Бурхан дэлхий ертөнцийн зовлонг амсахын ач холбогдол

Бие махбодтой болсон Бурхан ирээдүйд хүний очих үзэсгэлэнтэй сайхан хүрэх газрын хариуд хүний өмнөөс зовдог. Есүсийн гүйцэтгэсэн ажлын алхам нь нүгэлт биеийн дүр болон цовдлогдож, нүглийн тахил болж, бүх хүн төрөлхтнийг золин аварч, хүний сайхан хүрэх газар руу орох суурийг тавих явдал байв. Тэрээр цовдлогдож, хүний нүглийг үүрч, хүн төрөлхтнийг нүглээс золин аварсан. Өөрөөр хэлбэл, Есүс нь хүн нүглээсээ уучлагдаж, Бурханы өмнө ирэх боломжтой болсны нотолгоо болсон, Тэрээр Сатантай хийсэн тулааны тохиролцооны зүйл байв. Одоо эцсийн өдрүүд ирсэн тул Бурхан ажлаа дуусгаж, энэ эрин үеийг эцэслэж, үлдсэн хүмүүсийг сайхан хүрэх газар луу хөтлөхийг хүсдэг. Бурхан дахин нэг удаа махбод болж, хүнийг байлдан дагуулж, шүүж, ариусгахын зэрэгцээ хүний өмнөөс зовж, хүнийг бүх зовлонгоос ангижруулахын тулд үүнийг нотолгоо, баримт болгодог; өөрөөр хэлбэл, Бурхан Өөрийнхөө гэрчлэлийг хийдэг бөгөөд Сатаныг ялан дийлж, диаволуудыг шившиглэхийн тулд, мөн хүний үзэсгэлэнтэй сайхан хүрэх газрын хариуд энэхүү нотолгоо, энэхүү гэрчлэлийг ашигладаг.

Зарим хүн “Бурханы махбод болсон бие ажиллаж байгаа нь Бурхан ажиллаж байгаа хэрэг. Энэ бол махан бие ажиллаж байгаа хэрэг биш; Бурханы Сүнс Түүнийг дотроос нь удирддаг” гэж хэлдэг. Энэ зөв үү? Үгүй. Бие махбодтой болсон Бурханы хэрэгжүүлэх байлдан дагуулалтын ажлын алхам хэвийн хүн чанараар хийгдэнэ гэж урьд нь хэлсэн байдаг; чиний харж байгаа зүйл бол хэвийн хүн чанар, үнэндээ Бурхан өөрөө ажиллаж байгаа хэрэг; энэ махан бие ажиллах үед үнэндээ Бурхан өөрөө ажилладаг. Ийнхүү тайлбарлаж, нөхөрлөсөн байхад хүмүүс энэ махан бие нь зөвхөн хэрэгсэл, гаднах бүрхүүл, Бурханы Сүнс дотроос нь ярьж, Түүнийг удирдах үед л Тэр үйлддэг бөгөөд Тэр энэ удирдлагагүйгээр үйлддэггүй; уг махан бие Сүнсээр удирдуулан хэлсэн бүхнийг нь хэлдэг ба ингэж чиглүүлээгүй үед Тэр юу ч хэлдэггүй гэж үргэлж боддог. Тийм гэж үү? Үгүй. Сүнс махбодод биеллээ олсон үед Сүнс, махбод хоёр нэг болдог. Махбод үйлдэж байгаа нь Сүнс үйлдэж байгаа хэрэг, Сүнс үйлдэж байгаа нь махбод үйлдэж байгаа хэрэг—зөвхөн үүнийг бие махбодтой болсон гэж нэрлэж болно. Өнөөдөр хамгийн хүчирхэг тайлбаруудын нэг нь энэ юм: Бурхан эцсийн өдрүүдэд махан биетэй болохдоо нэг талаараа байлдан дагуулалтын ажлыг хийж, энэ эрин үеийг дуусгахаар ирж байна. Нөгөөтээгүүр, хүний зовлонг амсахаар ирж буй махан бие нь хүний зовлонг амсахаар ирж буй Бурхан Өөрөө юм; Бурханы махбод, Бурхан Өөрөө хоёр нэг юм. Уг махан бие нь хүмүүсийн боддог шиг хэрэгсэл эсвэл ердөө л нэг бүрхүүл төдий биш—хүмүүсийн боддог шиг удирдаж болдог ямар нэгэн биет оршихуй биш. Энэ махбод бол Бурханы Өөрийн биелэл юм. Хүмүүсийн өмнөх ойлголт хэт өнгөц байсан. Хэрэв нөхөрлөл нь хүний үзлийг дагасан бол хүмүүс махан биеийг махан бие, Сүнсийг Сүнс хэмээн махан бие болон Сүнсийг салгах магадлалтай. Энэ бол гажуудал. Тэгэхээр хүмүүст ч гэсэн үзэлтэй болоход амархан байна.

