Үнэнийг хэрхэн эрэлхийлэх вэ (24)

Өнгөрсөн удаа бид “Үнэнийг хэрхэн эрэлхийлэх вэ” гэдгийн “орхих” хэмээх том сэдэвт багтдаг өөрийнхөө болон Бурханы хоорондох саад тотгор, Бурханд хандах дайсагналаа орхих нь гэх агуулгын талаар нөхөрлөсөн. Энэ агуулга нь бие махбодтой болсон Бурханы талаарх үзэл, төсөөллийг хамардаг. Бид ямар талуудыг нөхөрлөсөн бэ? (Өнгөрсөн удаа Бурхан голчлон бие махбодтой болсон Бурханы талаарх бидний зарим үзэл, төсөөллийн талаар нөхөрлөж, тэдгээрийг ил болгосон бөгөөд Бурхан бас бидэнд хэрэгжүүлэлтийн хоёр зарчмын талаар нөхөрлөсөн: Нэг нь бие махбодтой болсон Бурханыг тэнгэр дэх Бурхантай харьцуулахгүй байх, нөгөө нь бие махбодтой болсон Бурханыг завхарсан хүн төрөлхтөнтэй адилтгахгүй байх.) Бие махбодтой болсон Бурханы талаарх үзэл, төсөөллийг шийдвэрлэхийн тулд хүмүүсийн хэрэгжүүлэх ёстой зүйл бол өнгөрсөн удаагийн нөхөрлөлд дурдсан энэ хоёр зарчим юм. Эхнийх нь юу байсан бэ? (Бие махбодтой болсон Бурханыг тэнгэр дэх Бурхантай харьцуулахгүй байх.) Хоёр дахь нь юу байсан бэ? (Бие махбодтой болсон Бурханыг завхарсан хүн төрөлхтөнтэй адилтгахгүй байх.) Үндсэндээ энэ хоёр байсан. Өнгөрсөн удаа Би эхний зарчим буюу бие махбодтой болсон Бурханыг тэнгэр дэх Бурхантай харьцуулахгүй байх талаар нөхөрлөж, хүмүүсийн харж чаддаг бөгөөд хараахан ойлгоогүй байгаа бие махбодтой болсон Бурханы амьдралтай холбоотой сэдвүүдийг товч танилцуулсан. Өнөөдөр Би бие махбодтой болсон Бурхантай холбоотой сэдвийн талаар үргэлжлүүлэн нөхөрлөнө. Намайг нөхөрлөх тусам хүмүүс улам их ойлгоно; Намайг нөхөрлөх тусам тэдний ойлголт улам илүү бүрэн гүйцэд болно. Намайг бие махбодтой болсон Бурханы хэвийн, бодит байдлын талаар нөхөрлөх тусам хүмүүс улам их ойлгоно—тэдний зүрх сэтгэлд илүү тодорхой болж, үзэл, төсөөлөл нь багасаад зогсохгүй, бие махбодтой болсон Бурханы талаар улам их, улам бүр бодит ойлголттой болно. Тэд бие махбодтой болсон Бурханы бодит тал, эсвэл хүмүүсийн харж, харилцаж чаддаг талуудын тухай илүү ихийг ойлгож чадах бөгөөд тэдний мэдлэг илүү үнэн зөв, бодит байх болно. Ийм маягаар хүмүүс тэнгэр дэх Бурханы талаарх бодит байдалд нийцдэггүй зарим үзэл, төсөөллөө орхино. Хүмүүс тэнгэр дэх Бурханы талаарх үзэл, төсөөллөө хэдий чинээ их орхиж, бие махбодтой болсон Бурханы бодит, хэвийн байдлыг хэдий чинээ их мэдэж, ухамсарлана, хүмүүс болон Бурханы хоорондын харилцаа төдий чинээ хэвийн болно. Бие махбодтой болсон Бурханыг тэнгэр дэх Бурхантай харьцуулахгүй байх нэг гол зүйл бол чи бие махбодтой болсон Бурханы бодит, хэвийн байдлын талаар ойлголттой байх ёстой. Чи бие махбодтой болсон Бурханы бодит, хэвийн байдлыг хэдий чинээ их ойлгоно, тэнгэр дэх Бурханыг төдий чинээ их ойлгож, тэнгэр дэх Бурханыг өөрийнхөө үзэл, төсөөллөөр хэмжихгүй. Мэдээж, объектив үзэл бодлын үүднээс авч үзвэл өөр нэг зүйл бас тохиолдоно: Чи Бурханд хандах зөв хандлагатай болж, бие махбодтой болсон Бурханы хүн чанараараа харуулдаг янз бүрийн илрэлийг объектив байдлаар харж, тэнгэр дэх Бурханыг илүү үнэн зөв, бодитоор таньж мэднэ. Энэ нь бие махбодтой болсон Бурханы талаар бодит байдалд нийцэхгүй үзэл, төсөөлөл үргэлж тээхээс чинь сэргийлнэ, мөн бие махбодтой болсон Бурханыг тэнгэр дэх Бурхантай үргэлж харьцуулахаас сэргийлнэ. Бурханы махбод болсон бие—өөрөөр хэлбэл, Христийн талаар ярилцах үед байнга хөндөгддөг нэг тодорхой сэдэв байдаг нь бие махбодтой болсон Бурханы хэвийн, бодит байдал болон даруу, нуугдмал байдал юм. Хүмүүс Түүний хэвийн, бодит байдлын талаар байнга ярьдаг, мөн Түүний даруу, нуугдмал байдлын талаар ч байнга ярьдаг; гэхдээ үүнд багтдаг бодит асуудлуудын тухайд бүх хүн тодорхой ойлголтгүй байдаг гэж хэлж болно. Бурханы хэвийн, бодит байдал гэж яг юу вэ? Түүний даруу, нуугдмал байдал гэж юу вэ? Өөрөөр хэлбэл, хүмүүсийн зүрх сэтгэл дэх бие махбодтой болсон Бурханы хэвийн, бодит, даруу, нуугдмал байдал яг юу болох, түүнчлэн эдгээр зүйлийг хэрхэн ойлгож, таньж мэдэх тухайд хүмүүс энэ талын үнэнийг юм уу мөн чанарыг тодорхой ойлгодоггүй бөгөөд тэдгээрийг ердөө л нэг төрлийн онол, эсвэл сүнслэг нэр томьёо мэтээр номлодог. Тиймээс бие махбодтой болсон Бурханы хэвийн, бодит байдал болон даруу, нуугдмал байдал гэх энэ сэдвийн талаар дэлгэрэнгүй, системтэй байдлаар нөхөрлөх нь асар их шаардлагатай. Ийм нөхөрлөлөөр дамжуулан, онцгой ялгамж чанартай энэхүү хүний Хүү буюу бие махбодтой болсон Бурхан хэвийн, бодит байдлын амьдран харуулах нь юунаас бүрддэг болохыг хүмүүс тодорхой ойлгох болно.

Та нар үгчилсэн ойлголтынхоо үүднээс, эсвэл үзэл, төсөөллийнхөө хэр хэмжээнд бие махбодтой болсон Бурханы хэвийн, бодит байдлын талаар юуг ухамсарлаж чадах вэ? Бие махбодтой болсон Бурхантай холбогдож, харилцаж, эсвэл ярилцсан энэ жилүүдийн хугацаанд бие махбодтой болсон Бурханы хэвийн, бодит байдлын талаар та нар яг юу мэдэрч, мэдэж авсан бэ? Өмнө нь нөхөрлөсөн сэдвүүдийн ихэнх нь завхарсан хүн төрөлхтний асуудлын талаар байсан. Өөрөөр хэлбэл, завхарсан зан чанар, Бурханд үйлчлэх, үүргээ гүйцэтгэх, түүнчлэн хүн чанар, хэв чанар, хүмүүсийн үзэл, төсөөлөл, Бурханд хандах хандлага, үзэл бодолтой холбоотой та нарт байдаг янз бүрийн асуудлын талаар бид нөхөрлөсөн—бид энэ бүхний талаар ярилцсан. Би маш олон жил үнэнийг номлож, номлол хийсэн бөгөөд энэ бүхэн та нарын асуудлын тухай байлаа. Энэ удаа бид эцэст нь та нарын асуудлын талаар биш, харин бие махбодтой болсон Бурхантай холбоотой зарим зүйлийн талаар ярилцаж байгаа нь аливааг өөр өнцгөөс харах боломжийг бидэнд олгож байна. Энэ сэдэв та нарт нэлээд тайван, ямар ч ачаа дарамтгүй, тийм ч эвгүй биш байгаа биз дээ? (Тийм.) Тэгвэл бие махбодтой болсон Бурханы хэвийн, бодит байдал, эсвэл даруу, нуугдмал байдлын тухайд та нарын харж, мэдэрч, эсвэл ойлгож чадах зүйлс юу вэ? Та нар онол, эсвэл баримтын талаар ярьж болно; юу ч байсан болно. Та нар хариулж чадахгүй байна—тэр тохиолдолд та нар оюун ухаандаа Бурханы махбод болсон биеийн талаар ер нь ямар ч бодолгүй байдаг уу? Ямар ч мэдлэггүй байдаг уу? Бас ямар ч мэдрэмж байхгүй юу? Та нарт зарим нь байж таарна, тийм үү? Заримдаа энэ нь зурвасхан орж ирсэн бодол, заримдаа хэсэг зуур боддог зүйл байж болно, заримдаа зүрх сэтгэлд чинь үлдсэн гүн гүнзгий сэтгэгдэл ч байж болно. Хэрвээ зурвасхан орж ирсэн бодол байвал чи санахгүй байж магадгүй; эсвэл заримдаа далд ухамсарт чинь тодорхой бодол юм уу үзэл бодол орж ирдэг бөгөөд чи үүнийг ч бас санахгүй байж магадгүй. Гэхдээ заримдаа чамд бие махбодтой болсон Бурханы талаар тодорхой сэтгэгдэл төрдөг бөгөөд энэ сэтгэгдэл нь эргээд чамайг үзэл бодолтой болоход хүргэдэг. Энэ сэтгэгдэл чиний оюун санаанд удаан хугацаанд орших болно. Чи үүнийг гарцаагүй санаж чадна. Оюун санаа чинь хоосон байж таарахгүй, тийм үү? Тиймээс бие махбодтой болсон Бурханы хэвийн, бодит байдал, эсвэл даруу, нуугдмал байдлын талаарх та нарын ойлголтын тухайд ярилцъя. (Бурхан минь, бие махбодтой болсон Бурханы хэвийн, бодит байдлын талаар миний ойлгосноор Тэрээр бас махан биеийн хэвийн хэрэгцээтэй байдаг. Жишээ нь, Христ удаан хугацаагаар ярих үедээ цангаж, ус уух хэрэгтэй болдог. Тэрээр цуглаан дээр бидэнтэй гурав, дөрвөн цагийн турш нөхөрлөх үедээ бас ядарч, амрах хэрэгтэй болдог. Удаан алхах үедээ Тэр бас амрах хэрэгтэй болдог. Өөрөөр хэлбэл, гаднаасаа Христ хэвийн хүнтэй л адил бөгөөд хэвийн хүн чанарын бүхий л сэтгэл хөдлөлийг бас мэдэрдэг: Баяр хөөртэй зүйл сонсох үедээ баярлаж, сэтгэл түгшээсэн зүйл сонсох үедээ гунигладаг. Эдгээр нь бас бие махбодтой болсон Бурханы хэвийн, бодит байдлын илрэл юм.) Чи зарим баримтыг дурдлаа. Эдгээр нь та нарын харсан зүйлс, бас харилцаж, мэдэрч чадах зүйлс юм. Өөр байна уу? (Бурхан минь, би нэг зүйл нэмж хэлье: Та зарим мэргэжлийн ажлыг удирдан чиглүүлэхдээ бас тодорхой мэргэжлийн мэдлэгийг судалж, ойлгох ёстой болдог гэж би өмнө нь сонсож байсан.) Энэ та нарын бүгдийнх нь сонссон зүйл үү? Би зарим мэргэжлийн ажлыг удирдан чиглүүлэх үедээ бас бодитоор очиж судалж, холбогдох мэргэжлийн мэдлэгийг ойлгож, эзэмших ёстой болдог гэдэг нь ихэнх хүний авсан мэдээлэл мөн үү? Та нар бүгд ингэж боддог уу? (Үгүй. Жишээ нь, Та кино продакшны багийн ажлыг удирдан чиглүүлэхдээ сүүлийн үеийн мэдээллийг авахын тулд хааяа зарим кино, телевизийн нэвтрүүлэг үздэг; Та үүнийг судалж, шинжлэх гэж тусгайлан цаг гаргадаггүй.) Үүнийг залруулах хэрэгтэй. Надад эх сурвалж хайх, эсвэл ямар нэгэн мэргэжлийн мэдлэг судлах эрч хүч үнэхээр байдаггүй. Би зүгээр л зарим киног үзсэн учраас ерөнхийдөө кино ямар байх ёстой талаар бага зэрэг төсөөлөлтэй байдаг; дээр нь нэмээд ах эгч нарын өгсөн холбогдох мэргэжлийн зарим мэдлэгт үндэслэн Би холбогдох зарчмуудыг ухан ойлгож, нэгтгэн дүгнээд, мэргэжлийн ажилд зарим нэг чиглэл өгдөг. Энд буй гол зүйл бол зарчмыг ухаарч, зарчимд үндэслэн удирдан чиглүүлэх явдал юм. Ажил хийж буй хүмүүсийн бэрхшээл нь нэг талаар, тэдний мэргэжлийн мэдлэг иж бүрэн биш байдаг, нөгөө талаар, тэд үнэн-зарчмыг ухаардаггүйн сацуу хэв чанар муутай байдаг. Тийм болохоор зарчмыг ойлгосны үндсэн дээр Би тэдэнд тодорхой хэмжээний удирдамж өгвөл үр дүн нь тэд өөрсдөө хийснээс илүү сайн байдаг. Би Бурханы үгийг дэлгэрүүлэх, Бурханыг гэрчлэх, Бурханыг гутаахгүй байх, хүмүүст Бурханы ажлын талаар илүү ихийг мэдэж, үнэнийг илүү их ойлгох боломж олгох зарчимд үндэслэн үүнийг хийдэг бөгөөд энэ нь тодорхой үр дүнд хүрсэн. Жинхэнэ мэргэжлийн ур чадварын тухайд бол Надад бараг байхгүй. Надад анхнаасаа тэр мэргэжлийн мэдлэг байхгүй, Би та нарын хэлсэн шиг тусгайлан судлах гэж хэзээ ч оролдож байгаагүй. Би ямар ч мэргэжлийн ажлыг залж чиглүүлсэн бай, хэзээ ч үүнийг судлах гэж оролдож байгаагүй, сургалтын материал, эх сурвалж, эсвэл холбогдох мэргэжлийн мэдлэгийг ч хайж байгаагүй. Сайндаа л ах эгч нар холбогдох зарим сургалтын материал юм уу загвар олж Надад үзүүлдэг бөгөөд Би эдгээрээс холбогдох зарим зарчим болон тухайн мэргэжлээр ажиллах зарим арга барилыг нэгтгэн дүгнэж, эдгээрт үндэслэн тэдний ажлыг удирдан чиглүүлдэг.

Бие махбодтой болсон Бурханы хэвийн, бодит байдал гэх энэ талын тухайд хүмүүс Түүний махан биеийн зөн совингийн харуулдаг хэвийн, бодит байдлын заримыг харсан. Үүнд хүний зөн совин, түүнчлэн махан биеийн янз бүрийн төрөлх нөхцөл байдлын зарим илчлэл, хязгаарлалт багтдаг; энэ бол эдгээр нэр томьёоны жинхэнэ хэвийн, бодит байдал юм. Энэ нь Түүний гаднаа харуулдаг зүйл байна уу, эсвэл Түүний дотоод бодол, үзэл санаа, эсвэл Түүний хүн чанарын биеэ зөв авч явах дотоод зарчим байна уу хамаагүй—товчхондоо, бие махбодтой болсон Бурханы хэвийн, бодит байдлын талаарх хамгийн энгийн, хамгийн үндсэн ойлголт бол Тэрээр ер бусын, давамгай, эсвэл уламжлалт бус биш. Өөрөөр хэлбэл, бие махбодтой болсон Бурханы гадаад дүр төрхөөс чи жирийн хүмүүсийнхээс ялгаатай ямар ч онцгой илрэлийг харж чадахгүй. Хэрвээ Тэр ямар нэгэн зүйл ярихгүй, хийхгүй бол зөвхөн Түүний нүүрний хэлбэр, бие галбир, Түүний үнэн биеийг бүхэлд нь хараад чи ямар ч ер бусын зүйл олж харж чадахгүй. Тэрээр ер бусын, давамгай, эсвэл уламжлалт бус байдаггүй; Тэр зүгээр л эгэл жирийн хүн. Үнэн зөвөөр, эсвэл объектив байдлаар хэлбэл, хэрвээ энэ хүн олны дунд үг хэлэхгүй, ажил хийхгүй, үнэнийг илэрхийлэхгүй бол чи энэ хүн бусдаас юугаараа ялгаатайг хэлж чадахгүй. Жишээ нь, Намайг та нарын дунд сууж байхад танихгүй хүн орж ирвэл түүнд Би яг л та нар шиг харагдана. Би хүндэтгэлийн суудалд суудаггүй, бусдаас ч онцгойрдоггүй. Би жирийн дүр төрхтэй; Би ер бусын биш, сүрлэг биш, ямар нэгэн агуу хүн шиг харагддаггүй—Би зүгээр л эгэл жирийн хүн. Тиймээс тэд хэн нь бие махбодтой болсон Бурхан болохыг ялгаж чадахгүй. Хэрвээ Би хэсэг хүмүүстэй хамт амьдарвал чи ч бас Надаас ямар нэг өөр зүйл олж харж чадахгүй. Энэ бие махбодтой болсон Бурхан эмэгтэй хүн гэдгийг л чи мэднэ, гэхдээ чи Миний номлолыг их сонсоогүй л бол хэн нь бие махбодтой болсон Бурхан болохыг нүдээрээ хараад таньж ер чадахгүй, хэрвээ Миний номлолыг сонссон бол дуугаар минь таньж магадгүй. Хэрвээ хэн нэгний хоолой Минийхтэй төстэй байвал зарим хүн бүр андуурч, түүнийг бие махбодтой болсон Бурхан гэж бодож магадгүй. Ийм зүйл тохиолддог уу? Гарцаагүй тохиолдож байсан. Зарим хүн давамгай, гоц гойд харагддаг бөгөөд онцгой аура, хэв маягтай, ялангуяа байр суурьтай, тодорхой зэрэг зиндаатай хүн шиг эрхэмсэг харагддаг. Зарим мунхаг ах эгч нар, эсвэл бие махбодтой болсон Бурхантай уулзахыг онцгойлон хүсдэг хүмүүс ийм хүнийг бие махбодтой болсон Бурхан гэж эндүүрч, тэр ч бүү хэл түүнд бөхийж, өвдөг сөгддөг. Өөртөө бөхийлгөж буй хүн дотроо нэлээд баярлаж, бүр үүнийг үг дуугүй хүлээн авдаг. Түүнийг явах үед бөхийж, өвдөг сөгдсөн тэр мунхаг хүмүүс бүр нулимс унагаж, түүнээс салахдаа дурамжхан байдаг; тэд түүний хувцаснаас зуурч, явуулахгүйгээр “Чи хэзээ дахиж ирэх вэ? Бид чамайг санана даа!” гэж хэлдэг. Тэд бүр тун их догдолж, “Би эцэст нь бие махбодтой болсон Бурхантай уулзлаа. Надад энэ амьдралд харамсах зүйл алга. Би үхсэн ч гэсэн амьдрал минь үнэ цэнтэй байх болно!” гэж хэлдэг. Өөртөө бөхийлгөж буй хүн нөхцөл байдлыг огтхон ч тодруулдаггүй. Та нар ийм зүйл сонсож байсан уу? (Тийм.) Иймэрхүү зүйл хилийн чанадад тохиолдох боломжгүй. Яагаад энэ нь эх газрын Хятадад тохиолдсон бэ? Учир нь бие махбодтой болсон Бурхан Хятадад илэрч, ажилласан бөгөөд Тэр гарцаагүй хятад хүний дүр төрхтэй, тиймээс эх газрын Хятадад ийм зүйл тохиолдсон. Энэ хэрэгт холбогдсон хоёр талын зөв, буруу эсэхийг бид ярихгүй. Энэ асуудлын тухайд гэвэл, хүмүүс бие махбодтой болсон Бурханы хэвийн, бодит байдлыг хэрхэн ойлгодог нь хамаагүй, өөрсдийнхөө үзлийн дагуу, бие махбодтой болсон Бурхан бол сүрлэг дүр төрхтэй, эрхэмсэг гадаад байдалтай, үүнээс ч илүүтэйгээр эрхэмсэг ялгамж чанартай байх ёстой гэж боддог. Тэрээр бас өвөрмөц гадаад төрхтэй, ярианы хэв маягтай байж, Түүнийг харсан хүн бүрд яг л Бурхан шиг санагдаж, Тэр бол Бурхан гэдэгт өчүүхэн төдий ч эргэлзэхээргүй мэдрэмж төрүүлэх ёстой. Хэрвээ Тэр хүмүүст бусдаас ялгарах юмгүй харагдаж, хүмүүс Түүнээс Бурханы аураг, эсвэл Бурханы дүр төрхийг олж харж чадахгүй бол Тэр Бурхан байх боломжгүй. Хүмүүс бие махбодтой болсон Бурхан бол гарцаагүй онцгой сүрлэг, эрхэмсэг, ауратай, ялангуяа хааны ялгамж чанартай хүн шиг харагддаг гэж үздэг—Тэр алхахдаа цэх зогсдог, нүд нь гэрэлтсэн, нэвт шувт хардаг, харц нь онцгой хурц байх ёстой; Тэр хэн нэгнийг хараад л юу бодож байгааг нь даруй мэдэж чаддаг байх ёстой, хэн дайсагнал, эсвэл муу бодол өвөрлөж байгааг нэг хараад л хэлж чаддаг байх ёстой. Хүмүүст байдаг эдгээр бодол нь тодорхой нэг үзэгдлийг тусгадаг: Хүмүүс бие махбодтой болсон Бурханы талаар үй олон төсөөлөлтэй байдаг. Гэвч үнэн хэрэгтээ бие махбодтой болсон Бурхан бол хүмүүсийн үзэл, төсөөллийн Бурхантай адилгүй; ялгаа бий. Бие махбодтой болсон Бурханы гадаад дүр төрх тун эгэл жирийн байдаг. Тэр огтхон ч сүрлэг биш, огтхон ч давамгай биш, огтхон ч ер бусын биш; Түүнд ямар ч онцгой зүйл байхгүй гэж ч хэлж болно. Гаднаасаа Тэр бүтээгдсэн бүх хүнээс бараг ялгаагүй. Өөрөөр хэлбэл, Тэрээр хүмүүст байдаг янз бүрийн чиг үүрэг, түүнчлэн зөн совин, хэвийн сэтгэлгээ, янз бүрийн чадварын хувьд Бурханы бүтээсэн хүмүүстэй бараг яг адилхан. Эдгээр нь хүмүүсийн хоёр нүдээрээ шууд харж, харилцаж чаддаг, мөн хүмүүсийн ухамсарлаж, ойлгож чаддаг гадаад зүйлс юм. Эдгээр гадаад зүйлийг хүмүүс харж, ойлгоход хялбар байдаг тул эдгээр нь бидний нөхөрлөлийн гол фокус биш. Бие махбодтой болсон Бурханы хэвийн, бодит байдал, Түүний даруу, нуугдмал байдал нь бидний нөхөрлөлийн гол фокус юм.

