр нэгийг хүсээгүй; Би зүгээр л ярилцаж байсан. Хэрвээ Би үнэхээр нэгийг хүссэн бол шууд л тэгж хэлэх байсан; Би хэзээ ч хүмүүсээр үгийн цаад утгыг тааварлуулахгүй байх байсан. Тиймээс Би цамцыг хүлээн аваагүй бөгөөд хурдхан буцааж явуулсан. Би өмсөх хувцсаар дутаагүй. Өмсөх зүйлийн тухайд Надад Өөрийн гэсэн дур сонирхол байдаг бөгөөд өөр хэн ч үүнийг тааж мэдэж чадахгүй. Ойлгомжтой юу? (Тийм.) Би хүмүүстэй ярих үедээ, энгийн ярианы үеэр ч гэсэн маш тодорхой, нухацтай ярьдаг. Ихэвчлэн, төвөгтэй оюун ухаантай зарим хүн Миний хэлснийг гажууд байдлаар тайлбарлаж, Миний үгэнд ямар нэг далд утга байгаа эсэхийг таамаглан, түрэмгий болдог. Би та нарт нэг зүйлийг тодруулж хэлье: Надад хэнтэй ч тэмцэлдэх санаа зорилго байхгүй. Миний ярьсан зүйл яг л Миний үгийн шууд утга юм; Миний хэлдэг зүйлд ямар ч далд утга байхгүй. Тиймээс Надтай ярилцах үед чинь Миний хэлсэн зүйл яг л тэр утгыг илэрхийлдэг. Үүнийг битгий хэтрүүлж тайлбарла, битгий хэтрүүлж бод, Намайг шалгах юм уу Миний талаар таамаглахын тулд ямар нэг арга заль хэрэглэх нь бүү хэл, сэтгэл зүйн тоглоом бүү тогло. Миний хэлдэг үг хамгийн энгийн, хамгийн тодорхой байдаг; бага зэрэг хэвийн сэтгэлгээтэй хэн ч Миний хэлсэн зүйлийг ойлгож чадна. Хэрвээ чи тэмцэлдэхгүй бол бидний хувьд эв найртай байж, хэрэг явдлыг зохицуулахад амархан байх болно. Би чамд ямар нэг зүйл хийхийг зааварлахдаа аливааг ээдрээтэй болгодоггүй; чи зүгээр л яг Миний хэлснээр хийх хэрэгтэй. Хэрвээ чи тэмцэлдвэл энэ нь харин ч ажлыг саатуулж, Би чамд зэвүүцэх болно. Би: “Чи тэмцэлдэх дуртай, оюун ухаан чинь хэтэрхий төвөгтэй, бас шулуун шударга биш юм. Би чам шиг хүмүүстэй харилцах юм уу ярилцах дургүй. Би чамтай ярилцаж, харилцсаны оронд тэжээвэр нохойтойгоо тоглосон нь дээр. Чи өдөржин энэ, тэр хүнтэй тэмцэлддэг; энэ нь Миний хийх дуртай зүйл биш. Угаасаа Би үг хэлж, үйлдэхдээ юмыг байгаагаар нь хэлдэг; Би хүмүүстэй тэмцэлддэггүй” гэж хэлнэ. Чи яавч тэмцэлдэж болохгүй. Хэрвээ чи үргэлж тэмцэлддэг бол ёс жудгаа алдаж, Миний зүрх сэтгэлд ямар ч үнэ цэнгүй болно. Ямар нэг зүйлийн талаар асуух үед зүгээр л үнэнийг хэл. Тухайн үед санаанд орж ирснээ хэл, санаж чадахынхаа хэрээр хэл. Намайг яагаад ямар нэг зүйлийн талаар олж мэдэхийг хүсэж байгааг, тэр талаарх үнэнийг хэлбэл сул тал нь юу байхыг, эсвэл энэ нь чиний байр сууринд нөлөөлөх эсэхийг, Дээрх чамайг хэрхэн харахад нөлөөлөх эсэхийг үргэлж бүү тунгаан бод. Хэрвээ чи эдгээр зүйлийг үргэлж тунгаан боддог бол асуудалд орох болно. Би чамд хэлье, шударгаар ярь, сэтгэл зүйн тоглоом битгий тогло, эсвэл арга заль битгий хэрэглэ. Чи ямар нэг буруу зүйл хийсэн байлаа ч гэсэн үнэнийг хэлэх ёстой, үүнийг нуух ёсгүй. Чи үүрэгтээ тохирохгүй байлаа ч гэсэн Бурханы гэр чамайг зарчмын дагуу л чөлөөлөх бөгөөд чамайг үзэн ядахгүй. Гэвч хэрвээ чи үргэлж бодитой нөхцөл байдлыг нуун далдалж, Надтай ярихдаа үргэлж сэтгэл зүйн тоглоом тоглодог бол чи чөлөөлөгдөхгүй байлаа ч гэсэн Би дотроо чамд зэвүүцэх болно. Чамайг бодох бүрд Миний зэвүү хүрнэ, хэрвээ Би чамайг ашиглах шаардлагатай болбол энэ нь Надад ямар ч баяр баясгалан авчрахгүй. Тэгвэл та нар аль замыг сонгох вэ? (Бид үнэнээр нь ярина.) Зөв. Сэтгэл зүйн тоглоом хэзээ ч бүү тогло. Хэдийд ч бай, үнэнч шударга үг хэлж, үнэнч шударга зүйл