Шүүмжлэлээс суралцах нь

2022-01-21

Дуу Ю, Нидерланд

Энэ оны 5-р сард нэг эгч надад, Лу эгч наад зах нь чуулганы гурван удирдагчийг бодит ажил хийдэггүй хуурамч удирдагчид гээд, ах эгч нар энэ хуурамч удирдагчдыг ялган таньж чадахгүй байна гэж өөрт нь хэлсэн гэж мэдэгдлээ. Би энэ мэдээллийг сонссоныхоо дараа “Лу эгч хэт их биеэ тоодог юм байна. Энэ гурван удирдагч үнэхээр тийм асуудалтай бол аль эрт халагдсан байх биш үү? Лу эгч чуулганы энэ гурван удирдагчийг бүгдийг нь ар хударгаар нь хуурамч удирдагч гэлээ. Ингэснээрээ удирдагчдыг шүүж байгаа юм биш үү?” гэж дотроо бодсон. Тэгээд Лу эгчийн талаар тодорхой нэг үзэл бодол баримталж эхэллээ. Эгч сайн хүн чанаргүй байж магад гэж бодогдсон. Дараа нь, Лу эгчийн ердийн зан авир, хүн чанарын тухай, бас удирдагч, ажилчдын асуудлыг ар хударгаар нь ярих дуртай эсэхийг нь олж мэдэхээр явлаа. Энэ талаар судалж эхэлмэгцээ, Лу эгч ялангуяа нэг удирдагчийг ялган таних чадваргүй, бодит ажил хийдэггүй гэж ах эгч нарт хэлсэн гэдгийг олж мэдсэн. Үүнээс болоод би Лу эгчийг муу санаалж, өөрөө удирдагч болохыг хүсдэг учраас ах эгч нарын өмнө удирдагчдыг дандаа шүүмжилдэг юм байна, бас чуулганы дэг журам алдагдуулж, удирдагч, ажилчдын ажилд саад хийхээр удирдагчдын эсрэг өрөөсгөл хандлага түгээж байна гэж бүр ч их сэжиглэлээ. Лу эгч үнэхээр чуулганы ажлыг хамгаалахыг хүссэн бол чуулганд хуурамч удирдагчид байгааг харах үедээ дарга нартаа мэдэгдэх учиртай, үүний дараа дарга нар нь нөхцөл байдлыг судалж, баталгаажуулахаас гадна бусад итгэгчээс юу гэж бодож байгааг нь асуугаад, үнэхээр хуурамч удирдагч байгааг олж тогтоовол зохих ёсоор зохицуулж чадна шүү дээ. Гэтэл Лу эгч нөхцөл байдлыг дээд түвшний удирдагчдадаа мэдэгдээгүй. Харин ч тэр удирдагчдын асуудлын талаар ах эгч нарт байнга ярьдаг байж. Эгч удирдагчдыг шүүж байсан юм. Иймээс би нөхөрлөл хийхээр Лу эгч дээр очлоо. Тэгээд эгчид, “Та удирдагч, ажилчдад асуудал байгааг олж мэдсэн юм бол ах эгч нарын өмнө хамаагүй ярих биш, дээш нь мэдэгдэх ёстой. Таны хийж байгаа зүйл тэднийг удирдагчдын эсрэг өрөөсгөл үзэлтэй болгож, удирдагчдын ажилд хамтран ажиллахгүй байхад хүргэнэ. Энэ зан авир чуулганы ажилд хор хөнөөлтэй, бас та хэд хэдэн удирдагчийн асуудлын талаар ар хударгаар нь ярьсан байна, энэ нь удирдагчдыг шүүж байгаа явдал” гэж хэлсэн. Би эгчид ийм зүйл ярьсан санаа, зорилгоо эргэцүүл гэж хэлээд, “Хэрвээ энэ мэтээр удирдагчдыг ар хударгаар нь шүүж, чуулганы ажлыг саатуулж, үймүүлсээр байвал та үүргээ гүйцэтгэх боломжоо алдаж болно шүү” гэж эцэст нь эгчид анхаарууллаа. Лу эгчийн асуудлыг зохицуулсныхаа дараа би удирдагчийн хариуцлагаа биелүүлээд, чуулганы ажлыг хамгаалж байгаа мэт санагдсан.

