15-р бүлэг
Хүмүүс бүгд өөрсдийгөө таних чадваргүй бүтээлүүд бөгөөд өөрсдийгөө мэдэж чаддаггүй. Гэсэн ч бусдын хийсэн, хэлсэн бүхэн эхлээд яг тэдний өмнө “шалгуулж”, хийгдэхээсээ өмнө тэдний зөвшөөрлийг авсан мэт тэд бусад бүх хүнийг гарын арван хуруу шигээ мэддэг. Үүний үр дүнд, тэд бусад бүх хүний сэтгэл санааны байдлыг нь хүртэл бүрэн дүүрэн үнэлсэн мэт байдаг. Хүмүүс бүгд ийм. Өнөөдөр тэд Хаанчлалын эрин үед орсон хэдий ч уг чанар нь өөрчлөгдөлгүй үлддэг. Тэр Миний өмнө Миний хийдэг зүйлийг хийдэг, харин ар хударгаар минь өөрсдийн онцгой “бизнесийг” явуулж эхэлдэг. Гэвч дараа нь Миний өмнө ирэх үедээ тэд шал өөр хүмүүс шиг, харваас амирлангуй, айдасгүй, тайван амгалан царайтай, судасны цохилт нь жигдхэн байдаг. Хүмүүсийг жигшүүртэй болгодог зүйл яг энэ биш гэж үү? Маш олон хүн шал өөр хоёр нүүр гарган—Миний өмнө байхдаа нэг, Миний ар хударгаар өөр нэг дүр эсгэдэг. Маш олон хүн Миний өмнө дөнгөж төрсөн хурга шиг аашилдаг мөртөө Миний ар хударгаар догшин бар болон хувирч, дараа нь уул толгодоор цовоо хөгжүүн нисэж байгаа бяцхан шувуу шиг авирладаг. Тун олон хүн Миний өмнө шийдвэрээ харуулдаг. Үнэхээр олон Миний үгээр цангаж, Миний үгийг хүсэмжлэн эрэлхийлж Миний өмнө ирдэг ч Миний ардуур Миний үгээс залхаж, Миний айлдваруудыг садаа тээр мэт хаядаг вэ? Дайсныхаа завхруулсан хүн төрөлхтнийг өчнөөн олон удаа хараад Би хүмүүст найдлага тавихаа больсон. Хүмүүс Миний өмнө ирж, нулимс урсган өршөөл гуйхыг өчнөөн олон удаа хараад Би, өөрийгөө хүндэлдэггүй, зөрүүд засаршгүй зангаас нь болоод тэдний зүрх сэтгэл жинхэнэ, санаа зорилго нь чин үнэнч байхад ч гэсэн тэдний үйлдэлд уурсан нүдээ аньсан. Надтай хамтран ажиллах итгэлтэй, Миний өмнө байхдаа Миний тэвэрт байгаа мэт, халуун дулаан байдлыг амсдаг хүмүүсийг Би олон удаа харсан. Өөрийн сонгосон хүмүүсийнхээ гэм зэмгүй, цовоо цолгин, сэтгэл татам байдлыг маш олон удаа хараад эдгээрийг асар их таашаахгүй байж Би яахан чадах билээ? Хүмүүс Миний гарт урьдчилан тогтоогдсон ерөөлөө хэрхэн эдлэхийг мэддэггүй, учир нь тэд “ерөөл” эсвэл “зовлон” гэж яг юу гэсэн үг болохыг ойлгодоггүй. Тиймээс хүмүүсийн Намайг эрэлхийлэх эрэлхийлэл жинхэнэ биш байдаг. Хэрвээ маргааш гэж байхгүй байсан бол та нарын хэн нь Миний өмнө хунгар цас мэт цэвэрхэн, хаш чулуу мэт өөгүй байх байсан бэ? Намайг гэх хайрыг чинь амттай хоол, ганган хувцас, эсвэл өндөр албан тушаал, арвин цалингаар сольж болно гэж үү? Үүнийг бусдын чамайг гэх хайраар сольж болно гэж үү? Шалгалт туулах нь хүмүүсийг Намайг гэх хайраа орхиход хүргэж чадна гэж үү? Эсвэл зовлон зүдүүр, гай зовлон нь Миний зохицуулалтын талаар гомдоллоход тэднийг хүргэж чадах уу? Миний аман дахь хурц илдийг хэн ч, хэзээ ч үнэхээр ойлгож байгаагүй: Тэд үүний жинхэнэ утгыг үнэхээр ухамсарлалгүйгээр ердөө өнгөц утгыг нь л мэддэг. Хэрвээ хүмүүс Миний илдний хурцыг үнэхээр харж чаддаг байсан бол харх адилаар нүх рүүгээ яаран харайлдах байсан юм. Хүмүүс хөшүүн байдлаасаа болоод Миний үгийн жинхэнэ утгыг огт ойлгодоггүй, тиймээс Миний айлдвар хэчнээн сүрдмээр болохыг, эсвэл тэдгээр нь хүний уг чанарыг хэр их ил болгож, өөрсдийнх нь завхрал тэр үгсээр хэр их шүүгдсэнийг мэддэггүй. Иймээс, Миний үгийг дутуу дулимаг ойлгосныхоо үр дүнд ихэнх хүн бүлээн хандлагатай болсон.
