Хүрэх газрынхаа төлөө хангалттай сайн үйл бэлд
Би та нарын дунд их ажил хийсэн, мэдээж Би бас зарим үгийг хэлсэн. Гэсэн ч Миний үг болон ажил эцсийн өдрүүд дэх Миний ажлын зорилгыг бүрэн биелүүлээгүй мэт өөрийн эрхгүй санагддаг. Учир нь эцсийн өдрүүдэд Миний ажил тодорхой хүмүүс эсвэл тодорхой нэг хүний төлөө биш, харин Өөрийн төрөлх зан чанарыг илэрхий болгохын төлөө байдаг. Гэвч янз бүрийн шалтгаанаар—магадгүй цаг хугацаа давчуу байсан, эсвэл ажил ихтэй байснаас болоод Миний зан чанар хүнийг Миний тухай ямар нэгэн мэдлэгтэй болгосонгүй. Иймээс Би шинэ төлөвлөгөөгөө эхлүүлж, эцсийн ажлаа эхлүүлж, Өөрийн ажилд шинэ хуудас нээж байна, ингэснээр Намайг хардаг бүхэн Миний оршин тогтнолоос үүдэн цээжээ дэлдэж, тасралтгүй уйлж, гашуудах болно. Учир нь Би хүн төрөлхтний төгсгөлийг дэлхийд авчирч байгаа бөгөөд энэ үеэс эхлэн Би Өөрийн бүх зан чанарыг хүн төрөлхтөнд дэлгэдэг, ингэснээр Намайг мэддэг болон мэддэггүй бүх хүн “нүд хужирлаж”, Намайг үнэхээр хүний ертөнцөд ирснийг, бүх зүйл үржин олширдог газар дэлхий дээр ирснийг харах болно. Энэ бол Миний төлөвлөгөө бөгөөд хүн төрөлхтнийг бүтээснээс хойших Миний цорын ганц “өчил” юм. Та нар Миний алхам бүрд анхаарлаа бүрэн хандуулах болтугай, учир нь Миний саваа дахин нэг удаа хүн төрөлхтөнд ойртож, Миний эсрэг явдаг бүх хүн төрөлхтөнд ойртож байна.
Тэнгэрүүдийн хамтаар Би хийх ёстой ажлаа эхэлдэг. Тиймээс Би хүмүүсийн урсгал дундуур алхаж, тэнгэр газрын хооронд шилжин явдаг ба хэн ч Миний хөдөлгөөнийг ухамсарлаж, Миний үгийг анзаардаггүй. Тиймээс Миний төлөвлөгөө саадгүй өрнөсөөр байдаг. Бүх мэдрэмж чинь маш хөшүүн болсон болохоор л та нар Миний ажлын алхмуудыг мэддэггүй. Гэхдээ та нар Миний зорилгыг ухаарах өдөр гарцаагүй ирнэ. Өнөөдөр Би та нартай хамт амьдарч, хамт зовдог бөгөөд Надад хүн төрөлхтний ханддаг хандлагыг аль эрт ойлгож авсан. Би энэ талаар цааш нь ярихыг хүсдэггүй, энэхүү таагүй сэдвээр нэмж жишээ татан та нарт ичгүүр авчрахыг бүр ч хүсдэггүй. Та нар хийсэн бүхнээ зүрх сэтгэлдээ санадаг гэж л Би найддаг, ингэснээр бид дахин уулзах тэр өдөр тайлангаа тулгаж болох юм. Би та нарын дундаас хэнийг ч хилсээр буруутгахыг хүсдэггүй, учир нь Би үргэлж голч шударга, зүй зохистой, нэр төртэйгээр үйлдэж ирсэн билээ. Мэдээж, та нар ч бас уужим сэтгэлтэй байж, тэнгэр, газар юм уу өөрийнхөө мөс чанарт харшлах юу ч хийхгүй гэдэгт Би найдаж байна. Та нараас