Үнэнийг хэрхэн эрэлхийлэх вэ (18)
Гарал үүсэлд нь үндэслэсэн хүмүүсийн гурван ангилал
Хүнээс хойд дүрээ олсон хүмүүсийн онцлог шинж
II. Зөв бурууг ялгаж, юу нь зөв, юу нь буруу болохыг мэдэх нь
Бидний сүүлийн үеийн нөхөрлөлийн агуулга нэлээд онцгой байлаа. Энэ нь хүмүүсийн гарал үүсэл, тэдний мөн чанар болон шинж чанарыг хөндсөн. Бид өөр өөр шинж чанартай гурван төрлийн хүн буюу амьтнаас хойд дүрээ олсон, диаволаас хойд дүрээ олсон болон хүнээс хойд дүрээ олсон хүмүүсийн илрэлийн талаар нөхөрлөсөн. Энэ нь ихэнх хүний сэтгэл санаанд тодорхой хэмжээгээр нөлөөлсөн. Энэ талын нөхөрлөлийг сонссоны дараа та нарын ихэнхэд ямар санагдсан бэ? Та нарын дунд энэ агуулгыг сонсох дургүй, “Эдгээр хэрэг явдал үнэнтэй холбоогүй юм шиг байна. Эдгээр зүйлийг мэдлээ гээд хэрэг байна уу?” гэж хэлэх хүн байгаа юу? Шинэ итгэгчид эдгээр үгийг сонсох үедээ үзэлтэй болох магадлалтай юу? Тэд сөрөг, сул дорой болох магадлалтай юу? Эдгээр үгийг сонссоны дараа хүмүүст ямар санагдах нь хамаагүй—тэд үзэлтэй болох, эсвэл сөрөг, сул дорой болох эсэх нь хамаагүй—ямартай ч эдгээр үгийг нөхөрлөх нь хүмүүст ашиг тустай юм. Энэ нь ядаж л тодорхой хэмжээний мэдлэг боловсрол, ялган таних чадвартай болох, биеэ авч явах зөв бодол, үзэл санааг ойлгох, биеэ авч явах үндсэн зарчмыг ойлгох боломжийг хүмүүст олгодог. Хэрхэн биеэ авч явах, хэрхэн амьдрах тухайд энэ нь хүмүүст маш их ашиг тустай байдаг. Ялангуяа яаж бусдад зарчмын дагуу хандахаа мэдэхэд энэ нь хүмүүст тусалдаг. Ийм маягаар тэд олон тэнэг зүйл хийхээ бууруулж, тойруу замаар явахаа багасгаж чадна. Бидний сүүлийн үеийн нөхөрлөлийн агуулга хүмүүсийн гарал үүсэл болон дотоод мөн чанарыг хөндсөн бөгөөд бид жинхэнэ хүмүүсээс хойд дүрээ олсон хүмүүст байдаг илрэлүүдийн талаар ярьснаар үүнийг өндөрлөсөн. Жинхэнэ хүмүүсээс хойд дүрээ олсон хүмүүс үндсэндээ хоёр онцлог шинжтэй байдаг. Тэдгээр нь юу вэ? (Зөв бурууг ялгаж, юу нь зөв, юу нь буруу болохыг мэдэх.) Эдгээр нь хүний хүн чанарт байх ёстой үндсэн хоёр илрэл, онцлог шинж юм. Ерөнхийдөө эдгээр нь бидний байнга хэлдэг мөс чанар, эрүүл ухаан юм. Гэвч хэн нэгэн хүн мөс чанар, эрүүл ухаантай эсэх, хүнд энэ хоёрын аль нэг нь үнэхээр байгаа эсэх, хүний мөс чанар, эрүүл ухаан хэвийн эсэх, эсвэл тэдгээр нь хэвийн хүн чанарт байдаг мөс чанар, эрүүл ухаан мөн эсэхийг хэрхэн ялган танихыг хүмүүс ихэнхдээ мэддэггүй. Хүмүүс хэвийн хүн чанарын талаарх эдгээр баримтыг ойлгохгүй байх үед мөс чанар, эрүүл ухааны талаарх тэдний үзэл бодол, ойлголт маш ерөнхий байдаг тул бид хүний мөс чанар, эрүүл ухаан гэж юу болохыг тайлбарлах, мөн тухайн хүн хүн чанартай эсэхийг батлахын тулд тодорхой илрэлүүдийн хоёр талыг ашигласан. Эхнийх нь зөв бурууг ялгах, хоёр дахь нь юу нь зөв, юу нь буруу болохыг мэдэх явдал юм. Бид энэ хоёр талын тухай хэдийнээ хоёр удаа нөхөрлөсөн. Зөв бурууг ялгаж, юу нь зөв, юу нь буруу болохыг мэдэх нь хүнд байдаг хүн чанарын шинж чанар, хүн чанарын амьдран харуулдаг талууд, хүн чанарын тодорхой илчлэл, илрэлүүд юм. Зөв бурууг ялгаж, юу нь зөв, юу нь буруу болохыг мэдэх энэ хоёр талын тухайд Би үүнтэй уялдуулан зарим нэг бодитой жишээ татаж, энэ хоёр тал дахь хүмүүсийн зарим тодорхой илрэлийн талаар ярьсан бөгөөд эдгээр нь хүн чанартайн илрэл мөн эсэх, эдгээрийг эзэмшсэн хүмүүс зөв бурууг ялгаж, юу нь зөв, юу нь буруу болохыг мэддэг хүмүүс мөн эсэхийг та нараар ялган таниулсан. Зөв бурууг ялгахын тухайд бид хүмүүс эерэг болон сөрөг зүйлд хэрхэн ханддагийг задлан шинжлэхийн тулд зарим тохиолдлын талаар нөхөрлөсөн бөгөөд сөрөг зүйлс болон хүнлэг бус илрэлийг хэрхэн ялган таних талаар бас нөхөрлөсөн. Хэдийгээр Би юу нь эерэг зүйл, юу нь сөрөг зүйл болохыг хэлж өгөхийн тулд илүү тодорхой жишээ татаагүй ч өдөр тутмын амьдрал дахь эерэг зүйлд хандах хүмүүсийн зарим илрэлийг задлан шинжилж, ил болгосноор хүн эерэг зүйлд хэрхэн хандах ёстойг, мөн тэдгээрт ямар хандлагаар хандах ёстойг харуулсан. Түүнчлэн Би сөрөг зүйлсэд хандах хүмүүсийн хандлага, илрэлийг ил болгохын тулд зарим жишээг татсан, ингэснээр та нар эдгээр сөрөг дүрийн хандлага, илрэлийн шинж чанар юу болохыг ялган таньж, тэдний хүн чанар жинхэнэ хүн чанар мөн эсэх, тэдний хүн чанарын мөн чанар юу болохыг ялган таньж сурна. Сүүлийн хоёр нөхөрлөлөөрөө бид эерэг ба сөрөг зүйл гэж юу болохыг тусгайлан тайлбарлаагүй боловч ил болгосон баримтуудаас дүгнэвэл та нар одоо эерэг болон сөрөг зүйлсийг тодорхойлж чаддаг байх ёстой биш үү? Нөхөрлөл сонссоныхоо дараа та нар эерэг болон сөрөг зүйлс яг юу болохыг олж мэдэхээр оролдсон уу? Хэрвээ нөхөрлөлийн энэхүү тодорхой агуулгыг сонссоныхоо дараа чи зүрх сэтгэлдээ тодорхойлолттой болж, юу нь эерэг зүйл, юу нь сөрөг зүйл болохыг мэдэж, энэ талаарх үнэнийг ойлгосон бол эерэг болон сөрөг зүйлийг хэрхэн ялган таньж, тэдгээрт хэрхэн хандахаа мэдэх болно, тийм биз дээ? (Тийм.)
В. Эерэг ба сөрөг зүйлийг хэрхэн ялган таних вэ
Эерэг зүйлсийн тодорхойлолт
Эерэг зүйл гэж юу вэ? Энэ нь ойлгох ёстой асуудал биш гэж үү? Магадгүй та нар Бурханы зөвт зан чанар, Бурханы хайр татам байдал, Бурханы ажил, хүнийг гэх Бурханы санаа зорилго, хүнд тавьдаг Бурханы шаардлага, түүнчлэн Бурханы хүн төрөлхтөнд илэрхийлсэн бүх үнэн, үнэнд агуулагддаг нарийн ширийн, тодорхой үнэн-зарчим гэх мэт эерэг зүйлсийн зарим жишээг хэлж чадах байх—эдгээр нь бүгд эерэг зүйл юм. Та нар эерэг зүйлсийн зарим тодорхой жишээг хэлж чадна, тэгвэл сөрөг зүйлсийн зарим тодорхой жишээг хэлж өгч чадах уу? Уламжлалт соёл сөрөг зүйл мөн үү? (Мөн.) Ёрын муу чиг хандлага сөрөг зүйл мөн үү? (Мөн.) Албан тушаалын араас хөөцөлдөх нь сөрөг зүйл мөн үү? (Мөн.) Асар их эд баялаг эрэлхийлэх нь сөрөг зүйл мөн үү? (Мөн.) Эдгээр нь бүгд сөрөг зүйл юм. Өөр юу байна? (Миний санаанд өөр зүйл орохгүй байна.) Та нар зүрх сэтгэлдээ эдгээр зүйлийг хэзээ ч тунгаан боддоггүй; та нар үргэлж гөлөрдөг. Гэсэн атлаа Бурханд итгэж, үүргээ олон жил гүйцэтгэж, Бурханы олон үгийг идэж, уусны дараа асар олон үнэнийг ойлгож авсан мэт та нарт үргэлж санагддаг. Тэгвэл тодорхой хэрэг явдлын тухайд чи яагаад ямар ч үзэл бодолгүй байдаг юм бэ? Чиний ойлгосон бүхэн хаашаа явчихсан юм бэ? Хэрвээ чамаас ойлгодог үнэнээ ашиглан асуудлын мөн чанарыг задлан шинжилж, мөн чанарыг нь тодорхой тайлбарлаж, улмаар үүнтэй холбоотой үнэн болон Бурханы санаа зорилгыг ойлгоход нь хүмүүст тусал, тэгснээр хүмүүс сөрөг зүйлсийг ялган таниад зогсохгүй, эерэг зүйлс болон үүнд хамаарах үнэн-зарчим юу болохыг мэддэг болно гэвэл чи юу хэлэхээ мэддэггүй, юу ч бодож олдоггүй. Энэ нь үнэнийг ойлгодоггүйн илрэл биш үү? (Тийм.) Тэгвэл чиний ихэвчлэн ярьдаг тэр бүх ойлголт юу вэ? (Бичиг үсэг, хоосон сургаал.) Тэдгээр нь бүгд бичиг үсэг, хоосон сургаал юм. Зарим хүн сүнслэг үйл ажиллагааны тэмдэглэл бичих үедээ бодол санаа нь булаг шиг ундарч байгааг мэдэрдэг ба тэнгэрлэгээр хөтлүүлсэн мэт бичдэг; тэд маш эмх цэгцтэй бичиж, сэтгэл нь хөдөлсөндөө бүр нүдэнд нь нулимс цэлэлзэж, хацрыг нь даган урсдаг. Гэвч бичсэн зүйлээ бодит амьдрал дээр хэрэгжүүлж, янз бүрийн хүнийг ялган таньж, янз бүрийн зүйлийг нэвт харж, янз бүрийн асуудлыг шийдвэрлэ гэж хүсэх үед тэд тэгж чаддаггүй. Тэд олон хоосон сургаал ойлгодог боловч үнэнийг л ойлгодоггүй. Үүний үр дүнд тэд өөрсдөд нь тулгарсан ямар ч хэрэг явдлыг нэвт харж чаддаггүй, өөрсдийнхөө олж мэдсэн ямар ч асуудлыг шийдвэрлэж чаддаггүй. Тэд тийм олон хоосон сургаал ойлгохын хэрэг юу байна? Үнэнийг ойлгодоггүй хүмүүс үнэхээр өрөвдөлтэй! Биеэ тоосон, өөрийгөө зөвтгөдөг тэр хүмүүс олон хоосон сургаал ойлгодог атлаа ямар ч бодитой асуудлыг шийдвэрлэж чаддаггүй. Энэ үнэхээр өрөвдөлтэй. Гол сэдэвтээ буцан орж, эерэг зүйл гэж юу болох тухай нөхөрлөлөө үргэлжлүүлцгээе. Үнэний энэ талыг тодорхой болгох ёстой. Хэрвээ бид ерөнхийд нь ярьж, “Бурханаас ирдэг бүхэн эерэг зүйл юм” гэж хэлбэл энэ үг зөв үү? (Зөв.) “Бурханаас ирдэг бүхэн эерэг зүйл юм” гэдэг нь үнэн боловч хэрвээ чи энэ мэдэгдэл онцгойлон юуг хэлж байгааг, эсвэл үүнд агуулагддаг үнэн юуг хэлж байгааг ойлгодоггүй бол чиний ойлгодог зүйл хоосон сургаал юм. Хэрвээ чи олон хэрэг явдал дээр энэ мэдэгдлийг ухаарч, жинхэнээсээ ойлгож, мөн үзэл бодлоо батлахын тулд зарим нарийн ширийн зүйлийг хэлж чаддаг бол чиний үзэл бодол Бурханы үгэнд үндэслэсэн бөгөөд энэ нь зарим үнэнийг ойлгодог гэдгийг чинь нотолно. Олон хүн “Бурханаас ирдэг бүхэн эерэг зүйл юм” гэж хэлдэг. Онолын хувьд энэ мэдэгдэл зөв, энэ нь бас үнэний нэг тал юм. Тэгвэл тодорхой хэлбэл, эерэг зүйл гэж юу вэ? “Бурханаас ирдэг бүхэн эерэг зүйл юм” гэдэгт тодорхой тайлбар байх ёстой. Тэгвэл ямар зүйлс эерэг зүйл вэ? Бурханаас ирдэг бүхэн эерэг зүйл юм: Бурханы бүтээсэн, Бурханы тогтоосон, эсвэл Бурханы дээд эрхийн дор байдаг бүх зүйл эерэг зүйл юм. Энэ тайлбар зөв үү? Энэ нь үүнийг тодорхой болгож байна уу? (Тийм.) Ингэснээр “Бурханаас ирдэг бүхэн эерэг зүйл юм” гэх мэдэгдэл нь зөвхөн онолын түвшинд үлдэхгүй, харин үнэн-зарчим болно. Ингэж хэлбэл ойлгомжтой байна уу? (Тийм.) Тэгвэл эерэг зүйлийг тодорхойлсон энэ өгүүлбэрийг унш. (Бурханы бүтээсэн, Бурханы тогтоосон, эсвэл Бурханы дээд эрхийн дор байдаг бүх зүйл эерэг зүйл юм.) Энэ өгүүлбэрийг уншаад та нарт ямар санагдаж байна вэ? Эерэг зүйлсийн тодорхойлолт, эсвэл цар хүрээ та нарын зүрх сэтгэлд тодорхой болж эхэлсэн үү? (Тийм.) Тэгвэл дахиад унш. (Бурханы бүтээсэн, Бурханы тогтоосон, эсвэл Бурханы дээд эрхийн дор байдаг бүх зүйл эерэг зүйл юм.) Та нар үнэний үгийг уншихдаа удаан уншиж, анхааралтай амталж сурах ёстой. Та нар хэмнэлтэйгээр уншиж, ойлгож болох хурдаар нухацтай, хүндэтгэлтэйгээр уншиж сурах ёстой, ингэснээр үүнийг сонссоны дараа хүн бүрийн зүрх сэтгэлд үг, өгүүлбэр бүр нь сийлэгдэж, гүн сэтгэгдэл үлдээх бөгөөд тэр цагаас хойш энэ мэдэгдэл нь хүмүүс зүрх сэтгэлдээ тодорхой төрлийн зүйлийг хэмжих Бурханы үгийн үндэс, шалгуур болно. Тэр нь хэчнээн сайхан байх билээ. Дахиад унш даа. (Бурханы бүтээсэн, Бурханы тогтоосон, эсвэл Бурханы дээд эрхийн дор байдаг бүх зүйл эерэг зүйл юм.) Арай л хурдан байлаа. Надад хэл дээ, Бурханы үгийг уншихдаа та нар нухацтай, бас үнэн сүсэгтэй байх ёстой биш үү? (Тийм.) Хэрвээ та нар Бурханы үгийг шүтлэггүй хүн нийтлэл уншиж байгаа мэт хөнгөн хуумгай, хурдан уншвал сонсогчдод ямар санагдах вэ? (Тэдэнд ямар ч сүсэг бишрэл төрөхгүй.) Тэгвэл Бурханы үгийг сүсэг бишрэлтэйгээр уншихын тулд яаж унших ёстой вэ? Хурд нь ямар байх ёстой вэ? (Бид нухацтай, чин сэтгэлээсээ, үг бүрээр нь, чанга дуугаар, хүчтэй байдлаар унших ёстой.) Зөв. Тэгвэл дахиад уншиж, чанга дуугаар, хүчтэй уншихыг хичээ. (Бурханы бүтээсэн, Бурханы тогтоосон, эсвэл Бурханы дээд эрхийн дор байдаг бүх зүйл эерэг зүйл юм.) Одоо энэ өгүүлбэрийг хэд хэдэн удаа уншсан болохоор та нар цээжилсэн байж таарна, тийм үү? (Тийм.) Энэ өгүүлбэр гурван зүйлийг онцолдог. Эхнийх нь юу вэ? (Бурханы бүтээсэн зүйл.) Хоёр дахь нь юу вэ? (Бурханы тогтоосон зүйл.) Тэгвэл гурав дахь нь юу вэ? (Бурханы дээд эрхийн дор байдаг зүйл.) Энэ бүх зүйл юу вэ? (Бүгд эерэг зүйл.) Та нар цээжилсэн, тийм үү? (Тийм.) Үнэнийг цээжилж, зүрх сэтгэлдээ сийлэх нь бүх үнэн-зарчмыг ойлгох, бүх төрлийн хүмүүс, үйл явдал, зүйлийг ялган таних, тэдгээрийн талаар зөв байр суурь, үзэл бодолтой байх, зөв замыг сонгож, Бурханы сэтгэлийг хангахын тулд үнэн-зарчмын дагуу хэрэгжүүлж чаддаг байхад асар их ашиг тустай.
Бурханы бүтээсэн бүх зүйл эерэг зүйл юм
Бид сая эерэг зүйл гэж юу болох талаар ярилцлаа. Бурханы бүтээсэн, Бурханы тогтоосон, эсвэл Бурханы дээд эрхийн дор байдаг зүйлсийн цар хүрээнд багтдаг бүх зүйл, үйл явдал нь эерэг зүйл юм. Тэр тохиолдолд, эерэг зүйл асар олон бий. Нэгдүгээрт, Бурханы бүтээсэн бүх төрлийн амьд болон амьгүй зүйл нь эерэг зүйл юм. Амьд зүйл гэдэг нь үйлдэл хийх чадвартай, амьсгалж чаддаг, амьдрах эрч хүчтэй амьд биетүүд юм. Тэдний амьдралын бүтэц, эсвэл амьдралын хууль, дүрэм журам ямар байх нь хамаагүй, Бурханаар бүтээгдсэн л бол, Бурханаас ирсэн л бол тэдгээр нь эерэг зүйл юм. Чи тэдгээрт дургүй байсан ч, тэдгээр нь чиний үзэлтэй нийцэхгүй байсан ч, мөн хүмүүст ямар ч ашиг тусгүй, тэр ч байтугай хор хөнөөл учруулж чаддаг байлаа ч гэсэн Бурханаар бүтээгдэж, Түүгээр тогтоогдсон л бол тэдгээр нь эерэг зүйл юм. Гэвч зарим хүн энэ талаар үзэлтэй байдаг. Тэд муу амьтад болон хүнд хор хөнөөл учруулж чадах амьтад—үнэг, чоно эсвэл хүн иддэг араатан зэрэг нь эерэг зүйл биш, харин сөрөг зүйл гэж үздэг. Энэ үзэл бодол нь Бурханы хүсэлтэй зөрчилддөг бөгөөд бүрмөсөн, тэр чигтээ буруу юм. Үнэндээ Бурханаар бүтээгдсэн юу ч бай Бурхан яллахгүй л бол эерэг зүйл юм. Хүмүүс үүнийг гадуурхах ёсгүй, жигшмээр санагдлаа гээд үүнийг яллаж, алах юм уу өөр ямар нэгэн хэрцгий арга хэрэглэх ч ёсгүй. Хүмүүс үүнийг зөнгөөр нь орхих ёстой. Чи үүнийг хамгаалахгүй байлаа ч гэсэн амьд үлдэх орон зайг нь үлдээх ёстой бөгөөд үүнд хор хөнөөл учруулах ёсгүй, учир нь энэ нь Бурханаас ирдэг. Энэ нь Бурханы бүтээсэн янз бүрийн бүх бүтээгдсэн зүйлд хандах хүмүүсийн хандлага байх ёстой. Бурханы бүтээсэн зүйл мөн л бол чамд таалагддаг эсэхээс үл хамааран, үзэсгэлэнтэй эсвэл муухай эсэх, чамд ээлтэй эсвэл аюул заналхийлдэг эсэх, энгийн нүдэнд үл үзэгддэг эсвэл чи харж чаддаг эсэх, чиний амьдралд нөлөөлдөг эсэх, эсвэл хүн төрөлхтний оршин тогтнолтой холбоотой эсэхээс нь үл хамааран, чи үүнийг болон ийм бүх зүйлийг ижил тэгш үзэж, тэдгээрт зарчмын дагуу хандаж, хүндэтгэх ёстой; тэдэнд амьд үлдэх орон зай өгч, амьд үлдэх арга зам болон амьд үлдэх хуулийг нь хүндэтгэж, мөн бүх үйл ажиллагааг нь хүндэтгэх ёстой. Чи тэдгээрт хор хөнөөл учруулах ёсгүй. Хамгийн наад зах нь чи эдгээр бүтээгдсэн зүйлтэй зэрэгцэн оршиж чаддаг байх ёстой бөгөөд бие биедээ саад болох ёсгүй. Энэ бол хүмүүсийн ойлгож, ухамсарлах ёстой зүйл, үүнээс ч илүүтэйгээр энэ нь мэдээж төрөл бүрийн бүтээгдсэн зүйлд хандахдаа баримтлах ёстой зарчим юм; хүн тэдэнд хүний хүслээс үүдэлтэй үзлээр, эсвэл бүр адгуу байдлаар хандаж яавч болохгүй. Үүгээр Бурханы бүтээсэн бүх зүйлтэй холбоотой хэрэг явдлын талаарх бидний нөхөрлөл өндөрлөж байна.