Хаанчлалын дотор Миний амнаас айлдвар гараад зогсохгүй, Миний хөл бүх газар нутаг даяар хаа сайгүй албан ёсоор алхалдаг. Ийм маягаар Би бүх бузар заваан газрыг ялан дийлсэн, ингэснээр зөвхөн тэнгэр өөрчлөгдөж байгаагаар зогсохгүй, бас газар ч өөрчлөгдөх явцдаа байгаа ба дараа нь шинэчлэгдэнэ. Сансар огторгуй дотор Миний алдрын гэрэлд бүх зүйл шинэ мэт гялалзан, сэтгэл бахдуулж, хүмүүсийн сэтгэл санааг өргөм хөөр баяртай талыг харуулж, хүний төсөөлөл дэх Сатаны үймээнгүй, гаднын дайснуудын халдлагаас ангид тэнгэрүүдийн цаадах тэнгэрт одоо оршин байгаа мэт байдаг. Орчлон ертөнцийн хамгийн дээд хүрээнд тоо томшгүй од Миний тушаалаар өөрсдөд нь оногдсон байрыг эзэлж, түнэр харанхуйн цагаар одот тэнгэрийг гэрэлтүүлдэг. Ганц ч оршихуй гөжүүд бодол өвөрлөж зүрхэлдэггүй тул Миний захиргааны зарлигийн гол чанарын дагуу бүхий л ертөнц сайтар зохицуулагдаж, төгс дэг журамтай байдаг: Ямар нэг үймээн самуун хэзээ ч гараагүй, сансар огторгуй ч хэзээ ч хуваагдаагүй. Би од мичдийн дээгүүр дүүлэн харайж, нар цацрагаа илгээх үед дулааныг нь сарниулж, галууны өд шиг том цасан ширхгийг гараасаа унагасан. Гэхдээ Намайг бодлоо өөрчлөхөд тэр бүх цас гол болон хайлаад, агшин зуур тэнгэрийн дор хаа сайгүй хавар болж, маргад ногоон өнгө газрын гадаргыг тэр чигт нь хувиргасан. Намайг огторгуй дээгүүр хэрэн явахад Миний биеэс болоод газар дэлхийг тэр даруй түнэр харанхуй нөмөрдөг: Ямар ч сануулгагүйгээр “шөнө” болсон ба дэлхий даяар, гараа нүүрнийхээ өмнө аваачаад ч харж чадахааргүй тийм харанхуй болсон. Гэрэл бөхөхөд хүмүүс энэ боломжийг ашиглан нэг нэгнээ сүйрүүлэхээр улайрч, бие биеэсээ булаан дээрэмддэг. Тэгээд газар дэлхийн улс үндэстнүүд эмх замбараагүй хагаралд хүрч, аврагдах аргагүй болтлоо ороо бусгаа байдалд ордог. Хүмүүс зовлон шаналлын тарчлаан дунд тэмцэлдэж, шаналлынхаа дунд ёолон гасалж, тарчилсандаа хөөрхийлөлтэйгөөр уйлж, хүний ертөнцөд гэрэл гэнэт дахин нэгэнтээ ирээд, улмаар харанхуй өдрүүдийг төгсгөж, нэгэн цагт оршин байсан амин чанарыг сэргээгээсэй хэмээн хүсэн эрмэлздэг. Гэвч Би аль хэдийн хүмүүсийг ханцуйгаараа шавхуурдаад орхисон ба дэлхийн шударга бус байдлаас болж хэзээ ч тэднийг өрөвдөхгүй: Би бүх дэлхийн хүмүүсийг аль