Чи замын сүүлчийн хэсэгт яаж алхах ёстой вэ?

Чи одоо замын сүүлчийн хэсэгт ирсэн ба энэ бол замын амин чухал хэсэг юм. Магадгүй чи ихээхэн зовлон амсаж, их ажил хийж, олон замаар аялж, олон номлол сонссон байх; одоо байгаа газартаа ирэхэд амар байгаагүй биз. Хэрэв чи одоо нүүрлэж буй зовлонг тэсвэрлэж чадахгүй, хуучин шигээ үргэлжлүүлсээр байвал төгс болгуулж чадахгүй. Эдгээр үг чамайг айлгахаар зорьдоггүй—тэдгээр нь баримт юм. Петр Бурханы олон ажлыг туулсныхаа дараа зарим зүйлийг гүнзгий ойлгож, бас ихээхэн ялган таних чадвартай болсон. Тэрээр үйлчлэлийн зарчмын талаар олон зүйлийг ойлгож авсан ба хожим нь Есүсийн даалгасан зүйлд өөрийгөө бүрэн зориулж чадсан юм. Түүний хүлээн авсан асар их цэвэршүүлэлт нь ихэвчлэн, өөрийнхөө хийсэн зүйлийн төлөө Бурханд маш их өртэй мэт, мөн хэзээ ч буцаан төлж чадахгүй мэт түүнд санагдаж байснаас болсон билээ. Түүнчлэн, хүн маш их завхарсан гэдгийг Петр танин мэдсэн бөгөөд энэ нь мөс чанартаа буруугаа мэдрэхэд хүргэжээ. Есүс Петрт олон зүйл хэлсэн боловч тэдгээрийг хэлж байх үед тэрээр бага зэрэг л ойлгох чадвартай байсан бөгөөд заримдаа эсэргүүцэл, тэрслүү байдал өвөрлөсөөр байлаа. Есүсийг загалмайд цовдлогдсоны дараа л тэр эцэст нь бага зэрэг сэхээрч, өөрийгөө хүчтэй зэмлэх сэтгэл түүнд төрсөн юм. Эцэстээ энэ нь, буруу санаа бодолтой байх нь хүлээн зөвшөөрөхийн аргагүй мэт санагдах хэмжээнд хүрчээ. Тэрээр өөрийн байр байдлыг тун сайн мэддэг, бас Эзэний ариун байдлыг сайн мэддэг байв. Үүний үр дүнд Эзэнийг хайрлах сэтгэл нь улам бүр нэмэгдэж, тэр өөрийн аминд илүү их төвлөрөх болжээ. Үүнээс болоод тэр асар их зовлон бэрхшээл туулсан ба заримдаа хүндээр өвчилсөн мэт, заримдаа бүр үхсэн мэт санагддаг байсан ч ийм маягаар олон удаа цэвэршүүлэгдсэний дараа өөрийгөө илүү их ойлгож авч, Эзэнийг үнэхээр хайрладаг болсон юм. Түүний бүхий л амьдрал цэвэршүүлэлт дунд өнгөрсөн, үүнээс ч илүүгээр гэсгээлт дунд өнгөрсөн гэж хэлж болно. Түүний туршлага өөр ямар ч хүнийхээс өөр байсан бөгөөд түүний хайр төгс болгуулаагүй хэний ч хайраас давж гарсан. Түүнийг үлгэр жишээ болгон сонгосны учир нь тэрээр амьдралынхаа хугацаанд хамгийн их зовлон шаналал амссан бөгөөд түүний туршлага хамгийн амжилттай байв. Хэрэв та нар замын сүүлчийн хэсэгт үнэхээр яг Петр шиг алхаж чадвал та нарын ерөөлийг булаан авч чадах бүтээгдсэн зүйл нэгээхэн ч үгүй.

Петр мөс чанартай хүн байсан боловч тийм хүн чанартай байсан ч гэсэн, Есүсийг анх дагаж эхлэх үедээ олон эсэргүү, тэрслүү бодол санаатай байсан нь гарцаагүй. Гэвч Есүсийг дагаж байх үедээ тэрээр эдгээр зүйлийг нухацтай авч үзэлгүй, хүмүүс ийм л байх ёстой гэж боддог байв. Иймээс тэр эхэндээ ямар ч зэмлэлийг мэдрээгүй, харьцалт ч туулаагүй. Есүс Петрийн хариу үйлдлийг ноцтойгоор авч үзээгүй, анхаарал хандуулаа ч үгүй, харин хийх ёстой ажлаа л үргэлжлүүлсэн. Тэрээр Петр болон бусдаас нь хэзээ ч өө хайгаагүй. “Тэд ийм санаа бодолтой байсныг Есүс мэдээгүй байж болно гэж үү?” хэмээн чи хэлж магад. Ердөө ч үгүй! Учир нь Тэр Петрийг үнэхээр ойлгосон—үнэндээ асар их