Бурханы тогтоосон бүх зүйл эерэг зүйл юм
Эерэг зүйлсийн тодорхойлолттой холбоотой өөр нэг тал нь Бурханы тогтоосон зүйлтэй холбоотой бөгөөд Бурханы тогтоосон зүйлийн цар хүрээ нэлээд өргөн байдаг. Өргөн утгаар нь авч үзвэл, жишээ нь төрөл бүрийн амьд зүйлийн наслалт, гадаад төрх, төрөлх уг чанар, ген, түүнчлэн амьд үлдэх арга зам, үйл ажиллагааны хэв маяг, хоол хүнсээ олж авах, үржих арга барил болон нүүдлийн чиглэл, үйл ажиллагааны цар хүрээг хамарсан дөрвөн улиралд дасан зохицох амьдралын хэв маяг; үүнээс гадна, дөрвөн улирал, уулс, гол, нууруудын байршил болон Бурханы тогтоосон газар дэлхий дээрх төрөл бүрийн амьд эсвэл амьгүй зүйлийн оршин тогтнолын хэлбэр гэх мэт—энэ цар хүрээнд багтах эдгээр зүйлийг хүмүүс бас хүндэтгэж, тэдэнд амьд үлдэх орон зай өгөх ёстой, хүний хүсэл юм уу хиймэл арга ашиглан тэдгээрийг устгах, тэдгээрт хөндлөнгөөс оролцох, эсвэл хор хөнөөл учруулах ёсгүй. Жишээлбэл, барс өвсөн тэжээлтнүүдийг идэхээр төрдөг; тахь, гөрөөс, хандгай болон зарим жижиг амьтан бол барын идэш юм. Энэ бол амьтны хоол хүнсээ олж авах арга зам, хоол хүнсээ олж авах цар хүрээ; энэ бол түүний амьд үлдэх хууль юм. Тэгвэл амьд үлдэх энэ хууль юуг хамардаг вэ? Энэ нь Бурханы тогтоолыг хамардаг. Нэгэнт үүнийг Бурхан тогтоосон учраас хүмүүс үүнийг үзлийн өнцгөөс хэрхэн харж, үүнийг гайхалтай, эсвэл цуст, хэрцгий гэж үзэхээс үл хамааран, энэ нь гарцаагүй эерэг зүйл юм. Энэ нь туйлын лавтай бөгөөд чи үүнийг үгүйсгэж чадахгүй. Бар амьтан агнаж байгаа нь зүрх сэтгэлд чинь маш цуст, хэрцгий санагдаж, чи ийм эмгэнэлт дүр зургийг харж ч тэвчихгүй байлаа ч гэсэн амьтны ертөнц дэх амьд үлдэх арга замыг хүндэтгэх ёстой. Чи үүнд саад болж, хязгаарлах ёсгүй, энэ экологийн орчинд зохиомлоор саад болж, хор хөнөөл учруулж бүр ч болохгүй. Харин ч чи аливааг зөнгөөр нь орхиж, амьтны ертөнцийн амьд үлдэх орчныг хамгаалах ёстой. Чи төрөл бүрийн амьтдын амьд үлдэх эрхийг хасах ёсгүй. Махчин амьтад өвсөн тэжээлтэн юм уу бусад амьтныг агнаж, идэх нь тэдний амьд үлдэх хууль бөгөөд амьд үлдэх энэ хуулийг Бурхан бүтээж, Бурхан тогтоосон. Хүн төрөлхтөн үүнд саад болж, хор хөнөөл учруулах ёсгүй, харин аливааг зөнгөөр нь орхих ёстой. Тэгвэл аливааг зөнгөөр нь орхих гэдэг нь юу гэсэн үг вэ? Энэ нь бар эсвэл бусад махчин амьтан гөрөөс юм уу өөр идэш агнаж байгааг харах үедээ хэрвээ чи хангалттай зоригтой бол холоос харж, саад болохгүй байж болно гэсэн үг юм. Хэрвээ чи хулчгар, энэ цуст, хөнөөлт тулааны дүр зургийг харж чадахгүй бол битгий хар, гэхдээ цуст дүр зургийг харж тэвчихгүйгээсээ болоод эдгээр махчин амьтны ан хийх зан авирыг яллах ёсгүй, Бурхан эдгээр махчин амьтныг бүтээсэн нь алдаа байсан гэж гомдоллож бүр ч болохгүй; энэ нь эрүүл ухаангүй үйлдэл юм. Үүнийг ойлгохгүй байх чинь хэвийн боловч чи махчин амьтдын амьд үлдэх эрхийг хасах ёсгүй. Зарим хүн: “Тэгвэл бид тэднийг зохиомлоор хамгаалах ёстой юу?” гэж асуудаг. Саад болох, эсвэл хор хөнөөл учруулах ямар нэг зүйл хийхгүй байснаараа чи хэдийнээ хүний хариуцлагыг биелүүлсэн. Тэднийг зохиомлоор хамгаалах шаардлагагүй, учир нь амьтад ч бас Бурханы бүтээсэн зүйлс юм; тэднийг Бурхан бүтээсэн болохоор Бурхан тэдэнд амьд үлдэх чадварыг хэдийнээ өгсөн—тэдэнд чи саад болох, эсвэл туслах шаардлагагүй. Үүнээс гадна, чи тэдэнд тусалж чадах уу? Чи тэдний идшээ агнадаг харгис догшин авирыг дуурайж чадах уу? Хүмүүст тийм чадвар байхгүй. Хүмүүс сайндаа л зэвсэг ашиглан цөөн хэдэн идэш алж чадах бөгөөд энэ нь амьтдын хэрэгцээг хангахаас хол дутна. Түүнчлэн, зарим амьтан үхсэн идэш иддэггүй; зөвхөн амьд, шинэ мах иддэг. Чи махчин амьтдын амьд үлдэх эрхэд саад болж, хор хөнөөл учруулах ёсгүй, өвсөн тэжээлтнүүдийг хор хөнөөлөөс хамгаалах ч ёсгүй; чи тэдэнд хор хөнөөл учруулахгүй, эсвэл тэднийг агнахгүй байхад л хангалттай. Бүх төрлийн амьтдын оршин тогтнол өөрсдийн гэсэн хуультай байдаг бөгөөд Бурханы тогтоосон дүрэм журам, Бурханы тогтоосон хуулийн дагуу үржиж, амьдрах болно. Тэд өөрсдийн гэсэн амьд үлдэх хууль, амьд үлдэх чадвартай байдаг бөгөөд тэдний амьд үлдэх чадвар нь олон талаар хүмүүсийнхээс ч илүү байдаг. Тэд зэвсэг, багаж хэрэгсэл хийж, ашиглаж чаддаггүй ч бие даан амьд үлдэх чадвар нь зарим талаараа хүмүүсийнхээс илүү байдаг. Хэрвээ хүмүүс зэрлэг байгальд амьдарсан бол амьд үлдэхэд хэцүү байх байсан; зарим нь бүр цангаж, өлсөж, эсвэл даарч үхэх, эсвэл зэрлэг араатанд идүүлэх байв. Хүмүүсийн зэрлэг байгальд бие даан амьд үлдэх чадвар нь амьтдынхаас дор гэдэг нь тодорхой байна. Яагаад тэр вэ? Энэ нь бас Бурханы тогтоолтой холбоотой.
Бурханы тогтоосон зүйлийн тухайд хүмүүсийн баримтлах ёстой зарчим бол үүнд зохиомлоор саад болохгүй, эсвэл хор хөнөөл учруулахгүй байх явдал юм. Амьтдад хэрхэн хандахыг жишээ болгон авч үзье: Хүмүүс тэднийг сайхан сэтгэлээр хамгаалах шаардлагагүй. Чи тэднийг үймүүлэхгүй, амьдрах орчинд нь хор хөнөөл учруулахгүй, эсвэл амьд үлдэх дүрэм журам, хуулийг нь алдагдуулахгүй л бол хүний хариуцлагыг биелүүлсэн хэрэг. Хэрвээ амьтан бэртэж, эсвэл ямар нэгэн бэрхшээлтэй тулгараад хүмүүсээс тусламж эрвэл хүмүүс тэдэнд туслах ёстой юу? (Тийм.) Энэ тусламж нь зохиомол хөндлөнгийн оролцоо гэж тооцогдохгүй, харин хүмүүсийн биелүүлэх ёстой хариуцлага гэж тооцогддог. Яагаад энэ нь хүмүүсийн биелүүлэх ёстой хариуцлага вэ? Учир нь энэ бол хүмүүсийн хийж чадах зүйл юм. Энэ нөхцөлд хүмүүс хайраа харуулж, чадлынхаа хэрээр туслах ёстой, учир нь хүн ч тэр, амьтан ч тэр бүтээгдсэн зүйлс юм. Гагцхүү Бурханы нүдээр хүн төрөлхтөн бол Түүний авралын бай, бусдаас ялгаатай, илүү өндөр түвшний бүтээгдсэн зүйл юм. Нэгэнт бүгд энэ материаллаг ертөнцөд, энэ орон зайд хамтдаа амьдардаг тул хэрэгтэй үед бие биедээ туслах нь ямар ч зарчмыг зөрчдөггүй. Энэ бол хүмүүст байх ёстой хамгийн наад захын ёс жудаг, тэдний хийж чадах ёстой зүйл юм. Хэрвээ үнэхээр ямар нэгэн бэртсэн амьтан чамаас тусламж гуйж ирвэл чамайг өндрөөр үнэлж, чамд итгэдэг учраас л тэгж байгаа хэрэг. Чамаас тусламж эрж чадаж байгаа нь түүнийг тэнэг биш гэдгийг нотолдог; тэр бодож сэтгэх чадвартай бөгөөд хүмүүс өөрсдөөс нь өөр хэдий ч амьд үлдэхэд нь туслах арга зам хүмүүст байдгийг мэддэг. Бусад амьд зүйл хүмүүсийг ингэж өндрөөр үнэлдэг тул хүмүүс бүх зүйлийн эзний үүрэг ролийг сайн гүйцэтгэж, биелүүлэх учиртай үүрэг даалгавраа биелүүлэх ёстой биш үү? (Тийм.) Энэ бол хэрэгжүүлэлтийн зарчим юм. Бүх зүйлийн эзний үүрэг ролийг сайн гүйцэтгэхийн тулд зөвхөн ийм хүсэлтэй байх нь хангалтгүй—үүнд бодит үйлдэл шаардлагатай. Бусад амьд зүйлд бэрхшээл тулгарах, эсвэл хэрэгцээ гарах үед чи тэдэнд тусламжийн гараа сунгах ёстой. Хэрвээ тэд үхэх тавилантай, эсвэл ямар нэг томоохон гай гамшигтай нүүр тулах тавилантай бөгөөд чи тусалж чадахгүй бол хийгээд байх зүйл байхгүй, чи зүгээр л аливааг зөнгөөр нь орхих ёстой—чи зүгээр л чадах бүхнээ хийх хэрэгтэй. Хэрвээ чи тэдэнд бэрхшээл юм уу аюул тулгарахыг харвал тэр үед л өөрийн хариуцлага, үүрэг даалгаврыг биелүүлэх ёстой. Хэрвээ харахгүй бол үүнийг хайж олох гэж зүдрэх шаардлагагүй—энэ нь чиний хариуцлага биш. Тэд өөрсдийн гэсэн хувь заяатай бөгөөд чи энэ тал дээр идэвх санаачилгаараа хүчин чармайлт гаргах шаардлагагүй. Эсрэгээрээ, хэрвээ тэдэнд бэрхшээл тулгарч, чамаас тусламж эрвэл тусламжийн гараа сунгах нь чиний хүлээсэн үүрэг юм; татгалзахгүй байсан чинь дээр. Жишээлбэл, зам дээрх зэрлэг галуу замыг чинь хааж, чамайг явуулахгүй байхаар оролдож буйтай таарвал, хэрвээ чи хайрын зүрх сэтгэлтэй бол галуу асуудалд орж, чамаас тусламж гуйхаар иржээ гэдгийг ухаарах ёстой. Энэ үед чи яах ёстой вэ? (Галууг дагаж юу болсныг хараад, чадвал тусална.) Зөв. Галууг дагаж, чамайг хааш нь хөтөлж байгааг, хүмүүсийн тусламж шаардлагатай ямар бэрхшээл юм уу аюултай тулгарсныг хар. Чи түүнд туслахын тулд чадах бүхнээ хийх ёстой—чи түүнийг зүгээр л хэцүү байдалд орхиж болохгүй. Энэ бол хүмүүст байх ёстой хариуцлагын мэдрэмж юм. Бурханы бүтээсэн төрөл бүрийн амьд зүйлийг нандигнах, Бурханы бүтээсэн бүх зүйлийг нандигнах—энэ бол хүмүүст байх ёстой, эерэг зүйлийг хайрлах зан араншин юм. Зарим хүн: “Энэ нь буян хурааж, сайн үйл хийж байгаа хэрэг үү?” гэж асуудаг. Үгүй. “Буян хурааж, сайн үйл хийх” гэдэг үг хүчингүй. Тийм сүржин үг чалчих шаардлагагүй. Шулуухан хэлэхэд, буян хурааж, сайн үйл хийх гэх санаа нь бүхэлдээ утгагүй! Энэ бол хүний үүрэг даалгаврыг биелүүлж байгаа хэрэг; энэ бол хүмүүст байх ёстой хамгийн наад захын хариуцлагын мэдрэмж юм. Галуунд тусалмагц хариуцлага чинь биелнэ. Галуу чамд талархах шаардлагагүй, мөн сайхан сэтгэлийн чинь хариуг барих шаардлагагүй—чиний хийсэн зүйл бол хүмүүсийн хийх ёстой зүйл байсан. Энэ үүрэг даалгаврыг биелүүлж, ийм хариуцлагын мэдрэмжтэй байх нь Бурханы үгийг дагаж байгаа хэрэг—Бурханы бүтээж, тогтоосон бүх зүйл эерэг зүйл бөгөөд бид тэдгээрийг нандигнах ёстой. Бурханы тушаал бол Түүний бүтээсэн бүх зүйлийг нандигнах явдал юм. Энэ бол бүх зүйлийн эзний хувиар хүмүүст байх ёстой хамгийн наад захын хүн чанарын суурь мэдлэгийн нэг хэсэг юм. Тодруулбал, энэ нь тэдэнд байх ёстой хамгийн наад захын хариуцлагын мэдрэмж юм. Бусад амьд зүйлд бүү саад бол, амьд үлдэх дүрэм журмыг нь бүү алдагдуул, амьд үлдэх эрхийг нь бүү хас; түүнчлэн, тодорхой нэг байдлаар амьдрахад нь тэдэнд зохиомлоор туслах, эсвэл тодорхой нэг байдлаар амьд үлдэхэд нь тэднийг залж чиглүүлж, зохицуулах шаардлагагүй. Харин амьд үлдэх хууль, амьд үлдэх дүрэм журмыг нь хүндэтгэ. Тэдэнд тусламж хэрэгтэй үед, хэрвээ чи үүнийг харвал тэднээс зайлсхийж, эсвэл хараагүй царайлж, тэднийг хохирч, үхэж байгааг зүгээр хараад зогсох ёсгүй, харин хүмүүсийн биелүүлэх учиртай хариуцлага, үүрэг даалгаврыг биелүүлэхийн тулд тусламжийн гараа сунгах ёстой. Тэдэнд тусалснаараа чи тэднийг авардаг. Энэ нь чамайг ядраахгүй, чамаас асар их төлөөс төлж, их эрч хүч зарцуулахыг ч шаардахгүй, тэднийг хамгаалахын тулд амиа өгөхийг бүр ч шаардахгүй. Энэ нь чамд ямар ч хохиролгүй; энэ бол хүний хувиар чиний хийх учиртай зүйл юм. Хэрвээ чамаас тэднийг бүх хүчээрээ хамгаал гэж шаардсан бол үүнийг биелүүлэхэд амаргүй байх байсан, гэхдээ чи аливааг зөнгөөр нь орхиж чаддаг байх ёстой—тэдэнд саад болохгүй, амьдрах орчинд нь хор хөнөөл учруулахгүй, эсвэл амьд үлдэх дүрэм журмыг нь алдагдуулахгүй, амьд үлдэх эрхийг нь хасахгүй байх ёстой. Хэрвээ ингэж ч чадахгүй бол чи хүн биш, хүнээс хойд дүр олоогүй, хүн чанаргүй. Хүн чанаргүй байна гэдэг нь юу гэсэн үг вэ? Энэ нь чамд амьтдыг хамгаалж, халамжилж, Бурханы бүтээсэн амьд зүйлсийг хүндэтгэх мөс чанар, эрүүл ухаан ч байхгүй гэсэн үг юм. Хэрвээ чи тэдэнд хор хөнөөл учруулж, тэднийг идэж, амьд үлдэх эрхийг нь хасах талаар үргэлж боддог бол хүн биш, харин зэрлэг араатан юм. Одоо ойлгов уу? (Тийм.)
Бурханы тогтоосон зүйлийн тухайд өөр зарим нөхцөл байдал бий. Жишээлбэл, зарим амьтны амьд үлдэх дүрэм нь бусад амьд зүйлийнхээс зарим талаар өөр, эсвэл бүр эсрэгээрээ байдаг, тухайлбал шар шувуу, сарьсан багваахай болон бусад зарим амьтны амьд үлдэх дүрэм нь өдөр унтаж, шөнө идэвхтэй байх явдал юм. Үүнийг Бурхан тогтоосон бөгөөд онцгой нөхцөл байдлын улмаас энэ амьтад энэ хэв маягаа хааяа түр зуур өөрчиллөө ч гэсэн хэвийн нөхцөлд тэдний амьд үлдэх хууль, дүрэм үндсэндээ өөрчлөгддөггүй. Хүмүүс үргэлж эдгээр амьтны дүрмийг өөрчилж, хүмүүс шиг өдрийн амьдралтай болгох талаар бодож байдаг. Тэд эдгээр амьтны ген, цусны ийлдэс, үйл ажиллагааны хэв маяг гэх мэтийг судалж, амьд үлдэх дүрэм, үйл ажиллагааны хэв маягийг нь өөрчилж, алдагдуулахын тулд элдэв арга сүвэгчилдэг. Энэ нь сайн уу? (Үгүй.) Ийм зан авир, ийм бодол эерэг зүйл мөн үү? (Үгүй.) Энэ бол сөрөг зүйл бөгөөд хүн-бусчуудын хийдэг зүйл юм. Шинжлэх ухааны судалгаагаар дамжуулан эдгээр амьд зүйл бага зэрэг өөрчлөгддөг ч эцэстээ туйлын их өвдөлттэй, хэвийн бус байдлаар амьдардаг. Хэвийн хүмүүс үүнийг харж тэвчдэггүй. Мөн зарим хүн: “Одоо харх маш их байна; хэрвээ нохой харх барьж чаддаг байсан бол хэчнээн сайхан байх билээ дээ. Нохой гэрээ манаж, бас харх идэх учраас бид нохойн хоол хэмнэж, муур тэжээх шаардлагагүй болно. Нэг сумаар гурван туулай буудна гэсэн үг. Энэ нь гайхалтай биш гэж үү?” гэдэг. Тэгээд тэд нохойг нохой, муурын аль алиных нь гентэй болгож, гэрээ манаж, харх барьж чаддаг нохой, муурын эрлийз болгохын тулд муур, нохойн генийг хэрхэн нэгтгэхийг судалдаг. Энэ санаа сайн уу? (Үгүй.) Яагаад үгүй гэж? (Учир нь тэд Бурханы тогтоосон зүйлийг үргэлж дордуулж, Бурханы тогтоосон хуулийг зөрчихийг хүсдэг. Энэ бол яг Сатаны хийдэг зүйл, завхарсан хүн төрөлхтний хийдэг зүйл юм.) Ийм санаа нь хорон муу юм. Хорон муу санаа хаанаас гардаг вэ? Тэдгээр нь бүхэлдээ Сатан болон муу ёрын сүнснүүдээс ирдэг. Тиймээс ийм завхарсан хүмүүс бол хүн-бусчууд юм. Тэд Бурханы тогтоосон эерэг зүйлсийг өөрчилж, Бурханы тогтоосон төрөл бүрийн амьд зүйлийн анхдагч чиг үүрэг, үйл ажиллагааны хэв маяг, амьд үлдэх хуулийг өөрчлөхийг үргэлж хүсдэг. Тэд Бурханы тогтоосон амьд зүйлийн оршин тогтнох хэлбэрийг алдагдуулахыг үргэлж хүсдэг, тэд үргэлж ямар нэгэн хорон муу, туйлын тэрслүү санаа, бодол, үзэл бодол бий болгож, Бурханы тогтоосон төрөл бүрийн зүйлийг муутгахыг үргэлж хүсдэг. Ийм хүмүүс бол хүн-бус; тэдэнд хүн чанар байхгүй. Тэдний бодол санаа юм уу үйлдэл мөс чанар, эрүүл ухааны цар хүрээнд хэзээ ч багтдаггүй, харин ч тэд хэвийн хүн чанарын цар хүрээнээс давж гарахыг үргэлж хүсдэг—энэ нь хүн-бус байгаагийн илрэл юм. Тэд хэвийн хүн чанарын мөс чанар, эрүүл ухааны хүрээнд Бурханы тогтоосон бүх зүйлийн амьд үлдэх дүрэм болон оршин тогтнох хэлбэрийг хүндэтгэж, сахьдаггүй. Харин ч Бурханы тогтоосон амьд үлдэх дүрэм журмыг дордуулж, үймүүлж, өөрчилж, бусад амьд зүйлийн амьдралын хэв маягийг өөрчлөхийг үргэлж хүсдэг. Тэд муурыг муур биш, нохойг нохой биш болгож, бүгдийг нь гажиг, хорон муу зүйл болгон хувиргаж, хорон муу чиглэлд хөгжүүлэхийг хүсдэг. Тэд эерэг зүйлийн оршин тогтнолыг муутгахыг үргэлж хүсдэг бөгөөд эерэг зүйлийн амьд үлдэх хэлбэрийг дордуулахыг үргэлж хүсдэг. Тэд хүн-бусчууд биш гэж үү? (Мөн.) Хүн-бусчуудын бий болгодог, эзэмшдэг бодол санаа, үзэл бодол бол сөрөг зүйл бөгөөд эдгээр нь эерэг зүйлд дайсагнадаг. Тэдний үзэл бодол сөрөг зүйл бөгөөд эерэг зүйлд дайсагнадаг тул тэдний бий болгодог зүйлс болон мэргэжлээрээ авчирдаг үр дүн нь сөрөг зүйл биш гэж үү? (Мөн.) Эдгээр зүйл бол сөрөг зүйл юм. Хэдийгээр зарим зүйл хүн төрөлхтөнд шууд сөрөг нөлөө үзүүлдэггүй, эсвэл ямар нэгэн хор хөнөөл учруулдаггүй ч Бурханы тогтоосон зүйлд дайсагнаж, Бурханы тогтоосон хууль, дүрэм журмыг зөрчиж байвал, мөн Бурханы тогтоосон хууль, дүрэм журмын үндсэн дээр хүний зохиомол хөндлөнгийн оролцоо, боловсруулалт, дордуулалтын үр дүнд бий болсон амьд үлдэх өөр арга зам, эсвэл өөр хууль, дүрэм журамтай л байвал эдгээр зүйл нь сөрөг зүйл юм. Ийм зүйл оршин байгааг хэчнээн олон хүн хүлээн авч, хүлээн зөвшөөрдөг байх нь хамаагүй, эсвэл хэчнээн олон хүний амьдрал, оршин тогтнолд бие махбодын таашаал авчирдаг байх нь хамаагүй, хэрвээ энэ нь Бурханы тогтоосон анхдагч хэлбэрээрээ байдаггүй, мөн Бурханы тогтоосон анхдагч байдлаараа байдаггүй, харин тогтоосон бүтэц, хэлбэр, эсвэл амьд үлдэх хууль, дүрэм журам нь өөрчлөгдөж, дордсон бол энэ нь сөрөг зүйл юм. Учир нь үүнийг Сатан боловсруулж, гэмтээж, өөрчилсөн бөгөөд Сатаны үзэл баримтлал, бодол санаа, үзэл бодол, тэр ч байтугай Сатаны зарим хор, эсвэл Сатаны явуулга үүнд шингэсэн байдаг. Хүмүүс үүнийг нэвт харж чадахгүй байсан ч гэсэн энэ нь сөрөг зүйл хэвээр байна. Товчхондоо, Бурханы тогтоосон анхдагч зүйлтэй зөрчилддөг, Бурханы тогтоосон анхдагч хэлбэр, бүтэц, эсвэл амьд үлдэх хууль, дүрэм журам нь—амьд эсвэл амьгүй зүйл байхаас үл хамааран—дордож, өөрчлөгдсөн, үүний зэрэгцээ Сатанаас ирсэн янз бүрийн нэмэлт зүйл шингэсэн, эсвэл нэмэгдсэн л бол энэ нь сөрөг зүйл бөгөөд хэдийнээ шинж чанараа алдсан байдаг. Хүн төрөлхтний бие махбодын амьдрал, эсвэл оршин тогтнолд тоон үзүүлэлтийн ямархуу нөлөө үзүүлэх нь хамаагүй, чанарын өөрчлөлтөд орж, чанар нь өөрчлөгдсөн л бол энэ нь сөрөг зүйл юм. Энэ нь туйлын лавтай бөгөөд огтхон ч худал биш. Ямар нэгэн зүйл сөрөг зүйл мөн л бол энэ ертөнцөд хэр удаан оршин тогтносон, эсвэл хүн төрөлхтөн болон нийгэмд хэр удаан хүлээн зөвшөөрөгдсөн байх нь хамаагүй, хэрвээ энэ нь Бурханы тогтоосон анхдагч зүйл биш бол Бурхан үүнийг хүлээн зөвшөөрдөггүй бөгөөд Бурхан үүнийг хүлээн зөвшөөрдөггүй бол энэ нь сөрөг зүйл юм.