Бие махбодтой болсон Бурханы талаар хүмүүсийн ойлгох ёстой зүйлийн тухайд гэвэл, Түүний хэвийн, бодит байдал ч бай, эсвэл Түүний даруу, нуугдмал байдал ч бай хамаагүй, энэ нь хүмүүсийн зүрх сэтгэлд ердөө байдаггүй бодол юм уу танин мэдэх арга замаас бүрддэг; эдгээр бодол тэдний үзэл, төсөөлөлд ч байдаггүй. Энэ нь бие махбодтой болсон Бурхан хүмүүсийн дунд хэрхэн амьдардаг, хүн төрөлхтний бодит амьдралын орчинд хэрхэн амьдардаг, амьдралаа хэрхэн авч явдаг, хүмүүсийн дунд хэрхэн үг хэлж, ажилладагтай холбоотой. Энэ нь бие махбодтой болсон Бурханы мөн чанартай холбоотой асуудлуудыг хамардаг бөгөөд эдгээр асуудлыг нөхөрлөвөөс зохилтой юм. Энэ талууд нь бас хүмүүсийн харж чаддаггүй, эсвэл хүмүүс ойлгоход маш хэцүү зүйлс бөгөөд мэдээж эдгээр нь бас бие махбодтой Бурханы талаарх хүмүүсийн мэдлэгт, эсвэл үзэл, төсөөлөлд байдаггүй зүйлс юм. Өөрөөр хэлбэл, бие махбодтой болсон Бурханы талаарх хүмүүсийн мэдлэг, ойлголт, төсөөлөл нь үндсэндээ бие махбодтой болсон Бурханы амьдрал, оршин тогтнолын бодит байдлаас тасархай байдаг. Үүний үр дүнд, бие махбодтой болсон Бурханы мөн чанарын талаарх хүмүүсийн мэдлэгийн ихэнх нь бодит бус, объектив биш байдаг бөгөөд тэр ч байтугай бодит байдалд нийцдэггүй зарим үзэл, төсөөллөөс бүрддэг. Бие махбодтой болсон Бурхан хүмүүсийн дунд болон энэхүү материаллаг ертөнцөд амьдардаг; Түүний хэвийн, бодит байдал нь Түүний амьдралд, түүнчлэн Түүний оршин тогтнолын үйл явцад тусгалаа олдог. Түүний амьдрал болон Түүний оршин тогтнолын үйл явц нэг талаар, энэ махан биеийн амьдралыг хамардаг бөгөөд нөгөө талаар, бие махбодтой болсон Бурханы гүйцэтгэдэг үйлчлэлийг хамардаг. Бие махбодтой болсон Бурханы амьдран харуулдаг, эзэмшдэг хэвийн, бодит байдал нь хүмүүсийн үзэл, төсөөллөөс ямар ялгаатайг—энэ хэвийн, бодит байдлын ямар хэсгүүдийг хүмүүс ойлгож чаддаггүй, эсвэл харсныхаа дараа үл тоомсорлодог ч үнэндээ эдгээр нь Бурханы махбод болсон биеийн эзэмшдэг хэвийн, бодит байдлын илрэл мөн болохыг энэ хоёр талаас харцгаая. Нэгэнт энэ нь бие махбодтой болсон Бурханы амьдрал, оршин тогтнолыг хамардаг тул олон бодит асуудал, түүнчлэн эдгээр бодит асуудлын талаарх олон бодол, үзэл санааг хамардаг. Эдгээр бодол, үзэл санаа нь үнэндээ бие махбодтой болсон Бурханы амьдрал болон Түүний гүйцэтгэдэг үйлчлэлд бодитоор, үнэн зөвөөр илчлэгдэж, амьдран харуулагддаг. Гэвч хүмүүс тэнгэр дэх Бурханы талаар ч бай, эсвэл газар дээрх Бурханы талаар ч бай хэтэрхий олон үзэл, төсөөлөл өвөрлөдөг учраас, мөн эдгээр нь бүгд хий хоосон, бодит байдалд нийцдэггүй учраас ихэнх хүн Бурханы энэхүү онцгой ялгамж чанар буюу бие махбодтой болсон Бурханы харуулж чадах хэвийн, бодит байдал болон даруу, нуугдмал байдлыг үл тоомсорлодог. Ихэнх хүний анхаардаг зүйл бол тэмдэг, гайхамшиг, нууц, ер бусын чадвар, гүн гүнзгий, сүрлэг, эсвэл харьцангуй давамгай, хачин жигтэй зүйлс гэх мэт юм. Тэгсэн хэр нь хүмүүс Бурханы Өөрийнх нь амьдран харуулж, илчилдэг үнэхээр объектив, бодит, жинхэнэ зүйлсийг үл тоомсорлодог. Бурханы махбод болсон бие хүн төрөлхтний дунд хэчнээн олон жил амьдарсан ч хүмүүс эдгээр зүйлийг үл тоомсорлодог учраас Бурханы талаарх мэдлэг нь үргэлж хий хоосон, хийсвэр төсөөлөлдөө гацсан хэвээр үлддэг. Үүний үр дүнд Бурханы талаарх хүмүүсийн мэдлэг үргэлж маш объектив бус, бодит бус байдаг. Өнөөдөр энэ сэдвийн талаар нөхөрлөснөөр дамжуулан бие махбодтой болсон Бурханы амьдрал болон Түүний гүйцэтгэдэг үйлчлэлд тусгагдсан хэвийн, бодит байдлыг мэдэж авцгаая. Бие махбодтой болсон Бурханы амьдрал ч бай, эсвэл Түүний гүйцэтгэдэг үйлчлэл ч бай, энэ хоёр тал хоёулаа Түүний хэвийн, бодит байдлын амьдран харуулалтыг хамардаг. Энэ нь онцгой ялгамж чанартай энэхүү хүний Хүү—бие махбодтой болсон Бурханы янз бүрийн хүмүүс, үйл явдал, зүйлийн талаарх үзэл бодол болон бүх төрлийн хэрэг явдлыг зохицуулах Түүний зарчим, арга барилыг хамардаг. Бие махбодтой болсон Бурханы бүх төрлийн хэрэг явдалд хандаж, зохицуулдаг зарчим, арга барилын талаар та нар энэ олон жилийн нөхөрлөлөөс сонсож, одоо эдгээр зүйлийн талаар мэддэг болсон. Та нарын оюун санаанд нэлээд өндөр дээд, сүрлэг мэт санагддаг эдгээр зүйл бүгд үнэнийг хамардаг. Нэг талаар, тэдгээр нь тэнгэр дэх Бурханы санаа зорилгыг төлөөлдөг; тэдгээр нь Бурханы ялгамж чанар, мөн чанартай Бурхан хүмүүсээс юу шаарддаг, хүмүүст юу зааж сургадгийг төлөөлдөг. Нөгөө талаар, тэдгээр нь бас энэхүү хүний Хүү, бие махбодтой болсон Бурханы бүх төрлийн хэрэг явдлыг авч үзэж, зохицуулдаг зарчим, арга барил, бодол, үзэл санааг төлөөлдөг гэдгийг үгүйсгэх аргагүй. Үнэн-зарчмыг хамарсан энэхүү асар их агуулгын талаар Би аль хэдийн та нартай удаан хугацаанд нөхөрлөсөн; олон сэдэв байгаа бөгөөд тэдгээр нь нэлээд урт. Энэ агуулга нь бие махбодтой болсон Бурхан—хүний Хүүгийн—бодол, үзэл санаа, хандлага, бүх төрлийн хэрэг явдлыг зохицуулах зарчмыг хангалттай төлөөлдөг. Өнөөдөр бид энэ талын тухай ярихгүй.

Бидний нөхөрлөх гол сэдэв бол бие махбодтой болсон Бурханы амьдрал, оршин тогтнол дахь биеэ зөв авч явах зарчим болон аливааг хийх арга зам юм. Энэ хоёр талын тухай Миний нөхөрлөлөөр дамжуулан та нар бие махбодтой болсон Бурханы хэвийн, бодит байдлыг илүү сайн ойлгож, бие махбодтой болсон Бурханыг илүү их ойлгож авах болно. Нэг талаар, хүн төрөлхтний дунд амьдрахдаа бие махбодтой болсон Бурхан биеэ авч явах зарчимтай байдаг бөгөөд бас аливааг хийх зарчимтай байдаг. Эдгээр зарчим нь маш энгийн. Миний биеэ зөв авч явах зарчим бол дүрэм журамд нийцүүлэн биеэ авч явах явдал бөгөөд Миний аливааг хийх зарчим бол үүргээ ухамсарлан хийх явдал юм. Дүрэм журамд нийцүүлэн биеэ авч явах, үүргээ ухамсарлан аливааг хийх—эдгээр нь Миний биеэ зөв авч явах, аливааг хийх зарчим, итгэл үнэмшил юм. Нийтдээ хэдэн үг байна вэ? (Арван үг.) Энэ арван үг маш энгийн бөгөөд үгчилсэн утгыг нь ойлгоход нэлээд амархан. Тэдгээр нь огтхон ч хийсвэр, эсвэл хий хоосон биш, огтхон ч гүн гүнзгий биш, огтхон ч өндөр дээд, сүрлэг биш. Дүрэм журамд нийцүүлэн биеэ зөв авч явах, үүргээ ухамсарлан аливааг хийх—эдгээр нь Миний биеэ авч явах, аливааг хийх зарчим, итгэл үнэмшил юм. Би биеэ авч явах, аливааг хийх үедээ эдгээр зарчмыг баримталдаг; Би яг ингэж л хийдэг. Энэ нь баримт гэдгийг та нар харж чадаж байна уу? Та нар үүнийг баримттай тулган үзэж чадах уу? Нэг талаар, Би номлож, нөхөрлөх үедээ, хүмүүстэй харилцаж, нүүр тулах үедээ, хүмүүстэй ярилцах үедээ биеэ ингэж авч явахыг тэдэнд үргэлж хэлдэг. Нөгөө талаар, Би Өөрөө ч бас биеэ ингэж авч явдаг—Би уриа лоозон хашхирдаггүй. Тэгвэл Би яагаад эдгээр зарчмын талаар хүмүүст хэлдэг вэ? Яагаад гэвэл, Би Өөрөө ийм маягаар аливааг хийж, биеэ авч явдаг; үүнд өөр гүн гүнзгий ямар ч зүйл байхгүй. Зарим хүн: “Таны биеэ авч явах энэхүү итгэл үнэмшил нэлээд энгийн юм; огтхон ч боловсронгуй биш байна. Эдгээр нь бие махбодтой болсон Бурханы ялгамж чанарыг төлөөлж чадахгүй!” гэж хэлдэг. Энэ зөв үү? (Үгүй.) Дүрэм журамд нийцүүлэн биеэ авч явах, үүргээ ухамсарлан аливааг хийх—эдгээр нь зарчим, итгэл үнэмшил юм. Би тэдгээрийг өдөр тутмын амьдралдаа хэрэгжүүлдэг, үйлчлэлээ гүйцэтгэх үедээ, өөрөөр хэлбэл, ажил хийх үедээ ч бас хэрэгжүүлдэг. Би биеэ ингэж авч явдаг, бас аливааг ингэж хийдэг. Хэдүүлээ яг л хууч хөөрч, аар саар юм ярилцаж байгаа мэт эдгээр зүйлийн талаар ярилцацгаая, ингэснээр та нар бага зэрэг тайвширч, Надаас Миний амьдралын талаар илүү ихийг мэдэж авч чадна. Тэгвэл болох уу? (Болно.) Хэрвээ бидний ярианы дундуур та нарын зарим нь: “Би эсэргүүцэж байна! Таны хэлж байгаа зүйл Таны илрэлтэй нийцэхгүй байна” гэж хэлбэл Би үүнийг дахин илэрхийлэхээр оролдож, ирээдүйд үүнийг засаж, залруулах болно. Хэрвээ та нарын зарим нь гараа өргөөд, “Би санал нийлж байна! Таны хэлж байгаа зүйл Таны амьдралдаа харуулдаг гэж бидний харж, сонссонтой төгс нийцэж байна; Таны хэлж байгаа зүйл бол баримт” гэж хэлбэл Би үүнийгээ үргэлжлүүлэх болно. Ингэвэл зүгээр үү? (Тийм.)

Дүрэм журамд нийцүүлэн биеэ авч явах, үүргээ ухамсарлан аливааг хийх—амьдрал дээр ч бай, ажил дээр ч бай Би эдгээр итгэл үнэмшлийг бат баримталдаг. Та нар Миний хийдэг ажлаас тэдгээрийг нэлээд их мэдэрч чадсан байх, тиймээс эдгээр нь Миний амьдралд хэрхэн хэрэгждэг талаар эхлээд ярилцацгаая. Бие махбодтой болсон Бурхан бол хүн төрөлхтний дундах онцгой ялгамж чанартай хүн боловч аливааг хийхдээ Тэр огтхон ч онцгой юм шиг авирладаггүй. Тэр Өөрийгөө хэзээ ч онцгой хүн гэж үздэггүй; Тэр зүгээр л жирийн нэг хүн. Тэр аль ч улс оронд байсан, тухайн улсын хууль тогтоомж, дүрэм журмыг дагаж мөрддөг. Хэрвээ Өөрийнх нь хийх хэрэгтэй боловч ойлгохгүй зүйл байвал Тэрээр орон нутгийн хууль, бодлогод юу гэж заасныг, юу хийх нь хууль бус, юу нь хууль бус биш болохыг даруй лавлаж, олж мэдээд, Өөртөө давуу эрх олгохгүйгээр, тохиромжтой байдлаар хийдэг. Аливааг ингэж хийх нь дүрэм журмыг мөрдөж байгаа хэрэг мөн үү, үүргээ ухамсарлаж байгаа хэрэг мөн үү? (Мөн.) Энэ бол дүрэм журамд нийцүүлэн биеэ авч явах, үүргээ ухамсарлан аливааг хийх явдал юм. Чөлөөт, ардчилсан улс оронд хэрвээ Тэрээр аливааг хийхийн тулд холбогдох хуулиудыг ойлгох шаардлагатай бол хуульчтай зөвлөлдөж, эсвэл хууль тогтоомж, дүрэм журмыг хайж үздэг. Тэр хууль бус зүйл хийдэггүй, хуулийн цоорхойг ч ашигладаггүй; Тэр хууль тогтоомж, дүрэм журмыг чандлан дагаж мөрддөг, учир нь ихэнх улс орны хууль тогтоомж, дүрэм журам нь хувь хүний хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хамгаалдаг бөгөөд хүмүүсийн дагаж мөрдөх ёстой зүйл юм. Жишээ нь, хэрвээ бид хашаандаа ямар нэгэн барилгын ажил хийж, тэнд ямар нэгэн зүйл байрлуулах шаардлагатай бол энэ талаар засгийн газрын дүрэм журамд юу гэж заасан, энэ зүйлийг хашаанд байрлуулж болох эсэх, хэрвээ болох бол хаана байрлуулах нь тохиромжтой болохыг эхлээд олж мэдэх ёстой. Нарийн ширийн зүйлийг тодруулсныхаа дараа бид засгийн газрын дүрэм журмын дагуу аливааг хийдэг. Хэрвээ засгийн газар зөвшөөрөхгүй бол бид хийхгүй. Бид үндэслэлгүйгээр асуудал тарих гэж оролдохгүй, үүнийг хийхийн тулд санаатайгаар яавч хууль зөрчихгүй. Жишээ нь, хэрвээ бид ямар нэгэн байгууламж барихыг хүсвэл засгийн газраас зөвшөөрөл хүсэх шаардлагатай. Засгийн газар зөвшөөрмөгц барилгын ажлыг эхлүүлж болно. Төсөл дууссаны дараа засгийн газрын хяналт шалгалтад тэнцэх шаардлагатай. Хэрвээ хяналт шалгалтад тэнцвэл бид үүнийг сэтгэл амар ашиглаж болно. Энэ бол барилга барих журам юм. Зарим хүн: “Иймэрхүү жижиг төсөл дээр засгийн газраас зөвшөөрөл авах ёстой гэж заасан байдаг уу? Хэрвээ заавал биш бол ингэж хийх шаардлагагүй. Бид түвэг чирэгдлээс зайлсхийж болно” гэж хэлж магадгүй. Би: “Бид үүнийг баттай олж мэдэх ёстой. Засгийн газрын зөвшөөрөл шаардлагатай байтал бид зөвшөөрөл авахгүй бол дүрэм журам зөрчих биш үү? Бид дүрэм журам зөрчиж болохгүй. Бид энэ байгууламжийг барих гэж байгаагаас хойш зөвшөөрөл авахыг хичээх ёстой. Хэрвээ засгийн газар зөвшөөрөл авах шаардлагагүй гэж хэлбэл бид санаа амар хүсэлт гаргахгүй байж болно. Хэрвээ засгийн газар заавал зөвшөөрөл авах ёстой гэж хэлбэл зөвшөөрөл хүсэж байгаа маань үндэслэлтэй, хуульд нийцсэн байх болно” гэж хэлдэг. Хууль тогтоомж юмуу засгийн газрын дүрэм журамтай холбоотой юуны ч талаар бид зөвлөлдөж, баттай олж мэдэх ёстой. Эс бөгөөс ямар нэг зүйл буруугаар эргэвэл маш төвөгтэй байх болно. Гадаадад амьдрах үндсэн дүрэм бол хууль бус юм уу засгийн газрын дүрэм журмыг зөрчсөн ямар ч зүйл хийхгүй байх явдал юм. Жишээ нь, хэрвээ бид хөдөө амьдарч, тахиа, хонь тэжээхийг хүсвэл засгийн газраас зөвшөөрөл авах ёстой. Засгийн газраас эдгээр зүйлийн талаар нарийвчилсан дүрэм журам гаргасан байдаг бөгөөд бид тэдгээрийг зөрчиж, эсвэл онцгой давуу эрх эдлэхийг оролдож яавч болохгүй. Хэрвээ бид засгийн газрын дүрэм журмыг зөрчөөд баригдвал маш их төвөгтэй байх болно. Тиймээс энэ нь биднээс хууль тогтоомжийг дагаж мөрдөхийг шаарддаг бөгөөд биеэ хэрхэн авч явах, хэрхэн амьдрах зарчмыг ч бас хамардаг. Бид хаана ч амьдарсан бай, дүрэм журамд нийцүүлэн биеэ авч явж, үүргээ ухамсарлан аливааг хийх ёстой. Өдөр тутмын амьдралдаа Би бас дүрэм журамд нийцүүлэн хөршүүдтэйгээ харилцдаг. Би чимээ шуугиан гаргаж, бусдад саад болдоггүй. Засгийн газар юу ч гэж заасан бай, бид үүнийг дагаж мөрдөх ёстой. Нохой тэжээлээ ч гэсэн, байнга хуцуулж хөршүүдээ амрахад нь саад болохгүйн тулд нохойгоо зөв арчлах хэрэгтэй. Ялангуяа амралтын өдрүүдээр хөршүүд чинь бүгд гэртээ байх үед тэдэнд саад болохгүй байхад бүр ч их анхаарах хэрэгтэй. Өвөл цас орох үед өглөөний найман цаг өнгөртөл хүлээгээд дараа нь цасаа цэвэрлэж эхлэх хэрэгтэй. Хэт эрт цас цэвэрлэх нь чимээ гаргаж, хөршүүдийнхээ амралтыг алдагдуулж, тэднийг бухимдуулна. Хэрвээ засгийн газарт тодорхой дүрэм журам байвал чи тэдгээрийг дагаж мөрдөх ёстой. Засгийн газрын дүрэм журмыг санаатайгаар бүү зөрч; засгийн газартай бүү сөргөлд. Үүнийг дүрэм журамд нийцүүлэн биеэ авч явах гэж нэрлэдэг. Би хаана ч амьдарсан, үндсэндээ ямар ч чимээ гаргадаггүй. Би гадаа хэзээ ч хөгжим дуугаргадаггүй, их чимээ гаргаж, чанга ярьдаггүй. Нохой салхилуулахдаа Би нохойгоо байнга хуцуулаад байдаггүй. Би хөршүүддээ саад болохгүй, тэдний амьдралд хөндлөнгөөс оролцохгүй, тэднийг бухимдуулахгүй байхаар бүх чадлаараа хичээдэг. Энэ нь дүрэм журамд нийцүүлэн биеэ авч явж байгаа хэрэг биш үү? (Тийм.) Тийм учраас Би олон жилийн турш хөршүүдтэйгээ сайн харилцаатай байсаар ирсэн. Бид бие биетэйгээ эвтэй найртай амьдарч, тааралдах үедээ мэндэлж, нөхөрсөг, найрсаг байдлаар зэрэгцэн оршдог. Бид хаана ч амьдарсан, хөршүүдтэйгээ харилцахдаа дүрэм журмыг дагаж мөрдөх ёстой. Бид тэдэнд төвөг удах ёсгүй, долигонох ч шаардлагагүй—бид бусдад зөв хандаж, аливааг шударга, зөв зүйтэй хийх ёстой. Хэрвээ бид ингэвэл цаг хугацааны явцад ямар ч зөрчилдөөн гарахгүй.

Бие махбодтой болсон Бурхан дүрэм журамд нийцүүлэн биеэ авч явах асуудлын тухайд зарим хүн: “Энэ чинь маш хэвийн зүйл биш гэж үү?” гэж хэлдэг. Үүнд Би: “Чиний туйлын зөв; энэ яг л тийм хэвийн” гэж хэлдэг. Энэ хэвийн байдал хаанаас гардаг вэ? Энэ нь хүн чанарын мөс чанар, эрүүл ухаанаас гардаг. Чухамдаа бие махбодтой болсон Бурхан хэвийн хүн чанарын хамгийн оновчтой мөс чанар, эрүүл ухааныг эзэмшдэг учраас биеэ зөв авч явах буюу хүмүүсийн маш энгийн асуудал гэж үздэг зүйлийн тухайд Түүний дагаж мөрддөг зарчим ч бас маш энгийн буюу дүрэм журмыг мөрдөх явдал юм. Үүнийг сонсоод зарим хүн: “Үүний юу нь тийм чухал юм бэ? Үүнийг дурдахад ч зохистой гэж үү? Энэ хэвийн, бодит байгаа хэрэг үү? Эдгээр нь аар саар явдал байна” гэж хэлж магадгүй. Тийм байж болох ч гэсэн, бие махбодтой болсон Бурхан дүрэм журамд нийцүүлэн биеэ авч явах нь Түүний хэвийн, бодит байдлын илрэл учраас энэ талаар ярих нь зохистой бөгөөд хүмүүс үүний талаар мэддэг байх нь зүйтэй юм. Дүрэм журамд нийцүүлэн биеэ авч явахыг минь хүмүүс бусдаас ялгарах юмгүй гэж боддог. Гэвч хэрвээ Би амьдралдаа хаа сайгүй Өөртөө давуу эрх олгож, боломж гарах бүрд Өөрийгөө гайхуулан, “Би бол Христ. Би тэнгэрээс ирсэн. Би хэнтэй ч адилгүй. Хүн төрөлхтний дунд Би цор ганц. Бүх хүн төрөлхтөн, бүх амьд зүйл, бүх бүтээгдсэн зүйл Миний хөл дор гишгэлэгдэх ёстой. Бүх зүйл бол Миний хөлийн гишгүүр. Бурханд итгэгч ч бай, шүтлэггүй хүн ч бай, хүн бүр Надад бөхийж, шүтэн мөргөх ёстой. Тэд Миний өмнө ирэхдээ бүгд тахимдуу, хүндэтгэлтэй хандах ёстой” гэж хэлдэг байсан бол яах вэ? Энэ нь хэвийн байх уу? (Үгүй.) Энэ нь хэвийн биш байх болно. Тэгж авирлаж байхыг минь чи харсан уу? (Үгүй.) Би тэгж авирладаггүй. Би Өөрийнхөө харилцаж байгаа хүн бүртэй, ялангуяа шүтлэггүй хүмүүстэй эвтэй найртай байдаг. Би дүрэм журам, ёс зүйн дагуу тэдэнд хандаж, тэдэнтэй харилцдаг. Хүмүүстэй ямар нэгэн зүйлийн талаар ярилцах юм уу зөвлөлдөхдөө Би тэднийг онцгойлон хүндэтгэдэг. Ойлгохгүй юм байвал Би илүү их асууж лавладаг бөгөөд зарим хүн маш тэвчээртэйгээр Миний асуултад хариулж тусалдаг. Мэдээж, Би тэдний энэ хандлагын хариуг барихын тулд л дүрэм журамд нийцүүлэн биеэ авч явдаг юм биш; харин энэхүү бодитой орчинд амьдрахдаа бие махбодтой болсон Бурхан хүмүүстэй харилцаж, аливааг хийх үедээ төрөлхөөсөө тийм зарчмыг дагаж мөрддөг учраас тэр юм. Жишээ нь, номын сан бол уншиж, суралцах газар. Тэнд очихдоо дүрэм журмыг нь дагаж мөрдөх ёстой. Чимээ шуугиан гаргаж болохгүй, аль болох ярихгүй байхыг хичээх хэрэгтэй. Хэрвээ ярихыг хүсвэл дуугаа намсгах юм уу гадагш гарах ёстой бөгөөд ялангуяа утас дуугарвал бусад хүн ном уншихад саад болохгүй, нөлөөлөхгүйн тулд хурдан гадагш гарч утсаараа ярих ёстой. Үүнийг дүрэм журам дагаж мөрдөх гэж нэрлэдэг. Ийм орчинд Надад дуудлага ирвэл Би гадагш гараад ярина. Зарим хүн: “Үүнийг мэдэхгүй хэн байгаа юм бэ?” гэж хэлдэг. Үүнийг мэддэггүй хүмүүс үнэхээр бий. Барууны зарим зоогийн газар, супермаркет болон хүмүүсийн ажлаа бүтээхээр очдог газруудад зарим хүн маш чанга ярьж байгаа нь байнга сонсогддог бөгөөд тэндхийн үйлчлэгч, ажилтнууд үүнд тун их дургүйцдэг. Ялангуяа зарим Ази хүн дүрэм журмыг огт ойлгодоггүй, туйлын бүдүүлэг харагддаг. Зарим газарт тодорхой бичигдсэн дүрэм журам байдаг боловч тэд үүнийг огт хараагүй мэт авирладаг. Төрөлх хэлээр нь бичсэн дүрэм журмыг харсан ч гэсэн тэд дагаж мөрддөггүй, тэр бүү хэл үүнийг зөрчдөг. Ажилтнууд тэдэнд сануулах үед тэд бүр ажилтнуудтай маргалддаг. Энэ нь өөрийгөө инээдтэй байдалд оруулж байгаа биш үү? Зарим хүн эх орондоо дураараа дургиж сурсан байдаг. Баруунд ирэхдээ тэд үүнийг өөрсдийнх нь газар нутаг гэж бодсоор, түрэмгий авирлаж, горилла бич мэт ихэмсэглэн алхан, дүрэм журмыг огт дагаж мөрддөггүй. Үүний үр дүнд тэд хаа явсан газраа хүмүүсийн дургүйг хүргэж, зэвүүцлийг нь төрүүлдэг. Зарим хүн бүр Тээврийн Хэрэгслийн Бүртгэлийн Газарт шалгалт өгөхдөө хүртэл хэрэг тарьдаг. Дараа нь тэд элэг нэгтнүүдээ харах үедээ бүр “Хятадууд бид хаа ч явсан эрх чөлөөтэй. Бид хэзээ ч дүрэм журам дагаж мөрдөх дуртай байдаггүй. Аль болох дураараа байх тусмаа сайн. Хэрвээ хэн нэгэн намайг сахилгажуулах гэж оролдвол би бөөн сүр дуулиан тарина!” гэж тунхагладаг. Ийм хүн амьд диавол биш гэж үү? Чи эрх мэдэл, нөлөөтэй л бол дураараа дургиж болдог эх орондоо байна гэж бодоо юу? Чи гадаадад, хууль ёсонд захирагддаг улс оронд байна. Хэрвээ чи хууль тогтоомж, дүрэм журмыг зөрчвөл хуулийн хариуцлага хүлээх ёстой. Хууль тогтоомж, дүрэм журмыг дагаж мөрдөх нь хүний хийх ёстой хамгийн наад захын зүйл юм. Хэрвээ хүн эдгээр үндсэн дүрэм журмыг ч ойлгодоггүй бол ямар ч хүний төрхгүй байна гэсэн үг.

