Илүү сайн гэрчлэгч байж сурах нь

2022-01-21

Чимээгүй, Хятад

Өнгөрсөн жилийн 6-р сард би усалгааны санваартнаар сонгогдоод, Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг дөнгөж хүлээн зөвшөөрсөн хүмүүсийн усалгааг хариуцлаа. Тэгээд, “Бурхан ийм чухал үүргээр намайг өргөмжилж байна, иймээс би үүргээ сайн биелүүлж, Бурханы хайрыг хариулах хэрэгтэй” гэж дотроо бодсон. Эхэндээ ажилд маань хүндрэл бэрхшээл олон байлаа. Зарим ах эгч ажил гээд завгүй, цуглаанд тогтмол оролцдоггүй байсан, зарим нь шашны болон ХКН-ын гүжирдлэгт хууртаад, цуглаанд оролцохдоо дурамжхан болж, гэр бүлийнхэн нь саад хийснээс үүдэн зарим нь идэвхгүй, сул дорой байж, үүргээ биелүүлж чадаагүй. Эдгээрийн талаар бодохоор надад маш их дарамт мэдрэгддэг байлаа. Энэ ах эгч нарыг сайн услах, улмаар үнэнийг ойлгуулж, зөв замд үндэс суурьтай болгохын тулд маш их ажил хийх ёстой байсан. Тухайн үед би Бурханд залбирч, түшиглэж, тэдний асуудал, бэрхшээлийг шийдвэрлэхийн тулд үнэнийг эрж хайлаа. Хэсэг хугацааны дараа тэдний ихэнх нь цуглаанд хэвийн байдлаар оролцдог болж, зарим нь үүргээ биелүүлэхийн утга учрыг олж мэдээд, үүрэг авсан. Эдгээр үр дүнг хараад, би хөл газар хүрэхгүй баярлаж, “Энэ ажилд би сайн байж таарлаа. Өөрөөр яаж ийм сайн үр дүнд хүрч чадах юм бэ?” гээд өөрийгөө яах аргагүй үнэлсэн юм. Дараа нь ах эгч нар өөрсдийн байдал, бэрхшээлийн талаар ярьж байгааг сонсох үедээ би тэднээс дээр, илүү туршлагатай гэдгээрээ өөрийн эрхгүй онгирч эхэлсэн.

Нэг удаа, усалгааны үүргээ дөнгөж хийж эхэлсэн зарим эгчтэй хийсэн цуглаан дээр, шинээр итгэгчид ХКН-ын улайрсан дарлал, баривчилгаатай нүүр тулаад, сөрөг, сул дорой болж, айж, эмээж байгаа гэдгийг тэд дурдлаа. Үүнийг шийдвэрлэхийн тулд яаж нөхөрлөхөө тэр эгч нар мэдэхгүй байсан. Би саяхан эдгээр асуудлыг шийдвэрлэж, зарим нэг үр дүнд хүрсэн юм чинь эдгээрийг шийдвэрлэхийн тулд үнэнийг яаж нөхөрлөснөө тэдэнд хэлж, үнэнийг хамгийн сайн ойлгодог, хамгийн чадварлаг ажилчин гэдгээ харуулах сайхан боломж гарлаа гэж бодсон. Иймээс өөртөө итгэлтэйгээр, “Саяхан би ийм байдалд байсан хэдэн ах эгчийг усалсан. Тухайн үед би маш их санаа зовсон болохоор тэднийг сайн услахын тулд олон цуглаан хийж, Бурханы үгийг уншиж, тэдний байдалд чиглэсэн үнэний талаар нөхөрлөсөн. Тийшээ явчхаад ирэхэд дугуйгаараа 50 гаруй км явах ёстой болдог байлаа. Хэсэг хугацаанд усалгаа хийсний дараа тэд Бурханы ажил, төгс хүчин, мэргэн ухааны талаар мэдлэгтэй болж, Бурхан ажилдаа агуу улаан лууг товойлгогч болгон ашигладаг гэдгийг ойлгоод, Бурханд итгэдэг болсон. Тэгээд ХКН-ын хяхалт хавчлагад боогдохоо больж, тэр ч бүү хэл Бурханы ажлыг гэрчлэхээр сайн мэдээ түгээхийг хүссэн шүү…” гэлээ. Нөхөрлөж байхад минь эгч нар намайг ховсдуулсан мэт харж байсан. Миний сэтгэл өег болж, ярих тусмаа улам эрч хүч орлоо. Ярьж дууссаны минь дараа нэг эгч догдолсон байдлаар, “Та ийм их туршлагатай болохоор асуудлыг тодорхой олж харж чаддаг юм байна. Би бол будилж гүйцэх байсан” гэсэн. Өөр нэг эгч, “Танд эдгээр асуудлыг шийдвэрлэхэд маш амархан байдаг юм байна. Танд өөр сайн сайхан туршлага байгаа бол бидэнд нөхөрлөөч, тэгээд бид танаас суралцаж болох юм” гэж атаархангуй хэллээ. Тэдний магтаалыг сонсоод миний магнай тэнийсэн. Хэдийгээр би, миний ажлын үр дүн өөрийн минь хүчин чармайлт биш, гагцхүү Бурханы удирдамж байсан гэж хэлсэн ч эдгээр үр дүнгийн төлөө өөрөө зовж, төлөөс төлсөн гэж сэтгэлдээ бодсон юм. Дараа нь, би онгирох бүр ч дуртай болсон.