Гайхмаар нь, нэг өдөр цуглаан дээр дээд түвшний удирдагч надаас гэнэтхэн, “Та яагаад Лу эгчийг үүргээс нь халсан юм бэ? Эгч юу буруу хийгээ вэ?” гэж асуулаа. Гэнэтийн энэ асуултад би бага зэрэг будилсан. “Би хэзээ ч Лу эгчийг халаагүй шүү дээ. Эгч халагдсан бол би тэр тухай юу ч мэдэхгүй” гэж бодсон юм. Дараа нь удирдагч маань надад Лу эгчийн мэдээлсэн асуудал үнэн бодитой байсан, эгчийн мэдэгдсэн удирдагчид үнэн хэрэгтээ халах хэрэгтэй хуурамч удирдагчид байсан гэлээ. Тэгээд Лу эгчийн асуудлыг зохицуулахдаа дэндүү дураараа байсны минь төлөө надтай харьцсан. “Эгчийг та зүгээр л хэд хэдэн удирдагчийн асуудлыг мэдээлсэн болохоор нь удирдагчдыг дураараа шүүж байна, бас муу хүн чанартай юм байна гэж тогтоосон. Таны үйлдэл Бурханы сонгосон хүмүүсийг дарлаж, яллахдаа тулж байна. Энэ нь үнэнийг хэлсэн хэнийг ч дарлаж, шийтгэдэг ‘Харгис дарлалын’ уур амьсгал бүрдүүлээд, ХКН-ын хийдэг зүйлээс ямар ч ялгаа алга” гэж удирдагч хэлсэн. Удирдагчийн харьцалтын дараа надад үүнийг хүлээн зөвшөөрөхөд бэрх байлаа. Би айдас хүйдэстэй уур амьсгал бүрдүүлж байна гэж яавч бодоогүй, бас Лу эгчийг ч шийтгэхийг хүсээгүй дэг. Дээрээс нь, Лу эгчийг чуулганых нь удирдагчид л халсан шүү дээ. Үүнд миний шууд оролцоо огт байгаагүй. Тэглээ гээд би яахаараа ХКН-тай адилхан болдог юм бэ?

Дараа нь, удирдагч маань яагаад надтай ингэж харьцсан юм бол гэж өөрийн эрхгүй гайхсаар л байсан. Миний асуудал яг хаана гарч байв? Лу эгчийн үйлдлийг би “удирдагчдыг шүүж байна” гэж тодорхойлсон, яг үүний дараа эгч дарлуулж, халагдсан гэж удирдагчийнхаа хэлсэн үгийг эргэн бодлоо. Хэрвээ би тэгж тодорхойлоогүй бол эгч тийм амархан халагдах байсан уу? Эргэцүүлэнгээ үүнийг тунгаалаа. Би Лу эгчийг өөрөө халаагүй, бас албаар шийтгэж, дарлаагүй, гэхдээ би удирдагч учраас “удирдагчдыг дураараа шүүж байна” гэж эгчийн асуудлыг тодорхойлсны минь дараа манай ах эгч нар эгчийн талаар сайн сайхан сэтгэгдэлтэй болж чадаагүй юм байна, иймээс Лу эгчийн үүрэгт асуудал гарах үед чуулганых нь удирдагчид эгчийг хүн шүүх дуртай, муу хүн чанартай, үүргээ муу гүйцэтгэдэг гэж бодоод, халсан юм байна гэж бодогдлоо. Эгчийг халахад хүргэсэн үйл явдлын гинжин хэлхээг эгчийн талаарх миний тодорхойлолт л эхлүүлсэн. Гэхдээ би ямар үндэслэлээр эгч “удирдагчдыг шүүсэн” явдалд буруутай гэж тогтоов? Эгч үнэхээр хүмүүсийг шүүж байсан гэж үү? Эдгээр асуудлыг эргэцүүлж байхдаа би зарим нэг эндүү ташаа үзэл бодолтой гэдгээ олж мэдсэн юм. Би удирдагчдыг үйл явцын дагуу мэдэгдэх ёстой гэж бодсон. Нэг бол холбогдох хүнд нь шууд зөвлөгөө өг, эсвэл дээд түвшний удирдагчдад нь асуудлыг сөхөж, тэднээр судлуулж, зохицуулалт хийлгэ. Тэгэхгүй бол удирдагчдыг ар хударгаар нь шүүж байгаа хэрэг гэж би бодсон юм. Лу эгч дөрвөн өөр удирдагчийг асуудалтай байна гэж хэлсэн, гэхдээ удирдагчдад өөрсдөд нь хэлэх юм уу, дарга нарт нь асуудлыг мэдэгдээгүй. Харин ч ах эгч нарт хэд хэдэн удаа энэ удирдагчдын талаар ярьж, тэднийг бодит ажил хийдэггүй, хоосон сургаал л ярьдаг, хуурамч удирдагчид гэж хэлсэн. Би эгчийн зан авир удирдагчдыг шүүж байгаа явдал гэж бодсон учир Лу эгчийн ярьсан энэ удирдагчдын асуудал үнэн бодитой эсэхийг үнэндээ судлалгүйгээр энэ зан авирт нь үндэслэн эгчийг ялласан. Лу эгчийн хэлсэн зүйл үнэн бол энэ дөрвөн хүн хуурамч удирдагч байж, харин эгч хуурамч удирдагчдыг илчлэхийн тулд тэгж байж шүү дээ. Эгч үнэний зарчмыг баримталж, шударга аашилж байсан, тэгэхээр Бурханы гэрийн ажилд хариуцлага хүлээж, үүнийг хамгаалж байсан гэсэн үг. Хуурамч удирдагчдын байр суурь, эрх мэдлээс айлгүй асуудлыг үнэнээр