Миний шаарддаг цорын ганц зүйл бол энэ. Аймшигтай том нүгэл үйлдсэнээсээ болоод олон хүн айн түгшиж, санаа зовдог бөгөөд ганц ч удаа сайн үйл үйлдээгүйгээсээ болж олон хүн өөрсдөөсөө ичдэг. Гэсэн ч нүглээсээ ичих нь байтугай, муу байснаа улам дордож, Миний зан чанарыг туршихын тулд хараахан ил болоогүй байсан бузар дүрийг нь нуусан багаа бүрэн хуу татдаг хүмүүс ч бас олон бий. Би аливаа нэг хүний үйлдлийг тоодог ч үгүй, анхаардаг ч үгүй. Харин ч мэдээлэл цуглуулах ч бай, газар нутгаар аялах ч бай, эсвэл Өөрийн сонирхлын дагуу ямар нэгэн зүйл хийх ч бай хамаагүй, Би Өөрийн хийх учиртай ажлыг хийдэг. Гол цаг үед Би хүмүүсийн дундах ажлаа ганц ч хором оройтолгүй, эсвэл эртдэлгүйгээр анх төлөвлөж байснаараа төвөггүй, шуурхай явуулдаг. Гэхдээ Миний ажлын алхам бүрд зарим хүн хөсөр хаягддаг, учир нь Би тэдний долигонуур занг болон хуурамч дүр эсгэдэг боол шиг дүр төрхийг жигшдэг. Миний зэвүүцдэг хүмүүс, санаатай ч бай, санаандгүй ч бай хаягдах нь гарцаагүй. Товчхондоо, Би Өөрийнхөө үзэн яддаг бүх хүнийг Өөрөөсөө хол байлгана. Миний гэрт үлдсэн ёрын муу хүмүүсийг Би хэлтрүүлэхгүй гэдгийг хэлэхийн ч хэрэггүй. Хүний шийтгэлийн өдөр ойрхон байгаа учраас тэр бүх жигшүүртэй сүнсийг Өөрийн гэрээс хөөн явуулах гэж Би яардаггүй, учир нь Надад Өөрийн гэсэн төлөвлөгөө бий.
Одоо бол Би хүн бүрийн төгсгөлийг тодорхойлдог үе, харин хүнийг боловсруулж эхлэх үе шат биш. Би хүн бүрийн үг, үйлдлийг, Намайг дагасан замналыг, тэдний төрөлх ангиллыг болон тэдний эцсийн илрэлийг бүртгэлийн дэвтэртээ нэг бүрчлэн тэмдэглэдэг. Ийм маягаар, ямар ч хүн байлаа гэсэн, хэн ч Миний гараас зугтаж чадахгүй, Миний хуваарилсны дагуу бүгд төрлөөрөө ангилагдана. Би хүний нас, зэрэг зиндаа, зовлонгийн хэмжээ, ялангуяа хэчнээн өрөвдөлтэй байгаад нь үндэслэж бус, харин үнэнийг эзэмшдэг эсэхийнх нь дагуу хүн бүрийн хүрэх газрыг тодорхойлдог. Үүнээс өөр сонголт гэж үгүй. Бурханы хүслийг дагадаггүй хүмүүс бүгд ялгаагүй шийтгүүлнэ гэдгийг та нар ойлгох ёстой. Энэ бол ямар ч хүний өөрчилж чадахгүй зүйл юм. Тиймээс шийтгүүлдэг бүх хүн Бурханы зөвт байдлын улмаас тийнхүү шийтгүүлж, тоймгүй олон муу үйлийнхээ хариуг амсдаг юм. Би эхэлснээс нь хойш төлөвлөгөөндөө ганц ч өөрчлөлт хийгээгүй. Хүний тухайд гэх юм бол, ердөө л Миний үгээ чиглүүлдэг хүмүүсийн тоо хорогдож, үнэхээр сайшаадаг хүмүүсийн тоо ч бас хорогдож байх шиг байна. Гэхдээ Миний