Нэг цуглаан дээр, нэг эгч усалгааны үүрэг нь сайн үр дүнд хүрэхгүй байгаа учраас сөрөг болж, олон бэрхшээлийн талаар ярьсан юм. Тэгэхээр нь, “Би ч гэсэн ийм бэрхшээл, дутагдалтай тухайгаа ярих юм бол бусад маань намайг муугаар бодох биш үү? Би эгчийн ажлыг хариуцдаг учраас эгчид амжилттай туршлагынхаа талаар хэлж, иймэрхүү өөр өөр асуудал, бэрхшээлтэй тулгарах үедээ асуудлыг шийдвэрлэхийн тулд үнэнийг яаж нөхөрлөснөө тэдэнд харуулъя. Тэгснээр тэдний асуудлыг ч шийдвэрлээд, бас өөрийгөө тэдэнд илүү өндрөөр үнэлүүлж болох юм” гэж бодогдсон. Ингэж бодмогцоо сул тал, дутагдлынхаа талаар ярихаас зайлсхийж, оронд нь үүрэгтээ хэр үр нөлөөтэй байсан тухайгаа тэдэнд сайрхлаа. “Тухайн үед би таван ах эгчийг усалж, дэмжсэн. Зарим нь шашны үзэлтэй, зарим нь мөнгөнд шунаж, цуглаанд хэвийн байдлаар оролцдоггүй, бас зарим нь ар гэрийнхээ асуудлаас болоод сул дорой, сөрөг байсан. Би тэдэн дээр нэг бүрчлэн очоод, зарим нэг асуудлыг даван гарч, Бурханы үгийг маш их эрж хайсан, бас эдгээр асуудлыг шийдвэрлэх гэж тэдэнтэй нэг бүрчлэн нөхөрлөл хийсэн, эцэстээ тэд үнэнийг ойлгож, үзлээ орхиж, цуглаанд тогтмол оролцдог болж, сайн дураараа үүрэг авсан. Ертөнцийн байр суурь, алдар нэр хөөцөлддөг учраас цуглаанд бараг ирдэггүй, мэргэжилдээ авьяаслаг нэг ах байсан. Тэр ахыг дэмжих явцад минь олон бэрхшээл гарсан ч би Бурханд найдаж, ахад Бурханы үг уншиж өгч, Бурханы хүслийн талаар нөхөрлөсөн. Энэ нь Бурханд итгэгчид үнэнийг эрэлхийлэхийн үнэ цэнийг ойлгоход нь ахад тус болж, нэр төр, байр суурь хөөцөлдөх нь хий хоосон зүйл, Бурханыг дагаснаар л үнэн болон амь олж авч, Бурханаар аврагдаж чадна гэдгийг олж харах боломж олгосон, тэгээд ах бас үнэнийг эрэлхийлж, үүргээ биелүүлэхэд бэлэн болсон” гэж ярилаа. Нөхөрлөлийн минь дараа манай эгч нар нүүрэндээ биширч, шүтсэн царай тодруулсан харагдаж, миний нөхөрлөл дэх Бурханы үгийн хэсгүүдийг тэд бичиж авсан. Нэг эгч уулга алдан, “Та тэдний асуудлыг шийдвэрлэхийн тулд үнэнийг ашиглаж, Бурханы хүслийг ойлгох, Бурханыг дагах, үүргээ биелүүлэхэд нь тэдэнд тусалсан байна. Үнэний бодит байдлыг эзэмшээгүй бол тэгж чадахгүй шүү” гэлээ. Өөр нэг эгч бишрэнгүйгээр, “Би эдгээр асуудалтай тулгарсан бол шийдвэрлэж чадахгүй байх байсан. Та илүү их туршлагатай болохоор ийм асуудлыг шийдвэрлэхдээ биднээс сайн юм” гэж хэлсэн. Тухайн үед би ч бас үүнийг мэдэрсэн. Ярианы маань дараа нэг эгч өөрийгөө хэв чанар муутай, бас шинэ итгэгчдийн асуудлыг шийдвэрлэхийн тулд үнэнийг ашиглаж чаддаггүй гэж бодоод жаахан сөрөг болсон. Тэгэхээр нь, “Би амжилттай туршлагынхаа талаар дэндүү их яриад байна уу даа? Тэдэнд тулгардаг асуудал надад энгийн, шийдвэрлэхэд амархан байдаг. Иймээс тэд чадваргүйгээ мэдэрч, намайг хүндэлж, бүх асуудлаа шийдвэрлэхдээ надад найдаж байна уу?” гэж бодогдлоо. Бишрэх, бишрүүлэхийн хор хөнөөлийн талаар би бодсон. Гэхдээ дараа нь, “Тэдэнд өөрийнхөө бодит туршлагын талаар хэлж байгаа болохоор зүгээр байлгүй” гэж бодлоо. Тухайн үед би өөрийгөө эргэцүүлэлгүй, асуудлыг өнгөрөөсөн. Дараа нь, би ажлынх нь талаар асуухаар усалгааны хоёр эгчтэй уулзлаа. Намайг очмогц нэг нь догдолсон байдлаар, “Ашгүй та хүрээд ирлээ. Энд байгаа зарим ах эгчийн асуудлыг бид яаж шийдвэрлэхээ мэдэхгүй байна. Таныг ирсэн дээр тэдний талаар асууж болох нь” гэсэн. Эгчийн нүдэн дэх хүлээлттэй харцанд би догдлохын зэрэгцээ санаа зовсон юм. Эгчид хүндлүүлсэн учраас догдолсон, гэхдээ ажилдаа яаж үр дүнд хүрсэн тухайгаа байнга ярьдгаас минь болж эгч намайг биширдэг болчхов уу гэж гайхсан учир санаа зовлоо. Дараа нь, “Би тэдэнд хэрэгжүүлэх зам өгөхийн тулд үргэлж амжилтынхаа талаар ярьдаг, энэ нь Бурханы гэрийн ажлыг хамгаалж байгаа хэрэг. Тэгээд ч би хэтрүүлэггүй, бодит туршлагынхаа тухай л ярьдаг” гэж бодсон. Иймээс дахиад л амжилттай туршлагаа нөхөрлөсөн юм. Хариуд нь тэд дадсан ёсоор биширч, атаархаж, харин миний магнай тэнийлээ.

Үүний дараа, би үүрэгтээ яаж зовж, төлөөс төлсөн, асуудал шийдвэрлэх гэж яаж үнэнийг нөхөрлөсөн тухайгаа, бас амжилттай жишээнүүдээ нэг бүрчлэн цуглаан болгон дээр ярьдаг болсон. Яваандаа бүх ах эгч маань намайг шүтэж эхлэн, бүх асуудлаа надаар шийдвэрлүүлэхээр хүлээж, би ч хүндлүүлж, шүтэгдэх мэдрэмжид маш дуртай болсон. Цуглаанаас буцаж явахдаа ах эгч нарынхаа биширч, хүндэлсэн царайг санаад, өөрийн эрхгүй хөл газар хүрэхгүй баярладаг байсан. Ахархан хугацаанд үүрэг биелүүлснийхээ дараа би ийм олон хүнд бишрүүлж, хүндлүүлсэн юм. Тэгж бодохоор үүрэгтээ хүч чадал, урам зоригоор дүүрдэг байлаа. Гэхдээ шүтэгдэхийн баяр баясалд ид умбаж байтал надад гэнэтийн засалт, харьцалт нүүрлэсэн.

