Удирдагч, ажилчдын үүрэг хариуцлага (16)

12-р зүйл: Бурханы ажил болон чуулганы хэвийн дэг журмыг үймүүлж, саад болдог янз бүрийн хүмүүс, үйл явдал, юмсыг даруй, үнэн зөв олж илрүүлэх; тэдгээрийг зогсоож, хязгаарлаж, нөхцөл байдлыг эргүүлэх; түүнчлэн, Бурханы сонгосон хүмүүсийг тийм зүйлсийг ялган таних чадвартай, тэдгээрээс сургамж авдаг болгохын тулд үнэнийг нөхөрлөх (IV хэсэг)

Чуулганы амьдралд саад болж, үймүүлдэг янз бүрийн хүмүүс, үйл явдал, зүйлс

VIII. Үзэл тараах

A. Үзэл тараахын илрэлүүд

Өнөөдөр бид удирдагч, ажилчдын үүрэг хариуцлагын арван хоёр дахь зүйлийн талаар үргэлжлүүлэн нөхөрлөнө: “Бурханы ажил болон чуулганы хэвийн дэг журмыг үймүүлж, саад болдог янз бүрийн хүмүүс, үйл явдал, юмсыг даруй, үнэн зөв олж илрүүлэх; тэдгээрийг зогсоож, хязгаарлаж, нөхцөл байдлыг эргүүлэх; түүнчлэн, Бурханы сонгосон хүмүүсийг тийм зүйлсийг ялган таних чадвартай, тэдгээрээс сургамж авдаг болгохын тулд үнэнийг нөхөрлөх.” Чуулганы амьдралд гардаг, саад болж, үймүүлдэг янз бүрийн асуудлын тухайд бид арван нэгийг жагсаасан. Өнгөрсөн удаа бид долоо дахь асуудал буюу бие бие рүүгээ дайрч, хэл амаар тулалдах тухай нөхөрлөсөн. Өнөөдөр бид найм дахь асуудал буюу үзэл тараах тухай нөхөрлөнө. Үзэл тараах явдал ч бас чуулганы амьдралд байнга гардаг. Үнэнийг огт хүлээн авдаггүй зарим хүн өөрсдийн үзэл, төсөөлөлд үндэслэн Бурханд итгэдэг бөгөөд зарим нэг үзлийг байнга тарааж, чуулганы амьдралыг үймүүлдэг. Чуулган ийм зан авирыг хязгаарлаж, чуулганы амьдрал дунд үнэнийг нөхөрлөх замаар үүнийг шийдвэрлэх ёстой. Шууд утгаар нь авч үзвэл, үзэл тараах нь зүй зохистой зан авир биш, энэ нь эерэг зүйл биш, харин сөрөг зүйл гэдгийг хэн ч харж чадна. Тиймээс чуулганы амьдралд үүнийг зогсоож, хязгаарлах хэрэгтэй. Ямар хүн үзэл тарааж байгаа нь хамаагүй, сэдэл нь юу болох, санаатай эсвэл санаандгүйгээр үзэл тарааж байгаа эсэх нь хамаагүй, үзэл тарааж л байгаа бол энэ нь чуулганы амьдралд саад болж, үймүүлж, уршиг нөлөө үзүүлнэ. Тиймээс энэ асуудлыг зуун хувь хязгаарлах ёстой. Ямар ч өнцгөөс харсан, үзэл тараах нь хүмүүсийн үнэнийг эрэлхийлэх, Бурханыг мэдэхийг эрэлхийлэх, эсвэл үнэн-бодит байдалд ороход яагаад ч эергээр нөлөөлөхгүй; зөвхөн ийм зүйлийг үймүүлж, сүйтгэх нөлөө л үзүүлж чадна. Тиймээс чуулганы амьдралд хэн нэгэн үзэл тараах үед хүн бүр—чуулганы удирдагчид болон ах эгч нар ялгаагүй—энэ асуудлыг ялган таньж, бусдыг төөрөгдүүлж, үймүүлэхээр үзэл тараахыг нь сохроор өөгшүүлэхийн оронд тэр хүнийг зогсоож, хязгаарлахаар даруй гарч ирэх ёстой. Ямархуу үг нь үзэл тарааж байгаа хэрэг болох талаар эхлээд нөхөрлөцгөөе. Ийм ялган таних чадвартай болсноор хүмүүс үзэл тараах гэж юу болохыг үнэн зөв тодорхойлж чадах бөгөөд үүнийг үл тоомсорлож, хайхрамжгүй хандахын оронд үнэн зөвөөр зогсоож, хязгаарлаж чадна.

1. Бурханы талаар үзэл тараах

Үзэл тараах нь тодорхой байтай байдаг. Эхлээд энэ нь хэнд чиглэсэн, ямар үзэл тарааж байгааг харах хэрэгтэй. Эдгээрийг ойлгох нь хүмүүсийн хэлсэн ямар үг, тараасан ямар үзэл бодол нь үзэл болохыг мэдэхэд тусална. Ямар үг нь хүний үзэл болох, ямар үйлдэл нь үзэл тараах явдал болохыг мэдсэнээр хүмүүс үзэл тараах явдлыг хязгаарлах ажлыг илүү үнэн зөв, илүү оновчтой хийж чадна. Юуны өмнө, хамгийн ноцтой үзэл тараах явдалд Бурханы талаарх хүмүүсийн бодол санаа, буруу ойлголтыг тараах хамаарна. Энэ бол нэг томоохон ангилал. Бурханы ялгамж чанар, Бурханы мөн чанар, Бурханы зан чанар, Бурханы үг, Бурханы ажил болон Бурханы оршин тогтнолын талаарх баримтад нийцэхгүй үзэл бодол, үг яриаг тараах нь бүгд үзэл тараах юм. Энэ бол ерөнхий үг; яг ямар төрлийн үг яриа үзэл тарааж байгаа хэрэг болох вэ? Бурханы талаарх буруу ойлголт, Бурханыг шүүж, ялласан, тэр ч бүү хэл Бурханыг доромжилсон үг тараах нь бүгд үзэл тараах явдал юм. Энгийнээр хэлбэл, Бурханы талаарх бодит байдалд нийцэхгүй ойлголт, Бурханы ялгамж чанар, мөн чанарт нийцэхгүй үг яриа, эндүү ташаа тайлбарыг тараах нь бүгд үзэл тарааж буй хэрэг юм. Жишээ нь, чуулганы амьдралд зарим хүн Бурханы ялгамж чанар, Бурханы мөн чанарын талаар байнга ярьдаг. Тэдэнд Бурханы ялгамж чанар, мөн чанарын талаар жинхэнэ ойлголт байдаггүй. Тэд зүрх сэтгэлдээ Бурханд байнга эргэлзэж, Бурханыг буруу ойлгодог бөгөөд Бурханы тэдэнд зохицуулж өгсөн амьдралын орчин, үүргээ гүйцэтгэх орчин зэрэгт дуулгавартай байж чаддаггүй. Тэгээд тэд Бурханы талаарх буруу ойлголт, Бурханыг ойлгодоггүй тухай бодол санаагаа тараадаг. Товчхондоо, эдгээр бодол санаа нь бүтээгдсэн хүний өнцгөөс Бурханы дээд эрх, зохицуулалтыг хүлээн авч, дуулгавартай дагах тухай биш, харин хувийн өрөөсгөл үзэл, буруу ойлголт, тэр ч бүү хэл шүүлт, яллалтаар дүүрэн байдаг. Бусад хүн үүнийг сонссоныхоо дараа Бурханыг буруу ойлгодог, Бурханаас сэрэмжилдэг болж, улмаар Бурханд итгэх жинхэнэ итгэлээ алддаг, жинхэнэ дуулгавартай байдлын тухайд ярих ч юм биш.

Зарим хүн Бурханд итгэх нь амар амгалан, баяр хөөр авчрах ёстой, нөхцөл байдал тулгарвал Бурханд залбирахад л Бурхан сонсож, нигүүлсэл, ерөөл хайрлаж, бүх зүйлийг амар амгалан, саадгүй болгоно гэж боддог. Тэдний Бурханд итгэх зорилго нь нигүүлсэл эрж, ерөөл хүртэж, амар амгалан, аз жаргалыг эдлэх явдал юм. Ийм үзэл бодолтой учраас л тэд гэр бүлээ орхиж, ажлаа хаяж, Бурханы төлөө өөрсдийгөө зарлагадаж, зовлон бэрхшээл туулж, төлөөс төлж чаддаг. Тэд аливааг орхиж, Бурханы төлөө өөрсдийгөө зарлагадаж, зовлон бэрхшээл туулж, хичээнгүйлэн ажиллаж, онцгой сайн авирлаж л байвал Бурханы ерөөл, ивээлийг хүртэнэ, ямар ч бэрхшээл тулгарсан Бурханд залбирахад л Тэр шийдвэрлэж, бүх зүйл дээр зам нээж өгнө гэж итгэдэг. Энэ бол Бурханд итгэдэг ихэнх хүний баримталдаг үзэл бодол юм. Хүмүүс энэ үзэл бодлыг зүй ёсны, зөв гэж боддог. Олон хүн итгэлээ орхилгүй олон жил Бурханд итгэж чаддаг нь энэ үзэл бодолтой шууд холбоотой байдаг. Тэд “Би Бурханы төлөө ийм их зарлагадсан, миний зан авир ийм сайн байсан, би ямар ч муу үйл хийгээгүй, Бурхан намайг гарцаагүй ерөөнө. Би ажил нэг бүрийн төлөө маш их зовж, их төлөөс төлсөн, бүхнийг Бурханы үг, шаардлагын дагуу алдаа гаргалгүй хийсэн учраас Бурхан намайг ерөөх ёстой; Тэр миний хувьд бүх зүйлийг саадгүй байлгаж, зүрх сэтгэлийг минь үргэлж амар амгалан, баяр хөөртэй байлгаж, Бурханы оршихуйг эдлүүлэх ёстой” гэж боддог. Энэ нь хүний үзэл, төсөөлөл биш гэж үү? Хүний өнцгөөс харвал, хүмүүс Бурханы нигүүлслийг эдэлж, ашиг тус хүртдэг тул үүний төлөө жаахан зовох нь байх л ёстой зүйл бөгөөд энэ зовлонг Бурханы ерөөлөөр солих нь үнэ цэнтэй хэрэг. Энэ бол Бурхантай наймаацах сэтгэлгээ юм. Гэвч үнэний өнцгөөс, Бурханы өнцгөөс харвал энэ нь Бурханы ажлын зарчимд ч, Бурханы хүмүүсээс шаарддаг стандартад ч үндсэндээ нийцдэггүй. Энэ бол бүхэлдээ хоосон мөрөөдөл, Бурханд итгэх тухай хүний цэвэр үзэл, төсөөлөл юм. Бурхантай наймаацах, Бурханаас юм нэхэх байна уу, эсвэл хүний үзэл, төсөөллийг агуулж байна уу, аль нь ч бай, ямартай ч энэ бүхэн Бурханы шаардлагад нийцэхгүй, мөн хүмүүсийг ерөөх Бурханы зарчим, стандартад хүрэхгүй. Ялангуяа, энэ наймаацах бодол, үзэл нь Бурханы зан чанарт халддаг боловч хүмүүс үүнийг ухаардаггүй. Бурханы хийдэг зүйл хүмүүсийн үзэлтэй нийцэхгүй үед тэд даруй зүрх сэтгэлдээ Бурханд гомдоллож, буруу ойлголттой болдог. Тэдэнд бүр гомдолтой санагдаж, Бурхантай маргаж эхэлдэг бөгөөд Түүнийг шүүж, яллаж ч магадгүй. Хүмүүс ямар үзэл, буруу ойлголттой болсноос үл хамааран, Бурханы өнцгөөс харвал Тэр хэзээ ч хүний үзэл, хүслийн дагуу үйлддэггүй, хэнд ч тэгж ханддаггүй. Бурхан Өөрийн зан чанар-мөн чанарт үндэслэн, Өөрийн арга замын дагуу хийхийг хүссэн зүйлээ үргэлж хийдэг. Бурхан хүн бүрд хандахдаа зарчимтай байдаг; хүн бүрд хийдэг зүйлсийнх нь юу нь ч хүний үзэл, төсөөлөл, дур сонирхолд үндэслэдэггүй—энэ бол Бурханы ажлын хүний үзэлтэй хамгийн их зөрчилддөг тал юм. Бурхан хүмүүст үзэл, төсөөлөлтэй нь бүрэн зөрчилдсөн орчин бүрдүүлж өгөх үед тэд зүрх сэтгэлдээ Бурханы эсрэг үзэлтэй болж, Бурханыг шүүж, яллаж, тэр ч бүү хэл Түүнийг үгүйсгэж магадгүй. Тэгвэл Бурхан тэдний хэрэгцээг хангаж чадах уу? Яавч үгүй. Бурхан хэзээ ч хүний үзлийн дагуу ажиллах арга барил, хүслээ өөрчлөхгүй. Тэгвэл хэн өөрчлөгдөх хэрэгтэй вэ? Хүмүүс. Хүмүүс үзлээ орхиж, Бурханы бүрдүүлсэн орчныг хүлээн авч, дуулгавартай дагаж, туулах хэрэгтэй бөгөөд Бурханы хийдэг зүйлийг өөрсдийн үзлээр хэмжиж зөв эсэхийг харахын оронд өөрсдийн үзлийг шийдвэрлэхийн тулд үнэнийг эрэлхийлэх хэрэгтэй. Хүмүүс үзэлтэйгээ зууралдсаар байх үед Бурханыг эсэргүүцэх эсэргүүцэл бий болдог—энэ нь жам ёсоор болдог. Эсэргүүцлийн уг үндэс хаана байдаг вэ? Энэ нь хүмүүсийн зүрх сэтгэлд ихэвчлэн байдаг зүйл нь үнэн биш, харин эргэлзээгүйгээр тэдний үзэл, төсөөлөл байдагт оршдог. Тиймээс Бурханы ажил хүний үзэлтэй нийцэхгүй байх үед хүмүүс Бурханыг эсэргүүцэж, Түүнийг шүүж чаддаг. Бурханд дуулгавартай байх зүрх сэтгэл хүмүүст үндсэндээ байхгүй, завхарсан зан чанар нь цэвэрлэгдэх болоогүй, үндсэндээ завхарсан зан чанараараа амьдарч байгааг энэ нотолж байна. Тэд авралд хүрэхээс асар хол хэвээр байна.

Хүмүүсийн зүрх сэтгэлд Бурханы талаар үзэл төрж, Түүнийг эсэргүүцдэг болох үед бага зэрэг мөс чанартай хүмүүс нь Бурханы хийдэг зүйлийг дурамжхан хүлээн авч, Бурханы бүрдүүлсэн орчинд уусан нэгдэж, хүмүүсийг захирах Түүний дээд эрхийг хүлээн авахыг хичээдэг. Хүмүүс хэр их үзлээ орхиж чадах, ямар хэмжээнд орхиж чадах нь нэг талаар тэдний хэв чанараас, нөгөө талаар үнэнийг хүлээн авдаг эсэх, үнэнийг хайрладаг хүмүүс мөн эсэхээс шалтгаална. Зарим хүн Бурханы үгийг уншиж, эрж хайж, нөхөрлөж, эргэцүүлэн бодох замаар Бурханы бүрдүүлсэн орчинтой идэвхтэй нүүр тулдаг. Тэд аажмаар бүх зүйлийг захирах Бурханы дээд эрхийн талаар зарим нэг ойлголттой болж, улмаар дуулгавартай байдал, итгэл нь нэмэгддэг. Гэвч зарим хүн ямар ч орчин нөхцөлтэй тулгарсан, үнэнийг эрж хайдаггүй. Харин тэд Бурханы зохион байгуулсан бүх орчныг өөрсдийн үзэл, төсөөлөл болон өөрсдөд нь ашигтай эсэхэд үндэслэн хэмждэг. Тэд үргэлж хувийн ашиг сонирхлынхоо хүрээнд аливааг бодолцож үздэг; тэд хэр их ашиг тус хүртэж чадах, эд хөрөнгө, мөнгө төгрөг, махан биеийн таашаалын хувьд ашиг сонирхол нь хэр их хангагдаж чадах вэ гэдэгт үргэлж санаа тавьдаг бөгөөд үргэлж эдгээр хүчин зүйлд үндэслэн шийдвэр гаргаж, Бурханы зохицуулсан бүх зүйлд ханддаг. Эцэст нь, толгойгоо гашилгаж гашилгаж, тэд Бурханы бүрдүүлсэн орчинд дуулгавартай байхыг биш, харин түүнээс зугтаж, зайлсхийхийг сонгодог. Эсэргүүцэж, татгалзаж, зайлсхийснээсээ болж тэд Бурханы үгээс холдож, амийн туршлагаас хоцорч, хохирол амсан, зүрх сэтгэлдээ өвдөлт, шаналал авчирдаг. Тэд ийм орчныг эсэргүүцэх тусмаа улам их, улам том зовлон туулдаг. Ийм нөхцөл байдал үүсэх үед Бурханд итгэх өчүүхэн жаахан итгэл нь эцэстээ нуран унадаг. Энэ мөчид зүрх сэтгэлд нь давамгайлдаг үзэл бүгд нэгэн зэрэг оргилон гарч ирдэг: “Би бурханы төлөө өөрийгөө ингэж удаан зарлагадсан атал бурхан надад ингэж хандана гэж би төсөөлөөгүй. Бурхан шударга бус, тэр хүмүүсийг хайрладаггүй! Бурханы төлөө чин сэтгэлээсээ өөрсдийгөө зарлагаддаг хүмүүс гарцаагүй үлэмж ихээр ерөөгдөнө гэж Бурхан хэлсэн. Би бурханы төлөө чин сэтгэлээсээ өөрийгөө зарлагадаж, гэр бүл, ажил төрлөө орхиж, бэрхшээл туулж, шаргуу ажилласан—бурхан яагаад намайг үлэмж ихээр ерөөгөөгүй юм бэ? Бурханы ерөөл хаана байна? Би яагаад тэдгээрийг мэдэрч, харж чадахгүй байна вэ? Бурхан яагаад хүмүүст шударга бус ханддаг юм бэ? Бурхан яагаад хэлсэндээ хүрдэггүй юм бэ? Хүмүүс бурханыг итгэмжит гэж хэлдэг ч би яагаад үүнийг мэдэрч чадахгүй байна вэ? Бусад зүйлийг хойш тавья, зөвхөн энэ орчин нөхцөлд л гэхэд бурхан итгэмжит гэдгийг би огт мэдрээгүй!” Хүмүүс үзэлтэй байдаг учраас түүндээ амархан хууртаж, төөрөлддөг. Хүмүүсийн зан чанарын өөрчлөлт болон амийн өсөлтийн төлөө Бурхан орчин бүрдүүлж өгөх үед ч тэд үүнийг хүлээн зөвшөөрөхөд хэцүү санагдаж, Бурханыг буруу ойлгодог. Тэд үүнийг Бурханы ерөөл биш гэж боддог бөгөөд Бурхан өөрсдөд нь дургүй гэж боддог. Тэд өөрсдийгөө Бурханы төлөө чин сэтгэлээсээ зарлагадсан боловч Бурхан амлалтаа биелүүлээгүй гэж итгэдэг. Үнэнийг эрэлхийлдэггүй энэ хүмүүс ийм маягаар ялихгүй орчны ганцхан шалгалтаар амархан илчлэгддэг. Тэд илчлэгдэх үедээ хамгийн их хэлэхийг хүсэж байсан үгээ эцэст нь хэлдэг: “Бурхан зөвт биш. Бурхан бол итгэмжит бурхан биш. Бурханы үг биелэх нь ховор. Бурхан: ‘Бурхан хэлсэндээ хүрдэг, Түүний хэлсэн зүйл биелэх болно, Түүний хийсэн зүйл үүрд үргэлжилнэ’ гэж хэлсэн. Эдгээр үг хаана биелсэн бэ? Би яагаад үүнийг харж, мэдэрч чадахгүй байна вэ? Тэр хэнийг хар даа: Тэр бурханд итгэснээсээ хойш над шиг ихийг орхиж, бурханы төлөө өөрийгөө зарлагадаагүй, бас над шиг ихийг өргөөгүй. Гэтэл хүүхдүүд нь нэр хүндтэй их сургуульд орж, нөхөр нь тушаал дэвшиж, гэр бүлийнх нь бизнес цэцэглэж, тэр ч бүү хэл тариа ногооны ургац нь бусдынхаас их байна. Харин би юу олж авсан бэ? Би дахиж хэзээ ч бурханд итгэхгүй!” Эдгээр үг бол ийм хүмүүсийн чин сэтгэлийн үг, уриа нь юм. Тэд ийм үзлээр дүүрч, ийм хөгийн бодол санаа, үзэл бодлоор дүүрч, ашиг хонжоо, наймаацах бодлоор дүүрсэн байдаг. Тэд Бурханы ажил болон Түүний хичээнгүй санаа зорилгыг ингэж л ойлгож, ухаардаг бөгөөд эдгээрт ингэж л ханддаг. Тиймээс Бурханы дахин дахин хичээнгүйлэн бүрдүүлсэн орчинд тэд Бурханыг өөрсдийн үзлээр удаа дараа хэмжиж, буруу ойлгож, үргэлж бүтэлгүйтэж, бүдэрдэг. Түүнчлэн тэд өөрсдийнх нь үзэл зөв гэдгийг батлахыг байнга оролддог. Эдгээр үзэл нь батлагдсан бөгөөд Бурханыг дураараа үнэлж, шүүж, яллах хангалттай нотолгоо болсон гэж үзэх үедээ тэд үзэл тарааж эхэлдэг, учир нь тэдний зүрх сэтгэл Бурханы талаарх үзлээр дүүрэн байдаг. Эдгээр үзэлд юу холилдсон байдаг вэ? Гомдол, сэтгэл дундуур байдал, гомдол тунирхал байдаг. Тэд эдгээр зүйлээр дүүрэх үедээ тэдгээрийг гаргах боломж хайдаг. Өөрт нь тулгарсан “шударга бус явдлыг” сонсох бөөн хүн олно гэж тэд найддаг; тэд эдгээр зүйлээ тэр хүмүүст гаргаж, “амссан” гэх шударга бус хандлагыг тэдэнд тоочихыг хүсдэг. Чуулганы амьдралд энэ хүмүүсийн тараадаг үзэл ингэж гарч ирдэг, ийм үзэл ингэж бий болдог. Энэ хүмүүсийн зүрх сэтгэл гомдол тунирхал, тэрслүү байдал, сэтгэл дундуур байдал, түүнчлэн Бурханы талаарх буруу ойлголт, гомдлоор дүүрч, тэр ч бүү хэл Бурханыг шүүж, яллах сэтгэлээр дүүрдэг бөгөөд энэ нь эцэстээ зүрх сэтгэл нь доромжлолоор дүүрэхэд хүргэдэг. Тэд ерөөл хүртэж чадахгүй байхаас айдаг тул явахыг хүсдэггүй, тиймээс Бурханы талаарх буруу ойлголт, Түүнд сэтгэл дундуур байгаагаа хүмүүсийн дунд тарааж, бүр цаашлаад Бурханыг шүүж, яллах явдал болон Түүнийг доромжилсон доромжлолоо тараадаг. Тэд юуг доромжилдог вэ? Тэд Бурханыг өөрсдөд нь шударга бус ханддаг, хийсэн зүйлийнх нь хариуд зохих, дүйцэхүйц өгөөж өгдөггүй гэж доромжилдог. Өргөл өргөж, золиос гаргасных нь дараа нигүүлсэл, үлэмж их ерөөл хайрласангүй гэж тэд Бурханыг шүүдэг. Тэд хүлээн авна гэж найдаж байсан махан биеийн хэрэгцээт зүйлс болох эд хөрөнгө, мөнгө төгрөг гэх мэтийг Бурханаас аваагүй тул зүрх сэтгэл нь гомдол, гомдол тунирхлаар дүүрдэг. Тэдний үзэл тараах зорилго нь нэг талаар уураа гаргаж, өшөө авч, ингэснээр сэтгэл зүйн тэнцвэрээ олох; нөгөө талаар Бурханы талаар буруу ойлголт, үзэлтэй болгохоор илүү олон хүнийг турхирч, ингэснээр тэр хүмүүсийг өөрсөдтэй нь адил Бурханаас сэрэмжлэхэд хүргэх явдал юм. Хэрвээ илүү олон хүн “Бид дахиж хэзээ ч бурханд итгэхгүй” гэж хэлбэл тэд дотроо сэтгэл хангалуун байх болно. Энэ бол тэдний үзэл тараах зорилго болон цаад шалтгаан нь юм.

