45-р бүлэг
Нэгэнтээ Би гэртээ байлгах гэж чамин эд агуурс сонгосон, тэгснээр тэнд эгнэшгүй эд баялаг бий болоод гэрийг минь чимж, Би үүнээс таашаал хүртсэн юм. Гэвч Надад хандах хүний хандлагаас болоод, мөн хүмүүсийн сэдлээс болоод энэхүү ажлаа хойш тавин өөр ажил хийхээс өөр сонголт Надад байсангүй. Ажлаа гүйцэлдүүлэхийн тулд Би хүний сэдлийг ашиглана, Би бүхий л зүйлийг чадварлагаар залан Өөртөө үйлчлүүлж, улмаар Өөрийнхөө гэрийг дүнсгэр, эзгүй байхыг нь болиулна. Би нэгэнтээ хүмүүсийн дундаас үүнийг харсан: Мах цуснаас бүтсэн бүхэн ухаангүй байдалтай байсан ба ганц ч зүйл Миний оршин тогтнолын ерөөлийг туулаагүй. Хүмүүс ерөөл дунд амьдарч байгаа атлаа хэчнээн их ерөөгдсөнөө үл мэднэ. Хэрвээ хүн төрөлхтнийг гэх Миний ерөөл өнөөг хүртэл оршин байгаагүй бол хүн төрөлхтний дундаас хэн үхэж мөхөлгүйгээр өнөөг хүртэл тэсэж чадах билээ? Хүний амьд яваа нь Миний ерөөл бөгөөд тэрээр Миний ерөөл дунд амьдардаг гэсэн үг юм, учир нь түүнд анхнаасаа юу ч байгаагүй, мөн түүнд газар дэлхий дээр, тэнгэрийн доор амьдрах хөрөнгө зөөр угаасаа байгаагүй билээ; өнөөдөр Би хүнд тусалсаар байгаа, гагцхүү үүнээс л болоод хүн Миний өмнө зогсоод, үхлээс зугтах хувьтай байна. Хүмүүс хүний оршин тогтнолын нууцыг нэгтгэн дүгнэсэн боловч энэ нь Миний ерөөл гэдгийг хэн ч, хэзээ ч ухамсарлаагүй. Үүний үр дүнд бүх хүн дэлхий ертөнц дэх шударга бус явдлыг хараан зүхэж, амьдралынхаа аз жаргалгүй байдлаас болж бүгд Миний талаар гомдоллодог. Миний ерөөл байгаагүй бол өнөөдрийг хэн үзэх байсан юм бэ? Хүмүүс тав тухтай амьдарч чаддаггүй учраас бүгдээрээ Миний талаар гомдоллодог. Хэрвээ хүний амьдрал гэгээлэг, амар амгалан байсан бол, хэрэв хүний зүрх сэтгэл рүү урьхан “хаврын сэвшээ салхи” үлээж, бүх биеэрээ хосгүй таашаал амсахад хүргэж, өчүүхэн төдий ч өвдөлт шаналалгүй байлгасан бол хүмүүсийн дундаас хэн үхэхдээ гомдоллох билээ? Хүмүүс ер нь толгой эргүүлэм дэндүү олон зальхай арга мэхтэй учраас хүний туйлын үнэнч сэтгэлийг олж авахад Надад асар хэцүү байдаг. Харин Намайг эсэргүүцэл үзүүлэх үед тэд Намайг үл тоомсорлож, Надад огт анхаарал хандуулдаггүй, учир нь Миний эсэргүүцэл тэдний сэтгэлийг хөндөж, тэднийг хөлөөсөө толгой хүртлээ босгон байгуулагдах чадваргүй болгож орхидог бөгөөд Би үргэлж тэднийг “тарчилгах” дуртай байдаг болохоор хүмүүс Миний оршин тогтнолыг үзэн яддаг. Миний үгээс болж хүмүүс дуулж, бүжиглэдэг; Миний үгээс болж чимээгүйхэн толгой гудайлгадаг; мөн Миний үгээс болж тэд асгартал уйлдаг. Миний үгэнд хүмүүс цөхөрдөг; Миний үгээс тэд амь зуух гэрлийг олж авдаг. Миний үгээс болж тэд өдөр шөнөгүй нойр нь хулжин эргэж хөрвөөдөг, мөн Миний үгээс болж тэд газар сайгүй яаран гүйлддэг. Миний үг хүмүүсийг Үхэгсдийн орон руу унагааж, дараа нь гэсгээлтэд умбуулдаг, гэвч хүмүүс өөрийн мэдэлгүй Миний ерөөлийг ч бас эдэлдэг. Хүн үүнд хүрэх боломжтой юу? Хүмүүсийн цуцалтгүй хичээл зүтгэлийн хариуд энэ бүтэх үү? Миний үгийн зохион байгуулалтаас хэн зугтаж чадах билээ? Тиймээс хүний бүтэлгүйтлээс болоод Би хүн төрөлхтөнд үгээ хайрлаж, хүний дутагдлыг үгээрээ тэтгэж, хүн төрөлхтний амьдралд эгнэшгүй эд баялаг авчирдаг.
