Удирдагч, ажилчдын үүрэг хариуцлага (17)

12-р зүйл: Бурханы ажил болон чуулганы хэвийн дэг журмыг үймүүлж, саад болдог янз бүрийн хүмүүс, үйл явдал, юмсыг даруй, үнэн зөв олж илрүүлэх; тэдгээрийг зогсоож, хязгаарлаж, нөхцөл байдлыг эргүүлэх; түүнчлэн, Бурханы сонгосон хүмүүсийг тийм зүйлсийг ялган таних чадвартай, тэдгээрээс сургамж авдаг болгохын тулд үнэнийг нөхөрлөх (V хэсэг)

Чуулганы амьдралд саад болж, үймүүлдэг янз бүрийн хүмүүс, үйл явдал, зүйлс

IX. Сөрөг байдал гаргах

Өнөөдөр бид удирдагч, ажилчдын арван хоёр дахь үүрэг хариуцлага болох “Бурханы ажил болон чуулганы хэвийн дэг журмыг үймүүлж, саад болдог янз бүрийн хүмүүс, үйл явдал, юмсыг даруй, үнэн зөв олж илрүүлэх; тэдгээрийг зогсоож, хязгаарлаж, нөхцөл байдлыг эргүүлэх; түүнчлэн, Бурханы сонгосон хүмүүсийг тийм зүйлсийг ялган таних чадвартай, тэдгээрээс сургамж авдаг болгохын тулд үнэнийг нөхөрлөх” талаар үргэлжлүүлэн нөхөрлөнө. Чуулганы амьдралд янз бүрээр саад болж, үймүүлэх тухайд бид өнгөрсөн удаа найм дахь асуудал буюу үзэл тараах талаар нөхөрлөсөн бол өнөөдөр ес дэх асуудал буюу сөрөг байдал гаргах талаар нөхөрлөнө. Сөрөг байдал гаргах нь өдөр тутмын амьдралд ч бас олонтоо сонсогддог зүйл юм. Үүнтэй адилаар, сөрөг байдал гаргасан үйлдэл, үг яриа чуулганы амьдралд гарах үед тэдгээрийг мөн л хязгаарлаж, зогсоох ёстой. Учир нь сөрөг байдал гаргах нь хэнийг ч босгон байгуулдаггүй; харин ч хүмүүст нөлөөлж, тэднийг үймүүлж, хохироодог. Тиймээс сөрөг байдал гаргах нь сөрөг зүйл бөгөөд чуулганы амьдралыг үймүүлдэг бусад зан авир, үйлдэл, үг яриатай уг чанарын хувьд төстэй; бас хүмүүсийг үймүүлж, сөрөг нөлөө үзүүлж мэднэ. Хэн ч сөрөг байдал гаргаснаараа бусдыг босгон байгуулж, тэдэнд ашиг тус өгч чадахгүй; зөвхөн хортой нөлөө үзүүлж, бас хүмүүс үүргээ хэвийн гүйцэтгэхэд нөлөөлж болно. Иймд чуулганд сөрөг байдал гаргах явдал гарах үед үүнийг өөгшүүлэх юм уу хөхиүлэн дэмжих бус, мөн адил зогсоож, хязгаарлах ёстой.

A. Сөрөг байдал гаргах гэж юу вэ

Эхлээд сөрөг байдал гаргахыг хэрхэн ойлгож, ялган таних ёстойг авч үзье. Сөрөг байдал гаргахыг бид хэрхэн ялган таних ёстой вэ? Хүмүүсийн ямар үг яриа, илрэл нь сөрөг байдал гаргахад хамаарах вэ? Юун түрүүнд, хүмүүсийн гаргадаг сөрөг байдал нь эерэг биш, үнэнтэй зөрчилддөг сөрөг зүйл бөгөөд хүний завхарсан зан чанараас үүсдэг зүйл юм. Завхарсан зан чанартай байснаар үнэнийг хэрэгжүүлж, Бурханыг дуулгавартай дагахад бэрх болдог. Эдгээр бэрхшээлээс үүдэн хүмүүсийн сөрөг бодол, бусад сөрөг зүйл илчлэгддэг. Үнэнийг хэрэгжүүлэхээр хичээж байх нөхцөлд эдгээр зүйл үүсдэг; эдгээр нь үнэнийг хэрэгжүүлэхээр хичээх үед нь хүмүүст нөлөөлж, саад болдог бодол, үзэл санаа бөгөөд бүхэлдээ сөрөг зүйлс юм. Эдгээр сөрөг бодол, үзэл санаа хүний үзэлтэй хэчнээн нийцэлтэй байлаа ч, хэчнээн ухаалаг сонсогдлоо ч Бурханы үгийн тухай ойлголтоос үүсдэггүй, Бурханы үгийн талаарх туршлагаар олсон мэдлэг бүр ч биш. Харин ч эдгээр нь хүний оюун санаанд боловсордог, үнэнтэй огт нийцдэггүй. Тиймээс эдгээр нь сөрөг байдлын олон тал, сөрөг зүйлс юм. Сөрөг байдал гаргадаг хүмүүс бусад хүнд өөрсдийгөө өрөвдүүлж, ойлгуулахын тулд үнэнийг хэрэгжүүлж чадаагүй гэдэгтээ олон объектив шалтгаан олох санаа зорилготой байдаг. Эдгээр сөрөг үг яриа нь хүмүүсийн үнэнийг хэрэгжүүлэх идэвх санаачилгад янз бүрийн түвшинд нөлөөлж, сулруулдаг бөгөөд олон хүнийг үнэнийг хэрэгжүүлэхээ болиход ч хүргэж мэднэ. Эдгээр үр дагавар, сөрөг нөлөөний улмаас үүнийг сөрөг, Бурханы эсрэг, үнэнд бүрэн дайсагнасан гэж тодорхойлбол бүр ч илүү зохилтой. Зарим хүн сөрөг байдлын мөн чанарыг нэвт харж чаддаггүй бөгөөд байнга сөрөг байх нь хэвийн зүйл, хүмүүс үнэнийг эрэлхийлэхэд энэ нь нэг их нөлөөлдөггүй гэж боддог. Ийм бодол буруу; үнэн хэрэгтээ энэ нь маш их нөлөөлдөг бөгөөд хэрвээ хэн нэгний сөрөг байдал өөрөө дааж давахааргүй их болбол урвахад амархан хүргэж мэднэ. Энэ аймшигт үр дагавар гагцхүү сөрөг байдлаас үүддэг. Тэгвэл сөрөг байдал гаргахыг хэрхэн ялган таньж, ойлгох ёстой вэ? Энгийнээр хэлбэл, сөрөг байдал гаргах нь хүмүүсийг төөрөгдүүлж, үнэнийг хэрэгжүүлэхэд нь саад болох явдал; энэ нь зөөлөн арга, илт хэвийн арга барил ашиглаад хүмүүсийг төөрөгдүүлж, бүдрүүлэх явдал юм. Энэ нь тэдэнд хор хөнөөлтэй юу? Үнэндээ асар их хортой. Иймээс сөрөг байдал гаргах нь сөрөг зүйл бөгөөд Бурхан үүнийг ялладаг. Сөрөг байдал гаргахын хамгийн энгийн тайлбар энэ юм. Тэгвэл сөрөг байдал гаргахын сөрөг бүрэлдэхүүн хэсэг нь яг юу вэ? Хүмүүст эсрэг нөлөө үзүүлэх, чуулганы амьдралд үймээн үүсгэж, хор хөнөөл учруулах магадлалтай сөрөг зүйлс юу вэ? Сөрөг байдалд юу багтдаг вэ? Хэрэв хүмүүс Бурханы үгийн талаар цэвэр ойлголттой бол нөхөрлөдөг үг нь сөрөг байдал агуулах уу? Хэрэв хүмүүс Бурханы өөрсдөд нь зориулж бүрдүүлсэн орчин нөхцөлд үнэхээр дуулгавартай байх хандлагатай бол эдгээр орчин нөхцөлийн талаарх мэдлэг нь сөрөг байдал агуулах уу? Тэд туршлагаар олсон мэдлэгээ хүн болгонтой хуваалцах үед тэр нь ямар нэг сөрөг байдал агуулах уу? Яавч үгүй. Чуулганд юм уу эргэн тойронд нь болж буй аливаа зүйлийн тухайд, хэрвээ хүмүүс тэрийг Бурханаас хүлээн авч, зөв хандлагатай байж, эрж хайх, дуулгавартай дагах хандлагатай байж чадвал болж буй зүйлийн талаарх тэдний мэдлэг, ойлголт, туршлага ямар нэг сөрөг байдал агуулах уу? (Үгүй.) Яавч агуулахгүй. Тэгвэл энэ талаас нь авч үзвэл, сөрөг байдал гэж яг юу вэ? Үүнийг хэрхэн ойлгож болох вэ? Сөрөг байдал нь хүмүүсийн дуулгаваргүй байдал, сэтгэл дундуур байдал, гомдол, хорсол зэрэг иймэрхүү уг чанартай зүйлсийг агуулдаг биш үү? Сөрөг байдлын илүү ноцтой тохиолдолд бас эсэргүүцэх, тэрслэх, тэр ч бүү хэл хашхичих явдал багтдаг. Иймэрхүү элемент агуулсан үг яриа хэлэхийг сөрөг байдал гаргах гэж тодорхойлж болно. Тэгвэл эдгээр илрэлээс дүгнэхэд, хүн сөрөг байдал гаргах үед зүрх сэтгэлдээ Бурханыг дуулгавартай дагадаг уу? Яавч үгүй. Махан биеэсээ урваж, сөрөг байдлаа шийдвэрлэх хүсэл байна уу? Үгүй—эсэргүүцэж, тэрсэлж, сөргөлдөхөөс өөр юу ч байхгүй. Хэрвээ хүмүүсийн зүрх сэтгэл ийм зүйлээр дүүрвэл—зүрх сэтгэлийг нь ийм сөрөг зүйл эзэмдвэл—Бурханыг эсэргүүцэж, тэрсэлж, сөрдөг болно. Ийм байвал тэд үнэнийг хэрэгжүүлж, Бурханыг дуулгавартай дагаж чадах уу? Чадахгүй; гагцхүү тэд Бурханаас холдож, улам сөрөг болж, тэр ч бүү хэл Бурханд эргэлзэж, Бурханыг үгүйсгэж, Бурханаас урваж магадгүй. Энэ аюултай биш гэж үү? Байнга сөрөг байдаг хэн боловч сөрөг байдал гаргах чадвартай байдаг бөгөөд сөрөг байдал гаргах нь Бурханыг эсэргүүцэж, үгүйсгэж байгаа хэрэг; иймээс байнга сөрөг байдал гаргадаг хүмүүс Бурханаас урваж, хэдийд ч, хаана ч Түүнийг орхиж болзошгүй байдаг.

“Сөрөг байдал” гэдэг үгийн утгаас дүгнэвэл, хүн сөрөг болох үед сэтгэл санаа нь маш дор орж, сэтгэл санааны таагүй байдалд ордог. Тэдний сэтгэл санаа сөрөг элементээр дүүрч, идэвхтэй ахиц дэвшил гаргаж, урагш тэмүүлэх хандлага дутагдаж, эергээр, идэвхтэйгээр хамтран ажиллаж, эрж хайдаг байдал дутагддаг; тэд дуртайяа дуулгавартай дагадаг байдал бүр ч харуулдаггүй, харин ч туйлын гутарсан байдал харуулдаг. Сэтгэл санааны гутарсан байдал юуг илэрхийлдэг вэ? Хүн чанарын эерэг талуудыг илэрхийлдэг үү? Мөс чанар, эрүүл ухаантай байгааг илэрхийлдэг үү? Нэр төртэй амьдарч, хүн чанарын нэр төртэйгөөр амьдарч байгааг илэрхийлдэг үү? (Үгүй.) Хэрвээ энэ нь ийм эерэг зүйлийг илэрхийлдэггүй юм бол юуг илэрхийлдэг вэ? Энэ нь Бурханд жинхэнээсээ итгэдэггүйг, түүнчлэн үнэнийг эрэлхийлж, идэвх санаачилгатайгаар ахиц дэвшил гаргах шийдвэртэй, шийдэмгий байдал байхгүйг илэрхийлж чадах уу? Энэ нь одоогийн нөхцөл байдал, бэрхшээлдээ сэтгэл маш дундуур, ойлгоход бэрхшээлтэй байгааг, мөн одоогийн баримтыг хүлээн зөвшөөрөх хүсэлгүй байгааг илэрхийлж чадах уу? Зүрх сэтгэл нь дуулгаваргүй байдал, сөргөлдөх хүсэл, мөн одоогийн нөхцөл байдлаас зугтаж, өөрчлөх гэсэн хүслээр дүүрсэн нөхцөл байдлыг илэрхийлж чадах уу? (Чадна.) Эдгээр нь хүмүүс сөрөг байдалтайгаар одоогийн нөхцөл байдалтай тулгарах үедээ гаргадаг байдал юм. Товчхондоо, ямар ч байсан хүмүүс сөрөг байх үедээ одоогийн нөхцөл байдал болон Бурханы зохицуулсан зүйлд сэтгэл дундуур байдаг нь зүгээр л буруу ойлголттой байх, ойлгохгүй байх, ухамсарлахгүй байх, эсвэл туулж чадахгүй байх шиг энгийн зүйлтэй адилгүй юм. Ухамсарлахгүй байх нь хэв чанар юм уу цаг хугацааны асуудал байж магадгүй бөгөөд энэ нь хүн чанарын хэвийн илрэл юм. Туулж чадахгүй байх нь бас зарим бодитой шалтгаанаас үүдэлтэй байж болох ч эдгээрийг сөрөг зүйл гэж үздэггүй. Зарим хүн бас туулж чаддаггүй ч ойлгохгүй, нэвт харж чадахгүй, эсвэл ухамсарлаж, туулж чадахгүй зүйлтэйгээ тулгарах үедээ Бурханд залбирч, Түүний дур хүслийг эрж хайж, Бурханы гэгээрэл, гэрэлтүүлэлтийг хүлээж, бусдаас идэвхтэйгээр эрж хайж, нөхөрлөдөг. Гэвч зарим хүн бол өөр; тэдэнд хэрэгжүүлэлтийн ийм зам байдаггүй, ийм хандлага ч байдаггүй. Тэд хүлээж, эрж хайж, нөхөрлөх хүн олохын оронд зүрх сэтгэлдээ буруу ойлголттой болж, өөрт нь тулгарсан үйл явдал, нөхцөл байдал хүсэл, дур сонирхол, төсөөлөлд нь нийцэхгүй байна гэж үзээд, улмаар дуулгаваргүй, сэтгэл дундуур болж, эсэргүүцэж, гомдоллож, сөргөлдөж, хашхичихад хүрч, өөр бусад ийм сөрөг зүйлийг бий болгодог. Ийм сөрөг зүйлийг бий болгочхоод тэдгээрийг нэг их тоодоггүй, мөн өөрсдийн байдал, завхралын талаар мэдлэг олж авахын тулд Бурханы өмнө ирж залбирч, эргэцүүлдэггүй. Тэд бусдаас эрж хайж, бусадтай нөхөрлөх нь байтугай, Бурханы дур хүслийг эрж хайхаар Бурханы үгийг уншдаггүй, Бурханы үгийг ашиглан асуудлыг шийдвэрлэдэггүй. Харин ч тэд өөрсдийн итгэдэг зүйлийг зөв, оновчтой гэж зүтгэж, зүрх сэтгэлдээ дуулгаваргүй, сэтгэл дундуур байдал тээж, сөрөг сэтгэл хөдлөлдөө хүлэгдсэн хэвээр байдаг. Ийм сэтгэл хөдлөлд автах үедээ тэд нэг, хоёр өдөр дотроо хадгалж, тэсвэрлэж чадаж магадгүй ч цаг хугацааны явцад хүний үзэл, төсөөлөл, хүний ёс суртахуун, хүний соёл, уламжлал, мэдлэг гэх мэт олон зүйл оюун санаанд нь бий болдог. Тэд тулгарсан асуудлаа хэмжиж, тооцоолж, ойлгохдоо эдгээрийг ашигладаг бөгөөд Сатаны торонд бүрэн ороогдож, улмаар сэтгэл дундуур, дуулгаваргүй янз бүрийн байдалтай болдог. Ийм завхарсан байдлаас янз бүрийн буруу санаа, үзэл бодол гарч ирдэг бөгөөд зүрх сэтгэлдээ тэд эдгээр сөрөг зүйлийг хянаж дийлэхээ больдог. Тэгээд тэд эдгээрийг уудалж, гаргах боломж хайдаг. Зүрх сэтгэл нь сөрөг байдлаар дүүрэх үед тэд “Дотор минь сөрөг зүйлсээр дүүрэн байна; бусдыг хорлохгүйн тулд би хамаагүй ярих ёсгүй. Хэрвээ надад яримаар санагдаад, тэвчиж чадахгүй бол би хана руу ярья, эсвэл хүний хэл ойлгодоггүй ямар нэг зүйлд ярья” гэж хэлдэг үү? Тэд ингэхээр сайхан сэтгэлтэй юу? (Үгүй.) Тэгвэл тэд яадаг вэ? Тэд сөрөг үзэл бодол, үг яриа, сэтгэл хөдлөлийг нь хүлээж авч сонсох хүнтэй болох боломжийг хайж, үүнийгээ ашиглан сэтгэл дундуур байдал, дуулгаваргүй байдал, хорсол гэх мэт янз бүрийн сөрөг мэдрэмжээ зүрх сэтгэлээсээ уудлан гаргадаг. Тэд чуулганы амьдралын үеэр сөрөг байдал гаргах нь хамгийн тохиромжтой цаг, сөрөг байдал, сэтгэл дундуур байдал, дуулгаваргүй байдлаа уудлан гаргах сайхан боломж гэж итгэдэг, учир нь тэнд сонсох олон хүн байдаг бөгөөд тэдний үг бусдад нөлөөлж сөрөг болгож, чуулганы ажилд сөрөг үр дагавар авчирч чадна. Мэдээж, сөрөг байдал гаргадаг хүмүүс хөшигний ард ч биеэ барьж чаддаггүй; сөрөг яриагаа үргэлж уудлан гаргадаг. Сөрөг байдал гаргахыг нь сонсох хүн олон байхгүй үед тэдэнд урамгүй санагддаг ч бүх хүн цугларах үед тэд илүү эрч хүчтэй болдог. Сөрөг байдал гаргадаг хүмүүсийн сэтгэл хөдлөл, байдал болон бусад талаас нь дүгнэвэл, тэдний зорилго бол үнэнийг ойлгож, юу үнэн болохыг нэвт харж, Бурханы талаарх буруу ойлголт, эргэлзээгээ арилгаж, өөрсдийгөө болон өөрсдийн завхарсан мөн чанарыг мэдэх, эсвэл тэрслүү байдал, завхралын асуудлаа шийдвэрлэхэд нь хүмүүст тусалж, тэгснээр хүмүүсийг Бурханд тэрслэхгүй, Түүнийг эсэргүүцэхгүй, харин Түүнийг дуулгавартай дагадаг болгох явдал биш юм. Тэдний зорилго үндсэндээ хоёр талтай: Нэг талаар, тэд өөрсдийн сэтгэл хөдлөлийг уудлан гаргахын тулд сөрөг байдал гаргадаг; нөгөө талаар, тэд илүү олон хүнийг сөрөг байдалд, мөн өөрсөдтэй нь хамт Бурханыг эсэргүүцэж, Бурханы эсрэг хашхичих урхинд оруулахыг зорьдог. Тиймээс сөрөг байдал гаргадаг үйлдлийг чуулганы амьдралд бүрмөсөн зогсоох ёстой.

Б. Сөрөг байдал гаргадаг хүмүүсийн янз бүрийн байдал ба илрэл
1. Чөлөөлөгдсөндөө сэтгэл дундуур байх явцдаа сөрөг байдал гаргах

Сөрөг байдлын сэтгэл хөдлөл, илрэл нь үндсэндээ эдгээр юм. Би эдгээрийн талаар нөхөрлөсний дараа хүмүүс өөрсдийгөө эдгээртэй харьцуулж, бодит амьдрал дээрх ямар зан авир, үг яриа, арга барил нь сөрөг байдал гаргахад хамаарахыг, мөн ямар нөхцөл байдал тэднийг сөрөг байдалд оруулж, улмаар сөрөг байдал гаргахад хүргэдгийг харах хэрэгтэй. Надад хэл дээ, ердийн нөхцөлд ямар нөхцөл байдал хүмүүсийг сөрөг болгодог вэ? Сөрөг байдлын нийтлэг хэлбэрүүд юу вэ? (Хэн нэгэн чөлөөлөгдөх юм уу засуулах үед зүрх сэтгэлд нь зарим нэг сөрөг байдал бий болж магадгүй.) Чөлөөлөгдөх нь нэг нөхцөл, засуулах нь өөр нэг нөхцөл юм. Чөлөөлөгдөх нь яагаад сөрөг байдалд хүргэдэг вэ? (Зарим хүн чөлөөлөгдсөнийхөө дараа өөрийгөө мэддэггүй бөгөөд байр суурь нь л өөрсдийг нь унахад хүргэсэн гэж боддог. Тэгээд тэд “Өндөрт гарах тусмаа чанга унадаг” хэмээн, зарим нэг сөрөг үзэл бодлоо илэрхийлдэг. Тэдэнд чөлөөлөгдөх тухай цэвэр ойлголт байдаггүй; тэд зүрх сэтгэлдээ дуулгаваргүй байдаг.) Тэд дотроо дуулгаваргүй, сэтгэл дундуур байдаг бөгөөд эдгээр нь сөрөг сэтгэл хөдлөл юм. Тэд гомдоллодог уу? (Тийм ээ. Тэд бэрхшээл туулж, төлөөс төлсөн, хариуд нь сайн юм юу ч авалгүй үргэлж шаргуу ажилласан хэр нь чөлөөлөгдсөн гэж боддог. Тиймээс тэд “Удирдагч байх хэцүү; удирдагч болсон хэн боловч азгүй. Эцэстээ хүн бүр чөлөөлөгддөг” гэж хэлдэг.) Ийм үг яриа тараах нь сөрөг байдал гаргаж байгаа хэрэг юм. Хэрвээ тэд зүгээр л дуулгаваргүй, сэтгэл дундуур байгаад, тэрийгээ тараахгүй бол энэ нь хараахан сөрөг байдал гаргаж байгаа хэрэг биш. Хэрвээ дуулгаваргүй, сэтгэл дундуур байдлаас нь гомдоллох сэтгэл аажмаар гарч ирээд, хэв чанар муутай, ажлаа хийж чадаагүй гэдэг баримтыг хүлээн зөвшөөрөхгүй, харин ч гажууд логикоороо маргаж эхлэн, маргах зуураа элдэв үг яриа, үзэл бодол, шалтаг, шалтгаан, тайлбар, зөвтгөсөн тайлбар гэх мэтийг гаргаж байвал иймэрхүү үг хэлэх нь сөрөг байдал гаргаж байгаа хэрэг болно. Бодитой ажил хийгээгүйн улмаас чөлөөлөгдсөн зарим хуурамч удирдагч зүрх сэтгэлдээ дуулгаваргүй, сэтгэл дундуур байдал өвөрлөж, өчүүхэн төдий ч дуулгавартай байдаггүй; тэд үргэлж “Миний оронд хэн удирдагч болж чадахыг харъя л даа. Бусад нь надаас дээрдэх юмгүй; би ажлаа хийж чадахгүй юм бол тэд ч бас чадахгүй!” гэж боддог. Юу тэднийг дуулгаваргүй болгодог вэ? Тэд хэв чанараа муу биш, их ажил хийсэн гэж боддог, тэгвэл тэд яагаад чөлөөлөгдсөн юм бэ? Хуурамч удирдагчдын дотоод бодол санаа энэ юм. Тэд өөрсдийгөө мэдэх гэж эргэцүүлж, үнэхээр ямар нэг бодитой ажил хийсэн эсэх, хэчнээн бодитой асуудал шийдвэрлэсэн, эсвэл чуулганы ажлыг зогсонги байдалд оруулсан нь үнэн эсэхийг хардаггүй. Тэд эдгээр зүйлийг бараг боддоггүй. Тэд өөрсдөд нь үнэн-бодит байдал байхгүй, аливааг нэвт харж чаддаггүйд асуудал байна гэж боддоггүй; харин ч их ажил хийсэн тул хуурамч удирдагч гэж тодорхойлогдох ёсгүй гэж итгэдэг. Энэ бол тэдний дуулгаваргүй, сэтгэл дундуур байдлын гол шалтгаан юм. Тэд үргэлж: “Би өдөр бүр эрт босож, орой унтаж олон жил үүргээ гүйцэтгэсэн нь хэний төлөө байсан юм бэ? Бурханд итгэснийхээ дараа би гэр бүлээ орхиж, карьераа хаяж, тэр ч бүү хэл үүргээ гүйцэтгэхийн тулд баривчлагдаж, шоронд орох эрсдэл үүрсэн. Би хэчнээн их бэрхшээл туулсан гээч! Гэтэл одоо тэд намайг бодитой ажил хийгээгүй гэж хэлээд, зүгээр л чөлөөлчихлөө—энэ үнэхээр шударга бус хэрэг! Ямар ч ололт амжилт гаргаагүй байлаа ч би бэрхшээл туулсан; бэрхшээл биш юм аа гэхэд ядарч зүдэрсэн! Хэв чанартай, ажилдаа төлөөс төлөх чадвартай байхад би хүртэл шаардлага хангахгүй гэж тооцогдож, чөлөөлөгдөж байгаа юм бол шаардлага хангах удирдагч бараг байхгүй гэж би бодож байна!” гэж боддог. Тэд эдгээр үгийг хэлснээрээ сөрөг байдал гаргаж байна уу? Эдгээрийн дунд дуулгавартай байдлыг илэрхийлсэн ганц өгүүлбэр байна уу? Үнэнийг эрж хайхыг хүсэж буй өчүүхэн төдий ч гэсэн шинж байна уу? “Миний ажлыг шаардлага хангахгүй байна гэж тэд хэлж байна, тэгвэл надад яг юу дутагдаж байна вэ? Би ямар бодитой ажил хийгээгүй вэ? Хуурамч удирдагчийн ямар илрэлийг би харуулдаг вэ?” гэх мэтээр өөрийгөө эргэцүүлдэг үү? Тэд өөрсдийгөө ингэж эргэцүүлсэн үү? (Үгүй.) Тэгвэл тэдний хэлж буй эдгээр үгийн уг чанар юу вэ? Тэд гомдоллож байна уу? Тэд өөрсдийгөө зөвтгөж байна уу? Өөрсдийгөө зөвтгөх тэдний зорилго юу вэ? Хүмүүст өөрийгөө ойлгуулж, өрөвдүүлэхийн тулд биш гэж үү? Илүү олон хүн өөрсдийг нь өмгөөлж, өөрсдийнх нь амссан шударга бус явдалд халаглаасай гэж тэд хүсдэггүй гэж үү? (Тийм.) Тэгвэл тэд хэний эсрэг хашхичиж байна вэ? Тэд Бурхантай маргалдаж, Бурханы эсрэг хашхичиж байгаа биш үү? (Тийм.) Тэдний яриа нь Бурханы талаар гомдоллож, Бурханыг эсэргүүцэж байна. Тэдний зүрх сэтгэл гомдол, эсэргүүцэл, тэрслүү байдлаар дүүрэн байдаг. Түүгээр ч барахгүй, сөрөг байдал гаргаснаараа тэд илүү олон хүнд өөрийгөө ойлгуулж, өрөвдүүлэх, мөн илүү олон хүнийг өөр шигээ сөрөг байдалтай болгож, илүү олон хүн яг өөр шиг нь Бурханы эсрэг гомдол тээж, Бурханыг эсэргүүцэж, сөргөлдөж, эсвэл Бурханы эсрэг хашхичихад хүргэхийг зорьдог. Тэд энэ зорилгод хүрэхийн тулд сөрөг байдал гаргадаг биш үү? Тэдний зорилго бол ердөө л хэргийн үнэн гэгч зүйлийг илүү олон хүнд мэдүүлж, өөрсдийгөө хэлмэгдсэн, хийсэн зүйл нь зөв байсан, чөлөөлөгдөх ёсгүй байсан, мөн тэднийг чөлөөлсөн нь алдаа байсан гэдэгт бусдыг итгүүлэх явдал юм; тэд илүү олон хүн өөрсдийг нь өмгөөлөөсэй гэж хүсдэг. Үүгээр дамжуулан тэд нэр нүүр, байр суурь, нэр хүндээ сэргээнэ гэж найддаг. Бүх хуурамч удирдагч, антихрист чөлөөлөгдсөнийхөө дараа хүмүүсээр өрөвдүүлэхийн тулд ийм маягаар сөрөг байдал гаргадаг. Тэдний хэн нь ч өөрсдийгөө эргэцүүлж, мэдэж, алдаагаа хүлээн зөвшөөрч, чин сэтгэлээсээ харамсаж, гэмшиж чаддаггүй. Энэ баримт нь хуурамч удирдагчид болон антихристүүд бүгд үнэнийг хайрладаггүй, үнэнийг огт хүлээн авдаггүй хүмүүс гэдгийг нотолдог. Тиймээс илчлэгдэж, таягдан хаягдсаныхаа дараа тэд үнэн болон Бурханы үгээр дамжуулан өөрийгөө мэдэж авч чаддаггүй. Тэднийг харамсаж, жинхэнээсээ өөрийгөө мэддэг болж байхыг хэн ч хараагүй, мөн чин сэтгэлээсээ гэмшиж байхыг хэн ч хараагүй. Тэд хэзээ ч өөрийгөө мэдэж авдаггүй, алдаагаа хүлээн зөвшөөрдөггүй юм шиг санагддаг. Энэ баримтаас дүгнэвэл, хуурамч удирдагчид болон антихристүүдийг чөлөөлөх нь бүхэлдээ зүй зохистой бөгөөд огтхон ч шударга бус биш юм. Тэд өөрсдийгөө огт эргэцүүлдэггүй, мэддэггүйд, түүнчлэн огт харамсахгүй байгаагаас нь харахад тэдний антихрист зан чанар ноцтой бөгөөд үнэнийг огт хайрладаггүй нь илэрхий байна.

