Залбирлын ач холбогдол ба хэрэгжүүлэлт

Та нар одоо Бурханд яаж залбирдаг вэ? Энэ яаж шашны залбирлаас илүү дээр байх юм бэ? Залбирлын ач холбогдлыг та нар үнэндээ юу гэж ойлгодог вэ? Та нар эдгээр асуултыг эргэцүүлж үзсэн үү? Залбирдаггүй хүн бүр Бурханаас холддог, залбирдаггүй бүх хүн өөрсдийнхөө хүслийг дагадаг. Залбирахгүй байгаа нь Бурханаас холдож, урвасныг илтгэнэ. Та нарын залбирлын бодит туршлага чинь ямар вэ? Бурхан, хүн хоёрын хоорондох харилцааг хүмүүсийн залбирлаас харж болно. Ажилдаа гаргасан үр дүнгийн чинь төлөө ах эгч нар чамайг биширч, магтахад чи хэрхэн авирладаг вэ? Хүмүүс чамд зөвлөгөө өгөхөд чи яадаг вэ? Бурханы өмнө залбирдаг уу? Та нар бүгдээрээ асуудал, бэрхшээлтэй тулгарах үедээ цаг гаргаж залбирдаг хэр нь сайнгүй байдалтай байх үедээ Бурханд хандаж залбирдаг уу? Та нар завхрал харуулах үедээ залбирдаг уу? Та нар үнэхээр залбирдаг уу? Үнэхээр залбирдаггүй бол ахиж дэвшихгүй. Ялангуяа цуглаан дээр залбирал, магтаал өргөх хэрэгтэй. Зарим хүн Бурханд олон жил итгэсэн хэр нь байнга залбирдаггүй нь харамсалтай. Тэд цөөн хэдэн бичиг үсэг, хоосон сургаал ойлгоод биеэ тоож, үнэнийг ойлгосон, биеийн хэмжээтэй болсон гэж бодон, өөртөө тун сэтгэл хангалуун байдаг. Үр дүнд нь тэд энэхүү хэвийн бус байдалдаа шигддэг бөгөөд дараагийн удаа залбирах болоход тэдэнд хэлэх юм байдаггүй, Ариун Сүнсний ажил байдаггүй. Хүн байдлаа хянаж чадахгүй байх үедээ багахан ажил хийчхээд хөдөлмөрийнхөө үр шимийг эдэлнэ, эсвэл сөрөг болж, ажилдаа хойрго хандаж эхлэн, багахан бэрхшээл тулгармагц үүргээ гүйцэтгэхээ болих боломжтой бөгөөд ингэх нь маш аюултай. Мөс чанаргүй, эрүүл ухаангүй хүмүүс ийм байдаг. Ихэнх хүн бэрхшээл тулгарсан үед юм уу асуудлыг бүрэн ойлгохгүй байгаа үедээ л цаг гарган залбирдаг. Тэд эргэлзээ, тээнэгэлзэлд автах юм уу завхарсан зан чанар харуулах үедээ л залбирдаг. Тэд хэрэгтэй үедээ л залбирдаг. Ингэх нь хэвийн зүйл боловч ажилдаа үр дүн гаргасан үедээ ч бас Бурханд залбирч, талархах ёстой. Хэрвээ чи баяр хөөртэй байхад л анхаараад, залбирдаггүй, үргэлж баярлан хөөрч, үргэлж ийм мэдрэмжийг таашаадаг ч Бурханы нигүүлслийг мартдаг бол эрүүл ухаанаа бүрэн алдсан хэрэг. Бурханаас дэндүү их холдсон үед заримдаа чи сахилгажуулалт туулахад хүрдэг; эсвэл магадгүй ямар нэгэн юм хийх гэж оролдох үедээ хана мөргөж, эсвэл алдаа гаргаад, засалт туулж, зүрх зүсэм үг сонсоход хүрч, дарамт шахалт, зовлон зүдүүр туулангаа Бурханыг гомдоох яг юу хийснээ мэдэхгүй байдаг. Үнэндээ Бурхан үргэлж гадаад орчныг ашиглан чамайг сахилгажуулж, шаналгаж, цэвэршүүлдэг бөгөөд эцэст нь чи Бурханы өмнө залбирч, эргэцүүлэхээр ирэхдээ байдал чинь буруу—өөртөө сэтгэл хангалуун, маадгар, өөрийгөө бишрэх сэтгэлээр дүүрэн гэдгийг ухаарч, магадгүй өөрийгөө жигшиж, бүрэн харамсдаг. Бурханд залбирч, улаймагцаа чи өөрийгөө жигшиж, гэмшихийг хүсдэг бөгөөд энэ үед буруу байдал чинь өөрөө засарч эхэлдэг. Хүмүүс чин сэтгэлээсээ залбирах үед Ариун Сүнс ажлаа хийж, тодорхой нэг мэдрэмж төрүүлэх юм уу гэгээрэл өгч, энэ нь тэднийг хэвийн бус байдлаас гаргадаг. Залбирах гэдэг нь зүгээр нэг жаахан эрж хайж, хэдэн ёс журам дагаж мөрдөөд л болчихдог юм биш. Чамд Бурхан хэрэгтэй үед хэдхэн залбирлын үг хэлээд, хэрэггүй үедээ юу ч хэлдэггүй юм биш. Залбирахгүй удаан явбал байдал чинь гаднаасаа хэвийн харагдаж байсан ч гэсэн үүргээ гүйцэтгэхдээ чи өөрийн хүсэлд найдаж, юу хүссэнээ хийх бөгөөд ийм маягаар зарчмын дагуу үйлдэж чадахгүй. Бурханд залбирахгүйгээр удаан явбал Ариун Сүнс чамайг хэзээ ч гэгээрүүлж, гэрэлтүүлэхгүй. Чи үүргээ гүйцэтгэсэн ч гэсэн зүгээр л дүрэм журмыг дагаж байгаа хэрэг бөгөөд ийм маягаар үүргээ гүйцэтгэвэл Бурханыг гэрчлэх үр дүнд хүрэхгүй.

Олон хүн үүргээ гүйцэтгэх явцдаа өөрийн ажил хэргийг зохицуулж, өөрийнхөө юмыг хийдэг гэж Би өмнө нь хэлж байсан, хүмүүс өнөөдөр ч ийм хэвээр байна. Хэсэг хугацаанд ажилласны дараа тэд залбирахаа больж, Бурхан зүрх сэтгэлд нь байхаа больдог. Тэд “Би ажлын зохицуулалтад заасны дагуу л хийнэ. Ямар ч байсан би ямар ч алдаа гаргаагүй, ямар ч саад учруулж, үймээн тариагүй...” гэж боддог. Чи залбирахгүйгээр аливаа юмыг хийж, сайн хийсэн үедээ Бурханд талархдаггүй бол байдал чинь асуудалтай байна. Байдал чинь буруу гэдгийг чи мэддэг ч өөрөө засаж чаддаггүй, үргэлж хүссэнээрээ үйлддэг бол үнэнийг ойлголоо ч гэсэн хэрэгжүүлж чадахгүй. Чи үргэлж өөрийнхөө бодлыг зөв гэж бодож, үүнтэйгээ зууралдаж, дуртай зүйлээ хийж, Ариун Сүнс хэрхэн ажилладгийг үл тоож, үйл хэрэгтээ өөрийгөө бүрэн зориулдаг ба үр дүнд нь Ариун Сүнс чамайг хаядаг. Ариун Сүнс чамайг хаямагц чамд харанхуй, хатаж гандсан мэдрэмж төрнө. Чи тэжээл, таашаал мэдэрч огт чадахгүй. Хагас жилд ганц ч удаа чин сэтгэлээсээ залбирдаггүй олон хүн бий. Ийм хүний зүрх сэтгэлд нь Бурхан байхаа больсон байдаг. Зарим хүн байнга залбирдаггүй, аюулд орсон, өвдөж шаналсан үедээ л залбирдаг. Хэдийгээр тэд үүргээ гүйцэтгэсээр байдаг ч сүнс нь хатаж гандсан учраас гарцаагүй сөрөг бодол төрдөг. Заримдаа тэд “Үүргээ би хэзээ гүйцэтгэж дуусах бол?” гэж боддог. Тэд удаан хугацаанд залбираагүй, Бурханаас холдсон учраас л ийм бодол ч төрөх боломжтой. Ингэх нь итгэдэггүй, ёрын муу зүрх сэтгэлийг төрүүлбэл энэ нь маш аюултай. Залбирал маш чухал! Залбиралгүй амьдрал тоос шиг хуурай байдаг бөгөөд Ариун Сүнсний ажлыг олж авч чадахгүй; ийм хүмүүс Бурханы өмнө амьдардаггүй, аль хэдийн харанхуйд унасан. Тиймээс чи үргэлж залбирч, Бурханы үгийг нөхөрлөх хэрэгтэй, тэгвэл чи Ариун Сүнсний ажлыг эдэлж, чин сэтгэлээсээ Бурханыг магтаж чадна. Ийм маягаар л амьдрал чинь амар тайван, баяр хөөрөөр бялхах болно. Бүх зүйл дээр залбирал, магтаал өргөдөг хүмүүст Ариун Сүнс онцгойлон хүчтэй ажилладаг. Хүмүүст өгдөг Ариун Сүнсний хүч хязгааргүй, хүмүүс хэзээ ч үүнийг хэрэглэж дуусгаж, барж чадахгүй. Хүмүүс эцэс төгсгөлгүй ярьж, номлож, олон сургаал ойлгож болох ч Ариун Сүнсний ажил байхгүй бол ямар ч хэрэггүй, хий дэмий байна. Хүмүүс өдрийн талыг залбирч өнгөрөөдөг ч залбирахдаа “Бурхан минь, би Танд талархаж, Таныг магтъя!” гэх мэт хэдхэн үг л хэлдэг олон тохиолдол бий. Хэсэг хугацааны дараа тэд өнөөх өгүүлбэрээ дахиад л хэлж магад. Тэд Бурханд хэлэх өөр юу ч бодож олж чаддаггүй, Бурханд хэлэх сэтгэлийн үг тэдэнд байдаггүй. Энэ нь маш аюултай! Бурханд итгэдэг хүмүүс Бурханыг магтаж, алдаршуулж, Түүнд талархсан үг ч хэлж чадахгүй бол зүрх сэтгэлд нь Бурханы орон зай байгаа гэж яаж хэлж болох юм бэ? Чи Бурханд итгэдэг, зүрх сэтгэлдээ Бурханыг хүлээн зөвшөөрсөн гэж хэлдэг ч Бурханы өмнө очдоггүй, залбирахдаа зүрх сэтгэлдээ байгаа зүйлийг Түүнд хэлж чаддаггүй, зүрх сэтгэл чинь Бурханаас дэндүү холдсон учраас Ариун Сүнс ажлаа хийхгүй. Та нар өглөө болгон сэрээд залбирахдаа зүрх сэтгэлээ чин сэтгэлээсээ уудалж, Бурханы үгийг уншаад, дараа нь гэрлийг олж, хэрэгжүүлэлтийн замтай болох хүртлээ тунгаан бодох ёстой. Ингэвэл тэр өдөр тун сайхан, сэтгэл ханамжтай байх ба Ариун Сүнс үргэлж чамтай хамт байж, чамайг хамгаалж байгааг мэдэрнэ.

