Үүрэг бол ерөөлөөр наймаацдаг зүйл биш

2022-12-04

Шяо Чэнь, Хятад

Би багаасаа л өвдөмтгий байсан, 11 настайдаа апластик цус багадалттай гэж оношлогдсон учраас дархлаа маш муутай, бие султай, үе мөч муутай, хэдэн алхам алхахдаа ч ядардаг, өвчин минь хүндэрвэл үндсэндээ хэвтэрт ордог байлаа. Эмч надад, өвчин чинь хүндэрвэл дархлаа муутай учраас халдвар аваад, өндөр халуурахад хүрнэ, гэмтэл авбал цус алдаад тогтохгүй, амь насанд чинь аюул учирч болзошгүй гэж хэлсэн. Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүд дэх ажлыг хүлээж авснаас хойш бие минь сайжирч, бас чуулганд үүрэг гүйцэтгэж, олон жил өнгөрөхөд өвчний минь ямар ч шинж тэмдэг илрээгүй. Энэ бол Бурханы ерөөл гэдгийг би харж, Бурханд маш их талархаж байлаа.

Хожим нь би Бурханы гэрийн видео бүтээх ажил хийж эхэлсэн юм. Эдгээр кино, видео нь Бурханы ажлыг яаж гэрчилж байгааг бодоод, энэ ажлыг хийх нь тун утга учиртай санагдаж байлаа. Үүний зэрэгцээ, Бурханы төлөө зарлагадахаар шаргуу ажиллаж, Бурханыг гэрчилсэн сайн видео хийвэл энэ чухал сайн үйлд хувь нэмрээ оруулж, ингэснээр Бурханы хамгаалалт, ерөөлийг хүртээд зогсохгүй, Бурханаар авруулж, агуу гамшгаас амьд үлдэх нь гарцаагүй гэж бодогдсон. Ингэж бодоод мэргэжлийн ур чадвар, зарчим дээр улам шаргуу ажиллаж, Бурханыг гэрчилсэн бүтээл улам ихийг бүтээхээр чармайсан. Дууссан видео гарч, өөрийнхөө хийж тусалсан хэсгийг харах болгонд зүрх сэтгэл минь баяр хөөрөөр дүүрч, үүргээ гүйцэтгэх урам зориг улам их төрдөг байлаа. Илүү сайн үр дүнд хүрэхийн тулд идэвх санаачилгатайгаар мэдээлэл хайж олж, холбогдох ур чадварт суралцаж, ах эгч нартайгаа аливааг ярилцаж, заримдаа яриа маань үүрийн гурван цаг хүртэл үргэлжилж, би бүр сульдаж, ингэж унтахгүй оройтох нь биед минь арай л хэцүү байсан ч нөгөө талаар, миний бие нэлээд хэдэн жил асуудалгүй байсан, үүргээ сайн гүйцэтгэхийн тулд л оройтож унтаж байгаа, үүрэгтээ бас бага зэрэг бүтээмжтэй байсан учраас Бурхан намайг хамгаална гэдэгт итгэлтэй байв. Үүргээ гүйцэтгэж, илүү ихийг хийж, хувь нэмэр оруулж байгаа цагт аврагдана гэж ихэд найдаж байлаа. Одоо илүү их зовж байгаа ч гэсэн ингэхэд алдахгүй.

Нэг өдөр зааварлагч маань надад “Ах аа, биеийн байдал чинь сайнгүй байгааг бид ойлгож байна. Одоо ажлын ачаалал ихтэй байгаа болохоор үргэлжлүүлбэл өвчин чинь дахиж магадгүй гэж бид санаа зовж байна. Та эмнэлэг явж үзүүлбэл яасан юм бэ? Бүх зүйл хэвийн байвал энд үүргээ үргэлжлүүлэн гүйцэтгэж болно. Эрүүл мэндийн байдал чинь сайнгүй байвал та гэртээ харьж тэнхрээд, эмчилгээ хийлгэх зуураа хийж чадах зүйлээ хийж болно шүү дээ” гэсэн. Гэвч тухайн үед би захирагдаж, зүрх сэтгэлээ тайвшруулж чадаагүй. Би “Энэ бол үүрэгт маань шийдвэрлэх чухал үе, ах эгч нар маань сайн үйл хуримтлуулахаар үүргээ идэвхтэй гүйцэтгэж байгаа. Энэ үед биед минь асуудал гарвал энэ чухал үүрэгт би сайн үйл хуримтлуулж чадахгүй болж, сайн бүтээл авч, сайн үр дүн гаргахгүй. Бурханы ажил дуусах үед Бурханд би юу өргөх юм бэ? Эцэст нь Бурхан намайг таягдан хаяж, би гамшигт унах биш үү?” гэж бодсон. Сүүлийн хэдэн жил хэдэн бүтээл гаргасан болохоор өвчний улмаас тэнхрэх гэж гэртээ харьж, энэ үүргийг үргэлжлүүлэн гүйцэтгэж чадахгүй бол сүүлийн хэдэн жилийн хугацаанд төлсөн төлөөсөө алдах биш үү гэж бас бодогдсон. Миний харснаар, хамтрагч ах нар маань эрүүл чийрэг, тийм санаа зовох юмгүй, амар тайван үүргээ гүйцэтгэж чадаж байхад би бүх зүйлээ алдах гэж байлаа. Бодох тусам улам сөрөг болж, ирээдүй минь баргар санагдаж, үүрэгтээ сонирхолгүй болсон. Дараа нь би Бурханд залбирч, “Бурхан минь, би үнэхээр гунигтай, сөрөг байна, надад олон гомдол, буруу ойлголт байна. Би өөрөө энэ байдлаас гарч чадахгүй нь. Намайг гэгээрүүлээч, тэгвэл би Таны хүслийг, завхарсан зан чанараа ойлгож, Таны зохион байгуулалт, зохицуулалтад захирагдана” гэсэн.

