Эцсийн өдрүүдийн Христ л хүнд мөнх амийн замыг өгч чадна

Амийн зам бол хэн бүхний эзэмшиж чадах зүйл биш, хэн нэгний хялбархан олж авч чадах зүйл ч биш. Учир нь амь зөвхөн Бурханаас ирдэг, өөрөөр хэлбэл, Бурхан Өөрөө л амийн мөн чанарыг эзэмшдэг ба Бурханд Өөрт нь л амийн зам бий. Иймээс Бурхан л амийн эх сурвалж, амийн амьд усны ширгэшгүй урсах эх ундарга юм. Бурхан дэлхий ертөнцийг бүтээснээсээ хойш амийн эрч хүчтэй холбоотой, хүнд амь авчрах ихээхэн ажил хийсэн бөгөөд хүнд амь олж авах боломж олгохын тулд асар их төлөөс төлсөн. Учир нь Бурхан Өөрөө мөнх амь, Бурхан Өөрөө хүнийг амилуулах зам билээ. Бурхан үргэлж хүний зүрх сэтгэлд оршиж, цаг үргэлжид хүмүүсийн дунд амьдардаг. Тэр хүний амьдралын хөдөлгөгч хүч, хүний оршин тогтнолын үндэс, мэндэлснээс нь хойших хүний оршин тогтнолын баялаг хөрөнгө байсаар ирсэн билээ. Тэр хүнийг дахин төрөхөд хүргэж, үүрэг бүрдээ тууштайгаар амьдрах боломж олгодог. Түүний хүч чадал, бөхөшгүй амийн хүчний ачаар хүн үеэс үед амьдарч, энэ хугацаанд Бурханы амийн хүч чадал нь хүний оршин тогтнолын гол тулгуур болж ирсэн бөгөөд Бурхан ямар ч эгэл хүний төлж байгаагүй төлөөсийг төлсөн юм. Бурханы амийн хүч нь ямар ч хүч чадлыг дийлж чадна; түүнчлэн ямар ч хүч чадлаас давуу байдаг. Түүний амь бол мөнхийн, Түүний хүч чадал ер бусын, Түүний амийн хүчийг ямар ч бүтээгдсэн зүйл, ямар ч дайсны хүч дийлж чадахгүй. Бурханы амийн хүч цаг хугацаа, орон зайг үл хамааран оршиж, гэрэлт цацрагаа гэрэлтүүлдэг. Тэнгэр газарт асар их өөрчлөлт гарч болох ч Бурханы амь үүрд нэг хэвээр байдаг. Бүх зүйл урсан өнгөрдөг ч Бурханы амь байсаар л байдаг. Учир нь Бурхан бол бүх зүйлийн оршин тогтнолын эх сурвалж ба тэдний оршин тогтнолын үндэс билээ. Хүний амь Бурханаас эхтэй, тэнгэрийн оршин тогтнол Бурханаас үүдэлтэй ба газрын оршин тогтнол Бурханы амийн хүчнээс улбаатай. Амин чанар бүхий ямар ч зүйл Бурханы дээд эрхээс давж чадахгүй, ямар ч эрч хүчтэй зүйл Бурханы эрх мэдлийн хил хязгаарыг эвдэж чадахгүй. Ийм маягаар хэн ч бай бүгд Бурханы ноёрхол дор захирагдаж, Бурханы тушаал дор амьдрах ёстой ба хэн ч Түүний хяналтаас зугтаж чадахгүй.

Магадгүй одоо чи амийг хүлээн авч, үнэнийг олж авахыг хүсэж болно. Ямартай ч чи Бурханыг олохыг, өөрийн итгэж найдаж болох, өөрийг чинь мөнх амиар хангах Бурханыг олохыг хүсдэг. Хэрвээ мөнх амийг олж авахыг хүсвэл эхлээд чи мөнх амийн эх сурвалжийг ойлгож, Бурхан хаана байдгийг мэдэх ёстой. Зөвхөн Бурхан хувиршгүй амь бөгөөд Бурханд л амийн зам байдаг гэж Би аль хэдийн хэлсэн. Бурхан нэгэнт хувиршгүй амь учраас Тэр бол мөнх амь; Бурхан л амийн зам учраас Бурхан Өөрөө мөнх амийн зам юм. Ийм болохоор чи эхлээд Бурхан хаана байдгийг, мөнх амийн энэ замыг хэрхэн олж авахыг ойлгох ёстой. Одоо энэ хоёр асуудлыг тус тусад нь нөхөрлөцгөөе.