Олон хүнд нийтлэг нэг асуудал байгааг Би анзаарлаа. Асуудал гарвал тэд Бурханы өмнө ирж залбирдаг боловч юу ч сэтгэлийг нь зовоохгүй бол Бурханыг үл тоодог. Тэд махан биеийн таашаалтай хүссэнээрээ зууралддаг боловч хэзээ ч сэрдэггүй. Ингэх нь Бурханд итгэж байгаа хэрэг үү? Жинхэнэ итгэлтэй байгаа хэрэг үү? Жинхэнэ итгэл байхгүй бол алхах зам байхгүй. Жинхэнэ итгэл байхгүй бол Бурханд итгэх итгэлийн ямар үйлдэл нь Бурханы хүсэлтэй нийцдэг, эсвэл ямар үйлдлээр үнэнийг олж авч, амиа өсгөж болохыг хүн мэдэж чадахгүй. Итгэл байхгүй бол хүн эрэлхийлэх хүсэлтэй ч зүг чиг, зорилгогүй сохор байдаг. Тэгэхээр яаж итгэлийг бий болгох вэ? Бурханд залбирч, Бурхантай нөхөрлөснөөр итгэл бий болдог, Бурханы үгийг уншиж, Ариун Сүнсний гэгээрлийг олж авснаар бүр ч их итгэл бий болдог. Үнэнийг ойлгох тусам итгэл чинь улам нэмэгдэнэ. Үнэний талаар ойлголтгүй хүмүүст итгэл огт байдаггүй, чуулганд холилдсон ч тэд бол үл итгэгчид юм. Бурханд итгэдэг хүмүүс залбиралгүйгээр, Бурханы үгийг уншихгүйгээр итгэж чадахгүй. Тэд цуглаанд оролцсон хэвээр боловч чин сэтгэлээсээ залбирах нь ховор бол Бурханаас улам их холдоно. Та нар бүгдээрээ чин сэтгэлээсээ залбирах нь ховорхон, зарим хүн яаж залбирахаа одоо болтол мэддэггүй. Үнэндээ залбирал бол голчлон чин сэтгэлээсээ ярих явдал юм. Энэ бол зүрх сэтгэлээ Бурханд нээж, гагцхүү Түүний өмнө илэн далангүй байх явдал билээ. Зүрх сэтгэл нь зөв бол хүн чин сэтгэлээсээ ярьж чаддаг бөгөөд ийм маягаар Бурхан залбирлыг нь сонсож, хүлээж авдаг. Зарим хүн Бурханд залбирахдаа юм гуйхыг л мэддэг. Тэд Бурханаас байнга нигүүлсэл гуйж, өөр юу ч хэлдэггүй болохоор залбирах тусам хатаж хуурайшсан мэдрэмж төрдөг. Залбирахдаа чи ямар нэгэн зүйл хүсэмжилж, Бурханаас ямар нэгэн зүйл эрж хайж, зохицуулж буй тодорхой харж чадахгүй байгаа асуудалдаа мэргэн ухаан, хүч чадал өгөөч гэж Бурханаас гуйж, эсвэл Бурханаас гэгээрэл гуйсан ч бай, чи хэвийн хүн чанарын эрүүл ухаантай байх ёстой. Эрүүл ухаангүй бол чи өвдөг сөгдөн, “Бурхан минь, итгэл, хүч чадал надад хайрлаач гэж Танаас гуйж байна, намайг гэгээрүүлж, уг чанараа олж харах боломж олгооч гэж Танаас гуйж байна, Та ажлаа хийж, надад нигүүлсэл, ерөөл хайрлаач гэж гуйж байна” гэж хэлнэ. Ингэж “гуйх” нь албадлагын шинжтэй байдаг. Энэ бол Бурханд дарамт шахалт үзүүлж, урьдаас тогтоосон мэт, энэ асуудлыг шийдэх ёстой гэж Бурханд хэлж буй хэрэг юм. Энэ бол чин сэтгэлийн залбирал биш. Ариун Сүнсний хувьд, чи хэдийнээ болзлоо тавиад, юу хийхээ шийдчихсэн байгаа болохоор зүгээр л хэлбэрдэж байгаа биш үү? Ингэх нь Бурханыг хуурч байгаа хэрэг биш гэж үү? Хүн эрж хайсан, дуулгавартай сэтгэлээр залбирах ёстой. Жишээлбэл ямар нэгэн зүйл тохиолдоод, тэрийг яаж шийдэхээ мэдэхгүй байх үедээ чи “Бурхан минь, үүнийг би яахаа мэдэхгүй байна. Энэ хэрэг явдал дээр Таныг сэтгэл хангалуун байлгаж, Таны хүслийг эрж хайхыг хүсэж байна. Би өөрийнхөө биш, Таны хүссэнээр хийхийг хүсэж байна. Хүний хүсэл Таны санаа зорилгоос огт эсрэг, Таныг бүрэн эсэргүүцэж, үнэнд нийцдэггүй гэдгийг Та мэднэ. Та энэ асуудал дээр намайг гэгээрүүлж, удирдан чиглүүлж, Танд халдахгүй байлгах болтугай...” гэж хэлж болох юм. Энэ нь залбирах зөв өнгө аяс юм. Хэрвээ чи “Бурхан минь, надад тусалж, удирдан чиглүүлж, тохиромжтой орчин, тохиромжтой хүмүүсийг бэлдэж, ажлыг минь сайн хийлгээч гэж би Танаас гуйж байна” гэж хэлбэл залбирсныхаа дараа Бурханы санаа зорилгыг ойлгож чадахгүй хэвээр байх болно, учир нь чи Бурханаас чиний хүслийн дагуу үйлдэхийг гуйж байна. Одоо чи залбиралдаа хэрэглэдэг үгс чинь эрүүл ухаантай эсэх, чин сэтгэлээс чинь гардаг эсэхийг тогтоох ёстой. Залбирал чинь эрүүл ухаангүй бол Ариун Сүнс чам дээр ажиллахгүй. Тиймээс чи залбирахдаа эрүүл ухаантайгаар, зөв өнгөөр ярих ёстой. “Бурхан минь, Та миний сул тал, тэрслүү байдлыг мэднэ. Та надад хүч чадал өгч, зөвхөн Таны хүслийн дагуу нөхцөл байдлаа даван туулахад минь туслаач гэж гуйя. Таны хүсэл юу болохыг би мэдэхгүй, зүгээр л ийм хүсэлт тавьж байна. Ямартай ч Таны хүсэл гүйцэлдэх болтугай. Би үйлчлэл үзүүлэх байлаа ч, эсвэл товойлгогчийн үүрэг гүйцэтгэх байлаа ч дуртайяа хийх болно. Та надад хүч чадал, мэргэн ухаан өгч, энэ хэрэг явдал дээр Таныг сэтгэл хангалуун болгохыг зөвшөөрөөч гэж би гуйя. Би зөвхөн Таны