Дараа нь би Бурханы энэ үгийг уншсан юм. “Өнөө үед ихэнх хүн: ‘Би ерөөл хүртэхийн тулд Бурханы төлөө өөрийгөө зарлагадаж, төлөөс төлөх ёстой. Ерөөл хүртэхийн тулд Бурханы төлөө бүхнээ орхих ёстой; Бурханы даалгасан зүйлийг гүйцэлдүүлж, үүргээ сайн биелүүлэх ёстой’ гэсэн байдалтай байна. Үүнд ерөөл хүртэх санаархал зонхилдог бөгөөд энэ нь гагцхүү Бурханаас шагнал олж авч, титэм хүртэх зорилгоор өөрийгөө зарлагадаж буйн нэг жишээ юм. Ийм хүмүүсийн зүрх сэтгэлд үнэн байдаггүй бөгөөд хаа сайгүй гайхуулдаг хоосон сургаалын үгээс л тэдний ойлголт бүрддэг нь лавтай. Тэдний зам бол Паулын зам юм. Ийм хүмүүсийн итгэл нь байнга хөдөлмөрлөх үйл бөгөөд ихийг хийх тусам Бурханд үнэнчээ төдий чинээ нотолно; бас ихийг хийх тусам нь Бурхан гарцаагүй сэтгэл ханамжтай байна; ихийг хийх тусмаа Бурханы өмнө титэм хүртэх эрхтэй байж, олж авах ерөөл нь төдий чинээ их байна гэж зүрх сэтгэлдээ боддог. Христийн төлөө зовлон туулж, номлож, үхэх юм бол, мөн өөрсдийн амийг золиосолж, Бурханы даалгасан бүх үүргийг гүйцэтгэж чадах юм бол хамгийн агуу ерөөлийг хүртэх хүмүүс болж, гарцаагүй титэм хүртэнэ гэж тэд боддог. Энэ бол яг Паулын төсөөлж, эрж хайж байсан зүйл юм; энэ бол түүний алхсан яг тэр зам бөгөөд тэрээр ийм л бодолд хөтлөгдөж, Бурханд үйлчлэхээр ажилласан. Ийм бодол, санаа зорилго сатанлаг уг чанараас төрөн гардаг бус уу? Газар дэлхий дээр байхдаа мэдлэгээр хөөцөлдөх ёстой, үүнийг олж авсны дараа л олноос онцгойрч, албан тушаалтан болж, байр суурьтай болж чадна гэж итгэдэг хорвоогийн хүмүүсийн адилаар тэд байр суурьтай болмогцоо санаархлаа гүйцэлдүүлж, гэр орон, бизнесээ тодорхой түвшний хөгжил цэцэглэлтэд хүргэж чадна гэж боддог. Бүх үл итгэгч энэ замаар алхдаг бус уу? Ийм сатанлаг уг чанарт захирагддаг хүмүүс итгэлдээ Паул шиг л байж чадна. ‘Би Бурханы төлөө өөрийгөө зарлагдахын тулд бүхнийг хаях ёстой; би Түүний өмнө үнэнч байх ёстой бөгөөд эцэст нь агуу ерөөл, агуу титмийг хүртэнэ’ гэж тэд боддог. Энэ нь хорвоогийн хүмүүс дэлхий ертөнцийн зүйлсийг эрэлхийлдэгтэй адилхан; тэд ямар ч ялгаагүй бөгөөдадилхан уг чанарт захирагддаг. Хүмүүс иймэрхүү сатанлаг уг чанартай байх үедээ дэлхий ертөнцөөс мэдлэг, эрдэм, байр суурь олж авч, олноос онцгойрохоор эрэлхийлнэ; тэд Бурханд итгэдэг бол агуу титэм болон агуу ерөөл хүртэхээр эрэлхийлнэ. Хэрэв хүмүүс Бурханд итгэхдээ үнэнийг эрэлхийлдэггүй бол энэ замаар явах нь лавтай; энэ бол хэний ч өөрчилж чадахгүй баримт, байгалийн хууль. Үнэнийг эрэлхийлдэггүй хүмүүсийн явдаг зам Петрийнхээс эрс эсрэг байдаг(Эцсийн өдрүүдийн Христийн яриа номын “Петрийн замаар хэрхэн алхах вэ”). Бурханы үг миний байдлыг яг таг илчилсэн. Би чанартай видео хийхийн тулд үүргээ гүйцэтгэхдээ бэрхшээлийг тэсвэрлэж, төлөөс төлж, ингэснээр хаанчлалын сайн мэдээ түгээх ажилд хувь нэмрээ оруулж чадсанаараа гарцаагүй Бурханаар магтуулж, ерөөгдөн, эцэст нь Бурханаар шагнуулж, аврагдана гэж бодсон. Энэ зорилгод хүрэхийн тулд хэчнээн их зовж байгаа талаараа гомдоллохгүйгээр шөнөжин унтахгүй байсан ч биеийн шалтгааны улмаас үргэлжлүүлэн ажиллаж чадахгүй байж магадгүй болох үед ерөөгдөх хүсэл минь нуран унаж, үүргээ гүйцэтгэх хүсэлгүй болж, юу ч зарлагадахыг хүсээгүй. Би Бурханд итгэхдээ үргэлж наймаацахыг оролдож байснаа, чухал үүрэгт ашиглагдаж, бүтээл бүтээхийг Бурханаас нигүүлсэл, ерөөл гуйх арга хэрэгсэл болгож эрэлхийлж байснаа олж харсан. Би зовж, зарлагадахад бэлэн гэж үргэлж хэлдэг байсан ч энэ нь зөвхөн ерөөл олж авахын төлөө байж. Бурханыг мэхэлж, Бурханыг ашиглаж байж. Санаа зорилго минь жигшүүртэй байжээ! Энэ талаар бодоод би энэ орчин нөхцөлийг цаашид эсэргүүцэж болохгүй, харин захирагдаж, үнэнийг эрж хайж, Бурханд итгэх итгэлийнхээ өө сэв, завхарсан зан чанарыг шийдвэрлэх ёстойгоо ухаарсан.