Зарим хуурамч удирдагчид чөлөөлөгдсөнийхөө дараа алдаагаа огт хүлээн зөвшөөрдөггүй, мөн үнэнийг эрж хайдаггүй, өөрийгөө эргэцүүлж, таньж мэддэггүй. Тэдэнд дуулгавартай байх зүрх сэтгэл юм уу хандлага өчүүхэн төдий ч байдаггүй. Харин ч тэд Бурханыг буруу ойлгож, Бурхан өөрсдөд нь шударга бус ханддаг гэж гомдоллож, өөрсдийгөө зөвтгөж, өмгөөлөхийн тулд янз бүрийн шалтаг, шалтгаан олохоор тархиа гашилгадаг. Зарим нь бүр “Би урьд нь хэзээ ч удирдагч болохыг хүсэж байгаагүй, учир нь энэ бол хэцүү ажил гэдгийг би мэдэж байсан. Сайн ажиллавал шагнуулахгүй, сайн ажиллахгүй бол чөлөөлөгдөж, нэр хүндгүй болж, ах эгч нарт гологдож, ямар ч нэр нүүргүй үлдэнэ. Үүний дараа хүн яаж хүмүүсийн царайг харах юм бэ? Одоо би чөлөөлөгдсөн болохоор удирдагч, ажилчин байх амаргүй гэдэгт бүр ч их итгэлтэй боллоо; энэ бол хүнд хүчир, талархал хүлээдэггүй ажил!” гэж хэлдэг. “Удирдагч, ажилчин байх нь хүнд хүчир, талархал хүлээдэггүй ажил” гэсэн үг ямар утгатай вэ? Үнэнийг эрж хайх санаа зорилгыг энд илэрхийлж байна уу? Бурханы гэр өөрсдийг нь удирдагч, ажилчин болгохоор зохицуулсан бодит үнэнийг тэд үзэн ядаж эхэлсэн бөгөөд одоо иймэрхүү үг ашиглан бусдыг төөрөгдүүлж байгаа хэрэг биш үү? (Тийм.) Энэ үг ямар үр дагавар авчирч чадах вэ? Ихэнх хүний оюун санаа, бодол, энэ асуудлын талаарх ухамсар, ойлголтод эдгээр үг нөлөөлж, үймүүлнэ. Сөрөг байдал гаргах нь хүмүүст ийм үр дагавар авчирдаг. Жишээ нь, хэрвээ чи удирдагч биш байгаад үүнийг сонсвол цочирдож, “Энэ үнэн биш үү! Би удирдагчаар сонгогдож болохгүй юм байна. Хэрвээ сонгогдвол би татгалзахын тулд элдэв шалтгаан, шалтаг хурдан олох хэрэгтэй. Би хэв чанар дутмаг, ажлыг хийж чадахгүй гэж хэлнэ” гэж бодно. Зарим удирдагчид ч бас энэ үг нөлөөлж, “Ямар аймшигтай юм бэ! Ирээдүйд би бас тэдэнтэй адилхан төгсгөлтэй нүүр тулах уу? Хэрвээ юм ингэж эргэх юм бол би удирдагч байхаас эрс татгалзаж байна” гэж боддог. Ийм сөрөг сэтгэл хөдлөл, энэ сөрөг үг хүмүүсийг үймүүлдэг үү? Тэдгээр нь үймээн үүсгэдэг нь тодорхой. Хэн ч байсан, хэв чанар сайтай ч бай, муутай ч бай эдгээр үгийг сонсоод өөрийн эрхгүй эхлээд хүлээж авдаг бөгөөд эдгээр үг оюун санаанд нь зонхилох байр суурь эзэлж, тэдэнд янз бүрийн түвшинд нөлөөлдөг. Нөлөөнд автсаны үр дагавар юу вэ? Ихэнх хүн удирдагч байх, удирдагчаас чөлөөлөгдөх асуудалд зөв хандаж чадахгүй, дуулгавартай хандлагатай байхгүй. Харин ч тэд үргэлж Бурханыг буруу ойлгож, Бурханаас сэрэмжилдэг зүрх сэтгэлтэй болж, энэ асуудлын талаар сөрөг сэтгэл хөдлөлтэй болж, энэ асуудлыг дурдах үед онцгой эмзэг, айдастай болно. Хүмүүс ийм зан авир гаргах үедээ Сатаны уруу таталт, төөрөгдөлд орсон биш үү? Сөрөг байдал гаргаж буй хүмүүс тэднийг төөрөгдүүлж, үймүүлсэн нь тодорхой байна. Сөрөг байдал гаргадаг хүмүүсийн хэлсэн зүйлс нь хүмүүсийн завхарсан зан чанараас болон Сатанаас гардаг бөгөөд энэ нь үнэний талаарх ойлголт, Бурханы бүрдүүлсэн орчин нөхцөлийг дуулгавартай дагаснаар олж авсан туршлагын ухаарал биш учраас сонссон хүмүүсийг янз бүрийн түвшинд үймүүлдэг. Хүмүүсийн гаргадаг сөрөг байдал нь хүн бүрд зарим нэг сөрөг, сэтгэл түгшээсэн нөлөө үзүүлдэг. Үнэнийг идэвхтэй эрж хайдаг зарим хүн бага хохирно. Ямар ч эсэргүүцэх чадваргүй бусад хүн тэр үг буруу гэдгийг мэдэж байсан ч өөрийн эрхгүй сэтгэл нь түгшиж, гүнээ хохирдог. Бурхан юу гэж хэлэх, энэ асуудлын талаар Тэр хэрхэн нөхөрлөх, эсвэл ямар шаардлага тавихаас үл хамааран тэд энэ бүхнийг үл тоомсорлож, харин сөрөг байдал гаргадаг хүмүүсийн үгийг санаж, сонор сэрэмжээ сулруулахгүй байхыг өөрсдөдөө үргэлж сануулж, эдгээр сөрөг үг яг л тэдний хамгаалалтын шүхэр, бамбай мэт байдаг. Бурхан юу ч хэлсэн, тэд сэрэмжилж, буруу ойлгодгоо больж чаддаггүй. Үнэн юм уу Бурханы үгэнд ороогүй, үнэн-бодит байдлыг ойлгодоггүй энэ хүмүүст эдгээр сөрөг үгийг ялган таних чадвар байдаггүй, тэдгээрийг эсэргүүцэх чадвар байдаггүй. Тэд эцэстээ эдгээр сөрөг үгэнд хазаарлагдаж, хүлэгдээд, Бурханы үгийг цаашид хүлээн авч чаддаггүй. Тэд үүнээс болж хохирсон биш үү? Тэд ямар хэмжээнд хохирсон бэ? Тэд Бурханы үгийг хүлээж авч, ойлгож чаддаггүй, харин хүмүүсийн хэлсэн сөрөг үг, сэтгэл дундуур, дуулгаваргүй, гомдоллосон үгийг эерэг зүйл гэж үзэж, зүрх сэтгэлдээ ойр байлгах хувийн уриагаа гэж үзэн, амьдралаа удирдан залж, Бурханыг эсэргүүцэж, Түүний үгийг сөрөхөд ашигладаг. Тэд Сатаны торонд унасан биш үү? (Тийм.) Энэ хүмүүс өөрийн эрхгүй Сатаны торонд орж, Сатанд олзлогддог. Албан тушаалаас чөлөөлөгдөх шиг энгийн асуудлын талаар энэ хүмүүсийн хэлдэг сөрөг үгс юутай ч бусдад асар их нөлөө үзүүлдэг. Үүнд үндсэн шалтгаан бий: Эдгээр сөрөг үгийг хүлээн авдаг хүмүүс удирдагч байх талаар аль хэдийн үзэл, төсөөлөл—тэр ч бүү хэл зарим нэг буруу ойлголт, сэрэмжлэлээр дүүрэн байсан. Хэдийгээр ийм буруу ойлголт, сэрэмжлэл оюун санаанд нь бүрэн бүрэлдээгүй байсан ч эдгээр сөрөг үгийг сонссоныхоо дараа тэд сэрэмжилж, буруу ойлгох нь зөв гэдэгт илүү итгэлтэй болдог; удирдагч байх нь маш их золгүй явдал авчирдаг, сайн юм нэг их авчирдаггүй, алдаа гаргасныхаа төлөө чөлөөлөгдөж, гологдохоос зайлсхийхийн тулд удирдагч, ажилчин огт болох ёсгүй гэж итгэх бүр ч их шалтгаантай болсон мэт тэдэнд санагддаг. Сөрөг байдал гаргадаг хүмүүс тэднийг бүрмөсөн төөрөгдүүлж, нөлөөлсөн биш үү? Чөлөөлөгдсөн хүний хэлсэн сөрөг үг, мөн тэдний дуулгаваргүй, сэтгэл дундуур мэдрэмж л хүмүүст ийм их нөлөө үзүүлж, хохироож чадна. Та нар юу гэж бодож байна—хүмүүсийн гаргадаг сөрөг сэтгэл хөдлөл үхлийн уур амьсгалаар дүүрэн байдаг нь ноцтой асуудал уу? (Тийм ээ, ноцтой.) Юу үүнийг ийм ноцтой болгодог вэ? Энэ нь хүмүүсийн Бурханаас гүнээ сэрэмжилж, буруу ойлгодог байдалд төгс нийцдэгийн зэрэгцээ хүмүүсийн Бурханыг буруу ойлгож, эргэлздэг байдал, мөн Түүнд хандах дотоод хандлагыг тусгадаг нь. Тиймээс сөрөг байдал гаргадаг хүмүүсийн тараадаг үг яриа хүмүүсийн амин газар руу шууд онодог бөгөөд хүмүүс тэдгээрийг бүрэн хүлээн авч, Сатаны торонд бүрмөсөн унаж, өөрсдийгөө чөлөөлж чаддаггүй. Энэ сайн зүйл үү, муу зүйл үү? (Муу зүйл.) Үүний үр дагавар юу вэ? (Энэ нь хүмүүсийг Бурханаас урвахад хүргэдэг.) (Энэ нь хүмүүсийг Бурханаас сэрэмжилж, Бурханыг буруу ойлгож, зүрх сэтгэлдээ Бурханаас холдож, үүрэгтээ сөргөөр хандаж, чухал даалгавар хүлээн авахаас айхад хүргэдэг. Тэд жирийн үүрэг гүйцэтгэхдээ сэтгэл ханаж, улмаар төгс болгуулах олон боломжийг алддаг.) Ийм хүмүүс аврагдаж чадах уу? (Үгүй.)

Паул хоёр мянган жилийн өмнө олон үзэл санаа дэвшүүлж, олон захидал бичсэн. Тэрхүү захидлууддаа тэрээр олон ташаа зүйл хэлсэн. Хүмүүст ялган таних чадвар дутмаг учраас өнгөрсөн хоёр мянган жилийн турш Библи уншсан хүмүүс Эзэн Есүсийн үгийг хойш тавьж, Бурханаас ирсэн үнэнийг хүлээн авалгүй, Паулын бодол, үзэл санааг зонхилон хүлээн авсан. Паулын бодол, үзэл санааг хүлээн авдаг хүмүүс Бурханы өмнө очиж чадах уу? Тэд Түүний үгийг хүлээн авч чадах уу? (Үгүй.) Хэрвээ тэд Бурханы үгийг хүлээн авч чадахгүй бол Бурханд Бурхан гэж хандаж чадах уу? (Үгүй.) Бурхан ирээд, өмнө нь зогсох үед тэд Бурханыг таньж чадах уу? Тэд Түүнийг өөрсдийн Бурхан, Эзэн гэж хүлээн авч чадах уу? (Үгүй.) Яагаад чадахгүй вэ? Паулын ташаа бодол, үзэл санаа хүмүүсийн зүрх сэтгэлийг дүүргэж, элдэв төрлийн онол, үг яриаг бий болгосон. Хүмүүс эдгээрийг ашиглан Бурхан, Бурханы ажил, үг, зан чанар болон хүмүүст хандах Түүний хандлагыг хэмжихдээ эгэл жирийн завхарсан хүмүүс байхаа больж, Бурханы эсрэг зогсож, Түүнийг шинжиж, дүн шинжилгээ хийж, Түүнд дайсагнадаг болдог. Бурхан ийм хүмүүсийг аварч чадах уу? (Үгүй.) Хэрвээ Бурхан тэднийг аврахгүй бол тэдэнд аврал хүртэх боломж байх уу? Бурхан урьдчилан тодорхойлж, сонгосон хүмүүстээ боломж олгосон боловч Бурхан урьдчилан тодорхойлж, сонгосны дараа хүмүүсийн сонгосон зам нь Паулыг дагах зам байвал авралын энэхүү боломж байсаар байх уу? Зарим хүн “Намайг Бурхан урьдчилан тодорхойлж, сонгосон, тиймээс би аль хэдийн аюулгүй бүсэд байгаа. Би гарцаагүй аврагдана” гэж хэлдэг. Энэ үг баттай юу? Бурхан урьдчилан тодорхойлж, сонгоно гэдэг нь юу гэсэн үг вэ? Энэ нь чи аврагдахаар нэр дэвшсэн гэсэн үг боловч аврагдах эсэх чинь чи хэр сайн эрэлхийлэхээс, мөн зөв замыг сонгосон эсэхээс чинь шалтгаална. Бүх нэр дэвшигч эцэстээ сонгогдож, аврагдах уу? Үгүй. Үүнтэй адилаар, хэрвээ хүмүүс сөрөг байдал гаргаж буй хүмүүсийн илэрхийлсэн дуулгаваргүй, сэтгэл дундуур байдал, гомдол гэх мэт мэдрэмж, эсвэл үг яриа, бодол, үзэл санааг хүлээн авч, зүрх сэтгэл нь эдгээр сөрөг зүйлээр дүүрч, эзэмдүүлбэл энэ нь тэд зүгээр л бага зэрэг санал нийлж байгааг илтгэж байгаа хэрэг биш—харин тэдгээрийг бүрэн дүүрэн хүлээн авч, эдгээр зүйлээр амьдрахыг хүсэж байна гэсэн үг юм. Хүмүүс эдгээр сөрөг зүйлийн дагуу амьдрах үед Бурхантай харилцах харилцаа нь ямар болдог вэ? Дайсагнасан харилцаа болж хувирдаг. Энэ нь Бүтээгч болон бүтээгдсэн зүйлийн хоорондох харилцаа биш, Бурхан болон завхарсан хүн төрөлхтний хоорондох харилцаа ч биш, аврал хүртэгсэд болон Бурханы хоорондох харилцаа бүр ч биш юм. Харин ч энэ нь Бурхан ба Сатаны хоорондох, Бурхан ба Түүний дайснуудын хоорондох харилцаа болж хувирдаг. Тиймээс хүмүүс аврал хүртэж чадах эсэх нь асуултын тэмдэг, тодорхойгүй зүйл болдог. Чөлөөлөгдсөн хүмүүсийн хэлдэг сөрөг үг гомдол, буруу ойлголт, зөвтгөсөн тайлбар, өмгөөллөөр дүүрэн байдаг; тэд бүр хүмүүсийг төөрөгдүүлж, өөртөө татах зарим зүйлийг ч хэлдэг. Эдгээр үгийг сонссоныхоо дараа хүмүүс Бурханы талаар буруу ойлгож, Бурханаас сэрэмжилдэг болж, тэр ч бүү хэл зүрх сэтгэлдээ Түүнээс холдож, Түүнийг голдог. Иймээс ийм хүмүүс сөрөг байдал гаргах үед тэднийг даруй хязгаарлаж, зогсоох ёстой. Бурханаас ирсэн, туулж буй нөхцөл байдлаа хүлээн авч, үнэнийг эрж хайж, Бурханыг дуулгавартай дагаж чадахгүй байгаа нь тэдний өөрсдийнх нь асуудал бөгөөд бусдад нөлөөлөхийг нь зөвшөөрч болохгүй. Хэрвээ тэд хүлээн авч чадахгүй бол тэрийгээ аажмаар ухаж ойлгож, шийдвэрлэг. Гэвч хэрвээ тэд сөрөг байдал гаргаж, бусад хүний хэвийн оролтод нөлөөлж, үймүүлбэл тэднийг цаг алдалгүй зогсоож, хязгаарлах ёстой. Хэрвээ тэднийг хязгаарлаж дийлэхгүй, тэд хүмүүсийг төөрөгдүүлж, өөртөө татахын тулд сөрөг байдал үргэлжлүүлэн гаргасаар байвал тэднийг даруй зайлуулах ёстой. Чуулганы амьдралыг үргэлжлүүлэн үймүүлэхийг тэдэнд зөвшөөрч болохгүй.

2. Засалтыг хүлээн авахаас татгалзах явцдаа сөрөг байдал гаргах

Хүмүүс сөрөг байдал гаргах магадлалтай өөр нэг нөхцөл байдал бий: Тэд засалттай нүүр тулах үедээ засалтын зарим үгийг хүлээн авч чадахгүй бол зүрх сэтгэлдээ дуулгаваргүй, сэтгэл дундуур болж, гомдол тээж, заримдаа бүр хэлмэгдсэн мэт санагддаг. Тэд шударга бус явдал боллоо гэж итгэдэг: “Яагаад өөрийгөө тайлбарлаж, тодруулж өгөхийг надад зөвшөөрөхгүй байгаа юм бэ? Яагаад намайг байнга засаад байгаа юм бэ?” Ийм хүмүүс ихэвчлэн ямар төрлийн сөрөг байдал гаргадаг вэ? Тэд бас өөрсдийгөө зөвтгөж, өмгөөлөх шалтгаан хайдаг. Тэд алдаагаа задлан шинжилж, цайруулж, засахын оронд ямар нэг зүйлийг яагаад сайн хийгээгүй, түүний цаад шалтгаан, бодит хүчин зүйл, нөхцөл нь юу байсан, үүнийг санаатай хийгээгүй гэх зэргээр өөрсдийгөө өмгөөлж маргадаг; тэд засалтаас татгалзах зорилгодоо хүрэхийн тулд эдгээр шалтгийг ашиглан өөрсдийгөө зөвтгөж, өмгөөлдөг. Энэ хүмүүс засалт зөв гэдгийг хүлээн зөвшөөрдөггүй бөгөөд өөр олон хүнтэй хамт засалтын хэрэг явдалд дүн шинжилгээ хийж, хүн бүрийн өмнө асуудлыг тодорхой тайлбарлахыг оролддог. Тэд бүр: “Иймэрхүү засалт хүмүүсийн үүргээ гүйцэтгэх урам зоригийг мохооно. Хэн ч үүргээ гүйцэтгэх хүсэлгүй болно. Хүмүүс яаж үргэлжлүүлэхээ мэдэхгүй, хэрэгжүүлэлтийн замгүй болно” гэх мэт санааг тараадаг. Бүр зарим хүн өнгөн дээрээ засалтыг хэрхэн хүлээн авч байгаа тухайгаа нөхөрлөдөг ч үнэн хэрэгтээ нөхөрлөлийг ашиглан өөрсдийгөө зөвтгөж, өмгөөлж, Бурханы гэр хүмүүст хандахдаа сэтгэл санааг нь огт бодолцдоггүй, жижигхэн алдаанаас ч болж засуулахад хүрч мэднэ гэдэгт илүү олон хүнийг итгүүлдэг. Сөрөг байдал гаргах хандлагатай хүмүүс өөрсдийгөө хэзээ ч эргэцүүлдэггүй. Засалттай нүүр тулах үедээ ч тэд алдааныхаа уг чанарыг, юунаас болсныг эргэцүүлдэггүй. Тэд эдгээр асуудлыг задлан шинжилдэггүй, харин ч тууштай маргаж, өөрсдийгөө зөвтгөж, өмгөөлдөг. Зарим хүн бүр “Засуулахаасаа өмнө надад дагах зам байгаа гэж санагддаг байсан. Гэхдээ засуулах үедээ би будилсан. Би яаж хэрэгжүүлэх, Бурханд яаж итгэхээ мэдэхээ больж, урагшлах замаа харж чадахгүй байна” гэж хэлдэг. Тэд бас бусдад “Та нар засуулахгүйн тулд маш болгоомжтой байх ёстой; яг л арьс хуулж байгаа юм шиг маш их өвддөг. Миний хуучин замаар бүү яв. Засуулсныхаа дараа би ямар болсныг хар даа. Би гацчихсан, урагшилж ч чадахгүй, ухарч ч чадахгүй байна; би юу ч хийсэн зөв биш байна!” гэж хэлдэг. Эдгээр үг зөв үү? Тэдгээрт ямар нэг асуудал байна уу? (Байна. Тэд өөрсдийгөө зөвтгөж, маргаж, ямар ч буруу зүйл хийгээгүй гэж хэлж байна.) Ингэж зөвтгөж, маргаж байгаагаараа ямар санааг илэрхийлж байна вэ? (Тэд Бурханы гэр хүмүүсийг засаж байгаа нь буруу гэж хэлж байна.) Зарим хүн “Засуулахаасаа өмнө надад дагах зам байгаа юм шиг санагддаг байсан ч засуулсныхаа дараа би яахаа мэдэхгүй байна” гэж хэлдэг. Тэд засуулсныхаа дараа яагаад юу хийхээ мэддэггүй юм бэ? Үүний шалтгаан юу вэ? (Засалттай нүүр тулах үедээ тэд үнэнийг хүлээн авдаггүй, өөрийгөө танин мэдэх гэж оролддоггүй. Тэд зарим нэг үзэл тээж, тэдгээрийг шийдвэрлэхийн тулд үнэнийг эрж хайдаггүй. Энэ нь тэднийг замгүй болгодог. Тэд өөрсдөөсөө шалтгааныг хайж олохын оронд эсрэгээр нь засуулснаас болоод замаа алдсан гэж мэтгэдэг.) Энэ нь сөрж буруутгаж байгаа хэрэг биш үү? Энэ нь яг л “Миний хийсэн зүйл зарчимд нийцэж байсан ч чи намайг зассан нь аливааг зарчмын дагуу зохицуулахыг надад зөвшөөрөхгүй байгааг чинь тодорхой болгож байна. Тэгэхээр би ирээдүйд яаж хэрэгжүүлэх юм бэ?” гэж хэлж байгаатай адил юм. Ийм зүйл хэлдэг хүмүүс үүгээрээ ингэж л хэлж байгаа хэрэг. Тэд засалтыг хүлээн авч байна уу? Тэд алдаа гаргасан гэдэг бодит үнэнийг хүлээн зөвшөөрч байна уу? (Үгүй.) Энэ үг нь үнэн хэрэгтээ тэд яаж бодлогогүйгээр бурууг үйлдэхээ мэддэг ч засуулж, зарчмын дагуу үйлдэхийг шаардах үед юу хийхээ мэдэхгүй, будилдаг гэсэн үг биш үү? (Тийм.) Тэгвэл тэд өмнө нь яаж хийдэг байсан юм бэ? Хэн нэгэн засалттай нүүр тулах үед энэ нь зарчмын дагуу үйлдээгүйгээс нь болдог биш үү? (Тийм.) Тэд бодлогогүйгээр бурууг үйлддэг, үнэнийг эрж хайдаггүй, зарчим юм уу Бурханы гэрийн дүрэм журмын дагуу үйлддэггүй, тиймээс засуулдаг. Засалтын зорилго нь хүмүүст үнэнийг эрж хайж, зарчмын дагуу үйлдэх боломж олгох, дахин бодлогогүйгээр бурууг үйлдэхээс сэргийлэх явдал юм. Гэвч засалттай нүүр тулах үедээ тэр хүмүүс яаж үйлдэх, яаж хэрэгжүүлэхээ мэдэхээ больсон гэж хэлдэг—эдгээр үгэнд өөрийгөө танин мэдсэн ямар нэг шинж байна уу? (Үгүй.) Тэдэнд өөрсдийгөө танин мэдэх, эсвэл үнэнийг эрж хайх ямар ч санаа зорилго байхгүй. Харин ч тэд: “Би үүргээ маш сайн гүйцэтгэдэг байсан ч чи намайг зассанаас хойш бодлыг минь самууруулж, үүрэгтээ хандах хандлагыг минь будилуулчихлаа. Одоо миний сэтгэхүй хэвийн биш байна, би урьдынх шигээ шийдэмгий, зоримог биш байна, урьдынх шигээ зоригтой биш байна, энэ бүхэн засуулснаас л боллоо. Засуулснаас хойш зүрх сэтгэл минь гүн шархаллаа. Тиймээс би бусдад үүргээ гүйцэтгэхдээ маш болгоомжтой бай гэж хэлэх ёстой. Тэд дутагдлаа илчлэх юм уу алдаа гаргах ёсгүй; алдаа гаргавал засуулна, тэгээд хулчгар болж, урьд нь байсан урам зоригоо алдана. Тэдний зоримог сэтгэл ихээхэн мохож, залуу насны зориг, бүхнээ зориулах хүсэл нь алга болж, тэд номхон ноомой, өөрийнхөө сүүдрээс ч айдаг, хийж байгаа юу нь ч зөв биш гэж боддог болно. Тэд зүрх сэтгэлдээ Бурханы оршихуйг мэдрэхээ больж, Түүнээс улам бүр холдсоноо мэдэрнэ. Бурханд залбирч, хашхирсан ч хариу ирэхгүй мэт санагдана. Тэдэнд урьдынх шигээ эрч хүч, цог золбоо, хайр татам байдал байхгүй мэт санагдаж, тэр ч бүү хэл өөрсдийгөө дорд үзэж эхэлнэ” гэж далд утгаар хэлдэг. Эдгээр нь туршлагатай хүний нөхөрлөсөн чин сэтгэлийн үг мөн үү? Эдгээр нь жинхэнэ үү? Эдгээр нь хүмүүсийг босгон байгуулж, ашиг тус өгдөг үү? Энэ нь зүгээр л баримтыг гуйвуулж байгаа хэрэг биш үү? (Тийм ээ, эдгээр үг тун утгагүй.) Тэд “Миний мөрөөр бүү яв, миний хуучин замаар бүү ор! Та нар намайг одоо нэлээд томоотой байгааг харж байгаа ч үнэн хэрэгтээ би тэр засалтын дараа зүгээр л айсан, урьдынх шигээ эрх чөлөөтэй байхаа больсон” гэж хэлдэг. Эдгээр үг сонссон хүнд нь ямар нөлөө үзүүлдэг вэ? (Хүмүүсийг Бурханаас илүү их сэрэмжилдэг болгож, засуулахаас айсандаа болгоомжтой үйлдэхэд хүргэдэг.) Ийм сөрөг нөлөө үзүүлдэг. Үүнийг сонссоныхоо дараа хүмүүс “Харин тийм ээ! Жаахан л анхааралгүй байвал засуулчихна—сэргийлэхийн тулд хийж чадах юу ч байхгүй! Бурханы гэрт үүрэг гүйцэтгэх яагаад ийм хэцүү байдаг юм бэ? Үргэлж л үнэн-зарчим гэж ярьдаг—үнэхээр өндөр шаардлагатай! Зүгээр л энгийн, тогтуун амьдралаар амьдарч болохгүй гэж үү? Энэ нь өндөр шаардлага, даварсан найдвар биш шүү дээ, гэхдээ яагаад хүрэхэд ийм хэцүү байдаг юм бэ? Би лав засуулахгүй гэж найдаж байна. Би их аймхай хүн; жирийн үед хүмүүс над руу муухай харж, чанга ярихад л зүрх минь түгшдэг. Хэрвээ би үнэхээр засалттай нүүр тулж, үг нь тийм хатуу ширүүн байгаад, баримтыг тэгж задлан шинжилбэл би яаж тэсвэрлэх юм бэ? Би хар дарж зүүдлэх юм биш үү? Хүн бүр засалтыг сайн гэж хэлдэг ч би яагаад гэдгийг нь ойлгохгүй байна. Тэр хүн үүнээс болоод айчихсан биш үү? Хэрвээ би засуулбал би ч бас айх байсан” гэж бодно. Энэ нь сөрөг байдал гаргадаг хүмүүсийн үгнээс үүдэлтэй нөлөө биш үү? Энэ нөлөө эерэг үү, сөрөг үү? (Сөрөг.) Эдгээр сөрөг үг нь үнэнийг эрэлхийлэх хүсэлтэй хүмүүсийг асар ихээр хохироож мэднэ! Тэгвэл Надад хэл дээ, байнга сөрөг байдал гаргаж, үхэл тараадаг хүмүүс Сатаны зарц нар мөн үү? Тэд чуулганы ажлыг үймүүлдэг хүмүүс мөн үү? (Мөн.)