ойлгож байсан учраас Есүс түүний эсрэг ямар ч арга хэмжээ аваагүй гэж хэлж болно. Тэр хүн төрөлхтнийг үзэн ядсан мөртөө бас өрөвдсөн. Одоо та нарын дунд Паул шиг эсэргүүцдэг, мөн тухайн үед Петр Эзэн Есүст хандаж байсан шиг олон үзэл өвөрлөдөг хүмүүс олон байдаг бус уу? Би чамд хэлье, гурав дахь мэдрэхүйдээ хэт их итгэхгүй байсан чинь дээр, чиний мэдрэхүй найдваргүй бөгөөд аль эрт Сатаны завхралаар бүрэн дүүрэн сүйтгэгдсэн. Чиний мэдрэхүй төгс, өө сэвгүй гэж чи бодож байна уу? Паул Эзэн Есүсийг олонтоо эсэргүүцсэн боловч Есүс хариу үйлдэл үзүүлээгүй. Есүс өвчтэйг эдгээж, чөтгөрүүдийг хөөн зайлуулж чаддаг байсан атлаа Паулын доторх “чөтгөр”-ийг зайлуулж чадаагүй байж болох уу? Паул Есүсийн шавь нарыг дур зоргоороо үргэлжлүүлэн баривчилж байхад, яагаад дахин амилж, тэнгэр өөд гарсныхаа дараа л Есүс эцэст нь Дамаск орох замд нь түүнд үзэгдэж, түүнийг цохисон юм бэ? Эзэн Есүс дэндүү удаан хариу үйлдэл хийсэн юм гэж үү? Эсвэл махбодод байхдаа Тэрээр ямар ч эрх мэдэлгүй байснаас энэ нь болсон юм уу? Миний ар хударгаар нууцхан үймүүлж, эсэргүүцэж байхад чинь Би мэддэггүй гэж чи бодоо юу? Ариун Сүнснээс авсан гэгээрлийн хэлтэрхийг Намайг эсэргүүцэхэд ашиглаж болно гэж чи бодоо юу? Петр төлөвшөөгүй байхдаа Есүсийн талаар олон санаа бодол өвөрлөсөн, тэгвэл яагаад тэр буруутгагдаагүй юм бэ? Яг одоо, олон хүн буруутгагдалгүйгээр аливааг хийж байгаа бөгөөд хийж байгаа зүйл нь буруу гэдгийг тодорхой хэлэх үед ч гэсэн тэд мөн л сонсдоггүй. Энэ нь бүхэлдээ хүний тэрслүү зангаас болоогүй гэж үү? Би сая маш их зүйл хэлсэн боловч чамд мөс чанарын мэдрэмж өчүүхэн ч байдаггүй, тэгвэл чи яаж замын сүүлчийн хэсгийг дуустал алхаж, замын төгсгөл хүртэл алхсаар байж чадах юм бэ? Энэ нь томоохон асуудал гэдгийг чи мэдэрч байна уу?

Хүмүүс байлдан дагуулагдсаныхаа дараа Бурханы зохион байгуулалтад захирагдаж чаддаг; тэдэнд итгэл болон Бурханыг хайрлах хүсэл зоригийн аль аль нь байдаг бөгөөд тэд Түүнийг дагахдаа эдгээрт тулгуурладаг. Иймээс замын сүүлчийн хэсэгт хэрхэн алхаж болох вэ? Гай зовлон туулах өдрүүддээ чи бүх бэрхшээлийг тэвчих ёстой ба зовох хүсэлтэй байх ёстой; ийм маягаар л чи замын энэ хэсгийг сайн туулж чадна. Замын энэ хэсгийг туулах маш амархан гэж чи бодож байна уу? Чи ямар чиг үүрэг гүйцэтгэхээ мэддэг байх ёстой; та нар хэв чанараа өсгөж, хангалттай үнэнээр зэвсэглэх ёстой. Энэ бол ганц хоёр хоногийн ажил биш бөгөөд чиний бодож байгаа шиг энгийн бус! Замын сүүлчийн хэсэгт алхах нь үнэндээ ямар итгэл, ямар хүсэлтэй байгаагаас чинь шалтгаална. Магадгүй чи Ариун Сүнс дотор чинь ажиллаж байгааг харж чадахгүй буюу чуулганаас Ариун Сүнсний ажлыг олж илрүүлж чаддаггүй болохоор гутранги, сэтгэл дундуур, урдах замдаа цөхрөлөөр дүүрэн байдаг байж болно. Ялангуяа, эртний агуу дайчид бүгд мөхсөн—энэ бүхэн чиний хувьд цохилт биш гэж үү? Эдгээр зүйлийг чи яаж харах ёстой вэ? Чамд итгэл байна уу, үгүй юү? Чи өнөөдрийн ажлыг бүрэн ойлгож байна уу, үгүй юү? Эдгээр зүйл замын сүүлчийн хэсэгт амжилттай алхаж чадах эсэхийг чинь тодорхойлж чадна.