Дараа нь би үзлэг хийлгэхээр эмнэлэг явсан. Цусны янз бүрийн үзүүлэлт хэвийн хүмүүсийнхээс доогуур, ялтсан эсийн тоо хэвийн хэмжээнээс хавьгүй доогуур байсан. Эмч намайг биеэ зохих ёсоор арчлахгүй бол маш амархан цус алдаж болзошгүй гэсэн. Зааварлагч, ах эгч нар маань намайг хэсэг хугацаанд гэртээ байж, эдгэснийхээ дараа үүргээ үргэлжлүүлэхийг зөвлөсөн. Дараа нь би эмчилгээгээ дуусгахаар гэртээ харьж, үе үе хянуулахаар явдаг байлаа. Хэдэн сар өнгөрсөн ч эрүүл мэнд минь дээрдэхгүй байсан учраас бага зэрэг сэтгэл түгшиж, эм авахаар Хятадын уламжлалт эмчилгээний ахмад эмч дээр очсон. Ахмад эмч, “Эдгэх явц чинь удаан байх болно. Чи хүнд өвдсөн болохоор сайжрахад урт хугацаа шаардана” гэсэн. Эмчийн хэлэхийг сонсоод сэтгэл их гонсойсон. Гэртээ хариад тэнхэрснийхээ дараа бие минь сайжирмагц видеоны ажилдаа буцаж орж чадна гэж би бодож байсан. Гэтэл бараг нэг жил эмчилгээ хийлгэж байна. Яагаад сайжрахгүй байна вэ? Тэр жил Бурханы гэр олон кино, видео бүтээсэн ч бие махбодын шалтгаанаас болоод эдгээр видеог бүтээхэд би оролцож чадаагүй. Би цаашид энэ үүргийг гүйцэтгэж чадахгүй байх вий гэж айж байлаа. Хангалттай сайн үйл байхгүй бол Бурханы ажил дуусах үед би аврагдаж чадах болов уу? Бодох тусам улам л сөрөг болж, гэртээ харих замдаа навчис салхинд хийсэж байгааг хараад тэр унаж байгаа навчис шиг, надад найдвар байхгүй юм шиг санагдаж, туйлын арчаагүй, эзгүйрсэн мэдрэмж төрж, өөрийн эрхгүй гомдоллож байлаа. Бусад ах эгч маань эрүүл чийрэг байхад би яагаад ийм өвчин тусав аа? Хэрвээ би үүргээ аргацааж, саад учруулж, үймүүлж, эсвэл үр дүнгүй болж, тэрнээсээ болоод үүргээ гүйцэтгэж чадахгүй бол гэмшиж, өөрчлөгдсөнөөр нөхцөл байдлыг өөрчилж чадна. Гэхдээ бие муутай байх нь төрөлхийн эмгэг, би шаргуу ажиллаад өөрчилж чадах зүйл биш. Ингэж бодохоор Бурханд хаягдсан юм шиг санагдаж, маш их гомдож, гаслантай санагдсан. Би гэртээ хариад хий нь гарсан бөмбөг шиг болж, юу ч сэтгэлийг минь засаж чадаагүй. Би “Миний өвчин яг ийм. Юу ч үүнийг өөрчилж чадахгүй. Чухал ажилд оролцож чадахгүй юм бол аврагдах ямар найдвар байх юм бэ?” гэж бодоод өөрийгөө бүрмөсөн зөнд нь хаяж эхэлсэн. Өдөр бүр гаднын кино, телевиз үзэж, хүмүүстэй онлайнаар чаталж цагийг өнгөрөөж байлаа. Бурханаас улам холдож, сүнс минь улам бараан, хоосон болсон. Нэг өдөр гэнэтхэн “Миний байдал шүтлэггүй хүнтэй адилхан байгаа юм биш үү? Энэ яаж Бурханд итгэгчтэй адил байх билээ? Би бол шүтлэггүй хүнээс өөрцгүй! Хэрвээ би ингэж доройтсоор байвал улам л доройтож, эцэст нь Бурхан намайг таягдан хаяна” гэдгийг ухаарсан. Ингэж бодоод бага зэрэг айх сэтгэл төрж, цаашид ингээд байж болохгүй гэдгээ мэдсэн. Асуудлаа шийдвэрлэхийн тулд би өөрийгөө эргэцүүлж, үнэнийг эрж хайх ёстой байлаа.