хэдийн жигшин голж, тэндхийн нөхцөл байдлыг нүдээ анин үл тоож, хүмүүсийн хөдөлгөөн, дохио зангаа бүрээс нүүр буруулсан ба тэдний балчир нас болон гэмгүй занд сэтгэл баясахаа больсон. Дэлхийг шинэчлэх өөр төлөвлөгөөг Би эхлүүлсэн, ингэснээр энэхүү шинэ дэлхий аль болох хурдан сэргэн мандаж, дахин хэзээ ч живэхгүй байх юм. Хүмүүсийн дунд, маш олон хачин жигтэй байдал засаж залруулахыг минь хүлээж байна, Миний биечлэн сэргийлэх маш олон алдаа байна, мөн Миний шүүрдэж арилгах тоос тун их бий, Миний илчлэх ёстой маш олон нууц бий. Бүх хүн Намайг хүлээж, Миний ирэхийг хүсэмжилж байна.
Газар дээр бол Би хүмүүсийн зүрх сэтгэлд оршдог бодитой Бурхан Өөрөө; тэнгэрт бол Би бүх бүтээлийн Эзэн. Би ууланд авирч, гол мөрнийг гаталсан ба хүмүүсийн дунд хаа сайгүй явсан. Бодитой Бурханыг Өөрийг нь хэн илт эсэргүүцэж зүрхлэх юм бэ? Төгс Хүчитийн дээд эрхээс хэн ангижирч зүрхлэх юм бэ? Намайг тэнгэрт байдаг гэж ямар ч эргэлзээгүйгээр хэн баталж зүрхлэх юм бэ? Түүнчлэн, Намайг газар дээр маргаангүй байдаг гэж хэн баталж зүрхлэх юм бэ? Бүх хүний дундаас Миний оршин суудаг газруудыг нарийвчлан тодорхой өгүүлж чадах хэн ч үгүй. Тэнгэрт байх болгондоо Би ер бусын Бурхан Өөрөө бөгөөд газар дээр байх болгондоо бодитой Бурхан Өөрөө юм гэж үү? Мэдээж бүх бүтээлийн Захирагч гэдгээр минь, эсвэл Би хүний ертөнцийн зовлон шаналлыг туулдаг гэх баримтаар бодитой Бурхан Өөрөө мөн эсэхийг минь тодорхойлж болохгүй биз дээ? Хэрвээ тэгдэг байсан бол хүмүүс ямар ч найдваргүй мунхаг байх бус уу? Би тэнгэрт байдаг, Би бас газар дээр байдаг; Би тоо томшгүй олон бүтээгдсэн зүйлийн дунд байдаг, бас олон түмний дунд байдаг. Хүмүүс Надад өдөр бүр хүрч чадна; түүнчлэн тэд Намайг өдөр бүр харж чадна. Хүмүүсийн тухайд бол Би заримдаа нуугдаж, заримдаа үзэгдэж байгаа мэт санагддаг; Би үнэхээр оршин байгаа мэт атлаа бас оршдоггүй мэт санагддаг. Хүмүүсийн ойлгошгүй нууцууд Надад оршдог. Надад байдаг бүр ч их нууцыг нээн илрүүлэхийн тулд бүх хүн Намайг микроскопоор харж, тэгснээрээ өөрсдийн зүрх сэтгэл дэх таагүй мэдрэмжүүдийг арилгана гэж найдаж байгаа мэт байдаг. Гэхдээ хүмүүс рентген туяа ашигласан ч гэсэн Надад байдаг нууцуудын аль нэгийг нээн илрүүлж яахан чадах билээ?