Та нар одоо замын төгсгөлийн зурвас дээр байна гэж яагаад хэлдэг вэ? Учир нь та нар ойлгох ёстой бүх зүйлээ ойлгосон, Би та нарт хүмүүсийн хүрэх ёстой бүхнийг хэлсэн. Би бас та нарт даалгасан бүх зүйлийн тухай хэлсэн. Иймээс та нарын одоо алхаж яваа зүйл бол хүмүүсийг удирдан хөтөлдөг замын минь сүүлчийн хэсэг юм. Би та нараас бие даан амьдрах чадвартай болохыг л шаарддаг; чи үргэлж, цаг ямагт явах замтай байж, урьдынх шигээ хэв чанараа дээшлүүлж, Бурханы үгийг хэвийн уншиж, хэвийн хүний амьдралаар амьдарна. Одоо Би чамайг ийм маягаар амьдрахад хөтөлж байгаа боловч ирээдүйд Би чамайг удирдаагүй байх үед чи ингэж бас л чадах уу? Чи үргэлжлүүлэн явж чадах уу? Петрийн туршлага ийм байсан: Есүс түүнийг удирдаж байх үед түүнд ямар ч ойлголт байгаагүй; тэр үргэлж хүүхэд шиг санаа амар байж, хийж буй зүйлдээ нухацтай ханддаггүй байв. Есүсийг явж одсоны дараа л тэр хэвийн хүний амьдралаа эхлүүлсэн. Есүсийг явсны дараа л утга учиртай амьдрал нь эхэлсэн. Хэдийгээр тэр хэвийн хүн чанарын зарим эрүүл ухааныг эзэмшиж, хэвийн хүний эзэмших ёстой зарим зүйлийг эзэмшдэг байсан боловч Есүсийг явах хүртэл жинхэнэ туршлага болон эрэл хайгуул нь шинээр эхлээгүй юм. Та нарын одоогийн нөхцөл байдал ямар байна вэ? Би одоо та нарыг ийм маягаар удирдаж, чи үүнийг гайхалтай гэж боддог. Чамд тохиолддог ямар ч орчин, шалгалт байхгүй ч ийм маягаар үнэндээ ямар биеийн хэмжээтэйг чинь харах аргагүй, мөн үнэхээр үнэнийг эрэлхийлдэг хүн мөн эсэхийг чинь ч харах аргагүй. Чи гол чанараа ойлгодог гэж өөрийн амаар хэлдэг ч эдгээр нь хоосон үг юм. Ирээдүйд бодит баримтууд чам дээр ирэх үед л ойлголт чинь батлагдана. Одоо чи иймэрхүү ойлголттой байгаа: “Махан бие минь маш их завхарсан, хүмүүсийн махан биеийн гол чанар нь Бурханы эсрэг тэрсэлж, эсэргүүцдэг гэдгийг би ойлгодог. Бурханы шүүлт, гэсгээлтийг хүлээн авч чадна гэдэг нь хүмүүсийг өргөх Түүний арга зам юм. Би тэрийг одоо ойлгосон, бас Бурханы хайрыг хариулахыг хүсэж байна.” Гэвч үүнийг хэлэхэд амархан. Хожим нь гай зовлон, шалгалт, зовлон чам дээр ирэхэд энэ бүхнийг туулахад амаргүй байх болно. Та нар ийм маягаар өдөр бүр дагадаг боловч өөрсдийн туршлагыг үргэлжлүүлж мөн л чаддаггүй. Хэрэв Би та нарыг сул тавьж, огт анхаарахаа больсон бол бүр ч дор байх байсан; ихэнх хүн унаж, ичгүүрийн тэмдэг болох давсан багана болж хувирна. Ийм зүйлс тохиолдох тун боломжтой. Чи энэ талаар санаа зовох юм уу түгшихгүй байна уу? Петр тийм орчныг туулж, тийм зовлон амссан боловч бат зогсож чадсан юм. Хэрэв чи ийм орчин туулсан бол бат зогсож чадах байсан уу? Газар дээр байхдаа Есүсийн хэлсэн зүйл, хийсэн ажил Петрт суурь болж өгсөн бөгөөд энэхүү сууриас эхлэн тэр өөрийнхөө хожмын замаар алхсан билээ. Та нар тэр түвшинд хүрч чадах уу? Та нарын алхсан зам, ойлгосон үнэн—эдгээр нь ирээдүйд бат зогсох суурь чинь болж чадах уу? Эдгээр зүйл хожим бат зогсох үзэгдэл чинь болж чадах уу? Би та нарт үнэнийг хэлье—одоо хүмүүсийн ойлгодог зүйл бүгд хоосон сургаал юм гэж хэлж болно. Яагаад гэвэл, тэд ойлгодог бүх зүйлээ туулаагүй байдаг. Чи өдий хүртэл үргэлжлүүлж чадсан нь тэр чигтээ, шинэ гэрэл чамайг хөтөлснөөс болж байгаа. Чиний биеийн хэмжээ тодорхой түвшинд хүрсэн юм биш, харин Миний үг чамайг өнөө хүртэл удирдсанаас болж байгаа юм; чи агуу итгэлтэйдээ бус, харин чамайг өнөөг хүртэл дагахаас өөр аргагүй болгосон Миний үгийн мэргэн ухаанаас болж байгаа юм. Хэрэв Би одоо яриагүй бол, дуу хоолойгоороо айлдаагүй бол чи цааш явж чадахгүй болж, урагшлахаа нэн даруй