Үзэл тараадаг ийм хүмүүсийн уриа нь юу вэ? Тэдний байнга хэлдэг үг юу вэ? Зарим зүйлийг туулсныхаа дараа хүссэн ашиг тусаа хүртээгүй учраас тэд дотроо “Би дахиж хэзээ ч бурханд итгэхгүй” гэж өөртөө зогсоо зайгүй хэлдэг. Үүнийг хэлснийхээ дараа ч үзэн ядалтаа тайлж, зорилгодоо хүрсэн гэж боддоггүй. Тэд цуглаанд оролцох үедээ бусад хүн юуны ч талаар нөхөрлөсөн хүлээж авч чаддаггүй. Тэд энэ үгийг дахин хэлж, хэд хэдэн удаа, тэр ч бүү хэл арав гаруй удаа давтан хэлэх ёстой болдог. “Би дахиж хэзээ ч бурханд итгэхгүй” гэдэг нь нэлээд утга учиртай үг биш үү? Үүний ард түүх бий. Тэдний “итгэл” ямар учиртай вэ? Тэд өмнө нь Бурханд итгэдэг байсан уу? Тэдний өмнөх итгэл жинхэнэ итгэл байсан уу? Үүнд бүтээгдсэн зүйлд байх ёстой дуулгавартай байдал байсан уу? (Үгүй.) Өчүүхэн төдий ч байгаагүй. Тэд Бурханы талаарх үзэл, төсөөллөөр дүүрэн байдаг. Илүү чухал нь тэд Бурханд огт дуулгавартай байдаггүй, харин Бурханаас юм нэхэж, шаардах явдлаар дүүрэн байдаг. Тэдний “итгэл” юу гэсэн үг вэ? “Бурхан бол тэнгэр газар, бүх зүйлийг захирдаг нэгэн гэдэгт би итгэдэг. Бурхан намайг бусдад дээрэлхүүлэхээс хамгаалж чадна гэдэгт би итгэдэг. Бурхан надад махан биеийн тав тухыг эдлүүлж, сайн сайхан, баян чинээлэг амьдруулж, бүх зүйлийг амар тайван, таатай болгож чадна гэдэгт би итгэдэг. Бурхан намайг тэнгэрийн хаанчлалд оруулж, агуу их ерөөл хүртээж, энэ амьдралд зуу дахин ихийг, ирэх ертөнцөд мөнх амийг өгч чадна гэдэгт би итгэдэг!” Энэ итгэл мөн үү? Энэхүү “итгэлд” дуулгавартай байдлын өчүүхэн төдий ч ул мөр байхгүй бөгөөд нэг нь ч хүмүүст тавьдаг Бурханы шаардлагад нийцдэггүй. Энэ итгэл нь цэвэр хувийн ашиг хонжоо хайх өнцгөөс үүдэлтэй. Бурхан үнэнийг илэрхийлж, хүмүүс дээр ажилладаг. Бурхан хэзээ хүмүүсийг аз жаргалтай, бусдаас дээгүүр амьдруулна, эсвэл хязгааргүй ирээдүйтэй, баян чинээлэг, амжилттай болгоно гэж хэлж байсан бэ? (Хэзээ ч тэгж хэлж байгаагүй.) Тэгвэл тэд яагаад өөрсдийн “итгэлийг” тийм үнэ цэнтэй гэж үздэг юм бэ? Тэд бүр дахиж хэзээ ч Бурханд итгэхгүй гэж хэлдэг. Тэдний итгэл ямар нэг үнэ цэнтэй юу? Бурхан үүнийг хүлээж авдаг уу? Тэдэнд үнэн-бодит байдлын өчүүхэн төдий ч ул мөр байхгүй, Бурханд дуулгавартай байх өчүүхэн төдий ч ул мөр байхгүй, зөвхөн Бурханаас ерөөл, ашиг тус, давуу тал олж авахыг л хүсдэг бөгөөд үүнийгээ Бурханд итгэж байна гэж нэрлэдэг. Энэ нь Бурханыг доромжилж байгаа хэрэг биш үү? Ийм төрлийн хүмүүс үзлээр дүүрч, ерөөл хүртэх санаархалд эзэмдүүлсэн байдаг. Тэд Бурханы ажлыг огт туулдаггүй, Бурханы үгийг хэрэгжүүлдэггүй. Тэдний хийдэг бүхний зорилго, сэдэл нь бүхэлдээ өөрсдийн махан биеийн ашиг сонирхлын төлөө байдаг. Тэд өөрсдөдөө сэтгэл хангалуун байдаг бөгөөд Бурханд итгэх итгэл гэх зүйлээ онцгой үнэ цэнтэй гэж үздэг. Хэрвээ Бурханд итгэх итгэл чинь тийм үнэ цэнтэй, эрхэм дээд юм бол Бурхан чамд ялихгүй орчин бүрдүүлж өгөх үед чи яагаад түүнээс үнэнийг ойлгож, гэрчлэлдээ бат зогсож чаддаггүй юм бэ? Энд юу болоод байна вэ? Бурхан итгэлийг чинь шалгах үед чи Бурханд юуг буцааж өгдөг вэ? Бурханд буцааж өгдөг буруу ойлголт, гомдол, эсэргүүцэл чинь Түүний хүсдэг зүйл байх боломжтой юу? Эдгээр нь үнэнд нийцдэг үү? Мэдээж үгүй. Тиймээс энэ хүмүүс чуулганд ил тодоор үзэл тарааж чадаж байгаа нь нэг зүйлийг нотолдог: Тэд Бурханыг мэддэггүй, Бурхан бүх зүйлийг захирдаг гэдэгт бүр ч итгэдэггүй—тэдний итгэдэг бурхан ерөөсөө оршдоггүй. Илүү олон хүнийг төөрөгдүүлж, өөрсөдтэй нь нэгдэн Бурханыг эсэргүүцэж, яллаж, доромжлоход татан оролцуулахын тулд энэ хүмүүс ил тодоор үзэл тараах үедээ Бурханы дагагч, итгэгч, Бүтээгчийн эрхшээл доорх бүтээгдсэн зүйл биш болсноо өөрийн мэдэлгүй олон нийтэд зарлаж байгаа хэрэг юм. Тэдний тараадаг үзэл бол энгийн санаа бодол, үг яриа биш; харин тэд хэдийнээ зүрх сэтгэлдээ Бурханы эсрэг эвдэшгүй хана хэрэм босгосон бөгөөд хүний үзэл, төсөөллийг ашиглан Бурханд хандах, Бурхантай харилцах харилцаагаа зохицуулах, Бурханы үг болон Бурханы ажилд хандах нь зөв, ингэж хэрэгжүүлэх ёстой гэж шийдсэн байдаг. Ийм хүмүүс чуулганы амьдралд ил тодоор үзэл тараах үед тэднийг хязгаарлах ёстой юу? Эсвэл биеийн хэмжээ нь бага, үндэс суурь нь нимгэн гэдгийг харгалзан үзэж, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө, гэмших хангалттай цаг хугацаа, орон зай олгох ёстой юу? Ямар арга хэмжээ авах нь зохистой вэ? (Зогсоож, хязгаарлах нь зохистой.) Тэднийг зогсоож, хязгаарлах нь яагаад зохистой вэ? Зарим хүн “Хэрвээ чи тэднийг хязгаарлаж, дураараа ярихыг нь зөвшөөрөхгүй бол тэр итгэхээ больж, цуглаанд ирэхээ боливол энэ нь түүнийг хорлосон хэрэг болох биш үү? Тэгвэл маш харамсалтай юм болно! Бурхан ганц хүнийг мөхөөснөөс бүх хүнийг аврахыг илүүд үздэг биш үү? Ганц төөрсөн хонийг ч гэсэн буцааж авчрах ёстой—төөрсөн хонийг буцааж авчрахын тулд ийм их хүчин чармайлт гаргачхаад дахиад төөрүүлж болно гэж үү?” гэж хэлдэг. Эдгээр үг зөв үү? (Үгүй.) Яагаад зөв биш вэ? (Учир нь ийм хүмүүс Бурханд чин сэтгэлээсээ итгэдэггүй; тэд ерөөл хүртэнэ гэж найдсандаа л Бурханд итгэдэг бөгөөд итгэл нь хольцтой байдаг.) Бурханд итгэх итгэлдээ хольцгүй хүн гэж байдаг юм уу? Чамд хольц байхгүй юу? Энэ үндэслэлтэй шалтгаан мөн үү? Ийм хүмүүсийн хэлсэн үгийг бодоод үз: “Би дахиж хэзээ ч бурханд итгэхгүй.” Энэ ямархуу үг вэ? Энэ нь шүтлэггүй хүмүүс, диаволууд, Сатаны доромжлолоос ялгаатай юу? (Ялгаагүй.) Энэ үг ямар утгатай вэ? “Би бурханд итгэхээ больсон. Өмнө нь би бурханд бүх зүрх сэтгэлээрээ итгэж, дагадаг байсан ч бурхан намайг ерөөгөөгүй. Харин ч надад хүндрэл учруулж, намайг бүдрүүлэхийн тулд тийм орчин бүрдүүлсэн. Бурханы хэлдэг зүйл хийдэгтэй нь огт таарахгүй байна, тиймээс би дахиж бурханд итгэж зүрхлэхгүй! Би өмнө нь дэндүү тэнэг байж. Би бурханы төлөө аливааг орхиж, өөрийгөө зарлагадаж, маш их зовлон бэрхшээл туулсан ч агуу улаан луунд баривчлагдаж, хавчигдах үедээ бурханы хамгаалалтыг хараагүй. Манай гэр бүлийн бизнес ч бусдынх шиг сайн байгаагүй, би бусад хүн шиг их мөнгө олоогүй, эцэг эх минь өвчтэй хэвээр үлдсэн. Би олон жил бурханд итгээд юу ч олж аваагүй. Хүмүүсийг үлэмж ихээр ерөөнө гэж бурхан хэлээгүй бил үү? Би бурханаас ямар ерөөл хүртсэн юм бэ? Бурханы үг огт биелээгүй, тиймээс би дахиж хэзээ ч бурханд итгэхгүй!” “Би дахиж хэзээ ч бурханд итгэхгүй!” гэсэн үг маш их зүйлийг агуулдаг. Энэ нь Бурханд хандсан гомдол, сэтгэл дундуур байдал, буруу ойлголтоор дүүрэн байдаг. Товчхондоо, тэд хоосон мөрөөдөлтэйгөөр зовлон бэрхшээл туулж, өөрсдийгөө зарлагадсаны дараа Бурхан тэдний шаардлагын дагуу ерөөл хайрлаагүй, мөн Бурхан тэдний үзэл, төсөөллийн дагуу шан харамж өгч, шагнаагүй тул тэд сэтгэл дундуур болж, Бурханд хорсох хорслоор дүүрсэн бөгөөд ийм нөхцөл байдалд тэд энэ үгийг хэлсэн юм. Энэ үг оргүй хоосноос гарч ирээгүй; үүнийг хэлэх үедээ тэд хэдийнээ олон зан авир, илрэл харуулж, илчлэгдсэн байсан. Ийм хүмүүсийн Бурхантай харилцах харилцаанд ямар асуудал байна вэ? Тэдний Бурхантай харилцах харилцаан дахь хамгийн том асуудал юу вэ? Тэд өөрсдийгөө бүтээгдсэн зүйл гэж хэзээ ч үзэж байгаагүй, мөн Бурханыг шүтэн мөргөх Бүтээгч гэж өчүүхэн төдий ч үзээгүйд оршино. Бурханд итгэж эхэлснээсээ хойш тэд Бурханд мөнгөний мод, эрдэнэсийн сан мэт хандаж ирсэн; тэд Түүнийг зовлон зүдүүр, гамшгаас аврах Бодисадва гэж үзэж, өөрсдийгөө энэ Бодисадвагийн, энэ шүтээний сүсэгтэн гэж үзсэн. Тэд Бурханд итгэх нь Бурхан багшид итгэхтэй адил, зүгээр л цагаан хоол идэж, судар уншиж, байнга хүж асааж, мөргөснөөр хүссэн зүйлээ олж авч чадна гэж бодсон. Тиймээс Бурханд итгэснийх нь дараа өрнөсөн бүх түүх тэдний үзэл, төсөөллийн хүрээнд болсон. Бүтээгчээс ирэх үнэнийг хүлээн авч буй бүтээгдсэн зүйлийн илрэлийн алийг нь ч тэд харуулаагүй, мөн бүтээгдсэн зүйлийн Бүтээгчид хандах ёстой дуулгавартай байдлын алийг нь ч харуулаагүй; зөвхөн тасралтгүй нэхэж, тасралтгүй тооцоолж, зогсоо зайгүй шаардаж байсан. Энэ бүхэн эцэстээ Бурхантай харилцах харилцаа нь тасрахад хүргэсэн. Ийм төрлийн харилцаа нь наймаацсан харилцаа бөгөөд хэзээ ч бат зогсож чадахгүй; ийм хүмүүс илчлэгдэх нь цаг хугацааны л асуудал. Тэд чуулганы амьдралд оролцож, үзэл тараахгүй, хааяа Бурхан тэднийг хэрхэн залж чиглүүлсэн, Бурхан тэднийг хэрхэн ерөөсөн, юу эдэлсэн гэх мэтийн талаар нөхөрлөдөг байлаа ч гэсэн тэдний ярьдаг зүйлийн ихэнх нь Бурханаас хүртсэн нигүүлсэл, таашаал, махан биеийн ашиг тустай холбоотой байдаг. Эдгээр яриа нь үнэн болон Бурханд дуулгавартай байхтай огт хамаагүй бөгөөд тэдгээрт үнэн-бодит байдал огт байдаггүй. Нөхцөл байдал таатай үед тэд Бурханы бүх ерөөлийг олж авах гэсэн ганц зорилгод хүрэхийн тулд Бурханд итгэх итгэл, Түүнийг хайрлах хайр, мөн бусад хүнд хандах хүлээцтэй байдал, тэвчээрээ харуулдаг. Бурхан тэдний эдэлж байсан нигүүлсэл, ашиг тус, материаллаг давуу талыг авах үед тэдний үзэл илчлэгддэг. Ашиг хонжоонд хөтлөгдсөн, хувийн ашгийг эрхэмлэдэг энэ хүмүүс хүссэн зүйлээ олж авахгүй болмогцоо уурсан хилэгнэж, Бурханд сэтгэл дундуур байгаагаа гаргахын тулд үзэл тарааж эхлэхийн зэрэгцээ бас өөрсдийг нь өрөвдөж, Бурханы талаарх үзлийг нь хүлээн авах илүү олон хүнийг татахыг оролддог. Ийм хүмүүсийг зогсоож, хязгаарлах ёстой юу? (Тийм.) Тэдний нөхөрлөдөг сэдэв, бодол санаа, үзэл бодол нь үнэний талаарх цэвэр ойлголтыг тусгадаггүй, мөн хүмүүст Бурханд дуулгавартай байж, Түүнд чин сэтгэлээсээ итгэдэг болоход тусалдаггүй. Харин ч тэд хүмүүсийг Бурханаас холдуулж, Бурханыг буруу ойлгож, Түүнээс сэрэмжилж, тэр ч бүү хэл Түүнийг голоход хүргэдэг ба энэ хүмүүсийн тараасан үзлийг сонссон хүмүүсийг яг өөрсөд шигээ “Би дахиж хэзээ ч бурханд итгэхгүй” гэж чимээгүйхэн өөртөө сэрэмжлүүлэхэд хүргэдэг. Ийм хүмүүсийн тараасан үзэл бусдыг ингэж үймүүлдэг.