хийж, үнэнийг хэлэх нь чиний биеэ авч явах хил хязгаар, мөн биеэ авч явахдаа чиний баримтлах ёстой хамгийн үндсэн зарчим байх ёстой. Үргэлж сэтгэл зүйн тоглоом битгий тогло. Ялангуяа Надтай ярилцах юм уу хэрэг явдлыг зохицуулах үедээ чи яавч сэтгэл зүйн тоглоом тоглож болохгүй. Үг хэлэхдээ битгий тойруул, эсвэл хүмүүсийг бүү түгшээ, хэрэг явдлыг зохицуулахдаа сэтгэл зүйн тоглоом битгий тогло. Хэрвээ чи ухаантай царайлж, дотроо “Би хэчнээн завгүй байгаагаа, мөн миний ажил хэчнээн нарийн нягт, шахуу зохицуулалттай байгааг Танд харуулахын тулд Таны өмнө энэ хэргийг зохицуулна, харин Таны ар хударгаар би юу ч хийхгүй” гэж бодвол—хэрвээ чи ингэж тунгаан боддог бол асуудалд орох болно. Би чамтай ном журмын дагуу харьцаж, аливааг зарчмын дагуу зохицуулдаг. Би чамтай тэмцэлдэхгүй; Би тэмцэлдэхдээ чиний ашигладаг арга барил юм уу заль мэхийг ашиглан чамтай тэмцэлдэхгүй. Чуулганд захиргааны зарлиг байдаг бөгөөд Бурханы гэрт хүмүүстэй харьцах зарчим бий. Эрт орой хэзээ нэгэн цагт чи эдгээр зохисгүй зан авир, тэр ч байтугай муу үйлийнхээ төлөө хариуцлага хүлээж, төлөөс төлөх болно. Ойлгомжтой юу? (Тийм.)

Заримдаа бид АНУ дахь хятад чуулгануудаар зочилдог. Биднийг очиж, ах эгч нартай уулзмагц зарим хүн бусдадаа дохио өгч, “Бурхан энд байна! Ах энд байна!” гэж хашхирдаг. Тэд хойрголж байсан ч үүнийг сонсонгуут уур амьсгал гэнэт өөрчлөгддөг. Зарим нь зүлэгний машин асаан зүлэг хадаж, зарим нь цэвэрлэгээ хийгээд завгүй болдог. Би: “Чи Намайг ирэхийг хараад яагаад цэвэрлэгээ хийж эхлэв ээ? Чи үүнийг зүгээр л Надад үзүүлэхийн тулд хийж байна уу? Ингэснээрээ чи эрүүл ухаанаар үйлдэж байна уу?” гэдэг. Хүмүүс бусад хүнтэй сэтгэл зүйн тоглоом тоглож, бусдыг хуурч мэхлэхээр оролдож чаддаг, Бурханд ч бас тэгж ханддаг; энэ бол хүний уг чанар юм. Энэ нь хүний уг чанарын аль талыг илчилдэг вэ? Ийм хүмүүс дорд ёс жудагтай муу биш гэж үү? (Тийм.) Хүмүүс хэтэрхий ов мэхтэй, асар өөдгүй байдаг. Тэд хүмүүстэй тэмцэлдээд сурчихсан, бүр Бурхантай тэмцэлдэхийг ч хүсдэг. Чи Надаас үргэлж сэрэмжилж, зүрх сэтгэлдээ үргэлж эсэргүүцдэг; чи Намайг ямар хүн гэж боддог юм бэ? Үнэндээ Намайг байхгүйд юу хийдгийг чинь харах хүсэл Надад алга. Би зүгээр л чамайг амьдралын зөв зам руу хөтөлж, бүх зүйл дээр зарчмын дагуу үйлддэг болгохын тулд үнэнийг нөхөрлөдөг. Хэрвээ чи ухамсартайгаар зөв замаар алхаж чадвал хүн мөн. Хэрвээ чи зөв замаар алхдаггүй, харин Миний ар хударгаар жижиг сажиг арга заль хэрэглэж, Надтай тэмцэлддэг бол хүн биш; чи бол диавол, амьтан юм. Тэр тохиолдолд Би хэчнээн ихийг хэлсэн ч нэмэргүй; Бурхан чам шиг хүмүүсийг авардаггүй. Чи тэмцэлдэхийг хүсдэг, гэхдээ Би чамтай үнэхээр тэмцэлдэхгүй; Би чамаас хол байх болно. Би чиний амьдарч, ажилладаг газар луу очихгүй байхыг хичээгээд зогсохгүй, чи ч бас Миний биечлэн амьдарч, ажилладаг газрууд руу орохгүй байхыг хичээх хэрэгтэй. Яагаад? Учир нь Би чамтай тэмцэлдэх дургүй. Чи тэмцэлдэх маш дуртай; хэрвээ чи үргэлж Надтай ойр байвал Би туйлдаж ядрах биш үү? Зарим хүн: “Хэрвээ Та тэмцэлддэггүй юм бол яагаад туйлдаж ядарна гэж?” гэдэг. Хэрвээ чи үргэлж Надтай тэмцэлдвэл Би байнга чамтай үнэнийг нөхөрлөх хэрэгтэй болно. Ялихгүй хэрэг явдал дээр ч гэсэн Би чамтай энэ талаар удаан хугацаанд нөхөрлөх хэрэгтэй болно. Намайг