болих байсан. Энэ нь та нарын бодит биеийн хэмжээ бус уу? Та нар аль тал руу орж, дутаж байгаа зүйлээ аль тал дээр нөхөх талаар огт мэддэггүй. Та нар утга учиртай амьдралаар хэрхэн амьдарч, Бурханы хайрыг хэрхэн хариулах, эсвэл хүчирхэг, цангинасан гэрчлэл яаж хийхийг ойлгодоггүй. Та нар энэ бүхэнд хүрэх ямар ч чадваргүй. Та нар залхуу дээрээ бас тэнэг. Та нар өөр зүйлд тулгуурлаж л болох ба тулгуурлах зүйл чинь шинэ гэрэл болон урд чинь чамайг хөтлөн явж буй Нэгэн билээ. Чи өнөөг хүртэл цөхрөлтгүй үргэлжлүүлж чадсан нь бүхэлдээ, шинэ гэрэл болон хамгийн сүүлийн үеийн айлдваруудад тулгуурласнаас болж байгаа юм. Та нар үнэн замыг эрэлхийлэхдээ чадамгай байсан Петртэй огт адилгүй, эсвэл Еховад үнэнчээр шүтэн мөргөж, өөрийг нь яаж ч туршсан бай, ерөөсөн ч бай, үгүй ч бай Ехова бол Бурхан гэдэгт итгэсэн Иовтой адилгүй. Чи тийнхүү үйлдэж чадах уу? Та нар хэрхэн байлдан дагуулагдсан бэ? Нэг тал нь шүүлт, гэсгээлт, хараал, нөгөө тал нь та нарыг байлдан дагуулдаг нууцууд юм. Та нар бүгд илжиг шиг байдаг. Миний ярьдаг зүйл та нарын хувьд хангалттай сүрлэг биш бөгөөд ямар ч нууц байхгүй байвал та нарыг байлдан дагуулах боломжгүй байдаг. Хэрэв номлол айлддаг хүн байгаад, хэсэг хугацааны туршид нэг л зүйлийн талаар үргэлж номлосон бол та нар бүгд хоёр жилийн дотор тарж явах байсан; та нар үргэлжлүүлж чадахгүй байх байсан. Та нар хэрхэн гүнзгийрэхээ мэддэггүй, үнэнийг эсвэл амийн замыг хэрхэн эрэлхийлэхээ ч ойлгодоггүй. Та нарын ойлгодог бүхэн чинь нууц эсвэл үзэгдлийн талаар, Бурхан хэрхэн ажилладаг байсан, Петрийн туршлага, Есүсийн цовдлолын цаад шалтгааныг сонсох гэх мэт шинэ санагдах зүйлсийг хүлээн авах явдал юм… Та нар энэ талаар сонсоход л бэлэн байдаг, сонсох тусам улам их эрч хүчтэй болдог. Та нар уйтгар, гунигаа хөөх гэж л энэ бүхнийг сонсож байгаа. Та нарын амьдралыг бүхэлд нь эдгээр шинэ зүйл тэтгэдэг. Чи өнөөдрийн байгаа газартаа өөрийнхөө итгэлээр хүрсэн гэж бодож байна уу? Энэ чинь та нарын ялихгүй, өрөвдөлтэй өчүүхэн биеийн хэмжээ бус уу? Та нарын ёс жудаг хаана байна? Хүн чанар хаана байна? Та нарт хүний амьдрал байдаг уу? Төгс болгуулах элементээс хэд нь чамд байдаг вэ? Миний хэлж байгаа зүйл баримт биш гэж үү? Би ийм маягаар ярьж, ажилладаг боловч та нар бараг анхаарал хандуулдаггүй хэвээр байдаг. Та нар дагахдаа бас ажигладаг. Та нар үргэлж хайхрамжгүй царай гаргадаг бөгөөд үргэлж хамраасаа дөрлүүлдэг. Та бүхэн ингэж явж ирсэн; гагцхүү гэсгээлт, цэвэршүүлэлт, цээрлүүлэлт л өнөөдрийн байгаа газарт чинь хөтөлж авчирсан. Амийн оролтын тухай хэдэн номлол л номлоод байсан бол та нар бүгд аль эрт зугтаж алга болох байсан бус уу? Та нар нэг нь нөгөөгөөсөө илүү хямсгар боловч бодит байдал дээр гэдэс чинь гагцхүү бохир усаар дүүрсэн! Чи цөөн хэдэн нууц, урьд өмнө нь хүмүүсийн ойлгож байгаагүй зарим зүйлийг ойлгож авсан учраас л одоог хүртэл туйлбартай байж чадсан. Та нарт дагахгүй байх шалтгаан байгаагүй учраас өөрсдийгөө бараг л хатамжилж байж, олныг дагаж чадсан. Энэ бол ердөө л Миний үгээр хүрсэн үр дүн бөгөөд та нарын өөрсдөө биелүүлсэн үйл хэрэг яавч биш. Та нарт гайхуулах юм юу ч байхгүй. Тиймээс ажлын энэ үе шатанд та нар голчлон үгээр дамжуулан өдий хүрсэн. Эс бөгөөс та нарын дундаас хэн чинь дуулгавартай дагаж чадах байсан бэ? Хэн өнөөдрийг хүртэл туйлбартай байж чадах байсан бэ? Аль эртнээс та нар эхний боломж гарах мөчид явахыг хүсэж байсан боловч тэгж зүрхлээгүй; та нарт зориг дутагдсан. Өнөөдрийг хүртэл та нар шийдэмгий бусаар дагасаар ирсэн.