Зарим хүн өөрсдийн санаа бодлын дагуу үйлдэж, зарчмын эсрэг явдаг. Засуулсныхаа дараа тэд маш их шаргуу ажиллаж, төлөөс төлсөн ч гэсэн засууллаа гэж боддог тул зүрх сэтгэл нь дуулгаваргүй байдлаар дүүрч, ил болгох, задлан шинжлэхийг хүлээн авдаггүй. Тэд өөрсөд шиг нь ийм их зовлон туулж, ийм өндөр төлөөс төлдөг, ийм хэрэгтэй, авьяастай хүн Бурханы гэрээс магтаал хүртэхгүйгээр барахгүй бүр засуулж байгаа тул Бурхан зөвт биш, Бурханы гэр өөрсдөд нь шударга бус хандаж байна гэж итгэдэг. Тэдний дуулгаваргүй байдлаас гомдол гарч ирдэг бөгөөд тэд: “Миний бодлоор Бурханд итгэхээс хэцүү зүйл алга; жаахан ерөөл хүртэж, жаахан нигүүлсэл эдлэх үнэхээр хэцүү юм. Би ийм өндөр төлөөс төлсөн ч ганц зүйлийг муу хийснийхээ төлөө засуулчихлаа. Над шиг хүн энэ ажлыг хийж чадахгүй юм бол хэн чадах юм бэ? Бурхан зөвт биш билүү? Би яагаад Түүний зөвт байдлыг олж харж чадахгүй байна вэ? Бурханы зөвт байдал яагаад хүмүүсийн үзэлтэй ингэж зөрчилддөг юм бэ?” гэж сөрөг байдал гаргадаг. Тэд зарчмын эсрэг хийсэн зүйлээ, эсвэл ямар завхарсан зан чанар илчилснээ задлан шинжилдэггүй. Тэдэнд гэмшиж байгаа, дуулгавартай дагаж байгаа шинж өчүүхэн төдий ч байхгүйгээр үл барам, бүр ил тодоор шүүж, эсэргүүцдэг. Тэдний ийм үг хэлэхийг сонсоод ихэнх хүн тэднийг бага зэрэг өрөвдөж эхлэн, тэдний нөлөөнд автдаг: “Тэр үнэн, тийм биз? Тэд Бурханд итгээд хорин жил болж байгаа ч ийм засалттай нүүр туллаа. Хорин жил итгэсэн хүн заавал аврагдахгүй байж магад юм бол бидэн шиг хүмүүст бүр ч найдвар алга.” Тэд хордсон биш үү? Сөрөг байдал гаргамагц яг л хүмүүсийн зүрх сэтгэлд үр суулгаж буй мэт хор цацагдаж, тэр нь оюун санаанд нь үндэслэж, соёолж, цэцэглэж, үр жимсээ өгдөг. Хүмүүс үүнийг мэдэхээсээ өмнө хордож, дотроо Бурханыг эсэргүүцэж, гомдоллодог. Тэр хүмүүс засуулах үедээ Бурханд дуулгаваргүй болж, Бурханы гэр өөрсдийг нь хэрхэн шийдвэрлэсэнд сэтгэл дундуур байдаг. Тэд гэмшиж, улайх хандлага гаргахын оронд маргаж, зөвтгөсөн тайлбар хэлж, өөрсдийгөө өмгөөлдөг. Тэд олон жил итгэхдээ хэчнээн их зовлон бэрхшээл туулж, ямар ажил хийж, ямар үүрэг гүйцэтгэснээ, мөн одоо шагнал хүртэхийн оронд засалттай нүүр тулж байгаагаа газар сайгүй зарладаг. Тэд засуулаад завхралаа, гаргасан алдаагаа таньж мэддэггүйгээр үл барам, Бурханы гэр өөрсдөд нь шударга бус хандсан, зөв зүйтэй хандаагүй, өөрсдөд нь тэгж хандах ёсгүй, хэрвээ тэгж хандаж байгаа бол Бурхан зөвт биш гэсэн санааг тараадаг. Тэд ийм сөрөг байдал гаргадаг шалтгаан нь, засалтыг, алдаа гаргасан гэдэг бодит үнэнийг хүлээн авч чаддаггүйд оршдог бөгөөд ах эгч нарын амь-оролт болон чуулганы ажилд хор хөнөөл учруулсан гэдэг бодит үнэнийг бүр ч хүлээн авдаггүй, хүлээн зөвшөөрдөггүй. Тэд өөрсдийгөө зөв үйлдсэн, харин өөрсдийг нь зассан Бурханы гэрийн буруу гэж итгэдэг. Сөрөг байдал гаргаснаараа тэд Бурханы гэр хүмүүст шударга бус ханддаг гэж хүмүүст хэлэх санаатай байдаг: Хэн нэгэн алдаа гаргамагц Бурханы гэр үүнийг нь тэдний эсрэг зэвсэг болгон ашиглаж, энэ асуудлыг барьж аваад тэднийг номхон болж, ямар ч хувь нэмэр оруулаагүй гэж бодох хүртэл нь, тэднийг шүтэн биширдэг хэн ч байхгүй болж, өөрсдийгөө үнэлэхээ больж, Бурханаас шагнал гуйж зүрхлэхээ болих хүртэл нь хэрцгийгээр засдаг—тэр үед л Бурханы гэр зорилгодоо хүрсэн байх болно. Ийнхүү сөрөг байдал гаргадаг нь тэд илүү олон хүнээр өөрсдийгөө өмгөөлүүлж, илүү олон хүнд “хэргийн үнэнийг” ойлгуулж, Бурханд олон жил итгэхдээ хэчнээн их зовлон туулсан, оруулсан хувь нэмэр нь хэчнээн чухал болох, хэчнээн шалгуур хангасан, ямар туршлагатай итгэгч болохоо харуулах зорилготой юм. Үүгээрээ тэд бусдыг өөрсдийнхөө талд оруулж, Бурханы гэрийн дүрэм журам болон Бурханы гэрээс өөрсдөд нь оноосон засалтыг хамтдаа эсэргүүцэхийг хүсдэг. Энэ нь уг чанартаа хүмүүсийг өөрийнхөө талд татан оруулж байгаа хэрэг биш үү? (Тийм.) Ийм маягаар сөрөг байдал гаргадаг нь хүмүүсийг өөрийнхөө талд татан оруулж, төөрөлдүүлэх зорилготой бөгөөд тэд хорслоо гаргахын тулд чуулганы ажлыг үймүүлдэг. Тэднийг сөрөг байдал гаргах үед хүмүүст эцсийн дүндээ ямар нөлөө үзүүлэхээс үл хамааран үр нөлөө, үр дагавар нь гэвэл хүмүүс төөрөлдөж, үймэрч, хохирдог. Энэ нь босгон байгуулдаггүй. Энэ бол сөрөг нөлөө юм.

Хүмүүс засалттай нүүр тулах үедээ үндсэндээ иймэрхүү төрлийн сөрөг байдал гаргадаг. Тэд засалтыг хүлээн авч чаддаггүй бөгөөд зүрх сэтгэлдээ сэтгэл дундуур, дуулгаваргүй болж, үүнийг Бурханаас хүлээн авч чаддаггүй. Тэдний хамгийн түрүүнд хийдэг хариу үйлдэл нь засалтын талаар үнэнийг эрж хайж, өөрсдийгөө эргэцүүлж, өөрсдийгөө танин мэдэж, задлан шинжлэх биш, яг юуг буруу хийсэн, үйлдэл нь зарчимд нийцсэн эсэх, Бурханы гэр яагаад өөрсдийг нь зассан, өөрсдөд нь ингэж хандсан нь хувийн өшөө хорсол байсан уу, эсвэл шударга, үндэслэлтэй байсан уу гэдгийг олж харах биш юм. Тэдний хамгийн түрүүнд хийдэг хариу үйлдэл нь эдгээрийг эрж хайх явдал биш—харин ч засалтыг эсэргүүцэхийн тулд өөрсдийн эрдэм чадал, туулсан зовлондоо, зарлагадсандаа найддаг. Ингэснээр зүрх сэтгэлд нь бий болдог бүхэн гарцаагүй сөрөг байх бөгөөд эерэг зүйл юу ч байдаггүй. Тиймээс засуулсныхаа дараа мэдрэмж, ойлголтынхоо талаар нөхөрлөхдөө тэд гарцаагүй сөрөг байдал гаргаж, үзэл тарааж байдаг. Сөрөг байдал гаргах, үзэл тараах явдлыг өөгшүүлж, тоохгүй орхих биш, харин даруй зогсоож, хязгаарлах ёстой. Эдгээр сөрөг зүйл нь хүн бүрийн амь-оролтод саад болж, үймүүлж, хор хөнөөл учруулах бөгөөд эерэг үүрэг гүйцэтгэж чадахгүй, хүмүүс Бурханд үнэнч байх, эсвэл үүргээ үнэнчээр гүйцэтгэхэд урам зориг өгч бүр ч чадахгүй. Тийм учраас ийм хүмүүс сөрөг байдал гаргах үедээ чуулганы амьдралыг үймүүлж байгаа бөгөөд тэднийг хязгаарлагдах ёстой.

3. Нэр хүнд, байр суурь, ашиг сонирхол нь хохирох үед сөрөг байдал гаргах

Чөлөөлөгдөх юм уу засуулсныхаа дараа сөрөг байдал гаргахаас гадна хүмүүс өөр ямар нөхцөл байдалд сөрөг байдал гаргадаг вэ? (Хүмүүсийн ашиг сонирхол хохирч, хохирол амссан гэж санагдах үед.) (Зарим хүн олон жил үүргээ гүйцэтгэсэн ч өвчин тусах юм уу гэр бүлд нь гамшиг тохиолдох үед “Бурханд ийм олон жил итгээд би юу олж авсан юм бэ?” гэж хэлдэг.) Сөрөг хандлагатай хүмүүсийн нийтлэг “амны уншлага” бол “Би юу олж авсан юм бэ?” гэх үг юм. Өөр ямар нөхцөл байдал байна вэ? (Зарим хүн үүргээ гүйцэтгэхдээ үр дүнд хүрч чаддаггүйгээр үл барам байнга алдаа гаргадаг, тиймээс тэд “Бурхан бусдыг гэгээрүүлдэг мөртөө яагаад намайг гэгээрүүлдэггүй юм бэ? Бурхан тэдэнд ийм сайн хэв чанар өгсөн байтал миний хэв чанар яагаад ийм муу байдаг юм бэ?” гэж хэлдэг. Тэд өөрсдийн асуудлыг эргэцүүлэхийн оронд хариуцлагыг Бурхан руу түлхэж, Бурхан өөрсдийг нь гэгээрүүлээгүй, залж чиглүүлээгүй гээд Бурханы талаар гомдоллосоор байдаг.) Тэд Бурханыг шударга бус гэж хэлж, яагаад бусдыг гэгээрүүлж, нигүүлсэл хайрладаг мөртөө өөрсдийг нь тэгдэггүйг асууж, яагаад үүрэгтээ үр дүнд хүрдэггүй талаар үглэж, гомдоллож байна. Та нарын хэлсэн жишээ сайн жишээ байна. Өөр байна уу? (Зарим хүн өөрт нь оноосон үүрэг нь өөрчлөгдөх үед хорслоор дүүрч, яагаад ингэснийг асууж, удирдагч, ажилчид өөрсдийг нь онилж, хүндрэл учруулж байна гэж сэжиглэдэг.) Бурханы гэр өөрсдийг нь дорд үзэж байна гэж тэдэнд санагддаг уу? (Тийм.) Бодитой ажил хийдэггүй зарим хүн чөлөөлөгдөж, таягдан хаягддаг бөгөөд нэр хүнд, байр суурь нь хохирсон гэж тэдэнд санагддаг. Сэтгэл дундуур байдлаа гаргахын тулд тэд олны нүднээс далдуур үргэлж ингэж гомдоллодог: “Би Бурханд итгээд удаагүй, ухамсарлах чадвар минь сайн биш, хэв чанар минь муу. Би бусадтай эн зэрэгцэж чадахгүй. Хэрвээ тэд намайг чадваргүй гэж хэлж байгаа бол би тийм л байж таараа!” Өнгөн дээрээ тэд дутагдлаа хүлээн зөвшөөрч байгаа мэт боловч үнэн хэрэгтээ алдсан ашиг тусаа эргүүлэн олж авахыг оролдож, тасралтгүй гомдоллож, хүмүүсийн өрөвдөх сэтгэлийг төрүүлж, Бурханы гэр шударга бус гэж бодогдуулах зүйл хэлдэг. Ашиг сонирхол нь хохирмогц тэд дурамжхан болдог бөгөөд алдагдлаа нөхөж, нөхөн төлбөр авахыг үргэлж найддаг. Хэрвээ тэгэхгүй бол тэд Бурханд итгэх итгэлээ алдаж, Түүнд яаж итгэхээ мэдэхээ больж, “Бурханд итгэх нь маш сайн, чуулганд удирдагч юм уу ажилчнаар ажиллах нь гарцаагүй асар их ерөөл авчирна гэж би боддог байсан. Би чөлөөлөгдөж, таягдан хаягдаж, бусдад гологдоно гэж хэзээ ч санаагүй. Бурханы гэрт ийм зүйл тохиолдож болно гэж бодохоор л! Бурханд итгэдэг хүн бүр сайн хүн байх албагүй, бурханы гэрийн хийдэг бүхэн бурханыг юм уу шударга ёсыг төлөөлдөггүй” гэх мэтийн зүйл хэлдэг. Ийм мэдэгдлийн уг чанар юу вэ? Тэдний үг ил, далд байдлаар дайралт агуулдаг. Тэдгээр нь шүүлт, эсэргүүцлийг илэрхийлдэг. Өнгөн дээрээ тэд тодорхой нэг удирдагч юм уу чуулганыг онилж байгаа мэт санагдавч үнэн хэрэгтээ зүрх сэтгэлдээ эдгээр үгээр Бурхан, Бурханы үг, Бурханы гэрийн захиргааны зарлиг, дүрэм журмыг онилж байна. Тэд хорслоо л гаргаж байна. Тэд яагаад хорслоо гаргаж байна вэ? Тэд хохирол амссан гэж боддог; зүрх сэтгэлдээ шударга бус байдал, сэтгэл ханамжгүй байдлыг мэдэрч, юм нэхэж, нөхөн төлбөр авахыг хүсдэг. Ийм хүмүүсийн гаргадаг сөрөг байдал нь ихэнх хүнд ноцтой аюул учруулдаггүй ч гэсэн эдгээр заваан үг нь хүмүүсийн оюун санааг дунд зэргийн үймүүлдэг ядаргаатай ялаа юм уу бясаатай адил юм. Ихэнх хүн эдгээр үгийг сонсоод зэвүүцэж, дургүйцдэг боловч ийм хүмүүстэй нэг төрлийн, ижил зан чанар, мөн чанар, дур сонирхолтой, тэдэнтэй ижилхэн ялзарсан нэг тэрэгний дугуйнууд, тэдний нөлөөнд автаж, үймэрдэг хүмүүс гарцаагүй бий. Энэ нь гарцаагүй. Түүнчлэн, ялган таних чадваргүй, биеийн хэмжээ жижиг зарим хүн эдгээр сөрөг үгэнд үймэрч, Бурханд итгэх итгэлд нь нөлөөлж болзошгүй. Энэ хүмүүс Бурханд итгэх нь яг юуны төлөө болохыг угаас мэддэггүй, үзэгдлийн үнэний талаар ойлгодоггүй, үнэнийг ухамсарлах чадвар нь ч бас тааруу байдаг. Тэд эдгээр сөрөг үгийг сонсоод өөрийн эрхгүй хүлээж авах магадлал тун өндөр бөгөөд тийнхүү нөлөөнд нь автдаг. Эдгээр үг бол хор юм. Тэдгээр нь хүмүүсийн зүрх сэтгэлд суухдаа амархан. Хүн эдгээр сөрөг үгийг хүлээн авмагц, Бурханы гэр тэднээс үүрэг гүйцэтгэхийг хүсэхэд тэд хайхрамжгүй ханддаг. Бурханы гэр ямар нэг ажил дээр хамтран ажиллахыг хүсэхэд тэд хойрго байдаг. Тэд хүсвэл л хийнэ, хүсэхгүй бол хийхгүй, үргэлж элдэв янзын шалтаг шалтгаан тоочдог. Тэдгээр сөрөг үгийг сонсохоосоо өмнө тэдний Бурханд итгэх итгэлд жаахан ч гэсэн чин сэтгэл байсан бөгөөд үүргээ гүйцэтгэхдээ бага зэрэг эерэг, идэвхтэй хандлагатай байсан. Гэвч тэрхүү сөрөг үгийг сонссоныхоо дараа тэд хайхрамжгүй болж, ах эгч нартаа ч бас хүйтэн хөндий ханддаг. Тэднээс сэрэмжилдэг. Чуулган тэдэнд үүрэг оноох үед тэд байнга бултаж, удаа дараа түлхэж, маш идэвхгүй байдал гаргадаг. Өмнө нь тэд цуглаанд цагтаа ирдэг байсан ч тэрхүү үгийг сонссоны дараа тогтмол ирэхээ больдог—сэтгэл санаа нь сайхан үед ирж, муу үед ирдэггүй. Гэрт нь ямар нэг таагүй зүйл тохиолдвол ямар нэг гамшиг болж магадгүй гэж санаа зовж, илүү олон цуглаанд сууж, Бурханы үгийг илүү их уншдаг. Хэрвээ тэд Бурханы үгийг уншаад сэтгэл нь хөдөлж, баярлаж хөөрвөл мөнгө ч өргөдөг. Гэвч гэрт нь амар тайван болмогц тэд дахиад л цуглаанд оролцохоо больдог. Ах эгч нар тэднийг дэмжих гэсэндээ нөхөрлөх гэж оролдох үед тэд шалтаг тоочин татгалздаг; ах эгч нар гэрт нь очих үед тэд гэртээ байгаа нь тодорхой байхад ч хаалгаа тайлж өгдөггүй. Энд юу болоод байна вэ? Тэд тэрхүү сөрөг үгний нөлөөлд автсан—тэд хордож, Бурханд итгэгчид найдваргүй гэж итгэдэг болсон. Эхэндээ тэд энэ хүмүүст нэлээд итгэдэг байсан бөгөөд Бурханы үгийг уншихдаа “Энэ бол Бурханы үг, энэ хүмүүс бол миний ах эгч нар, энэ бол Бурханы гэр—ямар гайхалтай вэ!” гэж боддог байсан. Гэвч зарим хүний тараасан сөрөг үгийг сонссоныхоо дараа тэд өөрчлөгдсөн. Тэд нөлөөнд автсан биш үү? Тэдний амь-оролт хохирсон биш үү? (Тийм.) Тэдэнд хэн нөлөөлсөн бэ? Сөрөг байдал гаргадаг хүмүүс, тэрхүү үгийг хэлсэн хүмүүс. Хэрвээ хүн үнэн замд хараахан бат суурь тавиагүй, эсвэл үнэнийг ойлгох хэмжээнд хүртлээ Бурханы үгийг идэж, уугаагүй бол сөрөг зүйлсийн нөлөөнд амархан орж мэднэ. Ялангуяа үнэнийг ухамсарлах чадваргүй, зүгээр л чиг хандлагыг ажиглаж, нөхцөл байдлыг харж, өнгөц үзэгдлийг хардаг хүмүүс сөрөг үгэнд бүр ч амархан гуйвдаг. Ялангуяа хүмүүсийн: “Бурханы гэр заавал шударга байдаггүй, бурханы гэрийн хийдэг бүхэн эерэг байдаггүй” гэх мэт ташаа зүйл ярихыг сонсох үедээ тэд бүр ч их сэрэмжилдэг. Үнэнтэй нийцдэг үгийг тэр бүр амархан хүлээж авдаггүй мөртөө сөрөг үг, утгагүй үг, үнэнтэй зөрчилддөг үг хүмүүсийн зүрх сэтгэлд дэндүү амархан үндэс сууриа тавьдаг бөгөөд тэдгээрийг авч хаях амаргүй. Хүмүүст үнэнийг хүлээн авах ийм хэцүү, харин ташаа зүйлийг хүлээн авах ийм амархан!

Хүн чанар муутай зарим хүн өөрсдийн нэр хүнд, алдар нэр, махан биеийн зугаа цэнгэл, хувийн өмч хөрөнгө, ашиг сонирхлыг маш чухалчилдаг. Тэдний нэр хүнд, байр суурь, шууд ашиг сонирхол хохирох үед тэд үүнийг Бурханаас хүлээн авдаггүй, өөрсдөд нь зориулан Бурханы бүрдүүлсэн орчин нөхцөлийг хүлээн авдаггүй, тийм зүйлийг орхиж, хувийн ашиг алдагдлаа үл тоож чаддаггүй. Харин ч тэд янз бүрийн боломжийг ашиглан сэтгэл дундуур, дуулгаваргүй байдал гаргаж, сөрөг сэтгэл хөдлөлөө гаргаж, үр дүнд нь зарим хүн ихээхэн зовоход хүрдэг. Тиймээс ийм хүмүүс сөрөг байдал гаргах үед чуулганы удирдагчид эхлээд нөхцөл байдлыг даруй ойлгож, тэр хүмүүсийг цаг алдалгүй зогсоож, хязгаарлах ёстой. Мэдээж чуулганы удирдагчид бас тэр хүмүүсийг идэвхтэйгээр илчилж, тэднийг хэрхэн ялган таних, яагаад тэд ийм сөрөг, утгагүй зүйл хэлдэг, түүнчлэн тэдэнд төөрөлдөж, ноцтой хохирохоос сэргийлэхийн тулд эдгээр үгэнд хэрхэн хандаж, ялган таних талаар ах эгч нартай нөхөрлөх ёстой. Ийм хүмүүсийг ялган таньж, задлан шинжилж чаддаг байх, ингэснээр тэднээс зайлсхийж, тэднийг голж, цаашид тэдэнд төөрөлдөхгүй байх шаардлагатай. Энэ бол чуулганы удирдагчдын хийх ёстой ажил юм. Мэдээж хэрвээ жирийн ах эгч нар ийм хүмүүсийг олж илрүүлэн, хүн чанар-мөн чанарыг нь ялган танивал тэд ч бас тэднээс хол байх ёстой. Хэрвээ чамд эсэргүүцэх хангалттай чадвар, эсвэл тэднийг дэмжиж, тусалж, өөрчлөх биеийн хэмжээ байхгүй бол, мөн тэдний сөрөг үг болон сэтгэл дундуур, дуулгаваргүй үгийг тэсвэрлэж чадахгүй гэж чамд санагдаж байвал хол байх нь хамгийн сайн арга юм. Хэрвээ чи өөрийгөө маш хүчтэй, тодорхой хэмжээний биеийн хэмжээтэй гэж мэдэрч, хэн ч юу ч хэлсэн ялган таньж, нөлөөнд нь автахгүй үлдэж чадах бол, тэд хэчнээн ноцтой сөрөг байдал гаргасан ч энэ нь чиний Бурханд итгэх итгэлд өчүүхэн төдий ч нөлөөлөхгүй бол, чи ийм хүмүүсийг ялган таньж чадах бол, мөн тэднийг сөрөг байдал гаргах үед ил болгож, зогсоож чадах бол—чи ийм хүмүүсээс зайлсхийж, сэрэмжлэх шаардлагагүй. Гэхдээ хэрвээ чамд тийм биеийн хэмжээ байхгүй гэж санагдаж байвал ийм хүмүүстэй харьцах арга зам, зарчим нь тэднээс хол байх явдал юм. Ингэх амархан уу? (Тийм.) Зарим хүн “Би тэднийг тэвчиж, хүлцэж, уучилж болох уу?” гэж хэлдэг. Тэгэх ч бас зүгээр, энэ буруу биш боловч хамгийн чухал юм уу хамгийн сайн хэрэгжүүлэлт биш. Чи тэднийг хүлцэж, тэвчиж, өөгшүүлээд, эцэст нь тэдэнд төөрөлдөж, тэдний талд орлоо гэж бодъё. Тэгээд Бурханы гэр чамайг яаж ч хангаж, дэмжсэн, чамд мэдрэгдэхгүй байна; эсвэл Бурханы үгийг унших үедээ чи тэдний бодол санаа, үг ярианд байнга гуйвж, тэдний хэлсэн ямар нэг зүйлийг бодох төдийд л оюун санаанд чинь нөлөөлж, үргэлжлүүлэн уншиж чадахгүй байна гэж бодъё. Мөн ах эгч нар үнэний талаарх ойлголтоо нөхөрлөх үед—ялангуяа ийм хүмүүсийн үгийг ялган таних талаар нөхөрлөх үед—чи дахиад л тэдний үгэнд гуйвж, нөлөөнд нь автаж, үүнээс болж оюун санаа чинь самуурч байна гэж бодъё. Хэрвээ ийм зүйл болбол чи ийм хүмүүсээс хол байх хэрэгтэй. Чиний тэвчиж, хүлцэх нь үр дүнгүй байх бөгөөд ийм хүмүүсээс хамгаалах хамгийн сайн арга биш юм. Чи дүр эсгэсэн, өнгөц байдлаар тэвчиж, хүлцдэггүй, харин чамд үнэхээр ийм хүмүүстэй нүүр тулах хангалттай биеийн хэмжээ байгаа гэж бодъё. Тэд юу ч хэлсэн, чи дуугарахгүй байлаа ч зүрх сэтгэлдээ тэднийг ялган таньж чадна; чи тэдэнд хүлээцтэй хандаж, тэднийг тоохгүй байж чадах боловч тэдний хэлсэн сөрөг үг, эсвэл Бурханыг буруу ойлгож, гомдоллосон үг нь Бурханд итгэх итгэлд чинь өчүүхэн төдий ч нөлөөлөхгүй, мөн үүргээ үнэнчээр гүйцэтгэж, Бурханд дуулгавартай байхад чинь нөлөөлөхгүй. Тэр тохиолдолд чи тэднийг тэвчиж, хүлцэж болно. Тэвчиж, хүлцэхийг хэрэгжүүлэх зарчим юу вэ? Хохирохгүй байх явдал. Тэднийг бүү тоо, тэд хүссэнээ ярьж л байг—эцсийн эцэст ийм хүмүүс бол ердөө л бодлогогүй төвөг удагчид бөгөөд ичих нүүргүй, гөжүүд хүмүүс юм. Чи тэдэнтэй үнэнийг яаж ч нөхөрлөсөн тэд хүлээж авахгүй; тэд диавол, Сатанд харьяалагддаг бөгөөд тэдэнтэй нөхөрлөөд ямар ч хэрэггүй. Тиймээс Бурханы гэр тэднийг зайлуулж, шийдвэрлэхээс өмнө хэрвээ чамд хохирол амсахгүйгээр тэднийг тэвчиж, хүлцэх биеийн хэмжээ байгаа бол тэр нь маш сайн. Та нар тэвчиж, хүлцэх энэ зарчмыг ихэвчлэн баримталдаг уу? Та нар янз бүрийн хүнийг тэвчдэг ч заримдаа болгоомжгүй байж, бага зэрэг төөрөлддөг; дараа нь үүнийгээ ухаарч, Бурханд өртэй гэдгээ мэдэрч, хоёр өдөр залбирч, байдлаа эргүүлж, Бурханд илүү ойртдог. Ихэнхдээ та нар ийм хүмүүс олиггүй, диаволд харьяалагддаг гэдгийг тодорхой харж чаддаг. Хэдийгээр чи тэдэнтэй хэвийн харилцаж чаддаг ч дотроо тэднээс хол байж, жигшдэг. Тэд юу ч хэлсэн, ямар ч сөрөг үг, үзэл бодол хэлсэн, чи дүлий дүмбэ оргиж, үл тоон “Хүссэнээ л хэл. Би чамайг ялган таньж чадна. Би зүгээр л чам шиг хүмүүстэй нийлдэггүй” гэж боддог. Ийм асуудлыг шийдэхдээ та нарын ихэнхдээ баримталдаг зарчим энэ мөн үү? Ингэж чаддаг болох нь бас муугүй; энэ амархан биш бөгөөд зарим үнэнийг ойлгож, тодорхой хэмжээний биеийн хэмжээтэй байхыг шаарддаг. Хэрвээ чамд ийм түвшний биеийн хэмжээ ч байхгүй бол чи бат зогсож чадахгүй, үүргээ сайн гүйцэтгэхгүй.