Зарим хүн: “Алим, лийр хоёулаа Бурханы тогтоосон анхдагч жимс юм. Хэрвээ энэ хоёрыг залгаж алим-лийр гаргаж авбал, энэ нь сөрөг зүйл үү? Бид үүнийг идэх ёстой юу, үгүй юу?” гэж асуудаг. Энэ нь өдөр тутмын амьдралд тохиолдож болох зүйл биш гэж үү? Надад хэл дээ, та нар үүнийг идэх ёстой юу, үгүй юу? Хэрвээ үүнийг идвэл хордох уу? Энэ нь бие махбодод чинь хор хөнөөл учруулах уу? Наслалтад чинь нөлөөлөх үү? Энэ нь Бурхан та нарыг хэрхэн харахад нөлөөлөх үү? Энэ нь та нарын төгсгөлд нөлөөлөх үү? Энэ хэрэг явдлыг хэрхэн үзэх ёстой вэ? Энэ нь үнэн-зарчмыг ойлгодог эсэхийг чинь, бидний өмнө нь нөхөрлөсөн зүйлийг ойлгодог эсэхийг чинь шалгадаг. Хэрвээ чи үнэний энэ талыг ойлгож, энэ талаарх үнэн-зарчмыг ухаарсан бол, бодит амьдрал дээр аливаа зүйлтэй тулгарах үедээ хэрхэн хэрэгжүүлэхээ мэднэ, ямар үйлдэл үнэнийг зөрчиж, ямар үйлдэл үнэнийг сахиж, үнэн-зарчмын цар хүрээнд багтдагийг мэднэ. Та нар алим-лийр идэх ёстой юу? (Үгүй.) Та нар идэж зүрхлэхгүй байна уу, эсвэл тэдгээрийг идэх ёсгүй юу? (Бид идэж зүрхлэхгүй.) Та нар идэж зүрхлэхгүй гэж хэлж байгаа ч өдөр тутмын амьдралдаа нэлээд хэдийг идсэн биш гэж үү? Тэгээд идсэний дараа юу болсон бэ? Та нарын бие махбодод хор хөнөөл учирсан уу? Эхлээд алим-лийр нь эерэг зүйл үү, эсвэл сөрөг зүйл үү гэдгийг тодорхойлъё. Та нар үүнийг идэх ёсгүй гэж хэлсэн. Энэ мэдэгдлийн далд утга нь алим-лийр бол сөрөг зүйл, тиймээс идэх ёсгүй гэсэн үг юм. Та нар ингэж хэлэх гэсэн үү? (Тийм.) Тэгвэл энэ ойлголт зөв үү? Алим-лийрийн асуудлыг ийм маягаар ухамсарлах ёстой юу? Хэрвээ Би та нарт нөхөрлөх жишээ хэлж өгөөгүй бол та нар алим-лийрийг идэх ёсгүй, идвэл хордоно гэж бодох байсан—яг л Ева Бурханы тушаалыг зөрчиж, сайн мууг мэдүүлэгч модны жимсийг идэх үедээ Сатанд уруу татагдан нүгэл үйлдэж, Сатаны гарт эргэлт буцалтгүй орсонтой адил. Та нар тэгж бодох байсан, ялангуяа одоо үе бол хүн төрөлхтнийг аврах Бурханы авралын эгзэгтэй мөч бөгөөд цаг багасаж байгаа тул болгоомжтой байж, хамаагүй юм идэж болохгүй, идэх юм бол зарчмыг зөрчиж, захиргааны зарлигийг зөрчиж магадгүй, ингэвэл аврагдах боломжгүй болж, тэр үед харамсаад ч нэмэргүй гэж бодох байсан. Та нар энэ хэрэг явдлыг нэвт харж чадахгүй байна; та нарыг ийм жижигхэн зүйл мухардалд оруулчихлаа. Та нар алим-лийрийг идэх ёсгүй гэж бодож, идэж зүрхлэхгүй байгаа бөгөөд тэгэх нь зарчмыг зөрчиж, захиргааны зарлигийг зөрчсөн хэрэг болох тул аймшигтай байх болно гэж бодож байна! Та нар бүгд ингэж бодож байгаа биш гэж үү? Тэгвэл алим-лийр идэх ёстой юу, үгүй юу? (Бурхаан, бид сая энэ талаар ярилцаад алим-лийрийг идэж болно гэж бодлоо, учир нь хүн зөвхөн алим, лийрийг сайжруулж байгаа бөгөөд тэдгээрт зориулан Бурханы тогтоосон хуулийг өөрчлөөгүй. Тиймээс алим-лийр идэх нь захиргааны зарлигийг зөрчихтэй хамаагүй.) Та нар нөхөрлөснийхөө дараа жаахан тодорхой ойлголттой болсон ба алим-лийрийн тухайд Бурханы тогтоосон хууль үндсэндээ өөрчлөгдөөгүй хэвээр байгаа тул үүнийг идэж болно гэдгийг одоо ойлгож байна. Та нарын сая хэлсэн зүйл зөв; гагцхүү та нар үүнийг тодорхой тайлбарласангүй. Алим-лийрийг идэж болох эсэх тухай асуултыг одоохондоо түр хойш тавья; эхлээд эдгээр нь яагаад Бурханы тогтоосон хуулийг зөрчдөггүй талаар ярилцъя. Алимны мод, лийрийн мод хоёулаа Бурханы бүтээсэн ургамал бөгөөд хүмүүс ургасан жимсийг нь идэж болно. Энэ хоёр ургамлыг залгах юм уу солбицон тоос хүртээх үед өөр нэг төрлийн жимс гардаг. Энэ нь зохиомлоор эсвэл байгалийн жамаар хийгдсэн эсэхээс үл хамааран, үндсэндээ энэ жимсний гарал үүсэл, оршин тогтнох хэлбэр, оршин тогтнох хууль, дүрэм журам нь Бурханы анх тогтоосноос өөрчлөгдөөгүй хэвээр байдаг. Хүн алимны мод, лийрийн модны мөчрийг зохиомлоор залгасан ч гэсэн, тэдгээрийн оршин тогтнох анхдагч хууль, дүрэм журмын үндсэн дээр, амьдралын анхдагч хэлбэрийнх нь үндсэн дээр энэ хоёрын амьдралын онцлог шинжийг хамтад нь агуулсан жимс гардаг. Энэ жимсийг алим-лийр гэж нэрлэдэг. Хүн зүгээр л амьд үлдэх чадвар болон сэтгэн бодох арга барил, оюун ухаан, овсгоо самбаагаа ашиглан хоёр ургамлыг залгаж өөр нэг төрлийн жимс гаргаж авдаг боловч энэ жимс буюу алим-лийр нь Бурханы тогтоосон зүйлийн цар хүрээнээс хальдаггүй. Энэ бол нэг тал нь юм. Нөгөөтээгүүр, хүний хөндлөнгийн оролцоогүй байсан ч алим, лийрийн мод нэг ойд хамт ургавал солбицон тоос хүртэхээс зайлсхийж чадах уу? Ердийн байгалийн нөхцөлд, цэцэглэх улирал ирэхэд тэд солбицон тоос хүртэх бөгөөд газар доорх үндэсний систем нь бас хоорондоо сүлжилдэнэ. Тоосонцор нь зөгийгөөр, эсвэл салхи, агаарын урсгалаар тархсан эсэхээс үл хамааран алим, лийр нэг нэгнийхээ шим тэжээлийг хүртэж, алим-лийр жимс аяндаа бий болно. Тэгвэл чи энэ алим-лийрийг хүний гараар бүтсэн гэж хэлж чадах уу? (Үгүй.) Энэ нь Бурханы тогтоосон байгалийн орчинд байгалийн жамаар ургадаг амьд зүйл юм; энэ нь Бурханы зөвшөөрсөн цар хүрээнд багтдаг зүйл тул энэ алим-лийр ямар ч хуулийг зөрчдөггүй. Алим эсвэл лийрийн онцлог шинжтэй эсэхээс үл хамааран, товчхондоо энэ нь сөрөг зүйл биш; хүн төрөлхтөнд зориулан Бурханы бэлтгэсэн нэг төрлийн жимс хэвээр юм. Чи санаа зовохоо болиод идэж болно—энэ нь чамд ямар ч бие махбодын хор хөнөөл учруулахгүй нь лавтай. Гэвч сая Намайг хүн алим, лийрийн мөчрийг зохиомлоор залгадаг тухай дурдах үед та нар алим-лийр нь эерэг зүйл үү, эсвэл сөрөг зүйл үү гэдгийг баттай мэдэж чадаагүй бөгөөд идэж зүрхлэхгүй, “Алим бол алим, лийрийн генгүй, лийр бол лийр, алимны орц найрлагагүй; зөвхөн эдгээрийг л гарцаагүй идэж болно!” гэж бодсон. Аливааг ухамсарлах ийм арга барил гажууд биш гэж үү? (Тийм.) Энэ нь гажууд юм. Төрөл бүрийн амьд зүйл нийтлэг орон зайд хамтдаа оршин тогтнодог; тэд бие биедээ нөлөөлж, бие биеэ хангаж, нэг нэгнийхээ давуу талаар өөрсдийн сул талыг нөхөх нь гарцаагүй юм. Үүний дотор олон нарийн ширийн зүйлс болон нууцууд байдаг. Товчхондоо, энэ бүхний үүсэл, оршин тогтнол, үр нөлөө нь Бурханы бүтээсэн хүн төрөлхтнийг амьд үлдээхийн төлөө байдаг. Энэ бол эерэг зүйлийн оршин тогтнолын үнэ цэн, ач холбогдол юм; эцсийн эцэст энэ нь хүн төрөлхтний хэвийн оршин тогтнол болон хүн төрөлхтний нөхөн үржихүй, үргэлжлэлийг хадгалахын төлөө байдаг. Одоо энэ хэрэг явдлыг тодорхой ойлгов уу? (Тийм.)
Дараа нь өөр нэг хэрэг явдал буюу хүмүүсийн өдөр тутмын амьдралдаа байнга тулгардаг зүйлийн талаар ярилцъя. Үүнийг хэрхэн ялган таньж, үүнд хэрхэн хандах ёстойг харж, бодолцон үзээрэй. Хүн төрөлхтний хоол хүнсний хэрэгцээг хангахын тулд хүмүүс органик бус үр тариаг зохион бүтээж, төрөл бүрийн үр, жимсний генийг өөрчлөх замаар ургацыг нэмэгдүүлсэн. Эхэндээ энэ нь үнэндээ хортон шавж, өвчнийг бууруулж, илүү их пестицид ашиглахаас зайлсхийж, улмаар хүн төрөлхтөнд шаардлагатай төрөл бүрийн ургамлыг ургуулахын сацуу хөдөлмөрийг хөнгөвчилж, хортон шавж, өвчний нөлөөллөөс зайлсхийх, үүний зэрэгцээ хүн төрөлхтний хоол хүнсний хэрэгцээг хангахын тулд ургацыг нэмэгдүүлэх зорилготой байсан бөгөөд үүний үр дүнд ийм бүтээгдэхүүн бий болсон. Энэ бүтээгдэхүүнийг юу гэж нэрлэдэг вэ? Органик бус хоол хүнс. Органик бус хоол хүнс бий болсон нь хүн төрөлхтний хоол хүнсний хэрэгцээг ихээхэн хангасан. Органик хоол хүнсний ургац харьцангуй бага бөгөөд хүн төрөлхтний хэрэгцээг хангаж чадахгүй гэж хүмүүс үздэг. Органик бус үр тариа бий болсноос хойш үр тарианы ургац асар их нэмэгдэж, хүмүүсийн орлого ч нэмэгдэж, олон хүний өлсгөлөнгийн асуудал шийдвэрлэгдсэн. Ийнхүү хүн төрөлхтөн “азаар” органик бус хоол хүнс идэж чадах болсон. Тэгвэл органик бус хоол хүнс нь эерэг зүйл үү, эсвэл сөрөг зүйл үү? Энэ нь “Бурханы тогтоосон зүйл” гэх зарчмыг зөрчиж байна уу, үгүй юу? Органик бус хоол хүнсийг идэх ёстой юу? Органик бус хоол хүнсний талаарх та нарын үзэл бодол, санал юу вэ? Органик болон органик бус хоол хүнсний эерэг, сөрөг байдлыг та нар хэрхэн тодорхойлдог вэ? (Органик хоол хүнс нь байгалийнх бөгөөд Бурханаар тогтоогдсон. Энэ бол эерэг зүйл юм. Органик бус хоол хүнсийг шинжлэх ухааны боловсруулалт болон генийн өөрчлөлтөөр гаргаж авдаг. Энэ нь Бурханы бүтээсэн анхдагч хуулийг зөрчдөг. Тиймээс органик бус хоол хүнс бол сөрөг зүйл юм.) (Органик бус хоол хүнсэн дэх анхдагч ген гэмтсэн байдаг бөгөөд энэ нь Бурханы бүтээсэн хуулийг зөрчдөг. Түүнчлэн, органик бус хоол хүнсэн дэх хоол хүнсний анхдагч тэжээллэг чанар алдагдсан байдаг; үүнийг идэх нь хүний эрүүл мэндэд ямар ч ашиг тусгүй. Өнөө үед олон жил органик бус хоол хүнс идсэн олон хүн эрүүл мэндийн асуудалтай болох нь түгээмэл байдаг тул нөхцөл байдал зөвшөөрвөл бид үүнийг идэхгүй байхаар хичээх хэрэгтэй гэж би бодож байна. Гэвч өнөөгийн нийгэмд ихэнх хоол хүнс органик бус байдаг тул амьд үлдэхийн тулд бид гарцаагүй органик бус хоол хүнс идэх шаардлагатай болдог.) Та нарын хэлсэн бүхэн зарчимд нийцэж байгаа бөгөөд гол санаанууд нь зөв боловч хэтэрхий энгийн байна, мөн тодорхой тайлбарлаагүй зарим нарийн ширийн зүйлс байна. Зарим хүн: “Органик бус хоол хүнс, органик хоол хүнс хоёр гаднаасаа төстэй харагддаг, амт нь ч ерөнхийдөө адилхан байдаг. Органик бус хоол хүнс нь үндсэндээ Бурханы тогтоосон хоол хүнсний анхдагч хэлбэрээс ялгаагүй. Зарим органик бус хоол хүнс органик хоол хүнснээс илүү дээр харагддаг, ургац ихтэй байдаг, амт нь ч органик хоол хүнснээс төдийлөн муу байх албагүй. Тэгвэл яагаад органик хоол хүнс нь эерэг зүйл, органик бус хоол хүнс нь сөрөг зүйл юм бэ?” гэдэг. Хэдийгээр та нар сая органик хоол хүнсийг эерэг зүйл, органик бус хоол хүнсийг сөрөг зүйл гэдэгт итгэлтэй байна гэж хэлсэн ч яагаад ингэж ялгадгийг нь ойлгодоггүй; та нар энд байгаа нарийн ширийн зүйлсийг ойлгохгүй хэвээр байна. Чиний мэдэх ёстой нэг гол зүйл бий: Гаднаасаа адилхан харагддаг хоёр зүйлийн нэг нь яагаад эерэг зүйл, нөгөө нь сөрөг зүйл вэ? Зарим хүн: “Учир нь органик бус хоол хүнсийг шинжлэх ухааны аргаар боловсруулсан бөгөөд шинжлэх ухаан үүнийг гэмтээсэн” гэж хэлдэг. Энэ мэдэгдэл зөв үү? Хоосон сургаалын үүднээс энэ нь зөв. Тийм юм шиг сонсогдож байна. Гэвч хүмүүс үүнийг сонсоод ч ойлгохгүй хэвээр байдаг. Тэгвэл мөн чанарынхаа хувьд органик болон органик бус хоол хүнсний ялгаа нь яг юу вэ, юунаас болж тэдгээрийг эерэг, сөрөг зүйл гэж тодорхойлдог вэ? Энэ тодорхойлолт юунд үндэслэдэг вэ? Бурхан үүнийг хэрхэн үздэг вэ? Үүн дэх үнэн юу вэ? Энэ нь асуудлын мөн чанарыг хөнддөг.