Олон нийтийн газар Би ерөнхийдөө маш болгоомжтой байдаг. Ялангуяа засгийн газрын байгууллагууд руу очиж ажил хөөцөлдөх үедээ Би болгоомжтой үйлддэг ба тэдний дүрэм журмыг зөрчихөөс зайлсхийдэг. Би ямар ч маягт бөглөсөн, эсвэл ямар ч асуултад хариулсан, үргэлж дүрэм журмын дагуу үйлддэг. Хэд хэдэн удаа ажил хөөцөлдсөний дараа Би туршлагатай болсон. Дүрэм журам дагаж мөрдөх амархан; санаа зовоодог зүйл бол дүрэм журмыг ойлгохгүй байх явдал юм. Өөрийгөө инээдтэй байдалд оруулах нь ч яамай—энэ нь ажил бүтээхэд нөлөөлөх боломжтой юу? Нөлөөлж магадгүй, тиймээс хүн дүрэм журамд нийцүүлэн биеэ авч явах ёстой. Барууныхан үндсэндээ эдгээр зүйлийг хийж чаддаг. Бие махбодтой болсон Бурхан хэвийн ухаалаг байдал, мөс чанартай, тиймээс мэдээж Тэр ч бас тэдгээрийг хийж чадах бөгөөд Тэр үүнийг маш идэвх санаачилгатайгаар хийдэг. Тэр Өөрийгөө бүтээгдсэн хүн төрөлхтний дунд цор ганц гэж ангилдаггүй, Өөртөө давуу эрх хайхын тулд эдгээр хууль тогтоомж, дүрэм журмыг хэзээ ч тойрч гардаггүй. Засгийн газрын байгууллага дээр ямар ч ажил хөөцөлдөж байсан, Би үргэлж журмыг дагадаг. “Би онцгой байр суурь, онцгой ялгамж чанартай. Та нар Надад онцгойлон хандаж болох уу?” гэж Би хэзээ ч шаарддаггүй. Нэг талаар, ийм арга саам хайхын тулд Би хэнтэй ч зөвлөлддөггүй. Нөгөө талаар, Би тэнгэр дэх Бурханд залбирч, “Бурхан минь, Та Надад зориулан тэмдэг, гайхамшиг үзүүлж, энэ хэргийг тэр даруй бүтээж өгөөч, ингэснээр Би хүмүүс шиг эдгээр журмыг дагах шаардлагагүй болно” гэж хэзээ ч хэлдэггүй. Би хэзээ ч ингэж залбирдаггүй; харин оронд нь дүрэм журамд нийцүүлэн журмын дагуу асуудлыг зохицуулдаг. Мэдээж эдгээр хэрэг явдлыг зохицуулах үедээ Би бас зарим онцгой нөхцөл байдалтай тулгарна. Онцгой нөхцөл байдалд онцгой зохицуулалт шаардагддаг. Хэрвээ төлбөр төлөх шаардлагатай бол Би төлдөг. Хүлээх шаардлагатай бол Би хүлээдэг. Хэрвээ ямар нэгэн зүйлд өргөдөл гаргах, эсвэл засгийн газраас дахиад баталгаажуулалт авах шаардлагатай бол Би өргөдөл гаргаж, дахин баталгаажуулалт авдаг. Би хууль тогтоомж, дүрэм журмын дагуу журмыг гарцаагүй чандлан дагах бөгөөд шат дараалал алгасахгүй. Би супермаркетаас худалдан авалт хийж байсан ч бай, эсвэл засгийн газрын байгууллага дээр ажил хөөцөлдөж байсан ч бай хамаагүй, хэрвээ хүмүүс дараалалд зогсож байвал Би тэдэнтэй хамт дараалалд зогсдог. Миний ээлж болоход Би даруй урагш алхдаг. Тэд Надаас юу ч хийхийг хүссэн бай, Би тэдний шаардлагын дагуу дүрэм журамд нийцүүлэн хийдэг. Би ингэж биеэ авч явдаг. Амьдралд аливаа зүйлтэй тулгарах үедээ Би ингэж л үйлдэж, туулдаг. Хэдийгээр Надад жаахан гомдолтой санагдах зарим онцгой үе байдаг ч энэ нь “дүрэм журамд нийцүүлэн биеэ авч явах, үүргээ ухамсарлан аливааг хийх” Миний итгэл үнэмшилд хэзээ ч нөлөөлдөггүй. Би хийх учиртай зүйлээ хийсээр л байдаг. Ялангуяа Би Ази царайтай, жижиг биетэй, дундаж гадаад төрхтэй, чанга дуугаар ярьдаггүй, хүмүүст эгэл жирийн, дундаж харагддаг, олны дундаас онцгойрдоггүй, хэний ч анхаарлыг огт татдаггүй. Тиймээс, зарим онцгой орчинд хэрэг явдал зохицуулах үедээ Би янз бүрийн түвшний ялгаварлан гадуурхалттай нүүр тулдаг, эсвэл янз бүрийн түвшний “онцгой хандлага” хүртдэг. Хэрвээ та нар эдгээр зүйлтэй тулгарвал яах байсан бэ? Та нар тэр хүмүүстэй маргалдах уу, тэдний эсрэг гомдол гаргах уу, эсвэл тэднийг хараахыг Бурханаас гуйж залбирах уу? Та нар аль аргыг нь хэрэглэх вэ? (Хэрвээ нөхцөл байдал нь таарвал би тэдэнтэй маргалдаж магадгүй.) Тэгээд зүрх сэтгэлдээ тэднийг хараахаар залбирах уу? (Би арай ч тэгэхгүй, гэхдээ дотроо нэлээд уурлана.) Чамд өөрөөр хандах юм уу чамайг ялгаварлан гадуурхах үед чи асуудлыг намжаах ёстой. Миний хувьд гэвэл, Би тэднийг хараахаар залбирдаггүй, тэдэнтэй маргалдаж, мэтгэлцдэг ч үгүй. Харин оронд нь Би асуудлыг намжааж, тэдэнд зөвөөр ханддаг. Миний зүрх сэтгэлд бага зэрэг эвгүй санагдах ч хэд хоногийн дараа Би зүгээр болно; Би үүнтэй эвлэрчихсэн байх болно. Чиний нэр хүнд, ёс жудагт халдсан доромжлолыг тэвчих байлаа ч гэсэн чи адгуу байдал гаргаж болохгүй; чи аливааг адгуу байдлаар шийдвэрлэж болохгүй. Тэгвэл чи үүнийг хэрхэн шийдвэрлэх ёстой вэ? Хэрвээ хэн нэгэн чамайг ялгаварлан гадуурхаж, эсвэл доромжилбол чи түүнд тэвчээртэй хандаж, түүнээс хол байж, адгуу байдал гаргахгүй байх ёстой; тэгвэл тэр чамд юу ч хийж чадахгүй. Энэ удаад бага зэрэг хохирол амссанаа зүгээр л сургамж гэж үз. Хэрвээ Би иймэрхүү зүйлтэй тулгарвал хэвийн хүн чанарынхаа ухаалаг байдал, мөс чанараас үүдэн Би гомдоно, мөн Миний ёс жудаг, нэр хүнд гутаагдсан мэт санагдана. Би дотроо тавгүйтэж, шаналах болно. Гэхдээ Би онцгой ялгамж чанар, онцгой байр суурьтай учраас хэлмэгдсэн мэт огт санагдахгүй, Намайг ялгаварлан гадуурхсан хүмүүсийг үзэн ядаж, хараана гэж бүр ч үгүй. Нас ахих тусам эдгээр зүйл туйлын хэвийн гэдгийг Би улам бүр мэдэрдэг. Энэхүү хүний ертөнцөд, ийм завхарсан хүн төрөлхтний дунд амьдрахад эдгээр зүйл туйлын хэвийн юм. Би ийм зүйлд дасаж, дөжирсөн учраас Надад ингэж санагддаггүй, харин хүмүүс бүгд завхарсан хүмүүс учраас тэр юм. Тэдний ялгаварлан гадуурхалт хувь хүний чинь хувьд чам руу чиглээгүй; харин ч бүхий л хүн төрөлхтөн ийм байдаг. Чи хар даа, олон арьс өнгөний хүмүүсээс бүрдсэн цагаачдын улс орон болох АНУ-д бүх арьс өнгөний хүмүүс өөрсдийгөө ялгаварлан гадуурхагдсан гэж хэлнэ; бүр цагаан арьстнууд ч ингэж хэлнэ. Хүмүүс өөр өөр тохиолдолд, өөр өөр орчинд, өөр өөр бүлэг хүмүүсийн дунд ялгаварлан гадуурхалттай нүүр тулдаг. Заримдаа энэ нь өөр арьс өнгийнхний ялгаварлан гадуурхалт байдаг бөгөөд заримдаа хүн арьс өнгө нэгтнүүдийнхээ ч ямар нэгэн ялгаварлан гадуурхалт юм уу шударга бус хандлагатай нүүр тулдаг. Чиний ялгаварлан гадуурхалт гэж үздэг зүйл нь зүгээр л завхарсан хүмүүсийн бие биедээ ханддаг хамгийн түгээмэл хандлага байж магадгүй. Энэ хүн төрөлхтөн яг ийм байдаг, тиймээс ийм зүйлийг хэтэрхий нухацтай хүлээж авах хэрэггүй. Уурлах нь хэвийн зүйл, гэхдээ чи эдгээр хэрэг явдлыг хурдхан нэвт хараад, дараа нь орхих ёстой. Тэдгээрт адгуу байдлаар бүү ханд. Хэн нэгнээс өшөө авах талаар бүү бод, эсвэл хэн нэгнийг хараахаар бүү залбир. Өөрийгөө эгэл жирийн биш гэж бүү бод. Чи бол эгэл жирийн хүн, бусад хүн чамд тэгж л ханддаг. Хэрвээ тэд чамайг сул дорой гэж харвал чамайг дээрэлхэнэ. Энэ нь туйлын хэвийн биш гэж үү? Үзэл, төсөөлөлдөө найдан “Би бол эгэл жирийн хүн биш. Би ийм өндөр үнэ цэнтэй, ийм өндөр байр суурьтай. Намайг дээрэлхсэн хэнийг ч би хараахаар залбирна. Миний ард хэн байгааг чамд хэлбэл чи үхтлээ айх болно. Ирээдүйд эрх мэдэлтэй болох үедээ би чамайг сөхрүүлж, өршөөл гуйлгах болно, мөн тахиа будаа тоншиж буй мэт толгойгоор чинь газар мөргүүлнэ” гэж бүү бод. Надад хэзээ ч ийм бодол төрж байгаагүй. Дэлхий дээр ялгаварлан гадуурхалт хаа сайгүй байдаг. Хүмүүсийн ялгаварлан гадуурхалт зөвхөн чам руу чиглээгүй. Энэ ертөнц өөрөө шударга бус байдал, ялгаварлан гадуурхалт, бүх төрлийн хорон муу байдал, элдэв янзын муу үйлээр дүүрэн байдаг. Ийм зүйлтэй тулгарах үедээ Би Өөрийгөө онцгой хүн гэж үздэггүй учраас эдгээр зүйлийг орхих нь Надад маш амархан байдаг. Энэ нь бас дүрэм журамд нийцүүлэн биеэ авч явах, үүргээ ухамсарлан аливааг хийх итгэл үнэмшлийг дагаж мөрдөж байгаа хэрэг биш гэж үү? (Тийм ээ.)

Бие махбодтой болсон Бурхан амьдралдаа хүмүүстэй, тэр дундаа Бурханд итгэдэг зарим ах эгч нартай, түүнчлэн зарим шүтлэггүй хүмүүстэй гарцаагүй харилцаж, холбогддог. Бурханд итгэдэг ах эгч нартай харилцах үедээ Тэр бас мэдээж хүн чанарын хувьд биеэ авч явах, аливааг зохицуулах зарчимтай байдаг. Хэдийгээр Тэр харилцан хүндэтгэлтэй хандах дүрэм журам болон ертөнцийн арга замыг чандлан дагаж мөрддөггүй ч харилцан тус хүргэлцэх тал дээр бусдыг далимдуулан ашиглахгүй, эсвэл Өөртөө давуу эрх хайхгүй байхыг хичээдэг. Зарим ах эгч Миний хувийн хэргийг бүтээхийн тулд эрч хүч, цаг хугацаагаа зарцуулах үед Би тэдэнд жижиг бэлэг өгөх, тэдэн дээр зочилж очих, хоолоор дайлах, эсвэл өөр зүйл хийх боломж хайх болно. Энэ нь хээл хахууль биш; энэ бол харилцан хүндэтгэлтэй хандах, бусдыг далимдуулан ашиглахгүй байгаа хэрэг юм. Надтай ямар нэгэн хувийн харилцаагүй байсан ах эгч нарын хувьд, тэднийг Бурханы гэрт байр суурьтай байж, эсвэл хувь нэмэр оруулснаас нь болоод Би хэнд ч, хэзээ ч бэлэг өгч байгаагүй, тэднийг үнэлдэг, эсвэл тэдэнтэй сайн харилцаатай байдгаасаа болоод Би тэдний хэнд нь ч ямар нэгэн зүйл өгч, эсвэл онцгой давуу эрх олгож байгаагүй. Ийм зүйл хэзээ ч тохиолдож байгаагүй. Товчхондоо, хүмүүстэй холбогдож, харилцах үедээ Би тэднийг далимдуулан ашиглахгүй байх, эсвэл Өөртөө давуу эрх хайхгүй байхыг хичээдэг. Миний онцгой ялгамж чанар Намайг “Би чамайг яаж ч ашигласан, энэ нь тохиромжтой; Би чамайг яаж ч ашигласан, чи үүнийг хүлээн авах ёстой. Энэ бол чамайг өргөмжилж байгаа хэрэг” гэж бодоход хүргэхгүй. Би тэгж бодохгүй. Хэрвээ чи чуулганы ажлаас гадуурх зарим хувийн хэргийг минь Надад бүтээж өгвөл Би энэ ачийг санаж, чамд хариу барих болно. Үүний үндсэн дээр Би чамтай харилцан ач тус хүргэлцэнэ. Шүтлэггүй хүмүүсийн тухайд бүр ч ярих юмгүй—хэрвээ шүтлэггүй хүн Миний өмнөөс ямар нэгэн зүйл бүтээж, тодорхой хэмжээний мөнгө зарцуулсан бол нэг талаар, Би түүнд санхүүгийн хувьд өртэй үлдэхгүй байхаа баталгаажуулна. Би түүгээр өөрийнх нь халааснаас мөнгө төлүүлэхгүй; хэр их мөнгө хэрэгтэй байна, Би түүнд өгнө. Түүнчлэн, энэ хэргийг Миний өмнөөс бүтээхийн тулд тэрээр асар их зүдэрч, ихээхэн хүчин чармайлт гаргаж, их гүйсэн учраас Би найрсаг зангийн үүднээс түүнд бэлэг өгч, ач тусынх нь хариуд тодорхой хэмжээний нөхөн төлбөр өгч, тэднийг далимдуулахгүй байх ёстой. Тэд энэ ажлыг хийж, үүгээр амьжиргаагаа залгуулдаг; тэд Надад зориулж ямар нэгэн зүйл бүтээснийхээ төлөө хохирол амсах юм уу өөрсдийнхөө халааснаас мөнгө төлөхийг Би зөвшөөрч чадахгүй. Тэгэх нь зохисгүй байх болно. Тиймээс, Би ийм хэрэгт Өөртөө давуу эрх хайдаггүй. Мэдээж, энэ нь тоглоомын дүрмийг дагаж байгаа хэрэг биш; хүн зүгээр л ертөнцийн хамгийн наад захын арга барил болон харилцан хүндэтгэлтэй хандах явдлыг баримтлах ёстой; энэ тал дээр ямар ч онцгой тохиолдол байж болохгүй. Хэрвээ чи хэн нэгнээс ажил бүтээж өгөхийг гуйчхаад мөнгийг нь төлөхгүй, үргэлж тэднийг далимдуулахыг хичээдэг бол энэ нь ямар ч ёс жудаггүйн илрэл юм. Эдгээр хэрэг явдал дээрх Миний зарчим юу вэ? Хэрвээ чи ямар нэгэн зүйл хийлгэхийг хүсэж байвал, мөн тэдний өгсөн төлөвлөгөө тохиромжтой, чи үнийг нь төлж чадахаар байвал үүнийг хийлгэ. Хэрвээ төлж чадахгүй бол бүү хийлгэ; үүнийг илүү хямдаар хийх хүн ол. Зөвхөн төлж чадах зүйлээ л хийлгэ. Чадлаасаа хэтэрсэн зүйлд бүү шуна, бусдыг хэрхэн далимдуулах талаар бүү бод. Хэрвээ чамд үүнийг зохицуулах санхүүгийн боломж байхгүй бол нэг бол мөнгө зээл, банкнаас зээл ав, эсвэл үүнийг хийлгэх хангалттай мөнгөтэй болох хүртлээ хүлээ. Товчхондоо, өөрөө ямар нэг арга ол; чи бусдыг далимдуулж болохгүй. Хэрвээ энэ нь тэдний амин зуулга бол, хэрвээ энэ нь тэдний мэргэжил бол тэд чамд зориулж ямар нэгэн зүйл бүтээх үед чи амлалтаа биелүүлж, тэдэнд мөнгө төлөх ёстой. Энэ нь тун жам ёсны, үндэслэлтэй. Бусдыг далимдуулахгүй байх, бусдыг хуурч мэхлэхгүй байх, бусдад өртэй үлдэхгүй байх, ичгүүргүй авирлахгүй байх, өр тавихгүй байх—үүнийг дүрэм журамд нийцүүлэн биеэ авч явах гэж нэрлэдэг. Чи бэрхшээлтэй байх үедээ бусдад зовлонгоо бүү тооч; ядуу байх үедээ бусдыг бүү далимдуул; баян байх үедээ эд баялгаа бүү гайхуул; ялгамж чанар, байр сууриасаа болоод бүү ихэрх. Энэ бол хүмүүстэй харилцаж, хэрэг явдлыг зохицуулах Миний итгэл үнэмшил юм. Жишээ нь, заримдаа Би хүн олоод Өөрийнхөө өмнөөс ямар нэгэн зүйл хийлгэнэ. Хэвийн үед энэ нь ердөө мянган доллар болдог ч тэд таван мянгыг авахыг хүслээ гэж бодъё. Хэдийгээр Би үүнийг төлж чадах ч ингэж мэхлүүлэхийг хүлээн зөвшөөрөхгүй. Үүнийг хийлгэхэд ихэвчлэн хэр их мөнгө хэрэгтэй болдог, Би төдий хэмжээгээр л зарцуулдаг бөгөөд хүмүүстэй үнэ хаялцдаггүй. Хэрвээ Би төлж чадахгүй бол илүү хямд хүн олно. Би яавч ичгүүргүй авирлахгүй, үнийг нь буулгахын тулд ядуу царайлах ч үгүй; Би хэзээ ч тийм зүйл хэлдэггүй. Үүнийг зохицуулахад хэр их мөнгө хэрэгтэй байна, Би тэрийг нь өгч, зах зээлийн ханшаар төлж, дүрэм журмын дагуу үйлддэг. Би яг л ийм хатуу чанга байдаг. Зарим баян хүн тун сүржин, хямсгар байдаг. Тэд брэндийн хувцас өмсөж, алмаазан бөгж, хүзүүний зүүлт зүүж, толгойноосоо хөл хүртлээ гялалзсан үнэт эдлэлээр өөрсдийгөө гоёдог. Түүнчлэн, тэд хаашаа ч явсан өндөр өсгийт өмсдөг бөгөөд чимээ гарахгүй бол хэтэрхий даруухан гэж бодоод ялангуяа хивсэн дээгүүр алхахаас зайлсхийдэг—тэд хүмүүст ирснээ мэдэгдэхийн тулд онцгойлон гантиг юм уу модон шалан дээгүүр алхдаг. Тэд өрөөнд орох үедээ брэндийн нарны шилээ ч авдаггүй бөгөөд хэн байгааг харахаар үүднээс эхлээд өрөөг гүйлгэн харж, яг л “Хатан хаан ирснийг та нар харав уу?” гэж хэлж байгаа мэт байдаг. Тэд хаа явсан газраа эхлээд маяглах ёстой байдаг. Хэрвээ Би зун гадагш гарахдаа нарны шил зүүвэл хүрэх газартаа очоод, хүмүүс нарны шил зүүснийг минь хараад Намайг маяглаж байна гэж бодон, үл ойлголцол үүсгэх вий гэсэндээ нарны шилээ хурдан цүнхэндээ хийдэг. Миний өмсдөг ихэнх гутал резинэн юм уу зөөлөн ултай байдаг бөгөөд Би алхахдаа ямар ч чимээ гаргахгүй байхыг хичээдэг. Ажил хөөцөлдөхөөр хаа нэгтээ очих үедээ, хэрвээ хонх дарах шаардлагатай бол Би дардаг. Хэрвээ хонх дарах шаардлагагүй бол дотогш ормогцоо Би эхлээд угтах үйлчилгээний ажилтанд тэдэн цагт тийм хүнтэй уулзах цаг товлосон гэдгээ хэлээд, дараа нь тэнд суугаад хүлээдэг. Зарим хүн хийх юмгүй үедээ суугаад утсаа үзэж байхыг Би хардаг. Тэд хөлөө ачиж, буржийлгасан үсээ хойш шидэлж, хажуудаа брэндийн цүнх тавьсан байдаг—тэд маш намжиртай байдаг. Би хаа ч явсан тун даруухан байдаг. Би суух булан олж, муу хүмүүст шүүрүүлэхээс сэргийлэн цүнхээ энгэртээ тэвэрдэг. Би болгоомжтой, даруухан байдаг. Миний ээлж болоход Би цаг үрэлгүйгээр ажил хэргээ хурдан зохицуулж, хүмүүсийн анхаарлыг аль болох бага татахыг хичээдэг. Би аливааг зохицуулахдаа дүрэм журмыг дагадаг бөгөөд хүмүүст өртэй үлддэггүй. Би хаа ч явсан хөдөлгөөнөө хянадаг; Би хэний ч анхаарлыг татахыг хүсдэггүй. Өөрөөр хэлбэл, Би хаа нэгтээ ажил хөөцөлдөхөөр очихдоо чимээгүй хөдөлдөг бөгөөд Өөрийнхөө байгааг мэдэгдэх гэсэндээ хэзээ ч чанга чимээ гаргадаггүй. Шүтлэггүй хүмүүстэй харилцах үед хэрвээ тэд ихэвчлэн аливааг зохицуулах тодорхой дүрэмтэй байдаг бол Би тэр дүрмийг дагадаг. Жишээ нь, аль нэг салбарын дүрэм нь хэн нэгэн чиний хэргийг бүтээж өгсний дараа чи түүнийг хоолоор дайлах ёстой байдаг. Гүйлгээний үнийн дүнгээс хамаараад хоол ерөнхийдөө арван таван долларын үнэтэй байдаг тул Би түүнийг тиймэрхүү үнэтэй хоолоор дайлдаг. Зарим хүн: “Та нэгэнт тэднийг хоолоор дайлж байгаагаас хойш гайхуулахын тулд жаахан илүү мөнгө зарцуулаач” гэж хэлдэг. Ингэх шаардлагагүй. Тэдний дүрэм журам юу ч байсан, бид тэрийг нь дагаж мөрддөг. Хэр хэмжээнээсээ бүү дав, гайхуулахын тулд мөнгө бүү үр. Баруунд хэн нэгнээс ажил бүтээж өгөхийг гуйх үедээ, эсвэл цагийн ажилчид, биеийн хүчний ажилчид зэргийг хөлслөх үедээ гарын мөнгө өгөх нь хэвийн үзэгдэл юм. Зарим салбарт гарын мөнгөний хэмжээтэй холбоотой дүрэм журам байдаг бол заримд нь байдаггүй. Ийм дүрэмгүй салбарын хувьд, ихэнхдээ эелдэг байж, ажилчныг хүндэтгэх үүднээс Би түүний ажлын хөлс, ажлынх нь чанар, хандлагад үндэслэн боломжийн гарын мөнгө өгдөг. Хэрвээ тэд сайн ажилласан бол Би тэдэнд нэмж таван доллар өгнө; хэрвээ тэд дунд зэрэг ажилласан бөгөөд Би ирээдүйд тэднийг дахин ашиглахыг хүсэхгүй байгаа бол тэдэнд нэмэлт мөнгө өгөхгүй ч тохиролцсон хөлснөөс нь багыг өгөхгүй. Гарын мөнгө өгөхийн тухайд, Би Өөрийгөө баян хүн шиг үзэж, эд баялгаа зориуд гайхуулан, атга бэлэн мөнгө гаргаж ирээд тоололгүйгээр хэн нэгэнд өгдөггүй. Би хэзээ ч ийм зүйл хийдэггүй. Харин тэднийг ажиллаж эхлэхээс өмнө Би ажлын хөлсөнд нь үндэслэн мөнгийг нь урьдчилан бэлдэж, явахад нь өгдөг. Ихэнх хүн үүнд нэлээд сэтгэл хангалуун байдаг. Үүнийг бас Баруунд аливааг зохицуулах дүрэм журам гэж үзэж болно. Энэ нь дүрэм журам учраас бид дагаж мөрдөх ёстой бөгөөд зөрчиж болохгүй. Хэрвээ чи хаа нэгтээ шинээр очоод дүрэм журмыг нь ойлгохгүй байвал тэдгээрийг сурч мэдэх нь хамгийн сайн. Нэгэнт ойлгосон бол бүү мэдэн будил; дүрэм журмын дагуу аливааг зохицуулахыг бүх чадлаараа хичээ. Мэдээж, Би хүмүүс ар хударгаар минь Намайг шүүж, эсвэл Намайг дүрэм журамд нийцүүлэн биеэ авч явдаггүй гэж хэлэхээс айсандаа ингэдэг юм биш—Би эдгээр зүйлээс айсандаа тэгдэггүй. Харин ч Надад ингэж л хийх ёстой гэж санагддаг; энэ бол Миний хийх учиртай зүйл юм. Зарим хүн: “Хэрвээ Та тэдэнд арван доллар дутуу өгвөл нэмэлт нэг хоол идэх мөнгө үлдэхгүй гэж үү?” гэж хэлдэг. Чи үүнийг тэгж харж болохгүй. Энэ бол тэдний олсон мөнгө. Хэрвээ чи тэдэнд арван доллар дутуу өгвөл энэ нь тэднээс арван доллар авсантай адил юм. Бусдаас авсан мөнгөө өөрийнхөө зардалд ашиглах нь мөс чанаргүй хэрэг юм. Мөс чанарынхаа эсрэг зүйл хийх нь хүн чанарт нийцэхгүй; энэ нь хүн чанаргүй хэрэг. Хэрвээ чи тэдэнд тэгж дутуу өгөхийг оролдвол дүрэм журамд нийцүүлэн биеэ авч явахгүй байна. Дүрэм журамд нийцүүлэн биеэ авч явах гэдэг нь хамгийн наад зах нь алагчлалгүй үйлдэж, “нэг бол нэг, хоёр бол хоёр” гэх байдлаар үйлдэхийг хэлнэ. Чи үйлчилгээний салбарт ажилладаг бөгөөд амьжиргаагаа залгуулахын тулд гарын мөнгөнд түшиглэх хэрэгтэй болдог гэж бодъё. Хэрвээ хэн нэгэн хүн чамд гарын мөнгө өгөхгүй, чамайг далимдуулбал чамд ямар санагдах вэ? Энэ нь ижилхэн логик юм. Гарын мөнгө өгөхгүй байх нь тодорхой салбарт хууль зөрчсөн хэрэг биш байж болох бөгөөд үүнээс болж хэн ч чамтай заргалдахгүй боловч мөс чанар чинь тайван байх уу? Хэрвээ мөс чанар чинь үүнийг зөвшөөрөхгүй бол чи мөс чанартаа өртэй үлдэнэ. Хэрвээ чи энэ амьдралдаа ийм өр хэтэрхий ихийг тавибал хэзээ төлж барагдуулж чадах вэ? Чи ингэж биеэ авч явж болохгүй. Магадгүй чи гарын мөнгө өгөлгүйгээр хэн нэгнийг бага зэрэг шулж болох ч мөс чанараас чинь зэмлэл мэдрэгдэхгүй гэж үү? Хэрвээ үнэхээр тэгж мэдрэгдэхгүй байгаа бол чамд үнэхээр асуудал байна. Хэрвээ чи ийм жижиг зүйл дээр хэн нэгнийг далимдуулан ашиглахыг оролдвол үүнээс ч долоон дор зүйл хийж чадах биш үү? Ийм сэтгэлгээтэй байж чи үнэнийг хэрэгжүүлж чадах уу?