зохицуулалтад захирагдахыг л хүсэж байна...” гэж хэл. Ингэж залбирсны дараа зүрх сэтгэл чинь тун амар тайван болно. Чи гуйхаас өөрийг хийдэггүй бол хэчнээн их юм хэлсэн ч бай, бүгд хоосон үг байх болно; чи юу хүсэж байгаагаа урьдчилаад шийдчихсэн учраас Бурхан гуйлтын чинь хариуд ажиллахгүй. Өвдөг сөгдөн залбирахдаа чи “Бурхан минь, Та хүний сул талыг мэднэ, Та хүний байдлыг мэднэ. Энэ хэрэг явдал дээр намайг гэгээрүүлээч гэж би Танаас гуйя. Таны хүслийг ойлгохыг минь зөвшөөрөөч. Таны зохицуулдаг бүхнийг дуулгавартай дагахыг л би хүсэж байна, зүрх сэтгэл минь Таныг дуулгавартай дагахыг хүсэж байна...” гэж хэл. Ингэж залбирвал Ариун Сүнс сэтгэлийг чинь хөдөлгөнө. Залбирах үедээ буруу санаа зорилготой, өөрийн хүсэлд үндэслэж Бурханаас үргэлж шаарддаг бол залбирал чинь хуурай, үр дүнгүй байх бөгөөд Ариун Сүнс сэтгэлийг чинь хөдөлгөхгүй. Хэрвээ чи нүдээ аниад л, Бурханыг аргацаах гэж хэдэн улиг болсон үгийг залхтал яриад байвал Ариун Сүнс сэтгэлийг чинь хөдөлгөх үү? Хүмүүс Бурханы өмнө ирэхдээ дуулгавартай авирлаж, сүсэглэсэн хандлагатай байх ёстой. Чи цор ганц жинхэнэ Бурханы өмнө очиж, Бүтээгчтэй ярьж байна. Чи үнэн сүсэгтэй байх ёстой биш үү? Залбирах энгийн зүйл биш. Хүмүүс Бурханы өмнө очихдоо араа шүдээ ярзайлгаж, хумс хуруугаа арзайлган, огт үнэн сүсэггүй байдаг; залбирахдаа гэртээ дээшээ харж хэвтээд, хэдхэн энгийн өнгөц үг хэлчхээд өөрийгөө залбирч байна, Бурхан өөрийг нь сонсож чадна гэж боддог—энэ нь өөрийгөө хуурч байгаа хэрэг биш гэж үү? Би ингэж хэлж байгаа нь хүмүүсийг тодорхой нэг дүрэм журмыг баримтал гэж шаардах зорилготой биш. Гэхдээ хүн ядаж л Бурханыг дуулгавартай дагах сэтгэлтэй байж, Бурханы өмнө сүсэглэсэн хандлагатай ирэх ёстой. Та нарын залбирал эрүүл ухаангүй байх нь дэндүү олон. Та нар үргэлж “Өө Бурхан минь! Та надад энэ үүргийг гүйцэтгэ гэж өгсөн болохоор Таны ажлыг саатуулж, Бурханы гэрийн ашиг сонирхлыг хохироохгүйн тулд миний хийсэн бүхнийг зөв зүйтэй болгож өг. Та намайг хамгаалах ёстой...” гэсэн өнгөөр залбирдаг. Ингэж залбирах нь дэндүү эрүүл ухаангүй биш үү? Өөрийнх нь өмнө очоод, ийм маягаар залбирвал Бурхан чам дээр ажиллах уу? Чи Миний өмнө ирээд, эрүүл ухаангүй яривал Би сонсоно гэж үү? Миний жигшлийг төрүүлбэл Би чамайг шууд хөөж гаргана! Чи Христийн өмнө байдаг шигээ Сүнсний өмнө байдаггүй гэж үү? Чи Бурханы өмнө залбирахаар очихдоо яаж эрүүл ухаантай ярих, үнэн сүсэгтэй, дуулгавартай захирагдаж чаддаг болохын тулд дотоод байдлаа яаж өөрчлөх талаар бодох ёстой. Ингэмэгцээ дахиж залбирах нь сайн бөгөөд Бурхан байгааг мэдрэх болно. Хүмүүс өвдөг сөгдөн залбирахдаа нүдээ аниад, “Өө Бурхан минь! Өө Бурхан минь!” гэж орилохоос өөрийг хэлж чадахгүй байх нь олонтоо. Тэд яагаад ийм маягаар удаан хугацаанд үггүй хашхирдаг вэ? Энэ нь хүмүүсийн буруу сэтгэлгээ, хэвийн бус байдлаас болдог. Хүн зүрх сэтгэлдээ Бурханд хүрч чадахгүй бол залбирал нь үггүй байдаг. Та нар ингэж байсан уу? Та нар одоо хэмжээгээ мэдэж байгаа ч байдал чинь хэвийн бус байх үед өөрийгөө эргэцүүлж, үнэнийг эрж хайдаггүй, Бурханы өмнө очиж залбирахыг, эсвэл Бурханы үгийг идэж уухыг хүсдэггүй. Ингэх нь аюултай. Хүний байдал хэвийн, хэвийн бус байх, ямар асуудал гарахаас үл хамааран залбирлаас холдох ёсгүй. Залбирахгүй бол байдал чинь одоо хэвийн байлаа ч гэсэн удаан хугацааны явцад хэвийн бус болно. Залбирч, Бурханы үгийг унших нь хэвийн байх ёстой. Үнэнийг эрж хайхын тулд Бурханы үгийг уншсанаар жинхэнэ залбиралд хүрч болно, залбирлаар Бурханы гэгээрлийг олж авч болно, ингэснээр хүн Бурханы үгийг ойлгож чадна. Бурханд залбирахад хамгийн чухал зүйл бол эхлээд сэтгэлгээгээ засах явдал юм. Энэ бол залбирлын зарчим билээ. Сэтгэлгээ чинь буруу бол чи үнэн сүсэгтэй биш байх бөгөөд зүгээр л хэлбэрдэж, Бурханыг хуурч байх болно. Хэрвээ чи зүрх сэтгэлдээ Бурханаас эмээж, Бурханыг дуулгавартай дагаж, Бурханд залбирдаг л бол зүрх сэтгэл чинь амар амгалан болно. Тиймээс залбирахдаа чи зөв сэтгэлгээтэй байх ёстой, тэгвэл залбирал чинь үр дүнтэй байна. Чи үргэлж ийм маягаар хэрэгжүүлж, залбирахдаа үнэхээр зүрх сэтгэлдээ байгаа зүйлийг Бурханд хэлж, Бурханд хамгийн ихээр хэлэхийг хүсдэг зүйлээ хэлбэл өөрийн мэдэлгүй Бурханд залбирч чаддаг болж, Бурхантай хэвийн нөхөрлөж чаддаг болно.