Органик зүйлс Бурханаас ирдэг. Тэдгээр нь Бурханы бүтээсэн зүйл бөгөөд хүн тэдгээрийг “органик” гэж нэрлэсэн. Одоогоор “органик” гэдэг үгийн гарал үүсэл, эх сурвалж эсвэл хүмүүс яагаад ингэж нэрлэсэн талаар анхаарахаа түр азная. Бид үүнийг мөн л Бурханы бүтээл, тогтоолын өнцгөөс харах хэрэгтэй. Бурханы бүтээл, тогтоолын дотор нэгэн нарийн атлаа шийдвэрлэх чухал зүйл байдаг нь Бурхан үрийг бүтээхдээ үүнд байх ёстой бүх шим тэжээл, орц найрлага, түүнчлэн чиг үүргийг дотор нь шингээсэн юм. Үрэнд ямар зүйл шингээхийг тодорхойлох зарчмын үндэслэл юу вэ? Тэдгээр нь хүний бие махбодын хэрэгцээ, хүний биеийн дотоод эрхтнүүдийн чиг үүргийн хүлээж авах чадвар, эдгээр эрхтэнд шаардлагатай тэжээллэг орц найрлагад үндэслэсэн байдаг. Ийм үрээс ургасан хоол хүнс нь хүний хэрэглээнд зориулагдсан тул энэ хоол хүнсийг идсэний дараа хүний бие махбодод үзүүлэх үр нөлөө, хүний бие махбодын хэвийн өсөлт, оршин тогтнолыг хадгалах, бие махбодынх нь амьдралыг уртасгахын тулд хүмүүсийн үүнээс авч болох шим тэжээл зэрэг нь нэг үр юм уу нэг төрлийн хоол хүнсийг бүтээхдээ Бурханы бодолцох ёстой зүйл юм. Энэ нь хөрсөнд ургаж чадах үрийг хамаа намаагүй бүтээгээд орхих явдал биш, харин ч Бурхан үүнд бодол санаагаа шингээсэн. Ийм төрлийн үрийн хальс, зөөлөн эд, үр хөврөл нь хүний бие махбодод ямар үр нөлөө үзүүлэх, эдгээр зүйл ямар үр дүнд хүрч чадах, хүний бие махбодод юу хэрэгтэй, энэ төрлийн хоол хүнсийг идсэний дараа хүмүүс ямар шим тэжээлийг шингээж авах ёстой зэрэг нь бүгд Бурханы бодолцох ёстой зүйлс юм. Бурхан ийм зүйлсийг бодолцдог тул энэ төрлийн үрийг бүтээхдээ хүмүүст шаардлагатай тэжээллэг чанарын харьцааны дагуу бүтээх ёстой, ийнхүү энэ үр Бурханы бодол санаан дотор бий болдог. Энэ нь хүний бие махбодод үзүүлэх үрийн нөлөөг тэжээллэг орц найрлага, бүтцийнх нь үүднээс авч үзэж байгаа хэрэг юм; энэ бол энэ үрийг бүтээхдээ Бурханы бодолцдог нэг тал юм. Үүнээс гадна, Бурхан энэ төрлийн үр буюу жимсний хэмжээ, хэлбэр, соёолох хугацаа, оршин тогтнох хэлбэр, ямар хөрсөнд ургахад тохиромжтой, ямар төрлийн хөрснөөс хэдий хэмжээний шим тэжээл авах, хүмүүс үүнийг идэх үедээ үүнээс хэдий хэмжээний шим тэжээл авч чадах зэргийг бодолцдог. Энэ бүх нарийн ширийн зүйл нь Бурханы бодолцох ёстой зүйлс юм. Үрийг бүтээхдээ Бурханы бодолцон үздэг янз бүрийн хүчин зүйл нь эцсийн дүндээ нэг л зүйл дээр төвлөрдөг бөгөөд энэ нь хүн төрөлхтний хоол хүнсний хэрэгцээг хангаж, хүн төрөлхтний бие махбодын хэвийн өсөлт, оршин тогтнолыг хангах явдал юм. Энэ бол хамгийн чухал зүйл. Мөн маш чухал өөр нэг зүйл бий. Хэрвээ үр амийн хүчгүй, элсэн ширхэг юм уу чулуу шиг үхмэл зүйл байгаад хөрсөнд суулгахад соёолж чаддаггүй бол хүмүүс энэ хоол хүнсийг нэг удаа идсэний дараа дахиад байхгүй гэсэн үг юм. Ийм үр хүн төрөлхтний хоол хүнсний хэрэгцээг хангаж яавч чадахгүй. Тиймээс энэ үр нь хальс, яс зэрэг байх ёстой орц найрлагаас гадна үр хөврөлтэй байх ёстой. Мэдээж, энэ үр хөврөл нь бүх үрэнд байдаг амийн онцлог шинж биш байж магадгүй. Товчхондоо, энэ үр нь хальс, яснаас гадна амийн хүчтэй байх ёстой. Хүний хэлээр үүнийг амийн хүч гэж нэрлэдэг боловч Бурханы нэр томьёогоор бол энэ үр амьтай байх ёстой гэсэн үг юм. “Амьтай байх” гэдэг нь юу гэсэн үг вэ? Энэ нь үргэлжлүүлэн нөхөн үржиж чадна гэсэн үг; соёолж, ургах замаар энэ нь жимс гаргаж чаддаг байх ёстой. Үр нь соёолж, ургаж, цэцэглэх замаар илүү олон жимс гаргаж чаддаг байх ёстой бөгөөд үртэй адилаар үүний жимс нь ч бас амийн эрч хүчтэй байж, нөхөн үржиж, илүү олон жимс гаргаж чаддаг байх ёстой, учир нь ингэж байж л хүн төрөлхтний хоол хүнсний хэрэгцээг эцэс төгсгөлгүй хангаж чадна. Эдгээр нь Бурхан үрийг бүтээж, тогтоосон хамгийн үндсэн, хамгийн чухал хоёр зүйл юм: Нэг нь үүнд агуулагдах янз бүрийн шим тэжээл болон чиг үүрэг, нөгөө нь энэ үр амийн эрч хүчтэй байх ёстой, өөрөөр хэлбэл, энэ үр амьд байх ёстой. Хүний нэр томьёогоор хэрвээ ямар нэг зүйл “амьд” байвал үүнийг “органик” гэж нэрлэдэг. Энэхүү органик хоол хүнс нь Бурханы бүтээсэн цагаас эхлэн үнэндээ амьтай байдаг. Хэрвээ чи үүнийг хөрсөнд булж, усалж, бордвол энэ нь соёолж, ургаж, цэцэглэж, дараа нь жимс гаргах бөгөөд жимс бүр нь үүнтэй адил чиг үүрэгтэй байдаг. Энэхүү ижил чиг үүрэг нь хүн төрөлхтний хоол хүнсний хэрэгцээ, хүн төрөлхтний бие махбодын оршин тогтнол, хүн төрөлхтний нөхөн үржихүй болон үргэлжлэлийг тасралтгүй хангадаг. Үүнээс гадна, энэ үр хөрстэй нэгдэж жимс гаргадаг бөгөөд эдгээр жимс нь—үртэйгээ адилаар хүн төрөлхтнийг хангахын тулд илүү олон жимс гаргаж, үеэс үед нөхөн үржиж, цэцэглэн хөгжих ижил үйл явцыг туулдаг. Ийм маягаар хүн төрөлхтөн эцэс төгсгөлгүй хоол хүнсний хангамжтай болдог. Хоол хүнсний хангамжтай, хоол хүнсний эх үүсвэртэй байснаар хүн төрөлхтний бие махбодын амьдрал болон оршин тогтнол эцэс төгсгөлгүй үргэлжилнэ, тэд хэзээ ч хоол хүнсгүй болохгүй. Энэ баримтаас харахад хүн төрөлхтөн өнөөг хүртэл оршин тогтноход Бурханы бүтээсэн төрөл бүрийн үрийн оруулсан хувь нэмрийг орхигдуулж болохгүй. Тэдгээр нь хүн төрөлхтөнд ийм хувь нэмэр оруулж чадаж буйн үндэс нь Бурханы бүтээл болон Бурханы тогтоол юм. Гэвч үрэнд зориулан Бурханы тогтоосон хамгийн чухал хоёр зүйл болох үрийн шим тэжээл болон чиг үүрэг, мөн үрийн амийн анхдагч хүч уствал—хэрвээ энэ хоёр зүйл алга болбол үр хөрсөнд унах үедээ соёолж, ургаж, цэцэглэж, жимс гаргахаа болино. Энэ нь зөвхөн хөрсөнд шингэж алга болох бөгөөд хүн төрөлхтний хоол хүнсний эх үүсвэр тэр цагаас хойш алдагдана. Тэгвэл хүн төрөлхтөн юутай нүүр тулах вэ? (Үхэлтэй.) Тэд өлсгөлөн, хоол хүнсний хомсдол, дараа нь үхэлтэй нүүр тулах бөгөөд нөхөн үржиж, үргэлжилж чадахгүй. Энэ бол нэг тал нь бөгөөд маш ноцтой юм. Өөр нэг тал нь, үрийг зохиомлоор боловсруулах үед шим тэжээл нь ихээхэн багасаж, анх олон төрлийн шим тэжээл агуулдаг байснаа багахан хэмжээний л шим тэжээлтэй болдог. Үүнээс гадна, чиг үүрэг нь бас өөрчлөгддөг. Жишээлбэл, тодорхой нэг төрлийн хоол хүнс нь тархинд тэжээл өгч, биеийн хүчийг нөхөж, хүмүүст эрч хүч өгдөг байсан бол одоо зохиомол боловсруулалтад орсны дараа эдгээр чиг үүрэг нь ихээхэн буурч, эсвэл бүр алдагддаг. Хүн ийм төрлийн хоол хүнс маш ихийг идсэн ч гэсэн бие махбод нь ядарч туйлдаж, сэтгэн бодох чадвар нь удааширч, ой санамж нь мууддаг. Тэд хөгшин биш хэдий ч өндөр настан шиг болдог. Хөл нь хүндэрч, бие нь хөшиж, арьс нь хөгширдөг. Тэд бие махбодын хувьд томорсон мэт харагддаг ч дотроо органик хоол хүнс иддэг хүмүүсээс өөр байгаагаа мэдэрдэг. Хэрвээ хоол хүнсний анхдагч чиг үүрэг суларч, эсвэл бүр алдагдвал хүмүүс үүнийг идсэний дараа бие махбодод нь эергээр тусалж, ашиг тус өгөхгүйгээр үл барам, тэдэнд олон сөрөг нөлөө үзүүлдэг. Бие махбодод шаардлагатай төрөл бүрийн шим тэжээл цаг тухайдаа нөхөгдөж чаддаггүйн зэрэгцээ бие махбодын олон чиг үүрэг аажмаар доройтож, алга болдог. Мэдээжийн хэрэг энэхүү ёрын тойргийн үндсэн дээр хүмүүсийн сэтгэн бодох чадвар удааширч, тэр ч байтугай зарим нэг туйлширсан зан авир юм уу санаа бодолтой болж магадгүй. Ийм илрэлүүд нь органик бус хоол хүнсний хүмүүст авчирдаг зарим сөрөг нөлөө, үр дагавар юм. Органик бус хоол хүнс нь Бурханы бүтээсэн зүй ёсны орц найрлагаа алдсан, анхдагч чиг үүргээ ч бас алдсан байдаг. Тэдгээр нь Бурханы бүтээж, тогтоосон анхдагч зүйлсээс өөр. Бүгд зохиомлоор боловсруулагдаж, өөрчлөгдсөн байдаг.
Хэдийгээр хүмүүс хүн төрөлхтний хоол хүнсний хэрэгцээг хангахын тулд органик бус хоол хүнс бүтээдэг ч тийм хоол хүнс нь хүний эрүүл мэнд, нөхөн үржихүйд төрөл бүрийн сөрөг нөлөө үзүүлдэг бөгөөд хүн төрөлхтний үржил, оршин тогтнолд нөлөөлдөг. Тиймээс чи органик бус хоол хүнсийг ялган таних чадвартай байх ёстой. Мянга мянган жилийн турш хүн төрөлхтөн органик хоол хүнс хүртэж ирсэн. Бид яагаад органик хоол хүнсийг эерэг зүйл, харин органик бус хоол хүнсийг сөрөг зүйл гэж хэлдэг вэ? Хамгийн том ялгаа нь юу вэ? Асуудлын гол нь юу вэ? Гол нь органик хоол хүнсийг Бурхан хүн төрөлхтөнд зориулан бэлддэг; энэ нь Бурханаар тогтоогдсон. Энэ нь Бурханы бүтээсэн анхдагч бүрэлдэхүүн хэсэг болон чиг үүргийг агуулдаг, хамгийн чухал нь Бурханы өгсөн амийн хүчийг агуулдаг, харин органик бус хоол хүнс нь тэдгээр анхдагч бүрэлдэхүүн хэсэг, чиг үүргээ алдсан, мөн Бурханы өгсөн амь ч бас байдаггүй. Бурханы тогтоосон энэ хоёр хамгийн чухал зүйл байдаггүй учраас энэ нь Бурханы бүтээж, тогтоосон эерэг зүйлсийн зарчмыг зөрчдөг. Органик бус хоол хүнс бол хүний шинжлэх ухаанаар боловсруулагдаж, гэмтэж, өөрчлөгдсөн бөгөөд эерэг зүйлийн онцлог шинжийг агуулахаа больсон нэг төрлийн зүйл юм. Яагаад гэвэл, үүнд Бурханы бүтээж, тогтоосон эерэг зүйлсийн бүрэлдэхүүн хэсэг, мөн чанар байхгүй, харин ч Бурханы бүтээж, тогтоосон эерэг зүйлсийн чиг үүрэг, мөн чанартай зөрчилддөг. Эерэг зүйлсийн чиг үүрэг, мөн чанартай зөрчилдөнө гэдэг нь юу гэсэн үг вэ? Энэ нь Бурхан тодорхой нэг үрийг бүтээх үед үүний чиг үүрэг нь хүн төрөлхтний төлөө байсан, хүн төрөлхтөнд үйлчилж, ашиг тусаа өгөх, хүн төрөлхтний бие махбодын хэвийн хэрэгцээ болон оршин тогтнолыг тэтгэх зорилготой байсан гэсэн үг, харин органик бус хоол хүнс нь хүн төрөлхтний хэвийн оршин тогтнолд хор хөнөөл учруулж, үймүүлэхийн зэрэгцээ хүмүүсийн хэвийн амьдрал, оршин тогтнолд эргэлт буцалтгүй дараалсан олон сөрөг үр нөлөө, үр дагаврыг авчирдаг. Тиймээс органик бус хоол хүнсийг сөрөг зүйл гэж нэрлэх нь огтхон ч шударга бус хэрэг биш. Тийм биз дээ? (Тийм.) Одоо энэ асуудал тодорхой байна уу? (Тийм.) Яагаад органик хоол хүнс эерэг зүйл, харин органик бус хоол хүнс сөрөг зүйл вэ? Ерөнхийдөө бол органик хоол хүнс Бурханаас ирдэг, хүн төрөлхтөнд ашиг тусаа өгч, үйлчилдэг, хүний амьдрал, оршин тогтнолд хувь нэмэр оруулдаг; энэ нь хүний амьдрал, оршин тогтнолд орлуулшгүй чиг үүргийг гүйцэтгэдэг—үүний гүйцэтгэдэг чиг үүргийг юу ч орлож чадахгүй. Гэхдээ органик бус хоол хүнс хүний эрүүл мэндэд тустай юу? (Үгүй.) Харин ч эсрэгээрээ: Энэ нь хүний эрүүл мэндэд тустай биш; харин хүний эрүүл мэндэд хор хөнөөл учруулж, хүн төрөлхтний бие махбодын амьдрал, оршин тогтнолд маш их өвдөлт, бэрхшээл авчирдаг. Жишээлбэл, энэ нь бие махбодод цусны эргэлт удаашрах, үе мөч хөших, хөл хүндрэх, толгой эргэх зэрэг янз бүрийн таагүй байдал үүсгэдэг бөгөөд олон өвчин эрт эхэлж, сэдрэхэд хүргэдэг; хүмүүсийн харшлын урвал ч бас улам бүр ноцтой болж байна. Янз бүрийн түвшний сөрөг урвал нь арьснаас эхлээд дотоод эрхтэн хүртэлх олон зүйлд нөлөөлдөг. Эдгээр нь органик бус хоол хүнсний хүн төрөлхтний бие махбодын амьдрал, оршин тогтнолд авчирдаг янз бүрийн бэрхшээл, өвдөлт шаналал юм. Хүний биеийг Бурхан бүтээсэн учраас зөвхөн Бурхан л бүтэц, хэрэгцээг нь хамгийн сайн ойлгодог. Тиймээс Бурхан хүний биеийн бүтэц, хэрэгцээнд үндэслэн хүн төрөлхтөнд зориулсан бүх төрлийн хоол хүнсийг бүтээсэн. Өмнөдөөс умард хүртэл, дорноос өрнө хүртэл Бурхан орон нутгийн ард түмний аж амьдрал, оршин тогтнолд тустай янз бүрийн хоол хүнсийг бүтээсэн. Бурханы бүтээсэн бүх хоол хүнсний анхдагч хэлбэр нь хүний амьдрал, оршин тогтнолд шаардлагатай хоол хүнсний эх үүсвэрээр хангах зорилготой; тэдгээр нь бүгд хүн төрөлхтний бие махбодын амьдрал, оршин тогтнолд зайлшгүй шаардлагатай байдаг. Өөрөөр хэлбэл, хүний бие махбод амьд байж, тэжээгдэн тэтгэгдэхийн тулд Бурханы бүтээсэн эдгээр ургамалгүйгээр байж чадахгүй. Эдгээр ургамал, үр нь Бурханаас ирсэн л бол анхдагч хэлбэрээрээ байж, Бурханы бүтээсэн шаардлагатай чиг үүрэг, бүрэлдэхүүн хэсгүүдийг, түүнчлэн Бурханы хайрласан амийн хүчийг агуулдаг. Үр хаана ч байсан—хөрсгүй хадны ан цав руу унасан ч гэсэн—амийн хүчтэй л байх юм бол соёолж, ургаж, хэвийн боловсорч, илүү олон үр гаргаж чадна. Бүх зүйл үржиж, оршин тогтнодог ийм өргөн хүрээний орчинд л хүмүүс бие махбоддоо зориулан хоол хүнсний эх үүсвэр олж авч, янз бүрийн үйл ажиллагааг тасралтгүй явуулж, үргэлжлүүлэн үржиж, амьдарч чадна. Хэрвээ янз бүрийн ургамал, үр нь Бурханы бүтээсэн анхдагч чиг үүргээ алдвал энэ нь хүн төрөлхтөн хоол хүнснээсээ салж, хүн төрөлхтөн хоол хүнсний эх үүсвэрээ булаалгасантай тэнцэнэ. Хүмүүс өлсгөлөнг нь түр зуур дарж чадах анхдагч хэлбэрээрээ бус зарим хоол хүнсийг бүтээж, үйлдвэрлэдэг ч гэсэн боловсруулалтад орсны дараа хоол хүнсний анхдагч хэлбэр нь өөрчлөгдөж, анхдагч чиг үүргээ алддаг учраас тэдгээрийг идсэний дараа хүмүүсийн бие махбодын үйл ажиллагаа болон мэдрэхүй нь дагаад өөрчлөгдөнө. Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр хүмүүсийн бие махбодод бас зарим сөрөг урвал илэрнэ; тэдэнд зарим нэг өвчин эмгэг, өвдөлт үүсэж, бүр ноцтой үр дагавар ч гарч болзошгүй. Энэ нь хүн төрөлхтөнд зориулан хоол хүнс бүтээсэн Бурханы анхдагч санаа зорилготой зөрчилддөг бөгөөд Бурханы хүн төрөлхтөнд тогтоосон амьд үлдэх хууль, амьд үлдэх дүрэм журамтай ч бас зөрчилддөг. Тиймээс үүнийг яаж ч харсан бай, ямар нэг зүйл амьд зүйлийг бүтээх үеийн Бурханы анхдагч санаа зорилго болон Бурханы тогтоосон хууль, дүрэм журамтай зөрчилдөж л байвал Бурханы бүтээсэн чиг үүрэг болон гүйцэтгэх ёстой үүрэг роль, түүнчлэн Бурханы өгсөн амийн хүчээ алдсан байдаг тул мөн чанар нь өөрчлөгдсөн байдаг. Органик бус хоол хүнс бий болсон нь хоол хүнсийг бүтээсэн Бурханы анхдагч санаа зорилготой зөрчилддөг; эрдэмтэд хоол хүнсний үрийг шинжлэх ухааны аргаар боловсруулж, өөрчлөх үед энэ нь хоол хүнсний мөн чанарыг өөрчилдөг. Тиймээс органик бус хоол хүнс бол сөрөг зүйл юм. Харагдах байдал нь илүү өнгөлөг, сайхан болсон эсэх, илүү том болсон эсэх, эсвэл тоо хэмжээ нь нэмэгдсэн эсэхээс үл хамааран—яаж ч өөрчлөгдсөн бай, үүнийг бүтээсэн Бурханы анхдагч санаа зорилготой зөрчилдөж, Бурханы өгсөн чиг үүрэг, амийн хүчийг алдсан л бол тэр нь сөрөг зүйл юм. Энэ нь ямар ч эргэлзээгүй нь лавтай. Энэ нь юу ч байсан, ямар ч цаг үед, эсвэл хэний ч үйлдлээр бий болсон бай хамаагүй, Бурханы бүтээсэн, эсвэл тогтоосон зүйл биш бөгөөд харин ч Бурханы бүтээл, тогтоолтой зөрчилдөж л байвал тэр нь сөрөг зүйл юм. Одоо үүнийг тодорхой ойлгов уу? (Тийм.)
Органик бус хоол хүнс сөрөг зүйл болох тухай хэрэг явдлыг тодорхой нөхөрлөсний дараа нөхөрлөх шаардлагатай өөр нэг асуудал байна. Зарим хүн: “Органик бус хоол хүнс нь Бурханы бүтээл, тогтоолтой зөрчилддөг сөрөг зүйл тул бид үүнд хэрхэн хандах ёстой вэ? Бид үүнийг идэх ёстой юу? Бид үүнийг идэх ёсгүй юу, эсвэл бага хэмжээгээр л идэх ёстой юу? Хэрэгжүүлэх зохистой арга зам нь юу вэ?” гэж асуудаг. Та нарын зарим нь сая “Өнөөдөр нийгэм дэх ихэнх хоол хүнс органик бус бөгөөд органик хоол хүнс худалдаж авахыг хүсвэл олоход амаргүй—зарим улс орон, бүс нутагт өндөр үнээр ч худалдаж авч чадахгүй. Бид органик хоол хүнсний ашиг тус, органик бус хоол хүнсний хор хөнөөлийг мэддэг ч гэсэн юу хийж чадах билээ?” гэсэн. Өргөн хүрээний орчин ийм л байдаг. Энэ бол Сатаны ертөнц бөгөөд Бурханы бүтээсэн амийн хүчтэй хоол хүнсийг идэхэд нь хүмүүст саад болдог. Зарим хүн: “Органик бус хоол хүнс идэх нь бидний биед хортой гэдгийг бид мэддэг ч органик хоол хүнс идэх арга алга. Бид яах ёстой вэ? Бид зүгээр л өлсөж үхэх ёстой юм уу?” гэж хэлдэг. Чи өлсөж үхэж болохгүй. Амьд явахын тулд органик бус хоол хүнс идэх л хэрэгтэй. Үүнийг идэх нь биед хортой байсан ч өлсөж үхсэнээс дээр. Чи ийм хүндрэлтэйгээр үргэлжлүүлэн амьдарсан ч үхэхгүй, үүргээ гүйцэтгэж чаддаг байж, эцсийн мөч хүртэл тэсэж, өвчтэй байсан ч гэсэн авралд хүрч чадах л юм бол энэ ертөнцийг ялж, Сатаныг дийлсэн хэрэг. Бусад нь: “Органик бус хоол хүнс хүмүүст маш их хор хөнөөлтэй бөгөөд үр нөлөө нь эргэлт буцалтгүй учраас би зүгээр л үүнийг идэхгүй. Би өөрийнхөө хашаанд бага зэрэг органик хоол хүнс тарих арга олно” гэж хэлдэг. Хэрвээ чамд боломж байгаа бол энэ нь мэдээж зүгээр. Гэхдээ гэр чинь хашаагүй, чи хүнсний ногоо, үр тариа тарьж чадахгүй, мөн органик хоол хүнс худалдаж авах боломжгүй жирийн хүн байвал яах вэ? Тэгвэл чи органик бус хоол хүнс л идэж чадна. Зарим хүн: “Хэрвээ би органик бус хоол хүнс идвэл энэ нь намайг ядаж хэдэн жил амьд байлгаж чадна, би богино хугацаанд үхэхгүй. Би үүнээс болж зарим нэг хачин өвчин туссан ч гэсэн хийж чадах зүйл байхгүй” гэж хэлдэг. Та нар элдэв янзын хачин өвчин тусаж, нас чинь богиносохоос айж байна уу? (Тийм.) Үүнийг яах ёстой вэ? Зарим хүн: “Тэгвэл бид хамгийн сүүлийн сонголтыг л хийж чадна—чадах зүйлээ л хийе. Амьд үлдэхийн тулд органик бус хоол хүнс идэхээс өөр сонголт бидэнд байхгүй” гэж хэлдэг. Энэ зарчим зөв үү? (Тийм.) Тийм гэж үү? Та нар энэ нь зөв үү, эсвэл буруу юу гэдгийг ялган таньж чадахгүй байна. Ингэх нь чадах зүйлээ л хийж, өөр сонголтгүй байх явдал уу? Энэ нь чадах зүйлээ л хийж байгаа хэрэг биш, өөр сонголтгүй байгаа хэрэг ч биш. Харин энэ нь итгэлээр амьдрах явдал юм. Бурханы үгэнд нэг өгүүлбэр байдаг биш үү? “Ганц ч болов амьсгал үлдсэн цагт Бурхан чамайг үхүүлэхгүй.” Хүмүүсийн амь Бурханы гарт байдаг. Хүн хэр удаан амьдрах болон түүний бие махбодын нөхцөл байдал нь юу идэж байгаагаас биш, харин Бурханы тогтоолоос хамаардаг. Хүмүүс органик бус хоол хүнсний талаар зөв бодол санаа, үзэл бодолтой байж, үүнийг ялган таньдаг байхад л хангалттай. Гэвч хүмүүс оршин байгаа объектив орчинд зөв хандах ёстой. Хэрвээ чамд өөрийнхөө хоол хүнсийг тариалах санхүүгийн боломж, эсвэл орчны нөхцөл байхгүй бол байгаа бүхнээ ид. Тэгвэл чи өвчлөх, эсвэл үхэх талаар санаа зовох уу? Санаа зовох шаардлагагүй. Яагаад? Бидний зүрх сэтгэлд Бурханы үгийн үнэн бидний түшиг тулгуур, үндэслэл болдог: “Хүн зөвхөн талхаар амьдардаггүй, харин Бурханы амнаас гарах үг бүрээр амьдардаг”, “Ганц ч болов амьсгал үлдсэн цагт Бурхан чамайг үхүүлэхгүй.” Хүний амь, бие махбодын байдал, наслалт нь бүгд Бурханы гарт байдаг. Хүн өвчлөх эсэх, хэзээ өвдөх, хэзээ үхэх—энэ бүхэн Бурханы гарт байдаг. Санаа зовох юм уу айх шаардлагагүй. Хэрвээ чи органик хоол хүнс олж авч чадахгүй, зөвхөн органик бус хоол хүнс л идэж чадах бол сэтгэл амар ид. Байгаа бүхнээ ид. Зарим хүн: “Хэрвээ Та органик бус хоол хүнсийг сөрөг зүйл гэж хэлсэн бол яагаад биднийг сэтгэл амар ид гэж хэлж байгаа юм бэ?” гэж асуудаг. Хэрвээ чи идэхгүй бол яаж амьдарч чадах юм бэ? Хэрвээ чи хэтэрхий бага идвэл чиний бие үнэхээр хэрэгтэй зүйлээ авч чадах уу? Одоо шүтлэггүй хүмүүс ч бас органик бус хоол хүнс нь органик хоол хүнснээс хамаагүй бага шим тэжээлтэй; хэдийгээр чи их иддэг ч энэ нь их шим тэжээл өгдөггүй гэж хэлдэг. Энэ ч бас баримт юм. Тэдний мэддэггүй өөр нэг зүйл бий: Органик хоол хүнсэн дэх шим тэжээлийн бүрэлдэхүүн хэсгүүдийн харьцаа зохистой байдаг. Үүнийг идсэний дараа энэ нь чиний биед олон шим тэжээлийг ялгаруулахад тусалж, цусны эргэлтийг сайжруулж, дотор чинь анхдагч чиг үүргээ гүйцэтгэж эрүүл мэндийг чинь баталгаажуулдаг. Гэвч органик бус хоол хүнсэнд шим тэжээлийн бүрэлдэхүүн хэсгүүд байдаггүй тул чиний бие үүнийг ашиглан шим тэжээлийг нийлэгжүүлэн бие махбодын хэрэгцээгээ хангаж чаддаггүй. Хамгийн чухал нь органик бус хоол хүнс амийн хүчгүй бөгөөд олон шим тэжээлийн бүрэлдэхүүн хэсэг дутмаг байдаг; энэ нь чамайг эрүүл болгож чадахгүй. Үүнийг арав юм уу хорин жил идсэний дараа хүмүүст бүх төрлийн өвчин эмгэг, хачин өвчин үүсэж, зарим нь бүр нөхөн үржих чадвараа алдана. Ийм үр дагавар хэтэрхий ноцтой юм. Тийм ч учраас зарим хүн: “Би хангалттай хоол хүнс, хүнсний ногоо идсэн, тиймээс надад шим тэжээл дутагдах ёсгүй. Гэхдээ яагаад хамаг бие минь сул дорой санагддаг юм бэ?” гэж боддог. Энэ бол органик болон органик бус хоол хүнсний ялгаа юм; үнэндээ чи үүнийг хэдийнээ мэдэрсэн. Чамд яагаад ийм мэдрэмж төрдөг вэ? Органик бус хоол хүнс амийн хүчгүй байдаг учраас тэр. Чи үүнийг их иддэг ч энэ нь төдийлөн их шим тэжээл авчирдаггүй, тиймээс чи бие махбодын хувьд сульдаж, эрч хүчгүй байгаагаа мэдэрдэг. Гэхдээ ямартай ч чи идэх л ёстой; хэрвээ идэхгүй бол өлсөөд, ажиллаж эсвэл амьд үлдэж чадахгүй. Хүмүүс тэнэг зүйл хийх ёсгүй, туйлшрах ч ёсгүй. Тэд бүх зүйлд Бурханы үгийн дагуу хандаж, бүх зүйл дээр үнэн-зарчмын дагуу хэрэгжүүлэх ёстой. Энэ бол хүмүүсийн тодорхой мэдэж, ойлгох ёстой зүйл юм. Товчхондоо, энэ бүхэн хүмүүс органик бус хоол хүнсэнд хэрхэн хандах ёстой вэ гэдэгтээ холбоотой. Органик бус хоол хүнсний авчирдаг сөрөг нөлөө болон дараа дараагийн үр дагаврыг ойлгосныхоо дараа хүмүүс үүнд хазаарлагдах ёсгүй, санаа зовж, айх ч ёсгүй, учир нь бүх зүйл Бурханы гарт байдаг. Хүмүүсийн амь болон тэдний бүх зүйл Бурханы гарт байж, Бурханы дээд эрх, зохион байгуулалтад захирагддаг. Тийм биз дээ? (Тийм.) Хэрвээ чи үүнийг ингэж ухамсарлавал чиний бодол санаа, үзэл бодол зөв байна. Энэ бүхнийг сонсоод та нарын зүрх сэтгэл цэлмэж, чөлөөлөгдсөн мэт санагдаж байна уу? (Тийм.) Энэ бол хүмүүсийн харах ёстой бодит амьдралын асуудал юм. Хэрвээ чи энэ хэрэг явдлыг нэвт харж чадахгүй бол хэтэрхий тэнэг байна. Органик бус хоол хүнс идэх эсэх талаар бид сая хэрэгжүүлэлтийн хэд хэдэн зарчмыг хэлэлцсэн. Чи объектив орчин болон бодитой нөхцөл байдалдаа үндэслэн үүнд зохих ёсоор хандах ёстой. Товчхондоо, чи бүх зүйлийг Бурханы үгийн дагуу харах ёстой, мөн Бурханы үгийн дагуу үйлдэх ёстой. Чиний сэдэл бие махбодын хэвийн оршин тогтнол, үйл ажиллагааг баталгаажуулахын төлөө байж, тэгснээрээ чи үүргээ хэвийн гүйцэтгэж, Бурханыг дагах замаас хазайхгүй байж, үүргээ биелүүлж, үнэнийг эрэлхийлэх замд орж чадах л юм бол чиний хийж байгаа зүйл зөв. Энэ бол Бурханы тогтоосон зүйлийн талаарх бидний нөхөрлөлийн агуулга юм.