нь мэдээлэх чадвартай, үнэнийг хэлж зүрхэлдэг хүн Бурханы гэр дэх сайн хүн, бас бидний хөгжүүлэх учиртай хүн байдаг. Мэдээлдэг асуудал нь баримттай нийцэхгүй байх, удирдагч, ажилчдыг худлаа буруутгах юм бол энэ нь гүжирдлэг, гүтгэлэг, хүмүүсийг дураараа шүүж, чуулганы ажлыг үймүүлж байгаа явдал, тийм хүн бол зарчмын дагуу зохицуулагдах хэрэгтэй, муу хүн чанар бүхий ёрын мууг үйлдэгч байдаг. Тэгвэл, Лу эгчийн мэдэгдсэн удирдагчид үнэхээр л бодит ажил хийдэггүй хуурамч удирдагчид мөн гэдгийг баримтууд нотолсон. Эгчийн мэдээлсэн бүх зүйл баримтад нийцэлтэй байсан. Эгч удирдагчдыг огт шүүж байгаагүй. Харин үнэнийг хэлж, хуурамч удирдагчдыг илчилж байсан юм. Шударга ёсны мэдрэмжтэй тийм хүнийг хамаагүй буруутгаж, яллах биш, дэмжүүштэй. Тухайн үед би хуурамч удирдагчдыг илчлэх, хүмүүсийг шүүх гэдэг нь юу гэсэн үг болохыг ойлгоогүй. Аливаа зүйл тохиолдох үед зарчмыг эрж хайж, зүрх сэтгэлдээ Бурханаас айлгүй, сайн хүнийг дураараа ялласан юм. Лу эгчийг халах нь зарчимгүй гэдгийг манай удирдагч олж тогтоон, цаг тухайд нь зогсоогоогүй бол би хорон муу зүйл хийх байж. Үүнийг тунгаангаа, миний буруу байсныг ухаараад, өөрийгөө гүнээ буруутгасан учир Бурханы засалт, харьцалтыг хүлээн зөвшөөрөхөд бэлэн гэдгээ илэрхийлэхээр Бурханы өмнө очин залбираад, өөрийнхөө завхралын талаар мэдэж авахад Бурханы удирдамжийг гуйлаа.

Сүнслэг үйл ажиллагааныхаа үеэр би, “Шашны үйлчлэлээс ангижрах ёстой” гэх Бурханы үгийн хоёр дахь догол мөр дэх нэг хэсгийг харсан. “Бурханд үйлчлэх нь тийм ч амархан ажил биш. Ялзарсан зан чанар нь өөрчлөгдөлгүй үлдсэн хүмүүс хэзээ ч Бурханд үйлчилж чадахгүй. Хэрэв чиний зан чанар Бурханы үгээр шүүгдэж, гэсгээгдээгүй бол зан чанар чинь Сатаныг төлөөлсөөр байдаг. Чи ‘сайн санааныхаа’ улмаас Бурханд үйлчилдэг, чиний үйлчлэл сатанлаг уг чанарт чинь үндэслэдэг гэдгийг энэ нь баталдаг. Чи төрөлхийн зан аашаараа, өөрийн хувийн хүсэл зоргын дагуу Бурханд үйлчилдэг. Түүгээр ч барахгүй хийхийг хүсэж байгаа зүйлд чинь Бурхан баярлаж, хийхийг хүсдэггүй зүйлийг чинь Бурхан үзэн яддаг гэж чи үргэлж боддог; чи зөвхөн өөрийн хүсэл зоргын дагуу л ажилладаг. Үүнийг Бурханд үйлчилж байна гэж хэлж болох уу? Эцсийн эцэст чиний амь зан чанар өчүүхэн төдий ч өөрчлөгдөхгүй; харин ч үйлчлэл чинь чамайг бүр илүү зөрүүд болгосноор завхарсан зан чанарыг чинь туйлын үхширмэл болгоно. Тийм болохоор, Бурханд үйлчлэх талаар зөвхөн өөрийн чинь зан аашинд голлон суурилсан дүрэм журам, зан чанарынхаа дагуу үйлчилдэг үйлчлэлээс чинь урган гарсан туршлага чамд бий болно. Эдгээр нь хүний туршлага болон сургамж юм. Энэ бол хорвоо дээр амьдрах хүний амьдралын гүн ухаан юм. Ийм хүмүүсийг фарисайчууд, шашны албан тушаалтнууд гэж ангилж болно. Хэрвээ тэд хэзээ ч сэрж гэмшихгүй бол эцсийн өдрүүдэд хүмүүсийг хууран мэхэлдэг хуурамч Христүүд, антихристүүд болж хувирах нь гарцаагүй. Яриад байсан хуурамч Христүүд болон антихристүүд ийм хүмүүсийн дундаас гарч ирнэ. Хэрвээ Бурханд үйлчилдэг хүмүүс өөрсдийн зан аашаа дагаж, өөрсдийн хүсэл зоригийн дагуу үйлддэг бол хэзээ ч хамаагүй таягдан хаягдах эрсдэлтэй. Бурханд үйлчилж олж авсан олон жилийн туршлагаа бусдын зүрх сэтгэлийг өөртөө татаж, тэднийг сургамжилж, хянаж, өндөр байр суурийг эзлэхэд ашигладаг хүмүүс—хэзээ ч гэмшиж, хэзээ ч нүглээ улайж, байр суурийн ашиг хонжооноос хэзээ ч татгалздаггүй—энэ хүмүүс Бурханы өмнө унах болно. Тэд бол Паултай адил, дээгүүр зиндаагаараа бардамнаж, эрдэм чадлаа гайхуулдаг. Бурхан ийм хүмүүсийг төгс болгохгүй. Ийм үйлчлэл Бурханы ажилд саад учруулдаг. Хүмүүс үргэлж