4. Ерөөл хүртэх хүсэл нь нурах үед сөрөг байдал гаргах

Сөрөг байдал гаргахад өөр нэг илрэл бий. Зарим хүн “Би Бурханд ийм олон жил итгэлээ, тэгээд юу олж авсан юм бэ?” гэж хэлдэг. Ийм хүмүүс сөрөг байдал гаргах үедээ гол нь “Би юу олж авсан юм бэ?” гэж хэлдэг нь тэд юу ч олж аваагүй гэсэн утгатай. Тэд Бурханд итгэх зуураа Бурханы гэрээс юм уу Бурханаас ямар нэг ашиг тус, ерөөл хүртэх нь ялангуяа хэцүү, хүмүүс асар их хайр өргөн барьж, гайхалтай тэсвэр тэвчээртэй байх ёстой, үр дүнд хурдан хүрэхээр яарах хэрэггүй гэж итгэдэг. Хүмүүсийг ил болгож, засаж, цэвэршүүлж, хүмүүсийн завхралыг цэвэрлэдэг Бурханы үгийн тухайд гэвэл, тэд үүнийг ердөө л өнгөц, сүржин сонсогддог хоосон үг, үүнд огт итгэж болохгүй гэж итгэдэг; Бурханы үгийн дагуу хэрэгжүүлбэл үнэхээр их хохирол амсана гэж тэд боддог. Ашиг тус, давуу тал олж авч, хүсэл эрмэлзлээ биелүүлэх нь цаг ямагт хамгийн чухал зүйл бөгөөд үнэнийг хэрэгжүүлэх эсэх нь огт чухал биш гэж тэд боддог—мууг үйлдэхгүй л бол боллоо, тэгвэл чуулганаас таягдан хаягдахгүй гэж тэд итгэдэг. Ийм сөрөг үгийг сонссоныхоо дараа ихэнх хүнд ямар мэдрэмж төрдөг вэ? Тэд дотроо эдгээр үгийг сайшааж, санал нийлдэг үү, эсвэл эдгээр үгийг жигшиж, энэ хүмүүсийг аминч, жигшүүртэй, хорон муу, өөдгүй гэж бодоод, тэднийг ялган таньж, ил болгож, хязгаарлаж, үргэлжлүүлэн сөрөг байдал, үхэл тараахыг нь зогсоож чаддаг уу? Ихэнх хүн ийм сөрөг үгийг зэвүүцэж, жигшдэг үү, эсвэл тэдгээрээс болж төөрөлдөж, сөрөг болох боломжтой юу? Зарим хүн эдгээр үгийг сонсож, гар хоосон байгаагаа хараад: “Харин тийм ээ! Би ч бас юу ч олж аваагүй. Бурханы гэрт би өдөрт гурван удаа хооллоод, цаг үргэлж завгүй байдаг ч өөр юу ч олж аваагүй шүү дээ” гэж боддог. Та нарт ийм бодол төрдөг үү? Та нарт бас тэгж санагддаг уу? Үнэнийг ойлгодог хүмүүс “Юу ч олж аваагүй гэж юу гэсэн үг вэ? Бид Бурханаас маш их зүйл олж авсан! Бид маш олон үнэнийг ойлгож авсан шүү дээ!” гэж хэлнэ. Гэхдээ зарим хүн тэдэнтэй санал нийлэхгүй, “‘Маш их’ зүйл олж авсан гэж хэлэх нь тийм ч бодитой санагдахгүй байна. Бид ердөө л жаахан нигүүлсэл хүртэж, үүргээ гүйцэтгэх зарим боломж олж авч, биеэ хэрхэн авч явах талаар зарим нэг хоосон сургаал ойлгож, өөр өөр газрын олон ах эгчтэй уулзаж, танилцаж, мэдлэгийн хүрээгээ нэлээд тэлсэн. Үүнийг ердөө жаахан юм олж авсанд л тооцно” гэж хэлж магадгүй. Та нар эдгээр ангиллын алинд нь багтах вэ? Энэ бүх ангилалд багтах хүмүүс байгаа, тийм үү? (Тийм ээ.) Бид үүнийг хоёр өнцгөөс хэлэлцэнэ. Эхлээд, үргэлж нигүүлсэл олж авахын төлөө Бурханд итгэдэг хүмүүст юу болж байдаг талаар ярилцъя—тэд аврал хүртэх гэсэндээ үнэнийг олж авахаар эрэлхийлэхийн тулд Бурханд итгэдэг үү? (Үгүй, тэд ерөөл хүртэхийн төлөө итгэдэг.) Тэгвэл Бурхан тэдэнд нигүүлсэл, хамгаалалт, энэрэл, гэгээрэл, гэрэлтүүлэлт бага өгсөн гэж үү? (Бурхан тэдэнд эдгээрийг их өгсөн.) Бурханд итгэдэг хүн бүр Бурханы хамгаалалтыг хүртсэн гэж хэлж болно. Бурханы хамгаалалт бодитой юу? Үүний бодит амьдрал дээрх жишээ бий юу? Хүмүүс ямар төрлийн хамгаалалт хүртсэн бэ? (Харьцангуй илэрхий нэг төрөл нь гэвэл, Бурханд итгэснийхээ дараа бид ертөнцийн хорон муу чиг хандлагын нөлөөнд орохоо больдог. Бид доройтолд ордоггүй, шөнийн клубт очих, тамхи татах, архи уух гэх мэт хорон муу зүйлсээр хөөцөлддөггүй. Ядаж л бид эдгээр зүйлтэй орооцолддоггүй бөгөөд энэ тал дээр бид нэлээд хамгаалагдсан гэж би итгэдэг.) Энэ бол хүмүүсийн харж, биечлэн туулж болох маш бодитой тал юм. Ертөнцийн хорон муу чиг хандлагын нөлөөнд орж, төөрөлдөхгүй, хүн шиг амьдрах, хүний төрхтэйгөөр хэвийн хүн чанар дотор амьдрах нь Бурханы хамгаалалтын бодит жишээ, нотолгоо юм. Өөр байна уу? (Муу сүнсэнд үймүүлэгдэхгүй, Бурханы хамгаалалт дор амьдарч чаддаг байх.) Энэ ч бас бодит жишээ мөн. Ихэнх хүнд ийм туршлага байсан уу? Та нар үүний утга учрыг ухаарч чадаж байна уу? Зарим хүн “Шүтлэггүй хүмүүс ч бас муу сүнсэнд үймүүлэгддэггүй шүү дээ. Муу сүнсэнд үймүүлэгддэг шүтлэггүй хүн хэд байна?” гэж хэлдэг. Энэ үг зөв үү? Энэ үг баримттай нийцэж байна гэж та нарт санагдаж байна уу? (Миний ангийнхнаас нэлээд хэд нь муу сүнсэнд үймүүлэгдэж байсан. Заримыг нь сүнс дарж, зарим нь хий юм сонсдог. Тэд Бурханд итгэдэггүй, юу болж байгааг мэддэггүй. Тэд эмчилгээг хаа сайгүй хайдаг ч үүнийг эдгээж чаддаггүй, айдас хүйдэс дунд амьдардаг; энэ нь шаналгаатай байдаг. Гэхдээ би багаасаа Бурханд итгэсэн болохоор хэзээ ч ингэж үймүүлэгдэж, зовж байгаагүй. Ихэнхдээ зүрх сэтгэл минь харьцангуй тогтвортой, амар амгалан байдаг.) Бурханд жинхэнэ ёсоор итгэдэг хүмүүст ийм санаа зовнил байдаггүй. Бид хийрхэх өвчин тусах вий, эсвэл муу сүнсэнд үймүүлэгдэж, эзэмдүүлэх вий гэж санаа зовдоггүй; бидэнд Бурхан байдаг учраас бид айдаггүй. Түүнчлэн, бодит амьдрал дээр шүтлэггүй хүмүүс нүүрний хэлбэр шинжих, фэн шүй, мэргэ төлөгний талаар байнга ярьдаг—Баруунд бүр зурхай ч байдаг. Зарим хүн алдартай Бурхан багшийн хөшөө, муу сүнс, шүтээнийг шүтдэг, зарим нь шүтдэггүй, гэхдээ тэд шүтдэг ч бай, үгүй ч бай бүгд л тодорхой хэмжээгээр эдгээр зүйлийн нөлөөнд орж, хязгаарлагддаг. Жишээ нь, гэрээсээ гарахын өмнө тэд аль зүг нь өлзийтэй, аль нь өлзийтэй бус болохыг харахын тулд жаахан мэргэлэх ёстой болдог. Дэлгүүр нээхдээ тэд лангуугаа хаана байрлуулбал мөнгө орж ирэх, хаана байрлуулбал орж ирэхгүйг, эд баялаг дуудахын тулд дэлгүүртээ юу тавьж, ямар шүтээн шүтэх, фэн шүйг алдагдуулахгүйн тулд тодорхой зүйлсийг хаана тавихаа тодорхойлдог. Нүүхдээ тэд гэр бүлийн ирээдүйн хөгжил цэцэглэлтийг баталгаажуулж, гай зовлонгоос зайлсхийхийн тулд нүүхэд өлзийтэй цагийг тодорхойлж, аль цаг нь өлзийтэй бус болохыг тогтоох ёстой болдог. Оюутнууд хүртэл элсэлтийн шалгалт өгөхдөө ийм итгэл үнэмшлийн нөлөөнд ордог. Шалгалтын өдөр тэд бүтэлгүйтлийг илтгэсэн үг хэлэхээс зайлсхийж, оронд нь “онцгойрох”, “амжилт” гэх мэт үгсийг хэлэх ёстой болдог. Хүүхдүүд сургуульд явах, эцэг эхчүүд өдөр тутмын амьдралаар амьдрах, мөнгө олох, гэрээ нүүлгэх, ажил хайх, түүнчлэн хүүхдүүдийн гэрлэлт гэх мэт амьдралын тал бүрд нь фэн шүй, хувь заяа гэх мэт болон өөр бусад үзэл санаа нөлөөлдөг. Тэгвэл хүмүүст эдгээр зүйл нөлөөлөх үед тэнд юунд хязгаарлагдаж байна вэ? Тэд муу сүнсэнд хязгаарлагдаж байна; энэ бүх зүйлийг муу сүнснүүд хянадаг. Тэгвэл хүмүүс яагаад тэр муу сүнснүүдийг шүтдэг вэ? Яагаад тэдэнд ийм зүйл нөлөөлдөг вэ? Нүүх гэх мэт ийм энгийн асуудал дээр хүмүүс яагаад үргэлж ямар цагт нүүх нь өлзийтэй, ямар цагт нь өлзийтэй бус, юуг эхэлж нүүлгэвэл өлзийтэй, юуг нүүлгэвэл өлзийтэй бус болохыг эргэцүүлэх ёстой байдаг юм бэ? Яагаад тэд үргэлж ийм зүйлийг бодолцох ёстой байдаг вэ? Хэрвээ бодолцохгүй бол муу сүнснүүд үйлдэж, тэднийг тарчлааж, зовоох учраас тэд бодолцох ёстой болдог. Та нар эдгээр асуудлаас юу харж байна вэ? Хүн төрөлхтөн бүхэлдээ ёрын муу нэгний хяналт дор амьдардаг. Ёрын муу нэгэн гэж хэн бэ? Томоохон ёрын муу нэгэн нь Сатан, диаволууд бөгөөд жижиг ёрын муу нэгэн нь янз бүрийн газар дахь, өөр өөр үндэстний хүмүүсийг хянадаг муу сүнснүүд юм. Хүний амьдралын тал бүрийг эдгээр муу сүнс хязгаарлаж, хянадаг. Байшин барихдаа хүртэл, гол нурууг суурилуулах үеэр хүмүүс аз дуудахын тулд улаан даавуу өлгөж, салют буудуулдаг бөгөөд санхүүгийн хөгжил цэцэглэлт авчирч, ослоос зайлсхийхийн тулд барилгын ажилчид бүгд улаан хувцас өмсдөг. Энэ бүх зүйлийн талаар зарим нэг тодорхой шаардлага, үг яриа, мөн цээр байдаг бөгөөд тэд цээрээс зайлсхийж, эдгээр үг яриаг дагах ёстой. Жишээ нь, зарим хүнд бэрхшээл байнга тулгарч, ажил үйлс нь бүтдэггүй—тэд ажлаасаа халагдаж, эхнэр нь хаяж явж, гэрт нь юу ч үлддэггүй. Тэд байрны зээлээ ч төлж чаддаггүй, юу ч бүтэхгүй байгаа мэт санагддаг. Тэд ямар ч муу зүйл хийгээгүй атал яагаад ийм зүйл тэдэнд тохиолддог вэ? Өөр сонголтгүй болохоор тэд хуурамч бурхад, муу сүнснүүдийг шүтэх, эсвэл хувь заяагаа өөрчлөхийн тулд фэн шүйгээ үзүүлэх хүн яаралтай хайхад хүрдэг бөгөөд ингэсний дараа бүх зүйл аажмаар сайжирч эхэлдэг. Тэд өмнө нь ийм зүйлд итгэдэггүй байсан ч одоо асуудал үүсэх үед хуурамч бурхад, муу сүнснүүдийг чин сэтгэлээсээ шүтэж, ямар нэг зүйл хийхээсээ өмнө мэргэ төлөг, зурхайгаас асуух ёстой болдог. Ингэж амьдрах ядаргаатай биш гэж үү? (Тийм ээ.) Үнэхээр ядаргаатай! Тэд хүссэн ч гэсэн чөлөөтэй, амар тайван амьдарч чаддаггүй, эдгээр үг яриа, дүрэм журмын баригдмал байдлаас мултарч чаддаггүй. Хэрвээ тэд эдгээр дүрмийг зөрчвөл муу сүнснүүд үйлдэж, тэднийг үймүүлдэг бөгөөд тэд тэрхүү муу сүнснүүдэд хүчээр захирагдаж, амьдралаа тэгш байлгахын тулд өдөр бүр тэднийг шүтэх ёстой болдог. Харин Бурханд итгэдэг хүмүүс эдгээр феодалын мухар сүсэг, муу сүнснүүдийн ажиллагаанд баригддаггүй. Тэд ямар ч цээрээс зайлсхийх шаардлагагүйгээр хүссэнээрээ гэрээ нүүлгэж, дуртай үедээ явж чадна. Эх газрын Хятадад Коммунист нам шашны итгэл үнэмшлийг үргэлж дарангуйлж, хавчдаг. Хэрвээ итгэгч нэг газар амьдрах аргагүй болбол хурдан нүүх ёстой болдог—тэд үүний тулд өлзийтэй өдөр, цагийг сонгох, эсвэл ямар нэг зүйлийг шүтэх хэрэгтэй юу? Үгүй. Тэд Бурханд залбирдаг, тэгээд Бурхан тэднийг хамгаалдаг. Бүх зүйл Бурханы гарт байдаг—тэд ийм зүйлд хүлэгддэггүй. Тэд ямар нэг юм идмээр, эсвэл гэрээсээ гармаар болох бүрдээ цаг тооны бичиг харах, эсвэл цээртэй эсэхийг харах хэрэгтэй юу? Үгүй, тэд Бурханд залбирдаг, бүх зүйл Бурханы гарт байдаг. Хүмүүс Бурханы ноёрхол, дээд эрх дор, Бурханы хамгаалалт, удирдамжтай амьдрах үед том, жижиг муу сүнс, бузар сүнснүүд бүгд хол байдаг; тэд Бурханд итгэдэг хүмүүс дээр үйлдэж зүрхэлдэггүй. Энэ хүмүүс хамгаалагдсан биш үү? Тэд чөлөөтэй, амар амьдарч байгаа биш үү? (Тийм ээ.) Энэ нигүүлсэл агуу юу? (Тийм ээ.) Чи үнэнийг хараахан олж авсан эсэхээс үл хамааран, Бурханд чин сэтгэлээсээ итгэдэг хүн л бол Бурханы урьдчилан тогтоож, сонгосон хүн мөн бөгөөд чамайг Бурханы өмнө ирэхэд Тэр чамайг ингэж хамгаалж, ийм нигүүлсэл эдлэх боломж олгодог. Энэ ямар агуу нигүүлсэл гээч! Чиний хувийн аюулгүй байдал болон бүх хөдөлгөөн чинь аюулгүй, найдвартай байдаг, Бурхан эдгээр зүйлийг хариуцаж, хамгаалдаг тул чи санаа зовох хэрэггүй. Ихэнхдээ хүмүүс залбирдаггүй, эсвэл “Би Бурханд залбирч, намайг хамгаалахыг Бурханаас гуйя. Бүх зүйл зүгээр байж, ямар ч муу зүйл битгий тохиолдоосой” гэж ухамсартайгаар боддоггүй. Чи залбирах ч шаардлагагүй. Зүрх сэтгэлдээ “Би Бурханд итгэдэг; бүх зүйл Бурханы гарт байдаг” гэсэн энгийн итгэл үнэмшилтэй л байвал Бурхан үйлдэх болно. Хүмүүс Бурханаас ийм агуу нигүүлсэл эдэлдэг—энэ нь бага зүйл олж авч байгаа хэрэг үү? (Нэлээд ихийг олж авч байгаа хэрэг.) Бурхан бол ертөнц дэх цор ганц Захирагч юм. Чиний амь болон эзэмшдэг бүхэн чинь Бурханы гарт, энэ Захирагчийн гарт байдаг, зүрх сэтгэл чинь амгалан, тогтвортой, тайван байж, чи юунд ч санаа зовох хэрэггүй. Чи Бурханы талаар хэчнээн их мэдлэгтэй байх, эсвэл хэчнээн олон үнэнийг ойлгодгоос үл хамааран зүрх сэтгэлдээ үүнд туйлын итгэлтэй байж чадна. Бүх зүйл Бурханы гарт байдаг. Бурханд итгэгчдийн зүрх сэтгэлд Бурханы байр суурь байдаг, тэд үнэнийг ойлгодог бол муу сүнснүүд тэднийг үймүүлж, хорлож, тэдэнд ойртож зүрхэлдэггүй. Иймээс итгэгчид тэр шаардлагагүй үйл явцад оролцох хэрэггүй болдог. Энэ бол маш агуу нигүүлсэл—Бурханд итгээд юу ч олж аваагүй гэж чи яаж хэлж чадаж байна аа? Чамд мөс чанар байхгүй юм биш үү? Өөр юуг ч харахгүйгээр, зөвхөн юу ч олж аваагүй гэж хэлэх нь л хүний мөс чанар огт байхгүйг нотолдог бөгөөд мөс чанар нь бүхэлдээ муу гэдгийг нотолдог; бусдынх нь талаар ярих ч хэрэггүй.

Бурхан хүмүүст үнэн ба амийг үнэ төлбөргүй хайрлаж, ямар ч хариу нэхэлгүйгээр хүмүүсийг Өөрийн үгээр хангадаг. Хэдийгээр хүмүүс биеийн хэмжээ нь дутуу хэвээр, үнэнийг их ойлгоогүй, ойлгосон жаахан зүйлээ тодорхой илэрхийлж чадахгүй гэж боддог ч Бурханы тэдэнд өгсөн зүйлс, энэ энхрийлэл, хайр—ямар агуу нигүүлсэл гээч! Бурхан хүмүүст хамгийн үнэтэй зүйлсийг өгсөн; хүмүүс ертөнц дээрх хамгийн үнэ цэнтэй зүйлсийг Бурханаас хүлээн авсан. Чи үүнийг мэдэрсэн ч бай, үгүй ч бай Бурхан хүнд эдгээрийг хэдийнээ өгсөн. Хүмүүст гомдоллоод байх юу байна вэ? Тэд ийм зүйлийг хүртэх гавьяатай юу? Бурханы сонгосон хүмүүс бол ертөнц дээрх хамгийн жаргалтай хүмүүс юм. Бурхан чамайг шалгаруулж, сонгосон; чи ертөнц дээрх хамгийн жаргалтай, хамгийн азтай хүмүүсийн нэг. Чи юу ч олж аваагүй гэж яаж хэлж чадаж байна аа? Бурхан чамайг шалгаруулж, сонгосон учраас чи хамгийн жаргалтай, хамгийн азтай хүмүүсийн нэг болсон, тиймээс муу сүнс, бузар сүнснүүд чамд ойртож зүрхэлдэггүй. Зарим хүн “Энэ нь миний байр суурь, ялгамж чанар хүндтэй болсон гэсэн үг үү?” гэж асуудаг. Ингэж хэлж болох уу? Болохгүй, яагаад гэвэл энэ бүхэн Бурханы хайр болон Бурханы үйлдлийн ач юм. Хүмүүс маш их зүйл олж авсан! Зөвхөн энэ амьдралдаа л хүмүүс маш их зүйл олж авсан; хүмүүс энэ бүхнийг хүртэх шаардлагыг ер нь яаж хангасан юм бэ? Бурханд итгэдэг зарим хүн үнэнийг огт эрэлхийлдэггүй мөртөө “Бурханд олон жил итгээд би юу олж авсан юм бэ?” гэж хэлсээр байдаг. Чи өөрөө тооцоолж чадахгүй байна уу? Чи үнэнийг ойлгож байгаа эсэхээ, хэр бага муу зүйл үйлдсэнээ зүрх сэтгэлдээ мэдэж байгаа, тэр ч бүү хэл хэр их нигүүлсэл эдэлснээ зүрх сэтгэлдээ мэдэж байгаа. Хэрвээ зүрх сэтгэлдээ эдгээр зүйлийг тодорхой мэдэж байсан бол чи ийм мөс чанаргүй зүйл хэлэхгүй байсан. Зарим нь бас “Бурханы гэр намайг хоол унд, хувцас хунар, орон байраар бас хангадаг” гэж хэлдэг. Бурханы нигүүлсэл, хамгаалалттай харьцуулахад энэ маш өчүүхэн зүйл биш гэж үү? Үүнийг дурдах ч хэрэггүй биш гэж үү? Гэхдээ мөс чанартай хүмүүс үүнийг дурдах хэрэггүй ч гэсэн Бурханы нигүүлслийн нэг хэсэг гэж боддог. Бурханы нигүүлсэл хэмжээлшгүй; Бурхан хүмүүст маш их зүйл өгсөн! Тэр материаллаг зүйлсийн тухайд гэвэл, Бурханы өнцгөөс бол Бурхан тэдгээрийг тооцдог ч үгүй.