Дараа нь Бурханы үгийн нэг хэсгийг уншсан юм. “Хүмүүс үнэнийг хүлээн авахгүй байхаас илүү тэрслүү зүйл гэж үгүй. Тэдний хувьд үүнээс илүү аюултай зүйл гэж үгүй. Хэрэв энэ хүмүүс үнэнийг хүлээн авч чадахгүй хэвээр байгаа бол үл итгэгчид бөгөөд ерөөгдөх найдвар нь нуран унамагц ийм хүмүүс Бурханаас холдон одно. Үүний шалтгаан юу вэ? (Тэдний эрэлхийлж буй зүйл бол ерөөгдөж, Бурханы нигүүлслийг эдлэх явдал юм.) Тэд Бурханд итгэдэг ч үнэнийг эрэлхийлдэггүй; тэдний хувьд аврал бол зүгээр л нэг гоёл чимэглэл, сайхан сонсогдох үг төдийхөн юм. Тэдний зүрх сэтгэлдээ эрэлхийлдэг зүйл бол шагнуулж, титэм зүүж, ашиг тус хүртэх явдал, тэд энэ амьдралдаа зуу дахин ихийг, ирэх амьдралдаа мөнх амийг авахыг хүсдэг бөгөөд хэрэв эдгээр зүйлийг авахгүй бол итгэхээ больж, үнэн нүүр царай нь ил болж, Бурханаас холдон оддог. Тэдний зүрх сэтгэлдээ итгэдэг зүйл нь Бурханы ажил ч биш, Бурханы илэрхийлсэн үнэн ч биш. Тэдний эрэлхийлдэг зүйл аврал биш, Бурханы бүтээлийн үүргийг биелүүлэх явдал бүр ч биш; харин тэд Паулаас ямар ч ялгаагүй юм: Агуу ерөөлийг хүртэж, агуу эрх мэдэл эзэмшиж, агуу титэм зүүж, Бурхантай эн тэнцүү байхыг хүсдэг—энэ бол тэдний амбиц, хүсэл юм. Иймээс Бурханы гэрээс тодорхой ашиг тус, давуу тал олж авах боломж гармагц антихристүүд тэдгээрийн төлөө тэмцэж, ‘эрэмбэ зэрэг’-ийн тухай ярьж эхэлдэг. Дотроо ‘Би үүнийг авах эрхтэй, би өөрийн хувийг авах хэрэгтэй, би үүний төлөө тэмцэх ёстой’ гэж боддог. Ингэж бодохоор тэдний санаа амардаг. Тэд өөрсдийгөө Бурханы гэрийн дээд зиндаанд эрэмбэлдэг тул ийм ашиг тусыг өөрсдөд нь өгөх ёстой гэж үздэг… Тэдний зүрх сэтгэл өөрсдийнхөө эрэлхийлдэг эдгээр зүйлд хэдийн эзэмдүүлсэн гэдэг нь тодорхой бөгөөд тэдний байнга эрэлхийлдэг зүйл үнэнтэй хэрхэвч нийцэхгүй нь бас тодорхой юм. Хэчнээн их ажил хийсэн ч зорилго, сэдэл нь яг Паулынх шиг байдаг: Тэд титэм хүлээн авахыг хүсдэг бөгөөд зорилго, сэдлээ тас зуураад, хэзээ ч орхидоггүй. Үнэнийг яаж ч нөхөрлөсөн, яаж ч харьцалт, засалт хийсэн, яаж ч илчилж, задлан шинжилсэн тэд ерөөгдөх сэдлээ орхихоос эрс татгалзана. Мөн Бурханы