Мөн өнөөдөр хүмүүсийн ойлгох ёстой зүйл бол энэ: Бурхан хүний зовлонг туулахын тулд махбод болсон боловч бие махбодтой болсон Бурханы амсаж буй зовлон, өвчин нь Түүний амсах ёстой зүйл биш юм. Зарим хүн Тэр жирийн, хэвийн махан бие, ямар нэгэн ер бусын оршихуй биш, харин жирийн хүн учраас энэ өвдөлт зайлшгүй гэж үздэг. Тэр хүний толгойны өвчин, бэрхшээлийг амсах ёстой, хүмүүс халууцах үед халууныг мэдрэх ёстой, цаг агаар хүйтэн үед бусадтай хамт даарах ёстой гэж тэд боддог. Хэрэв ингэж боддог бол чи энэ энгийн бөгөөд хэвийн махбодыг ямар ч хүнтэй яг адилхан, ялгаагүй гэж хардаг юм байна. Гэвч үнэндээ энэ бие махбодын амсаж байгаа зовлон утга учиртай. Хэвийн хүний өвчин эсвэл бусад зовлон бол хүмүүсийн амсах ёстой зүйл юм, эдгээр нь завхарсан хүн төрөлхтний амсах зовлон юм—энэ бол хэвийн хууль. Гэвч Бурханы махан бие ямар зорилгоор эдгээр зовлонг амсдаг вэ? Загалмайд хадагдсан нь Есүст тохиолдох ёстой зүйл байсан уу? Есүс бол бие махбодтой болсон Бурхан байсан, нүгэлгүй байсан, тухайн үеийн хуулиар, тэр үед Түүний хийсэн зүйлээр бол Тэр цовдлогдох ёсгүй байсан—тэгтэл Тэр яагаад цовдлогдсон юм бэ? Энэ бол бүх хүн төрөлхтнийг золин аврах явдал байв. Одоогийн бие махбодтой болсон Бурханы амссан бүх зовлон, Түүнд тохиолдсон бүх хавчлага—энэ бүхэн санамсаргүй тохиолдсон уу? Эсвэл тэдгээрийг Бурхан зориудаар зохицуулсан уу? Тэдгээр нь зориудаар зохицуулагдсан ч биш, санамсаргүйгээр тохиолдсон ч биш юм; харин тэдгээр нь хэвийн хуулийн дагуу болсон. Би яагаад ингэж хэлж байна вэ? Учир нь Бурхан хүмүүсийн дунд орж, ийм байдлаар үйлдэх эрх чөлөөг Өөртөө өгсөн бөгөөд энэ ажлын хугацаанд Тэр хүнтэй адил зовлонг амссан. Хэрэв Бурхан зовлонг зориудаар зохицуулсан бол Тэр хэдхэн хоногийн зовлонг амсах байсан; ихэнх тохиолдолд зовлонгүй байх болно. Иймээс Бурхан ажиллаж байхдаа хүний дунд туулж буй зовлон зүдүүр нь зориудаар зохицуулагдаагүй, гэхдээ Тэр бас санамсаргүйгээр бага зэрэг зовлон амсаагүй; харин Тэр хүмүүсийн дунд байдаг зовлонг туулахаар ирсэн, Тэр хүмүүсийн дунд орж, хүний адил зовж шаналж, ямар ч ялгаагүйгээр бусдын үздэгийг үзсэн. Та нар хавчигдаж байгаа шиг Христ ч бас хавчигдаагүй гэж үү? Та нар агнагдаж байна; Христ ч бас агнагдаагүй гэж үү? Хүмүүс өвчнөөр тарчилдаг; Христ арай бага зовдог уу? Тэр ч ялгаагүй зовдог. Үүнийг ойлгоход амархан биш байна гэж үү? Агуу улаан луугийн оронд ажиллахаар ирснийхээ дараа Бурхан зовж зүдрэх ёстой гэж үздэг хүмүүс бас байдаг—энэ ч бас буруу биш гэж үү? Бурханы хувьд Тэр зовох ёстой юу, үгүй юу гэдэг нь хамаагүй. Хүмүүс цаашид битгий зовоосой гэсэндээ Бурхан хүний дунд зовлонгийн төлөөсийг биечлэн төлдөг ба дараа нь Тэр хүнийг үзэсгэлэнтэй сайхан хүрэх газар луу хөтөлж, Сатаныг бүрэн үнэмшүүлнэ. Бурханы хувьд эдгээр зовлонг амсах зайлшгүй шаардлагатай. Хэрэв Бурхан ажлын энэ үе шатанд энэхүү зовлонг амсахыг хүсээгүй, харин хүний зовлонг ойлгохоос хэтрэхгүй байж, Өөрийнхөө оронд цөөн хэдэн элч эсвэл Ариун Сүнсний ашигладаг хүмүүсийг ашиглаж, тэд дараа нь Бурханд өөрсдийн амссан зовлонг тайлагнасан бол, эсвэл хэрэв Бурхан гэрчлэл хийлгэхийн тулд цөөн хэдэн онцгой хүнийг ашиглаж, тэдэнд хүмүүсийн дундах хамгийн их гашуун зовлон амсуулсан бол, тэгээд тэд энэ зовлонг амсаж, энэ гэрчлэлийг хийж чадсан бол Сатан бас л бүрэн үнэмшиж, үүний хариуд хүн ирээдүйд зовохгүй байж чадах байв. Бурхан ингэж чадах байсан уу? Тэр чадах байсан, гэхдээ Бурханы ажлыг зөвхөн Бурхан Өөрөө хийдэг. Хүмүүсийн гэрчлэл хэчнээн сүртэй байсан ч Сатанд чанга сонсогддоггүй, Сатан: “Чи нэгэнт махан бие болсноос хойш хүний зовлонг өөрийн биеэр туулбал яасан юм бэ?” гэж хэлэх болно. Өөрөөр хэлбэл, хэрэв Бурхан ингэж ажиллаагүй бол ийм гэрчлэл тийм ч хүчтэй биш байх байсан. Бурханы өөрийн ажлыг Бурхан Өөрөө хийх ёстой, учир нь зөвхөн тэгж байж л энэ ажил жинхэнэ, бодитой байх болно. Мөн Бурханы хийсэн ажлын энэ үе шатаас харахад Бурханы хийдэг бүх зүйл утга учиртай, бие махбодтой болсон Бурханы амссан бүх зовлон утга учиртай, Тэр санамсаргүй байдлаар юу ч хийдэггүй, ямар ч ашиггүй ажил хийдэггүйг харж болно. Бие махбодтой болсон бурхан ажиллаж, хүний зовлонг туулахаар ирсэн нь сонголт биш, харин зайлшгүй шаардлагатай зүйл юм: Энэ нь хүн төрөлхтөн болоод хүн төрөлхтний ирээдүйн хүрэх газрын хувьд хамгийн чухал хэрэгцээ, үүнийг хүнийг аврах, хүнийг олж авах, хүнийг үзэсгэлэнтэй сайхан хүрэх газарт аваачихын тулд хийж, зарлагаддаг юм.