Есүс загалмайд цовдлогдож, явсны дараа л Петр өөрийн замналаар явж, явах ёстой замаараа алхаж эхэлсэн; тэр хангалтгүй байдал, дутагдлаа харсны дараа л зэвсэглэж эхэлсэн. Бурханыг гэх хайр нь дэндүү бага, зовох хүсэл нь хангалтгүй, ямар ч мэдлэг ухаан байхгүй, эрүүл ухаанаар дутмаг байснаа тэр олж харсан. Есүсийн хүсэлтэй нийцэхгүй олон зүйл түүнд байгааг, тэрслүү, эсэргүү, хүний хүслээр сэвтсэн олон зүйл байгааг тэр олж харсан. Үүний дараа л тэр бүх талаар оролтыг олж авсан. Есүс түүнийг удирдаж байхдаа түүний байр байдлыг ил болгож, Петр үүнийг нь хүлээн зөвшөөрч, Есүсийн хэлсэнтэй санаа нийлсэн хэдий ч хожим нь болтол жинхэнэ ойлголт түүнд дутагдсаар байсан. Учир нь тухайн үед түүнд туршлага ч байгаагүй, өөрийн биеийн хэмжээний талаарх мэдлэг ч байгаагүй. Өөрөөр хэлбэл, Би одоо та нарыг удирдан хөтлөхдөө зөвхөн үг ашиглаж байгаа бөгөөд та нарыг богино хугацааны дотор төгс болгох боломжгүй, мөн та нар үнэнийг ойлгож, мэдэж чаддаг байхаар хязгаарлагдана. Учир нь чамайг байлдан дагуулж, зүрх сэтгэлд чинь үнэмшүүлэх нь одоогийн ажил бөгөөд хүмүүсийг байлдан дагуулсны дараа л зарим нь төгс болгуулна. Яг одоо, чиний ойлгодог тэдгээр үзэгдэл болон үнэн ирээдүйн туршлагын чинь суурийг тавьж байна; хожмын гай зовлонд та нар бүгд эдгээр үгийг бодитоор туулна. Хожим нь шалгалт ирж, гай зовлон туулах үедээ чи өнөөдөр хэлдэг “Ямар ч гай зовлон, шалгалт, их гамшигтай тулгарсан, би Бурханыг сэтгэл хангалуун байлгах ёстой” хэмээх үгийг бодох болно. Петрийн туршлагын талаар, дараа нь Иовын туршлагын талаар бодоод үз—чи өнөөдрийн үгээр урамшина. Зөвхөн ийм маягаар л итгэл чинь зоригжиж чадна. Тухайн үед Петр өөрийгөө Бурханы шүүлт, гэсгээлтийг хүлээж авах эрхгүй гэж хэлсэн бөгөөд цаг нь ирэхэд чи ч бас өөрөөрөө дамжуулан Бурханы зөвт зан чанарыг бүх хүнд харуулахдаа бэлэн байх болно. Түүний шүүлт, гэсгээлтийг чи дуртайяа хүлээн авч, Түүний шүүлт, гэсгээлт, хараал чамд тав тух болно. Одоо, үнэнээр зэвсэглэхгүй байх чинь ердөө хүлээн зөвшөөрөхийн аргагүй юм. Үүнгүйгээр чи ирээдүйд бат зогсож чадахгүй төдийгүй, одоогийн ажлыг туулж чадахгүй байж магадгүй. Тэгвэл чи таягдан хаягдаж, шийтгэгдэх хүмүүсийн нэг болох бус уу? Яг одоо, чам дээр ирсэн ямар ч баримт байгаагүй, дутагдаж байгаа аль ч талаар чинь Би чамайг хангасан; Би бүх талаас ярьдаг. Та нар тийм ч их зовлон туулаагүй; ямар ч төлөөс төлөлгүйгээр бэлэн байгаа зүйлийг авдаг, түүнээс ч илүүтэйгээр, та нарт өөрийн гэсэн жинхэнэ туршлага, мэдлэг ухаан байдаггүй. Тиймээс та нарын ойлгодог зүйл бол жинхэнэ биеийн хэмжээ чинь биш. Та нар ойлгох, мэдэх, харахаар хязгаарлагддаг боловч нэг их үр дүнд хүрээгүй. Хэрэв Би та нарт хэзээ ч анхаарал хандуулаагүй, харин гэрт чинь туршлагажуулсан бол та нар асар уудам дэлхий ертөнц рүү аль эрт гүйж одох байсан. Ирээдүйд алхах зам чинь зовлонгийн замнал байна, хэрэв чи замын одоогийн энэ хэсэгт амжилттай алхвал ирээдүйд илүү их гай зовлон туулах үедээ гэрчлэлтэй байх болно. Хэрэв чи хүний амьдралын ач холбогдлыг ойлгодог, хүний амьдралын зөв замд орсон бөгөөд ирээдүйд Бурхан чамд яаж ч хандсан ямар ч гомдол, сонголтгүйгээр Түүний эрхээр захирагддаг, Бурханд ямар ч шаардлага тавьдаггүй бол чи ийм маягаар үнэ цэнтэй хүн болно. Яг одоо чи гай зовлон туулаагүй байгаа учраас аливаа зүйлийг ялгалгүйгээр дуулгавартай дагаж чадна. Бурхан яаж ч хөтөлсөн бай, тэр зам нь сайн, Түүний бүх зохион байгуулалтад захирагдана гэж чи хэлдэг. Бурхан чамайг гэсгээсэн ч бай, хараасан ч бай, чи Түүнийг сэтгэл хангалуун байлгахад бэлэн байх болно. Гэсэн ч чиний одоо хэлдэг зүйл биеийн хэмжээг чинь төлөөлөх албагүй. Одоо хийхийг хүсдэг зүйл чинь чамайг эцсээ хүртэл дагах чадвартай гэдгийг харуулж чадахгүй. Асар их гай зовлон чам дээр ирэх үед, эсвэл хавчлага, дарамт, бүр илүү их шалгалт туулах үедээ чи эдгээр үгийг хэлж чадахгүй. Тэр үед чи ийм ойлголттой байж, бат зогсож чадвал энэ нь чиний биеийн хэмжээ байх болно. Тухайн үед Петр ямар байсан бэ? Петр: “Эзэн минь, би өөрийн амийг Таны төлөө золиосолно. Хэрэв Та намайг үхүүлбэл би үхнэ!” гэж хэлсэн. Тухайн үед тэр ингэж залбирдаг байсан. Тэрээр мөн: “Бусад хүн Таныг хайрлахгүй байсан ч гэсэн би эцсээ хүртэл Таныг хайрлах ёстой. Би Таныг цаг үргэлж дагана” гэж хэлсэн. Тухайн үедээ тэр ингэж хэлж байсан боловч өөр дээр нь шалгалт ирэнгүүт тэр нуран унаж, уйлсан. Петр Эзэнийг гурвантаа үгүйсгэснийг та нар бүгд мэдэж байгаа биз дээ? Шалгалт өөрсөд дээр нь ирэхэд уйлж, хүний сул дорой байдлыг харуулах олон хүн байдаг. Чи өөрийнхөө эзэн нь биш. Үүнд чи өөрийгөө хянаж чадахгүй. Магадгүй өнөөдөр чи үнэхээр сайн байгаа байж болох боловч тохиромжтой орчинд байгаа болохоор тэр юм. Маргааш тэр нь өөрчлөгдвөл чи хулчгар зан, чадваргүй байдал, жигшүүртэй, үнэ цэнгүй байдлаа харуулна. Чиний “эршүүд байдал” аль эрт юу ч биш болж, заримдаа чи бүр даалгавраа нэг тийш нь хаяад, яваад өгч ч магадгүй. Энэ нь тухайн үед ойлгосон зүйл чинь чиний жинхэнэ биеийн хэмжээ биш байсныг харуулдаг. Хүн Бурханыг үнэхээр хайрладаг эсэх, үнэхээр Бурханы эрхээр захирагдаж чаддаг эсэх, Бурханы шаарддаг зүйлийг биелүүлэхэд бүх хүчээ дайчилж чаддаг эсэх, Бурханд үнэнч хэвээр байж, амиа золиослох байсан ч гэсэн бүх зүйлийн хамгийн сайныг нь Бурханд өгдөг эсэхийг харахын тулд хүний жинхэнэ биеийн хэмжээг харах ёстой.