сайшаалыг хүртээгүй үедээ, ерөөгдөх найдвар нь нуран унаж байгааг харах үедээ тэд сөрөг болж, ухарч, үүргээ орхиж, зугтаж эхэлдэг. Тэд хаанчлалын сайн мэдээг түгээхдээ үүргээ чин сэтгэлээсээ биелүүлдэггүй, сайн үйлчлэл ч үзүүлээгүй нь тэд бол Бурханд үнэн голоосоо итгэдэггүй, жинхэнээсээ дуулгавартай байдаггүй, бодит туршлага юм уу гэрчлэлгүй, хонины арьс нөмөрсөн чононоос өөрцгүй гэдгийг нь бүрэн харуулдаг; эцэст нь дээд зэргийн үл итгэгч ийнхүү бүрмөсөн илчлэгдэж, таягдан хаягдаж, Бурханд итгэх итгэл нь эцэстээ төгсгөл болдог билээ(Антихристүүдийг илчлэх нь номын “Тэд өөрсдөө ялгарч, хувийн ашиг сонирхол, амбицаа хангахын тулд л үүргээ биелүүлдэг; тэд Бурханы гэрийн ашиг сонирхлыг хэзээ ч бодолцон үздэггүй, харин ч бүр хувийн алдрын хариуд тэдгээр ашиг сонирхлоос урвадаг (Тавдугаар хэсэг)”). Бурханы үг миний доторх жигшүүрт санаа бодлыг бүрэн илчилсэн. Хэдийгээр би тэнхрэхээр гэртээ харихыг зөвшөөрсөн ч зүрх сэтгэлдээ, хурдан эдгэж, үргэлжлүүлэн видео хийнэ гэж найдсаар байсан. Ахин дахин эмчилгээ хийлгэсний дараа хүссэн үр дүндээ хүрэхгүй байх үед чухал үүрэг гүйцэтгэх найдваргүй болсон санагдаж, ерөөл олж авах хүсэл минь сүйрч, Бурханд итгэх сэдэлгүй болсон. Би гашуудаж, тэнцвэрээ алдаж, Бурхан надад шударга бус хандаж байна гэж бодсон учраас өөрийгөө зөнд нь хаяж эхэлсэн. Бурханы үгийг уншиж, Бурханд залбирахыг хүсэхээ больж, бүр дэлхий ертөнцийн чиг хандлагаар хөөцөлдөж сэтгэл дундуур байдлаа Бурханд гаргасан. Зөвхөн ерөөл хүртэхийн тулд л Бурханд итгэж, үүргээ гүйцэтгэж, ерөөл хүртэж чадахгүй болмогц Бурханд дайсагнаж, Сатаны ёрын муу зан чанарыг л харуулж, ямар ч мөс чанар, эрүүл ухаангүй байжээ. Өмнө нь зарлагдаж байсан бүхэн минь хуурамч, Бурханыг мэхлэхийн тулд байсныг энэ нь нотолсон. Бурханд итгэсэн энэ бүх хугацаанд Бурхан намайг маш их үнэнээр хангаж, маш их нигүүлсэл өгсөн. Бурханы хамгаалалт байгаагүй бол аль эрт үхэх байсан ч Бурханд талархаж, ачийг нь хариулаагүй төдийгүй, Бурхан надад сайн бие өгөөгүй шударга бус хандсан гэж гомдоллосон. Би огт бодлогогүй, ямар ч хүн чанаргүй байж!