2. Бурханы үг, Бурханы ажлын талаар үзэл тараах

Үзэл тараадаг энэ хүмүүс өөрсдийн үзлээр Бурханы үгийг, Бурханы ажлыг хэмжиж, мөн Бурханы мөн чанар, Бурханы зан чанарыг хэмждэг. Тэд өөрсдийн үзлээр Бурханд итгэж, Бурханыг харж, Бурханы хэлсэн үг бүр, хийсэн ажил бүр, Бурханы бүрдүүлсэн орчин бүрийг өөрсдийн үзлээр ажиглаж, шинждэг. Бурханы хийдэг зүйл өөрсдийнх нь үзэлтэй нийцэх үед тэд Бурханыг зөвт, итгэмжит, ариун гэж чанга дуугаар магтдаг. Бурханы хийдэг зүйл өөрсдийнх нь үзэлтэй нийцэхгүй, ашиг сонирхол нь ноцтой хохирол амсаж, ихээхэн шаналал эдлэх үед тэд ил гарч ирээд Бурханы хэлдэг үг, хийдэг ажлыг үгүйсгэдэг; тэр ч байтугай “Бурханы үгэнд битгий тийм амархан итгэ, бурханы үгийг ч бас битгий амархан хэрэгжүүл; эс бөгөөс, хэрвээ чи завшуулж, хохирол амсвал хэн ч хариуцлага хүлээхгүй” гэх мэтээр хэлж, үзэл тараан Бурханыг буруу ойлгож, Бурханаас сэрэмжлэхэд илүү олон хүнийг турхирдаг. Жишээ нь, Бурхан ингэж хэлсэн байдаг: “Миний төлөө чин сэтгэлээсээ зарлагаддаг хүмүүсийг Би асар ихээр ерөөх нь гарцаагүй”—эдгээр үг үнэн биш гэж үү? Эдгээр үг зуун хувь үнэн. Тэдгээрт ямар ч адгуу байдал, хууран мэхлэлт агуулагдаагүй. Тэдгээр нь худал хуурмаг, эсвэл сүртэй сонсогддог санаа биш, ямар нэг сүнслэг онол бүр ч биш—тэдгээр нь үнэн юм. Энэхүү үнэний үгийн мөн чанар юу вэ? Чи Бурханы төлөө өөрийгөө зарлагадахдаа чин сэтгэлээсээ байх ёстой гэсэн үг юм. “Чин сэтгэл” гэж юу гэсэн үг вэ? Сайн дурын, хольцгүй байх; мөнгө, нэр алдрын төлөө биш, яавч өөрийн санаархал, хүсэл, зорилгын төлөө биш байхыг хэлнэ. Чи албадлагаар юм уу хэн нэгний хатгаас, ятгалга, шахалтаас болж өөрийгөө зарлагаддаггүй, харин энэ нь чиний дотроос, чиний хүсэл зоригоос гардаг; мөс чанар, эрүүл ухаанаас урган гардаг. Чин сэтгэлээсээ байна гэж үүнийг хэлдэг. Бурханы төлөө өөрийгөө зарлагадах хүсэл зоригийн тухайд чин сэтгэлээсээ байна гэж үүнийг хэлдэг. Тэгвэл Бурханы төлөө өөрийгөө зарлагадах үед чин сэтгэлээсээ байх нь бодит байдал дээр хэрхэн илэрдэг вэ? Худал хэлж, мэхэлдэггүй, ажлаас зайлсхийхийн тулд заль мэх хэрэглэдэггүй, аливаад хааш яаш ханддаггүй байх; бүх зүрх сэтгэл, оюун ухаанаа зориулж, чадах бүхнээ хийх гэх мэт—энд дурдахад хэтэрхий олон нарийн ширийн зүйл бий! Товчхондоо, чин сэтгэлээсээ байх нь үнэн-зарчмыг агуулдаг. Хүнд тавьдаг Бурханы шаардлагын ард стандарт, зарчим байдаг. Зарим хүн “Хэрвээ би бурханд итгэхдээ чин сэтгэлээ, өчүүхэн жаахан хуримтлалаа бүгдийг нь өргөвөл илүү ихийг олж авах уу? Хэрвээ би илүү ихийг олж авч чадах бол бүгдийг нь өргөх нь үнэ цэнтэй хэрэг!” гэж хэлдэг. Өргөснийхөө дараа Бурхан өөрсдийг нь ерөөгөөгүйг хараад, тэд энэ талаар эргэцүүлж: “Магадгүй би хангалттай өргөөгүй байх, тиймээс би илүү ихийг өргөе. Би гадуур явж, сайн мэдээ номлоё” гэж боддог. Сайн мэдээ номлож байхдаа бэрхшээлтэй тулгарах үедээ тэд залбирдаг. Заримдаа хоол ундгүй, нойр дутуу байх үедээ ч тэд үргэлжлүүлэн залбирсаар байдаг. Тэд: “Бурханы төлөө чин сэтгэлээсээ өөрсдийгөө зарлагаддаг хүмүүс гарцаагүй үлэмж ихээр ерөөгдөнө гэж Бурхан хэлсэн. Магадгүй миний чин сэтгэл хангалтгүй байгаа байх, тиймээс би илүү их залбиръя” гэж боддог. Залбирлаар дамжуулан тэд итгэлтэй болж, жаахан зовлон бэрхшээл туулахаас татгалздаггүй. Тэд сайн мэдээ номлоод үнэхээр зарим үр дүнг харж эхэлдэг бөгөөд: “Одоо би бага зэрэг чин сэтгэлтэй болжээ. Гэр лүүгээ яаран очиж гэрийнхний маань амьдрал сайжирсан эсэх, хүүхдийн минь өвчин дээрдсэн эсэх, гэр бүлийн бизнес маань саадгүй явагдаж байгаа эсэхийг, бурханы ерөөл байгаа эсэхийг харъя” гэж боддог. Энэ нь Бурханы төлөө чин сэтгэлээсээ өөрийгөө зарлагадаж байгаа хэрэг мөн үү? (Үгүй.) Энэ юу вэ? (Наймаацал.) Энэ бол Бурхантай наймаацаж байгаа хэрэг. Тэд өөрсдийн арга барилыг, мөн өөрсдийн үзэлд тулгуурлан “чин сэтгэл” гэж үздэг зүйлээ ашиглан хүссэнээ хийж, хүссэн зүйлээ үүнээс олж авдаг. Тэд өөрсдийн ойлгодог “чин сэтгэл”-ээ ашиглан Бурханы хэлсэн энэ үгийг байнга нягталж, Бурхан яг юу хийх гэж байгаа, юу хийсэн, юу хийгээгүйг байнга тандаж, Бурхан өөрсдийг нь ерөөх эсэх, тэднийг үлэмж ихээр ерөөх санаатай байгаа эсэхийг байнга таамагладаг. Тэд юу өргөсөн, хэдий хэр их зүйл олж авах ёстой, Бурхан түүнийг нь өгсөн эсэх, Бурханы үг биелсэн эсэхийг байнга тооцоолж байдаг. Тэд Бурханы хэлсэн үгийг шалгаж болох баримт нотолгоог байнга хайж байдаг. Бурханы төлөө өөрсдийгөө зарлагадаж байхдаа Бурханы үг үнэн эсэхийг баталгаажуулахыг тэд үргэлж хүсдэг. Тэдний зорилго бол Бурханы төлөө өөрсдийгөө зарлагадсанаар Бурханы ерөөлийг хүртэж чадах эсэхийг харах явдал юм. Тэд Бурханыг байнга сорьж, Түүний үгийг батлахын тулд өөрсөд дээр нь Бурханы ерөөл ирэхийг харахыг үргэлж хүсдэг. Бурханы үг тэдний төсөөлж байсан шиг амархан биелэхгүй байгааг, мөн Бурханы үгийн үнэн зөв эсэхийг батлахад хэцүү байгааг олж мэдэх үед Бурханы талаарх үзэл нь улам ноцтой болдог. Үүний зэрэгцээ, Бурханы хэлсэн үг бүр заавал үнэн байх албагүй гэдэгт тэд бат итгэж эхэлдэг. Зүрх сэтгэлдээ үүнийг нуусан тэд Бурханд эргэлзэж, тээнэгэлзэж эхэлдэг бөгөөд Түүний талаар үзэлтэй болох нь олонтоо. Зүрх сэтгэл нь үзлээр дүүрсэн энэ хүмүүс чуулганы амьдралаар амьдарч, ах эгч нартай харилцахдаа Бурханы талаарх зарим үзлээ үе үе илчилдэг. Тэд Бурханы үгийн талаар үзэлтэй болж, мөн үзлээ ашиглан Бурханы ажлыг хэмждэг. Бурханы ажил тэдний үзэлтэй үргэлж нийцэхгүй, хүлээлтээс нь бүрэн зөрөх үед тэд үзлээ тарааж Бурханд сэтгэл дундуур байгаагаа ил гаргадаг. Жишээ нь, Бурхан Өөрийнх нь ажил төгсгөл рүүгээ дөхөж байна, хүмүүс бүхнийг орхиж Бурханыг дагаж, Түүний төлөө өөрсдийгөө зарлагадаж, Бурханы ажилтай хамтран ажиллах ёстой, цаашид ертөнц дэх ирээдүй, эв найртай гэр бүл болон бусад тиймэрхүү зүйлээр хөөцөлдөх ёсгүй гэж хэлдэг. Бурхан эдгээр үгийг хэлснийхээ дараа үргэлжлүүлэн их ажил хийдэг. Гурав, тав, долоо, эсвэл найман жил өнгөрөхөд Бурханы ажил тогтвортой үргэлжилсээр байгааг, Түүний ажил дуусах гэж байгаа юм уу агуу их гамшиг нөмрөх гэж байгаа, итгэгчид бүгд хоргодох байранд орсон гэх ямар ч шинж тэмдэг байхгүй байгааг зарим хүн хардаг. Бурханы ажлыг өөрсдийн үзлээр хэмждэг хүмүүс Бурханы ажил хурдан дуусаж итгэгчид Бурханы гайхалтай ерөөлийг хуваалцаж чаддаг болохыг тэсэн ядан хүлээдэг. Гэвч Бурхан ингэж үйлддэггүй; Тэр энэ хэрэг явдлыг хүний үзэл, төсөөллийн дагуу гүйцэлдүүлдэггүй. Хүлээж тэвчихгүй байгаа хүмүүс тайван бус болж, эргэлзэж тээнэгэлзэн: “Бурханы ажил хэдийнээ төгсгөл рүүгээ дөхөж байгаа биш бил үү? Удахгүй дуусах ёстой биш үү? Агуу их гамшиг айсуй гэж бурхан хэлээгүй бил үү? Яагаад бурханы гэр ийм их ажил хийсээр байгаа юм бэ? Яг хэзээ бурханы ажил төгсгөл болох юм бэ? Хэзээ дуусах юм бэ?” гэж хэлдэг. Энэ хүмүүс үнэн болон Бурханы шаардлагыг өчүүхэн төдий ч сонирхдоггүй. Тэд үнэнийг хэрэгжүүлэх, Бурханд дуулгавартай байх, эсвэл авралд хүрэхийн тулд Сатаны нөлөөнөөс мултрах ямар ч сонирхолгүй байдаг. Тэд зөвхөн Бурханы ажил хэзээ дуусах, өөрсдийнх нь төгсгөл амьдрал байх уу, үхэл байх уу, хэзээ хаанчлалд орж ерөөл эдэлж болох, хаанчлалын үзэсгэлэнт дүр зураг ямар байх зэрэг зүйлийг л онцгойлон сонирхдог. Эдгээр нь тэдний хамгийн их санаа зовдог зүйл юм. Тиймээс хэсэг хугацаанд тэвчсэнийхээ дараа тэнгэр газар өөрчлөгдөөгүй хэвээр, дэлхийн улс орнууд хэвийн байдалтай байгааг хараад тэд “Бурханы эдгээр үг хэзээ биелэх юм бэ? Би хэдэн жил хүлээлээ—яагаад одоо болтол биелээгүй байна вэ? Бурханы үг үнэхээр биелж чадах уу? Бурхан хэлсэндээ хүрдэг юм уу, үгүй юм уу?” гэж хэлдэг. Ингээд энэ хүмүүс тэвчээр алдарч, тайван бус болж, ертөнц рүү буцаж, өөрсдийн амьдралаар амьдрах боломж хайхыг хүсэж эхэлдэг.

Бурханы ажил болон Бурханы илэрхийлдэг үнэн үргэлж хүний төсөөллөөс хэтэрдэг, үргэлж хүний үзлээс ангид байдаг. Хүмүүс хэчнээн хичээсэн ч үүнийг ухаарч, хэмжиж чаддаггүй. Тэд Бурханы ажлын арга барил яг юу болох, эсвэл ямар зорилгод хүрэх гэж байгааг мэддэггүй тул эцэстээ зарим хүн: “Бурхан үнэхээр оршдог юм уу? Бурхан яг хаана байдаг юм бэ? Бурхан үнэнийг үргэлжлүүлэн илэрхийлсээр байгаа ч хэтэрхий ихийг илэрхийлээд байгаа юм биш үү? Бурхан биднийг хаанчлалдаа оруулна гэж хэлээгүй бил үү? Бид хэзээ тэнгэрийн хаанчлалд орж чадах вэ? Эдгээр зүйл яагаад одоо болтол биелээгүй, хэрэгжээгүй байна вэ? Дахиад яг хэдэн жил шаардлагатай вэ? Бурханы өдөр ойрхон байна гэж үргэлж ярьдаг ч энэ ‘ойрхон’ гэдгийг олон жил дурдлаа—яагаад ийм хол, дуусашгүй мэт санагдаад байна вэ?” гэж эргэлзэж эхэлдэг. Тэд ингэж бодоод зогсохгүй энэхүү эргэлзээгээ хаа сайгүй тараадаг. Энэ нь ямар асуудлыг илтгэж байна вэ? Тэд маш олон номлол сонссон мөртөө яагаад үнэнийг огт ойлгодоггүй юм бэ? Тэд яагаад үргэлж хүний үзэл, төсөөллөөр Бурханы ажлыг хязгаарладаг юм бэ? Тэд яагаад эдгээрийг Бурханы үгийн дагуу харж чаддаггүй вэ? Тэд Бурханы үгээр дамжуулан Бурханы оршин тогтнолыг баталж, авралд хүрэх замыг тодорхойлж чадаж байна уу? Бурханы хэлдэг энэ бүх үг, хийдэг бүх зүйл нь хүмүүсийг аврахын төлөө гэдгийг тэд ойлгодог уу? Хүмүүс үнэнийг олж авч, авралд хүрч байж л Бурханы хүн төрөлхтөнд амласан бүх ерөөлийг хүртэж чадна гэдгийг тэд ойлгодог уу? Хэлж байгаа үг, тарааж байгаа үзлээс нь харахад тэд Бурхан яг юу хийж байгааг, Бурхан энэ бүх ажлыг хийж, энэ бүх үгийг хэлж байгаагийн зорилго яг юу болохыг үндсэндээ ойлгодоггүй нь илэрхий байна. Тэд ердөө л үл итгэгчид юм! Олон жил номлол сонсож, Бурханы гэрт олон жил мунгинасны дараа тэд юу олж авсан бэ? Тэд Бурхан оршин байдаг эсэхийг ч батлаагүй, энэ талаар тодорхой хариултгүй байдаг. Тэд чуулганд ямар үүрэг гүйцэтгэдэг вэ? Хэсэг хугацаанд хөдөлмөрлөөд ерөөл хүртээгүйнхээ дараа тэд бусдыг төөрөгдүүлж, үймүүлэхийн тулд ичгүүргүйгээр үзэл тараадаг. Тэдний тоомжиргүй хэлдэг зүйлс нь Бурхан болон Бурханы ажлын эсрэг шүүлт юм. Тэдний зарим нь “Бурханы ажил гурваас таван жилийн дотор дуусна гэж би өмнө нь боддог байсан; арван жил өнгөрчхөөд байхад одоо болтол дуусаагүй байна гэж би төсөөлөөгүй. Энэ ажил хэзээ дуусах юм бэ? Гэрчлэлийн нийтлэлүүд тасралтгүй бичигдэж, магтан дууны видео, кино тасралтгүй хийгдэж, сайн мэдээг тасралтгүй түгээж байна—энэ хэзээ дуусах юм бэ?” гэж хэлдэг. Тэд бүр бусад хүнээс: “Та нар ч бас тэгж бодохгүй байна уу? За яах вэ, та нар юу гэж бодох нь хамаагүй, би лав тэгж бодож байна. Би бол шударга хүн; бодож байгаагаа хэлдэггүй, дотроо нууж явдаг зарим хүн шиг биш, санаанд орсон бүхнээ хэлдэг” гэж асуудаг. Тэд ямар “шударга” юм бэ, юу ч хэлж зүрхэлдэг! Тэд бүр дордуулан “Хэрвээ бурханы ажил удахгүй дуусахгүй бол би зүгээр л явж ажил олж, мөнгө хийж, өөрийнхөөрөө амьдарна. Бурханд итгэсэн энэ олон жилд би маш олон сайхан хоол, маш олон зугаатай газар, маш их материаллаг таашаалаас хоцорсон! Хэрвээ би бурханд итгээгүй бол өнгөрсөн жилүүдэд харшид амьдарч, машин унаж, тэр ч бүү хэл дэлхийг хэд хэдэн удаа тойрон аялах байсан байх. Эргээд бодоход, бурханд итгэдэггүй байсан үеийн амьдрал үнэхээр сайхан байж; би тун жаргалтай байсан. Хэдийгээр бага зэрэг хоосон санагддаг байсан ч би махан биеийн таашаал эдэлж, сайхан идэж ууж, ямар ч хязгаарлалтгүйгээр хүссэн бүхнээ хийж чаддаг байсан. Бурханд итгэсэн энэ жилүүдэд би маш их зовж, өөртөө хэтэрхий хатуу хандсан! Хэдийгээр би жаахан үнэнийг олж авч, зүрх сэтгэл минь арай уужирсан ч эдгээр үнэн тэр махан биеийн таашаалыг орлож чадахгүй! Тэгээд ч, бурханы ажил хэзээ ч дуусдаггүй, бурхан хүмүүст хэзээ ч илэрдэггүй, тиймээс би хэзээ ч үнэхээр аюулгүй гэж мэдэрдэггүй. Үнэнийг ойлгож, олж авах нь амар амгалан, баяр хөөр авчирдаг гэж хэлдэг ч амар тайван, баяр хөөртэй байх нь ямар хэрэгтэй юм бэ? Би махан биеийн таашаалыг эдлэхгүй л байна!” гэж хэлдэг. Ийм бодол тэдний толгойд тоо томшгүй олон удаа эргэлдэж, үүнийг өөртөө олон удаа давтан хэлсэн байдаг. Өөрсдийнх нь үзэл бат зогсох хангалттай үндэслэлтэй гэж итгэж, цаг нь болсон, Бурханы ажлыг өөлж гоочлох хангалттай чадахуйц болсон гэж мэдрэх үедээ тэд дээр эш татсан үг яриа, үзлийг өөрийн эрхгүй тараадаг. Тэд Бурханд сэтгэл дундуур байгаагаа, Бурханы ажлын талаарх үзэл, буруу ойлголтоо тарааж, илүү олон хүнийг Бурханыг болон Бурханы ажлыг буруу ойлгодог болгож төөрөгдүүлэхийг оролддог. Мэдээж, Бурханы төлөө өөрсдийгөө зарлагадахад нь илүү олон хүнд саад болж, одоогийн үүргээ орхиж, Бурханыг голоход хүргэхийг хүсдэг далд сэдэлтэй зарим хүн бас бий; хэрвээ чуулган тарж бутарвал тэдний хувьд хамгийн сайн хэрэг болно. Тэдний зорилго юу вэ? “Би ерөөл хүртэж чадахгүй юм бол та нарын хэн нь ч хүртэнэ гэж найдах хэрэггүй. Би та нарыг бүгдийг чинь баллана, тэгснээр та нарын хэн нь ч үнэнийг, эсвэл бурханы амласан ерөөлийг олж авна гэж найдалтгүй!” Ерөөл хүртэх найдваргүй гэдгээ хараад тэд цаашид хүлээх тэвчээрээ алддаг. Тэд өөрсдөө ерөөл хүртдэггүй, бусдыг ч бас хүртээсэй гэж хүсдэггүй. Тиймээс үзэл тараах үедээ тэд нэг талаар сэтгэл дундуур байгаагаа гаргаж, Бурханы ажлын юу нь ч хүний үзэл, төсөөлөлтэй нийцэхгүй байна, Бурханы ажиллах арга барил нь хүмүүсийн мэдрэмжийг харгалзан үздэггүй гэж гомдоллодог. Үүний зэрэгцээ тэд илүү олон хүнийг төөрөгдүүлж, Бурханыг буруу ойлгож, Бурханы талаар гомдоллож, Бурханы талаар үзэлтэй болж, итгэлээ алдахад хүргэхийг хүсдэг. Илүү олон хүн яг өөрсөд шиг нь Бурханыг буруу ойлгож, Түүний талаар үзэлтэй болсны улмаас Бурханыг орхиосой гэж тэд хүсдэг.