хуучинтайгаа зууралддаг. Тэд өнгөрсөн үеийн үзэлтэй, өнгөрсөн үеийн бүх зүйлтэй зууралддаг. Энэ нь тэдний үйлчлэлд асар их саад бартаа болдог. Хэрэв чи тэдгээрийг хаяж чадахгүй бол эдгээр зүйл бүхий л амьдралыг чинь үгүй хийх болно. Хэдий чи гүйж байгаад хөлөө хугалж, хөдөлмөрлөж байгаад нуруугаа гэмтээсэн ч гэсэн, бүр Бурханд үйлчлэхэд амиа зориулсан ч гэсэн Бурхан чамайг өчүүхэн төдий ч сайшаахгүй. Харин ч эсрэгээрээ: Тэр чамайг мууг үйлдэгч гэж хэлнэ(“Үг нь махбодоор илэрсэн” ном). Бурханы үг миний байдлыг онож илчилсэн. Би удаан хугацаанд удирдагч байсан учраас маш ихийг туулж, зарчмыг бага зэрэг ойлгодог болж, туршлагаасаа суралцсан мэт санагдаж, хүмүүс болон аливаа зүйлийг яаж үзэх, мөн асуудлыг яаж зохицуулахаа мэддэг гэж бодсон. Яваандаа улам бүр биеэ тоож, зүрх сэтгэлдээ Бурханыг гэх орон зайгүй болсон. Аливаа зүйл тохиолдох үед би юу болоод байгааг ерөнхийдөө мэддэг гэж бодсон, иймээс үргэлж өөрийн гэсэн үзэл санаатай байж, миний зөв гэдэгт, бас аливааг тодорхой нэг аргаар хийх учиртай гэдэгт үргэлж итгэдэг байлаа. Би зарчмыг эрж хайхаар залбираагүй, зүгээр л зөв гэж бодсон аргаараа хэрэгжүүлсэн. Лу эгчийн асуудлыг надад мэдээлэх үед би Бурханд огт залбираагүй, бас энэ асуудал дээр яаж үнэнийг хэрэгжүүлж, зарчмын дагуу үйлдэх вэ гэж эрж хайгаагүй. Хамгийн түрүүнд, энэ нь бусдыг шүүдэг, хүн чанарын асуудал гэж үзсэн учраас эгч муу хүн чанартай эсэх, бусадтай харилцахдаа удирдагч, ажилчдын асуудлын талаар үргэлж ярьдаг эсэхийг нь ялангуяа олж мэдэхээр явсан. Лу эгч бас өөр нэг удирдагчийн асуудлын талаар ярьж байгааг олж мэдээд, эгчийг “хүмүүсийг шүүж”, “чуулганы ажлыг сүйтгэдэг” гэж дураараа тодорхойлсон. Зарчмын дагуу би холбогдох хүмүүс дээр нь очиж, энэ удирдагчдын талаар эгчийн хэлсэн үгийг судлах ёстой байсан, тэд бодит ажил хийдэг эсэх, бас хуурамч удирдагчид мөн эсэхийг олж мэдэх ёстой байсан юм. Асуудлыг оновчтой олж тогтоохын тулд Лу эгчийн хэлсэн зүйл үнэн эсэхийг баталгаажуулах ёстой байсан. Гэхдээ би биеэ тоож, өөрийгөө зөвтгөдөг байдал, яаруу зан авираасаа болж энэ асуудал дээр зарчмыг эрж хайж, зүрх сэтгэлдээ Бурханаас айлгүй эгчийг сохроор, дур зоргоороо тодорхойлсон, үүнээс үүдээд эгч халагдаж, дарлуулж, гадуурхагдахад хүрсэн. Би сайн хүнийг баллах шахсан юм. Удирдагч, ажилчдын асуудлыг мэдээлэхэд нь Бурханы сонгосон хүмүүсийг дэмжиж, удирдагч, ажилчдадаа санал хэлдэг хүмүүсийг хамгаалж, удирдагч, ажилчдыг Бурханы сонгосон хүмүүс илчилж, мэдээлэх үед нэгд нэггүй, тодорхой судалж, аливааг зарчмын дагуу шударгаар зохицуулах хэрэгтэй гэж Бурханы гэр удаа дараа онцолсон. Гэсэн ч би өөрийнхөө биеэ тоосон уг чанарт хянуулснаас үүдэн хүнийг дур зоргоороо тодорхойлж, зарчмын дагуу үйлдэлгүй сайн хүнийг дарлаж, хуурамч удирдагчдыг хамгаалж, тэвчиж, Бурханы гэрийн ажлын зохицуулалтыг бүрмөсөн зөрчсөн. Хуурамч удирдагчид бодит ажил хийлгүй, чуулганы ажлыг хохироосон, гэтэл би тэднийг зохицуулахын оронд асуудлыг мэдээлсэн хүнийг ялласан. Тэгснээрээ би энэ хуурамч удирдагчдыг хамгаалах бамбай болсон биш үү? Би энэхүү хуурамч удирдагчидтай адилхан хорон муу байсан. Тэгээд Сатаны хамсаатан болсон. Эдгээрийн талаар бодоод, биеэ тоосон зан чанарт үндэслэн үүргээ биелүүлж байгаа гэдгээ, энэ нь ёрын мууг үйлдэж, Бурханыг эсэргүүцэж буй явдал гэдгийг ухаарсан. Энэ чигээрээ явбал Бурхан намайг жигшиж, голох байлаа. Энэ асуудал надад анхааруулга болж байна. Цаашид би өөртөө тийм амархан итгэх учиргүй юм байна. Бурханы хүсэлд нийцэхийн тулд үнэнийг илүү их эрж хайж, аливааг зарчмын дагуу хийх ёстой юм байна шүү.