туйлдаж ядарна гэж чи бодохгүй байна уу? Хэрвээ Би чамтай бүх зүйлийг сайтар ярилцаж, чамд ойлгуулахгүй бол чи зүрх сэтгэлдээ үргэлж дургүйцэж, үргэлж сөрөг байж, буруу ойлголттой болж, гомдоллож, оюун ухаан чинь сөрөг зүйлсээр дүүрэх болно. Хүний уг чанар-мөн чанар Сатаных бөгөөд Сатаны зан чанар хүний амь болсон. Завхарсан хүн төрөлхтөн тэмцэлдэх хандлагатай байдаг бөгөөд хүний хувьд тэмцэлдэхгүй байх нь маш хэцүү юм. Тиймээс та нар Надтай харилцаж, ярилцахдаа сэтгэл зүйн тоглоом тоглохоо болих үед, та нар Миний хэлсэн юунд ч нухацтай хандаж, цэврээр ухамсарлаж чадах үед, мөн бид бие биедээ нээлттэй, үнэнч шударга байж, юуны ч талаар ярилцаж чаддаг байх үед бидний хооронд ойлголцол бий болно. Үг хэлэхгүй байсан ч бид сүнсээрээ нийцэлтэй байна, бидний хооронд ямар ч саад бэрхшээл, буруу ойлголт байхгүй байна, бид зүрх сэтгэлээрээ бүрэн дүүрэн ярилцаж чадна. Тэгвэл бид хамтдаа амьдарч, эвтэй байж чадна. Яг одоо Би ганцаараа та нартай тэмцэлддэггүй, гэвч та нар тэмцэлдэхээ больж чаддаггүй. Тиймээс та нар ил тод өндийн босож Миний үгийг эсэргүүцэж, няцааж, шүүж, яллахгүй байлаа ч гэсэн зүрх сэтгэлдээ эсэргүүцсээр, Надтай сэмхэн тэмцэлдсээр байх болно. Энэ нь хүн завхарсан зан чанараа шийдвэрлэхгүйгээр жинхэнээсээ дуулгавартай дагаж чадахгүй гэдгийг нотолдог. Ихэнх хэрэг явдал дээр та нар Надтай нэгдэж чадахгүйгээр үл барам та нарт хамгийн наад захын ойлголцол, эсвэл Миний талаарх ойлголт ч байдаггүй; та нар үүнд огт хүрч чадахгүй. Тиймээс бидний хувьд хүн бүр аз жаргалтай, баяр баясгалантай байхуйцаар хамтдаа амьдрах нь маш хэцүү байх болно. Хэрвээ Би та нартай хамт байсан бол та нарыг үргэлж зөв зам руу хөтлөхийг хүсэх байсан, ингэснээр та нар бүх хэрэг явдал дээр цэвэр ухамсартай байж, зөв сонголт хийж чадах бөгөөд амьдрал дээр ч бай, биеэ авч явахдаа ч бай, эсвэл Бурханд итгэх зам дээр ч бай, зөв замаар алхаж чадах байсан, мөн Намайг үг хэлсэн ч бай, үгүй ч бай, та нарын зүрх сэтгэлд Надад итгэх хамгийн наад захын итгэл, хүлцэнгүй, дуулгавартай байдал байх байсан. Гэвч яг одоо, хүмүүс энэхүү хамгийн наад захын итгэл, хүлцэнгүй, дуулгавартай байдалд ч хүрч чаддаггүй; хүмүүсийн оюун ухаан хэтэрхий төвөгтэй. Хэрвээ Би чамд бага зэрэг сайн хандвал чи өөрийгөө хэнтэй ч зүйрлэшгүй, бусад бүх хүнээс хамаагүй дээр хэмээн бодож, Надтай холбоотойгоосоо болоод дээрэлхүү болж, Миний нэрийг ашиглан эрх мэдлээрээ далайлгах болно. Хэрвээ Би чамд хэвийн, эсвэл бага зэрэг хүйтэн хөндий хандвал Надад хайр байдаггүй гэж чамд санагдана. Хэрвээ Би чамд бага зэрэг хатуу хандаж, эсвэл чамайг үргэлж засаж, сургамжилбал чамайг хилсдүүлж, шударга бус хандаж байгаа мэт чамд санагдаж, чи Намайг чамд хайргүй, эсвэл хүлээцтэй ханддаггүй гэж бодох болно. Намайг юу ч хийсэн, та нар тэр талаар өөрсдийн гэсэн санал бодолтой байх болно, учир нь та нарын асуудал хэтэрхий ноцтой, та нарын оюун ухаан хэтэрхий төвөгтэй. Тиймээс Би та нартай хамт амьдарлаа ч гэсэн, биднийг ярилцаж, холбогдох үед асуудал байнга гарна. Эцэст нь эдгээр асуудал үргэлж зөрчилдөөнд хүргэх бөгөөд зөрчилдөөн хурцадмагц Бурханд итгэх энэ замаар үргэлжлүүлэн алхаж чадах эсэхийг чинь хэлэхэд хэцүү байх болно. Та нар өөрсдийгөө агуу итгэлтэй гэж бодсон уу? Та нарын биеийн хэмжээ хэтэрхий жижиг! Одоо Би