Б. Үзэл тараадаг хүмүүст хэрхэн хандах вэ

Чуулганд хэн нэгэн Бурханы талаарх үзэл, сэтгэл дундуур байдлаа тараавал ямар үр дагавар гарах вэ? Энэ нь чуулганы амьдралын үр дүнд шууд нөлөөлөх үү? Энэ нь чуулганы хэвийн амьдрал болон чуулганы ажлыг үймүүлэх үү? (Тэгнэ.) Энэ нь хүмүүсийн Бурханд итгэх итгэлд нөлөөлж, үүргээ хэвийн гүйцэтгэх чадварт нь нөлөөлдөг. Тиймээс үзэл тараадаг хүмүүсийг хязгаарлах ёстой. Тэд хааяа нэг ийм зүйл ярьдаг байлаа ч гэсэн тэднийг хязгаарлаж, ялган таних хэрэгтэй; тэдний хүн чанар ямар болохыг, үзэл тарааж байгаа нь түр зуурын сөрөг, сул дорой байдлаас болсон уу, эсвэл уг чанар-мөн чанарт нь асуудал байгаагаас болсон уу, тэд тууштайгаар үнэнийг эрэлхийлэхгүй байна уу, илүү олон хүнийг төөрөлдүүлж, чуулганы амьдралыг үймүүлж, сүйтгэхийн тулд санаатайгаар үзэл тарааж байна уу гэдгийг харах хэрэгтэй. Хэрвээ энэ нь зүгээр л хааяа нэг гардаг сөрөг, сул дорой байдал бол үнэнийг нөхөрлөх замаар тэднийг дэмжиж, туслахад хангалттай. Хэрвээ тэд зөвлөгөөг авахгүй, үзэл тарааж, чуулганы амьдралыг үймүүлсээр байвал, бүр бусдыг сөрөг, сул дорой болгож, үүргээ хэвийн гүйцэтгэх чадварт нь нөлөөлж байвал, энэ нь тэд Сатаны зарц нар гэсэн үг бөгөөд тэднийг зарчмын дагуу зайлуулах ёстой. Яагаад тэдэнд дахин боломж олгож болохгүй гэж? Та нар ийм хүмүүсийг үл итгэгчид гэж бодож байна уу? (Тийм.) Хүн чанар нь ямар байхаас үл хамааран ийм хүмүүс бол үл итгэгчид юм. Үл итгэгчид бол улаан буудай дундах зэрлэг өвс шиг—тэднийг зулгааж хаях хэрэгтэй. Хэрвээ тэд үл итгэгчдийн зарим илрэлийг л гаргадаг, чуулганы амьдралд үймээн үүсгээгүй, мөн чуулганы анд нөхөд болж, үйлчлэл үзүүлж чадаж байгаа бол тэднийг зүгээр орхиж болно. Гэвч байнга үзэл тараадаг хүмүүс үл итгэгчдийн үзэл бодол, үг яриаг үргэлж илэрхийлдэг. Тэд хамаагүй юм яриад байгаа юм биш; тэдний зорилго бол илүү олон хүнийг өдөөн турхирч, төөрөлдүүлж, Бурханаас холдоход хүргэх явдал юм. Тэдний санаархал бол ийм: “Би ерөөл хүртэж чадахгүй бол дахиж итгэхгүй. Та нарын хэн нь ч ерөөл хүртэнэ гэж найдах хэрэггүй, та нар ч бас итгэх ёсгүй! Хэрвээ та нар итгэсээр байгаад, эцэстээ хэзээ нэгэн цагт ерөөл хүртчихвэл би эвгүй байдалд орох биш үү? Тэгвэл миний дотоод сэтгэл яаж тэнцвэртэй байх юм бэ? Тэгж болохгүй. Ирээдүйд харамсахгүйн тулд би та нарыг үймүүлж, итгэлийг тань ганхуулж, бурханаас холдуулж, бурханаас урвуулж, надтай хамт чуулганыг орхиход хүргэнэ—тэгвэл хамгийн сайн”. Энэ бол тэдний зорилго. Ийм үл итгэгчдийг зайлуулах ёстой биш үү? (Тийм.) Тэднийг зайлуулах ёстой. Хэрвээ зарим үл итгэгч итгэхээ боливол чуулган зүгээр л Бурханы үгийн номуудыг нь хурааж аваад, нэрийг нь хасчихна. Бурханд итгэх талаар болон итгэгчдийн талаар тодорхой хэмжээний эерэг мэдрэмжтэй байдаг өөр үл итгэгчид бий. Тэд чуулганд эерэг үүрэг гүйцэтгэдэггүй; зүгээр л чуулганы анд нөхөд болж хааяа тусалдаг. Ийм хүмүүс үнэнийг эрэлхийлдэггүй, үнэнийг нөхөрлөдөггүй ч гэсэн үзэл тараадаггүй, чуулганы амьдралыг үймүүлдэггүй. Тэд бага зэрэг үйлчлэл үзүүлж чадаж л байвал чуулганд үлдэхийг нь зөвшөөрөх ёстой бөгөөд зайлуулах шаардлагагүй. Харин байнга үзэл тараадаг тэр үл итгэгчдэд ямар ч өршөөл үзүүлэх ёсгүй. Тэд Бурханы талаарх үзэл, буруу ойлголтоо тарааж, чуулганы амьдралыг үймүүлж, чуулганы ажилд саад болж, үймээн үүсгэдэг. Эдгээр үл итгэгч бол Сатаны зарц нар юм. Тэдэнд үзэл байдаг; гэвч тэд үүнийгээ шийдвэрлэхийн тулд үнэнийг эрж хайдаггүйгээр үл барам, Бурханы сонгосон хүмүүсийг төөрөлдүүлэхийн тулд үзлээ тараадаг. Тэд Бурханаас урвадаг бөгөөд өөр хэдэн хүнийг чирч өөрсөдтэйгөө хамт сүйрүүлэхийг хүсдэг. Ийм санаархлаар тэд чуулганы ажлыг үймүүлдэг. Бурхан тэднийг уучилж чадах уу? Үгүй, тэднийг өршөөж болохгүй. Энэ бол тэднийг хязгаарлах, тусгаарлах тухай асуудал биш; тэднийг цэвэрлэж, үүрд нэрийг нь хасах ёстой, өчүүхэн төдий ч өршөөл үзүүлж болохгүй!

Чуулганд зарим хүн хэзээ ч үнэнийг эрэлхийлдэггүй, хүмүүсийг аврахын тулд Бурхан хэрхэн ажилладгийг хэзээ ч ойлгодоггүй. Зарим зүйлийг туулсныхаа дараа тэд Бурханы талаар буруу ойлголт, эсэргүүцэл, гомдолтой болдог; тэдний хэлдэг, хийдэг зарим зүйл нь үзэл тараах үүрэг гүйцэтгэдэг. Тэдний тараадаг үзэл нь Бурханы үг, ажлыг ташаа ойлгосон, эсвэл Бурханы талаарх буруу ойлголт төдий биш юм. Зарим нь илүү ноцтой бөгөөд Бурханы үг бол үнэн гэдгийг шууд үгүйсгэдэг—тэд Бурханыг бүрмөсөн шүүж, ялладаг. Тэдний тараадаг бусад үзэл нь бүр Бурханыг ил тодоор дайрч давшилж, доромжилдог. Тэд бүтээгдсэн зүйл юм уу Бурханыг дагагчийн байр суурин дээр зогсож, дуулгавартай зүрх сэтгэлээр өөрсдийн завхрал, тэрслүү байдлыг задлан шинжилдэггүй, мэдэх гэж оролддоггүй, мөн үнэнийг хүлээн авч, Бурханы ажлын талаарх ойлголт, Түүний санаа зорилгын талаар ойлгож ухаарснаа нөхөрлөдөггүй. Тэдний илэрхийлдэг үзэл нь эдгээр эерэг ойлголтын яг эсрэг байдаг. Бусад хүн тэдний үзлийг сонсохдоо Бурханы талаар ойлголт олж авдаггүй, жинхэнэ итгэл суудаггүй, мэдээж Бурханд итгэх итгэл нь ч өсдөггүй. Харин ч Бурханд итгэх итгэл нь тодорхойгүй болж, багасаж, тэр ч байтугай бүрмөсөн алга болдог. Үүний зэрэгцээ, Бурханы ажлын талаарх үзэгдэл тэдэнд бүдгэрдэг. Хүмүүс тэдний тараадаг үзлийг сонсох тусам зүрх сэтгэл нь улам бүр булингартаж, бүр яагаад Бурханд итгэх ёстойгоо ойлгохоо больж, Бурхан оршин байдаг эсэхэд эргэлзэж эхлэх хэмжээнд хүрдэг. Бурханы үг үнэн мөн эсэх, Бурханы үг, ажил хүмүүсийг ариусгаж, аварч чадах эсэх болон бусад иймэрхүү асуудал бүгд тэдэнд бүдэг бадаг, эргэлзээтэй болдог. Хүмүүс ийм хүмүүсийн тараасан үзэл, буруу ойлголтыг сонсохдоо Бурханд эргэлзэж, Бурханаас сэрэмжилж эхэлдэг; тэд зүрх сэтгэлдээ Бурханыг хязгаарлаж, Бурханы талаар буруу ойлголт, гомдолтой болж, бүр сэтгэл дотроо Бурханаас холдож эхэлдэг. Энэ бол маш төвөгтэй хэрэг. Тэдэнд ийм сөрөг бодол, үзэл бодол, төлөвлөгөө, зохиомж бий болмогц тэдний хүлээн авсан мэдээлэл, үг яриа нь үнэн байтугай, хэвийн хүн чанарын хэрэгцээнд ч нийцэхгүй байгаа нь тодорхой болдог—эдгээр нь зуун хувь Сатанаас ирдэг гэдэг нь гарцаагүй. Үзэл тараадаг хүмүүсийн сэдэл, санаархал ямар байхаас үл хамааран, тэд худал хуурмаг, үндэслэлгүй цуу яриаг санаатай эсвэл санамсаргүйгээр тараасны аль нь ч бай, чуулганд муу нөлөө үзүүлж л байгаа бол тэднийг хязгаарлах ёстой. Мэдээж, хэрвээ ийм хүмүүсийг чуулганы амьдралын гадна илрүүлж, ялган танивал тэднийг бас даруй зогсоож, хязгаарлах хэрэгтэй. Үнэнийг ойлгодог хүн Бурханы үг юм уу өөрийн ойлголтыг ашиглан ийм зүйл тараадаг хүмүүсийг няцааж, ил болгож, тэднийг ялган танихад нь ах эгч нарт тусалж чадвал энэ нь бүр ч сайн. Энэ бол Сатаны эсрэг тулалдаж байгаа хэрэг юм. Хэрвээ чамд тийм биеийн хэмжээ байхгүй бол чи тэднийг ялган таньж, тэднээс хол байж сурах хэрэгтэй. Хэрвээ чамд биеийн хэмжээ байгаа бол чи тэднийг ил болгох ёстой. Та нар ингэж зүрхлэх үү? Яаж хийхийг мэдэх үү? Энэ нь хүнд үнэн-бодит байдал байгаа эсэхийг хамгийн их илчилдэг. Зарим шинэ итгэгч ийм хүмүүсийн Бурханы талаар тарааж буй үзэл, буруу ойлголтыг сонсоод цочирдож, “Бурханд итгэдэг хүн яаж ингэж ярьж чаддаг байна аа?” гэж хэлдэг. Суурьгүй хүмүүс эдгээр үзэл, худал хуурмагийг сонсвол сөрөг, сул дорой болох уу? Тэд эдгээр худал хуурмагийг хүлээн авах уу? Тэд төөрөлдөж, чуулганыг орхих уу? Эдгээр нь бүгд боломжтой. Үзэл тараадаг хүн “Би дахиж хэзээ ч бурханд итгэхгүй” гэж хэлэх үедээ ямар байдалтай байснаас үл хамааран энэ нь тэр Бурханд итгэх итгэлээ бүрмөсөн алдсан бөгөөд үл итгэгч гэдгийг нь илтгэдэг. Ийм үг тараах зорилго нь юу байхаас үл хамааран чи үүнийг сонсоод босгон байгуулалт олж авч чадах уу? (Үгүй.) Сул дорой байх үедээ эдгээр үгийг сонсвол чамд “Энэ хүн надтай ижил зовлонтой юм байна; тэр үзлээ ярих үед яг л сэтгэлийн гүн дэх бодлыг минь хэлж байгаа юм шиг байдаг” гэж санагдаж магадгүй. Гэвч итгэлтэй хүн эдгээр үгийг сонсвол “Энэ бол асар тэрслүү хэрэг! Яаж ийм үг хэлж чадаж байна аа? Энэ чинь Бурханыг доромжилж байгаа хэрэг биш үү? Би ийм зүйл хэлж зүрхлэхгүй, учир нь энэ бол Бурханы зан чанарт халдаж байгаа хэрэг!” гэж бодно. Тэд эдгээр үзлийг тарааж чадаж байгаа нь ийм бодол санаа аль эрт бий болж, зүрх сэтгэлд нь хэдийнээ үндэс сууриа тавьсныг илтгэж байна. Хэрвээ ийм бодол санаа дөнгөж бий болж эхлээд, соёолох шатандаа байгаа, үзэл болж бүрэн бүрэлдээгүй бол, мөн тэдгээрийг гаргаж хэлдэггүй, бусдыг төөрөлдүүлж, үймүүлээгүй л бол энэ нь тэдэнд жаахан ч гэсэн эрүүл ухаан байгааг харуулж байна; тэд хэл амаа хичээж, улмаар зайлуулагдах үр дагавраас зайлсхийж чадна. Гэвч хэрвээ тэд бодож байгаагаа хэлж, чуулганы амьдралыг үймүүлбэл тэдэнд дахин найр тавих аргагүй; тэднийг ил болгож, зайлуулах хэрэгтэй. Үнэнийг хайрладаггүй, үнэнийг ухаарч ойлгох чадваргүй хүмүүс байнга үзэлтэй болох хандлагатай байдаг. Харин Бурханы үгийг байнга уншдаг, ухаарч ойлгох чадвартай хүмүүс үзэлтэй боллоо ч гэсэн шийдвэрлэхийн тулд үнэнийг эрж хайна. Байнга үзэл тараадаг хүмүүсийг Бурханы ажил илчилж, таягдан хаядаг; тэд бол үнэнийг огт хайрладаггүй, үнэнийг хүлээн авч чаддаггүй хүмүүс бөгөөд бүгд үнэнийг зэвүүцэж, үнэнийг үзэн яддаг. Энэ бол маргаангүй юм.

Янз бүрийн улс орон, газар нутаг дахь чуулганы амьдралд үзэл тараах асуудал гарцаагүй байдаг, учир нь үнэнийг хайрладаггүй хүмүүс хаа сайгүй байдаг. Үнэнийг эрэлхийлдэггүй, үнэнийг зэвүүцдэг, махан биеийн жаргал эрж хайдаг хүмүүс, түүнчлэн үл итгэгчид, ёрын муу хүмүүс гэх мэтийн хүмүүс үнэнийг эрэлхийлдэггүй учраас Бурханы үг болон бие махбодтой болсон Бурханы талаар үргэлж үзэл тээж байдаг. Тэдний зүрх сэтгэл үзлээр дүүрч, Бурханы талаарх төсөөлөл, Бурханд тавих шаардлагаар дүүрэн бөгөөд Бурханы хэлдэг үг бүрийг цэвэр ариунаар ухаарч, ойлгож чаддаггүй; тэдгээрийг зөвхөн өөрсдийн үзэл, дур сонирхол, тэр ч бүү хэл хувийн ашиг алдагдалдаа суурилж ойлгодог. Тэдний зүрх сэтгэл төрөл бүрийн үзэл, төсөөлөл, Бурханд тавьдаг үндэслэлгүй шаардлагаар, мөн Бурханы талаарх янз бүрийн буруу ойлголт, шүүлт зэргээр дүүрэн байдаг. Тиймээс энэ хүмүүс үзэл тараах нь жам ёсны хэрэг бөгөөд энэ нь шинэ зүйл биш юм. Ийм хүмүүс оршин байгаа цагт үзэл тараах явдал үе үе гарах бөгөөд хэдийд ч тохиолдож болно. Бурханы хэлдэг үг, хийдэг зүйл үзэл, хүсэлд нь нийцэхгүй, ашиг сонирхлыг нь хохироох үед тэд уурсан хилэгнэж, өөрсдийн ашиг сонирхлын төлөө дуугарч, Бурхантай болон Түүний ажилтай тэмцэлдэж эхэлдэг. Энэ хүмүүс үргэлж үнэний эсрэг, Бурханы эсрэг зогсож, Бурханы үг, Бурханы зан чанар, Бурханы ажилд дүн шинжилгээ хийж, шинждэг. Тэд Бурханы үг, ажлын зөв эсэхийг тасралтгүй шинжиж, шалгадаг бөгөөд мөн бие махбодтой болсон Бурханы махбод нь Бурханы ялгамж чанар, байр суурьтай нийцэж байгаа эсэхийг баталгаажуулахыг хүсдэг. Баталгаажуулах явцдаа оновчтой хариулт олоход тэдэнд маш хэцүү байдаг; тэдний нүдээр бол Бурханы үг биелж, хэрэгжих нь бүр ч хэцүү байдаг. Тиймээс үзэл тараах үед тэдэнд ярих зүйл их байдаг. Тэд цаг хугацаа, газар нутаг, орчин нөхцөлийг харгалзахгүйгээр үзлээ тараадаг. Тэд Бурханд ямар нэг байдлаар сэтгэл дундуур байх болгондоо аливааг өөрсдийн үзлээр хэмждэг. Хэрвээ Бурханы үг, ажил үзэлд нь нийцэхгүй бол тэд үзлээ хурдан илэрхийлдэг. Бид ийм төрлийн илэрхийллийг тараах гэж тодорхойлдог. Яагаад үүнийг “тараах” гэж нэрлэдэг вэ? Учир нь тэдний илэрхийлдэг зүйлс Бурханы сонгосон хүмүүс, чуулганы амьдрал, Бурханы гэрийн ажилд эерэг нөлөө үзүүлдэггүй. Харин ч зөвхөн үймээн үүсгэж, саад болж, хор хөнөөл учруулдаг. Тиймээс ийм үг яриа гаргахыг “тараах” гэж нэрлэх нь оновчтой юм.