Нэг өдөр, чуулганы удирдагч над дээр ирснээ, “Чуулганы энэ сонгуулиар би ах эгч нараас чамд үнэлгээ өгөөч гэж хүссэн юм, харин бүх хүн чамайг онгирох дуртай гэж байна” гэсэн. Үүнийг сонсоод, ичсэндээ нүүр минь тэр дороо улайлаа. Тэгээд, “Тэд бүгдээрээ намайг онгирох дуртай гэж хэлж яаж чадаж байна аа? Удирдагч намайг юу гэж бодож байгаа бол? Дахиад хүний нүүр яаж харна аа?” гэж бодсон. Би өөрийгөө санд мэнд тайлбарлаж, “Нэлээд биеэ тоодог, бас заримдаа өөрийн эрхгүй онгирдгоо хүлээн зөвшөөрч байна, гэхдээ би албаар онгирдог юм биш. Гагцхүү өөрийнхөө туршлага, мэдлэгийг үнэнээр нь ярьдаг” гэлээ. Удирдагч маань намайг өөрийгөө мэддэггүй гэдгийг олж хараад, “Та өөрийнхөө туршлагын талаар ярьдаг юм байна, гэхдээ ах эгч нар яагаад Бурханд найдаж, үнэнийг эрж хайхын оронд таныг хүндэлж, танд найддаг юм бэ? Та албаар онгирдоггүй гэж хэлж байна, гэхдээ яагаад та өөрийнхөө завхрал, дутагдал, сөрөг байдал, сул тал, эсвэл дотоод үнэн бодлынхоо талаар ярьдаггүй юм бэ? Та өөрийнхөө завхрал, сул талыг биш, сайн сайхан зүйлийн тухай л ярьдаг. Энэ нь таныг үнэнийг эрэлхийлдэг, яаж туулахаа мэддэг гэх сэтгэгдэл төрүүлдэг. Тэгснээр та зүгээр л өөрийгөө өргөмжилж, онгирч байгаа юм биш үү?” гэлээ. Удирдагчийнхаа илчилж, шүүмжилсэн зүйлийн хариуд надад хэлэх үг олдоогүй. Би цуглаан дээр ерөнхийдөө амжилттай туршлагынхаа талаар л ярьдаг, харин үүрэг дэх гажуудал, бүтэлгүйтлийнхээ талаар хэзээ ч сэтгэлээ уудалж байгаагүйгээ саналаа. Би үнэхээр онгирч байж. Маш олон ах эгчийн өмнө яаж онгирсон гэдгээ, одоо тэд бүгдээрээ намайг ялган таньсан гэдгийг бодоод би маш их ичиж, зовсондоо газрын гаваар шургачихмаар санагдсан. Бодох тусмаа улам их шаналаад, нулимсаа барьж дийлээгүй юм. Бурханы өмнө өвдөг сөгдөөд, “Бурхан минь, би цаашид онгирмооргүй байна. Өөрийгөө эргэцүүлж, мэдэж авахад минь намайг замчлаач” гэж залбирсан.