Ингэж бодоод би харамсаж, өөрийгөө үзэн ядах сэтгэл төрлөө. Ерөөл хүртэх сэдлээ үнэхээр шийдвэрлэж, Бурханд дуулгаваргүй байхаа болихыг хүссэн учраас эрж хайхаар Бурханд залбираад. Бурханы үгийн энэ хэсгийг уншсан юм. “Ерөөгдөх нь хүмүүсийн эрэлхийлэх зүй ёсны зорилго биш юм бол зүй ёсны зорилго нь юу вэ? Үнэнийг эрэлхийлэх, зан чанараа өөрчлөхийг эрэлхийлэх, Бурханы бүх зохион байгуулалт, зохицуулалтыг дуулгавартай дагаж чаддаг байх: эдгээр нь хүмүүсийн эрэлхийлэх ёстой зорилго юм. Жишээлбэл, засалт, харьцалт туулаад чи үзэл, буруу ойлголттой болж, дуулгавартай байж чаддаггүй гэе. Чи яагаад дуулгавартай байж чадахгүй байна вэ? Учир нь, хүрэх газар юм уу ерөөгдөх мөрөөдөл чинь сорилттой тулгарсан юм шиг чамд санагддаг. Чи сөрөг болж, гонсойж, үүргээ биелүүлэхээс зайлсхийхийг хичээдэг. Үүний шалтгаан юу вэ? Чиний эрэл хайгуулд асуудал байна. Тэгвэл үүнийг яаж шийдэх ёстой вэ? Чи эдгээр буруу санаагаа даруй орхиж, завхарсан зан чанарынхаа асуудлыг шийдэхийн тулд үнэнийг даруйхан эрж хайх шаардлагатай. Чи өөртөө ‘Би бууж өгөх ёсгүй, Бурханы бүтээлийн хийх учиртай үүргийг одоо ч биелүүлж, ерөөгдөх хүслээ хойш тавих ёстой’ гэж хэлэх хэрэгтэй. Чи ерөөгдөх хүслээ орхивол мөрөн дээрх ачаа чинь хөнгөрнө. Тэгсэн ч чи сөрөг байх боломжтой юу? Хэдийгээр чи заримдаа сөрөг байсан ч үүнд захирагдахгүй бөгөөд зүрх сэтгэлдээ үргэлжлүүлэн залбирч, тэмцэн, ерөөгдөх, хүрэх газартай болох эрэл хайгуулын зорилгоо үнэнийг эрж хайх зорилго болгон өөрчилж, дотроо ‘Үнэнийг эрэлхийлэх нь Бурханы бүтээлийн үүрэг мөн. Өнөөдөр зарим үнэнийг ойлгохоос илүү ургац гэж үгүй, энэ нь хамгийн агуу ерөөл юм. Бурхан намайг хүсэхгүй, надад сайхан хүрэх газар байхгүй, ерөөгдөх найдвар минь тасарсан байлаа ч гэсэн би үүргээ зохих ёсоор биелүүлнэ, би ингэх үүрэгтэй. Ямар ч шалтгаан үүргээ биелүүлэхэд минь нөлөөлөхгүй, Бурханы даалгаврыг гүйцэтгэхэд минь нөлөөлөхгүй; энэ бол миний биеэ авч явах зарчим юм’ гэж бодно. Энэ нь махан биеийн хүлээсээс ангижирсан хэрэг биш үү?(Эцсийн өдрүүдийн Христийн яриа номын “Үнэний эрэл хайгуулд л амийн оролт бий”). Тухайн үед Бурханы үгийг уншаад ерөөл хүртэх хүсэл минь бүтэлгүйтэх үед би яагаад гомдоллож, сөрөг болж, өөрийгөө хянах хяналтаа алдсанаа ойлгосон. Асуудлын үндэс нь эрэл хайгуулын талаарх буруу үзэл бодол минь байж. Эрэлхийлж байсан зүйл минь ерөөл, сайн хүрэх газар байсан учраас би ирээдүй, хувь заяандаа үргэлж хүлэгдэж, ерөөл хүртэх хүсэл минь бүтэлгүйтэх мөчид дэндүү идэвхгүй болсон. Ерөөл хүртэх хүсэл минь ерөөсөө л дэндүү хүчтэй байж. Би бол бүтээгдсэн зүйл. Ерөөл хүртэж, сайн хүрэх газартай болсон ч бай үгүй ч бай, үүргээ цаг үргэлж гүйцэтгэх ёстой. Ерөөл хүртэхгүй байсан ч гэсэн, хариуцлага, үүргээ биелүүлбэл, ядаж л би огт харамсахгүй. Ингэж бодоод зүрх сэтгэл минь цэлмэсэн. Би Бурханы үгэнд заасан замаар хэрэгжүүлж, ерөөл хүртэх хүслээ орхиж, эрэл хайгуулын талаарх буруу үзэл бодлоо өөрчилж, үүргээ чадах чинээгээрээ гүйцэтгэх ёстой байлаа. Бас нэг л өдөр өвчин минь дордлоо ч гэсэн би Бурханыг буруутгаж болохгүй. Бүтээгдсэн зүйл ийм эрүүл ухаантай байх ёстой. Өөр үүрэг гүйцэтгэж чадахгүй бол гэртээ нийтлэл бичих дадлага хийж, өөрийн туршлага, мэдлэгийг бичиж, цуглаан дээр ах эгч нартайгаа хуваалцаж болно гэдгээ ухаарсан. Ингэснээрээ би бас Бурханыг гэрчилж, үүргээ гүйцэтгэж байна. Ингэж хэрэгжүүлсний дараа би маш их тайвширч, хувь заяа, ирээдүйдээ тэгж их хязгаарлагдахаа больсон.