Би эргэцүүлж байхдаа, удирдагч маань намайг ХКН шиг “Харгис дарлалын” уур амьсгал бүрдүүлж байна гэж хэлснийг санаад, бодож үзэх тусам энэ нь зөв санагдсан. Лу эгчийг би хүмүүсийг шүүж байна гэж буруутгасныхаа дараа удирдагч, ажилчдад сэтгэл дундуур байгаа тухайгаа битгий хамаагүй ярь гэж эгчид хэлсэн, тэгээд засрахгүй бол үүрэгтээ үлдэж чадахгүй байх шүү гэж анхааруулсан. Миний арга барил агуу улаан лууныхаас юугаараа ялгаатай байсан юм бэ? Хятадад үг хэлэх эрх чөлөө гэж үгүй. Хүмүүс төрийн албан хаагчдын талаар ярих эрхгүй. Яримагц нь тэднийг Намын эсрэг гээд, номхруулж, дахин саналаа хэлж зүрхлэхгүй болгохын тулд баривчилж, элдэв янзын арга, эрүү шүүлтэд хамруулна. Намыг илчилж зүрхэлдэг хэнд ч “төрийн эрх мэдлийг ганхуулсан” гэх хэрэг тулган, хорих ял оноодог. Агуу улаан лууны улс орон дахь ямар ч гамшиг, ХНК-д тааламжгүй ямар ч мэдээг мэдээлэхийг зөвшөөрдөггүй, үүнийг мэдээлдэг хэн бүхэн “төрийн нууц задруулсан” болж, баривчлагдаж, ял сонсоно. Албан тушаалтнууд хэзээд үүргээ үл хайхарч, орхигдуулдаг, ард түмэн тэднийг илчилж, санал хэлэх эрхгүй. Интернэтэд сэтгэгдлээ нийтэлбэл хөнгөн тохиолдолд цагдаа нараас анхааруулга, сүрдүүлэг авч, хүндхэн тохиолдолд шууд гэмт хэрэгт яллагдан, шийтгүүлж, ял сонсдог. Хүмүүсийн амыг барих, үнэнийг хэлэхээс айдаг болгохын тулд энэ бүгдийг хийдэг. Уур хүрвэл зүгээр л дуугүй байхаас өөр аргагүй. Хүмүүс айдас, хүйдэс дунд амьдарч, үг хэлэх эрх чөлөөгөө алддаг. Би хийсэн зүйлийнхээ тухай бодох нь ээ, яг л ХКН шиг “Харгис дарлалын” уур амьсгал бүрдүүлж байж. Удирдагчдын талаар муу юм хэлсэн хэн бүхний амыг барьж, айдастай уур амьсгал бүрдүүлэхийн тулд би удирдагчдыг шүүлээ гэж тэднийг дураараа буруутгасан, үүнээс болж Бурханы сонгосон хүмүүс удирдагчид өөрсдийг нь хүнд байдалд оруулах вий гэж айгаад айдас, хүйдэс дунд амьдарч, хуурамч удирдагчдыг илчилж, мэдээлж зүрхлэхээ больсон. Лу эгч хуурамч удирдагчдыг илчилж, мэдээлсэн байсан, гэтэл би эгчийг дарлаж, ялласан юм. Нэг өдөр өөрийн минь үүрэгт асуудал, гажуудал гарахад ах эгч нар намайг дарга нарт маань мэдэгдэхийн оронд өөр хоорондоо үүнийг хэлэлцэж, намайг илчилсэн бол би энэ талаар сонсоод намайг шүүж байна гэж үзэн, тэднийг шийтгэж, тэр ч бүү хэл зайлуулж, хөөх байсан болов уу? Уг чанараа бодолцвол би гарцаагүй тэгэх чадвартай байсан. Гэмшилгүй, тэр замаараа уруудсан бол би антихрист болж, Бурханы зан чанарт халдаж, Бурханаар таягдуулах байсан юм. Эдгээрийг тунгаасны дараа би хийсэн зүйлээсээ болоод айлаа. Хоёр жил гаруйн турш би удирдагчаар үйлчилсэн. Бурханы сонгосон хүмүүсийг дарлаж, шийтгэхийг би хэзээ ч хүсээгүй, гэхдээ л ах эгч нараа дур зоргоороо яллах чадвартай хэвээр байсан юм. Үнэн хэрэгтээ би аль хэдийн хэн нэгнийг дарлачихсан байж. Аль эрт хорон муу зүйл хийчихсэн байлаа. Тэгээд маш их харамссан болохоор Бурханы өмнө очин залбираад, чин сэтгэлээсээ гэмшихэд бэлэн байна, цаашид аливаа зүйл тохиолдох үед зүрх сэтгэлдээ Бурханаас айж, үнэнийг илүү их эрж хайж, зарчмын дагуу үйлдмээр байна гэдгээ хэлсэн.