Залбирал нь боловсролтой, соёлтой байхыг шаарддаггүй, энэ нь эсээ бичиж байгаа хэрэг биш. Зүгээр л чин сэтгэлээсээ, хэвийн хүний эрүүл ухаантайгаар ярь. Есүсийн залбирлыг бодоод үз. Гетсеманийн цэцэрлэгт Есүс “Хэрвээ боломжтой бол…” гэж залбирсан юм. Өөрөөр хэлбэл, “Хийж болохоор бол” гэсэн. Ингэж хэлэлцсэн болохоос Тэрээр “Танаас гуйя” гэж хэлээгүй. Тэр дуулгавартай зүрх сэтгэл, хүлцэнгүй байр байдалтайгаар “Хэрвээ боломжтой бол энэ аягыг Надаас өнгөрүүлээч: гэхдээ Миний хүслээр биш, харин Таны хүслээр болог” хэмээн залбирсан. Тэр хоёр дахь удаад ч ийнхүү үргэлжлүүлэн залбирсан бөгөөд гурав дахь удаад “Таны хүслээр болог” гэж залбирсан юм. Тэрээр Эцэг Бурханы санаа зорилгыг ухаараад “Таны хүслээр болог” гэж хэлсэн. Тэгээд хувийн ямар ч сонголтгүйгээр бүрэн захирагдаж чадсан юм. Залбирахдаа Есүс “Хэрвээ боломжтой бол энэ аягыг Надаас өнгөрүүлээч” гэж хэлсэн. Энэ юу гэсэн утгатай байв? Тэр эцсийн амьсгаагаа тасартал загалмай дээр цус асгаруулах асар их зовлонгийн тухай бодож—энэ нь үхлийн асуудлыг хөндсөн учраас—Эцэг Бурханы санаа зорилгыг хараахан бүрэн ухаараагүй байсан учраас тийнхүү залбирсан юм. Тэрээр тийм зовлонгийн тухай бодсон мөртөө ийн залбирч чадсан нь асар дуулгавартай байсныг нь харуулдаг. Түүний залбирлын хэв маяг хэвийн байсан юм. Тэр залбиралдаа ямар ч болзол тавиагүй, уг аягыг өнгөрүүлэх ёстой гэж ч хэлээгүй. Харин ч Өөрийнхөө ойлгоогүй нөхцөл байдалд Бурханы санаа зорилгыг эрж хайх зорилготой байсан юм. Тэрээр эхний удаа залбирахдаа ойлгоогүй бөгөөд “Хэрвээ боломжтой бол … гэхдээ Таны хүслээр болог” хэмээсэн. Тэрээр дуулгавартай байдалтайгаар Бурханд залбирсан. Хоёр дахь удаад ч ийм байдлаар залбирсан. Есүс нийтдээ гурван удаа залбирсан бөгөөд эцсийн залбиралдаа Бурханы санаа зорилгыг бүрэн ойлгож авч, үүнийхээ дараа өөр юу ч гуйхаа больсон билээ. Эхний хоёр залбиралдаа Тэрээр зүгээр л эрж хайж байсан ба дуулгавартай байдалтайгаар эрж хайсан юм. Гэтэл хүмүүс ердөө ингэж залбирдаггүй. Хүмүүс залбирахдаа үргэлж “Бурхан минь, Танаас энийг, тэрийг хийгээч гэж гуйя, бас намайг үүн дээр, түүн дээр замчлаач гэж гуйя, надад зориулсан нөхцөл байдлыг бүрдүүлээч гэж гуйя…” гэцгээдэг. Магадгүй Бурхан чамд тохирсон нөхцөл байдлыг бэлдэхгүй. Магадгүй Бурхан чамд сургамж өгөхийн тулд чамайг бэрхшээл туулахад хүргэнэ. Хэрвээ чи үргэлж “Бурхан минь, надад зориулан бэлдэж, надад хүч чадал өгөөч гэж Танаас гуйя” гэх маягаар залбираад байвал ингэх нь туйлын эрүүл ухаангүй хэрэг! Бурханд залбирахдаа чи эрүүл ухаантай байж, дуулгавартай зүрх сэтгэлээр залбирах ёстой. Юу хийхээ тодорхойлох гэж бүү оролд. Залбирахаасаа өмнө юу хийхээ тодорхойлох гэж оролдвол Бурханд дуулгавартай байгаа хэрэг биш. Залбирахдаа зүрх сэтгэл чинь дуулгавартай байх ёстой, эхлээд Бурханыг эрж хайх ёстой. Ингэвэл залбирлын үеэр зүрх сэтгэл чинь аяндаа цэлмэж, юу хийвэл зохистойг мэдэх болно. Залбирлын өмнөх төлөвлөгөөнөөс эхлээд залбирлын дараа зүрх сэтгэлд чинь гардаг өөрчлөлт бол Ариун Сүнсний ажлын үр дүн юм. Хэрвээ чи хэдийнээ шийдвэрээ гаргаж, юу хийхээ тодорхойлоод, дараа нь Бурханаас зөвшөөрөл хүсэж, хүссэнийг чинь хийж өгөөч гэж Бурханаас гуйж залбирдаг бол ийм залбирал эрүүл ухаангүй юм. Хүмүүс юу хийхээ хэдийн шийдээд, Бурханаас ердөө л зөвшөөрөл хүсэж байгаа учраас Бурхан олон удаа залбиралд нь хариу өгдөггүй. Бурхан: “Чи юу хийхээ шийдчихсэн байж Надаас асуух хэрэг юун?” гэж хэлдэг. Иймэрхүү залбирал нь Бурханыг бага зэрэг хуурч байгаа юм шиг санагддаг учраас залбирал нь хуурай болдог.

Хүмүүс өвдөг сөгдөн залбирахдаа Бурхантай ярьж байгаа ч залбирал бол Ариун Сүнс хүмүүс дээр ажиллах арга зам гэдгийг чи тодорхой харах ёстой. Ариун Сүнс хүмүүсийг залбирч байхад нь үргэлж гэгээрүүлж, гэрэлтүүлж, хөтөлдөг. Хүмүүс зөв байдалтай байхдаа залбирч, эрж хайвал Ариун Сүнс нэгэн зэрэг ажил хийж байх болно. Энэ бол Бурхан болон хүмүүсийн хоорондох нэг төрлийн яригдаагүй хэлэлцээр юм; мөн хэрэг явдлыг зохицуулахад нь Бурхан хүмүүст тусалж байна гэж ч хэлж болно. Залбирал бол хүмүүс Бурханы өмнө очиж, Түүнтэй хамтран ажиллах нэг арга зам юм. Энэ нь бас хүмүүсийг аварч, ариусгах Бурханы арга зам билээ. Түүнчлэн энэ нь амь-оролтын нэг зам болохоос зан үйл биш. Залбирал нь зүгээр нэг хүмүүсийг зоригжуулах арга зам биш, Бурханыг сэтгэл хангалуун байлгах улиг болсон арга зам ч бас биш. Ингэж бодох нь буруу. Залбирал гүн гүнзгий утга учиртай! Хэрвээ чи Бурханд итгэдэг бол залбирлаас ч, Бурханы үгийг уншихаас ч зугтаж чадахгүй. Ариун Сүнс залбирлаар дамжуулан хүмүүс дээр ажиллаж, тэднийг гэгээрүүлж, удирдан чиглүүлдэг. Хүмүүс Бурханд залбирахгүй бол Ариун Сүнсний ажлыг олж авахад хэцүү байх болно. Хэрвээ чи тогтмол залбирч, залбирлыг байнга хэрэгжүүлж, Бурханд дуулгавартай сэтгэлээр тогтмол залбирдаг бол дотоод байдал чинь хэвийн байна. Хэрвээ чи залбирахдаа ихэвчлэн хоосон сургаалын хэдхэн өгүүлбэр л хэлж, зүрх сэтгэлээ Бурханд нээдэггүй, үнэнийг эрж хайдаггүй, Бурханы хүсэл, шаардлагыг ч тунгаан боддоггүй бол чин сэтгэлээсээ залбирахгүй байна. Байнга үнэнийг тунгаан бодож, зүрх сэтгэл нь байнга Бурхантай ойр байдаг, үргэлж Бурханы үгээр амьдардаг хүмүүс л жинхэнэ залбиралтай байдаг, зүрх сэтгэлд нь Бурханд хэлэх үг байдаг, Бурханаас үнэнийг эрж хайж чаддаг. Залбирч сурахын тулд Бурханы үгийг байнга тунгаан бодох ёстой. Бурханы хүслийг ойлгож чадвал Түүнд хэлэх зүйл зүрх сэтгэлд чинь их байх бөгөөд аль үг нь эрүүл ухаантай залбирал, аль нь биш; аль залбирал нь жинхэнэ шүтлэг мөргөл, аль нь жинхэнэ биш; аль залбирал нь Бурханы хүслийг ухамсарлахаар эрж хайж байгаа, аль залбирал нь чи аль хэдийн шийдчихээд зүгээр л Бурханы зөвшөөрлийг гуйж байгаа хэрэг болохыг ойлгож чадна. Ийм асуудлыг хэзээ ч нухацтайгаар авч үзэхгүй бол залбирал чинь хэзээ ч амжилттай болохгүй, дотоод байдал чинь үргэлж хэвийн бус байна. Юу нь хэвийн эрүүл ухаан, юу нь жинхэнэ дуулгавартай байдал, юу нь жинхэнэ шүтлэг мөргөл, залбирахдаа ямар байр суурь баримтлах ёстой гэх мэт хичээлүүд нь бүгд залбирлын үнэнтэй хамаатай. Эдгээр нь бүгд дэлгэрэнгүй асуудал юм. Ихэнх хүн Намайг үнэндээ харж чадахгүй болохоор Сүнсний өмнө залбирах явдлаар хязгаарлагддаг. Чамайг залбирч эхэлмэгц энэ нь хэлэх үг чинь эрүүл ухаантай эсэх, үг чинь үнэхээр шүтэн мөргөсөн байдалтай эсэх, гуйж байгаа зүйл чинь Бурханы сайшаалд нийцэх эсэх, залбиралд чинь наймааны элемент байгаа эсэх, эсвэл хүний хольц холилдсон эсэх, залбирал, үг яриа чинь Бурханы хүсэлд нийцдэг эсэх, Бурханаас онцгойлон эмээж, Бурханыг