Дараа нь, Бурханы үгийн ийм нэг хэсгийг уншлаа, “Завхарсан хүн төрөлхтөн өөрсдийгөө өргөмжилж, гэрчлэх, өөрсдийгөө гайхуулах, хүмүүст өөрсдийгөө өндрөөр үнэлүүлэх зэрэг зүйл хийх чадвартай. Хүмүүс сатанлаг уг чанартаа захирагдах үедээ зөнгөөрөө ийм хариу үйлдэл үзүүлдэг бөгөөд энэ нь завхарсан бүх хүн төрөлхтөнд нийтлэг байдаг. Хүмүүс өөрсдийгөө ихэвчлэн яаж өргөмжилж, гэрчилдэг вэ? Тэд энэ зорилгод хэрхэн хүрдэг вэ? Нэг арга нь хэр их зовсон, хэр их ажил хийсэн, өөрсдийгөө хэр их зарлагадсанаа гэрчлэх явдал. Тэд хувийн хөрөнгө хэлбэрээр эдгээр зүйлийн тухай ярьдаг. Өөрөөр хэлбэл, тэд эдгээр зүйлийг өөрсдийгөө өргөмжлөх хөрөнгө болгон ашигладаг бөгөөд үүгээрээ хүмүүсийн оюун санаанд илүү өндөр, баттай, найдвартай байр суурь эзэлж, улмаар хүмүүс тэднийг үнэлж, биширч, хүндэлж, тэр ч бүү хэл дээдэлж, шүтэж, дагадаг. Эцсийн үр нөлөө нь энэ юм. Энэ зорилгод хүрэхийн тулд тэдний хийдэг зүйлс—өөрсдийгөө өргөмжилж, гэрчилдэг бүхэн нь эрүүл ухаантай юу? Үгүй. Эдгээр нь ухаалаг байдлын хэр хэмжээнээс давдаг. Энэ хүмүүс ямар ч ичгүүр сонжуургүй бөгөөд Бурханы төлөө юу хийсэн, хэр их зовсноо айж ичилгүй гэрчилдэг. Тэгээд бүр өөрсдийн билиг, авьяас, туршлага, онцгой чадвар, биеэ авч явах ухаалаг арга барил, хүмүүсээр тоглоом тохуу хийхдээ ашигладаг арга мэхийг гайхуулдаг. Тэд өөрсдийгөө гайхуулж, бусдыг басамжлах замаар өөрсдийгөө өргөмжилж, гэрчилдэг. Түүнчлэн хүмүүст үргэлж мундаг байгаагаа л харуулахын тулд дүр үзүүлж, өөрсдийгөө өнгөлөн далдлаад, сул тал, дутагдал, бүтэлгүйтлээ бусдаас нуудаг. Сөрөг болох үедээ бусад хүнд хэлж ч зүрхэлдэггүй; тэд сэтгэлээ уудалж, бусадтай нөхөрлөл хийх зориггүй байдаг бөгөөд буруу зүйл хийх үедээ үүнийгээ нууж, дарагдуулахаар чадах бүхнээ хийдэг. Үүргээ биелүүлэх явцдаа Бурханы гэрт учруулсан хор хөнөөлөө хэзээ ч дурддаггүй. Харин өчүүхэн хувь нэмэр оруулж, багахан амжилт гаргасан үедээ үүгээрээ даруйхан онгирдог. Хэр чадварлаг, хэв чанар сайтай, хэр гоц гойд, хэвийн хүмүүсээс дээр гэдгээ бүхий л ертөнцөд мэдэгдэх сэн гэхээс тэсэж яддаг. Энэ нь нэг ёсондоо өөрсдийгөө өргөмжилж, гэрчилж байгаа хэрэг бус уу? Өөрийгөө өргөмжилж, гэрчлэх нь хэвийн хүн чанарын ухаалаг хүрээн дотор байдаг уу? Үгүй. Тэгвэл хүмүүс ингэхдээ ихэвчлэн ямар зан чанар илчилдэг вэ? Гол илрэлүүдийн нэг нь биеэ тоосон зан чанар, мөн зальжин байдал бөгөөд бусад хүнд өндрөөр үнэлэгдэхийн тулд чадах бүхнээ хийх явдал үүнд багтдаг. Тэдний түүх ямар ч маргаангүй байдаг; үг нь харваас сэдэл, явуулга агуулдаг бөгөөд тэд онгирч байгаагаа нуух арга олсон байдаг боловч хэлдэг зүйлийнх нь үр дүнд хүмүүс тэднийг бас л бусдаас дээр, хэн ч тэдэнтэй дүйцэхгүй, бусад бүх хүн тэднээс дорд гэж бодоход хүрдэг. Тэд энэ үр дүнд зальхай аргаар хүрдэг бус уу? Ийм аргын ард ямар зан чанар байдаг вэ? Хорон муу байдлын элемент байдаг уу? Энэ бол нэг төрлийн хорон муу зан чанар юм(Антихристүүдийг илчлэх нь номын “Тэд өөрсдийгөө өргөмжилж, гэрчилдэг”). Бурханы үгийн илчилсэн зүйлд сэтгэл минь хөдөлсөн. Бурханы үгэнд илчлэгдсэн онгирч, өөрийгөө гэрчлэх явдал яг миний зан авир байсан биш үү? Үүргээ биелүүлэхдээ би өөрийн зовлон, үүрэг дэх амжилттай үр дүнгийнхээ талаар л ярьдаг гэдгээ ухаарсан юм. Цуглаан дээр ах эгч нар маань яаж шийдвэрлэхээ мэдэхгүй байгаа асуудлаа дурдсан, харин би үнэнийг нөхөрлөж, тэдэнд Бурханы хүслийг ойлгоход нь тусалж, үүрэгтээ Бурханд найд гэж хэлээгүй. Оронд нь өөрийнхөө зовлон, асуудал шийдвэрлэх чадварыг гэрчилсэн. Би хэр хол хэрэн хэссэн, хүмүүсийг услахаар төлөөс төлсөн тухайгаа үргэлж ярьдаг байсан. Бэрхшээл тулгарах үед илчилсэн сул тал, дутагдлынхаа талаар хэзээ ч ярьж байгаагүй. Бусдад өөрийгөө үнэнийг ойлгодог, асуудал шийдвэрлэж чаддаг гэж бодогдуулахын тулд яаж ачаа үүрч, Бурханы хүсэлд анхаарсан, ах эгч нарт маань асуудал тулгарах үед аливааг шийдвэрлэхээр үнэнийг яаж эрж хайсан, миний усалгаа, дэмжлэгийн ачаар хэр олон хүн цуглаанд оролцож, үүргээ биелүүлсэн гээд ерөнхийдөө эерэг оролтын талаар л цуглаан дээр ярьдаг байсан. Харваас Бурханы үг л тэдэнд үнэнийг ойлгох, итгэх, үүргээ биелүүлэхийг хүсдэг болох боломж олгосон. Эдгээр нь Бурханы үгээс гардаг үр дүн. Гэтэл би Бурханыг өргөмжилж, Бурханы үг, ажлыг гэрчлээгүй. Миний туршлагыг сонссоноор хэн ч Бурханы талаарх мэдлэгтэй болоогүй, харин тэд намайг шүтсэн. Асуудал гарах үед тэд Бурханд найдаж, үнэнийг эрж хайгаагүй. Оронд нь, аливааг шийдвэрлэхийн тулд надтай нөхөрлөхөөр эрэлхийлсэн. Тэд намайг өөрсдийнх нь амийг ч аварч чадах хүн мэтээр үзсэн. Би хүмүүсийг өөрийнхөө өмнө авчирч байсан юм. Тэгээд хүмүүсийг хуурч, байр суурийн төлөө Бурхантай тэмцэлдэж байсан. Тэгсэн мөртөө л өөрийгөө өргөмжилж, онгирч байгаа мэт санагдаагүй. Зүгээр л өөрийнхөө бодит туршлагыг хэлэлцэж байна гэж бодсоор л байсан. Туршлагаа хэлэлцэхдээ жигшүүрт санаа өвөртөлж байснаа одоо би олж харлаа. Би хүмүүсийн зүрх сэтгэлд дээгүүр байр суурь эзлэхээр хичээж байсан юм. Бодох тусам би жигшүүртэй, ичгүүргүй гэдгээ улам бүр мэдэрсэн шүү. Асуудлыг шийдвэрлэхийн тулд Бурханы үгийг нөхөрлөж, хүмүүсийг Бурханы өмнө хүргэж, үнэнийг ойлгох, Бурханыг мэдэж авахад нь тэдэнд туслаг гэсэндээ Бурхан намайг энэ усалгааны үүргээр өргөмжилсөн. Гэтэл би үүрэгтээ хүмүүст шүтэгдэхийн тулд хаа сайгүй онгирсон. Ариун Сүнсний ажлын үр нөлөөг өөрийн хөдөлмөрийн үр нөлөө гэж үзэж, өөрийнхөө талаар сайрхах далим болгон ашигласан. Би Бурханы алдрыг хулгайлж, ах эгч нарынхаа бишрэл, хүндлэлд баясаад, огтхон ч ичгүүргүй байсан. Надад өчүүхэн ч мөс чанар, эрүүл ухаан байгаагүй юм! Намайг замнасан буруу замаа эргэцүүлж, амжиж засраг гэсэндээ Бурхан надад нэг эгчээр засалт, харьцалт хийлгэхээр зохицуулсан, энэ нь Бурханы намайг гэх хайр, аврал байсан. Би цаашид Бурханы сэтгэлийг шархлуулж болохгүй гэдгээ мэдэж байсан. Би гэмших ёстой байлаа.