Бурханы тогтоодог зүйлийн талаар нөхөрлөхдөө бид хоёр жишээ ашигласан. Үүнийг үндсэндээ тодорхой тайлбарласан уу? (Тийм.) Тэгвэл та нар эерэг болон сөрөг зүйлийг ялгаж чадах уу? Чи үнэний энэ талыг хэрэглэн өөрт чинь тулгардаг янз бүрийн хүмүүс, үйл явдал, зүйлсийг дүгнэж чадах уу? Хэрвээ бид энэ хоёр жишээний талаар нөхөрлөөгүй бол та нар өнөөдөр бидний тодорхойлсон эерэг зүйлстэй холбоотой үнэний энэ талыг ашиглан тэдгээрийг үнэлж чадах байсан уу? (Би арай энгийнүүдийг нь ялган таньж чадах байсан байх, гэхдээ Бурханы ярьсан харьцангуй төвөгтэй хоёр жишээг ялган таньж чадахгүй байх байсан.) Бид энэ талаар нөхөрлөсөн нь сайн хэрэг, эс бөгөөс та нар алим-лийр гэх мэт тийм амттай хоол хүнс идэх боломжоо алдах байсан, тийм биз дээ? (Тийм.) Дүрэм журмыг мөрдөх хандлагатай зарим хүн алим-лийрийг хараад идэхийг хүсэх боловч үүнийг идэх нь Бурханы тогтоосон зарчмыг зөрчиж, Бурханы үгтэй зөрчилдөнө гэж бодоод идэж зүрхлэхгүй байх, тиймээс тэд биеэ барьж, үүнийг иддэггүй бөгөөд үр дүнд нь энэ амттай хоол хүнсийг идэх маш олон боломжийг алддаг. Гэвч зарим илт сөрөг зүйлийн тухайд хүмүүс ялган таних чадваргүйгээсээ болоод тэдгээрийг ихэд магтаж, зүрх сэтгэлдээ гүнээ хүлээн зөвшөөрч, хүлээж авдаг. Органик бус хоол хүнсний тухайд тэд бүр “Органик бус хоол хүнс нь хүн төрөлхтний хоол хүнсний хэрэгцээг асар их хангахын зэрэгцээ өлсгөлөнгөөс үүдэлтэй үхлийг бууруулахад тусалдаг. Энэ бол үнэхээр хүн төрөлхтний хөгжлийн түүхэнд шинжлэх ухааны хүн төрөлхтөнд оруулсан асар их хувь нэмэр юм! Үүнийг үнэхээр Бурхан хийсэн; энэ хэрэг явдлыг дэмжсэн нэгэн бол Бурхан юм” гэж боддог. Ийм энгийн мэдэгдэл нэг баримтыг ил болгодог. Ямар баримт вэ? Чи үнэнийг ойлгодоггүй гэх баримт. Энэ бол хоёрдогч асуудал; энд үүнээс ч илүү ноцтой нэг асуудал байгаа нь чи Бурханд туйлын тэрслүү, доромжилсон үг хэлсэн явдал бөгөөд энэ нь Бурханы зэвүүцэл, жигшлийг төрүүлдэг. Хэрвээ ийм асуудал маш ноцтой болж, чи Бурханы санаа зорилгыг зөрчиж, Бурханыг санаатайгаар эсэргүүцэж, доромжилбол аврагдах найдвараа алдаж магадгүй бөгөөд энэ нь чиний хүрэх газарт нөлөөлнө. Тиймээс үнэнийг ойлгох нь маш чухал юм. Хэрвээ бид нөхөрлөлдөө жишээ ашиглаагүй бол та нарын зарим нь “Органик бус хоол хүнс бол шинжлэх ухааны судалгааны үр дүн бөгөөд шинжлэх ухааны хөгжил хүн төрөлхтөнд хувь нэмэр оруулдаг, тиймээс ийм хувь нэмрийг Бурхан тогтоосон байх магадлалтай, Бурхан зохион байгуулсан байх магадлалтай” гэж бодох байсан. Ийм маягаар нөхөрлөснөөр дамжуулан одоо тодорхой ойлгосон уу? Энэ мэдэгдэл зөв үү? (Үгүй.) Хүн юмыг ингэж ойлгох ёстой юу? (Үгүй.) Хэрвээ хүн ингэж хэлбэл асуудалд орно; энэ бол туйлын тэрслүү хэрэг! Юмс үнэндээ юу болохыг болон тэдгээрийн мөн чанарын талаар тодорхой ойлгохоосоо өмнө тэдгээрийг яаран бүү тодорхойл, шинжлэх ухааны аргаар боловсруулсан зүйлсийг амархан бүү хүлээж ав, эсвэл бүү дуртай бол. Ялангуяа ёрын муу чиг хандлагад шүтэгддэг, түгээмэл байдаг, ихэнх хүний дуртай зүйлсийн тухайд чи хатуу чанд сэрэмжлэх ёстой—тэдгээрийг Бурханы үг болон үнэний дагуу ялган тань, яавч бүү хүлээж ав. Зарим хүн: “Бидний хэв чанар муу. Онлайнд янз бүрийн мэдээлэл тархаж байгааг хараад бид үүнийг нийгмийн чиг хандлага, буруу байж таарахгүй гэж боддог. Үүнийг харсны дараа энэ нь бидний зүрх сэтгэлд нөлөөлдөг. Хэрвээ бид вакуум орчинд амьдарч байсан бол төөрөлдөхгүй байх байсан” гэж хэлдэг. Энэ мэдэгдэл зөв үү? (Үгүй.) Чи бодитой ертөнцөд, өнөөгийн нийгэмд амьдарч байгаа бөгөөд олон хачин дуу хоолой, хачин үг хэллэг, онолыг гарцаагүй сонсох болно. Эдгээр маргаан чиний зүрх сэтгэлд гарцаагүй нэвтэрч, нөлөөлж, бодол санааг чинь өөрчлөх болно. Хүмүүс энэ нийгэмд амьдарч, хүмүүсийн дунд амьдарч байгаа цагт өөрийн эрхгүй эдгээрийн нөлөөнд автана, харин уул, ойн гүнд амьдарч, эсвэл жижигхэн өрөөнд өөрсдийгөө түгжиж, эдгээр зүйлийг сонсохгүй, харахгүй, бодохгүй байгаа тохиолдолд л зүрх сэтгэл нь цэвэр байна гэж боддог. Энэ үзэл бодол зөв үү? (Үгүй.) Мэдээж үгүй. Тэгвэл энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэж болох вэ? Чи үнэнийг эрэлхийлж, үнэнийг ойлгох ёстой. Хэрвээ чи үнэний бүх талыг тодорхой ойлгосон бол эдгээр зүйлтэй тулгарах үедээ тэдгээрийн цаад мөн чанар юу болохыг мэдэх болно. Чи тэдгээрийг хурдан ялган таньж, эерэг, эсвэл сөрөг зүйл хэмээн тодорхойлж чадна—мөс чанар, эрүүл ухаантай байсны үндсэн дээр эерэг зүйлсийг хурдан хүлээн авч, сөрөг зүйлсийг эсэргүүцэх юм уу голж, шүүмжилж, яллах болно. Ийм маягаар чи хамгаалагдана, чамд арга мөхөс санагдахгүй, тэгтлээ их санаа зовж, айх ч шаардлагагүй болно. Яагаад? Учир нь Бурханы үгийг үндэслэлээ болгосноор чи эерэг болон сөрөг зүйлийг ялган таних үндсэн чадвартай болж, янз бүрийн эерэг болон сөрөг зүйлийн талаарх үзэл бодол, санал чинь Бурханы үгэнд үндэслэнэ, чи тэдгээр нь эерэг, эсвэл сөрөг зүйл эсэхийг тодорхойлж чадна; тиймээс чиний хийх ёстой зүйл маш амархан байх болно. Тийм биш гэж үү? (Тийм.)
Бидний сая нөхөрлөсөн зүйлийг та нар ойлгосон уу? Хэрвээ бид энэ талаар ингэж нөхөрлөөгүй бол та нар үүнийг ойлгож чадах байсан уу? (Үгүй.) Тэгвэл хэрвээ та нар дахиад хэдэн жил туулж мэдэрвэл эерэг болон сөрөг зүйлийг ялган таньж чадах уу? (Үнэнгүйгээр бид эдгээр зүйлийг ялган таньж чадахгүй; заримдаа бид бүр сөрөг зүйлсийг биширч, дэмждэг. Тиймээс бид илүү олон жилийн туршлагатай байлаа гээд л ялган таньж чаддаг болчихдог юм биш.) Эдгээр хэрэг явдал нууцуудтай холбоотой юу? (Үгүй, холбоогүй.) Хэрвээ эдгээр нь нууцуудтай холбоотой биш юм бол хүмүүс яагаад эдгээрийг ойлгодоггүй юм бэ? Эдгээр нь гадаад хэрэг явдал уу? (Тийм.) Хэрвээ эдгээр нь зүгээр л гадаад хэрэг явдал байсан бол ойлгоход амархан байх ёстой, гэвч үнэндээ эдгээр хэрэг явдал нь бас зарим үнэнийг болон янз бүрийн зүйлийн талаарх хүмүүсийн үзэл бодлыг хамардаг. Ямар нэг зүйл аливаа зүйлийн талаарх үзэл бодол, асуудлын мөн чанар, шинж чанарыг хамарч л байвал үнэнийг хамардаг бөгөөд үнэнийг хамарсан үед та нар үүнийг нэвт харж чадалгүй будилдаг. Тэгвэл та нар ийм маягаар нөхөрлөх шаардлагатай гэж бодож байна уу? (Тийм ээ, шаардлагатай.) Энэ нөхөрлөлийг сонссоныхоо дараа та нар анхаарлаа хэрэг явдалд өөрт нь хандуулахгүй, эсвэл дүрэм журам мөрдөж сурахгүй, харин ч нөхөрлөлөөр дамжуулан үнэн болон Бурханы санаа зорилгыг ойлгож, юу нь эерэг зүйл, юу нь сөрөг зүйл болохыг ялган таньж чаддаг болж, үнэний тухайд ахиц дэвшил гаргаж, юмыг ялган таних чадвар чинь сайжирна гэж найдаж байна. Энэ нь та нар ямар нэг зүйл олж авсан гэсэн үг байх болно. Бид өмнө нь хоёр онцгой жишээг жагсаасны дараа та нар одоо эерэг зүйлсийг—Бурханы бүтээсэн, Бурханы тогтоосон, эсвэл Бурханы дээд эрхийн дор байдаг зүйлсийн цар хүрээнд багтах бүх юмыг бүгдийг нь ялган таньж чадаж байна уу? Эсвэл та нар зөвхөн ижил төрлийн зүйлсийг л ялган таньж чадах бөгөөд энэ хоёр жишээнээс өөр зүйлсийг ялган таньж чадахгүй хэвээр байна уу? (Би ижил төрлийн зүйлсийг, мөн харьцангуй энгийн өөр зүйлсийг тодорхой хэмжээнд ялган таньж чадах байх, гэхдээ хэтэрхий төвөгтэй зүйлсийг тодорхой ялган таньж чадахгүй хэвээр байна.) Энэ бол баримт, тийм биз дээ? Хэрвээ та нар ялган таньж чадахгүй хэвээр байгаа бол нэг зарчмыг ухамсарлах ёстой. Эхлээд, тодорхой нэг зүйл Бурханы бүтээж өгсөн чиг үүрэг, эсвэл Бурханы тогтоосон оршин тогтнолын ач холбогдлоо зөрчиж байгаа эсэхийг хар; энэ талыг зөрчиж байгаа эсэхийг нь хар. Хэрвээ зөрчиж байвал тэр нь сөрөг зүйл юм. Хэрвээ энэ нь Бурханы бүтээл, тогтоолыг зөрчдөггүй боловч оршин тогтнолын хэлбэр, оршин тогтнолынх нь үнэ цэн хүмүүст эерэг, эсвэл сөрөг нөлөөтэй гэдгийг хэлэх боломжгүй бол—энэ нь зөвхөн ямар нэгэн зорилгод үйлчилж, хүмүүсийн амьдралыг жаахан тав тухаар хангадаг, ашиг тус багатай ч хор хөнөөлгүй, өөрөөр хэлбэл, Бурханы бүтээсэн хүн төрөлхтний оршин тогтнох хэлбэр, хэвийн амьдралыг алдагдуулдаггүй, үймүүлдэггүй, ямар нэгэн сөрөг үр дагавар ч авчирдаггүй бөгөөд үүний оршин тогтнолыг хүн төрөлхтөнд утга учиртай гэж үзэх боломжгүй, хүмүүс үүнгүйгээр ч сайн сайхан амьдарч чадахаар бол—үүнийг эерэг, эсвэл сөрөг зүйл гэж үзэх боломжгүй. Энэ нь тэр ангилалд багтдаггүй; энэ нь зүгээр л нэг төрлийн зүйл, эсвэл объект учраас бид үүнийг эерэг, эсвэл сөрөг гэж тодорхойлохгүй. Жишээлбэл, морин тэрэг бол тээврийн хэрэгсэл юм. Үүнийг Бурханы бүтээж, тогтоосон амьд зүйл буюу морь чирдэг. Морины чирдэг тэргийг хүн хийсэн, Бурхан бүтээгээгүй; энэ бол Бурханы өгсөн амьд үлдэх чадвараараа хүний хийсэн хэрэгсэл юм. Энэ нь ачаа тээвэрлэж, хүмүүсийг өөр өөр газар руу зөөж, хүмүүсийн амьдрал, аяллыг илүү тав тухтай болгож чаддаг. Тэгвэл та нар хүний хийсэн морин тэргийг эерэг, эсвэл сөрөг зүйл гэж бодож байна уу? Морин тэрэг эрчим хүч зарцуулдаг уу? Утаа ялгаруулж, агаар бохирдуулдаг уу? (Үгүй.) Морин тэрэг хүмүүсийн амьдрал, оршин тогтнолд ямар ч сөрөг нөлөө үзүүлдэггүй, хүмүүсийн амьдралыг арай илүү тав тухтай болгодог. Гэхдээ морин тэрэг байгаагүй бол хүмүүс явганаар ч аялах боломжтой, энэ нь зүгээр л арай удаан байх байсан; хүмүүс үүнгүйгээр амьд үлдэж чадахгүй юм биш. Энэ бол зайлшгүй шаардлагатай зүйл биш. Тэгвэл энэ зүйл эерэг зүйл үү, эсвэл сөрөг зүйл үү? (Миний ойлгож байгаагаар энэ нь сөрөг зүйл биш, гэхдээ бас эерэг зүйл ч биш; үүнийг зүгээр л эерэг, эсвэл сөрөг гэж хэлэх боломжгүй.) Энэ нь хүний гараар бүтээгдсэн бөгөөд үүнийг эерэг, эсвэл сөрөг гэж хэлэх боломжгүй. Хэрвээ чи морин тэрэг эерэг зүйл үү, эсвэл сөрөг зүйл үү гэдгийг хэлэлцсэн бол энэ нь үндсэндээ шалихгүй зүйл дээр сүр бадруулж, жижиг сажиг юмаар хөөцөлдөж байгаа хэрэг болно.