Нэг жилийн дараа эм авахаар эмнэлэгт очиход эмч: “Өвчин чинь эдгэжээ. Дахиж эм уух хэрэггүй. Зүгээр л биеэ илүү сайн анхаарах хэрэгтэй, битгий өөрийгөө ядраагаарай” гэсэн. Эмчийн тэгж хэлэхийг сонсоод би маш их баярлаж, Бурханд талархахаа больж чадахгүй байлаа. Намайг өөрчилж, ариусгахын тулд Бурхан намайг туулж мэдрэг гэж маш олон хүн, юмыг зохицуулжээ. Ингэж бодоод Бурханы авралыг хүртэхэд бүр ч зохисгүй санагдсан. Дараа нь би Бурханы үгийн өөр нэг хэсгийг уншсан юм. “Би хүний нас, зэрэг зиндаанд үндэслэж бус, туулсан зовлон шаналлын хэмжээ, ялангуяа өрөвдүүлж буй түвшинд нь үндэслэж бус, харин үнэнийг эзэмшдэг эсэхийнх нь дагуу хүн бүрийн хүрэх газрыг тодорхойлдог. Үүнээс өөр сонголт гэж үгүй(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Хүрэх газрынхаа төлөө хангалттай сайн үйл бэлд). Яг тийм. Бурхан үнэнтэй эсэхэд нь үндэслэж хүмүүсийн үр дүнг тодорхойлдог, эцэстээ үнэнийг олж авдаггүй хүмүүс аврагдаж чадахгүй. Хэрвээ би үнэнийг юм уу зан чанарын өөрчлөлтийг эрэлхийлэхгүй бол хэчнээн их зарлагадаж, хувь нэмрээ орууллаа гээд эцэст нь завхарсан зан чанар минь ариусахгүй бол аврагдаж чадахгүй. Ийм байсан ч гэсэн би шаргуу ажилласнаар Бурханыг хуурч ерөөл хүртэхийг хүссээр байлаа. Тэгэх нь утгагүй хэрэг бус уу? Энэ бол миний хий хоосон мөрөөдлөөс цаашгүй. Энэ удаад гаднаа бол би өвчнөөс болоод үүргээ гүйцэтгэх боломжоо алдсан юм шиг байсан ч өвчнөөр минь дамжуулан миний буруу үзэл бодол, завхарсан зан чанар илчлэгдэж, надад юмыг цаг тухайд нь өөрчилж, үнэнийг эрэлхийлэхэд анхаарч эхлэх боломж олгосон. Энэ бол намайг хамгаалах Бурханы агуу хамгаалалт байжээ. Ингэж бодоод би асар их гэмшиж, өртэй санагдсан учраас Бурханы өмнө өвдөг сөгдөн, “Бурхан минь! Би эрэл хайгуулын талаарх эндүү ташаа үзэл бодлоо өөрчлөхийг хүсэж байна. Цаашид ерөөл, шагнал эрэлхийлэхийг хүсэхгүй байна. Ирээдүйд ямар үүрэг гүйцэтгэх нь хамаагүй, би үнэнийг, зан чанарын өөрчлөлтийг эрэлхийлж, Таныг сэтгэл хангалуун байлгахын тулд үүргээ гүйцэтгэхийг хүсэж байна” гэж залбирсан.