Дүрэм журамд нийцүүлэн биеэ авч явах талаар бидний нөхөрлөсөн эдгээр жишээтэй хүн бүр амьдрал, оршин тогтнолынхоо явцад тулгарч магадгүй. Энэхүү хүн төрөлхтний дунд амьдарч буй бие махбодтой болсон Бурханы хувьд ч эдгээр зүйлээс зайлсхийх боломжгүй бөгөөд эдгээр нь Түүний нүүр тулах ёстой зүйлс юм. Эдгээр зүйлийг хийх үедээ бие махбодтой болсон Бурхан дүрэм журамд нийцүүлэн биеэ авч явах, үүргээ ухамсарлан аливааг хийх итгэл үнэмшил, зарчмыг чандлан дагаж мөрддөг. Би Өөрөө яг ингэж хийдэг. Мэдээж, та нартай харилцах Миний харилцаа чуулганы ажил юм уу та нарын хувийн амьдралтай холбоотой байх үед хэрвээ та нар Надаас та нартай нөхөрлөхийг хүсвэл, эсвэл тодорхой асуудлыг хэрхэн зохицуулах талаар Надаас зөвлөгөө авахыг хүсвэл Би биеэ авч явах итгэл үнэмшлийнхээ дагуу та нартай чандлан нөхөрлөх болно. Та нар тэдгээрийг хүлээн авах эсэхээс үл хамааран, Миний үзэл бодол болон биеэ авч явах арга зам, зарчим өөрчлөгдөхгүй хэвээр үлддэг. Хуулийн цоорхойг ашиглаж илүү давуу тал олох талаар Би та нарт яавч заахгүй; ингэх нь туйлын зохисгүй юм. Юу ч тохиолдсон бай, тухайн хэрэг явдал тодорхой салбарын хууль тогтоомж, бодлого, эсвэл дүрэм журамтай холбоотой эсэхийг Би эхлээд та нарт тодорхой ойлгуулна. Хэрвээ эдгээр зүйлтэй холбоотой байвал Би та нарт засгийн газрын албан тушаалтнуудтай зөвлөлдөх, хуульчтай зөвлөлдөх, эсвэл холбогдох дүрмийг онлайнаар хайж үз гэж хэлнэ. Хэрвээ энэ нь санхүүгийн асуудалтай холбоотой бол та нар нягтлан бодогчтой зөвлөлдөх ёстой. Та нар аль ч улс оронд байсан, ингэж хэрэгжүүлэх ёстой. Би аливааг ингэж хийдэг бөгөөд эдгээр итгэл үнэмшлийг зөрчихийг Би чамд яавч уриалахгүй. Харин улс орон бүрийн хууль тогтоомж, дүрэм журмыг, тэр дундаа аливаа олон нийтийн газар, эсвэл аливаа салбарын дүрэм, хуулийн заалтуудыг чанд дагаж мөрдөхийг Би чамаас шаарддаг. Хэрвээ чи тэдгээрийг мэдэхгүй бол идэвх санаачилга гарган тэдгээрийн талаар судалж, хүмүүстэй зөвлөлдөх ёстой. Хэрвээ чи мэддэг бол чадлынхаа хэрээр тэдгээрийг дагаж мөрдөх ёстой. Дүрэм журамд юу гэж заасан байна, бид аливааг тэр дагуу хийх ёстой. Заримдаа улс орны дүрэм журам, эсвэл хууль тогтоомж нь чиний үүргээ гүйцэтгэхдээ зарцуулах цаг хугацаанд, эсвэл чиний үүрэгтэй холбоотой зарим хэрэг явдалд нөлөөллөө ч гэсэн чи тэдгээрийг дагаж мөрдөх л ёстой. Тухайн улс орны хууль тогтоомж, дүрэм журамтай зөрчилдөхөөс зайлсхийх, түүнчлэн тухайн улс орны хууль тогтоомж, дүрэм журмыг зөрчсөн зан авир гаргах юм уу хэрэг тарихаас зайлсхийхийн тулд чи үүргээ гүйцэтгэх цаг, эсвэл үүргээ гүйцэтгэх орчноо тохируулах арга замыг олж болно. Аливааг ингэж хийх нь тохиромжтой юу? (Тийм.) Энэ бол нэг тал нь. Нөгөө талаар, аль улс орны хууль тогтоомж, дүрэм журам байхаас үл хамааран, тэдгээр нь үндэслэлтэй, эсвэл үндэслэлгүй байх эсэхээс үл хамааран, засгийн газраас тодорхой заасан л бол, мөн Миний амьдрал, оршин тогтнолын цар хүрээнд гарч ирсэн л бол Би тэдгээрийг аль болох дагаж мөрдөж, биелүүлдэг. Засгийн газрын хууль тогтоомж, дүрэм журмын үндэслэлгүй, эсвэл хүмүүсийн ашиг сонирхолд нийцдэггүй аливаа талын тухай Би яавч юм хэлэхгүй, эсвэл шүүмжлэхгүй; харин засгийн газраас тогтоосон ямар ч дүрмийг Би дагаж мөрддөг. Мэдээж, засгийн газрын хууль тогтоомж, дүрэм журмыг дагаж мөрдөх талаар ярихдаа Би шашны итгэл үнэмшлийг эсэргүүцдэг хуулиуд, эсвэл Бурханыг үгүйсгэж, эсэргүүцдэг хуулиудыг хэлээгүй. Харин иргэдийн эрхийг хамгаалдаг, нийгмийн дэг журмыг сахиулдаг, шударга байдлыг дэмждэг хууль тогтоомж, дүрэм журмыг хэлж байна; эдгээр нь хүмүүсийн дагаж мөрдөх ёстой зүйл юм. Хүмүүс оюун ухаандаа юу бодох нь хамаагүй, хууль тогтоомж, дүрэм журмыг дагаж мөрдөх нь эн тэргүүнд тавигддаг. Хүн тухайн улс орны хууль тогтоомжийг хүндэтгэж, аливаа салбарын дүрэм, заалтуудыг хүндэтгэх ёстой. Хэрвээ чи тэдгээрт дасан зохицож чадахгүй бол, эсвэл тэдгээр нь чамд таалагдахгүй байвал чи энэ салбараас зайлсхийж болно, эсвэл тухайн улс орноос явж болно. Гэхдээ эрүүл ухаанаар бодвол, хэрвээ чи тодорхой нэг улс оронд амьдардаг бол, эсвэл тодорхой нэг салбарын хүмүүстэй харилцдаг бол тухайн улс орны хууль тогтоомж, тухайн салбарын, эсвэл тодорхой нэг онцгой тохиолдол болон орчны заалт, захирамж, тэр ч байтугай ёс суртахууны зарим хэм хэмжээг дагаж мөрдөх ёстой. Би хүн төрөлхтний хууль тогтоомж, дүрэм журам, заалт, олон нийтийн газруудад мөрдөгддөг зарим онцгой дүрэм, захирамж, мөн хүн төрөлхтний ёс суртахууны болон зан байдлын үндсэн хэм хэмжээг чандлан дагаж мөрдөхийг хичээдэг. Би Өөрийн онцгой ялгамж чанар, байр суурийг хэзээ ч дөвийлгөдөггүй, ямар нэг хууль тогтоомж, дүрэм журам, захирамж, заалт гэх мэтийг ч зөрчдөггүй. Би тэдгээрийг сөрдөггүй, эсвэл санаатайгаар зөрчиж, Өөрийнхөөрөө зүтгэдэггүй; харин Би тэдгээрийг чандлан дагаж мөрддөг. Ийнхүү чанд мөрддөгийн минь ард тэдний хууль тогтоомж, дүрэм журам, заалт болон ёс журмыг хүндлэх хүндэтгэл байдаг. Энэ нь бас дүрэм журамд нийцүүлэн биеэ авч явж, үүргээ ухамсарлан аливааг хийх үедээ хүний бодитоор хэрэгжүүлж, дагаж мөрддөг зарчим юм. Магадгүй зарим хүн эдгээр зүйлд хандах Миний хандлага ямар байдгийг ойлгодоггүй байх; магадгүй зарим хүн бодит байдалд нийцэхгүй бодол тээдэг байж магадгүй, эсвэл ийм зүйлсийг хийх Миний зарчим, итгэл үнэмшлийн талаар хоосон үзэл, төсөөлөлтэй байж магадгүй. Ингэж нөхөрлөснөөр дамжуулан та нар эндээс ямар нэгэн хоосон зүйл олов уу? (Үгүй.) Ямар ч хоосон зүйл байхгүй гэж хэлж байгаа нь эдгээр зүйлд хандах Миний хандлага бол тэдгээрт хүн чанарын өнцгөөс ухаалгаар хандах явдал гэсэн үг юм. Би давуу байр суурь эзэлдэггүй, гуравдагч тэнгэрийн үзэл бодлын үүднээс ханддаггүй, мөн Бурханы ялгамж чанартай онцгой байр сууринаас эдгээр зүйлд ханддаггүй. Харин оронд нь Би ухаалаг үзэл бодлоор, хүний ёсоор тэдгээрт ханддаг. Би эдгээр зүйлд хандахдаа бие махбодтой болсон Бурханы ялгамж чанараа хэзээ ч дөвийлгөдөггүй, тэдгээрийг ихэмсгээр харахын тулд энэ ялгамж чанарыг хэзээ ч ашигладаггүй. Би эдгээр зүйлийг хэзээ ч сөрдөггүй бөгөөд тухайн улс орны хууль тогтоомж, дүрэм журам, эсвэл аливаа салбарын дүрмийг зөрчдөггүй. Харин оронд нь Би эдгээр хууль тогтоомж, дүрэм журам, заалт болон иймэрхүү бусад зүйлсийг дуулгавартайгаар, үүргээ ухамсарлан хатуу чанд дагаж мөрддөг. Бүр ч илүү бодитоор хэлбэл, хүмүүстэй харилцахдаа Би бас хүн ёсны зарчмыг дагаж мөрддөг.

Бид бие махбодтой болсон Бурхан дүрэм журамд нийцүүлэн биеэ авч явах зарим илрэлийн талаар нөхөрлөлөө. Эдгээр нь та нарын хэзээ ч бодож байгаагүй зүйлс, эсвэл та нарын хэзээ ч нухацтай авч үзэж байгаагүй зүйлс байж магадгүй; та нар эдгээр зүйлийн талаар маш хоосон ойлголттой байж магадгүй; эсвэл та нар эдгээр зүйлийг харах, тэдгээртэй харилцах, эсвэл тэр талаар сонсох үедээ тэдгээрийг шууд л үл тоомсорлож магадгүй. Гэвч эдгээр зүйл нь Бурханы махбод болсон биеийн харуулдаг хэвийн, бодит байдал болон даруу, нуугдмал байдлын тусгал юм. Түүнчлэн, эдгээр нь бас Бурханы Сүнс Өөрийгөө махбодоор хувцаслаж, хүмүүсийн дунд ирэхдээ биеэ авч явах хамгийн хэвийн, бодит илрэлүүд юм. Эдгээр илрэлээр дамжуулан хүмүүс тэнгэр дэх Бурхан биеэ авч явах болон хүн төрөлхтний нэг нь болох асуудлыг хэрхэн авч үзэж, хандаж, зохицуулдгийг илүү сайн ойлгож чадна. Биеэ авч явах эдгээр итгэл үнэмшил, зарчим нь Бурхан юуг ч хоосон байдлаар хийдэггүй, Тэр бүх зүйлийг бодитоор хийдэг, мөн Тэрээр хүн төрөлхтний хууль тогтоомж, дүрэм журам, хүний нийгмийн өөр өөр хүрээний дүрмийг дагаж мөрдөн, зарчмын дагуу бодитоор хэрэгжүүлдэг гэдгийг харж, мэдэх боломжийг хүмүүст олгодог. Эдгээр хууль тогтоомж, дүрэм журмыг дагаж мөрдөхийн сацуу бие махбодтой болсон Бурхан бас Өөрийн үйлчлэлийг гүйцэтгэж, хийхээр зорьсон ажлаа хийх ёстой. Тэрээр хэвийн хүн чанарыг амьдран харуулж байна уу, эсвэл бурханлаг чанарын ажлыг хийж байна уу хамаагүй, эдгээрийн аль нь ч нөгөөтэйгөө зөрчилддөггүй, нөгөөдөө харшилдаггүй. Бурханы хэвийн хүний амьдралдаа харуулдаг биеэ авч явах итгэл үнэмшил, зарчим нь бие махбодтой болсон Бурханы хэвийн, бодит байдлыг харуулдаг—энэ бол нэг тал нь юм. Нөгөө талаар, Бурханы Сүнс хүн болох, эсвэл хүмүүсийн дунд махбодоор хувцаслахдаа эзэмших учиртай—мөс чанар, эрүүл ухаан бүхий хэвийн хүн чанарыг Тэрээр амьдран харуулдаг. Хэдийгээр ингэж амьдран харуулах нь ихэнхдээ бие махбодтой болсон Бурханы Өөрийн бурханлаг чанараар гүйцэтгэдэг үйлчлэлтэй холбоогүй мэт санагддаг ч Бурханы хүн чанарыг амьдран харуулахдаа дагаж мөрддөг итгэл үнэмшил, зарчим нь бурханлаг чанараар ажиллахдаа Бурханы илэрхийлдэг үнэн, Бурханы зан чанар болон хүн төрөлхтөнд тавьдаг Түүний шаардлагатай мөн чанараараа адилхан байдаг. Бие махбодтой болсон Бурханы хүний амьдралдаа дагаж мөрддөг биеэ авч явах зарчим нь дүрэм журамд нийцүүлэн биеэ авч явах, үүргээ ухамсарлан аливааг хийх явдал юм. Тэгвэл бурханлаг чанараар ажлаа хийх үедээ Түүний дагаж мөрддөг ажлын зарчим нь үндсэндээ адилхан—Тэрээр дүрэм журамд нийцүүлэн биеэ авч явж, үүргээ ухамсарлан аливааг хийдэг; зарчим өөрчлөгддөггүй. Тиймээс, бие махбодтой болсон Бурханы тухайд гэвэл, Түүний хүн чанар болон бурханлаг чанар хэзээ ч салдаггүй; тэдгээр нь бүрэн нэгдмэл байдаг. Түүний бурханлаг чанар нь хүн чанараар нь дамжин илэрхийлэгдэж чадах бөгөөд Түүний хүн чанар бол бурханлаг чанарынх нь нэг хэсгийн илрэл юм. Тиймээс, бие махбодтой болсон Бурхан хүн төрөлхтний дунд амьдарч байх хугацаанд хүмүүсийн харж чадах Түүний хүн чанар болон бурханлаг чанар нь салангид юм уу тусдаа байдаггүй; тэдгээр нь нэгдмэл байдаг. Түүний хүн чанарын амьдран харуулалт болон биеэ авч явах итгэл үнэмшил, зарчим нь тодорхой хэмжээнд Бурханы Сүнсээр хянагдаж, нөлөөлөгдөж, чиглүүлэгддэг. Нөгөө талаар, Тэрээр мөс чанар, эрүүл ухаан бүхий хэвийн хүн чанараа амьдран харуулдаг гэж бас хэлж болно. Ийм хүн чанартай байснаар л Бурханы махбод болсон бие нь Түүний бурханлаг ажлыг буюу бурханлаг чанараараа Түүний хийх ёстой ажлыг бүхэлд нь гүйцэтгэж чадна; ийм хүн чанартай байснаар л Бурханы махбод болсон бие нь гүйцэтгэх ёстой үйлчлэлээ биелүүлж, сайн гүйцэтгэж чадна. Энэ бол нэг ойлголт юм. Өөр нэг ойлголт нь, бие махбодтой болсон Бурханы гүйцэтгэдэг үйлчлэл нь хэвийн, бодит байдалтай хүн чанараар дамжин биелдэг. Ямартай ч бие махбодтой болсон Бурханы хүн чанар-мөн чанар болон бурханлаг чанар нь хоёулаа Христийн онцгой ялгамж чанартай бие махбодтой болсон Бурханыг бүрдүүлдэг. Тиймээс, чиний хардаг бие махбодтой болсон Бурханы хүн чанарын биеэ авч явах итгэл үнэмшил, зарчим, цаашлаад Түүний хийдэг бүхэн дэх тодорхой илрэл, хандлага, үзэл бодол нь Түүний хүн чанарын нэг хэсэг бөгөөд мэдээж үүнийг бас Түүний бурханлаг чанарын нэг хэсэг гэж хэлж болно. Энэ хоёрыг салгах аргагүй. Өөрөөр хэлбэл, чи бие махбодтой болсон Бурханаас ийм хүн чанарыг харах үедээ Тэр бол Бурханы өмссөн махан бие мөн гэдэгт бат итгэлтэй байх ёстой. Мэдээж, чи Бурханы илэрхийлсэн үнэнтэй харилцах үедээ бие махбодтой болсон Бурхан бурханлаг чанартай байдгийг хүлээн зөвшөөрөхийн сацуу Түүний хүн чанар нь онцгой ялгамж чанартай бие махбодтой болсон Бурханы нэг хэсэг гэдгийг ч бас хүлээн зөвшөөрөх ёстой. Ямартай ч эцсийн эцэст хүмүүс бие махбодтой болсон Бурханы энэхүү хэвийн, бодит тал болон Түүний амьдран харуулдаг биеэ авч явах итгэл үнэмшил, зарчмыг харах боломжтой болдог, учир нь эдгээр нь Бурханы махбодын амьдрал, оршин тогтнолд тулгардаг олон асуудлыг хамардаг. Хэдийгээр бие махбодтой болсон Бурханы хүний амьдрал дахь эдгээр бодит илрэл нь Түүний гүйцэтгэдэг үйлчлэл, эсвэл хүмүүсийг үнэн, зам, амиар хангах түвшинд хүрдэггүй ч биеэ авч явах эдгээр зарчим, итгэл үнэмшил нь бие махбодтой болсон Бурханы доторх бурханлаг чанараас салангид биш юм. Чухамдаа энэхүү махбод нь Бурханы махбод болсон бие, Бурханы Сүнсний Өөрийгөө хувцасласан махбод учраас энэхүү бие махбодтой болсон Бурханы хэвийн хүн чанар биеэ авч явах ийм итгэл үнэмшил, зарчимтай байж чаддаг. Энэ нь юуг илтгэдэг вэ гэвэл, завхарсан хүн төрөлхтний аль ч гишүүний хувьд, эсвэл завхарсан хүн төрөлхтний дундах давамгай гарал үүсэл, ялгамж чанар, нийгмийн үнэ цэн, эрхэмсэг байр суурьтай хэний ч хувьд дүрэм журамд нийцүүлэн биеэ авч явж, үүргээ ухамсарлан аливааг хийх нь маш хэцүү байдаг; хэн ч үүнээс ангид биш. Тиймээс хэвийн, бодит байдлын энэ тал бол бие махбодтой болсон Бурханы хүн чанарт юу байгаа болон Тэр юу болох нь юм, мэдээж энэ нь бас бие махбодтой болсон Бурханы бурханлаг чанарт юу байгаа болон Тэр юу болохын нэг хэсэг юм; зүгээр л Тэр үүнийг хүн чанараараа дамжуулан илэрхийлж, илчилдэг. Хэрвээ бие махбодтой болсон Бурхан хаа ч явсан онгирч, үргэлж байр сууриараа түрүү барьж, сүржин ярьж, Өөрийгөө эрхэмсэг гэж бодож, хүн бүрийг дорд үзэж, ихэрхүү авирлаж, үргэлж хүн бүрийг хөл доороо гишгэлэхийг хүсдэг байсан бол; хэрвээ Тэр сөгдөж мөргөөгүй хэнийг ч харааж, тэднийг үнс нурам болгож, тэр даруй хөнөөж, эсвэл хурц харцаараа тэднийг цохиж хөнөөдөг байсан бол Түүний дотор үнэндээ бурханлаг чанарын мөн чанар байгаа эсэхийг хэлэхэд хэцүү байх байсан. Нэг талаар, бие махбодтой болсон Бурхан махан биеийнхээ бүхий л амьдрал, үг, үйл хэргийг хэвээр хадгалах хэвийн хүн чанарын мөс чанар, эрүүл ухаантай байдаг. Нөгөө талаар, Түүний дотор бурханлаг чанар нь бас ажиллаж байдаг, учир нь бурханлаг чанар бол эцсийн эцэст Түүний жинхэнэ амь юм. Хэрвээ Түүний хүн чанар завхарсан хүн төрөлхтнийх шиг биеэ тоосон, өөрийгөө зөвтгөдөг байсан бол чи энэ хүнийг бие махбодтой болсон Бурхан гэж хэлэх үү? (Үгүй.) Нэг хүн үргэлж ер бусын илрэлүүдтэй байдаг, өөрийгөө дэлхийд бууж ирсэн тэнгэрийн оршихуй гэж үргэлж боддог, үргэлж ийм мэдрэмжтэй байдаг, мөн хүмүүстэй үргэлж дээрээс ярьж, үг, үйл хэргээ хүмүүсээр бишрүүлдэг байсан гэж бодъё. Тэрээр зүрх сэтгэлдээ үргэлж ер бусын, ертөнцөөс давсан бодолтой байдаг бөгөөд хэн нэгний өнгөрсөн амьдралд юу тохиолдсон, тэд ямар муу зүйл үйлдсэн, ямар зүйл хийсэн, эсвэл хүн юм уу амьтан болж хэдэн удаа төрлөө олсныг ганц хараад л хэлж чаддаг байсан гэж бодъё. Цаашлаад, энэ хүн өөрийгөө тун эрхэмсэг гэж үргэлж боддог, ярих үедээ үргэлж ер бусын илрэлтэй байдаг, мөн тэмдэг, гайхамшиг дагалдуулдаг нь хүмүүст тэднийг онцгой гэж санагдуулдаг байсан гэе. Ийм хүн хэвийн биш байх болно. Нэг талаар, тэдний доторх амь зан чанар хэвийн биш байх байсан; нөгөө талаар, тэдний доторх амь нь бурханлаг чанарын амь биш байх байсан. Үүнийг зөвхөн ингэж л хэлж болно.

