279 Ниневегийн хааны гэмшлийг Бурхан магтсан
“Иона нэг өдөржингөө хотоор явж, ‘Ердөө дөч хоногийн дараа Ниневе хөмөрнө’ гэж хашхиран хэлж байлаа.” Эдгээр нь Ниневе хотынхонд хэл гэж Ионад Бурханы шууд дамжуулсан үг байв, тэгэхээр мэдээж эдгээр нь Ниневе хотынхонд хэлэхийг хүссэн Еховагийн үг юм.
1 Ниневегийн хаан энэ мэдээг сонсоод сэнтийнээсээ босож, өмсгөлөө тайлан, таар нөмрөөд, үнсэн дээр суусан. Тэгээд тэр, хотод байгаа хэн ч юу ч амсаж болохгүй хэмээн тунхагласан. Хүн болон мал амьтад адилхан таар нөмрөх учиртай, хүмүүс чин сэтгэлээсээ Бурханаас гуйх ёстой байсан. Бас хүн бүр муу замаасаа татгалзаж, хүчирхийлэл хийдгээ болих ёстой гэж хаан тунхагласан. Эдгээр үйлдлээс үзвэл, Ниневегийн хаан үнэн сэтгэлээсээ гэмшиж байсан юм. Энэхүү хэд хэдэн үйлдлээрээ Ниневегийн хаан, удирдагч хүний хийх ёстой зүйлийг үнэхээр биелүүлсэн. Түүний үйлдлүүд нь хүн төрөлхтний түүхэн дэх ямар ч хааны хувьд хийхэд хэцүү зүйл байсан ба үнэндээ өөр ямар ч хаан ийм зүйл хийж чадаагүй. Эдгээр үйлдлийг хүн төрөлхтний түүхэнд урьд өмнө болж байгаагүй зүйл гэж хэлж болох бөгөөд хүн төрөлхтөн үүнийг дуурсаж, даган дуурайваас зохистой.
2 Хүн үүссэн цагаас хойш бүхий л хаад Бурханыг сөрж, эсэргүүцэхэд албатуудаа хөтөлж байсан. Өөрсдийн хорон муугийнхаа төлөө аврал эрэн Бурханаас гуйж, Ехова Бурханы өршөөлийг хүлээн авч, заналхийлж буй шийтгэлээс зайлсхийхэд хэн ч, хэзээ ч албатуудаа хөтөлж байгаагүй. Ниневегийн хаан харин албатуудаа Бурхан руу хандуулж, дор бүрнээ хорон муу замыг орхиж, хүчирхийлэл хийхээ болиход хүргэж чадсан. Түүнчлэн тэр хаан ширээгээ орхиж чадсан бөгөөд хариуд нь Ехова Бурхан сэтгэл нь өөрчлөгдөж, харамсаж, уур хилэнгээ татаж, хотын хүмүүст амьд үлдэх боломж олгож, тэднийг сүйрлээс хамгаалжээ. Энэхүү хааны үйлдлийг хүн төрөлхтний түүхэн дэх ховор гайхамшиг, тэр ч бүү хэл завхарсан хүн төрөлхтөн Бурханы өмнө гэмшиж, нүглээ улайж байгаагийн үлгэр дуурайл гэж л нэрлэж болно.
Үг нь махбодоор илэрсэн номын “Цор ганц Бурхан Өөрөө II”-оос шинэчлэн найруулав