маш эгэл жирийн хүн болж бие махбодтой болоод, ийм удаан хугацаанд та нартай ярьж, та нар дээр ажил хийсэн байхад ч та нартай харилцахад асар их бэрхшээл тулгарч байна. Эдгээр бэрхшээлийн уг үндэс нь юу вэ? (Бид хэтэрхий ов мэхтэй, тэмцэлдэх хандлагатай байдаг.) Хүмүүсийн оюун ухаан цэвэр биш бөгөөд хүмүүс үнэнч шударга биш; тэд завхарсан зан чанараар дүүрэн байдаг. Чамайг завхарсан зан чанар харуулж байгааг, эсвэл хүн чанартаа зарим нэг дутагдалтай байгааг олж мэдэх үедээ Би тэдгээрийг чамд хэлж өгөхгүй бол энэ нь Миний хувьд хариуцлагагүй хэрэг мэт санагдана. Хэрвээ Би ийм зүйлсийг чамд хэлж өгөөд, чи тэдгээрийг хүлээн авч чадвал мэдээж энэ нь илүү дээр байх болно. Гэвч чи үүнийг хүлээн авахгүй бол Би чамайг өөгшүүлэх ёстой юу, эсвэл чамайг засаж, хатуу сахилгажуулах ёстой юу? Хэрвээ Би чамайг өөгшүүлбэл Миний мөс чанар үүнийг зөвшөөрч чадахгүй. Хэрвээ Би чамайг засвал чи үүнийг хүлээн авч чадахгүй бөгөөд чамайг хилсдүүлсэн мэт чамд санагдах болно. Хэрвээ Би чамтай үргэлж үнэнийг нөхөрлөөд, чи зүрх сэтгэлдээ үүнийг хүлээн авахгүй хэвээр байвал Миний ингэж хийх нь үнэ цэнтэй байх уу, Надад хэл дээ? Би туйлдаж ядарна биз дээ? (Тийм.) Хэрвээ өдөр бүр та нарт тус бүрд чинь номловол Би робот болохгүй гэж үү? Би хэрэгсэл болохгүй гэж үү? Энэ нь Миний хийх ёстой ажил биш. Би бүх хүн төрөлхтөнд үг хэлдэг; энэ бол Миний үйлчлэл юм. Миний үг ямар нэг тодорхой хувь хүнд чиглэдэггүй. Би бүх хүн төрөлхтөнд үг хэлдэг бөгөөд чи хүн төрөлхтний нэг гишүүн тул эдгээр үг чамд хамаатай. Өөрөө тэдгээрийг аажмаар идэж, уу, аажмаар өөрийгөө тэдгээртэй харьцуул, аажмаар туулж мэдэрч, өөрчлөгд. Гэвч энэ удаан өөрчлөлтөд хэр их хугацаа шаардагдах вэ? Гурваас таван жил үү, эсвэл арваас хорин жил үү? Чи ямар хэмжээнд өөрчлөгдөх вэ? Энэ нь чиний хувийн шийдэмгий байдал болон ухамсарлах чадвараас хамаарна. Энэ хугацаанд биднийг хамтдаа харилцах үед та нар худал хэлж, хуурч мэхэлж, сөргөлдөж, тэмцэлдэж, заль мэх хэрэглэдэг. Тиймээс бидний хувьд эв найртай байж, ойлголцож, нэгдэж, эсвэл харилцаандаа аз жаргалтай, баяр баясгалантай байхад үнэхээр амаргүй байдаг. Ямартай ч Надтай ойроос юм уу холоос харилцдаг хүмүүсийн хэн нь ч байсан хамаагүй, өнөөг хүртэл Би хэнээс ч чин сэтгэл, эсвэл өөрчлөлт мэдрээгүй, хэнээс ч аз жаргал, эсвэл тайтгарал мэдрээгүй. Түүнчлэн өдий хүртэл амьдарчхаад одоо Миний хамгийн гүн гүнзгий ухаарсан зүйл юу вэ? Миний хамгийн хийхийг хүсдэггүй ганц зүйл бол хүмүүстэй ойр дотно холбоотой байж, тэдэнтэй дотно харилцах явдал гэж баттай хэлж болно. Би хэнийг ч хуурч мэхэлдэггүй, хэнтэй ч сөргөлдөж, тэмцэлддэггүй, гэвч хүмүүс үргэлж сөргөлдөж, тэмцэлдэж, хуурч мэхлэхийг хүсдэг. Би яах ёстой вэ? Би хүмүүсийн хууран мэхлэлт, сөргөлдөөн, тэмцэлд нийцүүлэх ёстой юу, эсвэл Би хүмүүсийн хууран мэхлэлт, сөргөлдөөн, тэмцлийг өөрчлөх ёстой юу? Би хүмүүст нийцүүлж чадахгүй. Надад хүмүүсийг өөрчлөх чадвар, зарим нэг зам үнэхээр бий, гэвч өөрчлөлтийн энэ үйл явц хэтэрхий урт, хэтэрхий хэцүү. Эцэст нь Би дараагийн хамгийн сайн хувилбарыг сонгодог: Хүмүүстэй харилцах үедээ Би тусалж болох хүмүүст туслахын тулд чадах бүхнээ хийдэг. Яагаад ч тусламж хүлээж авдаггүй хүмүүсийн хувьд Би тэдэнтэй холбоо тогтоож, харилцахаас зайлсхийхийг хичээж, цаг гарган хүлээдэг!