Биеэ авч явах итгэл үнэмшил нь ч бай, эсвэл аливааг зохицуулах зарчим нь ч бай хамаагүй, бие махбодтой болсон Бурханы илчилж, амьдран харуулдаг юм бүхэн тун хэвийн, бодит байдаг. Миний хэлсэн зүйлс болон амьдралдаа Миний хийдэг зүйлсийг хар—тэдгээрийн аль нэг нь хэвийн бус байна уу? Тэдгээрийн аль нэг нь ер бусын, эсвэл уламжлалт бус байна уу? (Үгүй.) Би юу ч зохицуулж байсан, чи Надаас ямар ч ер бусын зүйл олж харахгүй. Би бол ер бусын хүн биш; Би зүгээр л хэвийн хүн. Түүнчлэн, аливаа хэрэг явдлыг зохицуулах Миний бодол санаа, үзэл бодол, сэтгэлгээ болон логик гажууд, туйлширсан, эсвэл ер бусын байдаггүй. Хүмүүстэй харилцаж, холбогдох үедээ Би тайван, дөлгөөн байдаг. Хэрвээ хүмүүс Надтай харилцахыг хүсвэл Би тэдэнтэй харилцдаг; хэрвээ хүсэхгүй бол Би тэдэнд долигонох гэж оролддоггүй. Хүмүүстэй харилцах, хэрэг явдлыг зохицуулах, төрөл бүрийн зүйл хийх болон биеэ авч явах тухайд Миний сэтгэлгээ хэвийн байна гэж чи бодож байна уу? (Тийм.) Бүгд хэвийн. Би аль нэг улс орны засгийн газрыг эсэргүүцэхийг та нарт хэзээ ч уриалж, эсвэл та нарыг өдөөн турхирч байгаагүй, Би та нарт “Бурханд итгэгчид бүгд Бурханаас ирдэг; та нар бүгд гуравдагч тэнгэрээс ирсэн. Энэ ертөнцөөс бүү ай; энэ ертөнцийг хөл доороо гишгэл! Та нар бүгд ялгуусан хөвгүүд; энэ ертөнцийг захирч, энэ хүн төрөлхтнийг захирахын тулд төмөр саваа барь. Бүх зүйл та нарын хөл дор байна!” гэх мэт зүйл хэзээ ч хэлж байгаагүй. Би хэзээ нэгэн цагт ингэж хэлж байсан уу? (Үгүй.) Би юу гэж хэлсэн бэ? Та нар хийдэг бүхэндээ дүрэм журмыг дагаж мөрддөг байх ёстой гэж хэлсэн. Та нар аль ч улс оронд Бурханд итгэж, үүргээ гүйцэтгэж байх нь хамаагүй, хуулийг дагаж мөрдөж, засгийн газрын дүрэм журмын дагуу аливааг хийх ёстой. Та нар болчимгүй, дураараа авирлаж яавч болохгүй; та нар болгоомжтой байх ёстой, замбараагүй байж болохгүй. Хэрвээ та нар засгийн газрын хууль тогтоомж, дүрэм журмыг зөрчвөл та нарын эсрэг гомдол гармагц энэ нь үүргээ гүйцэтгэхэд чинь нөлөөлнө. Би энэ талаар байнга үглэж байгаа. Хэдийгээр энэ нь нэлээд эгэл жирийн сонсогддог ч маш бодит юм, учир нь та нар амьдралын туршлага хэтэрхий багатай, хэрсүү ухаан дутмаг бөгөөд алдаа гаргахдаа маш амархан байдаг. Та нар бол Бурханд итгэгчид. Өөр өөр улс оронд очиж үүргээ гүйцэтгэх та нарын зорилго бол Бурханы хүслийг дагаж, Бурханыг гэрчлэх явдал болохоос биш, аль нэг улс орон, эсвэл эрх баригч намтай сөргөлдөх явдал биш юм. Та нар бол зүгээр л үүргээ гүйцэтгэдэг бүтээгдсэн зүйлс; та нар Бүтээгчийн ноёрхлыг бүрэн дуулгавартай дагах ёстой бөгөөд Бурхан аливааг яаж ч зохион байгуулж, зохицуулсан бай, дуулгавартай дагах ёстой. Та нар аль улс оронд очсон, ямар орчинд амьдарч байгаа, эсвэл аль ах эгчийн гэрт байрлаж байгаа нь хамаагүй, дүрэм журмыг дагаж мөрдөн, чадах чинээгээрээ туслах ёстой. Түүнчлэн, тухайн улс орны ямар ч хууль тогтоомж, дүрэм журмыг дагаж мөрдөх ёстой. Дүрэм бүү зөрч, өөрсдийнхөө эсрэг гомдол бүү гаргуул гэж Би та нарыг ахин дахин ятгадаг. Хэрвээ та нарын эсрэг гомдол гарвал та нар ямар алдаа гаргасан, ямар дүрэм журам зөрчсөн, яагаад гомдол гаргасныг олж мэдэх ёстой. Дахин ийм зүйл гаргахгүйн тулд сургамж ав. Хэрвээ чи сургамж авахгүй бол чиний эсрэг гомдол гарсаар байх болно. Энэ талаарх Миний үг бол бүгд бодитой нөхцөл байдалд үндэслэсэн асуудлуудын шийдэл юм—өөрийнхөө амьдрал, оршин тогтнолд хэрэггүй төвөг чирэгдэл учруулахгүйн тулд хэрхэн амьдрах, хэрхэн оршин тогтнох, хэрхэн дүрэм журам дагаж мөрдөхийг Би чамд хэлж байна. Чи аль ч улс оронд очсон, үүргээ гүйцэтгэхийн тулд тэнд байгаа. Нэгдүгээрт, чи тухайн улс оронд уусаж, хууль тогтоомж, дүрэм журмыг нь дагаж мөрдөх ёстой. Чи одоо байгаа дэг журмыг нь бусниулж, эсвэл тэдэнд ямар нэгэн төвөг чирэгдэл учруулж болохгүй. Тэгж байж л тэд чамайг хүлээн авч, чамайг тухайн улсын гишүүн мэт үзэх бөгөөд зөвхөн ийм маягаар л чи суурьшиж, үүргээ гүйцэтгэж чадна. Хэрвээ чи орон нутгийн дүрмийг ч дагаж мөрддөггүй, дүрэм зөрчсөн зүйлс хийж, хүмүүсийг байнга гомдоллох, чамд төвөг удахад хүргэж, бүр тэд чамайг жигшиж, чамайг тэнд цаашид амьдруулахыг хүсэхгүй байхад хүрвэл чи яаж үүргээ гүйцэтгэх талаар мөрөөдөж ч чадах юм бэ? Чи хаана ч амьдарсан бай, орон нутгийн хууль тогтоомж, дүрэм журмыг дагаж мөрдөх ёстой. Надад хэл дээ, ингэж хэрэгжүүлэх нь зөв үү? Энэ нь үүргээ гүйцэтгэхэд чинь ашиг тустай юу? (Тийм.) Ийм маягаар хэрэгжүүлэх нь маш бодит. Хууль тогтоомж, дүрэм журмыг дагаж мөрдөх нь бодит амьдрал дахь наад захын суурь мэдлэг юм. Энэ нь ялихгүй зүйл дээр сүр бадруулж буй хэрэг биш, хэт мэдрэмтгий байгаа хэрэг бүр ч биш; энэ бол бодит амьдрал дээр дагаж мөрдөх ёстой зарчим юм. Хэрвээ ямар нэгэн зүйл тохиолдох юм уу асуудал үүсвэл бид үүнийг шийдвэрлэх хамгийн сайн арга замыг болон үүнээс хэрхэн сургамж авах талаар ярилцдаг, ингэснээр чи ирээдүйд илүү цөөхөн алдаа гаргаж, эсвэл огт алдаа гаргахгүй байж, дүрэм журамд нийцүүлэн, үүргээ ухамсарлан биеэ авч явдаг хүн байхаар чармайж чадна. Зарим хүн хаа ч явсан дүрэм дагаж мөрддөггүй. Тэд хаа сайгүй хог хаяж, хааяа хааяа нэг их чимээ гаргаж, хөршүүдийнхээ тав тухыг алдагдуулдаг. Тосгонд орж ирсэн зэрлэг амьтад шиг тэд олон нийтийн орчинд нөлөөлж, үймүүлэн, хаа ч явсан хүмүүсийн жигшил, дургүйцлийг өөрсдөдөө татдаг. Би энэ хүмүүст орон нутгийн хууль тогтоомж, дүрэм журмыг чандлан дагаж мөрдөх ёстой, мөн дүрмийг дагах ёстой, ингэж биеэ авч явснаар л хүн хэвийн хүн чанартай болно гэж хэлдэг. Надад хэл дээ, эдгээр хэрэг явдлыг зохицуулах Миний сэтгэлгээний арга барил болон Миний эхлэлийн цэг зөв үү? (Тийм.) Би өндөр дээд, сүрлэг, хийсвэр, ертөнцөөс давсан, эсвэл уламжлалт бус зүйл хийдэггүй. Би зүгээр л хүмүүсийн амьдрал дахь эдгээр жижиг сажиг хэрэг явдал болон амьдралд нь гардаг алдаа, өө сэвийн тухайд тэднийг засаж залруулж, чиглүүлэн, асуудлыг нь зааж өгч, залруулж, тэдэнд арга чаргыг нь зааж өгдөг. Бие махбодтой болсон Бурханы хувьд биеэ ингэж авч явах нь бодит уу? (Тийм.) Энэ нь маш бодит! Эдгээр хэрэг явдлыг зохицуулах нь огтхон ч хий хоосон биш бөгөөд бодит амьдралаас огтхон ч салангид биш. Тиймээс, бие махбодтой болсон Бурханы өдөр тутмын амьдралд тусгагддаг биеэ авч явах, аливааг хийх итгэл үнэмшил, зарчмыг харсан ч бай, эсвэл Өөрийн гүйцэтгэдэг үйлчлэлдээ Түүний нөхөрлөдөг үнэнийг харсан ч бай хамаагүй, энэ хоёр тал хоёулаа маш хэвийн, бодит юм. Энэ хоёр тал хоёулаа хэвийн сэтгэлгээтэй, эерэг зүйлийг хайрладаг, мөс чанар, эрүүл ухаантай хүмүүсийн ойлгож, ухаарч, хүлээн авч, хүрч чадах зүйлс юм. Аль ч тал нь бодит амьдралаас огт салангид биш; энэ бол хэвийн, бодит байх явдал юм.

Миний сая дурдсан амьдралын энэ аар саар хэрэг явдлууд биеэ авч явах болон аливааг хийх зарчимтай холбоотой юу? Эдгээр нь та нарт тустай юу? (Тийм.) Тэгвэл үргэлжлүүлье. Нэг удаа манай хашааны зүлэг усалдаг системийн усны хоолой эвдэрч, гоожсон ус нь хөршийн хашаа руу урссан. Би хурдхан хүн явуулж, хөршдөө хэлүүлээд, бид тэднийхийг цэвэрлэж өгөх шаардлагатай эсэхийг асуусан. Тийм их ус орж ирснийг хараад хөрш маань бага зэрэг бухимдсан ч бид санаачилгаараа хэлсэн учраас тэрээр эелдэг зан зангийн үүднээс нэг их сүржигнээгүй. Дараа нь Зул сарын баяраар бид уучлалт гуйж түүнд нэг хайрцаг шоколад өгсөн. Тэрээр нэлээд гайхаж, баярласан бөгөөд хэрвээ бидэнд ямар нэгэн тусламж хэрэгтэй бол зүгээр л хэлэх юм уу хүссэн үедээ ирээд асуугаарай гэж хэлсэн. Орой нь тэр бүр хүүхдээ дагуулж ирээд, бидэнд нэг сагс жимс өгч, “Баярын мэнд! Бэлэг өгсөнд баярлалаа, манай хороололд тавтай морил!” гэж хэлсэн. Бид хэдэн үг сольж, дараа нь тэд явсан. Хэрэг явдлыг ингэж зохицуулах нь нэлээд сайн гэж Би бодсон; хэрвээ бид хөршүүдтэйгээ ийм эвтэй байвал харилцаа нэг их муу байх ёсгүй. Энэ бол асуудал гарах үед харилцаагаа зөөлрүүлэх юм уу асуудлыг намжаахын тулд нөгөө талдаа уучлалт гуйж бэлэг өгч, харилцан хариу барьж буй хэрэг юм. Мэдээж, тэд чиний бэлгийг зүгээр л аваад, чамайг далимдуулдаггүй; тэд хариуд нь ямар нэгэн зүйл өгдөг. Чи харж байна уу, Барууныхан нэлээд нягт нямбай байдаг. Бэлэг өгөхдөө тэд маш чин сэтгэлээсээ ханддаг. Бэлэг нь үнэтэй байх эсэх нь хамаагүй; гол нь тэд онцгой чин сэтгэлтэй байдаг. Хэрэг явдлыг ингэж зохицуулах нь нэлээд тохиромжтой бөгөөд энэ нь харилцан хариу барьж буй хэрэг юм. Мэдээж, иймэрхүү хэрэг явдлыг зохицуулахад нөхцөл байдал гэж бий. Юу ч болоогүй байхад, хэн нэгэнд шалтгаангүйгээр бялдуучилж, санаачилгаараа тэдэнд хятад хоол хийж өгөх юм уу бэлэг өгч, тэдэнтэй харилцаагаа хадгалахын тулд хамаг байдгаараа хичээх шаардлагагүй. Ингэх шаардлага байхгүй. Хэвийн харилцаандаа зүгээр л тааралдах үедээ тэдэнтэй мэндэлж, найрсгаар зэрэгцэн орших нь хангалттай. Харин асуудал гарах үед—жишээ нь, хэрвээ чи ямар нэг буруу зүйл хийгээд уучлалт гуйх шаардлагатай бол—очоод уучлалт гуй. Чи үүнийг хэвийн хүн чанарын ухаалаг байдлаас үүдэн хийдэг; энэ нь хэтрүүлэгтэй юм уу дүр эсгэсэн хэрэг огт биш. Надад хэл дээ, үүнийг ийм маягаар зохицуулах нь тохиромжтой юу? Энэ нь зарчимд нийцэж байна уу? (Тийм.) Энэ нь зусардаж байгаа хэрэг биш, биеэ тоож, дээрэлхүү байгаа хэрэг ч биш. Чи ихэмсэг авирладаггүй, гэхдээ бас нэр хүндээ хадгалдаг. Зарим хүн “Барууныхан хятад хоол идэх дуртай. Ирээдүйд ямар нэг дүрэм зөрчих үед маань тэд бидний эсрэг гомдол гаргахаас зайлсхийхийн тулд тэдэнд хэдэн банш хийж өгөөд, жаахан зууш өгье” гэж боддог. Шалтгаангүйгээр тал засах нь тохиромжтой юу, Надад хэл дээ? (Үгүй.) Нэг талаар, чиний хийсэн хоол жинхэнэ зоогийн газрынх шиг амттай байх эсэх, нөгөө хүн чинь үүнийг идэхийг хүсэх эсэхийг хэлэх аргагүй. Үүнээс гадна, тэд ч бас чамайг сайн мэдэхгүй. Хэрвээ чи тэдэнд өөрийнхөө хийсэн хоолыг өгвөл тэд чамд итгэх үү? Нөгөө талаар, юу ч болоогүй байхад чи яах гэж тэдэнд бэлэг өгч байгаа юм бэ? Тэд чамайг сайн мэддэг үү? Чи тэдэнтэй ямар нэгэн харилцаа, эсвэл найз нөхдийн барилдлагатай юу? Үгүй, тэгвэл тэдэнд хятад хоол өгөх гэж үргэлж оролдох нь галзуу хүний хийх зүйл биш гэж үү? (Тийм.) Хүмүүст энэ нь тээртэй санагдахгүй гэж үү? (Тийм.) Хөршүүдтэйгээ харилцах Миний зарчмыг хар. Миний сэтгэлгээ хэвийн үү? Би зарчмыг үнэн зөв, зохистой хэрэгжүүлж байна уу? (Тийм.) Сэтгэлгээний логик алдагдсан ямар нэг илрэл Надад байна уу? (Үгүй.) Хүмүүстэй харилцах Миний харилцаа бүгд хэвийн байдаг. Хэвийн нөхцөл байдалд Би хүмүүст хэзээ ч бэлэг өгдөггүй. Хэрвээ хэн нэгэн Надад үнэхээр тусалбал Би талархлаа илэрхийлэхийн тулд тэдэнд ямар нэг зүйл өгнө. Хүмүүстэй ингэж харилцах нь зохистой юм. Энэ бол хэвийн, бодит байгаа хэрэг бөгөөд бас дүрэм журамд нийцүүлэн биеэ авч явж, үүргээ ухамсарлан аливааг хийж буй хэрэг юм. Ихэнх хүн эдгээр зарчмыг ойлгодоггүй; үүнийг мунхаг, мэдлэггүй байх гэж нэрлэдэг. Та нар санал нийлж байгаа биз дээ? (Тийм.) Зарим хүн хийж байгаа зүйлээрээ мунхаг байдлаа харуулдаг. Тэд үргэлж хүмүүст бэлэг өгч, шалтгаангүйгээр тал засдаг бөгөөд хүмүүс үүнийг хараад тэднийг ямар нэг асуудалтай гэж боддог. Би тэгдэггүй. Би хүмүүст бялдуучилдаггүй. Би нэр хүндтэй, мөн аливааг хийх Өөрийн гэсэн зарчимтай. Үнэхээр асуудал гарах үед Би зарчмын дагуу үйлддэг. Би дүрэм журам дагаж мөрддөг, Надад хил хязгаар бий, мөн Миний сэтгэлгээний арга барил логиктой, хэвийн сэтгэлгээтэй нийцдэг, ухаалаг байдалд нийцдэг. Энэ тал буюу бие махбодтой болсон Бурханы хэвийн, бодит байдлын талаар олон нарийн ширийн зүйл байдаг боловч олон зүйлийн талаар дэлгэрэнгүй ярих шаардлагагүй. Товчхондоо, энэ талаарх Түүний сэтгэлгээ гарцаагүй хэвийн юм.