Энэ засалт, харьцалтаар, би эндүү ташаа бодолтой явсан гэдгээ бас ухаарсан. “Удирдагчаар сонгогдох үедээ хүн чуулган дахь эгэл жирийн ах эгч нараас дээр болж, үг хэлэх эрхтэй болдог, бас тэд чуулганы ажил хийдэг юм чинь Бурханы сонгосон хүмүүс тэднийг дэмжих үүрэгтэй. Асуудал илрүүллээ ч үүнийгээ бусад ах эгчтэй хамаагүй хэлэлцэх учиргүй” гэж боддог байлаа. Дараа нь, Бурханы үгийн нэг хэсгийг уншаад, би бодлоо өөрчилж, чуулган дахь удирдагч, ажилчдын үүрэг, зорилгыг олж мэдсэн юм. Бурхан ингэж хэлсэн байдаг: “Хэн нэгнийг ах эгч нар удирдагчаар сонгох буюу Бурханы гэрээс тодорхой нэг ажил хийлгэх юм уу тодорхой үүрэг гүйцэтгүүлэхээр дэвшүүлэхэд энэ нь тэр хүн онцгой байр суурь, ялгамж чанартай, түүний ойлгодог үнэн бусад хүнийхээс илүү гүнзгий, тоогоор илүү олон гэсэн үг биш—энэ хүн Бурханд захирагдаж чаддаг, Түүнээс урвахгүй гэсэн үг бүр ч биш. Тэд Бурханыг мэддэг, Бурханаас эмээдэг хүн гэсэн үг ч бас биш. Үнэндээ тэд үүний алинд нь ч хүрээгүй; дэвшүүлж, хөгжүүлэх нь ердөө л дэвшүүлж, хөгжүүлэх гэдэг хамгийн шууд утгаараа байдаг. Тэднийг дэвшүүлж, хөгжүүлнэ гэдэг нь тэд дэвшчихээд хөгжихөө хүлээж байгаа гэсэн л үг юм. Ийнхүү хөгжүүлэхийн эцсийн үр дүн нь хүн ямар замаар алхах, юу эрэлхийлэхээс хамаардаг. Тиймээс чуулган дахь хүнийг удирдагч болгохоор дэвшүүлж, хөгжүүлэхэд тэднийг ердөө л шууд утгаар нь дэвшүүлж, хөгжүүлдэг; энэ нь тэд аль хэдийн мэргэшсэн удирдагч юм уу, чадвартай нэгэн, эсвэл хэдийн удирдагчийн ажлыг гүйцэтгэх чадвартай бөгөөд жинхэнэ ажил хийж чаддаг гэсэн үг биш—тийм биш. Хэн нэгнийг удирдагч болгон дэвшүүлж, хөгжүүлэхэд тэрээр үнэний бодит байдалтай байдаг уу? Үнэний зарчмыг ойлгодог уу? Энэ хүн Бурханы гэрийн ажлын зохицуулалтыг амжилттай биелүүлж чаддаг уу? Түүнд хариуцлагын мэдрэмж байдаг уу? Чин үнэнч байдал бий юу? Бурханд захирагдаж чаддаг уу? Асуудал тулгарахад үнэнийг эрж хайж чаддаг уу? Энэ бүхэн нь мэдэгдэхгүй. Бурханаас эмээдэг зүрх сэтгэл тэр хүнд байдаг уу? Бурханаас хэр их эмээдэг вэ? Тэр аливааг хийхдээ хүслээ дагах магадлалтай юу? Бурханыг эрж хайж чаддаг уу? Удирдагчийн ажлыг гүйцэтгэх хугацаандаа Бурханы хүслийг эрж хайж, Бурханы өмнө байнга, тогтмол очдог уу? Хүмүүсийг үнэний бодит байдалд ороход нь залж чиглүүлж чаддаг уу? Энэ болон илүү их зүйл бүгд хөгжүүлж, олж нээхийг хүлээж байдаг; энэ бүхэн мэдэгдэхгүй хэвээр үлддэг. Хэн нэгнийг дэвшүүлж, хөгжүүлнэ гэдэг нь тэр хүн үнэнийг аль хэдийн ойлгодог болсон гэсэн үг биш, бас үүргээ аль хэдийн хангалттай гүйцэтгэх чадвартай болсон гэж хэлж байгаа юм биш. Тэгэхээр, хэн нэгнийг дэвшүүлж, хөгжүүлэхийн зорилго, ач холбогдол юу вэ? Энэ нь тийм хүнийг хувь хүнийх нь хувьд сургаж, тусгайлан усалж, зааварлахын тулд, үнэний зарчим, янз бүрийн зүйл хийх зарчим, янз бүрийн асуудлыг шийдвэрлэх зарчим, хэрэгсэл, арга барил, түүнчлэн төрөл бүрийн орчин, хүмүүстэй нүүр тулахдаа тэдгээрийг Бурханы хүслийн дагуу, Бурханы гэрийн ашиг сонирхлыг хамгаалдаг байдлаар хэрхэн зохицуулж, шийдвэрлэхийг ойлгож чаддаг болгохын тулд дэвшүүлдэг. Бурханы гэрээс дэвшүүлж, хөгжүүлсэн авьяастан нь дэвшүүлж, хөгжүүлэх хугацаанд юм уу, дэвшүүлж, хөгжүүлэхээс өмнө ажлаа хариуцаж, үүргээ гүйцэтгэх хангалттай чадвартай байдгийг энэ илтгэдэг үү? Мэдээж үгүй. Тиймээс, хөгжүүлэх хугацаанд энэ хүмүүс харьцалт, засалт, шүүлт, гэсгээлт