Үзэл тараах асуудлын талаар наад захын ялган таних чадвартай болсны дараа хүмүүсийн янз бүрийн буруу үзэл, үг яриаг үнэнд суурилан задлан шинжилж, ялган таньж, дараа нь Бурханы гэрийн дүрмийн дагуу шийдвэрлэх ёстой. Ийм асуудлыг шийдвэрлэхэд удирдагч, ажилчид мэдээж зайлшгүй үүрэг хариуцлага хүлээнэ. Үүний зэрэгцээ, Бурханы сонгосон бүх хүн бас энэ нөхөрлөлийг сонссоныхоо дараа үзэл тараадаг хүмүүс болон тэдний үг яриа, зан авирыг ил болгож, задлан шинжлэх үүрэг, хариуцлагатай. Хэрвээ чамд тэднийг зогсоох, хязгаарлах зориг хүрэхгүй бол Бурханы үг болон өөрийн ойлгодог үнэн дээр үндэслэн тэдэнтэй нөхөрлөж, мэтгэлцэж болно. Ингэж мэтгэлцэхийн зорилго юу вэ? Энэ нь биеийн хэмжээ жижиг, үнэний талаар ойлголтгүй хүмүүст мэтгэлцээнийг сонссоныхоо дараа хэний үг үнэнд нийцэж байгааг ухаардаг болгох зорилготой, ингэснээр тэд зарим хүний тараадаг үзэл, худал хуурмагт мунгинаж, төөрөлдөхгүй юм. Энэ нь Бурханы сонгосон хүмүүс болон чуулганы амьдралд ашиг тустай. Хэн нэгэн үнэнд нийцэхгүй үг хэлж байгааг олж илрүүлбэл—хүний үзэл, худал хуурмагийн аль нь ч бай—мэтгэлцээн өрнүүлэх ёстой. Ийм мэтгэлцээн хүмүүсийг босгон байгуулдаг. Ядаж л хөндлөнгийн хүмүүс энэхүү мэтгэлцээнийг сонссоныхоо дараа үзэл тараадаг хүмүүсийн үг үнэхээр үзэл болохыг тодорхой харж, эдгээр үзлийн аль хэсэг нь үнэнд нийцэхгүй байгаа, үзлийн мөн чанар юу болох, яагаад үнэнд нийцэхгүй байгаа, тэдгээрийг яагаад үзэл гэж тодорхойлдог, яагаад тэдгээрийг тараадаг хүмүүсийг хязгаарлах ёстой гэх мэтийг ойлгож чадна—тэд мунгинаж төөрөлдөн, тоглоом шоглоом болохын оронд эдгээр асуудлын талаар оновчтой ойлголттой болж чадна. Хэдийгээр хүмүүсийн тараадаг үзэл нь Бурханы сонгосон хүмүүсийн амь-оролт болон чуулганы амьдралд тодорхой хэмжээнд саад болж, хор хөнөөл учруулж болох ч ийм зүйл туулах нь хүмүүсийн хувьд тийм ч муу зүйл биш юм. Ядаж л энэ нь тэдний ялган таних чадварыг нэмэгдүүлж, үзэл тараадаг хүмүүсийн үнэн төрх ямар болох, үзэл тараахдаа ямар зан чанар илчилдэг, мөн тэдний тараадаг үзэл болон үнэний хоорондох ялгааг харах боломж олгодог. Нэг талаар, хүмүүс эдгээр үг яриаг ялган таньж, дархлаатай болж чадна. Нөгөө талаар, тэд бас ийм хүмүүсийг тодорхой хэмжээгээр ялган таньж, үл итгэгчид болон үнэнийг огт эзэмшээгүй, Бурханы талаар байнга үзэл тээдэг хүмүүс ямар үг хэлдгийг мэдэж авах бөгөөд тэдний итгэл жинхэнэ биш гэдгийг мэднэ—ядаж л хүмүүс ийм ялган таних чадвар олж авч чадна. Мэдээж, хэрвээ чамд ийм асуудал хараахан тулгараагүй бол “Бурхан минь, ‘хүмүүсийн тараадаг үзэл’ гэж юу болохыг харах боломжтой болгохын тулд надад орчин нөхцөл зохицуулж өгөөч” гэж бүү бодлогогүйгээр залбир. Үзэл тараахыг харах нь тоглоом биш бөгөөд чамайг амархан төөрөгдүүлж болзошгүй. Ийм зүйл тохиолдох үед чи үүнийг зөв зохицуулах ёстой. Тэдгээрийг зүгээр өнгөрөөж, зайлсхийж болохгүй; зөв нүүр тулж, Бурханы чамд зориулан бүрдүүлсэн орчин нөхцөл бүрд нухацтай, хянуур хандлагаар ханд. Энэ бол үнэнийг эрэлхийлдэг хүний үнэнийг олж авахын тулд баримтлах ёстой хандлага юм. Хэн нэгэн үзэл тарааж байхтай таарах үедээ чи Бурханд ингэж залбирч сурах хэрэгтэй: “Бурхан минь, надтай хамт байж, намайг гэгээрүүлж, залж чиглүүлээч, ингэснээр би эдгээр үгийг, ийм хүнийг ялган таньж чадах болно, бас энэ хүмүүсийн үзлээс аль нэг нь миний дотор байгаа эсэхийг таньж мэддэг болгож өгөөч.” Тэгээд залбирсныхаа дараа энэ хэрэг явдлыг туул. Мэдээж, энэ нь бас чи хэр их үнэнийг үнэхээр ойлгодог, биеийн хэмжээ чинь хэр том болохыг шалгах цаг үе байх болно. Хэн нэгэн үзэл тараах үед хэрвээ чи сонсоод дотроо ямар ч хариу үйлдэл үзүүлэхгүй, юу ч бодохгүй, харин яг л радио шиг—тэдний илэрхийлж, тарааж байгаа ямар ч үзлийг эсэргүүцэхгүй, голох чадваргүйгээр, тэр ч байтугай ямар ч ялган таних чадваргүйгээр хүлээж авбал энэ маш төвөгтэй биш гэж үү? Зарим хүн хэн нэгнийг үзэл илэрхийлэхийг сонсохдоо хэлж байгаа зүйл нь буруу гэдгийг зүрх сэтгэлдээ мэдэрч, тэр хүнтэй нөхөрлөж, мэтгэлцэхийг хүсдэг боловч өөрийгөө хэрхэн зөв илэрхийлэхээ, тэр хүнийг яаж ил болгож, задлан шинжлэхээ мэддэггүй. Тэд бас үр дүнтэй сөрж маргаж чадахгүй бол нүүр нь улайж, эцэстээ ялагдах үедээ нэр нүүрээ барж, эвгүй байдалд орохоос айдаг. Гэвч тэд бас мэтгэлцэхгүйгээр зүгээр орхихыг хүсдэггүй бөгөөд “Би олон номлол сонсож, нэлээд ихийг ойлгосон атал яагаад тэднийг няцаах үг олдохгүй байна вэ? Надад Бурханы талаар ямар ч үзэл байхгүй, би Бурханд үнэн сэтгэлээр итгэдэг, тэгвэл худал хуурмагийг няцаах цаг одоо ирсэн байхад би яагаад тодорхой тайлбарлаж чадахгүй байна вэ?” гэж боддог. Тэд үзэл тарааж буй хүнийг улам их ярьж, үг нь улам бүр жигшүүртэй, зэвүүцмээр болж байгааг харж байгаа ч тэднийг няцааж, задлан шинжилж чаддаггүй, босож зогсоод ил болгож чаддаггүй, зогсоож бүр ч чаддаггүй тул дотроо маш их бачимдаж, санаа зовдог. Энэ мөчид л тэд өөрсдийнх нь биеийн хэмжээ хэтэрхий жижиг болохыг ухаарч, үнэний талаарх ойлголт нь хараахан бүрэн гүйцэд, зөв үзэл бодол болж төлөвшөөгүй, ердөө л зарим нэг тасархай үг хэллэг, сарнисан багахан гэрэл, санаа төдий бөгөөд үнэний талаарх жинхэнэ мэдлэг огт биш гэдгийг олж хардаг. Тэр хүн үзэл тарааж, хүмүүсийг төөрөлдүүлж байгааг, мөн үл итгэгч гэдгийг нь тэд маш сайн мэддэг бөгөөд тэднийг ил болгож, үзэл бодлыг нь няцаахыг хүсдэг ч ингэх тохиромжтой, хүчирхэг үг хэллэг байдаггүй. Тэд дөнгөж л “Бурханы хийдэг бүхэн сайн; чи үүнийг хүлээн авах ёстой. Бурхан ариун, төгс төгөлдөр; Тэр чиний хэлж байгаа шиг огт биш. Бурхан бүх зүйлийг захирдаг, хүмүүс бол бүтээгдсэн зүйл. Тэд Бурханыг дуулгавартай дагах ёстой. Бурханыг дуулгавартай дагаснаараа хүмүүс хохирдоггүй” гэж хэлж дөнгөдөг. Тэд оновчтой цэгийг нь огт онодоггүй эдгээр өнгөц онолыг л хэлж чаддаг. Энэхүү онцгой үйл явдлыг туулсныхаа дараа тэд биеийн хэмжээ нь хэтэрхий жижиг болохыг ухаарч, “Би яагаад ийм чадваргүй юм бэ? Ер нь бол би том том хоосон сургаалыг эцэг төгсгөлгүй хэлж, нэлээд уран яруу ярьж чаддаг; цуглаан дээр нэг цаг асуудалгүй ярьж, номлолын тэмдэглэл гурав, таван хуудас бичихдээ нүдээ ч цавчдаггүй, энэ тал дээрээ маш итгэлтэй байдаг. Гэвч ийм үзэл тарааж, Бурханыг ингэж шүүж, доромжилж байгаа хүнтэй тулгарах үед надад яагаад сонор сэрэмж, хариу үйлдэл алга байна вэ? Би яагаад хүчтэй ил болгож, няцаалт өгч чадахгүй байна вэ?” гэж боддог. Тэд үүнээс юу олж мэддэг вэ? Тэд үнэнийг ойлгодоггүй гэдгээ ухаарч байгаа хэрэг биш үү? Ингэж ухаарах нь сайн зүйл үү, муу зүйл үү? (Сайн зүйл.) Эцэст нь тэд бодит биеийн хэмжээгээ олж мэддэг. Хэрвээ тэд үзэл тарааж буй хүнтэй таараагүй бол өөрсдийгөө биеийн хэмжээтэй, үнэнийг ойлгодог, ялган таних чадвартай, бүхнийг нэвт харж чаддаг, янз бүрийн сүнслэг хоосон сургаал номлож чаддаг, үнэн бүрийн талаар нэвтэрхий сайн нөхөрлөж чаддаг гэж бодсоор байх байсан биз. Гэвч үзэл тарааж буй хүнтэй нүүр тулах үедээ буруу гэдгийг нь мэдэж байгаа ч арга мөхөстөж, юу ч хийж чадахгүй, эцэст нь ялагддаг. Энэ ичмээр үү? Энэ алдар хүндтэй хэрэг үү? (Үгүй.) Тэгвэл үүнийг яаж шийдвэрлэх ёстой вэ? Хэрвээ чамд тэдэнтэй маргах зөв үг байхгүй, бас ичгүүртэй байдалд орохгүйгээр, Сатаныг бүрмөсөн шившиглэж, ялахын тулд гэрчлэлдээ бат зогсохыг хүсэж байвал яах ёстой вэ? Би та нарт нэг үр дүнтэй арга хэлж өгье: Хэрвээ чи тэднийг эцэс төгсгөлгүй үзэл тарааж, ихэнх хүн ялган таних чадваргүй, тэдний нөлөөнд автаж байгааг харсан ч тэднийг маргаанд ялж чадахгүй бол ширүүлэх цаг нь болжээ; ширээ шаагаад ингэж хэл: “Ам тат! Чи юу яриад байгаа юм бэ? Би чамайг маргаанд ялж чадахгүй байж магадгүй ч чамайг үл итгэгч гэдгийг би мэднэ! Ярьж байгаа юмаа хар даа; үнэнд нийцэх ганц ч гэсэн үг байна уу? Чи Бурханы нигүүлслийг ийм олон жил эдэлсэн мөртөө Бурханыг магтсан, гэрчилсэн ганц үг хэлж үзсэн үү? Чамд Бурханд гомдоллох зүйл байгаа юм байна; чаддаг юм бол гурав дахь тэнгэр лүү шууд очоод Бурханд шууд хэл. Энд үймээн тарихаа боль. Би одоо чамд гарч зайл гэж албан ёсоор тушааж байна!”. Та нар ингэж хэлж зүрхлэх үү? Энэ нь адгуу зан гаргаж байгаа хэрэг үү? (Үгүй, тийм биш.) Энэ бол Сатанд тунхаглал зарлаж байгаа хэрэг. Зүгээр л ингэж хий. Тэдэнд “Гарч зайл, чи муу үл итгэгч! Бурханы ийм их нигүүлслийг дэмий хоосон эдэлжээ чи, мөс чанаргүй өөдгүй амьтан; чи хүн байх эрхгүй!” гэж хэл. Ердөө хоёр үг: “Гарч зайл!” Энэ ямар сонсогдож байна? Энэ хүчтэй боловч үүнийг хамаагүй хэрэглэж болохгүй. Үнэнийг хараахан ойлгоогүй байгаа шинэ итгэгч ах эгч нарт ингэж хэлж болохгүй, харин үл итгэгчид болон Сатаны зарц нарт өршөөлгүйгээр ийм тушаал өгч болно: “Энэ бол Бурханы гэр, жинхэнэ ах эгч нарын гэр, Бурханыг дагадаг хүмүүсийн гэр. Энэ бол диавол, Сатануудын гэр биш. Энд диавол, Сатанууд хэрэггүй. Чи бол диавол, Сатан, тиймээс гарч зайл!” Энэ зохистой юу? (Тийм.) Энэ бол хамгийн сайн арга биш; та нарын биеийн хэмжээ жижиг учраас, Сатантай тулалдах хангалттай биеийн хэмжээ та нарт байхгүй учраас л Би та нарт энэ аргыг зааж байна. Үнэндээ энэ нь хамгийн тохиромжтой биш. Хамгийн тохиромжтой арга бол—хэрвээ та нар олон үнэнийг ойлгодог, Бурханд жинхэнээсээ итгэдэг, Бурханы талаар жинхэнэ мэдлэгтэй бол—тэднийг няцааж чадна, тэднийг нүүр хийх газаргүй болтол нь няцаа, ингэснээр эцэст нь тэд хүн бүрд: “Би итгэлээ хадгалж чадахгүй нь; би та нарын хэнтэй нь ч нүүр тулахаас дэндүү их ичиж байна. Би бол диавол, Сатан; би өөрөө чуулганаас явъя” гэж хэлнэ. Та нарт одоо ийм чадвар байхгүй учраас байнга үзэл тараадаг хүмүүст Миний заасан аргын дагуу хандах хэрэгтэй.

Чуулганд байнга үзэл тараадаг хүмүүсийг яаж шийдвэрлэхээ та нар одоо мэддэг болсон уу? Хүмүүсийг төөрөлдүүлэхийн тулд үзэл тараадаг хүмүүсийг одоо ялган таньж чадах уу? (Чадна.) Үзэл тараадаг ярианы үндсэн төрлүүд юу вэ? Нэг төрөл нь Бурханы үгэнд, нөгөө нь Бурханы ажилд, бас нэг нь Бурханы зан чанар, мөн чанарт чиглэдэг. Эдгээр яриа нь хөнгөн хэлбэр болох Бурханы талаарх төсөөлөл, буруу тайлбараас эхлээд ноцтой хэлбэр болох Бурханыг шүүх, яллах, доромжлох хүртэл байдаг. Үүнээс гадна, хүмүүсийн сөрөг, тэрслүү үг яриа буюу Бурханд гомдоллох, үл захирагдах, сэтгэл дундуур байх зэргээ илэрхийлэх явдал бас бий. Товчхондоо, үзэл тараадаг үгс нь бүгд Бурханыг эсэргүүцэж, шүүж, яллаж, доромжилсон шинж чанартай байдаг бөгөөд хүмүүсийг Бурханыг сэжиглэж, Түүнээс сэрэмжилж, буруу ойлгож, Түүнээс холдож, тэр ч бүү хэл Түүнийг голоход хүргэх үр дагавартай. Эдгээрийг ялган танихад амархан байх ёстой.

В. Үзлийг шийдвэрлэх зарчим ба зам

Үзэл тараах явдлын талаар нөхөрлөх шаардлагатай зарим нэг зүйл бас бий. Зарим хүн: “Чуулганы амьдралд үзэл тараах явдлыг ил болгож, задлан шинжилж, бас хязгаарлах ёстой гэдэг. Гэвч Бурханд итгэх явцад бид янз бүрийн үзэлтэй болох магадлалтай, энэ бол бидний хяналтаас давсан зүйл юм. Тиймээс үзлийн тухайд бид хэрэгжүүлэлтийн ямар замаар явбал зөв хэрэгжүүлж, чуулганы амьдралд саад болохгүй, үймээн үүсгэхгүй, бусдад сөрөг нөлөө үзүүлэхгүй, бусдын амийг хохироохгүй байж чадах вэ? Яаж үйлдвэл зохистой вэ?” гэж хэлдэг. Хүмүүст үзэл байдаг нь баримт биш гэж үү? Үүнээс зайлах аргагүй биш үү? (Тийм.) Зарим хүн “Үнэнийг эрэлхийлдэггүй хүмүүс л үзэлтэй болдог” гэж хэлдэг. Энэ үг зөв үү? Энэ үг зарим талаараа л зөв. Үнэнийг эрэлхийлдэг хүмүүс ч гэсэн онцгой хэрэг явдал тулгарах үед Бурханы талаар хааяа үзэлтэй болдог, учир нь хүмүүс үнэнийг болон Бурханы санаа зорилгыг ойлгохоосоо өмнө, Бурханы талаар мэдлэгтэй болохоосоо өмнө Бурханы үг, ажлын талаар зарим нэг үзэлтэй болдог. Эдгээр үзэл нь үнэнд нийцдэггүй, хүний зарим нэг ташаа бодол санаа юм. Зарим үзэл нь ёс суртахуун, гүн ухаан, уламжлалт соёл, ёс зүйн онол зэрэгтэй нийцэж магадгүй бөгөөд гаднаасаа эдгээр бодол санаа зөв мэт харагдаж болох юм. Гэвч тэдгээр нь үнэнд нийцдэггүй бөгөөд үнэнтэй зөрчилддөг. Энэ бол баримт юм. Хүмүүс эдгээр үзэлтэй хэрхэн нүүр тулах ёстой вэ? Хүмүүс үнэнийг эрэлхийлэхээсээ өмнө хэдийнээ олон үзэл тээж байдаг, эдгээр нь төрөлхийн үзэл юм. Хүмүүс үнэнийг эрэлхийлэх явцад орчин нөхцөл өөрчлөгдөх, янз бүрийн нөхцөл байдлаас үүдэн тэдний дотор нэлээд олон шинэ үзэл бий болдог; эдгээр нь олдмол үзэл юм. Энэ хоёр төрлийн үзэл нь хоёулаа Бурханд итгэх замдаа хүмүүсийн нүүр тулах ёстой зүйлс юм. Тэгэхээр үзлийг шийдвэрлэх шийдэл бий юу? Хэрэгжүүлэлтийн зам бий юу? Зарим хүн “Үүнийг шийдвэрлэхэд амархан. Бид төрөлхийн үзлээсээ урваж чадна, тэдгээрийг тоох шаардлагагүй. Үнэнийг эрэлхийлэх явцад бид үнэнийг ойлгохын хэрээр эдгээр үзэл аажмаар шийдвэрлэгдэж, үгүй болно гэдэгт бид итгэлтэй байна. Олдмол үзлийн тухайд бид тэдгээрийг шийдвэрлэхдээ Бурханд найддаг бөгөөд бас тэдгээрт баригддаггүй. Тиймээс одоог хүртэл бидний зүрх сэтгэлд Бурханыг эсэргүүцэх, яллах, доромжлох зэрэгт хүргэж болзошгүй үзэл бүрэлдээгүй” гэж хэлдэг. Ийм хэрэгжүүлэлтийн арга барил, үзэлтэй нүүр тулж, шийдвэрлэх ийм арга зам ямар вэ? Энэ нь үзлийг шийдвэрлэж чадах уу? Үүнд сул тал бий юу? Үзэлд хандах ийм хандлага идэвх санаачилгатай, эерэг үү? (Үгүй.) Ийм хандлага хүмүүст ямар нэгэн эерэг нөлөө үзүүлэх үү? Хэрвээ чи эдгээр үзлийг тоохгүй байх идэвхгүй арга хэрэглэж, тэдгээрийг зүрх сэтгэлийнхээ хамгийн далд хэсэгт хадгалж, гарч ирэх бүрд нь дарж аваад, залбирчхаад шийдэгдсэн гэж үзэн, дахин гарч ирэх үед нь ижил аргаар шийдвэрлэж, дараа нь тэр талаар бодохгүй, асуудал биш мэт авирлаж: “Ямартай ч миний итгэдэг Бурхан миний Бурхан хэвээрээ, би Бурханы бүтээгдсэн зүйл хэвээрээ, Бурхан миний Бүтээгч хэвээрээ; энэ өөрчлөгдөөгүй” гэж итгэдэг бол—энэ нь үзлийг шийдвэрлэх хамгийн үр дүнтэй арга мөн үү? Энэ нь эерэг үр дүнд хүрэх үү? Ийм хэрэгжүүлэлт нь үзлийг уг үндсээр нь бүрэн шийдвэрлэдэг үү? Мэдээж үгүй. Эдгээр үзэл хэр том, жижиг, хэр олон, цөөн байх нь хамаагүй, хүмүүсийн зүрх сэтгэлд оршиж л байгаа бол амь-оролт болон Бурхантай харилцах харилцаанд нь бага зэрэг сөрөг нөлөө үзүүлж, үймүүлнэ. Ялангуяа хүмүүс сул дорой байх үед; даван туулж чадахааргүй орчин нөхцөлтэй тулгарах үед; Бурханы санаа зорилгыг ойлгохгүй, хэрэгжүүлэлтийн замгүй, Бурханыг хэрхэн хангалуун байлгахаа мэдэхгүй байх үед; мөн аврагдах найдваргүй мэт санагдах үед эдгээр үзэл дотроос нь маш хурдан гарч ирж, бодол санааг нь захирч, зүрх сэтгэлийг нь эзэмдэж, тэр ч бүү хэл үлдэх, явах эсэхэд нь нөлөөлж, сонгох замд нь нөлөө үзүүлж мэднэ. Чиний хэзээ ч тоож байгаагүй, чамд хэзээ ч нөлөөлж, чамайг унагаж байгаагүй нэг үзэл байж магадгүй—чи өөрийгөө түүний эзэн, түүнийг хянаж чадна гэж үргэлж итгэдэг байсан байж болох ч нэг удаагийн бүтэлгүйтэл, халагдах юм уу таягдан хаягдсаны дараа, эсвэл Бурханы хатуу сахилгажуулалт, цээрлүүлэлтийг туулсны дараа, тэр ч бүү хэл өөрийгөө ёроолгүй нүхэнд унасан мэт санагдах үед тэр үзэл чинь чамайг зүгээр нэг дагаж явдаг зүйл төдий байхаа болино. Чи түүнийг тоохгүй байсан ч гэсэн чиний бодол санааг үймүүлж, төөрөлдүүлж чадна, тэр ч бүү хэл чиний бодол санаа, үзэл бодлыг, Бурханд хандах хандлага, Бурханд итгэх итгэлийг чинь захирч чадна. Хэрвээ эдгээр үзлийг шийдвэрлэх тохиромжтой хэрэгжүүлэлтийн арга барил, зарчим чамд байхгүй бол, эсвэл тэдгээрийн талаар тодорхой ойлголтгүй бол эдгээр үзэл үе үе чиний амь-оролтод нөлөөлөх юм уу одоогийн сонголтод чинь нөлөөлнө. Тэр ч бүү хэл чиний Бурхантай харилцах харилцаа болон Бурханд хандах хандлагад нөлөөлж мэднэ. Тэгвэл ямар ч нөхцөл байдалд бий болсон янз бүрийн үзэлтэй тулгарах үедээ хор хөнөөл амсахгүй, эерэг үр дүнд хүрэхийн тулд хүмүүс ямар хандлага, арга барилаар нүүр тулж, шийдвэрлэх ёстой вэ? Энэ бол ойлгомжтой байдлаар нөхөрлөх ёстой асуудал юм.