Зарим хүн: “Моддыг Бурхан бүтээж, тогтоосон бөгөөд модны оршин тогтнох дүрэм журам болон оршин тогтнох хэлбэр нь Бурханаас ирдэг учраас тэдгээр нь эерэг зүйл юм. Тэгвэл модыг тайрч, гуалин болгон боловсруулбал энэ нь эерэг зүйл үү, эсвэл сөрөг зүйл үү?” гэдэг. Гуалин нь хүн төрөлхтний өдөр тутмын хэрэгцээнд тодорхой хэмжээний тав тух олгодог, тухайлбал ширээ, сандал зэрэг янз бүрийн тавилга хийхэд ашиглагддаг, мөн хоол хийхэд түлш болгож болдог. Энэ нь ургамлаас эд зүйл болон хувирдаг. Энэ нь эерэг зүйл үү, эсвэл сөрөг зүйл үү? (Үүнийг эерэг ч, сөрөг ч гэж хэлэх боломжгүй.) Зөв байна, одоо та нар ойлгож, ухаарлаа. Бурханы бүтээсэн, Бурханы тогтоосон, эсвэл Бурханы дээд эрхийн дор байх—энэ зарчмын цар хүрээнд багтах зүйлс л эерэг зүйл юм. Энэ зарчмыг зөрчдөг юу ч бай сөрөг зүйл юм. Энэ хоёр ангиллаас гадуурх зүйлсийн хувьд, хэрвээ чи тэдгээр нь эерэг эсвэл сөрөг эсэхийг хэлэлцвэл энэ нь үндсэндээ аар саар юмаар хөөцөлдөж, ялихгүй зүйл дээр сүр бадруулж, хийвэл зохих ажлаа хийхгүй байгаа хэрэг юм. Жишээлбэл, зарим хүн: “Хүний хийсэн хөшиг эерэг зүйл үү, эсвэл сөрөг зүйл үү?” гэж асуудаг. Зарим хүн: “Энэ нь даавууны гарал үүслээс хамаарна. Хэрвээ хөшгийг боловсруулсан түүхий хөвөнгөөр, будаж цайруулалгүй, ямар ч химийн бодис нэмэлгүйгээр хийсэн бол эерэг зүйл юм. Хэрвээ будаж, цайруулж, хээлсэн, эсвэл ямар нэгэн химийн бодис нэмсэн бол сөрөг зүйл юм. Сөрөг зүйл бол бидний үгүй хийж, орхих ёстой зүйл, тиймээс бид тэдгээрийг ашиглаж болохгүй. Ингэж байж л бид Бурханы үгийн зарчмыг баримталж, эерэг зүйл болон үнэнийг хайрладаг хүмүүс болно. Тиймээс бид хөвөн даавуун бүтээгдэхүүн биш бүх юмыг буруушааж, байгалийн гаралтай бус бүх юмыг буруушаадаг” гэж хэлдэг. Байгалийн гаралтай зүйлс юу вэ? Хөвөн, торго, бас маалинга. Энэ хүмүүсийн санал бодлоор бол, энэ хэдээс өөр хүмүүсийн өмсөж болох зүйл байхгүй—хэрвээ чи зарчмыг зөрчихөөс зайлсхийхийг хүсэж, эерэг зүйлийг хайрлаж, сөрөг зүйлийг голж чаддаг болохыг хүсвэл эдгээр зүйлийг өмсөх ёстой, учир нь зөвхөн эдгээр зүйл л Бурханы бүтээсэн анхдагч хэлбэрээрээ байдаг. Энэ үзэл бодол зөв үү? (Үгүй.) Зарим хүн: “Энэ үзэл бодлын дагуу бол, шинжлэх ухааны аргаар боловсруулсан нэхмэл эдлэл өмсдөг хэн боловч эерэг зүйлсийг хайрладаг хүн биш, үнэнийг хэрэгжүүлдэг хүн биш, харин ялган таних чадваргүй, зарчимгүй хүн, асар тэрслүү, Бурханд жигшигдсэн хүн бөгөөд тийм хүн дууссан!” гэж хэлнэ. Энэ үг зохистой юу? (Үгүй, энэ бол ялихгүй зүйл дээр сүр бадруулж байгаа хэрэг.) Ийм хүмүүсийн үг далд сэдэл агуулж байдаг бөгөөд тэд бүр бусдыг яллаж, аливааг дэгсдүүлж ч чаддаг. Тэд ямар хүмүүс вэ? (Дүрэм журам баримталдаг, сүнслэг ойлголтгүй хүмүүс.) Тэд бол утгагүй хүмүүс, утгагүй төрлийнх юм. Эдгээр тэрс үзэл, төөрөгдлийг илэрхийлэхдээ тэд ялихгүй зүйл дээр сүр бадруулж, ярилцаж буй сэдвийг далимдуулан өөрсдийнхөө санал бодлыг илэрхийлдэг. Тэдний оюун ухаан эдгээр тэрс үзэл, төөрөгдлөөр дүүрэн байдаг бөгөөд тэд үүнийгээ эцэс төгсгөлгүй чалчиж чаддаг боловч тэднээс үнэнтэй холбоотой зүйлийн талаар нөхөрлөхийг хүсэх үед тэдэнд хэлэх үг байдаггүй. Тэднээс эерэг зүйл гэж юу болох талаар нөхөрлөхийг хүсэхэд тэд эдгээр тэрс үзэл, төөрөгдлийг хэлдэг. Энэ нь зэвүүцмээр гэж чи бодохгүй байна уу? Олон зүйл нь Бурханы бүтээсэн, Бурханы тогтоосон, эсвэл Бурханы дээд эрхийн дор байдаг эерэг зүйлстэй холбоогүй байдаг. Нарийн яривал, тэдгээр нь Бурханы бүтээсэн, Бурханы тогтоосон, эсвэл Бурханы дээд эрхийн дор байх зарчмыг зөрчдөггүй бөгөөд оршин тогтнох хэлбэр нь хүн төрөлхтний амин зуулга, оршин тогтнолд ямар нэгэн сөрөг нөлөө юм уу хор хөнөөл учруулдаггүй. Тиймээс, ярих үедээ мөс чанар, эрүүл ухаантай байж, ялихгүй зүйл дээр сүр бадруулахгүй, эсвэл дур зоргоороо яллахгүй байх нь хамгийн сайн. Бурханы бүтээсэн, Бурханы тогтоосон, эсвэл Бурханы дээд эрхийн дор байдаг зүйлсийн цар хүрээнд багтах зүйлсийг бид нөхөрлөх нь зохистой бөгөөд хүлээн авч, ойлгож, баримталж, нандигнаж, хамгаалах нь ч мөн зохистой юм. Эдгээрээс гадна, энэ цар хүрээнд багтдаггүй зүйлсийн хувьд ялихгүй зүйл дээр сүр бадруулж, тэдгээрийг нөхөрлөх гол асуудал мэтээр авч үзэн, асар их урам зоригтойгоор нөхөрлөж, тэр ч байтугай хэд хэдэн цуглаан дамжуулан маш нухацтайгаар нөхөрлөхгүй байх нь хамгийн сайн. Ингэж болохгүй. Ихэнхдээ утгагүй хүмүүс, сүнслэг ойлголтгүй хүмүүс, ёрын муу хүмүүс, антихристүүд болон диаволууд гайхуулахын тулд, хэчнээн ухаантай болохоо хүмүүст харуулахын тулд эдгээр зүйлийг хийх дуртай байдаг. Ялган таних чадваргүй хүмүүс үүнийг үнэнийг нөхөрлөж байна гэж боддог бөгөөд хэдий тэд ямар ч босгон байгуулалтыг авдаггүй ч тэвчиж, сонсохоос өөр аргагүй мэт санагддаг. Үнэндээ тэр хүмүүсийн үг бүгд тэрс үзэл, төөрөгдөл бөгөөд Миний ярьж байгаа эерэг зүйлсийн талаарх сэдэвтэй ямар ч хамаагүй. Тиймээс хэрвээ чи ийм төрлийн хүмүүс эерэг зүйлстэй холбоогүй эдгээр сэдэв, үндэслэлийг хөндөж байгааг сонсвол чи сонсохоос татгалзаж болно. Хэрвээ чи үнэнийг ойлгодог, ялган таних чадвартай бол тэднийг няцааж, зогсоож чадна. Тэднийг хэрхэн зогсоох вэ? Чи: “За, дуугүй бай! Чиний ярьж байгаа зүйл үнэнтэй холбоогүй, эерэг зүйлтэй ч холбоогүй. Чиний хэлж байгаа зүйл бол диаволын үг бөгөөд хэн ч үүнийг сонсохыг хүсэхгүй. Энд байгаа бүх хүнийг битгий үймүүл, хүн бүрийг үүргээ гүйцэтгэхэд нь битгий саад бол!” гэж хэлнэ. Хэрвээ тэдний үг далд сэдэлтэй байвал, мөн тэд дур зоргоороо яллаж, эерэг нөлөө үзүүлэхгүй байвал та нар өндийн босож, үймээн дэгдээхийг нь болиулахын зэрэгцээ хүн бүрийг ялган таних чадвартай болгохын тулд тэднийг ил болгох ёстой. Сонссоныхоо дараа хүн бүр тэдний үг бол үнэнтэй ямар ч хамаагүй тэрс үзэл, төөрөгдөл бөгөөд тэд өө эрж, жижиг сажиг зүйлтэй зууралдаж, хүмүүсийг төөрөлдүүлж, бичиг үсэг, хоосон сургаал ярьж, сүржин үг чалчиж, далд сэдэл агуулж, асуудал үүсгэхийг хүсэж байгаа, тиймээс тэднийг хязгаарлаж, дуугүй болгох ёстой гэдгийг ойлгох болно. Тухайн үед тэнд байгаа хүмүүсийн ихэнх нь ёрын муу хүмүүс болон диаволуудыг ялган таньж чаддаггүй, тэд төөрөгдөл тарааж, хүмүүсийг төөрөлдүүлж байгааг мэддэггүй будилсан хүмүүс байлаа гэж бодъё. Энэ будилсан хүмүүс болон тэр ёрын муу хүмүүс, диаволууд хамтдаа цугларах үедээ бүгд нэг тэрэгний дугуй мэт эвтэй байдаг. Бурханы үгийг сонссоныхоо дараа тэд үнэнийг хүлээн авдаггүйгээр үл барам, сүржин үг, сүртэй боловч хоосон яриагаараа зарим нэг төөрөгдөл тараадаг. Тэр тохиолдолд чи ямар ч үзэл бодол илэрхийлэх шаардлагагүйгээр босоод, чимээгүйхэн явж болно. Диаволууд гайхуулж, жүжиглэж л байг. Оюун санаагаа үймүүлж, үүргийнхээ гүйцэтгэлд нөлөөлөхгүйн тулд тэдэнтэй битгий маргалд. Яагаад? Яагаад гэвэл, диавол үргэлж диавол; амьтан үргэлж амьтан байдаг. Тэд ухаалаг байдалгүй, зөв бурууг ялгаж чаддаггүй, юу нь зөв, юу нь буруу болохыг мэддэггүй; чи хэчнээн нөхөрлөлөө ч тэд үнэнийг ойлгох боломжгүй. Диаволууд үргэлж бичиг үсэг, хоосон сургаал ярьж, уриа лоозон хашхирч, сүртэй боловч хоосон яриа чалчина, харин амьтнаас хойд дүрээ олсон хүмүүс—сүнсгүй хүмүүс ямар ч ялган таних чадваргүй байдаг. Сатанууд болон диаволууд хаана ч үймээн дэгдээсэн, тэд дагаж, үймээнд хутгалдана. Хэрвээ чи тэдэнд ялган танихыг заавал тэд сурч чадахгүй. Үнэнийг ойлгодог хүмүүс л овсгоо самбаатай, мэргэн ухаантай байдаг бөгөөд асуудал харах үедээ нуугдах болно. Тэд диавол үймээн дэгдээж байгааг хараад ялган таньж чадна, мөн ёрын муугаас хол байхаа мэддэг тул үймээнд хутгалдахгүй. Диаволууд хаана жүжиг тавина, амьтад хаана цуглана, тэр газраас муухай үнэр, эмх замбараагүй байдал ханхлах болно. Тэд нэг тэрэгний дугуйнууд бөгөөд хамтдаа цуглах дуртай. Хэн ч, ямар ч гажууд, олиггүй үг хэлсэн бай, тэд сонсох дуртай байдаг, тэр ч байтугай асар их баяр хөөртэйгөөр давтаж хэлдэг. Энэ нь диаволуудын цугларалт биш гэж үү? Хэрвээ чи ухаантай хүн бол ийм нөхцөл байдлыг хараад хурдан зайлсхийж, тэдэнтэй хутгалдахгүй байх ёстой. Яагаад чи тэдэнтэй хутгалдах ёсгүй вэ? Яагаад чи тэдэнтэй маргалдах ёсгүй вэ? Яагаад гэвэл, чи үнэний талаар яаж ч нөхөрлөсөн, тэд хүлээн авахгүй; чи хэчнээн ч олон үг хэлсэн, бүгд хий дэмий байх болно. Сатан болон диаволд харьяалагддаг хүмүүс үнэнийг огт хүлээн авдаггүй, амьтнаас хойд дүрээ олсон хүмүүс үнэнийг ухан ойлгож чаддаггүй тул чи хэчнээн их яриад ч нэмэргүй. Тэд Бурханы үгийг уншдаг уу? Тэд Бурханы үгийг ойлгож чадах уу? Тэд ер нь үнэнийг эрж хайсан уу? Тэд Миний хэлсэн үгийг ч хүлээн авдаггүй байхад чиний хэлсэн хэдхэн үг тэднийг няцааж чадах уу? Энэ нь тэдний бодлыг өөрчилж чадах уу? Тэд чиний үгийг хүлээн авч чадах уу? Тиймээс тэнэг зүйл битгий хий. Чимээгүйхэн яваад өгөх нь ухаалаг сонголт юм. Хэрвээ чи диаволоос “Чи яагаад үнэнийг хэрэгжүүлдэггүй юм бэ? Чи яагаад үргэлж худал хэлж, ов мэх гаргадаг юм бэ?” гэж асуувал диавол чамайг улайм цайм няцаах болно; тэд маргаж, гажууд үндэслэл ашиглан өөрсдийгөө өмөөрөх бөгөөд худал хэлж, ов мэх гаргаж байгаагаа огтхон ч хүлээн зөвшөөрөхгүй. Хэрвээ чи амьтнаас хойд дүрээ олсон хүмүүсээс яагаад үргэлж дүрэм журам баримталдгийг нь асуувал тэд ч бас гажууд үндэслэл ашиглан өөрсдийгөө өмөөрч, өөрсдийгөө үнэнийг хэрэгжүүлж байгаа гэж хэлнэ. Ийм нөхцөл байдалтай тулгарах үедээ чи диаволууд болон амьтнаас хойд дүрээ олсон хүмүүс үнэнийг огт хүлээн авдаггүй гэдгийг тодорхой харж чаддаг байх ёстой, тиймээс чи тэдэнтэй нөхөрлөхөө больж, тэнэг зүйл хийхээ болих хэрэгтэй. Чи хэчнээн олон үг хэлж, хэчнээн их зүйл хийсэн ч тэдний уг чанар-мөн чанарыг өөрчилж чадахгүй, тиймээс хэчнээн их ярилаа ч нэмэргүй. Чи үнэнийг хүлээн авч чадах хүмүүст үнэний талаар нөхөрлөх ёстой. Ийм хүмүүс л үнэнийг амархан хүлээн авдаг—тэдэнтэй л чи хэвийн яриа өрнүүлж чадна. Диаволууд болон амьтнаас хойд дүрээ олсон хүмүүсийн хувьд чи үнэнийг хэчнээн нөхөрлөж, хэчнээн их ажил хийсэн ч бүгд хий дэмий юм. Тухайн хоромд чи тэднийг хэлэх үггүй болтол нь няцааж, тэд чиний хэлсэн зүйлийг зөв гэж бодож болох ч дараа нь тэдний бодол өөрчлөгдөж, тэр ч бүү хэл чамайг няцааж, ичээх үг бэлдэх болно. Та нар хар даа, диавол хүмүүс үнэнийг хүлээн авч чадах уу? (Үгүй.) Яавч үгүй. Диавол хүмүүс болон амьтнаас хойд дүрээ олсон хүмүүс үнэнийг огт хүлээн авдаггүй. Тэд тодорхой нэг мөчид үнэнийг хүлээн авсан ч зөвхөн амаараа л тэгж хэлдэг бөгөөд дараа нь хэлсэн үгээсээ буцдаг. Тэгвэл чи тэдэнд үнэний талаар нөхөрлөөд ямар нэгэн үр дүнд хүрч чадах уу? Чи тэднийг өөрчилж, мөс чанар, эрүүл ухаантай болгон, тэднийг үнэнийг ойлгодоггүй гэдгээ мэддэг, үнэнийг хүлээн авч, хэрэгжүүлдэг болгохыг хүсдэг—энэ санаа, энэ сэдэл өөрөө буруу юм; чи хэзээ ч ийм санаа агуулах ёсгүй. Чи одоо ойлгов уу? (Тийм.)
Эерэг зүйлийн сэдэв рүүгээ буцаж орцгооё. Эерэг зүйлийн цар хүрээ нь Бурханы бүтээсэн, Бурханы тогтоосон, эсвэл Бурханы дээд эрхийн дор байдаг гэх ангилалд багтдаг гэдгээр тодорхойлогддог. Бид юутай ч харьцаж байсан, “Энэ нь Бурханаар бүтээгдсэн үү? Энэ нь Бурханы тогтоолтой ямар холбоотой вэ?” гэж бодох ёстой. Хэрвээ энэ нь Бурханаар бүтээгдээгүй, Бурханы тогтоолтой ямар ч хамаагүй бол бид үүнд болгоомжтой хандах ёстой. Хэрвээ бид ертөнцийн чиг хандлагыг дагаж, үүнийг магтан сайшаасаар байвал энэ нь тэнэг хэрэг биш гэж үү? Хэрвээ ямар нэг зүйл Бурханы бүтээсэн, Бурханы тогтоосон, эсвэл Бурханы дээд эрхийн дор байх цар хүрээнд багтахгүй бол үүнийг эерэг ч, сөрөг ч зүйл гэж нэрлэх боломжгүй, тиймээс энэ талаар хэлэлцээд ямар ч утгагүй. Хэрвээ чи энэ талаар хэлэлцвэл үүнийг эерэг зүйл гэж хүлээн авахыг хүссэн учраас тэр үү? Эсвэл үүнийг сөрөг зүйл гэж тодорхойлж, голохыг хүссэн учраас уу? Үүнийг хүлээн авах эсвэл голох нь чиний амьдралд болон биеэ зөв авч явахад чинь ямар ашиг тустай вэ? Энэ нь үнэнийг хүлээн авахад чинь ашиг тустай юу? Хэрвээ ямар ч ашиг тусгүй бол үүнийг нөхөрлөл, хэлэлцүүлгийн сэдэв болгон авч үзэх ямар ч утгагүй; энэ нь тэнэг байж, тэнэг зүйл хийж байгаа хэрэг болно, тийм биз дээ? (Тийм.) Жишээлбэл, бидний сая ярьсан морин тэрэг, нэхмэл эдлэл, ор, сандал зэргийн тухайд—хэрвээ чи үргэлж ялихгүй зүйл дээр сүр бадруулж, “Энэ нь эерэг зүйл үү, эсвэл сөрөг зүйл үү? Бид үүнийг хүлээн авах ёстой юу, эсвэл голох ёстой юу? Бид үүнийг нандигнах ёстой юу, эсвэл жигших ёстой юу? Үүнд хандах зохистой арга зам юу вэ?” гэж хэлэлцэхийг хүсвэл энэ нь гажууд байгаагийн илрэл юм. Гажуудалд автамтгай хүмүүс гол санааг ухаарч чаддаггүй; тэд үргэлж хэлбэр, хоосон сургаал, дүрэм журамд хүчин чармайлт гаргадаг бөгөөд үнэнд хэрхэн хүчин чармайлт гаргахыг хэзээ ч ойлгодоггүй. Олон зүйл эерэг болон сөрөг зүйлийн асуудалтай холбоогүй байдаг тул тэдгээрийн талаар нөхөрлөх шаардлагагүй. Учир нь тэдгээр нь эерэг ч биш, сөрөг ч биш зүйл учраас чиний амь-оролт болон чиний алхдаг амьдралын замд багахан нөлөөлдөг, тиймээс чи тэдгээрийг нарийвчлан судлах шаардлагагүй. Тэдгээрийг ашиглаж болохоор бол ашигла, ашиглахгүй байсан ч зүгээр. Хэрвээ хүмүүсийн эрүүл мэндэд нөлөөлдөг химийн гаралтай зарим бүтээгдэхүүн байвал, мөн үнэр юм уу химийн найрлага нь хүмүүсийн биед ямар нэгэн хор хөнөөл учруулдаг бол чи тэдгээрээс аль болох хол байж, өдөр тутмын хэрэглээний тийм зүйлсийг аль болох бага ашиглаж, эсвэл огт ашиглахгүй байх арга зам олох ёстой. Ийм маягаар чи тэдгээрийн учруулдаг хор хөнөөлийг арилгаж, эсвэл багасгаж чадна. Эдгээр хор хөнөөлөөс бүрэн зайлсхийх боломжгүй боловч одоохондоо та нарын аминд хор хөнөөл учруулахгүй, богино хугацаанд та нарыг өвчлүүлэхгүй, Бурханд итгэж, Бурханыг дагахад чинь, эсвэл үүргээ гүйцэтгэх, үнэнийг эрэлхийлэхэд чинь нөлөөлөхгүй л бол тэр нь хангалттай, учир нь бодит орчин яг л ийм байдаг. Энэ зарчмыг одоо тодорхой ойлгов уу? (Тийм.)