Бурханы үйлдлийн нэг тал нь хүмүүсийг хамгаалах, нөгөө тал нь хүмүүсийг авралын зам руу хөтөлж, ингэснээр тэд аврагдаж чадна. Хүмүүс Бурханы энэ санаа зорилго болон тэднийг гэх Түүний хайрыг эдэлсэн бөгөөд Бурхан тэдэнд арвин их нигүүлсэл хайрласан! Түүнчлэн, хамгийн чухал нэг зүйл бий: тэр нь Бурханы хүмүүст хайрласан үнэн, тухайлбал хүний түүхэнд, аль ч эрин үед хэний ч сонсож, хүлээн авч байгаагүй үг юм. Бурхан хүн төрөлхтнийг хэдэн удаа бүтээснээс үл хамааран Тэр хэзээ ч энэ ажлыг хийж, эдгээр үгийг хэлж байгаагүй. Хүн төрөлхтөнтэй холбоотой бүх нууц, хүмүүсийн үүрч, ухаарч, ойлгож чадах зүйлийг—Бурхан та нарт бүгдийг нь хэлж өгсөн. Эдгээр нууц, эдгээр үнэнийг ямар нэгэн хэмжээгээр хэмжиж болох уу? Тэдгээрийг хэмжих аргагүй; хүмүүс олон удаа амьдрахдаа эдэлсэн ч баршгүй. Би яагаад ингэж хэлж байна вэ? Яагаад гэвэл Бурханы эдгээр үг бол хүмүүсийн оршин тогтнох суурь бөгөөд тэдгээр нь үүрд мөнх оршин тогтнож чадна. Хэрвээ чи үнэхээр амьд үлдэж, үүрд мөнх амьдрах хувьтай бол Бурханы эдгээр үг болон үнэн чамайг үүрд мөнх хангаж чадна. Үүрд мөнх гэдэг нь ямар утгатай вэ? Энэ нь цаг хугацаагаар хязгаарлагдахгүй, хязгааргүй байна гэсэн үг. Хэрвээ бид үүнийг шууд утгаар нь тайлбарлавал төгсгөлгүй байх—яг л Бурхан Өөрөө байдаг шиг үүрд мөнх амьдарна гэсэн үг. Бурханы эдгээр үг болон үнэн тэр цаг үе хүртэл оршин тогтнож чадна. “Тэр цаг үе” гэдэг нь хүний хэлээр илэрхийлэгдсэн цаг хугацааны ойлголт, тодорхойлолт боловч үнэндээ энэ нь хязгааргүй гэсэн үг юм. Надад хэл дээ, Бурханы эдгээр үгийн үнэ цэн агуу юу, үгүй юу? Энэ бол үнэхээр агуу! Хэрвээ чи тэдгээрийг эрэлхийлэхгүй бол чиний хохь; чи мунхаг байгаа хэрэг. Харин хэрвээ чи эдгээр үгийг эрэлхийлбэл чамд зөвхөн энэ амьдралаас хавьгүй илүү үнэ цэнтэй; үүрд мөнхөд үргэлжилнэ. Тэдгээр нь чиний хувьд үргэлж үр нөлөөтэй, хэрэгтэй байх бөгөөд үүрд мөнх үнэ цэн, утга учиртай байж, чамайг үүрд мөнх хангах болно. Хэрвээ чи эдгээр үгийг ойлгож, олж авч, эдгээрээр амьдарвал үүрд мөнх амьдарч чадна. Илүү энгийнээр хэлбэл, чи үхлийг амсахгүйгээр үүрд мөнх амьдарна. Хүмүүсийн мөрөөддөг зүйл энэ биш гэж үү? Тоолж баршгүй олон эрин үе өнгөрч, тоолж баршгүй олон хүн үхсэн байх боловч чи амьд үлдэнэ. Чи юугаар дамжуулан амьд үлдэх вэ? Бурханы үгээр, үнэнээр дамжуулан чи ингэж амьдрах эрдэм чадалтай болно. Чи энэ үргэлжлэх амьдралаар юу хийх гэж байна вэ? Чамд Бурханы даалгавар, Бурханы манлайлал байгаа, бас чамд үүрэг даалгавар бий. Чиний үүрэг даалгавар юу вэ? Түүний үгийг чи амьдран харуулж байгаагаар дамжуулан Бурхан чамаар Өөрийгөө алдаршуулж, Өөрийнхөө гэрчлэл болгохыг хүсдэг. Энэ бол Бурханы үгийн үнэ цэн юм. Энэ эрин үед хүмүүсийн сонсож, учирч, туулдаг үнэн болон үгийн үнэ цэн, утга учир үүрд мөнх оршино. Тэдгээр нь яагаад үүрд мөнх орших вэ? Бурханы эдгээр үг бол теологи, онол, уриа лоозон, эсвэл нэг төрлийн мэдлэг биш, харин амийн үг юм. Чи эдгээр үгийг олж авч, эдгээрээр амьдарч, эдгээрээр амьд үлдэх л юм бол Бурхан үргэлжлүүлэн амьдрахыг чинь зөвшөөрч, чамайг үхүүлэхгүй. Өөрөөр хэлбэл, Тэр чамайг устгахгүй, амийг чинь авахгүй—Тэр чамайг үргэлжлүүлэн амьдруулна. Энэ агуу ерөөл биш гэж үү? (Тийм ээ, агуу.) Эдгээр үгээр дамжуулан Бурхан чамд энэ ерөөлийг энэ амьдралд урьдчилан амсуулж, ирэх ертөнцөд олж авхуулахыг хүсдэг. Энэ бол Бурханы амлалт. Бурханы хүн төрөлхтөнд өгсөн асар их амлалтыг бодолцвол хүмүүс ихийг хүлээн авсан уу? (Тийм.) Бурхан хүн төрөлхтөнд ийм агуу амлалт өгч, үүнийг бүгдэд мэдүүлсэн. Тэр чамд энэ талаар хэлж, ирээд үүнийг үнэгүй авах боломж олгосон. Чи амиа золиослох, бүх эд хөрөнгөө өгөх шаардлагагүй; чи зөвхөн Бурханы үгийг сонсож, Бурханы шаардлага болон дур хүслийн дагуу үйлдэхэд л Бурханаас энэ амлалтыг хүлээн авч чадна. Бурхан хүн төрөлхтөнд ихийг өгсөн биш үү? Чи одоогоор энэ амлалтыг олж авах зам дээр байна: Хэдийгээр чи үүнийг бүрэн хүлээн аваагүй байгаа ч багыг хүлээн авсан гэж үү? Бурханы хүн төрөлхтөнд хайрласан амлалтыг харахад хүмүүс нэлээд ихийг хүлээн авсан байна. Тэд ихээхэн давуу тал олж авсан; тэд огт хохироогүй, ямар ч алдагдал хүлээгээгүй. Тэд ердөө жаахан цаг хугацаа зарцуулсан бөгөөд махан бие нь бага зэрэг зүдэрсэн байж магадгүй. Тэд хувь хүний гэр бүлийн жаргал, хувь хүний махан биеийн таашаал, хүслээ золиосолж, зарим эрмэлзэл, сонирхол, хүслээ орхисон байж магадгүй. Гэхдээ үнэнийг ойлгох, авралд хүрэх, Бурханы амлалтыг хүлээн авахтай харьцуулахад тэр бүх хувь хүний ирээдүй, зорилго, эрмэлзлийг дурдаад ч хэрэггүй, учир нь тэдгээр нь чамайг зөвхөн там руу хөтөлж чадах бөгөөд тэдгээрийг Бурхан чамд амлахгүй. Харин эсрэгээрээ, хүмүүс хязгаарлагдмал цаг хугацаа, төлөхөд бэлэн, төлж чадах төлөөсөө зарцуулах үедээ эцэст нь үнэнийг ойлгож, Бурханы бүтээлээс хойш хүн төрөлхтний ойлгоогүй байсан зарим нууц, биеэ зөв авч явах зарчим, бүх үйл явдал, зүйлийн мөн чанар, уг үндэс гэх мэтийг ухаарч авдаг. Бүр илүү чухал нь, тэд Бурханы талаар зарим мэдлэгийг олж авч, Түүнээс эмээж чаддаг болдог. Энэ бүхнийг олж авсан болохоор ийм төлөөс төлөх нь үнэ цэнтэй биш гэж үү? Хүмүүст ямар гомдол байдаг вэ? Яагаад тэд Бурханд итгээд юу ч олж аваагүй гэж хэлдэг вэ? Тэдний мөс чанар бүрмөсөн ялзарчихсан биш үү? Чи ийм ихийг олж авчхаад сэтгэл ханахгүй л байна. Чи өөр юу хүсээд байгаа юм бэ? Чамайг ерөнхийлөгч юм уу тэрбумтан болговол чи сэтгэл ханах уу? Хэрвээ Бурхан чамд тэдгээрийг өгсөн бол Бурхан чамайг сонгохгүй байсан. Бурхан ийм хүмүүсийг олж авахыг хүсдэггүй.

Хүмүүс Бурханд итгээд юу ч олж аваагүй гэж үргэлж хэлдэг нь тэд мөс чанаргүй, үнэнийг ухамсарлах ямар ч чадваргүй, үнэнийг эрэлхийлдэггүй, жудаг нь онцгой муу гэдгийг харуулдаг. Бурхан юу хийдэг, Бурхан хүмүүсээс юу шаарддаг, Бурхан хүмүүст юу хайрласан зэрэг зүйлсийн талаар ямар ч цэвэр ойлголт ийм хүмүүст байдаггүй. Эцэст нь, тэдний дургүйг бага зэрэг хүргэх зүйл тохиолдох үед дотор нь хуримтлагдсан их уур хилэн нь тэр даруй тэсэрч: “Би Бурханд итгээд юу олж авсан юм бэ? Махан бие минь маш их зовсон. Чуулган надад ямар ч үүрэг даалгасан би хийсэн. Хэчнээн хэцүү, ядаргаатай байсан ч би хэзээ ч гомдоллож байгаагүй; бэрхшээл хэчнээн их байсан ч би хэзээ ч юу ч хэлээгүй. Би Бурханы гэрт хэзээ ч ямар ч шаардлага тавьж байгаагүй. Асар их хайрлаж, асар их үнэнч байлаа гээд би юу олж авсан юм бэ? Хэрвээ би хүртэл юу ч олж аваагүй юм чинь бусад хүн юм олж авах найдвар бүр ч байхгүй!” гэдэг. Үүний цаад санаа нь: “Та нар над шиг их зүйл өргөн бариагүй, над шиг төлөөс төлөөгүй; би хүртэл юу ч олж аваагүй юм чинь та нар юу олж авч чадах юм бэ? Та нар бүгд болгоомжтой байх хэрэгтэй; битгий мунхаг бай!” гэсэн үг юм. Ийм хүмүүс мөс чанаргүй биш гэж үү? Мөс чанаргүй хүн үргэлж мунхаг, зөрүүд үг хэлдэг. Тэд Бурханы хэлсэн тэр олон үнэнээс, тэр олон цэвэр, эерэг зүйл, үг хэллэгээс ганцыг ч ухамсарлаж чаддаггүй, харин ч өөрсдийн үзэл бодолтой зөрүүдлэн зууралддаг: “Би Бурханы төлөө бэрхшээл туулж, төлөөс төлж байгаа, тиймээс Бурхан намайг ерөөх ёстой, бусдаас ихийг олж авах боломж олгох ёстой. Эс бөгөөс би уураа гаргаж, тэсэрч, харааж зүхнэ! Миний хүссэн юуг ч бай Бурхан надад өгөх ёстой, хэрвээ би түүнийгээ авч чадахгүй бол Бурхан зөвт биш, би юу ч олж аваагүй гэж хэлнэ—энэ бол бодит үнэнийг хэлж байгаа хэрэг!” Тэд хүн чанаргүй биш гэж үү? Хүн чанаргүй хүний үг гарцаагүй бат зогсож чадахгүй, үнэнд нийцнэ гэж бүр ч байхгүй; сүүлийнх нь тэдний хувьд арай ахадсан хэрэг юм. Хүний хэлдэг үг нь гуйвуулсан үндэслэл биш, харин зүй ёсны хүсэлт, зүй ёсны үг байх ёстой; хэн сонсож, хэн үнэлгээ өгөхөөс үл хамааран тэдгээр нь баттай байх ёстой. Гэвч хүн чанар муутай хүмүүсийн үг, үйлдэл баттай байж чаддаггүй. Тэднийг аашилж цамнаж, гомдлоо тоочих үед зарим хүн “Тэд яагаад юу ч олж аваагүй гэж хэлж байна вэ? Бурханы гэр тэдэнд ямар нэг байдлаар шударга бус хандсан юм болов уу? Бурханы гэрийн зарим үйлдэл зарчимд нийцэхгүй, ил гаргаж болохгүй зүйл байгаа юм болов уу? Тэр хүн ер нь бэрхшээл туулж, төлөөс төлөх чадвартай мэт харагддаг ч өнөөдөр маш ширүүн тэсэрч, юу ч олж аваагүй гэж хэлж байна; тэд үнэхээр юу ч олж аваагүй юм шиг байна. Томоотой хүний уурыг хүргэж байгаа хэрэг биш үү? Тэгвэл би болгоомжтой байсан нь дээр; би үүргээ гүйцэтгэхдээ өмнөх шигээ тэгж их бэрхшээл туулж, тийм их төлөөс төлөх хэрэггүй юм байна!” гэж боддог. Ялган таних чадваргүй зарим мунгинуу хүнд ингэж нөлөөлдөг.

Байнга сөрөг байдал гаргадаг хүмүүсийн хувьд, хэрвээ тэдэнд үнэхээр илэрхийлэх үзэл бодол, санаа байгаа бол эхлээд тэднийг яриулж, үзэл бодлыг нь ил болго. Тэднийг ярьсны дараа хүн бүр ойлгоно: “Төлсөн төлөөс нь олж авсан зүйлтэй нь тэнцэхгүй байна гэж тэд боддог юм байна. Тэд ямар ч ашиг тус олж аваагүй, хохирол амссан гэж боддог учраас дургүйцдэг болсон юм байна. Тэд Бурханд гомдоллож, Бурхантай наймаалцана гэж найдаж, нигүүлсэл, ашиг тус шаардаж байна!” Жирийн хүн ийм хүний ярихыг сонсоод ялган таньж чадах уу? Хүн бүр тэр хүнийг ялган таньж чаддаг болмогцоо түүнд: “Чи ярьж дууссан уу? Хэрвээ чамд өөр хэлэх зүйл байхгүй бол дуугүй бай, үгүй бол чи өөрийгөө шившиг болгоно. Хэрвээ чи хорон муу уг чанараа хүн бүрийн өмнө ил болгочхоод, даруй хазаарлахгүй бол олны дургүйцлийг хүргэнэ. Хүн бүр чамайг ил болгож, голох үед харамсахад хэтэрхий оройтсон байх болно” гэж хэл. Тэдэнд ингэж анхааруул, ингэснээрээ чи тэднийг хязгаарласан байх болно. Эсвэл чи бас “Хэрвээ чи хохирсон гэж бодож байвал Бурханд итгэх албагүй. Чи юу ч олж аваагүй гэж бодож байна, тэгвэл чи яг юу олж авахыг хүсээд байгаа юм бэ? Хэрвээ баяжиж, хөрөнгөжиж, өндөр албан тушаал хаших гэж байгаа бол уучлаарай, гэхдээ эдгээр нь хүн хүслээ гээд олж авч чадах зүйл биш; эдгээр нь Бурханы тогтоосон хэрэг явдал юм. Бурханы илрэлт болон хүнийг аврах Түүний ажил нь хүмүүст ийм зүйлийг өгөх тухай биш юм. Тэдгээрийг олж авч чадах газар руугаа яв; Бурханы гэр бол ертөнц биш, диаволууд, Сатануудыг хангаж чадахгүй. Чи Бурханы гэрээс, ах эгч нараас ийм зүйл шаардахгүй байсан чинь дээр шүү; хэрвээ чи Бурханаас эдгээр зүйлийг гуйж зүрхэлбэл Түүний зан чанарт халдаж, уур хилэнг нь төрүүлнэ. Яагаад гэвэл Бурхан хүмүүст хангалттай их нигүүлсэл хайрласан бөгөөд амь болгохоор бүр ч олон үнэнийг хүмүүст хайрласан. Үнэнийг олж авахыг үнэ цэнтэй гэж үзэхгүй байгаа чинь чи мунхаг, мэдлэггүй байгаа хэрэг” гэж хэлж болно. Хүн бүр тэднийг ингэж зэмлэж, засдаг. Энэ хэрэгжүүлэлтийн талаар та нар юу гэж бодож байна? Эсвэл чи ингэж хэлж болно: “Бурханы гэр чамд ямар ч өргүй. Бурханы төлөө зарлагадах, үүргээ гүйцэтгэх чинь бүгд сайн дурынх байсан. Чи Бурханд итгэж, үүрэг гүйцэтгэж эхэлснээсээ хойш Бурханаас хэр их нигүүлсэл эдэлснээ мэдэх үү? Хэрвээ чамд жаахан ч гэсэн мөс чанар байгаа бол чи юу ч олж аваагүй гэж Бурханд хэлэх ёсгүй; чи Бурханы өмнө очиж, өөрийнхөө асуудлыг таньж мэдэх ёстой. Хэрвээ чи Бурхан бол үнэн, Бурханы хийдэг бүхэн үнэн, Түүний үг үнэн гэдэгт чин сэтгэлээсээ итгэдэг бол тэгж хэлэх ёсгүй; чи гомдоллох ёсгүй. Чиний одоогийн хандлага бол Бурханд итгэдэг хүнд байх ёстой хандлага биш, үнэнийг эрэлхийлдэг хүнд байх ёстой хандлага ч биш. Чи бослого гаргаж, Бурхантай холбоотой хуучин асуудлаа сөхөхийг оролдож байна! Чи Бурханаас салж, эцсийн тооцоог бодохыг оролдож байна! Гэхдээ Бурхан чамд ямар ч өргүй, Бурханы гэр ч бас өргүй. Хэрвээ чи Бурханы гэртэй тооцоо бодох гэж байгаа бол хурдан Түүний гэрээс яв. Бурханы гэрийг бүү залхаа, эс бөгөөс чи Түүний уур хилэнг төрүүлж, Тэр чамайг цохиж унагана. Тэр нь сайн үр дагавар биш байх болно. Хэрвээ чамд мөс чанар, эрүүл ухаан байгаа бол чи тайвширч залбиран, эрж хайж, Бурханд итгэх итгэлийн эрэлхийлэлд чинь ямар нэг зүйл буруудсан эсэх, явж буй зам чинь Бурханы чамаас шаарддаг зам мөн эсэхийг харах ёстой. Чамд Бурханд тавих маш олон үндэслэлгүй шаардлага, маш их хорсол байна; энэ нь чиний эрэлхийлэлд ямар нэг зүйл буруудсаныг илтгэж байна. Чиний ийм гүн гүнзгий хорсол ганц хоёр хоногийн дотор хуримтлагдаагүй; удаан хугацаанд хуримтлагдсан байна. Эсвэл магадгүй чи Бурханд итгэж эхэлснээсээ хойш буруу үзэл бодолтойгоор Бурханы өмнө очиж байсан бөгөөд Тэр юу ч хэлсэн чи хөшүүн байж ирсэн, үр дүнд нь харамсах, өртэй мэдрэмж огт төрдөггүй. Магадгүй тэр нь өнөөдрийн ийм байдалд хүргэсэн байх. Чи хурдан нүглээ улайж, гэмшсэн нь дээр; гэмших цаг байна. Хэрвээ чи тэгэхгүй, үргэлжлүүлэн мууг үйлдэж, сөрөг байдал гаргавал диавол, антихрист болно. Бурханы гэр чамайг зайлуулах үед чамд аврагдах ямар ч боломж үлдэхгүй—Бурханы гэрийн ялласан зүйлийг Бурхан ч бас ялладаг. Бурханд итгэсэн олон жилийн хугацаанд бэрхшээл туулж, төлөөс төлөх чадварыг чинь харгалзан үзээд бид чамд энэ сануулгыг өгч байна. Бид чамд боломж олгож байна. Хэрвээ чи зөрүүдэлж, зөвлөгөөг сонсохоос татгалзаад, Бурханы гэр чамайг зайлуулахаар шийдвэл чи цаашид ах эгч байхаа болино. Чамд аврагдах найдвар огт үлдэхгүй. Тэр цаг ирэхэд чи үнэхээр юу ч олж аваагүй байх болно. Тэр үед битгий харамсаарай. Чиний хувьд одоо хамгийн чухал зүйл бол бодол, үзэл санаа, эрэлхийллийнхээ зүг чигийг эргүүлэх явдал юм. Дахиж битгий үргэлж ямар нэг юм олж авахыг эрж хай. Бурханы үгийг сонс; Бурхан хүмүүсийн завхарсан зан чанарыг ил болгосноос хэр ихийг нь чи эргэцүүлж, өөртөө байгааг нь мэдэж чадахаа хар. Чи өөрөөсөө олж харж чаддаг, тодорхой харж чаддаг асуудлуудаа шийдвэрлэсэн үү? Чи Бурханд тэрсэлдгээ таньж мэдсэн үү? Түүнийгээ шийдвэрлэсэн үү? Одоо чамд тулгарч буй хамгийн том асуудал бол үргэлж Бурхантай тооцоо бодохыг хүсдэг явдал—энэ ямар асуудал вэ? Энэ шийдвэрлэх хэрэгтэй асуудал биш гэж үү? Чи үргэлж ямар нэг зорилготойгоор, наймаа хийх бодолтойгоор Бурханд итгэдэг; чи үргэлж ерөөл олж авах гэж улайрч, хүчин чармайлт, зарлагадах, махан биеийн зовлонгоо тэнгэрийн хаанчлалын ерөөлөөр солих гэж найддаг—энэ дээрэмчний логик биш гэж үү? Бурхан ямар хүмүүст ерөөл хайрладгийг, Бурханы хүмүүст тавьдаг шаардлага юу болохыг, Бурхан хүмүүст юу гэж хэлснийг, Бурханы амлалтыг хүлээн авахын тулд хүмүүс юунд хүрэх хэрэгтэйг чи яагаад хардаггүй юм бэ? Хэрвээ чи Бурханд үнэхээр итгэдэг, үнэхээр аврагдахыг хүсдэг бол Бурханаас ямар нэг юм олж авах гэж битгий үргэлж оролд. Чи Бурханы үгнээс хэр ихийг хэрэгжүүлснээ, Бурханы үгийг дагадаг хүн мөн эсэхээ харах хэрэгтэй. Бурханы үгийг дагана гэдэг нь зүгээр нэг махан биеэрээ жаахан зовж, бага сага төлөөс төлөх бус, харин Бурханы шаардлага болон үнэн-зарчмын дагуу хэрэгжүүлж, амьдрах явдал юм. Чиний завхарсан зан чанар шийдвэрлэгдээгүй байгаа, чиний төлж буй бүх төлөөс, туулж буй бүх бэрхшээлд санаархал агуулагдаж байна. Бурхан үүнийг сайшаадаггүй; Тэр ийм төлөөсийг хүсдэггүй. Хэрвээ чи Бурхантай тооцоо бодно гэж зүтгэж, Бурхантай маргалдаж, тэмцэлдэнэ гэж зүтгэвэл Түүний зан чанарт халдаж байгаа хэрэг бөгөөд Тэр чамайг дураар чинь тавьж, шийтгүүлэхээр там руу илгээнэ. Энэ бол мууг үйлдсэний хариу шийтгэл юм. Чи Бурханаас олон ерөөл, нигүүлсэл эдэлсэн, Тэр чамд зарим онцгой материаллаг хангамжийг өгсөн. Чи авах ёстой зүйлээ хэдийнээ авсан—чи Бурханаас өөр юу хүсээд байгаа юм бэ?” Хэрвээ чи эдгээр үгийг нөхөрлөвөл жаахан ч гэсэн мөс чанар, эрүүл ухаантай хүн эдгээрийг сонсоод гомдоллох ая зан нь бага зэрэг намжих биш үү? Эдгээр нь үнэнд нийцсэн цэвэр ойлголтын үг мөн үү? (Тийм.) Хэрвээ хүнд хүн чанар, эрүүл ухаан байгаа бол тэдгээрийг ойлгож, хүлээн авч чадна. Зөвхөн хүн чанаргүй, мөс чанар, эрүүл ухаангүй хүмүүс л эдгээр үгийг өөрсдийг нь хуурах гэж байна, итгэхэд зохисгүй сүржин яриа, мөн нүдэнд харагдах нигүүлсэл юм уу эд материалын ерөөл шиг бодитой ашиг тусгүй гэж бодно. Тиймээс тэрхүү бодитой ашиг тусыг тэд харахаас өмнө чи юу ч хэлээд нэмэргүй; тэд үүнийг хүлээж авахгүй. Тэд нүүрэн дээр чинь эсэргүүцэхгүй байж магадгүй ч ар хударгаар чинь зүрх сэтгэлдээ эсэргүүцсээр, хааяа сөрөг байдал гаргаж, өөрсдийн хувь нэмрийг гайхуулж, туулсан бэрхшээлээ тоочиж, түүнчлэн Бурханы гэр тэдэнд хэрхэн ханддаг, тэд Бурханы гэрийг хэрхэн тэвчдэг талаар ярьдаг—тэд эдгээр зүйлийг үргэлж зүрх сэтгэлдээ тээж явдаг. Тэдэнд юу ч тохиолдсон, хүссэн зүйлээ олж авахгүй л бол араатанлаг зан нь тэсрэн гарч, уур хилэндээ шатаж, шившигтэй авираа ил болгож, сөрөг байдал гаргадаг. Чи ийм хүнийг ятгах гэж оролдсоор байх ёстой юу? Хэрвээ энгийн ятгалгын дараа тэд нөгөө л зан авираа гаргаж, хуучин асуудал нь сэдэрч, чөтгөрлөг зан нь дахин дүрэлзвэл яах ёстой вэ? Тэгвэл хязгаарлалт тавих цаг нь болжээ. Тэдэнд гэмших боломж бүү үлдээ. Тэд яг л өмхөрсөн мод шиг; тэд бол мунхаг, зөрүүд амьтад. Тэд ямар утгаараа “мунхаг, зөрүүд амьтад” вэ? Тэд цэвэр замыг хүлээн авдаггүй, эерэг зүйлсийг хүлээн авдаггүй гэдэг утгаараа. Харин ч тэд гуйвуулсан үндэслэл, тэрс үзэл, худал хуурмагийг сонгож, бодитой ашиг тус олж авах, завших, хохирол амсахгүй байх гэсэн өөрсдийн үзэл бодолтой зууралддаг. Бурханы гэр үнэнийг яаж ч нөхөрлөсөн тэд үргэлж “Тэр чинь бүгд сайхан сонсогддог үгс байна. Хэдэн сайхан үг хэлж чадахгүй хэн байх вэ? Хэрвээ чи хохирсон бол тэгж хэлэхгүй байсан” гэж хэлдэг. Тэд ийм үзэл бодолтой зөрүүдлэн зууралддаг бөгөөд ямар нэг таагүй зүйл тохиолдох юм уу хохирол амсах үедээ Бурханд итгээд юу ч олж аваагүй гэж бодож, дахиад л сөрөг байдал гаргана. Тэдэнд боломж олгосоор байх ёстой юу? Дахиж боломж байхгүй. Хэрвээ тэд үүргээ сайн гүйцэтгэхгүй, харин ч бусдыг үймүүлж байвал тэднийг даруй зогсоож, хязгаарла. Чөлөөтэй ярихыг тэдэнд бүү зөвшөөр. Хэрвээ тэд үргэлжлүүлэн сөрөг байдал тарааж, бусдыг үймүүлбэл тэдэнд дахиж найр тавих хэрэггүй. Тэднийг яаралтай цэвэрлэ. Ингэх нь хайрлахгүй байгаа хэрэг биш биз дээ? (Үгүй.) Нөхөрлөлөөр тэдэнд үнэнийг халбагадаж өгсөн боловч хэчнээн нөхөрлөсөн ч тэд хүлээж авч чаддаггүй—энэ юуг илтгэж байна вэ? Өнгөн дээрээ энэ хүн үл итгэгч мэт санагдавч мөн чанартаа тэр бол диавол юм. Тэд Бурханаас нигүүлсэл, ерөөл гуйх гэж, ашиг тус олж авах гэж Бурханы гэрт ирсэн бөгөөд олж авах хүртлээ санаа амрахгүй. Хэрвээ хэсэг хугацаанд итгээд ямар ч ашиг тус олж аваагүй бол сатанлаг зан чанар нь тэсрэн гарна; тэд Бурханд сэтгэл дундуур байгаагаа уудлан гаргаж, мууг үйлдэн, үймээн дэгдээнэ. Энэ бол диавол юм. Тэдний жаахан зовж, зарлагадсан нь үндсэндээ Бурханы үгийн хэрэгжүүлэлт биш юм. Тэдгээр нь цэвэр наймаа хийх тухай, өөрсдөдөө ашиг тус, ерөөл олж авах тухай юм. Бурханд итгэх итгэлээсээ үргэлж ямар нэг зүйл олж авахыг хүсдэг хүмүүст ямар нэг зүйл тохиолдож, тэд сөрөг, сул дорой болох үедээ үргэлж “Би Бурханд итгээд юу ч олж аваагүй” гэж хэлдэг. Тэгээд тэд бууж өгч, бодлогогүй авирлаж эхлэн, өшөө авахыг санаархаж, сэтгэл дундуур байдлаа гаргахын тулд байнга сөрөг байдал гаргадаг. Ийм хүмүүстэй хэрхэн харьцах талаар бид хэдийнээ нөхөрлөсөн: Тэднийг зарчмын дагуу шийдвэрлэх ёстой. Хэрвээ тэд үнэнийг хүлээн авч, ирээдүйд дахин үймээн дэгдээхгүй гэж баталж чадвал тэдэнд чуулганд үлдэх дахин нэг боломж олгож болно. Хэрвээ тэд чуулганы ажил, амьдралыг үймүүлж, хохироохыг үргэлж зорьдог бол тэднийг цэвэрлэ. Энэ нь чуулганы ажлыг хамгаалж, Бурханы сонгосон хүмүүс чуулганы амьдралаар саадгүй амьдрахыг баттай болгохын тулд юм. Энэ зарчимд үндэслэн ийм шийдвэр гаргаж, ийм арга барил хэрэглэдэг. Энэ нь зохистой.