Бие махбодтой болохтой холбоотой үнэнийг хэд хэдэн талаас авч үзэх хэрэгтэй:

1. Энгийн болон хэвийн махан биеийн хэрэгцээ.

2. Энэхүү энгийн болон хэвийн махан биеийн ажлын бодит тал.

3. Хүний зовлонг туулахын тулд Бурхан хүмүүсийн дунд ирэхийн утга учир—өөрөөр хэлбэл, зайлшгүй шаардлага.

Бурхан яагаад хүний зовлонг биечлэн туулах ёстой вэ? Тэр үүнийг хийхгүй байх нь зүгээр биш гэж үү? Энд бас утга санааны өөр нэг тал бий. Энэхүү эгэл бөгөөд хэвийн махан биеийн ажил нь хүмүүсийг байлдан дагуулж, төгс болгож чадна, гэхдээ хүмүүсийн мөн чанар болон хүний оршихуйн хуулийн улмаас тэд хоосрол, зовлон, шаналал, санаа алдалт дунд амьдарсаар байх бөгөөд өвчин эмгэгээсээ ангижрах чадахгүй хэвээр байх болно. Жишээлбэл, Бурханыг хайрлах хайр чинь тодорхой хэмжээнд хүрсэн, чи Бурханыг ойлгох багагүй туршлагатай, завхарсан зан чанар чинь шийдвэрлэгдсэн, чамайг төгс болгосон бөгөөд чи бол Бурханыг хайрладаг хүн гэж Бурхан хэлдэг. Хэрэв Бурхан хүмүүсийг ийм хэмжээнд хүртэл авраад, дараа явах юм бол—хэрэв бие махбодтой болсон Бурханы ажил ийн дуусвал—тэгвэл хүмүүсийн өвчин эмгэг, хоосрол, махан биеийн уй гашуу, асуудал бэрхшээл байсаар байх бөгөөд энэ нь хүмүүсийг аврах Бурханы ажил дуусахгүй гэсэн үг юм. Хүн төгс болгуулж, Бурханыг таньж, хайрлаж, шүтэн мөргөдөг байж болох ч өвчин эмгэг, асуудал бэрхшээлээ шийдэж чадаж байна уу? Үнэнтэй байлаа гээд үүнийг шийдвэрлэж чадахгүй. Өөрсдөд нь үнэн байгаа тул махан биеийн өвчин тэднийг өвтгөхөө больсон, эсвэл зовоохоо больсон гэж хэн ч хэзээ ч хэлээгүй—хэн ч ийм өвдөлтийг засаж чадахгүй. Чи зөвхөн “Одоо амьдрал надад маш утга учиртай санагддаг, гэхдээ би өвчтэй байхдаа өвддөг хэвээр байна” гэж хэлж л чадна. Ийм юм болдог уу? Энэ мэдрэмж бодитой юу? Иймээс хэрэв бие махбодтой болсон Бурхан хүнийг байлдан дагуулж, төгс болгох л ажлыг хийсэн бол, хэрэв бие махбодтой Бурхан хүмүүсийг зөвхөн төгс болгоод тэдний махан биеийн амсдаг зовлонг шийдвэрлээгүй бол дэлхий дээрх хүмүүст тохиолддог бүх зовлон шаналал, хүмүүсийн өвчин эмгэг, хүний баяр баясал, уй гашуу, хүмүүсийн хувийн санаа зовнил—эдгээр нь бүгд шийдвэрлэгдэх боломжгүй байх бөгөөд хүмүүсийг дэлхий дээр мянга, арван мянган жил амьдрахыг зөвшөөрсөн ч эдгээр асуудал бэрхшээл, төрөлт, хөгшрөлт, өвчин, үхлийн асуудлууд шийдвэрлэгдэхгүй байх