Бурханы дээд эрхийн дор байдаг бүх зүйл эерэг зүйл юм
Бид “Бурханы тогтоосон зүйлийн” талаар бага зэрэг нөхөрлөлөө. Тэгвэл бид “Бурханы дээд эрхийн дор байдаг зүйлтэй” холбоотой үнэнийг ч бас нөхөрлөх ёстой биш үү? (Тийм.) “Бурханы дээд эрхийн дор байдаг зүйл” болон “Бурханы бүтээсэн, Бурханы тогтоосон зүйлийн” хооронд нарийн ялгаа бий юу? (Тийм.) Бурханы дээд эрх юуг хамардаг вэ? Бурхан хүмүүсийн хувь заяаг захирдаг гэж байнга хэлдэг. Хүмүүс ямар хувь заяатай байхаас үл хамааран, хувь заяаны хэрэг явдал өөрөө эерэг зүйл мөн үү? (Мөн.) Хүний хувь заяа ямар байх нь хамаагүй, гаднаа сайн эсвэл муу харагдах нь хамаагүй, Бурханаас ирсэн, Бурханаар тогтоогдсон, эсвэл Бурханы дээд эрхийн дор байдаг л бол энэ нь эерэг зүйл юм. Тэгвэл хүмүүсийн хувь заяа эерэг зүйл гэдгийг хэрхэн тодорхойлж болох вэ? Хүмүүс янз бүрийн хувь заяатай байдаг. Гаднаа зарим нь ерөөгдсөн амьдралаар амьдарч байгаа мэт харагддаг бол зарим нь зовж шаналдаг; зарим хүн насан туршдаа цэцэглэн хөгждөг бол заримынх нь хувьд юмс хэзээ ч төвөггүй бүтдэггүй; зарим хүн элбэг хангалуун амьдардаг бол зарим нь туйлын ядуу зүдүү амьдардаг; зарим хүн аз жаргалтай, амар жимэр гэр бүлтэй байдаг бол зарим нь аз жаргалгүй гэрлэлт, ачлалгүй үр хүүхдүүдтэй байдаг; зарим хүн насан туршдаа ганцаараа байдаг бол зарим нь үр хүүхдүүд, ач зээгээрээ хүрээлүүлэн жаргадаг; зарим хүн насан туршдаа өвчин эмгэг, өвдөлт шаналалд нэрвэгдэж, асар зовлон зүдүүртэй амьдардаг бол зарим нь хүчтэй, эрүүл энх байж, тав тухтай, эрх чөлөөтэй амьдарч, эцэст нь өтөл насалдаа амар тайван өөд болдог. Эдгээр нь өөр өөр төрлийн хүмүүсийн хувь заяа биш гэж үү? (Мөн.) Тэгвэл хувь заяа Бурханы дээд эрхийн дор байдаг уу? (Бурханы дээд эрхийн дор байдаг.) Хүмүүс үзэлдээ “Хувь заяа Бурханы дээд эрхийн дор байдаг юм чинь хүмүүсийн хувь заяа бүгд сайн байх ёстой. Яагаад тийм олон муу хувь заяа байдаг юм бэ?” гэж боддог. Үүнээс ч илүү ойлгоход бэрх нэг баримт байдаг нь ихэнх хүний хувь заяа тэдний хүссэнээр байдаггүй. Хар даа—хэчнээн олон хүн насан туршдаа ямар ч зовлон зүдүүр амсалгүй, эд баялаг, байр суурьтай төрж, тал талаас хайр халамжаар бялхдаг вэ? Ийм хүн хэчнээн байдаг вэ? Зөвхөн элит гэр бүлд төрсөн хүмүүс л ийм хувь заяатай байдаг. Бусад хүмүүсийн ихэнх нь насан туршдаа зовж, тоо томшгүй олон бэрхшээл туулж, алхам тутамдаа саад тотгортой тулгардаг—тэдний хувьд бүх зүйл туйлын хэцүү байдаг, огтхон ч төвөггүй бүтдэггүй. Хэдийгээр онолын хувьд чи хүмүүсийн хувь заяа бүгд Бурханы дээд эрхийн дор байдаг бөгөөд Бурханы дээд эрхийн дор байдаг бүх зүйл бол эерэг зүйл гэдгийг хүлээн зөвшөөрдөг ч зүрх сэтгэлдээ үүнийг ойлгодоггүй хэвээр байдаг: “Хэрвээ гайхалтай давуу эрхтэй төрсөн хүмүүсийн хувьд сайн хувь заяатай байх нь эерэг зүйл гэж хэлбэл хоосон сургаалын үүднээс үүнийг хүлээн зөвшөөрч болно. Гэхдээ хүмүүсийн 80-90 хувьд нь бүх зүйл саадгүй бүтдэггүй бөгөөд тэд насан туршдаа зовдог—тэгвэл яагаад ийм хувь заяа ч бас эерэг зүйл бөгөөд бас л Бурханы дээд эрхийн дор байдаг юм бэ? Үүнийг хүлээн зөвшөөрөхөд бага зэрэг хэцүү санагддаг. Ёс суртахууны шударга ёсны мэдрэмжийн үүднээс ч бай, эсвэл өрөвдөх сэтгэлийн үүднээс ч бай, ийм хувь заяаг эерэг зүйл гэж ангилах боломжгүй. Энэ нь утгагүй юм. Энэ тодорхойлолт буруу юм гэж үү? Хэрвээ энэ үнэхээр буруу бол хүмүүсийн хувь заяаны талаарх хэсгийг Бурханы захирдаг зүйлсээс хасах ёстой. Гэхдээ хэрвээ үүнийг хасвал энэ нь Бурхан хүмүүсийн хувь заяаг захирдаг гэх баримтыг үгүйсгэж байгаа хэрэг болно. Энэ нь туйлын тэрслүү хэрэг байх биш үү? Гэхдээ Бурханы дээд эрхийн дор байдаг бүх зүйл эерэг зүйл бөгөөд муу хувь заяа ч бас эерэг зүйл гэх баримтыг бид хэрхэн ойлгох ёстой вэ?” Хүмүүс бага зэрэг гайхдаг. Энэ нь та нарт хэцүү асуулт тавьж байна, тийм биз дээ? (Тийм ээ, тэгж байна.) Тэгвэл та нар Надад хэл дээ. Хэн энэ хэрэг явдлыг тодорхой тайлбарлаж чадахыг харцгаая. (Хүмүүс бэрхшээл тулгарахыг муу зүйл гэж үзэх нь буруу гэж би бодож байна. Үнэндээ Бурханы хэн нэгэнд зориулан тогтоосон хувь заяа, бэрхшээлтэй эсвэл амар хялбар байхаас үл хамааран түүнд хамгийн их ашиг тустай байдаг. Ялангуяа зовлон зүдүүр хүмүүсийг төлөвшүүлж бүр ч сайн чаддаг. Үүнээс гадна, эдгээр зүйл нь хүмүүсийн сүнсний хойд дүртэй холбоотой юм. Магадгүй өмнөх амьдралдаа мууг үйлдсэн, эсвэл өмнөх амьдралаасаа ямар нэгэн өр төлөөстэй үлдсэнээс болж үүнийгээ төлөхийн тулд энэ амьдралдаа зовох ёстой болдог байх. Энэ бүхэн Бурханы тогтоол, зохицуулалтад захирагддаг.) Тэгвэл үүн дэх эерэг зүйл нь юу вэ? Чи үүнийг тодорхой тайлбарлаж чадах уу? (Үгүй.) Чи хар даа, хэрвээ хэн нэгэн хүн чамаас энэ талаар үнэхээр асуувал чи үүнийг тодорхой тайлбарлаж чадахгүй; чи яг энд гацах болно. Хэрвээ чи үүнийг нухацтай авч үзэхгүй бол зүгээр л өнгөрөөх болно, гэхдээ энэ нь “Бурханы дээд эрхийн дор байдаг бүх зүйл эерэг зүйл юм” гэх үнэнийг хүлээн авахад чинь нөлөөлнө, энэ үнэнийг ашиглан аль зүйл нь эерэг болохыг тодорхойлоход чинь нөлөөлнө, аливаа эерэг зүйлийг хүлээн авч, хүлээн зөвшөөрөхөд чинь нөлөөлнө, мөн “Бурханы дээд эрхийн дор байдаг зүйлийн” цар хүрээнд багтах бүх зүйлд хандах хандлагад чинь нөлөөлнө, энэ нь мэдээж чи тэдгээрийг хүлээн авах уу, эсвэл яллах уу гэдгийг хамардаг—энэ асуудал маш ноцтой юм. Хэрвээ чи хувь заяаны хэрэг явдлыг нэвт харж чадахгүй бол үүнийг сөрөг зүйл гэж үзэж, тийнхүү тодорхойлох магадлалтай. Гэвч хүмүүсийн хувь заяа Бурханы дээд эрхийн дор байдаг бөгөөд Бурханы тогтоосон зүйл юм. Хэрвээ чи Бурханы захирч, тогтоосон хүмүүсийн хувь заяаг сөрөг зүйл гэж тодорхойлбол энэ асуудлын шинж чанар юу вэ? (Бурханы эсрэг доромжлол.) Энэ бол Бурханыг яллаж, Бурханыг доромжилж байгаа хэрэг юм. Хүний нэр томьёогоор бол энэ нь “Чи асар том нүгэл үйлдсэн учраас даруй очиж нүглээ улай!” гэсэн үг юм. Бид энэ талаар илүү ихийг ярихгүй.
Бид сая “Бурханы дээд эрхийн дор байдаг бүх зүйл эерэг зүйл юм” гэдэг талаар нөхөрлөж, хүмүүсийн хувь заяаг дурдсан. Хэдийгээр энэ агуулгын цар хүрээ өргөн уудам боловч маш тодорхой юм; энэ нь хүн бүрийн амьдралтай, бүх хүн төрөлхтний амьдралтай холбоотой. Хүмүүсийн хувь заяа янз бүр байдаг боловч ихэнх хүний хувь заяаг хүмүүсийн хардгаар, эсвэл өөрсдийнх нь туулдгаар нь заяа муутай гэх ганцхан үгээр дүрсэлж болно. “Заяа муутай” гэдэг нь хүний хувь заяа бэрхшээл, бүтэлгүйтлээр дүүрэн байна гэсэн үг; тийм хүн тун хэцүү амьдралаар амьдардаг бөгөөд ихэнхдээ юмс хүссэнээр нь болдоггүй. Хүн саадгүй, эсвэл бартаатай туршлагын алийг нь туулахаас үл хамааран, юу харах, эсвэл юуг ухаарахаас үл хамааран, үгүйсгэхийн аргагүй нэг зүйл бол хэдийгээр дийлэнх олонх хүн хувь заяа нь өөрсдийнх нь хүссэнээр болдоггүй гэж боддог ч хүн бүрийн хувь заяа Бурханы дээд эрхийн дор байдаг. Үүнийг хэзээ ч үгүйсгэж болохгүй. Бурхан хүмүүсийн хувь заяаг захирдаг нь хүмүүс хүлээн авахад хэцүү тийм бодит байдлыг бий болгосон тул хүмүүсийн хувь заяаг захирах Бурханы дээд эрхийн зарчим болон уг үндэс юу болох, мөн хүмүүсийн хувь заяаг захирах Бурханы сэдэл юу болох талаар—өөрөөр хэлбэл, Бурхан яагаад хүмүүсийн хувь заяаг ийм маягаар захирдаг, яагаад Тэр хүмүүст ийм хувь заяа зохицуулдаг талаар нөхөрлөх шаардлагатай. Эхлээд, хүмүүсийн хувь заяаг захирах Бурханы сэдэл юу болохыг харцгаая. Хүмүүс энэ ертөнцөд аргацаах гэж, эсвэл цагаа дэмий үрэх гэж ирдэг үү? (Аль нь ч биш.) Хүмүүсийн хувь заяаг зохицуулах Бурханы сэдлийн тухайд, энэ нь тэднийг дэлхий ертөнцөд ирүүлээд алхаж буй үхдэл шиг жаахан сэлгүүцүүлж байгаад дуусгахын төлөө байдаггүй. Харин ч энэ нь хүмүүсийг махан биед амьдруулж, амьдралыг туулуулж, бүх төрлийн амьдрах орчин, түүнчлэн янз бүрийн цаг үеийн өөр өөр нөхцөл байдлыг тэднээр туулуулахын төлөө байдаг. Амьдралыг туулах тухайд, хүний махан биед нэг шинж чанар байдаг: Хэрвээ хүн ямар ч бартаа, бэрхшээл, ухралт, бүтэлгүйтлийг туулалгүйгээр тав тухтай орчинд амьдарвал өсөж, төлөвшихөд амаргүй байдаг. Энэ нь салхи, наранд ил гаралгүйгээр хүлэмжид ургаж буй ургамалтай адил юм; үүний амьдрал маш хэврэг байдаг, учир нь байгалиас янз бүрийн шим тэжээл шингээж авахад хэцүү байдаг. Хурц нар, хүчтэй салхинд ил гармагцаа уг ургамал амархан хугарч, үхдэг бөгөөд үүний амь үргэлжилж чадахгүй. Тиймээс, хүний махан биеийн уг чанар, зөн совингийн хувьд, хүн төрөлхтөн салхи, бороо үздэггүй хүлэмжийн цэцэг шиг байх ёсгүй, харин хүний ертөнцийн янз бүрийн ухралт, саад бартаа, урам хугаралтыг тэсвэрлэх ёстой. Ийм амьдрах орчинд хүн төрөлхтөн Бурханаас өгөгдсөн чөлөөт хүсэл зориг, бодол санаагаа ашиглана, ямар ч бэрхшээлээс айлгүйгээр, бие даан, тууштайгаар, боломжтой бүх аргаар үргэлжлүүлэн урагшилж, үргэлжлүүлэн амьдрах болно. Энэ нь хүмүүсийн амь зуух болон амьд үлдэх янз бүрийн зөн совинг өдөөх бөгөөд хүмүүс Бурханаас өгөгдсөн амьд үлдэх зөн совингоо ашиглан бие даан амьдарч, бүх орчинтой, түүнчлэн эргэн тойрныхоо бүх хүмүүс, үйл явдал, зүйлтэй нүүр тулж чадна. Нэг талаар, хүний махан биеийн объектив зөн совингийн үүднээс авч үзвэл, амьд үлдэх хүслийг нь төрүүлэх энэ орчны өдөөлт, түлхэц хүмүүст хэрэгтэй байдаг, ингэснээр тэд хатуужилтай амьдарч чадна. Гаднаас нь харахад, ингэж амьдрах нь хэцүү мэт санагдах боловч энэ орчны өдөөлт, цохилтууд дунд хүмүүст амьд үлдэх илүү хүчтэй хүсэл төрдөг тул тэд үргэлжлүүлэн урагшилж, аажмаар өсөж төлөвшин, бусадтай хамт амьдрахад аажмаар дасан зохицож, хэврэг байхаа больж, харин ч тууштай, тэвчээртэй, хатуужилтай болж, ямар ч бэрхшээлээс айхгүй байж чаддаг. Энэ бол хүмүүсийн хувь заяаг зохицуулах Бурханы анхны сэдэл юм; энэ бол махан биеийнх нь зөн совингийн анхдагч хэлбэрт үндэслэн боловсруулагдсан, хүмүүсийн хувь заяаны үндсэн ухагдахуун юм. Энэ бол нэг тал нь. Нөгөө нь—энэ үндсэн ухагдахуунд тулгуурлан хүмүүс бага балчир наснаас өтөл нас хүртлээ энэ ертөнцөөр аялахдаа, аажмаар өсөж хөгжих явцдаа амьдралын үйл явдлуудыг туулж, амьдралын туршлага хуримтлуулж, амьдралд тулгардаг янз бүрийн бэрхшээлийг даван туулах зарим зарчим, замыг олж авдаг. Ийм маягаар хүмүүс аажмаар өсөж төлөвшин, тэнгэр газрын хооронд, мөн бусад хүмүүсийн дунд бие даан амьдрах чадвар нь улам бүр нэмэгддэг. Тэд тийм ч хэврэг байхаа больж, өчүүхэн төдий ухралт, бүтэлгүйтэлтэй тулгарах үедээ урам хугарч, сэтгэлээр унахгүй—эсвэл бүр амьдрах ямар ч найдваргүй мэт санагдахгүй. Харин ч янз бүрийн бартаатай нөхцөл байдлыг туулсныхаа дараа тэд амьдрал, үхлийг зөвөөр харах чадвар нь улам бүр нэмэгдэж, амьдралд ямар үүрэг гүйцэтгэх ёстойг, өөрсдөд нь юу хамгийн их хэрэгтэйг ухаарах чадвар нь улам бүр нэмэгдэнэ, ийм маягаар тэд амьдралдаа улам их амар тайвныг мэдрэх болно. Энэ үйл явцад хүмүүс аажмаар өсөж төлөвшдөг; өөрөөр хэлбэл, тэд бэрхшээл, аюулаас айдаггүй, үхлээс айдаггүй, ямар ч хүндрэлээс айдаггүй түвшинд аажмаар хүрдэг. Эхэндээ, хүмүүс залуу байхдаа таагүй, зүрх зүсэм үг сонсох юм уу өчүүхэн төдий бэрхшээл, саад бартаатай тулгарах үедээ уйлж, унтаж чаддаггүй бөгөөд амьдрах ямар ч найдваргүй мэт санагддаг. Аажмаар тэд зүрх зүсэм үг сонсож, бэрхшээлтэй тулгарах үедээ зүрх сэтгэлдээ тодорхой хэмжээний дархлаатай, эсэргүүцэлтэй болох түвшинд хүрч, амьдрах ямар ч утгагүй мэт санагдахаа больж, үхлийн талаар ч бодохоо больдог. Хожим нь тэд бүр ч илүү зүрх зүсэм үг сонсож, ухралт, бүтэлгүйтэлтэй тулгарах үедээ үүний нөлөөнд төдийлөн автахгүйгээр зүрх сэтгэлдээ тэвчиж чаддаг, амьдралд ийм зүйл тохиолдох нь хүмүүсийн хувьд маш хэвийн зүйл гэж үздэг бөгөөд амьдралд нь бусдын тайтгаруулалт, зоригжуулалт, тусламж хэрэггүй болдог. Ийм маягаар хүмүүс улам бүр хатуужилтай болдог биш үү? Хүмүүс бие даан амьд үлдэх чадвартай, бие даан амьд үлдэх сэдэлтэй байдаг. Хүн бүр залуу, гэнэн байх үе шатыг давах ёстой. Дөч, тавин нас хүрсний дараа л тэд аажмаар төлөвшиж, насанд хүрдэг. Хэн нэгэн хүн гэр бүл зохиогоогүй, ажил мэргэжилтэй болоогүй, эсвэл эцэг эх болоогүй байсан ч амьдралдаа туулсан зүйлээс нь, хэлж буй үгээс нь, мөн амьдралдаа, амин зуулгадаа, өөрт нь тулгарч буй бэрхшээлд, хүссэнээр нь болдог юм уу болдоггүй зүйлст хандах ухаарал, ойлголт, хандлагаас нь дүгнээд чи энэ хүн өсөж, төлөвшсөн гэдгийг олж харах болно. Энэ бүхэн юуны ач вэ? Энэ нь Бурханы тогтоосончлон хүмүүсийн хувь заяанд гарч ирдэг янз бүрийн бэрхшээл, урам хугаралт, тэр ч байтугай ухралт, бүтэлгүйтлийн ач юм. Тиймээс, энэ өнцгөөс харвал хүмүүсийн хувь заяаг захирах Бурханы дээд эрх бол эерэг зүйл гэдэг нь эргэлзээгүй бөгөөд хүмүүс энэ үнэнийг бүрэн дүүрэн хүлээн авах ёстой. Бурхан хүмүүсийн хувь заяаг захирахдаа үнэхээр уйгагүй санаа зорилготой байдаг гэж энд хэлж болох уу? (Болно.) Хүн Бурханд итгэдэг эсэхээс үл хамааран, хүмүүс төрсөн цагаасаа эхлэн өсөж төлөвшихийн хэрээр сайн хэв чанартай хүмүүс хувь заяанд захирагддаг гэдгээ ойлгох, Бурханыг эрж хайх түвшинд ч хүрч чаддаг. Энэ баримтаас үзвэл хүмүүсийн хувь заяаг захирах Бурханы дээд эрхийн анхдагч санаа зорилго эерэг зүйл биш гэж үү? (Мөн.) Чи хар даа, Намайг ингэж хэлэхэд та нар бүгд толгой дохиж, үүнийг эерэг зүйл гэж хүлээн зөвшөөрч байна. Яагаад тэр вэ? Учир нь Миний хэлж байгаа зүйл бол баримт бөгөөд Би энэ хэрэг явдлын мөн чанарыг тодорхой тайлбарласан, та нар ч бас үүнийг туулж мэдэрсэн, тийм биз дээ? (Тийм.) Хүн төрөлхтөн Бурханы дээд эрхэд захирагддаг хувь заяанаас үнэхээр ашиг тус хүртсэн. Чиний гарал үүсэл ямар байх, эсвэл чи хаанаас ирсэн байх нь хамаагүй, энэ нийгэмд ямар үүрэг роль гүйцэтгэдэг чинь хамаагүй, товчхондоо Бурханы дээд эрхийн дор амьдарч байгаа цагт чи Бурханаас ашиг тус хүртсэн гэсэн үг. Зарим хүн: “Тэр чинь буруу. Бурхан Бурханы сонгосон хүмүүсийн хувь заяаг, хүмүүсийн хувь заяаг захирдаг байж таарна. Бурхан диавол юм уу амьтнаас хойд дүрээ олсон хүмүүсийн хувь заяаг захирдаггүй” гэж хэлдэг. Энэ үг зөв үү? (Үгүй.) Ямар ч бүтээгдсэн зүйл Бурханы дээд эрхийн дор байдаг. Бүтээгдсэн зүйл мөн л бол хувь заяатай байдаг. Чи бол бүтээгдсэн зүйл, тиймээс чи хувь заяатай. Бурхан чамд хувь заяаг зохицуулсан, тиймээс чиний хувь заяа бол чиний сонгосон зүйл биш, чиний бүтээсэн зүйл ч биш; энэ нь Бурханы дээд эрхээс ирдэг. Тиймээс, ямар үүрэг роль гүйцэтгэдэг чинь хамаагүй, хүн, амьтан, эсвэл диаволоос хойд дүрээ олсон чинь хамаагүй, чи одоо хүн төрөлхтний нэг гишүүн гэж харагдаж байгаа тул гарцаагүй хувь заяатай бөгөөд чиний хувь заяа яалт ч үгүй Бурханы дээд эрхийн дор байгаа. Үүнд үндэслэн үзвэл, хүмүүсийн хувь заяаг захирах Бурханы дээд эрх эерэг зүйл биш гэж үү? (Мөн.) Бид яагаад хүмүүсийн хувь заяаг захирах Бурханы дээд эрх нь эерэг зүйл гэж хэлдэг вэ? Учир нь аливаа бүтээгдсэн зүйлд зориулан Бурханы зохицуулдаг хувь заяаны ард Бурханы уйгагүй санаа зорилго агуулагддаг; энэ бүхэн нь хүн төрөлхтөн Бурханы өгсөн төрөлхийн янз бүрийн нөхцөлтэйгөөр энэ ертөнцөд хэвийн, дэг журамтай амьдарч чаддаг байхын төлөө юм. Бурхан хэнд ч шударга бус ханддаггүй. Нар сайн, муу хүмүүсийн аль алин дээр нь тусдаг гэх үг бий. Энэ бол Бурханы дээд эрх юм. Эс бөгөөс, бид яагаад зөвхөн Бурхан л хүн төрөлхтний Бүтээгч, зөвхөн Бурхан л хүн төрөлхтнийг захирдаг гэж хэлэх билээ? Учир нь энэ бол Бурханы хийдэг зүйл, Бурхан ийм чадвартай, Түүнд энэ мөн чанар, энэ эрх мэдэл байдаг. Энэ нь үүнийг тодорхой болгож байна—хүмүүсийн хувь заяаг захирах Бурханы дээд эрх бол эерэг зүйл бөгөөд үүнийг үгүйсгэж ч, үүнд эргэлзэж ч болохгүй. Өөрөөр хэлбэл, хүн төрөлхтний махан биеийн амьдралын хуулийг харгалзан үзвэл, Бурханы хүмүүст зориулан зохицуулдаг бэрхшээл, саад бартаатай хувь заяа нь тэднийг аажмаар өсөж төлөвшин, энэ амьдралын аянаа саадгүй дуусгаж чаддаг болоход нь тусалдаг. Энэ өнцгөөс харвал, Бурханы дээд эрх нь эерэг зүйл юм.