Хэрвээ чи мөнх амийн замыг олж авахыг үнэхээр хүсвэл, үүнийг хайх уйгагүй эрмэлзэлтэй бол энэ асуултад эхлээд хариул: Өнөөдөр Бурхан хаана байгаа вэ? Бурхан тэнгэрт амьдардаг гэж чи хариулах байх, мэдээж Тэр танай гэрт амьдрахгүй нь лавтай, тийм биз? Магадгүй чи Бурхан бүх зүйлийн дунд амьдардаг нь мэдээжийн хэрэг гэж хэлэх байх. Эсвэл чи Бурхан хүн бүрийн зүрх сэтгэлд амьдардаг, аль эсвэл Бурхан сүнсний ертөнцөд байдаг гэж хэлж магад. Би үүний алийг нь ч үгүйсгэдэггүй, гэхдээ Би энэ асуудлыг та нарт тодорхой болгох ёстой. Бурхан хүний зүрх сэтгэлд амьдардаг гэж хэлэх нь тийм ч зөв биш, бас тэр чигтээ буруу ч биш юм. Учир нь Бурханд итгэгчдийн дунд итгэл нь жинхэнэ эсвэл хуурамч, Бурханд сайшаагддаг эсвэл сайшаагддаггүй, таалалд нь нийцдэг эсвэл жигшигддэг, Бурханы төгс болгодог эсвэл таягдан хаядаг хүмүүс гэж бий. Иймд Би Бурхан цөөн хэдэн хүний л зүрх сэтгэлд амьдардаг гэж хэлнэ, харин энэ хүмүүс нь эргэлзэх юмгүйгээр Бурханд үнэхээр итгэдэг, Бурханаар сайшаагдаж, таалалд нь нийцдэг, Түүний төгс болгодог хүмүүс юм. Тэд бол Бурханаар удирдуулдаг хүмүүс мөн. Тэд Бурханаар удирдуулдаг учраас Бурханы мөнх амийн замыг аль хэдийн сонссон, үзсэн хүмүүс юм. Бурханд итгэх итгэл нь хуурамч, Бурханд сайшаагддаггүй, Бурханы үзэн ядаж, таягдан хаядаг хүмүүс нь Бурханд гологдож, амийн замыг ололгүй, Бурхан хаана байгааг ч мэдэхгүй хэвээр үлдэх тавилантай. Эсрэгээрээ, зүрх сэтгэлд нь Бурхан амьдардаг хүмүүс Түүний хаана байгааг мэддэг. Тэд бол Бурханы мөнх амийн замаа хайрласан, Бурханыг дагадаг хүмүүс юм. Одоо чи Бурхан хаана байгааг мэдсэн үү? Бурхан хүний зүрх сэтгэлд, мөн хүний хажууд бий. Тэр зөвхөн сүнсний ертөнцөд, бүх зүйлийн дээр оршоод зогсохгүй хүний оршин байдаг газар дэлхий дээр ч байдаг. Иймээс эцсийн өдрүүд ирж, Бурханы ажлын алхмуудыг шинэ хүрээнд авчирсан. Бурхан бүх зүйлийн дундах юм бүрийг захирдаг, хүний зүрх сэтгэл дэх түшиг тулгуур төдийгүй Тэр хүмүүсийн дунд оршдог. Ийм маягаар л Тэр хүн төрөлхтөнд амийн замыг авчирч, амийн зам руу хүн төрөлхтнийг аваачдаг. Бурхан газар дэлхий дээр ирж, хүмүүсийн дунд амьдарснаар хүн амийн замыг олж, оршин тогтнох боломжтой болдог. Үүний зэрэгцээ Бурхан бас хүмүүсийн дундах Өөрийн удирдлагатай хамтран ажиллуулахын тулд бүх зүйлийн дундах юм бүрийг удирдаг чиглүүлдэг. Иймээс хэрвээ чи Бурхан тэнгэрт болоод хүний зүрх сэтгэлд байдаг гэсэн сургаалыг л хүлээн зөвшөөрдөг атлаа хүмүүсийн дундах Бурханы оршин тогтнолын үнэнийг эс зөвшөөрөх аваас амийг болон үнэний замыг хэзээ ч олж авахгүй.