төлөвлөгөө хэзээ ч өөрчлөгдөөгүй гэж Би хэлсээр байна; харин ч хүний итгэл, хайр үргэлж өөрчлөгдөж, дандаа багасан, хүн бүр Надад зусардаж байснаа хүйтэн хөндий хандаж, бүр Намайг хаяхдаа хүрэх ч боломжтой. Би зэвүүцэж, үзэн ядаж, эцэст нь шийтгэл оноомоор болох хүртэл та нарт хандах Миний хандлага халуун дулаан ч биш, хүйтэн цэвдэг ч биш байх болно. Гэвч шийтгэлийн чинь өдөр Би та нарыг мөн л харна, харин та нар Намайг харж чадахаа болино. Та нарын дундах амьдрал Миний хувьд хэдийн залхмаар, сонирхолгүй болсон тул та нарын хорсолтой үгийн доромжлолоос зайлсхийж, тэвчихийн аргагүй бузар булай ааш авираас чинь холдож, та нар цаашид Намайг хуурч, эсвэл Надад хааш яаш байдлаар хандахаас зайлсхийхийн тулд өөр орчинд амьдрахаар сонгочихсон гэдгээ хэлэх нь илүүц юм. Та нарыг орхин явахаасаа өмнө Би үнэнтэй нийцдэггүй зүйл хийхийг цээрлэ гэж та нарт бас л захих ёстой. Харин ч та нар бүгдэд таалагдах, бүгдэд ашиг тус авчрах, мөн өөрийн чинь хүрэх газарт ашиг тустай зүйл хийх хэрэгтэй, эс бөгөөс гамшгийн дунд өөр хэн ч биш, чи л зовно.
Намайг хайрлаж, өөрсдийгөө үгүйсгэдэг хүмүүст Миний өршөөл илэрхийлэгддэг. Харин ёрын муу хүмүүст оноосон шийтгэл бол чухамдаа Миний зөвт зан чанарын нотолгоо, үүнээс ч илүүтэйгээр Миний уур хилэнгийн гэрчлэл юм. Гамшиг ирэх үед Намайг эсэргүүцдэг бүхэн өлсгөлөн, тахалд нэрвэгдэж, уйлах болно. Элдэв янзын муу үйл үйлдэж, нэгэнтээ Намайг олон жил дагаж байсан хүмүүс ч бас нүглийнхээ төлөөсийг төлөхөөс зайлж чадахгүй; тэд ч бас олон сая жилийн турш ховорхон үзэгдсэн гамшигт унаж, байнгын айдас түгшүүр дунд амьдрах болно. Намайг хоёргүй үнэнч сэтгэлээр дагасан хүмүүс баярлаж, алгаа ташин, Миний агуу хүч чадлыг магтах болно. Тэдний тайван, аз жаргалтай байдлыг үгээр илэрхийлэхийн аргагүй байх бөгөөд тэд хүний ертөнцөд Миний өмнө нь хэзээ ч хүртээж байгаагүй тийм баяр хөөр дунд амьдрах болно. Учир нь Би хүний сайн үйлийг нандигнаж, муу үйлийг нь жигшдэг. Би хүн төрөлхтнийг анх удирдан чиглүүлж эхэлсэн цагаасаа л Надтай нэг санаатай бүлэг хүмүүсийг олж авахыг хүсэн тэмүүлсээр ирсэн. Харин Надтай нэг санаатай биш хүмүүсийг Би хэзээ ч мартдаггүй; Би зүрх сэтгэлдээ тэднийг үргэлж үзэн яддаг бөгөөд муу үйлийнх нь төлөө тэдэн дээр залхаан цээрлүүлэлт авчирч, улмаар үүнийг хараад таашаал авах боломжийг л хүлээж байна. Одоо Миний өдөр эцэст нь ирлээ, Би цаашид хүлээх шаардлагагүй боллоо!