Хүмүүсийн хувь заяаны өөр нэг талыг харвал олон хүн хэцүү, сэтгэл гонсойм амьдралаар амьдардаг. Тэд ямар ч муу зүйл хийгээгүй мэт харагддаг ч шийтгүүлж байгаа мэт байдаг. Жишээлбэл, зарим хүн бага залуудаа эцгээ, дунд насандаа нөхрөө, өтөл насандаа хүүхдээ алдаж, гэр бүл нь үхлээс болж хагацдаг. Зарим нь машин, эсвэл онгоцны осол гэх мэт осолд ордог. Зарим нь хөгжлийн бэрхшээлтэй болдог: Зарим нь сохорч, зарим нь дүлийрч, зарим нь гар, хөлөө алддаг. Зарим нь мэхлүүлснээсээ болж туйлын ядуу зүдүү байдалд ордог, зарим нь насан туршдаа өр төлж амьдардаг. Ийм янз бүрийн золгүй явдал хүмүүст тохиолдох үед олон хүн: “Тэнгэр шударга бус юм. Энэ нь Тэнгэрийн хийх ёстой зүйл биш мэт санагдаж байна. Хэрвээ Бурхан хүмүүсийн хувь заяаг захирдаг юм бол яаж тэднийг ийм өрөвдөлтэй байдалд оруулж чадаж байна аа? Тэр яаж гэм зэмгүй хүмүүсийг ийм цохилт амсаж, ийм золгүй явдалтай тулгарахыг зөвшөөрч чадаж байна аа?” гэж хэлдэг. Хэрвээ хүмүүс үүнийг хүмүүсийн хувь заяаг тогтоох Бүтээгчийн анхдагч санаа зорилгын үүднээс харвал хүн төрөлхтнийг гэх Бүтээгчийн санаа зорилго уйгагүй байдаг бөгөөд хүмүүсийн хувь заяаг захирах Бурханы дээд эрх бол эерэг зүйл юм. Гэвч хүн төрөлхтний мөс чанарын өнцгөөс эмгэнэлтэй мэт санагдах зарим онцгой зүйл хүмүүсийн хувь заяанд тохиолдох үед хүмүүсийн хувь заяаг захирах Бурханы дээд эрх яагаад эерэг зүйл болохыг хүмүүс ойлгож чаддаггүй, юу болоод байгааг ухаарч чаддаггүй. Бүтээгч хүмүүсийн хувь заяаг зохицуулахад шударга бус талууд байдаг гэж олон хүн үздэг бөгөөд Бурханы дээд эрхийн дор байдаг бүх зүйл бол эерэг зүйл гэж хэлэх нь төдийлөн ойлгомжтой биш гэж боддог. Тиймээс зарим хүн: “Гүүр барьж, зам зассан хүмүүс эцэстээ сохордог бол олон муу үйл хийдэг хүмүүс өнөр гэр бүлээр ерөөгддөг” гэх нийтлэг хэллэгийг гаргаж ирсэн. Зарим хүн: “Энэ шударга бус байна. Гүүр барьж, зам засах нь буян хурааж, сайн үйл хийж байгаа хэрэг. Ингэдэг хүмүүс өнөр өтгөн гэр бүлтэй, маш чинээлэг байх ёстой. Тэд яахаараа эцэст нь сохордог байна аа? Ийм хувь заяа ч бас Бурханы дээд эрх дор байдаг, бас эерэг зүйл юм гэж үү? Энэ утгагүй байна!” гэж хэлдэг. Хэрвээ хүмүүс үнэнийг ойлгодоггүй, Бурханы талаар мэддэггүй бол эдгээр зүйлийг үнэхээр ухаарч, ухан ойлгож чадахгүй. Шүтлэггүй хүмүүс үргэлж “Тэнгэр амьд амьтдыг хайрладаг” гэж хэлдэг. Энэ юу гэсэн үг вэ? Энэ нь, хэрвээ Бурхан байдаг бол, хэрвээ Тэнгэр байдаг бол Бурхан ард түмнээ халамжлах ёстой гэсэн үг юм. Хэрвээ Тэр Бүтээгч юм бол Өөрийн бүтээсэн зүйлсийг халамжилж, тэдэнд сайхан сэтгэлээр хандах ёстой; Тэр тэднийг ийм шаналалд өртүүлэх ёсгүй. Хүмүүсийн хардгаар, хэрвээ хүн төрөлхтөн Сатан болон диаволуудын эрхшээл дор амьдарч байсан бол ийм шаналал амсаж магадгүйг ойлгож болох ч хүн төрөлхтөн Бурханы ноёрхол дор, Бурханы дээд эрхийн дор амьдардаг учраас эдгээр шаналлыг амсах ёсгүй. Ялангуяа ийм хувь заяа Бурханы дээд эрхийн дор байх тухайд хүмүүс юу болоод байгааг бүр ч ойлгож чаддаггүй. Хэрвээ хүмүүс үнэнийг ойлгодоггүй бол Бурханы дээд эрхээ хэрэгжүүлж, зохицуулдаг бүх зүйл ардаа утга учиртай байдгийг хүлээн зөвшөөрөхөд маш хэцүү байдаг; тэд зарим зүйлийг ойлгож чадахгүй, эдгээр онцгой нөхцөл байдал дээр гацдаг. Хэрвээ хэн нэгэн хүн бага ч болов Бурханаас эмээдэг сэтгэлтэй бол “Хэрвээ хэдүүлээ энэ хэрэг явдлыг тайлбарлаж чадахгүй бол энэ талаар ярихаа больё, бид үүнийг дур зоргоороо шүүх ёсгүй” гэж хэлнэ. Түүнийг бага ч болов эрүүл ухаантай гэж үзэж болно. Зарим хүнд мөс чанар, эрүүл ухаан байхгүй, Бурханаас эмээдэг сэтгэл бүр ч байхгүй. Тэд увайгүй бөгөөд хүссэнээр нь болохгүй зүйлстэй тулгарах үедээ дур зоргоороо шүүж зүрхэлдэг: “Хм! Тэнгэр амьд амьтдыг хайрладаг гэж хүмүүс хэлдэг, тэгвэл нэлээд сайн мэт харагддаг зарим хүн яагаад залуудаа нас бардаг юм бэ? Тэд харгис хэрцгийгээр үхэж, баахан хүүхэд өнчрүүлж үлдээдэг. Энэ маш өрөвдөлтэй, маш эмгэнэлтэй! Тэгсэн хэр нь хүмүүс Бурханы дээд эрх бол эерэг зүйл гэж хэлсээр л байдаг. Хүмүүс ийм эмгэнэлтэй хувь заяатай байх нь бурхны дээд эрхийн дор байдаг бол бурхан зөвт биш!” Энэ хүмүүс Бурханыг маш дур зоргоороо шүүдэг. Хүмүүсийн хувь заяа эргэлзээгүй Бурханы дээд эрхийн дор байдаг. Үүнд хэзээ ч эргэлзэж, эсвэл хэзээ ч үгүйсгэж болохгүй. “Хүмүүсийн хувь заяа Бурханы гарт байдаг” гэх үг нь цаг ямагт хүчинтэй, цаг ямагт баримт байдаг, учир нь хүмүүсийн хувь заяаг захирах Бурханы дээд эрх бол эерэг зүйл бөгөөд энэ нь хэзээ ч өөрчлөгдөхгүй. Тэгвэл хүмүүс яагаад ийм эмгэнэлт нөхцөл байдалтай тулгардаг вэ? Хүмүүсийн мэддэггүй, эсвэл хоосон сургаалын хувьд ойлгодог ч тодорхой тайлбарлаж чаддаггүй нэг зүйл байдаг нь хүн бүрийн хувь заяа шалтгаан, үр дагавартай байдаг. Чи ямар хувь заяатай байх, энэ амьдралдаа ямар зүйл амсах нь чиний урьд насны амьдралын үр дагавар байж болох бөгөөд дараагийн амьдралын чинь шалтгаан ч болж магадгүй. Яг л шүтлэггүй хүмүүсийн хэлдгээр: “Юу тарина, түүнийгээ хураана.” Өмнөх амьдралдаа чи тодорхой шалтгаан, үр дагаврыг тарьсан байж магадгүй—хэрвээ Бурхан чамайг энэ амьдралд хүн болон дахин төрж, хүн төрөлхтний нэг гишүүн болохоор зохицуулсан бол чи тарьсан шалтгаан, үр дагаврынхаа төлөөсийг төлөх ёстой; чи тэдгээрийг нөхөн төлөх ёстой. Чи тэдгээрийг нөхөн төлөх эсэх, нөхөн төлөх ёстой эсэх нь чиний шийдэх зүйл биш. Мууг үйлдсэн хэн ч шийтгэл хүлээхийг хүсдэггүй. Зөвхөн Бүтээгч л энэ хэргийг зохицуулж чадна, үүнийг хийх эрх мэдэлтэй, мэдээж үүнийг хийх хүч чадалтай. Тэгвэл үүнийг хийх Бүтээгчийн зарчим юу вэ? Энэ нь сайныг шагнаж, мууг шийтгэх явдал юм. Хэдийгээр хүн төрөлхтөн Бурханы дээд эрхийг ойлгодоггүй, Бурханыг мэддэггүй, Бурханы дээд эрхийн үндэс, зарчмыг ухамсарладаггүй боловч Бурхан зөвт зан чанартай, Бүтээгчийн ялгамж чанартай учраас хүн төрөлхтөнд болон бүх зүйлд зориулан тэнгэрлэг дүрэм, хуулиудыг тогтоосон байдаг. Эдгээр тэнгэрлэг дүрэм, хууль юунд үндэслэдэг вэ? Тэдгээр нь Бурханы зөвт зан чанар болон Бурханы эрх мэдэл, хүч чадалд үндэслэдэг. Эдгээр тэнгэрлэг дүрэм, хуулийг тогтоосон нь хүний ертөнц дэх нэгэн үзэгдэл буюу хүмүүс хойд дүрээ олох явдлаас харагддаг. Хүмүүс хойд дүрээ олох үйл явц нь ихэвчлэн шалтгаан, үр дагавартай шууд холбоотой байдаг бөгөөд энэхүү шалтгаант холбоо нь хүмүүсийн хувь заяан дахь зарим онцгой зүйлд тусгагдаж, илэрхийлэгддэг. Үүнээс гадна, хойд дүрээ олох явцдаа хүмүүс Бурханы шагнал болон Бурханы шийтгэлийг хүртдэг. Бурхан мууг үйлддэг хүмүүсийг шийтгэдэг; өөрөөр хэлбэл, Тэрээр тэднийг элдэв янзын золгүй явдал, осол эндэлтэй тулгаруулж, хүмүүсийн хүртэх ёсгүй, үндэслэлгүй гэж үздэг төрөл бүрийн шийтгэлээр шийтгэдэг. Эдгээр шийтгэлийн зарим нь хүний нүдэнд бүр ч их эмгэнэлтэй байдаг боловч ийм эмгэнэлт нөхцөл байдал тэдэнд тохиолддог нь цаанаа шалтгаантай. Энэ нь Бурхан тэдэнд ямар ч шалтгаангүйгээр ногдуулсан зүйл биш, харин үй олон муу үйл хийснийхээ улмаас тэдний амсах ёстой шийтгэл юм. Хүмүүс энэ хэрэг явдлын нарийн ширийнийг нэвт харж чадахгүй байх үедээ утгагүй юм ярьж, Тэнгэр болон Бурханы талаар гомдоллодог бөгөөд энэ нь маш тэнэг хэрэг юм. Тэгвэл Бурханы нигүүлслийг эдэлдэг хүмүүсийн нөхцөл байдал ямар байдаг вэ? Тэд өмнөх амьдралдаа буян хурааж, олон сайн үйл хийсэн—хүн төрөлхтөнд ашиг тустай олон зүйл, мөн Бурханы тэнгэрлэг дүрэм, хуулийн дагуу яллагдах бус, харин шагнал хүртэх олон зүйл хийсэн учраас энэ амьдралдаа олон ерөөл эдэлдэг. Би та нарт нэг жишээ хэлье. Аз жаргалтай гэр бүлд төрсөн нэг эмэгтэй байлаа гэж бодъё—хэдийгээр гэр бүл нь тийм ч баян биш боловч олон эрэгтэй хүүхэдтэй, нэг ч эмэгтэй хүүхэдгүй бөгөөд Бурхан түүнийг энэ гэр бүлд байлгахаар зохицуулдаг. Энэ охин төрмөгцөө гэр бүлийнхээ нүдний цэцгий нь болдог—тэрээр маш эрхэм нандин тул гэрийнхэн нь түүнийг гэмтээхээс эмээсэндээ дэргэд нь амьсгалахаас ч айдаг мэт байдаг. Энэ охин үзэсгэлэнтэй, ухаантай, хайр татам бөгөөд эцэг эх, ахмад настнуудад бүгдэд нь таалагддаг. Түүний бүхий л амьдрал саадгүй байдаг. Тэр юу ч хийсэн, эсвэл ямар ч бэрхшээлтэй тулгарсан түүнд туслах сайн хүмүүс үргэлж байдаг бөгөөд бүх бэрхшээл нь маш амархан шийдэгддэг. Тэр санаа зовох зүйлгүйгээр амар тайван, аз жаргалтай амьдардаг. Тэр үнэхээр ерөөгдсөн! Энд юу болоод байна вэ? Бүтээгч зарим хүнийг илүүд үздэг үү? (Үгүй.) Тэгвэл яагаад зарим хүн ийм агуу ерөөлийг эдэлж чаддаг юм бэ? Хүн төрөлхтөнд ашиг тустай зүйл хийсэн тодорхой төрлийн хүн шагнагдах ёстой гэж тэнгэрлэг дүрэм, хуульд заасан бөгөөд тэрээр тийм хүмүүсийн нэг байж магадгүй. Бүтээгчээс шагнал авсан учраас тэр хүний ертөнцөд ийм агуу ерөөл эдэлдэг. Тэр хэзээ ч хоол хүнс, хувцас хунарт санаа зовох шаардлагагүй; хаашаа ч явсан түүнд туслах сайн хүмүүс байдаг, хаашаа ч явсан хүмүүс түүнд дуртай байдаг. Тэрээр дөч, тавин нас хүрч, хүүхдүүд нь өсөж том болсон ч гэсэн эцэг эх нь түүнийг нүдний цэцгий мэт үзсээр байдаг; тэд ямар нэг сайхан зүйлтэй болох бүрдээ үүнийгээ түүнд зориулж хадгалдаг. Бусад нь түүнийг ийм ерөөл эдэлж байгааг хараад атаархдаг, зарим нь ийм ерөөл эдэлж чадахгүй учраас үүнийг шударга бус гэж боддог. Хэрвээ чи ч бас Бүтээгчийн зохицуулсан ийм хувь заяаг эдэлж, түүнтэй адил ийм аз, ерөөлийг эдлэхийг хүсвэл чи ч бас илүү их буян хурааж, илүү их сайн үйл хийх ёстой, мөн буян хураах, сайн үйл хийх хэмээн Тэнгэрийн тогтоосон зүйлсийг ч бас илүү их хийх ёстой—тэгвэл чи ч бас ийм ерөөлийг эдэлж чадна. Энэ үзэгдэл, энэ баримт хүмүүст юу хэлдэг вэ? Хүн хүний ертөнцөд ямар хувь заяатай байх нь хамаагүй—ерөөл эдэлдэг эсэх эсвэл осол эндэлтэй тулгардаг эсэх, бүхий л амьдрал нь саадгүй байдаг эсэх эсвэл олон золгүй явдал, гай гамшигтай тулгардаг эсэх нь хамаагүй—энэ нь тэдний өнгөрсөн болон одоогийн амьдралтай тодорхой холбоотой байдаг. Тэгвэл эцсийн эцэст тэдний хувь заяа ямар байх нь Бурханы тогтоосон тэнгэрлэг дүрэм, хуультай холбоотой. Хэрвээ тэдний өмнөх амьдралдаа хийсэн бүхэн нь шагнал хүртэхэд хүргэдэг тэнгэрлэг дүрэм болон хуулийн заалтуудтай нийцэж байсан бол энэ амьдрал дахь тэдний хувь заяа хүмүүсийн нүдээр тансаг, саадгүй, маш сайхан байж магадгүй. Хэрвээ тэдний өмнөх амьдралдаа хийсэн зүйл олон тэнгэрлэг хуулийг зөрчиж, Бурханы тогтоосон тэнгэрлэг дүрэм, хуулийн шийтгэлд хүргэдэг заалтуудтай таарч байвал тэдэнд зориулан Бурханы зохицуулдаг хувь заяа нь хүмүүсийн нүдээр тун зовлонтой, өрөвдмөөр амьдралаар амьдарч байгаа мэт байх бөгөөд тэд энэ амьдралдаа өнгөрсөн үеийнхээ өрийг л төлөхийн тулд ирсэн мэт байх болно. Тэд хэзээ ч, ямар ч сайн хоол хүнс, хувцас хунар эдэлдэггүй, хэн ч тэдэнд сайн хандаж, санаа тавьдаггүй. Тэд энэ амьдралдаа ийм их зовж байгаа нь өөрсдийнх нь муу хувь заяанаас болсон гэж боддог. Тэд Бурханд итгэснийхээ дараа л хүний бүх амьдралыг Бурхан тогтоодог гэдгийг ойлгодог. Бурхан аливааг тогтоодог гэдгийг хүлээн зөвшөөрөх үед тэдний хувьд Бурханыг дуулгавартай дагахад илүү амархан болж, тэд хавьгүй илүү томоожиж, хувь заяаныхаа эсрэг тэмцэхээ больдог. Өмнө нь тэд дотроо эсэргүүцэж, “Би ямар муу зүйл хийсэн юм бэ? Энэ амьдралд миний мөс чанар цэвэр. Би хэзээ ч, хэнд ч хор хөнөөл учруулж байгаагүй. Яагаад би ийм хувь заяатай тулгардаг байна аа? Тэнгэр шударга бус юм!” гэж боддог байсан. Бурханы ажлыг хүлээн авсныхаа дараа тэд “Энэ бол Бурханы зөвт байдал. Бурхан эдгээр зүйлээр дамжуулан намайг шахаж Өөрийнхөө өмнө ирүүлсэн!” гэдгийг ойлгодог. Ингэж бодох нь бас зөв бөгөөд энэ бол баримт. Гэхдээ хүмүүсийн хүртдэг шийтгэл Бурханы дээд эрхээс ирдэг нь бас л нэг баримт юм. Энэ бүхэн—шалтгаан, үр дагаврын мөчлөг, мууг шийтгэж, сайныг шагнах явдал, тэнгэрлэг дүрэм, хууль юуг илтгэдэг вэ? Энэ бүхний ард Бурханы зөвт зан чанар байдаг; Бурханы зөвт зан чанар энэ бүхнийг захирдаг. Тиймээс, хүмүүсийн үзэл, дур сонирхол юм уу хүсэлтэй нийцдэггүй элдэв янзын зүйл хувь заяанд нь гарч ирсэн ч Бурхан хүмүүсийн хувь заяаг захирдаг нь эерэг зүйл хэвээр байна. Энэ нь ойлгомжтой байгаа биш гэж үү? (Тийм.) Чи хүний сайхан сэтгэлээсээ үүдэн, хүмүүсийн зовж байгааг харах үедээ “Тэр хүн маш өрөвдөлтэй юм! Би хэн нэгний зовж байгааг харж тэвчихгүй нь, ёрын муу хүмүүс бусдыг дээрэлхэж байгааг харж тэвчихгүй нь” гэж боддог. Зарим хүн энэ амьдралдаа үргэлж дээрэлхүүлдэг. Үүний шалтгаан юу вэ? Тэд өмнөх амьдралдаа үргэлж хүмүүсийг дээрэлхэж, нэлээд хэдэн хүнд хор хөнөөл учруулсан учраас энэ амьдралдаа өөрсдөө дээрэлхүүлэх ёстой болдог. Хэрвээ чи үргэлж хүмүүсийг дээрэлхдэг бол эцэст нь хураах үр жимс чинь өөрөө дээрэлхүүлэх явдал юм. Энэ бол Бүтээгчийн зөвт байдал билээ. Тэгж авирласнаараа чи тэнгэрлэг хуулийг зөрчсөн, тиймээс чи өмнөх амьдралдаа хийсэн муу үйлийнхээ төлөөсийг төлж, өвдөлт, тарчлалыг амсах ёстой. Энэ бол Бурханы зөвт байдал бөгөөд чи үүнээс зугтаж чадахгүй. Тиймээс, хүмүүс төрөл бүрийн хувь заяатай байдаг гэх баримт нь Бурханы тогтоосон тэнгэрлэг дүрэм, хуулийг ямар ч хүн өөрчилж чадахгүй, хэн ч үүнээс гадуур үлдэхгүй гэдгийг улам бүр тодорхой болгодог. Бүтээгч хэзээ ч хүн төрөлхтнийг гэх махан биеийн мэдрэмжтэй байгаагүй, мэдээж Бүтээгчийн мөн чанар нь махан биеийн мэдрэмжгүй байх явдал юм. Түүнд зөвхөн зөвт зан чанар л байдаг. Бурханы хийдэг бүхэн хүний хэлээр бол үндэслэлтэй агаад зөвт юм. Тэгвэл үүнийг үнэний өнцгөөс хэрхэн харах ёстой вэ? Энэ бол Бурханы зөвт зан чанар—энэ бүхэн эерэг зүйл юм. Хүмүүс үүнийг Бурханаас хүлээн авах ёстой бөгөөд Бурханы талаар бодит байдалд нийцдэггүй, эсвэл үнэнд нийцдэггүй ямар нэгэн дүгнэлт, үнэлгээтэй байх ёсгүй. Чи хүний өнцгөөс зарим хүнийг өрөвдөж, энэрч байлаа ч гэсэн, зарим үнэнийг ойлгодог, Бурханыг дагагчийн хувиар чи Бурханы зөвт зан чанарыг магтах ёстой, Бурханы дээд эрхийг ч бас магтах ёстой. Бурхан ийм маягаар захирдаг нь маш сайн хэрэг! Бурхан хүмүүсийн хувь заяаг ийм маягаар захирдаг учраас л хүн төрөлхтөн өнөөг хүртэл дэг журамтай байдлаар оршин тогтнож чадсан юм. Хэрвээ Сатан хүмүүсийн хувь заяаг захирч байсан бол хүн төрөлхтөн аль хэдийн эмх замбараагүй болж, өнөөдрийг хүртэл амьдрах боломжгүй болох байсан. Диаволын ертөнц ямар байдгийг хар даа; Бурханы дээд эрх байгаагүй бол хүний ертөнц диаволын ертөнцтэй адилхан байх байсан. Диаволын ертөнц гэж юу вэ? Хамгийн бодитой жишээ бол ХКН-ын дарангуйллын засаглал дотор ил болон далд явагддаг, цус урсгалт, алах хядах санаархлаар дүүрэн дотоод тэмцэл юм. Тэр нь диаволын ертөнц юм. ХКН-ын дарангуйллын засаглалын дотоод нөхцөл байдал эмх замбараагүй биш гэж үү? Хүмүүс байнга алга болдог бөгөөд тэднийг илт хөнөөсөн байсан ч хэн ч үүнийг зарлаж зүрхэлдэггүй. Энэ бол диаволын ертөнцийн эмх замбараагүй байдал бөгөөд өнөөгийн хорон муу ертөнцийн эмх замбараагүй байдал ч бас мөн.
Бурхан хүмүүсийн хувь заяаг захирдаг нь эерэг зүйл мөн гэдэг нь ямар ч эргэлзээгүй. Хүмүүсийн хувь заяаг тодорхойлох Бурханы анхдагч санаа зорилгын өнцгөөс ч бай, эсвэл Бурханы тогтоосон тэнгэрлэг дүрэм, хуулийн үр дүнд бий болсон хүмүүсийн хувь заяаны үр дүнгийн өнцгөөс ч бай, хүмүүсийн хувь заяаг захирах Бурханы дээд эрх бол сөрөг биш, харин эерэг зүйл гэдгийг туйлын баттай хэлэх ёстой. Хэрвээ чи энэ үнэний талаар үзэлтэй байвал үзлээ шийдвэрлэхийн тулд Бурханы үгээс үнэнийг эрэлхийлж болно, гэхдээ чи өөрийн үзэл, төсөөлөлдөө үндэслэн, “Бурханы дээд эрхийн дор байдаг хүмүүсийн хувь заяа бүгд сайн байх ёстой, тэдэнд ашиг тустай байх ёстой. Яагаад Бурханы дээд эрхээс болоод зарим хүний хувьд бүх зүйл тийм муугаар төгсдөг юм бэ? Энэ Бурханы дээд эрх байж таарахгүй, тийм биз дээ?” гэж хэлж болохгүй. Чи хэзээ ч ийм зүйл хэлэх ёсгүй. Ийм дэндүү тэрслүү, доромжилсон үг чиний амнаас хэзээ ч гарах ёсгүй. Өнөөдрөөс эхлэн чи “Хүмүүсийн хувь заяа Бурханы дээд эрхийн дор байдаг бөгөөд Бурханы дээд эрх бол эерэг зүйл юм” гэх үнэнийг хүлээн авч, баталгаажуулах ёстой. Үүнд битгий эргэлз. Чиний өөрийн нүдээр хардаг, эсвэл чиний туулж мэдэрдэг хүмүүсийн хувь заяа чиний үзэлтэй яаж ч зөрчилдөж байх нь хамаагүй, эсвэл чи тэдгээрийг хүнлэг бус гэж бодож байсан ч гэсэн хүмүүсийн хувь заяаг захирах Бурханы дээд эрх бодитой бөгөөд эерэг зүйл гэдэгт итгэж, баталгаажуулах ёстой. Үүнд эргэлзэж болохгүй. Энэ үнэнийг тодорхой нөхөрлөсөн үү? (Тийм.) Энэ бол Бурханыг мэдэхтэй холбоотой маш чухал асуудал бөгөөд энэ нь шийдвэрлэгдлээ, тийм үү? (Тийм.) Тэгвэл өнөөдрийн нөхөрлөлөө энд хүргээд өндөрлөцгөөе. Баяртай!
2024 оны 4 дүгээр сарын 6