Би хүмүүстэй харилцахдаа Өөрийгөө хэзээ ч танилцуулдаггүй; ах эгч нартай уулзахдаа ч гэсэн Би Өөрийгөө хэзээ ч танилцуулдаггүй. Хүмүүстэй харилцах харилцаандаа Би бие махбодтой болсон Бурхан гэдгээрээ хэзээ ч Өөрийгөө дөвийлгөдөггүй. Эдгээр нь дүрэм журамд нийцүүлэн биеэ авч явах, үүргээ ухамсарлан аливааг хийх хэвийн, бодит илрэл мөн гэж чи бодож байна уу? (Тийм.) Жишээ нь, зарим ах эгч: “Та бол Бурхан, Та бол Бүтээгч. Танд зориулж ямар нэг зүйл хийх нь хэний ч хувьд нэр төрийн хэрэг. Хэрвээ тэд үүнийг сайн хийхгүй бол үхлээ эрж байгаа хэрэг!” гэж хэлдэг. Ийм хүмүүстэй уулзах үедээ Би: “Надаас хол бай! Ийм зүйл хэлээд ямар хэрэгтэй юм бэ? Ах эгч нар Надад зориулж ямар нэг зүйл хийлээ ч гэсэн Би тэднээс тийм зүйл шаарддаггүй” гэж хэлдэг. Би хэнтэй ч харилцаж байсан, тэдэнд Өөрийнхөө ялгамж чанарыг хэзээ ч хэлдэггүй. Надад хэл дээ, энэ нь хэвийн сэтгэлгээ болон хэвийн хүн чанарын илрэл мөн үү? (Мөн.) Чи хар даа, галзуу хүн үргэлж өөрийгөө танилцуулж, “Би бол Хаш хаан! Би бол дэлхийд бууж ирсэн Барууны Хатан эх! Би тэнгэрээс ирсэн. Та нар шиг өчүүхэн амьтад үгэнд минь орохгүй бол би та нарыг устгана!” гэж хэлэх байсан. Ийм хүн юу байх вэ? (Сатан болон диавол.) Тэр Сатан болон диавол байх болно. Хүний хэлээр бол тэрээр сэтгэцийн өвчтэй хүн, хэвийн ухаалаг байдалгүй хүн гэж нэрлэгдэнэ. Хэвийн ухаалаг байдалгүй хүн дүрэм журамд нийцүүлэн биеэ авч явж, үүргээ ухамсарлан аливааг хийх үү? (Үгүй.) Чи ядаж л оновчтой мөс чанар болон ухаалаг байдлын стандартыг эзэмшсэн үедээ л дүрэм журамд нийцүүлэн биеэ авч явж, үүргээ ухамсарлан аливааг хийж чадна. Бие махбодтой болсон Бурхан хэвийн хүн чанартай учраас Түүний зан авир, үйлдэл нь хэвийн хүн чанарын мөс чанар, эрүүл ухаанаар чиглүүлэгддэг бөгөөд Тэрээр аяндаа мөс чанар, ухаалаг байдалтай ийм хэвийн хүн чанар дотор амьдардаг; тиймээс биеэ авч явах, аливааг хийхдээ Тэрээр дүрэм журамд нийцүүлэн биеэ авч явах, үүргээ ухамсарлан аливааг хийх зарчмыг чанд дагаж мөрддөг. Хэрвээ зарим шүтлэггүй хүн Миний хувийн хэргийг баллаж, Намайг санаатайгаар хуурч, эсвэл эд зүйлсийг санаатайгаар эвдэж сүйтгэвэл Би үүнээс сургамж авч, тэднийг дахин хэзээ ч ашигладаггүй. Шүтлэггүй хүмүүсийн хувьд, үг нь хэчнээн сайхан сонсогдсон ч Би сэрэмжлэх ёстой байдаг; хэрвээ Би болгоомжгүй байвал тэдний заль мэхэнд унах болно. Энэ ертөнцөд хууран мэхлэгчид дэндүү олон байдаг. Чи хэн байх нь тэдэнд хамаагүй; чамайг мэхэлж чадаж л байвал тэд мэхлэх болно. Сүнсний ертөнцөд Сатан болон диаволууд Бурхан бүх зүйлийг захирч байгааг тодорхой харж, Бурханы төгс хүчин болон Бурханы мөн чанарыг хардаг боловч тэд хэзээ ч Бурханыг хүндэлдэггүй, Бурханаас эмээдэггүй, эсвэл Бурханы ялгамж чанар болон мөн чанарыг хүлээн зөвшөөрдөггүй. Одоо Бурхан бие махбодтой болсон болохоор Сатаны завхруулсан хүн төрөлхтний дундаас хэн Бурханыг хүлээн зөвшөөрч, Бурханыг дуулгавартай дагаж чадахыг Надад хэл дээ? Бурханд итгэдэг хүмүүс ч Түүнийг бүрэн хүлээн зөвшөөрдөггүй, Түүнийг дуулгавартай дагах талаар бүр ч ярилтгүй. Зарим хүн Бурханы өмнө сөгдөж, шүтэн мөргөнө гэж хэлдэг—тэд тэнгэрийн өмнө өвдөг сөгдөх, загалмайн өмнө өвдөг сөгдөх, Еховагийн нэрийн өмнө өвдөг сөгдөх, эсвэл Эзэн Есүсийн хөргийн өмнө өвдөг сөгдөхдөө дуртай байдаг боловч зүрх сэтгэлдээ тэд энэ хүн буюу Миний өмнө сөгдөж чаддаггүй: “Би чамд итгэдэг гэж үү? Чи бурхан шиг харагдахгүй байна! Хэрвээ би чиний өмнө өвдөг сөгдвөл өөрийгөө доош хийж байгаа хэрэг биш үү? Би тэнгэр, газар болон эцэг эхийнхээ өмнө өвдөг сөгдөж чадна—чам шиг өчүүхэн хүний өмнө би яаж сөгдөж чадах юм бэ? Ялангуяа чи эмэгтэй хүн, чиний гадаад байдал онцгойрох юмгүй, чи алдартай биш, энэ ертөнцөд ямар ч байр суурь, нэр хүндгүй байхад би яагаад чиний өмнө өвдөг сөгдөх ёстой юм бэ?” Тэд дотроо тавгүйтдэг. Тэд өвдөг сөгдөхийг хүсэх үедээ тээнэгэлздэг бөгөөд өвдөг сөгдөхөөсөө ч өмнө дургүй, дурамжхан байдлаар буцаад босдог. Би: “Миний өмнө бүү өвдөг сөгд. Хэрвээ чи өвдөг сөгдмөөр байвал тэнгэр дэх Бурханы өмнө өвдөг сөгд. Чи Миний өмнө өвдөг сөгдөх шаардлага Надад байхгүй; Би үүнийг хүлээн авч чадахгүй. Чамайг агаарт өргөж, гуравдагч тэнгэрт аваачих тийм их хүч чадал Надад байхгүй. Би зүгээр л эгэл жирийн хүн. Би завхарсан хүн чамайг Бурханы өмнө аваачдаг. Дараа нь Би чамайг хэрэгжүүлж, аврал хүртээсэй гэсэндээ Өөрийн мэддэг, ойлгодог үнэнийг чамд хэлж өгч, чамайг хэвийн бүтээгдсэн зүйл болгон бүрэн өөрчилж, дараа нь Бүтээгчид буцааж өгдөг бөгөөд энэ бол Миний үүрэг хариуцлага, Миний үйлчлэл юм. Та нарын тухайд, Миний цорын ганц ашиг тус бол энэ. Би чамтай холбоотой ямар ч гавьяатай зүйл хийгээгүй, тэнгэр дэх Бурхантай холбоотой гавьяатай зүйл ч хийгээгүй. Би бол зүгээр л хийх учиртай зүйлээ хийж, хэлэх учиртай үгээ хэлж, хийх учиртай ажлаа хийсэн эгэл жирийн хүн юм. Чи зүрх сэтгэлдээ хүсэж байгаа эсэхээс үл хамааран, Миний хүн чанарын өнцгөөс үзвэл, Би чиний өвдөг сөгдөж, шүтэн мөргөхийг хүлээн авахыг огтхон ч хүсэхгүй байна. Түүгээр ч барахгүй, чи зүрх сэтгэлдээ дургүйцэж, эсэргүүцэж байгаа тул Би үүнийг бүр ч хүлээн авч чадахгүй” гэж хэлдэг. Чи хар даа, Миний сэтгэлгээ хэвийн үү? Хүн чанарын аль талаас үүдэн гарсан нь хамаагүй, энэ бол хэвийн сэтгэлгээний илрэл юм. Бие махбодтой болсон Бурхан хэвийн хүн чанар дотор амьдарч, бодит амьдрал дээр эгэл жирийн хүн шиг амьдардаг, мөн ер бусын биш учраас Тэр янз бүрийн хэрэг явдалд хэрхэн хандаж, зохицуулдаг нь ихэвчлэн Түүний хүн чанарын мөс чанар, эрүүл ухаанд захирагддаг. Энэ нь олон хүнд үзэл төрүүлдэг; тэд: “Тэр зүгээр л эгэл жирийн, хэвийн хүн биш гэж үү?” хэмээн боддог. Хүмүүс бие махбодтой бололтыг хүлээн зөвшөөрч, Бурханы ажлыг хүлээн авлаа ч гэсэн, зүрх сэтгэлдээ тэд энэ хүний өмнө өвдөг сөгдөж, шүтэн мөргөхийг, эсвэл Түүнийг дуулгавартай дагахыг хүсдэггүй. Үнэндээ чин сэтгэлээсээ хэлэхэд Би чиний өвдөг сөгдөж, шүтэн мөргөхийг хүлээн авахыг хүсдэггүй, учир нь Надад нэр хүнд, ухаалаг байдал бий. Чамайг дурамжхан байхад чинь байтугай, Миний өмнө өвдөг сөгдөж, шүтэн мөргөхийг хүсэхэд чинь ч гэсэн Би үүнийг хүлээн авахыг хүсэхгүй. Энэ нь юу гэсэн үг вэ? Энэ нь бие махбодтой болсон энэ Бурханы хүн чанарын мөс чанар, эрүүл ухаан дотор ичих мэдрэмж бас байдаг гэсэн үг юм. Ичих мэдрэмжтэй байх гэдэг нь юу гэсэн үг вэ? Энэ нь хэрвээ хэн нэгэн: “Би энэ хүний өмнө өвдөг сөгдөж, шүтэн мөргөхдөө дургүй байна; би дотроо бага зэрэг хүсэхгүй байна” гэж хэлбэл; эсвэл хэн нэгэн хүн мунгинасан байдалтай амьдарч байвал; эсвэл хэн нэгэн хүн Бурханы талаарх төсөөллөөр дүүрэн байгаа хэр нь өвдөг сөгдөж, шүтэн мөргөж байвал ингэж өвдөг сөгдөж, шүтэн мөргөхийг Би бүгдийг нь зүй бус гэж хэлнэ гэсэн үг юм. Надад иймэрхүү зан үйл хэрэггүй; та нар ийм зан үйл үйлдэж яавч болохгүй. Чи Миний өмнө өвдөг сөгдлөө ч гэсэн Би үүнийг хүлээн авахаас ичнэ. Хэрвээ чи Миний өмнө өвдөг сөгдөнө гэж зүтгэвэл Би “Чамайг ерөөе” эсвэл “Баярлалаа” гэж хэлэх ёстой юу? Би үнэхээр юу хэлэхээ мэдэхгүй байна. Яагаад? Чи яг одоо янз бүрийн талууд дээрх өөрийнхөө нөхцөл байдлыг ч тодорхой мэдэхгүй байж Миний өмнө өвдөг сөгдөж, шүтэн мөргөх гэж оролдсоор байдаг; Би үүнийг үнэхээр хүлээн авч чадахгүй. Чи жинхэнээсээ Бурханд шүтэн мөргөж байгаа эсэхийг Би мэдэхгүй. Хэрвээ Би чамайг Бурханаас эмээж, муугаас зайлдаг хүн гэж хүлээн авахаар оролдвол чи үнэхээр тэнцэхгүй. Тиймээс энэ явдал үүн дээр л гацдаг—энэ нь маш эвгүй. Би чамайг юу гэж хүлээн авах ёстойгоо, эсвэл чамд юу гэж хэлэх нь зохистой болохыг одоо ч тодорхой мэдэхгүй байна, тиймээс Би дотроо энэ явдлыг онцгойлон эсэргүүцдэг. Та нар бүгд Миний өмнө өвдөг сөгдөж, шүтэн мөргөж яасан ч болохгүй. Энэ нь Надад хэрэггүй, бас Надад таалагддаггүй. Хэрвээ та нар үнэний аль нэг талыг ойлгох шаардлагатай бол, эсвэл биеэ авч явах болон аливааг хийх зарчмын аль нэг тал та нарт хэрэгтэй бол Би тэдгээрийн талаар нөхөрлөж чадна. Гэхдээ та нар энэ ёсорхлыг үйлдэхийг хүсэж байвал ядаж л одоохондоо үүнийг хийхгүй байхыг Би та нарт зөвлөж байна. Та нарын зүрх сэтгэлд Бурханд жинхэнээсээ дуулгавартай байдал бий болохоос өмнө, мөн Бурханаас эмээж, муугаас зайлах замд орохоосоо өмнө үүнийг бүү хий; энэ ёсорхлыг бүү үйлд. Ингэх нь сайн зүйл биш; энэ нь хэн хэнд маань эвгүй байдал үүсгэнэ. Үүнийг хийхээс зайлсхийх нь хамгийн сайн; ийм зан үйл үйлдэх нь ямар ч нэмэргүй.

Бие махбодтой болсон Бурханы талаарх хүмүүсийн үзэл, төсөөллийн асуудлыг нөхөрлөхдөө Би бие махбодтой болсон Бурханы хэвийн, бодит байдалтай холбоотой олон жишээ хэлсэн. Эдгээр жишээнээс та нар бие махбодтой болсон Бурхан бол онцгой, ертөнцөөс давсан, ер бусын, эсвэл уламжлалт бус биш гэдгийг харж болно. Эдгээр болон иймэрхүү бусад зүйлс нь бие махбодтой болсон Бурханы хэвийн, бодит байдал болон даруу, нуугдмал байдлын талаар хүмүүсийн ойлгох ёстой зүйлс юм. Түүний амьдран харуулалт, Түүний биеэ авч явах итгэл үнэмшил, зарчим нь бүгд тун бодит, тун хэвийн бөгөөд аливаа зүйлтэй тулгарах үедээ Тэр бас тэвчээртэй, хүлээцтэй байж чаддаг. Тэр юу ч хийсэн бай, бие махбодтой болсон Бурханы амьдралдаа амьдран харуулж, илчилдэг бүхэн нь Бурханы махбод болсон биеийн Өөрийгөө авч явдаг байдалд бодит тал байдгийг харуулдаг. Өөрөөр хэлбэл, Тэр янз бүрийн зүйлтэй хэрхэн нүүр тулж, янз бүрийн асуудлыг хэрхэн зохицуулдаг нь бүхэлдээ Түүний биеэ авч явах итгэл үнэмшил, зарчимд үндэслэдэг бөгөөд энэ нь дүрэм журамд нийцүүлэн биеэ авч явж, үүргээ ухамсарлан аливааг хийх явдал юм. Хэдэн жилийн өмнө, манай хөршийн хүүхэд коллежид орох гэж байсан бөгөөд тэд үүнийг тэмдэглэж хашаандаа үдэшлэг зохион байгуулан, дуулж бүжиглэсэн. Тэд шөнийн нэг, хоёр цагийн үед микрофоноор дуулсаар байсан бөгөөд ойр хавийн олон хөрш үүнийг тод сонсож байв. Барууныхан гомдол гаргах дуртай ч тухайн үед бид бүгд олон жилийн турш хөршүүд байсан тул энэ нөхцөл байдалд хэн ч гомдол гаргаагүй. Хүн бүр “Хүүхдүүд олон жил сургуульд сурсан, тэд ингэж чөлөөтэй байх нь ховор тул, тэднийг дураар нь байлгая. Хааяа нэг ингэж чимээ шуугиантай байж, ганц шөнө сайн унтаж чадахгүй байх нь том асуудал биш; бид үүнийг зүгээр л оройтож унтсан гэж үзье” гэж бодсон. Ингэж бодох нь хэвийн үү? Хүн бусдад ингэж тэвчээртэй, хүлээцтэй хандах ёстой юу? (Тийм.) Зарим хүн: “Та бол Бурхан, завхарсан хүмүүс чимээ шуугиан гаргаж байхад Та яаж тэвчээртэй байж чаддаг байна аа? Та тэвчээртэй байх ёсгүй; Таны амралт маш чухал шүү дээ!” гэж хэлдэг. Би: “Хэнийх чухал биш гэж? Хүн бүрийн амралт чухал” гэж хэлдэг. Гэхдээ насанд хүрэгчид заримдаа хүлээцтэй байж, жаахан ойлгож хандах хэрэгтэй; ялангуяа хүүхдүүдэд бид хүлээцтэй хандах ёстой. Түүнээс гадна, энэ ертөнцөд амьдрахад олон зүйл чиний хүссэнээр болдоггүй, ихэнхдээ чи зүгээр л тэвчээртэй байх хэрэгтэй болдог. Эдгээр зүйл юу ч биш; чи үүнээс илүү ноцтой, чамд үнэхээр хор хөнөөл учруулдаг зүйлсийг ч бас тэвчих хэрэгтэй болдог. Энэ ертөнцөд амьдарч, оршин тогтнох явцад хүн бүр ямар ч сонголтгүй олон нөхцөл байдалтай нүүр тулдаг. Тийм нөхцөл байдалтай нүүр тулах үедээ чи үнэхээр гацаад л үлдэх үү? Чи цааш амьдарч чадахгүй болох уу? Маргааш нь нар манддагаараа л мандана. Амьдрал үргэлжлэх ёстой. Ялихгүй хэрэг дээр аар саар юмаар хөөцөлдөж, үүнтэйгээ орооцолдоод, ертөнцийн төгсгөл ирсэн мэт авирлах шаардлагагүй. Сүржигнэж, эсвэл ялихгүй зүйлийг дэвэргэх шаардлагагүй. Иймэрхүү зүйлд тэвчээртэй, хүлээцтэй байх ёстой. Нэг өдөр илүү ихийг туулж мэдрэх үедээ чи хэрсүү ухаантай болж, тэдгээрт хэрхэн хандахаа мэддэг болно. Надад хэл дээ, ийм сэтгэлгээ хэвийн үү? (Тийм.) Хэвийн бус сэтгэлгээтэй хүн юу гэж бодох вэ? “Муу золиг чи том болчихлоо гээд наргиж цэнгэж эхэлж байгаа юм биз дээ. Энэ шүтлэггүй хүмүүс үнэхээр диаволууд юм! Би хэн болохыг чи мэдэх үү? Чи миний амралтыг алдагдуулсан болохоор би чамайг харамсуулах болно доо. Би чамайг харааж байна!” Ийм бодол хэвийн үү? (Үгүй.) Эдгээр бодол хэвийн бус, тиймээс тэгж бодож яавч болохгүй. Би Өөрөө ч тэгж бодохгүй. Ийм зүйл тохиолдох үед Би тэвчээртэй байж, тэдгээрт зөвөөр хандаж чаддаг; Би эдгээр зүйлд насанд хүрсэн хүний бодол, үзэл бодлоор хандаж, зохицуулж чаддаг. Мэдээж, эдгээр нь бас дүрэм журамд нийцүүлэн биеэ авч явах, үүргээ ухамсарлан аливааг хийхийн тодорхой илрэлүүд юм. Зарим хүн: “Бурханы уужуу сэтгэл далай, тэнгэр мэт өргөн уудам, тиймээс ийм өчүүхэн хүмүүс Бурханы хувьд юу ч биш. Хэчнээн их чимээ шуугиантай байсан ч Тэр үүнийг сонсдоггүй; Тэр юу ч мэдэрдэггүй. Үүнийг илүү өндөр түвшинд байх гэж нэрлэдэг, үүнийг өөр түвшинд байх гэж нэрлэдэг, үүнийг уужуу сэтгэлтэй байх гэж нэрлэдэг” гэж хэлдэг. Ийм байдаг гэж үү? (Үгүй.) Би үнэхээр “уужуу сэтгэлтэй байх”-д анхаардаггүй. “Уужуу сэтгэлтэй байх” гэж юу гэсэн үг болохыг Би сайн мэдэхгүй, “өөр түвшинд байх” гэж юу болохыг ч Би ойлгодоггүй, мөн Би тийм “өндөр” түвшинд байдаггүй. Би зүгээр л хэвийн сэтгэлгээ, хэвийн ухаалаг байдал гэж юу болохыг, хүн чанар, ухаалаг байдалд нийцүүлэн хэрхэн үйлдэхийг, ямар зүйлийг тэвчээртэй байж, ямар зүйлд нухацтай хандах ёстойг, хүмүүстэй харилцахдаа ямар зарчим, итгэл үнэмшлийг чандлан дагаж мөрдөх ёстойг мэддэг, түүнчлэн тодорхой нөхцөл байдалд гажууд, радикал, ер бусын, эсвэл хэт туйлширсан байдлаар сэтгэхгүй байж, аль нэг тал руу хазайхгүйгээр хэрхэн хэвийн бодож сэтгэхийг л мэддэг. Би эдгээр зүйлийг мэддэг боловч “өөр түвшинд байх”, “уужуу сэтгэлтэй байх”, “даруу төлөв байдлаар биеэ авч явах” гэж юу гэсэн үг болохыг огт мэддэггүй. Би зүгээр л дүрэм журамд нийцүүлэн биеэ авч явах, үүргээ ухамсарлан аливааг хийх зарчмыг дагаж мөрддөг. Энэ энгийн биш гэж үү? (Тийм.) Би ямар ч асуудлыг зохицуулсан бай, Өөрийн үзэл бодол, байр суурийн үүднээс, эгэл жирийн, хэвийн хүний хувиар хэрэг явдал, хүн бүрд зөв зүйтэй, шударга, үндэслэлтэй, ухаалаг ханддаг бөгөөд хийдэг бүхэндээ радикал, хий хоосон, эсвэл уламжлалт бус байхгүйгээр шударга ёс, эрх тэгш байдал, үндэслэлтэй байдал, ухаалаг байдалд хүрэхээр чармайдаг. Түүнчлэн, Би дээрэнгүй авирладаггүй бөгөөд гуравдагч тэнгэр гэх мэт тийм хоосон байр сууриас юуг ч, хэзээ ч хардаггүй. Хэдийгээр бодит амьдрал дээрх олон зүйлийг ингэж зохицуулах Миний арга барил хүмүүст маш энгийн санагддаг ч эдгээр нь хүн төрөлхтний нэг болон амьдарч, оршин тогтнохын тулд хүнд байх ёстой зарим нэг бодол санаа, үзэл бодол, биеэ авч явах арга барил юм. Ийм маягаар амьдрах нь нэлээд ул суурьтай, мөн ядаргаатай биш байдаг тул олон хүн Намайг ойлголцоход амар, элдэв шаардлагагүй төвөг чирэгдэлгүй гэж боддог. Эдгээр зүйлийг та нарт хэлэх Миний зорилго бол та нарт зүгээр л зарим зүйлийг мэдэгдэх явдал биш, харин хэн нэгэнтэй харилцах юм уу асуудлыг зохицуулах үедээ Би зарчимтай байдаг гэдгийг та нарт хэлэх явдал юм—Би хэзээ ч аливааг хүчээр юм уу заль мэхээр авдаггүй, хэзээ ч уран үгээр хуурдаггүй, хүмүүстэй харилцахдаа хэзээ ч, хэнийг ч далимдуулахыг хүсдэггүй, мөн ямар нэг хэрэг явдлыг зохицуулахын тулд яавч хууль зөрчихгүй. Товчхондоо, биеэ авч явах Миний зарчим бол дүрэм журамд нийцүүлэн биеэ авч явах, үүргээ ухамсарлан аливааг хийх итгэл үнэмшлийг дагаж мөрдөх явдал бөгөөд ингэснээр Миний мөс чанар амар амгалан байж, аливааг хийхдээ шударга байж, хэнд ч хор хөнөөл учруулахгүй, хэнд ч шударга бус хандахгүй, бусдын ашиг сонирхолд хохирол учруулахгүй байх явдал юм. Би ямар нэг байдлаар ашиг тус хүртлээ ч гэсэн энэ нь бусдын ашиг сонирхолд хохирол учруулах үндсэн дээр гарахгүй; харин ч Би шударга, зөв зүйтэй байхаар чармайдаг. Би та нарт эдгээр зүйлийг хэлж, эдгээр жишээг ярьсан бөгөөд биеэ хэрхэн авч явах талаарх зарчмын тухай онолын хувьд бас та нарт ярьсан. Би яг ийм л хүн. Хэрвээ та нар Миний ярьсан хэвийн, бодит байдал болон даруу, нуугдмал байдлыг баталгаажуулахын тулд, мөн Намайг үнэхээр “дүрэм журамд нийцүүлэн биеэ авч явах, үүргээ ухамсарлан аливааг хийх” эдгээр зарчмын дагуу үйлддэг гэдгийг баталгаажуулахын тулд илүү ихийг мэдэж авахыг хүсэж байвал хаа сайгүй судалж, нотлох баримт цуглуулан Миний хэлж байгаа зүйл баримт мөн эсэхийг хар гэж Би та нарт уриалж байна. Товчхондоо, та нар бүгд эдгээр зүйлийн талаар тодорхой ойлгох ёстой. Эдгээр нь үндсэндээ бие махбодтой болсон Бурханы амьдрал, оршин тогтнолтой холбоотой бүх хэрэг явдал юм. Эдгээр нь та нарын ойлгох ёстой зүйлс, та нарын заавал ойлгох ёстой зүйлс юм.