хүндэлж, дуулгавартай дагадаг эсэх, Бурханыг үнэхээр Бурхан гэж үзэж байгаа эсэхийн асуудал болдог. Чи залбирлаараа хэлэх зүйлдээ нухацтай хандаж, Бурханы хүслийг мэдэрч, Бурханы шаардлагад нийцүүлэх ёстой. Ингэж залбирч байж л зүрх сэтгэлдээ амар амгалан, баяр хөөрийг мэдэрнэ. Ингэж байж л чи Христийн өмнө очихдоо хэвийн эрүүл ухаантай байж чадна. Хэрвээ чи Сүнсний өмнө залбирахгүй, зүрх сэтгэлдээ байгаа зүйлийг хэлэхгүй бол Христийн өмнө очихдоо үзэл тээж, Түүнээс тэрсэлж, Түүнийг эсэргүүцэх магадлалтай, эсвэл эрүүл ухаангүй ярьж, худал хэлж, үг яриа, үйлдлээрээ байнга саад учруулж, дараа нь үргэлж зэмлүүлнэ. Яагаад үргэлж зэмлүүлнэ гэж? Яагаад гэвэл, ерөнхийдөө чамд Бурханыг хэрхэн шүтэн мөргөж, Бурханд хэрхэн хандах талаарх үнэний мэдлэг өчүүхэн ч байхгүй учраас асуудалтай тулгарах үедээ будилж, яаж хэрэгжүүлэхээ мэдэхгүй, байнга алдаа гаргадаг. Бурханд итгэдэг хүмүүс Бурханы өмнө яаж очих ёстой вэ? Мэдээжийн хэрэг залбирлаар дамжин очих ёстой. Залбирахдаа хандлагаа засаж, зүрх сэтгэл чинь амар амгалан болсон бол чи Бурханы өмнө очжээ. Залбирсныхаа дараа чи залбирахдаа хэлсэн үг чинь эрүүл ухаантай эсэхийг, тохиромжтой байр сууринд зогссон эсэхээ, Бурханд дуулгавартай сэтгэлтэй эсэхээ, хүний хольц, хуурамч зан чамд байгаа эсэхийг шинжих ёстой. Хэрвээ чи асуудал олбол үргэлжлүүлэн Бурханд залбирч, Бурханы өмнө хольц, өө сэвээ хүлээн зөвшөөрөх ёстой. Ийм маягаар зүрх сэтгэлдээ байгаа зүйлийг Бурханд хэлснээр байдал чинь улам хэвийн болж, чи улам мөс чанартай, эрүүл ухаантай болж, буруу байдал чинь улам багасна. Хэсэг хугацаанд ийм маягаар хэрэгжүүлсний дараа залбирал чинь сайжирсаар, Бурхан ихэнхдээ залбирлыг чинь сонсож, хүлээж авах болно. Бурханд үргэлж ийм маягаар залбирч чаддаг хүмүүс бол Бурханы өмнө амьдардаг болсон хүмүүс юм. Залбиралд нухацтай хандахгүй, залбирах буруу арга замаа засахгүй бол чи яаж залбирахаа мэдэхгүй. Яаж залбирахаа мэдэхгүйн үр дагавар гэвэл Бурханы өмнө амьдрахад хэцүү санагдана. Ийм хүнд ямар ч амь-оролт байхгүй, Бурханы үгийн гадна байх болно. Бурханы өмнө хэрхэн залбирч, ярихаа мэддэггүй, ярихдаа нухацтай хандахгүй, юу дуртайгаа хэлдэг, буруу зүйл хэлэхэд ямар ч асуудалгүй гэж санагддаг, үргэлж хайхрамжгүй, мунгинаж байдаг бол үр дүнд нь Христийн өмнө очих үедээ чи буруу зүйл хэлж, хийхээс айна. Буруу зүйл хийхээс айх тусам, улам их алдаа гаргах бөгөөд алдаагаа засаж хэзээ ч чадахгүй. Хүмүүс Христтэй байнга холбоотой байх юм уу Христ өөртэй нь нүүр тулан ярихыг байнга сонсож чаддаггүй учраас, мөн Би байнга та нарын өмнө байж чадахгүй учраас та нар үнэнийг эрж хайж, Сүнсний өмнө тогтмол залбирахдаа чин сэтгэлээсээ ярьж л чадах бөгөөд Бурханыг дуулгавартай дагадаг, Бурханаас эмээдэг зүрх сэтгэлтэй болж чадвал тэр нь хангалттай. Би та нартай нүүр тулан ярилаа ч гэсэн, үнэнийг хүлээн авч, эрэлхийлж, Бурханыг дагах замаар алхах эсэх нь та нараас хамаарна. Одоогоос эхлэн та нар залбирахдаа хэлсэн зүйлдээ илүү их анхаарал хандуулах ёстой. Залбирч, тунгаан бодож, мэдрэх цаг гарга. Тэгвэл Ариун Сүнс гэгээрүүлмэгц та нар ахиц гаргана. Ариун Сүнс гэгээрүүлэх үед төрөх мэдрэмж нь тун нарийн байдаг. Ийм нарийн мэдрэмж, мэдлэгтэй болсны дараа чи зарим нэг зүйлийг хийвэл, эсвэл тодорхой асуудлыг шийдвэрлэхийн тулд Христтэй холбоо тогтоовол ямар үгийг эрүүл ухаанаар хэлж, ямрыг нь эрүүл ухаанаар хэлэхгүй байна, ямар зүйлийг эрүүл ухаанаар хийж, ямрыг нь тэгэхгүй байна гэдгээ таньж чаддаг болно. Тийнхүү чи залбирлын зорилгодоо хүрсэн байх болно.

Библид олон хүний залбирал тэмдэглэгдсэн байдаг бөгөөд тэд залбиралдаа нөхцөл болзлоо аль хэдийн тавиагүй байдаг. Харин ч тэд залбирал ашиглан Бурханы хүслийг эрж хайж, ойлгож, Ариун Сүнсээр шийдвэр гаргуулдаг. Жишээ нь израильчууд залбирлаар дамжуулан Иерихо руу дайрсан. Ниневегийн ард түмэн ч бас залбирлаар дамжуулан гэмшиж, Бурханы өршөөлийг хүртсэн. Залбирал бол нэг төрлийн зан үйл биш. Энэ нь хүн Бурхан хоёрын хоорондох жинхэнэ яриа бөгөөд гүн гүнзгий ач холбогдолтой. Хүмүүсийн залбирлаас Бурханд шууд үйлчилж байгааг нь харж болно. Хэрвээ чи залбирлыг зан үйл гэж харвал залбирал чинь үр дүнгүй байх бөгөөд чи дотоод мэдрэмжээ Бурханд хэлж, зүрх сэтгэлээ нээдэггүй учраас энэ нь жинхэнэ залбирал биш байх болно. Бурханы тухайд бол залбирал чинь тооцогдохгүй. Бурханы зүрх сэтгэлд чи байдаггүй. Тэгвэл Ариун Сүнс яаж чам дээр ажиллах юм бэ? Үүний үр дүнд чи хэсэг хугацаанд ажилласныхаа дараа эцэж цуцна. Одоогоос эхлээд чи залбиралгүйгээр ажиллаж чадахгүй. Залбирлаар ажил бий болж, залбирлаар үйлчлэл бий болдог. Чи удирдагч, Бурханд үйлчилдэг хүн мөртөө хэзээ ч залбиралд өөрийгөө зориулж, нухацтай хандаж байгаагүй бол Бурханд илэрхийлэх бодол чамд байхгүй бөгөөд ийм маягаар чи үүргээ гүйцэтгэхдээ буруудах магадлалтай, үйлдэл хийхдээ байнга өөрийн санаа зорилгод найддаг учраас бүдрэх магадлалтай. Хангалттай залбирахгүйгээр Бурханд итгэх нь хүлээн зөвшөөрөгдөшгүй. Зарим хүн ховорхон залбирч, Бурхан бие махбодтой болсон болохоор Бурханы үгийг шууд уншихад хангалттай гэж боддог. Үүнийг чи дэндүү энгийнээр бодож байна. Бурханд залбирахгүйгээр зүгээр л Бурханы үгийг уншаад Ариун Сүнсний гэгээрэл, гэрэлтүүлэлтийг хүртэж чадна гэж үү? Хэрвээ хүн хэзээ ч Бурханд залбирдаггүй, Бурхантай ярьж, чин сэтгэлээсээ нөхөрлөдөггүй бол завхарсан зан чанараа таягдан хаяж, үүргээ гүйцэтгэхдээ Бурханыг сэтгэл хангалуун байлгахад маш хэцүү байх болно. Бие махбодтой болсон Бурхан ч заримдаа залбирдаг! Эзэн Есүс бие махбодтой болж ирэх үедээ чухал асуудлын талаар бас залбирдаг байсан. Тэрээр уулан дээр, завин дээр, цэцэрлэгт залбирч байсан. Мөн шавь нараа дагуулан залбирч байсан. Хэрвээ чи байнга Бурханы өмнө очиж, Түүнд залбирдаг бол Бурханыг Бурхан гэж үздэгийг чинь энэ нь нотолно. Харин үргэлж өөрийнхөө хүслээр үйлдэж, залбирахаа үргэлж умартаж, Бурханы ар хударгаар энэ, тэрийг хийдэг бол чи Бурханд үйлчилж байгаа биш, харин зүгээр л өөрийнхөө ажил хэргийг явуулж байна. Тийм болохоор чи яллагдахгүй гэж үү? Гаднаа чи ямар нэг үймээн дэгдээсэн зүйл хийсэн мэт харагдахгүй, Бурханыг доромжилсон мэт санагдахгүй ч өөрийнхөө ажил хэргийг л явуулж байх болно. Чи өөрийн хэргийг бүтээж, алдар нэр, ашиг хонжоо, байр суурь, хувийн ашиг тусыг эрэлхийлнэ. Ингэх нь чуулганы ажилд саад хийж байгаа хэрэг биш гэж үү? Өнгөн дээрээ чи саад хийхгүй байгаа юм шиг харагдсан ч гэсэн мөн чанартаа үйлдэл чинь Бурханыг эсэргүүцэж байна. Хэрвээ чи хэзээ ч гэмшиж, өөрчлөгдөхгүй бол аюулд орно.