Махан биед амьдарч буй хүмүүсийн хүсэл зориг, бодол санаа нь чөлөөтэй байдаг. Боловсролтой эсэх, хэв чанар нь ямар байх, ямар хүйстэй байхаас үл хамааран хүмүүст бодол санаа л байвал үзэл бий болно. Хэрвээ үзэл чиний завхарсан зан чанарыг захирвал чи энэ үзлээсээ болж Бурханыг эсэргүүцнэ. Тиймээс хүмүүс үзэлтэй болдог энэ асуудлыг шийдвэрлэх ёстой. Зөвхөн үзэл тараадаг хүмүүст л үзэл бий болдог юм биш; тэд ердөө л үзлээ тарааж, бодлогогүйгээр Бурханы эсрэг талд зогсож, Түүний талаарх янз бүрийн үзэл бодол, шүүлтийг тараадаг. Гэхдээ үзэл тараадаггүй хүмүүст үзэл байхгүй хэрэг үү? Хүн болгонд үзэл байдаг; энэ бол баримт. Ялгаа нь гэвэл, санаатайгаар үзэл тараадаг хүмүүс төрөлхийн үнэнийг зэвүүцдэг уг чанар-мөн чанартай байдаг. Тэд үнэнийг хүлээн авдаггүй, тэр ч бүү хэл өөрсдийнх нь үзэл зөв, үнэнд бүрэн нийцдэг гэж итгэдэг учраас үзэл нь үнэнтэй зөрчилдвөл тэд үнэнийг гэхээсээ илүү өөрсдийн үзлийг хүлээн авахыг сонгодог. Энэ бол тэдний бүтэлгүйтдэг шалтгаан бөгөөд хязгаарлагдаж, яллагддагийн шалтгаан юм. Тэгвэл эгэл жирийн, хэвийн хүмүүс үзэлтэй болоход яагаад тэднийг ялладаггүй вэ? Яагаад гэвэл, тэдний ихэнх нь эрүүл ухаанаар ярьж, хийдэг бөгөөд хүний үзэл үнэнд нийцдэггүй, буруу гэдгийг зүрх сэтгэлдээ мэддэг; хэдийгээр тэд үзлээ даруй шийдвэрлэж чадахгүй ч орхиход бэлэн байдаг. Тэд үнэнийг хүлээн авахыг сонгох үед дотоод үзэл нь үнэнээр солигдож, шийдвэрлэгддэг; тэд үзлээ орхидог бөгөөд цаашид тэдгээрийн нөлөөнд автаж, хязгаарлагдаж, захирагддаггүй. Тиймээс энэ хүмүүст үзэл байдаг ч тэдгээрийг тараадаггүй. Тэд үүргээ хэвийн гүйцэтгэж, Бурханыг хэвийн дагаж, Бурханы үг болон Бурханы ажлыг хүлээн авч, Бурханы дээд эрх, зохицуулалтыг дуулгавартай дагаж, Бурханы авралыг дуулгавартай дагаж чаддаг хэвээр байдаг. Тэд өөрсдийгөө бүтээгдсэн зүйл, Бурханыг Бүтээгч гэдгийг үргэлж хүлээн зөвшөөрдөг. Зүрх сэтгэлдээ ямар үзэл тээж байгаагаас үл хамааран тэд Бурхантай хэвийн харилцаатай байж, бүтээгдсэн зүйл болон Бүтээгчийн хоорондын харилцааг хадгалж, үүргээ орхидоггүй, Бурханы нэрийг хаядаггүй бөгөөд Бурханд итгэх итгэл нь хувиршгүй хэвээр үлддэг. Хэдийгээр ийм боловч үзлийг хэзээ ч шийдвэрлэхгүй бол хүмүүсийг сүйрүүлж, мөхөлд хүргэж чадна. Тиймээс бид үзэлтэй хэрхэн хамгийн зөвөөр нүүр тулж, шийдвэрлэх талаар нөхөрлөх хэрэгтэй хэвээр байна.

Бурханд итгэхээс өмнө хүнд байсан төрөлхийн үзэл, эсвэл Бурханд итгэж эхэлсний дараа онцгой орчин, нөхцөл байдалд бий болсон үзэл хоёрын алийг нь шийдвэрлэхэд амархан гэж та нар бодож байна? (Төрөлхийн үзлийг шийдвэрлэхэд амархан.) Бурханд дөнгөж итгэж эхлэх үед хүмүүст байдаг Бурханы талаарх төсөөлөл, үзлийг шийдвэрлэхэд амархан байдаг бол Бурханд итгэж эхэлсний дараа Бурханы ажлыг туулах явцад бий болсон үзлийг шийдвэрлэхэд тийм ч амар байдаггүй—энэ бол онолын мэдэгдэл боловч эцсийн дүндээ баримттай нийцдэггүй. “Онолын” гэж юу гэсэн үг вэ? Энэ нь хүмүүс гүн ухаан, логикт үндэслэн иймэрхүү дүгнэлт гаргадаг гэсэн үг. Хүмүүс Бурханд дөнгөж итгэж эхлээд, үзэгдлийн талаарх үнэнийг ойлгосны дараа зарим үзлээ орхиж, шийдвэрлэдэг. Үнэн хэрэгтээ, зөвхөн хоосон сургаалын түвшинд л энэ шийдэлд хүрдэг; эдгээр үзэл шийдвэрлэгдсэн мэт санагддаг ч Бурханыг дагах явцад хүмүүст бий болдог олон үзэл нь төрөлхийн үзэлтэй нь холбоотой байдаг. Онолын хувьд энэ хоёр төрлийн үзлээс төрөлхийн үзлийг шийдвэрлэхэд амархан боловч үнэн хэрэгтээ хүн үнэнийг хүлээн авч, эерэг зүйлийг хайрлаж чаддаг л бол, үнэний талаарх ойлголтод хүрсэн л бол энэ хоёр төрлийн үзлийг хоёуланг нь шийдвэрлэхэд амархан байдаг. Жишээ нь, та нарын зарим нь төрөлхийн үзлийг шийдвэрлэхэд амархан гэж хэлдэг ч маш зөрүүд, чухал биш нарийн ширийн зүйлд хэт анхаардаг гажууд ойлголттой зарим хүнтэй таарч магадгүй; тэд Библи, сүнслэг сонгодог зохиолууд болон Библи тайлбарлагчдын тайлбарыг ухаж төнхдөг; энэ хүмүүс олж мэдсэн зүйлээ чамд давтан ярьдаг бөгөөд чи үнэний талаар хэчнээн нөхөрлөсөн ч тэд хүлээж авдаггүй. Тэд цэвэр ариун номлол, үнэн, зөв үгийг хүлээн авч чаддаггүй; тэдгээрийг сонсоод ойлгодоггүй. Нэг талаар, тэдний ухаарч ойлгох чадварт асуудал байдаг; нөгөө талаар, тэд эерэг зүйлийг, үнэнийг хайрладаггүй, харин зөрүүдлэх, чухал биш нарийн ширийн зүйлд хэт анхаарах, үгээр наадах гэж дурладаг, онол, шашны онолд дуртай. Ийм хүмүүс үзлээ орхиж чадах уу? (Үгүй.) Баримтаас, мөн ийм хүмүүсийн зан чанар, дур сонирхлоос дүгнэвэл тэд үнэнийг хүлээн авч чадахгүй. Хүмүүсийн анхдагч үзэл үнэндээ маш нимгэн, өнгөц байдаг тул шийдвэрлэхэд маш амархан. Хэрвээ хүн хэвийн сэтгэхүйтэй, хэвийн ухамсарлах чадвартай бол үзэгдлийн талаарх үнэнийг түүнтэй нөхөрлөх үед ойлгож л байвал үзлээ амархан орхиж чадна. Гэвч хэвийн сэтгэхүйтэй биш, үнэнийг ухамсарлаж чаддаггүй, үнэнийг хүлээн авдаггүй нэг төрлийн хүмүүс байдаг. Ийм хүмүүс үзлээ орхиж чадах уу? (Үгүй.) Тиймээс ийм хүмүүсийн үзлийг шийдвэрлэхэд хэцүү байдаг. Хэрвээ хүн хэвийн эрүүл ухаантай, үнэнийг хүлээн авах чадвартай бол Бурханд итгэснийхээ дараа Бурханы талаар ямар ч үзэлтэй болсон бай, эдгээр үзэл ямар ч орчин, нөхцөл байдалд бий болсон бай, тэд Бурхантай маргадаггүй. Тэд “Би бол хүн, надад завхарсан зан чанар бий, миний бодол санаа, үйлдэл буруу байж болно. Бурхан бол үнэн, Бурхан хэзээ ч буруу байдаггүй. Миний бодол санаа хэчнээн үндэслэлтэй байлаа ч гэсэн хүний л бодол санаа, хүнээс гардаг бөгөөд үнэн биш. Бурханы үг юм уу үнэнтэй зөрчилдөж байвал эдгээр бодол санаа хэчнээн үндэслэлтэй байсан ч буруу” гэж хэлдэг. Тэд яг одоо эдгээр үзэл нь яг юун дээр буруу болохыг мэдэхгүй байж магадгүй учраас тэд яаж хэрэгжүүлдэг вэ? Тэд дуулгавартай байдлыг хэрэгжүүлж, зөрүүдлэхгүй, зарим нэг нарийн ширийн зүйлд хэт анхаарахгүй байж, хэзээ нэгэн цагт Бурхан үүнийг илчилнэ гэдэгт итгэн, асуудлыг орхидог. Хэн нэгэн тэднээс: “Бурхан үүнийг илчлэхгүй бол яах вэ?” гэж асуувал тэд: “Тэгвэл би үүрд дуулгавартай байна. Бурхан хэзээ ч буруу байдаггүй, Бурханы хийдэг зүйл хэзээ ч буруу байдаггүй. Хэрвээ Бурханы хийдэг зүйл хүний үзэлд нийцэхгүй бол энэ нь Бурханы буруу гэсэн үг биш, харин хүмүүс үүнийг ухамсарлаж, ойлгож чадахгүй байна гэсэн үг. Тиймээс хүмүүсийн хамгийн их хийх ёстой зүйл бол шинжих биш, үзэлдээ уягдах биш, үзлээ ашиглан Бурханаас өө сэв хайх биш, үзлээрээ шалтаг, шалтгаан хийж Бурханыг дуулгавартай дагахгүй, Түүнийг эсэргүүцэхгүй байх юм.” гэж хариулдаг. Тэд үзэлдээ ингэж ханддаг. Ийм хэрэгжүүлэлт нь үнэнийг хэрэгжүүлж байгаа хэрэг мөн үү? Энэ бол үнэхээр үнэнийг хэрэгжүүлж байгаа хэрэг мөн. Тэдэнд үзэл бий болох үед тэд Бурханыг үзэлтэйгээ харьцуулдаггүй, эсвэл үзлээ ашиглан Бурханыг шинжиж, Бурхан үнэн эсэх, Тэр оршин байдаг эсэхийг баталгаажуулах гэдэггүй. Харин тэд үзлээ орхиж, үнэнийг хүлээн авч, Бурханыг мэдэхийн төлөө чармайдаг. Гэвч Бурханыг мэдэх гэж байдгаараа хичээсэн ч Бурханыг мэдэж чадахгүй хэвээр байвал тэд яадаг вэ? Тэд дуулгавартай дагасаар байдаг. Тэд “Бурхан хэзээ ч буруу байдаггүй. Бурхан бол үргэлж Бурхан. Бурхан бол үнэнийг илэрхийлдэг Нэгэн. Бурхан бол үнэний эх сурвалж.” гэж хэлдэг. Эдгээр үзэлд хандахдаа тэд эхлээд Бурханыг Бурханы байр сууринд, өөрсдийгөө бүтээгдсэн зүйлийн байр сууринд тавьдаг. Тиймээс үзлээ хойш тавьж, шийдвэрлээгүй байсан ч Бурханд хандах дуулгавартай хандлага нь өөрчлөгддөггүй. Энэ хандлага тэднийг хамгаалж, Бурханы өмнө бүтээгдсэн зүйл гэдгээрээ Түүнд хүлээн зөвшөөрөгдсөн хэвээр үлдэх боломж олгодог. Тэгвэл ийм хүмүүсийн үзлийг шийдвэрлэхэд амархан уу? (Тийм.) Үүнд яаж хүрдэг вэ? Тэд ямар нэг нөхцөл байдалтай тулгарах үедээ ингэж ярилаа гэж бодъё: “Бурханы хийдэг бүхэн үнэн бөгөөд зөв, Бурхан төгс хүчит бөгөөд алдаа гаргах боломжгүй гэж хэлэх нь буруу биш үү? Хэдийгээр бурхан алдаа гаргах боломжгүй гэж ярьдаг ч энэ бол ердөө л онолын чанартай мэдэгдэл. Үнэн хэрэгтээ, бурханы хийдэг зарим зүйл хүнийг бодолцоогүй, хүний мэдрэмжтэй нийцдэггүй. Энэ асуудал тийм ч зөв биш гэж би бодож байна. Тийм ч зөв биш зүйлийг би дуулгавартай дагаж, хүлээн авах шаардлагагүй биз дээ? Хэдийгээр би бурханы нэр, түүний ялгамж чанарыг үгүйсгэхгүй ч одоо надад бий болсон үзэл намайг илүү хэрсүү ухаантай болгож, бурханы талаар илүү сайн ойлголттой болголоо—бурхан ч бас зарим зүйлийг буруу хийдэг, алдаа гаргах үе түүнд байдаг. Тиймээс одооноос эхлээд хүмүүс бурханыг зөвт, төгс төгөлдөр, ариун гэж хэлэхэд би итгэхгүй. Би эдгээр мэдэгдэлд эргэлзээтэй хандана. Хэдийгээр бурхан бол бүтээгч, би түүний дээд эрхийг хүлээн зөвшөөрч болох ч ирээдүйд би шилж сонгон хүлээн авах хэрэгтэй, мунгинаж, сохроор дуулгавартай дагаж чадахгүй. Би буруу зүйлийг дуулгавартай дагавал яах вэ? Би хохирох биш үү? Би мунхаглан дуулгавартай дагадаг хүн байж болохгүй”. Тэд үзэлд болон Бурханд ийм хандлагаар хандвал үзлээ амархан орхиж чадах уу? Ийм хэрэгжүүлэлт нь үнэнийг хэрэгжүүлж байгаа хэрэг мөн үү? (Биш.) Тэд болон Бурханы хоорондын харилцаа асуудалтай болсон биш үү? Тэд Бурханыг байнга шинжиж байгаа биш үү? Бурхан хувь заяаг нь захирдаг Захирагч гэхээсээ илүү тэдний шинждэг бай болжээ. Хэдийгээр тэд өөрсдийгөө Бүтээгчийн ноёрхол дор байдаг бүтээгдсэн зүйл гэдгээ хүлээн зөвшөөрдөг ч хийж байгаа зүйл нь бүтээгдсэн зүйлийн үүрэг, хариуцлагыг гүйцэтгэж байгаа хэрэг биш юм. Тэд Бүтээгчид бүтээгдсэн зүйлийн анхдагч байр сууринаасаа хандахгүй, харин ч Бүтээгчийн эсрэг зогсож, Бүтээгчийг шинжиж, Бүтээгчийн үйлдэл, зан авирт дүн шинжилгээ хийж, өөрсдийн үзэмжээр дуулгавартай дагаж, хүлээн авах эсэхээ сонгож байна. Ийм хандлага, хэрэгжүүлэлтийн арга барил нь үнэнийг хүлээн авдаг хүнд байх ёстой илрэл мөн үү? Тэдний үзлийг шийдвэрлэх боломжтой юу? (Үгүй, шийдвэрлэх боломжгүй.) Тэдгээрийг хэзээ ч шийдвэрлэх боломжгүй. Учир нь тэдний Бурхантай харилцах харилцаа гажуудсан; энэ бол хэвийн харилцаа биш, бүтээгдсэн зүйл болон Бүтээгчийн хоорондын харилцаа биш юм. Тэд Бурханд шинжих объект мэт хандаж, Түүнийг байнга шинждэг. Тэд өөрсдийн зөв, сайн гэж бодсон зүйлээ хүлээн авдаг ч хүний үзэл, төсөөлөл юм уу хүний дур сонирхолд нийцэхгүй зүйл дээр дотроо Бурханыг эсэргүүцэж, Түүнтэй тэмцэлдэж, Бурханаас хөндийрдөг. Ийм хүн үнэнийг хүлээн авдаг хүн мөн үү? Өнгөн дээрээ, ямар ч хэрэг явдал гараагүй, Бурханы талаар ямар ч үзэлгүй байх үедээ тэд Бурханы хэлсэн үгийг дуулгавартай дагаж чаддаг. Гэвч үзэлтэй болмогц тэдний дуулгавартай байдал алга болдог; хаана ч харагддаггүй бөгөөд бодит үйлдэл болдоггүй. Энд юу болоод байна вэ? Тэд үнэнийг хэрэгжүүлдэг хүмүүс биш гэдэг нь тодорхой байна. Тэд Бурханыг үнэний эх сурвалж юм уу үнэн өөрөө гэж хүлээн авдаггүй. Үнэнийг хүлээн авдаггүй хүмүүсийн хувьд үзэл нь хэдийд бий болсноос үл хамааран үзлээ орхих юм уу шийдвэрлэхэд хэцүү байдаг.