Бие махбодтой болсон Бурхан хүний амьдралдаа дүрэм журамд нийцүүлэн биеэ авч явах, үүргээ ухамсарлан аливааг хийх итгэл үнэмшил, зарчмыг чанд дагаж мөрдөөд зогсохгүй, гүйцэтгэдэг үйлчлэлдээ ч эдгээр итгэл үнэмшил, зарчмыг чандлан дагаж мөрддөг. Би олон жилийн турш ажиллаж, номлож ирсэн, та нар Миний нөхөрлөдөг үгийг үргэлж уншсаар ирсэн. Янз бүрийн сэдвээр дамжуулан та нар төрөл бүрийн асуудлын талаарх Миний үзэл бодол, байр суурь, хандлагыг ойлгож чадсан байх ёстой. Та нар үүнийг онолын хувьд мэддэг ч гүйцэтгэдэг үйлчлэлдээ Би биеэ хэрхэн авч явж, аливааг хэрхэн хийдгийг та нар мэдэх үү? Магадгүй та нарын зарим нь Намайг аливааг хийсэн гэдгийг л мэддэг, ямар илрэл харуулдгийг л мэддэг байж болох ч тодорхой хэрэг явдлын тухайд Би зүрх сэтгэлдээ юу боддог, эсвэл Миний төлөвлөгөө, санаа зорилго юу болохыг мэддэггүй байх. Тиймээс Би товчхон танилцуулъя. Би үйлчлэлээ гүйцэтгэх тухайд, үндсэндээ, Миний хийж чадах, хийх учиртай—Миний үйлчлэлтэй холбоотой ажлын тухайд Би бүх хүчин чармайлтаа дайчилдаг бөгөөд ямар ч хязгаарлалтад баригддаггүй. Би та нараас юу ч шаарддаггүй, гавьяаг нь ч нэхэмжилдэггүй. Би зүгээр л Өөрийн хийж чадах, Өөрийн ойлгодог, мэддэг зүйлээ тодорхой тайлбарлахын тулд боломжтой бүх аргаар оролддог. Аливааг тодорхой тайлбарлахын тулд, энэ нь сунжруу юм уу төвөгтэй байсан ч гэсэн Би үүнийг ойлгомжтой байлгахын төлөө чадах бүхнээ хийдэг. Та нар ойлгож, Би бүхнийг тодорхой тайлбарласан гэж зүрх сэтгэлд минь санагдах цэгт хүрэхийг Би чармайдаг бөгөөд тэр үед л Би ярихаа больж, уг сэдвийг тэгээд дуусгадаг. Би хэтэрхий бага ярьсан, та нар ойлгоогүй байж магадгүй гэж бодогдвол Би дэлгэрэнгүй ярьж, илүү ихийг хэлж, бүр ахин дахин давтаж, уг сэдвийг тодорхой тайлбарлахын тулд боломжтой бүх аргыг хэрэглэнэ. Та нар Намайг шоолно гэхээс Би айдаггүй—зарим сэхээтэн инээж, “Та ярихдаа үнэхээр нуршуу юм аа!” гэж хэлэхээс Би айдаггүй. Би зүгээр л дүрэм журамд нийцүүлэн биеэ авч явах, үүргээ ухамсарлан аливааг хийх зарчимд үндэслэн Өөрийн хариуцлагыг биелүүлж, хэлэхийг зорьсон үгээ тодорхой, ойлгомжтой тайлбарладаг. Хэрвээ хүмүүс үнэний талаар Миний нөхөрлөдөг зарим үгийг ухаарч чадахгүй, сонссоныхоо дараа ч тодорхой ойлгохгүй хэвээр байвал Би жишээ татаж, илүү тодорхой ярих болно. Хэдийгээр Би ийм маягаар олон үг хэлэх шаардлагатай болж, эрч хүчээ шавхаж, оюун санааны хувьд ядарч, ам хатдаг ч аливааг тодорхой тайлбарлахын тулд Би мөн л боломжтой бүх аргаар оролдох ёстой. Тухайн үед Намайг ярьж дууссаны дараа та нар ойлгохгүй байвал Би өөр нэг цуглаан хийнэ. Энэ нь юу гэсэн үг вэ? Өөр нэг цуглаан хийж, амаа хаттал ярина гэдэг нь Би маш их ядарна гэсэн үг; Би дахин нэг удаа ядарч туйлдана гэсэн үг. Гэхдээ Би хойрголж болохгүй. Та нарын ойлгосон эсэхийг үл харгалзан, зүгээр л өнгөрсөн удаа энэ сэдвийн талаар ярьсан гээд, ядрахаас айсандаа Би үүнийг ярихаас татгалзаж болохгүй. Би энэ сэдвийг тодорхой тайлбарлахын тулд боломжтой бүх арга замыг хайх ёстой. Эдгээр үгийг сонссоныхоо дараа та нар үнэнийг ойлгож, хүлээн авч, хэрэгжүүлж чадах эсэхийн тухайд гэвэл, энэ нь та нарын хувийн эрэлхийллээс хамаарна; Надад энэ нь хамаагүй. Гэсэн хэдий ч, Миний ярихыг хүсэж байгаа болон хараахан яриагүй байгаа сэдвүүд, мөн Миний хараахан биелүүлээгүй үүрэг хариуцлага, эсвэл хараахан буулгаагүй ачааны тухайд гэвэл, “Одоо тодорхой тайлбарлалаа. Би энэ сэдэвт багтсан бүхнийг хамарлаа. Ядаж л та нар үүнийг мэдэж, ойлголоо” гэж дотор минь санагдах хүртэл Би тэдгээрийг гарцаагүй бүрэн дуусгаж, сайн зохицуулах ёстой байдаг. Тэгээд Би дотроо сэтгэл амардаг. Та нарт зориулж дахиад хэдэн цуглаан хийх нь Намайг хэд хоног унтаж чадахааргүй болтол ядрааж магадгүй ч дараагийн удаа ийм зүйл тохиолдоход Би энэ хандлагаа баримталсаар л байх болно. Би хойрголж, “Ядрахаас зайлсхийхийн тулд Би нэг их ярихгүй, нэгээр цөөн цуглаан хийе. Энэ сэдвийг ингээд дуусгая; угаасаа ч ихэнх хүн үнэнийг эрэлхийлдэггүй шүү дээ” гэж хэлэхгүй. Би та нарт хааш яаш хандахгүй, Өөрийн гүйцэтгэдэг үйлчлэлд ч хааш яаш хандахгүй. Үүнийг хийхдээ Би Өөрийгөө мөс чанартаа сэвгүй байх ёстой, эсвэл энд сууж Миний номлолыг хэдэн цагийн турш сонссон ах эгч нарт зөв зүйтэй хандах ёстой гэж хэзээ ч хэлдэггүй. Харин ч Би Өөрийнхөө хийх учиртай, хийхийг хүсдэг, хэлэхийг хүсдэг бүхнээ аяндаа, чадлынхаа хэрээр та нарт уудлан гаргаж, үүнийг та нарт сонсгож, та нараар олж авхуулдаг. Би хойрголдоггүй, хааш яаш авирладаггүй. Хэрвээ Би эхний удаад ямар нэг зүйлийг тодорхой тайлбарлаж чадахгүй бол өөр өөр арга замаар хоёр юм уу гурван удаа давтаж хэлнэ. Та нар зүрх сэтгэлдээ Миний талаар тодорхой бодолтой байсан ч гэсэн, эсвэл Намайг нуршуу гэж хэлсэн ч гэсэн Би тоодоггүй. Би аливааг тодорхой тайлбарлаж, үр дүнд хүрч чадаж л байвал тэр нь хангалттай. Би ярихдаа “аливааг сайн, бүрэн дүүрэн хийж, хариуцлагаа биелүүлж, Өөрийнхөө доторх бүхнийг та нарт уудлан гаргах” зарчимд үндэслэн үйлддэг. Би хойрголдоггүй, эсвэл хааш яаш авирладаггүй. Энэ бол бие махбодтой болсон Бурханы үйлчлэлээ гүйцэтгэх хандлага юм.

Миний үйлчлэлд хамаарахгүй зүйлсийн тухайд гэвэл, тухайлбал та нарын үүргийн цар хүрээнд багтдаг хэрэг явдал дээр заримдаа та нарыг залж чиглүүлэх нь Миний үйлчлэлд хамаарахгүй. Та нар үүнийг мэдэхгүй байж магадгүй. Үнэндээ, үнэнийг нөхөрлөж, үнэн-зарчмыг ойлгох, үнэн-бодит байдалд ороход та нарыг залж чиглүүлэхээс өөр юу ч Надад ямар ч хамаагүй; энэ нь Миний хийх ёстой зүйл биш юм. Би үүнийг та нарт тодорхой болгоё. Та нарын ажлыг залж чиглүүлэх нь Миний үйлчлэлийн цар хүрээнд багтдаггүй, Надад ямар ч хамаагүй. Би энэ ажлыг хийсэн ч, хийгээгүй ч зүгээр; энэ бол хүмүүс та нарын хэрэг. Би үүнийг анх удаа дурдаж байна—хүмүүс та нарын хэрэг. Өөрөөр хэлбэл, та нарын хэрэг буюу хүмүүсийн хэрэг Надад ямар ч хамаагүй. Би яагаад ингэж хэлж байна вэ? Та нарын гүйцэтгэдэг зүйл бол та нарын үүрэг, харин Миний гүйцэтгэдэг зүйл бол Миний үйлчлэл юм. Би ажил хийдэг, харин та нар үүрэг гүйцэтгэдэг; үүнд ялгаа бий. Үүргийн чинь цар хүрээнд багтах хэрэг явдал дээр та нарыг залж чиглүүлэхийн тухайд, үнэн-зарчмыг нөхөрлөхөөс гадна, хэрвээ та нар Надаас мэргэжлийн ур чадвар юм уу жижиг сажиг ажлын талаар асуувал та нарыг мэдэж, ойлгож аваг гэсэндээ Би Өөрийн ойлгодог зүйл, Өөрийн мэдэж авсан зүйл болон Өөрийнхөө олж авсан зарчмыг тодорхой илэрхийлэхийн тулд чадах бүхнээ хийх болно. Би та нарт зааж, та нарыг сурахад туслахын тулд бүхий л чадлаараа хичээх болно. Өөрийнхөө мэдэхгүй зүйлийн хувьд, Би та нараар эх сурвалж хайлгана, эсвэл та нарын дунд үүнийг мэддэг хүн байвал Би “Чи энэ мэргэжлээр сурсан, тэгвэл энэ салбарын сургалтын материалд энэ явдлын талаар юу гэж хэлдэг вэ? Энэхүү мэдлэгийн хүрээнд ямар дүрэм журам байдаг вэ? Энд буй зарчмуудыг олцгооё, ингэснээр бидний ажил мэргэжилтнүүдийн дур сонирхол, гярхай нүдэнд илүү нийцнэ, бид бусдад шоолуулж, элэг доог болохгүй, өөрсдийгөө шившиг болгохгүй, мөн Бурханы гэрийн муухай харагдуулахгүй” гэж түүнтэй зөвлөлдөнө. Чи хар даа, Миний залж чиглүүлдэг найрал дуу, мюзикл, кино продакшн, кино зохиол, зураг, түүнчлэн бүжиг, хувцас хэрэглэл гэх мэт нь—мэргэжлийн болон мэргэжлийн бус ажлын аль тал байх нь хамаагүй, Миний гүйцэтгэдэг үйлчлэлийн цар хүрээнд багтах ажил биш юм. Энэ бол та нарын үүрэг. Үүнийг “та нарын үүрэг” гэж нэрлэж байгаа нь энэ бол та нарын хэрэг, та нар өөрсдөө үүнийг зохицуулах ёстой гэсэн үг юм, учир нь эдгээр хэрэг явдал тодорхой мэдлэгийн хүрээ болон тодорхой салбарын техник, мэргэжлийн асуудлыг хамардаг бөгөөд эдгээр нь та нарын суралцах ёстой зүйлс юм. Судлах ёстой зүйлсээ та нар судлах ёстой, асууж лавлах ёстой зүйлсээ та нар асууж лавлах ёстой, хэрэгжүүлэх учиртай зүйлсээ та нар хэрэгжүүлэх ёстой. Үнэндээ энэ нь Надад ямар ч хамаагүй. Миний хийдэг ажил бол Бурханы махбод болсон биеийг төлөөлж үг илэрхийлэх, Бурханыг төлөөлж та нарт үг хэлж, та нар дээр ажиллах явдал юм. Миний үйлчлэлд хамаарахгүй ажлын тухайд гэвэл, энэ нь хүмүүс та нарын хэрэг. Энэ ажлын хувьд, Бурхан та нарыг удирдуулахаар удирдагч, хоньчныг зохицуулсан бөгөөд Бурханы гэр бас янз бүрийн ажлын зохицуулалт болон янз бүрийн захиргааны зарлиг, дүрэм журмыг тогтоосон. Та нар Бурханы та нарт тогтоож өгсөн удирдагч—Ариун Сүнсэнд ашиглагддаг хүний зохицуулалтыг чанд дагаж мөрдөн, түүний удирдлагыг дуулгавартай дагах ёстой. Тэгвэл Өөрийн үйлчлэлээс гадуур Миний хийдэг ямарваа ажил юу гэж тооцогдох вэ? Энэ бүхэн нэмэлт ажилд тооцогдоно. Би үүрэг гүйцэтгэх шаардлагагүй. Би ажил хийж, Өөрийн үйлчлэлийг гүйцэтгэдэг, харин та нар үүргээ гүйцэтгэдэг. Тиймээс Би та нарын ажлыг залж чиглүүлж чадна, гэхдээ энэ нь Миний хийх ёстой зүйл биш юм. Хэрвээ та нар “Та энэ ажлыг хийх ёстой; энэ бол Таны ажил. Та үүнийг хийхгүй байж яаж болох юм бэ? Хэрвээ Та үүнийг хийхгүй бол би хариуцлагыг нь Танд тохно, Таныг зүгээр өнгөрөөхгүй” гэж бодож байвал та нарын буруу гэж Би хэлнэ. Та нар үүнийг Надад тохож болохгүй. Энэ бол хүмүүс та нарын үүрэг. Та нар үүрэгтэйгээ холбоотой ямар нэг зүйлийг ойлгохгүй байх үедээ өөр хоорондоо нөхөрлөж, хэлэлцэж, эрж хайх ёстой. Хэрвээ чи Надаас асуувал, мөн тэр үед Миний нөхцөл байдал зөвшөөрвөл Би чамд тусалж чадна. Хэрвээ Би завгүй байгаад чамд тусалж чадахгүй бол энэ нь Миний буруу биш. Хэрвээ та нарын зарим нь гажууд үндэслэл ашиглаж, үүнийг Миний хийх ёстой зүйл гэж хэлбэл чиний буруу. Энэ бол та нарын хийх ёстой үүрэг бөгөөд Надад ямар ч хамаагүй. Хэрвээ чи үүргээ сайн гүйцэтгэхгүй бол энэ нь хариуцлагагүй, үнэнч бус хэрэг юм. Хэрвээ чи үүргээ биелүүлэхгүй байж хариуцлагыг Надад тохохыг оролдвол энэ нь эрүүл ухаангүй байгаагийн илрэл бөгөөд Бурхан үүнийг туйлын жигшүүртэй гэж үздэг. Гэсэн хэдий ч хэрвээ та нар ямар нэг зүйлийг үнэхээр хийж чадахгүй, энэ нь та нарын хэрээс хэтэрсэн, мөн та нар энэ ажлыг хийх зарчмыг мэдэхгүй байгааг Би харвал та нарт тусламжийн гараа сунгаж, нэг юм уу хоёр жишээ татаж, та нарыг зөв замд оруулах хэрэгтэй болдог. Хэрвээ та нар үүнийг хийж чадахгүй хэвээр байвал, мөн Миний нөхцөл байдал үүнийг хийхийг Надад зөвшөөрөхгүй, эсвэл Би ч бас үүнийг хийж чадахгүй бол бид энэ ажлыг зогсоохоос өөр аргагүй. Ингэх нь бидний хийж чадах ганц зүйл—чадвар чинь ийм хязгаарлагдмал, хэв чанар чинь ийм муу байгаад хэнийг буруутгах билээ дээ? Гэхдээ Би ямар нэгэн ажил гүйцэтгэх юм бол түүнийгээ аль болох сайн гүйцэтгэдэг. Хэрвээ Би ямар нэг зүйлийг яаж хийхийг мэддэг бол түүнийгээ та нарт хэлэх бөгөөд юуг яаж хийхээ мэдэхгүй байгаагаа ч бас та нарт мэдэгдэнэ. Мэдэхгүй байгаа хэсгийнхээ хувьд Би та нартай зөвлөлдөнө. Хэрвээ та нар ч бас мэдэхгүй бол Би Өөрөө цэгнэн тунгааж, бодож, эрж хайх болно. Би ямар нэгэн зам, зарим нэг санаа, дагаж мөрдөх сэжүүр олмогцоо та нартай нөхөрлөж, энэ ажлыг сайн, бүрэн дүүрэн хийхийн тулд бүхий л чадлаараа хичээх болно. Нэг талаар, энэ нь ажилдаа хариуцлагатай хандаж байгаа хэрэг. Нөгөө талаар, энэ нь Намайг та нарыг залж чиглүүлэх явцад ямар нэгэн зүйл сурч авах боломжийг та нарт олгодог. Та нар энэ талын мэргэжлийн ажилд ухаарах шаардлагатай зарчмууд болон ойлгох шаардлагатай үнэнийг сурч авдаг. Мэргэжлийн мэдлэг бага зэрэг ойлгодог хэр нь эцсийн бүтээгдэхүүн гаргаж чаддаггүй зарим хүн байдаг тул Би тэднийг залж чиглүүлдэг. Үүнийг хийж дууссаны дараа ч Надад эргэлзээтэй санагддаг тул Би тэднийг салбарын мэргэжилтэнтэй зөвлөлдүүлж, мэргэжилтнээр шалгуулдаг. Хэрвээ мэргэжилтэн үүнийг ингэж хийх нь салбарын хэм хэмжээнд нийцэх бөгөөд биднийг элэг доог болгохгүй гэж хэлбэл бид энэ арга барилаа баримтална. Хэрвээ мэргэжилтэн үүнийг сонирхогч хийсэн юм шиг, ичмээр харагдаж байна, буруу байна, стандартад нийцэхгүй байна гэж хэлбэл бид тэр даруй мэргэжилтнээр үүнд зарим нэг өөрчлөлт хийлгэнэ. Бид өөрсдийгөө зөвтгөж болохгүй, ойлгохгүй байж ойлгодог дүр эсгэж болохгүй бөгөөд өөрсдийгөө мэддэг байх ёстой. Бид өөрсдийгөө хуурч мэхлэх ёсгүй; бид аливааг нухацтай авч үзэж, нэг ажлыг дуусгасныхаа дараа мэргэжлийн ур чадварын хувьд ямар нэгэн зүйл олж авахаар хичээх ёстой. Тиймээс, иймэрхүү зүйл хийх үедээ Би мэргэжлийн ур чадварын хувьд сонирхогч бөгөөд төдийлөн сайн ойлгодоггүй байсан ч гэсэн чадах бүхнээ хийх болно. Зарим хүн: “Та ойлгохгүй байх үедээ ч гэсэн яагаад тэднийг залж чиглүүлсээр байдаг юм бэ?” гэдэг. Учир нь энэ хүмүүсийн мэргэжлийн ур чадвар хязгаарлагдмал байдаг; мэргэжлийн ур чадвартай холбоотой урлагийн бүтээлийн тухайд тэдэнд үнэхээр ямар ч бүтээлч байдал, эсвэл сайн санаа байдаггүй. Надад энэ тал дээр бага зэрэг давуу тал, зарим нэг санаа байдаг тул тодорхой нэг мэргэжлээр бага сага суурьтай, эсвэл наад захын мэдлэгтэй энэ хүмүүсийг Би тэдгээрээр хангадаг бөгөөд энэ хүмүүс бүгд Миний эдгээр санааг нэлээд сайн гэж боддог. Тэд Миний санааг нэлээд сайн гэж бодож байгааг хараад Би зориглон “ичиж зоволгүйгээр” тэднийг залж чиглүүлдэг бөгөөд Миний ингэж залж чиглүүлсэн зарим бүтээл дажгүй болдог. Би ингэж хэлэхдээ ичгүүр сонжуургүй байгаа юм биш; энэ “дажгүй” гэдэг нь үндэслэлтэй—салбарын мэргэжилтнүүд тэдгээрийг хараад дажгүй гэж хэлсэн учраас л Би ингэж хэлж байгаа юм. Энэ "дажгүй" гэдэг нь тэдгээр нь маш сайн, эсвэл мэргэжлийн түвшинд хүрсэн гэсэн үг биш, ядаж л мэргэжилтнүүд тэдгээрийг шаардлага хангаж байна гэж баталгаажуулсан тул Би дотроо сэтгэл амар байдаг. Өнөөг хүртэл, Миний залж чиглүүлсэн цөөн хэдэн бүтээлийг ихэнх хүн дажгүй гэж боддог бөгөөд тэдгээрийн зарим нь бүр тодорхой тэмцээнүүдээс шагнал хүртсэн бололтой, тийм үү? (Тийм.) Би ажлын ямар ч тал, эсвэл ямар ч төрлийн зүйл хийж байх нь хамаагүй, Надад ямар нэгэн бодол, санаа байгаа л бол, эсвэл Надад сайн бүтээлч санаа байгаа гэж санагдах л юм бол Би гарцаагүй хэлэх болно. Би эдгээр санааг продакшнд хэрэгжүүлэхэд ах эгч нараар туслуулахын тулд бүхий л аргаар хичээх болно, ингэснээр илүү олон хүн үүнийг үзэхийг хүснэ. Үр дүнд нь Бурханы ажил болон Бурханы үг илүү их, илүү сайн, илүү өргөнөөр түгэн дэлгэрдэг—бидний зорилго тийнхүү биелдэг. Миний аливааг хийдэг арга зам, арга барилын тухайд, тэдгээр нь дүрэм журамд нийцүүлэн биеэ авч явах, үүргээ ухамсарлан аливааг хийх зарчимд үндэслэсэн хэвээр байдаг. Би аливааг хийхдээ чимээгүйхэн үйлддэг бөгөөд ажлыг дуусгаж, сайн хийхийн тулд бүх хүчээ дайчилдаг. Уг ажлыг дуусгаж, байршуулмагц тэр үе шат өндөрлөдөг.