Сэтгэл ханамжгүй ямар нэг зүйл тохиолдоход хүн бүр шаналж, зовсон байдалтай болж, хэнтэй ч ярихыг хүсдэггүй. Хэсэг хугацааны дараа тэдний сэтгэл санаа дээрддэг ч энэ байдал нь шийдвэрлэгдээгүй. Заримдаа тэд үүргээ гүйцэтгэхдээ завхарсан зан чанар харуулж, ажлыг саатуулах юм уу засалт туулж, шаналж, сэтгэл нь хямардаг боловч үүнийг шийдвэрлэхээр үнэнийг эрэлхийлэхгүй бол энэхүү хэвийн бус байдал шийдвэрлэгдэхгүй. Та нар шаналж, хямарч байхдаа хэдэн удаа Бурханы өмнө залбирахаар очсон бэ? Та нар бүгд тайван сэтгэлгээгээр хандаж, зүгээр л аргацаадаг. Ийм маягаар, Бурханд итгэдэг гэж хэлдэг ч зүрх сэтгэлд нь Бурхан байдаггүй олон хүн бий. Тэд ямар ч үүрэг гүйцэтгэлээ гэсэн, асуудалтай тулгарах болгондоо хэзээ ч залбирч, үнэнийг эрж хайдаггүй. Юмыг сохроор хийх хүсэлдээ найдан, зовлон зүдүүр туулж, эрч хүч зарж байгаа юм шиг харагддаг бөгөөд ямар ч нэмэргүй, хүчин чармайлт нь талаар өнгөрч байгаа ч өөрсдийгөө үүргээ сайн гүйцэтгэж байна гэж тэд боддог. Хүмүүс үргэлж өөрийн хүсэлд найдаж, алхах явцдаа төөрч оддог. Тэд багахан ажил хиймэгцээ биеэ тоож, хөрөнгөтэй болсон мэт санагддаг бөгөөд зүрх сэтгэлд нь Бурханы орон зай байдаггүй. Хүмүүсийн уг чанар бол урвалт гэдгийг үүнээс харж болно. Хүмүүс “Би Бурханд итгэдэг байхад зүрх сэтгэлд минь Бурханы орон зай байхгүй байж яаж болох юм бэ? Яг одоо би чуулганд ажиллаж байгаа биш үү? Бурхан яаж намайг хаяж чадах юм бэ?” гэж хүртэл боддог. Бурхан чамайг хаяхыг хүсдэг юм биш, зүгээр л зүрх сэтгэлд чинь Бурханы орон зай байдаггүй. Чи хэчнээн их ажил хийсэн ч үүнийгээ эргүүлэн авч чадахгүй, Ариун Сүнсний ажлыг яагаад ч олж авахгүй, юу ч хийсэн өөрийгөө Бурханаас холдуулсаар, Түүнээс урвах болно. Залбирлын хичээл хамгийн гүн гүнзгий. Чи бүр залбирал ч хийлгүйгээр үүргээ гүйцэтгэж эхэлбэл гүйцэтгэл чинь шаардлага хангахгүй, хөдөлмөр чинь дэмий үрэгдэнэ. Байдал чинь хэвийн бус байх тусам төдий чинээ их залбирах ёстой. Залбирахгүй бол байдал чинь улам дордож, үүрэг чинь үр дүнгүй болно. Хэлж байгаа зүйл чинь хэчнээн сайхан сонсогдож байгаагаас залбирал хамаардаггүй. Харин ч чин сэтгэлээсээ ярьж, бэрхшээлийнхээ үнэн мөнийг хэлж, бүтээгдсэн зүйлийн байр сууринаас, дуулгавартай байдлын өнцгөөс ярих шаардлагатай: “Бурхан минь, хүмүүс ямар хатуу болохыг Та мэднэ. Энэ асуудал дээр намайг залж чиглүүлээч. Би сул дорой, асар их дутагдалтай, Танаар ашиглагдахад тохирохгүй, тэрслүү, юм хийх болгондоо Таны ажилд саад хийж, Таны хүсэлд нийцэхгүй зүйл хийдэг гэдгийг Та мэднэ. Ажлаа хийгээч гэж би Танаас гуйя, би зүгээр л дуулгавартай дагаж, хамтран ажиллахыг хүсэж байна...” Хэрвээ чи иймхэн үг ч хэлж чадахгүй бол чамд найдлага алга. “Залбирахдаа эрүүл ухаанаар залбирч байна уу үгүй юу гэдгээ би ялган таних хэрэгтэй. Тэгвэл би яаж залбирах ёстой вэ?” гэж зарим хүн боддог. Эрүүл ухаантай байгаа эсэхээ ялган танихад удах уу? Залбирал болгоныхоо дараа чин сэтгэлээсээ эргэцүүлбэл ойлгомжтой болно. Ингэх явцдаа чи залбирах үед зарим үг зохимжгүй гэдгийг мэдэж авах учраас дараа дараагийн залбиралдаа улам л эрүүл ухаантай болно. Хүн залбирах үед Бурхантай харилцах харилцаа нь хамгийн шууд, хамгийн ойр байдаг. Ердийн үед аливааг хийхдээ чи даруйхан өвдөг сөгдөн, залбирч чадах уу? Үргэлж чадахгүй, орчноос хамаарна. Чи гэртээ ганцаараа, өвдөг сөгдөн Бурханд залбирах үед Бурхантай харилцах харилцаа чинь хамгийн ойр байдаг. Чи зүрх сэтгэлдээ байгаа бүхнийг хэлж, асар их баяр хөөрийг мэдэрч чадна. Бурханы үгийг уншихдаа эхлээд залбирвал Түүний үгийг уншихад өөр санагдана. Үүргээ гүйцэтгэх үедээ эхлээд залбирч, эрж хайвал зүрх сэтгэл чинь нухацтай болж, үүргээ гүйцэтгэх үед үр дүн нь өөр байна. Чи Бурханы үгийг уншаад гэрлийг олсон бол Бурханд залбир, тэгвэл чи илүү их баяр хөөрийг олно. Чи огт залбирахгүй бол Бурханы үгийг уншиж, үүргээ гүйцэтгэх үедээ Бурханы байгааг мэдрэхгүй. Заримдаа Бурханы үгийг уншлаа гээд чи гэгээрэхгүй, Бурханы үгийг уншсаны дараа илэрхий үр дүн гарахгүй. Бурханд итгэхдээ хийж байгаа юуг ч залбирахгүйгээр хийж болохгүй. Бурханд байнга залбирч, Бурхантай харилцах харилцаа чинь хэвийн болбол чи амь-оролттой болж, итгэл чинь улам хүчтэй болно. Удаан хугацаанд залбирахгүй бол чи итгэлээ алдана, тэгвэл чи яаж амь-оролтод хүрэх юм бэ? Жинхэнэ итгэлтэй хүмүүс залбирлаар дамжуулан Бурханы өмнө амьдарч, залбирлаар дамжуулан үнэнийг эрж хайснаар тэрхүү итгэлийг олж авдаг. Олон хүн залбирахдаа зүгээр л хэлбэрдээд, үнэнийг эрж хайдаггүй. Ямар нэгэн зүйл тохиолдож, өөр хийж чадах зүйл огт байхгүй үед л тэд Бурханы өмнө очиж залбирч, гуйдаг. Тэд хүссэнээ хийлгэж, өөрсдийгөө сэтгэл хангалуун болгуулах гэж үргэлж Бурханыг хүчилдэг. Энэ жинхэнэ залбирал мөн гэж үү? Ийм залбирлыг Бурхан сонсдог уу? Бурханы өмнө залбирч, эрж хайх нь Бурханыг албадан юу хүссэнээ хийлгэх явдал биш, энийг эсвэл тэрийг хий гэж Бурханаас шаардах явдал бүр ч биш. Эдгээр нь бүгд эрүүл ухаангүйн илрэл юм. Эрүүл ухаантай залбирал гэж юу вэ? Эрүүл ухаангүй залбирал гэж юу вэ? Чи хэсэг хугацааны дараа туршлагаасаа эдгээр зүйлийг мэддэг болно. Жишээ нь, залбирсныхаа дараа чи Ариун Сүнс залбирсан зүйлийг чинь хийхгүй, бас чиний залбирснаар чамайг залж чиглүүлэхгүй байгааг мэдэрч магадгүй. Тэгээд дараагийн удаа залбирахдаа чи өөрөөр залбирна. Өмнөх удаад оролдсон шигээ чи Бурханыг албадах юм уу өөрийн хүсэлд тулгуурлаж Түүнд хүсэлт тавихгүй. Чи: “Өө Бурхан минь! Бүх зүйл Таны хүслийн дагуу хийгдэх болтугай” гэж хэлнэ. Чи ийм хандлагад анхаарлаа төвлөрүүлж байгаа л бол хэсэг хугацаанд тэмтчиж явсныхаа дараа эрүүл ухаантай залбирал гэж юу болох, эрүүл ухаангүй залбирал гэж юу болохыг мэдэх болно. Түүнчлэн өөр нэг байдал байдаг нь чи өөрийнхөө хүслийн дагуу залбирах үед залбирал чинь үлбэгэр байгааг сүнсээрээ мэдэрч, удалгүй хэлэх юмгүй болдог. Юм хэлэхээр оролдох тусам яриа чинь улам болхи болдог. Ингэж залбирах үедээ чи махан биеийг бүрэн дагаж байгаа бөгөөд Ариун Сүнс тийм маягаар чам дээр ажиллаж, чамайг залж чиглүүлэхгүй гэдгийг энэ нь нотолдог. Энэ нь ч бас эрж хайж, туршлагажих явдал билээ. Ийм зүйлийг илүү их туулах тусам аажмаар ойлгож авна.