Чуулганы амьдралд өөр хэн сөрөг байдал гаргах хандлагатай байдаг вэ? Зарим хүн үүргээ үр дүнгүй гүйцэтгэж, үргэлж алдаа гаргадаг; тэд өөрсдийгөө эргэцүүлдэггүй, харин Бурхан зөвт, шударга биш, Бурхан үргэлж бусдад нигүүлсэнгүй хандаж, өөрт нь тэгдэггүй, Бурхан өөрсдийг нь дорд үзэж, хэзээ ч гэгээрүүлдэггүй, тийм учраас үүргээ гүйцэтгэхэд нь хэзээ ч үр дүн гардаггүй, бусдаас ялгарч, хүндлэл хүлээх зорилгодоо хэзээ ч хүрч чаддаггүй гэж тэд үргэлж боддог. Тэд зүрх сэтгэлдээ Бурханд гомдол өвөрлөх болж, ингэх зуураа үүргээ үнэнчээр гүйцэтгэдэг хүмүүст атаархаж, зэвүүцэж, үзэн ядаж эхэлдэг. Ийм хүмүүст ямархуу хүн чанар байдаг вэ? Тэд өчүүхэн бодолтой биш гэж үү? Түүнчлэн, тэд Бурханд итгэх итгэлдээ үнэнийг хэрхэн эрэлхийлэхээ ойлгодоггүй биш үү? Тэд Бурханд итгэх гэж юу болохыг ойлгодоггүй. Тэд Бурханд итгэж, үүрэг гүйцэтгэхийг яг л сурагч их сургуульд элсэх шалгалт өгч байгаатай адил, үргэлж оноо, зэрэглэлээ харьцуулах хэрэгтэй гэж боддог. Тиймээс тэд эдгээр зүйлийг маш чухалчилдаг. Энэ нь тэдний байдал биш гэж үү? Юуны өмнө, үнэнийг ухамсарлах өнцгөөс харвал ийм хүмүүс сүнслэг ойлголттой юу? Байхгүй, тэд Бурханд итгэх, үнэнийг эрэлхийлэх гэж юу болохыг ойлгодоггүй. Нэг талаар, тэд бусдын дундах зэрэглэлээ маш чухалчилдаг; нөгөө талаар, тэд бусад хүн үүргээ хэр сайн гүйцэтгэж байгаа, өөрсдөө хэр сайн гүйцэтгэж байгааг үнэлэхдээ яг л сургуулийн сурагчдад үнэлгээ өгч байгаа мэт оноо өгөх аргыг үргэлж ашиглаж, хүмүүсийн Бурханд итгэх итгэл, үүргийн гүйцэтгэлийг энэ аргаар хэмждэг. Үүнд буруу зүйл байгаа биш үү? Түүнчлэн, тэдний үүргээ гүйцэтгэхдээ хүчин чармайлт гаргадаг арга барил нь буруу биш үү? Тэд хичээл хийх, шалгалт өгөхтэй адил хүчин чармайлтаар үүргээ гүйцэтгэдэг биш үү? (Тийм ээ.) Бид яагаад ингэж хэлж байна вэ? Ийм хүмүүс Бурханд итгэх болон үүргээ гүйцэтгэхдээ зарчмыг хэрхэн эрж хайхаа ойлгодог уу? Тэд зарчмыг эрж хайж чаддаг уу? Нэг талаар, тэд зарчмыг хэрхэн эрж хайхаа мэддэггүй. Хүмүүс Бурханы үгийг хэрхэн унших ёстой, үнэнийг хэрхэн нөхөрлөх, үүргээ хэрхэн зүй зохистой гүйцэтгэх гээд эдгээр асуудлыг тэд ойлгодоггүй, бас тоодоггүй. Тэд зөвхөн зарчмыг олж, түүний дагуу үйлдэх ёстой гэдгээ л мэддэг боловч зарчимд юу гэж заасан, Бурхан юу шаарддаг, бусад хүн зарчмын дагуу хэрхэн үйлддэг талаар ойлголт дутмаг байдаг. Тэд зүгээр л ойлгодоггүй. Нөгөө талаар, хүмүүсийн үүргийн гүйцэтгэл стандартад нийцэж байгаа эсэхийг хэмждэг Бурханы стандарт, мөн үүргээ гүйцэтгэхэд нь хүмүүсээс шаарддаг Бурханы зарчимд үндэслэн тэд үүргийн гүйцэтгэлээ үнэлж дүгнэж чаддаг уу? Тэд Бурханы үг болон ах эгч нарын нөхөрлөлөөс эдгээр асуудлыг ойлгож чаддаг уу? Юуны өмнө, тэд Бурханы үгийг ойлгодоггүй, үүрэг гүйцэтгэх асуудлыг ч ойлгодоггүй. Бурханд итгэж, үүрэг гүйцэтгэж эхэлснийхээ дараа тэд: “Би сургуульд байхдаа нэг зүй тогтлыг олж нээсэн: Шаргуу хөдөлмөрлөж, илүү их суралцахад бэлэн л байвал өндөр оноо авч чадна. Тиймээс би бурханд итгэх итгэлдээ ч яг ингэнэ. Би бурханы үгийг илүү их уншиж, илүү их залбирна. Бусад хүн чалчиж, хоол идэж байхад би магтан дуу сурч, бурханы үгийг цээжилнэ. Ийм хүчин чармайлт гаргавал миний шаргуу хөдөлмөр, хичээл зүтгэл, ажилч хичээнгүй байдлыг хараад бурхан намайг гарцаагүй ерөөж, үүргийн гүйцэтгэл минь гарцаагүй үр дүнтэй болно. Би бусдаас өндөр оноо авч, үнэлэгдэж, дэвшинэ гэдэгтээ итгэлтэй байна” гэж эргэцүүлдэг. Гэвч ингэсэн ч гэсэн тэд хүслээ биелүүлж чаддаггүй: “Яагаад би үүргээ гүйцэтгэхдээ бусдаас бага үр дүнтэй байсаар байна вэ? Би хэзээ, яаж дэвшиж, чухал ажилд ашиглагдах юм бэ? Энэ ямар ч найдваргүй гэсэн үг биш үү? Би төрөлхийн өрсөлдөх дуртай, бусдаас хоцрох дургүй. Сургуульд байхдаа тийм байсан, бурханд итгэх итгэлдээ ч тийм хэвээрээ байна. Надаас илүү гарсан хэнийг ч би гүйцэж түрүүлэхээр шийдсэн. Тэгэхгүй л бол санаа амрахгүй!” Зөв арга барилтай байж—зүгээр л хичээл номдоо гаргадаг байсан хүчин чармайлтаа Бурханы үгийг илүү их уншиж, илүү олон магтан дуу сурахад зориулж; дэмий чалчихгүй; ганган хээнцэр хувцаслахад анхаарахгүй; бага унтаж, бага цэнгэж; биеэ захирч; махан биеийн тав тухад ташуурахгүй байвал—Бурханы ерөөлийг хүртэж чадна, тэгээд үүргээ гүйцэтгэхдээ гарцаагүй үр дүнд хүрнэ гэж тэд итгэдэг. Гэвч бүх зүйл үргэлж тэдний төсөөлснөөс өөрөөр эргэдэг: “Яагаад би үүргээ гүйцэтгэхдээ үргэлж алдаа гаргасаар байна вэ, яагаад би одоо хүртэл бусад шиг сайн хийж чадахгүй байна вэ? Бусад хүн аливааг хурдан, сайн хийж, удирдагч тэднийг үргэлж магтаж, хүндэлдэг. Би маш их зовлон, бэрхшээл туулсан шүү дээ. Яагаад би одоо хүртэл үр дүнд хүрэхгүй байна вэ?” Үүнийг эргэцүүлэн бодоод тэд эцэст нь нэг чухал нээлт хийдэг: “Бурхан зөвт биш юм байна. Би бурханд ийм удаан итгэсэн мөртөө одоо л үүнийг харж байна! Бурхан хүссэн хүндээ нигүүлсэнгүй ханддаг. Тэгвэл яагаад надад нигүүлсэнгүй хандахыг хүсдэггүй юм бэ? Би тэнэг болохоор уу, зусардах, уран цэцэн ярих нь миний чадах зүйл биш болохоор уу, би сэргэлэн биш болохоор уу? Эсвэл би хэтэрхий эгэл жирийн харагддаг, боловсрол муутай болохоор уу? Энэ бол бурхан намайг илчилж байгаа хэрэг биз дээ? Би бурханы үгийг маш их уншсан—яагаад бурхан надад нигүүлсэнгүй хандахгүй, харин намайг илчилж байгаа юм бэ?” Ингэж бодох тусам тэд сөрөг болдог: “Би цаашид үүргээ гүйцэтгэмээргүй байна. Үүргээ гүйцэтгэх явцад минь бурхан намайг ерөөгөөгүй, бурханы үгийг илүү их уншсан ч тэр намайг гэгээрүүлээгүй. Бурхан хүссэн хүндээ нигүүлсэнгүй хандаж, өршөөх хүнээ өршөөдөг гэж бурханы үгэнд хэлсэн байдаг. Бурханы өршөөл, нигүүлсэл үзүүлэх хүн би биш юм байна. Би яагаад ингэж тарчилж зовох ёстой гэж?” Тэд бодох тусмаа улам сөрөг болж, урагшлах замгүй мэт санагддаг. Тэд гомдолдоо багтарч, үүргээ гүйцэтгэх хүсэлгүй болдог; үүргээ гүйцэтгэхдээ зүгээр л нэр төдий хийдэг. Бусад хүн зарчмыг яаж ч нөхөрлөсөн тэдэнд хүрдэггүй. Тэдний дотор ямар ч хариу үйлдэл байдаггүй. Тэд ийм нөхцөл байдалтай байхдаа ямар нэг амь-оролттой байдаг уу? Үүргээ гүйцэтгэхдээ үнэнч байдал гаргадаг уу? Үгүй, байхгүй, урьд нь байсан жоохон хүчин чармайлт, хичээл зүтгэл нь ч бас алга болсон. Тэгвэл зүрх сэтгэлд нь юу үлдсэн бэ? “Би зүгээр л тухай тухай үед нь төлөвлөгөө гаргаж, урсгалаараа явъя. Бурхан хэзээ мөдгүй намайг илчилж, таягдан хаяж, надад итгэл алдарч магадгүй. Үүрэг гүйцэтгэж болохгүй өдөр ирэхэд би хийхгүй. Би хангалттай сайн биш гэдгээ мэднэ. Бурхан намайг хараахан таягдан хаяагүй байж магадгүй ч надад дургүй гэдгийг нь би мэднэ. Намайг таягдан хаях нь цаг хугацааны л асуудал.” Зүрх сэтгэлд нь ийм бодол, үзэл төрж, бусадтай харилцахдаа хааяа ийм үг цухуйлгадаг: “Та нар бүгд чин сэтгэлээсээ итгээд л бай. Та нарын итгэл, үүргийн гүйцэтгэлийг бурхан гарцаагүй ерөөх байх. Би горь тасарсан. Зам минь мухардсан. Би хэчнээн хичээнгүй, хөдөлмөрч байлаа гээд ямар ч нэмэргүй. Бурхан хэн нэгэнд дургүй бол тэр хүн хэчнээн их хүчин чармайлт гаргаад ч нэмэргүй. Би чадлынхаа хэрээр хүчин чармайлт гаргаж үүргээ гүйцэтгэдэг; хэрвээ хүчин чармайлт минь талаар болбол яах ч аргагүй. Бурхан хүмүүсийг хэрээс хэтэрсэн зүйл хий гэж албадаж болох уу? Бурхан загасыг хуурай газар амьдар гэж албадаж чадахгүй шүү дээ!” Энд юу яриад байна вэ? Үүний цаад санаа нь: “Би ийм л хүн. Бурхан надад яаж ч хандсан, энэ бол миний хандлага.” Надад хэл дээ, ийм хандлага, санаа зорилготой хүн яагаад Бурханы ерөөлийг хүртэхийг хүссээр байх юм бэ? Тэдэнд бий болсон энэ байдал, энэ хандлага бусдад нөлөөлж чадах уу? Тэд амархан сөрөг, таагүй нөлөө үзүүлж, бусдыг сөрөг байдал, сул дорой байдал руу хөтөлж чадна. Энэ нь бусдыг төөрөлдүүлж, хорлож байгаа хэрэг биш үү? Ийм хэмжээнд хүртлээ сөрөг болсон хүмүүс бол диаволууд биш гэж үү? Диаволууд хэзээ ч үнэнийг хайрладаггүй.

Зарим хүн урт нуршуу яриагаар сөрөг байдал гаргадаггүй; зүгээр л цөөн хэдэн үг хэлдэг: “Та нар бүгд надаас дээр. Та нар бүгд ихээхэн ерөөгдсөн. Би горь тасарсан. Би хэчнээн хичээгээд ч нэмэргүй. Бурханы ерөөлийг хүртэх найдвар надад алга.” Хэдийгээр үг нь энгийн, асуудалгүй мэт, өөрсдийгөө шинжилж, задлан шинжилж, хэв чанар муутай, дутагдалтай гэх мэт баримтыг хүлээн зөвшөөрч байгаа мэт сонсогдож байвч, үнэндээ тэд нэг төрлийн үл үзэгдэх сөрөг байдал гаргаж байна. Эдгээр үгэнд егөөдөл, доог тохуу, бас эсэргүүцэл агуулагддаг бөгөөд мэдээж, бүр ч илүүтэйгээр Бурханд сэтгэл дундуур байгааг, мөн сөрөг, гутранги уур амьсгалыг агуулдаг. Эдгээр сөрөг үг цөөхөн байж магадгүй ч энэ уур амьсгал нь халдварт өвчин шиг бусдад нөлөөлж чаддаг. Хэдийгээр тэд “Би цаашид үүргээ гүйцэтгэхийг хүсэхгүй байна, надад аврагдах найдвар байхгүй, та нар ч бас бүгд аюулд байна” гэж ил тод хэлдэггүй ч, энэ хүн хүчин чармайлт гаргасан хэр нь аврагдах найдваргүй байгаа юм бол хичээдэггүй хүмүүст бүр ч найдвар байхгүй гэж хүмүүст бодогдуулах дохио өгдөг. Энэ дохиог дамжуулснаар тэд бүх хүнд: “Найдвар чухал. Хэрвээ Бурхан чамд найдвар өгөхгүй бол, хэрвээ Бурхан чамайг ерөөхгүй бол чи хэчнээн их хүчин чармайлт гаргаад ч нэмэргүй, бүгд талаар болно” гэж хэлж байгаа хэрэг юм. Ихэнх хүн энэ дохиог хүлээн авсныхаа дараа зүрх сэтгэлийнх нь гүн дэх Бурханд итгэх итгэл нь өөрийн эрхгүй багасаж, үүргээ гүйцэтгэхдээ харуулах ёстой үнэнч байдал, чин сэтгэл нь ихээхэн буурдаг. Хэдийгээр тэд хүмүүсийг төөрөлдүүлэх, өөрийн талд татах тодорхой санаа зорилгогүйгээр ийм сөрөг байдал гаргадаг ч энэ сөрөг уур амьсгал бусдад хурдан нөлөөлж, хямрааж, хүчин чармайлт нь амархан талаар болж байна гэж бодогдуулдаг; энэ нь хүмүүсийг мэдрэмжээрээ амьдарч, мэдрэмжээ ашиглан Бурханы талаар таамаглаж, өнгөц харагдах байдалд үндэслэн хүмүүст хандах Бурханы хандлага, чин сэтгэлийг шинжилж, судлахад хүргэдэг. Энэхүү сөрөг уур амьсгал бусдад дамжих үед тэд өөрийн эрхгүй Бурханаас холдож, Бурханы хэлсэн зүйлийг буруу ойлгож, эргэлзэж, Түүний үгэнд итгэхээ больдог. Үүний зэрэгцээ тэд үүрэгтээ чин сэтгэлээсээ хандахаа больдог; тэд төлөөс төлөх хүсэлгүй, үнэнч байх ямар ч хүсэлгүй болдог. Энэ бол эдгээр сөрөг үг ярианы хүмүүст үзүүлдэг нөлөө юм. Энэхүү нөлөөний үр дагавар юу вэ? Эдгээр үгийг сонссоныхоо дараа хүмүүс босгон байгуулалт олж авдаггүй, өөрийгөө таньж мэдэж, дутагдлаа олж илрүүлж, үнэнийг хэрэгжүүлж, зарчмын дагуу үүргээ гүйцэтгэж чаддаг болох нь бүр ч үгүй—тэд эдгээр эерэг үр дүнгийн алийг нь ч олж авдаггүй. Харин ч энэ нөлөө нь хүмүүсийг улам сөрөг болгож, үнэний эрэлхийллээ орхих тухай бодоход хүргэж, үүрэгтээ шийдэмгий байхаа болиход хүргэдэг. Тэд яагаад итгэлээ алдсан бэ? (Өөрсдөд нь аврагдах найдвар байхгүй гэж тэд боддог.) Зөв, чи энэ мэдээг хүлээн авч, чамд аврагдах найдвар байхгүй гэж бодсон, тиймээс чи үүргээ гүйцэтгэхээр хүчин чармайлт гаргах хүсэлгүй байна. Энэ зан авир нь чи үнэнийг чин сэтгэлээсээ эрэлхийлдэггүй, харин Бурхан чамд сэтгэл хангалуун байгаа эсэх, чамд аврагдах найдвар байгаа эсэх, үүргийн гүйцэтгэлийг чинь Бурхан сайшааж байгаа эсэхийг мэдрэмж, сэтгэл санаа, таамаглалд үндэслэн үргэлж шүүдэг гэдгийг харуулж байна. Хүмүүс эдгээр зүйлийг таамаглалд үндэслэн шүүх үедээ үнэнийг хэрэгжүүлэх сэдэл нэг их байдаггүй. Яагаад тэр вэ? Хүмүүс таамаглалд үндэслэн шүүхдээ Бурханыг үнэн зөв шүүж чадах уу? Хүмүүс Бурханы бодол, санаа бүрийн талаар үнэн зөв таамаглал дэвшүүлж чадах уу? (Үгүй.) Хүмүүсийн оюун санаа ов мэх, наймаалцал, ертөнцийн хэрэг явдлын талаарх гүн ухаан, Сатаны логик гэх мэтээр дүүрэн байдаг. Хүмүүс эдгээр зүйлд үндэслэн Бурханы талаар таамаглал дэвшүүлэхийн үр дагавар юу вэ? Энэ нь Бурханд эргэлзэх, Бурханаас холдох, тэр ч бүү хэл Бурханд итгэх итгэлээ бүрмөсөн алдахад хүргэдэг. Хүн Бурханд итгэх итгэлээ бүрмөсөн алдах үед Бурхан оршин байдаг эсэх талаар том асуултын тэмдэг зүрх сэтгэлд нь гарцаагүй тавигдана. Тэр үед Бурханд итгэгч байх цаг нь дуусгавар болно—тэд бүрмөсөн сүйрнэ. Түүнчлэн, хүмүүс Бурханы талаар таамаглал дэвшүүлэх нь зөв үү? Бүтээгдсэн зүйлийн Бүтээгчид хандах ёстой хандлага энэ мөн үү? Биш гэдэг нь тодорхой. Хүмүүс Бурханы талаар таамаглал дэвшүүлэх ёсгүй, мөн Бурханы бодол санаа, хүмүүсийн талаарх Түүний бодлын тухай таамаглах ёсгүй. Энэ нь өөрөө буруу юм; хүмүүс буруу өнцөгтэй, байр суурьтай байна.

Хүмүүс Бурханд таамаглаж, тааварлаж, эргэлзэж, сэжиглэж хандах ёсгүй, мөн хүний бодол санаа, үзэл бодол, ертөнцийн хэрэг явдлын талаарх гүн ухаан, эрдэм мэдлэгт үндэслэн Бурханыг шүүх ёсгүй. Тэгвэл хүмүүс Бурханд хэрхэн хандах ёстой вэ? Нэгдүгээрт, Бурхан бол үнэн гэдэгт хүмүүс итгэх ёстой. Хүмүүст тавьдаг Бурханы шаардлага, тэдэнд хандах Бурханы санаа зорилго, хүмүүсийг хайрлах, үзэн ядах, мөн янз бүрийн хүмүүст зориулсан Түүний зохицуулалт, бодол, санаа гэх мэтийг чи таамаглах шаардлагагүй; эдгээр асуудлыг Бурханы үгэнд тодорхой тайлбарласан, тодорхой утга учиртай байдаг. Чи зөвхөн итгэж, эрж хайж, тэгээд Бурханы үгийн дагуу хэрэгжүүлэх л хэрэгтэй—ийм л энгийн. Бурхан чамайг яах санаатай байгаа, чамайг яаж харж байгааг мэдрэмж дээрээ үндэслэн шүүхийг Бурхан чамаас шаарддаггүй. Тэгэхээр өөрт чинь аврагдах найдвар байхгүй гэж чи боддог юм байна—энэ мэдрэмж үү, эсвэл баримт уу? Бурханы үгэнд тэгж хэлсэн үү? (Үгүй.) Тэгвэл Бурханы үгэнд юу гэж хэлдэг вэ? Ямар нэг асуудалтай тулгарах болгондоо, завхарсан зан чанараа илчлэх болгондоо шийдэл олохын тулд үнэнийг хэрхэн эрж хайх, үнэнийг хэрэгжүүлэх замыг хэрхэн олохыг Бурхан хүмүүст хэлж өгдөг. Энэ нь нэг зүйлийг баталдаг: Бурхан хүмүүсийг аварч, завхарсан зан чанарыг нь өөрчлөхийг хүсдэг нь үнэн; Бурхан чамайг хуураагүй, энэ бол хоосон яриа биш. Чамд аврагдах найдвар байхгүй гэж чи боддог ч тэр бол зүгээр л түр зуурын сэтгэл санааны байдал, тодорхой орчинд бий болсон мэдрэмж юм. Чиний мэдрэмж Бурханы дур хүсэл, санаа зорилгыг төлөөлөхгүй, Түүний бодлыг бүр ч төлөөлөхгүй, мөн үнэнийг ч бас төлөөлөхгүй. Тиймээс, хэрвээ чи энэ мэдрэмжээр амьдарч, энэ мэдрэмж дээрээ үндэслэн Бурханы талаар таамаглал дэвшүүлж, Бурханы дур хүслийг мэдрэмжээрээ орлуулбал чи маш их андуурч, Сатаны урхинд орсон байна. Ийм нөхцөл байдалд яах ёстой вэ? Мэдрэмжид бүү найд. Зарим хүн “Хэрвээ мэдрэмжид найдах ёсгүй юм бол юунд найдах ёстой вэ?” гэж хэлдэг. Чи өөрийнхөө юунд ч найдаад нэмэргүй; хүний мэдрэмж үнэнийг төлөөлдөггүй. Чиний мэдрэмж хэрхэн бий болсныг, үнэндээ хаанаас гарч ирснийг хэн мэдлээ—хэрвээ Сатанд төөрөлдсөнөөс болж үүссэн бол төвөгтэй. Ямартай ч, мэдрэмж яаж бий болсноос үл хамааран энэ нь үнэнийг төлөөлдөггүй. Хүний мэдрэмж, зөн совин хэчнээн хүчтэй байна, төдий чинээ үнэнийг эрж хайж, Бурханы өмнө очиж, өөрийгөө эргэцүүлэх хэрэгтэй. Хүний мэдрэмж болон баримт, үнэн бол хоёр өөр зүйл юм. Мэдрэмж чамайг үнэнээр хангаж чадах уу? Чамд хэрэгжүүлэлтийн зам авчирч чадах уу? Чадахгүй. Зөвхөн Бурханы үг, зөвхөн үнэн л чамд хэрэгжүүлэлтийн замыг авчирч, чамайг өөрчилж, гарах гарц нээж өгч чадна. Тиймээс чиний хэрэгжүүлэх ёстой зүйл бол өөрийнхөө мэдрэмжийг эрж хайх биш—чиний мэдрэмж чухал биш. Чиний хийх ёстой зүйл бол Бурханы өмнө очиж үнэнийг эрж хайх, Бурханы үгээр дамжуулан Түүний санаа зорилгыг ойлгох явдал юм. Чи мэдрэмжид хэчнээн их найдна, төдий чинээ урагшлах замгүй болж, сөрөг байдалд улам гүн унаж, Бурхан шударга бус, Бурхан чамайг ерөөгөөгүй гэж улам их итгэх болно. Эсрэгээрээ, хэрвээ чи эдгээр мэдрэмжийг хойш тавьж, үнэн-зарчмыг эрж хайж, үүргээ гүйцэтгэх явцад ямар үйлдэл нь үнэн-зарчмыг зөрчсөн, ямар үйлдлийг өөрийн хүслээр хийсэн бөгөөд үнэн-зарчимтай огт холбоогүй болохыг олж харвал эрж хайх явцдаа чамд өөрийн гэсэн хүсэл хэтэрхий их, төсөөлөл хэтэрхий их байгааг олж мэднэ. Ийм өчүүхэн чин сэтгэл гаргахад л чи олон асуудлыг илрүүлнэ: “Би хэтэрхий тэрслүү, хэтэрхий дураараа, хэтэрхий биеэ тоосон юм байна! Надад аврагдах найдвар байхгүй биш юм байна; миний мэдрэмж буруу байна. Би Бурханы үгийг нухацтай авч үзээгүй, үнэн-зарчмын дагуу хэрэгжүүлээгүй юм байна. Бурхан намайг ерөөдөггүй, залж чиглүүлдэггүй, ялгавартай ханддаг гэж би үргэлж гомдоллодог ч үнэндээ би үүргээ гүйцэтгэхдээ хааш яаш, дураараа, хөнгөн хуумгай ханддаг байснаа мэдээгүй—энэ бол миний буруу. Одоо би ухаарлаа, Бурхан ялгавартай ханддаггүй юм байна. Хүмүүс үнэнийг эрж хайхгүй, Бурханы өмнө очихгүй байхад үүрэг гүйцэтгэх чадварыг нь болиулахгүй байгаагаараа Бурхан тэдэнд аль хэдийн сайхан хандаж байна; Бурхан энэ тал дээр аль хэдийн маш өршөөнгүй хандаж байна. Гэтэл би гомдлоор дүүрэн байж, тэр ч бүү хэл Бурхантай тэмцэлдэж, маргалдаж байж. Өмнө нь би өөрийгөө нэлээд сайн гэж боддог байсан ч одоо огт тийм биш гэдгийг харж байна. Би юуг ч зарчимд тулгуурлаж хийгээгүй; Бурхан намайг сахилгажуулаагүй нь Түүний нигүүлсэл байж—Тэр миний биеийн хэмжээ жижиг гэдгийг мэдэж байж!” Ингэж эрж хайснаараа чи зарим үнэнийг ойлгож, үнэн-зарчмын дагуу идэвхтэй хэрэгжүүлэх санаачилга гаргаж чадна. Чи биеэ авч явах болон үүргээ гүйцэтгэхдээ зарим нэг зарчимтай болсноо бага багаар мэдэрнэ. Энэ үед мөс чанар чинь хамаагүй илүү амар амгалан болох биш үү? “Өмнө нь надад аврагдах найдвар байхгүй мэт санагддаг байсан ч одоо яагаад энэ мэдрэмж, энэ ухамсар улам бүдгэрээд байна вэ? Энэ байдал яаж өөрчлөгдчихөв өө? Өмнө нь би өөрийгөө найдваргүй гэж боддог байсан; тэр нь ердөө л сөрөг байж, эсэргүүцэж, Бурхантай тэмцэлдэж байсан хэрэг биш үү? Би дэндүү тэрслүү байж!” Дуулгавартай дагасны дараа, үүргээ гүйцэтгэх явцдаа чи өөрийн мэдэлгүй зарим зарчмыг ойлгож эхлэх бөгөөд өөрийгөө бусадтай харьцуулахаа болино; чи яаж хааш яаш хандахаас зайлсхийх, үүргээ яаж зарчмын дагуу гүйцэтгэх вэ гэдэгт л төвлөрнө. Аяндаа чи аврагдаж чадахгүй гэж бодохоо больж, цаашид тэрхүү сөрөг байдалд баригдахгүй; чи үүргээ зарчмын дагуу гүйцэтгэж, Бурхантай харилцах харилцаа чинь хэвийн болсныг мэдэрнэ. Чамд ийм мэдрэмж төрөх үед чи “Бурхан намайг орхиогүй юм байна; би Бурханы оршихуйг мэдэрч байна, үүргээ гүйцэтгэж байхдаа Бурханыг эрж хайх үедээ Бурханы удирдамж, ерөөлийг мэдэрч байна. Бурхан бусдыг ерөөдөг, намайг ч бас ерөөдөг, Бурхан ялгавартай ханддаггүй гэдгийг би эцэст нь мэдэрч байна; надад аврагдах найдвар байгаа бололтой. Миний өмнө нь алхсан зам буруу байж; би үүргээ гүйцэтгэхдээ үргэлж хэлбэр төдий хийж, хөнгөн хуумгай буруу үйл хийж байсан мөртөө өөрийгөө зүгээр гэж бодож, өөрийнхөө жижигхэн ертөнцөд амьдарч, өөрийгөө биширч байж. Тэгэх нь маш том алдаа байсныг би одоо харж байна! Бурханы өөдөөс хашхирч, эсэргүүцсэн байдалд бүрэн амьдарч байсан болохоор Бурханы гэгээрлийг хүртээгүй нь аргагүй юм байна. Би зарчмын дагуу үйлдэхгүй юм бол яаж Бурханы гэгээрлийг хүртэж чадах юм бэ?” гэж бодно. Чи харж байна уу, хэрэгжүүлэлтийн огт өөр хоёр арга зам, өөрийн санаа бодолд хандах огт өөр хоёр арга зам эцэстээ өөр үр дүнд хүргэдэг.