болно. Бурхан хүний энэ зовлон шаналлыг туулахаар ирсэн; үүнийг туулсныхаа дараа Тэр үүнийг үндсээр нь шийддэг ба үүний дараа нь хүн төрөлт, хөгшрөлт, өвчин, үхлийн асуудалд санаа зовдоггүй. Есүс үхлийг туулсан. Энэ бие махбодтой болсон Бурхан нь амьдралын зовлон шаналал, өвчин эмгэгийг туулдаг (хөгшин насыг туулах шаардлагагүй, ирээдүйд хүмүүс хөгшрөхгүй). Тэр энэ бүх зовлонг туулсны дараа хүний зовлон эцэстээ арилах болно. Бурхан хүний өмнөөс бүх зовлонг амссаны дараа Тэрээр эцэст нь хүний төрөлт, хөгшрөлт, өвчин, үхлийг байхгүй болгож, хүн төрөлхтний сайхан хүрэх газраар солих хүчирхэг нотлох баримттай болох болно. Үүнд утга учир байхгүй гэж үү? Иймээс амьдрал, өвчин, бэрхшээл, зовлон аль нь ч бай, бие махбодтой болсон Бурхан хүний зовлонг туулдаг ба ийм зовлонгийн аль талаас нь үл хамааран бие махбодтой болсон Бурхан хүний өмнөөс ийн хийж, бэлгэ тэмдэг, зөнч дохио тэмдэг болдог. Тэр энэ бүх зовлонг туулсан бөгөөд хүн төрөлхтөн үүнээс болж ахин зовох шаардлагагүй болгохын тулд Тэр үүнийг биечлэн үүрсэн юм. Ач холбогдол нь үүнд байгаа юм. Төгс болгуулсныхаа дараа хүмүүс Бурханыг шүтэн мөргөж, Бурханыг хайрлаж, Бурханы хүслийн дагуу үйлдэж, Бурханы үгийн дагуу үйлдэж, Бурханы шаардлагын дагуу үйлдэж чаддаг бөгөөд үүний дараа тэдний асуудал, зовлон шийдвэрлэгддэг. Энэ нь Бурхан хүний өмнөөс зовохын ач холбогдол бөгөөд энэ нь хүмүүст дэлхий дээр Бурханыг шүтэн мөргөх төдийгүй эдгээр өвчний тарчлал, дарамтаас, төрөлт, хөгшрөлт, өвчин эмгэгээс, амьдралын орчлоос ангид байх боломжийг олгодог. Одоогийн бие махбодтой болоод зовж шаналж, энэ өвдөлтийг мэдрэхдээ Бурхан эдгээр зүйлийг хүний өмнөөс үүрдэг бөгөөд нэгэнт Тэр тэдгээрийг үүрсний дараа үлдсэн хүмүүс энэ өвдөлтийг амсах шаардлагагүй—энэ нь зөнч дохио тэмдэг юм. Зарим утгагүй хүн: “Тэгээд Бурхан үүнийг хүний өмнөөс ганцаархнаа хийдэг гэж үү?” гэж асуудаг. Бурхан махан бие болж, хүний өмнөөс зовж байгаа нь хангалттай—өөр хэн хэрэгтэй гэж? Учир нь Бурхан бүх зүйлийг ганцаараа хийж чаддаг, юуг ч орлож чаддаг, бүгдийг төлөөлж чаддаг, бүх зүйлийг, сайхан, сайн, эерэг бүх зүйлийг бэлгэдэж чаддаг. Түүнээс гадна, одоо хүний зовлонг үнэхээр, бодитоор туулсан болохоор Бурхан хүний ирээдүйн бүх зовлонг арилгахын тулд илүү хүчтэй гэрчлэл, нотлох баримт ашиглах чадвартай болсон.