Тухайн үед, Бурханы үгийн ийм хэсэг санаанд орсон, “‘Туршлагаа хуваалцаж, ярилцах’ гэдэг нь зүрх сэтгэл дэх бодол болгоноо, өөрсдийн байдал, Бурханы үгийн талаарх туршлага, мэдлэг, дотроо байгаа завхарсан зан чанарын тухай ярьж, тэгээд тэдгээрийг ялган таньж, эерэг хэсгүүдийг нь хүлээн авч, аль нь сөрөг болохыг таних боломжийг бусдад олгох юм. Энэ л хуваалцаж, үнэхээр ярилцаж байгаа хэрэг билээ(Эцсийн өдрүүдийн Христийн яриа номын “Үнэнч хүн байх хамгийн үндсэн хэрэгжүүлэлт”). Би Бурханы үгийг цэгнэж байхдаа, туршлагын талаарх нөхөрлөл нь хувийн санаа зорилго, санаархал, хүсэл агуулах учиргүйг ойлгосон. Эерэг ч бай, сөрөг ч бай, жинхэнэ байдлынхаа талаар ах эгч нартаа үргэлж сэтгэлээ уудлах ёстой, тэгснээр тэд миний туршлагаас эерэг зүйлийг нь шингээж, сөрөг зүйлийг ялган танихад суралцаж болно, би ч бас тэрслүү, завхарсан гэдгийг тэд харж чадна, тэгээд намайг хүндэлж, бишрэхгүй. Тэгснээр миний туршлага тэдэнд сургамж өгч, эндүү ташаа замаас зайлсхийхэд нь тусалж болох юм. Маргааш нь цуглаан дээр би зориглоод өөрийнхөө байдлыг хэлэлцлээ. Бусдад хүндлүүлэхийн тулд яаж онгирч байсан, өөрийгөө яаж эргэцүүлж, мэдэж авсан гэдэгтээ дүн шинжилгээ хийж, ний нуугүй хэлэлцсэн. Тэр цуглаан дээр аюулгүй байдал, амар амгалангийн сайхан мэдрэмж төрсөн шүү.

Дараа нь би, нэг эгч маш их сэтгэлээр унасан гэж сонслоо. Тэгээд ярилцтал, тэр эгч, “Цуглаан дээр би дандаа таны туршлагыг болон бусдад яаж үр дүнтэй тусалдгийг тань сонсдог, гэхдээ би үнэний бодит байдалгүй, маш дорой хэв чанартай. Асуудал гарахаар, би шийдвэрлэж чаддаггүй. Энэ нь хэт стресстэй юм. Би энэ үүргийг барахгүй юм байна” гэлээ. Эгчийн хэлсэн зүйлийг сонсоод би маш их ичсэн. “Эгчийн сөрөг байдалд би шууд буруутай. Би үүрэгтээ Бурханыг өргөмжлөөгүй, ах эгч нарынхаа амийн оролт дахь бодит бэрхшээлийг шийдвэрлээгүй, харин үргэлж дэгсдүүлж, онгирдог байсан, үүнээс болж эгч намайг үнэнийг ойлгодог, биеийн хэмжээтэй гэж буруу бодсон байна. Би алдаагаа давтаж болохгүй. Эгчид сэтгэлээ уудалж, өөрийгөө илчлэх ёстой” гэж бодогдсон. Тийм болохоор эгчид өөрийн байдал, тэр хугацаанд яаж онгирч байснаа оролцуулаад бүх зүйлийг хэлсэн. Үнэндээ би үнэний бодит байдлыг эзэмшдэггүй, миний үүрэг дэх үр дүн Ариун Сүнсний ажил, удирдамжаас гаралтай, би дан ганцаараа юунд ч хүрч чадахгүй гэдгийг хэлж өгсөн. Эгчийн маань сэтгэл хөдлөөд, “Би үнэнийг эрэлхийлдэггүй, зүрх сэтгэлдээ Бурханыг гэх орон зайгүй, бас гаднах авьяасыг хүндлээд, энэ бүгд Бурханы ажил, удирдамж гэдгийг мэддэггүй. Би сөрөг, сул дорой байдалд амьдармааргүй байна. Бурханд найдаж, үүргээ биелүүлмээр байна” гэлээ.