Хүмүүс Бурханд итгэхдээ мэдрэмжээрээ амьдарч болохгүй. Хүний мэдрэмж бол зүгээр л түр зуурын сэтгэл санааны байдал—энэ нь тэдний төгсгөлтэй ямар нэг хамаатай юу? Баримттай хамаатай юу? (Үгүй.) Хүмүүс Бурханаас төөрөх үедээ, Бурханыг буруу ойлгож, эсэргүүцэж, Бурхантай тэмцэлдэж, Бурханы өөдөөс хашхиралддаг сэтгэл зүйн байдалтай амьдрах үедээ Бурханы халамж, хамгаалалтыг бүрмөсөн орхисон байдаг бөгөөд зүрх сэтгэлд нь Бурханы орон зай байхаа больдог. Хүмүүс ийм байдалтай амьдрах үедээ өөрийн эрхгүй мэдрэмжээрээ амьдардаг. Ялихгүй бодол тэднийг маш их хямрааж, хоол идэж, унтаж чадахгүйд хүргэж, хэн нэгний санамсаргүй хэлсэн үг тэднийг таамаглаж, гайхширахад хүргэж, тэр ч бүү хэл ганц удаа хар дарж зүүдлэх нь тэднийг сөрөг болгож, Бурханыг буруу ойлгоход хүргэж мэднэ. Ийм чөтгөрийн тойрог нэгэнт бий болмогц хүмүүс өөрсдийнх нь хувьд бүх зүйл дууссан, аврагдах ямар ч найдваргүй болсон, Бурханд хаягдсан, Бурхан тэднийг аврахгүй гэж шийддэг. Тэд ингэж бодох тусмаа, ийм мэдрэмж төрөх тусмаа улам их сөрөг байдалд автдаг. Хүмүүст ийм мэдрэмж төрдгийн жинхэнэ шалтгаан нь тэд үнэнийг эрж хайдаггүй, үнэн-зарчмын дагуу хэрэгжүүлдэггүйд байгаа юм. Хүмүүст ямар нэг зүйл тохиолдох үед тэд үнэнийг эрж хайдаггүй, үнэнийг хэрэгжүүлдэггүй, үргэлж өөрсдийн замаар явж, өчүүхэн сэргэлэн зангаараа амьдардаг. Тэд өдөр бүрийг өөрсдийгөө бусадтай харьцуулж, өрсөлдөж, өөрсдөөс нь дээр гэж бодсон хэнд ч атаархаж, үзэн ядаж, өөрсдөөс нь дор гэж бодсон хэнийг ч элэг доог хийж, шоолж, Сатаны зан чанараар амьдарч, аливааг үнэн-зарчмын дагуу үйлдэхгүй, хэний ч зөвлөгөөг хүлээн авахаас татгалзаж өнгөрөөдөг. Энэ нь эцэстээ тэдэнд элдэв янзын хий хоосон бодол төрж, таамаглаж, шүүдэг болоход хүргэдэг бөгөөд тэд өөрсдийгөө байнгын түгшүүртэй болгодог. Тэд үүнийг хүртэх ёстой биш гэж үү? Ийм гашуун үр дагаврыг тэд өөрсдөө л үүрч чадна—тэд үнэхээр үүнийг хүртвэл зохино. Энэ бүхэн юунаас болдог вэ? Энэ нь хүмүүс үнэнийг эрж хайдаггүй, хэтэрхий биеэ тоосон, өөрийгөө зөвтгөдөг, үргэлж өөрсдийн санаагаар үйлддэг, үргэлж гайхуулж, өөрсдийгөө бусадтай харьцуулдаг, үргэлж ялгарч харагдахыг хичээдэг, Бурханд үргэлж утгагүй шаардлага тавьдаг гэх зэргээс болдог—энэ бүх зүйл хүмүүсийг Бурханаас аажмаар төөрч, Бурханыг эсэргүүцэж, үнэнийг дахин дахин зөрчихөд хүргэдэг. Эцэст нь тэд өөрсдийгөө харанхуй, сөрөг байдалд автуулдаг. Ийм үед хүмүүс тэрслүү, сөргөлдөж байгаагаа үнэн зөвөөр ойлгодоггүй, ийм зүйлд зөв хандлагаар хандах нь бүр ч боломжгүй байдаг. Харин ч тэд Бурханы талаар гомдоллож, Бурханыг буруу ойлгож, Түүний талаар таамаг дэвшүүлдэг. Ийм зүйл болоход хүмүүс завхрал нь маш гүн гүнзгий, өөрсдөө хэтэрхий төвөгтэй гэдгээ эцэст нь ухаарч, улмаар өөрсдийгөө Бурханыг эсэргүүцдэг төрлийн хүн гэж тогтоогоод, өөрийн эрхгүй сөрөг байдалд автаж, тэндээсээ гарч чаддаггүй. Тэдний итгэдэг зүйл бол: “Бурхан намайг жигшин голдог, Бурхан намайг хүсдэггүй. Би хэтэрхий тэрслүү, миний хохь, Бурхан намайг цаашид аврахгүй нь тодорхой.” Тэд энэ бүгдийг баримт гэж итгэдэг. Тэд зүрх сэтгэл дэх таамгаа баримт гэж тогтоодог. Хэн ч тэдэнтэй үнэнийг нөхөрлөөд нэмэргүй, тэд хүлээж авдаггүй. “Бурхан намайг ерөөхгүй, Тэр намайг аврахгүй, тэгэхээр Бурханд итгэх ямар хэрэг байна?” гэж тэд боддог. Бурханд итгэх итгэлийн зам нь ийм цэгт хүрэх үед хүмүүс итгэх чадвартай хэвээр байх уу? Үгүй. Тэд яагаад цааш үргэлжлүүлж чадахгүй байна вэ? Энд нэг баримт бий. Хүмүүсийн сөрөг байдал тодорхой хэмжээнд хүрч, зүрх сэтгэл нь эсэргүүцэл, гомдлоор дүүрч, Бурхантай харилцаагаа нэгмөсөн таслахыг хүсэх үед энэ нь Бурханаас эмээдэггүй, Бурханыг дуулгавартай дагадаггүй, үнэнийг хайрладаггүй, үнэнийг хүлээж авдаггүй гэх мэт энгийн зүйл байхаа больдог. Харин энэ нь юу вэ? Тэд зүрх сэтгэлдээ Бурханд итгэх итгэлээ орхих сонголтыг идэвхтэй хийдэг. Тэд таягдан хаягдахаа идэвхгүйгээр хүлээх нь ичгүүртэй, харин бууж өгөхийг сонгох нь илүү нэр төртэй гэж боддог тул санаачилга гарган боломжоосоо татгалзаж, өөрсдөө бүх зүйлийг эцэслэдэг. Тэд Бурханд итгэх итгэлийг муу, үнэн хүмүүсийг өөрчилж чадахгүй, Бурханыг зөвт биш гэж яллаж, Бурхан өөрсдийг нь аврахгүй байна гэж гомдоллодог: “Би маш хичээнгүй, бусдаас хавьгүй их зовлон бэрхшээл туулж, бусдаас хавьгүй их төлөөс төлдөг, би үүргээ чин сэтгэлээсээ гүйцэтгэдэг байтал Бурхан намайг ерөөгөөгүй л байна. Бурхан надад дургүй, Бурхан хүмүүст тэгш бус ханддаг гэдгийг одоо би тодорхой харж байна.” Тэд Бурханд эргэлзэх эргэлзээгээ Бурханыг яллах ял, Түүнийг доромжлох доромжлол болгон хувиргаж зүрхэлдэг. Энэ баримт бүрэлдэх үед тэд Бурханд итгэх итгэлийн замаар үргэлжлүүлэн явж чадах уу? Тэд Бурхантай тэрсэлдэж, сөргөлддөг, үнэнийг хүлээн авдаггүй, өөрсдийгөө огт эргэцүүлдэггүй учраас сүйрдэг. Хүн өөрийн санаачилгаар Бурханыг орхичхоод, дараа нь Бурхан өөрийг нь ерөөдөггүй, нигүүлсэл үзүүлдэггүй гэж гомдоллох нь эрүүл ухаангүй хэрэг биш үү? Хүн бүр өөрийн замаа сонгож, түүгээрээ алхдаг; хэн ч тэдний өмнөөс үүнийг хийж чадахгүй. Мухардлыг сонгосон нь чи, Бурханыг орхиж, Түүнийг голсон нь чи. Эхнээс нь дуустал Бурхан чамайг хүсэхгүй, чамайг орхисон, чамайг аврахаас татгалзсан гэж хэзээ ч хэлээгүй; өөрийнхөө таамагт тулгуурлан Бурханыг хязгаарласан хүн бол чи. Хэрвээ чи Бурханд чин сэтгэлээсээ итгэдэг байсан бол, Бурхан чамайг хүсэхгүй байсан ч итгэсээр байвал, Тэр чамайг жигшсэн ч гэсэн чи Бурханд итгэсээр, Түүний үгийг уншсаар, үнэнийг хүлээн авч, үүргээ хэвийн гүйцэтгэсээр байвал хэн чамайг хязгаарлаж, зогсоож чадах юм бэ? Энэ бүхэн чиний өөрийн сонголт, эрэлхийлэлтэй холбоотой биш гэж үү? Чамд өөрт чинь итгэл дутаж байхад чи эргэж хараад Бурханы талаар гомдоллож байна; энэ бол эрүүл ухаангүй явдал. Чи Бурхантай харилцах харилцаагаа хадгалж үлдэлгүй, сүйтгэхээр улайрч байна; нэгэнт ан цав суусан бол сэргээж болох уу? Хагархай толийг эвлүүлэх хэцүү, эвлүүллээ ч гэсэн ан цав нь байсаар л байна. Одоо нэгэнт харилцаа эвдэрсэн тул хэзээ ч анхны байдалдаа эргэж орохгүй. Тиймээс Бурханд итгэх явцдаа ямар ч орчин нөхцөлтэй тулгарсан, хүмүүс дуулгавартай дагахад суралцаж, үнэнийг эрж хайх ёстой—тэгж байж л тэд бат зогсож чадна. Хэрвээ чи замын төгсгөл хүртэл Бурханыг дагахыг хүсэж байвал үнэнийг эрэлхийлэх нь чухал; үүргээ гүйцэтгэхдээ ч бай, өөр юу ч хийсэн бай, үнэн-зарчмыг ойлгож, тэдгээрийг хэрэгжүүлж, биелүүлэх нь нэн чухал. Учир нь үнэнийг ойлгож, үнэн-зарчмын дагуу хэрэгжүүлэх үйл явцаар дамжуулан чи Бурханыг мэдэж, Бурханыг ойлгож, Бурханыг ухамсарлаж, Бурханы санаа зорилгыг ухаарч, ингэснээр Түүнтэй нийцэлтэй болж, Түүний мөн чанарыг ухамсарлаж, хүлээн зөвшөөрдөг болдог. Хэрвээ чи үнэн-зарчмыг хэрэгжүүлэхгүй, зүгээр л өөрийн хүслээр үйлдэж, үүргээ гүйцэтгэвэл чи хэзээ ч үнэнтэй тааралдахгүй. Үнэнтэй хэзээ ч тааралдахгүй гэдэг нь юу гэсэн үг вэ? Энэ нь, чи бүх зүйлд хандах Бурханы хандлага, Түүний шаардлага, Түүний бодолтой хэзээ ч тааралдахгүй гэсэн үг; мөн Бурханы ажлаар илчлэгдсэн Түүний зан чанар, мөн чанартай тааралдах магадлал бүр ч бага байна гэсэн үг. Хэрвээ чи Бурханы ажлын эдгээр баримттай тааралдахгүй бол Бурханы талаарх чиний ухамсар хүний үзэл, төсөөллөөр үүрд хязгаарлагдана. Үзэл, төсөөллийн хүрээн дотор үлдэж, Бурханы мөн чанар, жинхэнэ зан чанартай хэзээ ч нийцэхгүй. Ингэвэл чи Бурханыг жинхэнэ ёсоор ухамсарлаж чадахгүй.

Хүмүүс үүргээ гүйцэтгэх явцдаа ихэвчлэн сөрөг, тэрслүү байдалтай тулгардаг. Хэрвээ тэд үнэнийг эрж хайж, эдгээр асуудлыг анхаарч, шийдвэрлэхдээ үнэн-зарчмыг ашиглаж чадвал сөрөг сэтгэл хөдлөл нь гомдол, эсэргүүцэл, тэрслүү зан, хашхираан, тэр ч бүү хэл доромжлол болж хувирахгүй. Гэвч хэрвээ хүмүүс эдгээр зүйлийг шийдвэрлэхдээ зөвхөн өөрсдийн ахархан ухаан, хүний биеэ барих чадвар, хүний хүчин чармайлт, хичээл зүтгэл, биеэ сахилгажуулах болон бусад иймэрхүү арга барилд найдвал эрт, орой хэзээ нэгэн цагт энэ хүмүүсийн төсөөлөл, шүүлт, таамаглал нь Бурханы эсрэг гомдол, тэрслүү зан, эсэргүүцэл, хашхираан, тэр ч бүү хэл доромжлол болно. Хүмүүс ийм сөрөг сэтгэл хөдлөлд автах үедээ Бурханд дуулгаваргүй, сэтгэл дундуур байж, гомдоллох зэрэг мэдрэмж, бодол төрж болзошгүй. Ийм бодол хүмүүсийн дотор цаг хугацааны явцад хуримтлагдаж, тэд үүнийг шийдвэрлэхийн тулд үнэнийг эрж хайхгүй, үнэнийг ашиглахгүй байвал тэдний дуулгаваргүй, сэтгэл дундуур байдал болон гомдол нь тэрслүү зан болж хувирна; тэд тэрслүү зан авир гаргах бөгөөд дуулгаваргүй, сэтгэл дундуур байдлаа илэрхийлж, улмаар Бурханыг эсэргүүцэх зорилгодоо хүрэхийн тулд үүргээ хааш яаш гүйцэтгэх, чуулганы ажлыг зориуд үймүүлж, хорлон сүйтгэх зэргээр сөрөг зан авир гаргана. Зарим хүн бусдын үүргийн гүйцэтгэлийг сүйтгэж, үймүүлдэг. Тэдний үйлдэл цаанаа: “Хэрвээ би үүргээ гүйцэтгэж чадахгүй бол, бурхан намайг үүрэгт минь ерөөхгүй бол би та нарын хэнийг ч үүргээ сайн гүйцэтгэж чадахгүй болгоно!” гэсэн санаатай байдаг, тэгээд тэд үймээн дэгдээж эхэлдэг. Зарим хүн үүнийг үгээрээ хийдэг бол зарим нь үйлдлээрээ хийдэг. Бусдыг үйлдлээрээ үймүүлдэг хүмүүс юу хийж магадгүй вэ? Жишээ нь, үүргийнх нь үр дүнд нөлөөлөхийн тулд тэд өөр хэн нэгний компьютер дээрх файлыг зориуд устгах, эсвэл цахим цуглааныг зориуд үймүүлж магадгүй. Диавол, Сатанууд хүмүүсийг үймүүлж буй нь энэ юм. Хүмүүс: “Ийм насны хүн яаж ийм ой гутмаар зүйл хийж чаддаг байна аа? Тэд ямар өсвөр насны хүүхэд биш дээ; яаж ийм дүрсгүй үйлдэл хийж чаддаг байна аа?” гээд ойлгодоггүй. Үнэн хэрэгтээ гуч, дөч, тавь, жаран насны хүмүүс ч бас ийм зүйл хийж чаддаг. Ийм янз бүрийн зан авир нь санаанд багтамгүй; эдгээр нь мөс чанар, эрүүл ухаантай хүний үйлдэл биш, харин диавол, Сатануудын үйлдэл юм. Бусад хүн нөлөөнд нь автахгүй, зорилго нь биелэхгүй байгааг хараад тийм хүн олон хүн байх үед юм уу цуглааны үеэр сөрөг байдал гаргаж, үймээн дэгдээдэг. Тэд сэтгэл дундуур байдлаа үйлдлээрээ илэрхийлж эхлэх үед нөхцөл байдлыг хянахад хэдийнээ хэцүү болдог; тэднийг хазаарлахад маш хэцүү бөгөөд хэрвээ нөхцөл байдал үргэлжилбэл улам даамжирч, уг чанар нь улам ноцтой болохоос цаашгүй. Тэд үйлдлээрээ үймээн дэгдээгээд зогсохгүй янз бүрийн арга хэрэгсэл ашиглаж, бусдыг үүргээ гүйцэтгэх үед нь үймүүлэхийн тулд дайрч давшилсан, шүүмжилсэн үг хэллэг хэрэглэдэг. Зорилгодоо хүрсэн эсэхээс үл хамааран тэд зүрх сэтгэлдээ Бурханыг эсэргүүцдэг; тэд Бурханы үгийг уншдаггүй, магтан дуу сурдаггүй, Бурханы үг юм уу үнэнтэй холбоотой ямар ч ном уншихаас татгалздаг. Тэд гэртээ юу хийдэг вэ? Тэд роман уншиж, олон ангит кино үзэж, хоол хийх арга барилд суралцаж, нүүр будалт, үс засалт сурдаг… Цуглааны үеэр тэд Бурханы үгийн талаарх ойлголтоо нөхөрлөдөггүй, мөн завхарсан зан чанарыг, завхрал илчилдэг байдлыг хэрхэн шийдвэрлэх талаар ч нөхөрлөдөггүй. Бусдыг нөхөрлөх үед тэд яриаг нь зориуд булааж авч, ярьж байгаа хүнийг тасалж, сэдвийг санаатайгаар өөрчлөх гэх мэтээр үргэлж нурааж, үймүүлсэн зүйл хэлдэг. Тэд яагаад ингэж авирладаг вэ? Шалтгаан нь, тэд өөрсдийгөө аврагдах найдваргүй гэж итгэсэнд оршдог бөгөөд энэ нь тэднийг бууж өгч, бодлогогүй авирлаж эхлэхэд хүргэдэг; тэд чуулганаас зайлуулагдах юм уу хөөгдөхөөсөө өмнө хэдэн хань хамсаатан олох гэж үздэг—хэрвээ тэд өөрсдөө ерөөгдөж чадахгүй бол бусдыг ч бас ерөөгдөж чадахгүй болгоно. Тэд яагаад ингэж боддог вэ? Тэдний итгэдэг Бурхан нь анх төсөөлж байсан бурхан шиг нь биш, Бурхан хүмүүсийг тэдний төсөөлж байсан шиг тийм их хайрладаггүй, бас тийм ч зөвт биш, мөн тэдний төсөөлж байсан шиг тийм ч чин сэтгэлээсээ энхрийлж хүмүүст ханддаггүй гэж тэд итгэдэг. Бурхан бусдыг хайрладаг ч тэднийг хайрладаггүй; Бурхан бусдыг авардаг ч тэднийг авардаггүй. Одоо тэд өөрсдөд нь ямар ч найдвар байхгүй гэж хараад, аврагдаж чадахгүй гэж боддог тул бууж өгч, бодлогогүй авирлаж эхэлдэг. Гэхдээ ингээд зогсдоггүй; өөрсдөд нь найдвар байхгүй болохоор бусдад ч бас найдвар байхгүй гэдгийг бусдад харуулахыг тэд бас хүсдэг бөгөөд хүн бүрийг Бурханд итгэх итгэлээ орхиж, итгэл үнэмшлээсээ ухрахад хүргэсэн цагтаа л сая сэтгэл нь ханадаг. Үүнийг хийх тэдний зорилго нь: “Хэрвээ би тэнгэрийн хаанчлалын ерөөлийг хүртэж чадахгүй бол та нар ч бас олж авна гэж зүүдлээд ч хэрэггүй!” гэх явдал юм. Ийм хүн ямар гээчийн өөдгүй амьтан бэ? Тэр диавол биш гэж үү? Тэр бол там руу зүглэсэн, бусдыг Бурханд итгэж, тэнгэрийн хаанчлалд орохыг хориглодог диавол юм; тэр мухардал руу чигээрээ алхаж байна! Жаахан ч гэсэн мөс чанартай, жаахан ч гэсэн Бурханаас эмээдэг зүрх сэтгэлтэй хэн боловч ингэж авирлах ёсгүй; хэрвээ тэд үнэхээр асар их мууг үйлдэж, илчлэгдээд, өөрсдийгөө найдваргүй болсон гэж бодсон ч гэсэн бусдыг амжилтад хүрэхэд нь туслахыг зорьж, бусдад Бурханд чин сэтгэлээсээ итгэх боломж олгож, өөрсдийнхөө жишээг дагуулахгүй. “Би хэтэрхий сул дорой, махан биеийн дур хүсэл минь хүчтэй, би ертөнцөд хэт их сэтгэл татагддаг. Энэ бол миний өөрийн буруу; миний хохь! Та нар чин сэтгэлээсээ итгэдэг итгэгч хэвээр бай; миний нөлөөнд бүү ор. Цуглааны үеэр би харуулд зогсож, хэрвээ агуу улаан лууны цагдаа нар тосгонд орж ирвэл би та нарт мэдэгдье” гэж тэд хэлж магадгүй. Өчүүхэн төдий ч болов хүн чанартай хэн боловч ядаж л ийм зүйл хийх ёстой, бусад хүн үнэнийг эрэлхийлэхэд нь үймүүлэх ёсгүй. Гэвч хүн чанаргүй хүмүүст аливаа зүйл санаснаар нь болохгүй үед, эсвэл ах эгч нар өөрсдийг нь дорд үзэж, зай барьж байгааг харах үедээ Бурхан өөрсдийг нь илчилж, таягдан хаясан, өөрсдөд нь аврагдах найдвар байхгүй гэж санагддаг. Тэд ийм санаа бодол өвөрлөх үедээ бууж өгч, бодлогогүй авирлаж эхлэн, эрээ цээргүйгээр сөрөг байдал гаргаж, чуулганы амьдралыг үймүүлдэг. Ямар хүмүүс ингэдэг вэ? Тэд диаволууд биш гэж үү? (Мөн.) Диавол болох хүмүүст найр тавих хэрэгтэй юу? (Үгүй.) Тэгвэл үүнийг яаж шийдвэрлэх ёстой вэ? “Чи цуглаанд ирдэг хэр нь Бурханы үгийг уншдаггүй, үнэнийг ч хүлээж авдаггүй. Тэгээд энд юу хийж байгаа юм бэ? Үймээн дэгдээх гэж, тийм биз дээ? Чамд аврагдах найдвар байхгүй гэж чи боддог; үнэндээ бидэнд ч бас их найдвар байгаа гэж санагддаггүй ч бид чармайдаг. Бурхан ялгаварладаггүй, Тэр итгэмжит, хүмүүсийг аврах Түүний зүрх сэтгэл чин сэтгэлийнх, Түүний зүрх сэтгэл хувиршгүй гэдэгт бид итгэдэг. Өчүүхэн төдий найдвар байгаа цагт бид бууж өгөхгүй. Бид чам шиг үргэлж сөрөг байж, Бурханыг буруу ойлгохгүй. Биднийг үймүүлж, хойш татаж чадна гэж бодож байгаа бол чи зүүдэлж байна! Хэрвээ чи зөрүүдэлсээр, ингэж итгэсээр байвал, мөн биднийг хорлонтойгоор үймүүлэхийг хүссээр байвал чамд бүдүүлэг хандлаа гэж биднийг бүү буруутгаарай. Өнөөдрөөс эхлээд чамайг зайлууллаа; чуулганд чамд байх газар цаашид үгүй. Одоо арилж үз!” гэж чи хэл. Ингэвэл асуудал шийдэгдэх биш үү? Энэ энгийн, ердөө хэдхэн үг хэлээд л тэднийг цэвэрлэчихнэ. Үүнийг хийхэд маш амархан! Яагаад ингэж шийдвэрлэдэг вэ? Яагаад гэвэл ийм хүмүүсийн уг чанар-мөн чанар өөрчлөгдөж чадахгүй; тэд үнэнийг хүлээж авахгүй. Тэд өөрсдөд нь аврагдах найдвар байхгүй гэж боддог; Бурхан ингэж хэлээгүй, ах эгч нар ч хэлээгүй атал тэд ийм маягаар мууг үйлдэж, үймээн дэгдээдэг. Тэд мууг үйлдэж, чуулганы ажлыг үймүүлснээсээ болоод нэг л өдөр үнэхээр хөөгдвөл, үнэнийг эрэлхийлдэггүйгээс нь болоод Бурхан тэднийг сахилгажуулбал тэд яах вэ? Тэд Бурханы дайсан болж, өшөө авахыг санаархаж магадгүй юу? Тэгэх маш их магадлалтай! Ийм хүмүүс ямар нэг буруу хэрэг гүйцэлдүүлэх юм уу асар их мууг үйлдэхээсээ өмнө илчлэгдсэн нь сайн хэрэг. Энэ бол Бурханы хийсэн зүйл; Бурхан тэднийг илчилсэн. Одоо тэднийг цэвэрлэх нь яг зөв; бусад хүн хараахан хохирол амсаагүй байна. Ингэж шийдвэрлэх нь цагаа олсон, зохистой хэрэг; хүн бүр ялган таних чадвартай болж, ёрын муу хүмүүсийг шийдвэрлэнэ. Тэд товойлгогчийн үүргээ хангалттай биелүүлсэн.

Үндсэндээ эдгээр нь сөрөг байдал гаргадаг хүмүүсийн янз бүрийн байдал, илрэл юм. Нэр алдар, ашиг хонжоо, байр суурь хөөцөлдөх хүсэл нь биелээгүй үед, Бурханы хийдэг зүйлс үзэл, төсөөлөлтэй нь зөрчилдөж, ашиг сонирхлыг нь хөндөх үед тэд дуулгаваргүй, сэтгэл дундуур мэдрэмжид автдаг. Тэдэнд ийм мэдрэмж төрөх үед оюун санаанд нь шалтаг шалтгаан, зөвтгөх, өмгөөлөх болон өөр бусад гомдоллох бодол төрж эхэлдэг. Энэ үед тэд Бурханыг магтаж, Түүнийг дуулгавартай дагадаггүй, өөрсдийгөө танин мэдэхийн тулд үнэнийг бүр ч эрж хайдаггүй; харин ч үзэл, төсөөлөл, бодол, үзэл санаа, эсвэл адгуу зангаа ашиглан Бурхантай тэмцэлддэг. Тэд Бурхантай яаж тэмцэлддэг вэ? Тэд дуулгаваргүй, сэтгэл дундуур мэдрэмжээ тарааж, үүнийг ашиглан бодол, үзэл санаагаа Бурханд тодорхой болгож, хүслээ хангахын тулд Бурханыг өөрсдийнхөө хүсэл, шаардлагын дагуу үйлдүүлэх гэж хичээдэг; тэгж байж л тэдний сэтгэл амардаг. Ялангуяа, Бурхан хүмүүсийг шүүж, гэсгээж, завхарсан зан чанарыг нь ариусгаж, Сатаны нөлөөнөөс аврахын тулд олон үнэнийг илэрхийлдэг бөгөөд эдгээр үнэн хэр олон хүний ерөөгдөх мөрөөдлийг сарниулж, тэнгэрийн хаанчлалд өргөгдөнө гэж өдөр шөнөгүй найддаг уран сэтгэмжийг нь үгүй хийснийг хэн мэдлээ. Тэд аливааг эрс өөрчлөхийн тулд чадах бүхнээ хийхийг хүсдэг ч хүчин мөхөстөөд, сөрөг байдал, хорсолтойгоор гамшигт унахаас өөр аргагүй болдог. Бурханы хийдэг зүйл өөрсдийнх нь үзэл, ашиг сонирхол, сэтгэлгээтэй зөрчилддөг учир Бурханы зохицуулсан энэ бүгдэд дуулгавартай ханддаггүй. Ялангуяа чуулган цэвэрлэх ажил хийж, олон хүнийг таягдан хаях үед энэ хүмүүс, Бурхан өөрсдийг нь авардаггүй, Бурхан өөрсдийг нь жигшин голсон, өөрсдөд нь шударга бус хандаж байна гэж боддог учир бүгд нэгдэн Бурханыг эсэргүүцэх болно; Бурхан бол үнэн гэдгийг үгүйсгэж, Бурханы ялгамж чанар, мөн чанарыг үгүйсгэж, Бурханы зөвт зан чанарыг үгүйсгэнэ. Мэдээж тэд бас бүх зүйлийг Бурхан захирдаг гэх баримтыг үгүйсгэнэ. Энэ бүгдийг тэд ямар аргаар үгүйсгэдэг вэ? Үл ойшоож, эсэргүүцэх замаар. Энэ нь “Бурханы хийдэг зүйл миний үзэлд нийцдэггүй учир би дуулгавартай дагадаггүй, чи бол үнэн гэдэгт итгэдэггүй. Би чам руу хашхичиж, эдгээр зүйлийг чуулган болон хүмүүсийн дунд тараана! Би хүссэнээ хэлнэ, үр дагавар нь ямар байх нь надад хамаагүй. Надад үг хэлэх эрх чөлөө бий; чи миний амыг таглаж чадахгүй—би хүссэнээ хэлнэ. Чи яаж чадах юм бэ?” гэсэн утга санаатай юм. Энэ хүмүүс буруу бодол, үзэл санаагаа хэлэх гэж зүтгэх үедээ өөрсдийн ойлголтыг ярьж байна уу? Тэд үнэний талаар нөхөрлөж байна уу? Яавч үгүй. Тэд сөрөг байдал тарааж байна; тэд тэрс үзэл, ташаа зүйл ярьж байна. Тэд өөрсдийн завхралыг танин мэдэх гэж, ил болгох гэж оролдохгүй байна; тэд үнэнтэй зөрчилдсөн үйлдлээ ил болгохгүй, гаргасан алдаагаа ч ил болгохгүй байна. Харин ч тэд өөрсдийнхөө зөв гэдгийг батлах гэж алдаагаа зөвтгөж, өмгөөлөхийн тулд чадах бүхнээ хийхийн зэрэгцээ утга учиргүй дүгнэлт гаргаж, сөрөг, ташаа үзэл санаа, мөн мушгин гуйвуулсан үндэслэл, тэрс үзэл ярьж байна. Чуулган дахь Бурханы сонгосон хүмүүст үзүүлэх нөлөө нь тэднийг төөрөлдүүлж, үймүүлэх явдал юм; энэ нь зарим хүнийг сөрөг байдал, төөрөгдөлд унагаж ч мэднэ. Энэ бүхэн нь сөрөг байдал гаргадаг хүмүүсийн үзүүлдэг сөрөг нөлөө, гаргадаг үймээн юм. Тиймээс сөрөг байдал гаргадаг хүмүүсийг үг яриа, зан авирынх нь хамт хязгаарлах ёстой—тэднийг өөгшүүлж, зөвшөөрч болохгүй. Чуулган ийм хүмүүстэй харьцах зүй зохистой арга барил, зарчимтай байх ёстой. Нэг талаар, ах эгч нар ийм хүмүүсийг болон тэдний сөрөг үг яриаг ялган таних ёстой. Нөгөө талаар, Бурханы сонгосон хүмүүс ялган таних чадвартай болох үед, илүү олон хүн нөлөөнд нь автаж, үймүүлэгдэхээс сэргийлэхийн тулд чуулган үнэн-зарчмын дагуу ийм хүмүүсийг даруй зайлуулах юм уу хөөх ёстой. Сөрөг байдал гаргахыг янз бүрийн талаас нь нөхөрлөсөн бидний нөхөрлөл үүгээр өндөрлөж байна.