Миний сүүлчийн ажил хүнийг шийтгэхийн төлөө төдийгүй, мөн хүний хүрэх газрыг зохицуулахын төлөө байдаг. Түүнчлэн энэ нь бүх хүнд Миний үйл хэрэг, үйлдлийг хүлээн зөвшөөрүүлэхийн төлөө байдаг. Миний хийсэн бүхэн зөв, мөн Миний хийсэн бүхэн бол Миний зан чанарын илэрхийлэл, харин хүний үйл хэрэг биш бөгөөд хүн төрөлхнийг бий болгосон нь байгаль бүр ч биш, харин бүтээлийн амьд зүйл бүрийг тэжээн тэтгэдэг нь Би юм гэдгийг хүн нэг бүрд харуулахыг Би хүсдэг. Миний оршин тогтнолгүйгээр хүн төрөлхтөн мөхөж, гай зовлонгийн дайралтад л өртөнө. Үзэсгэлэнт нар, сарыг, эсвэл ногоон дэлхийг нэг ч хүн дахин хэзээ ч харахгүй; хүн төрөлхтөн гагцхүү хүйтэн шөнө, туулахын аргагүй үхлийн харанхуйн хөндийтэй л тулгарна. Би бол хүн төрөлхтний цорын ганц золин аврал. Би бол хүн төрөлхтний цорын ганц найдвар, түүнээс ч илүүтэйгээр Би бол бүх хүн төрөлхтний оршин тогтнол тулгуурлаж байдаг Нэгэн билээ. Надгүйгээр хүн төрөлхтөн дорхноо зогсонги байдалд орно, Хэдийгээр хэн ч Намайг тоодоггүй ч Надгүйгээр хүн төрөлхтөн гагцхүү хөнөөлт сүйрэл амсаж, төрөл бүрийн сүнсний хөлд гишгэлэгдэнэ. Би өөр хэний ч хийж чадахгүй ажлыг хийсэн бөгөөд хүн зарим нэг сайн үйлээрээ Миний ачийг хариулж чадна гэж л найддаг. Тун цөөхөн хүн Миний ачийг хариулж чадсан хэдий ч Би хүний ертөнц дэх аянаа ямар ч атугай дуусгаж, ажлынхаа дараагийн алхмыг эхлүүлнэ, учир нь энэ олон жилийн турш хүмүүсийн дунд ийш, тийш гүйсэн минь бүгд үр дүнтэй байсан бөгөөд Би тун сэтгэл хангалуун байна. Би хүмүүсийн тоог биш, харин тэдний сайн үйлийг анхаардаг. Товчхондоо, та нар өөрсдийн хүрэх газарт зориулан хангалттай сайн үйл бэлдэнэ гэж Би найддаг. Тэгвэл Би сэтгэл хангалуун болно; эс бөгөөс та нарт тохиолдох гамшгаас хэн ч зугтаж чадахгүй. Гамшиг Надаас үүдэлтэй бөгөөд мэдээж Би зохион байгуулдаг. Хэрвээ та нар Миний нүдэнд сайн харагдаж чадахгүй бол гай гамшгийн зовлон амсахаас зайлахгүй. Гай зовлонгийн дунд, та нарын үйлдэл, үйл хэрэг чинь бүхэлдээ зүй зохистой гэж тооцогдоогүй, учир нь та нарын итгэл, хайр хий хоосон бөгөөд хулчгар юм уу хатуужилтай гэдгээ л та нар харуулсан. Энэ тухайд Би зөвхөн сайн, муу гэдгийг шүүнэ. Та нарын тус тусын бүх үйлдэл, бүх илэрхийллийг Би анхаарсаар байдаг бөгөөд үүний үндсэн дээр төгсгөлийг чинь тодорхойлно. Гэхдээ Би үүнийг тодорхой болгох ёстой: Гай зовлонгийн үеэр Надад өчүүхэн төдий ч үнэнч байгаагүй хүмүүст Би цаашид өршөөнгүй хандахгүй, учир нь Миний өршөөл ердөө энэ хүртэл үргэлжилдэг. Түүнчлэн Надаас нэгэнтээ урвасан хэнд ч Би дургүй, найз нөхдийнхөө ашиг сонирхлыг худалддаг хүмүүстэй харилцах бүр ч дургүй. Тухайн хүн хэн байх нь хамаагүй, энэ бол Миний зан чанар юм. Би та нарт үүнийг хэлэх ёстой: Миний зүрх сэтгэлийг шархлуулдаг хэн ч Надаас хоёр дахь удаагаа өршөөл хүртэхгүй бөгөөд Надад үнэнч байсаар ирсэн хэн боловч зүрх сэтгэлд минь үүрд үлдэнэ.