Залбирал нь үндсэндээ Бурхантай үнэнч шударгаар ярьж, зүрх сэтгэлдээ байгаа зүйлийг Түүнд хэлэх явдал юм. Чи: “Бурхан минь! Та хүний завхралыг мэддэг. Өнөөдөр би бас нэг эрүүл ухаангүй зүйл хийчихлээ. Би санаархал өвөрлөсөн—би бол ов мэхтэй хүн. Таны хүсэл юм уу үнэний дагуу би үйлдээгүй. Би хүссэнээрээ үйлдэж, өөрийгөө зөвтгөх гэж оролдсон. Одоо би завхралаа таньж байна. Намайг улам их гэгээрүүлэн, үнэнийг ойлгож, хэрэгжүүлж, эдгээр завхралаас ангижрах боломж олгооч гэж би Танаас гуйя” гэдэг. Ийм маягаар залбир; бодит зүйлийг бодитоор хэлж, ярь. Ихэнх хүн Бурханы өмнө залбирахаар очих үед ихэнх үг нь хоосон сургаалын үг байдаг. Тэр бол зүрх сэтгэлээс гарсан жинхэнэ залбирал биш. Тэд бага зэрэг мэдлэгтэй, зүрх сэтгэл нь гэмших хүсэлтэй гэж боддог ч үнэнийг тунгаан бодож, бүрэн ойлгоход ямар ч хүчин чармайлт гаргадаггүй. Энэ нь тэдний амийн ахиц дэвшилд нөлөөлдөг. Чи залбирахдаа Бурханы үгийг тунгаан бодож, үнэнийг эрж хайж, Ариун Сүнсний гэгээрлийг хүртэж чаддаг бол энэ талаар бодож, үүнийг ойлгохоос хавьгүй илүү үнэ цэнтэй; чи үнэн-зарчмыг ойлгож чадна. Ариун Сүнс ажиллах явцдаа хүмүүсийн сэтгэлийг хөдөлгөж, Бурханы үгээр хүмүүсийг гэгээрүүлж, гэрэлтүүлдэг, ингэснээр хүмүүс чин сэтгэлээсээ ойлгож, жинхэнээсээ гэмшдэг нь хүмүүсийн бодол, ойлголтоос хавьгүй гүн гүнзгий юм. Чи үүнийг нэгд нэггүй ойлгох ёстой. Хэрвээ чи ердөө л өнгөцхөн, эмх цэгцгүй бодож, шинжилж, дараа нь хэрэгжүүлэх тохиромжтой замгүй, үнэнд багахан ордог бол өөрчлөгдөж чадахгүй хэвээр үлдэнэ. Жишээ нь, чи чин сэтгэлээсээ Бурханы төлөө өөрийгөө зарлагадаж, Бурханы хайрыг чин сэтгэлээсээ хариулахаар шийдэх үе бий. Зүрх сэтгэлдээ ийм хүсэлтэй байлаа ч гэсэн чи нэг их эрч хүчтэйгээр өөрийгөө зарлагадахгүй, зүрх сэтгэлээ зорилгынхоо төлөө бүрэн дүүрэн зориулахгүй байж магадгүй. Гэхдээ хэрэв залбирч, сэтгэл чинь хөдлөөд шийдэмгийгээр “Бурхан минь, би зовлон бэрхшээл туулахыг хүсэж байна; Таны шалгалтыг хүлээн авахыг хүсэж байна; Таныг бүрэн дүүрэн дуулгавартай дагахыг хүсэж байна. Би хэчнээн их зовж зүдэрсэн ч гэсэн, Таны хайрыг хариулахыг хүсэж байна. Би Таны агуу хайрыг эдэлдэг, Та намайг өргөсөн. Үүний төлөө би зүрх сэтгэлийнхээ гүнээс Танд талархаж, бүх алдрыг Танд өгч байна” гэж хэлбэл, ингэж залбирсны дараа бүх бие чинь хүч орж, чи хэрэгжүүлэх замтай болно. Энэ бол залбирлын үр нөлөө юм. Хүнийг залбирсны дараа Ариун Сүнс түүн дээр ажиллахад бэлэн болж, түүнийг гэгээрүүлж, гэрэлтүүлж, залж чиглүүлэн, итгэл, эр зориг өгч, үнэнийг хэрэгжүүлэх боломж олгодог. Бурханы үгийг өдөр болгон уншаад ийм үр дүнд хүрдэггүй зарим хүн бий. Гэсэн хэдий ч тэд Бурханы үгийг уншсаныхаа дараа тэр талаар нөхөрлөх үед зүрх сэтгэл нь цэлмэж, замаа олдог. Түүнчлэн хэрвээ Ариун Сүнс сэтгэлийг чинь бага зэрэг хөдөлгөж, чамд багахан ачаа өгөхийн зэрэгцээ жаахан удирдамж өгдөг бол үр дүн нь үнэхээр маш өөр байх болно. Бурханы үгийг унших үед сэтгэл чинь бага зэрэг л хөдөлж магадгүй бөгөөд тэр үед чи уйлж магад. Хэсэгхэн хугацааны дараа тэр мэдрэмж үгүй болно. Харин чи нулимс унаган, үнэн сэтгэлээсээ, жинхэнээсээ, чин сэтгэлээсээ залбирч, Ариун Сүнс сэтгэлийг чинь хөдөлгөвөл олон өдөр баяр хөөртэй байх болно. Энэ нь залбирлын үр нөлөө юм. Залбирал нь Бурханы өмнө очиж, хүмүүст Бурханы өгөх зүйлийг хүлээн авах зорилготой. Хэрвээ чи байнга залбирч, үргэлж Бурханы өмнө очиж, Бурхантай нөхөрлөж, Бурхантай хэвийн харилцаатай байдаг бол Бурхан үргэлж сэтгэлийг чинь хөдөлгөнө. Хэрвээ чи үргэлж Бурханы хангалтыг хүлээн авч, үнэнийг хүлээн авдаг бол өөрчлөгдөж, нөхцөл байдал чинь сайжирсаар байх болно. Ялангуяа, ах эгч нар хамтдаа залбирсны дараа онцгой их энерги бий болж, асар их зүйлийг олж авсан мэт тэдэнд санагддаг. Үнэндээ, хамтдаа байх хугацаандаа тэд нэг их нөхөрлөөгүй байж болох ч гэр бүлээсээ, хорвоогоос татгалзахын тулд нэг хором ч хүлээж чадахааргүй болтол нь залбирал тэднийг сэрээдэг бөгөөд тэд юу ч хүсдэггүй, гагцхүү Бурхантай байхад л хангалттай байдаг. Ямар агуу итгэл вэ! Ариун Сүнсний ажлын хүмүүст өгдөг тэр хүчийг эцэс төгсгөлгүй эдэлж болно! Өөрт чинь Бурханы өгдөг хүч чадалд найдахын оронд гөжүүдэлж, тэсвэр хатуужилдаа найдаад чи хэр хол явж чадах вэ? Чи алхсаар байгаад хүч тамираа барна, дараа нь асуудал, бэрхшээлтэй тулгарах үед явах газаргүй байх болно. Замын төгсгөлд хүрэхээсээ өмнө чи унаж, доройтно. Бурханыг дагах замд бүтэлгүйтэж, унасан маш олон хүн бий; үнэнгүйгээр тэд босож чадахгүй. Тиймээс хүмүүс байнга Бурханд залбирч, Бурханд найдаж, Бурхантай харилцах хэвийн харилцаагаа эцсээ хүртэл хадгалах ёстой. Гэтэл хүмүүс алхах тусмаа Бурханаас холдож оддог. Бурхан бол Бурхан, хүн төрөлхтөн бол хүн төрөлхтөн. Дор бүрнээ тус тусын замаар явдаг. Бурхан Бурханы үгийг хэлдэг, хүн төрөлхтөн өөрсдийнхөө замаар алхдаг, энэ нь Бурханыхтай адилгүй. Хүн Бурханд итгэх хүч чадлаа алдах үедээ Бурханы өмнө очиж, залбирлын хэдэн үг хэлээд, багахан хүч зээлдэж авдаг. Тэд жаахан эрч хүчтэй болсныхоо дараа дахин нэгэнтээ яваад өгдөг. Хэсэг хугацааны дараа түлш нь дуусаж, дахиад л Бурхан руу эргэж ирдэг. Хүн ийм байдлаар үргэлжлүүлбэл тийм ч удаан тэсэж чадахгүй. Хүн Бурханыг орхин явбал түүнд урагшлах зам гэж байхгүй.