Завхарсан зан чанараа хаяж, ариусгалтад хүрэхийн тулд үнэнийг хүлээн авч, үнэнийг дуулгавартай дагах нь нэг үйл явц юм; энэ бол амархан зүйл биш. Хүмүүстэй харилцсан жилүүдэд Би ямар ч бүлэг хүмүүсийн дунд байсан хамаагүй, мөн хүмүүсийн нас, гадаад төрх, арьсны өнгө, зан төлөв, амьдралын нөхцөл хэчнээн ялгаатай байсан ч хамаагүй, тэдний уг чанар-мөн чанар маш танил, урьд нь бүгдийг нь харсан мэт Надад үргэлж санагддаг. Төрөл бүрийн хүмүүсийн зан чанар-мөн чанар адилхан гэж Надад санагддаг, тэдэнтэй харилцсаны дараа тэд бүгд яг л Миний таамагласан шиг байж таардаг. Ийм нөхцөл байдалд Миний ааш зан ямархуу байдаг вэ? Сайн ааш зан уу? (Үгүй.) Намайг яагаад муухай ааштай байгааг хэн ч мэддэггүй. Хүмүүс Надтай харилцах үедээ үүнийг мэддэг үү? (Үгүй.) Завхрал дотор амьдарч буй хүн төрөлхтөн амьдрахын тулд хуурч мэхлэх, сөргөлдөх, тэмцэлдэх зэрэг амьд үлдэх арга замд найддаг. Тэд ийм элементдээ бүрэн ууссан байдаг бөгөөд зовох юмгүй, сэтгэл амар амьдардаг. Тэд нүгэл дотор амьдарч, нүглийн таашаалыг ямар ч санаа зовох зүйлгүйгээр эдэлдэг ба үүнийгээ ямар нэгэн шаналгаатай зүйл гэж боддоггүй. Чухамдаа бүх хүн нүгэлт уг чанартай, нүгэл бол хүмүүсийн амь бөгөөд хүмүүсийн амийн мөн чанар нь нүгэл учраас тэд нүгэл дотор амьдрахыг шаналгаатай гэж боддоггүй. Энэ нь яг л гахайтай адил; гахай бол бохир, заваан амьтан. Гахай бохир, завааныг нь мэдрэхгүйгээр шавар шавхай, хогийн цэг дээр идэж, унтдаг. Бас өт байна; өтнүүд өчүүхэн төдий ч бохир завааныг нь мэдрэхгүйгээр овоорсон баас, өмхий шуудуунд амьдардаг—тэр ч байтугай тэнд өөриймсөг, тухтай байдаг. Хүмүүс завхарсан зан чанар дотроо амьдардаг, сөргөлдөөн, тэмцэл дунд амьдардаг бөгөөд үүнийг шаналгаатай эсвэл хэцүү ч гэж үздэггүй. Зарим хүн бүр ганц өдөр л сөргөлдөхгүй, тэмцэлдэхгүй, эсвэл арга заль хэрэглэхгүй бол амьдрал нь хэтэрхий уйтгартай, сонирхолгүй болно гэж үздэг тул тэмцэлдэх ямар нэг зүйл, эсвэл арга заль хэрэглэх хэн нэгнийг олох ёстой болдог. Тэдний нүдээр, махан биед амьдарч, хүний арьс нөмөрсөн хүмүүс сөргөлдөх ёстой, тэмцэлдэх ёстой; тэгэхгүй бол оршин тогтнол нь үнэ цэнээ алдана. Миний хувьд уг мэдрэмж тэс өөр байдаг. Хүмүүстэй сөргөлдөж, тэмцэлдэх нь маш зүдэргээтэй зүйл, бас яршигтай зүйл гэж Надад санагддаг; энэ бол энэ амьдралдаа Миний хамгийн их зугтахыг хүсдэг нэг томоохон зүйл юм. Би хэрхэн сөргөлдөх, эсвэл тэмцэлдэхийг мэддэггүй, сөргөлдөх юм уу тэмцэлдэхийг хүсдэг ч үгүй. Сөргөлдөх, тэмцэлдэхтэй холбоотой хэрэг явдалтай үнэхээр таарах үедээ Би зүгээр л ухарч, тэдгээрийг тойрч, зайлсхийхийг хүсдэг, тиймээс эдгээр зүйл Надад тун яршигтай санагддаг. Олон жилийн турш унтууцсаны дараа эдгээр сэтгэл хөдлөл хуримтлагдаж, хязгаартаа хүрсэн бөгөөд эцэст нь хүн төрөлхтөнтэй харилцах нь дэлхий дээрх хамгийн шаналгаатай зүйл гэж Надад санагдах болсон. Надтай сөргөлдөж, тэмцэлддэг хэн нэгэнтэй тулгарах бүрд махны машин руу шахагдан орж буй мэт, тоглоом тохуу болж байгаа мэт санагддаг; мэдрэмж нь ийм байдаг. Ийм мэдрэмж төрсний дараа Би “Түүний завхарсан зан чанарын энэ тал хэрхэн илчлэгддэг вэ? Ийм хүний мөн чанар юу вэ? Хэрвээ боломж олдвол Би түүнтэй энэ талаар нөхөрлөнө. Хэрвээ тэр үнэнийг хүлээн авч чадвал тэр нь хамгийн сайн бөгөөд тэр хүнд үнэхээр туслууштай. Хэрвээ тэр үнэнийг хүлээн авахгүй бол Би зүгээр л юмыг зөнгөөр нь орхиж, хувь заяанд нь даатган орхино” гэж бодолхийлдэг. Үнэнийг хүлээн авдаггүй хүмүүс бол хүн чанаргүй хүмүүс, бас ерөөлгүй хүмүүс юм; тэд бол хамгийн тэнэг хүмүүс, хамгийн үнэ цэнгүй хүмүүс юм. Олон хүнтэй харилцсаны дараа Би хүмүүс болон ертөнцийн хэрэг явдлын талаар ийм бодол санаа, үзэл бодолтой болсон: Хүмүүстэй харилцах нь ядаргаатай зүйл болсон. Энэ нь бие махбодын ядаргаа биш, харин сүнсний ядаргаа юм. Энэхүү ядаргаан дотор бас уйтгартай, дарамттай, шаналгаатай мэдрэмж байдаг. Хэрвээ Би хүмүүстэй харилцахгүй бол Надтай тэмцэлдэж, тулалдах хүмүүстэй Би цөөн тааралдаж, Миний сүнс нэлээд эрх чөлөөтэй, тайван болдог.