Бурхан Өөрөө амь ба үнэн бөгөөд Түүний амь ба үнэн зэрэгцэн оршдог. Үнэнийг олж авах чадваргүй хүмүүс амийг хэзээ ч олж авахгүй. Үнэний удирдамж, дэмжлэг, хангалтгүйгээр чи бичиг үсэг, хоосон сургаал болон үхлийг л олж авна. Бурханы амь үргэлжид оршин байдаг бөгөөд Түүний үнэн ба амь нь зэрэгцэн оршдог. Хэрвээ үнэний эх сурвалжийг олж чадахгүй бол чи амийн тэжээлийг олж авахгүй; хэрвээ амийн хангалтыг олж авч чадахгүй бол чамд мэдээж үнэн байхгүй байх болно, иймээс үзэл, төсөөллийг эс тооцвол чиний бие бүхэлдээ өмхий махан биеэс өөр юу ч биш юм. Номын үгийг амь хэмээн тооцдоггүй, түүхийн бичээсийг үнэн гэж шүтэж болдоггүй, хуучны дүрэм журам нь Бурханы өнөөгийн хэлдэг үгийн бүртгэл болж чадахгүй гэдгийг мэдэж ав. Бурхан газар дэлхий дээр ирж, хүмүүсийн дунд амьдрахдаа илэрхийлдэг зүйл нь л зөвхөн үнэн, амь, Бурханы хүсэл бөгөөд Түүний өнөөгийн ажлын арга зам юм. Хэрвээ чи Бурханы өнгөрсөн эрин үеүдэд хэлсэн үгийн тэмдэглэлийг өнөөдөр хэрэглэх аваас чамайг археологич, бас түүхэн өвийн мэргэжилтэн гэж тодорхойлбол хамгийн оновчтой. Учир нь чи үргэлж Бурханы өнгөрсөн цаг үед хийсэн ажлын ул мөрт итгэдэг, хүмүүсийн дунд урьд нь ажиллахад нь Бурханаас үлдсэн сүүдэрт итгэдэг, хуучин цаг үед Бурханы дагалдагч нартаа өгсөн замд итгэдэг, харин Бурханы өнөөгийн ажлын чиглэлд итгэдэггүй, Бурханы өнөөгийн алдар суутай төрх байдалд итгэдэггүй ба Бурханы өнөө үед илэрхийлсэн үнэний замд итгэдэггүй. Иймээс чи бодит байдлаас бүрэн тасарсан мөрөөдөгч гэдэг нь гарцаагүй юм. Хэрвээ чи одоо ч гэсэн хүнд амь авчрах чадалгүй бичиг үсэгтэй зууралдсаар байгаа бол чи хэрэггүй үжирсэн мода, учир нь чи хэт хуучинсаг, зөрүүд, үгэнд ордоггүй!

Махбод болсон Бурханыг Христ гэдэг, иймээс хүмүүст үнэнийг өгч чаддаг Христийг Бурхан гэдэг. Энэ тухайд ямар ч хэтрүүлсэн зүйл байхгүй, учир нь Түүнд Бурханы мөн чанар болон хүний хүрэх боломжгүй Бурханы зан чанар, Бурханы ажлын мэргэн ухаан байдаг. Өөрсдийгөө Христ гэдэг атлаа Бурханы ажлыг хийж чаддаггүй хүмүүс хуурамч юм. Христ бол газар дэлхий дээрх Бурханы илрэл төдий биш, харин хүмүүсийн дунд ажлаа хэрэгжүүлж, гүйцэлдүүлэхдээ Бурханы авсан онцгой махбод билээ. Энэ махбод нь газар дээрх Бурханы ажлыг хангалттай сайн хийж, Бурханы зан чанарыг илэрхийлж, Бурханы сайн төлөөлөл байж, хүнийг амиар хангаж чаддаг учир хэн ч үүнийг орлож чадахгүй. Христийг дуурайдаг хүмүүс эрт орой хэзээ нэгэн цагт бүгд унах болно, учир нь тэд өөрсдийгөө Христ гэцгээдэг ч Христийн ямар ч мөн чанарыг эзэмшдэггүй. Иймээс, Христийн жинхэнэ байдлыг хүн тодорхойлох боломжгүй, харин Бурхан Өөрөө үүнийг хариулж, шийддэг гэж Би хэлж байна. Ийм байдлаар, үнэхээр амийн замыг эрж хайхыг хүсвэл чи Бурхан газар дэлхий дээр ирснээр хүнд амийн замыг өгөх ажлыг хийдэг гэдгийг эхлээд хүлээн зөвшөөрөх ёстой, мөн эцсийн өдрүүдэд Тэрээр хүнд амийн замыг өгөхөөр газар дэлхий дээр ирдэг гэдгийг хүлээн зөвшөөрөх ёстой. Энэ нь өнгөрсөн үе биш; харин өнөөдөр тохиолдож байгаа юм.