Олон хүний өөрийгөө хянах чадвар нь тун тааруу гэдгийг Би одоо олж мэдсэн. Шалтгаан нь юу вэ? Яагаад гэвэл, хүмүүс анхнаасаа үнэнийг ойлгодоггүй бөгөөд залбирдаггүй бол эх захгүй болох магадлал өндөртэй. Тэд бичиг үсэг, хоосон сургаал л ойлгодог, тэглээ гээд нэмэргүй, тэд өөрсдийгөө хазаарлаж огт чаддаггүй. Ийм байдалд зөвхөн залбирлаар дамжуулж Ариун Сүнснээс гэгээрэл, гэрэлтүүлэлт олж авч чадах бөгөөд зарим үнэнийг ойлгож байж л зарим талаар хазаарлагдаж, бага зэрэг хүний төрхтэй болж чадна. Бурханд итгэгчид байнга Бурханы үгийг уншиж, үнэнд ач холбогдол өгч, тогтмол залбирах ёстой. Тэгсэн цагт л хүмүүс сайжирч, өөрчлөгдөж, бага зэрэг хүний төрхийг амьдран харуулж чадна. Өөрийгөө мэдэх, хэвийн хүн чанарыг амьдран харуулах талаар л яриад байх нь зүгээр биш; Ариун Сүнсний ажил байхгүй бол үр дүн гарахгүй. Ариун Сүнс яг яаж ажиллаж, хүмүүсийн сэтгэлийг хөдөлгөдөг, хүмүүс өдөр тутмын амьдралдаа үнэнийг хэрхэн эрж хайж, хэрэгжүүлэх ёстойг орхигдуулбал Бурханд итгэж яаж чадах юм бэ? Ямар үүрэг гүйцэтгэж чадах юм бэ? Хүмүүс зүрх сэтгэлдээ зөвхөн Бурханы оршин тогтнолд итгэдэг бол, итгэл бишрэлээс нь зөвхөн Бурханыг хүлээн зөвшөөрөх сэтгэл л үлдсэн бол, Бурханы үг, үнэнийг хойш тавьдаг бол тэд амь-оролтгүй, Бурхан ч, үнэн ч зүрх сэтгэлд нь байдаггүй. Хүмүүсийн бодол, үзэл зөвхөн материаллаг ертөнцөөр дүүрэн байх болно. Бурханд иймэрхүү байдлаар итгэх нь шашны зан үйл болсон. Үнэнийг хайрладаггүй хүмүүс бурхангүй үзэл, материализмыг ч хүлээн авч чадах бөгөөд Бурхан оршин тогтнодог эсэхэд аажмаар эргэлзэж, сүнсний ертөнц, сүнслэг амийн хэрэг явдлыг үгүйсгэж магадгүй. Ингэх нь үнэн замаас бүрэн холдсон хэрэг бөгөөд тэд ёроолгүй нүхэнд уначихсан. Хүмүүс залбирахгүйгээр үнэнийг хэрэгжүүлэхийг хүсэх нь ердөө л субьектив хүсэл юм; тэд ердөө л дүрэм журам баримталж байх болно. Чи Дээрхийн зохицуулалтад нийцүүлэн үйлдэж, Бурханд халдахгүй байлаа ч гэсэн ердөө л дүрэм журмыг даган мөрдөж байгаа учраас үүргээ хэзээ ч сайн гүйцэтгэхгүй. Хүмүүсийн сүнс нь одоо бүгд хөшүүн, хойрго байгаа. Бурхантай харилцах хүмүүсийн харилцаанд Сүнс сэтгэлийг нь хөдөлгөж, гэгээрүүлэх гэх мэт олон нарийн учир байдаг ч хүмүүс тэрийг мэдэрч чадахгүй—хэтэрхий хөшүүн байна! Хүмүүс Бурханы үгийг уншиж, залбирдаггүй, сүнслэг амийн хэрэг явдлыг хэзээ ч туулж мэдрээгүй, өөрийн байдлыг хянаж чаддаггүй бол Бурханы өмнө амьдарч байгааг нь баталгаажуулах ямар ч аргагүй. Бурханы өмнө амьдрахыг хүсдэг бол залбирахгүй байхыг зөвшөөрөхийн аргагүй, Бурханы үгийг уншихгүй байх нь бүр ч зөвшөөрөгдөхгүй. Чуулганы амьдралаар амьдрахгүй байхыг ч бас зөвшөөрөх аргагүй. Хүн Бурханы үгээс холдсон бол Бурханд итгэхээ болино, залбирлаас холдох нь Бурханаас холдож байгаа хэрэг. Бурханд итгэхийн тулд залбирах ёстой. Залбирал байхгүй бол Бурханд итгэж байгаа шинж байхгүй. Та нар дүрэм журмыг баримтлах шаардлагагүй, хэзээ ч, хаана ч залбирч болно гэж Намайг хэлсэн болохоор хааяахан залбирдаг зарим хүн бий. Тэд өглөө сэрээд залбирдаггүй, харин оронд нь Бурханы үгийн хэдэн хэсгийг уншсан болж, магтан дуу сонсдог. Өдөр нь тэд гадна талын хэрэг явдлаар өөрсдийгөө завгүй байлгаж, орой унтахаар хэвтэхээсээ өмнө залбирдаггүй. Ердөө Бурханы үгийг л уншаад, залбирдаггүй бол Бурханы үгийг уншаад ойлгодоггүй шүтлэггүй хүнтэй адил гэдэг нь үнэн гэж та нарт санагдахгүй байна уу? Хүмүүс залбирахгүй бол зүрх сэтгэл нь Бурханы үгэнд орж чадахгүй, уншаад гэгээрэхгүй. Сүнсний нарийн мэдрэмж ч байхгүй, сэтгэл нь ч хөдлөхгүй. Тэд хөшүүн, хойрго байдаг; чуулганы ажил, үүргээ гүйцэтгэх талаар л өнгөцхөн нөхөрлөдөг. Ямар нэгэн зүйл тохиолдох үед зүрх сэтгэлийнхээ гүнд байгаа мэдрэмжийг ухан ойлгож чаддаггүй. Энэ нь Бурхантай харилцах хэвийн харилцаанд нь нөлөөлөхгүй гэж үү? Зүрх сэтгэлд нь Бурханыг гэх орон зай хэдийнээ байхгүй, залбиръя гээд үг гардаггүй, Бурханыг мэдэрч чаддаггүй. Энэ нь аль хэдийн маш аюултай. Энэ нь тэд Бурханаас хэтэрхий холдож төөрсөн гэсэн үг. Үнэндээ залбирахын тулд сүнс рүүгээ буцлаа гээд гадна талын ажил хэрэгт саад болохгүй; аливаа юмыг огт саатуулахгүй. Харин асуудал гараад, шийдвэрлэгдэхгүй бол саатна. Бурханд залбирах нь асуудлыг шийдвэрлэж, хүмүүст Бурханы өмнө амьдарч, Бурханы үгийг эдлэх боломжийг олгох зорилготой. Ингэх нь хүмүүсийн үүргийн гүйцэтгэл болон амь-оролтод илүү ашиг тустай юм.

1998 он

Өмнөх: Хүний биеэ тоосон уг чанар бол Бурханыг эсэргүүцдэгийнх нь уг үндэс юм

Дараах: Петрийн замаар хэрхэн алхах вэ

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Messenger дээр бидэнтэй холбоо барих