Сүүлийн жилүүдэд, зарим ах эгчтэй харилцах үедээ Би зарим хүний “Би сая буруу хэлчихлээ; би өөрийгөө залруулъя”, эсвэл “Миний түрүүн олж мэдсэн нөхцөл байдал бага зэрэг зөрүүтэй байна; би үүнийг залруулъя” гэж хэлэхийг үргэлж сонсдог. Мөн зарим хүн хэрэг явдал зохицуулахдаа урьдынхаасаа илүү зүй зохистой хандлагатай болж, арай илүү мэрийлттэй, хариуцлагатай болдог. Түүнчлэн, тэд бэрхшээл туулж, төлөөс төлж чаддаг бөгөөд гомдоллох нь илүү багассан. Ихэнх хүн хамтдаа үүргээ гүйцэтгэхдээ бие биетэйгээ аливааг хэлэлцэж, эв найртай хамтран ажиллаж чаддаг. Хэдэн жилийн өмнөхтэй харьцуулахад тэд хавьгүй илүү дээрдэж, бага зэрэг өөрчлөгдсөн. Ийм зүйл болж байгааг анзаарах бүрд Надад нэлээд таатай санагддаг. Энэ олон жилийн турш эдгээр зүйлийг ахин дахин давтсан нь хий дэмий байсангүй—эцэст нь нэг хэсэг хүмүүс эдгээр үгийг нухацтай авч үзлээ гэж Надад санагддаг. Эдгээр үгийг сонссоныхоо дараа тэд үнэнийг ойлгож, Бурханы үгийн дагуу хэрхэн хэрэгжүүлэхээ мэддэг. Тэд хэр ихийг хэрэгжүүлж чаддаг байхаасаа үл хамааран, хамгийн наад зах нь амь-оролттой болж, бага зэрэг өөрчлөгдсөн. Товчхондоо, үнэнд хандах тэдний хандлага, үзэл бодол харьцангуй зүй зохистой, зөв болсон. Хэдийгээр зарим хүн бага зэрэг өөрчлөгдсөн ч хангалттай өөрчлөгдөөгүй. Заримдаа өөр өөр хэрэг явдалтай тулгарах үед хүмүүс сөргөлдөж, тэмцэлдэх тохиолдол гарсаар байдаг; асуудал уг үндсээрээ шийдвэрлэгдээгүй. Та нар бага зэрэг л өөрчлөгдсөн бөгөөд бүрэн дуулгавартай дагаж чадах цэгт хараахан хүрээгүй. Та нар үнэнийг үргэлжлүүлэн эрэлхийлж, засалт, шалгалт, цэвэршүүлэлтийг үргэлжлүүлэн туулж мэдрэх ёстой. Өөрчлөлт бол гадна талын өөрчлөлт биш—тэгвэл яг юу өөрчлөгддөг вэ? Би энэ олон жилийн турш үг хэлсэн бөгөөд та нар нэлээд их завхарсан зан чанартайгаа, үнэндээ хүн чанар чинь ч бас нэлээд их дутагдалтайг танин мэдсэн. Та нар завхарсан зан чанараа хэрхэн хаяж, үүргээ зүй зохистой гүйцэтгэхийг, мөн үүргээ стандартад нийцүүлэн гүйцэтгэхийн тулд үнэнийг хэрхэн хэрэгжүүлэхийг тодорхой ойлгосон байх ёстой, тийм үү? Хамгийн наад зах нь, та нар бүгд хэрхэн үнэнч шударга хүмүүс байх талаар тодорхой ойлголттой байх ёстой, үүнийг хэрхэн хэрэгжүүлэхээ ч бас мэддэг байх ёстой. Хэрвээ та нар өөрсдийн ойлгодог, чадварын чинь хүрээнд байдаг асуудлуудыг нэг нэгээр нь шийдвэрлэхийн тулд үнэнийг эрж хайхад хүчин чармайлт гаргаж, янз бүрийн бэрхшээлээ даван туулахын тулд бага зэрэг зовлон туулж, үнэнийг хэрэгжүүлж чаддаг бол Би та нарыг үндсэндээ бага зэрэг хүний төрхтэй болжээ гэж үзэж магадгүй. Намайг чамтай харилцах үед чи хааяа тэмцэлдэх хандлага бага зэрэг харуулсаар байсан ч гэсэн хэрвээ Би үүнийг илэрхий биш байна гэж бодвол чиний талаарх Миний үзэл бодол урьдынхаас маш өөр болж, бидний хувьд нийцэлтэй байхад хамаагүй хялбар байх болно. Өөрчлөлтөд хүрэхийн тулд хэрхэн эрэлхийлэх талаар та нар нөхөрлөж, төлөвлөгөө гаргах ёстой. Та нар үүргээ гүйцэтгэхдээ бага зэрэг хүчин чармайлт гаргах, бага зэрэг хөдөлмөрлөх, аргацаах, буруу зүйл хийхгүй, саад тотгор, үймээн учруулахгүй, эсвэл зүгээр л чөлөөлөгдөхгүй, зайлуулагдахгүй байхдаа сэтгэл ханаж болохгүй. Харин ч та нар үнэнд, үнэнийг хэрэгжүүлэхэд, үнэнийг хүлээн авч, дуулгавартай дагахад хүчин чармайлт гаргах ёстой. Энэ тал дээр Би ихэнх эгч нарыг сайшаах ёстой; ихэнх эгч нар сайн хийж байхад ихэнх ах нар тааруу байна. Туршлагын гэрчлэлийн видеонуудаас харахад, чуулганы янз бүрийн ажилд гол үүрэг роль гүйцэтгэж, зааварлагчаар ажиллаж байгаа хүмүүсийн ихэнх нь эгч нар байна; ах нар маш цөөхөн байна. Янз бүрийн мэргэжлийн ажлын тухайд ихэнх ах аливааг нухацтай авч үздэггүй, үнэн-зарчим, амь-оролт, эсвэл Бурханыг дуулгавартай дагаж, авралд хүрэхтэй холбоотой янз бүрийн үнэний тухайд ч аливааг нухацтай авч үздэггүй. Үүнээс ч илүүтэйгээр, олон ах нарт сүнслэг амьдрал огт байдаггүй; тэд Бурханы үгийг уншдаггүй, номлол, нөхөрлөл сонсдоггүй, Бурханы гэрийн