Үүний дараа би өөрийгөө эргэцүүлж эхэлсэн юм. Онгирох нь Бурханыг эсэргүүцэж байгаа явдал гэдгийг мэдсээр байж яагаад би өөрийн эрхгүй энэ замаар орсон юм бол? Энэ яг ямар учиртай юм бол? Дараа нь, би Бурханы үгийн ийм хэсгийг уншлаа, “Зарим хүн ялангуяа Паулыг шүтдэг: Тэд гадагш гарч, үг хэлж, ажил хийх дуртай, мөн цуглаанд оролцож, номлох дуртай, хүмүүс өөрсдийг нь сонсож, шүтэж, тойрон хүрээлэхэд дуртай байдаг. Тэд бусдын зүрх сэтгэлд байр суурь эзлэх дуртай бөгөөд өөрсдийнх нь гаргадаг дүр төрхийг бусад хүн үнэлэхэд дуртай байдаг. Тэдний уг чанарыг эдгээр ааш авираас шинжилж үзье: Тэдний уг чанар ямар вэ? Хэрвээ тэд үнэхээр ийм маягаар авирладаг бол биеэ тоосон агаад ихэрхүү гэдгийг нь харуулахад энэ нь хангалттай. Тэд Бурханд огтхон ч шүтэн мөргөдөггүй; тэд өндөр байр сууринд тэмүүлдэг ба бусдыг удирдаж, эзэмдэж, бусдын зүрх сэтгэлд байр суурь эзлэхийг хүсдэг. Энэ бол Сатаны сонгодог дүр юм. Тэдний уг чанараас ялгарч харагддаг зүйл нь биеэ тоосон, ихэрхүү зан, Бурханыг шүтэн мөргөх дургүй байдал, бусдаар шүтүүлэх хүсэл юм. Ийм ааш авираас тэдний уг чанарыг маш тодорхой харж болно(Эцсийн өдрүүдийн Христийн яриа номын “Хүний уг чанарыг хэрхэн мэдэх вэ”). Би биеэ тоосон уг чанартаа хянуулдаг учраас ах эгч нартаа онгирч, тэднээр хүндлүүлж, бишрүүлэх дуртай гэдгээ, бас энэ нь Бурханыг эсэргүүцэх зам гэдгийг Бурханы үгийн илчилсэн зүйлээс ойлгосон. Биеэ тоосон уг чанар минь намайг үүргээ үр дүнд хүрмэгц өөрийгөө үнэлэхэд хүргэсэн. Чадавхтай гэдгээ нотолж, бусдад хүндлүүлж, бишрүүлэхийн тулд би цуглаан дээр ажлынхаа үр дүнг байнга дэгсдүүлж, үүгээр онгирдог байсан. Үүрэг дэх бэрхшээлээсээ үүдэн сул дорой болж, тэрслүү байдал, завхрал илчилсэн ч өөрийгөө гоц гойд, давуу мэт санагдуулах, улмаар бусдад улам их хүндлүүлж, шүтэгдэхийн тулд эдгээрийг хэзээ ч дурдаж байгаагүй. Ах эгч нартаа магтуулах үедээ би маш их баярлаж, тэдэнд бишрүүлж, шүтүүлэхдээ ичгүүргүйгээр баяссан. Би хүмүүсийн зүрх сэтгэлд хаан сууж, хүмүүсийг Бурхантай булаацалдахаар хичээж байсан биш үү? Паул цуглаан, номлолд хэр их дуртай байсан, Ариун Сүнсний ажлын үр нөлөөг өөрийн хөрөнгө гэж хэлж, хүмүүсийг хуурахын тулд газар сайгүй онгирч, өөрийгөө өргөмжилж, бүх итгэгчийг өөрийнхөө өмнө аваачсан, үүнээс болж 2,000 жилийн дараа, одоо ч шашны ертөнц тэр аяараа Паулыг шүтэж, өргөмжилж, Паулын үгэнд Бурханы үг гэж хандаж, Эзэн Есүсийн талаарх өчүүхэн ч мэдлэггүй байдаг гэдэг нь бодогдлоо. Паул биеэ тоож, өөрийгөө зөвтгөн, Бурханыг огт хүндэлдэггүй байсан. Тэгээд Бурханыг эсэргүүцдэг антихристийн замаар явсан. Паул хүмүүсийн зүрх сэтгэл дэх Бурханы орон зайг эзэлж, Бурханы зөвт зан чанарт ноцтой халдаад, Бурханд шийтгүүлж, хараагдсан юм. Би Паултай адилхан байсан юм биш үү? Би ч бас биеэ тоож, өөрийгөө зөвтгөдөг, өөрийгөө өргөмжилж, онгирч, хүмүүсээр тойрон хүрээлүүлэх дуртай байсан. Үүнээс болж олон сарын “гүйцэтгэлийн” минь дараа бүх хүн намайг хүндэлж, биширч, зүрх сэтгэлдээ Бурханыг гэх орон зайгүй болсон. Асуудал гарахад тэд нөхөрлөл хийж, шийдвэрлэхийн тулд Бурханд биш, надад хандсан. Би Бурханыг эсэргүүцэж, ах эгч нарыгаа хорлож байсан биш үү? Бурханы даалгаврыг би хүлээн зөвшөөрсөн ч Бурханы эсрэг зогсож, дайсан нь болоод, Бурханыг эсэргүүцдэг Паулын антихрист замаар явсан. Гэмшихгүй бол миний төгсгөл яг л Паулынх шиг байх байлаа. Бурхан намайг таягдан хаяж, шийтгэх байсан. Биеэ тоосон уг чанартаа хянуулж байгаагаа тэгэхэд л би олж харсан. Би удаа дараа ичгүүргүйгээр онгирч, өөрийнхөө талаар сайрхаж, ах эгч нараа хуураад өөрийгөө шүтүүлсэн, заримдаа бүр жигшүүртэй санаа өвөртөлж, онгирох арга заль хэрэглэсэн. Би маш ёрын муу байж! Би өөртөө ой гутаж, зэвүүцээд, дахин хэзээ ч онгирохгүй гэж өөртөө тангарагласан даа.