Эцсийн өдрүүдийн Христ амийг, өнө удаан мөнхөд үргэлжлэх үнэний замыг авчирдаг. Энэ үнэн бол хүн амийг олж авах арга зам, нөгөөтээгүүр хүн Бурханыг мэдэж, Бурханаар сайшаагдах цорын ганц арга зам юм. Хэрвээ чи эцсийн өдрүүдийн Христийн өгсөн амийн замыг эрж хайхгүй бол хэзээ ч Есүсийн сайшаалыг олж, тэнгэрийн хаанчлалын үүдээр орох шаардлагыг хангаж чадахгүй. Учир нь чи бол түүхийн хоригдол агаад утсан хүүхэлдэй юм. Дүрэм журам, бичиг үсэгт захирагдаж, түүхэнд дөнгөлүүлсэн хүмүүс хэзээ ч амийг олж авч чадахгүй, мөнх амийн замыг ч бас хэзээ ч олж авч чадахгүй. Яагаад гэвэл, тэдэнд байгаа бүхэн бол сэнтийгээс урсах амийн ус биш, харин ердөө л хэдэн мянган жилийн турш тогтонги байсан булингартай ус юм. Амийн усаар хангагдаагүй хүмүүс үүрд хүүр, Сатаны зугаа, тамын хүү хэвээр үлдэнэ. Ийм маягаар, тэд Бурханыг хэрхэн харж чадах вэ? Хэрвээ чи зөвхөн өнгөрсөнтэй зууралдаж, юу ч хийлгүйгээр аливаа зүйлийг байгаагаар нь байлгахыг хичээн, байгаа байдлаа өөрчилж, түүхийг хаяхаар хичээдэггүй бол үргэлж Бурханы эсрэг байхгүй гэж үү? Бурханы ажлын алхмууд нь долгилох давлагаа, нүргэлэх аянга мэт далайцтай, хүчирхэг—гэтэл чи мунхаглалдаа хөтлөгдөж, юу ч хийлгүй зүгээр суугаад сүйрлээ хүлээж байна. Ийм байж чи яаж Хурганы мөрийг дагадаг нэгэн гэж тооцогдох юм бэ? Чи өөрийнхөө зууралддаг тэр Бурханыг үргэлж шинэ, хэзээ ч хуучирдаггүй Бурхан гэж яаж батлах вэ? Мөн шарласан номуудын чинь бичиг үсэг яаж чамайг шинэ эринд аваачих вэ? Тэдгээр нь яаж чамайг Бурханы ажлын алхмуудыг хайхад хөтлөх вэ? Мөн яаж чамайг тэнгэр лүү аваачих вэ? Чиний гарт буй зүйл бол түр зуурын тайтгарал өгөх бичиг үсэг болохоос амь өгөх чадалтай үнэн биш юм. Чиний уншдаг бичвэрүүд зүгээр л хэл яриаг чинь баяжуулдаг зүйл болохоос төгс болгуулах зам байх нь байтугай, хүний амьдралыг мэдэхэд туслах мэргэн ухааны үг ч биш юм. Энэ зөрөө чамд ямар нэг юм бодогдуулахгүй байна уу? Энэ чамд доторх нууцуудыг нь ойлгуулахгүй байна гэж үү? Чи өөрөө тэнгэрт хүрч очиж, Бурхантай уулзаж чадах уу? Бурхан ирэхгүй бол чи өөрөө тэнгэрт хүрч очиж, Бурхантай хамт гэр бүлийн аз жаргал эдэлж чадах уу? Чи одоо ч мөрөөдсөөр л байна уу? Тэгвэл Би чамайг мөрөөдөхөө больж, одоо хэн ажиллаж байгааг, эцсийн өдрүүдэд хүмүүсийг аврах ажлыг хэн явуулж байгааг хар гэж зөвлөж байна. Эс бөгөөс чи хэзээ ч үнэнийг олж авч чадахгүй, мөн хэзээ ч амийг олж авч чадахгүй.