Би хүмүүсийн үг яриа, үйлдлийг үргэлж шинждэг. Тэдний зан авир, нүүр царайны илэрхийллээс Би олон “нууцыг” олж илрүүлсэн. Хүмүүсийн бусадтай харилцах харилцаанд “нууц жор” бараг л хамгаас онцгойрч харагддаг—тиймээс хүнтэй харилцах үедээ Би Надад хайргүй гэдгийг нь харуулдаг “хүний харилцааны нууц жорыг” олж авдаг. Би бүтэлгүйтлээс нь болоод хүнийг ямагт зэмлэдэг боловч түүний итгэлийг олж авч чаддаггүй. Хүн Надаар өөрийгөө хөнөөлгөхийг хүсдэггүй, учир нь “хүний харилцааны нууц жорд” хүн сүйрлийн гамшигт нэрвэгдэж байсныг хэзээ ч олж илрүүлээгүй—хүн золгүй явдлын үеэр л хэдхэн бүтэлгүйтэл амссан. Хүмүүс Миний үгээс болж хашхирдаг ба тэд гуйж гувшихдаа Миний хатуу сэтгэлийн талаар үргэлж гомдоллодог. Тэд бүгдээрээ л хүнийг хайрлах Миний жинхэнэ “хайрыг” хайж буй мэт байдаг—гэвч тэд Миний хатуу үгээс Миний хайрыг олж яаж чадах билээ? Үүний үр дүнд Миний үгээс болж тэд үргэлж итгэл найдвараа алддаг. Тэд Миний үгийг уншмагцаа “үхлийг” харсан мэт болдог тул айсандаа дагжин чичирдэг. Энэ нь Намайг гонсойлгодог: Үхлийн дунд амьдардаг махан биетэй хүмүүс яагаад дандаа үхлээс айдаг юм бэ? Хүн, үхэл хоёр атаат дайснууд гэж үү? Үхлийн айдас яагаад үргэлж хүмүүсийг зовоодог юм бэ? Амьдралынхаа “ер бусын” туршлагын явцад тэд үхлийг багахан л туулдаг гэж үү? Хүмүүс үг хэлээрээ яагаад Миний талаар үргэлж гомдоллодог юм бэ? Тиймээс хүний амьдралын дөрөв дэх онч мэргэн үгийг Би дүгнэн хэлье: Хүмүүс Надад өчүүхэн төдий л дуулгавартай байдаг тул Намайг дандаа үзэн яддаг. Хүн үзэн яддаг учраас Би ямагт орхин оддог. Би яагаад Өөрийгөө ийм байдалд оруулах ёстой юм бэ? Би яагаад үргэлж хүмүүсийн зэвүүцлийг төрүүлэх ёстой юм бэ? Хүмүүс Миний оршин тогтнолыг баяртайгаар хүлээн авахгүй байхад Би яагаад хүний гэрт ичгүүр сонжуургүйгээр амьдрах ёстой юм бэ? “Тээшээ” аваад хүнийг орхиж явахаас өөр сонголт Надад үгүй. Гэхдээ хүмүүс Намайг явуулж тэвчдэггүй, Намайг явуулахыг хэзээ ч хүсдэггүй. Тэд цурхиран уйлж, мэгшин, Намайг явчихлаар амьдрахын тулд түшиж тулдаг зүйлээ алдана гэхээс ихэд айдаг. Тэдний царайчилсан харцыг хараад Миний зүрх сэтгэл уярдаг. Дэлхий ертөнцийн бүх далай тэнгисийн дунд хэн Намайг хайрлаж чадах билээ? Хүн бохир усаар бүрхэгдэж, далайн хүчинд залгиулжээ. Би хүний дуулгаваргүй занг үзэн яддаг атлаа бас бүх хүн төрөлхтний золгүй явдлыг өрөвддөг—учир нь эцсийн эцэст хүн мөн л хохирогч юм. Хүнийг сул дорой, хүчин мөхөс байхад Би далайн усанд хаяж яахан чадах билээ? Би хүнийг хазайсан дээр нь түлхдэг тийм харгис нэгэн гэж үү? Миний зүрх сэтгэл тийм энэрэлгүй юм уу? Хүн төрөлхтөнд хандах хандлагаас минь үүдэн хүн энэ эрин үед Надтай хамт ордог, үүнээс болоод тэрээр эдгээр ер бусын өдөр, шөнийг Надтай хамт өнгөрүүлсэн. Өнөөдөр хүмүүс хөөрөн догдолж, Миний хайр энэрлийг асар ихээр мэдэрч, Намайг асар их урам зоригтойгоор хайрладаг, учир нь тэдний амьдрал эрч хүчтэй бөгөөд газар дэлхийн зах хязгаар руу тэнүүчилдэг үрэлгэн хүү байхаа больжээ.