Ингэж гүйцэтгэснээр, бие махбодтой болсон Бурханы хоёр алхамт ажил төгсөж, тодорхой нэг шугам болно: Бие махбодтой болсон Бурханы эхний алхмаас энэ алхам хүртэл энэхүү хоёр алхамт ажил нь хүний оршихуйн бүх зовлон, хүмүүсийн хувийн зүдүүрийг шийдсэн. Бурхан яагаад үүнийг биечлэн махан биеэр хийх ёстой вэ? Хүн юуны түрүүнд амьдралынх нь туршид төрөх, хөгшрөх, өвчлөх, үхэхийн зовлон хаанаас ирдэг, хүн яагаад эдгээр зүйлийг амсдагийг ойлгох ёстой. Хүн анх бий болоход тэд байсан уу? Эдгээр зовлон хаанаас ирсэн бэ? Эдгээр зовлон нь хүн Сатанд уруу татагдсаны дараа, Сатаны завхралыг дагаж унасны дараа үүссэн. Хүний махан биеийн зовлон, асуудал, хоосрол, хүний ертөнц дэх бүх золгүй зүйл—тэдгээр нь бүгд Сатан хүнийг завхруулсны дараа гарч ирсэн. Сатан завхруулсныхаа дараа хүнийг тарчлааж эхэлсэн, иймээс хүн улам цааш унаж, өвчин нь улам хүндэрч, зовлон нь бүр нэмэгдэж, ертөнц хоосон бөгөөд гаслантай, энэ ертөнцөд цаашид оршин тогтнох боломжгүй, энэ ертөнцөд амьдрах нь улам бүр найдваргүй болсон гэж улам их санагдах болсон. Иймээс энэ бүх зовлонг хүн дээр Сатан авчирсан ба уналт нь Сатаны хүнийг завхруулснаас үүдэлтэй юм. Хүмүүсийг Сатаны гараас эргүүлж, тэдэнд сайхан хүрэх газар өгөхийн тулд Бурхан энэ зовлонг биечлэн туулах шаардлагатай байлаа. Хүмүүс гэм нүгэлгүй байсан ч тэдэнд зовлонтой зүйлс байсаар байна, Сатан тэднийг хянаж, явуулга хийсээр, тэдэнд хамгийн их зовлон, тарчлалыг амсуулж чадсаар байна. Иймээс, бие махбодтой болсон Бурхан биечлэн эдгээр зовлонг туулж, хүмүүсийг Сатаны савраас эргүүлэн авчирч, дахин зовж шаналахыг нь болиулж байна—энэ нь гүн гүнзгий утга учиртай биш гэж үү? Есүс золин аврах ажлыг хийхээр ирэх үед гаднаас нь харахад Тэрээр хуулийг дагаж мөрдөөгүй мэт санагдсан ч үнэн хэрэгтээ энэ нь хуулийг биелүүлж, Хуулийн эрин үеийг төгсгөл болгож, Нигүүлслийн эрин үеийг эхлүүлж, хүнд өршөөл нигүүлслийг авчирч, дараагаар нь Есүс цовдлогдох үед энэ нь хүний бүх нүглийг цайруулсан юм. Хүнийг Бурханы сэнтийн өмнө эргэж ирэх эрхтэй болгохын тулд Есүс өөрийн үнэт цусаа ашигласан. Тэрээр хүнийг золин аврахын тулд цовдлолын нотолгоо, баримтыг ашигласан гэж хэлж болно. Хэдийгээр хүний нүглийг Бурхан өршөөсөн ч Сатан хүнийг аль хэдийн хэтэрхий гүнзгий завхруулсан байсан, нүгэлт уг чанар нь хэвээр үлдсэн тул хүн нүгэл үйлдэж, Бурханыг эсэргүүцсээр байв. Энэ бол үгүйсгэх аргагүй баримт бөгөөд иймээс Бурхан хүнийг нүгэлт уг чанараас нь цэвэрлэх ажлыг хийхээр хоёр дахь удаагаа махан бие болсон, өөрөөр хэлбэл, Тэрээр завхарсан зан чанараас нь ариусгахын тулд хүнийг шүүж, гэсгээдэг. Бурхан анх удаа махан биетэй болохдоо хүн төрөлхтний нүглийн төлөө цовдлогдож, хүн төрөлхтнийг золин аварч, хүн Бурханы өмнө буцаж ирсэн юм. Бурхан хоёр дахь удаагаа махан биетэй болохдоо хүнийг байлдан дагуулж, байлдан дагуулснаараа хүнийг аврахаар ирсэн. Хэдийгээр олон хүн Бурханы ажлыг хүлээн авч, Бурханы үгийг байнга идэж, уудаг ч тэд Бурханы талаар мэдлэггүй хэвээр үлддэг, хаана байгааг нь мэддэггүй, яг нүднийх нь өмнө байсан ч Бурханыг танихгүй, мөн тэд Бурханы тухай үзэл, үл ойлголцолтой байх магадлалтай ба заримдаа аливаа зүйлийг харах байдал нь Бурханд дайсагнасан байдаг. Яагаад ийм байдаг юм бэ? Учир нь тэд үнэнийг ойлгодоггүй, Бурханы талаарх жинхэнэ мэдлэггүй