Эдгээр үгийг одоо хэлчихсэн гэдгийг чи санах ёстой: Хожим нь чи илүү их гай зовлон, илүү их зовлон зүдүүр туулна! Төгс болгуулах нь энгийн, амархан зүйл биш. Ядаж л Иовынх шиг, эсвэл түүнийхээс ч илүү их итгэл чамд байх ёстой. Ирээдүйн шалгалт Иовын шалгалтаас ч илүү их байх бөгөөд урт хугацааны гэсгээлт туулсаар байх ёстой гэдгээ чи мэдэх хэрэгтэй. Энэ энгийн зүйл гэж үү? Хэв чанараа сайжруулж чадахгүй бол, ойлгох чадвар чинь дутуу дулимаг байвал, мөн хэтэрхий багыг мэддэг бол тэр үед чамд ямар ч гэрчлэл байхгүй, харин Сатаны тоглоом, зугаа болох болно. Үзэгдлийг одоо хадгалж чадахгүй бол чамд ямар ч суурь байхгүй бөгөөд ирээдүйд чи хөсөр хаягдана! Замын аль ч хэсэг нь явахад амархан биш тул үүнийг хөнгөхнөөр бүү авч үз. Үүнийг одоо сайтар дэнсэлж үзээд бэлтгэлээ хий, ингэснээр энэ замын сүүлчийн хэсэгт зохих ёсоор алхаж болох юм. Энэ бол ирээдүйд алхах ёстой, бүх хүний алхах ёстой зам юм. Энэ ойлголтыг анхааралгүй өнгөрөөх ёсгүй; чамд Миний хэлдэг зүйл бүгд дэмий байдаг гэж бүү бод. Энэ бүхнийг сайтар ашиглах өдөр чамд ирнэ—Би үгээ хий дэмий айлдсан байж болохгүй. Энэ бол өөрийгөө зэвсэглэх, ирээдүйн замыг засах үе билээ. Чи хожим алхах ёстой замыг бэлдэх хэрэгтэй; чи ирээдүйд хэрхэн бат зогсож чадах талаараа санаа зовж, сэтгэл түгшин, ирээдүйн замдаа сайн бэлдэх ёстой. Ховдог, залхуу бүү бай! Цаг хугацаагаа хамгийн сайн ашиглахын тулд чадах бүх зүйлээ бүгдийг нь хийх ёстой, ингэснээр чи хэрэгтэй бүхнээ олж авч магад. Чамайг ойлгоосой гэсэндээ Би бүхнийг чамд өгч байна. Гурав хүрэхгүй жилийн дотор Би маш олон зүйл хэлж, маш их ажил хийснийг чи өөрийн нүдээр харсан. Ийм маягаар ажиллаж ирсний минь нэг шалтгаан нь хүмүүс маш их дутуу дулимаг бөгөөд нөгөө нэг шалтгаан нь цаг хугацаа хэтэрхий богино; цаашид хойшлуулж болохгүй. Хүмүүс гэрчлэл хийж, ашиглагдахаасаа өмнө эхлээд дотроо тов тодорхой байдалд хүрэх ёстой гэж чи төсөөлдөг, гэвч тэгэх нь хэтэрхий удаан байх бус уу? Тэгвэл Би чамайг хэр удаан дагалдах ёстой байх вэ? Өтөлж, бууралтталаа Би чамайг дагалдана гэвэл тэгэх боломжгүй! Илүү их гай зовлон туулснаар бүх хүн дотроо жинхэнэ ойлголтод хүрнэ. Эдгээр нь ажлын алхмууд юм. Чи өнөөдөр нөхөрлөсөн үзэгдлийг бүрэн ойлгож, жинхэнэ биеийн хэмжээтэй болмогцоо ирээдүйд ямар ч бэрхшээл туулсан цочирдохгүй, тэсвэрлэж чадна. Намайг ажлын энэхүү сүүлчийн алхмыг гүйцээж, эцсийн үгийг айлдаж дуусах үед ирээдүйд хүмүүс өөр өөрийн замаар алхах хэрэгтэй болно. Өмнө нь айлдсан үгийг энэ нь биелүүлнэ: Хүн нэг бүрд зориулсан даалгавар, хүн болгонд хийх ажил Ариун Сүнсэнд байдаг. Ирээдүйд хүн бүр Ариун Сүнсээр удирдуулан алхах ёстой замаараа алхана. Гай зовлон туулж байхдаа хэн бусдын төлөө санаа тавьж чадах вэ? Хувь хүн бүр өөрийн гэсэн зовлонтой байдаг, дор бүрнээ өөрийн гэсэн биеийн хэмжээтэй байдаг. Хэний ч биеийн хэмжээ өөр нэгнийхтэй ижилхэн байдаггүй. Нөхрүүд нь эхнэрүүдээ, эцэг эхчүүд нь хүүхдүүдээ халамжилж чадахгүй; хэн ч өөр хэн нэгний төлөө