Хүнтэй хамт амьдарч байх хугацаанд минь хүмүүс Надад найддаг, учир нь Би бүхий л зүйл дээр хүнд санаа тавьж, сайтар халамжилдаг, хүмүүс үргэлж Миний халуун дулаан нөмөрт амьдарч, үлээх салхи, аадар бороо, төөнөх нарны алийг ч үздэггүй; хүмүүс аз жаргалд умбан амьдарч, Намайг элбэрэлт эх шигээ үздэг. Хүмүүс бол “байгалийн гамшгийн” дайралтыг тэсэж огт чадахгүй, яагаад ч бат зогсох чадваргүй хүлэмж дэх цэцэгс мэт билээ. Тиймээс Би тэднийг исгэрэн шуурах далайн шалгалт дунд тавьдаг ба тэд өөрийн эрхгүй тасралтгүй “дайвалздаг”. Тэдэнд сөрөн зогсох хүч үнэндээ байдаггүй—тэдний биеийн хэмжээ дэндүү дутмаг, бие нь даанч сул дорой учраас Надад ачаа мэдрэгддэг. Тиймээс хүмүүс өөрийн мэдэлгүй Миний шалгалтад өртдөг, яагаад гэвэл тэд дэндүү хэврэг бөгөөд исгэрэх салхи, төөнөх нарыг тэсвэрлэж чаддаггүй. Энэ Миний өнөөгийн ажил бус уу? Хүмүүс Миний шалгалттай тулгарах үедээ яагаад дандаа асгартал уйлдаг юм бэ? Би тэдэнд шударга бус хандаж байна уу? Тэднийг Би зориуд хөнөөгөөд байна уу? Яагаад хүний хайр татам байдал хэзээ ч дахин сэргэхгүйгээр үхдэг юм бэ? Хүмүүс үргэлж Намайг барьж аваад тавьж явуулдаггүй; учир нь тэд хэзээ ч бие даан амьдрах чадвартай байгаагүй, үргэлж Миний гарт хөтлүүлэн, өөрсдийг нь өөр хэн нэгэн аваад явчих вий гэхээс ихэд айдаг. Тэдний бүхий л амьдралыг Би залж чиглүүлдэг бус уу? Тэд үймээнт амьдралынхаа явцад уул давж, хөндийг туулахдаа ихээхэн үймээн самуун туулсан—энэ нь Миний гараар хийгдээгүй гэж үү? Хүмүүс яагаад Миний зүрх сэтгэлийг огт ойлгож чаддаггүй вэ? Яагаад Миний сайн санааг үргэлж буруу ойлгодог юм бэ? Яагаад Миний ажил газар дэлхий дээр төвөггүй явагдаж болдоггүй юм бэ? Хүний сул дорой байдлаас болоод хүнээс ямагт зайлсхийсэн минь Намайг гуниг харуусалд автуулдаг: Яагаад Миний ажлын дараагийн алхам хүн дээр хэрэгжиж болдоггүй юм бэ? Тиймээс Би чимээгүй болж, хүнийг анхааралтай цэгнэж үздэг: Би яагаад үргэлж хүний дутагдлаас болж хязгаарлагддаг юм бэ? Яагаад Миний ажилд үргэлж саад тээг учирдаг юм бэ? Өнөөдөр Би бүрэн гүйцэд хариултыг нь хүнээс хараахан олоогүй, учир нь хүн үргэлж хэтэрхий туйлширч байдаг, хэзээ ч хэвийн байдаггүй; нэг бол тэр Намайг голдоо ортол үзэн ядаж, эсвэл Намайг дээд зэргээр хайрладаг. Хэвийн Бурхан Би Өөрөө хүний тийм тарчлааныг тэвчиж чадахгүй. Хүмүүс сэтгэцийн хувьд үргэлж хэвийн бус байдаг учраас Би харваас л хүнээс бага зэрэг эмээдэг тул түүний хөдөлгөөн бүрийг ажихдаа хэвийн бус байдлыг нь санадаг. Би хүний нууцыг санаандгүй олж илрүүлсэн юм: Хүний ард гоц ухаантан байдаг болж таарсан; үүний үр дүнд хүмүүс зөвтгөхүйц зүйл хийсэн мэт үргэлж зоримог, өөртөө итгэлтэй байдаг. Тиймээс хүмүүс үргэлж том хүний дүр эсгэж, “жаахан хүүхдийг” гоё үгээр ятгадаг. Хүний улайм цайм дүр эсгэж байгааг нь хараад хилэн минь өөрийн эрхгүй бадардаг: Хүмүүс яагаад өөрсдийгөө ингэж хайрлаж, хүндэлдэггүй юм бэ? Өөрсдийгөө яагаад мэддэггүй юм бэ? Миний үг үгүй болсон гэж үү? Миний үг хүний дайсан гэж үү? Хүмүүс Миний үгийг уншихаараа яагаад Надад улам хорсдог юм бэ? Хүмүүс яагаад үргэлж Миний үгэн дээр өөрсдийнхөө бодлыг нэмдэг юм бэ? Би хүнд хэтэрхий үндэслэлгүй хандаж байна гэж үү? Энэ талаар, Миний үгэн дотор юу агуулагддаг талаар бүх хүн сайтар бодож үзэх ёстой.
1992 оны 5 дугаар сарын 24