байдаг. Хүмүүс Бурханы тухай мэдлэгтэй байх үедээ зовж зүдэрч, Бурханы төлөө амьдрахдаа баяртай байдаг ч Сатан тэдний доторх сул талуудыг хянасан хэвээр байдаг, Сатан тэднийг зовоож чаддаг хэвээрээ байдаг, муу ёрын сүнснүүд тэдний дотор ажиллаж, саад болж, тэднийг эзэмдэж, солиоруулж, түгшээж, бүрэн үймүүлж чаддаг хэвээр байдаг. Хүмүүсийн бодол санаа, ухамсарт Сатан хянаж, аргандаа оруулж болзошгүй зүйлс байдаг. Тиймээс заримдаа чи өвдөж, түгшдэг, хорвоо ертөнц эзгүй, амьдрах утгагүй мэт санагдах, үхлийг эрж хайж, амиа хорлохыг хүсэх үе ч бий. Өөрөөр хэлбэл, эдгээр зовлонг Сатан удирддаг бөгөөд тэдгээр нь хүний үхлийн аюултай сул тал юм. Завхруулж, дэвсэлсэн зүйлээ Сатан ашигласаар байж чаддаг; энэ бол Сатаны дөрөөлдөг зүйл юм. Иймээс Бурхан эцсийн өдрүүдэд шүүлтийн ажлыг хийхээр дахин нэг удаа махан бие болсон ба байлдан дагуулалтын ажлыг хийхтэйгээ зэрэгцэн Тэрээр хүний оронд зовж, махан биеэр зовлонгийн төлөөсийг төлж байна, хүний зовлон, үхлийн аюултай сул талтай харьцаж, үүнийг шийдвэрлэхээр энэ төлөөсийг төлж байна. Нэгэнт Тэрээр хүний дундах зовлонгийн төлөөсийг төлснөөр хүнийг эргүүлэн авсны дараа Сатан хүнээс нээнтэг олж чадахаа больж, хүн Бурхан руу бүрэн буцаж ирэх бөгөөд зөвхөн тэр үед л тэрээр Бурханд бүрэн харьяалагдана! Яагаад чи Бурханы төлөө амьдарч, Бурханыг шүтэн мөргөж чаддаг мөртөө Бурханд бүрэн харьяалагддаггүй юм бэ? Муу ёрын сүнснүүд чиний сул тал дээр дөрөөлж, чамаар тоглож, чамайг ашиглаж чаддаг хэвээрээ байгаа, учир нь хүмүүс хэтэрхий тэнэг байдаг. Зарим хүн Ариун Сүнсний хөдөлгөл, муу ёрын сүнсний саад хоёрыг ялгаж чаддаггүй. Тэд Ариун Сүнсний ажил, муу ёрын сүнсний ажлыг ч ялгаж чаддаггүй. Энэ үхлийн аюултай сул тал биш гэж үү? Муу ёрын сүнс ажиллах үед түүний ашиглахгүй сул орон зай гэж байдаггүй. Тэд чиний дотроос, эсвэл чихэнд чинь ярьж магадгүй, эсвэл оюун санааг чинь үймүүлж, бодолд чинь саад хийж, Ариун Сүнсний хөдөлгөхийг мэдрэхгүй болгож, үүнийг мэдрэхийг чинь болиулж, үүний дараа муу ёрын сүнснүүд чамд саад болж, бодол санааг чинь эмх замбараагүй байдалд оруулж, эрүүл ухаангүй болгож, бүр сүнсийг чинь биеэ орхиход хүргэнэ. Энэ бол муу ёрын сүнснүүдийн хүмүүст хийдэг ажил бөгөөд хэрвээ хүмүүс энэ үнэндээ юу болохыг мэдэхгүй бол маш их аюулд ордог. Өнөөдөр Бурхан хүний төлөө энэ зовлонг үүрсэн бөгөөд сайхан хүрэх газартай болмогцоо хүн Бурханы төлөө зөвхөн амьдраад зогсохгүй цаашид Сатанд харьяалагдахаа больж, Сатанд дөрөөлж чадах ямар ч зүйл байхгүй болно; хүний бодол, сүнс, сэтгэл, бие бүгд Бурханд харьяалагдана. Өнөөдөр чиний зүрх сэтгэл Бурхан руу эргэсэн байж болох ч Сатанд яаж ч чадалгүй ашиглуулах үе чамд байдаг, иймээс хүмүүс үнэнийг олж авснаар Бурханд бүрэн дуулгавартай байж, шүтэн мөргөж чаддаг, гэхдээ тэдний хувьд Сатаны саадаас бүрэн ангижрах боломжгүй, ямар нэг өвчин эмгэггүй байх бүр ч боломжгүй, учир нь хүмүүсийн бие болон сэтгэл Сатанд дэвслүүлсэн байдаг. Хүмүүсийн сэтгэл бол бохир заваан газар, тэр бол Сатаны амьдарч байсан газар, Сатаны далимдуулдаг газар юм. Сатан чиний оюун санааг самууруулж, үнэнийг ялгаж салгахад саад болж, садаа болж, хянаж мөн л чадна. Иймээс, хүний зовлонг туулж, хүний өмнөөс зовж шаналахын тулд Бурхан махбод болох нь сонголт биш, харин зайлшгүй шаардлагатай зүйл юм!