Христийн хэлсэн үнэнд найдалгүйгээр амь олж авахыг хүсдэг хүмүүс бол газар дэлхий дээрх хамгийн утгагүй хүмүүс, Христийн авчирсан амийн замыг хүлээн авдаггүй хүмүүс бол бүтэшгүй мөрөөдөлд автсан хүмүүс юм. Иймд Би эцсийн өдрүүдийн Христийг хүлээн авдаггүй хүмүүсийг Бурхан үүрд үзэн ядна гэж хэлдэг. Христ бол хүний эцсийн өдрүүдэд хаанчлалд орох үүд хаалга бөгөөд үүнийг хэн ч тойрч эс гарна. Христээр дамжилгүйгээр хэн ч Бурханаар төгс болгуулахгүй. Чи Бурханд итгэдэг, иймээс чи Түүний үгийг хүлээн авч, Түүний замыг дуулгавартай дагах ёстой. Чи үнэнийг ойлгохгүйгээр, амийн хангалтыг хүлээн авахгүйгээр ерөөл хүртэнэ гэж санахын ч хэрэггүй. Христэд үнэхээр итгэдэг бүх хүнийг амиар хангахын тулд Тэр эцсийн өдрүүдэд ирсэн. Энэ ажил нь хуучин эринийг төгсгөж, шинэ эринд орохын төлөө байдаг бөгөөд Түүний ажил бол шинэ эринд орох бүх хүний явах ёстой зам юм. Хэрвээ чи хүлээн зөвшөөрч чадахгүй, оронд нь яллаж, доромжилж, бүр хяхаж хавчдаг бол мөнхийн галд шатах тавилантай бөгөөд Бурханы хаанчлалд хэзээ ч орж чадахгүй. Учир нь энэ Христ бол Өөрөө Ариун Сүнсний илэрхийлэл, Бурханы илэрхийлэл, Бурханы газар дэлхий дээрх ажлаа даалгасан Нэгэн билээ. Иймд хэрвээ чи эцсийн өдрүүдийн Христийн хийсэн бүхнийг хүлээн авч чадахгүй бол Ариун Сүнсийг доромжилж байна гэж Би хэлнэ. Ариун Сүнсийг доромжилдог хүмүүсийн амсах ёстой залхаан цээрлүүлэлт бүгдэд тодорхой байдаг. Хэрвээ чи эцсийн өдрүүдийн Христийг эсэргүүцэж, голбол үр дагаврыг нь өмнөөс чинь үүрч чадах хэн ч байхгүй гэдгийг Би бас хэлье. Түүнчлэн энэ өдрөөс хойш Бурханы сайшаалыг хүртэх өөр боломж чамд олдохгүй; чи өөрийгөө аврахыг оролдсон ч Бурханы царайг дахин хэзээ ч харахгүй. Учир нь чиний эсэргүүцдэг зүйл хүн биш, чиний голдог зүйл ямар нэг шалихгүй хүн биш, харин Христ билээ. Чи үүний үр дагавар юу байхыг мэдэж байна уу? Чи жижиг алдаа гаргасан биш, харин асар том нүгэл үйлдсэн байх болно. Иймээс, үнэн л чамд амь авчирч, өөр юу ч биш зөвхөн үнэн л чамд дахин төрж, Бурханы царайг харах боломж олгох учраас Би бүх хүнд үнэний өөдөөс архирч, болгоомжгүй шүүмжлэл хэлэхгүй байхыг зөвлөж байна.

Тайлбар:

а. Үжирсэн мод: “ямар ч нэмэргүй” гэсэн утгатай хятад хэлц.

Өмнөх: Бурхан хүмүүсийн дунд агуу зүйл хийснийг чи мэдсэн үү?

Дараах: Хүрэх газрынхаа төлөө хангалттай сайн үйл бэлд

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Messenger дээр бидэнтэй холбоо барих