В. Сөрөг байдлыг шийдвэрлэх зарчим ба зам

Хүмүүс сатанлаг уг чанартай; сатанлаг зан чанараар амьдардаг тул сөрөг байдлаас зайлсхийх хэцүү. Ялангуяа хүн үнэнийг ойлгохгүй үед сөрөг байдал нийтлэг үзэгдэл болдог. Хүн болгонд сөрөг байх үе байдаг; зарим нь их, зарим нь бага, зарим нь удаан хугацаагаар, зарим нь богино хугацаагаар. Хүмүүсийн биеийн хэмжээ өөр өөр байдаг, сөрөг байдал нь ч бас өөр өөр байдаг. Биеийн хэмжээ томтой хүмүүс шалгалттай тулгарах үедээ л бага зэрэг сөрөг болдог бол биеийн хэмжээ багатай, үнэнийг хараахан ойлгоогүй хүмүүс бусдыг зарим нэг үзэл тараах юм уу утгагүй зүйл ярих үед ялган таньж чаддаггүй; тэднийг үймүүлж, тэдэнд нөлөөлж, тэднийг сөрөг болгож болно. Ямар ч асуудал гарсан, тэр ч бүү хэл дурдах ч шаардлагагүй ялихгүй асуудал хүртэл тэднийг сөрөг байдалд хүргэж мэднэ. Байнга сөрөг байдаг энэ асуудлыг яаж шийдвэрлэх ёстой вэ? Хэрвээ хэн нэгэн үнэнийг яаж эрж хайхаа мэдэхгүй, Бурханы үгийг яаж идэж, уухаа, Бурханд яаж залбирахаа мэдэхгүй бол энэ нь маш их асуудалтай болдог; тэд зөвхөн ах эгч нарын дэмжлэг, тусламжид л найдаж чадна. Хэрвээ хэн ч тусалж чадахгүй бол, эсвэл тэд тусламжийг хүлээж авахгүй бол сэргэж чадахгүй болтлоо сөрөг хэвээр үлдэж, бүр итгэхээ больж ч магадгүй. Хар даа, хэн нэгэн үргэлж үзэлтэй байж, амархан сөрөг болох нь маш аюултай. Ийм хүмүүст үнэнийг яаж ч нөхөрлөсөн тэд хүлээж авдаггүй, өөрсдийнх нь үзэл, төсөөлөл зөв гэж үргэлж зүтгэдэг; тэд туйлын төвөгтэй хүмүүс юм. Чи хэчнээн сөрөг байлаа ч үзэлтэй байлаа гээд тэдгээр нь үнэнтэй нийцдэг гэсэн үг биш; ухамсарлах чадварт чинь асуудал байна гэсэн үг гэдгийг зүрх сэтгэлдээ ойлгох ёстой. Хэрвээ чамд бага зэрэг эрүүл ухаан байгаа бол эдгээр үзлийг тараах ёсгүй; энэ бол хүмүүсийн баримтлах ёстой хамгийн наад захын зүйл юм. Хэрвээ чамд Бурханаас эмээдэг зүрх сэтгэл жаахан ч болов байгаа бол, мөн өөрийгөө Бурханы дагагч гэдгийг хүлээн зөвшөөрч чадаж байвал чи үзлээ шийдвэрлэхийн тулд үнэнийг эрж хайж, үнэнийг дуулгавартай дагаж, саад болж, үймээн дэгдээхээс зайлсхийх ёстой. Хэрвээ чи ингэж чадахгүй, үзэл тараана гэж зүтгэдэг бол эрүүл ухаанаа алджээ; чи сэтгэцийн хувьд хэвийн бус, чөтгөрт эзэмдүүлээд, өөрийгөө захирч чадахгүй байна. Чөтгөрт захирагдсан чи юу ч болж байсан эдгээр үзлийг ярьж, тараадаг—үүнийг яах ч аргагүй, энэ бол муу сүнсний ажил юм. Хэрвээ чамд бага зэрэг мөс чанар, эрүүл ухаан байгаа бол чи үзэл тараахгүй, мөн ах эгч нарыг үймүүлэхгүй байж чаддаг байх ёстой. Чи сөрөг болсон ч гэсэн ах эгч нарыг хорлох зүйл хийх ёсгүй; чи зүгээр л үүргээ сайн гүйцэтгэж, хийх ёстой зүйлээ зохис ёсоор хийж, өөрийгөө зэмлэхээргүй байх ёстой—энэ бол биеэ авч явах наад захын стандарт юм. Чи заримдаа сөрөг байсан ч хил хязгаар давсан зүйл хийгээгүй бол Бурхан чиний сөрөг байдлыг сүр болгохгүй. Чамд мөс чанар, эрүүл ухаан байгаа цагт, Бурханд залбирч, Түүнд найдаж, үнэнийг эрж хайж чадаж л байвал эцэстээ чи үнэнийг ойлгодог болж, өөрийгөө өөрчилнө. Хэрвээ чи, удирдагчийн хувиар бодитой ажил хийгээгүйгээсээ болж чөлөөлөгдөж, таягдан хаягдах зэргээр томоохон үйл явдалтай нүүр тулж, аврагдах найдваргүй санагдаж, сөрөг болбол—сэргэж чадахгүй болтлоо хэт сөрөг болж, яллагдаж, хараагдсан мэт санагдаж, Бурханы талаар буруу ойлголт, гомдол тээвэл—чи яах ёстой вэ? Үүнийг шийдвэрлэхэд маш амархан: Үнэнийг ойлгодог хэдэн хүнийг олж, тэдэнтэй хамт нөхөрлөж, эрж хайж тэр хүмүүст зүрх сэтгэлээ уудлан ярь. Илүү чухал нь, Бурханы өмнө очиж, сөрөг байдал, сул дорой байдлынхаа талаар, түүнчлэн ойлгохгүй, даван туулж чадахгүй байгаа зарим зүйлийнхээ талаар нэг бүрчлэн үнэнээр нь залбир—Бурхантай нөхөрлө, юуг ч бүү нуу. Хэрвээ бусдад илэрхийлж чадахгүй, хэлэхийн аргагүй зүйл байвал Бурханы өмнө очиж залбирах нь бүр ч чухал. Зарим хүн “Бурханд энэ талаар ярих нь яллагдахад хүргэхгүй гэж үү?” хэмээн асуудаг. Чи Бурхантай сөргөлдсөн, Бурханаар яллуулах олон зүйлийг хэдийнээ хийгээгүй гэж үү? Дахиад ганц үүнийг нэмэхэд яагаад санаа зовно гэж? Чи энэ талаар ярихгүй бол Бурхан мэдэхгүй гэж бодоо юу? Чиний бодож байгаа бүхнийг Бурхан мэднэ. Чи Бурхантай илэн далангүй нөхөрлөж, зүрх сэтгэлээ уудалж, асуудал, байдлаа Түүнд үнэнээр нь гаргаж тавих ёстой. Чи сул дорой байдал, тэрслүү байдал, тэр ч бүү хэл гомдлоо бүгдийг нь Бурханд хэлж болно; чи бухимдлаа гаргахыг хүссэн ч зүгээр—Бурхан үүнийг яллахгүй. Бурхан яагаад үүнийг ялладаггүй вэ? Бурхан хүний биеийн хэмжээг мэддэг; чи Түүнтэй ярихгүй байсан ч Тэр чиний биеийн хэмжээг мэднэ. Бурхантай ярилцах нь нэг талаар Бурханд өөрийгөө илчилж, илэн далангүй байх чиний боломж юм. Нөгөө талаар, энэ нь бас Бурханыг дуулгавартай дагах хандлагыг чинь харуулдаг; ядаж л зүрх сэтгэл чинь Бурханд хаалттай биш, ердөө л сул дорой, энэ асуудлыг даван туулах биеийн хэмжээ чамд дутаж байгаа, өөр зүйлгүй гэдгийг Бурханд харуулж байгаа хэрэг. Тэрслэх санаа чамд байхгүй; чиний хандлага бол дуулгавартай дагах, гагцхүү чиний биеийн хэмжээ хэтэрхий жижиг, чи энэ асуудлыг тэвчиж чадахгүй байгаа хэрэг. Чи Бурханд зүрх сэтгэлээ бүрэн нээж, зүрх сэтгэлийн гүн дэх бодлоо Түүнтэй хуваалцаж чадах үед, хэдийгээр чиний хэлж байгаа зүйлд сул дорой байдал, гомдол, ялангуяа олон сөрөг зүйл байж болох ч—нэг зүйл зөв байдаг: Чи завхарсан зан чанартай гэдгээ хүлээн зөвшөөрч, өөрийгөө бүтээгдсэн зүйл гэдгийг хүлээн зөвшөөрч, чи Бурханы Бүтээгч гэх ялгамж чанарыг үгүйсгэдэггүй, мөн Бурхан та хоёрын харилцаа бол бүтээгдсэн зүйл болон Бүтээгчийн хоорондох харилцаа гэдгийг үгүйсгэдэггүй. Чи даван туулахад хамгийн хэцүү санагддаг, өөрийг чинь хамгийн сул дорой болгодог зүйлсийг Бурханд даатгаж, сэтгэлийн гүн дэх бүх мэдрэмжээ Бурханд хэлдэг—энэ нь чиний хандлагыг харуулдаг. Зарим хүн “Би Бурханд нэг удаа залбирсан ч сөрөг байдлыг минь шийдвэрлээгүй. Би одоо ч үүнийг даван туулж чадахгүй байна” гэж хэлдэг. Энэ хамаагүй; чи зүгээр л үнэнийг чин сэтгэлээсээ эрж хайх хэрэгтэй. Чи хэр ихийг ойлгохоос үл хамааран Бурхан чамд аажмаар хүч чадал өгч, чи анх байсан шигээ сул дорой байхаа болино. Чи хэчнээн их сул дорой, сөрөг байдалтай байсан ч, хэчнээн их гомдолтой, сөрөг сэтгэл хөдлөлтэй байсан ч Бурхантай ярилц; Бурханд гаднын хүн шиг бүү ханд. Чи хэнээс ч юм нуулаа гэсэн Бурханаас юу ч бүү нуу, учир нь Бурхан бол чиний цорын ганц түшиг тулгуур, бас чиний цорын ганц аврал юм. Бурханы өмнө очиж байж л эдгээр асуудал шийдвэрлэгдэнэ; хүмүүст найдаад нэмэргүй. Тиймээс сөрөг, сул дорой байдалтай тулгарах үедээ Бурханы өмнө очиж, Түүнд найддаг хүмүүс хамгийн ухаалаг нь юм. Гагцхүү мунхаг, зөрүүд хүмүүс л томоохон, эгзэгтэй үйл явдалтай тулгарч, Бурханд зүрх сэтгэлээ уудлах хэрэгтэй болох үед Бурханаас улам холдож, зайлсхийж, толгойдоо хуйвалдаан зохиодог. Энэ бүх хуйвалдаан зохиосны үр дүн юу вэ? Тэдний сөрөг байдал, гомдол нь тэрслүү байдал болж хувирдаг бөгөөд тэрслүү байдал нь Бурханыг эсэргүүцэх, Бурханы өөдөөс хашхичих явдал болж хувирдаг; энэ хүмүүс Бурхантай бүрмөсөн эвлэршгүй болж, Бурхан тэр хоёрын харилцаа бүрэн эвдэрдэг. Гэвч чи ийм сөрөг, сул дорой байдалтай тулгарах үедээ Бурханы өмнө очиж үнэнийг эрж хайхыг сонгож, Бурханы зохион байгуулалт, зохицуулалтыг дуулгавартай дагахыг сонгож, чин сэтгэлийн дуулгавартай хандлага гаргаж чадвал, сөрөг, сул дорой байхдаа ч Өөрийг нь дуулгавартай дагахыг чин сэтгэлээсээ хүсэж байгааг чинь Бурхан хараад чамайг яаж залж чиглүүлж сөрөг, сул дорой байдлаас чинь гаргахыг мэднэ. Ийм туршлагатай болсныхоо дараа чи Бурханд үнэн сэтгэлээсээ итгэдэг болно. Ямар ч бэрхшээлтэй тулгарсан, Бурханыг эрж хайж, Түүнийг хүлээж л байвал Тэр чамд мэдэгдэхгүйгээр гарц зохицуулж өгнө гэдгийг чи мэдрэх болно. Ингэснээр анзаараагүй байхад чинь нөхцөл байдал өөрчлөгдөж, чи сул дорой байхаа больж, харин хүчтэй болж, Бурханд итгэх итгэл чинь нэмэгдэхийг харах боломж чамд олдоно. Чи эдгээр үйл явдлыг эргэцүүлэх үедээ тэр үеийн сул дорой байдал чинь ямар хүүхэд шиг байсныг мэдрэх болно. Үнэндээ хүмүүс яг л тийм хүүхэд шиг байдаг бөгөөд Бурханы дэмжлэггүйгээр тэд хүүхэд шиг, мэдлэггүй байдлаасаа хэзээ ч төлөвшихгүй байх байсан. Эдгээр зүйлийг туулах явцдаа Бурханы дээд эрхийг аажмаар хүлээн зөвшөөрч, дуулгавартай дагаж, эдгээр баримттай эергээр, идэвхтэйгээр нүүр тулж, зарчмыг эрж хайж, Бурханы санаа зорилгыг эрж хайж, Бурханаас зайлсхийж, холдохоо больж, Бурханд тэрслүү байхаа больж, харин улам бүр дуулгавартай болж, тэрслүү байдал нь улам багасаж, Бурханд улам ойртож, Бурханыг улам бүр дуулгавартай дагаж чаддаг болсноор л—зөвхөн ингэж туулснаар л хүний амь аажмаар өсөж, төлөвшиж, насанд хүрсэн хүний биеийн хэмжээнд бүрэн хүрдэг.

Хүн сөрөг байдалд хэрхэн хандаж, хэрхэн шийдвэрлэх ёстой вэ? Сөрөг байдал нь айх зүйл биш; гол нь эрүүл ухаантай байх явдал юм. Хүн үргэлж сөрөг байвал мунхаг үйлдэл хийх амархан биш гэж үү? Хүн сөрөг байх үедээ зөвхөн гомдоллож, эсвэл өөрийгөө зөнд нь орхиж, ямар ч эрүүл ухаангүй ярьж, үйлддэг—үүргийн гүйцэтгэлд нь энэ нөлөөлдөггүй гэж үү? Хэрвээ хүн сөрөг байдлаасаа болж цөхрөлд автаж, үлбэгэр болбол энэ нь Бурханаас урваж байгаа хэрэг биш үү? Ноцтой сөрөг байдал нь сэтгэцийн өвчтэй байхтай адил, чөтгөрт эзэмдүүлэхтэй нэлээд төстэй; эрүүл ухаангүй байна гэсэн үг. Шийдвэрлэхийн тулд үнэнийг эрж хайхгүй байх нь үнэхээр аюултай. Хүмүүс сөрөг байх үедээ Бурханаас эмээдэг зүрх сэтгэл огт байхгүй бол амархан эрүүл ухаанаа алдана; тэд сөрөг байдал, сэтгэл дундуур байдал, үзлээ энд тэндгүй тараана. Энэ бол санаатайгаар Бурхантай сөргөлдөж байгаа хэрэг бөгөөд чуулганы ажилд саад болж, чуулганы ажлыг үймүүлэхэд дэндүү амархан, үр дагавар нь төсөөлөхийн аргагүй аймшигтай бөгөөд Бурхан тэднийг жигшин голох магадлал маш өндөр. Гэвч хэрвээ хүн сөрөг байхдаа үнэнийг эрж хайж чаддаг, Бурханаас эмээдэг зүрх сэтгэлээ хадгалж, сөрөг зүйл ярьдаггүй, өөрийн сөрөг байдал, үзлийг тараадаггүй, мөн Бурханд итгэх итгэл, Түүнийг дуулгавартай дагадаг хандлагаа хадгалдаг бол ийм хүн сөрөг байдлаас амархан гарч чадна. Хүн болгонд сөрөг байх үе байдаг; зүгээр л хэр хүчтэй байх, үргэлжлэх хугацаа, шалтгаан нь өөр өөр байдаг. Зарим хүн ерөнхийдөө сөрөг байдаггүй ч ямар нэг зүйл дээр бүтэлгүйтэх юм уу бүдрэх үедээ сөрөг болдог; зарим нь ялихгүй зүйлээс болж, тэр ч бүү хэл хэн нэгний хэлсэн зүйл бардам занг нь хөндөхөд л сөрөг болж мэднэ. Мөн зарим нь бага зэрэг таагүй нөхцөл байдлаас болж сөрөг болдог. Ийм хүмүүс яаж амьдрахаа ойлгодог уу? Тэдэнд хэрсүү ухаан байна уу? Тэдэнд хэвийн хүний уужим сэтгэл, өгөөмөр зан байна уу? Үгүй. Нөхцөл байдал ямар ч байсан, хүн завхарсан зан чанараараа амьдарч байгаа цагт сөрөг байдалд байнга орох болно. Мэдээж, хэрвээ хүн үнэнийг ойлгож, аливааг нэвт харж чаддаг бол сөрөг байдалтай болох нь улам ховордож, биеийн хэмжээ нь өсөхийн хэрээр сөрөг байдал нь аажмаар алга болж, эцэстээ бүрмөсөн арилна. Үнэнийг хайрладаггүй, үнэнийг огт хүлээж авдаггүй хүмүүс сөрөг сэтгэл хөдлөл, сөрөг байдал, сөрөг бодол, хандлагатай болох нь улам нэмэгдэж, хуримтлагдах тусмаа улам ноцтой болох бөгөөд эдгээр зүйл тэднийг дийлэх үед тэд сэргэж чадахгүй, энэ нь маш аюултай. Тиймээс сөрөг байдлыг даруй шийдвэрлэх нь нэн чухал. Сөрөг байдлыг шийдвэрлэхийн тулд хүн үнэнийг идэвхтэй эрж хайх ёстой; Бурханы өмнө тайван байдлаа хадгалангаа Бурханы үгийг уншиж, эргэцүүлэх нь гэгээрэл, гэрэлтүүлэлт олж авахад хүргэж, үнэнийг ойлгож, сөрөг байдлын мөн чанарыг нэвт харах боломж олгож, улмаар сөрөг байдлын асуудлыг шийдвэрлэнэ. Хэрвээ чи өөрийн үзэл, шалтаг шалтгаантай зууралдсаар байвал туйлын мунхаг хэрэг бөгөөд мунхаг, мэдлэггүй байдлаасаа болж үхэх болно. Ямартай ч сөрөг байдлыг шийдвэрлэхдээ идэвхгүй бус, идэвхтэй байх ёстой. Зарим хүн сөрөг байдал үүсэх үед зүгээр л тоохгүй орхих хэрэгтэй; эргээд жаргалтай болох үед сөрөг байдал аяндаа баяр хөөр болж хувирна гэж боддог. Энэ бол хий хоосон мөрөөдөл; үнэнийг эрж хайхгүй, хүлээж авахгүй бол сөрөг байдал аяндаа арилахгүй. Чи мартчихаад зүрх сэтгэлдээ юу ч мэдрэхгүй байлаа ч гэсэн сөрөг байдлын чинь уг үндэс шийдвэрлэгдсэн гэсэн үг биш. Тохирох нөхцөл байдал үүсмэгц дахин сэдэрдэг нь түгээмэл үзэгдэл юм. Хэрвээ хүн ухаалаг, эрүүл ухаантай бол сөрөг байдал үүсэх үед даруй үнэнийг эрж хайж, үнэнийг хүлээж авах аргыг ашиглан үүнийг шийдвэрлэх ёстой, ингэснээр сөрөг байдлын асуудлыг үндсээр нь шийдвэрлэнэ. Байнга сөрөг байдаг бүх хүн үнэнийг хүлээж авч чаддаггүйгээсээ болоод тэгдэг. Чи үнэнийг хүлээж авахгүй бол сөрөг байдал чамтай диавол шиг зууралдаж, чамайг байнга сөрөг байлгаж, Бурханд дуулгаваргүй, сэтгэл дундуур байж, гомдоллох мэдрэмж төрүүлж, эцэст нь чи Бурханыг эсэргүүцэж, Түүнтэй тэмцэлдэж, Түүний өөдөөс хашхичих болно—тэр үед чи төгсгөлдөө хүрсэн байх бөгөөд чиний муухай дүр төрх ил болно. Хүмүүс чамайг ил болгож, задлан шинжилж, тодорхойлж эхлэхэд, одоо л нэг юм таагүй бодит байдалтай нүүр тулах үед нулимс чинь урсаж эхэлдэг; энэ үед чи муужран унаж, цөхрөнгөө барсандаа цээжээ дэлдэж эхэлдэг—Бурханы шийтгэлийг хүлээж авахаа л хүлээ! Сөрөг байдал нь хүмүүсийг сул дорой болгоод зогсохгүй, Бурханы талаар гомдоллож, Бурханыг шүүж, Бурханыг үгүйсгэж, тэр ч бүү хэл Бурхантай шууд тэмцэлдэж, Түүний өөдөөс хашхичихад хүргэдэг. Тиймээс, хэрвээ хэн нэгэн сөрөг байдлаа шийдвэрлэхээ хойшлуулбал, нэгэнт доромжилсон үг хэлж, Бурханы зан чанарт халдмагц үр дагавар нь маш ноцтой байдаг. Хэрвээ чи ганц үйл явдал, ганц үг, бодол, үзэл санаанаас болж сөрөг байдалд орж, гомдол тээвэл энэ нь тухайн асуудлын талаарх чиний ойлголт ташаа, мөн чамд үүний талаар үзэл, төсөөлөл байгааг харуулж байна; энэ асуудлын талаарх чиний үзэл бодол үнэнтэй огт нийцэхгүй байгаа нь лавтай. Энэ үед чи үнэнийг эрж хайж, үүнтэй зөв нүүр тулах хэрэгтэй бөгөөд эдгээр алдаатай үзэл, санааг аль болох эрт, хурдан засахын төлөө чармайж, эдгээр үзэлд хүлэгдэж, Бурханд дуулгаваргүй, сэтгэл дундуур, гомдоллодог байдал руу буруу хөтлөгдөхийг өөртөө зөвшөөрөхгүй байх хэрэгтэй. Сөрөг байдлыг даруй шийдвэрлэх нь нэн чухал бөгөөд үүнийг бүрэн шийдвэрлэх нь ч бас маш чухал. Мэдээж, сөрөг байдлыг шийдвэрлэх хамгийн сайн арга бол үнэнийг эрж хайж, Бурханы үгийг илүү их уншиж, Түүний гэгээрлийг эрж хайхаар Бурханы өмнө ирэх явдал юм. Заримдаа чи бодол, үзэл санаагаа түр зуур өөрчилж чадахгүй байж магадгүй ч ядаж л өөрийнхөө буруу гэдгийг, мөн чиний эдгээр бодол ташаа гэдгийг мэдэх ёстой. Ингэвэл гарах наад захын үр дүн нь, эдгээр алдаатай бодол, үзэл санаа нь үүргээ гүйцэтгэх үнэнч байдалд чинь нөлөөлөхгүй, чиний Бурхантай харилцах харилцаанд нөлөөлөхгүй, мөн зүрх сэтгэлээ нээж, залбирахаар Бурханы өмнө ирэхэд чинь нөлөөлөхгүй—ядаж л ийм үр дүнд хүрэх ёстой. Чи сөрөг байдалд автаж, дуулгаваргүй, сэтгэл дундуур байж, Бурханд гомдол тээж байгаа хэр нь шийдвэрлэхийн тулд үнэнийг эрж хайхыг хүсэхгүй, үнэн хэрэгтээ зүрх сэтгэл чинь Бурханаас холдож, Түүний үгийг унших юм уу залбирахыг хүсэхээ больсон байхад Бурхантай харилцах харилцаа чинь хэвийн гэж бодож байвал асуудал ноцтой болсон биш үү? “Би хэчнээн сөрөг байлаа ч үүргийн гүйцэтгэлд минь саад болоогүй, би ажлаа хаяагүй. Би үнэнч!” гэж чи хэлдэг. Эдгээр үг үндэслэлтэй юу? Хэрвээ чи байнга сөрөг байдаг бол энэ нь завхарсан зан чанарын асуудал биш; илүү ноцтой асуудал байна: Чамд Бурханы талаар үзэл байна, чи Түүнийг буруу ойлгож, өөрийнхөө болон Бурханы хооронд хаалт үүсгэжээ. Чи үүнийг шийдвэрлэхийн тулд үнэнийг эрж хайхгүй бол маш аюултай. Хэрвээ хүн байнга сөрөг байдаг бол үүргээ эцсээ хүртэл үнэнчээр, хааш яаш хандахгүйгээр гүйцэтгэнэ гэж яаж батлах юм бэ? Шийдвэрлэхгүй бол сөрөг байдал зүгээр л арилж, өөрөө алга болж чадах уу? Хэрвээ хүн шийдвэрлэхийн тулд цаг тухайд нь үнэнийг эрж хайхгүй бол сөрөг байдал даамжирсаар, улам дордоно. Үүний учруулах үр дагавар улам л хор хөнөөлтэй болно. Тэдгээр нь эерэг чиглэлд огт явахгүй, гагцхүү сөрөг чиглэлд л өснө. Тиймээс сөрөг байдал үүсэх үед чи үүнийг шийдвэрлэхийн тулд үнэнийг хурдан эрж хайх ёстой; ингэж байж л чи үүргээ сайн гүйцэтгэж чадна. Сөрөг байдлыг шийдвэрлэх нь нэн чухал бөгөөд үүнийг хойшлуулж болохгүй!

2021 оны 6 дугаар сарын 26

Өмнөх: Удирдагч, ажилчдын үүрэг хариуцлага (16)

Дараах: Удирдагч, ажилчдын үүрэг хариуцлага (18)

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Messenger дээр бидэнтэй холбоо барих