туулж, илчлэгдэж, тэр ч байтугай солигдохоос зайлахгүй; энэ бол хэвийн зүйл, тэднийг сургаж, хөгжүүлж байна(Эцсийн өдрүүдийн Христийн яриа номын “Хуурамч удирдагчдыг ялган таних нь (5)”). Тодорхой хэв чанартай, үнэнийг хүлээн зөвшөөрч чаддаг, үүрэгтээ хариуцлагатай, эсвэл ажилдаа чадварлаг болохоор нь Бурханы гэр хүнийг тушаал дэвшүүлж, удирдагч байхад сургадаг гэдгийг би Бурханы үгээс ойлгосон. Энэ нь тэдэнд өөрсдийгөө сургах боломж олгодог ч тэглээ гээд тэд завхралаас ангижирч, үнэнийг ойлгосон байх ёстой гэсэн үг биш. Тэглээ гээд шалгарсан удирдагч гэсэн үг биш, бас энэ хүн гаргууд нэгэн бөгөөд Бурханы гэрт тусгай ялгамж чанар, байр суурьтай гэсэн үг биш. Удирдагч байх үүрэг нь даалгавар, хариуцлага болохоос байр суурь огт биш. Удирдагч байлаа гээд тэр дороо Бурханы гэрт байр суурьтай, үг хэлэх эрхтэй болдог гэсэн үг биш, бас хүмүүст хүндлэгдэнэ, ах эгч нараасаа бишрэл, хүндлэл хүлээнэ, алдаа гаргах үед нь хэн ч энэ талаар хэлэлцэх эрхгүй гэсэн үг биш. Эдгээр нь эндүү ташаа бодол. Удирдагч байхын тулд бид ах эгч нарынхаа хяналт, санал хүсэлтийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй, яагаад гэвэл энэ л бидэнд ажил дахь асуудлаа ойлгож, аливааг амжиж өөрчлөх боломж олгодог. Үүнээс гадна ах эгч нар маань удирдагчид бодит ажил хийхгүй байгааг олж мэдвэл тиймэрхүү хүмүүсийг мэдээлж, илчилснээр үнэнийг хэрэгжүүлж, чуулганы ажлыг хамгаалах учиртай. Энэ нь удирдагчдад хандах зөв хандлага мөн. Удирдагчдад ингэж хандах нь л зарчмыг харуулдаг. Бурханы үг миний эндүү ташаа санаа, үзлийг өөрчилж, удирдах үүрэг, Бурханы сонгосон хүмүүсийн хяналтад яаж зохистой хандахыг харуулсан. Би бас засармаар байсан учир тэр цагаас хойш үүргээ биелүүлэх явцдаа удирдагч, ажилчдын асуудлыг хэн ч мэдээллээ гэсэн үүнийг болгоомжтой зохицуулахыг хүссэн. Үүний хажуугаар ах эгч нарынхаа илүү их хяналтыг хүлээн зөвшөөрч сурсан.

Дараа нь, цуглаан дээр манай удирдагч нөхөрлөхдөө, “Зарим нь удирдагчдыг бусад хүн мэдээлж, илчлэхийг хараад мэдээлсэн хүн рүү нь дайрч давшилж, тэднийг ялладаг. Тиймэрхүү хүмүүс ер нь үүрэгтээ маш нухацтай байлаа ч Бурханд дуулгавартай хүмүүс огт биш” гэлээ. Удирдагчаасаа тийм нөхөрлөл сонсоод тэр тусмаа элэг эмтэрсэн шүү. Би олон жил Бурханд итгэсэн ч огт өөрчлөгдөөгүй гэдгээ тэр даруйд мэдэрсэн. Одоо ч би Бурханыг дуулгавартай дагадаг хүн биш байсан, бас Бурхан надад сэтгэл дундуур байгаа нь лавтай байлаа. Удирдагчийнхаа нөхөрлөлийг сонсож байхдаа намайг засаж, харьцах гэж нөхөрлөж байгааг нь мэдээд, өөрийн эрхгүй нулимс урссан юм. Уйлангаа Бурханд би, “Бурхан минь, энэ мэтээр надтай харьцаж, намайг илчилж байгаа тань сайн санаа зорилготойг би мэднэ. Үгүй бол би өөрийгөө зан чанараа жаахан өөрчилсөн, Танд бага зэрэг дуулгавартай гэж бодсоор байх байсан. Танд үнэхээр дуулгавартай болох стандартыг хангахад хол байгаа гэдгээ одоо л ухаарч байна. Гэхдээ би Таныг дуулгавартай дагадаг хүн болохоор хичээж, эрэлхийлэхэд бэлэн байна” гэж залбирсан. Дараа нь Бурханы үгийн нэг хэсгийг уншсан минь надад маш их тус болж, Бурханы хүслийг ойлгох боломж олгосон юм. Бурханы үгэнд ингэж хэлсэн байдаг: “Хүмүүс зан чанараа өөрсдөө өөрчилж чаддаггүй; тэд Бурханы үгийн шүүлт, гэсгээлт, зовлон, цэвэршүүлэлтийг туулж, эсвэл Түүний үгийн харьцалт, сахилгажуулалт, засалтыг туулах ёстой. Тэр үед