Дээрх нөхөрлөлийн агуулгаас дүгнэхэд аль төрлийн үзлийг шийдвэрлэхэд амархан гэж та нар бодож байна? Энэ нь нөхцөл байдлаас шалтгаална. Үнэнийг хүлээн авч чаддаг, эрүүл ухаантай, зөв хүмүүсийн хувьд үзэл хэзээ бий болсноос үл хамааран шийдвэрлэхэд амархан байдаг. Үнэнийг хүлээн авч чаддаггүй хүмүүсийн хувьд үзэл хэзээ бий болсноос үл хамааран шийдвэрлэхэд хэцүү байдаг. Зарим хүн Бурханд итгээд хорь, гучин жил болсон ч одоог хүртэл хэлж байгаа ганц ч үг нь үнэнд нийцдэггүй; бүгд ердөө л бичиг үсэг, хоосон сургаал, хүний үзэл байдаг. Тэд үнэнийг өчүүхэн төдий ч ойлгодоггүй—үзэл бий болох үед тэд орхиж чадах уу? Үүнийг хэлэхэд хэцүү. Хэрвээ тэд үнэнийг хүлээн авахгүй бол үзлээ орхиж чадахгүй. Хүмүүс үзэлтэй болох нь зайлшгүй юм. Төрөлхийн ч бай, олдмол ч бай, хүн бүрийн оюун санаанд янз бүрийн үзэл хэдийд ч бий болж болно. Бурханд хэдэн жил итгэснээс үл хамааран хүн бүрийн зүрх сэтгэлд үзэл байдаг. Тэгвэл яах ёстой вэ? Энэ асуудлыг шийдвэрлэх аргагүй гэж үү? Үүнийг шийдвэрлэж болно; санаж явах хэдэн зарчим бий. Эдгээр зарчим маш чухал. Ийм нөхцөл байдалтай тулгарах үедээ эдгээр зарчмын дагуу хэрэгжүүл. Хэсэг хугацаанд хэрэгжүүлснийхээ дараа чи үр дүнг нь харж, үнэн-бодит байдалд орох болно. Үзэл бий болох үед, ямар ч үзэл байсан хамаагүй, эхлээд зүрх сэтгэлдээ ийм бодол зөв эсэхийг эргэцүүлж, дүн шинжилгээ хий. Хэрвээ ийм бодол буруу, гажууд, Бурханыг доромжилж байна гэдгийг тодорхой мэдэрвэл даруй залбирч, энэ асуудлын мөн чанарыг таньж мэдэхэд гэгээрүүлж, залж чиглүүлж өгөхийг Бурханаас гуй, дараа нь цуглааны үеэр өөрийн ойлголтыг ярилц. Ойлголт олж авч, аливааг туулах зуураа үзлээ шийдвэрлэхэд анхаарлаа хандуул. Хэрвээ ийм маягаар хэрэгжүүлээд тодорхой үр дүнд хүрэхгүй бол үнэнийг ойлгодог хэн нэгэнтэй үнэний энэ талын талаар нөхөрлөж, бусдаас тусламж, Бурханы үгээс шийдэл олж авахыг чармайх хэрэгтэй. Бурханы үг болон өөрийн туршлагаар дамжуулан чи Бурханы үг зөв болохыг аажмаар баталгаажуулж, өөрийн үзлийг шийдвэрлэх асуудал дээр асар их үр дүнд хүрэх болно. Бурханаас ийм үг, ажлыг хүлээн авч, туулснаар чи эцэст нь Бурханы санаа зорилгыг ойлгож, Бурханы зан чанарын талаар мэдлэгтэй болж, улмаар үзлээ орхиж, шийдвэрлэж чаддаг болно. Чи Бурханыг буруу ойлгож, Түүнээс сэрэмжлэхээ больж, мөн үндэслэлгүй шаардлага тавихаа болино. Энэ нь шийдвэрлэхэд амархан үзэлд хамаатай. Гэвч хүмүүсийн хувьд ойлгож, шийдвэрлэхэд хэцүү өөр нэг төрлийн үзэл бий. Шийдвэрлэхэд хэцүү үзлийн тухайд баримтлах ёстой нэг зарчим бий: Бүү илэрхийл, бүү тараа, учир нь ийм үзлийг илэрхийлэх нь бусдад тусгүй; энэ бол Бурханыг эсэргүүцэж байгаа хэрэг юм. Хэрвээ чи үзэл тараахын мөн чанар, үр дагаврыг ойлгож байгаа бол өөрөө сайн дэнслэн бодож, хайхрамжгүй ярихыг тэвчсэн нь дээр. Чи “Чуулганд үгээ дотроо хадгалах аймшигтай санагдаж байна; дэлбэрэх гэж байгаа юм шиг санагдаж байна” гэж хэллээ ч эдгээр үзлийг тараах нь Бурханы сонгосон хүмүүст үнэхээр ашиг тустай эсэхийг бодолцох хэрэгтэй. Хэрвээ энэ нь ашиг тусгүй, бусдыг Бурханы талаар үзэлтэй болгож, тэр ч бүү хэл Бурханыг эсэргүүцэж, шүүхэд хүргэж болзошгүй бол чи Бурханы сонгосон хүмүүсийг хорлож байгаа хэрэг биш үү? Чи хүмүүсийг хорлож байна; энэ бол тахал тараахаас ялгаагүй. Хэрвээ чамд үнэхээр эрүүл ухаан байгаа бол чи үзэл тарааж, бусдыг хорлосноос өөрөө шаналж зовсон нь дээр. Гэвч хэрвээ үгээ дотроо хадгалах нь чамд шаналгаатай байвал Бурханд залбирах хэрэгтэй. Хэрвээ асуудал шийдэгдвэл энэ сайн хэрэг биш гэж үү? Хэрвээ чи Бурханд залбирахдаа хүртэл үзлээрээ Түүнийг шүүж, буруу ойлгож байвал өөртөө л төвөг удаж байна. Чи Бурханд ингэж залбирах ёстой: “Бурхан минь, надад ийм бодол байна, би орхихыг хүсэж байгаа ч чадахгүй байна. Намайг сахилгажуулж, янз бүрийн орчин нөхцөлөөр дамжуулан намайг илчилж, миний үзэл буруу гэдгийг таниулж өгөөч. Та намайг яаж ч сахилгажуулсан, би хүлээн авахад бэлэн байна.” Ийм сэтгэлгээ зөв юм. Ийм сэтгэлгээгээр Бурханд залбирсны дараа чи арай уужрахгүй гэж үү? Хэрвээ чи үргэлжлүүлэн залбирч, эрж хайж, Бурханаас гэгээрэл, гэрэлтүүлэлт хүлээн авч, Бурханы санаа зорилгыг ойлгож, зүрх сэтгэл чинь саруулсвал цаашид давчдахаа болино. Тэгвэл асуудал шийдэгдэх биш үү? Бурханы талаарх чиний үзэл, эсэргүүцэл, тэрслүү байдал бараг алга болно; ядаж л тэдгээрийг илэрхийлэх ёстой юм шиг санагдахгүй. Хэрвээ тэгээд ч болохгүй, асуудал бүрэн шийдэгдэхгүй бол үзлээ шийдвэрлэхэд туслуулахаар туршлагатай хэн нэгнийг ол. Чамд байгаа үзлийг шийдвэрлэхтэй холбоотой Бурханы үгийн хэдэн хэсгийг тэднээр олуулж, тэдгээрийг хэдэн арав, хэдэн зуун удаа унш; магадгүй чиний үзэл бүрмөсөн шийдэгдэх байх. Зарим хүн “Би ах эгч нартай цуглаан хийх үеэрээ үзэл илэрхийлбэл энэ нь үзэл тараасан хэрэг болох тул би тэгж болохгүй. Гэхдээ дотроо хадгалах нь аймшигтай байна. Би гэр бүлийнхэнтэйгээ энэ талаар ярьж болох уу?” гэж хэлж магадгүй. Хэрвээ чиний гэр бүлийн гишүүд бас итгэгч ах эгч нар бол тэдний дэргэд эдгээр үзлийг илэрхийлэх нь тэднийг бас үймүүлнэ. Ингэх зохистой юу? (Үгүй.) Хэрвээ чиний хэлэх зүйл бусдад сөрөг нөлөө үзүүлж, тэднийг хорлож, төөрөлдүүлэхээр бол чи огт хэлж болохгүй. Харин асуудлыг шийдвэрлэхийн тулд Бурханд залбир. Чин сүсэгтэй зүрх сэтгэлээр, зөвт байдлаар өлсөж цангасан зүрх сэтгэлээр залбирч, Бурханы үгийг идэж, ууж л байвал чиний үзэл шийдэгдэх боломжтой. Бурханы үг бүрэн төгс үнэнийг агуулдаг; тэдгээр нь ямар ч асуудлыг шийдвэрлэж чадна. Ердөө л чи үнэнийг хүлээн авч чадах эсэх, Бурханы үгийг хэрэгжүүлэх хүсэлтэй эсэх, мөн өөрийн үзлийг орхиж чадах эсэхээс шалтгаална. Хэрвээ чи Бурханы үг бүрэн төгс үнэнийг агуулдаг гэдэгт итгэдэг бол асуудал үүсэх үед шийдвэрлэхийн тулд Бурханд залбирч, үнэнийг эрж хайх ёстой. Хэрвээ хэсэг хугацаанд залбирсны дараа Бурхан чамайг гэгээрүүлж байгааг мэдрэхгүй, яах ёстой талаар Бурханаас тодорхой үг хүлээн аваагүй ч өөрөө ч мэдэлгүй тэр үзэл дотоод сэтгэлд чинь нөлөөлөхөө больж, амьдралыг чинь үймүүлэхээ больж, аажмаар бүдгэрч, Бурхантай харилцах хэвийн харилцаанд чинь нөлөөлөхгүй, мөн мэдээж үүргээ гүйцэтгэхэд чинь нөлөөлөхгүй болбол энэ үзэл үндсэндээ шийдэгдсэн хэрэг биш үү? (Тийм.) Энэ бол хэрэгжүүлэлтийн зам юм.

Үнэнийг ойлгодоггүй хүмүүс үзэлтэй болох үедээ тэдгээрийг шийдвэрлэхийн тулд үнэнийг эрж хайх ёстой гэдгийг эхлээд санах хэрэгтэй. Тэд хэзээ ч үзэл тарааж, “Надад үг хэлэх эрх чөлөө бий. Эцсийн эцэст энэ миний л ам; би хүссэн зүйлээ, хүссэн хүндээ, хүссэн газраа хэлж чадна” хэмээн хаа хамаагүй ярьж болохгүй. Ингэж ярих нь буруу. Зарим сайн, зөв үгийг хэлэх нь бусдад заавал ашиг тус авчрахгүй байж болох ч үзэл юм уу Сатаны уруу таталт болохоор үгийг хэлэх нь хэмжээлшгүй их үр дагаварт хүргэж болно. Эдгээр үр дагаварт үндэслэн, хэрвээ чамд заавал хэлэх гээд зүтгээд байгаа үзэл байгаад, тийнхүү хэлэх нь сайхан санагдаж, чамайг баярлуулдаг бол чиний үйлдлийг муу үйл гэж тодорхойлохоос аргагүй бөгөөд Бурхан үүнийг чиний эсрэг тэмдэглэж авна. Яагаад үүнийг чиний эсрэг тэмдэглэнэ гэж? Чамд хэрэгжүүлэлтийн олон эерэг арга барил, зам, зарчмыг хэлж өгсөн боловч чи тэдгээрийг сонгоогүй; харин оронд нь хүмүүсийг хорлох замыг сонгосон—санаатай тэгсэн биз дээ? Тэгвэл чиний үйлдлийг муу үйл гэж нэрлэх нь хэтрүүлэг болох уу? (Үгүй.) Чи үзлээ гаргаж ирэн бусдыг үймүүлж, төөрөгдүүлэхийн оронд туршлагаараа, мөн Бурханд залбирч, эрж хайх замаар энэ асуудлыг өөрөө шийдвэрлэхийг сонгож бүрэн чадна. Энэ бол мөс чанар, эрүүл ухаантай хүний сонгох ёстой зам юм. Тэгвэл чи яагаад энэ замыг сонгодоггүй юм бэ? Яагаад бусдыг хорлож, шархлуулах замыг сонгоно гэж? Энэ Сатаны хийх зүйл биш гэж үү? Ёрын муу хүмүүс бусдыг болон өөрсдийгөө хорлох зүйл хийдэг. Хэрвээ чи бас ийм зүйл хийвэл Бурхан үүнийг үзэн ядах уу? (Тэгнэ.) Бурхан чиний үзлийг яллахгүй байлаа ч чи үзлээ шийдвэрлэхийн тулд өөрөө үнэнийг эрж хайх ёстой, чамд үнэнийг хэрэгжүүлэх зам байх ёстой. Хэрвээ үзлийг шийдвэрлэх чиний арга барил бусдыг санаатайгаар төөрөгдүүлж, хорлохын тулд үзлээ тарааж, чуулганы амьдрал болон ах эгч нарын амь-оролт, хэвийн байдлыг үймүүлэх явдал юм бол чиний үйлдэл муу үйл мөн. Ийм нөхцөл байдалтай тулгарах үед хүн ямар сонголт хийх ёстой вэ? Хүн чанартай, үнэнийг эрэлхийлдэг хүн бусдыг төөрөгдүүлж, хорлох замыг сонгохгүй; тэд идэвхтэй, эерэг зарчмыг хэрэгжүүлж, баримтлахыг сонгож, Бурханы өмнө очиж залбиран, үнэнийг эрж хайж, асуудлыг шийдвэрлэхэд туслахыг Бурханаас гуйна. Зарим хүн “Надад туслахыг Бурханаас гуйхад Түүний тусламж баригдаж, харагдахгүй юм шиг үргэлж санагддаг. Оронд нь хүмүүсээс тусламж эрж хайхаар сонгож болох уу?” гэж хэлдэг. Болно, чи өөрөөсөө илүү үнэнийг ойлгодог, илүү биеийн хэмжээтэй, чиний үзэлд үймэрч, нөлөөнд нь орж сул дорой болохгүйгээр асуудлыг чинь шийдвэрлэж чадна гэж итгэдэг, ижил төстэй асуудлыг туулж байсан, яаж шийдвэрлэхийг чамд хэлж өгч чадах хүнийг сонгож болно—энэ зам ч бас зохистой. Хэрвээ чи ихэвчлэн нэлээд мунгинасан, юуг ч нэвт харж чаддаггүй, энэ хэргийн талаар сонсмогцоо шууд шуугиан дэгдээж, үзлийг хаа сайгүй тарааж, үймээн үүсгэхийг хүсдэг, итгэхээ болихыг хүсдэг хүнийг сонговол чиний үйлдэл чуулганы амьдралыг санамсаргүйгээр үймүүлсэн хэрэг болно. Тэгвэл чиний үйлдлийг муу үйл гэж тодорхойлох биш үү? (Тийм.) Тиймээс үзлийг хэрхэн шийдвэрлэх тухайд чи хянуур, болгоомжтой байх ёстой, мунгинасан, ойворгон байдлаар үйлдэх ёсгүй, мөн үзлийг үнэн гэж хандаж огт болохгүй—хүний бодол хэчнээн зөв байсан ч үнэн биш юм. Ингэвэл чи хавьгүй илүү тайван байж, үзэл чинь ямар ч төвөг учруулж чадахгүй. Үзэлтэй байна гэдэг айх зүйл биш—үнэнийг эрж хайж л байвал эцэстээ шийдвэрлэгдэнэ. Зарим хүн “Гэхдээ үзлийг шийдвэрлэх амархан биш шүү дээ” гэж хэлдэг. Зарим үзлийг шийдвэрлэх үнэхээр хэцүү байдаг, тэгвэл яах ёстой вэ? Энэ амархан. Зарим үзэл зарим хүний бодол санаа, оюун ухаанд хэзээ ч шийдвэрлэгддэггүй. Энэ бол хэдийнээ баримт ч гэлээ үзлийг шийдвэрлэх хэчнээн хэцүү байлаа гээд энэ нь үнэн биш хэвээрээ л байна. Чи энэ санааг ойлгож л байвал асуудлыг зохицуулахад амархан. Энд Би та нарт нэг баримтыг хэлэх ёстой: Бурхан Өөрийн хийдэг бүх зүйлийг бүрэн ойлгож, тодорхой ухаарахыг хүн бүрээс шаарддаггүй; доторх үнэнийг нь, Тэр яагаад тодорхой нэг байдлаар үйлддэгийг мэдэхийг хүн бүрээс Тэр шаарддаггүй. Бурханы хүсдэг зүйл энэ биш; Тэр хүмүүсээс ийм стандарт шаарддаггүй. Хэрвээ хэв чанар чинь хангалттай сайн бол ямар ч түвшинд ойлгосон бай, сайн хэрэг—зүгээр л чадлаараа хичээ. Хэрвээ чи ойлгож чадахгүй байгаа бол нас ахихын хэрээр, туршлага чинь улам гүнзгийрч, илүү их туршлага хуримтлуулахын хэрээр үнэний талаарх ойлголт чинь ч бас аажмаар гүнзгийрч, үзэл чинь багасна. Гэвч ихэнх хүн зарим онцгой асуудлыг ухаарч чаддаггүй бөгөөд хэзээ ч ойлгодоггүй. Бурхан тэднийг эдгээр асуудлыг ойлго гэж албаддаг уу? Тэгдэггүй; Бурхан тэдэнд ойлголтыг хүчээр суулгадаггүй. Жишээ нь, Бурханы бүтээсэн бүх зүйлийн дундаас хүмүүсийн мэдэхийг хүсдэг ч мэдэж чаддаггүй олон нууц байдаг. Гэвч Бурхан хүмүүсийг ариусгаж, аврахын тулд үг болон ажилдаа үнэнийг илэрхийлэхэд л анхаарлаа хандуулдаг. Тэр бусад асуудлыг ховорхон дурддаг бөгөөд хааяа дурдахдаа ч товчхон л дурддаг; Бурхан хэзээ ч эдгээр асуудлыг хүмүүст дэлгэрэнгүй тайлбарладаггүй. Яагаад тэр вэ? Яагаад гэвэл хүмүүс эдгээр зүйлийг ойлгох хэрэггүй. Бурхан хүмүүс дээр хийдэг ажилдаа нэг талаар Өөрийн зан чанар-мөн чанарыг илчилдэг; нөгөө талаар Бурханд Өөрийн гэсэн бодол, төлөвлөгөө, хийдэг зүйлсийнх нь эх сурвалж, зорилго, янз бүрийн хүмүүс дээр ажиллахдаа ашигладаг арга барил, бүх зүйлийг захирдаг арга барил гэх мэт зүйлс бий. Хүмүүс аврагдсанд тооцогдохын тулд бүх үнэнийг ойлгож, бүх үнэнд орох ёстой гэж Бурхан хэзээ ч хэлээгүй. Яагаад гэвэл Бурхан дэндүү төгс хүчит! Түүний үйлдэх, ярих, ажиллах, бүх зүйлийг захирах арга барил нь Түүний зан чанар, мөн чанар, ялгамж чанар зэргийг аяндаа илчилдэг. Хэдийгээр Бурхан Өөрт нь байгаа зүйлийг болон Өөрөө юу болохыг аяндаа илчилдэг ч тэдгээрийг бүгдийг нь ойлгож, ухаарахыг хүмүүсээс шаарддаггүй. Яагаад гэвэл Бурхан үргэлж Бурхан байна, Тэр бол төгс хүчит, харин бүтээгдсэн хүн төрөлхтөн өчүүхэн, ямар ч хүч чадалгүй; хүн, Бурхан хоёрын хооронд тэнгэр газар шиг ялгаа бий! Тиймээс хүмүүст Бурханы талаар зарим нэг үзэл, төсөөлөл бий болох нь маш хэвийн зүйл юм. Бурхан үүнийг хүндээр хүлээж авдаггүй, гэтэл чи үүнийг үргэлж маш нухацтай авч үзэж, муйхарлан зүтгэдэг. Энэ арга барил бүтэхгүй. Хэрвээ чи үнэнийг эрэлхийлдэг, өндөр хэв чанартай хүн бол үнэнийг ойлгож, Бурханы талаар жинхэнэ мэдлэгтэй байгаа цагт эдгээр үзэл, төсөөлөл аяндаа шийдвэрлэгдэнэ. Хэрвээ чи үнэнийг эрэлхийлэхгүй, хэн ч чамтай үнэнийг нөхөрлөсөн, чи хүлээж авдаггүй, үргэлж үзэлтэйгээ зууралддаг бол үүний үр дагавар юу байх вэ? Үр дагавар нь, амьдралынхаа төгсгөлд хүрсэн ч, Бурханы ажил бүрэн дуусах үед ч чи үнэнийг олж аваагүй байх бөгөөд харин ч үзэл, төсөөлөлдөө хөтлөгдөн үхэл рүү очно. Чи Бурханы сүнслэг бие илрэхийг харсан ч Бурханы талаарх үзэл, төсөөллөө шийдвэрлэж чадахгүй хэвээр байна. Эдгээр үзлийг шийдвэрлэж чадахгүй байлаа гээд Бурхан чамд бүх баримтыг, юу үнэн болохыг хэлж өгөх үү? Нэг талаар, Тэр тэгэх шаардлагагүй; нөгөө талаар, хүний тархи, оюун ухаанд эдгээр зүйлийг хүлээн авах асар их багтаамж байдаггүй гэсэн баримт бий. Бурханы хийдэг ажил хүний төсөөллөөс давсан, бүх зүйлээс давсан байдаг. Бүх зүйлтэй харьцуулахад хүмүүс далайн эрэг дээрх элсний ширхэгтэй адил. Энэ тодорхойлолт баримтад дөхөж очих бөгөөд оновчтой гэж үзэж болно. Бурхан чамд бүхнийг хэлэхийг хүссэн ч чамд тэр бүхнийг багтаах багтаамж бий юу? Зарим хүн “Яагаад би багтааж чадахгүй гэж? Хэрвээ Бурхан илүү ихийг хэлбэл би илүү ихийг ойлгож, илүү ихийг олж авч чадна. Тэгвэл би ивээл хүртэх байсан!” гэж хэлдэг. Тэр бол хоосон мөрөөдөл; чи өөрийнхөө багтаамжийг хэт үнэлж байна. Үнэндээ аливаа юм тийм биш. Бурханы нүдээр бол, Түүний чамд хэлдэг зүйлс бүгд маш энгийн бөгөөд ойлгомжтой; тэдгээр нь хүмүүсийн ухаарч чадах зүйлс юм. Үнэндээ хүмүүс ухаарч чадахгүй учраас Бурханы яриагүй олон зүйл бий. Тиймээс зарим үзэл чинь эцэстээ шийдвэрлэгдэхгүй байх нь маш хэвийн зүйл. Бурханы чамд ойлгуулах хэрэгтэй, чамд хэлэхийг хүсдэг, эсвэл чиний дааж, ухаарч чадах зүйлсийг чи ойлгоно. Чиний дааж, ухаарч чадахгүй, махан биеийн нүдээрээ нэвт харж чадахгүй зүйлсийн тухайд, Бурхан чамд хэллээ ч энэ нь хэрэггүй, дэмий хүчин чармайлт гаргасан хэрэг болно. Тиймээс Бурхан чамд эдгээр зүйлийг хэлдэггүй. Ийм үзлийн тухайд, чи үхэх үедээ ч, Бурханы ажил дуусах үед ч ойлгохгүй хэвээр байлаа гээд энэ нь юунд нөлөөлөх юм бэ? Энэ нь Бурханд дуулгавартай байхад чинь нөлөөлөх үү? Бүтээгдсэн зүйлийн үүргээ гүйцэтгэхэд чинь нөлөөлөх үү? Бурханы ялгамж чанар, мөн чанарыг мэдэхэд чинь нөлөөлөх үү? Эдгээр арга барилын аль нь ч чамд нөлөөлөөгүй бол чи аврагдсан байх болно. Тэгвэл ийм төрлийн үзлийг шийдвэрлэх хэрэгтэй юү? Хэрэггүй. Энэ бол хамгийн сүүлчийн үзэл, үхэх мөчид ч шийдвэрлэгдэх боломжгүй төрөл юм. Зарим хүн “Ээ Бурхан минь, Таны хийсэн энэ ажил, хэлсэн эдгээр үг, бүрдүүлсэн энэ орчин нөхцөлийг би одоо ч ойлгохгүй байна. Намайг үхэхээс өмнө Та надад хэлж өгөөч, тэгвэл би сэтгэл амар нүд аньж чадна” гэж хэлдэг. Бурхан ийм хүсэлтийг тоохгүй, чи тайван яв даа; сүнсний ертөнцөд очоод чи бүхнийг ойлгох болно.