Хүн төрөлхтнийг аврах ажлыг гүйцэлдүүлэхийн тулд Бурхан хоёр удаа махбод болсныг та нар ойлгох ёстой. Зөвхөн анхны бие махбодтой болсон Бурхан гэж байсан бол хүн төрөлхтнийг бүрэн аврах боломжгүй байв, учир нь анх бие махбодтой болохдоо золин аврах ажлыг хийж, гол нь хүний нүглийг уучлах асуудлыг шийдвэрлэж, хүнийг Бурханы өмнө очиход зохистой болгосон. Хоёр дахь бие махбодтой болсон Бурхан хүний завхралыг цэвэрлэж, хүний завхарсан зан чанарыг засахын тулд шүүлтийн ажлыг хийж байгаа боловч хүн Бурханд бүрэн харьяалагдах асуудлыг шийдэх боломжгүй хэвээр байх болно. Үүнээс гадна, Сатаны завхруулсан хүний хэсгийг бүрэн залруулж, хүний зовлон, тарчлалын асуудлыг үндсээр нь бүхэлд нь шийдэхийн тулд хоёр дахь удаа бие махбодтой болохдоо хүний зовлонг бас заавал туулах ёстой. Эдгээр нь хоёр бие махбодтой болсон Бурханы ажлын алхмууд юм. Нэгийг нь ч алгасаж болохгүй. Иймээс чи бие махбодтой болсон Бурханы амсаж буй зовлонг үл тоомсорлож болохгүй. Заримдаа Тэр уйлж, заримдаа өвдөж, бухимддаг, заримдаа сул дорой, уй гашууд автсан мэт санагддаг. Чи эдгээрийн алинд нь хөнгөн хандаж болохгүй, энэ талаар үзэлтэй байж бүр ч болохгүй. Хэрэв энэ талаар үзэлтэй байгаа бол чи туйлын тэнэг, тэрслүү хүн юм. Түүнээс гадна, чи үүнийг хэвийн махан биеийн амсах ёстой зүйл гэж үзэх ёсгүй; энэ нь бүр буруу бөгөөд хэрвээ чи ингэж ярьдаг бол Бурханыг доромжилж байна. Бурханы хоёр бие махбодын амссан зовлон зайлшгүй гэдгийг хүмүүс ойлгох ёстой. Энэ нь Бурханд Өөрт нь биш, харин хүн төрөлхтөнд зайлшгүй хэрэгцээтэй зүйл юм. Хүн төрөлхтний завхрал маш их тул үүнийг хийхгүй байж болохгүй, завхарсан хүн төрөлхтнийг бүрэн аврахын тулд үүнийг заавал хийх ёстой. Бурханы ажилладаг арга замыг хүмүүс өөрсдийнхөө нүдээр харж болно. Түүний хийдэг бүх зүйл нийтэд ил байдаг бөгөөд хэнээс ч нууж хаадаггүй. Тэрээр хүмүүсийг хараад, үзэлтэй болох вий гэдгээс эмээж, нууцаар, ганцаараа тэвчдэггүй. Бурханд итгэсэн хугацаа нь урт эсвэл богино эсэх, хөгшин эсвэл залуу хүн эсэх, үнэнийг ойлгож чаддаг эсвэл чаддаггүй эсэхээс үл хамааран Тэр Өөрийгөө хэнээс ч нуудаггүй. Учир нь энэ бол нотолгоо бөгөөд бие махбодтой болсон Бурхан хамгийн их зовлонг амссан, Тэр үнэхээр хүн төрөлхтний зовлонг үүрсэн гэдгийг хэн ч баталж чадна. Тэр зүгээр нэг хэний ч мэдэхгүй газар хэдхэн өдөр зовж шаналсан юм биш, Тэр ихэнх цагаа таашаал ханамж авч өнгөрөөдөггүй—тийм биш. Христийн ажил болон зовлон хэн бүхэнд ил байдаг; Тэрээр чамайг сул дорой байна, эсвэл үзэлтэй болно, эсвэл итгэхээ болино гэж айдаггүй. Хэнээс ч нуугдаагүй байдаг гэдэг нь юуг харуулж байна вэ? Энэ нь хамгийн их утга учиртай! Бие махбодтой болсон Бурхан хэзээ ч сул чөлөөтэй байдаггүй. Тэр үг хэлэхгүй, дуугарахгүй байх үе байдгийг чи хардаг, гэвч Тэр ажилласаар байдаг, зүрх сэтгэлдээ зовсоор байдаг! Хүн үүнийг ухаардаг уу? Хүмүүс үүнийг харсан ч ойлгодоггүй. Өнөөдөр Бурхан бол жирийн бөгөөд хэвийн махан биетэй гэдгийг зарим хүн мэддэг, гэвч энэ жирийн болон хэвийн махан бие өнөөдөр ямар ажил хийж байгааг чи мэдэх үү? Чи мэдэхгүй. Чиний нүд зөвхөн гадна талыг хардаг, дотоод мөн чанарыг харж чаддаггүй. Иймээс, бие махбодтой болсон Бурхан албан ёсоор хэчнээн жил ажилласан мэт харагдахаас үл хамааран Бурхан үнэндээ хэзээ ч тэр хоромхон зуурын амралт авч байгаагүй; хэдийгээр ярихгүй, дуугарахгүй, мөн асар өргөн хүрээгээр ажиллахгүй байх үе байдаг ч гэлээ Түүний ажил зогсоогүй, Тэрээр хүний өмнөөс зовсоор байна. Зарим хүн Бурхан махан бие болсон эсэх, Тэр бол Христ мөн эсэхийг хэмжих гэж оролдохдоо Бурхан ярьж байгаа эсэхийг хардаг: Хэрвээ хоёр, гурван жилийн хугацаанд яриагүй бол Тэр Бурхан биш гэж бодон тэд яаран явж, Бурханд итгэхээ больдог. Ийм хүмүүс Бурханд итгэх итгэлдээ “хүлээж, харзнах” хандлагатай байдаг ба Бурханы талаар ямар ч мэдлэггүй байдаг. Өнөөдөр “хүлээж, харзнаж байгаа” хүмүүс байж магадгүй бөгөөд Бурхан тодорхой хугацааны турш үг хэлээгүйг хараад тэд зүрх сэтгэлдээ “Бурханы Сүнс яваад тэнгэрт одсон уу?” гэж боддог. Ингэж бодох нь буруу гэж үү? Хэнэггүй дүгнэлт бүү хий. Хэрэв чамд үзэл, эргэлзээ байгаа бол Бурханд залбир, үнэнийг эрж хай, Бурханы үгийг илүү их унш, тэгвэл энэ бүх асуудал шийдвэрлэгдэнэ. Асуудлыг “магадгүй энэ, аягүй бол тэр” гэж сохроор бүү тодорхойл—чиний “магадгүй” болон “аягүй бол” гэсэн эдгээр үг нь төөрөгдөл бөгөөд тэдгээр нь диавол Сатаны бодол юм! Бурханы ажил хором ч зогсдоггүй. Тэр амардаггүй, үргэлж ажиллаж байдаг, үргэлж хүн төрөлхтөнд үйлчилдэг!