Миний ажлын үр дүнд Миний ардууд Надтай хамт алдрыг олж авах яг тэр үед агуу улаан лууны ичээг ухан гаргах болно, бүх шавар шороог шүүрдэн цэвэрлэж, тоймгүй олон жилийн турш хуримтлагдсан бохир ус Миний дүрэлзсэн галд хатаж, цаашид оршин байхаа болино. Тэгээд агуу улаан луу гал ба хүхэртэй нууранд мөхөх болно. Та нар лууд баригдахгүйн тулд Миний хайр халамжин дор үлдэхийг үнэхээр хүсэж байна уу? Та нар түүний зальхай ов мэхийг үнэхээр үзэн яддаг уу? Хэн Миний төлөө хүчирхэг гэрчлэл хийж чадах вэ? Миний нэрийн төлөө, Миний Сүнсний төлөө, Миний бүх удирдлагын төлөвлөгөөний төлөө хэн бүх хүч чадлаа зориулж чадах вэ? Өнөөдөр, хаанчлал хүний ертөнцөд байгаа үе бол Би хүмүүсийн дунд биечлэн ирсэн үе юм. Хэрвээ ийм байгаагүй бол Миний оронд тулааны талбар луу айдас хүйдэсгүйгээр орж чадах нэгэн байна уу? Хаанчлал хэлбэрээ олог гэж, Миний зүрх сэтгэл хангалуун байг гэж, тэгээд бас Миний өдөр ирэг гэж, бүтээлийн тоо томшгүй олон зүйл дахин төрж, элбэг дэлбэг болон өсөх цаг ирэг гэж, хүмүүс зовлонгийн далайгаас аврагдаг гэж, маргааш ирэг гэж, тэр нь гайхалтай байж, хөгжин цэцэглэг гэж, бас ирээдүйд баяр хөөртэй байг гэж бүх хүн хамаг чадлаараа чармайж, юугаа ч гамналгүй Миний төлөө өөрсдийгөө золиосолж байна. Энэ нь ялалт аль хэдийн Минийх гэдгийн тэмдэг биш гэж үү? Миний төлөвлөгөө биелсний тэмдэг биш гэж үү?
Хүмүүс эцсийн өдрүүдэд орших тусмаа, дэлхий ертөнцийн хоосон байдлыг улам их мэдэрч, амьдрах зориг нь улам бага байх болно. Ийм учраас, тоо томшгүй олон хүн урам хугаран нас барсан, тоймгүй олон бусад хүн эрэл хайгуулдаа урам нь хугарч, тоо томшгүй олон хүн Сатаны явуулгад автаж өөрсдийгөө зовоосон. Би маш олон хүнийг аварч, маш олон хүнийг дэмжсэн ба маш олон удаа хүмүүсийг гэрлээ алдах үед гэрэл дотор Намайг мэдэж, аз жаргалын дунд Намайг таашааг гээд Би тэднийг буцаагаад гэрэлтэй газарт аваачсан. Миний гэрэл ирснээс болоод Миний хаанчлалд оршин суудаг хүмүүсийн зүрх сэтгэлд хүндлэл бишрэл бий болдог, учир нь Би бол хүмүүсийн хайрлах Бурхан, хүмүүсийн салж чадахааргүй дассан Бурхан бөгөөд тэд Миний биеийн талаар гүн гүнзгий сэтгэгдлээр бялхдаг. Гэхдээ эцсийн эцэст, энэ нь чухамдаа Сүнсний ажил уу, эсвэл бие махбодын чиг үүрэг үү гэдгийг ойлгодог хүн нэг ч үгүй. Хүмүүс насан туршдаа нэгд нэггүй туулахад энэ нэг зүйл дангаараа хангалттай юм. Хүмүүс зүрх сэтгэлийнхээ гүнд Намайг хэзээ ч жигшиж байгаагүй; харин ч сүнснийхээ гүнд тэд Надаас салж яддаг билээ. Миний мэргэн ухаан тэдний бахдал бишрэлийг төрүүлж, Миний үзүүлдэг гайхамшгууд тэдний нүдийг хужирлаж, Миний үг тэдний санаанд багтамгүй байдаг ч тэд тэдгээрийг нандигнан хайрладаг. Миний бодит байдал хүмүүсийг самгардуулж, мэл гайхуулж, алмайруулдаг хэр нь тэд үүнийг хүлээж авахад бэлэн байдаг. Энэ нь чухамдаа хүмүүсийн жинхэнэ биеийн хэмжээ биш гэж үү?
1992 оны 3 дугаар сарын 13