Бурханд хүмүүсийг аврах Өөрийн гэсэн стандарт бий; энэ нь чи үзлээ хэр сайн шийдвэрлэсэн, эсвэл хэдий чинээ ихийг хаясан гэдэгт бус, харин Бурханаас хэр их эмээж, Түүнд хэр дуулгавартай байгаад чинь, Бурханаас чин сэтгэлээсээ эмээж, Түүнийг дуулгавартай дагадаг эсэхэд чинь үндэслэдэг. Бурханы хийдэг бүх зүйлд утга учир бий. Чиний хувьд хүлээн авахад амархан ч бай, хэцүү байгаад чамд үзэл төрүүлэх магадлалтай ч бай, ямартай ч үүнээс болж Бурханы ялгамж чанар өөрчлөгддөггүй; Тэр үргэлж Бүтээгч байх болно, харин чи үргэлж бүтээгдсэн зүйл байх болно. Хэрвээ чи ямар нэгэн үзлээр хязгаарлагдалгүй, Бурхантай бүтээгдсэн зүйл болон Бүтээгчийн харилцаагаа хадгалж чадвал чи Бурханы жинхэнэ бүтээгдсэн зүйл мөн. Хэрвээ чи ямар нэгэн үзлийн нөлөөнд автаж, үймүүлэгдэхгүйгээр зүрх сэтгэлийнхээ гүнээс Бурханд үнэхээр дуулгавартай байж чаддаг бол, мөн үнэний талаарх ойлголт чинь гүн эсвэл нимгэн байхаас үл хамааран үзлээ хойш тавьж, түүндээ баригдахгүй байж, гагцхүү Бурхан бол үнэн, зам, амь мөн, Бурхан үүрд Бурхан байна, Бурханы хийдэг зүйл хэзээ ч буруу байдаггүй гэдэгт итгэж чадвал чи аврагдаж чадна. Үнэндээ хүн бүрийн биеийн хэмжээ хязгаарлагдмал байдаг. Хүний тархинд хэр их зүйл багтааж болох вэ? Тэд Бурханыг бүрэн дүүрэн ойлгож чадах уу? Тэр бол хоосон мөрөөдөл! Хүмүүс Бурханы өмнө үргэлж нялх хүүхэд байх болно гэдгийг бүү март. Хэрвээ чи өөрийгөө ухаантай гэж бодоод, үргэлж сэргэлэн царайлж, бүх зүйлийн учрыг олох гэж хичээн: “Хэрвээ би ойлгож чадахгүй бол таныг бурханаа гэж хүлээн зөвшөөрч чадахгүй, таныг бурханаа гэж хүлээн авч чадахгүй, таныг бүтээгч гэж хүлээн зөвшөөрч чадахгүй. Хэрвээ та миний үзлийг шийдвэрлэхгүй бол би таныг бурхан гэж хүлээн зөвшөөрнө, таны дээд эрхийг хүлээн авна, таныг дуулгавартай дагана гэж бодож байвал та зүүдэлж байна” гэж боддог бол энэ нь төвөгтэй хэрэг. Яагаад тэр вэ? Бурхан чамтай ийм зүйлийн талаар маргадаггүй. Тэр хүнд үргэлж ингэж ханддаг: Хэрвээ чи Бурханыг өөрийнхөө Бурхан гэж хүлээн авахгүй бол Тэр чамайг Өөрийнхөө бүтээгдсэн зүйлсийн нэг гэж хүлээн авахгүй. Бурхан чамайг Өөрийнхөө бүтээгдсэн зүйлсийн нэг гэж хүлээн авахгүй байх үед Түүнд хандах хандлагаас чинь болоод Бурхан та хоёрын харилцаанд өөрчлөлт гардаг. Хэрвээ чи Бурханыг дуулгавартай дагаж, Бурханы ялгамж чанар, мөн чанар болон Бурханы хийдэг бүхнийг хүлээн авч чадахгүй бол чиний ялгамж чанарт өөрчлөлт гарна. Чи бүтээгдсэн зүйл хэвээр байна уу? Бурхан чамайг хүлээн зөвшөөрдөггүй; маргаад нэмэргүй. Хэрвээ чи бүтээгдсэн зүйл биш бол, мөн Бурхан чамайг хүсэхгүй бол чамд аврагдах найдвар байх уу? (Байхгүй.) Бурхан яагаад чамайг бүтээгдсэн зүйл гэж үздэггүй вэ? Чи бүтээгдсэн зүйлийн биелүүлэх ёстой хариуцлага, үүргийг биелүүлж чаддаггүй, бүтээгдсэн зүйлийн байр сууринаас Бүтээгчид ханддаггүй. Тэгвэл Бурхан чамд яаж хандах вэ? Тэр чамайг юу гэж үзэх вэ? Бурхан чамайг стандартад нийцсэн бүтээгдсэн зүйл гэж үзэхгүй, харин адгийн шаар, диавол, Сатан гэж үзнэ. Чи өөрийгөө ухаантай гэж бодоогүй билүү? Чи яаж яваад өөрийгөө диавол, Сатан болгочхов оо? Энэ бол ухаантай хэрэг биш, тэнэг хэрэг. Эдгээр үг хүмүүст юуг ойлгоход тусалдаг вэ? Хүмүүс Бурханы өмнө байрандаа байх ёстойг. Чамд үзэлтэй байх шалтгаан байлаа ч өөрт чинь үнэн байгаа, Бурхан руу хашхирч дайрах, Түүнийг хязгаарлах давуу тал өөрт чинь байна гэж бүү бод. Яавч ингэж болохгүй. Нэгэнт чи бүтээгдсэн зүйлийн ялгамж чанараа алдвал устгагдах болно—энэ бол тоглоом биш. Хүмүүс үзэлтэй болох үедээ өөр өөр арга барил сонгож, өөр өөр шийдэл хэрэглэдэг учраас л үр дүн нь тэс өөр байдаг.

Үзлийн тухайд хэрхэн хэрэгжүүлэх зарчим гэж та нарт байгаа юу? Эдгээр зарчим та нарыг хамгаалж, ингэснээр та нар бүтээгдсэн зүйлийн хувиар биеэ зөв авч явж чаддаг уу? Энэ зам сайн уу? (Тийм.) Тэгвэл нэгтгэн дүгнэ дээ. (Шийдвэрлэхэд харьцангуй хялбар үзэл байвал бид залбирч, эрж хайж, Бурханы үгээс ийм төрлийн үзлийг задлан шинжилсэн үнэнийг олох ёстой, мөн үнэнийг ойлгодог ах эгч нартай нөхөрлөж болно; ийм маягаар бид үзлийн эндүү ташаа талуудыг нэвт харж, улмаар шийдвэрлэж чадна. Бас шийдвэрлэхэд амаргүй зарим үзэл байдаг ч бид тэдгээртэй зууралдах ёсгүй. Бид өөрсдийгөө бүтээгдсэн зүйл гэдгийг, мөн Бурханы хийдэг зүйл гарцаагүй зөв, бид ердөө л үүнийг ухаараагүй гэдгийг мэдэж, үнэнийг хүлээн авч, Бурханыг дуулгавартай дагадаг хандлагатай байх хэрэгтэй. Бид ойлгосон ч бай, үгүй ч бай үзэл тарааж болохгүй. Бид Бурханд байнга залбирч, эрж хайж сурах ёстой бөгөөд аажмаар эдгээр үзэл ч бас шийдвэрлэгдэж болно. Гурав дахь нөхцөл байдал нь, зарим үзэл эцэстээ шийдвэрлэгдэхгүй үлдэж магадгүй. Ийм тохиолдолд бид эдгээр үзэлд баригдахгүй, тэдгээрийг тараахгүй л бол зүгээр. Эдгээр үзэл эцэстээ шийдвэрлэгдээгүй байсан ч бид тэдгээртэй зууралдахгүй, тэдгээрээс болж мууг үйлдэхгүй л бол Бурхан биднийг яллахгүй бөгөөд энэ нь бидний авралд нөлөөлөхгүй.) Нийт хэдэн зарчим байна вэ? (Гурав.) Нийт гурван зарчим байна. Та нар бүгдийг нь тэмдэглэж авсан биз дээ? Үнэнийг ойлгож, зарчмыг ухаж ойлгомогц үзэл чинь аяндаа шийдвэрлэгдэнэ. Үзэл чамд саад болж, бүдрэхэд хүргэхийг чи бүү зөвшөөр; шийдвэрлэж болох үзлийг чадах чинээгээрээ шийдвэрлэж, түр зуур шийдвэрлэх боломжгүй үзэл ядаж л өөрт чинь нөлөөлөхийг бүү зөвшөөр. Тэдгээр нь үүргээ гүйцэтгэхэд чинь саад болох ёсгүй, Бурхантай харилцах харилцаанд чинь ч нөлөөлөх ёсгүй. Чи наад зах нь ядаж л үзэл тараахгүй, мууг үйлдэхгүй, саад болж, үймээн үүсгэхгүй байх, Сатаны зарц, Сатаны дамжуулагчийн болж ажиллахгүй байх ёстой. Хэрвээ чи хэчнээн их хүчин чармайлт гаргасан ч зарим үзлийг өнгөцхөн шийдвэрлэж болоод бүрэн шийдвэрлэж болохгүй байвал зүгээр л тоохгүй орхи. Үзэл үнэнийг эрэлхийлэхэд чинь, амь-оролтод чинь нөлөөлөхийг бүү зөвшөөр. Эдгээр зарчмыг эзэмш, тэгвэл хэвийн нөхцөлд чи хамгаалагдана. Хэрвээ чи үнэнийг хүлээн авдаг, эерэг зүйлийг хайрладаг, ёрын муу хүн биш, саад болж, үймээн үүсгэхийг хүсдэггүй, санаатайгаар саад болж, үймээн үүсгэдэггүй хүн бол үзэлтэй болох асуудалтай тулгарах үедээ ерөнхийдөө хамгаалагдана. Хэрэгжүүлэлтийн хамгийн энгийн зарчим бол энэ: Хэрвээ шийдвэрлэхэд хэцүү үзэл гарч ирвэл үзлийнхээ дагуу үйлдэх гэж бүү яар. Эхлээд хүлээж, тэрхүү үзлийг шийдвэрлэхээр үнэнийг эрж хайн, Бурханы хийдэг зүйл буруу байх учиргүй гэдэгт итгэ. Энэ зарчмыг санаж яв. Түүнчлэн, үүргээ хойш тавьж болохгүй, үүргээ гүйцэтгэхэд үзэл нөлөөлөхийг зөвшөөрч болохгүй. Хэрвээ чи үзэлтэй болоод: “Би энэ үүргийг зүгээр л аргацаана; миний сэтгэл санаа тааруухан байна, тиймээс би чамд сайн ажиллаж өгөхгүй!” гэж боддог бол энэ нь сайн биш. Хандлага чинь сөрөг, хааш яаш болмогц төвөгтэй болдог; энэ бол дотор чинь үзэл үймүүлж байгаа хэрэг. Үзэл дотор чинь үймүүлж, үүргээ гүйцэтгэхэд чинь нөлөөлөх үед энэ нь тэр үед Бурхан та хоёрын харилцаанд аль хэдийн өөрчлөлт гарсан гэсэн үг юм. Зарим үзэл үүргээ гүйцэтгэхэд чинь нөлөөлж чадах бөгөөд энэ нь ноцтой асуудал тул даруй шийдвэрлэх ёстой. Бусад үзэл үүргээ гүйцэтгэхэд чинь, Бурхан та хоёрын харилцаанд нөлөөлдөггүй тул гол асуудал биш юм. Хэрвээ чиний бий болгосон үзэл үүргээ гүйцэтгэхэд чинь нөлөөлж, Бурханд эргэлзэж, үүргээ хичээнгүйлэн хийхгүй байхад хүргэж—тэр ч бүү хэл үүргээ хийхгүй байлаа гээд ямар ч үр дагавар гарахгүй гэж бодож—ямар ч айдас, Бурханаас эмээх зүрх сэтгэлгүй байвал энэ нь аюултай. Энэ нь чи уруу таталтад орж, Сатанд хууртаж, олзлогдоно гэсэн үг. Үзэлдээ хандах хандлага болон хийх сонголт чинь маш чухал; үзлийг шийдвэрлэж чадах эсэхээс үл хамааран, мөн ямар хэмжээнд шийдвэрлэж чадахаас үл хамааран, Бурхан та хоёрын хоорондох хэвийн харилцаа өөрчлөгдөх ёсгүй. Нэг талаар, чи Бурханы зохион байгуулсан бүх орчин нөхцөлийг дуулгавартай дагаж, Бурханы хийдэг бүх зүйл зөв бөгөөд утга учиртай гэдгийг батлах ёстой, энэ мэдлэг болон үнэний энэ тал чиний хувьд хэзээ ч өөрчлөгдөх ёсгүй. Нөгөө талаар, Бурханы чамд даалгасан үүргийг чи хойш тавьж болохгүй, үүнээс өөрийгөө чөлөөлж болохгүй. Хэрвээ дотроо ч, гаднаа ч чамд Бурханыг эсэргүүцэх, сөрөх, тэрслүү байдал байхгүй бол Бурхан зөвхөн чиний дуулгавартай байдлыг, хүлээж байгааг чинь харна. Чамд үзэл байсаар байж болох ч Бурхан чиний тэрслүү байдлыг хардаггүй. Чамд тэрслүү байдал, эсэргүүцэл байхгүй учраас Бурхан чамайг Өөрийнхөө бүтээгдсэн зүйлсийн нэг гэж тооцсоор байдаг. Харин эсрэгээрээ, зүрх сэтгэл чинь гомдол, эсэргүүцлээр дүүрэн, чи өшөө авах боломж хайж, үүргээ гүйцэтгэхийг хүсдэггүй, харин өөрийгөө чөлөөлөхийг хүсэж байвал—тэр ч бүү хэл зүрх сэтгэлдээ Бурханы талаар янз бүрийн гомдол тээж, үүргээ гүйцэтгэх явцдаа эсэргүүцэж, хорссон тодорхой илрэлүүдийг илчилж байвал—тэр үед Бурхан та хоёрын харилцаанд аль хэдийн асар их өөрчлөлт гарсан байна. Чи бүтээгдсэн зүйлийн байр сууринаасаа аль хэдийн хазайсан; чи бүтээгдсэн зүйл байхаа больж, харин диавол, Сатаны дамжуулагч болсон—тиймээс Бурхан чамд ямар ч энэрэл үзүүлэхгүй. Хүн ийм хэмжээнд хүрэх үедээ аюултай бүсэд дөхөж очдог. Бурхан юу ч хийхгүй байсан ч тэд чуулганд бат зогсож чадахгүй. Тиймээс хийдэг бүх зүйлдээ—ялангуяа үзлийг шийдвэрлэх гэх мэт асуудалтай холбоотой үед—хүмүүс Бурханд халддаг, Бурханы ялладаг, бусдыг шархлуулж, хорлох зүйл хийхээс зайлсхийхийн тулд болгоомжтой байх ёстой. Энэ бол зарчим юм.

Хүмүүс Бурханы талаар үзэлтэй байна гэдэг жижиг хэрэг биш! Хүмүүс Бурхантай хэвийн харилцаатай байх нь маш чухал боловч энэ харилцаанд хамгийн их нөлөөлдөг зүйл бол хүмүүсийн үзэл юм. Бурханы талаарх хүмүүсийн үзэл шийдвэрлэгдэж байж л Бурхантай хэвийн харилцаатай байж чадна. Одоогоор олон хүнд ноцтой асуудал байна. Хүн Бурханд хэчнээн олон жил итгэснээс үл хамааран, хэдийгээр тэд үүргээ гүйцэтгэхдээ зовлон туулж, төлөөс төлж чаддаг байж болох ч үзэл нь эцсээ хүртэл бүрэн шийдвэрлэгдэж чаддаггүй. Энэ нь тэдний Бурхантай харилцах харилцаанд ноцтой нөлөөлж, Бурханыг хайрлах хайр болон Бурханд дуулгавартай байхад нь шууд нөлөөлдөг. Тиймээс хүмүүст Бурханы талаар ямар ч үзэл бий болсон бай, энэ бол үл тоомсорлож болохгүй чухал асуудал юм. Үзэл яг л хана шиг; хүмүүсийн Бурхантай харилцах харилцааг тасалж, улмаар тэднийг Бурханы авралын ажилтай хамаагүй болгодог. Тиймээс хүмүүс Бурханы талаар үзэлтэй байх нь үл тоомсорлож болохгүй маш ноцтой асуудал юм! Хэрвээ хүмүүс үзэлтэй болж, даруй үнэнийг эрж хайн шийдвэрлэж чадахгүй бол энэ нь сөрөг байдалтай болж, Бурханыг эсэргүүцэж, тэр ч бүү хэл Түүнд дайсагнадаг болоход амархан хүргэж болно. Тэр үед тэд үнэнийг хүлээн авч чадах уу? Тэдний амь-оролт зогсонги байдалд орно. Бурханы ажлыг туулах зам бартаа саад ихтэй, энхэл донхол. Хүмүүст завхарсан зан чанар байдаг учраас тэд олон тойруу замаар явж болох бөгөөд ямар ч нөхцөл байдалд үзэлтэй болж мэднэ. Хэрвээ эдгээр үзлийг үнэнийг эрж хайх замаар шийдвэрлэхгүй бол хүмүүс Бурханд тэрсэлж, Түүнийг эсэргүүцэж, Түүнд дайсагнах замаар алхаж мэднэ. Хүмүүс нэгэнт антихристийн замаар орвол тэдэнд аврагдах боломж үлдэнэ гэж та нар бодож байна уу? Тэр үед үүнийг зохицуулах амаргүй байх бөгөөд ямар ч боломж үлдэхгүй. Тиймээс Бурхан чамайг Өөрийнхөө бүтээгдсэн зүйл гэдгийг үгүйсгэхээс өмнө чи Бурханы бүтээгдсэн зүйл байхад суралцах ёстой. Бүтээгчийг шинжих гэж бүү оролд, өөрийн чинь итгэдэг Бурхан бол Бүтээгч мөн гэдгийг хэрхэн нотолж, баталгаажуулахаа олж мэдэх гэж бүү оролд. Энэ чиний үүрэг, хариуцлага биш. Өдөр бүр зүрх сэтгэлдээ бодож, эргэцүүлэх ёстой зүйл чинь Бурхан Бүтээгч мөн эсэх, Тэр үнэхээр Бурхан мөн эсэхийг хэрхэн нотлох, Бурхан юу хийсэн, Түүний үйлдэл зөв эсэхийг шинжих бус, харин хэрхэн үүргээ биелүүлж, стандартад нийцсэн бүтээгдсэн зүйл болох тухай байх ёстой. Эдгээр нь чиний шинжих ёстой зүйл биш юм.

2021 оны 6 дугаар сарын 19

Өмнөх: Удирдагч, ажилчдын үүрэг хариуцлага (15)

Дараах: Удирдагч, ажилчдын үүрэг хариуцлага (17)

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Messenger дээр бидэнтэй холбоо барих