Христийн мөн чанарыг бүх талаар ойлгох ёстой. Христийн мөн чанарыг яаж мэдэж чадах вэ? Хамгийн гол нь чи энэ махан биеийн хийсэн бүх ажлыг мэдэх ёстой. Хэрэв чи зөвхөн Сүнс ингэж үйлддэг, харин махан бие нь тэгдэггүй, махан бие нь ердөө л Сүнсээр удирдагддаг гэдэгт итгэдэг бол энэ нь буруу юм! Яагаад зовж зүдэрч, цовдлогдож, бүх хүн төрөлхтнийг байлдан дагуулж, хүний зовлонг туулах нь Христийн хийсэн ажил гэж хэлж байна вэ? Учир нь Бурхан хүн болж, хүмүүсийн дунд ажилладаг. Сүнс ба махан бие нэгэн зэрэг ажилладаг; махан бие ярьдаггүй бөгөөд Сүнс Түүнийг ярихыг албаддаг гэж хүмүүсийн төсөөлдөг шиг биш юм—тэр тийм биш. Харин ч асар чөлөөтэй байдаг: Сүнс, махан бие хоёр ижил зүйлийг хийдэг; махан бие асуудлыг бараг дуусах гэж байна гэж харах үед Сүнс ч мөн адил асуудлыг тэгж хардаг. Тэд нэгэн зэрэг ажилладаг. Тэгэхээр бас бие махбод нь давамгайлдаг гэж хэлэх нь буруу юм. “Бие махбод нь давамгайлах” гэж юу гэсэн үг вэ? Энэ нь үндэслэлтэй: Бурхан нэгэнт хүн болсны дараа хүний харж буй бүх зүйл бол бие махбодын үйлдэл бөгөөд бие махбод нь бие махбодтой болох үед давамгайлдаг. Аль ч тохиолдолд Сүнс, махан бие хоёр нэгэн зэрэг ажилладаг. Сүнс махан биеийг ярихыг албадаж, харин махан бие нь дургүй байдаг, эсвээс махан бие ярихыг хүсдэг ч Сүнс үгсийг нь өгөгддөггүй юм хэзээ ч байхгүй. Тийм юм хэзээ ч болохгүй. Хэрэв хүмүүс ингэж боддог бол энэ нь буруу бөгөөд инээдтэй юм. Сүнс, махбод хоёр нэг юм. Сүнс махбодод биеллээ олсон тул Сүнс ярихыг хүсэхэд махбод нь ярихгүй байж яаж болох юм бэ? Эсвэл махбод ярихыг хүсэх үед Сүнс үг өгөхгүй байж яаж болох юм бэ? Тийм юм байж таарахгүй. Бие махбодтой болсон Бурхан нь махбод дахь Сүнсний биелэл юм. Махбодыг ажиллах үед Сүнс хэдийд ч, хаана ч ярьж чаддаг бөгөөд энэ нь Ариун Сүнс хүний дотор ажиллахаас шал өөр. Зөвхөн махбодод биеллээ олсон Ариун Сүнс л бие махбодтой болсон Бурхан бөгөөд Ариун Сүнс явах тухай асуудал байхгүй юм. Ариун Сүнс хүмүүсийн дотор ажиллах үед сонголт, нөхцөл байдал хамаатай байдаг. Хэрэв хүмүүс үнэнийг эрэлхийлэхгүй, өөрсдийн замаар явбал Ариун Сүнс тэднийг орхиж, тэд үүнийг мэдрэх болно. Хүмүүсийн ойлголтод үргэлж төөрөгдөл байдаг. Ажил нь энэ үе шатанд хүрсэн тул Бурханд өөр үг байхгүй, хүссэн ч ярьж чадахгүй гэж тэд боддог. Энэ тийм гэж үү? Бурхан ямар ч үед ярьж чадна, Сүнс болон бие хоёрын хооронд хэзээ ч завсарлага байгаагүй. Үнэний ямар ажил эсвэл талыг илэрхийлж байгаагаас үл хамааран, та үүнийг аль талаас нь харж байгаагаас үл хамааран энэ нь махан бие дэх Сүнсний биелэл, Бурхан хүн болсон, өөрөөр хэлбэл, махан биеийн амссан бүх зовлон нь Сүнс хүний зовлонг биечлэн туулж байгаа хэрэг юм. Бие махбод болон Сүнс хоёрыг яав ч тусад нь авч үзэх ёсгүй. Бие махбодтой болохын үнэн нь хамгийн гүн гүнзгий бөгөөд үүнийг үнэхээр мэдэхийн тулд хүмүүс арав, хорин жил, бүр насан туршдаа туршлагажих шаардлагатай.

1997 оны хавар

Өмнөх: Бие махбодтой болсны ач холбогдлын хоёр дахь тал

Дараах: Петрийн замаар хэрхэн алхах вэ

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

10-р бүлэг

Хаанчлалын эрин үе эцсийн эцэст өнгөрсөн үеэс ялгаатай. Энд хүн яаж авирладаг нь хамаагүй; харин ч Би ажлаа биечлэн гүйцэтгэхээр газар дээр...

Жинхэнэ хүн байхын утга учир

Хүнийг удирдах нь үргэлж Миний үүрэг байж ирсэн. Түүнчлэн хүнийг байлдан дагуулах нь дэлхийг бүтээж байхдаа Миний тогтоосон зүйл юм. Эцсийн...

Оршил

“Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдварууд” бол Христ, Бурханы Өөрийн ялгамж чанарыг ашиглан илэрхийлсэн айлдваруудын хоёр дахь хэсэг...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Messenger дээр бидэнтэй холбоо барих