Дараа нь Бурханы үгийн уншлагын нэг видео үзсэн. Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн байдаг: “Бурханы зан чанар, Түүнд юу байгаа болон Тэр юу болох талаар чи ямар ойлголттой вэ? Бурханы эрх мэдэл, бүхнийг чадагч байдал, мэргэн ухааныг чи юу гэж ойлгодог вэ? Бүх хүн төрөлхтөн, бүх зүйл дунд Бурхан хэчнээн олон жил ажиллаж байгааг мэддэг хүн байна уу? Бурхан өнөөг хүртэл яг хэдэн жил ажиллаж, бүх хүн төрөлхтнийг удирдаж ирснийг хэн ч мэддэггүй. Бурхан хүмүүст ийм юмаа зарладаггүй. Харин Сатан хэсэгхэн хугацаанд ажиллах байсан бол үүнийгээ зарлах уу? Гарцаагүй зарлана. Сатан онгирч, илүү олон хүнийг хуурч, тэдэнд үнэлэгдэхийг хүсдэг. Бурхан яагаад энэ ажлаа зарладаггүй вэ? Бурханы мөн чанар даруу, нууцлаг талтай. Даруу, нууцлаг байдлаас юу эсрэг тэсрэг байдаг вэ? Биеэ тоосон, эрээ цээргүй байдал, их санаа… Антихристүүд ч ялгаагүй: Хийдэг өчүүхэн жижиг юм болгоноо бусдын өмнө сайрхаж байгааг нь сонсоход Бурханыг гэрчилж байгаа мэт байдаг ч анхааралтай сонсвол Бурханыг гэрчилж байгаа биш, харин ч онгирч, өөрсдийгөө магтаж байгааг нь олж мэдэх болно. Хэлж байгаа зүйлийнх нь цаад сэдэл, мөн чанар нь сонгогдсон хүмүүс болон байр суурийн төлөө Бурхантай тэмцэлдэх явдал юм. Бурхан даруухан, нуугдмал бол Сатан өөрөөрөө сайрхаж байдаг. Ялгаа байна уу? Сатаныг даруухан гэж тодорхойлж болох уу? (Үгүй.) Хорон муу уг чанар, мөн чанараас нь харвал тэр ямар ч хэрэггүй хог; Сатаны хувьд өөрөөрөө сайрхахгүй байвал гайхалтай зүйл болно. Сатаныг ‘даруу’ гэж хэлж яаж болох юм бэ? ‘Даруу төлөв байдал’ гэж Бурханы талаар л ярьдаг. Бурханы ялгамж чанар, мөн чанар, зан чанар сүрлэг агаад эрхэмсэг, харин Тэр хэзээ ч гайхуулдаггүй. Бурхан даруухан, нуугдмал бөгөөд хийсэн зүйлээ хүмүүст харуулдаггүй, харин ийм анзаарагдахгүй байдалд ажиллахдаа хүн төрөлхтнийг тасралтгүй хангаж, тэжээж, залж чиглүүлж байдаг—энэ бүхнийг Бурхан зохицуулдаг. Бурхан эдгээр зүйлийг хэзээ ч зарлан тунхаглаж, хэлдэггүй нь Бурханы нуугдмал, даруу төлөв зан мөн үү, биш үү? Бурхан эдгээр зүйлийг хийж чаддаг боловч хэзээ ч үүнийг хэлж, зарлаж тунхагладаггүй, энэ талаар хүмүүстэй мэтгэлцдэггүй учраас л Тэр даруухан билээ. Ийм зүйлийг хийж чадахгүй байж даруу байдлын тухай ярих чи ямар эрхтэй юм бэ? Чи эдгээр зүйлийн алийг нь ч хийгээгүй хэр нь үүний төлөө сайшаал хүртэх гэж зүтгэж байна—үүнийг ичгүүргүй байх гэж нэрлэдэг юм. Бурхан хүн төрөлхтнийг замчлан ийм агуу ажил хийж, орчлон ертөнцийг бүхэлд нь удирддаг. Эрх мэдэл, хүч чадал нь асар их хэр нь Тэр ‘Миний чадвар ер бусын’ гэж хэзээ ч хэлж байгаагүй. Тэр бүх зүйлийн дунд нуугдсан хэвээр, бүх зүйлийг удирдаж, хүн төрөлхтнийг тэжээн, хангаж, бүх хүн төрөлхтөнд үеийн үед үргэлжлэх боломж олгодог. Жишээ нь, агаар, нарны гэрэл эсвэл хүний оршин тогтнолд зайлшгүй хэрэгтэй нүдэнд харагдах бүх материаллаг зүйлийг аваад үз. Тэдгээр нь бүгд зогсолтгүй урган гарч байдаг. Бурхан хүнийг хангадаг нь маргаангүй. Тэгвэл, Сатан ямар нэг сайн зүйл хийвэл дуугүй байж, үл мэдэгдэх баатар болон үлдэх үү? Хэзээ ч үгүй. Чуулганд өмнө нь аюултай ажил хариуцаж байсан юм уу ашиг сонирхолд нь хохиролтой ажил нэгэн цагт хийж байсан, бүр шоронд орж байсан зарим антихрист байдагтай адил; нэгэнтээ Бурханы гэрийн ажлын нэг талд хувь нэмэр оруулсан хүмүүс ч бас бий. Тэд ийм зүйлийг хэзээ ч мартдаггүй, үүнийгээ насан туршдаа үнэлэгдэх гавьяа, насан туршийнх нь хөрөнгө гэж боддог нь ямар өчүүхэн хүмүүс болохыг нь харуулдаг! Хүмүүс өчүүхэн, Сатан ичгүүргүй(Антихристүүдийг илчлэх нь номын “Тэд ёрын муу, хар санаатай, ов мэхтэй (Хоёрдугаар хэсэг)”). Бурханы энэ үгийг хараад би ичсэн юм. Бурхан бол Бүтээгч, Бурхан эрх мэдэл, хүч чадалтай, бас хамгийн дээд байр суурьтай. Гэсэн ч завхарсан хүн төрөлхтнийг аврахын тулд Бурхан бие махбодтой болоод биечлэн ирсэн, тэгээд хүмүүсийг хангаж, аврахын тулд үнэнийг чимээгүйхэн илэрхийлдэг. Бурхан дээдийн дээд, хүчирхэг атлаа Бурханы байр суурь хэзээ ч эзэлдэггүй. Хүн төрөлхтнийг аврахын тулд хэр их ажил хийсэн, хэр их доромжлол, зовлон туулдаг гэдгээрээ хэзээ ч онгирдоггүй. Харин ч ажлаа хийн, хүмүүсийн дунд даруу, нууцлаг хэвээр үлддэг. Энэ бол ямар ч завхарсан хүний хийх аргагүй зүйл. Бурханы мөн чанар ариун, үзэсгэлэнтэй сайхан гэдгийг хараад, би биеэ тоож, өөрийгөө зөвтгөж, өөртөө бардаж, онгирсондоо илүү их ичсэн. Би Сатаны гүн гүнзгий завхруулсан туйлын бузар булай хүн, Бурханы нүдэнд шалихгүй нэгэн атлаа ичгүүргүйгээр өөрийгөө өргөмжилж, онгирч, бусдад өөрийгөө хүндлүүлж, шүтүүлсэн. Би маш их биеэ тоогоод эрүүл ухаанаа алдсан, бас үнэхээр Бурханы өмнө амьдрах үнэ цэнгүй байсан! Ичсэндээ би Бурханд залбираад, “Бурхан минь, би хүний төрхгүй амьдардаг гэдгээ Таны шүүлт, илчлэлээр олж харлаа. Цаашид би ингэж амьдармааргүй байна. Бурхан минь, намайг үнэнийг хэрэгжүүлэхэд замчилж, сатанлаг зан чанарын минь хүлээс, хязгаарлалтаас чөлөөлөөч” гэсэн.