л тэд Бурханд дуулгавартай, үнэнч болж чадах бөгөөд Түүнд хааш яаш хандахаа болино. Бурханы үгийн цэвэршүүлэлт дор хүмүүсийн зан чанар өөрчлөгддөг. Түүний үгийн илчлэлт, шүүлт, сахилгажуулалт, харьцалтыг туулснаар л хүмүүс болчимгүй авирлаж зүрхлэхээ болиод, харин ч тууштай, тайван болно. Хамгийн чухал нь тэд хүний үзлүүдтэй нийцэхгүй байсан ч гэсэн Бурханы одоогийн үг, ажилд захирагдаж чаддаг бөгөөд тэдгээр үзлийг орхиж, дуртайяа захирагдаж чаддаг(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Зан чанар нь өөрчлөгдсөн хүмүүс бол Бурханы үгийн бодит байдалд орсон хүмүүс юм). Бурханд дуулгавартай хүмүүс Бурханы шүүлт, засалт, харьцалт, шалгалт, цэвэршүүлэлтийг туулж, зан чанараа өөрчилж, зарчмын дагуу үйлдэж сурсныхаа дараа л дуулгавартай болж чаддаг гэдгийг би Бурханы үгээс ойлгосон. Тийм хүмүүс Бурханд итгэж, үүргээ биелүүлэх явцдаа үндсэн, амин чухал тодорхой нэг зүйлтэй тулгарах, аль эсвэл амьдралын замналд нь хамаарах сонголттой тулгарах үедээ үнэнийг эрж хайж, аливааг зарчмын дагуу хийж чаддаг, тэд Бурханы үг болон үнэнд суурилан зөв сонголт хийх чадвартай байдаг. Ялихгүй асуудал, гаднах зан авир дээр л Бурханыг дуулгавартай дагаад, зарчмын хэрэг явдал болон голлох асуудал дээр өөрийн хүсэл, жам ёсны зан араншны дагуу үйлддэг бол Бурханы эсрэг тэрсэлдэг хүн хэвээр байгаа хэрэг. Урьд нь, би өөрийгөө Бурханы төлөө зарлагадахын тулд гэр бүл, ажил мэргэжлээ орхиж чаддаг, Бурханы гэр надад ямар ч үүрэг зохицууллаа гэсэн хүлээн зөвшөөрч, дуулгавартай дагаж чаддаг, бэрхшээл тулгарах үед Бурханы үгийг уншиж, Бурханд залбирч чаддаг, бас үүргээ илүү сайн биелүүлэх арга бодож олохоор байнга хичээдэг гэж үргэлж боддог байсан, бас үүрэгтээ ингэж ханддаг болохоор Бурханд бага зэрэг дуулгавартай гэсэн үг гэж бодсон. Гэхдээ Лу эгчийн асуудал дээр би аливааг өөрийнхөө хүслийн дагуу сохроор зохицуулж, эгчийг дураараа яллаж, дарлах чадвартай хэвээр байж, зүрх сэтгэл минь сатанлаг зан чанарт захирагдсаар байгааг нотолсон гэдгээ олж харсан. Үүрэгтээ ихэвчлэн нухацтай, мөс чанартай байсан ч зарчим, гол асуудлын тухайд Бурханы эсрэг тэрсэлж, Бурханд дайсагнах чадвартай хэвээр байсан. Би үнэнийг огт ойлгодоггүй, зан чанараа өөрчлөөгүй, Бурханд дуулгавартай хүн болоогүй л байгаагаа олж харсан. Удирдагчийн маань засалт, харьцалт, Бурханы үгийн шүүлт, илчлэл байгаагүй бол би өөрийгөө мэдэж огт чадахааргүй байсан.

Одоо үнэний зарчимд хамаарах зарим нэг гол асуудал дээр би үнэнийг болон аливааг зарчмын дагуу яаж хийх вэ гэдгийг мөс чанартайгаар эрж хайж чаддаг болсон, бас биеэ тоосон зан чанартаа үндэслэн сохроор үйлдэхээ больсон. Бас Бурханд: “Би олон завхарсан зан чанар, алдаатай үзэл бодолтой хэвээр байгаа учир өөрчлөгдөхийн тулд Бурханы шүүлт, гэсгээлт, засалт, харьцалт, цээрлүүлэлт, сахилгажуулалтыг цаг ямагт туулах хэрэгтэй” гэж үргэлж залбирдаг. Бурханы шүүлт, гэсгээлт намайг хэзээ ч бүү орхиосой, тэгснээр би тэрслүү байдал, завхралаа илүү гүн гүнзгий ойлгож, яваандаа Бурханд үнэхээр дуулгавартай болж чадна гэж залбирдаг юм.

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Оюун санааны тэмцэл

Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн байдаг: “Бурханд итгэсэн цагаасаа өнөөдрийг хүртэл хүмүүс маш олон буруу сэдэл өвөрлөсөн. Үнэнийг...

Messenger дээр бидэнтэй холбоо барих