санаа тавьж чадахгүй. Энэ нь, харилцан халамжилж, дэмжих боломжтой хэвээр байгаа одоогийнх шиг байхгүй. Төрөл бүрийн хүнийг ил болгох үе байх болно. Өөрөөр хэлбэл, Бурхан хоньчныг цохиход хонин сүрэг тарж бутрах бөгөөд тэр үед та нарт ямар ч жинхэнэ удирдагч байхгүй байх болно. Хүмүүс хуваагдана—та нар хамт цугларч чаддаг одоогийнх шиг байхгүй. Ирээдүйд Ариун Сүнсний ажилгүй хүмүүс жинхэнэ төрхөө харуулна. Нөхрүүд эхнэрээсээ урваж, эхнэрүүд нөхрөөсөө урваж, хүүхдүүд нь эцэг эхээсээ урваж, эцэг эх нь хүүхдүүдээ хяхан хавчина—хүний зүрх сэтгэлийг ухан ойлгохын аргагүй! Хүний хувьд хийж болох бүхэн нь өөрт байгаа зүйлээ хадгалж, замын сүүлчийн хэсэгт зүй зохистой алхах явдал юм. Яг одоо та нар үүнийг тодорхой харахгүй байна; та нар бүгд харалган. Ажлын энэ алхмыг амжилттай туулах амар зүйл биш.

Гай зовлонгийн цаг үе хэтэрхий сунжрахгүй; үнэндээ нэг жилээс ч богино хугацаанд үргэлжилнэ. Хэрэв энэ нь нэг жил үргэлжлэх байсан бол ажлын дараагийн алхам хойшилж, хүмүүсийн биеийн хэмжээ хангалтгүй байх байсан. Хэтэрхий удаан байсан бол хүмүүс үүнийг тэсвэрлэж чадахгүй байх байсан. Эцсийн эцэст хүмүүсийн биеийн хэмжээ хязгаартай. Миний өөрийн ажил дууссаны дараа, хүмүүс алхах ёстой замаараа алхах нь дараагийн алхам юм. Хүн бүр ямар замаар алхах ёстойгоо ойлгох ёстой—энэ нь зовох зам ба үйл явц, мөн Бурханыг хайрлах хүслийг чинь цэвэршүүлэх зам билээ. Чи ямар үнэнд орох ёстой, ямар үнэнийг нэмэх ёстой, хэрхэн туулах ёстой, аль талаас нь орох ёстой гээд энэ бүх зүйлийг ойлгох ёстой. Чи одоо өөрийгөө зэвсэглэх ёстой. Гай зовлон чам дээр ирэх үед хэтэрхий хожимдсон байх болно. Хүн бүр өөрийн амийн төлөө ачаа үүрэх ёстой бөгөөд бусдын сэрэмжлүүлэхийг болон бусад хүн чихнээс чинь чангаахыг үргэлж битгий хүлээ. Би маш ихийг хэлсэн байтал чи ямар үнэнд орох ёстой, ямар үнэнээр зэвсэглэх ёстойгоо одоо болтол мэддэггүй. Бурханы үгийг уншихад ямар ч хүчин чармайлт гаргаагүйг чинь энэ нь харуулдаг. Чи өөрийн амийн төлөө ямар ч ачаа үүрдэггүй—үүнийг яахан хүлээн зөвшөөрч болох билээ? Чи юунд орох ёстой талаар тодорхой мэддэггүй, юу ойлгох ёстойгоо ойлгодоггүй, ямар зам сонгож авах ёстой талаар учраа олохгүй хэвээр байгаа. Чи огт үнэ цэнгүй биш гэж үү? Чи ямар хэрэгтэй юм бэ? Та нарын одоо хийж байгаа зүйл өөрсдийн замыг тавьж, барьж байгуулах явдал. Чи хүмүүс юунд хүрэх ёстойг мэддэг, хүн төрөлхтөнд тавьдаг Бурханы шаардлагын стандартыг мэддэг байх ёстой. Дараах ойлголт чамд байх ёстой: Юу ч болсон гэсэн, би гүн гүнзгий завхарсан байсан ч Бурханы өмнө тэрхүү дутагдлаа нөхөх ёстой. Бурхан надад хэлэхээс өмнө би ойлгодоггүй байсан боловч одоо Тэр надад хэлж, би ойлгосон болохоор би яаран дутагдлаа засаж, хэвийн хүн чанарыг амьдран харуулж, Бурханы хүсэлд нийцэж чадах дүр төрхийг амьдран харуулах ёстой. Би Петрийн хийсэнд хүрч чадахгүй байсан ч гэсэн ядаж л хэвийн хүн чанарыг амьдран харуулах ёстой. Ийм маягаар би Бурханы зүрх сэтгэлийг хангалуун байлгаж чадна.