Дараа нь, би Бурханы үгийн ийм хэсгийг уншлаа, “Бурханд гэрчлэл хийхдээ голдуу, Бурхан хүмүүсийг хэрхэн шүүж, гэсгээдэг, хүмүүсийг цэвэршүүлж, зан чанарыг нь өөрчлөхдөө ямар шалгалт ашигладаг тухай илүү их ярих ёстой. Та нар бас туршлагаараа хэчнээн их завхрал илчилсэн, хэр их зовсон, эцэст нь Бурханаар хэрхэн байлдан дагуулагдсанаа ярих ёстой; мөн Бурханы ажлын талаар хэр их бодит мэдлэг та нарт байгааг болон хэрхэн Бурханд гэрчлэл хийж, хайрыг нь хариулах ёстой талаар ч бас ярих учиртай. Ийм төрлийн яриаг илүү бодитоор ярингаа энгийн байдлаар ярих ёстой. Хоосон онол бүү ярь. Илүү бодитой байдлаар ярь; үнэн сэтгэлээсээ ярь. Та нар ингэж туршлагажих ёстой. Онгирохын тулд гүн гүнзгий санагддаг, хоосон онолоор өөрсдийгөө бүү зэвсэглэ; ингэх нь нэлээд биеэ тоосон, эрүүл ухаангүй харагдуулдаг. Та нар илүү бодитой зүйлсийг жинхэнэ, бодит туршлагынхаа үүднээс, үнэн сэтгэлээсээ ярих ёстой; энэ нь бусдад хамгийн их ашиг тустай бөгөөд тэдэнд харуулахад хамгийн тохиромжтой юм. Та нар Бурханыг хамгийн их эсэргүүцдэг, Бурханд захирагдах магадлал хамгийн багатай хүмүүс байсан боловч одоо байлдан дагуулагдсан—үүнийг хэзээ ч бүү март. Энэ асуудлуудыг та нар илүү их эргэцүүлж, бодох ёстой. Хүмүүс үүнийг тодорхой ойлгомогцоо хэрхэн гэрчлэл хийхээ мэдэх болно; эс бөгөөс тэд ичгүүргүй, эрүүл ухаангүй үйлдэл хийж болзошгүй(Эцсийн өдрүүдийн Христийн яриа номын “Үнэнийг эрэлхийлснээр л хүн амь зан чанарын өөрчлөлтөд хүрч чадна”). Бурханы үгээс би хэрэгжүүлэх зам олсон юм. Онгирох асуудлыг шийдвэрлэхийн тулд мөс чанартайгаар Бурханыг өргөмжилж, гэрчилж, Бурханы ажил, зан чанар, хүмүүст тавьдаг шаардлагыг гэрчилж, өөрийнхөө тэрслүү байдал, завхрал, аливааг хийх үеийнхээ жигшүүрт санаа зорилго, түүний үр дагаврыг илчилж, дараа нь Бурханы үгийн шүүлт, гэсгээлтийг яаж туулж, өөрийгөө мэдэж авсан тухай ярих ёстой байлаа. Тэгснээр бусад нь миний завхралыг ялган таних чадвартай болж, Бурханы ажлын талаар мэдэж, хүмүүсийг аврах Бурханы авралыг харж, хүмүүсийг хайрлах Бурханы хайрыг гэрчилж болох юм. Үүнээс гадна би туршлагаа хэлэлцэхдээ үнэнчээр, чин сэтгэлээсээ ярих, хэтрүүлж, онгирч, бусдын дээр гарахгүй байхад суралцах ёстой байлаа. Эдгээр хэрэгжүүлэлтийн замыг ойлгомогцоо би мөс чанартайгаар хэрэгжүүлж эхэлсэн. Нэг цуглаан дээр, нэг ах үүрэгтээ нэр төр, байр суурь хөөцөлддөг тухайгаа ярилаа. Ах өөрийгөө бүх хүнтэй харьцуулж, үүндээ шаналаад, үүнийг яаж шийдвэрлэхээ мэдэхгүй байсан. Ах байдлаа тайлбарлахыг нь сонсоод би, “Ахын асуудлыг шийдвэрлэчихвэл цаашид ах туршлагаа ярих үедээ миний нөхөрлөл өөрт нь байдлаа өөрчлөх боломж олгосон гэж хэлнэ. Ах эгч нар намайг хүндэлж, үнэнийг ойлгодог, биеийн хэмжээтэй гэцгээнэ. Би нөхөрлөлдөө үг, санаа зохиож, ахад туршлагынхаа талаарх бүхнийг хэлэх ёстой” гэж бодсон. Тэр мөчид, дахиад сатанлаг үзүүлбэрээ үзүүлэх гэж байгаагаа гэнэт ухаараад, өөрийгөө зэмлэсэн юм. Үхсэн ялаа залгисан мэтээр, дөнгөж сая санаанд орсон тэр бодол ой гутмаар санагдсан, иймээс би Бурханд чимээгүйхэн залбираад, энэ удаад өөрөөсөө урваж, Бурханыг өргөмжилж, гэрчлэх хүч чадал гуйлаа. Би урьд нь нэр төр, байр суурь хөөцөлддөг байсан гээд, алдар нэр, эд хөрөнгийн төлөө тэмцсэн, бүтэлгүйтэж, халагдсан туршлагаа, бас дараа нь Бурханы үгийн шүүлт, илчлэлээр дамжуулан эргэцүүлж, өөрийгөө мэдэж авч, бага зэрэг өөрчлөгдөж чадсан гэдгээ ахдаа шуудхан хэлсэн. Миний нөхөрлөлийн дараа ах маань хэт биеэ тоосон уг чанартай гэдгээ хүлээн зөвшөөрч, нэр төр, байр суурь хөөцөлдөх нь антихристийн зам гэдгийг таниад, гэмшихийг хүссэн. Ахынхаа нөхөрлөлийг сонсож байхдаа би зүрх сэтгэлдээ Бурханд зогсолтгүй талархсан шүү. Энэ нь Бурханы удирдамж, ажил байсан.

Дараа нь би цуглаан дээр ах эгч нартайгаа нөхөрлөхдөө заримдаа онгирсоор л байсан хэдий ч энэ нь урьдынх шигээ илэрхий, ноцтой байхаа больсон. Заримдаа би онгиръё гэж бодсон ч үүнийгээ мэдрэх үедээ Бурханд залбирч, өөрөөсөө урвасан. Яваандаа онгирох маань улам бүр багасаж, сайрхахыг хүсдэг байдал туулах нь улам цөөрсөн, Бурханы үгэн дэх шүүлт, гэсгээлт, засалт, харьцалт л намайг өөрчилсөн гэдгийг би мэднэ. Төгс Хүчит Бурханы авралд би гүнээ талархаж байна!

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Чимээгүй байдлын цаана

Ли Жы, Синжи Грек Би нэг их ярьдаг хүн биш бөгөөд нээлттэй байж, чин сэтгэлээсээ ярих нь ховорхон. Бүрэг ичимхий зан төлөвтэй хүн болохоор...

Messenger дээр бидэнтэй холбоо барих