Бие махбодтой болсон Бурханы Өөрийн гүйцэтгэдэг үйлчлэлийн цар хүрээнд хийдэг зүйлс нь дүрэм журамд нийцүүлэн биеэ авч явах, үүргээ ухамсарлан аливааг хийх Түүний зарчимд үндэслэдэг. Энэ цар хүрээнээс гадуур аливааг хийх үедээ ч Тэрээр эдгээр зарчмаас хазайдаггүй; Тэр бас дүрэм журамд нийцүүлэн биеэ авч явж, үүргээ ухамсарлан аливааг хийдэг. Өөрийн харж, олж илрүүлж чаддаг асуудлуудын хувьд, Би хэн нэгнээр мэдээ дамжуулуулдаг, эсвэл Өөрөө биечлэн оролцон удирдамж өгч, засаж залруулж, тэдгээрийг шийдвэрлэхэд тусладаг. Товчхондоо, та нарын бодит амьдралдаа нүүр тулж болох, эсвэл сонсож байсан зүйлсийн тухайд, юу байхаас нь үл хамааран, Би үндсэндээ бүх зүйлийг ийм зарчимд үндэслэн зохицуулдаг. Түүнчлэн Би том, жижиг хэрэг явдал гэж ялгадаггүй. Муур тэжээх, нохой тэжээх, гахайн хороо барих, хонины хашаа барих, эсвэл хоол хийх, хувцас оёх, тэр ч байтугай цэвэрлэгээ хийх байсан ч хамаагүй, Би харсан бүхэндээ оролцдог. Та нарыг ямар нэг юмыг буруу хийж байгааг харах үедээ Би та нарыг чиглүүлж, засаж залруулдаг. Зүрх сэтгэлтэй хүмүүс сонсож, хүлээж авна, харин зүрх сэтгэлгүй хүмүүс тэгэхгүй. Дараа нь Би хэн нь сонсож, Миний зааврыг дагаж чадаж байгааг хараад, тэднийг ашигладаг. Та нартай харилцсан энэ олон жилийн хугацаанд Би аливааг ингэж л хийсээр ирсэн. Та нарт юу хийхийг хэлснийхээ дараа, тэр хэрэг дуусаж, сайн хийгдэх хүртэл Би хянан дагасаар л байдаг. Хэдийгээр Надад Өөрийн гараар хийдэггүй олон зүйл байдаг ч Өөрийнхөө хянан дагаж буй зүйл дээрээ Миний зүрх сэтгэл үргэлж төвлөрдөг; Миний зүрх сэтгэл эдгээр зүйлээс хэзээ ч салдаггүй. Хэрвээ ямар нэг зүйлийг яаралтай, хурдан зохицуулах шаардлагатай бол үүнийг хийж дуусгахын тулд Би үүрийн гэгээнээс үдшийн бүрий болтол, шөнө дүл болтол ажиллаж, байнга хянан дагаж, хяналт тавьж, чиглүүлдэг. Гэхдээ Миний биеийн байдлыг бодолцон үзвэл та нарын төсөөлж байгаачлан, энэ ажлыг хийх нь нэлээд ядаргаатай байдаг. Эцэст нь үүнийг хийж дуусгамагцаа Би тийшээ очихоо больдог. Эцэст нь хэн нэгэн үүнийг анзаарч, “Бурхан бидэнд зориулж эндхийн бүх зүйлийг маш сайн зохион байгуулсан мөртөө Өөрөө үүнийг таашаадаггүй; харин бид л энэ бүхнийг таашаадаг” гэж хэлдэг. Та нар үүнийг таашааж л байвал тэр нь хангалттай гэж Би хэлдэг. Та нарын хувьд бүх зүйл цэгцэрч, амьдрал болон үүргээ гүйцэтгэх тал дээр бүх зүйл та нарт тохиромжтой болмогц Би цаашид эдгээр зүйлд Өөрийгөө чилээх шаардлагагүй болдог. Үнэндээ, бие махбодтой болсон Бурханы ажил бол үнэнийг нөхөрлөж, үнэнээр хангах явдал юм; бусад ажил Надад ямар ч хамаагүй. Гэхдээ энэ олон жилийн хугацаанд, Өөрийн ажлыг хийхээс гадна Би үүргээ гүйцэтгэхэд чинь та нарт тулгардаг асуудлуудыг шийдвэрлэхэд туслаад завгүй байсан бөгөөд энэ нь бас Намайг ихээхэн зүдрэхэд хүргэсэн. Хэдийгээр олон ажил Миний хийх ёстой зүйл биш бөгөөд өмнө нь Миний хэзээ ч хийж байгаагүй олон зүйл байдаг ч—тодорхой төрлийн мэдлэг, ур чадварыг хэзээ ч системтэйгээр сурч байгаагүй, эсвэл амьдралдаа эдгээр зүйлийг зохицуулж байгаагүй хэр нь Би чуулган болон Бурханы гэрт янз бүрийн зүйл тулгарах үед зүгээр харж суугаагүй. Харин оронд нь Би та нарыг бүгдийг нь залж чиглүүлж, та нарт туслахын тулд чадах бүхнээ хийдэг бөгөөд өдөр тутмын амьдралын хэрэг явдлын тухайд ч гэсэн та нарт аливааг цэгцэлж өгөхийн тулд Би чадах бүхнээ хийдэг. Би хүн чанарын өнцгөөс үйлдэж, Өөрийнхөө чадах зүйлийг хийдэг. Хэрвээ Би хийх шаардлагатай зүйлийг харсан хэр нь хийхгүй бол сэтгэл тавгүйтдэг. Хэрвээ Би асуудал олж илрүүлээд үүнийг засаж залруулахгүй бол дотроо тавгүйтдэг. Хэрвээ хэн ч яаж хийхийг нь мэддэггүй ажил байгаад, Надад санаа төрж, Би үүнийг хийж чадах хэр нь хийхгүй бол дотроо тавгүйтдэг. Тиймээс Би зүгээр л үйлдэл хийх ёстой болдог. Тиймээс, гаднаас нь харахад Би үг хэлж, номлохоос өөр юу ч хийгээгүй мэт санагддаг. Гэхдээ та нарын өдөр тутмын амьдрал болон үүргээ гүйцэтгэхэд чинь шаардлагатай наад захын хэрэгцээний төлөө Би ихээхэн зүдэрсэн. Ихэнх хүний хэв чанар маш муу байдаг тул тэд эдгээр зүйлийг ч сайн хийж чаддаггүй, тиймээс Би сэтгэлээ чилээн бодож та нарыг залж чиглүүлэх хэрэгтэй болдог. Хэдийгээр Би шалихгүй харагддаг, ямар нэгэн чухал хүн биш бөгөөд нийгэм дээр ямар ч төрлийн сургалтад хамрагдаагүй ч Бурханы гэрт үүргээ гүйцэтгэж буй ажилтнуудын наад захын хэрэгцээний тухайд, Би та нартай анх харилцаж эхэлснээс хойш өнөөг хүртэл та нарын амьдрах үндсэн орчин, амьдралын нөхцөл, өдөр тутмын хэрэгцээний аль ч тал дээр Миний зүдрээгүй нэг ч зүйл байхгүй. Ферм дээр ногоо тарихыг жишээ болгоод аваад үз. Эхэндээ, ферм дээрх хүмүүсийн ихэнх нь хөдөө амьдарч, хэдэн жил тариалангийн ажил хийснийг хараад Би тариа тарьж мэддэг зарим хүнийг сонгож, энэ ажлыг хариуцуулсан. Би тэдэнд аль улиралд ямар хүнсний ногоо тарих, хэрхэн тарихыг хэлж өгөөд, үүний дараа Би санаа зовох шаардлагагүй гэж бодсон. Гэвч хэсэг хугацааны дараа Би ферм дээр очоод хамаг юм бүрэн замбараагүй болсныг харсан. Зааварлагч нь хариуцлагаа үүрч чадахгүй, ажилчид нь ч бас ажлаа сайн хийж чадахгүй байв. Эцэст нь Би Өөрөө оролцож, хянан дагаж, тэднийг бага багаар чиглүүлэхээс өөр аргагүй болсон. Үр сонгож, худалдаж авахаас эхлээд хэр ихийг тарих, газраа хэрхэн сонгох, түүнчлэн улирал бүрд юу тарих, хэр ихийг тарих, хэрхэн тарих, тариалалтыг хэнд хариуцуулах, хэрхэн бордох, ямар зүйлсийг анхаарах зэргийг Би тэдэнд бүгдийг нь тодорхой тайлбарлаж өгсөн. Би тэднийг биечлэн ингэж чиглүүлсэн; тэдэнд хоол хийж, хооллохоос бусдыг нь Би бүгдийг нь хийсэн. Зарим хүн: “Та тэдэнд яг л гурван настай хүүхэд шиг хандаж байсан биш үү?” гэж хэлдэг. Үнэндээ, яг л тийм байсан. Энэ хүмүүс бүгд хараажаар насанд хүрэгчид байсан боловч эдгээр хариуцлагыг үүрч үнэхээр чадаагүй. Эцэстээ бүх зүйл жигдэрч эхлэх хүртэл Би ийм маягаар тэдэнд зааварчилж, биечлэн чиглүүлж, зааж сургахаас өөр аргагүй байсан. Хожим нь, үүргээ гүйцэтгэж буй хүмүүс бүгд өөрсдийнхөө тарьсан үр тариа, хүнсний ногоог идэж чадахаар болсон юм. Зуны улиралд тэд бас бага сага жимс идэж, өвөл нь нөөцөлсөн хүнсний ногоогоо идэж чаддаг болсон. Хэрвээ Дээрх хөндлөнгөөс оролцоогүй, энэ ажлыг шалгаагүй, зүгээр л доорх хүмүүсээр хийлгэсэн бол бүх зүйл сүйдэх байсан. Ямартай ч, Миний та нарт хэлж байгаа баримт юу вэ? Би олон зүйлийг ярилгүйгээр хийсэн, гэхдээ Миний ярьдаг зүйлс бол гарцаагүй Миний хийсэн зүйлс юм.

Би та нарт хэчнээн их зүйл хийснээ, хэчнээн их ядарснаа, эсвэл та нарын төлөө хэчнээн их зовж зүдэрснээ хэлэхийн тулд эдгээр зүйлийг нөхөрлөж байгаа юм биш. Эдгээр зүйлийн талаар ярих шаардлагагүй. Тэгвэл Би та нарт юу хэлж байна вэ? Бие махбодтой болсон Бурхан энэхүү хүний ертөнцөд Бурханыг төлөөлөн ажил хийхээр ирдэг. Түүний ажил бол Түүний гүйцэтгэдэг үйлчлэл юм. Эцсийн өдрүүдийн энэ үе шатанд Түүний ажил бол хүмүүсийг аврал хүртэхэд нь шаардлагатай бүх үнэнээр хангах явдал юм. Тэрээр гүйцэтгэдэг үйлчлэлдээ дүрэм журамд нийцүүлэн биеэ авч явах, үүргээ ухамсарлан аливааг хийх итгэл үнэмшил, зарчмыг чандлан дагаж мөрддөг. Үүнээс гадна, хүний амьдралдаа болон хүн чанарынхаа илрэлийн тухайд ч Тэрээр эдгээр зарчим, итгэл үнэмшлээс мөн гажаагүй. Үүргээ гүйцэтгэхэд чинь та нарыг залж чиглүүлэх, эсвэл амьдралын наад захын хэрэгцээтэй холбоотой янз бүрийн хэрэг явдлыг зохицуулахад та нарт туслахын аль нь ч бай, Би дүрэм журамд нийцүүлэн биеэ авч явах, үүргээ ухамсарлан аливааг хийх зарчимд үндэслэн үйлддэг. Би хэзээ ч уриа лоозон хашхирч, сүржин үг хэлдэггүй, хэзээ ч сохроор тушаал өгдөггүй; Би зүгээр л аливааг бодитоор хийдэг. Би үүнийг хэр хэмжээнд хийдэг вэ? Жишээ нь, ферм дээр тариалалтыг чиглүүлэх үедээ Би тэднээр мэддэг бүх хүнсний ногооны сорт, тэдгээр хүнсний ногооны нэр, ямар харагддаг, ургах хугацаа нь хэр удаан, аль сорт нь хамгийн сайн бөгөөд орон нутагт тарихад хамгийн тохиромжтой болохыг жагсааж бичүүлсэн. Өөрийн мэддэг зүйлдээ үндэслэн Би хүнсний ногоо бүрээс нэг юм уу хоёр сортыг сонгож, хэн тариалалтыг хариуцахыг шийдэж, эцэст нь хүн бүрийг улирал бүр шинэ ногоо идэх боломжтой болгосон. Би хэзээ ч уриа лоозон хашхирч, “Энэ хүнсний ногоо маш тэжээллэг. Хүмүүс үүнийг идсэнээр маш их ашиг тус хүртдэг. Ингэж, тэгж тарих нь шинжлэх ухаанч арга юм” гэж хэлдэггүй. Би хэзээ ч шим тэжээл судалж байгаагүй, газар тариаланг ч ойлгодоггүй. Би юу мэддэг вэ? Би тодорхой байршилд тарихад тохиромжтой хүнсний ногооны сортыг хэрхэн сонгохыг мэддэг, ингэснээр хүнсний ногоо ургасныхаа дараа сайхан амтагдаж, хүн бүр дуртайяа идэж, дэмий тарьсан хэрэг болохгүй—Миний арга барил яг л ийм бодит юм. Энэ бүхэн бол дүрэм журамд нийцүүлэн биеэ авч явах, үүргээ ухамсарлан аливааг хийх явдал юм. Эдгээр нь Миний дагаж мөрддөг зарчим, итгэл үнэмшил; энэ олон жилийн турш Би биеэ ингэж л авч явж ирсэн. Би хэзээ ч уриа лоозон хашхирдаггүй, Надад та нарын талархал хэрэггүй. Та нарын хоол хүнс, байр сууц тохиромжтой байж, бүх зүйл бүрэн нурчихгүй л байвал Миний сэтгэл амардаг. Үймээн дэгдээж, асуудал тарьдаг хүн байхгүй, хаа сайгүй нэлээд цэвэрхэн харагдаж, үр тариа, хүнсний ногоог зүй зохистой тарьж, гахай, хонь болон бусад малыг зүй зохистой өсгөж үржүүлэн, бусад бүх тал нэлээд сайн байж, үүргээ гүйцэтгэж буй ихэнх хүний наад захын хэрэгцээ нь асуудал байхаа болих үед Би санаа зовохоо больж чадна. Энэ тал дээр Миний шаардлага хатуу чанга биш. Та нар хар даа, ямар нэгэн ажил, эсвэл та нарын наад захын хэрэгцээтэй холбоотой асуудал дээр та нарыг залж чиглүүлэх үедээ Би ер нь уриа лоозон хашхирч байсан уу? Би хэзээ ч уриа лоозон хашхирч байгаагүй. Би та нарт зориулж бүх зүйлийг цэгцэлснийхээ дараа ажлыг хэрэгжүүлэхэд тохиромжтой хүмүүсийг олдог. Хэрвээ олдсон хүмүүс нь тохиромжгүй бөгөөд ажлыг хэрэгжүүлэх боломжгүй бол тэднийг сольдог. Эцэст нь ажил хэрэгжиж, ихэнх зүйл зохих ёсоор шийдвэрлэгдэж, үүргээ гүйцэтгэж буй ажилтнуудын наад захын хэрэгцээг зүй зохистой зохицуулсан үед л Би хүний ажлаа зогсоож чаддаг бөгөөд энэ тал дээр цаашид зүдрэх шаардлагагүй болдог. Зарим хүн Надаас ялихгүй хэрэг явдлын талаар үргэлж асуусаар байдаг. Нэг нь: “Дөнгөж төрсөн хурга эхийгээ хөхөж чадахгүй байвал бид яах ёстой вэ?” гэж асуудаг. Өөр нэг нь: “Бидний оёсон хувцас үргэлж агшаад байвал бид яах ёстой вэ?” гэж асуудаг. Та нар эдгээр зүйлийг хэрхэн шийдвэрлэхээ өөрсдөө олж мэдэх ёстой; энэ бол та нарын хэрэг, Надад ямар ч хамаагүй. Үнэнийг нөхөрлөх үедээ ч гэсэн Би ганцхан удаа л хэлдэг. Номлол, нөхөрлөлийн дууны бичлэг байдаг. Хэрвээ та нар ойлгохгүй бол дахин хэд хэдэн удаа сонсож, цаг гарган тунгаан бодож, эрж хайж, нөхөрлөж болно. Хэрвээ үүнд үндэслээд та нар цөөн хэдэн асуудал дээр бага зэрэг будилж, хэрхэн зохицуулахаа мэдэхгүй хэвээр байвал бид уулзах үедээ тэдгээрийн талаар нөхөрлөж болно. Гэхдээ хүмүүсийн хийж чадах зүйлийн тухайд, та нар өөрсдөө иймэрхүү зүйлийг зохицуулбал хамгийн сайн. Бурхан тэнгэр, газар, бүх зүйл—нар, сар, одод, ус, агаар, нарны гэрэл, хоол хүнс, түүнчлэн хүмүүст хэрэгтэй янз бүрийн орчин, амьд зүйлсийг хүмүүст зориулан бүтээсэн бөгөөд үүний дараа хүмүүсийг газар дээр байрлуулсан. Бурхан хүмүүст зориулан бүх зүйлийн өсөлт, үйл ажиллагааны хуулийг хадгалж, хүмүүсийн амьдрах орчныг хадгалдаг—харин үнэндээ хэрхэн амьдрах нь хүмүүсээс хамаардаг. Аль улиралд ямар зүйл тарих, хэзээ хураах, хурааж авсныхаа дараа хэрхэн хадгалах, хоол хүнс хийхдээ ямар арга хэрэглэх, юуг илүү их идэх, юуг бага идэх, аль улиралд юу идэх, өдөр бүр хэр ихийг идэх тухайд—энэ бол та нарын өөрсдийн хэрэг. Одоо үнэнийг маш тодорхой нөхөрлөж, амьдралтай холбоотой хэрэг явдлуудыг бүгдийг нь та нарт зориулан зохих ёсоор цэгцэлсэн байхад хэрвээ та нар Надаас энийг, тэрийг хийхэд туслаач гэж гуйсаар, энэний, тэрний талаар нөхөрлөхийг Надаас хүссээр байвал та нар маш эрүүл ухаангүй юм. Миний хэдийнээ нөхөрлөсөн зүйлсийн тухайд, эдгээр зүйлийг өөрсдөө зохицуулж, шийдвэрлэ гэж Би та нарт хэлдэг. Чуулганд бүх түвшний удирдагчид байдаг, түүнчлэн та нарыг удирдах Ариун Сүнсэнд ашиглагддаг хүн байдаг. Та нар өөрсдөө эрж хайж, аливааг шийдвэрлэх ёстой; бүх зүйл дээр Над руу бүү ир. Шалтгаан нь гэвэл, Би хэлэх ёстой бүхнээ хэдийнээ хэлсэн, Би бүр та нарын наад захын хэрэгцээг та нарт зориулан зохицуулсан бөгөөд тэдгээр ялихгүй хэрэг явдлын тухайд гэвэл, тэдгээр нь Миний шийдвэрлэх ёстой зүйл биш, харин та нарын өөрсдийн хэрэг, та нар өөрсдөө тэдгээрийг зохицуулах ёстой.

Бие махбодтой болсон Бурхан хэчнээн их үг хэлж, эсвэл хэчнээн их зүйл хийсэн ч бие махбодтой болсон Бурханы хэвийн, бодит байдал болон даруу, нуугдмал байдалтай холбоотой хамгийн чухал зүйл бол энэ гэдгийг хүмүүс мэдэх ёстой: Бие махбодтой болсон Бурхан хүмүүсийн дунд амьдарч байна уу, эсвэл үйлчлэлээ гүйцэтгэж байна уу хамаагүй, Түүний махан биеэрээ амьдран харуулдаг хүн чанарынх нь хамгийн үндсэн итгэл үнэмшил, зарчим бол дүрэм журамд нийцүүлэн биеэ авч явах, үүргээ ухамсарлан аливааг хийх явдал юм. Энэ нь Бурханы махбод болсон биед тусгалаа олдог бөгөөд Бурханы ялгамж чанар, мөн чанартай Бурханд, төрөлх ялгамж чанараараа байгаа Бурханд ч бас аяндаа тусгагддаг. Мэдээж, Бурханы тохиолдолд үүнийг “дүрэм журамд нийцүүлэн биеэ авч явах” гэж нэрлэдэггүй боловч ядаж л Бурханы аливааг хийдэг арга зам, хүмүүст болон аливаа зүйлд ханддаг арга зам нь гарцаагүй эдгээр зарчмыг чандлан дагаж мөрддөг. Энэ нь бие махбодтой болсон Бурханы хүн чанарт юу байгаа болон тэр нь юу болохын аль аль нь бөгөөд төрөлх ялгамж чанараараа байгаа Бурханы бурханлаг чанарт юу байгаа болон тэр нь юу болохын аль аль нь юм. Түүний хүн чанарт юу байгаа болон тэр нь юу болох нь дүрэм журамд нийцүүлэн биеэ авч явах, үүргээ ухамсарлан аливааг хийхийг хамардаг бол Бурханы төрөлх ялгамж чанарын мөн чанар нь Бурхан хүмүүст дүрэм журамд нийцүүлэн хандаж, үүргээ ухамсарлан аливааг хийхийг хамардаг. Бид энэ талаар цаашид олон зүйл ярихгүй. Чи ямар ч өнцгөөс харсан бай—Бурханы бүтээсэн бүх зүйл, Бурхан хүн төрөлхтнийг захирч, залж чиглүүлдэг байдал, том хэргээс жижиг хэрэг хүртэл, макро түвшнээс микро түвшин хүртэл Бурхан бүх зүйлийг дүрэм журамд нийцүүлэн, үүргээ ухамсарлан хийдэг. Бурхан бие махбодтой болоогүй байхдаа бүх зүйлийн дунд нуугдмал байсан. Хэдийгээр хүн төрөлхтөн Бурханы дүр төрх юм уу Бурханы жинхэнэ нүүр царайг хараагүй ч Бурхан үргэлж бүх хүн төрөлхтнийг залж чиглүүлсээр ирсэн. Тэр бас бодитоор орчлон ертөнц дэх бүх зүйлийг хийж, бүх зүйлийг удирдаж, бүх зүйлийг захирсаар ирсэн; Түүний хийдэг юу ч хий хоосон байдаггүй. Мэдээж, Бурханы гараар хийгдсэн ганц ч зүйл онол юм уу уриа лоозонгийн түвшинд үлддэггүй. Харин оронд нь Бурханы хийдэг бүх зүйл—чи үүнийг мэдэрч чадах эсэх, үүнийг харж чадах эсэхээс үл хамааран—Тэр үүнийг дүрэм журамд нийцүүлэн, үүргээ ухамсарлан хийдэг. Тэр хийхээр зорьсон ажлаа ул суурьтай байдлаар хийдэг. Тэр хэзээ ч хүмүүст тунхаг гаргадаггүй, эсвэл Өөрийгөө зөвтгөдөггүй, ямар ч уриа лоозон хашхирдаггүй. Харин ч Тэр үргэлж айлдвар айлдаж, үг хэлж, бүх хүн төрөлхтнийг бодитоор залж чиглүүлж, хангасаар ирсэн. Энэ нь бас Бурханд юу байгаа болон Тэр юу болох юм. Бие махбодтой болсон Бурханд юу байгаа болон Тэр юу болох нь Бурханд Өөрт нь юу байгаа болон Тэр юу болохоос гарцаагүй салахгүй, эсвэл хоорондоо зөрчилдөхгүй. Тиймээс, хүмүүс бие махбодтой болсон Бурханд юу байгаа болон Тэр юу болохыг мэдсэнийхээ дараа, эсвэл бие махбодтой болсон Бурханы дагаж мөрддөг биеэ авч явах итгэл үнэмшил, зарчмыг мэдсэнийхээ дараа, төрөлх ялгамж чанараараа байгаа Бурханы мөн чанар, Түүнд юу байгаа болон Тэр юу болохыг ихээхэн мэдэж авна. Үүний үр дүнд, тэнгэр дэх Бурханы талаарх хүмүүсийн үзэл, төсөөлөл тодорхой хэмжээгээр багасаж, Бурханы талаарх тэдний мэдлэг, ойлголт, эсвэл үзэл бодол илүү бодит болно. Харьцуулж хэлбэл, тэд бас Түүний хүн чанарт юу байгаа болон Тэр юу болохыг яллахын оронд, эсвэл Түүний хүн чанарт юу байгаа болон тэр нь юу болохыг үл тоомсорлож, басамжлахын оронд бие махбодтой болсон Бурханд илүү үнэн зөв, объектив, ухаалгаар хандаж чадна. Харин ч нэг талаар, тэд үүнд зөв хандаж чадна, нөгөө талаар, Түүний хүн чанарт юу байгаа болон тэр нь юу болохоор дамжуулан Түүний бурханлаг чанарт юу байгаа болон тэр нь юу болохыг бүр ч илүү сайн харж, улмаар тэнгэр дэх Бурхан болон газар дээрх Бурханы аль алийг нь илүү үнэн зөв мэдэж чадна.

За, энэ сэдвийн талаарх нөхөрлөлөө өнөөдөр ингээд өндөрлөе. Баяртай!

2024 оны 8 дугаар сарын 10

Өмнөх: Үнэнийг хэрхэн эрэлхийлэх вэ (18)

Дараах: Үнэнийг хэрхэн эрэлхийлэх вэ (25)

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Messenger дээр бидэнтэй холбоо барих