Энэ замын сүүлчийн хэсэг одоогоос эхлээд ирээдүйн гай зовлон дуусах хүртэл үргэлжилнэ. Замын энэ хэсэг нь хүмүүсийн жинхэнэ биеийн хэмжээ илчлэгдэхийн зэрэгцээ тэдэнд жинхэнэ итгэл байдаг эсэхийг харуулах үе юм. Замын энэ хэсэг хүмүүсийн урьд өмнө хөтлүүлж явж байсан аль ч замаас илүү хүнд бэрх, бартаатай байх учраас “замын сүүлчийн хэсэг” гэж нэрлэдэг. Үнэндээ энэ нь замын хамгийн сүүлийн хэсэг биш; учир нь гай зовлон туулсны дараа чи сайн мэдээ түгээх ажлыг туулах бөгөөд ашиглагдах ажлыг туулах хэсэг хүн байх болно. Тиймээс хүмүүсийг цэвэршүүлэх гай зовлон болон хатуу ширүүн орчинтой холбоотойгоор л “замын сүүлчийн хэсгийн” талаар ярьдаг. Урьд нь алхсан замын тэр хэсэгт Би чамайг тэрхүү баяр хөөртэй аялалд биечлэн хөтөлж, гараас чинь хөтлөн чамд зааж, амнаасаа чамайг хооллосон. Хэдийгээр чи гэсгээлт, шүүлтийг олон удаа туулсан ч чиний хувьд тэдгээр нь ээлж дараалсан хөнгөхөн цохилтоос хэтрээгүй. Мэдээж энэ нь Бурханд итгэх итгэлийн талаарх үзэл бодлыг чинь нэлээд өөрчилсөн; мөн энэ нь зан чанарыг чинь нэлээд тогтворжуулж, Миний талаар багахан хэмжээний ойлголт олж авах боломжийг чамд олгосон. Гэвч Миний хэлж байгаа зүйл бол замын тэрхүү хэсгээр алхаж байх үедээ хүмүүсийн төлсөн төлөөс, уйгагүй хичээл зүтгэл зэгсэн бага байсан—Би л чамайг өдий хүртэл чинь хөтөлсөн. Учир нь Би чамаас ямар нэг юм хий гэж шаарддаггүй; үнэндээ Миний чамд тавьдаг шаардлага минь огтхон ч өндөр биш—Би зүгээр л байгаа зүйлийг хүлээж авахыг чамд зөвшөөрдөг. Энэ хугацаанд Би та нарын хэрэгцээг тасралтгүй хангаж байсан бөгөөд хэзээ ч үндэслэлгүй шаардлага тавьж байгаагүй. Та нар олон удаагийн гэсгээлт амссан мөртөө Миний анхны шаардлагыг биелүүлээгүй. Та нар буцаж няцаж, гутардаг боловч Би үүнийг анхаарч үздэггүй, учир нь одоо бол Миний хувийн ажлын цаг үе бөгөөд Надад өгөх “зориулалтыг” чинь Би нухацтай авч үздэггүй. Гэвч үүнээс цааших зам дээр Би ажиллаж, үг хэлэхээ больж, цаг нь ирэхээр ийм хий дэмий байдлаар үргэлжлүүлэхийг чинь болиулна. Би та нарыг суралцах арвин их хичээлтэй байлгана, бэлэн байгаа зүйлийг та нараар авхуулахгүй. Өнөөдөр та нарт байгаа жинхэнэ биеийн хэмжээг ил болгох ёстой. Хэдэн жилийн хүчин чармайлт чинь эцэстээ үр дүнтэй байсан эсэх нь замын энэ сүүлчийн хэсэгт та нар хэрхэн алхахаас харагдана. Бурханд итгэх нь маш энгийн гэж урьд нь та нар боддог байсан бөгөөд Бурхан чамд хатуу чанга хандаж байгаагүй учраас тэр юм. Одоо тэгвэл ямар байна вэ? Бурханд итгэх нь энгийн гэж та нар боддог уу? Бурханд итгэх нь та нарыг гадаа тоглож буй хүүхдүүд шиг баяр хөөртэй, санаа зовох зүйлгүй болгодог гэж та нарт санагдсаар байна уу? Та нар хонь гэдэг нь үнэн; гэхдээ Бурханы нигүүлслийг хариулж, итгэдэг Бурханаа бүрэн олж авахын тулд алхах учиртай замаараа алхаж чаддаг байх ёстой. Өөрсдийгөө бүү доог тохуу болго, өөрсдийгөө бүү хуур! Замын энэ хэсэгт цөхрөлтгүй үргэлжлүүлж чадвал чи Миний сайн мэдээний ажил бүхий л орчлон ертөнц даяар түгэх урьд өмнө үзэгдээгүй үзэгдлийг харж чадах ба Миний дотнын хүн байж, Миний ажлыг орчлон ертөнц даяар өргөжихөд үүргээ гүйцэтгэх сайхан аз завшаан чамд тохионо. Тэр үед чи алхах ёстой замаараа баяртайгаар үргэлжлүүлэн алхана. Ирээдүй зах хязгааргүй гэгээлэг байна, харин одоо гол зүйл нь замын энэ сүүлчийн хэсэгт зүй зохистой алхах явдал юм. Чи эрж хайж, үүнийг хийхдээ бэлдэх ёстой. Энэ бол чиний яг одоо хийх ёстой зүйл; одоо энэ нь яаралтай асуудал юм!

Өмнөх: Та нар ажлыг ойлгох ёстой—төөрөлдсөн байдлаар бүү дага!

Дараах: Чи ирээдүйн үүрэгтээ хэрхэн хандах ёстой вэ?

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Messenger дээр бидэнтэй холбоо барих