Дараа нь би Бурханы зарим үгийг уншиж, үүрэгтээ хэрхэн хандах тухайд сэтгэл бага зэрэг цэлмэсэн. Бурханы үгэнд ингэж хэлсэн байдаг: “Үүргээ хангалттай биелүүлэхэд Бурханд хэдэн жил итгэсэн, үүрэгтээ хэр ихийг хийсэн, Бурханы гэрт хэр их хувь нэмэр оруулсан чинь хамаагүй, үүрэгтээ хэр их туршлагатай чинь бүр ч хамаагүй. Бурханы хардаг үндсэн зүйл бол хүний явдаг зам юм. Өөрөөр хэлбэл, Бурхан хүний үнэнд хандах хандлага болонхүний үйлдлийн зарчим, цаад чиглэл, гарал үүсэл, сэдлийг хардаг. Бурхан эдгээр зүйлийг анхаардаг; эдгээр нь чиний алхдаг замыг тодорхойлдог зүйлс юм(Эцсийн өдрүүдийн Христийн яриа номын “Үүргээ хангалттай биелүүлэх гэж юу вэ?”). “Бурханд хувь нэмрээ оруулсан бүх хүн шагнал хүртэх ёстой ба хувь нэмэр хэдий чинээ их байна, Бурханы тааллыг хүртэх нь төдий чинээ баталгаатай гэж хүн боддог. Хүний үзэл бодлын мөн чанар нь арилжаа наймааны шинжтэй байдаг бөгөөд Бурханы бүтээлийн хувиар үүргээ биелүүлэхийн тулд идэвхтэйгээр эрж хайдаггүй. Бурханы хувьд, хүмүүс Бурханыг гэх жинхэнэ хайр болон Бурханд бүрэн дуулгавартай байдлыг эрж хайх тусам, өөрөөр хэлбэл, Бурханы бүтээлийн хувиар үүргээ биелүүлэхээр эрж хайх тусам, Бурханы сайшаалыг төдий чинээ хүртэж чадна. Бурханы үзэл бодол бол анхдагч үүрэг болон байр сууриа сэргээхийг хүнээс шаардах явдал юм. Хүн бол Бурханы бүтээл, иймээс хүн Бурханд ямар нэгэн шаардлага тавьж даврах ёсгүй ба Бурханы бүтээлийн үүргээ биелүүлэхээс өөрийг хийх ёсгүй. Паул, Петр хоёрын хүрэх газар хувь нэмрийнх нь хэмжээгээр биш, харин Бурханы бүтээлийн үүргээ биелүүлж чадсан эсэхээр хэмжигдсэн; тэдний хүрэх газар нь хэр их ажил хийсэн, эсвэл бусад хүмүүс тэднийг хэрхэн үнэлсний дагуу биш, харин анхнаасаа юу эрж хайснаар нь тодорхойлогдсон. Иймээс Бурханы бүтээлийн хувиар өөрийн үүргийг идэвхтэйгээр биелүүлэхээр хичээх нь амжилтад хүрэх зам; Бурханыг гэх жинхэнэ хайрын замыг эрж хайх нь хамгийн зөв зам; хуучин зан чанараа өөрчилж, Бурханыг гэх цэвэр хайрыг эрж хайх нь амжилтад хүрэх зам юм. Амжилтад хүрэх ийм зам нь Бурханы бүтээлийн анхдагч үүргээ, түүнчлэн анхдагч дүр төрхөө сэргээх зам юм. Энэ нь сэргэлтийн зам бөгөөд түүнчлэн эхнээсээ эцэс хүртэлх Бурханы бүх ажлын зорилго билээ(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Амжилт эсвэл бүтэлгүйтэл нь хүний алхдаг замаас хамаардаг). Бурханы үгийг уншсаны дараа Бурханы гэрт дээд, дорд үүрэг гэж үнэндээ байхгүйг би ойлгосон. Хүмүүсийн аврагдаж чадах эсэх нь ямар үүрэг гүйцэтгэдэг, ажил нь ямар агуу болох, юунд хүрснээс нь хамаарахгүй. Үнэнийг эрэлхийлж, бүтээгдсэн зүйлийн үүргийг идэвхтэйгээр гүйцэтгэж, зан чанарын өөрчлөлтөд хүрч байгаа цагт үнэнийг олж авч, Бурханаар авруулж чадна. Үүрэгтээ үр дүнтэй байж, Бурханы гэрт хувь нэмрээ оруулахыг эрэлхийлэх нь буруу биш. Бурханыг гэрчлэх санаа зорилготой, үүрэгтээ үнэнийг эрэлхийлж, зарчмын дагуу үйлдэж чадаж байгаа цагт Бурханы сайшаалыг хүртэж чадна. Үүрэг гүйцэтгэх нь ашиг хонжоо олох хэрэгсэл биш, шагналын төлөө наймаацах зүйл ч бас биш, энэ бол бүтээгдсэн зүйлийн хариуцлага. Ерөөгдөх эсэх минь хамаагүй, би үүргээ гүйцэтгэнэ. Үүний дараа Бурханы гэр миний биеийн байдалд үндэслэн надад тохирох үүрэг зохицуулсан.

Одоо ирээдүй, хувь заяандаа хязгаарлагдах минь багасаж, ямар ч үүрэг гүйцэтгэсэн бай, үнэнийг олж авах нь хамгийн чухал зүйл гэдгийг би мэднэ. Ирээдүйд ямар төгсгөлтэй байхаас үл хамааран, үүрэгтээ хариуцлагаа биелүүлж чадвал сэтгэл амар, тайван байдаг. Бурханд талархъя!

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Үүргээ хэрхэн авч үзэх вэ

Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн байдаг: “Хүний Бурханд итгэх итгэлийн хамгийн үндсэн шаардлага нь үнэнч зүрх сэтгэлтэй байж, өөрийгөө бүрэн...

Messenger дээр бидэнтэй холбоо барих