кино, видеог үздэггүй, асуудалтай тулгарах үедээ үнэнийг эрж хайдаггүй, эсвэл ах эгч нартай нөхөрлөдөггүй. Энэ тал дээр эгч нар ах нараас илүү сайн байдаг. Ялангуяа, одоо Бурханы гэрт чухал ажлын зааварлагчаар ажиллаж байгаа зарим эгч урьдынхаасаа илүү хүлцэнгүй, дуулгавартай дагадаг болсон. Тэд бэрхшээл туулж чаддаг, төлөөс төлөхөд бэлэн байдаг, аливааг нямбай хийдэг, маш нухацтай, нарийн нягт, мэрийлттэй байдаг. Засалт туулах үедээ тэд үүргээ орхидоггүй, эсвэл гомдоллодоггүй; тэд залбирч, дуулгавартай дагаж чаддаг хэвээр байдаг бөгөөд завхарсан зан чанараа мэдэж, шийдвэрлэхийн тулд үнэнийг эрж хайж чаддаг. Ах нар аа, эргэн тойрны чинь эгч нар аливааг хэрхэн хийж байгааг та нар харж болно. Тэд та нараас илүү нямбай бөгөөд үйлдэлдээ та нараас илүү нухацтай, хариуцлагатай, мэрийлттэй байдаг; түүнчлэн, тэд хүлцэнгүй, дуулгавартай дагадаг, аливааг хийхдээ үнэн-зарчмыг эрж хайхад анхаардаг. Мэдээж, харьцангуй дуулгавартай, хийдэг зүйлдээ нямбай, хичээнгүй байж чаддаг хэсэг ах нар бас бий, гэвч ихэнх ах нар үргэлж бага зэрэг хайнга байдаг. Шүтлэггүй хүмүүс үүнийг бүдүүн бараг, хээгүй гэж нэрлэдэг. Бурханы гэр “бүдүүн бараг байхыг” таашаадаггүй; Бурханы гэр үнэнийг нөхөрлөж, асуудлыг зарчмын дагуу зохицуулж, аливааг хичээнгүй, нарийн нягт хийхийг чухалчилдаг. Анхаарамжгүй, хайнга байхыг яавч хүлээн зөвшөөршгүй. Ихэнх ах нар хэрэг явдлыг зохицуулахдаа хайнга ханддаг бөгөөд хэзээ ч мэрийлттэй байдаггүй, “'Бүдүүн бараг' эсвэл 'дөхөж очсон' байхад л болно; энэ нь хангалттай сайн” гэж боддог. Зарим эгч үнэнд хүчин чармайлт гаргаж, үнэнд мэрийлттэй хандаж, үүрэгтээ нухацтай, нарийн нягт хандаж байгааг ах нар харах үедээ тэднийг бүр дорд үзэж, “Бид бол жинхэнэ эрчүүд. Эдгээр зүйлийг тийм нямбай хийж, ялихгүй нарийн ширийнийг нь хүртэл хийх ёстой гэж үү? Энэ бүх үнэний нөхөрлөл, энэ бүх залбирал, эрэл хайгуул дээр бид үндсэндээ зөв чиглэлд явж байхад л болно. Ийм хатуу шаардлагатай байхын хэрэг юу байна? Хэрвээ бид бүх зүйл дээр ийм цамаан байх юм бол өөрсдийгөө эр хүн гэж нэрлэж болно гэж үү? Хүмүүс биднийг шоолно шүү дээ!” гэж хэлдэг. Чиний энэ хандлага буруу байна. Аливааг нухацтай хийсний чинь төлөө хэн чамайг шоолох юм бэ? Хүсвэл тэд шоолж л байг. Жинхэнэ эр хүн аливааг нухацтай хийх ёстой; үүнд ичээд байх зүйлгүй. Аливааг нухацтай хийх нь хүйсийн ялгаанаас үл хамааран бүх хүний—бүтээгдсэн зүйлсийн үнэнд, хариуцлагад, мөн үүрэгт хандах ёстой хандлага юм. Хүнд хүчир биеийн хүчний хөдөлмөр хийх, эсвэл машин техник зэрэг зүйлсийг ажиллуулах тухайд эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хооронд ялгаа байдаг боловч үнэнийг эрэлхийлэхэд тийм ялгаа байдаггүй. Үнэн нь ганцхан эрэгтэй, эсвэл эмэгтэй хүмүүст чиглэдэггүй, харин эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн аль алиныг багтаасан хүн төрөлхтөнд чиглэдэг. Бидний нөхөрлөсөн бүх үнэнээс зөвхөн гэрлэлттэй холбоотой хэрэг явдал дээр л эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хооронд ялгаа байдаг бөгөөд эрчүүдээс эрэгтэй хүний үүрэг хариуцлагыг, эмэгтэйчүүдээс эмэгтэй хүний үүрэг хариуцлагыг биелүүлэхийг шаарддаг. Үнэний бусад талууд дээр эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хооронд ямар ч ялгаа байдаггүй; тэдгээр нь бүгд хүмүүсийн хэрэгжүүлэх ёстой зүйлс юм. Ялангуяа үнэн-зарчимтай холбоотой хэрэг явдал дээр чи алдаа гаргаж яавч болохгүй бөгөөд чиний чиглэл, зорилго ч бас буруу байж болохгүй. Үнэнийг эрэлхийлэхэд, хүний завхарсан зан чанар, хүний харуулдаг байдал, хүний бодол санаа, үзэл бодол хөндөгдөх үед чи тэдгээрийг нарийвчлан шинжилж, ялган таних ёстой. Хэрвээ чи тэдгээрийг шинжлэхгүй бол асуудлын уг үндсийг хэзээ ч олохгүй. Хэрвээ чи үүнийг олж чадахгүй бол шийдвэрлэж чадахгүй бөгөөд үргэлж завхарсан зан чанар дотроо амьдарч, тэдгээрээс болж зовж зүдэрч, нөлөөнд нь автах болно—чи өөрчлөлтөд хүрч чадахгүй, завхарсан зан чанараа хаяж чадахгүй.

Өнөөдөр бид “бие махбодтой болсон Бурханыг завхарсан хүн төрөлхтөнтэй адилтган үзэхгүй байх” гэх сэдэвтэй холбоотой хэд хэдэн талыг нөхөрлөлөө. Энэ нь голчлон Миний биеэ авч явж, хүмүүстэй харилцдаг зарчим, түүнчлэн хүмүүстэй харилцах үеийн Миний дотоод зан чанар, мөн чанарын талаар та нарт хэлэх зорилготой байв. Та нар эдгээр зүйлийг гаднаас нь харж, ойлгож, эсвэл ухаарч чадахгүй, тиймээс Би Өөрийн мэдрэмж болон аливааг хийх Өөрийн зарчмыг та нартай хуваалцсан юм. Би Өөрийгөө гэрчлээгүй; Би зүгээр л эдгээр зүйлийг та нартай хуваалцаж байна, ингэснээр та нар Миний биеэ авч явж, аливааг хийдэг зарчмыг ойлгож, Миний амьдран харуулдаг амь, зан чанар, мөн чанарыг мэдэж, ойлгож чадна. Эдгээр нь нууц биш, нууцлаг зүйлс ч биш. Та нар эдгээрийг ойлгож, тодорхой мэдэж авмагцаа Бурханыг танин мэдэж, Бурханы махбод болсон биеийг илүү үнэн зөв танин мэдэж чадна. Эс бөгөөс, “Бурханы махбод болсон бие тэнгэр дэх Бурханыг төлөөлж чаддаг, Тэрээр Бурханы ялгамж чанар, мөн чанартай” гэх үг та нарын хувьд үүрд хоосон үг хэллэг болж магадгүй, эсвэл энэ нь та нарын үзэл, төсөөлөл дотор үүрд үлдэж магадгүй, аль эсвэл та нарын хувьд үүрд нууцлаг зүйл болж магадгүй. Үнэндээ энэ бол шийдвэрлэж болох асуудал; энэ нь онол биш, тогтсон хэллэг ч биш. Хэдийгээр бие махбодтой болсон Бурханы амийн оршин тогтнодог хэлбэр нь тэнгэр дэх Бурханы оршин тогтнох хэлбэрээс бага зэрэг өөр—махбодод оршин байдаг Бурханы Сүнс боловч Тэдний аминд ямар ч ялгаа байхгүй, Тэдний амь-мөн чанарт ямар ч ялгаа байхгүй. Тэгвэл бидний ярилцсан эдгээр зүйл буюу Бурханы махбод болсон бие хүмүүсийг хуурч мэхэлдэггүй, хүмүүстэй сөргөлддөггүй, эсвэл тэмцэлддэггүй нь хаанаас гардаг вэ? Тэдгээр нь Бурханы Өөрийнх нь амиас гардаг; нарийн яривал, тэдгээр нь Бурханы Өөрийнх нь зан чанарын илэрхийллээс гардаг. Тиймээс та нарт “Би хэнийг ч хуурч мэхэлдэггүй, хэнтэй ч сөргөлддөггүй, эсвэл тэмцэлддэггүй” гэж хэлэх нь хоосон албархуу үг биш, нууцлаг зүйл ч биш. Тэр зүгээр л ийм хүн, Тэр зүгээр л ийм амь дотор амьдардаг, Түүний биеэ авч явах зарчим, түүнчлэн Түүний амьдран харуулдаг амь, зан чанар, мөн чанар нь бүгд хүмүүсийг хуурч мэхлэхгүй, хүмүүстэй сөргөлдөхгүй, тэмцэлдэхгүй байх элементүүдийг агуулдаг. Ойлгомжтой юу? (Тийм.) Өнөөдрийн нөхөрлөлөө үүгээр өндөрлөе. Баяртай!

2024 оны 8 дугаар сарын 17

Өмнөх: Үнэнийг хэрхэн эрэлхийлэх вэ (24)

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Messenger дээр бидэнтэй холбоо барих